You are on page 1of 26

Далдыг мэддэг Даваажий

Эрхлэн гаргасан: Болор судар хэвлэлийн газар


Зохиолч: Д.Батжаргал
Редактор: С.Оюун

© Энэхүү бүтээлийн эрх нь Монгол Улсын Зохиогчийн Эрхийн тухай


хуулиар хамгаалагдсан болно. Бүтээлийг цахим хэлбэрээр түгээх эрхийг
bookstore.mn цахим хуудас эзэмших бөгөөд зөвшөөрөлгүйгээр бүтнээр нь
буюу хэсэгчлэн хувилах болон бусад ямар нэгэн хэлбэрээр олшруулах,
ашиглахыг хориглоно.

www.bookstore.mn
Далдыг мэддэг Даваажий

Хүү, хөх морь хоёр нэг өнжөөд усанд явдаг байлаа. Усанд явах нь хүүд
зугаатай сайхан санагддаг байв. Хөх мориндоо дөчийн хоёр төмөр торх
тэгнэж дээр нь суугаад саахалтын газар алхуулж явахдаа ангийн
найзуудаасаа эхлээд аав ээж, нутаг ус, зурагтаар үзсэн кино, уншсан ном
ер нь энэ орчлонгийн бүхий л юм үзэгдлийн тухай элдвийг эргэцүүлж
боддог байлаа.

Бодол дотор нь өөрөө байтугай томчууд хариу өгч чадамгүй олон зүйл
байсан юм. Түүний нэг нь хамт сурдаг найз Даваажий гэдэг улаан
хацартай, том алаг нүдтэй, жаахан хулгардуу чихтэй, шаравтар царайтай
жаал байлаа. Ангийн урлагийн үзлэгт сайхан дуулчихдаг, үлгэр, оньсого,
шүлэг их мэддэг сонин хүүхэд. За тэр бүгд нь ч яахав, бусад хүүхдэд
байдаг чанар. Даваажийд бусад хүүхдэд байдаггүй нэг чанар бий нь
далдын зөн совин. Юмыг гайхалтай мэргэн хэлнэ. Энэ нь түүний
өвөөтэй л холбоотой.

Өвөө нь нутаг усандаа гайхагдсан дархадын нэртэй зайран. Хүмүүс


нэрийг нь хэлж зүрхэлдэггүй болохоор би ч нэрийг нь мэдэхгүй. Манай
аав ээж ч мэдэхгүй байх. Мэддэг ч гэсэн надад лав хэлэхгүй. Бүгд л
Харганы өвгөн, Шар уулын аав гэнэ. Шар уул бол дээгүүр нь утаатай
онгоц л явдаг сүрлэг өндөр сайхан уул. Өврийнхөө элгэнд томоос том
Ширээ хадтай. Харин тэнд оччихоод буцаж явахад хоёр их том шувуу
нисэж ирнэ.

Би ээжтэйгээ цагаан сарын шинийн нэгний өглөө очсон юм.

Ээж ширээ хадны өмнө сөхрөн суугаад зомгол жиргэн бяцхан гал
ноцоож, арц хүж унхитган, шар тос өргөж, ширээ хадны нь цасыг арчин,
боов боорцог, ааруул өрөм, тос, чихэр жигнэмэг дүүрэн тавьсан юм.
Огцом өгсүүр өндөр уул тул биднийг унан босон уруудаж явтал нөгөө
хоёр шувуу нь нисч ирж үзэгдлээ. Ээж шувуудыг бишрэнгүй харж, “Ээ
хайрхан минь “ гээд амандаа олон зүйл шивнэн хэлж билээ.

Даваажий өвөө, эмээ хоёртойгоо цуг өссөн болохоор хараал ердөө


хэлэхгүй. Биднийг муу үг хэлбэл зэмлэдэг юм чинь. Бас хэзээ ч хүн
муулдаггүй. Даваажийн энэ сонин чанарыг ээждээ хэлсэн чинь аав ээж
хоёр “Тэр лав хоосон хүүхэд биш. Чи далбиганаж байж найзыгаа
гомдоов” гэж хэлсэн юм. Даваажий бас зөндөө сонин зүйл мэднэ.
Түүнийг юм ярихаар бид шаваад зогсчихдог байлаа. Манай ангийн
дотуур байрны хөвгүүд тасагтаа

аваачиж сонин юм яриулна. Тэд хөдөөнөөс аав ээж нь ааруул авчрахаар


юм уу хэн нэг нь мөнгөтэй болж, дэлгүүрээс чихэр боорцог авчрахаараа
яриулна. Тэр үед нь Даваажий ганцаар очихгүй. Болд бид хоёрын нэгийг
заавал дагуулж явдаг байлаа.

Шөнө орой болоход Даваажий тасагт ер хонохгүй, заавал харина. Нэг


орой Даваажийг татгалзсаар байтал ”Байрны багш чинь уурлана” гэж
байрныхан ятгаад Болдоог гэр рүү нь явуулчихаад хонуулах гэж байсан
гэдэг. Гэтэл өвөө нь ирээд авчихсан гэж байгаа. Яагаад байранд хонож
болдоггүйг би одоо хүртэл гайхдаг юм. Даваажий бүх хичээлдээ тийм
сайн биш ч тоо, байгалийн шинжлэл хоёртоо их сайн. Ялангуяа тоог
ихэвчлэн цээжээр бодно. Дэвтэр дээрээ бичихгүй мөртлөө өгүүлбэртэй
бодлогыг дор нь бодчихно. Тэгэхдээ хариуг нь яг хэлнэ. Бутархай хариуг
хүртэл цээжээрээ бодоод гаргачихдаг ёстой “гавал” амьтан шүү.
Заримдаа хачин дуугүй болчихно. Энэ үед нь юу ч хэлсэн нэмэргүй. Том
хүн, багшийн үгийг ч гэсэн авахаа байчихна. Багш нар үүнийг нь мэддэг
болохоор нэг их юм хэлэхгүй, түүхийн багш нэг удаа чөлөө өгч байсан
удаатай.

