You are on page 1of 11

Ерөнхийлөгчид

бичсэн захидал
Эрхлэн гаргасан: Болор судар хэвлэлийн газар
Зохиолч: С. Оюун
Зураач: А. Далантай, Г. Энхтайван

© Энэхүү бүтээлийн эрх нь Монгол Улсын Зохиогчийн Эрхийн тухай хуулиар


хамгаалагдсан болно. Бүтээлийг цахим хэлбэрээр түгээх эрхийг bookstore.mn цахим
хуудас эзэмших бөгөөд зөвшөөрөлгүйгээр бүтнээр нь буюу хэсэгчлэн хувилах болон
бусад ямар нэгэн хэлбэрээр олшруулах, ашиглахыг хориглоно.

www.bookstore.mn
Тэр нутаг амар амгалангийн орон билээ. Зуны өглөө нууранд ангир гаганан, нар
цэцэг бүхнээ тоолох мэт алгуурхан мэлтийж, эзэгтэй нарын дуудалцах зэлэн дээрээс
хангинана.Адуу янцгаах, үхэр мөөрөх, шувуу жиргэх ертөнцийн дуу чимээг чагнан
эх байгальдаа өлгийдүүлэн амьдардаг тэд жаргалтай.
Аав нь босуутаа хөхүүрэн дэх айргаа бүлэхэд шуугин шаагиж нэг л гоё дуу гарах
бөгөөд хул айраг босоогоороо залгилсан аав нь эмээл, хазаар хангинуулан гардаг нь
хүүгийн сэтгэлд хэзээ ч мартагдашгүй үлджээ.
Тэгээд хүүг босоход дэлхий тосон авна. Нүцгэн хөлөөрөө шүүдэр

өшигчин гүйхэд нойр нь гарч, гал халуун нар, хязгааргүй мэлтийх газар нутаг, тээр
тэнд тугалаа билчээж яваа ээж, адуугаа хөөж ирэх аавынх нь дүр төрх цөм өглөөний
агаартай уусан нийлээд бяцхан биеэр нь аз жаргал долгилон ирнэ.
Ээж нь ямар нэг ажил хүүд заавал өгнө. Хаяагаа шуу гэх юмуу, тогоон дээр цайны ус
хий ч гэж магадгүй. Түүний дараа хүү гүүн зэлэн дээр гүйн очно. Унага барьж уях
шиг сайхан ажил байдаг болов уу.
Ээжтэйгээ хоносон унаганууд эх рүүгээ тэмүүлэн тэмүүлэн чагтлуулах нь ямагт
хөөрхөн байдаг. Аав нь хамгийн мундаг хүн. Унага барих морь уургалах, хонь
муулах, арилжаа наймаа хийх бүх юмны эзэн. Ээж нь юм л бол ааваас нь асууж байж
больё гэдэг.
Гүүн зэлнээс гэр бүлээрээ бөөгнөрч буцна. Аавынх нь гар сая л чөлөөтэй болж
хүүгийнхээ толгойг илж өхөөрдөнө. Гэвч нэг л өдөр тэр мундаг сайхан аав нь
явчихсан юм. Яагаад явсныг хүү мэдэхгүй. Аав яагаад үзэгдэхгүй байгаа юм бэ гэхэд
аав нь ирэхгүй байх аа гэхээс өөр үг ээж нь үл хэлнэ. Энэ тухай яриа үүсэхэд
ээжийнх нь царай барайх тул хүү олон юм шалгаахаа больсон билээ.
Түүнээс хойш ээж нь юм л бол хүүгээсээ асууж байж болноо гэдэг болжээ. Хамаг
хариуцлага толгой дээр нь ирснийг мэдсэн хүү нүүх буух өдөр сар, муулах үлдээх,
зарах хонь мал бүгдийг шийддэг болов. Бас бүгдийг хийнэ. Өглөө адуундаа явж
унагаа барина. Түүний үеийхэн аавдаа эрхлэж толгойгоо илүүлж байхад хүү л айлын
эзэн шиг уурга барин зогсож байдаг боллоо. Тиймээс бусад хүүхдүүд аавдаа
эрхлэхийг хараад битүүхэн атаархана.
Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч хүү дөрөвдүгээр ангид орлоо. Энэ хугацаанд
их юм өөрчлөгджээ. Нийгэм өөрчлөгдөх гэж нэг их айхавтар юм байдгийг хүү
биеэрээ үзлээ. Идэх уух, өмсөх зүүх юм олдохгүй, айл өрхийн амьдрал өдрөөс өдөрт
доройтох болов. Өрхийн тэргүүнгүй айл бүр ч хурдан ядарч доройтлоо.
Шилжилтийн үед ийм байдаг гэнээ гэж хөгшүүл ярилцах бөгөөд төр засаг ч болохоо
байлаа, хэн хүн дураараа байх хачин цаг иржээ гэлцэнэ. Энэ бүхний нарийн учрыг
хүү яаж мэдэх билээ. Аав чинь байсан бол арай өөр дөө гэх ээжийнх нь үгэнд яваад
өгсөн аавыг нь зэмлэх өнгө ер сонсогддоггүй.
Гэтэл ээжид нь гай тохиолдов. Ээж нь хураалгаастай юман дээрээс эвгүй унаж
нуруугаа гэмтээв. Нуруугаа гэмтээснээс болоод босч чадахаа болин хэвтрийн хүн
болов. Айл гэрийн хоёр багана байхгүй болбол ямар болох вэ ёстой тийм байдал
тэднийд нүүрлэлээ. Үүнээс болоод тэдний амьдрал бүр ч доройтов. Малынх нь нэг
хэсэг хулгайн гараар орсон ч шинэ ирсэн байцаагч ганц ч удаа санаа тавьсангүй.
Цаадах чинь хулгайчаас юм авчихсан, ийм л болсон цаг гэж хөгшчүүл хэлэх.
Сумын нэг хариуцлагатны хүү хэзээний Мөнхөд сайнгүй. Тэд нэг удаа муудалцаж
гар зөрүүллээ. Энэ тухай ээж нь сонсоод хүү минь цаад данхар толгойттой битгий
муудалц. Баян тарган улс, бас эрх мэдэлтэй, чи зүгээр холхон л явж бай гэжээ.
Хулгайч байхад барьдаггүй, дээрэлхэгч байхад хэлдэггүй ямар ёс гэж ийм байдаг юм
бол доо гэж хүү бодно. Энэ тухай хэнээсээ ч асуух билээ. Тэр үед л Мөнх аавыгаа
үгүйлэн, ихэд гомдсон юм даа. Яах гэж биднийг орхисон юм бол, миний ээж муу хүн
биш, би ч муу хүүхэд биш, аавтайгаа байсан байсан бол хэн ч намайг гомдоохгүйдээ
гэж боджээ.
Голын айлаар бууж мордоход нутгийн өвөгчүүл ам халан энэ Мөнхийн аав нийслэлд
бүр шигджээ гэх нь ямар гомдолтой гээч. Харин манай Мөнх мөн ч ханхар эр болох
нь ээ. Чи морь уургалахыг нь нэг хараарай гэж нөгөө өвгөнийг хэлэхэд дотроо их л
баярлана. Тэр нийслэл гээчид нь очиж аавыгаа олж уулзах юмсан гэсэн бодол анх
удаа тэгэхэд төрсөн ч хэзээ ч биелшгүйг мэдэж байлаа. Ингэж байтал нэгэн зун
өнгөрч нэгэн гомдол ч мартагдав.
Намар болж Мөнх сургуульдаа явах боллоо. Ээж нь орж гарсан хүнтэй хүүгээсээ
асуун наймаа хийж ганц хоёр малаа заран сургуулийнх нь юмыг бэлдэв. Ээж нь
хэвтрийн хүн болсноос хойш тэднийх сумын төвөөс гараагүй юм. Чи эрдэмтэй хүн
болж өөрийгөө тэжээ. Хоёулаа мал маллаж чадахгүй. Тэгээд ч ер нь үрэн таран
болоод дууслаа гэж ээж нь хэлснээс хойш тэдний амьдралын зорилго нэг нь
эрдэмтэй болох нэг нь хүүгээ эрдэмтэй болгоход чиглэгдсэн юм.
