You are on page 1of 714

ЖОРЖ МАРТИН

ХААН ШИРЭЭНИЙ ТОГЛООМ


www.kiebooks.com
ЭХЛЭЛ

- Бид буцах хэрэгтэй. Зэрлэгүүд үхсэн гэж Жаред орчны модод харанхуйлж эхлэхтэй зэрэгцэн
шаардсанд,

- Яасан үхэгсэд чамайг айлгаад байна уу? хэмээн ноён Вэймар Ройс инээмсэглэл тодруулан
асуулаа.

Жаред энэхүү өгөөшинд автсангүй. Тэрбээр тавин нас өнгөрч нас бие хижээлдүү гарсаны
дээр энэ мэт залуу лордуудыг олонтоо харсан билээ. Иймээс,

- Үхэгсэд бол үхэгсэд. Бидэнд үхэгсдийн хэрэг хамаагүй гэж хэлэв.

- Ингэхэд тэд үнэхээр үхсэн хэрэг үү? Бидэнд ямар баталгаа байгаа юм бэ? гэж Ройс аяархан
асуухад,

- Вилл тэднийг хараад үхсэн гэж хэлсэн нь миний хувьд хангалттай баталгаа болно гэж
Жаред хариулав.

Вилл тэдний эрт орой нэгэн цагт энэ тухай сөхөхийг мэдэж байсан ч одоо энэ талаар
ярилцсанаас хожим болоосой гэж хүслээ. Тиймээс,

- Миний ээж үхсэн хүн дуулдаггүй гэж хэлсэн хэмээн энгүүн хэлэхэд,

- Миний асрагч ч гэсэн иймэрхүү зүйл ярьдаг байсан, Вилл гэж Ройс сөргөөд,

- Тэгээд ч эмэгтэй хүний хоосон ярианд хэзээ ч итгэх хэрэггүй. Үхэгсдээс ч гэсэн суралцах
зүйл байдаг хэмээн сургамжлахад хоолой нь үдшийн харанхуй ойд чанга цуурайтав.

- Гэхдээ бидний урд урт зам хүлээж байна гэж Жаред тодотгон хэлснээ,

- Найм юмуу есөн өдөр. Үүний дээрээс шөнө болж байдаг гэв.

Ноён Вэймер Ройс үдшийн тэнгэр лүү сонирхсон шинжгүй харах зуураа,

- Өдөр болгоны энэ цагт ингэж байх юм. Ер нь Жаред чи харанхуйгаас айдаг юм уу? гэж
асуулаа.

Вилл Жаредын ам чангарч хар цувны юүдэн дорх харцанд илэрсэн уур хилэнгээ арай ядан
барихыг харлаа. Жаред Шөнийн харуулд хүүхэд ахуй цагаасаа эхлэн зүтгээд дөчин жилийг
өнгөрүүлж байгаа тул иймэрхүү мэтийн тоглоом наадамд дасал болоогүй ажээ. Вилл гомдол
бардлын зэрэгцээ нас дээр гарсан хүний бухимдлыг мэдрэв. Сэтгэл санааны бухимдал нь амь
өрссөн айдастай адил дэвэрсэн зүйл болохыг та ч гэсэн амсаж өнгөрүүлсэн бизээ.

Түүний бухимдал Виллд халдварлажээ. Тэр Ханан дээр ирээд дөрвөн жилийг өнгөрүүлж
байгаагын зэрэгцээ анх удаа гадагш илгээгдэж буй учир хуучны бүх домог яриа олгойдон орж
ирсэнд гэдэс дотор нь хүржигнэх мэт болов. Энэ тухай ярихад дараа инээх байж магадгүй ч
хуучин хашир цэрэгтэй хамт явж буй атал эцэс төгсгөлгүй зэрлэг харанхуй ой улам их айдсыг
төрүүлэх ажээ.

Шөнө боллоо. Ямар нэгэн өөр төрлийн шөнө. Харанхуйн зах хаяа тусах төдийд түүний
сэрвээний үс босох шиг болно. Тэд есөн өдрийн турш баруун хойд зүгийг чиглэн явснаа
тэндээсээ ахин хойд зүгийг чиглэж түүнээс цааш Хананаас улам алслан холдох бөгөөд зэрлэг
дээрэмчидтэй тааралдах хүнд бэрх зам хүлээж буй. Өдөр ирэх тусам өмнөхөөсөө улам дор
болж байлаа. Өнөөдөр бүхнээс дор байв. Хүйтэн хүчтэй салхи хойд зүгээс үлээхэд мододын
навчис амьд юм шиг сэрчигнэнэ. Вилл өдрийн турш ямар нэг хүйтэн дайсагнасан таагүй
зүйл түүнийг хараад байгаа аятай зүйл мэдэрчээ. Жаред ч бас адил зүйлийг мэдэрсэн байв.
Вилл аюулгүй хананаас цаашид төдийлөн холдохыг хүсэхгүй байсан ч захирагч нь энэ
мэдрэмжийг огт хуваалцсангүй.

Ялангуяа үүн шиг захирагчтай бол шүү дээ.

Ноён Вэймер Ройс эртний удам угсааны олон залгамжлагч бүхий гэр бүлээс гаралтай
залуухан хөвгүүн байв. Тэрбээр арван найман настай царайлаг саарал нүдтэй, хутга лугаа
адил шулуун гоолиг биетэй. Том биетэй үүлдэр сайтай байлдааны морь унасан нь Вилл,
Жаред хоёрын намхан биетэй морьдын хажууд цамхаг адил сүндэрлэнэ. Тэр хар савхин гутал,
мөн өнгийн нэхмэл ноосон өмд, сохор номингийн арьсаар хийсэн бээлий, сайн чанарын
гялалзсан хуяг өмссөн нь хар ноосон дээгүүр ширээсэн ширээр өнгөлсөн давхаргатай аж.
Ноён Вэймер Шөнийн харуулын тангараг өргөсөн ах дүүст нэгдээд хагас жилээс илүү
хугацаа өнгөрөөгүй тул хэн ч түүний авъяас чадварын талаар сайн хэлж эс мэднэ. Тэрбээр
эцсийн дүндээ зөвхөн хувцас хунарт л санаа тавьдаг мэт санагдах аж.

Түүний өмсгөл болох гялалзсан сортой өтгөн хар булганы арьсаар хийсэн нөмрөг хүртэл
нүгэл хилэнцийг нь зөөлрүүлсэнгүй.

- Тэр бүх булгаа өөрийн гараар алсан гэхэд мөрийцсөн ч бэлхэн байна. Манай хүчит дайчин
жижигхэн толгойнуудыг нь хуга мушгисан байх гэж Жаред хуарандаа дарс уун суух зуур
ярьжээ. Тэгэхэд бүгд түүнийг дэмжин инээд алдсан юм.

Хундаганы цаана шоолон сууж байсан хүнээс тушаал авах нь бэрх байсан ч Вилл энэ тухай
эрэгцүүлэх зуураа морин дээрээ агзасхийв. Жаред ч мөн адил зүйлийг мэдэрчээ.

- Мормонт биднийг тэднийг мөрдөх ёстой гэсэн хэмээн Жаред өгүүлээд,

- Тэд бүгд үхсэн. Бидэнд ямар ч төвөг удахгүй. Гэхдээ бидний урд хүнд бэрх зам хүлээж
байна. Надад энэ цаг агаар нэг л таалагдахгүй байна. Цас орвол бид хоёр долоо хоногоос
нааш буцаж чадахгүй. Цас орохгүй байх нь бидний ганц найдлага болж байна. Ингэхэд цасан
шуурга тавих болов уу, эзэнтээн? гэж асуув.

Залуу лорд түүнийг сонссонгүй бололтой. Тэрбээр улам өтгөрч буй үдшийн харанхуйд хагас
уйдсаны зэрэгцээ сатаарсан янзтай явлаа. Жаред хүлэг баатруудтай олонтоо дөрөө нийлэн
явж байсан учир түүнийг ийм байдалтай үед нь сатааруулахгүй байх нь дээр гэдгийг ойлгож
байв. Иймээс,
- Надад юу харснаа бүгдийг нь ахин нэг нарийвчлан хэлээч, Вилл. Юу ч орхилгүй гэж хүслээ.

Вилл Шөнийн харуулд нэгдэхээсээ урьд анчин явжээ. Үнэндээ хууль бусаар ан хийдэг байв.
Маллистерийн морьтонгууд түүнийг эзний эзэмшлийнх нь ойд алсан бугаа өвчиж байхад нь
улаан гардаж барьсан бөгөөд хар баатар болох эсвэл гараа алдах хоёрын нэгийг сонгох ёстой
болжээ. Хэдийгээр модон дундуур хэн ч Вилл шиг чимээ аниргүй явж чадахгүй хэдий ч хар
ахан дүүс түүний энэ чадварын тухай удтал мэдээгүй юм.

- Тэд горхины ойролцоох уулын хярд хоёр милийн хэртэй зайд буудалласан байсан. Би
ойртож харахаар зүрхэлсэн юм. Эрэгтэй эмэгтэй нийлсэн нийт найман хүн байсан. Ямар ч
хүүхэд байгаагүй. Ургаа чулуу налан суугаад цасанд дарагдсан байсан ч би өөр зүйлийг
анзаарч харсан. Өдрийн цагаар гал түлэх шиг амархан зүйл үгүй атал гал ноцоогоогүй байлаа.
Бас тэдний хэн ч хөдлөхгүй байсан. Би тэднийг удаан харсан. Ямар ч амьд хүн тийм байдалд
удаан хэвтэж чадахгүй гэв.

- Чи ямар нэг цус харсан уу?

- Үнэнийг хэлэхэд үгүй.

- Тэгвэл ямар нэг зэвсэг харав уу?

- Хэдэн илд, хоёр нум байсан. Нэг хүн нь байлдааны сүхтэйгээ байлаа. Хоёр талдаа иртэй
хүнд төмөр балт сүх байсан. Түүний баруун гарын ойролцоо газар хэвтэж байсан.

- Чи биесийнх нь байрлалыг ажиглав уу? гэхэд Вилл мөрөө хавчсанаа,

- Хоёр нь чулуу налан суугаад үлдсэн нь газар хэвтэж байсан. Яг л амь үрэгдсэн юм шиг
гэсэнд,

- Эсвэл унтаж байгаа ч юм уу хэмээн Ройс нэмэрлэв.

- Үгүй ээ, амь үрэгдсэн юм шиг гэж Вилл шаардангуй хэлээд,

- Тэнд унасан модны мөчирт нэг эмэгтэй даруулаад хэвтэж байсан. Гөлийсөн хүйтэн
харцтай. Урдаас яг л хэзээ ч хараагүй юм шиг ширтэж байсан. Тэгээд намайг ойртсон ч
хөдлөөгүй гэснээ бие нь агзасхийн чичирхэд,

- Чи даараад байгаа хэрэг үү? гэж Ройс асуулаа.

- Жаахан л. Салхинаас болоод тэр гэж Вилл бувтнав.

Залуухан хүлэг баатар эргэснээ цэргүүдийн адил дуу гиншгэнэв. Хөлдүү навчис сэрчигнэн
Ройс явах зуураа нэг л тавгүйцэж,

- Жаред чи тэднийг юу алсан гэж бодож байна? хэмээн хайхрамжгүй асуунгаа урт булган
нөмрөгөө шилгээн заслаа.
- Энэ бол хүйтэн байсан. Би хүүхэд байхдаа ч тэр өнгөрсөн өвлийнх шиг хүн хөлдөж үхэхийг
харж байгаагүй. Бүгд л цас хэрхэн дөчин фут зузаарч хүйтэн салхи хойд зүгээс ульж буй тухай
ярилцаж байгаа ч жинхэнэ дайсан бол хүйтэн. Энэ чамайг чимээгүй эзэмдэх бөгөөд эхэндээ
чи даарч чичирэн шүд чинь тачигнаж эхлэхэд хөл дэвслэн хольсон дарс, сайхан халуун галын
тухай мөрөөдөх болно, Вилл минь. Гал шатах хэдий ч хэзээ ч мөс шиг шатдаггүй. Гэвч энэ
зөвхөн түр зуурын юм. Хүйтэн дотроос чинь царцаж эхлэхэд чамд үүнтэй тэмцэх хүч үгүй
болно. Иймээс энгийнээр газар суух юм уу унтах хэрэгтэй. Тэгвэл эцэстээ ямар ч өвчин
мэдрэхгүй гэж хэлцдэг. Чи эхэндээ суларч доройтон зүүрмэглэснээ бүх зүйл харанхуйлан яг л
тэнгисийн ус юм уу дулаахан сүүнд умбаж аятай адил болно. Хичнээн тайван амгалан гээч
гэхэд,

- Жаред чи ямар уран үгтэй юм бэ. Би хэзээ ч чамайг ийм гэж төсөөлж байсангүй хэмээн
ноён Вэймер ёжлов.

- Би ч бас хөлдөж үзэж байсан болохоор тэр эзэнтээн гээд Жаред ноён Вэймерт хөлдсөн
чихнийхээ мухрыг үзүүлэхийн тулд юүдэнгээ хойш нь сайтар яраад,

- Хоёр чих, хөлийн гурван хуруу дээрээс нь нэмээд зүүн гарын чигчий хуруу. Бид ахыг минь
харуулын байрандаа хөлдсөн үед нь олоход нүүрэн дээр нь инээмсэглэл тодорсон байсан
гэхэд ноён Вэймер мөрөө хавчсанаа,

- Жаред чи илүү дулаан хувцаслах хэрэгтэй байж гэв.

Жаред залуу лорд руу муухай харахад захирагч Аемоны огтлон авсан мухар чихний уг нь
уурандаа час улайж,

- Бид таныг ирэх өвөл хэрхэн дулаан хувцаслахыг чинь харъя гээд юүдэнгээ буцаж углан
морин дээрээ бөгцийн чимээгүй баргар шогшуулав.

- Хэрвээ Жаред үүнийг хүйтэн байсан гэж хэлсэн бол... хэмээн Вилл эхлэсэнд,

- Чи ингэхэд өнгөрсөн долоо хоногт харуулд гарсан уу? хэмээн залуу лорд асуув.

- Тиймээ эзэнтээн.

Ингэхэд түүнд хараал идсэн харуулд гараагүй нэг ч долоо хоног байгаагүй. Тэр үүгээрээ юу
хэлэх гэсэн юм бол?

- Ер нь чи Ханыг яаж олсон юм бэ?

- Хайлсан хэсгээр нь гэж Вилл хөмсөг зангидан хэлснээ гэнэтхэн залуу лордын хааш нь
хазайлгаж буйг ойлгосон тул,

- Тэд хөлдөөгүй байсан. Үгүй ээ хана хөлдөхөөр тийм ч хүйтэн биш байна гэхэд Ройс толгой
дохилон,

- Ухаантай залуу. Бид өнгөрсөн долоо хоногт хэврэгшсэн мөс олоод түргэхэн цасаар булсан.
Гэхдээ хүйтэн нас бие гүйцсэн найман хүнийг алчихаар биш байна. Тэгээд ч эрчүүл нь
арьсан хувцастай байсан гэж чи хэлсэн биз дээ. Бас тэд хоргодох газартаа гал түлж болох
байсан хэмээн итгэлтэй инээмсэглэснээ,

- Биднийг тэнд аваач, Вилл. Би тэдгээр үхсэн хүмүүсийг өөрийн биеэр хармаар байна гэв.

Тэгээд ч үүнээс өөр юу хийх билээ. Тушаал өгөгдсөн учир тэд үүргийн дагуу биелүүлэх л
ёстой.

Вилл жижигхэн морио шавдуулан урд гараад ой дундуур явах замаа болгоомжтой сонгон
авлаа. Шөнө дөл нөмөрч байгаагын дээр сэвсгэр хаялсан цасанд чулуу, мододын үндэс
дарагдсан учир хянамгай явах хэрэгтэй байв. Түүний араас ноён Вэймер Ройс дагалдахад том
хар азарга нь тэсвэр алдан тургилав. Жаред араас нь шогшуулах зуураа амандаа дургүйцэн
гүнгэнэнэ.

Харанхуй улам бараантав. Үүлгүй тэнгэр шарлаж хөхөрсөн лугаа адил бараан хүрэнтсэнээ
харанхуйлав. Одод түгэж эхлэн хавирган сар мандлаа. Вилл сарны гэрэл туссан явдалд
баяртай байв.

- Бид арай түргэн шогшуулж болох байх гэж Ройс сар бүрэн мандсан хойно хэлэхэд,

- Энэ морьтой л биш шүү гэж Вилл дуу алдсанаа хэлсэн үгэндээ эмээх сэтгэл төрж,

- Магадгүй та тэргүүлээд болгоомжтой явсан нь дээр байх, тийм үү? гэв.

Ноён Вэймер Ройс хариу дуугарсангүй.

Ойн гүнд хаа нэгтээ чоно улина.

Вилл хөгшин бахим мөчиртэй модны дор мориноосоо буухад,

- Чи яагаад зогсов? гэж ноён Вэймер асуув.

- Үүнээс цааш явгаар явсан дээр байх. Бид уулын хярд тулж ирлээ.

Ройс хормын турш зогсон алсад эргэцүүлсэн байртай ширтэв. Хүйтэн салхи мододын
дундуур хүүгэхэд түүний булган нөмрөг нуруунд нь амьд юм шиг намирна.

- Энд нэг л биш байна даа гэж Жаред гүвтнэхэд залуухан хүлэг баатар эгдүүцэн
инээмсэглэснээ,

- Яг энд үү? гэв.

- Та үүнийг мэдрэхгүй байна уу? Харанхуйг сонсооч.

Харин Вилл үүнийг мэдэрчээ. Тэрбээр Шөнийн харуулд дөрвөн жилийг өнгөрүүлэх
хугацаандаа хэзээ ч ингэтэл айж байсангүй. Энэ юу байсан бэ?
- Салхинд модод шуугиж байна. Бас чонын улих дуу. Өөр ямар чимээ чамайг ингэтэл нь
айлгаа вэ, Жаред? гэхэд Жаред хариу дуугарсангүй тул Ройс гоолиг хөдөлгөөнөөр эмээлээсээ
буулаа. Тэр мориныхоо жолоог намхан мөчирт мултрахаас сэргийлэн зангидаад морьдоос
холдонгоо урт илдээ хуйнаас нь сугалав. Илдийн бариул дээр үнэт чулуу гялалзаж сарны
гэрэл ирний дагуу тоглон туяарна. Энэ нь тун саяхан дархалсан гайхалтай сайхан зэвсэг
байлаа. Виллийн уур хэзээ ч ингэтэл хүрч байсангүй.

- Модод дэндүү ойрхон байна. Таны илд мөчирт орооцолдож магадгүй, эзэнтээн. Хутгаар
илүү дээр байх гэхэд залуухан лорд,

- Надад заавар хэрэгтэй бол чамаас асуух болно. Харин Жаред чи эндээ үлдэж морьдоо
хамгаал гэж хэлсэнд Жаред мориноосоо буунгаа,

- Бидэнд гал хэрэгтэй. Би гал асаая гэв.

- Хөгшин минь чи ямар тэнэг юм бэ? Эндхийн модонд дайсан байгаа бол бидний гал түлэх
нь дутаад байж гэнэ.

- Гал зарим нэг дайсныг холдуулна. Баавгай зэрлэг чоно гэх мэт... бас өөр зүйлсийг... гэсэнд
ноён Вэймерийн ам мурийж,

- Ямар ч гал хэрэггүй гэв.

Жаред юүдэнгээрээ нүүрээ далдалсан Виллийн нүд хүлэг баатар луу ууртай хялалзахыг
хараад агшин зуур хөгшин илдээ сугалах нь хэмээн айлаа. Энэ нь богинохон хөлсөнд
халтартсан саарал өнгөтэй үзэмжгүй зэвсэг байсан бөгөөд түүнийгээ хуйнаас нь сугалсан
бол Вилл залуу лордын амийг хамгаалахаар зэвсгээ өргөхгүйсэн.

Эцэст нь Жаред доош ширтэж,

- Ямар ч гал түлэхгүй гэж нам дуугаар шивнэхэд Ройс сайшаасан байртай цааш эргэж,

- Урд тэргүүл хэмээн Виллд хэлэв.

Вилл зузаан цасан дундуур туучсанаа харуулын ашигтай байрлал болох мод руу намхан ирмэг
даган гулган авирч эхлэв. Өтгөн цас хөлийн дор хяхарч газар чийгтэн зууралдаад
хальтиргаатай агаад дор нь нуугдсан чулуу үндсэнд тээглэж унах осолтой аж. Вилл чимээ
гаргалгүй мацах зуураа ард нь залуу лордын хуягны төмөр цасан дээр гулган зөөлөн
жингэнэж, навч шаржигнуулан явах зуураа хараал урсган модны мөчирт тээгэлдсэн урт илдээ
суга татан ганган булган нөмрөгөө угзрахыг сонслоо.

Том харуулын мод уулын хярын оройд байсан бөгөөд Вилл цасанд дарагдсан намхан
мөчирүүд нь газарт хүртэл унжсаныг мэдэх билээ. Вилл дор нь гулган очоод нялцгай цасан
дээр гэдсээрээ газардаж чимээ аниргүй нам гүм рүү өлийн харснаа зүрх нь зогсох шахан
хормын зуур амьсгаа авч чадахгүй болов.

Сарны гэрэл ойн цоорхойг гийгүүлж унтарсан галын үнс нурам болон том том үхэр чулуу,
хөлдүү зайрмагтсан гол цасанд хучигджээ. Бүх зүйл хэдхэн цагийн өмнө байсан юм шиг
энгийн ажээ.

Тэд алга болчихож. Бүх биес алга болчихож.

- Бурхан минь! гэж ард нь уулга алдах сонсогдоод ноён Вэймер Ройс илдээр мөчир цавчилан
хяр дээр гарч ирэв. Тэр харуулын байрны дэргэд гартаа урт илд барин зогсоход булган нөмрөг
нь ододын дор хүүгэх салхинд сүр жавхлантай намирна.

- Доошоо хэвт! Энд нэг л биш байна гэж Вилл шаардангуй шивнэлээ.

Ройс хөдөлсөнгүй. Тэр хоосон чөлөөг хараад инээд алдаж,

- Чиний үхсэн хүмүүс байраа сэлгэсэн бололтой, Вилл гэв.

Виллийн хоолой хүнээ байжээ. Тэр ганц ч үг дуугарч чадсангүй. Байж боломжгүй юм.
Түүний нүд эзгүй буудлыг нааш цааш гүйлгэн харснаа сүхэн дээр хараа тусав. Хоёр талдаа
иртэй хүнд байлдааны сүх түүний сүүлчийн удаа харсан газар нь хөдөлгөөнгүй хэвтэнэ. Үнэ
цэнэтэй зэвсэг...

- Вилл чи дээшээ боссон нь дээр байх. Энд хэн ч алга. Би чамайг бутны дор нуугдахыг
хүсэхгүй байна гэж ноён Вэймер тушаасанд Вилл дургүйхэн дагалдав.

Ноён Вэймер түүн рүү урам хугарсан янзтай ширтэнгээ,

- Би Хар цамхаг руу анхны явалтаа бүтэлгүй болгон харихыг хүсэхгүй байна. Бид тэдгээр
хүмүүсийг олох хэрэгтэй гэснээ эргэн тойрноо харж,

- Модонд түргэн авир. Эргэн тойрон гал байна уу хараадах гэлээ.

Вилл үг дуугүй эргэв. Энэ нь маргахын аргагүй зүйл байлаа. Салхи шууран баруун талаас нь
ороолгоно. Тэр саарал ногоон харуулын байр бүхий мод руу очиж авирч эхлэв. Төдөлгүй
түүний гар модноос унагасан шилмүүсийн шүүсэнд будагдав. Айдас түүний дотроос шингэж
өгдөгггүй хоол шиг зовооно. Тэр мөргөлийн үг шивнэж ойн бурхдыг дуудангаа хутгаа хуйнаас
нь сугалан гаргалаа. Түүнийгээ шүдэндээ зуугаад хоёр гараа чөлөөлөн цааш авирч гарлаа.
Аманд нь амтагдах төмрийн ир тайвшируулах нөлөө үзүүлэв.

Доор нь залуу лорд гэнэтхэн,

- Тэнд хэн байна? гэж хашгирав. Вилл үүнийг сонсоод авирахаа зогсоож чимээ анирдан
харлаа.

Мододын дундаас навчис шарчигнах, хөлдүү гол бургилах чимээ гарч алсад цасны ууль
гууглав.

Өөр ямар ч чимээ гарсангүй.


Виллийн нүдний буланд хөдөлгөөн харагдаж цайвар дүрс мододын дунд гулган үзэгдэв. Тэр
толгойгоо эргүүлэн харанхуйд цайвалзах сүүдэр рүү ширттэл тэрбээр алга болчихлоо. Модны
мөчир салхинд аяархан хүүгэж өөр хоорондоо хавирна. Вилл анхааруулан хашгирах гэсэн ч
айсандаа дуу нь гарч өгсөнгүй. Магадгүй тэр эндүүрсэн байх. Магадгүй зөвхөн цасан дээр
туссан шувууны сүүдэрт сарны гэрэл нүд хуурсан ч байж болох юм. Ингэхэд тэр юу харсан
гэж?

- Вилл чи хаана байна? Ямар нэг зүйл харж байна уу? гэж ноён Вэймер хашгираад удаанаар
эргэлдэн болгоомжилсон янзтай илдээ атгав. Тэр тэднийг мэдэрсний адил Вилл ч гэсэн
тэднийг мэдэрчээ. Гэсэн ч юу ч харагдсангүй.

- Надад хариулаач! Яагаад ийм хүйтэн байгаа юм бэ?

Энэ нь маш хүйтэн байлаа. Виллийн чичрүүдэс хүрэхэд хоргодсон газартаа атийн нүүрээ
модны их биед чанга наасанд нойтон шилмүүс хацрыг нь даган урсав.

Харанхуй модон дундаас сүүдэр гарч ирээд Ройсын тушаа ирэв. Тэрбээр өндөр биетэй хэлхээ
яс шиг хатангир агаад сүү шиг цагаан өнгөтэй аж. Хөдлөх тоолон хуяг нь өнгөө солих шиг
солонгорон үзэгдэнэ. Бараан сүүдэрт шинэхэн орсон цас мэт нүд гялбам цайвалзсанаа,
мододын дор саарал ногооноор бүүдгэртэн цоохортоно. Хувирал нь мяралзсан усанд туссан
сарны гэрэл лугаа адил алхам бүрд нь өөрчлөгдөж байлаа.

Вилл амьсгаа даран ноён Вэймер Ройс уртаар исгэрэхийг сонслоо.

- Наашаа бүү ойрт гэж залуу лорд анхааруулахад хоолой нь хүүхдийнх адил сонсогдов. Тэр
намирсан урт булган нөмрөгөө мөрөн дээрээ тохож гараа тулалдаанд бэлтгэн чөлөөлөөд
илдээ хоёр гараараа атгалаа. Салхи хүүгэх чимээ зогсчээ. Чөмөг царцаам хүйтэн байв.

Нөгөө хүн чимээгүй гулган ойртов. Тэрбээр гартаа урт илтэй төстэй Виллийн хэзээ ч
хараагүй зүйл барьжээ. Нэг ч хүний төмөр ийм илдийг дархалж чадахгүй биз. Энэ нь сарны
туяанд амьд юм шиг туяаран гийж, болрын талст мэт нимгэн тунгалаг агаад үзүүр хэсэгтээ
бараг харагдахгүй болтол нарийсчээ. Түүний дээр ирний дагуу сулхан цэнхэр туяа сүүмгэр
цагаан гэрэл тоглуулан гүйхэд Вилл илд сахлын хутга шиг маш хурц болохыг нь мэдэв.

Ноён Вэймер түүнийг зоригтойгоор угтлаа.

- Тэгвэл надтай бүжиглэ л дээ гээд илдээ толгой дээрээ өргөн хамгаалахад бэлдэв. Түүний
гар илдийн хүндэд дарагдсан эсвэл хүйтэнд даарсаны алин болохыг мэдэгдэхгүй чичирэв.
Вилл агшин зуур түүнийг хэдийн хүү байхаа болиод Шөнийн харуулын эр цэрэг болсон тухай
нь бодлоо.

Нөгөө дүрс зогсов. Виллийн нүдэнд гүн тод цэнхэр хүний бус гэмээр нүд харагдсан нь мөс
шиг хүйтнээр цоргих аж. Түүний нүд сарны гэрэлд өндөрт өргөн чичирч буй хүйтэн туяа
татуулсан урт илдэн дээр тусав.

Тэгтэл харанхуйгаас анхны адил ихэр дүрсүүд гарч ирлээ. Гурав... дөрөв... тав... Ноён Вэймер
тэдний ирэхэд хүйтнийг мэдэрсэн нь лавтай боловч харсангүйн дээр юу ч сонссонгүй. Вилл
хашгирах ёстой. Энэ бол түүний үүрэг. Бас үүний дээр түүний үхэл болно. Тэр чичирэн мод
тэврээд чимээгүй болов.

Сүүмгэр илд агаар зүсэн исгэрлээ.

Ноён Вэймер түүнийг илдээрээ угтав. Илдний ир уулзахад төмөр хангинах чимээ гарсангүй
зөвхөн амьтан мэт өвдсөндөө гаслан хашгирах чимээ дагалдав. Ройс хоёр, гурав дахь цавчилт
хийснээ алхам ухарлаа. Ахин нэг цохилт ирэхэд тэр арагш уналаа. Түүний ард, урд баруун
хойно гээд зүг бүхэнд үзэгчид хөдөлгөөнгүй чимээгүй тэвчээртэй зогсоод гоёмсог хуяг дуулга
нь үл мэдэг солонгорч байвч модон дунд үзэгдэхгүй байлаа. Магадгүй тэд бусдын хэрэгт
оролцохгүй байхаар шийдсэн биз.

Ахин дахин илдийн ир тулгарахад Вилл хачирхалтай дотор зарсхийм цавчилтанд чихээ
таглахыг хүсэв. Ноён Вэймер хүч гаргах тоолон амьсгаадаж, амьсгаа нь сарны гэрэлд уур цан
татуулна. Түүний илд хүйтэнд цавцайн цайрахад, нөгөө дүрснийх цайвар цэнхэрээр туяарна.

Ройс цохилтоос бултах гэсэн ч хэтэрхий хожимджээ. Сүүмэлзсэн илд түүний баруун гарын
доод талын хуягыг нэвтлэн цавчив. Залуу лорд өвдсөндөө хашгирч хуягыг нь нэвтлэн цус
урслаа. Энд чөмөг царцаам хүйтэн байсан учир цусны дусал цасан дээр гал мэт улайран
дусна. Ноён Вэймер хуруугаараа хавиргаа тэмтэрч үзэв. Түүний сохор номингийн арьсан
бээлий улаан цусанд нэвчин будагджээ.

Нөгөө дүрс Виллийн мэдэхгүй хэлээр ямар нэг зүйл дооглонгуй хэлэхэд хоолой нь өвлийн
хөлдүү нуур адил харжигнан сонсогдов.

Ноён Вэймер Ройсын уур хүрчээ.

- Робертын төлөө! гэж тэр хашгираад шүд зуун цан хүргэнд хучигдсан урт илдээ бүх биеийн
хүчээр хоёр гараараа саван цавчлаа. Нөгөө дүрс бараг залхуутайгаар хаав.

Илдийн ир уулзахад төмөр цуурах чимээ гарав.

Шөнийн ойд хашгираан цуурайтаад урт илдний үзүүр зуу зуун жижиг хэсэг болон бутарч
хэлтэрхийнүүд нь шилмүүсэн дээр бороон дусал мэт сарнив. Ройс өвдөглөөд хашгирч нүдээ
дарахад хурууны завсраар нь цус олгойдно.

Үзэгчид ямар нэг дохио авсан мэт урагш зэрэг хөдөлж илдийн ир өргөгдөн буух үед эргэн
тойрон үхлийн нам гүм боллоо. Энэ бол хэрцгий хүйтэн аллага байв. Сүүмэлзсэн илд торгон
хувцастай хуягыг нэвт цавчжээ. Вилл нүдээ анилаа. Түүний дор инээхтэй адил мөс шиг
харжигнасан чимээ гарав.

Түүнийг удаан хугацааны дараа зориг орон эргэн харах үед хяр хоосорчээ.

Тэр модон дээр амьсгалж ч зүрхлэхгүй эмээн суухад харанхуй тэнгэрт сар удаанаар хөөрнө.
Эцэст нь тэр хүйтэнд хөшсөн хуруунуудаа хөдөлгөн булчин шөрмөсөө чангалан доош буув.
Ройсын бие цасан дээр нүүрээ доош харуулан хэвтээд нэг гараа тас цавчуулж, өтгөн сортой
булган нөмрөг илдийн ирэнд нэвт сийчүүлжээ. Яг л үүн шиг үхдлийг тэрбээр хүүхэд байх
үедээ харсан билээ. Тэр зүүн талд нь хэвтэх үзүүр нь аянганд өртсөн юм шиг бут үсэрсэн илд
рүү хоёр алхам дөхөв. Тэгснээ ийш тийш болгоомжлон харж тонгойн авлаа. Хугархай илд
түүнд баталгаа болно. Жаред үүнийг тэр хийгээгүй болохыг мэдэхийн хамт хөгшин баавгай
Мормонт болон, захирагч Аемонд ч гэсэн баталгаа болно. Ингэхэд Жаред морьдынхоо дэргэд
хүлээж байгаа болов уу? Тэр яарах хэрэгтэй.

Вилл босоход ноён Вэймер Ройс дэргэд нь зогсож байв.

Түүний үнэтэй сайхан хувцас сийчигдэж нүүр нь авах юмгүй болжээ. Сүүн цагаан нүдэнд нь
илдний тунгалаг хэлтэрхий туяаран тусна.

Баруун нүд нь нээгдлээ. Гэтэл энэ гүн цэнхэр болсон байв.

Хугарсан илд мэдээгүй хуруунаас нь ойчиход Вилл залбиран нүдээ анилаа. Урт гоолиг гар
хацрыг нь шүргэн хоолойг нь чанга базав. Гар сайн чанарын сохор номингийн арьсан
бээлийтэй байсан бөгөөд цусанд хатууран хөлдсөн нь мөс шиг хүйтэн байлаа.
БРАН

Өглөөний үүрийн гэгээ зуны төгсгөл болсныг сануулах мэт жихүүн хүйтэн байлаа. Тэд
үүрээр хүн цаазаар аваачихаар арван хоёул явахад Бран тэдний дунд сэтгэл хөөрөн явлаа. Энэ
нь түүний хувьд анх удаагаа ах нарынхаа хамт лорд эцгийнхээ эзэн хааны хууль цаазыг яаж
хэрэгжүүлэхийг харах насанд хүрсэн хэрэг болжээ. Энэ бол түүний долоо дахь насны зун
байлаа.

Цаазаар аваачих хүнийг толгод дээрх багахан бэхлэлтэнд аваачжээ. Робб түүнийг Ханаас
цаашхи газрыг эзэмшдэг хаан болох Манс Рэйдерт зүтгэдэг зэрлэгүүдийн нэг гэж бодож
байв. Энэ тухай бодохоос Браны дотор зарсхийх шиг болно. Тэр хөгшин Нанын тэдэнд ярьж
өгдөг байсан үлгэрүүдийн тухай санав. Зэрлэгүүд бол шүлсээ гоожуулсан алуурчин хулгайч
нарын хэрцгий хүмүүс байдаг гэж тэр ярьдаг байв. Тэд аварга биет, үхэгсдийн хамт байдаг
бөгөөд шөнө дөл цагаар охид хүүхдүүдийг хулгайлж зүлгэсэн эврээр цусыг нь уудаг аж. Бас
тэдний эмэгтэйчүүд урт шөнийн явцад Нөгөөдүүлтэй нөхцөн хагас хүн төрхтэй аймшигт
хүүхэд төрүүлдэг байна.

Гэвч тэднийг хааны засаглалын шийтгэл хүлээж буй гар хөлдөө хүлэгтэй хүн рүү очиход
хатангир хөгшин хэдий ч Роббоос өндөргүй хүн байв. Тэр хоёр чих болон хуруугаа
хөлдөөсний улмаас алдаж өвч биедээ Шөнийн харуулуудын адил хар хувцас өмссөн бөгөөд
арьс үс нь элэгдсэн ноорхой аж.

Хижээл хүний амьсгал морьдын цан хүүрэгтэй холилдон өглөөний хүйтэн агаарт уур
савсуулах бөгөөд лорд эцэг нь хүлээсийг огтолж хоригдолыг ойртуулан ирэхийг зарлиг болов.
Робб, Жон хоёр өндөр зэгзгэр биетэй морьд дээрээ тайван сууж байсан бол, Бран тэдний
дунд жижигхэн одой морин дээрээ долоогоос илүү настай харагдахыг хичээн энэ бүхнийг
урьд нь харсан мэт дүр үзүүлж суулаа. Зөөлөн сэвшээ салхи бэхлэлтийн хаалгаар үлээж
тэдний толгой дээгүүр цасанд хучигдсан тал дээгүүр саарал өнгийн зэрлэг чоно давхиж буй
Винтерфелл дэх Старкын удмын далбаа дэрвэнэ.

Браны аав мориноосоо ёс төртэй буухад урт хүрэн үс нь салхинд хийсэв. Түүний сахал
богинохон тайрсан буурал орж яваа хэдий ч гучин таван наснаас хэтрээгүй мэт овортой
харагдах аж. Түүнчлэн энэ өдрийн бүрхэг тэнгэр шиг саарал нүдтэй бөгөөд үдэш оройн
цагаар галын өмнө суун нам дуугаар эртний баатарууд болон ойн хүүхдүүдийн тухай
хүүрнэдэг хүн гэж огт санагдахааргүй ажээ. Бран өөрийгөө Винтерфеллийн эзэн захирагч
эцгийнхээ царайг дуурайсан гэж бодно.

Өглөөний хүйтэнд байцаан асуулт асуусаны ихэнхийг Бран дараа нь санаж чадаагүй билээ.
Эцэст нь эцэг нь тушаал өгөхөд түүний хоёр хүн ноорхой хүнийг талбайн голын модны
хожуул руу чирж хүчээр толгойг нь доош дарлаа. Лорд Эддард Старк мориноосоо буухад
түүний бараа бологч Теон Грэйжой илд авчирлаа. Илдийн нэрийг "Мөс" гэх бүлгээ. Энэ нь эр
хүний алганд элбэгдэхээр өргөн агаад Роббоос хүртэл илүү өндөр байв. Илдийг харанхуй
дарханы газар Валериан хийцийн ганг шившлэгээр хүчирхэгжүүлэн давтаж хийсэн аж.
Валериан хийцийн илдийн хурцтай эн зэрэгцэх нэг ч илд үгүй байв.
Эцэг нь бээлийгээ тайлж бэхлэлтийн хамгаалагч Жори Касселд өгөөд Мөсийг хоёр гардан
өргөж,

- Баратеон овгийн анхны энэ нэрийг зүүгч Андалсын хаан, долоон вант улсын хаант
засаглалыг хамгаалагч Роберт хааны нэрийн өмнөөс Старк овгийн Винтерфелийн эзэн, хойд
зүгийн захирагч Эддард Старк миний бие чамайг үхэх ёстой хэмээн яллаж байна гээд урт
илдийг толгой дээрээ өндөр өргөлөө.

Браны бутач ах Жон Сноу түүнд ойртож,

- Одой морио сайн бариарай. Харц буруулж болохгүй шүү. Аав ингэснийг чинь мэдэх болно
гэж шивнэлээ.

Бран жолоогоо сайн атгаж харц буруулсангүй.

Эцэг нь нөгөө хүний толгойг итгэлтэй ганц хөдөлгөөнөөр тас цавчив. Цус цасан дээгүүр
олгойдон шүршиж зуны дарс адил улаан өнгөтэй боллоо. Морьдын нэг хойш цоройсон ч
тайвшируулан тогтоов. Бран цуснаас хараа салгаж чадсангүй. Хожуулын эргэн тойрон дахь
цас улаан цусанд нэвчжээ.

Тас цавчуулсан толгой өнхөрсөөр Грейжойгийн хөлийн ойролцоох модны үндсэнд тээглэн
тогтов. Арван есөн настай бараан үстэй туранхай Теон юм бүхэнд баясан цэнгэх дуртай
билээ. Тэрбээр инээд алдсанаа толгойг хөлөөрөө өшиглөж цааш холдуулав.

- Илжиг гэж Жон бувтнасан ч Грейжойгийн чихэнд сонсогдохооргүй аяархан хэлжээ. Тэр
гараа Браны мөрөн дээр тавьсанд бутач ах руугаа өлийн харлаа.

- Чи маш сайн байлаа гэж тэр ёсорхогоор өгүүлэв. Жон арван дөрвөн настай бөгөөд шүүх
ажиллагааны үеэр хуучин бууны хугархай билээ.

Винтерфелл руу буцах урт замд улам ч хүйтэрсэн мэт санагдаж салхи намдсан ч нар тэнгэрт
өндөр хөөрчээ. Бран ах нарынхаа хамт бусдаас тасран холдоход одой морь нь тэдний морьдыг
гүйцэх гэж тэмцэнэ.

- Оргон зайлагч зоригтой үхлээ. Ямар ч л гэсэн түүнд эр хүний зориг байж гэж Робб хэлэв.
Тэр өдөр ирэх тусам өргөн биерхүү болон өсөж байгаа бөгөөд эхийнхээ талыг дуурайсан
цэвэрхэн арьс, улаан хүрэн өнгийн үс, Риверраны Таллугынхны удмын цэнхэр нүдтэй байв.

- Үгүй дээ. Энэ бол эр зориг биш. Энэ бол үхлийн өмнөх айдас. Старк чи түүний нүд рүү
харсан уу? гэж бараан саарал өнгийн нүдтэй Жон хэллээ. Тэр Роббтой чацуу ч хоорондоо огт
адилгүй байлаа. Жон гоолиг туранхай хар үстэй хурдан шаламгай бол Робб булчинлаг цайвар
үстэй бөгөөд арай бадируун аж.

Робб энэ яриаг төдийлөн ойшоосонгүй.

- Нөгөөдүүл түүний нүдийг аваасай гэж харааснаа,


- Тэр сайн эрийн ёсоор үхлээ. Гүүр хүртэл уралдах уу? гэв.

- Тэгье л дээ гээд Жон морио давиран урагш ухасхийв. Робб араас нь хараал тавин цогиулж
жимээр орон уралдахад Робб инээж гуугчин, Жон чимээгүй хянамгай давхиулна. Тэдний
морьдын туурай хүрсэн газрын цас манаран пургина.

Бран тэднийг дагах гэж оролдсонгүй бөгөөд түүний морь үүнд хэтэрхий жаалдах билээ. Тэр
ноорхой хүний нүдийг санасан хэвээр түүний тухай бодож байлаа. Хэсэг зуурын дараа
Роббын инээд намдахад модод ахин нам гүм болов.

Бран гүн бодолд автсан тул үлдсэн хэсэг түүнийг гүйцэн ирж аав нь дэргэд нь ирсэнийг
дуулсангүй.

- Бран чи зүгээр үү? гэж тэр санаа зовонгуй асуулаа.

- Тиймээ аав аа гээд Бран харцаа өргөв. Эцэг нь үнэт ангийн үсээр хулдсан ширэн хувцас
өмсөж үүлдэр сайтай том байлдааны хүлэг морь унасан нь түүний морины дэргэд аварга
биет лугаа адил харагдав.

- Робб саяны хүнийг баатарлагаар үхсэн гэхэд харин Жон түүнийг айсан гэсэн.

- Харин чи юу бодож байна? гэж эцэг нь асуухад Бран энэ тухай бодлогоширлоо.

- Хүн айсан хэдий ч зоригтой үхэж чадахгүй тийм үү?

- Зөвхөн эр зоригоо хөвчилсөн үед тэгэх боломжтой. Харин чи яагаад ингэснийг минь ойлгож
байна уу?

- Тэр бол зэрлэгүүдийн нэг. Тэд охид хүүхнүүдийг хулгайлан Нөгөөдүүлд зардаг гэж Бран
хэлэхэд эцэг нь инээмсэглэн,

- Ахиад л хөгшин Нанын үлгэрүүдийг сонсоо юу? Үнэндээ бол энэ хүн Шөнийн харуулаас
оргон зайлсан хууль зөрчигч. Нэг ч гэмт хэрэгтэн ийм аюултай байж чадахгүй. Оргон
зайлагчид баригдах үедээ амиа алдахыг мэддэг болохоор ямар ч хэрцгий хэрэг хийхээс
сийдэггүй юм. Гэхдээ чи намайг ойлгосонгүй. Асуудлын гол нь яагаад түүний үхсэнд биш
ямар учраас би үүнийг хийсэнд байсан юм гэхэд Бран хэлэх үггүй болж,

- Роберт хаанд өөрийн алуурчин байдаг гэж итгэлгүйхэн хэлэв.

- Тиймээ түүнд байдаг гэж эцэг нь зөвшөөрөөд,

- Түүнээс ч өмнөх Таргерианы хаадын үед байдаг байсан юм. Бидний замнал хуучин түүхтэй.
Старкынхны судсанд эртний удмын цус лугшиж байдаг учир шийтгэл хүлээлгэж илд өргөх
эрхтэй. Хэрвээ чи хүний амийг авахаар болсон бол түүний нүд рүү харж сүүлчийн үгийг нь
сонсох өртэй. Харин үүнийг хийж чадаагүй тохиолдолд тухайн хүн үхэх эрхгүй гэж
тайлбарлаж өглөө.
- Нэг л өдөр Бран минь чи Роббын халааг залгамжилж ахыгаа болон хааны нэрийн өмнөөс
шүүх эрхтэй болно. Тэр өдрүүд ирэхэд чамд үүнийг хийхэд таатай санагдахгүй авч хэзээ ч
нүд буруулж болохгүй. Алуурчины ард нуугдсан хууль дүрмийг барьж байгаа хүн үхэл ямар
болохыг удалгүй мартдаг юм.

Тэгтэл Жон тэдний өмнөх толгодын хяр дээр гарч ирэв. Тэр доош даллан хашгирлаа.

- Аав аа, Бран түргэлээрэй. Робб энд нэг юм олж! гээд цааш давхиулахад Жори тэдний дэргэд
зэрэгцэн ирснээ,

- Ямар нэг юм болоо юу, эзэнтээн? гэлээ.

- Үүнд чинь эргэлзэж байна. Алив явж миний томоогүй хөвгүүд ямар зүйл олсоныг нь харъя
гээд тэр морио гуядан хатируулахад Жори, Бран хоёр бусдын хамт араас нь дагалдав.

Тэд Роббыг гүүрний дэргэдэх горхины ирмэг дээр Жон хажууд нь морьтой зогсож байхад
олов. Зуны сүүлчийн цас нэвсийтэл даржээ. Робб өвдөг далд ором хунгар цасанд зогсоод
юүдэнгээ хойш ярж нарны алтлаг туяа үсэн дээр нь тоглоно. Тэр гартаа ямар нэг юм барьсан
бөгөөд хөвгүүд хөөрсөн аяархан хоолойгоор хөөрөлдөж байв.

Морьтонгууд гүнзгий цасан дорх хатуу газар тэмтэчсээр хунгар луу болгоомжтой бууж ирэв.
Жори Кассел, Теон Грейжой хоёр хөвгүүдэд түрүүлж хүрлээ. Грейжой очих замын турш
инээд алдан хашгирч байснаа огцом дуу тасалдахыг нь Бран сонслоо.

- Бурхан минь! гэж тэр уулга алдаад морио тогтоохыг хичээн илд руугаа гар явуулав.

Жори илдээ хэдийн сугалжээ.

- Робб түүнээс холд! гэж хашгирахад морь нь өндөрт цоройлоо.

Робб гартаа барьсан бөндгөр зүйлийг харж инээд алдан,

- Тэр чамайг гэмтээхгүй ээ. Тэр үхчихээд байна, Жори гэлээ.

Браны сонирхол асан дүрэлзэв. Тэр одой морио давчдуулан ухасхийсэн ч эцэг нь яаран
гүүрний өмнө явган буухыг сануулсанд үсрэн буулаа.

Энэ үед Жон, Жори болон Теон Грейжой нар бүгд мориноос бууцгаажээ.

- Энэ чинь юу гээчийн чөтгөр вэ? гэж Грейжой асуухад,

- Чоно гэж Робб хариулсанд

- Ямар этгээд амьтан бэ. Хэмжээг нь хараач гэж уулга алдав.

Бран бүсэлхий хүрсэн цасан хунгарт шигдэн ах нарынхаа зүг зүтгэлэхэд зүрх нь хүчтэй
дэлсэв.
Цасан дээр цусанд будагдсан том хар дүрс овойн хэвтэнэ. Өтгөн сахлаг саарал арьс нь
мөсөнд хучигдаж ялзарсан махны үнэр эмэгтэй хүний сүрчиг адил бүдэгхэн хамар цоргино.
Бран гөлийсөн нүдэнд нь өт яралзаж том ам дүүрэн шар шүдтэй болохыг ажиглав. Гэвч
хэмжээ нь дуу алдмаар том байлаа. Энэ нь түүний одой мориноос илүү лухгар бөгөөд аавынх
нь хамгийн том хоточ нохойноос хоёр дахин том байлаа.

- Этгээд ч биш л дээ. Энэ чинь зэрлэг чоно байна. Тэд ердийн төрлийнхнөөсөө хамаагүй том
биетэй гэж Жон тайван хариулсанд Теон Грейжой,

- Хананаас өмнө зүгт зэрлэг чоно үзэгдэхээ болиод хоёр зуун жил болж байна гэв.

- Би үүнийг харж байна гэж Жон инээвхийлэв.

Бран нүдээ мангасаас холдуулснаа шуудхан Роббын гарт байгаа зүйл дээр харц туссанд
баярлан хашгираад илүү ойртов. Энэ бол жижигхэн саарал өнгийн зүстэй нүдээ нээгээгүй
хэвээр байгаа бэлтрэг байлаа. Тэрбээр Роббын энгэрийг харалган тэмтчиж ширэн хувцаснаас
нь сүү хайснаа аяархан гонгиносон дуу гаргав. Бран тээнэгэлзсэн байртай гар сунгасанд,

- Алив ээ. Чи түүнийг илж болно гэж Робб хэллээ.

Бран бэлтгрэгийг самгардангуй түргэхэн илээд эцэг нэгтэй ах Жон руу эргэхэд,

- Энд бас нэг байна. Тэнд таван бэлтрэг байсан гээд хоёр дахь бэлтрэгийг түүний гарт
атгуулав.

Бран цасан дээр явган сууж чонын бэлтрэгийг нүүрнийхээ урд тэвэрлээ. Түүний арьс
зөөлхөн агаад хацрыг нь бүлээцүүлнэ.

- Хичнээн жилийн дараа зэрлэг чоно хаант улсад үзэгдлээ. Надад энэ таалагдахгүй байна гэж
морьд адуулагч Халлен бувтнасанд,

- Энэ чинь бэлэг тэмдэг байхгүй юу гэж Жори хэлэв.

Тэдний эцэг хөмсөг зангидаж,

- Энэ бол зөвхөн үхсэн амьтан, Жори гэснээ түгшсэн байртай гутлаараа цас чахруулан их
биеийг тойрч үзээд,

- Ингэхэд юу түүнийг алаа вэ? гэлээ.

- Хоолойд нь нэг юм тээглэсэн байсан. Яг эрүүний доор нь... гэж Робб эцгийгээ асуухаас нь
өмнө хариултыг нь олсон явдалд бахдалтай хэлэв.

Аав нь араатаны хажууд өвдөглөөд толгойных нь дэргэдээс огцом хөдөлгөөнөөр нэг юм


сугалан авснаа бүгдэд харуулав. Хугарсан хурц үзүүртэй эврийн үлдэгдэл цусанд нэвчин
нойтон болжээ.
Гэнэтийн нам гүм болов. Эрчүүл эврийг эвгүйрхэн ширтэх хэдий ч хэн нь ч зүрхэлж
ярьсангүй. Бран хүртэл ойлгоогүй хэр нь тэдний айдсыг мэдэрчээ.

Эцэг нь эврийг хажуу тийш чулуудад цасаар гараа цэвэрлэж,

- Ийм байж яаж гөлөглөж чадсанд гайхаж байна гэж баргар хоолойгоор хэлэхэд,

- Заавал тэгээгүй ч байж болох юм. Би гичий чоно гөлөглөхөөсөө өмнө үхдэг гэж дуулсан юм
байна хэмээн Жори хэлэв.

- Үхсэн амьтнаас төрнө гэдэг ч муу л аз байна даа гэж өөр нэг хүн хэлэв.

- Энэ хамаагүй. Тэд ч гэсэн удахгүй үхэх болно гэж Халлэн дуугарлаа.

Бран эмээсэндээ чимээгүй дуу алдав.

- Түргэн байх тусмаа сайн гэж Теон Грейжой зөвшөөрөөд сэлмээ сугалж,

- Магадгүй энд гүйцээсэн нь дээр биз, Бран гэв.

Жижигхэн амьтан юу болохыг сонсоод ойлгосон янзтай гарт нь атийлаа.

- Үгүй ээ! Энэ минийх гэж Бран ууртай хашгирав.

- Грейжой сэлмээ холдуул. Бид эдгээр бэлтрэгнүүдийг авах болно гэж Робб тушаахад хормын
зуур эцгийнхээ адил хожмын нэг өдөр лорд болсон лугаа адил сонсогдов.

- Чи ингэж чадахгүй, хүү минь гэж Халлений хүү Харвин хэлэхэд,

- Тэднийг алсан нь илүү өршөөл болно гэж Халлен нэмэрлэв.

Бран эцэг рүүгээ аврал эрэн харсан ч барайн хөмсөг зангиджээ.

- Халлен зөв ярьж байна, хүү минь. Энэ хүйтэнд өлсөж үхсэнээс түргэн үхсэн нь дээр.

- Үгүй ээ! гээд Браны нүдэнд нулимс цийлэгнэсэнд буруу харлаа. Тэр аавынхаа урд уйлахыг
хүссэнгүй.

Робб харин шаргуу эсэргүүцэж,

- Родрикийн улаан жингэр өнгөрсөн долоо хоногт ахин гөлөглөсөн. Энэ түүнийг бодвол
хамаагүй бага ердөө хоёр бэлтрэг байна. Тэгээд ч түүний сүү хангалттай хүрэлцэнэ гэв.

- Тэр тэднийг хөхөхөөс нь өмнө тасдан хаях болно.

- Лорд Старк гэж Жон дасал болоогүй албархуу өнгөөр эцэгтээ хандахад Бран түүн рүү
найдангуй харлаа.
- Энд таван бэлтрэг байна. Гурван эр, хоёр эм.

- Чи үүгээрээ юу хэлэх гэсэн юм, Жон?

- Таньд хууль ёсны таван хүүхэд байна. Гурван хүү, хоёр охин. Зэрлэг чоно таны овгийн сүлд
тэмдэг шүү дээ. Хувь заяа хүүхдүүдэд чинь энэ бэлтрэгнүүдийг бэлэглэжээ, эзэнтээн.

Бран эцгийнхээ царайны өнгө өөрчлөгдөхийг харсан ч бусад хүмүүс харц солилцов. Тэр
Жонд дуртай хэдий ч одоо энэ агшинд үнэн зүрхнээсээ хайртай боллоо. Тэрч байтугай
долоон настай хэдий ч ахынхаа байр суур ямар болохыг ойлгож байв. Жон өөрийгөө
орхигдуулан хэлжээ. Охидуудад болон жаахан Риконыг оролцуулахгүй байя гэхэд бутач
хүүхдийн овог болох Сноу гэсэн нэрнээсээ салж чадахгүй бөгөөд хойд зүгт өөрийн нэрээр
овоглох нь хэзээ ч аз авчирдаггүй юм.

Эцэг нь үүнийг сайн ойлгож байв.

- Жон чи өөртөө гөлөг авмааргүй байна уу? гэж тэр аяархан асуулаа.

- Зэрлэг чоно бол Старкын удмын сүлд. Харин би бол Старк биш, аав аа гэж Жон тодотгон
хэлэв.

Эцэг нь түүний бодлогоширонгуй харлаа. Тэгтэл Робб нам гүмийг эвдэн,

- Би бэлтрэгээ өөрөө тэжээнэ. Бүлээн сүүнд дэвтээсэн алчуураар түүнийг угжих болно гэв.

- Би ч гэсэн! гэж Бран дуу алдлаа.

Лорд эцэг нь хөвгүүдээ болгоомжтой нүдээр удтал цэгнэн харснаа,

- Хэлэх амархан ч хийх хэцүү. Би та нарыг зарцын ажил хийж цаг хүрээсэй гэж хүсэхгүй
байна. Гэсэн ч та нарт бэлтрэг хэрэгтэй бол өөрсдөө тэжээгээрэй. Ойлгосон уу? гэлээ.

Бран тэсч ядан толгой дохилов. Түүний тэврэлтэнд атийсан бэлтрэг тэнийж дулаахан
хэлээрээ нүүрийг нь долоов.

- Та нар эднийг өөрсдийн биеэр сайн сургах ёстой шүү. Хоточ нохой маллагчид эдгээр
мангастай чинь орооцолдож чадахгүй гэдгийг би та нарт амлах байна. Тэгээд ч бурхан тэнгэр
та нарт тэднийг зөнд нь орхилгүй халамж тавьж сайн сургахад тус болно. Энэ бол зүгээр нэг
хөлд чинь шарвагнаж өшиглөхөд холддог нохой биш. Зэрлэг чоно нас бие гүйцсэн хүний
гарыг нохой харх алахын адил хялбархан тасчин хаяж чадна. Та нар үнэхээр үүнийг хүсч
байгаа хэрэг үү? гэлээ.

- Тиймээ, аав аа гэж Бран хэлэхэд,

- Тийм гэж Робб зөвшөөрөв.

- Тэгээд ч гөлөг та нар хичээл зүйтгэлийг үл харгалзан үхэж болно.


- Тэд үхэхгүй ээ. Бид тэднийг үхүүлэхгүй гэж Робб эсэргүүцэв.

- Тэгвэл тэднийгээ ав. Жори, Десмонд хоёр бусад гөлөгнүүдийг ав. Винтерфелл рүү буцах цаг
болж.

Тэднийг мориндоо морьдож замдаа ороогүй байтал Браны сэтгэл зүрх ялалтын баяр хөөрөөр
дүүрлээ. Түүний бэлтрэг арьсан хувцасны дотор биед наалдан бүлээцүүлж гэр хүрэх урт замд
аюулгүй байх боломжтой болжээ. Бран түүнд ямар нэр өгөхөө бодож явлаа.

Гүүрний хагаст Жон гэнэтхэн зогсоход,

- Юу болоо вэ, Жон? гэж эцэг нь асуулаа.

- Та үүнийг сонсож байна уу?

Бран салхинд мод исгэрэн, гүүрний модон банзан дээгүүр туурайн чимээ тачигнахаас гадна
өлсгөлөн бэлтрэг гийнахыг сонссон ч Жон ямар нэг өөр зүйл олж сонсчээ.

- Тийшээ гээд Жон морио эргүүлэн гүүрний дээгүүр буцаж цогиулав. Бүгд түүнийг цасан
дээр хэвтэж байсан зэрлэг чонын дэргэд мориноосоо бууж өвдөглөхийг харлаа. Хормын
дараа буцаж морьдохдоо инээмсэглэж,

- Энэ бусдаасаа хол мөлхчихсөн байж гэв.

- Эсвэл хөөгдсөн ч юмуу гэж эцэг нь зургаа дахь бэлтрэгийг хараад хэллээ. Бусад нь саарал
зүстэй байтал тэр цагаан өнгийн үстэй аж. Нүд нь өнөө өглөө үхсэн ноорхой хүний цус шиг
час улаан байлаа. Бран бусад нь нүдээ нээгээгүй байтал энэ гөлөг ганцаар нүд нээсэнд
гайхан сониучирхав.

- Альбинос байх нь. Тэгвэл ч бусдаасаа хамаагүй түргэн үхэх байх даа гэж Теон Грейжой
хөгжин хэлэхэд,

- Жон эцгийнхээ бараа бологч руу хүйтэн ширтэж,

- Би тэгж бодохгүй байна, Грейжой. Энэ одооноос надад хамааралтай болсон гэлээ.
КАТЕЛИН

Эндхийн бурхдын мод Кателинд хэзээ ч таалагдаж байсангүй.

Кателин өмнө зүгт алсад байдаг Ривверраны Сэрээнээс салаалан урсдаг голын нэг болох
Улаан Уулзвар дахь Таллигийн удмын гэрт төржээ. Тэндхийн цэцэрлэгт бурхдын мод байдаг
ч тод өнгийн гунхалзсан гоолиг бөгөөд өндөр өндөр ургасан улаан мододын сүүдэрт горхины
ус мяралзан, шувууд үүрэндээ дуулж агаарт цэцэгсийн анхилам үнэр тардаг байна.

Гэвч Винтерфеллийн бурхдын мод ондоо төрлийнх аж. Эндхийн ой харанхуй зэлүүд бөгөөд
арван мянган жилийн тэртээгээс гурван акр газар эзлэн ургасан ургасан онгон дагшин
эртний хөгшин ой цайзыг баргар хүрээлнэ. Газрын хөрснөөс нь чийгтэй ялзмагын үнэр нэвт
ханхалж, Улаан модод энд ургадагггүй байлаа. Саарал ногоон навчин шилмүүс хөдөрсөн
эртний зөрүүд харуул модод тэргүүтэй хүчирхэг царс, хатуу модон ой шигүү ургажээ. Тэдний
бахим хар их биес хоорондоо шахаж нийлэн, өтгөн саглагар мөчир нь толгой дээр шигүү
орооцолдож нарны гэрэл хаан, бүдүүн бөх үндсээ газрын хөрсөнд бат шигтгэжээ. Эндхийн
газар анир чимээгүй сүүдэр ноёлох агаад нэргүй бурхад амьдардаг байв.

Гэсэн ч тэр өнөө орой нөхөр нь энд байгааг мэдэж байлаа. Энэ хүнтэй амьдралаа холбосон
жилүүдийн туршид Эддард үргэлж анир чимээгүй бурхдын мод руу явдаг байсан юм.

Кателин солонгон өнгөөр туяарсан Риверраны сүмд нэр хүртсэн бөгөөд эцэг өвгөдийнхөө
итгэл сүжгийг залгамжлан авчээ. Түүний бурхад нэртэй бөгөөд нүүр царай нь төрсөн эцэг
эхийн адил танил ажээ.

Сүмийн тайлгач арц хүжсийн үнэр уугиулж, мөргөлийн дуу хадахад долоон талст бүхий
болор гэрэлд амьд юм шиг гялтагнан гялалзана. Таллигийнхан орон гэртээ бурхдын модыг
хадгалан үлдсэн ч зөвхөн доогуур нь явж зугаалах төдий юм уу, юм унших эсвэл наранд ээж
хэвтдэг газар нь байв. Тэд сүмд мөргөн шүтдэг байлаа.

Түүнийг долоон нүүртэй бурханаа магтан дуулахад зориулж Нэд жижигхэн сүм барьж өгсөн
ч Старкынхны цусанд анхны хүний цус бугшиж буй тул өөрөө эртний нэргүй бурхад болоод,
ногоон ойн нүүргүй бурхад аль эрт алга болсон ойн хүүхдүүдэд шүтнэ.

Шугуйн төвд хүйтэн харанхуй устай бяцхан цөөрөм дээгүүр эртний хөгшин далан мод
сүндэрлэн ургана. "Зүрх мод" гэж Нед үүнийг нэрлэдэг байв. Модны холтос яс шиг цайсан
цагаан бөгөөд навчис нь мянга мянган цусан дусалтай гар адил баргар хүрэн улаан өнгөтэй.
Модны бахим их биеийн нүүрэн талд гүнзгий бодлогоширсон нүүр сийлж гүн улаан нүд
гаргасан нь шүүс нь хатаж хорчийгоод хачин этгээд үзэгдэнэ. Эдгээр нүд маш эртний бөгөөд
Винтерфеллээс ч урьд байжээ. Хэрвээ түүхэнд гардаг үнэн бол тэр Брандон баригч анхны
чулуугаа өрөхийг харж, цайзын боржин чулуун хана тэдний тойронд хэрхэн сүндэрлэхийг
харсан бизээ. Үүнд анхны хүн давчуу тэнгисийг гатлан ирэхээс урьд ойн хүүхдүүд модны
нүүрийг сийлсэн гэж ярьцгаадаг.

Түүнчлэн ногоон хүн чимээгүй харуулаа хийж байдаг Нүүрний арлыг эс тооцвол өмнө зүгт
сүүлчийн далан мод мянган жилийн тэртээ цавчигдан унаж шатаагджээ. Хойд зүгт харин өөр
байлаа. Эндхийн цайз шилтгээн бүрт бурхдын мод сүндэрлэн ургаж, модод бүхэнд зүрх мод
байх бөгөөд, зүрх мод бүрт нүүр царай байна.

Кателин нөхрөө далан модны дор хөвдөнд хучигдсан чулуун дээр сууж байхад нь оллоо. Тэр
их илд "Мөс"-өө өвдөг дээрээ тавьж шөнө шиг харанхуй цөөрмийн усаар ирийг нь цэвэрлэж
байв. Мянган жилийн тэртээгээс бурхдын модон доор аажмаар зузаарсан ялзмаг хөлийг нь
хөхөх чимээ гарахад модны улаан нүд түүний ирэхийг дагуулан харах мэт санагдав.

- Нэд гэж тэр аяархан дуудахад нөхөр нь толгой өнгийн харснаа,

- Кателин гэж хэлэв. Түүний хоолой хөндий албархуу байлаа.

- Хүүхдүүд хаана байна?

Тэр түүнээс үргэлж үүнийг асуудаг байв.

- Гал зууханд бэлтрэгнүүддээ ямар нэр өгөх талаар маргаж байгаа гээд Кателин нөмрөгөө
ойн газар тавьж цөөрмийн дэргэд далан мод руу нуруугаа харуулан суулаа. Тэр нүдний цоо
ширтэхийг мэдэрсэн ч тоохгүй байсан нь дээр гэж үзлээ.

- Аръяа хайр татам, Санса сэтгэл булаам налархай, Рикон харин чимээгүйхэн байсан.

- Тэр айгаа юу?

- Жаахан л. Тэр ердөө гурван настай шүү дээ гэхэд Нэд хөмсөг зангидлаа.

- Тэр айдастай нүүр тулгарч сурах хэрэгтэй. Ямар үргэлж гурван настай байх юм биш. Тэгээд
ч өвөл ирж байна.

- Тиймээ гэж Кателин зөвшөөрөхөд энэ үг үргэлжид байдаг шигээ түүний дотрыг
жихүүцүүлэв. Старкынхны хэлц үг. Сурвалжит язгууртан айл болгонд өөрсдийн гэр бүлийн
уриа лоозон, хэмжүүр, эргэл мөргөл, гавъяа зүтгэлээ тунхаглаж, үнэнч дагахаа илэрхийлэн эр
зоригоо тунхаглан амалдаг уриа байлаа. Гэвч Старкынхан энэ үгийг юм бүхэнд хэрэглэнэ.
Өвөл ирж байна гэж тэд хэлцдэг байв. Кателин ер нь нэг бус удаагаа хойд зүгийнхэн
хачирхалтай улс гэж бодож байгаа билээ.

- Оргодол нэр төртэйгээр үхсэн. Би Браныг сайн байсанд баяртай байна. Чи түүгээр бахархаж
болно гээд Нэд гартаа барьсан урт илдийг тосолсон арьсаны өөдсөөр харанхуйд туяартал
зүлгэв.

- Би үргэлж Бранаар бахархах болно гээд Кателин түүний гарт байгаа илдийг харлаа. Ганг
нугалан хэдэн зуу дахин давтаж хийсэн хүнд илд гүндээ долгиолно. Кателин энэхүү илдэнд
төдийлөн дуртай биш авч үзэсгэлэнтэй сайхан зэвсэг гэдгийг нь үгүйсгэдэггүй байв. Үүнийг
хэдэн зууны тэртээ Валерианд давтаж хийсэн бөгөөд тэндхийн дарчуул гангаа зөвхөн алхаар
төдийгүй шившлэгээр давтдаг байсан гэж ярьцгаадаг. Дөрвөн зуун жилийн настай хэдий ч
саяхан давтсан мэт хурц хэвээр байгаа билээ. Нэр нь хүртэл эртний алдартай зууны өмнө
Старкынхан хойд зүгийг хаанчлах үеийн нэр.
- Тэр энэ жил дөрөв хүрнэ. Хөөрхий тэр хүн хагас галзуурлын даваан дээр байсан. Ямар нэг
юмнаас айсандаа миний үгийг ойлгож чадахааргүй айдаст автсан байсан гэж Нэд баргар
царайлан хэлснээ санаа алдаж,

- Бэн Шөнийн харуулын хүч мянгаас доошгүй хүн үлдсэн гэж бичиж байсан. Энэ бол зөвхөн
оргон зайлагч нараас болсон юм биш. Тэд хүмүүсээ оргон зайлахад төдийгүй тулалдааны
улмаас алдаж байгаа гэхэд,

- Зэрлэгүүдээс болоод тэр үү? гэж Кателин асуулаа.

- Өөр хэн байх вэ дээ? гээд Нэд "Мөс"-ийг өргөж хүйтэн урт судлыг нь харав.

- Энэ нь байдлыг улам дордуулж байна. Магадгүй цаг нь ирэхэд надад тугчдаа дуудан умард
зүг рүү мордож Ханын цаадах хаанын учрыг олох хэрэг гарах ч юм билүү.

- Ханын цааш мордох гэнээ? гээд Кателиний чичрүүдэс хүрэв.

Нэд түүний царайд тодорсон айдсыг харсан бололтой,

- Бидэнд Манс Рэйдерээс айх явдал огтхон ч байхгүй гэхэд,

- Хананаас цаана өөр илүү аймшигт зүйлс байдаг биз дээ гээд ардаа байгаа зүрх мод руу
хяламхийсэнд цайвар холтостой улаан нүд урдаас нь ширтэж, яриаг нь сонсох зуураа урт
бодол хөрвүүлж буй мэт байлаа.

Нэд инээвхийлснээ,

- Чи хөгшин Наны үлгэрээс дэндүү олон зүйл сонссон бололтой. Нөгөөдүүл үхэж, ойн
хүүхдүүд найман зуун жилийн өмнөөс алга болсон. Мастер Лювин чамд тэднийг хэзээ ч
байгаагүй гэдгийг нотлоод өгөх байх. Өдгөө хүртэл нэг ч амьд хүн тэднийг хараагүй гэв.

- Гэхдээ өнөө өглөө хүртэл нэг ч амьд хүн зэрлэг чоно байдаг гэдгийг хараагүй байсан шүү
дээ гэж Кателин түүнд сануулав.

- Би Таллигийнхантай маргалдахдаа үгээ бодсон нь дээр гэдгийг мэднэ хэмээн Нэд


гэмшингүй инээмсэглэж "Мөс"-ийг буцааж хуйнд нь хийгээд,

- Чи наашаа хүүхдийн үлгэр ярьж өгөхөөр ирээгүй нь лавтай. Би чамд энэ газар хичнээн бага
таалагддагыг мэднэ. Юу болов, хатагтай минь? гэлээ.

Кателин нөхрийнхөө гараас атгаж,

- Өнөөдөр гашуудлын мэдээ ирж, эзэнтээн. Би чамайг илдээ цэвэрлэж дуусах хүртэл төвөг
удахыг хүсээгүй юм гэснээ хэлэх үгээ зөөллөх арга олоогүйд шулуухнаар,

- Надад их харамсалтай байна, хайрт минь. Жон Аррин үхэж гэлээ.


Тэдний харц хоорондоо тулгарахад Кателин түүнд хичнээн хүнд цохилт болсоныг ойлгов. Нэд
хүүхэд байхдаа Бүргэдийн үүрд өсч хүмүүжсэн бөгөөд Роберт Баратеоны шадар туслах үр
хүүхэдгүй лорд Аррен түүний хоёр дахь эцэг нь болжээ. Галзуу хаан Аерис Таргареан тэдний
толгойг шаардах үед Бүргэдийн үүргийн эзэн лорд өөрийн сар шонхортой далбаагаа өргөн
мандуулж хамгаалан эсэргүүцсэн билээ.

Үүнээс хойш арван таван жил өнгөрөхөд Нэд хоёр дахь аавтайгаа ах дүү бололцон
Ривверраны сүмд хамт зогсож эгч дүү болох лорд Хостер Таллигийн охидтой гэрлэсэн юм.

- Жон гэнэ ээ.... Энэ үнэхээр баттай мэдээ юу? гэж Нэд дуу алдав.

- Хааны лац тэмдэгтэй Робертийн өөрийн гараар бичсэн захиа ирсэн. Би түүнийг чамд
зориулан хадгалж байгаа. Тэр Лорд Аррин түргэхэн үхсэн гэж бичсэн байна. Мастер Пицелл
хүртэл түүнд туслахаас хүчин мөхөсдөж өвчнийг нь намдаахаар намуу цэцэгтэй сүү өгөхөөс
хэтрээгүй байна.

- Тиймээ энэ ч багагүй уяхан сэтгэл шүү гээд Нэдийн царайд гашуудал туссанаа түүний энэ
тухай бодохоос урьтаж,

- Чиний эгч, Жоны хүү хоёр яасан бол? Тэднээс ямар сурагтай байна? гэв.

- Захианд зөвхөн тэднийг Бүргэдийн үүрэнд эсэн мэнд очсон гэж дурьдсан байсан. Би
тэднийг оронд нь Риверранд очсон ч болоосой гэж хүсч байна. Бүргэдийн үүр бол өндөрт
байдаг хүнгүй зэлүүд газар. Тэгээд ч нөхрийнх нь болохоос түүнийх биш. Лорд Жоны
дурсамж чулуу бүрээс нь ханхалж байгаа. Би дүүгээ мэднэ. Түүнд гэр бүл найз нөхдөөрөө
хүрээлүүлж тайвшируулах нь хэрэгтэй.

- Хөндийд нь танай нагац ах чинь байдаг биз дээ? Жон түүнийг хаалган дээрх хүлэг баатраар
өргөмжилсөн гэж би сонссон юм байна гэхэд Кателин толгой дохисноо,

- Бринден хөвгүүн болон Лиза болон хөвгүүний төлөө чадах бүхнээ хийх болно. Гэхдээ энэ
багахан тайвширал... гэхэд,

- Хүүхдүүдээ аваад түүн рүү оч. Өргөө байшинг нь инээд шуугианаар дүүргэ. Тэр хөвгүүнд ч
гэсэн бусад хүүхдүүд хэрэгтэй, Лиза ч бас ганцаараа гашуудаж байж болохгүй гэж Нэд
зөвлөв.

- Би үүнийг хичнээн хийхийг хүссэн ч захианд өөр зүйл дурьдсан байсан. Хаан Винтерфелл
рүү чамайг авахаар ирж байгаа юм байна.

Нэд түүний үгийг ухамсарлах хүртэл хормын төдий хугацаа шаардсанаа ойлгосон даруй
харцан дахь гуниг нь алга болж,

- Роберт ийшээ ирж байгаа хэрэг үү? гэхэд толгой дохисонд царайд нь инээмсэглэл тодров.
Кателин түүний баяр хөөрийг хуваалцахыг хүслээ. Гэвч тэр гадаа хашаанд цасан дээр үхсэн
зэрлэг чонын хоолойд хугарсан эвэр зоогдсон байсан тухай сонссон билээ. Айдас түүний
дотрыг могой шиг хүлэхэд хайртай хүн рүүгээ хүчлэн инээмсэглэв.

- Би чамайг үүнд баярлана гэдгийг чинь мэдэж байсан юм. Бид чиний Ханан дээр байгаа
ахад үг хүргэх хэрэгтэй байх.

- Тэгэлгүй яахав. Бэн мэдээж ийшээ ирэхийг хүсэх нь лавтай. Би мастер Лювинд хэлж түүн
рүү шувуу илгээе гээд Нэд босч өвдгөө илснээ,

- Хараал идмэр гэж хичнээн жил өнгөрөө вэ? Тэгэхэд Роберт наашаа анхааруулгагүй ирж л
байдаг! Түүнийг дагуул хэр их хүнтэй ирж байгаа гэж байна? Захианд энэ тухай дурьдсан
байсан уу? гэв.

- Би тэднийг зуугаад хүлэг баатрууд болон бүх зарц нараа, чөлөөт морьтонгуудынхаа хагасыг
дагуулан ирнэ гэж бодож байна. Церцей хүүхдүүдтэйгээ тэдэнтэй хамт яваа юм байна.

- Роберт тэдний ая тухын төлөө явалтаа удаашруулах нь. Энэ чинь сайн хэрэг. Бидэнд илүү их
бэлтгэх хугацаа өгөх болно.

- Бас хатан хааны ах нь энэ хэсэгт яваа юм байна гэсэнд Нэд ярвайлаа.

Түүний хатан хааны гэр бүлд хичнээн бага талтай болохыг нь Кателин мэдэж байв.
Ланнистерийнхэн Кастерли Рокд ялалт Робертын талд гарцаагүй болсон хойно орсныг тэр
одоо хүртэл уучлахгүй байгаа билээ.

- Тэгэхээр Робертийн цуваа Ланнистерийнханы шимэгчээр халдварласан юм биз дээ. Роберт


бараг л ордныхоо хагасыг дагуулан ирж байгаа юм шиг сонсогдож байх чинь.

- Хаан хааш явна хатан хаан дагалддаг жамтай.

- Тэднийг хүүхдүүдийг харвал муугүй байхсан. Хамгийн бага нь намайг сүүлд харах үед
Ланнистерийн хүүхний хөхнөөс салаагүй байсан. Одоо тавтай бил үү?

- Ханхүү Томмен долоон настай. Брантай чацуу. Гуйж байна, Нэд наад ам хэлээ жаахан татаж
үз. Ланнистерийн хүүхэн бидний хатан болсон болохоор нэр хүнд нь жил ирэх тусам өсч
байна гэхэд Нэд түүний гарыг атгаснаа,

- Тэгэхээр дуучид дуудан найрлах нь гарцаагүй. Бас Роберт агнахыг хүсэх нь лавтай. Би
Жориг өмнө зүг рүү бүлэг хамгаалагчдын хамт илгээж хааныг замд нь угтуулан бараа болгон
ирүүлье. Бурхан минь бид тэд бүхнийг яаж тэжээх хэрэг болж байна? Түүнийг замдаа хэдийн
гарсан гэж чи хэлсэн үү? Хараал идмэр. Энэ махлаг хүнийг хараал идээсэй гэв.
ДАНЕРИС

Ах нь түүнд даашинз өргөн үзүүлсэнээ,

- Ямар үзэсгэлэнтэйг нь хараач. Хүрээд үз. Алив ээ. Даавууг мэдэр гэв.

Дани хүрлээ. Давуу итгэмээргүй толигор бөгөөд хуруунуудын завсар ус мэт урсах шиг
санагдана. Тэр хэзээ ч ийм хөнгөхөн зөөлөн хувцас өмсөж байсангүй тул эмээх сэтгэл төрөн
гараа холдуулж,

- Энэ үнэхээр минийх юм уу? гэв.

- Магистер Иллириогийн бэлэг. Чиний нүдний өнгөтэй зохицуулан нил ягаан өнгийг
сонгосон юм. Үүнээс гадна алт, бүх төрлийн үнэт чулуун эдлэл өгнө гэж Иллирио амалсан.
Өнөө орой чи яг л гүнж шиг харагдах болно гээд Визерис инээмсэглэв. Тэр энэ үдэш их
сайхан ааштай байгаа билээ.

"Гүнж шиг" гэж Дани бодлоо. Энэ юутай төстэй байдгийг мартаж орхиж. Магадгүй хэзээ ч
мэдэхгүй байсан биз.

- Тэр яагаад бидэнд ийм их юм өгч байгаа юм бэ? Биднээс юу хүсээ вэ? гэж Дани асуув.

Хагас жилийн өмнөөс тэд магистерийн гэрт амьдарч, хооллож ундлан зарц нараар нь
үйлчлүүлэх болжээ. Дани одоо арван гурван настай болохоор чөлөөт хот Пентост баян сайхан
бэлэг сэлт зүгээр нэг үнэгүй өгдөггүй гэдгийг ойлгож байв.

Цайвар хөх өнгийн нүдтэй туранхай залуу хүн бухимдангуй гараа савчиж,

- Иллирио ч тэнэг хүн биш л дээ. Тэр намайг хаан ширээнд суусан хойно найз нөхдөө
мартахгүй гэдгийг мэдэж байгаа гэв.

Дани юу ч хэлсэнгүй. Магистер Иллирио халуун ногоо, үнэт эрдэнийн чулуу, лууны яс болон
өөр бусад элдэв үнэт зүйлс наймаалдаг худалдаачин хүн байсан бөгөөд чөлөөт есөн хотод
олон анд нөхөдтэйн дээр түүнээс ч цааш Хаш тэнгисийн дэргэд үлгэрийн газарт нутагладаг
Вейсийн Дотракуудтай ч мөн адил нөхөрлөдөг байв. Түүнийг хэзээ ч тохиромжтой үнэ цэнэ
хүрэхгүй хүнтэй найз нөхөд болдоггүй гэж ярьцгаадаг. Дани энэ тухай гадаа гудамжинд
сонссон ч дэврүүн мөрөөдөлдөө умбаж буй ахыгаа уурлуулахгүйн тулд хэлж зүрхэлсэнгүй.
Тэр аймшигтай түргэн зантай ууртай бөгөөд "лууг сэрээх хэрэггүй шүү!" гэж үргэлж
анхааруулдаг байв.

Визерис даашинзыг хаалганы дэргэд өлгөснөө,

- Иллириогийн зарц нар чамайг усанд оруулах болно. Жүчээний өмхий үнэр ханхлуулахгүй
байхыг хичээгээрэй дээ. Хал Дрого мянган морьдтой ч өнөө орой өөр төрлийн гүү хайж
байгаа гээд түүнийг шүүмжлэнгүй харснаа,
- Ахиад л бөгтийчөө юу. Тэгшхэн зогс гээд мөрөн дээр нь дарж тэгшлээд,

- Одоо л нэг эмэгтэй хүний дүрстэй боллоо гээд хуруугаа хөхний товчин дээгүүр нь хөнгөхөн
гүйлгэж,

- Чи өнөө орой намайг гутаах ёсгүй шүү. Хэрвээ тэгэх юм бол сайн юм ер хүлээх хэрэггүй.
Чи лууг сэрээхийг хүсэхгүй л байгаа биз дээ? гээд даашинзны цаадах биенээс нь чанга
чимхэж,

- Тэгэхгүй биз дээ? гэж давтлаа.

- Үгүй гэж Дани хүлцэнгүй өчсөнд ах нь инээмсэглэн,

- Сайн байна гээд үсийг нь илбэж,

- Хонгор дүү минь хэн миний хаанчлалын түүхийг бичих хүн өнөө оройноос эхлэх болно
гэлээ.

Түүнийг явсан хойно Дани цонх руу очиж далайн булангын ус руу уйтгартай ширтэв. Жаргаж
буй нарны гэрэлд Пентосын тоосгон дөрвөлжин хар цамхагууд харлан сүүдэртэнэ. Дани
улаан тайлгачын дуулан шөнийн гэрлээ асах, гудамжинд ноорхой хүүхэд багачууд тоглон
хашгирахыг сонсоод агшин зуур тэдэнтэй нүцгэн хөлөөрөө гүйж харайн тоглож өнгөрсөн
болон ирээдүй Хал Дрогогын байшинд болох найранд санаа зовохгүй байхыг хүслээ.

Хаа нэгтээ жаргаж буй нарны цаадтай уйтан тэнгисийн тэртээ ногоон хөндий толгод
цэцэглэн, горхийн ус хоржигнож, үзэсгэлэнт цэнхэр уулсын дунд хар чулуун цамхаг
сүндэрлэн, хуяг дуулгат хүлэг баатрууд эздийнхээ туган дор дайн тулаанд явж буй.
Дотракичууд энэ газрыг Рэйш Андали буюу Андалсын газар гэж дууддаг бөгөөд, чөлөөт хотод
бол Весторос буюу наран жаргах зүгийн хаант улс гэж нэрлэнэ. Ах нь харин энгийнээр
"Манай газар нутаг" гэж нэрлэдэг байв. Энэ үгээ тэр мөргөл шиг хэлэх бөгөөд тэнгэр бурхдад
сонсдуулахын тулд олонтоо давтана.

- Бидний хууль ёсны газрыг урван тэрслэгч булаан авсан ч үүрд биднийх хэвээр үлдэнэ.
Луугаас хулгайлж болохгүй биз дээ? Үгүй дээ луу үүнийг мартахгүй.

Магадгүй луу санаж байж болох ч Дани үүнийг санахгүй байлаа. Тэр хэзээ ч ахынхаа өөрийн
гэж нэрлэдэг уйтан тэнгисийн тэртээх хаант улсыг хараагүй билээ. Түүний ярьдаг Кастерли
Рок, Бүргэдийн үүр, Хайгарден, Арриний хөндий, Дорн болоод Нүүрний арлууд зэрэг нь
түүний хувьд ердийн нэг хоосон үг байв. Визерисийг найман настай байхад тэд Хааны газар
булаан эзлэгчдийн армиас зугтсан бөгөөд тэр үед Данерис дөнгөж эхийнхээ хэвлийд байсан
юм.

Заримдаа Дани ахынхаа ярианы үеэр энэ бүхэн ямар байхыг зураглан бодно. Тэд Лууны
цохионоос шөнө сарны гэрэлд хар усан онгоц хөлөглөн зугтжээ. Түүний ах Рэйгэр Сэрээн
дэх булаан эзлэгчтэй хийсэн цуст тулалдаанд хайртай хүнийхээ төлөө үрэгдсэн билээ. Хааны
газрыг эзэлсэн Ланнистерийн лордууд болон Старкийнхныг Визерис булаан эзлэгчдийн
ноход гэж дууддаг байв. Рэйгэрийн залгамжлагч болох Дорнийн ханхүү Элиа өршөөл гуйсан ч
эхийнхээ өврөөс булаалган нүдэн дээр нь хөнөөлгөсөн юм. Хаан ширээний өргөөнд хааны
хамгаалагч эзэн хааны хоолойг алтан илдээр огтлохыг сүүлчийн лууны хувхай гавал хоосон
ухархайгаараа ширтэж байлаа.

Данерис Лууны цохионоос дүрвэснээс хойш есөн сарын дараа арлыг бүхлээр залгих шахсан
зуны шуурганы үеэр төржээ. Тэр үеийн далайн шуурга аймшигтай байсан гэж хэлцдэг.
Таргарины усан цэргийн флот хад мөргөн хэмх сүйрч, давалгаа хэрмийн том том чулуун
хавтанг нураахад тэнгисийн ус сад тавин орж иржээ. Түүнийг эх нь төрүүлээд нас барсны
учир Данерисыг ах нь хэзээ ч уучилдаггүй байлаа.

Тэр Лууны цохио арлын талаар огт санадаггүй байв. Дараа нь тэд ахин булаан эзлэгч ирэхээс
өмнө завь хөлөглөн зугтжээ. Лууны цохио арал тэдэнд долоон ханлигаас үлдсэн эртний орон
гэр байсан ч үүнийгээ удаан хадгалж чадсангүй. Хамгаалах цэргийн анги урван тэднийг
булаан эзлэгчдэд зарахаар завдсан тэр нэгэн шөнө сэр Виллем Дарри үнэнч дөрвөн хүнийхээ
хамтаар хүүхдүүдийг хөхүүл асрагчийн хамт хулгайлан харанхуйг далимдуулан Бравосианы
аюулгүй эрэгт авчирчээ.

Данерис сэр Виллем хэмээх харалган нүдтэй саарал баавгай шиг том биетэй хүн өвчтэй
оронд хэвтэн зарц нартаа хашгиран тушаал буулгадаг байсныг бүүдгэр санана. Зарц нарыг
тэр айдаст автуулах хэдий ч Данид бол үргэлж эелдэг ханддаг байв. Тэр түүнийг жижигхэн
гүнж юмуу заримдаа хатагтай гэж нэрлэн элэгдсэн арьс шиг зөөлөрсөн арьстай алгаараа
гарыг нь атгана. Үүний дээр хэзээ ч орноосоо босдоггүй учир өдөр шөнөгүй ой гутам үнэр
ханхлана.

Тэр үед тэд нар Бравост улаан хаалгатай том байшинд амьдарч байсан бөгөөд Данид өөрийн
гэсэн нимбэгний мод руу харсан цонхтой өрөө байдаг байв. Хожим ноён Виллем үхэхэд зарц
нар тэдэнд үлдсэн жаахан мөнгийг хулгайлсаны улмаас удалгүй том байшинг орхиход
хүргэжээ. Байшингийн улаан хаалга тэдний ард үүрд хаагдахад Дани гашуудан уйлсан юм.
Энэ цагаас хойш тэд Бравосоос Мир лүү, Мирээс Тирош луу тэндээсээ Квохор луу болон
Волантисаас Лис рүү гэх мэт хэсүүчлэн явж хэзээ ч нэг газраа удаан саатдаггүй байлаа. Ах нь
үүнийг зөвшөөрдөггүй байв. Тэрбээр Булаан эзлэгчдийн илгээсэн хөлсний алуурчин араас нь
мөшгөж байгаа гэж үргэлж нотолдог байсан ч Дани үүнийг нь хэзээ ч харсангүй.

Магистерийн хаалгаар анх орж ирэх үед баян худалдаачин Таргариний сүүлчийн удмыг
эелдэгээр хүлээн авч гэрийн ширээндээ урьж суулгасан бөгөөд он жил өнгөрсөн ч булаан
эзлэгч төмөр хаан ширээнд үргэлжлүүлэн суусаар буй тул тэдний буцах зам хаагдаж даруухан
амьдрахаас өөр аргагүйд хүрэв. Тэд цаг хугацааны явцад эхийнхээ титмээс авсан сүүлчийн
ганц хөрөнгө болох хэдхэн тооны эрдэнэсээ заржээ. Пентосын гудамжинд дарс исгэгчид ахыг
нь "гуйлгачин хаан" гэж дууддаг байв. Дани тэдний яагаад ингэж нэрлэж байгаа талаар
мэдэхийг ч хүссэнгүй.

- Бид алдсан бүх зүйлээ нэг л өдөр буцааж авна, хонгор дүү минь гэж Визерис амлах бөгөөд
заримдаа энэ тухай ярих үедээ гар нь чичигнэнэ.

- Эрдэнэс баялаг, торго дурдан, Лууны цохио, Хааны газар, долоон ханлигийн төмөр хаан
ширээний суудал гээд тэдний биднээс булааж авсан бүхнийг буцаан авах болно гэдэг байв.

Визерис зөвхөн тэр өдрийн төлөө амьдарч байлаа. Харин Данерисийн хүсч байсан зүйл гэвэл
цонхны гадаа нимбэгийн мод ургасан хүүхэд ахуйн улаан хаалгатай том байшинд буцаж очих
явдал байв.

Тэгтэл хаалга аяархан цохих чимээ гарсанд Дани,

- Ороорой гэж хэлээд цонхноос холдлоо.

Иллриогийн зарц нар орж ирээд мэхийн ёсолж ажилдаа оров. Эдгээр нь магистерт
Дотракигийн олон найзуудаас бэлэг болгон өгсөн зарц боолууд байсан бөгөөд хэдийгээр
чөлөөт хот Пентост боол байдаггүй ч гэлээ боол боолоороо л үлдэнэ. Жижигхэн биетэй
саарал хулгана шиг хөгшин эмэгтэй хэзээ ч үг дуугардаггүй атал охин ярих дуртай. Тэр
Иллириогийн дуртай төрлийн бараан үс, цэнхэр нүд, цайвар үс, цэнхэр нүдтэй бөгөөд
ажиллах зуураа ярьж чаддаг арван зургаан настай охин байлаа.

Тэд онгоцонд халуун ус дүүргэж гал зуухнаас авчирсан анхилам үнэртэй тос дусаав. Охин
Данигийн хувцсыг толгой дээгүүрээ тайлахад туслаад онгоцонд оруулав. Ус шазлам халуун
байсан ч Данерис хашгирч давхийсэнгүй. Тэр халуун дуртай бөгөөд цэвэр гэдгээ мэдэхэд
тусалдаг учир таатай санагдана. Түүний дээр үргэлж ах "Таргаринийханд хэзээ ч халуун гэж
байх ёсгүй. Бидний овог бол луу. Гал бидний цусанд байдаг" гэж ярина.

Хөгшин эмэгтэй чимээгүйхэн түүний урт мөнгөлөг цайвар үсний ээдрээг гарган нямбайлан
угааж, охин ар нуруу хөлийг нь сойздох зуураа түүнд хичнээн аз тохиосон тухай чалчина.

- Дрого маш баян боолууд нь хүртэл алтан хүзүүвчтэй. Зуун мянган хүн түүний халасарт
цэрэглэн явдаг бөгөөд Вэйс Дотрак дахь гэрт нь цэвэр мөнгөн хаалгатай хоёр зуун өрөө бий.

Түүнчлэн хал хичнээн царайлаг, өндөр гоолиг бие тулаанд аймшиггүй чөтгөрийн
харваачидтай сүргийн манлай морь хөлөглөн явдаг тухай ярилаа. Данерис үг дуугарсангүй.
Тэр үргэлж насанд хүрсэн хойноо Визеристэй гэрлэнэ гэж боддог байв. Зууны тэртээ Аегон
дүүтэйгээ гэрлэх сүй тавьсанаар Таргариний ах дүүс хоорондоо гэрлэх уламжлал тогтжээ.
Энэ нь цэвэр цусаа хадгалан үлдэхийн төлөө гэж Визерис хэлсэн байна. Тэр хичнээн удаа
тэдний цусанд эртний Валериний хаадын удмын болон лууны цус урсаж байгаа гэж ярьсан
билээ. Луунууд ойн адгууснуудтай эвцэлддэггүйн адил Таргаренийхан эгэл жирийн
хүмүүстэй цус холилдохгүй. Гэвч Визерис одоо түүнийг харийн зэрлэгт зарж байлаа.

Угаалга хийж дуусахад боолууд түүнийг уснаас гарган хуурай алчуур нөмрүүлэв. Охин
хайлсан мөнгө шиг гялалзаж байгаа үсийг нь самнаж, хөгшин эмэгтэй Дотракийн хөндий дэх
цэцэгсийн анхилам үнэр бүхий сүрчиг хоёр бугуй, чихний ар тал, энгэр зам болон уруул,
хөлний хооронд нь түрхлээ.

Тэд түүнийг хувцаслахад туслан магистер Иллирогийн нүдний өнгөтэй нь зохицуулан


илгээсэн нил ягаан өнгийн даашинзыг өмсүүлэв. Охин түүний хөлд хөнгөн шаахай
өмсүүлэхэд, хөгшин үсийг нь овоолж янзлан гарт нь ягаан болроор чимсэн алтан бугуйвч
зүүлгэж эцэст нь хүзүүнд нь эртний Валерианы дүрс үсгээр чимэглэсэн хүнд алтан хүзүүвч
өмсүүлэв.

- Одоо л яг гүнж шиг харагдаж байна гэж охин ажлаа дуусгаад дуу алдахад Дани дүрсээ
Иллириогийн урьдчилан илгээсэн толинд харангаа "гүнж" гэж бодтол Хал Дрого хичнээн
баян чинээлэг зарц боолууд нь хүртэл алтан хүзүүвчтэй гэж охины хэлснийг санаад гэнэтхэн
дотор нь хүйт орхиж нүцгэн гарын арьс зарсхийлээ.

Ах нь түүнийг сэрүүн үүдний танхимд усан сангийн ирмэг дээр гараараа ус хутган суугаад
хүлээж байлаа. Гарч ирэхийг нь шүүмжлэнгүй ширтсэнээ,

- Наашаа зогс. Дороо эргэ дээ. Тийм сайн байна... Чи яг л... гэхэд,

- Хатан хаан шиг харагдаж байна гэж нуман хаалгаар орж ирсэн магистер Иллирио хэлэв.

Тэрбээр тийм нүсэр том биетэй хүн гэхэд гайхмаар хөнгөн явах агаад галын дөлөөр
чимэглэсэн хэлхгэр торгон хувцас өмсөж, хуруу болгонд нь том том үнэт чулуу гялалзан,
шаргал өнгийн ац сахлаа шармал алт шиг гялалзтал тосолжээ.

- Магадгүй гэрэл гэгээний эзэн энэ өдрийг чиний хамгийн азтай өдөр болгон адислах байх,
гүнж Данерис гээд магистер түүний гарыг авч толгойгоо бөхийн ёслоход алтан сахал дор
тахир шар шүд гялсхийв. - Түүний төрхийг харсан даруй Дрого бишрэн автах болно, эрхэм
дээдэс минь.

- Хэтэрхий туранхай харагдаж байна гэж Визерис хэлэв. Тэр түүний мөн адил цайвар
мөнгөлөг үсээ толгойныхоо ард зангидаж лууны ясан зүүгээр торгоожээ. Энэ нь түүний
хэрцгий туранхай нүүрний төрхийг илүү тодруулан харагдуулж байлаа. Гар дахь Иллирогоос
зээлж авсан илдээ атгангаа,

- Та үнэхээр Хал Дрогод ийм залуу эмэгтэй таалагдана гэдэгт итгэлтэй байна уу? гэв.

- Түүний цус илүү чухал. Тэгээд ч таны дүү хал болоход хангалттай насанд хүрсэн гэж
Иллиро нэг бус удаагаа давтан хэлснээ,

- Түүнийг хар л даа. Цайвар мөнгөлөг үс, хөх ягаан өнгийн нүд гээд... эртний Валерианы
цустайд ямар ч эргэлзэх явдалггүй... өндөр дээд гаралт эртний хааны удмын охин яасан ч
манай Дроготой бүтэлгүйтэхгүй гээд Данерисийн гарыг тавихад чичирлээ.

- Магадгүй зэрлэгүүд этгээд мэдрэмжтэй ч байж болох юм. Хөвгүүд, хонь, морь гэх мэт..
хэмээн ах нь бодлогоширонгуй хэлэхэд,

- Та энэ тухай Хал Дрогод дурьдахгүй байсан нь дээр байх гэж Иллирио хэлэв.

Визерисийн хөх нүдэнд уур хилэн гялалзаж,

- Та намайг тэнэг гэж бодоо юу? хэмээн хилэгнэн хашгирсанд магистер үл мэдэг бөхийгөөд,
- Би таныг хаан болгоно. Харин хааныг ямар ч хүн болгоомжлүүлэх үүрэгтэй. Гомдоосон бол
өршөөл хүсье гээд эргэж алга ташин дамнуурга дуудав.

Тэднийг Пентосын гудамжинд гарах үед нүх шиг харанхуй болсон байсан бөгөөд
Иллириогийн маш уран сийлбэртэй жуузанд сууж явлаа. Хоёр зарц өмнөх замыг цайвар
цэнхэр шил бүхий хээ угалзтай дэнлүүгээр гэрэлтүүлэн, булчинлаг арваад хүн жуузыг мөрөн
дээрээ дамнажээ. Дулаахан байсан учир хөшигний цаана бүгчим байлаа. Данид
Иллириогийн нүсэр биеийн өмхий үнэр тэсгэлгүй ханхална.

Ах нь харин юу ч ажигласангүй бололтой дэрэн дээрээ тарайна. Түүний бодол зөвхөн уйтан
тэнгисийн цаад руу алслан оджээ.

- Бидэнд түүний бүх халасарууд хэрэггүй гээд Визерис хуруугаараа зээлж авсан илдний
бариулаа бөмбөрдөхөд Дани түүний хэзээ ч илд хэрэглэж байгаагүй мэдэж байлаа.

- Ердөө арван мянга байхад л хангалттай. Би долоон ханлигийг арван мянган Дотракийн
хашгиралтаар шүүрдэн хаяж чадна. Хаант улс Тирелл, Рэдвин, Дарри, Грэйжой мэтийн
булаан эзлэгчдээс хамаагүй илүү хууль ёсны хааныхаа дор сэргэн мандана. Дорнишийнхон
Элиа болон хүүхдүүдийнх нь өшөө хорсолд шатаж байгаа. Ер нь жирийн ард түмэн биднийг
дэмжиж хаанаар өргөмжлөн хашгирах болно гэснээ Иллирио руу сэтгэл зовон харж,

- Тэд үүнийг хийнэ тийм биз дээ? гэлээ.

- Тэд таны ард түмэн болохоор хайртай байх нь мэдээж хэмээн магистер эелдэгхэн хэлээд,

- Хаант улс даяар хүмүүс таны эрүүл мэндийн төлөө нууцхан хундага өргөж, эмэгтэйчүүд нь
лууны сүлдтэй далбаа оён таны далайг хөндлөн гаталж ирэхийг хүлээж буй гэж миний
тандуулууд хэлсэн гээд нүсэр мөрөө хавчлаа.

Данид уйтан тэнгисийн тэртээд хүмүүс юу хийж байгаа талаар мэдээлэл авах тагнуул
туршуул байхгүй боловч Иллириогийн амтат үгэнд итгэсэнгүйн дээр ер нь худалдаачинд
эргэлзэж байлаа. Түүний ах хэзээ ч цус урсгаж байгаагүй хэр нь баярлан толгой дохиж,

- Би ахыг минь хөнөөсөн булаан эзлэгчийг өөрийн гараар алах болно. Миний эцгийг
хөнөөсөн хааны алуурчин Ланнистерийнхныг ч гэсэн тэр хэмээн амлав.

- Бахдууштай явдал байна магистер Иллирио хэлэхэд Дани түүний уруул дээр үл мэдэг
инээмсэглэл тодрохыг харсан ч ах нь юу ч ажигласангүй. Тэр толгой дохиод хөшиг нээнгээ
харанхуй шөнө рүү ширтэхэд Дани түүний бодол ахин Сэрээн дэх тулалдаан руу шилжсэнийг
мэдэж байлаа.

Хал Дрого тэнгисийн булангын дэргэдэх найман цамхагтай өргөөнд суух бөгөөд өндөр
тоосгон хашааг цайвар ороонго хүрээлжээ. Иллириогийн хэлснээр энэ ордныг Пентосын
магистерууд халд өгсөн байна. Ер нь чөлөөт хотынхон үргэлж морьтон лордуудад өгөөмөр
ханддаг билээ.
- Учир нь бид зэрлэгүүдээс айсандаа ч тэгсэн хэрэг биш л дээ гэж Иллирио инээмсэглэн
тайлбарлаад,

- Гэрэл гэгээний эзэн манай хотын ханыг сая Дотракигаас ч илүү хамгаална гэж улаан
тайлгач амалсан... Гэхдээ яагаад боломжыг ашиглан хямдхан нөхөрлөл тогтоож болохгүй
гэж? гэв.

Тэдний жууз хаалган дээр зогсоход бие хамгаалагчдын нэг хөшиг нээв. Тэр Дотракичуудын
адил зэс арьс, бараан өнгийн бүйлсэн нүдтэй бөгөөд сахалгүй Ансаллидын хадаастай хүрэл
малгай өмсчээ. Тэр тэдэн рүү хүйтнээр ширтэхэд магистер Иллирио Дотракигийн бүдүүлэг
хэлээр ямар нэг зүйл бувтнасанд хамгаалалтын хүн мөн адил хэлээр хариу өчөөд хаалга руу
орохыг зангав.

Дани ахынхаа нь зээлсэн илдэн дээр тавьсан гар чангарахыг ажиглав. Тэр айсан шинжтэй
харагдаж байлаа.

- Ичгүүргүй тайган гэж Визерис жууз өргөөний зүг хөдлөхөд бувтнасанд Магистер Иллирио
балын амттай үг урсгаж,

- Өнөөдрийн найранд маш олон чухал зочин ирнэ. Таны дайсан тэдний дунд байж
болзошгүй. Хал өөрийн зочдоо хамгаалах ёстой хамгийн гол нь та тэднээс илүү шүү дээ,
эрхэм дээдсээ. Булаан эзлэгч таны толгойд сайн хөлс төлсөн гэдэгт итгэлтэй байна гэв.

- Өө тийм л дээ. Тэр хэдийн оролдож үзсэн гэдэгт эргэлзэх хэрэггүй, Иллирио. Түүний
хөлсний алуурчин хаа сайгүй биднийг дагалдаж байлаа. Намайг сүүлчийн луу болохоор амьд
байхад минь тэр амгалан нойрсч чадахгүй нь лавтай гэж Визерис баргар хэлэв.

Жууз удааширснаа зогслоо. Хөшиг ахин нээгдэж нэг боол гарахад туслахад түүний хүзүүвч
ердийн хүрэл болохыг Данерис ажлаа. Түүний ах нь илдний бариулаас чанга атгасан гараа
салгалгүй хэвээр дагалдав. Магистер Иллириог булчинлаг хоёр хүн хөл дээр нь босоход
тусаллаа.

Шилтгээний дотор халуун ногоо, амтат нимбэг, шанцайны үнэр холилдон ханхлана. Тэд
өнгөт шилэн дээр Валериагийн мөхлийг дүрсэлсэн үүдний танхим руу орцгооход хананд
өлгөөстэй хар дэнлүүнд тос ноцож байв. Чулуун навч сийлсэн нуман хаалганы хажууд зогсож
байсан тайган тэдний ирснийг дуулгав.

- Таргариний удмын гурав дахь залгамжлагч, Андалсын хаан, долоон ханлигийн эзэн
захирагч, хаант улсын хамгаалагч Визерис тэргүүтэй түүний дүү Лууны цохио арлын гүнж
Данерис Стормбон болон түүнд үнэнч зүтгэгч чөлөөт хот Пентосын магистер Иллирио
Мопатис гэж өндөр цээлхэн хоолойгоор дуудав.

Тэд тайганыг өнгөрөөд цайвар ороонго ургасан багантай хашаанд орж ирлээ. Сарны гэрэлд
навчис яс шиг цавцайж зочид холхилдоно. Тэдний олонхи нь Дотракийн морьтон лордууд
байсан бөгөөд том биерхүү, улаан хүрэн арьстай унжсан сахлаа төмөр бөгжөөр бөгжилж, урт
хар тосолсон гэзгээ сүлжин гэдэс рүүгээ унжуулжээ. Түүнчлэн Пентос, Мир, Тирошоос
ирсэн хөлсний цэргүүд, Иллириогоос хамаагүй тарган улаан хувраг, Порт Иббений сахалтай
эрчүүд, хар мод адил бараан өнгийн арьстай Зуны арлуудын лордууд байлаа. Данерис
тэднийг бүгдийг харж гайхширснаа... тэдний дунд байгаа ганц эмэгтэй болохоо мэдээд
гэнэтхэн айдас төрөв. Тэгтэл Иллирио,

- Тэнд Дрогогын цусны гурван морьтон байна. Баганы дэргэдэх нь Хал Моро болон түүний
хүү Рхогоро. Харин тэр буурал сахалтай хүн бол Арчоны ах Тирош байгаа юм. Ард зогсож
байгаа нь сэр Жорах Мормонт гэж шивнэв.

Сүүлчийн нэр Данерисийн анхаарлыг татсанд,

- Хүлэг баатар уу? гэж асуув.

- Огтхон ч үгүй. Өндөр дээд септон өөрийн биеэр долоон удаа тослон адисалсан хэмээн
Иллирио сахлынхаа цаанаас инээмсгэлэв.

- Тэр энд юу хийж байгаа юм бэ?

- Олны өмнө болсон ялихгүй зүйлээс болоод булаан эзлэгч түүний толгойг хүсч байгаа. Тэр
хулгайн ан хийсэн тэнүүлчнийг Шөнийн харуулд өгөхийн оронд Тирошд зарц болгон
зарчихжээ. Утгагүй хууль. Хүн өөрийн өмч яасан ч түүний дур шүү дээ гэлээ.

- Би энэ шөнө дуусахаас Сэр Жорахтай ярилцахыг хүсч байна гэж ах нь хэлэхэд Дани хүлэг
баатар луу сониучирхан харав. Тэр дөчин насыг өнгөрч толгойны оройгоосоо халцарч яваа
хижээлдүү хүн бөгөөд хүчтэй чийрэг биетэй ажээ. Торгон хувцасны оронд ноосон даавуу
ширээр хийсэн хувцас өмсч бараан ногоон өнгийн хүрэм дээр нь хоёр хөл дээрээ оцойн зогсч
буй баавгай хатгамлажээ.

Данерис хачирхалтай хүнийг шохоорхон харсаар магистер Иллирио нойтон алгаа мөрөн дээр
нь тавьсаныг мэдсэнгүй.

- Ийшээ, гүнж минь. Тэнд хал өөрийн биеэр байна гэж шивнэлээ.

Дани зугтаж нуугдахыг хүссэн ч ах нь ажиглаж байсан болохоор лууг сэрээх хэрэггүй гэдэг нь
ойлгомжтой байв. Тэрбээр сэтгэл түгшин Визерисийн бодлоор бол шөнө дуусахаас өмнө
гарыг нь гуйх найдлагатай хүн рүү эргээд "боол охин худал хэлсэнгүй" гэж бодов.

Хал Дрого өрөөнд байсан хамгийн өндөр хүнээс илүү толгой өндөр агаад Иллириогийн
амьтны хүрээлэнд байдаг хар ирвэс шиг гуалиг жавхаалаг ажээ. Тэр гучин наснаас хэтрээгүй
бололтой гэж Дани бодов. Зүлгэсэн зэс шиг өнгөлөг арьстай, өтгөн сахлаа алтан бөгжөөр
чимэглэжээ.

- Би очиж халд ирснээ айлтгаад түүнийг чам руу авчиръя. Энд хүлээж байгаарай гэж
магистер Иллирио хэлээд хал руу явахад ах нь гарыг нь өвдтөл чанга атгав.

- Хонгор дүү минь, чи түүний гэзгийг харж байна уу?


Дрогогийн тосолсон гэзэг шөнө шиг тас хар бөгөөд гэдэс рүүгээ унжуулсан нь явах тоолон
гэдэс цохилно. Түүнийг цааш эргэхэд сүлжсэн гэзэгний үзүүр ташаа шүргэм урт байлаа.

- Ямар урт болохыг нь харж байна уу? Дотракичууд тулаанд ялагдвал шившгийн тэмдэг
болгон гэзгээ огтолдог гэсэн. Харин Хал Дрого хэзээ ч тулаанд ялагдаж байгаагүй. Тэр
Аегоныг ахин лууны лорд болгох юм бол чи түүний хатан болно.

Дани Хал Дрого руу харлаа. Түүний царай хэрцгий ширүүн гартаам лугаа адил хүйтэн хар
нүдтэй ажээ. Ах нь түүнийг заримдаа өвтгөдөг ч гэлээ хэзээ ч энэ хүн шиг айлгаж байсангүй.

- Би түүний хатан болохыг хүсэхгүй байна гэж нарийхан хоолойгоор аяархан гонгиноод,

- Гуйж байна Визерис би үүнийг хүсэхгүй байна. Би гэртээ харимаар байна гэв.

- Гэртээ харих гэнэ ээ? хэмээн Визерис нам дуугаар хэлэхэд хоолойд нь уур хилэн
сонсогдлоо.

- Бид хэрхэн гэртээ харих болж байна, хонгор дүү минь? Тэд бидний орон гэрийг булааж
авсан! гээд арьснаас нь чимхэн бусдын нүднээс холдуулан сүүдэрт аваачаад,

- Яаж бид гэртээ харих болж байна? гэж Хааны газар, Лууны цохио бүх хаант улсаа алдсан
үеийнх шигээ давтлаа.

Дани зөвхөн Иллириогийнд байгаа өрөөнийхөө тухай хэлсэн ч мэдээж үүнийг жинхэнэ орон
гэр гэж үзэж болохгүй бөгөөд ах нь энэ тухай сонсохыг хүссэнгүй. Энэ түүний хувьд гэр биш
байлаа. Улаан хаалгатай том байшин ч түүний хувьд гэр байсангүй. Визерисийн хуруу хариу
хүлээн чангарахад,

- Мэдэхгүй гэж чичрсэн хоолойгоор хэлээд нүдэнд нь нулимс дүүрэв.

- Харин би үүнийг мэднэ. Бид гэр лүүгээ бүтэн армитай буцах болно, хонгор дүү минь. Хал
Дрогогийн армитай харих болно. Хэрвээ үүний тулд чамайг түүнтэй гэрлүүлж дэр нэгтгэх
хэрэгтэй бол чи үүнийг хийх л болно гээд инээмсэглэснээ,

- Би армитай болохын тулд шаардлагатай бол чамайг бүх халасарчууд болох дөчин мянган
хүнийг морьдтой нь хүртэл унтуулсан ч чадна. Гэвч үүнд ганц Дрого байгаа нь сайшаалтай.
Цаг нь ирэхээр чамд таалагдаж л таараа. Харин одоо нүдээ арч. Иллирио түүнийг авчрахад
чи уйлсан нүдтэй харагдаж болохгүй шүү.

Дани эргээд энэ үнэн болохыг харлаа. Магистер Иллирио инээмсэглэн бөхөлзөж Хал Дрогог
тэдний зогсч буй газар луу авчирч байв. Тэр нүдэндээ цийлэгнэсэн нулимсыг гарынхаа араар
арчив.

- Инээмсэглээд цэх зогс. Түүнд цээжээ сайн харуулах боломж өгөөдөх. Бурханы авралаар
чинийх тийм ч жижиг биш юм гэхэд Данерис инээмсэглэн цэх зогслоо.
ЭДДАРД

Зочид цайзын хаалгаар орж ирэхэд алт, мөнгө, зүлгэсэн илдний горхи урсаж гурван зуугаад
омог бардам тугчид, хүлэг баатрууд, танагараг өргөсөн чөлөөт морьтонгуудын цуваа орж
ирэв. Тэдний толгой дээгүүр умардын салхинд Баратеон овгийн сүлд титэмт буга
хатгамласан алтан далбаа намиран хийснэ.

Нэд морьтонгуудын ихэнхийг таних байв. Сэр Жейм Ланнистерийн давтмал алт шиг цайвар
шаргал үсний хажууд, Сандор Клеганы аймшигтай түлэгдсэн нүүр харагдана. Дэргэд нь
титэмтэй ханхүү байж таарах өндөр хөвгүүн явах бөгөөд ард нь яваа атигар жижигхэн хүн
гарцаагүй бяцхан чөтгөр хочит Тайрон Ланнистер байлаа.

Цувааны хоёр жигүүрийн тэргүүнд Нэдийн төдийлөн сайн танихгүй цасан цагаан нөмрөгтэй
хааны хамгаалагч хоёр хүлэг баатар явна. Тэгтэл байлдааны аргамаг хүлгээс буусан хүний
танил дуу хадаж ясыг нь шажигнатал тэврэв.

- Нэд! Чиний хөлдүү царайг харах ямар их таатай байна гээч гээд хаан түүнийг дээрээс нь
доош хүртэл харснаа инээд алдаж,

- Харин чи ер өөрчлөгдсөнгүй гэв.

Нэд мөн адил зүйл хэлэхийг хүслээ. Арван таван жилийн өмнө тэднийг хаан ширээний төлөө
дайтаж явахад Шуурганы Адгын эзэн цэвэрхэн хуссан сахалтай, хурц нүд, охидын мөрөөдөл
болсон булчинлаг биетэй байжээ. Зургаан фут хагас өндөр сүрлэг биедээ овгийнхоо том
эвэртэй хуяг дуулгыг өмссөн үед жинхэнэ аварга биет адил үзэгдэнэ. Түүнд бас аварга
биетийн хүч заяасан бөгөөд Нэдийн арай ядан өргөж дийлэх байлдааны хүнд алхаар
тулалдахыг Роберт илүүд үздэг байв. Тэдгээр өдрүүдэд цус түүний арьснаас сүрчиг адил
ханхалдаг байсансан.

Одоо түүнээс ондоо сүрчиг ханхалж эмээлийнхээ оломтой тэнцэх өндөртэй болжээ. Нэд
сүүлчийн удаа хааныг есөн жилийн өмнө Балон Грэйжогийн бослогын үеэр харсан бөгөөд
тэгэхэд буга зэрлэг чоно хамтдаа нэгдэн өөрийгөө Төмөр арлын хаан хэмээгчээр
өргөмжлөгчийн санаархлыг няц дарсан юм. Тэд мөр зэрэгцэн Грейжогийн хүчтэй бэхлэлтийг
унагаж Роберт бослогын эзнийг дагаар оруулахад, Нэд түүний хүү Теонийг барьцааны хүн
болгон бараа бологчоор авсан бөгөөд эндээс хаан хамгийн багадаа найман чулууны хожоо
олсон юм. Хэдийгээр төмөр утас шиг шигүү өтгөн хар сахал дор давхар эрүүгээ далдалж
болох ч цүдгэр гэдэс, нүдэн дорх хар цагаригийг юугаар ч нуух аргагүй байлаа.

Роберт одоо нэгэнтээ Нэдийн анд нөхөд биш эзэн хаан болсон тул,

- Эрхэм дээдсээ. Винтерфелл таны мэдэлд гэж хариу өчив.

Энэ үед хааны бусад бараа бологчид мориноосоо буухад агтач нар тэдний морьдыг авахаар
ухасхийв. Робертийн хатан хаан Церцей Ланнистер бага хүүхдүүдтэйгээ хашааны хаалгаар
явган алхан орж ирлээ. Тэдний сууж явсан давхар тавцантай тосолсон царс модоор хийсэн
дөчин морь чирдэг дугуйт том тэрэг шилтгээний хаалгаар ороход хэт өрөгджээ. Нэд цасан
дээр өвдөглөн хатны бөгжийг үнсэхэд, Роберт Кателинийг удаан хугацаанд уулзаагүй охин
дүүгийнхээ адил тэврэв. Дараа нь тэд хоёр талын хүүхдүүдээ урагш гарган танилцуулав.

Төдөлгүй албан ёсны бүх мэндчилгээ хүндэтгэлийн ёс дуусч хаан,

- Намайг бунхан руугаа аваачаач, Эддард. Би хүндэтгэл үзүүлмээр байна гэж хэлэв.

Нэд түүнийг дүүгээ ийм олон жилийн дараа үүнийг санасан хэвээр байсан явдалд баярлалаа.
Тэр дэнлүү авчрахыг тушаав. Өөр үгний ч хэрэг байсангүй. Гэтэл хатан хаан эсэргүүцэж
үүрээс хойш мордсон болохоор бүгд ядарч даарсан эхэлж амарч тэнхэрсэн нь дээр гэж үзлээ.
Үхэгсэд яахав хүлээж л байг. Түүнийг цааш өөр үг хэлж амжаагүй байтал Роберт түүн рүү
муухай харсанд ихэр ах Жейм гараас нь зулгааж чимээгүй болгов.

Тэд хамтдаа бунхан руу уруудахд Нэд хааныг арай ядан танив. Нарийхан уруудсан дугуй
чулуун эргүүлгэн шатаар Нэд гартаа дэнлүү барин түрүүлж буулаа.

- Би бүр хэзээ ч Винтерфеллд хүрэхгүй нь гэж бодож эхэлж байлаа хэмээн Роберт уруудах
зуураа гомдоллосноо,

- Өмнө зүгт миний долоон ханлигийн талаар чиний хэсэг бусад зургааг нийлүүлснээс
хамаагүй илүү том гэж ярьцгаадаг гэв.

- Таньд энэ аялал таалагдсан гэдэгт итгэлтэй байна, эрхэм дээдсээ гэхэд Роберт тургилаад,

- Намаг, ой тайга, тал, умард зүгийн ховорхон үзэгдэх тохь тух муутай дэн буудлууд. Би хэзээ
ч ийм өргөн уудам хоосон газар харж байсангүй. Ингэхэд чиний хүмүүс хаачаа вэ? гэлээ.

- Тэд гарцаагүй гарч ирэхээс ичсэн байх. Хаан умард зүг явах нь ховор үзэгдэл шүү дээ
хэмээн Нэд хошигнотол доошоо уруудсан шатны гүнээс газрын хүйт сэнгэнэв.

- Эсвэл тэд цасан доор ч нуугдсан байж мэднэ гээд хаан инээд алдаж,

- Ямар их цас вэ, Нэд! гээд унахгүйн тулд хана түшлээ.

- Зуны сүүлчээр цас унах нь ховор бус үзэгдэл. Энэ таньд төвөг удаагүй гэж найдна.
Ихэнхидээ сийрэг цастай байгаа биз дээ.

- Нөгөөдүүл чиний сийрэг цасыг аваасай гэж Роберт харааснаа,

- Тэгвэл эндхийн газар өвөл нь ямар байдаг болж таарч байна? Би бүр энэ тухай бодохоос
чичрүүдэс хүрчихлээ гэв.

- Эндхийн өвөл хатуу ширүүн. Гэвч Старкынхан үүнийг давж сурсан. Бид үргэлж тэгсээр
байх болно.

- Чи өмнө зүг рүү явж дуусахаас нь өмнө зуны амтыг мэдрэх хэрэгтэй юм байна. Хайгардены
цэцэрлэгт нүдний хараа үл гүйцэх газар алтан сарнай шигүү ургаж, аманд оров уу үгүй юу
бутардаг тарвас, лийр, чавга гээд чиний хэзээ ч амсч үзээгүй зөөлөн шүүслэг амтат жимс
битүү ургасан байгаа. Би чамд үзүүлэхээр заримыг нь авчирсан. Шуурганы адагт хүртэл
далайн тохойн зөөлөн сэвшээ салхи үлээж гадагш гарахын аргагүй бүгчим халуун байна.
Харин чи одоо манай хотыг харсан ч болоосой, Нэд. Цэцэгс хаа сайгүй алаглаж, дэлгүүр
мухлагт хоол хүнс битүү чихээстэй, зуны дарс маш хямдхан болохоор зөвхөн амьсгаа авахаар
зогсох төдийд тасралтгүй ууж болно. Тэндхийн хүн бүр махлаг тарган баян гээд Роберт инээд
алдсанаа цүдгэр гүзээгээ алгадаж, - Бас охид нь ямар гэж бодно, Нэд! гэхэд нүдэнд нь оч
асаж,

- Тэндхийн халуун эмэгтэйчүүдийг нь даруу зангаа мартахад хүргэсэн гэж тангарагласан ч


болох байна. Тэд цайзын цайзын дэргэдэх голын усанд нүцгэн шумбацгаадаг юм. Гудамжинд
үслэг ноосон хувцастай явахад дэндүү халуун байгаа тул тэд хөнгөхөн нимгэн богинохон
даашинзтай явж байгаа. Гэхдээ торго даавууны алиныг ч өмссөн хамаагүй хөлрөөд ирэхтэй
зэрэг бүгд адилхан нүцгэн юм шиг болчихдог юм гээд паржигнатал инээд алдлаа.

Роберт Баратеон үргэлж амьдралаас бүх талаар нь таашаал авдаг хүн байлаа. Гэсэн ч Нэд
харуусалтайгаар эдгээр таашаал хааны гадна төрхөнд хэрхэн нөлөөлснийг ажиглахгүй байж
чадсангүй. Энэ үед шатны ёроолд хүрэхэд Роберт хүндээр амьсгаадан царай нь дэнлүүний
гэрэлд хөлөрч улайрчээ. Тэд бунхан дундуур харанхуйд цааш явлаа.

- Эрхэм дээдсээ түүнийг Брэндон, эцгийнх нь хамтаар хамгийн цаана нутаглуулсан Нэд
хүндэтгэлтэй хэлээд дэнлүүгээ хагас дугуйруулан өргөхөд боржин чулуун багана дунд урд
урдаасаа харан эгнэсэн бунхны урт эгнээнд гэрэл тусав. Багануудын хооронд үхэгсэд хана руу
нуруугаа харуулан чулуун суудалд бунхан түшин суугаад үүрд мөнхөрчээ.

Тэр багануудын дундуур замчлан явахад Роберт чимээгүй дагах зуураа хүйтэнд дагжин
агзасхийлээ. Энд үргэлж хүйтэн байдаг байв. Тэднийг Старкын овгийн үхэгсдийн дэргэдүүр
өнгөрөхөд хөлийн чимээ чулуун шалан дээр цуурайтаж Винтерфеллийн лордууд хажуугаар
өнгөрөхөд ширтэнэ. Тэдэнтэй адилхан нүүр царай булшны чулуун дээр сийлжээ. Тэд урт
эгнээнд амирлингуй сууж сохор нүдээрээ мөнхийн харанхуйг ширтэх агаад хөлд нь аварга
том зэрлэг чоно сийлээтэй байлаа. Чулуун дүрс дээр сүүдэр анивчин бүжиглэхэд хөдөлж буй
мэт санагдана. Винтерфеллийн өвөг дээдсийн сүнсийг хамгаалахаар дүрсүүдийн өвдөг дээр
урт илд тавьжээ. Хамгийн эртнийх нь олон жилийн хугацаанд зэвэрч гүйцээд болоод чулуун
дээр хэдхэн улаан толбоноос өөр зүйл үлдсэнгүй. Нэд сүнснүүд цайзанд чөлөөтэй хэрэн
хэсүүчилж байдаг эсэхэд гайхлаа. Үгүй байгаасай гэж найдахаас. Винтерфеллийн анхны
лордууд догшин ширүүн улс байсан бөгөөд газар нутгаа хатуу чангаар эзлэн захирч байв.
Зууны тэртээ тэнгисийн цаадтайгаас луут лордууд ирэхээс урьд тэд хэнтэй ч холбоо
тогтоолгүй умардыг хаанчилж байжээ.

Нэд сүүлчийн авсны дэргэд зогсож тосон дэнлүүгээ өргөхөд бунхан цааш үргэлжилж түүний
үр хүүхэд болон өөрийг нь хүлээж буй хар нүх онгойж байлаа. Нэд энэ тухай бодохыг
хүссэнгүй.

- Энд гэж тэр хаанд хэлэхэд Роберт чимээгүйхэн толгой дохиод өвдөг сөгдөн толгойгоо
бөхийлгөв.
Энд зэрэгцүүлэн тавьсан гурван авс байсны дунд Нэдийн эцэг лорд Ричард Старкын гонзгой
ширүүн царай харагдана. Чулуучин эзнээ сайн мэддэг ажээ. Тэр сүр жавхлантайгаар
чимээгүй сэнтийд морилон чулуун хуруугаараа өвдөг дээр тавьсан илдийг атгажээ. Хоёр талд
нь арай бага хоёр хүүхдийн булш байв.

Брэндон арван хоёртой байхдаа галзуу хаан Аерис Таргарины тушаалаар Риверраны Талли
Кателинтэй гэрлэхээс хэдхэн өдрийн өмнө алагджээ. Түүний эцэг нь хүүгийнхээ хууль ёсны
ууган залгамжлагч ууган хүүгийнхээ үхлийг харсан байна.

Лианна арван зургаан настай хэдий ч хүүхдээрээ хайр татам охин байлаа. Нэд дүүдээ үнэн
сэтгэлээсээ хайртай байв. Роберт харин бүр хайртай байсан бөгөөд сүйт бүсгүй нь байжээ.

- Тэр ийм байхдаа хүртэл үзэсгэлэнтэй байна гэж хаан удтал чимээгүй байсны эцэст хэлээд
Лианнагын царайг амьдралд эргүүлэн авчирч чадах юм шиг ширтэв. Эцэст нь нүсэр биеэрээ
ганхан босч,

- Ай хараал идээсэй, Нэд. Чи үнэхээр өөр түүнийг нутаглуулах газар олж чадсангүй гэж үү?
Тэр харанхуйгаас илүү гэрлийг хүртэх тавилантай... гэж гашуудсан сөөнгө хоолойгоор
хэлэхэд,

- Тэр бол Винтерфеллийн Старк. Түүний байх газар бол энэ гэж Нэд аяархан хэлэв.

- Тэр хаа нэгтээ толгодын энэгрт жимсний модон дор нарны гэрэл, үүлсийг ширтэн бороонд
угаагдах тавилантай байсан юм.

- Би түүнийг нас барах үед нь хамт байсан гэж Нэд сануулаад,

- Тэр гэртээ харьж Брэндон эцэг хоёрынхоо дэргэд тайван нойрсохыг хүссэн гээд цус сарнайн
үнэр холилдон ханхалсан өрөөнд "Надад үүнийг амлаач. Надад үүнийг, амла" гэж гуйж
байсан дуу сонсогдох шиг боллоо.

Халуун түүний хүчийг барж хоолой нь сулхан шивнэх төдий болсон ч харцан дахь айдас нь
үгүй болжээ. Нэд түүний хэрхэн инээмсэглэж хуруундаа харласан сарнайн дэлбээ атгаад амь
алдсаныг саналаа. Үүнээс цааш юу ч санасангүй. Түүнийг эгчийнхээ биеийг гашуудан тэвэрч
байхад нь олсон бөгөөд намгийн жижигхэн хүн Холанд Рид түүний гарыг салгажээ.

- Би түүний биеийг оршуулахдаа цэцгээр хучсан. Лианна... цэцэгт дуртай байсан гэхэд хаан
түүний хацар дахь арзгар өөтэй чулууг хуруугаараа амьд хүний бие шиг аяархан илбэж,

- Би Рэйгэрийг түүнд хийсэн зүйлийнх нь төлөө алахаар тангараг өргөсөн гэлээ.

- Түүнийгээ биелүүлсэн биз дээ гэж Нэд сануулав.

- Зөвхөн ганц л удаа гэж Роберт гашуунаар хэллээ.

Энэ явдал эрт цагт болжээ. Тэд хамтдаа Сэрээний гарман дахь тулалдаанд оролцох үед
Роберт дайны алх, том эвэртэй дуулгатай, Таргариний хунтайж өвч биеэ битүү бүрхсэн хар
хуяг дуулгатай байлаа. Түүний цээжний хуяг дээр овгийнх нь бэлэг тэмдэг болох гурван
толгойтой луу бадмаарагаар шигтгэсэн нь нарны гэрэлд гал адил улалзана. Сэрээний ус
тэднийг эргэлдэн тулалдахад морьдын туурайд улаанаар эргэж ахин дахин цавчилдсаны
эцэст Робертийн алхны сүүлчийн цохилт лууны цээжинд тусчээ. Нэдийг үйл явдал болсон
газар сүүлд ирэхэд Рэйгэрийн хүүр хоёр гартаа шавар самардан усанд хөвж хуйларсан ус
хуяган дахь бадмаарагыг урсган алгаж болжээ.

- Би зүүдэндээ түүнийг шөнө бүр алдаг. Тэр үүнээс мянга дахин илүү үхлийг хүртэх
тавилантай гэж Роберт хэлэхэд Нэдэд хэлэх үг олдсонгүй тул аяархан,

- Эрхэм дээдсээ бид дээшээ буцаж гарах ёстой. Таны эхнэр хүлээж байгаа гэлээ.

- Нөгөөдүүл миний эхнэрийг аваасай гэж Роберт гашуунаар бувтнаад буцах замдаа ороход
нүсэр хөлийн чимээ чанга цуурайтав.

- Тэгээд ч чиний эрхэм дээдсээ гэсэн үгийг ахин сонсох юм бол толгойд чинь хадаас зооно
шүү. Бид үүнээс хамаагүй илүү дотно нөхөрлөж байсан гэхэд Нэд,

- Би үүнийг мартаагүй гэсэн ч хаан дуугарсангүй тул,

- Надад Жоны тухай яриач гэлээ.

Роберт толгойгоо сэгсрэв.

- Би хэзээ ч ийм гэнэтийн үхсэн хүн харж байсангүй. Бид миний хүүгийн төрсөн өдөрт
зориулан хүлэг баатрын тэмцээн зохион байгуулсан юм. Тэгэхэд чи Жоныг харсан бол мөнх
амьдрахаар тангараг өгсөн хүн шиг байсан даа. Гэтэл үүнээс хоёр долоо хоногийн дараа өөд
болсон. Дотроос нь гал шатаж байгаа юм шиг хоолой нь халуу оргиж өвдөөд байна гэсэн гээд
хаан Старкынхны эгнэн үргэлжилсэн бунхны баганы дэргэд зогсож,

- Надад энэ хөгшин таалагддаг байсан юм гэв.

- Надад ч гэсэн гээд Нэд хэсэг дуугүй болсноо,

- Кателин дүүгийнхээ төлөө айж байгаа. Лиза хэр гашуудсан бэ? гэхэд Роберт амаа
мурийлгаж,

- Үнэнийг хэлэхэд тийм ч сайнгүй байгаа. Би Жоныг алдаад эмэгтэй галзуурах нь уу гэж
хүртэл бодсон шүү, Нэд. Тэр хүүгээ авч Бүргэдийн үүр лүүгээ миний хүслийн эсрэг буцсан.
Би хүүг Кастерли Рок дахь Тивин Ланнистерт хүмүүжүүлэхээр өгөх гэж найдаж байсан юм.
Жонд өөр үр хүүхэд хамаатан садан байхгүй. Би үнэхээр хүүг эмэгтэй хүн өсгүүлэхээр орхиж
болно гэж үү? гэв.

Нэд хүүхдийг лорд Тивинд хариуцуулах нь хорт могойн үүрэнд хийснээс ялгаагүй гэж бодсон
боловч бодлоо ил гаргасангүй. Заримдаа хуучны шарх хэзээ ч эдгэрэлгүй ялихгүй үгэнд
сэдэрч байдаг билээ.
- Эмэгтэй нөхрөө алдсан шүү дээ. Магадгүй ээж нь хүүгээ алдахаас айсан байх. Хүү дэндүү
жаахан байна.

- Зургаан настай бие муутай бурхан өршөөг, Бүргэдийн үүрний эзэн захирагч шүү. Лорд
Тивинд урьд нь хэзээ ч хүмүүжүүлэгч байгаагүй. Лизад энэ нь том хүндэтгэл болох байлаа.
Ланнистерийнхан эртний сурвалжит удмын угсаа гаралтай. Гэсэн ч тэр энэ тухай сонсохыг
хүсээгүй шөнө дунд яваад өгсөн. Церцей хичнээн их уурласан гээч гээд гүнзгий санаа
алдсанаа,

- Хүү надтай нэр нэгтэй болохыг чи мэдэх бил үү? Роберт Аррин. Би түүнийг хамгаалахаар
ам өгсөн байдаг. Гэтэл түүний ээж хулгайлан одсон байхад юу хийж чадах болж байна? гэв.

- Хэрвээ хүсч байгаа юм бол би түүнийг хүмүүжүүлэхээр авъя. Лиза үүнийг зөвшөөрнө. Тэр
Кателинтай ойрын эгч дүүс болохоор ийш нь явуулахдаа дуртай байна.

- Сайхан л санал байна, анд минь гэвч чи хоцорч. Лорд Тивин хэдийн түүнийг авахаар
зөвшөөрчихсөн. Иймээс би хүүг чамд өгвөл түүнийг доромжилсон хэрэг болно.

- Намайг зээгийн минь сайн сайхан Ланнистерийн бахархалаас илүү зовоож байна.

- Учир нь чи Ланнистертай унтдаггүй болохоор тэр гээд Роберт хөхөрсөнд инээд бунханы
адар хүртэл цуурайтав. Тэрбээр инээмсэглэхэд өтгөн хар сахлын дор цагаан шүд гялсхийх аж.

- Ай даа, Нэд минь чи урьдын адил юманд дэндүү ноцтой ханддаг хэвээр байх шив гээд гараа
мөрөн дээгүүр нь давуулж,

- Би энэ тухай чамтай хэдэн өдрийн дараа ярихаар төлөвлөсөн ч хэрэггүй болохыг нь харж
байна. Алив ийшээ явцгаая гэв.

Тэд баганы дундуур буцаж явахад сохор чулуун нүд араас нь дагуулан харах мэт санагдана.
Хаан Нэдийн мөрөн дээр гар тавьсан хэвээр,

- Чи мэдээж намайг яагаад умар зүг Винтерфелд ийм удаан хугацааны дараа ирснийг гайхсан
биз дээ гэлээ.

Нэдэд сэжиглэл байсан боловч түүнийгээ ил гаргасангүй.