Энэ явдал ноднин сургууль дээр Улаанбаатар хотоос Яамны шалгалт


ирэх үед болсон хэрэг. Манай сум Алтраг, Бэлтэс хэмээх омогт хоёр
голын бэлчир, сүрлэг сайхан дөрвөн уулын дунд оршино. Үүсч бий
болсон цагаасаа хойш далан жил болохдоо ганц онгоц буугаагүй тийм л
уйтан нутаг даа. Уг нь би онгоц буудаг болоосой гэж ямар их мөрөөддөг
гээч. Зурагтаар гардаг дөрөв, таван давхар сэнстэй байшин шиг аварга
том онгоцонд суугаад сумын төвийнхөө дээгүүр нисч явбал мөн гоё оо.

Өнгөрсөн зун сумын 70 жилийн ой болох үеэр нисдэг тэрэг ирнэ гэж
Болдоо онгироод байсан чинь шал худлаа. Манай Болдоо тэгж байгаад
үе үе сайхан “галлана” шүү. За тэр ч яах вэ. Манай суманд Агарын
хайрхан, Тархаалаг, Баянзүрх, Шар уул, Бургааст, Алаг хад гээд түүх
сударт бичигдсэн сүрлэг догшин, алдартай олон газар бий. Сургууль
маань цөөхөн хүүхэдтэй Алтрагийн хөвөө түшин орших “П” хэлбэртэй
дан хүрэн дүнзэн байшин нэгэн үе мянга шахам хүүхэд бужигнаж, бүр
арван жилийн сургууль болж байсан гэж аав ярьдаг юм.

Одоо ч тэр үеийг бодоход хүүхдийн тоо гурав дахин багасчээ. Гэхдээ л
хонхны жингэнээ хангинаж, хонгилоор нь хүүхдийн дуу хадсан хүрэн
дүнзэн байшин он оныг элээн, өвөлдөө боошгин хэлбэртэй, том зуух,
ханын пийшингээс нь хар модны багил хар утаа тэнгэр өөд олгойдон
байдаг юм. Яамны шалгалт гэхээр манайхан сандран, дотуур байрныхан
ор хөнжлийн цагаан даавуугаа шинэчилж, нурсан цоорсон ханаа нөхөж
додомдон, будаг зос түрхэж, гал тогоогоо хүртэл өөрчлөв. Анги
танхимын ширээн дээр дуссан бэхээс эхлээд нүдэнд харагдах бөртгөр
хартгар зүйл бүхэнтэй “дайн” зарлав.

Шалгалтын үед хамгийн их сандарсан хүний нэг нь манай ангийн багш


Цэрэндулам байлаа. Бид тэр үед 4 дүгээр ангид байсан. Гэтэл нэг нэг
ангиас аль нэг хичээлээр шалгалт авах болсон чинь манай анги тооны
шалгалт өгөхөөр боллоо. Багш маань сургууль төгсөж ирээд дөнгөж нэг
жил болж байгаа залуухан бүсгүй болохоор ихэд сандарч байгаагаа
бидэнд ний нуугүй хэлэв. Ер нь биднээс юугаа ч нуудаггүй болохоор нь
бид багшдаа хайртай байдаг байсан юм. Зарим томчууд их юм мэддэг
хүн болох гээд хүүхдүүдээс хамаг юмаа нуугаад байгааг бид амархан
мэдчихдэг юм чинь.

- Одоо би яана, болдог бол та нарын толгойг сольчих юмсан. Эсвэл хэн
нэгний толгой руу явж ороод нуугдчих юмсан гэхэд нь бид инээлдэв.

- Инээдэм биш ээ, хүүхдүүд минь. Та нарын аав ээж дотор аргалдаг
чаргалдаг хүмүүс байхгүй юу. Намайг анх наашаа ирэхэд манай аав
“Дархадууд сүрхий шүү. Чи цочмог зантай, түргэн ууртай хүн. Айлын
хүүхэд алгадаж, хүн амьтантай муудалцав. Хэрүүл хараалд орооцолдов.
Уурласан ч дотроо уурлаж, хэрэлдсэн ч өөртэйгээ хэрэлдээрэй” гэсэн.
Миний та нарыг зодох ч юу байх вэ. Харин ид шидтэй хүн байвал одоо л
надад хэрэгтэй байна гэв.

- Багш аа, бид нарыг яагаад тийм сүрхий гээд байдаг юм бэ? гэж
Оюунчимэгийг асуухад багш,

- Тэрийг багш нь яаж мэдэх вэ, та нар өөрсдөө л мэдэх байх. Танай энэ
нутагт удам дамжсан алдартай бөө, удгад амьдарч ирсэн гэж багш нь
сонссон юм байна гээд түрүүчийнхээ асуултын хариуг эрсэн мэт ангийг
харцаараа нэгжив.

- Манай ангийн Даваажийн өвөө гэж ёстой мундаг хүн бий гэж нэг
охиныг хэлэхэд Цэрэндулам багшийн нүд сэргэж,

- Даваажий чиний өвөө юу юу мэдэж чадах вэ гэж асуулаа. Даваажий


доошоо тонгойн нөгөө л дуугүй болдог зангаараа ширээний өнцөг
оролдон суув. Ийм үед юу ч асуугаад нэмэргүй гэдгийг даанч
Цэрэндулам багш мэдэхгүй байх л даа. Үүнийг нь мэдсэн Болдоо,

- Энэ асуултад чинь би хариулаад өгье, тэгэх үү гэхэд Даваажий доош


харсан чигээрээ толгойгоо дохив.

- Манай нэг хүрэн морь дэлүүтсэн. Хойшоогоо татаж унаад болдоггүй.


Тэгэхээр нь аав морио хөтлөөд энэний өвөөд үзүүлсэн чинь хамаагүй
хүн унаж болохгүй сэтэртэй морь байна гэсэн. Тэгснээ,
- Хамгийн сүүлд хэн унасан бэ? гэж асуужээ.

- Өчигдөр би унаад сумын төв ороод ирсэн гэж аав хэлжээ.

- Хаагуур явж хэнтэй уулзсан бэ?

- Сумын төвд хоёрхон айлаар орсон.

- Хэн хэнийхээр оров?

- Хоршооны Самдан, Холбооны Пүрэв нарынд очсон.

- Замдаа хүнтэй уулзсан уу?

- Хамарын даваан дээр богц үүрсэн хүнтэй таарсан.

- Тэр л үл бүтэх хүн байна гээд Даваажийн өвөө хуураа татаж, шанаганд
утаа баагиулж ариулаад зүгээр болгосон. Тэгээд сүүлд сонссон чинь
аавтай таарсан тэр хүн, хүн нутаглуулаад ирж байсан юм билээ. Тийм л
лут хүн дээ гээд яриагаа дуусгахад ангид нам гүм боллоо.

