You are on page 1of 11

I. ЭСЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

Хүн ертөнцийг танин мэдэж, ойлгож ухаарсныхаа хэрээр аливаа асуудлыг


баримт дээр тулгуурлан олон талаас нь шинжлэн судлах, ажиглан эргэцүүлэх, задлан
тайлбарлах, нэгтгэн дүгнэх, харьцуулан жиших, томьёолон таамаглах, адилтган
зүйрлэх зэрэг оюуны төрөл бүрийн үйл хийснийхээ үндсэн дээр өөрийн бодол санаагаа
илэрхийлэх хамгийн нээлттэй төрөл бол эсээ юм. Эсээ нь найруулгын хувьд /албан
бичиг/, эрдэм шинжилгээ, уран зохиол, сонин нийтлэлийн төрлүүдийн дундын
шинжтэй учраас сурагчаас судлаач, зохиолч хүртэл ажилчин малчнаас албан хаагч
хүртэлх бүх л хүмүүсийн сурч эзэмшвэл зохих нийтлэг төрөл гэж үзэж болно.
Энэхүү төрлийг үндэслэгч Мишэль. дө. Монтень эсээг тодорхойлохдоо:
“Ертөнцийн юмс үзэгдэл, амьдрал, хүний мөн чанар тэдгээрийн учир
холбогдлын тухай бусдаас хараат бус хүний давтагдашгүй өвөрмөц байр суурь,
үзэл санааг дагнан илэрхийлэх боломжтой богино хэмжээний бичвэр байж болно”
хэмээжээ.
Тийм ч учраас Мишэль. дө. Монтень “…миний номын агуулга тэр чигээрээ би
өөрөө юм” гэж бүтээлийнхээ онцлогийг тодорхойлсон нь бидний дээр ярьсан “Би”- г
нээн илэрхийлэх гэдэг асуудалтай тохирч байгаа юм.
Тэгвэл эсээний талаар манай эрдэмтэн, судлаач, уран бүтээлчид хэрхэн
тодорхойлж байгааг товч авч үзье.
Профессор Д.Галбаатар: “Эсээ нь хүүрнэл /туульсын болон сэтгүүл зүй,
судалгаа шинжилгээний/ зохиолын нэг зүйл. Эсээ нь уран зохиолд ямар нэг шалтгаан
хийгээд асуудлын талаар хувь уран бүтээлчийн бодол, эргэцүүлэмж, таамаглалыг
шингээсэн юмс үзэгдлийн мөн чанар, шалтгаан холбоо хамаарлыг заавал бүрэн буюу
гүйцэд илэрхийлсэн байх албагүй бэсрэг хэмжээтэй, чөлөөт уран сэтгэмж, чөлөөт
зохиомжит үргэлжилсэн үгийн зохиолын бие даасан шинэ төрөл зүйл болж
хөгжжээ. …бичлэгийн хэв маяг нь товч яруу дүрслэг шинжтэй байхаас гадна ярианы
аялга, үгсийн сан, зорилгоороо ялгардаг. …Эсээ гадаад хэлбэр, бичлэг, зохиомжийн
хувьд сэтгүүл зүйн, агуулгын хувьд уран зохиолд хамруулж болохуйц бүтэцтэй” /Эсээ/
Эрдэмтэн, зохиолч Л. Түдэв: “Тодорхой сэдвийг зохиолч хэрхэн бясалган
эргэцүүлж ямар дүгнэлтэд хүрснийгээ чөлөөтэйгөөр хүүрнэн өгүүлэх богино
хэлбэрийн зурвас өгүүлэл, найруулал, шүүмжийн аль алины шинж төрхийг агуулсан
задгай зохиомжтой зохиол болон хэвшсэн байна”.
Профессор М.Зулькафиль” “Эсээ бичигч тал бүрээс нь нарийвчлан судалж,
түүнийг эрэмбэ, дэс дараалалтай нарийн логик холбоогоор үзүүлэхийг урьтал
болгодоггүй, харин сонгож авсан сэдвээ нийгмийн хурц асуудлыг хөндөхөд чиглүүлж,
түүнийгээ хувийн сэтгэгдэлтэй хослуулан бодол эргэцүүллийн маягаар гаргаж
хэлэхийг гол зорилгоо болгодог”.
Доктор Л. Норовсүрэн: “Төрөгдөл бичигч аливаа үйл явдал, үзэгдлийг урнаар
үзүүлэхийн тулд уран яруу найруулга, ярианы хэлийг ашиглан, элдэв баримт жишээг
чөлөөтэй хэрэглэдэг байна. Төрөгдлийг шинжлэх ухаан, гоо зүй, ёс суртахуун, түүхийн
аль ч сэдвээр бичлээ гэсэн гүн ухааны бясалгалын аяс нэвтэрхий байдаг нь түүний гол
онцлог мөн” /Төрөгдөл/
Дээр дурдсанаас үзвэл эсээ нь дараах үндсэн шинжтэй. Үүнд:
 Өгүүлэл, найруулал, нийтлэл, шүүмжийн аль алины шинжийг агуулсан
харьцангуй богино хэмжээтэй хүүрнэл хэлбэр
 Эсээ нь өөрийн нарийн тогтсон бүтэц, бүрэлдэхүүн хэсэгтэй, бичлэгийн
тодорхой арга техниктэй сонгомол төрөл
 Эсээ нь загварт буюу мэргэжлийн, загварт бус буюу чөлөөт гэсэн хоёр өөр
түвшинтэй.
 Тодорхой нэг асуудлын талаар зохиогчийн бодол бясалгал, эргэцүүлэл
тайлбарламж шинжтэй.
 Нэг зүйлийг олон талаас нь тайлбарлан авч үздэг.
 Баримт нотолгоог үндэс болгодог.
 Уран дүрслэлийн арга, ур маягийг чөлөөтэй ашигладаг.
 Зөвхөн зохиогчийн хувийн үзэл бодол илэрдэг учраас дэвшүүлсэн санаа нь
нээлттэй /задгай/
 Уран зохиол- сонин нийтлэл- гүн ухааны бичлэг, найруулгын завсрын шинжтэй.

