Дээвэр дээр суудаг Карлсон

You might also like

You are on page 1of 114

Дээвэр дээр суудаг Карлсон

Зохиолч: А.Линдгрен
Орчуулсан: Г.Отгончимэг

ISBN: 978-99962-1-659-6

© Энэхүү бүтээлийн эрх нь Монгол Улсын Зохиогчийн Эрхийн тухай хуулиар хамгаалагдсан
болно. Бүтээлийг цахим хэлбэрээр түгээх эрхийг bookstore.mn цахим хуудас эзэмших бөгөөд
зөвшөөрөлгүйгээр бүтнээр нь буюу хэсэгчлэн хувилах болон бусад ямар нэгэн хэлбэрээр
олшруулах, ашиглахыг хориглоно.

www.bookstore.mn
“Дээвэр дээр суудаг Карлсон” бол Шведийн зохиолч эмэгтэй Астрид Линдгрений бүтээсэн,
хүүхдийн цуврал ном юм. Зохиолч А. Линдгренийг 34 настай байхад 7 настай охин нь
уушгины пневмони өвчин тусжээ. Охин хэвтэрт байх үедээ үлгэр уншуулахыг хүсдэг байсан
учир ээж нь үлгэрийн зохиол бичиж эхэлсэн байна. Түүний анхны бүтээл нь уран зохиолын
уралдаанд 2-р байранд шалгарсанд урамшиж, улмаар зохиол бичих болжээ. “Дээвэр дээр
суудаг Карлсон” бол түүний гурав дахь бүтээл бөгөөд 1970-д оноос эхлэн дэлхий даяар
тархаж, зөвхөн Оросод гэхэд арав гаруй удаа хэвлэгдэн, Чебурашка болон бусад зохиолын
баатруудын адил алдаршсан аж. Орос улсаас Шведэд сууж байсан элчин сайд Борис Панкин,
“Манай улсын айл бүрт байдаг хоёр ном бол “Библи”, “Дээвэр дээр суудаг Карлсон” хэмээн
хэлсэн байдаг.

Карлсон бол намхан, тарган хэдий ч өөртөө ихэд итгэлтэй хүн юм. Тэр Шведийн Стокгольм
хотын нэгэн гудамжинд байрлах жижигхэн байшингийн дээврийн хонгилд амьдардаг.
Карлсон гэдсэн дээрх товчлуураа дарахад нуруунд нь бэхэлсэн жижиг мотор ажиллан нисэж
чаддаг. “Би бүгдийг хийж чадна” гэж тэр ярих дуртай. Карлсон тэр байшинд амьдардаг
Малыш хүүтэй тоглодог ч хүүг байнга төвөгтэй байдалд оруулах нь бий. Гэвч эцэст нь
Малыш хүүгийн гэр бүлийнхэнд, ааш муутай авга ахад нь ч, мөн огт инээмсэглэдэггүй,
дүнсгэр гэрийн үйлчлэгчдэд ч Карлсоны хөгжилтэй хэрнээ хүүхдэрхүү төрх байдал нь
таалагдан, түүнийг үнэлж эхэлдэг.
Карлсон дахиад л зүггүйтэж явна
Нэгэн өглөө Малыш хүү нойрон дундаа гал тогооны өрөөнд чангаар ярилцаж байгаа
хүмүүсийн дууг сонсжээ. Аав, ээж хоёр нь ямар нэгэн зүйлд дургүйцэж байгаа нь дууных нь
өнгөнөөс мэдэгдэж байв.

-За, ийм байдалд хүрдэг байжээ. Сонинд юу гэж бичсэнийг хар даа. Чи өөрөө уншаарай гэж
аав нь хэлэхэд,

-Аймаар юм аа. Юу гээчийн аймаар юм болж байна вэ! гэж ээж нь дуу алдав. Малыш хүү тэр
дороо л орноос үсрэн босчээ. Яг юу тийм аймаар болчихсоныг мэдэх гэж хүү тэсэн ядаж
байв. Сонины эхний нүүрэн дээр маш том үсгээр “Энэ юу вэ?: Нисдэг торх уу, эсвэл өөр зүйл
үү?” гэсэн гарчиг тавьсан байлаа. Гарчгийн доор: “Стокгольм хотын дээгүүр үл мэдэгдэх
хачин биет нисэж байна гэж жижиг гарчиг тавиад,
-“Сүүлийн үед шар айрагны жижиг торхтой төстэй үл мэдэгдэх нисдэг биетийг Вазастан
дүүргийн орчимд нэг бус удаа харсан тухай нүдээр үзсэн хүмүүс мэдээлж байна. Тэр зүйл нь
мотор дүнгэнэхтэй төстэй чимээ гаргадаг. Харин нислэгийн компанийн төлөөлөгч нар тэр
нислэгийн талаар юу ч мэдээлж чадахгүй байна. Иймээс, тэр нисдэг биет нь тагнуулын
зорилгоор агаарт хөөргөсөн гадаадын төхөөрөмж байж магадгүй гэсэн таамаглал үүсэж
байна. Энэхүү үл мэдэгдэх биетийн нууцыг илрүүлэх, түүнийг барих хэрэгтэй боллоо. Хэрэв
үнэхээр тагнуул бол цагдаагийн байгууллагад шалгуулах хэрэгтэй. Вазастанд нисэж байгаа
биетийн нууцыг хэн тайлах вэ? Сонины газар шагнал олгохоор шийдсэн бөгөөд энэ нууцлаг
биетийг азаар барьж чадсан хүнд 10 000 кроны шагнал өгнө. Түүнийг барьж манай сонины
газарт авчраад, энэ шагналыг аваарай!” гэсэн байжээ.
-За ингээд, дээвэр дээр суудаг Карлсон хөөрхий болох нь ээ. Одоо хүмүүс түүнийг хөөж эхлэх
нь! гэж ээж нь харамсан хэллээ. Малыш хүү тэр дороо айж, бас уурлан бухимдаж,

-Яагаад Карлсоныг тайван байлгахгүй байнаа? Тэр ямар ч муу зүйл хийдэггүй шүү дээ.
Дээвэр дээр жижиг байшиндаа амьдраад л нааш цааш хааяа нисдэг. Карлсон ямар нэг зүйлд
буруутай гэж үү? хэмээн Малыш хүү чанга хэллээ.

-Үгүй ээ, Карлсон ямар ч буруугүй. Зүгээр л... юу гэмээр юм дээ... жаахан ер бусын гэх үү
дээ... гэж аав нь хариулав. Юу ч гэх вэ дээ, Карлсон ер бусын хүн гэдэгтэй Малыш эвлэрэхээс
өөр аргагүй болж байв. Байшингийн дээвэр дээрх бас нэг жижиг байшин дотор намхан,
тарган хүн амьдардаг, бас тэгээд нуруундаа сэнстэй, гэдсэндээ товчлууртай байвал хэвийн
зүйл мөн гэхэд хэцүү еэ? Харин Карлсон яг л тийм хүн бөгөөд Малыш хүүгийн хамгийн сайн
найз нь байв. Карлсон гэнэт хаа нэг тийшээ алга болох, эсвэл зүгээр л завгүй байх үед
Малыш хүү өөрт нь их таалагддаг Кристер, Гунилла нартай тоглодог байсан ч хамгийн сайн
найз нь тэр хоёр биш, Карлсон л байжээ.

-“Кристер, Гунилла хоёр чинь надад хүрэхгүй” гэж Карлсон итгэлтэй хэлдэг бөгөөд тэр
хоёрын тухай Малыш хүүг ярьж эхлэх үед Карлсон дандаа уурладаг байв.

-Тийм амьтдыг надтай нэг түвшинд тавих юм аа. Царайлаг сайхан, зохих хэмжээнд тарга
тэвээрэгтэй, эрч хүчтэй над шиг хүнтэй шүү! Над шиг ийм сайн найзтай байх завшаан
цөөхөн л тэнэг жаалд олдоно доо. Чи хариул даа хэмээн Карлсон эгдүүцэн хэлдэг байв.
Малыш хүү,

-Тийм, тийм, зөвхөн надад л олдсон боломж гэж хэлээд өөрийн эрхгүй баярлан, зүрх нь
догдолдог байжээ. Яг Малыш хүүгийн байшингийн дээвэр дээр Карлсон ирж суурьшсан нь
ямар их аз вэ! Свантесоны гэр бүлийн амьдарч байгаа шиг хуучин, царай муутай байшингууд
Вазастанд дүүрэн байгаа шүү дээ. Өөр айл биш, яг л өөрийнх нь дээвэр дээр Карлсон
тохиолдлоор сууршсан нь их аз гэж хүү боддог байв. Малыш хүүгийн аав, ээж нь тэдний
байшинд Карлсон хүрч ирсэнд анхандаа огт баярлаагүй бөгөөд Боссе ах, Бетан эгч нар нь ч
Карлсонд дургүй байжээ. Малыш хүүгээс бусад нь цөмөөрөө л “Карлсон бол дэлхий дээрх
хамгийн этгээд, хамгийн сахилгагүй, хамгийн сонин хүн” гэж үздэг байв. Гэвч аажмаар бүгд
Карлсонд дасаж, тэдэнд таалагдан, Малыш хүүгийн хувьд Карлсон чухал гэдгийг ойлгосон
байлаа. Боссе ах, Бетан эгч нар нь жаал хүүгээс насаар хавьгүй илүү учир Малыш хүүд сайн
найз үнэхээр хэрэгтэй байжээ. Бимбо хэмээх хөөрхөн нохой хүүд байдаг ч Малыш хүүд бол
Карлсон тун чухал байв.

-Карлсон ч бас миний хүүг байхгүй бол хэцүүднэ гэж би бодож байна гэж ээж нь хэлжээ.
Гэхдээ аав, ээж хоёр нь тэдний байшингийн дээвэр дээр Карлсон байгаа тухай хэнд ч
хэлэхгүй байхаар шийдсэн байв. “Хэрэв Карлсоны тухай телевиз, сониныхон мэдвэл
“Карлсон гэртээ байгаа нь” гэх мэтээр бичиж, харуулж эхэлнэ, тэгээд манай гэрт бөөн юм
болно” гэдгийг тэд сайн ойлгож байлаа.

-Хэрэв аль нэг сонин дээр бид Карлсоны зургийг харвал инээдтэй юм болно оо... Төсөөлж
байна уу, тэр өөрийнхөө зочны өрөөнд суугаад, баглаа улаан сарнай сонирхоод л... гэж Боссе
ах нь хэллээ.
-Ах аа та дуугүй бай л даа. Карлсонд зочны ямар ч өрөө байхгүйг та мэднэ шүү дээ. Тэр ердөө
ганцхан л өрөөтэй, ямар ч сарнай байхгүй гэж Малыш хүү хэллээ. Тийм ээ, энэ бүхнийг
Боссе өөрөө ч мэдэж байв. Нэг удаа тэд цөмөөрөө, Боссе, Бетан, аав, ээж нь Карлсоны жижиг
байшинг очиж үзжээ. Тэд дээвэр рүү авирч гарсан бөгөөд голдуу яндан цэвэрлэгч нар тэгж
авирдаг байв. Тэгээд яндангийн цаана байгаа жижиг байшинг Малыш хүү тэдэнд харуулсан
юм. Байшингийн дээвэр дээрээс доош гудамж руу харах үедээ ээж нь нэлээд айж, толгой нь
эргэн, гараараа яндан түшихээс аргагүй болжээ.

-Миний хүү дээвэр рүү ганцаараа хэзээ ч дахиж авирахгүй гэж надад амла! хэмээн ээж нь
Малыш хүүд хэлжээ.

-За яахав, тэгье гэж хэсэг бодсоны дараа хүү хэлснээ, Би дээвэр өөд хэзээ ч ганцаараа
авирахгүй, яагаад гэвэл би тийшээ Карлсонтой цуг авирах учраас гэж шивэгнэн хэлэв. Харин
ээж нь хүүгийнхээ хэлсэн сүүлийн үгийг сонсоогүй нь илт байв. “Карлсоныд хэзээ ч очиж
болохгүй!” гэж Малыш хүүгээс ээж нь яаж шаардаж болох билээ. Янз бүрийн этгээд сонин эд
зүйлс дүүрэн, Карлсоны давчуу өрөөнд сууж байхад хичнээн хөгжилтэй байдгийг ээж нь
даанч ойлгохгүй юм! “Харин одоо, тэр сонины тэнэг нийтлэлийн дараа бүх зүйл дуусах байх
даа” хэмээн Малыш хүү харамсан бодож байв.

-Чи Карлсонд сануулах хэрэгтэй шүү. Маш анхааралтай байх хэрэгтэй. Хэсэг хугацаанд
Вазастанд нисэхгүй байх нь дээр байх. Чи өөрийнхөө өрөөнд түүнтэй цуг тоглож болно,
тэгвэл Карлсоныг хэн ч харахгүй.

-Хэрвээ Карлсон үймүүлж эхэлбэл би тэр дор нь хөөнө гэж ээж нь нэмж хэлээд, каш таваглан
Малыш хүүд өглөө. Бимбо нохой нь ч бас каш идэж, удалгүй аав нь “баяртай” гэж хэлээд
ажил руугаа явав. Ээж нь ч бас гадагш гарчээ.

-Бидэнд ямар нэг сонирхолтой аялал байна уу, үгүй юу, би аяллын агентлаг руу очоод ирье.
Аав нь удахгүй амралтаа авна. Ээж нь удахгүй ирнээ гэж хэлээд Малыш хүүгээ үнсчээ.
Ингээд Малыш хүү ганцаар үлдэж, Бимбо нохой, тавагтай каш, өөрийн бодлууд дунд сууж
байв. Тэгээд хүү өнөөх сонинг харж эхэллээ. Карлсоны тухай мэдээний доод талд,
жуулчидтай хамт Стокгольм хотод ирээд, Стременд зангуу хаян зогссон, том цагаан усан
онгоцны гэрэл зургийг сонинд хэвлэсэн байв. Тэр усан онгоц гайхамшигтай сайхан байсан
болохоор Малыш хүү тэр зургийг удаан ажиглажээ. Тийм сайхан усан онгоцны тавцан дээр
гарч, хаа нэг тийшээ алс хол одохыг хүү маш их хүсэж байв.

Хүү зөвхөн тэр л зураг руу харахыг хичээж байсан ч өнөөх гарчигны, “Энэ юу вэ? Нисдэг
торх уу, эсвэл өөр зүйл үү?” гэсэн том үсгүүд нүдэнд нь туссаар байжээ. Малыш хүү гэнэт
яаран, “Карлсонтой аль болох хурдан ярилцах хэрэгтэй, гэхдээ санааг нь зовоохгүйн тулд
болгоомжтой хэлье. Тэгэхгүй бол Карлсон гэнэт нисээд, дахиж эргэж ирэхгүй” гэж боджээ.
Малыш санаа алдаж, ам руугаа халбага каш дурамжхан хийлээ. Гэвч залгисангүй, амтыг нь
сайн мэдэхийг хүссэн мэт хэлэн дээрээ хэсэг байлгав. Ер нь хүү хоол унданд муу, жижиг,
туранхай хөвгүүн байлаа. Хоол хүнстэй тавагны өмнө Малыш хүү хэдэн цаг сууж, халбага,
эсвэл сэрээгээ дурамжхан хөдөлгөж, тэгээд ч хоолоо дуустал идэлгүй орхидог байв.

-Нэг л амт муутай каш юмаа. Элсэн чихэр хийвэл арай дээр юм уу... гэж хүү бодон сав руу
гараа явуултал цонхны дэргэд мотор дуугарах чимээ гарч, тэр даруй гал тогооны өрөө рүү
Карлсон нисэн орж иржээ.

-Сайн уу, Малыш минь? Дэлхий дээрх хамгийн сайн найз хэн гэдгийг чи мэдэх үү? ...Бас
яагаад тэр найз чинь яг энд, одоо хүрч ирснийг таа даа! хэмээн Карлсон хашгирчээ. Малыш
хүү амандаа зөндөө удаан байлгасан өнөөх кашийг сая л яаран залгив.

-Дэлхий дээрх хамгийн сайн найз бол Карлсон та. Харин та яагаад одоо, энд нисэж ирснийг
би мэдэхгүй байна.

-За яах вэ, гурав хүртэл тоол доо. Магадгүй, тэнэг хүү чамайг санаад ирсэн ч байж мэднэ.
Эсвэл би Хатан хааны хүрээлэн рүү нисэх гэж байснаа андуураад ирсэн байж магадгүй.
Эсвэл танай энд каш үнэртэж байгааг мэдсэн ч байж магад. За, нэг, хоёр, гурав, яриарай,
битгий саат! Малыш хүүгийн царай гэрэлтэн,

-Та намайг санасан юм уу? гэж ичингүйрэн асуужээ.

-Үгүй ээ, санаагүй. Бас Хатан хааны хүрээлэн рүү ч нисэх гээгүй. Тийм болохоор одоо чи
таах ч шаардлагагүй. “Хатан хааны хүрээлэн рүү!” гэж бодоод Малыш хүү айх шиг болов.
“Карлсон тийшээ яасан ч нисэж болохгүй. Ерөөсөө огт очиж болохгүй. Дүүрэн хүнтэй
болохоор Карлсоныг дор нь харчихна. Одоо л сонины тухай хэлэх хэрэгтэй болох нь.”

-Сонсооч, Карлсон! гэж Малыш хүү эхэлсэн боловч Карлсон ямар нэг зүйлд сэтгэл нь
дундуур байгааг царайнаас нь гэнэт анзаарсан учраас хүү тэр даруй дуугүй болжээ. Малыш
хүү рүү Карлсон баргар царайлан харснаа уруулаа дуугаргав.

-Би бүр гөлөг шиг өлсөөд явж байна. Харин энэ хүү юу ч болоогүй юм шиг таваг дүүрэн
кашны ард суугаад, хүзүүндээ амны цаас зүүчихсэн, хамар дороо “энэ халбагыг ээжийнхээ
төлөө, энэ халбагыг аавынхаа төлөө, энэ халбагыг Август эгчийн төлөө идэх хэрэгтэй” гэж
өөрийгөө албадаж суух юм...

-Ямар Август эгч гэнээ? гэж Малыш сониучирхан асуухад,

-Би өөрөө ч мэдэхгүй байна гэж Карлсон хэллээ.

-Тэгвэл яагаад тэр хүний эрүүл мэндийн төлөө каш идэх ёстой юм? гээд Малыш хүү
тачигнатал инээжээ. Гэвч Карлсон инээх мантай байлаа.

-Аа тийм үү? Тэгвэл хаа нэгтээ, хол газар суудаг хэн нэг хөгшин эмгэнийг чи мэдэхгүй
байсны төлөө би өлсөж үхэх ёстой юм уу? Малыш хүү даруйхан босож, таваг гаргаад, “хүссэн
хэмжээгээрээ ид” гэж Карлсонд хэлжээ. Борооны үүл шиг баргар царайлсан хэвээр байгаа
Карлсон савны тагийг авч, тавгандаа каш хийж эхлэв. Зогсолтгүй хийсээр байгаад савыг бүр
хоосолж, дараа нь долоовор хуруугаар савны ханыг малтан, хуруунд нь наалдсан зүйлийг ч
идэж байлаа.

-Ээж чинь ч хүн биш алт юм аа. Харин ийм харамч байдаг нь л харамсалтай. Айлууд ийм
жаахан каш чанаж байхыг би хэзээ ч харж байсангүй. Ийнхүү кашны сүүлчийн дуслыг
дуустал таваг руугаа шавхаж хийсний дараа л Карлсон идэж эхэлсэн бөгөөд амаа айхтар
дуугарган идэж байв. Хэдэн минутын турш гал тогооны өрөөний бүх чимээг, ховдоглон идэх
чанга дуу л дарж байлаа.

-Харамсалтай нь одоо Август эгчийн эрүүл мэндийн төлөө идэх юм юу ч үлдсэнгүй гэж
Карлсон хэлээд гараараа амаа арчив.

-Өө, энэ чинь юу вэ? Талх энд байгаа юм байна шүү дээ! Тайван бай, тайван бай. Хүндэт
Август эгч минь, бүх зүйл хэвийн байна, та алс хол Тумба тосгондоо, эсвэл дуртай газраа
тайван сайхан амьдраарай. Би таны эрүүл мэндийн төлөө кашны оронд хоёр талх идчихье.
Магадгүй, гурвыг... эсвэл дөрвийг... эсвэл тавыг ч юм уу?

Карлсон дараа дараалан талх идэж байх зуур Малыш хүү дуугүй суугаад, Карлсон найздаа
сонины талаар яаж ухаалаг, аятайхан сэрэмжлүүлэх тухай л бодож байлаа. Тэгээд, “Энэ
сониныг Карлсонд зүгээр л өгөх нь зөв байх. Өөрөө бүгдийг нь уншиг” гэж шийдээд, хэсэг
тээнгэлзэж байснаа сониноо Карлсон руу дөхүүлэв.
Хэдэн минутын турш гал тогооны өрөөний бүх чимээг ховдоглон идэх чанга чимээ л дарж
байлаа.

-Та эхний хуудсыг нь хар даа гэж Малыш хүү баргар царайлан хэллээ. Карлсон сониныг
харснаа их л сонирхон, өнөөх цагаан усан онгоцны зураг руу бүдүүн хуруугаараа зааж,

-Пөөх. Усан онгоц хөмөрчихсөн байна шүү дээ. Байнга л осол гарч байх юм аа! гэж Карлсон
дуу алдав.

-Үгүй ээ, та сониноо толгойг нь уруу харуулаад барьчихсан байна шүү дээ гэж Малыш хүү
зөөлөн хэлжээ. Карлсон уншиж чаддаггүй байх гэж Малыш хүүд эртнээс санагдаж байжээ.
Гэвч хүү сэтгэл сайтай, хэнийг ч гомдоохыг хүсдэггүй учир Карлсоны санааг зовоохгүйн
тулд, “Ха-ха-ха, та уншиж чаддаггүй юм байна шүү дээ” гэж тавлан хашгиралгүй, сониныг нь
дуугүй л зөв харуулж өгчээ. Карлсон ч тэр даруй ямар ч гай зовлон тохиолдоогүйг олж
харлаа.

-Харин энд өөр нэг гайтай зүйлийн тухай бичсэн байна лээ. Та сонс доо гэж хүү хэлэв.
Тэгээд хүү нисдэг торх, баривчлах шаардлагатай байгаа тагнуулч-хиймэл дагуул, сонины
газраас зарласан шагнал гээд бүхий л өгүүллийг эхнээс нь эцэст нь хүртэл Карлсонд уншиж
өгчээ...

-Тэр үл мэдэгдэх биетийг сонины газарт авчирвал та энэ шагналыг авна гэж хүү уншсанаа
санаа алдав. Харин Карлсон огтхон ч санаа алдсангүй, харин ч бүр бахархаж,

-Хөөе-хоп! гэж дуу алдан хашгираад, баярласандаа байран дээрээ цовхров.

-Хөөе-хоп, тагнуулын хиймэл дагуул баригдлаа гэж тооцож болно шүү! Тэр сонины газар руу
утасдаад, өдрийн хоолны дараа тэнд намайг очно гээд хэлчих.

-Та юу сэдээд байнаа? гэж хүү эмээн асуулаа.

-Хиймэл дагуул тагнуулыг агнадаг дэлхийн хамгийн сайн анчин хэн гэдгийг чи мэдэх үү?
гээд Карлсон бардам төрх гарган цээж рүүгээ хуруугаараа хатгаж,

-Тэр бол, догшин Карлсон би байна. Би өөрийнхөө том тороо бариад нисэх үед хэн ч
аврагдахгүй дээ. Хэрэв манай Вазастан дүүргийн хаа нэгтээ тагнуулын тэр хиймэл дагуул
эргэлдэж байгаа юм бол би орой гэхэд л эрвээхэй барьдаг тороороо заавал барина... Харин
арван мянгыг хийх цүнх чамд бий юу? Хүү дахиад л санаа алдлаа. Түүний бодож байснаас
бүх зүйл хавьгүй төвөгтэй болчихжээ. Гэвч Карлсон юу ч анзаарахгүй байлаа.

-Үгүй ээ, Карлсон ах минь. Тэр “нисдэг торх” гэж байгаа чинь таныг хэлж байна, таныг тэд
хөөж агнах гэж байна гэдгийг та тааварлахгүй байна гэж үү? Одоо ойлгов уу? Гэтэл Карлсон
баярласандаа дахин босон харайснаа хүүгийн хэлснийг сая л гэнэт ойлгох шиг болов. Тэгээд
хоолой нь архирах мэт дуугарч, хүү рүү хорсолтой харжээ.

-Нисдэг торх гэнээ? Чи намайг нисдэг торх гэж хочилж байгаа юм уу? Миний хамгийн сайн
найз чи ингэж байна гэж үү? хэмээн Карлсон уурлан дуу алдлаа. Тэгээд аль болох өндөр
харагдахын тулд гараа дээш өргөөд, бас гэдсээ арагш татжээ.

-Намайг царайлаг, ухаалаг, ид эрч хүч нь цогцолсон эр гэдгийг мартсан байгааг чинь би харж
байна. Тийм биш гэж үү? хэмээн Карлсон давилуун хэлэв. Хүү сандран,

-Тийм ээ, Карлсон. Гэхдээ тэр хүмүүс сонинд ингэж бичсэн нь миний буруу биш шүү дээ.
Таны тухай бичиж байгаа нь л тодорхой байна! гэсэнд Карлсон улам уурлажээ.

-Тэр нууцлаг биетийг барьж чадах азтан хэн бол?... хэмээн сонины үгсийг Карлсон сэтгэл
гонсойн давтаж хэлснээ,

-Биет байхдаа ч яахав дээ. Намайг амьгүй юм шиг “биет” гэж доромжлохыг тэр хүн яаж
зүрхэлж байна аа? Тэр мууг би намалдгийг нь нээгээд, нүдийг нь духан дээр нь гаргачих
юмсан. Тэгснээ Карлсон уурандаа дэргэд нь байгаа хүү рүү заналтай байдлаар хоёр гурав
дайрахыг завдсан ч хүүгийн үнэнч Бимбо нохой тэр даруй үсрэн босоод ирэв. Өөрийн эзэн
Малыш хүүд нь гар хүрэхийг Бимбо нохой хэнд ч зөвшөөрөхгүй нь илт байлаа.
-Бимбо, байрандаа суу, тайвшир! гэж хүү тушаав. Бимбо ч эзнийхээ үгэнд орсон боловч эзнээ
манаж байгаа шүү гэдгийг Карлсонд ойлгуулахын тулд нэг хэсэгтээ архирсаар л байжээ.
Харин Карлсон сандал дээр суухад түүний царай дүнсийн барайж, үгээр хэлэхийн аргагүй
гутруу харагдаж байв.

-Би ингэж тоглохгүй ээ, чи ийм ууртай, намайг “биет” гэж доромжилдог, бас тэнэг нохой
чинь над руу турхирч байхад би ингэж тоглохгүй гэхэд хүү бүүр гайхаж хоцрон юу хэлэх,
хийхээ огт мэдэхгүй болжээ.

-Сонинд ингэж бичсэн нь миний буруу биш! гэж хүү хэлээд дахин дуугүй боллоо. Карлсон ч
бас дуугүй, их л гунигтай царайлан сандал дээр сууж, гал тогооны өрөөнд нам гүм боллоо.
Гэнэт Карлсон чанга гэгч нь инээж гарлаа. Тэгээд сандал дээрээс үсрэн босож хүүгийн гэдэс
рүү атгасан гараараа зөөлөн нудран тоглоод,

-Гэхдээ би хүн биш байлаа ч гэсэн арван мянган кроны үнэ хүрдэг, дэлхийн хамгийн шилдэг
“биет” болж таарах нь ээ! Ойлгов уу? Тийм үү? хэмээн баярлав. Карлсон дахин хөгжилтэй
болсонд хүү ч баярлан бас инээжээ.

-Тийм ээ, тэр үнэн шүү. Та арван мянган кроны үнэ хүрнэ. Ийм их үнэ хүрэх хүн цөөхөн гэж
би бодож байна.

-Дэлхий дээр ганц ч хүн ийм үнэ хүрэхгүй! гэж Карлсон хатуу хэллээ. Жишээ нь, чам шиг
мангар хүүхэд бол зуун хорин таван кроноос ч илүү үнэ хүрэхгүй гэж би мөрийцнө. Ийнхүү
сэтгэл нь хэт оргилсон тэрээр гэдсэн дээрх товчлуураа дарж, байшингийн тааз өөд хөөрөн,
баяртай хашгирч, чийдэнг хэд дахин тойрон нисчээ.

-Хөөе-хоп! Арван мянган кроны үнэтэй Карлсон би нисэж явна. Хөөе-хоп! Харин Малыш хүү
одоо бүх зүйлийг хаяхаар шийджээ. Карлсон үнэндээ бол ямар ч тагнуул биш, тэгэхээр
түүнийг зөвхөн Карлсон гэдгийнх нь төлөө л баривчлах юм уу? гэж боджээ. Хүү гэнэт, “Аав,
ээж хоёр нь Карлсоны төлөө биш, өөрсдийнхөө тайван байдлын төлөө айсан юм байна”
гэдгийг ухаарчээ. Хэрэв хүмүүс Карлсоныг барих гэж хөөцөлдвөл нууж чадахгүй болно гэж
тэд эмээсэн байж. Харин хүүд бол Карлсонд ямар ч ноцтой осол занал учрахгүй мэт
санагдаж байлаа.

-Та айх юм байхгүй дээ, Карлсон ах аа гэж хүү түүнийг тайвшруулахыг хичээн хэллээ.
Карлсон гэдгийн тань төлөө бол таныг яаж ч чадахгүй шүү дээ.

-Тэгэлгүй яахав. Хүн бүхэн л Карлсон байх эрхтэй. Гэхдээ одоо хүртэл ганцхан л сайн,
нэлээн мах шөлтэй хувилбар нь би байгаа юм гэж Карлсон өөрийгөө магтлаа. Одоо тэр хоёр
хүүгийн өрөөний голд зэрэгцэн зогсоод Карлсон эргэн тойрноо итгэн найдаж, бас тэсэж
ядан харж байв.

-Чамд уурын шинэ машин байхгүй юу? Хоёулаа дэлбэлж тогловол яасан юм? Эсвэл өөр ямар
нэг сонирхолтой зүйл бий юу? Хамгийн гол нь овоо чанга дуутай юм л хэрэгтэй дээ. Хоёулаа
одоо санаанд багтамгүй чанга дуу гаргах уу? Би сахилгагүйтмээр байна. Тэгэхгүй бол би
чамтай тоглохгүй гэснээ хүүгийн ширээн дээр байсан цаасан уут руу харц нь тусчээ. Тэгээд
Карлсон өнөөх цаасан уут руу олз руу дайрах бүргэд мэт ухасхийв. Өчигдөр орой Малыш
хүүгийн ээж тэр цаасан уутыг хүүдээ тавьсан бөгөөд дотор нь сайхан тоор жимс хийсэн
байжээ. Харин тэр тоорыг одоо Карлсон балцгар хуруугаараа барин зогсож байв.

-Наадахыг чинь хоёулаа хувааж идье, тэгэх үү? хэмээн хүү яаран хэллээ. Хүү өөрөө ч бас
тооронд дуртай болохоор эвшээгээд сууж байвал амтыг нь үзэж чадалгүй алдах нь гэдгийг
мэджээ.

-Тэгье ээ, хуваая гэж Карлсон зөвшөөрөв.

-Харин би тоорыг нь авъя. Чи цаасан уутыг нь ав. Би чамд хамгийн сайн хэсгийг нь өгч
байгааг харж байна уу? Энэ цаасан уутаар зөндөө олон сонин юм хийж болно.

-Үгүй ээ, баярлалаа гэж хүү эрсхэн хэллээ.

-Хоёулаа эхлээд тоороо хуваана. Дараа нь би танд цаасан уутыг нь дуртай өгье гэсэнд
Карлсон үл зөвшөөрөн толгой сэгсрэв.

-Би чам шиг ийм ховдог хүүхэдтэй хэзээ ч таарч байсангүй гээд Карлсон санаа алдлаа. За яах
вэ, чи үнэхээр тэгж хүсээд байгаа бол...

Тоорыг хуваахын тулд хутга хэрэгтэй болж хүү гал тогооны өрөө рүү гүйлээ. Гэвч хутга аваад
эргэж иртэл Карлсон алга болчихсон байжээ. Харин ширээн доор нэг хүн амаа дуугарган,
ямар нэг шүүслэг зүйлийг яаран идэж байх шиг чимээ гарч байв.
Карлсон ширээн доороос гарч ирэхэд тоорын шүүс эрүүн дээр нь харагдах бөгөөд өөрийн
балцгар гараа сунгаж, жимсний том улаан ясыг хүүд сарвайжээ.

-Сонсооч, та тэнд юу хийж байнаа? гэж хүү сандран асуулаа. Карлсон ширээн доороос гарч
ирэхэд тоорын шүүс эрүүн дээр нь харагдах бөгөөд өөрийн балцгар гараа сунгаж, жимсний
том ясыг хүүд сарвайжээ.

-Би чамд дандаа хамгийн сайныг нь өгч байгааг анзаарч байгаа биз? гэж Карлсон ажиггүй
хэллээ.

-Хэрэв чи энэ ясыг таривал зөндөө олон шүүслэг тоортой, тоорын бүхэл бүтэн мод ургана
шүү дээ. За тэгээд энэ дэлхий дээр хэн нь хамгийн сайхан сэтгэлтэй байна даа? Би бол
чамаас ганцхан ширхэг, хамгийн муу тоор авсан ч ямар ч хэл ам огт үүсгэхгүй. Тэгснээ хүүг
хариулж амжаагүй байтал нүд цавчихын зуур Карлсон цонхны дэргэд хүрч, тавцан дээр,
савтай байсан бегони цэцгийг барьж авчээ.
-Би их сайхан сэтгэлтэй хүн учраас энэ ясыг тарихад өөрөө чамд тусалъя гэж тэр хэлжээ.
Битгий гар хүр! гэж Малыш хашгирав. Гэвч хэдийн оройтсон бөгөөд бегони цэцгийг Карлсон
үндсээр нь суга татан цонхоор гадагш шидчихжээ.

-Та яаж байнаа, та яаж байгаа юм? гэж хүү хашгирсан ч Карлсон түүнийг сонсохгүй мэт
байлаа.

-Тоорын бүхэл бүтэн том мод! Төсөөлж байна уу? Тавин насандаа чи зочин болгонд, хүн бүрт
тоор өгч чадна, ойлгов уу? Энэ чамд сонирхолгүй байна гэж үү?

-Харин та түүнийг бегони цэцэг рүү хийсэн гэдгийг ээж мэдэх үед бүр л сонирхолтой болно
доо. Бас одоо байшингийн хажууд хэн нэг хөгшин хүн явж байвал тэр цэцэг яг толгой руу нь
цохино гэдгийг та бодох ёстой шүү дээ! Тэр цохиулсан хүн юу гэж хэлнэ гэж та бодож байна?

-Өө, тэр хүн, “баярлалаа, эрхэм Карлсон” гэж л хэлнэ дээ хэмээн Карлсон итгэлтэй хэлээд,
хүүгийн тэнэг ээжийн хүссэнээр цэцгийг савтай нь биш, савнаас нь салгаж шидсэнд эрхэм
Карлсонд баярлалаа... гэж л хэлнэ.

-Ээж маань огт тэгж хүсэхгүй. Та яагаад тэгж хэлж байгаа юм? хэмээн хүү уурлан
эсэргүүцэв. Энэ хооронд Карлсон тоорын ясыг цэцгийн сав руу шигтгэж амжаад, дээрээс нь
шороогоор яаруу буллаа.

-Үгүй ээ, хүснэ хэмээн Карлсон зөрүүдэлж, энэ цэцэг савнаасаа сугарч гарах боломжийг ээж
чинь олгохгүй байна шүү дээ. Гудамжаар тайван явж байгаа хэн нэг өвгөний амьдрал танай
ээжийн санааг зовоохгүй. “Нэг өвгөн илүү байх, эсвэл байхгүй байх бол юу ч биш. Амьдралд
байдаг л зүйл. Харин хэн ч миний бегони цэцгийг хөндөх ёсгүй” гэж ээж чинь хэлнэ дээ.
Тэгснээ хүү рүү Карлсон ууртай харлаа.

-Тэгээд ч эцсийн эцэст, хэрэв би бегони цэцгийг савтай нь хаячихсан бол тоорын ясыг юун
дотор тарих билээ? Чи энэ тухай бодсон уу? Хүү энэ тухай бодоогүй учраас юу гэж
хариулахаа мэдэхгүй боллоо. Ер нь Карлсонтай маргах амаргүй бөгөөд ялангуяа түүнийг
маргах сонирхолтой үед бол бүр хэцүү байв. Гэхдээ аз болоход түүний хүсэл сонирхол арван
таван минут тутам өөрчлөгдөж байжээ. Карлсон гэнэт ямар нэгэн хачин, тахиа дуугарах шиг,
гэхдээ илүү баяртай авиа гаргав.

-Өө, бид нар цаасан уутаа мартсан байна шүү гэж Карлсон дуу алдлаа. Цаасан уутаар сайхан
зугаацаж болдог юм. Харин яаж зугаацах талаар хүү мэдэхгүй байлаа.

-Өө тийм үү, цаасан уутаар юу хийж болдог юм гэж хүү гайхан асуулаа. Карлсоны нүд
гялалзав.

-Дэлхий дээр хамгийн чанга тасхийх чимээ гаргая. Хөөе-хоп, одоо ч сайхан чимээ гаргана
даа. Хоёулаа сайхан тоглоё гэж Карлсон хэллээ. Тэгээд цаасан уутыг нисдэг Карлсон шүүрч
аваад ванны өрөө рүү хар хурдаараа гүйхэд сониуч занд хөтлөгдсөн хүү ч бас араас нь даган
ухасхийжээ. Дэлхий дээрх хамгийн чанга тасхийх чимээг яаж гаргадгийг хүү мэдэхийг хүсэж
байлаа. Карлсон ванн руу тонгойн зогсоод, цаасан уутыг усаар дүүргэв.
-Та тэнэг юм уу, яаж цаасан уут руу ус хийж болдог юм бэ? Та ойлгохгүй байгаа юм уу? гэхэд,
“Яадаг юм?” гэж Карлсон хэлээд хүүгийн хамрын өмнө уутыг даллаж, цаасан уутанд ч ус
хийж болдгийг харуулжээ. Тэгснээ дараа нь хүүгийн өрөө рүү ухасхийн гүйчихэв. Хүүд муу
совин төрж, араас нь даган гүйжээ. Совин нь ч зөвдсөн байв... Карлсон хамаг биеэ цонхоор
цухуйлгаж, зөвхөн тарган, богино, балцгар хөл нь л харагдаж байлаа. Хөөе-хоп гэж тэр
хашгираад доошоо хар даа. Одоо би дэлхий дээр хамгийн чанга тасхийх чимээ гаргах гэж
байна.

-Зогс! гэж хүү хашгираад бас цонхны тавцан дээр хэвтэн,

-Хэрэггүй, Карлсон, битгий тэг гэж айсан дуугаар хичээнгүйлэн гуйв. Гэвч оройтсон байжээ.
Цаасан уут доошоо маш хурдан ойчиж, хажуугийн байрны сүүний мухлаг руу явж байсан,
өндөр настай нэг эгчийн хөлийн дэргэд унан бөмбөг мэт тасхийн тэсрэх нь тэр! Тэгээд ч
дэлхий дээрх тэрхүү хамгийн чанга гэгдэх чимээ нь доор байгаа тэр эгчид огт таалагдаагүй
нь илт харагдаж байлаа.

-Хараач гэж Карлсон хэлээд, бид ганц аяга ус биш, тал дундуур шингэнтэй сав чулуудсан юм
шиг л тэр эмэгтэй хашгирч байна гэжээ. Хүү цонхоо эрс шийдэмгий хаав. Карлсон дахин
гудамж руу янз бүрийн зүйлс шидэхийг хүү огт хүсэхгүй байв.

