You are on page 1of 7

СҮХИЙН ЖАМЪЯН \Эрдэнэтийн замын хэсгийн мастер, анхдагч\ маш ховор ээдрээтэй түүхтэй

энэ хүний талаар номонд бүрэн эхээрээ ороогүй хэтэрхий урт байсан тул редактор хассан ба
FB дээрээ бүрэн эхээр нь тавьсаныг уншиж сэтгэгдэлээ хуваалцана уу!!!
Сүхийн Жамъяан нь 1921 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу буюу одоогийн
Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд төрсөн. 3 настай байхад нь Номунхан хийдийн Хамбаар
тодорч, 6 настайгаасаа хийддээ шавилан суужээ. Энэ хийдийг 1800-аад оны үед Түшээт хан
аймгийн хан Гомбодоржийн хүү Халхын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарт зориулан
Сарайдорн номун хааны хийд нэртэйгээр анх байгуулжээ.Энэ хийд нь Товхон хан уулын өвөр
Сэлэнгэ мөрний хойд хөвөөнд тоосго чулуун ханатай, монгол гэр, түвд хийцийн нанхиад
маягийн оройгүй дөрвөлжин хэвтэй сүм дуганаас бүрдсэн байж.1933 он хүртэл уншлага ном нь
хэвийн явагдаж байгаад тухайн үеийн шашинтай хийсэн тэмцэл тулааны хар шуурганд өртөн
эзэнгүйрч, улмаар сүм дуганууд нь нуран эвдэрч одоо зөвхөн туурь л үлджээ. Жил бүр зуны
сүүл сарын шинийн 4-ний өдөр тогтмол болдог их бурхан залах мөргөл ёслолд хоргой торго,
магнагаар уран хатгамал,монгол наамал гар урлалын аргаар бүтээсэн дэлгэмэл дөрвөн
бурханыг залдаг байжээ. Энэ бурхан нийт өндрөөрөө 25м, өргөнөөрөө 12м байжээ. Ийм том
дэлгэмэл том бурхан Монголын ямар ч хүрээ, хийдэд байгаагүй гэдэг. Нинж Долби номунханы
хийдийн сүүлчийн Номунхан Ванчигдорж \Ванчиндорж\ эдүгээгийн Булган аймгийн Тэшиг
суманд 1921 онд төржээ. Тэрээр 1924 онд Нинж Долби Номунханы хийдэд залран ирж үе
залгамжилсан дүрд залагдаж байсан боловч цаг төрийн үймээнд хавчигдан нутаг руугаа
дайжиж, 1969 оныг хүртэл амьдарчээ. Ийнхүү 3 настайдаа Хамбаар тодорч байсан нутгийн хүү
Сүхийн Жамяаныг 1926 онд 6 настайд нь залан авчирч хийдэд шавилан суулгасан бололтой.
Түүх сөхөхөд тус хийдэд хадгалагдаж байсан нэн ховор ном, судар, зураг, хөрөг, зурхайн
сургаал, гүн, ухааны бүтээлийг Судар бичгийн хүрээлэн, Улсын төв номын санд 1926 онд
Судар бичгийн хүрээлэнгийн дарга эрдэмтэн Цэвээнжамсранжав нарын хүмүүс ирж авахад
хамт явж байсан тухайгаа партизан зохиолч Ж.Дамдин бичиж үлдээжээ. Үүнээс үзэхэд 1926-
1933 оны үеэр уг хийд үндсэндээ хоосорч, 700 гаруй ламтай байсан хийд 100 хүрэхгүй, цөөн
тооны лам нартай үлдэж эзгүйрчээ.
Коментерины заавраар Монголд олон мянган сэхээтэн, лам хуваргуудаа хядах их
хэлмэгдүүлэлтийн эхлэл тавигдаж байсан 1933 онд Товхонханы уулын Номунхан хийдийг
хааж, Толгой лам нарыг том жижиггүй Улаанбаатар руу ачихад 12-хон настай бяцхан хүү
Сүхийн Жамъяан хамт ачигдан ирж, хувь заяаны азтай ч гэмээр тохиолоор \ой тогтоолт сайтай
сэргэлэн хүүхэд байсныг анхаарсан бололтой\ Санхүүгийн сургуульд хүчээр оруулж, хамт
ачигдсан ахимаг насны лам нарыг төв театерын барилгыг шинэчлэн барих ажилд дайчилжээ.
Ийнхүү С.Жамъяан сургуулиа төгсөний дараа Сэлэнгэ аймгийн анхны ардын хоршооны
худалдагч, нягтлангаар ажиллаж байгаад тэр үеийн Цэргийн ерөнхий сургуульд орж суралцан
“Цэргийн зам гүүрийн төхөөрөмж байгууламжийн ” мэргэжлээр төгссөн байна. 