ЭСЭЭ БИЧИХ ҮЕ ШАТ, АЛХМУУД


Аливаа эсээ түүний бүрдэл хэсэг болох цогцолбор, мөчлөг, зүйл, хэсэг, бүлэг анги
зэргийг бичих нь бодож боловсруулах, шийдвэр гаргах, тал бүрээс нь дахин дахин
эргэцүүлэх зэрэг бүтээлч сэтгэхүйн үйл явцуудыг хамаарсан нарийн чимхлүүр
ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл ямар нэг зүйлийн тухай бичих санаа бодол тархинд орж
ирэхээс эхлээд бичиж дуусах хүртэл олон үе шат алхмуудыг дамжиж бүтдэг үйл явц
юм. Эсээ бичих үйл явц нь дараах таван үндсэн алхам дамжиж байж эцсийн бүтээл
болдог байна.
Бичихийн өмнөх буюу бэлтгэх шат
Энэ үе шатанд бичих зорилго, уншигчаа тодорхойлох, сэдвээ сонгож хүрээ
хязгаарыг нь тогтоох, бичих өнцөг, өнгө аяс, хандлага оноон олох, мэдээлэл цуглуулах,
ангилах, эрэмбэлэн цэгцлэх гэх мэт үндсэн алхмууд орно.
Энэхүү шатанд бичигч дараах дөрвөн чухал асуултад хариулах ёстой.
1. Яагаад? /яахын тулд/ бичих гэж байна вэ? гэх мэт.
2. Хэнд зориулж бичих вэ?
3. Юуны тухай бичих вэ?
4. Чухам юу хэлэх гэж байна вэ? гэх мэт

1. Бичих зорилго (Яахын тулд бичих гэж байна вэ?)


Зохиогч ямар нэг зүйлийн тухай уншигчдад санаа бодлоо илэрхийлэх, мэдээлэх,
тайлбарлах, итгүүлэн үнэмшүүлэх зэрэг зорилгоор бичдэг. Чухамхүү үүнээс л
шалтгаалж эсээ дараах үндсэн дөрвөн хэв маягтай байна.
1. Хоорондоо цаг хугацаа, учир зүйн холбоотой үйл ба хэрэг явдлыг дараалан
дүрсэлж өгүүлэх зорилготой хүүрнэмж ./Narrative/
2. Ямар нэг үйл явдал, үзэгдэл юмсын талаар шинэ мэдээлэл өгч, учир шалтгааныг
тайлбарлан таниулах зорилготой тайлбарламж /Expository/
3. Тодорхой хүн ба юм үзэгдэл, газар орны гадаад төрх байдал, шинж чанарыг
тодорхойлон дүрслэх зорилготой тоочимж /Descriptive/
4. Ямар нэг зүйлийн талаар бусдад итгүүлж, үнэмшүүлэх, зүй тогтлыг батлан
дүгнэлт хийх зорилготой эргэцүүлэмж (учирламж) /Presuasive or argumentative/
гэх мэт.

2. Уншигчаа тодорхойлох (Хэнд зориулж бичих вэ?)


Та ямар нэг зохиомж эсээ бичихийн өмнө чухам хэнд зориулж бичих вэ? гэдгээ
тодорхойлох ёстой. Жишээ нь: Та байгаль хамгаалах сэдвээр бичих гэж байгаа бол бүх
нийтэд, эсвэл насанд хүрэгчдэд эсвэл тухайн орон нутгийнханд үгүй бол байгаль
хамгаалагчдад зориулж бичихээ тогтооно гэсэн үг юм. Үүнээс шалтгаалж сэдэв, дэд
сэдэв, агуулга, зорилго нь өөр өөр байх болно.
o Сэдэв, дэд сэдэв сонгох
Сэдэв, дэд сэдэв сонгох нь зорилго, уншигчийг тодорхойлохтой шууд холбоотой.
Өөрөөр хэлбэл, ямар сэдвээр хэнд зориулж ямар зорилгоор юу хэлэх гэж байгаа нь
тодорхой байвал бичихэд хялбар дөхөм болно. Сонгосон сэдэв тань уншигчийн
хэрэгцээ сонирхолд нийцэж байх ёстой. Хэнд зориулж ямар сэдвээр бичихээ тогтоосны
дараа чухам юу хэлэх гэж байгаадаа тохируулж дэд сэдвээ сонгох шаардлагатай. Бичих
зүйлийн хэмжээ зорилгоос шалтгаалан ерөнхий сэдэв /өргөн хүрээтэй/, дэд сэдэв
/явцуу хязгаарлагдмал/ ялгардаг.

Жишээлбэл:
Ерөнхий сэдэв Дэд сэдэв
Мал аж ахуй Малын ашиг шим
Д. Нацагдорж Д. Нацагдоржийн яруу найраг
Хайр Эхийн хайр
Мэргэжил Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?

Бичих зүйлийнхээ зорилго, агуулгад тохирсон тодорхой сэдэв сонгох чадвар бол
зохион найруулж бичих эрдэмд суралцах нэг хүчин зүйл мөн. Сэдэв, дэд сэдэв гэдгийг
эсээний нэртэй хутгаж болохгүй. Эсээний нэр нь сэдэв, дэд сэдэвтэйгээ агуулгаараа
таарч байх ёстой боловч нэг зүйл биш. Жишээ нь: “Робот” /сэдэв/, “Далайн гүнийг
судлахад робот ашиглах нь” /дэд сэдэв/ , агуулгаар нь “Лусын хаан” нэртэй эсээ бичжээ.
/Л. Түдэв Бүтээлийн чуулган XVII/
Мөн сэдэв, дэд сэдэв нь нэртэйгээ тохирч болно. Жишээ нь: “Өвс” гэсэн нэртэй
эсээнд “Өвс ургамлыг устгах нь нүгэл” гэсэн дэд сэдвийн агуулгыг илэрхийлжээ. /Д.
Баттогтох “Баримт уран сайхны зуун эсээ”. Ер нь найруулгын төрөл, зохиогчийн
хандлага, өнгө аясаас шалтгаалж сэдэв, зохиомжийн нэр хоёр ихэнх тохиолдолд
тохирдоггүй. Ялангуяа уран зохиолын найруулгад ийм жишээ түгээмэл тохиолдоно.