- Хамтдаа хөгжилдөх гэж тэр гэдэгт итгэлтэй байна. Ханын тухай мартаж болохгүй шүү. Та
түүн рүү явж хэн хамгаалж байгааг харах хэрэгтэй, эрхэм дээдсээ. Шөнийн харуул үргэлж
сүүдэрт үлдэж байдаг. Бэнжин хэлэхдээ...

- Чиний ахын үгийг би удахгүй сонсох нь гарцаагүй. Гэхдээ хана найман зуун жил тэссэн юм
чинь одоо хэдхэн өдөр тэсч чадахгүй гэж үү? Надад илүү сэтгэл зовох асуудал байна. Хүнд
бэрх цагт надад Жон Аррины адил найдлагатай хүн хэрэгтэй байна. Тэр Бүргэдийн үүрний
лорд дорно зүгийг сахин хамгаалагч, Хааны гар байсан. Тийм ч амар халаа нь олдох хүн биш
гэхэд,
- Гэхдээ түүний хүү... гэж Нэд эхлэв.

- Түүний хүү эхлээд Бүргэдийн үүрээ бүх ашиг орлогынх нь хамт залгамжлан авах хэрэгтэй.

Энэ үг Нэдийн гайхширлыг төрүүлсэн тул зогсоод хаан руу эргэж өөрийн мэдэлгүй,

- Арринийхан үргэлж дорно зүгийг хамгаалсаар ирсэн биз дээ. Энэ цол хэргэм эрх мэдлийнх
нь дагуу өвлөгдсөөр ирсэн гэж дуу алдлаа.

- Хүү насанд хүрсэн хойно эрхээ эргүүлэн сэргээнэ биз. Би түүний тухай бодох дараагийн
асуудал гэж бодож байна. Тэгээд ч зургаан настай хүхэд дайны удирдагч байж чадахгүй, Нэд.

- Энхийн цагт цол хэргэм бол хүндэтгэл төдий зүйл байдаг. Хүүд залгамжлах эрхийг үлдээ.
Түүний төлөө ч биш эцгийнх нь төлөө. Чамайг Жоны зүтгэлийнх нь хариуд ийм өртэй байх
гэж бодож байна.

Хаанд энэ хариулт таалагдсангүй бололтой Нэдийн мөрөн дээрх гараа авлаа.

- Жон Аррин лордынхоо дагуу үүргээ биелүүлэх ёстой. Би талархаж мэдэхгүй хүн биш, Нэд.
Тэгээд ч чи үүнийг мэдэж байгаа. Гэвч хүү эцгийгээ орлож чадахгүйн дээр дорно зүгийг
захирч чадахгүй гэснээ хоолой нь зөөлөрч,

- За энэ тухай хангалттай ярилаа. Надад чамтай маргахаас илүү чухал зүйл байна гээд
Нэдийн тохойноос атгаж,

- Надад чи хэрэгтэй байна гэв.

- Би үргэлж таны мэдэлд шүү дээ, эрхэм дээдсээ. Үргэлж гэж хэлснээ дараа нь юу хэлэхийг
нь бодохоос эмээх сэтгэл төрөв.

Роберт түүний яриаг төдийлөн сонссонгүй.

- Биднийг Бүргэдийн үүрт өнгөрүүлсэн он жилүүд... бурхан минь ямар сайхан жилүүд байж
вэ. Би чамайг ахин дэргэдээ авахыг хүсч байна, Нэд. Надад чи хааны газар хэрэгтэй болохоос
биш энд ертөнцийн мухарт юу ч хийх боломжгүй газарт хэрэггүй гээд харанхуйд
Старкийнханы адил дүнсгэр царайлан,

- Хаан ширээнд суух түүнийг ялж авахаас мянга дахин хэцүү гэж би чамд тангараглая. Залхуу
хүрэм хууль дүрмийн учрыг олох, зоос тоолохоос дор зүйл байхгүй. Харин хүмүүсийн хувьд...
тэдэнд төгсгөл байх юм биш. Би энэхүү хараал идсэн төмөр сандалд сууж тэдний гомдлохыг
сонссоор байтал тархи хөшиж, бөгс холгож гүйцлээ. Бүгд л мөнгө, газар, эрх мэдэл хүсэх юм.
Тэд худал хэлж... ер нь миний лордууд хатагтай нараас дээрдэх юм алга. Намайг зусарч
тэнэгүүд хүрээлжээ. Энэ ямар ч хүнийг галзуурал руу хөтөлж чадна, Нэд. Нэг хэсэг нь
үнэнийг хэлж зүрхлэхгүй байхад нөгөө хэсэг нь үнэнийг олох чадваргүй байна. Тэр шөнө
Сэрээнд ялалт байгуулаагүй ч болоосой гэж хүсч байна. Аан үгүй дээ үнэнээсээ тэгж хэлэх...
гэхэд,
- Би ойлгож байна гэж Нэд аяархан хэллээ.

Роберт түүний урдаас ширтэж,

- Би ч гэсэн чамайг ойлгоно гэж бодсон. Миний хуучны андаас ганцхан чи үлдэж гээд
инээмсэглэж,

- Лорд Эддард Старк би чамайг хааны гараар өргөмжилж байна гэв.

Нэд нэг өвдгөө сөхрөн суулаа. Санал түүнийг огтхон ч гайхуулсангүй. Өөр ямар шалтгаанаар
Роберт ийм хол газар ирнэ гэж? Хааны гар бол долоон ханлигт хааны дараа орох хамгийн
хүчтэй хүн байлаа. Тэр хааны хоолойгоор ярьж, хааны армийг захирч тушаан, хааны хуулийг
хэрэгжүүлнэ. Тэр ч байтугай хааныг эзгүй өвчтэй болон өөр бусад үед төмөр суудалд суун
шүүх засаглал явуулах хэрхтэй байв.

Роберт түүнд хаант улсын хамгийн хариуцлагатай зүйл санал болгож байлаа.

- Эрхэм дээдсээ. Би үүнийг хүртэх гавъяагүй гэхэд Роберт цайлган сэтгэлээр тэвчээргүйхэн
дуу алдаж,

- Би чамайг тэтгэвэрт гаргасан болохоор хүндэтгэл үзүүлэхийг хүсч байна. Харин өөрөө
хаант улсыг жолоодож байх зуур чинь идэж уун үхэл минь рүү эрт хөтлөх хүүхнүүдтэй
зугаалах болно гэснээ амаа алгадан инээмсэглэж,

- Ингэхэд чи хааны гарын тухай юу ярилцдагыг мэднэ биз дээ? гэлээ.

Нэд энэ үг юу болохыг мэдэх байлаа.

- Хааныг унтаж байхад гар ажиллаж л байдаг.

- Миний урьд нь нэг удаа дэр нэгтгэж байсан загасчин хүүхэн харин жирийн олон ингэж
ярьдаг гэсэн юм. Хааныг идэж байхад гар ялгадасыг нь тосч байдаг байдаг гэж ярьцгаадаг
гээд толгойгоо гэдийлгэн чанга хөхөрсөнд харанхуйд цуурайтан Винтерфеллийн үхэгсэд
хүйтэн таагүй харцаар ширтэв.

Эцэст нь инээд цуурайтах чимээ зогсоход Нэд өвдөглөн суусан хэвээр харцаа өргөлөө.

- Хараал ид, Нэд. Чи надтай жаахан ч гэсэн хөгжилдөж болно доо гэж хаан гомдоллов.

- Эндхийн өвөл их хүйтэн болохоор инээд хоолойд царцаж хүнийг үхэлд хүргэдэг гэж
ярьцгаадаг. Магадгүй иймээс ч Старкийнхан бага хошигнодог улс байдаг биз.

- Надтай хамт өмнө зүг рүү явбал чамд яаж ахин инээхийг заагаад өгье гэж хаан амаллаа.

- Чи надад энэ хараал идсэн суудлыг тогтоон барихад тусал. Бид хамтдаа жолоодох болно.
Хэрвээ Лианна амьд байсан бол бид нэг цусны ах дүүс болох байлаа. Одоо ч үүнээс нэг их
хожимдоогүй. Чамд охин байхад надад хүү бий. Миний Жоффрей танай Санса хоёр
нийлүүлж Лианна бид хоёрын хүсч байсан шиг удмаа нэгтэцгээе.

Харин энэ санал түүнийг гайхширахад хүргэсэн тул,

- Санса ердөө арван нэгтэй шүү дээ гэхэд Роберт тэвчээргүйхэн гараа зангаад,

- Сүй тавихад хангалттай нас. Харин гэрлэх хүртлээ хэдэн жил хүлээнэ биз гэснээ
инээмсэглэж,

- Одоо босоод за гэж хэл хараал идээсэй чамайг гэв.

- Намайг үүнээс өөр ийм их баярлуулах зүйл юу байх билээ, эрхэм дээдсээ гэснээ Нэд
тээнэгэлзэн,

- Гэхдээ энэ хүндэтгэл гэнэтийн зүйл байлаа.. Надад энэ талаар бодох хугацаа өгч болох уу?
Эхнэртэйгээ зөвлөлдөх хэрэгтэй байна... гэхэд,

- Тиймээ тэгэлгүй яахав. Кателинд энэ тухай хэл гээд хаан доош тонгойж гараас татан
босгоод,

- Зөвхөн намайг удаан бүү хүлээлгээрэй дээ. Би тийм ч их тэвчээртэй хүн биш шүү гэв.

Агшин зуур Эддард Старкын дотор аймшигтай муу совин ёрлов. Умард зүг бол түүний газар.
Тэр эргэн тойрондоо байх чулуун дүрсүүд рүү ширтэн чийгтэй хүйтэн агаарт гүнзгий
амьсгал авах зуураа үхэгсдийн харцыг мэдэрлээ. Тэд бүгд үүнийг сонсчээ. Тэгээд ч өвөл ирж
байна.
ЖОН

Үргэлж биш ч гэлээ Жон Сноуд заримдаа бутач болж төрсөндөө баярлах үе байлаа. Тэр ахиад
л дэргэдүүр өнгөрөх домбоноос аягандаа дарс дүүргэж залуу хиа нарын дундах суудлаа буцаж
эзлээд уув. Зуны амтат жимсний дарс аманд нь үерлэн уруул дээр нь инээмсэглэл тодров.

Винтерфеллийн их танхимд утаа суунаглан манантаж шарсан мах, шинэхэн барьсан талхны
үнэр ханхална. Саарал чулуун хананд Старкын зэрлэг чоно, Баратеоны титэмт буг,
Ланнистерийн арслангийн сүлд тэмдэг бүхий цагаан, алтан, хүрэн улаан өнгийн далбаа
өлгөжээ Ятганы аянд дуучны хоолой цангинаж танхимын төгсгөлд гал тас няс хийн дүрэлзэх,
тугалган аяга таваг харших, зуугаад согтуу хүмүүсийн хүнгэнэсэн яриатай холилдон арай
ядан сонсогдоно.

Хаанд зориулсан найр эхэлснээс хойш дөрвөн цаг өнгөрч байлаа. Жоны эрэгтэй эмэгтэй дүү
нар хааны хүүхдүүдийн хамт лорд, хатагтай Старк эзэн хаан хатны хамт заларч буй
тавцангын доод талын суудалд суужээ. Энэ нь ховор олдох хүндэтгэл тул лорд эцэг нь
хүүхдүүдээ нэгээс илүүгүй хундага дарс уухыг зөвшөөрсөн байна. Харин эндхийн сандал
дээр хэн ч Жоны уухыг хориглож чадахгүй учир хүссэнээрээ ууж болох байлаа.

Жон ээлжит хундага хөнтрөх болгонд эргэн тойрны залуучууд магтан сайшаана. Тэд ууж
цэнгэн наргиж дайн тулаан, хайр дурлал, ангийн тухай хөөрөлдөх тул хааны хүүхдүүдтэй
байснаас энд хамаагүй хөгжилтэй гэдэгт эргэлзсэнгүй. Жон зочдыг танхимд орж ирэхийг
суудлаасаа сонирхон харжээ. Энэ нь ердөө түүний сууж байсан газраас футын зайтай
өнгөрсөн учир сайн харж болох байлаа.

Эхлээд лорд аав нь хатан хааныг дагуулан ирэв. Эрчүүл түүний гоо үзэсгэлэнг бахдан
хөөрөлдөнө. Алтлаг урт үсэн дээр үнэт чулуун титэм гялалзаж, маргад адил ногоон нүдтэй
аж.

Эцэг нь түүнийг гишгүүрээр өгсөн ширээнд суухад туслахад хатан түүний зүг огт
хяламхийсэнгүй. Арван дөрвөн настай хэдий ч Жон түүний нууцхан инээмсэглэхийг ажлаа.

Дараа нь Роберт хаан хатагтай Старкын гараас барин орж ирэв. Хаан Жоны урмыг ихэд
хугаллаа. Аав нь дандаа түүний тухай эгнэшгүй зоригт Роберт Баратеон, Сэрээний чөтгөр,
дайнд аймшиггүй аварга биет шиг сүрлэг биетэй гэж ярьдаг байлаа. Гэвч Жоны нүдэнд ердөө
махлаг тарган, улаан нүүртэй эрүүндээ сахалтай хөлс нь цувсан торгон хувцастай хүн
харагдав. Тэрбээр яг л аягатай дарс цалгих адил найган явж байлаа.

Араас нь хүүхдүүд орж ирэв. Жижигхэн Рикон гурван настай хүүхдийн бүхий л чадах
байдлаар сүр жавхлантай орж ирлээ. Тэр Жоны дэргэдүүр өнгөрөхдөө зогссон учир цааш нь
яаруулахад хүргэв. Араас нь ойрхон Старкынхны өнгө болох захаараа цагаан судалтай саарал
ноосон хувцастай Робб орж ирэв. Тэр гүнж Мирцеллагийн гараас хөтөлжээ. Гүнж жижигхэн
туниа муутай охин агаад найман нас хараахан хүрээгүй алтан буржгар үсэн дээгүүр үнэт
чулуугаар чимэглэсэн тор зүүжээ. Жон түүний дэргэдүүр нь өнгөрөхдөө Робб руу
ичингүйрэн ширтэж хулчгардуухан инээмсэглэхийг хараад ердийн нэг уйтгартай амьтан гэж
үзлээ. Харин Робб түүний хичнээн тэнэгийг ойлгоогүй бололтой өөдөөс нь яг л нэг тэнэг
амьтан шиг инээд алдаж байв.

Түүний эцэг нэгтэй охин дүү нар хаан хөвгүүдийг дагалджээ. Аръяа жижигхэн мариалаг
Томментой өнгөрөхөд цайвар үс нь түүнийхээс давсан урт байлаа. Санса хоёр жилээр эгчмэд
болохоор титэм зүүсэн ханхүү Жофрей Бартеонтой өнгөрлөө. Тэр арван хоёр настай Жон,
Робб хоёроос дүү хир нь хавьгүй өндөр байсан нь Жоныг хирдхийлгэв. Ханхүү Жоффрей
эмэгтэй дүүгийнхээ адил үс, ээжтэйгээ адил ногоон нүдтэй аж. Өндөр хилэн хүрэмний
захаар өтгөн цайвар буржгар үс хөврөн унжина. Санса дэргэд нь яваадаа баясан гийж байсан
ч Жонд Жоффрейгийн Винтерфеллийн их танхимыг хараад басамжилан ярвайсан уруул огт
таалагдсангүй.

Тэгтэл араас нь өөр илүү сонирхолтой хос болох хатан хааны ах дүүс Кастерли Рокийн
Ланнистерчууд орж ирлээ. Арслан ба бяцхан чөтгөр хоёрыг хэн ч эндүүрэхийн аргагүй билээ.
Хатан хаан Церцейгийн ихэр ах сэр Жейм Ланнистер өндөр шулуун бие алтлаг үстэй, хутга
шиг хурц инээмсэглэсэн ногоон нүдтэй. Тэр хүрэн улаан торгон хувцас өмсч, урт түрийтэй
савхин гутал, хар сатин цув нөмөрчээ. Хүрэмнийх нь энгэр дээр овгийнх нь сүлд тэмдэг
болох хүрхэрч буй арслан алтан утсаар товойлгон хатгамласан байлаа. Хүмүүс Жеймийг
нүүрэн дээр нь Ланнистерийн арслан гэж дуудах ч араас нь бол хааны алуурч гэж
шивнэлдэнэ.

Жон түүнээс харцаа арай ядан салгаж хаан хүн ийм л байх ёстой гэж дэргэдүүр өнгөрөхөд
бодлоо.

Тэгтэл өөр нэг хүн ахынхаа сүүдэрт анзаарагдалгүй өнгөрч буй үзэгдэв. Лорд Тивиний
хамгийн бага хүү Тайрон Ланнистер гэр бүлийнхээ хамгийн царай муутай үзэмжгүй нэгэн
ажээ. Бурхан тэнгэр Церцей, Жейм хоёрт сайн сайхан бүхнийг харамгүй өгөөд Тайронд
үгүйсгэсэн бололтой. Тэр ахынхаа бүсэлхийтэй тэнцэх намхан агаад тагдгар хөлөөрөө
гүйцэж ядан явж байв. Биедээ хэт томдсон толгой, түнхэр духан дор хавтгайлуулсан аятай
хэрцгий царайтай ажээ. Бараг цагаан шулуун цайвар үсний дор нэг нь ногоон, нөгөө нь хар
нүд гялалзана. Жон түүнийг гайхан биширч харлаа.

Сүүлчийн өндөр язгууртан лордууд орж ирэхэд түүний авга ах Шөнийн харуул Бенжин Старк
аавынх нь бараа бологч залуу Теон Грейжойтой орж ирлээ. Бэнжин явах зуураа Жон руу
дулаахан инээмсэглэн харав. Харин Теон түүнийг үл ойшоон өнгөрсөн бөгөөд энэ нь түүний
хувьд анхны хэрэг биш байлаа. Бүгд суудалдаа сууцгаасны эцэст хундага өргөн талархлын үг
хэлж найр эхэллээ.

Жон ар араас нь зогсолтгүй ууж эхлэв.

Ямар нэг зүйл ширээн доорх хөлийг нь шүргээд урдаас нь улаан нүд ширтэх үзэгдэв.

- Ахиад л өлсөө юу?

Ширээний голд баланд хагас дүрж амталсан тахианы мах тавиастай байв. Жон нэг гуяыг
салгаж авах гэснээ арай дээр зүйл санаанд ороход шувууг бүхлээр нь шалан дээр хөлийн
хооронд хаялаа. Сүнс чимээгүйхэн махыг тасчин үмхлэв. Түүний дүү нарт найран дээр чоноо
дагуулан орж ирэхийг зөвшөөрөөгүй ч энд Жоны тоолж чадахаас илүү олон нохой гүйлдэж
байсан бөгөөд танхимын төгсгөлд сууж байгаа тул хэн ч түүний бэлтрэгэнд зэмлэсэн үг
хэлсэнгүй. Тэр үүнийг ахин аз тохиосон хэрэг гэж үзжээ.

Утаа нүд хорсгон өвтгөхөд Жон хараан үрснээ дарснаасаа ахин балгаж зэрлэг чоноо тахиа
идэхийг ширтлээ.

Үйлчлэгч охидыг даган ширээний хооронд ноход гүйлдэнэ. Тэдний нэг болох зуйван урт шар
нүдтэй хар жингэр тахианы махны үнэр авчээ. Тэр сандлын дэргэд зогсов. Жон
сөргөлдөөнийг сонирхон харлаа. Жингэр намуухан хүржигнэсээр ойртоход Сүнс час улаан
нүдээрээ нохой руу чимээгүй ширтэнэ. Жингэр шүдээ ярзайлган архирлаа. Тэр зэрлэг чонын
бэлтрэгнээс гурав дахин том биетэй хэдий ч Сүнс байрнаасаа хөдөлсөнгүй. Тэр олзоо
хамгаалан зогсож амаа ангайн хурц соёогоо ярзайлгав. Жингэр давхийснээ тулалдахгүй байх
нь дээр гэж үзсэн бололтой хуцлаа. Тэгснээ цааш эргэж бардамналаа хадгалан сүүлчийн удаа
хуцаад ширээнүүдийн хооронд алга болов. Сүнс хоолондоо эргэн оров.

Жон инээд алдаад ширээн доогуур гар сунган өтгөн цагаан үсийг нь илбэв. Зэрлэг чоно түүн
рүү харж гарыг нь зөөлхөн хазсанаа эргэн хоолоо идэж эхэллээ.

- Энэ миний тэгтлээ их сонссон зэрлэг чонын нэг үү? гэх танил хоолой дэргэд нь гарав.

Жон баяртайгаар авга ах Бэн рүү эргэн харахад тэрбээр дөнгөж сая бэлтрэгнийхээ үсийг
илбэсний адил толгойных нь үсийг илбэн өрвийлгөв.

- Тиймээ. Би түүнд Сүнс гэж нэр өгсөн.

Хиануудын нэг ширээнд лорд ахад нь суудал тавьж өгөхөөр зугаатай яриагаа тасалжээ.
Бэнжин Старк сандал дээгүүр урт хөлөө давуулан суугаад Жоны гарт байсан дарсыг авч
амталж үзсэнээ,

- Зуны дарс уу. Ёстой амттай даа. Ингэхэд Жон чи хэдэн аяга уугаа вэ? гэлээ.

Жон хариу инээмсэглэхэд Бэн Старк хөхөрч,

- Надаас айгаа юу. За яахав. Чамаас бага байхдаа анхны удаа хичнээн их ууснаа санаж байна
гээд шарсан сонгинотой өтгөн сүмс бүхий мах ойролцоох тавагнаас авч шажигнуулан хазав.

Авга ахынх нь царай шовх уулын хад асгыг санагдуулах бөгөөд цэнхэр нүдээрээ үргэлж инээд
алдана. Тэр шөнийн харуулуудын адил хар хувцас өмсчээ. Өнөө орой баян сайхан хар хилэн,
урт савхин гутал, мөнгөн тээглүүртэй өргөн бүс бүсэлж, мөнгөлөг хүнд гинж хоолойндоо
зүүжээ. Бэнжин Сүнсийг сонгинотой хоол идэх зуураа сонирхон ажиглаж,

- Ямар чимээгүй чоно вэ гэв.

- Бусад шигээ биш. Үргэлж чимээгүй байдаг болохоор нь би Сүнс гэж нэр өгсөн юм. Бас
бусад нь бүгдээрээ хар саарал өнгийн зүстэй ганцаараа цагаан зүстэй.
- Хананаас цаана зэрлэг чоно байгаа хэвээр байсан. Бид тэдний улих дууг жижүүр хийж
явахдаа сонссон гээд Бэнжин Сарк Жоныг цоо ширтэж,

- Чи ердийн үед дүү нартайгаа нэг ширээнд сууж хооллодог уу? гэв.

- Ер нь бол тийм гэж Жон хатуу хоолойгоор хэлээд,

- Гэвч өнөө орой хатагтай Старк хааны гэр бүлийнхэнтэй бутач хүүхэд суух нь доромжлол
гэж үзсэн юм гэв.

- Ойлгож байна гээд авга ах нь Жоны мөрөн дээгүүр танхимын дээд хэсгийн ширээ рүү
өлийн харж,

- Миний дүү өнөөдөр тийм ч баяртай байгаа санагдахгүй байх чинь гэв.

Жон ч бас үүнийг анзаарчээ. Бутач байх нь олон зүйлийг ажиглахын дээр хүмүүсийн
нүднийхээ ард нуусан үнэнийг уншиж сурахад тусалдаг байлаа. Эцэг нь эелдэгхэн ёсыг
баримтлах хэдий ч Жоны ховорхон харсан түгшсэн шинжтэй үзэгдэнэ. Тэр хоол унд нэг их
идэж уулгүй танхимыг үзэхгүй байгаа аятай бүүдгэр нүдээр ширтэнэ. Түүний дэргэд хаан
хоёр суудал эзлэн суугаад идэж ууж байв. Өргөн хар сахалтай нүүр нь час улайжээ. Тоо
тоомшгүй олон хундага өргөхийн зэрэгцээ инээд наргиан нь улам чангарч хоол унд руу өлсөж
үхэх гэж байгаа хүн шиг дайрах агаад дэргэд нь хатан мөсөн баримал шиг сууж байв.

- Хатан бас ууртай байгаа. Аав орой хааныг доош бунхан руу оруулсан. Хатан түүнийг явахыг
хүсээгүй гэж Жон авга ахдаа аяархан хэллээ.

Бэнжин Жоныг болгоомжтой цэгнэсэн нүдээр ширтэж,

- Чи олон зүйлийг хараанаасаа алддаггүй байх тийм үү, Жон? Бидэнд чам шиг хүн Ханан
дээр хэрэгтэй гэв.

Жон цээжээ бардмаар түхийлгэж,

- Робб надаас жад эзэмшихдээ илүү ч би илдээр хамаагүй дээр. Бас Халлен намайг цайзын
хамгийн гарамгай морь унадаг хүн гэж хэлсэн гэв.

- Бахдам амжилт байна.

- Та намайг Хана руу буцах үедээ аваад яваач. Аав таныг гуйх юм бол зөвшөөрнө дөө. Би
үүнийг сайн мэдэж байна гэж Жон гэнэтхэн палхийтэл хэлэхэд Авга ах Бенжины царай
болгоомжилсон төрхтэй болж,

- Хана бол хэцүүхэн газар, хүү минь гэв.

- Би бараг л насанд хүрсэн гэж Жон эсэргүүцээд,

- Удахгүй арван таван насны минь төрсөн өдөр болох гэж байгаа. Тэгээд ч мастер Лювин
бутач бусад хүүхдүүдүүдээс хамаагүй хурдан өсч байна гэсэн гэв.

- Энэ ч үнэний ортой л байх гэж Бэнжин амаа мушийлган хэлээд Жоны аягыг ширээн
дээрээс авч ойролцоох домбоноос дүүргэн удаанаар залгилав.

- Дэйрин Таргарин арван дөрвөн настай байхдаа Дорныг эзэлж байсан гэж Жон хөөрөн
хэлэв. Түүний дуртай ганц баатар залуу луу байлаа.

- Үүнд ялж авах хүртэл бүтэн зун орсон. Чиний хөвгүүн хаан чинь энэ газрыг эзлэхийн тулд
арван мянган хүнээ алдаж дээрээс нь тогтоон барихын тулд тавин мянган хүн шаардагдсан.
Хэн нэгэн түүнд дайн бол тоглоом биш гэдгийг тайлбарлаж өгөх хэрэгтэй байж гээд Бэнжин
ахин дарс балгаж амаа арчсанаа,

- Тэгээд ч Дэйрин Таргарин арван найман настай байхдаа үхсэн. Эсвэл чи үүнийг нь мартсан
хэрэг үү? гэлээ.

- Би юу ч мартаагүй гэж Жон гүнгэнэв. Дарс түүнийг зоригтой болгожээ. Тэр өндөр
харагдахын тулд сандал дээрээ эгцхэн суухыг оролдов.

- Би Шөнийн харуулд орохыг хүсч байна, авга ахаа.

Тэр энэ тухай эртнээс дүү нараа унтаж байх үед шөнийн цагаар удтал боджээ. Хэзээ нэгэн
цагт Робб Винтерфеллийг залгамжилж их армийг захиран Умардын захирагч болно. Бран,
Рикон хоёр Роббын тугч болж нэрийн өмнөөс хууль дүрмийг сахиулна. Түүний охин дүү
Аръяа, Санса хоёр ондоо язгууртан гаралтай айлын угсаа залгамжлагчид хөвгүүдтэй гэрлэж
шилтгээнийх нь эзэгтэй болно. Харин бутачид ямар газар оногдоно гэж?

- Чи юуны тухай ярьж байгаагаа өөрөө ч мэдэхгүй байна, Жон. Шөнийн харуул бол тангараг
өргөсөн ах дүүс. Бидэнд гэр бүл гэж байхгүй. Хэнд нь маань ч үр хүүхэд байхгүй. Бид эхнэр
бол үүрэг хариуцлага. Эзэгтэй маань нэр хүнд.

- Бутчид ч гэсэн нэр хүнд бий. Би таньд одоохон ам өгөхөд бэлэн байна.

- Чи бол ердөө арван дөрөвтэй хөвгүүн. Хараахан насанд хүрсэн эр хүн биш. Одоо хүртэл
эмэгтэй хүнийг мэдэхгүй болохоор юунаас татгалзаж байгаагаа сайн ойлгохгүй байна гэхэд,

- Надад энэ хамаагүй! гэж Жон дүрэлзэв.

- Магадгүй энэ юу болохыг чи мэдэж байж болох. Гэсэн ч өргөсөн тангараг ямар үнэтэйг
мэдэж байсан бол тангараг өргөх гэж чи ингэтлээ тэсч ядахгүй байсан даа, хүү минь.

Жоны уур хилэн дүрсхийж,

- Би таны хүү биш! гэж хашгирахад Бенжин Старк өндийж Жоны мөрөн дээр дараад,

- Тэгсэн ч надад харамсалтай байна. Над дээр хэдэн бутач хүүхдийн эцэг болсон хойноо
буцаж ирвэл тэр үед чамайг юу дуулахыг чинь харъя гэсэнд Жон чичирч,
- Би хэзээ ч бутач хүүхдийн эцэг болохгүй. Хэзээ ч! гэж хортой үг аятай тодотгон хэлэв.

Гэнэтхэн тэр ширээнд чимээгүй болж бүгд ширтэж байгааг ухаарав. Нүдэнд нь өөрийн
мэдэлгүй нулимс цийлэгнэхэд хөл дээрээ өндийж,

- Намайг өршөөгөөрэй гэж сүүлчийн тайван байдлаа шавхан хэлээд уйлж байгаагаа
харуулахгүйн тулд огцом эргэв. Тэр санаснаас хавьгүй их дарс уусан бололтой. Хөл нь
гуйвлан орооцолдож хажуугаар өнгөрсөн үйлчлэгч охиныг дайран унагатал халуун ногоотой
дарс хольсон домбо шалан дээр унаж хагарав. Эргэн тойрон инээд хандахад Жоны хацар
дээгүүр халуун нулимс урслаа. Хэн нэгэн түүнийг тогтоохыг оролдоход ухасхийн мултраад
сүүмэлзэн харагдах хаалганы зүг гүйлээ. Сүнс араас нь өсгий даган гарав.

Хашаанд чимээгүй хоосон байлаа. Бэхлэлтийн өндөр ханын дотор талд харуул зогсож
хүйтэнд даарсандаа нөмрөгөөрөө ороон бэгцийжээ. Тэр ихэд уйтгартай ганцаардмал золгүй
харагдаж байсан тул Жон түүнтэй дуртайяа байраа солих байлаа. Шилтгээний эргэн тойрон
харанхуй хоосон оргиж уйтгартай ханан дунд салхи исгэрнэ. Винтерфелд шөнө болжээ.

Онгорхой цонхоор хөгжим дууны ая хадна. Гэвч Жон хөгжилдөхийг хүссэнгүй тул нулимсаа
цамцныхаа ханцуйгаар арчаад явахыг завдтал,

- Хүү минь гэх дуу гарахад эргэж харав.

Тайрон Ланнистер Их танхимын өндөр хаалганы ирмэг дээр чулуун луу аятай овойн сууж
байв. Тэр инээмсэглэн,

- Энэ чинь чоно уу? гэв.

- Зэрлэг чоно. Сүнс гэдэг юм гээд жижигхэн хүн рүү харснаа саяхан урам хугарснаа гэнэтхэн
мартаж,

- Та тэнд юу хийж байгаа юм бэ? Яагаад найранд байхгүй байгаа юм? гэж асуулаа.

- Дотор дэндүү халуун чимээ шуугиантай. Тэгээд ч би дэндүү их дарс уучихсан болохоор
эртнээс ахынхаа дэргэд бөөлжих бүдүүлэг явдал гэдгийг мэднэ. Ингэхэд би чиний чоныг
ойроос харж болох уу? гэхэд Жон тээнэгэлзсэнээ удаанаар толгой дохиж,

- Та доошоо буугаад ирэх үү эсвэл би шат авчирах уу? гэв.

- Өө, түүний хэрэггүй гэж жижигхэн хүн хэлээд ирмэг дээрээс үсрэн буухдаа газар бөмбөрөн
эргэлдэж гаран дээрээ тогтсоноо хойд хөл дээрээ газардахад Жон эрхгүй дуу алдав.

Сүнс эвгүйцэн ухархад одой тоосоо гөвснөө тачигнатал хөхрөв.

- Би чиний чоныг айлгасан бололтой. Өршөөл хүсье.

- Тэр айдаггүй юм гээд Жон өвдөглөн сууж,


- Сүнс нааш ир. Нааш ир гэлээ.

Чоно ойртож Жоны нүүрийг шиншлээд Тайрон Ланнистер луу болгоомжтой ширтсэнээ
эрхлүүлэхээр гар сунгахад нь агзасхийн хурц соёогоо чимээгүй ярзайлгав.

- Тэр жаахан ичимхий юм уу даа? гэж Ланнистер хэлэхэд Жон,

- Сүнс доошоо суу. Яг тийм. Ингээд сууж бай гээд одой руу харж,

- Та түүнд одоо хүрч болно. Тэр намайг хэлэхээс нааш хөдлөхгүй. Би түүнд ингэж сургасан
юм гэв.

- Ойлголоо гээд Ланнистер Сүнсийн цасан цагаан үстэй чихийг маажиж,

- Сайхан чоно байна гэв.

- Хэрвээ намайг энд байгаагүй бол тэр таны хоолойг тас хазах байсан даа гэж Жон хэдийгээр
тийм биш ч үнэний хувьтай үг хэлэв.

- Тийм учраас чиний дэргэд ойр байсан нь дээр гээд одой том толгойгоо хажуу тийш сэжин
Жоныг зохимжгүй нүдээрээ ширтэж,

- Намайг Тайрон Ланнистер гэдэг гэв.

- Би мэднэ гээд Жон босч зогсоход одойгоос хамаагүй өндөр байсан нь хачирхалтай сэтгэдэл
төрүүлэв.

- Чи Нэд Старкын бутач хүүхэд үү?

Жоны дотор хүйт оргиход шүд зуугаад хариу хэлсэнгүй.

- Би чамайг гомдоож орхив уу. Уучлаарай одой хүмүүс бусдын эв зүй олохдоо муу гээд инээж,

- Гэхдээ л би чамайг бутач байх гэж бодож байна гэв.

- Лорд Эддард Старк миний эцэг гэж Жон хатуу хэлэхэд Ланнистер түүний царай шинжин
харснаа,

- Тиймээ. Би үүнийг харж байна. Чамд дүү нараас чинь хавьгүй илүү умардын төрх байна
гэхэд,

- Эцэг нэгтэй дүү нар гэж Жон заслаа. Түүнд одойгийн яриа таалагдсан тул дүр эсгэх гэж
оролдсонгүй.

- Би чамд хэдэн зөвөлгөө өгөх үү, бутач минь. Ертөнц үүнийг мартахгүй нь лавтай болохоор
хэзээ ч өөрийнхөө хэн болохыг бүү мартаж бай. Үүнийгээ өөрийнхөө хүч чадал болго. Хэзээ
ч сул тал болгон хувиргаж болохгүй. Тэгээд үүнийгээ хэн ч чамайг гомдоож чадахгүй хуяг
болгон өмсөж бай гэхэд Жон хэний ч зөвөлгөө авахааргүй авиртай байсангүй тул,

- Ингэхэд та бутач байх талаар юу мэддэг юм бэ? гэв.

- Бүхий л одойчууд эцгийнхээ нүдэнд бутач шиг харагддаг юм.

- Гэхдээ та өөрийн эхээсээ төрсөн Ланнистерийн хууль ёсны хүү биз дээ.

- Тийм гэж үү? хэмээн одой даажигнан хэлээд,

- Үүнийгээ миний лорд эцэгт хэл. Ээж минь намайг төрүүлээд өөд болсон болохоор тэр хэзээ
ч үүнд итгэлтэй байдаггүй юм гэлээ.

- Харин би ээжийнхээ ямар хүн байсныг мэддэггүй.

- Ямар нэг эмэгтэй гэдэгт эргэлзээгүй. Яг л тэдний олонхи шиг гээд Тайрон Жон руу
гэмшингүй инээмсэглэж,

- Үүнийг санаж ав хүү минь. Бүх одойчууд бутач байж магадгүй ч бүх бутач нар харин одой
байж чадахгүй! гээд найр луу эргэж дуу исгэрүүлэн гэлдрэв. Түүнийг хаалга онгойлгоход
хаалган дээрээс туссан сүүдэр уртсан агшин зуур Тайрон Ланнистер хааны адил өндөр
боллоо.
КАТЕЛИН

Винтерфеллийн том шилтгээний бүх өрөөнүүдээс Кателиний унтлагын өрөө хамгийн


дулаахан байв. Тэр ховорхон гал өрдөнө. Шилтгээнийг хүний биеийн хураагаар судас мэт
дотор хануудад ус гүйлгэж чулуун танхимын хүйтнийг хөөн чийглэг дулаахан шилэн
хүлэмжийг хүйтэнд хөлдөхөөс хамгаалах бөгөөд багахан хашаанд байх нээлттэй цөөрмүүд
өдөр шөнөгүй уур савсуулна. Энэ нь зун бага зүйл хэдий ч өвөл үхэл амьдралын хэрэг байлаа.

Кателины угаалгын өрөөнд үргэлж халуун уур савсаж хананд нь хүрэхэд бүлээн байна.
Дулаан түүнд Риверранд Лиза, Эдмур нартай өнгөрүүлсэн нарлаг өдрүүдийг санагдуулах
хэдий ч Нэд халууныг тэвчиж чаддаггүй байв. Тэр шилтгээнээ буруу газар барьсан гэх
Кателины үгэнд инээн Старкынхан хүйтэнд дассан улс гэж хэлжээ.

Нэд урьдын адил эхнэрээ үнсэж орноосоо босоод өрөөн дундуур явж өндөр нарийхан цонхон
дахь хүнд хөшгүүдийг нээн шөнийн сэрүүн агаар оруулав.

Салхи түүний өөдөөс үлээхэд харанхуй руу ширтэн зогсоно. Кателин арьсан хөнжлөө эрүү
лүүгээ татан түүнийг харлаа. Хэдийгээр арван таван жил өнгөрсөн ч гэлээ Риверраны сүмд
гэрлэж байсан үеийнх шигээ залуухан жижигхэн болчихсон мэт санагдах аж. Түүний нуруу
дурлалын ажлын улмаас чилж өвдөв. Энэ бол сайн өвдөлт байлаа. Түүний үр дотроо байгааг
мэдэрч тэсээсэй гэж залбирлаа. Риконыг төрүүлснээс хойш ердөө гурван жил өнгөрсөн тул
Кателин нэг их хөгшрөөгүйн дээр түүнд ахин нэг хүү төрүүлж өгсөн ч чадна.

- Би түүнд татгалзсан хариу өгнө гээд Нэд түүн рүү санааширсан харцтай эргэхэд хоолой нь
эргэлзээгээр дүүрэн байлаа.

Кателин орон дээрээ өндийн суулаа.

- Болохгүй. Чи түүнд татгалзаж болохгүй.

- Миний үүрэг бол умардад байх явдал. Би Робертийн гар болохыг хүсэхгүй байна.

- Тэр үүнийг чинь ойлгохгүй. Тэр одоо хаан болсон болохоор хаад ердийн хүнтэй адилгүй.
Хэрвээ чи түүнд үйлчилэхээс татгалзвал шалтгааныг нь гайхан бодсоноо эрт орой хэзээ нэг
цагт чамайг нууцаар эсэргүүцэж байна гэж сэжиглэх болно. Чи бидэнд аюул тулгарахыг
хүсэхгүй биз дээ гэхэд Нэд итгэлгүйхэн толгой сэгсэрч,

- Роберт надад хэзээ ч аюул учруулахгүй. Бид ах дүүгээс ч илүү ойр дотны барилдлагатай. Тэр
надад хайртай. Хэрвээ би түүнд татгалзсан хариу өгвөл тэр орилж хашгирч хараан
сүржигнэснээ долоо хоногийн дараа гэхэд ахин надтай хамт инээлдэж байх болно. Би энэ
хүнийг мэднэ! гэлээ.

- Чи хүнийг нь мэднэ. Харин хааныг мэдэхгүй гээд Кателин цасан дээр хоолойдоо хугарсан
эвэр зоолгоод хэвтэж байсан үхсэн зэрлэг чоныг саналаа.

- Бахархал бол хааны хамгийн гол зүйл, эзэнтээн. Роберт энэ урт замыг чамд гүн хүндэтгэл
хүлээлгэхээр туулсан байтал нүүр лүү нь буцаан чулуудаж болохгүй.

- Хүндэтгэл гэнэ ээ? хэмээн Нэд гашуунаар инээв.

- Түүний нүдэнд л тэгж харагдаж байгаа юм.

- Харин чиний нүдэнд ямар харагдаж байна? гэхэд,

- Минийхэд ч гэсэн хэмээн Кателиний уур өөрийн эрхгүй дүрсхийлээ. Ер нь тэр яагаад
үүнийг ойлгохгүй байгаа юм бол?

- Тэр өөрийнхөө хүүг манай охинтой гэрлүүлэхээр санал тавьсаныг өөр юугаар дуудах болж
байна? Санса нэг л өдөр хатан болж харин түүний хөвгүүд Хана, Дорнын уулсыг захирна.
Үүнд тэгээд буруу зүйл юу байна?

- Бурхан минь, Кателин. Санса ердөө арван нэгтэй шүү дээ. Тэгээд ч Жоффрей... Жоффрей
бол...

- Төмөр хаан ширээний залгамжлагч титэмт ханхүү гэж Кателин яриаг нь төгсгөөд,

- Намайг ердөө арван хоёртой байхад эцэг маань чиний ах Брэндонтой гэрлүүлэхээр сүй
тавьж байсан гэхэд Нэдийн ам гашуунаар мурийв.

- Брэндон гэнэ ээ. Тиймээ. Брэндон ямар зүйл хийх ёстойгоо мэдэх байсан. Тэр үргэлж
мэддэг байсан. Чи, Винтерфелл гээд эндхийн бүх зүйл Брэндонд хамааралтай. Тэр хааны гар,
хатны аав болох ёстой байсан юм. Би хэзээ ч энэ аягыг надад дамжуулахыг гуйгаагүй.

- Магадгүй үгүй ч байж болох юм. Гэвч Брэндон үхсэн болохоор аяга чамд шилжсэн. Чиний
дуртай дургүй эсэх нь хамаагүй үүнээс уух л ёстой.

Нэд цааш шөнийн цонх руу эргэж харанхуй руу сар, ододыг эсвэл магадгүй ханын харуулыг
ширтлээ.

Кателин түүний сэтгэл шаналахыг хараад зөөлрөв. Эддард Старк Брэндоны оронд түүнтэй
гэрлэснээс хойш үхсэн ахынх нь болон өөр нэг түүнд хууль бус хүү төрүүлж өгсөн эмэгтэйн
сүүдэр тэдний хооронд гүйх болжээ.

Кателин түүн рүү очихоор өндийтөл хаалга чанга цохих чимээ гарав. Нэд хөмсөг зангидан
эргэж,

- Энэ чинь юу болж байна? гэхэд Десмондын хоолой хаалганы цаанаас дуулдаж,

- Эзэнтээн мастер Лювин яаралтай уулзахыг хүсч байна гэв.

- Түүнд миний хэн ч бүү саад бол гэж тушаасныг хэлсэн үү?

- Тиймээ, эзэнтээн. Гэхдээ тэр шаардаж байна.


- Сайн байна. Түүнийг дотогш оруул.

Нэд хувцасны шүүгээ рүү очиж хүнд нөмрөг нөмрөхөд Кателин гэнэтхэн өрөөнд хичнээн
хүйтэн болсоныг мэдэрлээ. Тэр орон дээр өндийж арьсан хөнжлөө эрүү рүүгээ татаад,

- Цонхоо хаахгүй юм уу? гэхэд Нэд хайнгадуухан толгой дохив. Хаалгаар Мастер Лювин орж
ирлээ.

Мастер жижигхэн буурал хүн байлаа. Түүний нүд олон зүйл харахын тулд түргэн цавчилахын
зэрэгцээ он жилүүдийн уртад шингэрсэн хэдэн үс нь бууралтжээ. Тэр Старкынхны өнгө
болох цагаан үсээр захалсан дотроо халаас бүхий халхгар ханцуйтай саарал ноосон хувцас
өмсөнө. Лювин үргэлжид номнууд, захиа, хачирхалтай эд хэрэгсэл, хүүхдийн тоглоом гэх
мэтийг бүхий л эд зүйлсээ хацуйндаа хадгалах тул Кателин түүний гараа хэрхэн өргөж
чаддагыг гайхдаг байв.

Мастер ард нь хаалга хаагдахыг хүлээснээ ярьж хэлэв.

- Эзэнтээн таны тухыг алдуулсанд өршөөгөөрэй. Гэхдээ таньд захиа иржээ гэхэд Нэд
ундууцаж,

- Захиа ирсэн гэнэ ээ? Хэнээс тэр вэ? Хэн нэг морьтон ирээ юу? Надад хэлээгүй дээ гэв.

- Энэ морьтон биш, эзэнтээн. Намайг зүүрмэглэж байх зуур ширээн дээр минь сийлбэртэй
модон хайрцаг үлдээжээ. Зарц нар хэнийг ч хараагүй ч хааны бараа бологсдийн нэг байх.
Бидэнд өмнөдөөс өөр зочин ирээгүй.

- Модон хайрцаг гэж хэлсэн үү? хэмээн Кателин асуулаа.

- Дотор нь одон орон судлалын томруулдаг шил байсан юм гэхэд Нэд эрхгүй хөмсөг
зангидлаа. Түүнийг ийм зүйл сонсох тэвчээр муутай болохыг Кателин мэдэх билээ.

- Томруулдаг шил гэнэ ээ? Түүгээр чинь би яах юм?

- Би ч гэсэн өөртөө ийм асуулт тавьж үзээд ямар нэг зүйлийг тод харахын тулд гэж шийдсэн
гэхэд Кателин хүнд ангийн үсэн дор агзасхийж,

- Томруулдаг шилний тусламжтай харах хэрэг үү? гэлээ.

- Тэгэх нь гарцаагүй гээд мастер хувцсан дотроо зүүсэн өөр өөр өнгийн төмөр хэлхэн зүүсэн
хүнд гинжинд гар хүрэв.

Кателиний дотор айдас ахин төрлөө.

- Бид үүгээр юуг тодруулан харах юм бол?

- Үүнийг л би өөрөөсөө асуугаад байна гээд мастер Лювин ханцуйнаасаа ороосон хуйлаастай
цаас гаргаж,
- Би хайрцагыг томруулдаг шилний тусламжтай задлахад хуурамч ёроолд жинхэнэ захидал
байсан гэж хэлэхэд Нэд гараа сунган,

- Захиаг надад өг гэсэнд Лювин хөдөлсөнгүй.

- Өршөөнө үү, эзэнтээн. Захиа та бидний алинд ч хаяглагдаагүй. Зөвхөн хатагтай Кателин
ганцаар уншихад зориулагдсан байсан. Би түүнд гардуулж болох уу?

Кателин хэлэх үггүй толгой дохьсонд Лювин цаасыг орны хажуугийн ширээн дээр тавив. Энэ
нь жижигхэн цэнхэр лацтай захиа байлаа. Лювин бөхийгөөд гарахаар завдсанд,

- Үлд гэж Нэд сэтгэл түшсэн хоолойгоор тушаагаад Кателин руу харж,

- Энэ чинь юу болж байна? Миний хатагтай чичирээд байна уу даа гэлээ.

- Айсандаа тэр гээд Кателин захиаг авахаар гар сунгахад үстэй хөнжил унав. Тэр хөнжлийн
дор нүцгэн байснаа мартжээ. Энэ нь Арриний овгийн бэлэг тэмдэг болох сар шонхорын
тамгатай лац дарсан захиа байв.

- Лизагаас иржээ. Биднийг нэг их баярлуулахгүй болов уу. Гашуудлын захиа байна, Нэд. Би
үүнийг мэдэрч байна гээд Кателин нөхөр лүүгээ харлаа.

Нэд хөмсөг зангидан царай нь барайж,

- Захиаг нээ гэв.

Кателин лацыг задлан эхний мөрөн дээгүүр харцаа гүйлгээд эхэндээ юу ч ойлгосонгүй.
Тэгснээ ухаан орж,

- Лиза эрсдэл гаргахыг хүсээгүй байна. Бид жаахан байхдаа хоорондоо харьцдаг хувийн
харьцдаг хэлтэй байсан юм гэв.

- Чи үүнийг уншиж чадах уу?

- Мэдээж.

- Тэгвэл бидэнд уншиж өг.

- Магадгүй би гарсан нь дээр байх гэж Мастер Лювин хэлэв.

- Үгүй ээ. Бидэнд таны зөвөлгөө хэрэгтэй гээд Кателин үстэй хөнжлөө сөхөн орон дээрээс
босч өрөөн дундуур явахад шөнийн хүйтэн агаар арьсыг нь ирвэгнүүлэв. Мастер Лювин харц
буруулав. Нэд хүртэл багагүй цочирджээ.

- Чи чинь яаж байгаа хэрэг вэ?

- Галын гэрэлд ойртоё гээд мөрөндөө нөмрөг углан хүйтэн ханан зуухны өмнө суулаа.
- Гэхдээ мастер Лювиныг дэргэд...

- Мастер Лювин миний бүх хүүхдийг эх барьж авсан. Одоо хуурамч даруу төрх эсгэж байх цаг
алга гээд Кателин цаасыг нямбайлан нээж уншлаа. Нэд түүн рүү очиж нүүр тулах шахам
гараас нь татан босгоод,

- Надад хэлээч! Энд юу бичигдэж вэ? гэж асуув.

- Анхааруулга байна. Бид үүнийг сонссон нь дээр байх гэхэд Нэд царайг нь ширтэн,

- Цааш үргэлжлүүл гэлээ.

- Лиза Жон Арринийг алагдсан гэж бичсэн байна.

Нэдийн гар чангарлаа.

- Хэнд?

- Ланнистерийнханы хатан хаанд.

Нэд түүний гарыг тавихад арьсан дээр нь улайсан ором үлдлээ.

- Бурхан минь. Чиний дүү гашуудалдаа солиорчээ. Тэр юуны тухай ярьж байгаагаа ч мэдэхгүй
байна гэж сөөнгөтөн шивнэв.

- Тэр мэдэж байсан. Лиза түргэн зантай ч захидлыг ухаалагаар нууцлан бичжээ. Тэр захиа
буруу гарт орсон бол үхлийн аюул заналхийлэхийг мэдэж байсан. Хичнээн эрсдэл гаргахын
хирээр төдийчинээ сэжиглэлд орох аюултай гээд Кателин нөхөр лүүгээ харж,

- Одоо бидэнд өөр ямар ч сонголт алга. Чи Робертийн гар болох ёстой. Чи түүнтэй өмнө зүг
рүү явж үнэнийг ол гэв.

Гэсэн ч Нэд өөр шийдвэр гаргасан бололтой,

- Миний цорын ганц үнэн бол энд байх явдал. Өмнө зүг бол хорт могойн үүр болсон болохоор
хол байсан нь хамаагүй дээр гэв.

Лювин захныхаа гинжийг засаж бөхийгөөд,

- Хааны гарт агуу их хүч бий, эзэнтээн. Лорд Арриний үхлийн үнэн шалтгааныг олж,
алуурчинг хааны шүүхийн өмнө авчран хатагтай Арринийг хүүгийнх нь хамт хамгаалах хүч
бий гэв.

Нэд яахаа мэдэлгүй унтлагын өрөөг харлаа. Кателиний уур хүрсэн ч үг дуугарвал гомдоохоо
мэдэж байсан тул эхлээд хүүхдүүдийнхээ төлөө ятгахаар шийдэв.

- Чи Робертод ах шигээ хайртай гэсэн. Үнэхээр ахыгаа Ланнистерийнхны хүрээлэл дунд


орхих гэж байгаа хэрэг үү?

- Нөгөөдүүл та хоёрыг аваасай гэж Нэд баргар царайлан бувтнаад цааш эргэж цонх руу очлоо.

Кателин мастер Лювины хамт чимээгүйхэн Эддард Старк хайртай орон гэртэйгээ салах ёс
гүйцэтгэхийг хүлээлээ. Эцэст нь тэр цонхноос ядрангуй эргэхэд нүд нь нулимсанд норжээ.

- Миний эцэг өмнө зүг рүү хааны дуудлагын дагуу явсан гэртээ хэзээ ч эргэн ирээгүй.

- Тэр бол өөр цаг, өөр хаан байсан гэж Мастер Лювин хэлэв.

- Тийм л дээ гээд Нэд ханан зуухны дэргэдэх сандал дээр суунгаа,

- Кателин чи Винтерфеллд үлд гэсэнд Кателины зүрхийг хүйтэн мэсээр чичих шиг болж,

- Үгүй хэмээн дуу алдсанаа гэнэтхэн айлаа. Үүнийг төлөө шийтгэх юм биз дээ? Ахин түүний
царайг хэзээ ч харж гарт нь тэврүүлэхгүй болчих юм биш байгаа даа?

- Тийм гэж Нэд маргахын аргагүй хатуу өнгөөр хэлээд.

- Чи намайг Робертын зарлаганд гүйж байх хойгуур умард зүгээ барьж байх хэрэгтэй.
Старкийнхан үргэлж Винтерфелд байсаар ирсэн. Робб ердөө арван дөрвөн настай. Удахгүй
өсөж том болоход нь би дэргэд нь байж чадахгүй. Чи түүнийг зааж сургаарай. Тэр цаг нь
ирэхэд бэлэн байх ёстой гэхэд,

- Бурханы авралаар тийм ч удахгүй биз гэж мастер Лювин бувтналаа.

- Мастер Лювин би таньд нэг цусны хүн шигээ итгэдэг. Миний эхнэрт том жижиг гэлгүй бүх
зүйлд зөвөлгөө өгч байгаарай. Хөвгүүнийг минь мэдэх ёстой зүйлд нь сурга. Өвөл ирж айсуй.

Мастер Лювин толгой дохив. Хормын зуур нам болсноо Кателин юунаас илүү айж байсан
зүйлээ асуухаар зүрхлэв.

- Бусад хүүхдүүд маань яах болж байна?

Нэд түүнийг тэврээд хацарт нь нүүрээ нааж,

- Рикон дэндүү жаахан байна. Тэр энд чамтай Роббын хамт үлдэг. Үлдсэнийг нь би авч явна
гэв.

- Би үүнийг тэвчиж чадахгүй гээд Кателин чичирлээ.

- Чи чадна. Санса Жоффрейтэй хуримлах нь тодорхой болсон учир бид хаанд үнэнчийнхээ
талаар сэжиг төрүүлж болохгүй. Энэ зуур Арьяа өмнө зүгийн ордонд шаардлагатай зүйлсийг
суралцана. Тэр хэдхэн жилийн дараа бас гэрлэх насанд хүрнэ.

Сансад өмнө зүг таалагдахын дээр бурхад Аръяад хүмүүжил хэрэгтэйг харсан бололтой гэж
Кателин бодлоо. Тэр тэднийг сэтгэл зүрхнээсээ дургүйхэн чөлөөлсөн ч Браныг бол чадахгүй.
Браныг тухайд хэзээ ч зөвшөөрөхгүй.

- Тийм л дээ гэхдээ гуйж байна, Нэд. Чи надад хайртай л бол Браныг Винтерфеллд орхи. Тэр
ердөө долоон настай шүү дээ.

- Намайг найман настай байхад эцэг маань Бүргэдийн үүр лүү хүмүүжүүлэхээр илгээсэн. Сэр
Родрик надад Робб, ханхүү Жоффрей хоёрын таарамж муутай байгаа тухай хэлсэн. Энэ бол
сайн хэрэг биш. Бран тэдний дундах гүүр болж чадна. Тэр хөгжилтэй инээд хөөрөөр дүүрэн
хайр татам хүүхэд. Залуу ханхүүгийн хамт өсөж торнин Роберт бид хоёр шиг найз болно.
Манай овог ч аюулгүй үлдэнэ.

Түүний зөв гэдгийг Кателин мэдэж байлаа. Гэвч сэтгэл өвдөх нь намдсангүй. Тэр Нэд, хоёр
охин, хайрт хүү Бран гээд дөрвүүлэнг алдах байна. Зөвхөн Робб, бяцхан Рикон хоёр түүнтэй
үлдэнэ. Дотор нь хэдийн өргөн уудам шилтгээнд ганцаардах мэдрэмж төрж эхэлжээ.

- Тэгвэл түүнийг хананаас хол байлгаарай. Чи Браны хэр авирах дуртайг мэднэ дээ гэж
зүрхлэн хэллээ.

Нэд нүдэн дээр нь тогтсон нулимсыг унахаас өмнө үнсэв.

- Баярлалаа, чамдаа. Үүнийг хичнээн хэцүү болохыг би мэдэж байна.

- Харин Жон Сноугын тухайд яах вэ, эзэнтээн? гэж мастер Лювин асуулаа.

Кателиний бие энэ нэрийг дуулмагц чангарсанд Нэд уурласныг нь мэдэж цааш холдов. Олон
хүн бутач хүүхэдтэй байдгийг Кателин мэднэ. Тэр хэдийн үүнд дасал болжээ. Гэрлэсэн эхний
жилд нь Нэдэд дайны явцад олдсон охин юмуу хүү байсан бол гайхахааргүй байлаа. Тэд
салан Нэд өмнө зүгт дайлаар морьдох үед Кателин эцгийнхээ Риверран дахь шилтгээнд
аюулгүй үлдсэн бөгөөд хүүхэдтэй болохын тулд чадах бүхнээ хийжээ.

Гэвч Нэд илүү их зүйл хийсэн бололтой. Старкынхан ер бусадтай адилгүй улс. Нэд бүхий л
умардынхны нүдэн дээр гэртээ бутач хүүхдээ авчран хүү гэж дуудах болжээ. Дайн дуусаж
Кателин Винтерфеллд ирэхэд Жон асрагчтайгаа хэдийн тэнд төвхнөсөн байв.

Энэ нь гүн хагарал үүсгэлээ. Нэд хүүхдийн эхийн тухай үг хэлээгүй авч шилтгээнд нууц гэж
үгүй болохоор Кателин зарц хүүхнүүдийнхээ амнаас цэргүүдийнх нь ярьсан зүйлийг сонсчээ.
Тэд Аерис хааны хамгаалагч долоон хүлэг баатрын нэг Өглөөний илд сэр Артур Дэйн залуу
лордтой хийсэн тулалдаанд алагдсан тухай шивнэлдэнэ. Ингээд Нэд сэр Артурын сэлмийг
буцааж өгөхөөр аваачихад Зуны тэнгисийн эрэг дэх Сүүлт од гэдэг шилтгээнд түүнийг
залуухан үзэсгэлэнтэй дүү нь хүлээж байж. Хатагтай Ашара Дэйн өндөр гоолиг бие, хар үс
хөх ягаан нүдтэй байлаа. Кателин энэ тухай асуухаар хоёр долоо хоног зоригоо хуримтлуулаад
нүүрэн дээр үнэнийг зүрхлэн асуужээ. Тэгэхэд энэ бүх жилүүдийн турш Нэд түүнийг хэзээ ч
байгаагүйгээр айлгасан юм.

- Хэзээ ч надаас ахиж Жоны эхийн тухай бүү асуугаарай. Жон надтай нэг цусны гэдгийг чи
мэдэхэд хангалттай. Харин одоо хатагтай минь би энэ нэрийг хаанаас сонссоныг чинь
мэдэхийг хүсч байна хэмээн мөс шиг хүйтэн хоолойгоор хэлжээ.

Тэр гэм буруугаа хүлээн бүх зүйлийг ярьсан бөгөөд энэ өдрөөс хойш бүх хов жив намдан
Ашара Дэйний нэр Винтерфеллд ахин хэзээ ч сонсогдсонгүй.

Жоны ээж хэн ч байлаа гэсэн Нэд ухаангүй дурласан учир Кателин хүүг холдуулахаар ятгаж
дөнгөсөнгүй. Энэ түүний хэзээ ч уучилдагггүй ганц зүйл байлаа. Тэр авааль нөхөрт үнэн
зүрхнээсээ хайртай ч хэзээ ч Жоныг хайрлаж байсангүй. Магадгүй Нэдэд өгсөн хайрынхаа
төлөө олон арван бутач хүүхдийг тэвчих байсан ч зөвхөн нүдэнд нь өртөхгүй байвал болох нь
тэр. Харин Жон хэзээ ч хараанаас гаралгүй шилтгээнд өсөж торнин өдөр ирэх тусам хууль
ёсны хөвгүүдээс нь илүү Нэдтэй улам адил болж байв. Энэ түүний сэтгэлийг зовооно.

- Жон явах ёстой.

- Тэр Роббтой ойр дотно. Миний найдаж байгаагаар... гэж Нэд хэлэхэд,

- Тэр энд үлдэж болохгүй гэж Кателин огцом үгийг нь таслаад,

- Тэр чиний хүү болохоос минийх биш. Би түүний энд байхыг тэвчиж чадахгүй гээд хэрцгий
загнаснаа мэдэж байсан ч энэ үнэний хувьтай билээ. Нэд ч гэсэн хөвгүүнийг Винтерфелд
үлдээж байгаагаараа таагүй хандаж буй хэрэг юм.

- Чи намайг түүнийг өмнө зүг рүү авч явж болохгүйг мэдэж байгаа биз дээ. Ордон түүний
байх газар биш. Хүү бутач нэртэй болохоор... тэд түүний талаар юу ярилцахыг чи мэдэж
байгаа. Хүү үүнд дургүйцэх болно.

Кателин нөхрийнхөө гуйсан харцанд бууж өгөхгүйн тулд харц буруулан,

- Тэд чиний найз Робертийг олон арван бутач хүүхдийн эцэг гэж ярьдаг гэв.

- Гэхдээ тэдний хэн нь ч ордонд байхгүй! Ланнистерийн хүүхэн энэ бүхний төлөө санаа
тавьсан. Кателин чи ямар хэрцгий юм бэ? Тэр бол ердөө нэг хүү. Тэр... гэхэд Кателины уур
хилэн дүрэлзэн үүнээс цааш олон дор зүйл хэлж магадгүй байсан ч мастер Лювин тэдний
ярианд оролцож,

- Магадгүй өөр шийдвэр ч байж болох юм. Чиний ах Бэнжин над дээр Жоны тухай хэдэн
өдрийн өмнө ирсэн. Хүү хар болохыг хүсч байгаа бололтой гэж тайван хэлэхэд Нэд цочирдон,

- Тэр Шөнийн харуулд нэгдэхийг хүслээ гэж үү? хэмээн асуулаа.

Кателин үг дуугарсангүй. Нэдийг тархиа ажиллуулж байх зуур баярласандаа Лювинийг


үнсэхэд бэлэн байв. Тэр хамгийн төгс шийдлийг олж. Бэнжин Старк тангараг өргөсөн ахан
дүүсийн нэг. Жон түүний хүү болвол хэзээ ч хүүхэдтэй болохгүй. Тэгээд ч хүү өргөсөн
тангарагаа сахих болохоор хожмын нэг өдөр Винтерфелд Кателиний ач нартай өрсөлдөх үр
хүүхэд гарахгүй.
- Ханан дээр зүтгэх бол гүн хүндэтгэл, эзэнтээн гэж мастер Лювин хэлэв.

- Тэгээд ч бутач байсан ч шөнийн Харуулд өсөж дэвжиж болно гээд Нэд түгшсэн байртай,

- Гэсэн ч Жон залуу байна. Тэр арай илүү насанд хүрсэн үедээ энэ тухай гуйсан бол болох ч
хүү ердөө арван дөрөвтэй... гэтэл,

- Хэцүүхэн золиос гэж мастер Лювин зөвшөөрөөд,

- Гэвч хүнд бэрх цаг шүү дээ, эзэнтээн. Түүний зам та болон эзэгтэйн хүлээж байгаа замаас
илүүгүй хэцүү биш гэв.

Кателин гурван хүүхдээ алдаж буй тухайгаа бодохоос дуугүй байхад амаргүй боллоо.

Нэдийн царай харанхуйлан цонхноос руу эргэснээ хэсэг хугацааны дараа санаа алдан буцаж
эргэж,

- Маш сайн байна. Магадгүй ингэсэн нь ч дээр биз. Би Бэнтэй ярилцъя гэж мастер Лювинд
хэлэв.

- Тэгвэл энэ тухай Жонд хэлэх үү? гэж мастер асуулаа.

- Шаардлагатай үед нь хэлэх болно. Үүнд бэлтгэх хугацаа хэрэгтэй. Ойролцоогоор хоёр долоо
хоног орчим хугацааны дараа бид мордоход бэлэн болно. Жон сүүлчин хэдэн өдрөө баясаж
өнгөрүүлэг. Зуны төгсгөл болж байгаагийн адил түүний ч хүүхэд нас дуусаж байна. Цаг нь
ирэхээр би өөрөө түүнд хэлье гэлээ.
АРЪЯА

Аръяагийн оёдол ахиад л мурий болчихлоо.

Тэр доошоо хөмсөг зангидан харснаа өөр охидоор хүрээлүүлэн сууж буй Санса эгч рүүгээ
харлаа. Санса зүүг гайхамшигтай сайн эзэмшдэг гэж хүн бүр ярьдаг байв.

- Сансагын оёдол яг л өөр шиг нь үзэсгэлэнтэй. Түүнд уян налархай гар заяажээ гэж нэг удаа
септа Мордэйн ээжид нь хэлэхэд хатагтай Кателин Аръяагийн тухай асуусанд тургилаад,

- Аръяа төмөр балбаж байвал таарах гартай гэсэн билээ.

Аръяа септа Мордэйн бодлыг нь мэдэхээс эмээн өрөөн дундуур сэмхэн мярайн харсанд
өнөөдөр түүнд анхаарал хандуулахтай манатай байв. Тэр гүнж Мирцеллагийн дэргэд суугаад
хатгамлыг нь инээмсэглэн шагшина. Септагийн хувьд өндөр сурвалжт хааны гүнжид зааж
сургах нь тэр бүр тохиолдоод байдаггүй явдал тул хатан хаанд Мирцеллаг тэдэнтэй нэгтгээч
хэлжээ. Аръяагийн бодлоор Мирцеллагийн хатгамал бас ялимгүй мурий болсон ч септа
Мордэйн хэзээ ч үүнийг нь сөхөхөөргүй байв.

Тэр ахин аврагдах найдлагагүй болсон хатгамал луугаа харснаа санаа алдан зүүгээ доош
тавьж эгч рүүгээ дүнсийн харав. Санса хатгамлах зуураа хөгжилтэй яриа дэлгэж байлаа. Сэр
Родрикийн бяцхан охин Бэт Кассел хөлийнх нь дэргэд суугаад үг бүрийг нь чагнах бөгөөд,
Жейн Пүл чихэнд нь бөхийн үг шивнэж байв.

- Та нар юуны тухай ярилцаад байгаа юм? гэж Аръяа гэнэт асуулаа.

Жейн түүн рүү гайхан харснаа хөхөрхөд, Санса ичингүйрч, Бэтийн нүүр улайлаа. Тэдний хэн
ч хариу хэлсэнгүй.

- Надад хэлчих л дээ.

Жейн септа Мордэйн сонссон эсэхийг шалган хяламхийхэд Мирцеллагийн ярианд бусад
хатагтай нарын хамт баясан инээж байлаа.

- Бид нар хан хүүгийн тухай ярьсан юм гэж Санса үнсэлт шиг аяархан хоолойгоор хэлэв.

Аръяа ханхүү гэдэг нь өндөр гоолиг биетэй царайлаг Жоффрей болохыг ойлгож байв. Санса
түүнтэй найран дээр сууж байсан бөгөөд харин Аръяад жижигхэн тарган дүүтэй нь суух хувь
тохиосон билээ.

- Жоффрейд эгч чинь таалагдсан гэсэн. Тэр Сансаг маш хөөрхөн гэж хэлсэн хэмээн Жейн
ямар нэг атаармаар зүйл хэлж буй аятай бахархалтайгаар шивнэлээ. Тэр Винтерфеллийн
бойдоогын охин бөгөөд Сансагын хамгийн дотны найз байв.

- Санса удахгүй түүнтэй гэрлэж бүх хаант улсын хатан болно гэж жижигхэн Бэт мөрөөдөнгүй
өөрийгөө тэврэн хэллээ.
Санса өхөөрдөм улайжээ. Тэр улайхдаа үргэлж хөөрхөн болдог байв. Ер нь тэр бүгдийг сэтгэл
татам хийх юм гэж Аръяа эгдүүцэн бодоод,

- Бэт чи ийм зүйл зохиож болохгүй гэхэд Санса жижигхэн охины үсийг зөөлхөн илээд Аръяа
руу харж,

- Чи ханхүү Жоффрейг ямар гэж бодож байна? Тэр их сүрлэг биз дээ, тийм үү? гэв.

- Жон түүнийг охин шиг харагдаж байна гэж хэлсэн хэмээн Аръяа сөргүүлэн хэлэв.

Санса хатгамал оёх зуураа санаа алдаж,

- Хөөрхий, Жон. Тэр бутач болохоороо атаархаж байгаа юм гэлээ.

- Тэр чинь бидний ах шүү дээ гэж Аръяа чангаар дуу алдсанд хоолой нь үд дундын нам гүм
ноёрхож байсан өрөөнд цуурайтлаа.

Септа Мордэйн толгойгоо өндийлгөв. Тэр хурц нүд, ясархаг царайтай бөгөөд нарийхан
уруултай амаа ширүүн жимийн хөмсөг зангидаж,

- Та нар юуны тухай ярилцаад байна, хүүхдүүдээ? гэв.

- Манай эцэг нэгтэй ахын тухай гэж Санса няхуур засан хэлээд септа руу инээмсэглэж,

- Аръяа бид хоёр өнөөдөр бидний дунд гүнж байгаа нь ямар таатай хэрэг вэ гэж ярилцаж
байна гэв.

Септа Мордэйн толгой дохиж,

- Тэгэх нь гарцаагүй. Энэ бидний хувьд их хүндэтгэл гэхэд гүнж Мирцелла итгэлгүйхэн
талархан инээмсэглэв.

- Аръяа чи яагаад юм оёхгүй байна? гэж септа гэнэтхэн асууснаа банзалаа шаржигнуулан
өндийж өрөөн дундуур яваад,

- Алив хатгамалыг чинь үзье гэв.

Аръяа орь дуу тавихыг хүслээ. Энэ Санса яахаараа үргэлж септагийн анхаарлыг татаж байдаг
байна?

- Энэ байна гэж дургүйхэн хэлээд оёдлоо сарвайв.

Септа хатгамлыг шалган үзээд,

- Аръяа, Аръяа минь дээ. Аръяа минь. Энэ чинь ер бүтсэнгүй. Ерөөсөө болоогүй байна гэв.

Бүгд түүнийг зүг ширтэв. Энэ арай дэндлээ. Санса гутамшиг болсон дүү рүүгээ инээмсэглэн
харахаар хэтэрхий сайн хүмүүжилтэй, бол Жейн шоолон инээж байв. Тэр ч байтугай гүнж
Мирцелла хүртэл түүнийг өрөвдөн харлаа. Аръяагийн нүдэнд нулимс цийлэгнэхэд
сандлаасаа үсрэн босч хаалга өөд зүглэв.

Септа Мордэйн араас нь,

- Аръяа эргээд ир! Ахин нэг алхам хийх юм бол хатагтай ээж чинь үүнийг дуулгах болно шүү!
Хааны гүнжийн дэргэд яаж байгаа чинь энэ вэ! Чи бид бүхнийг ичээж байна! гэж хашгирав.

Аръяа хаалган дээр зогсоод хөмхийгөө зуун эргэж харахад нулимс хацрыг нь даган урслаа.
Тэр Мирцелла руу хөшүүн бөхийн ёсолж,

- Таныг орхих зөвшөөрөл гуйя, хатагтай гэхэд Мирцелла түүн рүү анивчин харснаа дэргэдэх
хатагтай нар луу зөвөлгөө хүлээн ширтэв. Гэвч гүнжээс ялгаатай нь септа Мордэйнд
итгэлгүй байх хэрэг байсангүй тул,

- Хаачих нь вэ, Аръяа? гэж шаардахад Аръяа түүн рүү муухай харж,

- Явж морь тахаллаа гэж хөгжилтэйгээр хэлээд септагийн царайд тодорсон цочирдолыг харж
баясан инээмсэглэж гарах хаалга өөд эргэн шатны гишгүүрийн дагуу чадлаараа хурдлав.

Энэ чинь дэндүү шударга биш байна. Сансад юм бүхэн байдаг. Тэр түүнээс хоёр насаар эгч
болохоор төрөх үед нь хэдийн юу ч үлдээгүй байсан гэж Аръяа бодно. Санса оёж хатгаж,
бүжиглэн дуулж чадна. Бас шүлэг бичиж, сайхан хувцаслах талаар мэднэ. Түүнчлэн өндөр
ятгаар тоголдог байв. Гэвч хамгийн дор зүйл гэвэл тэр үзэсгэлэнтэй байлаа. Санса эхийнхээ
өндөр сайхан шанаа, Таллигийн удмын өтгөн алтан шаргал үсийг өвлөн төржээ. Аръяа харин
лорд эцгийгээ дуурайсан өнгөгүй үс, гонзгойдуу бодол болсон царайтай. Жейн үргэлж
Аръяаг морин царайт гэж дооголдог байсан бөгөөд дэргэдүүр нь өнгөрөх бүр унгалдана.
Гэсэн ч түүний ганц хийж чадах зүйл гэвэл эгчээсээ илүү морь сайн унаж чаддаг явдал
байлаа. Үүний дээр орон гэрээ сайн засч авч явж чадна. Санса хэзээ ч тоонуудын учрыг олж
байсангүй. Хэрвээ тэр ханхүү Жоффтой гэрлэхэд хүрвэл найдвартай сайн бойдоо
шаардагдахад хүрэх нь эргэлзээгүй.

Намериа түүнийг шатны доод талын өрөөнд хүлээж байв. Тэр барааг нь хармагц хөл дээрээ
цовхчисонд Аръяа инээд алдав. Чонын бэлтрэг түүнд юунаас ч илүү хайртай. Тэд үргэлж хаа
сайгүй хамтдаа явж, Намериа өрөөнд нь орны хөлд унтах бөгөөд хэрвээ ээж нь хориглоогүй
бол Аръяа дуртайяа чонотойгоо хамт хатгамал хийх байлаа. Тэр үед септа Мордэйн түүний
хатгамалын тухай гомдоллох гээд үзэг л дээ.

Намериа Аръяагийн сунгасан гарыг тэсч ядсан байртай аяархан зулгаахад нарны гэрэлд
шаргал нүд нь хоёр алтан зоос лугаа адил гялалзана. Аръяа түүнд уйтан тэнгисийн
тэртээгээс ард түмнээ хөтлөн авчирсан Ройны дайчин хатны нэрийг өгчээ. Энэ нь том хэрүүл
шуугиан дэгдээсэн байна. Санса мэдээж хэрэг бэлтрэгэндээ “Хатагтай” гэсэн нэр өгчээ.
Аръяа нүүрээ үрчийлгэн чоноо чанга тэврэхэд Намериа чихийг нь долоосонд хөхөрлөө.

Одоо септа Мордэйн ээжид нь хов зөөж байгаад эргэлзэх юм алга. Хэрвээ тэр өрөө лүүгээ
зүглэвэл баригдах болно. Гэвч Аръяа үүнд санаа зовсонгүй. Түүнд хамаагүй дээр нэг бодол
байлаа. Хөвгүүд гадаа хашгаанд сургуулилт хийж байв. Тэр Робб сүрлэг сайхан ханхүү
Жоффрейг ар нуруугаар нь хэрхэн тавихыг харахыг хүслээ.

- Явъя гэж Намериад шивнээд гүйхэд чоно араас нь шогшуулав.

Зэвсгийн өрөө болон бэхлэлтийн хана хоёрын дунд бүхий л хашааг харж болох нэг цонх
байлаа. Тэнд л тэд цугласан байгаа.

Амьсгаадаж улайсан Аръяа Жоныг тавцан дээр эрүүгээ тулж суухад нь очив. Тэр харж буй
үйл явдалд хэтэрхий улайрсандаа болоод түүнийг дэргэд нь ирж цагаан чоно угтан босох
хүртэл мэдсэнгүй. Намериа ойртохоос болгоомжлон гишгэгдлээ удаашруулав. Бусад ах
дүүсээсээ хамаагүй том биетэй Сүнс үнэрлэж чихийг нь зөөлхөн хазсанаа буцаж суув. Жон
Аръяаг сониучирхан харлаа.

- Чи хатгамал хийгээгүй юм уу, жижигхэн дүү минь? гэхэд Аръяа нүүрээ үрчийлгэж,

- Би тэдний хэрхэн тулалдахыг үзэх гэсэн юм гэв.

- Тэгвэл нааш ир гэж Жон инээмсэглэв.

Аръяа цонхон дээр түүний хажууд авирч суухад доод талын хашаанаас тас нясхийх чимээ
гарна.

Түүний урмыг хугалан жижигхэн хөвгүүд үзэлцэж байв. Өдөн өмсгөл өмссөн мэт битүү
хуягтай Бран, булцгар ханхүү Томментэй эргэлдэнэ. Тэд уухилж амьсгаадан нэг нь
нөгөөтэйгээ хацар дээрээ гайхалтай сайхан цагаан сахалтай хөгшин сэр Родрик Касселийн
анхааралтай харцан дор модон илдээр тулалдаж байв. Хөвгүүд эрчүүд тэргүүтэй арваад
тооны үзэгчид тэднийг хөхүүлэн шуугихад Роббын хоолой бүгдээс илүү чанга дуугарч байлаа.
Том ахынх нь дэргэд овгийнхоо сүлд тэмдэг болох алтан наймаалж хатгамласан хар хүрэм
өмссөн Теон Грейжой зогсоно. Тулалдагсад хоёул тэнцвэр алдан найгах тул Аръяа тэднийг
удаан тулалдсан байх гэж бодов.

- Тулалдаан хатгамлахаас ч илүү зүдэргээтэй ажил шүү дээ? гэж Жон хэлэхэд,

- Хатгамалахаас илүү зугаатай шүү дээ гээд Аръяа түүн рүү харлаа.

Жон инээд алдан үсийг нь сөргүүлэн илсэнд Аръяа улайлаа. Тэд үргэлж ойр дотно байдаг
байв. Жон түүний адил эцгийнхээ царайг өвлөн авчээ. Тэд нэг нэгэнтэйгээ адил зүйл байлаа.
Робб, Санса, Бран тэр ч байтугай жижигхэн Рикон хүртэл Таллигийнхны овгийн уян зөөлөн
инээмсэглэл үсийг нь өвлөн авсан байв. Аръяа жаахан байхдаа өөрийгөө бас бутач байж
магадгүй хэмээн айдаг байсан ч үгүй гэдэгт Жон түүнийг тайвшируулан итгүүлжээ.

- Ингэхэд чи яагаад доошоо хашаа руу буухгүй байгаа юм бэ? гэж Аръяа асуухад Жон
инээвхийлэн,

- Бутачид залуу ханхүүтэй үзэлцэн аюул учруулахыг зөвшөөрөхгүй. Тэдний бэлтгэл


сургуулилтаас хүртсэн хөхрөлт бүр хууль ёсны илдээс гарах учиртай юм гэв.

- Өө гэж Аръяа эвгүйцэн дуу алдав. Тэр энэ юу болохыг ойлгож байсан бөгөөд амьдралдаа
хоёр дахь удаагаа амьдрал шударга бус гэдгийг мэдэрлээ.

Тэгээд жижигхэн дүүгээ Томментэй үзэлцэхийг ширтэн,

- Би Бранаас хамаагүй дээр байж чадна. Тэр долоотой байхад би естэй гэж хэлэв.

Жон түүнийг арван дөрвөн настай хүний ухаанаар цэгнэн хараад,

- Чи хэтэрхий туранхай байна гээд гарыг нь өргөж булчинг нь барьж үзсэнээ санаа алдан
толгой сэгсэрч,

- Чамайг урт илд өргөж чадна гэдэгт чинь эргэлзэж байна жижигхэн дүү минь. Хэзээ ч
эргүүлж дийлэхгүй гэв.

Аръяа гараа угз татан түүн рүү муухай ширтэхэд Жон үсийг нь ахин сөргүүлэн илбэв. Тэд
Бран, Томмен хоёрын дугуйран эргэлдэхийг харлаа.

- Чи ханхүү Жоффрейг харж байна уу? гэж Жон асуулаа.

Тэр доошоо анх хараад олоогүй ч ахин шагайсны эцэст арын хэсэгт өндөр чулуун хананы
сүүдэрт зогсохыг олж харав. Тэр танихгүй хүмүүсээр хүрээлүүлсэн бөгөөд Ланнистер болон
Баратеоны залуу хиа Ливеригээс бусад нь үл таних хүмүүс байлаа. Тэдний дунд байсан арай
хижээлдүү нэгнийг хүлэг баатар байх гэж Аръяа таамаглав.

- Хувцсан дээрх сүлдийг нь хараач гэж Жон шивнэхэд Аръяа шагайн харлаа.

Энэ нь ханхүүгийн хувцсан дээр гайхамшигтай сайхан шагласан бамбай байв. Хатгамлыг
уран нарийн хийцтэй гэдэгт хэн ч эргэлзэхийн аргагүй ажээ. Сүлд хоёр хэсэгт хуваагдах
бөгөөд нэг талд нь хааны удмын титэмт буга, нөгөө талд нь Ланнистерийн хүрхэрч буй
арслан байх аж.

- Ланнистерийнхан бардам хүмүүс дээ. Чи Жоффрейд хааны сүлд хангалттай гэж бодож
байж болох ч үгүй. Түүний хувьд эхийнх нь удмын гавъяа хааныхтай эн тэнцүү.

- Эмэгтэй хүн бас чухал шүү дээ! гэж Аръяа эсэргүүцэхэд Жон хөхөрч,

- Магадгүй чи адил зүйл хиймээр санагдаж байна уу, жижигхэн дүү минь. Таллигийн болон
овгийн Старкын сүлдтэй нэгтгэж үз л дээ гэв.

- Амандаа загас зуусан чоно уу? гээд Аръяа инээд алдаж,

- Тэгвэл ёстой тэнэг харагдах байх даа. Охид байлдаж чадахгүй байтал яагаад сүлдтэй байдаг
юм бол? гэхэд Жон мөрөө хавчин,
- Охидод сүлд бий ч илд байхгүй. Бутчид илд бий ч сүлд байхгүй. Гэхдээ би ямар хууль
дүрмийг тогтоосон биш дээ, дүү минь гэлээ.

Доор хашаанд хашгиралт хадав. Ханхүү Томмен тоосон дунд ар нуруугаараа унасан яст
мэлхийтэй адил эргэлдэж босохыг оролдоно. Бран түүний толгой дээр модон илд өргөж
өрсөлдөгчөө босвол довтлоход бэлэн зогсчээ. Эрчүүл инээлдэв.

- Хангалттай! гэж сэр Родрик хашгирав. Тэр ханхүүг гараас нь татан хөл дээр нь босголоо.

- Сайн тулалдлаа. Лью, Доннис хоёр тэдний хуягыг тайлахад тусал гээд эргэн тойрноо харж,

- Ханхүү Жоффрей Робб хоёр дараа нь үзэлцэх үү? гэв.

Робб хэдийн анхны дуудлагаар бэлэн болоод тэсч ядан урагшилж,

- Дуртайяа тулалдах байна гэв.

Жоффрей Родрикийн дуудлагын хариуд нарны гэрэлд гарахад үс нь алтран гялалзав. Тэр
уйдсан байртай,

- Энэ чинь ердөө хүүхдийн тоглоом биз дээ, сэр Родрик гэхэд Теон Грейжой инээд алдаж,

- Чи чинь хүүхэд шүү дээ хэмээн тохуурхан хэллээ.

- Робб л хүүхэд байх. Харин би бол ханхүү. Тэгээд ч Старкийнханыг модон илдээр нүдэж
тоглохоос залхуу хүрч байна.

- Чи нүдэхээсээ урьд олон цохилт хүртэнэ шүү, Жофф. Эсвэл чи айгаад байгаа хэрэг үү? гэж
Робб эсэргүүцэхэд ханхүү Жоффрей түүнийг ширтэн,

- Хөөх ямар аймар юм бэ. Чи надаас хамаагүй үлэмж биетэй юм байна гэхэд Ланнистерийн
хэдэн хүн инээд алдав.

Жон дор болж буй үйл явдлыг хөмсөг зангидан харж,

- Жоффрей ч үнэхээр аймхай амьтан юм даа гэж Аръяад хэлэв.

Сэр Родрик бодлогоширонгуй цагаан сахлаа илбэж,

- Тэгээд чи юу санал болгох гэсэн юм дээ? хэмээн ханхүүгээс асуулаа.

- Жинхэнэ илдээр тулалдая.

- Болж байна. Өөрөө л харамсах болно шүү! гэж Робб хариу хашгирахад сэр Родрик мөрөн
дээр нь тайвшируулан дарж,

- Жинхэнэ илд хамаагүй аюултай. Би зөвхөн та нарыг мохоо иртэй илдээр тулалдахыг
зөвшөөрнө гэв.

Жоффрей хариу дуугарсангүй ч Аръяагийн танихгүй хар үстэй түлэгдсэн нүүртэй өндөр
хүлэг баатар ханхүүгийн урд давшлан гарч,

- Энэ чиний ханхүү шүү дээ. Хэн чамд түүний илдийг сонгохыг зөвшөөрнө гэж хэлээ вэ,
эрхэм ээ? гэлээ.

- Би бол Винтерфеллийн зэвсэг хариуцагч гэдгийг бүү мартаарай, Клеганс.

- Эсвэл чи энд эмэгтэй хүн сургадаг хэрэг үү? гэж түлэгдсэн царайт шаардав. Тэр бух шиг
булиа биетэй аж.

- Би хүлэг баатар сургадаг. Тэд бэлэн болохын цагтаа жинхэнэ илдээр тулалдана. Гэвч үүний
тулд насанд хүрэх хэрэгтэй гэхэд түлэгдсэн хүн Роббыг харж,

- Чи хэдэн настай вэ? хүү минь гэж асуулаа.

- Арван дөрөвтэй.

- Би арван хоёртой байхдаа хүн алж байсан. Мэдээж мохоо илдээр биш гэдэгт эргэлзэх
хэрэггүй шүү.

Роббын уур дүрсхийж бахархал нь доромжлолоор солигджээ. Тэр сэр Родрик руу эргэж,

- Надад үүнийг хийхийг зөвшөөрөөч. Би түүнийг дийлж чадна гэв.

- Тэмцээний илдээр л үзэлц гэж сэр Родрик хэлэв.

Жоффрей мөрөө хавчиж,

- Над дээр насанд хүрсэн хойноо ирээрэй, Старк. Чи арай л насанд хүрээгүй байна гэхэд
Ланнистерийн хүмүүс инээлдлээ.

Робб хашаагаар дүүрэн хараал зүхэл урсгахад, Аръяа цочирдон амаа дарлаа. Теон Грейжой
Роббын гарнаас зууран ханхүүгээс холдуулав. Сэр Родрик унтууцан сахлаа зулгаана. Жоффрей
эвшээх дүр үзүүлэн дүү рүүгээ эргэж,

- Явъя, Томмен. Тоглоомын цаг дууссан. Хүүхдүүд тоглоомоороо наадаж л байг гэхэд
Ланнистерийнхэн хөхрөлдөж, Роббын зүхэл улам ихсэв.

Сэр Родрикийн цагаан сахалтай царай уурандаа час улайлаа. Теон ханхүүг аюулгүй газар
холдох хүртэл Роббийг агдлан тэвэрчээ.

Жон тэдний явахыг дагуулан харахад Аръяа түүний царай цөөрмийн дэргэдэх зүрх мод шиг
буурь суурьтай болохыг харлаа. Эцэст нь тэрбээр цонхноос үсэрч буугаад,
- Тоглолт дууслаа гээд Сүнсний чихний арыг маажихад цагаан чоно босч эзнээ шөргөөв.

- Чи өрөө лүүгээ гүйсэн чинь дээр байх даа, дүү минь. Септа Мордэйн чамайг отож байгаад
эргэлзэх юм алга. Удаан нуугдах тусам бүхий л өвлийн турш оёж барахааргүй ширүүн
залхаалт хүртэнэ шүү. Аягүй бол хавар болохоор чиний биеийг хөлдүү хуруундаа зүүтэй
малтаж олох хэрэг гарна гэхэд Аръяа тоглоом ч үгүй унтууцан,

- Хатгамал хийхийг үзэн ядаж байна! Энэ чинь шударга бус байна! гэлээ.

- Бүх зүйл шударга бус гээд Жон ахин явахынхаа өмнө үсийг нь сөргүүлэн илэхэд Сүнс дэргэд
нь чимээгүй шогшуулав. Намериа араас нь бас дагасан ч Аръяа үлдэхийг хараад зогслоо.

Тэр дургүйхэн эргэж ондоо зүг явлаа. Энэ нь Жоны бодож байснаас ч дор зүйл болсон бөгөөд
өрөөнд нь зөвхөн септа Мордэйн төдийгүй түүний эх хүлээж байлаа.
БРАН

Анчид үүрээр мордов. Хаан өнөө оройны найрт зориулан зэрлэг бодон агнахаар шийджээ.
Ханхүү Жоффрей аавынхаа дэргэд мордон, Роббыг бас анчидтай явахыг зөвшөөрсөн байна.
Авга ах Бэнжин, Жори, Теон Грейжой, сэр Родрик тэргүүтэй бүр хатан хааны хөгийн
жижигхэн ах хүртэл тэдэнтэй хамт мордон явлаа. Маргааш тэд өмнө зүг рүү хөдлөх болохоор
энэ сүүлчийн ан байв.

Бран ард Жон, охид болон Риконы хамт хоцорч үлдэв. Гэвч Рикон бол бяцхан хүүхэд, охид
үргэлж охидоороо үлддэг тул Жон чонотойгоо бараагүй болов. Бран түүн рүү харахгүй
байхыг хичээж байсан бөгөөд Жон сүрхий ууртай байлаа. Ер нь тэр эдгээр бүх өдрүүдийн
турш уурлаж байсан юм. Бран үүний учрыг мэдсэнгүй. Тэр удахгүй авга ах Бэнтэй Хана руу
Шөний харуулд нэгдэхээр хөдлөхдөө өмнө зүг хаантай цуг явах завшаан тохиолджээ. Тэгэхэд
Робб зөвхөн ард үлдэхээс Жон биш шүү дээ.

Бран энэ өдрийг тэсгэлгүй хүлээж байв. Тэр хааны замаар жижигхэн одой биш жинхэнэ морь
хөлөглөн унаж явах болно. Тэгээд ч эцэг нь Хааны гар болсон болохоор тэд Хааны газар луут
лордуудын барьсан улаан шилтгээнд амьдрах юм. Хөгшин Нан тэнд сүнс байдаг тухай болон
харанхуй гянданд аймшигт зүйлс болж байсан талаар хаа сайгүй лууны толгой хананд
өлгөөтэй гэж ярьдаг байв. Бран энэ тухай бодохоос дотор нь чичрүүдэс хүрэх хэдий ч
эмээсэнгүй. Ер нь юунаас айх ёстой гэж?

Эцэг нь түүнтэй байх төдийгүй хаан бүхий л үнэнч зүтгэхээр тангараг өргөсөн хүлэг
баатруудынхаа хамт байна.

Бран хэзээ нэгэн цагт хүлэг баатар болж Хааны хамгаалагчын нэг болно. Хөгшин Нан
тэднийг хаант улсын хамгийн сайн илд эзэмшигчид гэж хэлжээ. Тэд ердөө долуул байдагын
дээр цагаан хуяг дуулга өмсөж, эхнэр үр хүүхэдтэй бололгүй зөвхөн хаанд зүтгэн амьдрана.
Бран тэдний талаарх бүх зүйлийг мэддэг бөгөөд чихэнд нь тэдний нэрс хөгжим адил
эгшиглэн сонсогдоно. Толин бамбайт сэр Рэйм Рэдвин, луун хүлэг баатар ханхүү Аемон,
дуучдын Лууны бүжиг гэж нэрлэдэг ах дүүс хоорондоо дайтах дайнд нэг нь нөгөөгийнхөө
илдэнд үхсэн сэр Аррик, Эррикийн ихрүүд. Цагаан бух Геролд Хайтовер, Өглөөний илд сэр
Артур Дэйн, Барристан Болд.

Хааны хамгаалагчдаас хоёр нь умард зүг хаан Робертийг даган иржээ. Бран тэднийг
ховсдуулсан аятай ширтэн дэргэд нь ярьж зүрхлэхгүй байв. Сэр Борос халзан толгойтой
давхар эрүүтэй нэгэн бол, сэр Меррин гундсан харц зэвний өнгөт сахалтай аж. Түүнчлэн сэр
Жейм Ланнистер түүхэнд гардаг бүхий л хүлэг баатруудтай адилхан харагдаж бас хааны
хамгаалагч мөн хэдий ч Робб түүнийг хөгшин галзуу хааныг алсан тул тооцох хэрэгггүй гэж
хэлсэн билээ. Одоо амьд байгаа хүлэг баатруудын дунд хамгийн агуу их нь Барристан Сэлми,
хааны хамгаалалтын ерөнхий захирагч сэр Барристан Болд нар байлаа. Аав нь Хааны газар
хүрэх үед сэр Барристантай уулзуулахыг амласан учир Бран өдөр хоног тоолж явахыг
тэсгэлгүй хүлээж байсан бөгөөд ертөнцийг үзэхээр мөрөөддөг амьдрал нь эхэлж байгаад
төсөөлж ч зүрхлэхгүй байлаа.
Гэвч сүүлчийн өдөр ирэхэд Бран гэнэтхэн уйтгарт автав. Винтерфелл түүний өсөж
төрснөөсөө хойш мэдэх ганцхан газар байлаа. Эцэг нь түүнийг салах ёсны гүйцэтгэлээ
өнөөдөр хий гэсэн учир оролдож байв. Анчид мордсоны дараа цайзаар чонотойгоо хамт
хэсүүчлэн ард хоцрох хүмүүстэй уулзах болно. Хөгшин Нан, тогооч Гэйж, дархан Миккен,
"Ходор" гэх үгнээс өөр зүйл хэлдэггүй агтач Ходор болон шилэн хүлэмж рүү түүнийг очих
болгонд бөөрөлзгөнөөр дайлдаг хүн гээд л...

Гэвч нэг л сайн бүтсэнгүй. Тэр адууны жүчээнд эхэлж одой морьтойгоо салах ёс гүйцэтгэхээр
ороод жинхэнэ хүлэг морь хөлөглэн давхиж одой морь нь ард хоцроно гэж бодохоос доош
суугаад уйлах шахлаа. Тэр Ходор болон бусад агтач хөвгүүд нулимсыг нь харахаас өмнө
түргэхэн эргээд гүйн гарав. Үүгээр түүний салах ёс төгсгөл боллоо. Бран үүний оронд өглөөг
бурхдын модон дунд ганцаар өнгөрүүлж чонондоо саваа олж авчирахыг сургах гэсэн ч
бүтсэнгүй. Чоно эцгийнх нь ямар ч анч нохойноос ухаалаг Браны хэлсэн үг бүрийг ойлгож
байсан ч савааны араас хөөцөлдөх сонирхолгүй байв.

Тэр түүнд ямар нэр өгөх тухай бодсон хэвээр. Робб чоноо хурдан давхидаг болохор "Сэвшээ
салхи" гэж нэрлэжээ. Санса өөрийнхийгөө "Хатагтай" гэж нэрлэсэн бол Аръяа бэлтрэгэндээ
эртний хачин дайчин хатны нэр бодож олж, бяцхан Риккон чоноо Браны бодлоор чононд огт
зохицохгүй тэнэг нэр болох "Сэгсгэр нохой" гэж дуудна. Жоны чоно ганцаархнаа цагаан
зүстэй болохоор "Сүнс" гэсэн нэртэй байлаа. Бран энэ нэрийг түүнээс урьд бодож
олоогүйдээ харамсавч түүний чоно цагаан өнгөтэй байсангүй. Тэр өнгөрсөн хоёр долоо
хоногийн турш олон зуун нэр бодож олсон ч нэг нь ч аятайхан сонсогдсонгүй.

Эцэст нь саваа шидэж тоглохоос ядраад авирахаар шийдэв. Түүнд эвдэрхий цамхаг руу хэдэн
долоо хоногийн турш авирах боломж гарахгүй байсаар өнөөдөр эцсийн боломж олджээ.

Цөөрмийн дэргэд ургасан зүрх модноос холуур тойрон бурхдын мод руу очив. Зүрх мод
үргэлж түүнийг айлгадаг байлаа. Модонд нүд байхгүй ч, Бран навчис нь гартай адилхан гэж
бодно. Түүний чоно хөлийнх нь дэргэд сайварлан гүйж ирэхэд,

- Энд үлд гэж зэвсгийн байрны ойролцоох модны дэргэд хэлэв.

- Доошоо хэвт. Зүйтэй. Наанаа үлдээрэй...

Чоно доошоо хэвтэхэд Бран түүний чихний арыг маажаад эргэн намхан мөчир өөд үсрэн
зуурч авирч эхлэв. Тэр модны дунд хэсэгт мөчир дамжин хялбархан хүрсэн хойно чоно
өндийгөөд улилаа.

Бран доошоо харав. Чоно дуугүй болж шаргал нүдээрээ ширтэнэ. Дотор нь хачирхалтай хүйт
агзасхийсэн ч үргэлжлүүлэн авирч эхэллээ. Чоно ахин улилаа.

- Чимээгүй. Доош суу. Наанаа үлд. Чи ээжээс илүү дор байна шүү.

Улих чимээ түүнийг модонд авирч дуусах хүртэл үргэлжилсэн бөгөөд эцэст нь зэвсгийн
өрөөний дээвэр дээр үсрэн гарч хараанаас нь алга болов.
Винтерфеллийн дээвэр Браны хоёр дахь гэр байлаа. Ээж нь үргэлж Браныг явж сурахаасаа
урьд авирч сурсан гэж ярьдаг байв. Бран анх удаагаа явж сурсан болон хэзээ авирч эхэлснээ
санахгүй байсан ч энэ нь үнэний ортой гэж бодно.

Хүүгийн хувьд Винтерфеллийн зүг бүр тийш салаалан үргэлжилсэн цамхаг, гадаа хашааны
хананууд саарал чулуун төөрдөг байшин адил санагдана. Шилтгээний хуучирсан муудсан
хэсгийн танхимын дээвэр доошоо хазайж хэдэн давхарт байсан нь мэдэгдэхгүй болжээ. Энэ
газар зууны тэртээгээс мөчир нь орооцолдон сүлжиж үндсээ газрын хөрсөнд гүн шигтгэсэн
аварга том чулуун мод лугаа адил сүндэрлэсэн гэж мастер Лювин ярьдаг байлаа.

Тэр дороос тэнгэрт ойрхон авиран гараад бүхий л Винтерфеллийг харах дуртай байсан
бөгөөд дээр нь шувууд эргэлдэн, дор шилтгээний амьдрал үргэлжилнэ. Бран бүтэн цагийн
турш бороонд норж хэлбэр дүрсээ алдсан цамхагын чулуун луун дээр хөдөлгөөнгүй суун
хашаанд хүмүүс модон зэвсгээр тулалдах, шилэн хүлэмжийн ногоогоор тогооч хоол хийх,
ноход хонууртаа урагш хойш цуцалтгүй давхиж, бурхдын мод чимээгүй дүнсийн, охид угаалга
хийх зуураа хов жив ярих гээд бүхнийг ширтэж чадна. Энэ нь түүнийг шилтгээний лорд
болсон мэт санагдах бөгөөд Робб хэзээ ч үүнийг ойлгохгүй билээ.

Түүнчлэн бас Винтерфелд хэдэн нууц газар байдгийг Бран мэдэх байлаа. Винтерфеллийн
хананы араас хөндий толгод үргэлжлэх учир баригчид шилтгээнийг газартай тэгшилэн
барьсангүй. Үүнд дээврийн хоёр давхараас хонхот цамхагын дөрвөн давхар луу хүрдэг
дамжуурга бий. Бран үүнийг хүртэл мэднэ. Тэр өмнөд хаалганы ханын дотор талаас гурван
давхар хүртэл авираад нарийхан чулуун хонгил дамжин Винтерфелл дундуур гүйж тэндээсээ
умард хаалга руу газартай тэнцүү түвшинд гарахад хана зуугаад метрийн өндөрт толгой дээр
сүндэрлэн үзэгдэнэ. Мастер Лювин хүртэл энэ тухай мэддэггүй гэдэгт Бран итгэлтэй байлаа.

Эх нь Браныг нэг өдөр хананаас гулгаж унаад амиа алдах вий гэхээс ихэд эмээнэ. Бран хэзээ ч
ийм явдал болохгүй гэж хэлсэн ч эх нь түүнд итгэсэнгүй. Нэг удаа бүр үргэлж газар дээр
байна гэж амлалт авчээ. Тэр амлалтаа бараг л хоёр долоо хоногийн хугацаанд биелүүлж
тэссэн бөгөөд өдөр ирэх тусам тэсгэлгүй уйтгартай болж байсан тул эцэст нь ах нарыгаа
унтаж байх үед унтлагын өрөөний цонхоор шурган гарчээ.

Тэгээд маргааш өдөр нь гэмт хэргээ хүлээсэн байна. Лорд Эддард эцэг нь түүнийг бурхдын
мод руу очиж шөнийн турш ганцаар үйлдсэн гэмээ наминчилан цэвэрлэхийг тушаагаад үгэнд
орохгүй байхаас сэргийлэн харуул тавьсан ч маргааш өглөө нь оргүй алга болсон байв. Тэд
эцэст нь түүнийг өндөр модны дээд талын мөчир дээр унтаж байхад нь олжээ.

Эцэг нь хэдий уурласан ч инээдээ барьж тэссэнгүй.

- Чи ер нь миний хүү биш хэрэм юм байна. Авираад л бай, авираад л бай. Харин ээждээ
харагдаж болохгүй шүү гэж Браныг буулгаж авахдаа хэлжээ.

Бран хэцүү хэдий ч үүний тулд байдгаараа хичээж байлаа. Эцэг нь хориглоогүй тул ээж нь
бусдыг түүний зүг эргүүлжээ. Хөгшин Нан түүнд хэтэрхий өндөрт авирч байгаад аянганд
цохиулан хэрээ нүдийг нь тоншсон жижигхэн муу хөвгүүдийн тухай үлгэр ярьсан ч Бран
хэрэгссэнгүй. Эвдэрхий цамхаг дахь хэрээний үүрүүдэд түүнээс өөр хэн ч очдоггүй бөгөөд
хааяа нэг хэрээнд өгөхөөр халаасандаа эрдэнэ шиш дүүргэнэ. Тэдний хэнд ч нүдийг нь
тонших өчүүхэн төдий ч сонирхол байсангүй.

Тэгтэл мастер Лювин Браныг унавал юу болохыг үзүүлэхийн тулд шавраар хүүхэлдэй
хийлгэн хувцсыг нь өмсгөөд ханан дээрээс унагажээ. Энэ нь хөгжилтэй санагдсан учир Бран
түүнд,

- Би шавраар хийгдээгүй учир хэзээ ч унахгүй гэжээ.

Гэсэн хэдий ч хэсэг хугацааны турш харуулууд түүнийг дээвэр дээр байхыг харах юм бол
араас нь хөөж буулгахыг оролдох нь хамгийн хөгжилтэй үе байв. Яг л ах нартайгаа тоглож
байгаагийн адил ч Бран энд үргэлж хожино. Харуулуудын хэн нь ч Жори хүртэл Бран шиг
сайн авирч чаддаггүй байв. Ер нь бол тэд ихэнхидээ олж хардаггүй байсан юм. Хүмүүс хэзээ
ч дээшээ хардаггүй шүү дээ. Энэ нь түүний дээвэр лүү авирах дуртай болсон өөр нэг
шалтгаан болсон бөгөөд дээр гарахаараа үл үзэгдэгчийн адил болно.

Түүнчлэн Бран хананы чулууны хоорон дахь жижигхэн ан цаванд гар хөлийн хуруугаа
шигтгэн авирах дуртай байв. Үүнд үргэлж гутлаа тайлаад хөл нүцгэн авирах бөгөөд хоёр
гарын оронд дөрвөн гартай болсон мэт санагдана. Тэр ялангуяа булчин хэрхэн ажиллан
чинэрэхийг мэдрэх гүн ан цаванд дуртай байв. Өндөрт үргэлж өвлийн тоор шиг сэрүүхэн
салхитай байх агаад Бран эвдэрхий цамхагт үүрэлсэн хэрээ, бяцхан бор шувууд, хуучин
зэвсгийн байрны тоостой дээврийн хонгилд үүрэлсэн хөгшин ууль зэрэг шувуудад дуртай
бүгдийг нь сайн мэднэ.

Гэвч хамгийн дуртай зүйл нь хэн ч явж байгаагүй газар очиж, хэний ч хараагүй
Винтерфеллийн сунайн үргэлжилсэн саарал зам харгуйг харах дуртай байв. Үүгээрээ бүхий л
шилтгээн Браны нууц газар болжээ.

Бас түүний очих дуртай газрын нэг бол урьд нь Винтерфеллийн хамгийн өндөр харуулын
цамхаг байгаад эрт цагт зуугаад жилийн тэртээ эцгийг нь төрөөгүй байхад аяганд ниргүүлэн
шатсан эвдэрхий цамхаг байв. Цамхагын гурван давхар доошоо цөмөрч унасан ч засч янзлан
сэргээсэнгүй. Заримдаа аав нь цамхагын ёроол дахь хэмхэрсэн чулуу, хуйхлагдаж ялзарсан
үндэс дунд үүрэлсэн нохдыг хөөж явуулахаар хүн явуулдаг хэдий ч Бран болон хэрээдээс өөр
хэн ч цамхагын оройд хүрч байсангүй.

Тэр тийшээ хүрэх хоёр зам мэддэг байлаа. Хэрвээ цамхагын хажуу талаас чигээрээ авирах
юм бол боломжтой ч шаваас нь үнс нурам болсон учир хажуу талын чулуу суларч ганхах
аюултай байв. Бран үүгээр явахыг сонирхсонгүй.

Хамгийн дээр арга гэвэл бурхдын өндөр модноос эхлэн авирч зэвсгийн өрөө болон харуулын
байрны дээвэр дээгүүр харуулуудад сонсогдохгүйн тулд нүцгэн хөлөөрөө гүйн өнгөрөх
хэрэгтэй. Тэгвэл шилтгээний хуучин хэсэг болох бат бэх чулуугаар баригдсан өндөр харуулын
эхний цамхагт үзэгдэхгүй талаас нь очино. Энд зөвхөн харх, аалз амьдрах бөгөөд хуучирч
өгөршсөн чулууд авирахад сайхан барьц болно. Тэндээсээ цааш эгц яван хоосон нүдээрээ
доош ширтэж буй чулуун луудын хооронд умард зүг дамжин зүглэнэ. Энд хүрвэл эвдэрхий
цамхаг гар сунган хүрэхээр тун их ойртох нь тэр. Эцсийн зам нь арван футаас өргөнгүй
харласан чулуутай хэрээд эрдэнэ шиш авчирахыг хүлээн эргэлдэж байдаг хэсгийг туулах
ёстой билээ.

Бран удаан хугацааны бэлтгэл сургуулийн үрээр чулуун лууны хооронд хялбархан дамжих
зуураа хоолой сонсоод гайхширсандаа барьцаа алдах дөхөв. Харуулын эхэн цамхаг түүний
бүхий л амьдралын турш үргэлж хоосон байжээ.

- Надад энэ таалагдахгүй байна. Чи Хааны гар болох ёстой байсан юм гэж эмэгтэй хүний
хоолой хэлэв. Энэ нь дор байх эгнээний сүүлчийн цонхноос цуурайтаж байлаа.

- Бурхад үүнийг хориглосон бололтой. Гэлээ ч энэ миний хүссэн хүндэтгэл биш. Дэндүү их
ажилтай гэж эрэгтэй хүний залхуутай хэлэх хоолой гарав.

Бран яриаг сонсохоор дүүжигнэснээ гэнэтхэн хөл нь харагдахаас эмээн болилоо.

- Чи бидэнд ямар аюул заналхийлж байгааг харахгүй байна уу? Роберт түүнд ах шигээ
хайртай гэж эмэгтэй хэллээ.

- Роберт ах дүүсээсээ болж гэдэс нь хямраад байгаа. Би түүнийг буруутгахгүй байна. Станнис
ямар ч хүнд гэдэсний түгжрэл болгож мэдэх хүн.

- Битгий тэнэг юм яриад бай! Станнис, Рэнли хоёр нэг хэрэг байхад Эддард Старк бол шал
өөр хэрэг. Роберт Старкын үгийг сонсдог. Тэднийг хоёуланг нь хараал идээсэй. Старкыг
татгалзвал би чамайг сонгохоор шаардах байлаа.

- Бидэнд магадгүй аз тохиосон ч байж болох юм. Хаан ах дүү нарынхаа нэгнийг юмуу
Чигчий хуруугын нэрийг санал болгож болох байсан ч бурхан бидэнд тусалжээ. Эрх мэдэл
хөөцөлдсөн нэгнээс илүү хүндтэй дайсантай байхад би шөнө тайван унтаж чадна.

Тэднийг аавынх нь тухай ярилцаж байгаа болохыг Бран ойлголоо. Тэр илүү их зүйл сонсохыг
хүсэв. Хэрвээ ахиад жаахан л ахичихвал... гэхдээ тэд цонхны урд нь дүүжлэгдэж байгааг
харчихвал яана?

- Бидэнд түүнийг анхааралтай ажиглах хэрэг гарах нь гэж эмэгтэй хэллээ.

- Харин би чамайг ажигласан нь дээр гэж бодож байна. Нааш ир гэж эрэгтэй уйдсан янзтай
дуугарав.

- Лорд Эддард хэзээ ч өмнөдийн Хүзүүнд юу болохыг хэзээ ч сонирхож байгаагүй. Түүнийг
бидний эсрэг хөдлөнө гэдгийг би чамд хэлээд байна шүү. Тэгээгүй бол яагаад өөрийнхөө
байр суурийг орхиж байна гэж?

- Зуу зуун шалтгаан байна. Гавъяа зүтгэл, үүрэг хариуцлага. Магадгүй нэрээ түүхийн
хуудсанд томоор бичүүлж эсвэл эхнэрээсээ холдох ч юм уу өөр зүйл хийхийг хүссэн ч байж
мэднэ. Эсвэл амьдралдаа ганц удаа ч гэсэн дулаацахыг хүссэн биз.

- Түүний эхнэр хатагтай Арриний эгч шүү дээ. Би бүр Лиза яагаад биднийг зэмлэхээр угтан
ирээгүйг гайхаж байна шүү.

Бран доошоо харлаа. Дор нь хэдхэн инчийн өргөнтэй цонхны нарийхан тавцан байв. Тэр
түүнд хүрэхийг оролдсон ч хэтэрхий хол байлаа. Тэр хэзээ ч хүрч чадахгүй нь.

- Чи дэндүү үглээ юм. Лиза Аррин бол ердөө айсан үнээ шүү дээ.

- Тэр айсан үнээ чинь Жон Арриний орыг хуваалцаж байсан гэдгийг битгий мартаарай.

- Хэрвээ тэр ямар нэг зүйл мэдэж байсан бол Хааны газраас зугтахын урд Робертод очиж
хэлэх байсан.

- Гэхдээ тэр хэдийн сул дорой хүүг нь Кастерли Рокт хүмүүжүүлэхийг зөвшөөрчихсөн байсан
биз дээ. Иймээс би үгүй гэж бодож байна. Тэр хүүгийнх нь амьдрал өөрийнх нь амыг
хамхихын тулд олзлогдогч болж хувирахыг мэдэж байсан. Магадгүй Бүргэдийн үүрэн дахь
гэртээ өөрийгөө илүү зоригтой болохыг мэдэрч байгаа биз.

- Энэ ээжүүд үү! хэмээн эрэгтэй хараал аятай дуу алдаад,

- Би та нарыг төрөх тухай л бодох ёстой гэж бодож байна. Та нар бүгдээрээ галзуу улс гээд
инээд алдаж,

- Хатагтай Аррин хүссэн зүгт нь орхи. Тэр энэ тухай мэдэж байсан ч ямар ч баталгаа байхгүй
гээд хэсэг зуур дуугүй байснаа,

- Эсвэл байгаа юм болов уу? гэв.

- Чи хаан баталгаа шаардана гэж бодож байна уу? Би чамд түүнийг надад хайргүй гэж хэлсэн
биз дээ.

- Тэгээд үүнд чинь хэн буруутай юм, хонгор дүү минь?

Бран тавцан руу харлаа. Магадгүй доошоо унжвал бууж болох байх. Гэвч дээр нь тогтоход
дэндүү давчуу байсан болохоор чулуунаас амжиж зуурах гээд чимээ гаргавал цонхоор
харчихаж магадгүй. Тэр сонсож буй зүйлээ ойлгоогүй ч яриаг үргэлжлүүлэн сонссоор байлаа.

- Чи Робертоос илүү сохорч гэж эмэгтэй дуу алдлаа.

- Хэрвээ чи миний харсан зүйлийн талаар ярьж байгаа бол тийм. Би удахгүй эзэн хаанаасаа
урван үхэх хүнийг харж байна.

- Тэр түүнээс хэдийн нэг удаа урвасныг чи мартаа юу? Өө, би мэдээж түүний Робертод
үнэнчийг үгүйсгэхгүй энэ ч тодорхой хэрэг. Гэхдээ Роберт үхвэл Жоффрейн хаан суудлыг
авах яах болж байна? Үүнийг түргэлүүлэхгүй бол бид томоохон аюулд өртөж мэднэ. Миний
нөхөр өдөр ирэх тусам улам тогтворгүй болоод байгаа болохоор хэрвээ Старк түүний дэргэд
байх юм бол улам дор зүйл хийх болно. Тэр түүний арван зургаан настай байхдаа амь
үрэгдсэн дүүд хайртай хэвээр байгаа гэж бодоод үз дээ. Тэгэхээр намайг шинэ Лианнагаар
солих хүртэл хэр хугацаа өнгөрнө гэж?

Бран гэнэтхэн айлаа. Тэр ирсэн замаараа буцан ах нар луугаа очихоос өөр юу ч хүссэнгүй.
Гэхдээ тэдэнд хэнийг гэж хэлэх вэ? Ойртсон нь дээр гэж Бран ойлгов. Тэр хэн ярьж буйг
харах ёстой.

- Чи ирээдүйн таагүй явдлаас илүү одоогийн таашаалын тухай бодох хэрэгтэй шүү гээд
эрэгтэй санаа алдав.

- Үүнийгээ больж үз! гэж эмэгтэй ширүүн хэлээд бие алгадах чимээ гарснаа эрэгтэй хүний
инээд алдах нь сонсогдов.

Бран чулуун луу руу авиран дээвэр дээгүүр мөлхөв. Энэ нь хялбар зам байлаа. Тэр дээвэр
дээгүүр чулуун луунаас луугын хооронд дамжин өрөөний баруун дээд талын цонхонд ойртов.

- Энэ бүх яриа чинь намайг уйдааж байна, дүү минь. Нааш ирээд тайвширч үз гэж эрэгтэй
хэлэв.

Бран чулуун лууг хөлөөрөө чанга хавчин доошоо уруугаа хараад цонх руу удаанаар доошлов.
Ертөнц хачирхалтай хөрвөж, дор нойтон хайлж буй цастай хашаа гялалзана. Бран цонхоор
шагайлаа.

Өрөөний дотор талд эрэгтэй эмэгтэй хоёр хүн тэмцэлдэж байсан бөгөөд хоёул нүцгэн ажээ.
Бран тэдний хэн болохыг сайн ялгаж чадсангүй. Эрэгтэйгийнх нь ар нуруу эмэгтэйг халхлан
хананд шахсан учир төдийлөн сайн үзэгдсэнгүй.

Тэгтэл аяархан нойтон үнсэлдэж буй чимээ гарлаа. Бран айсандаа улам нүдээ томруулан
ширтэж хоолой нь давчдав. Эрэгтэй гараа доош эмэгтэйн хөл рүү аваачиж өвтгөж буй
бололтой тэр аяархан дуугаар ёолж эхэллээ.

- Зогс. Зогсооч, үүнийгээ больж үз. Өө, гуйж байна... гээд түүний хоолой улам суларсан ч
эрэгтэйг цааш түлхсэнгүй. Гараа эрэгтэйн алтлаг үсэнд орооцолдуулан царайг нь цээж
рүүгээ дарав.

Тэгтэл Бран эмэгтэйн царайг харлаа. Түүний нүд аниатай амаа нээн ёолж байв. Алтлаг үс нь
толгой арагш урагш болох тоолон савчин намирах агаад хатан хаан гэдэг нь танигдам байлаа.
Тэр гэнэтхэн чимээ авсан бололтой нүдээ нээж түүнийг хараад гайхширсанаа хашгирлаа.

Бүх зүйл агшин зуур болов. Эмэгтэй эрэгтэйг зэрлэгээр холдуулан түлхэж заан хашгирлаа.
Бран дээш буцаж гарахыг оролдсон ч дэндүү яарсандаа болоод гар нь гөлгөр чулуунд
хальтиран хөл нь гулгаснаа гэнэтхэн доош уналаа. Дотор нь палхийн цонх дэргэдүүр нь
зурсхийн өнгөрөхөд ирмэгээс зүүгдээд хашгирч алдахын даваан дээр ахин нөгөө гараараа
зуурлаа. Дээд талын цонхоор нүүрнүүд цухуйв. Хатан болон дэргэд нь байгаа хүнийг Бран сая
л танив. Тэд хоёул толин дахь тусгал шиг адилхан ажээ.

- Тэр биднийг харсан гэж эмэгтэй ширүүн дуугаар хэлэхэд,


- Тиймээ тэгсэн гэж эрэгтэй баталлаа.

Браны хуруу цуцаж эхлэхэд ирмэгээс нөгөө гараараа зуурч хумсаа чулуунд шигтгэв. Эрэгтэй
доош тонгойж,

- Алив ээ унахаасаа өмнө миний гарнаас барь гэж хэлэв.

Бран түүний гараас бүх хүчээ гарган зуурахад эрэгтэй дор нь ирмэг өөд татан гаргалаа.

- Чи юу хийж байгаа чинь энэ вэ? гэж эмэгтэй шаардсан ч эрэгтэй түүнийг үл тоомсорлон
Браныг тавцан дээр зогсоогоод,

- Чи хэдэн настай билээ, хүү минь? гэв.

- Долоотой гээд Бран санаа амран чичигнэлээ. Тэр эрэгтэйн бугуйн дээд талаас хуруугаараа
зуурч байв.

Эрэгтэй эмэгтэй рүү харж,

- Би үүнийг хайрынхаа төлөө хийсэн шүү гэж дурамжхан хэлснээ Браныг түлхчихэв.

Бран хашгиран цонхоор арагш хоосон агаарт уналаа. Энд зуурах зүйл юу ч байсангүй хашаа
урдаас нь нүүрлэн угтан ирэв.

Хаа нэгтээ алсад чоно улив. Эвдэрхий цамхаг дээгүүр хэрээд эрдэнэ шиш хүлээн дугуйран
ниснэ.
ТАЙРОН

Винтерфеллийн нүсэр чулуун төөрдөг байшингийн хаа нэгтээ чоно улих дуу шилтгээнд
гашуудлын далбаа адил цуурайтав.

Тайрон Ланнистер номноосоо хөндийрөн хэдийгээр номын санд дулаахан ая тухтай байсан
хэдий ч агзасхийн чичирлээ. Чонын улилт түүнд харанхуй ойд сүрэг чоноос аврагдахаар гүйж
буй гар нүцгэн хүн аятай сэтгэгдэл төрүүлжээ.

Зэрлэг чоно ахин улив. Тайрон уншиж байсан зуугаад жилийн тэртээ бичигдсэн эртний хүнд
ширэн хавтастай номоо хаагаад гарынхаа араар амаа даран эвшээлээ. Түүний гэрэлд нь
уншиж байсан дэнгийн тос дуусаж анивилзан үүрийн ягаан гэгээ өндөр цонхоор тусчээ. Тэр
шөнөжингөө суусан ч шинэ зүйл олж мэдсэнгүй. Тэрбээр төдийлөн нойртой хүн биш байв.

Тайрон сандлаас босохоор өндийхөд хөшсөн хөл нь янгинаж өвдсөнд үрчин мэдээ оруулаад
доголсоор ширээн дээр нээлттэй ном дэрлэн унтаж буй септон руу явлаа. Номны гарчиг
гайхах юмгүй "Агуу мастер Эйтелмурын амьдрал" гэжээ.

- Чэйли гэж аяархан дуудахад залуу хүн ухасхийн сэрээд хүзүүндээ зүүсэн мөнгөн гинжтэй
болор тэмдгээ савчуулан мэгдэн анивчиж өндийлөө.

- Би өглөөний унд уухаар явлаа. Номнуудаа буцаагаад тавиур дээр нь тавьчихаарай. Цааш нь
их хэврэгшсэн болохоор эртний Валерианий хуйлаастай болгоомжтой харьцах хэрэгтэй шүү.
Армиодны "Дайны хөдөлгүүр"-ийн маш ховор цорын ганц хувилбар нь чамд байгаа юм байна
гэхэд Чэйли урдаас нь нойрмог нүдээр гөлрөн ширтэв. Тайрон тэвчээртэйгээр үгээ ахин
давтсанаа септоны мөрөн дээр алгадаад гарч одов.

Тэр гадагш гараад өглөөний хүйтэн агаар цээж дүүрэн амьсгалж номын сангийн цамхагын
төвөгтэй эргүүлгэн чулуун шатаар болоомжтой бууж эхлэв. Шат дэндүү эгц өндөр учир
богинохон майга хөлөөрөө удаан буух хэрэг гарчээ. Мандаж буй нарны цацраг
Винтерфеллийн хананы дотор талыг хараахан гийгүүлээгүй ч хүмүүс хэдийн хашаанд
ажилдаа гарчээ. Чихэнд нь Сандор Клеганы сөөнгө хоолой хадав.

- Хүү дэндүү удаан үхэж байна. Түргэлээсэй билээ дээ.

Тайрон зогсоод Хоточ нохой залуу Жоффрейгийн хамт зогсож хианууд шавааралдсан байхыг
олж харав.

- Гэсэн ч тэр чимээгүй үхнэ. Түүний чоно ульж байгаа хэрэг. Түүнээс болоод өнгөрсөн шөнө
би бараг унтаж чадсангүй гэж ханхүү хэллээ.

Клеганс хиагаар дуулгаа өмсгөхөөр бөхийхөд сүүдэр нь газарт сунан тусав.

- Би чамайг баярлуулахын тулд тэр амьтныг чимээгүй болгоодхоё гэхэд хиа гарт нь урт илд
бариуллаа. Тэр жинг нь цэгнэж үзсэнээ өглөөний хүйтэн агаарыг зүсэн цавчив. Ард нь
илдээр тулалдах чимээ жингэнэ.
Энэ нь ханхүүг ихэд баярлуулсан бололтой.

- Нохой алахын тулд нохой илгээнэ гэнээ! Винтерфелл чонон сүргээр дүүрсэн болохоор
Старкынхан ганц чоно алга болохыг үгүйсгэхгүй гэж хөөрөн хэлэв.

Тайрон шатны сүүлчийн гишгүүрийг алгасан хашаанд үсрэн буулаа.

- Би үүнтэй чинь санал нийлэхгүй байна, зээ минь. Старкынхан зарим нэг ханхүүгээс
ялгаатай нь зургаа хүртэл тоолж чаддаг хүмүүс.

Жоффрей түүнийг хараад улайв.

- Хаанаас чимээ гараад байна гээд Сандор дуулганы халхавчны завсар ийш тийш ширтэж,

- Эсвэл агаарт сүнс байгаа хэрэг үү! гэв.

Ханхүү хөхөрлөө. Тэр үргэлж бие хамгаалагчынхаа ийн аяглахад хөгждөг болохыг Тайрон
мэдэх билээ.

- Алив доошоо хардаа.

Сандор газар луу ширтэн сая түүнийг анзаарсан дүр үзүүлж,

- Жижигхэн лорд Тайрон уу даа. Өршөөл хүсье би таны энд зогсож байгааг анзаарсангүй гэв.

- Өнөөдөр надад чиний ичгүүргүй занг тэвчиж байх авир алга гээд Тайрон зээ рүүгээ эргэж,

- Жоффрей чи эртхэн лорд Эддард, хатагтай Кателин хоёр руу очиж тайвшируулах хэрэгтэй
байж дээ гэв.

Жоффрей зөвхөн хүүхдээс гарам муухай аашаар хэдэрлэж,

- Энэ л дутаад байж гэнэ дээ! Тэдэнд миний тайвшируулах ямар хэрэгтэй юм бэ? гэв.

- Ямар ч хэрэггүй. Зүгээр л харагдах хэрэгтэй. Тэдэнд чиний байхгүй байгаа чинь илт
анзаарагдана.

- Старкын хүү надад огтхон ч хамаагүй. Тэгээд ч би эмэгтэй хүний нулимсыг тэвчиж
чаддаггүй юм.

Тайрон Ланнистер зээгийнхээ нүүрэн дундуур чанга алгадсанд хүүгийн хацар улайлаа.

- Ахиад нэг л үг хэлэх юм бол ахин алгадах болно шүү.

- Би чамайг очиж ээждээ хэлнэ!

Тайрон Жоффрейг ахин алгадлаа. Одоо түүний хоёр хацар нь улайжээ.


- Явж ээждээ хэл. Гэхдээ эхлээд ноён ба хатагтай Старкад очиж урд нь өвдөг сөхрөн хүүгийнх
нь төлөө хичнээн харамсаж байгаа болон энэ хүнд бэрх цагт ямар ч зүйлээр туслахад бэлэн
байгаагаа хэлээрэй. За тэгээд намайг ойлгов уу? Ойлгосон уу үгүй юу?

Хүүгийн царай уйлах гэж байгаа юм шиг ярвайснаа сулхан толгой дохиод цааш эргэн
хашаанаас хацраа барьсаар гарлаа. Тайрон түүний араас дагуулан харав.

Тэгтэл нүүрэн дээр нь сүүдэр туссанд хадан цохио адил сүндэрлэх Клеганс руу эргэв.
Түүний бараан өнгийн хөөн хуяг дуулга наранд тунаран гялалзана. Тэр архирч буй нохойн
дүрстэй дуулганы халхавчаа нээхэд Тайроны үргэлж харьцуулан харах дуртай байдаг аймшигт
түлэгдсэн царай ил гарав.

- Ханхүү үүнийг чинь санах болно шүү, жижигхэн лорд минь гэж нохой түүнд анхааруулахад
дуулга нь инээдээр цуурайтав.

- Тэгнэ гэж залбирах байна. Хэрвээ тэр мартахад хүрвэл сайн нохой нь сануулаад өгөх биз
гээд Тайрон хашааны эргэн тойрныг харж,

- Ингэхэд чи миний ахыг хаана байгааг мэдэхгүй биз? гэв.

- Хатан хаантай өглөөний зоог барьж байгаа.

- Аан гээд Тайрон Сандор Клеганс руу хайнга дохиод түүнийг орхин бяцхан хөлийнхөө чадах
хурдаар исгэрэн явахдаа өнөөдөр түүнтэй эхэлж тааралдах хүлэг баатрыг өрөвдлөө. Энэ хүн
ихэд түргэн авиртай байв.

Зочдын байшингийн өглөөний өрөөнд хүйтэн хөгжөөнгүй хоол тавиастай байв. Жейм
ширээнд Церцей болон хүүхдүүдийнх нь хамт суугаад нам дуугаар хүүрнэнэ.

- Роберт орноосоо өндийгөөгүй л байна уу? гээд Тайрон ширээнд урилгагүй суулаа.

Эгч нь түүн рүү төрсөн цагаас нь хойш ширтэж буй сулхан жигшсэн өнгөөр ширтэв.

- Хаан ерөөсөө унтаагүй. Тэр лорд Эддардын хамт гашуудлыг нь үнэн зүрхнээсээ хуваалцаж
байгаа гэхэд,

- Манай Роберт ч том зүрхтэй шүү гээд Жейм залхуутай инээмсэглэв. Тэр баргийн зүйлд
ноцтой ханддаггүй авиртай билээ. Тайрон ахынхаа энэ занг мэдэх учир уучлав. Ер нь түүний
хүүхэд насны урт удаан аймшигт жилүүдэд Жейм үргэлж дүүдээ хүндэтгэлтэй сайн ханддаг
байсан тул Тайрон түүнийг ямар ч зүйл хийсэн уучлахад бэлэн байлаа.

Тэгтэл зарц ойртон ирэхэд Тайрон,

- Талх, хоёр жижигхэн загас даруулга болгон шингээчихээр аяга хар шар айраг. Өө бас
нүүрсэн дээр шарсан мах гэхэд бөхийн ёслоод холдлоо.

Тайрон төрөл төрөгсөд рүүгээ эргэж харав. Эрэгтэй эмэгтэй ихрүүд өнөө өглөө туйлын
адилхан харагдаж байлаа. Хоёул нүднийхээ өнгөтэй тохируулан гүн ногоон хувцас өмсчээ.
Дэгжин засч янзалсан урт буржгар цайвар үс унжин, хуруу, бугуй, хоолойдоо алтан эдлэл
зүүжээ.

Тайрон энэ дэлхий дээр ихэр байх нь ямар болох тухай гайхширсанаа мэдэхгүй байсан нь
дээр гэж шийдэв. Өдөр болгон өөрийгөө толинд байгаа мэт харах нь дотор муухайрам байж
таарна. Тэр өөрийнхөө ихрийг төсөөлж ч чадахгүй байлаа. Тэгтэл ханхүү Томмен,

- Нагац ахаа Браны талаар ямар нэг зүйл сонсогдов уу? гэв.

- Би өнгөрсөн шөнө түүний өрөөнд очсон ч ямар нэг өөрчлөлт гараагүй байсан. Мастер
үүнийг сайны шинж тэмдэг гэж үзэж байгаа юм билээ.

- Браныг үхээсэй гэж би хүсэхгүй байна гэж Томмен эмээнгүй хэлэв. Тэр ахтайгаа төсгүй
эелдэгхэн ааштай хүү байлаа.

- Лорд Эддард бас Брандон гэдэг ахтай байсан. Таргаренийханд олзлогдон алагдсан юм. Энэ
нь харваас золгүй нэр бололтой гэж Жейм даажигнасан байртай хэлэв.

- Минийхээр бол тийм ч золгүй нэр биш гэж Тайрон эсэргүүцтэл зарц тавагтай хоол
авчирсанд хар талхнаас хэлтлэн хазахад Церцей түүн рүү болгоомжтой ширтэж,

- Энэ чинь ямар утгатай юм? гэв.

Тайрон гашуунаар инээмсэглэж,

- Магадгүй Томмений хүсэл биелэгдэж ч болох юм. Мастер хүүг амьд үлдэнэ гэж найдаж
байгаа гээд шар айрагнаасаа балгав.

Мирцелла баяртай дуу алдаж, Томмен догдлонгуй инээмсэглэсэн ч Тайрон хүүхдүүд рүү
харж байсангүй учир Жейм, Церцей хоёр харц солилцохыг харж амжлаа. Тэгтэл эгч нь ширээ
рүү ширтэж,

- Энэ ч өршөөлгүй хэрэг байна даа. Умардын бурхад хүүхдийг ингэж зовоож байдаг дэндүү
хэрцгий юм гэхэд,

- Мастер яг юу гэж хэлсэн юм бэ? хэмээн Жейм асуулаа.

Тайрон шарсан мах зажлан хормын зуур бодлогоширсноо,

- Тэр хэрвээ хүүг үхэх байсан бол хэдийн үхэх байсан гэж хэлсэн. Тэгтэл дөрвөн өдөр
өнгөрөөд байхад ямар ч өөрчлөлт гараагүй байна гэв.

- Браны бие дээрдэнэ биз дээ, нагац ах аа? гэж жижигхэн Мирцелла асуулаа. Тэр эхийнхээ
зан төлөвийг биш гоо үзэсгэлэнг өвлөн авчээ.

- Түүний нуруу хугарсан, бяцхан дүү минь. Бас унахад хөл нь гэмтсэн юм билээ. Тэд түүнийг
амьд байлгахын тулд зөгийн балтай ус өгөөгүй бол хэдийн өлсөж үхэх байсан. Магадгүй тэр
сэрвэл хоол унд идэж уух чадалтай болох ч хэзээ ч ахин алхаж чадахгүй байх.

- Тэр сэрэх гэнэ ээ? Энэ чинь юу гэж байгаа юм? гэж Церцей асуулаа.

- Үүнийг бурхад л мэднэ. Мастер үүнд зөвхөн найдаж байсан гээд Тайрон талх зажлан,

- Хүүгийн амийг чоно торгоож байгаа гэж тангарагласан ч болох юм. Чоно түүний цонхны
гадна өдөр шөнөгүй ульж хөөсөн ч эргэж ирээд байна гэсэн. Мастер чимээ намдаахын тулд
цонх хаа гэж хэлсэн ч Браны бие дордсон болохоор тэднийг ахин онгойлгоход зүрх нь улам
хүчтэй цохилсон гэсэн гэхэд хатан чичирсэнээ,

- Эдгээр амьтадад нэг л биш зүйл байна. Тэд бол аюултай. Би өмнөд рүү ямар ч чоно авч
явахыг хүсэхгүй байна гэхэд Жейм,

- Энэ чинь бүтэхгүй л болов уу, дүү минь. Тэд охидыг хаа сайгүй дагаж явдаг юм билээ гэхэд
Тайрон загас идэнгээ,

- Тэгэхээр та нар удахгүй явах нь уу? гэв.

- Тийм ч хурдан биш гээд Церцей хөмсөг зангидав.

- Та нар явах гэдэг чинь юу гэж байгаа юм? Чи юуны тухай яриад байна? Бурхан минь энд
үлдэнэ гэж бүү хэлээрэй?

Тайрон мөрөө хавчлаа.

- Бэнжин Старк Шөнийн харуул руу дүүгийнхээ бутач хүүтэй хамт явах гэж байгаа. Би
тэдэнтэй хамт явж олон удаа сонссон Ханыг үзье гэж бодсон юм гэхэд Жейм инээмсэглээд,

- Чамайг хар болохгүй гэж найдаж болох уу, дүү минь гэсэнд Тайрон хөхөрлөө.

- Надад сахил хүртээх нь үү? Тэгвэл Дорн, Кастерли Рокийн янханууд руу гүйх хэрэг гарна.
Үгүй дээ, би зүгээр л Ханын оройд зогсож ертөнцийн хязгаар луу шээх гэсэн юм.

Церцей унтууцан өндийж,

- Хүүхдүүдийн дэргэд ийм бузар зүйл бүү ярь. Томмен, Мирцелла нааш ир дээ гээд өрөөнөөс
огцом алхан хүүхдүүдээ дагуулан гарлаа.

Жейм Ланнистер дүүгээ хүйтэн ногоон нүдээр бодогоширонгуй цэгнэн ширтэв.

- Старк хэзээ ч хүүгээ үхлийн ирмэг дээр байхад Винтерфеллийг орхих хүн биш.

- Хэрвээ Роберт тушаавал тэр үүнийг хийх болно. Тэгээд ч Роберт үүнийг тушаасан. Тэр энд
үлдлээ гээд хүүгийнхээ төлөө юу ч хийж чадахгүй шүү дээ.
- Тэр түүний зовлон шаналгааг эцэс болгож чадна. Хэрвээ миний хүү ингэсэн бол би тэгэх л
байсан. Энэ чинь өршөөл шүү дээ.

- Наадхаа лорд Эддардад бүү зөвлөж үзээрэй, хайрт ах минь. Тэр тийм ч эелдэгээр хүлээж
авахгүй байх шүү.