Мөнх зун нь айлд нэг сонин уншсан юмсанжээ. Тэр сонин дээр хаанахын билээ
улсын бяцхан хүү том гүрний ерөнхийлөгчид захиа бичиж ээжийгээ эмчлүүлсэн гэж
бичсэн байжээ. Түүнээс хойш би тэр ерөнхийлөгчид захиа бичих юмсан гэсэн бодол
Мөнхийн сэтгэлээс салахаа болив. Гэвч яаж захидал бичих вэ, монголоор бичилтэй
нь биш тэгээд ч сумын бяцхан суурингаас бичсэн захиа далайн чанд дахь тэр
ерөнхийлөгчид яаж хүрэх билээ.
Ээжийгээ хөл дээр нь босгох ганцхан зорилго хүүд бий. Эрдэмтэй болоод эмч
болоод эдгээх юм шүү гэж шүд зуун бодно. Ангиасаа хамгийн муу хувцастай нь ч
хамгийн зорилготой мөрөөдөлтэй нь Мөнх боллоо.

Сургуулийн гадаа хүүхдүүд эхний хонх дуугарахыг хүлээн бөөн дуу шуу.
Хариуцлагатаны хүү нүд гялбам гоёжээ. Тэрбээр Мөнхийг ихэд басамжлан шоолон
харахыг мэдэрсэн ч ээжийн хэлснийг бодон холхон очиж зогсов.
Хичээлийн шинэ жилийн нээлт хийхээр удирдлагууд гарч ирэв. Тэдний дунд өндөр
нуруутай цэнхэр нүдтэй гадаадын хүн байлаа. Захирал баярын үг хэлж энэ америк
хүн энх тайвны байгууллагын шугамаар манай сургуульд англи хэл заахаар ирсэн
гэж танилцуулав. Хүүд тэр багш хамгийн хэрэгтэй хүн санагдлаа.
Нөгөө Америк залуу тавдугаар ангийханд хичээл заах болов. Мөнх дөрөвдүгээр анги
тул англи хэл сурах аз дутлаа. Энэ хүн хойтон явчихна. Би ч хувьгүй хүн юм гэж тэр
боджээ. Нэг удаа хүү худгаас ус авах гээд очтол америк багш мөн ус авч байхтай
тааралдав. Хүний нутагт худгаас ус аваад явж буй багшийгаа өрөвдөн шууд л
битонтой усыг авч гэр лүү нь явав. Багш нь юм хэлээд байсан ч Мөнх ойлгохгүй
болохоор дэмий л инээж энэ багшийн усыг авч өгч байя. Хөөрхий гадны хүн ингэж
явж болохгүй гэж бодлоо. Америк багшийг байр чөлөөлөн оруулжээ. Ширээ ор,
баахан номтой аж. Багш нь баярлалаа гэж байгаа бололтой инээмсэглэн нэг ном
өгөв. Хүнд тус болсондоо, магадгүй өөр хэн ч санаагүй байж болно шүү дээ, ихэд
баярласан Мөнх бэлэгний номоо барьсаар ээждээ очив. Маш гоё зурагтай тийм ном
Мөнх үзээгүй юм. Хэзээ нэг цагт энэ номыг уншдаг болно доо гэж хүү бодлоо.
Миний хүү их зөв юм хийжээ гэж ээж нь хэлэв. Маргааш нь Мөнх нөгөө гоё
зурагтай номоо сургуульдаа авч очив. Завсарлагаанаар ангийн хүүхдүүддээ үзүүлэн
англи багш бэлэглэсэн хэмээн гайхуулав. Сумын хариуцлагатны хүү Бат энэ бүхнийг
сонсож зогссоноо номыг булаан авав. Мөнх номоо авах гэтэл арай өндөр Бат толгой
дээрээ хоёр гарандаа ээлжлэн бариад түүнээс авч чаддаггүй. Хүүхдүүд тэднийг
элэглэн инээхэд Мөнхийн хор шар хөдлөн Батын гэдэс рүү өшиглөчихөв. Бат эвхрэн
царай нь муухайран гар дахь номоо алдан дуу тавилаа. Хүүхдүүд айн ширвээтэж тэр
хоёрыг орхин тарав. Энэ бүхнийг харсан нэг багш тэдэн дээр ирээд
- юу болоод байна гэв .
- энэ миний гэдэс рүү өшиглөсөн гэж Бат ярвайн хэлэв.