o Өнгө аяс, хандлага


Эсээ бичихийн өмнө тухайн сэдэвтээ тохирсон хандлага, үзэл бодлоо оновчтой
тодорхойлох хэрэгтэй. Тухайн бичиж буй зүйлдээ та эерэг- сөрөг, хошин шог- энгийн,
бухимдуу, ширүүн- зориг бадрангуй зэрэг янз бүрийн хандлага, өнгө аясаар хандаж
байж болно. Бичиж байгаа эсээндээ олон янзын өнгө аястай нарийн шигтгээ, бүрдэл
хэсгүүд оруулах нь чухал байдаг. Гэхдээ утга санааг далдалсан хэт чамирхал бас илүүц
гэдгийг анхаарах ёстой. Сонгосон хандлага, өнгө аяс, утга санаандаа тохирсон хэлний
хэрэглүүр, ур маягийг ашиглах шаардлагатай байдаг. Сүүлийн үед эсээ бичлэгт
зохиогчийн өнгө аяс, хандлагыг илэрхийлсэн төрөл зүйл түгээмэл ажиглагдаж байна.
Жишээлбэл: Д. Урианхай “Өвгөн үг”, Д. Баттогтох “Баримт- уран сайхны зуун эсээ”
зэрэг бүтээлд “бодрол, гуниглуун, халаглуун, бардамнал, бишрэл, бэлгэшээл, гутрал,
гэмшиглэн, наминчлал, жигшил, зүхэл, зэвүүцэл, сэнхрүүлэг, сэрэмжлэл” гэх мэт.

3. Мэдээлэл цуглуулах /Юун тухай бичих вэ?/


Цуглуулах мэдээлэл нь бичих зорилготой нарийн уялдсан байх ёстой. Таны
цуглуулсан мэдээлэл тань эсээний агуулгад оновчтой туссан бол уншигчдад нөлөөлж,
итгэл үнэмшилтэй болж, сонирхол хэрэгцээнд нь тохирох болно. Баримт мэдээллээс
ангид зохиомж нь уншигчдад нөлөөлөх боломжгүй. Бичих мэдээллийг олох,
боловсруулах, гол ба гол бусыг ялгах, эрэмбэ дараалалд оруулах зэрэг олон тооны арга ,
алхмууд байдгийг мэдэх шаардлагатай.
Мэдээллийг олж цуглуулах. Мэдээлэл цуглуулах олон арга барил байдаг бөгөөд
эдгээрээс аль боломжтойг нь сонгох, эсвэл хооронд нь уялдуулж хэрэглэх боломжтой.
Үүнд:
1. Шууд ба шууд бус ажиглалт
а. Мэдээллийг харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүртэх зэрэг таван мэдрэхүйн
замаар буюу мэдэрч танин мэдэхүйн замаар олж авахыг шууд ажиглалтын арга гэнэ.
Жишээ нь: дараах бичил эхэд ажиглалтын замаар олж авсан мэдээллийг ашигласан
байна.
Та бичих гэж байгаа сэдэвтэйгээ холбогдсон мэдээллийг аялал жуулчлалаар
явах, музей үзвэр үзэх, дуу аялгууг сонсох, амттаныг амталж үнэрлэх, идэж уух, барьж
ажиглах зэргээр дам олж аваад түүнийгээ эсээндээ ашиглах нь илүү итгэл үнэмшилтэй,
үнэ цэнэтэй болдгийг анхаарна уу?
б. Бичих сэдвийнхээ талаарх мэдээллийг хүмүүсийн туршлага, яриаг сонсох,
ном зохиол, бичиг баримт зэргээр дам олж авбал шууд бус ажиглалтын арга болно.

2. Зохиогчийн өдрийн ба зүйлчилсэн тэмдэглэл


Энэ нь мэдээлэл цуглуулах, ашиглах нэн чухал хэрэглэгдэхүүн юм. Ийм ч
учраас тэмдэглэлийг зохиомж, эсээ бичих сэдэвт зориулсан ажиглалт, туршлага,
баримт үзэл бодлын сан, нөөц гэж үздэг. Тэмдэглэлд байгаа баримт тань бичиж
байгаа зүйлдээ шигтгээ болгон ашиглах гарын доорх бодитой хэрэглэгдэхүүн болно.
Тиймээс амьдралдаа тохиолдсон элдэв сонин үзэгдэл, учрал, үйл явдал, сонсож
дуулсан зүйлээ тэмдэглэхийн зэрэгцээ тухайн үед танд төрсөн сэтгэгдэл, үзэл бодол,
таамаглалаа бичиж байх нь чухал гэдгийг санаарай.