- Тэгээд ч хүү амьд үлдсэн ч тахир дутуу болно. Тахир дутуу үзэшгүй муухай байхаас ч дор
зүйл шүү дээ. Тэгснээс цэвэр үхсэн нь дээр гэхэд Тайрон хариуд нь мөрөө хавчаад,

- Үзэшгүй муухай гэснээс наадахтай чинь санал нийлэхгүй байна. Амьдрал тоолж боломгүй
боломжоор дүүрэн байхад үхэл бол аймшигтай төгсгөл гэхэд Жейм инээвхийлэн,

- Чи ч жижигхэн зөрүүд чөтгөр юмаа гэлээ.

- Өө, тэгэлгүй яахав. Хүүг сэхээ орно гэж найдаж байна. Тэгвэл сонирхолтой юм хэлж юуны
магад.

Ахынх нь инээмсэглэл гашуу сүү залгилсан адил ярвайлаа.

- Тайрон дүү минь. Заримдаа чиний аль талд байгааг мэдэхэд үнэхээр хэцүү юм гэхэд Тайрон
амаараа дүүрэн чихсэн загс, талхаа хүчлэн залгиж хатуу шар айрагаар даруулаад Жейм рүү
инээмсэглэж,

- Яасан гэж намайг гомдоож байгаа нь энэ вэ, Жейм хонгор ах минь. Та намайг гэр бүлдээ
хичнээн хайртайг мэднэ биз дээ гэлээ.
ЖОН

Жон шатны гишгүүр өөд удаан авирангаа сүүлчийн удаа гэж бодохгүйг хичээв. Сүнс түүний
дэргэд чимээгүй явна. Шилтгээний хаалганы гадна сэвсгэр цас хаялж хашаанд дүүрэн чимээ
шуугиан дэгдэх хэдий ч зузаан чулуун ханын дотор дулаахан нам гүм байх ажээ. Тэр нам гүм
байдалд дуртай билээ.

Тэр шатны талбайд хүрээд удтал эмээн зогсоход Сүнс гараас нь зулгаав. Тэр зориг орж эгцрэн
өрөөнд орлоо.

Хатагтай Старк Браны орны хажууд сууж байв. Тэр хоёр долоо хоногийн турш энд өдөр
шөнөгүй сууж Браны дэргэдээс хормын төдий холдсонгүй. Тэр түүнд хоол унд авчран,
өрөөний хөтөвчийг сольж жижигхэн хатуу орон дээр хажуулан бараг унтахгүй шахам байлаа.
Түүнчлэн эмийн ургамалтай хольсон зөгийн балтай ус өгч байв. Тэр өрөөнөөс нэг ч удаа
гарсангүй. Иймээс Жон ер орж ирээгүй ч одоо өөр гарцгүй болжээ.

Тэр хаалган дээр түр саатан зогссоноо үг хэлэхээс эмээн ойртлоо. Нээлттэй цонхон дор чоно
улина. Сүнс үүнийг сонсоод толгойгоо гилжийлгэв.

Хатагтай Старк дээшээ хараад түүнийг таньсангүй бололтой гэвч эцэст нь нүдээ анивчаад,

- Чи энд юу хийж байгаа юм? гэж хачирхалтай сэтгэлийн хөдөлгөөнгүй хөндий хоолойгоор
асуулаа.

- Би Брантай салах ёс гүйцэтгэхээр ирсэн гэж Жон хэлэв.

Түүний царайны хувирал өөрчлөгдсөнгүй. Урт шаргал үс нь бүүдгэрэн даахирч хорин жилээр
хөгширсөн мэт харагдаж байв.

- Тэгвэл хэдийн салах ёс гүйцэтгэчихлээ. Одоо явж үз.

Жоны нэг хэсэг эндээс зугтан гарахыг хүсэвч ингэвэл Браныг ахин хэзээ ч харахгүйгээ мэдэж
байлаа. Иймээс өрөө рүү бухимдангуй алхаж,

- Гуйж байна гэж хэллээ.

Түүний нүдэнд хүйтэн оч цахилав.

- Би чамайг гар гэж хэлсэн шүү. Чамайг энд байлгахыг хүсэхгүй байна.

Заримдаа иймэрхүү үг түүнийг зугтаалгаж, заримдаа уйлахад хүргэж байсан ч одоо түүний
уурыг хүргэлээ. Тэр удахгүй Шөнийн харуулын тангарагт ах дүүст нэгдэх болохоор хатагтай
Кателин Талли Старкаас илүү аюултай учрах болно.

- Гэхдээ тэр миний дүү шүү дээ.

- Эсвэл би хамгаалалт дуудах юм уу?


- Тэгвэл дууд л даа. Тэгсэн ч та намайг түүнтэй уулзахыг хорьж чадахгүй шүү гэж Жон уурсан
хэлээд өрөөн дундуур хөндлөн явж Браны хэвтэж байгаа ор луу өнгийн харлаа.

Кателин нэг гараараа сарвуутай адил гараас барьжээ. Энэ бол түүний мэдэх Бран биш байлаа.
Бүх биеийн мах нь үгүй болж, саваа шиг гозойсон ясанд арьс нь татагджээ. Хөнжилийн дор
эвгүй нугларсан хөл нь Жоны дотрыг муухайруулав. Нүд нь хөнхийж, хар толбо суугаад
нээлттэй хэдий ч юу ч харахгүй байв. Уналт түүнийг биеийг зарим талаар агшааж хүчтэй
салхинд ганц туугдвал үхэл рүүгээ шууд одох намрын хатсан навч аятай хэврэгхэн болжээ.

Хугарсан хавиргатай хэрзгэр цээж нь үл мэдэг амьсгалд оволзоно.

- Бран. Намайг өмнө ирээгүйд уучлаарай. Би айсан юм гээд Жон хацрыг нь даган нулимс
урсахыг мэдэрсэн ч тоосонгүй.

- Чамаас гуйя Бран, битгий үхээрэй. Бид бүгдээрээ чамайг сэрэхийг хүлээж байна. Робб бид
хоёр болон охид гээд л бүгд...

Хатагтай Старк түүнээс нүд салгалгүй ширтэв. Тэр хашгирсангүйд Жон үүнийг
зөвшөөрсөний тэмдэг гэж үзлээ. Гадаа цонхны цаана чоно улив. Энэ бол Браны нэр өгч
амжаагүй чоно байлаа.

- Би одоо явах хэрэгтэй байна. Авга ах Бэнжин хүлээж байгаа. Хойд зүг рүү Хана руу явах гэж
байгаа болохоор өнөөдөр цас улам ширүүсээгүй дээр хөдлөнө гээд Жон Браны хэрхэн аялалд
хөөрч байсаныг санав. Энэ нь түүнийг ийм байдалтай орхиж байна гэхээс тэвчихийн аргагүй
байлаа. Жон нулимсаа арчаад бөхийж дүүгийнхээ уруул дээр хөнгөхөн үнсэв.

- Би түүнийг надтай энд үлдээсэй гэж хүссэн хэмээн хатагтай Старк гэнэтхэн аяархан хэлэв.

Жон түүн рүү болгоомжлон харлаа. Гэвч Кателин түүнийг ширтсэнгүй өрөөнд хэн ч байхгүй
аятай өөрөө өөртэйгээ ярилцаж байлаа.

- Би үүний төлөө мөргөсөн. Тэр бол миний онцгой хүү. Би сүм рүү очиж долоон нүүртэй
бурханд долоон удаа мөргөж Нэд түүнийг авч явах бодлоо өөрчлөн надтай үлдээгээсэй гэж
хүссэн. Заримдаа мөргөлийн хариу гардаг юм гэхэд Жон юу хэлэхээ мэдсэнгүй тул,

- Энэ таны буруу биш шүү дээ гэж эвгүйцэм нам гүмийг эвдэхийн тулд хэлэв.

Кателин түүн рүү харахад харц нь хорсол дүүрэн байв.

- Надад чиний тайвшируулал хэрэггүй, бутач минь гэхэд Жон харцаа доош буулгав.

Тэр Браны нэг гараас бариад нөгөө гараараа шувууны араг яс шиг болсон хурууг нь илбэнэ.

- Баяртай гээд түүнийг хаалган дээр очсон хойно Кателин,

- Жон гэж дуудлаа. Тэр цааш явах ёстой байсан боловч хатагтай Старк урьд нь хэзээ ч нэрээр
нь дуудаж байсангүй. Жон эргээд түүний нүүрийг харахад урдаас нь анх удаагаа харж буй мэт
ширтэж байв.

- За?

- Энд түүний оронд чи л байх ёстой байсан юм гээд Кателин Бран руу эргэж бүх бие нь
чичигнэн уйлж эхлэв. Жон түүний уйлж байхыг урьд нь хэзээ ч харж байсангүй.

Гадаа гарах гарах хүртэл удаан явахад хашаанд чимээ шуугиан цуурайтаж байв. Эргэн тойрон
хүмүүс хашгирч, бүхээгт тэрэг ачин, морьдоо жүчээнээс гарган эмээллэнэ. Зөөлөн сэвсгэр
цас хаялж эхэлсэн учир хүн бүхэн яарч байв.

Робб энэ бүхний дунд бүгдээс илүү тушаал хашгирч байлаа. Тэр Браны унасан, эхийнхээ
гашуудалд автсанаас хойш улам өссөн юм шиг санагдаж зарим талаар хүчтэй болжээ. Хөнгөн
салхи түүний хажууд байлаа.

- Авга ах Бэнжин чамайг хайгаад байна. Аль цагийн өмнө явахыг хүссэн гэж Жонд хэлэв.

- Би мэднэ. Одоо очлоо гээд Жон эргэн тойрон чимээ шуугианыг харж,

- Эндээс явах бодсоноос ч илүү хэцүү юм гэв.

- Надад ч гэсэн. Чи түүнийг харав уу? гэж Робб асуухад үсэн дээр унасан цас нь биеийн
дулаанд хайлна.

Жон толгой дохьсон ч үг хэлэх хүч хүрсэнгүй.

- Тэр үхэхгүй. Би үүнийг мэдэж байна гэж Робб хэлэхэд,

- Тиймээ Старкынхныг алахад бэрх гэж Жон ядрангуй хоолойгоор зөвшөөрлөө. Зочлолт
түүний бүх хүчийг үгүй болгожээ.

Робб ямар нэг зүйл буруу болсоныг мэдсэн бололтой.

- Ээж... гэв.

- Тэр надтай... их эелдэг байсан гэхэд Робб санаа амарсан байртай инээмсэглэж,

- Сайн байна. Дараагийн удаа чамтай уулзахад бүх биеэрээ хар болсон байх даа гэхэд Жон
хүчлэн инээмсэглэж,

- Энэ үргэлж миний дуртай өнгө байсан шүү дээ. Харин чи тэр хүртэл хэр удна гэж бодож
байна? гэв.

- Тийм ч удахгүй байх. Баяртай Сноу гээд Робб Жоныг чанга тэвэрхэд хариу тэврэн,

- Чи ч гэсэн, Старк минь. Бранд санаа тавьж байгаарай гэлээ.


- Тэгнээ гээд тэд хоёр тийш салж бие биенээ эвгүйцэн ширтэхэд,

- Авга ах Бэнжин чамайг харагдвал жүчээ рүү явуулаарай гэсэн хэмээн Робб эцэст нь хэлэв.

- Би бас нэг хүнтэй салах ёс гүйцэтгэх хэрэгтэй байна.

- Тэгвэл би чамайг хараагүй шүү гэхэд Жон түүнийг цасан дунд бүхээгт тэрэг, чоно морьдоор
хүрээлүүлэн зогсож буй хэвээр орхилоо. Дарханы газар холгүй байв. Жон хуйлаастай зүйлээ
аваад халхавчтай гүүрээр шилтгээн рүү явлаа.

Аръяа өрөөндөө өөрөөсөө хамаагүй том зүлгэмэл хатуу модон авдарт юм хумаа цэгцлэн,
Намериа түүнд тусалж байв. Түүнийг хэрэгцээтэй зүйлээ заахад чоно өрөөн дундуур гүйж
зарим эд зүйлс болон торгон хувцсыг эрүүндээ зуун авчирч өгнө. Тэр Сүнсийг үнэрлээд
оцойн сууж гийнав.

Аръяа эргээд ардаа Жон байхыг хармагц үсэрч туранхай гараараа хүзүүнээс нь зүүгдэв.

- Би чамайг явчихсан байх гэхээс айж байлаа. Намайг салах ёс гүйцэтгүүлэхээр гаргаагүй гэж
хэлэв.

- Одоо тэгээд юу хийж байгаа юм? гэж Жон хөгжин асуулаа. Аръяа царайгаа үрчийлгэн
түүнээс холдож,

- Юу ч биш. Зүгээр л юм хумаа эмхэлж байна хэмээн хараахан дүүрээгүй том авдар руу
зангахад өрөөний шалаар нэг хувцас тараан хаялжээ.

- Септа Мордэйн намайг хувцсаа зохих ёсоор нь цэгцлээгүй гэж хэлсэн. Зүй ёсны жинхэнэ
умардын хатагтай хувцсаа авдран дотроо хуучин даавуу шиг чихдэггүй юм байх.

- Харин чи тэгсэн хэрэг үү, жижигхэн дүү минь?

- Тэгсэн ч гэсэн замбараагүй хутгалдах л болно. Ер нь тэднийг нямбайлан хийх хэнд


хамаатай юм бэ?

- Септа Мордэйнд хамаатай. Би түүнийг Намериагийн тусалж байгаад баярлана гэж бодохгүй
байна гэхэд гичий чоно түүнийг бараан алтлаг шаргал нүдээрээ чимээгүй ажиглав.

- Гэхдээ зүгээр дээ. Надад чамд өгөх нэг зүйл байна. Харин чи үүнийг болгоомжтой далд
хийж үзээрэй гэхэд Аръяагийн нүүр гийж,

- Бэлэг үү? гэв.

- Тэгж хэлсэн ч болно. Хаалгаа хаачих.

Хөөрч догдолсон Аръяа хонгил руу болгоомжтой шагайснаа,

- Намериа энд зогсоод хамгаалж бай гээд чоноо гадагш гарган гадны хүн орж ирүүлэхгүйн
тулд хаалган дээр зогсоолоо. Энэ зуур Жон хуйлаастай даавууг задалж бэлгээ гаргаж ирээд
гардуулахад Аръяагийн түүний адил бараан нүд томорлоо.

- Илд байна гэж аяархан хоолойгоор хэлэв.

Илдний хуйг зөөлөн саарал арьсаар хийжээ. Жон илдийг удаанаар хуйнаас нь гаргахад гүн
цэнхэр өнгөөр гялалзав.

- Энэ тоглоом биш шүү. Болгоомжтой өөрийгөө битгий зүсчихээрэй дээ. Сахал хуссан ч
болохоор хурц иртэй.

- Охид сахал хусдаггүй шүү дээ.

- Магадгүй заримдаа хусдаг ч байж болох юм. Чи ер нь септагийн хөлийг харсан уу? гэхэд
Аръяа хөхрөөд,

- Дэндүү туранхай гэв.

- Чинийх ч гэсэн. Би үүнийг Миккенд тусгайлан захиж хийлгэсэн юм. Чөлөөт хот Пентос,
Мирт бравосынхан үүнтэй адил илд хэрэглэдэг юм билээ. Үүгээр хүний толгой тас цавчиж
болохгүй ч хангалттай хурдан хөдөлвөл дүүрэн нүх үүсгэн чичиж чадна гэхэд,

- Би хангалттай хурдан байж чадна гэж Аръяа хэлэв.

- Чи өдөр бүр сургуулилах хэрэгтэй шүү гээд Жон илдийг түүний гарт атгуулан хэрхэн
бариулахыг харуулснаа арагш ухарлаа.

- За ямар мэдрэмж төрж байна даа? Гарт чинь таарч байна уу?

- Тийм гэж бодож байна.

- Эхний хичээл бол үзүүртэй талаар нь хатгах хэрэгтэй шүү.

Аръяа түүний гар луу илдний иргүй талаар цохилоо. Цохилт өвтгөсөн ч Жон тэнэг хүн шиг
инээд алдав.

- Би ямар үзүүрийг нь ашиглахаа мэднэ гэснээ Аръяа эргэлзсэн байртай,

- Септа Мордэйн үүнийг надаас хураах байх даа гэв.

- Хэрвээ байгаа гэдгийг нь мэдэхгүй юм бол тэгэхгүй.

- Тэгвэл би үүгээр хэнтэй сургуулилах юм?

- Хэн нэгэн олдож л таарна. Хааны газар нийслэл хот болохоор Винтерфеллээс мянга дахин
том. Хамтрагч олох хүртлээ хашаанд хүмүүс яаж тулалдаж байгааг хараарай. Гүйж харайж
өөрийгөө хүчтэй болго. Бас... гэхэд Аръяа дараа нь юу хэлэхийг мэдэж байсан тул хамтдаа
зэрэг,

- Сансад... хэлж... болохгүй шүү гэв.

Жон үсийг нь сөргүүлэн илбэв.

- Би чамайг санах байх даа, жижигхэн дүү минь.

Аръяа гэнэтхэн уйлах гэж байгаа юм шиг харагдав.

- Чи бидэнтэй явахгүй нь ямар харамсалтай юм бэ.

- Заримдаа ондоо зам ижил шилтгээн рүү хөтөлдөг юм. Яахыг хэн мэдэх билээ? гээд Жоны
сэтгэл дээрдэн арай итгэлтэй болоход ахин гунигт автахгүйн тулд,

- Би одоо явсан нь дээр байх. Хана дээр очсон эхний жилийг авга ах Бэнийг удаан
хүлээлгэсний улмаас өрөөний хөтөвч асгаж өнгөрүүлмээргүй л байна шүү гэхэд Аръяа түүн
рүү гүйн ирээд сүүлчийн удаа тэвэрлээ.

- Эхлээд илдээ доошлуул гэж Жон анхааруулаад хөхрөв. Тэр илдээ ичингүйрэн холдуулаад
ахынхаа нүүрэн дээр үнслээ.

Жон хаалган дээр очоод эргэж харахад Аркяа илдийг гартаа тэнцвэртэй барихыг оролдож
байв.

- Өө арай мартсангүй. Бүхий л шилдэг илднүүд нэртэй байдаг юм шүү.

- Мөс шиг үү гээд Аръяа гартаа байгаа илдийг харж,

- Түүнд үнэхээр нэр өгсөн хэрэг үү? Надад хэлээч дээ гэв.

- Чи тааварлахгүй байна уу? гэж Жон даажигнаад,

- Хамгийн дуртай зүйл чинь байгаа гэв. Аръяа эхлээд гайхширсан ч дараа нь ухаарч маш
түргэнээр хамтдаа,

- Зүү! гэж дуу алдлаа.

Аръяагийн дулаахан инээмсэглэж буй дурсамж түүнийг хойд зүг хүрэх аялалын турш
бүлээцүүлэх бизээ.
ДАНЕРИС

Дотракичууд хүн амьдралаа нээлттэй тэнгэрийн дор холбох нь чухал гэж үздэг учраас
Данерис Таргариний Хал Дроготой хийх хурим Пентосын хананаас гадна зэрлэгүүдийн талд
хийх боллоо.

Дрого өөрийн халасаруудаа дуудахад дөчин мянган Дотракийн дайчид олон тооны
эмэгтэйчүүд, хүүхэд боолчуудын хамт ирцгээв. Тэд хотын хананы гадна талд бөөнөөрөө
буудаллан мал сүрэг нь орчины бүх өвс ногоог хаман идээшилэхэд Пентосын оршин
суугчдын сэтгэл зовнил өдөр ирэх тусам улам нэмэгдэв.

- Миний найз магистерууд хотыг харуулыг хоёр дахин нэмэгдүүлсэн гэж Иллирио нэг шөнө
Хал Дрогогийн өргөөнд шаржигнасан шаргал халуун ногоотой балаар амталсан нугас идэж
байхдаа хэлжээ. Хал халасараа болгон хуримлах хүртэл Данерис түүний ах хоёр өргөөнд нь
сууж байв.

- Бид гүнж Данерисийг Пентосийн бэл бэнчинтэй хүмүүс бүх хөлсний цэргүүд дээрэмчдийг
цуглуулахаас өмнө түргэхэн гэрлүүлсэн нь дээр байх гэж сэр Жорах Мормонт хошигнов.
Цөлөгдсөн хүн ахад нь Даниг Хал Дрогод худалдсан шөнө зүтгэх санал тавихад Визерис
дуртайяа зөвшөөрсөн байна. Үүнээс хойш Мормонт тэдний үнэнч хамтрагч болжээ.

Магистер Иллирио ацан сахлаа чичигнүүлэн инээд алдсан ч, Визерист төдийлөн инээдтэй
санагдсангүй бололтой.

- Тэр хүсч байвал түүнийг маргааш авсан ч болно. Зөвхөн үнийг нь төлөх хэрэгтэй гээд
Данерис руу ширтэхэд нь харц буруулав.

Иллирио махлаг гараа савчихад тарган хуруунд нь олон тооны бөгж гялалзав.

- Би чамд бүгдийг уламжилсан гэж хэлсэн биз дээ. Надад итгэ. Хал чамд титэм амласан
болохоор түүнийг хүртэх л болно.

- Тэгвэл хэзээ тэр вэ?

- Халын сонгосон цагт. Тэр эхлээд охиныг авч гэрлэсний дараа хээр тал дундуур Вэйс
Долтрак руу явж үзүүлэх байх. Үүний дараа л шийдэгдэнэ гэж бодож байна. Хэрвээ түүнд
дайны зөн совин сайн буувал гэхэд Визерис тэсгэлгүй уцаарлан,

- Би тэр Дотракийн дайны зөн рүү чинь шээх болно. Булаан эзлэгч миний эцгийн хаан
ширээнд сууж байна. Би хэр удаан хүлээх болж байна? гэхэд Иллирио тарган мөрөө хавчаад,

- Та бүх амьдралынхаа хүлээсэн, агуу хаан минь. Ахиад хэдхэн сар юмуу жил хүлээхэд юухан
байх билээ? гэв.

Урьд нь алс зүүн зүг Вэйс Дотрак руу аялж байсан сэр Жорах зөвшөөрөн толгой дохилов.
- Би таньд тэвчээртэй байхыг зөвлөх байна, эрхэм дээдсээ. Дотракичууд өгсөн амлалтандаа
үнэнч боловч өөрсдийн тогтоосон цаг хугацаандаа хөдлөх болно. Хэзээ ч энгийн нэг хүн
халын өршөөлийг гуйхаас биш аашилж загнаснаар дайны урмыг сэргээхгүй юм гэхэд Визерис
дүрэлзэн,

- Амаа мэдэж яриарай, Мормонт эс тэгвээс би хэлийг чинь сугалж хаяна шүү. Би жирийн хүн
биш шүү. Би бол долоон ханлигийн хууль ёсны эзэн байна. Луу гуйдаггүй юм гэлээ.

Сэр Жорах хүндэтгэлтэйгээр харцаа буулгахад, Иллирио нугасны далавч тасдан идэх зуураа
учир битүүлэг инээмсэглэхэд сахлынх нь дагуу болон хурууных нь завсраар бал өөх тос
савиран урсав. "Луунууд гэж байхаа больсон" гэж Дани бодоод ах руугаа харсан ч бодлоо
чанга хэлж зүрхэлсэнгүй.

Тэгээд тэр шөнө луу зүүдэлжээ. Визерис түүнийг нүцгэлэн өвдтөл зодож байв. Тэр түүнээс
айн зугтан гүйхийг оролдовч бие нь захирагдаж өгсөнгүй. Визерис түүнийг ахин цохилоо.
Дани бүдэрч унав.

- Чи лууг сэрээсэн. Чи лууг сэрээлээ. Чи лууг сэрээлээ гэж Визерис түүн рүү хашгичаад
өшиглөхөд ташаанаас нь цус гоожиход нүдээ аниад гонгинолоо.

Хариуд нь асар том түүдэг гал тас нясхийх мэт аймшигтай цуурах чимээ гарав. Түүнийг ахин
харах үед Визерис алга болоод аварга том баганын эргэн тойрон гал дүрэлзэж дунд нь луу
байв. Тэр түүн рүү нүсэр том толгойгоо удаанаар эргүүлэн харав. Нүд нь галт уулын хайлмаг
адил улайран гялалзахад хүйтэн хөлс цутган чичрэн сэрлээ. Тэр хэзээ ч ингэж айж байгаагүй
ч... эцэст нь хуримын өдөр хүрэлцэн ирлээ.

Хуримын ёслол үүрээр эхлээд үдэш болтол үргэлжилж өдрийн турш төгсгөлгүй идэж уун
тэмцэлдэн наргиж байлаа. Газар зүлгэн дээр босгосон майхны дундах өндөр тавцан дээр
Дани Хал Дрогогийн дэргэд суугаад Дотракичуудын тэнгисийг ширтэж байв. Тэр хэзээ ч ийм
хачирхалтай аймаар хүмүүс нэг газар олноор цугласныг үзсэнгүй. Морьтон лордууд чөлөөт
хотод зорчихдоо баян тансаг үнэт даавуугаар хувцаслан анхилам үнэртэй сүрчиг ханхлуулдаг
хэдий ч задгай тэнгэрийн дор хуучны ёс журмаа баримтлах аж. Эрэгтэй эмэгтэй ялгаагүй
нүцгэн бие нь дээрээ ширэн хантааз өмсөж, адууны дэлээр сүвлэсэн хүрэл тэмдэг бүснээсээ
зүүх агаад дайчид тосолсон урт бүдүүн гэзэг унжуулжээ. Тэд халуун ногоотой шарж балаар
амталсан адууны мах идэж, гүүний исгэсэн сүү болон Иллириогийн авчирсан сайн дарсыг
хэмжээ хязгааргүй уух зуураа түүдгийн дэргэд өөр хоорондоо бүдүүлгээр тоглоом хийн
Данигийн чихэнд харш хахир хоолойгоор ярилцана.

Визерис түүний доохон талд цээжин дээрээ гал улаан луу хатгамалсан гоёмсог шинэ хар
ноосон хувцастай суужээ. Иллирио, сэр Жорах хоёр дэргэд нь сууж байлаа. Тэдний суудал
хүндтэйд тооцогдох учир доод хэсгээр нь халын цусны морьтонгууд сууж, Дани ахынхаа
хөхөвтөр нүдэнд уур хилэн дүрэлзэхийг харж байлаа. Түүнд Данерисийн дор суух нь
таалагдахгүй байсны дээр боолууд хал болон түүний сүйт бүсгүйд эхэлж хоол санал болгож
байгаад тэсгэлгүй ундууцна. Гэвч уур хилэнгээ гаргаж чадахгүйдээ бухимдан улам өсөж буй
доромжлолыг барайн ширтэж сууж байлаа.
Дани олон хүний дунд байхдаа урьд нь хэзээ ч байгаагүй ганцаардахаа мэдрэв. Тэрбээр ах нь
тушаасан ёсоор инээмсэглэх хэдий ч нүдэнд нь өөрийн мэдэлгүй нулимс цийлэгнэв. Хэрвээ
Визерис түүний уйлж байгааг харах юм бол хичнээн уурлахыг мэдэж байсан тул Хал Дрого
урдаас нь яаж ч магадгүй хэмээн эмээн чадлаараа нуулаа. Түүнд уур савсуулсан чанасан
үений мөч мах болон, бүдүүн хар зайдас, Дотракичуудын цусан бялуу, хожуу гарсан жимс,
анхилам үнэртэй жигнэсэн ногоо, Пентосын тогоочдын ур чадвараа гарган хийсэн нарийн
боов авчирч өгөхөд бүгдийг нь занган цааш явуулж байлаа. Гэдэс нь өлсөж мушгирч байсан ч
хоолойгоор нь хоол давсангүй.

Үүний дээр хэнтэй ч ярилцсангүй. Хал Дрого нэг цусны морьтонгуудтайгаа хашгирч тоглоом
хийн хариу үг хэлэхэд инээх агаад Даниг дэргэд нь хүн сууж байна гэж тоож харсангүй. Тэд
нийтийн хэлээр ярилцахгүй байсан тул Дотракичууд Данерисийн хувьд ухаарагдаж
ойлгогдохгүй хэвээр, хал өөрөө Валерианий чөлөөт хотуудад очиж байсны хэдхэн үг мэдэх
агаад бүхий л долоон ханлиг даяар нийтийн хэлээр ярьдаггүй байлаа. Тэр Иллирио болон
ахтайгаа дуртайяа ярилцах байсан ч тэд түүнээс дэндүү хол суужээ.

Тэр хуримын торгон хувцастай суун балтай дарс уунгаа юм идэхээс эмээн өөртэйгээ
чимээгүй ярилцаж байв. "Би бол лууны цустай Данерис Стормборн, Лууны цохио арлын
гүнж, булаан эзлэгч Аегон хааны удам угсаа" гэж өөртөө хэлэв.

Нар тэнгэрт хөөрөөд дөрөвний нэг замаа ч туулаагүй байтал эхний хүн үхлээ. Бөмбөр дэлдэн
хэдэн эмэгтэй халд зориулан бүжиг хийв. Дрого тэдний зүг хайнга харах хэдий ч харц нь
хөдөлгөөнийг нь тасралтгүй ажиглаж үе үе хүрэл зүүлт чулуудахад эмэгтэйчүүд хоорондоо
булаацалдан зодолдох аж.

Дайчид бас тэднийг ширтэж байв. Эцэст нь тэдний нэг тойрогт ороод бүжигчдийн нэгний
гараас шүүрэн авч газар унаган гүүн дээр мордож буй азарга аятай мордлоо. Иллирио ийм
явдал болж магадгүй талаар түүнд хэлсэн байв.

- Дотракичууд өөр хоорондоо адгуус шиг харьцдаг. Тэдэнд хувийн халасар гэж байхгүй бөгөөд
бидний ичгүүр гэж үздэг зүйлсийг ямар ч нүгэл гэж ойлгодоггүй.

Дани цаашид юу болохыг ойлгоод залгаастай хоёроос эмээн харц буруултал хоёр дахь дайчин
урагш гарч тэгснээ гурав дахь нь гээд төдөлгүй ар араасаа урсгал цувлаа. Тэгтэл хоёр хүн нэг
ижилхэн эмэгтэй барин авчээ. Хашгирах дуу хадан нүдний үзүүрт хөдөлгөөн үзэгдээд агшин
зуур сахлын хутга шиг хурц тахир хадуур адил хэлбэртэй арахи гялсхийв. Үхлийн бүжиг
эхлэхэд дайчид хараан өөр хоорондоо дугуйран цавчилдаж илдээ толгой дээгүүрээ эргүүлэн
цохилт болгондоо доромжлон хашгирч байв. Хэн ч тэдний хэрэгт оролцсонгүй.

Тэгтэл энэ нь эхэлсэн шигээ түргэн дууслаа. Арахи нүд гялбам түргэн цахилахад Дани нэг
хүн гишгэдэл алдан гуйвж нөгөөдөх нь сэлмээ зоохыг харлаа. Илд дотракийн биеийг
хүзүүнээс бүсэлхий хүртэл ярж гэдэс дотор нь тоостой газар олгойдон гоожив. Ялагдагч
үхэхэд ялагч маргалдсанаасаа ондоо ойролцоох эмэгтэйг барьж аваад, боолууд цогцосыг зөөн
зайлуулахад бүжиг сэргэв.

Магистер Иллиро Даннид үүнийг бас анхааруулсан байв.


- Дотракийн хурим дээр гурваас доошгүй хүн үхэхгүй бол уйтгартай боллоо гэж үздэг.

Гэвч энэ нь онцгой адисласан хурим болохоор өдөр дуусахаас өмнө арваад хүн үхлээ. Цаг
явсаар Данигийн айдас улам ихсэхэд хашгирахгүйн тулд арай ядан тэслээ. Тэр харь мангас
мэт санагдах Дотракичуудаас айж хүн гэхээсээ илүү хүний арьс нөмөрсөн араатан адил
санагдана. Үүний дээр алдаа гаргавал ахыгаа яах бол гэхээс айна. Гэвч айдсын ихэнхи
хэсгийг шөнө болж одод түгэхэд ах нь түүнийг дэргэд нь уун наргин суугаа хүрэл баг
өмсчихсөн мэт хэрцгий царайтай үлэмж биетэй нэгэнд өгнө гэх айдас эзэлж байлаа.

"Би лууны цустай".. гэж Данерис өөртөө ахин хэллээ.

Эцэст нь нар тэнгэрийн хаяанд гудайхад Хал Дрого алга ташсанд бөмбөр дэлдэн хашгирч
байсан найр гэнэтхэн огцом зогсов. Дрого өндийхөд Дани түүний дэргэд зогслоо. Одоо сүйт
бүсгүйд хуримын бэлэг өгөх цаг болжээ.

Бэлэг сэлтийн дараа нар шингэх болохоор түүний гэрлэлтийн эцсийн явдал болно гэдгийг
мэдэж байв. Дани үүний талаар бодохгүй байхыг хичээсэн ч бүтсэнгүйд чичирэхгүйн тулд
өөрийгөө тэврэн зогслоо.

Түүний ах Визерис гарын гурван зарц бэлэглэхэд тэдний төлөө сохор зоос төлөөгүй болох нь
илт байв. Иллирио эргэлзээгүй бэлэг авахад туслалцаа үзүүлжээ. Зэсэн хүрэл арьс, хар үс,
бүйлсэн нүдтэй Ирри, Жхикүй гэдэг хоёр дотраки болон, цайвар үс цэнхэр нүдтэй Дориа
гэдэг охин байлаа.

- Энэ бол ердийн нэг зарц нар биш, хонгор дүү минь гэж ах нь тэднийг нэг нэгээр нь урагш
гаргахдаа хэлэв.

- Иллирио бид хоёр тэднийг чамд зориулан тусгайлан сонгосон юм. Ирри чамд морь унахыг
сургаж, Жхикүй Дотракийн хэл заан, Дориа чамайг эмэгтэй хүний хайрын урлагт сургах
болно гээд мушийж,

- Түүний үүнд хичнээн сайн болохыг Иллирио бид хоёр батлах байна гэлээ.

Сэр Жорах Мормонт өгсөн бэлгэндээ уучлал хүсэв.

- Энэ хэдийгээр өчүүхэн зүйл хэдий ч хөөрхий цөллөгийн хүн чадахаараа олсон зүйл гээд
жижигхэн боодлол задлан хуучны ном гаргаж ирэв. Энэ нь долоон ханлигийн түүх дууллыг
нийтийн хэлээр бичсэн ном байлаа. Дани түүнд үнэн зүрхнээсээ талархлаа.

Магистер Иллирио шивнэн тушаал өгөхөд дөрвөн булиа боол урагш ухасхийн хүрэл
бүслүүртэй том хушин авдар гаргаж ирлээ. Данерис түүнийг онгойлгож үзэхэд Чөлөөт хотоос
олж болох хамгийн сайн торго дурдан, хилэн даавуу байсан бөгөөд оройд нь зөөлөн хувцсанд
зассан гурван том өндөг байсанд дуу алдав. Тэр өмнө нь ийм нэг нэгнээсээ ялгаатай үнэт
чулуугаар чимэглэсэн адил туяаран солонгорох итгэмээргүй гайхалтай үзэсгэлэнтэй зүйл
харж байсангүй. Өндөг хоёр гардан өргөхөөр том ажээ. Тэр хэврэгхэн уран нарийн хийцтэй
шаазан эдлэл барьж буй аятай болгоомжтой өргөсөн ч цул чулуу болохоор хамаагүй хүнд
байлаа. Өндөгний гадаргуу жижигхэн хайрсаар бүрхэгдсэн нь эргүүлж үзэхэд жаргаж буй
нарны гэрэлд зүлгэсэн төмөр адил гялалзав. Нэг өндөг нь гүн ногоон өнгөтэй байсан агаад
Даниг эргүүлэхэд алтлаг толбо хүрэнтэн гялалзав. Нөгөө нэг нь алтан судал цайвар цэнхэр
өнгөтэй. Сүүлчийнх нь шөнө дундын тэнгис адил тас харлан хуйлран эргэлдэх улаан долгио
мэт амьд үзэгдэв.

- Энэ юу вэ? гэж тэр аяархан хоолойгоор гайхширан асуулаа.

- Ашайн цаадах Сүүдэрт арлаас авчирсан лууны өндөг. Йон тэднийг чулуу болгон хувиргасан
ч одоо хүртэл үзэсгэлэнгээ хадгалан дүрэлзэн гялалзсаар байгаа юм гэж магистер Иллирио
хэллээ.

- Би эднийг эрдэнэс болгон хадгалах болно гээд Дани урьд нь лууны өндөгний тухай сонсож
байсан ч харж байгаагүй болохоор ийм гэж бодсонгүй. Энэ бол үнэхээрийн гайхамшигт бэлэг
болохоор Иллирио туйлын өгөөмөр загнажээ. Тэр Хал Дрогод морьд, боолууд заран их
хөрөнгө зоорь хураасан байв.

Халын цусны морьтонгууд түүнд уламжлал ёсоор гурван гоёмсог сайхан зэвсэг бэлэглэв. Хаго
түүнд мөнгөн бариултай том суран ташуур, Кохолло алтаар чимэглэсэн гайхамшигтай сайхан
арахи, Квото аварга том нумарсан лууны ясаар хийсэн нум сум бэлэглэв. Магистер Иллирио,
Сэр Жорах нарын хэлснээр тэр энэ гурван саналаас уламжлал дагуу татгалзав.

- Энэхүү бэлгийг зөвхөн агуу дайчин эзэмших эрхтэй билээ. Гэвч би эмэгтэй учраас оронд нь
миний лорд нөхөрт эдгээрийг гардуулна уу гэхэд Хал Дрого хуримын бэлгийг хүлээн авлаа.

Үүнээс гадна Дотракичууд олон тооны бэлэг сэлт болох шаахай, үнэт чулуу, мөнгөн бөгж,
адууны дэлээр хийсэн бүсэлхийнээс зүүдэг тэмдэг, үслэг зөөлөн хантааз, элсний өнгөт торго
болон анхилам үнэртэй тос бүхий ваар, зүү, өд болон жижигхэн улаан лонх, мянган хулганы
арьсаар зүйж хийсэн нөмрөг бэлэглэв.

- Үнэхээрийн сайхан бэлэг байна, халисий. Аз тохиосон хэрэг байна даа гэж магистер
Иллирио сүүлчийн бэлэг сэлтийг нь хараад хэллээ.

Данигийн эргэн тойронд бэлэг сэлт уул шиг овоорсонд ихэнхийг нь яаж ашиглахаа мэдэхгүй
байв.

Эцэст нь Хал Дрого сүйт бүсгүйдээ хувийн бэлэг гардуулав. Түүнийг буудлын дунд руу явах
үед аяархан гүнгэнэх чимээ гарснаа алгуур бүх халасарчуудыг хамарлаа. Тэр эргэж ирэх үед
Дотракичуудын бэлгэнд өгдөг морь хөтөлж ирэв.

Гүү залуухан хүчтэй үзэсгэлэнтэй амьтан байлаа. Дани морьдын талаар мэдэх боловч энэ нь
ер бусын амьсгал давхцуулам сайхан амьтан ажээ. Өвлийн тэнгисийг санагдуулам саарал зүс,
саарал утаа мэт намирсан мөнгөн дэлтэй аж.

Дани тээнэгэлзсэн байртай морины хүзүүнд хүрч хуруугаа мөнгөн дэл дундуур гүйлгэв. Хал
Дорго Дотракийн хэлээр ямар нэг зүйл хэлэхэд магистер Иллирио,
- Дэл нь чиний үс шиг мөнгөлөг гэж хал хэллээ хэмээн орчуулав.

- Үзэсгэлэнтэй юм гэж Дани бувтналаа.

- Тэр бүхий л халасарын бахархал болсон амьтан. Заншил ёсоор халисий түүнийг унан халын
дэргэд байх ёстой юм.

Дрого урагшлан гараараа бүсэлхийнээс бариад бяцхан хүүхэд адил сэвхийтэл өргөж
Дотракийн нарийн хийцтэй жижигхэн эмээл дээр тавив. Дани морин дээр гараад хэн ч
түүнд энэ тухай хэлээгүй болохоор хэсэг зуур яахаа мэдсэнгүй.

- Одоо би яах ёстой вэ? гэж Иллириогоос асуухад сэр Жорах Мормонт өмнөөс нь,

- Жолоогоо аваад давхи. Хол явах хэрэггүй шүү гэв.

Дани бухимдангуй жолоогоо гартаа атгаж, хөлөө богино дөрөөн дээр тавилаа. Тэр ихэнхи
цагаа хөлөг онгоц, бүхээгт тэрэг, жуузан дээр жуулчлан өнгөрүүлсэн учир тааруухан морьтон
байв. Шившиг болохгүйн тулд битгий унаасай гэж залбираад өвдгөө хулчгардуухан давирлаа.

Гэвч энэ бүх хугацаанд анх удаагаа айдсыг мартлаа. Эсвэл амьдралдаа анх удаа байж ч болох
юм. Мөнгөлөг саарал гүү торгомсог зөөлнөөр ергүүлэхэд цугласан бүх хүмүүсийн харц тэдэн
дээр тусав. Дани хурдлахаас айсангүй айхын оронд сэтгэл хөөрөн морь хатируулахад
инээмсэглэлээ. Дотракичууд яаран зам тавьж өгөв. Хөлөө үл мэдэг давиран жолоогоо
хөдөлгөх төдийд морь улам хурдлан Дотракичууд гуугалж хашгиралдан инээлдэж замаас нь
үсрэн холдов. Түүнийг буцаж давхиж ирэхэд замд нь ассан түүдэг гал тааралдлаа. Тэд замын
хоёр талаар хөвөөлөн зогссон тул зайлсхийх газар байсангүй. Дани морио урагш зүрхлэн
залахад мөнгөлөг гүү дөлөн дээгүүр далавчтай юм шиг харайв.

Тэрбээр магистер Иллирогийн дэргэд зогсоод,

- Хал Дрогог надад салхи өгчээ гэж хэл гэхэд тарган Пентосийн хүн шаргал сахлаа шувтраад
Дотраки хэлээр түүний үгийг давтаж хэлэхэд Дани анх удаа шинэ нөхрөө инээмсэглэхийг
харлаа.

Жаргаж буй нарны сүүлчийн цацраг Пентосын өндөр ханан дээгүүр жаргав. Дани цаг
хугацааны баримжаа алджээ. Тэгтэл Хал Дрого цусны морьтонгууддаа өөрийнхөө улаан
азаргыг авчирахыг тушаав. Хал морио эмээллэх зуур, Визерис Данид ойртон хөлнөөс нь
хуруугаараа дугтраад,

- Түүнийг баярлуул, хонгор дүү минь. Эс бөгөөс чи урьд нь хэзээ ч байгаагүйгээр луу хэрхэн
сэрэхийг харах болно шүү гэв.

Ахынхаа үгийг сонсоод айдас ахин буцаж ирэв. Тэр ердөө арван гуравхан настай цор
ганцаараа хүүхэд адил өөрийгөө мэдэрч дараагийн удаа тохиолдох зүйлд бэлэн биш байв.

Тэд хамтдаа тэнгэрт одод түгэхэд ногоон дээр буудалласан халасарчуудыг орхиж явлаа. Хал
Дрого түүнтэй ярилцсангүй азаргаа хүчтэй давиран галгиулахад урт гэзэгний үзүүр дэх
жижигхэн мөнгөлөг хонхнууд аяархан жингэнэнэ. "Би лууны цустай. Би лууны цустай. Би
лууны цустай. Луу хэзээ ч айдаггүй" гэж Данерис өөрийгөө зоригжуулахын тулд шивнэв.

Удтал явсаны эцэст хэр хугацаа өнгөрсөнийг мэдэхгүй ч харанхуй болоход жижигхэн горхийн
дэргэдэх өвстэй газар буудаллав. Дрого түүнийг гүүний нуруунаас сэгхийтэл өргөн доош
газар тавихад түүний гарт бие нь шилэн хүүхэлдэй адил хэврэгхэн санагдаж үе мөч нь ус шиг
сулбайлаа. Түүнийг морьдоо аргамжих зуур, Дани хуримын хувцастайгаа яахаа мэдэхгүй
чичирэн зогсож байснаа урдаас нь эргэхэд уйлж эхэллээ.

Хал Дрого нулимсыг нь хараад царай нь хачирхалтай хоосров.

- Үгүй гээд гараа өргөн нулимсыг нь эвэршсэн эрхий хуруугаараа арчлаа.

- Чи нийтийн хэлээр ярьдаг юм уу? гэж Дани гайхширан хэлэв.

- Үгүй гэж тэр ахин хэллээ.

"Магадгүй тэр зөвхөн энэ үгийг мэддэг бололтой" гэж бодтол дотор нь гэнэтхэн тайвширлаа.
Дрого түүний үсэнд хөнгөхөн хүрч, мөнгөлөг цайвар үсийг нь хуруугаараа намируулан
илбээд Дотракийн хэлээр аяархан юм бувтналаа. Дани үгийг ойлгоогүй ч хоолой нь энэ
хүнээс гарна гэж бодомгүй дулаахан зөөлөн байв.

Тэр хуруугаараа эрүүнээс нь өргөн толгойг нь дээшлүүлэхэд харц тулгарав. Дрого түүний
дээр юм бүхнээр сүндэрлэх аж. Тэгснээ гарынх нь дороос аяархан барьж горхийн дэргэдэх
дугуй чулуун дээр суулгаад өөрөө газар урдаас нь харан хөлөө завилан суухад эцэстээ нүүр нь
нэг хэмжээнд хүрэв.

- Үгүй гэж тэр хэлэв.

- Энэ зөвхөн чиний мэддэг ганц үг үү?

Дрого хариулсангүй. Түүний урт хүнд гэзэг газар хуйлран цагариглажээ. Түүнийгээ баруун
мөрөө давуулан унжуулаад үснийхээ хонхыг нэг нэгээр нь тайлж эхлэв. Хормын дараа Дани
урагш бөхийн туслав. Тэднийг дуусахад Дрого дохьсонд Дани ойлгож удаан бөгөөд
болгоомжтойгоор гэзгийг нь задаллаа.

Энэ нь ихэд удсан бөгөөд энэ бүх хугацаанд тэр чимээгүй сууж түүнийг ширтэж байв. Даниг
үүнийг дуусах үед толгойгоо гэдийн сэгсэрсэнд гэзэг нь харанхуйн горхийн урсгал адил
хуйлран гялалзав. Тэр хэзээ ч ийм урт өтгөн хар үс харж байсангүй.

Тэгснээ эргэж түүний хувцсыг тайллаа.

Түүний хуруу шалмаг хачирхалтай уян зөөлөн ажээ. Торгон хувцсыг нь нэг нэгээр
болгоомжтой тайлахад Дани хөдөлгөөнгүй чмиээгүй суугаад түүний нүд рүү ширтэж байлаа.
Эцэст нь цээж нь ил гаргахад хөдлөхгүй байж тэвчсэнгүй харц буруулан энгэрээ дарлаа.

- Үгүй гэж Дрого хэлээд гарыг нь зөөлөн хэдий ч шийдмэг хөдөлгөөнөөр доошлуулж царайг
нь өргөн ахин нүд рүүгээ харуулав.

- Үгүй гэж давтан хэллээ.

- Үгүй гэж Дани хариуллаа.

Тэр түүнийг босгож ойртуулан татаад сүүлчийн торгыг нь угз татахад шөнийн хүйтэн агаар
нүцгэн арьсыг жиндүүлэв. Дани чичирч гар хөлийн арьс нь биржийжээ. Тэр дараа нь юу
болохоос айсан ч юу ч болсонгүй. Хал Дрого хөлөө завилж суугаад бүхий л биеийг нь
харцаараа уусган ширтлээ.

Дараа нь тэр түүнд хүрч эхлэв. Эхэндээ уян зөөлөн тэгснээ чангарлаа. Тэр түүний гарт
хэрцгий хүч байгааг мэдэрсэн ч өвтгөсөнгүй. Тэр гарыг нь өөрийнхтэйгээ нийлүүлэн бариад
хурууг нь нэг нэгээр илбэв. Тэгснээ гараа зөөлхөн хөл рүү нь доошлууллаа. Царайг нь илж
чихийг нь дагуулан явуулснаа хуруугаа уруулыг нь тойруулан энхрийлэн гүйлгэж , хоёр
гараараа үсийг нь хурууны завсар самарлаа. Тэгээд түүнийг эргүүлж мөрнөөс нурууны үений
дагуу иллэг хийв.

Энэ нь бараг цагийн хугацаа авсаны эцэст нь түүний гар цээжинд хүрлээ. Тэр доод талын
зөөлөн арьсыг чимчигнүүлэн илбэж хөхний толгойг эрхий хуруугаараа дугуйруулан, хоёр
хуруугаараа хавчсанаа эхэндээ маш аяархан тэгснээ шаардангуй шувтрахад хатууран өвдлөө.

Дараа нь түүнийгээ зогсоогоод доош өвдөг дээр нь суулгав. Дани амьсгаадан улайж зүрх нь
цээжин дотор хүчтэй цохилно. Тэр царайг нь том гараараа өргөөд нүд рүү нь ширтэн,

- Үгүй юу? гэж асуухад асуултыг ойлгож гарыг нь ташаа руугаа доошлуулаад,

- Тийм гэж шивнэн хурууг нь дотогш оруулав.


ЭДДАРД

Түүнийг үүр цайхаас өмнө Элин дугтчин сэрээхэд ертөнц тэр аяараа сааралтан униартаж
байв. Нэд өглөөний хүйтэн агаарт нойрмоглон морь нь эмээллээстэй дэргэд нь хаан мордсон
байхыг олж харав. Роберт зузаан хүрэн бээлий, үнэт ангийн үстэй нөмрөг өмсөж, юүдэнгээ
чих далдлан буулгасан нь морины нуруун дээр оцойн сууж буй баавгай адил үзэгдэнэ.

- Сэрж үз, Старк! Дээшил, дээшил. Бидэнд улс гүрний талаар ярилцах чухал хэрэг байна.

- Тэгвэл дотогш орох уу, эрхэм дээдсээ гэж Нэд хэлэхэд Элин майхны үүдийг сөхөв.

- Үгүй ээ, үгүй гэж Роберт амнаасаа бөөн цан хүүрэг савсуулан дуу алдаад, - Буудлаар дүүрэн
чих бий. Үүний оронд би чиний нутгаар мордон явж үзмээр байна гэхэд ард нь сэр Борос,
Мерин тэргүүтэй арваад хамгаалагч хүлээж буй үзэгдэв. Тэгтэл Нэдийн нүднээс нойр
арчигдсан мэт алга болоход босч хувцаслаад морио уналаа.

Роберт байлдааны том хүлэг морины явдлыг гүйцэхийн Нэд хүндхэн цогиулан хоцрохгүй
байхыг хичээлээ. Тэр явах зуураа хашгиран асуулт асуусан ч салхинд туугдаад хаанд
сонсогдсонгүйд чимээгүй давхиулав. Тэд удалгүй Хааны замыг орхиж харанхуй манантсан
тал руу давхин гарав. Хамгаалагчид ард нь үг дуулахгүй зай барих хэдий ч Роберт давхилтаа
удаашруулсангүй.

Тэднийг намхан хяр дээр хүрч очиход үүр гэгээрч хаан эцэстээ зогслоо. Тэд энэ зуур өмнө
зүгт буудалласан газраас хэдэн милийн зайтай холджээ. Нэдийг зэрэгцэн ирж жолоогоо
татахад Роберт улайн хөгжилтэй байв.

- Бурхан минь хойшоо зууралдахгүй давхих ямар сайхан юм бэ! Ингэж удаан мөлхөх ямар ч
хүнийг галзууруулах байх шүү, Нэд гээд Роберт Баратеон хэзээ ч тэвчээртэй хүн байсангүй.

- Хараал идсэн дугуйтай тэрэг нь уул толгод өөд авирах болгондоо гол тасартал чахран
хяхтнана... Хэрвээ энэ новшийн тэрэг ахин нэг тэхлэгээ хугалах юм бол эвдэж шатаана гэдгээ
амалж байна. Церцей явган явдаг юм байгаа биз! гэхэд Нэд хөхөрч,

- Чиний бамбарын гэрлийг баяртайяа харах байна гэв.

- Сайн эр! гээд хаан түүний мөрөн дээр алгадаж,

- Би бүр тэднийг ардаа орхиж явахаар бүр шийдээд байлаа гэхэд Нэдийн уруул дээр
инээмсэглэл тодров.

- Чамайг үнэхээр тэгсэн гэдэгт итгэлтэй байна.

- Тиймээ би тэгсэн. Ингэхэд чи энэ тухай юу хэлмээр байна даа, Нэд? Зөвхөн чи бид хоёр
болон ондоо хоёр хүлэг баатрын хамтаар хааны зам дээгүүр илдээ зүүн давхихад урд юу
хүлээж байгааг зөвхөн бурхад мэдэх байх. Магадгүй бидний орыг өнөө шөнө дулаацуулах
фермчний охин, эсвэл дэн буудлын хүүхэн байх ч юм бил үү!
- Мэдээж бид үүнийг хийж болох ч гэхдээ эрхэм дээдсээ... хаант улс, үр хүүхэд, хатагтай
эхнэр болон чиний хатан хааны төлөө өмнө хүлээсэн үүрэг хариуцлага бий. Бид одоо хөвгүүн
байх үеийнх шигээ байхаа больсон.

- Чи хэзээ ч хөвгүүн байх үедээ тийм байгаагүй шүү дээ. Хичнээн харамсалтай гээч. Тэгэхэд
чиний найз охины нэрийг хэн гэдэг байлаа? Бесса бил үү? Үгүй ээ тэр миний хүүхнүүдийн
нэг байсан. Бурхад түүнд хар үс, дур булаам том нүд хайрласан байж билээ. Харин
чинийхийг хэн гэж дууддаг байлаа... Алина бил үү? Үгүй ээ чи надад нэг удаа хэлсэн шиг
санагдаж байна. Меррил бил үү? Чиний бутач хүүгийн эхийн талаар ярьж байгааг мэдэж
байгаа биз дээ?

- Түүний нэрийг Вилла гэдэг. Тэгээд ч би түүний тухай ярихыг хүсэхгүй байна хэмээн Нэд
хүйтнээр эелдэг хэлэв.

- Өө, тийм Вилла тийм шүү дээ гээд хаан инээд алдав.

- Тэр магадгүй лорд Эддард Старкыг үүрэг хариуцлага, цаг хугацааг хүртэл умартуулахад
хүргэсэн ховорхон хүүхэн байсан бололтой. Ингэхэд чи надад түүний ямар харагддаг тухай ер
ярьж байсангүй гэхэд Нэдийн ам уурандаа чангарч,

- Би хүсэхгүй байна. Энэ тухай яриагаа больё, Роберт. Би өөрийгөө болон Кателинийг бурхад
хүмүүсийн өмнө гутаасан гэв.

- Бурханы авралаар чи Кателиний талаар сайн мэддэггүй юм байна.

- Би түүнийг эхнэрээ болгон авч үр хүүхдийнхээ эх болгосон.

- Чи өөртөө дэндүү ширүүн хандах юм, Нэд. Үргэлж шүү. Хараал ид гэж нэг ч эмэгтэй гэгээн
Бэйлортой нэг оронд орохыг хүсэхгүй нь мэдээж шүү дээ Нэдийн өвдгөө алгадаж,

- За чамд эвгүй санагдаад байгаа бол энэ тухай яриагаа больё. Харин чи сүлдэндээ зараа
залсан юм шиг дэндүү өрвөлзөж байна шүү гэв.

Нар мандаж өглөөний цагаан мананг нэвтлэн тусав. Тэдний өмнө намхан довцог бүхий өргөн
нүцгэн хүрэн тал цэлийн үргэлжилжээ. Нэд тийш заагаад,

- Анхны хүний хиргисүүр харагдаж байна гэхэд Роберт хөмсөг зангидан,

- Бид оршуулгын газар ирсэн хэрэг үү? гэв.

- Умардад хиргисүүр хаа сайгүй бий, эрхэм дээдсээ. Энэ бол маш эртний газар гэхэд,

- Дээрээс нь бас хүйтэн гэж Роберт гүнгэнээд нөмрөгөөрөө биеэ чанга ороолоо. Бие
хамгаалагч хярын ёроолд мориныхоо жолоог татан хүлээнэ.

- Тэгэхээр би чамайг ийшээ булш бунхан болон бутчаас болж хэрэлдэх гэж авчраагүй юм.
Өнгөрсөн шөнө Хааны газар дахь лорд Варисаас элч захиа авчирсан. Энэ байна! гээд хаан
бүсэндээ хавчуулсан цаасыг авч Нэдэд өгөв.

Варис бол хааны шивнэгчдийн тэргүүн тайган байлаа. Тэр урьд нь Аерис Таргаринд зүтгэж
байгаад одоо Робертод үйлчлэх болжээ. Нэд хуйлаастай цаасыг Лизагийн аймшигтай
буруутгалын тухай бодон сэтгэл шимшрэн задалсан ч захидал хатагтай Арриний тухай
байсангүй.

- Энэ ямар эх сурвалжаас ирсэн мэдээ вэ?

- Чи сэр Жорах Мормонтыг санаж байна уу?

- Тэгснээс мартсан нь дээр биз гээд Нэд толгой сэгсрэв.

Мормонтынхон Баавгайн аралд байдаг эртний сурвалжит язгуур гарал бүхий бардам айл
байлаа. Гэвч газар нутаг нь хүйтэн үржил шимгүй. Сэр Жорах гэр бүлийн мөнгөний авдраа
хэдэн хууль бус ан хийгчдийг Тирошид боол болгон зарах замаар нөхөх гэж оролджээ.
Мормонтынхон Старкын тугчид багтдаг тул хийсэн гэмт хэрэг нь умардад үл нийцэх зүйл
байлаа. Нэд Баавгайн арал зүүн зүг руу урт удаан аялал хийн очоод Жорахыг хааны
засаглалын дагуу хөлөг онгоцоор цөлсөн билээ. Энэ үеэс хойш таван жил өнгөрчээ.

- Сэр Жорах одоо Пентост хааны өршөөлийг хүртэн эргэж ирэхийн төлөө бүгдийг хийхэд
бэлэн байна. Лорд Варис түүнийг сайхан ашиглах арга олсон.

- Тэгэхээр боолын худалдаачнаас тагнуул болсон юм биз дээ гэж Нэд зэвүүцэн хэлээд захиаг
буцаан өгч,

- Би оронд нь түүнийг хүүр болсон нь дээр гэж бодож байна гэв.

- Варис тагнуул байх нь хүүрнээс илүү ашигтай гэж надад хэлсэн юм шүү. Ингэхэд Жорахыг
цааш тавиад ингэхэд чи түүний мэдээллийн талаар юу гэж бодож байна?

- Данерис Таргарин Дотракийн морьтон лордуудын нэгтэй гэрлэсэн байна. Тэгээд юу гэж?
Бид түүнд хуримын бэлэг илгээх хэрэг үү? гэхэд хаан хөмсөг зангидан,

- Магадгүй хутга байвал яаж байна. Сайн хурц хутга алуурчингийн хамт... гэв.

Роберт Таргаринийхнийг үнэн зүрхнээсээ үзэн яддаг учир Нэд үүнд гайхсангүй. Тэр Тивин
Ланнистер Робертод үнэнч зүтгэлийн баталгаа болон Рэйгэрийн эхнэр, хүүхдийн цогцсыг
өгөхөд унтууцан маргалдсанаа санав. Нэд үүнийг аллага гэж нэрлэж байхад Роберт дайн гэж
үзэж байлаа. Тэгэхэд залуу ханхүү, гүнж хоёрыг бяцхан хүүхдээс хэтрээгүй гэж эсэргүүцсэн ч
шинээр өргөмжлөгдсөн хаан хариуд нь,

- Би ямар ч хүүхэд биш зөвхөн лууны түрс харж байна гэсэн билээ.

Жон Аррин хүртэл түүний хилэгнэлийг номхруулж чадаагүй юм. Эддард Старк сүүлчийн
тулалдаан болсон тэр өдөр өмнө зүгт уурандаа автан ганцаар оджээ. Гэвч өөр нэг үхэл болох
Лианнаг алдсан уй гашуу тэдний нэгтгэн эвлэрүүлсэн байна.
Энэ удаад Нэд уураа тэсвэрлэн барилаа.

- Эрхэм дээдсээ охин ердийн нэг хүүхэд шүү дээ. Тэгээд ч та бол гэм зэмгүй хүмүүсийг
хядаж байдаг Тивин Ланнистер биш.

Энэ нь Рэйгэрийн орилон уйлж байгаа бяцхан охиныг тэд орон дороос чирэн гаргаж нүүрэнд
нь илд зоосныг хэлсэн хэрэг байлаа. Хүү нь эхийнхээ өврөөс салаагүй байсан боловч лорд
Тивиний цэргүүд эхийнх нь тэврээс угз татан толгойг нь хананд саван алжээ.

- Тэгээд хэр удаан гэм хоргүй байх болж байна? гээд Робертийн ам чангарлаа. - Энэ хүүхэд
чинь удахгүй хөлөө дэлгэж намайг хөнөөх лууны түрс гаргаж эхлэх болно.

- Тэгсэн ч гэсэн хүүхдүүдийг ална гэдэг бол хэлэхийн аргагүй... жигшүүртэй явдал... гэхэд,

- Хэлэхийн аргагүй гэнэ ээ? хэмээн хаан орилов.

- Аерис чиний ах Брандоныг хэлэхийн аргагүй яасан билээ. Үүнээс болж лорд эцэг чинь
үхсэн нь бас хэлэхийн аргагүй явдал уу? Харин Рэйгэр... хичнээн удаа чиний эгчийг
хүчиндсэн гэж бодож байна? Хичнээн зуун удаа? гэж чанга хашгирсанд унасан морь нь
түгшин янцгаалаа. Хаан жолоогоо татан морио тайвшируулаад Нэд руу ууртай хуруугаа
чичлэв.

- Би гарт минь орсон Таргаринийхний хүн бүрийг алах болно. Тэднийг лууныхаа араас үхэж
далд орсон хойно булшны нүх рүү нь шээнэ.

Нэд хэрвээ эсэргүүцэх юм бол түүний уурыг улам дэвэргэнэ гэдгээ мэдэж байв. Тэгээд ч он
жилийн уртад Робертийн өшөө хорсол авах хүсэл дарагдаагүй байхад ямар ч үг хэлсэн тус
болохгүй байлаа.

- Гэхдээ чи түүнийг гартаа оруулж чадаагүй биз дээ? гэж Нэд аяархан хэлэхэд хаан гашуунаар
ярвайж,

- Тиймээ, бурхад хараасан бололтой. Пентосийн ямар нэг бяслагийн худалдаачин түүний
ахтай нь хадаастай малгайтай тайгануудын хамгаалалтанд байлгаж байгаад одоо
Дотракичуудад өгсөн. Би тэднийг хоёуланг нь жилийн өмнө алах ёстой байсан боловч Жон
чиний адил садаа болсон юм. Би түүнийг үгийг сонсож л байдаг мөн ч тэнэг амьтан аа гэв.

- Жон Аррин сайн Гарын зэрэгцээ ухаалаг хүн байсан гэхэд Роберт тургилсан ч уур хилэн нь
эхэлсэн шигээ гэнэт намдав.

- Тэр Хал Дрогод зуун мянган морьтой цэргүүд бий гэж ярьцгааж байна. Чинийхээр бол Жон
энэ тухай юу гэж хэлэх байсан бол?

- Тэр сая Дотраки байсан ч хаант улсад аюул учруулахгүй гэх байсан. Тэгээд ч тэнгисийн
нөгөө талд байгаа шүү дээ гэж Нэд тайван хэлээд,

- Зэрлэгүүдэд хөлөг онгоц байхгүй. Тэд задгай тэнгист гарахыг үзэн ядахын зэрэгцээ айдаг
гэв.

Хаан эмээл дээрээ эвгүйцэн займчиж,

- Магадгүй тийм ч байж болох юм. Гэсэн ч тэдэнд Чөлөөт хотуудаас хөлөг онгоц олдоно гэж
бодож байна. Чамд гэж хэлэхэд надад энэ гэрлэлт нэг л таалагдахгүй байна, Нэд. Долоон
ханлигт намайг булаан эзлэгч гэж дуудах хангалттай олон хүн бий. Чи Таргаринийхантай
хийсэн дайнд хичнээн овог орсоныг мартчихаа юу? Тэд нар одоо хүлээж байгаа ч боломж
олдох л юм бол намайг оронд хүүтэй минь алах болно. Гуйлгачин хаан Дотракийн
морьтонгуудтай тэнгисийг гатлан ирвэл урван тэрслэгчид тэдэнтэй нийлж таарна.

- Тэр тэнгисийг гаталж чадахгүй. Хэрвээ ямар нэг тохиолдлоор гараад ирдэг юмаа гэхэд бид
түүнийг тэнгис рүү нь буцааж чулуудна. Ганцхан зүүн зүгийн шинэ захирагчийг томилох
асуудал... гэхэд хаан ёолон дуу алдаж,

- Би чамд эцсийн удаагаа Арриний хүүг захирагч болгохгүй гэж хэлье. Түүнийг чиний зээ
болохыг мэдэж байгаа ч Таргаринийхан Дотракийн ор луу шургалсан тохиолдолд зөвхөн
ухаангүй тэнэг л хаант улсынхаа дөрөвний нэгийг бие муутай хүүхдийн мөрөнд үүрүүлэх
байх гэхэд Нэдийн хариу бэлэн байлаа.

- Гэсэн ч бидэнд гарцаагүй зүүн зүгийн захирагч хэрэгтэй. Хэрвээ Роберт Аррин үүнд
тохирохгүй бол ах дүүсийнхээ нэгийг томил. Жишээ нь Станнис Шуурганы адагт
хоригдсондоо дургүйцэж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Түүний нэрийг сонсоод хаан эвгүйцсэн байртай хөмсөг зангидаад юу ч хэлсэнгүй.

- Эсвэл чи үүнийг хэдийн өөр хүнд амлачихсан юм уу? гээд Нэд чимээгүйхэн харж хүлээв.

Роберт агшин зуур ихэмсэг болсноо тэр дороо уцаарлаж,

- Надад хэн байгаа гэж? гэв.

- Жейм Ланнистер биш гэж үү?

Роберт морио гуядан тал дээгүүр хиргисүүрийн зүг давхилаа. Нэд түүний араас дагалдав.
Хаан явах зуураа урагшаа ширтэн,

- Тийм гэсэн ганц үг хэллээ

- Хааны алуурчин гэж Нэд дуу алдав.

Тэгэхээр цуу яриа үнэний ортой байх нь. Тэр одоо хичнээн аюултай газар луу явж байгаа
болохоо мэдэв.

- Түүнийг авъяаслаг зоригтой хүн гэдэгт нь эргэлзэх юм алга. Гэхдээ эцэг нь өрнөд зүгийн
захирагч шүү дээ, Роберт. Цаг нь ирэхэд сэр Жейм үүнийг уламжлан авах болно. Тэгээд нэг ч
хүн өрнөд зүүн зүгийг хамтад нь барьж чадахгүй гээд бүхий л хаант улсын хагас
Ланнистерийнхний гарт орох нь гэсэн жинхэнэ сэтгэл зовнилоо гаргаж хэлсэнгүй.

- Хэрвээ дайсан ирвэл би энэ тулалдаанд оролцон байлдах болно гэж хаан зөрүүдэллэв. –
Тэгээд ч Лорд Тивин Кастерли Рокод үүрд мөнх хадуулсан аятай байгаа болохоор Жеймийг
удахгүй залгамжилна гэдэгт эргэлзэж байна. Намайг бүү цухалдуул, Нэд. Чулуу хэдийн
байрандаа суурилагдсан.

- Эрхэм дээдсээ би ний нуугүй ярьж болох уу?

- Би харваас чиний яриаг зогсоох хүчгүй бололтой гэж Роберт гүнгэнээд өндөр ургасан хүрэн
өвсөн дундуур шогшуулав.

- Та Жейм Ланнистерт итгэдэг үү?

- Тэр миний эхнэрийн ихэр, хааны тангараг өргөсөн хамгаалагч, бүхий л амьдрал алдар
гавъяа нь минийхтэй салшгүй холбоотой гэхэд,

- Аерис Таргаринийхантай ч гэсэн холбоотой байсан гэж Нэд тодотгов.

- Ер нь яагаад би түүнд итгэхгүй байх ёстой гэж? Тэр миний даалгасан бүх зүйлийг хийж
хаан ширээнд суухад минь илдээрээ тусалсан.

Чиний хаан ширээний суудлыг илдээрээ толботуулахад гэж Нэд бодсон ч энэ үгийг хэлж
зүрхэлсэнгүй.

- Тэр хааны өмнөөс амь насаараа хамгаалахаар тангараг тавьсан хэр нь хоолойг нь илдээр
огтолсон биз дээ.

- Долоон там минь гэж хэн нэгэн Аерисийг алах ёстой байсан биз дээ! гээд Роберт гэнэтхэн
эртний хиргисүүрийн дэргэд жолоогоо татан зогсов.

- Хэрвээ Жейм үүнийг хийгээгүй бол оронд нь чи бидний нэг үүнийг хийх л байсан.

- Бид бол хааныг хамгаалахаар тангараг өргөсөн ахан дүүс биш шүү дээ гээд Нэд үнэнийг
хэлэх цаг боллоо гэж шийдэв.

- Эрхэм дээдсээ та Сэрээг санаж байна уу?

- Би тэнд титмээ ялж авсан болохоор хаанаас мартах болж байна?

- Рэйгэр таныг шархдуулсан. Тэгэхэд Таргаринийхан зугтаж намайг нэхэхээр илгээсэн биз
дээ. Рэйгэрийн армийн үлдэгдэл Хааны газар луу дүрвэн зугтахад бид араас нь мөшгөсөн
юм. Аерис Улаан цамхагт үнэнч үлдсэн хэдэн мянган цэргийнхээ хамт бүгж байлаа. Би
тэгэхэд хотын хаалга хаалттай гэж бодсон ч гэхэд Роберт тэвчээргүйхэн толгой сэгсэрч,

- Оронд чинь манай хүмүүс хэдийн хотыг эзэлсэн байхыг олсон. Тэгээд юу гэж? гэв.
- Үгүй манай хүмүүс биш гэж Нэд тэвчээртэй хэлээд,

- Ланнистерийн хүмүүс. Ланнистерийн арслан хэрэм рүү дайрсан болохоос биш титэмт буга
биш. Тэд хотыг урван тэрслэх замаар гартаа оруулсан байсан гэв.

Энэхүү дайн бараг жилийн хугацаанд үргэлжилжээ. Том жижиг лордууд Робертийн тугийн
дор нэгдэн үлдсэн хэсэг нь Таргаринийханд үнэнч үлдсэн байна. Баруун зүгийн захирагч
Кастерли Рокийн хүчирхэг Ланнистерийн угсааныхан тулалдаанаас хөндийхөн байж
дуудлагыг үл тоомсорлон бослого дэгдээгч хааны аль ч талд орсонгүй. Магадгүй иймээс ч
Аерис Таргарин лорд Тивин Ланнистер Хааны газар хорин мянган хүн бүхий хүчирхэг
армитай хотын хаалган дээр ирэхэд бурхдын ивээл гэж бодсон ч байж магадгүй. Ингээд
галзуу хаан сүүлчийн галзуу үйлдлээ хийхийг тушаажээ. Тэр хотыг нээн арсланг оруулсан
байна.

- Тэр урван тэрслэлтийн зоосыг чинь Таргаринийхан дэндүү сайн мэддэг гээд Робертийн уур
ахин дүрэлзэж,

- Ланнистерийнхан тэдэнд хүртэх ёстойгоос нь хамаагүй бага зүйл өгсөн. Үүнээс болж
миний нойр хулжаагүй өнгөрсөн өдөр нэг ч байхгүй гэв.

- Чи тэнд байгаагүй гэж Нэд гашуунаар хэлэв.

Нойр хулжих түүний хувьд харь биш байлаа. Тэр үүнтэй арван дөрвөн жил хамт амьдран
шөнө бүр хар даран зүүдэлж байгаа билээ.

- Тэд ялалтыг гавъяа зүтгэлээр аваагүй.

- Нөгөөдүүл чиний гавъяа зүтгэлийг аваасай! гэж Роберт хараав. - Таргаринийхний хэн гавъяа
зүтгэл мэднэ гэж? Доошоо бунхан руу бууж Лианнагаас лууны гавъяа зүтгэлийн тухай асуу!

- Чи Лианнагийн өшөөг Сэрээнд авсан шүү дээ гээд Нэд хаантай зэрэгцэн зогсоход "Надад
амлаач, Нэд" гэх дуу чихэнд нь сонсогдлоо.

- Тэгсэн ч энэ түүнийг эргүүлэн авчирахгүй гээд Роберт алсад сааралтах тал өөд ширтлээ.

- Хараал идсэн бурхад надад хоосон хөндий ялалтыг авчирсан. Титэм биш... би тэднээс охины
төлөө мөргөж байлаа. Чиний эгчийг эсэн мэнд үлдээд ахин минийх болоосой гэж... Ингэхэд
чамаас асуухад хааны титэм зүүх юугаараа сайхан гэж? Бурхад хааны ч бай малчны ч бай
мөргөлийг адил шоолж инээх болно.

- Бурхдын яахыг мэдэхгүй юм, эрхэм дээдсээ... гэдээ миний тэр өдөр хааны өргөө рүү ороод
харсан зүйл гэвэл Аерис шалан дээр үхсэн хэвтээд цус нь урсаж байлаа. Түүний лууны гавал
хананаас цоо ширтэн Ланнистерийн хүмүүс хаа сайгүй холхиж байв. Жейм алтан хуяг
дуулган дээрээ хааны хамгаалагчийн цагаан нөмрөг нөмөрчихсөн байсан. Би одоо ч түүнийг
харж байна. Илд нь алтран гялалзаад л. Тэр хүлэг баатраас дээгүүр төмөр хаан ширээнд суун
толгойдоо арслангын дүрстэй дуулга өмсчихсөн хичнээн омог бардам байсан гээч! гэхэд,
- Энэ тухай чинь сайн мэднэ гэж хаан гомдоллов.

- Би мориндоо морьдсон хэвээр чимээгүй танхим дундуур явж лууны гавлын урт эгнээ
дундуур өнгөрөхөд урдаас ширтэж байгаа юм шиг санагдсан. Тэгээд би хааны ширээний
өмнө зогсож түүнийг харсан. Тэр хааны цусанд улаанаар бядсан алтан илдээ өвдөгнийхөө
хооронд тавьсан байв. Манай хүмүүс өрөөнд араас орж ирэхэд Ланнистерийн хүмүүс
ухарсан. Би юу ч дуугараагүй зөвхөн түүнийг хаан суудалд суусан байхыг ширтэн хүлээсэн.
Тэгтэл Жейм инээгээд босч ирэн дуулгаа тайлж,

- Старк минь айх хэрэггүй дээ. Би зөвхөн анд найз Робертийнхоо суудлыг дулаацуулж байна.
Үүнийг тийм ч тухтай суудал биш гэж эмээнэ гэж хэлсэн юм.

Хаан толгойгоо хойш гэдийлгэн хөхөрлөө. Түүний инээд өндөр ургасан бор өвсөн дундах
хэрээн сүргийг үргээв. Тэд агаарт далавчаа дэвэн чанга гуугчин нислээ.

- Чи Ланнистерийг хаан суудалд минь хэдхэн хором суусны төлөө намайг итгэхээ болино гэж
бодоо юу? гээд ахин хөхөрч,

- Жейм тэгэхэд ердөө арван долоон настай хөвгүүн байсан шүү дээ, Нэд гэв.

- Хөвгүүн эр хүн ч бай хаан ширээнд суух эрхгүй.

- Магадгүй тэр ядарсан ч байж болох юм гэж Роберт санал болгоод,

- Хааныг алах ч зүдэргээтэй ажил шүү. Тэр хараал идсэн өрөөнд бөгсөө амраах нэг ч газар
байхгүй гэдгийг бурхад мэднэ. Гэхдээ тэр аварга том тухгүй сандал гэж үнэн хэлсэн байна
гээд толгой сэгсэрч,

- Одоо л би Жеймийн хамгийн хар нүглийг мэдсэн болохоор энэ тухай мартацгаая. Үүнийг
чинь сонсохоос дотор муухайрч байна, Нэд. Энэ бүхэн чинь зоос тоолохоос ч илүү залхуутай
ажил юм. Алив ээ, давхицгаая. Би ахин салхинд үс хийсэхийг мэдэрмээр байна гээд морио
давиран хатируулж хиргисүүрийн дэргэдгүүр давхин өнгөрөв.

Агшин зуур Нэд түүний араас хөдөлсөнгүй. Үг замхарахад Нэд өргөн уудамд ганцаардан
хүчгүй болохоо мэдрэв. Ингээд ахиад л юуны төлөө энэ бүхнийг хийж байгаагаа гайхлаа. Тэр
хааныг ухаангүй үйлдлийг цэцэн зөвлөгөөгөөрөө хязгаарладаг Жон Аррин биш. Роберт
үргэлж юу дуртайгаа хийх бөгөөд Нэд хичнээн үг хэлсэн ч үүнийг нь өөрчилж чадахгүй
билээ. Тэр Винтерфеллд хамааралтай. Тэр Браны дэргэд гашуудаж буй Кателинд
хамааралтай.

Гэхдээ хүн үргэлж хүссэн зөв газраа байж чаддаггүй хойно гэж Эддард Старк бодоод морио
гутлаараа давиран хааны араас одлоо.

Ингээд галзуу хаан сүүлчийн галзуу үйлдлээ хийхийг тушаажээ.

Иш галзуу хааныг өрөвдчихлөө. Холбоотон ирлээ гэж бодоод хаалгаа нээтэл хоолойг нь
огтолж байдаг.
ТАЙРОН

Хойд зүг эцэс төгсгөлгүй сунан үргэлжилжээ.

Тайрон Ланнистер хэнээс ч илүү газрын зураг сайн мэдэх хэдий ч хоёр долоо хоногийн турш
Хааны замаар зэлүүд газар явахдаа газрын зураг нэг хэрэг байхад газар нутаг байдал дээр
шал өөр гэдгийг ойлгожээ.

Тэд Винтерфеллийг хааны хамт нэг өдөр орхив. Бараа бологсдийнх нь үймээн шуугиан дунд
хүн хашгирах, морьд тургилах, хөсөг тэрэг таржигнах, хатны том дугуйтай бүхээгт тэргийн
дугуй чахран хяхтнах чимээ гарч зөөлөн цас хаялана. Хааны зам шилтгээнээс хот хүртэл
сунан үргэлжилжээ. Туг далбаа тэргүүтэн намирсан, хөсөг тэрэг, хүлэг баатар чөлөөт
морьтонгууд бүхий цуваа өмнө зүг эргэхэд Тайрон Бэнжин Старк болон зээгийнх нь хамт
хойд зүг зүглэлээ.

Тэднийг хойд руу алслан холдох тусам улам хүйтэн нам гүм болж байв.

Баруун зүгийн зам чулуурхаг саарал толгод, шовх оройтой өндөр харуулын цамхагаас
бүрджээ. Харин зүүн зүгт газар намсан нүдний хараа үл гүйцэх газар өргөн тал цэлийнэ.
Тэднийг түргэн урсгалт гол дээгүүр тавьсан чулуун гүүр дээгүүр өнгөрөхөд мод чулуун
бэхлэлтээр хамгаалуулсан багахан тосгон үзэгдэнэ. Зам дүүрэн хөл хөдөлгөөнтэй байх агаад
шөнөдөө бүдүүлэг дэнд буудалд ая тухтай хоноглож явлаа.

Винтерфеллээс гараад гурван өдөр өнгөрөхөд хагалсан газар ой модоор солигдож Хааны зам
хоосорлоо. Чулуурхаг толгод улам эгц өгсөн хүнгүй зэлүүд болж тав дахь өдрөө тэд цасанд
хучигдсан шовх үзүүртэй хүйтэн саарал уулсын зүг эргэв. Хойд зүгээс салхи хүчтэй үлээхэд
оргилын цас болор талс адил бутран хийснэ.

Баруун зүгт уулс ханаран үргэлжилэх агаад зам зүүн хойд зүг рүү мөнх ногоон царс, хар
нохойн хошуу бүхий ой руу эргэв. Эндхийн модод харлан хөгширчээ. "Чонын ой" гэж Бэнжин
Старк хэлсэн бөгөөд шөнөдөө үнэхээр чонон сүрэг ульж заримдаа холгүй сонсогдоно. Жон
Сноугын албинос чоно энэхүү улилтыг чихээ чихээ сортойлгон сонсох хэдий ч хариу
ульсангүй. Энэ амьтанд нэг л биш зүйл байна гэж Тайрон бодлоо.

Тэдний бүлэг чоныг эс тооцвол найман хүнтэй байлаа. Тайрон Ланнистерийнхний


заншилаар хоёр бараа бологч дагуулж, Бэнжин Старк бутач зээгийнхээ хамт байсан бөгөөд
тэдний замд Шөнийн харуулд элсэх гэж буй хэдэн хүн тааралджээ. Тэд Чонын ойн гүнд
орохоос урьд шигүү модны захад хоноглох үеэр Хар ахан дүүсийн нэг болох Йорон хэмээх
баргар хүн ирсэн байна. Тэр бөгтөр нуруутай, нүүрээ далдалсан өтгөн хар сахалтай агаад
хөгшин үндэс адил бөх чулуу шиг хатуу ажээ. Түүнийг Хурууны арлуудын хоёр тариачны
ноорхой хүү дагалдаж явлаа.

- Хүчингийн хэрэг хийгчид хэмээн Йорен дагалдагсдаа хүйтэн харцаар ширвэн өгүүлэхэд юу
болохыг нь Тайрон ойлголоо. Ханан дээр өнгөрүүлэх амьдрал агтлагдсанаас дутуугүй бэрх
хэцүү билээ.
Таван эр хүн, гурван хүү, чоно, арван хоёр морь болон Бэнжин Старк Мастер Лювинээс авсан
тортой хэрээний хамт явлаа. Хааны замаар болон өөр аль ч замаар ийм сонирхолтой
хамтрагчид явж байсангүй.

Тайрон Жон Сноу, Йорен болон түүний дүнсгэр хамтрагчид руу хачирхалтай урам хугарсан
харцаар ширтэхийг ажиглав. Йорен хавчгар мөр, өмхий үнэртэй, үс сахал нь бөөс хуурсанд
барин ширэлдэж ховорхон угаадаг нөхөөстэй ноорхой хувцас эгэлдэрчээ. Түүний хоёр
шинээр элсүүлэгч бүр долоон дор үнэртэй тэнэгдүү хэрцгий ажээ.

Хүү эргэлзээгүй Шөнийн харуулд авга ахынхаа адил хүмүүс байдаг гэж бодсон бололтой.
Иймээс Йорен болон түүний хамтрагчдын бүдүүлэг байдал хүнд цохилт боллоо. Тайронд
хүүг өрөвдөх сэтгэл төрөв. Тэр хүнд бэрх амьдрал сонгон авчээ... өөрөөр хүнд бэрх амьдрал
түүнийг сонгосон ч гэж хэлж болох юм.

Хүүгийн авга ах Тайронд төдийлөн найрсаг хандсангүй. Бэнжин Старк дүүгийнхээ


Ланнистерийнханд хандах дургүйцлийг өвлөн авсан бололтой Тайроны саналыг тийм ч
таатай хүлээж авсангүй.

- Ханан дээр ямар ч дэн буудал байхгүй гэдгийг чамд анхааруулж байна шүү, Ланнистер гэж
ширүүн хэлжээ.

- Гэвч та эргэлзээгүй надад ямар нэг газар олоод өгөх байгаа юм биз дээ. Миний хичнээн
жижигхэн биетэй болохыг харж байна уу гэж Тайрон хариу өчив.

Хатан хааны дүүд татгалзах эрхгүй тул Старк үүнд огт баярласангүй.

- Чамд энэ явалт огт таалагдахгүй гэдгийг амлаж байна гэж товч хэлээд тэр цагаас хойш
амлалтаа бататгахын тулд бүгдийг хийжээ.

Эхний долоо хоногт Тайроны гуя ширүүн ергүүлэхэд холгогдож хөл нь бадайран голдоо ортол
даарсан ч гомдоллсонгүй. Тэр зүгээр нэг Бэнжин Старкын бах хангахаар хүн биш байлаа.

Иймээс бяцхан бослого гаргахад түүнд хуучирч элэгдэн ноорч хөгц үнэртсэн баавгайн арьс
өгчээ. Тэрбээр үүнийг санал болгохдоо татгалзана гэж бодсон нь эргэлзээгүй. Гэвч Тайрон
түүнийг инээмсэглэн хүлээн авлаа. Тэр Винтерфеллээс гарахдаа бүх дулаахан хувцсаа авч
гарсан ч энэ нь ерөөсөө нэмэр болсонгүй. Хойт зүгт жавар тачигнан өдөр ирэх тусам улам
хүйтэн болж байв. Шөнөдөө хүйтэн салхи дулаахан ноосыг хутгаар сийчих адил нэвт
жиндүүлнэ. Магадгүй одооноос Старк хүлэг баатрын өгөөмөр зан гаргасандаа харамсаж
Ланнистерийнхан хэзээ ч татгалздаггүй улс гэдгийг суралцсан биз. Ланнистерийнхан өгсөн
бүхнийг авдаг юм.

Тэднийг хойт зүг рүү алслан одох тусам Чонын ой улам баргар ширүүн болж тариачны аж
ахуй, бэхлэлт улам ховордсоор эцэст нь нэг ч хоноглох газаргүй болоход өөрсдөө аргацаахад
хүрэв.

Тайрон хоноглох болон үдлэхэд юугаар ч тус нэмэр болсонгүй хэтэрхий жижигхэн майга хөл
нь бусдад садаа болно. Иймээс Старк, Йорен болон бусад хүмүүс бүдүүлэг хоргодох газар
босгон, морьдоо арчилж, түүдэг гал ноцоож байх үед баавгайн арьс, дашмагтай дарсаа авч
юм уншихаар явна.

Аялалд гарсан арван найм дахь өдөр тэр Кастерли Рокоос авчирсан зуны арлуудын ховорхон
амтат дарс, лууны түүхийн тухай ном авч уншихаар явлаа. Тэр хойд зүг явах аялалдаа
зориулан Винтерфеллийн номын сангаас лорд Эддард Сатркын зөвшөөрлөөр хэдэн ховор
боть ном авчээ.

Тэр буудлын чимээ шуугианаас хол хүйтэн түргэн урсгалт голын эрэг дээр хөгшин царсны
нөмөрт аятайхан суудал олов. Тайрон арьсаар биеэ баглаад нуруугаараа мод налан сууж дарс
шимэнгээ лууны ясны бүтцийн тухай уншлаа. Лууны яс төмрийн өндөр хольцтой байдаг
болохоор хар өнгөтэй байдаг гэж номд өгүүлсэн байв. Түүнийг илд болгон ашиглаж болох ч
дэндүү хөнгөн уян налархайн дээр галд улайсган давтаж болдоггүй аж. Лууны ясаар хийсэн
нумыг Дотракичууд ихэд үнэлдэг байна. Учир нь түүгээр зэвсэглэсэн байхад ямар ч модон
нумнаас илүү хол харваж чадах ажээ.

Тайрон луунд туйлын дуртай байв. Тэр Хааны газар анх эгчийгээ Роберт Баратеонтой
хуримлах үеэр ирээд Таргаринийхний хааны ширээний өрөөнд өлгөөстэй байсан лууны ясыг
эрж олохоор шийдсэн байна. Роберт хаан тэднийг туг далбаагаар сольж зайлуулсан бөгөөд
эцэст нь гавлуудыг харанхуй зооринд хийсэн байхыг олжээ.

Тэр ямар нэг сэтгэдэл төрөм магадгүй аймшигт зүйл хүлээж байсан ч яс хамаагүй
үзэсгэлэнтэй байлаа. Судалт гартаам лугаа адил толигор хар яс бамбарын гэрэлд нууцлагаар
судалтан гялалзана. Луунууд галын дөлөнд дуртай болохыг Тайрон ухаараад бамбараа
хамгийн том гавлуудын нэгний ам руу хийхэд түүний ар дахь ханан дээр сүүдэр бүжиглэв.
Шүд нь тахир хутга шиг урт хар алмааз адил ажээ. Үүнээс ч илүү халуунд умбаж байдаг
болохоор бамбарын дөл ясанд ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Түүнийг холдох үед амьтны хоосон
ухархай араас нь дагуулан ширтсэн гэж Тайрон тангараглахад ч бэлэн байлаа.

Нийт арван есөн гавлын яс байснаас хамгийн эртнийх нь гурван мянган жилийн настай
хамгийн залуу нь тавиад жилийн настай ажээ. Ихэнхи нь жижгэвтэр мастипп үүлдрийн
нохойны гавлаас томгүй бөгөөд Лууны цохионд төрсөн сүүлийн хоёр гавал хачирхалтай
зэрэмдэг төрхтэй байв. Тэд Таргаринийханы сүүлчийн луу байсан бөгөөд энэ цагаас хойш
устан үгүй болжээ.

Гавлын эгнээний хамгийн дээд хэсэгт дуучдын туульс үлгэрт алдаршуулан дуулдаг Аегон
Таргарин дүү хоёрынх нь долоон ханлигт домог болсон гурван аварга том лууны яс байлаа.
Тэд Балерион, Миракс, Вхагар гэсэн бурхдын нэртэй байлаа. Тайрон асар том эрүүг ширтэх
зуураа өгүүлэхийн аргагүй бишрэв. Вхагарийн ам руу морьтой хүн орсон ч багтахаар гагцхүү
үүнийг хийсэн тохиолдолд эргэн гарахааргүй ажээ. Миракс арай илүү том байлаа. Гэвч
хамгийн том нь Хар аймшиг гэж нэрлэгддэг Балериан байсан бөгөөд бух гөрөөс байтугай
Порт Иббений хоосон хүйтэнд холхих үсэрхэг арслан зааныг ч залгиж дөнгөхөөр байв.

Тайрон харанхуй хонгилд удтал зогсож Балерионы том хоосон ухархайтай гавал руу ширтэн
бамбараа доошлуулан энэ амьтны хэмжээг авахыг оролдохдоо тэнгэрт хар далавчаа дэвэн
галаар тургин нисэхдээ ямаршуу байсныг төсөөлөхийг оролдов.

Түүний эртний өвөг эцэг Кастерли Рокийн хаан Лорен, хаан Мерний хамт нэгдэн
Таргаринийхний булаан эзлэлтийг сөрөн зогсохоор оролджээ. Энэ нь бараг гурван зуун
жилийн өмнө болсон хэрэг бөгөөд долоон ханлиг хоорондоо нэгдсэн улс болоогүй байлаа.
Эдгээр хоёр хаан зургаан зуун тугчин, таван мянган хүлэг баатар болон түүнээс арав дахин их
чөлөөт морьтон болоод зэвсэглэсэн армитай байлаа. Луут лорд Аегон үүнээс тав дахин бага
цэрэгтэй байсан гэж он дараалалын бичигт өгүүлжээ.

Тулалдаан алтан тариа халиурсан Ричийн өргөн талд ургацын үеэр болжээ. Хоёр хаан
Таргариний арми сарнин зугтах үеэр дайчдынхаа хамт хөөсөн байна. Гэвч хэдхэн хормын
дараа түүхч тулаан төгсгөл болсон гэж бичсэн байв... Учир нь Аегон Таргарин дүүгийнхээ
хамт тулаанд нэгдэн оржээ.

Энэ нь Вхагар, Миракс, Балерин нарыг зэрэг суллан тавьсан үе бөгөөд энэ тулааныг түүхэнд
Галын талбар гэж нэрлэдэг байлаа.

Ойролцоогоор дөврөн зуун хүн тэр өдөр шатаж үхсэний тоонд Ричийн хаан Мери оржээ.
Лорен хаан амьд үлдэж зугтсан бөгөөд Таргаринд бууж өгөн үнэнчээ илэрхийлж хүүгээ
барьцаа болгон өгсөнд Тайрон талархах ёстой билээ.

- Чи яагаад ийм их уншдаг юм бэ?

Тайрон чимээ гарсан зүг рүү харахад Жон Сноу хэдхэн алхамын цаана сониучирхан зогсож
байв. Тэр номны завсар хуруугаа хавчуулан хаагаад,

- Надад юу харж байгаагаа хэлээч гэв.

Хүү түүний өөдөөс сэжиглэнгүй ширтэж,

- Энэ чинь нэг төрлийн мэх үү? Би Тайрон Ланнистер чамайг л харж байна гэхэд Тайрон
санаа алдаж,

- Чи ч гайхалтай эелдэг хүн шүү, бутач Сноу минь. Чи өмнөө одой хүн байгааг харж байгаа
биз дээ. Ингэхэд чи арван хоёртой билүү? гэв.

- Арван дөрөвтэй гэж хүү хэллээ.

- Арван дөрөвтэй хэрнээ надаас хамаагүй өндөр байна. Миний хөл богинохон майга болохоор
явахад хэцүү байдаг юм. Бас морины нуруунаас унахгүйн тулд тусгай эмээл дээр суух хэрэг
гарна. Хэрвээ чи энэ тухай сонирхож байгаа бол би эмээлийг өөрийн гараар хийсэн. Тэгээгүй
бол одой морь унахад хүрэх байлаа. Гар минь хүчтэй хэдий ч дэндүү богино тул хэзээ ч
илдчин байж чадахгүй. Хэрвээ тариачин айлд төрсөн бол намайг үхэг гээд орхих юм уу
зэрэмдэг гээд ямар нэг боолын худалдаачинд зарах байсан биз. Гэвч би Кастерли Рок дахь
Ланнистерийнхны гэр бүлд төрсөн болохоор тэднээс хамаагүй хөөрхийлөлтэй тавилантай.
Надаас хавьгүй их зүйл хүлээж байгаа. Миний эцэг хорин жилийн өмнө Хааны гар байсан.
Ах минь эзэн хааныг алж адал явдлаар дүүрэн амьдралыг туулж байгаа. Миний эгч шинэ
хаантай гэрлэн өөдгүй зээ минь цаг нь ирэхээр түүнийг залгамжлах болно. Тиймээс би гэр
бүлийнхээ нэр хүндийн төлөө ямар нэг зүйл хийх ёстойг харж байгаа биз дээ? Гэхдээ яаж
тэр вэ? Хөл минь биедээ богинодсон толгой маань дэнхэр том. Иймээс би хангалттай их
ухаанаараа өөрийнхөө хүч болон сул талынхаа тухай тайван тунгаахаар шийдсэн юм. Ухаан
бол миний зэвсэг. Миний ахад илд, Роберт хаанд дайны алх байдаг бол надад ухаан бий...
Харин ухаанд илдийг билүүнд хурцлахын адил номнууд хэрэгтэй гээд Тайрон ширэн хавтсыг
хааж,

- Яагаад ийм их уншдагын маань учир энэ дээ, Жон Сноу гэв.

Хүү чимээгүй байлаа. Тэр Старкын нэрийг зүүдэггүй ч гонзгой урт бодлогоширонгуй царай
нь эцэгтэйгээ жижгтэйхэн адил аж. Түүний эх хэн байлаа ч гэсэн хүүдээ өөрийнхөө төрхийг
өвлүүлсэнгүй.

- Чи юуны тухай уншиж байгаа юм бэ?

- Лууны тухай гээд Тайрон инээмсэглэв.

- Үүнд чинь сайн зүйл юу байна? Луунууд байхгүй болсон шүү дээ?

- Тиймээ, тэгж ярьцгаадаг юм. Гунигтай байгаа биз, тийм үү? Би чиний насан дээр байхдаа
луутай болохыг гэж үргэлж мөрөөддөг байлаа гэхэд,

- Үнэхээр тийм гэж үү? хэмээн хүү Тайроныг тоглож байна гэж бодсон байртай сэжиглэнгүй
асуув.

- Өө тэгэлгүй яахав. Жижигхэн майга хөлтэй царай муутай хүү лууны нуруун дээр суугаад
ертөнцийг доош ширтэнэ гээд Тайрон баавгайн арьсан дороос хөлөө гозгонуулж,

- Би Кастерли Рокт гал руу ширтэн лууны гал гэж төсөөлөхийг хичээдэг байлаа. Заримдаа
эцгийгээ шатаж байна гэж төсөөлдөг байв. Бас заримдаа эгчийгээ... гэхэд Жон Сноу түүн рүү
айхах бишрэх зэрэгцэн харсанд Тайрон хөхөрч,

- Над рүү ингэж ширтэх хэрэггүй дээ, бутач минь. Би чиний нууцыг мэднэ. Чи ч гэсэн ийм
зүйл мөрөөддөг биз дээ гэлээ.

- Үгүй. Би тэгээгүй... хэмээн Жон Сноу айдаст автан дуу алдав.

- Үгүй гэнэ ээ? Хэзээ ч гэж үү? гээд Тайрон хөмсгөө өргөж,

- Тэгвэл Старкийнхан чамд гайхалтай сайн ханддаг гэхэд эргэлзэх юм алга. Хатагтай Старк
чамайг төрсөн хүүгийнхээ адил үзэж, харин чиний дүү Робб үргэлж эелдэг ханддаг хэрэг үү?
Тэр Винтерфеллийг авч байхад харин чи Ханыг авч байна. Бас эцэг чинь... чамайг Шөнийн
харуул руу явуулах сайхан шалтаг олсон бололтой гэхэд,

- Больж үз гээд Жон Сноугын царай барайн уурсаж,


- Шөнийн харуулд зүтгэх нь нэр хүндийн хэрэг гэсэнд Тайрон хөхөрлөө.

- Чи үүнд итгэж байдаг дэндүү ухаантай юм. Шөнийн харуулд хаант улсын хамгийн
золгүйчүүд цуглардаг. Би чиний Йорен болон хөвгүүд рүү хэрхэн ширтэж байхыг ажигласан.
Тэд бол чиний шинэ ахан дүүс, Жон Сноу минь. За яасан таалагдахгүй байна уу? Баргар
уйтгартай тариачид, өр зээлд баригдагсад, хулгайн анчид, хүчиндэгч, хулгайч бас чам шиг
бутач гээд зүсэн зүйлийн улс Ханан дээр цугларч грамкин, снарк болон өөр бусад
мангасуудыг харж байдаг гэж асрагч чинь анхааруулаагүй юу. Гэхдээ сайн тал нь тэнд
грамкин, снарк байхгүй ч маш аюултай ажил. Бас хамгийн муу нь гэвэл чиний үндэс угсааг
үлдээхгүйн тулд юмаа хөлдөөхөд хүрдэг юм даа гэхэд,

- Больж үз гэж хүү хашгираад нударга зангидан уйлах шахам урагш алхав.

Тайрон гэнэтхэн гэм буруутайгаа мэдрэв. Тэр урагш алхаж хүүг урамшуулан мөрөн дээр нь
алгадах юм уу уучлал гуйсан үг бувтнахыг хүслээ.

Тэгтэл хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй чоно дайрав. Дараагийн агшинд тэр хөлдүү газар
ар нуруугаараа харуулдан унаад гарт нь байсан ном суга үсэрлээ. Амаар нь дүүрэн ялзарсан
навчтай шороо, цус дүүрчээ. Тэр босохыг оролдтол нуруу нь янгинан өвдөв. Магадгүй
унахдаа гэмтээсэн байж болох. Тэр уурсан шүд зуугаад үндэснээс зууран арайхийн өндийж
хүү рүү гар сарвайн,

- Надад туслаач гэв.

Тэгтэл гэнэтхэн тэдний дунд чоно бий болов. Тэр архирсангүй. Энэхүү хараал идсэн амьтан
хэзээ ч чимээ гаргадаггүй байлаа. Зөвхөн түүн рүү тод улаан нүдээрээ ширтэн шүдээ
ярзайлгаж буй нь хангалттай байв. Тайрон дуу алдан газар өнхөрч унав.

- Тэгвэл туслах хэрэггүй. Би чамайг явтал энд сууж байя.

Жон Сноу Сүнсийн өтгөн цагаан үсийг илбэн инээмсэглэж,

- Эелдэгээр гуй л даа гэв.

Тайрон Ланнистерийн уур хилэн дүрэлзсэн ч биеэ барилаа. Энэ нь түүний амьдралдаа анх
удаа гутаан доромжлогдож байгаа хэрэг биш билээ. Магадгүй үүнийг хүртэх эрхтэй байсан
биз.

- Хэрвээ чи сайхан сэтгэлийн үүднээс тусалвал би ихэд талархах байна.

- Сүнс доошоо суу гэж хүү хэлэхэд зэрлэг чоно оцойн суусан ч улаан нүдээ Тайроноос
салгасангүй. Жон түүний ард очоод суган дор нь гараа хийн хялбархан өргөж босгоод номыг
нь гарт нь бариулав.

- Тэр яагаад над руу дайрсан юм бол? гээд Тайрон чоно руу хяламхийн аманд орсон цус
шороог гарынхаа араар арчив.
- Магадгүй чамайг гэж грамкин гэж бодсон биз гэхэд Тайрон түүн рүү огцом харж,

- Өө бурхан минь. Би үнэхээр грамкинтай адилхан болчихож. Харин тэр снаркийг яасан бол?
гээд толгой сэгсрэн хөхөрлөө.

- Энэ тухай мэдэхгүй байсан чинь дээр байх гээд Жон дашмагтай дарс авч Тайронд өгөв.

Тайрон бөглөөг аваад толгойгоо гэдийлгэн дарс уулаа. Хүйтэн дарс хоолойг нь халуу шатан
зураад дотрыг нь дулаацуулав. Тэр дашмагаа Жон Сноу руу сарвайн,

- Уухыг хүсч байна уу? гэв.

Хүү дашмагтайгаас болгоомжтой залгилангаа,

- Чиний Шөнийн харуулын тухай хэлсэн үнэн үү? гэхэд Тайрон толгой дохив.

Жон Сноу барайн уруулаа жимийлээ.

- За яахав хэрвээ тийм бол тийм л байна биз гэхэд Тайрон инээд алдан,

- Энэ чинь сайн хэрэг шүү дээ, бутач минь. Ихэнхи хүн нүүр тулгарсан хэрцгий үнэнг
үгүйсгэж чаддаггүй юм гэв.

- Ихэнхи хүмүүс. Гэхдээ чи биш.

- Тиймээ би биш. Тэгэхээр луу байхгүй болохоор би лууны тухай ховорхон зүүдэлсэн нь дээр
бололтой гээд газар унасан баавгай унасан арьсыг авч,

- Алив танай авга ах тугчдаа дуудахаас нь өмнө буудал руугаа түргэн буцацгаая гэв.

Очих газар холгүй байсан ч Тайроны хөл цасанд шигдээд явахад хэцүү байлаа. Жон Сноу
түүнийг орооцолдсон том үндэс давахад туслахаар гар сунгасан ч татгалзав. Тэр бүхий л
амьдралынхаа туршид өөрийн замаар явж ирсэн болохоор үүнийг давах л болно. Буудал
нүдэнд таатай үзэгдэв. Эрт цагт бэхлэлтийн хана байгаад нурж унасан хэсэг дор салхинаас
хамгаалан хоргодох газар босгожээ. Морьдоо усалж тэжээгээд, гал түлсэн байв. Йорен чулуун
дээр суун хэрэм өвчинө. Шарсан махны хорхой хүрэм үнэр Тайроны хамрыг цоргив. Тэр гал
дээр тавьсан тогоогоо манаж буй бараа бологчдынхоо нэг болох Моррек руу гэлдрэн очиход
үг дуугүй хоолны халбага сунгав. Тайрон шөлнөөс амсаад буцааж өгч,

- Ахиад жаахан халуун ногоо нэмчих гэв.

Бэнжин Старк зээтэйгээ байрлахаар бэлтгэсэн оромжноос гарч ирэв.

- Жон чи ингэхэд хаана байсан хэрэг вэ! Хараал ид гэж ахин ингэж бүү алга болоорой. Би
чамайг Нөгөөдүүлд баригдсан юм байх гэж бодлоо гэхэд,

- Энэ бол грамкин байсан гээд Тайрон хөхөрсөнд Жон Сноу инээмсэглэв. Старк Йорен руу
асуунгүй харсан ч хөгшин эр амандаа юм гүнгэнээд мөрөө хавчин цуст ажилдаа буцаж оров.

Хэрэмний махнаас шарж бүгд галаа тойрон сууцгаагаад хатсан бяслаг, хар талхтай идэцгээв.
Тайрон дарсаа гар дамжуулан явуулахад Йорен багагүй халамцав. Эцэст нь түрүүлж харуул
хийх үүрэг ногдсон Жон Сноугаас бусад нь нэг нэгээрээ хоргодох газар луугаа унтахаар явлаа.

Хамгийн сүүлд Тайрон үлдээд хүмүүсийнхээ барьсан оромж руу орохын өмнө зогсож Жон
Сноуг харав. Хүү галын дэргэд баргар царайлан зогсоод дөл рүү ширтэнэ.

Тайрон Ланнистер гунигтай инээмсэглээд ор луугаа явлаа.


КАТЕЛИН

Нэд охидтойгоо явснаас хойш найман өдрийн дараа мастер Лювин нэг шөнө Браны өрөөнд
дэнлүү, бүртгэлийн ном барьсаар түүн дээр орж ирлээ.

- Өнгөрсөн хугацааны аж ахуйн тооцоогоо бид нягтлан шалгах хэрэгтэй, хатагтай. Та мэдээж
хааны зочлолт бидэнд хэр үнэтэй туссаныг мэдэхийг хүсэж байгаа биз дээ.

Кателин оронд өвчтэй хэвтэж байгаа Бран руу харж духан дээрх үсийг нь илбэв. Үс нь урт
ургаад удахгүй тайрах хэрэгтэй болжээ.

- Үгүй ээ тооцоог нягтлан шалгах хэрэг байхгүй, мастер Лювин. Би зочлолт бидэнд хэр
туссаныг мэднэ. Наад номнуудаа цааш холдуул гэж Бранаас нүд салгалгүй хэлэв.

- Хатагтай минь хааны найр хамаг хүнсний нөөц шавхсан. Бид нөөцөө дуусахаас нь өмнө...
гэтэл Кателин үгийг нь тасалж,

- Наад номнуудаа холдуул гэж хэлсэн биз дээ. Бидний хэрэгцээтэй зүйлсийн талаар бойдоо л
санаа тавьдаг юм байгаа биз гэв.

- Бидэнд бойдоо байхгүй болсон. Пол өмнө зүг рүү Хааны газар Лорд Эддардын аж ахуйд
санаа тавихаар явсан гэж мастер Лювин сануулахад "Жижигхэн саарал харх чинь гарахыг
хүсэхгүй байх шив" гэж Кателин бодсон ч гаргаж хэлсэнгүй хайхрамжгүй толгой дохиж,

- Өө тийм л дээ санаж байна гээд Браны цонхигор царайг ширтэн нарны гэрэлд байлгахын
тулд орыг нь цонхны дэргэд шилжүүлвэл зүгээр юм болов уу гэж бодлоо.

Мастер Лювин дэнлүүгээ хаалганы хажуугийн хөндийд суулгахад гэрэл нь анивалзав.

- Та хэд хэдэн асуудалд зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай байна, хатагтай.


Бойдоогоос гадна бидэнд Жоригийн орыг нөхөх хамгаалалтын ахлагч болон, морьд арчлах
агтач... гэхэд Кателиний нүд цоо ширтэн,

- Морьд арчлах агтач гэнэ ээ? хэмээн хоолой нь ташуур адил тас нясхийн ороолгосонд мастер
чичирлээ.

- Тиймээ, хатагтай. Халлен өмнө зүг рүү лорд Эддардтай хамт явсан болохоор...

- Миний хүү энд бэртэн үхлээ хүлээн хэвтэж байхад харин чи шинэ агтачын талаар
ярилцахыг хүсээ юу, Лювин? Та намайг үнэхээр жүчээнд юу болох анхаарна гэж бодоо юу?
Үнэхээр энэ бүхэн намайг түгшээнэ гэж бодсон хэрэг үү? Би Браны нүдийг нээлгэхийн тулд
Винтерфеллийн бүх морьдыг өөрийн гараар алсан ч бэлэн байна. Та намайг ойлгов уу? Үгүй
юу? гэхэд Лювин толгой гудайлгаж,

- Тиймээ, хатагтай гэхдээ нөхцөл байдал... гэхэд,

- Би тэр нөхцөл байдлыг чинь зохицуулъя гэж Робб хэллээ.


Кателин түүний орж ирэхийг сонсоогүй ч хаалган дээр зогсоод ширтэж байв. Тэр уцаарлан
хашгирснаа ойлгоод гэнэтхэн ичиж улайлаа. Түүнд юу тохиолдсон хэрэг вэ вэ? Тэр дэндүү
ядарч толгой нь үргэлж янгинан өвдөж байна.

Мастер Лювин Кателин болон хүү рүү нь ширтэв.

- Би эзгүй байгаа тушаалуудад тохиромжтой хүнийг сонгох жагсаалт бэлдсэн гээд Роббод
ханцуйнаасаа хуйлаастай цаас гарган өгөв. Робб нэрсийг гүйлгэн харлаа. Тэр гаднаас шууд
орж ирсэн болохоор хацар нь хүйтэнд улайж, үс нь салхинд сэгсийжээ.

- Сайн хүмүүс байна. Үүний тухай маргааш ярилцъя гээд нэрсийн жагсаалтыг буцааж өгөхөд,

- Ойлголоо, эзэнтээн гээд Лювины ханцуйд цаас шургалан алга болов.

- Одоо та биднийг орхино уу гэхэд мастер Лювин толгой бөхийгөөд явлаа. Робб түүнийг
гармагц хаалга хаагаад эргэж харахад бүсэндээ илд агссан байлаа.

- Ээжээ, та юу хийж байгаа чинь энэ вэ?

Кателин үргэлж Роббыг өөртэйгээ адилхан гэж боддог байв. Тэр Бран, Рикон болон Сансагын
адил Таллигийн удмын хүрэн улаан үс, цэнхэр нүдтэй билээ. Гэвч одоо л анх удаагаа Эддард
Старкын царайд тодордог умардынхны хүйтэн салхи шиг ширүүн хатуу төрхийг харлаа.

- Би юу хийсэн гэж? хэмээн Кателин гайхширан хэлээд,

- Чи яаж ийм зүйл асууж чадаж байна аа? Чиний бодлоор би энд юу хийж байгаа хэрэг болж
байна? Би дүүд чинь санаа тавьж байна. Би Браныг сахиж байна гэв.

- Үүнийгээ та ингэж нэрлэж байгаа хэрэг үү? Та Браныг өвдсөнөөс хойш өрөөнөөс нь ганц ч
гараагүй. Тэр ч байтугай аавыг охидуудтайгаа өмнө зүг явахад хашааны хаалган дээр гарч
ирээгүй.

- Би тэдэнтэй энд салах ёс гүйцэтгээд явахыг нь цонхоор харсан.

Тэр Нэдээс ийм явдал болсоны дараа явахгүй байхыг гуйжээ. Бүх зүйл өөрчлөгдсөнийг тэр
үнэхээр ойлгохгүй байна гэж үү? Гэвч яриа үр дүнгүй болов. Тэр өөр сонголт байхгүй болсон
гэж хэлээд явахыг сонгосон юм.

- Би агшин бүр түүний амьдралд аюул заналхийлж байхад хүүгээ нэг хором ч орхиж
чадахгүй. Би түүнтэй байх ёстой хэрвээ... хэрвээ... гээд хүүгийнхээ үлбэгэр гарыг авч хурууг
нь илбэв. Тэр турж эцэн гарт нь хүч үлдсэнгүй ч арьс нь амьд дулаахан байлаа.

Роббын хоолой зөөлөрч.

- Бран үхэхгүй, ээж ээ. Мастер Лювин хамгийн аюултай үе ард хоцорсон гэж хэлсэн гэв.

- Тэгвэл мастер Лювиний буруу байвал яах болж байна? Хэрвээ би Браны хэрэгтэй цагт
дэргэд нь байхгүй бол яана?

- Риконд ч гэсэн та хэрэгтэй. Тэр дөнгөж гурван настай болохоор юу болсныг ойлгохгүй
байна гэж Робб шаргуу хэлэв. - Тэр бүх хүн өөрийг нь орхисон гэж бодоод намайг
өдөржингөө дагаж хөлөөс зууралдан уйлаад байна. Би бүр яахаа мэдэхээ байлаа гээд
чимээгүй болж жаахан байх үеийнхээ адил доод уруулаа хазлав.

- Ээжээ, та надад ч гэсэн хэрэгтэй байна. Би хичээсэн ч чадахгүй нь... би бүх зүйлийг
ганцаар хийж чадахгүй гээд хоолой нь гэнэт цахиртахад Кателин түүний дөнгөж арван
дөрөвтэй болохыг санав. Тэр Роббын хамт гарахыг хүссэн ч Браны гарыг барьсан хэвээр
хөдөлж чадсангүй.

Цамхагын гадаа чоно улив. Кателин агзасхийн чичирлээ.

- Браны чоно байна гээд Робб цонх онгойлгоход цамхагын бүгчим өрөөнд шөнийн хүйтэн
агаар цутган орж ирэв. Улилт улам чангарлаа. Энэ нь уйтгар гуниг цөхрөлөөр дүүрэн зүрх
шимшрэм хүйтэн дуу байв.

- Хэрэггүй. Бран дулаахан байх хэрэгтэй.

- Түүнд тэдний дуулахыг сонсох хэрэгтэй гэж Робб хэллээ. Винтерфеллийн хаа нэгтээ хоёр
дахь чоно ульж эхлэн эхнийхтэйгээ хоршив. Тэгтэл гурав дахь чоно улих чимээ ойроос
гарлаа.

- Сэгсгэр нохой, Хөнгөн салхи хоёр байна. Хэрвээ сайн сонсвол хоолойг нь ялгаж болно гэж
Робб чагнах зуураа хэллээ.

Кателин гашуудал дүүрэн зэрлэг чонын хүйтэнд улилтанд чичирлээ. Тэднийг явснаас хойш
шөнө болгон хоосон хөндий шилтгээнд хүйтэн салхи исгэрэх чимээ хэзээ ч өөрчлөгдөхгүй
билээ. Харин тэгтэл түүний хамгийн хайртай зөөлөн сэтгэлтэй... инээх дуртай, авирч, хүлэг
баатрын тухай мөрөөддөг хүү энд хэвтэж байна. Одоо бүх зүйл үгүй болж түүний инээд ахин
сонсогдохгүй болжээ. Тэр нулимс асгаруулан аймшигт улилтыг сонсохгүйн тулд гараараа
чихээ дарлаа.

- Тэднийг болиул! Би үүнийг тэвчиж чадахгүй нь. Тэднийг зогсоо. Бүгдийг нь алсан ч
хамаагүй үүнийг зогсоо!

Тэр шалан дээр муужран унаснаа мэдээгүй ч нэг л мэдэхэд Робб хүчирхэг гараараа өргөж
байлаа.

- Айх хэрэггүй ,ээж ээ. Тэд Бранд ямар ч гэм учруулахгүй гээд булангын нарийхан орон дээр
тавиад,

- Нүдээ ань. Амар. Мастер Лювин таныг Браныг унаснаас хойш огтхон ч цурамхийгээгүй гэж
хэлсэн гэхэд Кателин эхэр татан уйлав.

- Би чадахгүй нь. Бурхад өршөөгөөсэй, Робб би унтаж чадахгүй нь. Хэрвээ тэр намайг намайг
унтаж байхад үхчихвэл яах болж байна хэрвээ тэр үхвэл...... тэр үхвэл... гэхэд чононууд ульсан
хэвээр байсанд хашгиран чихээ ахин дарлаа.

- Бурхан минь, цонхоо хаа гэж байна шүү!

- Таныг унтана гэж амлавал хаая гээд Робб цонх руу очиж хаалтанд хүртэл өөр нэг чимээ
зэрлэг чонын гашуудалтай улилтан дээр нэмэгдлээ.

- Ноход байна. Бүх ноход хуцаж байна. Тэднийг ийм байхыг хэзээ ч... гэж Робб чагнан хэлснээ
амьсгал нь огцом тасалдлаа. Кателин дээш харахад Роббын нүүр дэнлүүний гэрэлд
цонхийжээ.

- Гал гэж тэр шивнэлээ.

"Гал бас Бран" гэж Кателин бодлоо.

- Надад туслаач. Надад Браныг гаргахад туслаач гэж чичирсэн хоолойгоор хэлээд огцом
өндийн суулаа.

Тэгтэл Робб түүнийг сонссонгүй.

- Номын сангийн цамхагт гал гарч байна гэв.

Кателин онгорхой цонхоор улаан дөл улалзахыг хараад санаа амран лагхийн суулаа. Бранд
ямар ч аюул тохиолдохгүй. Номын сан хашааны нөгөө өнцөгт байдаг болохоор гал энд хүрч
ирэхгүй.

- Бурханд баярлалаа гэж шивнэхэд Робб түүнийг галзуурсан аятай ширтэж,

- Ээжээ та энд үлд. Би одоохон галыг унтраагаад буцаад ирье гээд гарч гүйв.

Тэгтэл өрөөний гадаа зогсож байсан харуулд хүүгийнх нь тушаал өгөх хоолой сонсогдоод
бүгд шат уруудан пижигнэтэл гүйлдэв. Гадаа хашаанд "Гал!" гэж хашгирахтай зэрэгцэн,
хөлийн чимээ гүйлдэж, айсан морьдын янцгаалт, шилтгээний нохдын галзуурсан мэт хуцах
чимээ хадав. Тэгтэл улилт намдсанд бараг буруу сонслоо гэж бодлоо. Зэрлэг чононууд
чимээгүй болжээ.

Кателин дотроо долоон нүүртэй бурханд чимээгүй мөргөн талархал илэрхийлээд цонх руу
очив. Хашааны тэртээ номын сангийн цамхагын цонхоор галын дөл өрвөлзөн тэнгэрт өтгөн
утаа мушгирч Старкынхны зууны тэртээгээс цуглуулсан бүх ном үгүй болж байлаа. Тэр
цонхны хаалтыг хаагаад цонхноос эргэх агшинд өрөөнд хүн зогсож байв.

- Чи энд байх ёсгүй байсан юм. Хэн ч энд байх ёсгүй байсан.

Тэр бохир хүрэн хувцастай адууны үнэр ханхлуулсан жижигхэн хүн байлаа. Кателин жүчээнд
ажилладаг бүх хүнийг мэдэх хэдий ч түүнийг харж байсангүй. Эцэнхийдүү цайвар үстэй,
ясархаг царайндаа гүн шигдэн хөнхийсөн цонхигор нүдтэй агаад гартаа чинжаал барьжээ.
Кателин хутга руу харснаа Бран руу ширтэж,

- Үгүй гэхэд үг хоолойд нь тээглээд шивнэх төдий гарлаа.

Гэвч тэр сонссон бололтой.

- Энэ бол нигүүлсэл болно. Тэр хэдийн үхчихээд байна гэв.

- Үгүй гэж Кателин арай чанга хэлэхэд хоолой нь ахин эргэн ирлээ. - Үгүй чи үүнийг хийж
чадахгүй! гээд цонх руу тусламж дуудахаар эргэсэн ч хүн итгэмээргүй хурдан хөдлөв.

Тэр нэг гараараа амыг нь дараад толгойг нь хойш угз татаж нөгөө гартаа байсан чинжаалыг
хоолойд нь тулгахад тэсгэлгүй өмхий үнэр ханхлав.

Кателин хоёр гараараа хутганы ирнээс зуураад бүх хүчээ гарган хоолойноосоо холдуулахад
хараал тавих чимээ чихэн дээр нь сонсогдов. Хурууны завсраар цус урссан ч хутгыг холдуулж
чадсангүй. Тэгтэл гар амыг нь чанга даран амьсгалыг нь боов. Кателин толгойгоо хажуу тийш
мурилзан гарыг хазтал эрэгтэй ёолон хашгирлаа. Тэр бүх хүчээ гарган хазтал барилт гэнэт
суларлаа. Аманд нь түүний цус дүүрчээ. Тэр агаар залгилан хашгиртал үснээс нь зулгаан
арагш угз татсанд бүдэрч уналаа. Эрэгтэй түүний өмнө зогсоод хүндээр амьсгаадан
чичирэхэд баруун гартаа атгасан чинжаалаас нь цус дуслаж байв.

- Чи энд байх ёсгүй байсан гэж тэр зөрүүдлэн давтлаа.

Кателин түүний арын онгорхой хаалгаар сүүдэр гулган орохыг харав. Тэгтэл аяархан
хүржигнэх чимээ гараад сүрдүүлэн архирахад нөгөө хүн түүнийг сонссон бололтой эргэсэнд
чоно үсэрлээ. Тэд хоёул Кателиний дэргэд унахад чоно хоолой руу нь ухасхийлээ. Эрэгтэй
сүүлчийн удаа хашгирахад араатан толгойг нь гэдийлгэн хоолойг нь тас хазлаа.

Кателины нүүр лүү цус бүлээн бороо шиг шүршигдэв.

Чоно түүн рүү харахад эрүүг нь даган цус урсаж нүд нь харанхуй өрөөнд алтран гялалзана.
Браны чоно байлаа. Тийм нь мэдээж шүү дээ.

- Баярлалаа гэж Кателин сулхан шивнэснээ чичирсэн гараа өргөхөд чоно дөхөж ирээд хурууг
нь үнэрлэн дусалж буй цусыг нойтон ширүүн хэлээрээ долоов. Бүх цусыг арчиж дууссан
хойно цааш чимээгүйхэн эргэн харайж Браны орон дээр гарч дэргэд нь хэвтлээ. Кателин
хийрхэн хөхөрч эхлэв.

Тэднийг ийм байдалтайгаар олох үед Робб, мастер Лювин, сэр Родрик нар Винтерфеллийн
хамгаалагчдын тэн хагастай орж ирэв. Эцэст нь Кателиний инээд намдаж дулаахан хөнжилд
ороон цайзын өрөө рүү нь оруулав. Хөгшин Нан түүнийг хувцасыг тайлахад тусалж шазлам
халуун усаар цусыг угаагаад зөөлөн даавуу хувцас өмсүүлэв.

Үүний дараа мастер Лювин ирж шархыг нь үзэв. Хутганы ир хурууг нь ясанд нь тултал гүн
зүсэн, хуйхнаас нь туг үс зулгаагджээ. Мастер түүнд өвчин одоо л эхэлж байна гэж хэлээд
намуу цэцэгтэй сүү өгөн унтахад туслав.
Тэр эцэст нь нүдээ анилаа.

Ингээд ахин нээх үед бүхэл бүтэн дөрвөн өдөр унтсан гэж хэллээ. Кателин толгой дохиод
орон дээр өндийн суув. Браны уналт, цус гашуудлаар дүүрэн аймшигт нойрсолт гээд бүх зүйл
хар дарсан зүүд шиг санагдаж гар нь өвдөхөд бодит байдалд буцан ирлээ. Толгой нь эргэж бие
нь суларч доройтохын зэрэгцээ хачирхалтай шийдмэг болон мах нь шуугджээ.

- Надад талх, зөгийн бал авчир. Мастер Лювинд боолтыг минь соль гэж хэлээрэй гэж зарцад
тушаагаад биелүүлэхээр гүйхэд нь гайхан харав.

Кателин урьд нь ямар байснаа санаад ичих шиг болов. Тэр хүүхдүүд, нөхөр, гэр орон гээд
бүгдийг зөнд нь хаяжээ. Хангалттай! Ийм явдал ахин болохгүй. Тэр умардынханд Ривверраны
Таллигийнхан хичнээн хатуу болохыг үзүүлэх болно.

Хоолноос өмнө Робб ирэв. Түүний хамт Родрик Кассел, нөхрийнх нь хүмүүжүүлэгч Теон
Грейжой, дөрвөлжин хүрэн сахалтай булчинлаг хамгаалалтын хүн Халлис Моллен нар ирэв.
Түүнийг хамгаалалтын шинэ ахлагч болсон гэж Робб хэлжээ. Хүү нь ширээсэн шир бүхий
хуяг өмсөж, бүсэндээ илд зүүжээ.

- Хэн байсан бэ? гэж Кателин тэднээс асуулаа.

- Түүний нэрийг хэн ч мэдээгүй. Тэр Винтерфеллийн хүн биш, хатагтай. Гэхдээ зарим хүн
түүнийг өнгөрсөн долоо хоногт шилтгээнд явахыг нь харсан байна хэмээн Халлис Моллен
хэлэв.

- Тэгвэл хааны бараа бологчдын нэг юмуу, Ланнистерийнхны хүмүүсийн нэг байж таарлаа.
Тэр үлдээд бусдыгаа явахыг хүлээж байж.

- Магадгүй л юм. Винтерфеллээр гадны хүмүүсээр дүүрэн байсан болохоор хэнд


харъяалагддаг болохыг нь хэлэхэд хэцүү байна гэж Халлис хэлэв.

- Тэр жүчээнд чинь нуугдаж байсан. Үнэрээс нь мэдэхэд хэцүү юм алга гэж Грейжой хэлэв.

- Тэгвэл тэр тийшээ яаж ажиглагдахгүй орсон хэрэг вэ? гэж Кателин ширүүн асуухад Халлис
Моллин самгардаж,

- Лорд Эддард өмнө зүг рүү морьдын ихэнхийг авч явж бид үлдсэнийг нь Шөнийн харуул руу
илгээсэн болохоор жүчээ бараг хоосорсон. Тэгээд ч агтачдаас нуугдах тийм хэцүү биш. Ходор
түүнийг хараад ярилцсан байлаа гэхэд өөрөө биеэ хачирхалтай авч явдаг болохоор гээд толгой
сэгсэрлээ.

- Бид түүний унтаж байсан газрыг олсон. Тэр сүрлэн дор ширэн хэтэвчтэй ерөн мөнгөн бугат
зоос нуусан байсан гэж Робб хэлэхэд,

- Миний хүүгийн амийг хямдаар үнэлээгүйг мэдэх таатай байна гэж Кателин гашуунаар
хэлэв. Халлис Моллин,
- Өршөөнө үү хатагтай та түүнийг хүүг алахаар ирсэн гэж хэлсэн үү? гэхэд Грейжой
эргэлзсэн байртай,

- Энэ чинь ухаангүй хэрэг гэлээ.

- Тэр Браны хойноос ирсэн. Үргэлж намайг тэнд байх ёсгүй байсан гэж бувтнаад байсан. Тэр
номын санд гал тавихдаа намайг хамгаалагчдын хамт гүйн гарна гэж бодсон байх. Хэрвээ би
гашуудалдаа хагас галзуураагүй бол энэ бүтэх л байлаа.

- Гэхдээ яагаад хэн нэгэн Браныг алахыг хүсдэг байна? Бурхан минь тэр ердөө унтаж буй
арчаагүй бяцхан хүү шүү дээ... хэмээн Робб шүүрс алдав.

Кателин түүн рүү сорин харж,

- Хэрвээ чи умардыг жолоодож байгаа бол болж өнгөрсөн бүхний тухай эрэгцүүлэн бодох
ёстой, Робб. Өөрийнхөө асуултанд өөрөө хариул. Яагаад хэн нэг хүн унтаж буй хүүхдийг
алахыг хүсдэг байна? гэв.

Гэвч түүнийг хариулахаас урьтаж гал зуухнаас зарц тавагтай хоол барьсаар ирэхдээ Кателины
хэлснээс ч хамаагүй их зүйл болох халуун талх, цөцгий, зөгийн бал, бөөрөлзгөний чанамал,
үхрийн хэрчим мах, зөөлөртөл чанасан өндөг, хэрчим баяслаг, гаатай цайтай аяга авчирлаа.
Үүний хамт мастер Лювин ирэв.

- Миний хүүгийн бие яаж байна, мастер? гээд Кателин хоол унд руу хартал идэх ямар ч хүсэл
төрсөнгүй.

Мастер Лювин харц буруулан,

- Ямар ч өөрчлөлт гараагүй байна, хатагтай гэв.

Энэ нь түүний хүлээж байснаас илүү ч үгүй дутуу ч үгүй хариулт байв. Кателиний гар
хутганд гүн зүссэн хэсэгт өвчиндөө хатгуулан өвдөнө. Тэр зарцыг явуулаад Робб руу ширтэн,

- Чи ямар нэг хариу олов уу? гэлээ.

- Хэн нэгэн Браныг сэрэхээс айжээ. Түүнийг ухаан ороод хэлэх юмуу хийх зүйлээс нь айсан
бололтой. Тэгэхээр Бран ямар нэг зүйлийн тухай мэдэж байна гэхэд Кателин хүүгээрээ
бахархах сэтгэл төрж,

- Маш сайн байна гээд хамгаалалтын шинэ ахлагч руу эргэж,

- Бид Браныг аюулгүй байлгах ёстой. Хэрвээ нэг алуурчин ирсэн бол бусад нь ирж л таарна
гэв.

- Та хичнээн хамгаалалт хүсч байна, хатагтай?

- Лорд Эддард удаан хугацаанд эзгүй болохоор Винтерфелл миний хүүд харъяалагдана гэхэд
Робб үл мэдэг цэхрэн,

- Унтлагын өрөөний үүдэнд нэг хүн, хаалганы гадаа нэг хүн шатны ёроолд хоёр хүн зогсоож
өдөр шөнөгүй мануул. Хэн ч миний ээжийн тушаалгүй Браныг орхиж болохгүй гэв.

- Таны хэлснээр болъё, эзэнтээн гэхэд,

- Яг одоо биелүүл гэж Кателин шаардлаа.

- Бас түүний чоныг өрөөнд нь үлдээ гэж Робб нэмэрлэв.

- Тийм шүү, тийм гэж Кателин давтан хэлэхэд Халлис Моллен бөхийн ёслоод өрөөнөөс гарав.

- Хатагтай Старк та алуурчины ашиглаж байсан хутга ямар болохыг анзаарсан уу? гэж сэр
Родрик харуулын хүн явсан хойно хэлэв.

- Нөхцөл байдал надад ойроос харах бололцоо олгоогүй ч ир нь хангалттай хурц гээд Кателин
хөндий инээмсэглэж,

- Яагаад та энэ талаар асууж байгаа юм бэ? гэв.

- Бид хутгыг алуурчины гарт байхад нь олсон. Иймэрхүү ноорхой хүн хэрэглэдэг гэхэд дэндүү
уран хийцтэй зэвсэг байсан болохоор би анхааралтай харсан юм. Энэ бол лууны ясаар хийсэн
бариултай Валерианы ган хутга байсан. Ийм хутга ердийн хүний гарт орох ямар ч боломж
байхгүй. Хэн нэгэн түүнд өгсөн байж таарна гэхэд Кателин бодлогоширонгуй толгой дохиж,

- Робб хаалгаа хаа гэв.

Тэр түүн рүү хачирхан харснаа хэлснийг нь хийлээ.

- Миний хэлсэн бүхэн энэ өрөөнөөс гарч болохгүй шүү. Би та нарыг амлалт өгөхийг хүсч
байна. Хэрвээ миний сэжиглэж байгаа үнэн бол Нэд болон охид минь үхлийн аюулд ороод
байгаа болохоор энэ үг буруу чихэнд сонсогдвол тэдний амиар нь төлөгдөх болно.

- Лорд Эддард миний хоёр дахь эцэг. Би тангараглаж байна гэж Теон Грейжой хэлэхэд,

- Би ч гэсэн тангараглаж байна гэж мастер Лювин хэллээ.

- Тангараглаж байна, хатагтай гэсэн сэр Родрикийн үг цуурайтав.

Кателин хүү рүүгээ харж,

- Харин чи, Робб? гэхэд зөвшөөрөн толгой дохив.

- Миний дүү Лиза Хааны гар байсан эр нөхөр лорд Арринийг нь Ланнистерийнхан алсан
гэдэгт итгэж байсан. Тэгээд ч Жейм Ланнистер Браны унасан өдөр анд яваагүй. Тэр
шилтгээнд үлдсэн гэхэд өрөөнд нам гүм боллоо. - Би Браныг цамхагаас унасан гэж бодохгүй
байна. Минийхээр бол түүнийг түлхсэн гэхэд тэдний царайд цочирдол тодорч,

- Хатагтай энэ чинь аймшигтай санал байна. Хэдийгээр хааны алуурч байсан ч гэм зэмгүй
хүүхдийг хөнөөнө гэж үү хэмээн Родрик Кассел хэлэв.

- Үнэхээр тэгсэн гэж үү? Эргэлзэж байна гэж Теон Грейжой дуу алдлаа.

- Ланнистерийнхний бардам зан, эрх мэдэл хөөцөлдөхөд хязгаар байхгүй гэж Кателин хэлэв.

- Өнгөрсөн хугацаанд хүү үргэлж чадварлаг гартай байсан. Тэр Винтерфеллийн чулуу бүрийг
мэднэ гэж мастер Лювин бодлогоширонгуй хэллээ.

- Бурхан минь! гэж Робб хараагаад хөвгүүний царайд уур хилэн тодорч,

- Хэрвээ энэ үнэн бол тэр үүнийгээ төлөх болно. Би түүнийг өөрийн биеэр ална гээд сэлмээ
сугаллаа.

Сэр Родрик түүнийг зандарч,

- Наад зэвсгээ холдуул! Ланнистерийнхан эндээс зуун лигийн тэртээд байна. Хэзээ ч илдийг
ашиглахгүй үедээ бүү сугалж бай. Хичнээн удаа би чамд энэ тухай хэлэх ёстой болж байна,
тэнэг хүү минь? гэв.

Ичиж улайсан Робб сэлмээ хуйнд нь хийгээд гэнэтхэн ахин хүүхэд болов. Кателин сэр Родрик
руу толгой дохилон,

- Би хүүгийнхээ илд зүүснийг харж байна гэхэд,

- Би цаг нь болсон гэж бодож байна гэлээ.

Робб түүн рүү сэтгэл зовнин ширтэв.

- Аль хэдийн цаг нь болсон. Удахгүй Винтерфеллд бүх илд шаардагдах цагт дунд нь модоор
хийсэн илд байх ёсгүй гэхэд Теон Грейжой илднийхээ бариул дээр гараа тавиад,

- Хатагтай ийм цаг ирвэл манай гэр бүл таны өмнө ихээхэн өртэй билээ гэв.

Мастер Лювин хүзүүндээ зүүсэн гинжээ татаж,

- Бид хатан хааны хайртай ахыг буруутгахад хүрвэл нөхцөл байдал юу болохыг тааварлах
ёстой. Тэр тийм ч эелдэг хандахгүй байх. Бид нэг бол баталгаа олох юмуу эсвэл үүрд
чимээгүй байх хэрэгтэй гэв.

- Бидний баталгаа чинжаал хутга болно. Ийм нарийн хийцтэй зэвсэг ер ажиглагдахгүй
өнгөрөхгүй гэж сэр Родрик хэллээ.

Тэгэхэд Кателин нэг л газраас үнэнийг олно гэдгийг ойлгож,


- Хэн нэгэн Хааны газар луу явах хэрэгтэй гэж хэлэв.

- Би явъя гэж Робб хэллээ.

- Үгүй. Чиний байх газар бол энд. Винтерфеллд үргэлж Старкынхан байх ёстой гээд Кателин
өтгөн цагаан сахалтай сэр Родрик, саарал хувцастай мастер Лювин, хөнгөмсөг баргар
залуухан Грейжой руу харлаа. Хэнийг явуулах вэ? Хэнд итгэсэн нь дээр бол? Тэгтэл гэнэтхэн
мэдлээ. Кателин хөнжлөө яран босоход боолтой хуруу нь чулуу шиг хөдөлгөөнгүй болжээ.

- Би өөрөө явах болно.

- Хатагтай энэ чинь ухаалаг хэрэг гэж үү? Ланнистарынхан таны ирэхийг хараад гарцаагүй
сэжиглэх нь мэдээж гэж мастер Лювин хэлэв.

- Тэгвэл Бран яах болж байна? Та түүнийг орхиж болохгүй гэж бачимдаж гүйцсэн Робб дуу
алдав.

- Би Браны төлөө чадах бүхнээ хийсэн гээд Кателин шархадсан боолттой гараа дээш өргөж,

- Түүний амьдралыг бурхад болон мастер Лювиний гарт даалгая. Ингэхэд чи өөрөө надад
сануулсан биз дээ, Робб. Одоо бусад хүүхдийнхээ тухай бодох цаг болж гэв.

