You are on page 1of 2

Уй гунигийн тухайд Мишель дө Монтень Сонгомол эсээнүүд

Би хувьдаа энэ мэдрэмжинд хавьгүй бага автдаг хүн. Хэдийгээр бүхий л ертөнц хэлэлцсэн юм
шиг гуньж гашуудахад онцгой ач холбогдол өгдөг, түүнийг бүр ухаан мэргэнтэй холбоцгоодог ч,
би түүнд дургүй, төдийлөн сүйдтэйд тооцдоггүй.Буян, өрөвч нинжин сэтгэл гэдэг тийм ч аятайхан
чимэг биш. Энэ үгээр өөдгүй муу гэсэн утгыг илэрхийлснээрээ италичууд илүү оновчтой шийд
гаргажээ. Энэ чинь ямагт хор хөнөөл тарьдаг, эрүүл саруул сэтгэлгээнээс гадуур,дорд өчүүхэн
мэдрэмж шүү дээ. Ийм нэг яриа бий. Египетийн хаан Псамменит дайнд ялагдаж Персийн хаан
Камбизийн эрхэнд ороод байхдаа, мөн л олзлогдсон охин нь боолын хувцас өмсчихсөн, ус авахаар
хажуугаар нь өнгөрөхийг харжээ. Тэнд байсан нөхөд нь уйлалдан, чангаар эхэр татацгаасан ч, тэр
ер бусын тайван байж, нэгч үг дуугаралгүй газар гөлөрч зогсов. Үүний дараа хүүг нь цаазлахаар
авч явахад ч хаан биеэ барьсан чанд хатуу байдлаа алдсангүй. Харин хажуугаар нь туугдан
өнгөрсөн олзныхон дундаас шадар албатуудаа олж үзүүт тархиа шаан, гүнээ эмгэнэж,орь дуу
тавьсан гэдэг. Энэ явдлыг манай ихэс дээдсийн нэгэнд саяхан тохиолдсон явдалтай жишиж болох
юм. Триентад байхдаа тэрээр бүх ураг төрлийнх нь бахархал, түшиг тулгуур болсон том ахыгаа
амь үрэгдсэн тухай сонсжээ. Төдий удалгүй мөн л найдлага тавьж явдаг өөр нэг ах нь өнгөрсөн
байна. Дээр дээрээсээ нүүрлэсэн энэ хоёр цохилтыг тэр тун тэвчээртэй давж гарсан бөгөөд хэд
хоногийн дараа шадар хүмүүсийнх нь нэг нас барахад, сэтгэлийн хат нь зөвхөн энэ л хүртэл л тэсч
явсан юм шиг байж ядталаа халаглан цухалдаж, асар их уй гашууд автжээ.Үнэн хэрэгтээ түүний
дотоод сэтгэлийг бөглөж дүүргэчихээд байсан уй гашуу тэвчээрийн хүлээснээс алдран гадагш
дэлбэрэн гарахад ахиад ердөө хэдхэн дусал л хангалттай байснаас тэр. Хүү охин хоёрынхоо золгүй
хувь тавиланд сэтгэл ер өвдөөгүй атлаа албатуудынхаа зовлонг зүрхэндээ тийм ойр гүнзгий
хүлээж авсаны нь учрыг асуусан Камбизд мань Псамменитын хэлсэн хариулт хэрэв байгаагүй сэн
бол, өмнө ярьсан түүхийг ч мөн ийнхүү тайлбарлаж болох л байлаа. Псамменит:”Сүүлийн энэ
харуусал бол нулимс болон илрэхүйц байснаас л тэр. Урьдын хоёр цохилтоос учирсан уй гашууг
яаж ч илэрхийлэх аргагүй юм.”гэж хэлсэн гэдэг. Ямар ч гэм буруугүй атлаа хараал идсэн хувь
заяанд ороогдсон Ифигенияг хараад эмгэнэн халагласан олон түмнийг дүрсэлсэн эртний
зураачийн аргын талаар энд дурдвал тун ч зохилдох вий. Хүмүүс дор бүрнээ хэрхэн өрөвдөж
зовнин буйг зураач өөрийн ур чадлын ид хаваар нэг бүрчлэн харуулсан атал харин бүсгүйн эцгийг
нүүрээ дарснаар зуржээ. Тийм их цөхрөлийг дүрслэн үзүүлэх боломжгүй юм гэсэн санаа. Эхлээд
долоон хүүгээ , дараа нь мөн тэдний тооны охидоо алдсан золгүй эх Ниобея энэ их гарзыг
тэвчилгүй,эцэстээ хад болон хувирсан тухай найрагчдын санаа ч эндээс урган гарч байна.