- Бат ном булаачихаад өгөхгүй байсан юм чинь хэмээн Мөнх арга

ядан өөрийгөө өмөөрч хэлэв. Багш тэр хоёрыг дагуулан конторт оров. Нэлээд
зэмлүүлсэн Бат уруу царайлан гарч ирэв. Сургуулийн нийгмийн хичээлийн багш
Түмэн хичээл заах арга барил тааруу ч сургуулийн удирдлагад тал засахдаа тун
гаргуун. Дээшээ бөхөлзөн доошоо хялалздаг хүмүүсийн нэг юм. Энэ завшааныг
ашиглаад сумын засаг даргад нэр олох гэсэн Түмэн Мөнх хүүг толгойг нь эргэтэл
загнаж Батын биеийг эмчид үзүүлээд ямар нэг эмчилгээ гарвал Мөнхөөр төлүүлнэ
гэв. Тэр гурав эмчид очлоо. Гэвч эмч сүртэй юм алга гэсэн тул Мөнх төлбөрт
уналгүй үлдэв. Ямар нэг буруу алхам хийвэл тэр нь ядуу хүүд хичнээн хүнд тусахыг
Мөнх гайгүй сайн ойлгож авлаа. Энэ дуулиан дорхноо сумын захиргаанд засаг дарга
Түмэн багшийг дуудан талархал илэрхийлжээ.
Бат тавдугаар анги тул Америк багшаар хичээл заалган түүндээ эрдэн Мөнхийн
дэргэд англи хэлний хичээлийн тухай зориуд яриа дэлгэнэ. Гэвч Мөнх түүнийг нь
тоохгүй, америк багшийнхаар орж ус нь дууссан байвал худгаас ус авч өгнө. Нэг
өдөр америк багш хүүг орж ирэхэд миний хичээлд суу гэв. Багш нь Монгол хэлээр
хэд гурван үг хэлдэг болжээ. Би юу гэхэд тийм ээ чи гэв. Хаана гэхэд багшийнх нь
монгол хэл дуусч шууд хөтлөн сургууль явав. Америк багш сумын хариуцлагтнуудад
англи хэл заах болсон бөгөөд түүндээ Мөнхийг оруулжээ. Сургуулийн англи хэлний
багш орчуулагч болов. Энэ өдөр Мөнх баярлаагүйгээрээ баярлалаа. Түүний англи
хэл сурах их хүслийг багш нь яаж тааваа. Мөнх заалгасан хичээлээ ээждээ зааж
гэртээ англи үгүүдийг хуучин дэвтрийн цаасан дээр бичиж уншиж өгнө.
Юм тогтоох нь муудсан ахмадуудын дунд Мөнх ганцаараа аргагүй л торойж байв.
Тэгээд ч англи хэл сурах нь түүний хүслэн болохоор бүр ч шимтэн сурч байв. Тэд
хүүг магтана. Тэр ч байтугай засаг дарга гэртээ Мөнхийг магтах болсон нь Батын
дургүйг хүргэх болжээ. Бат Мөнх хоёрын гол ялгаа нь Бат багшийг англи хэл заах
ёстой гэж үздэг бол Мөнх англи хэлийг сурах ёстой гэж боддогт байсан юм.
Багш сурагч хоёр үерхэн Мөнх багшдаа монгол хэл, багш нь Мөнхөд англи хэл заан
хэн хэндээ хань түшиг болсоор удав. Том гүрний ерөнхийлөгчид захиа бичиж,
ээжийгээ эмчлүүлэх хүсэлтэй байгаагаа яаж ийгээд Мөнх багшдаа ойлгуулжээ.
Ричард багшийнхаа хэлсэнээр Мөнх ээжийнхээ өвчний онош, шаардлагатай
эмчилгээний талаар эмнэлгийн бичиг гаргуулан өгсөн байна.
Өвөл болж цас унан хүйт даах боллоо. Дулаалга муутай гэртээ Мөнх хүү, ээжийн
хамт даарч зутравч англи хэлний анхан шатны мэдлэгтэй болоод бага сага зүйлийг
уншиж чаддаг болсондоо урамшин сэтгэлээрээ л хүйтнийг давж байв. Хажуугаар нь
ээжийгээ асарч хоол унд хийх гэр орноо цэвэрлэх, түлээ түлшээ бэлдэх ус авах бүх
ажлыг өдөр өдрөөр нь хувиарлан хэзээ ч гэсэн англи хэл үзэх цаг гаргана. Багшдаа
усыг нь авч өгөхөө ер мартахгүй. Ричард багш хүүг амттай хоол дэлгүүрт байхгүй
чихэр боовоор дайлна.