-“Ийм зүйл хийж болохгүй гэж би бодож байна” хэмээн хүү нухацтай хэлсэн боловч Карлсон
хариуд нь ердөө л тачигнатал инээжээ. Карлсон чийдэн тойрон хэдэн удаа нисээд, хи-хи
хэмээн инээхээ зогсолгүй, хүүгийн дэргэд ирж газардлаа.

-“Ийм зүйл хийж болохгүй гэж би бодож байна!” хэмээн хүүг Карлсон даажигнаад, Чиний
бодлоор бол юу хийж болох юм? Түүхий өндөгтэй цаасан уутнууд доош нь шидэх юм уу? Энэ
чинь бас л танай ээжийн хачин хүслийн нэг үү? гэв. Карлсон дахин дээш ниссэнээ хүүгийн
яг өмнө шалан дээр лүгхийтэл хүндээр суужээ.

-Ер нь чи, бас танай ээж чинь энэ хорвоо дээрх хамгийн хачин хүмүүс гэдгийг би хэлж чадна,
даанч би та нарт хайртай юм даа гээд Карлсон хүүгийн хацрыг зөөлөн алгадан иллээ. Энэ
үгийг сонссон хүү их л жаргалтай болсон учир царай нь улайжээ. Карлсон надад хайртай
байна гэдэг чинь гайхамшигтай шүү! Бас ээжийнх нь тухай хамаа намаагүй ярьдаг ч гэсэн
Карлсон ээжид нь хайртай юм байна.

-Тийм ээ, би өөрөө ч гайхаж байна гэж хүүгийн хацрыг илсэн хэвээр Карлсон батлан хэлжээ.
Хүүгийн хацрыг Карлсон удаан, улам сонирхон илбэж байв. Харин сүүлчийн илэлт нь бараг л
алгадахтай төстэй мэт болсон бөгөөд Карлсон,

-Ээ, би ч яасан сайхан сэтгэлтэй хүн юм дээ! Би дэлхий дээрх хамгийн сайхан сэтгэлтэй хүн
байхаа даа. Одоо хоёулаа өөр ямар нэг аятайхан зүйлээр тоглоё, чи зөвшөөрч байна уу? Хүү ч
даруй зөвшөөрсөн бөгөөд Карлсонтой ямар аятайхан зүйлээр тоглож болохоо яаран бодож
эхэлжээ.

-Жишээ нь, энэ ширээ бол манай завь, чи бид хоёр энэ завинд сууж үерээс аврагдаж байна
гэж бодъё гэснээ ...тэр үер чинь ч яг л эхэлчихлээ шүү гэж хэлээд хаалган доогуур урсаж
байгаа ус руу заажээ. Хүүгийн амьсгал давчдаад ирэв.

-Та чинь угаалгын өрөөний цоргыг хаагаагүй юм уу? гэж аймшигт автсан хүү цочирдон
асуулаа. Карлсон толгойгоо доош тонгойлгон хүү рүү их л эелдэг харав.

-Би хаасан эсэхийг чи таа даа, гурав тоолохын дотор шүү. Хүү ухасхийн үүдний өрөөний
хаалгыг угз татан онгойлгоход Карлсон үнэн хэлсэн бөгөөд маш их ус цутган урсаж байлаа.
Угаалгын болон үүдний бүхэлдээ усанд автаж, хэрэв хүсвэл сэлж ч болохоор байжээ. Харин
Карлсон л сэлэхийг хүсэж, баяр бахархалтай нь аргагүй ус руу үсрэн орчихжээ.

-Хөөе-хоп! Ийм сайхан зүйлс амьдралд бас байх юмаа! гэж тэр хашгирч байлаа. Хүү угаалгын
өрөөний цоргыг хаагаад усыг хэсэг арчсанаа цөхрөн, үүдний өрөөний сандал дээр суугаад
шал руу хэсэг ширтжээ.

-Одоо яанаа гэж хүү аяархан хэлэв. Ээж юу гэх бол оо? Карлсон усан дотор үсрэхээ болиод
хүү рүү гомдолтой царайлан харлаа.

Энэ ч дэндэнээ. Ээж чинь тийм ууртай гэж үү? Хэдхэн хувин жирийн л ус шүү дээ... Карлсон
дахин дээш үсэрч, энэ удаа их л өндөр үсэрсэн учраас хүүг хөлөөс нь толгой хүртэл усаар
норгожээ.

-Сайхан ус байна даа. Бас хөл амраах ванн юм. Ээж чинь яана гэж, хөлөө угаахаас татгалзана
гэж үү? Карлсон дахин дээш үсэрч хүүг дахиад л усаар цацчихав.

-Ээж чинь хөл амраах ванн огт хэрэглэдэггүй гэж үү? Тэгээд л өдөр бүхэн цонхоор цэцгийн
савнууд хаяж байдаг юм уу? Тийм үү? Хүү юу ч хариулсангүй, бодолд автжээ. Ямар ч гэсэн
ээжийг ирэхээс өмнө бүх зүйлээ заавал цэвэрлэж янзлах ёстой.

-Карлсон бид аль болох хурдхан...! Хүү үгээ ч гүйцэд хэлэлгүй сандал дээрээс үсрэн босоод
гал тогооны өрөө рүү яаран явлаа. Тэгээд шалны алчуур барин орж ирээд,

-За, Карлсон туслаарай! гэж хүү хэлсэн боловч өрөөнд Карлсон байхгүй болжээ. Тэрээр
үүдний өрөө, үүдний болон угаалгын өрөө ер хаана ч байсангүй. Гэвч жижиг моторын
дүнгэнэх чимээ хүүд сонсогдсоор байсан учир хүү цонх руу гүйж очин харвал бүдүүн
хиамтай төсөөтэй ямар нэг зүйл дээш хөөрөхийг харжээ.

-Нисдэг торх уу, эсвэл өөр зүйл үү? гэж хүү амандаа бувтнав. Гэвч тэр нь нисдэг торх биш,
ердөө л дээвэр дээр байдаг ногоон байшин руугаа Карлсон буцсан нь тэр байлаа. Харин хүүг
Карлсон тэр даруй анзаарчээ. Тэрээр доош шумбан нисэж, цонхны дэргэдүүр агаар шунгинан
сонсогдтол маш хурдтай өнгөрөв. Хүү бахархан түүн рүү алчуураар даллахад Карлсон ч
хариуд нь өөрийн балцгар гараар даллажээ.

-Хөөе-хоп! Арван мянган кроны үнэтэй Карлсон нисэж явна шүү. Хөөе-хоп! Ийнхүү Карлсон
нисэн одож, харин хүү усыг арчиж эхэллээ.
Төрсөн өдрөө санав
Аяллын товчооноос ээж нь буцаж ирэх үед Карлсон байгаагүй нь түүний аз болжээ. Цэцэг нь
алга болж, бас хүү нэлээд арчиж амжсан ч ус алдсанаас болоод ээж нь маш их уурлаж байлаа.
Бүх хэргийг хэн тарьсныг ээж нь шууд ойлгож, өдрийн хоолондоо ирэх үед аавд нь ч бас
ярьжээ.

-Уг нь би Карлсонд сүүлийн үед бага зэрэг дасаж эхэлсэн. Гэхдээ одоо бол Карлсоноос
ангижрахын тулд би өөрөө ч арван мянган крон төлөхөд бэлэн болж байна.

-Өө, яалаа гэж дээ хэмээн хүү дуу алдав.

-За яахав, энэ тухай дахиж ярихаа больцгооё. Хоолоо идэх үедээ хөгжилтэй байцгаах
хэрэгтэй байна гэж ээж нь хэллээ. Ээж нь, “хоолоо идэх үедээ хөгжилтэй байх хэрэгтэй” гэж
байн байн хэлдэг байжээ. Хүү ч бас тэгж боддог байв. Бүгд ширээний ард сууж, юу дуртайгаа
ярих үед үргэлж хөгжилтэй болдог байлаа. Малыш хүү бол хоол идэхээсээ илүү ярьж л суудаг
бөгөөд ялангуяа өдрийн хоолонд чанасан загас, эсвэл ногоотой шөл, загасны котлет өгөх үед
их л бага идэж, улам их ярина. Харин өнөөдөр ээж нь давтаж зөөлрүүлсэн үхрийн мах,
хоолны дараах амтат зууш болгож бүйлс жимс өгчээ. Учир нь зуны амралт эхэлж Боссе ах,
Бетан эгч нар нь гэрээсээ явах гэж байлаа. Боссе онгоцны клубийн дарвуулт завины
сургалтанд сурахаар, харин Бетан эгч нь адуу олонтой ферм рүү явах гэж байв. Тийнхүү салах
ёс хийх өдрийн хоол байсан учраас бяцхан найр болгон хувиргах гэж ээж нь илүү чармайж
байжээ.

-За битгий харамсаарай, хүү минь. Бид ч бас ээжтэйгээ гурвуулаа явнаа гэж аав нь хэллээ.
Тийнхүү аав нь нэлээд сонин ярьж, ээж нь аяллын товчоо орон сонин дээр зураг нь байгаатай
яг ижилхэн усан онгоцонд тасалбар захиалснаа ярьжээ. Долоо хоногийн дараа тэр усан онгоц
далайд гарах бөгөөд аав ээж нь, Малыш хүүтэй хамт бүхэл бүтэн арван тав хоног тэр том
цагаан усан онгоцоор аялж, янз бүрийн боомт руу очих байжээ.

-Ингэж аялах сайхан биш гэж үү? хэмээн ээж нь хүүгээсээ асуув. Аав нь ч, бас Боссе ах,
Бетан эгч нар нь ч асуужээ. Ёстой сайхан биз дээ, хүү минь?

-Сайхаан гэж Малыш хүү зөвшөөрлөө. Хүү ч үнэн хэрэгтээ “тун сайхан аялал болно доо” гэж
дотроо бодож байжээ. Гэвч тэр бүх сайхан зүйл дотор сайхан биш нэг зүйл байгааг хүү
ойлгож байлаа. Тэр зүйл нь Карлсон гэдгийг ч хүү мэдэж байв. Карлсонд Малыш тун их
хэрэгтэй байгаа яг ийм үед яаж Карлсоныг ганцааранг нь орхих билээ? Карлсон огт тагнуул
биш, ердөө л нэг Карлсон боловч хэрвээ хүмүүс арван мянган крон олж авахын тулд түүний
хойноос хөөж эхлэх юм бол Карлсон осолтой байдалд орно шүү дээ. Их ус алдсаны дараа
шалаа арчиж байх зуураа хүү цаг үргэлж энэ л тухай бодсоор байв. Хэний ч толгойд ямар ч
элдвийн санаа төрөхийг хэн мэдэх билээ! Хэрэв тэр хүмүүс Карлсоныг барьж, бүр амьтны
хүрээлэнгийн торон дотор хийгээд, эсвэл түүнээс ч хэцүү зүйл бодож олбол яана! Тэр хүмүүс
Карлсонд дээвэр дээрх жижиг байшиндаа тайван амьдрах боломж олгохгүй нь ойлгомжтой.
Ингээд хүү гэртээ үлдэж Карлсоныг хамгаалахаар шийдлээ. Шийдсэн даруйдаа, ширээний
цаана суун үхрийн мах идэж байгаа бусаддаа “хаашаа ч явж чадахгүй нь” гэдгээ тайлбарлав.
Харин Боссе ах нь тачигнатал инээжээ.

-Карлсон торонд орно гэж үү? Чи төсөөлөөд бод доо. Чи ангийнхантайгаа цуг амьтны
хүрээлэнд амьтад үзэх гэж ирж. Тэгээд хаягийн жижиг самбарууд дээр бичсэн зүйлийг
уншиж. Нэг самбар дээр “цагаан баавгай”, нөгөө самбарт “хандгай”, “талын чоно”, эсвэл
“жирийн минж” гэж уншиж байтал чинь гэнэтхэн “нисдэг Карлсон” гэчихсэн байх нь ээ!

-Битгий тохуурхаад байгаач! гэж хүүг уурласан ч Боссе ах нь инээсээр л байв. “Нисдэг
Карлсон. Энэ амьтанд хоол өгөхгүй байхыг хүсье. Хэрэв торон дээр нь ингэж бичвэл Карлсон
яасан их уурлах бол оо? Чи төсөөлж байна уу? Тэнэг, ёстой тэнэг! гэж хүү дахин уурлав.

-Гэхдээ хүү минь, хэрэв чи явахгүй бол бид нар ч бас явж чадахгүй гэдгийг ойлгооч! хэмээн
ээж нь аядуухан хэллээ. Та нар надгүй явж болно шүү дээ. Харин Карлсон бид хоёр гэрээ
сахина гэж хүү татгалзав.

-Ха-ха, тэгээд байшинг бүхэлд нь живүүлэх нь л дээ. Бас бүх тавилга цонхоор гаргаж шидэх
вий гэж Бетан эгч нь тачигнатал инээв. Та ч бас тэнэг! гэж Малыш хүү хэллээ. Ийнхүү, энэ
удаа хоолны ширээний ард ердийнх шигээ хөгжилтэй, сайхан байж чадсангүй. Хэдийгээр
Малыш сайхан сэтгэлтэй, эелдэг хүү боловч заримдаа хүн гайхмаар зөрүүдэлж чаддаг байв.
Одоо бол хүү цахиур чулуу шиг хатуу болж, ярилцаж тохирох ямар ч шинжгүй болсон байлаа.

-Сонс доо, хүү минь! гэж аав нь эхэлсэн боловч үгээ дуусгаж амжсангүй. Яг энэ агшинд
хаалганы гадна байгаа шуудангийн хайрцаг руу ямар нэг зүйл хийх чимээ гарсан учир Бетан
эгч нь зөвшөөрөл ч авалгүй ширээний цаанаас ухасхийн босчээ. Бетан охин нэг урт үстэй
хөвгүүнээс захиа хүлээж байсан болохоор үүдний өрөө рүү сум шиг яарсан байжээ. Хайрцаг
дотор ч үнэхээр нэг захиа байсан боловч урт үст хөвгүүнээс Бетанд ирсэн захиа биш, харин
аавд нь халзан Юлиус ахаас ирсэн захиа байв. “Хоол идэх үедээ хөгжилтэй байх хэрэгтэй.
Энэ чинь хоол идэх үед Юлиус ахаас захиа ирэх ёсгүй гэсэн үг” хэмээн Боссе ах нь хэлэв.

Юлиус ах бол аавынх нь холын хамаатан бөгөөд эмчдээ үзүүлж зөвлөгөө авах, Свантесоныд
зочлох гэж жилд нэг удаа Стокгольм хотод ирдэг байжээ. Юлиус ах нь зочид буудалд буух
дургүй бөгөөд буудал их үнэтэй гэж боддог байв. Ах нь их мөнгөтэй байсан ч мөнгөө
зарцуулах дургүй байжээ. Харин Свантесоны гэр бүлд Юлиус ахыг ирэхэд хэн ч баярладаггүй
байв. Аав нь бол бүр ч баярлахгүй. Гэвч ээж нь тийм үед дандаа: “Юлиус ахын цорын ганц
хамаатан нь чи шүү дээ. Түүнд чамаас өөр хэн ч байхгүй. Өрөвдмөөр байдаг юм. Бид хөөрхий
Юлиус ахад сайн хандах ёстой шүү” гэдэг байв. Гэвч Юлиус ах тэдний гэрт хоёрхон хоног
байхдаа ч тасралтгүй зэмлэн хүүхдүүдийг зовоож, ширээний ард хамт суухдаа төвөгтэй зан
гаргаж, жижиг зүйлсэд гонгинодог учир ээжийнх нь духанд үрчлээс үүсэж, дуугаа хураан,
Юлиус ах тэдний гэрийн босгоор алхсанаас хойш аав нь дуу цөөтэй, тайван биш болдогтой
ээж нь адилхан болдог байв. Харин Боссе, Бетан нар өвгөний нүдэнд өртөхгүйг ихэд хичээж,
гэртээ бараг байхаа больдог байжээ.

“Юлиус ахад зөвхөн Малыш хүү маань л сайн ханддаг” гэж ээж нь нэгэнтээ хэлжээ. Гэвч
хүүгийн тэвчээр ч бас дууссан бөгөөд хамгийн сүүлд Юлиус ах тэднийд зочлох үед ахынхаа
зургийг Малыш хүү альбом дотроо зураад доор нь “шаналгаа” хэмээн бичсэн байв. Харин
Юлиус ах нь сүүлд тэр зургийг тохиолдлоор олж үзээд “Чи морь зурахдаа муу юмаа” гэж
хэлжээ. Хэ хэ. Ер нь л Юлиус ах бол “бүх хүмүүс бүх зүйлийг муу хийж байна” гэж үздэг
байв. Товчоор хэлбэл, тэр тун хэцүү зочин бөгөөд эцэст нь юм хумаа чемодандаа хийж аваад,
Вестергетландад байдаг гэр рүүгээ явах үед нь Малыш хүүгийн гэр гэнэт цэцэглэх мэт
санагдаж, хөгжилтэй хөгжим дуугарч эхлэх шиг болсон ажээ. Ямар нэг таатай үйл явдал
болсон мэт, бүх хүмүүс сэргэж, нийтэч болсон ч хэрэг дээрээ ямар ч тийм зүйл болоогүй,
ердөө л зайлуул Юлиус ах тэдний гэрээс явсан байжээ.

Одоо ингээд, захианд бичсэнээс нь харвал Юлиус ах дахиад тэдний гэрт ирж, бүр хоёр долоо
хоног байхыг хүсчээ. “Та нар санаа зовох хэрэггүй ээ, би цагийг таатай, бас ашигтай
өнгөрүүлнэ гэж итгэж байна, эмч маань тариа, иллэг хийлгэхийг зөвлөсөн. Өглөө яагаад ч
юм бие хөшдөг болсон” гэсэн байв.

-За, бид чинь яагаад ийм төвөгтэй үед аялалд явах болчихов доо, хүү маань бидэнтэй цуг
явахгүй гэдэг, бас Юлиус ах зочилж ирэх гэж байдаг! гэж ээж нь харамсан хэлэв. Тэгтэл аав
нь атгасан гараараа ширээ рүү нэг дэлсэж “би бол яадаг ч байсан заавал аялалд явна, юу ч
болж байлаа гэсэн, ээжийг чинь хулгайлаад ч болсон заавал авч явна” гэж шийдэмгий хэллээ.

-Харин Малыш хүү минь хүссэнээрээ шийдэж болно, хүсвэл явж, хүсэхгүй бол гэртээ үлд.
Өөрөө л шийд. Юлиус ах бол ирээд манай гэрт байж, эмчдээ үзүүлж, хичнээн л хэрэгтэй
байна эмч рүүгээ очиж болно. Харин түүнд таалагдахгүй бол Вестергетланддаа байж, өөрийн
дураар амьдарна биз хэмээн аав нь тодорхой хэлээд “товлосон өдрөө аялалд гарахын тулд
усан онгоцонд бид заавал сууна. Арван Юлиус ах бай-сан ч намайг зогсоохгүй! гэж нэмж
хэлжээ. Ээж нь:

-Мэдээж, тэгэлгүй яахав, гэхдээ энэ бүгдийг сайн бодох хэрэгтэй байна гэж бүх зүйлийг
бодож тооцоод, дараа нь гэрийн багш Бокоос асууя гэсэн санал гаргав. “Юлиус ах, Малыш
хүү гэдэг ганц бие, хоёр зөрүүд хүн гэр орноо сахихад гэрийн багш Бок туслахыг зөвшөөрч
магадгүй” гэлээ.

-Хоёр биш ээ, гурван зөрүүд, гоонь хүн. Гурав дахь зөрүүд, гоонь эр бол дээвэр дээр суудаг
Карлсон шүү дээ. Карлсоныг битгий мартаарай, тэр энд олон өдөр байна шүү дээ гэж аав нь
хэлэв. Боссе хүү тачигнатал хөхөрч, сандал дээрээс золтой л ойчсонгүй.

-Гэрийн багш, Юлиус ах, Карлсон гээд ёстой хачин хүмүүс цуглах нь ээ! хэмээн ах нь
инээдээ барьж ядаж байлаа. “Дүүгээ бид мартаж болохгүй шүү” гэж Бетан эгч нь нэмэв.
Дараа нь эгч нь дүүгээ хоёр гараар тэвэрч, үнэхээр гайхсан нүдээр дүүгийнхээ нүд рүү
харлаа.

-Миний дүү шиг этгээд хүмүүс бас хорвоо дээр байх юм аа! Гэрийн багш, Юлиус ах, дээвэр
дээр суудаг Карлсонтой цуг гэртээ үлдэхийн тулд аав, ээж хоёртой цуг явах тийм сайхан
аяллаас татгалзаж байдаг! гэж Бетан эгч нь хэллээ. Хэрэв та сайн найзтай болсон бол
түүнийгээ орхиж болохгүй биз дээ? хэмээн Малыш сөргүүлэн асуув.

Гэхдээ өөрт нь хичнээн хэцүү байхыг Малыш хүү ойлгосонгүй гэж бодож болохгүй байлаа.
Юлиус ах, Бок хатагтайг тойрч нисэх Карлсонтай хамт байхад санахын аргагүй хэцүү байх нь
ойлгомжтой. Гэхдээ л нэг хүн гэртээ үлдэж, бүх зүйлсийг янзалж, цэгцэлж байх хэрэгтэй
байв. Орондоо орсон хойноо Малыш хүү:

-Тэр “нэг хүн” гэдэг нь өөр хэн ч биш, би л байх нь, ойлгож байна уу, Бимбо? хэмээн орны
дэргэдэх, сагсан дотор шуухитнан хэвтэх Бимбо нохойдоо хэлжээ.

Тэгснээ Малыш хүү гараа сунган, Бимбо нохойны хүзүүвчний орчим илээд,

-Одоо хоёулаа унтсан нь дээр. Өглөө нь үдшээс цэцэн гэдэг шүү дээ гэв.

Гэнэт моторын чимээ сонсдож, өрөө рүү Карлсон нисэн орж иржээ.

-Надад мөн ч олон үйл явдал тохиолдож байнаа! Бүх зүйлийг өөрөө л толгойдоо санаж байх
хэрэгтэй болох нь. Ямар нэг юмаа мартвал найдах хүн нэг ч алга хэмээн Карлсон чанга ярив.

Хүү орон дээр суулаа.

-Та юугаа мартчихсан юм?

-Төрсөн өдрөө мартчихжээ. Өнөөдрийн энэ урт өдрийн турш би юу ч санасангүй. Тэгээд ч,
нэг ч хүн, бүр ганц ч хүн надад “Төрсөн өдрийн мэнд хүргэе, эрхэм Карлсон оо!” гэж
хэлсэнгүй шүү.

-Би ойлгохоо болилоо гэж хүү гайхан, “Яагаад өнөөдөр зургаан сарын 8-нд таны төрсөн өдөр
болдог юм? Таны төрсөн өдөр чинь дөрвөн сард болдгийг би санаж байна” гэв.

-Тийм ээ, дөрвөн сард. Гэхдээ олон сайхан өөр бусад өдрүүд байхад яагаад миний төрсөн
өдөр дандаа ганц л өдөр болж байх ёстой юм? Жишээ нь, зургаан сарын найманд байж болно
шүү дээ. Нэлээн сайхан өдөр шүү. Яагаад энэ өдрийг би өөрийн төрсөн өдөр болгон сонгож
болохгүй билээ? Эсвэл чи татгалзаж байна уу? Малыш хүү инээн,

-Үгүй ээ, би зөвшөөрч байна. Таны хүссэн өдөр бүр л төрсөн өдөр чинь болж байг.

-Тэгвэл, хэмээн Карлсон хэлснээ толгойгоо хажуу тийш аятайхан хазайлгаж, “Надад бэлэг
өгөх байх гэж хүсэж байна” гэлээ.

Хүү гүн бодолд автсаар орноосоо бослоо. Карлсонд тохирох бэлэг тэр даруй олоход амаргүй
байсан ч хүү оролдохоор шийджээ.

-За би шүүгээн дотроо үзье гэж хүү хэлэв.

Карлсон тэвчээртэй хүлээж байхдаа тоор жимсний ясыг өөрөө тарьсан өнөөх цэцгийн сав
руу харц нь тусчээ. Тэгснээ юм бодож цаг алдалгүй шууд л цэцгийн сав руу ухасхийн савны
шороон дотроос өнөөх ясыг хуруугаараа шаламгай ухан гаргаж ирэв. Ургаж байна уу, үгүй юу
гэдгийг нь харахыг хүсчээ.
-Хөөе хараач, өнөөх яс маань нэлээн том болсон юм шиг санагдаж байна гэснээ Карлсон
ясыг шороо руу дахин шигтгээд, шороо болсон хуруугаа хүүгийн унтлагын хувцсанд ажиг ч
үгүй арччихлаа. Хорь орчим жилийн дараа чи сайхан болноо! гэж Карлсон хэллээ.

-Яагаад? хэмээн хүүг гайхан асуухад,

-Яагаад гэвэл чи тоорын модны сүүдэрт өдөржин унтаж болно. Сайхан биз дээ? Харин чи
тэр үед ороо хаях хэрэгтэй байх. Ер нь тоорын модонд мебель тавилга зохихгүй шүү дээ...
Тийм ээ. Харин одоо миний бэлэг хаана байгаа билээ?

Хүү өөрийн жижиг машинуудаас нэгийг татан гаргасан ч Карлсон толгой сэгсэрлээ. Тэгээд
хүү сэтгэхүй хөгжүүлдэг тоглоом, дараа нь “Зохион бүтээгч” тоглоом, дараа нь өнгө бүрийн
чулуутай цүнхээ харуулсан ч Карлсон тухай бүрт дуугүй л толгой сэгсэрсээр байв. Эцэст нь
хүү, “Карлсон гар буу авахыг хүсэж байх нь” хэмээн таажээ. Тэр буу нь бичгийн ширээний
дээд талын шургуулганд, шүдэнзний том хайрцган дотор байв. Тэр буу нь дэлхийн хамгийн
жижиг бөгөөд бас хамгийн сайхан гар буу юм. Аав нь тэр бууг гадаад улсад яваад ирэхдээ
хүүдээ авчирсан бөгөөд тийм жижиг бууг амьдралдаа хэзээ ч үзээгүй учраас Кристер,
Гунилла хоёрын хэн хэн нь тэр үед хүүд атаархаж байжээ. Тэр нь яг жинхэнэ буу шиг
харагддаг бөгөөд бас том буу шиг чанга дуугардаг байв. “Ийм жижиг буу яаж тийм чанга
бууддагийг ерөөсөө ойлгохгүй юм” хэмээн аав нь ярьдаг байжээ.

Болгоомжтой үзээрэй, буудаж болохгүй шүү, тэгвэл ойр тойрны хүмүүс айчихна гэж хүүгийн
гар дээр тэр жижиг бууг тавихдаа аав нь хэлсэн билээ.

Өөрийн тодорхой шалтгаанаар хүү тэр үед энэ буугаа Карлсонд үзүүлэхгүй гэж шийдсэн
байжээ. Гэхдээ найзаасаа тоглоомоо нуух сайн хэрэг биш гэдгийг Малыш хүү өөрөө ч мэдэж
байв. Тэгээд буугаа нуусан нь ч утгагүй болж, хүүгийн шургуулгыг Карлсон өөрөө ухаж
байхдаа гар бууг нь олчихжээ.

Тэр буу Карлсонд ч бас тун их таалагдлаа. “Ингээд л өнөөдөр өөртөө төрсөн өдөр зохиох
гэсэн юм болов уу” гэж хүү бодоод гүнзгий санаа алдан буутай хайрцгаа шүүгээн дотроос
гаргаж ирлээ.

-“Танд баяр хүргэе, эрхэм Карлсон” гэж хүү хэлэв.

Карлсон бараг л зэрлэг гэмээр дуу гаргаад хүү рүү ухасхийн, хоёр хацрыг нь үнсээд, дараа нь
хайрцгийг нээн, баяртай дуу алдаж, гар бууг гаргаж иржээ.

-“Чи бол энэ дэлхий дээрх хамгийн сайн найз” гэж Карлсон магтлаа.

Тэгтэл хүү өөрөө ч бас баяртай болсноо гэнэт мэдэрч, дахиад цаанаа зуун тийм буутай юм
шиг сэтгэл хангалуун болжээ. Ойлгож байна уу, энэ буу надад яг хэрэг болж байсан юм. Өнөө
орой! гэж Карлсон хэллээ.

-Яах гэж? хэмээн хүүгийн сэтгэл түгшин асуув.


-Орон дотроо хэвтээд хонь тоолохын тулд гэж Карлсон тайлбарлав. Харин Карлсон нойронд
муу гэж хүүд хэзээ ч гомдол тоочиж байгаагүйг хэлэх хэрэгтэй билээ. Шөнө бол би үхсэн юм
шиг л унтдаг. Өглөө ч бас. Харин өдрийн хоолны дараа хэвтсэн ч огт унтаж чадахгүй
хөрвөөдөг юм гэж Карлсон хэллээ.

Тэгээд хүү нойр хүрэхгүй үед яаж аргалах талаар Карлсонд зааж өгчээ. Хэрэв та тэр дороо
унтаж чадахгүй байвал унтаж байгаа юм шиг нүдээ аниад, “Хашаан дээгүүр харайж байгаа
сүрэг хонийг би харж байна” гэж төсөөлөн бод. Тэгээд хонь бүрийг яг хашаан дээгүүр давах
үед нь тоолоод бай. Тэгж байтал нойр тань аяндаа хүрнэ” гэж зааж өгчээ.

-Өнөө орой би ерөөсөө унтаж чаддаггүй шүү. Хэвтээд л, хонь тоолоод байлаа. Тэгтэл хонин
дунд нэг муу хонь ерөөсөө үсэрч өгөхгүй зогсчихсон! Малыш хүү инээн,

-Яагаад харайхгүй байсан юм бол оо?

-“Яахав, намайг зовоох гэж л тэр байх. Хашааны дэргэд ирэнгүүтээ л хөлөө сэлгэж
зогсчихоод байрнаасаа огт хөдөлдөггүй. Тэгээд би, “Хэрэв надад гар буу байсан бол тэр
хонийг харайлгаж чадна даа гэж бодсон шүү. Тэр үед танай бичгийн ширээний шургуулганд
жижиг гар буу байсныг би санасан. Тэгээд л өнөөдрийг төрсөн өдрөө болгоё гэж шийдсэн
юм” хэмээн Карлсон яриад буугаа баяртай үзэж байв.

Тэгтэл Карлсон бэлгийн буугаараа буудаж үзэх юм боллоо.

-Одоо буугаа шалгая. Намайг тасхийлгэхэд яасан сайхан хөгжилтэй болох бол оо? Тэгэхгүй
бол би тоглохгүй шүү. Гэвч хүү:

-Болохгүй ээ, энэ байрны хамаг хүн сэрчихнэ гэж хатуухан хэлэв. Карлсон мөрөө хавчин,

-Тэгээд яадаг юм. Амьдралд байдаг л жижиг зүйл шүү дээ. Дахиад л унтацгаана биз. Хэрэв
тэдэнд тоолох хонь олдохгүй бол би өөрийнхөө хэдэн хонийг зээлүүлье.

Гэвч хүү тас зөрж, гар буу туршихыг огтхон ч зөвшөөрсөнгүй. Тэгтэл Карлсон өөр зүйл санал
болгов.

-Тэгвэл хоёулаа манайх руу нисээд очъё. Тэртэй тэргүй миний төрсөн өдрийг тэмдэглэх
хэрэгтэй шүү дээ. Харин чамд бялуу олдохгүй биз?

Энэ удаа бялуу байгаагүй учир Карлсон үглэж эхлэх үед хүү, “Байдаг л нэг жижиг зүйл шүү
дээ” гэж өөрийнх нь үгийг хэллээ.

Гэвч хүүгийн үгийг Карлсон ширүүн таслан, “Санаж ав. Бялууны тухайд бол байдаг л нэг
жижиг зүйл гэж хэлэхгүй шүү. Одоо зөөлөн талхаар л болгохыг бодохоос. Гүйж очоод олсон
бүхнээ аваад ир!” гэжээ.

Хүү гал тогооны өрөө рүү очиж баахан талх аваад эргэж ирлээ. Шаардлагатай үед л Карлсонд
нэг, хоёрыг өгч болно гэж ээж нь түүнд зөвшөөрсөн байжээ. “Шаардлагатай үе бол яг л энэ
үе” гэж хүү бодож байв.
Харин ээж нь хүүгээ Карлсонтай цуг дээвэр дээр гарахыг зөвшөөрөөгүй боловч хүү тэр
амлалтаа таг мартаж, хэрэв хэн нэг хүн энэ амлалтынх нь тухай хүүд сануулсан бол үнэхээр
гайхахаар байжээ. Хүү хамт нисэж дассан учир огт айлгүй, Карлсоны хүзүүгээр хоёр гараараа
тэврэн байшингийн дээвэр өөд шууд хөөрөхдөө зүрх нь ч ёг хийсэнгүй...

Стокгольм хотод зургадугаар сард болдог шиг сайхан үдэш өөр хаана ч байхгүй болов уу.
Дэлхийн өөр хаана ч байхгүй гэмээр тэнгэр онцгой гэрэлтэж, үдэш нь маш тод, тунгалаг,
цэнхэр болдог учраас булангийн усанд туссан тэнгэр, хот үлгэрийн мэт санагддаг байлаа.

Тийм сайхан үдшүүд нь дээвэр дээрх гэртээ Карлсон төрсөн өдрөө тэмдэглэхэд зориулагдсан
мэт санагдаж байжээ. Тэнгэрийн өнгө туяа ээлжлэн солигдож байгааг хүү сонирхон харж,
харин Карлсон үүнд ямар ч анхаарал тавихгүй сууж байв. Тэд байшингийн жижиг дээвэр
дээр суун, талх идэж, жүүс ууж байх үед энэ үдэш бусад үдшээс үлэмж өөр байгааг хүү тун
сайн ойлголоо. Бас тэр талх хүртэл Малыш хүүгийн ээжийн жигнэдэг бусад талхнаас нэлээд
өөр байгааг Карлсон ч ухаарчээ.

“Карлсоны жижиг байшинтай ижил байшин дэлхийн өөр хаана ч байхгүй болов уу. Ийм
тохитой жижиг өрөө, ийм дээвэр, эргэн тойрны ийм гайхамшигтай харагддаг орчин бас хаана
ч байхгүй. Анх харахад утгагүй мэт боловч ийм олон сонин зүйлсийг нэг дор цуглуулаагүй
байх” хэмээн хүү бодож байв. Карлсон хэрэм шиг л өөрийн жижиг байшинг түмэн янзын
зүйлээр дүүргэсэн бөгөөд тэр бүх зүйлийг хаанаас олсныг хүү огт ойлгохгүй байв.
Өөрийнхөө ихэнх үнэт зүйлсээ Карлсон хананд өлгөж, хэрэгтэй үед олоход хялбар болгожээ.

-Чи миний эмх цэгцтэй байдгийг харж байна уу? Багажнаас бусад бүх зүйлийг зүүн талд нь
өлгөж, харин багажууд, бас зургийг баруун талд нь өлгөсөн байгаа гэж хүүд Карлсон
тайлбарлав.

Үнэхээр Карлсоны хананд хоёр сайхан зураг өлгөөтэй байгааг хүү маш сонирхон үзжээ. Тэр
зургуудыг Карлсон өөрөө зурсан бөгөөд нэг зургийнх нь доод буланд далавчтай жижигхэн цох
хорхой зурсан мөртлөө зургаа “Ганцаардсан ганц тахиа” гэж нэрлэсэн байв. Харин хоёр дахь
зураг дээрээ үнэг зурсан боловч “Миний молтогчин туулайн хөрөг” гэж нэрлэсэн байжээ.

Молтогчин туулайнууд харагдахгүй л дээ. Бүгд үнэгний ходоодонд орчихсон болохоор гэж
Карлсон тайлбарлав. Амандаа талх чихэж суухдаа Карлсон:

-Би завтай болохоороо “Харайх дургүй зөрүүд хонь” гэдэг гурав дахь зургаа зурнаа гэлээ.

Харин хүү түүний яриаг анхаарал муутай сонсож, гэрийнх нь гудамжинд цэцэглэж байгаа
алтан лиш цэцгийн анхилуун үнэрийг мэдэрч, тэрхүү тунгалаг сайхан үдэш зугаалж яваа
олон хүний чимээ, зам дээрээс сонсдох гутлын өсгийн тогшилтыг сонсож байлаа. “Зуны дуу
авиа л ийм байдаг байх” гэж хүү бодож суув. Аниргүй, амгалан үдэш бөгөөд зэргэлдээх
байшингийн жаахан чимээ бүр хүүд гайхмаар тод сонсдож, хүмүүс янз бүрийн зүйлс
ярьцгааж, хашгирч, дуулж, тэр ч бүү хэл хэрэлдэж, инээж, уйлах нь цөм холилдон сонсдож
байжээ. Харин өндөр байшингийн дээвэр дээр нэгэн хүү суугаад, бараг л өвөрмөц хөгжим
болтлоо холилдон нийлсэн тэрхүү олон авиа чимээг сонсож суугаа гэдгийг нэг ч хүн
мэдэхгүй байлаа.
“Намайг энд Карлсонтай цуг сууж, талх идэн, шүүс ууж тун сайхан байгааг тэр хүмүүс огт
мэдэхгүй л дээ” гэж жаргалтай хүү боджээ.

Гэнэт тэдэнд хамгийн ойр байгаа дээврийн хөндийд хүмүүсийн хашгирах чимээ сонсдлоо.

-Сонсов уу, өнөөх хулгайч шаазгайнууд байна гэж Карлсон хэллээ.

-Хэн гэнээ? Филле, Рулле нар юм уу?

Малыш хүү Филле, Рулле нарыг мэддэг байжээ. Тэд бол Вазастаны хамгийн зартай луйварч,
хулгайч нар байлаа. Дэл сул байгаа бүх л зүйлсийг тэд хулгайлан авдаг байв. Шаазгай шувуу
шиг л. Тиймээс ч Карлсон тэднийг “хулгайч шаазгайнууд” гэж нэрлэж байжээ. Жилийн өмнө
нэг үдэш тэр хоёр хулгай хийхээр Свантесоны гэр рүү орж ирсэн ч Карлсон сүнс болж,
тэднийг айлган даажигнасан учраас тэр үеэс хойш одоо болтол мартахгүй болтлоо хаширчээ.
Тэд тэр удаа ганц мөнгөн халбага ч авч явж чадаагүй билээ.

Дээврийн хөндийд Филле, Рулле нар хашгичихыг Карлсон сонсоод очиж зохицуулахаар
шийджээ.

Тэд нарыг жаахан айлгах цаг болж гэж би бодож байна. Тэгэхгүй бол эд нар бусдын эд юмыг
хулгайлах гээд явчихна.

Ийнхүү тэд дээврийн налуу хэсгээр дамжин луйварчдын байгаа дээврийн хөндий рүү
хөдөллөө. Ийм богинохон бүдүүн хөлөөр тийм сайн харайж болно гэж хүү хэзээ ч санаагүй
байжээ. Карлсоныг гүйцэн дагана гэдэг бараг боломжгүй бөгөөд тэр тусмаа дээвэр дээр
бараг гардаггүй Малыш хүүд бүр хэцүү байв. Гэвч хүү найзаасаа хоцрохгүй байхыг чадлаараа
хичээж явжээ.

“Муусайн хулгайч нар, жигшмээр амьтад” хэмээн дээвэр дээгүүр харайж явахдаа Карлсон
үглэж байлаа. “Би өөртөө ямар нэг зүйл авах үедээ заавал таван эре зоос төлдөг. Учир нь би
дэлхий дээрх хамгийн үнэнч хүн. Гэвч миний таван эре зоосны нөөц удахгүй дуусна. Тэр үед
би ямар нэг зүйл авахыг хүсвэл яах билээ? Өөрөө ч мэдэхгүй л байна...” хэмээн Карлсон ярьж
явлаа.

