You are on page 1of 4

Суралцах төлөвлөгөө

Би программ хангамжийн инженер болох зорилготой учраас харилцаа холбоо, техник


технологийн шилдэг хэмээн тооцогдох Солонгос улсад мэргэжлээ эзэмшин олон улсын
оюутнуудтай өрсөлдөж илүү их мэдлэг, боловсролтой боловсон хүчин
болохыг хүсч байна. Солонгос улс нь сурлагын амжилт болон боловсролын өрсөлдөх
чадвараараа дэлхийд дээгүүрт ордог ба компьютерын шинжлэх ухаан тал дээр манай
улсад заах агуулгаас илүү өргөн хүрээнд зааж чаддаг учраас Солонгос улсыг зорин
суралцахаар төлөвлөсөн.  Би ямар нэгэн зүйлийн учрыг тайлж, хэцүү зүйлийн ард гарах
дуртай болохоор багаасаа л математик, физикийн хичээлээ шимтэн судалсаар ирсэн.
Сүүлийн үед давхар код бичиж, алгоритмын учрыг тайлан компьютертой ажиллах нь яг л
миний хийж чадах зүйл шиг санагдсан учраас программ хангамжийн инженер мэргэжлийг
сонгон тэр мэргэжлээрээ илүү сайн, илүү туршлага мэдлэгтэй нэгэн болохын төлөө
Солонгос улсад суралцахыг хүсч байна. Хиймэл оюун ухаан, математикийн
үндэс, дата сангийн талаар суралцах маш их хүсэлтэй учраас олон сургуулийн сургалтын
хөтөлбөртэй танилцсанаас Конгүг их сургуулийн хөтөлбөр болон практикт суурилсан
чанартай боловсрол, материаллаг баз, сургалтын орчин, дэлхийн төвшний бүтээлч
программ хангамж хөгжүүлэгч хөтөлбөр, номын сан болон амьдрахад таатай нөхцөлтэй,
гадаад оюутнуудын сурч боловсрох нөхцөлийг бүрэн хангасан байгаа төдийгүй  хамгийн
чухал нь программ хангамж чиглэлээр зөв шударга байх зарчимд тулгуурлан мэдээллийн
харилцааны нийгэмд зориулсан мэргэжлийн авьяас чадвартан бэлтгэхийг зорьж, миний
хүссэн мэргэжлийн чиглэлээр өндөр боловсрол олгож чаддаг
нь таалагдсан учраас Конгүг их сургуульд суралцах шийдэлд хүрсэн.

Би маш их шийдэмгий, өөрийгөө зоригжуулдаг хүн бөгөөд нэгэнт өөртөө зорилго тавьсан
бол түүндээ хүрэхийн төлөө зүтгэж чаддаг. Энэ зан, зуршлуудынхаа ачаар Солонгос
улсад солонгос хэлээ суралцахаар очсоныхоо дараа ч энэ эрчээ алдалгүй, эхний нэг
жилдээ хэлээ суран, топикын шалгалтдаа амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна.
Солонгос улсад очсон цагаасаа эхлэн нөхцөл байдалдаа дасан зохицож, цаг хугацааг үр
бүтээлтэй ашиглана. Сургуулийн оюутнуудад зориулсан анги танхим, Сонха номын сан
гээд бүх боломжуудыг сайн ашиглан суралцах болно. Хэлний бэлтгэлийнхээ хажуугаар
сайн дурын ажил хийж, олон солонгос оюутнуудтай нөхөрлөж, хэлний төвшин, ярианы
чадвараа хөгжүүлэх буюу ярих, сонсох, бичих гэх мэт олон чадваруудаа зэрэг
хөгжүүлэхээр төлөвлөж байна.  

