You are on page 1of 143

Галуу

дагасан гайхамшигт аян


Зохиолч: Сельма Лагерлёф
Орчуулсан: Х.Энхбат

ISBN: 978-99962-1-857-6

© Энэхүү бүтээлийн эрх нь Монгол Улсын Зохиогчийн Эрхийн тухай хуулиар


хамгаалагдсан болно. Бүтээлийг цахим хэлбэрээр түгээх эрхийг bookstore.mn цахим
хуудас эзэмших бөгөөд зөвшөөрөлгүйгээр бүтнээр нь буюу хэсэгчлэн хувилах болон
бусад ямар нэгэн хэлбэрээр олшруулах, ашиглахыг хориглоно.

www.bookstore.mn
Шувууд ганганалдах цагаар
Тэнгэрт нүүдлийн шувууд зэл татан ганганалдсан 1951 оны намар хөдөө өнжихөд
минь надад нэг сонин зүйл ажиглагдсан юм.
Холын тэртээ орныг зорьж явааг нь бодоод арван хоёр настай хүү би хонины дэргэд
нүүдлийн шувуудын хойноос уяран уяран харж зогссонсон. Тэгэхэд нүүдлийн
шувууд үүлэн дундуур зэл татан өнгөрснөө төдхөн ханаран даялаад арай доохнуур
буцаж ирэхдээ хонин дээгүүр минь нэг хоёр эргэлдэн гангар гунгар дуугарснаа
нисэн одож билээ.
Эхлээд гайхсанаа дараа нь ийнхүү бодсон юм…
Манай тал нутгийн хоньд мөнгөн бөмбөг шиг цав цагаан. Тийм болохоор усны
шувууд талын цагаан хонийг нуур ус гэж андуурдаг байсан байх. Түмэн цагаан
хонины нуруу гүвэлзэн хөдлөх нь шувууд хөөрөх өндрөөс усны долгион шиг
харагддаг байх ч юун.
Тэгээд шувууд тэнгэрээс наашаа дөхөн ирж тэр “долгионыг” магадалж шалгадаг
байсан байж мэдэх юм. Энэ тухай бодсоор яваад хожим нь би “Цэцэгт цэнхэр
алчуур” гэдэг дуу бичсэн минь нийтийн хүртээл болж билээ. Тэр дуунд:
Хойтон хавар ирэхдээ
Хонин дунд минь буугаарай
Аясын салхинд намирсан
Алчуур дээр минь суугаарай…
гэж талын хоньчин бүсгүй шувуудад хандан дуулж байгаагаар дүрсэлж бичсэнийг
зарим нэгэн нь санах байх. Миний энэхүү багын дурсамж “Галуу дагасан
гайхамшигт аян” номыг уншихад сая өөрийн эрхгүй санаанд орлоо.
Хоньчин хүүгийн үе чацуутан буюу арван хоёр настай Нильс Хольгерсон гэгч Швед
хүү санамсаргүй тохиолоор одой хүн болж орхиод нүүдлийн шувуудыг даган
гайхамшигтай сонин аялал хийснийг эндээс би сэтгэл догдлон уншлаа.
Акке Кебнекайсе гэх хөгшин галууны түүчээлсэн сүрэгтэй зам нийлэхдээ бяцхан
хүү Нильс гэрийн тэжээмэл Мартин хэмээх цагаан галуугаа унаж, түүний хэзээ ч
хүрч үзээгүй өндөрт гарсан нь сонирхол татна.
Энэ зохиолд “Өндөрт нисвэл доогуур нисэхээс амар” гэх маягаар галууд хоорондоо
хэлэлцэж байх юм. Гэтэл “Галуу шувууд 10175 метрийн өндөрт ниссэн нь
тэмдэглэгдэж байсан” гэж Монголын шувуу судлаач нэгэн баталсныг сониноос би
олж уншлаа. Манай судлаачид нүүдлийн шувуудын хөл, хүзүүнд бөгж зүүх, сансрын
мэдээ дамжуулагчийг суурилуулах зэргээр нарийн судалгаа хийдэг болсон нь энэ
мэтийг ойлгоход эрхбиш хүргэж байна.
Галуу дагасан Нильс хүүгийн аялах замд юу эс тохиолдсон гэж санана. Тухайлбал,
шөнийн ангуучин Смирре хэмээх зальт үнэг, сайхан сэтгэлт Сирле хэрэм, бас
өрөвтас, сарьсан багваахайнууд хүртэл түүнтэй цуг үг хэлээ ололцож байх
жишээтэй. Мөн Кулаберг ууланд хэрээ, туулай, тогоруудын бүжиглэхийг харж, сойр
шувуудын хоолой нийлүүлэн дуулалдахыг сонсож явсан нь гайхалтай.
Хэрээнүүдийн тухай энд өгүүлэхдээ, “Нэг хэрээ нь ууль шувууны үүрэнд байсан
өндгийг хагалсан бол, нөгөө нь туулайн бүжингийн нүдийг тоншиж, гурав дахь нь
тосгоноос мөнгөн халбага хулгайлжээ” гэсэн байх юм. Гэтэл манай шувуу судлаачид
хээрийн дадлага хийж явахдаа хаяж гээсэн чимхүүр, өрөөсөн ээмэг сэлтээ хойтон
хавар нь хэрээний үүрнээс олж байснаа бас дурсчээ.
Хэрээний нүдний үзүүрт ямар нэг гялгар юм харагдвал заавал очиж үздэг “хэрэгт
дуртай амьтан” гэнэ. “Үүргүй шувууд үргэж нисэх нь амархан” гэгчээр нүүдлийн
шувуудыг айлгаж цочоох юм хаа мундах вэ.
Бяцхан Нильс хүү аймшигт хархнуудтай тааралдаж, тэнгэрээс өрөөсөн гутлаа
унагааж, галуунаас ойчиж, санамсаргүй явсаар баавгайн ичээнд орж, тэднийг анчид
отож байгааг олж мэдээд нэгэн бүл баавгайнд сэрэмж өгч, гавьяатай хэрэг хүртэл
бүтээж явжээ.
Галуудын урт нислэгийн сүүлчийн буудал нь Шведийн умард хязгаарт байх Лапланд
хэмээх уул ус нь тэгш сайхан газар нутаг ажээ. Тэнд байхдаа Нильс хүү Горго
бүргэдтэй уулзаж, түүнийг сүрэг галуудын анд, дотно, итгэмжит нөхөр болохыг нь
ойлгож, хүндэтгэж байна. Ийм байдлаар амьд байгальтай хэлээ ойлголцоод ирэхээр
түүнийг хайрлахаас өөр аргагүй болдог нь эндээс бас харагдлаа.
Энэхүү сонирхолтой зохиолыг Шведийн зохиолч эмэгтэй Сельма Лагерлёф /1858-
1990/ бичсэн бөгөөд Шведийн Марбакка сууринд төрсөн жирийн багш энэ эмэгтэй
“Чёсто Берлингийн тухай тууль”, “Христийн тухай домог”, “Галуу дагасан
гайхамшигт аян” зэрэг олон бүтээлээрээ нэрд гарч, улмаар 1909 онд Нобелийн
шагнал хүртсэн (энэ шагналыг 1901 оноос эхэлж олгосон Д.Н) Шведийн анхны
зохиолч, дэлхийн анхны шагналтан эмэгтэй зохиолч болжээ. Ер нь домог зохиолд
сүрхий гаршсан, байгалийг нарийн ойлгодог мэргэн бичээч болох нь мэдэгдээд
байна.
Түүний зохиол, бүтээлийг 1909 онд эх оронд нь 12 ботиор хэвлэн гаргажээ. Амьд
ертөнцийн дотоод нарийн сүлжээ уялдааны тухай адал сонин үйл явдлуудаар дүүрэн
“Галуу дагасан гайхамшигт аян” гэдэг энэ зохиол нь амьдралын гүн философи,
сургамжит санаа, танин мэдэхүйн их ач холбогдолтой, өгөөж хишигтэй бүтээл
болохыг хэлэхийн үүднээс энэ хэдэн үгийг би эвлүүлэн толилуулж байна. Аль ч
насныханд сонирхолтой энэ номыг та бүхэн Хумбангийн Энхбатын аятайхан
очуулгаар унших болсонд би хувьдаа бас талархалтай байна.
Ирэх буцах шувуудын ганганаан уянгалан сонсогдсоор, он цагийн цэнхэр зэрэглээ
нүдний өмнүүр жирэлзэн гүйсээр байгаа бидний энэ үед Дэлхийн шилдэг бас нэгэн
зохиолын шинэ хуудас сөхөж суугаа уншигчдадаа баяр хүргэе.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
2012.12.25
Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Долгорын Нямаа
Нэгдүгээр бүлэг.Ойн одой хүн

1
Шведийн Вестменхег хэмээх нэгэн жижиг тосгонд Нильс гэдэг хүү аж төрөн суудаг
байжээ. Гаднаас нь харахад жирийн л хүүхэд боловч айхтар дуулгаваргүй жаал
байлаа. Хичээл дээрээ Нильс хүү хэрээ, шувууд тоолж, тааруухан сурдаг, ойд явбал
шувуудын үүр сүйтгэж, хашаан дотор галуу шувуудыг бужигнуулж, тахиа хөөн
гүйдэг, үхрээ чулуугаар шидэж, хаалганы хонхны оосроос татдаг шигээ муурын
сүүлнээс чангаадаг хүүхэд байжээ.
Арван хоёр нас хүрэх үед нь ер бусын сонин явдал Нильс хүүд тохиолджээ. Нэгэн
ням гаригт аав, ээж хоёр нь айл зэргэлдээ тосгоны зах руу явахаар болов. Нильс хүү
тэдний явахыг тэсэж ядан хүлээж байлаа. Тэрбээр “Бушуухан яваасай!..” гэж бодон
аавынхаа хананд өлгөөтэй байгаа буу руу сэмхэн харж суув.
“-Намайг буутай байхыг хүүхдүүд харвал атаархахдаа үхэх шахна даа!” гэж бодож
байлаа. Гэтэл хүүгийнхээ бодлыг аав нь таачих шиг болжээ.
-Чи хө, гэрээс ганц ч алхам гарч болохгүй шүү! Номоо гаргаад уншиж байгаарай.
Ухаантай болохыг хичээ. Сонсож байна уу?
-Сонсож байна аа гэж Нильс хүү хариулсан ч “Ням гаригт бас хичээл хийж
өнгөрүүлнэ гэнэ шүү!..” хэмээн боджээ.
-Хичээлээ л сайн хийгээрэй, хүү минь гэж ээж нь хэллээ. Тэгснээ тавиур дээрээс
сурах бичиг аваад буйдан сандал, ширээ рүү дөхүүлэн тавьж өгөв. Харин аав нь тэр
номноос арван хуудас тоолж өгөөд, чанга гэгч нь:
-Бид хоёрыг буцаж ирэх үед бүгдийг нь цээжилсэн байна шүү. Би өөрөө шалгана
хэмээн захирчээ. Тэгээд аав, ээж хоёр нь явлаа. “Аав, ээж хоёрт бол ч сайхан л
байгаа. Тэр хөгжилтэй алхаж байгааг нь хар! Харин би энэ хичээлээс болж хавханд
орсон юм шиг л болчихлоо” гэж бодоод Нильс хүү хүндээр санаа алдав. Гээд яах
билээ дээ!.. Аавтайгаа тоглоом хийх гэвэл санасны гарз гэдгийг тэр мэдэж байлаа.
Тэгээд дахин санаа алдаад, ширээний ард суусан ч ном руугаа биш цонх руу л байн
байн харсаар суув. Цонхоор харах түүнд хавьгүй сонирхолтой байв.
Хуанлийн тооллоор гуравдугаар сар дуусаагүй ч Шведийн өмнөд нутагт цөн түрж
эхэлжээ. Суваг, шуудуун дотуур ус цовоо цолгин шоржигнон урсаж, моддын мөчир
дээрх нахианууд гөлөглөж эхэлсэн байв. Ойн модод өвлийн хүйтэнд царцаж, хөшсөн
мөчрөө тэнийлгэн, хаврын цэнхэр тэнгэрт хүрэхсэн хэмээн цоройн ургаж байлаа.
Харин яг цонхны дэргэд тахиа шувууд хөл тавьж, болжморууд дэгдэн, зодолдож,
булингарт тогтоол усанд галуунууд сэлэн наадаж байв. Хашаанд түгжээтэй байгаа
үнээнүүд ч хаврыг мэдэрч, “биднийг эндээс гаргаач, биднийг гаргаач” гэх шиг чанга
мөөрөлдөж байлаа.
Нильс хүү ч бас дуу дуулж, хашгирч, тогтоол ус туучин гүйж, хөрш айлын
хүүхдүүдтэй зодоон хийхийг хүсч байв. Харамссан хүү цонхноос холдон, номоо
барьж авсан ч олигтой уншиж чадсангүй. Номын үсэгнүүд нүднийх нь өмнө үсчин
дэгдэж эхлэх мэт, номын мөрүүд нэг нийлэн, нэг сарниж байх шиг санагдана… Хүү
яаж унтсанаа ч өөрөө анзаарсангүй.
Хэрэв түүнийг ямар нэгэн чимээ сэрээгээгүй бол өдөржин унтаж ч мэдэхээр байв.
Хүү толгойгоо өргөөд сэрэмжлэн чагналаа. Ширээний дээд талд өлгөөтэй байгаа
толин дотор өрөө нь бүхэлдээ тусчээ. Өрөөн дотор хүүгээс өөр хэн ч алга… Бүх зүйл
байрандаа, хэвийн л байх шиг!.. Гэнэт… Хүү айсандаа хашгирах шахлаа. Хэн нэгэн
хүн ээжийнх нь авдрын таглааг нээчихсэн байх нь тэр!.. Тэр авдарт ээж нь үнэ
цэнэтэй бүх зүйлээ хадгалдаг байжээ. Ээж нь залуудаа хэрэглэж байсан гоёл,
тариачин айлуудын гэртээ оёдог өргөн цэмбэн банзал, өнгөт шилэн зүүлтээр чимж
оёсон, эмэгтэй хүний цамц, цардсан, цас шиг цагаан малгай, бүсний мөнгөн тээг,
гинж зэргээ тэнд хадгалдаг байв. Эзгүйдээ авдрыг нь онгойлгохыг ээж нь хэнд ч
зөвшөөрдөггүй, Нильс хүүгээ ч ойртуулдаггүй байв. Гэрээс гарах бүртээ ээж нь
авдраа заавал цоожилж, түгжилгүй хэзээ ч орхиж байсангүй. Өнөөдөр ч гэсэн ээж нь
босгон дээрээс хоёр ч дахин буцаж, сайн цоожилсон эсэхээ шалган татаж байсныг
Нильс тод санаж байлаа. Тэгээд энэ авдрыг хэн онгойлгочихов оо? Эсвэл хэсэг унтах
хооронд гэрт нь хулгайч ороод, хаалганы цаана, эсвэл хувцасны шүүгээний ард
нуугдчихав уу? Хүү амьсгаа даран чагнаж, толь руугаа нүд цавчилгүй ширтжээ.
-Тэр авдрын буланд юун сүүдэр байна аа? Тэр сүүдэр одоо хөдөлж байна уу даа?..
Одоо авдрын ирмэг дээгүүр хөдөлж байх шиг… Хулгана юм уу? Үгүй ээ, хулганатай
төсгүй юм…Гэнэт хүү нүдэндээ ч итгэж чадсангүй. Авдрын ирмэг дээр жижигхэн
биетэй одой хүн сууж байх нь тэр. Тэр одой хүн өргөн хүрээтэй бүрх малгай өмсч,
торон хээтэй зах, ханцуйвчаар чимсэн хар өнгийн нөмрөг өмсчээ. Өвдөгнийхөө
орчим оймсоо өргөн туузаар уяж, улаан савхин гуталд нь мөнгөлөг чимэг гялалзаж
байлаа. “Энэ чинь одой хүн байна шүү! Ёстой жинхэнэ одой хүн” гэж Нильс боджээ.
Одой хүмүүсийн тухай ээж нь хүүдээ байн байн ярьж өгдөг байв. Тийм одойнууд
ойд амьдарч, хүний, шувуудын, бас амьтдын ч хэлээр ярьж чаддаг гэдэг. Зуу, эсвэл
мянган жилийн өмнө газар булсан бүх үнэт эрдэнэсийн тухай одой хүмүүс мэддэг
бөгөөд хүсвэл өвлийн цасан дээр цэцэг ургуулж, эсвэл халуун зун ч голын усыг
хөлдөөж чаддаг шидтэй ажээ. Харин одой хүнээс айгаад байх явдалгүй гэдэг. Жижиг
биетэй учраас ямар л муу юм хийж чадахсан билээ дээ!
Харин Нильс хүүг тэр одой огтхон ч анзаарахгүй байлаа. Авдар дотор хамгийн дээр
тавиастай байсан, голын жижиг сувдаар чимж оёсон, ханцуйгүй хилэн цамцнаас өөр
юуг ч тэр одой харахгүй байх шиг санагдав. Одой хүн эртний гоёмсог хээ угалзыг
сонирхон харж байх хооронд энэ гайхмаар зочноор яаж даажигнаж, тоглохоо хүү аль
хэдийнэ бодоод олчихжээ. Тэр одойг авдар руу түлхэж унагаад тагийг нь
таглачихвал сайхан аа. Эсвэл… тэгж болно. Хүү толгойгоо хөдөлгөхгүйг хичээн
өрөөн доторх зүйлсийг сэм ажиглав. Өрөө нь толинд бүхэлдээ тусч байгаа болохоор
алган дээр байгаа мэт бүх зүйлс илхэн байлаа. Тавиур дээр кофены сав, данх,
түмпэн, хоолны савнуудыг дэс дараалуулан өрсөн байлаа… Цонхны дэргэд янз
бүрийн зүйлс тавьсан намхан шүүгээ байна… Харин хананд, аавынх нь бууны
дэргэд ялаа барьдаг урт бариултай тор байлаа. Энэ чинь л яг хэрэгтэй зүйл шүү!
Хүү шал руу сэмхэн тонгойж, мөнөөх торыг хадааснаас татан авчээ. Тэгээд ганцхан
далайгаад урилгагүй зочныг дарж авахад өнөөх одой торон дотор орсон соно шиг
тийчэлж эхэлжээ. Одой хүний өргөн хүрээтэй бүрх малгай хажуу тийш хэлтийж, хөл
нь хар нөмрөгнийхөө хормойд ороолджээ. Баригдсан одой торны ёроолд сарваганан
дэмий л гараа зангаж байлаа. Тэгээд бага зэрэг өндийсөн ч хүүг тороо угзрахад
дахин доош ойчжээ.
-Нильс ээ! Сонсооч гэж одой хүн хичээнгүйлэн гуйлаа. Чи намайг суллачих л даа. Би
чиний цамцны товч шиг том алтан зоос чамд өгье гэжээ. Хүү хэсэг зуур бодов.
-За яах вэ, тэгвэл ч муугүй шүү! гэж хүү хэлээд тороо угзрахаа болилоо. Тэгтэл ч
одой торноос зууран дээшээ чадмаг мөлхөж, төмөр хүрээнээс нь татан, ирмэг
дээгүүр толгой нь гарч иржээ… Тэгтэл хүүгийн толгойд “Би арай хямдхан
хэлчихжээ” гэсэн бодол зурсхийв. “Алтан зоосноос гадна, өөрийнхөө хичээлийг энэ
одой хүнээр хийлгэж болно шүү дээ! Бас өөр юм ч шаардаж болно. Одоо бол энэ
одойгоос юу ч шаардсан зөвшөөрнө дөө! Торонд орсон юм чинь юу гэж надтай
маргах билээ!” Ингэж бодоод хүү тороо дахин угзарч орхив. Гэвч яг тэр үед Нильс
хүүгийн хацар руу хэн нэг хүн айхтар чанга алгадсан учир тор нь хүүгийн гараас
мултран, өөрөө ч булан руу өнхрөн ойчжээ.
2
Нильс түр зуур хөдөлгөөнгүй хэвтэж байгаад дараа нь ёолж, ярагласаар босч ирэв.
Гэтэл өнөө одой ямар ч ул мөргүй алга болж, ээжийнх нь авдар цоожтой, нөгөө тор ч
аавынх нь бууны дэргэд, байдаг байрандаа өлгөөтэй харагдлаа. “Би одоо зүүдэлсэн
юм болов уу? Үгүй ээ, баруун хацарт маань индүү хүргэсэн юм шиг халуу шатаж
байна. Тэр одой л намайг тэгж чанга цохисон байх. Манай гэрт одой хүн ирсэн гэвэл
аав, ээж хоёр мэдээж итгэхгүй. Хичээл хийхгүй гэж л элдэв хоосон юм зохиож
ярилаа гэнэ. Одоо дахиад л номоо бариад суухаас өөр аргагүй боллоо.”

Хүү хоёр алхсанаа зогсчихлоо. Учир юун гэвэл өрөө нь ихэд өөрчлөгдсөн байв.
Байшингийнх нь бүх хана цаашлан тэлж, тааз нь тун өндөр болж, хүүгийн суудаг
сандал өөрөөс нь өндөр, бүр хүршгүй өндөр уул мэт болчихсон байлаа. Буйдан
сандал дээрээ гарахын тулд хүү царс модны овгор товгор их бие шиг муруй хөлийг
нь дамжин авирахаас аргагүй болов. Харин ном нь өнөө л янзаараа ширээн дээр
тавиастай ч маш том хэмжээтэй болчихсон учир Нильс номынхоо хуудасны нэг ч
үсгийг харж чадахгүй байлаа. Хүү номон дээрээ тэгнэн хэвтэж, нэг мөрнөөс нөгөө
мөр рүү, нэг үгнээс нөгөө үг рүү мөлхөхөөс аргагүй болжээ. Тийнхүү нэг өгүүлбэр
унших гэж мөлхөх хооронд хүү бүүр эцэж орхижээ.
-Энэ чинь юу гэсэн үг вэ! Ингэх юм бол маргааш өдөр ч хуудасныхаа эцэст хүрч
чадахгүй юм байна гэж хүү хэлээд духныхаа хөлсийг ханцуйгаараа арчлаа. Гэнэт
толин дотроос бяцхан хүн өөр рүү нь харж байгааг хүү олж харав. Хүүгийн торонд
орсон тэр одойтой тун адилхан байлаа.
Харин хувцас нь өөр бөгөөд савхин өмд, хантааз, том товчтой, судалтай цамц
өмсчээ.
-Хөөе, танд юу хэрэгтэй юм бэ? гэж хүү хашгираад нударгаа зангидан занаж орхив.
Гэтэл өнөө бяцхан хүн ч Нильс рүү нударга зангидан занах нь тэр. Хүү ташаагаа
тулан зогсоод хэлээ гаргахад өнөө хүн ч ташаагаа тулж, өөдөөс нь хэлээ гаргажээ.
Хүү хөлөө дэвсэхэд өнөө хүн ч бас дэвсэв. Хүү харайж цовхрон, эргэлдэж, хоёр
гараа савчиж байсан ч тэр бяцхан хүн өөрийг нь элэглэх мэт яг л дууриагаад байжээ.
Эцэст нь хүү номон дээрээ гарч суугаад, гашуунаар уйллаа. Ойн одой хүн өөрийг нь
илбэдэн өөрчилснийг тэр мэдлээ. Толин дотроос түүн рүү харж байгаа бяцхан хүн
бол хүү өөрөө, Нильс Хольгерсон юм байна гэдгийг сая л ухаарав. Тэгснээ “Би
зүүдэлж байгаа юм биш биз?” гэж бодлоо. Хүү нүдээ аниад, нойрноос сэрэхийн тулд
байдаг чадлаараа гараа чимхэж, түр зуур хүлээгээд дахин нүдээ нээв. Үгүй ээ,
зүүдлээгүй бөгөөд чимхүүлсэн гар нь үнэхээр өвдөж байв. Дараа нь хүү толь руу
тулж очин бүр хамраа наалдуулж үзлээ. Тийм ээ, тэр бяцхан хүн бол яг Нильс өөрөө
байв. Одоо бол хүү болжмор шувуунаас ч томгүй, өчүүхэн жижиг биетэй болчихсон
байлаа.
“Тэр одой хүнийг олох хэрэгтэй байна. Тэр надаар зүгээр тоглож байж магадгүй!”
гэж Нильс боджээ. Тэгээд хүү буйдан сандлын хөл дамжин доош буугаад, булан
тохой бүрийг шалгаж үзлээ. Хувцасны шүүгээ, урт сандал доогуур шургаж, одоо
өөрт нь хэцүү биш болсон учир хулганы үүр рүү хүртэл орж үзсэн ч одой хүн хаана
ч байсангүй. Үлдсэн ганц найдвар бол тэр одой хүн хашаан дотор нуугдсан байж
магадгүйд байв.
Нильс хүү үүдний байшин руугаа яаран гарчээ. Миний гутал хаа байна аа?
Хаалганы дэргэд л байх ёстой доо. Нильс өөрөө ч, түүний аав, ээж хоёр нь ч,
Вестменхегийн бүх тариачид, ер нь Шведийн бүх л тосгон сууринд хүмүүс дандаа
босгоны дэргэд гутлаа үлдээдэг билээ. Тэр чинь модон гутал шүү дээ. Гадуур
явахдаа л өмсөж, гэртээ тайлах ёстой. Одоо ийм жижигхэн биетэй болчихсон юм
чинь өмнө нь өмсч байсан хүнд, том гутлаа яаж дааж өмсөх билээ? Тэгтэл хаалганы
өмнө хоёр жижигхэн гутал байхыг хүү олж харжээ. Эхэндээ хүү ихэд баярласан
боловч дараа нь айв. Хэрэв тэр одой өөрийнх нь гутлыг хүртэл илбэдсэн бол хүүд
хийсэн илбээ буцаахгүй байх нь ээ!
-“Үгүй ээ, үгүй. Одой хүнийг би маш хурдан олох ёстой. Тэр одойгоос гуйх, бүр
наманчилж гуйх хэрэгтэй. Би одоо хэзээ ч, хэнийг ч гомдоохгүй. Одоо хамгийн
дуулгавартай, хамгийн үлгэр жишээ хүүхэд болно…”Хүү өнөө жижиг гутлаа
өмсөөд, хаалганы завсраар зүтгэн гарлаа. Азаар тэр хаалга жаахан завсартай
хаагдсан байж. Тэгээгүй бол бяцхан хүү яаж түгжээнд хүрч, онгойлгох билээ!
Гонхны дэргэд, шалбаагны нэг ирмэгээс нөгөө рүү тавьсан, хуучин царс модон
банзан дээр нэгэн болжмор үсрэн дэгдэж байв. Нильс хүүг хармагц өнөө болжмор
улам хурдан дэгдэн, хамаг чадлаараа жиргэж эхэлжээ. Гэтэл тун гайхмаар зүйл болж,
тэр болжморын жиргэлтийг Нильс хүү маш сайн ойлгодог болсон байлаа.
-Энэ хүүхдийг хараач ээ! Энэ хүүхдийг хараач! гэж тэр болжмор жиргэж байв.
Тэгтэл азарган тахиа “Ку ку! Энэ хүүхдийг гол руу аваад шидчихье” хэмээн цовоо
чанга хашгирав. Харин эм тахианууд далавчаа дэвэн, ам булаалдаж:
-Энэ хүүхэд ингэвэл таарна! Энэ ёстой ингэвэл таарна! гэж хашгирчээ. Харин
галуунууд хүүг бүх талаас нь тойрч, хүзүүгээ сунгаад чих рүү нь:
-Сайхан байна уу, чи? Сайхан л байх шиг байна даа. Одоо айж байна уу? Аймаар
байна уу? хэмээн ганганав. Хэрэв энэ үед хашаан дотор муур хүрч ирээгүй бол
хөөрхий хүү тун хэцүү байдалд орох байжээ. Муурыг хармагцаа эм тахиа, галуу,
нугаснууд тал тал тийш хурдхан тарж, өт хорхой, өнгөрсөн жилийн үр тарианаас өөр
юу ч сонирхохгүй байгаа мэт дүр үзүүлэн газар малтан, тоншиж эхлэв. Харин Нильс
хүү өнөө муурыг хараад элгэн төрлөө үзсэн мэт баярлажээ.
-Өө, хүндэт муур минь. Та манай хашааны бүх нүх, үүрийг мэднэ шүү дээ. Та сайхан
сэтгэл гаргаж, одой хүнийг хаанаас олж болохыг надад хэлж өгөөч. Тэр холдож
чадаагүй байгаа байх! Харин муур тэр даруй хариулсангүй, тухлан сууж, урд хоёр
хөлөө сүүлээрээ ороогоод, хүү рүү харлаа. Тэр муур цээжин дээрээ том цагаан
толботой, аварга том хар муур байв.
Муурын мөлчгөр үс нарны гэрэлд гялалзан, төрх байдал нь ч нэлээд сайхан харагдах
аж. Тэгээд муур хумсаа татан далдалж, дундуураа нарийн судалтай шар нүдээ
онийлголоо.
-М-р-р, м-р-р! Одой хүнийг хаанаас олж болохыг би мэдэлгүй яахав хэмээн муур
эелдэг дуугаар хэллээ.
– Гэхдээ би чамд хэлэх, эсэхийг бүү мэд шүү дээ…
-Муур гуай минь, муур гуай минь. Алтан амт минь! Та надад туслах ёстой шүү дээ.
Тэр одой намайг илбэдчихсэн байгааг та харахгүй байна гэж үү? Муур нүдээ арай
том харахад ногоон гал гялсхийх мэт болсон ч урьдынх шигээ эелдэг дуугаар
хэржигнэж байлаа.
-Яасан гэж би чамд туслах ёстой билээ? Миний чих рүү хэдгэнэ хийсний чинь төлөө
юу? Эсвэл үсийг минь галаар түлж байсны төлөө юу? Эсвэл өдөр болгон сүүлнээс
минь угзарч өвтгөж байсны төлөө юу? Аан?
-Тэгвэл сүүлнээс чинь би одоо ч угзарна шүү! гэж хүү хашгираад муурнаас хорь
дахин жижиг биетэй болсноо мартан урагш алхчихлаа. Тэгтэл муур яасан гэж
санана! Нүд нь гялсхийн, нуруу нь нумлаж, үс нь өрвийгөөд, сахлаг зөөлөн
сарвуунаас нь олон хурц хумс даруй арзайн гарч ирэх нь тэр. Урьд нь огт үзээгүй
зэрлэг араатан л ойн гүнээс үсрэн гарч ирсэн юм шиг хүүд санагджээ. Гэсэн ч хүү
ухралгүй, бас нэгэн алхам урагш алхсан ч… Муур ганцхан ухасхийн хүүг дор нь
унагаж аваад урд хоёр сарвуугаараа газарт наалдуулан дарчихлаа.
-Туслаарай, туслаарай! гэж хүү хамаг чадлаараа хашгирсан ч түүний дуу хулганы
гөлчгийн дуунаас ч аяархан болчихсон байлаа. Тэгээд ч туслах амьтан, хүн огт
байсангүй. Ийнхүү, төгсгөл нь ирснийг ойлгоод, хүү айсандаа нүдээ аньчихав. Гэнэт
муур хумсаа суллаж, хүүг сарвуунаасаа мултлаад:
-За яах вэ, эхний удаа болно. Хэрэв ээж чинь сайхан сэтгэлтэй эзэгтэй байж, надад
өглөө, үдэш сүү өгдөггүй байсан бол чи ч өнгөрөх байлаа шүү! Ээжийг чинь бодож
би чамайг амьд үлдээлээ шүү! гэжээ. Ингэж хэлээд муур цааш эргэж, сайхан
сэтгэлтэй, гэрийн муурны дүрд хувилан, аяархан хэржигнэн дуугарсаар юу ч
болоогүй мэт яваад өглөө. Харин хүү босож, арьсан өмднийхөө шороог гүвээд,
хашааны үзүүр рүү алгуурхан гэлдэрчээ. Тэгээд чулуун хашаа өөд авирч, бяцхан
гуталтай хоёр жижигхэн хөлөө унжуулан суугаад гүн бодолд автжээ.
-“Одоо цаашаа юу болох бол оо? Аав, ээж хоёр удахгүй буцаад ирнэ. Хүүгээ хараад
ямар их гайхах бол?
Ээж мэдээж уйлна, харин аав “энэ ингэвэл таарна” гэж хэлж ч магадгүй. Дараа нь
ойр орчмын бүх нутгаас хөршүүд ирж, над руу харан, “хөөх”, “пөөх” гэлцэн дуу
алдацгаана… Магадгүй, зах дээр эвшээж явдаг хүмүүст үзүүлэх гээд намайг
хулгайлж ч мэднэ. Хөвгүүд намайг ямар их дооглож инээлдэх бол оо!.. Надад ямар
их зовлон дайрав аа! Ямар их гай зовлон бэ! Энэ орчлонд надаас илүү зовлонтой хүн
байхгүй нь мэдээж юм даа.
Аав ээжийнх нь суудаг, хазгай дээвэртэй, газар руу шигдсэн, муухан байшин нь одоо
хүүд том, сайхан санагдаж, давчуу хашаа нь ч илүү уужим болсон шиг санагдаж
байв. Энэ үед хүүгийн толгой дээгүүр шувуудын далавч шуугих чимээ сонсогдлоо.
Зэрлэг галуун сүрэг өмнө зүгээс хойд зүгт нисэж явав. Тэр галуунууд зөв гурвалжин
хэлбэр үүсгэн, өндөрт нисэх бөгөөд өөрсдийн төрөл болох гэрийн тэжээвэр
галуунуудыг хараад доошлон ирж:
-Бидэнтэй цуг нисээч! Цуг нисээч! Бид хойд зүгт, Лапланд руу явж байна. Лапланд
явцгаая! хэмээн хашгирчээ. Гэрийн галуунуудын сэтгэл бас хөөрч, гуугачин, нисэж
чадах эсэхээ турших мэт далавчаа дэлгэн сандралдаж байлаа. Харин гэрийн
галуунуудын олонхийнх нь эмээ байхаар нэгэн хөгшин галуу тэднийг тойрон:

-Солиороо юу, та нар? Тэнэг юм битгий хийцгээ! Та нар чинь аль нэг тэнэмлүүд
биш, гэрийн хүндэт галуунууд шүү дээ! хэмээн хашгирч байв. Тэгснээ өнөө хөгшин
галуу тэнгэр өөд толгой өргөн:
-Эндээ бид сайхан байна. Сайхан байна! гэж хашгирчээ. Зэрлэг галуунууд улам
доошлон ирж, хашаан дотор ямар нэгэн зүйл хайх мэт болсноо гэнэт тэнгэр өөд
хөөрөн нисэцгээв.
-Га-га-га! Га-га-га! Та нар галуу мөн гэж үү дээ? Та нар чинь ердөө дорой тахианууд
л байна шүү дээ. Тахианы үүрэн дотроо л үлдэцгээ дээ!
Гэрийн галуунууд уурлан, гомдсондоо нүд нь хүртэл улайжээ. Ийм доромжлолыг
тэд урьд өмнө нь хэзээ ч сонсож байсангүй. Харин нэгэн залуухан цагаан галуу
толгойгоо дээш өргөөд, шалбааг дотуур хурдлан гүйж эхэлжээ.
-Намайг хүлээгээч. Би та нартай хамт нисье. Та нартай цуг хэмээн тэр галуу
хашгирлаа. “Энэ чинь ээжийн хамгийн хайртай Мартин галуу байна шүү дээ! Энэ ч
үнэхээр нисэх нь ээ!..”
-Зогсоорой, зогсоорой гэж хүү хашгираад Мартин галууны хойноос ухасхийн
гүйлээ. Тэгээд арай чамай гүйцэн очиж үсрээд, хоёр гараараа галууны урт хүзүүнээс
зуурч, бүх биеэрээ зүүгджээ. Харин Нильс хүүг дээр нь суусныг Мартин галуу огт
мэдрэхгүй байлаа. Тэр галуу далавчаа хоёр дахин хүчтэй дэвэн зүтгэхэд, өөрөө ч
мэдэлгүй хөөрөн нисэж чаджээ. Юу болж байгаа учрыг хүү сайн ойлгохоос өмнө тэд
аль хэдийнэ өндөрт хөөрчихсөн байлаа.
Хоёрдугаар бүлэг. Галуу хөлөглөн ниссэн нь
1
Мартин галууны нуруунд яаж гарснаа Нильс өөрөө ч сайн санахгүй байв. Харин
галууны бие тийм мөлчгөр байдаг гэж хүү хэзээ ч бодоогүй байжээ. Тэгээд хоёр
гараараа галууны өднөөс сайн зуурч, хамаг биеэ хураан, толгойгоо мөр рүүгээ
шигтгэж, нүдээ хүртэл аньжээ. Эргэн тойронд салхи хүүгэн үлээж, галууны нуруун
дээрээс хүүг авч шидэхийг оролдож байх шиг санагдав.
-Одоо л унах нь! Яг одоо унах нь! гэж хүү шивэгнэж явжээ.
Гэвч арав, хорин минут өнгөрсөн ч хүү ойчоогүй л байлаа. Тэгээд хүү зориг орж,
нүдээ бага зэрэг нээв. Хүүгийн баруун, зүүн талд зэрлэг галуудын саарал далавч
гялс гялс хийн дэвэх нь харагдаж, хүүгийн яг толгой дээр бараг шүргэх шахам
ойрхон, үүлс хөвөн өнгөрч, тээр доор газар бараантан харагдаж байлаа. Гэхдээ газар
тун өөр харагдана. Тэдний доор хэн нэгэн хүн аварга том судалтай алчуур дэвссэн
юм шиг байв. Хар, шаравтар-саарал, цайвар-ногоон гээд тэнд бүх л өнгө харагдаж
байлаа.

Хар судал нь дөнгөж сая хагалсан газар, ногоон нь цасан доор өвөлжсөн намрын
тарианы сүрэл, харин шаравтар-саарал өнгөтэй дөрвөлжин талбайнууд нь тариачны
анжис хараахан хүрээгүй байгаа, өмнөх жилийн тариалаагүй талбай байлаа. Тэгтэл
зах ирмэг нь бараан, дундаа ногоон өнгөтэй жижиг дөрвөлжин талбайнууд
харагджээ. Тэдгээр нь цэцэрлэг бөгөөд модод нүцгэн хэвээр сүүхийж байсан ч нугын
газарт анхны өвс ургасан байв. Харин шар хөвөөтэй бараан талбайнууд нь ой шугуй
бөгөөд хараахан ногоон өмсгөлөө өмсөж амжаагүй, ойн захын залуу моддын
өнжмөл хуурай навчис шарлан үзэгдэж байлаа. Эхэндээ олон янзын тэр өнгийг
харахад хүүд таатай байжээ. Гэвч галуунууд цааш нисэх тусам хүүгийн сэтгэл улам
түгшүүртэй болов. “Эд нар ч намайг үнэхээр холын Лапланд руу аваачих нь ээ!” гэж
хүү боджээ.
-Мартин, Мартин! Гэр рүүгээ буцъяа аа! Одоо боллоо. Зөндөө нислээ” хэмээн унаж
яваа галуу руугаа хүү хашгирлаа. Гэвч Мартин галуу юу ч хариулсангүй. Тэгэхээр нь
Нильс өөрийн өмссөн модон гутлаар хамаг чадлаараа галууны хоёр хажуу руу
өшиглөж гарчээ. Гэтэл галуу толгойгоо багахан эргүүлээд:
-Сонс, Нильс ээ. Чи томоотой яв. Тэгэхгүй бол доош нь унагана шүү… хэмээн
исгэрэх мэт дуугарсан учир томоотой суухаас өөр аргагүй боллоо.
2
Мартин хэзээ ч гэрийн галуу байгаагүй, насан туршдаа нисэж байсан юм шиг
сүргээс хоцролгүй өдөржин нисэж чаджээ. “Яаж энэ галуу ийм удаан нисэж байна
аа?” хэмээн Нильс хүү гайхаж байв. Гэвч үдэш болоход галуу цуцаж эхэлжээ. Тэр
анх удаа нисэж байгаа нь илт харагдаж, эсвэл гэнэт хоцрон, эсвэл урагш зүтгэж, нэг
бол нүх рүү унах мэт доош орж, бас заримдаа дээш ухасхийн хөөрч байв. Зэрлэг
галуунууд ч түүнийг харцгааж байлаа.
-Акка Кебнекайсе! Акка Кебнекайсе! хэмээн зэрлэг галуунууд хашгирчээ. Хамгийн
түрүүнд нисэж байсан нэгэн эм галуу “Та нар надаас юу хүсээд байна?” гэж асуув.
-Цагаан галуу хоцроод байна!
-Хурдан нисвэл удаан нисэхээс амар гэдгийг тэр цагаан галуу мэдэх ёстой гэж өнөөх
эм галуу толгойгоо ч эргүүлэлгүй хариу хашгирчээ. Мартин улам хүчлэн далавчаа
түргэн дэвэхийг оролдсон ч сульдсан далавч нь хүндрэн, газар руу чангаах мэт
байлаа.
-Акка Кебнекайсе! Акка Кебнекайсе! хэмээн галуунууд дахин хашгиралдав.
-Та нар яах гээв? гэж хөгшин эм галуу асуув.
-Цагаан галуу өндөр нисэж чадахгүй байна аа!
-Өндөрт нисвэл доогуур нисэхээс амар гэдгийг тэр галуу мэдэх ёстой гэж Акка галуу
хариуллаа. Хөөрхий галуу сүүлчийн хүчээ шавхаж байв. Гэвч хос далавч нь улам
сульдан биеэ арай чамай агаарт тогтоон барьж байжээ.
-Акка Кебнекайсе! Цагаан галуу унах нь!
-Бидэн шиг нисэж чадахгүй бол гэртээ суусан нь дээр. Тэр галуунд тэгж хэл хэмээн
Акка нисэлтээ сааруулалгүй хашгирав.
-Нээрэн тийм, бид гэртээ суусан нь дээр бололтой гэж Нильс хүү шивэгнээд
галууны хүзүүнээс сайн зуурч авчээ. Удалгүй Мартин буудуулсан мэт доошоо ойчиж
эхэллээ. Харин аз болоход замд нь нарийхан ургаа мод таарчээ. Мартин мөчрүүд
дунд зүүгдэхэд хүү ч модноос зууран тогтлоо. Галууны далавч сул, хүзүү нь эгээ л
даавуу шиг унжиж байв. Мартин их агаар хүсэх мэт хошуугаа том ангайн, чанга,
хүндээр амьсгаадаж байжээ. Цуцсан галууг хүү өрөвдөж, тайвшруулахыг оролдон
аль болох найрсгаар:
-Бусад галуу таныг орхиж ниссэнд битгий гунихар даа. Та өөрөө бодно биз.
Тэдэнтэй яаж тэнцэх билээ. Одоо хоёулаа гэр рүүгээ явцгаая гэж хэллээ. Буцах
хэрэгтэй гэдгийг галуу өөрөө ч ойлгож байв. Гэвч гэрийн галуунд ч бас чаддаг зүйл
бий шүү гэдгийг батлахыг тэр ихэд хүсчээ. Тэгтэл энэ нэг төвөгтэй хүүхэд бас
тайвшруулах санаатай. Хэрэв энэ хүү өөрийнх нь хүзүүн дээр суучихаагүй бол
Лапланд хүртэл нисэж чадах л байсан шүү дээ. Хорсон уурласандаа Мартин гэнэт
чадал орж, хос далавчаа маш хүчлэн дэвсээр үүлэнд тултал өндөр хөөрч, өнөөх
сүрэг галууг гүйцэж очжээ. Харин цуцсан галууны аз болоход үдшийн бүрий болж
байв. Бараан сүүдэр газарт үүсэж, зэрлэг галуунуудын дээгүүр нь нисэж байгаа
нуураас манан дэгдэж байв. Акка Кебнекайсе галууны сүрэг шөнө хоноглох газартаа
бууж ирлээ.
3
Галуунууд эргийн зурваст дөнгөж бууж ирмэгцээ шууд ус руу орцгооход эрэг дээр
Мартин галуу, Нильс хүү хоёр үлджээ. Галууны нуруунаас хүү буухдаа мөстэй
уулнаас буух мэт болгоомжтой газардсан билээ. Анх ниссэнээс хойш сая л нэг юм
газар бууж байгаа нь тэр байв. Тэгээд хөшсөн гар, хөлөө тэнийлгэж, эргэн тойрноо
ажиглажээ. Энэ нутгаас өвөл буцаж өгөхгүй хоргодох мэт бөгөөд нуур бүхэлдээ
мөстэй, зөвхөн эргийн орчимд л ус бараантан харагдаж байв. Өндөр гацуур моднууд
яг нуур руу тулж, бараан хана мэт ургажээ. Хаа сайгүй цас хайлж байсан ч мөнөөх
хүчирхэг гацуур моднууд өөрсдийн эргэн тойронд цасыг хүчээр барьсаар байх мэт
бөгөөд олон салаалж ургасан муруй, тахир үндэснүүдийн дэргэд ч цас бас л зузаан
хэвээр байв. Нар хэдийнэ жаргасан байлаа. Ойн бүүдгэр бараан гүнээс ямар нэгэн
торжигнох, шуржигнах чимээ сонсогдож байв.
Нильс хүүд эвгүй санагдаж байлаа. Би ямар хол газар ирчихээ вэ? Одоо Мартин ч
гэр рүүгээ харих замаа олохоосоо өнгөрсөн байх. Хүүе, энэ маань яачихаа вэ?
-Мартин! Мартин! хэмээн хүү дуудлаа. Харин Мартин огт хариу өгсөнгүй. Далавчаа
газар дэлгэж, хүзүүгээ сунгасан тэр шувуу амьгүй мэт хэвтэж байлаа. Бүүдгэр
нимгэн хальс шиг зүйл нүдийг нь бүрхсэн харагдахад хүү ихэд айжээ. Тэгээд галуу
руу хүү тонгойж,
-Мартин, та жаахан ч гэсэн ус уучих. Тэгвэл бие тань дорхноо дээрдэнэ гэжээ. Гэвч
галуу хөдлөх ч үгүй байсан тул хүү айсандаа бие нь хөрчих шиг болжээ… Мартин
үхлээ гэж үү дээ? Энэ галуунаас өөр ямар ч дотно найз хүүд байхгүй шүү дээ!
-Мартин! Хүүе, Мартин! хэмээн хүү галууг татсан боловч огт сонсохгүй мэт байжээ.
Хүү галууг хоёр гараараа хүзүүнээс нь барин ус руу чирлээ. Тэгж чирэх нь тун
төвөгтэй байв. Мартин хамгийн сайн нь байсан учир ээж нь тун сайн тэжээж, галуу
ч сайн таргалсан байжээ. Харин Нильс хүүг одоо газар дээр зогсож байгааг нь олж
харахад ч хэцүү, жижигхэн болсон билээ. Гэсэн ч хүү нуур хүртэл галууг чирч
дөнгөсөн бөгөөд галууны толгойг цэв хүйтэн ус руу шууд дүржээ. Эхэндээ галуу
хөдлөхгүй хэвтсээр байв. Тэгснээ нүдээ нээж, нэг хоёр удаа ус залгиад арай ядан хөл
дээрээ өндийн босчээ. Босоод нэг минут хэртэй хоёр тийш ганхан зогсож байснаа
нуурын ус руу хүзүүндээ тултал орж, мөсөн дундуур алгуурхан хөвж эхлэв. Тэгээд
Мартин ус руу үе үе хошуугаа дүрж байснаа нуурын замгийг ховдоглон идэж
эхэллээ.
“Галуу ч амар юм аа. Харин би өглөөнөөс хойш юу ч идээгүй байна шүү” гэж хүү
жаахан атаархан бодов. Энэ үед галуу эрэг рүү дөхөж ирэхдээ хошуундаа жижигхэн,
улаан нүдэн карась загас зууж авчирчээ. Тэгээд хүүгийн өмнө загасыг тавиад:
-Гэртээ байхдаа чи бид хоёр найзууд байгаагүй ч надад зовлон тулгарахад чи
тусалсан болохоор би талархлаа илэрхийлмээр байна гэжээ. Баярласан хүү галууг
тэврэхээр золтой л ухасхийсэнгүй. Гэхдээ Нильс хэзээ ч түүхий загас амсаж үзээгүй
билээ. Яая гэх вэ, дасах л хэрэгтэй болох байх. Өөр идэх юм олдохгүй шүү дээ. Хүү
халаасаа тэмтрэн, эвхдэг тонгоргоо хайлаа. Тонгорог нь урьдын адил баруун
халаасанд нь байсан ч бас л тун жижигхэн болж, сүлбээр зүүнээс томгүй болсон ч
хүүгийн халаасанд яг таарч байв.
Хүү тонгоргоо дэлгээд өнөө загасаа төхөөрч эхлэв. Гэнэт ямар нэгэн шуугиан, ус
цалгих чимээ сонсогдож, зэрлэг галуунууд эрэг рүү гарч ирэн биеэ сэгсэрч эхэлжээ.
-Чи ам алдав аа. Хүн гэдгээ хэлж болохгүй шүү хэмээн хүүд Мартин хэлээд галуун
сүргийг хүндэтгэн мэндлэхээр урагш алхлаа. Одоо бол бүх зэрлэг галууг сайн харах
боломжтой байв. Чин үнэндээ бол зэрлэг галуунууд тийм ч сайхан дүр төрхтэй биш
байлаа. Нуруу туруу нь ч, зүс царай нь ч гайхуулахаар биш бөгөөд бүгд л тоосонд
дарагдсан мэт саарал, ижилсүүлж сонгосон мэт төрхтэй байв. Ядаж ганц галуу нь
ганц цагаан өдтэй баймаар юм даа. Тэр галуунууд яаж явдаг гээч! Тэд хагас дэгдэн,
хөл доорхоо огт харахгүй, хаа таарсан газраа гишгэлж байлаа.
Мартин гайхсандаа далавчаа хүртэл нэгэнтээ дэлгэжээ. Дэг журамтай галуунууд
ингэж явдаг гэж үү? Алгуур тайван явж, сарвуугаа бүрэн гишгэж, толгойгоо өндөр
өргөх ёстой биз дээ. Харин энэ галуунууд хазгар юм шиг л явцгаах юм!
Галуунуудын өмнө туйлын хөгшин нэгэн эм галуу явж байв. Хүзүү нь турж, өд
сөдөн дороос нь яс товойж, далавчийг нь нэг амьтан мэрчихсэн мэт харагдана. Гэвч
тэр хөгшин галууны шар нүд нь нүүрсний асч байгаа дөл шиг цоглог гялалзаж
байлаа. Бүх л галуу түүнийг хүндлэх бөгөөд хөгшин галуу үг хэлээгүй бол бусад
галуу нь ярьж зүрхлэхгүй байв.
Тэр бол сүргийг удирддаг Акка Кебнекайсе галуу өөрөө байжээ. Тэрээр өмнө зүгээс
хойд зүгт галуун сүргийг зуу орчим удаа дагуулан нисэж, бас тэдэнтэй хамт хойд
зүгээс өмнө зүг рүү зуу орчим удаа буцаж ирсэн байв.
Бут бүрийг, нууран дээрх жижиг арал, ойн чөлөө бүрийг Акка Кебнекайсе галуу
мэддэг бөгөөд, хонох газар сонгоход хэн ч Акка Кебнекайсе галуунаас илүү сонгож
чаддаггүй байжээ. Бас сүрэг галууг замд нь отдог зальт махчидаас нуугдахад Акка
Кебнекайсе галуу хамгийн сайн нь байлаа. Одоо Мартин галууг хошууных нь
үзүүрээс сүүл хүртэл нь Акка галуу удаан ажиглаж байснаа:
-Анх таарсан амьтдыг манай сүрэг хүлээж авах боломжгүй дээ. Энд байгаа бүх
галуу шилдэг галууны бүлээс угсаатай. Харин чи аятайхан нисэж ч чадахгүй байна.
Чи ер нь юун галуу вэ, аль төрөл, аль омгийнх вэ? гэж асуужээ.
-Миний түүх урт бишээ. Би өнгөрсөн жил Сванегольм сууринд төрсөн, намар нь
намайг зэргэлдээх Вестменхег тосгоны Хольгер Нильсонд зарсан. Тэндээ би өнөө
болтол амьдарч байсан даа гэж Мартин галуу гунигтай хэллээ.
-Чи яаж бидэнтэй хамт нисэх гэж зориглов? хэмээн Акка Кебнекайсе галуу асуулаа.
-Та нарын зарим нь биднийг “дорой тахианууд” гэж хэлсэн. Тэгээд би гэрийн
галуунуудад ч бас чаддаг зүйл байдаг гэдгийг та нарт харуулах гэсэн юм.
-Ингэхэд гэрийн галуунууд та нар юу чаддаг вэ? Чиний яаж нисдэгийг бид нэгэнт
харсан. Гэхдээ чи сайн сэлдэг байж магадгүй юм даа гэж Акка Кебнекайсе галуу
хэллээ.
-Сэлэхийн хувьд би гайхуулж чадахгүй ээ. Би тосгоны цаана байдаг цөөрөмд л сэлж
үзсэн. Гэхдээ үнэнийг хэлэхэд тэр цөөрөм борооны том шалбаагнаас л арай том
байсан гэж Мартин галуу гунигтай хэлэв.
-Тэгвэл чи үсэрч харайхдаа сайн байлгүй дээ, бодвол?
-Үсэрч харайх гэнээ? Өөрийгөө хүндэлдэг, нэг ч гэрийн галуу үсэрч харайхыг
зөвшөөрдөггүй юм гэж Мартин хэлчихээд гэнэт дуугаа хураав. Зэрлэг галуунууд
ямар инээдтэй үсэрдгийг Мартин гэнэт санаж, илүү зүйл хэлснээ ойлгон чимээгүй
болжээ. Одоо Акка Кебнекайсе галуу өөрийг нь сүргээсээ даруй хөөх байх гэж
Мартин галуу бодож байлаа. Гэвч Акка Кебнекайсе:
-Ийм зоригтой ярьж байгаа чинь надад таалагдаж байна. Зоригтой амьтад итгэл даах
нөхөр болдог. Харин чи чадахгүй байгаа зүйлсээ сурахад хэзээ ч оройтохгүй. Хэрэв
чи хүсч байвал бидэнтэй хамт үлдэж болно гэж хэлжээ.
-Би маш их хүсч байна гэж Мартин хариуллаа. Гэнэт Нильс хүүг Акка Кебнекайсе
галуу олж харжээ.
-Энэ чинь бас хэн гээч вэ? Би ийм амьтан урьд нь хэзээ ч харж байсангүй. Мартин
хэсэг түгдэрснээ:
-Энэ бол миний найз … гэж итгэл муутай хэллээ. Энэ үед Нильс урагш алхаж,
шийдэмгий:
-Намайг Нильс Хольгерсон гэдэг. Миний аав Хольгер Нильсон тариачин хүн. Би
өнөөдрийг хүртэл жирийн хүн байсан ч өнөө өглөө… хэмээн ярьж эхэлтэл үгээ
дуусгах боломж түүнд олдсонгүй. “Хүн” гэдэг үгийг сонсмогц галуунууд арагш
ухран, хүзүүгээ сунгаж, ууртай дуугаран, гуугачиж, далавчаа дэвцгээжээ.
-Зэрлэг галуун сүрэг дунд хүн байж болохгүй. Хүмүүс бидний дайсан байсан, одоо
ч, цаашдаа ч дайсан хэвээрээ байна. Энэ хүү манай сүргээс нэн даруй явах ёстой.
Харин Мартин тэсэлгүй оролцож:
-Ийм хүүхдийг хүн гэж нэрлэх боломжгүй юм биш үү? Ямар жижигхэн байгааг нь
харцгаа л даа. Энэ хүүхэд та нарт ямар ч муу юм хийхгүй гэдгийг би баталж чадна.
Ядаж ганц хоног энд үлдэхийг зөвшөөрөөч. Эхлээд хүү рүү, дараа нь Мартин руу
Акка галуу шинжин харж байснаа эцэст нь:
-Манай өвөө, эмээ, элэнц, хуланц нар “том ч бай, жижиг ч бай, хүмүүст хэзээ ч
битгий итгэж бай” гэж гэрээсэлж ирсэн. Гэхдээ хэрэв чи энэ хүнийг хариуцаж
байгаа бол зөвшөөрье. Өнөөдөр бид нартай цуг үлдэг. Бид нар нууран дундах том
мөсөн дээр хононо. Харин маргааш өглөө энэ хүүхэд эндээс явах ёстой шүү гэж
хэлжээ. Ингэж хэлээд хөгшин Акка галуу агаарт хөөрөхөд араас нь бүх сүрэг даган
нислээ.
-Сонсооч, Мартин! Чи ямар ч байсан энэ галуунуудтай цуг үлдэх үү? гэж Нильс
эмээн асуулаа.
-Мэдээж, үлдэлгүй яах вэ гэж Мартин бахархан хэллээ. Акка Кебнекайсе галууны
сүрэгтэй хамт нисэх хувь завшаан гэрийн галуунд тэр бүр олдохгүй шүү дээ.
-Би тэгвэл яах вэ? Ганцаараа яагаад ч гэртээ хүрч чадахгүй. Одоо би энэ ойд
байтугай өвсөн дотор ч төөрөхөөр болчихож.
-Чи өөрөө ойлгож байгаа шүү дээ. Чамайг гэрт чинь хүргэх ямар ч зав алга гэж
Мартин хэллээ.
– Гэхдээ миний чамд хэлж чадах зүйл бол бусад галуутай хамт л явъя гэдэг санал
байна. Тэр Лапланд гэдэг нь ямар газар байдгийг үзээд, дараа нь гэртээ харьцгаая.
Би яаж ийгээд Акка галууг ятгахыг бодно. Ятгаж чадахгүй бол мэхлэхээс аргагүй.
Одоо чи жижигхэн юм чинь чамайг нуухад хэцүү биш. За, ярьж гүйцлээ. Чи
түргэхэн шиг хуурай өвс түүгээд ир. Аль болох их шүү.
Нильс хүүг тэвэр дүүрэн өвс түүж, бөөгнүүлсний дараа хүүгийн цамцны захнаас
Мартин болгоомжтой зууж, том мөсөн дээр аваачжээ. Зэрлэг галуунууд далавчин
доороо толгойгоо хийн аль хэдийнэ унтацгааж байв.
-Өвсөө тараачих. Өвс дэвсэхгүй бол миний сарвуу мөсөнд наалдчихаж мэднэ.
Дэвссэн өвс нь нимгэн байсан ч хэсэг мөсийг хагас хугас халхалж байлаа. Мартин
өвсөн дээр очиж зогсоод, хүүг дахин захнаас нь өргөж аван далавчин доогуураа
хийжээ.
-Сайхан нойрсоорой гэж Мартин хэлээд хүүг унагаачихгүйн тулд далавчаа сайн
хавчлаа.
-Сайхан нойрсоорой гэж хүү хэлээд галууны зөөлөн, дулаан ноолуур руу толгойгоо
шургуулжээ.
Гуравдугаар бүлэг. Шөнийн ангууч
1
Бүх шувуу, амьтад гүн нойрсох үед ой дотроос Смирре үнэг гарч иржээ. Шөнө бүр
тэр үнэг анд гардаг бөгөөд өндөр модонд авирч, эсвэл гүнзгий нүхэнд нуугдаж
амжилгүй хайнга унтсан амьтад муугаар төгсдөг байлаа. Смирре үнэг сэмхэн явсаар
нуур руу дөхөж ирэв. Тэрээр зэрлэг галуун сүргийг аль эрт шиншилж мэдсэн бөгөөд
галууны амтат махны тухай бодон хэл амаа долоож байлаа. Гэвч үнэгийг зэрлэг
галууны сүргээс өргөн, бараан усан зурвас тусгаарлажээ. Үнэг эрэг дээр зогсоод
хорссондоо шүдээ хавирч эхлэв. Гэнэт өнөөх том мөсийг салхи аажмаар эрэг рүү
дөхүүлж байгааг үнэг анзаарчээ.
“А-ха, тэгвэл ч олз минийх шүү” гэж үнэг жуумалзаад, хойд хоёр хөл дээрээ оцойн
сууж тэвчээртэй хүлээж эхэллээ. Үнэг нэг цаг, тэгээд хоёр, гурван цаг хүлээжээ…
Эрэг, том мөс хоёрын хоорондын зурвас хар ус одоо улам нарийн болж байлаа.
Тэгтэл ч үнэгний хамар галууны үнэрийг мэдэрчээ. Смирре шүлсээ залгив. Ийнхүү
өнөөх мөс зөөлөн шуржигнан дуугарсаар эрэг мөргөлөө… Үнэг самбаачлан мөсөн
дээр харайн гарчээ.

Тэгээд галуун сүрэг рүү маш болгоомжтой, сэмхэн гэтэж эхэлсэн учир дайсан
ойртож байгааг нэг ч галуу сонссонгүй. Гэвч хөгшин Акка сонссон бөгөөд түүний
огцом хашгиралт нууран дээгүүр цуурайтан, бүх галууг сэрээхэд шувууд агаарт
дэрхийн хөөрчээ. Гэсэн ч Смирре үнэг нэг галууг барьж амжсан байлаа.
Акка Кебнекайсе галууг хашгирахад Мартин ч сэрж, далавчаа хүчтэй дэвэн огцом
дээш хөөрчээ. Гэвч Нильс тогтож чадалгүй, тун хурдан доош ойчив. Хүү мөс рүү
мөргөөд нүдээ нээлээ. Сайн сэрээгүй байсан учраас өөрөө хаана байгаа, юу болсныг
ойлгохгүй байв. Тэгээд нэгэн галууг амандаа зуун зугтааж байгаа үнэгийг олж
харжээ. Нильс удаан бодолгүй шууд араас нь хөөж эхэллээ. Смирре үнэгний аманд
баригдсан хөөрхий галуу модон гутлын торжигнон гүйх чимээг сонсоод цөхөрсөн
горьдлого төрж, хүзүү сунган эргэж харжээ.
-“Өө, өнөө жижигхэн хүүхэд. Би ч дууслаа гэсэн үг. Ийм жижиг хүүхэд яаж үнэгийг
дийлэх билээ?” гэж баригдсан тэр галуу гунигтай бодлоо. Харин үнэг өөрийг нь
өрөөсөн ганц савраараа дарчихаж чадна гэдгийг Нильс мартсан байжээ. Тэгээд
шөнийн хулгайчийг мөр даган хөөж, өөртөө батлан:
-Зөвхөн гүйцэх л хэрэгтэй. Гүйцэх л хэрэгтэй хэмээн хэлсээр байв. Үнэг эрэг өөд
үсрэн гарахад хүү ч хойноос нь үсрэн гарчээ. Үнэг ой руу давхихад хүү ч бас даган
гүйж,
- “Наад галуугаа одоо тавь. Дуулж байна уу? Тэгэхгүй бол чамайг болгож тавина
шүү” хэмээн хашгирч байв.
-Энэ одоо хэн хашгираад байна аа? гэж үнэг гайхжээ. Тэгээд зогсож, толгойгоо
эргүүлэн харав. Эхэндээ үнэг юу ч олж харсангүй. Дараа нь хүүг ойртон ирэх үед л
сүрт дайснаа үнэг олж харжээ. Бяцхан хүүг харсан үнэгний хөх инээд хүрсэн учир
амандаа зуусан олзоо золтой л унагаачихсангүй.
-Миний галууг өг гэж чамд хэлж байна хэмээн Нильс хашгирав. Харин үнэг зуусан
галуугаа газар тавьж, дээрээс нь хоёр хөлөөрөө даржээ.
-Аа, энэ чиний галуу юм уу? Тэгвэл бүр л сайн. Би галууг чинь яаж төхөөрөхийг чи
харж болно шүү. “Энэ улбар шар дээрэмчин намайг хүн ч гэж бодохгүй байна шүү”
гэж хүү бодоод урагш ухасхийлээ. Тэгээд үнэгний сүүлнээс хоёр гараараа атгаж аван
хамаг хүчээрээ угз татчихав. Санаандгүй байсан үнэг галуугаа алдчихжээ. Ердөө
ганц л секунд алдаж. Гэвч тэр ганц секунд ч галуу амь мултран зугтахад хангалттай
байв. Баригдсан галуу огт цаг алдалгүй ухасхийн дээш хөөрч амжжээ.