Хагас жилийн дүн гарлаа. Мөнх хүү хамгийн өндөр үнэлгээ авч сургуулийн
тэргүүний хүүхэд болов. Сумын захиргаа Мөнх хүүг англи- монгол толь бичгээр
шагнасан нь ёстой санаанд ороогүй том бэлэг болжээ. Чухам ийм л толь бичиг хүүд
хэрэгтэй байсан юм.
Хүүгийн энэ сайн сайханд дургүй хүн бас байжээ. Тэр бол багш Түмэн юм.
Өөрийнхөө хүч хөдөлмөрөөр нэр төр олсон хүнд тэр хэзээний дургүй. Ямар ч
гэмгүй хэрнээ яагаад ч юм Мөнхийг үздэггүй зантай. Америк багшийг дарга
удирдлагын хүүхэдтэй биш өнчин ядуустай нөхөрлөлөө гэж ам хэлээ билүүднэ.
Түүний энэ өөдгүй зан бодолд багш нар дурүй ч түүнийг засаг даргын гарын хүн гэж
мэдэх тул ил цагаанаар хэзээ ч гаргадаггүй юм.
Өвлийн амралтыг хүүхдүүд дэмий өнгөрөөж байхад Мөнх хүү толь бичгээ ашиглан
алс гүрний ерөнхийлөгчид захидал бичиж суув. Эхлээд тэр захидлаа монголоор
бичив.
“Эрхэм хүндэт ерөнхийлөгч өө! Таны амар мэндийг тал нутгийн хүү Мөнх эрж
байна.
Би ээжтэйгээ хамт амьдардаг. Миний ээж сайн хүн. Даан ч хүнд өвчин тусаад
хэвтэрт орсон юм. Ээжийн маань өвчнийг танай улсад л эмчилж чадах байх. Мөнгө
байхгүй болохоор ээжийгээ эмчлүүлж чадахгүй байна. Эрхэм ерөнхийлөгч таныг би
зурагтаар хараад энэ хүн л ээжид минь туслаж чадах байх гэж бодсон билээ. Би танд
маш их найдаж байна. Ээжийг маань хөл дээр нь босгож өгнө үү? Таны ачийг насан
туршдаа мартахгүй. Таныг хүндэтгэсэн сургуулийн тэргүүний сурагч Мөнх” гэжээ.
Тэгээд энэ үгүүдээ толь бичгээс харан ямар ч гэсэн англиар болгов.
Ричард багш нь өвлийн амралтаар хот яваад ирээгүй байлаа. Захиаг үзүүлж зөвөлгөө
авах гэсэн Мөнх багшийгаа тэсч ядан хүлээж ирээ болов уу үгүй болов уу гээд гэрт
нь очвол үүд нь онгорхой байшин доторх хамаг юм нь ундуй сундуй болсон
харагдав. Хүү сургуулийн захирлынх руу гүйж болсон явдлыг дуулгалаа. Захирал
сумын төлөөлөгчийг дагуулан америк багшийнд очив. Гэвч тэднийхээс юу хулгайд
алдсаныг мэдэх боломжгүй байв. Төлөөлөгч үзлэг хийн зураг авч хаалгыг нь хааж
лацдав.
Маргааш нь Мөнхийг сумын төлөөлөгч дуудсан байна хэмээн ангийх нь хүүхэд
хэлж ирлээ. Ричард багшийнд хулгайч орж гэнэ. Өнөөх Мөнх л сэжиглэгдэж байгаа
бололтой гэсэн яриа сумын төвөөр салхи мэт тарлаа. Харин хэвтэрт байдаг эхэд нь л
сонсогдсонгүй. Сонссон бол өвчний шаналгаа дээр сэтгэлийн шаналгаа нэмэгдэх
байсан биз.
Цагдаагын ажилтан маш муухай харцаар Мөнхийг ширтэн
- Чи багшийнхаасаа юу хулгайлсан бэ? гэж шууд тулган асуув.
- Би юу ч хулгайлаагүй
- Чи л тэднийхийг мэднэ. Чамаас өөр түлхүүр тааруулж орох хүн байхгүй
- Түлхүүр тааруулах аа? Ядуу ч гэсэн би хулгай хийдэггүй. Та хулгайчаа олсон нь
дээр байхаа…
- Шоронгын хулгайч шиг яасан их үгтэй новш вэ. Чи л ул мөрөө баллах гэж тэднийд
очин дараа нь хэл хүргэсэн биз дээ. Шоронгоос гараад ирэхэд чинь ээж чинь амьд
байхгүй л байх.
