You are on page 1of 3

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ШИНЭ МОНГОЛ СУРГУУЛИЙН

НЭГДҮГЭЭР АНГИД СУРАГЧ ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1 Тус сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн шалгалтыг шударга явуулах, элсэлтийн
шалгалтыг зохион байгуулах ажлыг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2 Нэгдүгээр ангид сурагч элсүүлэхэд сургуулийн дотоод журам болон энэхүү журмыг
баримтална.

ХОЁР. ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН АГУУЛГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

2.1 Шалгалтын агуулга дараах чиглэлтэй байна.


2.1.1 Шалгуулагч нь сургуульд ороогүй тул бичиг үсэг, тоо, унших чадвар шалгахгүй.
2.1.2 Шалгалтын агуулга 6 настай хүүхдийн сэтгэлгээ, сэтгэн бодох, төсөөлөх
чадвар, ой тогтоолт, анхаарал, эв дүй, төлөвшлийг илрүүлэх зорилготой
байна.
2.2 Элсэлтийн шалгалт 3 өдөр үргэлжилнэ. 1-р өдөр 30 оноо, 2-р өдөр 30 оноо, 3-р өдөр 40
оноо, нийт 100 оноо байна.
2.3 Шалгалтын үргэлжлэх хугацааг хүүхдийн насны онцлогт нийцүүлэн төлөвлөж,
шалгуулагчийн тооноос хамааран, шалгалтыг үдийн өмнө, хойно хоёр ээлжээр авна.
2.4 Шалгалтад ирэхдээ аливаа уралдаан тэмцээний медаль, цом, өргөмжлөл зэргийг авчрах
шаардлагагүй.
2.5 Шалгуулагч нь шалгалт эхлэх цагаас хоцорвол шалгалтад оруулахгүй.
2.6 Шалгуулагч нь шалгалтын аль нэг өдөр ирээгүй бол тухайн өдрийн шалгалтын оноо “0”
байна.
2.7 Шалгуулагчдыг 3 өдрийн шалгалтын онооны нийлбэрээр жагсаан, байр эзлүүлж, дүнг
гаргана.
2.8 Шалгалтад тэнцсэн шалгуулагч элсэн суралцах эрхийн батламж авснаар ерөнхий
боловсролын Шинэ Монгол сургууль, Шинэ Монгол-Харүмафүжи сургуулийн 1-р ангид
суралцах эрхтэй болно.

ГУРАВ. ЭЛСҮҮЛЭХ СУРАГЧИЙН ТОО

3.1 Тухайн хичээлийн жилд элсүүлэх сурагчдын хяналтын тоог сургуулийн удирдах зөвлөл
тогтооно.
3.2 Энэ жилийн шалгалтаар ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуулийн 1-р ангид 72
сурагч элсүүлнэ. Үүний 62 хүүхэд нь энэхүү элсэлтийн шалгалтын онооны эрэмбээр
элсэнэ. 10 нь Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн харьяа Бяцхан Монгол-1 цэцэрлэгийн
хүүхдүүд байх бөгөөд тэднийг онооны эрэмбээр жагсааж, эхний 10 хүүхдийг элсүүлнэ.
3.3 Энэ жилийн шалгалтаар Шинэ Монгол-Харүмафүжи сургуулийн 1-р ангид 100 сурагч
элсүүлнэ. Үүний 80 хүүхэд нь энэхүү элсэлтийн шалгалтын онооны эрэмбээр элсэнэ. 20
нь Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн харьяа Бяцхан Монгол-2 цэцэрлэгийн хүүхдүүд
байх бөгөөд тэднийг онооны эрэмбээр жагсааж, эхний 20 хүүхдийг элсүүлнэ.