- Таньд хүчтэй хамгаалалт хэрэгтэй гэж Теон хэлэхэд,

- Халлинийг бүлэг хамгаалагчдын хамт дагуулъя гэж Робб хэллээ.

- Үгүй. Олон хүн байх тусам бусдын анхаарлыг татах болно. Би Ланнистерийнханд
ирэлтийнхээ мэдэгдэхийг хүсэхгүй байна гэхэд сэр Родрик эсэргүүцэж,

- Хатагтай надад таныг дагалдахыг зөвшөөрнө үү. Хааны зам бол ганц эмэгтэй хүн явахад
дэндүү аюултай газар гэв.

- Би Хааны замаар явахгүй гээд Кателин хэсэгхэн бодлогоширсноо зөвшөөрөн толгой дохив.

- Хоёр морьтон нэг хүн шиг хурдан хөдөлж чадах болохоор хөсөг, бүхээгт тэрэгнээс бүтсэн
урт цуваанаас хамаагүй түргэн хөдлөх болно. Би таньтай дуртайяа явах болно, сэр Родрик.
Бид Цагаан хутгын дагуу тэнгис рүү уруудаж Цагаан эргээс завь хөлслөн авах болно. Хүчтэй
морьд, сэвшээ салхи биднийг Хааны газар Нэд болон Ланнистерийнхнаас өмнө хүргэнэ гээд
харин тэнд бидний харах ёстой зүйл байгаа гэж бодлоо.
САНСА

Эддард Старк үүр гэгээрэхээс өмнө мордсон гэж септа Мордэйн Сансад өглөөний цайны
үеэр хэлжээ.

- Хаан түүнтэй явсан. Ахиад л анд явах гэж байгаа байх. Эндхийн хязгаар зэлүүд болохоор
одоо хүртэл зэрлэг бух гөрөөс байгаа гэж ярилцдаг гэхэд,

- Би хэзээ ч бух гөрөөс харж байгаагүй гээд Санса ширээний дор байсан Хатагтайд зүсэм мах
сарвайхад зэрлэг чоно түүний гараас махыг хатан адил уян налархай хөдөлгөөнөөр авлаа.

Септа Мордэйн дургүйцэн тургилж,

- Сурвалжит язгууртан хатагтай нар ширээн дороо ноход тэжээдэггүй юм гээд сархинагтай
зөгийн бал шахан талхандаа түрхлээ.

- Энэ бол нохой биш зэрлэг чоно гэж Санса тодотгон хэлэхэд Хатагтай хурууг нь ширүүн
хэлээрээ долоов. - Ямар ч гэсэн аав биднийг хүссэн үедээ хамт байж болно гэж хэлсэн гэхэд
септа үл таашаан,

- Чи бол сайн охин шүү дээ, Санса. Гэхдээ энэ амьтан чиний дүү Аръяа шиг зөрүүд гэж
тангарагласан ч болох байна гэснээ хөмсөг зангидан,

- Ингэхэд Аръяа одоо хаана байна? гэлээ.

- Тэр өлсөөгүй юм байлгүй гээд Санса дүүгээ гал зуухын өрөөнөөс цагийн өмнө ямар нэг
тогоочийн хүүтэй хуйвалдан хоол хулгайлсан гэдэгт итгэлтэй байлаа.

- Түүнийг өнөөдөр сайхан хувцасла гэж хэлээрэй. Саарал хамба хилэнгээ өмссөн нь дээр
байх. Бид хатан хаан болон гүнж Мирцеллагийн тэргэнд явахаар уригдсан болохоор дээд
зэргийн харагдах ёстой шүү.

Санса хэдийн сайхан хувцаслажээ. Тэр урт хүрэн үсээ гялалзтал самнаж, хамгийн сайхан
цэнхэр торгон хувцсаа сонгосон байв. Өнөөдрийн өдрийг долоо хоногийн турш хүлээсэн
билээ. Хатан хааны дэргэд явна гэдэг бол их хүндэтгэл бөгөөд ханхүү Жоффрей тэнд байх нь
лавтай. Тэд хоорондоо сүй тавьсан юм. Энэ бодол төртөл гэрлэх хүртэл хэдэн жилийн зай
үлдсэн ч сэтгэл нь хачирхалтай хөөрөн догдлов. Санса Жоффрейг сайн мэдэхгүй ч хэдийн
дурлажээ. Тэр өөрийнхөө ханхүүгээр яг л ийм өндөр хүчирхэг, алтарсан үстэй ханхүүг
мөрөөддөг байсан бөгөөд түүнтэй өнгөрүүлэх ховорхон боломж бүрийг цэгнэж байлаа.
Иймээс өнөөдөр түүнийг Аръяа айлгав. Арьяа бүгдийг сүйтгэж магад. Ер нь түүний юу
хийхийг урьдчилан тааварлахын аргагүй билээ.

- Би түүнд хэлье гэхдээ тэр ердийнх шигээ хувцаслах байх гэж Санса итгэлгүйхэн хэлэхдээ
хэтэрхий ичихээргүй байгаасай гэж найдав.

- Би явж болох уу?


- Тэгэлгүй яахав гээд септа Мордэйн өөр талх авч улам их бал овоолоход Санса сандлаас
гулган буулаа. Хатагтай түүний араас дагалдан буудлын зочны өрөөнөөс гүйж гарав.

Санса гадаа хормын зуур саатан зогсоход хүмүүсийн хашгирах, хараах, модон дугуй чахрах
чимээ гарч эрчүүл асар майхнаа буулган хөсөг тэргэнд ачиж дараагийн аянд бэлтгэж байв.
Дэн буудалд цайвар чулуугаар хийсэн гурван давхар бөгөөд Сансагийн харсан хамгийн том
буудал байлаа. Хааны цуваанд эцгийнх нь чөлөөт морьтонгууд нэгдсэн учир дөрвөн зуугаад
хүнтэй болжээ.

Тэр Аръяаг Сэрээний эрэг дээр Намериагийн шавар наалдаж хатсан үсийг самнахаар
оролдож байхад олов. Зэрлэг чононд ингэх нь таалагдсангүй. Аръяа аль уржигдар мориор
явахдаа өмссөн ширэн хувцастайгаа байлаа.

- Чамайг арай дээр хувцас өмссөн дээр байх гэж септа Мордэйн хэлж байна. Бид хатан
тэргэнд хатан хаан, гүнж Мирцеллагийн хамт өнөөдөр явах болно гэж Санса анхааруулав.

- Үгүй шүү! гээд Аръяа Намериагийн сэгсгэр саарал үсэнд зууралдсан самаа салгахыг
оролдож,

- Миках бид хоёр горхины өөд өгсөж гарман дээр бадмаараг эрэх гэж байгаа гэв.

- Бадмаараг гэнэ ээ? Юун бадмаараг? хэмээн Санса гайхширан хэлэхэд Аръяа түүн рүү
дүүрчихсэн тэнэг амьтан аятай харж,

- Рэйгэрийн бадмаараг. Энэ чинь Роберт хаан түүнийг алж титэм зүүсэн газар шүү дээ гэлээ.

Санса туранхай жижигхэн дүүгээ үл итгэн ширтэв.

- Чи ямар ч бадмаараг хайж болохгүй гүнж биднийг хүлээж байгаа. Хатан биднийг хоёуланг
маань урьсан.

- Надад хамаагүй. Дугуйтай тэргэнд цонх байхгүй болохоор юу ч харж чадахгүй гэж Аръяа
сөргөв.

- Чи юугаа харах гэсэн юм? Эргэн тойрон ердөө тал, аж ахуй, бэхлэлт байна гээд Сансагийн
уур хүрлээ. Түүнийг урилганд баясан хөөрч байхад тэнэг дүү нь эмээсэн ёсоор бүгдийг
сүйтгэх нь байна.

- Үгүй тийм биш. Хэрвээ чи бидэнтэй явбал харах л байсан гэж Аръяа зөрүүдлэв.

- Мориор явахыг үзэн ядаж байна. Үргэлж шороо тоосонд будагдаж хамаг бие хөндүүр болно
гэхэд Аръяа мөрөө хавчиж,

- Зүгээр байж бай. Би чамайг өвтгөхгүй гэж Намериаг зандарснаа,

- Биднийг Хүзүүг гатлан өнгөрөх үед би урьд нь хэзээ ч харж байгаагүй гучин зургаан цэцэг
харсан. Бас Миках надад арслан гүрвэл үзүүлсэн гэв.
Энэ тухай санахаас Санса давхийлээ. Тэднийг арван хоёр өдрийн турш Хүзүүг гатлахад
төгсгөлгүй намаг бүхий тахир замаар сэгсчүүлж байсан учир хором бүрийг үзэн ядаж байв.
Агаар нойтон чийг дааж, хоноглох газар олдохгүйн дээр зам нь дэндүү давчуу нарийн учир
Хааны зам дээр хоноглож байлаа. Өтгөн ургасан усны ургамал дунд мөчир дээр нь цайвар
мөөг битүү ургасан модод усан дундаас цухуйна. Шавар дахь тогтоол усанд том цэцэг хөвж
замаас гарч түүхээр зориглосон тэнэг хүнийг сордог намаг хөхөх гээд хүлээж байх бөгөөд
модон дээр могой цагариглан, арслан гүрвэл урт хар гуалин адил нүд шүдээ уснаас цухуйлган
хөвнө.

Гэвч энэ бүхний алин ч Аръяаг зогсоосонгүй. Тэр нэг өдөр морь шиг царайгаараа байдгаараа
инээмсэглэн үс нь ширэлдэн даахирч, цул шаварт будагдсан хувцастай гундсан тэвэр улаан
ногоон цэцэгс аавдаа авчирч өгчээ. Санса эцгийгээ Аръяад язгууртан гаралт хатагтай биеэ
яаж авч явах талаар сургамжилна гэж найдсан ч оронд нь цэцэг өгсөнд тэврэн талархал
илэрхийлжээ. Энэ нь Сансагын урмыг ихэд хугалав.

Удалгүй хорт үнсэлт гэж нэрлэгддэг улаан цэцэгс Аръяагийн гараар битүү улаан зүйл
тууруулав. Санса энэ түүнд сургамж болох байх гэж бодсон ч Аряа зөвхөн инээд алдаад
маргааш өдөр нь гараа бүдүүлэг намгийн эмэгтэй адил битүү шавраар буджээ. Найз Миках
нь түүнд ингэвэл загатнахаа болино гэж хэлсэн байна. Түүнчлэн гар, мөрөн дээр нь хөхөрсөн
толбо үүсч, хүрэн улаан, шаргал ногоон өнгөтэй болсон байхыг Санса дүүгээ унтахаар
хувцсаа тайлж байхад нь харжээ. Түүний хаана ингэснийг зөвхөн долоон тэнгэр мэдэх байх
даа.

Аръяа үргэлжлүүлэн Намериагийн ширэлдсэн үсийг самнах зуураа өмнө зүг одсон зам рүү
ширтэв.

- Өнгөрсөн долоо хоногт бид сүнстэй харуулын цамхаг олсон. Дотор нь зэрлэг адуун сүрэг
байсан. Чи тэдний Намериагийн үнэрийг авангуутаа яаж давхисныг харсан болоосой гээд
чоно мултрахаар завдсанд,

- Боль гэж байна шүү. Одоо нөгөө талыг чинь самнахгүй бол битүү шавар шавхай болчихож
гэв.

- Чамайг цуваанаас гарч болохгүй гэж аав хэлсэн шүү дээ хэмээн Санса сануулахад Аръяа
мөрөө хавчаад,

- Би хол явах гээгүй байна. Тэгээд ч дэргэд Намериа байх юм чинь. Ямар дандаа цуваанаас
гардаг биш. Заримдаа бүхээгт тэргэнд сууж хүмүүстэй ярилцах нь сонирхолтой байдаг юм
гэв.

Санса Аръяагийн ямар төрлийн хүмүүстэй ярилцах дуртайг мэддэг байлаа. Хиа, агтчин, зарц
охид, хөгшин өвгөн, нүцгэн хүүхэд бүдүүлэг яриатай чөлөөт морьтонгууд гээд Аръяа бүгдтэй
нь нөхөрлөж чадна. Гэвч мал нядлагчийн хүү арван гурван настай зэрлэгдүү Миках бүгдээс
дор байсан бөгөөд махны тэргэнд унтаж бойны үнэр ханхлуулж явдаг байлаа. Түүнийг ганц
харахад Сансагын дотор муухайрч байхад, Аръяа түүнийг нөхрөө болгохоор эрхэмлэжээ.
Сансагийн тэвчээр бүрэн алдагдав.

- Чи надтай хамт явах ёстой. Хатан хаанд татгалзаж болохгүй. Септа Мордэйн ингэж хэлсэн
гэж хатуу хэлэхэд Аръяа үл тоомсорлон сойздох зуураа эвшээлээ. Намериа гийнан мултран
зугтлаа.

- Алив эргээд ир!

- Тэнд нимбэгтэй бялуу, цай байгаа гэж Санса бүх насанд хүрэгчдийн адил ухаалагаар
үргэлжлүүлэв. Хатагтай хойд хөлийг нь шөргөөв. Санса түүний чихийг маажихад Хатагтай
дэргэд нь суугаад Аръяа Намериа хоёрын хөөцөлдөхийг ширтэнэ.

- Яагаад чи өмхий үнэртэй хөгшин гүүн дээр сууж бүх биеэ хөх няц болгож байснаас өдөн
дэр налж суугаад хатантай хамт бялуу идэж болохгүй гэж?

- Надад хатан таалагддаггүй гэж Аръяа хайхрамжгүй хэлэв. Санса түүний үгэнд цочирдон
амьсгал давхацсан ч дүү нь чалчсаар байлаа.

- Тэр намайг Намериаг авч явахыг ч зөвшөөрөхгүй гээд сойзоо бүсэндээ хавчуулаад чоно
руугаа мярайхад Намериа түүнийг болгоомжлон харав.

- Хатан хааны тэрэг бол чоно байх газар биш. Тэгээд ч гүнж Мирцелла тэднээс айдагыг
мэднэ биз дээ.

- Мирцелла чинь жижиг хүүхэд шүү дээ гээд Аръяа Намериагийн хүзүүнээс шүүрэн авч
сойзоо гаргатал зэрлэг чоно ухасхийн мултраад зугтав. Уурссан Аръяа самаа чулуудаж,

- Өөдгүй муу чоно! гэж хашгирлаа.

Санса тэсгэлгүй инээвхийлэв. Нохой маллагч нэг удаа түүнд амьтан эзэнтэйгээ адилхан зан
авиртай байдаг гэсэн билээ. Тэр Хатагтайг түргэхэн тэврээд хацрыг нь долоосонд хөхөрлөө.
Аръяа үүнийг сонсоод огцом зогсож ууртай харцаар эргэж харав.

- Би чамайг юу ч хэлсэн байлаа гэсэн явах л болно гээд морь шиг царайгаараа ямар нэг
гөжүүд зүйл хийдэг үеийнх шигээ зөрүүдлэн ширтэв.

- Бурхан минь Аръяа заримдаа чи жаахан хүүхэд шиг аашлах юм. Тэгвэл би ганцаараа явлаа.
Энэ зам нөгцөөх хамгийн сайхан арга. Хатагтай бид хоёр хамаг нимбэгтэй бялууг идэж
чамгүй цагаа сайхан өнгөрүүлэх болно гээд явахаар эргэхэд Аръяа араас нь,

- Чамд Хатагтайг чинь авч явахыг зөвшөөрөхгүй дээ гэж хашгираад Санса хариултаа бодож
амжихаас урд Намериаг хөөн голын эрэг дагуу арилав.

Ганцаардаж гутаан доромжлогдсон Санса дэн буудал руу гэлдрэхдээ септа Мордэйн хүлээж
буйг мэдэж байлаа. Хатагтай дэргэд нь чимээгүй шогшуулна. Тэр нулимс унагахын даваан
дээр байв. Тэр бүгдийг дуунд гардаг шиг бүтэмжтэй сайхан байгаасай гэсэн ганцхан зүйл
хүссэн. Яагаад Аръяа гүнж Мирцелла шиг биеэ авч явж болдоггүй юм болоо? Тэр ийм л
дүүтэй болохыг хүсч байв.

Санса хэзээ ч хоёр насны зайтай төрсөн эгч дүү хоёр хоорондоо ийм ялгаатай байдгийн учрыг
олсонгүй. Аръяа эцэг нэгтэй ах Жон шиг бутач байсан бол хамаагүй дээр байлаа. Тэр
Старкынхны бор үс, гонзгой царайгаараа Жонтой туйлын адилхан бөгөөд хатагтай ээжээсээ
юуг ч өвлөсөнгүй. Жоны ээжийг дорд гаралтай хүн байсан гэж хүмүүс шивнэлддэг билээ.
Санса жаахан байхдаа нэг удаа ээжээсээ ямар нэг алдаа гарсан эсэхийг асуужээ. Магадгүй
грамкин жинхэнэ дүүг нь хулгайлан одсон байх. Гэвч ээж инээд алдаад үгүй гэж хэлсэн
бөгөөд Аръяа түүний мах цусны жинхэнэ дүү гэж хэлжээ. Санса ээжийгээ худал хэлсэн
бодоогүй тул энэ үнэн байж таарлаа.

Тэр буудлын төвд ойртон ирээд бухимдлаа даруйхан мартав. Хүмүүс хатан хааны дугуйтай
тэргийн эргэн тойрон шавжээ. Санса зөгийн үүр дүнгэнэх адил хүмүүсийн хөөрсөн хоолой
дүнгэнэхийг сонслоо. Тэгтэл хаалга нээгдэж хатан хаан модон шатны оройд гарч ирээд доор
байсан хүн рүү инээмсэглэн,

- Зөвлөл бидэнд гүн хүндэтгэл үзүүлж, эрхэм лордуудаа гэв.

- Юу болсон бэ? гэж Санса танил хиагаас асуув.

- Зөвлөл Хааны газраас биднийг угтан үлдсэн замын турш дагалдахаар хүндэт харуулын
морьтонгууд явуулжээ.

Санса сэтгэл догдлон харахаар цугласан хүмүүсийн дундуур чонотойгоо зүтгэлэв. Хүмүүс
зэрлэг чоныг хараад яаран хажуу тийш зайлж байлаа. Дөхөж очсон хойно Санса хатан хааны
өмнө өвдөг сөгдсөн нүд гялбам хуяг дуулгатай хоёр хүлэг баатрыг харав.

Нэг хүлэг баатар нь шинэхэн орсон цас адил гялалзсан хуяг өмсөж мөнгөн тээглүүр товч
зүүсэн нь нарны гэрэлд гялалзана. Түүнийг дуулгаа тайлах үед Санса дуулга шигээ цайвар
үстэй хөгшин хүн байхыг харсан бөгөөд хүчирхэг уян налархай хөдөлгөөнтэй ажээ. Тэр
мөрөндөө Хааны бие хамгаалагчдын цагаан нөмрөг зүүсэн байв.

Түүний дагалдагч болох хориод насны залуу гүн ногоон ойн өнгөтэй хуяг дуулга өмсчээ. Түүн
шиг үзэсгэлэнтэй хүн Санса харж байсангүй. Өндөр хүчирхэг, ухаалаг цэвэрхэн царайг нь
эмжсэн тас хар үстэй, дуулгатай адилхан ногоон нүдээр инээмсэглэнэ. Нэг гартаа эвэртэй
дуулга барьсан нь алт шиг туяаран гялалзана.

Санса эхлээд гурав дахь үл таних хүнийг анзаарсангүй. Тэр бусдынхаа адил өвдөг сөгдсөнгүй.
Морьдынхоо дэргэд зогсоод болж буй үйл явдлыг баргар царайгаар чимээгүйхэн ширтэнэ.
Тэр сахалгүй барзгар царайтай, хөнхөр хацар, гүн шигдсэн нүдтэй байв. Төдийлөн хөгшивтөр
биш агаад чихнийх нь дээгүүр цухуйсан хэдхэн үс эмэгтэй хүнийх шиг урт аж. Ширэн
давхарга бүхий элэгдсэн ердийн төмөр хуяг өмсчээ Баруун талын мөрөн дээгүүр нь
нуруундаа зүүсэн ширэн хуйтай илдний бариул цухуйна. Бүсэндээ агсахад уртадхаар хоёр
гараараа барьдаг урт илд байлаа.

- Хаан анд явсан ч буцаж ирэхдээ та нарыг хараад баяртай байна гэдэгт итгэлтэй байна гэж
хатан өвдөг сөгдсөн хоёр хүлэг баатарт хэлэхэд Санса гурав дахь хүнээс нүд салгаж
чадсангүй. Тэр түүний харцыг мэдэрсэн бололтой толгойгоо удаанаар эргүүлэв. Хатагтай
архирлаа. Дотор нь гэнэт айдас хуралдан Санса Старк арагш ухарлаа.

Хүчирхэг гар мөрнөөс нь зуурахад Санса эцгээ байх гэж бодсон ч эргээд Сандор Клеганы
түлэгдсэн царай дээрээс нь ширтэн ам нь дооглонгуй мушийхийг үзэв.

- Чи бүр чичирч байх шив дээ, охин минь. Би чамайг тийм их айлгалаа гэж үү? хэмээн
сөөнгөтөв.

Түүнтэй анх уулзахад түлэгдсэн царайг нь хараад энэ үнэний хувьтай байсан ч... одоо бол
үүнээс ондоо айлгах зүйл байх шиг санагдав. Санса түүнээс мултран холдоход Хоточ инээд
алдан Хатагтай дэргэд нь ирэн сүрдүүлэн архирав. Санса өвдөглөн суугаад чоноо тэврэв.
Эргэн тойрны бүх хүн ам ангайн ширтэхэд шоолонгуй үг сонсогдон инээд цуурайтав.

- Чоно байна гэж нэг хүн хэлсэнд,

- Долоон там минь гэж энэ чинь зэрлэг чоно байна шүү дээ гэж өөр нэг хүн хэлэв. Тэгтэл
эхний хоолой,

- Энэ чоно буудалд юу хийж байгаа юм бол? гэхэд Хоточ хариуд нь сөөнгө хоолойгоор,

- Старкынхан тэднийг хүүхэд асрагчын оронд авдаг юм гэлээ.

Санса үл таних хоёр хүлэг баатар Хатагтай руу ширтэн илдээ сугалахыг хараад айдас ичгүүр
төрөхийн зэрэгцээ нүдэнд нь нулимс цийлэгнэв.

Тэгтэл хатан,

- Жоффрей түүн рүү оч гэх сонсогдоод ханхүү дэргэд нь хүрч ирлээ.

- Түүнийг тайван орхи гээд Жоффрей Хотчид тушаахад цэнхэр ноосон дээр хар шир
давхарласан гайхалтай сайхан хувцас өмсөж нарны гэрэлд алтлаг буржгар үс нь титэм адил
гялалзав. Тэр гар сунган дээш татан босгоод,

- Хонгор хатагтай минь яагаа вэ? Чи юунаас ингэтлээ айсан юм? Хэн ч чамайг өвтгөхгүй.
Ингэхэд та нар наад илдээ холдуул. Энэ чоно бол түүний тэжээмэл амьтан байгаа юм гээд
Сандор Клеган руу харж,

- Харин чи нохой минь түүнээс холхон байгаарай. Чи миний сүйт бүсгүйг айлгаад байна гэв.

Хоточ үргэлжид байдаг шигээ үнэнчээр бөхийн ёслоод олны дунд уусан алга болов. Санса
хөл дээрээ тогтвортой зогсохыг хичээлээ. Тэр яг тэнэг амьтан шиг өөрийгөө мэдэрч байв.
Тэр Винтерфеллийн Старк, язгууртан гаралт хатагтай ирээдүйн хатан хаан болох шүү дээ.

- Түүнээс болсон юм биш, хан хүү минь гээд тайлбарлахыг хичээн,


- Өөр хүнээс болсон юм гэж хэлэв.

Хоёр үл таних хүлэг баатар харц солилцоод,

- Пэйнээс болоо юу? хэмээн ногоон хуягтай залуухан баатар хөхөрлөө.

Харин цагаан хувцастай хөгшин нь Сансад хандан эелдэгхэнээр,

- Заримдаа сэр Иллин намайг ч гэсэн айлгадаг юм, хонгор хатагтай. Аймшигтай төрхтэй хүн
шүү гэв.

- Тэгсэн байж таарна гээд хатан дугуйтай тэргэнээс уруудан ирэхэд үзэгчид хоёр хуваагдан
зай тавилаа. - Хэрвээ хааны шүүхээс айгаагүй бол бид буруу хүн албандаа авчээ гэхэд Санса
эцэст нь хэрэгтэй үгээ олж,

- Таныг зөв хүнээ сонгосон гэдэгт итгэлтэй байна, эрхэм дээдсээ гэхэд эргэн тойронд нь
инээд хадав.

- Энэ хүүхэд Эддард Старкын охины ёсоор сайхан хэллээ. Бидний уулзалт таагүй болсон ч
танилцахад таатай байна. Би бол хааны хамгаалагч Барристан Сэлми байна гэж цагаан
хуягтай хөгшин хүн хэлээд бөхийн ёслов.

Санса энэ нэрийг мэдэх тул энэ бүх жилүүдэд септа Мордэйний зааж өгсөн эелдэгхэн үгс
урсан орж ирэв.

- Өмнөх Аерис Таргарины болоод Роберт хааны зөвлөх, Хааны хамгаалалтын ерөнхий
захирагч. Энэ бол их хүндэтгэл, эрхэм хүлэг баатар минь. Умард зүгт ч дуучид Зоригт
Барисстаны үйл хэргийг магтан дуулдаг билээ гэв.

Ногоон хүлэг баатар ахин хөхөрлөө.

- Чи Хөгшин Барристан гэж хэлэх гээ юу. Түүнтэй ингэж харьцах хэрэггүй дээ хүүхэд минь.
Өөрийгөө их юманд бодчихоод байгаа юм. За тэгээд чонотой охин минь намайг зөв нэрлэж
чадах юм бол чамайг үнэхээр манай Гарын охин мөн байна гэж зөвшөөрье гэхэд Жоффрей
дэргэд нь хөшиж,

- Миний сүйт бүсгүйтэй хүндэтгэлтэй харьцсан чинь дээр шүү гэхэд Санса хан хүүгийн
уурыг намдаахын тулд түргэхэн,

- Би үүнд хариулж чадна гээд ногоон хүлэг баатар руу инээмсэглэж,

- Таны дуулга дээр алтан эвэр байна, эзэнтээн. Буга бол хааны овгийн бэлэг тэмдэг билээ.
Хаан Робертод ах дүү хоёр бий. Хувь заяаны дагуу та дэндүү залуухан болохоор Шуурганы
адгийн эзэн, хааны зөвлөх Рэнли Баратеон байна гэв.

Сэр Барристан инээмсэглэж,


- Хувь заяаны дагуу дэндүү залуухан болохоор би түүнийг цовхичсон болжмор гэж нэрлэдэг
юм гэв.

Энэ нь нижгэнэсэн инээд дагуулахад лорд Рэнли мөн адил хөхөрлөө. Хэдхэн мөчийн өмнөх
айдас үгүй болж Санса тайвширч эхэлтэл... сэр Илли Пэйн хоёр хүний мөрөн дээрээс татан
холдуулаад урд нь огт инээмсэглэсэнгүй зогсов. Тэр үг дуугарсангүй. Хатагтай шүдээ
ярзгайлган заналхийлсэн дуугаар сүрдүүлэн архирахад Санса чонынхоо толгойг илэн
чимээгүй болгов.

- Таныг гомдоосон бол намайг уучлаарай, сэр Иллин.

Тэр хариу хэлэхийг хүлээсэн ч үг дуугарсангүй. Өнгөгүй цайвар нүдээрээ цоо ширтэн хувцас
нэвтлэн арьсыг нь нүцгэлэх шиг болов. Тэгснээ нэг ч үг хэлэлгүй эргээд цааш явлаа.

Санса юу ч ойлгосонгүй хан хүү рүү ширтэв.

- Эрхэм дээдсээ би буруу юм хэлсэн гэж үү? Тэр яагаад надтай ярьсангүй вэ?

- Сэр Илин сүүлчийн арван дөрвөн жилийн турш тийм ч яриа бус байгаа юм хэмээн лорд
Рэнли зальжин инээмсэглэв.

Жоффрей авга ахаа үзэн ядсан харцаар ширвээд Сансагын гараас атгаж,

- Аерис Таргарин түүнийг хэлийг улайссан бахиар суга татчихсан юм гэлээ.

- Гэвч илдээрээ мөн адил уран ярьж чадах болохоор манай хаант улсад үнэнч зүтгэх нь
эргэлзээгүй гэж хатан хаан хэлээд дур булаам инээмсэглэж,

- Санса би хааныг аавтай чинь буцаж ирэх хүртэл зөвлөхүүдтэйгээ ярилцах хэрэгтэй байна.
Чиний Мирцеллатай явах өдөр хойшилсон гэж айж байна. Дүүдээ миний уучлал гуйлтыг
дамжуулаарай. Жоффрей чи манай зочныг өнөөдөр эелдэгээр зугаацуулна биз дээ? гэв.

- Дуртайяа ээжээ гэж Жоффрей албархуу хэлээд Сансагын гараас хөтлөн дугуйтай тэрэгнээс
холдуулахад охины зүрх хөөрөн булгилав. Тэр бүтэн өдөржингөө хан хүүтэй байх нь. Тэр
Жоффрейгийн хичнээн сүрлэг болохыг бишрэн ширтлээ. Түүнийг сэр Иллин болон Хоточоос
аварсан нь дуучдын туульсад өгүүлдэгчлэн Толин бамбайт Сэрвин гүнж Аэйриссийг аврага
биетээс, Луун хөлөг баатар ханхүү Аемон хатан хаан Нэйрисийг муу ёрын сэр Моргилийн
бузар гүтгэлгээс аварсантай адил зүйл болжээ.

Жоффрейгийн гар ханцуйд нь хүрэхэд Сансагын зүрх хурдсан цохилов.

- Чи юу одоо юу хийхийг хүсч байна? гэхэд "Чамтай хамт баймаар байна" гэж бодсон ч,

- Таны хийх дуртай зүйлийг хийе, ханхүү гэв.

Жофррей агшин зуур бодлогоширсоноо,


- Тэгвэл мориор зугаалъя гэлээ.

- Хөөх би мориор явах ямар дуртай гээч хэмээн Санса дуу алдав.

Жоффрей араас нь өсгий даран явж буй Хатагтай руу харж,

- Миний Нохой чамайг айлгадагын адил чоно чинь морьдыг айлгаад байна. Тэднийг хоёуланг
нь ард орхиод зөвхөн өөрсдөө явбал яаж байна? гэв.

Санса тээнэгэлзсэнээ,

- Хэрвээ та хүсч байвал би Хатагтайг оосорлоё гэж асуултыг сайн ойлголгүй хэлээд,

- Харин би чамд нохой байдаг гэж мэдсэнгүй... гэхэд Жоффрей хөхөрлөө.

- Тэр үнэндээ миний ээжийн нохой байгаа юм. Ээж л түүнийг намайг хамгаалуулахаар
тавьсан хэрэг.

- Ингэхэд нохойны тухайд гэснээс гээд Санса ойлгоогүйдээ өөрийгөө цохихыг хүслээ. Ханхүү
хэзээ ч ийм тэнэг хүнд дурлахгүй нь лавтай.

- Түүнгүй явахад аюул тохиолдохгүй биз дээ?

Ханхүү Жоффрей түүний үгэнд уцаарлангуй харав.

- Айх хэрэггүй, хатагтай минь. Би бараг л насанд хүрсэний дээр чиний ах нартай чинь адил
модоор байлддаггүй. Зөвхөн энэ байхад хангалттай гээд урт илдийг хуйнаас нь чадмаг
сугалан үзүүлэхэд ширэн бариулын үзүүрт арслангын толгой сийлсэн цэнхэр илд гялалзав.
Санса гайхан бишрэхэд Жоффрей сэтгэл хангалуунаар,

- Би үүнд Арслангын Шүд гэж нэр өгсөн гэв.

Тэд зэрлэг чоно, бие хамгаалагчаа ардаа орхиод Сэрээний хойд эрэг өөд Арслангын шүдээр
хамгаалуулан явлаа.

Гайхамшигтай сайхан үлгэрийн гэмээр өдөр байв. Агаар дулаахан цэцэгсийн анхилам үнэр
ханхалж Сансагын умард зүгт харж байгаагүй үзэсгэлэнтэй модод ногоорно. Ханхүү
Жоффрей унаж буй морь салхи шиг хурдан тул Санса гүүгээ арай ядан шавдуулж явлаа. Энэ
нь адал явдлын өдөр болжээ. Тэд горхийн эрэг дээр сүүдэрт муурын агуй байхыг илрүүлж,
гэдэс өлсөхөд Жоффрей утаа уугиж буй байшин олоод ханхүү хатагтай хоёрт хоол, дарс
өгөхийг тушаав. Тэд горхиноос шинэхэн барьсан хулд загас идэх зуур Санса урьд хожид
байгаагүй их дарс уув.

- Эцэг минь найран дээр ердөө ганц хундага уухыг зөвшөөрдөг байсан гэж ханхүүд хэлэхэд,

- Миний сүйт бүсгүй дарсыг хүссэнээрээ ууж болно гээд Жоффрей хундагыг дүүргэлээ.
Тэд хоол идсэний дараа удаан сажлуулав. Жоффрей явах зуураа цээл тунгалаг хоолойгоор дуу
аялж Сансагын толгой дарсанд үл мэдэг манарна.

- Буцах болоогүй юу? гэж асуухад,

- Удахгүй буцна гэж Жоффрей амлаад,

- Горхины тахирласан хэсэг урьд нь тулалдааны талбар байсан юм. Миний эцэг Рэйгэр
Таргарингийг алсаныг чи мэднэ дээ. Тэр түүний цээжний хуягыг ингэж цөм цохисон хэмээн
байлдааны алх хэрхэн хэрэглэснийг дүрслэн үзүүлж,

- Бас миний нагац ах Жейм хөгшин Аерисийг алж эцгийг минь хаан болгосон. Ингэхэд юун
чимээ гараад байна? гэв.

Санса ойд мод тас нясхийн цуурайтах чимээ сонсов.

- Мэдэхгүй. Жоффрей хоёулаа буцацгаая гэж сэтгэл зовнин хэллээ.

- Би ойртож юу болохыг нь хармаар байна гээд Жоффрей морио чимээ гаргасан зүг
эргүүлэхэд Сансад дагалдахаас өөр сонголт байсангүй. Мод харших чимээ чангарснаа
ойртоход уухилах дуу гарав.

- Тэнд хэн нэгэн тэнд байна гээд Санса сэтгэл түгшин хэлээд Хатагтайг дагуулж гараагүйдээ
харамслаа.

- Надтай байхад чи аюулгүй гээд Жоффрей Арслангын шүдээ хуйнаас нь сугалахад шархийх
чимээ чимээ Сансаг чичиргэлээ.

- Ийшээ гээд Жоффрей модны дундуур гарлаа.

Горхины дэргэдэх цагаахан чөлөөнд хүү, охин хоёр хүлэг баатар болон тоглож байв. Тэд
илдний оронд шүүрний ишнээс авсан модон саваа барин тулалдаж байсан бөгөөд зүлгэн
дээгүүр гүйлдэн өөд өөдөөсөө цавчилдана. Хүү арай ахмад толгой өндөр хүчтэй болохоор
дайралтанд давамгайлж байлаа. Шавар болсон хувцастай туранхай охин хөвгүүний ихэнхи
дайралтыг няцааж чадсангүй. Гэсэн ч түүнийг довтлохыг оролдоход савааг нь хажуу тийш
цохин хуруу руу нь хатгалаа. Охин хашгиран зэвсгээ алдав.

Ханхүү Жоффрей хөхөрлөө. Хүү нүдээ томруулан эргэн тойрноо гайшхиран харснаа саваагаа
зүлгэн дээр хаяв. Охин тэдэн рүү муухай харж нударга зангидахад Санса айдаст автаж,

- Аръяа гэж үл итгэн дуудав.

- Эндээс холд. Чи энд юу хийж байгаа юм? Биднийг орхи гэж Аръяа уурандаа нулимс
цийлэгнүүлэн хашгирлаа.

Жоффрей Аръяа руу нэг харснаа Санса руу эргэн харж,


- Энэ чиний дүү юу? гэхэд улайн толгой дохилоо. Жоффрей өтгөн улаан үстэй сэвхтэй хүүг
шинжин харав.

- Чи хэн гээч вэ? гэж хүүг насаар ахмад болохыг нь үл ойшоосон өнгөөр тушаав.

- Миках гэж хүү бувтнаснаа өмнөө ханхүү байгааг ойлгож нүд буруулан,

- Эзэнтээн гэв.

- Тэр бол нядлагчийн хүү гэж Санса хэлэхэд,

- Миках бол миний найз. Түүнийг тайван орхи гэж Аръяа уурсан хэлэв.

- Нядлагчийн хүү хүлэг баатар болохыг хүссэн юм биз дээ? гээд Жоффрей мориноосоо буун
илдээ гартаа барьж,

- Илдээ ав, нядлагчын хүү минь. Чиний хэр сайн тулалдаж чаддагыг харъя гэж нүдэнд
баярын оч гийн хэллээ.

Миках айдаст автан хөдөлгөөнгүй зогсов.

Жофррей түүн рүү очлоо.

- Алив ээ, түүнийгээ ав. Эсвэл чи зөвхөн жижиг охидтой тулалддаг юм уу?

- Тэр надаас гуйсан юм эзэнтээн. Тэр надаас гуйсан.

Санса Аръяа руу ганц хараад дүүгийнхээ улайсан царайнаас хүү үнэнийг хэлснийг мэдсэн ч
Жоффрей сонсоогүй дүр эсгэв. Дарс түүнийг хөөргөжээ.

- Чи илдээ авахгүй юм биз дээ? гэхэд Миках толгой сэгсэрлээ.

- Энэ бол ердөө саваа шүү дээ, эзэнтээн. Илд биш ердийн нэг саваа.

- Харин чи бол нядлагчийн хүү болохос хүлэг баатар биш гээд Жоффрей Арслангын шүдний
үзүүрээр Микахийн хацарт хүргэхэд хүү чичирлээ.

- Миний хатагтайн дүүг цохивол яадгыг мэдэж ав? гэхэд Микахийн хацрыг зүсэхэд улаан цус
урсав.

- Үүнийгээ зогсоо! гээд Аръяа хашгираад газар унасан саваагаа шүүрч авахад Санса эмээн,

- Аръяа одоохон больж үз гэв.

- Би түүнийг нэг их... өвтгөхгүй... гэж ханхүү Жоффрей нядлагчийн хүүгээс харц салгалгүй
Аръяад хэлэв.

Аръяа түүн рүү явлаа.


Санса гүүнээсээ гулган буусан ч хэтэрхий хожимджээ. Аръяа гартаа барьсан саваагаараа
дэлсэхэд тас хийх чимээ гарч мод ханхүүгийн шилэн хүзүүн дээр хугараад бүх зүйл Сансагын
айдаст автсан нүдний өмнө өрнөв. Жоффрей найгаснаа хараал тавин орилж эргэлээ. Миках
хөлийн хурдаар зугтан модны цаагуур зугтан алга болов. Аръяа ханхүүг ахин цохиход энэ
удаад Жоффрей Арслангын шүдээр хааж хугарсан саваа гараас нь мулт үсрэв. Түүний шилэн
хүзүүнээс цус урсаж нүдэнд нь гал асчээ. Санса хашгирав.

- Үгүй ээ, үгүй үүнийгээ зогсоо. Зогс гэж байна шүү. Та хоёр бүгдийг сүйтгэж байна гэж
хашгирсан ч тэдний хэн ч сонссонгүй. Аръяа чулуу шүүрэн Жоффрейгийн толгой руу
чулуудсан ч оронд нь морийг нь оносонд дэлээ сүүлээ хийсгэн Микахийн араас довтолгон
одов.

- Зогс, хэрэггүй үүнийгээ больж үз гэж Санса хашгирлаа.

Жоффрей Аръяаг илдээр цавчиж аймшигтай хараалын үгс урсгав. Айсан охин арагш үсрэн
зугтахад Жоффрей араас нь хөөж мод руу шахав. Санса яахаа мэдсэнгүй. Тэр болж буй үйл
явдал хөдөлж чадалгүй ширтэхэд нүдээр нь дүүрэн нулимс цийлэгнэв.

Тэгтэл бүрэлзсэн саарал юм хажуугаар нь цахилан өнгөрөөд гэнэтхэн Намериа гарч ирэн
Жоффрейгийн илдтэй гарнаас эрүүгээрээ зуулаа. Илд түүний хуруунаас мулт үсрэн чононд
цохиулан газар унаж хоёул ногоон дээр өнхөрөв. Чоно түүнийг архиран өнхрүүлэхэд ханхүү
өвдсөндөө хашгирав.

- Түүнийг зайлуул. Зайлуулаач гэж орилов.

Аръяагийн хоолой ташуур шиг тас нясхийж,

- Намериа гэж дуудав.

Зэрлэг чоно Жоффрейг орхиод Аръяа руу гүйлээ. Хан хүү ногоон дээр шархадсан гараа барин
ёолон хэвтэнэ. Цамц нь цус болжээ.

- Тэр чамайг тийм ч их... өвтгөөгүй гээд Аръяа газар унасан Арслангийн шүдийг авч илдийг
хоёр гараараа өргөлөө.

Жоффрей түүнийг хараад айсандаа гонинож,

- Үгүй. Намайг битгий өвтгөөч. Ээждээ хэлнэ шүү гэв.

- Түүнийг зүгээр орхи гэж Санса дүү рүүгээ хашгирлаа.

Аръяа бүх хүчээрээ илдийг агаарт эргэлдүүлэн шидэхэд цэнхэр илд наранд гялалзан голын
усанд цүлхийн далд ороод долгион үүсгэв. Жоффрей орилон ёолов. Аръяа морь луугаа гүйхэд
Намериа араас нь дагалаа.

Тэднийг явсан хойно Санса ханхүү рүү очив. Тэр өвчиндөө яраглан нүдээ аньж түргэн
амьсгаадна. Санса дэргэд нь өвдөглөн нулимс асгаруулж,

- Жоффрей. Тэдний юу хийснийг хараач. Хөөрхий ханхүү минь айх хэрэггүй дээ. Би буудал
руу яваад чамд тусламж авчиръя гээд зөөлөн цайвар үсийг нь илбэхэд нүдээ огцом нээж
зэвүүцэл дүүрэн харснаа ,

- Тэгээд яваач. Надад битгий хүр гэж зандарлаа


ЭДДАРД

- Тэд түүнийг олжээ, эзэнтээн гэхэд Нэд яаран өндийж,

- Манайхан уу Ланнистерийн хүмүүс үү? гэв.

- Жори түүнийг олсон. Ямар нэг зүйл тохиолдоогүй эсэн мэнд гэж бойдоо Вэйнон Пол өчив.

- Бурханд баярлалаа гэж Нэд дуу алдав. Түүний хүмүүс дөрвөн өдрийн өмнөөс Аръяаг хатан
хааны хүмүүсийн хамт эрж байгаа билээ. - Тэр хаана байна? Жорид түүнийг даруйхан над
руу авчир гэж хэл.

- Өршөөгөөрэй, эзэнтээн. Хаалган дээр Ланнистерийн хүмүүс харуулд зогсож байсан


болохоор Жори түүнийг авчирахыг хараад хатан хаанд илтгэсэн. Түүнийг шууд хааны өмнө...
гэхэд,

- Энэ эмэгтэйг хараал идээсэй! гээд Нэд хаалга руу зүглэх зуураа,

- Сансаг олж үүдний танхимд авчир. Түүний үг хэрэг болж магад гэж тушаагаад цамхагын
шатаар уурандаа багтрах шахам уруудлаа. Тэр Аръяаг алга болсон өдрөөс хойш гурав
хоногийн турш хайж бараг унтсангүй. Өнөө өглөө ядарсандаа хөл дээрээ арай ядан тогтож
байсан ч уурандаа хүч нь ахин сэргэжээ.

Шилтгээний хашаанд хүмүүс дуудсан ч Нэд яаран алхлах зуураа тоосонгүй. Тэр бараг гүйхэд
бэлэн байсан ч Хааны гар болохоор намбатай байх шаардлагатай байв. Хүмүүс араас нь
дагуулан харж юу хийх гэж байгаа талаар нь гүнгэнэлдэнэ.

Тэд Сэрээнээс өмнө зүгт хагас өдрийн зайд байх даруухан шилтгээнд буудаллажээ. Аръяа
болон нядлагчийн хүүг голын хоёр эргийн дагуу самнан хайж байх зуур Хааны цуваа лорд сэр
Рэймэн Дарригийн гэрт урилгагүй зочид болж байв. Тэдний ирэлт таатай байсангүй. Сэр
Рэймэн хааны захиргаан дор энхийг сахин амьдрах хэдий ч гэр бүл нь Рэйгэрийн Сэрээн дэх
тугчин байсан бөгөөд тулааны үеэр гурван ах нь амь үрэгдсэнийг Роберт, Рэймэн хоёрын хэн
ч мартсангүй билээ. Хааны хүмүүстэй Дарри, Ланнистер, Старкийн хүмүүс давчуу
шилтгээнд багтаж ядан чихцэлдэж уур амьсгал хүнд байв.

Хааныг сэр Рэймэний үүдний танхимд заларч байхад Нэд очив. Өрөөнд дүүрэн хүн
цугларчээ. "Дэндүү их хүн байна" гэж Нэд бодов. Магадгүй Роберттой хоёулхнаа байсан бол
асуудлыг зүйгээр шийдэх ч байсан юм билүү.

Роберт танхимын эцэст байх Дарригийн өндөр суудалд баргар царайлан лагхийн сууна.
Церцей Ланнистер дэргэд нь хүүгийнхээ хамт зогсож байв. Хатан хаан Жоффрейгийн
мөрнөөс гараараа барьжээ. Хүүгийн гар зузаан торгон боолттой хэвээр байлаа.

Жори Касселийг эс тооцвол Аръяа өрөөний дунд ганцаар зогсоод бүгдийн харц түүн рүү
ханджээ.
- Аръяа! гэж Нэд чанга дуудаад түүн рүү ухасхийхэд чулуун шалан дээр хөлийн чимээ
цуурайтлаа. Аръяа түүнийг хармагц хашгиран уйлж эхлэв.

Нэд өвдөг сөгдөн чичирсэн охиноо тэвэрлээ.

- Намайг уучлаарай. Уучлаарай, уучлаарай гэж Аръяа енгэнүүлэх зуураа шивнэлээ.

- Мэдэж байна гээд Нэд тэвэрт нь өчүүхэн мэт санагдах нарийхан туранхай жижигхэн охиноо
яаж ийм их үймээн дэгдээж чадсаныг гайхав.

- Чи гэмтээгүй биз дээ?

- Үгүй. Гэхдээ өлсөж байна. Би жаахан жимснээс өөр юу ч идээгүй гээд тоос шороо болсон
халтар нүүрэн дээгүүр нь нулимс ягаан мөр татуулан урсав.

- Бидэнд чамайг цатгах хангалттай хоол бий гэж Нэд амлаад босож хааны царай луу ширтэн,

- Энэ бүхэн чинь ямар учиртай юм? гээд харцаа өрөөн дундуур гүйлгэн нөхөрсөг царай
хайлаа. Түүний өөрийн хүмүүс байсан ч хэт цөөхүүлээ байв. Сэр Рэймэн Дарри тогтуун
ширтэж, Лорд Рэнли инээдээ барьж ядан хагас инээвхийлж, хөгшин сэр Барристан
гашуудангуй байхад үлдсэн нь Ланнистерийнхны хүмүүс дайсагнасан харцаар ширтэнэ. Гэвч
аз болоход Жейм Ланнистер Сандор Клеганы хамт Сэрээнээс умард зүг дэх хайгуулыг
тэргүүлэн одсон тул байсангүй.

- Яагаад надад охин минь олдсоныг дуулгаагүй юм? гэж Нэд хоолойгоо чангаруулан хэлээд,

- Яагаад түүнийг над руу шууд авчраагүй юм? гэв.

Тэр Робертод хандан хэлсэн ч Церцей Ланнистер хариуллаа.

- Чи хаантай яаж ингэж харилцаж зүрхэлж байна! гэхэд хаан суудал дээрээ займчин,

- Чимээгүй эмэгтэй минь гэж зандраад цэхлэн сууж,

- Өршөөгөөрэй, Нэд. Би охиныг чинь айлгах гээгүй юм шүү. Гэхдээ түүнийг энд авчирвал
ажил хэргийг түргэн дуусах шиг санагдсан гэлээ.

- Ямар ажил хэрэг? гэж Нэд мөс шиг хүйтэн хоолойгоор асуулаа.

Хатан хаан урагш алхав.

- Чи энэ тухай сайн мэдэж байгаа, Старк! Охин чинь тэр нядлагчийн хүүтэй хамт миний хүү
рүү дайрсан. Харин түүний амьтан Жоффрейгийн гарыг тасчиж хаях шахсан! гэхэд,

- Наадах чинь худал. Тэр Микахыг зодсон болохоор чоно гарыг нь жаахан хазсан гэж Аръяа
чанга хэлэв.
- Жоффрей бидэнд болсон явдлыг бүгдийг нь хэлсэн. Чи нядлагчын хүүтэй хамт түүнийг
бороохойгоор нүдэж дараа нь чоноо дайруулсан гэсэн.

- Үгүй тийм юм болоогүй гэж Аръяа нулимсаа арай ядан барьж хэлэхэд Нэд мөрнөөс нь
гараараа барилаа.

- Тиймээ тэгсэн! Тэд над руу дайрч, Аръяа Арслангын шүдийг гол руу шидсэн! гэж ханхүү
Жоффрей давшилахад Нэд түүний үг хэлэхдээ Аръяа руу харахгүй байхыг ажиглав.

- Худалч! гэж Аръяа ориллоо.

- Амаа хамхи! гэж ханхүү хариуд нь бархирав.

- Хангалттай! гэж хаан нүргэлүүлээд суудлаасаа өндийхөд хоолой нь уур хилэнгээр дүүрэн
байлаа. Нам гүм болов. Тэр Аръяа руу өтгөн сахлаа бавалзуулан ууртай ширтэж,

- Одоо хүүхэд минь надад болсон явдлыг бүгдийг хэлээд аль. Бүгдийг үнэнээр нь хэлээрэй.
Хаанд худал хэлэх бол хүнд гэмт хэрэг шүү гээд хүү рүүгээ харж,

- Түүнийг яриагаа дуусахаар чиний ээлж болно. Тэр болтол амаа хамхиж бай гэв.

Аръяа түүхээ ярьж эхэлтэл Нэд хаалга онгойх чимээ сонсоод эргэж харвал Санса Вэйгон
Полтой хамт орж ирээд ард чимээгүй зогсон яриа чагналаа. Тэр Жоффрегийн илдийг
сэрээний ус руу шидсэн тухай ярьж эхлэхэд Рэнли Баратеон тэсгэлгүй инээд алдав. Хаан
дүрсхийн уурлаж,

- Сэр Барристан миний дүүг багтарч үхэхээс нь өмнө танхимаас гарга гэв.

Лорд Рэнли инээдээ зогсоогоод,

- Миний ах хэтэрхий эелдэг юм. Би хаалгаа өөрөө олж чадна гээд Жоффрейд мэхийн ёсолж,

- Дараагийн удаа надад нойтон харх шиг есөн настай охин хэрхэн чамайг шүүрний ишээр
зэвсэггүй болгож илдийг чинь голын ус руу шидсэн тухай яриарай гээд хаалга хаахад Нэд
түүний "Арслангын шүд гэнэ шүү!" гээд ахин хөхрөхийг сонслоо.

Цонхийн цайсан ханхүү Жоффрей огтоос өөр түүх эхлүүлэв. Хүүгийнхээ яриаг дуусахад хаан
суудалдаа хүндээр өндийн суухдаа энд л биш бол хаана ч байхыг хүссэн хүн мэт харагдав.

- Долоон там минь гэж би энэ бүгдийн учрыг яаж олох болж байна? Тэр өөр зүйл хэлж
байхад нөгөө нь шал өөр зүйл ярьж байна гэхэд,

- Тэнд зөвхөн тэд байгаагүй. Санса нааш ир гээд Нэд Аръяагын алга болсон шөнө ярьсан
түүхийг нь сонссон болохоор үнэнийг мэдэж байв.

- Бидэнд юу болсоныг хэл.


Түүний том охин урагшаа итгэлгүйхэн алхлаа. Тэр цагаан эмжээртэй цэнхэр хамба хилэн
хуцвас өмсөж мөнгөн гинж хүзүүндээ зүүжээ. Өтгөн хүрэн үсээ гялалзтал самнасан байв.
Санса дүү болон залуу ханхүү рүү нүдээ анивчин харснаа,

- Мэдэхгүй гэж эндээс гарахын түүс болсон хоолойгоор нулимс цийлэгнүүлэн эмээнгүй
хэлээд,

- Би санахгүй байна. Бүх зүйл маш хурдан болоод өнгөрсөн болохоор харж амжаагүй... гэхэд,

- Өө, чи муу өөдгүй амьтан гэж Аръяа хашгирлаа. Тэр түүн рүү сум шиг ухасхийж Сансаг
газар түлхэж унагаад,

- Худалч, худалч, худалч! гэж хашгиран нүдэж эхлэв.

- Аръяа одоохон боль! гэж Нэд хашгирлаа. Жори түүнийг эгчийгээ өшиглөж байхад салгав.
Цонхийн цайж чичирсэн Сансаг Нэд хөл дээр нь босгоод,

- Чи гэмтээгүй биз? гэж асуухад Аръяа руу харж байсан учир сонссонгүй.

- Энэ охин бохир амьтан шигээ зэрлэг юм. Роберт би түүнийг шийтгэхийг хүсч байна гэж
Церцей Ланнистер хэлэв.

- Долоон там минь! гэж хэмээн Роберт хараагаад,

- Церцей түүнийг хараач. Энэ чинь ердөө хүүхэд байна шүү дээ. Эсвэл чи түүнийг гудамжинд
хөөж гаргаад ташуурдах гээ юу? Хараал идмэр гэж ердийн нэг хүүхдийн зодооноос бүгд
бүрэн бүтэн үлдэж гэхэд хатан хаан ууртайгаар,

- Жоффрей үлдсэн амьдралынхаа туршид бие дээрээ сорвитой үлдэнэ шүү дээ гэлээ.

Роберт Баратеон ууган хүү рүүгээ харлаа.

- Тиймээ тэгэх болно. Магадгүй түүнд сургамж болох биз. Нэд, чи охиноо сахилгатай байлгах
ёстойг хараа биз. Би ч гэсэн хүүгээ тийм байлгах болно.

- Баяртайгаар, эрхэм дээдсээ гэж Нэд гүнээ санаа амран хэллээ.

Роберт суудлаасаа өндийн цааш эргэсэн ч хатны ажил хэрэг дууссангүй.

- Тэгвэл зэрлэг чоно яах болж байна? Хүүг чинь гэмтээсэн араатныг яах болж байна? гэж
араас нь хашгирлаа.

Хаан зогсоод хөмсөг зангидан эргэн харлаа.

- Хараал идмэр гэж би чонын тухай бүр мартчихаж.

Нэд Аръяагийн биеэ чангалахыг хартал Жори бушуухан,


- Бид чононоос ямар ч ул мөр олоогүй, эрхэм дээдсээ гэв.

Роберт үүнд огтхон ч сэтгэлээр унасангүй бололтой.

- Үгүй гэж үү? За яахав гэхэд хатан хаан дуугаа өндөрсгөж,

- Тэр чонын арьсыг өвчиж авчирсан хүнд зуун алтан луу шагнана гэв.

- Ямар үнэтэй арьс вэ гэж Роберт гүнгэнээд,

- Би үүнд чинь оролцохгүй шүү, эмэгтэй минь. Чи Ланнистерийнхний алтаар тэр хараал
идсэн арьсаа худалдаж авдаг байгаа юм биз гэв.

Хатан хаан түүнийг хүйтэн харцаар шагнав.

- Чамайг ийм харамч нарийн гэж бодсонгүй. Тэгээд ч би нар жаргахаас өмнө чонын арьс
миний орон дээр дэлгээстэй байх болно гэж бодож байна.

Робертын царай уурандаа барайж,

- Чоно үгүй болсон байхад шал утгагүй юм гэв.

- Бидэнд чоно байгаа гэж Церцей Ланнистер ялгуусан дуугаар хөөрөн хэлэхэд ногоон нүдэнд
нь ялалтын оч гялалзав.

Хормын турш бүгд гайхширснаа дараа нь хаан ууртайгаар мөрөө хавчив.

- Дураараа бол. Харин сэр Илинээр үүнийгээ хийлгээрэй.

- Роберт чи ингэх ёсгүй гэж Нэд эсэргүүцэхэд хаан ахин маргахыг хүссэнгүй

- Хангалттай Нэд. Энэ тухай ахиж юу ч сонсмооргүй байна. Зэрлэг чоно бол галзуу амьтан.
Эрт орой хэзээ нэгэн цагт охидыг чинь миний хүүгээс дутуугүй урах болно. Түүний оронд
тэдэнд нохой авч өгсөн нь дээр.

Санса эцэст нь юу болж буйг ойлгоод айсандаа нүдээ томруулан эцгээ ширтэж,

- Тэр Хатагтайн тухай хэлээгүй биз дээ? гээд эцгийнхээ нүүрнээс үнэнийг мэдсэн бололтой,
- Үгүй. Үгүй зөвхөн Хатагтай биш шүү. Хатагтай хэнийг ч хазаагүй сайн... гэхэд,

- Хатагтай тэнд байгаагүй. Чи түүнийг ганцааранг нь орхисон! гэж Аръяа ууртай хашгирлаа.

- Тэднийг зогсоо л доо. Яагаад заавал ингэх хэрэгтэй гэж? Хатагтай л биш шүү. Энэ чинь
Аръяагийн Намериа хийсэн хэрэг. Та ингэж болохгүй. Хатагтай биш шүү. Хатагтайг минь
битгий өвтгөөч дээ. Би түүнийг сайн байлгахаа амалж байна, амалж... гэснээ Санса цурхирч
гарав.
Нэдийн хийж чадах зүйл гэвэл уйлж буй охиноо тайвшируулан тэврэх явдал байлаа. Тэр
өрөөн дундуур ямар ч ах дүүсээс илүү дотны хуучин найз Роберт руу харав.

- Гуйж байна, Роберт. Надад сайн байдгын чинь төлөө. Чиний хайртай байсан эгчийнхээ
өмнөөс гуйж байна гэхэд хаан тэдэн рүү удтал харснаа эргэж эхнэр лүүгээ ширтэн,

- Церцей чамайг хараал идээсэй гэв.

Нэд Сансагын тэврэлтээс мултран босоход өнгөрсөн дөрвөн өдрийн ядралт эргэж ирэв.

- Тэгвэл Роберт чи өөрөө хий. Зориг чинь хүрвэл өөрөө үүнийгээ хий гэж хүйтэн хоолойгоор
хэлэв.

Роберт Нэдийг гундуу харцаар ширтсэнээ үг хэлэлгүй хүнд хөлөө чирэн гарлаа. Танхимд нам
гүм болов.

- Ингэхэд зэрлэг чоно хаана байна? гэж Церцей Ланнистер нөхрөө явсан хойно асуухад
дэргэд нь ханхүү Жоффрей баясан инээмсэглэв.

- Араатныг хашааны хаалганы гадна гинжилсэн байгаа, эрхэм дээдсээ гэж сэр Барристан
Сэлми дургүйхэн айлтгав.

- Түүн рүү Илин Пэйнийг явуул.

- Үгүй ээ, хэрэггүй. Жори охидыг өрөөнд нь буцааж оруулаад надад Мөсийг авчир гээд Нэд
хоолойд нь торсон үгээ хүчлэн гаргаж,

- Хэрвээ үүнийг заавал гүйцэтгэх ёстой бол би хийх болно гэв.

Церцей Ланнистер түүнийг сэжиглэнгүй ажиглав.

- Старк чи юу? Энэ чинь ямар нэг мэх биш биз дээ? Яагаад чи ийм зүйл хийдэг билээ?

Бүгд Нэд рүү ширтсэн ч Санса харц буруулав.

- Тэр умардад төрсөн болохоор алуурчингаас илүү зүйлийг хүртэх тавилантай.

Тэр өрөөг охиныхоо нулимстай харцан дор орхиод зэрлэг чонын бэлтрэгийг гинжилсэн газар
хүрэхэд чихэнд нь цурхиралт дуулдсаар байлаа. Нэд дэргэд нь хэсэг суух зуураа,

- Хатагтай гэж нэрийг нь амтлах адил хэлэв. Тэр хэзээ ч хүүхдүүдийнхээ өгсөн нэрэнд
анхаарал хандуулж байгаагүй ч одоо харахад Сансагын өгсөн нэр зөв байлаа. Хатагтай
багавтар өнгөлөг зүстэй ааш сайтай эелдэг ажээ. Тэр түүн рүү хурц алтан нүдээрээ ширтэхэд
өтгөн саарал үсийг нь сөргүүлэн илбэв.

Удалгүй Жори түүнд Мөс авчирлаа. Ажил хэрэг дуусан хойно Нэд,
- Дөрвөн хүн сонгоод биеийг нь умард руу буцааж явуул. Винтерфеллд оршуулаарай гэв.

- Ийм хол замын турш уу? гэж Жори мэгдэн асуулаа.

- Ийм хол замаар гэж Нэд батлаад,

- Ланнистерийн хүүхэнд хэзээ ч арьс нь ногдох ёсгүй шүү гэв

Тэр цамхаг руу буцаж нойрсоод эцэст нь Сандор Клеган морьтонгуудтайгаа ангаас буцан
цайзын хаалгаар галигуулан орж ирэхэд сэрэв.

Сандор азарганыхаа нуруун дээр цус болсон хүнд боодолтой зүйл тэгнэжээ.

- Чиний охины бараа харагдсангүй, Гар минь. Гэхдээ өдрийг хоосон гарзадсангүй. Бид
түүний жижигхэн найзыг олсон гэж Хоточ сөөнгөтөн хэлээд бүтээлгийг Нэдийн урд падхийн
уналаа.

Нэд Аръяад юу гэж хэлэхээс эмээн хуйлаасыг нээн үзэхэд Намериа байсангүй. Энэ бол бараг
мөрнөөсөө бүсэлхий хүртэл аймшигтай цавчуулсан нядлагчийн хүү Микахын хатсан цусанд
будагдсан бие хэвтэж байв.

- Тэгэхээр чи түүнийг гүйцсэн юм биз дээ гэж Нэд хэлэхэд Хоточын нүд аймшигтай нохойн
толгойтой дуулганыхаа цаананаас гялалзан,

- Тэр зугтахыг оролдсон ч. Тийм хол явж дөнгөөгүй л дээ гээд хөхөрлөө.
БРАН

Бран унаснаас хойш жилийн хугацаа өнгөрсөн юм шиг санагдах ажээ. "Нис" харанхуйд
хоолой шивнэсэн ч чадсангүй тул доош унахаас өөр зам үлдсэнгүй.

Мастер Лювин түүнийг дуурайлган шавраар жижигхэн хүү хийгээд хувцсыг нь өмсгөн дээвэр
дээрээс унагав. Бран түүний хэрхэн бутран унасныг санаад,

- Би хэзээ ч унахгүй гэж унах зуураа хэллээ.

Тэртээ алсад газар цэлийж эргэн тойрон саарал манан хуйлран эргэлдээд доош хурдтай унах
зуураа юу хүлээж байгааг мэдэж байлаа. Зүүдэнд байлаа ч мөнх унаж чадахгүй билээ. Тэр
газар мөргөхийн өмнө агшин зуур сэрэх болно. Бран үргэлж газар мөргөхийн өмнө сэрдэг
учир үүнийг мэддэг байв.

- Хэрвээ тэгэхгүй бол яах вэ? гэж хоолой асуулаа.

Газар улам ойртсон ч бас л алсад хэвээр урьдынхаас мянган милийн зайд ойртжээ. Энд
харанхуй хүйтэн байлаа. Нарны гэрэл, одод байхгүй зөвхөн няц унах газар урдаас нь тосон
саарал манан дунд хоолой шивнэнэ. Тэр уйлах шахлаа.

- Битгий уйл. Нис.

- Би нисэж чадахгүй. Чадахгүй, чадахгүй... гэж Бран хэлэв.

- Чи хаанаас мэдэж байгаа юм? Оролдож үзсэн юм уу?

Хоолой цангинасан нарийхан байлаа. Бран хаанаас гарч буйг нь мэдэхээр эргэн тойрноо
харав. Дэргэд нь гар сунгаж хүрэхээргүй зайд хэрээ тойрон ниснэ.

- Надад туслаач.

- Би оролдож л байна. Эрдэнэ шиш өгөх юм уу? гэж хэрээ хариулав.

Бран харанхуйд толгой нь эргэсээр халаасаа ухав. Тэр алтан үр атгасан хуруугаа гаргаж ирэн
сунгахад асгаран хамтдаа шүнгэнэн унацгаав.

Хэрээ гаран дээр нь суугаад идэж эхлэв.

- Ингэхэд чи жинхэнэ хэрээ мөн үү? гэж Бран асуулаа.

- Харин чи жинхэнээсээ унаж байна уу? гэж хэрээ хариуд нь асуув.

- Энэ бол ердөө зүүд.

- Тийм гэж үү? хэмээн хэрээ асуулаа.


- Би газар цохин унаад сэрэх болно гэж Бран шувуунд хэлэхэд,

- Чи газар цохин унавал үхэх болно гэж хэрээ хэлээд эрдэнэ шиш идэж эхлэв.

Бран доошоо харлаа. Уулсын цаст оргил цайвалзан, харанхуй ой дундуур горхийн мөнгөн утас
хөврөнө. Тэр нүдээ аниад уйллаа.

- Тэгээд юугаар ч тус болохгүй. Би чамд нисэх хэрэгтэй гэсэн болохоос биш уйлах хэрэгтэй
гэж хэлээгүй. Үүнийг тийм хэцүү гэж бодож байна уу? Би чадаж л байгаа биз дээ гээд хэрээ
Браны гарыг тойрон нислээ.

- Гэхдээ чи далавчтай шүү дээ гэж Бран эсэргүүцэв.

- Магадгүй чамд ч гэсэн байж болох юм.

Бран өд ургана гэж найдсаар гараа дэлгэв.

- Энэ бол өөр төрлийн далавч гэж хэрээ хэлжээ.

Бран гар, хөлөө ширтлээ. Тэр хэрзгэр туранхай ясан тохсон арьс шиг болжээ. Тэр үргэлж ийм
туранхай байсан бил үү? Энэ тухай санах гэж оролдов. Тэгтэл саарал манан дундаас алтран
гялалзсан царай гарч ирээд,

- Үүнийг би хайрынхаа төлөө хийлээ гэж хэлэв.

Бран хашгирахад, хэрээ агаарт гуагчин хөөрлөө.

- Үгүй ээ, энэ л биш шүү! Үүнийг март чамд одоо хэрэггүй. Цааш нь орхи гээд Браны мөрөн
дээр суугаад тоншиход гялалзсан алтлаг нүүр алга боллоо.

Бран урьдынхаас улам хурдан доошлов. Саарал манан хажуугаар нь сүнгэнэн газар шидсэн
чулуу адил ойртов.

- Чи намайг яачихаа вэ? гэж хэрээ руу айн хашгирлаа.

- Нисэж сургаж байна.

- Би нисэж чадахгүй!

- Чи хэдийн нисэж байна.

- Би унаж байна шүү дээ!

- Ямар ч нислэг уналтаас эхэлдэг юм. Доошоо хар гэж хэрээ хэлэв.

- Би айгаад байна...

- ДООШОО ХАР!!!
Бран доош хараад дотор нь палхийлээ. Газар нүүгэлтэн ойртож ертөнц бүхэлдээ хөрвөн
хүрэн ногоон, цагаан толботой хивс мэт үзэгдэнэ. Тэр бүгдийг тод харж агшин зуурын өмнөх
айдсаа мартжээ. Тэр хаант улсын өнцөг булан бүрийг харж байлаа.

Тэр Винтерфеллд өндөр цамхаг сүндэрлэн шилтгээний хана уртаар сунан үргэлжилснийг
харлаа. Мастер Лювин тагтан дээр тэнгэр лүү толигор хүрэл хоолойгоор харж хөмсөг
зангидан номондоо юм тэмдэглэж байв. Урьдынхаас илүү өндөр хүчирхэг болсон түүний ах
Робб гадаа хашаанд жинхэнэ илдээр тулалдана. Тэгтэл аварга биетэй агтчин хүү Ходор
Миккений дарханы газар луу мөрөн дээрээ том төмөр дөш ердийн баглаа өвс аятай тавиад
хотолзтол алхаж байв. Бурхдын модон дунд аварга том цагаан зүрх модны модны тусгал хар
цөөрөмд тусан навчис нь жихүүн салхинд сэрчигнэнэ. Тэр Браны харж байгааг мэдсэн
бололтой намуухан уснаас харцаа өргөж ойлгосон харцаар ширтэв.

Тэр дорно зүг рүү давалгаан дундах хөлөг онгоц харлаа. Ээж нь хөлгийн бүхээгт ганцаар
суугаад урдах ширээн дээр тавьсан цустай хутга ширтэж, сэлүүр нэгэн жигд ханаран
өргөгдөхөд, сэр Родрик хашлага дээгүүр тэгнээд бүх бие нь чичигнэнэ. Тэдний өмнө шуурга
хуралдан, харанхуй тэнгэрт аянга цахилахыг хөлөг онгоцныхон яагаад ч юм харсангүй.

Тэгтэл өмнө зүгт Сэрээний цэнхэр ногоовтор цүнхэл хуйлран урсах үзэгдэв. Тэр эцгийгээ
хаанаас ямар нэг зүйл царайчлан гуйж гашуудалд автахыг харлаа. Санса шөнө унтахгүй уйлж,
Аръяа зүрхэн дэх нууцаа чимээгүй хадгална. Тэгтэл тэднийг сүүдэр хаман авав. Нэг сүүдэр
нүүрсэн хар нохойн аймшигт царай болоход өөр нэг нь нар шиг алтарсан хуяг дуулгатай байв.
Тэд хоёул аварга том чулуун дуулганыхаа халхавчыг нээхэд дотор нь өтгөн тунарах бараан
цуснаас ондоо юу ч байсангүй.

Тэр харцаа өргөн уйтан тэнгисийн тэртээ Чөлөөт хотуудад Дотракийн ногоон тэнгис
цэлийж, Вэйс Дотракийн уулс сүндэрлэн, Хаш тэнгисийн үлгэрийн арлууд болон Сүүдэрт
Ашайд луунууд наран мандах зүгт эргэлдэхийг харав.

Тэр эцэст нь умард зүг рүү харлаа. Хана цэнхэр болор адил гялалзан туяарч бутач ах Жон нь
хүйтэн оронд ганцаар унтаад хүйтэнд хөхөрсөн арьс нь бүх дулаан дурсамжыг хөөн арилгаж
байлаа. Хананаас цааш цасанд хучигдсан ой эцэс төгсгөлгүй үргэлжилж, хөлдүү эрэгтэй
цайвар цэнхэр мөсөн гол бүхий амьд хүн оршин суудаггүй үхлийн хөндий үзэгдэнэ. Түүнээс
цаашлан хойд зүгийн улам чинагш харсаар ертөнцийн төгсгөлд тунарах гэрлийн хөшгийг
нэвтлэн харав. Тэр өвлийн зүрх рүү ширтэн айсандаа орь дуу тавин хашгирахад хацрыг нь
даган халуун нулимс урсав.

- Одоо чи мэдлээ. Одоо чи яагаад амьдрах ёстой болсноо мэдлээ гэж мөрөн дээр нь суусан
хэрээ шивнэв.

- Гэхдээ яагаад? гэж Бран асуугаад ойлголгүй унасаар байлаа.

- Учир нь өвөл ирж байна.

Бран мөрөн дээрээ суусан хэрээ лүү ширтэхэд урдаас нь цоо ширтэв. Энэ нь гурав дахь
мэлмийдээ аймшигт мэдлэг хуралдуулсан гурван нүдтэй хэрээ байлаа. Бран доошоо харлаа.
Тэнд цас, хүйтэн, үхлээс ондоо юу ч байхгүй цайвар цэнхэр шовх үзүүртэй мөсөн жад
сэрийлдсэн хөлдүү газар түүнийг хүлээж байлаа. Бран цөхрөн айлаа.

- Хүн айсан хэдий ч зоригтой үхэж чадахгүй тийм үү? гэх өөрийнх нь хоолой алсад аяархан
сонсогдов. Тэгтэл эцэг нь,

- Зөвхөн эр зоригоо хөвчилсөн үед тэгэх боломжтой гэв.

- Бран одоо л сонго. Үх эсвэл амьдар гэж хэрээ шаардлаа.

Үхэл түүн рүү уулга алдан хашгирч гараа сунгав.

Бран гараа дэлгэн нисэхэд үл үзэгдэх далавч салхинд дэрвэн дээш хөөргөлөө. Дор нь
аймшигт мөсөн зүү ёрдойлцож дээр нь хөх тэнгэр цэлийнэ. Бран хөөрлөө. Энэ нь авирахаас
хамаагүй дээр байв. Энэ бүгдээс илүү гайхамшигтай байлаа. Ертөнц түүний дор жижигрэн
бүртэлзэнэ.

- Би нисэж байна! гэж хөөрөн хашгирахад,

- Би харж байна гэж гурван нүдтэй хэрээ хэлэв. Тэр агаарт далавчаа дэвэн тогтож Браны
нүүрийг халхлав. Хошуугаараа ууртай гэгч нь тоншиход Браны дух гэнэтхэн тэсгэлгүй өвдлөө.

- Чи юу хийж байна? гэж хашгирлаа.

Хэрээ дотор зарсхийм аймшигтай гуаглахад эргэн тойронд саарал манан хуйлран чичирч
гивлүүр шиг ширхийн цуураад хэрээ урт хар үстэй үйлчлэгч эмэгтэй боллоо. Тэр түүнийг
Винтерфеллд байсныг мэдэх болохоор... тэгтэл үнэхээр Винтерфеллийн хүйтэн цамхагын
өрөөнд өндөр орон дээр хэвтэж хар үстэй эмэгтэй домботой ус газар цалиулган унагаад
шатаар доош уруудан,

- Тэр сэрчихлээ. Тэр сэрчихлээ гэж хашгирав

Бран хоёр нүдний хоорон дахь духан тушаа газар хүрч үзэв. Хэрээний тоншсон газар халуу
оргих хэдий ч цус шарх байсангүй. Толгой нь сулхан эргэж дүйрээд орноос босохыг оролдсон
ч хөдөлж чадсангүй.

Тэгтэл орны дэргэд юм хөдөлж хөл дээр нь газардав. Тэр юу ч мэдэрсэнгүй. Хос шаргал нүд
урдаас нь нар шиг төөнөн ширтэнэ. Өрөөний цонх онгорхой хүйтэн байсан ч чонын биенээс
дулаахан илч халуун уур шиг цоргино. Түүний чоно болохыг нь Бран ойлголоо... Өөр ямар
байна гэж? Тэр хамаагүй том болжээ. Бран бэлтрэгээ илэхээр гар сунгатал намрын хатсан
навч адил чичигнэлээ.

Түүний ах Робб цамхагын шатыг алгасан харайж амьсгаадсаар орж ирэхэд зэрлэг чоно Браны
царайг долоож байлаа. Бран дээшээ тайван харж,

- Түүний нэрийг Зун гэдэг гэж хэлэв.


КАТЕЛИН

- Бид Хааны газар цагийн дараа хүрнэ гэхэд Кателин хашлаганаас эргэж хүчлэн инээмсэглэв.

- Таны сэлүүрчид бидний төлөө үнэхээр сайн ажиллалаа, ахмад аа. Талархалын тэмдэг
болгон би тэдэнд тус бүр нэг мөнгөн буга шагнах болно.

Ахмад Морио Турнит хагас бөхийн ёсолж,

- Та дэндүү өгөөмөр юм, хатагтай Старк. Тань шиг өндөр гаралт хатагтайд үйлчлэх бидний
хувьд хангалттай шагнал болох билээ гэв.

- Гэсэн ч мөнгөн зоосноос татгалзахгүй биз дээ? гэхэд Морио инээмсэглээд,

- Таны хэлснээр болъё гэж үл мэдэг Тайрошийн аялгатай нийтийн хэлээр чөлөөтэй хэлэв.
Тэр уйтан тэнгист гучаад жилийн турш хөвж байгаа болохоор эхлээд сэлүүрчнээс ахлах
залуурч, дараа нь өөрийн гэсэн хөлөг онгоцны ахмад болсон гэж хэлжээ. "Чулуун бүжигч"
түүний арван дөрөв дэх хамгийн хурдан жаран сэлүүр бүхий, хоёр шурагтай онгоц байлаа.

Кателин, сэр Родрик хоёр удтал ергүүлсэний эцэст Цагаан эрэгт ирээд тэндхийн хамгийн
хурдан онгоцыг хайжээ. Тайрошийнхон мөнгөнд шунахай муу нэрээрээ зартай тул сэр Родрик
Гурван эгч дүүсээс загасчины завь хөлсөлье гэсэн ч Кателин шурагт хөлөг онгоц шаарджээ.
Энэ нь ч сайн зүйл болсон байна. Аялалын турш салхи тэдний эсрэг байсан ч онгоцны
сэлүүрчидгүй байсан бол Хааны газар ирэн аялалаа төгсгөл болохын оронд Хуруундаа байсан
хэвээр байх байлаа.

"Ямар ойрхон байна" гэж Кателин бодтол зузаан боолтонд ороолттой хутганд зүсүүлсэн хуруу
нь хатгуулан өвдөв. Өвчин түүнд юуг ч мартуулахгүй нь лавтай. Тэр зүүн гарынхаа сүүлийн
хоёр хуруугаа нугалж чадахгүй болсон бөгөөд үлдсэн нь хэзээ ч уян хөдөлж чадахааргүй
болжээ. Гэвч энэ нь Браны амьтай харьцуулахад хамаагүй бага үнэ байлаа.

Энэ агшинд сэр Родрик онгоцны тавцан дээгүүр ойртож ирэв.

- Хүндэт анд минь, таны дээрдсэнийг харах таатай байна шүү гэж Морио ногоон ацан сахлаа
хөдөлгөн хэлэв. Тайрошийнхон үсний өнгө шигээ хурц тод өнгөнд дуртай улс байлаа.

- Тийм шүү. Үхэхийг хүсэхээ болиод хоёр өдөр өнгөрч байна гээд сэр Родрик Кателинд
мэхийн ёсолж, - Хатагтай гэлээ.

Хүлэг баатар үнэхээр дээрдсэн харагдаж байв. Цагаан эргээс онгоцонд суух үеийнхээсээ арай
турсан ч бараг л урьдынх шигээ болжээ. Зуултын хүчирхэг салхинд оволзон бургилах
давалгаанд сэгсчүүлж, Лууны цохионд шуурганаар золтой тавцангаас шидүүлэх шахан
олсноос зүүгдсэнийг Мориогийн хүмүүс гаргаж авчээ. Кателин,

- Ахмад дөнгөж сая надад аялал эцэстээ орж байгаа тухай дуулгалаа гэхэд сэр Родрик ярвайн
инээмсэглэж,
- Тэгвэл удахгүй юм биз дээ? гээд том цагаан сахалгүйгээр хачирхалтай жижгэрч арван
жилээр хөгширсөн юм шиг харагдав. Зуултын оволзон бургилах давалгаан дээгүүр хашлага
дээгүүр тэгнэн бөөлжсөөр сахал нь авах юмгүй болсон тул далайчдын нэгээр сахлаа
авахуулах хэрэг гарчээ.

- Би та хоёрыг ажил хэрэгтэй чинь орхиё гээд ахмад Морио мэхийн ёсолж тэднийг орхин
явлаа.

Сэлүүр нэгэн жигд өргөгдөн буухад хөлөг онгоц давалгаан дээгүүр тэмээлзгэнэ адил хөнгөн
тэшинэ. Сэр Родрик хашлаганаас бариад ойртож буй эргийг ширтэж,

- Би таны найдвартай хамгаалагч байж чадсангүй гэж хэлэхэд Кателин гаранд нь хүрэн,

- Бид энд аюулгүй хүрэлцэн ирээд байна шүү дээ, сэр Родрик. Энэ л хамаагүй чухал гээд
нөмрөгөн дороо эв хавгүй хуруугаараа хутга эрэн тэмтчиж олж авсан хойно тайвширлаа. -
Одоо бид хааны зэвсгийн даамалтай уулзах хэрэгтэй байдаг. Түүнийг бидэнд итгэнэ л гэж
залбирахаас.

- Сэр Арон Сантагар бардам хэдий ч шударга хүн дээ гээд сэр Родрик сахлаа илэхээр гараа
явуулсан ч байсангүйд эвгүйцэн,

- Тэр хутганы талаар мэдэж магадгүй... Гэхдээ хатагтай бид эрэгт буув уу үгүй юу эрсдэлтэй
байдалд орно. Ордонд таныг хармагц таних хүмүүс бий гэхэд Кателины ам чангарч,

- Чигчий хуруу гэж шивнэлээ.

Хэдийгээр эзэн нь хөвгүүн байхаа больсон ч түүний нүдний өмнө хүүхдийн царай хөвөн гарч
ирлээ. Эцэг нь хэдэн жилийн өөд болсон учир лорд Бэйлиш гэж дуудагдах болсон ч хүмүүс
түүнийг Чигчий хуруу гэж дуудсан хэвээр байлаа. Олон жилийн өмнө Риверранд Кателины ах
Эдмур түүнд ийм нэр хайрлажээ. Тэдний гэр бүл Хурууны хамгийн бага хэсгийг эзэмшдэг
байсаны дээр Петр үеийнхэн дундаа хамгийн намхан биетэй байлаа.

Сэр Родрик хоолой засан ханиалгаж,

- Лорд Бэйлиш хэзээ ч... гээд тохирох үг олж чадсангүйд Кателин,

- Тэр миний эцгийн хүмүүжигч байсан. Бид хамтдаа Риверранд өсөн торнисон юм. Би
түүнийг ах шигээ үздэг байсан ч харин тэр надад... ахаас илүү сэтгэлээр ханддаг байсан.
Намайг Брандон Старктай гэрлэхээр сүй тавихад Петр миний гарыг гуйх эрхийн төлөө
тулалдсан. Энэ ухаангүй хэрэг байсан л даа. Брандон хорин настай байхад, Петр дөнгөж
арван таван нас шүргэж байлаа. Би Брандоноос Петрийн амийг өршөөхийг гуйхад сорвитой
болгоод орхисон юм. Үүний дараа миний эцэг түүнийг явуулсанаас хойш ахин харсангүй гээд
сэрүүн салхи дурсамж арилгана гэж найдсан мэт шүршигдэх усан дусал өөд нүүрээ өргөв.

- Тэр Брандоныг алагдсаны дараа намайг Риверранд байхад захиа бичсэн ч би захиаг нь
уншилгүй шатаасан. Тэгэхэд Нэд надтай ахынхаа оронд гэрлэнэ гэдгийг мэдэж байсан юм.
Сэр Родрик хуруугаараа сахлынхаа орыг тэмтрээд,

- Чигчий хуруу одоо хааны бага зөвлөхийн суудлыг эзэлж байгаа гэлээ.

- Би түүний өндөрт гарахыг мэдэж байсан. Тэр хүүхэд байхдаа ч үргэлж ухаалаг байсан.
Гэхдээ ухаан нэг хэрэг байхад цэцэн ухаан бол өөр хэрэг. Ингэхэд он жилүүд түүнийг хэрхэн
өөрчилсөн бол?

Онгоцны шурган дээрээс алсын бараа харагчийн дуу цуурайтав. Ахмад Морио тавцан дээгүүр
тушаал буулган явж эргэн тойронд нь "Чулуун бүжигч"-ний багийнхан бужигнана. Хааны
газрын гурван өндөр толгод үзэгдэхүйц гарч ирэв.

Гурван зуун жилийн өмнө тэдгээр толгод битүү ой модонд бүрхэгдэн хэдхэн тооны цөөн
загасчид тэнгис рүү цутгадаг гүнзгий түргэн урсгалт Оргилуун Хар усны хойд эрэг дээр
амьдардаг байсныг Кателин мэддэг байв. Тэгтэл булаан эзлэгч Аегон Лууны цохио арлаас
хөвөн иржээ. Тэр армиа эрэгт буулган хамгийн өндөр толгодыг сонгон бүдүүлэг хийцийн
модон бэхлэлт босгожээ.

Одоо эргийн эргэн тойронд нүднээ ил үзэгдэх газар битүү хот сүндэрлэж орд өргөө, сэрүүн
асар, үр тарианы зоорь, тоосгон агуулах, дүнзэн дэн буудал, худалдаачны мухлаг, зоогийн
газар, оршуулга, янхны газрууд ар араасаа хаяа дэрлэн оршино. Алсад орших загасны захаас
хүний хашгирах чимээ сонсогдоно. Байшингуудын хооронд мод эгнүүлэн тарьсан өргөн зам
цэлийж, тахир гудамжин дахь давчуу зам хоёр хүн зэрэгцээд явж чадахааргүй нарийхан ажээ.
Висениагийн толгод дээр Бэйлорийн долоон болор цамхагтай том сүм сүндэрлэнэ. Хотын
цаадтай орших Рэйнисийн толгод дээр утаанд харласан ханатай Лууны нүх байлаа. Аварга
том бөмбөгөр адар нь дотогш нурж унаад, хүрэл хаалганууд нь зууны турш хаалттай байгаа
аж. Толгодоос шулуухан явбал Эгч дүүсийн гудамжинд хүрэх бөгөөд хотын хана алсаас
хүчирхэг өндөр харагдаж байлаа.

Усны захад зуугаад боомт эгнэн ярайж эргээр дүүрэн хөлөг онгоц хөшилдөнө. Гүнзгий усанд
загасчны завь сүлжилдэн эзэд нь хатгуураараа нааш цааш хөдөлгөх бөгөөд Бравос, Пентос,
Лисээс бараа таваар ачин ирсэн худалдаачдын онгоц бас байна. Кателин хатан хааны гоёмсог
онгоц, Порт Иббений их биеийг нь хар давирхайгаар битүү бүрсэн цүдгэр гэдэстэй халим
агнуурын хөлгийн дэргэд татуурга уяатай байхыг харав. Голын дээд биед арваад алтан дайны
онгоц налайгаад далайчид усан дахь төмөр татуургаа хумина.

Энэ бүгдийн дээрээс Аегоны өндөр толгод хөмсөг зангидан дүнхийж төмөр хэрэм бүхий
долоон цамхагтай Улаан шилтгээний дотор гулдан танхимууд, гүүрэн гарц, цэргийн хуаран,
гяндан, үр тарианы агуулах байгуулж харваачийн шагайвар бүхий нүсэр том шүдэрхэг ханыг
цайвар хүрэн өнгийн чулуугаар хийжээ. Аегон хаан ингэж хийхийг тушаасаны дагуу түүний
хүү хэрцгий Мэйгор барьж дуусгасан байна. Үүний дараа барихад оролцсон чулуучин,
модчин, барилгачин гээд бүх хүний толгойг авахыг тушаасан бөгөөд зөвхөн лууны цустай хүн
энэхүү цайзыг луут лордууд хэрхэн барьсан нууцыг мэднэ гэж ам гарчээ.

Цайзын хурц ирмэгтэй ханаас өмнө нь гурван толгойтой луу галаар тургиж буй алтан далбаа
намирдаг байсан бол одоо Баратеон овгийн титэмт буга бардам цоройж байв.
Зуны арлуудын өндөр шурагтай хунгийн дүрстэй онгоц боомт руу яаралгүй ойртоход цагаан
дарвуул салхинд дэрвэнэ. "Чулуун Бүжигч" түүнийг гүйцэн эрэг лүү шаргуу ойртов.

- Хатагтай бидний цаашдаа яавал зохих талаар би тунгаан бодлоо. Та цайз руу орж болохгүй.
Би явж сэр Ароныг авчраад таньтай аюулгүй газар уулзуулъя гэж сэр Родрик хэлэв.

Тэр хөгшин хүлэг баатрыг цэгнэн ширтэхэд хөлөг онгоц зогсоол руу ойртон ирлээ. Морио
Валерианы Чөлөөт хотуудын бүдүүлэг хэлээр үг хашгирав.

- Та надаас дутуугүй эрсдэлд орно шүү дээ гэсэнд сэр Родрик инээвхийлэн,

- Үгүй ч байж магадгүй. Би өөрийнхөө тусгалыг усанд хараад арай ядан таньсан. Хамгийн
сүүлчийн удаа сахалгүй байхыг минь дөчин жилийн өмнө нас барсан ээж минь харсан байх.
Тэгэхээр надад ямар ч аюул заналхийлэхгүй гэдэгт итгэлтэй байна, хатагтай гэв.

Морио хашгиран тушаал өгөхөд жаран сэлүүр уснаас нэгэн зэрэг дээш өргөгдөн гарав.
Онгоцны хөдөлгөөн удааширлаа. Ахин хашгиралт гарахад онгоцны сэлүүр их бие рүү гулган
буцаж оров. Тэд зогсоолыг лүгхийн мөргөхөд Тайрошийн далайчид үсэрч буугаад онгоцоо
эргээс бэхлэв. Морио нүүр дүүрэн инээмсэглэсээр хүрч ирэв.

- Таны тушаасан ёсоор Хааны газар ирлээ, хатагтай. Ийм итгэлтэй түргэн явах өөр ямар ч
хөлөг онгоц байхгүй шүү. Таньд ачаагаа шилтгээн рүү зөөхөд туслалцаа хэрэгтэй юу?

- Бид цайз руу орохгүй. Харин та голоос холгүйхэн цэвэрхэн аятайхан дэн буудал мэдэхгүй
биз? гэхэд Тайрошийн хүн ногоон сахлаа шувтраад,

- Тийм байж. Би таныг буувал зохих хэдэн газар мэднэ. Гэхдээ эхлээд зүрхэлж хэлэхэд
хөлснийхөө үлдсэн хагасын тухай ярилцвал яасан юм? Үүний дээр та сайхан сэтгэлээр
нэмэлт мөнгөн зоос амалсан байхаа. Жаран мөнгөн буга гэдэгт итгэж байна гэлээ.

- Сэлүүрчдэд зориулан гэж Кателин түүнд сануулав.

- Мэдээж, тэгэлгүй яахав. Би тэднийг Тайрошд буцаж очиж эхнэр хүүхэдтэйгээ уулзах хүртэл
хадгалж байх болно. Хэрвээ та мөнгөө энд өгөх юм бол ганцхан шөнийн дотор мөрийтэй
тоглож, шөнийн таашаалын газарт үрээд дуусна.

- Энэ ч мөнгө үрэх тааруухан арга байна даа. Өвөл айсуй гэж сэр Родрик хэлэв.

- Хүмүүс юу хийхээ өөрсдөө сонгоно биз биз. Тэд ажиллаж мөнгөн зоос олсон болохоор яаж
үрэх нь миний сэтгэл зовох асуудал биш гэж Кателин хэллээ.

- Таны хэлснээр больё, хатагтай гээд Морио бөхийн ёсолж инээмсэглэв.

Кателин итгэлтэй байхын тулд сэлүүрчдэд өөрийн биеэр зоосыг тараан өгөөд Висенисийн
толгод дахь дэн буудал руу Мориогийн тушаалаар авдартай ачааг нь зөөсөн хоёр хүнд зэс зоос
төллөө. Энэ нь Могой загасны хуучин тахир гудамж байлаа. Буудлын эзэгтэй яравгар чавганц
тэднийг сэжигтэй ширтэн Кателиний өгсөн зоосыг жинхэнэ эсэхийг шалган хазаж үзэв. Өрөө
уужим агаар сайтай бөгөөд Морио загасыг долоон ханлигт эндээс амттай загасны мах янзлах
газар байхгүй гэж ам алджээ. Хамгийн гол нь эзэгтэй тэдний нэрсийг сонирхсонгүй.

- Таныг нийтийн өрөөнөөс холхон байсан нь дээр гэж бодож байна. Иймэрхүү газар юу эс
байхыг хэн мэдэх билээ гэж сэр Родрик төвхнөсөн хойно хэлэв. Тэр гинжин цагаригтай хөө
хуяг өмсөж, урт илдээ хар нөмрөг дор нуугаад юүдэнгээ нөмөрлөө.

- Би шөнө болохоос өмнө сэр Аронтой ирнэ. Харин та энэ хооронд амарч байгаарай, хатагтай.

Кателин ихэд ядарчээ. Аялал зүдэргээтэй удаан үргэлжилсэний дээр тэр залуугийнх шиг
байхаа больсон байв. Тэр гудамж руу харсан дээврийн цонхыг нээхэд Хар ус цэлэлзэн
харагдав. Сэр Родрик дүүрэн хүнтэй гудамжаар зүтгэлэн олон хүний дунд уусан алга болоход
зөвөлгөөг нь дагахаар шийдлээ. Орны гудсанд өдний оронд сүрэл чихээстэй байсан ч дороо
нойрслоо.

Тэгтэл хаалга цохих чимээ гарахад сэрээд огцом өндийн суулаа. Цонхны гадаа жаргаж буй
нарны гэрэлд Хааны газрын дээврүүд хүрэнтэн улайрна. Тэр бодсон шигээ хангалттай унтаж
чадсангүй. Хаалга цохих чимээ ахин гараад,

- Хааны нэрийн өмнөөс хаалгаа онгойлго гэв.

- Одоохон гээд Кателин босч дээлээ нөмөрлөө. Орны хажуугийн ширээн дээр чинжаал
тавиастай байсныг хүнд модон хаалга тайлахаас өмнө шүүрч авав.

Өрөөнд хотын харуулын алтан нөмрөг хар хуяг дуулгатай хоёр хүн орж ирэв. Тэдний ахлагч
Кателиний гарт байгаа хутгыг хараад инээмсэглэж,

- Үүний шаардлагагүй, хатагтай. Бид таныг дагалдан цайзад хүргэж өгөх үүрэгтэй гэлээ.

- Хэний тушаалаар? гэж асуухад харуул тууз үзүүлэв. Кателиний амьсгал давхцан, - Петр гэж
дуу алдав.

Саарал лацан дээр ятга шаазгайн тамга даржээ. Дэндүү хурдан юм. Сэр Родрикт ямар нэг
зүйл тохиолдсон бололтой. Тэр хамгаалагчдын ахлагч руу харлаа.

- Чи намайг хэн гэдгийг мэдэх үү?

- Үгүй, хатагтай. Гэхдээ лорд Чигчий хуруу таныг авчрахдаа зохисгүй харьцаж болохгүй гэж
тушаасан гэхэд Кателин толгой дохилоо.

- Та нар гадаа хүлээж бай. Би хувцаслаадахъя.

Тэр гараа түмэнд угааж цэвэрхэн алчуураар арчлаа. Хавдсан хуруугаараа эв хавгүйхэн
цээживчээ үдээд хүнд хүрэн цув нөмөрлөө. Чигчий хуруу түүний энд байгааг хаанаас мэдсэн
юм бол? Сэр Родрик түүнд энэ тухай яасан ч хэлэх ёсгүй дээ. Тэр хөгшин зөрүүд хэдий ч
эргэлзээгүй үнэнч билээ. Эсвэл тэд дэндүү оройтож Ланнистерийнхан Хааны газар түүнээс
өмнө хүрээд ирсэн юм болов уу? Үгүй, хэрэв энэ үнэн бол Нэд бас ирсэн болохоор түүн рүү
очиж болох юм. Гэхдээ яаж...?

Тэгтэл гэнэтхэн Мориог саналаа. Тайрошийн хүн тэднийг энд буудаллахыг мэдэж байсан.
Түүнийг хараал идээсэй. Мэдээллийнх нь төлөө сайн хөлс төлсөн гэж найдахаас.

Харуулууд түүнд морь авчирчээ. Гадаа гудамжны бүх дэнлүү асаж Кателин харуулаар
хүрээлүүлэн явахдаа хотыг харц гүйлгэн харав. Тэднийг Улаан шилтгээнд хүрэхэд нүсэр
хаалга хаагдаж, хүнд төмөр сараалж буулгаастай байсан ч шилтгээний цонхонд дүүрэн гэрэл
анивчиж байлаа. Харуулын хүмүүс хананы дэргэд мориноосоо буугаад хажуугийн хаалгаар
ороход эцэс төгсгөлгүй шатаар цамхаг өөд өгсөв.

Чигчий хуруу өрөөнд ганцаар хүнд модон ширээний ард суугаад тосон дэнлүүний гэрэлд юм
бичиж байв. Тэд Кателинийг дотогш оруулахад үзгээ доош тавин өнгийснөө,

- Кат! гэж аяархан хэллээ.

- Чи яахаараа намайг ингэж авчрах тушаал буулгадаг билээ? гэхэд Петр харуулуудыг занган
гаргаж,

- Биднийг орхи гэв.

- Таньтай зүй бусаар харьцаагүй гэж найдна. Би тэдэнд энэ талаар хатуу заавар өгсөн гээд
гарных нь боолтыг анзаарсан бололтой,

- Чиний гар... гэлээ.

Кателин асуултыг үл тоомсорлов.

- Би надтай ямар нэг зарц эмэгтэй шиг харьцахад дасал болоогүй. Чи хүүхэд байхдаа
хамаагүй эелдэг ёсыг мэддэг байж гэж хүйтнээр хэллээ.

- Таныг хилэгнүүлсэндээ өршөөл хүсье, хатагтай. Би үүнийг хэзээ ч хүсээгүй гээд гэмшингүй
ширтэхэд энэхүү харц Кателинд хурц тод дурсамжыг буцаан авчирлаа. Тэр үргэлж
дүрсгүйтсэнийхээ дараа гэмгүй царайлан ширтдэг зальтай хүүхэд байж билээ. Энэ нь түүний
авъяас байлаа. Он жил түүнийг өөрчилсөнгүй. Петр жаахан хөвгүүнээс өсөж том болсон ч
Кателинаас хоёр инч намхан гавшгай хөдөлгөөнтэй дурсамжинд байдгийн адил сааралдуу
ногоон нүдээрээ инээмсэглэн ширтэнэ. Одоо эрүүндээ жижигхэн шовх сахал ургуулж,
дөнгөж гуч өнгөрсөн хэр нь хар үсэнд нь буурал сор суужээ. Цамцныхаа заханд мөнгөн ятга
шаазгайтай тээглүүр бүхий товч зүүжээ. Тэр бүр хүүхэд байх үеэсээ үргэлж мөнгөнд
дурладаг байв.

- Чи намайг хотод ирсэн гэдгийг яаж мэдсэн юм?

- Лорд Варис бүгдийг мэддэг юм гээд Петр зальжин инээмсэглэж, - Тэр бидэн дээр удахгүй
зочлох хэдий ч би эхлээд чамтай ганцаарчилан уулзахыг хүссэн юм. Кат бид уулзаагүй
хичнээн их жил өнгөрөө вэ? гэлээ.
Кателин түүний танимхайрлыг үл тоомсорлов. Түүнийг илүү чухал ажил хүлээж байлаа.

- Тэгэхээр Хааны Аалз намайг олсон юм биз дээ? гэхэд Чигчий хуруу ярвайж,

- Түүнийг ингэж нэрлэх хэрэггүй дээ. Тайган болоод ч тэр үү дэндүү эмзэг хүн байгаа юм.
Тэгээд ч энэ хотод Варисийн хараанаас гадуур нэг ч зүйл болдоггүй. Заримдаа бүр үйл
явдлыг урьдаас мэддэг гээч. Түүний мэдээлэгчид хаа сайгүй бий. Жижигхэн шувууд гэж
тэднийгээ дуудаг юм. Жижигхэн шувуудын нэг чиний ирэлтийн талаар дуулгасан. Гэхдээ аз
болоход Варис над руу шууд ирсэн л дээ гэв.

- Яагаад чам руу гэж? гэхэд Петр мөрөө хавчаад,

- Яагаад над руу болохгүй гэж? Би хааны зоосны сангийн тэргүүн, хувийн зөвлөх нь. Сэлми,
лорд Рэнли хоёр умард зүг рүү Робертыг угтахаар мордож, лорд Станнис Лууны цохио руу
явсан болохоор энд зөвхөн мастер Пицелл бид хоёр үлдсэн. Иймээс илэрхий сонголт шүү дээ.
Намайг чиний дүү Лизатай найзалж байсныг Варис мэддэг юм.

- Тэгэхээр Варис энэ тухай...

- Лорд Варис чиний ийшээ ирсэн шалтгаанаас... бусад бүгдийг мэднэ гээд Петр хөмсгөө
өргөж,

- Ингэхэд чи яагаад ийшээ ирсэн хэрэг вэ? гэлээ.

- Эхнэр хүн эр нөхөр лүүгээ тэмүүлж, эх хүн охидтойгоо ойрхон байхыг хүссэн байхыг хэн
үгүйсгэх гэх юм? гэхэд Чигчий хуруу инээд алдав.

- Өө, сайхан шалтгаан байна, хатагтай. Гэвч намайг үүнд итгэнэ гэж бүү бодоорой. Би чамайг
маш сайн мэднэ. Таллигийнхан юу гэж хэлдэг билээ? гэхэд Кателиний ам арган,

- Гэр бүл, үүрэг хариуцлага, алдар хүнд гэж ширүүн хэлэв. Петр энэ уриаг маш сайн мэддэг
байлаа.

- Гэр бүл, үүрэг хариуцлага, алдар хүнд гээд юм бүхэн чамайг манай Гарын орхисон
Винтерфеллд үлдэхэд хүргэж байна. Үгүй дээ, хатагтай. Үүнд ямар нэг өөр зүйл байна. Энэ
гэнэтийн аялал яаралтай байж таарна. Гуйж байна, намайг чамд туслахыг зөвшөөрөөч.
Хуучны сайн найзууд хэзээ ч нэг нэгэндээ эргэлзэх ёсгүй гэхэд хаалга аяархан цохих чимээ
гарсанд,

- Ороорой гэж хэлэв.

Хаалгаар анхилам сүрчиг ханхлуулж, энгэсэг түрхсэн өндөг шиг өөгүй халзан толгойтой
махлаг хүн орж ирлээ. Тэр намирсан хүрэн торгон хувцас, алтан утсаар хатгамласан хантааз
өмсөөд хөлдөө шовгор хоншоортой зөөлөн хилэн шаахай углажээ.

- Хатагтай Старк ийм олон жилийн дараа таныг харж байгаа минь ямар сайхан хэрэг вэ гээд
гарыг нь хоёр гараараа атгав. Түүний гар хөлстэй нойтон агаад амьсгалаас нь голт борын
цэцэг ханхална.

- Хөөрхий гар чинь! Та үнэхээр түлчихлээ гэж үү, хатагтай? Хуруунууд уян зөөлхөн байх
ёстой... Манай мастер Пицеллд гайхамшигтай эмчилгээний тос бий. Би түүнээс таньд нэг
домбыг илгээх үү?

Кателин хуруугаа түүний гараас угз татан авлаа.

- Бярлалаа, эрхэм лорд минь. Гэвч миний өөрийн мастер Лювин хэдийн шарханд санаа
тавьсан гэхэд Варис толгойгоо бөнжигнүүлэн,

- Таны хүүд тохиолдсон явдлын тухай сонсоод би их гашуудсан шүү. Тийм залуугаараа, бурхад
хэрцгий юм гэлээ.

- Үүнийг чинь харин би зөвшөөрч байна, лорд Варис.

Зөвлөгчийн гишүүний хэргэм түүнтэй эелдэг харьцахад хүргэж байвч Варис аалзны
шүлснээсээ ондоо юу ч захирдаггүй агаад шивнэгчдээсээ ондоо хэний ч эзэн биш билээ.

Тайган найрсгаар булцгар гараа дэлгэн,

- Гэсэн ч би найдсаар байна, хатагтай. Би таны нөхөр хааны шинэ Гарыг ихэд хүндэтгэдэг
болохоор бид хоёул хаан Робертод хайртай болохыг мэднэ гэв.

- Тиймээ. Гарцаагүй гэж Кателин хүчлэн хэллээ.

- Улс оронд хэзээ ч манай Роберт шиг хайр татам хаан байсангүй гэж Чигчий хуруу хошигнон
хэлээд зальжин инээмсэглэж,

- Ямар ч гэсэн лорд Варис тэгж баталдаг юм гэлээ.

- Эрхэм хатагтай Чөлөөт хотуудад гайхалтай анагаах чадвартай хүмүүс бий. Ердөө ганц үг
хэлэхэд би нэгийг нь таны хүндэт Бран руу илгээж чадна гэж Варис гүнээ сэтгэл зовсон
хоолойгоор хэлэв.

- Мастер Лювин Браныг эдгээхийн тулд боломжтой бүх зүйлийг хийж байгаа гээд Кателин
ийм газар эдгээр хүмүүсийн дунд Браны тухай ярихыг хүссэнгүй. Тэр Чигчий хурууд бага
зэрэг итгэж байсан ч Варист ер итгэсэнгүй. Тэдэнд өөрийнхөө гашуудлыг харуулж болохгүй.

- Лорд Бэйлиш намайг энд авчирсанд таньд талархах ёстой гэж хэллээ гэхэд Варис бяцхан
охин адил жингэнэтэл инээд алдаж,

- Өө, тийм л дээ. Би таны өмнө гэмээ хүлээж өршөөнө гэж найдаж байна, хатагтай гээд
сандал дээр хоёр гараа хавсран сууснаа,

- Танаас бидэнд чинжаалыг үзүүлэхийг гуйвал болох уу? гэлээ.


Кателин Старк тайган рүү мэгдсэндээ үл итгэн ширтлээ. Үнэхээрийн аалз юм даа
шидтэнгээс ч долоон дор. Хэн ч энэ тухай мэдэхгүй гэж бодож байтал...

- Та нар сэр Родрикийг яагаа вэ? гэж Кателин шаардангуй хэлэхэд Чигчий хуруу гайхширсан
байртай,

- Би тулааны талбарт жадгүй ирсэн хүлэг баатраас өөрцгүй зүйл мэдэрч байна. Юун хутганы
тухай яриад байна? Сэр Родрик гэж хэн юм бэ? гэхэд,

- Сэр Родрик Кассел бол Винтерфеллийн зэвсгийн даамал гэж Варис түүнд мэдээллээ. –
Хатагтай Старк таньд итгүүлэн хэлэхэд сайн хүлэг баатарт чинь юу ч тохиолдоогүй. Тэр
өнөөдөр үдээс хойш энд ирээд зэвсгийн даамал сэр Арон Сантагар дээр зочилж чинжаалын
тухай ярилцсан. Харин нар жаргахад тэд шилтгээнээс хамтдаа гарч таныг орхисон
аймшигтай нүх рүүгээ буцсан. Тэд одоо зочны өрөөнд ууж суугаад таны буцаж ирэхийг
хүлээж байгаа. Ингэхэд сэр Родрик таны байхгүйг мэдээд ихэд сэтгэлээр унасан шүү.

- Та хаанаас энэ бүгдийг мэдээ вэ?

- Жижигхэн шувуудын шивнээнээс гээд Варис инээмсэглэснээ, - Би бүгдийг мэднэ, хатагтай.


Энэ миний төрөлхийн чанар гээд мөрөө хавчин,

- Ингэхэд чинжаал одоо таньд байна уу? гэлээ.

Кателин нөмрөгөн дотроосоо хутгыг гаргаад тэдний өмнөх ширээн дээр тавилаа.

- Энэ байна. Магадгүй таны жижигхэн шувууд хэн эзэмшиж байсныг нь шивнэх юм биш биз
дээ?

Варис хутгыг аваад ирэн дээгүүр нь хуруугаа болгоомжтой гүйлгэв. Тэгтэл эсгэгдэн цус
гарсанд хашгиран чинжаалыг ширээ рүү унагалаа.

- Болгоомжтой их хурц шүү гэж Кателин хэлэв.

- Валерианы гангийн иртэй дүйцэх нэг ч зүйл байхгүй гэж Чигчий хуруу эрхий хурууныхаа
цусыг сорж байсан Варист хэлээд баргар царайлан Кателин руу харлаа.

Тэгснээ хутгыг хуруугаараа өргөн жинлэж үзээд дээш шидсэнээ нөгөө гараараа бариулаас нь
барьж авлаа.

- Үнэхээр сайхан тэнцвэртэй юм. Тэгэхээр та үүний эзэмшигчийг хайж байгаа бол ирсэн
зорилгын чинь шалтгаан байх тийм үү? Таньд сэр Арон хэрэггүй, хүндэт хатагтай. Над руу
шууд ирэх ёстой байж дээ.

- Хэрвээ тэгсэн бол юу хэлнэ гэж?

- Би Хааны газар үүн шиг чинжаал зүүдэг ганц л хүнийг мэднэ гэх байсан гээд Петр хутганы
ирнээс эрхий долоовор хуруугаараа барьж мөрөн дээгүүрээ далайн шидэхэд хаалганд
царсанд гүн зоогдон чичирлээ.

- Энэ бол минийх.

- Чинийх гэнэ ээ?

Утгагүй юм. Петр Винтерфеллд байгаагүй шүү дээ.

- Ханхүү Жоффрейгийн төрсөн өдрөөр тэмцээн зохиогдох хүртэл минийх байсан гэж Петр
өрөөн дундуур алхан хутгыг зоогдсон модноос сугалж авлаа.

- Тэр өдөр би ордныхны хагастай сэр Жеймд мөрий тавьсан юм гээд хөвгүүн байх үеийнх
шигээ ичингүйрэн инээмсэглэж,

- Лорас Тайрел түүнийг мориноос унагахад бидний ихэнхи золтой хоосорчихоогүй. Сэр
Жейм зуун алтан луу, хатан хаан маргад хүзүүний зүүлт, би хутгаа алдсан юм даа. Хэдийгээр
эрхэм дээдэс маргадаа буцааж авсан ч үлдсэн бусад зүйл ялагчид үлдсэн.

- Тэр чинь хэн юм? гээд Кателин айсандаа ам нь хатаж өвдөлтийн тухай санахаас хуруу нь
хатгуулан өвдөв.

- Жижигхэн чөтгөр. Тайрон Ланнистер гээд Чигчий хуруу урдаас нь ширтэж байсан лорд
Варис руу харлаа.
ЖОН

Гадаа хашаанд илдний чимээ хангинана.

Жоны ноосон дотортой ширээсэн хуяг дотор энгэрийнх нь дагуу хүйтэн хөлс горхилон урсав.
Грэнн өөрийгөө хамгаалан эв хавгүйхэн бүдчин ухарлаа. Тэр илдээ далайсан ч Жон доогуур
нь бултан хөлнийх нь арын үе лүү ганхтал буулгаад цавчилтыг нь сөргүүлэн дуулгыг нь
хонхойтол цавчив. Тэр хажуу тийш эргэхийг оролдсон ч Жон илдийг нь зайлуулаад хуягласан
нударга цээжинд нь буулгасанд гишгэдэл алдан цасан дээр лагхийтэл суучихлаа. Жон түүний
илдийг хуруунаас нь алдуулахаар бугуй руу нь цохьсонд өвдсөндөө хашгирлаа.

- Хангалттай! гэх сэр Аллисэр Торны хоолой Валерианы илд шиг зүсэн цуурайтав.

Грэнн гараа барьж,

- Өөдгүй бутач миний бугуйг хугалчихлаа гэж гонгинов.

- Бутач чамайг зэрэмдэглэх гэсэн бол хоосон гавлыг чинь ярж, гарыг чинь тас цавчих байсан
юм. Эсвэл үүний оронд төмөр илд хэрэглэх байлаа. Гэсэн чиний аз болоход Харуулд
эргүүлээс гадна агт арчлах хүн хэрэгтэй гээд сэр Аллистер Жэрэн, Бах хоёр луу дохиж,

- Бух гөрөөсийг хөл дээр нь босго оршуулгын ажлаа цэгцлэг гэв.

Жон хөвгүүд Грэннийг босгох зуур дуулгаа тайлахад өглөөний хүйтэн агаар нүүрийг нь
сэрүүцүүлэв. Тэр илдээ тулан гүнзгий санаа алдаж хормын турш ялалтандаа хөөрөн
мансуурлаа.

- Наадах чинь урт илд болохоос биш хөгшин өвгөний таяг биш. Эсвэл хөл чинь өвдөөд байна
уу, лорд Сноу? гэж сэр Аллистер зандрав.

Жон сэр Аллистерийн бэлтгэлд ирсэн анхны өдрөөс хойш дуудсан энэ нэрийг үзэн ядаж
байлаа. Хөвгүүд үүнийг өлгөн авах нь хаа сайгүй дуулдав. Тэр урт илдээ буцаж хуйлаад,

- Үгүй тэгээгүй гэв.

Торн түүний зүг ойртоход хар савхин хувцас нь аяархан шүжигнэв. Тэр тавин настай хэрцгий
хөндий хүн агаад үсэнд нь буурал сууж, хар нүд нь гартаамын хэлтэрхий лугаа адил
гялалзана.

- Тэгвэл үнэнээ хэл гэж тушаав.

- Ядарсан юм гэж Жоны үнэнээ хүлээхэд гар нь урт илдийн жинд халуу шатаж тулааны дараа
битүү хөхөрчээ.

- Учир нь чи сул дорой учраас тэр.

- Би ялсан биз дээ.


- Үгүй. Бух гөрөөс л ялагдсан.

Хөвгүүдийн нэг писхийтэл инээд алдав. Жон хариулахгүй байсан нь дээр гэж мэдэж байлаа.
Тэр сэр Аллистерийн түүний эсрэг илгээсэн бүхнийг ялж байсан ч хариуд нь ямар ч гавъяа
хүртсэнгүй. Зэвсгийн даамал зөвхөн тохуурхан даажигнах аж. Торн түүнийг үзэн яддаг юм
байна гэж Жон бодсон ч бусад хөвгүүдийг илүүтэйгээр үзэн ядаж байлаа.

- За өнөөдрийн хувьд хангалттай. Хэрвээ Нөгөөдүүл бидэн рүү ирвэл тэдэнд нум сум
байгаасай гэж залбирахаас. Учир нь та нарын олонхи ердөө сумны үүрнээс хэтрэхгүй амьтад.

Жон бусдыгаа даган зэвсгийн өрөө рүү явлаа. Тэр ихэнхидээ ганцаараа явдаг байв. Энд арван
хоёр хүн бэлтгэл хийж байсан ч хэнтэй нь ч найз нөхөд байсангүй. Тэдний ихэнхи нь хоёр
гурван насаар ах хэдий ч хэн нь ч арван дөрвөн настай Роббын тулалдааны чадварын хагастай
эн зэрэгцэхээргүй байв. Дарион шалмаг хэдий ч цохилтоос айна. Пип илдийг чинжаал шиг
хэрэглэдэг байхад, Жэрэн охин шиг сул дорой, Грэнн удаан болхи ажээ. Халдерийн цавчилт
хэрцгий хүчтэй ч дайралт нь нээлттэй. Тэдэнтэй илүү их цаг өнгөрүүлэх тусам Жон улам их
үзэн ядах сэтгэл төрж байлаа.

Жон дотогш ороод эргэн тойронд байх бусдыгаа үл тоомсорлон хуйтай илдээ чулуун ханан
дахь дэгээнээс өлгөөд дараа нь няхуур гэгч нь хөлсөнд норж нэвтэрсэн дотортой ширэн
хуягаа тайлж эхлэв. Урт өрөөний төрсгөлд байх төмөр зууханд нүүрс ноцох хэдий ч Жоны
дотор эрхгүй дагжлаа. Энд үргэлж хүйтэн байдаг байв. Ийм янзтай хэдэн жил болвол
дулаахан гэж юу болохыг мартах бизээ.

Тэр ширүүн хар даавуугаар хийсэн өдөр тутмын хар хувцсаа углах зуур гэнэтхэн ядрал хаман
авсанд сандал дээр суугаад хуруугаараа цамцныхаа товчыг тэмтчин товчлов. "Ямар хүйтэн
юм бэ" гэж бодтол Винтерфеллийн ханан дундуур хүний биеийн тараагуур судас адил халуун
ус гүйлгэсэн дулаахан өрөөнүүд санагдав. Хар цамхагт дулаахан байх нь ховор. Эндхийн хана
хүртэл хүмүүс шигээ хүйтэн байлаа.

Тирион Ланнистераас өөр хэн ч түүнд Шөнийн харуул ийм байдаг гэж хэлсэнгүй. Гэвч одой
хойд зүг рүү явах замдаа үнэнийг хэлэхэд дэндүү оройтсон байлаа. Жон эцгээ Ханан дээр
ямар байдгийг мэдвэл яах байсныг гайхширав. Тэгснээ магадгүй мэддэг байх гэж бодохоос
сэтгэл нь улам өвдлөө.

Тэр ч байтугай авга ах нь хүртэл түүнийг ертөнцийн төгсгөл болсон энэхүү хүйтэн газар
огоорчээ. Энд ирээд элэгсэг зантай Бэнжин Старк урьдынхаас ондоо хүн болсон байна. Тэр
тэргүүн харуулын үүрэг гүйцэтгэдэг учир өдөр шөнөгүй хамаг цагаа захирагч лорд Мормонт
болон Мастер Эймон зэрэг өндөр албаны хүмүүстэй өнгөрүүлэх бөгөөд Жон гагцхүү сэр
Аллистер Торны элэгсэг хүндэтгэлийг амсаж байв.

Тэднийг ирсэнээс хойш гурван өдрийн дараа Жон Бэнжин Старк зургаан хүний хамт ойд
эргүүл хийхээр явах гэж байгаа тухай сонсчээ. Тэр шөнө авга ахыгаа нийтийн том дүнзэн
танхимд сууж байхад хамт авч явахыг гуйжээ. Бэнжин даруй эсэргүүцсэн байна.

- Энэ бол Винтерфелл биш гэж хоолны махаа хутга сэрээгээр жижиглэх зуураа хэлээд,
- Ханан дээр хүн хийх ёстой зүйлээ гүйцэтгэх тавилантай. Чи эргүүлийн зэрэгт ч хүрээгүй
ногооноороо байгаа жаахан хүүхэд гэсэн билээ.

Тэгэхэд нь Жон улайран маргаж,

- Би арван таван нас хүрсэн. Бараг эр хүн болсон гэж хэлэв.

Бэнжин Старк хөмсөг зангидан,

- Чи сэр Аллистер Шөнийн харуулын хүн болсон гэж хэлэх хүртэл хөвгүүнээрээ үлдэх болно.
Хэрвээ чи Старкынхны цус амархан дөнгөнө гэж бодож байвал буруу бодож байна. Ханан
дээр бид хуучин гэр бүлээ хойш тавихаар ам тангараг өргөсөн. Чиний эцэг үргэлж миний
зүрхэнд байр эзлэх хэдий ч энд миний ах дүү нар байна гээд хутгаараа эргэн тойрны хар
хувцастай ширүүн хүйтэн төрхтэй эрчүүд рүү заав.

Маргааш өглөө нь Жон үүрээр сэрээд авга ахыгаа явахад очлоо. Эргүүлийнхний нэг булиа
том биетэй хүн завхай дуу аялан морио эмээллэхэд амьсгал нь өглөөний хүйтэн агаарт уур
цан савсуулна. Бэн Старк инээмсэглэснээ зээгээ хараад инээмсэглэл нь арчсан мэт арилав.

- Би хичнээн удаа чамд үгүй гэж хэлэх юм бэ, Жон? Намайг буцаж ирэхээр энэ тухай
ярилцацгаая.

Дараа нь тэр авга ахынхаа морийг хонгил руу орохыг харав. Тэгтэл Хааны зам даар Тирион
Ланнистерийн хэлсэн үг санаанд орсонд гэнэтхэн Бэн Старк газар үхэдхийн унаад цус нь
урсаж байхыг харлаа. Энэ бодол түүний дотрыг муухайруулав. Ингэхэд ер нь тэр юу болоод
байна аа?

Дараа нь өрөөндөө байсан Сүнс рүү очоод өтгөн цагаан үсэнд нь нүүрээ наалаа.

Хэрвээ тэр үргэлж ганцаар байх ёстой бол ганцаардалын хуяг өмсөхөөс эрхгүй. Хар цамхагт
бурхдын мод байхгүй зөвхөн багахан сүмд согтуу гэлэн байх бөгөөд Жон хуучин шинэ
бурханы алинд ч мөргөж чадсангүй. Хэрвээ бурхад жинхэнээсээ байдаг бол өвөл шиг хэрцгий
энэрэлгүй мэт санагдана.

Тэр төрсөн дүү нараа туйлгүй санаж байв. Гялалзсан хурц нүдтэй бяцхан Рикон, өрсөлдөгч
найзын зэрэгцээ үүрдийн нөхөр Робб, үргэлж Жон, Робб хоёрын араас юу хийж байгаа
мэдэхээр дагаж байдаг зөрүүд сониуч Бран гээд л. Үүний зэрэгцээ охидыг бүр "эцэг нэгтэй
ах" гэхээс өөр нэрээр хэзээ ч дууддаггүй Сансаг хүртэл санаж байв. Тэр том болсон болохоор
бутач гэдэг юу болохыг ойлгох болсон билээ. Бас Аръяаг... Роббоос ч илүү санаж байв.
Жижигхэн туранхай шалбарсан өвдөг, ширэлдсэн үс, урагдсан хувцастай ууртай гөжүүд
тэрбээр Жоныг үргэлж инээлгэдэг байв. Тэр одоо түүнтэй хамт байж үсийг нь ганцхан удаа
сөргүүлэн ярвайхыг нь харж, дэмий яриаг нь сонсохын тулд бүгдийг өгөхөд бэлэн байлаа.

- Хөөе бутчаа чи миний бугуйг хугалчихлаа.

Жон ууртай хоолой сонсоод харцаа өргөв. Түүний өмнөх лухгар хүзүү, улаан нүүртэй Грэнн
гурван найзаа ардаа дагуулаад зогсож байв. Нэг нь намхан биетэй царай муутай, зэвүүн
хоолойтой Тоддер байсан бөгөөд Шөнийн харуулд элсэгчид түүнийг Бах гэж дууддаг байв.
Нөгөө хоёр нь Йорений хойд зүгээс олж авчирсан Хурууны хүчиндэгчид байлаа. Тэр
тэдэнтэй ярилцахыг хүсээгүй учир ямар нэртэй болохыг нь санасангүй. Бүдүүлэг дээрэнгүй
өчүүхэн төдий ч хүндэтгэл мэддэггүй өөдгүй амьтад байв.

- Хэрвээ чи найрсагаар гуйвал нөгөө бугуйг чинь хугалаад өгье л дөө гээд Жон өндийлөө.

Грэнн арван зургаан настай Жоноос толгой илүү өндөр байв. Тэд дөрвүүлээ түүнээс
хамаагүй биерхүү байсан ч айлгасангүй тус бүрийг нь хашаанд үзэлцэн дийлсэн билээ.

- Магадгүй бид л чиний бугуйг хугалж болох юм гэж хүчиндэгчийн нэг хэлэв.

- Оролдоод үз л дээ гээд Жон сэлэм рүүгээ ухасхийсэн ч тэдний нэг гарыг нь барьж аваад
нурууны ард мушгив.

- Чи биднийг муухай төрхтэй болгосон гэж Бах гомдоллов.

- Чи надтай уулзахаасаа өмнө бүр муухай харагддаг байсан гэж Жон хэлэхэд гарыг нь барьж
байсан залуу шажигнатал мушгисанд янгинан өвдсөн ч хашгирсангүй.

Бах урагш алхам ойртлоо.

- Жижигхэн лорд дэндүү том амтай юм тийм үү? гээд гахай шиг жижигхэн нүд нь гялалзаж,

- Энэ чиний ээжийн ам уу, бутчаа? Тэр чинь аль нэг газрын янхан уу? Бидэнд нэрийг нь хэл л
дээ. Магадгүй би түүнийг дараагийн удаа ганц хоёр цагаар авч болох юм гээд хөхөрлөө.

Жон могой загас шиг огцом мушгиралдан өсгийгөөрөө араас нь барьж байсан хүүгийн хөлөн
дээр хүчтэй дэвсэхэд өвдсөндөө хашгирах чимээ гарч суллагдлаа. Тэр Бах руу ухасхийн
сандал давуулан цохиж унагаад цээжин дээр нь дарж хоёр гараараа хоолойноос нь шахан
дагзаар нь газар мөргүүлэв.

Хуруунаас ирсэн хоёр хөвгүүн түүнийг бүдүүлгээр угзран холдуулав. Грэнн түүнийг өшгичив.
Жон цохилтоос бултан өнхөртөл бүрэнхий зэвсгийн өрөөнд чанга хоолой нүргэлж,

- ОДООХОН БОЛЬЦГОО! гэв.

Жон хөл дээрээ өндийлөө. Донал Ной тэдэн рүү уурсан харан зогсож байв.

- Гадаа хашаа бол тулалддаг газар. Өөрсдийн маргаанаа миний зэвсгийн өрөөнөөс гадуур
шийдэцгээ. Эсвэл би захирагчид гомдол мэдүүлэх болно шүү. Та нарт энэ таалагдахгүй л
байх даа.

Бах шалан дээр сууж дагзаа эмзэглэн тэмтэрч үзэхэд хуруу нь цус болжээ.

- Тэр намайг алахыг оролдсон.


- Тиймээ үнэн. Би үүнийг харсан гэж хүчиндэгчдийн нэг хэлэв.

- Тэр миний бугуйг хугалсан гэж Гренн гонгиноход зэвсгийн дархан бугуйг нь хяламхийн
харлаа.

- Хөхөрсөн байна. Магадгүй булгарсан биз. Мастер Эймон чамд эмчилгээний тос өгнө. Түүн
рүү оч. Тоддер чи түүнтэй явж толгойгоо үзүүл. Үлдсэн нь байр луугаа буцацгаа. Харин Сноу
чи биш шүү, эндээ үлд.

Бусдыгаа ирээдүйн цээрлэлээ харцаараа амлан гарч явах зуур Жон хүнд модон сандал дээр
лагхийн суулаа. Гар нь янгинаж өвдөв.

- Харуулд бүх төрлийн хүн хэрэгтэй. Бүр Бах шиг хүн хүртэл. Чамд түүнийг алах эрх байхгүй
гэж Донал Ной хоёул үлдсэн хойно хэлэв.

Жоны уур хүрлээ.

- Тэр миний ээжийг...

- ...янхан гэж хэлсэн. Би түүнийг сонссон. Тэгээд юу гэж?

- Лорд Эддард Старк бол жирийн нэг янхантай унтах хүн биш. Түүний алдар хүнд... гэж Жон
хүйтнээр хэлэхэд,

- ...бутчын эцэг болоход саад болоогүй. Тийм биз дээ? гэв.

Жоны хүйтэн уур дүрэлзэв.

- Би явж болох уу?

- Намайг хэлсэн цагт л чи явах болно.

Жон зуухнаас уугих утаа руу барайн ширттэл Ной мойног хуруугаараа эрүүн дороос нь базаж
өөр лүүгээ эргүүлэв.

- Намайг чамтай ярьж байгаа цагт урдаас ширтэж бай, хүү минь.

Жон ширтлээ. Зэвсгийн дархан давхарласан шар айрагны торх санагдуулам цүдгэр гэдэс,
түнтгэр цээжтэй аж. Түүний хамар өргөн навтгар агаад үргэлж сахлаа хусах хэрэгтэй мэт
санагдана. Хар ноосон цамцны сул санжигнах зүүн талын ханцуйгаа мөрөндөө шуун урт
илдний дүрстэй мөнгөн товчоор торгоожээ.

- Үг ээжийг чинь янхан болгохгүй. Тэр хэн байсан хэвээр үлдэх бөгөөд Бах юу ч гэж хэлсэн
үүнийг өөрчилж чадахгүй. Чи Ханан дээрх янхан ээжтэй эрчүүд байдгийг мэднэ биз дээ?

"Миний ээж лав биш" гэж Жон бодов. Тэр ээжийнхээ тухай юу ч мэддэгүй байлаа. Эддард
Старк түүний тухай ярьдаггүй байв. Түүний тухай зүүдлэх үедээ үргэлж бараг л царайг нь
санах шахна. Түүний зүүдэнд ээж нь үзэсгэлэнтэй язгууртан гаралтай эелдэгхэн нүдтэй
үзэгддэг байж.

- Чи язгууртан лордын бутач хүүхэд байх хэцүү гэж бодож байна уу? Жэрэн бол ламын хүү,
Коттер Пик дорд гаралтай дэн буудлын хүүхний хүүхэд байсан. Гэсэн ч одоо тэнгисийн
дэргэдэх дорнод Харуулын хэсгийг захирч байна хэмээн дархан үргэлжлүүлэв.

- Надад хамаагүй. Тэд миний хувьд Торн, та, Бэнжин Старк гээд бусдын адил огтхон ч
хамаагүй. Би эндхийг үзэн ядаж байна. Эндхийн газар... дэндүү хүйтэн.

- Тиймээ. Ханан дээр хүйтэн хэцүү уйтгартай ийм хүмүүс л энд байдаг юм. Чиний
асрагчийн ярьсан үлгэртэй адилгүй байна уу? Тэр үлгэр болон асрагч руугаа нулимж орхи.
Эндхийн амьдрал ийм л болохоор чи энд байгаагаас хойш бусдын адил тавилантай байх
болно.

- Амьдрал гэнэ ээ хэмээн Жон гашуунаар хэлэв. Зэвсгийн дархан амьдралын тухай ярьж
байдаг. Тиймээ тэр үүнийг мэднэ. Тэр хар болоод гараа алдсаны адил Шуурганы адгийн байр
сууриа алдсан. Үүнээс өмнө хааны ах Станнис Баратеоны төмрийн дархан байсан билээ. Тэр
долоон ханлигийг нэг захаас нь нөгөө зах хүртэл хөндлөн гулд явж үзсэн. Тэр наргиж цэнгэн
хүүхэндэж зуун тулаанд оролцож байсан. Донал Нойг Сэрээнд Рэйгэр Таргариний цээжийг
бяц цохисон Роберт хааны дайны алхыг давтсан гэж ярьцгаадаг билээ. Тэр Жоны хэзээ ч хийж
байгаагүй олон зүйлсийг хийж гучин насыг өнгөрсний зэрэгцээ зүүн гараа бүхэлд нь сүхний
цавчилтанд алджээ. Тэр зэрэмдэг болсон хойноо Хана руу ирсэн учир бүх амьдрал нь төгсгөл
болсон гэж үзэж болох байлаа.

- Тиймээ амьдрал. Урт удаан юм уу богино байх нь чамаас хамааралтай, Сноу. Хувь заяаны
замаар явж байхад чинь ах дүүс нарын нэг чинь нэг л шөнө хоолойг чинь огтолчихож болно.

- Тэд миний ах дүү нар биш. Тэд намайг өөрсдөөс нь дээр болохоор үзэн яддаг гэж Жон
эсэргүүцэв.

- Үгүй. Тэд чамайг өөрийгөө тэднээс илүү юм шиг бодож явдагт чинь үзэн ядаж байгаа юм.
Тэд зөвхөн цайзад өсөж торниод өөрийгөө жижигхэн лорд гэж төсөөлсөн бутчийг харж
байгаа гээд дархан бөхийн,

- Чи бол лорд биш үүнийгээ санаж яв. Чи Сноу болохоос Старк биш. Дээрээс нь бас
дээрэлхүү бутач гэв.

- Дээрэлхүү гэнэ ээ? хэмээн Жон үгэндээ хахах шахав. Шударга бус буруутгал амьсгалыг нь
давхцуулав.

- Тэд л дөрвүүлээ байж ганц хүний араас ирсэн биз дээ.

- Чиний хашаанд шившиг болгосон дөрвөн хүн. Чамаас эмээж буй дөрвөн хүн. Би чиний
тулалдахыг харсан. Энэ бол бэлтгэл биш. Хэрвээ чамд хурц илд байсан бол тэд үхдэл болно
гэдгийг бидний зэрэгцээ тэд ч гэсэн мэдэж байгаа. Чи тэдэнд ямар ч боломж үлдээгээгүй.
Чи тэднийг гутаасан. Үүгээрээ бахархаж байна уу?

Жоны дотор эргэлзэх сэтгэгдэл төрөв. Тэр ялалтандаа хөөрөн бахдаж байсан билээ. Яагаад
ингэж болохгүй гэж? Гэвч зэвсгийн дархан түүнтэй тусдаа ярилцаж байхыг бодоход үүнд
ямар нэг буруу зүйл байгаа бололтой.

- Тэд бүгдээрээ надаас ахмад гэж өөрийгөө өмгөөллөө.

- Ахмад өндөр хүчирхэг гэдэг бол үнэн. Би чамайг Винтерфеллд зэвсгийн даамал өөрөөсөө
том биетэй хүмүүстэй тулалдахад сургасан гэдэгт мөрийцсөн ч болох байна. Тэр ямар нэг
хөгшин хүлэг баатар байсан уу?

- Сэр Родрик Кассел гэж Жон болгоомжтой хэллээ. Энд л занга байхыг мэдрэв.

Донал Ной урагш Жоны нүүр лүү бөхийв.

- Харин одоо энэ тухай бодоод үз, хүү минь. Тэдний хэнд ч сэр Аллистер заах хүртэл
зэвсгийн даамал байгаагүй. Тэдний эцэг тариачин, хөтөч, хулгайн анчин, дархан, уурхайчин,
хөлөг онгоцны сэлүүрч байсан. Тэд тулааны талаарх бүх мэдлэгээ онгоцны тавцан,
Ланниспортын хуучин гудамж, хааны замын дэн буудлын янханы газраас олж авсан.
Магадгүй ийшээ ирэхээс өмнө хэдэн удаа саваагаар тулалдсан байж болох ч чамд амлахад
тэдний хэнд ч жинхэнэ илд худалдан авах мөнгө байгаагүй гээд баргар царайлсан хэвээр,

- За тэгээд өөрийнхөө ялалтын амтыг мэдрэх ямар байна даа, лорд Сноу? гэв.

- Намайг битгий ингэж дууд! гэж Жон уцаарлан дуугарсан ч уур хилэн нь намджээ. Гэнэтхэн
тэр ичингүйрч буруугаа мэдрэв.

- Би хэзээ ч... Би тэгж бодоогүй...

- Тэгвэл бодож эхэлсэн нь дээр шүү гэж Ной түүнд анхааруулж,

- Эс тэгвээс дэрэн дороо хутгатай унтах хэрэг гарна шүү. Харин одоо яв гэлээ.

Жон зэвсгийн өрөөнөөс үд дундын үед гарав. Нар үүлний цаанаас гийгүүлнэ. Тэр эргээд хана
руу харахад нарны гэрэлд мөсөн болор адил цэнхэртэж туяаран гялалзав. Энэ бүх долоо
хоногийн дараа ч түүнийг харахад дотор нь жихүүдэс төрсөн хэвээр байлаа. Хана зууны
туршид салхинд үлээгдэн ирсэн тоос шороонд дарагдаж бүрхэг өдрийн тэнгэр шиг саарал
өнгөтэй болсон мэт санагдах ч... нартай цэлмэг өдөр амьд юм шиг туяаран гялалзаж цайвар
цэнхэр цохио тэнгэр өөд сүндэрлэнэ.

- Урьд нь хүний гараар нэг ч ийм том зүйл бүтээгдэж байгаагүй гэж Бэнжин Старк Жонд
хааны замаар явах үед Ханын барааг анх хараад хэлжээ.

- Үүний дээрээс ямар ч ашиггүй Тирион Ланнистер нэмэрлээд инээд алдсан ч ойртож ирээд
чимээгүй болов.
Хана олон миль газар сунан цайвар цэнхэр судал хойд зүгээс өмнө зүг хүртэл баруунаас зүүн
рүү гудамлан үргэлжилнэ. Үүнийг ертөнцийн хязгаар гэж нэрлэдэг авай.