МАХЦ-ийг үндэсний боловсон хүчнээр хангах, улс орны батлан хамгаалах хүчийг бэхжүүлэхэд
төдийгүй улс ардын аж ахуйг зохих боловсрол мэдлэгтэй, удирдах чадвартай шинэ залуу
боловсон хүчнээр хангахад төрөөс маш их анхаарч байсан тэр нөхцөл байдалд, Хятад, манж,
төвд хэлэнд гаршсан С.Жамъяаны ухаалаг сэргэлэн, хэрсүү чанарыг Цэргийн эрх мэдэлтнүүд
өндөрөөр үнэлж, 1943-1947 онд С.Жамъяаныг хэдэн нөхдийн хамт тэр үеийн ЗХУ-ын Омск
хотын өндөр нэр хүндтэй цэргийн тусгай сургуульд хуягт, танк, газар доорхи байгууламжийн
мэргэжилтэн нэрээр нууцын зэрэглэлтэй, тусгай хангамжтай, улсаас бодлогоор сургасан
байна. 
Төгссөний дараа Дорнодын Баянтүмэнд томилогдон алба хаасан гэх болов ч яг ямар алба
хашиж байсан тухай өнөөдөр үлдсэн үр хүүхдүүдэд нь тодорхой мэдээлэлгүй байгаа юм.
Яагаад?? Цэргийн нарийн мэргэжлийн хүнийг тийшээ томилох болов? Тухайн цаг үеийн
шаардлага юу байсан юм бол?.. 
Өнгөрсөн зууны 30-аад оны сүүлчээр, тухайлбал 1938 - 39 онуудад манай улсын дорнод
хязгаарт цэргийн зориулалттай төмөр зам баригдсан нь одоогийн Эрээнцав - Баянтүмэнгийн
268 гаруй км төмөр зам юм. 
Энэ төмөр зам 1945 оны 8-р сард болсон Халх голын байлдааны үйл ажиллагаанд стратегийн
чухал үүрэг гүйцэтгэсэн ч чөлөөлөх дайны дараа Цэрэг стратекийн болон эдийн засгийн ач
холбогдол буурч уг замын ачаа эргэлт зогсонг байдалд орж хулгай зуугуйл их гарч замын дэр
мод бэхэлгээнүүд тоногдож үрэгдэх, дайны дараах үеийн оргодол босуулаас сэргийлэх,
нөгөөтэйгүүр 1950-1955 онд Улаанбаатараас Замын-Үүдийн төмөр замыг барихад 505-
ынхнаас гадна хятад ажилчдыг зам дагасан хот суурингийн барилгын байгууламжийн ажилд
их хэмжээгээр дайчилж байсан тул хил дамнасан будилиан зөрчлөөс сэргийлэх зэрэгт манай
цэрэг, тагнуулийн мэргэжлийн шилдэг офицерүүд үүргээ гүйцэтгэж байсны нэг нь Сүхийн
Жамъян гуай байсан нь гарцаагүй юм.
Дэлхийн 2-р дайны дараа, ертөнц хуваагдмал, халуун цөм, хүйтэн дайны аюул нүүрэлсэн,
тусгаар тогтнолоо олоод удаагүй, их хэлмэгдүүлэлтийн хядлагыг мах цусаараа амссан ядуу
буурай цөөхөн тооны айдаст автсан монголчууд элдэв цуу яриа, мухар сүсэгт автах гээд юу
эсийг хэлж бархав ийм л цаг үед “НОГООН МАЛГАЙТАНУУД” биш жинхэнэ улс эх орны
аюулгүй байдал, тусгаар тогтнолд харш, гадаад дотоодын хүчинтэй тэмцэх жинхэнэ
мэргэжлийн тагнуулчдыг бэлтгэхийг зорьж байсан нь нэг талаар тэмдэглүүштэй.
Сүхийн Жамъяан гуай тай хамаарах бас нэг сонирхолтой сэдэв бол өөрийнх нь хувийн
амьдрал нь юм.
Түүний охин Маргорита Жамъяновагийн ярьсаныг тэмдэглэж авсанаа сийрүүлье :
Ээжийн маань аав \Трас\ ЗХУ-н баатар, эмээ \Екатрина \ минь дайнд оролцсон хүмүүс байгаа.
-Миний аав гурван ханийн нүүр үзсэн хүн. Эхнийх нь Орсод сурч байхдаа танилцаж суусан
Маргорита Жамъянова гэж орос эмэгтэй.
-2 дахь нь Архангайн Хотонтын Цэрэнпил гэж хүн байсан, Баруунхараад амьдарч байгаад
бурхан болсон, Түүний төрүүлсэн ганц охин нь намайг өсгөсөн нэг сайхан эгч байж байгаад
бурхан болсон.
-3дахь нь миний төрсөн ээж юм. Ээжийн минь нэрийг Сүх Мотрёна Казанова гэдэг. Аав минь
анхныхаа ханийн “Маргорита Жамъяанова” гэдэг нэрийг надад өгсөн юм билээ.