3. Оюуны дайралт хийх ба түүнийг багцлан цэгцлэх


Бичих гэж байгаа сэдэв, дэд сэдвийн талаар таны тархинд хадгалагдаж, оюун
ухаанд бууж байгаа зүйлийг тогтоосон богино хугацаанд шуурхай бичиж гүйцэтгэх
үйлдлийг оюуны дайралт /тархины шуурга ч гэдэг/ гэнэ. Тухайн сэдвийн талаарх үг
хэллэг, асуулт таамаглалыг тасралтгүй, шуурхай хурдан бичихдээ логик дараалал,
бүтэц, тогтолцоо харгалзах шаардлагагүй. Бичиж дууссаны дараа тэдгээрийг учир зүйн
дараалалд оруулж, холбоо хамаарлыг нь тогтоох үйлдлийг багцлан цэгцлэх гэнэ. Энэ
нь баримт мэдээллийг цуглуулах, боловсруулах нэг арга юм. Ер нь онолын судалгааны
мэдээлэл бол эхийн үндсэн ай гэж үзээд түүнийг хэв шинжээр нь:
 Баримтын мэдээлэл
 Үзэл бодлын мэдээлэл
 Далд санааны мэдээлэл гэж ангилсан байдаг.
Баримтын мэдээлэл нь тухайн өгүүлж байгаа зүйлтэй холбогдсон үзэгдэл, үйл
явдлын тухай бодит мэдээлэл болно. Бодит амьдралд тохиолдсон үйл явдал, үзэгдэл
юмс болон аливаа бүтээлд туссан таамаглал, дүгнэлт, тоон үзүүлэлт, тодорхойлолт,
дэвшүүлсэн асуудал ч баримтын мэдээлэлд багтана. Ийм мэдээлэл нь ил бодитой байх
ба олон үе дамжин уламжлагдсан байж болно.
Үзэл бодлын мэдээлэл нь баримтын мэдээллүүдийг харьцуулан ажиглаад зохиогчид
төрсөн санаа, түүний хувийн ухаарал, дүгнэлт зэргийг хэлнэ. Өөрөөр хэлбэл аливаа
үзэгдэл юмс, үйл явдлуудын хоорондох шалтгаан, үрийн холбоо хамаарал, хүнээс хүнд,
хүнээс байгальд, хүнээс өөртөө /Би- дээ/ харьцах харьцаа үзэл бодлын цогцыг үзэл
баримтлалын мэдээлэл гэнэ. Үзэл бодлын мэдээлэл нь баримтын мэдээлэлтэй хосолж
голдуу эсээ зохиомжид агуулагдана.
Далд санааны мэдээлэл баримтын мэдээллийн дотор үгээр илэрхийлэгдээгүй
боловч аяндаа ойлгогдох мэдээлэл юм. Эхийн доторх бүрдэл хэсгүүдэд орсон үг,
өгүүлбэрт далд мэдээлэл агуулагдах нь олонтоо байдаг.
4. Зургаан асуудалд хариулах арга
Энэ арга тухайн сэдэвт тохирсон мэдээлэл баримт цуглуулахад баримжаа болно.
Сэдвийг бичих зорилго, агуулгын хүрээнээс хамаарч бүх асуултад хариулахаар
мэдээлэл баримт цуглуулах шаардлагагүй ч байж болно.
Жишээ нь:
Сэдэв нь: Улаанбаатар хот байгуулагдсан нь
o Хэн
Энэ хотыг хэн байгуулсан бэ?
o Юу?
Хот байгуулахаас өмнө энд юу байсан бэ?
o Хаана?
Анхны барилга байгууламжийг хаана барьсан бэ? Хотын хамгийн эртний дүүрэг
хаана байна вэ? гэх мэт.
o Хэзээ?
Хотыг хэзээ байгуулсан бэ?
o Яагаад?
Хотыг яагаад энд байгуулсан бэ? Анхны оршин суугчид яагаад энд ирсэн бэ?
o Яаж?
Хотыг яаж байгуулсан бэ?
Дээрх зургаан асуултад бүгдэд нь эсвэл заримд нь хариулахаар баримт мэдээлэл
цуглуулж бичиж болох сэдвийн зарим жишээ:
o Танд /хэн нэгэнд/ тохиолдсон хөгжилтэй явдал
o Рекорд амжилтыг эвдсэн алдарт тамирчин
o Таны амьдралд тохиолдсон чухал үйл явдал
o Байгалийн аюулт гамшгийн сургамж
o Танай байгууллага /улс, хот, аймаг, сум, гэр бүл гэх мэт/- ын тулгамдсан
асуудлыг шийдсэн нь
o Баавгайтай тулалдсан анчны явдал

1. Үзэл бодлыг нь таних асуултад хариулах арга.


Сэдвийг бичихийг өмнө дараах гурван асуултад хариулах зорилгоор баримт мэдээлэл
цуглуулан боловсруулах арга юм. Үүний үр дүнд зохиогчийн үзэл бодол, хандлага,
өнгө аяс тодорхой болдог.
А. Энэ чухам юу вэ? /Та үүнийг юу гэж бодож байна вэ? Үүний мөн чанар
онцлог юу вэ? Энэ чухам юутай адилхан байна вэ? Энэ бусдаас юугаараа
ялгаатай байна вэ? гэх мэт/
Б. Энэ нь чухам ямар байгаад одоо ямар болсон бэ? /Энэ нь чухам ямар байсан
бэ? Энэ нь цаашид яаж өөрчлөгдөх бол? Үүнийг ингэвэл яах бол? гэх мэт/
В. Энэ нь бусадтайгаа ямар харьцаа холбоотой вэ? /Эдгээр нэгж хэсгүүдийн аль
нь чухал, аль нь чухал бус вэ? Энэ нь бусдадаа ямар нөлөөтэй вэ? Энэ нь
бусдаасаа холбоо хамааралгүй байвал юу болох вэ?/

4. Мэдээллийг ангилах эрэмбэлэх /Та чухам юу хэлэх гэж байна вэ?/


Та бичихэд шаардлагатай мэдээлэл, баримтаа цуглууллаа. Одоо тэрхүү
мэдээлэл баримтаа боловсруулах шаардлагатай. Ингэхийн тулд нийтлэг шинжээр нь
бүлэглэн ангилах хэрэгтэй болно. Ингэж ангилж хуваах нь юуг нь гол болгох, юуг нь
туслах чанартай авч үзэх вэ? гэдгийг тодорхойлоход чухал алхам болдог. Ангилсан
мэдээлэл, баримтынхаа гол, гол бусыг ялгаж цэгцлэх нь сэдвийн гол санаа, агуулгын
үндсэн шугамыг баримжаалах үндэс юм. Ангилсны дараагаар баримт мэдээллээ дэс
дараа эрэмбэд оруулж, сонголт хийх, аль баримтыг шууд авах, алийг нь хасах зэргийг
шийднэ. Мөн уншигчдад аль баримт мэдээлэл нь шинэ бөгөөд сонирхолтой, уг сэдвийг
бичих зорилгод аль нь чухал болохыг тодорхойлсноор бичих бэлтгэл дуусна. Одоо та
анхны нооргоо бичихэд бэлэн боллоо.