Мултарсан галуу хүүд туслахыг тун их хүслээ. Гэвч тэр галуу юу хийж чадах билээ?
Түүний нэг далавч нэлээд хөндүүрлэж, нөгөө далавчны нэлээд өдийг нь үнэг зулгааж
амжсан байв. Тэгээд ч харанхуй дунд тэр галуу бараг юу ч харж чадсангүй.
“Магадгүй, Акка Кебнекайсе галуу л ямар нэг арга бодож олох байх. Галуун сүрэг
рүү маш хурдан очих хэрэгтэй. Гэхдээ Нильс хүүг ийм зовлон дунд үлдээж болохгүй
байдаг.” Түр зуур тээнэгэлзсэний дараа өнөө галуу хоёр далавчаа хүчлэн дэвсээр
нуур руу нисэхэд үнэг, хүү хоёр араас нь харан үлджээ. Хүү баярлан харж, харин
үнэг хорсолтой ширтэж байлаа.
-За яах вэ. Галуу надаас мултарч чадсан ч гэлээ чамайг бол харин тавихгүй дээ.
Хоёрхон тоолоход л залгина даа.
-Тэгэхийг нь харъя л даа гэж хүү хэлээд үнэгний сүүлнээс улам чанга зуурчээ.
Үнэхээр ч, хүүг барих тун амаргүй байв. Үнэг баруун тийш үсрэхэд сүүл нь зүүн
тийш холдож, үнэг зүүн тийш үсэрвэл сүүл нь баруун тийш холдчихоод байв. Үнэг
сүүлээ барих гэж эргэлдэн хөөвч, сүүл нь гүйцэгдэхгүй, хүү ч баригдахгүй эргэсээр
байжээ. Тийнхүү, галзуу мэт эргэлдэн тонгочиход хүүд эхэндээ хөгжилтэй байсан ч
удалгүй Нильс хүүгийн хоёр гар хөшиж, нүд нь эрээлжилж эхэлжээ. Хүүгийн ойр
тойронд өнгөрсөн жилийн унасан бөөн навч агаарт хөөрч, моддын үндэс рүү үнэг
хүүг гуядан мөргүүлж, нүдэнд нь тоос шороо орж байлаа. “Үгүй ээ. Ингэж удаан
тэсэхгүй юм байна. Зугтаах хэрэгтэй” гэж хүү бодоод гараа суллан үнэгний сүүлийг
тавьчихжээ. Тавингуут хүү хол шидэгдэн, бүдүүн нарс мөргөв. Өвдөхийг ч мэдэрч
амжаагүй хүү ганц ч зогсож амралгүй, дээш авирсаар модны оройд бараг хүрчээ.
Харин үнэг юу ч харахгүй байв. Нүднийх нь өмнө бүх зүйл эргэлдэж, өөрөө газар
дээр эргэлдэн хуурай навчсыг сүүлээрээ шавхуурдсаар байлаа.
-Одоо чи бүжиглэж болно шүү дээ. Жаахан амрахгүй юм уу? гэж Нильс модон
дээрээс үнэг рүү хашгирав. Үнэг гэнэтхэн зогсож, сүүл рүүгээ гайхан харлаа. Гэвч
хүү сүүлэн дээрээс нь аль хэдийнэ арилаад өгсөн байв.
2
-Чи бол үнэг биш, хулгайч. Карр! Карр! Карр! хэмээн хүү хашгирчээ. Смирре үнэг
толгойгоо дээш өргөн харвал өндөр модонд Нильс хүү гарчихсан, үнэг рүү хэлээ
гаргаж байв.
-Чи тэртэй тэргүй надаас мултрахгүй ээ! гэж үнэг хэлээд модон доор нь суулаа.
“Үнэг эцэстээ өлсөж, өөр хоол хайхаар явах байх” гэж хүү найдаж байв. Харин үнэг
“энэ хүүхэд эрт орой нэгэн цагт нойрондоо автаж, газар унах байх” хэмээн горьджээ.
Ийнхүү тэр хоёр шөнөжин суулаа. Нильс өндөр модон дээр, үнэг модон доор нь
сахин суув. Ой дотор шөнийн харанхуйд тун аймаар байлаа.
Түнэр харанхуй дунд эргэн тойрны бүх зүйл чулуужсан мэт санагдаж, хүү хөдлөхөөс
ч айж байв. Гар, хөл нь хөшин чилж, нүд нь анилдаж, харанхуй шөнө хэзээ ч
дуусахгүй юм шиг, дахиж хэзээ ч өглөө болохгүй юм шиг санагджээ. Гэсэн ч өглөө
болж, ойн цаадах алсаас нар тусч эхэлжээ. Гэхдээ нар өөрөө ил гарахаас өмнө
шөнийн харанхуйг сарниулан хөөх, гал мэт гялалзах алтан багц туяагаа илгээж
байлаа. Тэнгэрийн бараан үүлс, газарт буусан цагаан хяруу, моддын хөшсөн мөчир
бүгд гэрэлтэж эхлэв. Ойн амьтад ч сэрж, улаан өвчүүт тоншуул модны холтос
тоншиж эхэлжээ. Сарвуундаа самар атгасан хэрэм модны хонгил дотроос үсрэн гарч,
мөчир дээр суугаад идэж эхлэв. Хар тодол нисэн өнгөрч, хаа нэгтээ уран жиргээ
шувуу дуугарч байлаа.
-Сэрээрэй, үүрнээсээ гараарай, амьтад аа. Шувууд үүрнээсээ гараарай. Одоо та нарт
айх зүйл байхгүй ээ! хэмээн бүхий л амьтанд алтан нар хэлж байх шиг санагдана.
Хүүгийн сэтгэл хөнгөрөн санаа алдаад, хөшсөн гар, хөлөө тэнийлгэлээ. Гэнэт
нуурын зүгээс зэрлэг галууны ганганах дуу сонсдож, мөсөн дээрээс сүрэг галуу
хөөрөн, ойн дээгүүр нисэхийг модны орой дээрээс Нильс хүү олж харжээ.
Хүү галуунууд руу хашгиран гараа далласан ч шувууд хүүгийн толгой дээгүүр нисэн
өнгөрч, нарс моддын оройн цаагуур далдран харагдахгүй болчихжээ. Бас түүний
цорын ганц найз цагаан галуу Мартин ч тэр шувуудтай хамт холдон нисэх нь тэр.
Хүү айхтар зовлон, ганцаардлыг гэнэт мэдэрч золтой л уйлчихсангүй. Тэгээд доош
харвал модон доор өнөөх Смирре үнэг суугаад шөнтгөр хошуугаа дээш өргөн, ёжтой
жуумалзаж байжээ.
-Хөөе, хүү чи! Галуу найзууд чинь чамайг тоодоггүй нь харагдаж байна шүү дээ.
Буугаад ирсэн нь дээр дээ. Би чамайг сайн найзаа гэж бодоод дулаан, тухтай, сайхан
газар бэлдсэн шүү хэмээн үнэг хашгираад, гэдэс рүүгээ заан сарвуугаараа иллээ.
Гэвч хаа нэгтээ, тун ойрхон газар далавч шуугих чимээ сонсдож, өтгөн мөчрүүд
дундаас нэгэн саарал галуу болгоомжтой, алгуур нисэн гарч иржээ. Аюулыг
харахгүй байгаа мэтээр тэр галуу шууд л үнэг рүү нисэж байлаа. Смирре үнэг нам
жим болж, доош суун отжээ. Тэр галуу маш доогуур нисэж байсан учир далавч нь
газар шүргэчих гэж байх шиг санагдаж байв. Яг энэ үед Смирре үнэг огцом тэнийх
пүрш адил дээшээ үсэрлээ. Арай л өндөр үсэрсэн бол галууны далавчнаас зууж
бараг чадах байжээ. Гэвч үнэгний яг хамар дороос өнөө галуу сүүдэр адил чимээгүй
бултан, нуур руу нисчихлээ. Смирре үнэг сэхээ авч амжаагүй байтал ойн гүнээс хоёр
дахь галуу нисэн гарч иржээ. Тэр галуу ч бас тун доогуур, удаан нисэж байв. Үнэг ч
зэхэж эхэллээ. “Энэ галууг ч одоо алдахгүй дээ.” Үнэг дахин дээш цовхорсон ч
галуунд хүрэхэд ёстой хялгасан чинээ л жаахан дутжээ. Галууг цохих гэсэн үнэгний
сарвуу хоосон агаар самардан хоцорч, харин цаад галуу нь юу ч болоогүй юм шиг
моддын цаагуур далд орчихлоо.
Бас нэг минут орчмын дараа гурав дахь галуу нисэн гарч ирэв. Тэр галууны далавч
нь гэмтсэн мэт мурилзан нисэж байлаа. Дахиж алдахгүйн тулд үнэг тэр галууг
өөртөө тун их ойртуулж, галуу ч үнэгэнд бараг хүрч, далавчаараа цохих шахжээ.
Үнэг огцом дээш үсэрч, энэ удаа галуунд хүрч амжсан боловч галуу хажуу тийш
холдож чадсан учир үнэгний хурц хумс галууны мөлчгөр өдийг л самардан
хоцорлоо. Дараа нь ойн гүнээс дөрөв, тав, зургаа дахь галуу гарч ойртон ирэхэд үнэг
ч галуу болгон руу үсэрсээр байв. Үнэгний нүд улайж, хэл нь хажуу тийш унжин,
гялтганасан улбар шар үс, ноос нь бөөгнөн ноолорсон байлаа. Хорсон уурлаж,
өлссөн үнэг юу ч харахгүй болж, өөрийнхөө сүүдэр рүү ч ухасхийж байв. Смирре
бол залуу биш, нэлээд юм үзсэн үнэг байлаа. Ноход түүнийг олон удаа гэзэг даран
хөөж, чихний нь дэргэдүүр анчны сум цөөнгүй удаа исгэрэн өнгөрч байжээ. Гэхдээ
л, өнөө өглөөнийх шиг ийм байдал хэзээ ч үүсэж байсангүй. Эцэстээ үнэг эцэж
туйлдан арай чамай амьсгал авч, бөөн хуурай навчин дээр тэрийн хэвтсэнийг зэрлэг
галуунууд харсны дараа сая тоглоомоо зогсоожээ.
-Одоо чи Акка Кебнекайсе галууны сүргээр оролдвол ямар байдгийг удаан санах
байх аа гэж галуунууд буцахдаа хашгираад ойн цаагуур далд орлоо. Харин энэ үед
хүү рүү цагаан галуу Мартин нисэн дөхөж иржээ. Тэгээд хошуугаараа хүүг
болгоомжтой өргөн мөчир дээрээс аваад, нуурын зүг нислээ. Нуурын мөсөн дээр
галуун сүрэг цугларсан байжээ.
Нильс хүүг хараад зэрлэг галуунууд баярлан гуугачиж, далавчаа дэвцгээв. Харин
хөгшин Акка Кебнекайсе галуу урагш алхаж:
-Чи бидэнд сайхан сэтгэл гаргасан анхны хүн боллоо. Тиймээс бидэнтэй үлдэхийг
манай сүргийнхэн зөвшөөрч байна гэж хэлжээ.
Дөрөвдүгээр бүлэг. Шинэ нөхөд ба шинэ дайснууд
1
Нильс хүү зэрлэг галуун сүрэгтэй хамт тав дахь өдрөө нисэж байв. Одоо хүү ойчно
гэж айхаа больж, Мартин галууны нуруун дээр тайван сууж, баруун, зүүн тийшээ
харж явдаг болсон байлаа. Цэлмэг, цэнхэр тэнгэр эцэс төгсгөлгүй мэлтийн, цэвэр
усан дотор сэлж байгаа юм шиг агаар нь хөнгөн, сэрүүн байлаа. Сүрэг галууны
хойноос үүлс даган нүүх бөгөөд заримдаа гүйцэж, заримдаа шувуудын ард хоцрон,
бөөгнөн, эсвэл сарних нь харагдаж байв.Тэнгэр заримдаа гэнэт харанхуйлан, бараан
үүлсээр бүрхэхэд Нильс хүүд тэдгээр үүлс нь шуудай, торх, том тогоонууд ачсан
асар том тэрэгнүүд бүх талаас галуун сүрэг рүү тулж ирэх шиг санагддаг байлаа.

Тэр тэрэгнүүд нижигнэн мөргөлдөж, шуудайнууд дотроос вандуй шиг том бороо
асгаран, торх, тогоонууд дотроос усан бороо цутгах шиг болдог байв.
Харин дараа нь дахиад л хаашаа ч харсан цэвэр, тунгалаг, цэнхэр тэнгэр гарч ирэхэд
доорх газар алган дээр тавьсан мэт ил харагддаг байлаа. Цас хэдийнэ хайлж,
тариачид хаврын ажлаа хийхээр талбай руу гарцгаасан байв. Хүнд анжсууд ардаа
чирсэн шар үхрүүд эврээ сэжлэн, зүтгэж харагдана.
-Га-га-га! гэж дээрээс галуунууд хашгирна. Яаравчлаарай. Тэгэхгүй бол та нарыг
талбайн захад хүрэх хооронд зун өнгөрчихнө шүү. Шар үхрүүд ч бас сав хоосон
буцаасангүй. Тэд толгойгоо дээш өргөн:
-У-у-удаан гэж үнэн шүү! У-у-удаан гэж үнээн! хэмээн мөөрчээ. Тэгтэл тариачны
хашаан дотор хоньд давхилдаж харагдлаа. Хонины ноосыг дөнгөж сая хяргаад,
хашаанаас гаргаж байв.
-Хонио, хонио! Ноосоо гээгээ юу? гэж галуунууд хашгирчээ.
-Гээ-э-сэн, гүй-й-хэд амар боллоо. Гээсэн ч гүй-й-хэд амар юм хэмээн хоньд хариу
майлж байв. Тэгтэл манаач нохой гинжээ хангинуулан нааш цааш сэлгүүцэж яваа нь
харагдав.
-Га-га-га! Чи ямар сайхан гинж зүүгээ вэ? гэж далавчит аялагчид тоглон хашгирчээ.
-Та нар тэнүүлчид. Гэр оронгүй тэнүүлчид. Та нар тийм л амьтад гэж ууртай нохой
араас нь хуцан үлдлээ. Гэвч галуунууд нохойг тоож хариу өгсөнгүй. Нохой хуцан,
салхи үлээж, амьдрал үргэлжилсээр байв. Хэрэв өдөж, тоглох амьтан байхгүй бол
галуунууд хоорондоо бие биесээ дуудан ярьж байлаа.
-Чи хаана байна?
-Би энд байнаа.
-Чи энд байгаа юм уу?
-Би тэнд байнаа.
Хамт нисэх нь бүх галуунд хөгжилтэй бөгөөд Нильс хүү ч уйдахгүй байлаа. Гэсэн ч
заримдаа тэрээр хүн шиг амьдрахыг хүсэж байв. Жинхэнэ өрөөнд, жинхэнэ
ширээний ард сууж, жинхэнэ пийшингийн дэргэд дулаацахыг хүү хүснэ. Бас орон
дээр унтвал аятайхан байхсан гэж боджээ. Хэзээ тэгж унтах бол оо? Ер нь тэгж
унтах болов уу? Харин хүүд Мартин галуу санаа тавьж, шөнө бүр дулаан далавчин
доороо нуудаг учраас хүү даардаггүй байлаа. Гэхдээ л шувууны далавчин доор хүн
амьдарна гэдэг тийм ч тухтай биш билээ.
Хамгийн хэцүү зүйл хүнс бөгөөд Нильс хүүд зориулан зэрлэг галуунууд хамгийн
сайн замаг юм уу, усны аалз барьж өгдөг байв. Тэр үед нь хүү галуунуудад эелдгээр
талархал илэрхийлдэг ч тийм хүнсийг амсъя ч гэж боддоггүй байлаа. Заримдаа хүүд
аз дайрч, ой дотор унасан хуурай навчсын доороос өнгөрсөн жилийн самар олдог
байжээ. Хүү өөрөө самраа хагалж чадахгүй учир Мартин руу гүйж очин, хошуун
завсар нь хийхэд галуу тачигнатал хагалж өгдөг байв. Гэртээ байхдаа хүү хушга
хагалдаг байсан ч галууны хошуунд хийж биш, хаалганы завсар хавчуулж хагалдаг
байжээ.
Гэхдээ самар тун бага байв. Ядаж ганц ширхэг самар олохын тулд Нильс хүү ой
дотор өнгөрсөн жилийн, хатуу хур өвсөн дундуур, үйрмэг шилмүүсэн дотор, унасан
мөчирт бүдрэн бүтэн цаг шахам хайх хэрэг гардаг байжээ. Алхам тутамд хүүг аюул
отож болох байлаа. Нэгэн удаа хүү рүү сүрэг шоргоолжнууд дайрчээ. Нүд нь
бүлтийсэн маш олон шоргоолж Нильс хүүг бүх талаас нь хүрээлж авчээ. Тэд хүүг
хазаж, хороороо түлж, бие дээр нь авиран гарч, цамцны зах, ханцуй руу нь оржээ.
Хүү хамаг хувцсаа сэгсрэн, хөлөө дэвсэж, гараа савчсан боловч нэг дайсантай
үзэлцэж байх зуур арван шинэ дайсан түүний бие дээр гарч ирж байлаа.
Хүү зугтан, галуунууд хоноглохоор байрласан намаг руу гүйж очих үед галуунууд
хүүг даруй таньж чадахгүй болсон байжээ. Хүүгийн толгойноос хөл хүртэл хар
шоргоолжууд шавчихсан байлаа.
-Зогс, битгий хөдөл гэж Мартин хашгираад шоргоолж нуудыг нэг нэгээр нь түргэн
түргэн тоншсоор хүүг аварчээ.
2
Дараа нь хүүг Мартин галуу шөнөжин асарч тойллоо. Шоргоолжнуудын хазалтаас
болж, хүүгийн нүүр, гар, хөл улайн, маш олон цэврүү үүсэж, нүд нь хавдаж, хамаг
бие нь хөндүүрлэн, түлэгдсэн юм шиг халуу оргиж байв. Хүүд дэвсэж өгөхийн тулд
Мартин галуу баахан хуурай өвс бөөгнүүлж, дараа нь биеийн халууныг авахын тулд
хөлөөс нь толгой хүртэл нойтон наалдамхай навчаар биеийг нь ороожээ. Навч
дөнгөж хатаж эхэлмэгц Мартин галуу хошуугаараа болгоомжтой хуулан авч,
намгийн ус руу дүрээд, дахин хөндүүр газруудад тавьж байлаа. Өглөө тийшээ
хүүгийн бие азаар дээрдэж, биеэ эргүүлэн хажуу тийш харж чаддаг болжээ.
-Би бүр зүгээр болчихсон юм шиг санагдаж байна гэж Нильс хүү хэлэхэд,
-Юун зүгээр гэж! Хамар чинь хаана, нүд чинь хаана байгааг ялгахад хэцүү байна.
Битүү хавдчихаж. Чи царайгаа харж чаддаг бол өөрийгөө ч танихгүй. Ганц цагийн
дотор л чи бүтэн жил цэвэр буудай идсэн юм шиг болчихоод байна. Яраглан ёолсоор
Нильс нойтон навчууд дотроос нэг гараа суллан гаргаад, хавдаж, хөшсөн хуруугаар
нүүрээ тэмтэрч эхэллээ. Нээрээ ч, нүүр нь яг л чанга хийлсэн бөмбөг мэт болчихсон
байв. Хавдсан хоёр хацрынх нь хооронд шахагдан гээгдэх мэт болсон хамрынхаа
үзүүрийг хүү арай гэж олжээ.
-Навчийг нь арай ойрхон солих юм уу? Та юу гэж бодож байна? Аан? Тэгвэл арай
хурдан намдах болов уу?
-Энэнээс ойрхон солих гэж үү? Би үргэлж нааш цааш гүйсээр байгаа шүү дээ. Чи яах
гэж шоргоолжны үүр рүү ордог байна аа?
-Тэнд шоргоолжны үүр байгаа гэж би мэдээгүй юм аа. Огт мэдээгүй. Самар эрж
байгаад л.
-За яах вэ, битгий хөдлөөрэй гэж Мартин хэлээд хүүгийн нүүрэн дээр том нойтон
навч тавилаа.
-Тайван хэвтэж бай. Би одоохон ирнээ. Тэгээд Мартин нэг тийшээ яваад өгчээ.
Галууны хөлд намгийн ус шалчиганан дуугарахыг Нильс сонсож, дараа нь тэр чимээ
намдан, тэгснээ бүр сонсдохгүй боллоо. Хэдэн минутын дараа намаг дотор дахин ус
шолчигнон дуугарч, эхэндээ дөнгөж дуулдах төдий, нэлээд хол сонсдож байснаа
дараа нь улам чанга, улам ойртож иржээ. Гэхдээ одоо намаг дотроос хоёр биш,
дөрвөн хөлийн чимээ сонсдож байлаа. “Мартин хэнтэй цуг яваа юм бол?” гэж хүү
бодоод, нүүрийг нь бүтэн халхалсан том навчийг авч хаяхыг оролдон толгойгоо
хөдөлгөв.

-Хүүе, битгий хөдлөөрэй. Яасан хөдөлгөөнтэй өвчтөн бэ! Ганцааранг нь нэг минут ч
үлдээж болохгүй нь ээ.
-Алив, би нэг харъя. Яасан юм гэх өөр галууны дуу сонсдож, хүүгийн нүүрэн
дээрээс хэн нэг нь навчийг хуулж авав. Хавдаж, онийсон нүдээр хүү харвал хөгшин
Акка Кебнекайсе галуу ирчихсэн байжээ. Нильс хүүг Акка галуу гайхан, удаан
ажиглаж байснаа дараа нь толгой сэгсэрч:
-Шоргоолж ийм зовлон тарина гэж ёстой хэзээ ч бодож байсангүй шүү. Галууг
шоргоолжнууд ингэдэггүй юм. Галуу өөрсдөөс нь айхгүй гэдгийг мэддэг байх…
-Урьд нь би шоргоолжноос айдаггүй байсан. Урьд нь би хэнээс ч айдаггүй байсан
гэж хүү гомдон хэллээ.
-Одоо ч гэсэн чи хэнээс ч айх ёсгүй. Гэхдээ олон зүйлээс сэрэмжилж байх хэрэгтэй.
Цаг үргэлж бэлэн байдалтай байх ёстой. Ойд бол үнэг, суусраас сэргийл. Нуурын
эрэг дээр байхдаа халиунаас сэрэмжилж бай. Самартай ойд могойноос хол яв. Шөнө
ууль шувуудаас нуугдаж, өдөр бол бүргэд, шонхрын нүдэнд бүү өрт. Хэрэв өтгөн
өвсөн дотуур явж байгаа бол болгоомжтой гишгэж, ойр орчимд могой байгаа
эсэхийг ажигла. Хэрэв шаазгай чам руу юм хэлж эхэлбэл битгий итгэ. Шаазгай
дандаа хуурдаг юм.
-Тэгвэл би тэртэй тэргүй өнгөрөх юм байна. Бүх зүйлийг зэрэг хянах боломжгүй
шүү дээ. Нэгээс нь нуугдахад нөгөөх нь намайг бариад авна.
-Тийм ээ, мэдээж чи ганцаараа бүгдийг нь аргалж чадахгүй. Гэхдээ ойд ч, тариан
талбайд ч бидний дайснууд төдийгүй бас найзууд ч бий. Хэрэв тэнгэрт бүргэд
харагдвал чамд хэрэм дохио өгнө. Хэрэв үнэг чам руу гэтвэл туулай чимээ өгнө.
Могой мөлхөж явбал царцаа чамд дохио өгнө.
-Гэхдээ намайг бөөн шоргоолж руу ойртох үед тэд яагаад цөмөөрөө дуугүй байсан
юм бол гэж хүү үглэлээ.
-Гэхдээ, чи өөрөө ч бас толгойтой байх ёстой шүү дээ гэж Акка хариуллаа. Бид энд
гурав хононо. Намаг нь сайн, замаг тун элбэг юм. Бидний өмнө урт зам байгаа шүү
дээ. Тэгээд би сүрэг маань амарч, сайн идэж аваг гэж бодсон юм. Энэ хугацаанд
Мартин галуу чамайг эмчилнэ. Дөрөв дэх хоногийн өглөө үүрээр бид цаашаа ниснэ.
Ингэж хэлээд Акка галуу толгой дохин, намаг дотуур яаралгүй алхаж эхэлжээ.
3
Тэр өдрүүд Мартин галууны хувьд завгүй, амаргүй өдрүүд байлаа. Нильс хүүг
эмчлэх, хооллох хэрэгтэй бөгөөд нойтон навчаар тавьдаг жинг сольж, дэвсгэрийг нь
засаад Мартин галуу хамгийн ойрын ой руу самар хайхаар яардаг байв. Гэхдээ
Мартин хоёр ч удаа огт самар ололгүй буцаж ирж байжээ.
-Үгүй ээ, та ерөөсөө эрж чадахгүй байна гэж Нильс үглэнэ. Навчнуудыг сайн малтаж
үз. Самар голдуу яг газрын хөрсөн дээр байдаг юм билээ.
-Би мэднээ. Гэхдээ чамайг ганцааранг чинь удаан үлдээж болохгүй шүү дээ. Харин
ой тийм ч ойр биш юм. Очиж амжаагүй байхдаа л бараг шууд буцах хэрэг гарч
байна.
-Та яагаад явган явж байгаа юм? Нисвэл түргэн шүү дээ. Нээрээ тийм шүү гэж
Мартин галуу баярлан дуу алдав.
-Би өөрөө яагаад энэ тухай санасангүй вэ? Гэрийн галуу байхдаа нисэхгүй явган
явсаар байгаад сурчихаж. Дассан заншил гэдэг ийм хүчтэй юм даа! Гурав дахь өдөр
нь Мартин хавьгүй түргэн буцаж ирэхдээ царай төрх нь тун сэтгэл хангалуун
байлаа. Тэгээд хүүгийн дэргэд тонгойн суугаад нэг ч үг хэлэлгүй хошуугаа том
ангайхад аман дотроос нь зургаан том, жигдхэн самар гарч ирлээ. Тийм сайхан
самрыг Нильс хэзээ ч олоогүй байжээ. Газраас хүүгийн олдог байсан самар дандаа
муудаж эхэлсэн, чийгэнд харласан самар байдаг байв.
-Ийм сайхан самрыг та хаанаас олоо вэ? Яг л дэлгүүрийн лангуунаас авсан юм шиг!
гэж Нильс дуу алдав.
-Дэлгүүрийн лангууных биш ч гэсэн төстэй шүү!
Ингэж хэлээд хамгийн том самрыг галуу авч хошуугаараа хагалахад самрын яс
тасхийн хагарч, Нильс хүүгийн алган дээр шинэхэн алтлаг өнгөт самар ойчжээ.
-Энэ самрыг надад Сирле хэрэм нөөцнөөсөө өглөө. Би тэр хэрэмтэй ой дотор
танилцсан юм. Тэр хэрэм үүрнийхээ өмнө, нарс модон дээр суугаад зулзаганууддаа
самар цөмж өгч байсан. Би хажуугаар нь нисэж өнгөрөхөд тэр хэрэм их гайхаж, бүр
самраа унагаасан шүү. Азтай хэрэг гэж би бодоод, самар унасан газрыг харсан
болохоор доошоо яаран буусан. Нөгөө хэрэм ч миний араас буусан. Нэг мөчрөөс
нөгөө рүү үсэрч байгаа нь агаарт нисэж байгаа юм шиг чадварлаг байна лээ. Тэр
самар нь хэрмэнд хайран байна гэж би бодсон. Хэрэмнүүд чинь арвич амьтад шүү
дээ. Гэтэл унагаасан самраа авах гэж биш, намайг сонирхож л бууж ирсэн юм билээ.
Намайг хэн юм, хаанаас ирсэн, яагаад далавч чинь цагаан юм гэж сонирхоод. Тэгээд
хэрэм бид хоёр ярьж гарсан. Бүр зулзагануудаа харуулах гэж намайг урьсан шүү.
Мөчрүүд дундуур нисэх надад хэцүү байсан ч татгалзахад эвгүй байсан л даа. Тэгээд
зулзагануудыг нь харсан. Дараа нь тэр хэрэм намайг самраар дайлж, явахад маань
ийм олныг өглөө. Хошуун дотор арай чамай багтсан шүү. Би баярлалаа ч гэж хэлж
чадахгүй болчихсон.

Үмхсэн самруудаа унагахаас айгаад гэж Мартин галуу баяртай өгүүллээ.


-Тэгж хэлээгүй нь харин тоогүй болж шүү гэж өгүүлэхдээ хүү ам руугаа самар хийж
байлаа. Би өөрөө л тэр хэрмэнд талархлаа илэрхийлэх хэрэгтэй боллоо.
4
Маргааш өдөр нь Нильс дөнгөж гэгээ ороход сэржээ. Харин галууны заншлаар
Мартин толгойгоо далавчин доороо хийн унтсан хэвээр байв. Хүү хөл, гараа зөөлөн
хөдөлгөж, толгойгоо эргүүлж үзэхэд бүх юм зүгээр, хэвийн байх шиг санагджээ.
Дараа нь Мартин галууг сэрээхгүйг хичээн бөөн навчин доороос хүү аяархан
мөлхөн гараад намаг руу гүйлээ. Тэгээд арай хуурай, бөххөн сондуул хайж олоод
дээр нь гарч, дөрвөн хөллөн суугаад, хөдөлгөөнгүй харанхуй ус руу ширтжээ.
Тэр уснаас илүү толь бараг байх ч үгүй биз. Намгийн тогтуун усан дотор өөрийнх нь
царай гайгүй тод харагдаж байлаа. Бүх л юм байх ёстой газраа, хамар нь хамар шиг,
хацар нь хацар шиг, харин баруун чих нь зүүн чихнээсээ арай том харагдаж байв.
Нильс босож, өвдөгтөө наалдсан хөвдийг сэгсэрч унагаад ой руу алхлаа. Сирле
хэрмийг даруйхан олъё гэж хүү шийдсэн байжээ. Нэгдүгээрт, самраар дайлсанд нь
талархлаа илэрхийлэх хэрэгтэй, хоёрдугаарт, нөөц болгох жаахан самар нэмж гуйх
хэрэгтэй. Бас тэр хэрэмний зулзагануудыг ч харвал сайн сан.
Хүүг ойн чөлөөнд хүрч байх үед тэнгэр бүр гэгээтэй боллоо. “Түргэн явах хэрэгтэй
байна. Тэгэхгүй бол Мартин сэрээд намайг дэмий эрээд явчихна шүү” гэж Нильс
бодон яарч эхлэв. Гэвч хамаг зүйл хүүгийн бодож байснаас өөрөөр эргэж, бүр
эхнээсээ л хүүгийн аз харьсан мэт байв. Хуш модонд тэр хэрэм байсан гэж Мартин
галуу ярьж байсан. Гэвч тэр ойд тун олон хуш мод байлаа. Аль модонд нь хэрэм
амьдарч байгааг таах тун хэцүү байв. “Амьтдаас л асуухаас” гэж хүү бодон ой
дундуур явж байлаа. Дахин шоргоолжны отолтонд орохгүйн тулд хүү хожуул
болгоныг хичээнгүйлэн тойрч, өчүүхэн чимээ бүрийг сайтар чагнаж, могойн
халдлагыг няцаахад бэлтгэн хутгаа барьж явжээ. Хүү маш болгоомжтой явж, байн
байн эргэн харж байхдаа нэгэн зарааг санаандгүй гишгэчих шахжээ. Зараа ч хүүг
жадлах мэт угтаж, олон өргөсөө өрвийлгөлөө. Хүү арагш ухарч, боломжийн зайд
холдсоны дараа эелдгээр:
-Би танаас юм л асуух гэсэн юм. Та хэсэг өргөсөө эвхэж болох уу?
-Үгүй ээ гэж зараа бувтнаад өргөст хатуу бөмбөлөг болон хүү рүү шууд өнхөрчээ.
-За яах вэ. Арай яриасаг амьтан олдоноо гэж хүү хэлээд холдлоо.
Гэтэл хүү цаашаа хэдхэн алхтал дээрээс нь хуурай холтос, шилмүүс, боргоцой бөөн
мөндөр мэт асгарчээ. Нэг боргоцой нь яг хүүгийн хамрын өмнүүр өнгөрч, нөгөө нь
хүүгийн толгой руу онолоо. Хүү толгойгоо илж, хогийг гүвээд, болгоомжтой дээш
харав. Яг хүүгийн толгойн тушаа, бүдүүн гацуур модон дээр шовх хошуу, урт
сүүлтэй нэгэн шаазгай суугаад, нэг бараан боргоцойг хошуугаараа хичээнгүйлэн
тоншиж байлаа. Тэр шаазгай руу хүү хараад яаж яриа эхлэхээ бодож байтал шаазгай
ажлаа дуусган, нэг боргоцой нь хүүгийн духан дээр ойчжээ.

-Гайхамшигтай! Маш сайхан! Яг байгаа онолоо. Яг байгаа онолоо гэж шаазгай


шулганаад, мөчир дээрээ үсрэн, далавчаа чимээтэй дуугаргав.
-Миний бодлоор, та байгаа төдий л сайн сонгосонгүй гэж хүү ууртай хэлээд духаа
иллээ.
-Яагаад муу гэж? Маш сайн байна шүү дээ! За одоо энд ганц минут зогсож бай даа.
Би тэр мөчир дээрээс бас нэг шидээд үзье гэж хэлээд өнөө шаазгай дээд талын
мөчир дээр үсрэн гарчээ.
-Ингэхэд таныг хэн гэдэг вэ? Би хэн рүү шагайж байгаагаа мэдэх гэсэн юм гэж тэр
шаазгай модон дээрээс хашгирлаа.
-Намайг Нильс гэдэг. Гэхдээ та чармайх хэрэггүй ээ. Таныг ононо гэдгийг би тэртэй
тэргүй мэдэж байна. Харин та Сирле хэрэм хаана суудгийг хэлж өгвөл л сайн байна.
Тэр хэрэм надад их хэрэгтэй байна л даа.
-Сирле хэрэм гэнээ? Тэр хэрэм танд хэрэгтэй байгаа юм уу? Бид эртний найзууд шүү
дээ. Тэр хэрмийн суудаг мод руу би таныг дуртай хүргэж өгье. Хол биш ээ. Миний
араас дагаад яваарай. Би хаашаа явна, та тийшээ шүү. Тэгээд л та тэр хэрэм рүү
шууд очно. Ингэж хэлээд өнөө шаазгай дэрхийн нисэж агч мод руу, дараа нь гацуур,
дараа нь улиас, дараа нь дахиад агч мод, тэгээд дахин гацуур руу… нисэж гарчээ.
Шаазгайн хойноос Нильс хүү яарч, мөчрүүд дунд шалмаг эргэлдэх хар сүүлнээс нь
нүд салгалгүй ширтэн гүйж байлаа. Хүү бүдэрч, ойчсон ч дахин ухасхийн босож,
шаазгайн хойноос гүйсээр байв. Ой улам өтгөн, харанхуй болж байсан ч шаазгай
мөчрөөс мөчир, модноос мод руу ниссээр байлаа. Тэгснээ гэнэт дээш хөөрч, хүүгийн
толгой дээгүүр эргэлдэн:

-Өө, гургалдай шувуу намайг зочилж ирээрэй гэж урьж байсныг би таг мартчихаж.
Урилгаас хоцорвол эелдэг бус гэдгийг та өөрөө ойлгож байгаа шүү дээ. Та намайг
жаахан хүлээх хэрэг гарах байх. Харин одоохондоо бол танд сайн сайхан бүгдийг
хүсье. Тантай танилцахад тун таатай байлаа гэж шагшраад нисэн оджээ.
5
Тэр өтгөн ойгоос гарах гэж Нильс хүү бүтэн цаг явжээ. Тэгсээр ойн чөлөөнд гарч
ирэхэд нар бүүр өндөр хөөрсөн байв. Ядарч, өлссөн Нильс хүү нэгэн модны муруй
үндсэн дээр суулаа.
“Шаазгайнд мэхлүүлснийг минь мэдэх үедээ Мартин намайг их шоолж инээх байх
даа… Би ер нь шаазгайд ямар гэм хийлээ? Нэг удаа үүрийг нь эвдсэн минь үнэн шүү.
Гэхдээ өнгөрсөн жил, бас тэгээд энд биш, Вестменхег тосгонд л тэгж эвдсэн.
Тэрнийг энэ шаазгай яаж мэдэх вэ дээ.” Хүү харамсан хүндээр санаа алдаад,
гутлынхаа хоншоороор газар малтаж суулаа. Тэгтэл хөл доор нь ямар нэгэн юм
тасхийжээ. Юу вэ? Хүү тонгойн харвал самрын яс газар хэвтэж байлаа. Цаана нь бас
нэг, хоёр, гурван ч яс харагджээ.

“Самрын яс энд яагаад ийм элбэг байгаа юм бол? Энэ модонд чинь Сирле хэрэм
суудаг юм биш биз?” гэж хүү гайхан бодов. Тэгээд хүү өнөөх модыг алгуурхан
тойрч, өтгөн ногоон мөчрүүд рүү нь сайн ажигласан ч ямар ч амьтан харагдсангүй.
Хүү хамаг чадлаараа:
-Сирле хэрэм энд амьдардаг уу гэж хашгирлаа. Гэвч хэн ч хариулсангүй. Хүү
амандаа хоёр алгаа барьж, дахин:
-Хатагтай Сирле. Хатагтай Сирле. Хэрэв та энд байгаа бол хариу өгөөч гэж
хашгирчээ.
Дараа нь хүү хэсэг дуугүй болон чагналаа. Эхэндээ бүх зүйл урьдын адил нам гүм
байснаа дараа нь, хүүгийн дээд талаас нарийхан бөглүү дуу аяархан сонсогдов.
-Жаахан чанга ярь даа гэж хүү дахин хашгирчээ. Өнөөх сулхан дуу дахин хүүд
сонсогдлоо.
Харин энэ удаа тэр сул дуу нь хуш модны үндэсний яг дэргэд, бутны орчмоос
сонсогдож байв. Хүү бут руу гүйж хүрээд хэсэг нуугдлаа. Шоржигнох чимээ, авиа
огт сонсогдсонгүй. Харин хүүгийн толгойн дээд талд дахин нэг амьтан одоо хавьгүй
чанга дуугарч эхлэв. Тийшээ авирч, юу байгааг нь харъя гэж хүү шийдээд, модны
холтосны барзангаас зууран мод өөд авирч эхэлжээ. Хүү удаан авирлаа. Жаахан
амрахын тулд мөчир бүр дээр түр саатаж, дараа нь дахин дээш авирч байв. Дээш
авирах тусам тэрхүү түгшсэн дуугаралт улам чанга, улам ойр болж байлаа.
Эцэст нь модны том хонгилыг хүү олж харжээ. Цонхтой төстэй тэр хар нүхнээс
хэрэмний дөрвөн бяцхан зулзага цухуйж байв. Тэд тал тал тийшээ шөвгөр хошуугаа
эргэлдүүлж, бие биесээ түлхэн мөргөлдөж, нүцгэн урт сүүлэндээ ороолдох шахаж
байжээ. Тэгээд дөрвүүлээ нэг минут ч дуугаа намдаалгүй зэрэг шахам час час хийн
чарласаар байв. Нильс хүүг хараад хэрэмний зулзаганууд гайхсандаа ганц секунд
хэртэй дуугүй болсон ч дараа нь дахин шинээр хүч авсан мэт улам чанга хашгирч
эхэлжээ.
-Тирле зулзага доош уначихсан. Тирле баларсан. Бид нар ч бас унах нь. Бид бас
балрах нь гэж тэр зулзаганууд хашгирч байв. Хүү дүлийрчихгүйн тулд хоёр чихээ
хэсэг таглажээ.
-Та нар битгий зэрэг хашгир л даа. Нэг нь ярь. Хэн уначихсан юм?
-Тирле унасан. Дирлегийн нуруун дээр тэр авирч гарсан. Тэгтэл Дирлег Пирле
түлхсэн. Тэгээд Тирле унасан.
-Байзаарай, би юу ч ойлгохгүй байна. Тирле-Дирле, Дирле-Тирле. Сирле хэрмийг
надад дуудаад өгөөч. Та нарын ээж мөн үү?
-Тэгэлгүй яахав, бид нарын ээж. Гэхдээ ээж байхгүй. Явчихсан. Харин Тирле
уначихлаа. Түүнийг могой хазна, шонхор барьчихна, суусар идчихнэ. Ээж ээ! Ээж
ээ! Бидэн рүү ирээрэй. Дүү уначихлаа.
-За тэгвэл, нээрээ л та нарыг суусар идчихээгүй байгаа дээр үүр рүүгээ лавхан ор.
Тэгээд тэндээ чимээгүй байж бай. Харин би доош буугаад, та нарын Мирле дүүг
хайя. Эсвэл өөр нэртэй билүү?
-Тирле. Тирле. Тэрнийг Тирле гэдэг юм.
-За Тирле бол Тирле л биз гэж хүү хэлээд болгоомжтой доош бууж эхэлжээ.
6
Зовсон хөөрхий Тирле зулзагыг Нильс хүү удаан эрсэнгүй. Урьд нь часхийх дуу
сонсдож байсан өнөө бутнууд руу хүү шууд очлоо.
-Тирле, Тирле! Чи хаана байна? гэж өтгөн мөчрүүдийг яран хүү хашгирчээ. Хариуд
нь бутны гүнээс нэгэн амьтан аяархан дуугарав.
-Аа, чи энд байна уу? гэж хүү хэлээд замд нь тээглэх хуурай мөчир, бутыг яран
урагшаа зоригтой явж оржээ. Бутны хамгийн гүнд нарийхан сүүлтэй, бөөн саарал
ноос шиг зүйл байхыг хүү харав. Тэр нь Тирле зулзага байж. Тэр зулзага нарийхан
мөчир дээр сууж, дөрвөн сарвуугаараа зуураад айсандаа чичирч байхад доорх мөчир
нь салхинд үлээгдэх мэт бас чичрэн хөдөлж байв. Хүү өнөө мөчрийн үзүүрээс барьж
аваад өөр рүүгээ Тирле зулзагыг татаж:
-Миний мөрөн дээр гарч суу! гэж хэлжээ.
-Би айж байна. Би уначих байх гэж Тирле зулзага часхийн дуугарлаа.
-Чи унадагаа унасаан. Одоо үүнээс цааш унах газар байхгүй. Бушуу авир.
Тирле нэг сарвуугаа мөчрөөс болгоомжтой салгаж, хүүгийн мөрнөөс зуурч авчээ.
Дараа нь нөгөө сарвуугаараа бас зуурч, чичрэн байгаа сүүлээ чирсээр эцэст нь бүх
биеэрээ Нильс хүүгийн нуруун дээр гарч авлаа.
-Сайн бариарай. Харин хумсаа их битгий шигтгээрэй гэж хэлээд үүрсэн ачаандаа
дарагдан тонгойж, аажмаар эргэн буцжээ. Бутан дотроос гарч ирэхдээ,
-Чи хүнд юм аа! гэж Нильс хүү санаа алдан хэллээ. Тэгээд жаахан амьсгаа авахаар
хэсэг зогсож байтал өнөөх танил дуу хүүгийн толгой дээр дуулдаж:
-За би ирлээ. За би ирлээ! гэж шагширлаа. Тэр бол өнөөх урт сүүлтэй шаазгай
байлаа.
-Чиний нуруун дээр юу байгаа юм? Чи юу авч яваа чинь сонин байна гэж шаазгай
шагшрав. Хүү юу ч хариулалгүй, өнөөх хуш мод руу дуугүй явлаа. Гэвч гурав ч
алхаж амжаагүй байтал гэнэт өнөө шаазгай чанга хашгичин далавчаа савчиж
эхэлжээ.
-Гэгээн цагаан өдөр дээрэм хийж байна! Сирле хэрэмний зулзагыг хулгайлж байна.
Гэгээн цагаан өдөр дээрэм хийлээ. Хөөрхий ээж нь яанаа! Хөөрхий ээж нь яанаа!
-Хэн ч намайг хулгайлаагүй. Би өөрөө ойчсон гэж Тирле зулзага часхийн дуугарав.
Гэвч зулзаганы үгийг шаазгай сонсохыг ч хүсэлгүй:
-Хөөрхий ээж нь яанаа. Хөөрхий ээж нь яанаа хэмээн үглэсээр байв. Харин дараа нь
өнөөх шаазгай мөчир дээрээс бууж, ойн гүн рүү яаран нисэхдээ өнөө л:
-Гэгээн цагаан өдөр дээрэм хийж байна. Сирле хэрэмний зулзагыг хулгайлж байна.
Сирле хэрэмний зулзагыг хулгайлж байна гэдэг үгээ давтан хашгирсаар байв.
Ёстой хоосон үгт юм аа! гэж Нильс хэлээд хуш мод өөд авирч эхэлжээ.
7
Хүү өнөөх модны дунд хүртэл авирч байтал гэнэт нэгэн бөглүү чимээ сонсдлоо. Тэр
чимээ ойртсоор, улам чанга болж байсан бөгөөд удалгүй шувуудын хашгираан, олон
зуун далавчны чимээ агаар дүүрэн сонсогджээ. Түгшсэн шувууд тал талаас өнөөх
хуш мод руу дайрч, тэдгээр шувуудын дунд урт сүүлт өнөөх шаазгай нааш цааш
нисэн бүхнээс чангаар:
-Би өөрөө харсан. Хоёр нүдээрээ харсан. Тэр дээрэмчин хүүхэд хэрэмний зулзагыг
аваад явчихсан. Хулгайчийг хайгаарай. Тэрийг бариарай. Барьж байгаарай хэмээн
хашгичиж байв.
Яанаа, би айж байна. Тэр шувуунууд чамайг тоншвол би дахиад уначихна гэж Тирле
зулзага шивэгнэлээ.
-Юу ч болохгүй ээ. Тэд биднийг харах ч үгүй гэж хүү зоригтой хэлсэн ч “нээрээ ч
тоншчих нь үнэн шүү” гэж дотроо боджээ. Гэвч азаар бүх зүйл гайгүй өнгөрлөө.
Тирле зулзагыг нуруундаа үүрсэн Нильс хүү мөчрүүдийн халхавч доор чармайн
авирсаар хэрэмний үүрэнд сая нэг юм хүрчээ.

Үүрний ирмэгт Сирле хэрэм суугаад, сүүлээрээ нулимсаа арчиж байв. Харин тэр
хэрэмний дээд талд шаазгай эргэлдэн нисэж,
-Хөөрхий ээж нь яанаа. Хөөрхий ээж нь яанаа хэмээн зогсолтгүй шагширч байлаа.
-Хүүгээ аваарай гэж хүндээр амьсгаадан Нильс хүү хэлээд Тирле зулзагыг хэрэмний
үүр рүү боодолтой гурил хаях шахам тавьжээ. Нильс хүүг хараад шаазгай нэг минут
хэртэй дуугүй болсноо дараа нь толгойгоо шийдэмгий сэгсрэн улам чангаар:
-Ээж нь жаргалтай боллоо. Ээж нь жаргалтай боллоо. Хэрэмний зулзага аврагдлаа.
Зоригт Нильс хүү хэрэмний зулзагыг аварлаа. Нильс мандтугай! хэмээн шагширч
гарав. Баярласан ээж нь Тирле зулзагаа дөрвөн сарвуугаараа тэвэрч, сахлаг өтгөн
сүүлээрээ зөөлөн илээд, баярласандаа аяархан дуу аялж эхлэв. Тэгснээ эх хэрэм нь
гэнэт өнөө шаазгай руу эргэлээ.
-Байзаарай, зулзагыг маань Нильс хүү хулгайлсан гэж хэн хэлсэн билээ? хэмээн эх
хэрэм асуув.
-Хэн ч хэлээгүй. Хэн ч хэлээгүй гэж шаазгай шагшраад юмыг яаж мэдэх вэ гэж
бодсон бололтой холдон суужээ.
-Нильс хүү мандтугай. Хэрэмний зулзага аврагдлаа. Жаргалтай ээж нь зулзагаа
тэврэн сууж байна гэж шаазгай шагшраад нэг модноос нөгөө мод руу нисэн холдов.
-Сүүлийн үеийн мэдээг сүүлээрээ дамжуулах юмаа гэж эх хэрэм хэлээд шаазгайны
араас хатсан боргоцой чулууджээ.
8
Үд хэвийх үед Нильс гэртээ буцаж ирлээ. Гэр нь ч гэж, галуунууд амарч байгаа
намаг руу буцаж иржээ. Хүү бүх халаасаа самраар дүүргэж, бас зөндөө хуурай мөөг
авчирчээ. Хүүтэй салах ёс хийх үедээ тэр бүхнийг Сирле хэрэм бэлэг болгож өгсөн
байв. Хүүг Сирле хэрэм ойн хөвөө хүртэл гаргаж өгөөд, алтлаг өнгөт сүүлээ араас нь
даллан удаан зогссон билээ. Нильс хүүг тэр хэрэм бүр ч хол даган гаргаж өгөхийг
хүссэн ч чадаагүй юм. Тэгш зам дээгүүр хэрэм явах нь хүмүүс модон дээгүүр явах
шиг хэцүү байжээ.
Харин ойн шувууд Нильс хүүг бүр намаг хүртэл гаргаж өглөө. Тэд хүүгийн толгой
дээгүүр эргэлдэн нисэж, цовоо чанга дуугаа хүүд зориулан жиргэн дуулж байв. Урт
сүүлт шаазгай хамаг шувуудаас илүү чармайж, чанга царгиа дуугаар:
-Нильс хүү мандтугай! Зоригт Нильс хүү мандтугай! хэмээн хашгирч байв. Чингээд
маргааш өглөө нь галуун сүрэг намгийг орхин нисчээ. Галуунууд гурвалжин хэлбэрт
орон жигдэрч, хөгшин Акка Кебнекайсе галуу тэднийг замд удирдлаа.
-Глиммингений шилтгээн рүү нисэцгээе гэж Акка хашгирахад,
-Глиммингений шилтгээн рүү нисэцгээе гэж галуунууд бие биедээ дамжууллаа.
-Глиммингений шилтгээн рүү нисэцгээе гэж Мартин галууны яг чих рүү Нильс хүү
хашгирчээ.
Тавдугаар бүлэг. Шидэт лимбэ
1
Глиммингений ордон бүх талдаа уулсаар хүрээлэгдсэн бөгөөд ордны харуулын
цамхагууд хүртэл уулсын оргилууд шиг санагдаж байлаа. Орох, гарах хаалга ер
хаана ч үл үзэгдэх бөгөөд зузаан чулуун хануудад гаргасан нарийхан цонхнууд нь
өдрийн гэрлийг баргар, хүйтэн дотоод танхимууд руу дөнгөн данган нэвтрүүлж
байв. Эрт дээр үед эдгээр хана нь ордны оршин суугчдыг дайнч хөршүүдээс нь
найдвартай хамгаалдаг байжээ.
Гэвч зэрлэг галуунуудтай хамт Нильс Хольгерсон аялж байсан тэр өдрүүдэд хүмүүс
Глиммингений ордонд амьдрахаа больж, хаягдсан ордны аниргүй өрөө, тасалгаанд
үр тариа хадгалдаг болсон байлаа. Гэхдээ тэр ордонд огт амьдрах боломжгүй гэсэн
үг биш юм. Ордны таазан доор ууль, шар шувууд суурьшиж, нурсан хуучин пийшин
дотор зэрлэг муур орогнож, булан тохойд нь сарьсан багваахайнууд хоргодон, дээвэр
дээр нь өрөвтас шувууд үүрээ зассан байжээ.

Глиммингений ордон руу нэлээд дөхөн нисэж ирээд Акка Кебнекайсе галууны сүрэг
доошлон гүнзгий хавцлын дунд хэсэгт буужээ. Зуу орчим жилийн өмнө Акка галуу
анх удаа галуун сүргийг хойд зүгт дагуулан нисэж байх үед энд уулын голын урсгал
оволзон бургилдаг байжээ. Харин одоо бол хавцлын бүүр ёроолд л, хариугүй нарийн
горхи урсаж байв. Гэлээ ч гэсэн тэр нь ус л юм хойно мэргэн Акка Кебнекайсе галуу
өөрийн сүргээ ийш нь дагуулан нисэж иржээ. Галуунууд шинэ газраа төвхнөж
амжаагүй байтал тэдэн рүү анхны зочин шууд хүрч ирсэн нь Глиммингений ордны
хамгийн өндөр настай оршин суугч Эрменрих өрөвтас байлаа.
Тэр өрөвтас тун эв хавгүй шувуу байв. Хүзүү, их бие нь тэжээвэр жирийн
галууныхаас арай том ч харин далавч нь бүргэдийнх шиг үлэмж том ажээ.
Өрөвтасын хөл бүр сонин бөгөөд улаан өнгөөр будсан яг л хоёр нарийхан саваа шиг
харагдаж байлаа. Хошуу нь ч бас этгээд. Тун жижигхэн толгойдоо маш урт, бүдүүн
хошуутай. Хошуу нь толгойгоо байнга доош чангаадаг учир өрөвтас шувууд ямар
нэгэн зүйлд санаа зовсон, эсвэл сэтгэл дундуур байгаа юм шиг толгойгоо ямагт
унжуулж явдаг байжээ. Хөгшин галуу руу дөхөж ирээд, эелдэг заншлыг дагаж
Эрменрих өрөвтас нэг хөлөө гэдэс рүүгээ татан шахаж, чулуунууд хоорондын
хагархайд урт хошуугаа гацаачих шахан доош тонгойж, мэхийн ёсоллоо.
-Тантай уулзахад таатай байна, ноён Эрменрих! гэж Акка Кебнекайсе галуу хариуд
нь бас мэхийн мэндлэв.
-Таныг сайн сууж байгаа болов уу гэж найдаж байна. Таны эхнэрийн бие сайн уу?
Таны хүндэт хөршүүд, ууль дүү нар юу хийж байна даа? Өрөвтас хариулах гэж
оролдсон ч хошуу нь чулуун завсар яггүй гацчихсан учир хариуд нь зөвхөн хүндээр
уухилан амьсгаадах л сонсогдож байв. Эцэстээ соёлт хэвшлийн бүх заншил,
дүрмийг зөрчихөөс аргагүй болж, газар руу хоёр хөлөөрөө цахдаж байгаад, хананаас
хадаас сугалах адил хошуугаа татаж авахаас аргагүй болжээ. Эцэст нь өрөвтас урт
хошуугаа сугалах ажлаа арай ядан амжуулаад, хошуу нь гэмгүй, бүрэн эсэхийг
шалгаж, хэдэн удаа дуугарсны дараа л сая нэг юм:

-Өө, хатагтай Кебнекайсе. Та нар ийшээ тааруухан цагт л ирж дээ. Энэ ордонд маань
аймшигтай зовлон нүүрлээд байна… гэлээ. Тэгээд өрөвтас гуниглан толгойгоо
унжуултал хошуу нь дахиад л чулуун завсар гацаж орхижээ. “Өрөвтас зөвхөн зовлон
тоочих гэж л хошуугаа ангайдаг” гэлцдэг нь хоосон үг биш аж. Бас тэгээд дусал
дуслаар ус цуглуулж байгаа юм шиг үгээ тун удаан зөөн ярьж байлаа.
-Ноён Эрменрих та сонсооч. Та хошуугаа яаж ийгээд татаж гаргаад, та нарт юу
учирсныг ярьж өгөөч? гэж Акка Кебнекайсе галуу хүслээ. Өрөвтас ч нэг сүрхий
угзран хошуугаа хадны завсраас сугалж аваад цөхрөн дуу алдаж:
-Юу болсныг та асууж байгаа юм уу, хатагтай Кебнекайсе! Муу дайснууд бидний
орон сууцыг хоосруулах, биднийг орон гэргүй гуйлгачин болгох, бидний эхнэр,
хүүхдүүдийг хөнөөхийг хүсэж байна. Өчигдөр би яах гэж хошуугаа хайрлахгүй,
өдөржингөө үүрнийхээ бүх нүх сүвийг таглав аа! Миний эхнэрийн бодлыг өөрчлөх
бараг боломжгүй юм даа.
Эхнэрт маань юу ч хэллээ гэсэн галууны өдийг ус нэвтрэхгүй бөмбөрөх шиг л юм
хэмээн ярив.
Гэнэт Эрменрих өрөвтас санаа нь зовон хошуугаа хапхийтэл хамхилаа. Яагаад ам
алдаж галууны тухай юм ярьчихав аа… гэж тэр шувуу боджээ. Гэвч өвгөн өрөвтасын
тэр үгийг Акка Кебнекайсе галуу чихнийхээ хажуугаар өнгөрүүлжээ. Дэмий дэл сул
ярианд гомдоно гэдэг бол эрхэм хүндтэй галууны хувьд дэлбээ буусан хэрэг болно
гэж Акка боддог байв.
-Тэгээд юу болсон гэнээ? Хүмүүс ордон руу ирж байгаа юм уу? гэж Акка галуу
асуув.
-Өө, тэгж ирдэг ч болоосой хэмээн Эрменрих өрөвтас толгой гудайн гунигтай
хэллээ.Тэр дайснууд бол дэлхий дээрх хамаг амьтдаас илүү аймшигтай, хатагтай
Кебнекайсе минь! Саарал хархнууд ордон руу маань дайрах гээд дөхөж байна.
-Саарал хархнууд гэнээ? Та яагаад одоо хүртэл хэлэхгүй, дуугүй байсан юм бэ? гэж
Акка галуу дуу алдав.
-Би дуугүй байгаа гэж үү дээ? Би цаг үргэлж тэдний л тухай яриад байна шүү дээ.
Бид энд хичнээн жил амьдарч байгааг тэр дээрэмчид тоох ч үгүй. Тэр хархнууд юу
хүссэнээ хийж байна. Ордон дотор үр тариа хадгалж байгааг шиншилж мэдээд одоо
ордныг эзэлж авахаар шийдчихэж. Тэд ямар айхтар зальтай гэж санана! Хатагтай
Кебнекайсе та маргааш үд дунд Кулабергэд баяр болох гэж байгааг мэдсэн л
байлгүй. Гэтэл яг өнөө шөнө саарал хулганууд сүргээрээ манай ордон руу дайрах
гэж байна. Тэгээд ордныг хамгаалах хэн ч алга. Эргэн тойрон зуун мод газар бүх
амьтан, шувууд баяр тэмдэглэхэд бэлдээд завгүй байна.


Одоо хэнийг ч олох боломжгүй болсон. Ямар их гай зовлон бэ? Ямар их зовлон бэ?
-Нулимс урсгах цаг биш ээ, ноён Эрменрих! гэж Акка галуу хатуухан хэллээ. Бид
одоо нэг ч минут алдах эрхгүй. Тийм хууль бус явдал гарахыг зөвшөөрөхгүй нэг
галууг би мэднэ.
-Хүндэт Акка та саарал хархнуудтай тулалдах гэж байгаа юм биш биз хэмээн
өрөвтас инээвхийлэв.
-Үгүй ээ. Гэхдээ хичнээн ч олон хархыг дөнгөж чадах нэг зоригтой дайчин манай
сүрэг дотор яваа гэж Акка Кебнекайсе галуу хэллээ.
-Тэр хүчтэнийг тань харж болохсон болов уу? гээд Эрменрих толгойгоо
хүндэтгэлтэй мэхийв.
-За яах вэ, болноо гэж Акка хэлээд “Мартин”, “Мартин” хэмээн хашгирлаа. Мартин
галуу ч даруй гүйж ирээд, өнөөх зочинд эелдгээр толгой дохин мэндэлжээ.
-Танай зоригт дайчин энэ үү! гэж Эрменрих өрөвтас даажинтай асуулаа. Сайн галуу
юм, бас тарган! Акка галуу юу ч хариулалгүй Мартин руу эргэн:
-Нильсийг дууд даа гэжээ. Минут орчмын дараа Нильс хүүг нуруундаа үүрэн
Мартин галуу буцаж ирлээ.
-Сонсооч! Нэг чухал ажилд чи надад туслах ёстой байна. Чи надтай цуг
Глимменгений ордон руу нисэхийг зөвшөөрөх үү? гэж Нильс хүүгээс хөгшин галуу
асуулаа. Нильс хүү ихэд бахархжээ. Акка Кебнекайсе галуу өөрөө түүнээс тусламж
хүсэж байна шүү дээ! Гэтэл хүүг үг ч хэлж амжаагүй байтал Эрменрих өрөвтас урт
хошуугаараа өлгөн авч дээш шидээд, хошуугаараа тосож аваад, дахин дээш шидэн,
дахин тосож аван тоглож гарав…

Энэ тоглоомоо тэр өрөвтас долоон удаа хийсний дараа л сая Нильс хүүг хөгшин
галууны нуруун дээр суулгаад:
-Хархнууд хэнтэй нүүр тулах гэж байгаагаа мэдээд айсандаа тарж зугтвал сайн даа.
За одоо баяртай. Би хатагтай Эрменрих, бас хүндэт хөршүүд рүүгээ очиж, “аврагч
ирэх гэж байна” гэж сэрэмж өгч дуулгая. Тэгэхгүй бол танай аварга биетийг хараад
тэд үхтлээ айчихна гэлээ. Тэгээд хошуугаа дахин нэг удаа дуугаргаад өнөө өрөвтас
нисэн оджээ.
2
Глиммингений ордонд бужигнаан болж байлаа. Сууж дассан газраа бүх оршин
суугчид хаяж, булангийн цамхагийн дээвэр өөд дүрвэн үймэлдэж байв. Тэнд
Эрменрих өрөвтас, эхнэртэйгээ хамт суудаг байжээ. Тэр хоёр өрөвтасын үүр маш
сайхан байлаа. Өрөвтасууд тэрэгний хуучин дугуйн дээр үүрээ засаж, зөөлөн өвс
хэдэн үе давхарлан тавиад, хөвд, шувууны ноолуур дэвсчээ. Харин үүрний гадна
талд өтгөн өвс, бүр жижиг бут хүртэл ургасан байв. Эрмнерих өрөвтас, түүний эхнэр
хоёр үүрээрээ бахархах нь аргагүй байжээ. Харин одоо үүр нь Глиммингений ордны
оршин суугчдаар пиг дүүрсэн байлаа. Ердийн үед тэд бие биетэйгээ тааралдахгүйг
хичээдэг байсан ч ордонд учирч байгаа аюул бүх амьтдыг нэгтгэн ойртуулсан
байжээ. Үүрний ирмэг дээр хүндтэй хоёр ууль эгч сууж байв. Тэд айсандаа дугариг
нүдээ анивчин, цусанд дуртай хархнууд ямар хэрцгий байдаг талаар ам булаалдан
ярьж байлаа. Үүрний хамгийн ойр, Эрменрих хатагтайн хөлийн дэргэд нэгэн
ганцаардмал муур нуугдаад, бяцхан муурын зулзага мэт өрөвдөлтэй дуугарч байв.
Муурын төрлийн бүх амьтадтай тооцоо хийхийн тулд хархнууд өөрийг нь хамгийн
түрүүнд иднэ гэдэгт тэр муур итгэлтэй байжээ. Харин ордны ханан дээгүүр сарьсан
багваахайнууд толгойгоо доош унжуулан зүүгдсэн бөгөөд тэд маш эвгүйрхэж
байлаа. Саарал хархнууд сарьсан багваахайн садан төрөл гэдэг нь яах аргагүй үнэн
шүү дээ. Иймээс бүх зүйлд сарьсан багваахайнууд л буруутай юм шиг бусад
амьтдын таагүй харцыг байнга мэдэрч байжээ. Үүрний дунд Эрменрих өрөвтас
зогсож байлаа.