Хэсгийн төлөөлөгч юу хэлэхээ сайн мэддэг ажээ. Энэ үг Мөнхийн зүрхийг зүсэх шиг
болов. Би яах гэж багшийнд очив оо гэж маш их харуусав. Үнэн гэж байдаг бол би
аваагүй нь нотлогдоно гэж хатуу бодсоор дуугүй суусаар байв. Намайг шоронд
хийчихвэл ерөнхийлөгчид захиа явуулж чадахаа болино гэсэн бодол хүүг хамгийн
их айлгаж байв. Одоо яв. Маргааш чамтай хатуу ярина гэж хэлээд цагдаагын
ажилтан хилэнтэй харав.

Цас шуурсан өвлийн хүйтэн тачигнана. Нойтон мод удаан асч Мөнхийн гэр хүйтэн
байлаа. Хүү нь нэг л дуугүй уйтгартай байхыг ээж нь анзаарав.
- Миний хүү яагаад уруу царайлчихаа вэ? Хүн загнаа юу?
- Үгүй үгүй. Гадаа хүйтэн Болохоор л… бас Ричард багш ирдэггүй. Санаа зовоод
байна.
- Тэр америк хүү нэг л өдөр хүрээд ирнэ. Ердийн хүн биш бурханы элч байх аа. ¬Ер
нь хүнд буян хийсэн хүн болгоныг бурханы элч гэдэг юм шүү дээ миний хүү.
- Тийм үү? Ричард багш ёстой бурхны элч мөн. Багш минь хурдан
ирээсэй гээд цааш ярих дургүй бололтой орон дээрээ очиж суув.
Нэг л юм болж дээ. Том болоод зарим юмаа хэлэхгүй болж. Сумын даргын хүүтэй
муудалцсан юм болов уу гэж таамагласан нь үнэн хэргээс их хол байлаа.
Багш ирээсэй маргааш битгий шоронд хийчихээсэй гэж Мөнх залбирч суув.
Бурангуй цагийг бодвол арай гэрэл гэгээтэй цаг үед Мөнх хүү амьдарч байсан нь
яамай. Хөмөрсөн тогоон доторх ногоо шиг амьдардаг цаг үе биш, хөдөөгийн бяцхан
бор хүү хүртэл дэлхийн хэмжээнд бодон алс холоос ерөнхийлөгчид хандая гэж
боддог тийм цаг үе юм.
Маргааш нь сумын цагдаагийн ажилтны өрөөнд Мөнхийг сууж байтал Ричард багш
нь ороод ирэв. Гэмгүй хэрнээ Мөнх багшаасаа зовж нүд хальтрав. Тэдний хамаг
юмыг хулгайч сандаачсан ч авсан юм нь дуу хураагч, англи-монгол толь бичиг хоёр
л байв.
- Мөнх миний юмыг хулгайлаагүй би сайн мэднэ. Та яагаад насанд хүрээгүй
хүүхдийг өмгөөлөх хамгаалах хүнгүй байцааж байдаг билээ. Нотлох баримт хаа
байна. Энэ чинь хууль зөрчсөн хэрэг. Би ямар ч гомдолгүй. Тиймээс Мөнхийг явуул
гэж багш нь хэлсэнд өнөөх ширүүн ууртай байцаагч хайлсан тугалга шиг бөндөгнөн,
- За багш аа, би ч аваагүй байх гэж бодож байсан хэмээн шал худлаа ярихад Мөнхөд
уурлах хэцүү, инээх ч тохиромжгүй байв. Миний багш ямар мундаг хүн бэ. Хуулийг
ямар сайн мэддэг юм бэ гэж бодон инээд алдсаар түүнийг даган гарав.
Тал нутагт цагаан сарын дараа хавар болдог. Гэлээ ч хаврын тэнгэр хартай гэж
монголчууд ярина. Нэг бол хүйтэн цасан шуурга, үгүй бол нар ээн дулаарч цаг агаар
тогтворгүйтэх тул ийн ярилцдаг ажээ.
Гадаа наран ээж, хүйт тачигнаагүй юм шиг дулаан сайхан өдөр байв.