-Миний ээж Сүх Мотрёна Казанова нь 1933 онд одоогийн ОХУ-ын Улан-Үдийн Кэжингийнск
аймгийн Загустай тосгонд төрсөн. Ээжийг нэг л өдөр дагуулаад ирсэн гэж ярьдаг, яаж хилээр
гарсанаа ч сайн ойлгоогүй, Ирсэнийхээ дараа намайг бүтэн сар ор сураггүй хаяж алга болоод
ирэхдээ бүх бичиг баримтыг бүрдүүлээд ирж билээ. Би маш их айдастай орой болгон суудал
тосон буугаад ирэх боловуу хэмээн хүлээж зогсдог байсан гэж ээж ярьдаг. 
Ээжийг бичиг баримттай болгохдоо 1933 онд төрсөнийг 37 он болгоод ээжийн овгыг өөрийнхөө
нэрээр сольсон юм билээ. Ээж өөрийнхөө тухай юу ч хэлдэггүй бүр ярих ч дургүй.
- Энэ 3-н ээжүүдээс төрсөн хүүхдүүд бид, бие биеээ маш сайн мэддэг, ээж нарыгаа алийг нь ч
ялгахгүй ЭЭЖ л гэж дууддаг байлаа. Одоо харин төрсөн ээж минь амьд сэрүүн байна.
Хүүхдүүдээс нь үлдсэн хүүхдүүд зарим нь энд зарим нь ОХУ-д амьдарч байгаа.
Сүхийн Жамъян гуай Баянтүмэний төмөр замыг хариуцаж байгаад 1956-60-аад оны үед УБ-
Замын-Үүдийн төмөр зам нээгдэхэд урд зам хариуцсан төлөөлөгчөөр ажиллажээ. 
Энэ ажилласан жилүүдэд нь Сайншанд, Замын-Үүдийн вогзалын барилгуудыг барихад
хятадуудтай ажиллаж байж. Үүнийгээ дурсахдаа: Хятадууд ажил дээрээ ямар ч хэрүүл зодоон
гаргадаггүй, надаас маш их айдаг,миний өрөөнд засвар хийх гээд орж ирэхэд нь босож зай
тавьж өгөх гэхээр: Даргаа, даргаа та юмаа хийж бай гээд суулгачихаад хана тайз шохойдоод
гарахдаа ямар ч чимээ аниргүй, дусал шохой ч унагаахгүй хийгээд гараад явчихдаг байсан гэж
ярьдаг байж.
Ингээд охин Марго Жамъяновагийн дурсамжийг цааш нь үргэлжлүүлье:
-Бид их хүнд нөхцөлд газрын гүнд суралцсан гэж аав минь хэлдэг байсан. 
-Гал зогсоо гэсэн орос монгол команд чихэнд дуулдаад унтаж чадсангүй гэж цуг сурж байсан
найзыгаа хотод хүнд алуулсан гэж дуулаад их олон өдөр унтаагүй.
-Тэр найзыгаа хүний хүчинд автаж алуулах хүн биш нэг л муу юм болж гэж байсан юм
-Автобусны буудал дээр алуулсан байсан гэдэг юм. Ирээд их шаналсан
-Бас нэг орос явж нэг цуг байсан найзынхаа шарилыг таниж авчрах ажилд явж ирээд юу ч
үлдээгүй б.на хуруу л олж ирлээ тэрийг нь л оршууллаа гэж байсан
-Миний бодлоор уурхайд зам тавилцсан байх тэрнээс уурхайд ажиллаагүй уул уурхайн хүн
биш,
газар доорх байгууламж гүүр зам хоолойд хамаатай хүн байсан
...Дээрх дурсамжаас үүдэн Сүхийн Жамъян гуайн ажил мэргэжилд хамаарч магадгүй бас нэг
сонирхолтой зүйл гэвэл 1970-аад оны сүүлээр маш богинохон хугацаанд боссон “ЭРДЭС”
хэмээх хаалттай хотын тухай юм.