- Бид энэ хоёрхон хоногт яаж энэ зузаан номын бүх бодлогыг бодож
чадах юм бэ? Сайдын нэрэмжит шалгалтад ангиараа муу авчихвал
сургуулийн нэр, цаашлаад сум, аймгийн нэр гарна шүү дээ. Тийм
болохоор л багш нь та нараас тусламж эрээд байна. Аль хуудсаас
ирэхийг л мэдчихдэг бол болоод явчихна. Даваажий чи л ангиа авч гарах
ёстой. Хүний амьдралд үе үе хатуу сорилт тулгардаг шүү дээ. Түүн шиг
өнөөдөр ангийнхаа хувь заяаг даах үүрэг чамд оногдлоо хэмээн багш
сэтгэл уярахаар ярив.

Даваажий дуугүй сууж сууж

- Тиймэрхүү юм асуухаар манай өвөө, та нар хичээлээ давтахгүй юу гээд


уурлаад байдаг юм гэлээ.

- Намайг асууж байна гэж хэлээрэй. Би завтай бол өөрөө очиж уулзмаар
байна. Даанч сургууль дээр хийх ажил их болохоор Харгана өгсөж явах
зав байхгүй байна гээд цүнхээ уудлан цоо шинэ цэнхэр мянгатын
дэвсгэрт гаргаж өглөө.
Тэгэхэд л би Даваажийг мэргэн гэдгийг мэдсэн. Багшийг асууж байхад
тархинд нь 30 гэдэг тоо гэнэт орж ирсэн гэдгээ сүүлд Болд бид хоёрт
хэлсэн л дээ. Тэгээд өвөөтэйгээ очиж уулзаагүй. Мянган төгрөгөөр нь
Болдоо бид гурав сумын дэлгүүрээс гурван “Али баба” аваад идчихсэн
юм чинь. Маргааш 30-дугаар хуудасны бодлогыг үзээрэй гэж байна гээд
худлаа залчихсан. Багш хаширлаад 30, 40, 50, 10, 20 гээд л 0-ээр төгссөн
бүх хуудасны бодлогыг бодуулсан. Тэгэхэд Даваажий,

- Багш аа, та яагаад 30 гээд байхад 10, 20, 30, 40, 50 гэсэн тоотой
хуудаснаас бодуулаад байгаа юм бэ? гэж асуув. Цэрэндулам багш
инээмсэглэн,

- Хэн ч гэсэн алддаг шүү дээ. 30 нь 40 байсан бол яана. Бас 10 байвал
яах вэ гэхэд Даваажий нилээд дургүйцсэн байдалтай,

- Манай өвөө алдахгүй гэж итгэлтэй хариулж билээ. Маргааш нь


шалгалт болоход яг 30-р хуудасны бүх бодлого ирж бид бараг бүгд “А”,
“В” авсан. Ангийн багш Цэрэндулам учиргүй баярлачихсан,

- Танай өвөө нээрээ мундаг юм аа. Бүгдээрээ баяр хүргэе гээд ангиараа
нижгэнэтэл алга ташиж,

- Энэ бүхнийг өвөөдөө дамжуулж хэлээрэй гэхэд нь Болдоо, Даваажий


бид гурав дотроо инээд хүрч суув.

Даваажий хашир болохоор,

- Энэ бол ангийн нууц. Энэ бүхнийг хэнд ч хэлж болохгүй. Та өвөөд
өөрт нь ч битгий хэлээрэй гэж хэлэхэд багш гайхаж,

- Яагаад? гэж асуулаа.

- Манай ангийг, бас таныг муулна шүү дээ гэхэд нь бид бүгд зөвшөөрөн,
Даваажийдаа алга ташиж баяр хүргэсэн юм.

Гэхдээ Даваажий бүхнийг өвөөгөөсөө сурсан. Өвөө нь хүмүүст маш


олон удаа тус хүргэсэн гэж ээж ярьдаг юм. Нэгэн удаа ийм явдал болжээ.
Даваажийн өвөөгийнд улаан Чойжил гуай очжээ. Хүүхэд тогтохгүй
болохоор асуухаар очжээ. Тэгэхэд нь,

- Намрын сүүл сарын шинийн гурванд танайд нар мандах зүгээс хүн мах
авчирч өгнө. Түүнийг гэрийн босго бүү давуулаарай. Гаднаа хадгалж
байгаад надад хэлээрэй гэсэн гэдэг. Чойжил гуай, эхнэр нь ч түүнийг
мартчихжээ. Яг тэр үед Чойжил гуайн Аажий нь хонины өрөөл махтай
тэднийд иржээ. Богцоо гэрийн гадаа тавьсаныг ямаа хэвчихэж магадгүй
гээд эхнэр нь оруулаад ирж. Аажий нь цай цүй уусаны дараа мах гаргаад
ирэхээр нь Чойжил гэнэт сандарч, өдөр судар асуусан чинь шинийн
гурван байсан гэдэг. Аажийдаа учир явдлыг хэлэхэд,

- Сэтгэл цөвтэй махаар юу хийх вэ гээд дээжнээс нь галд авч өргөчихөөд


аваад явжээ. Даваажийн өвөөгөөс дараа нь асуусан чинь,

- Тэр танай Аажийн хонь биш Гэндэн гуайн сэтэртэй хонины мах юм.
Онгод минь тэгж айлдаж байна. Та нар хүртээгүй болохоор гайгүй биз.
Харин Аажийдаа надтай ирж уулз гээрэй гээд арга засал хийж өгснөөс
хойш Чойжил гуайнх олон хүүхэдтэй өнөр өтгөн айл болсон гэж ээж
минь хэлдэг юм.

Хүү энэ бүхнийг бодсоор Дэлгэр мөрний хөвөөнөө ирэв. Хөх морь ус
үзээд баярлан эвшээв. Хоёр мөсний завсраар орон зогсоолдоо зогсоход
хүү мөс дамжин гарч саваа дүүргэлээ. Хөх морь нүдээ анин, ачаа нь
хүндэрснийг мэдээд нуруугаа хотолзууллаа. Хүү хоёр бидондоо хаймран
жийргэвчийг нь хийж сайтар таглан, өөрөө өндөр мөсөн дээрээс
эвтэйхэн мордоод жолоогоо гэрийн зүг эргүүллээ.