Филле, Рулле нарын дээврийн хөндийн цонх нээлттэй зөвхөн хөшиг татсан болохоор дотор
нь сонсогдож байгаа хашгиралт тэсэхийн аргагүй чанга байлаа.
Карлсон хөшгийг хөдөлгөн өрөө рүү харлаа. Дараа нь Малыш хүүг өөрийнхөө байранд
татаж аваачихад Филле, Рулле нарыг хүү сая харжээ. Тэр хоёр шалан дээр сууж, өмнөө
сонин дэлгэсэн байлаа.
Өөрийнх нь хөлийн хуруу хичнээн гайхалтай болохыг хүүд итгүүлэхийн тулд Карлсон хөлөө
хүүгийн өвдөг дээр тавив.

-Яагаад ингэж хөгжилдөөд байгааг нь харцгаая л даа гэж Карлсон хэлээд хөшгийг хөдөлгөн
өрөө рүү харлаа. Дараа нь Малыш хүүг өөрийнхөө байранд татаж аваачихад Филле, Рулле
нарыг хүү сая олж харжээ. Тэр хоёр шалан дээр сууж, өмнөө сонин дэлгэсэн байлаа.

Уншсан зүйлээсээ болж тэд тэгтлээ онгирсон нь илт байв.

-Арван мянгыг зовлонгүй олох нь байна шүү дээ, чи төсөөлж байна уу? гэж Рулле дуу алдав.
Тэгээд бас манай энд, Вазастанд нисэж байгаа юм байна. Рулле чи надад баяр хүргэж болно
хэмээн Филле орилоод инээдэндээ таталдан атирч байлаа.

-Филле, сонсооч. Арван мянган крон олох дуртай нэг залууг би мэднэ шүү, ха-ха-ха хэмээн
Рулле хэллээ.
Тэд юуны тухай ярьж байгааг Малыш хүү ойлгоод айсандаа царай нь цонхийсон боловч харин
Карлсон ердөө л тачигнатал инээжээ.

Харин би зугаацах дуртай нэг залууг мэднэ гээд Карлсон гар буугаа гаргалаа. Буун дуу дээвэр
дээр тасхийтэл дуугарсны дараа “Хаалгаа нээ! Цагдаа байна” гэж Карлсон эрс хатуу дуугаар
хашгиран тушаав. Рулле, Филле хоёр сандран босож иржээ.

-Нулле, энд байхгүй гэж Филле хашгирав.

Тэрээр “Рулле, энд байхгүй” гэж хэлэхийг хүссэн боловч айх үедээ дандаа ингэж үг, үсэг
андуурч будилдаг байжээ.

Өлгүүр рүү хурдал гэж тэр тушаагаад хоёулаа өлгүүр дотор нуугдан, огт байхгүй мэт дүр
үзүүлэн хаалгаа хаав. Филле, Рулле нар гэртээ байхгүй. Тэд явчихсан. Дамжуулж хэлээрэй
гэж надаас хүссэн юм хэмээн Филлегийн айсан дуу гэнэт сонсдлоо.

Карлсон, Малыш хүү хоёр буцаж дээвэр дээрээ дахин суусан ч хүүгийн хувьд өмнөх шигээ
хөгжилтэй биш болсон байв. Карлсоны аюулгүй байдлыг хангах ямар хэцүү байгаа тухай тэр
бодож байлаа. Ялангуяа Рулле, Филле нар шиг өөдгүй амьтад ойрхон байгаа үед. Бас тэгээд
Бок хатагтай, Юлиус ах нар тэдний гэрт ирэх гэж байдаг!... Өө, би тэд нарын тухай Карлсонд
хэлэхээ бүр мартсан юм байна.

-Сонсооч, Карлсон хэмээн хүү хэлсэн ч Карлсон түүнийг сонсохгүй байжээ. Тэр дахин талх
идэж, саяхан Малыш хүүгийн ууж байсан жижиг, цэнхэр аягатайтай жүүсийг ууж байв.
Гурван сарын өмнө ээлжит бас нэг төрсөн өдөр нь болоход тэр аягыг хүү Карлсонд
бэлэглэсэн байжээ. Бяцхан хүүхэд аягаа барьдаг шиг Карлсон аягыг хоёр гараар барьж,
жүүсийг бүгдийг нь ууж дууссаны дараа хүүхэд мэт шалан дээгүүр өнхрүүлчихэв.

-Хөөе хэмээн хүү дуу алдлаа. Тэр хөөрхөн жижиг аяга хагарчих вий гэж санаа зовжээ. Гэвч
Карлсон хөлийнхөө хуруугаар тун самбаатай шүүрч авсан учраас хагарсангүй. Карлсон гутлаа
тайлчихсан бөгөөд түүний улаан судалтай уранхай оймсноос эрхий хуруу нь цухуйж байв.

Сонсооч, Карлсон гэж хүү дахин эхэллээ. Гэвч Карлсон тэр даруй яриаг нь тасалж:

-За чи тоо тоолж чаддаг хүн. Хэрэв намайг бүхэлд нь арван мянган кроноор үнэлбэл миний
хөлийн том хуруунууд ямар үнэтэй байхыг бод доо гэв.

Хүү инээлээ.

-Мэдэхгүй байнаа, та хуруугаа зарах гэж байгаа юм уу?

-Тийм. Чамд заръя. Чамайг хүүхэд учраас хямд үнээр заръя гэснээ хэсэг бодоод, “бас нэг ч их
цэвэр биш байх аа” гэлээ.

-Тэнэг юм! Тэгээд хуруугүй яаж аргалах юм?

-Аргална энэ тэр ч гэж би бодохгүй л байна. Хуруу маань надад үлдэнэ, харин чиний хуруу
гэж тооцъё. Тэр хуруунуудыг би чамаас зээлсэн юм шиг л байхгүй юу.

Тэгээд өөрийнх нь хөлийн хуруу хичнээн гайхалтай гэдгийг хүүд итгүүлэхийн тулд Карлсон
хөлөө хүүгийн өвдөг дээр тавиад итгэлтэй нь аргагүй:

-Бодоод үз дээ, чи хуруунуудыг минь харах бүртээ “энэ сайхан том хуруунууд минийх шүү”
гэж өөртөө хэлнээ дээ. Сайхан биш байна гэж үү? гэв.

Гэвч Малыш хүү ийм наймаа хийхээс шийдвэртэй татгалзаад харин өөрийнх нь цуглуулганд
байгаа, таван эре бүх зоосоо өгөхийг амлав. Тэгээд ярих ёстой зүйлсээ Карлсонд ярих гэж
хүү тэсэж ядан байжээ.

-Сонсооч, Карлсон гэж тэр хэлээд, “Аав, ээж хоёр аялалд явах үед намайг хэн харж хандахыг
та таах уу?”

-Дэлхий дээрх хамгийн сайн хүүхэд асрагч бол би гэж бодож байна хэмээн Карлсон хэллээ.
Өөрийгөө хэлж байгаа нь илт байсан ч хүү:

-Та өөрийгөө тийм сайн гэж хэлж байгаа юм уу? хэмээн дахин асуужээ.

Карлсон батлан толгой дохиод,

-Хэрэв чи надаас илүү сайн хүүхэд асрагч олбол таван эре надаас аваарай гэжээ.

Бок хатагтай гэж хүү эхэлснээ, “Дэлхийн хамгийн сайн хүүхэд асрагч дэргэд нь байхад
намайг дуудахгүй, Бок хатагтайг ээж чинь дуудсан байна гэж Карлсон уурлана” хэмээн хүү
бодоод эмээлээ. Гэвч Карлсон илэрхий сэргэн баярлажээ.

-Хөөе-хоп. Хөөе-хоп гэж дуу алдаад Карлсон өөр юу ч хэлсэнгүй. Малыш хүү:

-Хөөе-хоп гэдэг чинь юу гэсэн үг юм? гэж битүүхэн сэтгэл нь түгшин асуулаа.

Би “хөөе-хоп” гэж хэлэхийг хүссэн үедээ л “хөөе-хоп” гэж хэлдэг юм хэмээн Карлсон хэлсэн
боловч нүд нь нэг л сэжигтэй гялалзаж байв.

-Бас манайд Юлиус ах ирнэ гэж хүү хэллээ. Өглөө бие нь хөшдөг болсон учраас эмчид
үзүүлж, эмчлүүлэх хэрэгтэй гэнэ лээ.

Тэгээд Юлиус ахын араншин их төвөгтэй талаар Карлсонд хүү ярьж өгөв. Бас аав ээж хоёр нь
цагаан усан онгоцоор аялж байх бүхий л хугацаанд Юлиус ах тэдний гэрт амьдрах, Боссе ах,
Бетан эгч нар амралтаараа ийш тийш явах тухай ярьж өглөө.

-Яаж төгсөхийг би ерөөсөө мэдэхгүй байнаа! гэж хүү сэтгэл түгшин хэлжээ.

-Хөөе-хоп. Тэд мартагдашгүй хоёр долоо хоногийг өнгөрүүлнээ, надад итгээрэй гэж Карлсон
хариулав.
-Та тэд гэж хэний тухай хэлж байна? Аав ээж хоёрын тухай юу, Боссе, Бетан нарын тухай юу?
гэж хүү асуулаа.

-Гэрийн багш, Юлиус ах хоёрын чинь тухай гэж Карлсон хэлэв. Хүүгийн сэтгэл улам түгшсэн
боловч сэргээхийн тулд Карлсон түүний хацрыг зөөлөн алгаджээ.

-Тайван бай, хамгийн гол нь тайван бай. Бид тэдэнтэй цуг тоглоно, тун аятайхан тоглоно.
Учир нь чи бид хоёр дэлхий дээрх хамгийн аятайхан хүмүүс шүү дээ... Би л лав их аятайхан
хүн.

Тэгснээ Карлсон хэт баясан яг хүүгийн чихний дэргэд шахам буудчихсан учир цаадах нь
цочсондоо байран дээрээ овсхийн үсэрчээ.

-Бас хөөрхий Юлиус ах заавал эмчлүүлэх шаардлагагүй болно. Би түүний эмчилгээг


хариуцна гэж Карлсон хэллээ.

-Та юу даа? Юлиус ахыг яаж эмчлэхийг та мэднэ гэж үү? хэмээн хүү гайхав.

-Би мэдэхгүй байхдаа яадаг юм? Ах чинь тун удахгүй адуу шиг гүйнэ гэдгийг би чамд
амлачихъя... үүний тулд гурван жор бий.

-Юу яасан жор? гэж хүү итгэж ядан асуулаа.

-Гижигдэх, уурлуулах, тэнэгрүүлэх гэж Карлсон нухацтай хэллээ. Өөр ямар ч эмчилгээ
шаардлагагүй, би амлаж байна.

Харин Малыш хүү сэтгэл нь түгшин доошоо харав. Нэлээд олон цонхноос хүмүүсийн толгой
цухалзаж, хэн буудсаныг хүмүүс мэдэхийг хүссэн нь илт байлаа. Тэгтэл Карлсон дахин буугаа
цэнэглэж байгааг хүү анзаарчээ.

-Карлсон, болохгүй шүү, танаас гуйя. Дахиж битгий буудаарай гэж Малыш хүү чармайн
гуйлаа.

-Тайван бай, тайван бай гэж Карлсон хэлээд хэсэг дуугүй болсноо, “Сонсооч, би одоо нэг
зүйлийг бодож сууна. Чи юу гэж бодож байна, тэр гэрийн багш чинь бас нуруу нь өвддөг үү?”

Гэвч хүүг хариулж амжихаас өмнө Карлсон дуу алдан баярлаж, буутай гараа толгой дээрээ
өргөснөө дахин тас хийтэл буудчихжээ.

Олон байшингийн дээвэр дээгүүр огцом тасхийх цуурай тархаад дараа нь чимээгүй боллоо.
Хажуугийн байрнуудад хүмүүс дүнгэнэлдэж, зарим нь уурлан, зарим нь айж, бас нэг хүн
“цагдаа дуудъя” хэмээн хашгирчээ. Малыш хүү тэр даруй тэсвэр алдсан ч Карлсон юу ч
болоогүй юм шиг сууж, сүүлчийн талхыг идэж байлаа.

-Яагаад тэр хүмүүс шуугилдаад байгаа юм бол? Өнөөдөр миний төрсөн өдөр болж байгааг
мэдэхгүй байгаа гэж үү? хэмээн Карлсон ойлгож ядаж байв.
Тэгээд Карлсон сүүлчийн хэрчим талхаа идчихээд, нэгэн аятайхан дуу дуулахад зуны тэр
үдэш тун сайхан сонсдож байлаа.

Эргэн тойрны бүх зүйл

Гал мэт дүрэлзэж байна

Харин бид дуулж байна

Ути, боссе, буссе, бассе

Биссе гээд амарцгаая

Бидний төрсөн өдөрт

Хоёр зуун булочк авчраарай

Харин бид энд

Ути, боссе, буссе, капут,

Биссе гээд тарарам.


Карлсон – хамгийн сайн сурагч
Аав, ээж хоёр нь аялалд явах тэр үдэш аадар бороо цонхны шил балбан орж, дээврийн ус
зайлуулах хоолой дотор ус дүнгэнэн дуугарч байжээ. Тэд нарыг явахаас яг арван минутын
өмнө, бороонд шалба норсондоо уур нь хүрсэн Бок хатагтай гэрт нь яаран орж ирэв.

-Одоо л нэг юм ирж байна. Одоо л нэг юм гэж ээж нь амандаа шивэгнэв. Ээж нь Бок
хатагтайг бүтэн өдөржин хүлээсэн учир бухимдах нь аргагүй байжээ. Харин Бок хатагтай
анзаарсангүй.

-Би эртхэн ирж чадсангүй. Фридагийн буруугаас болоод гэж Бок хатагтай царайгаа барайлган
хэллээ. Ээж нь Бок хатагтайд олон зүйлийн тухай ярих хэрэгтэй байв. Гэвч ярих цаг
байсангүй, гадаа такси хүлээж байлаа.

-Хамгийн гол нь хүүд минь л анхаарал тавьж байгаарай. Бид нарыг байхгүй хойгуур хүүд
минь ямар нэг юм тохиолдохгүй байгаасай гэж би найдаж байна хэмээн ээж нь нүдэндээ
нулимстай хэлжээ.

-Намайг байхад хэзээ ч, юу ч тохиолдохгүй ээ гэж Бок хатагтай батлан хэлэхэд аав нь, “би
эргэлзэхгүй байнаа” гэж хэллээ.

Гэр оронд бүх зүйл хэвийн байна гэж аав нь итгэлтэй байлаа. Тэгээд аав ээж хоёр нь салах ёс
үйлдэн хүүгээ тэврээд, гэрээс гарч цахилгаан шат руу орон харагдахгүй боллоо... Ингээд
Малыш хүү Бок хатагтай хоёр л үлджээ.

Одоо тэрхүү хүнд том биетэй, цухалдсан багш гал тогооны ширээний цаана суугаад том
улаан гараараа нойтон үсээ илж байлаа. Хүү түүн рүү эмээн харсан ч өөрийн найрсаг
байдлыг харуулахын тулд инээмсэглэхийг оролджээ. Бок хатагтай тэдний гэрт анх удаа
амьдрах үед хүү түүнээс айж, анхандаа түүнд тун муу ханддаг байснаа санаж байв. Гэвч одоо
бүх зүйл өөр болсон бөгөөд Бок хатагтай энд гэрт нь байгаад хүү харин ч талархах хэрэгтэй
байжээ. Хэдийгээр Бок хатагтай, Карлсон хоёр уулзах нь ямар ч сайн зүйл авчрахгүй байгаа ч
гэрийн багш ирж хүүгийн гэрт амьдрахыг зөвшөөрсөнд хүү талархаж байлаа. Хэрэв энэ багш
ингэж зөвшөөрөөгүй бол Карлсоныг хамгаалахын тулд хүүгээ гэрт нь үлдээхийг ээж нь огт
зөвшөөрөхгүй нь мэдээж байв. Иймээс хүү бүр эхнээсээ Бок хатагтайд сайн хандахыг хүсэж,
эелдгээр:

-Фрида сайн байгаа юу? гэж асуулаа.

Гэвч Бок хатагтай хариу хэлсэнгүй, зүгээр л тургив. Фрида бол Бок хатагтайн дүү охин нь
бөгөөд түүнийг хүү урьд нь огт хараагүй ч олон удаа сонссон байжээ. Дэндүү олон удаа
сонссон байх. Фрейгатенд байдаг байрандаа Бок хатагтай Фрида дүүтэйгээ хамт амьдардаг,
гэхдээ тэд таарамж муутай байдаг нь илт байлаа. Бок хатагтай дүүдээ сэтгэл дундуур байдаг
бөгөөд түүний биеэ авч яваа байдлыг даруу биш, этгээд гэж үздэг байв. Дүү Фрида нь
зурагтаар сүнсний тухай ярьснаас бүх зүйл эхэлсэн бөгөөд харин Бок хатагтай түүнтэй нь
яагаад ч эвлэрч чадахгүй байв. Дараа нь Фрида бас зурагтаар гарч, халуун хоол хийх талаар
өөрийн жорыг бүхий л Швед улс даяар ярьжээ. Бас Фридаг захирах боломжгүй, тэрээр даруу
биш, хачин байдлаар биеэ авч явдаг нь хэвээр байгаа гэж Бок хатагтай боддог байв. Тиймээс ч
Малыш хүүгийн “Фрида сайн байгаа юу?” гэдэг асуултанд хатагтай дургүйцэн тургисан нь
тэр байжээ. Гэвч тургисныхаа дараа Бок хатагтай:

-Сайхан л байгаа юм байлгүй. Найз залуутай болсон, зовлонтой хүн дээ гэв.

Хүү хариуд нь юу хэлэхээ огт мэдэхгүй байсан ч хүний яриаг анхаарч байгаа бол ямар нэг
зүйл заавал хэлэх хэрэгтэй билээ. Тэгснээ хүү:

-Бок хатагтай та өөрөө найзтай юу? гэж асуучихжээ.

Хүү алдаа хийсэн нь илт болж, Бок хатагтай огцом босоход ширээн дээр байсан бүх зүйлс
хөдөлтөл ширээ нь ганхлаа.

-Бурхны авралаар найз байхгүй. Би хүсдэг ч үгүй. Хүн бүхэн Фрида шиг сээтэгнүүр байх
албагүй ш дээ.

Бок хатагтай хэсэг дуугүй болсноо, хоолны сав угааж эхлэхэд тал тал тийшээ ус үсэрч байлаа.
Тэгснээ Бок гэнэт ямар нэгэн зүйлийг санаад хүү рүү сэтгэл түгшин харж:

-Сонсооч, тэр удаа чамтай тоглож байсан хүмүүжилгүй тарган хүү танай гэрт дахиж ирэхгүй
байх гэж би найдаж байгаа шүү гэлээ.

“Дээвэр дээр суудаг Карлсон бол царайлаг сайхан, зохих хэмжээнд тарга тэвээрэгтэй, эрч
хүчтэй хүн” гэж Бок хатагтай огт боддоггүй бөгөөд Карлсон бол Малыш хүүтэй чацуу,
сургуулийнх нь найз, байдаг л нэг сахилгагүй хүүхэд гэж үздэг байжээ. Харин тэр сахилгагүй
амьтан яаж нисэж чаддагийг Бок хатагтай бас огт гайхдаггүй байв. Мөнгө л байвал тийм
жижиг моторыг тоглоомын дэлгүүрээс худалдаж авч болно гэж боддог бөгөөд хүүхдүүдийг
одоо хэтэрхий эрхлүүлж байна хэмээн хатагтай дандаа үглэдэг байжээ. “Удахгүй
цэцэрлэгийн хүүхдүүд ч сар руу ниснэ гэх юм байлгүй” гэж тэр ярьдаг бөгөөд харин одоо Бок
хатагтай Карлсоны тухай санахдаа “хүмүүжилгүй тарган хүү” гэж нэрлэж байлаа. Ингэж
нэрлэх нь Малыш хүүд огт таалагдсангүй.

-Карлсон тийм тарган биш шүү дээ! гэж хүү хэлсэн боловч яг тэр үед хаалганы хонх
дуугарчээ.

-Өө, Юлиус ах ирж байна гэж хүү хэлээд хаалга онгойлгохоор гүйв.

Гэвч үүдэнд Юлиус ах биш, Карлсон зогсож байх нь тэр. Шалба норсон түүний хөлийн
дэргэд ус тунаж, Карлсон харцаараа хүүг дуугүй зэмлэж байлаа.

-Хэн нэг нь цонхоо онгорхой орхичихгүй. Би өчнөөн тойрч нислээ шүү дээ гэж Карлсон
эгдүүцэв.

-Та өөрөө унтах цаг боллоо гэж хэлсэн биз дээ? хэмээн Малыш хүү өөрийгөө өмөөрөв.
Карлсон ч үнэхээр тэгж хэлсэн байлаа. Бас таныг өнөөдөр ирнэ гэж бодоогүй байлаа.

-Гэхдээ чи горьдлого тасрахгүй хүлээж болох байсан шүү дээ! хэмээн Карлсон зүтгэв.
Хөөрхий муу Карлсончик маань гэнэт хүрээд ирж магадгүй гэж чи бодож болноо доо.
Гэрийн багштай уулзах гээд хүрээд ирэх ч юм билүү. Гэнэт хүрээд ирвэл мөн сайхнаа гэж
бодож болно шүү дээ.

-Та үнэхээр тэр багштай уулзахыг хүсэж байгаа юм уу? гэж хүү гайхан асуулаа.

-Хөөе-хоп. Хүсэлгүй яахав! гэж Карлсон дуу алдав.

Бок хатагтай, Карлсон хоёр уулзахыг удаан хойшлуулж чадахгүй нь гэдгээ хүү маш сайн
ойлгож байжээ. Карлсонтай сайн ярья гэж хүү бодсон боловч цаадах нь ангийн мөр олсон анч
нохой шиг л, гал тогооны өрөө рүү тогтоохын аргагүй зүтгээд байжээ. Гэсэн ч хүү арай гэж
ханцуйнаас нь барьж байв.

-Сонсооч, Карлсон гэж хүү дуугаа аль болох үнэмшилтэй сонсгохыг хичээж, “Таныг миний
сургуулийн найз гэж Бок хатагтай бодож байна лээ. Цаашдаа ч гэсэн тэгж бодож байвал сайн
байх гэж би бодлоо” гэв.
Бок хатагтай огцом босоход ширээн дээр байсан бүх зүйлс хөдөлтөл ширээ нь ганхлаа.

Карлсон гэнэт хөших шиг болсноо ямар нэг шинэ санаа олж баярлах үедээ дуугардаг шиг
хоолойгоо хоржигнуулан дуугаргав.

-Намайг сургуульд явдаг гэж Бок хатагтай үнэхээр итгэж байгаа юу? хэмээн Карлсон
олзуурхан асуужээ. Тэгээд гал тогооны өрөө рүү ухасхийн орж явчихлаа.

Хэн нэгэн хүн ойртон ирж байгаа хөлийн чимээг Бок хатагтай сонсжээ. Тэгээд Юлиус ахыг
хүлээж байсан боловч нас тогтсон, намхан нэгэн эрхэм үүдний өрөөгөөр маш хурдан явж
байхыг хараад хатагтай тун гайхаж, сониуч зан нь хөдлөн хаалга руу харлаа. “Эрхэм Юлиус
бол соёлтой, эрхэмсэг хүн байх” гэж Бок хатагтай санаж байжээ. Гэтэл хаалга чимээтэй нь
аргагүй огцом нээгдэж, гал тогооны өрөө рүү Карлсон дайран орж ирэхэд Бок хатагтай могой
харсан юм шиг уулга алдан хашгирав.

Харин Карлсон түүний айж байгааг анзааралгүй, хоёрхон харайгаад Бок хатагтайн дэргэд
очин тун их буруутгасан царай гарган харж:
-Манай ангийн хамгийн сайн сурагч хэн гэдгийг та мэдэх үү? Хэн хамгийн сайн тоолж,
бичдэгийг таа даа!.. Ер нь хэн хамгийн сайн нь вэ?

-Хөөе хөөе! Гэрт орж ирж байгаа хүн эхлээд мэндлэх ёстой шүү! гэж Бок хатагтай хэллээ.
Тэгээд ч танай ангийн хамгийн сайн сурагч хэн байх нь миний сонирхлыг огт татахгүй
байна. Чи л лав биш гэдэг нь илт байна!

-Ингэж хэлсэнд баярлалаа гэж Карлсон хэлээд нэлээд дургүйцсэн боловч хөндлөнгөөс бол
зүгээр л юм бодож байгаа мэт харагдаж байв. Гэхдээ тоонд бол би хамгийн мундаг нь шүү!
гэж эцэст нь баргар царайлан хэлээд мөрөө хавчлаа. За яахав, байдаг л нэг жижиг зүйл гэж
Карлсон хэлээд гал тогооны өрөөн дотуур гэнэтхэн сэргэлэн цовоо болон гүйж эхэллээ.
Тэгээд Бок хатагтайн эргэн тойронд эргэлдэж, ямар нэг зүйл аман дотроо бувтнаж байснаа
аажмаар нэг дуутай төстэй зүйл зохиожээ.

Эргэн тойрны бүх зүйл

Гал мэт дүрэлзэж байна

Харин бид дуулж байна

Ути, боссе, буссе, бассе

Биссе гээд амарцгаая

-Хэрэггүй ээ, Карлсон, хэрэггүй гэж хүү түүнийг болиулахыг чармайсан боловч ямар ч үр
дүн гарахгүй байлаа.

Ути, боссе, буссе, бассе.

Биссе гээд амарцгаая

хэмээн Карлсон дуундаа автан улам чанга дуулж байлаа.

Тэгээд “амарцгаая” гэдэг үгэнд хүртэл буу дахин тасхийж, дараа нь чих дөжрөм хашгиралт
сонсджээ. Карлсон өнөөх гар буугаар буудаж, Бок хатагтай цочин хашгирсан нь тэр байлаа.
Хатагтай сандал дээр лүгхийн суугаад, нүдээ анин удтал таг чиг болсон тул муужирч унасан
юм болов уу гэж хүү айжээ. Гэвч Карлсон дахин:

Ути, боссе, буссе, бассе.

Биссе гээд амарцгаая

хэмээн дуулахад Бок хатагтай нүдээ нээж, хорсолтойгоор:

-Одоо би чамд тэр боссе, бассег чинь үзүүлээд өгнөө, өөдгүй муу хүүхэд! Чи зуун жил ч
мартахгүй болноо, гайгүй.
Карлсон юу ч хариулсангүй, харин бамбагар долоовор хуруугаараа Бок хатагтайн эрүүнээс
барьж, захныхаа дэргэд хадсан сайхан зүүлтэнд нь хуруугаа хүргэж үзэв.

-Сайхан эд байна шүү. Та энийг хаанаас дэлсчихсэн юм?

-Карлсон болиод өгөөч, би гуйж байна гэж Малыш хүү айсандаа хашгирлаа. Бок хатагтай
хичнээн уурлан хорсож байгааг хүү илт харж, бас айж байв.

-Чи ч бүр, ичихээ байжээ хэмээн Бок хатагтай уурандаа үгээ олж ядан хэлээд, “Эндээс зайл.
Сонсож байна уу? Би зайл гэж хэлж байна шүү” гэлээ.

-Тайвшир гэж Карлсон хэлээд, “Би зүгээр л асуусан шүү дээ. Асуултыг эелдгээр тавьсан бол
эелдэг хариулт авна гэж хүлээж болно шүү дээ.”

-Зайл! гэж Бок хатагтай хашгирлаа.

-Нэгдүгээрт, би нэг зүйлийг тодорхой болгох хэрэгтэй байна. Өглөө таны бие хөшиж байгааг
та анзаарч байсан уу? Хэрэв анзаарсан бол надаар эмчлүүлэхийг хүсэж байна уу?
Харин Карлсон түүний айж байгааг анзааралгүй, хоёрхон харайгаад Бок хатагтайн дэргэд
очин, тун их буруутгасан царай гарган харлаа.

Тэсэртлээ уурласан Бок хатагтай Карлсон руу шидэх хүндхэн зүйл хайн ийш тийш харахад
Карлсон шүүгээ рүү уриалгахан гүйж очоод, дотроос нь хивсний цохиур гарган хатагтайн
гарт бариуллаа.

-Хөөе-хоп гэж Карлсон хашгираад дахин гал тогоон дотуур гүйж эхлэв. Хөөе-хоп, одоо л бүх
зүйл эхэлнэ дээ.

Гэвч хивсний цохиурыг Бок хатагтай булан руу чулуудчихлаа. Ийм цохиур бариад Карлсоны
хойноос хөөж гүйх үед юу болсныг санаж байсан болохоор дахин тэгэхийг хатагтай хүсэхгүй
байжээ.

Энэ бүхэн муугаар төгсөх байх гэж хүү айж, Бок хатагтайг солиорохоос өмнө Карлсон хэдэн
тойрог хийх бол хэмээн таахыг бас хичээж байв. “Нэг ч их олон биш байх аа” гэж хүү бодоод
хамгийн гол нь Карлсоныг гал тогооны өрөөнөөс аль болох хурдан гаргах ёстойгоо ухаарчээ.
Тэгээд Карлсон түүний дэргэдүүр “хий-хаа” хэмээн хашгирсаар арван нэг дахь удаа тойрох
үед хувцаснаас нь хүү бариад авчээ.

-Хүүе, Карлсон, хоёулаа миний өрөө рүү очъё, гуйж байна шүү дээ! гэхэд, хүүгийн хойноос
Карлсон сая нэг юм тун дургүй дагалаа.

-Арай гэж би Бок хатагтайд амьдралыг нь сэргээх амьсгал өгч байхад чи зогсоочих юм аа!
Дахиад хэдэн минут гүйсэн бол тэр багш тэнгисийн арслан шиг л цоглог, сэргэлэн болох
байсан юм даа. Ямар ч эргэлзээ байхгүй шүү хэмээн Карлсон үглэж байв.

Хүүгийн өрөөнд ирээд Карлсон урьдын адил тоор жимсний яс томорч байгаа эсэхийг
харахаар хамгийн түрүүнд цэцгийн шороог малтаж ясыг гаргаж үзжээ. Хүү ч бас тэр ясыг
харахаар дөхөн очиж, Карлсоны дэргэд хүрээд мөрөн дээр нь гараа тавибал хөөрхий Карлсон
шалба норчихсон байгааг сая л анзаарчээ. Устай бороон дундуур Карлсон удаан ниссэн нь илт
байлаа.

-Та даарахгүй байна уу, бүр нэвт норсон байна шүү дээ гэж Малыш хүү асуув.

Харин Карлсон одоо болтол өөрийн байдлыг анзаараагүй нь илт бөгөөд гэнэтхэн нэг зүйлийг
сандран санажээ.

-Мэдээж, даарч байна. Гэхдээ хэн нэг хүн энэ талаар санаа тавьж байгаа гэж үү? Хамгийн
сайн найз нь нэвт норчихоод, даарсандаа шүд нь шүдээ онохгүй байхад хэн ч хуруугаа
хөдөлгөхгүй гэж үү? Нойтон хувцсаа тайлж, сахлаг нөмрөг өмсөхийг хэн ч албадахгүй гэж
үү? Хэн нэг нь гал тогооны өрөө рүү гүйж, шоколад чанаад, томхон нарийн боов авчирч,
хүчээр оронд оруулаад, хурдхан унтуулахын тулд гунигтай, сайхан бүүвэйн дуу дуулж өгөхгүй
гэж үү гэж би асууж байна? Найздаа хэн ч санаа тавихгүй гэж үү? хэмээн Карлсон өөрийн
олон үгийг дуусгаад Малыш хүү рүү зэмлэн харлаа.

-Нээрээ, хэн ч санаа тавиагүй юм байна шүү гэж Малыш хүү хүлээн зөвшөөрөхдөө дуу нь яг л
уйлах гэж байгаа юм шиг сонсогджээ.

Тэгээд ийм тохиолдолд өөрийн хамгийн сайн найзад зориулан, Карлсоны саналаар хийх
ёстой бүх зүйлсийг хийхээр хүү яаран ухасхийлээ. Харин Карлсонд зориулж Бок хатагтайгаас
халуун шоколад, нарийн боов авах л хамгийн хэцүү байв. Гэвч цаашид эсэргүүцэх цаг зав, хүч
Бок хатагтайд байхгүй болж, хэдийд ч ороод ирж магадгүй Юлиус ахад зориулан тахианы мах
шарж байлаа.

-Хэрэв уумаар байвал өөртөө халуун шоколад хийж ав гэж Бок хатагтай хэлжээ.

Удалгүй бүх ажлыг Малыш хүү маш сайн амжууллаа. Хэдэн минутын дараа Карлсон цагаан
нөмрөг өмсөж, халуун шоколад уун, зөөлөн боов идэж, хүүгийн орон дотор сууж байлаа.
Харин угаалгын өрөөнд түүний цамц, өмд, дотуур хувцас, оймс, бүр гутлыг хүртэл хатаахаар
өлгөсөн байв.
-За одоо, гунигтай сайхан бүүвэйн дуу дуулахгүй байж болно, харин миний орны толгойн
дэргэд шөнөжин нүд хамхилгүй суугаарай гэж Карлсон хэлжээ.

-Шөнөжин гэнээ? хэмээн хүү асуув.

Карлсон хариулж чадсангүй, амандаа бүтэн боов чихсэн учраас дуугарч чадахгүй, зөвхөн
толгой дохижээ. Харин Бимбо нохой тун дургүйцэн хуцаж байв. Малыш хүүгийн орон дотор
Карлсон хэвтэж байгаа учир нохой нь дургүйцэж байлаа. Гэвч хүү нохойгоо өргөж аваад,
чихэнд нь:

-Ойлгож байна уу, би диван дээр унтаж болно шүү дээ. Харин чиний сагсыг арай өөр газар
тавинаа гэж шивэгнэв.

Энэ үед гал тогооны өрөөнд Бок хатагтай ямар нэг зүйл нижигнүүлэхийг Карлсон сонслоо.
Намайг хамгийн сайн сурагч гэдэгт тэр хатагтай итгэхгүй байна даа гэж Карлсон харамсан
хэлэхэд:

-Гайхах ч зүйл биш л дээ гэж хүү хэлчихэв.

Учир нь “би бүгдийг онц сайн чаддаг” гэж Бок хатагтайд гайхуулдаг ч Карлсон уншиж,
бичиж, тоолж ч чадахгүй байгааг Малыш хүү аль эрт мэдсэн байлаа.

-Та жаахан дасгал хийх хэрэгтэй. Хүсвэл би танд тоо нэмэх арга зааж өгье. Карлсон
дургүйцэн тургихад шоколадны хэлтэрхий эргэн тойронд үсэрчээ.

-Харин би чамайг хүсвэл жаахан даруу зан зааж өгье. Энэ нөмөх... нүмэх... аргыг чинь
мэдэхгүй гэж чи бодоод байгаа юм уу? Юу гэдэг билээ?

Гэвч цээж бодлогын дасгал хийх зав тэдэнд гарсангүй. Яг энэ үед хаалганы хонх удаан
дуугаран, Юлиус ах байх гэж хүү бодоод хаалга нээхээр яаран очлоо. Хүү Юлиус ахыг
ганцаараа угтахыг их хүсэж байв. Энэ үед Карлсон орон дотроо тайван байж болно гэж хүү
санажээ. Харин Карлсон тэгж бодоогүй байж. Аль хэдийн босоод хүүгийн ард ирчихсэн,
нөмрөгний хормой хөлд нь унжин зогсож байв.

Хүү хаалгаа яаран нээхэд босгон дээр үнэхээр Юлиус ах зогсож байлаа. Тэр хоёр гартаа тус
бүр нэг чемодан барьсан байв.

-Тавтай морил, Юлиус ах аа! хэмээн Малыш хүү эхэлсэн боловч үгээ дуусгаж амжаагүй
байтал буун дуу тасхийж, Юлиус ах хадуулсан өвс мэт шалан дээр ойчих нь тэр.

-Яаж байнаа, Карлсон оо! хэмээн хүү цөхрөн чанга хашгирлаа. Гар буугаа Карлсонд
бэлэглэсэндээ хүү үнэхээр харамсаж байв. Яах гэж түүнд бэлэглэв ээ?

-Энэ чинь ёслолын буудлага байхгүй юу! Хүндэт зочид, ерөнхийлөгч, хаад ирэх үед дандаа
ёслолын буудлага хийдэг шүү дээ!

Хүү тун зовлонтой байдалд орж бараг уйлахад бэлэн байлаа. Бимбо нохой нь догшрон хуцаж,
буун дуу сонссон Бок хатагтай яаран гүйж ирээд, ой дотор огтлуулсан мод мэт, орох хаалганы
дэргэд хивсэн дээр гулдайн ойчсон Юлиус ахыг хараад хоёр гараа дэлгэн үглэж гарчээ.
Зөвхөн Карлсон л урьдынх шигээ ажиггүй тайван байв.

-Тайван байцгаа, тайван бай. Одоо бид Ю ахыг сэргээнэ! гэж Карлсон хэлжээ.

Тэгээд Малыш хүүгийн ээжийн цэцэг усалдаг савыг авч Юлиус ахыг шүршиж эхлэв. Тэр нь ч
үнэхээр тус болж Юлиус ах нүдээ алгуур нээлээ.

Хаа сайгүй л бороо ороод байх юм гэж сайн сэргэж амжаагүй Юлиус ах хэллээ. Гэвч өөр рүү
нь сэтгэл түгшин харж байгаа хүмүүсийг хараад Юлиус ах бүрэн сэргэжээ. Сая юу... яг юу...
болсон бэ? гэж юу ч ойлгоогүй байгаа тэрээр асуув.

-Ёслолын буудлага хийсэн юмаа. Гэхдээ олон хүний хувьд өнөө үеийн ёслолын буудлага ийм
шүршүүртэй хосолдог болчихлоо.

Бок хатагтай энэ үед Юлиус ахыг арчилж, гар нүүрийн алчуураар хуурай болтол арчаад, өрөө
рүү нь оруулав. Тэндээс Бок хатагтайн дуу сонсдож, “Энэ тарган хүү Малыш хүүгийн
сургуулийн найз нь, дандаа элдэв янзын сахилгагүй юм бодож олдог” хэмээн ярих нь
сонсдож байв.

-Карлсон та, дахиж хэзээ ч ингэж буудахгүй гэж надад амлаач гэж хүү хэллээ.

-Санаа зовохгүй байж болноо хэмээн Карлсон баргар царайлан аман дотроо бувтнав. Ёслолд
тусалж, зочныг баяртай угтах гэж албаар ирж байхад хэн ч талархал илэрхийлэхгүй, хэн ч
хоёр хацрыг чинь үнсэхгүй, “Дэлхий дээрх хамгийн хөгжөөнтэй залуу” гэж хэн ч баярлаж
хашгирахгүй юм аа. Та нар бүгд сул дорой юм. Бушуухан л муужирч унадаг. Уйланхай амьтад.
Та нар тийм л юм.

Хүү түүнд хариу хэлсэнгүй. Өрөөн дотроо Юлиус ах бас үглэж байгааг сонсон зогсож байв.
“Матрац хатуу, ор нь богинохон, хөнжил дэндүү нимгэн байна...” Ийнхүү, зовлонт Юлиус ах
ирсэн нь шууд мэдэгдэж байлаа. Хүү:

-Энэ ах ямар ч зүйлд, хэзээ ч сэтгэл хангалуун болдоггүй юм. Өөрөө өөртөө л сэтгэл
хангалуун байж магадгүй гэж Карлсонд хэллээ.

-Би энэ ахыг чинь дор нь засаад өгнөө. Чи харин надад зүй ёсны хүсэлтээ л тавьж бай.