Түүх сөхвөл: Монголд үнэхээр ийм нэртэй хот байжээ.Улаанбаатар хотоос зүүн хойш 960 км-т,
Дорнод аймгийн Чойбалсан хотоос хойш 120 км-т Баяндун сумын нутагт оршдог энэхүү ураны
ордыг судлах ажил 1970 оноос эхэлжээ. Тухайн үед улсын төсвөөс хөрөнгө мөнгө гаргаж,
1978-1981 онд урьдчилсан хайгуулыг явуулж хүдэржилтийн хоёр бүсийг ялган нөөцийг С2
зэргээр тооцжээ. Нийт геологи-хайгуулын ажилд тухайн үед 127.3 сая рубль зарцуулсан гэдэг
тооцоо өнөөдөр архивт хадгалагдаж байгаа юм. Энэхүү ордыг ашиглахын тулд гүний усны
цооног гаргаж, 20 км урт ус дамжуулах шугам Улз голоос татсан аж. Оросын Холбооны улсын
Хар нуурын УЦС-аас Мардайн орд уруу татсан өндөр хүчдэлийн 110 квт шугам болон 25
мегаваттийн дизель цахилгаан станцтай. Мардай, Чойбалсан хотын хооронд 35 квт-ын модон
тулгууртай өндөр хүчдэлийн шугам татчихсан, Үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний
нүүрсийг ордоос зүүн урагш 115 км-т байрлах Адуунчулууны уурхайгаас хангах тооцоо
гаргажээ. Орд газруудыг төвлөн байгуулсан Эрдэс хэмээх хаалттай сууринд зөвхөн оросууд л
тусгай зөвшөөрлөөр орж, гарч байсан гэнэ. Чита-Чойбалсангийн төмөр зам руу Чингисийн
далан өртөөгөөр нийлдэг 130 гаруй км төмөр замаар Мардайгаас өдөр болгон хүдэр ачсан
галт тэрэгний цуваа, өндөржүүлсэн хамгаалалттайгаар оросыг зорьдог байсан гэж ахмадууд
ярьж байна. Мардайд галт тэрэгний ачих, буулгах гурван станц байсан бөгөөд эхнийх Дорнод
орд дээр, дараагийнх тосгоны урд талд, төгсгөлийнх нь Гурванбулаг орд дээр байсан аж. Орос
ах нар энэ уурхайг ашиглаж, бас үр шимийг нь хүртэж байсан ч нэг л өдөр хаагаад явчихсан
түүхтэй. 
Цагтаа 10 000 гаруй орос оршин суугчтай, хангай газрын бэсрэг уулсын дунд орших энэ суурин
Зөвлөлтөөс эрчим хүчээ авдаг, цахилгаан тасалдах үед хэрэглэх нөөцийн дизель станцтай
байжээ. Оросууд Мардайн уурхайг хааж, 1999 онд Монгол Улсын байгаль орчинд учруулсан
хохирлын нөхөн төлбөр болгон энэ тосгонг, төмөр замтай нь, бүхий л эд хөрөнгөтэй нь ТӨХ-д
үнэ төлбөргүй хүлээлгэн өгсөн юм гэнэлээ. газар доор 250 метр гүнд 20 км туннель, түүнээс
дахиад 250 метрийн доор бас дахиад 20 км туннельтэй, бэлэн төмөр замтай, ашиглалт
явуулах бүрэн боломжтой том уурхайг монголд Ю.Цэдэнбал тэргүүтэн л мэддэг байсан юм.
Учир нь энэ хот хаалттай буюу нийтэд хориотой байлаа.
“Эрдэс” бол Монгол Улсын нутаг дэвсгэр дэх оросуудын хот, тэнд нэг ч монгол хүн ажиллаж
амьдардаггүй байв. 1981 оны арванхоёрдугаар сарын 23-нд тухайн үеийн ЗХУ, БНМАУ-ын
хооронд “БНМАУ-ын нутаг дэвсгэр дэх ураны орд газрыг ашиглах тухай” гэсэн маш нууц гэрээг
байгуулснаа хоёр тал олон жил нууцалж байлаа.
Энд оросууд тун эрчимтэй хайгуул хийж байлаа. Экспедицийг Сосновский гэдэг нөхөр
толгойлжээ. 1948 онд И.В.Сталины тушаалаар ураны ордыг ЗХУ-ын нутаг дэвсгэр дээрээс
яаралтай олж илрүүлэх зорилгоор эл экспедицийг Эрхүүд байгуулсан юм билээ. Маш богино
хугацаанд цөмийн зэвсэгтэй болох гэсэн түүний хүсэлд хамгийн том хясал нь уран байсан
хэрэг.
Оросын уудам нутагт бүхий л ашигт малтмал, ховор элемент байх хэдий ч уран л хомсхон
заяасан ажээ. Оросууд бүр байж ядан байхад аз таарлаа. Сосновскийн экспедиц Өвөр
Байгалийн Приаргунскийн орчимд хүсээд байсан ордоо илрүүлжээ. 60 мянган хүнтэй
Краснокаменск хэмээх хориотой, хаалттай, хот байгуулагдсан түүх эндээс эхтэй. Хот босохтой
зэрэгцэн хорих лагериудыг олноор байгуулж байв. Өглөө эрт хэдэн арван мянган
хоригдлуудыг жагсаалаар нь уурхайд оруулж, сөхөрч унатал нь ураны хүдэр бутлуулаад
тэргэнцээр зөөлгөдөг байлаа.