Бөөгийн тухай бодолдоо хүү дахин умбалаа. Яаж ийм ид чадалтай


хүмүүс төрдөг байнаа гээд бодоход сонин санагдана. Заримыг нь
томчууд хүүхдүүдээс нууж ярилцана. Заримыг нь ил хуучлана. Гэхдээ
хүү яаж ийгээд олоод сонсчихдог байлаа. “Үгэнд дуртай хүүхэд” гэж
ээжийн нь зэмлэдэг үнэн бололтой.

Нутгийн нэгэн эмээ ярьсан нь: Манай нутгийн саармаг Найдан гэж хүн
цаатангийн нэг бөө авчирч бөөлүүлж байтал хана унь нажигнаад
явчихаж. Гарсан чинь баавгай ирчихсэн гэрийг нь шөргөөж байсан гэнэ.
Орь хашгираан тавиад л гүйгээд ороход нь “Юу байна, цаана чинь” гэж
тэр бөө асууж.

“Баавгай гэрийг маань нураах гэж байна” гэхэд нь “За яах вэ, тэгээд явна
биз” гэж хэлсэн гэдэг. Би ч залуудаа ид шидтэй олон бөө удганыг харсан.
Чимид зайран тун их янзын бөөлдөг хүн байсан. Хэнгэргэн дотроо
орчихоод л галаа эргэн дугуйлаад байдаг байсан.
- Хэнгэрэг нь хир зэрэг том байсан юм бэ? гэж хүмүүс асуухад,

- Том тогооны халив шиг тийм л хэнгэрэгтэй байх. Тэгээд тэр нь дотроо
тоонолжтой шүү дээ. Харахад яагаад ч хүн багтах аргагүй юм. Гэтэл
тэрэн дотроо орчихоод, галаа эргэн дугуйлж дугуйлж нэг мэдэхэд
гарчихсан хэнгэргээ цохиж байдагсан.

Энэ бол хүүгийн дэргэд ил ярьсан яриа. Дараа нь нэг удаа хүүг шөнө
дунд сэрэхэд гэрт баахан хүмүүс дүнгэр дүнгэр ярилцаж байсан гэдэг.
Томчуудын яриа байсан ч хүү чихээ дэлдийлгэн сонсчээ.

Нэгэн том хүн өгүүлрүүн: Цэндийн Дунгар гэж гуч гарч яваа, ямар ч
эрийн нүд булаам сайхан хүүхэн манай дархадын хотгорт байсан гэдэг.
Орчлонд сайхан төрсөндөө ч тэр үү, олон эрчүүдээр оролдох дуртай
байжээ. Заримтай нь алиалж наадна, заримтай нь аархаж шоолно.

Цэнд гэж эцэг нь бус нөхөр нь. Үеийнхэн нь атаархаж жөтөөрхөхдөө ч


юм уу, баярлаж бахархахдаа ч юм уу, нөхрөөр нь ингэж овогложээ. Нөхөр
Цэнд нь уулын буга шиг үзэсгэлэнтэй сайхан эр. Хүний орчлонд хэн
хэнээ ололцсон буга согоо хоёр шиг сайхан хосууд юм гэнэ билээ. Адуу
мал арвинтай, алаг хонгор үртэй, амьдрал тэгш сайхан айл зун намартаа
Шишгэд нутагтаа нүүдэл сэлгэнэ. Харин өвөлдөө 60-70км-ийн цаана
Хороод оторлон нүүж өвөлжинө. Тэр жил Цэндийнх Нарийн талд
намаржиж байжээ. Хороогийн гол руугаа нүүх дөхөж байсан цаг юм
гэдэг. Гэрийн эзэн Цэндийн эзгүй нэгэн үдэш эднийд Сандаг хэмээх том
монхор хамартай өндөр хөх эр буув.

Сандаг эхнэр хүүхэд ч үгүй ганц бие гоонь эр, нас тавь гарч яваа ахимаг
хүн. Тэр Шаргын эхэнд ганц гэрээрээ намаржиж өвөлжинө. Мал
хөрөнгө гээд байх гавьтай юм байхгүй ч арав хүрэхгүй хонь, хоёр
саалийн монгол, ганц морьтой, өөртөө тохирсон эсгийн бор гэртэй, ийм
л нэгэн гэдэг.

Дунгар хүүхэн Сандагтай мэндлээд цай өгөх зуураа,

- Таны хамар Булган уулын бул чулуу шиг сайхан хамар аа гээд тас тас
хөхрөхөд,
- Харин тийм. Чам шиг сайхан хүүхнийг үнсэж, үнсүүлж байвал бахтай
хамар шүү гээд Сандаг жуумалзав.

- Нээрээ тийм юм. Гэхдээ та бид хоёрын хэн хэнд маань тийм аз дутаж
гээд дахин тас тас хөхөрлөө.

- Дутсаныг гүйцээж болно шүү дээ гэж өвгөнийг хэлэхэд,

- Аа бас муу муухайгаа мэдэхгүй мундаг санаатай өвгөн шив дээ, та гээд
улам чанга шоолон хөхрөв.

Сандаг,

- Таны хэлдэг үнэн үнэн. Энэ бие өдий хүрэхдээ ийм сайхан бүсгүйг ер
үзсэнгүй. Цаснаас цагаан царайтай, цуснаас улаан хацартай хүүхэн юм.
Харин үс чинь хар биш шаравтар юм уу даа гэвэл Дунгар,

- Хар шар өнгө ялгахгүй хааж мэдэх болсон нүд шив дээ, таны нүд гээд
ихэд дургүйцсэн янзтай ширэв татав. Сандаг,

- Аа тийм үү, тэгвэл ганц ширхэг үс таслаад өг дөө, би нүдээ шалгаад


үзье гэлээ.

- Сохор, сохор биш хоёроо сонжоод үз дээ гээд нэг ширхэг үс тасалж
өгөв. Сандаг Дунгарын тасалж өгсөн үсийг үзсэнээ,

- Өө, тас хар юм байна. Миний нүд хар шарыг ялгаж чадахаа байж.
Сохрох нь шив дээ гээд сэмхэн өвөртлөв.

Тэгснээ,

- За үг олдож, үхэр холдох нь. Өвгөн ах нь явья гээд гарав. Дунгар “Тэр
хамрыг нь” гэж дотроо хөхөрсөөр үлджээ.