Гэвч хүү ганцхан л зүйлийг буюу “Юлиус ахыг тайван орхи!” гэж Карлсоноос зүй ёсоор
хүсчээ.
Малыш хүүгийнд карлсон хонов
Цаг орчмын дараа Юлиус ах ширээний цаана суугаад, тахианы мах идэж, харин Бок хатагтай,
Малыш хүү, Карлсон, бас Бимбо нохой ойрхон зогсон түүн рүү харж байв. “Хаан шиг” гэж
Малыш хүү боджээ. Хүүгийн сургуулийн багш нь “Хаан хооллох үед түүний албат, үйлчлэгч
нар ойрхон зогсоод харж байдаг” гэж ярьсан байлаа.

Юлиус ах тарган, бас төрх байдал нь тун ихэмсэг, өөртөө сэтгэл ханамжтай харагдаж байв.
“Эртний хаад, ноёд л ийм байсан байх” гэж Малыш боджээ.

-Нохойгоо холдуул гэж Юлиус ах хэллээ. Би нохойг тэвчиж чаддаггүйг чи мэднэ шүү дээ,
Малыш аа!

-Гэхдээ Бимбо ямар ч муу зүйл хийдэггүй шүү дээ. Хуцахгүй байна, ер нь аятайхан нохой гэж
хүү татгалзав.

Юлиус ах ямар нэг таагүй зүйл хэлэхийн өмнө царайд нь тохуурхсан төрх илэрдэг байлаа.
Карлсон, Малыш хүүгийн ээжийн цэцэг усалдаг савыг авч Юлиус ахыг шүршиж эхлэв. Тэр нь
ч үнэхээр тус болж Юлиус ах алгуур нүдээ нээлээ.

-Тийм ээ, одоо ч хачин үе ирж. Хэлж байгаа зүйлийг чинь жижиг хүүхдүүд хийхгүй, бас том
хүний өөдөөс татгалздаг болж. Байдал ийм болчихсон байгаа нь надад огт таалагдахгүй
байна.

Энэ үеийг хүртэл тахианаас нүд салгаж чадахгүй байсан Карлсон саяын үгийг сонсоод
Юлиус ах руу харцаа шилжүүлж, гүн бодолд автан удаан харлаа.

-Юлиус ах аа, хэн нэг хүн урьд нь таныг “царайлаг сайхан, ухаантай, зохих хэмжээнд тарга
хүчтэй, эрч хүчтэй хүн юм гэж хэлж байсан уу? гэж Карлсон асуужээ.

Ийм магтаал сонсоно гэж Юлиус ах огт хүлээгээгүй байж. Хэдийгээр гаднаа мэдэгдэхгүйг
хичээж байгаа ч тэр магтаалд Юлиус ах тун баярлаж байгаа нь илт байв. Тэгээд даруухан
инээмсэглээд:
-Үгүй ээ, хэн ч хэзээ ч ингэж хэлж байгаагүй.

-Хэлж байгаагүй байх нь ээ гэж Карлсон бодлогошрон дахиж асуув. Тэгвэл яагаад таны
толгойд тийм этгээд санаа төрсөн юм?

-Карлсон, болиоч гэж Малыш хүү зэмлэн дуугарав. Карлсон үнэхээр дураараа аашилж байна
гэж хүү бодож байлаа.

Гэтэл Карлсон бүр үнэнээсээ гомдож орхижээ.

-Карлсон, болиоч, Карлсон болиоч, Карлсон болиоч гээд л байх юм. Чамаас би ганцхан ийм л
үг сонсож байна. Яагаад чи намайг дандаа ингээд байгаа юм? Би ямар ч муу зүйл хийхгүй
байгаа.

Карлсон руу Юлиус ах ширүүн харсан ч түүний анхаарлыг Карлсон шиг жижигчүүд татах
эрхгүй гэж бодсон нь илт бөгөөд өөрт нь илүү чухал байгаа тахиагаа дахин идэж эхэллээ.
Харин Бок хатагтай Юлиус ах руу таваг дөхүүлэн дахин идээч гэж ятгаж байв.

-Танд таалагдах байх гэж найдаж байна.

Тахианы гуяыг Юлиус ах шүдээрээ зууснаа, тохуурхсан төрхөөр,

-Тийм ээ, баярлалаа. Энэ тахиа нэлээд олон насалсан байх гэж миний шүд сайн мэдэж байна
гэв.

Бок хатагтай гомдон духаа үрчийлгэж:

-Ийм тахианы дэгдээхэй ерөөсөө шүдгүй байдаг шүү дээ гэсэнд Юлиус ах Бок хатагтай руу
улам тохуурхан харж:

-Гэхдээ би бол шүдтэй л дээ гэхэд:

-Шөнө л гарч ирдэг шүд гэж Карлсон хэлчихжээ.

Малыш хүү чавга шиг час улайв. Юлиус ах унтаж байх үед шүд нь устай саван дотор орны
дэргэдэх шүүгээн дээр тавиатай байдаг тухай Карлсонд Малыш ярьчихсан байжээ.

Гэвч яг энэ үед аз болоход, тахианы мах хатуу байна гэж Юлиус ах хэлсэнд гомдсондоо Бок
хатагтай цурхиран уйлчихлаа. Өөрийнх нь хоол хийх сайн чадварыг хүлээн зөвшөөрөхгүй
байх шиг том зовлон энэ дэлхий дээр Бок хатагтайн хувьд байхгүй учир тун гашуунаар уйлж
гарчээ.

Өөрийнх нь үгийг Бок хатагтай ингэж зүрхэндээ ойрхон хүлээж авна гэж Юлиус ах огт
бодоогүй байжээ. Тэгээд хоол хийж өгсөнд яаран талархлаа илэрхийлээд, ширээний цаанаас
эвгүйрхэн босож, дүүжин сандалд суугаад сонин дэлгэн, бүх хүнээс өөрийгөө тусгаарлан
чимээгүй боллоо.
Карлсон түүн рүү нэлээд бухимдан хандаж:

-Ямар хачин хүмүүс байдаг байнаа? гэж дуу алдаад Бок хатагтай руу гүйж очин мөрийг нь
илж эхэлжээ. “Зүгээр, зүгээр, алтхан минь. Тахианы мах хатуу байна гэдэг бол байдаг л нэг
жижиг зүйл шүү дээ. Тахиа шарж сураагүй нь таны буруу гэж үү?” гэчихлээ.

Харин Карлсоныг Бок хатагтай маш хүчтэй түлхсэн учраас цаадах нь өрөөн дотуур
бөндөгнөн өнхөрсөөр яг Юлиус ахын өвдөг дээр ирж тогтжээ.

-Хөөе-хоп гэж Карлсон хашгираад Юлиус ахад сэхээ өгөлгүй өвөр дээр нь эвтэйхэн суугаад,
сэтгэл хангалуун инээмсэглэн:

-Хоёулаа өвөө, ач болж тоглох уу? Эхлээд та надад үлгэр яриарай, харин аймаар үлгэр яривал
би айдаг шүү гэлээ.

Карлсоны өвөө болохыг Юлиус ах хэзээ ч хүсэхгүй бөгөөд бас сониноос ямар нэгэн
сонирхолтой зүйл олж харсан байжээ. Тиймээс удаан бодолгүй, Карлсоныг цамцны захнаас
нь барьж аван шалан дээр тавьчихлаа. Дараа нь Юлиус ах Бок хатагтай руу эргэж чанга
дуугаар:

Миний дөнгөж сая уншсан зүйлийг та мэдэх үү? Танай энд, Вазастаны дүүрэгт ямар нэгэн
тагнуулын хиймэл дагуул нисээд байгаа бололтой. Та сонссон уу? гэлээ.

Малыш хүү айсандаа бараг л хөшчихжээ. Ингэх л дутаад байж гэнэ? Яахаараа тэр гайтай
сонин Юлиус ахын гарт өртдөг байна аа? Тэр үеэс хойш бүтэн долоо хоног өнгөрчихөөд
байхад шүү. Харин аз болоход Юлиус ах сонинд бичсэн тэр нийтлэлийн талаар одоогоор
зөвхөн даажигнаж л байлаа.

-Юу ч гэж зохиож болно гэж сониныхон бодох юм даа. Аль болох олон сонин зарах л ганц
зорилготой байх юм. Тагнуул баригдашгүй гэнэ. Бид ийм үлгэр домгийг мэднэ дээ. Хатагтай
Бок та тэр нууц нисдэг торхыг ганц ч болов удаа харсан уу?

Хүүгийн амьсгал давхцаад ирлээ. “Хэрэв одоо Бок хатагтай энэ хүмүүжилгүй хүүхэд бас
нисэж чаддаг гэж яривал бүх зүйл өнгөрнө. Наад зах нь л Юлиус ахад заавал сэжиг төрнө.”

Гэвч Карлсон өөрөө ч, түүний нисэх чадварт ч ямар нэг ер бусын зүйл байна гэж Бок хатагтай
огт тоодоггүй байсан учраас, бас тэгээд чанга мэгшсэн хэвээр байсан учир юм ярьж чадахгүй
байжээ.

-Нисдэг торх гэнээ, би энэ тухай юу ч сонсоогүй гэж эцэст нь Бок хатагтай нулимсаа залгин
хэлэв. Магадгүй, сонинд хааяа гардаг хуурмаг нийтлэл л байх.

Хүүгийн сэтгэл сая хөнгөрөн санаа алдлаа. Хэрэв Юлиус ахын дэргэд хэзээ ч, бүр хэзээ ч
нисэхгүй байхыг Карлсоноос хүү ятгаж чадвал бүх зүйл гайгүй өнгөрч магадгүй юм.

Энэ талаар Карлсонд хурдхан сануулахын тулд хүү эргэсэн боловч Карлсон салхинд хийссэн
мэт алга болчихсон байв. Хүүгийн санаа зовж, нэн даруй эрэхээр шийдсэн ч Юлиус ах хүүг
дууджээ. Зуны амралт болж, хичээлийн тухай ярих цаг биш ч гэсэн хүүгийн хичээл сурлага
ямар байгаа, цээж тоонд хэр хүчтэй байгааг ах нь шалгахыг хүссэн байв. Гэвч эцэст нь хүү
тэндээс мултарч чадсан бөгөөд Карлсон байгаа эсэхийг харахын тулд өрөө рүүгээ яарчээ.
Тэгээд өрөөнийхөөө босго алхмагц:

-Карлсон, та хаана байнаа? гэж хашгирчээ.

-Би чиний унтлагын өмдийг өмсөж байна. Энэ нарийхан юмыг чинь өмд гэж нэрлэж болох
юм уу даа?

Карлсон орны ирмэг дээр суугаад өмд өмсөхийг оролдож байсан ч багтахгүй байлаа.

-Би танд Боссе ахын унтлагын хувцсыг өгье гэж Малыш хэлээд, ахынхаа өрөө рүү орж,
унтлагын том хувцас авчрав. Тарган Карлсонд ч тэр хувцас таарч байлаа.

Харин өмдний түрий, цамцны ханцуй нь уртдаж байсан ч Карлсон дор нь тайрч хаян
аргалчихжээ.

Хүүг үг ч хэлж амжаагүй байхад тайрчихсан боловч Малыш төдий л харамсахгүй байв. Гэвч
эцэст нь хүү, “Унтлагын хувцас бол байдаг л нэг жижиг зүйл. Хувцсыг тайрснаас болоод
миний сэтгэл хангалуун байдлыг алдагдуулах ёсгүй. Карлсон манайд хонох гэж байгаа нь
гайхмаар үйл явдал шүү дээ!” гэж боджээ.

Тэгээд Боссе ахынхаа цагаан даавууг хүү өөртөө буйдан дээр дэвсээд, Бимбогийн сагсыг
дэргэд нь тавилаа. Бимбо дотор нь орж хэвтээд нүдээ аньсан ч байн байн сэрж, Карлсон руу
дургүйцэн харсаар байжээ.

Малыш хүүгийн орон дотор Карлсон нааш цааш хөрвөөн, аль болох тухтай хэвтэхийг хичээж:

-Би өөртөө дулаан үүр засаж байна гэж хэлжээ.

“Энэ цоохор унтлагын хувцсыг өмсөхөөр Карлсон нээрээ л шувуутай төстэй болчих юм.
Хэрэв хөнжлийг нь тал талаас нь хумьж өгвөл яг л шувууны үүрэн дотор байгаа юм шиг
болно доо” гэж хүү боджээ.

Гэвч хүү хөнжлийг нь засаж өгөхийг Карлсон хүсэхгүй байлаа.

-Одоогоор эрт байна. Эхлээд хоёулаа жаахан тоглоё. Би оронд орж уйдаж хэвтэхийг өөртөө
зөвшөөрч чадахгүй. Бид хоёрт хийх юм энд байна шүү дээ. Өөхтэй хиамтай талх идэж болно,
дэрэн байлдаан хийж болно, тоглож болно. Эхлээд хиамтай талх идье.

-Та дөнгөж саяхан уул овоо шиг их нарийн боов идсэн шүү дээ.

-Ингэж хэвтээд л, уйдаад байх юм бол би тоглохгүй. Хиамтай талхаа аваад ирээч гэж Карлсон
хэллээ.

Хүү гал тогооны өрөө рүү сэмхэн очиж, хиамтай талх бэлтгэхэд азаар түүнд хэн ч саад
болсонгүй. Бок хатагтай зочны өрөөнд сууж Юлиус ахтай ярилцаж байжээ. “Тахианы мах
хатуу байна” гэж хэлснээс үүссэн гомдлыг Бок хатагтай уучилсан нь илт байв. Хүү өрөөндөө
ямар ч саадгүй буцаж ирээд Карлсоны хөлийн дэргэд орон дээр суулаа. Тэгээд Карлсон
хиамтай талхыг хичнээн анхааралтай идэж, сэтгэл хангалуун болж байгааг хүү харж суужээ.
Хамгийн сайн найз чинь танайд хонох гэж байгаа нь тун сайхан хэрэг шүү. Карлсон ч бас энэ
удаа бүх зүйлд сэтгэл хангалуун болж байлаа.

-Хиамтай талх сайхан байна, чи ч сайхан байна, гэрийн зовоогч багш ч бас сайхан байна гэж
Карлсон хэлснээ, “Намайг хамгийн сайн асрагч гэдэгт л итгэхгүй байгаа юм даа” гээд царай
нь барайв. Энэ байдал Карлсоныг гонсойлгож байгаа нь илт байлаа.

-За, ийм зүйлд битгий анхаарал хандуул даа. Намайг хамгийн сайн сурагч байхыг Юлиус ах
хүсдэг ч би хамгийн сайн нь огт биш шүү дээ.

-Үгүй ээ, баярлалаа, би бол ийм хандлагыг зөвшөөрөхгүй байна гэж Карлсон хэлжээ. Хэрэв
би чиний өнөөх нөм... нүм... юу гэдэг билээ... тэрийг чинь чамд зааж өгвөл...

-Тоо нэмэх үү? Та надад зааж өгөх гэж байгаа юм уу?

-Яагаад гэвэл тоо нэмэхдээ дэлхийн хамгийн сайн мэргэжилтэн нь би юм чинь.

Хүү баахан инээгээд:

-Тэгвэл одоо шалгая. Та зөвшөөрөх үү? гэлээ.

Карлсон толгой дохин:

-Эхэлье гэжээ. Хүү:

-За ээж танд гурван алим өгчээ гэж бодъё.

-Би тэгвэл баярлалаа гэж хэлнэ.

-Намайг битгий таслаарай. Хэрэв та ээжээс гурван алим, ааваас хоёрыг, Боссе ахаас хоёр,
Бетан эгчээс хоёр, надаас нэг алим авбал ...

Гэвч Карлсон хуруугаа чичин анхааруулсан учир хүү яриагаа дуусгаж чадсангүй.

-Би мэдэж байсан юм аа. Гэр дотроо хамгийн харамч нь чи гэж би дандаа мэддэг байсан.

-Та байз л даа, би энэ тухай яриагүй байна шүү дээ гэж хүү хэлсэн ч Карлсон зөрүүдлэн
үргэлжлүүлж:

-Хэрэв чи надад том цаасан уут өгвөл би хурдхан онгойлгож үзэхэд дотроос нь нэг кило алим,
хоёр лийр, жижиг шар чангаанз нэг атга гарч ирэх байх.

-Байз л даа гэж хүү хэллээ. Би таныг тоо нэмж сургахын тулд жишээ болгож алимны тухай
ярьж байна шүү дээ. За ингээд, та ээжээс нэг алим авч...

-Байз, байз гэж Карлсон цухалдан хашгирч, “Би ингэж тоглохгүй. Дөнгөж сая чи надад өгөх
гэж байсан хоёр алимыг ээж чинь хааш нь хийчихсэн юм?”

Хүү санаа алдан:

-Эрхэм Карлсон минь дээ, алим энд юу ч биш ээ. Тоо яаж нэмэхийг л тайлбарлахын тулд би
алимны тухай ярьж байна шүү дээ. Одоо та ойлгов уу?

Өмдний түрий, цамцны ханцуй нь уртдаж байсан ч Карлсон дор нь тайрч хаян аргалчихжээ.
Хүү үг ч хэлж амжсангүй.

Карлсон уруулаа тургив.

-Намайг ойлгохгүй байна гэж чи бодож байгаа юм уу? Намайг буруу харах хооронд ээж чинь
миний хоёр алимыг авчихлаа.
-Боль доо, Карлсон. За цааш нь ярья. Хэрэв та ээжээс гурван алим авбал ...

Карлсон сэтгэл хангалуун толгой дохив.

-За чи харж байна уу? Хүн өөрийнхөө төлөө зогсох ёстой шүү дээ. Би тэгэх ёстой гэж мэддэг
байсан юм. Би эмх цэгцтэй байдалд дуртай. Миний юм минийх л байдаг. Би ээжээс чинь
гурвыг, ааваас чинь хоёрыг, Боссегоос хоёр, Бетанаас гурвыг, харин чи хамгийн харамч нь
учраас чамаас ганц л алим авсан...

-За тэгээд та нийт хэдэн алимтай болох вэ? гэж хүү асуулаа.

-Чи өөрөө хэд болно гэж бодож байна?

-Би бол бодохгүй байна, би мэдэж байна гэж хүү хатуу хэлжээ.

-Тэгвэл чи хэлээч гэж Карлсон хүсэв.

-Үгүй ээ, та хэлэх ёстой байхгүй юу!

-Чи ч сайн сэтгэх юм аа. Чи хэлээч. Чамайг алдана гэж би мөрий тавьсан ч чадна.

-Та дэмий л найдаж байна. Та арван нэгэн алимтай болно гэж хүү хэллээ.

-Чи тэгж бодож байна уу? гэж Карлсон дахин асуув. Ёстой хуруугаар тэнгэр ононо гэгч л
болж байна даа. Би уржигдар орой Лидингений цэцэрлэг дотроос хорин зургаан алим тасалж
авсан. Дараа нь би гурван алим идээд бас нэгийг хазсан. Одоо бол чи юу гэж хэлмээр байна?

Хүү юу хэлэхээ мэдэхгүй болсон учир дуугүй болсноо дараа нь гэнэт сэтгэв.

-Ха, ха, та худлаа хэлж байна. Зургаан сард, модон дээр ургадаг алим гэж байхгүй шүү дээ.

-Тийм ээ, байхгүй гэж Карлсон зөвшөөрсөн ч, харин чи өөрөө тэр алимнуудаа хаанаас авсан
юм? Хулгайлчихсан юм уу?

Ийм хадуурлаас цөхөрсөн учир Карлсонд тоо нэмэхийг зааж өгөх хүслээ хүү хаяхаар
шийджээ.

-Гэхдээ та одоо тоо яаж нэмэхийг бага зэрэг мэддэг болсон биз дээ?

-Намайг урьд нь мэддэггүй байсан гэж чи бодоод байна уу, энэ чинь алим тасалж авах шиг л
амархан зүйл. Надад энийг заах шаардлагагүй. Би өөрөө ч дажгүй чаддаг. Би чинь алим түүх
талдаа дэлхийн хамгийн сайн нь шүү дээ. Надад жаахан зав гарахаар хоёулаа хотын зах руу
нисэж, би чамд заавал харуулнаа гэж Карлсон хэлжээ.

Тэгээд Карлсон сүүлчийн зүсэм талхыг идээд, дэрэн байлдаан хийхээр бэлджээ. Гэвч
хүүгийн толгой руу дэр шидмэгц Бимбо нохой нь чанга хуцаж гарлаа.
Тэгээд шидсэн дэрний өнцгөөс Бимбо зуун архирч байтал Карлсон нөгөө булангаас нь барьж,
бас өөр рүүгээ татжээ. Чингэж Бимбо, Карлсон хоёр дэрийг чангаалцаж байтал урагдчихлаа.
Бимбо дэрийг тавьсан ч Карлсон дэрийг дээш нь тааз руу чулуудчихав. Дэрний өд сөд бутран,
буйдан дээр хэвтээд инээж байсан хүү рүү эргэлдэн бууж байв.

-Цас орж байгаа юм шиг санагдаж байна шүү. Мөн ч их орж байна даа, хараач гээд Карлсон
дэрийг дахин тааз өөд шидлээ.

Гэвч хүү “дэр шидэхээ больж, унтах хэрэгтэй байна” гэж хэлжээ. Нэлээд орой болсон бөгөөд
Бок хатагтайд Юлиус ах сайхан амрахыг хүсэж байгааг тэд бас сонслоо.

-Одоо би явж богинохон орондоо оръё хэмээн Юлиус ах хэлж байв.

Тэгтэл ч Карлсон гэнэтхэн сэтгэл нь сэргэж:

-Хөөе-хоп. Би бас нэг инээдтэй зүйл бодож оллоо гэж дуу алдлаа.

-Та юу бодож олсон юм? гэж хүү гайхан асуухад:

-Тун инээдтэй зүйл бодсон. Гэртээ хоноогүй айлд хонож байгаа бол хаяж болдог зүйл гэж
Карлсон тайлбарлав.

-“Мешок” тоглох уу? Өөр хүний орон дотор сэмхэн юм хийж үү? Одоо оройтсон шүү дээ. Та
тийм юм битгий хийгээрэй, за юу?

-Тийм л дээ, оройтсон гэж Карлсон зөвшөөрөв.

-Аль хэдийн оройтсон гэж хүү сэтгэл хөнгөрөн хэллээ.

-Одоо би дахиж тийм юм хийхгүй ээ гэж хүүд Карлсон итгүүллээ.

-Тэгвэл ч сайн шүү гэж хүү баярлан хэлэхэд:

-Саяхан би хийж амжсан учраас гэж Карлсон үгээ дуусгав.

Хүү гэнэт цочжээ.

-Тэгсэн гэж үү? Юлиус ахыг уу?

Карлсон баярлан инээд хөөр боллоо.

-Зальтай хүүхэд шүү, чи яаж таачихав аа?

Дэр шидэж байх үед хүү зөндөө инээсэн болохоор одоо ёолох дөхөж байжээ. Бас Карлсон
ямар нэг муу зүйл хийж гэдгийг хүү мэдэж байв.

-Юлиус ах яасан их уурлах бол, яанаа?


-Уурлах эсэхийг нь бид л шалгах ёстой доо. Байшин тойрч нисээд унтлагын өрөөний цонхоор
харъя гэж Карлсон хэлэв.

Гэвч инээж байсан хүү тэр дорхноо больчихлоо.

-Яасан ч тэгж болохгүй. Гэнэт таныг ах харчихвал яана? Нөгөө нисдэг биет тагнаж явна гэж
ах бодно шүү дээ... Тэгвэл юу болохыг та өөрөө мэднэ шүү дээ!

Гэвч Карлсон зөрүүдэлсээр байлаа.

Орон дотор нь “мешок” хийж тоглох үедээ хохирогч уурлаж байгааг заавал харах хэрэгтэй.
Тэгж харахгүй бол тоглоомын хамаг баясал, зугаа алга болчихно. Битгий санаа зов, би
борооны шүхрээр өөрийгөө халхална гэж Карлсон итгүүллээ.

Гадаа бороо орсоор байсан учир ээжийнх нь улаан шүхрийг авахаар Карлсон үүдний өрөө рүү
гүйхдээ Боссегийн унтлагын хувцсыг норгомооргүй байна гэж Карлсон хэлжээ.

Тэгээд Карлсон цонхны тавцан дээр гарч, борооны шүхрээ дэлгэн бариад, доош үсрэн
нисэхэд бэлэн зогслоо. “Энэ тун аюултай” гэж хүү бодоод:

-Маш болгоомжтой байгаарай, нэг л хүний нүдэнд өртөх юм бол бүх зүйл өнгөрнө шүү! гэж
хэллээ.

-Тайван бай, зөвхөн тайван бай гэж Карлсон хэлээд бороон дундуур нисэн оджээ.

Хүү гэртээ үлдсэн боловч огт тайвширч чадсангүй. Харин ч ихэд догдлон хуруугаа мэрж
байжээ.

Цаг хугацаа маш удаан өнгөрч байв. Бороо хувингаар асгах мэт цутгаж, хүү хүлээсээр байлаа.
Гэнэт Юлиус ах аймаар муухай хашгирсны дөнгөж дараахан нь нээлттэй цонхоор Карлсон
нисэн орж ирэв. Тэгээд сэтгэл хангалуун байдалтай мотороо унтрааж, борооны шүхрийн
усыг шавхахаар шалан дээр тавилаа.

-Ах таныг харсан уу? Орондоо орсон байна уу? гэж хүү асуув.

-Тэр ах чинь их зөрүүд хүн байна лээ гэж Карлсон хэллээ.

Тэгтэл Юлиус ах дахин хашгирах сонсогдов.

-Юу болсныг би очиж харах ёстой гэж хүү хэлээд унтлагын өрөө рүү гүйлээ.

Юлиус ах орны даавуугаар биеэ ороож, цонхигор царайлан суух бөгөөд харцанд нь айдас
тодорч, дэргэд нь шалан дээр нэг хүүхэлдэй, бөөрөнхийлж ороосон хөнжил харагдаж байлаа.

-Чи, энэ надад хэрэггүй ээ. Бок хатагтайг дууд гэж хүүг ороход Юлиус ах хэллээ.

Гэвч түүний хашгирахыг бас сонссон бололтой Бок хатагтай ч өөрөө гал тогооны өрөөнөөс
яаран ирээд хаалганы дэргэд хөшчихсөн зогсож байв.

-Бурхан минь. Та ороо ингэж зассан юм уу? гэж Бок хатагтай дуу алдав.

-Үгүй ээ, засаагүй. Гэхдээ орыг ингэж шинэ маягаар засахыг би дэмжиж чадахгүй юм
байна... Одоо би үүнтэй манатай байна.

Юлиус ах дуугаа хурааж, аяархан ёолоход Бок хатагтай түүн рүү дөхөж очоод духанд нь гараа
хүргэв.

-Юу болсон бэ? Таны бие өвдөж байна уу, ноён Иенсен?

-Тийм ээ, өвдөж байна... Харин чи яв яв гэж хүүд Юлиус ах арай чамай хэллээ.

Хүү тэндээс явсан боловч Юлиус ах юу нэмж хэлэхийг сонсохын тулд хаалганы цаана хэсэг
саатжээ.

-Би ухаантай, эрүүл саруул бодолтой хүн гэж Юлиус ах үргэлжлүүлэв. Сонин хэвлэлд бичдэг
элдэв нууцлаг зүйл, үзэгдэл, янз бүрийн зүйлс миний толгойг эргүүлж чадахгүй... Би зүгээр л
өвдсөн байх гэж бодож байна.

-Юу болсон юм бэ? гэж Бок хатагтай давтан асуув.

-Нүдэнд хий юм үзэгдээд... Магадгүй, би халуурч, бас дэмийрсэн байх гэж Юлиус ах хэлснээ
гэнэт дуугаа намсган шивэгнэхэд хүү арай чамай сонсжээ.

-Хатагтай Бок, таныг цааш нь хүнд яриасай гэж би хүсэхгүй байна. Гэхдээ улаан шүхэртэй,
нисдэг биет ийшээ ирэх шиг санагдсан юм гэлээ.
Гамбирын хэрэг тарив
Маргааш өглөө нь Малыш хүүг сэрэх үед Карлсон байхгүй, Боссегийн унтлагын хувцас шалан
дээр үрчийн хэвтэж байлаа. Цонх дэлгээтэй байсан учраас Карлсон цонхоор гарч гэр рүүгээ
ниссэн байх гэж хүү боджээ. Карлсон явсан нь харамсалтай боловч, нөгөө талдаа сайн бөгөөд
Бок хатагтай уурлахгүй болно гэсэн үг байв. Хүүгийн өрөөнд Карлсон хоносныг Бок хатагтай
ерөөсөө мэдэх албагүй юм. Харин Карлсон байхгүй үед эргэн тойрон нэг л хоосон, гунигтай
оргиж, бараг уйлмаар санагдах нь сонин байжээ. Карлсоныг ирээд явсны дараа юм хумаа
эмхэлж янзална гэдэг амаргүй байсан ч дөнгөж явмагц нь Малыш хүү санаж эхэлжээ. Одоо ч
гэсэн, Карлсон байхгүй байгааг хармагцаа хүү түүнд хурдхан мэндчилгээ илгээхийг хүсэж
байв. Тэгээд цонх руу дөхөж очоод хөшигний цаана нуусан оосроос гурав дахин татжээ. Хүүг
дохио өгдөг болгохын тулд тэр хонхны оосрыг Карлсон бэлтгэсэн байлаа. Оосроос татахад
Карлсоны дээвэр дээрх хонх дуугарах бөгөөд хонхыг хэдэн удаа дуугаргах нь ямар учиртай
гэдгийг Карлсон өөрөө шийджээ.

Нэг удаа хонх дуугарвал “ир” гэсэн утгатай. Хоёр удаа бол “хурдан ир”, гурван удаа бол “энэ
дэлхий дээр Карлсон гэдэг ийм царайлаг, сайхан, ухаалаг, зохих хэмжээнд тарган, бас
зоригтой бүх талаар өв тэгш хүн байгаад талархаж байна” гэсэн утгатай гэж Карлсон зааж
өгчээ.

Хүү чухам энэ л үгсийг Карлсонд хэлэхийг хүссэн байлаа. Тийм учраас оосроос гурав дахин
татаад, дээвэр дээрх хонх гурван удаа дуугарахыг сонсжээ. Тэгтэл Карлсон хариу өгч, өнөөх
буугаараа буудсан бөгөөд хоорондын зай нь хол байсан учраас “боссе, биосе, биссе, бом”
гэгчээ дуулах нь бүдэгхэн сонсогджээ.

-Дуулах хэрэггүй ээ, Карлсон, хэрэггүй гэж хүү шивэгнэлээ.

-Карлсон тэнэг юм аа! Дээвэр дээгүүр дураараа яваад л, буудаж, дуулж байдаг. Түүнийг
Филле, Рулле нар тун амархан сонсоод, отож байгаад, барьж авч арван мянган крон олохын
тулд сонины газарт хүргэчихнэ шүү дээ!

-Одоо яая гэх вэ дээ, өөрөө л буруутай хойно гэж Малыш хүү дэргэд нь сагсан дотор хэвтэн,
бүгдийг ойлгож байгаа юм шиг харж байгаа Бимбо нохойндоо хэллээ. Тэгээд хүү өмд цамцаа
өмсөөд, Бимботой тоглон гэрийн бусад хүмүүс сэрэхийг хүлээжээ.

Юлиус ах унтаж байгаа бололтой, унтлагын өрөөнөөс чимээ гарахгүй бөгөөд гал тогооноос
дөнгөж чанасан кофены анхилуун үнэр үнэртэж байлаа. Тэгээд хүү Бок хатагтай юу хийж
байгааг харахаар очжээ.

Бок хатагтай сандал дээр тухлан суугаад эхний аяга кофегоо ууж байв. Тун хачирхалтай нь,
хүү ирж дэргэд нь суухад тэр татгалзсангүй. Ямар ч каш байхгүй ч Бок хатагтай ямар нэгэн
амттай зүйл бэлтгэхээр эрт боссон нь илт байв. Тавган дээр хоёр сайхан халуун талх
харагдаж, бас талхны саван дотор зөндөө олон талх овоолон хийсэн байлаа. Хүү аяганд сүү
хийж, нэг талх өөртөө авав. Ийнхүү хоёул өөд өөдөөсөө харан сууж дув дуугүй цайгаа уулаа.
Эцэст нь Бок хатагтай:

-Фрида маань тэнд яаж амьдарч байгаа бол? гэв.

Хүү сүүтэй аяганаас харцаа салгаж, гэрийн багш руу гайхан харав. Тэр хоёр хоорондоо их өөр
боловч Фридаг үгүйлдэг байх нь. Хүү Карлсоныг үгүйлдэг шиг.

-Хатагтай Бок, та Фридаг санадаг уу? гэж хүү найрсгаар асуув.

Гэвч Бок хариуд нь гашуун инээмсэглэж:

-Чи Фридаг мэдэхгүй шүү дээ гэлээ.

Үнэндээ бол хүүгийн сонирхлыг Фрида огт татахгүй байв. Гэвч Фридагийн тухай ярихыг Бок
хатагтай илэрхий хүсэж байгаа учраас хүү:

-Фридагийн найз залуу нь ямар хүн бэ? гэж асуулаа.

-Өөдгүй амьтан даа гэж хатагтай Бок санаа алдан хэллээ. Өөдгүй амьтан гэдгийг нь би мэднэ,
бас Фридагийн мөнгө рүү хараад байгааг би шууд л ойлгосон.

Энэ тухай зөвхөн санах төдийд л Бок хатагтай байж ядан дургүйцэж байв. “Фридагийн тухай
ярихын тулд намайг хүртэл тэсэж байгааг нь бодоход Бок багшид ярилцах ч хүн байхгүй
бололтой” гэж хүү бодлоо.

Тэгээд хүү гал тогооны өрөөнд удаан сууж, Фрида, түүний найз Филипп хоёрын тухай
дуусахгүй урт түүхийг сонсоход хүрчээ. Бас дүү охиных нь найз залуу “сайхан нүдтэй, гоё
хамартай, тэнгэр ямар ч муухай байсан сайхан харагддаг” гэж итгүүлснээс хойш Фрида дүү
нь их тэнэг болсон тухай ярилаа.

-Сайхан хамартай гэж Бок хатагтай давтан хэлснээ тургижээ. Хэрэв дунд зэргийн хэмжээний
төмс хүний нүүрийг чимж болдог юм бол тэрнийг л сайхан хамартай гэж хэлж болох байх
даа...

-Харин Филипп өөрөө ямархуу дүр төрхтэй вэ? гэж бага боловч сонирхол тавихын тулд хүү
асуув.

-Бурхны авралаар энэ талаар би ямар ч төсөөлөл байхгүй. Фрида түүнийгээ надад
танилцуулах гэж чармайлт гаргаагүй шүү.

Филипп ямар ажил хийж байсныг Бок хатагтай бас мэдэхгүй байсан ч дүү хүүхэнтэй нь хамт
ажилладаг, Рудольф гэдэг бас нэг найзынх нь тухай сонссон байв.

Тэр Рудольфыг надад бол бүрэн тохирно гэж Фрида хэлж байсан. Гэхдээ тэр залуу нь надтай
танилцахыг хүсээгүй. Фрида намайг огт “хараа татам биш” гэдэг юм. Миний хамар гоё биш,
ер нь хараа татах юм байхгүй гэж Бок хатагтай хэлснээ дахин тургиад, босож яагаад ч юм
үүдний өрөө рүү явлаа. Гэтэл Бок хатагтайг дөнгөж гармагц Карлсон цонхоор нисэн ороод
иржээ.

Хүү үнэхээр тоглоомгүй уурлалаа.

-Хүүе Карлсон оо! Бок хатагтай, Юлиус ахын нүдний өмнө битгий нисээрэй гэж би танаас
гуйсан шүү дээ.

-Харин тэгээд л тэр хоёрын хэн нь ч намайг хараагүй байхад би нисэж ирлээ шүү дээ. Би
тэдэнд харагдах ч үгүй гэж хэлээд Карлсон ширээн доогуур орчихжээ.

Бок хатагтай явдал дундаа ноосон цамцаа өмсөн гал тогооны өрөө рүү буцаж ирэхэд
ширээний унжиж байгаа бүтээлгэн доогуур Карлсон нуугдан чимээгүй сууж байлаа.

Тэгээд дахин нэг аяга кофе өөртөө хийж, талх аваад яриагаа үргэлжлүүлэв.

-Миний хамар гайхуулаад байх сайхан биш гэж би ярьсан. Тийм хамар ч Фридад л заяасан
зүйл байх.

Тэгтэл хаанаас ч юм нэгэн хиймэл дуу сонсогдож:

-Нээрээ, таны хамар өргөст хэмхтэй төстэй юм гэх нь тэр.

Хатагтай Бок сандал дээрээ огцом хөдөлж, кофегоо цалгиулаад, Малыш хүү рүү сэрдэн
харав.

-Ичдэггүй амьтан чи ингэж хэлсэн үү?

Хүүгийн царай улайсан боловч юу хэлэхээ мэдэхгүй байснаа:

-Үгүй ээ, радиогоор хүнсний ногооны тухай ярьж байгаа юм болов уу. Улаан лооль, өргөст
хэмхний тухай гэчихжээ.

Хүү азаар нэлээд боломжийн тайлбар олчихож. Учир нь Свантесоны гэрийн гал тогооны
өрөөнд хөрш айлынх нь радио сонсогддог байлаа. Хатагтай Бок ч энэ талаар нэг бус удаа
гомдол гаргаж байсан юм.

Бок хатагтай хэсэг бухимдсан ч энэ үед Юлиус ах гал тогооны өрөөнд кофе уухаар орж ирсэн
учир чимээгүй болжээ. Юлиус ах бүдрэх шахам ширээг хэдэн удаа тойрч, алхах бүртээ ёолж
байв.

-Ямар ч муухай шөнө байв даа ариун Иеремей минь! Ямар гээчийн шөнө вэ! Энэ шөнөөс
өмнө ч миний бие өглөө босоход хөшдөг байсан. Тэгээд урьд шөнө болсон бүх зүйлсийн
дараа бүр их хөшиж байна... ёо ёо!..

Дараа нь Юлиус ах ширээнд сууж, ямар нэг нухацтай бодолд автах мэт урагшаа дуугүй
ширтжээ. Түүнийг ажиглаж байсан хүү, “Ах нэг л өөр болчихож” гэж бодлоо.
Гэлээ ч гэсэн энэ шөнийн төлөө би хувь заяандаа талархаж байнаа хэмээн хэсэг дуугүй
байсны дараа Юлиус ах хэлжээ. Энэ шөнө намайг өөр хүн болголоо.

Тэгвэл ч сайн шүү, хуучин нь муухан хүн байсан юм хэмээн өнөөх хачин хиймэл дуу дахин
сонсдоход, хатагтай Бок дахиад л суудал дээрээ цочин хөдөлснөө хүү рүү сэжигтэйхаржээ.
Малыш:

-Өнөө л хөрш Линдбергийн маань радио сонсогдоод байх юм... Хуучин машины тухай
нэвтрүүлэг явж байгаа юм болов уу гэж аргаллаа.

Харин Юлиус ах азаар юу ч анзаарсангүй. Өөрийнхөө бодолд бүрэн автсан учраас юу ч


анзаарахгүй, бас юу ч ярихгүй суусаар байлаа. Бок хатагтай түүнд кофе өгөхөд ах бас л
харалгүй талх руу гараа сунгасан ч авч чадсангүй. Учир нь ширээн доороос булцгар жижиг
гар гарч ирээд, талхтай сагсыг өөр рүүгээ татчихжээ. Гэвч Юлиус ах тэрийг ч бас
анзаарсангүй. Урьдынх шигээ л өөрийн бодолд бүрэн автаж, талхны оронд халуун кофе руу
хуруугаа дүрчихсэн хойноо л сая мэджээ. Тэгээд түлсэн хуруу руугаа үлээж, уурласан боловч
бас л тэр дороо өөрийн бодолдоо автлаа.