Суралцах хугацаанд ямар нэгэн бэрхшээл гарсан ч бууж өгөлгүй, даван туулна гэдэгтээ
итгэлтэй байна. Ямар ч үед би  өөрийгөө хангалттай биеэ даасан, бэрхшээлд бууж өгөөд
эхэлсэн зүйлээ дуусгалгүй буцах хүн биш гэдгээ мэдэх учраас даван гарч хэлний бэлтгэлээ
амжилт дүүрэн төгсөөд хүссэн их сургуульдаа суралцаж чадна. Амжилттай хэлний
бэлтгэлдээ суралцсаны дараа хүссэн мэргэжлийнхээ төлөө хүссэн их сургууль
болох Конгүг их сургуульд программ хангамжийн чиглэлээр элсэн суралцах
төлөвлөгөөтэй. Конгүг их сургуульд бакалаврын эхний хичээлийн жилээ эхлүүлэхэд
хангалттай шинэ амьдрал, сургуульдаа дасчихсан, туршлагатай болсон байна.

Конгүг их сургуульд олон туршлага, эрдэм мэдлэг хуримтлуулан суралцаж ирээдүйд сайн


программ хангамжийн инженер болохын төлөө хамгийн сайнаараа хичээн дэлхийн
технологийн хөгжил болон аюулгүй байдалд өөрийн хувь нэмэр, оролцоог оруулж, илүү
байгальд ээлтэй технологитой дэлхийн төлөө суралцан мэргэжлийн программ
хангамж хөгжүүлэгчийн мэргэжлээр ажиллаж, хүмүүсийн амьдралын хэв маягийг
сайжруулах, ашиг тусаа өгөх програмуудыг хөгжүүлэхийг хүсч байна. Солонгос хэл,
соёлыг судлан их сургуулийн боловсролыг эзэмших нь Монгол, Солонгосын найрамдалт
харилцаанд сайнаар нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна.

Өөрийн танилцуулга

Би өөрийн мөрөөдлөө бага байхаасаа төлөвлөж ирсэн болохоор бүх зүйл тодорхой,


төлөвлөгөөний дагуу байдаг. Би ирээдүйд программ хангамжийн инженер болох
зорилготой. Энэхүү зорилго минь ирээдүйд одоогийнхоос илүү программ хангамж
болон роботууд аюулгүй, ухаалгаар ажиллан хүн төрөлхтний хөдөлмөрийг хөнгөвчилж
хүн бүр ажил, мөнгөний төлөө санаа зоволгүй гэр бүлтэйгээ хамтдаа аз жаргалтай байх
дэлхийг мөрөөддөгөөс минь болдог байх. Зорилгынхоо төлөө нэгдүгээрт бага наснаасаа
бахархдаг байсан Солонгос улсад хэлний бэлтгэлээр суралцана. Түүний
дараагаар Конгүг их сургуулийн программ хангамжийн танхимд суралцана.

Дижитал хувьсгал нийгмийг урьд өмнө хэзээ ч байгаагүй хурдацтай, боловсронгуй болгож


байгааг харахад надад гайхалтай санагддаг. Хүнд хэцүү асуудлуудыг шийдвэрлэх дуртай
зан минь намайг математик, физикийн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцах
сонголтод хүргэсэн. Эдгээр хичээлүүд өнгөрсөн хугацаанд миний хамгийн дуртай хичээл
байсан бөгөөд цаашид үргэлжлүүлэн суран, сурсан зүйлс минь амжилтад хүрэхэд минь
тусална гэж найддаг. Ойлгоход хүнд зүйлийг шийдэх дуртай чанар болоод математик,
физикийн мэдлэг минь программ хангамж гэх мэргэжлийг сонгоход түлхэц болж өгсөн.

Би бага наснаасаа үнэлж барамгүй хүмүүжлээр хүмүүжсэн нь өнөөгийн эелдэг,


хариуцлагатай, шударга бус зүйлд дургүй намайг бүтээсэн. Харин энэ зан чанар надад
амьдралд тохиолдож болох бүхий л бэрхшээлийг даван туулж чадах тэвчээр, эр зориг
болоод хатуужлыг өгсөн. Насан туршдаа хүн болж төлөвшихөд суралцах нь чухал гэдгийг
ойлгуулж өгсөн хүмүүжлийнхээ ачаар би хэзээд суралцаж чаддаг охин болж өссөн. Тийм
ч учраас би гэр бүлийнхээ гишүүдээс үлгэр жишээ авч хичээнгүйлэн сурч, амьдрахыг
эрмэлздэг.
Хэтэрхий даруухан зантай миний хувьд өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх сул тал байсан.
Одоо бодоход алдана гэхээс хэт их санаа зовдог, намайг шоолох вий гэхээс их санаа зовж
өөртөө шударга ханддаггүй байснаасаа болж их сэтгэлээр унаж шаналсан. Тэр үед
алдахаас айсаар, бусдын бодлоос зугтсаар байх юм бол хохирсоор л байх нэгэн нь би юм
байна гэдгийг ойлгож өөрийгөө нээлттэй илэрхийлж сурсан. Харин одоо бол хаана ч хэнд
ч өөрийгөө илэрхийлж, бусдад хэлэх гэсэн зүйлээ хэлж чаддаг болсондоо өөрөөрөө
бахархдаг.