Хэд ч хоног өнгөрсөн юм бэ бүү мэд, нэг өглөө Дунгар нөмгөн дээлтэй
өрхөө татаж явснаа тэднийх рүү толгой нүцгэн гүйсэн гэдэг.

Монгол бөө нарын гол гурван эрдмийн нэг сэтгэл хувиргах ухаан буюу
бөөгийн ховс нь багш бөөгөөс уламжлан авч суралцаж хэрэглэж байгаад
шавьдаа заан сургадаг эрдэм юм гэдэг. Сандаг тийм чадалд мэргэжсэн
лут зайран байж л дээ.

Тэр өглөө нөхөр Цэнд холоос гэртээ эртхэн ирсэн гэдэг. Хаалгаар орж
ирэнгүүт эхнэрээ байхгүйд гайхан ор руу нь очоод гараа хийж үзэхэд
хөнжил нь халуунаар байж гэнэ. Бие засч яваа юм байна гэж бодоод
байсан нь орж ирдэггүй. Гараад гэртээ тойруулан харсан чинь үхрийн
хашаан дотор хөлдүүс цэвэрлэж байх шиг харагдсан гэнэ. Цэнд гайхан
“Яагаад галаа түлэлгүй гарсан юм бол”
гэж бодоод галаа түлж цайгаа чанаад хот руугаа очоод харсан чинь хэн ч
байхгүй, үхрийн хөлдүүс ч хэвээр байв гэнэ. “Хий юм харж дээ” гэж
аман дотроо гүвтнээд хажуу айлдаа ороход тэднийх босоогүй байж. Тав
орчим настай хүүгээ сэрээж асуухад ”Ээж явах тухай юу ч яриагүй”
гэсэн гэнэ.
Цэнд гэрийнхээ ойр тойрон явж байгаад цасан дээрээс эхнэрийнхээ
мөрийг олж гэнэ. Дарж үзсэн чинь мөр нь шинэхэн байж. Эргэж ирээд
хүүдээ гэртээ байж байхыг захичихаад уяан дээрээс морио унан мөрөөр
нь мөшгижээ.

Дунгар цасан дундуур нөгөө нөмгөн чигээрээ гүйсээр нэг их хөндийг


туулаад, нэгэн том уул руу мацаж явсан гэдэг. Өвлийн богинохон өдөр
хэвийж сүүдэр хүүшлэн, үд хэвийжээ. Энэ үед Цэнд авгайгаа олж хараад
“Дунгар аа” гэж дуудахад тэр огт сонсохгүй цаашаа гүйсээр байжээ. Дуу
нь өвлийн царцанги агаарт тарж, уул хадаар цуурайтав. Гэнэт морь нь
бүдрэн, Цэнд эмээлийнхээ урд бүүргэн дээгүүр даван унажээ. Морь нь
алдууран, эзнээсээ үргэн одов. Цэнд хөлөө тэврэн талын дунд
шомбойтол суун үлдсэн гэдэг. Харин нэг их сүрхий бэртэж гэмтээгүй
байж. Зам газар болохоор удалгүй хүмүүс таарч, гэрт нь хүргэж иржээ.

Ес эхэлсэн өвлийн тэсгим хүйтэн өглөө Сандаг баруун талын орон


дээрээ хэвтэж байснаа хөнжлөөсөө толгойгоо цухуйлган,

- Гэр ч хөнөгтэй ус хөлдөм хөрч дээ. Яаж босч галаа түлье дээ гэснээ
дэрэн доороосоо Дунгарын ширхэг үсийг гарган хоёр имэрснээ нуг нуг
хөхрөн цааш эргэв. Хаалга нь гэнэт сэвхийтэл онгойн цан хүүрэг болсон
нөмгөн дээлтэй бүсгүй орж ирснээ шууд галыг нь түлж эхлэв. Тэр нь
хэн байсан гээч. Хороогийн голд өглөө босож өрхөө татахаар нөмгөн
гарсан Цэндийн Дунгар дүн өвөл явган гүйсээр өдөр шөнө дамнан 60-70
км-ийн хол Шаргын эхэнд хамар Сандагийнд үүрээр ирж галыг нь
түлсэн нь энэ.

Сандаг ч бүр тавлах баярлах зэрэгцэн,

- Дунгар аа, даарч ядраа биз дээ, нааш ир гээд хөнжлөө сөхөхөд сайхан
Дунгар дээлээ тайлан Сандагийн өвөрт шурган орсон гэдэг юм даа гээд
томчууд гэр дүүрэн нуг нуг хөхрөлдлөө. Хүү хөнжил дотроосоо
сонссоор байв.

Дараа нь Цэнд арга буюу эхнэрээ авахаар морь хөтлөн очжээ. Тэгэхэд
Дунгар хэзээ язааны Сандагийн авгай шиг үхрийг нь саагаад орж ирж.
Өтгөн шаргал цай самран дээжийг нь Сандагт хийж өгөхөд дээлээ
нөмгөн хөдрөн хоймор завилан суусан өвгөн хоёр гардан аваад
тухтайхан оочилж байв гэнэ.

Сандаг гуайн амар мэндийг мэдээд гэрийн баруун талд бохирон суухад
Дунгар цай хийж өгчээ.

Тэрээр цай амссаны дараа өврөө уудлан хадаг гаргаж, дээр нь мөнгөн
ембүү тавиад,

- Агт морь, амбан шарыг танд бэлэг болгон барья. Хатуу үгээ буцаан,
халуун сэтгэлээ дэлгэж явья.

Нялх хүүг минь бодож, эхнэрийг минь эргүүлэн болгооно уу гээд барив.
Өвгөн хадгийг авсангүй, цайгаа уун суусаар байж. Цэнд наана нь
зогсоод байж. Тогоон дээр тавьсан цас хайлж, Цэндийн хөлс дуслаад
байж. Дунгар цасны усыг шүүн, дахин тогоонд хийн гал нэмэв. Гаднаас
мах оруулж ирэн, тогоонд үйхэд өвгөн суусаар, Цэнд зогссоор . . . Халив
дотроос уур савсан тогоотой хоол болжээ. Модон тэвшинд мах гарган
галд өргөөд Сандагийн өмнө тавьж. Сандаг сая Цэндийн нүүр өөд
харснаа хадгийг хоёр гардан аваад авдар дээр тавихад Цэнд хөлсөө
арчин доош суужээ.