-Тэнгэр, газар хоёрын хооронд хүмүүсийн боддогоос ч илүү нягт холбоо байдаг юм байна. Би
урьд шөнө л үүнийг ойлголоо гэж Юлиус ах нухацтай хэлээд талх авахаар дахин гараа
явуулав. Гэсэн ч ширээн дороос цулцгар гар дахин гарч ирээд, талхтай сагсыг холдуулчихжээ.

Юлиус ах бас л юу ч анзааралгүй, бодсоор л, талхыг андууран амандаа хуруугаа хийж, хазсан
хойноо л сая ухаарчээ. Гарт нь ямар ч талх байгаагүй учир дахин уурласан ч шинэчлэгдсэн
Юлиус ах хуучин Юлиус ахаас илүү сайн хүн байсан учир дорхноо тайвширч байв. Тэгээд
дахин талх авах гэж оролдохоо болиод гүнзгий бодлогоширсон хэвээр кофегоо ууж дуусчээ.

Харин тэр олон талхыг өөр хэн нэг нь идчихсэн байлаа. Нэг нэгээрээ талх алга болсоор
байсан бөгөөд хаашаа гэдгийг нь зөвхөн хүү л мэдэж байв. Хүү чимээгүй инээж, талханд
Карлсон хахах вий гэж бодоод, ширээн доогуур аяга сүү сэмхэн өгч чаджээ.

Чухам ингэхийг л Карлсон “талхны шийтгэл” гэж нэрлэж байв. Харин яаж тэгж болдгийг
урьд нь Карлсон ирэх үед хатагтай Бок мэдэж авсан байжээ.

-Тэдний бүх талхыг идэж, хүмүүсийг сайн залхаана гэж Карлсон хэлж байлаа.

Ийнхүү одоо Карлсон чөтгөрийн гэмээр тэрхүү талхны шийтгэлээ эхэлж байсан ч хатагтай
Бок анзаарахгүй, Юлиус ах ч бас мэдэхгүй байв. “Талхны шийтгэл”-ийг огт анзааралгүй, гүн
бодолдоо автсаар байсан Юлиус ах гэнэт Бок хатагтайн гарыг барьж аваад, тусламж гуйх мэт
чанга атгажээ.

-Би энэ талаар хэн нэг хүнтэй ярилцах ёстой байна гэж эцэст нь Юлиус ах хэллээ. Одоо бол
би дэмийрээгүй гэдэгтээ огт эргэлзэхгүй байна. Би үлгэрт гардаг нэг одой хүнийг урьд шөнө
харсан.

Хатагтай Бок нүдээ бүлтийлгэн гайхжээ.


-Та үлгэрийн одой хүн харсан гэж үү?

-Тэгсээн, харсан, тийм ч учраас би шинэ хүн болж, шинэ ертөнцөд ороод байна шүү дээ.
Үлгэрийн ертөнц рүү. Урьд шөнө тэр ертөнц надад бүрэн нээгдсэнийг хатагтай та ойлгооч.
Үнэхээр үлгэрийн одой амьдралд байгаа юм чинь үлгэрт гардаг чөтгөр, шулам, сүнс, хий
үзэгдлүүд ч бас үнэхээр байдаг бололтой.

-Магадгүй, нисдэг биет юм уу? гэж Бок хатагтай үг хавчуулахыг хичээсэн ч Юлиус ахад
таалагдсангүй.

-Тэр тагнуул гэдэг бол хоосон зүйл дээ. Орлогоо нэмэгдүүлэх гэж сониныхон тараадаг
зохиомол зүйл.

Тэгснээ Юлиус ах Бок хатагтай руу тонгойж, нүд рүү нь харлаа.

-Та өөрөө бодоод үз дээ. Бидний өвөг дээдэс маань гэрийн савдаг, чөтгөр, шулам энэ тэрд
итгэдэг байсан. Гэтэл одоогийн бид нар тийм зүйлс байхгүй гэж өөрсдийгөө яаж албадаж,
итгүүлэх билээ? Бид өөрсдийгөө өвөг дээдсээсээ илүү ухаантай гэж бодож байгаа юм уу?
Үгүй ээ, зөвхөн зузаан арьстай, өөртөө хэт итгэсэн хүмүүс л ийм тэнэг зүйлд итгэж чадах
байх.

Харин хатагтай Бок зузаан арьстай харагдахыг огт хүсээгүй учир “нээрээ, чөтгөр, шулмууд
бидний боддогоос ч олон удаа тааралддаг” гэж батлахыг яарч байлаа. “Хэрэв сайн бодоод үзэх
юм бол айл гэрт ч өөрийн савдаг байдаг гэдэг нь үнэн байх” гэлээ.

Тэгтэл Юлиус ах бүх бодол, яриагаа таслахаас аргагүй болж, эмчтэй товлосон цаг нь дөхсөн
учир явахаар бэлджээ. Хүү, Бок хатагтай хоёр Юлиус ахыг үүдний өрөөнд аятайхан гаргаж
өглөө. Хүү Юлиус ахын малгайг өгөхөд, Бок хатагтай пальтогоо өмсөхөд нь тусалжээ.
Хөөрхий Юлиус ахын дүр төрх үнэхээр өрөвдөл төрүүлж байв. “Эмч рүү явж байгаа нь сайн
хэрэг” гэж хүү бодоод Юлиус ахын гарыг аяархан илжээ. Бок хатагтай ч бас илт санаа зовж:
Юлиус ах бас л харалгүй талх руу гараа сунгасан ч авч чадсангүй. Энэ үед ширээн доороос
булцгар жижигхэн гар гарч ирээд, талхтай сагсыг өөр рүүгээ татчихжээ.

-Таны бие ямар байна, ноён Иенсен? хэмээн асуув.

-Би яаж мэдэх юм? Эмчид очоогүй байгаа юм чинь” гэж Юлиус ах цухалдан хэлэхэд хүү
“үлгэрийн ертөнц өөрт нь нээгдэж, ах шинэ хүн болсон ч гэсэн хуучин төрхөөс нь олон зүйл
хэвээрээ байна даа” гэж боджээ.

Юлиус ахыг явсны дараа Малыш хүү, Бок хатагтай хоёр гал тогооны өрөө рүү буцаж орлоо.

Одоо би дахиад талх, кофе өмнөө тавьж, хэсэг нам гүм суух хэрэгтэй байна гэж Бок хатагтай
хэлснээ гэнэт дуу алдав. Хүү гайхан харвал ширээн дээр нэг ч талх үлдээгүй байжээ.

Харин талхны оронд нь том цаасан дээр хачин муруй саруй үсгээр,
Үлгэрийн ертөнц ч талханд дуртай
гэж бичсэн байв.

Бок хатагтай зурвасыг уншаад хөмсөг зангидав.

Үлгэрийн одой үнэхээр байдаг ч гэсэн талх хулгайлна гэдэгт би хэзээ ч итгэхгүй. Ийм арга
олохыг нь бодоход их ухаантай байх нь. Гэхдээ намайг хуурч чадахгүй л дээ. Хэн ингэснийг ч
би мэдэж байна.

-Хэн юм бол? гэж хүү асуув.

-Чам руу ирдэг тэр хүмүүжилгүй тарган хүүхэд. Карлсон гэдэг билүү? Чи хар даа, гал
тогооны өрөөний хаалга онгорхой байгаа биз дээ? Тэр тарган энд нуугдаж, чагнаж байгаад
биднийг үүдний өрөө рүү гарах үед ийшээ орж ирсэн байна.

Бок хатагтай толгойгоо ууртай сэгсчин:

-Үлгэрийн одой гээд байгаа! Бусад руу буруугаа тохдог мөртлөө арай чамай л бичдэг юм
байна шүү дээ гэж шооллоо.

Гэвч Карлсоны тухай яриаг хүү дэмжих сонирхолгүй байсан учир хариуд нь ердөө л:

-Гэхдээ л би бол үлгэрийн одой ингэсэн байх гэж бодож байна. Хоёулаа явах уу, Бимбо?
гэжээ.

Хүү өглөө бүхэн Бимбо нохойгоо авч Вазын цэцэрлэгт салхинд гардаг бөгөөд ингэж явах нь
“өдрийн хамгийн сайхан үе” гэж Бимбод таалагддаг нь илт байв. Учир нь цэцэрлэг дотор
олон өөр аятайхан нохой таардаг бөгөөд тэдэн рүү очин үнэрлэж, тоглож болдог байлаа.

Хүү тэр цэцэрлэгт голдуу Кристер, Гунилла хоёртой тоглодог боловч өнөөдөр тэр хоёр тэнд
байсангүй. “Амрахаар нэг тийшээ явсан байх” гэж хүү боджээ. “За яах вэ, яваа л биз, надад
Карлсон, бас Бимбо нохой маань байгаа юм чинь.”

Тэгтэл нэг том нохой Бимбо нохой руу нь илэрхий дайрахаар завдан давхиж иржээ. Тэр
түрэмгий нохойны талаар юу бодож байгаагаа харуулахын тулд өөдөөс нь Бимбо зоригтой
дайрахад бэлэн байсан ч Малыш хүү нохойгоо бариад:

-Хойшоо бол оо! Ийм том бяруу шиг амьтантай хүч үзэхэд чи дэндүү жижиг байна гэж
хоригложээ.

Тэгээд Малыш хүү Бимбо нохойгоо тэврээд тайвшрах хүртэл нь суух сандал олохоор нүдээрээ
хайсан ч бүх сандал хүнтэй, хүмүүс нарлан сууцгааж байв. Хүү сул газар хайн цэцэрлэгийн
бүр хойд булан руу явжээ. Тэнд ирээд хүүгийн олсон ганц сандал дээр хоёр залуу сууж байсан
ч хэн хэн нь шилтэй шар айраг барьсан байв. Гэтэл тэд өнөөх зартай хулгайч Филле, Рулле
байхыг хүү дор нь таньжээ. Хүү айж, цааш явахыг хүссэн боловч ямар нэгэн зүйл түүнийг
тэр сандал руу татах шиг болж байв. Филле, Рулле нар Карлсоны араас хөөцөлдөж байгаа
эсэхийг хүү мэдэх хэрэгтэй еэ! Магадгүй, тэр хоёр энэ тухай ярьж ч мэднэ. Тэгээд ч хүү
яагаад айх ёстой гэж? Малыш хүүг тэр хулгайч нар огт хараагүй учраас таних ч үгүй. Энэ
чинь сайхан хэрэг шүү дээ! Тэгэхээр хүү тэдний дэргэд хичнээн ч удаан сууж болно.
Хэрэгтнүүд мөрдөж байгаа тагнуулчид л адал явдлын зохиолд ингэдэг шүү дээ. Дэргэд нь
дуугүй суугаад л, яриаг нь сэм сонсдог.

Ингээд хүү сандал дээр суун, тэр хоёрын яриаг маш анхааран сонссон ч мэдэгдэхгүйн тулд
хааяа Бимбо нохойдоо анхаарч байгаа дүр үзүүлэн тонгойж байв.

Филле, Рулле хоёр таг дуугүй шар айраг уун сууж, дууссан ч дуугүй хэвээр л байлаа. Тэгтэл
гэнэт Филле:

Хүү сандал дээр суун, тэр хоёрын яриаг маш анхааран сонссон ч мэдэгдэхгүйн тулд хааяа
Бимбо нохойдоо анхаарч байгаа дүр үзүүлэн тонгойж байв.

-Хаана амьдарч байгааг нь хоёулаа мэдэх юм чинь тэрнийг барьж болно шүү дээ. Гэр рүүгээ
нисэж байхыг нь би олон удаа харсан гэлээ.

Энэ үгийг сэм сонсоод хүү гэнэт айж арай чамай амьсгал авч, их л цөхөрч эхэлжээ. Одоо
Карлсон баригдах нь. Филле, Рулле нар дээвэр дээр байдаг Карлсоны жижиг байшинг
мэдчихэж! Одоо бүх зүйл эцэс болох нь, яанаа!

Хүү нулимсаа барихыг хичээн, гараа чанга атган суусан ч нулимсаа барьж чадалгүй унагах
агшинд Рулле:

-Би ч бас цонхоор нисэж орохыг нь олон удаа харсан. Тэр чинь тэр жилийн зун чи бид хоёр
сэмхэн орсон нөгөө айлын байр шүү дээ. Дөрвөн давхарт. Хаалган дээрээ зэс үсгээр
“Свантесон” гэж бичсэн байдгийг санаж байна уу? гэж хэлэхийг сонсчээ.

Хүү гайхсандаа нүд нь бүлтийлээ. Буруу сонссон юм биш байгаа даа? Свантесоны гэрт
Карлсон амьдардаг гэж Рулле, Филле нар үнэхээр бодож байгаа гэж үү? Тэгвэл ч сайн юм
биш үү? Тэгвэл Карлсон дээвэр дээр байдаг жижиг байшиндаа нуугдаад, тэндээ огт аюулгүй
байж болно шүү дээ. Филле, Рулле хоёр Карлсоныг арай олоогүй юм байна! Олох ч тийм
амархан биш л дээ! Яндан цэвэрлэгчээс өөр хэн ч дээвэр дээгүүр явдаггүй юм чинь!

Хэдийгээр, Филле, Рулле нар дээвэр дээр байгаа жижиг байшинг шиншлээгүй ч гэсэн энэ
бүгд их л аймшигтай байлаа. Хөөрхий Карлсон! Хэрэв түүний хойноос үнэхээр хөөж эхэлбэл
яанаа! Тэр чинь хэзээ ч нуугдаж чаддаггүй, бас л гэнэн шүү дээ.

Филле, Рулле нар дахин удтал дуугүй болсноо дараа нь Рулле шивэгнэн (хүү арай чамай
сонсжээ):

-Өнөө шөнө амжуулъя гэх нь тэр.

Тэгтэл Филле гэнэт сандал дээр хоёулхнаа биш байна гэдгээ санажээ. Тэгээд хүү рүү харснаа
чанга дуугаар:

-За тэгье. Өнөө шөнө явж загасны дэгээнд хийх хорхой малтъя гэж худлаа хэллээ.

Гэвч хүүг тийм ч амархан хуурч чадахгүй билээ. Филле, Рулле хоёр өнөө шөнө яг юу хийх гэж
байгааг хүү маш сайн мэдэж байлаа. Тэд Свантесоны гэрт оронд ороод тайван унтаж байхад
нь Карлсоныг барина гэж санаж байжээ.

“Энэ тухай Карлсонд дуулгах хэрэгтэй. Аль болох хурдхан” гэж хүү дотроо бодлоо.

Гэвч Карлсон бүр өдрийн хоолны үед л хүрч иржээ. Энэ удаа тэрээр цонхоор нисэн орж
ирэлгүй, хаалганы хонхыг галзуу мэт удаан дуугаргав. Хүү хаалгаа нээхээр гүйлээ.

-Өө, та ирдэг яасан сайн юм бэ хэмээн Малыш хүү ярьж эхэлсэн ч Карлсон түүнийг
сонсохгүй өнгөрч, шууд гал тогооны өрөө рүү, Бок хатагтай руу явжээ.

-За, та юу хийж байна даа? Урьдынх шигээ л өнөө хатуу мах уу? Эсвэл хиймэл шүдэнд
зориулж гайгүй идэх юм хийж байна уу?
Бок хатагтай шарах шүүгээний дэргэд зогсоод, тахианы махнаас арай хөнгөн хүнс Юлиус
ахад өгөхийн тулд гамбир жигнэж байжээ. Гэвч Карлсоны дуу ард нь гарахыг сонсоод огцом
эргэхдээ шингэн зуурсан гурилаа асгачихлаа.

-Сонсооч, хөөе! Чи яасан ичдэггүй юм! Яаж ийшээ ирж чадаж байна аа? Яаж миний нүүр
рүү харж чадаж байна аа? Талхны хулгайч минь! гэж Бок хатагтай уурлан хашгичлаа.

Карлсон хоёр булцгар гараараа нүүрээ таглаад, хурууныхаа завсраар хатагтай руу зальжин
харж байв.

-Үгүй ээ, ирж харж болно шүү дээ. Гэхдээ аяархан. Мэдээж, та дэлхийн хамгийн сайхан
эмэгтэй биш ч, юм бүхэнд дасаж болно шүү дээ. Хамгийн гол нь та аятайхан хүн юм чинь...
Надад гамбираасаа өгөөч!

Карлсон руу Бок хатагтай ширүүн хараад Малыш хүү рүү эргэж:

-Энэ хүүхэд танайд хооллоно гэж ээж чинь надад хэлсэн бил үү? Ээж чинь тэгж шийдсэн юм
уу? гэж асуулаа.

Хүү аль болох булзан, гэхдээ найрсаг хариулахыг хичээж:

-Ер нь бол, ээж... Карлсон...

-Тийм үү, үгүй юу, шууд хариулаач. Бидэнтэй хамт өдрийн хоол идэж байна гэж ээж чинь
хэлсэн юм уу?

Хүү бас л шууд хариулахаас булзахыг чармайн:

-Уг нь бол ээж... гэж хэлтэл Бок хатагтай ширүүн дуугаран тасалж:

-Тийм үү, үгүй юу гэж л хариул гэж би хэлсэн. Жирийн асуултанд “тийм”, “үгүй” гээд
хариулчихад юу нь хэцүү байна? гэж загнав.

-Хэцүү гээд л бодчихгүй юу хэмээн Карлсон хөндлөнгөөс оролцлоо. Би одоо танд жирийн
асуулт тавья л даа. Тэгэхээр та өөрөө ойлгох байх. За сонсож бай. Та өглөөгүүр коньяк уухаа
больсон уу? үгүй юу, хариул даа.

Бок хатагтайн амьсгал давхцан, хариугүй ухаан алдах гэж байх шиг санагдаж байв. Тэрээр нэг
ч үг хэлж чадахгүй болтлоо бачимдсан байлаа.

За та одоо ойлгох шиг боллоо гэж Карлсон баяртай хэлэв. Би одоо асуултаа давтъя. Та
өглөөгүүр коньяк уухаа больсон уу?

-Тийм ээ, больчихсон шүү дээ хэмээн Бок хатагтайд туслахыг ихэд хүссэн Малыш хүү хэллээ.

Гэвч Бок хатагтай бүр уурлаж:


-Үгүй, болиогүй гэж хяналтаа алдан хашгирчээ.

Хүү ч бас царай нь улайж, Бок хатагтайг дэмжихийн тулд:

-Үгүй ээ, үгүй, болиогүй гэлээ.

-Харамсалтай л байна даа. Согтуурах ч сайн юманд хүргэхгүй шүү.

Үүнийг сонсоод Бок хатагтайн хамаг тэнхээ тасарч, сандал дээр лагхийн суув. Гэвч эцэст нь
хүү хэрэгтэй хариултыг олж чадлаа.

Хэзээ ч ууж эхлээгүй учраас уухаа болино гэж юу байх вэ хэмээн Карлсонд хэлэв. Карлсон:

-Би ч ойлгож л байна гээд Бок хатагтай руу эргэн тийм, эсвэл үгүй гэж дандаа хариулах
боломжгүй байдгийг та одоо ойлгоо биз дээ. Одоо надад гамбир өгөөч гэлээ.

Гэвч Бок хатагтайн дэлхий дээрх хамгийн дургүй байгаа зүйл нь Карлсонд гамбир өгөх
байсан учир хашгиран сандлаас босож гал тогооны өрөөний хаалгыг нээжээ.

-Зайл. Яг одоо зайл!

Ийнхүү Карлсон үүд рүү явахаас аргагүй болсон ч толгой өргөн явлаа. Явнаа. Баяртай явна.
Гамбир хийж чаддаг нь ганц та биш шүү дээ! гээд гарч одов.

Карлсоныг явсны дараа Бок хатагтай хэдэн минут дуугүй сууж жаахан тайвширснаа цаг руу
сэтгэл түгшин харлаа.

-Юлиус ах чинь одоо болтол алга байх юм. Аль түрүүн явсан шүү дээ. Ямар нэг юм болсон
байх вий гэж айж байна. Стокгольм хотыг муу мэддэг байх шүү.

Хатагтайн сэтгэлийн түгшүүр хүүд ч бас дамжжээ.

-Ах, магадгүй, төөрсөн юм болов уу...

Тэгтэл утас дуугарав.

Юлиус ах байх аа гэж хүү уулга алдан, “Гэртээ яаж харихаа мэдэхгүй байна гэж хэлэх гээд
утасдаж байгаа байх.”

Утас дуугарч байгаа үүдний өрөө рүү Бок хатагтай ухасхийхэд хүү араас нь даган яарав.

Гэвч Бок хатагтай ердийн үглээ байдлаар ярьж эхлэхийг хүү сонсмогц Юлиус ах утасдаагүйг
шууд ойлгожээ.

-Тийм ээ, тийм. Фрида чи юу? За яаж амьдарч байна? Тэнэг зуршлуудаа орхиогүй л байна уу?

Бусдын яриаг сонсох нь эвгүй учир хүү өрөө рүүгээ явж, унших ном авсан ч Бокийн үглэн
ярих дуу үүдний өрөөнөөс тасралтгүй сонсдож, дуусаж өгөхгүй байлаа.

Хүү өлсөж байв. Түүнийг цухалдуулж байгаа энэ үглэлт эцэстээ нэг юм дуусаж, Юлиус ах
ирж, тэд сая нэг юм ширээний ард сууна гэж хүү бодож байлаа. Гэвч хүү хэнийг ч хүлээлгүй,
яг одоо өдрийн хоолоо идмээр байсан учир Бок хатагтайг утсаа тавимагц, үүдний өрөө рүү
яаран гарч өөрийн хүсэлтээ хэлжээ.

-Тэгнээ, би чамайг хооллож чадахаар байна гэж хатагтай зөөлөн хэлээд гал тогооны өрөө рүү
дагуулан явав. Гэвч хаалганы дэргэд ирснээ тэрээр шаасан гадас шиг дороо нам зогслоо.
Хатагтайн том бие хаалганы зайг бүхэлд нь эзэлсэн учир хүү юу ч харж чадсангүй. Тэгээд
хатагтайн ууртай хашгирахыг л сонссон бөгөөд, юу болсныг мэдэхийг тэсэлгүй хүссэн учраас
Бокийн хувцасны хажуугаар толгой цухуйлган шагайж Карлсоныг харжээ.

Ширээний цаана Карлсон суугаад гамбирыг нь ажиг ч үгүй цувуулан идэж байв.

Хүү, Бок хатагтай Карлсоныг алчихвий гэж дотроо айж байлаа. Ер нь л хатагтайн төрх тун
ширүүн харагдаж байв. Тэгснээ хатагтай урагш ухасхийн гамбиртай тавгийг шүүрч аваад:
Бок хатагтайн амьсгал давхцан, хариугүй ухаан алдах гэж байх шиг санагдаж байв. Тэрээр
нэг ч үг хэлж чадахгүй болтлоо бачимдсан байлаа.

Чи... Чи. Ёстой муухай хүүхэд гэж хашгирчээ.

Тэгтэл Бок хатагтайн хурууг Карлсон хөнгөн тогшоод:

-Миний гамбирт битгий хүрээрэй. Би Линдбергээс таван эре зоосоор үнэнчээр худалдаж
авсан юм шүү гэлээ.

Тэгээд Карлсон амаа том ангайж бараг бүтэн гамбир дотор нь хийчихжээ.

Гамбир жигнэж чаддаг нь ганц та биш гэж би хэлсэн шүү дээ. Гамбир олох их амархан. Хаа
сайгүй л гамбир байна.

Бок хатагтай ер тайвширч чадахгүй байгааг хараад хүү түүнийг өрөвдлөө.

-Тэгээд... тэгээд... миний гамбир хаана байгаа юм? гэж Бок хатагтай ёолох мэт дуугараад
шарах шүүгээ рүү харахад гамбирын таваг нь хов хоосон болсон байжээ. Гэрийн үйлчлэгч
дахиад л хорсон уурлаж, “Муухай хүүхэд вэ. Чи цөмийг нь идчихсэн байна шүү дээ” гэхэд:

Үгүй ээ, би идээгүй учраас надад талархал илэрхийлж болно. Та зөвхөн буруутгаж л чадах
юм.

Энэ үед гадаа шатан дээр хөлийн чимээ сонсдож Юлиус ах сая нэг юм ирж байв. Ээдрээтэй
олон гудамжинд ах нь төөрчихөөгүйд хүү баярлаж, энэ хэрүүл маргаан дуусаж таарна гэж
найджээ.

-Ашгүй дээ, ах маань гэртээ ирэх замаа олж гэж хүү хэллээ.

-Би санаа тавьж зам зааж өгсөн юм. Тэгэхгүй бол гэрээ олохгүй байсан гэж Карлсон хэллээ.

-Юун зам билээ? гэж Малыш хүү гайхжээ.

-Миний үлдээсэн мөр. Учир нь би дэлхий дээр хамгийн халамжтай хүн шүү дээ.

Тэгтэл ч хонх дуугарч Бок хатагтай хаалга онгойлгохоор яаран явахад хүү ч бас Юлиус ахыг
угтахаар гүйжээ.

-За гэртээ тавтай морил! гэж Бок хатагтай ёс төртэй хэлэхэд:

-Таныг төөрчихсөн юм байх гэж бид бодож байлаа хэмээн хүү хэллээ.

Гэвч Юлиус ах Бок хатагтайд ч, хүүд ч хариу хэлэлгүй, харин ширүүн дуугаар:

-Яагаад энэ байрны хаалга бүрийн бариул дээр гамбир өлгөөтэй байгааг надад тайлбарлаач
гэжээ.
Тэгээд хүү рүү сэрдэн харахад хүү айсандаа:

Би мэдэхгүй юм аа гэж бувтнаад Карлсоноос асуухаар гал тогооны өрөө рүү гүйлээ.

Гэвч Карлсон гал тогоонд байсангүй. Тэнд хоёр хоосон таваг л үлдэж, ширээний хулдаасан
дээр жимсний чанамал дуссан нь бараантан харагдаж байв.

Юлиус ах, хүү, Бок хатагтай нар гурилан боовоор гол зогоохоос аргагүй болсон ч тэр нь бас ч
муугүй байлаа.

Дараа нь хүү зууш авахаар сүүн бүтээгдэхүүний мухлаг руу гүйжээ. Дээр нь гамбир өлгөхөд
хаалганы бариул ямар харагддагийг хармаар байсан учир нарийн боов авчруулахаар өөрийг нь
дэлгүүр рүү явуулахад хүү татгалзсангүй.

Гэвч хаалганы бариул дээр ямар ч гамбир байхгүй байв. Юлиус ах л тэгж бодсон юм байлгүй
гэж хүү бодсон ч гэнэт учрыг нь ойлгожээ...

Карлсон сүүлчийн гишгүүр дээр суугаад гамбир идэж байлаа.

-Гамбир сайхан байнаа. Үүргээ ч гүйцэтгэлээ. Тиймээс Юлиус ах дахиж төөрөхгүй ээ. Одоо
замаа мэддэг болсон гэв.

Амандаа дахиж гамбир хийснээ Карлсон дургүйцэн тургижээ.

-Танай гэрийн үйлчлэгч ямар шударга биш юм бэ. Намайг гамбир идчихлээ гэх юм. Би бол
бяцхан хүүхэд шиг л гэмгүй. Тэр үйлчлэгчээс болоод эд нарыг ч хагалахаас аргагүй боллоо.

Харин жаалхүү огт инээж чадахгүй байв.

Карлсон та бол дэлхийн хамгийн айхтар гамбир идэгч байх аа гэснээ хүү нэг зүйлийг санаад
гэнэт нухацтай харж, “Өнөө шөнө, хулгайч нар таныг барих гэж оролдож магадгүй. Тэр нь
ямар учиртай болохыг та ойлгож байна уу?”

Карлсон өөрийн бүдүүн хурууг долоож, дуу алдан:

-Энэ чинь тэгвэл шөнийг сайхан өнгөрүүлнэ гэсэн үг байхгүй юу. Хөөе-хоп. Хөөе-хоп гэж
баярлан хэлжээ.
Хурхиралтын хамгийн шилдэг мэргэжилтэн
карлсон
Үдшийн бүрий болж байлаа. Карлсон өдөржингөө байхгүй байв. “Гамбирын хэрэг” тарьсны
дараа гэрийн үйлчлэгч жаахан тайвшраг гэж Карлсон хүсэж байх шиг байв.

Харин хүү Юлиус ахтай хамт төмөр замын музей руу явжээ. Юлиус ах, хүү хоёр энэ музейг
үзэх тун дуртай байжээ. Дараа нь тэд гэртээ ирж Бок хатагтайн хамт оройн хоол иджээ. Бүх
зүйлс дэс дараагаар явж байсан ч Карлсон алга л байлаа.

Үдэш хүүг өөрийнхөө өрөөнд орж ирэхэд Карлсон хүлээж байв.

Үнэнийг хэлэхэд хүү түүнийг хараад баярласан ч үгүй.

-Хөөх, та ямар болгоомжгүй юм бэ? Өнөөдөр яах гэж ирж байгаа юм?

-Чи яаж ийм тэнэг асуулт тавьж чадаж байнаа? Яагаад гэвэл би танайд хонох гэж байна, чи
энийг ойлгохгүй байна уу?
Карлсон сүүлчийн гишгүүр дээр суугаад гамбир идэж байлаа. Гамбир сайхан байнаа. Үүргээ
ч гүйцэтгэлээ.

Хүү санаа алдлаа. Тэрээр өдөржингөө Филле, Рулле нараас Карлсоныг яаж хамгаалах талаар
бодсон байв. Цагдаа руу утасддаг юм бил үү? Үгүй ээ, болохгүй. Тэгвэл Филле, Рулле нар
яагаад Карлсоныг барих гэж байгааг заавал тайлбарлах хэрэг гарна. Тэгэхээр аюултай.

Харин Карлсон толгойгоо зовоохгүй, айх ч үгүй байлаа. Тэр цонхны дэргэд зогсоод тоорын
ясыг ажиггүй тайван ухаж, хэр зэрэг ургаж байгааг нь харахыг хүсэж байв. Гэвч хүү үнэхээр
айж байлаа.

-Юу хийхээ би огт мэдэхгүй байна гэж хүү хэлэв.

-Чи Филле, Рулле нарын тухай хэлж байна уу? Харин би бол юу хийхээ сайн мэдэж байна.
Нөлөөлөх гурван арга бий: залхаах, тэнэгтүүлэх, амьтан болгох. Би бүх аргыг турших гэж
байна.
Харин хүү, “хамгийн сайн арга бол нуугдах” гэж бодож байв. Тэгээд Карлсон өнөө шөнө
дээвэр дээрх байшин дотроо хонох байх, хулгана шиг л нуугдах байх гэж найдаж байжээ. Гэвч
түүнд өгч байсан хамгийн муу зөвлөгөөнүүд дотор хамгийн муу нь энэ зөвлөгөө гэж Карлсон
хэлжээ.

Гэвч хүү бууж өгсөнгүй. Юлиус ах түүнд карамель чихэр бэлэглэсэн учир тэр чихрээр
аргадан Карлсоныг итгүүлж болно гэж тооцжээ. Тэгээд Карлсоныг уруу татахын тулд яг
хамрынх нь өмнө чихрээр даллаж, элдэв давхар санаа агуулалгүй:

-Хэрэв та гэртээ харьж, хоновол энэ чихрийг цөмийг нь аваарай гэлээ.

Гэвч Карлсон хүүгийн гарыг түлхлээ.

-Фүү, чи яасан муухай юм бэ? Чиний наад чихэр надад огт хэрэггүй. Намайг авах гэж байна
гэж битгий мөрөөд гэх нь тэр.

Тэгээд Карлсон амаа гунигтай муруйлган холдож, хамгийн холын буланд очоод, сандал дээр
суув.

-Чамайг ийм муухай гэж мэдсэнгүй. Би ингэж тоглохгүй ээ гэлээ.

Хүү цөхрөлд автлаа. “Чамтай тэгж тоглохгүй” гэх нь хүүд тун аймшигтай байв. Тиймээс тэр
даруй уучлал гуйж, Карлсоныг сэргээхийг дахин оролдсон боловч бүтсэнгүй. Карлсон гомдон
бүр зөрүүдэлж орхижээ.

-Өөр би юу хийж чадахаа мэдэхгүй байна л даа гэж эцэст нь хүү бүрмөсөн цөхрөн хэллээ.

-Гэхдээ би бол мэдэж байнаа. Хэрвээ чи надад ямар нэг таатай зүйл хийвэл би чамтай
тоглоно гэж баттай биш ч гэсэн, магадгүй гэдгийг хэлье. Гэхдээ яахав ээ, карамель чихэр ч
болноо.

Цаасанд боосон чихрийг хүү түүнд сарвайхад Карлсон аваад, хүүтэй хамт тоглоё гэж
зөвшөөрчээ.

-Хөөе-хоп. Юу болох гэж байгааг чи төсөөлж ч чадахгүй дээ. Хэрэгтэй бүх зүйлийг одоо
бэлдэцгээе!

“Хэрэв Карлсон манайд хонох бол би орон дээрээ ор засах ёстой” гэж хүү бодоод Боссегийн
өрөө рүү гүйсэн ч Карлсон түүнийг зогсоож, “Ор засах хэрэггүй. Өнөө шөнө тэртэй тэргүй
хэн ч унтаж чадахгүй” гэж хэлжээ.

Гэрийн багш, Юлиус ах хоёроос өөр хэн ч унтаж чадахгүй байх. Бид чимээ гаргахаас аргагүй
болох байх. Харин тэр хоёр нам унтах байх гэж би найдаж байгаа.

Юлиус ах үнэхээр унтлагын өрөө рүүгээ эртхэн явлаа. Тэр их ядарч, бас урьд шөнө нь муу
унтсан бөгөөд бүтэн өдөржин зогсож өнгөрүүлсэн байв. Бок хатагтай ч нэлээн догдолсон тул
амрах хэрэгтэй байсан учир Бетаны өрөө рүү унтахаар явжээ. Тэднийг явсан хойгуур Бетаны
өрөөнд Бок хатагтай унтаг гэж аав, ээж нь шийдсэн байлаа.

Харин унтахаар явахын өмнө Юлиус ах, Бок хатагтай хоёулаа хүүгийн өрөөнд ирж, сайхан
амрахыг хүссэн бөгөөд харин тэдний ирж явааг сонсоод Карлсон шүүгээн дотор нуугдсан
байлаа. Юлиус ах эвшээж:

-Өнөө шөнө бас улаан шүхэртэй, үлгэрийн одой хүн ирж, бидний нойрыг хүргэх байх гэж
найдъя гэлээ. “Та эргэлзэхгүй байж болноо” хэмээн хүү бодсон ч:

-Сайхан амраарай, Юлиус ах аа, сайхан унтаж амрахыг хүсье. Хатагтай Бок та сайхан
амраарай гэж хэлжээ.

-Чи ч гэсэн одоо орондоо ор. Сайхан амраарай Малыш гэж тэд хэлээд явлаа.

Харин хүү унтлагын хувцсаа түргэн өмсөв. Хэрэв Бок хатагтай, эсвэл Юлиус ах гэнэт шөнө
ирж, хүүгийн унтаж байгаа эсэхийг харах гэвэл хүү бэлэн байхыг хүсчээ.

Хүү, Карлсон хоёр Бок хатагтай, Юлиус ах нар унтахыг хэсэг хүлээхээр шийдэж, хэсэг хөзөр
тоглохоор суужээ. Гэвч Карлсон байнга булхайцаж, зөвхөн хожихыг хүсэн “тэгэхгүй бол би
чамтай тоглохгүй” гэж байлаа. Хүү ч боломжийн хэрээр түүнд хожигдож өгч байгаад эцэст
нь хөзрөө хумин:

-Одоо бид тоглоод сууж болохгүй, ажилдаа оръё гэлээ.

Энэ үед Юлиус ах, Бок хатагтай нар унтаж амжсан бөгөөд шүхэр барьсан одой тэднийг
үймүүлээгүй байлаа. Карлсон нэг хаалганаас нөгөө рүү удаан алхаж, тэд нарын хурхирахыг
сонсож байв.

Дэлхийн хамгийн айхтар хурхирагч хэн гэдгийг чи мэдэх үү? За, таа даа гэж Карлсон
тушаагаад Юлиус ах, Бок хатагтай нар яаж хурхирч байгааг хүүд дүрслэн “Брр-пс-пс” гэж
байвал Юлиус ах, харин “Брр-аш, бррр-аш” гэж хурхирвал Бок хатагтай” гэдгийг хэллээ.

Тэгтэл Карлсоны толгойд өөр шинэ санаа төржээ. Тэгээд хүүд ганцыг өгч, өөрөө арвыг идсэн
боловч Карлсонд цаана нь бас нэлээн их карамель чихэр үлдсэн байжээ. Тэгэхээр, ажлаа
хийх цаг ирэхэд чихэр бодохгүйн тулд ямар нэг найдвартай газар нуух хэрэгтэй байв.

-Ойлгож байна уу, бид чинь хулгайч нарыг хүлээж байгаа шүү дээ. Галд шатдаггүй төмөр
шүүгээ чамд байхгүй юу?

-Хэрэв тийм шүүгээ байдаг бол хамгийн түрүүн таныг бүтнээр нь дотор нь хийчихмээр
байна, харин надад даанч алга даа гэж хүү хэлжээ.

Карлсон хэсэг бодлоо.

-Би чихрээ ахын дэргэд үлдээчихье гэж эцэст нь хэлжээ. Түүний хурхирахыг сонсоод арслан
архирч байна гэж бодоод хулгайч нар орохгүй байлгүй.
Тэгээд унтлагын өрөөний хаалгыг бага зэрэг нээх үед “Брр-пс-пс” хурхиралт улам чанга, улам
аймаар сонсдож байв. Карлсон сэтгэл хангалуун инээгээд, цаасан ууттай чихрээ аван
харанхуй руу орж алга болжээ. Хүү зогсон хүлээж байлаа.

Удалгүй Карлсон эргэж ирэхдээ Юлиус ахын хиймэл шүдийг гартаа барьсан байв.

-Та яах гэж байнаа, Карлсон? Юунд шүдийг нь авч байгаа юм? гэж хүү сандарчээ.

-Би шүдтэй хүнд чихрээ итгэж үлдээнэ гэж чи бодоо юу? Шөнө ах чинь сэрээд миний
чихрийг харна шүү дээ. Тэр үед өөрийн шүд нь гарт ойр байвал дорхноо амандаа хийж аваад,
миний чихрийг нэг нэгээр нь мэрж гарна шүү дээ. Харин одоо бол тэр ингэж идэж чадахгүй.

-Юлиус ах амьдралдаа хэзээ ч тийм юм хийхгүй. Өөр хүний нэг ч чихрийг тэр авахгүй гэж
хүү баталлаа.

-Тэнэг юм. Үлгэрийн орны дагина түүнийг эргэж ирээд, чихэр үлдээсэн байна гэж ах чинь
бодвол яах юм? гэж Карлсон хэлжээ.

-Ах юу гэж тэгж бодох юм бэ? Өөрөө надад энэ чихрийг авч өгсөн юм чинь хэмээн хүү
эгдүүцсэн ч Карлсон юу ч сонсохыг хүсэлгүй,

-Энэ хиймэл шүднүүд надад тэртэй тэргүй хэрэг болно. Бас бөх уяа хэрэгтэй гэж хэллээ.

Хүү гал тогооны өрөө рүү гүйж очоод цагаан хэрэгсэл хатаадаг хэцний уяаг авчраад:

-Та энүүгээр яах гэж байгаа юм? гэж сониуч занд автан асуужээ.

-Хулгайч нарыг барих урхи хийх гэж байна. Хулгайч нарт аймшиг төрүүлдэг, осолтой урхи
даа.

Тэгээд өнөөх урхиа үүдний өрөөтэй, аркаар нийлсэн орох хаалганы дэргэд бэлдэх гэж
байгааг Карлсон харуулаад:

Яг энд гэж заажээ.