Спорт бол миний хувьд хэзээ ч оролдож үзэж байгаагүй, чаддаггүй зүйл гэж боддог сул
тал байсан. Гэсэн хэдий ч энэ жил ангийнхаа төлөө сагсан бөмбөгийн тэмцээнд төлөөлж
оролцон,  алтан медаль авсан. Бэлтгэл хийх үеэр ядарч, цуцаж байсан хэдий ч анги хамт
олныхоо дэмжлэгээр, урмын үгсээр нь дэмжигдэн бэлтгэлээ хийж дуусгасан. Спортоор
дамжуулан биеийн хөдөлмөр, оюуны хөдөлмөр зэрэг ажиллах мэдрэмж, яасан ч ялагдаж
болохгүй гээд тэмцэх мэдрэмж, хэдий их ядарсан ч зорилгынхоо араас гүйсээр байх
сайхан мэдрэмжүүдийг мэдэрч, сурч авч чадсан. Хэзээ ч оролдож үзэхгүй гэж боддог зүйл
минь байсан хэдий ч өөрийгөө сорин оролцож үр дүн гаргасандаа маш их баяртай байсан.

“Өөрчлөлтийг эсэргүүцэх юм бол бид амьд үлдэж чадахгүй. ” гэж Самсун компаны дэд


дарга асан Квон У Ён хэлсэн байдаг. Энэ үгийг нь сонссоны дараа амьдралынхаа туршид
сурахгүй бол тэр үед миний боловсрол зогсоно гэж мэддэг байсан хэдий ч сэтгэлдээ
хүртлээ ойлгоогүй байсан гэдгээ мэдэж авсан. Иймээс тасралтгүй өөрийгөө хөгжүүлэхийн
тулд аль болох л өөрт хэрэгтэй, авьяас чадвараа дэмжиж танин мэдсэн зүйлсийг хийж
эхэлсэн. Хамгийн том амжилт минь программ хангамж гэх чиглэлээр сургалтад суун олон
чадварыг эзэмшин амжилттай төгссөн. Мөн дунд ангиасаа солонгос хэлийг сонгон
суралцан, өдийг хүртэл суралцаж мэдлэгээ ахиулж хэлний төвшнөө дээшлүүлсээр байна.

Цар тахлын нөхцөл байдал болон манай улсын хөл хорионоос шалтгаалан сүүлийн хоёр
жилийн хугацаанд сайн дурын ажил хийхэд их хүндрэлтэй байсан. Гэсэн хэдий ч аав минь
“Чадахгүй гээд өөрийгөө хязгаарлах хэрэггүй. Хязгааргүй мэт дээшээ тэмүүлж
бай.” хэмээн урам өгсний үндсэн дээр аль болох цахимаар сайн дурын ажлуудыг хийж,
түүний үр дүнд компьютер дээр контент бэлдэх тал дээр сайжирч, нийтлэл болон зургийн
дизайн гаргах чадвараа илт сайжруулж чадсан. Эдгээр үйл ажиллагааны зорилго нь
хүмүүст туслах байсан хэдий ч эцсийн зорилго нь зан чанар, ёс суртахуун, хүнлэг зан
чанарыг төлөвшүүлж, зааж өгсөн. Youth For Better байгууллагаас зохион байгуулсан “Love
for all” төсөлд хамрагдаж чадсанаар надад маргаашийн сорилт бэрхшээлийг даван туулах
чадварыг бий болгосон юм. Мөн FireFlies байгууллагт хамрагдан сайн үйлсийн
төлөө солонгос хэлийг зааснаар бусадтай харилцах, бусдад заах болон би
бусдаас солонгос хэл гэдэг зүйлээрээ давуу юм байна, энэ чадвараа бусадтай хуваалцаж,
зааж байх ёстой гэдгийг ойлгосон.
Өөрийгөө илэрхийлэх тал дээр итгэл муутай хүүхэд байсан хэдий ч бие даах чадвар дээр
хаана ч өөрийгөө авч явж, арчилж чаддаг хүүхэд байсан. Эцэг эх маань  миний
төлөө байнгын ажилладаг нь тэр бүр намайг цэцэрлэг, сургуульд хүргэж өгч чаддаггүй
шалтгаан болсон. Тиймээс цэцэрлэгт орсон цагаасаа л өөрөө өөрийгөө асран хамгаалж
байсан. Түүний үр дүнд одоо хэн нэгнийг асрах, ойлгох, бие даан суралцах болон бие даан
ажиллахдаа анхаарлаа төвлөрүүлж, өөрөө өөртэйгөө сайн ярилцаж, бие даан шийдвэр
гаргаж чаддаг болсон.