ДӨРӨВ. ШАЛГУУЛАГЧИЙН ЭЦЭГ ЭХ, АСРАН


ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ

4.1 Эцэг эх, асран хамгаалагчийн эрх


4.1.1 Зайлшгүй шаардлагатай гэж үзвэл 3 өдрийн шалгалт дууссаны дараа
шалгалтын материалтай биечлэн танилцах
4.1.2 Шалгалтын журмыг зөрчсөн зөрчил илэрвэл сургуулийн захиргаанд бичгээр
өргөдөл гомдол гаргах, шийдвэрлүүлэх
4.2 Эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг
4.2.1 Шаардлагатай тохиолдолд шалгуулагчид өнгийн, балын харандаа, хайч,

1
цаасны цавуу, баллуур гэх мэт бичгийн хэрэгслийг бүрэн бэлдэж өгөх
4.2.2 Шалгуулагчийг шалгалтаас хоцроохгүй байх
4.2.3 Шалгалтын үеэр шалгалтын байранд нэвтрэхгүй байх
4.2.4 Шалгалт зохион байгуулагч багш, ажилтны шаардлага зөвлөгөөг хүндэтгэн
мөрдөх
4.2.5 Шалгалт дууссаны дараа хүүхдээ цагт нь ирж авах
4.2.6 Сургууль орчим автомашины түгжрэл үүсгэж, бусдад төвөг удахгүй байх
4.2.7 Шалгалтын явцад үндэслэлгүй ташаа буруу мэдээлэл, цахим хуудсаар тараах,
сургуулийн нэр хүндэд халдах, багш ажилтныг хэл амаар доромжлох, хараан
зүхэх зэрэг зохисгүй үйлдэл гаргахгүй байх

ТАВ. СУРГУУЛИЙН ЭРХ ҮҮРЭГ

5.1 Сургуулийн эрх:


5.1.1 Элсэлтийн шалгалтын дэг сахиулах, шаардлага тавина.
5.1.2 Боловсролын цахим бүртгэлийн системээс сургуульд элсэн суралцсан эсэхийг
нягтлан шалгаж, шалгуулагч өмнө нь сургуульд элсэн суралцсан нь
батлагдвал шалгуулагчийн тооноос хасаад, тэнцсэн бол батламжийг хүчингүй
болгож, дараагийн хүүхдийг элсүүлнэ.
5.1.3 Шалгалтын дүн гарсны дараа энэхүү журмын 7.4-т заасан сонголтыг үндэслэн
элсэгчийг ерөнхий боловсролын Шинэ Монгол, Шинэ Монгол-Харумафүжи
сургуульд онооны эрэмбээр хуваарилна.
5.1.4 Бүртгэл болон шалгалтын үеэрх асуудал, санал гомдлыг бие даан
шийдвэрлэнэ.

5.2 Сургуулийн үүрэг:


5.2.1 Шалгалтыг шударга, цэгцтэй зохион байгуулна.
5.2.2 Шалгалт авах багш нарын туршлагатай, чадварлаг баг бүрдүүлнэ.
5.2.3 Шалгалт авах багшийн нууцлалыг хадгална.
5.2.4 Шинэ Монгол сургуулийн багш нарыг шалгалтад оролцуулахгүй.
5.2.5 Шалгалтын үеэр шалгалтын асуултын нууцлалыг хадгална.
5.2.6 Шалгалт авах анги танхимыг бэлэн болгоно.
5.2.7 Шалгуулагчийг хүлээн авч шалгалтад оруулан, шалгалтын дараа эцэг эх,
асран хамгаалагчид хүлээлгэн өгнө.
5.2.8 Шалгуулагчдыг завсарлагаанаар ариун цэврийн өрөөнд дэг журамтай оруулна.
5.2.9 Сургууль орчмын болон хашаан доторх машины хөдөлгөөнийг зохицуулна.

ЗУРГАА. ШАЛГАЛТ, ТҮҮНТЭЙ


ХОЛБОГДОХ АЖЛЫН ТОВ

6.1 Бага сургууль танилцуулах өдөрлөг: Тус өдөрлөгийг 2018 оны 03-р сарын 17-ны Бямба
гаригийн 10:00-11:30, 12:30-14:00 цагт сургууль дээрээ зохион байгуулна. Хөтөлбөрийг
өдөрлөгийн өмнө мэдээлнэ.

6.2 Бүртгэлийн хугацаа: 2018 оны 03-р сарын 28, 29-ний 09:00-17:00 цаг, 30-ны 09:00-15:00
цагт ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуулийн 1-р давхарт бүртгэнэ. Бүртгүүлэхэд
шалгуулагч хамт ирэх шаардлагагүй.

6.3 Элсэлтийн шалгалт авах хугацаа: 2018 оны 03-р сарын 31, 04-р сарын 01, 02-ны
өдрүүдэд шалгалттай. Шалгалт авах цагийг бүртгэх үед мэдээлнэ.