Хэтийдсэн уй зовлон нүүрлэхийн цагт биднийг нөмрөн авдаг тэр л хар бараан, дүлий бөглүү
багтралыг үзүүлэх гэж тэд ийм дүрийг бүтээжээ. Үнэхээрч хэмжээлшгүй их уй гашуу бидний
сэтгэлийг бүрнээ харанхуйлан боомилдог. Бэрх хэцүү мэдээг анхлан сонссоны дараа яг л иймэрхүү
явдал тохиолддог. Энэхүү шинэ гэнэтийн сэтгэгдлийн нөлөөн дор бидний хөдөлгөөн хөшүүн,
бээрэнгэ, саа дайрсан мэт болчих бөгөөд нэлээд байзнасны дараа л энэ бүхэн нулимс гомдлоор сая
тайлагдан, хамаг чөдөр тушаа алдуурчих шиг, амьсгалахад ч тавиусч, дотор онгойгоод ирдэг.
Фердинанд ван Унгарын Иоанны бэлбэсэн эхнэртэй дайтаж байх үед болсон явдал. Буда орчмын
нэгэн тулалдаанд хэн бүхнийг шагшуулан гайхалтай баатарлагаар тулалдаж байсан нэгэн морьтон
хөсөр унахыг үзээд, германы жанжин Рейшах бусдын хамтаар тэр цэргийн араас ихэд харуусан
халаглажээ. Тэгээд мөнөөхөн морьтон чухам хэн байсныг үзэхээр сониучирхан очиж, хуяг
дуулгыг тайлуултал өөрийнх нь хүү байх нь тэр. Ойр тойрны нь бүх хүн уйлалдахад Рейшах л нэг
үг дуугарсангүй, нулимс ч унагасангүй, нуруугаа цэхлэн зогсоод нас барсан хүүгээ цоо ширтжээ.
Тэрээр уй гашуйдаа автаад амьгүй мэт хөшиж,муужран унах хүртлээ ийн зогссоор л байжээ......
Гал халуун хүсэл тэмүүлэлд автах мөчдөө бид шаналал гунигаа илэрхийлэх чадваргүй болдог.
Сэтгэл маань гүнзгий санааширалд автаж, харин бие мах бодь маань хайр дурлалд тэмүүлж
байдаг. Эндээс л дурлалт хүмүүст тохиолддог цагаа олоогүй гэнэтийн сандрал төрөн гардаг бөгөөд
маш ихээр хүсч тачаадсаны улмаас хамгийн амттай мөчид илрэн гардаг хүйтэн хөндий байдал ч
ийм л шалтгаантай юм. Дур хүсэлд цэгнэж сонжих, бодож эргэцүүлэх зай гарч байгаа л бол тэр
маш хүчтэй ассан тэмүүлэл яавч биш билээ...... Ромчуудыг Ханнибал толгой дараалан хядсан
аймшигт тулалдаанаас эсэн мэнд буцан ирсэн хүүгээ харуут гэнэтийн баяр хөөртөө автаад амь
тавьсан Ром эмэгтэйн тухай яриа бий. Мөн Софокл, дарангуйлагч Дионисий нар хэт их
баярласандаа болоод нас барсан гэдэг. Сенатаас өөрт нь өндөр дээд хэргэм хүртээсэн тухай мэдээ
бүхий захидлыг уншаад догдолсоны улмаас Корсик арлыг байлдан дагуулсан, Ромын консул
Тальвагийн зүрх зогссон юм. Энэ бүхнийг үл тоочин, манай цаг үед хамрагдах жишээг хайя л даа.
X Пап Лев л гэхэд удтал хүсч явсан нь ёсоор болж Милан эзлэгдсэнийг сонсоод баярласандаа
солио тусч, төдөлгүй нас барсан билээ. Хүний өчүүхэн дорой шинжийг гэрчлэх илүү сонирхолтой
нэгэн тохиолдлыг эртний сударт тэмдэглэжээ. Ном хаялцах үеэр маргалдагч талынхаа үгийг
няцааж чадалгүй, шавь нарынхаа нүдэн дээр мад тавиулсандаа ичээд гүн ухаантан Диодор
Диалектик амьсгаа хураасан гэдэг. Би бол ямарваа адгуу хүсэлд тэгтлээ гүн автдаггүй. Намайг
тэгтэл улайруулах амаргүй л дээ. Төрөлхөөсөө би ийм араншинтай, түүн дээр бас байнга бодож
эргэцүүлж явахыг илүүд үздэгийнхээ ачаар, өдөр өнгөрөх тусам улам хатуужсаар л байна.

You might also like