-Зугтаах хэрэгтэй. Тэгэхгүй бол бид цөмөөрөө үхнэ гэж тэр шийдэмгий хэллээ.
-Тийм ээ, үхнэ. Бүгд үхнэ. Тэр дээрэмчдэд зүрх сэтгэл байгаа гэж үү? Тэд миний
сүүлийг хамгийн түрүүн иднэ гэж муур хэлээд сарьсан багваахайнууд руу дургүйцэн
харлаа.
-Салбархай сүүлнээс илүү, эмгэнэх хавьгүй чухал зүйлүүд байна гэж хөгшин ууль
авхай ундууцав. Тэр хархнууд ангаахай, дэгдээхийг ч өрөвдөхгүй идчихнэ. Би
хархнуудыг сайн мэднэ. Бүх харх тийм. Хулгана ч гэсэн дээрдэх юм байхгүй дээ гээд
хөгшин ууль нүдээ хурцаар гялалзууллаа.
-Яанаа, бидэнд юу тохиолдох бол оо? Бидэнд юу учрах бол оо хэмээн эм өрөвтас
шаналан дуугарав.
-Ирж явна, ирж явна гэж гэнэтхэн Флимнеа ууль хүүг хүүг дуугарчээ. Тэр ууль
цамхагийн дээд үзүүрийн хөндөлд харуул адил сууж, тал тал тийшээ харж байжээ.
Бүгд тушаал авсан мэт толгой эргүүлэн хараад, айсандаа хөшиж орхилоо. Энэ үед
Нильс хүүг суулгасан Акка Кебнекайсе галуу үүр рүү нисэж иржээ. Гэвч тэднийг хэн
ч харсангүй. Бүгд илбэдүүлсэн мэт доошоо, нэг л зүйл рүү харж байлаа. “Тэд яасан
юм бол? Тэнд юу олж харсан юм бол?” гэж Нильс хүү бодоод, галууны нуруун дээр
өндийн суужээ. Доор ордны ханын цаана олон саарал чулуугаар тавьсан урт зам
үргэлжлэн харагдаж байлаа. Эхлээд харахад жирийн л зам шиг байсан ч Нильс хүү
сайн ажиглах үед тэр зам өөрөө амьд мэт хөдөлж, нэг өргөсөж, нэг нарийсан, бас нэг
тэлж, нэг агшиж байв.
-Энэ чинь хархнууд байна. Саарал хархнууд! гэж Нильс хүү хашгирлаа. Эндээс
хурдхан нисэцгээе.
-Үгүй ээ, бид энд үлдэнэ. Бид Глиммингений ордныг аврах ёстой гэж Акка
Кебнекайсе галуу тайван хэллээ.
-Тэд хэчнээн олуулаа байгааг та харахгүй байна гэж үү? Би урьдынх шигээ том
биетэй боллоо ч гэсэн юу ч хийж чадахгүй юм байна.
-Чи урьдынх шигээ том биетэй байсан ч юм хийж чадахгүй. Харин одоо болжмор
шиг жижиг учраас бүх саарал хархыг чи л дийлнэ. Чи миний хошуу руу ойртоод ир.
Би чихэнд чинь юм хэлье. Акка галуу руу хүү дөхөж очих үед хөгшин галуу чихэнд
нь ямар нэгэн зүйлийг удаан ярьжээ.
-Энэ ч сэргэлэн санаа байна шүү гэж Нильс инээгээд, өвдөг рүүгээ алгадав.
Хархнууд ч бидний өмнө бүжиглэнэ дээ!
-Чишш, дуугүй бай гэж хөгшин галуу хэллээ. Дараа нь Флимнеа ууль руу Акка
нисэж очоод, бас ямар нэгэн зүйлийг шивнэлдэн ярилцжээ. Гэнэт ууль сэтгэл нь
сэргэж, хүүгнэн дуугараад, цамхгийн хөндлөөс хөөрөн хаа нэг тийшээ нисэн одлоо.
3
Саарал хархнууд Глиммингений ордон руу ирэх үед аль хэдийнэ харанхуй болсон
байв. Тэд дотогш орох ямар нэгэн нүх, цоорхой хайж, ордныг бүхэлд нь гурван удаа
тойрчээ. Ордны хаана ч хотгор, хонхор байхгүй, юмнаас барьж авах байтугай, сарвуу
ч оруулах боломжгүй байлаа. Удаан хайсны эцэст хархнууд хананаас дөнгөж
цухуйсан нэг чулууг олчихжээ. Тэгээд тал талаас нь тэр чулуу руу дайрсан ч чулуу
хөдөлсөнгүй. Хархнууд чулууг шүдээрээ мэрж, хумсаараа маажин, доорх газрыг нь
ухаж эхэлжээ. Тэд хурдаараа давхин ирж чулуу руу дайраад биеийн бүх жингээрээ
дээрээс нь дарж байв. Тэгсээр байтал өнөө чулуу гэнэт чичрэн хөдөлж, ганхан,
эцэстээ бөглүү чимээ гарган хананаас ховхорлоо…
Тийн нам гүм болох үед дөрвөлжин хар нүхээр хархнууд нэг нэгээрээ цувран
орцгоожээ. Тэд үе үе зогсон тун болгоомжтой явж байлаа. Үл мэдэх, харийн газар
явж байх үед хэдийд ч отолтонд орж болдгийг тэд мэдэж байх шиг. Гэвч бүх зүйл
тайван байх шиг санагдаж, чимээ огт гарахгүй байжээ. Тэгсээр хархнууд илүү зориг
орж, шатаар өгсөж эхэлжээ. Орхигдсон том танхимууд дотор үр тариа уул овоо мэт
хураасан байлаа. Хархнууд өлсөж явсан бөгөөд буудайн үнэр хорхойг нь маш их
хүргэж байсан ч тэд нэг ч будаанд ам хүрсэнгүй.
“Урхи байж магадгүй. Эсвэл тэдэн рүү гэнэт дайрч магадгүй. Үгүй ээ. Тийм мэхэнд
хархнууд бид автахгүй. Ордныг бүхэлд нь шалгахаас нааш амрах, юм идэх тухай
бодох ч үгүй.” Ийнхүү хархнууд бүх харанхуй хонгил булан, тохойг шалгаж үзжээ.
Хэн ч, хаана ч байсангүй. Ордны эзэд хулчийгаад дайжсан бололтой. Одоо энэ ордон
хархнуудынх боллоо. Ийнхүү, тэд үр тариа овоолгоотой байсан танхимууд руу
тасралтгүй урсгал болон давхилджээ. Нуран урсах буудайн тэр овоолго руу
хархнууд хамаг биеэрээ түрэн орж, алтан шаргал буудайг хомхойрон амталж гарчээ.
Гэвч хархнууд хоолшиж ч амжаагүй байтал хаа нэгтээгээс лимбэний нарийхан, цээл
авиа гэнэт сонсогдож эхэллээ. Хархнууд хошуугаа өргөн хөдөлгөөнгүй болцгоов.
Тэгээд нөгөө лимбийн ая чимээгүй болоход хархнууд дахиад амтат тэжээл рүүгээ
дайрчээ. Гэвч лимбэ дахин дуугарч эхэллээ. Эхэндээ дөнгөж дуулдах төдий байсан ч
дараа нь улам зоригтой, улам чанга, итгэлтэй дуугарч байлаа. Зузаан ханууд дундуур
нэвтэрч байгаа юм шиг бүхий л ордон даяар чанга түргэн товших мэтээр лимбэ
уянгалан сонсогдлоо.

Хархнууд нэг нэгээрээ цувран олзоо орхиж, лимбэний авиа руу жирийлгэлээ.
Хамгийн зөрүүд хархнууд л идшээ орхихыг огт хүсэлгүй, том том буудайг
ховдоглон, түргэн идсээр байв. Гэвч тэднийг ч бас лимбэ дуудаж, ордноос гарч
явахыг тушааж байсан учир хархнууд зөрж чадалгүй дагаж байлаа. Хархнууд шатаар
гүйлдэж, бие биен дээгүүрээ харайн, цонхоор шууд доош үсэрч, шаргуу урин дуудах
лимбэний дуу сонсдож байгаа хашаа руу аль болох түргэн хүрэхийг яарах мэтээр
зүтгэцгээж байв. Доор, шилтгээний хашааны дунд хэсэгт жижигхэн биетэй нэгэн
хүн зогсоод тэр лимбийг тоглож байлаа. Хархнууд тэр хүнийг нягт цагариг болон
хүрээлж, шонтгор хошуугаа өргөн, нүд салгалгүй ширтэцгээж байв. Хашаан дотор
гишгэх газаргүй болсон ч ордон дотроос хархнууд гүйлдэн гарч ирсээр байлаа.
Лимбэ түрхэн зуур дуугүй болоход хархнууд сахлаа хөдөлгөж, шүдээ ярзайлган,
тачигнуулж байв. Тэд мөнөөх бяцхан хүн рүү ухасхийн дайрч, хэсэгчин тасчиж
хаяхад бэлэн болж байлаа. Гэвч лимбэ дахин тоглож эхлэхэд хархнууд дахин
хөдөлгөөнгүй болон зогсоцгоож байв. Эцэст нь бүх хархыг цугларсны дараа өнөө
жижиг хүн гарах хаалга руу аажмаар явж эхэлжээ. Хархнууд ч лимбэний аяыг даган
дуулгавартай араас нь явцгаалаа. Өнөөх жижиг хүн лимбээ үлээн улам цааш явсаар
байв. Тэгээд хадан цохионуудыг тойрч, хөндий рүү буужээ. Дараа нь тариан
талбайнууд дундуур, олон гуу жалга өнгөрөн лимбэдсээр явахад хархнууд ч араас нь
тасралтгүй бэлчин явсаар байв.
Тэр бяцхан хүн явсаар нуур руу хүрч ирэхэд одод аль хэдийнэ бүдгэрч эхэлсэн
байжээ. Нуурын яг эрэг дээр, уяатай завь шиг, нэгэн саарал галуу давалгаанд ганхан
хөвж байв. Мөнөөх бяцхан хүн лимбээ үлээсэн хэвээр галууны нуруунд үсрэн
мордоход галуу цаашлан нуурын гол руу хөвлөө. Хархнууд эмх цэгцээ алдан
үймэлдэж, эрэг даган гүйлдсэн ч нуурын дээгүүр лимбэний эгшиг улам чанга
дуугарч, хархнуудыг өөр рүүгээ татан дагуулсаар байв. Тийнхүү хархнууд орчлон
дээрх бүх зүйлсийг мартаад нуурын ус руу цувран орцгоож эхэллээ…
4
Сүүлчийн хархны толгой нуурын усанд далд ороход бяцхан хүнийг нуруундаа
суулгасан өнөөх галуу дээш хөөрөн нисчээ.
-Чи сайн байлаа шүү, Нильс ээ! Ажлаа тун сайн хийлээ. Хэрэв чи тасралтгүй тоглох
хүчгүй байсан бол хархнууд чамайг идчих байсан шүү гэж Акка Кебнекайсе галуу
хэллээ.
-Тийм ээ, үнэнийг хэлэхэд би өөрөө ч тэгж айж байсан. Намайг дөнгөж амьсгаа авах
төдийд л хархнууд шүдээ тачигнуулж байсан. Тийм жижиг лимбээр шороон түмэн
хархыг номхруулж болно гэж хэн итгэх билээ дээ гээд Нильс халааснаасаа лимбийг
гарган үзэж эхлэв.
-Энэ бол шидэт лимбэ. Бүх амьтад, шувууд энэ лимбийг сонсдог. Чи энэ лимбийг
тоглож эхэлмэгц бүргэдүүд тахианы дэгдээхий шиг чиний гар дээрээс юм идэж,
чононууд тэнэг бяцхан гөлөг шиг болж, чамтай зүгээр л тоглоно.
-Та энэ лимбийг хаанаас олж авсан юм бэ гэж Нильс асуулаа.
-Флимнеа ууль авчирсан юм. Тэр уулинд ойн одой хүн өгсөн юм.
-Ойн одой гэнээ гэж Нильс дуу алдаад, бие нь эвгүй оргих шиг болжээ.
-Тийм ээ, ойн одой. Чи яагаад тэгж гайхсан юм? гэж Акка галуу асуулаа. Зөвхөн тэр
одойд л тийм лимбэ байдаг. Хөгшин ууль Флимнеа бид хоёроос өөр хэн ч тэр тухай
мэдэхгүй. Харин чи хэнд ч хэлж болохгүй шүү. Лимбийг сайн бариарай. Унагаж огт
болохгүй шүү. Нар мандахаас өмнө энэ лимбийг ойн одойд Флимнеа ууль буцааж
өгөх ёстой. Харин энэ лимбийг чиний гарт орно гэдгийг сонсоод лимбээ өгөхөөс ойн
одой эрс татгалзсан гэсэн. Тэгээд ойн одойг Флимнеа ууль зөндөө ятгасан юм
билээ… Арай гэж л зөвшөөрүүлсэн гэсэн… Үгүй ээ, ингэхэд ойн одой яагаад чамд
ингэж уурладаг юм? Нильс хүү юу ч хариулалгүй, Акка галууны сүүлчийн үгийг
сонсоогүй мэт дүр үзүүлжээ. Үнэндээ бол хүү маш сайн сонссон бөгөөд ихэд айж
байлаа. “Тэгэхээр миний даажигналтыг ойн одой одоо ч мартаагүй байх нь” гэж хүү
баргар царайлан бодож байв.
“Би тэр одойг тороор барьж авсан. Бас тэр одойг айхтар хуурчихсан шүү дээ. Акка
галуунд л хэлчихгүй байгаасай. Энэ галуу шударга, ширүүн зантай болохоор тэр
тухай мэдвэл намайг сүргээсээ хөөчихнө. Би тэгвэл яах билээ? Хаачих билээ?”
Ингэж бодоод хүү хүндээр санаа алдлаа.
-Чи яагаад санаа алдаж байгаа юм гэж Акка галуу асуув.
-Би зүгээр л эвшээсэн юм аа. Яагаад ч юм нойр хүрээд. Тэгсгээд хүү үнэхээр унтаж,
бүр тун бөх унтсан учир галуутай хамт газар бууснаа ч мэдсэнгүй. Галуун сүрэг
бүхэлдээ шуугилдан, хашгирсаар тэр хоёрыг хүрээлж авчээ. Харин Мартин бусад
галууг түлхэн, Нильс хүүг хөгшин галууны нуруунаас буулгаад, далавчин доороо
болгоомжтой, зөөлөн хучжээ.
-Яваарай, яваарай. Энэ хүүхэд жаахан унтаж амраг гэж бусад галууг Мартин
яаруулж байв. Гэвч Нильс хүү удаан унтаж чадсангүй. Нар арай мандаагүй, өглөө
эрт байсан ч зэрлэг галуунууд руу Эрменрих өрөвтас нисэж иржээ. Тэрээр Нильс
хүүтэй нэн даруй уулзахыг, өөрийн өмнөөс болон бүхий л гэр бүлийн өмнөөс
талархлаа илэрхийлэхийг ихэд хүсэж байв. Дараа нь сарьсан багваахайнууд хүрч
иржээ. Жирийн өдрүүдэд бол сарьсан багваахайнууд өглөө үүрээр унтдаг байлаа.
Хүмүүсийн хувьд өглөө болох нь сарьсан багваахайнуудад үдэш мэт, үдэш нь өглөө
мэт болдог байв. Энэ чинь замбараа муутай дэглэм гэж хэн ч тэднийг итгүүлж
чадахгүй билээ. Гэвч өнөөдөр тэд цөмөөрөө унтах заншлаасаа ч татгалзсан байв.
Сарьсан багваахайнуудын дараа муур сүүлээ хөдөлгөн сэргэлэн цовоо давхиж
иржээ. Тийнхүү, саарал хархнуудыг ялсан, аймшиггүй дайчин Нильс хүүг бүгд
харахыг хүсэж, бүгд түүнд баяр хүргэхийг хичээж байлаа.
Зургаадугаар бүлэг. Кулаберг уулын баяр
1
Шөнийн үйл явдлуудын дараа галуун сүрэг амсхийж амжаагүй байтал Кулаберг уул
руу явах цаг болчихсон байв.
-Чамд аз таарчээ! гэж зэрлэг галуунууд Мартин галуунд хэлж байлаа. Жилд зөвхөн
ганц л удаа бүх амьтад, шувууд Кулаберг ууланд цуглардаг юм. Тэд ямар сайхан
тоглоом наадам зохиож тоглодог гэж чи сананаа. Ямар сайхан бүжиг хийдэг гээч!
-Би яагаад ч юм энэ баярын талаар огт сонсоогүй юм байна. Би уг нь бүтэн гурван
жил сургуульд сурсан шүү дээ гэж Нильс хүү хэллээ.

-Энэ баярын тухай чи сонсоогүй нь гайхах зүйл биш ээ гэж Акка галуу хэлэв.
Амьтад, шувуудын агуу энэ баярын тухай нэг ч хүн сонсоогүй. Кулаберг руу очдог
замын тухай нэг ч хүн мэдэх ёсгүй юм. Тэгснээ Нильс рүү Акка Кебнекайсе галуу
нухацтай харжээ. “Тийм ээ, намайг авч явахгүй нь. Би чинь жижиг ч гэсэн хүн юм
чинь” гэж Нильс бодлоо. Гэвч Акка галуунаас юу ч асуусангүй. Тэр хугацаанд бусад
галуу амьтдын баяраа тэмдэглэхээр чармайн бэлтгэж байжээ. Өд сөдөө мөлчийлгөн
засаж, сарвуугаа угааж, хошуугаа элсээр гялалзтал өнгөлж байв. Харин Мартин
галуу, Нильс хүү хоёр зайдуухан суугаад, тэр бүх ажил, төвхнүүллийг анхаарахгүй
байхыг хичээж байлаа. Тэр хоёр юм ярихгүй байсан ч бие биенээ маш сайн ойлгож
байв.
“Би Кулаберг ууланд очиж чадахгүй нь тодорхой болж” хэмээн Нильс бодож байхад
“Нильсийг ганцааранг нь орхиж болохгүй” гэж Мартин боджээ. Анд найзаа
ганцааранг нь орхилтой биш дээ. Үд дундын орчим Эрменрих өрөвтас дахин нисэж
иржээ. Өглөөнөөс эхлээд тэр өрөвтас тайван сууж чадахгүй болсон байв. Тэгээд бүр
таван ч удаа намаг руу нисэж, зөндөө олон мэлхий авчирсан учраас тэднийг хаана
багтааж хийхээ эхнэр нь мэдэхээ больчихсон байжээ. Одоо Эрменрих ноёнтон руу
харахад “хувь заяандаа гомдол тоочихын тулд л урт хошуугаа ангайдаг шувуу” гэж
хэн ч хэлэхээргүй болсон байв. Түүний хөдөлгөөн бүр нь дэлхий дээрх хамгийн
жаргалтай өрөвтас хэмээн өөрийгөө хэлж байх шиг санагдаж байлаа.

Ноён Эрменрих өөрийн бүх ёсорхог мэхийлт, мэндчилгээ, суултаа дуусгах үед
түүнийг Акка Кебнекайсе галуу хажуу тийш дагуулан аваачжээ.
-Ноён Эрменрих, би тантай нухацтай ярилцах хэрэгтэй байна. Өнөөдөр бид
цөмөөрөө Кулаберг уул руу явна. Харин манай сүрэг дунд нэг цагаан галуу… гээд
хөгшин Акка түгдэрчээ. Хүүг хүн гэж Акка галуу хараахан нэрлэж чадахгүй байлаа.
Тэр цагаан галууны таньдаг хүүхэд нь цуг нисэж байгааг та мэднэ. Тэгээд би бол тэр
хүүг бас бидэнтэй хамт яваасай гэж хүсэж байна л даа. Урьд нь би тэр хүүд
итгэхгүй, сэрдэж ханддаг байсаан. Гэхдээ одоо бол би тэр хүүг өөрийн сүргийн аль ч
галууны адил, батлан хариуцахад бэлэн байна. Тэр хүүхэд хэзээ ч биднийг хүмүүст
барьж өгөхгүй гэдгийг би мэдэж байна. Тэр ч байтугай, миний бодоход… Гэвч Акка
галуунд яриагаа дуусгах боломжийг өрөвтас өгсөнгүй.
-Хүндэт Акка Кебнекайсе минь! гэж өрөвтас чухалчлан хэлжээ. Миний ойлгож
байгаагаар, та Глиммингений ордныг гай зовлонгоос салгасан Нильс хүүгийн тухай
ярьж байгаа бололтой. Мянган саарал хархтай тэмцсэн тэр Нильс хүүгийн тухай
ярьж байгаа бололтой. Өөрийнхөө амь насаар дэнчин тавин байж миний эхнэрийн,
миний хүүхдүүдийн амь насыг аварсан тэр агуу Нильс хүүгийн тухай та ярьж байх
шиг байна. Бас …
-Тийм ээ тийм, тэр хүүгийн тухай хэмээн Акка Кебнекайсе галуу хэлж, Эрменрих
өрөвтасны сэтгэл догдолсон бадрангуй яриаг тасалжээ.
-Та тэгээд юу гэж зөвлөмөөр байна, ноён Эрменрих?
-Хатагтай Кебнекайсе хэмээн өрөвтас ёслол төгөлдөр хэлээд, хошуугаараа чулуу руу
хүчтэй цохиход цаад чулуу нь хоосон самрын яс шиг хагарчээ. Хатагтай Кебнекайсе,
хэрэв манай аврагч Нильс хүү бидэнтэй хамт Кулаберг уул руу явбал миний хувьд
нэр төрийн хэрэг гэж үзнэ. Өчигдөр би түүнд хүндэтгэлгүй хандсандаа одоо ч
өөрийгөө уучилж чадахгүй байна. Иймээс санаандгүй гэм буруугаа арилгахын тулд
би тэр хүүг өөрөө нуруундаа тээгээд нисмээр байна. Гэхдээ хошуундаа зууж биш,
нуруун дээрээ суулгаж ниснэ гэдгийг та санаасай гэж хүсэж байна. Ингэж хэлээд
ноён Эрменрих толгойгоо сэгсрэн, нугаршгүй шийдмэг төрхтэйгөөр урт хошуугаа
тэнгэр өөд жад мэт өргөжээ.
Өөрийг нь Кулаберг уул руу авч явах гэж байгааг, өрөвтас өөрөө нуруундаа суулгаж
явах гэж байгааг хүү мэдэх үедээ ихэд хөөрөн баярлаж, толгойноосоо ч өндөр
үсрэхэд бэлэн байв. Хэдийгээр тэр нь төдий л өндөр үсрэлт биш ч нэг ч хүн өөрийн
толгойноос өндөр үсэрч чадаагүй билээ. Эцэст нь баярын бүх бэлтгэл ажлыг хийж
дуусчээ. Өрөвтас урт хошуугаа Нильс хүүд найр тавин дэвсэж, хүү ч хошууг нь
дамжин ноён Эрменрихийн нуруун дээр гарч суужээ. Ийнхүү өрөвтас, Нильс хүү,
Мартин галуутай хамт бүх сүрэг аян замдаа хөдөлжээ. Ниснэ гэж юу байдгийг одоо
л Нильс хүү жинхэнэ ёсоор үзэж байлаа.
Нэгэн цагт гэрийн галуу Мартин хэчнээн хичээвч зэрлэг галуунуудыг гүйцэж
чадахгүй байсан шиг зэрлэг галуунууд ч өрөвтасыг гүйцэж чадахгүй байв. Бас тэгээд
ноён Эрменрих ч Нильс хүүд аль болох их цэнгэл эдлүүлэхийг хүсэж байжээ.
Иймээс тэр өрөвтас янз бүрийн уран нислэг агаарт байн байн үзүүлж байв.
Эрменрих өрөвтас өөрийн чадлаас ч хамаагүй даван гарч, нэг бол өндөр үүлэнд
тултал хөөрч, эсвэл далавчаа дэвэлгүй агаарт элин халин нисэж, эсвэл хөдөлгөөнгүй
зогсон, тэгснээ газар мөргөх нь ээ гэж санагдмаар чулуу мэт хурдан доош ойчиж
байлаа. Бас агаарт олон тойрог зурах мэт нисэж, эхлээд өргөн, дараа нь улам нарийн
тойргууд үүсгэж, эхэндээ алгуур тогтуухан, дараа нь улам хурдлан, хүүгийн амьсгааг
давхацтал нисэж байжээ. Тийм ээ, энэ бол жинхэнэ нислэг байлаа! Акка Кебнекайсе
галууны сүргийг нүдээрээ хайхын тулд хүү хааяахан арай чамай эргэн харж амжиж
байв. Галуун сүрэг ердийн заншлаар хатуу журамтай нисэж, галуунууд далавчаа
нэгэн хэмээр жигд дэвэн дэвэцгээсээр байлаа. Мартин галуу ч жинхэнэ зэрлэг галуу
шиг бусдаас хоцролгүй нисэж байв.
2
Кулаберг уулын огцом бэлүүд яг тэнгис дундаас дээш сүндэрлэн байх аж. Уулын
хормойг хүчтэй давалгаанаас хамгаалах ямар ч зурвас газар, элс байсангүй. Зөрүүд
давалгаа хэдэн мянган жилийн турш том үхэр чулуудыг балбан, исгэрэн шуугисан
цагаан хөөс болон задарч иржээ. Тэнгисийн давалгаанд элс, чулуу идэгдэн гүнзгий
агуйнууд үүсэж, хадан хонхор дотор таазтай мэт хаалгууд үүсгэж, уулсын хормойд
өргөн булангууд үүсгэн түрж орсон байв. Тэнгис, өөрийн туслагч салхитай хамтран,
нэг ч овон товонгүй, нэг ч үрчлээгүй, гялалзсан, мөлчгөр өндөр ханууд энд үүсгэсэн
нь дэлхийн хамгийн шилдэг чулуучин ч атаархмаар сайхан болгожээ.
Бас Кулаберг уулын бэлээр, модод хүчирхэг үндсээрээ чулуунаас зууран ургасан
байлаа. Тэнгисийн салхи тэрхүү моддыг гуядаж, газар руу бөхийлгөн, толгой өргөх
боломж бараг олгохгүй байжээ. Гэсэн ч тэр модод бууж өгсөнгүй. Модод яг уул руу
шахаж ургасан бөгөөд мөлхөө ургамал шиг навчис нь нүцгэн чулуун дээгүүр тарсан
байлаа. Тэрхүү халдашгүй уулын гүнд, нэг ч хүнд үл үзэгдэх, хүршгүй талбай байх
бөгөөд уулын оройг аварга том хутгаар үл мэдэх нэгэн аварга биетэн тайрсан мэт
тун жигдхэн талбай үүссэн байв.
Жилд нэг удаа, эрт хаврын цагаар дөрвөн хөлт болон өдөт бүх амьтад ийшээ амьтад,
шувуудын тэр том наадам руу ирдэг байжээ.
Энэ баярын цугларалтын өдрийг тогоруу сонгодог байв. Тэд цаг агаарыг маш сайн
таамаглаж хэзээ бороо орох, хэзээ тэнгэр цэлмэг байхыг урьдаас мэддэг байлаа.
Эртний заншлаар бол энэ их баярын үеэр амьтад, шувууд хоорондоо эвлэрэл
зарладаг байв. Энэ өдөр туулайн бүжин ч хэрээний яг дэргэд тайван зугаалж болох
бөгөөд тэрхүү далавчит дээрэмчдийн нэг нь ч бүжин рүү гуаглах ч үгүй. Харин
зэрлэг галуунууд үнэгний яг хамар доор ч аюулгүй алхаж болох бөгөөд нэг ч үнэг
тэдэн рүү муухай харах ёсгүй. Гэхдээ амьтад өөр өөрсдийн сүргээр цугларах бөгөөд
зуу зуун жилийн турш ийм л заншилтай байсаар иржээ. Байрлах газраа сонгохын
өмнө галуунууд эргэн тойрноо сайн ажиглалаа. Тэдний яг дэргэд олон салаа сэрийж,
эврийн бүхэл бүтэн төгөл үүсгэсэн байх нь бугын сүрэг байрласных байжээ. Тэднээс
холгүйхэн гал мэт улбар шаргал үнэгнүүдийн довцог харагдаж байв. Арай цаахна
талд нь саарал, бөмбөгөр толгой байх нь бөөгнөн хурсан туулайнууд байжээ.
Хэдийгээр галуунууд ямар ч аюулгүй гэж мэдэж байсан ч үнэгнүүдээс холхон газар
байраа сонгож авлаа.
Баяр эхлэхийг бүх амьтад тэсэж ядан хүлээж, Нильс хүү бүр ч яаран хүлээж байв.
Учир нь амьтад, шувуудын гайхамшигт наадмыг нүдээр үзэх хувь заяа оногдсон
анхны бөгөөд цорын ганц хүн бол Нильс байсан билээ. Гэвч Акка Кебнекайсе
галууны сүргээс бусад өдөтнүүд Кулаберг уул руу хараахан ирж амжаагүй учраас
баярыг эхлэлгүй хүлээж байжээ. Шувуудын сүргүүд нисэн ирж байгаа эсэхийг
Нильс хүү байнга ажиглан харж байв. Ноён Эрменрихийн нуруунд мордсон тэрээр
тэнгэрийг бүхэлд нь ажиглаж байжээ. Гэвч өнөөдрийн баярыг шувууд мартчихсан
мэт байлаа.
Тэнгэр тун цэлмэг, зөвхөн тэртээ алсад, яг тэнгэрийн хаяанд л жижигхэн бараан
үүлтэй байв. Харин тэр үүл улам томорсоор байсан бөгөөд тэгснээ яг Кулаберг уул
руу дөхөн нүүж, амьтад цугласан талбайн дээд талд ирээд эргэлджээ. Тэр үүл мэт
том, шувуун сүрэг бүхэлдээ дуулж, исгэрэн, жиргэж, нэг дээшлэн, нэг доошилж, дуу
авиа нь нэг сулран, нэг чангарч байлаа. Тэгснээ тэрхүү дуулагч үүл газар руу гэнэт
ойчих мэт бууж ирэхэд улаан, саарал, ногоон өнгөтэй уран жиргээ, хөөндэй,
бялзуухай зэрэг олон шувууд газрыг эрээн болтол бүрхэн таржээ.
Тэр үүлний араас хоёр дахь үүлэн сүрэг гарч ирлээ. Тэр сүрэг тосгон, хотын талбай,
эдлэн газар, уурхай, үйлдвэрийн алины ч дээгүүр өнгөрлөө гэсэн газраас саарал
тоосон багана хаа сайгүй дээшээ дэгдэж байв. Тэр том сүрэг Кулаберг уул руу дөхөж
ирэх үедээ томрон, өргөсөж, жинхэнэ болжморын аадар бороо болж асгаран буужээ.
Харин тэнгэрийн хаяанд хар хөх, аадар борооны мэт үүл харагдаж байлаа. Тэр үүл
Кулаберг руу ойртон, бүх амьтдад айдас төрүүлж, зузаан үүлэн хөшгийг нарны туяа
огт нэвтэлж чадахгүй болжээ. Шөнө шиг харанхуй болж, аймаар, нижигнэсэн
аянгын чимээ үүлсийн нэг үзүүрээс нөгөө рүү дамжин нүргэлж, гэнэт хар мөндөр
Кулаберг уул руу асгарлаа. Гэвч мөндөр арилах үед нар дахин гийгүүлж, талбай дээр
хэрээ, улаан хошуут, турлиах зэрэг хэрээн төрөлтнүүд далавчаа сэгсрэн дуугарсаар
алхаж эхэлжээ. Дараа нь тэнгэрт зуу зуун цэг, зураас үүсэж, жигдхэн гурвалжин
болон жигдэрснээ, төдөлгүй сунан шугам мэт болж, бас хагас тойргууд тэнгэрт
үүсгэж байв. Тэдгээр нь ойр орчны ой мод, намгаас хөөрөн ниссэн нугас, галуу,
тогоруу, сойр шувууд байжээ…
Эрт дээр үеэс Кулабергэд заншсан ёсоор хэрээнүүд нисэн наадмыг эхлүүлдэг байв.
Талбайн хамгийн алсын хоёр үзүүрээс хэрээнүүд бие бие рүүгээ нисэж, агаарт
тулгараад, дахин зүг бүр тийшээ тарж байлаа. Ийм бүжгээс илүү сайхан зүйл
байхгүй хэмээн хэрээнүүд өөрсдөө боддог байжээ. Гэвч бусад бүх амьтдад тэр
бүжиг нь нэлээд ойлгомжгүй, төвөгтэй санагддаг байв. Чухам ийм учраас баярыг
сүүлд муутгахгүйн тулд хэрээнүүдийг эхлэн тоглуулдаг байжээ. Эцэст нь хэрээнүүд
намжин номхорч, талбай руу туулайнууд давхилдан гарч ирэв. Харин туулайн
сүргийн тэр тоглолт жинхэнэ хөгжөөн, баясгалан болжээ.
Туулайнууд үсрэн, толгой дээгүүрээ годройтож, зарим нь газраар дугуй мэт
бөмбөрөн, зарим нь нэг хөл дээрээ, бас зарим нь бүр толгой дээрээ явцгааж байлаа.
Туулайнуудад өөрсдөд нь ч хөгжилтэй, бас тэднийг үзэж байгаа амьтдад ч
хөгжилтэй байжээ.Туулайнууд үсэрч, тонгочихгүй байхын ч аргагүй байв. Хавар
болж байна шүү дээ! Хүйтэн өвөл дууслаа! Өлсдөг үе дууслаа!
Туулайнуудын дараа сойр шувуудын ээлж эхэллээ. Гялалзсан хар өд, тод улаан
хөмсөгтэй, чухал царайлсан, баргар сойр шувууд модон дээр сууцгааж байлаа.
Хамгийн дээд мөчир дээр суусан сойр шувуу түрүүлэн дуугаа дуулжээ. Тэрээр
сүүлээ өргөж, хар өдөн дороос цагаан өд гарган, хүзүүгээ сунгаад, нүдээ
бүлтийлгэж, исгэрэн, дуржигнатал дуугарч байв.
-Зис. Зис. Так так так!
Арай доохно сууж байсан гурван сойр шувуу эхний сойрын дууг түрэн авахад тэр
дуу нь мөчрөөс мөчирт дамжин модон дотуур тархаж, тэгээд бүх сойр шувууд даган
дуулцгаажээ. Дараа нь тэр мод бүхэлдээ дуулан исгэрч, удаан хүлээсэн хаврын мэнд
хүргэж байлаа. Сойр шувуудын дуу бүх амьтдад таалагдаж, хамаг амьтад даган
дуулахад бэлэн байжээ. Харин хур шувуу ээлжээ хүлээж тэсэлгүй хэт баярласандаа
хамаг хоолойгоороо:
-О-р-р. О-р-р. О-р-р. хэмээн даган дуулж гарлаа. Тэр дуунд бүх амьтад автагдан
чагнаж байсан учир нэгэн үнэг сэмхэн гэтсээр Акка Кебнекайсе галууны сүрэг рүү
дөхөхийг хэн ч анзаарсангүй. Тэр бол өнөөх гайхал Смирре үнэг байжээ.
-Галуунууд аа! Сэрэмжлээрэй! Сэрэмжлээрэй! гэж бяцхан болжмор гэнэт дохио өгч
амжив.

Харин үнэг өнөөх болжмор руу ухасхийж, сарвуугаараа ганцхан алгадан


хөнөөчихжээ. Гэвч галуунууд цөмөөрөө аль хэдийнэ дэрхийн хөөрч амжсан байлаа.
Смирре үнэг уурлан хорссондоо улих мэт гаслан дуугарав. Тэрээр Акка галуу,
түүний сүргээс өс хонзон авах гэж олон өдөр, шөнө бодсон байжээ. Тэгээд энд Акка
галууны сүргийг хараад хаврын баярын хамаг ариун заншлыг мартаж, хорвоогийн
хамаг зүйлсийг мартсан байлаа. Ийнхүү Кулабергийн энх тайван байдал зөрчигдөх
нь тэр! Ийм хачин явдал хэзээ ч тохиолдож байсангүй.
Зэрлэг галуунууд руу Смирре үнэг дайрахыг оролдож, бас хөөрхий болжморын
амийг хөнөөхийг бүх амьтан харсан учир маш их уурсан хилэгнэж байжээ. Бусад
үнэг хүртэл өөрийн төрлийн Смирре үнэгэнд эрс дургүйцэн эсэргүүцлээ. Тийнхүү,
тэр даруй газар дээр нь шүүх хурал явуулав.
Ялын тогтоол нь “Амьтад, шувуудын агуу их баярын цугларалтын өдөр энх тайван
байдлын мөнхийн хуулийг зөрчсөн ямар ч амьтан өөрийн сүргээс бүрмөсөн
хөөгдөнө. Смирре үнэг энэ хуулийг зөрчсөн учраас манай газар дээр түүний хөл
дахин гишгэх ёсгүй” хэмээн шийджээ. Харин Смирре ямар хэрэг өдүүлснийг бүх
амьтдад мэдэгдэхийн тулд хамгийн ахмад настай нэгэн үнэг түүний чихийг тас хазан
тэмдэглэжээ. Ичмээр байдалд орж, шившгээ дэлгэн, чихээ тас хазуулсан Смирре
үнэг дайжин давхисан бөгөөд араас нь бүх үнэгний уурсан хашгиралдах нь удтал
сонсодсоор байлаа…
Ийнхүү, Смирре үнэгийг шийтгэсний дараа сойр шувууд, хур шувууд өөрсдийн
дуугаа үргэлжлүүлжээ. Ойн тэдгээр шувууд дуулж эхлэх үедээ юу ч харж, юу ч
сонсож, юу ч ойлгохгүй болдог араншинтай байв. Эцэст нь дуучид өөрсдөө ч цуцсан
учир дуугүй болжээ. Одоо талбай дээр буганууд гарч ирлээ. Тэд алдартай тулаанч
ажээ. Нэгэн зэрэг хэд хэдэн буга мөргөлдөж үзүүллээ. Буганууд толгойгоо бие
биедээ тулган, эвэр нь ороолдох шахаж, хөл дороос нь шороо манаран, чулуу үсэрч
байлаа. Буганууд бие бие рүүгээ ухасхийхдээ маш дайчин хуухиран дуугарч байсан
учир тэнд байсан бүх амьтад, шувууд тулаанч араншинтай болжээ. Шувууд далавчаа
тэнийлгэн засаж, араатан амьтад хумсаа хурцалж байв. Хаврын улирал бүхий л
амьтдад шинэ эрч хүч өгч, амьдрах, тэмцэх хүчийг сэрээж байлаа. Бугануудын
мөргөлдөөнийг үзэж байгаа бусад бүх амьтад ч бас өөрсдийн зориг, чадлыг
харуулахыг хүссэн учраас энхийн баяр сүүлдээ бүх нийтийн зодоон болохоос яг
өмнөхөн буганууд тэмцээнээ дуусгаж чаджээ.
-Одоо тогорууны ээлж! Одоо тогорууны ээлж! хэмээх хашгиралт Кулаберг уулан
дээгүүр сонсдож эхлэв. Ийнхүү талбай дээр тогоруунууд гарч иржээ. Тэд урт гоолиг
хөлтэй, уян хүзүүтэй, жижиг шовгор толгойдоо улаан хөхлөгтэй шувууд байлаа. Тэд
далавчаа бүрэн тэнийлгэн дэлгэж, газраас нэг хөөрөн, бас буцаж газарт шүргэн нэг
хөл дээрээ түргэн эргэлдэж байв.
Тэр талбай дээр шувууд биш, саарал сүүдрүүд эргэлдэн хөдөлж байх шиг санагдаж
байжээ. Тогоруу шувуунд тийм хөнгөн, чив чимээгүй гулсахыг хэн зааж өгсөн юм
бол? Намгийн дээгүүр хөшиглөдөг хөвөн цагаан манан зааж өгсөн юм уу? Эсвэл
газар дээгүүр дураар үлээдэг чөлөөт салхин заасан юм уу? Эсвэл тэнгэрт хөвөн
нүүдэг хурган үүлс зааж өгсөн юм болов уу?
Кулабергэд ирсэн бүх амьтад ид шидэнд автсан мэтээр тогоруу шувуудыг ажиглан
харж байлаа. Үзэгч шувууд далавчаа аяархан өргөж, буулган, амьтад биеэрээ хоёр
тийшээ ганхан, нэг хэсэг нь тогорууны бүжгийн аяар сүүлээ хөдөлгөж, нөгөө зарим
нь эврээ хөдөлгөж байлаа. Тогоруунууд эргэлдэн бүжсээр нар уулсын цаагуур ортол
бүжиглэв. Тэгсээр тэдний саарал далавч үдшийн бүрийд уусан харагдахгүй болох
үед тогоруунууд тэнгэрт хөөрөн нисэж, алсад үзэгдэхгүй болжээ. Ийнхүү амьтдын
их баяр дууслаа!
Амьтад, шувууд ч өөр өөрсдийн сүрэгт ойртохыг хичээж, Кулабергээс явахаар яарч
байв. Глиммингений ордон руу галуунууд буцаж ирэх үед аль хэдийнэ харанхуй
болсон байжээ.
-Өнөөдөр бүгдээрээ тайван унтаж болно. Одоо Смирре үнэгнээс айхгүй байж болно.
Маргааш өглөө үүр цайхад замд гарцгаая. Галуунууд ч унтаж амрахдаа баяртай
байжээ. Тэгээд далавчин доороо толгойгоо хийгээд даруйхан унтацгаав. Харин
Нильс л унтаж чадсангүй. Гүн шөнө болсон хойно Мартин галууны далавчин
доороос хүү сэмээрхэн гарч иржээ. Тэгээд ийш тийш харж, өөрийг нь хэн ч хараагүй
байгааг мэдээд ордон руу түргэн алхлаа. Нильс чухал ажилтай байжээ. Тэрээр ямар
ч байлаа гэсэн Флимнеа уультай заавал уулзахыг хүсэж байв. “Ойн одой хаана
амьдардгийг тэр уулинаас мэдэж авах хэрэгтэй. Мэдэж авбал, тэр ойн одой дэлхийн
хязгаарт амьдардаг байсан ч заавал эрж олно. Дахин хүн болохын тулд бүх зүйлийг
хийнэ” хэмээн хүү шийдсэн байжээ.
Ордон руу ирээд хүү удаан тойрон явж, Флимнеа ууль цамхаг дээр хаа нэгтээ байгаа
эсэхийг олж харахыг хичээв. Гэвч түнэр харанхуй болсон учир хүү өөрийнхөө гарыг
ч олж харахааргүй байлаа. Тэгээд ч хүү ихэд даарсан учир буцахыг бодож байтал
гэнэт ууль шувуудын дуу сонсогджээ. Хүү толгой өргөн харвал нүүрсний улаан цог
шиг дөрвөн нүд харанхуйд харагдав.
-Одоо бол тэр торго шиг болсоон… Урьд нь тэр хүүхэд амьтдыг огт тайван
байлгадаггүй байсан хэмээн нэг ууль нөгөөдөө ярьж байв.
Бүх амьтдад тэр хүү төвөг удаж байсан. Хэчнээн шувууны үүр сүйтгэж, хэчнээн
ангаахай, дэгдээхий хөнөөсөн гээч. Нэг удаа бүр … гээд өнөө ууль аяархан
шивэгнэж,
-Түүний хийсэн зүйлийг хэлэхэд ч аймаар байна. Бүр ойн одойгоор хүртэл тэр хүү
тоглоом хийчихсэн шүү. Тэгээд ойн одой тэр хүүг илбэдсэн юм гэсэн …
-Тэр хүүхэд тэгээд дахиж хүн болохгүй юу гэж хоёр дахь ууль асуулаа.
-Одоо эргэж хүн болоход хэцүү дээ. Яагаад ийм байх хэрэгтэйг чи мэднэ биз дээ?
-Юу гэнээ? Яагаад?
-Энэ бол нууц. Би зөвхөн чиний чихэнд л хэлье…Тэгээд харанхуйд гялалзах нэгэн
хос нүд нөгөө хос нүд рүү тун ойртохыг хүү харжээ. Нильс хэчнээн чармайн
чагнасан ч юу ч олж сонссонгүй. Тэгээд ордны ханын дэргэд удтал зогсож, ууль
шувууд дахин ярих байх гэж хүлээжээ. Гэвч ууль шувууд ханатлаа шивэгнэлдсэний
дараа холдон нисэцгээв. “Би дахиад хэзээ ч хүн болж чадахгүй бололтой” гэж хүү
гуниглан бодсоор галуун сүрэг рүүгээ буцжээ.
Долоодугаар бүлэг. Хөөцөлдөөн
1
Борооны улирал эхэлж байлаа. Тэнгэр бүхэлдээ гунигт саарал үүлсээр бүрхэгдэж,
үүлсийн цаагуур нар шургах мэт орж, нар ер хаа байгааг хэн ч тааж чадахгүй болсон
байв. Борооны хүнд дуслууд шувуудын далавч руу шавхарсаар байлаа. Галуунууд
бие биетэйгээ ч үг солилгүй, дув дуугүй ниссээр, зөвхөн Акка Кебнекайсе галуу л үе
үе эргэн харж, тэрхүү нойтон саарал манан дунд хэн нэг галуу хоцорч, гээгдэхээс
сэрэмжилж явжээ. Нильсийн урам хугарсан байв. Мартин галууны нуруун дээр
тэрээр бороонд шалба норж, даарчихсан явж байлаа. Галуун сүрэг хоноглох газраа
буух үед ч хүү дулаацаж, эгшиж чадахгүй байжээ. Эргэн тойронд хаа сайгүй
шалбааг, нойтон хүйтэн газар л байлаа. Моддын мөчир доор ч борооноос халхалж
чадахгүй бөгөөд жаахан салхи үлээхэд мөчрүүд чичрэн хүүгийн толгой, хувцас, мөр
рүү вандуй шиг том, хүйтэн борооны дуслууд унаж байв.

Өлсөж, дааран чичирсэн Нильс хүү Мартин галууны далавчин доогуур шургаад,
төрөлх Вестменхег тосгондоо байгаа бол хэчнээн сайхан бэ гэж гуниглан бодож
байлаа. Үдэш болоход байшингууд дотор дэнлүү асаадгийг хүү санаж байв. Бүгд гал
голомтоо тойрон сууж, ажлын дараа амран, ширээн дээрх халуун кофеноос уур
савсан, шинэхэн талхны анхилуун үнэр ханхалдаг билээ. Харин Нильс намгийн дов
сондуул дунд гурав атиран эвхэрч, галууны далавчин доор нуугдан, газраас түүсэн,
муудсан самар цөмөхөөс өөр аргагүй болж байлаа. Буцаад яаж хүн болох билээ?
Өөрөөс нь ойн одой юу хүсэж байгааг яаж мэдэх билээ?
Одой хүний хүслийг мэдэхийн тулд Нильс арифметикийн сурах бичиг доторх бүх
бодлогыг бодож, хэл зүйн бүх дүрмийг цээжлэхэд ч бэлэн байжээ. Гэвч дэлхий дээр
ганц ч хүнтэй зөвлөж ярих боломж хүүд гарсангүй. Хааяа тосгон, хотын захад
ойрхон хоноглох газраа галуун сүрэг сонгоход ч хэн хүнтэй ярих нь бүү хэл, хүмүүс
амьдарч байгаа байшин руу дөхөж очихыг ч хүү зориглохгүй байжээ. Одоо яаж ч
хүмүүсийн нүдэнд харагдах билээ дээ? Өөрийг нь ямар нэгэн этгээд шавьж шиг
сонжин харж, инээлдэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй гэж хүү бодож байв. Ерөөсөө нэг ч
хүн намайг харахгүй байг л дээ! Харин галуунууд улам холдон ниссээр Нильс хүүг
алсын алс хойд нутаг руу ойртуулсаар байжээ.
2
Үнэгний сүргээс Смирре үнэг шившигтэй хөөгдсөн тэр үеэс хойш аз хийморь
түүнийг бүрмөсөн орхисон мэт байлаа. Турж, уурласан Смирре үнэг ой дотуур
тэнэж, идэх юм ч, орох газар ч олж чадахгүй тэнэсээр явжээ. Өлссөн үнэг нэгэн удаа
том боргоцой олж, хатсан самрыг дотроос нь сэмхэн идэхээс аргагүй болсон байв.
-Пөөх, ямар сонин юм бэ. Ямар сонин юм! Цөмөөрөө хар даа. Хараарай! Смирре
үнэг өвс, боргоцой л иддэг болж. Туулайнууд ойн чөлөөнд тайван бүжиглэж болох
нь. Шувууд өндгөө нуух хэрэггүй болох нь. Смирре үнэг одоо ямар ч амьтанд ам
хүрэхгүй. Энэ үнэг зөвхөн өвс, боргоцой л иддэг болж хэмээн үнэгний толгой дээр
нэгэн амьтан хашгирч байв. Тэсэлгүй уурласандаа Смирре үнэг шүдээ хавирч
байжээ. Хэрэв үнэг улбар шар өнгөтэй байгаагүй бол уурлаж, хорссондоо чихнийхээ
үзүүрээс сүүлний үзүүр хүртлээ час улайх байсан биз. Смирре үнэг боргоцойг
чулуудаад толгойгоо дээш өргөжээ.
-Аа, урт сүүлт шаазгай чи юу? Чи ч цагаа олж надтай таарлаа даа. Би хушны
боргоцойгоор яг шүдээ хурцалж байсан юм.
-Дэмий л хичээж дээ, эрхэм ноёнтон минь! Миний өдийг чиний шүд даахгүй л дээ
гэж шаазгай хашгираад Смирре үнэгийг өдөн даажигнахын тулд доод талын мөчир
рүү үсрэн буужээ. Гэвч ингэх нь шаазгайн хувьд тун болгоомжгүй үйлдэл байсныг
шаазгай өөрөө тэр даруй ухаарав. Түүнийг сүүлээ ч татаж амжаагүй байхад Смирре
үнэг дээш үсрэн урд хоёр хөлөөрөө шаазгайг шүүрэн барьж амжжээ. Шаазгай
далавчаа дэвэн сарвалзсан ч нэгэнт баригдсан байлаа.
-Аяар, аяар. Чи миний сүүлийг тасаллаа шүү дээ гэж шаазгай хашгичжээ.
-Би сүүлийг чинь байтугай толгойг чинь тасална даа гэж үнэг архиран шүдээ
ярзайлгав.
-Тэгвэл чи л өөрөө эхэлж харамсана даа хэмээн үнэгний саварт базуулсан шаазгай
шагшрав.
-Хэрэв чи миний толгойг тасалбал чамд зориулж миний хадгалсан шинэ мэдээг чи
сонсож чадахгүй дээ.
-За ямар мэдээ юм? Бушуу хэл, чи. Тэгэхгүй бол чамайг тэр мэдээтэй юутай чинь
залгичихна шүү.
-Юу болсон бэ гэхээр, энд саяхан Акка Кебнекайсе галуун сүрэг ирсэн…
-Яагаад одоо болтол хэлээгүй юм, хоосон үгт чи. Галуун сүрэг хаана байна? Хэл
хэмээн Смирре үнэг хуцах мэт дуугарав.
-Хэрэв чи миний сүүлийг тавьбал би дуртай хэлж өгнө хэмээн шаазгай эвтэйхэн
хэллээ.
-Тэртэй тэргүй чи хэлэх л ёстой гэж үнэг архираад, өөрийн үгийн баталгаа болгож
шаазгайг ширүүн гэгч нь сэгсчилээ.
-Хариул, чи. Сүрэг хаана байна? Аль зүгт ниссэн бэ? Хаашаа ч мултарч чадахгүй
болсноо шаазгай ойлгожээ.
-Галуунууд Роннебю эрэг рүү ниссэн. Би зориуд очиж яриаг нь чагнаад чамд
түрүүлж хэлэх гээд тосож байсан юм. Чи тэгээд энэ эв найрамдлын минь хариуд
намайг идэх гэж байгаа юм уу?
-Хэрэв чи тарган байсан бол би тэр найрамдлыг чинь тоохгүй идчих байсан. Даанч
чи их туранхай байна. Ердөө сүүл, чалчдаг хэл хоёр л юм. За яах вэ, яв яв. Хэрэв
худлаа ярьсан байвал сайнаа үзэхгүй гэж мэдээрэй. Тэнгэрээс ч чамайг барьж
дөнгөнө шүү. Үнэг миний чамд хэлэх үг энэ шүү! Ийнхүү салахын өмнө шаазгайг
дахин нэг удаа сэгсрээд үнэг цаашаа мөрөө хөөлөө.
3
Үдэш болох үед зэрлэг галуун сүргийг Смирре үнэг гүйцэж очжээ. Тэгээд өндөр,
огцом эрэг дээрээс харж гүехэн устай нарийн элсэн дээр байгаа Акка Кебнекайсе
галууны сүргийг үнэг олж харжээ. Сүргийг танихад ч төвөггүй байв. Мартин
галууны тод цагаан далавч нь холоос, бүр харанхуйд ч амархан танигдаж байлаа.
Хоноглох газраа галуунууд хамгийн сайн сонгосон байжээ. Нэг талаас, тэр газар нь
огцом хадаар, нөгөө талаас, мөсний хэмхэрхийнүүд түргэн урсаж байгаа ширүүн
урсгалаар хамгаалагдаж байв. “Үгүй ээ, би энэ хадаар бууж чадахгүй юм байна.
Тэнд хөл тавих ч газар алга” гэж Смирре үнэг доош харан өөртөө хэллээ.