Тэнд юу болж байдгийг нутгийн иргэд үл мэднэ. Химийн үйлдвэр байгуулж байгаа гэсэн
ганцхан ойлголттой. Эргэн тойрон чанд харуул, хамгаалалттай тул хэн хотын бүсэд нэвтэрч
чадах билээ. Оросууд урантай болсон ч нөөц нь чамлалттай байсан учраас даруй дараагийн
хайгуулын ажилдаа орсон ч үр дүн байдаггүй. Сосновскийнхон эцэст нь Приаргунскийн ордны
судал магадгүй хөрш Монгол улсын нутагт байж болох юм гэсэн таамаг дэвшүүлэн хайгуулын
багаа хөдөлгөсөн нь алдсангүй ээ.
1970-аад оны сүүлээр түүний баг тун ч олз омогтой буцаж ирэв. Чойбалсан хотоос хойшоо 150
км газарт одоогийн Дорнодын хүдрийн талбайд ураны бүлгийн хэсэг ордыг тэд ирүүлсэн нь
Краснокаменскийн ордоос 300 гаруй км зайтай байлаа. Монголын ураныг Краснокаменскт
авчран баяжуулах төсөл тэр дороо боловсруулж, төсөлтэйгээ зэрэгцэж маш шуурхайгаар
төмөр зам татаж эхлэв. Монголчуудын зөвшөөрөх эсэх тэдэнд падгүй байв.
Гагцхүү Ю.Цэдэнбалд л танилцуулж, эл газарт нууц хот байгуулах болсноо хэлсэн гэдэг.
Оросууд арай дэндүү балмад загнаж байсан ч эл ордыг ашигласныхаа төлөө багагүй мөнгийг
Монголын талд өгч болно гэснээр ерөнхий ажил нугарч, нууц гэрээг байгуулсан түүхтэй.
Ордыг Оросын тал 100 хувь дангаараа эзэмшинэ гэсэн заалт тусгасныг нь ч гэрээг
байгуулалцсан манай нөхөд зөвшөөрсөн байдаг юм. Ийнхүү бүрэн эрхт Монгол Улсын нутагт
өөр улсын эзэмшлийн бүсийг татлаа. Оросууд манай ураны нөөцийг 60 гаруй мянган тонн гэж
мэдээлсэн байдаг юм.
Одоо бидний гайхуулаад байгаа алт, нүүрснээс хэдэн арав дахин үнэ цэнэтэй, цаашид хүн
төрөлхтний хамгийн хэрэгцээт ашигт малтмал болох уран Монголд байдаг, байх байхдаа
оросуудын тооцоолсноос хавьгүй илүү магадгүй дэлхийн хамгийн том нөөц хөх тэнгэрийн энэ
улсад байж болзошгүйг олон улс орон биднээс илүү мэддэг болсон нь ч сонин түүх байдаг гэж
дурьджээ.
Тухайн үед оросууд хамгийн шилдэг инженер, техникийн ажилтнууд, хамгийн шилдэг
технологи, техник хэрэгслээ Монгол руу яаралтай илгээж байсан юм билээ. Энэ талаар
Монгол дахь хайгуул дүгнэлтийн ажилд оролцсон профессор А.Н.Еремеев өдрийн
тэмдэглэлдээ “...ЗХУ-ын олон нууц барилга, байгууламжууд дээр очиж байсан боловч, гарааш,
техник засварын газрууд, шатах тослох материалын агуулах ингэж нэгэн зэрэг хурдан босч
байхыг харсангүй.
Галт тэрэг ирэв үү, үгүй юү тавцан дээрээс нь өрөмдөх төхөөрөмжийг буулгаж, хэсэг хэсгээр нь
зөөгөөд шууд суурилуулах юм. Зөвлөлтийн цөмийн салбар үнэхээр шилдэг ажилчдаа Монголд
авчирчээ...” хэмээн дуу алдан тэмдэглэн үлдээсэн байх юм. Монголын ураныг олборлох ажил
1985 онд эхлэв. Бульдозерууд газрын хөрсийг хуулж, ил гарсан хүдрийг ачсан вагоны цуваа
Краснокаменск руу өдөр шөнөгүй түжигнэх. “Эрдэс” хот энэ зуурт мөн л хурднаар тэлж, есөн
давхар сууцууд баригдаж байлаа.
Мэдээж энд ажлын хүндийг Оросоос авчирсан 5000 шахам хоригдол, ялтнууд нугалж байсан
юм. Оросуудын тогтоосон гэх 60 мянган тонн ураны нөөцөөрөө Монгол дэлхийд 15 дугаар
байранд бичигдэж байлаа. Одоо ч яг хэвээрээ. Тэгвэл оросуудын өөр нэг нууц илтгэлд
Монголын ураны нөөцийг 1.500.000 тонн гэсэн байдаг. Тэгвэл бид нөөцөөрөө дэлхийд тавд
жагсана гэсэн үг. 