Аркны тал бүрт сандал бэлэн байсан учир нэлээн ухаалаг, ховорхон урхийг хулгайч нарт
зориулан Карлсон бэлдэж эхэлжээ. Шалнаас жаахан өндөрт, сандлуудын хооронд хэцээ хэд
давхарлан уяж, сайн бөхөлжээ. Хэрэв хэн нэг хүн харанхуйд хаалгаар орж ирээд, үүдний
өрөөн дотуур явахыг хүсвэл тэрхүү уясан хэцэнд заавал тээглэж унахаар болгожээ.

Өнгөрсөн жил тэдний гэрээс хулгай хийхээр Филле, Рулле нар хэрхэн орж ирснийг хүү санаж
байв. Тэд шуудангийн хайрцагны нүхээр урт оосор оруулан хаалгыг нээж, түгжээг гогдон
татсан байлаа. Энэ удаа ч бас тэд өнөө аргаараа орохыг хүсэж магадгүй байв. Яая гэх вэ,
тэгвэл бэхэлсэн уяанд тээглэж ойчин зохих шангаа л хүртэх байх.

Ер нь бол би дэмий л санаа зовж байна даа гэж хүү хэллээ. Филле, Рулле нар хаалгыг
оролдож эхлэх үед Бимбо чанга хуцаж, бүх байшинг сэрээх учраас тэд зугтах нь мэдээж.
Хүү рүү Карлсон харж, чихэндээ итгэхгүй байх шиг санагдаж байв.

Аа, тийм үү гэж чанга хэлээд тэгэхээр би энэ уяаг дэмий хийсэн байх нь ээ. Үгүй ээ, би тэгж
тоглохгүй. Чи нохойгоо нэн даруй холдуулах хэрэгтэй.

Гэвч хүү тоглоомгүй уурлалаа.

Та юу гэж байгаа юм бэ? Би нохойгоо хааш нь хийх юм? Та тэр талаар бодсон уу? Тэгтэл
Карлсон:

“Дээвэр дээрх миний байшинд нохой чинь шөнийг өнгөрүүлж болно шүү дээ. Миний орон
дээр хэвтэж, амарч сайхан унтаж болно” гэжээ. Өглөө нь Бимбо нохойг сэрэх үед Карлсон
махтай хоол өгнө гэж амлалаа. Харин хүү л зөв сэтгэж, нохойгоо Карлсоныд аваачихыг
зөвшөөрөх ёстой гэж ятгаж байжээ.

Гэвч хүү “Бимбог гэрээсээ гаргаж явуулна гэдэг утгагүй хэрэг” хэмээн бодож байв. Бас
түүнээс гадна, хоёр хулгайчийг ирэхэд нохой хуцаж цочоовол тун сайхан шүү дээ гэж бодож
байлаа.

-Чи бүх зүйлийг баллах гээд байна шүү дээ гэж Карлсон хэлжээ. Өөрийн хүслээр чөлөөтэй
баясах боломж надад ер өгөхгүй юм. Чи юм болгоныг л “болохгүй, үгүй” гэх юм. Тэгснээрээ
чи надад зөвхөн саад л болж байна. Би одоо хэрэг тарьж, ч, тэнэгтүүлж ч чадахгүй нь. Ер яаж
ч чадахгүй болох нь. Нохой чинь л дураараа хуцаж, шөнө дунд дуу чимээ дэгдээж байвал
болоо, бусад юм хамаагүй гэж үү?

-Та ойлгохгүй байна уу? гэж хүү эхэлсэн боловч Карлсон түүний яриаг тасалж:

-Би тэгж тоглохгүй ээ. Чи өөрийнхөө чаддагаар л шийтгэ. Би тэгж тоглохгүй гэжээ.

Сагснаас гаргах үед Бимбо нохой нь дургүйцэн, нойрмоглож байсан ч хүүгийн харсан
хамгийн сүүлчийн зүйл бол юу ч ойлголгүй гайхан харж байсан нохойны нь хоёр нүд л
байлаа. Карлсон даруй нохойг аван нисэж оджээ.

-Бимбо, битгий ай. Би удахгүй чамайг буцааж авчирна хэмээн хүү Бимбо нохойгоо ч,
өөрийгөө ч тайвшруулах гэж хашгирав.

Карлсон хэдхэн минутын дараа маш сайхан зантай эргэж иржээ.

-Би чамд Бимбогийн мэндийг дамжуулъя. Тэр юу гэж хэлэх шиг болсныг чи таа даа.
“Карлсон, танайх их тухтай юмаа” . Тэгээд бас, “Би таны нохой болж чадахгүй юм болов уу?”
гэсэн шүү.

-Ха-ха, миний нохой юу ч хэлж чадахгүй ээ.

Хүү ч санаа амран инээлээ. Бимбо хэнийх билээ гэдгээ маш сайн мэддэг, хүү ч ойлгодог
байжээ.
-За ингээд, одоо бүх юм хэвийн боллоо хэмээн Карлсон сэтгэл хангалуун хэлжээ.

-Сайн найзууд гэдэг чинь чи бид хоёр шиг ингээд л бие биедээ буулт хийх ёстойг чи мэддэг
шүү дээ. Нэг найзынхаа хүслийг нөгөө нь дандаа дагадаг.

-Тийм ээ, мэдээж. Гэхдээ дандаа л таны хүслийг дагах болдог шүү гэж хүү инээмсэглэн
хэллээ. Карлсоны биеэ авч байгаа байдалд хүү гайхсан байжээ.

Карлсоны тэр нөхцөлд бол, дээвэр дээрх гэртээ диван дээрээ тайван хэвтээд, хэрэв гэрт нь
Филле, Рулле нар үнэхээр шөнө орж ирэх гэж санаархвал нохой хуцуулах, айлгахыг аль ч хүн
хүсэх байсан биз. Харин Карлсон бүх зүйлийг эсрэгээр хийж, бас заавал ингэх хэрэгтэй гэж
хүүд итгүүлж байжээ. Тэгсээр хүү ч бас адал явдал үзэхийг хүсэж, энэ удаа яаж “залхаах” гэж
байгааг нь мэдэхсэн хэмээн хүсэлдээ шатаж, Карлсоны хэлсэнд итгэж эхэлжээ.

Карлсон яарч эхлэн Филле, Рулле нар хэдийд ч ороод ирж магадгүй гэж бодож байлаа.

Би тэднийг бүр эхнээс нь сайн айлгах зүйл хийнээ. Харин нохой чинь энд бидэнд огт
хэрэггүй. Надад итгээрэй гэж Карлсон хэлжээ.

Тэгээд гал тогооны өрөө рүү гүйж очоод шүүгээн дотроос юм хайж эхэллээ. Энэ үед яг ханын
цаана Бетаны өрөөнд Бок хатагтай унтаж байгаа учраас чимээ гаргахгүй байхыг хүү
Карлсоноос хүсчээ. Карлсон энэ тухай огт бодоогүй байв.

Тэгвэл чи өөрөө манаанд зогс гэж Карлсон тушаалаа. Хэрэв “Брр-аш, бррр-аш” гэж
хурхирахаа больчихвол надад сэмхэн дохио өгөөрэй! гээд хэсэг бодсоноо нэг санаа оллоо.

-Юу хийхээ чи мэдэж байна уу? Чи эхлээд хурхирч эхэл. Тэгээд аль болох чанга. “Гррр-ах-ах,
гррр-ах-ах” гээд.

-Яах гэж? хэмээн хүү гайхжээ.

-Яагаад гэвэл, хэрэв Юлиус ах сэрвэл Бок хатагтай хурхирч байна гэж бодно. Харин хэрэв Бок
хатагтай сэрвэл Юлиус ах хурхирч байна гэж бодно. Тэгэхээр хэнд нь ч сэжиг сэрдлэг
төрөхгүй. Харин би бол, тэд нарыг сэрэхэд “Гррр-ах-ах, гррр-ах-ах” гэж чи надад дохио өгч
байгааг ойлгоно. Болгоомжтой байх хэрэгтэй шүү. Тэд сэрвэл би шүүгээ рүү орж нуугдана.
Ха-ха, хэн нь дэлхийн хамгийн сайн адал явдалтан гэдгийг таа даа.

-Хэрэв Филле, Рулле нар ирвэл би яах ёстой вэ? гэж хүү айн асуулаа. Учир нь хулгайч нар
орж ирэхэд хүү үүдний өрөөнд ганцаар үлдэх, харин Карлсон байшингийн нөгөө үзүүрт, гал
тогооны өрөөнд байх нь хүүд таатай биш байв.

Чи ч бас хурхираарай. Гэхдээ өөрөөр. “Грр-о-го, рр-о-го” гэж.

“Энэ янз бүрийн хурхиралтыг тогтооно гэдэг чинь үржүүлэхийн хүрд цээжлэхээс ч хэцүү
бололтой” гэж хүү боджээ. Тэр “брр-пс-пс”, эсвэл “грр-ах-ах”, “грр-о-го”хольж будлих тун
амархан байсан боловч хүү андуурахгүй байхыг чадлаараа хичээж байв.
Цагаан хэрэгсэл тавьсан тавиур дээгүүр Карлсон хайж байснаа, бүх гар нүүрийн алчуурыг
бөөгнүүлэн барилаа.

-Энэ алчуурууд багадна. Аз болоход угаалгын өрөөнд гар нүүрийн алчуур байгаа, тийм ээ?
гэж Карлсон асуув.

-Та юу бодож олоо вэ? гэж хүү шалгаалаа.

-Занданшуулсан хүн хийх гэж байна. Аймшиг төрүүлдэг, үхдэлтэй адилхныг хийнэ. Урхинаас
хавьгүй илүү аймаар.

Тэр нь юу байдгийг хүү мэдэхгүй байсан ч Египетийн пирамидтай холбоотой зүйл хэмээн
санаж байжээ. Тэр пирамидууд дотор эртний хаад, ноёд, цэргийн жанжин нарыг оршуулж,
тэр хүмүүсийн бие цогцос хатуурч хатсан байдаг гэж аав нь нэг удаа ярьж байжээ. Тэр хаад,
ноёдыг амьд үедээ байсан хэвээр нь хадгалахын тулд занданшуулж, дараа нь зотон даавуугаар
биеийг нь ороодог байсан гэж аав нь ярьсан байв. “Харин Карлсон занданшуулж чадахгүй
байх” гэж хүү бодон,
Сагснаас гаргах үед Бимбо нохой нь дургүйцэн, нойрмоглож байсан ч хүүгийн харсан
хамгийн сүүлчийн зүйл бол юу ч ойлголгүй гайхан харж байсан нохойных нь хоёр нүд л
байлаа. Карлсон даруй нохойг аван нисэж оджээ.

-Та яаж хийх юм? гэж гайхан асуужээ.

-Жижиг хүүхдийг өлгийдөж байгаа юм шиг гар нүүрийн алчуураар орооно... Гэхдээ чи үүнд
санаа зовох хэрэггүй. Манаа хийгээд л, үүргээ гүйцэтгээд байж бай. Харин би үүргээ
биелүүлнэ гэлээ.

Ийнхүү, хүү харуулд гарлаа. Тэгээд хаалганы цаанаас сонсдож байгаа “Брр-пс-пс”, “грр-ах-
ах” гэх хурхиралтыг сонсож байв. Бүх зүйл ном ёсоор байх шиг санагдаж байлаа. Гэвч дараа
нь Юлиус ах муухай зүүд зүүдлэв бололтой, хурхиралт нь “пс-пс-пс”гэхийн оронд тун
хөөрхийлөлтэй болж “Грр-мм, грр-мм” хэмээн сонсдож эхэллээ. Энэ өөрчлөлтийн талаар
хурхиралтын хамгийн шилдэг мэргэжилтэн, гал тогооны өрөөнд юм хийж байсан Карлсон
руу очиж асуух эсэхээ хүү боджээ. Гэвч хүү яахаа бодон, санаа нь зовж байх яг тэр үед шатан
дээр хүн яаруу алхаж, дараа нь аймшигтай чанга нирхийх чимээ гарч, хараал тавих сонсдлоо.
Хулгайч нарт тавьсан занга үүргээ гүйцэтгэсэн нь илт бөгөөд Филле, Рулле нар энд байшин
дотор орж иржээ гэсэн үг байв. Харин өнөөх “грр-ах, грр-ах” хурхиралт чимээгүй болсныг
хүү мэдэж тун их айжээ. Одоо яадаг билээ? Хүү цөхрөн, Карлсоны хэлсэн бүх авиаг давтахыг
оролдож, эцэст нь нэг муухан “грр-о-го” хийж, “грр-ах”-тай хослуулахыг чармайжээ. Гэвч тэр
нь хурхирахтай огт адилгүй байв. Хүү дахин оролдож:

Грр-ах, грр-ах ... гэтэл,

Дуугүй бай гэж өнөөх урхины тэндээс нэг дуу дуулдахад, харанхуйд хэн нэгэн намхан, тарган
хүний дүрсийг аажмаар ялган харлаа. Татсан уяанд тээглэж, мултрахыг хичээж байгаа тэр хүн
бол Карлсон өөрөө байжээ.

Хүү түүн рүү гүйж очоод сандлуудыг өргөн, босоход нь тусалсан ч Карлсон баярлалаа ч
гэсэнгүй. Тэр чөтгөр шиг уурласан байжээ.

-Энэ чинь чиний буруу. Би чамайг угаалгын өрөөнөөс гар нүүрийн алчуур авчраарай! гэж
хэлсэн шүү дээ.

Гэтэл үнэндээ бол, хүүг Карлсон өөрөө манаанд зогсоогоод, өөрөө угаалгын өрөө рүү
гүйхдээ татсан урхиа мартчихсан байжээ. Хүү үүнд ямар буруутай билээ дээ?

Гэвч хэн нь буруутайг тодорхойлж байх цаг тэдэнд байхгүй болж, Бок хатагтай өрөөнийхөө
хаалганы бариулыг хөдөлгөж байгаа нь харагджээ. Нэг ч секунд алдаж болохгүй байв.

-Нуугдаарай гэж хүү шивэгнэлээ.

Карлсон гал тогооны өрөө рүү гүйж, хүү өөрийнхөө өрөө рүү яаран орж, орон дээрээ
хэвтжээ.

Хүү яг хамгийн эцсийн агшинд хэвтэж амжсан байж. Толгой дээгүүрээ хөнжлөө татаад, “грр-
ах” хэмээн аяархан хурхирахыг оролдсон боловч бүтсэнгүй учир дуугүй хэвтээд, Бок хатагтай
түүний өрөө рүү орж, ор руу нь дөхөж ирэхийг чагнаж байв. Тэгээд нүдээ болгоомжтой нээж
харвал Бок хатагтайн унтлагын цайвар хувцас харанхуйд цайрч, дэргэд нь зогсоод маш
анхааралтай харж байсан учир хүүгийн бүх бие ирвэгнэх шиг болжээ.

-Унтаж байна гэж худлаа дүр үзүүлэх л хэрэггүй шүү хэмээн Бок хатагтай хэлсэн ч дуу нь
ууртай биш байлаа. Энэ тэнгэрийн дуу бас чамайг сэрээчихэв үү?

-Тийм ээ..., тэр чимээ байх...

Бок хатагтай сэтгэл амран толгой дохив.

-Өнөө шөнө дуутай бороо орох байх гэж би өдөр мэдэж байсан юмаа. Ууранд орж байгаа юм
шиг бүгчим байсан. Харин чи битгий ай. Тэнгэр нижигнэж байсан ч хотод ямар ч аюулгүй
гэж хэлээд хүүгийн толгойг иллээ.
Дараа нь Бок хатагтай гарсан ч хүү хөдөлж ч чадалгүй, орон дотроо удаан хэвтээд, эцэст нь
сэмхэн босчээ. Карлсон яасан бол гэж сэтгэл нь түгшиж байсан учир гал тогооны өрөө рүү
сэмхэн очжээ.

Харин тэнд хүүгийн харсан анхны зүйл нь занданшуулсан хүн байлаа.

Ямар байсан гээч. Хийсэн зүйлээ сандал дээр суулгаж, дэргэд нь Карлсон арслан шиг бардам
зогсож, ханын шүүгээнээс олсон гар чийдэнгээр гэрэлтүүлж байв.

-Энэ эмэгтэй сайхан биш байна гэж үү? хэмээн Карлсон асуулаа.

“Эмэгтэй” гэж байгааг бодоход хааны биш, хатан хааных байх нь гэж хүү боджээ. Гал тогооны
алчуурын дээгүүр, угаалгын өрөөнөөс авсан бусад бүх алчуураар Карлсон дахин ороосон
учир бүдүүн, бөөрөнхий хатан хаан болсон байлаа. Толгойг нь амны цаасаар хийж, бас гар
нүүрийн алчуураар ороон, хоёр том нүд цоолж гаргасан байв. Бас хамгийн гол нь тэр шүдтэй,
Юлиус ахын шүдийг хийчихсэн байжээ. Шүдийг амны цаасны багц руу хийж, баттай
болгохын тулд хоёр үзүүрээс нь наадаг туузаар тогтоосон байв. Аймшиг төрүүлэгч, үхэл
ханхлуулсан занданшуулсан хүн болжээ. Тэр мумиг харангуутаа хүү чичрэн айж байлаа.

-Яагаад лентээр наасан юм? гэж хүү асуувал:

Толгойдоо үсгүй байгаа юм гэж Карлсон хэлээд хацрыг нь илжээ. Хөөе-хоп, энэ миний
ээжтэй их төстэй харагдаад байгаа юм. Би тэгээд “ээж” гэж нэрлэх гэж бодож байна.Тэгснээ
Карлсон өргөж, үүдний өрөө рүү аваачжээ. Миний “ээжтэй” Филле, Рулле нар уулзахад ямар
таатай байх бол оо!
Дэлхийн хамгийн шилдэг адал явдал хайгч
карлсон
Эцэст нь гүн шөнө болсон хойно хэн нэгэн хүн шуудангийн хайрцагны нээлхийгээр гаднаас
уяа шургуулж эхэлжээ. Үнэндээ бол, үүдний өрөөнд түнэр харанхуй байсан учир хүү,
Карлсон хоёр харж чадалгүй, зөвхөн сонсож байв. Хаалганы түгжээ аяархан чихран дуугарсан
бөгөөд удтал хүлээсэн Филле, Рулле хулгайч нар гэтэн ирж байна гэдэг нь эргэлзээгүй
байлаа.

Тэднийг ирэх хүртэл хүү, Карлсон хоёр үүдний өрөөнд, дугариг ширээний өмнө явган суун
удаан хүлээсэн байлаа. Бүтэн цагаас багагүй хугацаа өнгөрч хүү бүүр зүүрмэглэж эхэлсэн
байв. Гэвч шуудангийн хайрцаг дотор ямар нэгэн юм чихрахад хүү тэр дороо сэржээ. За одоо
л бүх зүйл эхэлнэ дээ! Хүүгийн нойр агшин зуур хулжиж, айсандаа нуруугаар нь шоргоолж
гүйх мэт болжээ. Харин энэ үед түүнийг Карлсон зоригжуулж:

-Хөөе-хоп. Хөөе-хоп гэж чихэнд нь шивэгнэлээ.

Зүгээр л нэг уяа ашиглан хаалганы түгжээг тийм амархан онгойлгож болдог нь гайхмаар
байлаа. Тэгээд хаалга аяархан нээгдэж, үүдний өрөө рүү хэн нэгэн хүн гэтэн орж ирэх нь
үнэхээр итгэхийн аргагүй байсан учир хүүгийн амьсгаа давчдав. Тэр хүн сэмхэн нэг юм
шивэгнээд, урагш гэтэн алхах нь сонсдож... гэнэт нижир пажир хийх чимээ гарч, хоёр хүн
аяархан хашгирах сонсогдлоо. Энэ үед Карлсон ширээн дороос гар чийдэн асаагаад, тэр дор
нь унтраажээ. Харин тэр түр зуурын гэрэлд, хана налан зогсож байгаа аймшиг төрүүлж, үхэл
ханхлуулсан занданшуулсан хүн Юлиус ахын шүдийг ярзайлгаж зүүгээд инээвхийлж харагдах
нь тэр. Хулгайч нар дахин дуу алдан хашгирахдаа энэ удаа тэсэлгүй чанга хашгирчээ.

Цаашдын бүх үйл явдал бараг зэрэг шахам өрнөсөн учир хүү учрыг нь олж чадсангүй. Юлиус
ахын өрөө, Бок хатагтайн өрөөний хаалга тус тусдаа нээгдэх нь хүүд сонсдож, тэд ч гарч
ирсэн бөгөөд бас хэн нэг хүн үүдний өрөөнд явж байхыг хүү сонсчээ. Өнөөх занданшуулсан
хүний хүзүүнд зүүсэн уяанаас Карлсон өөр рүүгээ татахад шалан дээр битүү чимээ гарган
ойчлоо. Энэ үед Бок хатагтай үүдний өрөөний гэрэл асаах гэж унтраалгыг хэд дахин дарахыг
хүү сонссон ч асахгүй байлаа. Учир нь Карлсон гал хамгаалагчийг салгасан бөгөөд
“харанхуйд сахилгагүйтэх илүү дээр” гэж хүүд хэлсэн байжээ. Тэгээд одоо Юлиус ах, Бок
хатагтай нар үүдний өрөөнд яаж гэрэл асаахаа мэдэхгүй, харанхуйд ямар ч аргагүй болон
зогссоор байв.

-Ямар айхтар дуутай бороо вэ? гэж Бок хатагтай хэллээ. Нижигнээд л байх юм. Тогны гал
хамгаалагчийг салгах нь зөв байж.

-Энэ чинь тэнгэрийн дуу мөн гэж үү? Би бол огт өөр зүйл гэж бодож байна хэмээн Юлиус ах
хэлэв.

Гэвч Бок хатагтай “үнэхээр тэнгэрийн дуу, би алдаагүй байх” хэмээн ахыг итгүүлэхийг
оролдож,

-Тэгээд өөр юуны дуу чимээ байх билээ? гэж асуужээ.

-Би бол нөгөө сүнс, үзэгдлүүд дахиад ирсэн юм болов уу гэж бодож байна. Өнөө шөнө тэдний
уулзалт энд болж байх шиг гэж Юлиус ах Бок хатагтайд хэллээ.

Яг үнэндээ бол “шүнс, үсэгдлүүд” гэж ах яагаад ч юм хэл нь тультран хэлсэн юм. “Аа,
нээрээ, Юлиус ахын шүдийг авчихсан шүү дээ” гэж хүү бодсон ч тэр дорхноо мартжээ. Одоо
бол зөвхөн Филле, Рулле хулгайч нарын тухай л хүү бодож чадаж байв. Тэд хаачив аа?
Зугтчихав уу? Хаалга хаагдах чимээ гараагүй дээ. Тэгэхээр тэр хоёр энд, үүдний өрөөнд,
харанхуйд нуугдсан байж магадгүй. Өлгүүрт өлгөсөн гадуур хувцасны араар ч нуугдсан байж
мэднэ. Пөөх, ямар аймаар юм бэ! гэж бодоод Карлсон руу хүү аль болох ойртохыг хичээжээ.

-Тайван бай, тайван бай. Удахгүй бид тэднийг бариад авна гэж Карлсон шивэгнэв.

-Энд бас өөр хоёр хүн байх сиг хэмээн Юлиус ах хэллээ. Энэ байсинд амьдрах боломжгүй
болох нь сиг байна сүү!

Дараа нь Юлиус ах, Бок хатагтай хоёр тус тусын өрөө рүү явцгааж, дахин нам гүм болжээ.
Карлсон, Малыш хүү хоёр ширээн доор суун хүлээж байв. “Ямар удаж байнаа?” гэж хүү
бодлоо. Дараа нь “брр-пс-пс”, “”брр-аш” хурхиралт дахин аяархан сонсдож эхэлснээ,
аажмаар улам чангарч, Юлиус ах, Бок хатагтай нар гүн нойронд автсан нь илт байв.

Удаан хүлээж, харанхуйд нуугдаж байсан Филле, Рулле нар дахин урагшаа хөдөлжээ. Тэр
хоёрын амьсгалах нь хүртэл хүүд сонсдож байв. Тэгтэл тэд гар чийдэн асааж, гэрэл нь
үүдний өрөөн дотуур туслаа. Ширээний бүтээлэгний үзүүр доошоо нам унжиж байсан
боловч ширээн доор Карлсон, хүү, Муми гурав байгааг Филле, Рулле нар хялбархан харж
чаджээ. Хүү айсандаа нүдээ аньж, амьсгаа даран өөрөө үл үзэгдэгч хүн болон хувирч байна
гэж бодов. Филле, Рулле нарын шивэгнэлт бараг дэргэд нь сонсдож байлаа.

-Хий үзэгдлийг чи бас харсан уу? гэж Филле асуув.

-Сайн харсан. Цагаан өнгийн хий үзэгдэл. Энэ ханын дэргэд зогсож байснаа дараа нь алга
болчихсон.

-Стокгольм хотын нэг ч байшинд эндэх шиг ийм олон хий үзэгдэл байхгүй байх. Энийг чи
бид хоёр эртнээс мэднэ дээ гэж Филле хэллээ.

-Ер нь хоёулаа эндээс буцъя, аль болох хурдхан гэж Рулле санал болгов.

Гэвч Филле зөвшөөрсөнгүй.

-Яасан ч явж болохгүй. Арван мянган кроны төлөө бол би нэг байтугай арван хий үзэгдэлтэй
ч үзэлцэхэд бэлэн байна. Энийг чи сайн санаж ав гэлээ.

Тэгээд урхины уяа бэхэлсэн сандлуудыг Филле аяархан өргөж, хэрэв эндээс яаран зугтах
хэрэг гарвал хөлд тээглүүлэхгүйн тулд хуучин байранд нь болгоомжтой тавилаа. Тэрээр энд
амьдардаг хүүхдүүдийг загнаж, “Ямар тэнэг тоглоом бэлдээ вэ?” гэж байв.

-За маш хянуур байх ёстой шүү! Би тэртэй тэргүй зөндөө хөх няц болчихоод байна.

Дараа нь Филле өнцөг булан бүр рүү гар чийдэнгийн гэрэл тусгаж:

-Хаана юуг байгааг нь харцгаая. Одоо эрье! гэж хэллээ.

Дахиад л гар чийдэнгийн гэрэл гал тогооны өрөөн дотуур тусаж, ширээ рүү дөхөх бүрт хүү
нүдээ анин, хамаг биеэ хурааж байлаа. Хүүгийн хөл мод шиг хөшиж, ширээн доор багтахаа
болиод, бүтээлгэн доороос цухуйн Филле, Рулле нарт харагдаж байгаа мэт санагдаж байв.

Гэтэл энэ үед Карлсон дахин “Ээж”-дээ гар хүрч байхыг Малыш хүү анзаарлаа. Гар
чийдэнгийн гэрэл тэднээс холдож ширээн доор харанхуй байсан ч занданшуулсан хүнийг
Карлсон татан нуруугаар нь ширээ налуулж тавихыг хүү харжээ. Дараа нь гар чийдэнгийн
гэрэл дахин ойртож ирэх үед яг нүүрэнд нь гэнэт тусаж, аймшигт шүдийг нь тод
гэрэлтүүлэхэд хулгайч нар үхтлээ айн дуу алдаж, орох хаалга руу яаран гүйлдлээ.

Тэгтэл ч Карлсон сэргэж:

Явцгаая! хэмээн хүүгийн чихэнд шивэгнээд, нөгөөдөхөө ардаа чирсээр хүүгийн өрөөнд орон
харагдахгүй боллоо.

Хүү түүнийг арай ядан гүйцэж очив.

-Ямар бүтэлгүй хүмүүс вэ? гэж Карлсон хэлээд хаалгыг аяархан нээж, “Хий үзэгдлээс ялгаж
чадахгүй юм даа. Миний бодлоор, энэ бол тун чадваргүй хэрэг” хэмээн үглэв.

Карлсон болгоомжтой толгойгоо цухуйлган чагнаж, харанхуй үүдний өрөөнд юу болж


байгааг ойлгохыг хичээж байлаа. Хүү ч бас чих тавин сонсож, одоо л гарах хаалга дуугарна
даа гэж найдаж байсан ч дуугарахгүй байжээ. Филле, Рулле хоёр үүдний өрөөнөөс гараагүй
бөгөөд хоорондоо шивэгнэлдэн:

-Арван мянган крон шүү, Рулле. Энэ тухай бид хэзээ ч мартах ёсгүй шүү! Ямар ч хий үзэгдэл
биднийг зогсоох ёсгүй гэлээ. Тэр хоёр нэлээд удаан шивэгнэлдэхийг Карлсон сайтар сонсож
аваад:

-Одоо Юлиус ахын өрөөнд очъё. Хөөе-хоп! Сайхан хөгжилднөө гэжээ. Тэгээд нөгөө хүнээ
өргөж, Малыш хүүгийн орон дээр тавьжээ.

-Хайсан, хопсан, Ээжхэн минь. Одоо л нэг юм та хүн шиг унтаж амар гэж тоглон хэлээд
хүүгээ хучиж байгаа ээж шиг хөнжлөөр хучив. Дараа нь хүү рүү эргэж “Аятайхан харагдаж
байгаа биз дээ?” гэлээ.

Тэгээд гар чийдэн гарган тусгаад хацрыг нь сайшаан иллээ. Дараа нь, хүүгийн өрөөнд байх
сандлын түшлэг дээр тавьсан бүтээлгийг авч, “Ээж”-дээ нөмөргөжээ. “Дааруулахгүй гэж
байгаа юм байх” хэмээн хүү бодоод, инээд нь хүрлээ. “Муми-ээж”-ийн толгойг хучсан учраас
олон хучлаганы доор нэгэн тарган жаал тайван унтаж байх шиг санагдаж байв.

-За, Малыш аа! Одоо бол чи жаахан унтаж болох байх аа гэж Карлсон хэллээ.

-Хаана? гэж хүү гайхав. Юун унтах. “Ээж”-ийг харангуутаа л хүүгийн хамаг нойр хулжиж
байжээ.

-Би үүнтэй зэрэгцээд орон дээр яаж хэвтэх юм!

-Үгүй ээ, орон дээр биш, доор гэж Карлсон хэлээд зараа биеэ бөөрөнхийлөх мэт атиран орон
доогуур түрүүлэн шургаж оров. Хүү араас нь даган оржээ.

-Одоо би тагнуулын өвөрмөц хурхиралтыг дууриана гэж Карлсон хэлэхэд:

-Тагнуулчид бас тэгж өвөрмөц хурхирдаг юм уу? гэж хүү дахин гайхжээ.

-Тийм ээ, тэд ч ёстой ухаан алдмаар зальжин хурхирна шүү. “Хоооо, дооо, дооо!” гээд л.

Тагнуулын хурхиралт нь хоржигнох ч юм шиг, архирах ч юм шиг байсан ч улам чанга болж
байсан учир үнэхээр айдас төрүүлж байв. Хүү айж:

-Та аяархан хурхираач! Тэгэхгүй бол Филле, Рулле хоёр ийшээ хүрээд ирнэ шүү дээ гэлээ.

-Тагнуулын хурхиралт үүний төлөө л байдаг байхгүй юу гэж Карлсон тайлбарлалаа.


Дараа нь гар чийдэнгийн гэрэл дахин ойртож ирэх үед яг нүүрэнд нь тусаж, аймшигт
шүдийг нь тод гэрэлтүүллээ. Хулгайч нар үхтлээ айн дуу алдав.

Энэ үед хэн нэгэн хүн хаалганд гар хүрч, аяархан онгойлгожээ. Бас гар чийдэнгийн гэрэл
тусаж, өлмий дээрээ сэм гэтэн өрөө рүү орж ирж байгаа Филле, Рулле нарыг хүү олж харав.

Карлсон улам чанга, хорон хурхирахыг хүү сонсоод айж “Дэмий л ингэж байна даа. Бид
хоёрыг хулгайч Филле, Рулле нар олчихно шүү дээ” гэж боджээ. Гэхдээ ширээний бүтээлэг
бүр шаланд хүртэл унжиж, хүү, Карлсон хоёрыг гар чийдэнгийн гэрэл, бусдын сониуч
нүднээс халхалж байв. “Ер нь бол энэ бүхнийг Карлсон сайн бодож олсон байна шүү” гэж
хүү боджээ.

-Хооо, хооо! хэмээн Карлсон улам чанга хурхирч байлаа.

Энэ үед Филле:

-Одоо л нэг юм эрж байсан зүйлээ олох шиг боллоо хэмээн нам дуугаар хэлэв. Хүүхдүүд бол
ингэж хурхирахгүй. Энэ яг өнөөх чинь байна. Энэ бүдүүн мод шиг юмыг чи хар даа, яг мөн
шүү.

-Хооо! гэж Карлсон ууртай огцом хурхирав. Өөрийг нь бүдүүн мод шиг гэсэнд тэр тун дургүй
байгаа нь илт байлаа.

-Чи гаваа бэлдсэн үү? гэж Рулле асуув. Шууд л гавлаж авахгүй бол зугтчихна шүү.

-Бүтээлэг дуугарч, дараа нь Филле, Рулле нарт агаар дутагдах мэт хоолой нь хоржигнон
дуугарахыг хүү сонсчээ. Тэгээд дэрэн дээр харагдаж байгаа аймшиг төрүүлсэн ярзайсан
шүдийг хулгайч нар харж гэдгийг хүү ойлгов. Харин тэд хашгирсангүй, буцаж зугтсан ч үгүй.
Гэхдээ нэг л хачин этгээд амьсгалж эхэлжээ.

-Хөөх, энэ чинь ч ёстой аймшигтай эд байна шүү ... гэж Филле тээнэгэлзэн дуугарав.

-Чи хэл дээ. Яаж энэ муухай амьтан ийшээ орж чадах билээ? Дөнгөж сая л энэ чинь үүдний
өрөөнд байсан шүү дээ. Эсвэл өөр юм уу?

-Харин, хачин юм аа. Энэ бас юу архираад байгаа юм бол?

Гэвч үүнийг Филле мэдэж чадаагүй байтал ойртон ирж байгаа хүний хөлийн чимээ
сонсогдлоо. Бок хатагтайн хүнд алхааг хүү таниад сандарч эхлэв. Одоо юу болох бол оо? Бөөн
орилоон хашгиралт болох болов уу? Тэнгэрийн дуунаас ч илүү юм болох болов уу?

Гэвч ямар ч аймаар зүйл болсонгүй.

-Хурдлаарай! гэж Филле сандран шивэгнэв.

Хүү эргэж харж ч амжаагүй байтал хоёр луйварчин түүний шүүгээн дотор орчихсон байв.

Энэ үед Карлсон шалмаг хөдөлж, зараа мэт биеэ бөөрөнхий болгон өнхөрч очоод өнөө
хувцасны шүүгээг гаднаас нь түгжчихэв. Дараа нь бас тун эвлэг бөгөөд түргэн хөдөлж, орон
доогуур мөлхөн оржээ. Яг тэр агшинд, цагаан цамц өмсөж, гартаа лаа барин, сүнс мэт
төрхтэй болчихсон Бок хатагтай ороод ирэв.

-Малыш чи, миний өрөөн дотуур явж, гар чийдэн тусгаад байгаа юм уу? гэж хатагтай ширүүн
асуулаа.

Хүү тэвдэж, Үгүй ээ, би биш гэв.

-Тэгвэл чи яагаад унтахгүй байгаа юм? гэж Бок хатагтай үл итгэн асууснаа, Чи яагаад
толгойгоо битүүлээд байна? Би чамайг сайн сонсохгүй байна гэлээ.

Тэгснээ Бок хатагтай андууран бүтээлгийг угз татан хуулснаа аймшигтай чанга хашгирчээ.
Хүү:

“Хөөрхий Бок хатагтай. Энэ хулгайч Филле, Рулле нар шиг аймшигт хүнийг урьд нь харж
дасаагүй байгаа шүү дээ” гэж боджээ. Тэгээд одоо орон доороос мөлхөж гарах цаг болж гэж
ойлгов. Тэртэй тэргүй хүүг Бок хатагтай олохгүй, бас тэгээд Филле, Рулле нарын учрыг
олохын тулд Бок хатагтайн тусламж хэрэгтэй байв. Тэднийг шкаф дотор байлгаад байж
болохгүй шүү дээ!

Ийнхүү хүү мөлхөн гарч ирээд:

-Битгий айгаарай. Наадах чинь аюулгүй, харин миний хувцасны шүүгээ дотор хоёр хулгайч
түгжээтэй байгаа гэж аятайхан хэллээ.

Хүнийг харсны дараа Бок хатагтай хараахан сэхээ орж амжаагүй байсан ч шүүгээн дотор хоёр
хулгайч байгаа гэж хүүг хэлэхэд ихэд уурлажээ.

-Чи чинь юу яриад байнаа? Ямар тэнэг юм? Хулгайч нар шүүгээ рүү ороод байхдаа яадаг юм.
Битгий дэмийрээд бай! гэлээ.

Тэгснээ өөрийн эргэлзээг тайлахын тулд Бок хатагтай өлгүүрийн хаалга руу очиж:

-Энд хүн байгаа юм уу? гэж хашгирав.

Хэн ч хариулахгүй байсан учир хатагтай улам уурлажээ.

-Хариулаач. Энэ дотор хүн байгаа юм уу? Хэн ч байхгүй бол хэлж болно шүү дээ!

Тэгтэл өлгүүр дотор үл ялиг чимээ гарахыг Бок хатагтай сонсоод хүү үнэн хэлснийг
ойлгожээ.

-Зоригтой хүү шүү! Ийм жижигхэн мөртлөө хоёр том хулгайчийг дөнгөж чадаж! Баатар юмаа!

Харин энэ үед ор дуугарч, доороос нь Карлсон мөлхөн гарч ирээд:

-Малыш биш, би энэ бүхнийг хийсэн юм гэж хэлснээ Бок хатагтай, хүү хоёр руу ууртай харц
чулуудлаа.

-Намайг ийм зоригтой, бүх талаар сайн хүн гэдэгт хүмүүс талархмаар юм даа. Би бас
ухаантай, царайлаг! Юу яасан бүдүүн мод! гэв.

Гэвч Карлсоныг хараад үедээ Бок хатагтай уурлан:

-“Бас л чи юу? гэж хашгирснаа одоо бол гамбирын хэргийн төлөө загнах цаг биш, илүү чухал
зүйлсээ бодох ёстой гэдгийг гэнэт санажээ. “Хурдхан гүйгээд Юлиусыг сэрээ, бид нар цагдаа
руу утасдах ёстой... Өө, би чинь хувцсаа өмсөөгүй юм байна... Явж халатаа өмсье” гээд
унтлагын цамц руугаа ичингүйрэн харлаа.

Ийнхүү Бок хатагтай яаран гарах үед Юлиус ахыг сэрээхээр хүү гүйх гэснээ “ээж” муми руу
очиж шүдийг нь мулталж авав. Одоо шүд нь Юлиус ахад хэрэг болно гэдгийг хүү сайн ойлгож
байлаа.
Өрөөнд нь ороход “грр-пс-пс” гэсээр Юлиус ах хүүхэд адил бөх унтаж, үүр цайж эхэлж байв.
Үүрийн бүдэг гэгээнд орны дэргэдэх шүүгээн дээр устай шилэн аяга байхыг хүү харж,
Юлиус ахын шүдийг ус руу хийхэд аяархан чолхийх чимээ гарчээ. Шилэн аяганы дэргэд
Юлиус ахын нүдний шил, цаасанд боосон карамель чихэр байсан тул Карлсонд өгөхийн тулд
боодолтой чихрийг авч, унтлагын хувцасныхаа халаасанд хийв. Харин Юлиус ах Карлсоныг
харах хэрэггүй бөгөөд харвал хаанаас яаж орж ирсэн гээд шалгааж гарах нь тодорхой байв.