- Мөнхөө, би чиний ээжийн талаар олон улсын байгууллагад мэдэгдсэн. Тэд судлаж
үзье гэсэн хэмээн Ричард багш нь хэлэхэд
- Их баярлалаа багшаа. Би нэг захиа бичсэн. Түүнийгээ аваад ирье гээд дахин үг
сонссонгүй гэр лүүгээ гүйв. Олон улсын байгууллага гэдгийг тэрбээр ер
ойлгосонгүй , гол нь захидалаа явуулах л байв. Мөнх бөөн амьсгаа болсоор гэртээ
гүйн ирж, ээж ээ багш ирсэн гэнгүүт бичсэн захиа, цагаан сарын бэлэг, боов чихрээ
уутанд хийн базаагаад эргэн гарав.
Ямар амьтны үр тэр холоос энэ нутагт ирж миний хүүг баярлуулдаг байна даа гэсээр
ээж нь үлдлээ. Хүүгийн захиа бөөн алдаа байсан ч энэ бяцхан хүүгийн хүсэл
эрмэлзлэл, ээжийнхээ төлөө гаргаж буй ухааныг нь Ричард багш гүнээ хүндэтгэлээ.
Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрөв. Мөнх англи хэлнийг шамдан үзэж Ричард
багштай үргэлж ярьж байсны ачаар хэр баргийн юмыг ярьж ойлгуулж чаддаг болов.
Хүүг ядуу, өнчин гэж шоовдорлодог хүмүүс, сургуулийн хамт олон одоо түүнийг
өөрөөр харах болжээ. Засаг даргын хүү Бат түүнийг шоглох байтугай ойр хавьд нь
үзэгдэхээ болив. Эрдэмтэй болно гэдэг аяндаа маш их хүндэтгэл авчирдагийг хүү
мэдэж, улам сурч мэдье, багшийгаа баярлуулья гэж хичээх болсон юм.
Хаврын тэр нэгэн өглөө Мөнх сургуульдаа ирвэл самбар дээр “Өдрийн мэдээ” сонин
хадсан, өмнө нь баахан хүүхэд, багш ажилчид шавсныг үзэв. Гайхан очвол
“Ерөнхийлөгчид бичсэн захиа” гэсэн гарчиг хамгийн түрүүнд харагдав. Хүүхдүүд
Мөнхийг үзээд хоёр тийшээ хагаран зам тавьж өгөв. Нэг багш,
- За баяр хүргэе! Чи бол энэ сургуулийн бахархал. Төвийн том сонинд захидал чинь
гарсан байна. Ээжийг чинь гадаадад эмчлэх болж. Хүүхдүүдээ Мөнхөөс суралцья.
Та нар Мөнх шиг ээжийгээ хайрлаж чаддаг уу? Бас Мөнх шиг хичээн сурдаг уу?
гэлээ. Энэ их үнэлэлт, магтаалд жаахан ичингүүрсэн Мөнх сонинд бичсэн зүйлийг
уншлаа. Тэгээд багшид чөлөө хэлчихээрэй би ээждээ хэлээд ирье гээд буцаад гүйв.
- Ээж ээ, миний захиа сонинд гарсан байна.
- Ямар захиа…
- Би тэр том улсын ерөнхийлөгчид захиа бичсэн юм. Таныг улсдаа аваачиж эмчилж
эдгэрүүлж өгөөч ээ гэж. Ээжээ би захиагаа өөрөө англиар бичсэн шүү.
- Яасан ухаантай хүү вэ? Миний хүү чинь. Ээж нь үнсье. Аав чинь байсан бол
баярлах байсандаа. Би эдгэрснээс ялгаагүй боллоо. Ээжийгээ ингэж баярлуулах гэж.
Энэ муу бор гэрт минь ийм ухаантай хүү аж төрж байна шүү дээ…
Ээж нь уйлж байлаа. Мөнх ээжийгээ тэврэн уйлав. Баярыг минь хуваалцах аав
байсан бол гэж хүү хоёр дахиа шимшрэн бодов. Гэлээ ч тэр тэвчээртэй байлаа. Хүү
тэр өдөр багшийгаа тэвэрч аван үнсэж яаж их баярласнаа илэрхийлэх аргаа олохгүй
байв.