II. ЭСЭЭНИЙ ҮНДСЭН БҮТЭЦ, БИЧИХ АРГУУД


Эсээ нь (1) бичих зүйлийнхээ гол санааг илэрхийлсэн түлхүүр өгүүлбэр бүхий
ЭХЛЭЛ хэсэг, (2) түлхүүр өгүүлбэр болон эхлэл цогцолборт өгөгдсөн гол санааг
лавшруулах дэмжих, нэмэн өргөжүүлэх мэдээллүүдийг агуулсан ИХ БИЕ, (3)
эсээнийхээ санааг нэгтгэн дүгнэх, гол санаагаа тайлах, уншигчдад эргэн сануулах
зорилго бүхий ТӨГСГӨЛ гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.
Эсээ бичихдээ дараах дөрвөн алхам хийгээд учирзүйн дарааллыг баримтлах ёстой.
Үүнд:
1. Гол үзэл санаагаа тусгасан түлхүүр өгүүлбэрээр эхлэх
2. Түлхүүр өгүүлбэрийн санааг баримтаар дэлгэрүүлэн дэмжих
3. Их бие хэсэг буюу дэмжих цогцолборуудыг уялдуулан холбож, зохион
байгуулах
4. Өгүүлбэр, цогцолборуудыг ойлгомжтой цэгцтэй болгон алдааг засах

Алхам- 1
Эсээний хамгийн эхний буюу удиртгал цогцолборт орох чухам юун тухай
бичихийг хүсэж байгаа бол гол санаагаа илэрхийлсэн түлхүүр өгүүлбэр нь эсээний
туршид хөтөч болж, чиглүүлэх үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл түлхүүр өгүүлбэрт
илэрхийлэгдсэн тулгуур санаа нь удиртгал цогцолборын төдийгүй, бүхэл эсээний
гол санаа, агуулгын төв цэг, зорилго болох учиртай.
Түлхүүр өгүүлбэрт тавигдах шаардлага нь:
 Эсээний гол, зорьсон санаа туссан байх
 Нэг л санаанд төвлөрч аль болох өөрийн хандлага, өнгө аясыг оновчтой
илэрхийлсэн нэг л өгүүлбэр /энгийн эсвэл нийлмэл/ байх
 Илэрхийлэх санаа нь уншигчийн анхаарлыг өөртөө хандуулан хөтөлж чадахуйц,
сэтгэл татам, үнэмшилтэй сонирхолтой байх
 Хүүрнэсэн, ёжилж шоглосон, хошин зэрэг өөрийн өнгө аястай байх гэх мэт
Түлхүүр өгүүлбэр хэдий чинээ оновчтой, анхаарал сонирхол татахуйц даацтай
байна эхний цогцолбор ч, эсээ ч бүхэлдээ төдий чинээ хүнд нөлөөлөх хүч чадалтай
болно.
Түлхүүр өгүүлбэр нь удиртгал цогцолборын юм уу төгсгөл хэсэгт орж болох боловч
голдуу эхэндээ байдаг.
Түлхүүр өгүүлбэр нь (1) шууд (2) шууд бус (3) уран яруу гэсэн үндсэн хэв шинжтэй
байдаг.
Шууд түлхүүр өгүүлбэрт хэлэх гэсэн санаа, баримтаа ямар нэгэн далд санаа, эргэлзээ
төрүүлэхээргүй тодорхой гаргана. Харин шууд бус түлхүүр өгүүлбэр нь гол санааг
далд битүүлэг байдлаар /төлөөлүүлэн/ илэрхийлдэг. Уран яруу түлхүүр өгүүлбэр нь гол
төлөв уншигчийн анхаарлыг өөртөө хандуулж сонирхлыг өдөөсөн асуулт хэлбэртэй
байдаг. Эсээний агуулга санааг чиглүүлэгч чухал зүйл болох түлхүүр өгүүлбэрийг
бичихдээ дараах түгээмэл алдаанаас зайлсхийх хэрэгтэй.

1. Ерөнхийлөн тунхаглах алдаа


“Би монголын гэмт хэргийн ертөнцийн тухай өгүүлэхийг зорилоо”, “Бидний энэхүү
эсээ эцэг эхчүүдийн тухай байх юм” гэх мэт нь түлхүүр өгүүлбэр болж чадахгүй.
Харин зохиогчийн ерөнхий сэдвийн тухай үлбэгэр зарлал төдий болно.
Чухам түлхүүр өгүүлбэрт тодорхой сэдвийн гол санааг илэрхийлэх ёстой билээ.
1. Хэт өргөн хүрээтэй ерөнхий баримт дурдах
“Амьдралд маань хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүс бол миний эцэг эх юм”, “Өдгөө
манай улсад иргэн бүрийн сэтгэлийг өвтгөж байгаа асуудал нь гэмт хэрэг болоод байна”
гэх жишээнүүд баримтыг хэт өргөтгөхийн жишээ болно. Учир нь маш олон намтар
бичигч тухайн хүний амьдралд эцэг эхийн үзүүлсэн нөлөөний тухай ерөнхийлөн
өгүүлсэн байдаг.

1. Хэт явцуу, энгийн болох алдаа


“Эцэг эх маань ганц хүүхэдтэй”, “Өнгөрсөн жил манай хөршийнд 20 гаруй удаа хулгай
орсон” эдгээр жишээ нь ямар нэгэн дэмжлэг нэмэлт санаа, эргэцүүлэл шаардлагагүй
хамгийн жирийн баримт юм. Харин “Намайг өсөж өндийхөд аав ээж маань 3 чухал
зүйлээр тусалсан юм” гэсэн санааг бол цаашид тусгай баримтаар дэлгэрүүлэн
тодруулах шаардлага гарч байна.

1. Олон санаа агуулах алдаа


“Намайг өсөж өндийхөд эцэг эх маань олон чухал зүйлээр тусалсан, харин би их
даруухан хүүхэд байлаа” гэсэн өгүүлбэр нь 2 бие даасан санааг агуулжээ. Тиймээс
уншигч өөр өөр санаанд анхаарлаа хандуулах шаардлагатай болох дутагдалтай.