Ингэж эхнэрээ арайхийж эргүүлж авсан гэж томчууд ярьдаг юм. Манай
Даваажий бол Сандаг гуай шиг тийм ид чадалтай хүмүүсийн нэг яах
аргагүй мөн дөө. Болдоо бид хоёр нүдээр үзсэн юм даа. Тэгэхдээ
одоогоор хэнд ч үнэмшүүлэх гэж яриагүй байгаа.

Даваажий, Болдоо бид гурав үй зайгүй найзууд болохоор далдыг мэддэг


нууцыг нь бид чандлан хадгална. Ноднин хавар цас мөс хайлаад уруйн
ус бууж байсан үе. Болдоо бид хоёр 4-ийн б-гийнхэнтэй тэвэг тоглоод
бужигнуулж байтал Даваажий дуудлаа. Би хожих гэж явсан болохоор
тоглоомдоо хоргодоод “Яах гэж байгаа юм бэ? Чи жаахан хүлээж бай.
Найз нь одоохон хожчихъё” гэсэн чинь Даваажий яарууллаа.

Явья, чухал ажил байна гээд болдоггүй. Тэгснээ Болдоогийн чихэнд


нэгэн зүйл шивнэв. Болдоо толгой дохиод л байна. Дараа нь хоёулаа
намайг ятгалаа. 4-ийн б-гийн дорсгор Бямбаа,

- Дуусгалгүй явбал та нар хожигдоно шүү гэж хор маажаад үлдлээ.


- Чаддаг юм бол маргааш үзье. Манайх 655, танайх дөнгөж 473. Тоогоо
тогтоочих гэж би хэлээд гурвуул явлаа.

Даваажий яах гэж байгаагаа бид хоёрт хэлсэнгүй. Сумын холбооны


баруун талын улаан шороон замаар хойшоо гүйв. Хойд захын олон
мууртай ганц бие эмгэнийд хааяа очиж модны зоргодос, цавчир аваачиж
өгдөг болохоор нь тэднийд очих нь дээ гэж бодов. Тэгсэнгүй. Бор гэртэй
айлыг өнгөрөн цааш явав. Тэр юундаа тэгж яарсныг Болдоо бид хоёр
асуухгүй явлаа. Бараг гүйх шахам явлаа. Харганын амны харалдаа байдаг
өндөр модон гүүрээр гарлаа. Үхэр хонин чулууд дундуур оволзон урсах
Алтрагийн гол үер ихтэй байлаа. Өвөлжин унтсандаа ч тэр үү, жижиг
голуудын ус цас нэмэгдээд тэр үү, хархүрэн өнгөтэй ус шуугин шаагин
урсана. Ташимын бэл, Улаан хаалганы өндөр уулс дууг нь улам сүртэй
болгож байв.

- Харгана өгсөж өвөөгийндөө очих нь уу гэж Болдоог асуухад Даваажий,

- Үгүй үгүй, одоохон гэхээс өөр юм хэлсэнгүй. Яваад л байлаа. Тэр урьд
нь ингэж яарч байсан юм уу бүү мэд.

Тэнгэр цэлмэг, хаврын бүлээн нар ээсэн тогтуухан сайхан өдөр байлаа.
Энгэрийн цас цоохортон хайлмагтаад хүн малын зоо тэнийм сайхан.
Харганын ам өөд дөнгөж өгсөнгүүт олон хүүхэдтэй Чулуун гуайнд
очлоо. Дөнгөж босго алхангуут Даваажий,

- Өвөө танайхыг нүү гэж байна. Уруйн үер бууж усанд автаж магадгүй
хэмээн хэлүүллээ гэхдээ түүний нүд гялалзан, халууцсан хацар нь улайн,
толгойноос нь уур савсан байв. Бид хоёр ч гэсэн малгайгаа авахдаа
халууцсанаа мэдлээ. Гэрийн баруун хатавчинд хайстай хурга ишиг
майлалдана. Хурга ишигнээсээ ялгагдах юмгүй халтар халтар хүүхдүүд
нь хоймроо аяга халбага, сандал, хувцсаа ундуй сундуй хөглөрүүлэн
тоглоно. Должин эгч шар будаа агшааж байгаа бололтой уур манан
савсуулж тогоогоо хутгана.

- За хүүхдүүд сууцгаа. Юундаа ингэж яараа вэ? Цай ууцгаа. Би хонины


сүүлтэй шар будаа агшааж байна гэж тайван хариулав.

- Та түрүүн миний хэлснийг анзаарсангүй юу. Уруйн үер бууна, хурдан


нүү гэж өвөө хэлүүлж байна гэж Даваажий үгээ давтахад Болдоо,

- Харин тийм. Хурдлахгүй бол болохгүй гэж хэлүүллээ гэв.

- Аа, Харганын аав тэгж хэлүүлэв үү. Өвгөн маань сумын төв ыявсан.
Удахгүй ирэх байх. Тэгэхээр нь нүүх ая бодно доо гээд будаагаа гаргах
маягтай галын захаар аяга өрж , тогоотойгоо хутгав.

- Үгүй ээ, одоо яарахгүй бол болохгүй. Та будаагаа гаргаж бай. Бид гурав
хошлон бүч тайлан, дээвэр туурга нимгэлж байя. Хонин цагаас өмнө
багтах ёстой гээд аяганы амсар зуулгүй гарлаа. Би дотроо “Даваажий
сүржигнэчих юм. Цай уугаад сайхан будаа идээд гарна биз” гэж бодож
байлаа.

Даваажий яараад л байлаа. Өвлийн давхаргатай гэрийн оосор бүч тийм


амар тайлагдах янз алга. Даваажий маань жижигхэн биетэй Болдоог гэр
дээр гаргаж, оосор бүч тайлж байлаа. Хаашаа нүүхийг Должин эгчээс
асуусангүй. Арваадхан алхмын зайтай жаахан мөргөцөг дээр гаргаж,
юмыг нь овоолж эхлэв. Би дотроо “Даваажий төвд эгчтэйгээ хоёулаа
байгаа.

Хэзээдээ өвөөтэйгээ уулзсан юм бол өвөө нь ирсэн бол хэлмээр юм.


Мань хүн өвөөгийнхөө өмнөөс худлаа хэлчихэв үү” гэж бодож байлаа.
Тэдний Бурсгай, Урсай гэдэг том хүүхдүүд нь туслалцаж, бид гэрийн
дээвэр туургыг зөөн дуусав. Жаахан хүүхдүүд нь дээл гутлаа өмсөх нь
өмсөн, хөл гартаа чирэх нь чирэн, унинд цохиулахаас айцгааж гэрийн
шинэ буурь руу явцгаав.