Тэднийг эцэст нь Хар цамхагт хүрэхэд аварга том мөсөн ханын дэргэд дүнзэн байшин,
чулуун цамхаг цасан дээр тараан хаялсан атга тоглоом адил үзэгдэв. Хар ахан дүүсийн
эртний хүчирхэг бэхлэлтэд Винтерфеллтэй төстэй зүйл байсангүй. Үнэндээ жинхэнэ цайз ч
биш байлаа. Хана өмнөд, зүүн, баруунаас хамгаалахгүй болохоор зөвхөн умар зүг Шөнийн
харуул анхаарал тавих агаад хамгийн өндөр Хар цамхагаас гурав дахин өндөр хэмжээтэй
бараг долоон зуун фут ажээ. Авга ах нь дээгүүр нь зэвсэглэсэн арваад хүлэг баатар зэрэгцэж
явж болохуйц өргөн зам бий гэсэн юм. Дээрээс харвал харвагч машин, том модон өргүүр асар
том шувууны араг яс адил хэрзийлдэн дор нь холхих хүмүүс шоргоолж шиг жижиг үзэгдэнэ.

Жон зэвсгийн өрөөний гадна зогсоод дээш ширтэхдээ Хааны зам дээр анх харсан үеийнх
шигээ бишрэх сэтгэгдэл төрөв. Хана ийм л байх ёстой. Заримдаа тэр хөл дор орших газар,
дээдэх тэнгэр гээд бүгдийг мартаж агшин зуур Хананаас ондоо зүйл ертөнц дээр үгүй мэт
санагдана. Хана долоон ханлигаас ч эртний дороос харахад толгой эргэм өндөр байлаа. Тэр
аварга том хүнд мөс дээрээс няц дарахад бэлэн мэт шахахыг мэдэрч түүний нуралт
ертөнцийг нураах мэт санагдах ажээ.

- Түүний цаана юу байгаа талаар гайхаж байна уу? гэж танил хоолой хэлэхэд Жон эргэж
харлаа.

- Ланнистер. Би чамайг энд байхыг харсангүй. Ганцаараа байна гэж бодлоо.

Тирион Ланнистер зузаан ангийн арьсаар биеэ хучсан нь жижигхэн баавгай адил үзэгдэв.

- Хүмүүсийг гэнэдүүлэх нь ашигтай байдаг гэж ярьцгаадаг. Эндээс юу суралцаж болохыг чи


хэзээ ч мэдэхгүй гэхэд,

- Та надаас юу ч суралцахгүй гэж Жон хэлэв. Тэр аялал дууссанаас хойш одойг ховорхон
харжээ. Хатан хааны дүү болохоор Тирион Ланнистер шөнийн харуулын хүндэт зочин болж
байлаа. Захирагч лорд түүнд Хааны цамхаг гэж дуудагддаг ч бүтэн зууны турш нэг ч хаан
ирээгүй цамхагт өрөө гаргаж өгсөн бөгөөд Ланнистер Мормонтийн ширээнд суун зоог
барьж, бүтэн өдрийн турш Ханан дээгүүр зугаалан шөнөдөө шоо тоглох юм уу, сэр Аллистер,
Боуэн Марш зэрэг бусад өндөр албаны хүмүүстэй цуг уудаг байлаа.

- Өө, би явсан газраасаа бүх зүйлийг суралцаж байдаг юм гээд жижигхэн хүн тахир хар
таягаар Хана руу зангаж,

- Би юу хэлэх гэсэн юм бэ гэвэл... яагаад нэг хүн хана барьж дараагийн хүн нөгөө талд нь юу
байгааг мэдэх шаардлагатай болдог юм бол? гээд толгойгоо гилжийлгэн Жон руу нийцээгүй
нүдээрээ сониучирхан харлаа.

- Чи нөгөө талд нь юу байгааг мэдэхийг хүсэхгүй байна гэж үү?

- Тэнд ямар ч онцгой юм байхгүй гээд Жон Бэнжин Старктай цуг эргүүлд мордон нууцлаг
ойн гүн рүү нэвтэрч Манс Рэйдэрийн зэрлэгүүдтэй тулалдан, Нөгөөдүүлээс хаант улсаа
хамгаалахыг хүсэж байсан авч энэ тухай дурсахгүй байсан нь дээр байлаа.

- Харин грамкин снаркийн хувьд гэвэл. Бид тэдний тухай мартаж болохгүй, лорд Сноу. Өөр
үүнээс том ямар зүйл байна гэж?

- Намайг лорд Сноу гэж битгий дууд гэхэд одой хөмсгөө өргөлөө.

- Чи намайг Бяцхан чөтгөр гэдэг л биз дээ? Хүмүүсийн үг чамайг гомдоож байгаа цагт чи
хэзээ ч шоолж доромжлохоос ангид байхгүй. Тэд чамд нэр өгөхийг хүсч байгаа бол тэг л дээ.
Гэсэн ч чи өөрийнхөө нэртэй байна. Тэд чамайг юугаар ч өвтгөж чадахгүй гээд таягаараа
хажуу тийш занган,

- Алив хамт явах уу. Хоолны танхимд заваан мах чанаж байгаа ч би аяга халуун юм уумаар
байна гэв.

Жон муугүй өлсөж байсан хэдий ч Ланнистерийн явдалд тааруулан алхаагаа удаашруулав.
Салхи ширүүсэж хуучин модон байшин чахран, алсад цонхны хүнд модон хаалт тасхийв.
Тэгтэл байшингийн дээвэр дээр тогтсон цасан бүрхүүл урд нь газар пүргэн уналаа.

- Би чиний чоныг харсангүй гэж Ланнистер явах зуураа хэлэв.

- Би түүнийг бэлтгэл хийх үедээ хуучин агтны жүчээнд гинжилж байгаа. Морьдыг нь өөр
жүчээнд шилжүүлсэн болохоор саад болох зүйл байхгүй. Үлдсэн хугацаанд нь надтай хамт
Хардины цамхагийн өрөөнд байдаг юм.

- Нурсан бэхлэлтийн нэг үү? Чулуу нь манай хүндэт хаан Роберт удаан шөнийн турш
архидсан юм шиг бутарч яжийсан уу? Би тэр цамхагыг эзгүй юм байх гэж бодлоо гэхэд Жон
мөрөө хавчаад,

- Энд чиний хаана унтах хэнд ч хамаагүй. Тэндхийн ихэнхи өрөө хоосон болохоор дуртайгаа
сонгож авч болно гэлээ.

Урьд нь Хар цамхагт дөрвөн зуун цэрэг морь, зарц, зэвсэг юутай хээтэйгээ багтаж байсан ч
одоо Ханыг хамгаалагчдийн тоо урьдын аравны нэгд ч хүрэхгүй болохоор нурж эхэлжээ.

Тирион Ланнистер хүйтэн агаарт уур савсуулан инээд алдаж,

- Хэрвээ чи эцэгтээ энэ тухай сануулвал цамхаг чинь нурахаас өмнө хэдэн чулуучин
баривчилж илгээнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

Жон гашуун даажигналыг мэдэрсэн ч үнэнийг үгүйсгэсэнгүй. Урьд Харуулд Ханын дагуу
арван есөн том бэхлэлт ашиглаж байсан ч одоо ердөө гурвыг нь ашиглаж байлаа. Дорнод
харуулын цамхаг эргийн салхинд сааралтан үргэлжилж, Сүүдэрт цамхаг уулсын хяр даган
Ханын төгсгөл хүрч, тэдний дунд Хар цамхаг Хааны зам дээр сүндэрлэнэ. Үлдсэн
бэхлэлтүүд эрт цагт орхигдож уйтгартай нуранги болоод харанхуй цонхоор нь хүйтэн салхи
исгэрэн үхсэн хүний сүнс тэнүүчилнэ.
- Ганцаараа унтсан нь хамаагүй дээр. Бусад нь бүгд сүнсээс айдаг гэж Жон зөрүүдлэхэд,

- Ухаалаг хөвгүүд хэмээн Ланнистер инээвхийлээд сэдвийг өөрчлөн,

- Санаснаас танай авга ахыг удаан хугацааны аялалд явсан гэж ярьцгааж байна гэв.

Жон авга ах Бэнжин Старкад уур нь дүрсхийх үедээ цасан дээр үхэдхийн хэвтэж буй төрхийг
санамагц түргэн харц буруулав. Тэр одойд нүдэндээ гэмшил харагдуулахыг хүссэнгүй.

- Тэр миний төрсөн өдөр буцаж ирнэ гэсэн гэж Жон хэлэв. Гэвч түүний төрсөн өдөр хоёр
долоо хоногийн өмнө хэнд ч анзаарагдалгүй өнгөрчээ.

- Тэд Лорд Арриний тугчийн хүү сэр Вэймер Ройсыг хайхаар явсан. Авга ах Бэнжин тэднийг
Сүүдэрт цамхагын хавьцаанаас уул өөд өгсөөд олно гэж бодож байгаа юм.

- Би сүүлийн үед алга болсон олон сайн эргүүлийн тухай хангалттай сонслоо гээд Ланнистер
шатаар өгссөнөө хаалга инээмсэглэн нээж,

- Магадгүй энэ жил грамкинууд их өлссөн биз гэв.

Уужим танхимд том зууханд гал дүрэлзэн асах хэдий ч дотор зэврүү даана. Намхан адрын
дүнзэн хөндлөвч дээр хэрээнүүд суужээ. Жон тэдний толгой дээгүүр гуаглахыг сонсоод
тавагтай шөл, зүсэм хар талхтай авлаа. Гренн, Бах болон өөр бусад хөвгүүд зуухны ойролцоо
дулаахан газар суугаад бүдүүлэг хоолойгоор инээлдэн хараал тавина. Жон тэдэн рүү хормын
турш бодлогоширон ширтсэнээ танхимийн эцэст хоол идэж байсан хүмүүсээс зайдуу суув.

Тирион Ланнистер урдаас нь харж суугаад ногоотой шөлөө сэжиглэнгүй шиншилж,

- Арвай, сонгино лууван. Хэн нэгэн тогоочид манжин мах биш гэдгийг хэлж болдоггүй юм уу
гэж бувтнав.

- Энэ чинь хонины махтай шөл гээд Жон бээлийгээ сугалж гараа ууранд дулаацуулахад
хоолны үнэр шүлс асгарам ханхлав.

- Сноу.

Сэр Аллистер Торний хоолойд урьд өмнө сонсогдож байгаагүй сониуч өнгө сонсогдсонд Жон
эргэлээ.

- Захирагч лорд чамтай уулзахыг хүсч байна. Яг одоо шүү.

Жон агшин зуур хөдөлж чадсангүй. Яагаад захирагч түүнтэй уулзахыг хүссэн юм бол?
Бэнжиний тухай юм сонсогдсон юм болов уу? Тэр үхсэн бол түүний харсан зүйл үнэн байж.

- Миний авга ахын тухай юу? Тэр аюулгүй эргэж ирсэн биз дээ?

- Захирагч лорд хүлээхэд дасал болоогүй. Би ч гэсэн тушаал өгөхөд бутач урдаас асуулт
тавихад хэвшил болоогүй гэж сэр Аллисер хэлэхэд Тирион Ланнистер сандлаас ухасхийн
босоод,

- Больж үз, Торн. Чи хөвгүүнийг айлгаад байна гэв.

- Чиний оролцох асуудал биш. Чамд хамаагүй, Ланнистер. Тэгээд ч энэ чиний байх газар
биш.

- Мэдээж миний байр ордонд шүү дээ гээд одой инээмсэглэж,

- Зөвхөн ганц үг хэрэгтэй чихэнд дуулгах юм бол чи ахин нэг хүү сургахаасаа өмнө хөгшин
зөнөг шиг үхэх болно шүү. Одоо Сноуд яагаад Хөгшин баавгай уулзахаар болсоныг хэлдээ.
Түүний авга ахынх тухай мэдээ сонсогдоо юу? гэв.

- Үгүй. Энэ өөр зүйлийн тухай. Өнөө өглөө Винтерефллээс түүний дүүгийн тухай захиа
ирсэн гэснээ,

- Түүний эцэг нэгтэй дүүгийн тухай гэж засаж хэлэв.

- Бран гэж Жон дуу алдаад хөл дээрээ үсрэн босч,

- Бранд ямар нэг зүйл тохиолдоо юу? гэхэд Тирион Ланнистер түүний мөрөн дээр гараа
тавьж,

- Жон, надад үнэхээр харамсалтай байна гэв.

Жон түүний үгийг сонссонгүй. Тирионы гараас мултраад танхим дундуур ухасхийн хаалга
саван гарч гүйлээ. Түүнийг хунгарласан хуучин цасан дундуур туучин захирагчийн цамхагт
хүрэх үед харуулууд дотогш оруулсанд шатны гишгүүрийг хоёр хоёроор нь алгасан харайлгаж
захирагч лордын өмнө нойтон гуталтай амьсгаадан зогсож цөхөрсөн хоолойгоор,

- Бран. Бранд юу тохиолдсон бэ? гэлээ.

Шөнийн харуулын захирагч лорд Жиор Мормонт хэмээх халзан толгой бавгар буурал
сахалтай уцаартай ширүүн хөгшин хүн гаран дээрээ хэрээ суулгаад эрдэнэ шишийн үрээр
тэжээж байв.

- Надад чамайг уншиж чадна гэж хэлсэн гээд хэрээг занган нисгэхэд далавчаа дэвэн цонхны
тавцан дээр очиж суугаад Мормонтын хуйлаастай цаас Жонд гаргаж өгөхийг ширтэх зуураа,

- Шиш, шиш гэж хахирган хоолойгоор гуаглав.

Жоны хуруугаараа зэрлэг чонын сүлд бүхий цагаан лацыг задлаад Роббийн гараар бичигдсэн
захиаг нээж унших гэтэл нүдний өмнөх цаас бүрэлзсэнд уйлж байгаагаа мэдэрлээ. Тэр
нулимс цийлэгнэсэн нүдээр эхний мөрийг уншаад толгойгоо өргөж,

- Тэр сэржээ. Бурхад түүнийг буцаан авчирч гэхэд,


- Зэрэмдэг болгоод гэж Мормонт хэлснээ,

- Надад их харамсалтай байна хүү минь. Захианы үлдсэн хэсгийг унш гэв.

Тэр үлдсэн захиаг харсан ч бусад нь хамаа байсангүй. Бран амьд гарсан байхад юу ч хамаагүй
байлаа.

- Миний дүү амьд гарчээ гэж Мормонтод хэлэв. Ерөнхий захирагч толгойгоо сэгсрээд атга
дүүрэн эрдэнэ шиш атгаж исгэрлээ. Хэрээ нисэн ирж мөрөн дээр нь суугаад,

- Амьд! Амьд! гэж хашгирав.

Жон шатны уруу инээмсэглэн гүйхдээ Роббийн захиаг гартаа атгажээ.

- Миний дүү амьд гарсан байна гэж харуулуудад хэлэхэд хоорондоо харц солилцлоо. Тэр
хоолны танхимд буцаж гүйж ороход Тирион Ланнистер хоолоо дуусгаж байлаа. Тэр одойн
суганаас өргөн агаарт эргүүлж,

- Бран амьд гарчээ! гэж хашгирлаа. Ланнистер гайхширсанд доош нь буулгаад цаасыг
гардуулав.

- Энэ байна унш.

Эргэн тойронд байсан хүмүүс сониучирхан харцгаана. Жон Гренний хэдэн алхамын зайд
байхыг харав. Хугарсан гараа зузаан ноосон боолтоор боожээ. Тэр түгшсэн байртай сэтгэл
зовонгуй харагдсан ч дайсагнасан янзтай байсангүй. Жон түүн рүү очлоо. Гренн хоёр гараа
урдаа өргөн ухрав.

- Надаас холхон байгаарай, бутач минь гэхэд Жон инээмсэглэв.

- Чиний бугуйг хугалсанд намайг уучлаарай. Робб урьд нь нэг удаа модон илдээр намайг яг
ингэж цохиход долоон там аятай өвдсөн гээч. Хэрвээ хүсч байвал би чамд яаж өөрийгөө
хамгаалахыг зааж өгье.

Аллисер Торн үүнийг бас сонсчээ.

- Лорд Сноу миний байрыг эзлэхийг хүсч байна. Чиний бух гөрөөсийг сургахаас ч хурдан
хугацаанд би чононд чинь жонглёр заах байлгүй гээд янцгаан инээлээ.

- Тэгнэ гэж мөрийцье, сэр Эллис. Би Сүнсийн жонглёрдохыг дуртайяа харах байна гэхэд
Гренн цочирдон амьсгаа давхцаж эргэн тойрон нам гүм болов.

Тэгтэл Тирион Ланнистер тачигнатал хөхрөхөд ойролцоох ширээний хар ахан дүүс түүнтэй
нэгдлээ. Инээд сандлыг хаман авч тогооч хүртэл баясан инээв. Дүнзэн дээр суусан шувууд
үргэж эцэст нь Гренн мушийлаа.

Сэр Аллисер Жон руу харсангүй. Эргэн тойрон хадах инээд дунд баргар царайлан хүрлийжж
суугаад гартаа илднийхээ бариулыг тас атгажээ.

- Энэ чиний хамгийн ноцтой алдаа боллоо, лорд Сноу гэж эцэст нь дайсандаа гашуун өнгөөр
хэллээ.
ЭДДАРД

Эддард Старк Улаан цайзын хүрэл хаалгаар эцэж зүдрэн, гэдэс нь хонхолзож, уур унтуу
болсоор орлоо. Тэр морин дээр сайхан халуун ус, шарсан шувуу, өдөн дэвсгэртэй орны тухай
мөрөөдөл болж явсан ч хааны бойдоо ирээд эрхэмсэг мастер Пицелл бага зөвлөлийг
яаралтай хуралдуулах болсоныг дуулгав. Хааны гарын үүрэг ёсоор зөвөлгөөнд яаралтай
оролцох хэрэгтэй болжээ.

- Зөвөлгөөнийг маргааш болго гэж Нэд зандраад мориноосоо буув.

Бойдоо дор гэгч мэхийн ёслоод,

- Би зөвлөлийн гишүүдэд таны харамслыг дамжуулъя, эзэнтээн гэлээ.

- Үгүй, хараал идмэр гэж. Би тэдэнтэй уулзана. Зөвхөн надад хувцсаа сольж арай аятай зүйл
өмсөх хугацаа өгөөдөх гээд Нэд зөвлөлийг эхнээсээ үл тоон доромжлохыг хүссэнгүй.

- Ойлголоо, эзэнтээн. Бид урьд нь лорд Арриний эзэмшиж байсан Гарын цамхагт таньд өрөө
өгөхөөр бэлтгэсэн. Хэрвээ та дургүйцэхгүй бол би таны юмсыг тийш нь зөөж байрлуулъя.

- Баярлалаа гээд Нэд аяны бээлийгээ тайлж бүсэндээ хавчуулав. Бараа бологсод нь араас
хаалгаар орж ирлээ. Нэд өөрийн бойдоо Вэйон Полыг харсан даруй дуудав.

- Би яаралтай зөвөлгөөнд оролцох хэрэгтэй байна. Миний охидыг өрөөнд нь оруулаад, Жориг
хар гэж хэлээрэй. Ялангуяа Аръяаг хааш нь ч явуулж болохгүй шүү гэхэд Пол мэхийн ёслов.
Нэд хааны бойдоо руу эргээд,

- Хөсөг тэрэг хотын дундуур арай хүрэлцэн ирээгүй болохоор надад солих хувцас хэрэгтэй
байна гэхэд,

- Таны тааллаар больё гэлээ.

Нэд зөвлөлийн өрөө рүү явж зээлж авсан хувцастайгаа чөмгөндөө хүртэл ядарсаар ороход
бага зөвлөлийн дөрвөн гишүүн хүлээж байлаа.

Өрөөг баян тансаг чимэглэжээ. Шалан дээр сүрлийн оронд Миришийн өтгөн сахлаг хивс
дэвсэж, нэг буланд Зуны арлуудаас авчирсан үлгэр домгийн амьтад дүүлэлдэх тод зураг
сийлбэрлэжээ. Хананд Норвос, Квохор, Лисийн зураг өлгөж, хаалганы хоёр жигүүрт
Валерианий хос сфинкс байрлуулаад хар гантиг нүүрэнд нь улалзсан анар нүд шигтгэжээ.

Нэдийг хаалгаар орохтой зэрэгцэн түүний хамгийн дургүй зөвлөлийн гишүүн тайган Варис
угтаж ирэв.

- Лорд Старк таньд Хааны зам дээр тохиолдсон таагүй үйл явдлын тухай сонсоод би туйлаас
гашуудлаа. Биднийг сүмд орж ханхүү Жоффрейгийн эрүүл мэндийн төлөө лаа өргөхөд би
бурхнаас түүнийг эдгээж өгөхийг гуйсан гээд Нэдийн ханцуйнаас зүүн гараараа барихад
энгэсэгний толбо үлдээн ямар нэг булшны цэцгийн өмхий үнэр ханхлав.

- Бурхад таны мөргөлийг сонссон бололтой. Ханхүү өдөр ирэх тусам сайжирч байгаа гэж Нэд
хүйтнээр эелдэг хариулаад гээд тайганы атгалтаас салж өрөөн дундуур лорд Рэнли, Чигчий
хуруу байж таарах намхан хүнтэй аяархан ярилцаж буй зүг рүү очлоо. Робертийг хаан
ширээнд суух үед Рэнли ердөө найман настай байсан ч одоо өсч том болоод ахтайгаа туйлын
адилхан болжээ. Нэдэд Роберт Сэрээнд ялсаныхаа дараа үеийнх шигээ зогсож байгаа юм шиг
санагдав.

- Таны аюулгүй хүрэлцэн ирснийг харж байна, лорд Старк гэж Рэнли хэлэв.

- Чи ч гэсэн сайн хүрэлцэн иржээ. Намайг уучлаарай гэхдээ чи заримдаа яг Робертийн


хуулбар шиг харагдах юм гэхэд,

- Хөөрхийлэлтэй хуулбар гээд Рэнли мөрөө хавчив.

- Гэсэн ч хамаагүй дээр хувцастай. Лорд Рэнли ордны хатагтай нарын хагасаас илүү олон
хувцастай гэж ярилцдаг хэмээн Чигчий хуруу хошигнов.

Энэ нь үнэн байлаа. Лорд Рэнли арван хоёр алтан буга хатгамласан цээживч бүхий бараан
ногоон өнгийн хилэн хувцас өмсөж, алтан даавуугаар хийсэн богино нөмрөг мөрөн дээгүүрээ
давуулан тохоод маргад шигтээтэй зүүгээр товчилжээ.

- Энэ ч муу гэмт хэрэг шүү. Тэгэхэд чи ганцхан хувцастайгаа байдаг гээд Рэнли инээд алдав.

Чигчий хуруу даажигналыг үл тоомсорлов. Тэр Нэд рүү гэмгүйхэн инээмсэглэн ширтэж,

- Би олон жилийн турш таньтай танилцахыг мөрөөдөж байлаа, лорд Старк. Хатагтай Кателин
эргэлзээгүй таньд миний тухай дурссан байх гэв.

- Тиймээ тэгсэн гэж Нэд мөс шиг хүйтэн хоолойгоор хэлэв. Түүний үгийн өнгөн дэх үл мэдэг
хямсгар зан сэтгэлийг нь хөнджээ.

- Миний ойлгож байгаагаар чи миний ах Брандонтой илүү сайн танил байх гэхэд Рэнли
Баратеон инээд алдав. Варис чагнахаар ойртож ирлээ.

- Дэндүү сайн танил. Надад одоо хүртэл түүний үлдээсэн хүндэтгэлийн тэмдэг бий шүү.
Ингэхэд Брандон бас миний тухай ярьсан хэрэг үү?

- Үргэлж уцаарлан ярьдаг байлаа гээд Нэд үүгээр яриа төгсгөл болсон байх гэж найдав.
Түүнд үгээр наадан тулалдаж байх тэвчээр байсангүй.

- Харин би эндхийн дулаан Старкийнханд таагүй санагдана гэж бодож байна. Эндхийн өмнө
зүгт Старкийнханыг мөсөөр хийсэн байдаг болохоор Хүзүүг гатлан явах замдаа хайлдаг гэж
ярьцгаадаг юм гээд Чигчий хуруу инээвхийлэв.

- Би ойрын үед ерөөсөө хайлахаар төлөвлөөгүй байна, лорд Бэйлиш. Үүнд эргэлзэх хэрэггүй
гээд Нэд зөвлөлийн ширээнд очиж,

- Мастер Пицелл таны бие сайн гэдэгт найдаж болох уу? гэв.

Эрхэмсэг мастер эелдэгхэн инээмсэглэж ширээний хөлд байсан өндөр суудлаасаа бослоо.

- Миний насанд хангалттай сайн байна. Хөгшрөхөөр амархан ядардаг болж гэлээ. Түүний
өргөн халзан духны оройд хэдхэн цагаан үс байх агаад найрсаг царайг нь өтгөн цагаан сахал
эмжжээ. Түүний мастерийн зах Лювиных шиг ердийн төмөр хийцтэй байсангүй. Хорин
дөрвөн хүнд төмөр хэлхээ хүзүүнээс нь энгэр лүү унжжээ. Гинжийг хүний мэдэх бүхий л
төмөр эдлэл болох хар төмөр, улаан алт, тод зэс, бараан тугалга, ган, цайвар мөнгө, гууль, зэс,
цагаан алтаар хийжээ. Дархан үүнийгээ анар, ягаан болор, хар сувдаар чимж маргад эрдэнэ,
бадмаараг оруулсан байв.

- Бид зөвөлгөөнөө эхэлсэн нь дээр байх. Үүнээс удвал би унтах нь гэж айж байна гэж мастер
бүдүүн гэдсэн дээрээ гараа зөрүүлэн тавьж хэллээ.

- Таны тааллаар болъё гээд Нэд ширээний голд түшлэг дээрээ алтан утсаар Баратеоны титэм
буга хатгамласан эзэн хааны сандлын баруун гар талд суугаад,

- Эрхэм лордуудаа. Та бүхнийг хүлээлгэсэн явдалд өршөөгөөрэй гэв.

Бусад нь зохих ёсны суудлаа эзлэхэд Эддард Старкад гэнэтхэн энэ өрөөнд эдгээр хүмүүсийн
дунд байх ёсгүй гэсэн сэтгэгдэл төрөв. Тэр Робертийн Винтерфеллийн бунханд ярьсан
зүйлийг саналаа. "Би зусарч тэнэгүүдээр хүрээлүүлжээ" гэж хаан хэлсэн. Нэд зөвлөлийн
ширээ рүү хараад энд зусарч хангалттай бол хэн нь тэнэг юм бол гэж тодорхойлохыг оролдов.

- Гэхдээ бид нар тавуулхнаа байна шүү дээ.

- Лорд Станнис хааныг умард зүг явсны дараа Лууны цохио руу явсан. Харин манай сүр
жавхлант сэр Барристон эргэлзээгүй хааныг хот руу ирэх замд дагалдан хамгаалалтын
захирагчийн үүрэг гүйцэтгэн яваа гэж Варис хэлэв.

- Магадгүй бид сэр Барристан, хаан хоёрыг хүлээсэн нь дээр юм уу? хэмээн Нэд санал
болгоход Рэнли Баратеон чангар хөхөрч,

- Хэрвээ бид манай ахыг ордонд хүрэлцэн ирэхийг хүлээвэл удтал энд суух суух хэрэг гарна
гэлээ.

- Манай хүндэт хаан Робертод санаа тавих зүйл олон бий. Тэр өөрийнхөө ачааг хөнгөлөхийн
тулд бидэнд зарим жижигхэн асуудлаа даалгадаг гэж Варис хэллээ.

- Лорд Варис энэ бүх зоос, ургац, шүүх засаглалийн асуудал миний хаан ахыг нулимс гартал
уйдааж байгаа гэж хэлэх гэсэн байх гээд лорд Рэнли чивчиртэл ороосон хуйлаастай цаас
хайнцуйнаасаа гарган ширээн дээр тавилаа.

- Өнөө өглөө тэр намайг урагш түрүүлж довтолгон эрхэмсэг мастер Пицеллд даруй зөвлөлийг
хуралдуулахыг үүрэг болгосон билээ. Бидний өмнө маш яаралтай даалгавар байна.

Чигчий хуруу инээмсэглээд хааны сүлдтэй цаасыг Нэдэд гардуулав. Нэд лацыг задлан цаасыг
эрхий хуруугаараа тэнийлгээд хааны яаралтай тушаалыг үл итгэн уншлаа. Робертийн
тэнэглэлд ер нь эцэс байна уу? Түүний нэрийг дурьдсан нь шархан дээр давс хийхтэй адил
зүйл болжээ.

- Бурхан минь гэж Нэд санаа алдав.

- Лорд Эддард юу хэлэх гэсэн бэ гэвэл эрхэм дээдэс бидэнд түүнийг Хааны гар болсонд
зориулан томоохон эр баатруудын сорилт зохион явуулахыг даалгажээ гэж лорд Рэнли
тунхаглав.

- Хэр зэрэг? гэж Чигчий хуруу товч асуулаа.

Нэд хариуд нь захиаг уншив.

- Ялагчид дөчин мянган алтан луу. Хоёрт орсон хүнд хорин мянгыг, ахин арван хоёр мянгыг
халз тулаанд ялсан хүнд, арван мянгыг харваачдийн тэмцээнд тэргүүлсэн хүнд бай шагнал
болгосугай.

- Ерөн мянган алтан луу гээд Чигчий хуруу санаа алдсанаа,

- Бид бусад зүйлсийг тооцолгүй орхиж болохгүй. Роберт өргөн дэлгэр найр хийхийг хүсэх нь
лавтай. Тэгэхээр тогооч, үйлчлэгч охид, дуучид, жонглёрчид, тэнэгүүд... гэхэд,

- Тэнэгүүд бидэнд хангалттай гэж лорд Рэнли хэлэв.

Эрхэмсэг мастер Пицелл Чигчий хуруу руу харж,

- Эрдэнэсийн сангаас ийм зардал гаргаж дөнгөх үү? гэж асуулаа.

- Ямар эрдэнэсийн сангийн тухай ярьж байна? гээд Чигчий хуруу ярвайж,

- Эрдэнэсийн сан нэг бус дахь жилээ хоосон байгаа гэдгийг та сайн мэдэж байгаа. Надад
мөнгө зээлэх хэрэг гарах нь. Эргэлзээгүй Ланнистерийнхан туслах байх. Бид хэдийн лорд
Тивинд гурван сая лууны өртэй болсон болохоор ахин зуун мянга нэмлээ гээд ямар ялгаа
байна? гэв.

- Чи титэм гурван сая алтан зоосны өртэй гэж хэлэв үү? хэмээн Нэд балмагдан дуу алдав.

- Титэм үүнээс илүү зургаан сая алтан зоосны өртэй, лорд Старк. Бид ихэнхийг нь
Ланнистерийнханаас болон лорд Тирелл, Бравосын төмөр банк, Тирошийн худалдаачдаас
зээлсэн. Сүүлд нь би сүсэг бишрэл рүүгээ хандахад хүрсэн. Өндөр дээд септон Дорнишийн
загасны худалдаачнаас ч дор наймаалцаж байна лээ гэхэд Нэд гайхширан,

- Аерис Таргарин алтаар дүүрэн эрдэнэсийн сан үлдсэн. Энэ бүхэн хаачаа вэ? гэж асуухад
Чигчий хуруу мөрөө хавчаад,

- Зоосны тэргүүн мөнгө хайн олж, Хааны гар түүнийг үрэх үүрэгтэй гэв.

- Би Жон Аррин Робертийн хаант улсыг гуйлгачин болгосон гэдэгт итгэхгүй байна гэж Нэд
дуу алдав.

Эрхэмсэг мастер Пицелл том халзан толгойгоо сэгсрэхэд гинж нь аяархан жингэнэлээ.

- Хэдийгээр лорд Аррин хэрсүү хүн байсан ч эрхэм дээдэс үргэлж цэцэн зөвлөхийнхөө үгийг
сонсдоггүй байсан гэж айж байна.

- Миний хаан ах зоос тоолохоос илүү эр баатруудын тэмцээн, найранд дуртай гэж Рэнли
Баратеон хэлэв.

- Би эрхэм дээдэстэй ярилцъя. Тэмцээн дэндүү үргэлэн болохоор хаант улс үүнийг дааж
чадахгүй гэхэд лорд Рэнли хөмсгөө атируулан,

- Хүсч байвал түүнтэй ярь л даа. Гэсэн ч бид төлөвлөгөө зохиосон нь дээр байх гэв.

- Дараа энэ тухай ярилцъя гэж Нэд дэндүү огцом дуугарсан хойноо тэднийг шинжин харлаа.
Тэр одоо Винтерфеллд байхгүй, дээр нь зөвхөн хаан байгаа гэдгийг санасан ч эхний шатанд
бол тэнцүү байлаа.

- Намайг өршөөгөөрэй, лордуудаа гэж арай зөөлнөөр хэлээд,

- Би ядарч байна. Өнөөдөр энэ тухай яриагаа төгсгөөд дараа ахин ярилцъя гээд зөвшөөрөл
хүлээлгүй босож бүгд рүү дохисноо хаалга зүглэв.

Гадаа хашаанд хөсөг тэрэг, морьтонгуудын цуваа цайзын хаалгаар цуван газрын хөрс
морьдын хөлд гишгэгдэн тоос манарч, хүмүүс хашгиралдана. Нэдийн хэлснээр хаан хараахан
хүрэлцэн ирээгүй байлаа. Сүүлд Сэрээн дээр болсон таагүй явдлын дараа Старкийнхан гол
цувааг тэргүүлэн Ланнистерийнхантай зангидсан таагүй уур амьсгалаас холхон явжээ.
Роберт бараг үзэгдсэнгүй. Түүнийг том дугуйтай тэргэнд суун байнга ууж байгаа гэж
ярьцгааж байв. Нэд Сансагын царайг ганц хартал дотроос нь уур хилэн ахин дүрэлзэв.
Сүүлчийн хоёр долоо хоногийн аялал туйлын золгүй өнгөрчээ. Санса Аръяаг зогсолтгүй
буруутган Намериа үхэх байсан гэж шаардана. Харин Аръяа нядлагчийн хүүд тохиолдсон
явдлыг сонсоод сэтгэл санаагаар унажээ. Санса унтахдаа уйлж, Аръяа бүхэл өдрийн турш
чимээгүй сажлан, Эддард Старк Винтерфеллийн хөлдүү тамын тухай мөрөөдөл болж явав.

Түүнийг хашааны дотор талын хаалганы сараалжин хаалтыг өнгөрч Гарын цамхаг байх гэж
бодсон зүг рүүгээ алхаж явтал урдаас нь Чигчий хуруу тосон гарч ирлээ.

- Та буруу зүг яваад байна, Старк. Намайг дагаад явна уу.

Нэд тээнэгэлзэн дагалаа. Чигчий хуруу түүнийг цамхагт дагуулан ороод шатаар уруудан
жижигхэн давчуу хашаанд гарснаа хоосон хуяг дуулга эгнэн зогссон эзэнгүй хонгилоор явлаа.
Тэд Таргаринийхны ариун шүтээн болох хар илдээр зэвсэглэж, лууны хайрсаар дуулгаа
чимэглэсэн байсан ч тоосонд дарагдан мартагджээ.

- Энэ чинь миний өрөө хүрэх зам биш л байна даа гэж Нэд хэлэв.

- Би тэгж хэлсэн гэж үү? Би чамайг газар доорхи гянданд аваачин хоолойг чинь хэрчиж
хүүрийг чинь чулууны дор булшилах гэж байна хэмээн Чигчий хуруу хошигнон хэлснээ,

- Бидэнд цаг алга, Старк. Таныг эхнэр чинь хүлээж байна гэв.

- Чи ямар гээчийн тоглоом тоглоод байна, Чигчий хуруу? Кателин Винтерфелд эндээс зуун
бээрийн зайд байгаа.

- Тийм гэж үү? хэмээн Чигчий хуруу саарал нүдээ хөгжилтэй гялалзуулан хэлээд,

- Тэгвэл хэн нэг нь гайхмаар хуулбарласан хэрэг байж таарах нь. Эцсийн удаа хэлье явцгаая.
Эс тэгвээс би түүнийг өөрийн болголоо шүү гээд яаран шатаар уруудав.

Нэд түүнийг болгоомжлон дагах зуураа энэ өдөрт эцэс бий эсэхийг гайхлаа. Түүнд энэ бүх
будлианы учрыг олох хүч байсангүй ч талх, балаараа Чигчий хуруу мэтийн хүмүүсийг тэжээж
байдгаа ойлгож эхлэв.

Шатны ёроолд төмөр бүслүүртэй хүнд царсан хаалга байлаа. Петр Бэйлиш тээглүүр дараад
Нэдийг ор гэж дохив. Тэд бүрэнхийд гол дээгүүр сүндэрлэсэн чулуун хясаан дээр гарч ирлээ.

- Бид цайзын гадаа гарсан хэрэг үү? гэж Нэд хэлэхэд,

- Таныг мэхлэхэд бэрх хүн юм, Старк хэмээн Чигчий хуруу мушийн хэлээд,

- Миний хойноос дагаарай. Энд хадан дээгүүр гаргасан хөндий цүнхэл бий.

- Унаад үхчихгүйг хичээгээрэй дээ, Кателин намайг хэзээ ч ойлгохгүй шүү гээд хадны ирмэг
дээгүүр сармагчин шиг шалмаг уруудав.

Нэд чулууг анхааралтай шинжин харснаа яаралгүйхэн дагаж буулаа. Чигчий хурууны хэлсэн
ёсоор хаданд үнэхээр хөндий үнэхээр байсан бөгөөд дороос үзэгдэхгүй зөвхөн мэддэг хүн
олохоор байв. Алсад чулуун дор гол шуугина. Нэд царайгаа хаданд наан доош харахгүй байхыг
хичээв.

Эцэст нь ёроолд хүрэх үед усны захаар нарийхан шавартай жим үргэлжилэн Чигчий хуруу
хад налан алим идээд зогсож байв. Тэр бараг л голыг нь үлдээжээ.

- Чи хөгширч хөдөлгөөн чинь удаан болж, Старк. Гэхдээ бид үлдсэн замаа мориор явах
болохоор энэ хамаагүй л дээ гээд алимаа түргэн урсгалт гол руу хайхрамжгүй чулуудав.

Тэднийг хоёр морь хүлээж байлаа. Нэд эмээл дээрээ мордоод Чигчий хурууны араас хот руу
даган явлаа.
Эцэст нь Бэйлиш өгөршсөн хуучин гурван давхар модон байшингийн урд жолоогоо татахад
үдшийн бүрийд цонхоор нь дэнлүүний гэрэл гялалзана. Гадна хаалган дээр улаан шилтэй
тосон дэнлүү хүнд гинжнээс дүүжилжээ.

Нэд Старк бухимдан мориноосоо буугаад,

- Энэ чинь янхны газар байх шив дээ! гээд Чигчий хурууны мөрнөөс нь угз татан өөр лүүгээ
эргүүлж,

- Чи намайг ийм хол замаар янхны газар үзүүлэх гэж авчраа юу гэлээ.

- Дотор нь чиний эхнэр байгаа гэж Чигчий хуруу хэлэв.

Энэ нь эцсийн доромжлол боллоо.

- Брандон чамд хэтэрхий эелдэг хандаж! гээд Нэд намхан хүнийг нуруугаар нь хананд шахаж
хутгаа сугалан шөвгөр сахалтай эрүүнд нь тулгав.

- Хүлээгээрэй эзэнтээн. Тэр үнэнийг ярьж байна гэх хоолой ард нь гараад хөлийн чимээ
дуулдав.

Нэд хутга барин эргэж харахад цагаан үстэй хөгшин хүн тэдний зүг яаран ирж байлаа.

- Энэ чиний хэрэг биш гэж Нэд уцаарлан хэлснээ гэнэтхэн ирж буй хүнийг танив. Тэр хутгаа
буулгаад мэгдсэн хоолойгоор,

- Сэр Родрик уу даа? гэлээ.

Родрик Кассел толгой дохив.

- Таны эхнэр чинь шатны дээр хүлээж байгаа.

Нэд балмагдаж гүйцлээ.

- Кателин үнэхээр энд байгаа хэрэг үү? Чигчий хуруу тоглоом хийсэн хэрэг биш байх нь ээ?
гээд хутгаа буцааж хуйлав.

- Тиймээ, Старк. Миний араас дагаж садар самуун явдалд нүд унагахгүй байхыг хичээгээрэй
дээ. Тэгвэл чи танигдахгүй. Магадгүй замдаа хоёр цээж энхрийлж амжина байх гэж Чигчий
хуруу хэлэв.

Тэд дотогш дүүрэн хүнтэй зочны өрөөнд ороход тарган эмэгтэй завхай дуу аялж, өнгө бүрийн
торгон хувцастай залуухан хөөрхөн охидууд ээлжит хайртынхаа өвдөг дээр суугаад эрхлүүлж
байлаа. Тэдний хэн ч Нэдэд анхаарал хандуулсангүй. Сэр Родрик дор үлдэхэд, Чигчий хуруу
түүнийг гурван давхар луу дагуулан хонгилоор яваад хаалгаар оров.

Дотор нь Кателин хүлээж байлаа. Тэр Нэдийг хармагц хашгиран гүйж ирээд чанга тэврэв.
- Миний хатагтай гэж Нэд гайхан шивнэлээ.

- Өө, маш сайн хэрэг. Та түүнийг таньж байх шив дээ гээд Чигчий хуруу хаалга хаалаа.

- Би чамайг хэзээ ч ирэхгүй нь гэж бодож байлаа хэмээн Кателин түүний цээжинд наалдан
шивнээд,

- Петр надад мэдээлэл авчирсан. Тэр Аръяа, залуу ханхүүтэй тохиолдсон явдлын тухай
хэлсэн. Миний охид хэр байна даа? гэлээ.

- Хоёул гашуудал, уур хилэн дүүрэн байгаа. Кат, би ерөөсөө ойлгосонгүй. Чи яаж Хааны газар
хүрч ирээ вэ? Юу болсон юм бэ? Энэ Бранаас болсон уу? Тэр... гээд "үхсэн" гэдэг үг уруулыг
нь давж зүрхэлсэнгүй.

- Бранаас болсон ч чиний бодож байгаа зүйл биш гэхэд Нэд бүр будилж хоцров.

- Тэгвэл чи яагаад энд байж байгаа юм бэ, хайрт минь? Энэ юун газар юм бэ? гэхэд цонхны
тавцан дээр суусан Чигчий хуруу инээмсэглэж,

- Та түүнийг харсан шүү дээ. Энэ бол янхны газар. Та үнэхээр ийм зохимжгүй газраас
Кателин Таллиг олж болно гэж бодож байна уу? Тэгээд ч миний мэдэлд байдаг болохоор
бүгдийг аятайхан зохион байгуулсан. Ланнистерийнхан Катыг Хааны газар ирсэн гэж мэдэх
вий гэхээс маш сэтгэл зовж байлаа гэв.

- Яагаад тэр вэ? гэж Нэд асуулаа. Тэр дөнгөж сая зүүн гар нь шинэхэн улаан сорвитой
сүүлчийн хоёр хуруу хөдлөхөө больсоныг анзаарчээ.

- Чи шархадсан байна! гээд хурууг нь алган дээрээ эргүүлж,

- Бурхан минь. Энэ чинь илдийн зүсэлтээс үүссэн гүн шарх байна... Энэ бүхэн яаж болоо вэ,
хатагтай минь? гэлээ.

Кателин нөмрөг дороосоо чинжал гаргаж ирээд гарт нь атгуулав.

- Энэ зэвсгийг Браны хоолойг огтолж амийг нь хөнөөхөөр илгээсэн байсан гэхэд Нэд
толгойгоо савчин,

- Гэхдээ... яагаад... хэн тэгдэг байна? гэв.

Кателин хуруугаа уруулд нь хүргэлээ.

- Би чамд бүгдийг ярья, хайрт минь. Тэгвэл хамаагүй түргэн. Сонсож бай.

Ингээд тэр номын сангийн цамхагт гал авалцсанаас авхуулаад, Варис, Чигчий хуруу хоёр
хамгаалалтын хүн илгээсэн гээд бүгдийг ярив. Түүнийг ярьж дуусахад Эддард Старк сэтгэл
үймрэн ширээний дэргэд гартаа хутга барин суулаа. "Браны чоно хүүгийн амийг аварсан
байх нь" гэж гуниглан бодов. Жон энэ бэлтрэгнүүдийг цасан дээрээс олох үед юу гэж хэлсэн
билээ? Таны хүүхдүүдэд эдгээр бэлтрэгийг хувь заяа бэлэглэжээ, эзэнтээн гэсэн. Харин тэр
өөрийн гараар Сансагын чоныг алсан байдаг. Харуусах сэтгэл төрлөө. Эсвэл айдас ч юм уу?
Хэрвээ бурхад хүүхдүүдэд нь чоныг илгээсэн бол тэр хичнээн тэнэг зүйл хийгээ вэ?

Нэд сэтгэл хөндүүрлэсэн бодлоосоо хөндийрөн хутганы тухай ярианд орж,

- Бяцхан чөтгөрийн хутга гэж давтлаа. Энэ бүхэн нэг л утгагүй байв. Тэр толигор лууны ясан
бариулаас атгаад ирээр нь ширээн дээр зоохдоо модонд гүн шигдэхийг мэдрэв.

- Яагаад Тирион Ланнистер Браны үхлийг хүссэн гэж? Хүү хэзээ ч түүнд гэм хийгээгүй шүү
дээ.

- Старкынхан чихэндээ цас чихчихсэн улс биш биз дээ? Бяцхан чөтгөр хэзээ ч ганцаараа
хөдөлдөггүй гэж Чигчий хуруу ёжлов.

Нэд босож өрөөний дундуур холхилоо

- Хэрвээ үүнд хатан хаан юм уу... өө бурхан минь хаан өөрийн биеэр оролцсон бол... үгүй ээ,
би үүнд итгэхгүй гээд өглөөний жихүүн агаарт хиргисүүрийн дэргэд Роберт Таргариний
гүнж рүү хөлсний алуурчин илгээх тухай ярьсаныг саналаа. Тэгэхэд Рэйгэрийн балчир
хүүгийн тархийг бяц цохисоныг сануулахад хаан Дарригийн үүдний танхимд байсан үеийнх
шигээ цааш эргэсэн билээ. Чихэнд нь Лианнагийн хоолойгийн адил Сансагын гуйсан дуу
сонсогдсон хэвээр байлаа.

- Мэдээж хаан юу ч мэдэхгүй. Ийм зүйл анх удаагаа болж байгаа хэрэг биш. Манай хүндэт
Роберт юу ч хараагүй мэт бүгдийг нүдээ анин өнгөрүүлэхэд дасал болсон гэж Чигчий хуруу
хэлэв.

Нэд хариу дуугарсангүй. Бараг хоёр хэсэг хуваагдах шахам тас цавчуулсан нядлагчийн
хүүгийн царай нүдний өмнө хөвөн гарч ирлээ. Хаан тэгэхэд нэг ч үг хэлээгүй билээ.
Толгойгоор нь хатгуулан өвдлөө.

Чигчий хуруу ширээ рүү бөхийж модонд зоогдсон хутгыг сугалж аваад,

- Буруутгах нь ямар ч тохиолдолд урвалтанд хүргэнэ. Хааныг буруутгавал үг дуугарч


амжаагүй байхад Илин Пэйн өмнө чинь хутгатай бүжиглэх болно. Хэрвээ... хатан хааны эсрэг
баталгаа олж чадвал Роберт сонсож магадгүй... гэхэд,

- Бидэнд баталгаа байна. Энэ хутга гэж Нэд хэллээ.

- Энэ хутга уу? гээд Чигчий хуруу хутгыг хайхрамжгүй эргүүлэн үзээд,

- Маш сайхан хийцтэй зэвсэг. Гэвч зүсэлт хоёр аргаар гарсан байж болно. Бяцхан чөтгөр
эргэлзээгүй хутгыг Винтерфеллд хаясан юм уу хулгайд алдсан гэж ам өгөх нь лавтай болохоор
хөлсний алуурчин үхсэн тохиолдолд хэн ч үүнийг баталж чадахгүй гээд хутгыг Нэд рүү
чулуудаж,
- Миний хувьд зүгээр л хэзээ ч байгаагүй юм шиг голын усанд хаяхыг зөвлөх байна гэв.

Нэд хүйтнээр ширтэж,

- Лорд Бэйлиш, би бол Винтерфеллийн Старк. Миний хүү зэрэмдэглэгдэн магадгүй үхэж
болох байлаа. Хэрвээ ойгоос олсон чоно байгаагүй бол Кателин түүнтэй хамт өнгөрөх
байсан. Харин чи үнэхээр намайг үүнийг мартаж чадна гэж итгэж байгаа бол миний ахын
эсрэг илд зөрүүлснээсээ илүү тэнэг юм хийж байна гэв.

- Старк, би тэнэг байж болох ч... энд зогсож байхад ах чинь арван дөрвөн жилийн өмнө
хөлдүү булшинд оршуулагдсан. Хэрвээ чи түүний дэргэд булшлагдахыг тэсгэлгүй яарч байгаа
бол би чамайг ятгахгүй ч үүнд чинь оролцохгүй маш их баярлалаа.

- Чи миний үүнд оролцуулахыг хүсэж байгаа хамгийн сүүлчийн хүн, лорд Бэйлиш.

- Та намайг гүнээ гомдоож байна шүү гээд Чигчий хуруу гараараа зүрхэн дээрээ дарж,

- Миний хувьд Старкийнхан үргэлж уйтгартай санагддаг ч Кат чамтай ухаж болохооргүй
шалтгаанаар холбогджээ. Иймээс би түүний төлөө чамайг амьд байлгахыг хичээх болно.
Тэнэг хүн л ийм алхам хийх нь эргэлзээгүй ч би хэзээ ч эхнэрт чинь татгалзаж чадахгүй гэв.

- Би Петрт Жон Арриний үхлийн тухай бидний сэжиглэлийг ярьсан. Тэр чамд үнэнийг
олоход туслана гэж амалсан гэж Кателин хэлэв.

Энэ нь Эддард Старкыг баярлуулаагүй ч тэдэнд үнэхээр тусламж хэрэгтэйн дээр Кателин
Чигчий хурууг ах шигээ үздэг байлаа.

- Сайн хэрэг гээд Нэд чинжаалыг бүсэндээ зүүгээд,

- Чи энэ тухай Варист хэлсэн үү? Тайган энэ тухай мэдэж байгаа юу? гэлээ.

- Надаас лав биш. Чи муугүй эхнэртэй хүн шүү, Эддард Старк. Гэхдээ Варис хүний ямар ч
нууцыг тайлах чадвартай хүн. Тэр ямар нэг хар шид эзэмшсэн юм шиг байдаг. Нэд би үүнийг
андгайлах байна!

- Түүнд нууц тагнуул байдгийг бүгд мэднэ шүү дээ гэж Нэд зэвүүцэнгүй хэлэв.

- Тэгсэн ч гэсэн. Сэр Родрикийг Аронтой бүрэн нууц нөхцөлд уулзахад аалз тэдний яриаг
сонссон байсан. Би энэ хүнээс айж байна гэхэд Чигчий хуруу инээмсэглэж,

- Лорд Варисийг надад даалга, хатагтай. Би энэ хүнийг өндөг шиг атгаж чадна гээд
инээмсэглэн нударга зангидаж,

- Түүнийг эр хүн шиг барина. Бялуу зүсэхэд шувууд дэрхийн нисдэг. Варист энэ таалагдахгүй
нь лавтай. Таны оронд байсан бол би тайганаас биш Ланнистерийнхнаас илүү болгоомжлох
байсан даа.
Нэдэд үүнийг ойлгоход Чигчий хурууны хэрэг байсангүй. Тэр Аръяаг хаан шүүх үед хатан
"бидэнд чоно бий" гэж аяархан хэлснийг саналаа. Түүнчлэн Микахийн тухай болон, Жон
Арриний гэнэтийн үхэл, Браны уналт, шалан дээр унаад алтан илдэнд цус нь бядсан байсан
галзуу хаан Аерис Таргарины тухай бодлоо.

- Хатагтай минь цаашид энд таньд хийх зүйл байхгүй. Би чамайг Винтерфелл рүү даруйхан
буцаасай гэж хүсч байна. Хэрвээ тэнд ганц алуурчин олдсон бол бусад нь байгаа. Хэн нэгэн
Браныг алах тушаал өгсөн бол хүүг амьд байгаа тухай удахгүй мэдэх нь лавтай гэхэд,

- Би охидтойгоо уулзмаар байна... гэж Кателин хэлэхэд Чигчий хуруу,

- Үүнийг ухаалаг бус хэрэг гэж бодож байна. Улаан цайзад сониуч нүд дүүрэн бийгийн
зэрэгцээ хүүхдүүд ам алдахгүй байж чадахгүй гэлээ.

- Тэр үнэнийг хэлж байна гээд Нэд эхнэрээ тэвэрч,

- Сэр Родрикийг аваад Винтерфелл руугаа буц. Би охидыг харж байя. Гэртээ хариад хөвгүүдээ
хар гэв.

- Чиний хэлснээр болъё гээд Кателин царайгаа өргөхөд Нэд үнслээ. Кателин шархадсан
хуруугаараа нурууг нь үүрд тэврэхийг хүссэн мэт тэмтчив.

- Лорд хатагтай хоёр унтлагын өрөө ашиглахгүйсэн болов уу? Гэхдээ Старк таньд
анхааруулахад иймэрхүү зүйл энд хийхэд хөлстэй шүү гэж Петр дуугарав.

- Би түүнтэй ганцхан хором хоёулхнаа үлдмээр байна гэж Кателин хэллээ.

- Маш сайн байна гээд Чигчий хуруу хаалга өөд зүглэж,

- Битгий удаарай. Хааны гар бид хоёр бусдыг байхгүй гэж анзаарахаас өмнө шилтгээнд даруй
буцаж очих ёстой шүү гэлээ.

Кателин түүн рүү очоод гарыг нь атгаж,

- Би чиний тусыг хэзээ ч мартахгүй, Петр. Чиний хүмүүс над рүү ирэх үед нөхөр дайсны
алин руу аваачих гэж байгааг мэдэхгүй байлаа. Би чамд найзаас илүү аль эрт алдсан ах шигээ
хайртай гэхэд Петр Бэйлиш мишээж,

- Би уяхан сэтгэлтэй хүн шүү, хонгор хатагтай. Гэхдээ энэ тухай хэнд ч бүү хэлээрэй. Би
ордонд өнгөрүүлсэн олон жилийн туршид ууртай хэрцгий гэж итгэгдсэн болохоор бүх
хөдөлмөр минь үгүй болоосой гэж хүсэхгүй байна гэв.

Нэд түүний ганц ч үгэнд итгээгүй ч хоолойныхоо эелдэг өнгийг хадгалж,

- Таньд гүнээ талархаж байгааг хүлээн авна уу, лорд Бэйлиш гэлээ.

- Таны талархал миний хувьд үнэт бэлэг билээ гээд Чигчий хуруу гарч одов.
Хаалга түүний ард хаагдахад Нэд эхнэр лүүгээ буцаж эргэв.

- Чи гэртээ харьсан даруй Хэлман Толхарт, Гэлбэрт Гловэр хоёрт миний өмнөөс тамгатай
захидал илгээгээрэй. Тэднийг Кайлиний суваг руу тус бур зуун харваач илгээ гэж хэл. Хоёр
зуун найдвартай харваач Хүзүүг ямар ч армийн эсрэг хангалттай хамгаалж дөнгөнө. Лорд
Мандерлид Цагаан эрэгт дахь хүчээ нэмэн зузаатга гэж дуулга. Энэ мөчөөс эхлэн Теон
Грэйжойг анхааралтай харж байх хэрэгтэй шүү. Хэрвээ дайн дэгдэхэд хүрвэл бидэнд түүний
эцгийн усан флот шаардагдах болно гэхэд,

- Дайн гэнэ ээ? хэмээн Кателиний нүүрэнд айдас хуралдав.

- Дэгдэхгүй ч байж болох юм гэж Нэд амлаад дотроо үнэн байгаасай гэж залбирлаа. Тэр
түүнийг ахин тэвэрч,

- Ланнистерийнхан өнгөн дээрээ сул дорой ч өрөвдөх сэтгэлгүй хэрцгий нь Аерис Таргарины
гашуун түүхээс сургамж болсон болохоор бүх хаант улсын дэмжлэггүйгээр умард руу
довтолж зүрхлэхгүй. Би энэ тэнэгүүдийн багт наадамд тоглож байгаа болохоор ямар нэг
алдаа гаргаж болохгүй. Миний яагаад энд ирснийг санаарай, хайрт минь. Хэрвээ
Ланнистерийнхан Жон Арринийг алсаны баталгааг олж чадвал... гэхэд Кателин чичирсэнээ
сорвитой гараараа тэврэв.

- Хэрвээ тэгвэл яах вэ, хайрт минь? гэж Катлин шивнэв.

Энэ бол хамгийн аюултай хэсэг болохыг Нэд мэдэж байв.

- Хааны бүх хууль журмаар шийдүүлнэ. Хэрвээ би үнэнийг мэдвэл Робертод очиж хэлэх
болно гээд дотроо "харин тэр миний болсон гэж эмээж байгаа бус бодож байгаа шиг минь
хүн байгаасай гэж залбирах байна" хэмээн дуусгалаа.
ТИРИОН

- Та үнэхээр биднийг ийм түргэн орхиж байгаадаа итгэлтэй байна уу? гэж захирагч лорд
асуув.

- Бүрэн дүүрэн итгэлтэй байна, лорд Мормонт. Миний ах Жейм надад юу тохиолдсоныг
гайхаж байгаа байх. Тэр магадгүй таныг намайг хар болохоор ятгасан гэж бодож болох юм
хэмээн Тирион хариуллаа.

- Хэдийгээр би үүнийг хийхийг хүссэн ч гэсэн... Чи дэндүү зальтай хүн юм, Тирион. Бидэнд
Ханан дээр бүх төрлийн хүн хэрэгтэй гээд Мормонт наймаалжны мөч авч алган завсраа
бяцлав. Захирагч нас сүүдэр өндөр гарсан ч баавгайн хүчтэй хэвээр байлаа.

Тирион инээд алдаж,

- Тэгвэл долоон ханлигийн бүх одойг цуглуулаад хөлөг онгоцоор тань руу илгээе л дээ, лорд
Мормонт гэхэд бүгд хөхрөлдлөө. Тирион наймаалжны мөчний махыг сорж цэвэрлээд
дараагийнх руу гар сунгав. Наймаалжыг өмнөд Харуулаас өнөө өглөө цастай торхонд хийн
авчирсан бөгөөд гойд шүүслэг ажээ.

Ширээнд суусан хүмүүсээс зөвхөн сэр Аллисер Торн инээмсэглэлгүй үлдэж,

- Ланнистер биднийг тохуурхаж байна гэлээ.

- Үгүй дээ зөвхөн чамайг, сэр Аллисер гэж Тирион эсэргүүцэхэд энэ удаад ширээнд
итгэлгүйхэн инээд алдах дуулдав.

Торны хар нүд Тирион руу үзэн ядан ширтлээ.

- Чи хүний хагасаасаа илүү хурц хэлтэй хүн юм. Магадгүй энэ удаад бид гадаа хашаанд хамт
гарч болох шүү дээ.

- Яах гэж тэр вэ? Наймаалж энд л байна шүү дээ гэж Тирион асуулаа.

Энэ нь цохож хэлсэн үг нь бусдыг хөхрөлдүүлэв. Сэр Аллисер өндийн зогсоод уруулаа
жимийн хөмхий зуулаа.

- Наад тохуурхалтайгаа хамт гартаа илдтэй гараад ир гэхэд Тирион баруун гар луугаа харж,

- Яагаад миний гарт илд байна гэж, сэр Аллисер. Наймаалжыг сэрээгээр иддэг шүү дээ.
Эсвэл үүгээр халз тулалдах юм уу? гээд сандлаас үсрэн босч Торны цээж рүү жижигхэн
сэрээгээр хатгахад хүмүүс өрөө нурах шахам инээлдэв.

Захирагч инээдэндээ хахаж цацахад амнаас нь наймаалжны хэсэг мах нисэн гарлаа. Инээд
хөгжөөнд хэрээ хүртэл нэгдэн цонхны тавцан дээрээс,

- Халз тулаан! Халз тулаан! Халз тулаан! гэж чанга гуаглав.


Сэр Аллисер Торн өрөөнөөс өгзгөндөө хутгаар хатгуулсан юм шиг хөшүүн алхан гарлаа.

Мормонт хахсан хэвээр байсан тул Тирион нурууны ар луу нь цохих зуураа,

- Ялалт гутаагдлаа. Би Торноос наймаалжны махаа авмаар байна гэв.

Эцэст нь захирагч лорд хэвийн байдалдаа орж,

- Чи сэр Аллисерийг ингэж даажигнаж байдаг дэндүү хорон хүн юм гэж зэмлэв.

Тирион суудалдаа буцаж суугаад дарс шимж,

- Хүн цээжин дээрээ бай зурсан бол эрт орой нэгэн цагт хэн нэгний сум зоогдох л болно. Би
танай сэр Аллисераас илүү хошин үхсэн хүмүүсийг харсан гэв.

- Яг ч тийм биш дээ гэж бойдооны захирагч Боуэн Марш хэмээх анар шиг дугуй улаан
нүүртэй хүн эсэргүүцээд,

- Чи түүний сургаж байгаа залуучууддаа ямар хөгийн нэр өгсөнийг сонссон болоосой гэв.

Тирион энэ тухай хэдэн нэр сонсчээ.

- Залуус ч гэсэн түүнд зохих хэдэн нэр бодож олсон гэж найдаж байна. Та нарын нүдийг
мөсний хэлтэрхий таглажээ, лордууд минь. Сэр Аллисер Торн адуу арчилж байхаас бус залуу
дайчин сургаж байх хүн биш шүү.

- Харуулд агтчид хүртэл хүрэлцээгүй байна. Сүүлийн үед тэдний бидэн рүү илгээсэн хэдэн
хүн гэвэл хэдэн агтач хөвгүүд, хулгайч, хүчиндэгч нар. Сэр Аллисер бол намайг захирагч
болсноос хойш ирсэн хэдхэн хүлэг баатрын нэг. Тэр Хааны газар эрэлхэг тулалдсан гэж лорд
Мормонт бувтнав.

- Буруу талд нь гэж Жарэми Риккер хүйтнээр хэлэв.

- Би тэр тулаанд дэргэд нь байсан болохоор сайн мэдэж байна. Тивин Ланнистер бидэнд маш
сайхан боломж өгсөн. Хар болох юм уу эсвэл үдэш гэхэд толгойгоо хадаасанд өлгүүлэх.
Таныг гомдоох гээгүй юм шүү, Тирион.

- Огтхон ч үгүй, сэр Жарэми. Миний эцэг хадаасанд толгой өлгөх туйлын дуртай ялангуяа
тэдний эзэн ямар нэг зүйлээр уурыг нь хүргэсэн байвал бүр илүү. Дайсныхаа дунд та нарынх
шиг язгууртан царай харвал эргэлзээгүй Хааны газрын хотын хаалгыг чимэглэх хүн.
Минийхээр бол та гайхалтай ялгаран харагдаж байсан байж таарна гэхэд,

- Баярлалаа гээд сэр Жарэми таагүйхэн инээмсэглэв.

Захирагч хоолой засан ханиалгалаа.

- Заримдаа сэр Аллисер таны үнэн царайг харсан байх гэж айх юм, Тирион. Та зориуд манай
хүндэт хүмүүсийг тохуурхаж байна гэхэд Тирион мөрөө хавчаад,

- Бид бүхэн заримдаа тоглоом хийж байх хэрэгтэй шүү дээ, лорд Мормонт. Эс тэгвээс
хоорондоо дэндүү чухал харилцах хэрэг гарна. Ахиад дарс өгнө үү гээд аягаа сунгалаа.

Риккер аягыг нь дүүргэхэд Боуэн Марш,

- Тирион чи ийм жижигхэн биетэй гэхэд агуу цангаатай хүн юм гэлээ.

- Өө, би лорд Тирионыг том хүн гэж бодож байна шүү хэмээн ширээний нөгөө захад сууж
байсан мастер Эймон хэлэв. Тэр ихэд аяархан ярих учир Шөнийн харуулын өндөр албаныхан
хөгшний юу хэлэхийг сонсохоор чих тавьцгаав. - Минийхээр бол ертөнцийн хязгаар болсон
энэ газар бидний дунд аварга биет иржээ гэхэд Тирион эелдэгхэнээр мөрөө хавчиж,

- Би олон янзын нэр зүүж байсан ч хэзээ ч аварга биет гэж дуудуулж байсангүй гэв.

- Гэсэн ч би үүнийг үнэн гэж бодож байна гээд мастер Эймоны үүлтэй сүүн цагаан нүд
Тирионы царай луу ширтлээ.

Тирион Ланнистер агшин зуур хэлэх үггүй болов. Иймээс эелдэгээр толгой бөхийлгөөд,

- Мастер Эймон, та дэндүү найрсаг хүн юм гэлээ.

Сохор хөгшин инээмсэглэв. Жижигхэн биетэй, цул үрчлээтэй, үсгүй зуун настай тэрбээр
мастерийн захны гинжиндээ олон янзын төмөр хэлхэн зүүжээ.

- Намайг ч гэсэн олон янзын нэрээр дууддаг байлаа. Гэвч "эелдэг" гэж хэзээ ч дуудуулж
байсангүй гэхэд энэ удаад Тирион эхэлж хөхөрлөө.

Үүний дараа хоол идэх чухал ажилдаа орж дуусаад бусдыгаа явсаны хойно Мормонт
Тирионыг галын дэргэд сууж нүдний нулимс цийлэгнэтэл хатуухан аагтай аяга дарс уухыг
урив.

- Ийм алс умардад Хааны зам дэндүү аюултай гэж захирагч уух зуураа хэлэв.

- Надад Жик, Моррек хоёр байгаа. Бас Йорен өмнө зүг рүү ахин явах юм билээ.

- Йорен бол ердөө ганц хүн. Харуулынхан чамайг Винтерфелл рүү дагалдан хүргэж өгөх
болно хэмээн Мормонт маргахын аргагүй өнгөөр хэлээд,

- Гурван хүн байхад хангалттай гэв.

- Хэрвээ та ингэж шаардаж байгаа бол залуу Сноуг явуулаач. Тэр дүү нараа харахдаа баяртай
байх болно гэж Тирион хэллээ.

Мормонт өтгөн буурал сахал дээгүүрээ хөмсөг зангидав.


- Сноу гэнэ ээ? Аан тийм л дээ, Старкийн бутач хүү юу. Хэрэггүй гэж бодож байна. Залуу хүү
ээж, ахан дүүс гээд ард орхисон бүхий л амьдралаа мартах хэрэгтэй. Гэртээ очиж сэтгэлээ
шаналгаж байснаас ганцаар хоцорсон нь хамаагүй дээр. Би энэ тухай сайн мэднэ. Миний
цусан төрлийн... охин дүү Мэйги золгүй хүүгээс минь хойш Баавгайн арлыг захирч байгаа.
Надад ач нар бий ч хэзээ ч барааг нь харж байгаагүй гээд дарс балгаж,

- Үүний дэргэд Жон Сноу бол ердөө хүүхэд. Чамд гурван найдвартай илд байхад хамаагүй
аюулгүй байх болно гэв.

- Би таны сэтгэл зовнилыг хүлээн авлаа, лорд Мормонт гээд хүчтэй дарс Тирионы толгойг
хөнгөн мансууруулахад төдийлөн согтоогүй байсан тул Хөгшин Баавгай түүнээс ямар нэг
зүйл хүсэх гэснийг ойлгож байлаа.

- Таны сайхан сэтгэлийн ачыг хариулж чадна гэж найдаж байна

- Чи чадна гэж Мормонт шуудхан хэлээд,

- Чиний эгч хааны дэргэд заларч байгаа. Ах чинь агуу хүлэг баатар, эцэг чинь долоон
ханлигийн хамгийн хүчирхэг лорд. Тэдэнд бидний үгийг хүргээрэй, Тирион. Бидэнд юу
хэрэгтэй байгааг сануул. Чи бүгдийг өөрийн нүдээр харлаа шүү дээ. Шөнийн харуулынхан
үхэж үрэгдэн тоо нь цөөрч байна. Одоо бидний хүч мянгаас хэтрэхгүй болжээ. Зургаан зуун
энд, хоёр зуун хүн Сүүдэрт цамхаг, үүнээс цөөн хүн Умард харуул дээр байрлаж байгаа. Хана
зуун бээрийн алсад сунан үргэлжилсэн. Энэ тухай бодоод үзээрэй. Хэрвээ дайсан ирвэл
ханын дагуу мил бүхнийг ердөө гурван хүн хамгаалахад хүрэх байна гэхэд,

- Гурав болгонд гурав гэж Тирион эвшээн хэллээ.

Мормонт галд гараа дулаацуулаад түүнийг нь сонссонгүй.

- Би Бэнжин Старкыг анхны эргүүл хийх үеэрээ алга болсон Йон Ройсийн хүүг хайхаар
явуулсан. Ройс хүү зуны ногоо шиг нялхаараа байсан ч өөрийнх нь нэр хүнд хүлэг баатрын
үүрэг баг удирдах ёстой гэж зүтгээд байсан. Би түүний лорд эцгийг гомдоохыг хүсээгүй
болохоор бууж өгсөн юм. Түүнд ямар ч харуулаас дутахааргүй хоёр хүн өгсөн. Дэндүү тэнэг
зүйл хийж дээ гэхэд,

- Тэнэг гэж хэрээ зөвшөөрлөө. Тирион дээшээ хяламхийн харав. Шувуу дээрээс нь гялалзсан
хар нүдээрээ ширтэн далавчаа шилгээгээд,

- Тэнэг гэж ахин хэлэв. Хөгшин Мормонт эргэлзээгүй амьтны үгийг сонссонгүй тэгээгүй бол
боож алах байлаа. Харамсалтай юм.

Захирагч шувууны доромжлолыг ажигласангүй.

- Жаред над шиг хижээлдүү ханан дээр удаан байсан. Гэсэн ч тэр амлалтаа зөрчин зугтсан
байсан. Би түүнийг ингэсэн гэж хэзээ ч итгээгүй ч лорд Эддард Винтерфеллээс толгойг нь
цаазаар авсан тухай захиа ирүүлсэн. Харин Ройсийн талаар ямар ч сураг гараагүй. Нэг нь
оргон зугатаад хоёр хүнээ алдсаны байхад бас дээрээс нь нэмээд Бэн Старк бас алга боллоо
гээд хүндээр санаа алдаж,

- Би түүний араас хэнийг эрэхээр явуулах юм бэ? Удахгүй хоёр жилийн дараа далан нас
хүрнэ. Дэндүү хөгширч үүрч буй ачаандаа түүртэн ядарч байна. Намайг сөхрөхөд хэн үүнийг
авах юм бэ? Аллисер Торн уу? Боуэн Марш уу? Би мастер Эймон шиг тэднийг харахгүй сохор
хүн биш. Шөнийн харуул дүнсгэр хөвгүүд, ядарсан хөгшин хүмүүсийн цуглуулга болж.
Надтай өнөөдөр ширээнд сууж байсан хүмүүсийг эс тооцвол уншиж, бодож сэтгэн төлөвлөж,
удирдаж чадах хүн арван хоёроос илүү гарахгүй. Харуул зуныг байшинд өнгөрүүлдэггүйн
адил захирагч бүр Ханыг өндөрсгөх үүрэгтэй. Одоо бид бүгд амьд үлдэхийн төлөө тэмцэж
байна гэв.

Түүний илэн далангүй байдлыг ойлгоод Тирион жаахан ичингүйрэв. Захирагч амьдралынхаа
хамгийн сайхан хэсгийг ханан дээр өнгөрүүлсэн болохоор үүнийг нь утгатай байсанд итгэх
хэрэгтэй байлаа.

- Би хаанд таньд хэрэгтэй зүйлсийн талаар дуулгана гэж амлая. Бас өөрийнхөө эцэг, Жейм
хоёртой ч энэ тухай ярилцъя гэж Тирион аль болохоор нухацтай хэллээ.

Тэгээд ч үүнийг хийх болно. Тирион Ланнистер үргэлж хэлсэн үгэндээ хүрдэг билээ. Гэсэн ч
тэр өөр бусад зүйл болох Роберт хаан түүнийг үл тоомсорлож, лорд Тивин ухаанаа алдаагүй
байгаа даа гэж асууж, Жейм ердөө хөхрөөд өнгөрөх тухай хэлсэнгүй.

- Чи залуу байна, Тирион. Хичнээн өвлийг өнгөрүүлсэн бэ? гэхэд мөрөө хавчаад,

- Найм юмуу ес байх. Санахгүй байна гэв.

- Тэгвэл бүгд богинохон байж дээ.

- Та юу хэлж байна! гээд Тирион мастерийн үгээр бол гурав дахь жил бүр болдог аймшигтай
хэрцгий хүйтэн өвөл төрсөн болохоор эртний дурсамж нь хаврын тухай байлаа.

- Намайг хүүхэд байхад урт зун үргэлж удаан өвлийг дагуулдаг гэж хэлцдэг байсан. Энэ зун
ес дэх жилийнх болохоор удахгүй арав дахь нь эхлэнэ. Энэ тухай бодоорой.

- Харин намайг хүүхэд байхад асрагч минь хэрвээ хүмүүс сайн байвал бурхад нэг л өдөр
ертөнцөд төгсөлгүй зун илгээнэ гэж ярьдаг билээ. Магадгүй бид биеэ сайн авч явбал Агуу их
зун эцэст нь ирэх ч юм билүү гээд Тирион инээд алдав.

Захирагч үүнд төдийлөн хөгжсөнгүй.

- Чамайг иймэрхүү зүйлд итгэхээргүй хангалттай ухаантай гэж итгэж байна. Хэдийн өдөр
богиносож эхэлсэн. Алдаа гаргаж болохгүй. Эймон цайзаас түүний зөвийг баталсан захиа
авсан. Зуны төгсгөл бидний царай луу ширтэж байна гээд Мормонт Тайроны бугуйнаас чанга
зуураад,

- Чи тэдэнд байдлыг заавал ойлгуулах ёстой. Харанхуй биднийг нөмрөн ирж айсуй. Ойд
зэрлэг чоно, арслан заан, бух гөрөөсний хэмжээтэй цасны баавгай гээд зэрлэг амьтад хөлхөж
байгаа. Би үүнээс ч илүү бараан сүүдэр зүүдэндээ харсан гэхэд,

- Таны зүүдэнд... гээд Тирион "хэрэгтэй зүйл бол ганц аяга хатуу дарс" гэж бодлоо.

Мормонт түүний егөөдсөн өнгийг үл тоомсорлов.

- Умард харуулын дэргэд байдаг загасчид эргийн ойролцоо Цагаан явагчдыг харсан байна!
гэхэд энэ удаад Тирион тэсч чадалгүй,

- Ланниспортын загасчид үргэлж лусын хүн харж байдаг шүү дээ гэлээ.

- Дэнис Маллистер уулан дахь хүмүүс өмнө зүг рүү нүүдэллэн Сүүдэрт цамхагын дэргэдүүр
урьд байгаагүй их хэмжээтэй өнгөрч байна гэсэн. Тэд зугтаж байна... Гэхдээ юунаас болж
тэр вэ? гээд лорд Мормонт цонх руу очиж шөнийн тэнгэр рүү ширтлээ.

- Миний хөгшин яс хэзээ ч ийм хүйтнийг мэдэрч байсангүй. Хаанд миний хэлсэн үгийг
дамжуулаарай гэж чамаас гуйх байна. Өвөл ойртож урт удаан шөнө үргэлжилэхэд зөвхөн
Шөнийн харуул хаант улсыг хойд зүгээс нөмрөн ирэх харанхуйгаас хамгаалж чадна. Хэрвээ
бид үүнд бэлэн биш байвал бурхад тусална.

- Бурхан эхлээд надад туслахгүй бол өнөө шөнө унтаж чадахгүй нь. Йорен үүргийн гэгээ
ормогц хөдөлнө гэсэн гээд Тирион ядарсандаа нойрмоглон босов. - Таны надад хийсэн бүх
зүйлийн төлөө баярлалаа, лорд Мормонт.

- Тэдэнд хэлээрэй, Тирион. Тэдэнд хэлж итгүүл. Надад үүнээс илүү ямар ч талархал үгүй
гээд исгэрэхэд хэрээ далавчаа дэвэн нисэж ирээд мөрөн дээр нь суулаа. Мормонт
инээмсэглээд шувуунд халааснаасаа эрдэнэ шишийн үр гаргаж өгөхөд Тирион гарлаа.

Гадаа аймшигтай хүйтэн байв. Тирион арьсаар биеэ ороож бэгнээд бээлийгээ углан
захирагчийн цамхагын гадаа зогсож байгаа бээрсэн харуулд толгой дохив. Тэр хашаан
дундуур хааны цамхаг дахь өрөө рүүгээ зүг богино хөлийн чадлаар хурдлан алхлав. Гутлын
дор хөлдүү цас чахарч амьсгал нь туг намирч байгаа аятай уур цан савсуулна. Тэр гараа
сугандаа хавчуулаад алхаагаа түргэсгэнгээ Моррек орыг нь дулаацуулж зууханд халаасан
тоосго хийхээ мартаагүй байгаасай гэж залбирлаа.

Хааны цамхагийн ард Хана сарны гэрэлд нууцлагаар туяаран гялалзана. Тирион агшин зуур
саатан дээшээ харлаа. Хөл нь хүйтэнд бээрч тэсгэлгүй өвдөнө.

Гэнэтхэн түүнд ертөнцийн хязгаарыг ганцхан удаа харах гэсэн хачирхалтай ухаангүй хүсэл
төрөв. Маргааш өмнө зүг рүү явах болохоор энэ сүүлчийн боломж байлаа. Тэр ахин энэхүү
хөлдүү бөглүү нутагт эргэж ирэх ямар нэг шалтгаан төсөөлж чадсангүй. Хааны цамхаг урд нь
дулаахан зөөлөн ор дэвсгэр амалж байсан ч Тирион хэдийн алхаж өнгөрөөд өргөн цагаан
хашаа руу явж буйгаа ойлгов.

Ханын өмнөд хэсэгт тахирласан модон шат аварга том мөсөнд ташуу цавчин гүн суулгажээ.
Шат урагш хойш цахилгаан шиг мушгиралдан дээш өгссөн байв. Хар ахан дүүс түүнийг
хангалттай бөх гэж итгүүлсэн боловч Тирионы хөл авирна гэж бодохоос янгиналаа. Иймээс
оронд нь төмөр тор луу очиж дотор нь ороод олсыг гурван удаа татлаа.

Төмөр торыг нуруугаараа налан зогсоход мөнх хүлээх шиг санагдав. Тирион төдөлгүй яагаад
энд ирсэн шалтгаанаа гайхаж эхэллээ. Тэр гэнэтийн сэтгэл хөөрлөө мартаж ор луугаа явах
гэтэл тор гэнэтхэн угзран өгсөж хэлэв.

Тэр удаанаар дээшилж эхлээд угзарснаа нэгэн жигд явж байлаа. Хөлийн дорх газар холдож
тор санжигнахад Тирион гараараа төмөр сараалжнаас зуурсанд хүйтэн төмөр бээлий нэвт
хайрав. Моррек өрөөнд нь гал түлсэнийг хараад сайшаах сэтгэл төртөл, захирагчын цамхаг
харанхуй байв. Хөгшин баавгай түүнээс хамаагүй эрүүл ухаантай байж.

Тэр эцэст нь цамхагын дээгүүр өгсөж дор нь сарны гэрэлд сүүдэртэн хоцров. Дээрээс
харахад эндхийн газар цонхгүй бэхлэлт, нурсан хана, гадаа хашааны хэмхэрсэн чулууд гээд
эзгүй хоосон үзэгдэнэ. Алсад өмнө зүгт Хааны замаас хагас милийн зайтай Сохор номингийн
тосгон гэдэг жижиг тосгонд галын гэрэл улсхийж, хаа нэгтээ сарны гэрэлд уулнаас өндөр
аван бууж байгаа мөсөн голын ус гялалзан цайрна. Гэсэн ч түүнээс бусад ертөнцийн үлдсэн
хэсэг нүцгэн салхи шавхуурдуулсан эзгүй толгод, цасанд цоохортсон чулуурхаг тал байлаа.

Эцэст нь ард нь бөглүү хоолой,

- Долоон там гэж одой байна шүү дээ! гэхэд тор огцом чичигнэснээ зогсож дүүжигнэн
удаанаар олсоо чахруулан савлав.

- Хараал ид гэж түүнийг нааш нь буулга гэх дуу сонсогдоод мод чанга чахрах чимээ гаран тор
хажуу тийш гулгаж Ханан дээр гарч ирлээ. Тирион торны савлахаа зогсохоос өмнө мөсөн
дээр үсрэн буув. Битүү боож багласан дүрс хөшүүрэг рүү бөхийж хоёр дахь нь торыг
бээлийтэй гараар барьж байлаа. Тэдний царай ноосон ороолтны цаана халхлагдан зөвхөн
нүдээ ил гаргаж битүүлсэн агаад хоёул хар ширэн хувцсан дээр зузаан арьсан дээл давхарлан
өмсчээ.

- Чамд энэ хар шөнийн цагаар энд юу хэрэг болоо вэ? гэж хөшүүрэг дээр зогсож байсан хүн
асуулаа.

- Ханыг эцсийн удаа харах гэсэн юм гэхэд эрчүүл гашуун харц солилцов.

- Харахыг хүсч байгаа бол хүссэнээрээ хар. Зөвхөн хөл доорхи газраа харж яваарай даа,
жижигхэн хүн минь. Чамайг уначихвал хөгшин баавгай бидний арьсыг хуулна шүү гэж нөгөө
нь хэлэв.

Том өргүүрийн хөлд жижигхэн модон урц байсан бөгөөд тэднийг хаалга онгойлгож далд
ороход зуухны цог улалзаж дулаан агаар пүнхийлээ. Тэр ганцаар хоцров.

Энд чөмөг царцам хүйтэн янгинаж салхи хувцаснаас нь салж өгөхгүй хайрт мэт
чаргууцалдана. Ханын орой Хааны замаас ч өргөн тул Тирион унахаас айсангүй бага зэрэг
хальтчин явлаа. Ах дүүс явган хүний зам дээгүүр буталсан хайрга асгасан нь тоо тоомшгүй
хүний хөлд чийрлэгдэн гишгэгдэж мөсөнд шигдээд ахин гулгамтгай болж эхэлж байлаа.

Тирионд бодож ядах зүйл байсангүй. Тэр хана сунан үргэлжилсэн өмнө, умард зүг рүү
харахад өргөн цагаан зам эхлэл төгсгөлгүй зурайн харанхуйд уусан алга болжээ. "Умард!" гэж
тэр ямар ч онцгой шалтгаангүй шийдээд замын арай хайргатай хэсгийг даган ирмэгээр нь
явж эхлэв.

Удалгүй нүцгэн жаварт хацар нь час улайж хөл нь алхам бүрд янгинан өвдөж байсан ч
Тирион үл тоомсорлов. Салхи түүний эргэн тойронд хуйлран хүүгэхэд, хайрга хөлийн дор
шаржигнаж урд нь цагаан тууз толгод шиг хөврөн улам өөд өгссөөр умард тэнгэрийн хаяанд
уусан алга болжээ. Тэр хотын хана шиг нүсэр том хэмжээтэй мөсөнд суурийг нь бат
суулгасан харвагч машиныг өнгөрлөө. Шидэгч гарыг нь засахаар задлаад дараа нь мартсан
бололтой аварга биетийн хэмхэрсэн тоглоом аятай мөсөнд хагас шидэн хэвтэж байв.

Харвагчын цаад талаас бөглүү хоолой сонсогдож,

- Энд хэн байна? Зогс! гэхэд Тирион зогсоод,

- Би нэг газраа удаан зогсвол байран дээрээ хөлдөнө шүү дээ, Жон гэхэд сэгсгэр цагаан дүрс
чимээгүйхэн гарч ирээд хувцсыг нь шиншлэв.

- Сайн уу, Сүнс минь.

Жон Сноу ойртлоо. Тэр олон давхар арьс ширэн хувцас давхарлан өмссөний улмаас улам ч
том биетэй харагдаж толгойндоо нөмрөгийнхөө юүдэнг углажээ.

- Ланнистер гээд амаа халхалсан ороолтоо буулгаж,

- Энд чамайг харна гэж ер бодсонгүй шүү гээд өөрөөсөө өндөр хүнд төмөр жад агсаж, ширэн
хуйтай илд зүүжээ. Түүний цээжинд мөнгөн тойгтой дайны хар бүрээ гялалзав.

- Би эндхийн газар ирнэ гэж бодоогүй ч өөрийн мэдэлгүй шохоорхолдоо хөтлөгдөөд ирлээ
гэж Тирион үнэнээ хүлээгээд,

- Хэрвээ би Сүнсэд хүрвэл гарыг минь хазах болов уу? гэлээ.

- Намайг байхад бол үгүй гэж Жон амаллаа.

Тирион цаганы чоны чихний арыг маажихад улаан нүдээрээ тайван ширтэв. Араатны цээжин
хэсэг өндөрсөж биерхүү болжээ. "Ахин нэг жил өнгөрвөл" гэж Тирион түүнийг баргар хараад
бодов.

- Чи энд шөнө юугаа хийж байгаа юм бэ? Юмаа хөлдөөх гээ юу...

- Намайг ахиад л шөнийн харуулд томилсон. Сэр Аллисер эелдэгээр харуулын захирагчтай
онцгойлон надад анхаарал тавихаар зохион байгуулсан. Тэр намайг хагас шөнийн турш
сэрүүн байвал өглөөний сургуулилтан дээр унтана гэж бодсон байх. Гэвч түүний урмыг
хугалах хэрэг гарах нь дээ гэхэд Тирион инээлээ.

- Тэгээд Сүнс жонглёрдож сураагүй л байна уу?

- Үгүй дээ гээд Жон инээмсэглэн,

- Гэхдээ Гренн Халдерийн эсрэг өнөө өглөө сайн тулалдаж, Пип илдээ үргэлж байдаг шигээ
алдаагүй гэв.

- Пип гэнэ ээ?

- Жинхэнэ нэрийг нь Пипар гэдэг юм. Дэлдэн чихтэй жижигхэн хүү бий. Тэр намайг
Грэннтэй сургуулилж байхыг хараад тусламж гуйсан. Торн хэзээ ч түүнд илдээ зөв барихыг
заагаагүй байсан гээд хойд зүг рүү эргэж,

- Би милийн зайд харуул хийх ётой. Надтай хамт явах уу? гэв.

- Хэрвээ чи удаан алхвал болох л юм гэж Тирион өчив.

- Харуулын захирагч намайг алхаж байхгүй бол цус чинь хөлдөнө гэж хэлсэн. Гэхдээ тэр
түргэн алх гэж хэлээгүй л дээ.

Тэднийг алхахад Сүнс Жоны араас цагаан сүүдэр аятай шогшуулав.

- Би маргааш явах гэж байгаа гэж Тирион хэлэхэд,

- Мэднэ гэж Жон хачин уйтгартай өнгөөр хэллээ.

- Би өмнө зүг рүү явах аялалдаа Винтерфеллд зогсч саатахаар төлөвлөсөн. Чи надаар захиа
юм уу өөр зүйл дамжуулж болно шүү...

- Роббод намайг түүнийг цуг охидтой тайван хатгамал хийн, Миккен илдийг нь морины тах
болгон хайлуулж байх зуур аюулгүй байдлынх нь төлөө Шөнийн харуулд гарч байгааг
хэлээрэй.

- Дүү чинь надаас том шүү дээ гээд Тирион инээд алдаж,

- Хэрвээ би энэ үгийг чинь дамжуулвал алах байх даа гэв.

- Рикон намайг хэзээ гэртээ ирэхийг асуувал чадахаараа одоо хаана байгааг минь
тайлбарлаарай. Түүнд намайг эзгүй болохоор бүх зүйлийг минь авч болно гэж хэл. Түүнд
таалагдах болно.

"Хүмүүс өнөөдөр надаас хэтэрхий олон зүйл хүсэж байх шив" гэж Тирион Ланнистер бодлоо.

- Чи энэ тухайгаа захианд дурьдаж болно шүү дээ.


- Рикон уншиж чадахгүй. Харин Бран... гээд Жон гэнэтхэн дуугүй болсноо,

- Би Бранд юу бичихээ мэдэхгүй байна. Түүнд туслаач, Тирион гэв.

- Би түүнд яаж туслана гэж? Би ямар өвчнийг нь намдаах мастер биш. Тэгээд ч хөл дээр нь
эргэж босоход туслах ямар ч шившлэг мэдэхгүй.

- Чи надад тусламж хэрэгтэй цагт тусалсан шүү дээ.

- Би хэдэн үгнээс өөр чамд юу ч өгөөгүй.

- Тэгвэл Бранд ч гэсэн үүнийгээ өг.

- Чи хазгар хүн тахир дутуу хүнд яаж бүжиглэхийг зааж өгөхийг гуйж байгаа юм биз дээ.
Хэдийгээр үнэн сэтгэлээсээ хичээсэн ч гэсэн үр дүн нь зэрэмдэг хэвээр үлдэнэ. Би чиний
дүүгээ хайрласан сэтгэлийг ойлгож байна, лорд Сноу. Чадал минь хүрвэл өчүүхэн зүйлээр ч
атугай Бранд туслая.

- Баярлалаа, лорд Ланнистер гээд Жон бээлийгээ тайлж нүцгэн гараа сарвайгаад, - Анд минь
гэв.

Тирионд энэ үйлдэл хачирхалтай сэтгэгдэл төрүүлжээ.

- Миний ихэнхи садангууд бутач гээд инээмсэглэж,

- Гэхдээ чи эхэлж намайг найз гэж дуудлаа гээд бээлийгээ шүдээрээ зуун тайлсанаа
Сноугийн гарыг атгалаа. Хөвгүүний гар хатуу хүчтэй байв.

Тэр ахин бээлийгээ өмсөхөд, Жон Сноу огцом эргээд хойд зүгийн хашлага руу явлаа. Түүний
цаана Хана огцом доошлон зөвхөн харанхуй зэлүүд газар үргэлжилнэ. Тирион араас нь очоод
мөр зэрэгцэн ертөнцийн хязгаар дээр зогслоо.

Шөнийн харуулынхан Ханын умард хэсэгт хагас милээс илүүгүй зайд ой үлдээсэнгүй. Энд
зууны тэртээ энд төмөр мод болон харуул модод, царс шигүү ургаж байсан ч дайсан
үзэгдэхгүй ойртох явдлаас сэргийлэн битүү цагаалан цэвэрлэжээ. Ханын дагуух гурван
бэхлэлтийн модод алгуур наашлан саарал ногоон харуул мод, цайвар цагаан холтостой далан
модны үндэс Ханын ёроолд хүрсэн ч Хар цамхагийн түлээний хэрэгцээнд бэлтгэсэн сүхний
ир ойг торгоосон хэвээр байв.

Ой төдийлөн холгүй байлаа. Тирион эндээс цагаалсан газрыг харанхуй модод мөсөн ханын
ирмэгтэй чацуу хүрээлснийг олж харав. Сүхний ир бараг хүрээгүй харанхуй шигүү ойн
орооцолдсон бөх үндэс, мөчрийг сарны гэрэл ч нэвтрэн гийгүүлж дөнгөхгүй аж. Эндээс
цааш модод улам өндөрсдөг гэж морьт эргүүлүүд ярилцдаг бөгөөд хүмүүст таагүй зэвүүн
газар байлаа. Эндхийн ойг Шөнийн харуулынхан сүнстэй гэж нэрлэдэгт гайхах юм алга.

Тэр харанхуйд зогсоод ширтэж байхад хаа ч галын гэрэл үзэгдэхгүй хүйтэн жадаар шивэх
адил тас жаварлана. Тирион Ланнистер бараг л шөнийн дайсан Нөгөөдүүлийн тухай ярианд
итгэх шахлаа. Түүний өөрийнх нь грамкин снаркины тухай тоглоом хүртэл хөгжилтэй
санагдахаа больж эхлэв.

- Тэнд хаа нэгтээ миний авга ах байгаа гэж Жон Сноу аяархан хэлээд жадаа харанхуй руу
бөхийлгөв.

- Би харуулд гарсан эхний шөнө авга ах Бэнжин буцаж ирэхэд хамгийн түрүүнд хараад бүрээ
үлээнэ дээ гэж боддог байлаа. Гэсэн ч тэр буцаж ирээгүй. Энэ шөнө бусад шөнө ч ирэхгүй
гэхэд,

- Түүнд буцаж ирэх хугацаа өгье л дөө гэж Тирион хэлллээ.

Хойд зүгт алсад чоно ульж эхлэв. Өөр нэг хоолой түүнтэй нэгдээд араас нь гурав дахь хоолой
улилаа. Сүнс толгойгоо гилжийлгэн сонсов.

- Хэрвээ тэр буцаж ирэхгүй бол Сүнс бид хоёр явж түүнийг хайх болно гэж Жон Сноу амлаад
зэрлэг чонын толгойг иллээ.

- Үүнд чинь итгэж байна гэж Тирион хэлснээ "Харин чамайг хэн хайх юм бэ?" гэж бодоод
чичирлээ.
АРЪЯА

Эцгийгээ ахин зөвлөлтэй үзэлцэж байгаа гэдгийг Аръяа хоолондоо нэг бус дахь удаагаа
хоцорч ирэх үед нь царайг нь хараад ойлгожээ. Нэгдүгээр хоол өтгөн амтлаг хулууны шөл
байсан бөгөөд Нэд Старк Бага танхимд алхан орж ирэх үед хэдийн түгээсэн байлаа.
Танхимыг хаан нэг дор мянган зочин урин найрлаж чадах Их танхимаас ялгахын тулд ингэж
нэрлэдэг байсан бөгөөд өндөр адар, хоёр зуун хүн багтах ширээтэй урт өрөө байлаа.

- Эзэнтээн гэж Жори эцгийг нь орж ирэхэд хэлэв. Түүнийг хөл дээрээ босоход үлдсэн
харуулууд цуг өндийлөө. Бүгд Гарын хүмүүсийн тэмдэг болох мөнгөлөг гар дүрсэлсэн зузаан
саарал ноосон даавуугаар хийсэн цагаан атласан эмжээртэй шинэ цув нөмөрчээ. Старк ийшээ
тавин хүнтэй ирсэн болохоор ихэнхи суудал хоосон байлаа.

- Сууцгаа. Та нарын надгүй эхэлснийг хараад энэ хотод эрүүл ухаантай хүмүүс байгааг
мэдэхэд таатай байна гээд Нэд хоолоо үргэлжлүүл гэж зангав. Зарц нар тавган дээр шарсан
сармис, ногоогоор хачирласан хавирга авчирлаа. Жори суудалдаа эргэж суугаад,

- Гадаа хашаанд тэмцээний тухай ярьж байна, эзэнтээн. Тэд бүх ханлигийн хүлэг баатрууд
таныг хааны Гараар томилогдсоны хүндэтгэлд зориулан болох халз тулаан, найранд ирнэ гэж
хэлсэн гэв.

Аръяа эцгийгээ үүнд баярласан шинжгүй байхыг ажиглав.

- Тэгвэл тэд наад тэмцээн чинь миний ертөнцөд хамгийн бага хүсэх зүйл гэж ярихгүй байна
уу?

Сансагын нүд таваг шиг дугариглан томорч,

- Ирүүл тэмцээн гэж дуу алдав. Тэр септа Мордэйн, Жэйн Пол хоёрын дунд Аръяагаас холхон
суусан байсан учир нь эцэг нь ажигласангүй.

- Бид тийшээ очиж болох уу, аав аа?

- Чи миний үүнд яаж хандаж байгааг мэднэ, Санса. Харваас би Робертийн хүндэтгэлийн
төлөө тоглоомыг нь зохион байгуулах ёстой болж байна. Гэхдээ энэ бол охидоо ийм тэнэг
зүйлд оролцохыг зөвшөөрнө гэсэн үг биш.

- Гуйж байна. Би үзмээр байна шүү дээ гэж Санса гуйлаа.

- Гүнж Мирцелла тэнд байх болно, эзэнтээн. Тэр хатагтай Сансагаас хамаагүй бага. Тэгээд ч
ордны бүх хатагтай нар ийм сүрлэг зүйлд оролцоно. Тэмцээн таны хүндэтгэлийн төлөө
зохиогдож байгаа болохоор гэр бүлийхэн нь байхгүй байх нь хачирхалтай хэрэг гэж септа
Мордэйн хэлэв.

Эцэг нь шаналсан байртай,


- Би ч гэсэн тэгж бодож байна. За сайн байна би чамд суудал гаргаж өгье, Санса гээд Аръяа
руу харснаа,

- Хоёуланд чинь гэж нэмж хэллээ.

- Надад тэдний тэр тэнэг тэмцээн хамаагүй гэж Аръяа хэлэв. Тэр ханхүү Жоффрей тэнд
байхыг мэдэж байсан болохоор үзэн ядаж байлаа. Санса толгойгоо өргөж,

- Энэ ч сонирхолтой сайхан үзвэр болно доо. Харин чи хүсэхгүй л байна биз гэхэд Нэдийн
царайд уур дүрсхийж,

- Хангалттай Санса. Ингээд байвал би бодлоо өөрчиллөө шүү. Би та хоёрын эцэс төгсгөлгүй
дайтахыг харсаар байтал үхтэлээ залхаж гүйцлээ. Та хоёр бол эгч дүүс. Иймээс эгч дүүс шиг
байхыг хүсч байна ойлгов уу? гэлээ.

Санса уруулаа хазлан толгой дохив. Аръяа дүнсийн таваг руугаа харлаа. Нүдэнд нь нулимс
цийлэгнэхэд ууртайгаар арчаад уйлахгүй байхыг хичээв.

Эргэн тойронд хутга сэрээ харших чимээ гарна.

- Намайг өршөөгөөрэй. Өнөөдөр хоол идэх ямар ч дур алга гээд эцэг нь босож танхимаас
гарлаа.

Түүнийг явсаны дараа Санса Жэйн Полтой хөөрөн шивнэлдэв. Ширээний доохон талд Жори
инээд алдан тоглоом хийж, Халлен морины тухай ярьж эхэллээ.

- Чиний дайны хүлэг тэмцээнд шилдэг нь байж чадахгүй. Үгүй ээ тэр л биш шүү. Ямар ч
байсан биш гэхэд Дэсмонд, Жэк, Халлены хүү Харвин гээд бүгд ярианд оролцохоор
хашгиралдан Портер дарс гэж дуудлаа.

Хэн ч Аръяатай ярилцсангүй. Тэр тоосонгүй энэ нь дээр байлаа. Харин ч боломж олдвол
хоолоо унтлагын өрөөндөө ганцаар идэж байв. Заримдаа эцэг нь хаан юмуу зарим лорд, элч
төлөөлөгчтэй зоог барих үед ингэх бөгөөд үлдсэн цагт Санса, Аръяа хоёртой хамтдаа
өрөөндөө хоол идэж байлаа. Аръяа ах дүүсээ ихэд санаж байв. Тэр Браныг даажигнан,
жижигхэн Риконтой тоглож, Роббын инээмсэглэлийг харахыг хүснэ. Бас Жон үсийг нь
сөргүүлэн илж "жижигхэн дүү минь" гэж дуудаад ярианы төгсгөлөө хамт дуусгахыг хүсч
байв. Гэвч энэ бүхэн алсад оджээ. Түүнд Сансагаас өөр хэн ч үлдсэнгүйн зэрэгцээ эцэг нь
шаардаагүй бол ярилцах ч үгүй байв.

Урьд нь тэд Винтерфеллийн их танхимд хоол иддэг байв. Эцэг нь лорд хүн хүмүүсээ тогтоон
барихын тулд хамт хооллох ёстой гэж үздэг ажээ.

- Хэн чамайг дагахыг мэдэж бай. Тэд ч бас чамайг мэдэх болно. Хүмүүсээсээ гадны хүний
төлөө үхэхийг шаардаж болохгүй гэж Роббод нэг удаа хэлж байхыг нь Аръяа сонсчээ.

Винтерфеллд эцэг нь үргэлж ширээндээ нэмэлт суудал тавин өдөр болгон өөр хүмүүс
суулган ярилцдаг байв. Нэг үдэш Вэйн Полтой зоос, талх, зарц нарын тухай ярилцаж,
дараагийн удаад нь Миккентэй төмрийн дарх хөөрөлдөн сайн илд хийхийн тулд хэр халуунд
давтах ёстой тухай асууна. Ахин нэг өдөр Халлентэй морины тухай эцэс төгсгөлгүй яриа
хөрвүүлэх юм уу, номын сангийн септон Чэйли, Жори, сэр Родрик гээд бүр хөгшин Нантай
үлгэрийн тухай ярьдаг байлаа.

Аръяад эцгийгээ хүмүүстэй ярьж байхыг дэргэд нь сууж сонсохоос сайхан зүйл байсангүй.
Түүнд сандал дээр сууж байгаа хүмүүсийн яриа бас таалагдана. Шир шиг бөх чөлөөт
морьтонгууд, ёсорхог хүлэг баатрууд, зоригт залуу хиа нар, буурал үстэй хөгшин дайчин гээд
л. Тэр тэдэн рүү цасан бөмбөг чулуудах юм уу гал зуухнаас бялуу хулгайлан өгч тусална.
Тэдний эхнэрүүд нь Аръяад бин өгч, харин тэр өөрөө бага хүүхдэд нь нэр хоч өгөх бөгөөд,
томчуултай нь "мангас ба зарц", "эрдэнэс нуух", "миний шилтгээн рүү ир" зэргийг тоглоно.
Бүдүүн Том түүнийг үргэлж хөл нүцгэн явдаг учир "хөл нүцгэн Аръяа" гэдэг нэр хайрлажээ.
Энэ нь "Морин царайт Аръяа"-гаас хамаагүй дээр байсан учир тэр үүнд дуртай байв.

Энэ бүхэн зөвхөн Винтерефллд болж байсан бөгөөд ертөнц алсад холдон одоо бүх зүйл
өөрчлөгджээ. Өнөөдөр Хааны газар ирсэнээс хойш анх удаагаа өөрийн хүмүүстэйгээ
хоолложээ. Аръяа үүнийг үзэн ядаж байв. Тэр тэдний хоолой, инээд хөөр, яриаг нь үзэн ядна.
Урьд нь тэд түүний найз нөхөр байж дунд нь байхдаа аюулгүй болохоо мэдэрдэг байсан бол
одоо худалч гэдгийг нь мэдэх болжээ. Тэд л Хатагтайг алахыг зөвшөөрч, хамгийн аймшигтай
нь Хоточ Микахыг олжээ. Жэйн Пол Аръяад түүнийг хэдэн хэсэг болгон тас цавчаад махны
хүүдийд хийж авчирсан болохоор хөөрхий эцэг нь эхлээд нядлуулсан гахай гэж бодсон хэмээн
ярьжээ. Хэн ч түүнийг өмөөрөн үг хэлж, илд өргөсөнгүй. Үргэлж эр зоригийн тухай ярьж
байдаг Харвин, хүлэг баатар болох гэж байгаа Алин, харуулын ахлагч Жори гээд хэн ч
тэгсэнгүй. Тэр ч байтугай эцэг нь хүртэл үг дуугараагүй байна.

- Тэр миний найз байсан шүү дээ гэж Аръяа таваг руугаа хэнд ч сонсогдохгүй шивнэв. Тэр
хавирганд хүрээгүй болохоор хөрч дор нь зузаан тос тунаран царцжээ. Аръяа үүнийг хараад
дотор муухайрсанд ширээнээс бослоо.

- Залуу хатагтай минь, та хаачих нь вэ? гэж септа Мордэйн асуулаа.

- Би өлсөөгүй байна гээд Аръяа эелдэг ёсыг санахыг хичээн,

- Би эндээс гарч болох уу? гэж хөшүүн асуулаа.

- Чи гарч болохгүй. Хоолондоо бараг ам хүрсэнгүй. Сууж тавгаа цэвэрлэ гэж септа хэлэв.

- Чи өөрөө цэвэрлэ! гээд Аръяа хэн нэгэн зогсоож амжихаас урд хаалганы зүг ухасхийхэд
эрчүүл хөхрөлдөн септа Мордэйны араас хашгирах хоолой улам чанга өндөрслөө.

Гарын цамхагын үүдэн дээр бүдүүн Том харуулд зогсож байв. Тэр Аръяагын харайлган
гүйхийг нүдээ анивчин хараад араас нь септагийн хашгиралт гарахыг сонслоо.

- Нааш ир, бяцхан хүүхэд минь бариад авъя гээд гараа сунгасан ч Аръяа хоёр хөлийнх нь
хооронд гулган гараад цамхагын тахир чулуун шат түчигнүүлэн гүйхэд бүдүүн Том араас нь
амьсгаадан хөөлөө.
Түүний унтлагын өрөө Аръяагын Хааны Газрын хамгийн дуртай газар байсан бөгөөд төмөр
бүслүүртэй хүнд хар царсан хаалга нь юунаас ч илүү таалагдаж байлаа. Түүнийг хаалгаа
тасхийтэл хааж хүнд тээглүүрийг буулгасан байхад септа Мордэйн, тарган Том, Санса, Жори
юм уу Хоточ гээд хэн ч өрөөнд орж ирж чадахгүй! Тэр одоохон хаах болно.

Төмөр хаалт доош буухад Аръяа эцэст нь аюулгүй уйлж болохоор болов.

Тэр цонхны тавцан руу очиж суугаад бүхнийг тэр дундаа өөрийгөө илүүтэй үзэн ядаж
шуухитнав. Болсон бүх зүйлд зөвхөн тэр буруутай гэж Санса, Жэйн хоёр хэлжээ.

Тэгтэл бүдүүн Том хаалга цохиж,

- Аръяа охин минь яагаа вэ? Чи дотор байна уу? гэж дуудлаа.

- Үгүй! гэж хашгирсанд нүдэлт зогсож хормын дараа холдон явах чимээ гарлаа. Бүдүүн Том
бол амархан мэхэлж болох хүн байв.

Аръяа орны хөлд байсан авдар луу очиж сөхрөн суугаад тагыг нь нээж дотроос нь торго,
атлас, хилэн, ноосон даавуун хувцсаа хоёр гараараа хаман авч шалан дээр хаялаа. Илд авдрын
ёроолд түүний нуусан газар байлаа. Аръяа туяхан илдийг хуйнаас нь зөөлөн сугалав.

"Зүү".

Ингээд ахин Микахын тухай санамагц нүдэнд нь нулимс цийлэгнэв. Энэ бол түүний буруу,
түүний буруу, зөвхөн тэр буруутай. Хэрвээ тэр түүнийг илдээр хамт тоглохыг гуйгаагүй бол...

Тэгтэл хаалга урьдынхаас чанга нүдэх чимээ гарлаа.

- Аръяа Старк одоохон хаалгаа онгойлго. Намайг сонсов уу, үгүй юу?

Аръяа Зүүг гартаа барин эргэж,

- Чи ийшээ орж ирэхгүй байсан нь дээр шүү! гэж анхааруулаад агаар хүчтэй цавчив.

- Гар үүнийг чинь сонсох болно шүү! хэмээн септа Мордэйн хилэгнэв.

- Надад хамаагүй. Эндээс яв гэж Аръяа хашгирлаа.

- Чи ичгүүргүй авир гаргасандаа харамсах болно доо, залуу хатагтай минь. Би чамд үүнийг
амлаж байна.

Аръяа хаалганы дэргэд септагийн хөлийн чимээ намдах хүртэл анирдан хүлээгээд цонх руу
буцаж Зүүг гартаа барин хашаа руу доош харлаа. Хэрвээ тэр Бран шиг авирч чаддаг байсан
бол цонхоор гарч цамхагаас буугаад энэ аймшигтай газар, Санса, септа Мордэйн, ханхүү
Жоффрей гээд бүгдээс зугтах байлаа. Гал зуухнаас хоол хулгайлж, Зүүгээ аваад сайн гутал
дулаахан хувцастай байхад хангалттай. Тэр Сэрээний доод хэсгийн модонд очин Намериаг
олж аваад хамтдаа Винтерфелл рүү буцах юм уу, Ханан дээр байгаа Жон руу очиж болох юм.
Тэр Жоныг одоо хамт байсан ч болоосой гэж хүсэв. Тэгвэл ингэтлээ ганцаардахгүй байсан
даа.

Хаалга зөөлөн тогших чимээ гарахад Аръяагын мөрөөдөл сарнин цонхноос холдлоо.

- Аръяа. Хаалгаа онгойлго. Бид ярилцах хэрэгтэй байна гэх аавынх нь хоолой гарлаа.

Аръяа өрөөн дундуур гүйж хаалтыг өргөн онгойлгов. Эцэг нь ганцаараа байв. Царай нь
ууртай гэхээс илүү уйтгартай байлаа. Энэ нь Аръяагын сэтгэлийг улам зовоов.

- Орж болох уу? гэхэд толгой дохиод ичсэндээ харц буруулав.

Эцэг нь хаалга хаалаа.

- Наадах чинь хэний илд вэ?

- Минийх гээд Аръяа гартаа барьсан илдийг бараг мартжээ.

- Алив өг дөө.

Аръяа дургүйхэн илдээ өгөхдөө буцааж авах эсэхээ мэдсэнгүй. Эцэг нь илдийг гэрэлд
эргүүлэн хоёр талыг нь шинжин үзэв. Тэр үзүүрийг нь эрхий хуруугаараа хатгаж үзээд,

- Бравосын илд байна. Хийсэн хүнийг нь мэдэх юм шиг санагдаж байна. Энэ чинь Миккений
хийц байна шүү дээ гэлээ.

Аръяа худал хэлж чадсангүй тул доошоо ширтлээ.

Лорд Эддард Старк санаа алдлаа.

- Миний есөн настай охин дарханы минь хийсэн илдээр зэвсэглэсэн байхад би энэ тухай юу
ч мэдээгүй байдаг. Хааны гар долоон ханлигт хууль дүрмийг сахиулах үүрэгтэй байхад би гэр
орондоо ч журам тогтоож дийлэхгүй байна. Чи энэ илдийг хаанаас аваа вэ, Аръяа? Хэзээ
авсан юм?

Аръяа уруулаа хазлан юу ч хэлсэнгүй. Тэр эцэгтээ байсан ч Жоныг барьж өгөхгүй билээ.
Хэсэг хугацааны дараа эцэг нь,

- Энэ ч нэг их чухал биш л дээ гээд гартаа барьсан илдийг ширтэн,

- Энэ бол охин хүүхдийн тоглоом биш. Септа Мордэйн илдээр тоглож байгааг чинь мэдвэл
юу гэх бол? гэв.

- Би тоглоогүй гэж Аръяа шаардаад, - Би септа Мордэйнийг үзэн ядаж байна гэлээ.

- Хангалттай гээд эцгийнх нь хоолой ширүүслээ.


- Септа үүргээсээ илүү ямар ч зүйл хийгээгүй байхад чиний хөөрхий эмэгтэйг яаж зовоож
байгааг бурхад мэднэ. Ээж чинь бид хоёрт чамайг хатагтай болгох боломжгүй даалгавар өгчээ
гэхэд,

- Би хатагтай болохыг хүсэхгүй байна! гэж Аръяа дүрсхийлээ.

- Тэгвэл би одоохон энэ тоглоомыг чинь өвдөгтөө хугалаад энэ бүх утгагүй зүйлийг төгсгөл
болгоё.

- Зүү хугарахгүй гэж Аръяа эсэргүүцсэн ч хоолой нь өөрийн эрхгүй чичирлээ.

- Үүнд бас нэр байгаа хэрэг үү? гээд эцэг нь санаа алдаж,

- Ай даа, Аръяа минь. Чи үнэхээр зэрлэг хүүхэд юм. Эцгийн минь хэлдгээр чонын цустай.
Тэр Лианнад байсан, миний ах Брандонд илүү их байсан. Гэвч үүнээсээ болж хоёул цагаасаа
эрт оршуулагдсан гэхэд Аръяа эцгийнхээ хоолойд түүнийг төрөхөөс өмнө нас барсан ах, эгч
хоёрынхоо тухай дурсахад тодордог ховорхон гашуудалтай өнгийг олж сонслоо.

- Лианна илд авч явах чадвартай болохоор эцэг минь зөвшөөрдөг байсан. Чи заримдаа
түүнийг надад сануулах юм. Бүр гадна төрхөөрөө хүртэл адилхан гэхэд,

- Лиана үзэсгэлэнтэй байсан шүү дээ гэж Аръяа гайхширав. Бүгд тэгж ярьдаг байлаа.

- Тиймээ үзэсгэлэнтэй гөжүүд байсан болохоор цагаасаа өмнө амь үрэгдсэн гээд Эддард
Старк илдийг урдаа өргөлөө.

- Аръяа чи үүгээр юу хийх гэж бодоо вэ... Зүү гэсэн үү? Хэнийг шорлох гээ вэ? Эгчийгээ юу?
Септа Мордэйнийг уу? Ингэхэд чи илдээр тулалдах анхан шатны зүйлсийг мэдэх үү? гэхэд
ганцхан Жоны зааж өгсөн богино хичээлийг санаж байсан тул,

- Үзүүртэй талаар нь хатгана гэж бувтналаа.

Эцэг нь тургилан инээд алдав.

- Энэ ч гол үндэс нь мөн л дөө.

Аръяа эцэгтээ ойлгуулахыг хичээн цөхрөн тайлбарлахыг оролдов.

- Би суралцахыг оролдсон ч... гээд нүдэнд нь нулимс цийлэгнэж, - Би Микахыг надтай


сургуулилахыг гуйсан юм гээд хоолой нь гашуудалд автахад чичирэн цааш эргээд,

- Би түүнээс гуйсан. Энэ миний буруу, надаас болсон гэж цурхирлаа.

Гэнэтхэн эцгийнх нь гар мөрөөр нь тэвэрлээ. Тэр түүнийг зөөлөн эргүүлээд нулимстай
нүүрийг нь цээжиндээ наав.

- Үгүй дээ, бяцхан үр минь. Найзынхаа үхэлд гашуудаж болох ч хэзээ ч өөрийгөө буруутгаж
болохгүй. Чи нядлагчийн хүүг алаагүй. Түүний цусыг хэрцгий эмэгтэйд үйлчилдэг Хоточ
урсгасан гэхэд Аръяа царайгаа улайлган мэгшиж,

- Би тэднийг үзэн ядаж байна. Хоточ, хатан хаан, хаан, ханхүү Жоффрей гээд тэднийг бүгдийг
үзэн ядаж байна. Жоффрей худал ярьсан. Бүх зүйл түүний хэлсэн шиг байгаагүй. Сансаг ч
гэсэн үзэн ядаж байна. Тэр Жоффрейд таалагдахын тулд санахгүй байна гэж худал хэлсэн гэв.

- Бид бүгд худал хэлдэг. Эсвэл чи намайг үнэхээр Намериаг зугтаасан гэдэгт итгэсэн гэж
бодож байна уу? гэхэд Аръяа гэмшин улайгаад,

- Жори надад хэнд ч хэлэхгүй гэж амалсан гэлээ.

- Жори үгэнээсээ буцаагүй. Зарим зүйлийг заавал хэлэх шаардлагагүй байдаг юм. Сохор хүн
байлаа ч чоно чинь чамаас хэзээ ч өөрийн дураар зугтахгүй гэдгийг мэдэж байгаа.

- Бид түүнийг чулуугаар шидсэн. Би түүнийг зугтаж чөлөөтэй бол гэж хэлсэн. Өөр юу ч
түүнээс хүсээгүй. Тэнд өөр чононуудтай тоглож болно. Бид тэдний улихыг сонссон. Жори
модоор дүүрэн ан байгаа гэсэн болохоор тэр буга гөрөөлж болно. Гэсэн ч тэр араас салахгүй
дагаад байсан болохоор бид түүнийг чулуугаар шидсэн. Би түүнийг хоёр удаа оносон. Тэр
гийнаад над руу ширтэхэд би ичсэн. Гэхдээ энэ зөв биз дээ тийм үү? Хатан хаан түүнийг
алах байсан.

- Чи зөв зүйл хийж гээд Нэд Зүүг хажуу тийш тавин Аръяаг тэвэрлээ. Тэгснээ илдийг ахин
авч цонх руу очин гадаа хашаа руу хормын турш ширтсэнээ бодлогоширонгуй харцтай эргэв.
Тавцан дээр суугаад Зүүг өвдөг дээрээ тавьж,

- Аръяа энд суу. Би чамд зарим зүйлийг тайлбарлах хэрэгтэй байна гэв.

Тэр сэтгэл түгшин орны ирмэг дээр суулаа.

- Чамд миний бүх санаа тавилт төвөг дарамт болохоор дэндүү жаахан байна. Гэхдээ чи бол
Винтерфеллийн Старк. Чи бидний үгийг мэднэ.

- Өвөл ирж байна гэж Аръяа шивнэлээ.

- Хүнд бэрх цаг ирээд байна. Бид үүнийг Бран унахад болон, Сэрээнд байхдаа амссан. Чи
зуны урт өдөр төрсөн болохоор юу ч мэдэхгүй. Гэсэн ч одоо жинхэнэ өвөл ирж байна.
Овгийнхоо сүлд тэмдгийг сана, Аръяа.

- Зэрлэг чоно гээд Аръяа Намериагийн тухай бодлоо. Тэр өвдгөө тэврэн сууснаа гэнэтхэн
айлаа.

- Чамд би чонын тухай хэдэн зүйл ярья. Цас орж хүйтэн салхи шуурахад ганц чоно үхдэг ч
сүргээрээ бол амьд үлддэг. Зуны цагт хоорондоо маргаж муудалцах хэдий ч өвөл бие биенээ
хамгаалж дулаахан байлган хүчээ хуваалцах ёстой. Иймээс чи үзэн ядмаар байгаа бол,
бидэнд жинхэнээсээ хор учруулах зүйлийг үзэн яд. Септа Мордэйн бол сайн эмэгтэй, харин
Санса... Санса чиний эгч шүү дээ. Та хоёр нар сар шиг ондоо хэдий ч хоёулангийн чинь
судсанд ижил цус урсаж байгаа. Чи түүнд хэрэгтэйн адил, тэр ч чамд хэрэгтэй... харин та
хоёр надад хоёул хэрэгтэй.

Түүний хоолой ядрангуй сонсогдож байсан нь Аръяаг гунигтай болгов.

- Би Сансаг үзэн ядаагүй. Жинхэнээсээ биш гээд үүний хагас нь худал байлаа.

- Би чамайг айлгах гээгүй ч худал хэлүүлэх гээгүй байна. Бид харанхуй аюултай газар байна,
үр минь. Энэ бол Винтерфелл биш. Бидний дайсан хор учруулахаар санаархаж байна. Бид
ийм үед өөр хоорондоо дайтаж болохгүй. Чиний зугтаж, ууртай үг хэлэн сахилгагүйтдэг
зоргоороо зан чинь... гэртээ бол хүүхдийн зуны тоглоом байсан юм. Харин энд бид өвлийн
дунд байгаа болохоор бүх зүйл өөр. Өсөж том болох цаг чинь болж.

- Би тэгнэ гэж Аръяа амлав. Тэр хэзээ ч энэ агшинд байсан шиг эцгийгээ хайрлаж байсангүй.

- Би хангалттай хүчтэй. Би Роббоос ч илүү хүчтэй байж чадна.

Нэд илдийг түүний урдаас сунгав.

- Үүнийгээ ав.

Аръяа илд рүүгээ гайхан харав. Агшин зуур гар сунгах л юм бол эргүүлээд авах юм шиг
санагдаж айсан ч,

- Ав ав, чинийх гэхэд авлаа.

- Би үүнийг үлдээж болно гэж үү? Жинхэнээсээ юу?

- Жинхэнээсээ гээд эцэг нь инээмсэглэв.

- Хэрвээ би үүнийг авах байсан бол эргэлзээгүй хоёр долоо хоногийн өмнө дэрэн дороо
мөрөөдлийн од хадгалж байхад чинь авах байлаа. Эгчтэйгээ үг сөргөлдөн сүлбэчихгүй
байхыг хичээгээрэй дээ.

- Би тэгэхгүй, амалж байна гээд Аръяа эцгийгээ явахад Зүүг энгэртээ чанга тэвэрлээ.

Маргааш өглөө нь тэд өглөөний цайгаа уухад Аръяа септа Мордэйнээс өршөөл гуйв. Септа
түүн рүү сэжиглэнгүй харсан ч эцэг нь толгой дохив.

Гурван өдрийн дараа үд дунд аавынх нь бойдоо Вэйон Пол Аръяаг Бага танхим руу илгээв.
Ширээнүүдийг буулгаж зөөгөөд сандлыг ханын дагуу хураажээ. Танхим хоосон байлаа.
Тэгтэл үл таних хоолой,

- Чи хоцорлоо, хүү минь гээд туранхай халзан толгойтой том монхор хамартай хүн сүүдрээс
гулган гарахдаа гартаа хос модон илд барьжээ.

- Маргааш үд дунд гэхэд энд байх ёстой шүү хэмээн Чөлөөт хотын магадгүй Бравос юмуу
Мирийн аялгаар хэлэв.

- Та хэн бэ? гэж Аръяа асуув.

- Би чиний бүжигийн багш гээд тэр гартаа барьсан илдний нэгийг шидлээ. Аръяа барихаар
гар сунгасан ч алдахад шалан дээр тачигнан унав.

- Маргааш гэхэд барьж авч сураарай. Одоо дээш нь ав.

Энэ нь ердийн нэг саваа биш жинхэнэ илдийг яг адил дуурайлгаж хийсэн бариул дээрээ
гарны хамгаалалттай ажээ. Аръяа илдийг аваад догдлон хоёр гараараа атгаж урдаа барихад
"Зүү"-нээс хамаагүй хүнд санагдав.

Халзан хүн шүдээ тагшив.

- Ингэж бишээ, хүү минь. Энэ бол хоёр гараараа барьж цавчдаг их илд биш. Илдийг ганц
гартаа барих хэрэгтэй.

- Дэндүү хүнд юм байна шүү дээ гэж Аръяа гомдоллов.

- Хүнд байх тусмаа чамайг хүчтэй тэнцвэртэй болгоно. Доторх хөндийд нь тугалга цутгасан
байгаа. Алив ганц гараар барихыг оролдоод үз дээ.

Аръяа баруун гартаа бариад хөлстэй алгаа өмдөндөө арчлаа. Тэр илдийг зүүн гартаа барив.
Тэр сайшаан дохив.

- Зүүн гараараа бол сайн хэрэг. Бүх зүйлийн эсрэгээрээ эргэж дайсан ч эвгүй байдалд орно.
Одоо зогсолт чинь буруу байна. Биеэ хажуу тийш нь эргүүл. Тиймээ, яг тэгж. Чи жадны
бариул шиг туранхай гэдгээ мэдэх үү. Энэ чинь ч гэсэн сайн хэрэг. Оногдох бай багасна.
Харин одоо барилтыг чинь харъя гээд гар луу нь ойртон хурууг нь засч бариулав.

- Тиймээ, яг ингэж. Чанга атгах хэрэггүй. Атгалт чинь уян налархай байх ёстой.

- Хэрвээ би илдийг алдаад унагачихвал яах вэ? гэж Аръяа асуув.

- Илд бол чиний гарны нэг хэсэг. Чи гараа унагаж болно гэж үү? Үгүй дээ. Сирио Форел есөн
жил Бравосын тэнгисийн лордын илдийг барьж байгаа болохоор ийм зүйлийг мэднэ.
Түүнийг сонс, хүү минь.

Энэ нь түүнийг хүү гэж гурав дахь удаагаа дуудаж байгаа хэрэг байлаа.

- Би охин шүү дээ гэж Аръяа эсэргүүцэв.

- Хүү охины алин байх нь хамаагүй. Чи бол илдчин тэгээд л гүйцээ гээд шүдээ тагшиж,

- Одоо ингэж атга. Чи гартаа байлдааны сүх биш... гэхэд,


- Зүү атгаж байна гэж Аръяа ууртай дуусгав.

- Яг тийм. Харин одоо бүжиглэж эхэлцгээе. Санаж ав хүүхэд минь, энэ бол Вестеросын
цавчиж нүдэлцдэг хүлэг баатрын төмөр бүжиг биш. Үгүй дээ. Энэ бол Бравосын бүжиг, усны
бүжиг түргэн шаламгай гэнэтийн. Бүх хүмүүс уснаас бүтдэг гэдгийг чи мэдэх үү? Хэрвээ чи
тэднийг цоо хатгавал ус нь гараад үхэх болно гээд арагш алхан модон илдээ өргөөд,

- Одоо над руу дайрахыг оролдоод үз дээ гэв.

Аръяа түүн рүү дайрахыг оролдов. Ингээд дөрвөн цагийн турш хичээсний дараа биеийнх нь
бүх булчин янгинан өвдсөн ч, Сирио Форел шүдээ тагшин түүнд юу хийхийг хэлсээр байлаа.

Дараагийн өдөр жинхэнэ ажил эхэллээ.


ДАНЕРИС

- Дотракийн тэнгис гэж сэр Жорах Мормонт хярын орой дээр жолоогоо татаад хэлэв.

Тэдний хөл дор зах хязгааргүй өргөн тал цэлийж алсад тэнгэрийн хаяа хүртэл үргэлжилжээ.
"Энэ бол тэнгис" гэж Дани бодов. Энд уул, толгод, мод, хот, зам гэж үгүй эцэс төгсгөлгүй
сэлэм шиг гоолиг өндөр өвс салхинд долгиолон мяралзана.

- Ямар ногоон юм бэ.

- Одоо л тийм байгаа юм. Чи энэ талыг хүрэн улаан өнгийн цэцэгс битүү бүрхэж цусан далай
шиг нэг тэнгэрийн хаяанаас нөгөө рүү үргэлжилсэн байхыг харсан ч болоосой. Хуурай
улиралд ертөнцийн өнгө гандахад хүрэл өнгөтэй болдог юм. Энэ бол зөвхөн хязгаар нь шүү
дээ, хүүхэд минь. Тэнд хэдэн зуун янзын өвс ногоо бий. Зүрж шиг шаргал, нил шиг бараан,
цэнхэр, шар, солонго шиг өвснүүд хүртэл бий. Үүнээс гадна Сүүдэрт арлаас цаашаа Ашайн
тэртээ морьтой хүнээс ч өндөр сүүн цагаан өнгөтэй сүнсэн өвсөн тэнгис бий гэж ярьцгаадаг.
Энэ өвс бусад өвснүүдийг устгадаг харанхуй хараал идсэн сүнстэй. Дотракийнхан нэг л өдөр
сүнсэн өвс дэлхийг бүрхэх цагт амьдрал төгсөнө гэж ярьдаг юм.

Энэ тухай бодол Даниг чичирэхэд хүргэлээ.

- Би одоо энэ тухай ярилцмааргүй байна. Ийм сайхан өдөр үхлийн тухай бодохыг хүсэхгүй
байна.

- Таны тааллаар болъё, калисий гэж сэр Жорах хүндэтгэлтэй хэлэв.

Тэгтэл ард нь хоолой гарахад Дани эргэж харлаа. Мормонт тэр хоёр цувааны үндсэн хэсгээс
хол тасарсан бөгөөд бусад нь хярын доод талаас авиран ирж байлаа. Түүний гарын зарц
Ирри, залуу харваачид болон кас хүн морьд шиг давхилдан, Висерис богино дөрөөтэй хатуу
эмээл дээрээ займчсаар айсуй. Түүний ах энд туйлын таагүй байв. Түүнд энд байх хэрэг
байсангүй. Магистер Иллирио түүнийг Пентост хүлээх хэрэгтэй гээд өргөөндөө зочлохыг
санал болгосон ч Висерис үгүйсгэсэн билээ. Тэр Дрого өрөө төлөн амласан титмийг зүүх
хүртэл хамт үлдэх болно гэж хэлсэн юм.

- Хэрвээ тэр намайг мэхлэхийг оролдвол лууг сэрээх нь хичнээн гашуудалд хүргэхийг үзэх
болно доо хэмээн Висерис гартаа зээлж авсан илдээ савчин амлажээ. Иллирио нүдээ цавчаад
түүнд амжилт хүсэхээс ондоо зүйл үлдсэнгүй.

Дани ахынхаа гомдоллохыг сонсохыг хүссэнгүй. Өнөөдөр дэндүү сайхан өдөр байв. Уудам
тэнгэр гүн цэнхэртэн, өндөрт анч харцага дугуйран ниснэ. Өвсөн тэнгис сэвшээ салхинд
найган ганхаж дулаахан агаар нүүр лүү пүнхийгээд Дани амар амгаланг мэдэрч байв. Тэр энэ
бүхнийг Висерис гутаагаасай гэж хүссэнгүй.

- Энд хүлээж байгаарай. Тэднийг бүгдийг хүлээж бай гэж хэл. Намайг тушаасан гээрэй
хэмээн сэр Жорахад хэлэв.
Хүлэг баатар инээмсэглэв. Сэр Жорах царайлаг сайхан хүн байсангүй. Бух шиг бахим хүзүү
мөртэй, гар цээжинд нь бүдүүн ширхэгтэй өтгөн хар үс битүү ургасан хэр нь толгойд нь ганц
ч үс үгүй байв. Түүний инээмсэглэл Даниг таатай болгов.

- Та хатан хаан шиг ярихад түргэн суралцаж байна шүү, Данерис.

- Хатан хаан шиг биш. Калисий шиг гээд морио эргүүлэн толгодын уруу ганцаар довтолгов.

Налуу эгц чулуурхаг байсан ч Дани аймшиггүйгээр морио давиран буухдаа аюул осолд зүрх
нь хөөрөн цохилов. Түүний бүхий л амьдралын туршид Висерис гүнж гэж баталж байсан
Данерис Таргарин мөнгөлөг гүүн дээр мордох хүртэл хэзээ ч ийм зүйл мэдэрч байсангүй.

Эхлээд бүгд амар биш байлаа. Хуримын маргааш өглөө каласарууд буудлаа буулган нүүж
дорно зүг Вэйс Дотрак руу хөдөлсөн бөгөөд гурав дахь өдрөө Дани үхэх нь гэж бодлоо. Өгзөг
нь эмээлэнд холгогдон аймшигтай цус шүүрчээ. Гуяны дотор тал үрэгдэн улайж, гар нь
жолоонд цэврүүтэн, нуруу хөлийн булчин нь янгинан арай ядан сууж байв. Үдэш болоход
зарц нар нь мориноос буухад туслана.

Шөнө хүртэл амрах цаг байсангүй. Кал Дрого мориор замд явж байхдаа хуримын өдөр шигээ
үл тоомсорлон, үдэш дайчид болон цусан морьтонгуудтай ууж, уралдааны морь шагнан,
хүүхэн бүжиглэж хүн үхэхийг харна. Дани түүний энэ амьдралд багтах зай байсангүй. Тэр
ганцаараа юм уу сэр Жорах болон ахтайгаа цуг хооллож, унтахаар хэвтэхдээ уйлж байлаа.
Үдэш болгон заримдаа үүр хаяарахаас өмнө Дрого майханд орж ирэн хайр найргүй сэрээх
бөгөөд гүүн дээр морьдож байгаа азарга аятай дээр нь морьдоно. Түүнийг үргэлж
Дотракичуудын заншил ёсоор ард нь гардагт Дани талархаж байлаа. Учир нь лорд нөхөртөө
нүднийхээ нулимсыг үзүүлэхгүйн зэрэгцээ хашгирахгүйн тулд нүүрээ дэрэнд шигтгэнэ.
Дрого дууссан хойно нүдээ аньж аяархан хурхирахад Дани хажууд нь хөхөрсөн биетэй хэвтэж
унтахын аргагүй янгинана.

Өдөр хоног үргэлжилсээр араас нь шөнө залгаж Дани эцэст нь удаан тэсэхгүйгээ мэдэрлээ.
Тэр нэг шөнө өөрийгөө хороохоор шийджээ...

Тэр шөнө унтаж байхдаа ахин луу зүүдлэв. Висерис энэ удаад байсангүй. Зөвхөн луу тэр хоёр
байлаа. Шөнө шиг тас хар цусанд норсон гулгамтгай хайрстай луу байв. Түүний цус гэдгийг
Дани ойлголоо. Лууны нүд галт уулын хайлмаг шиг дүрэлзэж амаа нээн халуун очтой дөлөөр
тургив. Тэр түүний дуулахыг сонсож гараа дэлгэн галыг тэврэн бүхлээр нь залгиж уур
хилэнгээ цэвэрлэлээ. Бие дотроос нь хар гадарга гуужин цус нь буцалж ууршихад өвдөлт үгүй
болов. Тэр хүчирхэг шинэ хэрцгий болсноо мэдрэв.

Маргааш өдөр хачирхалтай нь бие нь бараг өвдсөнгүй. Гарцаагүй бурхад түүнийг сонсож
өрөвдсөн хэрэг байх нь. Зарц нар хүртэл өөрчлөлтийг ажиглажээ.

- Калисий юу болоо вэ? Та өвдөө юу? гэж Жикүй хэлэв.

- Өвдсөн байсан гээд Иллириогийн хуримын бэлэг болгон өгсөн лууны өндөг рүү очиж
зогслоо. Тэр гурван өндөгний хамгийн томд хүрээд хальсан дээгүүр нь хуруугаа зөөлөн
гүйлгэв. "Миний зүүдэнд орсон луу шиг хар улаан өнгөтэй юм" гэж бодлоо. Чулуу
хачирхалтай бүлээхэн санагдав... эсвэл тэр зүүдэлсэн хэвээр байгаа юм болов уу? Тэр эмээн
гараа хойш татлаа.

Цаг явах тутам өдөр хоног урьдынхаас хамаагүй амар болж байв. Хөл нь хүчтэй болж, гар нь
эвэршиж цэврүү хагарчээ. Кал Дрого Иррид Даниг дотракичуудын маягаар морь унахыг
заахыг зарлигдсан ч жинхэнэ багш морь нь байлаа. Гүү түүнийг аяыг ойлгон дагалдаж сэтгэл
хөдлөлийг нь хуваалцах мэт санагдана. Өдөр өнгөрөх тусам Дани эмээл дээр илүү итгэлтэй
явах болов. Дотракичууд хэрцгий хатуу сэтгэлтэй хүмүүс тул амьтанд нэг их нэр өгөөд
байдаггүй ч Дани бодолдоо гүүгээ "Мөнгөлөг" гэж нэрлэжээ. Тэр амьдралдаа ямар ч зүйлийг
ингэтлээ хайрлаж байсангүй.

Мориор явах хүндрэлтэй биш болоход Дани өнгөрөн буй газар нутгийнхаа үзэсгэлэнг
ажиглаж эхлэв. Тэр каласарчуудын тэргүүнд Дрогогийн цусан морьтонгуудтай хамт явж газар
орныг хүний хөлийн мөр хүрээгүй шинэхэн дээр нь үзэж байлаа. Ард нь шавааралдсан бөөн
сүрэг явж газрын хөрсийг морьдын туурайгаар тахалж, гол горхийг булингартуулан шороон
үүл босгох хэдий ч тэдний өмнөх тал үргэлж ногооноороо байна.

Тэд Норвосын толгодыг өнгөрч хагалсан газар, жижиг тосгонуудыг өнгөрөхөд нутгийн
хүмүүс тэднийг шохойдсон ханатай бэхлэлтийнхээ орой дээрээс түгшин ширтэж байв. Тэд
гурван гүнзгий өргөн голыг гаталж дөрөв дэх нурсан хотын балгасны хормой дахь түргэн
урсгалт өндөр цэнхэр хүрхрээтэй голын дэргэд буудаллахад харласан гантиг чулуун баганых
нь дунд сүнс гинших чимээ гардаг гэж хэлцэж байв. Түүнээс цааш мянган жилийн настай
Дотракийн сүм шиг шулуун Валерианы замаар уруудаж хавирган сар гарахад алтан навчис нь
өндөрт шүхэрлэн унжсан Квохорын ой руу ороход модны их бие хотын хаалга шиг бүдүүн
байлаа. Ойд том хандгай, цоохор бар, мөнгөлөг арьс том ягаан нүдтэй лемур байсан ч
каласарчуудын чимээнээр дайжин зугтсан учир Дани атугай зэрвэс харж чадсангүй.