Харин газар доогуур төмөр замтай, бетондож цутгасан 300 га талбай бүхий хотхонд орос
хоригдлууд унаж босон ажилласаар хэчнээн нь тэндээ булшлагдсан нь Мардайн бас нэгэн
нууц хэвээр үлдсэн.
Харин тэрхүү нэгэн цагт тун богино хугацаанд боссон “Эрдэс” хотоос одоо юу ч үлдсэнгүй.
Оросууд 1990-ээд онд Монголоос гарахдаа хэрэгтэйгээ тонож аваад, зарим хонгилын амыг
дэлбэлээд одсон гэдэг. Түүнээс үлдсэн 180 гаруй км төмөр зам, мөн хэмжээний зайд босгосон
өндөр хүчдэлийн шугам гээд асар том бүтээн байгуулалтыг тэр хэвээр нь үлдээгээд оджээ. 
Үүнийг бичихийн тулд бяцхан түүх сөхөхөөс төвөгшөөсөнгүй. Яагаад гэвэл С.Жамъян гуай уул,
уурхайн мэргэжлийн хүн биш боловч газар доорхи байгууламж, зам, гүүр, хоолойн мэргэжлийн
хүн байсан учраас Мардайн газар дорхи гүний уурхайн байгууламжид улсын өмнө үүрэг
хүлээсэн нөхдийн хамт давхар хяналт тавиад зогсохгүй Баянтүмэний төмөр замаар тээвэрлэж
байгаа ачааны аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хариуцдаг, замынх нь арчилгаа үйлчилгээнд
онцгой анхаарал тавьж шалгаж залруулдаг байсан нь үнэн юм. 
Охин Марго Жамъяновагийн дурсамжаас: 
- Миний аав улсад хамаатай, хувийн амьдралгүй хүн байсан...
-Аав минь 1956 оны үед Сайншандад урд зам хариуцсан дарга хийж байсан ээж минь миний
хажуунаас хэлж байна...оныг тодорхой санахгүй байна гэнэ.
- Миний аав манж, төвд, хятад, орос хэлээр ус цас шиг ярьдаг хүн байсан.
-Аавтай харьцаж байгаа хүмүүс аавыг оросоор ярьвал орос, хятадаар ярьвал хятад, манжаар
ярьвал манж хүн байна гэж ойлгодог, хэлийг тийм гаргууд эзэмшсэн хүн байсан.
- Аав уйгаржин монголоор тэмдэглэлээ хөтөлдөг байсан.
-8-р ангид байхдаа нэг удаа аавын тэмдэглэлийг харж байгаад элсэн дээр уйгаржин монгол
бичгээр бичиж байтал аав минь миний ард зогсож байсан юм билээ. Тэгээд хөлөөрөө түүнийг
арилгачихаад дуугүй яваад өгсөн, харин орой нь надыг дуудаж дэргэдээ суулгаад дахин ингэж
бичихгүй байхыг хатуу ахааруулж билээ. Ингэж хэлснээс хойш би аавыгаа нэг л ер бусын,
нууцлагдмал хүн байна гэж ойлгодог болсон.
Хүүхдүүд бид нас биенд хүрээд гадаад дотоод явах шаардлага болоод гадаад паспортоо
хөөцөлдөхөд ИБМТ-ийн архиваас бидний мэдээлэл огт гарч ирээгүй юм даа. Сүүлд нь бид
олон жил нэг дор амьдарсан айл ахдүү нарын гэрчийн өргөдөл энэ тэр гэж хөөцөлдөж байж
үзүүлэх юмтай болсон доо.
Аав минь намайг ухаан орсон цагаас хөдөө гадаа хаана л ажил гарна байнга дагуулж явдаг
байсан болохоор би зах зухаас нь мэднэ.
- Миний аав орос мэрэгжилтэнтэй хамт хойноос урд зам хүртэл явганаар замаа хэмждэг
байсан замдаа нүхэн гэрт амьдрах төмөр замын ажилчдын нийтийн хоол идээд явдаг, тэр үед
ажилчид дундаа хоол хийж мах хүнс нь бас дундых байсан юм гэнэлээ.
Зургийн тайлбар хэрэгтэйг сануулахад : Энэ хүн миний эмээ манайхаар бол бид ялав юмуудаа
дэлхийн 2-р дайнд оролцож явсан хүн.
Аав минь эрдэнэтийн замын хэсэгт мастер хийж байхдаа хамгийн их тохижилт хийсэн байдаг
юм.
-Би бага байхдаа аавыгаа дагаж Салхит өртөөнд их очдог байсан, элсэн дунд ёотон шиг хоёр
давхар цагаан байшин ярайсан, орос голдуу хүмүүстэй байгалийн үзэсгэлэн цогцолсон сайхан
газар санагддаг байж билээ.
-Рашатхан гуайнх их цай унд сайтай, яриа хөөрөөтэй сайхан айл байж билээ.