Тэгснээ үнэг гэнэт чихээ сортойлгов. Түүнээс хоёрхон алхам зайд нэгэн амьтан
модон дээгүүр болгоомжтой авирч байлаа. Үнэг толгойгоо ч хөдөлгөлгүй, нүднийхээ
булангаар сэм ажиглажээ.
Нэгэн жижигхэн, шалмаг суусар бүх биеэрээ мурилзан хөдөлж, толгойгоо доош
унжуулан модон дээгүүр мөлхөж байв. Муужруулсан нэгэн ангаахайг өнөөх суусар
амандаа зуусан байлаа. Смирре үнэг өлсгөлөн байсан ч суусрын зуусан олзонд
атаархсангүй. Үнэг өөр зүйлд атаархаж байв. “Би энэ суусар шиг авирдаг болох
юмсан” гэж Смирре бодож байжээ.
-Тэгвэл ч хөгшин Акка галуу, сүрэгтэйгээ одоо энэ элсэн дээр унтаж чадахгүй л
дээ… Гэлээ ч гэсэн энэ галуунууд надаас мултарч чадахгүй ээ.
Олзыг нь булаах гэж байна гэж суусарт санагдуулахгүйн тулд Смирре үнэг модноос
жаахан холдоод найртай дуугаар:
-Сайхан уулзалт байна шүү гэлээ. Харин үнэгнээс цэрвэсэн суусар илүү дээш авирах
нь зөв гэж бодсон бололтой. Тэгээд бараг ганц агшны дотор модны хамгийн оройд
гарчихжээ.
-Чи хаачих нь вэ, зогсооч. Би чамд сайхан хооллоорой гэж л хүсэх гэсэн юм шүү дээ
хэмээн Смирре үнэг хэллээ. Харин чи ийм хурдан самбаатай байж өчүүхэн хүнсээр
ходоодоо борлуулж байгааг чинь гайхаж байна шүү… Гээд яахав дээ, амьтан бүхэн л
өөрийн сонирхолтой юм даа. Суусар юу ч дуугарсангүй.
-Гэхдээ л би чамайг ойлгохгүй байна хэмээн үнэг шантралгүй ятгалаа. Дэргэд чинь
бүхэл бүтэн галуун сүрэг байна. Алийг нь ч сонгоод зуугаад авч болно шүү дээ.
Тэгэхэд чи зовсон дорой ангаахай л оролдож байх юм. Суусар олзоо идэж дуусаад
доош бууж ирлээ.
-Үнэг чи өөрөө яагаад цаг алдаад байгаа юм? Улбар шар зальт чи ч худлаа л ярьж
байгаа даа.
-Итгэхгүй байвал чи өөрөө хар л даа. Би бол тэртэй тэргүй цатгалан байна гэж
Смирре хэллээ. Суусар модноос бууж жалга руу гүйж очоод доош харлаа.
-Нээрээ тийм байна шүү, галуунууд гэж суусар хэлээд жалга руу чадамгай бууж
эхэлжээ. Түүний хөдөлгөөн бүрийг үнэг сайтар ажиглаж байлаа. “Надад хүнс
олдохгүй ч гэсэн өөрийн бүх гомдол, хорслын өшөөг энэ тэнэмэл галуунуудаас авна
даа” хэмээн үнэг бодож байв. Харин суусар улам доошлон, заримдаа нэг сарвуу,
хааяа нөгөө сарвуун дээрээ тогтон, зуурах юм огт байхгүй газарт могой мэт мөлхөж
байжээ.
Үнэг ч суусарыг нүд салгалгүй ажсаар байв. Ийнхүү суусар яг голын дэргэд очжээ.
Одоо тэр гүехэн устай газарт хүрнэ. Смирре үнэг амьсгаа даран сууж, амь тавихын
өмнө нэгэн галуу ганганан дуугарахыг хүлээж байлаа. Гэнэт өнөө суусар ус руу
палхийн ойчихыг үнэг харах үед шувуудын далавч чанга чанга дуугаран галуун
сүрэг бүхэлдээ агаарт нижигнэтэл дээш хөөрчээ. Галуунуудыг үнэг тоолж шалгахад
сүрэгт урьдын адил арван дөрвөн галуу нисэж байв.
- Нисчихлээ, дахиад л мултарчихлаа гэж үнэг архирчээ.
- Энэ тэнэг суусар тэднийг шал дэмий үргээчихлээ…Одоо би энэ суусартай тооцоо
хийнэ дээ гээд үнэг шүдээ хавирлаа. Гэвч өнөө суусрыг дахин эрэг дээр гарч ирэх
үед үнэг түүн рүү тоож харахыг ч хүссэнгүй. Цаадхынх нь төрх байдал туйлын
арчаагүй, дорой байжээ. Суусрын урт ноос, үснээс ус асгарах мэт гоожиж, хүндэрч,
нэвт норсон сүүл нь газар чирэгдэж байв. Суусар амьсгаадан, урд хоёр хөлөөрөө
толгойгоо байн байн арчиж байлаа.
-Чи ч суусар биш, эв хавгүй баавгай л юм даа гэж үнэг жигшин хэлжээ. Хамаг ажил
нураачихлаа.
-Би яагаад буруутай юм хэмээн суусар дорой дуугарав. Би яг дэргэд нь очсон шүү
дээ. Барих галуугаа ч сонгосон. Хамгийн том, тарган, цагаан галууг нь … Харин тэр
галуу миний толгой руу чулуу шидчихлээ. Би зүгээр байж байгаад ус руу унахгүй
шүү дээ… Хачин юм аа. Галуу мөртлөө чулуугаар шидэж байдаг. Хэрэв өөр амьтан
надад тэгж хэлсэн бол би огт итгэхгүй дээ.
-Чи өөртөө ч битгий итгэ. Тэр чинь галуу биш. Тэнд нэг хараал хүрмээр хүүхэд яваа
юм.
-Юу яасан хүүхэд? Битгий зохиогоод бай. Тэнд чинь дандаа галуунууд л байсан шүү
дээ… Гэвч Смирре үнэг одоо суусрын үгийг сонсохоо больж галуун сүргийн
хойноос хөөн оджээ.
4
Галуунууд голын дээгүүр алгуурхан нисэж байв. Тэнгэрт сар өндөр гэрэлтэж, хадан
цохион дундуур голын ус гялалзан, хар тууз мэт мушгирсан байхыг галуунууд сайн
харж байлаа. Голын хоёр талаас хадан цохионууд хавчиж, том том чулуугаар замыг
нь саатуулсан учир голын ус эцэстээ бүр газар доогуур шургаж орсон байв. Гэвч
мөнөөх голын ус газар доор ч өөртөө зам гарган урсаж, газар дээр гарч ирэхдээ
оргилон буй хүрхрээ болж, хавцлын ёроол руу асгаран, усан хөөс, үүсгэж байлаа…
Тэнд, хүрхрээний хормойд, гулсамтгай мөлчгөр чулуунууд дээр, эргэлдэн урсах
усан эргүүлэг дунд галуунууд шөнийг өнгөрүүлэхээр сонгожээ. Гэхдээ тайван
амрахад хамгийн тухтай газар гэж тэр газрыг хэлэх боломжгүй, сэрэмж алдах
төдийд ширүүн урсгалд хамагдан одохоор байв. Гэвч зэрлэг араатан амьтдаас бол
найдвартай хоргодох газар байлаа. Галуун сүргийг олж харах үедээ Смирре үнэг тэр
хоргодох газрыг тун сайн ойлгожээ. Галуунууд түүнд хэзээ ч тийм ойрхон
байсангүй. Бас тэдэн рүү хүрэхэд хэзээ ч одоогийнх шиг ийм хэцүү байсангүй.
Өлсөж, уурласандаа чичирсэн үнэг ширүүн урсгалын дэргэд унтаж байгаа галуунууд
руу харан зогсож байлаа. Харин үнэгний аз болоход амандаа загас зуусан нэгэн
халиу усан дотроос гараад иржээ.
“Энэ чинь л надад тусална шүү” гэж үнэг бодов. Тэгээд мөнөөх халиуг айлгахгүйн
тулд алгуурхан дөхөж:
-Сайхан хооллоорой! гэжээ. Харин үнэг рүү нүд буландан харсан халиу арагшаа
ухарлаа.
-За чи битгий ай! Битгий ай! Тухтайхан хоолло гэж үнэг аядуухан хэлэв. Харин
үнэнийг хэлэхэд чи ийм муу хоол идэж чадна гэдэгт би хэзээ ч итгэхгүй байна шүү.
Барьсан загасаа яаран залгиж, хэл амаа долоосноо өнөө халиу:
-Миний бодоход, чи өөрөө ч гэсэн загас идэхээс татгалзахгүй биз дээ.
-Үгүй ээ, би галууны маханд илүү дуртай гэж үнэг тоомжиргүй мэт хэллээ.
-Галууны мах ч муугүй шүү. Гэхдээ хаанаас олж идэх билээ?
-Яг хамар доор чинь байгааг чи харахгүй байгаа юм уу?
-Хаана байна гэж? хэмээн халиу асуув.
-Тэр том чулуу руу хоншоороо эргүүлээд хар даа. Тэгвэл олж үзнэ. Гэхдээ чи тийшээ
сэлж хүрч чадахгүй л дээ. Халиу бүх биеэрээ түргэн эргэнгүүт галуун сүргийг олж
харжээ. Тэгээд ганц ч үг хэлэлгүй ус руу шумбан орж, галуунууд унтаж байгаа хад
руу шууд сэлж эхлэв. “Намайг энэ галуунууд руу сэлж хүрэхгүй гэж энэ үнэг яаж
хэлж чадаж байна аа?” хэмээн халиу бодох тусмаа хүч нэмж байжээ. Харин үнэг
эрэг дээр суугаад сүүлээ чадамгай удирдаж, дөрвөн хөлөөрөө түргэн сэлж байгаа
халиуг атаархан харж байлаа. Гэхдээ, энэ удаа халиунд ч бас хэцүү байжээ. Усны
урсгал тэр халиуг байн байн арагш, хажуу тийш чулуудаж, бас байран дээр нь
эргэлдүүлж байв. Гэвч халиу зорьсон газартаа хүрч чадаад, том хад өөд сэм авиран
гарчихлаа.
-За бариад ав, хурдхан бариад ав хэмээн үнэг шивэгнэж, тэсэж ядсандаа хөл дээрээ
тогтож ядан харж байв. Халиу өөртэй нь олзоо хуваана гэж үнэг төдий л найдахгүй
байсан ч өш хонзон авах хүсэл нь үнэгийг өлсөхөөс илүү зовоож байлаа. Гэнэт
халиу хангинатал чанга чарлаад, бөмбөрөн өнхөрч, ус руу цүлхийн ойчжээ. Ширүүн
урсгал халиуг даруй тосон авч, муурын бяцхан зулзага мэт эргэлдүүлж
годройтуулсаар урсган одлоо. Тэр даруй галуунууд ч агаарт дэрхийтэл хөөрч, алсад
нисэн оджээ.
-Үгүй ээ, өнөө шөнө та нар яасан ч унтаж амарч чадахгүй гэж үнэг хорсон хэлээд
сүргийн хойноос ухасхийн давхилаа. Тийнхүү үнэг хөлөө үл хайрлан давхиж
явахдаа чулуунд тээглэн нүх сүв рүү ойчиж, унаж байв. Өөрийнх нь толгой дээгүүр
нисэж байдаг арван дөрвөн галуунаас өөр юуг ч үнэг бодохгүй байлаа. Тийн хурдан
давхиж явахдаа ямар нэгэн зөөлөн, гулсамхай, нойтон зүйл дээр үнэг гишгээд, хөл
дээрээ тэнцэж чадалгүй ойчжээ.
-Хөөе, хөөе. Аяар гэм гэж үнэгний доороос нэгэн амьтан дуугарав.
-Хм, дахиад л чи юу? Муу нойтон халиу чи гэж үнэг архирлаа. Чи намаг дотор л
сууж, шанаган хорхой барьж байвал таарна… Бас халиу гээд байгаа шүү!
-Хэлэхэд ч чамд амархан л байгаа. Харин би бараг сарвуугүй болж хоцорсон шүү. Би
галуунуудын бүр дэргэд очсон шүү дээ… Нэг галууны далавчнаас бариад авсан…
Тэгтэл хурц жад шиг нэг юмаар миний сарвуу руу гэнэт хатгачихлаа… Ямар аймаар
гэмтээснийг чи өөрөө хар л даа гээд шархалсан сарвуугаа халиу өргөн харуулав.
Үнэхээр ч халиуны сэлүүр бүхэлдээ зүсэгдэж, цустай уранхай мах мэт унжиж
байлаа.
-Дахиад л нөгөө хүүхдийн хийсэн хэрэг гэж Смирре үнэг хэлээд нойтон халиун
дээгүүр алхан гарч, цааш давхижээ.
5
Цуцсан галуунууд нэгэн ганцаардмал хадан цохиог алсад олж харах үед шөнө бараг
шувтрах дөхөж байлаа. Тэр хадан цохио нь аварга том хүний босгосон эрхий хуруу
шиг, бусад хаднууд дундаас цухуйж байжээ. Тэр хад найдвартай хоргодох газар
учраас галуунууд сүүлчийн хүчээ шавхан тийшээ нисэцгээв. Смирре үнэг ч бас
сүүлчийн хүчээ шавхан сүрэг галууны хойноос давхисаар байв. Гэвч газар дээгүүр
давхихад тэнгэрээр нисэхээс илүү урт зам туулж байлаа. Тийн өнөөх хадны хормой
руу үнэг давхин ирэхэд галуунууд хадны орой дээр аль хэдийнэ унтацгааж байжээ.
Хашир анчны туршлагатай нүдээр тэр хадыг Смирре үнэг шинжин ажиглав.
“Оролдохын ч хэрэггүй, хөлөө л хугалах юм байна. Гэхдээ галуунуудыг зугаацуулж
өгч болно” гэж үнэг бодлоо. Чингээд үнэг хойд хоёр хөл дээрээ оцойн сууж,
хошуугаа дээш өргөн ульж, гасалж, шүдээ хавирч, хэлээ дуугарган шовширч
эхэлжээ… Үнэгний гаргасан дуу чимээ бүрийг цуурай гурав дахин давтаж байсан
учир эргэн тойрны агаар чичирхийлэх мэт дуугарч байв. Үнэг дэмий ч
чармайсангүй. Галуунууд сэрж, хөдөлцгөөн, сэтгэл нь түгшин гуугалж эхэллээ. Гэвч
Акка Кебнекайсе галууны огцом дуу тэднийг зогсоож:
-Аюул байхгүй ээ. Тайван унтацгаа! гэжээ. Галуунууд чимээгүй болох үед үнэг хэсэг
амран нэг минут хэртэй дуугүй болов. Энэ үед Акка галуу хадан цохионы яг ирмэг
рүү хүрч ирээд:
-Смирре чи л энд үймүүлж байна уу? гэлээ.
-Тийм ээ, би байна. Намайг хамгаалагчаа болгож хөлслөхгүй юм уу? Тэгвэл нэг ч
суусар, нэг ч халиу та нарыг үймүүлэхгүй дээ. Та нар ч өнөө шөнө олигтой унтаж
чадаагүй байх гэж эмээж байна шүү.
-Аа-ха, тэд нарыг бидэн рүү чи турхирсан байх нь ээ? гэж Акка асуулаа.
-Мэлзээд ч яахав. Би явуулсан юм. Нуурын эрэг дээрх ойд та нар намайг
зугаацуулсны чинь төлөө би талархлаа илэрхийлэхийг хүсэж байна шүү дээ. Амьтан
бүхэн л өөрийн чадах аргаар зугаацуулах юм даа. Та нар галууны заншлаар, би
үнэгний заншлаар зугаацуулж байна. Гэхдээ ер нь бол би та нартай эвлэрэхэд бэлэн
байгаа шүү. Хэрэв та нар үүрээд яваа хүүхдээ надад өгөх юм бол би та нарыг тайван
үлдээж болно. Энэ бол үнэг миний чин сэтгэлийн үг шүү!
-Үгүй ээ, хүүг чамд хэзээ ч өгөхгүй. Энэ бол галуу миний чин сэтгэлийн үг шүү!
-За яах вэ. Тэгвэл өөртөө л гомдоорой. Хэдэн хөл минь намайг хөдөлгөж байгаа цагт
та нарыг тайван байлгахгүй шүү. Намайг Смирре гэж нэрлэдэг шиг л үнэн шүү гэж
үнэг хэллээ.
Наймдугаар бүлэг. “Дээрэмчдийн уул”-ын хэрээн сүрэг
1
Смирре хорсол, гомдлоо мартаад өнгөрдөг амьтан биш байжээ. Нильс хүү, түүний
жигүүртэн найз галуунуудаас өшөө авна гэж үнэг тангарагласан бөгөөд өөрийн
тангарагаас ч няцахгүй зүтгэж байв. Галуун сүрэг хаашаа л ниснэ, үнэг сүүдэр адил
даган газар дээгүүр давхидаг байлаа. Галуунууд хаана ч буулаа гэсэн үнэг яг тэр
газарт нь ирчихдэг байжээ. Хонох газраа сонгоход хөгшин Акка Кебнекайсе галуунд
хэзээ ч тийм хэцүү болж байсангүй. Смирре хүрч чадахааргүй, нуурын дундах ямар
нэг жижиг арал, эсвэл гүнзгий намгийг эрж олохын тулд Акка галууны сүрэг нисэж
байсан замаасаа хааяа буцахаас аргагүй болдог байлаа. Смирре үнэгэнд өөрт нь ч
амаргүй байв. Тэр үнэг юм идэж бас унтахаа больж, хоёр хажуу бөөр нь хонхойн,
үнэгний ямагт бахархдаг байсан улбар шар өтгөн сүүл нь хариугүй муу тоосны
алчуур мэт болж хувирчээ. Гэвч үнэг бууж өгөхгүй байв. Тийнхүү, галуун сүрэг нэг
удаа хоносон газрыг эрж олоод Смирре өөрийн эртний найз хэрээн сүргээс тусламж
гуйхаар явжээ. Тэр хэрээнүүд бол жинхэнэ дээрэмчдийн бүлэг бөгөөд тэдний
суурьшсан уулыг ч “Дээрэмчдийн уул” гэж нэрлэдэг байв. Тэр уул нь эцэс
төгсгөлгүй мэт санагдах асар уудам, орхигдсон тариан талбайн дээр сүндэрлэн
харагдаж байлаа. Хаашаа л харна тэр талбай бүхэлдээ шарилжинд хучигдсан байв.
Хүмүүс газар сайгүй тайрч, зулгаадаг энэ өвс ашиг тусгүй боловч харин энэ газарт
бүрэн эрхэт эзэн мэт болчихсон байжээ. Тэр өвс үндсээ газарт гүнзгий шигтгэж,
бутнууд нь бие биеэсээ сайн барьцалддаг бөгөөд хэрэв дотор нь ямар нэг ургамлын
үр тааралдвал шарилж түүнийг дарж, ургах боломж өгдөггүй байлаа.

Хүмүүс энэ зэрлэг хоосон газраас дөлдөг байсан ч хэрээн сүрэгт энэ газар
таалагддаг байв. Жил бүрийн хавар хэрээнүүд энэ уул руу ирж, дээрмийн
дайралтуудаа эндээс явуулдаг байжээ. Өглөө болоход хэрээнүүд олз, идэш хайн тал
тал тийш нисэж, үдэш нь буцаж ирэхдээ өөрсдийн гавъяаг бие биендээ гайхуулдаг
байлаа. Нэг хэрээ нь ууль шувууны үүрэн дотор байсан бүх өндгийг хагалсан бол,
нөгөө нь туулайн бүжингийн нүдийг тоншиж, гурав дахь нь тосгоноос мөнгөн
халбага хулгайлсан байв. Дээрэмчдийн уул руу Смирре дөхөж ирэх үед бүхий л
бүлэг цугларсан байжээ. Хэрээнүүд чанга чанга гуаглан, том шавар саван дээгүүр
бөөн хар үүл мэт эргэлдэж байв. Тэр савыг модон таглаагаар сайн тагласан учир
дээрмийн бүлгийн ахлагч хөгшин хэрээ Фумле-Друмле тэр саван дээр гарч зогсоод,
таглааг нь хошуугаараа нүдэж байлаа.
-Оройн мэнд, анд минь! гэж Смирре үнэг мэндэллээ. Юу олоод чи ингэж их
ноцолдоод байгаа юм?
-Оройн мэнд! хэмээн Фумле-Друмле баргар царайлан дуугараад, өнөөх таглааг
хошуугаараа улам чанга нүдэж гарав. Энэ хэрээнүүд ямар юм чирч ирснийг чи харж
байна уу? Дотор нь юу байгааг би мэдмээр байна л даа… Харин энэ золигийн
таглааг нь яагаад ч онгойлгож болохгүй байна. Үнэг өнөө сав руу дөхөж очоод,
сарвуугаараа хажуу тийш нь унагааж, газар дээгүүр болгоомжтой өнхрүүлж үзлээ.
Тэгтэл өнөөх саван дотор ямар нэгэн хүнд зүйл хангинан дуугарч байв.
-Хөөх, дотор нь баахан мөнгөн зоос байгаа юм биш үү? Сайхан олз байна даа гэж
үнэг хэллээ. Шуналт хүсэлдээ автсан Фумле-Друмле хэрээний нүд гялалзаж
эхэлжээ. Хэрээнүүд жирийн нэг шилний хагархай, эсвэл зэс товчны хажуугаар ч
зүгээр өнгөрдөггүй гэж эртнээс ярьдаг билээ. За харин гялалзсан зоосны төлөө бол ч
хэрээнүүд дэлхий дээрх юуг ч өгөхөд бэлэн байжээ.
-Дотор нь мөнгөн зооснууд байгаа гэж чи бодож байна уу? хэмээн Фумле-Друмле
дуугараад, таглааг нь хошуугаараа дахин нүдэж эхлэв. Тэгэлгүй яахав! Яаж
хангинаж байгааг нь сонс л доо гэж үнэг хэллээ. Тэгээд үнэг өнөөх домбыг газар
дээгүүр дахин өнхрүүлж эхлэхэд дотор нь ямар нэгэн зүйл дахиад л хангинан
дуугарчээ.
-М-ө-н-г-ө. М-ө-н-г-ө. М-ө-н-г-ө! хэмээн хэрээнүүд гуаглалдав. Ур-ра. М-ө-н-г-ө!
-Баярлахаа жаахан хүлээ. Энийг чинь бас гаргаж ирэх хэрэгтэй шүү дээ гэж хэллээ.
Тэгээд үнэг тас хазуулсан муу чихээ сарвуугаараа үрэн бодлогоширчээ.
-Би та нарт тусалж чадах юм шиг санагдаж байна. Энэ домбыг хэн онгойлгож
чадахыг мэдмээр байна уу?
-Хэл-ээч. Хэл-ээч. Хэл-ээч! хэмээн хэрээнүүд хашгиралдав.
-Хөгшин Акка галууны сүрэгт нэг хүүхэд яваа. Тэр хүүхэд л алтан гартай даа.
-Тэр хүү хаа байна? Тэр хүү хаа байна? хэмээн хэрээнүүд дахин хашгирав.
-Би та нарт зам зааж чадна. Гэхдээ та нар шагналд нь тэр хүүг надад өгөх ёстой. Би
тэр хүүтэй зарим тооцоотой юм.
-Ав-аар-ай. Ав-аар-ай. Ав-аар-ай. Бидэнд хайран биш. Эхлээд энэ таглааг л
онгойлгох ёстой шүү гэж Фумле-Друмле гуаглалаа.
2
Нильс хүү сүргийн бүх галуунаас хамгийн түрүүнд сэржээ. Тэгээд Мартин галууны
далавчин доороос гарч, арал дээгүүр хэсэг алхахаар явав. Хүү юм идэхийг ихэд
хүсчээ. Аз болоход залуу, дөнгөж сая нээгдсэн хурган чихний бут замд нь таарлаа.
Хүү нэг навч тасалж аваад, бага зэрэг исгэлэн, сэрүүн шүүсийг нь сорж эхэлжээ.
Сүүлчийн дуслыг нь дуустал сорж дуусаад хоёр дахь навч руу хүү гар сарвайв.
Гэнэт хүүгийн дагз руу ямар нэгэн хурц зүйл цохиж, цамцны нь захнаас нэгэн
амьтны мултаршгүй хатуу гар базан авахад агаарт өргөгдөн, хөөрч эхэлж буйгаа хүү
мэдэрчээ. Нильс хүү утсанд ороолдсон туулай шиг тонгочин тийчлэв. Хоёр гараа
савчин, хоёр хөлөө тийчилж, үл үзэгдэх дайснаас мултрахыг хичээвч ямар ч үр дүн
гарсангүй.
-Мартин. Мартин. Наашаа. Над руу ирээрэй гэж хүү хашгирлаа. Гэвч Мартины
оронд хүү рүү том биетэй нэгэн хэрээ нисэж иржээ. Тэр хэрээ тортогноос ч дутахгүй
хар өнгөтэй бөгөөд хурц хошуу нь дэгээ мэт тахийж, дугариг жижиг нүдэнд нь
хорслын шар дөл гялалзаж байв. Тэр бол хэрээний бүлгийн ахлагч Фумле-Друмле
байжээ.
-Битгий юм яр-р-риад бай. Нүдийг чинь тоншчихно шүү гэж хүүгийн чих рүү
Фумле-Друмле сөөнгөтөн шивэгнэлээ. Тэгээд хэлсэн үг нь тоглоом биш гэдгийг хүүд
харуулж, эхний удаад хөл рүү нь тоншив. Харин хүүгийн цамцны захнаас хумсаараа
барьж байсан хэрээ маш хүчтэй сэгсичсэн учир өөрийнхөө цамцны зах руу чихэндээ
тултал хүү шигдэж орхилоо.
-Одоо замд гар-рцгаана гэж Фумле-Друмле хэрээ тушаав.
-Явцгаая. Хур-рдан замд гар-рцгаая гэж нөгөө хэрээ хариуд нь гуаглаад хоёр хэрээ
далавчаа хар хүчээрээ дэвэн нисч гарчээ. Хүү хэдийгээр нисэж дассан боловч энэ
удаа агаарт хийсэн аялал нь таалагдсан гэж хэлэх боломжгүй бөгөөд тэнгэр, газар
хоёрын хооронд зүгээр нэг уут мэт унжиж явжээ. Хэрээний хумс хүүгийн нурууг
маажиж, нүдийг нь цамцны зах халхалж байв.

“Замаа тогтоож авах хэрэгтэй” гэж хүү бодлоо. Бид яаж ниссэн билээ? Эхлээд
нуурын дээгүүр, дараа нь баруун тийш эргэсэн. Тэгэхээр буцах замдаа зүүн тийш
эргэх хэрэгтэй гэсэн үг… За энд ой байна. Хэрэв шаазгай таарсан бол сайн юмсан.
Тэгвэл миний энэ зовлонгийн тухай хорвоо даяар хашгирч чадна даа. Магадгүй,
галуунууд ч намайг хаана байгааг мэдэж магад. Тэгвэл надад туслахаар заавал нисэж
ирнэ дээ. Гэвч шаазгай хаана ч харагдахгүй байв. “За яах вэ, би өөрөө ч энэ
зовлонгоос мултарч чаднаа” гэж хүү бодлоо. Нэгэн модон дээр ойн эр, эм хоёр
тагтаа сууж байхыг хүү харжээ. Эр тагтаа цээжээ өргөн, өдөө босгоод чанга дуугаар
тасралтгүй гүвтнэж байв. Харин эм тагтаа толгойгоо хажуу тийш хазайлгаад, эр
тагтааны хүүгнэхийг сонсох таатай байгаа учир хоёр тийшээ ганхан сууж байлаа.
-Чи бол хамгийн сайхан, хамгийн сайхан, хамгийн сайхан. Чамаас илүү, чамаас
илүү, чамаас илүү сайхан юу ч байхгүй. Ийм сайхан цоохор өд, ийм мөлчгөр өд, ийм
зөөлөн өд өөр хэнд ч байхгүй хэмээн эр тагтаа хүүгнэж байв.
-Түүнд битгий итгэ. Түүнд битгий итгэ хэмээн дээрээс Нильс хүү гэнэт хашгирчээ.
Эм тагтаа ихэд гайхсандаа ганхахаа ч больж, харин эр тагтаа уурлан хоолой нь
хоржигнох мэт дуугарчээ.
-Хэн, хэн… ингэж ярьж, ингэж ярьж зүрхэлж байна хэмээн эр тагтаа бувтнаад ийш
тийш харж байв.
-Хэрээнд хулгайлагдсан хүүхэд. Акка галуунд хэлээрэй… гэж хүү хашгирчээ. Гэвч
Фумле-Друмлегийн хурц хошуу тэр даруй хүүгийн нүдний өмнө тулж иржээ.
-Нүдээ мэдээрэй гэж хэрээ гуаглалаа. Фумле-Друмле занаж байсан зүйлээ хийх гэж
байгаа нь илт байжээ. Хүү толгойгоо мөр рүүгээ шигтгээд, нүдээ тас аничихлаа.
Дараа нь хүү дахин нүдээ нээхэд хуучин ой ард үлдсэн байв. Одоо тэд залуу хусан
төглийн дээгүүр нисэж байв. Хус модны мөчрүүд аль хэдийнэ нахиалж эхэлсэн
учраас тэр модод зөөлөн ногоон ноолууртай болсон мэт харагдаж байлаа. Хус
моддын дээгүүр хөгжилтэй хөөндэй шувуу эргэлдэн нисэж, нэг дээш хөөрөн, нэг
доошилж мөчир дээр суун, зогсолтгүй:
-Ай, яасан сайхан юм бэ. Ай, яасан сайхан юм бэ. Ай, яасан сайхан юм бэ.. хэмээн
үглэж байв. Тэгээд хэсэгхэн зуур амарснаа өөр ямар ч дуу мэдэхгүй болохоор дахиад
л өнөө дуугаа эхэлж байлаа.
-Ай, яасан сайхан юм бэ. Ай, яасан сайхан юм бэ. Ай, яасан сайхан юм бэ!
-Сайхан эсэх нь хэнд гэдгээсээ шүү дээ. Нэгэнд нь сайхан байхад нөгөөд нь муу
байж болно хэмээн хүү хашгирав. Дууч хөөндэй шувуу толгойгоо өндөр өргөж
гайхан:
-Хэн сэтгэл дундуур байгаа юм бол? гэж хашгирлаа. Хэрээнд баригдсан хүүхэд!
Хэрээнд баригдсан хүүхэд! Энэ удаа хэрээнээс хүү зайлж чадсангүй, хатуу, шовх
хошуугаараа хүүгийн яг дух руу хэрээ тоншчихлоо. Тэр цохилт маш хүчтэй байсан
учир хүү дүүжин мэт баруун зүүн тийш ганхан цамц нь аймшигтай урагдаж эхэлжээ.
Хэрээний үгийг зөрсөн хэнийг ч тэр цохилт бүрэн номхотгож чадах ч Нильс хүүг
айлгахад тийм ч амаргүй байлаа. Тосгоны дээгүүр нисэж явахдаа, өндөр хус модонд
үүрээ зассан хар тодол шувууны үүрийг хүү олж харжээ. Үүрний дэргэд эр, эм хоёр
хар тодол суугаад:
-Манайх дөрвөн өндөгтэй. Манайх дөрвөн сайхан өндөгтэй. Бид дөрвөн ухаантай,
сайхан ангаахайтай болно хэмээн хөгжилтэй жиргэж байв. Хүү тэдний дээгүүр
өнгөрөх үедээ:
-Намайг барьсан шиг л хэрээнүүд тэднийг чинь барьчихвал яана гэж хашгирчээ.
-Энэ хэн хашгирч байна? Хэнийг хэрээ аваад явж байгаа юм бол? хэмээн эр, эм хоёр
хар тодол сандраад, юмыг яаж мэдэх вэ гэсэн шиг үүрэн дотроо даруй нуугджээ.
-Намайг хулгайлсан юм. Намайг, Нильс Хольгерсон хүүхдийг. Энэ тухай Акка
Кебнекайсе галуунд хэлээрэй гэж хэрээнд олзлогдсон зовлонт хүү хашгираад, ингэж
зориг гаргасны шийтгэлээ хүлээхэд бэлтгэн хамаг биеэ хураан атирлаа. Гэвч
хэрээнүүд энэ удаа хүүг сонсоогүй мэт байжээ. Тэд нүцгэн талбайн дунд ганцаардан
харагдаж байгаа уулыг чиглэн хамаг чадлаараа далавчаа дэвэн нисэж байлаа.
3
Уулын хяр дээр хөшиглөсөн бараан үүл мэт хэрээн сүргийг Нильс хүү бүүр алсаас
олж харжээ. Тэр сүрэг нэг хөөрч, нэг доошлон яг л хуй салхинд хөөгдсөн мэт нэг л
газраа эргэлдэж байв.
-Хур-рдлаар-рай. Хур-рдлаар-рай. Хур-рдлаар-рай. хэмээн хэрээнүүд гуаглалдаж, тэр
бараан сүрэг улам хурдан эргэлдэж байв. Хүү эргэн тойрноо гайхшран харжээ. “Эд
яах гэж намайг ийш нь авчирсан юм бол? Надаас эд нарт юу хэрэгтэй юм бол?”
Үүний хариу болгох мэт хүүгийн толгой руу Фумле-Друмле хэрээ нэг тоншоод,
нөгөөх домбо руу түлхлээ.
-Чи үүнийг хар-р. Энэ домбо дүүрэн мөнгөтэй. Чи энэ савыг онгойлгох ёстой.
Онгойлгохгүй бол нүдийг чинь тоншино, онгойлговол нэр хүндтэй буцааж явуулна.
Ингэж хэлээд Фумле-Друмле хэрээ бусад хэрээ рүү нүдээ зальжин ирмэхэд өнөөдүүл
нь бүгд зэрэг шахам:
-Баярлалаа гэж хэлнэ.
-Буцахад нь газарчин өгнө.
-Бүр сайн газарчин өгнө. Нөгөө улбар шар арьстыг өгнө гэцгээв. Тэгтэл том чулууны
цаанаас Смирре үнэгний шонтгор хоншоор цухуйснаа тэр дороо нуугдчихжээ. “Аа,
энэний явуулга байж” гэж хүү боджээ. Айхтар бодож олжээ. Одоо энд онгойлгосон
ч, үгүй ч намайг нэг л төгсгөл хүлээж байна. За яах вэ, хэн нь хэнээ дийлэхээ
харцгаая л даа.” Хүү өнөө сав руу дөхөж очоод чухал дүр үзүүлэн хажуу тал, таглааг
нь тогшиж үзжээ. Дараа нь Фумле-Друмле хэрээг дуудаад түүнд аяархан:

-Сонс доо, энэ домбыг онгойлгоход надад бол амархан юм байна. Гэхдээ, миний
бодлоор, та нар дэмий л хичээж байна. Тэртэй тэргүй та нар энэ мөнгийг олж
авахгүй.
-Авахгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ гэж Фумле-Друмле хэрээ эгдүүцлээ.
-Авахгүй л гэсэн үг. Яагаад гэвэл та нар зальт Смирре үнэгтэй орооцолдсон байна.
Тэр үнэг та нарын мөнгийг завших гэж л хүлээж байгаа. Намайг сав онгойлгомогц
мөнгө рүү энэ үнэг дайраад та нарт юу ч үлдээхгүй. Фумле-Друмле хэрээний нүд
гялсхийв.
-Аа тийм бий. Үнэг ч зальтай шүү. Гэхдээ би ч бас амаргүй. Үгүй ээ, хөгшин атаман
хэрээг үнэг дөнгөж чадахгүй. Чи очиж савыг нээ. Харин би энэ улбар амьтнаас яаж
ийгээд салъя. Хүү хутгаа гаргаад таглааг нь аажим оролдож эхэллээ. Тэр хооронд
Смирре үнэг рүү Фумле-Друмле хэрээ нисэж очжээ.
-Найз минь, чи яагаад хоншоороо харуулчихав аа? Энэ хүүхдийг дэмий айлгачих
юм. Одоо тэр хүүхэд чамаас айгаад дөнгөж амьтай голтой байна. Чи хаа нэг тийшээ
холхон яв … Тэр хүүхэд ажлаа хийж, савыг онгойлгоход би тэр дор нь чамд
мэдэгдэнэ. Гурван удаа гуаглана шүү. Үнэг дургүйцэн үглэсэн боловч яах ч арга
байсангүй. Өөрийн буруу юм чинь. Тэгээд жаахан цаашаа холдон бутны цаана түр
суув.
-Цаашаа, өшөө цаашаа яв гэж хэрээ гуаглалаа. Тэгээд үнэгийг уулнаас бүрмөсөн
буутал хүлээгээд, дараа нь хүү рүү эргэж иржээ.
-За одоо ажлаа сайн хийнэ шүү гэж Фумле-Друмле хэрээ хэллээ. Гэвч домбыг
онгойлгох тийм ч амаргүй байв. Савны хүзүүн дотор модон таглаа маш бөх орсон
байжээ. Хүү жижиг хутгаараа тэр таглааг хөндлөн, тууш маажсан боловч ямар ч
тусгүй, өнөө таглаа наашаа ч, цаашаа ч огт хөдлөхгүй байлаа. Бас тэгтэл хэрээнүүд
хажуугаас гуаглаад байдаг.
-Хур-рдлаар-рай. Хур-рдлаар-рай. Хур-рдлаар-рай. Онгойлгоор-рой. Онгойлгоор-
рой. Онгойлгоор-рой. Бас хэрээнүүд хүү рүү дайрч, тоншиж, далавчаараа алгадаж,
бараг л хөдлөх ч боломж өгөхгүй байв.
-Алив та нар тарцгаа гэж гэнэт Фумле-Друмле хэрээ тушаажээ. Хэрээнүүд ууртай
гуагласан боловч сүргийн ахлагчийн үгнээс зөрж зүрхлэлгүй хажуу тийш холдон
нислээ. Нильс хөнгөхөн санаа алдаад, өөрийнх нь хутганаас өөр бөххөн, томхон юм
ойр орчимд байгаа эсэхийг хайв.
Домбоны дэргэд бат бөх, хурц, цэвэрхэн болтлоо идэгдсэн ч өгөршөөгүй яс хэвтэж
байв. Хүү ясыг авч, дараа нь газраас чулуу малтаж гаргаад ажлаа эхэллээ. Тэгээд
өнөө ясыг цүүц мэт таглаа, савны хооронд оруулаад ясаа чулуугаар нүдэж гарчээ.
Тэр ясыг бараг тал дундаа хүртэл шигтгэн нүдсээр байв. Тэгээд гадна цухуйж байгаа
үзүүрээс нь хоёр гараараа барьж, хамаг чадлаараа татан зүүгдлээ. Хүү хамаг
булчингаа хөвчилж, улам хүнд болохын тулд хөлөө хүртэл гэдэс рүүгээ татан атирав.
Тэгтэл ч өнөө таглаа чихран дуугарч байснаа гэнэт бууны сум мэт үсрэн мултрахад
Нильс хүү ч шороон дээр бөмбөг мэт өнхрөн ойчлоо.
-Ур-ра. Ур-ра. Ур-ра хэмээн хэрээнүүд хашгиралдаж, сав руу ухасхийн дайрцгаав.
Тэгээд зооснуудыг шүүрэн авч, тоншиж үзэн, дараа нь дээш өндөр шидээд, унахад
нь тосон барьж, баярлаж байлаа. Зооснууд гялалзан, агаарт жингэнэж, газар руу
жинхэнэ мөнгөн зоосон бороо орж байх мэт байжээ. Харин хэрээнүүд солиорсон юм
шиг зогсолтгүй гуаглан, нэг л газраа эргэлдсээр байв. Фумле-Друмле хэрээ ч тэднээс
хоцорсонгүй. Тэгээд эцэст нь Нильс хүүгийн тухай санаж, хүү рүү нисэн очжээ.
Хэрээ амандаа гялалзсан шинэ мөнгөн зоос зуусан байв. Тэгээд зоосоо хүүгийн гар
дээр тавиад:
-Өөрийн хувиа ав даа. Тэгээд замд гар. Хөгшин Фумле-Друмле хэрээ хэзээ ч хэлсэн
үгээ буцдаггүй юм. Смирре үнэгнээс мөнгөн зооснуудыг хамгаалахад чи надад
тусаллаа. Харин тэр үнэгнээс толгойгоо хамгаалахад чинь би тусална. Танай арал
хүртэл нисэх л маш хол доо. Би чамайг тариан талбайн цаана, тосгоны ойролцоо
үлдээе. Тэгэхгүй бол миний хэрээнүүд бүх мөнгөн зоосыг аваад наад юу ч үлдээхгүй
гэжээ. Тэгээд Нильс хүү мөнгөн зоосоо халаасандаа хийхийг Фумле-Друмле хэрээ
хүлээж, бас унагаахгүйн тулд хошуугаараа лавлуулан түлхэж өгчээ. Дараа нь
хүүгийн хувцасны захнаас хумсаараа базаад агаарт хөөрлөө.
-Харин үнэгэнд бол энэ явдал сайн сургамж болно. Хөгшин атаманыг хэн ч хуурч
чаддаггүй гэдгийг үргэлж санаж аваг. “Гэхдээ хэн нэг хүн хуурч чадсан л юм даа”
гэж хүү боджээ.
4
Смирре үнэг болзсон дохиогоо удтал хүлээж, сүүлдээ тэсэж чадахаа болиод уул руу
очин юу болж байгааг өөрөө харахаар шийджээ. Гэвч хэрээнүүд бүх зоосыг
булаалдаж аваад аль хэдийнэ дууссан байв. Хоосон домбо нь газарт хөсөр хэвтэж,
харин дэргэд нь модон таглаа байх ч Фумле-Друмле хэрээ, Нильс хүү хоёр алга
болчихсон байлаа. Үнэг ухасхийн хамгийн анх таарсан нэг хэрээний сүүлнээс барьж
аваад тал тал тийш өд сөдийг нь бутартал сэгсчив.
-Тэр хүүг хааш нь аваачсан бэ? Хэл, чи. Танай луйварчин ахлагч хаана байна?
-Тэр байна, өөрөө хар гэж өнөө хэрээ хариулаад, алс харагдаж байгаа хар цэг рүү
заажээ. Өөрийг нь мэхэлснийг үнэг ухаарлаа.
-Би одоо завгүй байгаа нь чиний аз болж. Тэгээгүй бол ахлагчийн чинь төлөө чамтай
тооцоо хийх байсан юм гэж үнэг архирчээ. Тэгээд оргодлуудын хойноос бараа
алдалгүй харан давхиж гарлаа. Тэгтэл Фумле-Друмле хэрээ тосгоны ойрхон нэг
газар буугаад, дараа нь дахин хөөрөхдөө ганцаар болсон байхыг үнэг харжээ. Хэрээг
холдон нистэл үнэг түр хүлээгээд, тосгон руу ухасхийн давхилаа. Одоо бол байдал
тодорхой, тэр хүү надаас мултарч чадахгүй. Аз таарч Смирре үнэг нэгэн гудамж
өнгөрөөд, дараагийн гудамж руу дөнгөж эргэтэл Нильс хүүг харчихжээ. Үнэгний
хамгийн хорсолт дайсан нь тэр хүү байлаа. Одоо л Смирре бүх уур, хорслоо тайлна
даа! Үнэг цаг алдалгүй, шүдээ ярзайлган Нильс рүү хурдхан дайрчээ. Ердөө ганц
секундын дараа л Акка Кебнекайсе галууны бяцхан найз хүү зүйл дуусах дөхөж
байлаа.
Гэвч аз болоход булангийн цаанаас хоёр тариачин эр гарч иржээ. Хүү ч яг тэр
хоёрын хөл рүү ухасхийн гүйж очоод зэрэгцэн явж эхлэв. Тариачны хоёр том хос
гутлын ард орсон хүү өөрийгөө нэлээд аюулгүй болсныг мэдэрчээ. Тэр ч байтугай
Нильс хүү эргэж хараад үнэг рүү гар занган “над руу дайраад үз л дээ” хэмээн өдөж
орхилоо. Харин Смирре үнэг тэр өдөлтийг тэвчиж чадсангүй, болгоомж алдан, шууд
давхиж очжээ.
-Хөөе, бид хоёр руу нэг шар нохой давхиад ирлээ!
-Холд! гэж нөгөө тариачин зандраад үнэгийг арваад алхам үсэртэл өшиглөж
орхилоо. Тэгээд тариачид хамгийн ойрын хашаа руу эргэж, байшингийн шатаар
дээш өгсчээ. Гэвч үнэгэнд хөөгдөж яваа, ямар ч хамгаалалтгүй бяцхан хүүхэд ард нь
үлдэж байна гэж тэр хоёрын хэний ч толгойд орсонгүй. Тэр хүмүүстэй хамт байшин
руу орохыг Нильс хүү маш их хүсэж байлаа. Гэвч хаалга хаагдсан учир хүү дахин
ганцаар хоцорчээ. Тэгээд ийш тийш яаран харж, хашааны дунд хэсэгт нохойны байр
байхыг хармагц удаан бодолгүй гүйж ороод, хамгийн лавхан буланд нь суугаад
авчээ. Дотор нь гинжилсэн, аварга том манаач нохой хэвтэж байжээ. Гэнэт,
урилгагүй орж ирсэн зочинд өнөө нохой төдий л таатай хандсангүй. Бас тэгээд өнөө
зочин нь нохойн идүүрийг унагааж, сүрлэн хэвтэр рүү нь хамаг усыг асгачихсан юм
чинь. Нохой хагас өндийгөөд, сэрвээний үсээ босгон Нильс рүү архирлаа.
-Нохой гуай. Намайг битгий хөөгөөч гэж Нильс тэр нохойноос хичээнгүйлэн гуйв.
Намайг үнэг хөөгөөд байгаа юм. Тэр үнэг гадаа ойрхон байгаа …
-Юу гэнээ, тэр хулгайч үнэг дахиад энд ирчихээ юу гэж нохой архиран дуугараад
хуцахыг завдан амаа ангайжээ.
-Ч-шш, чимээгүй, битгий гэж хүү шивэгнэлээ. Тэр үнэгийг үргээж болохгүй. Харин
би таны хүзүүвчийг тайлаад өгье, та тэр үнэгийг баривал дээр болов уу.
-За тэгье, уяа тайлж болноо гэж нохой хэлээд Нильс хүүд хүзүүгээ тавьж өглөө.
Хэсэг зуур ч болов эрх чөлөөтэй давхихад өнөө нохой дуртай байлаа. Хүзүүвчийг нь
тайлах гэж хүү нэлээн ноцолдох хэрэг гарсан ч тэгсгээд тайлж чаджээ. Нохой ч
баярлан толгой сэгсрээд, гадагш харлаа. Харин үнэг холгүйхэн суугаад салхи
үнэрлэн шиншилж байв.
-Хөөе, үнэг ээ чи. Мэнд байгаа дээрээ эндээс яв. Тэгэхгүй бол миний шүд ямар хурц
байдгийг амсана шүү гэж нохой архирлаа.
-Өө, чи намайг яаж ч чадахгүй. Чи яаж ч харайгаад таван алхмаас хэтрэхгүй шүү
дээ.
-Үгүй шүү, одоо бол зургаан алхам ч дөнгөнө гэж нохой хэлэнгүүтээ ухасхийн том
харайж үнэгэнд тулж очжээ. Тэгээд ганцхан цохилтоор үнэгийг унагааж,
сарвуугаараа газар дарж аваад, хүзүүнээс нь зуун, буцан явлаа. Харин Нильс нохойн
хүзүүвчийг барьчихсан зогсож байлаа.
-Сайн уу, үнэг гуай. Би танд жижигхэн бэлэг бэлдсэн шүү. Одоо энийг танд өмсгөөд
үзье. Ийм сайхан зүүлтэнд бол таны хүзүү арай л нарийдах байх. Гэхдээ та
шаналаад яах вэ. Бид танд сайхан бүс тааруулаад өгнөө. Чингээд Нильс хүү нохойн
хүзүүвчний нэг үзүүрийг Смирре үнэгний гэдсэн доогуур оруулаад, түгжээг нь
тасхийлгэн түгжиж орхилоо.
-Сайхан бүстэй боллоо шүү. Ёстой жинхэнэ бүс хэмээн Смирре үнэгний хажууханд
хүү баярлан цовхчилоо. Үнэг шүдээ хавиран тийчилж, гасалсан ч ямар ч нэмэр
болсонгүй. Нохойн хүзүүвч үнэгний гэдсээр дангинатал барьчихсан байжээ.
-За, үнэг гуай, сайн сайхныг хүсье гэж хүү хөгжилтэй хэлээд үүд рүү ухасхийн
гүйлээ. Хүүгийн араас үнэг ухасхийсэн ч юун хөөх мантай. Үнэгний бүхий л
харайлт одоо дөнгөж таван алхмаас хэтрэхгүй болсон байжээ. Харин Нильс өнөө
баригдсан үнэгэнд салах ёс гүйцэтгэн, гар даллаад замаа хөөн одлоо.
5
Тосгоны нэг үзүүрт хүрээд Нильс дороо зогсжээ. Одоо хаашаа явах билээ? Яг тэгтэл
хүүгийн толгой дээр галууны дуу сонсдож:
-Бид энд байна. Бид энд байна. Чи хаа байна гэх нь дуулджээ.
-Би энд байнаа гэж хүү баярлан хашгираад, өтгөн өвсөн дотроос галуун сүрэгт сайн
харагдахын тулд хэдэнтээ дээш үсэрлээ. Мартин галуу ч тэр даруй хүүг олж хараад
газар руу доошлон бууж, хүүгийн дэргэд ирээд, итгэлт хүлэг морь шиг зогслоо.
Галууны хүзүүг Нильс хүү эелдгээр илж:
-Та нар намайг ийм хурдан олно гэж ёстой бодсонгүй шүү гэлээ.
-Бид олж чадахааргүй байсан шүү. Харин тагтаа зам зааж, хөөндэй шувуу тусалж,
бас хар тодол зөвлөсөн тулдаа л оллоо.
-Тэгвэл би тэдэн рүү дэмий хашгираагүй юм байна шүү. Хэрээнүүд надад нэг ч үг
дуугарах боломж олгохгүй байсан. Үг хэлэх бүрт тоншиж байсан гэж хүү хэлээд хөх
няц толбуудаа тэмтэрлээ.
-Харин тэр хэрээнүүдийг хэн турхирч явуулсныг та нар мэдэх үү? Смирре үнэг
явуулсан байна лээ. Бүгд тэр үнэгний явуулга байсан!
-Аа, тэр улбар дээрэмчин үү! гэж Мартин чанга дуу алдлаа. Ерөөсөө тайван
байлгахгүй юм аа. Одоо бид нар тэр үнэгийг яах вэ? Яаж тэрнээс яс салах вэ?
-Одоо та нар яах ч хэрэггүй ээ гэж хүү нухацтай хэллээ. Би өөрөө цөмийг нь
хийчихсэн. Тэр үнэгийг саяхан би гинжилчихлээ. Одоо тэр үнэг гинжинд орж,
шүдээ хавираад, манаач нохой шиг л сууж байгаа. Мартин галуу баярласандаа хоёр
далавчаа дэлгэн дэвлээ.
-Смирре үнэг гинжинд уягдаж гэнээ! Ямар сайхан хэрэг вэ! Нильс чи ёстой мундаг
байна! Ёстой мундаг хүүхэд! Одоо хурдхан нисэцгээе. Акка галуу мэдээгүй л байгаа.
Хүү ч Мартин галууны нуруунд даруй үсрэн мордож, тэд сүрэг рүүгээ нислээ.
-Смирре үнэг гинжинд оржээ! Нильс хүү тэр үнэгийг гинжээр хүлчихэж! гэж
Мартин галуу бүр холоос баярлан хашгирлаа. Тэр даруй галуунууд бие биедээ
дамжуулан сүрэг дотор баярт мэдээ даруй таржээ.
-Смирре үнэгийг Нильс хүү гинжээр хүлчихэж! Үнэгийг гинжлээд авч! Смирре үнэг
гинжинд орчихож! Галуунууд бие биетэйгээ уралдсаар Нильс хүүг угтан нисэж
ирээд чанга дуугаар:
-Смирре үнэгийг Нильс хүү яллаа.
-Смирре үнэгийг Нильс хүү гинжээр хүллээ! хэмээн баярлан хашгиралджээ.
Тийн галуунууд Нильс хүүгийн толгой дээгүүр эргэлдэн нисэж, тэдний баяртай
гуугалан хашгирах дуу нь хаврын агаарт хангинан цуурайтаж байлаа. Хөгшин Акка
Кебнекайсе галуу ч өндөр насаа мартаж, бас сүргийн удирдагч гэдгээ ч мартаад,
бусад галуутай хамт баярлан хашгирч, эргэлдэн нисэж байжээ.
Есдүгээр бүлэг. Хүрэл хүн, модон хүн хоёр
1
Нар нэгэнт жаргаж, сүүлчийн туяа нь үүлсийн үзүүрт бүдэгхэн тусаж байлаа.
Үдшийн бүрий газар дэлхийг нөмрөн авч, Акка Кебнекайсе галууны сүрэг замд
нисэж байх зуур үдшийн гэгээ тасарч эхэлжээ. Галуунууд тамирдан цуцсан ч
сүүлчийн хүчээ шавхан далавчаа дэвсээр байв. Хөгшин Акка галуу амарна гэдгийг
мартсан мэт, улам цаашлан ниссээр байжээ. Нильс харанхуй тэнгэрийг сэтгэл
түгшин ширтэж явлаа. “Акка галуу шөнөжин ниснэ гэж шийдсэн юм болов уу?”
Тэгтэл тэнгис гарч ирэхэд, тэнгис ч бас бараантан, зөвхөн бие бие рүүгээ түрж
байгаа давалгааны сэрвээ л цагаан хөөстэй, цайран харагджээ. Давалгаан дунд
аварга том, хачирхмаар хадан цохионууд бараантаж байхыг Нильс олж харлаа. Тэр
хадан цохионууд нь бүхэл бүтэн арал байжээ. “Энэ хаднууд энд хаанаас гарч ирсэн
юм бол оо? Ямар хүчтэн ингэж хад чулуу овоолдог байна?” Аав нь нэгэн аймшигт
аварга том амьтны тухай ярьж байсныг Нильс саналаа. Тэр аварга амьтан тэнгисээс
дээш, өндөр уулс дунд амьдардаг байж. Сүүлдээ тэр аварга амьтан хөгширч, уулсын
огцом бэл даган буухад хэцүү болж гэнэ. Тэгээд яргай загас барьж идэхийг хүсэх
үедээ бүхэл бүтэн хад цохионуудыг эвдэн, тэнгис рүү чулууддаг болжээ. Загаснууд ч
их айж, бөөн бөөнөөрөө уснаас үсрэн гарч ирдэг байж. Тэр үед нь өнөө аварга
амьтан загаснуудыг түүж авахаар эрэг рүү доош буудаг байсан гэдэг. Одоо давалгаан
дундаас цухуйж байгаа энэ том хадан цохионуудыг тэр аварга амьтан шидсэн юм
болов уу?

Харин тэр том хаднууд дунд яагаад галтай цэгүүд гялалзаж байгаа юм бол оо? Тэнд
нуугдсан араатан амьтдын нүд ингэж гялалздаг юм уу? Тэгж л таарна. Өлссөн
амьтад идэш, олз хайж энд тэндгүй тэнэдэг шүү дээ. Тийм амьтад манай галуун
сүргийг олж хараад тэр хаднууд дээр бууж ирэхийг тэсэж ядан хүлээж байна уу?
Одоо өнөө аварга амьтан хамгийн өндөр газар зогсоод, гараа толгой дээрээ өргөж
байна! Яргай загасанд дуртай аварга амьтан чинь энэ биш үү? Эсвэл олон зэрлэг
амьтад дунд тэр аварга амьтан айж байна уу? Тэгээд тусламж гуйж гараа өргөж
байгаа юм болов уу? Энэ үед тэнгисийн ёроолоос хачирхмаар амьтад арал руу гарч
ирж харагдлаа. Нэг хэсэг нь нарийхан биетэй, шөвгөр хошуутай, нөгөө зарим нь
бүдүүн, цүндгэр биетэй байв. Тэр амьтад овоорон бөөгнөж, бие биенээ дарах шахаж
байжээ.

“Энэ амьтдын дээгүүр түргэхэн өнгөрөх юмсан” гэж Нильс хүү бодлоо. Гэвч яг энэ
үед Акка Кебнекайсе галуу сүргээ дагуулан доогуур нисчээ.
-Болохгүй ээ! Энд буувал бид нар бүгдээрээ баларна! гэж Нильс хашгирлаа. Гэвч
хүүгийн үгийг Акка галуу сонсохгүй байх шиг, сүргээ яг тэр хадан арал руу
дагуулан ниссээр байв. Тэгтэл гэнэтхэн шидэт саваагаар далласан мэт эргэн тойрны
бүх зүйл өөрчлөгджээ. Аварга том хадан цохионууд ердийн байшингууд болж
хувиран, өнөөх араатан амьтдын нүднүүд ч гудамжны гэрэл, гэрэлтэй цонхнууд
болж хувирав. Харин арлын эрэг дээр байгаа хачин амьтад гэдэг нь ердөө л далайн
эрэгт зогсож байгаа усан онгоцнууд байжээ. Нильс хүү тачигнатал инээлээ. Тэдний
доор хот байгааг хүү яагаад мэдсэнгүй вэ? Энэ чинь Карлскрона хот байна шүү дээ!
Усан онгоцнуудын хот! Алс хол аялж ирсний дараа усан онгоцнууд энд буудалладаг
бөгөөд бас энд усан онгоцнууд үйлдвэрлэж, засдаг байв.
Гараа өргөсөн өнөөх аварга биетний яг мөрөн дээр галуунууд буужээ. Энэ бол хоёр
өндөр цамхагтай байшин байлаа. Бусад үед бол Акка галуу ингэж хүмүүсийн дэргэд
хоноглохоор хэзээ ч буудаггүй байв. Гэвч энэ орой Акка галуунд сонголт байсангүй.
Галуунууд маш эцэж далавчаа арай чамай дэвж байжээ. Бас хотын тэр байшингийн
дээвэр нь хоноход тун эвтэйхэн газар байлаа. Дээвэр нь ирмэгтээ өргөн, гүнзгий
ховилтой учир тэр ховил дотор бусад хүн, амьтдын нүднээс сайхан нуугдаж, саяхны
борооноос тунаж үлдсэн уснаас ханатлаа ууж болох байв. Нэг л тааруухан зүйл
байсан нь хотын байшингийн дээврүүд дээр өвс ургадаггүй бөгөөд усны хорхой
байхгүй байжээ. Гэсэн ч галуунууд хов хоосон хоцорсонгүй. Дээврийн хучилтанд
талхны хэдэн зах тээглэж үлдсэн нь тагтаа юмуу, болжморын найрнаас үлдсэн
бололтой байв.
Галуунд бол талхны зах тэжээл болохгүй ч өөр юмгүй үед хатсан талхны захыг ч
идэж бололгүй яах вэ. Харин Нильс хүүд талхны тэр зах тун сайн зохижээ. Нар,
салхинд хатсан талхны зах бол Нильс хүүгийн ээж хийдэг, бүхий л Вестменхег
сууринд алдартай, хатаасан талхнаас ч илүү амттай юм шиг санагдаж байжээ. Харин
талханд түрхэх элсэн чихрийн оронд хотын саарал тоос зузаахан дарсан байсан ч тэр
нь сүрхий зовлон биш байв. Хүү жижиг хутгаа гарган талхны тоостой хэсгийг
чадмаг цэвэрлээд, талхны захыг жижиглэн хувааж, хатсан талхыг ч таатай мэрэн
идэж эхэлжээ. Ийнхүү түүнийг талхны зах мэрж байх хооронд галуунууд юм идэж,
ус уугаад унтахад бэлдлээ. Дээврийн ховилын ёроолд галуунууд гинж мэт хэлхээ
үүсгэн, хошуугаа нийлүүлж, толгойгоо далавчин доороо хийгээд унтацгаажээ.
Хүүгийн нойр хүрсэнгүй. Тэгээд Мартин галууны нуруун дээр гарч, ховилын ирмэг
дээгүүр биеэрээ тээн доош харж эхэллээ. Галуун сүрэгтэй хамт аялж эхэлсэн тэр
үеэс хойш хүү ойрхноос харж байгаа анхны хот энэ байлаа. Үдэш орой болж,
хүмүүс хэдийн орондоо орсон байжээ. Хааяа нэгхэн, оройтсон ганц нэг хүн хаа нэг
тийшээ яаруухан өнгөрөхөд хөдөлгөөнгүй, аниргүй агаарт тийм хүний алхаа гишгээ
нь чанга товшин сонсдож байв. Өнгөрч байгаа хүн бүрийг булан, тохой тойрон
харагдахгүй болтол нь хүү удаан дагуулан харж байлаа. “Одоо тэр хүн гэртээ орох
байх даа гэж хүү гуниглан боджээ. Сайхан юм даа. Хүмүүс яаж амьдарч байгааг
хальтхан ч гэсэн харах юмсан. Би өөрөө ч харж чадахгүй байх аа даа…”
-Мартин, Мартин, чи унтаж байна уу гэж Нильс хүү найзыгаа дуудлаа.
-Унтаж байна. Чи ч гэсэн унтаач гэж Мартин хэллээ.
-Мартин, чи унтахаа жаахан азнаач. Би чамаас юм гуйх гэсэн юм.
-За, юу гуйх гэж?
-Сонсооч, Мартин, чи намайг доош нь гудамж руу буулгаад өгөөч. Би жаахан явж
байгаад ирье. Харин чи хэсэг унтаж амраад, дараа нь миний хойноос ирж болох уу?
Би эндхийн хүмүүс шиг, хотын гудамжаар явах гэсэн юм гэж хүү шивэгнэлээ.
-Аа яршиг. Би бас дээш, доошоо нисэх гэж төвөг шүү дээ гэж Мартин шийдэмгий
хэлээд далавчин дороо толгойгоо хийчихжээ.
-Хүүе, Мартин аа. Чи битгий унт л даа. Миний юу хэлэхийг сонс доо. Хэрэв чи урьд
нь хүн байсан бол чи ч бас жинхэнэ хүмүүсийг харахыг хүснэ биз дээ? Хүүг Мартин
галуу өрөвджээ. Тэгээд далавчин дороосоо толгойгоо цухуйлган:
-За яах вэ, чинийхээр болъё. Харин миний үгийг сайн санаарай. Хүмүүс рүү харах
үедээ чи өөрөө тэдний нүдэнд үзэгдэж болохгүй шүү. Ямар ч юм болох юм билээ!
За, юу?
-За, чи битгий санаа зов доо. Намайг нэг хулгана ч олж харахгүй гэж хүү хөгжилтэй
хэлээд баярласандаа галууны нуруун дээр бүжиглэлээ.
-Аяар, аяар, чи миний хамаг өдийг хугалах нь гэж Мартин үглээд сульдсан далавчаа
өргөн нислээ. Тэгээд нэг минутын дараа Нильс газар буун зогсож байв.
-Хол битгий яваарай гэж хүү рүү Мартин хашгираад буцаж унтахаар дээшээ нисчээ.
2
Хүү гудамжаар алгуурхан явж, хааяа эргэн харж, чимээ чагнаж байлаа. Айлуудын
цонхны гэрэл цувран унтарсаар байв. Гудамжууд хоосон, хүнгүй болсон байлаа.
Гэсэн ч хана бүрийн, хаалга бүрийн цаана хүмүүс амьдарч байгааг Нильс хүү мэдэж
байв. Тэгтэл хүүгийн өмнө нэгэн гэрэлтэй цонх харагдахад тэр тод гэрлийн зурвас
дотор хүү хэсэг саатан зогсчээ. Тэр жаахан завсартай байгаа хөшгөөр нь харж
болдог бол сайхан аа! Гэвч цонх дэндүү өндөр, Нильс хүү тун намхан байлаа.
Цонхны цаана хүмүүс ярилцан, инээх нь хүүд сонсогдож байв. Хүмүүсийн үгсийг
ялган сонсож чадахгүй ч хүү шөнөжин зогсон чагнахад ч бэлэн байжээ. Энэ чинь
хүмүүс ярилцаж байна шүү дээ! Магадгүй, хүү өглөө болтол ч тэгж зогсох байсан
биз. Гэвч тэр цонхны гэрэл унтарч, хүмүүсийн яриа чимээгүй болжээ. Бодвол, тэр
байшинд байгаа хүмүүс унтахаар хэвтсэн бололтой. Нильс цаашаа явлаа.
Гудамжны гэрлийн эсрэг талд, буланд өлгөөтэй нэгэн хаягийг хүү олж харав. Тэр
хаяг дээр том үсгээр “ЭМИЙН САН” хэмээн бичсэн байлаа. Намайг шууд өсгөн том
болгож чадах эм байдаг ч болоосой. Тэр эм агь шиг гашуун байсан ч хамаагүй! Би
ярвайхгүй тэвчин, бүтэн шилийг ч хамаагүй ууж чадна. Шаардлагатай бол хоёр
лонхыг ч ууж болно. Харин тийм эмийг хаанаас олох билээ? Гудамжны нөгөө өнцөгт
нэгэн лангуу байх бөгөөд дээр нь байгаа аварга том алтан бялуунаас хүү нүд салгаж
чадахгүй харж байв. Ийм сайхан бялуунаас ганц хэрчим ч болов амсах юмсан. За
бялуу ч яамай. Зүгээр талх ч байсан яах вэ дээ! Хүү хүндээр санаа алдан цаашаа
алхлаа. Тэгээд нэг гудамжнаас нөгөө рүү эргэн эцэст нь нэгэн том талбай руу гарч
иржээ.
Тэр нь энэ хотын хамгийн том талбай бололтой.
Хүү эргэн тойрноо ажиглан харлаа. Шөнө орой болсон тул талбай дээр хэн ч
байсангүй. Харин өндөр чулуун тавцан дээр нэгэн хүний хүрэл хөшөөг босгосон
байлаа. “Энэ хэний хөшөө юм бол” гэж Нильс бодоод, тавцанг тойрон явлаа. Тэр
хүрэл хөшөөний царай төрх нэлээд бардам харагдах бөгөөд урт түрий, чимэгтэй
гуталтай, толгой дээрээ гурвалжин малгайтай байжээ. Тавцан дээрээс явах гэж
байгаа мэт нэг хөлөө тэрээр урагш тавьж, гартаа бүдүүн бороохой барьжээ. Хэрэв
тэр хүн хүрэл биш байсан бол тэр бүдүүн бороохойгоо хэрэглэх байсан биз.
Хөшөөний царайг ажиглавал хэнд ч бууж өгөхгүй гэсэн мэт дүр төрхтэй бөгөөд
хамар нь махийж, хөмсгөө зангидан, уруулаа зуусан байлаа.
-Хөөе та, хүрлээр хийсэн айлгагч аа. Та хэн бэ? Над руу ийм ууртай битгий хар л
даа. Би танаас огт айхгүй ээ…Хүү үнэндээ айж байсан болохоор албаар тэгж хэлжээ.
Хоосон, нам гүм болсон тэр хот… Харанхуй, нүдгүй мэт болсон цонхнууд…
Хүүгээс нүд салгахгүй байгаа мэт санагдах энэ Хүрэл хөшөө… Ийм үед ер нь ямар ч
хүн айхаар байлаа. Тэгээд хүү өөрийгөө аль болох зоригжуулахын тулд:
-Та яагаад дуугарахгүй байна аа? За яах вэ, ярихыг хүсэхгүй бол тэр л биз. Баяртай.
Сайн сууж байгаарай. Ингээд хүү хүрэл хөшөө рүү гараа даллан, цааш явлаа. Тэгээд
талбайг бүхэлд нь тойроод, усан онгоцны зогсоол руу хүргэдэг өргөн гудамж руу
гарч иржээ. Тэгснээ хүү гэнэтхэн нам гүм болон чимээ чагналаа. Араас нь хэн нэг
хүн удаан бөгөөд хүндээр алхаж байх шиг. Тэрхүү алхам бүр нь дөш рүү цохиж
байгаа дархны алх шиг хүнд бөгөөд, алхах бүрт газар чичрэн, байшингуудын
цонхны шил дэржигнэж байлаа. “Өнөө хүрэл хөшөө байх нь” гэсэн бодол хүүгийн
толгойд зурсхийлээ. Тэгээд хүү ихэд айж, харсан зүгтээ хурдаараа гүйжээ. Тийн
нэгэн гудамжны үзүүр хүртэл гүйж, дараа нь нөгөө гудамж, тэгээд дараагийн гудамж
руу гүйжээ… Эцэст нь нэгэн байшингийн довжоон дээр жаахан амрахаар суулаа.
Одоо нөгөө хүнд алхаа хаа нэгтээ хол сонсогдож байв.
-Ингэхэд би яагаад ингэж айсан билээ? гэж хүү өөрийгөө тайвшруулжээ. Тэр том хүн
зүгээр л зугаалж яваа ч юм уу. Зогссоор байгаад залхаад хэсэг алхахаар шийдсэн
байлгүй. Тэгж алхахад онцгой юм юу байх билээ? Тэгээд ч би түүнд ямар ч муу юм
хийгээгүй шүү дээ…Нильс дахин чих тавин чагналаа. Тэгтэл булангийн цаана яг л
том бөмбөр цохих шиг болж, хүнд гутал нь чулуун тавцан дээгүүр чанга, нүргэн
сонсогдож байв. Өнөө хүрэл хүн яг Нильс рүү явж байлаа. Тэр хүн өвдгөө үл
нугалан, толгойгоо эргүүлэлгүй алхаж, хөшсөн харцаар зөвхөн урагшаа ширтэж
байжээ. “Одоо хаана нуугдах билээ?” хэмээн хүү бодож, ийш тийш сандран харлаа.
–Хаана нуугдах вэ? Гэвч байшингийн бүх хаалга дангинатал хаалттай, нуугдах,
аврагдах газар хаана ч байхгүй болсон байв. Гэнэт хүү гудамжны нөгөө талд нэгэн
хуучин, нэлээд эвдэрсэн сүм байхыг олж харжээ. Цагийн аясаар тэр сүмийн хана
туурга яйжийж, дээвэр нь хажуу тийш хазайн, дэргэд нь ургасан хөгшин бахим агч
мод өөрийн олон салаа мөчрөөр тулаагүй бол тэр сүм бүхэлдээ аль хэдийн нурах
байсан биз. “Энд нуугдая. Модны бүр орой руу авирч гарахад намайг маргааш
болтол хэн ч олохгүй” гэж хүү баярлан боджээ. Тэгээд хүү зам хөндлөн гүйлээ.
Гэтэл зорьсон газартаа бараг ирсэн хойноо л сүмийн дэргэд нэг хүн зогсож байгааг
олж харжээ.
Харин тэр хүн Нильс рүү эгц харж, нэг нүдээ ирмэж байв. Хүү бүр сандарч орхив.
“Одоо яах вэ? Хаашаа явах вэ?
Буцаад гүйе гэхээр өнөө хүрэл хүн намайг ялаа шиг л гишгэчихнэ. Урагшаа явбал
байдал улам дордож мэднэ. Энэ хүн яагаад нүдээ ирмэж байгааг хэн мэдэх билээ?
Сайн зүйл бодож байгаа бол нүдээ ирмэхийн оронд зүгээр л ярилцмаар юм.” Гэвч
энэ үед өнөөх хүрэл гутлын чимээ тун ойрхон, нир нир хийтэл алхах нь сонсогдлоо.
Бодох ямар ч завгүй учир хүү урагш алхжээ. Харин сүмийн дэргэд байгаа өнөө хүн
хөдлөхгүй зогссоор л байлаа. Заримдаа нэг, эсвэл нөгөө нүдээ тэр хүн Нильс рүү
ирмэн, толгой дохиж байсан ч байрнаасаа хөдлөхгүй байжээ. Тэр хүн толгойгоо
доош болгох бүрт хатсан модон сандал дээр хүн суух шиг чихрах чимээ бага зэрэг
сонсогдож байв.
“Энэ хүн нэг ч их ууртай биш бололтой. Тэр ч байтугай бага зэрэг инээмсэглэж ч
байх шиг” гэж хүү бодоод түүн рүү дөхөж очжээ. “Үгүй ээ, энэ чинь юу вэ? Энэ
чинь модон хүн байна шүү дээ.” Үнэхээр тэр хүн хөлөөсөө толгой хүртэл, бүр нүд
нь хүртэл мод байлаа. Сахал нь, хамар, нүд нь ч модон бөгөөд тэр модон хүний
толгойд модон бүрх малгай өмсгөж, мөрөнд нь модон бүсээр тогтоож уясан модон
хантааз өмсгөсөн байв. Хөлд нь модон оймс, модон гутал харагдах аж. Тэр модон
хүний нэг хацар нь улаан, нөгөө нь саарал бөгөөд нэг хацрынх нь будаг ховхорч,
нөгөө хацар нь хагас хугас будагтай байлаа. Тэр хүний цээжинд модон самбар
зүүлттэй бөгөөд янз бүрийн хээ угалзаар чимсэн, тэр самбар дээр сайхан үсгээр
“Өнгөрөн одогч эрхэм хүн танаа. Таны замд би номхон томоотой зогсож байна. Энэ
сав руу минь зоосон мөнгө хийвэл та диваажинд очно шүү” гэж бичсэн байжээ. Тэр
модон хүн зүүн гартаа бас модоор хийсэн том сэнжтэй аяга барьсан байв.
“Аа, энэ хүн хандив цуглуулж байгаа юм байна. Тэгээд л над руу нүд ирмэсэн байх
нь. Харин надад зоосон мөнгө байгаа минь сайн хэрэг. Түүнийгээ өгчихье. Тэртэй
тэргүй надад зоос хэрэг болох биш”. Тэгээд Нильс хүү хэрээний өгсөн зоосыг
гаргахаар халаасаа тэмтэрлээ. Модон хүн ч шууд ойлгож, уртаар чихран тонгойгоод
хүүгийн өмнө аягаа тавьжээ. Гэвч хүрэл гутлын хүнд алхаа бүр ар нуруунд нь тулах
шахан ирж байлаа. “Би ч өнгөрлөө” гэж хүү бодож, болдогсон бол зоос хийдэг сав
руу өөрөө ч баяртай орчихмоор байв. Гэвч харамсалтай нь зоос хийх нүх нь хүүд
жижигдэж байлаа.
Харин Модон хүн Нильс хүүг ойлгох мэт болжээ. Тэр хүний дотор ямар нэгэн юм
дуугарч, модон гар нь газар руу бууж ирлээ. Нильс хүү ч өнөө модон хүний хүрз
шиг өргөн алган дээр үсрэн гарчээ. Модон хүн Нильс хүүг түргэн өргөж аваад, бүрх
малгайн доогуураа хийчихлээ. Яг цагийг нь олж хийж. Түүний дараахан булангийн
цаанаас өнөө Хүрэл хүн алхан гарч иржээ. Модон аврагчийн толгой дотор хүү
суугаад цаашаа юу болохыг айдаст автан хүлээж эхэллээ. Тэгтэл өнөө хүрэл хүн бүр
тулан ирж байхыг хатсан, хуучин бүрх малгайн нарийн завсраар хүү олж харлаа. Тэр
хүрэл хүн хөлөө өндөр өргөн гишгэх бөгөөд алхах бүрт хөл доороос нь оч үсэрч,
замын чулуу газар руу гүнзгий шигдэж байв. Хүрэл хүн их л ууртай явж байлаа.
Тэгээд Модон хүн рүү тулж ирснээ, барьсан бороохойгоороо нэг цохиод түр зогсчээ.
Хүнд бороохойн цохилтонд газар доргиж, Модон хүн ихэд хазайсан учир өмссөн
бүрх малгай нь Нильс хүүгийн хамт ар дагзнаас нь золтой л унасангүй.
-Чи хэн гээч вэ? гэж Хүрэл хүн хүржигнэн дуугарлаа. Модон хүн чичрэн хөдлөхөд
хөгшин бие дотор нь чихрах чимээ гарчээ. Тэгээд Модон хүн хүндлэн ёсолж, дараа
нь хоёр гараа хажуу тийш унжуулаад, чихарсан дуугаар:

-Намайг Розенбум гэдэг, эрхэм дээдэс ээ. Би “Дристигхетен” гэдэг шугамын хөлөг
онгоцны ахлах ажилтан байсан. Фербелиний дэргэдэх тулалдаанд хоёр удаа
шархадсан. Чөлөөнд гарсны дараа сүмийн манаачийн ажил хийсэн. Мянга зургаан
зуун ерэн онд намайг нас барахад сүүлд модоор сийлж, хандив гуйх бадар аяганы
оронд энд тавьсан юм.
Энэ ариун сүмийн дэргэд
Цагийн манаач шиг зогсож байна.
Миний чандар чулуун хавтан доор бий.
Харин сүнс маань тэнгэрт бий.
Дараа нь Модон хүн дахин нэг ёслоод хөдөлгөөнгүй боллоо.
-Розенбум таныг би сайн цэрэг гэдгийг харж байна. Харин би таныг шагналд нэр
дэвшүүлж амжихаас өмнө талбайн дундах тавцан дээр намайг тавьчихсан нь
харамсалтай.
-Танд их талархаж байнаа гээд Модон хүн дахин ёсоллоо. Өөрийн хаан, Эх орны
төлөө үнэнчээр алба хаахад би бэлэн. “Аан, хаан нь энэ Хүрэл хүн байх нь. Харин би
энэ хааныг аймаар гээд хэлчихсэн шүү дээ” гэж хүү айн бодоод өнөө бүрх малгайн
дотор биеэ хураан атирчээ.
-Сонсооч, Розенбум. Чи надад нэг үүрэг гүйцэтгэх хэрэгтэй байна. Манай энд
гудамжаар гүйгээд байгаа нэг хүүг чи харав уу? Болжмор шиг жижигхэн биетэй
мөртлөө тун айхтар хүүхэд байсан. Намайг хэн гэдгийг тэр хүүхэд мэдэх ч үгүй
байсан гээд бод доо. Тэр хүүхдийг сайн сургаж өгөх хэрэгтэй байна. Тэгээд Хүрэл
хүн бороохойгоороо дахин нэг удаа газар түншлээ.
-Тэгэлгүй яахав. Эрхэм дээдэс минь гэж Модон хүн чихран хэлжээ. Харин Нильс хүү
айсандаа бие нь хүйт оргилоо. “Намайг барьж өгнө гэж үү дээ?”
-Тийм ээ, харсан. Таван минутын өмнө энүүгээр гүйгээд өнгөрсөн. Над руу хамраа
харуулсан. Хэдийгээр би жирийн цэрэг ч гэсэн гомдолтой л санагдсан.
-Тэр хаашаа гүйсэн бэ, Розенбум? Түүнийг эрж олоход чи надад туслах уу,
Розенбум? Хурдан явцгаая. Нэг минут ч алдаж болохгүй. Би нар мандахаас өмнө
тавцан руугаа буцах ёстой. Намайг хөшөө болгосон цагаас хойш би зөвхөн шөнө л
явж чаддаг болсон. За явцгаая, Розенбум. Модон хүн бүх биеэрээ хөөрхийлөлтэй
чихран дуугарав.
-Эрхэм дээдэс танаас чин сэтгэлээр хичээнгүйлэн хүсье. Намайг байранд минь
үлдээж өгнө үү. Гадна талд, зарим газраа миний будаг хатаагүй байгаа ч гэсэн дотор
талдаа миний бие бүхэлдээ муудсан юм аа. Хүрэл хүн уурласандаа өнгө нь ногоон
болчихжээ.
-Юу гэнээ? Эсэргүүцэх нь үү? гэж Хүрэл хүн хүржигнээд, гараа далайн Розенбумын
нуруу руу бороохойгоор чанга цохилоо. Модны зомгол тал тал тийш үсрэн ойчжээ.
-Чи битгий тэнэглээд бай, Розенбум. Улам л муу юм болно шүү!
-Тийм ээ, улам муу болно гэж Розенбум чихран хэлээд модон хөлөө тэнийлгэхийн
тулд байран дээрээ алхаж эхэллээ.
-Алхаад марш! Миний хойноос! гэж Хүрэл хаан тушаагаад гудамжаар алхаж
эхэлжээ. Араас нь модон цэрэг чихарч, доголсоор даган явлаа. Ийнхүү тэд хот даяар
алхан, усан онгоцны засварын газар хүртэл явжээ. Хүрэл хүн өмнө нь, Модон хүн
ард нь, харин Нильс хүү Модон хүний толгой дээр явж байв. Дараа нь тэд нэгэн
өндөр хаалганы дэргэд ирж зогсчээ. Зүүлттэй байсан аварга том цоожийг Хүрэл хүн
цохиход цоож хэдэн хэсэг бутран хагарч, хаалга чихран нээгджээ. Бүрх малгайн
доторх жижигхэн нүхээр хуучин засварын газрыг хүү олж харлаа. Тэр бол усан
онгоцны жинхэнэ оршуулгын газар гэмээр харагдаж байв. Хажуу талдаа цоорч, нүх
гарсан хуучин усан онгоцнууд хуурай газар хаягдсан загаснууд мэт үзэгдэж байлаа.
Цагийн аясаар салхи шуурганд элэгдэн, урагдаж унжсан дарвуултай, аалзны шүлс
мэт ороолдсон тортой загасчны онгоцнууд гацсан байв. Зэвэнд идэгдсэн зангуунууд,
тасрах дөхөн нарийссан татлага, чиргүүл онгоцнууд, усан онгоцны зэвэрч муудсан
төмөр хаа сайгүй хэвтэх ажээ. Сонирхолтой зүйл маш их харагдсан учир Нильс
сэргэн, нүд нь бүр гялалзжээ. Бүрх малгайн зүүн талд нэг ч нүх байхгүй болохоор
зөвхөн баруун талд байгаа зүйлсийг л хүү харж байв.
-Сонсооч, Розенбум, тэр хүүг бид эндээс олохгүй юм байна гэж Хүрэл хүн хэллээ.
-Яг тийм ээ, эрхэм дээдэс ээ, эндээс олдохгүй бололтой.
-Гэвч бид түүнийг заавал олох ёстой, Розенбум! гэж Хүрэл хүн хүржигнэлээ.
-Яг тиймээ, олох ёстой гэж Модон хүн чихран хэлэв. Тийнхүү, нэгэн хэврэгхэн
жижиг гүүрэн дээгүүр тэд цаашаа явцгаалаа. Тэдний алхам бүрт гүүр доргин,
нажигнаж, бас хотолзож байв.
Явах замдаа Хүрэл хүн завь бүрийг ёроолоор нь эргүүлэн хөмөрч, усан онгоцнуудын
шургийг эвдэн, хуучин хайрцагнуудыг нижигнэтэл хэмхчиж байлаа. Гэвч завинууд
доор, хайрцаг дотор, жижиг гүүрэн доор, шурган дээрээс ч тэр айхтар хүүг Хүрэл
хүн олж чадсангүй. Арга ч үгүй билээ. Хайгаад байгаа тэр бяцхан хүүхэд нь хөгшин
цэрэг Розенбумын толгой дээрх бүрх малгай дотор тайван сууж байгаа юм чинь.
Гэнэт өнөө Хүрэл хүн зогслоо.
-Розенбум, чи энэ усан онгоцыг таньж байна уу гэж Хүрэл хүн дуу алдаад гараа
сунгав. Розенбум бүх биеэрээ баруун тийш эргэхэд ирмэгийг нь хадаж бөхөлсөн,
зэвэрсэн төмөртэй аварга том нэгэн усан онгоцыг Нильс олж харжээ.

-Энэ алдартай онгоцыг чи таньж байна уу, Розенбум? Их бие нь ямар сайхан шулуун
байгааг чи хараач. Хошууг нь тун хийморьтой байрлуулж. Хатан хааны усан онгоц
байсан гэдэг нь одоо ч харагдаж байна шүү… Намайг энэ онгоцны тавцан дээр хөл
тавих үед их буунууд нь ямар сайн бууддаг байсныг чи санаж байна уу? Хүрэл хүн
хэсэг дуугүй болж, хошуу нь гэмтэж, их бие нь эвдэрсэн хуучин, усан онгоц руу
мөрөөдөн харж байлаа.
-Байлдааны эртний анд минь, амьдралдаа мөн ч олон зүйлийг үзсэн дээ. Одоо энд,
бүх хүмүүст хаягдаж, мартагдан, жирийн чиргүүл онгоц шиг л хэвтэж байх юм. Энэ
хөлгийн тавцан дээр хаан өөрөө алхаж явсныг хэн ч мэдэхгүй юм даа гэж Хүрэл хүн
ярилаа. Хүрэл хүн хүндээр санаа алдахад хүрэл нүднээс нь сум шиг, том дугариг
нулимс алгуурхан урсжээ. Гэнэт тэрээр бороохойгоо цохин, биеэ эгцлээд, цээжээ
өргөлөө.
-Малгайгаа ав, Розенбум. Бидний алдар гавъяаны гэрч энэ онгоцонд сүүлчийн
хүндэтгэлээ бид үзүүлэх ёстой гээд Хүрэл хүн гурван талт малгайгаа ёслол төгөлдөр
авчээ.
–Амиа алдсан дайчдын нэр хүнд, алдар гавъяа бадартугай! Ура! хэмээн тэрээр аянга
мэт чанга хүрхэрлээ.
-Урр-ра! гэж Модон хүн хашгираад бүрх малгайгаа толгойноосоо авлаа.
-Урр-ра! гэж түүнтэй хамт Нильс хашгираад Розенбумын толгой дээр хөлөө топ
хийлгэн ёслов. Гурван удаа “ура” хашгирсны дараа Хүрэл хүн гурван талт малгайгаа
өмсөөд эргэн харлаа. Тэгснээ гэнэтхэн хүрэл царай нь харлан, ширэм мэт
болчихжээ.
-Розенбум, чиний толгой дээр юу байгаа юм гэж хорсолтой дуугаар Хүрэл хүн
шивэгнэлээ. Харин Розенбумын толгой дээр Нильс хүү зогсчихсон, хөгжилтэй
ёсолж, Хүрэл хүн рүү гараа даллаж байжээ. Хорсон уурласан Хүрэл хүний үг нь ч
гарахгүй хоолой дээр нь тээглэж, юм хэлэх гэсэн ч зөвхөн ам нь л хөдөлж байлаа.
Тэгээд ч тэр Хүрэл хүн үг хэрэглэлгүй харьцаж чаддаг байжээ. Айхтар хүрэл
бороохойтой болохоор. Тэр бороохойгоо ч Хүрэл хүн далайн цохиж орхив. Модон
хүний толгойд аймшигтай цохилт таарчээ. Хагарсан духан дотроос нь бөөн тоос
манарч, Модон хүний хөл гуйван газар ойчлоо…
3
Дараа нь бүх зүйл нам гүм болох үед овоорсон хэмхэрхий дотроос Нильс
болгоомжтой мөлхөн гарч иржээ. Хүрэл хүн сураг ч үгүй алга болсон бөгөөд дорно
зүгээс мандаж байгаа нар улайран тусаж байлаа. Овоорсон хог, хэмхэрхий рүү хүү
гунигтай харав. Тэр овоолго бол Модон хүнээс үлдсэн бүх л зүйл байжээ. “Тэр
Хүрэл хүн жаахан алдаж цохиж. Тэгээгүй бол миний ч яс энд хэвтэх байсан биз” гэж
хүү бодлоо.

-Хөөрхий Розенбум. Хэрэв надаас болоогүй бол та дахиад нэг хоёр жил амьдрах л
байсан байх даа. Тал тал тийш үсэрсэн хэлтэрхийг Нильс хүү болгоомжтой
цуглуулан, жижиг овоо болгон босголоо. Тийн, нас барсан анддаа хөшөө босгоод
Нильс хүү хаалга руу гүйжээ. “Хоцорчихгүй юмсан” гэж хүү сэтгэл түгшин бодож,
гэгээ орсон тэнгэр рүү харж явлаа. Өнөө байшинг хайж байх хооронд нар бүр гарчих
байх. Мартин намайг орхиод нисчихвэл яанаа?” Хүү хаалгаар гаран гудамж дундуур
гүйж байхдаа шөнө хаагуур явснаа санахыг хичээж байлаа. Гэвч өглөөний гэрэлд юм
бүхэн өөр харагдаж, Нильс юу ч таньж чадахгүй байв. Тэгээд нэгэн гудамж руу орж,
дараа нь бас нөгөө рүү орон таамгаар гүйж явтал аз дайрч, анх буусан байшин
руугаа яг гараад иржээ. Хүүг амьсгаа дарж амжаагүй байтал өмнө нь Мартин галуу
ирчихсэн зогсож байв.
-Өнөөдөр ч чи сайн байна. Миний үгэнд ороод хол яваагүй бололтой гэж Нильс хүүг
Мартин галуу магтлаа. Харин хүү тайлбар тавьж, сайн найзаа гонсойлгохыг
хүссэнгүй. Дараа нь галуун сүрэг талбай дээгүүр нисэн өнгөрөх үед Нильс доошоо
харжээ. Өндөр чулуун тавцан дээр өнөө Хүрэл хүн зогсож байлаа. Тэр тун их яарч,
зогсох газар руугаа хамгийн сүүлчийн агшинд хүрч ирсэн нь харагдаж байв. Түүний
цамцны энгэр задгай, гурван талт малгай нь дагзан дээрээ хазайж, бороохойгоо
суган дороо хавчуулсан байлаа.
-Баяртай, Хүрэл хүн гуай гэж Нильс хашгирав. Гэвч Хүрэл хүн дуугарахгүй зогссоор
байв. Тэр сонсоогүй ч байж магад, эсвэл сонссон ч юм хэлж чадахгүй байсан биз.
Шөнө өнгөрч, нэгэн шинэ өдөр эхэлж байлаа.
Аравдугаар бүлэг. Усан доорх хот
1
Акка Кебнекайсе галууны сүрэг тэнгис, газар хоёр нийлж байгаа эргийн дагуу,
зурвас газрын дээгүүр нисэж байлаа. Тэр зурвас газарт аль эртнээс газар, тэнгис
хоёрын хооронд төгсгөлгүй тэмцэл үргэлжилж иржээ. Эргээс хол газарт төмс,
буудай, лууван гээд санаа тавих зүйл хуурай газарт олон гардаг учраас тэнгисийн
тухай огт боддоггүй байж. Гэтэл урт нарийн булан үүсэж, газрыг хутгаар хуваах мэт
тусгаарлаж орхижээ. Газар нь тэнгисээс хус, улиас модоор тусгаарлагдаж, өөрийн
жирийн ажлуудаа амжуулж эхэллээ…

Гэтэл бас нэгэн булан үүсэж, газрыг дахин зүсчээ. Энэ удаа ч тэр буланг хуурай
газар бас л моддоор хүрээлж, тэнгисийн буланг биш, жирийн нуурыг л хүрээлэх шиг
болгожээ. Харин тэр булангууд эргийг бүхэлд нь аль хэдийн хэсэглэсэн байлаа. Тэр
булангууд өргөсөн, ой модод, тариан талбайнууд руу түрэн орж, газрыг жижиг
хэсгүүд болгон хувааж байв. Тэр хуурай газрыг эзлэн живүүлж авахыг тэнгис
хүссээр байжээ. Харин хуурай газар нь огцом ногоон толгодууд үүсгэн, тэнгис рүү
дөхөж. Гэвч газрын өөдөөс тэнгис элс чулуудаж, эргийн орчим элсэн толгод
үүсгэжээ.
-Оруулахгүй дээ гэж тэнгис урхирахад,
-Бууж өгөхгүй дээ гэж газар хариуд нь хүнгэнэнэ. Тэгээд тэнгисийг халхлан эгц
хадан ханууд босгожээ. Харин тэнгис хорсон хилэгнэж, давалгаагаар дэлсэн нүдэж
эхэлжээ. Тэнгис шуугиж, хөөсрөн, газрыг бүхэлд нь хэсэглэн хаяхыг хичээх шиг
хадан цохионууд руу дайран нүдэж байв. Гэвч хуурай газар арга хэрэглэж, олон
жижиг арлуудаар хаалт үүсгэжээ. Тэдгээр арлууд нь жигдрэн жагссан цэргүүд шиг
бат бэх тогтож байв. Эхний эгнээнд хамгийн туршлагатай, ахмад дайчид гэмээр
арлууд зогсдог байлаа. Тэр арлууд дээр зүлэг, өвс огт үлдээгүй бөгөөд догширсон
давалгаанууд нь хадны замгийг хүртэл хаман урсгаж байв. Гүнзгий үрчлээ
атираатай, хад чулуунууд л давалгааны хөөсөн дотроос дээш гарч байлаа. Гэвч
тэрхүү хадан дээгүүр ч тэнгис даван гарч ирсэн бөгөөд хуурай газар руу цааш
тэмүүлж байв. Харин газрын шинэ хамгаалагч нар тэнгисийн замд дахин гарч
ирсээр байжээ. Тэдэнтэй тэнгис тэмцэлдсээр догшин хүч нь аажмаар шавхагддаг
байв. Тэгсээр газарт хүрэх үедээ тэнгис бүр хүч нь суларч, ногоон арлуудын дэргэд
аядуухан цалгилах төдий болдог байлаа. Тэнд, өвс ургасан тэрхүү газарт Акка
Кебнекайсе галууны сүрэг хамгийн урт нислэг хийхийн өмнө сүүлчийн удаа амарч
байв. Одоо шувуудын бүх сүргийн зам задгай тэнгис дээгүүр үргэлжлэх ёстой
байжээ.
2
Нильс цагаан далавчит галуундаа суугаад, тал тал тийш толгой эргүүлэн ажиглаж
явлаа. Зах зээлийн газрууд ажилладаг өдөр их зам дээр байгаа юм шиг агаар дуу
шуугиан ихтэй байжээ. Нильс амьдралдаа хэзээ ч тийм олон шувуу нэг дор
цугларсан байхыг үзэж байсангүй. Тэнд бор-цагаан галуу, цоохор далавчит нугас,
ангир, цахлай, дэглий, ахууна шувууд байжээ. Тэр олон шувууд гууглаж, хашгиран,
жиргэж, шулганан, чанга дуугарч байлаа. Тэд бие биенээ дуудаж, ярилцан, хуучин
танилууд бие биентэйгээ мэндлэн, харин шинээр ирсэн шувууд:
-Бид хэзээ нисэх вэ?
-Бид замаасаа төөрөөгүй биз?
-Амрахгүй хэр удаан нисэж болдог вэ хэмээн үе үе асууж байв. Харин удирдагч нар
өөрсдийн сүргийг улам итгэлтэй дагуулан явж байлаа. Эрэг, хадат жижиг арлууд огт
харагдахгүй болсон байлаа. Нильс хүү доош харвал гайхмаар бөгөөд газар, тэнгис
ерөөсөө байхгүй болсон мэт хүүд санагдаж байжээ. Тэдний доогуур хаа нэгтээ
шувуудын сүргүүд нисэж, хөнгөн үүлс бие биенээ гүйцэн өнгөрч байлаа. Тэнгэрээс
өөр юу ч үзэгдэхгүй, тийм өндөрт галуун сүрэг нисэж байгаа гэж үү? Хүү дээш
хараад, дараа нь дахин доош харвал доор нисэж буй шувууд хачин этгээд байдлаар,
ар нуруун дээрээ нисэж байх мэт харагджээ. Аа, энд чинь тэнгис байгаа шүү дээ!
Тэр тэнгис үнэхээр амгалан тайван, асар том толь шиг, тунгалаг харагдаж байв.
Бүхий л үүлс, шувуудын сүргүүдтэй хамт тэнгэр маш тод тусаж байгаа болохоор
тэнгис өөрөө тэнгэр болчихсон мэт санагдаж байжээ.
Тэнгисийн дээгүүр нисэхэд тэр өдөр хамгийн тохиромжтой бөгөөд шувуудад зам
тавьж өгөх мэтээр хөнгөн салхи үүлсийг үлээн холдуулж байв. Зөвхөн баруун талд л
нэгэн бараан үүл харагдах бөгөөд тэр үүлний сэжүүр нь усанд бараг хүрсэн байлаа.
Акка Кебнекайсе галуу тэр үүл рүү аль хэдийнээс байн байн харж, тэр үүл өөрт нь
таагүй санагдсаар байжээ. Хөгшин галууны ч зөв байж. Одоо салхины үлээлт
шувуудыг дэмжихээ больж, харин ч шувууд руу дайрах мэт үлээн, шувуудын
жигдэрсэн эгнээг тал тал тийш сарниахыг хичээх шиг үе үе огцом гуядаж байв.
Тийнхүү тэнгисийн шуурга эхэлжээ. Тэнгэр харанхуйлан бараантаж, тэнгисийн
давалгаа бие биенээ нүжигнэтэл балбаж байв.
-Эрэг рүү буцаж нисье ээ! гэж Акка Кебнекайсе галуу хашгирлаа. Ийм шуургыг
хуурай газарт хүлээж өнгөрүүлэх нь дээр гэдгийг Акка галуу мэдэж байжээ. Галуун
сүрэг эрэг рүү эргэх гэж гурвантаа оролдсон ч хүчтэй шуурга тэднийг бас л тэнгис
рүү гурав дахин эргүүлэн үлээжээ. Тэгээд Акка галуу ус руу буухаар шийдлээ.
Хүчтэй салхинд галуунууд алс хөөгдөж, тэндээс Лапланд орох замыг өөрөө ч
олохгүй болох вий хэмээн Акка галуу эмээж байв. Харин тэнгисийн давалгаа бол
шуурга шиг аймшигтай биш байжээ. Өдөн доогуураа ус оруулахгүйн тулд галуунууд
далавчаа биедээ сайн шахан хавчаад, давалгаан дээр загасны дэгээний хөвүүрэг шиг
хөвж эхэлжээ.
Галуунуудад тийм ч муу байгаагүй боловч харин Нильс нэвт норж, ихэд даарчээ.
Тэнгисийн хүйтэн давалгаа хүүгийн бие дээгүүр хүндээр шуугин давж, Мартин
галуунаас ховх татан салгахыг хүсэх шиг байлаа. Гэвч хүү хоёр гараараа Мартин
галууны хүзүүнээс тас зуурчээ. Хүүд аймшигтай ч, бас хөгжилтэй ч байжээ. Тэд
огцом өндөр давалгаанаас гэнэт доошлон, дараа нь бас хөөст ирмэг дээр гэнэт
өргөгдөн гарч ирж байв. Дээш-доош! Дээш-доош! Салхинд хөөгдөн задгай тэнгис
рүү ирж байгаа хуурай газрын шувууд давалгаан дээр галуун сүрэг хялбархан
бүжиглэх мэт байгааг харан атаархаж байлаа.
-Сайхан юмаа! Давалгаа та нарыг аварнаа. Бид нар ингэж хөвж чаддаг ч болоосой!
Гэсэн ч давалгаа бол найдваргүй газар байжээ. Давалгаанд удаан дайвалзсанаас
болж галуунуудын нойр хүрч эхэллээ. Нэг галуу, бас нэг галуу хошуугаа далавчин
доороо хийчихжээ. Гэвч мэргэн Акка нэг ч галууг унтуулахгүй байлаа.
-Сэрээрэй. Сэрээрэй. Унтсан галуу сүргээсээ хоцорно. Хоцорвол үхнэ шүү! гэж Акка
хашгирч байв. Акка галууны дууг сонсоод галуунууд биеэ сэгсрэн сэргэхийг хичээвч
ганц минутын дараа дахиад л нойрондоо дийлдэж байв. Удалгүй Акка Кебнекайсе
галуу өөрөө ч нойроо дийлэх чадалгүй болж иржээ.

Усан дээгүүр түүний хашгирах дуу сонсдох нь улам цөөн болж байлаа. Гэнэт
давалгаан дотроос Акка галууны яг дэргэд нэгэн үсэрхэг амьтны хоншоор гараад
иржээ.
-Далайн хав! Далайн хав! гэж Акка галуу чанга хашгираад далавчаа тас тас
дуугарган дээш хөөрлөө. Хөгшин галууны хашгиралтанд сэрсэн нойрмог галуунууд
усан дээрээс дуртай дургүй хөөрсөн бөгөөд сэрэхгүй бөх унтаж байгаа галууг Акка
галуу хошуугаараа тоншин сэрээж байв. Алгуурлаж огт болохгүй байлаа. Тэднийг
далайн хавууд тал талаас нь бүсэлсэн байжээ. Дахиад нэг л минут саатвал олон
галуу амиа алдах аюултай байлаа. Ийнхүү галуун сүрэг дахин агаарт хөөрч, дахин
салхитай сөргөлдөж эхэлжээ. Салхи өөрөө амрах цаг болсон ч өөрийгөө ч, бусдыг ч
тайван байлгахгүй үлээсээр байлаа. Галуун сүргийг салхи шүүрэн авч, эргэлдүүлэн,
задгай тэнгис рүү хөөж байв.
Удалгүй харанхуй болох тул галуунууд эмээж, хаашаа нисэж буйгаа өөрсдөө ч
мэдэхгүй байжээ. Гэгээ хурдан тасарч, галуунууд бие биенээ арай чамай олж харан,
хөгшин Акка галууны дуудах сулхан хашгиралтыг арай чамай сонсож байлаа.
Давалгаа үүнээс чанга нүргэлж чадахгүй, бас үүнээс илүү түнэр харанхуй байх
боломжгүй хэмээн Нильс хүүд санагдаж байжээ. Гэсэн ч доор минут тутамд дуу
чимээ, исгэрэлт улам хүчтэй болж, тэнгэрээс ч илүү харанхуй аварга том зүйл
харанхуй дотроос гарч ирж байлаа. Тэр бол тэнгисийн ёроолоос гарч ирж байгаа мэт
харагдах хадан цохио байжээ. Цохионы дэргэд давалгаа буцлах мэт хөөсөрч, хадан
ханан дээгүүр нижигнэн давж байлаа. Энэ аюулыг Акка галуу харахгүй байна гэж үү
дээ? Одоохон галуунууд тэр хад руу хэмх мөргөх гэж байна шүү дээ! Гэвч бусад бүх
галууны хараагүй зүйлийг Акка галуу олж харсан байв. Тэр хадан цохионы дотор
байгаа агуйг Акка харсан бөгөөд тэр агуйн хөндий рүү галуун сүргээ дагуулан
очжээ. Галуунууд байраа ч сонгож амжилгүй газарт хурдхан буугаад, тэр даруй
үхсэн юм шиг нам унтацгаалаа. Нильс хүү ч бас Мартин галууны хүзүүнээс бууж,
далавчин доогуур нь орж амжилгүй нам унтжээ.
3
Сарны гэрэл яг нүд рүү нь туссан учир Нильс сэржээ. Хүүг сэрээх гэж л сар өөрөө
агуйн амны орчим санаатай зогссон мэт байлаа. Мартин галууны далавчин доогуур
ороод хэсэг унтаж болох байсан ч тэгж итгэлт анддаа төвөг удахыг хүү хүссэнгүй.
Мартин галуу хоёр чулууны хооронд тун эвтэйхэн хэвтсэн учраас хүү түүнийг
өрөвдөж байлаа. Хөөрхий тэр галуу ихэд цуцсан бололтой харагдаж байв. Хүү
хөнгөн санаа алдаад агуй дотроос гадагш гарчээ. Тэгээд хадан цохионы буланг
дөнгөж тойрмогц хүүгийн өмнө тэнгис ил харагдлаа. Урьд шөнө ямар ч шуурга
салхи болоогүй юм шиг тэнгис тун амгалан мэлтийжээ. Өглөө болтол яаж ийгээд цаг
нөгцөөхийн тулд Нильс эрэг дээр хавтгай жижиг чулуунууд атга дүүрэн түүж,
тэнгис рүү шидэн тоглож эхэллээ. Тэгээд зүгээр ч нэг шидэлгүй, сарны туяа туссан
замыг дагуулан бөмбөг мэт үсэргэн шиджээ.
-Гурав .., тав .., долоо .., арав хэмээн чулууны ойлт бүрийг хүү тоолж байв. Саранд
хүртэл хол шидэж чаддаг бол сайхан аа. Даанч тохирох чулуу байхгүй юм даа. Маш
нимгэн хавтгай чулуу хэрэгтэй байна. Гэнэт хүү өөрт нь нэгэн зоос байгааг санажээ.
Хэрээний өгсөн зоос байгаа шүү дээ. Модон хүнд амласан ч өгч амжаагүй байсан
юм. Одоо л тэр зоос Нильс хүүд хэрэг болох нь. Хүү халааснаасаа зоосыг гаргаж,
гартаа хэсэг эргүүлээд, нэг хөлөө урагш тавин, гараа арагш далайж байгаад зоосоо
шиджээ. Гэвч шидсэн зоос нь усанд хүрэлгүй ойчиж, эргэлдэн, хэсэг бөмбөрч
байснаа нойтон элсэн дээр тогтжээ. Хүү зоосныхоо араас гүйн очлоо. Тэгээд зоосоо
авах гэж гараа сунгаснаа газар дээрээ хөших мэт зогсчээ.

-Энэ чинь юу вэ? Юу болох нь энэ вэ? Тэнгис алга болж хүүгийн яг нүдний өмнө
нэгэн зузаан хэрмэн хана гарч иржээ. Хүү толгой өргөн дээш харлаа. Тэр хана
туйлын өндөр байсан учир тэнгэрийн хагасыг бараг халхалж байв. Хэрмийн дээд
ирмэг нь шүд мэт бүтэцтэй, тэр шүднүүдийн хооронд гялалзсан дуулгатай, гартаа
жад барьсан харуул алхаж яваа харагджээ. “Би зүүдэлж байгаа юм биш биз?” хэмээн
хүү боджээ. Тэгээд нүдээ тас аниад дараа нь нүдээ хурдан нээхэд хэрмэн хана
урьдын л адил өмнө нь харагдаж байв. Засаж янзлаагүй том чулуугаар барьсан,
жинхэнэ хэрмэн хана байлаа. Холгүйхэн, бөөрөнхий хэлбэрт хоёр цамхагийн
хооронд орох хаалга байгааг хүү олж харжээ. Тэр хаалганы, давтмал төмрөн хүнд
түгжээг дангинатал түгжсэн байв. Гэвч хүү жаахан дөхөж очиход зэвэрсэн нугас нь
чихран дуугарсаар, хүүг орохыг урих мэт хаалга аажим онгойжээ.
Нильс ч дотогш орлоо. Намхан чулуун таазан доор урт модон иштэй сүхээр
зэвсэглэсэн харуулууд сууж ясан тоглоом тоглож байв. Харуулууд тоглоомондоо
ихэд автсан учраас дэргэдүүр нь Нильс хүү түргэхэн өнгөрөхийг нэг нь ч
анзаарсангүй. Хаалганы дөнгөж цаахна талд том талбай үзэгдэх бөгөөд тэр
талбайгаас тал тал тийшээ гудамжууд үүсэн салсан байв. Тэр хотод ямар нэгэн баяр
ёслол болж байгаа бололтой. Хаа сайгүй олон өнгөт туг далбаа намирч, өнгөт гэрэл,
дэнлүүнүүд асаж байлаа. Гадаа байгаа хүмүүс ч баяр ёслолын хувцас өмссөн
байжээ. Эрчүүд арьсан эмжээртэй, урт хилэн нөмрөг, өдөөр чимсэн малгай өмсөж,
эмэгтэйчүүд мөнгө, алтаар чимж оёсон даашинз, торон хээ, туузтай малгай өмссөн
нь тэдний толгой дээр эрвээхэй суусан мэт харагдаж байлаа. Тийм баян гоёл
чимэглэлийг Нильс хүү урьд өмнө нь хэзээ ч харж байсангүй. Ээж нь зөвхөн ням
гаригт л Нильсэд үзүүлэхээр өгдөг байсан, өвөөгийнх нь хуучин номон дотор л ийм
зарим зураг байсан билээ. Гэвч хачирхалтай нь, хэдийгээр энэ хотод баяр болж
байгаа нь олон зүйлээр илт харагдаж байсан ч хэн ч инээж, дуулж, тоглоом хийхгүй
байлаа. Хүмүүсийн царай гунигтай, сэтгэл түгшсэн төрхтэй бөгөөд бүгд л чимээгүй
санаа зовон, дээшээ харцгааж байв. Нильс хүү ч бас дээш харлаа.
Бүх барилга байшингийн дээврээс хавьгүй өндөрт, дөрвөн өнцөгт нэгэн цамхаг
сүндэрлэн харагдаж байв. Тэр цамхагийн чулуун хананд том цаг суулгасан бөгөөд
тэр цагны аварга том дугариг нүүр нь доошоо, хот руу харж байлаа. “Энд цаг байдаг
нь сайн шүү. Нэг цаг хэртэй зугаалаад буцъя” гэж хүү боджээ. Тэгээд Нильс хүү
гудамжаар хөгжилтэй алхаж эхэллээ. Хүү рүү хэн ч анхаарал хандуулахгүй байв.
Тэгээд ч олон хүний дундаас бяцхан хүүг олж харахад амаргүй байлаа. Хүү хот
дотуур чөлөөтэй гүйж, байшин барилгыг сонирхон харж, хашаанууд руу шагайж
явжээ. Харин хүү хаашаа ч явлаа гэсэн цамхаг дээрх цагийг харах боломжтой байв.
Нэгэн гудамжинд, байшингийн довжоо бүрийн дэргэд гоёлын хувцастай
эмэгтэйчүүд чимээгүй суугаад, алтан утас ээрч байлаа. Тэд байн байн санаа алдаж,
цамхагийн цаг руу харж байв. “Энэ хүмүүс шөнөжин ажиллаад ядарсан байх аа” гэж
хүү бодон өөр нэгэн гудамж руу эргэжээ. Тэнд ч бас ажил ид явж байлаа. Гудамж
даяар төмрийн хангинах чимээ сонсдож байгаа нь зэвсгийн дарчууд чинжаал хутга,
сэлэм хйиж байжээ. Тэд хааяахан духны хөлсөө ханцуйгаараа шударч, ажлаа түр
завсарлан, цаг руу сэмхэн харж байв. Гурав дахь гудамжинд гуталчид гоёмсог гутал
хийж, арьсан эмжээртэй шаахай оён, дөрөв дахь гудамжинд хүмүүс хээ угалз
сүлжин, тав дахь гудамжинд өнгө бүрийн, гялалзсан олон чулууг дархчууд засан
өнгөлж байлаа. Тэд ч бас л дуугүй ажиллаж, цамхагийн цаг руу харахын тулд хааяа
толгой өргөж байв.
Хүү цаашлан хот дундуур удаан гүйсээр цэлгэр уужим нэгэн гудамж руу гарч ирлээ.
Гудамжны хоёр талаар лангуунууд эгнэн байрлаж, дэлгүүр хоршооны хаалга
цэлийтэл нээлттэй, лангуунууд эд бараагаар дүүрэн боловч харин арилжаа наймаа нь
төдий л сайн өрнөхгүй байжээ. Худалдаачид лангууны цаана сэтгэл дундуур сууж,
хааяа нэгхэн орж гарах худалдан авагчдыг төдий л анхаарахгүй байлаа. Харин
худалдан авагчид дэлгээтэй эд бараа руу харах ч үгүйгээр, худалдагчдаас ямар нэгэн
зүйл аяархан асуугаад, хүндээр санаа алдан юу ч худалдаж авахгүй гарч байжээ.
“Үнийг нь л сонирхсон байх. Бараа нь үнэтэй гэдэг нь илт юм аа” гэж хүү бодлоо.
Тэгээд цааш хэсэг явснаа нэгэн лангууны өмнө хүү шаасан гадас шиг зогтусан удаан
ширтлээ. Тэр нь зэр зэвсгийн лангуу байжээ. Тэндээс бүхэл бүтэн салаа цэргийг ч
зэвсэглэж хүрэхээр байв. Тэнд алт, мөнгөн чимэгтэй, давтмал сэлэм, нэхмэлийн зүү
шиг нарийхан сэлэм ч харагдаж байлаа. Тэнд бүх л загварын сэлэм байх бөгөөд
шулуун, тахир, хуйтай, хуйгүй сэлэмнүүд ярайж байв. Бас том, жижиг, яс, мод, алт,
мөнгөн бариултай жад, хоёр талдаа иртэй шулуун илд, чинжаал хутганууд байлаа.
Дэлт арслан, долоон толгойт луугаар чимэглэсэн хүнд бамбайнууд бас байв. Харин
лангууны нэгэн лавхан буланд хурц үзүүрт жаднууд бүхэл бүтэн ойн төгөл мэт
сэрийн харагдаж, дайчдын бамбай, хөө хуяг, дуулга зэрэг олон зэвсэг овоолсон
байжээ. Тэр бүх зэр зэвсэг цоо шинэ бөгөөд дайн, тулаан, дайчдын тэмцээнд огт
элэгдэж, харлаагүй, гялалзан харагдаж байв.
“Ийшээ орж үзвэл яадаг бол?” гэж хүү бодлоо. Намайг хэн ч анзаарахгүй байж
магадгүй… Хэрэв анзаарвал би ямар нэг юм худалдаж авах гэж байна л гэж хэлнэ…”
Гэвч зах дээр байгаа эд барааг дэмий л ажиглан, барьж, тэмтэрч, удаан сонгож, үнэ
хаялцаж байснаа дараа нь юу ч худалдаж авалгүй гүйгээд явчихдаг хүүхдүүдийг
наймаачид хөөдгийг Нильс сайн санаж байлаа. Нильсийн тосгоны нэг хүүг
наймаачид барьж аваад, бусдад нь сануулга болгох гэж чихийг нь ихэд зулгаасан
билээ. Тэр явдал бол жирийн л нэг зах дээр болсон шүү дээ. Харин энд бол ч ёстой
турсага хуулах байх аа. Хүү лангууны дэргэд удаан тээнэгэлзэж, хаалга руу нэг
ойртон, нэг холдож байв.
“Ямар шалтаг зохиож хэлэх вэ?” хэмээн хүү эрэгцүүлж байлаа. “Аа, мэдлээ. Надад
сэлэм хэрэгтэй байна гэж хэлье. Харин надад таарах сэлэм олдохгүй. Тэгэхээр нь би
“төвөг удсаныг уучлаарай” гэж хэлээд холдоно. Ийнхүү, Нильс сэтгэл санаагаа
бэлдээд лангуу руу очжээ. Лангууны дэргэд, сийлбэртэй өндөр түшлэгт буйдан
сандалд сахалтай нэгэн худалдаачин суугаад цонхоор нүд салгалгүй ширтэж байлаа.
Тэр худалдаачин цамхагийн цаг руу харж байжээ. Сар тэнгэрт тодхон гэрэлтэж,
аварга том цаг, бас дотор нь алгуурхан боловч зогсолтгүй урагшилсаар байгаа хар
зүүг нь дэнлүү мэт гэрэлтүүлж байв. Тэр худалдаачны дэргэдүүр хүү сэмхэн
өнгөрөөд, таазнаас шал хүртэл зэр зэвсэг өлгөсөн ханын дагуу гэтэн явжээ.
Хүүгийн нүд тал тал тийш гайхан харж, яг ямар зэвсэг сонгож ажиглахаа мэдэхгүй
байлаа. Тэгтэл нэгэн чинжаал хутга хүүгийн харааг татжээ. Тэр чинжаал том биш
бөгөөд хүүгийн бяцхан биенээс ердөө хоёр дахин л урт байв. Тэр чинжаал хутганы
бариул дээр мөнгөн могой сийлсэн бөгөөд лангууны дөнгөж дээхнэ талд өлгөсөн
байлаа. Хүү өнөө худалдагч руу сэмхэн харвал тэр эрэгтэй урьдын л адил буйдан
дээрээ хөдлөхгүй суугаад, цонхоор харсаар байжээ. Тэгэхээр нь хүү зориг орж,
ханын дэргэд овоолсон хайрцагнууд дээгүүр авиран лангуун дээр гарч, чинжаал
хутгыг хоёр гараараа барьж авчээ. Гэвч барьсан хутгаа тогтоож чадалгүй алдан
унагаахад өнөө хутга нь шалан дээр битүү чимээ гарган ойчжээ. Хүү сандарсандаа
бие нь хөрчих шиг болов. Тэгээд хайрцагнуудын араар хурдхан нуугдахыг хүссэн
боловч нэгэнт оройтсон байжээ. Чимээ гарахыг сонссон худалдаачин буйдангаа
пижигнэтэл арагш түлхээд Нильс рүү ухасхийн иржээ. Хаашаа ч зугтах газар
байсангүй тул хүү халаасан доторхи жижиг хутгаа гартаа атгаад биеэ хамгаалахад
бэлтгэжээ.
Гэвч хүү рүү тэр худалдаачин дайрах гэж огт хичээсэнгүй. Харин ч сайныг хүссэн
харцаар хүү рүү хараад, үл ойлгогдох ямар нэгэн хэлээр түргэн түргэн ярьж эхэлжээ.
Бүхий л байдлаас үзвэл тэр худалдаачин Нильс хүүг харахдаа харин ч баяртай байх
шиг. Тэгснээ өнөө худалдаачин хананаас сэлэм, бамбай, чинжаалыг яаран авч, эелдэг
зангаар ч юм уу, эсвэл хүү хэт намхан байснаас ч тэр үү Нильсийн өмнө доор
мэхийн ёслоод, өөрийн бүх эрдэнэсээ өмнө нь дэлгэн тавьж эхэлжээ. Дараа нь өнөө
худалдаачин ганцхан ухасхийн илд, сэлмийг хуйнаас нь суга татаад, айсан хүүгийн
яг хамар доор удтал эргэлдүүлж, тэгснээ баруун хөл дээрээ сууж, гэнэт зоримог
дайралт хийн, үл үзэгдэгч дайсныг нэвт хатгах хөдөлгөөн хийж үзүүллээ. Тэгээд янз
бүрийн дуулга малгай толгойдоо өмсөж, Нильсийн өмнө явган суугаад, хээ угалзат
чимэг, нүүрний хамгаалалт, сайхан чимгийг нь хүүд сайтар харуулахын тулд
толгойгоо эргүүлэн үзүүлж байв. Эцэст нь тэр худалдаачин өөрийн сахлаас нэгийг
таслан авч, дээш шидээд, аварга том сэлмээр агаарт тас цавчин харуулжээ.
Түүний бүх үзүүлбэр, хөдөлгөөнөөс болоод дэлгүүр дотор төмөр хангинан, тааз,
лангуун дээр сарны гэрэл бүжиглэх мэт хөдөлж байв. Энэ үед бусад лангуунаас бас
худалдаачид гүйлдэн иржээ. Тэд өөрсдөд нь байсан эрээн алчуур, хивс, гоёл
чимэглэл, цом, хос гутал зэрэг хамгийн сайн эд бараагаа барин ирцгээж байв. Тэгээд
тэр бүх зүйлээ Нильсийн дэргэд овоолоод, бие биедээ цаг руу заан, шинэ эд
барааныхаа хойноос яаран гүйлджээ. “Тэд хаашаа ингэж яараад байгаа юм бол?
Яагаад цөмөөрөө цаг руу хардаг юм бол?” гэж хүү Нильс бодоод өөрөө ч цаг руу
харлаа.
Хүүг хот руу орж ирсэн үеэс хойш цагийн зүү бараг бүтэн тойрсон байжээ. “Пөөх,
миний буцах цаг болчихож” хэмээн Нильс хүү гэнэт яарчээ. Эртхэн очихгүй бол
галуунууд сэрээд, намайг хайж эхэлнэ шүү.” Гэвч тэр салдаггүй наймаачдаас сална
гэдэг тун амаргүй байжээ.
-Надад мөнгө байхгүй шүү дээ. Ойлгож байна уу, мөнгө байхгүй хэмээн наймаачдад
тайлбарлахыг хүү хичээж байв. Гэсэн ч тэр хүмүүс юу ч ойлгохгүй байжээ. Тэд
Нильс рүү ихэд царайчлан харж, яагаад ч юм нэг хуруугаа дээш өргөж байв. Харин
зэвсгийн лангууны эзэн касснаасаа нэгэн жижиг зоос гаргаад зоос руугаа, бас
Нильсийн дэргэд овоолсон сайхан эд бараа руугаа хуруугаар хичээнгүйлэн зааж
байлаа.
Хамаг эд бараагаа ганцхан жижиг зоосоор өгнө гэж хэлэхийг хүсэж байх шиг
харагдаж байв.
“Ямар хачин юм бэ?” гэж хүү бодлоо. Шуудай алтаар ч төлж барамгүй их эд бараа
байна. Харин эд нар ганцхан зоос л гуйгаад байх юм… Өө, нээрээ надад уг нь зоос
бий шүү дээ гэж хүү баярлан санаад халаасаа тэмтрэн хайж эхэллээ. Зоос минь хаана
байнаа? Өө, ямар хайран юм бэ? Эрэг дээр намайг шидэх үед элсэн дотор унасан
шүү дээ.”
-Ганцхан минут хүлээгээрэй гэж Нильс хашгираад бөөн эд бараа, хивс, бусад юмс
дундуур сүлжин өнгөрч, гудамжаар хар хурдаараа гүйн, талбай өнгөрч, гарах хаалга
руу очжээ… Тэгээд зоосоо ч шууд олжээ. Зоос нь өнөө газраа, хэрмэн хананаас
холгүйхэн хэвтэж байв. Хүү зоосоо шүүрч аваад, гартаа чанга атган, буцаад хаалга
руу гүйжээ…Гэвч өнөө хаалга алга болчихсон байх нь тэр. Хэрмэн хана ч
байсангүй. Хот ч байсангүй. Хүүгийн өмнө амгалан тэнгис урьдынх шигээ
мяралзаж, зөөлөн давалгаа нь эргийн чулууг илбэн дөнгөж сонсдох төдий
шуржигнаж байлаа. Хүү юу бодохоо ч мэдэхгүй хоцорчээ.
-Ямар хачин юм бэ? Хот байж байснаа алга болчих юм. Юу ч ойлгохоо байлаа! Гэнэт
хүүгийн архан талд:
-Өө, өнөөх чинь энд байна. Энд! гэж хашгирах сонсогджээ. Хүү эргэн харвал хадны
цаанаас Мартин галуу, бас араас нь Акка галууны бүх сүрэг гарч иржээ. Мартин
галуу маш ууртай байв.
-Чи чинь хаашаа алга болчихов оо? Дахиад бас нэг нь ирээд чамайг чирээд явахыг
хүсээд байна уу? Шөнө чамайг хүлж байх хэрэгтэй болох нь уу?… Чиний үзэж
хараагүй юу энд байгаа юм?
-Энд би юу харсныг та асуусан нь дээр дээ гэж хүү хэллээ.
-Тэгээд юу харсан гэж хэмээн Мартин бувтнав.
-Сайхан хот үзлээ. Цамхагуудтай, сайхан байшин барилгатай хот байна лээ. Маш
олон хүн байсан. Хүмүүс нь торго, хилэнгээр гоёдог юм байна. Нэг нь нөгөөгөөсөө
илүү гоёх юм аа… Дэлгүүр, лангуунууд нь аягүй баян юм. Тийм их эд барааг манай
шинэ жилийн үзэсгэлэн худалдаан дээр ч олж харахгүй. Тэгээд бүх бараа нь бараг
үнэгүй шахам байх юм. Та нар итгэхгүй байх даа. Би жишээ нь ганцхан зоосоор
бүхэл бүтэн лангуу худалдаж авах шахлаа. Бүр худалдагчтай нь хамт. Тэгээд Нильс
хүү жижиг мөнгөн зоосоо Мартин галуунд харууллаа.
-Чи тэгээд худалдаж авахгүй яасан юм? Үнэ тохирч чадсангүй юу? гэж Мартин
ёжлон асуув.
-Юун үнэ тохирох гэж! Тэр наймаачдаас арай гэж л салсан. Харин би хяссан юм шиг
энэ зоосоо орхичихсон байсан л даа. Тэгээд зоосоо олох гээд гүйж явтал өнөө хот
усан доор орчих шиг л алга болчихсон. Тэгтэл Мартин төдийгүй бусад бүх галуу
тэсэж чадалгүй зэрэг инээлджээ.
-Та нар яагаад инээгээд байгаа юм гэж Нильс хүү гомдсондоо уйлах шахан хэллээ.
-Би худлаа яриагүй шүү дээ. Би үнэхээр тэр хотод очсон. Тэнд ямар байшин, ямар
гудамжнууд байсныг би бүгдийг нь ярьж чадна…Гэвч галуунууд хүүг сонсолгүй бас
л зэрэг ганганан инээлдэв. Тэгтэл:
-За, та нар чимээгүй болцгоо. Энэ хүүхэд үнэн ярьж байна хэмээх Акка галууны дуу
гэнэт сонсогджээ. Бусад галуу Акка галуу руу гайхан харлаа.
-Тийм ээ, тийм. Энэ хүүхэд үнэн ярьж байна. Та нар одоогоор залуу, туршлага
багатай байна. Дээр үед, олон жилийн өмнө, Лапланд хүрэх зам энэ арлыг дайрч
өнгөрдөг байсан юм. Тэр үед энэ арал дээр хот байсан юм гэнэ лээ. Тэр тухай элэнц
эмээ маань миний эмээд ярьж, эмээ маань надад ярьж өгсөн юм. Харин одоо би та
нарт энэ сонин хотын тухай ярьж өгье. Намайг сайн сонсоцгоо гэж хэлээд хөгшин
Акка дараах түүхийг ярьж өгчээ.
4
Галуунууд шуурганд хөөгдөн хүрч ирсэн тэр арал эрт дээр үед, магадгүй мянган
жилийн өмнө, эсвэл хоёр мянган жилийн өмнө тийм хоосон, зэлүүд байгаагүй ажээ.
Тэр арал дээр баян, сайхан Винетта хэмээх хот оршиж байжээ. Винетта хотын
нэхмэлчдээс илүү уран нэхмэлч дэлхийн хаана ч байсангүй. Тэр хотын дархчуудын
хийдэг сайхан цом, чинжаал хутгыг өөр хэн ч тэд нар шиг хийж чаддаггүй байжээ.
Бас Винетта хотын хээ угалз шиг тийм гоёмсог сайхан хээ хуарыг хэн ч сүлжиж
чаддаггүй байв. Баян чамин эд бараа ачсан усан онгоцнууд өдөр бүр далайн
боомтоос хөдөлж, алт, мөнгө ачсан бусад усан онгоц алсын аяллаас буцан ирдэг
байжээ.
Винетта хотын оршин суугчид дэлхийн бүх хоттой арилжаа наймаа хийдэг байлаа.
Тэр хотын усан онгоцнууд дэлхийн бүх тэнгисээр аялж, бүхий л боомт, зогсоолд
саатан амардаг байжээ. Гэвч гадны нэг ч усан онгоц хэзээ ч Винетта хотын зогсоолд
зангуугаа хаян зогсдоггүй байв. Ер нь тэр хот хаана байдгийг хэн ч мэддэггүй
байжээ. Өөрийн арал руу хүрэх замыг Винетта хотын оршин суугчид хэнд ч хэлж
өгдөггүй байлаа. Харин тэр хотын оршин суугчид улам баяжих тусмаа эд
баялгийнхаа төлөө айдаг болсон байжээ. “Баян хүн унтаж чаддаггүй, баян хүн л
хулгайчаас айдаг” гэж хүмүүс эртнээс ярьдаг нь ортой байж. Винетта хотын оршин
суугчид шөнө тайван унтаж чаддаггүй байв. Үүр цайхаас эхлээд дараа өдрийн үүр
цайх хүртэл мөрөн дээрээ сүх тавьсан, чимээ гаргах товшлуур мод гартаа барьсан
харуулууд хотоор явдаг байжээ. Бүх үүд хаалгыг хүнд цуурга, цоожоор цоожилж,
лангуу, дэлгүүр, агуулахыг зуудаг нохдоор мануулдаг байв.
Гаднаас ирсэн, явуулын хүмүүсээс Винетта хотын хүмүүс улам айдаг байжээ.
“Танихгүй хүнийг, бас ямар санаа бодол агуулж байгааг нь хэн ч мэдэхгүй. Хулгайч,
эсвэл дээрэмчин байж мэднэ. Магадгүй, хамгийн далд нууц агуулахууд руу нь яаж
сэмхэн орох вэ гэж ажиглаж байж ч мэднэ” хэмээн тэд боддог байлаа. Тэгээд
өөрсдийнх нь арал руу тохиолдлоор дөхөж ирсэн усан онгоцнуудыг шатааж,
шуурганд туугдан эрэг дээр гарч ирсэн гадны хүмүүсийн амийг хөнөөдөг болжээ.
Винетта хот хаана байдгийг дэлхий даяар зарлачих вий гэхдээ дэргэдүүр нь ниссэн
шувуудыг хүртэл буудан хороодог болжээ. Тэр муухай цаг үед, энэ газар олон зэрлэг
галуу хөнөөгдөж байв. Яваандаа тэр газрын тэнгис хоосорч, ямар ч анир чимээгүй
болжээ. Тэр арлаас далайчид холуур өнгөрдөг болж, тэр арал дээр шувуудын дуу
хэзээ ч дуулдахгүй, загаснууд сүрэг сүргээрээ өөр эргүүд рүү холдон оддог болжээ.
Харин энэ байдал тэнгисийн хаанд таалагдсангүй.
-Энэ чинь юу болж байна аа. Эндхийн жинхэнэ эзэн нь хэн билээ хэмээн тэнгисийн
хаан хилэгнэжээ. Хэрэв хүмүүс, амьтдад хотоо харуулахыг хүсэхгүй байгаа бол энэ
хотыг дахиж хэн ч хэзээ ч харахгүй болог л дээ. Хөөе, давалгаанууд аа! Тэр хот руу
дайрч живүүл! хэмээн хаан тушаажээ. Ийнхүү тэнгисийн хүчит давалгаа Винетта
хот руу нөмрөн очлоо. Хотын оршин суугчид айдаст автан үймж эхэлжээ. Тэгээд
тэнгисээс хотоо хамгаалахын тулд хэрмэн хана байгуулж эхлэв. Ус өндөр болохын
хэрээр ханаа ч улам өндөр барьж байжээ. Хотын оршин суугчид яаран ажиллаж,
хадан дээр хад овоолон сандарч байсан ч тэнгис тэднээс түрүүлж чаджээ. Хэрмэн
ханын ирмэг дээгүүр ус халин орж, бүх гудамж, талбай, байшин барилгыг
живүүлсэн гэдэг …

Харин Винетта хотын оршин суугчид усан доор ч өдөр, шөнөгүй ажилласаар байгаа
аж. Лангуу, агуулахууд нь урьдын адил эд, бараагаар дүүрч, хахсан боловч хэнтэй ч
арилжаа хийх боломжгүй болж хоцорсон байгаа гэнэ. Зуун жилийн хугацаанд
зөвхөн ганц удаа, зөвхөн нэг цагийн дотор л энэ хот тэнгисийн ёроолоос дээш
өргөгдөн гарч ирдэг аж. Хэрэв яг тэр цагт нь хэн нэгэн гадны хүн Винетта хот руу
орвол, тэгээд ядаж ганц зүйл худалдаж авбал Винетта хот уучлал хүртэж, хуурай
газар дээрээ оршин үлдэх боломжтой ажээ. Гэхдээ хэрэв цамхагт цагийн зүү нэг
тойрох зуурт худалдан авагч олдохгүй бол тэр хот тэнгисийн ёроол руу дахин живж,
тэндээ дахиад зуун жил хүлээх ёстой гэдэг.
-Энэ түүхийг надад эмээ маань ярьж өгсөн юм гэж Акка галуу хэлээд, та нар
өөрсдийнхөө ач нарт ярьж өгөөрэй гэжээ.
Арван нэгдүгээр бүлэг. Баавгайн ичээнд
1
Тэр өдөр огцом хүйтэн салхи өдөржингөө үлээжээ. Тэр хүйтэн салхи Акка галууны
сүрэг рүү нэг баруун талаас, нэг зүүн талаас нь, эсвэл өмнөөс нь, хойноос нь үлээн
шавхуурдаж байв. Гэвч галуу урьдын адил далавчаа жигд дэвэн, замаасаа гажилгүй
ниссээр байлаа.
Нильс хүү ч бас салхийг төдий л тоохгүй байв. Юм л бол Мартин галууны хүзүүнээс
хүү зуурч явдаг байсан цаг аль эрт өнгөрсөн байлаа.
Одоо бол Нильс цагаан галууны хүзүүн дээр юу ч болоогүй мэт хээв нэг сууж, бүр
гэрийнхээ хашааны оройд сууж байгаа юм шиг хоёр хөлөө савчуулан явдаг болсон
байжээ.
Гэвч хүйтэн салхи харьж өгөхгүй л байлаа. Өөрөөс нь хэн ч айхгүй байгаад салхи
уурлах мэт догширч, галуунууд руу маш хүчтэй үлээсэн учир сүргийн жигд,
гурвалжин цувааг агшин зуур алдуулж орхижээ.
Харин Нильс хүү өөрийн далавчит хүлэг дээр тогтож чадсангүй ойччихлоо. Азаар
хүү маш бяцхан, хөнгөн биетэй байсан тул гэмтсэнгүй. Хүү хуурай навч, хуудас цаас
мэт алгуурхан эргэлдэн ойчих зуур хөл, толгой нь дээш, доош харан эргэлдэн
доошилж явжээ. Тэгсээр хүү газар мөргөн ойчиход тун ойртож иртэл… хүүгийн
доорхи газар гэнэт хагарчих мэт боллоо. “Газраас доош ойчих боломжгүй” гэж
хүмүүс ярилцдаг билээ. Харин Нильс хүү газраас ч доош ойччих шиг болжээ.