Должин эгч галын өрөн дээр ярайтал өрсөн аягаа буцаан хурааж,
тогоотой будаагаа гаргаж, зүүн хатавчин дахь хуучин сагсан тулган дээр
тавилаа. Даваажий хоймрын авдраас нэгийг нь урагш татаж надтай хамт
тооно түшилцэв. Болдоо, Должин эгч, Бурсай гурав унь буулган дөрвөн
талд чагтганы гурав гурван унь үлдээд байтал хачин их шуугисан чимээ
гарлаа. Юу болохыг мэдсэнгүй. Дээгүүр утаатай онгоц явж байна уу
гэтэл юу ч харагдсангүй.

Гэтэл юу болсон гэж санана. Харгана гол уруудаад хуйлсан эсгий шиг
бөөрөнхий цагаан юм орж ирлээ. Шар хөөс цахруулан шуугин оволзоод
омог бардам сүртэй. Бид ч тооноо гэрийн зүүн хойд зүгрүү гаргаж,
хайстай хурга ишгээ тэврэн гүйлдэв. Эсгий дээвэр дугуйлан, голд нь
хурга ишгээ хийлээ.

Должин эгчийн нөгөө амгалан тайван байдал ор тас алга болчихсон,


зөөж чадахгүй зүйлээ хоёр талын орон дээр гарга гэж хашхирч байлаа.
Ус шуугин уруудаж ирлээ. Гэхдээ санасныг бодоход гайгүй аажуухан явж
байх шиг надад санагдав. Бид дотуур хошлонгоо тайлан ханаа буулгаж
амжаагүй байтал үерийн ус ороод ирлээ. Хаалгаа онгойлгон уясан
гэрээр дүүрэн ус орж бараг орны пүршинд хүрэх дөхөж байлаа.
Хүүхдүүд нь уйлалдана. Зарим нь яах ч учраа олохгүй бүлтэгнэлдэнэ.

- Ээ гэгээн минь! Хайрхан минь !!! гэж Должин эгч дуу алдан үерт
урссан жижиг сажиг зүйлээ шүүрч авч байлаа. Хуванцараар хийсэн
тоглоомон том матар усанд урсаж ханы нүдээр толгойгоо цухуйлган
тээглээд үерийн усны долгионд хөвөн хөдлөх нь ногоон нүд нь
бүлтийгээд амьд юм шиг санагдав.

Хаврын богинохон өдөр дундаа орж сүүдэр хүүшлэхийн алдад Чулуун ах


трактор санжигнуулан яаран сандран давхиж ирэв. Хаалгаар бууж
ирэнгүүт эхлээд хүүхдүүдээ тэвэрч, нэг нэг үнссэнээ буруу харан
нулимсаа арчаад дараа нь Должин эгчийг тэвэрч уйлж гарлаа. Бид гурав
дайнд ялсан баатар шиг маадгар зогсоцгоож байтал ирээд нүүр нүдгүй
үнсэж гарлаа. “Ачтай буянтай хүүхдүүд минь, ирэх зун нэг нэг төлөг
аваарай. Харганын аавд нэг шүдлэн үрээ өгч байна гэж хэлээрэй” гэлээ.

Энэ бүхэн Даваажийн ач байлаа. Ус ч дорхноо татрах тийшээ хандаж,


трактортой хүмүүс хана, авдар саваа зөөж гэрийнхээ модон шалыг
дэвсэлгүй хурдхан барилаа. Должин эгч нулимсаа арчин, халуун будаа
аягалан хүүхдүүдэд өгч байлаа.
Чулуун ах “Ийм юм байх гэж, ачтан буянтай хүний ачаар мэнд гарлаа”
гэж дахин дахин хэлж байлаа. Ингэж бид Даваажийн ид шид, зөнч
чадвараар үнэлэгдсэн юм даа. Бид гурвын цээж зургийг сургуулийн
ханын сонин дээр гаргахдаа “Үер усны аюулаас хүний амь нас, мал, эд
хөрөнгө хамгаалалцсан эрэлхэг гурван сурагчид талархал илэрхийлье”
гээд бидний овог нэр, ангийн багшийн нэрийг хүртэл тавьсан байлаа.
Харин урьдчилан таасан талаар нэг ч үг дурьдсангүй.

Даваажийгаас дараа нь асуухад үер ус болох тухай өвөө юу ч хэлээгүй,


миний нүдэнд их ус харагдаад байж сууж чадахаа больчихсон гэж хэлсэн
юм. Энэ үгийг сонсуут тэр үед тэвгэндээ хоргодоод байсандаа одоо
хүртэл ичдэг юм. Бас бид амжиж очоогүй бол юу болох байсан бол гээд
бодохоор аймшигтай санагддаг.

Тэрнээс хойш би Даваажийн үгээр байдаг болчихлоо. Манай Болдоо ч


гэсэн битүүхэндээ хүндлээд байх шиг санагддаг юм. Нэгэн удаа
Болдоогийн маань гэрэл зургийн аппаратыг долдугаар ангийн хоёр ах
булаачихжээ. Даваажий бид хоёр авахаар очсон чинь “Одоо та хоёр уу
даа. Аппаратаа авбал ав л даа” гээд басамжлан хөхрөлдлөө. Би ч дотроо
жаахан хулчийж байлаа. Даваажий,

- Манай найзын аппаратыг зүгээр л өгчих гэхэд нь,

- Бид авсан юмаа зүгээр өгчихдөг хүмүүс биш гээд дахин пар пар
хөхрөлдлөө. Даваажий дахин,

- Та хоёрыг өвөөд хэлнэ дээ гэхэд нь,

- Танай өвөөгөөс айна гэж бодоо юу. Тэр муу хөгшин төгцгөөс юунаас нь
айдаг юм. Аягүй бол зайран бөө болохоор нь энэ хоёр айгаад өгчихнө
гэж санаж л дээ. Мөн санав аа гээд сэтэрхий шүдтэй онигор нүдтэй
Осороог хэлэхэд арай өндөр нөгөөх нь “Осороо, боль боль” гээд байлаа.

- За яах вэ та хоёр маргааш өөрөө бариад ирнэ дээ гэж Даваажий хэлээд
“явцгаая” гэхэд нь бид хоёр дагалаа.