Түүнээс хойш сумынхан манай сумаас эрдэмтэй хүн гарах нь дээ гэж ярилцах
болжээ. Ээждээ шөл хийж өг гэж зарим нь хонины гуя ч өгөх болов.
Мөнх хүү хэзээ явах вэ? Сумын захиргаа бас туслана шүү гэж засаг дарга зориуд
дуудан хэлсэн байна.
Сургуулийг захирал Мөнхийг дууджээ. Хэл хүргэж ирсэн хүүхдийн царайнаас нэг л
онцгой юм болох нь гэдгийг ойлгов. Зүрх нь түг түг цохилов. Ээжийг маань хот
явуулах болж дээ, тийшээ явах машин бий болов уу гэсэн бодол зурсхийв. Захирлын
хаалгыг татвал Бат сууж байлаа. Мөнхийг хараад гөлөлзөөд явчихав. Өнөөх урамтай
бодлууд нь тал тал тийшээ хийсэн ариллаа.
- За, Бат. Сурагч хүний ёсоор үгээ хэл.
Бат малгайгаа базлан нэг Мөнхийг, нэг захирлыг харж бүлтэлзсэнээ, уучлаарай
Мөнхөө. Би Ричард багшийн толь бичиг, дуу хураагуурыг авсан юм. Май чамд өгье.
Намайг ав гэж Түмэн багш ятгасан л даа. Би чамд атаархсан юм. Миний буруу,
хүний үгэнд орох ёсгүй байсан юм. Чи намайг уучлах уу?
Энэ тухай Мөнх аль эрт мартсан тул хулгайн хэрэгтэй холбоотой өнгөрсөн бүхэн
гялсхийн орж ирэв. Хэсгийн төлөөлөгчийн ууртай нүд хамгийн түрүүнд санагдлаа.
Гэвч Батын царай үнэхээр өрөвдөм, мөн үнэнээ хэлсэн зэрэг нь Мөнхөд нөлөөлөв.
- Би чамайг уучилж байна. Гэхдээ чи Ричард багшид юмыг нь өгч уучлалт гуй.
- Багшаас айгаад байна.
- Хулгайлахдаа айгаагүй хүн, уучлалт гуйхдаа айна гэж юу гэсэн үг вэ? гэж захирал
тэндээс оролцов. Харин Мөнхийг гарах үед захирал- чи энэ тухай бусдад битгий
яриарай. Бат их гэмшиж, багшийгаа хохиролгүй болгосон юм чинь дуулиан шуугиан
дэгдээгээд юу хийх вэ гэлээ. Сумын даргын нэр төрийг бодоод ингэж хэллээ гэдгийг
Мөнх мэдсэн ч одоо энэ бүхнийг санах хэрэггүй гэдгийг тэр мэднэ.
Хүссэн өдөр ирлээ. Хүүгийн ээжийг эмчлэх эмнэлэг, эмчилгээ, замын зардал бүгд
шийдэгджээ. Сургууль нь түүнийг хичээлдээ сайн гээд дүнгий нь урьдчилан гаргаж,
бас багш, хүүхдүүд мөнгө цуглуулж багагүй юм Мөнхөд өгчээ.
Бат таван доллар өгөв. Ингэж анх удаа Мөнх доллар гээчийг барьж үзлээ. Ричард
багш нь замдаа хэрэглэ хэмээн 100 доллар бэлэглэв. Тусгай бэлдсэн дамнуургатай
тэргээр хүү ээж хоёр алсын замд гарлаа. Сумыхан бараг тэр аяараа л тэднийг үдэв.
Үүргэвч үүрсэн Түмэн багш тээр цаана харагдана. Түүнийг өөр суманд ажиллуулах
болсныг Мөнх мэдэж байв. Яг хөдлөх гэж байхад гурван хүүхэд гүйн ирж нэг юм
дэлгэсэн нь “Ерөнхийлөгчид баяр хүргэе!” гэсэн үгтэй даавуу байв. Мөнхийн
нүдэнд нулимс цийлэгнэв. Машин хөдөллөө. Гар даллан холдсон ч сэтгэл нь
хоргодсоор байв. Арга ч үгүй биз. Анх удаагаа төрсөн нутаг, гэр орноо орхин алсын
замд гарч байгаа юм чинь. Гэхдээ тэр удахгүй ирнэ. Ээжийгээ дагуулсаар ирнэ дээ.

You might also like