Энэ хугацаанд зовлон шаналгаа ой дурсамжаас нь бүдгэрэн арчигдав. Тэр удаан өдөр аялсаны
дараа бие нь буларч янгинасаар байсан ч одоо өвчин яагаад ч юм амттайхан болж өглөө бүр
дуртайяа эмээл дээрээ мордон урьд нь ямар газар байгааг үзэхээр тэсгэлгүй хүлээдэг болжээ.
Тэр шөнийн явдлаас таашаал авч сурч заримдаа хашгирах хэдий ч үргэлж өвддөггүй байлаа.

Толгодын хярд өндөр өвс битүү ургажээ. Дани явдлаа удаашруулан тал дундуур явахдаа
ногоон дунд цор ганцаар болохоо мэдрэв. Каласард хэзээ ч ганцаар үлдэх аргагүй. Кал Дрого
түүн дээр зөвхөн нар жаргасан үед ирэх хэдий ч, зарц нар нь зоог барин, усанд оруулж,
майхны үүдэн дээр унтан, Дрогогын цусан морьтонгууд касаасаа ерөөс холдохгүй агаад, ах нь
өдөр шөнөгүй уйтгар гунигийн сүүдэрт дарагдан явж байлаа. Дани хярын орой дээр түүний
уурласан хоолой сэр Жорах руу хашгирахыг сонсов. Тэр цаашлан Дотракийн тэнгисийн гүн
рүү шунган орлоо.

Ногоон өнгө түүнийг залгив. Агаарт газрын хөрс өвс ногооны анхилам үнэр, морины хөлс,
Данигийн үсэндээ түрхсэн тосны үнэртэй холилдон ханхална. Дотракичуудын үнэр. Дани
энэ бүхнийг амьсгалаад баяртайгаар инээд алдав. Тэр өтгөн хар шороон дээгүүр хөл нүцгэн
явахыг хүслээ. Гүүнээсээ үсрэн буугаад өндөр өсгийтэй гутлаа тайлж хаяв.
Висерис гэнэтхэн зуны шуурга шиг гарч ирээд мориныхоо жолоог хойд хөл дээрээ цоройтол
ширүүн татав.

- Чи яаж зүрхэлж байна! Надад тушаал буулгана гэнэ ээ? Надад уу? хэмээн хашгираад
мориноос үсрэн буухдаа бүдэрч унав. Тэр өндийн босч ирэхэд царай нь хүрэнтэн улайжээ.
Мөрнөөс нь шүүрч аваад дугтарч,

- Өөрийнхөө хэн болохыг мартаа юу? Өөрийгөө хар. Хараач! гэж хашгирлаа.

Данид өөрийгөө харах хэрэг байсангүй. Тэр хөл нүцгэн, тосолсон үстэй Дотракичуудын
хуримын бэлэг болгон өгсөн мориор явахдаа өмсдөг ширэн хантаазтай байлаа. Бүхий л төрх
байдлаараа энд харъяалагдаж байхад Висерис хотын торгон хувцас, хуягтайгаа бүхнийг
бохирдуулан сэвтүүллээ. Тэр үргэлжлүүлэн хашгирч,

- Чи луунд тушаал өгөх ёсгүй. Үүнийг ойлгов уу? Би бол долоон ханлигийн эзэн лорд аль нэг
морьтон лордын янханаас тушаал сонсох ёсгүй. Чи үүнийг ойлгож байна уу? гээд гараа
хантааз руу нь шургуулж цээжийг нь өвдтөл чимхээд,

- Намайг сонсов уу үгүй юу? гэлээ.

Дани бүх хүчээ гарган түүнийг цааш түлхлээ.

Висерис хөх ягаан нүдээрээ үл итгэн ширтэв. Тэр хэзээ ч түүнийг эсэргүүцэж байсангүй.
Хэзээ ч хариу түлхэж байсангүй. Уур хилэн нь дүрсхийн ноцлоо. Тэр одоо түүнийг хамгийн
муугаар өвтгөх болно гэдгийг Дани мэдэж байв.

Тас.

Ташуурын исгэрэх чимээ аянга адил нүргэлэв. Висерисийн хүзүүнд гогцоо углагдан хойш угз
татагдлаа. Тэр ногоон дээр тэрийж унаад хахаж цацлан амьсгаадав. Дотракийн морьтонгууд
сулрахаар тийчэгнэхэд нь гуугчин хөхрөлдөв. Тэдний нэг болох ташууртай залуу Жого асуулт
тавилаа. Дани үгийг нь ойлгоогүй ч Ирри, сэр Жорах болон бусад касууд тэнд хүрэлцэн
иржээ.

- Жого танаас түүнийг үхлийг хүсч байгаа эсэхийг асууж байна, калисий гэж Ирри хэлэв.

- Үгүй ээ. Үгүй гэж Дани хэллээ.

Жого үүнийг ойлгожээ. Морьтонгуудын нэг бүдүүлэг үг хэлэхэд Дотракичууд инээлдэв. Ирри
түүнд,

- Кваро түүний чихийг нь огтолвол хүндэтгэл сурна гэж бодож байна гэлээ.

Ах нь өвдөглөн суугаад хуруугаараа ширэн гогцооноос зуурч хэржигнэн амьсгалахыг хичээнэ.


Ташуур хоолойг нь чанга ороожээ.

- Тэдэнд намайг түүнийг өвтгөхийг хүсэхгүй байна гэж хэл хэмээн Дани хэлэв.
Ирри түүний үгийг Дотракийн хэлээр давтахад Жого ташуураа авахаар Висерисийг олсон
хүүхэлдэй шиг угз татав. Тэр газар тэрийн унаад бугуйлаас чөлөөлөгдөхөд эрүүн дор нь
ташуурын ормоор зүсэгдэн гүн улаан мөр гарчээ.

- Би түүнд юу болохыг анхааруулсан, хатагтай. Би түүнийг таны тушаасан ёсоор хяр дээр үлд
гэж хэлсэн хэмээн сэр Жорах Мормонт хэлэв.

- Би таныг тэгсэнийг мэднэ гээд Дани Висерис рүү харлаа. Тэр газар эхэр татан хэвтээд
чимээтэй амьсгалж царай нь улайжээ. Өрөвдөлтэй амьтан. Висерис үргэлж өрөвдөлтэй
дорой байжээ. Тэр урьд нь яагаад үүнийг анзаараагүй юм бол? Дотор нь байсан айдас ул
мөргүй сарнин алга болов.

- Түүний морийг ав гэж Дани сэр Жорахад тушаахад Висерис алмайран ширтлээ. Тэр сонссон
зүйлдээ итгэж чадсангүй. Даниг ийм үг хэлж чадна гэж ч санасангүй. Гэсэн ч үг хэдийн
гарчээ.

- Миний ах каласаруудын араас явган алхаж ирэг. Бүгд түүнийг хэн болохыг хараг.

Дотракичуудын дунд морь хөлөглөдөггүй явган хүн бол хамгийн гавъяа хүндэтгэлгүй
өчүүхэн дорд хүн байв.

- Үгүй! гэж Висерис хашгирав. Тэр сэр Жорах руу эргэж хараад морьтонгуудын ойлгохгүй
нийтийн хэлээр гуйлаа.

- Түүнийг цохь, Мормонт. Түүнийг өвтгө. Хаан чинь үүнийг тушааж байна. Дотракийн эдгээр
нохдыг алж түүнд сургаад өг гэв.

Цөлөгдсөн хүлэг баатар хэсэг зуур Дани болон ах руу нь харлаа. Дани шавар болсон нүцгэн
хөлтэй, тослог үстэй байхад, Висерис торгон хувцастай илдтэй байлаа. Дани түүний
царайнаас шийдвэрийг харлаа.

- Тэр алхах болно, калисий гэж хүлэг баатар бөхийн хэлээд Даниг гүүндээ мордох зуур ахынх
нь морийг авав.

Висерис түүн рүү гайхан алмайрснаа газар лагхийтэл суув. Тэр чимээгүй хөдлөлгүй сууж
тэдний явахыг хорсол дүүрэн харцаар үдлээ. Төдөлгүй өндөр ургасан өвсөн дунд далд оров.
Түүнийг харагдахаа больмогц Дани эмээх сэтгэл төрж,

- Тэр буцаж ирэх замаа олох болов уу? гэж сэр Жорахаас асуув.

- Таны ахаас сохор хүн байсан ч бидний гаргасан мөрөөр замаа олоод ирнэ.

- Тэр бардам хүн болохоор буцаж ирэхээс ичих байх гэхэд Жорах инээд алдан,

- Тэгвэл өөр хаачна гэж? Тэр каласарыг олохгүй бол, каласар түүнийг олох болно. Дотракийн
тэнгист живэх хэцүү шүү, хүүхэд минь гэв.
Дани энэ үнэн болохыг харлаа. Каласарчууд бүтэн хот хөдөлж байгаа юм шиг нүүдэллэх
хэдий ч сохор биш билээ. Урд нь үргэлж тагнуул нийтийн хэсгээс тасран явж ан, олз олох юм
уу дайсан харагдахад түгшүүр зарлан, хоёр талын эгнээг тусгай морьтонгууд хадгалан явж
байлаа. Тэд явж өнгөрсөн газраа юу ч орхисонгүй. Тал тэдний нэг хэсэг байлаа... харин одоо
түүнийх болжээ.

- Би түүнийг цохьсон гэж Дани гайхширсан хоолойгоор хэлэв. Одоо бүх зүйл дууссан хойно
хачирхалтай зүүд мэт санагдах аж.

- Сэр Жорах таныхаар бол... Висерис ууртай ирэх болов уу? гээд чичирч,

- Би лууг сэрээсэн болов уу? гэв.

Сэр Жорах тургилав.

- Чи үхэгсдийг сэрээх чадвартай гэж үү? Чиний ах Рэйгэр сүүлчийн луу байгаад Сэрээнд
үхсэн. Висерист могойн сүүдрээс ч дор хүн гэв.

Түүний шулуун үг Данигийн гайхшийг төрүүллээ. Түүний үргэлж итгэж байсан зүйл
гэнэтхэн эргэлзээтэй болов.

- Гэхдээ та... түүнд илд өргөхөөр ам өгсөн биз дээ...

- Тиймээ би тэгсэн, охин минь. Ах чинь могойн сүүдэр байхад зарцаар яах юм бэ? хэмээн
гашуунаар хэлэв.

- Гэсэн ч тэр жинхэнэ хаан хэвээр шүү дээ. Тэр... гэхэд Жорах морины амаа татан түүнийг
харав.

- Үнэнээ хэлдээ. Чи Висерисийг хаан ширээнд суусан байхыг харахыг хүсч байна уу?

Дани энэ тухай бодлогоширов.

- Тэр сайн хаан байж чадахгүй тийм үү?

- Түүнээс ч дор нь байсан... гэхдээ олон биш гээд хүлэг баатар өсгийгөөрөө морио давиран
явлаа. Дани дэргэд нь зэрэгцэн шогшуулав.

- Гэсэн ч жирийн ард түмэн түүнийг хүлээсээр байгаа. Магистер Иллирио тэднийг лууны
далбаа олж Висерисийг уйтан тэнгисийг гатлан ирж тэднийг чөлөөлөхийн төлөө мөргөж
байгаа гэсэн.

- Жирийн ард түмэн бороо хур орж, хүүхдүүдээ эсэн мэнд байж, зун төгсгөлгүй байгаасай л
гэж мөргөдөг юм. Тэдэнд өндөр язгууртан лордууд хаан ширээний тоглоом тоглох нь
хамаагүй удтал тайван байх л чухал гээд мөрөө хавчиж,

- Үргэлж ийм байсан гэлээ.


Дани хэсэг зуур чимээгүй ергүүлэн таавар адил хэлсэн үгийнх нь талаар бодлогоширов. Юм
бүхэн Висерисийн хэлж байсаны эсрэг байлаа. Жирийн ард түмэнд хууль ёсны хаан, булаан
эзлэгч тэднийг жолоодож байгаа эсэх нь хамаагүй ажээ. Жорахын үгийн тухай бодох тусам
үнэнийг мэдэрч эхлэв.

- Та юуны тухай мөргөдөг вэ, сэр Жорах?

- Гэртээ харих тухай гэхэд хоолой нь гашуудалтай дуулдав.

- Би ч гэсэн гэртээ харихын төлөө мөргөдөг гэхэд сэр Жорах инээмсэглэн,

- Эргэн тойроноо хараач, калисий гэв.

Данигийн нүдэнд тал харагдсангүй. Энэ нь Хааны газар Эйгон байлдан дагуулагчийн барьж
босгосон нүсэр Улаан шилтгээн байлаа. Энэ нь түүний төрсөн Лууны цохио байлаа. Түүний
бодолд шилтгээний бүх цонхоор мянган гал асаж үзэгдэв. Түүний бодолд бүх хаалга улаан
өнгөтэй харагдлаа.

- Миний ах хэзээ ч долоон ханлиг руу буцаж очихгүй гээд Дани энэ тухай урт хугацааны өмнө
мэдэж байснаа ойлгов. Бүх амьдралынхаа турш мэдэж байжээ. Зөвхөн шивнээд ч атугай хэлж
байсангүй ч одоо сэр Жорах Мормонт болон бүх ертөнцөд сонсогдохоор чанга хэлэв.

Жорах түүнийг шинжсэн харцаар ажиглав.

- Та үгүй гэж бодож байна уу?

- Висерис миний нөхрийн өгөх армийг удирдан жолоодож чадахгүй. Тэр нэг ч хүлэг баатар
дагах зоос байхгүй. Дотракичууд түүний сул доройг шоолон инээлдэж байгаа. Тэр хэзээ ч
биднийг гэрт минь аваачихгүй гэхэд,

- Ухаантай хүүхэд гээд хүлэг баатар инээмсэглэв.

- Би хүүхэд биш гэж Дани уурсан хэлээд өсгийгөөрөө морины ташааг давирахад Мөнгөлөг
урагш галгиуллаа. Тэр улам хурдлан давхихад Жорах, Ирри болон бусад морьтонгууд алсад
хоцров. Бүлээн салхи үсийг нь хийсгэн жаргаж буй нарны туяа нүд гялбуулна. Тэр каласарт
үдшийн бүрий болох үед ирэв.

Боолууд майхныг нь цөөрмийн эрэг дээр барьжээ. Тэр өндөр өвс ургасан толгодын орой
дээрээс бүдүүлэг хоолой сонсов. Тэгснээ инээд сонсогдоод эрчүүд касуудад өнөөдөр
тохиолдсон явдлыг ярьж буй бололтой. Удалгүй Висерис доголсоор буцаж ирэхэд буудалд
түүний явган явж буй учрыг мэдэхгүй эрэгтэй, эмэгтэй, хүүхэд гээд нэг ч хүн үгүй болжээ.
Каласарт нууц гэж үгүй.

Дани гүүгээ боолуудад өгөөд майханд оров. Торгон асарт сэрүүхэн бүүдгэр байлаа. Тэр
хаалгаа хааж үдшийн улаан гэрэлд хуруугаа лууны өндөгөнд хүрэхэд агшин зуур нүдний өмнө
мянган улаан дөл дүрэлзсэнээ нүдээ анивчихад сарнин арилав.
"Энэ бол чулуу. Ердийн нэг чулуу гэж Иллирио хэлсэн. Луунууд үхсэн" гэж өөртөө хэлэв. Тэр
алгаа хар өндөгөн дээр тавиад хуруугаа хайрсан дээгүүр хөнгөхөн гүйлгэв. Чулуу бүлээхэн
байлаа. Бараг л халуун гэмээр. "Нар. Нар тэднийг аяны замд бүлээцүүлсэн" гэж Дани
шивнэлээ.

Түүний тушаалаар зарц нар нь усанд оруулахад бэлтгэв. Дориа майхны гадаа гал түлж байх
зуур Ирри, Жикүй хоёр хуримын ахин нэг бэлэг болох том зэс түмпэн оруулж ирээд мориор
цөөрмөөс зөөсөн усаар дүүргэв. Ус халахад Ирри Даниг дотогш ороход туслаад дэргэд нь
суув.

- Чи урьд нь хэзээ нэг цагт луу харж байсан уу? гэж Дани Ирри нурууг нь угааж, Жикүй үсийг
нь элсээр цэвэрлэхэд асуув. Тэр анхны луу дорно зүгт Сүүдэрт арлын тэртээх Хаш тэнгисийн
Ашайн арлуудаас ирсэн гэж сонсчээ. Магадгүй тэрхүү онгон зэрлэг хязгаарт зарим нь амьд
үлдсэн ч юм бил үү.

- Луунууд мөхсөн, калисий гэж Ирри хэлэв.

- Тиймээ урт хугацааны өмнө мөхсөн гэж Жикүй зөвшөөрлөө.

Висерис түүнд Таргариний сүүлчийн луу хагас зуун жилийн өмнө Лууны гай гэж дуудагддаг
III-р Эйгон хааны хаанчлалын үеэр мөхсөн гэж хэлжээ. Данигийн бодлоор энэ нь төдийлөн
урт хугацаа биш байлаа.

- Тэд үнэхээр алга болсон гэж үү? Дорно зүгт байхгүй юу? хэмээн Данерис урам хугаран
асуулаа.

Зуны арлууд дахь Валерианы газар сүйрэл болоход умард зүгт ид шид мөхөж шившлэгээр
давтсан илд, шуурга дуудагч болон луунууд буцаж ирээгүй ч Дани дорно зүгт үргэлж өөр зүйл
сонсдог байлаа. Хаш тэнгисийн арлуудад хүн толгой, луун сүүл арслан биетэй мантикор
үүрлэж, Яй Тигийн ширэнгэд аварга могой шивээлэн, шившлэг хийгч, илбэчин, цаг агаар
зөгнөгч нар өөрсдийн урлагаа Ашайд нээлттэй сургуулилж, хар шидийнхэн үхсэн хүнийг
буцаан авчирах цусан шид зэрэг аймшигт зүйлсээ шөнийн харанхуйд үйлддэг гэлцдэг байлаа.
Тэгвэл яагаад луу бас байж болохгүй гэж?

- Ямар ч луу байхгүй. Зоригт хүмүүс тэднийг алсан. Луу бол аймшигтай ёрын амьтан. Үүнийг
бүгд мэднэ гэж Ирри хэлэхэд.

- Бүгд мэднэ гэж Жикүй зөвшөөрөв.

- Квартын худалдаачин надад нэг удаа луу сарнаас үүссэн гэж хэлсэн хэмээн цайвар үстэй
Дориа галд алчуур халаах зуур хэллээ. Жикүй, Ирри хоёр Данитай чацуу бөгөөд Дрого
каласарыг нь дайран эцгийг нь алах үед боол болжээ. Харин Дориа түүнээс эгч бараг л хорин
настай байв. Магистер Иллирио түүнийг Лисийн таашаалын газраас олжээ.

Нойтон мөнгөлөг нойтон үс нүд рүү нь ороход Дани сониучирхан толгойгоо эргүүлж,
- Сарнаас гэнэ ээ? гэв.

- Тэр надад сар өндөг байсан гэж хэлсэн, калисий. Нэг удаа тэнгэрт хоёр сар байгаад нэг нь
наранд дэндүү ойртсоны улмаас халуунд хагарсан гэсэн. Түүний хальснаас мянга мянган
луунууд гарч нарны галыг залгижээ. Луу яагаад галаар амьсгалдагын учир энэ. Нэг л өдөр
нөгөө сар нарыг үнсэх аваас дэлбэрэн луунууд буцаж ирнэ гэдэг гэхэд хоёр дотраки охид
инээлдэв.

- Чи ч сүрлэн үстэй тэнэг боол байна даа. Сар бол өндөг биш. Тэр нарны эхнэр бурхан.
Ингэж ярьдаг юм гэж Ирри хэлэхэд,

- Ингэж ярьдаг хэмээн Жикүй зөвшөөрөв.

Дани түмпэнгээс гарахад арьс нь ягааран улайжээ. Жикүй түүнийг доош хэвтүүлээд бие нь
дээр нь тос түрхэж илүү дутууг зүйлсийг арилгав. Дараа нь Ирри хадаасан цэцэг, шанцайн
үнэрээр шүршив. Дориа үсийг нь гялалзсан мөнгө адил намиртал самнахад Дани сар, өндөг,
лууны тухай бодлоо.

Оройн хоол эгэл жирийн жимс, бяслаг, шарсан талх, домботой балын дарснаас бүрджээ.

- Дориа үлдэж надтай хамт хооло гэж Дани тушаагаад бусдыг нь гаргаж явуулав. Лисенс охин
балын өнгөтэй үс, зуны тэнгэр шиг цэнхэр нүдтэй байлаа.

Тэднийг явсан хойно Дорио харцаа буулгаад,

- Та надад хүндэтгэл үзүүллээ гэж хэлсэн ч ямар ч хүндэтгэл байсангүй зөвхөн үйлчилгээ
шаарджээ. Тэд сар тэнгэрт хөөрөн мандтал сууж ярилцав.

Шөнө нь Кал Дрого ирэхэд Дани түүнийг хүлээж байлаа. Тэр майхны аман дээр зогсоод
гайхширан харав. Дани алгуурхан босож унтлагын торгон хувцсаа газар унагав.

- Өнөө шөнө бид гадагш хонох болно, эзэнтээн гэж хэлэв. Учир нь дотракичууд хүний
амьдралын хамгийн чухал зүйл нээлттэй тэнгэрийн дор дор болох нь чухал гэж итгэдэг ажээ.

Кал Дрого түүнийг сарны гэрэлд даган гарахад үсний хонх нь аяархан жингэнэв. Майхнаас
хэдхэн ярдын зайд зөөлөн өвсөн дээр очоод Дани түүнийг дороо орууллаа. Тэр дээр нь эргэн
гарахыг хичээсэн ч гараараа цээжин дээр нь дараад,

- Үгүй. Өнөө шөнө би чиний царайг харах ёстой гэв.

Каласарчуудад хувийн зүйл гэж үгүй. Дани тэдний харцыг мэдрэн Дориа нам дуугаар шивнэн
зөвөлгөө өгөхийг сонсов. Гэсэн ч түүнийг тоосонгүй. Тэр калисий гэж үү? Зөвхөн харц үүнд
чухал бөгөөд урьд нь анзаарч байгаагүй зүйл олж харав. Дани түүн дээр Мөнгөлөг дээр
мордсоноос ширүүн мордож таашаал өгөхөд Кал Дрого нэрийг нь дуудлаа.

Тэднийг Дотракийн тэнгисийн эсрэг талд гарах үед Жикүй Данигийн гэдсэнд аяархан
хүрснээ,
- Калисий, та хүүхэдтэй болж гэлээ.

- Мэднэ гэж Дани хэлэв.

Энэ бол түүний арван дөрвөн насны төрсөн өдөр байлаа.


БРАН

Дор хашаанд Рикон чононуудтай гүйж байв.

Бран түүнийг цонхны тавцан дээр суугаад харж байлаа. Хүү хурдлан гүйхэд Хөнгөн салхи
урд нь үсрэн гарч замыг нь хаасанд Рикон түүнийг хармагц баярлан хашгираад өөр зүг рүү
гүйлээ. Сэгсгэр нохой араас нь гүйн бусад чоно дэндүү ойртоход уцаарлан хар яр хийнэ.
Түүний арьс бараан хар өнгийн нүд нь ногоон гал адил улалзана. Браны чоно хамгийн сүүлд
явж байв. Тэр утаа шиг мөнгөлөг зүстэй алтан шаргал нүдтэй байлаа. Хөнгөн салхинаас
багавтар илүү болгоомжтой ажээ. Бран түүнийг сүрэг дундаа хамгийн ухаантай нь гэж бодов.
Тэр дүүгийнхээ амьсгаадан хөхөрч хөлдүү газар жижиг хөлөөрөө түчигнүүлэн гүйхийг харав.

Нүд нь халуу оргив. Тэр бас дор гүйж инээхийг хүсч байв. Энэ тухай бодохоос уурлан Бран
нулимсаа унахаас нь өмнө арчлаа. Түүний найман насны төрсөн өдөр болоод өнгөрчээ. Тэр
одоо бараг л насанд хүрсний зэрэгцээ уйлахад дэндүү том болжээ.

- Энэ чинь худал байсан. Би нисэж чадахгүй. Бүр гүйж ч чадахгүй гэж тэр зүүдэндээ байсан
хэрээг санаад гашуунаар хэлэв.

- Хэрээнүүд үргэлж худал хэлдэг юм хэмээн сандал дээр нэхмэлийн зүүгээр юм нэхэн сууж
байсан хөгшин Нан зөвшөөрөөд,

- Би хэрээний тухай үлгэр мэднэ шүү гэлээ.

- Би ямар ч үлгэр сонсохыг хүсэхгүй байна гэж Бран уцаарлав. Тэр урьд нь хөгшин Нанд
хайртай үлгэрүүдэд нь дуртай байжээ. Гэвч одоо бүх зүйл өөр болсон байна. Тэд түүнийг
өдөржин ганцааранг нь орхиод уйдаахгүйн тулд хөгшин Нанаар харгалзуулсан нь байдлыг
улам дордуулж байлаа.

- Би чиний тэнэг үлгэрүүдийг үзэн ядаж байна.

Хөгшин эмгэн шүдгүй амаараа инээмсэглэв.

- Миний үлгэрүүд гэнэ ээ? Үгүй дээ, жижигхэн лорд минь минийх биш. Үлгэр надаас ч өмнө
байсан болохоор хойшид ч үлдэх болно.

"Зэвүүн муухай эмгэн" гэж Бран уурсан бодлоо. Атингар жижигхэн бие дүүрэн үрчлээтэй
тэрбээр бараг сохор шатаар бууж чадахааргүй хэтэрхий сул дорой агаад цоохор ягаан хуйхан
дээр нь хэдэн шингэн цагаан үс ёрдойно. Хэн ч түүнийг хэдэн настайг мэдэхгүй бөгөөд эцэг
нь түүнийг хүүхэд байхад л хөгшин Нан гэж дууддаг байсан гэжээ. Тэр Винтерфеллийн
хамгийн хөгшин магадгүй долоон ханлигийн хамгийн өндөр настан байлаа. Нан шилтгээнд
ээж нь төрүүлээд нас барсан Брандон Старкыг асрахаар ирсэн байна. Тэр Браны өвөг эцэг
лорд Рикардын том ах эсвэл дүү нь ч юмуу эсвэл эцгийнх нь дүү байсан мэтээр хөгшин Нан
янз бүрээр ярина. Гэвч бүх түүхэнд бяцхан гурван настай хүү зуны хүйтэнд үхэхэд хөгшин
Нан Винтерфеллд өөрийн хүүхэдтэйгээ үлдсэн тухай гардаг байжээ. Тэр хоёр хүүгээ Роберт
хаан ширээгээ эзэлж авсан дайнд алдаж, ач хүү нь Балин Грэйжойгийн бослогын үеэр
Пайкийн ханан дээр алагджээ. Охид нь аль эрт гэрлэж нөхөрт гараад хөгширч нас барсан
байна. Энэ бүхнээс түүнд зөвхөн өөрийн цусны Ходор хэмээх адууны жүчээнд ажилладаг
сайхан сэтгэлтэй аварга биет хүү үлдсэн ч хөгшин Нан амьдарсаар нэхмэлийн зүүгээ
гялалзуулан үлгэрээ ярьсаар байлаа.

- Надад хэний үлгэр нь хамаагүй. Би тэднийг үзэн ядаж байна гээд Бран үлгэрийг ч тэр
хөгшин Наныг ч тэр хүссэнгүй. Тэр эцэг эхтэйгээ хамт байхыг хүсч байлаа. Тэр Зуныг ардаа
дагуулаад гүйхийг хүсч байв. Эвдэрхий цамхаг руу авиран эрдэнэ шишийн үр хэрээнд
өгөхийг хүсч байв. Одой морио ахин унаж ах нартайгаа явахыг хүсч байв. Тэр урьд нь хийдэг
байсан бүх зүйлээ хүсч байлаа.

- Би үлгэр үзэн яддаг хүүгийн тухай түүх мэднэ шүү гэж хөгшин Нан тэнэгдүү инээмсэглэн
хэлээд нэхмэлийн зүүгээ урьдын адил чаг, чаг, чаг хийсээр байсан тул Бран түүн рүү
хашгирах шахлаа.

Урьдын явдал хэзээ ч эргэж ирэхгүйг тэр мэдэж байв. Хэрээ түүнийг нисч сургана гэж
мэхэлсэн бөгөөд Бран зэрэмдэг болон сэрэхэд ертөнц өөрчлөгджээ. Тэд бүгд түүнийг орхин
эцэг эх, эгч нар бутач ах Жон хүртэл орхижээ. Эцэг нь түүнд Хааны газар луу жинхэнэ хүлэг
морин дээр сууж явахыг амалсан байтал түүнгүйгээр одсон байна. Мастер Лювин Лорд
Эддард руу шувуугаар захиа илгээн, өөр нэгийг ээж рүү нь, гурав дахийг нь Ханан дээр
байгаа Жон руу илгээсэн авч тэднээс чимээ сураг байсангүй.

- Заримдаа шувуу замдаа алдагдах үе байдаг. Тэд олон мил газрыг нисэн туулахын зэрэгцээ
эндээс Хааны газар хүртэл олон харцага байдаг болохоор захиа тэдэнд хүрээгүй ч байж
болох юм гэж мастер түүнд хэлжээ.

Гэсэн ч Бранд унтаж байх хооронд нь бүгд амь үрэгдсэн юм шиг санагдсаар байлаа... Эсвэл
тэд түүнийг үхсэн гээд мартсан ч байж болох юм. Жори, сэр Родрик, Вэйон Пол гээд бүгд
явсны дээр Халлен, Харвин, Бүдүүн Том тэргүүтэй харуулын дөрөвний нэг хэсэг явжээ.

Зөвхөн Робб, бяцхан Рикон хоёр үлдээд Робб өөрчлөгдсөн байв. Тэр одоо лорд Робб болсон
болохоор үүнийгээ байнга илэрхийлэхийг хичээнэ. Тэр жинхэнэ илд агсаж хэзээ ч
инээмсэглэхээ больжээ. Өдөржин харуулуудтай дасгал сургуул хийн илдээр тулалдаж
хашаанд илдийн хангинах дуу гарахад Бран цонхоор хардаг байв. Харин шөнө нь мастер
Лювинтэй ойртож бүртгэл тооцооны дэвтрийн тухай ярилцана. Заримдаа Халлис Моллентой
хамт өдрийн турш мордож алсад орших суурингуудаа эргэнэ. Түүнийг явсан өдөр Рикон
уйлж, Бранаас Роббын хэзээ буцаж ирэхийг гэж асууна. Тэр ч байтугай Винтерфеллд гэртээ
байхдаа хүртэл лорд Робб болохоор Халлис Моллен, Теон Грэйжой нартай дүү нараасаа
хамаагүй их цаг өнгөрүүлж байлаа.

- Би чамд Брандон баригчын тухай түүх ярья. Чи үргэлж үүнд дуртай байдаг шүү дээ гэж
Хөгшин Нан хэлэв.

Мянга мянган жилийн өмнө Брандон баригч Винтерфеллийг босгосон бөгөөд зарим нь
Ханыг гэж хэлцэнэ. Бран энэ түүхийг мэдэх хэдий ч хэзээ ч дуртай байсангүй. Магадгүй өөр
бусад Брандоны нэг дуртай байсан байж болох юм. Заримдаа Нан түүнтэй олон жилийн
өмнө хүүхэд байхад нь асарч байсан Брандон гэж бодож ярих бөгөөд, заримдаа түүнийг
төрөхөөс өмнө галзуу хаанд алагдсан авга ах Брандонтой нь андуурна. Тэр урд удаан жил
амьдарсан болохоор ээж нь энэ бүх Брандон Старкууд толгойд нь холилдоод нэг хүн шиг
хоногшсон гэж хэлжээ.

- Би наад түүхэнд чинь дургүй. Би аймшгийн үлгэрт дуртай гэж Бран хэлэв.

Тэгтэл гадаа хашаанд чимээ шуугиан сонсогдоход цонхоор эргэж харлаа. Рикон хашааны
хаалганы зүг гүйж араас нь чононууд дагаж байсан ч цамхаг буруу тийш харан байрласан
болохоор Бран юу болсныг харж чадаагүйдээ уурсан ташаа руугаа нударга буулгатал юу ч
мэдрэгдсэнгүй.

- Өө хонгорхон зуны хүүхэд минь, чи айдас гэж юу болохыг мэдэх үү? Айдас бол өвөл
жижигхэн лорд минь. Цас зуун футын өндөр хунгарлаж умраас мөсөн салхи исгэрэн үлээнэ.
Айдас бол нар үүлний цаагуур жилийн турш нуугдан урт удаан шөнө үргэлжилж жижигхэн
хүүхэд төрмөгцөө үхэх юмуу амьдарч харанхуйд зэрлэг чоно өлсөж гуринхилан, цагаан
явагчид модон дунд явахыг хэлдэг юм гэж хөгшин Нан аяархан өгүүлэв.

- Та Нөгөөдүүлийн тухай ярьж байна уу? гэж Бран асуухад,

- Нөгөөдүүл гэж хөгшин Нан зөвшөөрөв.

- Мянга мянган жилийн өмнө аймшигтэй хүйтэн хэрцгий төгсгөлгүй өвөл ирсэн нь хүний
дурсамжнаас арчигджээ. Тэрний дараа шөнө залгуулан авч хаад шилтгээндээ гахай маллагч
урцандаа байгаагын адил чичирэн үхэж байлаа. Эмэгтэйчүүд хүүхдийнхээ өлсөж үхэхийг
харахгүйн тулд боож алаад гаслан уйлахад нулимс нь хацар дээрээ хөлдөж байв гээд хоолой
нь зүүтэйгээ адил намуухан болж Бран руу өнгөгүй бүүдгэр нүдээрээ харснаа,

- Тэгэхээр хүүхэд минь, энэ чиний дуртай үлгэр байна уу? гэв.

- Тиймээ. Гэхдээ... гэж Бран дургүйхэн хариуллаа.

Хөгшин Нан толгой дохив.

- Энэ бол Нөгөөдүүлийн анх ирсэн харанхуй байсан юм гээд зүүгээ үргэлжлүүлэн чаг
хийлгэв.

- Тэд үхсэн хүйтэн амьтад болохоор төмөр, гал, нарны гэрэл болон амьтай бүхний цусанд
урсаж байгаа халуун цусыг үзэн яддаг байлаа. Тэд хаант улсын суурин бэхлэлтийг хөнөөж,
хот балгадыг устган баатруудыг нь аймшигт армидаа нэгтгээд үхлийн цонхигор морио
хөлөглөн хүмүүсийг алан хядаж байлаа. Бүх илдтэй хүн тэднийг эсэргүүцэж чадалгүй
ялагдаж хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хүртэл хүйтэн хэрцгий гарт нь өртөж байлаа. Тэд охид
хүүхнүүдийг агнан хөлдүү ойд аваачаад үхсэн зарц нараа хүний хүүхдийн махаар тэжээдэг
байв.

Түүний хоолой шивнэлт шиг маш аяархан болоход Бран урагш сонсохоор бөхийлөө.
- Тэдгээр өдрүүдэд Андалс ирж эмэгтэйчүүд уйтан тэнгисийн тэртээх Ройны хотууд руу
зугтахаас өмнө хаант улсад анхны хүн энэ газар ойн хүүхдүүдийг авчирчээ. Ойн хүүхдүүдээ
модон хот, хөндий толгоддоо суурьшин амьдарч модонд нүүр харуулын сийлэн үлдээсэн
байна. Газар дэлхийг хүйтэн дүүргэхэд сүүлчийн баатар хүүхдүүдийг хайн олж эртний
шидийн тусламжтай хүний ялагдсан армийг эргүүлэн авчирахаар шийджээ. Тэр үхлийн
газруудаар илд, морь, нохой арваад нөхдөө дагуулан явжээ. Олон жилийн турш хайгаад ойн
хүүхдүүд болон нууц хотыг нь олох найдвар алдагдан цөхөрч анд нөхөд нь нэг нэгээрээ
үрэгдэн морь, эцэст нь нохой нь үхэж, илд нь хүйтэн хөлдөн ир нь хугарчээ. Тэгтэл
Нөгөөдүүл түүний халуун цусыг шиншлээд араас нь чимээгүйхэн мөшгиж сүрэг цагаан
өнгийн ноход шиг том аалзууд...

Хаалга тасхийтэл онгойход Бран айсандаа зүрх нь амаар гарах шахан булгилав. Гэвч ердөө
мастер Лювин байсан хэрэг байж, Ходор ард нь шатан дээр зогсож байв.

- Ходор! гэж агтач хүү хэлээд үргэлж байдаг шигээ нүүр дүүрэн инээмсэглэв. Харин мастер
Лювин инээмсэглэсэнгүй.

- Бидэнд дээр зочид ирлээ. Бран чи тэнд очих хэрэгтэй байна гэв.

- Би үлгэр сонсож байна шүү дээ гэж Бран гомдоллов.

- Үлгэр хүлээж байг, бяцхан лорд минь. Чамайг буцаж ирэхээр чинь үргэлжлүүлье. Зочдод
харин хүлээх тэвчээр байхгүй. Заримдаа тэд өөрсдийн түүхээ авчирдаг юм гэж хөгшин Нан
хэлэв.

- Хэн ирсэн юм бэ? гэж Бран мастер Лювинээс асуулаа.

- Тирион Ланнистер Шөнийн харуулын хэдэн хүнтэй цуг Жон ахаас чинь мэдээ авчирчээ.
Робб одоо тэдэнтэй уулзаж байгаа. Ходор чи Браныг доош танхимд хүргэхэд туслах уу?

- Ходор! гэж Ходор баяртайгаар хэлээд зөвшөөрөв. Тэр сэгсгэр том толгойгоо хаалганы тотгон
доогуур бөхийлгөн оров. Ходор бараг л долоон фут өндөр бөгөөд хөгшин Нантай нэг цусны
гэхэд итгэмээргүй санагдана. Бран түүнийг хөгширөх үедээ эмэг эх шигээ жижигрэн агших
болов уу гэж гайхширдаг байв. Гэвч Ходор мянган жил амьдарсан ч энэ боломжгүй мэт
санагдаж байлаа.

Ходор Браныг боодолтой өвс мэт сэгхийтэл өргөөд нүсэр цээжиндээ наалаа. Түүнээс үргэлж
морьдын таатай сулхан үнэр ханхлана. Булчинлаг бүдүүн гар нь хүрэн үстэй ажээ.

- Ходор гэж тэр ахин хэллээ. Теон Грэйжой нэг удаа Ходор юу ч мэдэхгүй гэж хэлсэн ч хэн ч
түүнийг нэрээ мэддэг гэдэгт эргэлзсэнгүй. Бран энэ тухай хөгшин Нанд хэлэхэд тахиа шиг
гаагчин хөхрөн байж жинхэнэ нэрийг нь Валдер гэдэг хэмээн хэлжээ.

Түүний хаанаас "Ходор" гэсэн үг сурсан болохыг мэдэхгүй ч үргэлж хэлдэг учир ингэж
дуудах болжээ. Энэ түүний мэдэх цорын ганц үг байлаа.
Тэд хөгшин Наныг цамхагын өрөөнд нэхмэлийн зүү, дурсамжтай нь цуг орхив. Ходор Браныг
шатны уруу авч явахад мастер Лювин араас нь агтач хүүгийн том алхалтыг гүйцэхээр яарав.

Робб эцгийнхээ өндөр суудалд ширээсэн ширэн хуягтай Робб-лордын ширүүн царай гарган
сууж байв. Теон Грэйжой болон Халлис Моллен хоёр ард нь зогсчээ. Арваад харуулын хүн
саарал чулуун хана дагуу өндөр цонхон дор эгнэн зогсчээ. Өрөөний голд одой зарц нартайгаа
болон Шөнийн харуулын хар хувцастай дөрвөн үл таних хүн байлаа. Бран Ходортой хаалгаар
цуг ормогц агшин зуур танхим дахь уур хилэнг мэдрэв.

- Шөнийн харуулын ямар ч хүн Винтерфеллд хүссэн хугацаагаар удаан зочлон үлдэж болно
гэж Робб лорд-Роббын хоолойгоор хэллээ. Тэр илдээ бүгдэд харагдахаар өвдөг дээрээ
тавьжээ. Бран хүртэл зочдыг ингэж хуйлаагүй илдтэй угтдаг учрыг мэдэж байлаа.

- Шөнийн Харуулын ямар ч хүн гэнээ хэмээн одой давтсанаа,

- Харин би үгүй юу. Чи ингэж хэлэх гээ юу, хүү минь гэлээ?

Робб жижигхэн хүн рүү илдээрээ занган босов.

- Би эцэг эхийнхээ эзгүйд энд лорд шүү, Ланнистер? Чиний хүү биш.

- Хэрвээ чи лорд юм бол лордын эелдэг занг сурах хэрэгтэй шүү. Чиний бутач ах чинь илүү
эцгийнхээ хүндэтгэлийг илүү өвөлж авсан юм шиг санагдаж байна хэмээн жижигхэн хүн илд
царай луу нь чичлэхийг үл тоон хэлэв.

- Жон гэж Бран Ходорын гаран дээрээс уулга алдлаа.

Одой түүн рүү эргэн харав.

- Тэгэхээр энэ үнэн байж хүү амьд үлдсэн байх нь. Би үүнд итгэж чадахгүй нь. Старкынхан ч
хөнөөхөд бэрх улс юм гэхэд,

- Танай Ланнистерийнхан үүнийг санаж байсан нь дээр шүү гээд Робб илдээ буулгаж,

- Ходор миний дүүг ийш нь авчир гэлээ.

- Ходор гэж Ходор хэлээд инээмсэглэсээр Браныг Старкын лордууд Винтерефллд умардын
хаан гэгдэж байсан үеийн өндөр суудалд суулгалаа. Сандлыг хүйтэн чулуугаар хийсэн нь
тоолж баршгүй хүний хувцсанд элэгдээд хүнд түшлэгний үзүүрт архирч буй зэрлэг чонын
толгой сийлжээ. Бран түүнээс барьж суухад мэдээгүй болсон хөл нь санжигнав. Энэхүү том
суудал суудал дээр бяцхан хүүхэд болсон мэт сэтгэгдэл төрөв.

Робб гараа мөрөн дээр нь тавив.

- Чамд Брантай ярилцах хэрэг байна гэж хэлсэн. За тэр ирчихлээ, Ланнистер.

Бран Тирион Ланнистерийн харцанд эвгүйцлээ. Нэг нь хар, нөгөө нь ногоон хоёр нүд
түүнийг цэгнэн ширтэж байв.

- Надад чамайг маш сайн авирдаг гэж хэлсэн, Бран. Надад тэр унасан өдөр юу болсоныг
яриач? гэж жижигхэн хүн эцэст нь хэллээ.

- Би хэзээ ч... гэж Бран шаардлаа. Тэр хэзээ ч унаагүй. Хэзээ ч, хэзээ ч шүү.

- Хүү унасан өдөр юу тохиолдсон тухай юу ч санахгүй байгаа гэж мастер Лювин элэгсэгээр
хэлэв.

- Сонирхолтой юм гэж Тирион Ланнистер хэллээ.

- Миний дүү ийшээ асуултанд чинь хариулах гэж ирээгүй, Ланнистер. Чамд ажил байгаа бол
түүнийгээ гүйцэтгээд мөрөө хөөсөн чинь дээр шүү.

- Би чамд бэлэг авчирсан. Чи мориор явах дуртай юу, хүү минь? гэж одой хэлэв.

Мастер Лювин урагш гарлаа.

- Эрхэм лорд минь, хүүхдийн хөл мэдээгүй болсон болохоор морин дээр сууж чадахгүй.

- Дэмий яриа. Зөв морь сонгож зөв эмээл тавибал тахир дутуу хүн ч гэсэн мориор явж чадна.

Энэ үг Браны зүрхэнд хутга дүрэх адил болов. Түүний нүдэнд нулимс цийлэгнэж,

- Би тахир дутуу биш! гэж хашгирлаа.

- Тэгвэл би одой биш гээд одой амаа үрчийлгэснээ,

- Эцэг минь үүнийг сонсохдоо баяртай байх даа гэхэд Грейжой инээд алдав.

- Ямар төрлийн морин дээр та эмээл тохохыг санал болгохсон бол? гэж мастер Лювин асуув.

- Ухаалаг морь. Хүү хөлөөрөө амьтаныг хөлөөрөө давиран удирдаж чадахгүй болохоор
моринд жолоо цулбуур, дуу хоолойгоор залахыг сургах ёстой. Би энэ талаар хуучин
туршлагатай гээд бүсэндээ байсан хуйлаастай цаасыг авч,

- Энэ чиний эмээл чинь. Хэрэгтэй бүх зүйл нь байгаа гэв.

Мастер Лювин цаасыг одойн гараас жижигхэн саарал хэрэм шиг сониучирхан авлаа. Тэр
дэлгэн үзээд,

- Ойлголоо. Та маш сайхан зурж, эрхэм лорд минь. Тиймээ энэ бүтэх ажил байна. Би өөрөө
энэ тухай бодох ёстой байж гэв.

- Миний эмээлээс бараг ялгагдахгүй болохоор үүнийг хийхэд маш амархан байлаа, мастер.

- Би жинхэнээсээ морин дээр явж чадах уу? гэж Бран асуулаа. Тэр тэдэнд итгэхийг хүссэн ч
эмээх сэтгэл төрөв. Магадгүй ахин нэг худал байж болно шүү дээ. Хэрээ түүнийг нисэж
чадна гэж амалсан байдаг.

- Чи чадна. Тэгээд ч хүү минь морины нуруун дээр гарахад тэднээс хамаагүй өндөр болно
гэж амалж байна гэж одой хэлэв.

Робб Старк гайхширсан төрхтэй болж,

- Энэ чинь ямар нэг занга уу, Ланнистер? Бран чиний юу юм? Чи яагаад түүнд туслахыг хүсч
байгаа юм? гэв.

- Чиний ах Жон надаас гуйсан юм. Харин миний сэтгэл зүрх зэрэмдэг бутач болоод бусад
золгүй хүмүүсийн хувьд нээлттэй билээ гээд Тирион Ланнистер гараа зүрхэн дээрээ тавиад
инээлээ.

Үүдний хаалга онгойход өрөөнд нарны гэрэл тусч Рикон эргэлдсэн нүдтэй чононуудтайгаа
амьсгаадан орж ирэв. Хүү хаалган дээр үлдсэн ч чононууд урагш орж ирэв. Тэд үнэрийг нь
авсан бололтой Ланнистер луу шууд харлаа. Зун эхэлж архирч эхлэхэд, Хөнгөн салхи
залгуулан авав. Тэд жижигхэн хүн рүү баруун зүүн талаас нь гэтэн ойртов.

- Чононуудад таны үнэр таалагдахгүй байх шиг байна, Ланнистер гэж Теон Грэйжой хэлэв.

- Магадгүй миний явах цаг болсон бололтой гээд Тирион алхам хойш ухартал... Сэгсгэр нохой
ард нь сүүдрээс гарч ирээд архирав. Ланнистер эргэн хартал Зун түүний нөгөө талаас
зүүгдэв. Түүнийг майга хөл дээрээ найган унахад Хөнгөн салхи ханцуйнаас нь зүүгдэж ураад
сэгсчин хэдэн хэсэг өөдөс болгов.

- Үгүй ээ! Зун над дээр. Зун над дээр гэж Ланнистерийн хүмүүс илд гаргахад Бран өндөр
суудлаас орилов.

Зэрлэг чоно хоолой сонсоод Бран руу харснаа ахин Ланнистер луу харлаа. Тэр арагш ухран
жижигхэн хүнээс холдоод Браны санжигнасан хөл дор ирж хэвтэв.

Робб амьсгалаа хураасан байснаа санаа алдаж,

- Хөнгөн салхи гэж дуудахад чоно нь түүн рүү чимээгүйхэн очив. Одоо зөвхөн Сэгсгэр нохой
жижигхэн хүнийг зууж нүд нь ногоон гал адил гялалзана.

- Рикон түүнийг дууд гэж Бран жижигхэн дүү рүүгээ хашгирахад Рикон сэхээ орж,

- Сэгсгэр гэртээ. Одоохон гэртээ ир гэж дуудахад хар чоно Ланнистерийг сүүлчийн удаа
ноцсоноо Рикон руу харайн очиход хүзүүгээр нь чанга тэвэрлээ.

Тирион Ланнистер ороолтоо тайлж духаа арчаад хатуу хоолойгоор,

- Ямар сонирхолтой юм бэ гэж хэлэв.


- Та зүгээр үү, эзэнтээн? гэж гартаа илд барьсан дагуулынх нь нэг асуунгаа зэрлэг чонын зүг
болгоомжлонгуй харав.

- Миний ханцуй урагдаж өмдөө норгосноос ондоо биед минь ноцтой гэм учирсангүй.

Робб гайхан мэгджээ.

- Чононууд... би тэднийг яагаад ингэснийг мэдэхгүй юм...

- Эргэлзээгүй намайг оройн хоол гэж эндүүрээ биз гээд Ланнистер Бранд хөшүүн мэхийн
ёсолж,

- Тэднийг дуудсанд чинь баярлалаа, залуу ноёнтон минь. Тэд намайг идсэн бол шингээж
чадахгүй байсан гэдгийг амлах байна. Харин одоо жинхэнээсээ явах цаг минь болж гэлээ.

- Ганцхан хором хүлээгээрэй, эзэнтээн гэж мастер Лювин хэлэв. Тэр Робб руу очиж
толгойгоо бөхийлгөн шивнэлдэв. Бран сонсохыг оролдсон ч хоолой нь хэтэрхий аяархан
байлаа.

Робб Старк эцэст нь сэлмээ хуйлаад,

- Би... магадгүй би таньтай яаран харьцсан бололтой. Та Бранд сайхан сэтгэлээр хандсан
болохоор гээд өөрийгөө хүчлэн эзэмдэж,

- Винтерфеллд хүссэнээрээ зочилж болно, Ланнистер гэв.

- Намайг эелдэгхэн хуурамч ёсноосоо хөндий байлгаж үз, хүү минь. Чи надад дургүй энд
байлгахыг хүсэхгүй байгаа биз дээ. Би хананы чинь гадаа өвлийн хотод дэн буудал харсан.
Тэнд хоноглох болохоор хоёул амар унтах болно. Хэдхэн зоос төлөөд орыг минь дулаацуулах
хүүхэн ч олдож магадгүй гээд хар ахан дүүс нарын нэг бөгтөр нуруу ширэлдсэн сахалтай
хөгшин хүнд,

- Йорен бид өмнө зүг рүү үүрээр буцна. Та намайг замын хаанаас олохоо мэдэж байгаа биз
дээ гээд богинохон хөлөөрөө үүд рүү чиглэн Риконыг өнгөрлөө. Түүний хүмүүс араас нь
дагав.

Шөнийн харуулын дөрвөн хүн үлдэв. Робб тэдэн рүү эргээд,

- Би та нарт өрөө бэлтгүүлсэн болохоор халуун усанд орж замынхаа тоосноос салж болно.
Орой ширээнд морилвол бидний хувьд гүн хүндэтгэл болно хэмээн эв хавгүйхэн хэлэхэд
Бран түүнийг чин сэтгэлээсээ бус сурсан үгээ эвлүүлэн хэлсэн болохыг ойлгосон ч хар ахан
дүүс ямар ч байсан талархлаа.

Ходор Браныг цамхагын шатаар оронд нь хүргэж өгөхөд Зун дагалдав. Хөгшин Нан сандал
дээрээ нойрсож байлаа. Ходор,

- Ходор гэж хэлээд зөөлөн хурхирч буй эмэг эхээ өргөн гарахад Бран хэвтээд бодлогоширов.
Робб Шөнийн харуулынханд зориулан Их танхимд найр хийхээр амлажээ.

- Зун гэж дуудахад чоно орон дээр нь үсрэн гарч ирэв. Бран түүнийг чанга тэврээд халуун
амьсгал хацар луу нь үлээхийг мэдрэв.

- Би одоо мордож чадах болсон болохоор удахгүй модонд гөрөөлнө гэж хүлээж байгаарай гэж
найздаа шивнээд унтлаа.

Тэр зүүдэндээ эртний цонхгүй цамхаг руу ахин авирч байлаа. Харласан чулуунд хуруугаа
шигтэн хөлөөрөө тэмтчинэ. Улам улам өндөрт дээшилсээр шөнийн тэнгэрийн үүлсийг
нэвтлэн гарсан ч цамхаг урьдын адил сүндэрлэсээр байв. Тэр зогсоод доош харахад толгой нь
эргэж хуруу нь гулгалаа. Бран хашгиран амьдралаас зууралдав. Газар дэлхий түүний дор
мянган милийн зайтай байхад тэр нисэж чадахгүй байдаг. Тэр нисэж чадахгүй шүү дээ. Тэр
зүрхнийхээ цохилтыг намдахыг хүлээгээд ахин авирч эхлэв. Энд дээш явахаас өөр арга
байсангүй. Дээр нь цайвар том саран мандаж чулуун луунуудын дүрс харагдаж байлаа. Гар нь
цуцаж янгинан өвдсөн ч амарч зүрхэлсэнгүй. Хүчлэн улам хурдан авирлаа. Луунууд түүний
өгсөхийг харжээ. Тэдний нүд зуухны халуун цог мэт улалзана. Магадгүй тэд арслан байгаад
зэрэмдэглэгдэн мушгирсан ч юм билүү. Бран тэдний хоорондоо хүйтэн аймшигтай
хоолойгоор шивнэлдэхийг сонсов. Тэр сонсохгүй ёсгүй гэж өөртөө итгүүллээ. Тэр сонсох
ёсгүй. Сонсохгүй байх тусам аюулгүй байна. Тэгтэл луунууд чулуунаасаа сугаран цамхагын
хажуугаар Браны барьсан зүг рүү ойртоход аюулгүй биш болов.

- Би та нарыг сонсоогүй. Би сонсоогүй. Сонсоогүй гэж тэднийг улам ойртоход уйлагнан


хэлэв.

Тэр харанхуйд цурхиран сэрээд лүглийсэн том дүрс өмнөө байхыг харлаа.

- Би сонсоогүй гэж айсандаа чичирэн хэлтэл сүүдэр,

- Ходор гээд орны хажууд лааны гэрэл асахад Бран санаа амарч тайвширлаа.

Ходор түүний хөлсийг чийгтэй бүлээн алчуураар арчаад шалмаг гараар хувцсыг нь өмсүүлэв.
Энэ удаад түүнийг Их танхим руу буулгаж ирэхэд галын ойролцоо урт ширээ зассан байлаа.
Ширээний орой дахь лордын суудал эзгүй Робб баруун талд нь суугаад Браныг эсрэг талдаа
суулгав. Тэд мэгжийн мах, тагтааны махан боов, цөцгийтэй шарсан манжин идэж, араас нь
тогооч балын сархинаг өгөхөөр амлажээ. Зун Браны гараас хоол идэн, Хөнгөн салхи, Сэгсгэр
нохой хоёр буланд яс булаацалдан ноцолдоно. Винтерфеллийн ноход танхимд орж ирж
зүрхлэхээ больжээ. Бранд энэ нь эхлээд хачирхалтай санагдаж байсан ч яваандаа дасчээ.

Йорен хар ахан дүүсийн дунд хамгийн ахмад нь учир Робб, мастер Лювин хоёрын дунд
суужээ. Хөгшин удаан хугацаанд усанд ороогүйн улмаас өмхий үнэртэй байлаа. Тэр махыг
шүдээрээ тасчиж чөмгийг нь шаржигнатал сорох зуураа Жон Сноугын тухай мөрөө хавчин
ярилаа.

- Сэр Аллисерийн ганц тээг болсон доо гүнгэнэхэд хоёр нөхөр нь инээлдсэн ч Бран
ойлгосонгүй. Тэгтэл Робб авга ах Бэнжинийхээ тухай асуухад хар ахан дүүс эвгүйцэн нам гүм
болов.

- Яасан бэ? гэж Бран асуулаа.

Йорен хуруугаа энгэртээ арчсанаа,

- Эрхэм лорд минь, талх балын чинь хариуг муу мэдээгээр хариулах нь дээ. Гэхдээ хүн асуулт
тавьсан хойно хариулах ёстой. Старк алга болсон гэв.

Тэгтэл тэдний нэг,

- Хөгшин Баавгай түүнийг Вэймор Ройсийг эрэхээр илгээсэн цагаас хойш эргэж ирээгүй гэв.

- Дэндүү удаж байна. Магадгүй үхсэн ч байж болох юм гэж Йорен хэлэв.

- Миний авга ах үхээгүй гэж Робб Старк уурсан чанга хэлээд сандлаас босож илднийхээ
бариул дээр гараа тавилаа.

- Та намайг сонсов уу? Миний авга ах үхээгүй! гээд түүний хоолой чулуун хананд
цуурайтсанд Бран гэнэтхэн айлаа.

Хөгшин өмхий үнэртэй Йорен Робб руу хайхрамжгүй ширтэн,

- Таны хэлснээр болог гээд шүдний завсар орсон махыг чигчийлэв.

Тэдний хамгийн залуу нь суудал дээрээ эвгүйцэн займчсанаа,

- Ханан дээр байгаа хүн сүнстэй ойд юу болсныг мэдэхгүй. Тэр магадгүй буцаж ирэх замаа
олно байх байв.

- Магадгүй болох л юм. Эсвэл олохгүй ч байж болох юм. Урьд нь тэр ой руу орсон сайн
эрчүүл хэзээ ч гарч ирээгүй гэж Йорен хэлэв.

Бран хөгшин Нанын Нөгөөдүүл болон сүүлчийн баатар мөсөн ойд шархдаж үхсэн хүмүүс
нохой шиг том биетэй аалзанд хөөгдсөн тухай бодож байлаа. Тэгснээ үлгэрийн төгсөлөөс
гэнэтхэн айж,

- Хүүхдүүд түүнд туслана. Ойн хүүхдүүд туслана! гэж дуу алдав.

Теон Грэйжой тачигнатал хөхрөхөд мастер Лювин,

- Бран ойн хүүхдүүд мянган жилийн өмнө үхэж үрэгдэн алга болсон. Тэднээс зөвхөн модон
дээр сийлсэн нүүр үлдсэн гэв.

- Таны үгэнд үнэний хувь байж болох, мастер. Хананаас цааш юу байдгийг хэн мэдэх билээ?
Хүн амьд үхсэн эсэхийг хэлж чадахгүй гэж Йорен хэлэв.
Тэр шөнө аяга тавга угаасны дараа Робб Браныг ор луу нь өөрөө хүргэж өгөв. Хөнгөн салхи
тэргүүлэн, Зун араас нь ойрхон явж байлаа. Түүний ах насандаа хүчирхэг Бран ороолттой
даавуу шиг хөнгөн байсан ч шатны гишгүүр эгц харанхуй учир Робб оройд нь гарах үедээ
амьсгаадаж байлаа.

Тэр Браныг оронд нь оруулж хөнжлөөр хучаад лаа унтраав. Робб хэсэг зуур харанхуйд орны
хажууд суув. Бран түүнтэй ярилцахыг хүссэн ч юу хэлэхээ мэдсэнгүй.

- Бид чамд тохирох морь олох болно гэдгээ амалж байна гэж Робб эцэст нь шивнэлээ.

- Харин тэд хэзээ нэг цагт эргэж ирэх болов уу? гэж Бран асуулаа.

- Тиймээ гэж Робб найдангуй хэлэхэд Бран лорд-Роббыг бус ахыгаа сонсож буйг мэдэрлээ.

- Ээж гэртээ удалгүй ирнэ. Магадгүй бид түүний урдаас угтаж болох юм. Чиний морьтой
яваж байгааг хараад их гайхах байх даа? гээд харанхуй өрөөнд Бран ахынхаа инээмсэглэхийг
мэдрэв.

- Дараа нь бид хойд зүг рүү Ханыг харахаар явна. Бид Жонд очиж байгаа гэдгээ ч хэлэхгүй.
Нэг л өдөр чи бид хоёр яваад очно. Жинхэнэ адал явдал болно доо.

- Адал явдал гэж Бран мөрөөдөнгүй давтлаа. Тэр ахынхаа уйлахыг сонслоо. Өрөөнд харанхуй
Роббын нүүрэн дэх нулимс харагдахгүй байсан ч сунгаад гарын нь олж барив. Тэдний
хуруунууд хамтдаа атгалцлаа.
ЭДДАРД

- Лорд Арриний үхэл бид бүгдийн хувьд гүнээ гашуудалтай зүйл болсон билээ. Би таньд
түүний өнгөрсөн зан байдлын тухай баяртайгаар ярьж өгөх байна. Та суугаач. Жаахан амттан
идэх үү? Чавга ч юм уу? Надад маш сайхан илжгэн чих бий. Миний хоолны дэглэм дарс
уухыг зөвшөөрдөггүй хэдий ч би таньд аяга хөлдөөсөн балтай сүү санал болгох байна. Энэ
халуунд сайхан сэрүүцүүлдэг юм гэж эрхэмсэг мастер Пацилл хэлэв.

Халууныг үгүйсгэхийн аргагүй байлаа. Нэдийн торгон цамц цээжинд нь битүү хөлрөн
наалджээ. Хүнд чийглэг агаар хотыг нойтон ноосон бүтээлэг шиг нөмөрч халуунаас зугтсан
хүмүүс голын хажууд чихцэлдэн усны дэргэд унтах газар хайж бүгчим агаарт амьсгал авахын
аргагүй байлаа.

- Тэгвэл таныг зүгээс эелдэг хэрэг болохсон гээд Нэд суулаа.

Пацилл эрхий долоовор хуруугаараа мөнгөн хонх хавчин аяархан жингэнүүлэв. Гоолиг
залуухан үйлчлэгч охин өрөөнд яаран орж ирлээ.

- Хааны гар бид хоёрт хөлдөөсөн сүү эелдэгээр авчирч өгнө үү, хүүхэд минь. Сайн амтлаарай.

Охин тэдний уух юмыг авчирахаар явахад эрхэмсэг мастер хуруугаа гэдсэн дээрээ зөрүүлэн,

- Жирийн ард түмэн зуны сүүлчийн жил үргэлж халуун байдаг гэж ярьцгаадаг. Энэ үнэнээс
нэг их хол зөрөөгүй шударга хэлсэн санагдаж байна. Үүн шиг халуун өдөр би танай умардын
зун нь цас ордог хүмүүст атаархах юм гээд суудлаа сэлгэн засахад хүнд эрдэнийн чулуутай
зүүлт хүзүүнд нь аяархан жингэнэв.

- Мэйкар хааны үед үүн шиг халуун зун болсон ч илүү богинохон байсан. Цайз дахь тэнэгүүд
эцэстээ хэзээ ч төгсөхгүй Агуу зун ирлээ гэсэн ч долоо дахь жилдээ гэнэтхэн зогсож бид
богино намар аймшигт урт өвөлтэй золгосон. Зуны бүгчим агаар амьсгал авахын аргагүй
байлаа. Хуучин хот өдөртөө бүгчим ууранд чанагдаж зөвхөн шөнө амь орж байсан. Бид
горхийн хажуу дахь цэцэрлэгээр зугаалан бурхадын тухай маргаж билээ. Би тэр шөнө ямар
үнэр ханхалж байсныг санаж байна, эрхэм лорд. Чинэртлээ боловсорсон амтат гуа, тоор,
анар жимс, сарны гэрэлд цэцэглэсэн гувай хатны үнэртэй холилдон анхилж билээ Би тэгэхэд
гинжээ давтаж байгаа залуу хүн байж. Халуун намайг одооных шиг ингэтэл ядраагаагүй гээд
Пацилл хүнд зовхио нойрмоглон цавчлав. Тэгснээ,

- Өршөөгөөрэй, лорд Эддард. Та миний эцгийг чинь төрөхөөс өмнө мартагдсан зуны тухай
тэнэг яриаг сонсохоор ирээгүй биз дээ. Хөгшин хүний дэмий яриаг уучилж үз. Ухаан илдтэй
адил болохоор хөгшин хүнийх зэвэрч гүйцэж. Аан, энэ бидний сүү ирлээ гэхэд үйлчлэгч охин
тэдний дунд тавиур тавихад Пацилл инээмсэглэн,

- Хонгор охин минь! гээд аягаа өргөн амтлаад толгой дохин,

- Баярлалаа. Явж болно гэв.


Охин явахад Пацилл Нэд рүү цайвар өнгөгүй нүдээр ширтэв.

- Тэгэхээр бид юун дээр явж байсан билээ? Аа, тийм л дээ. Та Лорд Арриний тухай асуусан...

- Тиймээ, би асуусан гээд Нэд эелдэгээр хөлдөөсөн сүүг шимлээ. Энэ нь сэрүү татсан амттай
сайхан эд байлаа.

- Үнэнийг хэлэхэд Гар заримдаа өөртэйгээ төсгүй болдог байлаа. Бид хамтдаа олон жил
зөвлөлийн ширээнд сууж гарын үсэг зурж, бичиг хэрэг уншин би түүний урт удаан үнэнчээр
үүрсэн хүнд ачаанаас чадлаараа хөнгөлж байсан. Түүний өргөн мөр хаант улсын бүхий л
асуудал болоод өөр бусад зүйлсд дарагдан гудайсан байлаа. Хүү нь өвдөж хатагтай эхнэр нь
сэтгэл түгшин ганц ч хором хараагаа салгахгүй байв. Энэ ямар ч хүчирхэг хүнийг
доройтуулахад хангалттай дээрээс нь лорд Жон залуу хүн биш шүү дээ. Тиймээс би түүний
дүнсийн зүдэрсэн явдалд гайхаагүй юм. Эсвэл тухайн үедээ тэгж санагдсан ч байж магад
гээд толгой сэгсэрлээ.

- Та надад түүний сүүлчийн өвчний тухай хэлж болох уу?

Мастер тэсгэлгүй гашуудсандаа гараа савчив.

- Тэр өдөр надаас ном асуухаар ирэхдээ урьдынхаас хамаагүй эрүүл чийрэг байсан ч
сэтгэлийн гүнд нь ямар нэг зүйл гүн зовоож байх шиг санагдсан. Тэгтэл маргааш өглөө нь
өвчиндөө шаналан ёолж орноосоо өндийж чадахаа больсон байлаа. Мастер Колемон халуун
хүйтэн харшсанаас гэдэс нь өвджээ гэж шийдсэн юм. Цаг агаар халуун байсан болохоор Гар
үргэлж мөстэй дарс уусаар гэдэс нь хямарсан байх. Гэвч лорд Жоны бие үргэлжлүүлэн
сулрахад би түүн рүү өөрийн биеэр очсон ч бурхад надад түүнийг аврах хүчийг хайрласангүй
дээ.

- Би таныг мастер Колемоныг илгээсэн гэж сонссон гэхэд эрхэмсэг мастер удаан хянамгай
толгой дохиж,

- Тиймээ тэгсэн. Хатагтай Лиза намайг үүний төлөө хэзээ ч уучлахгүй байх гэж айж байна.
Магадгүй би алдсан байж болох ч тэр үедээ хамгийн шилдэг гарц гэж бодсон. Мастер
Колемон миний хүү шиг хүн болохоор би авъяасыг нь туйлаас хүндэтгэдэг байлаа. Гэвч
дэндүү залуу болохоор залуучууд хөгшин хүний хэврэг биеийг ойлгохгүй байх нь олонтоо.
Тэр лорд Арринийг халуун ногооны хандаар туулган эмчилж байсан болохоор би энэ
эмчилгээ түүнийг алах вий хэмээн айсан юм.

- Лорд Аррин амьдралынхаа сүүлчийн мөчид ямар нэг зүйл хэлсэн үү?

Пацилл хөмсгөө үрчийлгэлээ.

- Гар өвчнийхөө сүүлчийн шатанд халууран Роберт гэсэн нэрийг хэдэнтээ дуудсан ч хаан,
төрсөн хүү хоёрынхоо хэнийг нь дуудсан болохыг мэдээгүй. Хатагтай Лиза хүүд өвчин
халдварлахаас сэргийлж өрөөнд нь орохыг ч зөвшөөрөхгүй байлаа. Гэсэн ч хаан ирж орны
дэргэд нь хэдэн цагийн турш суун тоглоом наадам хийн Жоныг сэргээх гэж оролдсон.
- Үүнээс өөр зүйл болоогүй юу? Ямар нэг эцсийн үг хэлээгүй юу?

- Би бүх найдлага алдагдсаныг хараад Гарыг удаан зовоохгүйн тулд намуу цэцгийн хандтай
сүү өгсөн. Тэр сүүлчийн удаа нүдээ анихын өмнө хаан болон хатагтай эхнэр, адислуулсан
хүүгийнх нь тухай ямар нэг зүйл шивнэсэн. "Үр нь хүчтэй" гэж хэлсэн. Эцэстээ түүний яриа
самуураад ойлгогдохгүй болсон. Үхэл түүнийг маргааш өглөө нь аваачих үед лорд Жон
хэдийн эвлэрсэн байлаа. Тэр ахиж үг хэлээгүй.

Нэд ахин сүүнээс балгалаа.

- Харин та лорд Арриний үхэлд ямар нэг ер бусын зүйл ажигласан уу?

- Ер бусын зүйл гэнэ ээ? хэмээн настай мастер асуухад хоолой нь шивнэх төдий болов.

- Үгүй, би тэгж хэлэхгүй. Гунигтайн хувьд гарцаагүй ч үхэл өөрийн замаар ирсэн, лорд
Эддард. Жон Аррин эцэстээ одоо ачаанаасаа салж амарсан.

- Өвчин түүнийг аваачсан биз дээ? Та урьд нь өөр хүн дээр ийм шинж тэмдэг харж байсан
уу?

- Бараг дөчин жилийн турш би долоон ханлигийн эрхэмсэг мастер байлаа. Манай эрхэм
Роберт хаан болон, түүнээс өмнө Эйрис Таргарин, түүний эцэг хоёрдугаар Жэйхерис болон
түүнээс ч богино хэдэн сарын хугацаанд Жэйхерисийн эцэг тав дахь Азтай Эйгонд зүтгэж
байсан. Би олон өвчин зовуурь харж байсан, эрхэм лорд минь. Таньд хэлэхэд өвчний нөхцөл
адил ч шалтгаан нь ондоо байдаг юм. Лорд Жоны үхэлд бусдаас ондоо ямар ч зүйл байгаагүй.

- Харин түүний эхнэр өөрөөр бодож байсан гэхэд эрхэмсэг мастер толгой дохив.

- Би одоо л Жон Арриний бэлэвсэн эхнэр чиний эхнэрийн дүү гэдгийг санаж байна. Хөгшин
хүний дэмий яриаг уучил гэхдээ гашуудал хамгийн чанд сахилгатай ухааныг ч самуурахад
хүргэдэг болохоор хатагтай Лиза шиг хүмүүс хэзээ ч үүнийг тэсэж чадахгүй. Тэр сүүлчийн
хүүхдээ амьгүй төрүүлснээс хойш сүүдэр бүрээс дайсан олж хардаг болсны дээр нөхрийнх
нь үхэл тохиолдсон нь бүр хүнд цохилт болсон.

- Тэгвэл та Жон Арриний үхэл гэнэтийн өвчнөөс болсон гэдэгт үнэхээр итгэлтэй байна уу?

- Тиймээ. Хэрвээ өвчин биш бол өөр юунаас болсон гэж, эрхэм лорд минь? гэхэд,

- Хор гэж Нэд аяархан хэлэв.

Пациллийн нойрмог нүд огцом нээгдлээ. Настай мастер суудал дээрээ эвгүйцэн займчин
өндийв.

- Түгшүүртэй бодол байна. Бид иймэрхүү зүйлийн гэмт хэрэг түгээмэл гардаг Чөлөөт
хотуудад байгаа биш шүү дээ. Тэгээд ч эрхэмсэг мастер Эйтелмур бүх хүн зүрхэндээ аллага
тээж явдаг гэж бичсэн ч хорлох нь жигшмээр зүйл хормын турш чимээгүй болон
бодлогоширсноо,
- Таны санал боломжтой ч би тийм гэж бодохгүй байна. Бүхий л мастерууд хорны ерөнхий
шинж тэмдгийг мэддэг байхад лорд Арринд тэднээс ямар нь ч илрээгүй. Тэгээд ч Гарт бүгд
хайртай байсан. Хүний биеийг агуулж байгаа ямар мангас манай хүндэт лордыг алж зүрхлэх
юм бэ? гэв.

- Хорыг эмэгтэй хүний зэвсэг гэж сонссон юм байна.

Пацилл сахлаа бодлогоширон шувтарлаа.

- Тэгж хэлдэг л юм. Эмэгтэйчүүд, хулчгар... тайган хүний зэвсэг гэдэг гээд хоолой засан
өтгөн зууралдсан зүйл нулимлаа. Тэдний толгой дахь дээвэр дээгүүр хэрээ чанга гуаглан
нислээ.

- Лорд Варис Лисд боол гаралтай төрснийг та мэдэх үү? Аалзанд итгэж болохгүй шүү, эрхэм
лорд.

Үүнийг Нэдэд хэлэх хэрэггүй байлаа. Варисийн тухай дурьдахад бүх бие нь агзасхийх шиг
болов.

- Таны үгийг санаж явах болно, мастер. Тусалсан явдалд баярлалаа. Таны цагийг хангалттай
үрлээ гээд Эддард бослоо.

Эрхэмсэг матсер Пацилл сандлаасаа хүндхэн өндийж Нэдийг үүд хүртэл гаргаж өгөв.

- Таны ухаан дахь зүйлийг хөнгөлөхөд бага ч атугай тус болсон гэж найдна. Өөр ямар нэгэн
зүйлээр туслах хэрэгцээ гарвал зөвхөн асуухад болно.

- Ганцхан зүйл. Би Жоны өвдөхөөсөө өмнөх өдрийн өмнө авсан номыг сонирхож үзмээр
байна.

- Таныг сонирхолтой зүйл олохгүй болов уу гэж айж байна. Эрхэмсэг мастер Маллеоны агуу
овгуудын удам угсааны тухай бичсэн нуршуу хүнд боть байгаа юм.

- Тэгсэн ч гэсэн би үзмээр байна гэхэд хөгшин хаалга нээж,

- Таны хүслээр болъё. Надад хаа нэгтээ бий юмсан. Олохоороо таны өрөө лүү шуудхан илгээе
гэв.

- Тэгвэл маш эелдэг хэрэг болохсон гээд Нэд гэнэтхэн санаж,

- Сүүлчийн ганц асуулт асуух гэсэн юм? Та хаан Лорд Арринийг нас барахаас нь өмнө орны
дэргэд нь байсан гэсэн. Хатан түүнтэй хамт байсан уу? гэв.

- Яалаа гэж дээ үгүй. Тэр хүүхдүүдтэйгээ хамт Кастерли Рок руу эцэгтэйгээ явсан байсан.
Лорд Тайвин хотод ханхүү Жоффрейн төрсөн өдөрт зориулсан тэмцээнд эргэлзээгүй өөрийн
хүү Жэймиг аварга болохыг үзэхээр ирээд гүнзгий урам хугарсан байх. Би хатан хаанд лорд
Арриний гэнэтийн үхлийн тухай бичихдээ хэзээ ч шувууг ийм хүнд зүрхтэй илгээж
байсангүй.

- Хар жигүүр, хар үг гэж Нэд шивнэлээ. Энэ нь хөгшин Нан хүүхэд байхад нь зааж өгсөн хэлц
үг байв.

- Бас загасчны эхнэрүүд тэгж хэлдэг юм хэмээн эрхэмсэг мастер Пацилл зөвшөөрөөд,

- Гэвч үргэлж тийм байх албагүйг бид мэднэ. Мастер Лювин таны хүү Браны тухай захиа
илгээхэд шилтгээний үнэнч бүх зүрх догдолсон биз дээ? гэлээ.

- Таныхаар болог, мастер.

- Бурхад өршөөнгүй билээ. Над дээр дуртай цагтаа ирж байгаарай, лорд Эддард. Би энд
үйлчилэхийн тулд байгаа гээд Пацилл толгойгоо бөхийлгөв.

"Тиймээ гэхдээ хэнд?" гэж Нэд хаалга хаагдсан хойно бодлоо.

Тэр өрөөндөө буцаж ирэх замдаа охин Аръяа нь Гарын цамхагын эргүүлгэн шатан дээр гараа
салхин сэнс шиг эргүүлэн өрөөсөн хөл дээрээ тэнцвэрээ олохыг хичээж байгаатай тааралдав.
Барзгар чулуун шалан дээр хөл нүцгэн байлаа. Нэд зогсож түүнийг харав.

- Аръяа чи юу хийж байгаа юм бэ?

- Сирио уснаа бүжиглэгч нэг хөл дээрээ хэдэн цаг тогтож чаддаг байх ёстой гэсэн гээд
тогтохоор гараа сарвалзуулав.

Нэд инээмсэглэн,

- Ямар хөл дээрээ? гэж даажигнан асуулаа.

- Ямар ч хамаагүй хөл дээрээ гээд Аръяа баруунаас зүүн хөл рүүгээ үсрэн зогсохдоо
тэнцвэрээ олохын тулд осолтой ганхав.

- Тэгвэл яагаад заавал энд зогсох хэрэгтэй гэж? Доошоо унавал шатны гишгүүр лүү өвдтөл
өнхөрнө шүү дээ.

- Сирио уснаа бүжиглэгч хэзээ ч унадаггүй гэж хэлсэн гээд Аръяа хөлөө буулгаж хоёр хөл
дээрээ зогссоноо,

- Аав аа Бран одоо бидэнтэй цуг амьдрахаар ирэх үү? гэлээ.

- Тийм түргэн ирж чадахгүй. Тэр алдсан хүчээ буцаж нөхөх ёстой.

Аръяа уруулаа хазлав.

- Бран том болохоороо юу хийх бол? гэхэд Нэд дэргэд нь өвдөглөн сууж,
- Түүнд энэ асуултын хариуг олох хугацаа хангалттай байгаа, Аръяа. Харин одоо бидэнд
түүний амьд гэдэг л чухал гэв.

Өнгөрсөн шөнө Винтерфеллээс шувуу ирэхэд Эддард Старк охидоо дагуулан горхины эрэг
лүү өнгийн ургасан хайлаас, нигүүрс, бараан улиас бүхий бурхдын мод руу очжээ. Зүрх мод
мөчрөөр нь дүүрэн ороонго унжсан хөгшин том царс байсан бөгөөд бүгд өвдөг сөгдөн
талархал илэрхийлжээ. Санса сар гарахад унтсан бол, Аръяа хэдэн цагийн дараа өвсөн дээр
дэлгэсэн цуван дээр хэвтэж, Нэд харанхуйд шөнийн турш ганцаар мөргөсөн байна. Эцэст нь
хотод үүр хаяарахад бараан улаан цэцэгс охидынх нь дээрээс лууны амьсгал шиг хүрээлсэн
байлаа. Тэгэхэд "Би Браныг зүүдэлсэн. Тэр инээмсэглэж байсан" гэж Санса шивнэн хэлжээ.

- Тэр хүлэг баатар болох байх. Хааны хамгаалалтын хүлэг баатар. Бран хүлэг баатар болно
биз дээ? гэж Аръяа асуув.

Нэд охиноо хуурах хэрэгтэй гэж бодсонгүй.

- Үгүй. Тэр хожим том эдлэнгийн лорд болж хааны зөвлөлийн ширээнд сууж болох юм. Бас
магадгүй Брандон баригч шиг шилтгээн босгох юм уу, наран жаргах зүгийн тэнгист хөлөг
онгоцоор хөвж эсвэл ээжийн чинь итгэдэг шүтлэгийн өндөр дээд септон ч болж болно гээд
гэхдээ тэр хэзээ ч чоныхоо хажууд ахин гүйхгүй. Бас эмэгтэй хүнтэй хэвтэж өөрийн хүүгээ
гартаа тэврэхгүй гэж гашуудан бодлоо.

Аръяа толгойгоо хажуу тийш гилжийлгээд,

- Би хааны зөвлөгч болж, шилтгээн барин өндөр дээд септон болж болох уу? гэв.

- Чи хаантай гэрлэн орд шилтгээнийг нь захирч болно. Харин хөвгүүд чинь хүлэг баатар,
ханхүү, лорд магадгүй өндөр дээд септон болох ч юм билүү гээд Нэд духан дээр нь үнслээ.

Аръяа нүүрээ үрчийлгэснээ,

- Үгүй ээ. Санса л тэгдэг юм байгаа биз гээд баруун хөлөө өргөн тэнцвэрийн дасгалаа
сэргээхэд Нэд санаа алдан түүнийг орхиж явлаа.

Тэр өрөөндөө ороод хөлсөнд нэвчсэн торгон цамцаа тайлж орны хажуугийн хүйтэн устай
түмпэнд толгойгоо дүрлээ. Нүүрээ арчиж байх зуур Алин орж ирэв.

- Эзэнтээн лорд Бэйлиш үүдний танхимд ирээд байна.

- Түүний миний танхим лүү оруул гээд Нэд цэвэрхэн даавуун цамц өмсөж,

- Би одоохон түүнтэй уулзана гэв.

Нэдийг орж очиход Чигчий хуруу цонхны тавцан дээр суугаад дор хашаанд хааны
хамгаалалтын хүлэг баатрууд илдээр сургуулилахыг харж байснаа,

- Хэрвээ хөгшин Сэлмигийн ухаан илд шигээ хурц байсан бол манай зөвлөлийн ажил
хамаагүй дээр явагдахсан гэж бодлогоширонгуй хэлэв.

- Сэр Барристан Хааны газрын ямар ч хүнээс илүү зоригтой нэр хүндтэй гээд Нэд хөгшин
цагаан үстэй хааны хамгаалалтын ерөнхий захирагчыг гүнээ хүндэтгэдэг байлаа.

- Бас дэндүү ядаргаатай гэж Чигчий хуруу нэмэрлээд, - Би түүнийг тэмцээнд амжилттай
оролцоно гэж бодож байна. Тэр өнгөрсөн жил Хоточыг морьгүй болгож бас дөрвөн жилийн
өмнөх тэмцээнд аварга болж байсан гэв.

Тэмцээнд хэн ялах тухай асуудлыг Эддард Старк өчүүхэн төдий ч сонирхсонгүй.

- Таныг ямар нэгэн зорилгоор ирсэн гэж бодож байна, лорд Петр. Эсвэл та зүгээр л миний
цонхоор харах гэж ирээ юу? гэхэд Чигчий хуруу инээмсэглэж,

- Би Катад таны мөрдөлтөнд туслана гэж амалсан болохоор үүнийгээ хийхээр ирлээ гэв.

Энэ нь Нэдийн гайхширлыг төрүүлэв. Амалсан ч бай амлаагүй ч бай тэр лорд Петр
Бэйлишийн үгэнд итгээгүй билээ.

- Чамд ямар нэг зүйлийн талаар хэлэх үг байна уу?

- Хэн нэгний талаар гэж Чигчий хуруу засаад,

- Үнэнийг хэлэхэд дөрвөн хүний тухай. Таньд Гард үйлчилж байсан хүмүүсийг байцаах
талаар ямар нэг санаа төрөв үү? гэхэд Нэд хөмсөг зангидлаа.

- Би үүнийг хийх гэсэн ч хатагтай Аррин хамаг хүмүүсээ Эйри рүү буцааж аваачсан байсан.

Лиза үүгээрээ түүнд ямар ч тус хүргэсэнгүй. Жоны мастер, бойдоо, харуулын ахлагч, хүлэг
баатар, зарц гээд Гарт ойрхон байсан бүх хүн түүнтэй цуг дүрвэн оджээ.

- Ихэнхи нь гэхдээ бүгд биш. Цөөн тооны хүн үлдсэн. Жирэмсэн гал зуухны охин лорд
Рэнлигийн агтач нарын нэгтэй яаран гэрлэж, туслах агтач хотын харуулд орж, халагдсан гал
зуухны хүү хулгайч нарт элссэний зэрэгцээ бас лорд Арриний хиа байгаа.

- Түүний хиа гэнэ ээ? хэмээн Нэд таатай гайхширлаа. Хиа нар эздийнхээ ирж очих хамаг
ажлыг гүйцэтгэдэг болохоор бүх зүйлийг нь мэддэг байлаа.

- Түүнийг Вэйлийн сэр Хью гэдэг. Хаан түүнийг лорд Арриний үхлийн дараа хүлэг баатар
болгосон юм.

- Би түүн рүү болон бусад руу нь хүн явуулъя гэхэд Чигчий хуруу үрчийснээ,

- Эрхэм лорд, та цонх руу ойртоод ирээч гэв.

- Яах гэж?
- Хүрээд ир, би нэг юм үзүүлье.

Нэд хөмсөг зангидан цонх руу очиход Петр Бэйлиш хайнгадуухан зангаж,

- Гадаа хашаанд байгаа зэвсгийн дархны үүдэн дэх тостой чулуунд илд хурцалж байгаа хүүг
харж байна уу? гэв.

- Тэгээд юу гэж?

- Тэр бол Варисийн мэдээлэгч. Аалз ялангуяа таны хийж байгаа бүх зүйлийг ихэд сонирхож
байгаа гээд тавцан дээр суудлаа сэлгэснээ, - Харин одоо агтны хашаан дээгүүр тэр хана руу
хар даа. Цайз налаад зогсож байгаа харуулын хүнийг харж байна уу? гэлээ.

Нэд түүнийг харав.

- Ахин нэг тайганы шивнэгч үү?

- Үгүй ээ, энэ бол хатан хааны хүн. Цамхаг руу чинь хэн орж гарч байгааг харах маш сайхан
байрлалд зогссоныг харж байгаа биз дээ. Үүнээс гадна миний мэдэхгүй олон хүн бий. Улаан
шилтгээнээр дүүрэн нүд байгаа. Намайг яагаад Катыг янхны газар нуусан гэж бодож байна?
гэхэд,

- Долоон там минь! гэж Эддард харааснаа гэнэтхэн хана налан зогсож байгаа хүн түүнийг
дагуулан харах шиг санагдсанд эвгүйцэн цонхноос холдлоо.

- Энэ хараал идсэн хотод хүн бүхэн мэдээлэгч хэрэг үү?

- Бараг л гээд Петр хуруу даран тоолж,

- Та өөрийнхөө хүмүүстээ бүрэн итгэдэг үү? гэв.

- Тиймээ.

- Энэ тохиолдолд би Валерианы гайхамшигтай ордонд таныг дуртайгаар зарах байна гэж
Чигчий хуруу хошигнон инээмсэглэснээ,

- Цэцэн хариулт бол үгүй, эрхэм лорд минь. Та эдгээр итгэлтэй хүмүүсээ сэр Хью болон өөр
бусад хүн руу явуул. Чиний хүмүүсийг араас дагаж болох ч Варис аалз бүх хүнийг чинь
өдөржин харуулдаад байж чадахгүй гээд хаалга зүглэв.

- Лорд Петр гэж Нэд араас нь дуудлаа. - Таны надад тусалсан явдалд... их баярлалаа. Магадгүй
би чамд итгээгүйгээрээ алдсан ч байж болох юм.

Чигчий хуруу жижигхэн шовх сахлаа шувтарлаа.

- Та удаан суралцдаг хүн юм, лорд Эддард. Надад итгэхгүй байх нь таны Хааны газар хийсэн
хамгийн цэцэн зүйл болохсон гэв.
ЖОН

Шинээр элсэгчид хашаанд сургуулилж байх үеэр Жон Дарионд хажуугийн цохилт хэрхэн
хийхийг үзүүлэв.

- Чиний хөл чинь тусдаа салангид байх ёстой. Тэнцвэрээ алдаж болохгүй. Тиймээ, сайн
байна. Харин одоо бүх биеийн жингээ илднийхээ цохилтонд шингээ.

Дарион дуулгавчныхаа халхавчыг сөхлөө.

- Долоон бурхан минь. Жон чи үүнийг хараач.

Жон эргээд дуулганыхаа хаалтны завсраар зэвсгийн өрөөний үүдэн дээр түүний хэзээ нэг
цагт харсан хамгийн тарган хүү зогсож байхыг харлаа. Ойролцоогоор арван хоёр чулууны
жинтэй (127 кг) ажээ. Үслэг дээлийнх нь хатгамласан захны ард олон тооны давхар эрүү
нуугджээ. Цайвар нүд нь дугуй царайд түгшин эргэлдэж булцгар хөлстэй хуруугаа
цээживчнийхээ энгэрт арчиж байлаа.

- Тэд... тэд намайг ийшээ... сургуулилтанд ирэх ёстой гэсэн хэмээн хэнд ч хандсан юмгүй
хэлэв.

- Жижигхэн лорд байна. Өмнөдийн Хайгардений хавьцаагаас ирсэн байх гэж Пип Жонд
хэлэв.

Тэр долоон ханлигийг хэсүүл жүжигчидтэй тойрсон учир хоолойных нь өнгөөр хаана
төрснийг нь хэлж чаддаг байлаа.

Тарган хүүгийн үстэй дээлийн энгэр дээр гал улаан утсаар алхаж буй анчин хатгамлажээ.
Жон энэ сүлдийг таньсангүй. Сэр Аллисер Торн шинээр ирэгч рүү харснаа,

- Тэд урьд нь өмнөдөөс хулгайн анчин, хулгайч явуулдаг байсан бол одоо бүр Хана руу гахай
илгээдэг болж. Та үнэхээр үслэг захтай хилэн дээл чинь хуяг дуулгыг орлоно гэж бодож байна
уу, лорд утсан гуя минь? гэв.

Төдөлгүй шинээр элсэгч өөрийн хуяг дуулгаа авчирсан нь тодорхой болов. Ширээсэн ширэн
хуяг, цайрдсан дуулга, арьсаар өнгөлсөн том модон бамбайн дээр энгэр дээр байсны адил
алхаж буй анчин дүрсэлжээ. Эдний алин ч хар өнгөтэй байсангүй тул сэр Аллисер түүнийг
зэвсгийн өрөөнд орж хувцас сонгож авахыг шаардав. Энэ нь бараг өглөөний хагасыг эзэллээ.
Шинээр элсэгчийн хэмжээнд тохируулан Донал Ной ширэн бүрээстэй гархин хуяг дуулга
сонгож, дуулгыг толгойд нь углахын тулд хаалтыг нь мултлах хэрэг гарав. Хуягыг гар хөлд нь
бараг хөдөлж чадахааргүй болтол баглахад, байлдааны хувцсаа өмсөөд шинэ хүү яз чанагдан
хальснаасаа хагарах гэж буй зайдастай адил боллоо.

- Чамайг харагдаж байгаа шигээ эв хавгүй биш гэж найдна. Халдер ноён Гахайн юу хийж
чаддагыг үзээдэх гэж сэр Аллисер хэлэв.

Жон Сноу ярвайлаа. Халдер чулуучны гэр бүлд төрсөн бөгөөд чулуу буталж өсчээ. Тэр арван
зургаан настай өндөр булчинлаг цохилт нь маш хүчтэй болохыг Жон өөрийн биеэр амссан
байлаа.

- Энэ ч янхны өгзөгнөөс долоон дор юм болно доо гэж Пип шивнэв.

Тулаан эхлээд хормын хугацаа ч өнгөрөөгүй тарган хүү цасан дээр унаад хамаг бие нь чичирч
хэмхэрсэн дуулганых нь завсраар бүдүүн хурууг нь даган цус гоожлоо.

- Бууж өглөө. Хэрэггүй, бууж өглөө. Битгий цохиоч гэж хашгирав.

Раст болон бусад хөвгүүд инээлдсэн ч сэр Аллисер тулааныг төгсгөл болгосонгүй.

- Хөл дээрээ бос, ноён Гахай минь. Илдээ ав гэж хашгирав.

Гэвч хүү үргэлжлүүлэн газар хэвтсээр байсан тул Торн Халдер луу дохив.

- Түүнийг хөл дээрээ бостол нь илднийхээ мохоо ирээр байлгаад өг.

Халдер дайснаа босгохоор цохилоо.

- Чамд үүнээс илүү цохих хүч алга уу? гэж Торн даажигнав. Халдер урт илдээ хоёр гараараа
өргөөд ширэн хамгаалалтын арьс язартал асар хүчтэй буулгахад шинэ хүү өвдсөндөө
хашгирлаа.

Жон Сноу урагш алхав. Пип хуягтай гараа мөрөн дээр нь тавьж,

- Жон, хэрэггүй гэж шивнээд сэр Аллисер Торн руу сэтгэл түгшин ширтэв.

- Хөл дээрээ бос гэж байна шүү гэж Торн давтахад тарган хүү босохоор өндийсөн ч
хальтираад ахин унав.

- Ноён гахай санааг ойлгож эхэлж байх шиг байна. Ахиад нэг цохь гэж сэр Аллисер хэллээ.

Халдер илдээ ахин нэг удаа буулгалаа.

- Гахайн гуяыг цавчаад өг! гэж Раст шаардаад хөхрөв.

Жон мөрөн дээр тавьсан Пипийн гарыг дугтраад,

- Халдер хангалттай гэв.

Халдер сэр Аллисер луу харлаа.

- Бутач аймхай тариачин шиг ярьж байх шив гэж зэвсгийн даамал хүйтнээр хэлээд хэлээд,

- Би чамд хэн нь зэвсгийн даамал гэдгийг үзүүлээд өгье, лорд Сноу гэв.

- Халдер түүнийг хараач гэж Жон Торныг үл тоомсорлохыг хичээн шаардав


- Унасан дайснаа цохиход ямар ч хүндэтгэл байхгүй. Тэр бууж өгсөн гээд тарган хүү лүү
бөхийлөө.

Халдер илдээ буулгаад,

- Тэр бууж өгсөн гэж баталлаа.

Сэр Аллисерийн нүд тарган хүүг хөл дээр нь босоход тусалж буй Жон Сноу дээр төвлөрлөө.

- Манай бутач дурласан бололтой. Надад илдээ үзүүл дээ, лорд Сноу.

Жон илдээ хуйнаас нь сугаллаа. Тэр сэр Аллисерийг үл ойшоосон нь дэндүү хэтэрсэн болов
уу гэж айжээ.

Торн инээмсэглэв.

- Бутач хатагтай хайртыгаа хамгаалахыг хүсч байна бид үүгээр сургууль хийх болно. Харх,
Батга хоёр манай Чулуун толгойтод тусал. Та гурав хатагтай хатагтай Гахайг чарлуулахад
хүрэлцээтэй. Зөвхөн үүний тулд Бутчыг өнгөрөх хэрэгтэй гэхэд Раст, Албетт хоёр Халдертай
нэгдлээ..

- Миний ард ор гэж Жон тарган хүүд хэлэв. Сэр Аллисер түүний эсрэг үргэлж хоёр
өрсөлдөгч илгээдэг байсан авч хэзээ ч гурвыг явуулж байсангүй. Тэр өнөө шөнө хөхөрч
няцарсан толботой унтана гэдгээ мэдж байсан тул дайралтыг эсэргүүцэхэд бэлтгэлээ.

Гэнэтхэн Пип дэргэд нь зогсов.

- Гурвын эсрэг хоёр хамаагүй сонирхолтой! гэж жижигхэн хүү хөгжилтэй хэлээд дуулганыхаа
хаалтыг буулган илдээ сугалав. Жоныг эсэргүүцэж амжаагүй байтал Грэнн гурав дахь болон
ирлээ.

Хашаанд үхлийн нам гүм болов. Жон сэр Аллисерийн цоо ширтэх харцыг мэдэрлээ.

- Та нар юугаа хүлээгээд байгаа юм? гэж тэр Раст болон бусад хөвгүүдээс арай зөөлөн
хоолойгоор шаардсан ч Жон түрүүлж хөдөллөө. Халдер илдээ өргөн халхалж арай ядан
амжив.

Жон түүний цохилт бүрийг нь няцаан ухраасан ч том хүү хөл дээрээ тогтсон хэвээр байв.
"Дайснаа танин мэд" гэж сэр Родрик түүнд заасан билээ. Жон Халдерийн хэрцгий хүчтэй ч
тэвчээр багатай хамгаалахдаа сулыг мэдэж байв. Түүнийг өдөж уурлуулвал гарцаагүй
өөрийгөө нээх болно.

Хашаанд илд хангинах чимээ цуурайтан бусад нь тулаанд оролцов. Жон толгой руугаа ирсэн
хүчтэй цохилтыг хаахад илдийн уулзалтаар гар нь янгиналаа. Тэр Халдерийн хавирга руу
нударгалахад бөглүү дуу алдав. Эсрэг цохилт Жоны мөрөн дээр буув. Гинжин хуяг харжигнаж
хүзүүгээр нь өвдөлт халуу оргин зурсхийсэн ч агшин зуур Халдер тэнцвэрээ алдахад Жон
тулгуур хөл рүү нь буулгасанд хараал урсган түсхийтэл унав.
Грэнн Албеттэй Жоны сургасан ёсоор зогсон тулалдаж байсан бөгөөд, Пип хүндхэн байдалд
байлаа. Раст түүнээс хоёр насаар ах дөрвөн фунт илүү хүнд жинтэй ажээ. Жон түүний ард
очиж хүчиндэгчийн дуулгыг хонх шиг дүнгэнэтэл цохив. Раст найгахад Пип гарыг нь цохин
холдуулаад доош унаган илдээ хоолойд нь тулгалаа. Жоныг урагш хөдлөхөд хоёр илдтэй
тулгарсан Албетт ухран,

- Бууж өглөө! гэж орилов.

Сэр Аллисер Торн тулааныг жигшин ажиглаж байлаа.

- Тэнэгүүдийн наадам өнөөдөр хангалттай үргэлжиллээ гэж бувтнаад явахад бэлтгэл дууслаа.

Дарион Халдерийг хөл дээрээ босоход туслав. Чулуучны хүү дуулгаа тайлж хашаан дундуур
чулуудав.

- Надад агшин зуур чи төгсгөл болох шиг санагдсан, Сноу.

- Надад ч гэсэн агшин зуур тэгж санагдсан гэж Жон хэлэв. Түүний ширэн хуяг дор мөр нь
халуу оргин янгинана. Жон илдээ хуйлаад дуулгаа тайлахыг оролдсон авч гар нь тэсгэлгүй
өвдсөнд шүд зуун тэвчлээ.

- Алив би гэх хоолой гараад бүдүүн хуруутай гар дуулгыг нь тайлж эвтэйхэн өргөв. - Чи
гэмтээгүй биз дээ?

- Би урьд нь зөндөө хөхөрч байсан гээд Жон мөрөндөө хүрснээ ярвайлаа. Хашаа хоосорчээ.

Халдер дуулгыг нь хэмх цохиход тарган хүүгийн үсэн дээр цусны хатсан толбо тогтсон
харагдана.

- Миний нэрийг Сэмвэлл Тарли гэдэг... гээд тэр уруулаа долоож,

- Энд ирэхээсээ өмнө... Бүрээний толгодод байсан юм. Би хар болохоор ирсэн. Миний эцэг
лорд Рэндилл Хайгардены Тиреллийн тугчин. Би түүний залгамжлагч хэдий ч... гээд хоолой
нь таг боллоо.

- Намайг Жон Сноу гэдэг. Винтерфеллийн Нэд Старкын бутач гэхэд Сэмвэлл Тарли толгой
дохилоо.

- Би... хэрвээ чи хүсвэл намайг Сэм гэж дуудаж болно шүү. Ээж минь намайг дандаа Сэм гэж
дууддаг юм.

- Харин чи түүнийг лорд Сноу гэж дуудаж болно шүү. Ээж нь юу гэж дууддаг байсныг мэдэх
шаардлагагүй гэж дэргэд нь ирсэн Пип хэллээ.

- Эд нар бол Грэнн, Пипар хоёр гэж Жон хэллээ.

- Грэнн хамгийн царай муутай нь гэж Пип хэлэв.


Грэнн хөмсөг зангидлаа.

- Чи надаас ч илүү үзэшгүй муухай. Надад сарьсан баавгайнх шиг чих байхгүй.

- Та бүхэнд баярлалаа гэж тарган хүү буурьтайгаар хэлэв.

- Чи яагаад босож тулалдахгүй байсан бэ? гэж Грэнн шаардангуй асуулаа.

- Би үнэхээр оролдсон л доо. Гэхдээ... чадаагүй. Би түүнийг ахиж намайг цохиосой гэж
хүсээгүй гээд газар ширтэн,

- Би... өөрийгөө хулчгар гэж айж байна. Эцэг минь үргэлж тэгж хэлдэг байсан юм гэлээ.

Грэнн аянганд цохиулсан мэт болов. Тэр ч байтугай үргэлж бэлэн үгтэй байдаг Пип хүртэл
юу хэлэхээ мэдсэнгүй. Ямар хүн өөрийгөө хулчгар гэж зарладаг байна?

Сэмвэлл Тарли тэдний царайнаас бодлыг нь уншсан бололтой. Харц нь Жон дээр туссанаа
үргэсэн амьтан аятай түргэн буруулав.

- Намайг... уучлаарай. Би тэгэх гээгүй юм... ийм байхыг гээд зэвсгийн өрөө рүү хүндээр
алхлан явлаа.

Жон араас нь дуудав.

- Чи шархадсан байна. Маргааш хамаагүй дээрдэх болно гэхэд Сэм мөрөн дээгүүрээ
гашуудалтай эргэж,

- Үгүй ээ, би чадахгүй. Хэзээ ч бүтэж байгаагүй гэж нулимс цийлэгнүүлэн цавчлан хэллээ.

Түүнийг явмагц Грэнн хөмсөг зангидав.

- Хулчгар хүнд хэн ч дуртай байхгүй. Бид түүнд тусалсан нь харамсалтай. Тэд биднийг бас
хулчгар гэж бодвол яана?

- Чи хулчгар байхад дэндүү тэнэг хүн гэж Пип хэлэв.

- Үгүй ээ, тийм биш! гэж Грэнн уурслаа.

- Тиймээ мөн. Хэрвээ модон дотор чам руу баавгай дайрсан бол зугтаж ч чадахааргүй тэнэг
гэхэд,

- Зугтаж чадахгүй гэнэ ээ? хэмээн Грэнн шаардсанаа,

- Би чамаас хамаагүй хурдан гүйнэ гээд гэнэтхэн Пипийн инээмсэглэлийг хараад юу


хэлснийг нь ойлгосон бололтой хөмсөг зангидлаа. Түүний лухгар хүзүү хүрэнтэн улайлаа.
Жон тэднийг маргаантай нь орхиод зэвсгийн өрөө рүү явж илдээ байранд нь өлгөөд,
хонхойсон хуягаа тайлав.
Хар шилтгээний амьдрал тодорхой хуваарийн дагуу үргэлжилж өглөө нь илдээр тулалдах
дасгал сургуулилан үдээс хойш нь ажил хийнэ. Хар ахан дүүс шинээр элсэгчдийг дадалтай
болгохын тулд янз бүрийн ажил хийлгэдэг байлаа. Зарим ховорхон олдох өдөр Жон
баяртайгаар Сүнстэй анд яван захирагчийн ширээнд ангийн мах тавихын зэрэгцээ зэвсгийн
дарханд очиж ганц гартай дарханд сүх хурцлахад билүүний чулууг нь эргүүлж өгөх юм уу илд
давтахад нь бахиар хавчиж тусална. Өөр бусад цагт захиа илгээж, харуулд гарч, жүчээ
цэвэрлэн, сум өдөлж, мастер Эймонд шувуу тэжээхэд болон Боуэн Маршад нягтлан бодох
тооцоонд нь туслана.

Тэр өдрийн үдээс хойш захирагч түүнийг өргүүртэй тороор дөрвөн торх шинэхэн буталсан
хайрга өгч Ханын оройн мөстсөн замд дэвсүүлээр явуулав. Энэ нь Сүнстэй байсан ч
ганцаардам уйтгартай ажил байлаа. Гэвч Жон дор нь аяа олов. Цэлмэг өдөр Ханын оройгоос
ертөнцийн хагас үзэгдэх бөгөөд агаар үргэлж хүйтэн сэрүүн байна. Тэр Сэмвэлл Тарлигийн
тухай болон... хачирхалтай нь бас Тирион Ланнистерийн тухай бодлоо. Тирион байсан бол
тарган хүүг яах байсныг гайхаж байв. "Ихэнхи хүн нүүрэндээ тулж ирсэн хэрцгий үнэнийг
үгүйсгэж чаддаггүй" гэж одой түүнд хэлээд инээмсэглэсэн билээ. Ертөнц өөрийгөө баатар
хэмээн эсгэхийг оролдогч хулчгаруудаар дүүрэн байхад Сэмвэлл Тарлид өөрийгөө хулчгар
гэж зөвшөөрөх зориг байсан нь үнэхээрийн хачирхалтай хэрэг байлаа.

Дэлсүүлсэн мөр нь янгинаж өвдөөд удаан ажиллав. Жон үдэш гэхэд зам дээр хайрга дэвсэж
дууслаа. Тэр өндөр дээрээс жаргаж буй нарны туяанд тэнгэрийн хаяа цусан улаан өнгөөр
гийгүүлэгдэхийг харлаа. Эцэст нь хойд зүгт бүрэнхий болж эхлэхэд Жон хоосон торхоо тор
луу өнхрүүлэн буцаж эргүүлдэг хүнд буулга гэж дохио өгөв.

Оройн хоол бараг дуусч байхад Сүнстэй хамт нийтийн танхимд орлоо. Галын ойролцоо хэсэг
хар ахан дүүс суугаад шоо тоглож, халаасан дарс ууцгаана. Түүний найзууд баруун талын
хананы ойролцоо сандал дээр суугаад инээлдэж байв. Пип дунд нь түүх ярьж байлаа. Дэлдэн
чихтэй жүжигчиний хүү тэрбээр төрөлхийн худалч олон янзын хоолойгоор ярьж чаддаг
бөгөөд бүхий л дүрд тоглон нэг агшинд хаан болсноо дараагийн агшинд гахай хариулагч
болох аж. Тэгснээ шар айрагны газрын охин юмуу цэвэр ариун гүнжийг дуурайн хуурамч
өндөр хоолойгоор ярихад бүгд нулимсаа гартал инээлдэх бөгөөд тайган болж элэглэх нь
үргэлж сэр Аллисерийг санагдуулна. Жон Пипийн жүжиглэлд хэнээс ч илүү дуртай ч... тэр
шөнө баруун тийш эргэхийн оронд ширээний эцэст бусдаас зайдуу ганцаар сууж байсан
Сэмвэлл Тарли руу эргэлээ.

Тэр гахайн махтай бялуугаа идэн дуусгаж байсан бөгөөд Жон эсрэг талд нь суулаа. Тарган
хүүгийн нүд Сүнсийг хармагц томорлоо.

- Энэ чинь чоно уу?

- Зэрлэг чоно. Нэрийг нь Сүнс гэдэг юм. Зэрлэг чоно бол эцгийн минь овгийн сүлд гэхэд,

- Манайх бол алхаж буй анчин гэж Сэмвэлл Тарли хэлэв.

- Чи ан хийх дуртай юу? гэхэд тарган хүү чичирснээ,


- Үзэн яддаг гээд ахин уйлах гэж байгаа юм шиг төрхтэй болов.

- Юу болоо вэ? Чи яагаад үргэлж айдаг юм? гэж Жон асуулаа.

Сэм сүүлчийн зүсэм гахайн махан бялуу руугаа харж толгойгоо сулхан сэгсрээд ярихаас
хүртэл айж байгаа бололтой. Танхимд нижгэнэтэл хөхрөлдөх чимээ гарав. Жон Пипийн
нарийхан хоолойгоор элэглэхийг сонслоо. Тэр босов.

- Алив гарцгаая.

Дугуй тарган царай түүн рүү сэжиглэнгүй ширтэв.

- Яагаад? Бид гадаа гарч юу хийх юм бэ?

- Ярилцъя. Чи ханыг харсан уу?

- Би тарган болохоос сохор биш. Мэдээж долоон зуун фунтын өндөр болохыг нь харсан гээд
Сэм босож мөрөн дээгүүрээ үслэг эмжээртэй нөмрөг тохоод Жоны араас нийтийн танхимаас
гарахдаа урд нь ямар нэг хэрцгий мэх хүлээж байгаа мэт болгоомжилсон янзтай байлаа. Сүнс
тэдний дэргэд шогшуулав.

- Би хэзээ ч ийм гэж бодоогүй хэмээн Сэм алхах зуураа хүйтэн агаарт цан савсуулан ярив.
Тэр хэдийн Жоныг алхааг гүйцэхээр амьсгаадаад эхэлжээ.

- Бүх барилгууд нь нурж унан... бас ийм...

- Хүйтэн гэж үү?

Шилтгээний гадаа хүйтэн жавар тачигнаж Жоны хөл дор саарал өвс чахрана. Сэм уйлагнан
толгой дохив.

- Хүйтнийг үзэн ядаж байна. Би өнгөрсөн шөнө гал унтарсан хойно харанхуйд сэрээд өглөө
гэхэд хөлдөж үхнэ гэдэгтээ итгэлтэй байсан.

- Чиний ирсэн газар дулаахан байх даа.

- Би өнгөрсөн сарыг хүртэл хэзээ ч цас харж байгаагүй. Би хиргисүүртэй тал дундуур
эцгийнхээ хойд зүг рүү илгээсэн хүмүүстэй хамт явж байтал гэнэтхэн зөөлөн бороо шиг
цагаан зүйл орж эхэлсэн. Би эхэндээ тэнгэрт өд цацсан юм шиг үзэсгэлэнтэй гэж бодсон ч
зогсолтгүй орсоор чөмгөндөө хүртэл даарсан. Хүмүүсийн сахал мөрөн дээр цасан овоо
тогтсон ч орсоор л байсан. Би бүр хэзээ ч төгсөхгүй нь гэж айсан шүү.

Жон инээмсэглэлээ.

Тэдний өмнө хана сүндэрлэн хавирган сарны гэрэлд цайвалзан гялалзана. Тэнгэрт тодхон од
түгжээ.
- Тэд намайг ийш нь гаргах болов уу? гээд Сэм том модон шатыг харж гашуун сүү залгисан
юм шиг ярвайж,

- Хэрвээ энэ лүү авирвал би үхэх юм байна даа гэлээ.

- Энд өргүүр байгаа. Торонд ороод өргөгдөж болно гээд Жон заав.

Сэмвэлл Тарли шуухитнав.

- Би өндөр газар дургүй.

Энэ арай дэндлээ. Жон үл итгэсэндээ хөмсөг зангидав.

- Чи юм бүхнээс айдаг хэрэг үү? Би ойлгохгүй байна. Хэрвээ чи үнэхээр хулчгар юм бол яах
гэж ийшээ ирсэн юм бэ? Яагаад хулчгар байж Шөнийн харуулд нэгдэхийг хүссэн юм бэ?

Сэм Тарли түүн рүү удтал ширтэхэд дугуй нүүр нь цонхийлоо. Тэр цасанд хучигдсан хөлдүү
газар сууж том том нулимс унаган бүх бие нь чичигнэн уйлж эхлэв. Жон Сноу зөвхөн зогсоод
харахаас өөр зам үлдсэнгүй. Хиргисүүртэй талд цасан ширхэг хаялах адил түүний нулимс
хэзээ ч дуусахгүй мэт санагдана.

Тэгтэл Сүнс юу хийх ёстойг мэдсэн бололтой цагаан зэрлэг чоно сүүдэр шиг чимээгүй
ойртож ирээд Сэмвэлл Тарлигийн нүүрний дулаахан нулимсыг долоов. Тарган хүү давхийн
хашгирснаа... нулимс нь инээд болж хувирлаа.

Жон Сноу бас хөхөрлөө. Үүний дараа тэд хөлдүү газар нөмрөг дэвсэн суугаад Сүнсийг
дундаа хэвтүүлэв. Жон Робб тэр хоёр зуны сүүлчийн цаснаар шинэ төрсөн бэлтрэгнүүдийг
хэрхэн олсон тухайгаа ярьж өглөө. Энэ нь мянган жилийн өмнө болсон мэт санагдах аж. Урт
хугацааны турш Винтерфеллийн тухай ярьсангүй.

- Би заримдаа энэ тухай зүүдэлдэг. Би урт хоосон танхим руу алхан ордог юм. Хоолой минь
эргэн тойронд цуурайтах хэдий ч хэн ч надад хариулдаггүй. Би алхаагаа түргэсгэн
хаалгануудыг нээж нэрсийг нь дууддаг. Бүр хэнийг хайж байгаагаа мэддэг ч үгүй. Ихэнхидээ
аавыг мэт боловч заримдаа Роббыг юм уу, жижигхэн дүү Аръяа эсвэл авга ахыгаа хайдаг.

Бэнжин Старкын тухай бодол түүнийг гэнэт уйтгарлууллаа. Авга ах нь эргэж ирээгүй хэвээр
байв. Хөгшин Баавгай түүнийг хайхаар хүмүүс илгээжээ. Сэр Жареми Риккер хоёр бүлэг
дагуулан, мухар гарт Куорин сүүдэрт цамхаг руу явсан боловч авга ахынх нь явах замаа модон
дээр тэмдэглэн хэрчлээс тависнаас ондоо юу ч олсонгүй. Чулуун толгод өндөрссөн хойт зүгт
тэмдэг гэнэтхэн зогсож Бэн Старкын ул мөргүй алга болжээ.

- Чи зүүдэндээ ямар нэг хүн олж байсан уу? гэж Сэм асуулаа.

Жон толгойгоо сэгсрэв.

- Хэнийг ч олоогүй. Шилтгээн үргэлж хоосон байдаг гээд тэр хэнд ч энэ зүүднийхээ тухай
хэлж байгаагүй болохоор яагаад Сэмд хэлж байгаагаа ойлгоогүй ч хэн нэгэнд нь ярих нь
аятай байлаа.

- Дээвэр дээр хүртэл хэрээнүүд үүрэндээ байхгүй, агтны жүчээ ясаар дүүрэн байсан. Энэ нь
үргэлж намайг айлгадаг юм. Тэгэхэд би гүйж эхлээд хаалга онгойлгон цамхагын шатаар гүйн
орж хүн байгаа эсэхийг дуудан хашгирдаг. Дараа нь гэнэт бунхны үүдэнд байж байдаг. Дотор
нь харанхуй дугуйран одсон шатнаас өөр юу ч харагддаггүй. Би доош буух ёстойгоо мэдэж
байвч үүнийг хүсдэггүй. Би тэнд юу хүлээж байгаагаас айдаг. Дор өвлийн хуучин хаад хаан
суудалдаа суун хөлд нь чулуун чоно хэвтээд өвдөг дээрээ төмөр илд тавьсан байдаг ч би
тэднээс айдаггүй. Би Старк биш гэж хашгиран энэ миний газар биш гэдэг ч юугаар ч тус
болдоггүй. Ямартай ч буух хэрэгтэй болохоор бамбаргүй тул ханыг нь тэмтрэн уруудахад
улам түнэр харанхуй болсоор эцэст нь би хашгирч эхэлдэг.. гээд хөмсөг зангидан ичингүйрэн
зогсож,

- Тэгээд л үргэлж сэрдэг юм гэлээ.

Тэр өрөөндөө харанхуйд хүйтэнд хөлрөн дааран сэрдэг байжээ. Сүнс орон дээр нь үсрэн гарч
ирээд дулаахан биеэрээ төөнөхөд царайгаа чонын биед наагаад эргэж унтдаг байв.

- Харин чи Бүрээн толгодыг зүүдэлдэг үү? гэхэд Сэмийн ам чангарч,

- Үгүй. Тэнд байхыг үзэн ядаж байна гээд Сүнсийн чихний арыг маажин чимээгүй
бодлогоширов.

Хэсэг хугацааны дараа Сэмвэлл Тарли ярьж эхлэхэд Жон Сноу анхааралтай сонсож өөрийгөө
хулчгар хэмээгч энэ хүү Ханан дээр хэрхэн ирсэн тухай түүхийг сонсов.

Тарлигийн удам эртний түүхтэй, өмнөдийн захирагч их цэцэрлэгийн лорд Мэйс Тиреллийн
тугчин байлаа. Лорд Рэндилл Тарлигийн ууган хүү Сэмвэлл баян эдлэнг залгамжлан төрж,
"Зүрх хөнөөгч" хэмээх эцгээс хүүд бараг таван зуун жилийн турш эцгээс хүүд дамжуулан
ирсэн хоёр гараар барьдаг Валерианы илдийг эзэмших ёстой байжээ.

Түүний лорд эцгийнх нь бүхий л бахархал Сэмвэллийг төрөхөд сарнин алга болжээ. Хүү
тарган, уян зөөлөн сэтгэлтэй эв хавгүй нэгэн байлаа. Сэм хөгжим сонсож, дуу зохион, зөөлөн
хилэн өмсөж, шилтгээний гал зууханд тогооч нартай тоглон, анхилуун үнэртэй жүржийн
бялуу, жимсний чанамалтай боов идэх дуртай байлаа. Түүний сонирхол ном уншиж, муурын
зулзага тэжээн, эв хавгүй хэдий ч бүжиглэх дуртай байв. Гэвч цус цусны бараа хармагц дотор
нь муухайран тахианы дэгдээхий алахад хүртэл уйлдаг зөөлөн сэтгэлтэй байлаа. Бүрээн
толгодод арваад зэвсгийн даамал хүрэлцэн ирж Сэмвэллийг аавынх нь хүссэнээр хүлэг
баатар болгон сургах гэж оролджээ. Хүү хараалгаж, таягаар нүдүүлэн, өлсөж зовсон байна.
Нэг багш нь түүний дайны зүрх зоригийг нэмэгдүүлэхийн тулд хуяг дуулгатай унтуулж байсан
бол, өөр нэг нь эр зориггүйд нь ичээн хашаан дундуур эхийнх нь хувцсаар хувцаслан
явуулжээ. Гэвч Сэм улам тарган илүү аймхай болсноос өөр үр дүнд хүрсэнгүй бөгөөд эцэстээ
лорд Рэндиллйн урам хугарал уур хилэн болон ноцжээ.

- Нэг удаа манай шилтгээнд Квартоос цагаан арьс цэнхэр уруултай хоёр илбэч ирсэн. Тэд бух
гөрөөс нядалж намайг халуун цусанд нь оруулсан ч тэдний амалсан шиг зоригтой болоогүй.
Би дотор муухайран байдгаараа огиулсан болохоор аав тэднийг ташуурдсан гэж Сэм нам
дуугаар шивнэн хэлэв.

Эцэст нь гурван охин төрснөөс хойш олон жилийн дараа хатагтай Тарли лорд нөхөртөө хоёр
дахь хүү гарган өгчээ. Тэр өдрөөс хойш лорд Рэндилл Сэмийг үл ойшоон бүх цагаа бяцхан
хүүгээ бадируун чийрэг ууртай болгон өсгөхөд зориулжээ. Сэмвэлл хэдэн жилийг хөгжим
сонсон номнуудтайгаа нөхөрлөн өнгөрүүлсэн байна.

Арван таван насны төрсөн өдрийн үүрээр түүнийг сэрэхэд морийг нь бэлэн эмээллэсэн байв.
Гурван хүн түүнийг эцгийнх нь буга өвчиж байсан Бүрээн толгодын модонд харгалзан
хүргэлээ.

- Чи одоо бараг насанд хүрсний зэрэгцээ бас миний залгамжлагч гэж лорд Рэндилл Тарли
ууган хүүдээ урт хутгаар арьс өвчих зуураа хэлжээ.

- Хэдийгээр надад шоовдорлох шалтаг өгөөгүй ч гэлээ би чамайг Диконы газрыг


залгамжлахыг зөвшөөрөхгүй. "Зүрх хөнөөгч" хүчтэй эзэмшиж чадах хүнд очиж ёстой. Харин
чи түүний бариулд ч хүрэх гавъяагүй. Иймээс би чамайг өнөөдөр өөрийнхөө хүслээр хар
болох ёстой гэж шийдлээ. Үдэш болохоос өмнө умард руу дүүгийнхээ өв залгамжилсан
газрыг сахин хамгаалахаар явсан байгаарай.

- Харин чи үүнийг хийхгүй бол маргаашнаас эхлэн бид агнаж эхлэх бөгөөд эндхийн хаа
нэгтээ модонд морь чинь бүдрээд эмээлээсээ шидэгдэж үхсэн... гэж ээжид чинь хэлнэ. Тэр
эмэгтэй хүний уяхан сэтгэлээр чамайг өрөвдөх нь мэдээж болохоор би түүнийг шаналалд
унагахыг хүсэхгүй байна. Надаас мултархад амар гэж бүү бодоорой. Чам шиг гахайг агнахаас
өөр юу ч намайг баярлуулж чадахгүй гээд тохойгоо хүртэл улаан болгосон гараа арьс руу
шургуулж,

- За тэгэхээр сонгож дээ. Шөнийн харуул эсвэл... гээд бугын биенээс цус дусалсан зүрхийг нь
мулт таттан гаргаж ирээд,

- Ийм болох гэлээ.

Сэм түүхээ түүний тухай биш өөр хэн нэгний тухай мэт тайван хөндий хоолойгоор ярилаа.
Жон хачирхалтайгаар түүнийг уйлсангүй гэж бодов. Түүнийг ярьж дуусмагц хамтдаа хэсэг
суун салхи улихыг чагнав. Ертөнцөд түүнээс ондоо чимээ гарахгүй аж.

Эцэст нь Жон,

- Их танхимд буцаж орох уу? гэхэд,

- Яах гэж? хэмээн Сэм асуусанд урдаас нь мөрөө хавчлаа.

- Тэнд халуун алимны шүүс юмуу дуртай бол халаасан дарс ууж болно. Заримдаа Дарион
сэтгэл санаа нь хэр байхаас шалтгаалж бидэнд дуулж өгдөг юм. Тэр өмнө нь дуучин...
үнэндээ дуучны шавь байсан л даа.
- Тэр яаж ийшээ ирсэн юм бол?

- Лорд Рован Алтан шугуй түүнийг охиныхоо оронд байхыг олсон гэсэн. Охин түүнээс хоёр
насаар эгч Дарион түүнийг цонхоор ороход тусалсан гэж андгайлсан ч нөгөөдөх нь эцгийнхээ
нүдэн дээр хүчиндэхийг оролдсон гэж мэдүүлсэн. Мастер Эймон түүний дуулахыг сонсоод
бал цутгах мэт болж байна гэдэг юм гээд Жон инээмсэглэж,

- Хэрвээ үүнийг дуулах гэж нэрлэдэг бол заримдаа бас Бах дуулдаг юм. Тэр эцгийнхээ дарсны
газар согтуу хүмүүсийн орилооныг сурсан байх. Пип түүний хоолой шээстэй адил гэдэг гэхэд
хоёул инээлдэв.

- Би хоёуланг нь дуртай сонсох байна. Гэхдээ тэд намайг тэнд байхыг хүсэхгүй биз гэж Сэм
гунигтай хэлээд,

- Сэр Аллисер намайг маргааш өглөө ахин тулалдуулах болов уу? гэв.

- Тэгэх байх гэж Жон хүчлэн хэллээ.

Сэм хөл дээрээ эв хавгүйхэн өндийж,

- Явж унтсан минь дээр байх гээд салхинд цуваа дэрвүүлсээр явж одлоо.

Жоныг ганцаар Сүнстэй буцаж ороход бусад нь танхимд байсан хэвээр байв.

- Чи хаана байсан бэ? гэж Пип асуулаа.

- Сэмтэй ярилцсан юм.

- Тэр үнэхээр хулчгар юм байна лээ. Бялуугаа авахад нь сандал дээр зай байсан ч бидний
дэргэд суухаас айсан гэж Грэнн хэлэхэд,

- Лорд утсан гуя, бидэн шиг хүмүүстэй идэхэд өөрийгөө дэндүү дээр гэж бодож хэмээн
Жэрэн дуу алдав.

- Би түүнийг гахайн махан бялуу идэхийг харсан. Та нар түүнийг ах дүүсээ гэж бодож байна
уу? гээд Бах гахай шиг хүржигнэхэд,

- Үүнийгээ зогсоо! гэж Жон уурсан хэлэв.

Бусад хөвгүүд гэнэтийн ууранд гайхширан чимээгүй боллоо.

- Намайг сонс гээд Жон чимээгүйхэн өөрийн төлөвлөгөөгөө ярив. Түүний бодсоноор Пип
дэмжиж, Халдер гэнэтийн таатай хүлээж авлаа. Грэнн эхэндээ сэтгэл сэтгэл зовсон ч Жон
үгэндээ оруулахаа мэдэж байлаа. Жон тэднийг заримыг нь ятгаж, заримыг нь тал засаж,
бусдыг нь ичээн сүрдүүлэв. Эцэст нь... Растаас бусад бүгд зөвшөөрлөө.

- Чиний охин хүссэнээ хийж болно. Гэхдээ Торн намайг хатагтай Гахайн эсрэг явуулвал би
утсан гуяыг тас цавчина хэмээн Жоны нүүр лүү инээн хэлээд ширээнээс босон явлаа.

Хэдэн цагийн дараа шилтгээнд нам гүм нөмрөхөд гурвуул түүний өрөөнд гэтэж оров. Грэнн
гарыг нь дарж, Пип хөлөн дээр нь суулаа. Жон цээжин дээр нь Сүнс үсрэн гарахад Растын
хэрхэн түргэн амьсгаадахыг сонсов. Зэрлэг чоно улалзсан цог шиг нүдээрэ ширтэн шүдээрээ
хөвгүүний хоолойн зөөлөн арьсыг үл мэдэг хэмлэхэд дусал цус гарав.

- Бидний чиний хаана унтдаг болохыг мэднэ гэдгийг санаарай гэж Жон аяархан хэллээ.

Маргааш өглөө нь Жон Растыг Албетт, Бах хоёрт санаандгүй сахлаа хусах гэж байгаад эсгэсэн
гэж итгүүлэхийг сонслоо.

Тэр өдрөөс эхлэн Раст болон өөр хэн ч Сэмвэлл Тарлиг өвтгөсөнгүй. Сэр Аллистер тэднийг
түүний эсрэг илгээхэд байрандаа зүгээр зогсох юм уу эв хавгүй удаан цохилтоос нь бултаж
байлаа. Зэвсгийн даамал дайруулахыг хичээн хашгирахад дуулга руу нь аяархан дэлсэх юмуу
хамгаалалтай хэсэг рүү нь цохиж байлаа. Сэр Аллисер уурсаж хилэгнэн тэднийг янз бүрээр
доромжилж хүүхэн шиг хулчгар гэж хичнээн сүрдүүлсэн ч Сэм гэмтэлгүй хэвээр үлдэв.
Хэдэн өдрийн дараа тэр Жоны шаардсанаар тэдэнтэй оройн хоолонд нэгдэж Халдерийн
хажууд суулаа. Ахин хоёр долоо хоногийн хугацаа өнгөрөхөд яриа хөөрөнд оролцож эхлэн,
Пипийн Грэннийг элэглэхэд хөхөрдөг болов.

Тарган эв хавгүй аймхай хэдий боловч Сэмвэлл Тарли тэнэг байсангүй. Тэр нэг шөнө Жоны
өрөөнд зочлон ирээд,

- Чиний юу хийснийг мэдэхгүй юм. Гэхдээ хийснийг чинь мэдэж байна. Надад урьд нь хэзээ
ч найз байгаагүй гээд аягүйцэн цааш харлаа.

- Бид бол найз биш гээд Жон Сэмийн өргөн мөрнөөс атган,

- Бид бол ахан дүүс гэв.

Тэд үнэхээр ахан дүүс гэж Сэмийг явахад бодов. Робб, Бран, Рикон гээд эцгийнхээ нь
хөвгүүдэд Жон хайртай хэвээр байсан ч хэзээ ч тэдний нэг болохгүйгээ мэдэж байлаа.
Кателин Старк үүний төлөө санаа тавих болно. Винтерфеллийн саарал хана одоо хүртэл
түүний зүүдэнд оршсоор байсан ч Хар цамхаг амьдрал нь болж ах дүүс нь Сэм, Грэнн,
Халдер, Пип болон өөр бусад Шөнийн харуулын хар хувцастай хүмүүс болжээ.

- Миний авга ах үнэн хэлжээ гэж Жон Сүнст шивнээд Бэнжин Старкыг ахин харах юм бол
энэ тухай хэлэх эсэхдээ гайхлаа.
ЭДДАРД

- Гарын тэмцээн энэ бүх асуудлын үндэс болж байна, эрхэм лордуудаа гэж хотын харуулын
захирагч хааны зөвлөлд гомдоллов.

- Хааны тэмцээн гэж Нэд үрчийн засаад,

- Би чамд Гар үүнд оролцохыг хүсээгүй болохыг итгүүлэх байна гэв.

- Та үүнийг хүссэнээрээ нэрлэж болно, эрхэм лорд. Гэвч хаант улсын зүг бүрээс хүлэг
баатрууд хүрэлцэн ирэхдээ тус бүр хоёр чөлөөт морьтон, гурван дархан, зургаан зэвсгийн
даамал, арваад худалдаачин, хориод янхан дагуулан ирж хулгайчыг бол тоолж барахын
аргагүй. Хараал идсэн халуунд хотын хагас чичрэг тусаад хэвтэж байхад одоо энэ бүх зочид...
Өнгөрсөн шөнө бид живж үхсэн, буудалд зодолдсон, хүлэг баатрын гурван ирүүл тулаан,
хүчин, хоёр гал түймэр, тоолохын аргагүй дээрмийн хэрэгтэй тулгарч, Эгч дүүсийн
гудамжаар согтуу морь давхиж байлаа. Бас шөнө болохын өмнө Их сүмийн Солонгон
цөөрөмд эмэгтэй хүний огтолсон толгой хөвж байхыг олсон. Хэн ч түүнийг хаанаас тийшээ
орсон болон хэн болохыг нь мэдэхгүй байгаа юм гэхэд,

- Ямар аймшигтай юм бэ гээд Варис чичирлээ.

Лорд Рэнли Баратеон өчүүхэн төдий ч өрөвдсөнгүй.

- Хэрвээ та хааны амгалан тайванг хадгалж чадахгүй бол Хотын харуулыг ондоо чадах хүнд
өгсөн нь дээр шүү, Жанос гэв.

Бадриун бие давхар эрүүтэй Жанос Слинт уурссан мэлхий шиг пэндийхэд халзан толгой нь
улайлаа.

- Эйгон хаан луутайгаа байгаад ч энэ газар амгалан тайван тогтоож дийлэхгүй биз, лорд
Рэнли. Надад илүү хүн хэрэгтэй байна.

- Хэр зэрэг? гэж Нэд асуугаад урагш бөхийлөө. Роберт үргэлж зөвлөлийн хуралд сууж төвөг
уддаггүй болохоор Гар түүний өмнөөс ярьж байлаа.

- Таны хичнээн өгч чадах хэмжээгээр, лорд Гар минь.

- Тавин хүн нэмж хөлсөл. Лорд Бэйлиш тэдэнд төлөх хөлсийг хариуцаарай.

- Би тэгнэ гэж үү? хэмээн Чигчий хуруу хэлэв.

- Чи тэгэх болно. Чи аваргын хэтэвчинд зориулан дөчин мянган алтан луу олж дөнгөсөн
болохоор хааны тайван байдлын төлөө хэдхэн атга зоос олж чадах юм байгаа биз дээ гээд Нэд
Жанос Слинт рүү эргэж,

- Би таньд өөрийн хамгаалалтын хорин сайн илдчингээ хүмүүсийг тарах хүртэл харуулд
гарахад өгч тусалж болж байна гэв.
- Баярлалаа, лорд Гар минь. Таны хүмүүсийг сайн ашиглана гэдгээ амлаж байна гээд Слинт
бөхийн ёслов.

Захирагч явмагц Эддард Старк үлдсэн зөвлөлийн гишүүд рүү эргэв.

- Удахгүй энэ тэнэг явдал төгсгөл болмогц бүх зүйл хамаагүй дээрдэнэ гэж найдаж байна
гээд энэ бүх үймээн самуун, зардал дээр "Гарын тэмцээн" гэж нэрлэж буй явдал түүний
шархан дээр давс нэмэх адил болж байлаа. Роберт үнэнээсээ түүний хувьд хүндэтгэл болно
гэж бодсон бололтой!

- Ийм зүйлээс л хаант улс цэцэглэн хөгждөг, эрхэм лорд. Тэд зовлон зүдгүүрээ мартан алдар
гавъяа хүртэх боломжийг алдалгүй ухасхийдэг гэж эрхэмсэг мастер Пацилл хэлэв.

- Тэгээд ч олон хүний халаасанд зоос нэмэгдэж байгаа гэж Чигчий хуруу нэмэрлээд,

- Хотын дэн буудлууд пиг дүүрэн янхнууд алхам бүрдээ зоос хангинуулан явж байна гэхэд
лорд Рэнли инээд алдав.

- Бидний аз болоход Станнис ах минь энд байсангүй. Түүний янхны газрыг хориглох хууль
санал болгож байсан тухай санаад үз дээ? Тэгэхэд хаан түүнээс идэж уух, хүндрэх,
амьсгалахыг хориглосон хууль гаргаж болох уу гэж асуусан. Үнэнийг хэлэхэд би заримдаа
Станнис царай муутай охиноо яаж олсныг гайхдаг шүү. Тэр хуримын ор луугаа тулааны
талбар дахь дайчин шиг үүргээ биелүүлэх шийдэмгий сэтгэл дүүрэн баргар харцтай явдаг
байсан байх даа.

Нэд тэдний хөхрөлдөхөд оролцсонгүй.

- Танай Станнис ахын чинь сайн эсэхийг би ч гэсэн сонирхож байна. Тэр Лууны цохион дахь
айлчлалтаа дуусгаад зөвлөлийн суудлаа эргэж эзлэхгүйсэн болов уу?

- Эргэлзээгүй бид бүх янхануудыг тэнгист живүүлсний дараа гээд Чигчий хуруу инээд алдав.

- Би ганц өдрийн дотор янхны тухай хэтэрхий олон яриа сонслоо. Маргааш өглөө уулзъя гээд
Нэд бослоо.

Нэдийг эргэж очиход Гарын цамхагын үүдэн дээр Харвин зогсож байв.

- Жориг миний өрөөнд дуудаад, эцэгтээ миний морийг эмээллэ гэж хэл хэмээн Нэд ширүүн
тушаав.

- Таны хэлснээр болъё, эзэнтээн.

"Улаан шилтгээн, тэмцээн хоёр намайг холгож гүйцэх нь" гэж Нэд өгсөх зуур бодов. Тэр
Кателиний гарт тайвширан, Робб, Жон хоёрын хашаанд илдээр сургуулилах чимээг сонсож,
умардын хүйтэн өдөр шөнийн агаараар амьсгалахыг хүсч байлаа.

Тэр өрөөндөө орж зөвлөлийн торгон хувцсаа солиод Жориг ирэхийг хүлээх зуураа "Долоон
ханлигийн өндөр гаралт томоохон овгуудын удам угсааны түүх, олон тооны өндөр язгууртан
лорд, хатагтай нар болон тэдний хүүхдүүдийн тухай, Эрхэмсэг мастер Маллион" гэсэн номыг
дэлгэн харлаа. Пацилл үнэнийг хэлжээ. Уншихад үнэхээр нуршуу ном байлаа. Гэвч Жон
Аррин үүнийг асуусан бол ямар нэг шалтгаан байх л ёстой. Энэхүү шаргал хуудаснуудын хаа
нэгтээ нуугдаж байгаа үнэнийг илрүүлэх хэрэгтэй байв. Гэхдээ яаж тэр вэ? Боть зуун
жилийн настай аж. Маллионыг тоостой хуудсаа түүвэрлэж байх үед хуримлаж, төрж, үхсэн
хүмүүсээс хэд нь амьд байгаа бол доо.

Тэр Ланнистерийн удмын хэсгийг дор нь олоод ямар нэгэн шижим олохоор найдан хуудсыг
удаанаар эргүүлэв. Ланнистерийн удам домогт Брандон баригчаас дутуугүй алдартай ухаалаг
Ланн баатрын үеэс улбаалсан маш эртний овог ажээ. Ланн дуучид үлгэрчдийн шүтээн
байлаа. Дуунд Ланн Кастерли Рокийг эзэмшиж байсан Кастерличуудыг ухаанаас өөр ямар ч
зэвсэггүй шахаж гарган, нарнаас буржгар үсээ гялалзуулах алт хулгайлсан тухай гардаг байв.
Нэд түүнийг одоо энд байсан болоосой гэж хүсэв. Зөвхөн тэр л энэхүү хараал идсэн номноос
үнэнийг төнхөн гаргаж чадах биз.