-Аав минь хүнд нэр хоч өгдөг, онигоо их ярьдаг хүн байсан.
С.Ганболд гуайн эхнэр Дэжидмааг “Улаан хацарт Булганы будлиант” гэдэг,
Гэхдээ тэр хүүхнийг хүнд сайн хань болно гээд найз хүүхнээс нь болиулж байж тэр хоёрыг
суулгасан гэж ярьдаг байсан.
Эрүү Сүрэнжав, Шар сүүлт Пүрэвжав, Ногоон нүдэн Батчулуун гээд хөгжилтэй сайхан
сэтгэлтэй ажилсаг хүмүүсээр аав хамт олноо бүрдүүлдэг байж.
За тэгээд сумчин замчин хүүхнүүд нь бүгд л хочтой байсандаг...
Бүр машинистуудыг нь хүртэл даргынх нь захиалгаар нэр хоч бодож байж өгч байсан
юмдаг,сүүлд нь харж байхад яах аргагүй л голыг нь олоод хэлчихсэн байдагсан.
Нэг казак жолоочтой байсан нь Малык гэдэг байхаа. Тэр хүн Эрдэнэтийн анхны жолооч
байсан.
Банзрагч гуай тэр хоёр биенээ нэг нь “Шар Банзай“ гэж аялгуулан дуудахаар нөгөөх нь бас нэг
юм хэлж хариу барьдагсан. 
Миний аав хот орохоороо Дамдинжав багшийнд очиж их дайлуулдаг цаадах нь таны барьсан
гүүр хоолойг үер авдаггүй юм. Та тэр газар орны хур тундасны судалгааг их сайн тооцож зөв
газар нь барьсаных бизээ гэж аавыг минь магтдаг байсандаа. Мөн настай болсон хойно нь
Лхагва гэж багш хүн эмнэлэгт байхад нь ирээд, шавь нь таныг огт мартдагүй таныг дагалдаж
байж их зүйл мэдэж авсан эмнэлгээс гарахаараа манайд заавал очоорой гэсэн боловч очих
зав болоогүй. Тэр хүн тэр үеийн ТМС-д замын хичээл ордог гэж байсан.
Аав минь хурандаа цолтой хүн байсныг би сүүлд мэдсэн
Аавын ээж, аавынх нь намтар маш бүрхэг, аавын нэр нь хүртэл зохиомол гэдгийг аав минь
надад хэлж байсан.
Аав минь хурандаа цолтой өндөр албан тушаалын хүн байсныг би сүүлд мэдэж билээ.
1976 оны үед шиг санагдаж байна биднийг Эрдэнэт байхад саарал өнгийн дүрэмт хувцастай
өндөр хүн манайд ирж аавын хурандаа цолтой авхуулсан гэрэл зургийг аавд үзүүлээд өгөлгүй
буцаагаад аваад явсан. Тэр зурган дээр аав маш залуухан харагдаж байсныг би мартдаггүй
юм.
Аав минь амьдралынхаа сүүлийн өдрүүдэд:
Сарын урд намайг дуудаж яаж хөдөөлүүлэх тухай хэлж өгсөн
Тэр нь надад маш амар байсан.
Нутгийн минь зүглүүлж хөдөөлүүл, лам хуварга дуудаад хэрэггүй, хөрсөөр нь хучаарай, Хөшөө
чулуу бүү тавиарай, будаалгандаа архи бүү оруулаарай гэж захьсан даа. Тэр үед будаалганд
архи хэрэглэдэг байсан үе.
1998 оны 8 сард Сэлэнгэ мөрний эрэгт зусландаа өөд болсон, огт өвдөж байгаагүй хүн гэнэт л
зүрх нь зогсож нас барсан.
Аав минь дүүг хүнээс их өмөөрдөг их эрхлүүлдэг байсан. Миний толгойг түших хүн гэж хэлдэг
байсан яг л тэр хэлсэнээрээ дүүг ирэнгүүт өвдгийг дэрлэж хэвтээд л өнгөрсөн.
-Зах зээлд шилжсэн 90-ээд оноос хойш аав хааяа ганц нэг үг ээжид унагах болсон.
Аав нэг удаа хэлэх дээ : Сүхийн Жамъян гэдэг нэр миний ээж ааваас өгсөн нэр биш, энэ
нэрийг Улс надад өгсөн юм, гэхдээ Жамъян гэдэг энэ нэрэндээ би хайртай энэ бол миний нэр
төрийн хэрэг юм гэжээ.
Дэлхийд нөөц баялагаараа эхний аравт тооцогдох зэс молбедины уулын баяжуулах Эрдэнэт
үйлдвэр, Эрдэнэт хотыг байгуулах, мөн Салхит Эрдэнэтийн төмөр замыг барьж дуусах түүхэн
цогц бүтээн байгуулалтын их үйлсээс өнөөдрийн Замын 6-р анги үүсэн байгуулагдах нөхцөл
бүрдсэн гэж түүхэнд тэмдэглэжээ.