Алхам- 2
Эсээ амжилттай болох анхдагч үндэс нь түлхүүр өгүүлбэрийг шаардлагын
түвшинд оновчтой боловсруулж бичих байлаа.
Харин дараагийн үндсэн алхам бол түлхүүр өгүүлбэрийнхээ гол санааг
тодорхой баримтаар баяжуулан гүнзгийрүүлэх явдал билээ. Түлхүүр өгүүлбэрээр
илэрхийлэн гаргасан эсээнийхээ гол санааг дэмжих тайлбарлах, баталж нотлоход
зориулагдсан баримт, өөр хоорондоо холбоо бүхий өгүүлбэрүүдээс бүтэх эхлэл буюу
удиртгал цогцолборын бичил бүтэц нь ямар нэгэн барилга барихтай зүйрлэж болох
нарийн зүйл байдаг.
Иймээс эхлэл цогцолборт өгсөн түлхүүр өгүүлбэрийн гол санаанд дэмжлэг
болох хэсгүүдийг хэрхэн оруулах /юуг, ямар, баримт, ямар санааг хаана хэрхэн өгөх,
яаж уялдуулах гэх мэт/ өөрөөр хэлбэл эхлэл цогцолборт хэрхэн бүтээх тухай бүдүүвч
төлөвлөгөөг урьдчилан гаргах нь ихээхэн үр дүнтэй арга юм.
Энэхүү бүдүүвчинд удиртгал цогцолборын дотор оруулах түлхүүр өгүүлбэрийн
санааг нэмэн дэлгэрүүлэх бичил хэсгүүд буюу дэмжих өгүүлбэрүүдийг төлөвлөнө.

ЭХЛЭЛ цогцолборыг бичих нийтлэг аргууд


Эсээг уншигчдад сонирхолтой болгохын тулд дараах аргуудын аль нэгийг
дангаар нь эсвэл хослуулан хэрэглэж болно.
1. Түлхүүр өгүүлбэрийнхээ санааг дэлгэрүүлэх баримтаар эхлэх
2. Бичиж байгаа зүйлийнхээ эсрэг санаа юм уу нөхцөлийг сонгон авах
3. Сэдвийнхээ чухал болохыг уншигчид тайлбарлан эхлэх
4. Ямар нэгэн хэрэг явдал, товч түүх ашиглаж эхлэх
Энэхүү түүх, хэрэг явдал нь товч, эсээний гол санаатай холбогдолтой, уншигчдын
сонирхлыг татахуйц байх ёстой. Сонин сэтгүүлээс уншсан, сонсож дуулсан ямар нэг
явдал эсвэл өөрт чинь тохиолдсон зүйл байж болох юм.
1. Асуултаар эхлэх
Уншигчид хариулах гэж эргэцүүлэн бодохоор асуулт байх ба эсээ түүнд хариулт
өгөхөөр төлөвлөгдөх учиртай
1. Ишлэл хэрэглэн эхлэх
Ямар нэгэн ном, өгүүллээс эсвэл тогтсон хэлц үгээр ишлэл авч болно. Эхлэл
цогцолборт ишлэл хэрэглэх нь зохиогч өөрийн санаан дээр хэн нэгний саналыг
нэмэрлэж буй хэрэг юм.

Алхам- 3
Эсээ бичихэд баримтлах эхний 2 алхам нь түлхүүр өгүүлбэрийг хэрхэн бичих
болон түүнийг нэмэлт санаа, баримтаар хэрхэн тэтгэж дэмжих тухай байлаа.
Одоо гурав дахь алхамд дэмжих цогцолбор, мэдээллүүдийг хэрхэн байрлуулж
зохион байгуулах, холбон уялдуулах тухай авч үзэх юм.
Ихэнх эсээний ИХ БИЕ хэсэг нь 3 дэмжих санаа буюу тусгай 3 цогцолбороос бүтдэг
/гэхдээ зарим эсээ 2 дэмжих цогцолбороос мөн зарим нь 4 түүнээс ч олон дэмжих
цогцолбороос бүрдэх нь бий/.
Бүдүүвч гарган эсээний ерөнхий бүтцийг төлөвлөхийн тулд эсээний гол санааг
дэмжих нэмэлт санаануудыг жагсаан бичнэ. Жишээ нь: “Дотуур байрны сурагч”
сэдвээр бичих эсээний гол үзэл санааг дэмжих хэсгүүдийг:
a. Гэр бүлийнхэнтэйгээ хамт байхын давуу тал
b. Дотуур байрны орчин муу байгаа тухай
c. Нийтийн байрны амьдралын бэрхшээл
гэсэн 3 нэмэлт санааг оруулахаар төлөвлөж /1- ээс илүү нэмэлт санаа байх хэрэгтэй/
болох ба эдгээр нь тус бүрдээ бие даасан дэмжих цогцолбор болж их бие хэсгийг
бүрдүүлнэ. Дэмжих санаа бүрийг тохирох баримтаар өргөжүүлэх ба түүнд хоёр үндсэн
шаардлага тавигдана.

1-рт: Баримт сонирхолтой байх. Уншигчид тэндээс ямар нэг юм /хүмүүс, газар орон,
үйл явдлын тухай гэх мэт/ мэдэж, санаа авч түүндээ сэтгэл хангалуун байхаар
төлөвлөсөн байх хэрэгтэй.

2-рт: Баримтууд нь түлхүүр өгүүлбэрийн буюу зохиогчийн гол санааг тайлбарлахад


зориулагдсан байна. Нэг цогцолборын дотоод бичил бүтэц нь эсээний ерөнхий бүтцэд
эргэн хадгалагдаж байдаг онцлогтой. Дэмжих цогцолбор бүр нь доторх гол санаагаа
илэрхийлсэн бичил түлхүүр өгүүлбэртэй байна. Эсээний ерөнхий түлхүүр өгүүлбэр нь
бүхэл эсээний цөм санааг илэрхийлж хөтлөн чиглүүлэх үүрэгтэй бол дэмжих
цогцолбор дахь түлхүүр өгүүлбэр нь тухайн цогцолборынхоо утга санааны гол чиг нь
болох ёстой.
Түлхүүр өгүүлбэрийн гол санааг дэмжин өргөтгөх зорилготой эхлэл цогцолборт орох
баримтууд хийгээд эхлэл цогцолборыг дэмжих санаануудыг агуулах бусад
цогцолборуудтай, мөн тэднийг өөр хооронд нь холбон уялдуулах, зохион байгуулах
олон арга бий.