Гэвч “шүүгээн дээр өөр бас нэг зүйл байх ёстой доо” гэсэн бүүр түүр мэдрэмж хүүд бас энэ
үед төржээ. Аа, тийм Юлиус ахын цаг, түрийвч байх ёстой. Гэтэл аль аль нь байсангүй ч хүү
төдий л анхаарсангүй. Юлиус ахыг сэрээгээрэй гэж Бок даалгавар өгсөн учраас хүү дуудлаа.

Юлиус ах ч дорхноо сэрж:

-Бас юу болчихов оо? гэснээ бушуухан шүдээ авч амандаа хийгээд:

-Төвөгтэй юмаа, удахгүй би Вестергетланд руугаа буцаж, тэндээ хоногт арван зургаан цаг
унтана даа. Энд ч шөнийн амьдралтай юм шиг л байна... гэв.

“Юлиус ахын зөв байх аа” гэж хүү бодсон бөгөөд яагаад нэн даруй босох хэрэгтэй болсныг
тайлбарлажээ.

Ах ч яаран хүүгийн өрөө рүү явахад Малыш араас нь даган гүйж, халатаа өмсөж амжсан Бок
хатагтай ч тийш очсоноо бүгд хаалган дээр мөргөлдчихөв.

-Өө, эрхэм Иенсен минь. Хулгайч нар манайд ороод ирж, та төсөөлж байна уу? гэж Бок
хатагтай уулга алджээ.

Харин Карлсон тэр өрөөнд байхгүй, цонх онгорхой байгааг хүү анзаарлаа. “Тэр гэр рүүгээ
ниссэн нь дээр байх аа. Тэгэх нь дээр. Бараг л азны юм гэсэн үг. Филле, Рулле, цагдаа нартай
Карлсон уулзаж яах юм?” хэмээн хүү боджээ.

Хулгайч нар шүүгээ дотор түгжээтэй байгаа гэж Бок хатагтай хэлээд, айсан боловч баяртай
инээлээ.

Харин Юлиус ах толгойг нь битүүлэн халхалсан өнөөх “ээж”-ийн хэвтэж байгаа хүүгийн ор
руу заагаад:

-Эхлээд Малыш хүүг сэрээе! гэлээ.

Тэгснээ дэргэд нь зогсож байгаа хүү рүү хараад Юлиус ах тун гайхан:

-Малыш босчихсоныг би харж байна. Тэгээд орон дээр нь хэн унтаж байгаа юм бол? гэж
бувтнажээ.

Бок хатагтай чичрэх мэт боллоо. Учир нь тэр орон дээр юу байгааг Бок тун сайн мэдэж байв.

-Энд нэг аймшигтай зүйл байгаа. Ямар аймаар гэдгийг нь та төсөөлж ч чадахгүй байх.
Харин Юлиус ахын нүд гэрэлтэж, айх нь байтугай, хөнжил доор байгаа, өнөөх “аймаар
зүйл”-ийг зөөлөн иллээ.

-Үлгэрийн ертөнцийн аймаар зүйл! Этгээд, бүдүүн биет! Үгүй ээ, энийг би эхэлж харчихаад,
хулгайч нарыг дараа нь зохицуулмаар байна.

Тэгээд түргэн хөдлөн бүтээлгийг хууллаа.

Хэ – хэ – хэ! хэмээн инээсээр Карлсон орон дээрээс өндийлөө. Та эндээс үлгэрийн амьтныг
биш, намайг олсон тань ямар сайн хэрэг вэ? Үнэхээр сайн хэрэг шүү, тийм биш гэж үү?

Харин Карлсон руу Бок хатагтай дургүйцэн харлаа.

Тэгснээ Бок хатагтай, “хүүг толгойгоо битүүлж” гэж санан бүтээлгийг угз татан
хуулснаа аймшигтай чанга хашгирчээ.

Бид нарыг өнөө шөнө энэ Карлсон л тэнэгтүүлээд байсан юм уу? гэж Юлиус ах дургүйцэн
асуув.

-Магадгүй ээ. За яахав, завтай болохоороо би энэний шүүсийг шахаад өгнөө гэж Бок хэлээд,
мартсан зүйлээ гэнэт санаж Юлиус ахын гарт эмээнгүй хүрч, “Эрхэм Иенсен, бид нар цагдаа
руу утасдах ёстой шүү дээ.”

Гэвч хэрэг явдал тун санаандгүй байдлаар эргэлээ.

Шкаф дотроос нэг хүний дуу сонсдож:

-Хуулийн нэрийн өмнөөс хаалгаа онгойлго. Бид цагдаагийн газраас явж байна гэх нь тэр.

Бок, Юлиус ах, Малыш хүү бүгдээрээ алмайрч орхисон ч Карлсон л огт гайхахгүй, харин ч
уур нь хүрч байлаа.

-Цагдаагийн газраас гэнээ хөөе? Муусайн хулгайч та нар өөр хүмүүст наадахаа хэлээрэй.
Арчаагүй луйварчид!

Гэвч Филле өлгүүр дотроос “Та нар аюултай тагнуулыг барих гэж энд ирсэн цагдаагийн
ажилтнуудыг түгжсэн учраас ихээхэн торгууль төлнө дөө” гэж хашгирахад, “Эд нар ямар
аймаар заль гаргаж байнаа!” гэж хүү боджээ.

-Харин шүүгээгээ хурдан онгойлговол асуудалгүй! гэж Филле дахин хашгирлаа.

Юлиус ах энэ үгэнд итгэн, шүүгээний түгжээг онгойлгочихлоо. Харин Филле, Рулле нарын
сэжигтэй царайг хараад Юлиус ах, Бок нар үнэхээр айжээ.

-Цагдаагийн газраас гэнээ? гэж үл итгэсэн дуугаар Юлиус ах асуув. Та нар яагаад дүрэмт
хувцасгүй байгаа юм?

-Яагаад гэвэл бид нууц цагдаагийн нууц ажилтнууд гэж Рулле хэллээ. Бид энэ хүнийг барих
гэж ирсэн хэмээн Филле хажуугаас нь нэмж хэлээд Карлсоныг барьж авав. Энэ бол тун
аюултай тагнуул!

Харин Бок хатагтай энэ үгийг сонсоод түсхийтэл инээчихлээ.

-Тагнуул гэнээ? Энэ тагнуул гэнэ! Ха-ха-ха! Яасан инээдтэй юм бэ? Энэ зовлонтой хүүхэд
чинь манай Малыш хүүгийн сургуулийнх нь найз шүү дээ.

Карлсон орон дээрээс ухасхийн босоод:

-Би ангидаа хамгийн сайн сурагч. Чихээ хөдөлгөж чаддаг учраас хамгийн шилдэг нь болсон.
Гэхдээ бас тоо ч бодож чаддаг гэлээ.

Харин Филле түүнийг огт тоолгүй, гаваа гарган Карлсон руу аажим дөхөж эхлэв. Тэгээд
нэлээд дөхөж ирэхэд Карлсон ч өмнөөс нь бүдүүн, жижиг хөлөөрөө зоригтой алхан угтлаа.
Филле ямар нэгэн зүйлийг ууртай бувтнаад, тэсэж ядан нэг хөл дээрээ догонцож эхлэв.

Анхааралтай байгаарай, дахиад хөх няц болно шүү дээ гэж Карлсон сануулахад “хулгайч,
луйварчид дандаа л хөх няц болсон байдаг” гэж хүү боджээ. Филлегийн зүүн нүд хавдаж, хөв
хөх болсон байв.

“Яая гэх вэ, хүртэх ёстой зүйлээ л хүртэж” гэж хүү бодлоо. Тэд өөрсдөө л гэрт нь сэм орж
ирж, түүний сайн найз Карлсоныг арван мянган кроноор зарахаар авч явахыг хүссэн шүү дээ.
Ийм өөдгүй хулгайч нар учраас аль болох олон хөх няц болж л байг.

-Тэд цагдаагийнхан биш, энэ бол худлаа. Эд нар хулгайчид, би таньж байна гэж хүү хэллээ.

Юлиус ах эргэлзэн толгойгоо маажаад:

-Худал эсэхийг бид тодорхойлох ёстой байнаа гэлээ.

Тэгээд цагдаа юм уу, хулгайч нар уу гэдгийг мэдэх хүртэл гал тогооны өрөөнд сууцгаая гэж
Юлиус ах санал болголоо.

Тэр үед бараг гэгээ орж, тэнгэрийн одод шуугдан арилсан нь цонхоор харагдаж байв. Дахин
нэг шинэ өдөр эхэлсэн бөгөөд Филле, Рулле нарын элдэв хуурмаг зүйл ярихыг сонсож суухаас
илүү хурдхан орондоо орж унтахыг хүү маш их хүсэж байлаа.

-Манай Вазастанд нисдэг тагнуул гарч ирсэн тухай та сониноос уншаагүй гэж үү? хэмээн
Рулле асуугаад, эвхсэн сониныг халааснаасаа гаргаж ирлээ.

Гэвч тэр нийтлэл Юлиус ахын эргэлзээг төрүүлж байв.

-Би үүнийг дахин уншихад бэлэн байгаа ч сонинд бичдэг элдэв дэмий зүйлд итгэж болохгүй
гэж боддог хүн. Түр хүлээж байгаарай, би нүдний шилээ аваад ирье.

Юлиус ах өрөө рүүгээ явсан боловч тэр дороо аймшигтай уурлан буцаж иржээ.

-Сүрхий цагдаа нар байх нь ээ! Миний түрийвч, цагийг та нар хулгайлсан байна. Одоо
даруйхан буцааж өг!

Гэвч Филле, Рулле нар бас жигтэйхэн уурласан дүр үзүүлэв.

Цаг, түрийвчийг эд нар авсны төлөө цагдаагийн ажилтнуудыг буруутгах ч аюултай шүү гэж
Рулле хэллээ.

Үүнийг чинь “гүтгэлэг” гэж нэрлэдэг. Та нар мэдэхгүй гэж үү? хэмээн Филле тулган асуув.
Цагдаагийн ажилтныг гүтгэсний төлөө шоронд ч орох амархан шүү. Та нар мэдэхгүй байж
магадгүй юм.

Гэнэт Карлсоны царай хувирч, Юлиус ахыг түлхээд бас түүн шиг хашгирч эхлэв. Тэр байж
ядан уурлаж байгаа нь илт байлаа.
-Миний карамель чихэр хаа байна? Хэн авчихав? гэж Карлсон хашгирчээ.

Филле түүн рүү догшрон харав.

-Чи тэгээд бид нарыг буруутгаж байгаа юм уу?

-Үгүй ээ, би ухаан алдчихаагүй байна гэж Карлсон хэллээ. Гүтгэлэг гэдэг бол ноцтой зүйл.
Гэхдээ би нэг зүйлийг баттай хэлж чадах байна. Хэрэв та нар чихрийг минь авсан мөртлөө
одоо даруй буцааж өгөхгүй бол нөгөө нүд чинь бас хөх няц болно шүү.

Харин хүү халатныхаа халааснаас нөгөө чихрийг яаран гаргаж:

-Таны чихэр энэ байна гэж хэлээд Карлсонд өглөө. Би танд дамжуулж өгөх гэж авч хадгалсан
юм.

Тэгтэл Филле хөндлөнгөөс ярианд оролцож:

-Бүх зүйл ойлгомжтой байна шүү дээ. Өөрийнхөө бурууг бидэн рүү чихэх гэж оролдож
байнаа? Бүтэхгүй шүү!

Бүхий л хугацаанд дуугүй сууж байсан Бок энэ үед санал бодлоо хэлэхийг хүслээ.

Цаг, түрийвчийг хэн хулгайлсан нь надад тодорхой байна. Тэр хүн дандаа юм хулгайлж
байдаг. Эсвэл талх, эсвэл гамбир, ер нь гарт нь таарсан бүх зүйлийг хулгайлдаг.

Ингэж хэлээд Карлсон руу Бок хатагтай заасан тул Карлсон ихэд хилэгнэж:

-Хөөе та, сонсож бай. Наадах чинь гүтгэлэг шүү. Хүнийг гүтгэсэн хүн хариуцлага хүлээдгийг
та мэдэхгүй гэж үү?

Гэвч Карлсоноос нүүр буруулан Бок хатагтай цааш эргэлээ. Юлиус ахтай нухацтай
ярилцахаар тэр хатагтай шийдсэн байв. “Тэр хоёр ноёд нууц цагдаагийн хүмүүс байж тун
магадгүй. Тийм ч учраас хачин этгээд төрхтэй байна” гэж Бок бодож байжээ. “Бүх хулгайч
нар муу хувцас өмсдөг” гэж Бок хатагтай үнэхээр итгэж байсан ч жинхэнэ хулгайчийг өөрөө
хэзээ ч хараагүй байлаа.

Филле, Рулле нар тэр дорхноо хөгжилтэй боллоо. “Энэ хатагтай ямар ухаантай, сайхан хүн бэ
гэж эхний минутад л би ойлгосон, ийм хүнтэй танилцахдаа тун баяртай байна” гэж Филле
хэллээ. Тэгээд дэмжлэг авах гэж Юлиус ах руу хэд хэдэн удаа харж байв.

Энэ эмэгтэй үнэхээр гайхмаар, ховорхон хүн гэдэг нь үнэн биш гэж үү? Та тэгж бодохгүй
байна уу?

Бок хатагтайн талаар өмнө нь Юлиус ах юу бодож байсан нь тодорхойгүй боловч одоо бол
зөвшөөрөхөөс аргагүй байлаа. Харин Бок хатагтай тэр бүх магтаалыг сонсоод харцаа
доошлуулан царай нь улайжээ.
-Тийм ээ, тэр дуут могой шиг л ховорхон шүү гэж Карлсон сэмхэн бувтнав.

Малыш хүүтэй хамт Карлсон буланд суугаад зай завгүй чихэр идэж, тачигнуулах чимээ нь
өрөөнд тод сонсдож байлаа. Тэгээд хамаг чихэр дуусах үед Карлсон ухасхийн босож, өрөөн
дотуур дэгдэж эхлэв. Зүгээр л тоглож байгаа мэт харагдсан боловч тэгж хачин үсэрч, наадаж
байхдаа Филле, Рулле нарын сууж байсан сандал руу Карлсон аажмаар дөхсөөр байжээ.

-Тан шиг ийм ховорхон эмэгтэйг дахин харахсан гэж би хүсэж байна хэмээн Филле
үргэлжлүүлэн ятгахад Бок хатагтайн царай улам улайж, улам доошоо харж байлаа.

-Тийм ээ, тэгэлгүй яахав, Бок хатагтай бол ховорхон эмэгтэй гэж Юлиус ах зөвшөөрөөд
гэхдээ харин миний цаг, түрийвчийг хэн авсныг л би мэдмээр байна гэлээ.

Юлиус ахын хэлсэн үгсийг Филле, Рулле нар сонсоогүй царай гаргаж байлаа. Бок хатагтайг
Филле маш сонирхож байсан учраас бусад бүх зүйлийг анзаарахгүй байгаа мэт дүр үзүүлж
байжээ.

-Энэ ухаантай эмэгтэй бас их сайхан харагдаж байна, тийм үү, Рулле? хэмээн Филле аяархан
боловч Бок хатагтайд сонсдохоор хэллээ. Сайхан нүдтэй.., бас сайхан хамартай. Ийм сайхан
хамрыг “ямар ч цаг агаарт сайхан харагддаг” гэж хэлдэг байх аа, Рулле? гэв.

Тэгтэл Бок хатагтай сандал дээрээ огцом үсэрч, нүд нь бараг духан дээрээ гарчих шиг
шахлаа.

-Юу гэнээ? Та юу гэж хэлсэн бэ?

Филле барьц алдан мэгдлээ.

-Би зүгээр л гэж Филле бувтнасан боловч Бок хатагтай түүнд үгээ дуусгах боломж өгсөнгүй.

-Энэ чинь Филипп байна шүү дээ, би итгэлтэй байна гэж Бок хатагтай хэлээд, царай нь
хувиран “Ээж”-тэй адилхан болчих шиг хүүд санагджээ.

Филле ч бас цочжээ.

-Та яаж намайг мэддэг юм бэ? Та миний тухай сонсож байсан юм уу?

Бок хатагтай гашуунаар инээмсэглэн толгой дохилоо.

-Таны тухай сонсож байсан эсэхийг минь та надаас асуулаа. Тийм ээ, сонсож байсан, эргэлзэх
хэрэггүй. Харин энийг чинь Рудольф гэдэг байх аа, тийм үү? гээд Рулле руу Бок хатагтай
заав.

-Тийм ээ, та яаж мэддэг юм бэ? Бид нарын танилуудаас уу? гэж Филле асуухдаа тун сэтгэл
хангалуун болон царай нь гэрэлтжээ.

Бок хатагтай дахин гашуун инээмсэглэн толгой дохив.


Тийм ээ, бидний дундын танилууд байгаа бололтой. Фрейгатен хотын хатагтай Фрида Бок. Та
түүнийг таньдаг бололтой санагдаж байна. Яг минийх шиг ямар ч цаг агаарт сайхан хэвээрээ
байдаг хамартай!

Харин одоо Филле хүний хамар харьцуулан баясахаа больж, царай нь ч гэрэлтэхээ болиод аль
болох хурдхан зугтахыг хүсэж, Рулле ч бас суух сонирхолгүй болсон байв. Гэвч тэр хоёрын
ард Карлсон зогсож байжээ. Гэнэт буу тасхийж, Филле, Рулле нар айсандаа суудал дээрээ
огло үсрэв.

-Битгий буудаарай гэж Филле хашгирчээ. Учир нь Карлсон араас нь долоовор хуруугаа нуруу
руу нь тулгасан учраас бууны ам гэж Филле ойлгосон байв.

-Цаг, түрийвчийг өмнөө гаргаж тавь гэж Карлсон тушаалаа. Тэгэхгүй бол буудлаа!

Филле, Рулле нар халаасаа сандран ухаж, агшин зуурын дотор цаг, түрийвч нь Юлиус ахын
өвөр дээр тавигджээ.

-Айхтар амьтан бэ! гэж Филле хорсон хашгирсан ч Рулле тэр хоёр үүдний өрөө рүү цахилгаан
шиг хурдан гүйн гараад, тэднийг хэн ч зогсоогоогүй учир хаалга тасхийтэл хаан, арилж
өглөө.

Хамгийн түрүүнд Бок хатагтай сэхээ орон, тэр хоёрын араас гүйн гарч, шатны талбай дээр
зогсоод, шатаар яаран бууж яваа хоёр хулгайчийн араас:

-Энэ өөдгүй явдлыг чинь Фрида мэдэж авна даа! Үнэн мөнийг чинь мэдэж аваад баярланаа!
гэж хашгирчээ.

Түүгээр ч барахгүй, араас нь хөөн хэдэн гишгүүр харайж явснаа зогсоод:

-Бас манай Фрейгатенд очих гэвэл цусыг чинь л гаргах байх шүү. Сонсоо биз? Цус гаргана
шүү... гэж хашгирлаа.
Юлиус ахад үлгэрийн ертөнцийг карлсон нээж
өглөө
Филле, Рулле нар гэтэж ирсэн тэр шөнөөс хойш Карлсон өмнөхөөс олон удаа ирдэг болжээ.

“Карлсон бол дэлхийн хамгийн шилдэг нь!” гэх хашгиралт Малыш хүүг өглөө бүр сэрээдэг
болж, тэр хашгиралтын дараа өрөө рүү Карлсон нисэн орж ирдэг байлаа. Бас Карлсон өглөө
бүр хэр томорч байгааг нь харахын тулд хамгийн түрүүнд цэцгийн саван дотроос тоор
жимсний ясыг гарган үзэж, дараа нь Малыш хүүгийн ширээн дээр өлгөөтэй байдаг хуучин
толь руу заавал очно. Тэр нь жижгэвтэр толь байсан ч өөрийгөө аль болох сайн харахын тулд
толины эргэн тойронд удаан нисдэг байв. Карлсон биеийнхээ хэсэг бүрийг ээлжлэн хардаг
бөгөөд тэр жижиг толин дотор бүтнээрээ багтдаггүй байлаа.

Карлсон нисэж байх зууртаа хамар дороо аяархан дуу аялж, тэр дуундаа өөрийгөө болон өөрт
тохиолдсон бүх явдлыг магтаж дуулдаг байв. “Дэлхийн хамгийн шилдэг Карлсон... хи-ти-ти-
хи... Арван мянган кроны үнэтэй... Бас хулгайч нарыг барьдаг, гар буугаар бууддаг... Ямар
сонин толь вэ! Дэлхийн хамгийн шилдэг Карлсон энэ толинд бүтнээрээ харагдахгүй байнаа...
гэхдээ яахав ээ, харагдаж байгаа зүйлс нь сайхан л байна... хи-ти-ти-хи... Зохих хэмжээнд мах
шөлтэй, тийм ээ, тийм... Бас тэгээд бүх талаар сайн хүн шүү... гэж дуу зохион аялдаг байлаа.

Малыш хүү ч үүнийг нь зөвшөөрч Карлсон бүх талаар сайн хүн хэмээн итгэж байв. Харин
хамгийн гайхмаар нь Юлиус ах аажмаар, бүр жинхэнэ ёсоор Карлсонд татагддаг болсон
байжээ. Карлсон түүний цаг, түрийвчийг хулгайчдаас гаргуулж өгсөн шүү дээ. Тийм тусыг
Юлиус ах хурдан мартаж чадахгүй нь мэдээж. Харин Карлсонд Бок хатагтай дандаа уурладаг
хэвээрээ байсан ч Карлсон төдий л тоохгүй байлаа. Цагт нь хоол хүнс өгдөг байх нь л чухал
бөгөөд Бок хатагтай ч өгч байв.

“Хэрэв Бок хатагтай надад хоол өгдөггүй байсан бол би ч би биш болно л доо” гэж нэг удаа
Карлсон хэлжээ.

“Карлсон битгий ирээсэй” гэж Бок хатагтай мөрөөддөг байсан ч бүтээгүй бөгөөд Малыш,
Юлиус ах нар Карлсоны талд байлаа. Яг хоолны ширээнд сууцгаах үед Карлсон ирвэл Бок
хатагтай үргэлж дургүйцэн үглэдэг ч яаж ч чаддаггүй бөгөөд бүх хүмүүстэй хамт хооллуулдаг
байлаа.

Филле, Рулле нарын шөнийн адал явдлын дараа Карлсон тогтмол ирдэг нь байх ёстой зуршил
мэт болсон байв.

Тэр шөнийн адал явдлын үед Карлсон нэлээд ядарсан бололтой, маргааш өглөө нь ирэлгүй,
өдрийн хоолонд л ирсэн билээ. Тэгээд Малыш хүүгийн өрөөнд нисэн орж ирээд, гал тогооны
өрөөнөөс юу ханхалж байгааг яаран үнэрлэж байв.

Малыш хүү ч бас тэр өдөр удаан унтаж, (Бимбо нохойгоо өвөртөлж аваад), хулгайч нартай
шөнөжин хөөцөлдсөний дараа амрах хэрэгтэй болсон байжээ. Тэгээд Карлсоныг ирэхийн
өмнөхөн сэрсэн байв. Өөрөө ч сэрсэн биш, харин гал тогооны өрөөнөөс сонсогдож байгаа
хачин дуунд хүү сэрсэн байв. Бок хатагтай нааш цааш яван чанга дуулж байжээ. Түүнийг
ингэж дуулж байхыг Малыш урьд нь хэзээ ч хараагүй бөгөөд тун тааруу дуулж байсан учраас
“хурдхан болиосой” гэж хүсч байв. Учир нь ойлгомжгүй шалтгаанаар Бок хатагтай тэр өглөө
маш сайхан зантай байжээ. Өглөө нь Бок хатагтай гэр рүүгээ, Фрида руу очиж амжсан бөгөөд
магадгүй энэ явдал нь түүнийг их сэргээсэн ч юм уу, хангинатал чанга дуулж байв. “Өө,
Фрида минь, ингэх нь чамд дээр шүү!..” хэмээн дуу зохион дуулж байсан ч чухам яавал
Фридад дээр болно гэдгийг Малыш хүү ойлгож чадаагүй байтал Карлсон гал тогооны өрөө
рүү нисэн очиж:

-Дуугүй бай л даа! Болиод өгөөч! Таныг Карлсон зодож, ингэж хашгируулаад байна гэж
хөршүүд бодно шүү дээ гэж чанга хэлжээ.

Бок хатагтай гонсойн дуугаа хурааж, дүнсгэр царайлан өндөг, махтай хоолоо шарж эхлэв.
Тэгээд Юлиус ахыг ирэхэд бүгд хамтдаа ширээ тойрон сууж, өдрийн хоолоо идлээ. “Бүгд
хамт сууж, урьд шөнийн явдлыг ярилцаж, цөмөөрөө сайхан байна даа” гэж хүү бодож байлаа.
Карлсон ч бас өдрийн хоолонд сэтгэл хангалуун болж Бок хатагтайг ихэд магтлаа.

-Өнөөдөр та хоолоо маш сайн хийж чадлаа шүү хэмээн Бок хатагтайг урамшуулахын тулд
Карлсон хэлжээ.

Гэвч Бок хатагтай юу ч хариулсангүй, хэдэнтээ санаа алдаад уруулаа чанга жимийв.

Жижиг хэвэнд хэвлэсэн шоколадтай амтат зуушийг ч бас Карлсон их магтлаа. Малыш хүү
өөрийн хувиас нэг халбагыг ч идэж амжаагүй байхад Карлсон өөрийн аягатайг цөмийг нь
идчихээд:

-Сайхан амттай байна шүү. Маргах юм алга. Дахиад нэгийг идчих юмсан гэснээ дахин нэг
амтат зууш авчихлаа. Гэтэл зөвхөн дөрвөн ширхэг хийсэн учраас Бок хатагтайд амтат зууш
үлдсэнгүй.

Бок хатагтай сэтгэл дундуур болсныг Карлсон анзаараад, булцгар долоовор хуруугаа өргөн:

-Энд, энэ ширээний ард, турах шаардлагатай тарган хүмүүс байнаа. Тэгээд тийм нөхдүүд
хоёроос доошгүй байна. Гэхдээ би тэдний нэрийг хэлэхгүй, би өөрөө тэр тарган хүмүүсийн
тоонд орохгүй. Бас энэ туранхай жаал орохгүй гэж хэлээд Малыш хүү рүү заажээ.

Бок хатагтай уруулаа улам чанга жимийгээд, нэг ч үг дуугарсангүй. Хүү сэтгэл нь түгшин
Юлиус ах руу харсан ч ах нь юу ч сонсоогүй мэт “Энэ хотын цагдаа нар яасан муу юм бэ? Би
цагдаагийн хэсэг рүү утасдаж, болсон явдлын тухай хэлэхэд миний үгийг огт сонирхоогүй.
Тэр шөнө нийт 313 хулгай гарсан, хөөцөлдөх хэрэгтэй байна гэж тэд хэлж байна лээ. Яг
чухам юу алга болсон гэж л цагдаа нар сонирхож байсан” хэмээн үглэж суув.

Тэгээд би тэд нарт, “Харин нэг зоригтой, ухаантай хүүгийн ачаар бид хулгайч нарт юугаа ч
алдаагүй” гэж хэлсэн гэлээ.
Дараа нь Карлсон руу Юлиус ах бахархан харахад Карлсон тахиа мэт биеэ өргөн пээдийж,
Бок хатагтай руу ялсан шинжтэй харлаа.

-За та юу хэлмээр байна даа? Хулгайч нарыг дэлхий дээрх хамгийн шилдэг Карлсон гар
буугаар айлгаж байна шүү дээ! хэмээн дуу алдав.

Гэвч үнэнийг хэлэхэд Юлиус ах ч бас тэр гар буунаас айсан байжээ. Эд зүйлсээ буцааж
авсандаа Юлиус ах их баярлаж байсан ч “хүүхдүүд галт зэвсэгтэй явж болно” гэж бодохгүй
байлаа. Филле, Рулле нар зугтсаны дараа жинхэнэ буу биш, тоглоом гэж Юлиус ахад Малыш
хүү удаан тайлбарлах шаардлага гарсан билээ. Гэвч Юлиус ах огт итгэж чадахгүй байсан юм.

Өдрийн хоолны дараа тамхи татахаар Юлиус ах зочдын өрөө рүү явжээ. Бок ширээ цэвэрлэн,
сав суулгаа угааж эхэлсэн бөгөөд Карлсон ч түүний өөдрөг сэтгэлийг сэвтүүлж чадаагүй
байв. Хатагтай дахиад л “Фрида минь ээ хө, чамд л дээр шүү хө!..” хэмээн дуулж эхэлжээ.
Тэгснээ, гал тогооны бүх алчуур алга болсныг мэдмэгц дахин уурлалаа.

-Бүх алчуур маань алга болчихсон байх юм, огт ойлгохгүй юм гэж Бок хатагтай хэлээд гал
тогооны өрөөн дотуур ийш тийш гайхан харж байв.

Гар нүүрийн алчуур эрэх талд бол дэлхийн хамгийн шилдэг хүн нь би хэмээн Карлсон дуу
алдаад цээж рүүгээ заалаа. “Та надаас, ухаанаа зарцуулна уу!” гэж зүй ёсоор хүсэх хэрэгтэй
байхгүй юу. Гэхдээ та эелдэг хэлж чаддаггүй хүн л дээ!

Малыш хүүгийн өрөө рүү Карлсон гүйж очоод, бүх гар нүүрийн алчуурыг овоолж тэврэн
буцаж ирэхдээ өөрөө ч харагдахгүй болсон байв. Гэвч хамаг алчуур нь бохирдож, үрчийсэн
учир Бок хатагтай улам уурлажээ.

-Хаана ингээд хамаг алчуур муухай болгочихов оо? гэж Бок хатагтай хашгирахад,

-Үлгэрийн ертөнцөөр яваад ирсэн юм даа гэж Карлсон хариуллаа.

Ийнхүү өдөр хоногууд өнгөрсөөр аялж яваа аав, ээж хоёрынхоо явуулсан ил захидлыг хүү
авчээ. “Аялал сайхан болж байна. Хүү маань цагийг сайхан өнгөрөөж байгаа болов уу, Юлиус
ах, Бок хатагтай нартай сайн харьцаатай байгаа болов уу гэж найдаж байна” гэх зэргээр ил
захидалд бичсэн байлаа.

Харин дээвэр дээр суудаг Карлсоны тухай нэг ч үг бичээгүй байсанд Карлсон их гомджээ.

Би өөрөө тэд нарт ил захидал бичмээр байна, гэхдээ марк авах таван эре надад алга л даа. Би
бол “Гэрийн багштай сайн харьцаж байгаа эсэх маань та нарт сонирхолтой биш байж
магадгүй ч би гар буугаар буудаж хулгайч нарыг хөөж явуулсан, бас гэрийн багш олохгүй
байсан гар нүүрийн алчуурыг би цөмийг нь олж өгснөө та нарт мэдэгдэхийг хүсэж байна!
гэж бичих байсан юм” гэлээ.

Харин Карлсонд шуудангийн марк авах таван эре байхгүй байгаад хүү сэтгэл хангалуун
байлаа. Аав ээж хоёр нь тийм ил захидал авах ёсгүй гэж хүү бодож байв.
Малыш хүү өөрийн хуримтлалд цугласан бүх зоосоо Карлсонд өгсөн боловч бүх мөнгийг нь
Карлсон үрж амжсан бөгөөд одоо ууртай байлаа.

-Ямар тэнэг хэрэг вэ! Би арван мянган кроны үнэтэй хүн. Тэгэхэд шуудангийн марк ч авчих
мөнгө надад алга. Миний хөлийн хоёр эрхий хурууг худалдаж авахыг Юлиус ах зөвшөөрөх
болов уу, чи юу гэж бодож байна? гэж үглэв.

“Хэзээ ч зөвшөөрөхгүй” гэж хүү бодож байлаа.

-Зөвшөөрчихгүй юм байх даа? Надад Юлиус ах маш сайн ханддаг болсон шүү дээ гэж
Карлсон зүтгэлээ.

Гэвч хүү өөрийнхөө байр сууринд хатуу зогссон учир Карлсон уурлан дээвэр дээрх байшин
руугаа нисэж одсон бөгөөд хоолны ширээнд бүгд суух цаг болж, “хурдан ирээрэй!” гэдэг
дохиог хүү хоёр удаа өгсний дараа л сая нэг юм иржээ.

“Энэ тухай аав, ээж хоёр тусгайлан бичиж байгааг бодоход Юлиус ах, Бок хатагтай нар хэр
таарч тохирч байгаа талаар санаа зовж байгаа бололтой. Гэхдээ тэд санаа зовох нь дэмий юм.
Юлиус ах, Бок хатагтай нар маш сайхан харьцаатай байгаа шүү дээ” гэж хүү бодлоо. Тэд
хоорондоо ярилцахдаа улам дуртай болж байгааг хүү өдөр бүр анзаарч байв. Тэд зочдын
өрөөнд байн байн удтал сууж, үлгэрийн ертөнцийн талаар Юлиус ах ямар нэгэн зүйл ярьж,
Бок хатагтай ч танигдахын аргагүй сайхан зантай болчихсон, эелдэг найрсаг хариулдаг
болсон байлаа.

Эцэст нь Карлсонд сэжиг төржээ. Бок хатагтай зочдын өрөөний хаалгыг гэнэтхэн хаадаг
болчихсон байв. Учир нь тэр гүйдэг хаалгыг Свантесоны гэр бүлийнхэн хэзээ ч ашигладаггүй
бөгөөд үүдний өрөө, зочны өрөөний хооронд зөвхөн хөшиг л татаатай байсан юм. Харин одоо
Бок хатагтай, Юлиус ах хоёр зочны өрөөнд үдэш кофе ууж суухдаа тэр хаалгыг хаадаг
болчихсон бөгөөд хэрэв тэр өрөө рүү Карлсон гүйж орвол Юлиус ах, “Хүүхдүүд өөр өрөөнд
тоглох ёстой!” хэмээн буцаадаг бөгөөд хоёулхнаа кофегоо чимээгүй, тайван уухыг хүсдэг
болсон байв.

Би ч бас кофе уумаар байна шүү дээ гэж Карлсон эгдүүцлээ. Надад кофе хийж өгөөд,
тамхинаасаа өгөөч. Би та хоёртой хамт суумаар байна!

Гэвч Карлсоныг Юлиус ах тэр дор нь зочдын өрөөнөөс гаргадаг бөгөөд энэ үед Бок хатагтай
таашаан инээж суудаг байв. Одоо л нэг юм тэр хатагтай урьдынх шигээ ганцаар биш, хоёулаа
болсон байлаа.

-Би цаашдаа ийм байдлыг тэвчиж чадахгүй! Би тэдэнд ойлгуулж өгнө гэж Карлсон нэг удаа
хэлжээ.

Маргааш өглөө нь Юлиус ах эмчид үзүүлэхээр явж, Бок хатагтай юм авахаар зах руу явсан
хойно Карлсон том өрөм барин Юлиус ахын өрөө рүү оржээ. Тэр өрмийг хүү урьд нь харж
байсан бөгөөд дээвэр дээрх байшингийн хананд өлгөөтэй байсан юм. Харин Карлсон яах гэж
тэр өрмийг авчирсныг хүү мэдэхийг хүсэж байлаа. Энэ үед гадаа шуудангийн хайрцганд хүн
юм хийх чимээ гарахад хүү очиж үзэхээр үүдний өрөө рүү гарчээ. Боссе ах, Бетан эгч нараас
нь тус бүр нэг ил захидал ирсэн байв. Тэдний ил захидлыг авахдаа хүү их баярлаж хоёр дахин
уншиж дуусах үед Карлсон ч бас ажлаа дууссан байлаа. Зочны өрөөний хаалганд Карлсон том
нүх өрөмдөн гаргасан байв.

-Та яаж байна аа, Карлсон? гэж хүү айдаст автан хашгирлаа. Хаалганд нүх гаргаж болохгүй
шүү дээ. Та яах гэж ингэв ээ?

-Яахав? Тэд юу хийдгийг хармаар байна гэж Карлсон хариулжээ.

-Та яасан ичмээр юм! Хаалганы нүхээр харах муухай гэж ээж хэлдэг ш дээ.

-Танай ээж чинь их ухаантай юмаа. Түүний түмэн зөв. Цоожны нүх бол түлхүүр хийх
зориулалттай, харин шагайх гэсэн хүний нүдэнд зориулаагүй нь үнэн. Гэхдээ энэ бол
түлхүүрийн нүх биш, шагайвар. Шагайврыг нүдэнд зориулж хийдэг нь шагайх гэдэг үгнээсээ
ч ойлгомжтой. Чи одоо юу гэмээр байна?

Хүүд хэлэх хариулт олдсонгүй.

Харин тэр зуур Карлсон амнаасаа бохь гаргаж, өнөө нүхийг харагдахгүй болгон таглачихлаа.

-Хөөе-хоп! Бид чинь ойрдоо ер хөгжилдөөгүй юм байна шүү. Гэхдээ өнөөдөр бол уйтгартай
байхгүй ээ, би амлая гэлээ.

Тэгээд Карлсон өрмөө хурааж аван буцаж нисэхээр бэлдлээ. Надад бас нэг ажил байна.
Гэхдээ хоолонд ирж амжина гэхэд:

-Та ямар ажилтай юм? гэж хүү асуулаа.

-Шальгүй ажил даа. Ядаж ил захидлын мөнгө олъё гээд Карлсон нисэж одлоо.

Гэвч хоол бэлдэж эхэлмэгц Карлсон буцаж ирсэн бөгөөд өдөржингөө сайхан зантай байв. Бас
халааснаасаа таван эре зоос гаргаж Бок хатагтайд сарвайжээ.

-Би танд зориулж жаахан урамшуулал өгөх гэсэн юм. Ямар нэг зүүлт ч юм уу аятайхан жижиг
зүйл өөртөө худалдаж аваарай.

Бок хатагтай эгдүүцэн өнөөх мөнгийг нь буцааж шидэв.

-Тэр жижиг зүйлийг чинь... би чамд үзүүлээд өгнөө гэж Бок хатагтай хашгирч эхэлтэл Юлиус
ах орж ирсэн учир хатагтай тэр дороо чимээгээ намдаажээ.

Үлгэрийн ертөнц сонирхогчийг орж ирэнгүүт л торго шиг болчихож байгааг нь хараач гэж
хүүд Карлсон шивэгнэв.

Харин Бок хатагтай, Юлиус ах хоёр бие биенээ харан кофе уухаар зочны өрөө рүү явлаа.
-Одоо тэд тэнд юу хийж байгааг хоёулаа харна. Би Бок хатагтайд найртай сайн хандах гэж
сүүлчийн чармайлтаа гаргасан боловч өөрөө надад дайн зарласан. Одоо яая гэх вэ, дахиад л
түүнийг залхаахаас. Одоо бол энэ хатагтай надаас өршөөл хүлээгээд нэмэргүй дээ гэж
Карлсон хэллээ.

Тэгээд Карлсон энгэрийнхээ халааснаас тамхи гаргаж ирэхэд хүү ихэд гайхжээ. Харин
Карлсон шүдэнз асааж, тамхийг сороод, зочны өрөөний хаалгыг тогшлоо. Хэн ч “ор” гэж
хэлэхгүй байсан ч Карлсон тамхины утаа манарган, эрээ цээргүй орж явчихав.

-Уучлаарай, энэ чинь тамхи татдаг өрөө байх аа? Би энд тамхиа татаж болно биз? гэж чухал
царайлан Карлсон асуулаа.

Юлиус ахын хамаг уур нь хүрч, Карлсоны тамхийг суга татаж аваад, дундуур нь хугалан,
“Дахин тамхи татаж харагдах юм бол зуун жил ч мартахааргүй шийтгэнэ шүү. Бас Малыш
хүүтэй дахиж тоглохыг зөвшөөрөхгүй!” гэж хэлжээ.

Карлсон гомдон, доод уруулаа унжуулж, нүдэнд нь нулимс дүүрээд, харамсахдаа Юлиус ахыг
аяархан өшиглөөд авав.