Миний бүхий л тэмцээн уралдаанд очин намайг дэмждэг аав, миний л төлөө гээд өөрийгөө
ч үл хайхран хөдөлмөрлөсөн ээж, миний охин сайн сураарай гээд бүхий л хугацаанд ар тал
болох гэр бүл минь миний төлөө байсаар байна. Өнгөрсөнд ч, одоо ч, ирээдүйд ч намайг
түшиж тулж, зардлыг минь дэмжих эцэг эх минь байх учраас тэднийхээ төлөө тасралтгүй
хөгжин, урагш тэмүүлэн хамгийн сайнаараа хичээх болно.

Өөрийн чадах мэргэжлийн салбараа олсноос хойш өөртөө итгэлтэй, нээлттэй, бие даасан


болсноор багаар ажиллах чадвар, бусадтай харилцах байдалд эерэг нөлөө үзүүлж эхэлсэн
тул их баяртай байгаа. Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, шилдэг боловсролыг
эзэмшүүлдэг орнуудын тоонд Солонгос улс нь боловсролын зэрэглэл болон технологийн
өндөр дэвшлээрээ зүй ёсоор багтдаг. Мөн солонгос хүний зан чанар, бусдыг гэсэн нинжин
сэтгэл болон түүхийн бэрхшээлийг даван туулж чадсан сэтгэлийн хүч нь Солонгосыг
сонгон суралцах шалтгаан болсон. Конгүг их сургуулийн хэлний бэлтгэл болон
бакалаврын сургалт нь Монгол улсын технологийн салбарыг хөгжүүлэх зорилгод минь
туслан, технологийн тал дээр олон дэвшилтэт санаа гарган хэрэгжүүлэхийн хэрээр, олон
улстай багш, сургуулийнхаа харилцаа холбоог холбох гарц болон туслахад их хувь нэмрээ
оруулна гэж би харж байна. Тэр дундаа Солонгосын их дээд сургуулиудын нэг
болох Конгүг их сургууль нь суралцахад гол түшиц тулгуур болох дэвшилтэт технологи,
лабораторийн хангамж, шинэ боловсон хүчин бэлтгэх бүтээн байгуулалт
олонтой. Конгүг их сургууль нь миний сурч буй салбараа сайтар судлах, цаашдын
зорилгодоо хүрэх гүүр болно гэдэгт би туйлын итгэлтэй байна. Миний ирээдүйн мэргэжил
программ хангамжийн инженер тул би програмчлалын хэлнүүдийг тэр
дундаа компьютерын шинжлэх ухааны мэдлэгээ гүнзгийрүүлж, өргөжүүлэн суралцах
зорилготой байгаа.

Тиймээс зорилгынхоо төлөө хичээж, дэлхийн технологийн хөгжил болон аюулгүй байдалд


өөрийн хувь нэмэр, оролцоог оруулж, илүү байгальд ээлтэй, хүн төрөлхтөнд
аюулгүй технологитой дэлхийн төлөө суралцахыг хүсэж байна.       

You might also like