Зохион байгуулах нийтлэг аргууд


Эсээний гол болон дэд санаануудыг дэмжин өргөтгөх мэдээлэл, баримт
материалуудыг зохион байгуулах хоёр түгээмэл арга байна.
1. Цаг хугацааны дараалал баримтлах нь баримт, бүрдэл хэсгүүдийг цагийн
шалгуураар дараалуулан байрлуулах явдал юм.
Энэхүү аргад баримт, үйлдлийг дараалуулах утга илэрхийлдэг дараа нь, тэгээд, удаад
нь, эцэст нь гэх мэт холбоо үг олонтоо хэрэглэгддэг.
2. Ач холбогдлын дарааллыг зарим хүн “хамгийн шилдэг сайн баримтаа төгсгөл
хүртэл хадгалах” арга гэж үздэг.
Өөрөөр хэлбэл хамгийн хүчтэй, сонирхолтой чухал баримт, хэсгүүдийг тухайн
цогцолборын төгсгөл хэсэгт эсвэл эсээний хамгийн сүүлийн дэмжих цогцолборт
байрлуулах арга юм. Аливаа эсээний сүүлчийн хэсэг нь хамгийн чухал байрлал байдаг.
Учир нь ямар ч уншигч уншсан баримт зүйлсийнхээ хамгийн сүүлчийнхийг нь буюу
төгсгөл хэсгийг нь илүү сайн санадаг байна. Зарим эсээ энэхүү хоёр аргыг хослуулан
хэрэглэсэн байдаг.
Эсээний гол санааг тэтгэн өргөжүүлэх, дэмжих нэмэлт мэдээлэл болон баримтуудыг
холбох, хооронд нь эвлүүлэн уялдуулах олон хэрэглүүр байна. Үүнд:

Шилжүүлэх үг
Зохиогчийн бодол санааны чиглэлийн өөрчлөлт нь шилжих дохио тэмдэг юм. Тэдгээр
нь замын гэрэл дохио нэгээс нөгөөд шилжин зорчигчдыг удирддагийн адил үүрэг
гүйцэтгэдэг. Шилжүүлэх үг олон бөгөөд бүлэг тус бүрээрээ өөр өөр дохиог уншигчдад
өгдөг, зарим нь нэгээс илүү төрлийн дохиог ч өгнө. Шилжүүлэх дохио тус бүрийн
үүрэг, онцлогийг ялгаж таних нь эсээ бичлэгийн энэхүү алхамд ихээхэн тустай билээ.
Өөрөөр хэлбэл, өөр өөр санаа, баримтуудыг агуулсан цогцолборуудыг зохион
байгуулах, холбох нэгнээс нөгөөд шилжих гэх мэт арга, хэрэглүүрүүдийг эзэмшиж буй
хэрэг юм.
Нэмэлт дохио: Эхэнд нь, хоёрдугаарт, бас, дараагийн, өөр, нэмж хэлэхэд, цаашдаа,
эцэст нь, хамгийн сүүлд
Цагийн дохио: Тэгээд, дараа нь, нэгдүгээрт, өмнө, үед, удахгүй, одоо, сүүлд нь, үеэр
Орон зайн дохио: Дараагийн, эсрэг талд, зүүн гар тийш, баруун гар тийш, дээр, хажууд,
ойролцоо
Чиглэл өөрчлөх дохио: Гэвч, яалаа ч гэсэн, өөрөөр, харин, эсрэгээр, бас, үгүй бол,
урвуугаар нь
Үлгэрлэх дохио: Жишээлбэл, утга нь, ялангуяа, үлгэрлэвээс, нэг удаа, ийм
Төгсгөх дохио: Тиймээс, хойшид, ийн, бүхний эцэст, эцэст нь, төгсгөлд, дүгнэж хэлбэл

Шилжүүлэх өгүүлбэр нь эсээний дэмжих цогцолборуудыг хооронд нь уялдуулан


холбох үүрэг гүйцэтгэдэг. Тэдгээр нь уншигчийг цогцолборын санаанаас дараагийн
цогцолборын санаанд шууд хялбар шилжих бололцоо олгодог.
Шилжүүлэх өгүүлбэр нь тухайн дэмжих цогцолборын санааг эргэн сануулж дараагийн
цогцолбор руу уншигчийг хөтөлж байх учиртай.
Бусад холбох үгс
Үг давтах: Үгийн давталт нь эсээний цөм санааг уншигчид эргүүлэн сануулж
байдгаараа холбоосын үүрэг гүйцэтгэдэг. (Ж.нь: Бага насны хүүхдийн сэтгэл зүйн
тухай өгүүлсэн эсээнд “Сэтгэлзүй” гэдэг үг нь гол санааг дахин сануулж, холбоосын
үүрэг гүйцэтгэж байна)
Төлөөний үг: Төлөөний үг нь өөр санаануудыг хооронд нь холбох бас нэг арга зам юм.
Төлөөний үг хэрэглэх нь үгсийг шаардлагагүй давтахаас зайлсхийхэд тусалдаг.
Ойролцоо нэр нь: Төсөөт утга бүхий үгс бөгөөд тэдгээрийг хэрэглэснээр уншигч нэг
зүйлээс нөгөөд шилжихэд хялбар дөхөм болдог. Мөн ойролцоо нэр нь найруулгыг
сайжруулан сонирхолтой болгох, шаардлага давталтаас зайлсхийхэд тустай юм.