6.4 Шалгалтын дүн мэдээлэх хугацаа: Гурван өдрийн шалгалтын дүнг нэгтгэж, 2018 оны
04-р сарын 03-ний 08:00 цаг гэхэд www.facebook.com/shinemongol/ болон
www.new.shinemongol.edu.mn хаягаар мэдээлнэ. Мөн сургуулийн үүдэнд цаасаар хэвлэж
тавина.

6.5 Элсэн суралцах батламж авах хугацаа:

2
6.5.1 Шалгалтад тэнцсэн бол сургуулийн захиргаа 04-р сарын 03-ний өдөр ерөнхий
боловсролын Шинэ Монгол сургуулийн элсэгчдэд 10:00-11:00 цагт, Шинэ
Монгол-Харүмафүжи сургуулийн элсэгчдэд 13:00-14:00 цагт мэдээлэл өгнө.
Хурал 5-р давхрын урлагийн их танхимд болно. Ирэхдээ мандатаа авчирна.
6.5.2 Сургуулийн захиргааны мэдээлэл сонссоны дараа сургуульд элсэн суралцах
шийдвэрээ гаргасан бол тус өдрийн 11:00-15:00 цагт ерөнхий боловсролын
Шинэ Монгол сургуульд элсэгчид, 14:00:17:00 цагт Шинэ Монгол-Харүмафүжи
сургуульд элсэгчид онооны дарааллаар батламжаа гардаж авна. Батламж
авахад элсэн суралцах хүүхэд эцэг эхийн хамт ирнэ.
6.6 Өргөдөл гомдол шийдвэрлэх хугацаа: Шалгалтын талаар гомдол байвал 04-р сарын
04-ны өдрийн 10:00-16:00 цагийн биечлэн ирж, сургуулийн захиргаанд өргөдөл өгөөд,
шалгуулагчийн шалгалтын материалтай танилцаж болно.

ДОЛОО. БҮРТГҮҮЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛ

7.1 Шалгуулагчийн төрсний гэрчилгээ (Шалгуулагч нь 2012 оны 01-р сарын 01-ээс 12-р
сарын 31-ний хооронд төрсөн байх)
7.2 Цээж зураг 2 хувь
7.3 Шалгалтын хураамж – 33000 төгрөг (Шалгалтыг зохион байгуулах үйл ажиллагаа,
боловсон хүчин, тоног төхөөрөмжид зарцуулна)
7.4 Бүртгүүлэхээр ирэхдээ гэр бүлээрээ ярилцаад,
7.4.1 Элсэлтийн шалгалтад тэнцвэл ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуульд
элсэн суралцана.
7.4.2 Элсэлтийн шалгалтад тэнцвэл Шинэ Монгол – Харүмафүжи сургуульд элсэн
суралцана
гэсэн сонголтын аль нэгийг хийж, шийдвэрээ гаргасан байна.

НАЙМ. ХОЛБОО ХАРИЛЦАА


8.1 Харилцах утас: 7777-5599
8.2 Өмнөх жилүүдийн элсэлтийн шалгалтын сэдвийг сонирхож буй бол
www.facebook.com/shinemongol/ хуудасны жил бүрийн 4 сарын мэдээнээс зургаар,
www.new.shinemongol.edu.mn сайтын “Манай сургалт” хэсгийн “Элсэлтийн жишиг
даалгавар”-аас тус тус үзэж болно.

ЖИЧ:
1. Элсэлтийн шалгалтын агуулга, арга хэлбэр өмнөх жилүүдээс өөрчлөгдөх тул
манай сургуулиас эрхлэн гаргаж байсан “6 настай элсэгчдэд зориулсан гарын
авлага” номыг хэрэглэхгүй.
2. Элсэлтийн шалгалтад зориулсан бэлтгэл сургалтыг сургууль зохион
байгуулдаггүй. Тусгай ном, гарын авлага хэвлэхгүй.
3. Шинэ Монгол-Харүмафүжи сургуулийн хичээлийн байр 2018 оны 9-р сард
ашиглалтад орно.
4. Дунд, ахлах сургуулийн элсэлт 6-р сард болох тул зарыг 4 сард мэдээлнэ.