Хаалга огцом тогших чимээ гарч Жори Кассел орж ирэхэд Нэд Маллионийн ботийг хаалаа.

- Би Хотын харуулд тэмцээн дуусах хүртэл хорин хүн өгөхөөр амалсан. Тэднийг чи сонго.
Алинд тушаал өгч хүмүүстээ зодооныг зогсоохоос бус эхлүүлэх хэрэггүй гэдгийг сануул гээд
Нэд босч хушин авдар онгойлгон хөнгөн судалтай цамц гарган өмслөө.

- Чи агтач хүүг олов уу?

- Одоо харуул болсон, эзэнтээн. Тэр ахин хэзээ ч моринд хүрэхгүй гэж андгайлсан.

- Тэр тэгээд юу гэж байна?

- Тэр лорд Арринийг сайн мэддэг гэсэн. Найзууд байсан юм байх гээд Жори тургилав.

- Гар үргэлж хүүд төрсөн өдрөөр нь зоос бэлэглэдэг байсан гэсэн. Морьдтой сайн харьцаж
чаддаг байжээ. Хэзээ ч ширүүн шогшуулдаггүй морио баярлуулахын тулд лууван, алим авчирч
өгдөг байсан гэсэн.

- Лууван, алим гэнээ хэмээн Нэд давтлаа. Харваас энэ хүү бусдаас дээргүй бололтой. Тэр
эцэст нь Чигчий хуруугийн хэлсэн дөрвөн хүнийг олжээ. Жори тус бүртэй нь ээлжлэн
ярилцсан байна. Сэр Хью бүдүүлэг харанхуй шинэхэн хүлэг баатар болсон их зантай залуу
байлаа. Хэрвээ Гар түүнтэй ярилцахыг хүссэн бол дуртайяа хүлээн авах байсан ч арван
насаар ахмад зуу дахин илүү илд эзэмшиж чаддаг байсан ч жирийн харуулын ахлагчид
хариулах хүсэлгүй байв. Зарц охин санаснаас дажгүй байв. Тэр лорд Жон өөртөө ашигтай
зүйл унших дуртай, бие муутай хүү, уцаартай эхнэрээсээ болж үргэлж дүнсгэр байдаг байсан
гэжээ. Тогооч хүү хэзээ ч лорд Жонтой үг сольж байгаагүй хэр нь галт тогооны хов живний
талаар сайн мэдэж байв. Лорд хаантай маргалдан, зөвхөн өөрийн сонгосон хоол идэж, хүүгээ
хүмүүжүүлэхийн тулд Лууны цохио руу илгээхээр шийдэхийн зэрэгцээ анч тайган нохойд
туйлын дуртай, зэвсгийн дархан дээр цээжин дээрээ цэнхэр хаш шонхор, сувдан сартай шинэ
хуяг дуулга хийлгэхээр очсон гэжээ. Дуулганы хийцийг сонгоход туслахаар хааны дүү лорд
Рэнли биш харин Станнис хамт явалцжээ.

- Харуулын хүн өөр зүйл хэлсэнгүй юу?

- Залуу лорд Жоныг өөрийн насандаа ямар ч хүнээс илүү хүчтэй байсан гэсэн. Тэр үргэлж
лорд Станнистай мордон явдаг байжээ.

Ахиад л Станнис гэж Нэд бодлоо. Түүнд сонирхол төрөв. Жон Аррин найрсаг хүн хэдий ч
хэзээ ч нөхөрсөг байгаагүй. Тэгээд ч Роберт умард зүг Винтерфелл рүү мордоход Станнис
Таргаринийхний гол эзэмшил байгаад түүний нэр дээр өгсөн Лууны цохио арал руу явжээ.
Тэгээд хэзээ эргэж ирэх нь тодорхойгүй байлаа.

- Тэд нар хаашаа морьдож явсан гэж байна?

- Хүү хэлэхдээ янхны газар луу явсан гэсэн.

- Янхны газар гэнэ ээ? Эйригийн лорд хааны Гар янхны газар луу Станнис Баратеонтой явсан
хэрэг үү? хэмээн Нэд үл итгэн толгой сэгсрээд лорд Рэнли үүнийг сонссон бол яах байсан
эсэхийг гайхлаа. Роберт бүдүүлэг дуу аялсан задгай хүн байсан бол, Станнис шал өөр хүн
байлаа. Хаанаас нэг насаар дүү хэдий ч түүнтэй огт адилгүй хэрцгий, ширүүн, өршөөлгүй
баргар царайлахыг өөрийн үүргээ гэж ойлгосон мэт хүн байлаа.

- Хүү үүнийг үнэн гэж хэлсэн. Гар гурван харуулын хүнтэй явсан гэсэн. Хүү эргэж ирэхэд нь
тэдний морьдыг авахад тоглоом хийж байсан гэсэн.

- Ямар янхны газар?

- Хүү мэдэхгүй байсан. Харуулууд мэдэх байх.

- Харамсалтай нь Лиза тэднийг Хөндий рүүгээ аваад явсан байдаг. Бурхад биднийг
даажигнахаар шийдсэн бололтой. Хатагтай Лиза, мастер Колемон, лорд Станнис... гээд Жон
Арринд үнэндээ юу тохиолдсоныг мэдэх хүн бүхэн эндээс мянган милийн алсад байдаг.

- Та лорд Станнисийг Лууны цохионоос дуудаж болохгүй юу?

- Хараахан болоогүй. Би одоо хүртэл түүнийг хэний талд зогсож байгаа учрыг олоогүй байна
гээд Нэд толгой сэгсэрлээ.

Болсон явдал сонирхлыг нь татав. Станнис яагаад явсан юм бол? Тэр Жон Арриний үхлийн
нэг хэсэг байв уу? Эсвэл айсан хэрэг үү? Нэд Шуурганы адгийн бүслэлтийг лорд Тирелл,
Редвин хоёр гадаа нь найрлаж байхад бүтэн жилийн турш харх, гутлын түрийгээр хооллон
тогтоож байсан Станнис Баратеоныг айсан гэж төсөөлж чадсангүй.

- Миний ширэн цээживчийг авчир. Саарал өнгийн зэрлэг чонын сүлдтэйг нь аваад ирээрэй.
Би зэвсгийн дарханд хэн болохоо үзүүлэхийг хүсч байна. Магадгүй энэ түүнийг илүү найрсаг
болгох ч юм билүү.
Жори хувцасны шүүгээ рүү очлоо.

- Лорд Станнис төдийгүй лорд Рэнли бас хааны дүү шүү дээ.

- Гэсэн ч тэр энэ аялалд уригдаагүй гээд Нэд Рэнлиг үргэлж нөхөрсөг инээмсэглэж байдаг
шигээ энгийн гэдэгт итгэсэнгүй. Хэдэн өдрийн өмнө тэр Нэдийг дуудан хажуу тийш аваачаад
гоёмсог алтан гуу үзүүлжээ. Дотор нь Миришийн загвараар зурсан залуухан цэнхэр нүдтэй
зөөлөн бор үстэй охины гоёмсог зураг байв. Рэнли сэтгэл зовон охин түүнд хэн нэгнийг
санагдуулж байгаа эсэхийг асуухад Нэд мөрөө хавчсанд урам нь хугарчээ. Дараа нь охиныг
Лорас Тиреллийн дүү Маргери болохыг хэлээд Линаннатай адилхан харагдаж байна уу гэсэн
юм.

- Үгүй! гэж Нэд эсэргүүцээд мэл гайхлаа. Лорд Рэнли үнэхээр залуу Роберттой адилхан
Лианна шиг охидод дурладаг болов уу? Энэ түүнд нэг л хачирхалтай байлаа.

Жори ширэн цээживч авчирахад Нэд гараа нүх рүү нь шургуулаад,

- Лорд Станнис магадгүй Робертийн тэмцээн дээр буцаж ирэх байх гэж Жори хувцсыг нь
үдэх зуур хэлэв.

- Тэгвэл аз дайрсан хэрэг болно доо, эзэнтээн гэхэд бүсэндээ урт илдээ зүүж,

- Өөрөөр бол итгэмээргүй гээч гээд баргар инээвхийлэв.

Жори Нэдийн мөрөн дээр нь нөмрөг тохож мөрний горхийг нь Гарын тэмдгээр товчлов.

- Зэвсгийн дархан Гангийн гудамжны орой дахь том байшингийн дэлгүүртээ амьдардаг.
Алин тийшээ хүрэх замыг мэднэ, эзэнтээн.

Нэд толгой дохилоо.

- Бурхны авралаар тогооч хүүг илгээгдэж намайг сүүдрээс гарахад тусаллаа гээд Нэд Жон
Арринийг үнэт чулуугаар гоёсон мөнгөлөг хуяг өмсөж явах хүн бишийг мэдэж байв. Ган бол
ган шүү дээ. Хамгаалахад хэрэгтэй болохоос биш гоёл чимэг биш. Тэр магадгүй гадна төрхөө
өөрчлөх гэсэн байж болох юм. Тэр ордонд анх ирсэнээс хойш олон жил өнгөрсөн шүү дээ...
гэвч энэ өөрчлөлтөнд Нэдийн гайхширлыг төрүүлэх нэг л зүйл байлаа.

- Өөр даалгах зүйл байгаасан болов уу?

- Чамайг янхны газруудаар явж үзвэл зүгээр гэж бодож байна.

- Хүндхэн үүрэг байна, эзэнтээн гээд Жори инээмсэглэж,

- Гэвч хүмүүс баяртайгаар туслах байх. Портер хэдийн эхэлчихсэн гэв.

Нэдийн хайртай морь хашаанд эмээлтэй хүлээж байв. Варли, Жак хоёр түүнийг хашаан
дундуур явахад дагалдлаа. Халуунд төмөр дуулга, хөө хуягтай явахад хөлс урсмаар байсан
хэдий ч тэд гомдоллосонгүй.

Лорд Эддард мөрөн дээгүүрээ цагаан саарал өнгийн нөмрөг намируулан Хааны хаалгаар
хотын өмхий гудамжинд гарч эргэн тойрныг анхааралтай харж явав. Харуулууд араас нь
дагалдав.

Тэр дүүрэн хүнтэй хотын гудамжыг өнгөрөхдөө хэдэнтээ эргэж харлаа. Томард, Дэсмонд
хоёр цайзаас өглөө эрт хэн нэгэн араас нь дагаж байгааг харахаар тойрог дээр байрлал
эзэлсэн ч араас хүн дагаагүй гэдэгт Нэд итгэсэнгүй. Хааны аалзын сүүдэр болон жижигхэн
шувууд хуримын шөнөө үдэх гэж буй охин аятай сэтгэлийг нь үймрүүлэх аж.

Гангийн гудамж газрын зураг дээр Голын хаалга гэгддэгч хүмүүсийн дунд бол Шавар хаалга
гэж нэрлэгдэх хаалганы дэргэдэх талбайгаас эхэлжээ. Олны дундуур урт модон хөлтэй
жүжигчид том шавьж аятай алхан явахад араас нь сүрэг хөл нүцгэн хүүхдүүд хөөрөн хашгирч
дагав. Үүнээс цаахан талд Браны үеийн хоёр ноорхой хүү саваагаар тулалдаж бусад нь
дэмжин, хараан хашгирах зэргээр хөөргөж байлаа. Тулалдагсдын толгой дээр хөгшин эмэгтэй
цонхоор угаадас асгаснаар тулаан эцэс болгов. Ханын дагуу сүүдэрт хоргодсон фермерүүд
тэрэгнийхээ дэргэд зогсон,

- Алим хамгийн сайхан алим хоёр дахин хямд өгнө шүү! Балын амтат час улаан амтат гуа!
Манжин, сонгино, үндэс наашаа ирцгээнэ үү. Манжин, сонгино, үндэс наашаа ирнэ үү гэж
хашгиралдаж байлаа.

Шавар хаалга нээлттэй байсан бөгөөд сараалжин хаалтны дор хотын харуулын баг цэрэг
алтан нөмрөгөө намируулан урт жад бөхийлгөн зогсчээ. Тэгтэл баруун зүгээс морьтонгуудын
цуваа гарч ирэхэд харуулууд амь орж гүйлдэн хүлэг баатрын дагуулуудад зам тавихын тулд
тушаал хашгирч тэрэгнүүдийг хөөн холдуулав. Хаалгаар эхний морьтон урт хар туг
намируулан орж ирлээ. Шөнийн тэнгэрт цахилж байгаа аянга дүрсэлсэн торгон далбаа
салхинд амьд юм шиг дэрвэнэ.

- Лорд Берикт зам тавь! Лорд Бэрикт зам тавь! гэж морьтон хашгирав.

Араас нь байлдааны хар хүлэг хөлөглөсөн, алтлаг улаан үс, замын тоосонд дарагдсан ододын
дүрс бүхий хар сатин нөмрөгтэй залуу лорд өөрийн биеэр орж ирлээ.

- Гарын тэмцээнд тулалдахаар ирэв үү? гэж харуулын хүн асуухад,

- Гарын тэмцээнд ялахаар ирлээ! гэж лорд Бэрик хариу хашгирсанд хүмүүс инээлдэв.

Нэд талбайгаас эргээд Гангийн гудамжны өөд тахир замын дагуу урт толгод өөд өгсөн хөөрөг
даран ажиллаж байгаа дархны газар, хуяга дуулган дээр үнэ хаялцаж байгаа чөлөөт
морьтонгууд, тэргэнцэртэй хуучин зэвсэг хэрэгсэл худалдаалж буй хөгшин төмрийн
наймаачдыг өнгөрөв. Дээшээ өгсөх тусам байшингууд улам том болж байлаа. Тэдний
хэрэгтэй хүн толгодын орой дээр том дүнзэн байшинд амьдардаг бөгөөд дээд давхар нь
давчуу гудамж руу ил гаран сүндэрлэжээ. Хоёр самбартай хар модон хаалга дээр ангийн үйл
явдлыг дүрслэн сийлбэрлэсэн байв. Үүдний танхимийн орох хаалган дээр толигор улаан
гангаар хийсэн гриффин, ганц эвэртийн сүлдтэй гайхамшигтай сайхан хөө хуяг бүхий хоёр
чулуун хүлэг баатар зогсож байлаа. Нэд морио Жакад өгөөд дотогш оров.

Гоолиг залуу зарц охин Нэдийн цээживч дээрх сүлдийг хармагц яаран цааш одоход, дархан
инээмсэглэн бөхөлзсөөр хүрч ирэв.

- Хааны Гард дарс авчир гэж залуухан зарц охинд тушаагаад Нэдийг буйдан дээр суу гэж
зангалаа.

- Намайг Тобо Мотт гэдэг, эзэнтээн. Гэртээ байгаа юм шиг тухлана уу гээд дархан хоёр
ханцуй дээрээ мөнгөн утсаар алх хатгамласан хар илгэн дээл өмсч хүзүүндээ хүнд мөнгөн
гинжтэй тагтааны өндөг шиг том индранил чулуу зүүжээ.

- Хэрвээ таньд Гарын тэмцээнд зориулан шинэ хуяг дуулга хэрэгтэй болсон бол та зөв
дэлгүүртээ ирж гэхэд Нэд түүнийг үгийг залруулсангүй.

- Миний ажил үнэтэй ч үүний төлөө өршөөл хүсэхгүй, эрхэм лорд гээд ижил мөнгөн
хундганд дарс дүүргэж.

- Та долоон ханлигийн хаанаас ч миний ажилтай тэнцэх зүйл олохгүй гэдгийг амлаж байна.
Хааны газрын бүх дархны газруудаар явж үзэн харьцуулсан ч болно. Энгийн хөө хуягийг
тосгоны ямар ч дурын дархан давтаж чадах ч минийх бол цэвэр урлагийн бүтээл байгаа юм
гэв.

Нэд дарс шимэнгээ дархны ярианы үргэлжлэлийг сонсов. Цэцэгт хүлэг баатар түүгээр бүх
хуяг дуулгаа хийлгэсэн гэж дархан хөөрөн бахдав. Өндөр дээд лордууд тэр дунд хааны дүү
Рэнли хүртэл хэнд хамгийн сайн ган байдгийг мэддэг ажээ. Магадгүй Гар лорд Рэнлигийн
алтан эвэртэй ногоон өнгийн шинэ хуягийг харсан болов уу? Энэ хотын нэг ч дархан тийм
гүн ногоон өнгө гаргаж чадахгүй байхад зөвхөн Тобо ганд тусгай будаг пааландан шингээх
нууцыг мэднэ. Эсвэл магадгүй Гар илд хийлгэхийг хүссэн юм биш байгаа даа? Тобо
Валерианы ганг Квхорт хөвгүүн байхдаа хайлуулж сурчээ. Зөвхөн тэр л эртний зэвсгэнд
шившлэг шингээн цоо шинэ гялалзуулах болгох нууцыг мэднэ.

- Зэрлэг чоно Старкын овгийн сүлд биз дээ? Би таны дуулган дээр зэрлэг чоно гудамжаар
явахад хүүхдүүд бутран зугттал амьд юм шиг дүрсэлж чадна гэж амлахад Нэд инээмсэглэлээ.

- Чи лорд Арринд шонхортой дуулга хийж өгсөн үү?

Тобо Мотт чимээгүй болон дарсаа хажуу тийш тавилаа.

- Гар над дээр хааны дүү лорд Станнистай хамт ирсэн. Харамсалтай нь тэд надаар юм
захиалж хийлгээгүй.

Нэд дархан руу ширтэн юу ч хэлэлгүй хүлээлээ. Тэр олон жилийн өмнө дуугүй байх нь
заримдаа ямар ч асуултаас илүү болохыг сурчээ. Энэ удаад ч гэсэн үйлчилэв.

- Тэд хүүг харахыг хүссэн. Би тэднийг дархны газар луугаа дагуулан орсон.
- Хүү гэнэ ээ? хэмээн Нэд дуу алдаад юун хүү болох талаар огтхон ч төсөөлсөнгүй.

- Тэгвэл би ч гэсэн хүүг хармаар байна.

Тобо Мотт түүн рүү хүйтэн харцаар болгоомжлон ширтсэнээ,

- Таны тааллаар болъё, эзэнтээн гэж өчүүхэн ч нөхөрсөг байдлын сүүдэргүй хэллээ.

Тэр Нэдийг арын хаалгаар давчуу хашаан дахь чулуун дархны газар луу дагуулан гарав.
Дархан хаалга онгойлгоход урдаас нь халуун агаар пүнхийж Нэдэд лууны аманд орсон аятай
сэтгэгдэл төрөв. Дотор булан бүрт зуухны гал дүрэлзэж агаар бүгчим хүхэрлэг утаатай
байлаа. Зэвсгийн дархнууд тэдний зүг хяламхийнгээ алхаа дөшин дээр буулгаж, духныхаа
хөлсийг арчаад нүцгэн цээжтэй хөвгүүд дагалдангаар ажиллаж байлаа.

Дархан Роббийн насны гар цээжинд нь булчин зангирсан өндөр хөвгүүнийг дуудав.

- Энэ бол хааны шинэ Гар лорд Старк гэж хөвгүүнд хэлэхэд дүнсгэр цэнхэр нүдээр
ширтсэнээ дух руугаа унжсан хөлс нэвчсэн үсээ хойшлуулан шидэв. Самнаагүй сэгсгэр өтгөн
үс нь бэх шиг хар ажээ. Эрүүнд нь дөнгөж цухуйж буй сахлын ором харлана.

- Үүнийг Жэндри гэдэг юм. Үеийнхэн дундаа хүчтэй ажилд гаргууд сайн. Алив Гард хийсэн
дуулгаа үзүүлээч гэхэд хүү ичингүйрэн сандал руу аваачаад бухын толгой шиг хоёр том
эвэртэй дуулга үзүүлэв.

Нэд зүлгээгүй барзгар төмөртэй дуулгыг үзэхэд маш сайн хийцтэй байлаа.

- Маш сайн болж. Хэрвээ чи үүнийг худалдвал би дуртайяа авна шүү гэхэд хүү Нэдийн гараас
дуулгыг шүүрэн аваад,

- Үүнийг зарахгүй! гэв.

Тобо Мотт айдаст автлаа.

- Хүү минь энэ бол хааны Гар. Хэрвээ эрхэм дээдэс дуулгыг авахыг хүссэн бол бэлэг болгон
өгөх хэрэгтэй. Чамаас гуйж байна гэдэг том хүндэтгэл гэхэд,

- Би үүнийг өөртөө зориулж хийсэн гэж хүү зөрүүдлэн хэлэв.

- Мянгантаа өршөөл хүсье, эрхэм лорд гэж дархан яаран хэлэв.

- Хүү боловсруулаагүй шинэ төмөр шиг бүдүүлэг байгаа юм. Харин ганг давтан эвд оруулан
сургах хэрэгтэй байдаг. Энэ дуулга бол дархны хийсэн хамгийн шилдэг ажил. Түүнийг
өршөөнө үү. Би таньд урьд нь хэн ч харж байгаагүй дуулга хийж өгнө гэдгээ амалж байна.

- Хүү надаас өршөөл гуйх ямар ч зүйл хийгээгүй. Жэндри лорд Аррин чамтай уулзахаар
ирээд юуны тухай ярилцсан бэ?
- Тэр надаас асуулт асуусан, эзэнтээн.

- Ямар асуулт? гэхэд хүү мөрөө хавчлаа.

- Намайг хэн болох хаана амьдарч байсан, ажилдаа дуртай болон ээжийн минь тухай асуусан.
Түүнийг хэн байсан хэнтэй төстэй харагддаг гээд л.

- Чи түүнд юу гэж хэлсэн бэ?

Хүү дух руугаа унасан үсээ арагш болгон засаад,

- Тэр намайг жаахан байхад нас барсан. Шаргал үстэй, заримдаа надад дуулж өгдөг байсныг
санаж байна. Уушийн газар ажилладаг байсан гэсэн.

- Лорд Станнис бас асуулт асуусан уу?

- Халзан толгойтой нь уу? Үгүй, тэр асуугаагүй. Ямар ч үг хэлэхгүй зогсоод над руу яг охиныг
нь хүчиндсэн аятай зэвүүцэн харж байсан.

- Бузар хэлээ тат. Энэ бол хааны Гар шүү дээ гэж дархан дуу алдсанд хүү харцаа буулгав. -
Ухаалаг хэдий ч зөрүүд хүү байгаа юм. Энэ дуулганаас болж... бусад нь түүнийг бухан
толгойт гэж дуудахад шүдийг нь цөм цохьсон.

Нэд хүүгийн толгойд хүрээд өтгөн хар үсийг нь хуруугаараа илбэв.

- Над руу хар, Жэндри гэхэд дархны сурагч царайгаа өргөв. Нэд түүний эрүүний хэв маяг,
цэнхэр мөс шиг нүдийг нь харлаа. "Тийм ээ. Би үүнийг олж харлаа" гэж бодов.

- Ажилдаа буцаж ор, залуу минь. Чиний ажилд саад болсныг уучлаарай гээд дархантай хамт
байшин руу буцаж орлоо.

- Хүүгийн дагалдангийн хөлсийг хэн төлдөг вэ?

Мотт уцаарлан ширтэв.

- Та хүүг харсан. Хүчтэй хүү байгаа юм. Хоёр гар нь яг л алханд зориулагдсан юм шиг. Тэр
амлалт өгсөн болохоор би үнэгүй сургахаар авсан юм.

- Үнэнээ хэл. Гудамжаар дүүрэн хүчтэй хөвгүүд байна. Хана нурах цагт л чи түүнийг үнэгүй
дагалдангаар авах байх даа. Хэн түүний хөлсийг төлж байгаа юм? гэж Нэд шаардав.

- Нэг лорд гэж дархан дургүйхэн хэлэв.

- Тэр нэрээ хэлээгүй, хувцсан дээр нь сүлд ч байгаагүй. Тэр ердийнхөөс хоёр дахин илүү алт
төлөөд намайг нэгдүгээрт сургаж, хоёрдугаарт чимээгүй байхыг даалгасан.

- Түүнийг дүрсэл дээ.


- Тэр бадируун бие, дугуй мөртэй танаас нэг их өндөргүй. Шаргалдуу өнгө орсон хүрэн
сахалтай гэж тангарагласан ч болох байна. Хүрэн өнгийн хилэн дээр мөнгөн утсаар
хатгамласан баялаг сайхан нөмрөгтэй байсан. Харин юүдэнгээ нүүр лүүгээ буулгасан байсан
болохоор царайг нь харж чадаагүй гээд тээнэгэлзсэнээ,

- Эзэнтээн, би ямар нэг төвөг хүсэхгүй байна гэв.

- Энэ түгшүүртэй цагт бидний хэн ч төвөг хүсэхгүй, дархан Мотт. Чи хүүгийн хэн болохыг
мэднэ биз дээ.

- Би ердөө зэвсгийн дархан шүү дээ. Зөвхөн таньд хэлсэн зүйлээ мэднэ.

- Чи хүүг хэн болохыг мэднэ. Энэ бол асуулт биш гэж Нэд тэвчээртэй давтлаа.

- Хүү миний дагалдан сурагч гээд дархан Нэдийн нүд рүү хуучин төмөр шиг зөрүүд нүдээрээ
харлаа.

- Харин ирэхээсээ өмнө хэн байсан нь миний сэтгэл зовох асуудал биш.

Нэд толгой дохилоо. Тобо Мотт түүнд таалагджээ.

- Хэрвээ хэзээ нэг цагт Жэндри алхны оронд илд барихыг хүсвэл над руу илгээгээрэй. Тэр
дайчны төрхтэй юм. Тэр хүртэл таньд баярласнаа илэрхийлэх байна, дархан Мотт. Бас хүүхэд
айлгах дуулга хэрэгтэй бол тань дээр хамгийн түрүүнд ирэх болно гэдгээ амлаж байна.

Харуулууд нь гадаа морины хажууд хүлээж байлаа.

- Та ямар нэг зүйл олов уу, эзэнтээн? гэж Жак Нэдийг мордоход асуулаа.

- Олсон гээд Нэд "Жон Аррин яагаад хааны бутчыг амиараа дэнчин тавин сонирхсон юм
бол?" хэмээн гайхширлаа.
КАТЕЛИН

- Хатагтай та толгойгоо халхлах хэрэгтэй. Даарчихна гэж сэр Родрик тэднийг умард руу явж
байхад хэлэхэд,

- Ердөө нэг ус шүү дээ, сэр Родрик гэж Кателин хариулав.

Түүний үс усанд норж хүндрээд дух руу нь бөөгнөрөн унжиж хичнээн үзэмжгүй харагдаж
байгааг мэдсэн ч тоосонгүй. Өмнөдийн бороо зөөлөн дулаахан байлаа. Кателин царай дээрээ
эхийн үнсэлт мэт борооны зөөлөн дусал шавшихыг мэдрэх таатай байв. Энэ нь түүнийг
хүүхэд насны үе дэх Риверраны урт саарал өдрүүд рүү аваачлаа. Тэр бурхдын модны усанд
дарагдсан хүнд мөчир дор, дүүгийнхээ овоолттой чийгтэй навч дамжин хөөцөлдөхөд хадах
инээдийг сонсох шиг болов. Бас Лизагийн шавраар хийсэн өргөхөд хүнд хурууны завсар
хүрэн шавар гожигдсон бялууг саналаа. Тэд хөхрөлдөн түүгээрээ Чигчий хурууг дайлахад
идсэн хойноо долоо хоног гаруй өвдөж билээ. Тэгэхэд бүгд хичнээн жаахан байж вэ!

Кателин энэ тухай бараг мартжээ. Умардад үргэлж хүйтэн ширүүн бороо шаагих бөгөөд
зарим шөнө мөс болон хувирна. Энэ нь ургац сүйтгэхийн зэрэгцээ нас биенд хүрсэн
хүмүүсийг хүртэл хоргодох газар хайн гүйлгэнэ. Жижигхэн охидын тоглодог шиврээ бороо
биш байлаа.

- Би голдоо ортол нэвт норлоо. Ясанд минь хүртэл ус нэвчсэн байх гэж сэр Родрик гомдоллов.

Тэдний эргэн тойронд өтгөн ой үргэлжилж бороо нэгэн хэвээр навчис нүдэн шаагих агаад
морьдын туурайнд шавар шалчигнан үсчинэ.

- Өнөөдөр бид түүдэг асааж чадвал халуун хоолтой золгох байх, хатагтай гэхэд,

- Замын уулзвар дээр дэн буудал байгаа гэж Кателин түүнд хэлэв. Тэр жаахан байхдаа
эцгийнхээ хамт аялан олон шөнийг тэнд унтан өнгөрүүлжээ. Лорд Хостер Талли цуцахыг
мэдэхгүй үргэлж хаа нэг тийшээ мордон явж байдаг хүн байв. Тэр буудлын эзэгтэй Маша
Хэддл гэдэг өдөр шөнөгүй гашуун навч зажилдаг тарган эмэгтэй байсан бөгөөд хүүхдүүдэд
инээмсэглэн амтат бялуу хийж өгдөг байсныг саналаа. Бялуунд бал хольсон сайхан амттай
хэдий ч Кателин үргэлж навч зажилсаар байгаад хүрэн улаан өнгөтэй болсон шүдтэй болсон
Машагийн цусан инээмсэглэлээс айдаг байжээ.

- Зочид буудал гэнэ ээ хэмээн сэр Родрик мөрөөдөнгүй давтсанаа,

- Гэхдээ бид... тийм эрсдэл гаргаж болохгүй. Хэрвээ танигдахгүй байхыг хүсвэл багахан
суурин олсон нь дээр гэснээ урд нь зам дээр ус цалгин, хөө хуяг хангинаж, морьд янцгаах
чимээ гарахад чимээгүй болж,

- Морьтонгууд гэж анхааруулаад гараа илднийхээ бариул руу явууллаа. Хааны зам дээр байлаа
ч болгоомжлол хэзээ ч илүүдэхгүй билээ.

Тэд чимээний зүг тахир замаар яаралгүйхэн ергүүлсээр эцэст нь зэвсэглэсэн хүмүүсийн
цуваа үерлэсэн голын усыг чимээтэй туулан гарч байхтай таарлаа. Кателин жолоогоо татан
зогсож тэднийг өнгөрүүлэв. Эхний морьтонгын барьсан туг норж үрчийсэн ч хамгаалалтын
хүний хөх нөмрөг дээр мөр лүү нь нисч яваа Сигардын мөнгөн бүргэд байлаа.

- Маллистерийнхан. Хатагтай та юүдэнгээ буулгасан нь дээр болов уу гэж сэр Родрик


шивнэв.

Кателин хөдөлсөнгүй. Лорд Жасон Маллистер хүлэг баатруудаараа хүрээлүүлэн, дэргэд нь


хүү Патрик хиа нараа дагуулан явж байлаа. Тэднийг Хааны газар луу Гарын тэмцээнд явж
байгаа болохыг Кателин мэдэж байв. Өнгөрсөн долоо хоногийн туршид аялагчид хааны
замаар батгана шиг нүүдэллэн хүлэг баатар, чөлөөт морьтонгууд, дуучид ятга бөмбөртэйгээ,
эрдэнэ шиш, балтай торх ачсан хүнд ачаатай тэрэгнүүд цуван худалдаачид, фермерүүд,
янхнууд гээд бүгд өмнө зүгийг зорьж байлаа.

Кателин лорд Жасоныг ажиглав. Хамгийн сүүлд түүнийг хуриман дээрээ нагац ахтайгаа
тоглоом наадам хийн зогсч байхыг харсан билээ. Маллистерийнхан Таллигийн тугчин
болохоор бэлэг сэлт нь өгөөмөр байлаа. Хүрэн үс нь бууралтан цайрч нүүр нь цүүцэдсэн мэт
хатангир болсон ч цаг хугацаа бардам занг нь хөндөж чадсангүй. Тэр юунаас ч айх зүйлгүй
хүн мэт мордон явлаа. Кателин түүнийг хараад олон зүйлээс айж байгаадаа атаархав.
Морьтонгууд өнгөрөхөд лорд Жасон толгой дохисон ч зөвхөн язгууртан лорд зам дээр үл
таних хүмүүстэй тааралдахад гаргадаг эелдэг мэнд мэдсэн төдий хэрэг байж. Түүний
ширүүн нүдэнд таньсан шинж зурсхийгээгүй болохоор хүү нь тэдэн рүү харж цаг
гарзадсангүй.

- Тэр таныг таньсангүй хэмээн сэр Родрик араас нь гайхан хэлэв.

- Түүний нүдэнд ердөө замын хажууд зогсож байгаа ядарч норон шаварт будагдсан хоёр аянч
харагдаж байгаа. Толгойд нь хэзээ ч эзэн лордынх нь охин энд зогсож байж байна гэж
орохгүй. Минийхээр бол бид буудалд аюулгүй хоноглож болох байх, сэр Родрик.

Бараг харанхуй болох үед тэд Сэрээний уулзвар замд хүрч ирлээ. Маша Хэддл улам тарган
буурал үстэй болсон ч гашуун навчаа зажилсан хэвээр бөгөөд тэдэн рүү хайнга ширтэнгээ
улаанаар инээмсэглэсэнгүй.

- Шатны оройд хоёр өрөө байгаа гэж навчаа зажлах зуураа хэлээд,

- Хонхот цамхагын дор болохоор хоол алгасах явдал байхгүй. Зарим нь дэндүү шуугиантай
гэж боддог ч юугаар ч тусалж чадахгүй нь дээ. Манай хамаг өрөө пиг дүүрчихээд байна. Нэг
үгээр хэлвэл энэ өрөөнд хоноглох юм уу эсвэл замаа хөөсөн чинь дээр гэв.

Энэ нь давчуу нарийхан шатны орой дахь намхан тоостой дээврийн өрөө байлаа.

- Гутлаа дор орхиорой гэж Маша тэднийг зоос өгөхөд нь хэлэв.

- Миний туслах хүү тэднийг цэвэрлэх болно. Би та нарыг шатаар дээшээ шавар татуулаасай
гэж хүсэхгүй байна. Ингэхэд хонх дуугарсан хойно хоолноос хоцорвол идэх юмгүй хоцорно
шүү гээд инээмсэглэсэн ч үгүй амтат бялууны тухай дурссангүй.

Хоолны хонх цохиход чих дүлийрэм чимээ гарав. Кателин хуурай хувцас сольж өмсөөд
цонхны хажууд суун борооны дусгал бүүдгэр шилэн дээр зам татуулан урсахыг ширтэв. Гадаа
үдшийн бүрэнхий нөмөрчээ. Кателин хөндлөн огтлолцсон шавартай хоёр том замыг арай
ядан ялган харав.

Замын уулзвар түүнд бодох хугацаа төрүүллээ. Эндээс баруун зүг эргэвэл Риверранд
хялбархан хүрч болно. Эцэг нь үргэлж түүнд хэрэгтэй цагт цэцэн зөвөлгөө өгдөг байсан учир
ойртож буй шуурганы талаар анхааруулахыг хүслээ. Хэрвээ Винтерфелл дайнд оролцох аваас
хамгийн тэргүүнд Хааны газартай ойрхон Риверранд цохилт тусах бөгөөд Кастерли Рокийн
хүч өрнөдөөс сүүдэр мэт нүүгэлтэн ирэх байлаа. Гэвч эцэг нь бие дээрдсэн тохиолдолд энэ
боломжтой хэрэг байв. Хостер Талли сүүлчийн хоёр жилийг орондоо хадаатай өнгөрүүлж
буй учир Кателин төвөг удахыг хүссэнгүй.

Дорнод зүгийн зам эзгүй зэлүүд чулуун уулсын бэл, Сарны уулын өтгөн ой дундуур
үргэлжилсэн аюул ослоор дүүрэн байв. Эндээс гүн хад асган дундуур Арриний хөндий хүрэх
бөгөөд түүнээс цаахан чулуун Хуруунууд байлаа. Хөндийн өндөрлөгт халдашгүй Эйригийн
цамхаг тэнгэр өөд сүндэрлэн оршино. Тэндээс дүүгээ олж... магадгүй Нэдийн зарим
асуултанд хариу авч болох юм. Мэдээж Лиза захианд бичсэнээсээ илүү олон зүйл мэдэж
байгаа гэдэгт тэр эргэлзсэнгүй. Магадгүй Нэдэд Ланнистерийнхнийг сүйрүүлэхэд хангалттай
баталгаа өгөхийн зэрэгцээ дайн дэгдэхэд хүрвэл Арриний дорнодын лордуудыг татан
дэмжлэг үзүүлэх ч юм уу.

Гэвч уулын зам амь дүйсэн хэрэг байв. Сүүдэрт муур араас гэтэж, чулуу нурах нь түгээмэл
бөгөөд хуульгүй уулын дээрэмчин бүлгүүд өндөрт хэсүүчлэн дээрэм аллага хийж
Хөндийгөөс хүлэг баатрууд эрлээр мордоход хаврын хайлж буй цас аятай алга болно. Лорд
Жон Аррин хүртэл үргэлж ууланд хүч нэмэгдүүлсэн хамгаалалттай явдаг байв. Тэгтэл
Кателин зөвхөн үнэнч байдлаар хуягласан нас дээр гарсан хижээл баатартай байлаа.

"Үгүй Риверран, Эйри хоёр хүлээж байг..." гэж бодлоо. Түүний зам умардад Винтерфел рүү
хөвгүүдийнх нь хүлээж байгаа газар хөтлөх ёстой. Удахгүй тэд Хүзүүг аюулгүй гатлахад
Нэдийн аль нэг тугчинд өөрийгөө зарлаад урдаа морьтонгууд илгээн Хааны замаар
хамгаалалттай явах болно.

Битүү шаагих бороонд зам талбай бүдгэрчээ. Гэвч Кателиний ой ухаанд эндхийн газар бүр
тодхон байлаа. Замын цаахантай зээлийн газар орших бөгөөд түүнээс милийн зайд жижигхэн
чулуун сүмийг хүрээлсэн тавиад цагаан байшин оршино. Зун удтал тайван үргэлжилсэн
болохоор байшингууд улам олон болсон байх. Хааны зам дагуу умард руу Сэрээний Ногооны
ацаар үржил шим сайтай хөндий, ногоон газар үргэлжилж голын лордуудын баян чинээлэг
хот бэхлэлт, шилтгээн байлаа.

Кателин тэднийг бүгдийг нь мэдэх байв. Хоорондоо мөнхийн дайсагнан маргалдаж эцэг нь
оролцон зохицуулж байдаг Блэквүүд, Бракеныхан, Харенхаллын өргөн уудам сүнс хоргодсон
танхимдаа амьдардаг хатагтай Вэнт, долоон эхнэр авч ихэр цамхаг дүүрэн хүүхэд, ач, зээ
болон бутач болон бутчийн хүүхэдтэй болсон цочмог ууртай лорд Фрей гээд л. Тэд бүгд
Таллигийнхны тугчин бөгөөд Ривверраны төлөө илд өргөн зүтгэхээр тангараг өргөсөн билээ.
Кателин дайн дэгдэхэд хүрвэл энэ нь хангалттай байж чадах эсэхийг багцаалав. Эцэг нь энэ
ертөнц дээрх хамгийн найдлагатай хүн бөгөөд тугчдаа дуудаж чадах нь эргэлзээгүй ч...
гэхдээ тэд ирэх болов уу? Дарри, Рижерс болон Мотонууд Риверранд өгсөн амлалтаа сахих
хэдий ч Рэйгэр Таргаринтай Сэрээнд тулалдах үеэр лорд Фрей хамгийн сүүлд тулалдаан
дууссан хойно эргэлзээгүй ялсан талд нэгдэхээр хүрэлцэн иржээ. Тэр үүнийгээ ялалтын
дараа баяртай тунхагласны дараа эцэг нь түүнийг хожуу лорд Фрей гэж нэрлэх болжээ. "Дайн
заавал болох албагүй. Түүнийг дэгдээж болохгүй" гэж Кателин бодлоо.

Сэр Родрик дэргэд нь хонх цохихоо болих үед ирж зогслоо.

- Бид оройн хоолтой золгохыг хүсвэл яарсан нь дээр байх, хатагтай.

- Бид Хүзүүг өнгөртөл нэг нэгнээ хүлэг баатар, хатагтай гэж дуудахгүй байсан нь дээр байх.
Жирийн аялагчид хамаагүй бага анхаарал татна. Гэр бүлийн ямар нэг ажлаар явж байгаа эцэг
охин гэж хэлье.

- Таны хэлснээр болъё, хатагтай гэж сэр Родрик зөвшөөрснөө гэнэтхэн алдаа ухаарч хөхрөн,

- Хуучны зуршил арилахад хэцүү юм ох... охин минь гээд байхгүй сахлаа угзрахыг оролдсоноо
унтууцан санаа алдлаа.

Кателин гараас нь атгалаа.

- Явъя, аав аа. Та Маша Хеддл маш сайн ширээ засдаг болохыг харах болно. Зөвхөн түүнийг
магтахгүй байхыг хичээгээрэй дээ. Инээмсэглэл нь харахын аргагүй аймшигтай шүү гэв.

Нийтийн өрөө урт бөгөөд нэг төгсгөлд нь нь том модон шар айрагны торх хурааж, нөгөөд нь
зууханд гал түлжээ. Үйлчлэгч хүү урагш хойш шортой мах зөөн гүйж, Маша гашуун навч
зажлангаа торхноос шар айраг аягалж байв.

Сандал дүүрэн хүнтэй байлаа. Янз бүрийн ажлаар явж байгаа хотын хүмүүс, фермерүүд
замын уулзварт хачирхалтай хослол үүсгэж хар хүрэн гартай будагчид сандлаа загасны эхүүн
үнэртэй голын хүнтэй хуваалцаж, өтгөн бавгар сахалтай төмрийн дархны хажууд үрчгэр
жижигхэн хөгшин септон сууж, бүдүүлэг хөлсний цэргүүд махлаг тарган худалдаачинтай
сонин солилцож байлаа.

Хүмүүсийн дунд Кателин илдтэй хүмүүс олж харсандаа таатай байв. Галын хажууд Бракений
хатирч буй улаан азарганы сүлдтэй гурван хүн сууж, бас цэнхэр гархин хуяг дээр мөнгөлөг
саарал нөмрөг нөмөрсөн хүмүүсийн томоохон бүлэг байлаа. Тэдний мөрөн дээр өөр нэг
танил сүлд болох Фрейгийн удмын ихэр цамхаг байхыг олж харав. Кателин царайг нь
танихыг хичээсэн ч бүгд мэдэхгүй залуухан хүмүүс байв. Түүнийг умард руу явахад хамгийн
ахмад нь Бранаас томгүй байсан байх.

Сэр Родрик гал зуухны ойролцоо хоосон газар суудал олж суулаа. Ширээний эсрэг талд
залуухан царайлаг хүү өвдөг дээрээ модон ятга тавин суужээ.
- Долоо та бүхнийг адислаг, сайн санаат хүмүүс минь гэж тэднийг суухад хэлэв. Урдаа
дарсны хоосон аяга тавьжээ.

- Чамайг ч гэсэн, дуучин минь гэж Кателин хэллээ. Сэр Родрик даруйхан шаардсан өнгөөр
талх, мах, шар айраг захиалав. Дуучин арван наймаас хэтрээгүй залуухан бөгөөд тэднийг
хаанаас хаа хүрч юу хийж яваа болон, ямар сонин тээж яваа тухай шалгаан зогсолгүй асуулт
хөрвүүлэв.

- Бид Хааны газраас хоёр долоо хоногийн өмнө гарсан гэж Кателин хамгийн аюулгүй
асуултанд нь хариуллаа.

- Тийшээ чинь л би зүглэж байна гэж залуу хэлээд Кателиний сэжиглэсэн ёсоор өөрийнхөө
түүхийг дуртайяа сонирхуулав. Дуучид юунаас илүү өөрсдийн хоолойг сонсох дуртай улс
билээ.

- Гарын тэмцээнд зузаан хэтэвчтэй баян лордууд цугларна. Сүүлийн удаа би арай ядан даах
мөнгө цуглуулсан ч... түүнийгээ бүгдийг нь хааны алуурчийг ялна гэж мөрийцөөд алдсан.

- Бурхад мөрийтэй тоглоомд хөмсөг зангидан ханддаг юм гэж сэр Родрик ширүүхэн хэлэв.
Тэр умардын ёсоор Старкын тэмцээний тухай бодлыг хуваалцаж байлаа.

- Надад үнэхээр хөмсөг зангидсан нь эргэлзээгүй. Танай хэрцгий бурхад болоод цэцэгт хүлэг
баатар намайг дөнгөчихсөн гэхэд,

- Энэ эргэлзээгүй чамд сургамж болсон байх гэж сэр Родрик хэлэв.

- Тиймээ тэгсэн. Энэ удаад би сэр Лорасын төлөө мөрий тавих болно.

Сэр Родрик сахлаа зулгаахыг оролдоод байхгүйг нь анзаарахаас урьтаж үйлчлэгч хүү яаран
хүрч ирлээ. Тэр урд нь тавиуртай талх, халуун шүүс гоожсон шортой мах тавилаа. Ахин нэг
шоронд жижигхэн сонгино, галт чинжүү, тарган мөөг шорложээ. Сэр Родрик хоол руу
шунамхайран ороход хүү шар айраг руу сунгалаа.

- Намайг Мариллион гэдэг. Та нар эргэлзээгүй миний тоглохыг сонссон байх хэмээн модон
ятганыхаа чавхдсыг хөглөн хэлэв.

Түүний байдал Кателинийг инээмсэглэхэд хүргэлээ. Хэдэн тэнэмэл дуучин алс умард
Винтерфелл рүү зүрхлэн очсон байж болох ч тэр Риверранд байхдаа дуучдад илүү дуртай
байлаа.

- Үгүй гэж айж байна гэхэд ятганаасаа гунигтай хөг эгшиглүүлэн,

- Тэгвэл олон зүйл алдаж дээ. Та нарын бодлоор хамгийн сайн дуучин хэн бэ? гэлээ.

- Бравосын Алиа гэж сэр Родрик даруй хэллээ.

- Өө, би тэр хөгшин таягнаас чинь хамаагүй дээр дуулж чадна. Таньд дууны хөлсөнд төлөх
мөнгөн зоос байвал баяртайгаар үзүүлье гэхэд,

- Чиний улихыг сонсоход хоёр зэс зоос хангалттай гэж сэр Родрик бувтнав. Түүний бодлоор
дуу хөгжим бол охидын ажил учир яагаад ийм эрүүл чийрэг хүү гартаа илд барихын оронд
ятга барьж буйг ойлгохгүй байлаа.

- Өвөө чинь гашуун егөөтэй хүн юм. Би таныг хүндэтгэн үзэсгэлэн гоогийн чинь төлөө
дуулахыг хүсч байна. Үнэндээ би хаан, өндөр язгууртан лордуудын өмнө дуулахаар зохиосон
юм гэж Мариллион Кателинд хэлэв.

- Өө, энэ илэрхий шүү дээ. Лорд Талигийнхан дуунд дуртай гэж сонссон. Чи өмнө нь
Риверранд байсан л биз дээ?

- Зуун удаа. Тэд надад зориулан өрөө хадгалж байдаг бөгөөд залуу лорд нь надад дүү шигээ
ханддаг юм.

Кателин Эдмур үүнийг сонсвол юу гэхийг төсөөлөн инээмсэглэлээ. Нэг удаа ямар нэг дуучин
дүүгийнх нь шохоорхож байсан охиныг булааснаас хойш Эдмур тэднийг үзэн ядах болсон
билээ.

- Тэгвэл Винтерфеллийн хувьд ямар вэ? Чи хэзээ нэг цагт умард руу аялж үзэж байв уу?

- Ямар хэрэгтэй гэж? Тэндхийн цасанд зөвхөн баавгайн арьсан дээлтэй явж болно. Тэгээд ч
Старкийнхан чонын улихаас ондоо хөгжим гэж мэдэхгүй улс гэтэл өрөөний эцэст байсан
хаалга тасхийн нээгдлээ.

- Буудлын эзэгтэй бидэнд морьдоо жүчээнд оруулан, манай лорд Ланнистерт өрөө халуун ус
хэрэгтэй байна гэх зарцын хоолой ард нь хадав.

- Бурхан минь гэж сэр Родрик Кателинийг анхааруулж амжихаас өмнө дуу алдсанд бугуйг нь
базлаа.

Маша Хэддл аймшигтай улаан шүдээ гарган инээмсэглэн тонголзов.

- Өршөөнө үү, эрхэм ноёнтон. Үнэнээсээ бүх өрөө дүүрчихээд байна.

Тэд дөрвүүлээ байлаа. Шөнийн харуулын хар хувцастай хөгшин хүн, хоёр зарц... бас хамгийн
гол нь жижигхэн хүн байв.

- Миний хүмүүс жүчээнд чинь хоноглож болох ч надад том өрөө шаардлагагүй болохыг та
харж байгаа биз дээ гээд Тирион дооглонгуй инээмсэглэж,

- Зөвхөн зууханд дулаан гал түлж, нохой бөөснөөс зугтах хэдэн сүрэл байхад би жаргалтай
хүн болно гэв.

Маша Хэддл дэргэд нь очлоо.


- Эзэнтээн бүх өрөө дүүрэн, юу ч байхгүй. Тэмцээнээс болоод юугаар ч тусалж чадахгүй нь,
өө...

Тирион Ланнистар хэтэвчнээсээ зоос гарган толгой дээрээ чулуудсанаа ахин барьж авлаа.
Катлин өрөөний төгсгөлд сууж байсан ч гэлээ алт гялсхийхийг харж амжив.

Тэгтэл гандсан цэнхэр нөмрөгтэй чөлөөт морьтон хөл дээрээ найган босов.

- Таныг миний өрөөнд зочлохыг урья, эрхэм лорд.

- Энэ ухаалаг хүн байна гээд Ланнистер зоосыг өрөөн дундуур шидэхэд морьтон агаарт барьж
авлаа.

- Дээрээс нь шаламгай гээд одой Маша Хэддл рүү эргэж,

- Таныг хоол унд зохицуулна гэдэгт итгэж болох уу? гэв.

- Таны хүссэн бүхнийг, эзэнтээн. Хүссэн бүхнийг чинь гэж гэж буудлын эзэгтэй дуу алдав.
"Магадгүй тэр үүнд чинь хахаж үхэх байх" гэж Кателин бодтол Браны цусаар огиулж буй дүр
нүдэнд нь төсөөлөгдөв.

Ланнистер ойролцоох ширээ рүү харав.

- Миний хүмүүс хангалттай болохоор та бусад хүмүүстээ үйлчилж болно. Бид удаан хүнд
аялал туулсан болохоор хүн болгонд давхар орцоор өгөөрэй. Надад ямар нэг шарсан шувуу...
тахиа, нугас, тагтааны алин ч хамаагүй. Бас нэг лонх хамгийн сайн дарс. Йорен та надтай
хамт суух уу? гэхэд,

- Таныхаар больё, эрхэм лорд гэж хар баатар хариулав.

Одой өрөөний эцэс рүү зэрвэс харахад Кателин хүмүүсийн сандал золоор халхалсанд
талархтал гэнэтхэн Мариллион хөл дээрээ үсрэн босч,

- Лорд Ланнистер гэж орилов.

- Би таныг хоол идэж байх зуур дуртайяа тоглож үзүүлэх байна. Надад эцгийнхээ Хааны газар
байгуулсан гавъяаны тухай дуулахыг зөвшөөрөөч.

- Наадхаас чинь өөр миний хоолыг сүйтгэх зүйл юу ч байхгүй гээд одой нийцэмжгүй
нүдээрээ дуучин руу ширтсэнээ цааш ахиулан хараад... Кателин дээр харц тусчихлаа. Тэр
хормын турш гайхширан ширтлээ. Кателин нүүр буруулсан ч хэтэрхий хожимджээ. Одой
инээмсэглэн,

- Хатагтай Старк ямар гэнэтийн таатай явдал вэ. Би таньтай Винтерфеллд тааралдаагүйдээ
их харамсаж байлаа гэж хэлэв.

Мариллион түүн рүү ам ангайн харахад Кателин удаанаар дээш өндийлөө. Сэр Родрик хараал
тавилаа. "Энэ амьтан ханан дээр саатаж байхгүй энд юугаа хийж..." гэж бодов.

- Хатагтай Старк гэнэ ээ? хэмээн Маша Хэддл дүйнгэтэн хэлэв.

- Би сүүлчийн удаа энд хоноглохдоо Кателин Талли гэдэг нэртэй байсан гэж Кателин буудлын
эзэгтэйд хэлэв. Хүмүүсийн хоорондоо гүнгэнэх чимээ гарч бүгдийн харц түүн рүү чиглэлээ.
Тэр өрөөн дахь хүлэг баатруудын царайг гүйлгэн хараад зүрхнийхээ цохилтыг намтгахын
тулд гүнзгий амьсгал авлаа. Эрсдэлд орж болох уу? Энэ тухай бодох ч цаг байсангүй ганцхан
агшины дараа өөрийнх нь хоолой чихэнд жингэнэлээ.

- Тэр буланд сууж байгаа хүн. Эрхэмээ таны хувцсан дээр үнэхээр Харренхалын хар сарьсан
багваахай хатгамласан байна уу? гэж дөнгөж сая ажигласан хижээл хүнд хэллээ.

Эрэгтэй хөл дээрээ босов.

- Тиймээ, хатагтай.

- Харин хатагтай Вэнт миний эцэг Риверраны лорд Хостер Таллигийн эртний үнэнч анд
хэвээр биз дээ?

- Тиймээ үнэн гэж хүн шийдэмгий хариулав.

Сэр Родрик чимээгүйхэн өндийж илдээ хуйнаас сугаллаа. Одой тэдэн рүү нүдээ анивчин
харахад нийцээгүй нүдэнд нь үл ойлгосон аяс тодров.

- Улаан азаргыг Риверранд харахдаа үргэлж баяртай байдаг. Миний эцэг Жонос Бракныг
эртнээс үнэнч тугчийнхаа нэгээр тооцож ирсэн билээ хэмээн галын хажууд сууж байгаа
гуравт хэлэв.

Гурван хүн итгэлгүйхэн харц солилцлоо.

- Манай лордын хувьд түүний итгэл хүндэтгэл гэж тэдний нэг тээнэгэлзэнгүй хэлэв.

- Би таны эцгийг олон сайн нөхөдтэйд атаархаж байна. Гэхдээ таны яагаад ингэж байгааг
ойлгохгүй байна, хатагтай Старк хэмээн Ланнистер оролцов.

Кателин түүнийг үл тоомсорлон цэнхэр саарал хувцастай хамгийн томоохон хэсэг руу эргэв.
Тэд арван хоёруулаа байлаа.

- Би та нарын сүлд Фрейгийн ихэр цамхаг болохыг харж байна. Танай хүндэт лордын бие
сайн уу, эрхэмүүдээ?

Тэдний ахлагч бослоо.

- Лорд Валдер эрүүл энх байгаа, хатагтай. Тэр ерөн насныхаа ойгоор шинэ авгай авах гэж
байгаа болохоор лорд эцэг чинь түүний хуримд хүрэлцэн ирвэл их хүндэтгэл болохсон.
Тирион Ланнистер инээд алдав. Тэгэхэд Кателин түүнийг гартаа оруулснаа ойлголоо.

- Энэ хүн миний гэрт зочилж долоон настай хүүгийн минь алахаар зохион байгуулсан гэж
Тирионийг чичлэн өрөөнд бүгдэд сонсогдохоор тунхаглахад сэр Родрик дэргэд нь илд барин
зогсов.

- Роберт хааны нэрийн өмнөөс болон та нарын зүтгэдэг хүнд лордуудын өмнөөс надад
түүнийг барьж Винтерфеллд аваачин хааны шүүхийг хүлээлгэхэд туслахыг тушааж байна гээд
Кателин ертөнц дээр арваад илд хуйнаасаа шархийн сугарч Тирион Ланнистерийн нүүр лүү
чиглэхээс ондоо сайхан чимээ сонсож байсангүй.
САНСА

Санса Гарын тэмцээн рүү септа Мордэйн, Жейн Пол хоёрын хамт явлаа. Дамнуургын торгон
шар хөшиг нимгэн болохоор эргэн тойрны ертөнц нэвт гэрэлтэн алтран үзэгдэнэ. Хотын
ханын гадаа голын дэргэд зуугаад асар босож, жирийн ард түмэн тэмцээн үзэхээр хэдэн
мянгаараа иржээ. Тэмцээний сүр жавхлан амьсгал давхцам байлаа. Хуяг дуулга гялалзан, алт
мөнгөн нэмнээтэй том аргамаг хүлэг холхиж, олны шуугих, салхинд туг тас нясхийн дэрвэх
гээд л... хамгийн гол нь хүлэг баатрууд байлаа.

- Энэ чинь дуунд гардагаас хамаагүй үзэсгэлэнтэй юм гэж эцгийнхээ амалсан ёсоор өндөр
лорд хатагтай нарын дунд хуваарилагдсан суудлаа эзлэхдээ шивнэлээ. Санса энэ өдөр гоёмсог
сайхан хувцаслаж ногоон торгон даашинз дээр алтлаг хүрэн үсээ задгай тавьжээ. Тэр
хүмүүсийн ширтэхийг хараад инээмсэглэж байлаа.

Тэгтэл талбай дээр зуугаад баатрууд гарч ирэхдээ тус бүр үлгэрийн юм шиг үзэгдэв. Хааны
хамгаалалтын долоон хүлэг баатар Жэйми Ланнистераас бусад нь сүүн цагаан ялтсан хуяг
дуулга өмсөж, шинэхэн цас шиг нүд гялбам цагаан нөмрөг нөмөрчээ. Сэр Жэйми мөн цагаан
нөмрөгтэй байсан ч хөлөөс толгой хүртэл өвч гялалзсан давтмал алтан хуяг өмсөж,
арслангийн толгойтой дуулгатай байсан бөгөөд алтан илд барьжээ. Сэр Грегор Клеган буюу
"хөдөлж буй Уул" тэдний дэргэдүүр цасан нуранга шиг нүргэлэн өнгөрөв. Санса хоёр жилийн
өмнө Винтерфеллд зочилж байсан лорд Йон Ройсыг танилаа.

- Түүний хүрэл хуяг мянган жилийн тэртээд хийгдсэн дайсны хор хөнөөлөөс хамгаалсан
эртний шидийн дүрс үсэг сийлбэрлэсэн байдаг гэж Жейнд шивнэв.

Септа Мордэйн мөнгөлөг хээтэй хөх ягаан өнгийн нөмрөг бүхий дуулган дээрээ бүргэдийн
далавчтай лорд Жасон Маллистерийг заалаа. Тэр Сэрээнд Рэйгэрийн гурван тугчинг цавчин
унагаснаараа алдартай аж. Охидууд Мирийн санваартан дайчин халзан толгойтой Торос том
улаан нөмрөг дэрвүүлэн өнгөрөхөд хөхрөлдсөн ч септа түүнийг Пайк дээр болсон тулалдаан
дээр хана руу галт илдтэй хамгийн түрүүнд авирсан гэж хэлжээ.

Өөр бусад морьтонгуудыг Санса таньсангүй. Хуруунууд, Хайгарден, Дорнын уулсын хүлэг
баатрууд, алдар нэр нь дуурсаагүй чөлөөт морьтонгууд, шинэхэн хиа нар, өндөр дээд лордын
угсаа залгамжлагч залуухан хөвгүүд гээд. Эдгээр залуу хүмүүс агуу гавъяа байгуулаагүй ч
Санса, Жейн хоёр нэг л өдөр долоон ханлигт тэдний алдар нэр цуурайтана гэдэгт итгэж байв.
Сэр Балон Свонн болон Маршийн лорд Брайс Карон хатируулан өнгөрөв. Хүрэл Йоны
залгамжлагч сэр Андар Ройс бага дүү сэр Робарийн хамт эцэгтэйгээ ижил эртний дүрс
тэмдэг бүхий мөнгөлөг гялалзсан хуяг дуулга өмсчээ. Ихэр сэр Хорас, Хоббер хоёрын бамбай
дээр Рэдвайны сүлд болох хүрэн улаан усан үзмийн багц байлаа. Лорд Жасоны хүү Патрик
Маллистер болон лорд Валдер Фрейгийн хөвгүүд, үр ач болох сэр Жаред, сэр Хостин, сэр
Дэнвилл, сэр Эммон, сэр Тео, сэр Первин тэргүүтэй зургаан Фрей ергүүлэн өнгөрөхөд дунд
нь бутач хүү Мартин Риверс бас оролцов.

Жейн Пол Зуны арлуудын цөлөгдсөн хунтайж улаан өдтэй ногоон нөмрөг бүхий харанхуй
шөнө шиг бараан арьстай Жалабхар Зог харахаас айж байна гэж дуу алдсан ч алтлаг улаан үс,
хар бамбай дээрээ цахилж буй аянга дүрсэлсэн залуу лорд Бэрик Дандаррионыг хармагц
дариухан түүнтэй гэрлэхийг хүсч байна гэж мэдэгдэв.

Хоточ шугамын дагуу хааны дүү Шуурганы адгийн эзэн царайлаг лорд Рэнлитэй орж ирэхэд
Винтерфеллээс Жори, Алин, Харвин нар оролцов.

- Жори тэдний дунд гуйлгачин шиг харагдаж байна хэмээн септа Мордэйн тургилахад Санса
үүнийг нь хуваалцлаа. Жори элдэв янзын чимэглэлгүй цайвар саарал өнгийн хуяг дуулга
өмсөж урт нарийхан нөмрөг мөрөндөө унжуулсан нь ноорхой даавуу аятай санагдуулана.
Гэсэн ч үүнийгээ эс хайхран эхний тулаанд Хорас Рэдвайнийг морьгүй болгож, хоёрт нь
Фрэйгийнхний нэгийг унагалаа. Гурав дахь удаад түүнтэй адил жирийн хуяг дуулга өмссөн
чөлөөт морьтон Лотор Бруны хажуугаар гурвантаа өнгөрөв. Тэдний хэн ч унаагүй ч Бруны
жад цохилт хийхэд сайн байрлал эзэлсэн учир хаан түүнд ялалтыг өглөө. Алин, Харвин хоёр
үүнээс хамаагүй бага амжилт үзүүлэв. Харвин эхний тулгаралтанд хааны хамгаалалтын сэр
Мерринд мориноос унасан бол, Алин сэр Балон Своннд уналаа.

Тулаан өдрийн турш харанхуй болтол үргэлжилэхэд том биетэй хүлэг морьдын туурай
шугамын дагуу газрын хөрсийг талхалж улаанаар эргүүлэв. Жейн, Санса хоёр морьтонгууд
хоорондоо мөргөлдөн жад хуга үсрэхэд уулга алдан, жирийн ард түмэн хайртай хүмүүсээ
дэмжин хашгиралдах аж. Жейн хүлэг баатар унахад аймхай жижигхэн охин шиг нүдээ таглаж
байсан бол Санса хамаагүй чанга байлаа. Жинхэнэ хатагтай тэмцээний үеэр ийм л байх
ёстой. Септа Мордэйн хүртэл түүний бие барилтыг сайшаан толгой дохив.

Хааны алуурч гоц гялалзав. Тэр сэр Андар Ройсийг эмээлээс нь ховх цохиж, Маршийн лорд
Брайс Кароныг хялбархан дийлээд, эхний хоёр тэмцээнд ялж байсан дөчин насаар ахмад
хааны хамгаалалтын захирагч цагаан үстэй Барристан Сэлмитэй ширүүхэн үзэлцэв.

Сандор Клеган болон түүний ах нүсэр том биетэй сэр Грегор Моунтайн хоёрыг няцаахын
аргагүй байсан бөгөөд дайснаа ээлж дараагаар хэрцгий аргаар ялж байв. Өдрийн хамгийн
аймшигт мөч сэр Грегорийн хоёр дахь тулгаралтанд болж жад нь Хөндийн залуухан хүлэг
баатрын хүзүүний хамгаалалтын доод тал руу хүчтэй хатгахад хоолойд нь зоогдон агшин зуур
алав. Залуу хүү Сансагын сууж байсан газраас арван алхамын холгүй зайд уналаа. Сэр
Грегорийн жадны үзүүр түүний хүзүүнд хуга үсрэн зоогдож цус хүчтэй олгойдсоноо алгуур
суларлаа. Түүний цоо шинэ гялалзсан хуяг дуулганы сарвайсан гарных нь дагуу нарны гэрэл
өнгө ойлгон гялбуулсанаа үүлний цаагуур ороход энэ бүхэн алга болов. Зуны цэлмэг өдөр шиг
цэнхэр өнгийн хавирган саран эмжээр бүхий нөмрөг цусанд будагдан харлаад сарнууд нэг
нэгнийхээ араас улаан болов.

Жейн Пол хашгиран уйлахад септа Мордэйн тайвшируулахаар авч одсон бөгөөд Санса хоёр
гараа өвдөг дээрээ тавин сууж болсон явдлыг хачирхалтай татагдан ширтлээ. Тэр урьд нь
хэзээ ч хүн үхэхийг харж байсангүй. Түүний араас бас уйлах ёстой гэж бодсон ч нулимс нь
гарсангүй. Магадгүй Хатагтай, Бран хоёрын араас барж гүйцсэн биз. "Хэрвээ энэ Жори, сэр
Родрик юмуу эцэг нь байсан бол өөр хэрэг" гэж өөртөө хэлэв. Цэнхэр нөмрөгтэй залуухан
хүлэг баатар түүний хувьд хэн ч биш Арриний хөндийн үл таних хүн агаад нэр нь сонссон
даруйдаа мартагджээ. Одоо ертөнц бас түүний нэрийг мартлаа гэдгийг Санса ойлгов. Тэд
түүний араас магтан дуулахгүй. Энэ гунигтай байлаа.
Эцэст нь биеийг зөөн холдуулахад талбай дээр хүрзтэй хүү гарч ирээд шороо ухан цусны
толбыг булав. Тулаан ахин сэргэлээ.

Сэр Балон Свонн Грегорт ойчиж, лорд Рэнли Хоточид ялагдлаа. Рэнли агаарт эмээлээсээ
ховх цохиулж хөлөө гозолзуулан толгойгоороо газар мөргөн түсхийн унахад аймшигтай тас
няс хийх дуу гарч цугласан олон дуу алдсан ч зөвхөн алтан дуулганы эвэр хугарсан хэрэг
байж. Лорд Рэнли хөл дээрээ босч ирэхэд цугласан олон Роберт хааны царайлаг залуухан
дүүд хайртай болохоор хашгиран баяр хүргэв. Тэр хугарсан эврийг ялагчдаа гоолиг
хөдөлгөөнөөр ёслон гардуулав. Хоточ тургилаад эврийн хугархайг хүмүүс рүү шидэхэд алтны
хэлтэрхийг булаацалдан үймэлдэн зүтгэж лорд Рэнли талбайгаас гарсан хойно намдав.
Тэгтэл септа Мордэйн ганцаар эргэж ирээд Жейн өвдсөн учир шилтгээн рүү хүргэж өгсөн
гэж хэлэв. Санса Жейний тухай бараг мартжээ.

Дараа нь Берик Дондарианы хүлэг морийг алсан баатрын нөмрөгийг шившиг болгон
дөрвөлжлөн урж тэмцээнээс хасагдсан гэж зарлав. Лорд Берик эмээлээ шинэ морин дээр
сэлгүүлэн тавьсан ч Мирийн Торост мулт цохиулав. Сэр Арон Сантагар Лотор Брун хоёр үр
дүнгүй гурван ч удаа үзэлцэж эцэст нь Арон лорд Жасон Маллистер, Брун лорд Ройсийн бага
хүү Робарт уналаа.

Эцэст нь талбай дээр зөвхөн дөрвөн хүн үлдлээ. Хоточ болон түүний мангас ах Грегор, хааны
алуурч Жейм Ланнистер тэргүүтэй олноо цэцэгт хүлэг баатар гэж өргөмжлөгдсөн залуухан
сэр Лорас Тайрелл үлдэв.

Сэр Лорас өмнөдийн захирагч Хайгардены лорд Мэйс Тайреллийн бага хүү байлаа. Арван
зургаан настай тулааны талбарт хамгийн залуу байсан ч өглөөний тэмцээнд хааны
хамгаалалтын гурван баатрыг мориноос унаган ялжээ. Санса хэзээ ч ийм гоо үзэсгэлэнтэй
зүйл харж байсангүй. Түүний давтмал хуяг төвөгтэй нарийн угалз бүхий мянган янзын
цэцгийн цомирлогийн хээтэй агаад цасан цагаан азарган дээр улаан, цагаан сарнайгаас
бүтсэн цэцгэн хэлхээ тохжээ. Ээлжит ялалт бүрийнхээ дараа сэр Лорас дуулгаа тайлан
хашааг удаан тойрч олны дундах үзэсгэлэнтэй залуу охидын нэгт ганц цагаан сарнай шидэн
өгч байлаа.

Түүний эцсийн тулгаралт залуухан Ройсын эсрэг болов. Сэр Робарын эртний дүрс тэмдэг сэр
Лорасын эсрэг өчүүхэн хамгаалалт болж бамбай нь хуга үсрэхэд эмээлээсээ аймшигтай
шидүүлэн газар хангир жингэр хийн уналаа. Робар түүнийг ялалтын тойргоо хийж байхад
ёолон хэвтсээр байв. Эцэст нь ухаангүй дүйрсэн түүнийг дамнуургаар зөөн асарт оруулжээ.
Санса үүнийг анзаарсангүй. Түүний харц зөвхөн сэр Лорас дээр тусчээ. Цагаан морь урд нь
зогсоход зүрх нь дэлбэрэх шахам хүчтэй цохилов.

Лорас өөр бусад охидуудад цагаан сарнай өгсөн ч түүнд улаан сарнай өгч,

- Хонгор хатагтай таны гоо үзэсгэлэнтэй эн тэнцэх ялалт үгүй билээ гэв.

Санса цэцгийг хулчгардуухан аваад сүр жавхланд нь нэрвэгдэн хөшив. Толгойг нь гогцоорсон
бужгар хүрэн үс эмжиж, нүд нь хайлсан алт лугаа гялалзана. Тэр сэр Лорасыг явсан хойно
сарнайн анхилам үнэрийг амьсгалан суусаар байв.
Эцэст нь сэхээ орж харцаа өргөхөд урд нь нэг хүн зогсоод ширтэж байв. Намхан шовх
сахалтай, үсэнд нь мөнгөн сор суусан эцгийнх нь үеийн хүн байлаа.

- Чи түүний охидын нэг байх. Чамд Таллигийнхны удмын төрх байна гээд инээмсэглэсэн ч
ногоон нүд нь хүйтэн хэвээр байв.

- Намайг Санса Старк гэдэг хэмээн Санса эвгүйцэн хэллээ. Сайх хүн үнэт арьсан захтай хүнд
цув нөмөрч, мөнгөн ятга шаазгайгаар товчлоод өндөр лордын аялгаар чөлөөтэй ярих хэдий ч
Санса түүнийг мэдсэнгүй.

- Таны нэрийг мэдэх завшаан тохиолдсонгүй, эрхэм лорд гэхэд септа Мордэйн гараас нь
яаран атгаад,

- Хонгор хүүхэд минь энэ бол хааны бага зөвлөлийн гишүүн лорд Петр Бэйлиш гэв.

- Урьд нь чиний ээж миний үзэсгэлэнт хатан байсан. Чи түүнтэй адилхан үстэй юм гэж
эрэгтэй амьсгалаасаа гааны үнэр сэнгэнүүлэн аяархан хэлээд үсийг нь шөргөөхдөө хацарт нь
хүрснээ огцом эргээд алхлан явлаа.

Тэр зуур сар мандаж цугласан олон ядарсан учир хаан сүүлчийн гурван тулааныг маргааш
өглөө халз тулаанаас өмнө явуулахаар шийдэв. Жирийн ард олон гэр лүүгээ өдрийн тэмцээн,
маргаашийн халз тулааныг ярилцан тарахад, ордныхон голын хажууд болох найр луу зүглэв.
Түүдгийн дөл дээр олон цагийн турш шарагдаж байгаа зургаан том бух гөрөөсийг гал зуухны
хөвгүүд модон шороор удаан эргүүлэнгээ шүүсийг нь хатаахгүйн тулд цөцгийн тос, халуун
ногоо түрхэнэ. Асрын гадна зассан ширээ сандал дээр амтат өвс, гүзэээлзгэнэ, шинэхэн талх
дүүрэн овоолжээ.

Санса, септа Мордэйн хоёр тусгай засагдсан тавцан дээр хаан хатан хоёрын зүүн талд хүндэт
суудалд суулаа. Ханхүү Жоффрей эхийнхээ баруун талд суухад Сансагийн хоолой бачуурав.
Ханхүү аймшигт зүйл болсноос хойш ямар ч үг хэлээгүй болохоор түүнтэй ярилцаж
зүрхэлсэнгүй. Санса эхэндээ Хатагтайд хийсэн зүйлийнх нь төлөө түүнийг үзэн ядаж байсан
ч уйлж дууссан хойно өөртөө Жоффрей үүнд буруугүй гэж хэлжээ. Хатан үүнийг хийсэн
болохоор тэр түүнийг болон Аръяаг үзэн ядаж байлаа. Хэрвээ Аръяа байгаагүй бол ямар ч
муу явдал тохиолдохгүй байсан.

Тэр өнөө шөнө Жоффрейг үзэн ядсангүй. Тэр үзэн ядахад хэтэрхий үзэсгэлэнтэй байлаа.
Бараан өнгийн гүн цэнхэр хүрмэн дээр нь арслангын толгой бүхий хоёр эгнээ гялалзсан
алтан товч ярайж, индраанил шигтгээтэй нарийхан алтан титэм өмсчээ. Түүний үс алт шиг
гялалзаж байлаа. Санса түүн рүү чичирэн харж тоохгүй байх юм уу эсвэл үүнээс ч дор үзэн
ядсандаа ширээнээс уйлуулан хөөх байх гэж эмээв.

Гэвч Жоффрей оронд нь дуунд гардаг ямар ч үзэсгэлэнтэй ханхүүгээс илүү инээмсэглэн
эелдэгээр гарыг нь үнсээд,

- Сэр Лорас гоо сайхныг ойлгодог нүдтэй юм, хатагтай гэлээ.


- Тэр надад дэндүү эелдэг хандсан гээд Санса тайван даруухан байхыг хичээсэн ч зүрх нь
баясан дуулж байлаа. - Сэр Лорас бол жинхэнэ хүлэг баатар. Та түүнийг маргааш ялна гэж
бодож байна уу, эрхэм дээдэс ээ?

- Үгүй. Түүний учрыг миний нохой юмуу нагац ах Жэйми хоёрын нэг нь олж дөнгөнө. Харин
хэдэн жилийн дараа би насанд хүрч тэмцээнд оролцохоороо тэднийг бүгдийг дийлнэ гээд гар
занган зарц дуудаж домботой хүйтэн зуны дарс авчруулаад аяганд нь дүүргэв. Санса септа
Мордэйн руу түгшин харсан ч Жоффрей бөхийн септагийн аягыг дүүргэхэд толгой дохин
эелдэгээр талархал илэрхийлээд өөр үг хэлсэнгүй.

Зарц нар шөнийн турш хундага дүүргэж байсан ч Санса дарсны амт ямар болохыг
мэдэрсэнгүй. Түүнд дарс хэрэггүй байлаа. Тэр шөнөжингөө бүхий л амьдралын турш
нууцхан мөрөөдсөн ид шид ууж хээнцэр тансаг байдалд толгой нь эргэжээ. Дуучид хааны
асрын өмнө суугаад бүрэнхийд хөгжмийн ая эгшиглэнэ. Жүжигчид галтай бамбараар агаарт
жонглёрдон, хааны хувийн тэнэг бялуун нүүртэй Сарны хүү урт модон хөлөн дээр бүжиглэж
бүгдийг хэрцгийгээр шоолоход Санса түүнийг энэ бүхний дараа зүгээр өнгөрөх эсэхийг
гайхлаа. Септа Мордэйн хүртэл түүний өмнө тэсч чадсангүй. Өндөр дээд септоны тухай
элэглэн дуулахад элгээ хөштөл инээн дарсаа энгэр лүүгээ асгав.

Жоеффрей гайхмаар дур булаам эелдэг байлаа. Тэр Сансатай шөнөжингөө ярилцан,
магтаалын үгээр булж, түүнийг инээлгэн, ордны бага сага хов живнээс хуваалцаж, Сарны
хүүгийн наргианыг тайлбарлав. Санса үүнд уусан автсандаа болоод эелдэг ёсыг умартан зүүн
талдаа суусан септа Мордэйнийг хайхарсангүй.

Энэ зуур хоол зөөсөөр байв. Ангийн махтай арвайн өтгөн шөл. Амтат өвс, бууцай чавгаар
хачирлаж нухсан самар цацсан зууш. Бал сармисаар амталсан эмгэн хумс. Санса урьд нь хэзээ
ч эмгэн хумс идэж байсангүй. Жофррей түүнд хэрхэн эмгэн хумыг дунгаас нь шахан гаргахыг
үзүүлээд амтат зөөлөн хэсгээр нь дайлав. Тэгтэл голоос саяхан барин шаварт жигнэсэн хулд
загас ирэхэд, ханхүү хэврэгхэн нэвсийг хэрхэн онгойлгож цагаан мах гаргаж авахад туслав.
Араас нь махан хоолнууд ирэхэд хатан хааны өмнөх хөлийн үе махнаас гайхалтай сайхан
зүсэм аваад тавган дээр инээмсэглэн тавьж өглөө. Шархадсан баруун гар нь хөндүүрлэн
хөдөлгөхөд бэрхтэй байсан ч гомдлын үг дурссангүй.

Дараа нь амттан ирж тагтааны махан бялуу, жигнэсэн алим, анхилуун үнэрт шанцай болон
чихрээр амталсан зүржийн бялуу ирэхэд Санса хэдийн цадсан учир хамгийн дуртай зүржийн
бялуунаас хоёр жаахан зүсэм арай ядан идлээ. Тэр гурав дахь зүсмээ идвэл юу болох талаар
гайхширтал хааны хашгирах чимээ гарав.

Роберт хааны дуу бүгдээс чанга байлаа. Санса үе үе түүний инээж хөхрөн, хөгжим зогсоохыг
хашгиран тушаал өгөх, аяга таваг хангинуулан хоол идэхийг харсан ч дэндүү хол байсан
болохоор үг нь сонсогдсонгүй.

Одоо бүгд түүний үгийг сонсов.

- Үгүй! гэж тэр бүгдийн хоолойг дарж нүргэлүүлэв. Санса хааныг хүрэн улаан царайтай
найган босохыг хараад хараад өөрийн эрхгүй цочирдов. Гартаа хундага бариад хэдийн
согтжээ.

- Чи надад юу хийхийг зааж болохгүй, эмэгтэй минь. Намайг эндхийн хаан болохыг ойлгож
байна уу? Би хаант улсыг захирч байгаа болохоор маргааш халз тулаанд оролцоно гэж хэлж
байна. Би тулалдах болно! гэж хатан хаан Серсей рүү хандан хашгирлаа.

Бүгд алмайран тэдэн рүү ширтэв. Санса сэр Барристан, хааны дүү Рэнли, үсэнд нь хүрч
хачирхалтай ярьж байсан намхан хүнийг харсан ч тэдний хэн ч хөдөлсөнгүй. Хатан хааны
царай баг өмссөн юм шиг цусгүй цайж цасан баримал аятай болжээ. Тэр ширээнээс
чимээгүйхэн босоод банзлын хормойгоо сэрчигнүүлэн эргэхэд араас нь зарц нар дагав.

Жэйми Ланнистер хааны мөрөн дээр гар тавьсан ч хаан хүчтэй түлхэхэд бүдэрч уналаа. Хаан
паржигнатал хөхрөв.

- Агуу хүлэг баатар минь. Би чамайг шаварт унатал цохих хүчтэй байна шүү. Хааны алуурч
минь үүнийг санаж яваарай. Надад зөвхөн алх өгвөл хаант улс даяар миний өмнө зогсох хүн
байхгүй! гээд цээжээ үнэт чулуун цомоор дэлдэхэд дарс хувцас руу нь цацагдлаа.

Жэйми Ланнистер босож хувцсаа гөвлөө.

- Таны тааллаар болог, эрхэм дээдсээ гэж хүйтнээр хэлэв.

Лорд Рэнли урагш алхан инээмсэглэлээ.

- Чи бүх дарсаа асгачихаж, Роберт. Алив би чамд шинэ хундагатайг өгье.

Жоффрей гэнэтхэн гараа алган дээр нь тавьсанд Санса цочлоо.

- Дэндүү оройтож. Чамд шилтгээн руу эргэж хүрэхэд дагуул хэрэгтэй юу? гэж царай нь
хачирхалтай хувиран түүн рүү харалгүй асуулаа.

- Үгүй гэж Санса хэлээд септа Мордэйн рүү хартал толгойгоо ширээн дээр тавиад хатагтай
ёсоор зөөлөн хухирч байв.

- Би юу хэлэх гэсэн юм бэ гэвэл... тиймээ, баярлалаа энэ үнэхээрийн эелдэг хэрэг байна. Би
ядарч бас зам харанхуй болсон байна. Хамгаалттай явахыг дуртайяа зөвшөөрье гэхэд
Жоффрей,

- Нохой! гэж дуудлаа.

Сандор Клеган харанхуйгаас гарч ирэх мэт агшин зуур гарч ирлээ. Тэр хуяг дуулгаа сольж
цээжин дээрээ ширэн нохойн толгой хатгамласан улаан ноосон цамц өмсчээ. Бамбарын
гэрэлд түлэгдсэн царай нь улаан өнгөөр хүрэнтэнэ.

- За, эрхэм дээдсээ?

- Миний сүйт бүсгүйг цайзад хүргэж өгч нэг ч зүйл тохиолдохгүй байх талаар санаа тавиарай
гэж ханхүү ширүүн хэлэв. Ингээд салах ёсны ганц ч үг хэлэлгүй Жофррей түүнээс салж
явлаа.

Санса Хоточын цоо ширтэхийг мэдрэв.

- Чи Жоффрэйг өөрөө хүргэж өгнө гэж бодсон уу? Өчүүхэн олдох боломж доо гээд нүхэнд
хоригдсон нохой архирч байгаа аятай инээснээ эсэргүүцэхийн завдалгүй татаж босгоод,

- Явъя, унтах хэрэгтэй хүн зөвхөн ганц чи биш. Би дэндүү их уусан болохоор маргааш ахыгаа
алж ч магадгүй гээд ахин паржигнатал инээлээ.

Санса гэнэтхэн айдаст автан септа Мордэйний мөр лүү ёврон сэрээхийг хичээсэн ч хариуд нь
улам чанга хурхирав. Роберт хаан бүдэчсээр гарахад сандлын хагас агшин зуур хоосорлоо.
Найр өндөрлөж гайхамшигтай зүүд эцэс болжээ.

Хоточ бамбар асаан замаа гэрэлтүүлэв. Санса дэргэд нь ойрхон дагалаа. Өө сэвтэй чулуурхаг
газар гэрлийн дүрс шилжин хөдөлнө. Санса бүдрэхгүйг хичээн доошоо харж явлаа. Тэд
гаднаа туг дэрвүүлэн, хуяг дуулга өлгөсөн асруудын хажуугаар өнгөрөхөд алхам тутам нам
гүм ноёрхов. Санса түүнийг харахаас айж байсан ч эелдэг ёсыг баримтлахгүй байж
чадсангүй. "Жинхэнэ хатагтай түүний царайг хараагүй юм шиг байх ёстой" гэж өөртөө хэлэв.

- Та өнөөдөр эрэлхэг зоригтой байсан, сэр.

Сандор Клеган түүн рүү архиран харлаа.

- Намайг наад “сэр” гэсэн хоосон магтаалын үгнээсээ хол байлгаж үз, охин минь... Би хүлэг
баатар биш. Тэдний андгай тангарагыг нулимах байна. Харин миний ах хүлэг баатар. Чи
өнөөдөр түүний хэрхэн мордохыг харсан биз дээ?

- Тиймээ, тэр... гэж Санса чичирэн хэллээ.

- Эрэлхэг зоригтой байсан гэж үү? хэмээн Хоточ яриаг нь дуусгахад Санса даажигнасныг нь
ойлгоод,

- Хэн ч түүний эсрэг сөрөн зогсож чадаагүй гэж эцэст нь бардам хэллээ. Энэ нь худал
байсангүй.

Сандор Клеган гэнэтхэн харанхуй хоосон талбайн дунд зогслоо. Санса дэргэд нь зогсохоос
өөр арга байсангүй.

- Чамайг септа чинь сайн сургажээ. Чи Зуны арлуудаас ирсэн шувуудтай адилхан юм тийм
үү? Жижигхэн хөөрхөн заасан бүхнийг сураад давтдаг шувуу.

- Энэ чинь эелдэг бус хэрэг байна шүү дээ. Та намайг айлгаад байна. Би явахыг хүсч байна
гээд Сансагын зүрх хүчтэй дэлслээ.

- Хэн ч түүний эсрэг сөрөн зогсож чадаагүй гэж Хоточ сөөнгөтөв.


- Наадахь чинь үнэн. Хэн ч Грегорын эсрэг зогсож чадахгүй. Тэр хоёр дахь өрсөлдөгч байсан
хүүгийн хувьд ямар сайн зүйл хийсэн гээч. Чи түүнийг харсан биз дээ? Хөөрхий тэнэг хүү.
Ямар юмаа хийж ийм тэмцээнд оролцдог байна. Мөнгө ч байхгүй, хиа ч үгүй хуяг дуулгаа
өмсөхөд туслах хүн байхгүй. Хүзүүнийхээ хамгаалалтыг буруу товчилсон байсан. Чи үүнийг
Грегор анзаараагүй гэж бодож байна уу? Эсвэл сэр Грегорийн жадны үзүүр санамсаргүй
өргөгдсөн гэж бодож байна уу? Хөөрхөн бяцхан ярьдаг охин минь хэрвээ чи үүнд итгэж
байгаа бол жинхэнэ хоосон толгойтой шувуу байна даа. Грегорийн жадны үзүүр Грегорийн
хүссэн зүгт явдаг юм. Над руу хар. Над руу хар гэж байна шүү! гээд Сандор Клеган том
гараараа эрүүнээс нь базан дээшлүүлээд урд нь явган суун бамбараа ойртуулаа.

- Чи хангалттай хөөрхөн юм. Сайн удаан хар. Мэдэхийг хүсч л байгаа биз дээ. Би чамайг
Хааны замын турш үргэлж нүүр буруулан явахыг чинь харсан. Түүнийгээ нулимж орхи.
Анхааралтай хар.

Түүний хуруу эрүүг нь төмөр бахь шиг хавчиж нүд салгалгүй цоо ширтэв. Согтуу уур
хилэнгээр дүүрэн баргар нүд байлаа. Санса хэлсэн ёсоор нь харлаа.

Царайных нь баруун тал хатангаршиж шанааны яс ёрдойн, хүнд хөмсгөн дор саарал нүдтэй
байлаа. Хамар нь махир, үс нь шингэн хар ажээ. Клеган урт үсээ нэг тал руу нь самнасан
бөгөөд учир нь царайны нөгөө талд нь юу ч ургаагүй байв.

Царайны зүүн тал нь бүхэлдээ зэрэмдэглэгджээ. Чих нь түлэгдэж хайлан хоосон нүх үлдэж,
нүд нь хэвээр байсан ч эргэн тойрных нь арьс могой шиг мушгиралдан сорви тогтож, арьс нь
шир шиг харлан гөлийгөөд галт уулын тогоо шиг ан цав үүсэн үүсэн хөдлөх тоолон гүнд
улаан нойтон зүйл гялсхийх шиг болно. Эрүүний доод хэсэгт бие байсан хэсэгт яс гүрвэлзэн
хөдөлж байлаа.

Санса уйллаа. Сандор түүнийг тавиад бамбараа газар чулуудав.

- Үүний тухайд ямар ч элэгсэг үг байхгүй юу, охин минь? Септа чинь чамд ямар нэг магтаал
зааж өгөөгүй юу? гээд хариу хүлээснээ гарсангүйд үргэлжлүүлэн,

- Олон хүмүүс намайг дайн тулаанд шархдан, шатаж байгаа цамхагт бүслэгдэх юм уу, дайсан
минь бамбартай байсан гэлцдэг юм. Нэг тэнэг нь бүр лууны галын тухай асуусан гээч гээд
зөөлнөөр гашуун инээж,

- Би энэ юу байсан болохыг чамд хэлье охин минь гэж сөөнгөтөөд хоолой нь ойртоход
амьсгалаас нь дарсны эхүүн үнэр ханхлав.

- Би чамаас залуу зургаа юм уу долоотой байсан байх. Тосгонд дэлгүүр нээх гэж байсан
сийлбэрчин манай цайзад ирээд бидэнд бэлэг өгсөн юм. Хөгшин гайхамшигтай тоглоом
хийдэг байв. Би тэгэхэд юу авснаа санахгүй байгаа ч Грегорийн бэлгийг авахыг хүсч байсан
юм. Өнгөөр ялган будсан модон хүлэг баатар үе мөч болгоныг нь утсаар татан хөдөлгөж
болох учир түүгээр тулалдаж болно. Грегор надаас таван насаар ах тоглоом түүний хувьд юу
ч биш байсан. Хэдийн хиа болоод зургаан фут өндөр бух шиг булчинлаг биетэй байлаа.
Иймээс би хүлэг баатрыг нь авсан ч тоглоом болоогүй. Миний эмээсэн ёсоор тэр намайг
барьж авсан. Энэ зуухтай өрөө байлаа. Грегор үг дуугүй намайг гараас минь чирч нүүрээр
минь улайссан цог руу дарахад би хашгираад л байсан. Чи түүний хичнээн хүчирхэг болохыг
харсан биз дээ. Тэгэхэд нас бие гүйцсэн гурван хүн нийлж байж түүнийг надаас холдуулсан
юм. Септонууд долоон тамын тухай сургаал айлддаг. Тэд юугаа мэдэх юм бэ? Зөвхөн
түлэгдсэн хүн л жинхэнэ там юу болохыг мэднэ.

- Эцэг минь бүгдэд унтлагын өрөөнд гал гарч түлэгдсэн гэж хэлээд мастер шарханд минь тос
түрхсэн. Тос шүү дээ! Грегор бас өөрийн тосоо хүртсэн. Дөрвөн жилийн дараа түүнийг
долоон тосоор адислаж хүлэг баатрын амлалт өгөхөд Рэйгэр Таргарин мөрөн дээр нь цохиж,

- Сэр Грегор бос гэсэн юм даа.

Сөөнгө хоолой нам гүм боллоо. Тэр урд нь чимээгүй явган суугаад том хар дүрс харанхуйд
лүглийж байвч харцаа буруулжээ. Санс түүний түргэн амьсгаадахыг сонсов. Тэр Сандорт
харамсалтай байна гэж хэлэхийг хүсэв. Айдас нь яагаад ч юм үгүй болжээ.

Нам гүм удтал үргэлжилэхэд ахин эмээж эхэлсэн ч одоо өөрийнхөө төлөө биш түүний төлөө
байлаа. Санса том мөрөнд нь гараа хүргэлээ.

- Тэр жинхэнэ хүлэг баатар биш гэж шивнэв.

Хоточ түүн рүү толгойгоо эргүүлээд хөхрөв. Санса бүдчин ухарсан ч гараас нь барьж авлаа.

- Чиний зөв. Бяцхан шувуухай минь. Тэр бол жинхэнэ хүлэг баатар биш

Хот хүртэл үлдсэн замыг туулахад Сандор Клеган нэг ч үг дуугарсангүй. Тэр тэрэг нь хүлээж
буй газар хүрээд Улаан шилтгээнд хүргэхийг тушаан араас нь авирлаа. Тэд Хааны хаалгаар
чимээгүй орж бамбарын гэрэлтэй хотын гудамжаар явлаа. Тэр шилтгээний арын хаалга руу
онгойлгон Сансаг дотогш оруулахдаа түлэгдсэн царай нь таталдан нүд нь бодлогоширонгуй
байв. Шатаар араас нь өгслөө. Ингээд хонгилийн бүх замыг аюулгүй туулсаны эцэст
өрөөнийх нь гадаа хүрэв.

- Баярлалаа, эрхэм лорд гэж Санса шивнэлээ.

Хоточ түүний гараас барин бөхийн ойртов.

- Өнөө шөнө миний чамд хэлсэн зүйлийг Жоффрейд юм уу... дүүдээ эсвэл эцэгтээ юмуу өөр
хэн нэгэнд хэлэх аваас гэж ердийнхөөс бүдүүлэг хоолойгоор хэлэв.

- Хэлэхгүй. Амалж байна гэж Санса шивнэлээ.

Гэвч энэ хангалттай болсонгүй.

- Хэрвээ өөр хэн нэгэнд хэлэх аваас би чамайг алах болно гэж дуусгалаа.
ЭДДАРД

- Би түүнтэй салах ёс гүйцэх ёслолд өөрийн биеэр оролцоно. Түүнд энд хэн ч байхгүй.
Хөндийд ээж нь үлдсэн гэж ярьцгааж байна лээ хэмээн сэр Барристан Сэлми тэднийг тэргэн
дээр хэвтэж байсан биеийг харах үед хэллээ.

Үүрийн бүүдгэр туяанд залуу хүлэг баатар унтаж буй мэт харагдана. Төдийлөн царайлаг бус ч
үхэл ширүүн төрхийг нь зөөллөж чимээгүй эгч дүүс хамгийн сайн хилэн хувцсыг нь өмсгөн
өндөр захаар жаданд сүлбэгдсэн ормыг далдалжээ. Эддард Старк царай луу ширтэн хүү
түүнээс болж үхсэн эсэхийг гайхширлаа. Ланнистерийн тугчин түүнийг Нэдтэй ярилцаж
амжихаас нь өмнө алсан билээ. Эсвэл үнэхээр золгүй тохиолдол байв уу? Тэр хэзээ ч энэ
тухай мэдэхгүй юм.

- Хью дөрвөн жилийн турш Жон Арриний хиа байсан. Хаан түүнийг умард зүг рүү мордохын
өмнө Жоны дурсгалыг хүндэтгэн хүлэг баатар болгосон. Залуу үүнийг цөхөртлөө хүсч байсан
ч бэлэн болоогүй байсан гэж айж байна гэж Сэлми хэлэхэд Нэд өнгөрсөн шөнө муу унтсан
болохоор зүдрэхээ мэдрэв.

- Бидний хэн ч бэлэн болоогүй.

- Хүлэг баатар болоход уу?

- Үхэлд гээд Нэд хүүг цусанд будагдсан хавирган саран эмжээртэй нөмрөгөөр нь зөөлөн
далдалж "эх нь хүүгээ яагаад үхсэнйг асуувал хааны Гар Эддард Старкад зориулсан
хүндэтгэлийн тэмцээнд үхсэн гэж хэлэх байхдаа" хэмээн гашуунаар бодоод тэргэний дэргэд
байсан саарал хувцастай нүднээсээ бусдыг далдалсан эмэгтэй рүү эргэв. Чимээгүй эгч дүүс
хүнийг гашуудлын замд бэлтгэхдээ үхэлд царайгаа харуулах нь муу ёр гэж үздэг байлаа.

- Түүний хуяг дуулгыг Хөндийн гэр лүү нь илгээгээрэй. Эх нь түүнийг авахыг хүсэх байх.

- Хуяг хэдэн мөнгөн зоос хүрнэ. Хүү үүнийг тэмцээнд зориулан онцгойлон хийлгэсэн юм.
Энгийн хэдий ч сайн болжээ. Би түүнийг дарханд захиалсан хөлсөө төлж амжсан эсэхийг ч
мэдэхгүй байна гэж сэр Барристан хэлэв.

- Тэр өчигдөр төлсөн. Хангалттай төлсөн гээд Нэд чимээгүй эгч дүүсэд хандан,

- Хуяг дуулгыг нь ээжид нь илгээгээрэй. Би зэвсгийн дархантай нь учраа олно гэхэд толгой
бөхийлгөв.

Үүний дараа Нэд сэр Барристаны хамт хааны асар луу явлаа. Буудал хөдөлгөөн ороод
эхэлжээ. Түүдэг гал дээр тарган зайдас шаржигнаж агаарт сармис, халуун ногооны үнэр
ханхийнэ. Залуухан хианууд яаран зарлаганд гүйхэд эзэд нь эвшээж суниалган өдрийг угтаж
байв. Гартаа галуу барьсан зарц тэднийг хармагц өвдөг сөгдөн,

- Эрхэм лордуудаа гэж бувтнахад галуу чарлан хурууг нь тоншив.


Майхан бүрийн гадаа хэнийх болохыг нь сонордуулсан бамбай тавьжээ. Сигардын мөнгөн
бүргэд, Брайс Кароны алтан гургалдай, Рэдвайны усан үзмийн хонхорцог, судалтай бодон,
улаан бух, шатаж буй мод, цагаан хуц, гурвалсан мушгиа, хүрэн улаан ганц эвэрт, бүжиглэж
буй бүсгүй, хар хорт могой, ихэр цамхаг, эвэрт ууль эцэст нь хааны хамгаалагчын бэлэг
тэмдэг болсон цасан цагаан бамбай үүрийн туяанд гялалзаж байлаа.

- Хаан өнөөдрийн халз тулалдаанд оролцох гэж байгаа гэж сэр Барристан сэр Мэриний
бамбайг өнгөрөх зуураа хэлэв. Лорас хүлэг баатрыг мориноос унагахад жадны ормоор
бамбайд гүнзгий нүх үлджээ.

- Тиймээ гэж Нэд баргар хэллээ. Жори түүнийг өнгөрсөн шөнө сэрээж энэ мэдээг дуулгасан
болохоор ийм муу унтсан гэхэд гайхах явдалгүй байв.

Сэр Барристан сэтгэл түгшин ширтэж,

- Шөнийн үзэсгэлэн үүрээр бөхөж, дарсны хүүхдүүд өглөөний гэрэлд хамаагүй гэдэг үг бий
дээ гэхэд,

- Тиймээ тэгж ярьдаг гэж Нэд зөвшөөрөөд,

- Гэхдээ энэ Робертод хамаагүй гэлээ.

Өөр хүн байсан бол согтуу үедээ хашгирсан үгнийхээ талаар эргэн бодох байсан ч Роберт
Баратеон үүнийгээ санахаас бус хэзээ ч үгнээсээ буцахгүй хүн билээ.

Хааны асар голын ойролцоо байрлаж байсан бөгөөд өглөөний саарал мананд хучигджээ. Энэ
нь алтан торгоор хийсэн буудлын хамгийн том асар байв. Гадна үүдэнд нь Робертийн дайны
алхыг, Баратеон овгийн титэмт буга дүрсэлсэн төмөр бамбайн хамт тавьжээ.

Нэд хааныг уусан дарсандаа согтоод нам унтаж байгаа байх гэж найдсан ч аз тохиосонгүй.
Роберт хэдийн босоод толигор эврээр шар айраг уун давтмал хуягыг нь өмсүүлэхээр оролдож
буй хоёр залуу хиа руу уцаарлан хашгирч байлаа.

- Эрхэм дээдсээ хуяг дэндүү бага болохоор таньд багтахгүй байна гэж нэг нь нулимс унагах
шахам хэлээд хүзүүний хамгаалалтыг лухгар хүзүүнд нь углахыг оролдсон ч газар уналаа.

- Долоон там минь! гэж Роберт хараав.

- Би үнэхээр үүнийг өөрөө хийх болж байна уу? Та хоёр чөтгөр лүүгээ тонилоосой. Дээш нь
ав. Лансел гөлрөөд байх явдалгүй дээш нь ав гэхэд залуу яаран ухасхийж хаан тэднийг
ажиглав.

- Энэ тэнэгүүдийг хараач, Нэд. Миний эхнэр энэ хоёрыг хиа болгон авахаар шаадсан байхад
ямар ч ашиггүй үл бүтэх амьтад. Хүний хуяг дуулгыг ч зохистой өмсүүлж чадахгүй шүү.
Хианууд гээд байгаа юмаа. Харин би тэднийг торгон хувцастай гахай маллагч гэх байна.

Нэд ганц хараад асуудлын учир юу болохыг ойлгов.


- Эдгээр хөвгүүдийн буруу биш шүү дээ. Чи хуягандаа багтахааргүй хэт таргалж, Роберт.

Роберт Баратеон шар айрагнаас том балган эврээ хоосолж унтлагын ор луугаа шидээд амаа
гарынхаа араар арчиж,

- Тарган гэнэ ээ? Намайг таргалсан гэсэн үү? Чи хаантай яаж ярьж байгаа чинь энэ вэ? гээд
гэнэтийн шуурга адил тачигнатал хөхөрлөө.

- Ай хараал идээсэй чамайг, Нэд. Яагаад үргэлж чиний зөв байдаг юм бол?

Хианууд хаан руу зовонгуй инээмсэглэв.

- Та нар. Тиймээ, та хоёр. Гарын үгийг сонсов уу? Хаан хуягандаа багтахааргүй хэт таргалж
гэнэ. Явж сэр Арон Сантагарыг хайж ол. Надад арай өргөн цээж хуяг хэрэгтэй байна гэж
хэлээрэй. Алив ээ, яг одоо! Юугаа хүлээгээд байгаа хэрэг вэ?

Хөвгүүд нэг нэгнийхээ араас дэрхийн майхнаас яаран гүйж гарлаа. Роберт тэднийг гарах
хүртэл ширүүн царайлсан хэвээр байв. Тэгснээ эргэн сандал дээр унаад чичирэн хөхрөв.

Сэр Барристан Сэлми түүнтэй цуг инээхэд, Эддард хүртэл мушийлаа. Гэвч бараан бодол
төрөхгүй байж чадсангүй. Хианууд царайлаг цайвар үстэй сайн хувцастай хөвгүүд ажээ. Нэг
нь Сансагын насны урт алтан буржгар үстэй, нөгөө нь арван тав орчим настай шаргал үс,
жирэвгэр сахал хатан хаан шиг маргад ногоон нүдтэй байлаа.

- Ай даа Сантагарын царайг харах юмсан. Тэднийг өөр хүн лүү илгээх ухаан байгаа гэж
найдна. Бид тэднийг өдөржин хоорондоо гүйлгэж болох юм! гэж Роберт хэлэв.

- Эдгээр хөвгүүд Ланнистерийнх уу? гэж Нэд асуухад Роберт толгой дохиод нулимсаа арчив.

- Үеэлүүд нь байгаа юм. Лорд Тайваны ахынх нь хөвгүүд. Нэг нь нас барсан нөгөө нь амьд
байгаа ч бил үү санахгүй байна. Миний эхнэрийн дэндүү том гэр бүлээс гаралтай шүү, Нэд.

"Дэндүү эрх мэдэл хөөцөлдөгч гэр бүл" гэж Нэд бодлоо. Түүнд хаиануудын тухай хэлэх үг
байгаагүй боловч Роберт өдөр шөнөгүй хатан хааны төрөл төрөгсдөөр хүрээлүүлсэн байхыг
хараад түгших сэтгэл төрөв. Ланнистерийнханы шунал хэлхээ холбоонд хязгаар байхгүй
бололтой.

- Өнгөрсөн шөнө хатан та хоёр маргалдсан гэсэн гэхэд Робертийн нүүрэн дэх инээмсэглэл
агшин зуур арилав.

- Тэр эмэгтэй намайг халз тулаанд орохыг хориглохыг оролдсон. Одоо шилтгээнд муухай
ааштай сууж байгаа хараал идээсэй. Чиний эгч намайг хэзээ ч ийм ичгүүртэй байдалд
оруулахгүй байлаа.

- Чи Лианнагийн юу хийх байсныг миний адил мэдэхгүй. Чи түүнийг үзэсгэлэн гоог


харснаас бус доторх төмрийг нь хараагүй. Тэр чамд нийтийн халз тулаан хамаагүй гэж хэлэх
байсан даа.
- Чи ч гэсэн үү? гээд хаан хөмсөг зангидлаа.

- Чи гашуун хүн юм, Старк. Умардад хэтэрхий удсан болохоор доторх бүх шим шүүс чинь
хөлдчихөж. Харин минийх бол буцалсан хэвээр шүү гээд цээжээ алгадан баталж үзүүлэв.

- Чи хаан шүү дээ гэж Нэд сануулав.

- Би энэ хараал идсэн төмөр суудалд суух ёстой учраас сууж байна. Үнэхээр бусад хүнтэй
адилхан зүйл хүсэж болохгүй юу? Ахиад жаахан дарс уух юм бол, охидыг оронд нь чарлуулж,
хөлийн хоорондоо морь байхыг мэдэрмээр байна. Долоон там гэж Нэд. Би хэн нэгнийг
цохихыг хүсч байна гэхэд,

- Эрхэм дээдсээ. Хаан халз тулаанд оролцож болохгүй. Өрсөлдөөн шударга бус болно. Хэн
таныг дайрч зүрхлэх юм бэ? гэж сэр Барристан Сэлми хэлэв.

Роберт үнэнээсээ гайхан балмагдав.

- Яагаад тэдний хэн ч хамаагүй чадна хараал ид гэж. Тэд чадна. Тэгээд ч хамгийн сүүлд
босоо үлдсэн хүн...

- Чи байх болно гэж Нэд дуусгав. Тэр даруйхан Сэлмигийн үгийн утгыг ойлголоо. Халз
тулааны аюул Робертийн аагийг хөдөлгөж байсан бол энэ бахархалыг нь хөндлөө.

- Сэр Барристаны зөв. Долоон ханлигт чиний эсрэг гар өргөж зүрхлэх хүн байхгүй гэхэд
хааны царай мэнчийн босож ирлээ.

- Та хоёр намайг эдгээр хулчгарууд ялуулна гэх гээ юу?

- Гарцаагүй гээд Нэд хэлэхд сэр Барристан Сэлми зөвшөөрөн толгой дохив.

Роберт агшин зуур хэт уурласандаа үг дуугарч чадсангүй. Тэр майхан дундуур булан хүртэл
алхаад огцом эргэхэд царай нь хүрлийн уцаараар дүүрэн байв. Газар хэвтэж байсан цээж
хуягыг Барристан руу чулуудан уураа гаргав. Сэлми бултлаа.

- Эндээс зайл. Намайг алахаас өмнө одоохон гар гэж хаан хүйтнээр хэлэв.

Сэр Барристан бушуухан гарлаа. Нэд түүний араас дагах гэсэн ч хаан дуудав.

- Чи биш шүү, Нэд.

Нэд эргэлээ. Роберт эврээ ахин авч буланд байсан торхтой шар айрагнаас дүүргээд Нэдэд
сунгаж,

- Уу гэж зандрав.

- Би цангаагүй байна.
- Уу гэж байна шүү. Хаан чинь тушааж байна.

Нэд эврийг аваад уулаа. Өтгөн хар нүдний нулимс гарахаар хатуу шар айраг байлаа.

Роберт ахин доош суув.

- Хараал идээсэй чамайг, Нэд Старк. Жон Аррин та хоёрт би хайртай байсан. Тэгтэл үүний
төлөө надад яаж хандаж байна? Ер нь Жон та хоёрын нэг нь хаан болох ёстой байсан юм.

- Таньд хамаагүй эрх байсан шүү дээ, эрхэм дээдсээ.

- Би чамайг уу гэж хэлсэн болохоос биш марга гээгүй. Чи намайг хаанаар өргөмжилсөн
болохоор ярьж байхад минь эелдэгээр сонсож байх ёстой, хараал идмэр гэж. Над руу хар,
Нэд. Хаанчлал ямар болгосныг харж байна уу? Бурхан минь хуягандаа багтахааргүй таргалсан
байна. Энэ бүхэн яаж болсон хэрэг вэ?

- Роберт...

- Уугаад хааныг ярьж байхад чимээгүй суу. Би чамд хэзээ ч хаан ширээ эзэлж байсан үеийнх
шигээ амьд юмуу одоо эзэлснээс хойшхи үеийнх шигээ үхсэн байгаагүй гэж тангараглах
байна. Бас Серсей... Жон Арринд түүний төлөө талархая. Би Лианнагаас хойш хэнтэй ч
гэрлэхийг хүсээгүй ч Жон хаант улсад залгамжлагч хэрэгтэй гээд Серсей Ланнистер үүнд
тохирно гэж ятгасан юм. Тэр Висерис Таргарин эцгийнхээ суудлыг эргэн авахыг оролдох үед
лорд Тайвинтай тогтоосон хэлхээ холбоо хэрэг болно гэсэн гээд толгой сэгсэрч,

- Би энэ хөгшинд хайртай хэдий ч харин одоо Сарны хүүгээс тэнэг гэж бодож байгаагаа
нуухгүй. Тийм л дээ Серсей харахад үзэсгэлэнтэй ч үнэндээ бол хүйтэн... Хөлнийхөө
хооронд Кастерли Рокийн бүх алтыг нуусан юм шиг хормойгоо цагддаг гээч. Алив наад шар
айргаа уухгүй бол өгөөдөх гээд эврийг хоосолсноо хэхрэн амаа арчиж,

- Чиний охин хувьд намайг уучлаарай. Үнэнээсээ шүү. Чонын тухай гэх гэсэн юм. Миний хүү
худал хэлснийг би мэдсэн. Миний хүү... чи хүүхдүүдээ хайртай биз дээ?

- Бүхий л сэтгэл зүрхээрээ гэж Нэд хэллээ.

- Би чамд нэг нууц дэлгэе. Би олон удаа хааны титмээс татгалзахыг мөрөөдөж байлаа. Чөлөөт
хотод очиж онгоц алх, дайны хүлэгтэйгээ суугаад бүхий л цагаа наргиж цэнгэн хүүхэндэж
өнгөрөөх байсан. Хөлсний цэргийн хаан гээд дуучид надад хичнээн хайртай байх байсан
гээч. Чи намайг юу зогсоосныг мэдэх үү? Жоффрей хаан ширээнд суухад Серсей түүний ард
зогсоод чихэнд нь шивнэж байгаа бодол. Миний хүү шүү дээ. Би ийм хүүг яах болж байна,
Нэд?

- Тэр ердөө хүүхэд шүү дээ гэж Нэд эвгүйцэн хэлэв. Тэр ханхүү Жоффрейд дургүй ч
Робертийн хоолой дахь шаналсан өнгийг сонсчээ. - Эсвэл чи биднийг түүний насан дээр
байхдаа хичнээн галзуу байсныг мартчихаа юу?

- Хүү галзуу байсан бол би ингэтлээ түгшихгүй байсан. Чи түүнийг над шиг мэдэхгүй байна
гээд санаа алдан толгой сэгсэрч,

- Магадгүй чиний зөв ч байж болох юм. Жон надад хамаг цөхөрлөө барсан ч өсч том болоод
сайн хаан болсон гээд чимээгүй байгаа Нэд рүү хөмсөг зангидан харж,

- Чамайг одоо ярьж болно гэж зөвшөөрлөө гэв.

- Эрхэм дээдсээ... хэмээн Нэд болгоомжтой эхлэв.

Роберт Нэдийн нуруу луу алгадлаа.

- За зүгээр л намайг Эйрисээс сайн хаан гэж хэлээд энэ бүхнийг дуусгая. Чи хэзээ ч алдар
нэр, хайрын төлөө байсан ч худал хэлж чадахгүй, Нэд Старк. Би бас л залуугаараа одоо чи
миний дэргэд ахин байгаа болохоор бүх зүйл өөр болно. Бид хаант улсыг захиран хараал
идсэн Ланнистерийнханыг долоон там руу нь тонилгоно. Гахайн мах үнэртэж байх чинь.
Ингэхэд чи өнөөдөр тэмцээнд хэн ялна гэж бодож байна? Мэйс Тайреллийн хүүг харсан уу?
Түүнийг цэцэгт хүлэг баатар гэж дуудаг болоод байгаа. Ийм хүүтэй ямар ч эцэг бахархах биз.
Өнгөрсөн тэмцээн дээр тэр хааны алуурчыг алтан өгзөгөөр нь шороонд хутгахад Серсейгийн
царай ямар болсныг чи харсан ч болоостой. Би элгээ хөштөл инээж билээ. Рэнли түүнд арван
дөрвөн настай үүрийн гэгээ шиг үзэсгэлэнтэй дүү бий гэж хэлсэн.

Тэд горхийн хажуугийн гурван хөлтэй ширээн дээр өглөөний унд ууцгаав. Хар талх, галууны
чанасан өндөг, сонгинотой шарсан загас, гахайн утсан мах байлаа. Хаан зүрж аваад дүнсгэр
байдал нь өглөөний манантай адил сарнин Эйрид хүүхэд байхад тохиолдсон явдлын тухай
ярилаа...

- Жонд торх зүрж байсныг санаж байна уу? Би ялзрахад нь нэгийг аваад ширээн дээгүүр
Дакийн хамар луу нүүлгэж билээ. Чи Рэдпортын цоохор нүүртэй хиаг санаж байгаа биз дээ?
Тэр над руу буцаж чулуудахад онолгүй танхимаар нисэж билээ гээд паржигнатал хөхрөхөд
Нэд энэ тухай санаад инээмсэглэв.

Тэр хөвгүүн өсөж том болоод одоогийн хайртай Роберт Баратеон болжээ. Хэрвээ тэр
Ланнистерийнхан Бран руу дайрч, Жон Аррин алагдсан талаар баталгаа олох юм бол энэ хүн
сонсох нь лавтай. Тэгвэл Серсей унаж түүнтэй цуг хааны алуурч тонилох бөгөөд лорд Тайвин
өрнөдөөс босч зүрхэлвэл Роберт түүнийг Сэрээнд Рэйгэр Таргаринийг ялсан шигээ няц
дарах болно. Тэр энэ бүхнийг тодорхой харлаа.

Өглөөний хоол удаан хугацааны эцэст энэ мөчөөс эхлэн юунаас ч илүү амттай санагдаж
инээмсэглэлээ. Дараа нь тэмцээний цаг болов.

Нэд хаантай тулалдааны талбай руу явлаа. Тэр эцсийн тэмцээнийг Сансатай хамт үзнэ гэж
амласан билээ. Септа Мордэйн өнөөдөр өвдсөн ч охин нь тэмцээнийг алгасахыг хүссэнгүй.
Тэр Робертийг байраа эзлэхэд Серсей Ланнистер үзэгдэхгүй дэргэдэх нь суудал хоосон
байхыг харлаа. Энэ нь илүү найдлага төрүүлэв.

Тэр охиныхоо сууж байсан газар луу очиход эвэр бүрээ тасхийн өдрийн эхний тэмцээн
эхэлснийг зарлав. Санса үүнд татагдан улайрсандаа түүнийг ирэхийг ажигласангүй.

Сандор Клеган түрүүлэн гарч ирлээ. Тэр үнсэн саарал давтмал хуяг өмсөж чидун жимсний
өнгөтэй ногоон нөмрөг нөмөрчээ. Нохойн толгойтой дуулгаар толгойгоо чимэглэсэн байв.

- Хааны алуурчид зуун алтан луу тавилаа хэмээн Чигчий хуруу Жэйми Ланнистерийг шугамд
хөнгөн галигуулан орж ирэхэд чанга зарлав. Мориндоо тохсон алтадсан гархин нөмрөг
намирч, Жэйми хөлөөс толгой хүртэл гялалзаж байлаа. Зуны арлын алтан модыг дуурайлган
хийсэн уран хийцийн жад барьжээ.

- Тохирлоо. Хоточ өнөө өглөө түүнийг өлсгөлөн нүдээр ширтэж байсан гэж лорд Рэнли хариу
хашгирахад,

- Өлсгөлөн нохой хүртэл тэжээдэг эзнийхээ гарыг хазаж болохгүй гэдгийг мэддэг гэж Чигчий
хуруу хөндий хэлэв.

Сандор Клеган дуулганыхаа халхавчыг хангинатал буулгаад байраа эзлэв. Сэр Жэйми
хүмүүсийн дунд суусан нэг эмэгтэйд агаарын үнсэлт илгээгээд халхавчаа зөөлөн буулгаж
шугамын эцэст очиж зогслоо. Хоёул жадаа бөхийлгөв.

Нэд Старкад тэдний хоёул ялагдсан ч хамаагүй байсан ч Санса нүдээ гялалзуулан тэсч ядан
харж байлаа. Дохио өгөхөд морьд урагш цогиулав. Хоточ урагш бөхийн жадаа бэлэн барихад
Жэйми тулгаралтаас агшин зуурын өмнө байрлалаа өөрчлөв. Клеганы жадны үзүүр
арслангын дүрстэй алтан бамбай дээр хальт үсрэхэд, Ланнистер бамбайн гол руу оновчтой
цохив. Жад хуга үсрэн Хоточ эмээл дээрээ тогтохыг хичээв. Санса дуу алдлаа. Хүмүүс хөөрөн
баярлав.

- Би чиний мөнгийг яаж үрэхээ төсөөлж байна? гэж Чигчий хуруу лорд Рэнли руу хашгирав.

Хоточ эмээл дээрээ тогтон үлдээд морио шугамын дагуу давиран хоёр дахь удаагаа
тулалдахаар давхилаа. Жэйми Ланнистер хугарсан жадаа хаяад шинийг авъя гэж хиадаа
дохив. Хоточ урагш ширүүн цогиулахад Ланнистер түүнийг угтан давхилаа. Энэ удаад Жэйми
суудлаа солиход Сандор Клеган түүнтэй зэрэгцэн сольж жад хуга үсрэхтэй зэрэгцэн сэр
Жэйми Ланнистер шороон дээр алтан дуулгатайгаа өнхөрч унав.

- Хотчыг ялна гэж мэдэж байсан юмаа хэмээн Санса дуу алдав.

Чигчий хуруу үүнийг сонсчээ.

- Хэрвээ чи хоёр дахь тэмцээнд хэн ялахыг мэдэж байгаа бол лорд Рэнли намайг хоослохоос
өмнө хэлээрэй гэхэд Нэд инээмсэглэлээ.

- Харамсалтай нь бяцхан чөтгөр бидэнтэй хамт байсангүй. Би түүнийг хоёр дахин ялах
байлаа гэж лорд Рэнли хэлэв.

Жэйми Ланнистер хөл дээрээ босоход арслангын дүрстэй дуулга нь буруу харан хонхойгоод
толгойноос нь салж өгсөнгүй. Хүмүүс хуруугаараа заан хашгиран элэглэхэд лорд, хатагтай
нар инээдээ арай ядан барьж Нэд Роберт хааны бусдаас чанга инээхийг сонслоо. Эцэст нь
Ланнистер арсланг салгаж чадсангүй дархны газар луу таамгаар бүдчин алхав.

Энэ зуур сэр Грегор Клеган шугамын эхэнд байраа эзэллээ. Түүн шиг нүсэр том биетэй
хүнийг Эддард Старк хэзээ ч харж байсангүй. Роберт Баратеон түүний дүү нар болон Хоточ,
Винтерфеллийн Ходор нэртэй агтчин хүү гээд бүгд том биетэй хэдий ч дэргэд нь намхан
агаад ийм учраас хүлэг баатрууд түүнийг "Хөдөлж буй Уул" гэж нэрлэдэг ажээ. Ходорын
дэргэд цамхаг шиг өндөр байлаа. Тэр ойролцоогоор долоо юмуу бараг л найман тохой өндөр
биетэй, бахим мөр багахан модны их бие шиг бүдүүн гартай аж. Түүний азрага хуягласан
хөлнийх нь хооронд одой морь шиг харагдах агаад барьсан жад нь шүүрний иш шиг жаахан
үзэгдэнэ.

Дүүгээсээ ялгаатай нь сэр Грегор ордонд амьдардаггүй байв. Тэр эдлэндээ ганцаар зожигрон
амьдрах агаад зөвхөн дайн тулаан, тэмцээнд оролцоно. Тэр лорд Тайвин Хааны газрыг
эзлэхэд арван долоон настайдаа хүлэг баатар болсон агаад нүсэр том бие хэрцгий
догшноороо алдаршжээ. Зарим нь Грегор ханхүү Эйгон Таргариний бага хүүгийн гавлыг
хананд савсан гэх агаад үүний дараа Дорнийн гүнж Эллиа ээжийг нь илдээр цавчихын өмнө
хүчиндсэн гэж шивнэлдэнэ. Гэвч үүнийг Грегорийн дэргэд хэлж байсангүй.

Нэд Старк Балон Грейжойгийн бослогын үеэр өөр бусад хүлэг баатруудын хамт түүнтэй мөр
зэрэгцэн дайтаж явсан ч үг сольж байсангүй. Тэр түүнийг жигшин харлаа. Нэд хов жив цуу
ярианд итгэдэггүй ч сэр Грегорийг аймшигтай хүн гэж дуулжээ. Түүнийг гурван ч удаа
гэрлэж эхний хоёр эхнэрээ алсан гэдэг цуу яриа явдаг байв. Баргар зэлүүд эдлэнд нь тоолж
баршгүй зарц алга болж ноход нь хүртэл танхимд орохоос эмээнэ. Залуухан эгч нь
хачирхалтай нөхцөлд түймэрт өртөн үхэж, эцэг нь ангийн үед золгүй явдал тохиолдон нас
баржээ. Грегор шилтгээнээ гэр бүлийн бүх алтны хамт өв залгамжлан авсан байна. Түүний
бага дүү Сандор Ланнистерийнханд үйлчилэхээр гарсан өдрөөс хойш төрсөн гэртээ эргэн
очоогүй бөгөөд айчилж очдоггүй гэлцэнэ.

Цэцэгт хүлэг баатар гарч ирэхэд хүмүүсийн дунд бахадсан шивнэлт түгэн Санса "Хөөх ямар
үзэсгэлэнтэй юм бэ" гэж дуу алдав. Сэр Лорас Тайрел зэгс шиг гоолиг туяхан агаад хар
ороонгон дээр жижигхэн цэнхэр хонин зангуу цэцгэн хээтэй нүд сохлом гялалзсан хээнцэр
мөнгөлөг хуяг дуулга өмсчээ. Хүмүүс цэцгийг индраанилаар хийсэн болохыг ойлгоод мянга
мянган хоолой бахдан дуу алдав. Мөрөндөө тохсон хүнд нөмрөг дээр зуугаад шинэхэн
цэцгийн дэлбээ хатгамлажээ.

Морь нь залуухан хурдтай үзэсгэлэнтэй саарал гүү байлаа. Сэр Грегорийн том азарга түүний
үнэрийг аваад тогтож ядан тэмүүлэв. Хайгардены хүү хөлөөрөө морио давирахад урагш
бүжиглэж байгаа юм шиг цогиулав. Санса Нэдийн гараас зуурлаа.

- Аав аа сэр Грегороор түүнийг битгий гэмтээлгээч дээ гэхэд Нэд түүний даашинзан дээрээ
сэр Лорасын өчигдөр өгсөн сарнай зүүсэн байхыг харлаа. Жори түүнд энэ тухай хэлжээ.

- Энэ бол ердөө жадны тэмцээн шүү дээ. Жад хугарсан ч хэн ч гэмтэхгүй гээд тэргэн дээр
хавирган саран нөмрөгөөр хучаатай хэвтэж байсан үхсэн хүүг санаад хоолойд нь үг тээглэв.
Сэр Грегор жолоогоо арай ядан тогтоолоо. Азрага унгалдан газрын хөрсийг туурайгаараа
цавчилж толгой нь чичирнэ. Уул морио хуягласан гутлаараа зэрлэгээр өшиглөсөнд цоройн
унагах шахлаа.

Цэцэгт хүлэг баатар хаанд мэндчилээд шугамын эцэст очиж зогсон жадаа бэлхэн бөхийлгөв.
Сэр Грегор морио шугам дээр арай ядан тогтож зогсов. Гэнэтхэн бүх зүйл эхлэв. Уулын
азрага урагш хүчтэй цогиулан гүү рүү галзуу мэт ухасхийхэд гүү торго шиг зөөлөн явдлаар
давхиулав. Сэр Грегор жад бамбайгаа босгохын зэрэгцээ морин дээрээ тогтохыг хичээхэд
гэнэтхэн Лорас Тайрелл дэргэд нь гарч ирээд жадныхаа хурц үзүүрээр хатгаж нүд цавчихын
зуургүй шороонд хутган өнхрүүлэв. Тэр том биетэй болохоор морьтойгоо юутай хээтэй
уналаа.

Нэд алга таших, хөөрөн хашгирах, шүгэлдэх, уулга алдах зэрэгцээ Хоточын чангаар сөөнгөтөн
инээхийг сонслоо. Цэцэгт хүлэг баатар жолоогоо татан шугамын эцэст ирэв. Түүний жад
хугараа ч үгүй байлаа. Индраанил нарны гэрэлд нүд гялбам анивчиж дуулгаа сөхөн
инээмсэглэв. Хүмүүс галзуурсан мэт боллоо.

Талбайн дунд сэр Грегор Клеган морин дороосоо өндийн уур хилэнд автан үсрэн бослоо. Тэр
дуулгаа тайлан газар хүчтэй чулуудав. Царай нь дүрэлзсэн уур хилэнд харлан үс нь нүд
рүүгээ унжжээ.

- Илд! гэж хиа руугаа хашгирахад хүү түүн рүү гүйж очив. Азрага нь унасан газраасаа
өеөлдөн босов.

Грегор Клеган ганц хэрцгий цавчилтаар морины хүзүүг хоёр хэсэг хуваав. Баяр хүргэсэн
хашгиралт зүрхний цохилтын зуургүй цочирдсон хашгиралт болж хувирлаа. Азарга өвдөг
сөгдөн унаад үхэв. Тэр агшинд Грегор шугамын дагуу цустай илдээ барьсаар сэр Лорас
Тайреллийн зүг явлаа.

- Түүнийг зогсоо! гэж Нэд хашгирсан ч үг нь олны дуунд дарагдав. Бүх хүн хашгирч байхад
Санса ганцаар уйллаа.

Үйл явдал яах ийхийн зуургүй болов. Цэцэгт хүлэг баатар сэлэм авчир гэж хашгирахад сэр
Грегор хиаг нь хажуу тийш цохин зайлуулаад мориных нь жолооноос атгалаа. Гүү цусны үнэр
аваад унагалдахад Лорас Тайрел эмээл дээрээ арайхийн тэслээ. Сэр Грегор хоёр гараар
барьдаг их илдээ саван хүүгийн цээжний хуяганд буулгаж эмээлээс нь ховх цохиж унагав. Гүү
цахлан цааш давхихад сэр Лорас газар дөжрөн хэвтсээр байлаа. Грегор үхлийн цохилт
өгөхөөр илдээ өргөтөл,

- Түүнийг орхи гэх сөөнгө дуу гараад ган хуягтай гар түүнийг хажуу тийш нь холдуулав.

Моунтайн ухаангүй дүрэлзсэн уур хилэндээ эргэж урт илдээ бүх хүчээрээ савсан ч Хоточ
цохилтыг хаагаад ах дүү хоёр нэг нэгэнтэйгээ ач тач тулалдан дүйрсэн Лорас Тайрелл
аюулгүй үлдэв. Нэд гурван ч удаа сэр Греорын хэрцгий цохилт нохойн толгойтой дуулган
дээр буухыг харсан бөгөөд Сандор ахынхаа хамгаалалтгүй нүүрэн дээр нэг бус сорви үлдээв.
Тэгтэл зодооныг хааны дуу зогсоолоо... Арван хоёр илдний хүчтэй хааны хоолой. Жон Аррин
удирдагчын хоолой тулааны талбарт хичнээн чухал гэж ярьдаг болохыг Роберт Сэрээнд
баталсан билээ. Тэр энэ хоолойгоо одоо ашиглалаа.

- ХААНЫ НЭРИЙН ӨМНӨӨС! ЭНЭ УТГАГҮЙ ЯВДЛАА ЗОГСОО.

Хоточ даруйхан нэг өвдөг дээрээ сөхрөхөд, сэр Грегор агаар хий цавчаад эцэст нь ухаан оров.
Тэр илдээ буулгаж Роберт болон тойрон хүрээлсэн хааны хамгаалагч арваад хүлэг баатар,
харуулын хүмүүс рүү харав. Тэгснээ үг дуугүй цааш эргэхэд Барристан Сэлми замыг нь
хаасан ч,

- Түүнийг явуул гэж Роберт аяархан хэлснээр бүх зүйл дуусгавар болов.

- Одоо Хоточ аврага болсон уу? гэж Санса Нэдээс асуув.

- Үгүй. Эцсийн тулалдаан Хоточ, цэцэгт хүлэг баатар хоёрын хооронд болох ёстой.

Гэсэн ч Сансагын зөв байлаа. Хэдэн хормын дараа сэр Лорас Тайрелл жирийн судалтай
хувцастай талбай дээр алхан гарч ирээд Сандор Клеганд,

- Би таньд амь насаараа өртэй боллоо. Энэ өдөр бол таных, сэр гэв.

- Би сэр биш гэж Хоточ хэлсэн ч ялалтыг авч аваргын хэтэвчээр шагнуулан амьдралдаа анх
удаагаа олны хайрыг татлаа. Хүмүүс түүнийг шугамын дагуу майхан руугаа буцахад нь баяр
хүргэв.

Нэд Сансатай хамт харваачдын талбай руу явахад Чигчий хуруу, лорд Рэнли тэргүүтэй бусад
хүмүүс нэгдэв.

- Тайрелл гүүг яаж нөлөөлөхийг мэдэж байсан. Хүү бүгдийг урьдаас төлөвлөсөн гэж
тангарагласан ч болж байна. Грегор үргэлж том биетэй ухаанаас илүү хэрцгий авиртай
азарганд дуртай байсан гэж Чигчий хуруу хэлээд инээмсэглэв.

Энэ нь сэр Барристан Сэлмийг хөгжөөсөнгүй.

- Заль мэхэнд өчүүхэн хүндэтгэл ч оногдохгүй гэж хөгшин хүн хатуу хэллээ.

- Өчүүхэн хүндэтгэл дээрээс нь хорин мянган алт гээд лорд Рэнли инээд алдав.

Үдээс хойш нь Ангай гэдэг Дорнийн Маршаас ирсэн хүү харваачдын тэмцээнд тэргүүлэн,
сэр Балон Свонн, Жалабхар Зо болон зуугаад харваачдыг ардаа орхин ойрын зайд түрүүллээ.
Нэд Алинийг явуулж Гарын хамгаалагч болгохыг санал болгосон ч дарсанд улайж ялалтанд
мансууран баян тансагын мөрөөдөлд автсан хүү татгалзлаа.

Нийтийн халз тулаан гурван цаг орчим үргэлжлэв. Ойролцоогоор дөчин хүн хоёр хуваагдаж
чөлөөт морьтонгууд, хүлэг баатрууд, шинэхэн хиа нар алдар нэрийн төлөө үзэлцэв. Тэд мохоо
зэвсгээр тулалдаж үймээн самуун цус шавар дунд хэсэг хэсгээрээ нэг нэгийхээ эсрэг холбоо
тогтоон ганц хүн босоо үлдэх хүртэл тулалдлаа. Ялагчаар халзан толгойтой галт илдтэй
Мирийн улаан санваартан Торос тодорлоо. Түүний галт илд нь морьдыг айлгаж байсан учир
Торос өмнө нийтийн халз тулаанд ялж байжээ. Эцсийн дүндээ гурван хавирга хугарч, арваад
хуруу няцран, хоёр морь алагдаж, олон тооны зүсэгдсэн шархны зэрэгцээ хөхрөлтийг хэн ч
тоосонгүй. Нэд Робертийг тулаанд оролцоогүйд хязгааргүй баярлав.

Тэр шөнийн найран дээр Эддард Старкад илүү найдлага төрөв. Роберт дээд зэргийн сайхан
ааштай байж, Ланнистерийнхан хаа ч үзэгдсэнгүй охид нь хүртэл эвтэй байв. Жори Аръяаг
тэдэн дээр авчирахад Санса дүүдээ эелдэгээр,

- Тэмцээн гайхамшигтай сайхан болсон. Чи үзэх хэрэгтэй байсан юм. Бүжгийн хичээл чинь
ямар болов доо? гэлээ.

- Бүх бие өвдөж байна гэж Аръяа баяртай хэлээд бардмаар хөлөн дээр үүссэн том хөхрөлтөө
үзүүлэхэд,

- Чи аймшигтай муу бүжигчин байх гэж Санса тээнэгэлзэнгүй хэлжээ.

Үүний дараа Санса жүжигчид дуучдын "Лууны бүжиг" гэж нэрлэдэг туульсын дууллыг
сонсов. Нэд охиныхоо хөхрөлтийг үзээд,

- Форелийг чамтай арай зөөлөн байна гэж найдсан юмсан гэж хэлэв.

Аръяа өрөөсөн хөл дээрээ зогсов. Энэ удаад урьдахаас хамаагүй дээр боллоо.

- Сирио хичээл болгон дээр олсон хөхрөлт чамайг илүү дээр болгон гэсэн.

Нэд хөмсөг зангидлаа. Сирио Форел гэдэг хүн маш нэртэй бөгөөд түүний бардам Бравосын
хэв маяг Аръяагийн туяхан илдтэй маш сайн тохирч байсан хэдий ч... хэдэн өдрийн өмнө
охиноо хар торгоор нүдээ тагласан байхыг олжээ. Сирио түүнд чих, хамар, арьсаараа харах
ёстой гэж сургасан байна. Харин үүний өмнөхөн хойшоо гогцоо эргэхийг сургажээ.

- Аръяа чи үнэхээр үүнийг үргэлжлүүлэхийг хүсч байна уу? гэхэд толгой дохиж,

- Маргааш бид муур барих болно гэлээ.

- Муур гэнэ ээ? хэмээн Нэд санаа алдав.

- Магадгүй чамайг Брваосын маягаар сургасан нь алдаа болсон бололтой. Хэрвээ


дургүйцэхгүй бол Жоригоор хичээлийг чинь заалгая. Эсвэл сэр Барристонд чимээгүй хэдэн
үг хэлсэн ч болно. Тэр долоон ханлигийн хамгийн сайн илдчин гэхэд,

- Би тэднийг хүсэхгүй байна. Надад зөвхөн Сирио хэрэгтэй гэж Аръяа хэллээ.

Нэд хуруугаа үсэн дээгүүр нь гүйлгэв. Ямар ч сайн зэвсгийн даамал Аръяаг нүдээ боох,
гоцгоо эргэх, нэг хөл дээрээ зогсох зэрэг хөгийн зүйлсгүй сургаж чадах ч жижигхэн охиноо
маргахын аргагүй зөрүүдийг мэддэг байлаа.
- Чиний хүссэнээр болъё. Болгоомжтой байхыг хичээгээрэй.

- Би хичээнэ гэж Аръяа амлаад баруунаас зүүн хөл рүүгээ үсрэн зогсов.

Үүний дараахантай Нэд охидоо хот руу буцан хүргэж хоёуланг нь оронд оруулаад Сансаг
мөрөөдөлтэй нь, Аръяаг хөхрөлттэй нь цуг орхиж Гарын цамхагийн орой дахь өрөө лүүгээ
өгсөв. Өдөр дулаахан байсан болохоор өрөө бүгчим байлаа. Нэд цонх руу очиж хүнд хөшгийг
нээн шөнийн хүйтэн агаар оруулав. Ордны эсрэг талд Чигчий хурууны цонхон дээр лааны
дөл сүүмэлзэнэ. Цаг шөнө дунд өнгөрчээ. Дор голын урсгалын түвшин татарч эхэлж байлаа.

Тэр хутгыг гарган харлаа. Тирион Ланнистерийн тэмцээний мөрийд хожин Браныг унтаж
байхад нь алахаар явуулсан Чигчий хуруугийн хутга. Гэхдээ яагаад? Яагаад одой Браны
үхлийг хүссэн юм бол? Яагаад хэн нэгэн Браны хүхлийг хүсэх болов?