ТӨГСГӨЛ цогцолбор
Төгсгөлийн цогцолбор нь эхлэл цогцолборт өгсөн эсээний гол санааг уншигчдад дахин
сануулах, бичлэгээ бодитой дуусгах боломж юм.
Эсээний төгсгөлийг хийх түгээмэл аргууд
1. Зохиогчийн бодол, дүгнэлт бүхий төгсгөл
Товч дүгнэлт хийж улмаар уг зүйлийнхээ талаарх сүүлийн бодол санааг нэмэн
илэрхийлснээ хослуулах нь эсээний төгсгөл цогцолборт хэрэглэдэг хамгийн нийтлэг
арга юм.
2. Асуулт бүхий төгсгөл
Асуулт нь уншигчийн сонирхлыг илүүтэй татаж улмаар эсээнд бичсэн зүйлсийг
цаашид эргэцүүлэн бодоход хүргэдэг.
Асуулт мэдээжээр эсээнд хэдийнээ бичигдчихээд байгаа баримт, санаануудаас урган
гарсан тэдгээртэй логик хэлхээ, холбоотой байх ёстой. Дараах нөхцөлүүдийн аль
нэгнээс асуулт үүдсэн байна.
 Яагаад уг эсээ чухал юм бэ?
 Цаашид хэрхэх вэ?
 Энэ асуулттай холбогдуулан юуг хийх хэрэгтэй вэ? гэх мэт төгсгөл цогцолбор
нь тухайн асуултдаа хариулт өгч байх учиртай.

3. Санал ба урьдчилсан таамаглал бүхий төгсгөл


Урьдчилсан таамаглал ба санал нь уншигчдыг асуултын нэгэн адил татдаг.
Таамаглал нь цаашдын төлөв, ирээдүйд болж магадгүй зүйлийн тухай байна. Санал нь
тухайн асуудал эсвэл нөхцөл байдлын тухайд юу хийж болохыг санал болгосон байх
хэрэгтэй.

Алхам- 4
Эсээг улам боловсронгуй болгохын тулд хэлний ба хэлний бус найруулгын алдаа
мадгийг шалган засаж, цэгцлэн бичих шат юм. Энэ шатанд дараах зарчмуудыг
баримтлахыг санал болгож байна.
А. Зэргэдийг ашигла.
Тухайн эхийн доторх өгүүлбэр, үг, үе зэрэг нэгжүүдийг тэгш хэмтэй болгон
зэрэгцүүлж дүрслэх, найруулах ур маягийг зэргэд гэнэ. Зарим ном зохиолд “тухайн
харьцагч хоёр зүйл нь ил далд хослон байхыг зэрэгцэх ёс гэнэ” гэж тодорхойлжээ.
Ингэж дүрслэхдээ утга санаа, хэлбэр бүтэц хоёр нь зүй зохистой нийцсэн байх
ёстой.
Зэргэд давтах, хорших зэрэг найруулах арга хэрэглүүр багтана. Тухайлбал,
Жаргалан жаргалан жаргалан
Энэ ертөнцийн түмэн жаргалан /Д. Н/ гэх мэт бүрэн давталт,
Эрдэм ном дээд баян
Үр хүүхэд дунд баян
Эд хөрөнгө адаг баян /ААЗ/ гэх мэт бүрэн бус давталт,
Жаргалыг хүсвэл эрүүлийг хүс
Эрүүлийг хүсвэл эмнэлгийг хүс /Д. Н/ гэх мэт залган давталт
Аяганы хариу өдөртөө
Агтны хариу жилдээ /ААЗ/ гэх мэт ойролцоо зэргэд
Муу явахад нөхөр хол
Сайн явахад садан ойр /ААЗ/ гэх мэт эсрэг зэргэдийг ашиглаж найруулж болно.

Б. Тухайн бичиж байгаа хэрэг явдлын цаг хугацаа тогтвортой байх


Энэ нь тухайн эсээ бичлэгт өгүүлэгдэж байгаа хэрэг явдлын цаг хугацааг өнгөрсөн,
одоо, ирээдүй гэсэн гурван цагийн аль нэгэнд тогтвортой хадгалахыг хэлж байна.
Зарим эсээнд өнгөрсөн цагт өгүүлж байснаа онцын учир холбогдолгүй одоо цагт
шилждэг дутагдал ажиглагддаг.

В. Өгүүлж буй биеийг тогтвортой байлгах


Аливаа эсээ нь голдуу 1 ба 3- р биеийн талаас өгүүлдэг. Зарим эсээнд 1- р биеэс
өгүүлж байснаа 3- р биеэс эсвэл 3- р биеэс өгүүлж байснаа 1- р биеэс өгүүлж эхлэх
зэргээр өөрчлөлт гардаг. Энэ нь уншигчийг будлиулж, өгүүлэмжийн санааг
бүрхэгдүүлдэг муу талтайг санаарай.

Г. Өгүүлж буй хүн, амьтан, юмс үзэгдлийг тодорхой заасан үг хэллэгийг тууштай
ашиглах
Эсээнд гарч байгаа хүн, амьтан, юмс үзэгдэл, үйл явдал болж байгаа орон байр, цаг
хугацаа уншигчдад тодорхой, сонирхол татам байхын тулд оновчтой тодорхой болгон
дүрсэлж үзүүлэх шаардлагатай. Энэ нь тухайн хүн амьтан, юмс үзэгдэл чухам ямар
шинжтэй хэн, юу болохыг тодосгосон үг, хэллэгийг онож ашиглахыг хэлж байна.

Д. Үйл үгийн идэвхтэй хэлбэрийг голлон сонгох


Монгол найруулгын онцлог нь үйл үг сонгохдоо голдуу идэвхтэй хэвт үйл үгийг
ашигладаг. Харин идэвхгүй буюу үйлдэгдэх хэвт үйл үгийг бага ашигладаг. Тухайлбал:
үзэх- үзүүлэх- үзэгдэх, бичих- бичүүлэх- бичигдэх, хаах- хаалгах-хаагдах гэх мэт.
Эдгээр нь найруулгыг болхи болгодог байна.
Е. Аль болох товч богино үг сонгох
Ё. Өгүүлбэрийн олон хэв шинжийг ашиглах
Хураангуй, дэлгэрэнгүй, бүтэц бус, угсарсан, зэрэгцсэн, холимог /асуух, таамаглах,
хүүрнэх, тоочих, захирах, хүсэх батлах гэх мэт/. Энэ нь эсээг нэг хэвийн өнгө аяс , хэв
маягтай болохоос сэргийлдэг.

You might also like