Энэхүү замыг барьж байгуулах нүсэр ажлыг 1976-1978 оны хооронд Зөвлөлтийн тээвэр
барилгын яамны 15-р барилгын удирдах газрын хамт олон /УС-15/ хурандаа Хомяков Николой
Иванновичийн удирдлагын дор барьж байгуулан, Монголын төмөр замын талд хэсэгчлэн
хүлээлгэн өгчээ.
Энэ хүү хэсэгчлэн хүлээлгэж өгөх эхний шат буюу Салхит-Эрдэнэтийн төмөр замыг 1975 оны
10-р сарын 04 ны өдөр нээхээс өмнө 1974,1975 онд Замын профелийг туушид нь шалгаж,
оросуудтай хамтран ажиллаж байсан хоёрхон монгол хүн байсаны нэг нь холбооны техникч
Балжинням,хажууд нь шалгаж явсан нөхөр нөгөөх л СҮХИЙН ЖАМЪЯН гуай байлаа.
Салхит Эрдэнэтийн шинэ төмөр замыг 1975 оны аравдугаар сарын 04-нд нээсний
дараа.Салхит Эрдэнэтийн төмөр замыг байнгын ашиглалтанд хүлээж авах комисс
томилогдож, Бэлэндалай, Орхонтуул, Хангал зөрлөг тээврийн ажиллагаанд нээгдэж.Салхит
Эрдэнэтийн чиглэлд суудлын 64, 63-р галт тэрэг аялуулж эхэлсэн байна.1981 онд Хөтөл
өртөөг ачилт буул¬галтын зориулалттайгаар байгуулж ашиглалтанд нээжээ.
Энэ хооронд С.Жамъян гуай хэсэг завсарлаад урд замд яваад ирэхдээ маш цухалдангүй
ирсэн ба эхнэртээ: Муудалцаад ирлээ дахиад хэзээ ч тийшээ зүглэхгүй гэж эрс тэс ганцхан үг
хэлсэн байдаг.
Үүний дараа замын 6-р ангийн даргаар томилогдсон Ахметийн Рашатхан гуай Сүхийн Жамъян
гуайг Эрдэнэтийн замын 6-р хэсэгт мастераар эргүүлэн ажилд авчээ.
“...Сүхийн Жамъяан гуайн түүх дурсамжийг сэргээхэд одоо бидний бичиж байгаа шиг ийм
сандал ширээ, тийм тохижолт хийлээ гэж цээжээ дэлддэгтэй огт адилгүй юм.”
Энэ сонирхолтой түүхийн эзэн Сүхийн Жамъяны охин Марго Жамъяноватай холбогдож бид
хоёр багагүй зүйлийг ярилцсан бөгөөд аавынхаа тухай нилээдгүй зүйлийг надад ярьж өгсөний
дагуу би зарим түүхийн хэсэгт арга мухардан 1921 оноос хойшхи Монголын төдийгүй тэр
үеийн хоёр хөрш орны нийгэм улс төрийн байдлыг ч дахин ухах төнхөх хэрэгтэй болсон юм.
Үүнд маш их цаг хугацаа орох шаардлагатай болсон тул ингэсхийгээд орхие. Үүнийг бичигч
миний бие жирийн нэг замын мастер Сүхийн Жамъян гуайн түүх намтрыг баримт, зураг, ойр
дотны хүмүүсийн дурсамжаас сэдэвлэн бичихэд маш сонирхолтой байсан төдийгүй түүхэн цаг
үеийн нөхцөл байдалтай уялдуулан гаргахыг хичээсэн нь зөвхөн миний логик санаа төдий юм.
Ийм ээдрээтэй ховорхон түүхтэй, наанаа энгийн нэгэн төмөр замчин атлаа, цаанаа эх орны
төлөө цохилох зүрхтэй цэргийн мэргэжлийн инженер 
хүн Салхит –Эрдэнэтийн төмөр замын бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулж, замчдынхаа
дунд мөр зэрэгцэн алхаж явсан нь бахархмаар...
Анд нөхөр Сумъяагийн Ганболдын: “...Сүхийн Жамъян гэдэг хүн номонд орох ёстой хүний нэг”
гэж хэлснээс үүдэн ганц хоёр хуудас цаас бичихээр үзэг цаас яаран шүүрч авсан би вээр
сэлүүргүй завьтай тэнгист гарсанаа сүүлд нь ухааран зүг чиггүй хөвж явахад, түүх хэмээх агуа
тэнгисийн түрлэг чадахгүйг минь мэдээд эрэг дээр буцаан шидсэн бөлгөө...
Б.Жаргалсайхан 2018-6-21.

You might also like