- Мөн айлгах юм аа олов оо гээд аппаратаар араас зураг дарж


шажигнуулж үлдлээ. Тэр шөнө Осорын нүдэнд могой гахай зэрэг хий
юм харагдаад халуурч эмнэлэгт хэвтсэн гэсэн.

Осорын нөгөө найз нь Болдоогийн зургийн аппаратыг дүүрэн хальстай


авчирч өгсөн юм. Бид гурав тэрүүгээр нь зөндөө зураг авсан. Осор долоо
хоноод эмнэлгээс гарахдаа онгироо зан нь ор тас болчихсон байсан
гэсэн. Даваажий яаж тэгж чаддаг байна аа. Хүү усаа авч явахдаа энэ
бүхнийг боддог байлаа. Буцах замдаа бас ийнхүү бодолд автана. Уг нь
энэ хөх мориороо ус зөөхгүй байх байсан боловч бас л Даваажийгаас
болоод зөөхөөр болчихсон байгаа юм даа.

Нэгэн удаа намайг хөх мориндоо дөрвөн шуудай ноос тэгнээд сумын төв
орж ирэхэд Даваажий харчихаад,

- Тэмээ шиг номхон морь байна гэсэн юм. Тэгэхэд манай Болдоо учир
зүггүй инээж,

- Хэзээ морийг тэмээтэй зүйрлэж байсан юм гээд хоёр нүд нь зураас


болон элгээ даран хөхөрлөө.

Даваажий,

- Энэ нээрээ тэмээ шиг номхон морь байна. Аятайхан аргадаж чадвал
хэвтүүлж ч болно гэлээ. Болдоогийн бах тав нь бүр ханаж,

- Морь хэвтдэг юм уу. Чи тэгвэл хэвтүүлээд өг. Ноосоо буулгахад бүр


амар гээд дахин инээлээ. Би зогсоогоор нь ачаагаа буулгах санаатай
өндөр сөр рүү хөтөлж явтал Даваажий миний гараас цулбуур аваад
худалдаа бэлтгэлийн ангийн том хаалгатай модон агуулахын өмнө
морийг маань хөтлөн аваачлаа.

Дэнхийтэл ноос ачсан морь минь “Одоо л нэг хүнд ачаанаас минь
салгах нь” гэсэн маягтай аажуухан алхаад очлоо. Даваажий цулбуур
дээрээс нь барьж зөөлхөн дугтран “сөг” гэлээ. Морины хамар сартагнан
үргэж, бүр ачаагаа туйлах маягтай биеэ хураахад Болд,

- Давка боль боль. Наадах чинь тэмээ биш. Тэмээг л сөг гэж хэвтүүлдэг
болохоос морийг хэзээ тэгж хэвтүүлж байсан юм. Будаач будаач гэхэд
сахлаа будна гэхчээр, юм мэддэг мэддэг гэхэд чи хэл мэддэггүй
адгуустай ярьдаггүй юм байгаа биз дээ гээд ход ход инээлээ.

- Хэвтүүлчихвэл чи яах юм бэ? гэж Даваажий асуухад


- Буурал морио бууж өгье, булган дахаа тайлж өгье гээд ам гарав.

- Болдоо минь, биелэх юмаа амла. Чамд булган дах байтугай буурал морь
ч байгаа юм уу гэв.

Тэгэхэд нь Болдоо юм болгонд аппаратаараа мөрийцдөг зангаараа

- Тэгвэл би аппаратаа өгье гэв. Даваажий инээмсэглэн,

- Чи олон зүйлд хар аппаратаараа мөрий тавих юм даа. За яах вэ тооцъё.


Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг байхаа гээд хөх
морины хөлөөс өргөн, өвдгөөр нь нугалан сөг гэв. Хөх морь биеэ
хураахаа больж хүнд туурайгаа тасхийтэл газар буулгахад хонины
хорголын чинээ чулуу үсчив. Даваажий морины цулбуурыг уртхан барьж
зөөлхөн дугтраад “Сөөг сөг” гэж аялгуулан хэлэв.

Хөх морь урд өрөөсөн хөлөөрөө хий цавчлан, толгойгоо доошлуулан


газар үнэрлэснээ урд хөлийнхөө өвдгөөр ягхийтэл газарт сөгдөв. Дараа
нь нилээд удаанаар хойд хөлөө татаж эв дүй муутайхан хэвтээд өгөв.

Болдоо үг хэлж чадахгүй нүд нь бүлтийн харж зогсоно. Би ч гайхлаа.


Нэг мэдсэн чинь дэлгүүрийн үүд хавиар байсан өвгөд эмгэд голдуу улс
бас гайхан харцгааж байлаа. Болдоо гараасаа салгадаггүй аппаратаа
Даваажийд өгөхөд,

- За чамд байсан надад байсан ялгаа юу байх вэ. Харин одоо минийх
болсон учраас дахин мөрийнд тавихгүй шүү гэлээ.

- Ишш, ийм номхон адгуус байдаг аа

- Говийн морьд яадаг юм бол , манай хангайд ингээд хэвтээд өгдөг морь
байхгүй шүү.

- Би лав үзээгүй юэм байна гэлцэн хүмүүс шуугив.

Тэр цагаас хойш хөх морь сөөг сөг гэхэд хэвтдэг болж, ачаа тэгнээг нь
аавын оролцоогүй ээж бид хоёр буулгадаг болсон юм даа. Номхон гэхэд
дэндүү номхон, ач ивээлээ өгч алтан дэлээ дэвссэн амьтан даа гэж ээж
хэлнэ.
- Ээж ээ, алтан дэлээ дэвсэнэ гэж яадаг юм бэ? гэж намайг асуухад,

- Чамайг газар унахад л агт морь алтан дэлээ, харин үхэр эврээ дэвсдэг
юм даа гэхэд нь би,

- Би яаж ч байсан хөх мориноосоо унахгүй шүү дээ гэхэд ээж,

- Адгуусанд ам гардаггүй юм миний хүү, даахин доор хүлэг, дахан доор


эр гэгчээр цагаа болохоор хүлэг моринд жигүүр, хүний хүүд хүсэл
ургадаг юм гэдэгсэн. Бид гэрийн гадаа ирлээ. Хөх морь бид хоёрын
нэгэн удаагийн аялал ийнхүү дууслаа. Хүү ингэж бодов.
Table of Contents
Далдыг мэддэг Даваажий

You might also like