Тэгээд “Би хаана байнаа?” гэж хүү бодон босож ирлээ. Эргэн тойронд шөнө шиг
харанхуй байсан ч аажмаар хүүгийн нүд харанхуйд дасжээ. Тэгээд хөл доор нь
моддын нүцгэн үндэс, харин толгой дээр нь тэнгэрийн нэгээхэн хэсэг үзэгдэж
байхыг олж харав. Ямар нэг гүн нүх рүү ойчжээ гэдгээ Нильс хүү ойлгожээ. Тэгтэл
хүүгийн ард ямар нэгэн зүйл хөрвөөн хөдөлж, шуухитнан амьсгалах нь сонсдлоо.
Нильс эргэн харвал хүрэн хөвд ургасан нэгэн том бараан зүйлийг олж үзжээ. Одоо
тэр том бараан зүйл хөдөлж, дээшилж байна… Харанхуйд хоёр гал гялсхийх шиг…
Хөөх, эм баавгай байх нь. Өтгөн сахлаг үс ноостой эм баавгай.
-За одоо ч надад өөдтэй юм болохгүй дээ. Өнөө баавгай сарвуугаа өргөснөө, тоглож
байгаа юм шиг Нильсэд дөнгөж хүргэв. Гэвч дөнгөж хүрэх төдийд л Нильс хүү аль
хэдийн газар тэрийн ойчжээ. Өнөө баавгай Нильс хүүг тойрч, хэсэг үнэрлээд, хажуу
тийш эргэн хэвтлээ. Тэгснээ өнөө баавгай хойд хоёр хөл дээрээ оцойн суугаад,
Нильсийн цамцнаас зууж, яг хоншоор руугаа татаж авчрав. Ямар гээч ойлгомжгүй
амьтан гэнэтхэн ичээ рүү нь ороод ирснийг сайн харахыг баавгай хүссэн бололтой.
Харин энэ агшинд Нильс “баавгай намайг залгих гэж байна” гэж боджээ. Хүү
хашгирах гэсэн ч дуу нь гарч өгөхгүй таг болчихлоо. Ийм аймшигтай агшин Нильс
хүүгийн амьдралд урьд нь хэзээ ч таарч байсангүй. Гэвч өнөө баавгай Нильс хүүг
болгоомжтой буулган газар тавиад, толгойгоо эргүүлэн, зөөлөн дуугаар:
-Мурре! Брумме! Нааш ир. Би та хоёрт нэг юм оллоо гэжээ. Тэгтэл харанхуй
булангаас хоёр бамбарууш бөмбөрөн өнхрөх мэт гарч ирлээ.
Бамбаруушнууд тун жижигхэн бөгөөд хөл дээрээ ч сайн тэнцэж чадаагүй, дөнгөж
төрсөн гөлөгнийх шиг сахлаг, зөөлөн үстэй байв.
-Бид хоёрт та юу олоо вэ? Амттай юм уу? Бид нарын оройн хоол юм уу? гэж Мурре,
Брумме хоёр зэрэг шахам асуулаа. Харин хөөрхий Нильс хүүг өнөө баавгай хоёр
бамбарууш руугаа хошуугаараа дөхүүлэн түлхчихлээ. Мурре бамбарууш түрүүлэн
дөхөж ирэв. Тэгээд удаан бодолгүй Нильсийн цамцны захнаас зууж аваад, булан руу
чирэн аваачлаа. Гэвч Брумме бамбарууш ч бас зүгээр эвшээж суусангүй. Нильсийг
булааж авахын тулд ах руугаа дайрчээ. Тийн хоёр бамбарууш бие биенээ балбан
цохиж, өнхрөн, сарвалзаж, нэг нэгнээ хазан, уухилан архирч байв. Харин тэр
хооронд Нильс өнөө хоёр бамбаруушнаас мултарч, нүхний хана даган дээш авирч
эхэлжээ.
-Хараач, зугтааж байна гэж ахдаа нэлээд сайн дийлдсэн Брумме бамбарууш
хашгирлаа. Мурре бамбарууш минут хэртэй түр зогссоноо Брумме бамбаруушийг
нэг удаа алгадаад Нильсийн араас хөөлөө. Тэгээд хоёрхон үсрэн Нильс хүүг гүйцэн
шүүрээд, сарвуугаа өргөж, гацуурын боргоцой шиг доош нь чулуудчихжээ. Одоо
Нильс яг Брумме бамбаруушийн хумсанд баригдлаа. Гэхдээ удсангүй. Мурре
бамбарууш ирэн, ах руугаа дайрч, дахиад Нильсийг булааж авчээ. Брумме
бамбарууш ч бас энэ явдлыг тэвчиж чадаагүй бөгөөд Муррег чанга балбаж эхэлжээ.
Гэвч Мурре бамбарууш өөрийгөө хамгаалж чадсан бөгөөд Брумме ахдаа бас хариу
өгчээ. Харин Нильсэд бол Брумме, Муррегийн алины саварт орох нь ямар ч ялгаагүй
байв. Тэртэй тэргүй л дүүрсэн юм чинь! Хэн хэнээс нь аль болох хурдан ангижирвал
тун сайн байжээ. Тэгээд ах дүү хоёр бамбарууш дахин ноцолдож байх хооронд
Нильс дээшээ дахин авирч эхлэв.
Гэвч Нильс хүүгийн чармайлт тухай бүрт, нэг л байдлаар үр дүнгүй төгсөж байлаа.
Мурре, Брумме хоёр бамбарууш хүүг дорхноо гүйцэн барьж авчихаад байв. Дараа нь
ноцолдоон, хөөцөлдөөн дахин давтагдаж, тэгсээр Нильс хүү маш ядран, гар, хөлөө ч
хөдөлгөж чадахгүй болжээ. “За дүүрч, юу л болбол болог” гэж хүү бодоод, ичээний
дунд хэсэгт хэсэг хэвтлээ. Харин хоёр бамбарууш Нильс хүүг сарвуугаараа түлхэн:
-Чи зугтаач! Чи зугтаач! Бид хоёр чамайг хөөе! хэмээн хашгиралдав.
-Үгүй ээ, гүйхгүй. Одоо нэг ч алхам гүйхгүй гэж Нильс хүү хэллээ. Мурре, Брумме
хоёр бамбарууш ихэд гайхжээ.
-Ээж ээ, хүүе ээж! Энэ чинь бид хоёртой тоглохгүй гээд байна! гэж хоёр бамбарууш
хашгирлаа.
-Тоглохгүй гэнээ? гэж эх баавгай хэлээд, ойртон ирэв. Тэгээд Нильс хүүг харж
үнэрлээд:
-Ээ, хүүхдүүд минь дээ. Хүүхдүүд минь. Юун яасан тоглоом бэ! Та нар үүнийг бүүр
зовоочихож. Одоо хэсэг амраа. Та хоёр өөрсдөө ч одоо унтах цаг болсон. Орой
болчихож гэлээ. Тэгээд эх баавгай дахин хэвтэхэд ядарсан Мурре, Брумме хоёр
бамбарууш дэргэд нь наалдан хэвтжээ. Харин Нильс хүүг хоёр бамбарууш дундаа
тавилаа. Нильс огт хөдлөхгүй байхыг хичээж, баавгайнууд унтахыг хүлээж байв.
“Тэгвэл энэ ичээнээс заавал зугтааж гарна. Одоо миний хувьд боллоо. Хоёр
бамбарууштай зөндөө тоглолоо.” Үнэхээр ч эх баавгай, хоёр бамбарууш төдий л
удалгүй унтаж орхилоо. Тэд харанхуй ичээн дотроо янз бүрийн дуугаар хурхирах нь
сонсогдож байв.
Эх баавгай чанга дүнгэнэн, яг л хоолой дотор нь чулуунууд өнхөрч байх шиг
хурхирч байлаа. Мурре бамбарууш исгэрэн хурхирч байхад Брумме амаа дуугарган
хурхирч байв. Баавгайнууд дэргэд нь нойрсон хурхирахыг чагнаж байтал Нильс
хүүгийн нүд ч аяндаа анилдан бас унтаж орхижээ.
2
Ичээний хананаас чулуу, шороо үйрэн унах чимээгээр Нильс сэрлээ. Нэгэн том,
хүнд амьтан ичээ рүү доошлон ирж байжээ. Мурре, Брумме хоёр бамбаруушны
сарвууны хооронд Нильс толгойгоо хийчихлээ. Тээр дээр харагдах тэнгэрт сар
мандсан бөгөөд сарны гэрэл ичээ рүү тусаж байсан учир нэгэн том баавгай доошлон
орж ирж байгааг хүү харжээ. Тэр нь маш том баавгай бөгөөд сарвуу болгон нь бараг
модны хожуул шиг бүдүүн байлаа. Тэр баавгайн онигор нүд ууртай харагдаж,
ангайсан амнаас нь хурц цагаан хоёр соёо цухуйж байв.
-Манай ичээнээс хүний үнэр ханхалж байна! гэж тэр баавгай хүрхэрлээ.
-Тэнэг юм битгий яриад бай. Энд яахаараа хүн байх юм? Хэвт, хэвт, бамбарууш
сэрээчихнэ гэж эм баавгай үглэв. Тэр баавгай дахин нэг удаа хамраа шиншлээд,
сагсгар толгойгоо сэгсрэн, газар хүндээр хэвтжээ. Хүү ч хоёр бамбарууш дунд
хурдхан нуугдахыг хичээн шургалаа. Тэгтэл гай газар дороос гэдэг болж,
бамбаруушийн үсний болов уу нэгэн хялгас хамарт нь орчихсон учир Нильс тэсэж
чадалгүй чанга найтаачихжээ. Ичээний эзэн баавгай ухасхийн босож, хоёр
бамбарууш руугаа яаран ирлээ.
Тэгээд хүчирхэг савраараа ганцхан түлхэж нэг бамбаруушаа, дараа нь бас нэг түлхэн
нөгөө бамбаруушаа холдуулахад бяцхан хүү ил гаран хоцорчээ.
-Энэ байна шүү дээ! Тэр хүн чинь энэ байна! гэж баавгай хүрхрэв.
-Битгий наад хүүхэддээ хүр ээ! Битгий зовоо. Манай хоёр бамбарууш энэ хүүхэдтэй
маш сайхан тоглож байгаа юм. Чи идчих юм бол наад хоёр чинь уйлаад унана.
Тэгээд ч ийм жижигхэн хүүхдийг яаж хүн гэх юм! Би л лав хүн ийм жижигхэн
байхыг амьдралдаа хэзээ ч үзээгүй гэж эм баавгай чанга хэллээ.
-Тэгвэл энэ хүүхдийн гар, хөл яагаад хүнийх шиг байгаа юм? Яагаад үс, ноос
байхгүй, өмд, цамцтай байдаг юм? За яах вэ, өглөө болтол хүлээе дээ. Энэ хүүг яахаа
өглөө шийдье. Ингээд өнөө том баавгай унтахаар хэвтэхэд ичээн дотор ч дахиад
чимээгүй болжээ. Эр, эм баавгай, бамбаруушнууд бүгд унтаж, харин Нильс хүү л
унтахтай мантай байлаа. “Та нар ч яахав. Өглөө болтол хүлээж болно. Харин би юу
хүлээж хэвтэх билээ? Энэ том баавгай намайг идэхгүй ч гэсэн хоёр бамбарууш нь
намайг үхтэл зовооно шүү дээ.” Тэгээд Нильс хүү тун сэмээрхэн хөдөлсөөр, хоёр
бамбаруушны дундаас гарч, модны үндэс, бүдүүн өвснөөс зууран дээшээ, ичээний
ам руу авирч эхэлжээ. Хүү байн байн зогсож, эргэн тойрноо харан, чимээ чагнаж
байв. Ашгүй, хоёр бамбарууш тайван унтаж, хүүтэй яаж тоглож байснаа зүүдэлж
байгаа бололтой. Төдөлгүй хүү ч ичээнээс гарч иржээ.
Ичээний гадна талд маш өтгөн ойтой бөгөөд нэг мод нь нөгөөдөө бараг тулах шахам
шигүү ургасан байв. Одоо хаашаа явах вэ? Галуун сүргээ яаж олох билээ? Галуунууд
хол нисээгүй гэдгийг хүү мэдэж байжээ. Бас Мартин галуу ч, Акка галуу ч өөрийг нь
орхихгүй гэдгийг хүү мэдэж байлаа. Харин баавгайн ичээнээс л түргэхэн холдох
хэрэгтэй байна! Хүү эргэн тойрноо харвал зүүн талын модод арай ч сийрэг мэт
үзэгдлээ. Магадгүй, ой зүүн тал руугаа дуусаж байгаа юм болов уу? Ингээд хүү зүүн
тийшээ чиглэн явлаа. Хүү түргэн боловч тун хянуур явж байв. Ой дотор ямар ч
аюул, осол отож болзошгүй байлаа. Бас юмыг яаж мэдэх вэ гээд моддын үндэснээс
холуур тойрон өнгөрчээ. Амьтад модны үндсэн доор үүрээ засах дуртай байдаг.
Харин Нильс хүү баавгайн савраас мултарсан мөртлөө суусар ч юм уу, чонын саварт
орохыг огтхон ч хүсэхгүй байжээ.
Харин ойд оршин суугч амьтад шөнө дундын тэр цагт бүгд унтаж байсан бололтой,
чив чимээгүй байв. Хааяа нэгхэн л, шөнийн чийгэнд жихэрсэндээ чичрэх мэтээр
модны мөчир үл ялиг дуугарч, хаа нэгтээ, дээд талд хөнгөн шоржигнох чимээ үе үе
сонсдоно. “Шувуу л шөнөжин хөшсөн сарвуугаа хөдөлгөж байгаа болов уу” гэж
бодон Нильс бүр тайвширчээ. Тэгтэл гэнэт ямар нэгэн шоржигнох чимээ, бүдэгхэн
тасхийх дууг хүү сонслоо. Том биетэй амьтны хөлд гишгэгдэж байгаа хуурай навч л
тэгж шаржигнаж дуугардагсан. Бас дээрээс нь чанга дарахад хуурай мөчир ингэж
тасхийж хугардаг… Хүүш, энэ чинь баавгай биш үү? Тэр баавгай сэрээд миний
мөрөөр мөрдөж байгаа юм биш биз? Хүү гацуур модонд наалдан зогслоо. “Үгүй ээ,
баавгай биш байна. Баавгайд ямар гар, хөл байх биш. Бас баавгай усны гутал
өмсөхгүй. Энэ чинь хүн байна шүү дээ! Бүр хоёр хүн!” Тэр хоёр хүн ойн замаар, яг
хүүгийн нуугдсан газар руу ирж байлаа. Хоёулаа мөрөндөө буу үүрсэн байв. “Анчид
байна” гэж хүү сэтгэл түгшин боджээ. Манай галуун сүргийг мэдчихсэн юм болов
уу…” Тэгтэл нөгөө анчид яг гацуур модны дэргэд ирж зогслоо.
-Яг энд л отох хэрэгтэй. Өчигдөр тэд эндээс холгүй байхыг би харсан гэж нэг нь
хэлэв. “Хөөх, эд нар чинь галууны тухай ярьж байна шүү дээ” гэж хүү бодоод
айсандаа бие нь хүйт оргих шиг болжээ. Галуунууд бодвол намайг эрж, энэ ой
дээгүүр эргэлдэж байхад нь анчид харчихсан байх…” Энэ үед нөгөө анчин дахин:
-Ичээ нь энд ойрхон юм билээ. Эр, эм баавгай, хоёр бамбарууш гээд бүхэл бүтэн гэр
бүл бий шүү. Хүү цочирдсондоо амаа ангайжээ. “Аа, ийм юм бий! Баавгайнуудыг
энэ анчид олчихсон байх нь! Тэгвэл баавгайнуудад аль болох түргэн мэдэгдэх
хэрэгтэй. Тэдэнд бүгдийг нь ярьж өгөх хэрэгтэй!” Хүү өвсөн дотроос цухуйхгүйг
хичээн дөрвөн хөллөн мөлхсөөр гацуур модноос холдож, дараа нь ичээ рүү буцан
гүйчихлээ. Одоо бол тэрээр суусар, чонын алийг ч огт бодохгүй, зөвхөн баавгайн
ичээнд л түргэхэн хүрэх тухай бодон, хар хурдаараа гүйсээр байжээ. Ичээний амны
дэргэд ирээд хүү хэсэг зогсон амьсгаа дарлаа. Дараа нь доош тонгойн нүх рүү харвал
чимээ аниргүй, таг харанхуй байжээ. Тэгснээ хүү ичээний эзэн ууртай баавгайн
тухай гэнэт саналаа. Хэрэв тэр эм баавгай байгаагүй бол эр баавгай өөрийг нь аль
эрт идчих байсан болов уу.
Баавгайн ам руу өөрөө яваад очих хүсэл огтхон ч төрөхгүй байлаа!
Хүү хэсэгхэн зуур тээнэгэлзжээ. “Зугтаачих ч юм билүү, яршиг? Үгүй ээ, болохгүй.
Тэгвэл тэр хөгжилтэй хоёр бамбарууш амиа алдана шүү дээ. Би л хэлэхгүй бол тэр
хоёрыг анчид хайр найргүй буудаж хөнөөх гэж байна. Бас эхийг нь ч, аавыг нь ч
хөнөөх гээд хүлээж байна. Хэрэв баавгайн гэр бүлийг Нильс хүү аврах боломжтой
байсан, гэвч хулчийгаад авраагүй гэж Акка галуу мэдвэл ямар их уурлах бол оо?
Ярих ч үгүй, дуугарах ч үгүй болчихно шүү дээ. Одоо баавгай намайг яав л гэж дээ.
Анх нүүр тулахдаа л идээгүй юм чинь. Одоо бол хумсаа ч хүргэхгүй байх.” Ингэж
бодоод хүү эрслэн шийдэж, баавгайн ичээ рүү бууж эхэлжээ. Хоёр бамбарууш
бөөрөнхий хэлбэртэй болчихсон, унтаж байлаа. Хэн нь Мурре, хэн нь Брумме
гэдгийг ч ялгах аргагүй тэврэлдсэн харагдана. Эм баавгай энд, сайхан хурхирч
байна. За эр баавгай нь энэ байна! Хүү эр баавгайн яг чих рүү очоод:
-Сэрээрэй, баавгай гуай! Босоорой! гэж хашгирлаа. Баавгай бүдэгхэн архирснаа
ухасхийн босож иржээ.
-Юу гэнээ? Чи хэн юм? Хэн намайг сэрээж зүрхэлдэг билээ! Аа, өнөө хүүхэд үү, чи?
Энэ хүүхдийг шууд л идчих хэрэгтэй гэж би хэлсэн шүү дээ. Тэгээд баавгай том
улаан амаа ангайсан ч хүү огт ухарсангүй.
-Эрхэм баавгай та, ингэж битгий яар! гэж хүү зоригтой хэлжээ. Мэдээж, намайг
залгих бол танд юу ч биш. Харин тэгэх хэрэггүй гэж би зөвлөмөөр байна. Би танд
чухал хэл дуулгах гэж ирлээ. Нойрмог баавгай хойд хоёр хөл дээрээ оцойн суугаад:
-За, тэгээд яриад бай хэмээн дурамжхан дуугарлаа.
-Та нарыг ой дотор анчид буудах гээд отож байна. Баавгайн ичээний тухай ярьж
байхыг нь би дөнгөж сая сонсоод та нарт дуулгах гэж ирлээ. Яг та нарыг л отож
байна гэж би бодлоо.
-Аа, тийм үү, тэгвэл ч чамайг шууд идээгүй минь зөв байж шүү. Чи манай хоёр
бамбаруушийг түргэхэн сэрээ. Эхнэрээ би өөрөө сэрээе. Нойрмог үедээ эхнэр маань
надаас ч илүү ууртай. Тэгснээ эр баавгай эмийгээ түлхэн шууд захирч эхлэв.

- Бушуулаарай. Босоорой! Унтсаар байтал чинь анчид ирж, буудах гэж байна шүү!
Эндээс явах хэрэгтэй гэж би аль эрт хэлж байсан шүү дээ. Эндээс хол, уулан дунд
сайн агуй би олсон. Харин чи л “дассан газраа орхих хэцүү байна. Жаахан хүлээе.
Хоёр зулзага маань томрог” гээд байсан шүү дээ. Тэгээд хүлээсний чинь гор гарлаа
даа. Одоо бид анчдаас яаж зугтаахаа мэдэхгүй болоод байна. Тэгснээ сэхээ авахын
зуургүй Нильсийн цамцны захнаас баавгай зууж аваад, ичээнээс гарахаар дээш
авирлаа. Эм баавгай ч хоёр бамбаруушаа дагуулан араас нь хөдлөв. Тэр зугтаалт бол
жинхэнэ галзуу давхилт болсон билээ. “Баавгай удаан хөдөлгөөнтэй” гэж хэн
зохиож хэлсэн юм бол оо? Баавгай майга хөлтэй гэдэг нь бол үнэн. Бас тал тал
тийшээ ганхах мэт явдаг нь үнэн. Харин баавгай удаан гэж хэлэх нь үнэнд нийцэхгүй
байлаа. Баавгайнууд маш хурдан давхиж байсан учир эргэн тойрны бүх зүйл
хүүгийн нүдний өмнө эрээлжлэх мэт болж байжээ. Тэгсгээд хоёр бамбарууш нь аав,
ээж хоёроо гүйцэж чадахгүй боллоо.
-Ээж ээ! Ээж! Бид хоёр жаахан амармаар байна. Бид хоёр сарвуугаа холгочихлоо.
Ийнхүү баавгайнууд хэсэг зогсож амрахаас аргагүй болов. Нильс ч ингэж амрахад
хоёр бамбаруушнаас илүү баярлаж байжээ. Гэвч эр баавгай өөрийг нь шинэ ичээ
рүүгээ татаж оруулахад хүүгийн инээмсэглэл оргүй арилан санаа нь зовчихлоо.
-Эрхэм баавгай гуай! хэмээн хүү аль болох эелдэг найрсагаар ярьж эхэлжээ. Одоо
цаашдаа би та нарт хэрэггүй болсон байх гэж бодож байна. Надад битгий
гомдоорой. Гэхдээ би одоо өөр зүг рүү явах хэрэгтэй байна. Би Акка Кебнекайсе
галууны сүргийг заавал олох хэрэгтэй байгаа юм.
-Акка галууны сүрэг гэнээ! хэмээн баавгай гайхжээ. Чи Акка галууны сүргээр яах
гэсэн юм? Байз, байз, би нэг юм санах шиг боллоо. Чи чинь галуун сүрэгтэй цуг
явдаг гэдэг тэр хүүхэд үү?
-Тийм ээ, тэр хүүхэд мөн. Намайг Нильс Хольгерсон гэдэг. Би зэрлэг галууны
сүрэгтэй цуг Лапланд руу явж байгаа юм. Харин өчигдөр орой би салхинд хийсэж,
галуунаас ойчоод, яг танай ичээ рүү санаандгүй уначихсан юм гэж хүү хариуллаа.
-Чи урьд нь хэлэхгүй яасан юм бэ! Би чиний тухай сонссон, сонссон. Бүх л хэрэм,
туулай, хар тодол, хөөндэй шувууд чиний тухай ярьж байсан. Ой даяар л чиний
тухай ярьдаг юм билээ. Харин би яаж чамайг залгичихсангүй вэ… Чи тэгээд одоо
яаж галуун сүргээ олох билээ? Би чамд тусалмаар л байна. Гэхдээ би гэр бүлээ өөр
ичээ рүү аваачих хэрэгтэй байгааг чи ойлгож байгаа байх. Гэхдээ, чи байз, би одоо
нэг арга бодоод орхиё. Баавгай удаан бодсоны дараа мод руу дөхөж очоод, хар
хүчээрээ сэгсэрч эхэлжээ. Тэр бүдүүн мод хүртэл баавгайн том сарвууны аясаар
ганхаж байлаа. Тэгтэл нэлээд дээр, тэр модны мөчир дунд нэг хар юм хөдөлжээ.
-Карр! Карр! Хэн мод сэгсрээд байнаа? Хэн надад саад болоод унтуулахгүй байна
аа?
-Аа, ашгүй, энэ модон дээр хэрээ байгаа болов уу гэж би бодсон юмаа. Одоо энэ
хэрээ чамд зам зааж өгөх ёстой гэж хүүд баавгай хэлээд толгой өргөн:
-Хөөе, хэрээ! Жаахан доошоо буугаад ирээч. Чамтай ярих хэрэг байна гэж
хашгирчээ. Хэрээ доод талын мөчир рүү бууж ирснээ хүүг гайхан харжээ. Бас хүү ч
тэр хэрээг нүд салгалгүй ажиглав. Тэр бол Дээрэмчдийн уулын хэрээний бүлгийн
ахлагч Фумле-Друмле хэрээ өөрөө байх нь тэр. Харин энэ хэрээтэй дахиж
тааралдахыг хүү огт хүсэхгүй байжээ. Тэр хэрээний хатуу хошуу, хурц хумсыг одоо
ч хүү сайн санаж байлаа.
-Сайн уу, анд минь. Чи энд явж байгаа юм уу? Өчигдөр галуунууд оройжин энэ
хавиар эргэлдсэн юм аа. Чамайг л эрж байсан байх нь. Хүү баярлан:
-Одоо тэр галуунууд хаана байгаа бол? гэж асуув.
-Өө, би ямар тэд нарын манаач биш дээ гэж Фумле-Друмле хэрээ хэллээ. Хаа нэгтээ
намагт унтаж байгаа байх. Би бол намагт очоод юу хийх вэ дээ. Чийгнээс болж яс
маань өвдчихдөг юм.
-За, за. Дэмий чалчиж боллоо гэж хэрээ рүү баавгай зандарчээ. Тэр сүргийг эрж
олоход л энэ хүүд тусалчих. Тэгэхгүй бол, чамд ч, чиний бүх хэрээн сүрэгт ч муу юм
болно шүү. Фумле-Друмле хэрээ газар нисэн бууж ирэв.
-Намайг айлгах хэрэггүй ээ! гэж баавгайнд хэрээ хэллээ. Нильс хүү бид хоёр чинь
эртний найзууд байхгүй юу. За яах вэ, тэгээд замдаа гарцгаах уу?
-Та намайг өөрийнхөө бүлэг рүү аваачихгүй биз дээ? гэж хүү болгоомжлон асуув.
-Өө, би тэр бүлэгтэйгээ аль эрт муудалцсан. Чамайг Дээрэмчдийн ууланд очсон тэр
өдөр шүү дээ. Тэд нар бүх зоосыг аваад надад нэг ч зоос үлдээгээгүй учраас.
-Тэгвэл би танд зоосоо өгөх үү? Таны надад бэлэглэсэн тэр зоосыг? гэж Нильс
асуулаа.
-Тэг, тэг, тэг гэж хэрээ дуу алдаад, хүүгийн толгой дээгүүр эргэлдэн нисэв. Хүү ч
халааснаасаа мөнгөн зоосоо гаргаж иржээ. Энэ зоосыг хүү Модон хүнд өгөх гэж
байтал Хүрэл хүн саад болсон билээ. Бас энэ зоосыг хүү орхиогүй байсан бол усан
доорх бүхэл бүтэн хотыг энэ зоосоор аварч болох байсан билээ. Тэгвэл одоо ядаж
Фумле-Друмле хэрээг баярлуулаг дээ! Фумле-Друмле хэрээ ч үнэхээр баярлажээ.
Хүүгийн өгсөн зоосыг хэрээ шүүрэх шахан аваад, далавчаа шуугитал дуугарган
нисэж, модны өтгөн мөчрүүд дунд далд орчихлоо. “Зугтаачихав уу даа?” гэж хүү
боджээ. Гэвч Фумле хэрээ тэр дорхноо хүүгийн өмнө хүрээд ирлээ. Хошуундаа зууж
явсан зоос нь байхгүй байлаа. Модны хөндийд л нуусан бололтой.
-За, замдаа гар-р-рцгаая. Замдаа гар-р-рцгаая гэж Фумле-Друмле хэрээ хэрээ
гуаглалаа. Нильс ч баавгайн гэр бүлтэй салах ёс үйлдээд, хэрээ рүү дөхөж очжээ.
-Харин намайг хошуундаа л битгий зуугаарай. Би нуруун дээр чинь сууж болох уу?
-Нур-р-руунд сууж болноо! гэж хэрээ хашгирахад хүү Фумле-Друмле хэрээний
хүзүүн дээр гарч суужээ. Хэрээ ч даруй нисэн одлоо.
3
Үнэхээр ч зэрлэг галуунууд тэр хавийн ойн дээгүүр оройжин эргэлдсэн байлаа. Тэд
өөрсдийн бяцхан андыг эрэн хайж, зөндөө дуудаж байсан ч хүү хариу өгөхгүй
байжээ. Тэгээд бүр харанхуй болсон хойно л Акка Кебнекайсе галуу сүргээ дагуулан
газар буусан байв. Галуун сүрэг ойн цаадах намгийн эрэг дээр хонохоор тогтсон
байжээ. Галуунууд амрахаасаа өмнө юм идэх, хоорондоо ярих гээд нэлээд ажил
болдог байлаа. Харин тэр өдөр хамгийн сайхан амттай замаг хүртэл тэдний хоолой
дээр тээглэчихээд, юм ярихтай мантай байжээ. Бүх л галууны толгойд “Нильс хүү
маань хаана байгаа бол? Түүнд ямар зовлон учирчихав аа?” гэсэн ганц л бодол
эргэлдэж байв.
Акка Кебнекайсе галуу, Мартин галуу хоёр сүргээс хамгийн сүүлд унтжээ. Мартин
галуу руу хөгшин Акка галуу дөхөж суугаад, далавчаараа нурууг нь аяархан илж :
-Тэр хүүхэд бидэнтэй цуг байхдаа олон юм сурч авсан. Тийм учраас муу юмнаас
өөрийгөө аваад гарчихаж чадах байх. Одоо чи унт даа. Маргааш дахиад хамт
хайцгаая гэлээ. Гэвч хүүг хайх хэрэг гарсангүй. Маргааш өглөө нь галуунууд наран
ургахад дөнгөж сэрж, нүдээ нээж эхлэх үед гэнэт бусад галуу баяртай, чангаар
гуугалах сонсогдож, намгийн хамаг мэлхийг цочоожээ. Галуунууд гэнэт чанга
хашгирахаас ч аргагүй байв. Эрээд байсан Нильс хүү нь өөрөө ирчихсэн, Мартин
галууныхаа дэргэд, юу ч болоогүй юм шиг ажиггүй сайхан нойрсож байжээ.
Арван хоёрдугаар бүлэг. Олзонд орсон нь
1
Галуун сүргийн аялал дуусах дөхөж, Акка галууны сүрэг сүүлчийн удаа хээр хонож
байлаа. Харин маргаашнаас эхлээд тэд хаа таарсан газар унтдагаа больж, өөрсдөдөө
дулаан үүр барьж, гэр бүлийн амьдралаар амьдарч эхлэх байжээ. Сүрэг дотор
хамгийн түрүүнд, дандаа Акка Кебнекайсе галуу сэрдэг байв. Гэвч тэр өдөр Мартин
галуу хамгийн түрүүнд сэржээ. Тэгээд, доор нь Нильс хүү унтаж байгаа далавч
руугаа хошуугаараа тогшин:
-Хөөе, нойрт минь! Босоорой! гэж дууджээ. Хүү ч галууны далавчин дороос гарч,
Мартин галуутай хамт яван бүх сүргийг тойрлоо. Галуу бүрийг Мартин галуу
аяархан хөдөлгөхөд Нильс хүү:
-Сэрээрэй! Сэрээрэй! Нисэх цаг боллоо. Лапландад очоод унтаарай хэмээн хашгирч
байв. Тэрхүү Лапланд хэмээх газрыг хурдхан харах юмсан гэж Мартин галуу, Нильс
хүү хоёр тун их хүсэж байжээ. Хагас цаг орчмын дараа галуун сүрэг замд гарлаа.
Галуун сүрэг нисэж явах замдаа бусад шувуудын зарим сүргийг гүйцэн түрүүлж
байв. Тэдгээр шувууд галуунуудтай мэндэлж, өөрсдийн шинэ үүрийг ирж үзэхийг
урьж байлаа.

-Эрхэм Акка галууны бие сайн уу гэж нугаснууд хашгирч байв. Та нар хаана буух
вэ? Бид Ногоон хошууны дэргэд бууна гэж цууцаль шувууд хашгирч байлаа.
-Баавгайн гэр бүлийг аварсан хүүхдээ бидэнд харуулаач гэж шувууд шулганаж байв.
-Тэр хүү цагаан галуу унаад нисэж яваа гэж Акка Кебнекайсе галуу хариулахад
Мартин галуу нисэлт дундаа хүзүүгээ баяртай сунгажээ. Одоо өөр рүү нь, бас Нильс
хүү рүү бүх шувуу харж байгаа хэмээн Мартин баяртай байлаа.
-Бяцхан Нильс хүү хаа байна? Хаа байна? Хаа байна? хэмээн хараацайнууд жиргэв.
Сирле хэрэм мэнд дамжуулаарай гэж гуйсан юм!
-Би энд байна! Энд байна гэж Нильс хүү хашгираад хараацай шувууд руу гараа
даллажээ. Өөрийнх нь талаар олон шувуу, амьтад анхааран асууж байгаад хүү их
таатай байлаа. Тэгээд сэргэн баярласандаа бүр дуу дуулж эхэлжээ.
Газрын холоос харагддаг
Галуу шувуудын нутаг юм аа!
Галууны нутаг Лапланд танд
Гал халуун мэнд хүргэе ээ!
Гэрийн галууны буянаар
Лапландад би ирлээ.
Удалгүй бид Лапланд хүрч
Газар бууж амарна даа!
Лапланд-Лапланд- Лапланд,
Алс холоос харагдах юм аа!
Галууны орон Лапланд нутаг
Галын дөл мэт мандан бадраг!
Баярласан хүү чанга дуулж, тал тал тийш ганхан, хоёр хөлөө санжигнуулж явжээ.
Тэгтэл гай болж нэг гутал нь сугаран тээр доош ойчих нь тэр.
-Хүүе, Мартин. Мартин. Зогсоорой. Миний өрөөсөн гутал уначихлаа гэж хүү
хашгирав.
-Өө, наадах чинь асуудал биш ээ. Одоо хоёулаа доош буугаад гутлыг чинь хайсаар
байтал хэчнээн их цаг алдана гэж чи бодож байна? Үгүй ээ, чамайг ер нь яая даа,
байз!.. Акка Кебнекайсе! Акка Кебнекайсе! гэж Мартин галуу хашгиран дуудав.
-Яасан бэ гэж Акка галуу асуув.
-Нильс нэг гутлаа унагаачихлаа гэж Мартин галуу хэллээ.
-Гутлаа бол ч олох хэрэгтэй шүү гэж Акка Кебнекайсе галуу хэллээ. Харин бид нар
цаашаа нисэж байя. Та хоёр гүйцээд ирээрэй. Яг чанх хойд зүгт ниснэ шүү. Хажуу
тийшээ хазайж болохгүй гэдгийг сайн санаарай. Бид нар дандаа Дүгрэг нуурын
дэргэд, Саарал хадан Цохионы хормойд буудаг юм.
-За, бид хоёр та нарыг удахгүй гүйцээд очноо. Гэхдээ та нар битгий яараарай гэж
Мартин хэллээ. Дараа нь Нильс хүү рүү Мартин галуу эргэж:
-За, одоо чи сайн бариарай гэж хэлээд уруудан нисчээ.
2
Гээсэн гутлаа тэр хоёр тун удалгүй оллоо. Тэр гутал нь ойн замд, Мартин галууны
буусан газраас тавхан алхам зайд, эзнээ хүлээх мэт хэвтэж байв. Гэвч Мартин
галууны нуруунаас хүү үсрэн бууж арай амжаагүй байтал ой дотор хүмүүс ярилцах
сонсогдож, өнөө зөрөг зам дээр нэгэн хүү, охин хоёр гүйн гарч иржээ.
-Хараач, Матс! Энэ юу вэ? гэж өнөө охин хашгираад доош тонгойн Нильс хүүгийн
гутлыг газраас авлаа.
-Ямар сонин юм бэ! Ёстой жинхэнэ гутал байна даа. Чи бид хоёрынхоос шал өөр
юм. Гэхдээ бид хоёрын бол хамарт ч багтахгүй жижиг юм байна. Өнөө гутлыг Матс
гартаа эргүүлж байснаа гэнэт чанга инээж:
-Сонсооч, Ооса! Энэ гутлыг хоёулаа муурын зулзаганд өмсгөж үзүүлбэл яасан юм?
Таарчих юм биш үү гэхэд Ооса ч алга ташин баярлажээ.
-Мэдээж, тааралгүй яахав. Дараа нь хоёулаа гурван ийм гутал хийх хэрэгтэй. Тэгээд
манай муур дөрвөн хөлдөө гуталтай болно. Ооса цаашаа зөрөг замаар гүйхэд араас
нь Матс гүйж, харин түүний араас Мартин галуу, Нильс хүүтэй хамт даган гүйжээ.
Тэр зөрөг зам ой хамгаалагчийн байшин руу хөтөлж байлаа. Харин байшингийн
довжоон дээр нэгэн муурын зулзага биеэ бөөрөнхийлөн атирчихсан, хэвтэж байжээ.
Ооса охин явган суугаад муурын зулзагыг өвөр дээрээ тавилаа. Харин хүү өнөөх
олсон гутлаа муурын зулзаганы хөлд өмсгөх гэтэл тэр зулзага өмсөж өгсөнгүй.
Зулзага самардаж, гиншин, дөрвөн хөлөөрөө, бүр сүүлээрээ хүртэл тийчилсэн учир
Матсын гараас өнөө гутал мултран ойчжээ. Яг энэ үед Мартин галуу амжиж очоод
өнөө гутлыг хошуундаа зууж, эргэн зугтаалаа. Гэвч аль хэдийнэ оройтсон байж.
Матс хүү хоёрхон харайн Мартин галууг гүйцээд далавчнаас нь бариад авчээ.
-Ээж! Ээж! Манай Марта галуу буцаад ирж гэж Матс хашгирчээ.
-Би Марта биш. Намайг тавиач! Намайг Мартин гэдэг гэж баригдсан галуу хэлж,
далавчаар алгадан, хошуугаараа тоншин тэмцжээ. Гэвч ямар ч тус болсонгүй. Нэг ч
хүн Мартин галууны үгийг ойлгохгүй байв.
-Үгүй ээ, Одоо чамайг явуулахгүй гэж Матс хэлээд хүзүүнээс нь бахь шиг гараар
атгаж авчээ. Одоо боллоо, зөндөө л зугааллаа. Ээж! Хүүе, ээж, хурдан нааш ир л дээ
гэж тэр хүү дахин хашгирлаа. Хүүгийн хашгирах чимээгээр байшин дотроос нэгэн
улаан хацартай эмэгтэй гарч иржээ. Тэгээд Мартин галууг хараад тун их баярлалаа.
-Марта эргэж ирнэ гэж би мэдээд байсан юм аа хэмээн Мартин галуу руу гүйн
ирэнгээ тэр эмэгтэй хэлж байлаа. Ганцаараа ой дотор юу хийх билээ дээ!.. Хүүш!
Энэ чинь Марта биш байна шүү дээ. Энэ чинь танихгүй галуу байна гэж эмэгтэй дуу
алдлаа.

-Хаанаас гараад ирсэн галуу юм бол оо? Энд ойрхон тосгон суурин байхгүй дээ. За
одоо яахав дээ, Марта нэгэнт зугтаачихсан юм чинь, ядаж энэ галуу манайд үлдэг
дээ. Мартин галууг тэр эмэгтэй барьж аван шувууны байранд хийхийг хүссэн
боловч огт бүтэхгүй санаа байжээ. Баригдсан галуу чадлаараа сарваганан, тэр
эмэгтэйг далавчаараа цохин, тоншиж байлаа.
-Пөөх, ямар зэрлэг галуу вэ! Үгүй ээ, ийм галууг шувууны байранд оруулж
болохгүй. Манай бүх тахиаг гэмтээх юм байна. Энийг одоо яах билээ? Нядлах юм
билүү? Тэгснээ өнөө авгай хормогчоо түргэн тайлаад, Мартин галуу руу шидчихжээ.
Галуу яаж ч сарваганан тэмцээд, нэмэр болсонгүй, тэр том хормогчин дотор улам
ороолдож байв. Тийнхүү, хормогчинд дарагдсан Мартин галууг өнөө авгай тэр
чигээр нь гэр рүүгээ хамж аван оржээ.
3
Нильс энэ үед модны ард нуугдан зогсож байлаа. Хүү болсон бүх явдлыг харж,
сонсож, харамсан гутрахдаа уйлах шахаж байв. Ойн одойд илбэдүүлсэн тэр цагаас
хойш Нильс хүү хэзээ ч ингэж харамсаж байсангүй. Хэрэв хүү өөрөө жинхэнэ хүн
хэвээрээ байсан бол, Мартин галуунд ямар ч хүнийг хүргэлгүй, хамгаалж чадах
байсан билээ. Харин одоо бол, яг миний нүдэн дээр, хамгийн сайн найз Мартин
галууг маань нядалж, шарж идэх гээд гал тогооны өрөө рүү аваад орчихлоо шүү дээ.
Би тэгээд хараад л, гараа хумхиад зогсож байх гэж үү? Үгүй ээ, би Мартин галуугаа
аварна. Юу ч боллоо гэсэн заавал аварна! Ингэж шийдээд хүү байшин руу
шийдэмгий явж очжээ. Очиж явах замдаа өвсөн дотор хаягдан үлдсэн өнөө гутлаа
бас авч, хөлдөө өмслөө. Гэвч байшин руу орох хамгийн хэцүү байжээ. Довжоо нь их
өндөр, долоон өндөр гишгүүртэй байлаа. Нильс нэг гишгүүрээс нөгөө гишгүүр рүү
гар дээрээ дамжин яг л циркийн тамирчин шиг явсаар хамгийн дээд гишгүүрт
хүрчээ. Харин хүүгийн аз болоход хаалга онгорхой байсан учир гал тогооны өрөө
рүү сэмхэн орж чадлаа.
Цонхны дэргэдэх том ширээн дээр Мартин галууг тавьсан байв. Галууны хоёр
сарвуу, хоёр далавчийг тун чанга, даруулж хүлсэн учир Мартин огтхон ч хөдөлж
чадахгүй болсон байлаа. Пийшингийн дэргэд өнөө эмэгтэй хоёр ханцуйгаа шамлан,
том хайруулын таваг угааж байв. Нильс хүүгийн ээж ч яг ийм хайруулын тавагтай
бөгөөд ээж нь ийм саван дотор тахиа, галуу шардаг байжээ. Хайруулын тавгаа
угаасны дараа өнөө эмэгтэй хатаахаар тавиад, пийшинд гал түлэхээр бэлтгэлээ.
-Дахиад л түлээ дутах нь ээ гэж тэр авгай үглэснээ цонх руу дөхөж очин:
-Матс! Ооса! гэж чанга хашгирсанд хэн ч хариу өгсөнгүй.
-Ёстой ажилгүй хүүхдүүд шүү. Өдөржин дэмий гүйгээд, түлэх түлээ ч бэлдчихгүй
шүү гээд өнөө авгай хаалга тасхийлгэн хааж, хашаа руу гарчээ. Нильс хүү ч чухам
ийм л агшныг хүлээж байжээ.
-Мартин, чи амьд уу гэж ширээ рүү гүйн очихдоо хүү асуув.
-Одоохондоо амьд байнаа гэж Мартин гунигтай хариуллаа.
-За, одоо ганцхан минут тэсээрэй. Би одоохон чамайг суллана. Тэгээд хүү хөл,
гараараа ширээний хөлнөөс сайн тэвэрч, дээшээ түргэн авирчээ.
-Хурдлаарай, Нильс ээ! Тэр авгай одоо буцаад ирнэ шүү гэж Мартин яарууллаа. Гэвч
хүүг яаруулах шаардлагагүй байжээ. Ширээн дээр үсрэн гарч амжсан Нильс
халааснаасаа жижиг хутгаа гарган, хүлгийг хөрөөдөх мэт яаран үрж эхэллээ.
Жижигхэн хутга хүүгийн гарт гялалзан, нааш, цааш хөдөлж байв. Тэгээд хоёр далавч
нь түрүүлэн сулрахад Мартин галуу далавчаа болгоомжтой хөдөлгөж үзжээ.
-Гэмтэж бэртээгүй, бүрэн юм шиг л санагдаж байна гэж галуу хэллээ. Харин одоо
галууны сарвууны хүлгийг Нильс хүү яаран хөрөөдөж эхэллээ.
Тэр хүлэг нь хатуу, шинэхэн байтал хүүгийн хутганы ир мохсон байжээ.
-Яанаа, хурдлаарай! Тэр авгай ирж байна! гэж Мартин галуу гэнэт дуу алдлаа.
-Пөөх, яанаа, амжихгүй нь! гэж хүү шивэгнэв. Жижиг хутга бүр халж, хүүгийн
хуруу хөшин, хавдсан ч хүү хөрөөдөх мэт үрсээр л байжээ. Тэгж тэгж өнөө хүлэг сая
нэг сэмрэн салбарч эхэллээ… Дахиад нэг минут болоход Мартин аврагдах байлаа.
Гэвч хаалга чихран дуугарч, өнөө авгай бөөн гишүү, мөчир тэвэрсээр өрөөнд орж
иржээ.
-Хүлгээ тас тат гэж хүү хашгирч амжлаа. Мартин хамаг чадлаараа хүлгийг угзрахад
уяа нь тас үсэрчээ.
-Өө, энэ чинь! Энэ галуу яаж ингэж чаддаг байна аа гэж авгай гайхлаа. Тэгээд
тэвэрсэн түлээгээ шал руу шидээд, ширээ рүү ухасхийн очжээ.
Гэвч Мартин яг хамар дороос нь мултран зугтсан учир хөөцөлдөөн эхэллээ. Галуу
үүд рүү ухасхийхэд, өнөө авгай хаалганаас татан холдуулж, галууг шүүгээн дээр
гартал тэр авгай хогийн шүүрээр цохин буулгачихжээ. Сандарсан галуу тавиур дээр
үсрэн гартал өнөө авгай урт иштэй торон шүүлтүүрээр дарж авсан учир галууны
зөвхөн хоёр сарвуу л ил цухуйн үлджээ.
-Ёо ёо, бүүр эцчихлээ! гэж эзэгтэй хэлээд духны хөлсөө ханцуйгаараа арчив. Дараа
нь Мартин галууг хоёр сарвуунаас нь барьж, толгойг нь доош унжуулаад, дахин
ширээ рүү чирчээ. Тэгээд нэг гараараа галууг чанга дарж, нөгөө гараараа хоёр
сарвууг нь дахин хүлж эхэллээ. Гэнэт авгайн гар руу нэгэн хурц юм хатгахад эзэгтэй
дуу алдан хашгираад гараа угз татлаа.
-Өө, энэ чинь юу вэ гэж авгай шивэгнэлээ. Ширээн дээрх том модон савны цаанаас
бараг хуруухан чинээ гэмээр биетэй нэгэн хүүхэд цухуйж, өөр рүү нь хутгаа
чиглүүлэн, сэрэмжлүүлж байх нь тэр.
-Энэ чинь одоо юу вэ? гэж авгай дахин шивэгнэжээ. Тийнхүү өнөө авгай гайхан дуу
алдаж байх зуур Мартин галуу дэмий цаг алдсангүй. Ухасхийн босож өдөө сэгсрээд,
Нильс хүүг захнаас нь даруй зуун цонхоор нисэн гарч оджээ.
-Өө, ингэж төгсдөг байжээ гэж тэр авгай хэлээд, моддын орой дээгүүр галуу нисэн
далд орохыг харсаар хоцорлоо. Тэгээд хүндээр санаа алдан, шалан дээр тарсан
гишүү, мөчрийг эмхэлж эхэлжээ.
Арван гуравдугаар бүлэг. Галууны эх орон
1
Нильс хүүг суулгасан Мартин галуу яг чанх хойд зүгт Акка галууны хэлснээр нисэж
явлаа. Хэдийгээр тэд маханд дуртай авгайн хоол болохоос мултарч чадсан ч тэр
зугталт их үнээр олдсон байжээ. Мартин галууг тэр авгай нэлээд сайн зовоож
амжсан байв. Галууны далавч үнгэгдэж, нэг сарвуу нь доголон, хогийн шүүрэнд
цохиулсан хажуу тал нь сүрхий өвдөж байжээ. Одоо бол Мартин удаан аяллын
анхны өдрөөс огт өөр нисэж байлаа. Хааяа доош шумбах мэт болж, тэгснээ гэнэт
огцом хөөрөн, бас баруун, зүүн тал руу үе үе хазайн нисэж байв. Нильс нуруун дээр
нь арай чамай тогтож явав. Мартин галуу хүчтэй шуурганд дахин гуядуулж байх
шиг тал тал тийш шидэгдэх мэт байлаа.
-Мартин аа. Чи жаахан амрах хэрэгтэй байх аа. Хоёулаа доошоо бууя. Энд сайхан
ойн чөлөө байна. Шинэ ногоо ид. Тэгж хүч нэмээд цаашаа явцгаая. Мартин галууг ч
удаан ятгах хэрэг гарсангүй. Тэр ойн чөлөө өөрт нь ч бас таалагдсан байжээ. Тэгээд
ч нэг их яарах шаардлага байсангүй. Галуун сүргээ одоо тэртэй тэргүй гүйцэхгүй
учир тэд одоо Лапландад нэг цагаар эрт, орой очих нь төдий л чухал биш байв.
Ийнхүү, тэр хоёр доошлон ойн чөлөө рүү буужээ. Тэгээд өөр өөрийн ажлаа хийж,
Мартин галуу шинэхэн ургамал зулгаан идэж, Нильс хүү газар унасан самар хайж
эхэлжээ.

Ойн чөлөөгөөр хүү нэг модноос нөгөө рүү аажуухан алхаж, ямх газар бүрийг сайтар
ажиглаж байтал гэнэт нэгэн шоржигнох, бүдэгхэн чимээ сонсогджээ. Хүүгийн
дэргэдэх бутан дотор нэгэн амьтан нуугдсан байв. Хүү зогсон чагналаа. Гэтэл өнөө
бүдэг чимээ сонсогдохгүй болчихжээ. Хүү амьсгаа даран, огт хөдлөхгүй зогссоор
байв. Тэгж тэгж, эцэст нь нэгэн бут жаахан хөдлөн, дотор нь цагаан өд харагдахад
гэнэт нэгэн галуу чанга ганганажээ.
-Мартин уу? Чи энд юу хийж байгаа юм? Чи яах гэж энэ бут руу орсон юм гэж хүү
гайхан асуув. Гэвч хариуд нь исгэрэх мэт чимээ сонсогдож, үл таних нэгэн галууны
толгой бутан дотроос жаахан цухуйжээ.
-Өө, энэ чинь Мартин биш байна шүү дээ. Юун галуу юм бол оо? Марта галуу байна
гээд манай Мартин галууг нядлах гээд байсан. Тэр Марта галуу юм уу?
-Өө, тэд нар намайг нядлах гэж байж уу?.. Би ч тэр айлаас зугтаасан минь ёстой аз
болжээ гэж тэр галуу дуугараад цагаан толгой нь бутан дотроос гарч ирлээ.
-Тэгэхээр, та Марта галуу байх нь ээ. Танилцахад тун таатай байна. Танай эзэн
айлаас бид дөнгөж сая зугтаж ирлээ. Арай чамай л зугтаж, амиа аварсан гэж хүү
хэлээд галуунд мэхийн ёсоллоо.
-Ингэхэд чи өөрөө хэн гээч вэ гэж тэр галуу үл итгэн асуув. Хүнээс ч өөр, галуунаас
ч өөр юм. Байз, байз. Чи чинь ойн амьтад шагширч яриад байдаг тэр Нильс хүүхэд
мөн үү?
-Өө, та ч гэсэн миний тухай бас сонссон юм уу гэж хүү баярлан хэллээ. Та бид хоёр
танил болж таарах нь. Харин манай Мартин галууг та хараагүй юу? Мартин энд ойн
чөлөөнд, ойрхон байгаа. Хоёулаа түүн рүү очих уу? Таныг хараад Мартин их
баярлана даа. Тэр бас урьд нь гэрийн галуу байгаад, гэрээсээ дайжсан юм. Гэхдээ
миний ээж бол Мартин галууг хэзээ ч нядлахгүй л дээ…Үнэхээр ч, Мартаг хараад
Мартин их баярлажээ. Эм галууг харсан болохоор шарх, өвдөлтөө ч мартаж, тэр
даруй өнгө төрхөө сэргээж, өд сөдөө хошуугаараа илэн, далавчаа дэлгэж, цээжээ
өргөлөө.
-Таныг хараад би маш баяртай байна хэмээн Мартин галуу мэхийн хэллээ. Та тэр
айлын эзнээс зугтааж чадсан нь маш зөв болж. Тэд маш бүдүүлэг хүмүүс байна лээ.
Гэхдээ ой дотор ганцаараа байхад танд аймаар байсан болов уу. Ойд дайснууд олон,
ямар ч амьтан таныг зовоож магадгүй.
-Тийм ээ, би одоо яах ёстойгоо өөрөө ч мэдэхгүй байна гэж тэр галуу гундуухан
ярилаа. Надад тайван байх үе огт гарахгүй байсан. Урьд шөнө суусар дайрч, миний
далавчийг таслах шахсан. Өчигдөр шоргоолжнууд намайг бараг цус гартал хазсан.
Гэлээ ч гэсэн би яасан ч тэр айлд буцаж очихгүй. Яасан ч үгүй. Тэр айлын хүү нь
намайг дандаа элдвээр зовоодог. Охин нь хэзээ ч ус, тэжээл цагтаа өгч байгаагүй.
Тэд махчин муурандаа л илүү хайртай. Ингэж яриад Марта галуу гашуунаар уйллаа.
Нильс өөрөө ч урьд нь гэртээ байхдаа Мартин галууг элдэвлэдэг байснаа санан,
ичиж зогсжээ. Мартин галуу ч мэдээж тэр тухай санасан байж магадгүй ч хүүг эвгүй
байдалд огт оруулсангүй. Тэгээд Марта галуунд:
-За, одоо уйлаад яах вэ дээ. Нильс бид хоёр ямар нэг арга бодноо гэлээ.
-Би бол аль эрт арга олчихсон гэж хүү хашгирчээ. Марта галууг аваад явцгаая.
-Нээрээ тийм шүү. Бидэнтэй цуг нисчих. Өөрөө бид хоёртой хамт явах уу гэж
Мартин баярлан асуулаа. Нильс хүүгийн хэлсэн санал Мартин галууд маш
таалагдсан нь илт байв.
-Уг нь тэгвэл ч сайн л байна. Харин би нисэхдээ муу шүү дээ. Яаж нисэхийг гэрийн
галуу бид нарт хэн ч зааж өгөөгүй юм.
-Зүгээр ээ, чи өөрөө сурчихна гэж Мартин хэллээ. Надад итгээрэй, тийм ч хэцүү биш
юм байна лээ. Өндөр хөөрч нисвэл доогуур нисэхээс амар болдог, хурдан нисвэл
удаан нисэхээс хялбар болдог гэдгийг л сайн санах хэрэгтэй байсан. Тэгээд л боллоо.
Би энэ дүрмийг одоо сайн мэддэг болсон. Хэрэв дүрмээр нисэж болохгүй байвал
дүрэмгүй нисэж болно. Ойрхон зайд, энэ ой дээгүүр жаахан нисэж болно. Ямар нэг
юм болохгүй бол шууд л газар буугаад амарчихна.
-За яах вэ, хэрэв өөрөө надад ингэж сайн хандаж байгаа бол би та нартай хамт
явахдаа дуртай байна. Гэхдээ би үнэнээ хэлэх ёстой. Би энд ганцаараа байхдаа бага
зэрэг нисэж сурсан юм л даа. Одоо би харуулъя. Тэгээд Марта хоёр далавчаа дэвэн
нуга дундуур гүйж байснаа гэнэт дээш дэгдэн хөөрөөд, нисэж эхэллээ.
-Маш сайн нислээ. Маш сайхан! Чи маш сайн нисэж байна гэж Мартин галуу дуу
алдав. Нильс ч Мартин галууны нуруунд даруй суугаад тэд хамтдаа замд гарчээ.
Марта тун чадварлаг суралцагч байлаа. Тэрээр бүх л хугацаанд Мартинтай зэрэгцэн
нисэж, огтхон ч хоцрохгүй байлаа. Харин Мартин галуу хэзээ ч тийм удаан нисэж
байсангүй. Тэрээр далавчаа дөнгөж хөдөлгөн нисэж, бас байн байн бууж амарч байв.
Нильс бүр гайхаж эхэлжээ. Тэгээд галууны чих рүү тонгойж:
-Чи зүгээр үү, Мартин? Өвдөөгүй биз дээ?
-Ч-шш, аяархан гэж Мартин Нильс хүүд бас шивэгнэн хэлээд Марта руу нүдний
булангаар харжээ. Чи яагаад ойлгохгүй байгаа билээ? Марта анх удаа нисэж байгаа
шүү дээ. Би ч гэсэн анх яаж нисэж байсныг чи мартаа юу? Ийнхүү, тэд алгуурхан
хэвээр ниссээр байжээ. Тэднийг бусад шувуу хараагүй байгаа нь дээр байв.
Шувуудын сүрэг аль хэдийнэ үүгээр өнгөрөн одсон байлаа.
2
Нильс доош харах бүрт газар бүхэлдээ өөрийг нь даган, хамт яваад байх шиг
санагджээ. Тариан талбай, нуга аажим хөврөн үргэлжилж байлаа. Голуудын ус
заримдаа тал хөндийн дундуур аажим тархаж, заримдаа чулуурхаг өндөр газруудад
шуугиантай урсаж байв. Үндсээ газарт сайтар бэхлэн тулсан модод уулсын бүр
оргил хүртэл дээш өгсөн ургаж, бэл хормойд нь шигүү, бас зарим газраа сийрэг
тархан ургасан байлаа.
Харин нарны туяа бүхий л газрыг гэрэлтүүлж, бүхнийг тэтгэн:
-Урагшаа! Урагшаа! Хөгжилтэй байгаарай гэх шиг сэргээжээ. Гэвч өөрийг нь дагах
мэт харагдаж байсан мод, ургамлууд Нильс хүүг хойд зүгт улам цаашлах тусам
цөөрөн, багассаар байв. Эхлээд интоор, алимны модод Нильстэй салах ёс хийх мэт
ард хоцорчээ. Тэд өтгөн цасан малгай өмссөн тэргүүнээ хүүгийн араас мэхийх мэт,
“Одоо бид цаашаа явж болохгүй ээ. Бидний мөчир дээр цас буусан байна гэж чи
бодож байна уу? Үгүй ээ, энэ бол цас биш, цэцэг. Энэ цэцгүүд өглөөний хүйтэнд
хайрагдвал цагаасаа өмнө нүүгээд явчихна гэж бид айж байна. Тэгвэл намар интоор,
алим ургахгүй болчихно. Тэгээд л бид цааш явж болохгүй байна” гэж хэлэх мэт
үлдэж байлаа. Дараа нь тариалангийн талбайнууд хоцорч, тэдэнтэй хамт тосгон,
суурингууд ч бас дороо зогсох мэт үлджээ. Тэдгээр тосгонд тариачид амьдардаг
болохоор тариагаа тарьдаг талбайгаас хаашаа ч явах билээ дээ! Үхэр, адуу бэлчиж
байсан ногоон нугууд ч бас дурамжхан мэт хажуу талд хоцрон, хөвдөт намгууд
оронд нь гарч иржээ. Харин ой модод хаашаа алга болчихов оо? Саяхан л доорх
газар нь харагдахгүй болтлоо модонд халхлагдсан өтгөн ойн дээгүүр Нильс нисэж
байсан шүү дээ. Одоо бол модод хоорондоо муудалцсан юм шиг санагдаж байлаа.
Мод бүр бие биеэсээ зайтай, тарж, холхон ургасан бөгөөд зарим мод тэнд огт
ургаагүй байжээ. Харин царс мод байрандаа зогсоод цаашаа явах эсэхээ бодож байх
шиг харагдлаа.
-Алхаад байгаарай. Юунаас айх вэ дээ гэж дээрээс нь царс мод руу Нильс хашгирав.
Царс мод ганхан хөдөлсөн боловч дахин нэг бодох шиг болсноо байрандаа
зогсчихжээ.
-За, за. Та тийм зөрүүд юм бол наанаа зогсоод үлд дээ гэж Нильс цухалдлаа. Та хар
даа. Хус, нарс моднууд танаас илүү зоригтой байна шүү дээ. Гэвч нарс, хус ч бас
хойд нутгаас айж байжээ. Тэд хүйтнээс нуугдахыг хүсэх мэт газар руу намсан,
тонгойж харагдлаа. Харин тэнгэрийн уудамд нар гэрэлтэн, илч, гэрлээ цуцалгүй
түгээсээр байв.
-Би ойлгохгүй юм аа. Нисээд л байдаг, нисээд л байдаг. Тэгэхэд ерөөсөө орой
болохгүй юм гэж Мартин галуу хэллээ. Ямар их нойр хүрч байна аа!
-Миний ч нойр бас хүрч байна. Бүр нүд анилдаж байна гэж Марта хэлэв.
-Би ч гэсэн хэсэг унтмаар болж байна гэж Нильс хэллээ. Хараач, хараач, Мартин!
Өрөвтасууд намаг дотор унтаж байна. Энэ Лапландад юм бүхэн өөр байх юм аа. Энд
сарны оронд, шөнөжин нар тусдаг юм болов уу? Хэдүүлээ ч гэсэн бууж амрах уу?
Тэгээд бууж амарцгаажээ.