-Энэ бүх хугацаанд та бид хоёр тун сайхан таарч тохирч байсан юмсан, муухай Юлиус ах! гэж
Карлсон хэлээд, өөрийнх нь тухай юу бодож байгаагаа илчилсэн харцаар түүн рүү харжээ.
Гэвч Карлсоныг Юлиус ах дор нь өрөөнөөс гаргаад, хаалгаа хаан түгжчихэв. Бүр түгжсэн
шүү!

-Залхаахгүй бол болохгүй болсныг чи харж байгаа биз дээ? гэж хүүд Карлсон хэллээ.

Тэгээд гараа атган, хаалга руу бөмбөр мэт нүдэж:

-Ямар ч гэсэн та намайг сайн тамхиар дайлах байх гэж найдаж байна шүү гэж хашгирав.

Дараа нь Карлсон хоёр гараа халаасандаа хийгээд, ямар нэг зүйл дуугаргаж эхлэхэд зоос шиг
хангинах бөгөөд үнэхээр тэрээр халаас дүүрэн зоостой болсон байлаа.

-Надад аз дайрсан шүү, би баян болсон гэж Карлсон хэлэв.

Хүү гайхан:

-Та яаж ийм их мөнгө олсон юм бэ? гэхэд, Карлсон хариуд нь нууцлаг байдлаар нүд ирмэн:

-Энэ тухай чи маргааш л мэдэх боломжтой гэж учиртай хэлжээ.

Хүүгийн сэтгэл улам түгшлээ. Карлсон хаа нэг тийшээ нисэж яваад, гэнэт энэ мөнгийг аваад
ирэх юм! Ингэж гэнэт мөнгө олох нь Филле, Рулле нарын хийж байгаа хулгайгаас дээрдэнэ
гэж үү? Хүү үнэхээр сандарч эхэлсэн ч энэ тухай бодох зав гарсангүй. Учир нь Карлсон өнөөх
шагайвар дотроос бохио чимээгүйхэн авч харагджээ.

-За, өөрсдийн чинь буруу шүү гэж Карлсон хэлээд өнөөх өрөмдсөн нүхэнд нэг нүдээ нааснаа
ямар нэг аймшигт зүйл харсан мэт тэр дороо арагш үсрэн, “Ямар замбараагүй юм бэ?” гэж
эгдүүцжээ.

-Тэд нар юу хийж байна? гэж хүү сонирхон асуув.

-Би ч бас мэдмээр л байна. Гэхдээ тэр хоёр алга болчихож.

Юлиус ах, Бок хатагтай нар голдуу жижиг диван дээр суудаг бөгөөд тэр нь шагайвраар тун
сайн харагддаг байв. Карлсон саяхан тэр өрөөнд тамхитай ороод гарахад тэр хоёр диван дээр
сууж байжээ. Гэвч одоо тэндээ байхгүй болсныг хүү шагайвраар харсны дараа итгэлээ. Тэд
нар цонхны дэргэдэх диван руу шилжиж суусан бололтой. Харин ингэхийг Карлсон “тун
муухай, хуурмаг зүйл” хэмээн бодож байв. “Өчүүхэн төдий ухамсартай хүмүүс бол
шагайвраар харагдах газар дандаа суух ёстой шүү дээ” гэж Карлсон итгэлтэй байлаа.

Хөөрхий Карлсон! Үүдний өрөөний сандал дээр тэр суугаад, нэг л цэг рүү цөхрөн ширтлээ.
Энэ удаа тэр ялагдсан нь илт байжээ. Хаалганы шагайврын талаар түүний гялалзсан санаа
утгагүй болсон нь хүнд цохилт байв.

-За явцгаая! гэж эцэст нь Карлсон хэллээ. Чиний эд юман дотроос “залхаалт” хийж болох юм
олдох нь уу үгүй юу үзье.

Хүүгийн хайрцагнууд дотор Карлсон удаан эрсэн боловч хайсан зүйлээ олж чадахгүй байснаа
гэнэт бахархан исгэрч, хөндий дотуур нь Малыш хүү вандуй үлээн буудаж тоглодог, урт
шилэн хоолойг гаргаж иржээ.

“Залхаалт” хийхэд маш сайхан тохирно! Одоо ганц зүйл олчихвол болчих гээд байна гэж
Карлсон баярлан дуу алджээ.

Удалгүй Карлсон бас нэг зүйл олсон нь асар том болтол нь үлээж болдог агаарын бөмбөлөг
байлаа.

-Хөөе-хоп! гэж Карлсон дуу алдаад, өнөө бөмбөлгийг урт шилэн хоолойд уяж байх үедээ
догдолсондоо булцгар гар нь чичирч байлаа. Дараа нь хоолойг амандаа зууж, бөмбөлгийг
үлээгээд баярласандаа дуу алдав. Шар бөмбөлөг дээр хар өнгөөр зурсан хүний царайн дүрс
асар том болтлоо аажим томорч байгааг харахдаа Карлсон тун баяртай байлаа.

Энүүгээр өвгөн хүнийг дүрсэлж болох юм байна гэж Малыш хүү хэллээ.

-Тийм ээ, юу хүссэнээ үүгээр дүрсэлж болно гэж Карлсон түүнийг итгүүлээд, бөмбөлгийн
агаарыг дахин гаргав. Хамгийн гол нь энүүгээр сайхан “залхаалт” хийж болно.

Ийнхүү ажил хэрэг бүтэлтэй болж байсан ч хүү гэнэт зөндөө инээсэн учраас бүх зүйлийг
золтой л сүйтгэчихсэнгүй.

-Хөөе-хоп! гэж Карлсон шивэгнээд дотроо агаарын бөмбөлөгтэй шилэн урт хоолойг шагайвар
дотуур шургууллаа. Дараа нь хамаг чадлаараа хоолойг үлээж эхлэхэд хүү дэргэд нь зогсон
элгээ хөштөл инээжээ. Юлиус ах, Бок хатагтай нар цонхны дэргэдэх диван дээр сууж байтал
гэнэт бүрэнхийн дунд тэдний нүдний өмнө сар мэт бөөрөнхий, өвгөн хүний царай гарч
ирээд, томорч байгааг хүү төсөөлөн бодож байв.

Тэр хүний дүрс ямар аймаар эвгүй сэтгэгдэл төрүүлэхийг хүү ойлгож байлаа.

-Одоо хий үзэгдэл шиг ульж дуугарах хэрэгтэй байна. Чи түр үлээж бай. Хий алдаж болохгүй
гэж Карлсон хэллээ.

Ийнхүү бөмбөлгийг үлээж байх зуур Карлсон хий үзэгдэл л ингэдэг байх гэмээр гонгинон
ёолж санаа алдаж эхэлжээ. Харин зочны өрөөнд дотроосоо түгжээд сууж байгаа Юлиус ах,
Бок хатагтай хоёр хачин ёололтыг сонсож, сарны өвгөнийг харсан бололтой. Карлсоны хүсэн
хүлээж байсан хашгиралт гэнэт сонсогдлоо.

-Тэд хашгирч байна гэж Карлсон баяртай хэлснээ, “Одоо хамгийн гол нь хүрсэн үр дүн
дээрээ зогсохгүй байх ёстой” гэлээ.

Тэгээд Карлсон дахин бөмбөлөгний хийг гаргаж эхлэв. Аяархан, нууцлаг чимээ гарсаар,
бөмбөлөг жижигрэх тусам сарны өвгөн хайлах мэт алга болжээ. Энэ хооронд Карлсон өнөө
шилэн хоолойгоо сэмхэн түргэн сугалж аваад, нүхийг нь бохиороо нааж орхилоо. Тэгээд
өөрөө зараа мэт биеэ хумин өнхөрч, бүтээлэгтэй дугуй ширээн доогуур орчихов. Хулгайч
нарыг хүлээх үедээ нуугдаж байсан өнөөх ширээн доогуур. Араас нь хүү орон дөнгөж
нуугдаж амжтал хаалганы түгжээ торхийж, үүдний өрөө рүү Бок хатагтай толгойгоо
цухуйлган харлаа.

-Хүүхдүүд л ингэсэн гэж би бодоод байна гэж хатагтай хэлэв.

Харин түүний ард зогсож байсан Юлиус ах өөр бодолтой байжээ.

-Бид чинь үлгэрийн ертөнц, олон нууц зүйлсийн ертөнцөд амьдарч байгаа гэж би чамд олон
хэлсэн шүү дээ. Үлгэр домгийн амьтад бол хаалттай хаалга, ханаар чөлөөтэй нэвтэрдэг.
Харин чи үүнийг ойлгохыг хүсэхгүй юм!

Бок хатагтай түүний үгэнд орж, “сайн бодох юм бол ойлгож чаднаа” гэж дуулгавартай хэллээ.
Гэхдээ Юлиус ахтай хамт кофе уухад өнөөх үлгэрийн амьтад саад болохыг Бок хатагтай
хүсэхгүй байгаа нь илт учир Юлиус ахыг тэр дор нь зочны өрөө рүү буцааж оруулжээ.
Ийнхүү, Карлсон, Малыш хүү хоёр дахин хаалттай хаалганы өмнө үлдлээ. “Шагайвраар харах
нэг ч их хөгжилтэй биш юмаа” гэж хүү бодож, Карлсон ч бас тэгж бодож байжээ.

Энэ үед аз болоход утас дуугарч, хүү дөхөж очлоо. Хэн нэгэн эмэгтэй хүн утасны цаанаас
дуугарч, Бок хатагтайг асууж байв. Тэр эмэгтэйг Фрейгатены Фрида байна гэж хүү ойлгон
баяртай боллоо. Одоо хүү Бок хатагтайд саад болох хууль ёсны эрхтэй болжээ. Уг нь Малыш
сайн хүү боловч одоо энэ алхмыг баяртай хийж байв.

-Бок хатагтай, таныг утсаар ярья гэж байна! хэмээн хүү чанга хэлээд зочны өрөөний хаалгыг
тогшлоо.
Гэвч ямар ч хариу өгөхгүй байснаа:

-Намайг завгүй байна гэж хэлээрэй хэмээн Бок хатагтай хаалттай хаалганы цаанаас
хашгирчээ. Үлгэрийн амьтад бүтэлгүй болсон шиг Фрида ч бас Юлиус ахтай хамт байгаа Бок
хатагтайг салгаж дөнгөхгүй байлаа.

Хүү утас руу буцаж ирээд “Бок хатагтай ярьж чадахгүй нь” гэдгийг хэлжээ. Гэвч эгч нь юу
хийж байгаа, яагаад утас руу ч дөхөж чадахгүй байгааг заавал мэдэхийг дүү Фрида нь хүсэж
байсан учир хүүг асуултаар булж гарав. Эцэст нь хүү түүнд:

-Маргааш та өөрөө Бок хатагтайгаас асуух нь дээр дээ гэж хэллээ.

Дараа нь хүү утсаа тавиад Карлсон юу хийж байгааг сонирхсон боловч тэрээр хаана ч
харагдсангүй. Хүү түүнийг хаа сайгүй хайж, эцэст нь гал тогооны өрөө рүү гүйж очлоо.
Тэгээд онгорхой цонх руу дөхөж очтол цонхны тавцан дээр байгаа нэг хачин биетийг олж
харжээ. Тэр хачин амьтан хүүгийн ээжийн дуртай шүүрийг уначихсан, нисэхэд бэлтгэн
зогсож байв. Хэдийгээр тэр амьтан жижиг шуламтай төсөөтэй байсан ч Карлсон байж
магадгүй байлаа. Нүүрээ хараар будаж, толгойдоо гэзэг бэхлээд, ээжийнх нь цэцгэн хээтэй
хормогчийг шулмын намирсан нөмрөг мэт мөрөндөө зүүсэн байв.

-Сонсооч, Карлсон! Таныг нисэж чаддагийг Юлиус ахад харуулж болохгүй гэж учирлахад:

-Би Карлсон биш. Би дэлхийн хамгийн ууртай, аймшигтай шулам байна гэж Карлсон бүдэг
дуугаар хэллээ.
Нүүрээ хараар будаж, толгойдоо гэзэг бэхлээд, ээжийнх нь цэцгэн хээтэй хормогчийг
шулмын намирсан нөмрөг мэт мөрөндөө зүүсэн байв.

-Хөөх! гэж хүү гайхахад:

-Тийм ээ, тийм. Би үлгэрийн ертөнцийн хамгийн аюултай амьтан. Намайг харсан хүн бүхэн
айж, үс нь босно гэж Карлсон зөрүүдэлжээ.

Ийнхүү, зургадугаар сарын үдшийн бүүдгэр цэнхэр гэрэлд Карлсон-шулам нааш цааш нисэж
байлаа. Хүү түүний хойноос харж, юу хийхээ мэдэхгүй зогсож байснаа Боссе ахын өрөө рүү
гүйв. Тэр өрөөний цонх нь зочны өрөөний цонхтой нэг зүг рүү хардаг байжээ.

Өнөөх Карлсон-шулам хүү рүү хараад нүүр дүүрэн инээмсэглэн гараа даллав. Тэр нь ч сайн
болжээ. Нээрээ л жинхэнэ шулам юм биш байгаа гэж хүү бодон айж байв. Дараа нь өнөө
шулам зочны өрөөний цонх руу нисэн очлоо. Бок хатагтай, Юлиус ах нар түүнийг
анзаараагүй бололтой, нэгэн хэвийн дүнгэр дүнгэр яриа нь хүүд сонсогдсон хэвээр байлаа.
Тэгтэл гэнэт аймаар муухай хашгирах чимээ үдшийн нам гүмийг эвджээ. Өнөөх шулам
аймаар муухай хашгирахад (өөртөө анхаарал татахыг хүссэн байв) зочны өрөөнд ярилцаж
байсан хүмүүс гэнэтхэн нам гүм болчихлоо.

Дараа нь хүүгийн хойноос өнөөх шулам нисэж ирээд, гэзэг, нөмрөгөө угз татан тайлж,
нүүрэндээ түрхсэн хөө тортгийг арчин, дахин Карлсон болж хувираад, хогийн шүүр, шулмын
хувцсыг Боссе ахынхаа орон доогуур чулуудчихжээ. Тэгээд хүндээр амьсгаадан:

-Хөгшчүүд ингэж биеэ авч явахыг хуулиар хориглох хэрэгтэй хэмээн хүүд хэлжээ.

-Тэд юу хийсэн юм? гэж хүү асуув.

Карлсон дургүйцэн мөрөө хавчлаа.

-Бок хатагтайн гараас Юлиус ах барьж байсан! Суучихаад л хатагтайн гараас бариад байна!
Чи төсөөлж байна уу? Гэрийн багшийн гараас барьж байсан шүү! Чи энэ талаар юу хэлмээр
байна даа?

Хүү гайхсандаа бараг ухаан алдаж унах байх гэж бодон харж байсан Карлсон:

-Миний ярьж байгааг чи сонсохгүй байгаа юм уу? Хоёулаа суучихаад бие биенийхээ гараас
бариад байна шүү дээ! Хорвоо дээр тийм тэнэг хүмүүс байх юм аа! гэж үглэжээ.
Дэлхийн хамгийн баян карлсон
Энэ өдрийг хүү хэзээ ч мартахгүй болсон байлаа. Хүү өөрөө өглөө эрт сэрсэн бөгөөд
“дэлхийн хамгийн шилдэг Карлсон” түүнийг сэрээхээр ирсэнгүй. “Хачин юм аа” гэж хүү
бодоод, шуудангийн хайрцаг руу сонин авахаар гүйж очжээ. Сониныг Юлиус ах авчихаас
өмнө уншиж амжихыг хүү хүсэж байв.

Харин тэр сонинд ямар ч мөрдлөг, адал явдлын талаар бичээгүй байсан учир эхний
хуудаснаас цааш хүү огт уншихгүй, зөвхөн гарчгийг нь харж эхэлжээ. Тэгтэл ч хүүгийн бүх
анхаарлыг татсан нэгэн гарчиг харагдлаа.
Нууц тайлагдав – тагнуулын Жижиг онгоц биш
байжээ
Тэр гарчигны доод талд Вестерброны дүрс, түүний дээгүүр нисэж байгаа Карлсоны гэрэл
зургийг хэвлэсэн байлаа. Ямар ч алдаа эндүүрэл биш, Карлсон яг л өөрөө бөгөөд түүний
хөрөг зургийг ч бас сонинд тавьсан байв. Зураг дээр Карлсон инээмсэглэн зогсоод, нуруун
дахь сэнс, бас гэдсэн дээр нь байгаа товчлуур руу зааж байлаа.

Хүү сониныг анхааран уншиж эхэлсэн бөгөөд дууссаныхаа дараа уйлж орхижээ.

“Өнөөдөр манай сонины газарт тун сонирхолтой нэгэн зочин ирлээ. Өөрийгөө “царайлаг,
ухаалаг, зохих хэмжээнд тарган, ид эрч хүчтэй хүн” гэж тодорхойлж байгаа энэ хүн бол
өөрийнх нь төлөө амласан арван мянган кроны шагналаа олгохыг биднээс хүссэн юм.
Вазастаны нууцыг өөр хэн ч биш, тэр өөрөө л нээсэн хэмээн энэ хүн бидэнд тайлбарлаж
байгаа бөгөөд “тэр хүн ямар ч тагнуул энэ тэр биш, бас түүнд итгэхгүй байх ямар ч шалтгаан,
үндэслэл байхгүй” гэж бидэнд мэдэгдлээ. “Би зөвхөн гэрийн багш, нагац ах зэрэг хүнийг л
тагнадаг” гэж энэ хүн хэлж байгаа нь хүүхдийнх шиг цайлган, огт гэмгүй сонсогдож байна.
Бидний ойлгож байгаагаар, энэ “тагнуул” гэгч нь сургуулийн жирийн нэгэн тарган хөвгүүн
бөгөөд ангидаа хамгийн сайн сурагч гэдгээ бидэнд итгүүлж байна. Харин ямар ч хүүхэд
ашиглаж болох нэг зүйл энэ хүүд байгаа нь сонирхолтой жижиг мотор бөгөөд энэ зураг дээр
харууллаа. Энэ хүүгийн ярьж байгаагаар бол моторыг дэлхийн хамгийн сайн зохион бүтээгч
хийсэн боловч энэ талаар илүү дэлгэрэнгүй ярихаас тэр хүү татгалзаж байна. “Хэрэв ийм
моторыг олноор нь үйлдвэрлэвэл чи саятан болно шүү дээ” гэж бид түүнд хэлэхэд
“Баярлалаа. Гэхдээ тэгэх хэрэггүй ээ. Нисдэг олон хүүхэд гарч ирвэл агаар улам бохирдоно.
Малыш бид хоёр л байхад хангалттай” гэсэн юм.

Энэ хэсгийг уншихдаа Малыш хүү баярлан инээмсэглэв. “Ямар ч байсан, өөр хэнтэй ч биш,
зөвхөн надтай л ниснэ гэж байгаа юм байна” гэж бодсоноо хүү санаа алдан цааш уншлаа.

“Гэлээ ч гэсэн тэр хүүхэд нэг л хачин сэтгэгдэл төрүүлж байгааг хүлээн зөвшөөрөхөөс
аргагүй байгаа юм. Тасралтгүй ярьдаг тэр хүүхэд бидний асуултуудад хачин хариулт өгч,
өөрийнхөө гэр бүлийн овгийг ч хэлэхийг хүсэхгүй байна. “Миний ээж бол занданшуулсан
хүн, аав маань үлгэрийн одой” гэж л хэлсэн бөгөөд өөр бид юу ч олж мэдсэнгүй. Энэ хүү
англиар жаахан ярьдаг бөгөөд аав нь англи хүн байж магадгүй. Хэрэв хачин яриаг нь бид зөв
ойлгосон бол аав нь алдартай нисэгч юм шиг байна лээ. Тийм учраас нисэх сонирхол ааваас
нь хүүд дамжсан болов уу. Амласан шагналыг хүртэх эрхтэй гэж энэ хүү баталж, “Зальт
Филле, Рулле, эсвэл өөр хэн нэг этгээд биш би л энэ шагналыг авах ёстой” гэж ярьж байна.
Бас тэгээд бүх мөнгөө таван эре зоосоор авахыг хүсэж байна. Учир нь түүний баталж
байгаагаар бол тавтын эре зоосууд л “жинхэнэ мөнгө” гэнэ. Тэгээд халаасаа тавтын эре
зоосоор дүүргээд, тэр хүү манай эндээс явахдаа “үлдсэн мөнгөө ирж авахдаа тэрэг авчирна”
гэсэн юм. Аль ч өдөр ирж авч болохыг манай сонины газар мэдэгдсэн. Хэдийгээр, түүний
хэлж байгаа зүйлсийн заримыг ойлгох боломжгүй боловч түүнтэй ярилцахад нэлээд
сонирхолтой байсан юм. Хамгийн сүүлд тэр хүү “та нар зөвхөн хагас мөнгө л төлсөн гэдгээ
анхаарна бизээ” гэж хэлээд, цонх онгойлгон нисэж гараад, Вазастаны зүгт ниссэн юм.

Тэр хүүхэд өөрийнхөө нэрийг сонинд гаргахаас эмээж, бидэнд хэлэхээс татгалзаж байсны
учир нь “Малыш дүү маань хүсэхгүй байгаа юм” гэж хэлсэн. Ер нь тэр хүүхдэд бол тэрхүү
Малыш гэдэг дүү нь тун чухал байгаа мэт сэтгэгдэл төрж байлаа. Бид энэ нисдэг хүүгийн
нэрийг илчилж чадахгүй боловч “Карл” гэдэг үеэр эхэлж, “сон” гэдэг үеэр төгсөж байгааг
уншигчиддаа мэдээлж чадахаар байна. Гэхдээ тухайн хүн өөрөө нэрээ сонинд гаргуулахгүй
гэж байгаа учраас бид зөвшөөрөх ёстой билээ. Ийм л учраас бид түүнийг энэ нийтлэлдээ
“Карлсон” гэж биш, “Тэр хүү” гэж бичлээ.”

Малыш гэдэг дүүдээ их татагддаг юм билээ гэж Малыш дахин хэлснээ бас санаа алдлаа.
Тэгээд цонхны дэргэдэх оосор руугаа дөхөж очоод, нэлээд огцом татсан нь “Ирээч” гэсэн
дохио байжээ.

Карлсон ч тэр дороо нисэж ирсэн бөгөөд царай нь баяртай гэрэлтэж байлаа.

-Сонинд сонирхолтой юм бичсэн байна уу? хэмээн Карлсон асуух зуураа урьдын адил тоор
жимсний ясыг цэцгийн саван дотроос ухаж эхлэв. Чанга унш даа, хэрэв үнэхээр сонирхолтой
юм бол!

-Та хамаг юмыг сүйтгэж орхисноо мэдэхгүй байна уу? Одоо та бид хоёрыг хэзээ ч тайван
байлгахгүй дээ, хэзээ ч.

Ер нь тайван байх хэнд хэрэгтэй юм? хэмээн Карлсон гайхаад шороо болсон хуруугаа
хүүгийн хувцсанд ажиггүй арчив. Хамгийн гол нь хөгжилтэй амьдрах л хэрэгтэй шүү дээ.
Тэгэхгүй бол би тоглож чадахгүй. За одоо чи унш даа.

Ийнхүү Карлсон өрөөн дотуур эргэлдэн, жижиг толинд өөрийгөө сайн харахыг хичээж байх
зуур сонины нийтлэлийг хүү чанга дуугаар уншиж өгчээ. Харин “тун тарган” гэж бичсэн үг
болон ер нь түүнийг гомдоож магадгүй зарим үгийг орхин уншиж өгөв. Ийнхүү эхнээс нь
эцэс хүртэл уншиж өгөхөд Карлсон тун сэтгэл хангалуун боллоо.

-Танилцахад сонирхолтой юм гэж миний тухай бичсэн байна шүү. Тийм ээ, энэ сонинд
бичсэн үг бүхэн үнэн байна аа!

-“Энэ хүүхэд өөрийн дүү Малышд их татагддаг юм байна” гэж дахин уншаад хүү түүн рүү
асуун харж – Энэ бас үнэн үү? гэлээ.

Карлсон нисэхээ болиод хэсэг бодлогоширчээ.

-Тийм ээ, ер нь бол үнэн шүү – хэмээн дурамжхан ч юм шиг царайлан хэллээ.

-Харин чам шиг ийм тэнэг жаалд би татагдаж болно гэдэг нь гайхмаар юм. Би энэ дэлхий
дээрх хамгийн сайн хүн нь болохоор л тэр байх. За цааш нь уншаарай!

Гэвч хоолой дээр нь бөөн юм тээглэх шиг болсон учраас хүү уншиж чадахгүй байлаа.
“Карлсон үнэхээр надад татагддаг юм байна. Бусад юм бол чухал биш шүү дээ!” хэмээн хүү
баярлаж байв.

Би нэрээ сонинд гаргуулахгүй байхыг хүссэн нь сайн болж, тийм үү? хэмээн Карлсон хэлээд,
“Би зөвхөн чиний төлөө л тэгсэн юм. Чи чинь намайг нууц, бүр бүрэн нууц байлгах гэж
хүсдэг биз дээ?”

Дараа нь Карлсон сониныг шүүрч аваад, тэнд хэвлэгдсэн хоёр зургаа тун хайрлан удаан
ажиглалаа.

-Харин миний сайхан царай энэ сонин дээр бүдэг гарч гэж би эмээж байна шүү. Бас би зохих
хэмжээнд мах шөлтэй. Гэтэл энд харагдахгүй л байна. Чи хар даа.

Карлсон өнөөх сониноо хүүгийн хамарт тулгах шахам сунгаснаа, гэнэт арагш нь татаж,
нуруун дээрх сэнсээ харуулж байгаа зургийг халуун сэтгэлээр үнсчихлээ.

-Хөөе-хоп, би өөрийгөө харах үед “Ура!” гэж хашгирмаар болж байна шүү.

Гэвч Карлсоны сониныг хүү булаагаад авчихлаа.

-Юмыг яаж мэдэх вэ, Бок хатагтай, Юлиус ах нарт энэ сониныг харуулахгүй байх нь дээр. Ер
нь яасан ч харуулж болохгүй шүү!

Карлсон сониноо эвхэн, хайрцаг руугаа аль болох лавхан цааш хийлээ. Гэтэл ганц ч минут
өнгөрөөгүй байтал өрөөний хаалгыг Юлиус ах нээгээд:

-Малыш чамд сонин байна уу? гэж асуужээ.

Хүү толгой сэгсрэв.

-Надад байхгүй ээ.

Дараа нь, Карлсонд хүү, “Үнэхээр, сонин надад байхгүй, хайрцаг дотор байсан шүү дээ” гэж
өөрийн хариултыг зөвтгөв.

Харин, Юлиус ах урьдынх шигээ сонинд их анхаардаг байснаа тэр өдөр больчихсон байгаа нь
хачирхмаар байлаа. Түүний санаа бодол огт өөр зүйлд автаж байгаа нь илт байв. Магадгүй,
ямар нэгэн таатай зүйлд. Учир нь Юлиус ах ер бусын жаргалтай харагдаж байв. Бас эмч
рүүгээ ч явах хэрэгтэй байсан ч хамгийн сүүлчийн удаа л очих ёстой байжээ. Тэгээд хэдхэн
цагийн дараа өөрийн Вестергетланд суурин руу Юлиус ах явах гэж байлаа.

Юлиусыг юм хумаа янзлахад нь Бок хатагтай тусалж байхдаа “хүрэм, цувныхаа дээд товчийг
товчилж байхгүй бол салхи сийгнэ шүү, замаар болгоомжтой гарч байгаарай, өлөн элгэн
дээрээ тамхи битгий татаарай” хэмээн сайн захиж байхыг Малыш хүү, Карлсон хоёр сонслоо.

-Ямар сайн гэрийн багш вэ! Юлиус ахын эхнэр нь юм шиг л санагдаж байна шүү хэмээн
Карлсон хэлжээ.
Хачирхалтай нь тэр өдөр гэнэтийн бэлэг олонтой байлаа. Юлиус ахыг явж амжаагүй байтал
Бок хатагтай утас руу ухасхийжээ. Тэгээд маш чанга ярьсан учраас Малыш, Карлсон хоёрт
яриа нь тод сонсогдож байв.

-Байна уу? Фрида юу? гэж Бок хатагтай яаран асуув. За чиний нөгөө хөөрхөн хамарт чинь
ямархуу амьдарч байна? Намайг ч бас тэгж магтаад байгаа юм даа. Тиймээс чи цаашдаа
миний хамарт санаа зовох хэрэггүй. Би Вестергетланддаа энэ хэвээрээ л очих санаатай
байна... Өө, би тийшээ явах гэж байгаагаа чамд хэлэхээ мартчихаж... Үгүй ээ, эдийн засагч
биш... Би их тарган эмэгтэй ч гэсэн хүнтэй суухаар болж байгаа шүү... Чи юу хэлмээр байна?
Тийм ээ, чи энэ талаар мэдэх бүрэн эрхтэй. Юлиус Иенсентэй суух гэж байгаа... Тийм, энэ
бол яг үнэн. Одоо Фрида дүү минь чи, хатагтай Иенсентэй ярьж байна гэсэн үг... Чамайг
догдолж байгааг эгч нь ойлгож байна... Чи уйлж байна уу даа?..

-За, яахав дээ, Фрида минь, битгий гунихар. Чамд ч бас сайн хүн таарна. За одоо уучлаарай,
сүйт хүн маань яг одоо ирэх гэж байна. Эгч нь ярих зав муутай боллоо... Дараа эгч нь яринаа.

Малыш хүү рүү Карлсон нүдээ бүлтийлгэн харлаа.

-Тэнэг хүнийг эмчилдэг эм байдаг болов уу? гэж эцэст нь Карлсон асуув. Хэрэв байдаг бол
Юлиус ахад яаралтай, бас маш их тунгаар өгөх хэрэгтэй байна даа!

Гэвч тийм эм байдаг эсэх талаар Малыш хүү юу ч сонсоогүй байв. Тэгээд Юлиус ахыг эмчтэй
уулзаад буцаж ирэхэд Карлсон зовлонг нь ойлгосон царай гарган санаа алдаад, Юлиус ах руу
дөхөж очин, таван эре зоос гарт нь атгуулжээ.

-Энэ чинь юу гээч вэ? хэмээн Юлиус ах гайхан асуув.

-Өөртөө ямар нэг таатай жижиг зүйл худалдаж ав гэж Карлсон гунигтай хэллээ. Тийм таатай
зүйл та өөртөө өгөх хэрэгтэй.

Юлиус ах Карлсонд талархал илэрхийлсэн ч сэтгэлээ сэргээхийн тулд таван зоос


хүсэхээргүй, тэртэй тэргүй хөгжилтэй, жаргалтай харагдаж байв. Бас “Би их жаргалтай
байна, энэ өдрүүдийг хэзээ ч мартахгүй” гэж Юлиус ах байн байн ярьж байлаа. “Энд ирсний
ачаар үлгэрийн гайхамшигт ертөнц надад нээгдлээ. Харин цонхны цаана шулам ирж
хашгирахад л их айсан...” гэж ярьж байв.

-Гэхдээ тэр чинь жирийн шулам биш хамгийн айхтар нь байсан л даа гэж Карлсон хэллээ.

Гэвч хамгийн гол нь өөрийн өвөг дээдсийн ертөнц рүү хөл тавьсан учир Юлиус ах хэлэхийн
аргагүй баяртай байжээ. “Үлгэрийн юм шиг энэ сайхан өдрүүд дууссан ч үлгэрийн мэт
сайхан гүнжийн сэтгэлийг татлаа, одоо хуримаа хийнэ” хэмээн баярлаж байв.

-Үлгэрийн гүнж! хэмээн Юлиус ахыг даган Карлсон хэлэхдээ нүд нь гялалзаж байлаа.
Карлсон удаан инээж, дараа нь Юлиус ах руу харснаа, толгой сэгсрээд дахин инээлээ.

Гал тогооны өрөөнд Бок хатагтай ажиллах бөгөөд түүнийг тийм хөгжилтэй байхыг Малыш
хүү урьд нь хэзээ ч хараагүй байлаа.

-Би ч бас шулмуудад хайртай болчихсон шүү. Хэрэв тэр шулам манай цонхны цаагуур нисэж,
бид хоёрыг айлгаагүй бол Юлиус миний хүзүүгээр хэзээ ч тэврэхгүй, ер нь юу ч хийхгүй
өнгөрөх байсан болов уу!

Харин Карлсон харамсан, байран дээрээ үсэрснээ дараа нь мөрөө хавчиж:

-За яах вэ, байдаг л жижиг зүйл. Гэхдээ манай Вазастан цаашдаа олон шуламтай болчихгүй л
байгаасай гэж хэлэв.

Харин Бок хатагтай бүр хуримынхаа тухай ярьж, минут өнгөрөх бүр улам аз жаргалтай
харагдаж байлаа.

-Малыш хүү минь ээ, бид хоёрын хуриман дээр чи ирнэ шүү. Чамд сайхан хилэн хослол оёж
өгнө. Чи тэгэхээр улам сайхан харагдана гэлээ.

Хүү чичрэх шиг боллоо. Тансаг хар хилэн костюм... Гэхдээ Кристер, Гунилла хоёр намайг
шоолох байх аа! Харин Карлсон инээхтэй манатай, үнэхээр гомдчихсон байлаа.

-Би ингэж тоглохгүй. Би ч бас хуриман дээр очмоор байна. Надад ч бас хар хилэн хослол оёж
өгөхийг би хүсэж байна! Үгүй, би ингэж тоглохгүй!

Тэгтэл ч Бок хатагтай ёстой нэг дураараа инээх боломжтой боллоо.

-Чамайг ирэхээр ч манай хурим сайхан хөгжилтэй болно доо. Хэн ч уйдахгүй.

-Би ч бас тэгж бодож байна хэмээн Карлсон уухайн тас дэмжиж, би таны ард тансаг хар
хилэн хослолтой зогсоно. Тэгээд цаг үргэлж таван эре зоосоо цацаж, гар буугаараа буудна.
Ёслолын буудлагагүй бол ямар хурим байх билээ дээ гэв.

Юлиус ах ч бас жаргалтай байсан болохоор бүх хүмүүсийг жаргалтай болгохыг хүсэн,
Карлсоныг тэр дороо хуримандаа урилаа.

Ийнхүү, хүсэн хүлээсэн хуримын өдөр иржээ. Хүү Карлсоны дэргэд дээвэр дээр сууж байхад
үдшийн бүрэнхий өтгөрч, Вазастан даяар гэрэл асаж, Стокгольм хот бүхэлдээ өнгө, гэрлийн
далай мэт харагдаж байв.

Тийм ээ, үдэш болж, Карлсоны дэргэд Малыш хүү сууж байхад тун сайхан байлаа. Яг энэ үед
Вестергетландын жижиг өртөөн дээр галт тэрэг зогсож, Юлиус ах вагоноос гарч иржээ. Бас
хаа нэгтээ цасан цагаан усан онгоц Стокгольм хот руу хөвөн ирж, тавцан дээр нь Малыш
хүүгийн аав, ээж хоёр зогсож байлаа. Харин Бок хатагтай Фрейгатенд байдаг гэртээ
Фридагийн сэтгэлийг тайтгаруулахаар хамт сууж байв. Бимбо нохой дуртай сагсан дотроо
унтаж, харин дээвэр дээр өөрийн хамгийн сайн найзын хамт Малыш хүү сууж, Бок хатагтайн
жигнэсэн шинэхэн сайхан нарийн боовыг тэд идэж байлаа. Эргэн тойрны бүх зүйл тун
сайхан байсан ч яагаад ч юм Малыш хүүгийн сэтгэл бяцхан түгшсээр байжээ.
-Хэрвээ Карлсонтай үерхэж байгаа бол тайван байх боломж гарахгүй л дээ!

-Би танд тайлбарлах гэж чадахын хэрээр хичээсэн дээ гэж хүү хэллээ. Би таныг өдий хүртэл
хирээрээ хамгаалж ирлээ. Гэхдээ цаашдаа юу болохыг би мэдэхгүй л байна.

Гэвч Карлсон ам дүүрэн нарийн боовоо арай чамай зажилж залгилаа.

-Өө, чи яасан мангар юм! Одоо тэд миний тавтын эре зоосыг авах гэж л хөөх байх. Би энэ
бүгдэд цэг тавьсан шүү дээ. Лав л Филле, Рулле нар миний хойноос хөөж чадахгүй.

Хүү ч бас нарийн боов авч хэсгийг таслан амандаа хийлээ.

-Үгүй ээ, би тэнэг биш. Одоо таныг яаж нисдэгийг харах, эсвэл моторыг тань хулгайлах гэж
таны өсгийг даган олон тэнэгүүд Вазастан даяар хөөцөлдөх байх.

Карлсон харин ч сэргэжээ.

-Чи тэгж бодож байна уу? Хэрэв чиний зөв бол өнөөдөр хоёулаа хөгжилдөж болох нь ээ!

Гэвч Малыш хүү ноцтой цухалдан:

-Та яаж чадах юм? Таныг өчнөөн олон хүн хүрээлээд авна шүү дээ хэмээн ууртай хэллээ.

Миний хэрэглэдэг гурван арга байдаг. Залхаах, туйлдуулах, тэнэгтүүлэх. Бүх гурван аргаа
зэрэг хэрэглэх байх гэж би бодож байна.

Карлсон толгойгоо хажуу тийш хазайлгаад хүү рүү зальжин харлаа.

Энэ үедээ Карлсон тун инээдэмтэй харагдсан учир хүү эрхгүй инээмсэглэн, сэтгэл нь сэргээд
ирэв. Тэгээд Карлсон халаасандаа гараа хийж, зооснуудаа таатай дуугарган зогсов.

-Хөөе-хоп! Би бол баян, царайлаг, ухаантай, зохих ёсны мах шөлтэй, ид эрч хүчтэй эр хүн
шүү. Би дэлхийн хамгийн шилдэг Карлсон шүү, чи үүнийг мэддэг билүү? гэж асуув.

-Тийм ээ, мэднэ гэж хүү хариулав.

Харин Карлсоны халаасанд тавтын зооснууд төдийгүй, бас жижиг гар буу нь байсан бөгөөд
хүүг хориглож амжихаас өмнө Карлсон буудаж, ёслолын буудлага нь бүхий л Вазастан даяар
нүргэлэн сонсогджээ.

Зэргэлдээх барилга байшингийн цонхнууд нээгдэн, гайхсан хүмүүс дүнгэнэн ярилцахыг


Малыш хүү сонсоод “За, ингээд л адал явдал эхэлнэ дээ” гэж бодлоо.

Харин Карлсон өөрийнхөө дуртай дууг дуулж, бүдүүн хуруугаа хэмнэл даган хөдөлгөж
байлаа:

Эргэн тойрны бүх зүйл


Гал мэт дүрэлзэж байна

Харин бид дуулж байна

Ути, боссе, буссе, бассе

Биссе гээд амарцгаая

Бидний төрсөн өдөрт

Мянган талх авчраарай

Харин бид энд

Ути, боссе, буссе, капут

Биссе гээд тарарам


Харин Карлсоны халаасанд тавтын зооснууд төдийгүй, бас жижиг гар буу нь байсан бөгөөд
хүүг хориглож амжихаас өмнө тэрээр буудаж, ёслолын буудлага нь бүхий л Вазастан даяар
нүргэлэн сонсогджээ.
Table of Contents
Карлсон дахиад л зүггүйтэж явна
Төрсөн өдрөө санав
Карлсон – хамгийн сайн сурагч
Малыш хүүгийнд карлсон хонов
Гамбирын хэрэг тарив
Үлгэрийн ертөнц ч талханд дуртай
Хурхиралтын хамгийн шилдэг мэргэжилтэн карлсон
Дэлхийн хамгийн шилдэг адал явдал хайгч карлсон
Юлиус ахад үлгэрийн ертөнцийг карлсон нээж өглөө
Дэлхийн хамгийн баян карлсон
Нууц тайлагдав – тагнуулын
Жижиг онгоц биш байжээ

You might also like