3
Маргааш өдөр нь Нильс, Мартин, Марта нар “Дүгрэг нуурын” дээр сүндэрлэсэн
саарал хадан цохионуудыг олж харжээ.
-Ура! Бид хүрээд ирлээ! Одоо л нэг зогсох цаг боллоо, Мартин аа гэж Нильс баярлан
хашгирав. Тэд өтгөн зэгс ургасан эрэг рүү бууж очлоо.
-За, ямар байна, Мартин аа? Баяртай байна уу гэж хүү асуув. Чамд таалагдаж байна
уу? Хараач, Лапландын ургамал нь хүртэл жирийн биш юм аа. Зэгс нь ч, ус нь ч бас
Лапландынх байх?
-Тийм ээ. Бүх юм маш сайхан байна гэж Мартин хэлсэн ч өөрөө юу руу ч харахгүй
байлаа. Үнэнийг хэлэхэд, эндхийн ургамал нь Лапландынх уу, өөр газрынх уу гэдэг
нь Мартин галууны сонирхлыг огт татахгүй байв. Тэр галуу өөр ямар нэг юмыг
анхааралтай эрэгцүүлэн бодож байлаа.
-Сонсооч, Нильс ээ гэж Мартин аяархан хэлэв. Одоо хоёулаа Марта галууг яах
билээ? Акка Кебнекайсе галуу сайн шувуу боловч тун хатуу шүү дээ. Марта галууг
сүрэгтээ авахгүй байж магадгүй юм даа.
-Авахын хувьд бол авах байх аа … гэж Нильс хэллээ. Тэгэхдээ хоёулаа ингэвэл яасан
юм? Одоохондоо Марта галууг энд хэсэг үлдээгээд Акка Кебнекайсе руу хоёулаа
очъё. Тохиромжтой үеийг олж байгаад бүх зүйлийн талаар үнэн мөнөө Акка галуунд
хэлье. Тэгээд дараа нь Марта руу буцаж ирье. Ийнхүү, тэд Марта галууг зэгсэн дунд
нууж, хүнсний нөөц болгон замаг зулгааж өгөөд, өөрсдөө сүргээ хайхаар нисчээ. Тэд
эргийн дагуу алгуурхан нисэж, залуу модод, бут, дов сондуул бүрийг ажиглан явжээ.
Хаа сайгүй ажил ундарч, нүүж ирсэн шувууд шинэ газраа төвхнөхийг хичээж байв.
Нэг нь хошуундаа мөчир зуун, нөгөө нь хэсэг өвс, бас нэг нь жаахан хөвд авчирч
байжээ. Зарим шувуудын үүр аль хэдийнэ бэлэн болж, харин шинэ үүрэн дотроо
амарч байгаа тэдэн рүү хөрш шувууд атаархах мэт харж байлаа. Гэсэн ч тэд цөм өөр
галуунууд байсан бөгөөд өөрийн сүргийн нэг ч галууг Нильс, Мартин хоёр
олсонгүй.
-Акка галууны сүрэг хаана буусныг та мэдэхгүй биз гэж таарсан бүх шувуунаас тэр
хоёр асууж явлаа.
-Мэдэлгүй яахав. Яг тэр Саарал хадан цохионууд руу ниссэн. Бүргэдийн хуучин
үүрний доор байрласан гэж тэр хоёрт бусад шувууд хэлж өгчээ. Эцэст нь тэд өндөр
хад, дээр нь байгаа бүргэдийн үүрийг олж харлаа. Тэр үүр нь аварга том сагс адил
хадан цохион дээр харагдаж байв.
-За, бид ирэх шиг боллоо гэж Нильс хэллээ. Үнэхээр ч тэр хоёрыг угтан, Акка
галуун сүргийн найзууд нь гүйж, бас нисэн ирж байжээ. Тэгээд Мартин, Нильс
хоёрыг тал талаас нь хүрээлэн баяртай дуугаар:
-Сая нэг юм ирлээ шүү! Ашгүй хүрээд ирлээ!
-Хаана та хоёр алга болчихов оо?
-Нисэж чадахаа байчихаа юу хэмээн ганганан дуугарч байв.
-Акка! Акка Кебнекайсе! Зочдоо угтаж аваарай. Хөгшин Акка галуу ч тэр хоёр руу
яаралгүй хүрч иржээ.
-За яав, гутлаа олоо юу гэж Акка асуув.
-Гутлаа ч олсон л доо гэж Нильс хөгжилтэй хэлээд өсгийгөө хавсран ёсоллоо. Харин
гутлаа эрж байх хоорондоо золтой л бөөрөө гаргуулчихсангүй. Гэхдээ гуталтайгаа
цуг Мартин галуундаа сүйт бүсгүйг нь олчихсон шүү.
-Тэр чинь ч сайн хэрэг шүү хэмээн Акка галуу толгой дохижээ. Мартиныг гэрлүүлэх
хэрэгтэй байна гэж би өөрөө ч бодож байсан юм. Тэгэхгүй бол ганцаараа уйдна шүү
дээ. Мартин бол залуу галуу юм чинь. За тэгээд тэр сүйт бүсгүй нь хаана байна даа?
-Энд, холгүйхэн хүлээж байгаа. Би одоохон очоод дагуулаад ирье хэмээн Мартин
баярлан дуугараад, Марта галууны хойноос нисчээ.
4
Хэд хоногийн дараа Саарал хадан цохионы бэлд галуун сүргүүд цугларан бараг
бүхэл бүтэн хот үүсгэсэн байлаа. Мартин, Марта хоёр ч бас өөрийн гэсэн үүртэй
болсон байв. Амьдралдаа анх удаа тэд өөрийн үүрэнд амьдардаг болсон байжээ.
Эхэндээ тэгж амьдрах нэлээд амаргүй байв. Яагаад гэвэл, яг үнэндээ гэрийн
галуунууд бол эрхэлчихсэн, юунд ч санаа тавихгүй амьдарч дасчихсан байжээ.
Тэдэнд үүр, сууц ямагт бэлэн, бас өдөр болгон тэвшинд нь хоол тэжээл бэлэн байдаг
учир дасчихсан байлаа. Ердөө идээд, зугаалж явах л үлддэг байж. Харин одоо бол
үүрээ өөрсдөө барих ёстой, хоол хүнсээ ч өөрсдөө олох ёстой болсон байв. Гэхдээ л,
гэрийн галуу ч гэсэн галуу л юм хойно Мартин, Марта хоёр шинэ үүрэндээ сайн
төвхнөж чаджээ.
Нильс хүүд ч бас эхэндээ хэцүү байв. Мэдээж, галуунууд хүүд санаа тавьж, бүх
сүрэг хамтран дулаан, сайхан үүр барьж өгсөн ч түүн дотор амьдрахыг хүү хүсэхгүй
байжээ. Шувуу биш, хүн л юм болохоор өөрийн гэсэн гэр хэрэгтэй байлаа. Тэгээд
хүү өөртөө жинхэнэ байшин барьж авахаар шийджээ. Хамгийн түрүүнд тэгш газар
дөрвөн өнцөгт зурж, байшингийн суурь тавьжээ. Дараа нь дөрвөн өнцгийн буланд
урт гадас зоож эхлэв. Хүү Мартин галууны хошуун дээр мордон суухад галуу ч
хүзүүгээ сунган, хүүг аль болох өндөр өргөж байв. Урт гадсыг хүү буланд зоож,
газар руу чулуугаар цохин оруулж байлаа. Одоо дөрвөн ханаа барих үлдэж, тэнд ч
бас Мартин галуунд ажил олджээ. Тэрээр хошуундаа мод, банз зуун ирж, дээр дээр
нь давхарлан тавихад Нильс хүү тэднийг өвсөөр холбон бэхэлж байв. Дараа нь
ханандаа хаалга, цонхоо хутгаар гаргаж, хамгийн чухал ажил буюу дээврээ тавихаар
хөдөлж эхэлжээ. Хүү дээврээ нарийн уян мөчрөөр, тосгоны хүмүүс сагс сүлждэг
шиг сүлжиж хийлээ. Дээвэр нь ч сагс шиг болж, нэвт гэрэлтэж байв.
-Зүгээр ээ, гэгээтэй, аятайхан болно гэж хүү өөрийгөө тайвшрууллаа. Байшингаа
барьсны дараа Нильс хүү Акка галууг зочлон ирэхийг урьжээ. Гэвч Акка галуу
Нильс хүүгийн байшин руу орж чадалгүй, хаалгаар зөвхөн толгой нь багтаж байв.
Гэсэн ч байшинг гадна талаас нь сайн харж чаджээ.
-Сайн байшин байна аа. Харин дээвэр нь л найдваргүй байна. Ийм дээвэртэй байхад
нарны туяанаас хамгаалж, борооноос халхалж чадахгүй. Гэхдээ би үүнд тусалж
чаднаа. Би чам руу даруйхан мэргэжилтнүүд явуулъя. Тэгээд Акка галуу нэг тийшээ
нисэн оджээ. Харин буцаж ирэхдээ бүхэл бүтэн сүрэг хараацай дагуулж ирлээ.
Хараацайнууд байшин дээгүүр эргэлдэн, нэг ирж, нэг буцаж, дээвэр, хананд
хошуугаараа тоншин цуцалтгүй ажиллаж байжээ. Тийнхүү нэг цаг ч өнгөрөөгүй
байтал байшин нь бүх талаасаа зузаан шавар хучилттай болжээ.
-Элдвийн шаварчдаас ч дээр ажиллаж байна шүү. Хараацайнууд та нар мундаг юм
аа гэж Нильс хөгжилтэй дуу алдлаа. Ийнхүү бүх зүйл бага багаар хэвэндээ орж
байв. Гэвч удалгүй бас шинэ ажил үүсэж, үүр болгонд ангаахайнууд жиргэж эхэлжээ.
Харин Акка галууны үүрэн дотор л урьдын адил чимээгүй байлаа. Акка өөрөө нэг ч
өндөг гаргаагүй ч амжуулах ажил зөндөө их байв. Тэр галуу өглөөнөөс үдэш болтол
үүрнээс үүр рүү нисэн, ангаахайг яаж хооллох, яаж явуулж, сэлж, шумбаж сургах
тухай зааж өгч байлаа.
Мартин, Марта хоёр урт хөлтэй таван ангаахайтай болсон байжээ. Хэдэн
ангаахайндаа ямар нэр өгөхөө тэр хоёр удаан бодсон боловч тохирох нэрс сонгож
чадахгүй л байв. Тэдний хөөрхөн зулзагануудад ямар ч нэр чамлалттай мэт санагдаж
байжээ. Зарим нэр дэндүү богино, эсвэл урт, эсвэл хэт жирийн, эсвэл хэт сүржин, нэг
бол Мартад таалагдсан ч Мартинд таалагдахгүй байв. Хэрэв Нильс оролцоогүй бол
тэр хоёр зунжингаа нэр бодох байсан биз. Харин Нильс бүх ангаахайд тэр дор нь нэр
бодож олжээ. Тэр нэрүүд нь урт ч, богино ч биш, Юкси, Какси, Кольме, Нелье,
Вийси гэдэг сайхан нэр байлаа. Тэр нь “Нэгдүгээр, Хоёрдугаар, Гуравдугаар,
Дөрөвдүгээр, Тавдугаар” гэсэн утгатай байжээ. Ангаахайнууд яг зэрэг шахам
хальснаас гарсан ч Юкси ангаахай бусдадаа “Би анх өндөгнөөс гарсан учир та нар
миний үгийг сонсох ёстой” хэмээн хэлж байв.
Гэвч бусад ангаахай Юксиг сонсохыг хүсэхгүй байсан учраас Мартин галууны
үүрэнд маргаан, зөрчил тасрахгүй үргэлжилж байжээ. “Яг л аав шигээ юм” гэж
Нильс бодон Юкси ангаахай руу харж байлаа. Аав нь бас л ингэж шувууны хашаан
дотор хэл ам үүсгэж, ямар ч шувууг зүгээр өнгөрүүлдэггүй байсан даа. Гэхдээ одоо
бол сайхан галуу болсон шүү…” Мартин, Марта хоёр өдөрт бараг арав орчим удаа
Нильсийг дуудан гэр бүлийн хурал хийлгэж, бүх маргаан, зөрчлийг Нильс сонсон,
буруутныг нь шийтгэж, хохирсныг нь өмгөөлдөг байжээ. Хэдийгээр Нильс хатуу
шүүгч байсан ч ангаахайнууд түүнд тун хайртай хэвээр байв. Арга ч үгүй биз. Нильс
тэдэнтэй хамт зугаалж, хөл дээрээ үсрэхийг зааж, тоглож, бас хамт дуу дуулдаг
байжээ. Тийм анхааралтай хүнийг яаж хайрлахгүй байх билээ!
Арван дөрөвдүгээр бүлэг. Өрлөг ээж
1
Тунгалаг, дулаан сайхан өдөр байлаа. Өдөр тийшээ нарны илч бүр бүлээн болсон нь
Лапландын зуны улиралд ч ховорхон тохиолддог зүйл байжээ. Мартин, Марта нар
тэр өдөр ангаахайнууддаа анхны сэлэлтийн хичээл заахаар шийдсэн байлаа. Ямар
нэг юм болж магадгүй хэмээн сэрэмжилж байсан учраас сэлэх хичээлээ нууранд
хийхээс Мартин болгоомжилж байв. Ангаахайнууд өөрсдөө ч, хамгийн зоригтой
Юкси ч нуурын хүйтэн ус руу орохыг огт хүсэхгүй байлаа. Азаар урьд өдөр нь
ширүүн бороо орсон учир шалбааг нэлээд устай хэвээр байжээ. Гэхдээ шалбаагны ус
овоо бүлээн байлаа. Тэгээд ангаахайнуудаа эхлээд шалбааг дотор сэлүүлж сургая
хэмээн гэр бүлээрээ зөвлөн тохирсон байв.

Тийнхүү хос хосоор нь тэднийг жагсааж, харин Юкси л би хамгийн ахмад нь хэмээн
түрүүлэн явж байжээ. Тэгээд нэгэн том шалбаагны дэргэд ирээд бүгд зогслоо. Марта
ус руу орж, Мартин эрэг дээрээс ангаахайнуудаа ээж рүү нь чиглүүлэн бага зэрэг
залж өгч байв.
-Зоригтой, зоригтой гэж ангаахайнууддаа Мартин хэллээ. Ээж рүүгээ хараад л яг
дуурайгаад бай. Гэвч ангаахайнууд шалбаагны яг захад зогсчихоод, цааш явж
өгөхгүй байлаа.
-Өө, та нар манай гэр бүлийг ичээж байна шүү дээ. Одоохон ус руу орцгоо гэж
Марта галуу хашгирчээ. Тэгээд нэлээд цухалдан далавчаараа шалбаагны ус руу
алгадлаа. Гэсэн ч ангаахайнууд урьдын адил байрандаа эргэлдсээр байв. Тэгтэл
Мартин галуу Юксиг хошуугаараа өргөж аваад, шалбаагны яг дунд оруулан
тавьчихжээ. Юкси ч толгойгоо хүртэл ус руу орчихлоо. Тэгээд чарлан, тэлчигнэж,
бяцхан далавчаа сарвагануулж, хоёр сарвуугаараа тийчилж байснаа … гэнэт хөвөн
сэлж чаджээ. Тийнхүү нэг минут орчмын дараа Юкси усны мандал дээр сайхан
тогтож сураад, эргэлзэж байгаа дүү нар руугаа бахархан харжээ. Харин дүү нар нь
шууд л ус руу орцгоон, сарвуугаараа Юксигээс огтхон ч дутахгүй сэлж эхэлсэн нь
Юксид гомдолтой мэт санагджээ. Дэгдээхийнүүд эхэндээ эрэгт ойрхон байхыг
хичээж байсан ч удалгүй зориг орж, шалбаагны яг гол руу сэллээ.
Галуунуудын хойноос Нильс хүү ч сэлэхийг хүсэж эхлэв. Гэвч яг тэр агшинд нэгэн
өргөн сүүдэр шалбааг дээр бараантан тусахад Нильс толгой өргөн харвал яг тэдний
дээд талд аварга том далавчаа дэлгэсэн нэгэн бүргэд элин халин нисэж явжээ.

-Эрэг рүү хурдлаарай! Ангаахайнуудыг авраарай! гэж Мартин, Марта хоёр руу хүү
хашгираад, Акка галууг эрэхээр өөрөө яаран гүйлээ.
-Бүгдээрээ нуугдаарай гэж хүү замдаа хашгиран гүйж байв. Амиа авраарай.
Сэрэмжтэй байгаарай. Түгшсэн галуунууд үүрэн дотроосоо цухуйн, тэнгэрт бүргэд
гарч ирснийг харсан ч огт тоолгүй, Нильс рүү зүгээр л харж байв.
-Та нар яачихваа? Бүргэдийг харахгүй байгаа юм уу? Акка эгч хаана байгаа юм бэ?
-Би энд байна аа. Чи яагаад хашгираад байна, Нильс ээ хэмээн Акка тайван хэлэх нь
сонсогдоод зэгсэн дотроос толгой нь цухуйжээ. Чи яагаад галуунууд айлгаад байна?
-Та харахгүй байна гэж үү дээ? Бүргэд ирлээ шүү дээ.
-Өө, харалгүй яахав. Харж байна. Одоо тэр бүргэд бууж ирж байна. Хүү гайхсандаа
нүдээ бүлтийлгэн Акка руу харлаа. Тэр юу ч ойлгохгүй байжээ. Өнөөх бүргэд галуун
сүрэг рүү ойртон ирсэн ч бүргэд биш, хараацай л ирж байгаа юм шиг бүх шувууд
тайван суусаар байв. Бүргэд ч яг Акка галууны үүрний дэргэд ирж буухдаа хүүг
далавчаараа шүргэчих шахжээ.
-Сайн уу, найзууд аа? гэж бүргэд хөгжилтэй мэндлээд, аймшигт хошуугаа
тасхийлгэн дуугаргалаа. Галуунууд ч үүрнээсээ цувран гарцгааж, бүргэд рүү
найрсгаар толгой дохиж байв. Хөгшин Акка галуу бүргэд рүү дөхөж очоод:
-За, сайн явж байна уу, Горго минь? Амьдрал ямар байна даа? Ямар гавъяа байгуулж
яваагаа ярь даа гэжээ.
-Би ч гавъяагаа ярихгүй байх нь дээр байх даа. Акка та намайг бараг л магтахгүй
болов уу гэж Горго бүргэд хариуллаа. Харин Нильс зайдуухан зогсоод бүгдийг харж,
сонсож байхдаа нүдэндээ ч, чихэндээ ч итгэж чадахгүй байв. “Ямар гайхмаар юм бэ!
Энэ хүчит Горго бүргэд хүртэл Акка Кебнекайсе галуунаас эмээдэг бололтой шүү.
Бүргэд нь Акка, харин Горго өөрөө жирийн галуу юм шиг л санагдчихлаа.” Тэгээд
Нильс тэрхүү гайхмаар бүргэдийг ойрхноос сайн харахаар дөхөж очжээ. Горго
бүргэд ч бас Нильс рүү гайхан харлаа.
-Энэ ямар сонин амьтан бэ, Акка эгч ээ? Хүн төрөлтөн биш үү?
-Энэ хүүг Нильс гэдэг юм аа. Үнэхээр хүн төрөлтөн мөн л дөө. Гэхдээ л бидний
хамгийн сайн анд найз маань шүү!
-Акка эгчийн найзууд бол миний найз л гэсэн үг гэж Горго бүргэд ёслол төгөлдөр
хэлээд, толгойгоо бага зэрэг мэхийжээ. Дараа нь өнөө бүргэд Акка галуу руу дахин
эргэв.
-Намайг байхгүй байхад энд та нарыг хэн ч гомдоогоогүй байх гэж найдаж байна.
Тийм юм гарвал надад мэдэгдэхэд л болно шүү. Би тэр амьтантай тооцоо хийчихнээ.
-За, за. Онгирох нь уу даа гэж Акка галуу хэлээд бүргэдийн толгой руу хошуугаараа
зөөлөн тоншлоо.

-Нээрээ би хамгаална. Шувууд дундаас аль нь ч надтай зөрчилдөж зүрхлэхгүй байх


аа. Лав л надтай таараагүй юм байна. Та л зориглох байх даа гэж бүргэд эелдгээр
тоглон хэлээд аварга том далавчаараа хөгшин галууны нурууг зөөлөн илжээ. За, одоо
миний явах цаг боллоо гэж бүргэд хэлээд нар руу хальт харав. Хэрэв би хоолыг нь
хоцроовол ангаахайнууд маань сөөтлөө хашгирчих байх. Тэд маань яг намайг
дуурайсан юм л даа!
-За, эргэж ирсэнд баярлалаа. Чамтай уулзахдаа би дандаа баяртай байдаг шүү гэж
Акка галуу хэлжээ.
-Удахгүй уулзана аа гэж бүргэд хэллээ. Тийнхүү бүргэд хоёр далавчаа дэвэхэд галуун
сүргийн дээгүүр салхи исгэрэн шуугиж эхэлжээ.
Хүү удаан зогсож, тэнгэрт бүргэд үзэгдэхгүй болтол харжээ. Гэнэт өтгөн зэгсэн
дотроос Мартин галууны аймхай дуу сонсдов.
-Яасан, бүргэд холдсон уу гэж Мартин шивэгнэн асуугаад, эрэг дээр гарч иржээ.
-Явчихсаан. Нисээд явчихсан. Битгий айгаарай. Одоо бүр холдсон гэж Нильс хэллээ.
Мартин галуу ч арагш эргэн:
-Марта, миний хүүхдүүд ээ, гараад ирээрэй. Тэр бүргэд явчихсан байна гэж
хашгирчээ. Тэгтэл өтгөн зэгсэн дотроос сэтгэл нь түгшсэн Марта галуу цухуйж,
эхлээд эргэн тойрноо, дараа нь тэнгэр өөд харж байж л зэгсэн дотроос сая гарч
ирлээ. Тэрээр далавчаа дэлгэхэд, айсан ангаахайнууд доор нь нуугдсан байлаа.
-Саяын бүргэд жинхэнэ бүргэд мөн үү гэж Марта галуу асуув.
-Ёстой жинхэнэ бүргэд. Бас аймаар. Хошуугаа хүргэхэд л бараг эд бод хийчихнэ.
Харин өөртэй нь жаахан ярьсны дараа бол бүргэд байна гэж хэлэх аргагүй. Манай
Акка галуутай бол төрсөн ээжтэйгээ ярьж байгаа юм шиг л ярьдаг юм билээ.
-Тэр бүргэд надтай өөрөөр ярих ч аргагүй л дээ. Би бараг ээж нь юм даа. Тэгтэл ч
Нильс гайхсандаа амаа бүр ангайчихжээ.
-Тийм ээ, Горго бүргэд бол миний өргөж авсан хүү шиг юм. Та нар жаахан дөхөөд
ирвэл би бүх түүхийг нь ярьж өгье гэж Акка Кебнекайсе галуу хэллээ. Тэгээд дараах
түүхийг ярьжээ.
2
Хэдэн жилийн өмнө, Саарал хадан цохион дээрх бүргэдийн үүр одоогийнх шиг
хоосон биш байжээ. Тэр үүрэн дотор эр, эм хоёр бүргэд амьдардаг байв. Тэр үед
зуны улиралд Лапландад нисэж ирсэн бүх галуу, нугас энэ айхтар хадан цохионоос
аль болох холхон байрладаг байжээ. Зөвхөн Акка Кебнекайсе галуу л тэр цохио руу
жил бүр сүргээ дагуулж ирдэг байв. Тэр газрыг Акка зүгээр ч нэг сонгодоггүй
байжээ. Бүргэдүүд бол аюултай хөршүүд боловч бас найдвартай хамгаалагч болж
байв. Бүргэд ирж суурьшсанаас хойш нэг ч махчин амьтад Саарал хадан цохио руу
ирж зүрхлэхгүй байлаа. Акка Кебнекайсе галууны сүрэг тас, шонхор, бүргэдийн
бүлийнхнээс айдаггүй байсан ч тэрхүү шувуудаас өөрсдөөс нь бас болгоомжлох
хэрэг гардаг байв.
Бүргэдүүд унтаж сэрмэгцээ анд гардаг байлаа. Гэхдээ тэднийг сэрэхээс өмнө Акка
Кебнекайсе галууны сүрэг сэрж, зэгс рүү орж нуугдаад, бүргэдүүд хаашаа чиглэн
нисэхийг ажигладаг байжээ. Хэрэв бүргэдүүд хадан цохионуудын цаагуур далд
орвол галуун сүрэг нуурын усанд тайван сэлж, усны аалзууд барьж болдог байв.
Харин бүргэдүүд хөндий дээгүүр эргэлдвэл галуун сүрэг үүрнээсээ гардаггүй
байлаа. Үд дунд Акка галуу дахин тагнуулд гарна. Энэ үед бүргэдүүд ангаас буцаж
ирдэг бөгөөд ангийн өдөр нь азтай, азгүй байсныг бүр холоос бүргэдүүдийн
нисэлтээр Акка галуу тааж чаддаг байжээ. Бүргэдүүд хумсаа хумхин хоосон ирвэл
“Сэрэмжлээрэй” гэж Акка галуу сүрэг рүүгээ хашгирна. Харин бүргэдүүд томхон ан
барьсан үед “Аюул өнгөрлөө” гэж Акка галуу дохио өгдөг байв. Гэвч нэгэн удаа
бүргэдүүд өглөө эрт ниссэн ч ирдэг цагтаа үүрэндээ эргэж ирэхгүй болчихжээ. Акка
үүрэн дотроо удаан суугаад, тэнгэрт бүргэдүүд гарч ирэхийг хүлээсэн ч тэд буцаж
ирэхгүй л байлаа. Маргааш өглөө нь Акка урьд өмнөхөөс эртлэн дахин тагнуулд
гарчээ. Нар аль хэдийнэ өндөр хөөрсөн ч бүргэдүүд харагдахгүй байлаа. “Бүргэдүүд
өчигдөр үүрэндээ буцаж ирээгүй бололтой” гэж Акка галуу бодож байв. Үд дунд
болчихоод байхад, авчирсан ангаа байнга хуваадаг хадтай талбай руу бүргэдүүд
ирээгүй л байлаа. Гурав дахь өдөр нь ч бас л урьдын адил өнгөрч, бүргэдүүд
үүрнээсээ гарсангүй, бас үүрэндээ ч буцаж ирсэнгүй. Тэгээд Акка галуу бүргэдүүдэд
ямар нэг зовлон учирсан бололтой гэж бодоод хадан цохио руу очиж үзэхээр өөрөө
нисчээ. Тийн Акка галуу дөхөж явтал бүргэдийн үүрэн дотроос ууртай боловч
өрөвдмөөр хашгиралт нэлээд холоос сонсогджээ. Тэр үүрэн дотор нүцгэртэл
мөлжсөн яснууд дунд эв хавгүй биетэй, царай алдсан, нэгэн бүргэдийн дэгдээхий
сууж байхыг Акка галуу харжээ. Тэр дэгдээхийн ховорхон ноолууртай, хариугүй
жижигхэн далавчнаас шулуун, хатуу өд дөнгөж цухуйж, харин доош махийсан хурц
хошуу нь яг л насанд хүрсэн бүргэдийнх шиг харагдаж байлаа.

-Би юм идмээр байна, би юм идмээр байна гэж тэр ангаахай хашгиран, хошуугаа том
ангайж байв. Акка галуу ийш тийш харж, хадан цохионы ард бүргэд нуугдаж байгаа
эсэхийг шалгаад үүрний ирмэг дээр очиж суужээ.
-Одоо л нэг юм ирэв үү? Ядаж ганц шувуу ирлээ шүү гэж Акка галууг хараад тэр
дэгдээхий хашгирчээ. Та юу авчраа вэ? Хурдхан өгөөрэй. Би их өлсөж байна. Харин
Акка ихэд уурлан:
-Би чиний хөлсний асрагч болчихоогүй байна шүү. Чиний эцэг, эх чинь хаана байна
гэж тэр дэгдээхий рүү хашгирчээ.
-Би яаж мэдэх юм бэ? Бүтэн хоёр өдрийн турш тэр хоёр хоёулаа ирэхгүй байна шүү
дээ. Та яагаад зүгээр суугаад байгаа юм бэ? Намайг сонсохгүй байгаа юм уу? Би юм
идмээр байна. Юм идье. Юм идье. Идэх юм л хурдхан өгөөч. Одоо тэр дэгдээхийг
Акка галуу өрөвдөж эхэллээ. Өнчирсөн бололтой. Аав нь ч, ээж нь ч байхгүй. Тэгээд
Акка хүнс олохоор нисэн оджээ. Удалгүй нуураас нэг жижиг яргай загас Акка галуу
дэгдээхийд авчирч өгчээ. Галуу өөрт нь хүнс авчирч байгааг харсан бүргэдийн
дэгдээхий хүзүүгээ сунгахад ангайсан ам руу нь Акка ч загасаа шууд чулуудан
өглөө. Гэтэл авчирсан загасыг нь өнөө дэгдээхий шууд буцаан тургичихав.
-Намайг ийм муухай юм иднэ гэж та бодож байгаа юм уу. Одоо надад даруйхан ятуу,
эсвэл туулай аваад ир, сонсов уу гэж тэр дэгдээхий исгэрэх мэт хэлээд Акка галууг
тасдаж хаяхыг хүсэх шиг хошуугаа хавшин дуугаргажээ. Гэвч Акка галуу түүн рүү
ширүүхэн харж, хоёр ч удаа тоншоод, дуугүй болсных нь дараа:
-Чи сайн санаж ав. Одоо чамайг асрах нэг ч шувуу байхгүй. Аав, ээж хоёр чинь амиа
алдсан бололтой. Тэгэхээр чи өлсөж үхэхийг хүсэхгүй л бол чамд өгч байгаа юмыг
идэх л ёстой гэж хатуухан хэллээ. Дараа нь Акка галуу өнөө тургиулсан загасыг
үүрний ёроолоос олоод, бүргэдийн дэгдээхийн өмнө дахин тавьж:
-Ид! хэмээн хатуухан тушаажээ. Акка галуу руу өнөө дэгдээхий ууртай харсан
боловч загасыг идлээ. Тийнхүү, тэр өдрөөс эхлэн Акка галуу өглөө, өдөр, үдэш бүр
бүргэдийн үүр рүү нисэн ирж, өнөө дэгдээхийд хүнс авчирдаг болжээ. Тэрээр загас,
мэлхий, шавж зэрэг олсон зүйлсээ л авчирдаг бөгөөд дэгдээхий ч цөмийг нь
дуулгавартай иддэг байлаа. Ийнхүү, Акка галуу хуучин өдөө хаяж эхлэх хүртлээ
бүргэдийн ангаахайг тэжээжээ. Сүүлчийн удаа Акка галуу өнөө бүргэдийн үүрэнд
арай чамай ирэхдээ замдаа нэлээд өд сөдөө гээсэн байлаа.
-За, одоо чи сонс. Одоо би цаашдаа чам руу ирж чадахгүй боллоо. Чамайг нуруундаа
үүрээд доош буулгах гэхээр би даахгүй. Чи өөрөө л хөндий рүү буухгүй бол чи
өлсөж үхэхэд хүрнэ. Гэхдээ үнэнийг хэлье. Анхны нислэг осолтой учир амь насаа ч
алдаж магадгүй шүү. Эндээс газар хүртэл нэлээн хол, харин чи нисэж чадахгүй
байна шүү дээ. Гэвч тэр аймхай шувуу биш байжээ. Тэгээд үүрний ирмэг рүү
мөлхөн хүрч, доошоо газар руу хүрэхэд хэр хол байгааг хараад зориг гарган шууд
үсэрчихлээ. Харин Акка тэр дэгдээхийг сэтгэл түгшин ажиглаж байжээ. Акка
галуунд өөрт нь ангаахай байгаагүй бөгөөд тэрхүү махчин шувууны дэгдээхий
өөрөөс нь төрсөн мэт дотно санагддаг болсон байлаа.
Аз болоход, бүх зүйл сайнаар эргэжээ. Бүргэдийн дэгдээхий эхэндээ агаарт хэдэн
удаа эргэлдсэн ч салхи дэм болсны ачаар хоёр далавчаа дэлгэн дэвсээр гэмтэж,
бэртэлгүй газар зөөлөн бууж чадлаа. Тэр зунжингаа өнөө бүргэдийн дэгдээхий
галууны дэгдээхийнүүдтэй хөндийд цуг нутаглаж, тун сайн найз нөхөд болжээ. Тэр
өөрийгөө галууны дэгдээхий гэж санан, ямар ч зүйлд бусдаас хоцрохыг хүсдэггүй
байв. Галууны дэгдээхийнүүд нуур руу явахад бүргэдийн дэгдээхий ч бас даган явж,
ус руу орвол бас даган ордог байжээ. Харин галууны дэгдээхийнүүд сарвуугаараа
шалмаг сэлүүрдсээр нуурын ус руу хялбар, түргэн хүрч чаддаг байхад бүргэдийн
дэгдээхий нарийхан хоёр хөлөөрөө яаж ч сарваганаад, сэлж чадалгүй ус залгин,
эргийн яг дэргэд шахам живж эхэлдэг байлаа.
Тэгээд Акка галуу өөрийн тэжээсэн дэгдээхийг хэд хэдэн удаа нууран дотроос
гаргаж, дахин амьсгал авч чаддаг болтол нь сэгсэрч, асарчээ.
-Би яагаад бусад галуу шиг сэлж чадахгүй байгаа юм гэж бүргэдийн дэгдээхий
асуужээ.
-Чамайг үүрэндээ зүгээр хэвтсээр байтал хумс чинь хэтэрхий урт ургаад, чи эд
нарынх шиг сарвуугүй болчихож. Гэхдээ чи гутрах хэрэггүй ээ. Чи сайн шувуу болж
өснө гэж Акка галуу хэлжээ. Харин галууны дэгдээхийнүүдийг нисгэж сургах цаг
ирэхэд Горго дэгдээхийг нэг нь ч гүйцэж чадахгүй байжээ. Бүргэдийн дэгдээхий
хамгийн өндөр, хамгийн хурдан, хамгийн хол нисдэг байв. Удалгүй уужим цэлгэр
хөндий ч бүргэдийн дэгдээхийд дэндүү давчуу санагдаж, тэрээр нуур, уулсыг даван
нисэж өдөржин алга болдог болжээ. Тэгээд буцаж ирэх бүртээ Горго дэгдээхий уур
нь хүрч, санаа нь зовчихсон ирдэг байлаа.
-Яагаад миний сүүдэр газар тусмагц ятуу, ишигнүүд надаас зугтаж, нуугддаг юм бол
гэж тэрээр Акка галуунаас асуужээ.
-Чамайг үүрэндээ зүгээр хэвтсээр байтал далавч чинь дэндүү том болчихсон юм гэж
Акка галуу хариулжээ. Гэхдээ чи битгий санаа зов оо. Чи хэт нь сайн шувуу болж
чадна.
-Яагаад би загас, мэлхий идэж байхад бусад галуу өвс зулгааж, шавьж тоншдог юм
бол? гэж Акка галуунаас бүргэдийн дэгдээхий асуув.
-Чамайг хадан дээр амьдарч байхад би өөр хүнс аваачиж чаддаггүй байсан юм аа.
Гэхдээ чи битгий санаа зовоорой. Чи хэт нь сайн шувуу болж чадна. Намар болж,
галуу шувууд өмнө зүгт алсын замд хөдлөх үед Горго дэгдээхий ч галуун сүрэгтэй
хамт нисчээ. Гэвч нисэж байх үедээ бүргэдийн дэгдээхий эгнээгээ барьж огт
чадахгүй байлаа. Горго бүргэд нэг бол хамаагүй хол түрүүлэн нисэж, тэгснээ дараа
нь эргэж ирээд галуун сүргийн дээгүүр эргэлдэн нисдэг байв. Харин галуун сүрэг
дунд бүргэд байхыг хармагц бусад шувууд сэтгэл түгшин хашгиралдаж, хурдхан
замаа өөрчилж, холдон нисдэг байлаа.
-Тэд нар надаас яагаад айдаг юм бол оо? Би тан шиг галуу биш гэж үү? хэмээн Горго
дэгдээхий асуужээ. Нэгэн удаа тариачны хашаан дээгүүр галуун сүрэг нисэн
өнгөрөх үед эр, эм тахианууд хог ухан, ажиггүй тонголзож байв. Тэгтэл нэг тахиа:
-Хүүе, бүргэд ирлээ! Бүргэд ирлээ! хэмээн гэнэт гуугалжээ. Тэгтэл ч бүх эм тахиа
таран гүйлдэж, харин энэ удаа Горго дэгдээхий тэвчиж чадсангүй.
-Тэнэг юм! гэж тэр дэгдээхий боджээ. Зэрлэг галууг бүргэдээс ялгаж чадахгүй юм
даа. За яах вэ, би түүнийг сургаад өгье л дөө! Ийнхүү, Горго дэгдээхий далавчаа
хумин газар руу шидсэн чулуу мэт хурдан шумбан доошиллоо.
-Би ямар бүргэд гэдгээ та нарт харуулаад өгье л дөө гэж тэр хашгираад, доор нь
тахианууд нуугдсан өвсийг тал тал тийш тараан цацжээ. Намайг ямар бүргэд гэдгийг
чи санаж авнаа гэж Горго хашгираад, өнөө тахиаг хошуугаараа тоншиж орхилоо.
Үдэш нь, галуун сүрэг газар бууж бүх галуу унтах үед Акка галуу бодлогошрон
удаан суужээ. Горго бүргэдээс салах цаг болж гэдгийг Акка ойлгож байлаа. Тэр
өөрөө энэ бүргэдийг тэжээж, өсгөсөн болохоор явуулчихад тун хайран байв. Гэвч
ямар ч арга байхгүй. Бүргэд гэдгээ Горго мэдэх ёстой. Тэгээд бүргэдийн ёсоор
амьдрах ёстой. Акка босоод галуун сүрэг дунд тайван унтаж байгаа тэжээсэн
дэгдээхийгээ олохоор явжээ…
Ийнхүү, тэр шөнөдөө үүр цайхаас өмнө Горго бүргэд галуун сүргийг орхин оджээ.
Гэвч галуун сүрэг жил бүр Лапландад ирэх бүрт Саарал Хадан цохионы дэргэдэх
хөндийд Горго бүргэд ирж уулздаг заншилтай байлаа. Одоо тэрээр хүчирхэг, эр
зоригтой бүргэд болсон байжээ. Бусад бүргэд хүртэл түүнээс эмээдэг бөгөөд хэзээ ч
маргалдаж, зөрдөггүй байв. Ойн шувууд ч үгэнд ордоггүй дэгдээхийнүүдээ Горго
бүргэдийн нэрээр айлгадаг байлаа. Горго бүргэдийн сүүдрийг хармагц уулын
янгирууд аймхай бүжингүүд шиг хулчийдаг байжээ. Горго ямар ч амьтныг
хайрлахгүй, ангаа ч алдалгүй барьдаг байлаа. Гэвч саарал хадан цохионы дэргэд
Горго хэзээ ч ан хийдэггүй бөгөөд нэг ч галуунд хумсны үзүүр хүргэдэггүй байжээ.
Арван тавдугаар бүлэг. Ууль шувуудын нууц
1
Өдрүүд нэгэн хэмээр алгуур урсан өнгөрч, өдөр бүр л өмнөх өдөртэйгөө усны дусал
шиг ижилхэн байлаа. Саарал хадан цохионы дэргэдэх нуурын ойр тойронд
шувуудын жинхэнэ хот үүссэн байжээ. Тэр хотыг хөндлөнгийн хүн, амьтдын
нүднээс бүх талаас нь уулууд халхалж байв. Ийшээ ямар ч махчин амьтан ирэхгүй
бөгөөд хүмүүс огт үзэгддэггүй байжээ. Хүмүүс энд ирлээ ч намаг, чулуун дунд юу ч
хийх билээ дээ?
-Тэгээд Лапланд даяар нэг ч хүн байхгүй юм уу гэж Мартин галуунаас Нильс хүү
асуулаа.
-Хүн байхгүй. Тэр нь ч сайн. Нильс чи намайг уучлаарай. Үнэндээ бол галуу бид
хүн байхгүй газар л амрах дуртай байдаг юм шүү дээ.
Харин Нильс өөр бодолтой байлаа. Үнэнийг хэлэхэд хүү өөрөө галуунд хайртай ч
гэсэн заримдаа тэднээс бас холхон амармаар хүсэл төрдөг байжээ.

-Тээр тэнд байгаа уулуудын цаана юу байдаг бол гэж хүү дахин асуулаа. Бас л
зөвхөн шувууд байдаг уу? Хөгшин Акка галуу энэ яриаг сонсоод Нильс рүү дөхөж
иржээ.
-Тэр уулсын цаана юу байдгийг чи өөрөө хармаар байна уу? Би өөрөө ч яагаад
өдөржин галууны дэгдээхийнүүд дунд байнга асрагч эмгэн шиг суух билээ гэж
бодож байлаа. Чамайг хүсч байвал маргааш тэр уулс руу хоёулаа нисье. Чи манай
Лапланд нутгийг харах хэрэгтэй шүү. Тийнхүү, маргааш өдөр нь Нильс хүү эртлэн
сэржээ. Акка өөрөө ч сэрээгүй унтаж байв. Уг нь Акка галуу сүрэг дотроо хамгийн
түрүүнд босдог байжээ. Гэсэн ч хөгшин галууг хүү сэрээж төвдсөнгүй. Тэгээд унтаж
байгаа галууны дэргэдүүр нааш, цааш алхаж байв. Хэрэндээ чимээ гаргахгүйг
хичээн явсан ч нэг жижиг мөчир дээр гишгэсэн учир Акка галуу сэрчихжээ.
-Яагаад эрт босоо вэ? Явна гэхээс нойр хүрэхгүй байна уу? За яах вэ, би өөрөө ч
далавчаа тэнийлгэхдээ баяртай байна. Дараа нь Акка дүрмээ сахиж, бүх сүргээ нэг
тойрон, галуун сүрэгт урьд шөнө юу ч тохиолдоогүй гэдгийг шалган санаа амарчээ.
Ийнхүү сүргээ шалгасны дараа Акка галуу сүргээ орхин нисэхэд бэлэн боллоо. Тэр
хоёрын замд уулс эгнээ эгнээгээр цувран ил гарч ирж байв. Уулс бие биеэ түлхэх мэт
бөгөөд уул бүр нэг нь нөгөөгөөс өндөр болох нар, од руу ойртохыг хүсэх мэт дээш
тэмүүлэн байрласан байв. Уулсын хамгийн өндөр оргилууд цасан бүрхүүлтэй
байлаа. Уулын цас дун цагаан өнгөтэй бөгөөд нарны гэрэлд гялтганан харагдаж,
харин нарны туяа хүрч чадахгүй агуй хавцлын цас нь тэнгэрийнх мэт цэнхэрдүү
өнгөтэй үзэгдэж байв.
Тэр оргилуудыг харж явахдаа Нильс нэг нүдтэй аварга биетний тухай үлгэрийг
санажээ. Тэр үлгэрт ийн өгүүлдэг байлаа. Эрт урьд нэгэн цагт ойн гүнд нэг нүдтэй
нэгэн аварга биет амьдран суудаг байжээ. Нэгэн удаа тэрээр хүмүүсийнхтэй адилхан
байшин барьж авъя гэж шийджээ. Тэгээд тун сайхан байшин барьж. Нэг хананаас
нөгөө хана хүртэл бүтэн нэг мод зайтай, шалнаас тааз хүртэл гурван мод газрын
зайтай байжээ. Нэг л муу зүйл байсан нь тэр байшин пийшингүй байв. Хүмүүс
байшиндаа пийшинтэй байдгийг ганц нүдтэй тэр аварга амьтан олж хараагүй
байлгүй. Гэвч ойд өвлийн жавар эзэгнэж, харин тэр үлэмж биетэн байшин дотроо
суугаад дааран чичирч байжээ.
-Энэ байшин юунд ч хэрэггүй юм аа хэмээн тэр аварга биетэн уурлаж, дахин шинэ
байшин барих хэрэгтэй байна. Гэхдээ одоо би илүү ухаантай хөдөлнө. Байшингаа
наранд ойрхон барья. Нар намайг ээж байг гэж шийджээ. Ийнхүү өнөө үлэмж биетэн
ажиллаж эхэллээ. Тэгээд газар сайгүй явж чулуу цуглуулан авчраад дээр дээр нь
давхарлан өржээ. Түүний өрсөн чулуу удалгүй уул мэт өндөр болж, тэгсээр бараг
үүл шүргэм өндөр болжээ.
-За, одоо л болох болов уу. Одоо би энэ уулын орой дээр өөртөө байшин барина.
Тэгээд нарны яг бөөрөн доор амьдарна. Нарны дэргэд байхад ч даарна гэж байхгүй
дээ. Ийнхүү тэр үлэмж биет уул өөд явлаа. Тэгтэл сонин юм болж, тэр аварга биетэн
дээш авирах тусам улам хүйтэн болж байв. Гэвч үлэмж биетэн зүтгэсээр оргилд нь
хүрч чаджээ. “За, одоо эндээс бол нар хүрэхэд ёстой ойрхон доо” гэж тэр бодлоо.
Гэвч өөрөө даарсандаа шүдээ хавжигнатал чичирч байжээ. Тэр аварга биетэн яггүй
зөрүүд нэгэн байсан бөгөөд толгойд нь нэг л санаа төрсөн бол түүнээ огт
өөрчилдөггүй байв. Тиймээс уулан дээр байшин барина гэж шийдсэн учраас барьж
орхижээ. Аварга биетэн нар руу ойртсон мэт санагдавч хүйтэн хэвээрээ, яс
жиндүүлэх мэт байлаа. Тэгсээр байгаад өнөө мунхаг аварга биетэн өөрөө ч
хөлдчихжээ.
-Яагаад ийм байдаг юм бол оо хэмээн Нильс хүйтэн агаарт дааран бодож явлаа.
Дээшлэх тусам нар руу үнэхээр ойртмоор юм. Тэгтэл улам хүйтэн болоод байдаг?
Энэ үед хүүгийн бодлыг таасан мэт Акка галуу доош бууж эхэлжээ. Тэдний доорх
уулс одоо таран нүүх мэт холдож байсан бөгөөд одоо Акка галуу, Нильс хүү хоёр
хөндийн дээгүүр нисэж байлаа. Нарийхан тууз мэт нэгэн гол тэр хөндийг огтлон
урсаж байв. Харин тэр эрэг дээр нь байгаа этгээд шовгор юмнууд юу вэ? Дугуй
хэлбэртэй, шовх өнцөгтэй…
-Тэгээд тэднээс утаа гарч байх юм! Утаа! Тэгэхээр энд хүмүүс амьдардаг байх нь ээ!
Тэгэлгүй яахав. Лапландад саами ястнууд амьдардаг байлаа. Тэр шовгор юм гэж
байгаа нь хүмүүсийн сууц байж. Тийм сууцыг барихдаа газар руу хэдэн урт мод
зоогоод, дараа нь цаа бугын арьсаар хучдаг бөгөөд ийм сууцыг “чум” гэж нэрлэдэг
байв. Сургуулийн багш нь ярьж өгсөн учраас Нильс энэ тухай мэддэг байжээ. Харин
одоо тэрээр бүх зүйлийг өөрийн нүдээр харж байлаа. За, тэр “чум” урцнууд хооронд
амьтад явж байна. Толгой дээрээ эвэртэй тэр амьтад цаа буга юм байна шүү дээ.
Лапландын тэжээвэр цаа бугын бүхэл бүтэн сүрэг байна. Хамгийн захын урцны
дэргэд түүдэг гал асаж байлаа. Улайссан халуун чулуун дээр залуу саами охин ямар
нэгэн зүйл хийж байв. Тэр охин үстэй өмд, бас үстэй урт цамц өмссөн байлаа.
Эрэгтэй биш, эмэгтэй хүүхэд байна гэж Нильс хүү таажээ.
Учир нь тэр охины хоёр урт хар гэзэг тонгойх бүрт урагш унаж байжээ. Гэзгээ гал
руу оруулахгүйн тулд тэр охин байн байн арагш нь буцаан шидэж байв.
Гэнэт Акка Кебнекайсе галуу баруун, зүүн тийш эргэн нисэж, тэр охины дэргэд өөр
хүн байгаа эсэхийг харсны дараа тун доошлон ниссээр дөхөж очжээ. Маш ойртож
очсон учир түүдэг галын дулаан илч, зуурсан халуун гурилын үнэрийг хүү мэдэрлээ.

Тэр охины дээгүүр Акка галуу нэг удаа, бас дахин нэг удаа эргэв… Харин өнөө охин
толгой өргөн Акка галуу руу гайхан харжээ. “Ямар сонин шувуу вэ? Надаас юм
хүсээд байгаа юм шиг…” гэж тэр охин бодсон болов уу. Гэвч өнөө галуу дээшлэн
хөөрч, охины дээгүүр дахин эргэлдлээ. Тэгтэл өнөө охин инээж, чулуун дээрээс
халуун бин шүүрч аваад, шувуу руу сарвайлаа. Акка галуу ч бинг хошуугаараа
тосож аваад түргэхэн эргэн нисчээ. Тэр охин руу Нильс хүү “баярлалаа” хэмээн
дөнгөж хашгирч амжив. Акка Кебнекайсе галуу хэнд зориулж, бин гуйж авсныг хүү
шууд таажээ. Тэгээд нэгэн жижиг гүехэн жалганд хөгшин галуу, Нильс хүү хоёр
өглөөний цайгаа тун сайхан уулаа. Чулуунууд дороос дөнгөж цухуйсан армаг тармаг
өвсийг хөгшин галуу чимхлэн идэж, харин Нильс хүү өнөө бингээ иджээ. Тэр бол
жинхэнэ гурилаар хийж хайрсан, жинхэнэ бин бөгөөд шинэхэн, бас халуунаараа
байлаа. “Энэ дэлхий дээр үүнээс илүү амттан байхгүй байх аа” хэмээн хүү бодож
байжээ. Тэр ховорхон таашаалыг аль болох удаан сунгахыг хүү хичээж байв. Үдэш
болсон хойно, Саарал хадан цохионы дэргэдэх Дүгрэг нуур руу Акка галуу, хүү хоёр
буцаж иржээ.
2
Зуны улирал дуусах дөхөж байлаа. Галууны дэгдээхийнүүд өсөн торниж, эцэг, эхээ
баясгаж байв. Хэрэв Акка Кебнекайсе галууны сүрэг дотор ямар нэг зөрчил гарвал
тэр нь аль дэгдээхий илүү хөөрхөн бэ гэдэг талаар л хааяахан гардаг байжээ.
Ялангуяа Мартин, Марта хоёр өөрийн дэгдээхийнүүдээр онцгой бахархдаг байлаа.
Тэр хоёрын дэгдээхийнүүд үнэхээр хамгийн хөөрхөн нь хэмээн Нильс ч боддог байв.
Тэд уулын цас шиг цав цагаан, нэг ч бараан толбогүй, зөвхөн хошуу, сарвуу нь л
алирс жимс шиг улаан байв. Галууны дэгдээхийн далавчинд бага зэрэг бяд сууж,
Мартин галуу ч тэдэнд өглөө бүхэн яаж нисэхийг зааж байлаа. Эхлээд галууны
дэгдээхийнүүд газраас дөнгөж хөндийрч, бяцхан далавчаа нэг хоёрхон дэвээд, дахин
өвсөн дээр буудаг байв. Дараа нь тэд улам өндөр хөөрдөг болж, агаарт илүү удаан
тогтож чаддаг болжээ.
Марта галуу өөрөө ч нисэх дасгал хийж байлаа. Тэгээд оройн цагаар,
дэгдээхийнүүдээ унтах үед дасгалаа хийдэг байв. Таван дэгдээхийтэй, ийм том
бүлийн ээж нь өөрөө муухан нисдэг гэдгээ харуулбал тун муу жишээ болох нь
мэдээж билээ. Нисэж явахдаа яаж огцом эргэх, өөртэй нь далавчаа яаж нэгэн хэмээр
жигд дэвэх, хөөрөхдөө заавал явгалж гүйхгүй шууд хөөрөхийг Марта галуунд
Мартин галуу зааж байлаа. Нэг үгээр хэлбэл, өөрөө Вестменхег тосгоноос Лапланд
хүрэх урт замд зэрлэг галуунуудаас сурч авсан бүх зүйлээ Мартин галуу зааж байв.
Марта галуу ч чармайн хичээж байлаа. Учир нь Акка Кебнекайсе галууны сүрэг
Лапландыг орхин, буцах замдаа гарах цаг ойртож байжээ. Буцах цаг ойртож байгаа
нь юм бүхнээс ил харагдаж байв. Нэгэн удаа Мартин галуу Нильс хүү рүү хүрч
иржээ. Тэгээд хүүгийн жижиг байшингийн хаалгаар толгойгоо оруулан, ярьж
эхэллээ.
-Ойлгохгүй байна. Акка галуу биднийг хэзээ болтол Лапландад байлгах юм бол оо?
Өвөл хаяанд ирчихээд байдаг, гэтэл Акка юуны ч тухай бодохгүй байх шиг. Хурдхан
л гэртээ харимаар байна. Дэгдээхийнүүдээ бусад галуу, тахиа, үнээ гээд бүх амьтдад
харуулмаар байна. Мартагаа бас тэдэнтэй танилцуулмаар байна. Тэр маань бүх
шувуунд таалагдана даа. Аргагүй шүү дээ. Ийм сайхан юм чинь! Нильс хүү ч бас,
“Мартин үнэн ярьж байна. Бид гэртээ харих цаг болж. Нэг галуунаас гадна бүхэл
бүтэн галууны гэр бүл дагуулаад очиход аав, ээж хоёр яасан их баярлах бол оо?
Мартин, бид хоёрыг нас барсан байх гэж аав, ээж хоёр бодсон байх даа. Тэгтэл гэнэт
хаалга онгойгоод, эхлээд Юкси, дараа нь Какси, тэгээд Кольме, тэгээд Нелье, дараа
нь Вийси, дараа нь Мартин, дараа нь би орж очвол яах бол оо! “Сайн байцгаана уу,
эрхэм хүндэт аав, ээж хоёр минь ээ? Зочдоо хүлээж авна уу!..” гэж би хэлнэ.
Тэгвэл ер нь яах бол? Аав, ээж хоёр баярлахдаа бараг уйлах байх даа. Бүх хөрш, бүх
хөвгүүд гүйж ирэх байх. “Чи зунжингаа хаашаа алга болчихов оо?” гэж тэд асууна.
Харин би “Галуу унаад Лапланд яваад ирлээ!..” гэж хэлнэ дээ” хэмээн бодож байлаа.
Тэгснээ өөрөө урьдын Нильс хүү биш болсноо сая л санажээ.
Аав, ээж хоёр нь яахав хүүгээ таньж магадгүй юм. Харин бусад хүмүүс яах бол оо..?
Хөршийн хүүхдүүд инээлдэж, шоолж, урьд нь Нильс хүү ойн одой хүнийг барьсан
шиг ялааны тор барьж, араас нь хөөцгөөх болов уу? Үгүй ээ, жинхэнэ хүн болохоос
нааш би буцахгүй нь дээр юм байна” гэж Нильс бодлоо. Харин би хэзээ дахиж
жинхэнэ хүн болох бол? Ууль шувуунууд хоорондоо шивэгнэсэн тэр нууц нь юу юм
бол оо? Харин Мартин галуунд хүү:
-Бид гэртээ очоод уйдах юм биш биз? Өдөр бүр нэг л ижил зүйл давтагдах биш үү?
Гэр, хашаа, гэр, хашаа гээд л. Харин хоёулаа зэрлэг галуунуудтай хамт далай гаталж
цааш явбал яасан юм гэжээ.
-Юу гэнээ? Юу гэнээ хэмээн Мартин галуу гайхан дуугарлаа. Учир нь Мартин
гэрийн галуу билээ. Тэгээд зэрлэг галуунаас огт дутахгүй гэдгээ Акка Кебнекайсе
галууны сүрэгт Мартин батлан харуулсан учраас тэр одоо ганц л зүйлийг хүсч
байжээ. Тэрээр төрөлх үүрэндээ тайван амьдрахыг л хүсч байв. Одоо элдэв адал
явдал түүний хувьд хангалттай байлаа. Ханатлаа л үзлээ шүү дээ!
-Юу гэнээ? Юу гэнээ хэмээн Мартин давтан хэллээ. Чамайг ч бас гэртээ харихыг
хүсэж байгаа байх гэж би бодож байсан шүү дээ. Тэгтэл Нильс хүү ярьж гарав.
-Мэдээж, хүсэлгүй яах вэ! Гэхдээ энэ тухай яриад ч яах юм билээ! Чамд бол сайхан л
байгаа. Чи одоо бүр том болж, дээр чинь гарахад хүртэл хэцүү болж. Харин би огт
өсөхгүй байна. Чи өөрөө бодоод үз дээ. Би яаж ийм байж аав, ээж хоёрынхоо нүдэнд
харагдах билээ? Чи гэр рүүгээ буц даа. Харин би галуунуудтай цуг үлдэе. Одоо бол
Акка намайг хөөхгүй байх.
-Үгүй ээ, чи байхгүй бол би гэр рүүгээ буцахгүй. Нөхрөө зовлон дунд орхино гэдэг
адгийн хэрэг гэж Мартин галуу хэлээд хэсэг бодлоо. Нильс чи, сонс доо. Чи Акка
галуутай ярьж үзвэл яасан юм? Акка чамд тусалж, ямар нэг арга бодож олж
магадгүй дээ.
Тэр галуу бол дэлхий дээрх бараг бүх зүйлийг чаддаг шүү дээ. Бүр бүргэдийг хүртэл
тэжээж өсгөсөн байгаа юм чинь!
-Нээрээ, үнэн шүү гэж Нильс баярлан дуу алдав. Би явж Аккатай зөвлөе. Тийнхүү
маргааш өдөр нь хөгшин галууны үүр рүү Нильс очжээ.
-Сайн байна уу, Акка эгч ээ. Би тантай юм ярих гэсэн юм гэж хүү хэллээ.
-Ярь, ярь. Би чамайг сонсоё гэж Акка хэллээ. Хүү хэсэг дуугүй болов.
-Акка, та ойлгож байна уу гэж хүү эцэст нь дуугарлаа. Урьд нь би ийм жижигхэн
байгаагүй юм аа. Би жинхэнэ хүүхэд байсан боловч ойн одой намайг илбэдчихсэн
юм… Харин Акка Кебнекайсе галуу огт гайхахгүй байжээ.
-Тийм ээ, би энийг таамаглаж байсан юм гэж Акка хэллээ.
-Одоо тэгээд яах вэ?
-Тэгээд би одоо яавал дээр вэ гэж танаас асуух гэсэн юм. Та бүх шувуудын дотроос
хамгийн ухаантай нь. Би яаж дахиж хүн болохыг та мэддэг байж магадгүй. Хэрэв та
мэдэхгүй бол ууль шувуудаас асууж өгөөч. Танд бол ууль шувууд хэлэх байх даа.
-Ууль мэднэ гэж чи яагаад бодож байгаа юм гэж Акка галуу асуув.
-Тэд хоорондоо “энэ бол аймшигтай нууц” гэж шивэгнэж байхыг би сонссон юм л
даа. Бид бүр Глиммингений ордонд байхад би сонссон. Гэхдээ тэр хоёр ууль маш
аяархан ярьж байсан болохоор би үгийг нь сонсоогүй юм. Та тэр нууцыг нь бас
мэдэх юм биш биз?
-Үгүй ээ, би тэр нууцыг мэдэхгүй гэж Акка хэллээ. Ууль шувуудаас асуух хэрэгтэй.
Тэр ууль шувууд надад ч хэлэхгүй шүү дээ. Би тэр ховч авгайнуудтай төдий л эв
найртай биш. Гэхдээ байзаарай! Надад гурав хоногийн хугацаа өг дөө. Би чамд
тусалж магадгүй юм.
3
Тийнхүү, гурав хоногийн турш Нильс юу ч идэж уулгүй, огт унталгүй хүлээсээр
байлаа. Акка галуу өөрийг нь дуудаж, илбээс яаж салахыг хэлж өгөх байх хэмээн
хүү хүлээж байв. “Хэрэв Акка өөрөө энэ ажлыг барьж авсан бол найдвартай бүтэх
байх аа гэж хүү бодож байжээ. Акка хоосон амлахгүй шүү дээ!” гэж хүү бодов.
Акка галуутай ярьсны маргааш өдөр Акка нэг тийшээ нисээд, бүр үдэш орой болсон
хойно л буцаж ирэхийг хүү харсан байлаа. Акка хаашаа, яах гэж ниссэнийг сүргийн
нэг ч галуу мэдэхгүй байжээ. Акка Кебнекайсе галуу аль ч галуунд хэлээгүй бөгөөд
нэг ч галуу асууж зүрхлэхгүй байв. Нильс ч бас тэр тухай асуугаагүй л байлаа.
Гэхдээ, Акка галууны нүдэнд арай олон харагдахыг хүү хичээж, үүрнийх нь
дэргэдүүр өнгөрөх янз бүрийн шалтаг бодож олсон ч өөрийг нь Акка анзаарахгүй
байх шиг санагдаж байв. Хэрэв тэр үед Нильс хүүтэй Акка ярьсан бол чухал биш,
ямар нэг зүйлийн тухай л ярих байсан биз. “Магадгүй, Акка юу ч бүтээж чадаагүй
юм болов уу. Тэгээд дуугүй байгаад байна уу? Тийм бол шууд л бүгдийг нь
хэлчихмээр юм” гэж Нильс бодож байв. Хоёр дахь өдөр нь ч урьдын хэвээр байсан
бөгөөд Нильс хүүг Акка бүр мартчихсан юм шиг байжээ.
Нильс хүүгийн хувьд өдрүүд хэзээ ч ийм удаан үргэлжилж байсангүй. Тэгээд цаг
нөгцөөхийн тулд байшингийн дээврээ засахаар шийджээ. Гэвч дээврийн мөчрийн
холтсыг дөнгөж хуулж эхэлтэл удсан ч үгүй хуруугаа эсгэчихэв. Тэгэхээр нь өөр
зүйл хийх гэж хувцасныхаа санжсан нэг товчийг бөхлөхийг оролдсон ч товчоо
тасалчихжээ. Дараа нь дэвсэх шинэ өвс түүхээр явсан боловч буцах замдаа унаж
боссоор байгаад, хамаг өвсөө үрэн таран болгожээ. Ийнхүү ямар ч ажил барьж авсан
бүтэлгүй болчихоод байлаа. Бас тэгтэл галууны дэгдээхийнүүд өөрөөс нь салж
өгөхгүй, хаа сайгүй даган гүйлдэж байжээ. Хүү байшин руугаа орж, тэднээс
нуугдсан ч өөрийг нь бас олчихоод байв. Дэгдээхийнүүд бараг минут тутам түүн рүү
гүйн ирж, хаалгаар нь толгойгоо цухуйлгаад нэг бол нуур руу, нэг бол намаг руу
жимсэнд хамт явъя хэмээн хоргоож байв.
-Би дургүй байна аа, та нар өөрсдөө явчих тэгэх үү гэж хүү хэлжээ. Тэгээд байшин
дотроо гав ганцаар суусаар байлаа. Өдөр өнгөрч, бас нэг шөнө өнгөрч, дараа нь
дахин нэг өдөр өнгөрчээ. Акка өөрийг нь дуудахгүй л байлаа. Гурав дахь өдрийн
үдэш тийшээ Нильс хүү бүрмөсөн гонсойж эхэлжээ. Хэлсэн хугацаа дуусаж байхад
хөгшин Акка түүний тухай санах ч үгүй байх шиг. Тэгээд хүү өвсөн дэр рүү нүүрээ
шигтгэн гашуунаар уйлж эхэллээ. Хүү чанга мэгшин, хүнд санаа алдаж, тэгээд
өөрийгөө улам өрөвдөн, нулимс нь улам урсаж байжээ. Дэр нь ч бүр норж, нүүр нь
хавдан, нүд нь хөндүүрлэж байсан ч хүү унтан унтатлаа уйлсаар байв. Тэгтэл
хүүгийн яг чихэн дээр нэгэн галуу ганганан дуугарч, татаж чангаажээ. Хүү ч үсрэн
босвол Нильс хүүгийн байшингийн хаалгаар Мартин толгойгоо оруулчихсан:
-Хурдлаарай! Гүйгээрэй! Акка чамайг дуудаж байна! гэж хашгирч байлаа.
4
Акка үүрэн дотроо, дэргэд нь Горго бүргэд сууж байв. “Бүргэд энд ямар хэрэгтэй юм
бол?” гэж хүү бодоод Акка руу гайхан харлаа.
-Наашаа ор, ор. Бид чамайг хүлээж байна гэж Акка хэлээд бүргэд рүү цааш эргэн,
толгойгоо бага зэрэг хазайлгав.
-Одоо, Горго чи ярь даа.
-Бүх юм хэвийн. Би Глиммингений шилтгээнд очоод, чиний ууль шувуудтай
танилцаад ирлээ гэж бүргэд хөгжилтэй хэллээ. “Аа, Горго бүргэдийг ууль шувууд
руу Акка явуулсан байх нь!” гэж хүү бодон сэрэмжтэй болжээ.
-За, чиний танил уулиуд ч их хол суух юм аа! Би хугацаандаа хүрч ирж амжихгүй нь
гэж бодож байлаа шүү. Гэрээрээ ч орж амжсангүй. Шууд л наашаа шинэ мэдээтэй
хүрч ирлээ. Тэр ууль шувуудтай багагүй зууралдлаа. Нисээд очсон чинь тэд унтаад
байх юм… Бусад шувуу шөнө унтдаг байхад уулиуд өдөр сайн унтаад, шөнө ой
дотуур сэм тэнэж, ан хийдэг юм байна. Хулгайн анчдын бүлгийнх гэдэг нь шууд л
харагдаж байна лээ…
-Гэхдээ та тэднийг сэрээж чадсан байлгүй дээ гэж Нильс хүү эмээнгүй асуув.
-Тэгэлгүй яахав. Би тэдэнтэй ёсорхох юу байх вэ? Нэг уулийг нь би хошуугаараа
жаахан илээд өгсөн чинь нөгөөх нь сэрж байна. Хоёулаа нүдээ эргэлдүүлээд л аах,
уух болцгоолоо. Харалган, тэгээд нойрмог болохоор юу ч ойлгохгүй байсан. Ер нь
тэд юм ойлгохдоо маруухан юм билээ. Ухааныг нь өөр шувуу тоншоод авчихсан ч
юм уу. “Ямар хачин юм бэ. Хэн бидний нойрыг үймүүлж зүрхэлж байна” гэж
хашгирч байна.
Тэгээд хэн зүрхэлж сэрээснийг би харуулаад өгсөн л дөө. Одоо тэд удаан санаж авах
байх.
-Та юунд тэдэнтэй тэгж харьцсан юм бэ гэж Нильс зэмлэнгүй хэллээ. Тэд уурлаад
юу ч хэлж өгөхөө больчих байлгүй.
-Юу ч хэлэхгүй гэж юу гэсэн үг вэ? Би бүгдийг нь мэдээд авчихсан юм чинь гэж
Горго бүргэд эгдүүцлээ.
-Өө, ашгүй, тийм үү? Тэгээд тэд юу гэж байна гэж хүү тэсэж ядан асуулаа.
-Чи намайг битгий таслаад бай л даа гэж Горго хэллээ. Харин сонс. Би тэднээс “та
нар яагаад өөр хоорондоо хов яриад, бусдын нууцыг яриад байна вэ гэж асуусан. Тэр
хоёр ч нааш, цааш гүйгээд л… “Яалаа гэж дээ. Бид ямар ч нууц мэдэхгүй шүү дээ”
гэж байна лээ. Би ч дахиад жаахан сэгсрээд өгсөн чинь “Аа, мэднээ. Саналаа. Та
наашаа тонгой доо. Бид энэ нууцыг зөвхөн чихэнд л шивэгнэж хэлдэг юм” гэж
байна. Тэгээд миний хоёр чих рүү могой шиг л шивнэсэн. Гэхдээ би ууль биш. Та
нарт шивэгнэхгүй, шууд хэлнэ…
-Хурдхан хэлээрэй гэж амь тавих мэт дуугаар Нильс шивэгнэлээ.
-Чи хүн болоход хэцүү гэнээ. Тэр одой зүүдэнд ч орох аргагүй юм бодож олсон
байна.
-Чи энэ хүүхдийг битгий зовоогоод бай л даа. Түргэн яриач гэж Акка хөндлөнгөөс
хэлэв.
-За, тэгээд. Хэрэв өөр ямар нэг хүн, амьтан сайн дураараа чам шиг жижигхэн
болохыг хүсэхгүй бол Нильс чи дахиж хүн болохгүй юм байна.
-Над шиг жижигхэн болохыг хэн хүсэх билээ дээ гэж Нильс цөхрөн шивэгнэжээ.
-Жаахан хүлээж бай. Арай дуусаагүй байна шүү дээ. Хэрэв тийм амьтан олдвол чи
тэр даруй нэг тарни унших ёстой. Нэг ч үгийг нь андуурахгүй унших ёстой шүү. Би
тэр тарнийг цээжлэх гэж бараг зуун удаа давтсан шүү. Одоо чи сайн цээжилж ав.
Тэгээд Горго бүргэд алгуур удаан бөгөөд ёслол төгөлдөр уншиж эхэллээ:
-Миний өмнө зогс. Уулын өмнөх хулгана шиг. Үүлэн доорхи цасан ширхэг шиг.
Хавцлын өмнөх шат шиг. Сарны өмнөх од шиг зогс. Бурум-шурум. Шалты-балты.
Чи хэн бэ? Би хэн бэ? Би байсан. Чи боллоо.
-Та юу, юу гэнээ гэж Нильс дахин асуулаа. Шурум-шалты? Бурум-балты? Би байсан,
чи боллоо гэсэн үү?
-Өө, чи бүгдийг нь холиод байна. Энэ чинь тарни шүү дээ. Үг бүр нь өөрийн
байрандаа байх ёстой. Бодоод үз. Хэрэв хэн нэг хүн чам шиг болохыг хүслээ гэхэд
чи өөрийнхөө “бурум-балты”-гаар хамаг ажлаа замруулна. Эхлээд сайн сонс. Тэгээд
Горго дахин уншиж эхэллээ. Харин Нильс хүү Горго бүргэдийн хошуу руу яг
ширтэн, үг нэг бүрийг давтаж эхэлжээ.
…Бурум-шурум, Шалты-балты. Чи хэн бэ? Би хэн бэ? Би байсан, чи боллоо.
Арван зургаадугаар бүлэг. Азтай, азгүй хоёр
1
Шөнийн анхны хүйтрэлийн дараа буцах замд бэлтгэхийг Акка Кебнекайсе галуу бүх
галуунд зарлажээ. Одоо бол галуун сүргийн тоо нь хавар ирж байснаас гурав дахин
олон болсон байлаа. Галууны хорин хоёр дэгдээхий анхны алсын нислэг хийх ёстой
байв. Алсын замд хөдлөхөөр товлосон өдрийн өмнө дэгдээхийнүүдээс Акка өөрөө
шалгалт авчээ. Эхлээд дэгдээхий бүр нэг нэгээрээ чадвараа шалгуулж, дараа нь
цөмөөрөө нисэх чадвараа үзүүлжээ. Тэр шалгалт тун амаргүй байсан бөгөөд зэрэг
хөөрч, жигд дарааллын дагуу гурвалжин цуваанд орцгоох ёстой байлаа. Галууны
дэгдээхийнүүдийг зайгаа барьж, бие биенээ мөргөж, хоцрохгүй болгож сургахын
тулд Акка арван удаа хөөргөж, буулган сургууль хийлгэжээ.
Тийнхүү маргааш өглөө нь үүр цайх үед Саарал хадан цохионоос галуун сүрэг
хөдөллөө. Хамгийн түрүүнд Акка Кебнекайсе галуу, түүний араас хоёр жигд эгнээ
болон бүх сүрэг цувран нисэж байв. Баруун эгнээнд арван найман галуу, зүүн
эгнээнд бас арван найман галуу нэгэн хэмээр далавчаа дэвэн нисэж байлаа. Нильс
хүү урьдын адил Мартин галуундаа сууж явжээ. Тэгээд галууны дэгдээхий хоцорч
байгаа эсэх, бүгд байрандаа байгаа эсэхийг шалган үе үе эргэн харж, тоолж байв.
Галууны дэгдээхийнүүд ч чадлаараа чармайж байлаа. Тэд агаарт далавчаа чадлаараа
дэвж, бие бие рүүгээ:

-Жаахан баруун тийш бол!


-Чи хаашаа зүтгээд байна?
-Чи миний сүүлэнд хүрээд байна! хэмээн хашгирч явжээ. Зөвхөн ганц Юкси л бүх
зүйлд сэтгэл дундуур байв. Тэгээд ганц цаг ч болоогүй байтал “Акка Кебнекайсе!
Акка Кебнекайсе! Миний далавч эцээд байна” гэж дорой дуугарчээ.
-Зүгээрээ, шөнө сайн амарч аваарай гэж Акка хашгирлаа. Гэвч Юкси дуугүй
болсонгүй.
-Би шөнө биш, одоо амармаар байна гэж хошуу унжуулав.
-Дуугүй, дуугүй гэж Юкси руу Мартин галуу шивэгнэлээ. Чи хамгийн ахмад нь шүү
дээ.
Чи бусдаасаа санаа зовох ёстой шүү. Юкси ч санаа нь зовон, дуугүй болжээ. Гэвч
бас нэг цагийн дараа тэрээр хамгийн ахмад нь гэдгээ мартан дахиад л.
-Акка Кебнекайсе. Акка Кебнекайсе. Би юм идмээр байна гэж гонгинолоо.
-Хүлээж бай. Цаг нь болохоор бүгд хамт юм иднээ.
-Би хүлээхийг хүсэхгүй байна. Одоо хүсэж байна гэж Юкси тунирхав.
-Аав, ээж хоёроо битгий ичээгээч гэж Мартин, Марта хоёр шивэгнэжээ. Ингээд
байвал Акка чамайг сүргээсээ хөөчихнө шүү дээ. Тэгвэл чи яах билээ? Ганцаараа
баларна шүү дээ. Баларна гэдгээ Юкси ч өөрөө мэдэж байсан учир дуугүй боллоо.
Тэдний доор цастай уулууд нэг нэгээрээ сугаран үлдэж байв.
-Сайн харж, тогтоож аваарай гэж дэгдээхийнүүдэд Акка Кебнекайсе галуу хэллээ.
Энэ уулыг Сарьечокко, хажуу уулыг нь Порсочокко гэдэг юм. Харин тэр хүрхрээг
Зьофаль, энэ хүрхрээг Ристо гэдэг. Одоо бид нарын доор харагдаж байгаа тэр уулыг
… Тэгтэл ч галууны дэгдээхийнүүд дуу алджээ.
-Акка! Акка! Бидний толгойд тийм олон нэр тогтохгүй байна. Хэцүү нэрүүд юм
байна…
-Зүгээр ээ гэж Акка хариулав.Толгойдоо их тогтоох тусам улам их багтаамжтай
болдог юм.
-Тэр хамгийн өндөр уулыг юу гэдэг вэ гэж Нильс хүү асуулаа.
-Тэр уулыг Ке-бне-кайсе гэдэг юм гэж хөгшин галуу бахархан хэллээ. “Аа, тийм
нэртэй юм бий!” гэж Нильс бодлоо. “Аргагүй байх аа. Акка энд төрсөн юм чинь.
Тэгээд Акка Кебнекайсе гэдэг нэртэй байх. Аргагүй шүү дээ. Манай Акка бол
үнэхээр сайн галуу. Тэр өөр хаа нэг газар биш хамгийн өндөр уулын дэргэд төрөхөөс
аргагүй!” Тэгээд Нильс хүү сүргийн ахлагч руугаа галуу шувуудын толгой дээгүүр
улам хүндэтгэн харжээ. Саами үндэстнүүд ч бас хүйтэн уулнаас холдож өвөлжихөөр
нүүсэн байв. Тэд доошоо бүхэл бүтэн хот айлаар, бугын сүргээ тууж, гэрийн эд
хогшлоо аван явж байхыг Нильс харлаа. Тэр ч байтугай амьдардаг урцаа саами
хүмүүс аван нүүж байв. Хаа нэг газар нүүдэлчдийн сүрэг дунд өөрт нь бин өгч
байсан охин байгаа болов уу хэмээн Нильс ихэд анхааран харж явжээ. Тэр охинтой
салах ёс хийж чадахгүй юм болов уу? Гэвч галуун сүрэг маш өндөрт түргэн нисэж
байсан болохоор бяцхан саами охиныг хаанаас ч олж харах билээ дээ? “Хэрэв тэр
охинтой салах ёс хийж чадахгүй бол бүх Лапланд нутагтай салах ёс хийе” гэж Нильс
боджээ. Тэгээд чангаар:
-Лапланд-Лапланд-Лапланд.
Хаа холоос харагдах юм аа.
Баяртай, баяртай, Лапланд минь.
Гайхамшигт сайхан газар нутаг минь!
Гэрийн цагаан галуу намайг Лапландад авчирсан.
Гэсэн ч нэгэн цагт би Лапландад эргэж ирэх байх аа хэмээн дуу зохион дууллаа.
Тийн нисэж явтал бүх уулс ард хоцорчээ. Дахиад, хавар болсон мэт, хус модод
галуун сүргийг мэхэлзэн угтаж, толгой дохин, мөчрөөрөө даллаж, ямар нэгэн зүйл
шивэгнэх мэт байлаа. Шувуун сүргийг хойд зүгт хус модод хамгийн хол үдэн
гаргаж, одоо буцахад нь хамгийн түрүүнд угтан авч байв.
2
Хойд зүгт хавар нисэж ирсэн замаараа галуун сүрэг буцан өмнө зүг нисэж байлаа.
“Энд би өрөөсөн гутлаа хаяж билээ. Тэгэхэд Мартин надад их уурласан шүү. Гэхдээ
хэрэв би гутлаа хаяагүй бол Марта галуугаа Мартин олж чадахгүй байсан байх аа!..”
“Харин энэ хавьцаа миний баавгайнууд амьдарч байгаа. Одоо Мурре, Брумме хоёр
ямар том болоо бол? Харах юмсан. Тэр хоёрын ээж нь одоо хоёр бамбаруушаа
дийлэхгүй болсон байх даа…” “Харин энд Хүрэл хүн байх ёстой. Өө, тэр зогсож
байна. Уурандаа бүр ногоон царайтай болчихсон зогсож байна… Хөөрхий, Модон
хүн байхгүй болсон нь харамсалтай. Розенбум бол сайхан сэтгэлтэй, сайн хүн
байсан шүү!” Модон анд найзаа санаад Нильс гүнзгий санаа алджээ. “Харин одоо
бид нар хаана нисэж явна?” Тэр газрыг Нильс яагаад ч санаж чадахгүй байжээ. Тэр
нутгийн хамаг гоо сайхныг энд цуглуулсан юм шиг, хүсэж болох бүх л зүйл тэр
газарт хурсан байлаа. Эндхийн ой модод ногоон гоёлоо өмсөж, голууд урсгалаа
сунган тэлж, уулсын хөндийг ногоон нуга чимж, нам дор газруудад хөвд, зүлэг хивс
мэт ургаж, хадан цохио, хадан эрэгт булангууд тэнгисийг чимж, уулсын бэлд хад
асга, хавтгай оройт уулс болон үзэгдэж, хагалсан, үржил шимт газар харагдаж байв.
Умард, өмнөд, өрнөд, дорнод хосолсон тэрхүү гайхамшигт нутагт Акка галууны
сүрэг бууж амарчээ. Хүссэн галуу намаг дундуур туучиж, эсвэл дэргэдэх жижиг голд
сэлж, бас зарим нь ойд зугаалах боломжтой байв. Тэнд бүхий л зүйлс дэргэд шахам
байжээ.
Нильс хүү ойн захын нарс модны доор суугаад, унасан шилмүүсийг жижиг
саваагаар төнхөж байлаа. Харин хүүгийн толгой дээгүүр, мөчрөөс мөчир дамжин
нэгэн хэрэм нисэж явахдаа самар хаяж өгчээ. Туулай дэргэдүүр нь дэгдэн
өнгөрөхдөө хөлийнх нь дэргэд лууван тавиад холдлоо. Бутан дотроос зараа гүйн
гарч ирээд Нильс хүүгийн өмнө зогсчээ. Тэгээд бүх өргөсөө өрвийлгөхөд өргөс
бүрийнх нь үзүүрт сайхан болсон алирс жимс хатгаатай байв. “Би ямар олон найз
нөхөдтэй юм бэ?” гэж хүү бодлоо. Даанч хүүгийн зовлонд хэн ч тусалж чадахгүй юм
даа…Тэгтэл гэнэт танил хэрээний гуаглах дуу сонсдож:
-Сайн уу, Сайн уу? Сайн уу гэхэд хүү толгой өргөн харвал өнөө гайхал Фумле-
Друмле байжээ. Хэрээний бүлгийн эрхэм ахлагч ирсэн байв.
-Хайсаар байгаад чамайг оллоо шүү хэмээн Фумле-Друмле хэрээ хэлээд далавчаа
дэвж,
-Тэнгэр-р-рээр-р-р нисээд л, хайгаад байлаа гэжээ. Эцэст нь Фумле-Друмле хэрээ
Нильс хүүгийн дэргэд суулаа.
-Чи бид хоёр хуучны андууд шүү дээ гэж Фумле-Друмле хэрээ хэллээ. Харин анд
найзууд бие биедээ туслах ёстой. Би чармайсаар байгаад чамайг яаж буцааж хүн
болгохыг олж мэдсэн шүү. Харин хүү юу ч хэлсэнгүй.
-Чи баярлахгүй байгаа юм уу гэж хэрээ гуаглан асуув. Хүү дахиад л дуугүй байснаа
санаа алдаад аяархан:
-Миний өмнө зогс. Уулын өмнөх хулгана шиг. Үүлэн доорхи цасан ширхэг шиг.
Хавцлын өмнөх шат шиг. Сарны өмнөх од шиг. Бурум-шурум. Шалты-балты. Чи хэн
бэ? Би хэн бэ? Би байсан. Чи боллоо. гэж хэлжээ.
-Чи яаж үүнийг мэдэж аваа вэ гэж хэрээ асуугаад, тэр нууцыг Нильс хүүд түрүүлэн
хэлж чадаагүйдээ гомдон нүд нь гялалзлаа.
-Надад Горго бүргэд хэлсэн юм аа гэж хүү хариулав. Мэдээд ч ашиг байна уу даа?
Тэртэй тэргүй би энэ тарнийг хэнд ч уншиж өгөх юм билээ?
-Чиний Горго чинь тэнэг байнаа гэж Фумле-Друмле хэрээ хашгирлаа. Харин би чамд
жинхэнэ ёсоор тусалъя. Чамтай өөр-рийгөө солиход баяр-р-р-лах амьтныг би
олчихсон шүү.
-Тийм үү, Фумле-Друмле? Нээрээ юу гэж Нильс дуу алдан баярлав. Тэр чинь тэгээд
хэн юм бэ?
-Битгий яар-р аа. Цаг нь ирэхээр-р чи мэдэж авна гэж Фумле-Друмле хэрээ хэллээ.
Одоо над дээр суу гээд Фумле-Друмле хэрээ далавчаа Нильс хүүд тавьж өглөө. Хүү
ч далавчийг нь дамжин, нуруун дээр нь суухад хэрээ нисэн оджээ.
-Мартин! Мартин! Акка! Намайг хүлээж байгаарай! Би эргэж ирнээ гэж Нильс
хашгирч амжлаа. Хүүгийн хойноос бүх галуу гайхан харсан боловч Нильс аль
хэдийнэ холдсон байжээ. Хүү удалгүй эртний Упсала хотын шовгор дээвэртэй
байшингуудыг олж харлаа. Фумле-Друмле хэрээ байшингууд дээгүүр нисэж, эцэст
нь өөрийн сонгосон нэгэн байшингийн дээвэр дээр буужээ. Байшингийн дээвэр
дээгүүр тасарсан хуудас цаас салхинд хийсэж байв. Дээврийн хөндийн цонхоор
доторх өрөө нь харагдаж байлаа. Ширээний дэргэд нэгэн хүү суугаад, хуудас цаасыг
салхи хэрхэн үлээж байгааг нүд салгалгүй ажиглаж суужээ.
-Дахиад л нөгөө хэрээ гэж Фумле-Друмле хэрээг дээвэр дээр буух үед тэр хүү
хэллээ. Энэ хэрээ надаас юу хүсээд байгаа юм бол оо? Надад ямар гай дуудах гээд
муухай дуугараад байнаа? “Энэ хүнд нэг зовлон учирсан бололтой” гэж Нильс хүү
боджээ. Үнэхээр ч Нильс таасан байв.
3
Тэр зовлон нь яльгүй зүйлээс эхэлжээ. Упсала хотод хоёр оюутан амьдардаг байлаа.
Нэг оюутанд нь дандаа аз дайрдаг байв. Тэр оюутантай аз тун сайн нөхөрлөж,
бодсон зүйлс, хийх ажилд нь хэзээ ч түүнийг орхидоггүй байжээ. Тиймээс ч тэр
оюутан байнга хөгжилтэй, сэтгэл хангалуун, хүн бүхэнд найрсаг ханддаг байлаа.
Найрсаг болохоор нь бусад хүмүүс ч түүнд сайн ханддаг байв. Шалгалт авсан багш
нар түүнд онц тавихдаа огт гар татдаггүй бөгөөд найз нөхөд нь тэр оюутныг
хайрладаг учир энэ хорвоод амьдрахад түүнд тун хялбар, сайхан байжээ. Тэр
оюутныг Азтан гэж нэрлэдэг байж. Өөр ямар ч нэр түүнд зохихооргүй байлаа. Харин
аав, ээж хоёр нь өөрт нь анх ямар нэр өгснийг тэр Азтан бүр мартагнаж эхэлсэн
байжээ.
Харин нөгөө оюутан нь хүмүүсээс дөлдөг, байгаа үгүй нь мэдэгддэггүй бөгөөд
түүний хойноос зовлон, бүтэлгүйтэл байнга дагаж, нэг алхам ч холддоггүй байлаа.
Тэр оюутан өөрөө хүмүүсээс дөлж холддог учир хэн ч түүнтэй нөхөрлөдөггүй байв.
Танилууд нь түүний нэрийг ч мартаж, “Зовлонт” хэмээн нэрлэдэг болжээ. Түүнийг
өөрөөр нэрлэх ч аргагүй байлаа. Нэгэн удаа Азтан хөгжилтэй дуу аялсаар, сүүлчийн
шалгалтаа өгөхөөр явахад бэлтгэж байв. Тэгтэл хаалга онгойж Зовлонт орж иржээ.
Тэрээр гартаа нэлээд том зүйл барьсан байв.
-Би чамаас юм гуйх гэж ирсэн юм аа хэмээн өнөөх Зовлонт эмээнгүй байдлаар
Азтанд хэлжээ. Би нэг зохиол бичиж дуусгах гэж бүтэн таван жил ажиллаад, сая л
дууссан юм. Ямар болсныг нь би өөрөө ч мэдэхгүй байгаа болохоор чиний үгэнд л
итгэе дээ. Азтан ч түүнд:
-Алив, би уншиж үзье гэжээ. Тэгээд дотроо “Хүмүүс надад их сайн шүү. Энэ зожиг
хүртэл над руу л ирж байна” гэж бодлоо. Харин Зовлонт барьж ирсэн зүйлээ Азтанд
өгөөд:
-Би чамд ийм муу зохиол өгөхдөө их ичиж байна. Гэхдээ хуулан бичигч хөлслөх
мөнгө надад алга л даа. Тэгээд ч үнэнийг хэлэхэд өөрийн зохиолоо өөр хүнд өгөхөөс
эмээж байна. Авсан хүн маань алга болгочихвол миний бүх ажил дуусна шүү дээ.
-Чи санаа зовохгүй байж болно гэж Азтан хэллээ. Би нэг ч хуудас алга болгохгүй.
Чингээд Зовлонт явжээ. Харин Азтан цамхагийн цаг руу харахаар цонх руу харлаа.
Шалгалт эхлэх хүртэл нэлээн хугацаа байсан бөгөөд Азтан бүх асуултыг сайн
судалж мэдсэн, тэгээд ч хийх зүйл байгаагүй учир Зовлонтын авчирсан зохион
бичлэгийг үзэхээр шийджээ. Тэгээд өнөө боодолтой зүйлийг задалж үзвэл хөндлөн,
гулд бичсэн бөөн хуудас дотор нь байжээ. Эхний хуудсан дээр том үсгээр: “Упсала
хотын түүх” хэмээн бичсэн байв. “Ямар түүхийн тухай Зовлонт ийм их бичиж
чадсан юм бол оо?” гэж Азтан бодлоо. Тэгээд Азтан уншиж эхлэн нэг, хоёр, гурав
дахь хуудсыг уншиж байхдаа орчлон дээрх бүх зүйлийг мартан, салахгүй уншсаар
суужээ. Азтан өөрөө хотын гол сүмийн дэргэдүүр өдөр бүр өнгөрдөг байсан ч тэр
сүмийн тухай юу ч мэддэггүй байв. Харин одоо бол тэр сүм амилсан юм шиг
санагдаж байлаа. Түүний чулуун хавтангууд доор оршуулсан хаад, ноёд ч амилж,
тэр сүмийг барьснаас хойш нэлээд олон зуун жил өнгөрсөн ч барьсан хүмүүс нь бас
амилжээ. Тэр сүм байхгүй бол хотыг төсөөлөх ч боломжгүй байв. Ийм аварга чулуун
барилгад ямар нэг зүйл тохиолдож болно гэж санаанд ч багтахгүй байв. Гэвч дээр
үед энэ сүм түймэрт өртөн сүйрч байжээ. Азтаны тонгойн уншиж байгаа тэрхүү гар
бичмэлийн хуудаснаас хонхны түгшүүрт цохилт сонсогдож, түймрийн улаан туяа
харагдах шиг санагдаж байв. Азтан өөрөө бараг өдөр бүр очдог байсан номын санг ч
тэр бас л анх удаа харж байгаа мэт санагдаж байв. Дэлхийн бараг бүх улс орноос тэр
номын сан руу арьсан, модон хавтастай, тээглүүртэй, тээглүүргүй номууд ирдэг
байжээ.
Жил бүрийн хоёрдугаар сард хүмүүс үзэсгэлэн худалдаанд очиж, лангуунаас янз
бүрийн эд зүйлс худалдаж авдаг байв. Тэр үзэсгэлэн худалдаа нь өөрийн төрсөн
өдрөө гурван зуу дахь удаагаа тэмдэглэж байж ч магадгүй байжээ. Тэрхүү
хуудсуудыг уншиж суухад яг гурван зуун жилийн өмнө тэнд хөл хөгжөөнтэй
өрнөсөн хамгийн анхны үзэсгэлэн худалдаан дээр Азтан өөрөө эртний хувцас хунар
өмсөн оролцож, хөгжилтэй олны дунд дуулж, бүжиглэж байх шиг санагдаж байлаа.
Тэгтэл цамхагийн цаг чанга цохих чимээ сонсогдож, шалгалтын цаг болсныг Азтанд
сануулжээ. Азтан ухасхийн босож, хамгийн сайн хувцсаа өлгөдөг шүүгээ рүү, дараа
нь үүдний өрөө рүү гүйжээ. Үүдний өрөөнд өөрийнх нь шинэ гутал байв. Дараа нь
Азтан оюутны малгайгаа авахаар өрөө рүүгээ буцан гүйж орсноо…босгон дээрээ
шаасан гадас мэт нам зогсчээ. Азтан нааш, цааш, тэвдэн гүйж байх хооронд салхинд
цонх онгойж, гар бичмэлийн хамаг хуудсыг хийсгэн, хольж бужигнуулаад, тараан
хийсгэчихсэн байлаа.
Азтан ч гоёлын ганц хослолоо үл хайрлан, салхинд хийсэх хуудаснуудын араас
ухасхийжээ. Азаар, өөрийнх нь өрөө дээвэрт хамгийн ойр байлаа. Тэрээр цонхны
тавцан дээгүүр даван, дээвэр өөд яаран гарчээ. Харин Азтаныг салхи даажигнах мэт,
хуудсуудыг нэг дээш чулуудан, эсвэл эргэлдүүлж, тэгснээ цагаан цаасан сүрэг
шувууд тал тал тийш таран нисэх мэтээр цацан хийсгэж байлаа. Азтан бүр тамирдаж
гүйцсэн ч дөнгөж хоёр, гуравхан хуудас л барьж амжсан байв. Тэгээд Азтан уйлах
шахам сандарч, өрөө рүүгээ буцан оржээ.
Тэгтэл түүний цонхны яг эсрэг талд гэнэтхэн нэгэн том, хар, зальжин харцтай хэрээ
нисэн ирж сууснаа, гуаглан дуугарчээ. Азгүй болсон Азтаны зүрх зогсчих шиг л
болжээ. “Хэрээ гуаглавал сайн юм авчрахгүй” гэж Азтан бодож байв. Намайг нэг
зовлон аль хэдийнэ дайрсан. Одоо эхний тэр зовлонг дагаад хоёр дахь зовлон ирэх
байх даа” Үнэхээр ч хоёр дахь зовлон тулаад иржээ. Азтан шалгалтаасаа золтой л
хоцорсонгүй. Бас тэгээд бүх асуултандаа оновчгүй хариулсан учир муу дүн
авчихжээ. Тийнхүү, зовлонт Азтан гэр рүүгээ аажуухан яван харилаа. Харин
түүнийг Зовлонт хаалганых нь дэргэд хүлээж байв.
-Чи уншиж дуусаагүй байгаа юм уу гэж Зовлонт сэтгэл түгшин асуужээ.
-Би шалгалтандаа бэлдээд чамтай мантай байсаан. Хүн болгон чам шиг ийм
ажилгүй, завтай байхгүй шүү дээ гэж Азтан хэлжээ. Тэрээр Зовлонт найзаасаа
хурдхан салах гэж албаар бүдүүлэг харьцжээ. Санаандгүй зовлон учирсан гэж
Зовлонтод яаж хэлэх билээ? Тэр Зовлонтод ч ийм айхтар зовлон учирч байгаагүй
байлгүй. Харин Зовлонт “Миний зохиол муу болсон бололтой. Тэгээд л Азтан
надтай ярихыг хүсэхгүй байх шиг байна. Надад ер нь ямар ч зүйлд аз таарахгүй юм
аа” хэмээн боджээ. Маргааш өдөр нь, нөгөөх зовсон Азтан дөнгөж гэрээс гартал
Зовлонт тааралдлаа.
-Чи яагаад намайг отоод байна гэж Азтан ууртай хэлжээ. Би чиний зохиолыг уншиж
дуусаад, өөрөө чам руу очно. Харин намайг дагаж яваад байх хэрэггүй.
-Үгүй ээ, үгүй. Би чамайг яаруулаагүй. Би ганцхан юм л хэлэх гэсэн юм гэж Зовлонт
эмээнгүй хэлжээ. Хэрэв миний зохиол муу болсон байна гэж чи бодвол хаяж, эсвэл
шатааж болно шүү гэж л хэлэх гэсэн юм. Азтан юу ч хариулалгүй, дэргэдүүр нь явж
өнгөрчээ. Харин Зовлонт “Миний бүх зохиол цаг үрсэн ажил л байж дээ” гэдэгт
эргэлзэхгүй болсон байв. “Ер нь тэр зохиолын тухай ярина гэдэг ч дэмий л цаг алдах
хэрэг юм даа” гэж Зовлонт ичингүйрэн бодлоо. Гурав дахь өдөр нь Азтан гэрээсээ
огт гарсангүй. Зовлонтын хэлсэн үг өөрийнх нь чихэнд сонсогдсоор байжээ. “Хэрэв
миний зохиол муу болсон байна гэж чи бодвол хаяж, эсвэл шатааж болно шүү гэж л
хэлэх гэсэн юм”. Хэрэв би шатаасан гээд хэлчихвэл яах бол?.. Хэн ч, юу ч мэдэхгүй
шүү дээ… Зовлонт өөрөө ч мэдэхгүй…” Тэгээд өдөржингөө өрөөн дотуураа
булангаас булан хүртэл Азтан холхисон бөгөөд толгой өргөх бүрт нь цонхны эсрэг
талд хөдөлгөөнгүй сууж байгаа хэрээ харагдаж байжээ.
-Яа яа! Би ямар их зовж байна аа! Би ямар их зовж байна аа гэж Азтан дуу алдлаа.
Тэр харагдаж байгаа ялаа хүртэл одоо надаас жаргалтай амьдарч байна шүү дээ. Ер
нь ялаа болбол яасан юм бэ? Эсвэл дэвхрэг ч юм уу?.. Энэ зовлонгоос л салж байвал
юу ч болсон яах вэ дээ.
-Кар-р-р! Кар-р-р! хэмээн өнөө хэрээ гэнэт гуаглаад, далавчаа шуугитал дэвэн нисэж
оджээ. Дараа нь дахин нэг өдөр өнгөрсөн ч зовсон Азтан юу ч шийдэж чадаагүй
байлаа. “Ер нь, үнэнийг хэлэх л хамгийн дээр бололтой гэж Азтан бодлоо. Гэхдээ
тэр Зовлонт надад итгэхгүй шүү дээ. Өөрийг нь өрөвдсөндөө л зохион бичлэгийг нь
магтаж байна гэж бодох байх. “Яг үнэндээ бол зохиол маань муу учраас шатаасан
байна” гэж Зовлонт бодох байх. Тэгээд салхинд хийсгэсэн гэж худлаа ярьж байна л
гэж бодох байх… За бүр итгэлээ ч гэсэн, улам л муу болно. Түүнийг алдаршуулж
болох байсан бүтээл нь үүрд устчихлаа шүү дээ. Тэгэхээр “миний зохиолыг шатаах
нь дээр” гэж Зовлонт өөрөө бодож байсан нь ч дээр юм уу? Гэхдээ би Зовлонтод яаж
ингэж хэлэх билээ?.. Яая даа, байз?.. Би одоо яадаг билээ? Юу хийх билээ?” гэж тэр
Азтан цөхрөн бодсоор байжээ.
Азтаны санаа бодол нэг л тойргоор эргэлдсээр байлаа. “Хуурна гэхээр болохгүй.
Үнэнийг хэлнэ гэхээр бас боломжгүй байдаг. Зовлонт найз нь түүнд итгэхээ болино
гэвэл тун муу хэрэг. Гэтэл итгэвэл бүр ч муу болох гэж байдаг.” Азтан торонд орсон
араатан мэт өрөөн дотуур холхин, нэг сууж, нэг үсэрч босон, хөшсөн харцаар цонх
руу ширтэж байжээ. Үдэш болох үед тэр Азтанд хэрээ гуаглах сонсдлоо.
-Дахиад л нөгөө хэрээ гэж Азтан гуниглан боджээ. Энэ хэрээ надаас юу хүсээд
байгаа юм бол оо? Надад ямар гай зовлон дуудах гээд муухай дуугараад байна аа?
Гэвч тэр хэрээ яг цонхны тавцан дээр нь нисэн ирж суухад, тоглоом шиг гэмээр
жижигхэн биетэй хүүхэд тэр хэрээний нуруун дээрээс бууж, Азтаны ширээн дээр
зогсчээ. Азтан тун их гайхаж, өөрийн бүх зовлонгоо хэсэг зуур мартжээ.

-Хөөе! Чи хэн бэ? Үлгэрийн одой гэдэг нь юм уу? Гэхдээ тэр одой чинь үлгэрт л
байдаг биз дээ?
-Зөвхөн үлгэрт л байдаг бол сайхан аа гэж Нильс хүү санаа алдан аяархан хэлжээ. Би
яг л тан шиг жирийн хүн байсан л даа. Гэхдээ хүүхэд байсан. Харин үлгэрийн
жинхэнэ одой хүн намайг илбэдчихсэн юм. Тэгээд л тэр үеэс хойш би хүн ч юм шиг,
биш ч юм шиг амьдарч байна…
-Чи хаана амьдардаг юм гэж Азтан асуув.
-Би шувуудтай цуг амьдардаг. Намайг галуун сүрэг эгнээндээ авсан юм.
-Чи ямар азтай юм бэ? гэж Азтан дуу алджээ. Би чам шиг болж чаддаг ч болоосой!
Нүүдлийн шувуунууд намайг эндээс аваад явдаг ч болоосой. Тэгтэл өдий болтол
дуугүй байсан Фумле-Друмле хэрээ гэнэтхэн нэг далавчаараа хүүг бага зэрэг
түлхээд, баяртай дуугаар:
-Яр-р-риач! Яр-р-риач! Хур-рдхан яр-р-риач! гэж гуаглажээ. “Аа, ийм учиртай байх
нь. Тэгээд л Фумле-Друмле хэрээ намайг ийш нь авчирч гэж Нильс хүү бодлоо. Би
одоо дахиад хүн болж чадна гэж үү?..” Тэгээд хүү амаа ангайн, догдолсон дуугаар:
-Миний өмнө зогс. Уулын өмнөх хулгана шиг… хэмээн эхэлсэн боловч гэнэтхэн
дуугүй болчихжээ. Нөгөө тарнийн хамаг үгээ мартчихсан юм шиг байлаа.
-Яр-р-риач! Яр-р-риач! Хур-рдхан яр-р-риач гэж хэрээ гуаглажээ. Гэвч Фумле-
Друмле хэрээ рүү Нильс ердөө л гар зангаад дуугүй болжээ. Харин Азтан ямар ч
сэжиг авалгүй, Нильс хүүгийн дээрээс тонгойн:
-За унш, унш. Цааш нь унш. Би хэзээ ч ийм шүлэг сонсож байгаагүй хэмээн хэллээ.
-Сонсож байгаагүй бол сайн шүү гэж Нильс хариулав.
-Тэнэг юмаа! Тэнэг юм гэж Фумле-Друмле хэрээ гуаглалаа.
-Дуугүй бай л даа гэж Фумле-Друмле хэрээ рүү Нильс дуугаа өндөрсгөн хэлж, дараа
нь дахин Азтан руу эргээд:
-Та яагаад над шиг болохыг хүсэж байгаа юм гэж асуув.
-Яагаад гэвэл би энэ дэлхий дээр хамгийн их зовж байгаа хүн гэж Азтан дуу алджээ.
Надад юу тохиолдсоныг чи сонсох уу? Тэгээд өөрт учирсан зовлонгийн тухай юу ч
нуулгүй Нильс хүүд ярьж өгчээ.
-Тийм ээ, ийм үед ч дэлхийн нөгөө хязгаар руу нисэхдээ баярлах байх аа гэж Нильс
зөвшөөрлөө. Гэхдээ та орхиж явлаа гээд Зовлонтод сайн үр дүн гарахгүй шүү дээ!..
Харин би таны зовлонд тусалж чадах юм шиг санагдлаа. Тэгээд хэрээ рүү хүү гүйж
очоод чихэнд нь ямар нэгэн зүйл шивэгнэн ярьжээ.
-Тэнэг юмаа! Тэнэг юм гэж Фумле-Друмле хэрээ хариуд нь гуаглав. Гэвч хэрээг
Нильс ятгасаар л байлаа. Дараа нь нуруун дээр нь гарч суугаад тэр хэрээ, бяцхан хүн
хоёр нисэн одов.
-Энэ чинь юу вэ? Би зүүдэлсэн юм болов уу гэж Азтан бувтнаад толгой сэгсэрлээ.
Тэгээд Азтан бодож суух зуур хэн нэг хүн цонхоор нь хэдэн хуудас цаас шидэж
өгсөн нь алга болсон гар бичмэлийн хуудсууд байлаа. Бас хэрээний хар далавч
Азтаны өмнө гялсхийн харагдаад өнгөрчээ. Тэр оройн турш, сүүлдээ бүр шөнө дунд
хүртэл Нильс хүү, Фумле-Друмле хэрээ хоёр салхинд тарсан хуудсуудыг нэг нэгээр
нь түүн Азтанд авчирсаар байлаа. Тэр хуудсуудыг байшингийн дээвэр, дээврийн
хөндий, моддын мөчрүүд, цэцэрлэгийн замууд, хогийн овоолго, сүмийн хонх зэрэг
газруудаас олж авчирч байжээ. Хэрээ, хүү хоёр бүх газрыг нэгжин шагайж,
хуудсуудыг олсоор байв.
Нэг хуудсыг нохойн үүрэн дотроос хүртэл олж, бас нэг хуудсаар дэлгүүрийн
худалдагч самар боох гэж байхад нь Фумле-Друмле хэрээ шүүрэн авчихжээ. Харин
ихэд баярласан Азтан хуудас бүрийг тэнийлгэн, янзалж, дэс дараалан үдэж байлаа.
-За ингээд бүх хуудас бүрдлээ. Бяцхан хүн танд ёстой маш их баярлалаа. Хэрээ танд
бас маш их баярлаж байна. Хэрээ гай дуудаж гуагладаг л гэж би боддог байсан ч
харин та надад аз жаргал дуудсан юм байна шүү дээ. Тэгээд Азтан гар бичмэлийг
шүүрч аван, хэдий орой болсон ч Зовлонтын гэр рүү гүйн оджээ. “Зовлонт нэг
хоногийн өмнө ч болов баярлаг” гэж Азтан боджээ. Тийнхүү, дээвэр дээр Фумле-
Друмле хэрээ, Нильс хүү хоёр үлдлээ.
-За, одоо гэр рүүгээ түргэхэн буцах хэрэгтэй байна гэж Нильс хүүд Фумле-Друмле
хэрээ хэллээ. Аз жаргалыг чи шүүрч авсангүй. Өөртөө л гомдоорой.
-Та битгий уурла даа, Фумле-Друмле хэрээ минь. Зовлонт, Азтан хоёрын хэн хэнийг
нь би их өрөвдсөн юм аа гэж Нильс хүү хэлжээ.
Арван долоодугаар бүлэг. Гэртээ буцаж ирсэн нь
1
Эцэст нь Нильс хүү төрөлх тосгоноо олж харлаа.
-Хараач, хараач гэж Нильс баярлан Мартин галуу руу хашгирч:
-Манай гудамж энэ байна. Энэ манай байшин байна. Акка галууг гуйж буух юмсан
гэж догдолжээ. Гэвч Акка галууг гуйх шаардлага гарсангүй. Мэргэн ухаант тэр
галуу Нильс төрөлх байшингаа харахыг хэчнээн их хүсэж байгааг тэртэй тэргүй
сайн мэдэж байжээ. Тэгээд тосгоны хажуухан талд нэгэн цөөрөм байхыг Акка олж
хараад тэнд буухыг сүрэгтээ тушаалаа. Нильс ч тэр даруй гэр рүүгээ хар хурдаараа
гүйхийг тэсэж ядан хүлээж байжээ. Гэвч гадаа гудманд хэн нэг хүнтэй тааралдахаас
айсан учир үдэш болохыг хүлээхээр шийдлээ. Тэгээд бүр харанхуй болсон хойно л
хүү тосгон руу явлаа. Мартин ч гэр бүлээ дагуулан хүүтэй хамт явжээ. Тэрээр
дэгдээхий насаа өнгөрүүлсэн шувууны байраа эхнэр, хүүхдүүддээ үзүүлэхийг хүсэж
байв.

-Бид дөнгөж очиж хараад л эргээд ирье гэж Акка галуунд Мартин галуу хэлжээ. Аз
болоход тэднийг тосгон дундуур явж байхад нэг ч хүн тааралдсангүй. Тийнхүү
Нильс танил хашаандаа хүрч ирээд хаалганы завсраар болгоомжтой оржээ. Хашаан
дотор нам гүм байв. Бүх галуу, тахиа аль хэдийнэ унтсан бөгөөд хүмүүсийн
бүдэгхэн ярилцах дуу л байшин дотроос сонсогдож байв. Байшингийн хаалганы
жаахан онгорхой завсраар нарийхан гэрэл тусаж байлаа. Хүү хаалганы түгжээний
нүхээр шагайн харжээ. Өрөөний нь бүх зүйл яг л урьдын адил байх бөгөөд ширээ нь
цонхны дэргэд, ээжийнх нь авдар пийшингийн хажууд, бүр өнөө эрвээхийний тор нь
хүртэл өнөө л газраа, цонх, шүүгээний хооронд өлгөөтэй байв. Аав, ээж хоёр нь
ширээний цаана, дэнлүүний дэргэд сууж байлаа. Ээж нь нэг юм нэхэж, аав нь
загасны тороо засаж байв. Харин муур нь ширээн доор эвхрэн хэвтээд, аяархан
хэржигнэж байжээ.
-Хүү маань одоо хаа нэг газар яваа л байх даа? Өлсөж, даарч, замд зутарч байх вий
дээ… Магадгүй, өвдөөд хэвтэж байна уу? Хүү минь удаан өвдчихгүй л байгаасай!..
Аав нь юм хэлсэнгүй, дуугүй л байлаа. Гэсэн ч хөмсгөө зангидан бодлогоширч, тор
руугаа улам доош тонгойжээ.
-Хүү маань энэ дэлхий дээр аль эрт байхгүй болчихсон ч байж мэднэ гэж ээж нь
дахин хэлээд, нэхэж буй зүйлийнхээ үзүүрээр сэмхэн нулимсаа арчив. “Би амьд
байна! Би энд байна!” гэж Нильс хүү өөрөө хашгирах шахаад, бас нулимсаа
ханцуйгаараа арчжээ.
-Үгүй ээ, хүлээж л бай. Хүү маань эргээд ирнэ. Хүү бид хоёр хамтдаа загасанд явна
шүү. Гэвч ээж нь хариуд нь зөвхөн мэгшин уйлж байв.
-Эргэж ирэх юм болов уу даа? Амьд байгаа ч гэсэн гэртээ ирэх болов уу … гэж ээж
нь нулимс унаган хэллээ. Түүнийг битгий шийтгэж бай гэж би чамд хэчнээн хэллээ
дээ. Тэр чинь нялх бага юм чинь тэнэгхэн байлгүй яахав дээ. Харин чи юм л бол
суран бүс барьж авдаг байсан. Тэгээд л зугтаад явсан байх даа.
-За, за. Чи ч гэсэн өөрөө зөндөө л загнаа биз дээ.
-Би загнаж байсан ч дотроо хүүгээ дандаа л хайрладаг байсан шүү дээ.
-Би тэгээд хайрладаггүй байсан юм уу? За тэр яах вэ. Би нэг л зүйлийг огт ойлгохгүй
байгаа юм. Хүү маань Мартин галууг үнэхээр авч явсан гэж үү? Нохойг бол авч явж
болно. Нохой хүний анд нөхөр юм чинь. Би ойлгож байна. Харин галуу авч явж яах
юм? Галуу чинь хүний анд нөхөр биш шүү дээ!
-Яагаад нөхөр биш гэж? Ёстой хамгийн сайн анд нөхөр гэж Нильс хашгирснаа гэнэт
ухааран, амаа даржээ.
-Сая юу часхийж дуугарсан бэ гэж хэлээд ээж нь эргэн харав. Хулгана юм болов уу?
Төвөгтэй юм аа. Зоорин доторх хамаг тариаг муутгачихлаа. Хүүе, муур аа, чи!
Зүгээр хэвтэж болоо биш үү. Явж ан хийгээч. Муур эвшээн суниагаад, залхуутайгаар
үүд рүү явлаа. Тэгснээ баруун, зүүн тийш үнэрлэхэд хулганы үнэр үнэртэхгүй
байжээ. Харин Нильс тэр үед устай торхны цаана үхсэн, амьдын хооронд зогссоор
байлаа. Хүү хөдлөхөөс ч айж, чангахан амьсгал авахаас ч айж байжээ. Хэрэв өөрийг
нь үнэхээр хулгана байна гэж муур бодчихвол яанаа? Тэгээд муур өөр рүү нь
ухасхийн дайрч, амандаа зуун, ээж рүү нь чирч байхыг хүү төсөөлөн бодлоо. Айсан,
ичсэн хоёроос болж хүүгийн духны хөлс хүртэл чийхарчээ. Харин сэжигтэй ямар ч
зүйл анзаараагүй учир муур анхааруулах мэт дуугараад, хэвтэр рүүгээ буцан явлаа.
Нильс нэг минут хэртэй хүлээгээд дараа нь нуугдсан газраасаа сэмхэн гарч, хашаан
дотуур аажуухан гэлдэрчээ. Шувууны байрны дэргэд хуучин тэвш байх бөгөөд ээж
нь тэр тэвшинд хүнс хийж, тахиа, галуунуудаа дандаа тэжээдэг байжээ. Тэр тэвшийг
галуунууд бүх талаас нь тойрч, ёроолд нь байгаа үр тариаг дуртай иддэг байв. Харин
Мартин галуу тэнд зогсоод “Энэ бол буудай. Гэрийн галуунууд өдөр болгон ийм
тариа иддэг юм” хэмээн дэгдээхийнүүддээ хэлж байлаа.
-Их амттай юм аа. Эндээ үлдээд, гэрийн галуу болцгооё л доо гэж Юкси дэгдээхий
хэллээ. Тэгтэл тэдэн рүү Нильс дөхөж ирэв.
-За, Мартин минь. Миний явах цаг боллоо гэж Нильс гунигтай хэллээ. Гэхдээ хэрэв
чи хүсэж байвал эндээ үлд дээ.
-Үгүй ээ, би чамайг орхихгүй гэж Мартин галуу хэллээ. Чамайг үлдвэл л би үлдэнэ.
Харин чамгүй бол үлдэхгүй. За, явцгаая гэж Мартин галуу хэлжээ.
-Би хаашаа ч нисэхийг хүсэхгүй байна гэж Юкси дэгдээхий уцаарлав. Би энд
амьдрахыг хүсэж байна. Дандаа ниссээр байгаад залхаж байна.
-Аав чинь “нис” гэж хэлж байгаа бол нисэх л хэрэгтэй шүү дээ гэж Нильс ширүүхэн
хэлэв.
-Тийм ээ, тэгж бодоход ч танд хялбархан л даа. Манай аавын хүзүүн дээр суучихаад,
хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа юм чинь. Та өөрөө нисэх гэж оролдож үзсэн ч
болоосой. Би тан шиг жижигхэн болмоор байна. Тэгвэл намайг бусад шувууд нуруун
дээрээ суулгана шүү дээ. Тэгвэл бүх юм сайхан байхгүй юу!
-Тэнэг байна даа. Юкси дэгдээхий чи үнэхээр жижигхэн болохыг хүсэж байгаа гэж
үү?
-Юу нь болохгүй гэж? Жижигхэн амьтдад бүгд л санаа тавьж, жижиг амьтдаар элдэв
юм хийлгэх гэж албадахгүй шүү дээ… Тэгснээ Юкси дэгдээхий хөлөө дэвсэн,
байдгаараа чанга дуугарч:
-Би жижигхэн болохыг хүсч байна. Би жижигхэн болохыг хүсч байна. Нильс шиг
болохыг хүсч байна гэж хашгирчээ.
-Энэ Юкси ёстой нэг шийтгэл юм аа гэж Мартин хэллээ. Айл болгонд нэг эрхийн
тэнэг байдаг гэж ярьдаг нь ортой бололтой. Энийг нэг сайн сургаад өгөх юмсан.
Үүрд жижигхэн болгочих юмсан.
-Яадаг юм? Би л лав жижигхэн боллоо гээд уйлахгүй хэмээн Юкси зөрүүдлэв. “Аа,
чи ингэж ярьж байна уу? Тэгвэл ч чамайг юу гэж өрөвдөөд байх билээ?” гэж Нильс
боджээ. Тэгээд Нильс хүү алгуур боловч чангаар:
“Миний өмнө зогс. Уулын өмнөх хулгана шиг. Үүлэн доорх цасан ширхэг шиг.
Хавцлын өмнөх шат шиг. Сарны өмнөх од шиг. Бурум-шурум. Шалты-балты. Чи хэн
бэ? Би хэн бэ? Би байсан. Чи боллоо” гэж хэлжээ.
Тэгтэл юу болсон гэж санана? Сүүлчийн үгийг Нильс дөнгөж хэлж дуусмагц Юкси
дэгдээхий гэнэт жижигрэн агшчихжээ. Одоо тэр ердөө болжморын чинээ л биетэй
болсон байлаа. Дөнгөж өндөгнөөс гарч байх үедээ л тэр ийм байсан билээ. Юкси
дэгдээхий эргэн тойрноо гайхан ажиглаж байв. Өөрт нь юу тохиолдсоныг тэр
ойлгохгүй байжээ. Харин Мартин, Марта хоёр далавчаа дэвэн, гуугалж, хашаан
дотуур гүйлджээ. “Энэ галуунууд Юкси дэгдээхийнийхээ төлөө айж байгаа
бололтой. Эд нар чинь өөрсдөө ч бас жижигхэн болчихоо юу даа?” гэж Нильс хүү
бодлоо.
-Мартин. Сонсооч, Мартин гэж Нильс өөрийн найзаа дуудав. Гэвч Мартин хажуу
тийш ухасхийж, араас нь Марта, галууны бүх дэгдээхий ухасхийн гүйжээ. Яг энэ үед
хаалга дуугарч, гартаа дэнлүү барьсан ээж нь гэрээс яаран гарч ирлээ.
-Галуунуудыг хэн хашаанаас нь гаргачихав аа? Хүүе, жаалаа чи, энд юу хийж байгаа
юм гэж ээж нь хашгираад Нильс рүү гүйн иржээ. Гэнэт ээжийнх нь барьсан дэнлүү
газар мултран ойчлоо.
-Хүүе, хүү минь ээ! гэж ээж нь байдгаараа хашгирчээ. Хүүе, аав аа! Хурдан наашаа
ирээрэй. Хүү маань буцаад ирсэн байна аа!!!
2
Маргааш өдөр нь Нильс үүр цайхаас өмнө сэржээ. Тэгээд орон дээр сууж, эргэн
тойрноо ажиглалаа. Би хаана байна? Дандаа харагддаг байсан тэнгэрийн оронд
өөрийнх нь дээр байшингийн намхан тааз байлаа. Бутны оронд мөлчгөр хананууд
харагджээ. Би чинь гэртээ байгаа юм байна шүү дээ! Гэртээ байна! Хүү
баярласандаа дуу алдан хашгирах шахлаа. Тэгснээ гэнэтхэн “Акка галуу яаж байгаа
бол? Тэр сүрэгтэйгээ хамт явчихаар би Акка галууг хэзээ ч харахгүй гэж үү?” хэмээн
боджээ. Хүү ухасхийн босоод, хашаа руу гүйн гарлаа. “Мартин галуу ч бас Акка
Кебнекайсе галууны сүрэгтэй салах ёс хийхийг хүсэх байх даа” гэж Нильс бодоод,
шувууны байрны хаалгыг нээжээ. Харин Марта галууны дэргэд Мартин галуу
дэгдээхийнүүдээ тойруулан сайхан унтаж байлаа.
-Мартин! Марта! Сэрээрэй! гэж хүү дуудав. Мартин нүдээ нээж, хүзүүгээ сунгаснаа
дургүйцэн исгэрлээ.
-Мартин! Чи яаж байна аа? Би Нильс байна шүү дээ. Харин Мартин түүн рүү
сэрдэнгүй харж байснаа исгэрэхээ больжээ. Мартин. Явж Акка галууны сүрэгтэйгээ
салах ёс хийцгээе гэж Нильс хэллээ.
-Га-га-га! гэж Мартин дуугарчээ. Мартин юу хэлэх гэснийг Нильс хүү ойлгож
чадсангүй.
-За, за, хүсэхгүй бол яахав дээ. Нильс хүү гар зангаад цөөрөм рүү ганцаараа явлаа.
Харин одоо өөрийнх нь гар, хөл урьдынх шигээ том болчихсон байгаад Нильс
хараахан дасаж чадахгүй байжээ. Тийм болохоор замд таарсан анхны чулууг тун
болгоомжтой хичээнгүйлэн тойрлоо. Тэгснээ “Өө, би чинь хуучин хэвэндээ орсон
шүү дээ” гэж гэнэт санан инээжээ. Тэгснээ албаар буцаж, өнөө чулуун дээгүүр
төвөггүй алхан гараад, бас болоогүй гутлынхаа үзүүрээр өнөө чулууг жаахан
түншиж үзлээ. Тосгоны захад гартаа хоёр хувин барьсан нэгэн эмэгтэй байшингаас
гарч ирэхийг Нильс харлаа. Тэгээд хашаанд наалдан нуугдсанаа гэнэт өөрийгөө
шоолон инээв. Одоо Нильс юунаас нуугдах ёстой билээ? Одоо тэр бусдын л адил
жирийн жаал хүү болсон шүү дээ! Тэгээд хүү цаашаа зоригтой, шулуухан алхалж
гарчээ. Тэр өглөө тун аниргүй, бас тунгалаг өглөө бөгөөд, шувуудын цовоо дуу
тэнгэрт үе үе сонсдож байв. Сонсдох бүрт Нильс хүү толгой өргөн, өөрийнх нь сүрэг
нисэж яваа юм болов уу хэмээн бодож байлаа. Тэгсээр хүү цөөрөм рүү хүрч иржээ.
Гэвч түүнийг харсан галуун сүрэг айн үргэж, нааш цааш гүйлдэж эхэллээ.
-Надаас битгий ай, би Нильс байна гэж хүү хашгирчээ. Гэвч танихгүй хүний дуу
сонссон галуун сүрэг бүр ч тэвдэж, тэр даруй дэрхийн агаарт хөөрчээ.
-Акка! Акка! Хүлээгээч. Битгий нисээч гэж Нильс хашгирав. Галуунууд улам өндөр
хөөрч, дараа нь нэгэн жигд гурвалжин болон жагсаад, тэгснээ Нильс хүүгийн толгой
дээгүүр эргэлдэн нислээ. “Одоо л намайг таньсан бололтой! гэж хүү баярлаад, тэдэн
рүү гар даллан зогслоо. Надтай салах ёс хийж байна даа!” Харин нэгэн галуу
сүргээс салаад, Нильс хүү рүү шууд нисэн иржээ. Тэр бол Акка Кебнекайсе галуу
өөрөө байлаа. Тэгээд хүүгийн яг хөлийн дэргэд газар суугаад, эелдгээр:
-Га-га-га! Га-га-га! Га-га-га! хэмээн дуугарчээ. Нильс хүү ч тэр галуу руу тонгойн,
хатуу далавчийг нь зөөлөн иллээ. Одоо бол тэр галуу өөрийнх нь дэргэд хавьгүй
жижигхэн санагдаж байлаа!
-Баяртай, Акка! Таньдаа их баярлаж явдаг шүү гэж Нильс хэллээ. Хариуд нь хөгшин
Акка Нильс хүүг тэврэхийг хүсэх мэтээр далавчаа дэлгэжээ. Толгой дээр галуун
сүрэг хашгирах нь Аккаг дуудан, алсын замдаа яаруулж байх шиг Нильс хүүд
санагдаж байв. Акка галуу дахин нэг удаа далавчаараа Нильс хүүгийн мөрийг
зөөлөн иллээ… Тэгээд далавчаа дэвсээр тэнгэрт хөөрч, ахин галуун сүргийнхээ
тэргүүнд гарч иржээ.
-Өмнө зүгт явцгаая! Өмнө зүг рүү хэмээн шувуудын ганганах нь агаарт тодхон
сонсогдож байлаа. Нильс хүү анд найз нарынхаа хойноос ширтэн удтал зогсжээ.
Дараа нь нэгэнтээ гүн санаа алдаад гэр рүүгээ алгуурхан алхлаа. Ийнхүү Нильс хүү,
галуун сүргийн гайхамшигт аялал өндөрлөсөн билээ. Тун удалгүй хүү дахин
сургууль, хичээлдээ явж эхэлжээ. Одоо хүүгийн сурлагын дэвтэрт дандаа онц
дүнгүүд дурайдаг болж, харин хоёрын тоо хэзээ ч багтах зайгүй болсон байлаа.
Галууны дэгдээхийнүүд ч бас сурах ёстой зүйлсээ сурч байв. Тэд модон тэвшнээс
тариа тонших, өд сөдөө яаж цэвэрлэх, эзэнтэйгээ яаж мэндлэхийг сурч байлаа.
Удалгүй дэгдээхийнүүд Мартин, Марта хоёроос ч дутамгүй том болон өсчээ. Харин
ганцхан Юкси дэгдээхий л өндөгнөөс дөнгөж гарсан мэт насан туршдаа бяцхан
хэвээрээ үлдсэн билээ.
Table of Contents
Шувууд ганганалдах цагаар
Нэгдүгээр бүлэг.Ойн одой хүн
Хоёрдугаар бүлэг. Галуу хөлөглөн ниссэн нь
Гуравдугаар бүлэг. Шөнийн ангууч
Дөрөвдүгээр бүлэг. Шинэ нөхөд ба шинэ дайснууд
Тавдугаар бүлэг. Шидэт лимбэ
Зургаадугаар бүлэг. Кулаберг уулын баяр
Долоодугаар бүлэг. Хөөцөлдөөн
Наймдугаар бүлэг. “Дээрэмчдийн уул”-ын хэрээн сүрэг
Есдүгээр бүлэг. Хүрэл хүн, модон хүн хоёр
Аравдугаар бүлэг. Усан доорх хот
Арван нэгдүгээр бүлэг. Баавгайн ичээнд
Арван хоёрдугаар бүлэг. Олзонд орсон нь
Арван гуравдугаар бүлэг. Галууны эх орон
Арван дөрөвдүгээр бүлэг. Өрлөг ээж
Арван тавдугаар бүлэг. Ууль шувуудын нууц
Арван зургаадугаар бүлэг. Азтай, азгүй хоёр
Арван долоодугаар бүлэг. Гэртээ буцаж ирсэн нь

You might also like