Хутга, Браны уналт гээд энэ бүхэн Жон Аррины үхэлтэй холбоотойг мэдэрч байсан ч Жоны
үхлийн тухай үнэн будлиантай хэвээр байлаа. Лорд Станнис Хааны газар тэмцээний үеэр
эргэж ирсэнгүй. Лиза Аррин Эйригийн өндөр хананы цаана чимээгүйхэн байсаар, хиа үхэж,
Жори янхны газар хайгуул хийсээр байлаа. Робертийн бутчаар тэр юугаа хийх хэрэг вэ?

Тэрхүү баргар төрхтэй дархны сурагч хааны хүү гэдэгт Нэд эргэлзсэнгүй. Эрүү, нүд, хар үс
гээд л Баратеоны төрх нүүрэн дээр нь тамгалаастай байлаа. Рэнли тийм хүүгийн эцэг блоход
дэндүү залуудана. Станнис хүйтэн бардам зантай болохоор Жэндри Робертийнх л байж
таарлаа.

Тэр хүүг мэдлээ гээд ямар ашиг байна? Хааны өөр бусад дорд гаралтай хүүхдүүд долоон
ханлигаар тарсан байгаа. Тэр Браны насны ээж нь язгууртан гаралтай нэг хүүг мэдэх байлаа.
Хүү лорд Рэнлигийн Шуурганы адгийн шилтгээнд хүмүүжигдэж байдаг юм.

Нэд Робертийн эхний хүүхэд болох Хөндийн охины тухай саналаа. Тэгэхэд Роберт ердөө
хүүгээс хэтрээгүй байж. Хөөрхөн охин байсан. Залуухан Шуурганы адгийн лордод тэр
таалагдаж Роберт өдөр болгон очиж хүүхэдтэй тоглож байснаа дараа нь ээжийг нь сонирхохоо
больсон. Нэд хүссэн ч хүсээгүй ч Роберттой нэг бус удаа явдаг байв. Тэр охин Роберт түүний
эцэг болсон үеийнхээс ахмад арван долоо юм уу наймтай байх ёстой. Хачирхалтай л бодол.

Эр нөхрийнх нь тийм хэлхээ холбоо Серсейг баярлуулаагүй ч нэг ч байтугай зуун бутач
байсан ч ялгаагүй байлаа. Хуулинд хууль бус гаралтай хүмүүсийн тухайд онцгой заалт байдаг
юм. Жэндри, Хөндийн охин, Шуурганы адгийн хүү, тэдний хэн ч Робертийн хууль ёсны
төрсөн хүүхдэд заналхийлж чдаахгүй...

Түүний бодлогоширлыг хаалга зөөлөн тогших чимээ сатааруулав.

- Таньтай хүн уулзахаар ирлээ, эзэнтээн. Тэр нэрээ хэлэхийг хүссэнгүй гэж Харвин хэлэв.

- Түүнийг оруул гэж Нэд гайхширан хэллээ.

Зочин нүсэр биетэй, шаварт будагдсан гутал, хүнд ширүүн даавуутай бор нөмрөг өмсөж
царайгаа юүдэнгийн цаана далдлан хоёр гараа ханцуйдаа зөрүүлжээ.

- Чи хэн бэ? гэж Нэд асуулаа.

- Нөхөр. Бид тусдаа ярилцах хэрэгтэй байна, лорд Старк гэж юүдэнтэй хүн хачирхалтай нам
дуугаар хэлэв. Нэдийн сонирхол хөдлөн,

- Харвин биднийг орхи гэж тушаахад хаалга хаагдсан хойно зочин юүдэнгээ буулгав.

- Лорд Варис уу даа? гэж Нэд гайхан хэллээ.

- Лорд Старк. Дарс уухыг хүсвэл төвөг удахгүйсэн болов уу? гэж Варис эелдэг хэлээд суулаа.

Нэд хоёр цомонд зуны дарс зүүргээд нэгийг нь Варисд өгөөд,

- Би чамтай зөрвөл танихгүй өнгөрөх юм байна гэж гайхширан хэллээ. Тэр хэзээ ч тайганыг
торгон дурдан, хамба хилэн, дамаскийн үнэт бөс даавуунаас ондоо хувцас өмсч голт борын
цэцэгний үнэр ханхлуулаагүй явахыг харж байсангүй.

- Үүнд чинь л найдаж байна. Бидний тусдаа уулзсаныг хүмүүс мэдвэл сайн зүйл болохгүй.
Хатан хаан танаас нүд салгахгүй дагуулан харж байгаа. Дарсны хувьд маш сайхан сонголт
болжээ, баярлалаа.

- Чи яаж миний бусад харуулуудыг өнгөрөв? гэж Нэд асуулаа. Портер, Кэйн цамхагийн гадаа
харуулд зогсож, Алин шатан дээр байсан билээ.

- Улаан шилтгээнд зөвхөн сүнс, аалзны мэдэх зам бий гээд Варис хүлцэл өчин инээмсэглэж,

- Би таныг удаан саатуулахгүй, эрхэм лорд. Таны мэдэх ёстой хэдэн зүйл байна. Та бол хааны
Гар, харин хаан бол тэнэг гээд хоолойных нь нялуун өнгө үгүй болж ташуур шиг тас няс
боллоо.

- Таны найз тэнэгийн дээр... та түүнийг авраагүй бол үхэх байлаа. Өнөөдөр ийм зүйл болоход
ойрхон байсан. Тэд хааныг халз тулааны үеэр алахаар төлөвлөж байсан.

Нэд хоромхон зуур үг хэлэх чадваргүй болон цочирдов.

- Хэн тэр вэ?

Варис дарс балгав.

- Хэрвээ та намайг энэ тухай үнэхээр хэлнэ гэж бодож байвал Робертоос ч тэнэг бөгөөд би
буруу талд зогсож байна.

- Ланнистерийнхан. Хатан хаан... Үгүй ээ, би Серсей байсан ч гэсэн үүнд итгэхгүй байна.
Тэр түүнээс тулалдахгүй байхыг гуйсан!
- Тэр түүнийг дүүгийнх нь өмнө, хүлэг баатар, ордны хагасын өмнө тулалдахыг хориглосон.
Надад хэлдээ та Робертыг халз тулаанд найдвартай оруулах арга юу вэ?

Нэдийн дотор палхийв. Тайган голыг нь онон хэлжээ. Роберт Баратеонд битгий, болохгүй,
ёсгүй гэж хэлэх тусам улам ч сайн гүйцэтгэдэг билээ.

- Гэхдээ тэр тулааны талбар дээр гарлаа гэхэд хэн хаан руу довтолж зүрхлэх юм? гэхэд Варис
мөрөө хавчив.

- Халз тулаанд дөчин морьтон оролцсон. Ланнистерийнхан ихэнхитэй нь найз. Тэр бүх
үймээн самуун, морьдын янцгаалт, яс хугаралт дунд Мирийн Торос тэнэг галт илдээ даллаж
байхад эрхэм дээдс рүү довтлохгүй гэх ямар баталгаа байна? гээд домбоноос хундгандаа
дүүргээд,

- Үхсэнийх нь дараа алуурчин дэргэд нь гашуудан унана. Би түүний цурхиран уйлахыг бараг
сонсож байна. Эргэлзээгүй нигүүлсэнгүй бэлэвсэн эхнэр өрөвдөх сэтгэл гаргаж хөөрхий
золгүй хүнийг өргөж босгоод өршөөлийн үг хэлэн зөөлөн үнсэнэ. Харин сайн хаан
Жоффрейд түүнийг өршөөхөөс өөр сонголт үлдэхгүй гээд хацраа шөргөөж,

- Эсвэл Серсей сэр Иллинийг илгээн толгойг нь цаазаар авахуулна. Ланнистерийнхан


эрсдэлд орохгүйн тулд жижигхэн найзаараа бүгдийн чимээгүй амжуулдаг юм гэхэд Нэдийн
уур дүрэлзлээ.

- Чи ийм явдал болохыг мэдсээр байж яагаад юу ч хэлээгүй юм бэ?

- Би шивнэгчдийн тэргүүн болохоос биш дайчдынх биш.

- Чи над дээр эртхэн ирэх ёстой байсан юм.

- Өө, тэгэлгүй яахав. Харин чи хаан руу шууд ухасхийх байсан биз дээ? Роберт аюул ослын
тухай сонсонгуут яах байсан бол? Бүр гайхчихлаа.

Нэд энэ талаар бодлогоширов.

- Тэр бүгдийг нь хараал ид гээд тэднээс айгаагүйгээ үзүүлэхийн тулд ямар ч байсан
тулалдаанд оролцох байсан гэхэд Варис гараа савчин,

- Харин одоо бас нэг зүйл наминчилахыг хүсч байна, лорд Эддард. Би таны энэ үйл явдалд
яаж хандах талаар сонирхож байлаа. Та яагаад над дээр ирсэнгүй вэ гэж асуулаа би хариулъя.
Яагаад гэвэл би таньд итгэхгүй байна, эрхэм лорд минь.

- Надад итгэхгүй гэнэ ээ? хэмээн Нэд цочирдон асуув.

- Улаан шилтгээнд хоёр төрлийн хүмүүс байдаг юм, лорд Эддард. Хаант улсад үнэнч болон
зөвхөн өөртөө үнэнч хүмүүс. Өнөө өглөө болтол би таныг хэн болохыг хэлж мэдэхгүй
байлаа... иймээс хүлээхээр шийдсэн юм... харин одоо мэдэх боллоо гээд хүчлэн
инээмсэглэснээ,.
- Хатан хаан танаас айдгийн учрыг одоо л ойлгож эхэлж байна гэхэд,

- Чамаас л айдаг байх гэж Нэд хэлэв.

- Үгүй. Би бол би шүү дээ. Хаан намайг ашигладаг ч үүнээсээ ичдэг. Манай Робертийн
хүчирхэг дайчид шивнэгч тандуултай тайганд дургүй. Нэг л өдөр Серсей "Энэ хүнийг ал" гэж
шивнэхэд Илин Пэйн миний толгойг тас цавчих болно. Тэгвэл хэн хөөрхий Варисийн араас
гашуудах болж байна? Өмнөд умардын алинд ч аалзны тухай дуулахгүй гээд Нэд рүү хөлстэй
гараа сунгаж,

- Харин таны хувьд, лорд Старк... би бодож... үгүй ээ, мэдэж байна... хаан таныг хатан хааны
төлөө байсан ч гэсэн алахгүй. Энэ л бидний ганц аврал болж байна гэв.

Энэ арай дэндлээ. Эддард хормын турш өвлөөс өөр дайсангүй, Ханын цаана нь зэрлэгүүд
оршиж байдаг умардын Винтерфеллд буцаж очихоос ондоо зүйл хүссэнгүй.

- Гэхдээ Робертод өөр үнэнч нөхөд бий шүү дээ. Түүний дүү нар болон... гэж эсэргүүцлээ.

- Эхнэр үү? гэж Варис төгсгөөд инээмсэглэж,

- Түүний дүү нар Ланнистерийнхнийг үзэн яддаг нь үнэн ч үзэн ядалт хааны хатныг хайрлах
хоёрын хооронд том ялгаа байгааг харж биз дээ? Сэр Барристан нэр төрөндөө хайртай
байхад, эрхэмсэг мастер Пацилл албан тушаалдаа хайртай, харин Чигчий хуруу Чигчий
хуруундаа л хайртай.

- Хааны хамгаалагчид...

- Цаасан бамбай. Цочирдохгүй байхыг хичээгээрэй дээ, лорд Старк. Жэйми Ланнистер
цагаан илдний тангарагт ах дүүсийн нэг хэр нь бид түүний амлалт хэр үнэтэй болохыг
мэднэ. Цагаан нөмрөгт Рэйм Рэдвайн, луун хөлөг баатар ханхүү Эймоны үе дуунд түүх болон
үлдсэн. Энэ долоогоос зөвхөн сэр Барристан Сэлми илдэндээ үнэнч хэдий ч хөгширчээ. Сэр
Борос, сэр Мерин хоёр хатан хааны тэжээвэр амьтад бусдынх нь хувьд би гүнээ сэжиглэж
байна. Үгүй дээ, эрхэм лорд минь. Илдний тухайд дурьдвал та л зөвхөн Роберт Баратеоны
үнэнч найз.

- Робертод ямар ч гэсэн хэлэх ёстой. Хэрвээ чиний хэлсэн үнэн бол тэр ч байтугай нэг хэсэг
нь үнэн л бол хаан үүнийг сонсох ёстой.

- Бидэнд түүнд үзүүлэх ямар баталгаа байгаа юм бэ? Миний үг тэдний эсрэг сөрөх гэж үү?
Миний жижигхэн шувууд хатан, хааны алуурч, дүү нар, зөвлөл, дорнодын захирагч Кастерли
Рокийн эсрэг эргэх гэж үү? Тэгсэн нь дорвол сэр Илинийг шууд илгээсэн нь цаг хэмнэнэ. Би
энэ зам хаана дуусдагыг мэднэ.

- Хэрвээ чиний хэлсэн үнэн бол тэд хэсэг хугацааны дараа ахин оролдлого хийнэ шүү дээ.

- Үнэхээр тэгэх болно. Эрт орой хэзээ нэгэн цагт гэж айж байна. Та үүнд санаа тавих ёстой,
лорд Эддард. Миний жижигхэн шувууд сонсож та бид хамтдаа хариу цохилт хийж болох юм
гээд босож юүдэнгээрээ нүүрээ халхлав.

- Дарс өгсөнд баярлалаа. Бид ахин ярилцах болно. Дараагийн удаа зөвлөл дээр уулзахдаа
надад урьдын адил хандахыг хичээгээрэй дээ. Таньд хүндрэлгүй гэж бодож байна гэв.

Түүнийг хаалга рүуу чиглэхэд Нэд,

- Варис гэж дуудсанд эргэн харлаа.

- Жон Аррин яаж үхсэн юм бэ?

- Үүнийг чинь л асуух болов уу гэж хүлээж байлаа.

- Надад хэлээч.

- Лисийн нулимс гэж дууддаг хор. Ховорхон үнэтэй тод ус шиг цэвэр ямар ч ул мөр
үлдээдэггүй эд. Би лорд Арринаас яг энэ өрөөнд хоол амсагч хүн ашиглаач гэж хүссэн ч
хэрэгсээгүй юм. Ямар хүний толгойд ийм зүйл орох билээ гэж хэлсэн.

Нэд үлдсэнийг нь тодруулахаар оролдов.

- Хэн түүнд хор өгсөн юм бэ?

- Түүнтэй мах, бал хуваалцдаг зарим хүндэт нөхөд нь гэдэгт эргэлзээгүй. Харин хэн нь вэ?
Тэд маш олуулаа. Лорд Аррин цайлган итгэмтгий хүн байсан гээд тайган санаа алдаж,

- Жон Арринтай хувь заяагаар холбогдсон нэг хүү байсан. Тэр бэлэвсэн эхнэрийг нь Эйри руу
хүмүүстэйгээ зугтахад Хааны газар үлдсэн юм. Залуу хүнийг ахиж дэвшихэд би үргэлж
дуртай байдаг билээ гэснээ ташуур шиг тас няс хийсэн хоолойгоор үг бүрээ тодоор,

- Тэмцээнд цоо шинэ хуяг дуулга хавирган сартай нөмрөгтэй хичнээн сүрлэг оролцсон гээч.
Хөөрхий амьтан таныг ярилцаж амжихаас өмнө нь үхсэн дээ... гэлээ.

Нэд хордуулсан аятай толгой нь эргэн,

- Хиа юу? Сэр Хью? Гэхдээ яагаад? Яагаад одоо гэж? Жон Аррин арван дөрвөн жил Гар
байсан. Яагаад тэд түүнийг алахаар шийдсэн юм бол? гэж дуу алдав.

- Учир нь тэр асуудал эхлүүлсэн гээд Варис хаалгаар гарлаа.


ТИРИОН

Тэр өглөө эртийн хүйтэнд зогсоод Чиггений морь нядлахыг нь харж байлаа. Тирион
Ланнистер Старкынхны өрөнд ахин нэг зүйл нэмж тэмдэглэв. Загзгар хөлсний цэрэг
мориний гэдсийг ангийн хутгаар ярахад халуун уур савсав. Гар нь итгэлтэй ганц ч хөдөлгөөн
алдалгүй хөдөлж цусны эхүүн үнэрээр сүүдэрт муурнууд өндрөөс бууж ирэхээс өмнө түргэн
дуусгав.

- Өнөө орой бидний хэн ч өлсөхгүй боллоо гэж Бронн хэлэв. Тэр ясархаг туранхай агаад хар
нүд, хар үс өрөвгөр сахалтай байлаа.

- Зарим нэг нь магадгүй л юм. Би морины мах идэх дургүй. Ялангуяа бүр миний морины мах
бол шүү дээ гэж Тирион хэлэв.

- Мах л бол мах гэж Бронн мөрөө хавчаад,

- Дотракичууд адууны маханд үхэр, гахайн мах шиг л дуртай байдаг гэж хэллээ.

- Чи намайг Дотракичуудтай зүйрлүүлж байгаа юм уу? гэж Тирион гашуунаар асуулаа.


Дотракичууд адууны мах иддэг нь үнэн авч сул дорой өвгөд хөгшид хүүхдүүдээ каласарынхаа
араас зэрлэг ноходтойгоо хамт гүйлгэдэг хүмүүс билээ. Түүнд дотракичуудтай дүйцээд байх
зүйл байсангүй.

Чигген түүхий махнаас нарийхан зүсэм огтлоод урдаа өргөлөө.

- Амталж үзмээр байна уу, одой минь?

- Миний ах Жэйми хорин гурван насны минь төрсөн өдрөөр авч өгсөн гүү байгаа юм гэж
Тирион хатуу хэлэв.

- Тэгвэл түүнд бидний өмнөөс талархаарай. Чамд түүнтэй уулзах заяа ахин байвал гэж
Чигген шар шүдээ ярзайлган инээд алдаад махнаас хоёр хазлан залгиж,

- Талх шиг амтагдаж байна гэхэд,

- Чи үүнийгээ сонгинотой шарсан нь дээр дээ гэж Бронн хэлэв.

Тирион үг дуугүй доголон холдлоо. Хүйтэн түүний ясанд хүртэл жиндэж хөл нь шархиран
өвдөх учир арай ядан алхаж байлаа. Магадгүй түүний үхсэн гүүнд аз тохиосон хэрэг биз. Тэд
олон цагийн турш зогсолтгүй давхиулан үмх хоол идэж, хүйтэн хатуу газар унтаж байсан
бөгөөд өөр бусад ижил шөнүүд нэг нэгнийхээ араас үргэлжлэн хэзээ төгсөхийг нь зөвхөн
бурхад мэдэх байлаа.

- Тэр эмэгтэйг хараал идээсэй. Түүнийг болон Старкынхнийг хараал идээсэй гэж Тирион
олзлогчид руугаа явахдаа шивнэлээ.

Дурсамж гашуун байлаа. Ганцхан мөчийн өмнө халуун хоол захиалж байснаа нүд цавчихийн
зуургүй зэвсэглэсэн хүмүүсээр хүрээлүүлжээ. Жик илдэндээ гар хүрэхэд буудлын эзэн
бүдүүн авгай ориллоо.

- Илдээр тулалдахгүй шүү. Энд биш шүү. Гуйя эрхэмүүдээ.

Тирион хоёул хэдэн хэсэг болон цавчуулахаас өмнө Жикийн гарыг яаран буулгав.

- Эелдэг ёс чинь хаачаа вэ, Жик? Манай сайн эзэгтэй илд хэрэггүй гэж хэлэхийг сонсов уу.
Түүний гуйсныг хий гээд дотор нь эвгүйцэн хүчлэн инээмсэглэж,

- Та алдаа гаргасан бололтой, хатагтай Старк. Би таны хүү рүү дайрах явдалд оролцоогүй.
Миний нэр хүнд... гэхэд,

- Ланнистерийнхний нэр хүнд гэж Кателин хэлээд гараа өргөн өрөөнд байсан бүх хүмүүст
харуулж,

- Алуурчины хутга энэ сорвийг үлдээсэн. Тэр хутгыг миний хүүгийн хоолойг огтлохоор
явуулсан байсан гэв.

Старкын эмэгтэйн гарын гүн зүсэлтийг хараад Тирион эргэн тойрондоо өтгөн утаа шиг уур
хилэн бадрахыг мэдэрлээ.

- Түүнийг ал гэж согтуу тэнэмэл араас хэлэхэд өөр бусад хоолой итгэхийн аргагүй түргэнээр
нэмэгдэв. Саяхан хормын өмнө үл таних хүмүүс бүгд нөхөрсөг байсан бол одоо цусны үнэр
авсан ноход аятай улайран орилолдож байлаа.

Тирион хоолойгоо чичрүүлэхгүйг хичээн чанга ярив.

- Хатагтай Старк намайг ямар нэг гэмт хэрэг үйлдсэн гэж бодож байгаа бол би цуг явж
асуултанд чинь хариулъя.

Өөр яах ч арга байсангүй. Тэдний дундуур цавчилдан зам гаргахыг оролдох нь булшны нүхээ
хайхтай ижил байв. Старкын эмэгтэйн тусламж гуйлтанд арваад илд хариулсан агаад
Харренхалын хүн, гурван Бракенчууд, харах царайны түүнийг дор нь сүлбэж хаях хоёр
бүдүүлэг хөлсний цэрэг болон өөр бусад юунд оролцож байгаагаа ойлгоогүй тэнэгүүд
байлаа. Тирион тэдний эсрэг юу хийх байсан гэж? Бүсэндээ хутгатай, хоёрхон дагуултай
байв. Жик илдээр сайн тулалддаг ч, Моррекийг тооцож болохгүй агаад цэргээс илүү агтчин,
тогооч, зарц байсан хүн байв. Йорены хувьд хар ахан дүүс хаант улсын доторх хэрүүл
маргаанд оролцохгүй гэж ам өгсөн билээ. Йорен юу ч хийсэнгүй.

Оронд нь хар баатар чимээгүй ухархад Кателин Старкын хажууд байсан хөгшин хүлэг баатар,

- Тэдний зэвсгийг хураа гэж тушаасанд хөлсний цэрэг Бронн урагш алхан Жикийн гарт
байсан илд болон бүгдийн хутгыг хураав.

- Сайн байна гэж хөгшин хэлэхэд өрөөн дэх хүчилсэн уур амьсгал намдлаа.
- Маш сайн байна.

Тирион хоолойг танилаа. Винтерфеллийн зэвсгийн даамал сахлаа хусуулжээ.

Буудлын эзэгтэй Кателин Старкаас улаан шүлс үсчүүлэн,

- Түүнийг энд битгий алаач! гэж гуйхад,

- Түүнийг хаана ч бүү алаач гэж Тирон гунигтай хошигнов.

- Түүнийг хаа нэгтээ өөр газар аваач. Энд л биш шүү, хатагтай. Би өндөр дээд ноёдын
маргаанд оролцохыг хүсэхгүй байна.

- Бид түүнийг Винтерфелл рүү буцааж авч явна гэж Кателин хэлэхэд Тирион "сайн байна
магадгүй" гэж бодлоо. Тэр агшин зуур өрөөний үйл явдлыг тодруулан харав. Харсан зүйлд нь
дургүйцэх юм байсангүй. Тиймээ, Старкын эмэгтэй ухаалаг хөдөлсөн гэдэг нь эргэлзээгүй.
Тэр эхлээд эцэгтээ зүтгэхээр өргөсөн ам тангарагыг дурьдаж байгаад сул дорой эмэгтэй хүнд
туслахыг гуйсан нь сайн арга болжээ. Тиймээ энэ ч уярмаар хэрэг дээ. Гэвч үр дүн түүний
хүссэн шиг нь бүрэн биелсэнгүй. Тэд нийтийн өрөөнд бараг тавиулаа байлаа. Кателин
Старкын гуйлтанд арваад нь боссон ч үлдсэн нь мэгдэж сандарсан, эмээсэн, баргар царайлан
сууж байв. Тэдний дунд хоёр Фрей өндийснөө ахлагчынхаа босоогүйг хараад бушуухан
суудалдаа суухыг Тирион ажиглаад инээд нь хүрлээ.

- Тэгвэл Винтерфелл юм биз дээ гэж тэр шаардав. Энэ бол удаан аян болохоор үнэнийг
нотолж чадах боломжтой. Ер нь замд олон зүйл тохиолдож болох шүү дээ.

- Миний эцэг надад юу тохиолдсоныг гайхах байх даа. Тэр өнөөдөр энд болсон явдлыг
дуулгасан хүнд сайн шан төлөх болно гээд Тирион өрөөн дэх илд өргөсөн хүмүүсийг харлаа.

Лорд Тайвин магадгүй үүнийг хийхгүй ч Тирион чөлөөтэй болсон хойноо өөрөө төлөх билээ.

Сэр Родрик эзэгтэй рүүгээ сэтгэл зовнин харлаа.

- Түүний хүмүүсийг бид хамт авч явъя. Харин үлдсэн хүмүүст харсан зүйлийнхээ талаар
чимээгүй байвал талархах байна.

Үүнийг сонсоод Тирион золтой хөхөрсөнгүй. Чимээгүй гэнэ ээ? Хөгшин тэнэг. Тэр дэн
буудалд цугласан хүмүүсийг бүхлээр нь авч явдаггүй юм бол ертөнц даяар мэдээ агшин зуур
тарах болно. Түүний алтан зоосыг халаасалсан чөлөөт морьтон Кастерли Рок руу сум шиг
хурдална. Тэр биш байлаа ч өөр хэн нэгэн үүнийг хийх л байлаа. Йорен болсон явдлыг
өмнөдөөр нэг тараана. Тэнэг дуучин үүнийг дуундаа дурьдана. Фрейгийнхэн лорддоо
мэдээлэл хүргэх бөгөөд түүний юу хийхийг зөвхөн бурхан мэдэх билээ. Лорд Валдер Фрей
Риверранд зүтгэхээр ам өгсөн хэдий ч олон жилийн турш амьдарч байгаа үргэлж ялж байгаа
талд нь ордог хашир хөгшин байлаа. Тэр өмнөд руу томоохон зүйл хүсэн Хааны газар шувуу
илгээхийг хэн байг гэхэв.

Кателин Старк цаг алдсангүй.


- Бид даруйхан мордох ёстой. Морьдоо шинээр сэлгээд замд гарцгаая. Эрчүүдээ та бүхэнд
Старкынхны гэр бүл мөнхөд талархаж явах болно. Бидэнд тусалж олзлогдогчыг харгалзан
Винтерфеллд хүргэж өгсөн хүнд сайн шан өгөхөө амлая гэхэд тэнэгүүд урагш хуйлран гарч
ирэв. Тирион хожим мартагдахааргүй шан өгөхийн тулд тэднийг царайг тогтоож авахыг
хичээлээ.

Тэднийг гадаа гарч бороонд морьдоо эмээлээд гарыг нь ширүүн олсоор ард нь хүлэхэд
Тирион Ланнистер ер айсангүй. Түүнийг хэзээ ч Винтерфелл рүү хүргэж амжихгүй гэдгийг
мэдэж байлаа. Морьтонгууд өдрийн дараа араас нь нэхэж, шувуу далавчаа дэвэн аль нэг голын
лорд эцгийнх нь тааллыг хүртэхээр хөдлөх нь лавтай. Тирион бодож олсон зүйлдээ өөртөө
баяр хүргэтэл хэн нэгэн юүдэн нүд рүү нь урагш дарж эмээл рүү бөхийлгөв.

Тэд зүсэр бороон дундуур ширүүн цогиулахад Тирионы өмнө нь холгогдсон өгзөг тэсгэлгүй
янгиналаа. Буудлаас аюулгүй зайд холдсоны дараа Кателин Старк явдлаа удаашруулсан ч өө
сэвтэй замаар харахгүй ергүүлэх нь юунаас ч дор хэрэг ажээ. Замын эргэлт, хазайлт бүр дээр
Тирион мориноос унах аюулд хүргэж байв. Юүдэн чимээ намсган тэдний яриа хөөрөө
сонсогдохгүйн зэрэгцээ хувцас нь бороонд норон хүндэрч нойтон даавуу нүүрэнд нь наалдаж
арай ядан амьсгалахад хүрэв. Олс бугуйнд шигдэн улайлгаж шөнө улам чангарлаа. "Би халуун
гал, шарсан шувуу руу очих байсан юм. Яах гэж энэ хараал идсэн дуучин өмхий амаа нээв ээ"
гэж гашуудан бодов. Хараал идсэн дуучин тэдэнтэй хамт явж байлаа.

- Эндээс агуу дуу төрөх болно. Би урьд нь ийм зүйл хийж байсан гэж Кателин Старкад хамт
явах болсон зорилгоо тунхаглаад үүнийгээ "гайхалтай адал явдал" хэмээн нэрийджээ. Тирион
Ланнистерийн морьтонгууд тэдний гүйцэн ирвэл хүүгийн гайхалтай аялал ямар болон
хувирах талаар гайхширлаа.

Бороо эцэстээ намдаж үүрийн гэгээ нойтон даавууны цаагуур сийгэхэд Кателин Старк
мориноос буух тушаал өгөв. Бүдүүлэг гар түүнийг мориноос гулдран булгаж хүлээсийг нь
тайлгаад юүдэнг нь угз татлаа. Тэгэхэд л урд нь нарийхан чулуурхаг зам толгодын орой
дээгүүр өгсөн үргэлжилж алсад цастай уулсын шовх бараа харагдахыг үзээд бүх найдлага нь
сарнин арилав.

- Энэ чинь уулын зам байна шүү дээ. Дорнодын зам. Та Винтерфелл рүү явна гэж хэлсэн! гэж
Тирион дуу алдаад хатагтай Старк руу зэмлэнгүй ширтэв.

Кателин Старк сулхан инээмсэглэж,

- Үргэлж чанга хэлж байсан гэж зөвшөөрөөд,

- Гэвч эргэлзээгүй найзууд чинь тэр замаар бидний араас нэхэж ирэх болно. Тэдний хурданд
сайн сайхныг ерөөе гэв.

Урт удаан өдрийн дараа ухааныг нь уур хилэн бүрхэв. Тирион бүх амьдралдаа арга
зальтайгаараа бахархаж бурхны өгсөн цорын ганц бэлэг гэж үздэг байсан ч долоо шархадсан
өлөгчин чоно Кателин Старк түүнийг эргэлт бүрдээ мэхэлж байв. Мэдлэг түүнийг эрээгүй
аашлан хүн хулгайлахад саад болсонгүй.
Тэд зөвхөн морьдоо усалж тэжээхийн тулд зогссон учир ахин мордлоо. Энэ удаад Тирионы
юүдэнг нөмөргөсөнгүй. Хоёр дахь шөнөө гарыг нь хүлэхээ больж харгалзахаа больсон шиг
байв. Хэн ч түүнийг зугтахаас айсангүй бололтой. Яагаад тэгж байгаа юм бол? Эндхийн
газар зэлүүд хэрцгий өндөр уулын зам чулуун занга гэсэн үг байлаа. Хэрвээ тэр зугтвал хоол
хүнсгүй хэр хол явж дөнгөх бол? Сүүдэрт муурууд түүнийг хөнгөхөн эд бад хийж, ууланд
илднээс ондоо хууль мэдэхгүй дээрэмчин бүлгүүд хөлхөж байгаа.

Гэсэн ч Старкын эмэгтэй тэднийг амралтгүй хөөсөөр байв. Тирион юүдэн тайлах агшинд
хаашаа зүглэж байгаа болохыг мэджээ. Эдгээр уулууд Арриний гэр бүлд харъяалагддаг бөгөөд
одоо Кателин Старкын дүү Ланнистерийнхний нөхөр биш... Гарын бэлэвсэн эхнэр Таллид
хамаарагдах болж. Тирион урд нь Хааны газар хатагтай Лизатай тааралдаж байсан ч үг сольж
байсангүй.

Олзлогсод нь уулын замаа товчлон голын эрэг дагуу явлаа. Морьдоо мөстэй хүйтэн усаар
усалж, чулууны завсар ургасан хүрэн өвс хазуулав. Жики, Моррек хоёр дэргэд нь баргар
царайлан дүнсийнэ. Тэдний дээр Мохор жадаа бөхийлгөн зогсоод дугуй төмөр малгай өмссөн
нь толгойдоо хувин угласан юм шиг үзэгдэнэ. Мариллон ойролцоо суугаад модон ятгаа
тослон хүйтэнд чавхдас нь чийгтэж хэмээн гомдоллож байлаа.

- Бид амрах хэрэгтэй, хатагтай гэж сэр Виллис Вуд Кателин Старкад хандан хэлэв. Тэр
хатагтай Вэнтийн хүн бөгөөд хямсгар зан сэтгэлийн хөдөлгөөн багатай Кателин Старкад
туслахаар хамгийн түрүүнд босчээ.

- Сэр Вилис үнэн ярьж байна, хатагтай. Энэ бидний үхүүлж байгаа гурав дахь морь гэж сэр
Родрик хэллээ.

- Хэрвээ бид Ланнистерийнханд гүйцэгдвэл үүнээс ч олон морь алдах болно гэж Кателин
сануулав. Түүний царай нар салхинд гандсан ч зорилгоосоо няцсангүй.

- Ингэх боломж хамаагүй бага гэж Тирион өлгөн авлаа.

- Хатагтай чиний бодлыг асуугаагүй, одой минь гэж Курлекет гэдэг махлаг тарган богино
тайрсан үс, гахайн царайтай тэнэг хүн хэлэв. Тэр Бракений нэг бөгөөд лорд Жоност зүтгэдэг
байлаа. Тирион хожим эелдэг харьцаанд нь талархал илэрхийлэхийн тулд тэднийг нэрийг
тогтоож авахаар онцгой чармайжээ. Ланнистерийнхан үргэлж өрөө төлдөг. Курлекет нэг л
өдөр найз Ларис, Мохор болон сайхан сэтгэлт сэр Виллис, хөлсний цэрэг Бронн, Чигген
нартай энэ тухай суралцах болно. Тэр ялангуяа Мариллонд зориулан онцгой хичээл заахаар
төлөвлөж байв. Тэр модон ятга тоглон цээлхэн хоолойгоор дуулж "хазгар чөтгөр, доголон
чөтгөрхөн" гэсэн хэмнэлтэй аялгуу тоглон уурыг нь барж байлаа.

- Түүнд ярих боломж олго гэж хатагтай Старк тушаав.

Тирион Ланнистер чулуун дээр суулаа.

- Одоо бидний араас хүн мордсон бол Хүзүүг гатлан яваа. Харин чи Хааны зам гэж худал
хэлсэн... нэхэн хөөгчид энэ талаар огтхон ч таамаглахгүй. Өө эргэлзээгүй энэ тухай миний
эцэгт үг хүрсэн байгаа... Эцэг минь надад төдийлөн хайргүй ч өдөөгдөн босохгүй гэдэгт нь
итгэлгүй байна.

Үүний зөвхөн хагас нь худал бөгөөд лорд Тайвин Ланнистер одой хүүдээ гахайнаас дутуугүй
санаа тавьдаг ч гэр бүлийнх нь нэр хүнд хөндөгдөхийг тэвчиж чадахгүй байв.

- Энэ бол хэрцгий зэлүүд хязгаар, хатагтай Старк. Та Хөндийд хүрч зайлшгүй тусламж
авахын өмнө унаа морьдынхоо зэрэгцээ өөр бусдыг ч алдах болно. Хамгийн муу нь гэвэл
намайг алдах аюул байна. Би жижигхэн хангалттай хүчгүй болохоор үхвэл яах болж байна?

Энэ харин худал байсангүй. Тирион хэр удаан энэ бүхнийг тэвчихээ мэдэхгүй байлаа.

- Чиний үхэл гол зорилго шүү дээ, Ланнистер гэж Кателин Старк хэлэв.

- Харин би үгүй гэж бодож байна. Хэрвээ чи миний үхлийг хүссэн бол зөвхөн ганц үг хэлэхэд
үнэнч анд нар чинь баяртайгаар надад улаан инээмсэглэл шагнах байсан байсан гээд
Курлекет руу харахад даажигналыг ойлгоход дэндүү мунхаг хүн байлаа.

- Старкынхан хүнийг оронд нь алдаггүй юм.

- Би ч гэсэн. Ахин хэлье. Би хүүгийн чинь амийг хөнөөхөөр завдсан ямар ч зүйлд
оролцоогүй.

- Алуурчин чиний хутгаар зэвсэглэсэн байсан гэхэд Тирионы уур дүрсхийлээ.

- Энэ миний хутга биш гэж хичнээн удаа тангараглах ёстой болж байна? Хатагтай Старк
таньд хэлэхэд би тэнэг хүн биш шүү. Зөвхөн усан тэнэг хүн л алуурчинг өөрийн хутгаар
зэвсэглэх байх даа.

Агшин зуур Кателиний нүдэнд эргэлзээ төрснөө,

- Тэгвэл Петр яагаад надад худал хэлдэг билээ? гэв.

- Тэгвэл яагаад баавгай модонд байдаг юм? Учир нь түүний төрөлхийн авир нь болоод тэр.
Чигчий хуруу шиг хүмүүс амьсгалах адил хялбархан худал хэлдэг. Чи үүнийг бусдын хамт
сайн мэдэж байгаа.

Кателины царай чангаран урагш алхав.

- Энэ чинь юу гэсэн утгатай юм, Ланнистер? гэхэд Тирион толгойгоо гилжийлгэв.

- Яагаад ордны хүн бүрт тэр таны охин насыг авсан гэж хэлдэг юм бэ, хатагтай?

- Энэ чинь худал! гэж Кателин Старк дуу алдав.

- Өө, ёрын муухай чөтгөр вэ гэж Мариллион цочирдон хэллээ.


Курлекет хар төмрөн том хутгаа сугалаад,

- Таныг ганц үг хэлэх юм бол худалч хэлийг нь огтлоод хөлд чинь шидье гээд гахайн нүдээрээ
хөөрөн харлаа.

Кателин Старк Тирионыг урьд нь хэзээ ч байгаагүй хүйтэн харцаар шагнав.

- Петр Бэйлиш урьд нь надад хүүхэд байх үедээ хайртай байсан. Түүний өнгөрсөн явдал
эмгэнэлтэйгээр төгссөнийг бид бүгд мэднэ. Гэвч үнэндээ шоолоод байх юм байхгүй. Тэр
миний гарыг гуйсан үнэн үүнд л байгаа. Чи үнэхээрийн ёрын хүн юм, Ланнистер.

- Харин та бол дүүрчихсэн тэнэг хүн юм, хатагтай Старк. Чигчий хуруу хэзээ ч өөрөөсөө өөр
хүнийг хайрлаж байгаагүй. Тэр зөвхөн таны гарыг биш цээжийг чинь илж, амыг чинь үнсэн
хөлийн чинь хоорондох халууныг мэдрэхийг хүссэн гэж амлах байна.

Курлекет үсийг нь огцом зулгааж толгойг нь хойш гэдийлгээд хутгаа хоолойд нь тулгалаа.
Тирионы эрүүг хүйтэн төмөр хайрав.

- Түүнийг цусыг урсгах уу, хатагтай?

- Намайг алвал үнэн надтай хамт үхнэ гэж Тирион гонгинов.

- Түүнийг яриул гэж Кателин Старк хэллээ.

Курлекет Тирионы үсийг дургүйхэн тавилаа. Тирион гүнзгий амьсгал авав.

- Чигчий хуруу намайг хаанаас энэ хутгыг авсан гэж байна? Энэ тухай хэлээч.

- Чи түүнээс ханхүү Жоффрейгийн төрсөн өдрийн тэмцээн дээр мөрий тавиад хожсон гэсэн.

- Миний ах Жэйми цэцэгт хүлэг баатарт мориноос унадаг өдөр үү?

- Тиймээ гээд Кателин хөмсгөө зангидав.

- Морьтонгууд!

Хашгиралт тэдний уулын дээд хяраас гарлаа. Сэр Родрик Ларисийг амарч байх хооронд зам
шалгуулахаар дээш илгээжээ.

Агшин зуур хэн ч хөдөлсөнгүй. Кателин Старк түрүүлж сэхээ орлоо.

- Сэр Родрик, сэр Виллис мориндоо. Бусад нь араас нь. Мохор хоригдлыг харгалз... гэж
хашгирав.

- Бидэнд зэвсэг өгөөч! Таньд илд бүхэн хэрэгтэй гээд Тирион хөл дээрээ үсрэн босч гараас
нь зуурлаа.
Кателин үүний үнэн болохыг ойлгож байгааг Тирион харлаа. Уулын бүлэглэлүүд дайсныгаа
ямар гэр бүлээс гаралтайг харгалздаггүй бөгөөд Старк, Ланнистер хэн ч байсан ялгаагүй
хөнөөж өөр хоорондоо хүртэл хядалцана. Үүнийг Кателин ухаарсан бололтой. Хөвгүүдээ
орхиход бас л залуу байна. Тэгсэн ч тээнэгэлзлээ.

- Би тэднийг сонсож байна! гэж сэр Родрик хашгирав. Тирион толгойгоо эргүүлж туурайн
чимээ тачигнан арваас доошгүй морь ойртон ирэхийг сонсов. Гэнэтхэн бүгд хөдөлгөөнд орж
зэр зэвсгээ шүүрэн, унаа морьд руугаа ухасхийв.

Ларис хярын уруу чулуу шорхоо бужигнуулсаар гулсаж ирээд Кателин Старкын урд ааг
амьсгаагүй газардав. Тэрбээр шовх оройтой дуулганаас нь зэвний өнгөт сэгсгэр урт үс
цухуйсан болхи бүдүүлэг хүн байлаа.

- Хорь магадгүй хорин таван хүн байна. Сүүний могой юм уу Сарны ах дүүс байж магад. Тэд
харуул тавьсан бололтой, хатагтай... бидний энд байгааг мэдсэн байна.

Сэр Родрик Кассел хэдийн мориндоо морьдоод урт илдээ гартаа барьжээ. Мохор үхэр
чулууны ард нуугдан хоёр гартаа хурц төмөр жад барьж шүдэндээ чинжаал зуулаа.

- Хөөе дуучин. Надад энэ цээж хуяг өмсөхөд туслаадах гэж сэр Виллис Вуд хашгирав.

Мариллион хөдөлгөөнгүй модон ятгаа атгасан хэвээр суугаад царай нь сүү шиг цайрчээ.
Тирионы дагуул Моррек түргэн үсрэн босч хүлэг баатарт хуягаа өмсөхөд туслав.

Тирион Кателин Старкын гарыг тавьсангүй.

- Одоо бидэнд сонголт байхгүй болсон. Бид гурвуулаа бас дээрээс нь дөрөв дэх хүн харгалзаж
гарздах нь байна... дөрвөн хүн үхэл амьдралын дэнсийг эргүүлж чадна.

- Надад тулаан дууссаны дараа илдээ хураалгана гэж ам өг.

- Ам өгөх гэнэ ээ? гээд туурайн чимээ улам чангарахад Тирион зальжин инээмсэглэж,

- Тэгэлгүй яахав, хатагтай... Ланнистерийнхны нэр хүндээр андгайлъя гэлээ.

Агшин зуур Кателин түүн рүү нулимах нь уу гэлтэй болсон ч оронд нь,

- Эднийг зэвсэглэ гэж зандраад түргэхэн холдов. Сэр Родрик Жикэд хуйтай илд шидээд
дайсныг угтан явлаа. Моррек саадагтай нум сум шүүрэн замын хажууд өвдөглөн суув. Тэр
илднээс илүү харвалтанд сайн байлаа. Бронн Тирион руу ирж хоёр талдаа иртэй байлдааны
хүнд балт атгуулав.

- Би хэзээ ч сүхээр тулалдаж байгаагүй гээд Тирионы гарт дасал болоогүй төмөр аягүй оргив.
Энэ нь богинохон иштэй хүнд толгойдоо ёрдойсон хадаастай зэвсэг байлаа.

- Өөрийгөө түлээ хагалж байна гэж бод гээд Бронн нуруундаа зүүсэн урт илдээ хуйнаас
шархийтэл сугалж хажуу тийш нулимснаа Чигген, сэр Родрик нарын дэргэд очлоо. Сэр
Виллис мориндоо морьдон тэдэнтэй нэгдэж урт хар торгон өдтэй дуулгаа тэмтчин хаалтны
нарийхан завсрыг нүдэндээ тааруулав.

- Түлээнээс цус гардаггүй юм гэж Тирион хэнд ч хандсан юмгүй хэлэв. Тэр хуяг дуулгагүй
нүцгэн болохоо мэдрэв. Эргэн тойрноо харвал Мариллион нуугдахаар гүйж үзэгдэв.

- Алив ээ хөдлөөч.

- Цаашаа холд! Би дуучин болохоос дайчин биш! гэж хөвгүүн урдаас нь хашгирав.

- Яасан адал явдлын амтаа алдаа юу? гээд Тирион залуу хүүг өшиглөсөн ч хүү гулган холдоод
хормын зуур морьтонгууд тэдэн рүү ирлээ.

Тэдэнд зарч, тугч, бүрээ бөмбөрийн алин ч байсангүй зөвхөн нум исгэрэх чимээ гараад
Моррек Ларис хоёр дээрэмчид рүү харвахад туранхай хар царай, ширээсэн хуягтай хүн
бөхийн царайгаа хагас дуулганыхаа цаагуур нуув. Бээлийтэй гартаа урт илд, жад, хурцалсан
хадуур, хадаастай бороохой, чинжаал, хүнд төмөр алх гээд төрөл бүрийн зэвсэг барьжээ.
Тэргүүнд нь судалт муурын арьсан нөмрөгтэй том биерхүү хүн хоёр гартаа барьдаг урт
илдтэй явлаа.

Сэр Родрик "Винтерфелл!" гэж хашгираад морио гуядан түүнийг угтан ухасхийхэд Бронн,
Чигген хоёр дэргэд нь ямар нэг байлдааны уриа хашгиран цогиулав. Сэр Виллис Вуд араас нь
хадаастай бороохой толгой дээгүүрээ эргүүлэн "Харренхал! Харренхал!" гэж дуудав. Тирионд
гэнэтхэн босох хүсэл төрж сүхээ даллан "Кастерли Рок!" гэж хашгирсанаа түргэхэн доош
нуугдлаа.

Тэр хашгиралт, айсан морьд янцгаан, илд хангинах чимээ сонслоо. Чигген илдээ гархин
хуягтай морьтонгын нүцгэн нүүрэнд буулгахад, Бронн дээрэмчдийн дундуур салхи шиг
эргэлдэн дайснаа баруун зүүнгүй цавчилж, сэр Родрик муурын арьсан нөмрөгтэй нүсэр
биетэй хүнтэй морьдоо цоройлгон тулалдлаа. Жик эмээлгүй морин дээр үсрэн сууж тулаанд
оролцов. Тирион арьсан нөмрөгтэй хүний хоолойд сум зоогдоход хашгирахаар ам нээснээ цус
олгодохыг харлаа. Түүнийг унахад сэр Родрик өөр хүн рүү ухасхийв.

Мариллион гэнэтхэн хашгиран толгойгоо модон ятгаараа халхлахад дээгүүр нь морь


харайлган гарав. Морьтон тэдний зүг эргэж хадаастай бороохой эргүүлэхэд Тирион үсрэн
босч сүхээ хоёр гардан агсагнан тэмүүлэх морины хоолой руу цавчлаа. Ир морины хоолойд
бөглүү пүнхийн зоогдоход Тирион золтой барьцаа алдсангүй адгуус янцгаан нурж уналаа. Тэр
сүхээ сугалж аваад хазганан өөр тийш холдов. Мариллонд аз таарсангүй. Морьтон газар нурж
унахдаа дуучны дээрээс даржээ. Тирион эргэж ирээд морины их биед хөлөө даруулсан
дээрэмчний шилэн хүзүүнд сүхээ буулгав.

Тэр хүчлэн сүхээ угз татан авахыг хичээтэл Мариллионы ёолох дуу биеийн дороос гарав.

- Хэн нэгэн надад туслаарай. Бурхан өршөөг, би цус алдаж байна.

- Морины цус л биз гээд Тирион дуучны гар морины доороос таван хуруутай аалз мэт сарвайн
цухуйхыг хараад сэтгэл ханамжтай өсгийлдөн гишгэж шажигнах чимээ гарахыг сонслоо.

- Нүд аниад үхсэн дүр үзүүл гэж дуучинд зөвлөөд сүхээ аван цааш эргэв.

Үүний дараахан бүх зүйл замбараагаа алдав. Үүрийн гэгээ хашгиралт ёололтоор дүүрч цусны
хүнд үнэр ханхийн ертөнц үймээн самуунд автлаа. Тирионы чихний хажуугаар сум исгэрэн
өнгөрөөд чулуу онон бут үсрэв. Бронн морьгүй болж хоёр гартаа сэлэм барин тулалдаж
байлаа. Тирион тулалдааны захыг барихыг хичээн чулуун дундуур сүүдэр барин мөлхөхөд
дэргэдүүр нь морины туурай нижигнэн өнгөрөв. Дээрэмчдийн нэг шархадсан дайралдахад
алаад хагас дуулгыг нь авав. Дуулга хавчиг байсан ч ямар ч атугай хамгаалалттай болсондоо
баярлах сэтгэл төрөв. Жик урдаа байгаа хүнийг цавчаад нуруунаасаа цавчуулахад Тирион
Курлекетийн биед бүдрэв. Гахайн нүүр лантуунд няцлагдан танигдахын аргагүй болсон ч
Тирион үхсэн хүний гарт атгасан чинжаалаа танив. Тэр хутгыг бүсэндээ хавчуултал эмэгтэй
хүний хашгирах чимээ гарав.

Кателин Старк чулууны урд занганд орон гурван хүн тойроод зогсож байлаа. Нэг нь морьтой
хоёр нь явган байв. Тэр гэмтсэн гараараа хутга эв хавгүйхэн бариад нуруугаараа хад налахад
гурван талаас нь ойртов. "Тэдэнд гичийг орхи" гэсэн бодол Тирионы толгойд орж ирсэн ч
ямар ч атугай хөдөллөө. Түүнийг ирснийг мэдэхээс урд эхний хүний тойгны арыг цавчихад
хүнд байлдааны сүх ясанд өмхөрсөн мод шиг зоогдов. "Түлээ ч гэсэн цус гардаг юм байна"
гэж Тирион бодтол хоёр дахь хүн түүн рүү ухасхийв. Тирион бөхийн илднээс бултаад
сүхээрээ цавчихад эрэгтэй арагшаа гэдэсхийн... Кателин Старк араас нь хоолойг нь огтлов.
Морьтой хүн хаачсаныг мэдэхгүй алга болжээ.

Тирион эргэн тойрноо харав. Дайснууд нь бүгд алагдах нь алагдаж, шархдан зарим нь
зугтжээ. Түүнийг завгүй байх хооронд тулаан дууссан бололтой. Хаа сайгүй үхсэн морьд,
шархтай хүмүүс хэвтэн хашгиран ёолно. Тирион яаж тэдний нэг болоогүйдээ гайхширан
хуруугаа тэнийлгэхэд сүх газар хангинан уналаа. Гар нь өтгөн цус болжээ. Тулаан хагас өдөр
үргэлжилсэн юм шиг санагдсан ч нар байрнаасаа хөдлөөгүй байв.

- Чиний анхны тулалдаан уу? гээд Бронн Жикийн бие дээрээс бөхийн хөлөөс нь гутал сугалж
авлаа. Тэр лорд Тайваны хүмүүсийн нэг адил хүнд ширэн тосолсон Броныхоос сайн гуталтай
байлаа.

Тайрон толгой дохилоо.

- Миний эцэг их бахархах байх даа гэтэл хөл нь тэсгэлгүй янгинасанд арайхийн тогтов.
Хачирхалтай нь тулааны үеэр өвчин анзаарагдсангүй.

- Одоо чамд хэрэгтэй зүйл гэвэл хүүхэн байна гэж Бронн хар нүдээ гялалзуулан хэлээд гутлыг
эмээл дээрээ тохлоо.

- Эхний цус гаргасны дараа үүн шиг дээр зүйл байхгүй шүү. Надад итгээрэй.

Чиккен дээрэмчдийн цогцсыг тонож гүйцээд тургилав.


Тирион сэр Родрикийн шархыг арчилж буй хатагтай Старк руу харлаа.

- Би түүнийг л хүсэж байна гэхдээ дургүйцэх байх л даа гэхэд чөлөөт морьтон тачигнатал
хөхөрсөнд инээгээд "одоо л эхэлж байна" гэж бодов.

Үүний дараа горхийн дэргэд өвдөглөн нүүрнийхээ цусыг хүйтэн усаар угаагаад бусад руугаа
доголон ирж алагдагсдыг харлаа. Амь үрэгдсэн дээрэмчид туранхай ноорхой, морьд нь
хавирга нь хэрзийсэн араг яс болсон амьтад байлаа. Бронн, Чигген хоёрын тулааны дараа
цуглуулсан зэвсэгт ч сэтгэгдэл төрүүлэх зүйл байсангүй. Лантуу, бороохой хадуур... Тэр сэр
Родриктой тулалдаж байсан хоёр гартаа барьдаг их илдтэй муурын арьсан нөмрөгтэй хүнийг
санаад харвал цогцос нь чулуун дээр гулдайн хэвтэж төдийлөн том санагдаагүй бөгөөд
нөмрөг нь алга болжээ. Илд нь хүртэл хямдхан зэвэнд дарагдсан төмөр байлаа Газар
дээрэмчдийн бүлгийн есөн хүн хэвтэж байгаад ер гайхах юм алга.

Тэднээс зөвхөн гурван хүн амь үрэгдэж лорд Бракены хоёр хүн Курлекет, Мохор алагдаж
өөрийнх нь дагуул Жик ар нуруундаа илд зоолгожээ. "Тэнэгүүдийн төгсгөл" гэж Тирион
бодов.

- Хатагтай Старк бид даруйхан яарах хэрэгтэй. Бид тэднийг дарсан ч төдийлөн холдоогүй
гэж сэр Виллис Вуд эргэн тойрныг дуулганыхаа хаалтны завсар анхааралтай гүйлгэн харж
хэлэв.

- Бид эхлээд амь үрэгдэгсдээ оршуулах ёстой, сэр Виллис. Тэд зоригтой хүн байсан болохоор
хэрээ, муурын хоол болгож орхимооргүй байна.

- Газар ухахад хэтэрхий хатуу чулуутай байна.

- Тэгвэл тэднийг чулуугаар булж орхиё.

- Хүссэн бүх чулуугаа цуглуул. Гэхдээ Чигген бид хоёргүй шүү. Надад чулуугаар үхсэн хүн
булж байхаас чухал ажил байна... Жишээ нь ганц амьсгалаадахъя гэж Бронн хэлээд амьд
үлдэгсдийг харж,

- Та нарын дунд өнөө шөнө амьд үлдэх хүсэлтэй хүн байвал бидэнтэй нийлж болно шүү гэв.

- Хатагтай тэр үнэн ярьж байна. Бид энд удаан саатах юм бол тэд ахин хүрч ирээд хоёр дахь
дайралтыг тэсч гарч чадахгүй гэж сэр Родрик зүдэрсэн дуугаар хэлэв. Хөгшин хүлэг баатар
тулаанд шархдаж зүүн гар нь гүн зүсэгдээд, жад хоолойг нь шүргэсэн учир зуун настай юм
шиг сонсогдож байлаа.

Тирион Кателиний нүүрэнд уур хилэн дүрэлзэхийг харсан ч өөр сонголт үлдсэнгүй.

- Магадгүй бурхан биднийг өршөөх биз. Даруйхан мордоё гэж хэлэв.

Одоо морь хүрэлцэхгүйн зовлон байхгүй болсон болохоор Тирион эмээлээ Жикийн морин
дээр тохож тавилаа. Морь хүчтэй гурав дөрвөн өдрийг даахаар харагдаж байв. Түүнийг эмээл
дээрээ гарах гэтэл Ларис дэргэд нь хүрч ирээд,
- Алив одоо хутгаа хураалга, одой минь гэв.

- Түүнийг зүгээр орхи гээд Кателин Старк морин дээрээсээ харж,

- Тэр сүх сайн хэрэглэдэг юм билээ. Магадгүй бид дахин дайралтанд өртвөл хэрэг болно гэв.

- Баярлалаа, хатагтай гээд Тирион мордлоо.

- Талархалаа өөртөө үлдээ. Би чамд өмнө шигээ итгэхгүй байгаа шүү гээд Кателин хариу
бодож олохын зуургүй явлаа.

Тирион хулгайлсан дуулгаа засч өмсөөд, Бронны сүхийг агслаа. Тэр толгойдоо юүдэн
углуулан, бугуйндаа хүлээтэй адал явдал эхэлж байснаа бодвол хамаагүй сайжрал гарлаа гэж
үзэв. Хатагтай Старк түүнд итгэж байгаа цагт сүхийг агсаж болох болохоор тоглоомд урагш
гарлаа гэж үзэж болох байлаа.

Сэр Виллис Вуд тэднийг тэргүүлэв. Бронн араас нь нэхэж хатагтай Старк дунд нь яваад, сэр
Родрик зэрэгцэн шогшуулав. Мариллон Тирион руу явахдаа дүнсгэр харав. Дуучин хэдэн
хавирга, ятга тоглодог гарынхаа дөрвөн хурууг хугалсан ч аз түүнийг орхисонгүй хаа
нэгтээгээс гайхамшигтай сайхан өтгөн хар сор цагаан судалтай муурын арьсан нөмрөг олж
авсан байлаа. Түүгээрээ чимээгүйхэн хучаад үг дуугарсангүй.

Тэд хагас милийн хиртэй зайд яваад алсад сүүдэрт муурнууд уралцан, араатангууд уурсан
архирч цогцсон дээр дайтах чимээ сонсогдов. Мариллионы царай ажиглагдам зэвхийрчээ.
Тирион дэргэд нь зэрэгцэн очоод,

- Хулчгар гэдэгтэй хэмнэл зохицох хэрээ минь гээд морио давиран дуучныг өнгөрөөд сэр
Родрик, Кателин Старктай зэрэгцэв.

Кателин түүн рүү харснаа уруулаа жимийлээ.

- Миний бүдүүлэгээр таслагдахаас урьд хэлэх гэж байсан үг гэвэл. Энэ бол Чигчий хуруугын
өө сэвгүй зохиосон үлгэрийн нэг. Та миний хэлсэн үгэнд итгэж болно шүү, хатагтай Старк.
Би таньд хэзээ ч гэр бүлийнхээ эсрэг мөрийцөхгүй гэдгийг амлах байна.
АРЪЯА

Өрөөсөн чихтэй хар муур түүнийг хараад нуруугаа гүдийлгэн хүржигнэв.

Аръяа гудмын дагуу нүцгэн хөлөө зөөлхөн тавьж зүрхнийхээ цохилтыг чагнан явах зуураа
удаанаар гүнзгий амьсгал авлаа. Сүүдэр шиг чимээгүй. Өд шиг хөнгөн гэж өөртөө хэлэв.
Муур түүний ойртон ирэхийг нүдээрээ болгоомжлон ширтэв.

Муур барих нь хүнд ажил байлаа. Гар нь битүү маажуулсан сорви дүүрч өвдөг нь газар сөхөрч
унасаар зулгарч гүйцжээ. Эхэндээ түүнээс тогоочийн тарган муур хүртэл зугтан зайлж
байсан ч Сирио өдөр шөнөгүй бэлтгэл хийлгэж байв. Түүнийг улаан нялга болсон гартай
гүйж очиход "Дэндүү удаан байна. Түргэхэн, охин минь. Дайсан чинь үүнээс олон маажилт
үлдээнэ шүү" гэж хэлсэн билээ. Тэр шарханд нь Миришийн гал түрхсэнд халуу шатан өвдөхөд
хашгирахгүйн тулд шүд зуун тэслээ. Үүний дараа өөр муур барихаар явуулжээ.

Улаан шилтгээнд дүүрэн муур байлаа. Наранд зүүрэмэглэж буй хөгшин залхуу муур, хүйтэн
нүдтэй сүүлээ савласан муужгай, зүү шиг хурц хумстай бяцхан муурын зулзаганууд, үсийг нь
самнаж арчилсан хатагтай нарын муур гээд л. Аръяа тэднийг нэг нэгээр нь хөөн барьж аваад
Сирио Форелд бахархалтайгаар авчирч өгч байлаа. Гэвч энэ өрөөсөн чихтэй хар чөтгөрийг л
чадсангүй.

- Шилтгээний жинхэнэ хаан гэдэг чинь энэ дээ. Нүгэл хилэнцээс ч урт настай хоёр дахин
илүү гээч. Нэг удаа хаан хатны эцэгт зориулан хүндэтгэлийн цайллага хийхэд энэ хар чөтгөр
ширээн дээр үсэрч гараад лорд Тайвины хурууны завсраас шарсан бөднө булааж авсан шүү.
Роберт хагартлаа инээж билээ. Түүнээс холхон байсан чинь дээр дээ, хүүхэд минь гэж алтан
нөмрөгтэй харуулын нэг хэлжээ.

Тэр түүний араас шилтгээний хагасаар нэг хөөцөлдөж, Гарын цамхагыг хоёр удаа тойроод,
хашаан дундуур жүчээ рүү зүглэж, эргүүлгэн шатаар уруудаад жижигхэн гал зуухыг өнгөрч
гахайн хашаа, болон алтан нөмрөгтөнгүүдийн хуаран, голын дагуух ханын ёроол барин явсаар
Урвагчын цамхаг өөд өгсөн тэгснээ ахин уруудаж хаалгаар гараад таньж мэдэхгүй
хачирхалтай газар иржээ.

Эцэст нь түүнийг олсон байна. Гудамжны хоёр талаар цонхгүй нүсэр чулуун хана
үргэлжилжээ. Сүүдэр шиг чимээгүй. Өд шиг хөнгөн гэж давтан урагшлав.

Түүнийг урагш гурав дахь алхамаа хийхэд эр муур чавхадлаа. Зүүн, баруун үсрэхэд Аръяа
хөдөлгөөнийг нь дагуулан баруун зүүн тийш хөдөлж зугтах замыг нь хаав. Тэр ахин ярзайснаа
хөлийнх нь дундуур гарахыг оролдов. "Могой шиг түргэн" гэж Аръяа бодоод ухасхийн шүүрч
цээжиндээ тэвэрч аваад чанга инээд алдахад сарвуугаараа ширэн хувцасных нь энгэрийг
самардав. Аръяа түргэхэн түүний нүдний хооронд үнсээд нүүрийг нь самардахаас өмнө хойш
боллоо. Муур шүлсээ үсчүүлэн чарлав.

- Тэр муураар яах гэж байгаа юм бол?

Гайхсан Аръяа дуу гарсан зүг эргэхдээ муураа алдчихлаа. Муур нүд ирмэх зуур алга болов.
Гудмын төгсгөлд өтгөн алтлаг буржгар үстэй хөөрхөн хувцасласан охин зогсоод цэнхэр
атласан хувцастай хүүхэлдэй тэвэрчээ. Дэргэд нь энгэр дээрээ давхиж буй буга сувдаар
хатгамласан цамц өмссөн тарган булцгар цайвар үстэй хүү зогсоод бүсэндээ жижигхэн илд
зүүсэн байлаа. Ард нь хүрэн улаан нөмрөгтэй Ланнистерийн хамгаалалтын хоёр хүн зогсож
байв.

- Чи муураар яах гэсэн юм, хүү минь? гэж Мирцелла ахин ширүүн асууснаа ахдаа хандан,

- Ноорхой өмхий хүү байгаа биз дээ? Түүнийг хараач гээд хөхөрлөө.

- Ноорхой бохир өмхий үнэртэй хүү гэж Томмен зөвшөөрөв.

"Тэд намайг танихгүй байна. Тэр ч бүү хэл охин гэдгийг маань хүртэл мэдсэнгүй" гэж Аръяа
ойлгов. Тэр нүцгэн бохир хөлтэй, үс нь цайзын дундуур гүйсээр ширэлдэж, хантаазны урд
энгэр муурын сарвуунд салмайн, хүрэн даавуу өмдний өвдөг цоорсон болохоор үүнд гайхах
явдалгүй байлаа. Хэрвээ муур барих гэж байгаа бол торгон хувцас банзал өмсөхгүй нь мэдээж
шүү дээ. Аръяа түргэхэн харцаа буруулан өрөөсөн өвдгөө босгон сөгдөв. Магадгүй тэд
түүнийг танихгүй ч байж болох юм. Хэрвээ таньчихвал хэзээ ч сонсч дуусахгүй юм болно.
Септа Мордэйн доромжлогдож, Санса ичсэндээ хэзээ ч түүнтэй үг дуугарахгүй биз.

Тарган септа урагш гарч ирлээ.

- Хүү минь чи энд хаанаас хүрч ирээ вэ? Шилтгээний энэ хэсэгт чамд хийх зүйл байхгүй
гэхэд,

- Харваас манай хархнуудыг үржүүлэх гэж байгаа бололтой гэж улаан нөмрөгтэй хүн хэлэв.

- Чамайг хэн болохыг чинь асууж байна? Хариулаач. Ямар буруу зүйл хийсэн болоод дуугүй
байгаа юм? гэж септа шаардлаа.

Аръяагын дуу хоолойдоо тээглэв. Хэрвээ тэр хариулвал Томмен, Мирцелла хоёр таних
байлаа.

- Годвин түүнийг ийш нь авчир гэж септа хэлэхэд өндөр харуулын хүн урагш дөхөв.

Айдас хоолойг нь аварга биетийн гар шиг базлаа. Аръяа үүнээс үхэл амьдрал нь хамаарах
байсан ч үг дуугарч чадсангүй. Ус шиг тайван гэж өөртөө хэлэв.

Годвин түүн дээр хүрч ирэхтэй зэрэгцэн Аръяа хөдөллөө. Могой шиг түргэн тэр зүүн тийш
бөхийхөд хуруунууд гарыг нь шүргэн өнгөрлөө. Зуны торго шиг зөөлөн. Харуулыг биеэ татан
эргэхтэй зэрэг гудамж уруудан гүйлээ. Буга шиг шаламгай. Септа түүн рүү хашгирлаа. Аръяа
зузаан цагаан гантиг багана шиг хөлийнх нь доогуур гулган гараад үсрэн босч ханхүү
Томменийг түлхэн дээгүүр нь харайхад газар лагхийтэл суугаад "Өп" гэж дуу алдав. Тэр хоёр
дахь харуулыг мурилзан өнгөрөөд бүгдийг орхиж хар хурдаараа зугтлаа.

Тэгтэл араас нь хашгиралт гарч хүнд хөлийн чимээ ойртох сонсогдоход дороо унаж
өнхөрсөнд улаан нөмрөг дэргэдүүр нь өнгөрөөд бүдэрч унав. Аръяа хөл дээрээ үсрэн босоод
дээрээ шагайвар шиг нарийхан өндөр цонх байхыг харлаа. Дэвхрэн тавцангаас барьж аваад
биеэ татан авирлаа. Могой загас шиг гулгамтгай. Амьсгалаа түгжин нүхээр мөлхөн ороод
айсан угаагч эмэгтэйн урд дэвхэрч сагстай бохир хувцсыг шүргэн асгаад хаалгаар орон урт
хонгил дамжин гүйж шат уруудаад нууц хашаа дамжин булан эргэж ханын ёроол дахь хавчиг
цонхоор харанхуй зоорь луу орлоо. Ард нь чимээ алсад сонсогдоно.

Аръяа амьсгалаа дарахыг хичээн төөрснөө ойлгов. Тэдэнд танигдсан бол дүүрсэн нь
ойлгомжтой. Гэсэн ч тэгсэн гэж бодсонгүй. Тэр дэндүү түргэн хөдөлсөн. Буга шиг шаламгай.

Тэр доошоо нойтон чулуун ханатай харанхуй руу ороод нэхэн хөөгчдийнхөө чимээг анирдсан
ч зөвхөн зүрх нь дэлсэн алсад ус гоожих чимээ сонсогдов. Сүүдэр шиг чимээгүй гэж өөртөө
хэлэв. Ингэхэд тэр хаана байгаа юм бол. Тэднийг анх Хааны газар ирснээс хойш шилтгээнд
төөрч байна гэж нэг бус удаа хар дарж зүүдэлжээ. Эцэг нь Улаан шилтгээн Винтерфеллээс
бага гэж хэлсэн ч зүүдэнд нь агуу том төөрдөг чулуун байшин үргэлжлэн хананууд нь ард
хөдлөн байраа сольж байлаа. Тэр уруудсаар гандсан хөрөг зурагтай баргар танхим руу гүйж
орж эцэс төгсгөлгүй эргүүлэн шат уруудсаар хашаанд юмуу гүүрэн дээр гүйн гарч ирэх
бөгөөд хашгиралтанд нь хэн ч хариулдаггүй байлаа. Зарим өрөө цусанд будагдсан мэт улаан
чулуу ханатай бөгөөд цонх хаа ч байсангүй. Заримдаа эцгийнх нь хоолой сонсогдох ч үргэлж
алсад сонсогдох бөгөөд хичнээн гүйсэн ч хамаагүй хоолой улам суларсаар чимээгүй болж
Аръяа харанхуйд ганцаар үлддэг байв.

Эргэн тойрон тас харанхуй байлаа. Тэр өвдгөө цээжиндээ наан тэврээд чичирлээ. Чимээгүй
хүлээж арван мянга хүртэл тоолов. Тэгвэл ирсэн замаараа буцан харих арга олох биз.

Түүнийг наян долоо хүрч байтал нүд нь харанхуйд дасан гэгээ орон удаанаар эргэн тойронд
нь байгаа дүрсүүд танигдаж эхэллээ. Харанхуйгаас шовх эрүүндээ урт шүдтэй хоосон том
ухархай хомхойрон ширтэнэ. Түүнийг хараад тоогоо алдахад нүдээ аниад уруулаа хазан
айдсаа хөөж явуулахыг хичээв. Ахин нээхэд нь мангасууд хэзээ ч байгаагүй юм шиг байхгүй
болсон байх болно. Аръяа Сириог харанхуйд дэргэд нь зогсоод чихэнд шивнэж байна хэмээн
төсөөлөв. Ус шиг тайван. Баавгай шиг хүчтэй. Нохой зээх шиг хэрцгий гэж өөртөө хэлээд
нүдээ ахин нээлээ.

Мангасууд байсан хэвээр ч айдас үгүй болжээ.

Аръяа хөлөө болгоомжлон урагш тавилаа. Толгойнууд хаа сайгүй байв. Тэр жинхэнэ эсэхийг
нь сониучирхон нэгэнд нь хүрч үзлээ. Хуруугаараа асар том эрүүнд шүргэхэд жинхэнэ байв.
Толигор хатуу яс хүрэхэд хүйтэн байлаа. Тэр хуруугаа хутга шиг хурц хар шүдний дагуу
гүйлгэтэл дотор нь жихүүдэс төрөв.

- Энэ үхчихсэн. Ердийн нэг гавал болохоос намайг өвтгөхгүй гэж чанга хэлэв.

Гэсэн ч мангас ямар нэг аргаар түүний энд байгааг мэдэж буй мэт санагдана. Харанхуйд
хоосон нүдний ухархай цоо ширтэн бүүдгэр агуй шиг өрөөнд түүнд таалагдахгүй ямар нэг
зүйл байлаа. Тэр гавлаас эргэтэл эхнийхээсээ том хоёр дахьтай нь тулгарав. Агшин зуур хурц
шүд хазахыг хүсэх мэт мөрөнд нь шигдэв. Аръяа мурилзан эргэхэд хувцас нь том соёонд
зууралдан урагдаж ухасхийн гүйлээ. Өмнө нь бусдаасаа хавьгүй том өөр нэг гавал байсан ч
Аръяа гүйлтээ удааширсангүй. Илд шиг сэрийсэн шүдний эгнээ дээгүүр харайгаад хомхой
эрүүг өнгөрч хаалга руу зүглэв.

Гарт нь модон дээрх хүнд төмөр цагариг тэмтрэгдэхэд зулгаан татсанд хэсэг зууралдсанаа
эргэлзээгүй бүх хотод сонсогдохоор чахран дотогш онгойлоо. Тэр хаалгыг багтахаар нээгээд
завсраар нь шургалж цаашаа хонгилоор явлаа.

Хэрвээ мангасуудтай өрөөнд харанхуй байсан бол хонгилд долоон тамын нүх гэмээр түнэр
харанхуй байлаа. Ус шиг тайван гэж Аръяа өөртөө хэлээд нүдээ дасгасан ч орж ирсэн
хаалганы бүүдгэр дүрсээс ондоо юу ч харагдсангүй. Тэр хуруугаа урдаа өргөн сарвалзуулахад
хөдөлгөөн мэдрэгдсэн ч юу ч харагдсангүй. Тэр сохор хүн шиг болжээ. Уснаа бүжиглэгч бүх
мэдэрхүйгээрээ харах ёстой гэж өөртөө сануулав. Нүдээ аниад гурав хүртэл тоолж амьсгалан
гараа урагш сунгалаа.

Зүүн гарын хуруу өө сэвтэй арзгар хана шүргэв. Гараа хананаас салгалгүй шүргэн цааш явсаар
харанхуйд жижигхэн шатаар уруудав. Бүх хонгилууд хаа нэгтээ хүргэдэг. Хэрвээ орж ирэх зам
байсан бол гарах зам байх л ёстой. Айдас илднээс гүн зүсдэг. Аръяа айсангүй. Удтал явах шиг
санагдсаны эцэст хана гэнэт төгсөн хүйтэн агаар хацрыг нь хорсгов. Хөнгөн салхи үсийг нь
хийсгэн арьс шүргэлээ.

Дор хаа нэгтээ чимээ сонсогдов. Тэгснээ гутлын чимээ гаран хоолой дуулдлаа. Ханан дээр
бүүдгэр гэрэл анивчин тусахад хорин футын гүнзгий том хар нүхний аман дээр зогсож
байгаагаа харлаа. Ханыг нүсэр чулуугаар хийсэн агаад Хөгшин Нанын ярьдаг газрын
хэвлийгээс гарсан харанхуй тамын нүх шиг доошоо шат дугуйран эргэжээ.

Аръяа ирмэг дагуу явахдаа хүйтэн агаар царай луу нь сийгэхийг мэдрэв. Тэртээ дор
бамбарын гэрэл лааны дөл шиг жаахан улалзана. Дэргэд нь хоёр хүн байлаа. Тэдний сүүдэр
ханан дээр аварга биетийн сүүдэр мэт уртаар сунан үзэгдэнэ. Гүнээс хоолой нь цуурайтаж
сонсогдов.

- ...нэг бутчыг нь олсон болохоор үлдсэнийг нь удахгүй олно. Нэг, хоёр магадгүй хоёр долоо
хоногийн дараа ч юмуу...

- Хэрвээ тэр үнэнийг мэдвэл яах хэрэг вэ? гэж Чөлөөт хотуудын аялгатай хоёр дахь хоолой
асуухад,

- Түүний зөвхөн бурхан мэдэх байх даа гэж эхний хоолой хэллээ.

Аръяа бамбарын толгойноос саарал утаа могой шиг цоролзохыг харав.

- Тэнэгүүд түүний хүүг алахыг оролдсон нь байдлыг дордуулж тэнэгүүдийн наадам болгон
хувиргасан. Тэр зүгээр нэг хажуу тийш түлхчих хүн биш. Биднийг хүссэн хүсээгүй арслан,
чоно хоёр удахгүй нэг нэгнийхээ хоолой руу ноцно гэдгийг чамд анхааруулах байна.

- Дэндүү түргэн байна гэж аялгатай хоолой гомдоллоод,


- Одоо дайн дэгдвэл сайн зүйл юу байна? Бид бэлэн биш. Саатуулах хэрэгтэй гэв.

- Тэгвэл цаг хугацаа зогсооё л доо. Чи намайг шидтэн гэж бодоо юу? гэхэд нөгөө нь инээж.

- Түүнээс хамаагүй илүү гэв.

Бамбарын дөл хүйтэн агаарт чичигнэнэ. Сүүдэр өндөрсөн бараг оройд тулж ирлээ. Хормын
дараа бамбар барьсан эрэгтэй гарч ирэхэд, араас нь хоёр дахь хүн дагалджээ. Аръяа нүхнээс
холдон хананд наалдан шахлаа. Тэднийг шатны оройд гарч ирэхэд амьсгалаа түгжив.

- Чи тэгээд намайг юу хийлгэх гээ вэ? гэж бамбартай хүн асуулаа. Тэр биерхүү хүн бөгөөд
богино нөмрөг зүүжээ. Хөлдөө хүнд гуталтай хэдий ч чимээ шуугиангүй явж байв. Дугуй
сорвитой царай өрөвгөр сахалтай, төмөр малгай, ширэн дотортой хөө хуяг өмсч бүсэндээ
богино илд, чинжаал хавчуулжээ. Аръяад тэр хүн нэг л танил санагдав.

- Хэрвээ нэг Гар үхсэн бол яагаад нөгөө нь үхэж болохгүй гэж? Чи урьд нь энэ бүжгийг
бүжиглэж байсан биз дээ, найз минь хэмээн ацан шаргал сахалтай аялгатай хүн асуулаа.

Аръяа түүнийг урьд нь харж байсангүй. Махлаг тарган биетэй хэр нь уснаа бүжиглэгч шиг
гайхмаар хөнгөн явах ажээ. Бамбарын гэрэлд хуруун дахь улаан алт, цайвар мөнгө, бадмаараг,
индраанил, шаргал барын нүдэн бөгж гялалзав. Хуруу болгондоо бөгжтэй заримд нь хоёрыг
зүүжээ.

- Одоо хийхэд арай эрт байна. Шинэ Гар бол өөр хүн гэж сорвитой хүн эсэргүүцээд хонгилд
гарав.

Чулуу шиг хөдөлгөөнгүй. Сүүдэр шиг чимээгүй гэж Аръяа өөртөө хэлэв. Тэд бамбарын нүд
сохлом гэрэлд гялбасандаа хэдхэн алхамын зайд хананд наалдан зогсож байсан түүнийг
харсангүй.

- Магадгүй тийм байх. Тэгсэн ч бидэнд цаг байна. Гүнж хүүхэд хэвээр байна. Кал хүүгээ
төрөх хүртэл хөдлөхгүй. Чи зэрлэгүүдийн ямар болохыг мэднэ дээ гэж ацан сахалтай хүн
хэлээд удаан өгсөлтийнхөө дараа амьсгал дарахаар зогсов.

Бамбартай хүн ямар нэг зүйл түлхэв. Аръяад бөглүү хүржигнэх чимээ сонсогдсоноо
бамбарын гэрэлд адраас улаан хавтан буухад золтой дуу алдсангүй. Орох гарц жигдхэн
толигор хавтантай болжээ.

- Хэрвээ тэр яарахгүй бол магадгүй хожигдох байх гэж төмөр малгайтай биерхүү хүн хэлэв.

- Энэ удаан хоёр хүний тоглоом байхгүй. Урьд нь ч тийм байсаар ирсэн. Станнис Баратеон,
Лиза Аррин хоёр миний хараанаас зугтан алга болсон ч шивнэгчид тэднийг эргэн тойрондоо
илд цуглуулж байгаа гэж хэлсэн. Цэцэгт хүлэг баатар Хайгарден руу захиа бичиж лорд
эцэгтээ дүүгээ ордонд ирүүлэхийг шаардаж байгаа. Охин арван дөрвөн настай дур булаам
үзэсгэлэнтэй элэгсэг зөөлөн. Лорд Рэнли, сэр Лорас хоёр Робертийг түүнтэй дэр нэгтгэн
гэрлүүлж шинэ хатантай болохыг шаардаж байгаа. Харин Чигчий хурууны тухайд гэвэл...
Чигчий хуруу ямар тоглоом тоглож байгааг зөвхөн бурхад мэдэх байх даа. Лорд Старк унтах
нойрны минь ганц садаа болоод байна. Тэр бутач, номыг олсон болохоор удахгүй бүх үнэнийг
илрүүлнэ. Тэтэл одоо түүний эхнэр Тирион Ланнистерийг барилаа. Чигчий хуруугын
оролцсон явдалд талархая. Лорд Тайвины уур бадрах нь лавтай бөгөөд Жэйми жижигхэн
чөтгөрт хачирхалтай хайртай байдаг юм. Хэрвээ Ланнистерийнхан умард руу хөдөлвөл
Таллигийнхан сөрөн зогсож чадахгүй. Чи саатуул гэж хэлсэн үү. Харин би яарах хэрэгтэй гэх
байна. Хамгийн шилдэг жонглёрчид хүртэл агаарт зуун бөмбөг мөнх байлгаад байж
чадахгүй.

- Чи жонглёрчноос илүү хүн шүү дээ, хуучин анд минь. Чи бол жинхэнэ шидтэн. Миний
хувьд чамаас зөвхөн шидээ удаашруулахыг гуйх байна гээд тэд хонгил дундуур Аръяагын
ирсэн мангастай өрөө лүү явлаа.

- Чадах бүх зүйлээ хийе. Надад ахин тавин жижигхэн шувуу хөлслөхөд алт хэрэгтэй байна
гэж бамбартай хүн аяархан хэлэв.

Тэднийг цааш явахад Аръяа араас нь бараадан дагалаа. Сүүдэр шиг чимээгүй.

- Тийм олон уу? Чамд ганцыг олоход тийм хэцүү байна уу... залуу нь бичиг хүсэг мэдэхгүй...
магадгүй том нь... тийм ч амар үхэхгүй... гээд тэдний хоолой намсан гэрэл бүдгэрэв.

- ...үгүй. Жижигхэн нь аюулгүй... зөөлөн харьцах хэрэгтэй....

- ...хэрвээ тэд хэлээ татвал...

- ...эрсдэлтэй...

Тэдний хоолой бөхсөн ч Аръяа урд нь бамбарын гэрэл сүүмэлзсэн хэвээр утаан од дагуулахыг
хараад араас нь дагалаа. Хоёр ч удаа алдах шиг санагдахад шулуухан явсанд бамбарын гэрэл
нарийхан шатны дор хол гялалзана. Тэр араас нь яаран уруудлаа. Нэг удаа чулуунд бүдэрч
хананд наалдахад урд нь чулуун хана байсан газар дүнзний завсар чигжсэн шороо баригдав.

Тэр хотоос хэдэн милийн зайд холдсон бололтой. Эцэст нь тэд алга болоход урагшаа явахаас
өөр зам үлдсэнгүй. Аръяа ахин хана тэмтрэн дагаж Намериа дэргэд нь явж байна гэж
төсөөлөхийг хичээлээ. Гэнэтхэн өвдгөө хүртэл өмхий усанд цүлхийтэл ороход энэ газраас
гарч гэрэл гэгээ ахин харж чадах болов уу эргэлзлээ. Түүнийг газар дорхи хонгилоос гарч
ирэхэд хэдийн харанхуй болсон байв.

Тэр гол руу цутгадаг усны сувгийн аман дээр зогсож байлаа. Биеэс нь өмхий үнэр ханхлахад
бохир хувцсаа голын эрэг дээр тайлан хаяад гүн хар усанд шумбав. Биеэ цэвэрхэн болтол
сэлээд мөлхөн гарч ирж чичирлээ. Дараа нь хувцсаа угааж байхад нь ойролцоох замаар хэдэн
морьтонгууд өнгөрсөн ч сарны гэрэлд ноорхой хувцсаа угааж байгаа туранхай нүцгэн охиныг
хэн ч тоосонгүй.

Аръяа шилтгээнээс хэдэн милийн зайд байсан ч Хааны газрыг олохын тулд Эйгоны толгод
дээр байгаа Улаан шилтгээнийг харахад хангалттай аж. Шилтгээнд дөхөж ирэх үед хувцас нь
бараг хатав. Сараалж буулгаастай байсан тул арын хаалга руу эргэлээ. Үүдэн дээр нь хзогсож
байсан алтан нөмрөгтэй харуулуудаас оруулахыг гуйсанд хөхөрлөө.

- Эндээс зайл. Гал зуухны шавхруу дууссан. Харанхуй болсон хойно гуйлга гуйдаггүй юм гэж
нэг нь хэлэв.

- Би гуйлгачин биш. Би энд амьдардаг гэж Аръяа хэллээ.

- Би чамайг эндээс зайл гэж хэлсэн шүү. Эсвэл сайн сонсдог болохын тулд чихийг чинь
онгойлгоод өгөх үү?

- Би аавтайгаа уулзахыг хүсч байна гэхэд харуулууд өөд өөдөөсөө харлаа.

- Харин би хатан хаантай унтахыг хүсч байна гэж арай залуу нь хэлэхэд хөгшин нь хөмсөг
зангидаж,

- Хэн чиний эцэг хэн юм, хүү минь? Хотын харх баригч уу? гэв.

- Хааны Гар.

Хоёул хөхрөхөд хөгшин нь нохой хөөж байгаа аятай нударга далайсан авч Аръяа цохилтыг
ирэхээс нь өмнө мэджээ. Тэр арагш үсрэн холдож хүргэсэнгүй урдаас нь нулмиад,

- Би хүү биш. Би Винтерфеллийн Аръяа Старк. Хэрвээ та нарын нэг чинь надад гар хүрэх юм
бол лорд эцэг маань толгойг чинь хадааснаас өлгөнө шүү. Итгэхгүй байгаа бол Гарын
цамхагын Жори Кассел, Вэйон Пол нараас асуу гээд ташаа тулж, - Харин одоо хаалга
онгойлго. Эсвэл сайн сонсдог болохын тулд чихээ онгойлгуулмаар байна уу? гэв.

Харвин, бүдүүн Том хоёр түүнийг аваачихад эцэг нь өрөөндөө ганцаар тосон дэнгийн гэрэлд
сууж байлаа. Тэр Аръяагын урьд хожид үзээгүй зузаан ном болох шарласан хуудас,
гаргагдахгүй бичигтэй гандсан ширэн хавтастай боть руу бөхийжээ. Харвины илтгэлийг
сонсмогц номоо хаагаад царай нь ширүүсч тэдэнд талархал илэрхийлээд явуулав.

- Би харуулуудынхаа тэн хагасыг чамайг чамайг эрэхээр явуулсныг ойлгож байна уу? Септа
Мордэйн айсандаа золтой үхээгүй. Тэр чамайг эсэн мэнд эргэж ирэхийн төлөө мөргөж
байгаа. Аръяа чи ингэхэд шилтгээний хаалгаар зөвшөөрөлгүй гарч болохгүй гэдгийг мэддэг
хүн үү? гэж Эддард Старк тэднийг ганцаар үлдэхэд хэлэв.

- Би хаалгаар гараагүй. Би үүнийг хүсээгүй. Би газар дорхи зооринд ороод хонгил руу
эргэчихсэн. Тэнд харанхуй байсан. Надад бамбар лаа байгаагүй болохоор хаашаа явж
байгаагаа мэдээгүй. Ирсэн замаараа буцах гэсэн ч мангасууд байсан. Аав аа тэд таныг алах
тухай ярилцаж байсан! Мангасууд биш л дээ, хоёр хүн. Тэд намайг хараагүй. Би чулуунд
наалдан сүүдэр шиг чимээгүй зогсоод тэдний яриаг сонссон. Тэд таньд ном, бутач байгаа
болохоор нэг Гар үхсэн байхад яагаад нөгөө нь үхэж болохгүй билээ гэж хэлсэн. Энэ нөгөө
ном уу? Харин Жоныг бутач нь гэж мөрийцсөн ч болох юм.

- Жон гэнэ ээ? Аръяа чи ингэхэд юуны тухай яриад байна? Хэн тэгж хэлсэн юм?
- Тэд хэлсэн. Тарган махлаг биетэй нь ацан шаргал сахалтай, нөгөө нь хөө хуяг төмөр
малгайтай хүн байсан. Тарган нь саатуулах хэрэгтэй гэж ярьсан ч нөгөөдөх нь мөнхөд
жонглёрдож чадахгүй чоно арслан хоёр нэг нэгнийхээ хоолой руу ноцож тэнэгүүдийн багт
наадам болно гэсэн гээд ярианы үлдсэн хэсгийг санахыг хичээв. Тэр сонссон зүйлээ тухайн
үед ойлгоогүй болохоор одоо бүгд толгойд нь хутгалджээ.

- Тарган нь гүнж хүүхэд хэвээр байна гэсэн. Харин бамбар барьсан төмөр малгайтай нь яарах
хэрэгтэй гэсэн. Би түүнийг шидтэн гэж бодож байна.

- Шидтэн гэнэ ээ? Тэр урт цагаан сахал, од яглалзсан шовгор оройтой бүрх малгай өмсөөгүй
байна уу? гэж Нэд инээмсэглэлгүй асуулаа.

- Үгүй ээ! Хөгшин Нанын үлгэрт гардаг шиг биш. Тэр шидтэнтэй адилгүй байсан ч тарган нь
шидтэн гэж хэлсэн.

- Би чамд анхааруулж байна шүү, Аръяа. Хэрвээ чи үүнийг санаанаасаа зохиож байгаа бол...

- Үгүй би таньд газар дор хонгилд гэж хэлсэн биз дээ. Тэнд нууц хана байсан. Би муурын
араас хөөж байсан юм гээд... гээд ярвайж хэрвээ ханхүү Томменыг түлхэж унагаснаа ярих юм
бол түүнийг гарцаагүй уурлуулах байх даа гэж бодлоо...

- Тэгээд би цонхоор гарсан юм. Тэнд мангасууд байсан.

- Мангасууд ба шидтэнгүүд. Чи харваас жинхэнэ адал явдлыг туулсан бололтой. Тэгэхээр


чиний сонссон хүмүүс жонглёрчид багт наадмын тухай ярьсан юм уу?

- Тиймээ гэвч...

- Аръяа тэд чинь жүжигчид байсан байна шүү дээ. Хааны газар тэд одоо хэдэн арваараа
байгаа. Тэмцээний үеэр тоглож зоос олох гэж ирсэн юм. Би тэр хоёрын шилтгээнд юу хийж
байсныг мэдэхгүй ч магадгүй хаан тоглолт үзэхийг хүссэн байх.

- Үгүй ээ. Тийм биш... гэж Аръяа зөрүүдлэн толгой сэгсэрлээ.

- Чи ямар ч тохиолдолд хүмүүсийн араас мөрдөж тагнах ёсгүй. Тэгээд ч миний охин хачин
цонх руу авирч золбин муурын араас хөөж байгаа нь намайг баярлуулахгүй байна. Өөрийгөө
хар даа, үр минь. Гар чинь дүүрэн маажуулсан сорвитой болж. Одоо хангалттай. Сирио
Форелд намайг түүнийг хөлслөхөө... гэхэд хаалга цохих чимээ гарч яриаг нь саатуулав.

- Өршөөгөөрэй, лорд Эддард. Гэхдээ энд хар ахан дүүсийн нэг ирээд уулзахыг хүсч байна.
Тэр яаралтай гэсэн. Таныг энэ тухай мэдэхийг хүсэх байх гэж бодлоо хэмээн Десмонд хаалга
онгойлгоод хэлэв.

- Миний үүд Шөнийн харуулд үргэлж нээлттэй гэж Нэд хэллээ.

Дэсмонд нөгөө хүнийг дотогш оруулав. Тэр бөгтөр үзэмжгүй бавгар сахал угаагаагүй
хувцастай байсан ч эцэг нь эелдэгээр мэндчилэн алдрыг нь асуулаа.
- Йорен гэдэг, эрхэм лорд гээд Аръяад бөхийн ёсолж,

- Энэ таны хүү байх. Таньтай их адилхан юм гэв.

- Би охин шүү дээ гэж Аръяа уцаарлан дуу алдав. Хөгшин Хананаас ирсэн болохоор
Винтерфелл рүү очсон байж таарлаа.

- Та миний ах дүү нарыг мэдэх үү? Робб, Бран хоёр Винтерфеллд харин Жон Ханан дээр
байгаа. Жон Сноу одоо шөнийн харуул болсон болохоор та түүнийг мэдэх ёстой. Түүнд улаан
нүдтэй цагаан зэрлэг чоно бий. Ингэхэд Жон эргүүл болсон уу? Би Аръяа Старк байна.

Хөгшин өмхий үнэртэй хар хувцастай хүн түүн рүү хачирхалтай харсан ч Аръяа яриагаа
зогсоосонгүй.

- Та Хана руу буцаж явбал Жонд миний бичсэн захиаг хүргээд өгч чадах уу? гээд Жоныг энд
байсан ч болоосой гэж хүслээ. Тэр газар дорхи танхим, ацан сахалтай тарган хүн, төмөр
малгайтай шидтэнгийн тухай ярианд итгэх байсан даа.

- Миний охин ихэнхидээ эелдэг ёсыг мартдаг юм гэж Эддард Старк үгээ зөөллөн
инээмсэглэн хэлээд,

- Танаас өршөөл хүсье, Йорен. Миний ах Бэнжин таныг илгээгээ юу? гэлээ.

- Хөгшин Мормонтоос ондоо хэн ч намайг илгээгээгүй. Би ийшээ Ханан дээр хүн
элсүүлэхээр ирсэн юм. Робертийн ордонд очиж өвдөг сөгдөн хэрэгтэй зүйлээ уйлан хайлан
гуйвал хаан, Гар хоёр шоронд байгаа зарим нийгмийн шааруудаасаа хагацна гэж найдаж
байна. Ингэхэд Бэнжин Старкын тухайд гэснээс. Түүний цус хар болсон болохоор таны адил
миний ч гэсэн ах болсон. Үүний төлөө л би ирсэн юм. Наашаа ирэхдээ золтой морио
алдаагүй ч бусад хүнийг ардаа орхисон л доо.

- Бусад хүн гэнэ ээ? гэхэд Йорен шүлсээ хаялаа.

- Хөлсний цэргүүд, чөлөөт морьтонгууд. Буудал тэднээр дүүрэн байсан болохоор тэдний үнэр
авсныг ажигласан. Цус алтны үнэр адилхан байдаг юм. Бүгд Хааны газар зүглээгүй. Зарим нь
ойрхноор нь Кастерли Рок руу давхисан. Лорд Тайвиныг одоо мэдээ авсан гэж тооцож болно.

Нэд хөмсөг зангидаж,

- Ямар мэдээ? гэхэд Йорен Аръяа руу харав.

- Өршөөгөөрэй Бид энэ тухай хоёулхнаа ярилцвал дээр байна, эрхэм лорд.

- Чиний хүссэнээр болъё. Десмонд миний охиныг өрөөнд нь аваач гээд Нэд охиныхоо
хөмсгөн дээр нь үнсэж,

- Бид яриагаа маргааш дуусгая гэлээ.


Гэсэн ч Аръяа газраас ургасан аятай хөдөлсөнгүй,

- Жонд муу юм тохиолдоогүй биз дээ? Эсвэл авга ах Бэнжинд ч юм уу? гэж Йоренээс асуув.

- Старкын хувьд сайн гэж хэлж чадахгүй нь. Харин Сноу Ханан дээр үлдэхэд хангалттай сайн
байсан. Тэд миний санааг зовоохгүй байна гэхэд Десмонд Аръяагын гараас атгаж,

- Явъя, хонгор хатагтай минь. Аавынхаа хэлснийг сонссон биз дээ гэлээ.

Аръяад явахаас өөр сонголт үлдсэнгүй тул бүдүүн Том байсан ч болоосой гэж хүслээ. Том
байсан бол хаалган дээр жаахан саатуулж Йорены яриаг сонсч болох байсан ч Десмонд
мэхлэхэд бэрх хүн байв.

- Миний аавд хичнээн цэрэг байгаа вэ? гэж шатаар унтлагын өрөө лүүгээ уруудахад асуулаа.

- Энд Хааны газар уу? Тавин хүн байгаа.

- Та нар түүнийг хэнд ч алуулахгүй биз дээ? гэхэд Десмонд инээж,

- Айх хэрэггүй, бяцхан хатагтай минь. Лорд Эддардыг өдөр шөнөгүй хамгаалж байгаа
болохоор аюул учрахгүй гэлээ.

- Ланнистерийнхан тавиас илүү хүнтэй шүү дээ.

- Тэгсэн ч гэсэн умардын нэг хүн өмнөдийн арван илдтэй тэнцэх болохоор чи тайван унтаж
болно.

- Хэрвээ түүнийг алуулахаар шидтэн илгээвэл яах вэ?

- Тэгвэл ингэнэ гээд Десмонд урт илдээ сугалж,

- Шидтэн ч гэсэн толгойг нь тас цавчихад бусад хүмүүсийн адил үхдэг юм гэв.
ЭДДАРД

- Роберт би чамаас гуйж байна. Юу хэлж байгаагаа ухаарч байна уу? Чи хүүхэд алах тухай
ярьж байна гэж Нэд гуйлаа.

- Жирэмсэн янхан! гээд хааны нударга зөвлөлийн ширээн дээр аянгын нүргэлэлт шиг
тасхийн буулаа.

- Би ийм явдал болно гэж чамд анхааруулж байсан биз дээ, Нэд. Хиргисүүртэй талд
анхааруулсан ч чи тоогоогүй. Тэгвэл одоо үүнийг сонс. Би эх хүүхдийг хоёуланг нь тэнэг
Висеристэй үхэхийг хүсч байна. Энэ хангалттай юу? Би тэднийг үхлийг хүсч байна.

Үлдсэн зөвлөлийн гишүүд өрөөнд байхгүй мэт дүр эсгэв. Тэд түүнээс ухаалаг гэдэг нь
гарцаагүй бөгөөд Эддард Старк ховорхон бус удаагаа ганцаардлыг мэдэрч байгаа билээ.

- Чи үүнийг хийвэл үргэлж гутамшиг мэдэрч байх болно.

- Миний толгойд ямар ч гутамшиг байсан хамаагүй үүнийг хийх болно. Би сүүдэрт хүзүүн
дээр далайсан сүхийг олж харахааргүй сохор хүн биш.

- Тэнд сүх байхгүй. Зөвхөн хорин жилийн өмнө арилсан сүүдэр л байгаа.

- Тийм гэж үү? Эрхэм лорд та намайг гомдоож байна шүү. Би үнэхээр хааны зөвлөлд худал үг
хэлсэн гэж үү? хэмээн Варис энгэсэгтэй гараа зөрүүлэв.

Нэд тайган руу хүйтэн ширтэв.

- Чи бидэнд ертөнцийн хагаст одсон урвагчийн үгийг авчирсан. Магадгүй Мормонтын буруу
байвал яана. Тэр худал хэлсэн байж болно шүү дээ.

- Сэр Жорах намайг мэхэлж зүрхлэхгүй. Үүнд найдаж болно. Гүнж жирэмсэн гэж Варис
зальжин инээмсэглэн хэлэв.

- Тэгвэл тийм л биз. Хэрвээ чиний буруу байвал бидэнд айх зүйл байхгүй. Түүнийг хүүхэдтэй
болсон ч эмээх явдал байхгүй. Хүү биш охин байж болно. Тэгээд ч хүүхэд төрөхдөө эндвэл...

- Гэхдээ энэ хүү байвал яах вэ? Хэрвээ эндэхгүй бол яах болж байна? гэж Роберт шаардлаа.

- Бидний хооронд уйтан тэнгис заагласан хэвээр байна. Би Дотракичуудыг усаар морь гаталж
сургасан хойно л болгоомжилж эхэлье гэхэд хаан дарс балгаад Нэд рүү зөвлөлийн ширээн
дээгүүр муухай харж,

- Тэгэхээр чи намайг лууны түрс армитайгаа эрэг дээр минь газардах хүртэл юу ч хийх
хэрэггүй гэж зөвлөж байгаа юм биз дээ, тийм үү? гэлээ.

- Тэр лууны түрс чинь эхийнхээ хэвлийд байгаа. Эйгон хаан хүртэл нялх байхдаа байлдан
дагууллаа хийж эхлээгүй.
- Бурхан минь! Чи ч бух гөрөөс шиг зөрүүд хүн юм даа, Старк гээд хаан зөвлөлийнхөн рүү
харж,

- Үлдсэн нь хэлээ залгичихаагүй биз? Хэнд ч хөлдүү нүүртэй тэнэгтэй ярилцах ухаан алга
уу? гэлээ.

Варис нялуунаар инээмсэглэн Нэдийн ханцуйнаас зөөлөн угзрав.

- Би таны сэтгэл зовнилыг бүрэн ойлгож байна, лорд Эддард. Ийм гашуудалтай мэдээг
зөвлөлд хүргэх миний хувьд амаргүй байлаа. Бид энэ аймшигтай зүйлийн тухай сайтар бодож
үзэх ёстой. Бидэн шиг эрх мэдлийг барьж байгаа хүмүүс хичнээн хэцүү байсан ч хаант улсын
сайн сайхны төлөө муу муухайг устгах ёстой.

Лорд Рэнли мөрөө хавчлаа.

- Асуудал миний хувьд хангалттай энгийн байна. Бид Висерисийг дүүтэй нь олон жилийн
өмнө алах ёстой байсан боловч, эрхэм дээдэс ах минь Жон Арриний үгийг сонссоноороо
алдаа гаргасан.

- Өршөөл хэзээ ч алдаа болохгүй, лорд Рэнли. Сэрээн дээр сэр Барристан Роберт бид хоёрын
олон арван сайн нөхдийг маань цавчиж алсан. Түүнийг бидэн рүү үхлийн хүнд шархтай
хүргэн ирэхэд Рүүс Болтон хоолойг нь огтлохыг шаардсан ч ах чинь би үнэнч зүтгэлийнхээ
төлөө тулалдсан сайн дайчинг алж чадахгүй гээд мастер илгээн сэр Барристаны шархыг
сувилуулсан юм гээд хаан руу хүйтнээр ширтэж,

- Энэ хүн өнөөдөр бидний дунд сууж байгаа биз дээ гэлээ.

Роберт ичсэндээ нүүр нь улайж,

- Энэ чинь өөр хэрэг. Сэр Барристан хааны хамгаалалтын хүлэг баатар байсан гэж гомдоллов.

- Тэгвэл Данерис ердөө арван дөрвөн настай охин гээд Нэд ухаалаг зүйл болохгүйг мэдэж
байсан ч чимээгүй байж тэвчсэнгүй,

- Роберт би чамаас гуйж байна. Бид Эйрис Таргарины эсрэг боссоноо хүүхдүүдийн аллагаар
төгсгөж болохгүй биз дээ? гэлээ.

- Таргаринийхнийг үндсээр нь устгана! гэж хаан бувтнав.

- Эрхэм дээдсээ би таныг Рэйгэрээс айж байсныг чинь мэдэхгүй ч гээд Нэд зэвүүцлээ дарж
ядан хоолойгоо засаж,

- Гэхдээ ийм олон жил өнгөрсний дараа төрөөгүй хүүхдийн сүүдрээс айдаг болоо юу? гэв.

Роберт хүрэн улаан болов.

- Өөр үг хэлээд үзээрэй, Нэд гэж занган анхааруулаад,


- Ахин нэг ч үг битгий хэл. Чи арай хэн энд хаан гэдгийг мартсан юм биш биз? гэхэд,

- Үгүй ээ, эрхэм дээдсээ. Та биз дээ? гэж Нэд хэлэв.

- Хангалттай! гэж хаан нүргэлэв.

- Би ярьсаар байтал дотор муухайрч гүйцлээ. Алив энэ хараал идсэн зүйлийн учрыг олцгооё.
Та нарын бодол ямар байна?

- Тэр үхэх ёстой гэж лорд Рэнли хэллээ.

- Бидэнд өөр сонголт байхгүй. Харуусалтай... харуусалтай хэмээн Варис бувтналаа.

Сэр Барристан Сэлми цэнхэр нүдээрээ цоо ширтэн,

- Эрхэм дээдсээ би дайсантайгаа тулааны талбарт учрах нь нэр хүндийн хэрэг гэж бодож
байгаагаас биш эхийн хэвлийд байгаа хүүхдийг алах нь биш гэж бодож байна. Намайг
өршөөгөөрэй би лорд Эддардын талд байна гэв.

Эрхэмсэг мастер Пацилл хоолой засан ханиалгаж хэсэг хугацаа авлаа.

- Миний зүтгэл хаант улсын төлөө болохоос бус жолоодохын тулд биш билээ. Би одоогийн
Роберт хаанд зөвлөж байгаатайгаа адил Эйрис хаанд үнэнч зүтгэж байсан учир охинд нь
дайсагнах сэтгэл өвөрлөхгүй. Гэсэн ч та бүхнээс асуухад... ахин дайн дэгдвэл хичнээн цэрэг
үхэх болж байна? Хичнээн хот балгад шатах болж байна? Хичнээн олон хүүхэд эхийнхээ
хэвлийд жадны үзүүрт өлгөгдөх болж байна? гээд сүрлэг цагаан сахлаа харуусалтай ядрангуй
шөргөөснөө зүдэрсэн дуугаар,

- Энэ нь ухаалаг хүнлэг хэрэг биш хэдий ч арван мянган хүүхэд үрэгдэж байснаас Данерис
Таргарин үхэх ёстой гэв.

- Хүнлэг хэрэг. Эрхэмсэг мастер үнэн хэллээ. Таны зөв. Хэрвээ бурхад Данерис Таргаринд
хүү бэлэглэх юм бол хаант улс цусанд будагдах болно гэж Варис хэлэв.

Эцэст нь Чигчий хуруу үлдлээ. Нэд түүн рүү харахад лорд Петр амаа даран эвшээлгэв.

- Хэрвээ хувь заяаны эрхээр орондоо царай муутай эмэгтэйтэй орвол ажлаа гүйцэтгэхийн
тулд нүдээ аньсан нь дээр гэлцдэг. Охиныг хөөрхөн болохыг хүлээж болохгүй биз дээ.
Түүнийг үнсээд гүйцэтгэсэн нь дээр.

- Түүнийг үнсэх гэнэ ээ? хэмээн сэр Барристан гайхширан асуухад,

- Ган үнсэлт гэж Чигчий хуруу хэлэв.

Роберт Гар луугаа эргэлээ.

- За ийм л байна даа, Нэд. Сэлми та хоёр ганцаар үлдлээ. Одоо харин түүнийг алуулахаар
хэнийг илгээх вэ гэдгээ шийдэх хэрэгтэй байна.

- Мормонт хааныг өршөөлийг хүртэхээр тэсгэлгүй хүлээж байгаа гэж лорд Рэнли сануулав.

- Бүхий л сэтгэл зүрхээрээ. Гэхдээ тэр амьдралд илүү хайртай. Одоо гүнж Вэйс Дотракийн
ойролцоо байгаа болохоор илд өргөвөл аминд аюултай. Миний хэлэх гэсэн зүйл юу вэ гэвэл
дотракичууд хөөрхий хүнийг калисийд ашиглаж байгаа болохоор та нарын хэн ч өнөөдөр
унтаж чадахгүй бизээ гээд Варис энгэсэгтэй хацраа үрчин,

- Хорны тухайд гэвэл яаж байна... Лисийн нулимс гэж хэлмээр байна. Кал Дорого хэзээ ч
ердийн бус үхэл гэж мэдэхгүй гэв.

Эрхэмсэг мастер Пациллын нойрмог нүд сэрхийн нээгдлээ. Тэр тайган руу сэжиглэнгүй
харав.

- Хор хулчгар хүний зэвсэг шүү дээ гэж хаан гомдоллов.

Нэдийн хувьд хангалттай боллоо.

- Чи хөлсний алуурчин арван дөрвөн настай охин руу илгээх гэж байж бас нэр хүндийн тухай
ярих гээ юу? гээд сандлаа арагш түлхэн босоод,

- Тэгвэл үүнийгээ өөрөө хий, Роберт. Алахын өмнө нүд рүү нь хараарай. Нулимсыг нь харж
сүүлчийн үгийг нь сонс. Чи түүнд ийм зүйл хийх өртэй гэлээ.

- Бурхан минь! гэж хаан хараагаад дүрэлзсэн уур хилэнгээ арай ядан дарж,

- Чи одоо хүртэл зөрүүдэлсэн хэвээр байна уу гээд тохойныхоо дэргэд байсан дарстай домбо
руу сунгасан ч хоосон байсанд хананд хага чулуудав.

- Дарс дууссаны адил миний тэвчээр ч алдагдлаа. Хангалттай. Үүнийг даруйхан дуусгацгаая.

- Би энэ аллагад чинь оролцохгүй, Роберт. Хүссэн бүхнээ хий харин намайг хаацайлан
засахыг бүү гуйгаарай.

Роберт хормын турш Нэдийн үгийг ойлгосонгүй. Эсэргүүцэл түүний үргэлж амталдаг зүйл
биш байлаа. Ойлгоход царай нь алгуур өөрчлөгдөв. Нүд нь онийж хилэн захных нь дээд талын
хүзүү улайлаа. Тэр Нэд рүү уурсан чичилж,

- Чи бол хааны Гар, лорд Старк. Иймээс миний тушаасан зүйлийг хийх ёстой. Эс тэгвээс өөр
Гар олоход хүрнэ шүү гэв

- Түүнд чинь амжилт хүсье гээд Нэд хүнд нөмрөгөндөө зүүсэн албаны тэмдэг болох мөнгөн
гарын дүрстэй товчийг тайлж аваад хааны урд нь тавихдаа гэнэт зүүж өгч байсан хүн
хайртай найз нь болохыг санаад сэтгэл нь өвдлөө.

- Би чамайг арай илүү хүн гэж бодсон юм, Роберт. Бид сайн хаан сонгосон гэж бодож байлаа.
Робертийн царай хүрэнтэн барайж,

- Эндээс гар гэж хашгирав.

- Гар гэж байна шүү, хараал идмэр гэж. Би чамайг халлаа. Юугаа хүлээсэн хэрэг вэ?
Винтерфелл руугаа буцаад гүй. Зөвхөн надад харагдахгүй байхыг хичээгээрэй дээ. Үгүй бол
хадаасанд толгойг чинь өлгөнө гэдгээ тангараглаж байна!

Нэд бөхийн ёслоод үг дуугүй эргэв. Тэр Робертийн харц араас нь дагуулан харахыг мэдэрлээ.
Зөвлөлийн танхимаас гарах үед яриа ахин сэргэв.

- Бравост Нүүргүй хүмүүс гэж дууддаг нийгэмлэг бий гэж эрхэмсэг мастер Пацилл санал
болгов.

- Та түүний хичнээн үнэтэй болохыг төсөөлж байна уу? Ганц худалдаачин алуулах мөнгөнийх
нь хагасаар бүтэн арми цэрэг хөлсөлж болно. Би тэднийг гүнжийн төлөө хэдийг нэхэхийг
мэдэхгүй байна гэж Чигчий хуруу хэлэв.

Хаалга хаагдахад хоолой намслаа. Сэр Борос Блоунт өрөөний гадаа хааны хамгаалалтын хуяг
дуулга цагаан нөмрөгтэй зогсчээ. Тэр Нэд рүү нүднийхээ булангаар хяламхийн харсан ч юм
хэлсэнгүй.

Нэд хашаан дундуур Гарын цамхаг руу явахад бүрхэг баргар өдөр байлаа. Агаар хүндрэн
бороо орох гэж буй шинж тэмдэг мэдрэгдэнэ. Тэгвэл сайн л хэрэг. Бороо орвол гурав дахин
илүү цэвэр болохыг мэдрэх бизээ. Тэр өрөөндөө ороод Вэйон Полыг дуудуулав. Бойдоо
даруйхан ирлээ.

- Лорд Гар, та намайг дуудуулав уу?

- Гар байхаа больсон. Хаан бид хоёр маргалдсан. Бид Винтерфелл руугаа буцах боллоо.

- Дариухан бүхнийг бэлтгэж эхэлье, эзэнтээн. Бидэнд замд гарах бэлтгэл хийхэд хоёр долоо
хоног хэрэгтэй.

- Надад хоёр долоо хоногийн хугацаа байхгүй. Ганц өдөр ч алга. Хаан намайг ахин харах юм
бол толгойг минь хадаасны оройд өлгөнө гэсэн гээд Нэд хөмсөг зангидлаа. Тэр Робертийг
үнэнээсээ гэм учруулна гэж итгэсэнгүй. Гэсэн ч ууртай байгаа болохоор хараанаас нь хол
байсан нь дээр. Түүний уур хилэн үргэлж хүйтэн байдаг билээ.

Үргэлж гэнэ ээ? Нэдийн дотор гэнэт эвгүйцэн Рэйгэр Таргариний тухай саналаа. Арван
таван жил өнгөрсөн ч Роберт түүнийг үзэн ядсаар байна. Түгшмээр бодол... үүний зэрэгцээ
Кателин одойг барьсаныг Йорен өнгөрсөн шөнө анхааруулсан. Удахгүй нар мандахад бүх
зүйл илэрхий болохын дээр хаан бөөн хар ууртай байдаг... Роберт Тирион Ланнистерт
гахайнаас илүү санаа тавихгүй ч хатан хаан бахархалыг нь хөндөхөөр юу ч хэлж мэдэх билээ.

- Тэгвэл би түрүүлж явсан нь аюулгүй юм байна. Охидоо хамгаалалтын хэдэн цэрэгтэй авч
явна. Үлдсэн нь араас бэлэн болохоороо ирээрэй. Жоригоос өөр хэнд ч намайг охидтойгоо
явах гэж байгаа хэлж болохгүй. Шилтгээнээр дүүрэн нүд чих байгаа болохоор
төлөвлөгөөнийхөө талаар мэдэгдэхгүйг хүсч байна.

- Таны тааллаар болъё, эзэнтээн.

Түүнийг явмагц Эддард Старк цонхны дэргэд суун бодлогоширов. Роберт түүнд ямар ч
сонголт үлдсээсэнгүй. Үүнд нь түүнд талархая. Винтерфелл рүүгээ буцвал сайн байна. Ахин
хэзээ ч орхих хэрэг гарахгүй биз. Хөвгүүд нь гэртээ хүлээж байгаа. Магадгүй Кателин тэр
хоёр тийм ч хөгширөөгүй болохоор шинэ хүүтэй болж болох. Тэр сүүлийн үед үргэлж цас,
Чонын ойн чимээгүй нам гүмийн тухай зүүдэлдэг болоод байгаа билээ.

Тэгтэл явах тухай бодол уурыг нь хүргэв. Дуусгаагүй зүйл хичнээн их үлдэв. Робертийн
зөвлөл хулчгар, зусарч хүмүүсээр дүүрч хаант улсыг гуйлгачин болгон... хамгийн дор нь
Ланнистерийнханд ихээхэн хэмжээний өртэй болжээ. Жон Арриний үхлийн нууц
тайлагдаагүй хэвээр. Мэдээж тэр Жоны алагдсаныг батлах хэдэн хэсгийг олсон ч ойд гарсан
амьтны мөрөөс илүүгүй зүйл байлаа. Тэр араатныг хараагүй ч нуугдаж гэтэж байгааг нь
мэдэрч байв.

Гэнэтхэн санаанд нь Винтерфелл рүү тэнгисээр буцсан нь дээр гэсэн бодол орж ирэв. Нэд
усч хүн биш Хааны замаар явахыг илүүд үзэх ч хөлөг онгоцоо Лууны цохионд зогссон
Станнис Баратеонтой ярилцаж болох юм. Пацилл Нэдийн хүсэлтээр усан дээгүүр хэрээ
илгээн эелдэг захиа дамжуулсан ч лорд Станнис зөвлөлийн суудалдаа эргэн ирсэнгүй. Хариу
ч илгээсэнгүй чимээгүй байсанд сэжиглэл нь улам гүнзгийрчээ. Лорд Станнис Жон Аррины
үхлийн нууцыг мэдэж байгаа нь лавтай. Үнэн түүнийг Таргариний овгийн эртний гэр болох
аралд хүлээж байгаа.

Гэхдээ тэр үнэнийг мэдлээ гээд яах хэрэг вэ? Зарим нууцыг далд байлгасан нь аюулгүй.
Зарим нь хайртай итгэдэг хүнтэйгээ хуваалцахад хэтэрхий аюултай байдаг. Нэд Кателиний
авчирсан хутгыг бүснээсээ гаргалаа. Бяцхан чөтгөрийн хутга. Яагаад одой Браны үхлийг
хүссэн юм бол? Мэдээж чимээгүй болгохын тулд. Ахин нэг нууц уу эсвэл аалзны торны өөр
нэг хэсэг үү?

Роберт үүнд оролцсон байж болох уу? Тэр үүнд итгэхийг хүсэхгүй байгаа ч Роберт жирэмсэн
эмэгтэй алах тушаал өгсөнийг мартаж чадсангүй. Кателин түүнд анхааруулахыг оролдон "Чи
хүнийг нь мэдэх ч хаан чиний хувьд харь хүн" гэж хэлсэн билээ. Аль болох түргэн Хааны
газрыг орхисон нь дээр. Маргааш завь хөлслөөд умард руугаа явъя.

Тэр Вэйон Полыг ахин дуудаад усан онгоцны зогсоол руу чимээ шуугиангүй илгээлээ.

- Надад хурдан онгоц, чадварлаг ахмад ол. Өрөөний хэмжээ ямар байх нь хамаагүй ч удаан
аялахад аюулгүй тухтай байх ёстой. Би даруйхан явахыг хүсч байна гэж хэлжээ.

Пол төдөлгүй явахад Томард зочин ирснийг дуулгав.

- Лорд Бэйлиш таньтай уулзахаар ирээд байна, эзэнтээн.


Нэд уцаарлан цааш эргэсэн ч уулзсан нь дээр гэж бодлоо. Тэр бас л чөлөөтэй болоогүй
болохоор тэдний тоглоомыг тоглох ёстой.

- Түүнийг дотогш нь оруул, Том.

Лорд Петр өрөөнд өглөө юу ч болоогүй юм шиг алхан орж ирлээ. Сүүн цагаан өнгөтэй хилэн
цамц өмсөж, үнэгний арьсан эмжээртэй нөмрөг нөмрөөд ердийнхөөрөө ёжтой инээмсэглэж
байв.

Нэд түүнийг хүйтнээр угтлаа.

- Таны ирсэн шалтгааныг асууж болох уу, лорд Бэйлиш?

- Би таныг удаан саатуулахгүй. Хатагтай Тандатай очиж зоог барих ёстой. Загасны бялуу,
шарсан гахайн тоорой байгаа. Тэр намайг бага охинтойгоо гэрлүүлэх бодолтой байгаа
болохоор ширээ нь үргэлж гайхалтай байдаг юм. Үнэнийг хэлэхэд би удахгүй гахайтай
гэрлэнэ. Гэхдээ түүнд ингэж битгий хэлээрэй. Би загасны махан бялуунд дуртай.

- Намайг тэр загаснаасаа хол байлгаж үз. Энэ агшинд таньтай байхаас илүү хүсэх хүн алга
гэж Нэд хүйтнээр хэлэв.

- Өө, би гарцаагүй таны толгойд хэдэн нэр байсан гэж бодож байна. Варис, Серсей эсвэл
Роберт ч юм уу. Эрхэм дээдэс ихэд ууртай байгаа. Таныг өглөө явсаны дараа тайтгарч
чадаагүй. Үүнийг нь ичгүүргүй, хүний тус мэддэггүй гэж хэлэхээс өөр үг алга.

Нэд хариу дуугарсангүй. Гэсэн ч түүнийг суухыг урьсангүйд Чигчий хуруу өөрөө суулаа.

- Таныг танхимаас шууран гарсны дараа би тэдэнд Нүүргүй хүмүүсийг хөлслөхгүй байхыг
зөвлөсөн. Оронд нь Варис Таргариний охиныг дуусгасан хүнд лордын хэргэм шагнахыг санал
болгосон гэхэд Нэд зэвүүцэж,

- Одоо бүр алуурчинд хүртэл цол хэргэм олгодог болох шив гэхэд Чигчий хуруу мөрөө
хавчлаа.

- Цол хэргэм хамаагүй хямдхан. Нүүргүй хүмүүс үнэтэй. Үнэнийг хэлэхэд би Таргариний
охин таны ярьсан зүйлд дүйцэхээр сайн гэж бодож байна. Тэгтэл одоо ямар нэг хэргэмийн
тухай мөрөөдсөн хөлсний цэрэг түүнийг алах нь байна. Гэхдээ түүнийг Дотракичууд
хамгаалж байгаа цагт бүтэхгүй байх болов уу. Харин бид Нүүргүй хүмүүсийг илгээсэн бол
оршуулагдсан гэж бодож болно гэхэд Нэд хөмсгөө зангидлаа.

- Чи зөвлөлийн ширээн дээр царай муутай хүүхэн, ган үнсэлтийн тухай ярьж байсан байж
одоо надад охиныг хамгаалахыг ородож байсан гэж итгүүлэх гээ юу? Намайг хэр зэрэг тэнэг
гэж бодоо вэ? гэхэд,

- Хангалттай тэнэг гээд Чигчий хуруу инээлээ.

- Та үргэлж аллагыг хөгжилтэй гэж боддог уу, лорд Бэйлиш?


- Намайг аллага хөгжөөгөөгүй, лорд Старк. Харин та өмхөрсөн мөсөн дээр бүжиглэж буй
хүнтэй адил болохоор удахгүй цөмрөнө гэж зүрхлэн хэлье. Эхний цууралт нь өнөө өглөө
сонсогдсон.

- Эхний бөгөөд эцсийн удаа. Миний хувьд хангалттай гэж Нэд хэллээ.

- Тэгэхээр Винтерфелл рүүгээ буцах гэж байгаа хэрэг үү, эрхэм лорд?

- Аль болох түргэн. Ямар учраас чи үүнд зовоод байгаа юм?

- Ямар ч биш... хэрвээ өнөө үдэш хүртэл энд үлдвэл Жоригийн өдий хүртэл үр дүнгүй хайсан
янхны газар луу аваачих гэсэн юм гээд Чигчий хуруу инээмсэглэж,

- Хатагтай Кателинд энэ тухай хэлэхгүй гэдээ амлая гэлээ.


КАТЕЛИН

- Хатагтай та ирэх тухайгаа өмнө дуулгах хэрэгтэй байсан юм. Бид хүн илгээн урдаас чинь
тосуулах байлаа. Уулын зам танайх шиг жижигхэн бүлгийн хувьд аюулгүй биш гэж сэр
Доннел Вэйнвуд хэлэхэд,

- Бид үүнийг уй гашуугаараа амссан, сэр Доннел гэж Кателин хэллээ.

Заримдаа түүний зүрх нь чулуу болон хувирах шиг санагдаж байлаа. Тэр ийшээ ирэхийн тулд
зургаан зоригт хүнээ үхүүлсэн байтал араас нь нулимс унагасангүй бөгөөд нэрс нь хүртэл
мартагдаж эхэлжээ.

- Дээрэмчдийн бүлэг бидний араас өдөр шөнөгүй мөрдөж байсан. Бид эхний дайралтанд
гурван хүн, хоёр дахь удаад нь хоёр хүнээ алдаж Ланнистерийн бараа бологч шархандаа
халуурч үхсэн. Таны хүмүүс ойртон ирэхийг хараад мөхөл маань ирлээ гэж бодлоо.

Тэд сүүлчийн шийдвэрлэх тулаанаа хийхээр гартаа илд атган хад налан зогсчээ. Одой
сүхнийхээ ирийг билүүдэн ямар нэг егөөтэй хошин зүйл ярих зуур Бронн морьтонгуудын
өмнөө авч явсан далбаа Арриний овгийн цэнхэр дэвсгэр дээр цагаан сар, шонхортой туг
болохыг харжээ. Кателин үүнээс сайхан зүйл хэзээ ч харж байсангүй.

- Уулын бүлгүүд лорд Жоныг нас барснаас хойш илүү хүчирхэгжсэн гэж сэр Доннел ярив.
Тэр бахим биетэй хорин настай хэрсүү буурьтай залуу хөвгүүн байсан бөгөөд өргөн хамар,
өтгөн хүрэн үстэй байлаа.

- Надад зуун хүн өгвөл тэднийг бэхлэлтийг дайрч хатуухан шиг хичээл заагаад өгье гэж
бодсон ч дүү чинь хориглосон. Тэр бүү хэл хүлэг баатруудаа Гарын тэмцээнд явахыг ч
зөвшөөрөөгүй. Бүх илдээ гэртээ ойрхон байлгаж Хөндийг хамгаалуулахаар хүсч байгаа...
гэхдээ хэнээс болохыг нь хэн ч ойлгохгүй байгаа юм. Зарим нэг нь сүүдрээс гэдэг гээд
Кателины хэн болохыг гэнэтхэн санасан бололтой сэтгэл зовнин ширтэж,

- Би ийм зүйл ярих гээгүй юм, хатагтай. Таныг гомдоохыг хүсээгүй гэв.

- Ний нуугүй яриа намайг гомдоодоггүй, сэр Доннел.

Кателин дүүгийнхээ юунаас айж байгааг мэдэж байлаа. Сүүдрээс биш Ланнистерийнхнаас
гэж дотроо бодоод Бронны дэргэд яваа одой руу харлаа. Чигген үхсэн цагаас хойш тэд сүрхий
ойртон нөхөрлөжээ. Жижигхэн хүний арга зальтай нь Кателинд таалагдаж байлаа. Тэднийг
ууланд орж ирэхэд олзлогдочоор юу ч хийж чадахгүй хүлээстэй явж байсан. Гэтэл одоо юу
болсон хэрэг вэ? Тэр олзлогдогч хэвээр ч бүсэндээ хутга хавчуулж, эмээлдээ сүх агсаад
дуучинтай шоо тоглон хожиж авсан сүүдэрт муурын арьсан нөмрөг, Чиггенийг үхэхэд тайлж
авсан гархин хуяг өмсчээ. Хоёр талаас нь Лиза, Жон Арриний хүүд зүтгэдэг хүлэг баатар,
зэвсэглэсэн хүмүүс харгалзан явж байсан хэр нь Тирион огтхон ч эмээсэн дүрс үзүүлсэнгүй.
"Миний буруу юм болов уу" гэж Кателин анх удаагаа гайхширлаа. Хэрвээ тэр гэм буруугүй
бол Браны амьдрал, Жон Арриний үхэл болоод бусад нь яах хэрэг болж байна? Ийм учраас
Кателин түүнийг барьсан хэрэг биз дээ? Түүнийг энд авчирахын төлөө бүхэл бүтэн зургаан
хүн амь үрэгдсэн байдаг.

Кателин эргэлзээгээ шийдэмгий авч хаялаа.

- Биднийг цайзад чинь хүрэхэд мастер Колемоныг яаралтай ирүүлж өгнө үү. Сэр Родрик
шархандаа халуураад байгаа.

Тэр нэг бус удаа хөгшин хүлэг баатар аянд амьд үлдэхгүй нь гэж айжээ. Сүүлийн өдрүүдэд
тэр морин дээрээ арай ядан тогтож байсан бөгөөд Бронн хувь заяанд нь даатган орхихыг
шаардсан ч Кателин хэрэгссэнгүй. Оронд нь түүнийг эмээлтэй нь баглаад дуучин
Мариллионд харж явахыг үүрэг болгожээ.

Сэр Доннел хариулахын өмнө хэсэг тээнэгэлзэв.

- Хатагтай Лиза мастерийг үргэлж Эйрид байж бяцхан лорд Робертод санаа тавихыг
тушаасан. Бидэнд хаалган дээр шарх эмчилдэг септа бий. Тэр таны хүмүүсийн шархыг үзэх
байх.

Кателин септоны мөргөлөөс илүү мастерийн мэдлэгт найдаж байлаа. Гэвч үүнийг хэлж
амжихаас урд өмнөө хоёр талаасаа уулаар хүрээлүүлсэн урт хашаатай бэхлэлт байхыг харав.
Дөрвөн хүн зуузай нийлүүлэн зэрэгцэн явж болох нарийхан зам ихэр цамхаг руу өгсөж
хаалтан гүүр лүү хүрнэ. Цамхаг болон гүүрний харваачийн нүхнээс чимээгүй царайнууд
ширтэнэ. Тэднийг оройд гарахад урдаас нь хүлэг баатар угтаж ирэв. Түүний морь болоод
давтмал хуяг нь саарал өнгөтэй байсан ч Риверраны цэнхэр улаан дэвсгэр дээр гялалзсан хар
загас үсэрч байгаа сүлд бүхий нөмрөг мөрөн дээрээ галт уулын шилэн товчоор торгоожээ.

- Цуст хаалгыг хэн өнгөрөх гээ вэ? гэж асуулаа.

- Сэр Доннел Вэйнвуд, хатагтай Кателин дагалдагсдынхаа хамт гэж залуу хүлэг баатар хэлэв.

Хаалганы хүлэг баатар дуулганы халхавчаа сөхөв.

- Хатагтайг хараад надад танил юм шиг санагдсан. Жижигхэн Кат минь чи орон гэрээсээ
хичнээн хол яваа вэ.

- Та ч гэсэн авга ахаа гээд Кателин инээмсэглэхийг хичээв. Сөөнгө бүдүүлэг хоолой түүнийг
хорин жилийн өмнө хүүхэд насанд нь эргүүлэн аваачих шиг сангдлаа.

- Миний гэр ард минь байна гэж баатар ширүүн хэлэв.

- Таны гэр миний зүрхэнд байна. Дуулгаа тайлаач. Таны царайг харах гэсэн юм.

- Он жилийн урсгал өөрчлөөгүй гэж айж байна гээд Бринден Талли дуулгаа сөхөхөд Кателин
түүний худал хэлсэн болохыг харав. Түүний царай үрчлээтэж хөгшрөн, цаг хугацааны явцад
хүрэн үс нь бууралтаад, зөвхөн инээмсэглэл нь хэвээр үлдэж төөлүүр шиг өтгөн саглагар
хөмсөгний дор инээмсэглэсэн цэнхэр нүд байлаа.
- Лиза чиний ирэхийг мэдсэн үү?

- Түүнд дуулгах цаг байсангүй. Бид шуурганы өмнөхөн гарсан гэж айж байна гэж Кателин
хэлэхэд бусад нь араас хүрэлцэн ирлээ.

- Бид Хөндий рүү орж болох уу? гэж сэр Доннел асуув. Вэйнвудынхэн үргэлж ёсорхог хүмүүс
байлаа.

- Эйригийн эзэн, Хөндийн хамгаалагч, Дорнодын захирагч Роберт Арриний нэрийн өмнөөс
би та нарыг энэ газар чөлөөтэй орохыг зөвшөөрч байна. Орцгооно уу гэж сэр Бринден хэлэв.

Кателин баатруудын эринд олон арван цэргийн цус урссан Цуст хаалганы сүүдрийг өнгөрлөө.
Тэгтэл өмнө нь гэнэтхэн цэлсхийн нээгдэж үзэмжтэй сайхан ногоон талбай, цэнхэр тэнгэр,
цасан малгайтай уулс бүхий амьсгал давхцам байгалийн үзэсгэлэн тодров. Арриний хөндий
өглөөний гэрэлд умбаж байлаа.

Урд нь үржил шимт хөрс бүхий мананд хучигдсан газар амгалан налайж, өргөн дөлгөөн гол
урсаж зуугаад жижигхэн нуур цөөрөм наранд толь шиг гялалзан бүх талаасаа уулсын
оргилоор хүрээлэгджээ. Улаан буудай, эрдэнэ шиш, арвай тариалангийн талбайд сагсайтал
өндөр ургаж Хайгардены хулуунууд ч ийм том амтлаг байхгүй бизээ. Тэд Хөндийн өрнөд
хэсгийн эцэст байсан бөгөөд уулын зам хөндийн ёроол руу хоёр милийн зайд доош урууджээ.
Хөндий мориор хагас өдрийн дотор туулахаар нарийхан агаад дорнодын уулс Кателинд илээд
авмаар ойрхон харагдав. Уулсын дээгүүр мөсөн мананд хучигдсан "Аварга биетийн жад" гэж
нэрлэгддэг шовх оргил сүндэрлэн хөндийгөөс гурван мил хагасын хэртэй зайд дээш
өргөгдсөн бөгөөд баруун талын нүсэр мөрийг нь эмжин Алисагийн нулимс гэдэг цутгалан
урсана. Ийм алсад байлаа ч Кателин гялалзсан мөнгөлөг урсгал хар чулуун дээр тунарахыг
харж байлаа.

Авга ах нь Кателиний зогссоныг хараад морио ойртуулан ирж,

- Алисагийн нулимсны хажуу тийш явна. Эндээс цагаан толбо шиг харагдаж байгаа ч сайн
харвал нарны гэрэлд хананууд нь харагддаг юм гэв.

Тэнгэрийн хэвлийд зоогдсон цагаан хутгатай адил долоон цамхагтай. Маш өндөр болохоор
хэрмэн дээрээс дороо хөвөх үүлсийг харж болно гэж Нэд хэлсэн билээ.

- Тийшээ хэр удаан явах вэ?

- Бид үдэш гэхэд ууланд хүрч амжина байх. Харин авирахад нэг өдөр зарцуулагдана гэж гэж
авга ах Бринден хэлэхэд араас сэр Родрик Касселийн дуу гарч,

- Хатагтай би цаашаа явж чадахгүй нь гэж эмээж байна гэв. Түүний царай сөрвийн ургасан
сахлан дороо хөнхийж ядрангуй харагдсанд Кателин мориноос унаж магадгүй гэж айлаа.

- Таньд заавал үүнийг хийх алба байхгүй. Та миний хүссэн зүйлийг зуу дахин илүү хийсэн.
Авга ах минь намайг Эйри руу хүргэж өгөх болно. Ланнистер бидэнтэй явах ч та болон бусад
үлдсэн хүмүүс энд амарч тэнхрэн хүчээ сэлбэж болохгүй гэх шалтгаан байхгүй билээ гэхэд,

- Бид тэднийг хүндэт зочноор хүлээн авна гэж сэр Доннел буурьтай хэлэв. Сэр Родрикийг эс
тооцвол бүлэгт замын уулзварын дэн буудлаас нийлсэн Бронн, сэр Виллис Вуд хоёроос гадна
дуучин Мариллион үлджээ.

Мариллион морио давиран урагш гарч ирээд,

- Хатагтай намайг таньтай Эйри руу хамт явахыг зөвшөөрнө үү. Эхэлсэн түүхийнхээ
төгсгөлийг үзэх гэсэн юм хэмээн гуйлаа. Хүү сул дорой харагдж байсан ч нүд нь шийдмэг
гялалзана.

Кателин дуучныг тэдэнтэй цуг явахыг гуйгаагүй ч өөрөө явах шийдвэр гарган өчнөөн их
зоригтой хүн ард оршуулагдан үлдсэн байхад амьд үлдсэн тул үгүй гэж хэлж чадсангүйн
зэрэгцээ жирэвгэр сахал ургасан нь эр хүн шиг харагдаж байлаа. Магадгүй ийм хол газар
дагуулж ирснийхээ төлөө түүнд ямар нэг зүйл хийх өртэй биз.

- Маш сайн байна гэхэд,

- Би ч гэсэн цуг явна гэж Бронн мэдэгдэв.

Кателин Броннгүй бол Хөндийд хүрч чадахгүй байсныг мэдэж байсан ч дургүйцэх сэтгэл
төрөв. Хөлсний цэрэг хэрцгий дайчин бөгөөд илдээрээ зам гарган аюулгүй явахад тусалж
байв. Гэсэн ч Кателинд энэ хүн нэг л таалагдсангүй. Тэр зоригтой хүчтэй хэдий ч өчүүхэн
төдий ч эелдэг ёс, үнэнч байдал үгүй байв. Бас Ланнистертэй дэндүү олон удаа дөрөө
харшуулан явж шог зүйл ярилцан нам дуугаар инээлдэнэ. Яг одоо энд одойгоос салгах
хэрэгтэй байсан ч Мариллионд Эйри руу явахыг зөвшөөрсөн тул адилхан эрхтэй Броннд
үгүйсгэх арга байсангүй.

- Чиний хүссэнээр болог гээд гэнэтхэн түүний зөвшөөрөл гуйгаагүй болохыг нь анзаарлаа.

Сэр Виллис Вуд, сэр Родриктэй хамт үлдэхэд зөөлөн дуутай септон шархыг нь арчилав. Тэд
урт удаан замд эцсэн морьдоо үлдээлээ. Сэр Доннел шувуу илгээж Эйри болон Сарны
хаалганд тэдний ирж буйг дамжуулахаар амалжээ. Жүчээнээс авчирсан шинэхэн морьд
сэлгэж унаад цагийн дараа ахин хөдлөв. Кателин авга ахтайгаа зэрэгцэн явж Хөндий рүү
уруудлаа. Араас нь Бронн, Тирион Ланнистер, Мариллион болон Бриндений зургаан хүн явж
байв.

Тэднийг уулын гурав дахь замаа туулж байх үед бусдаас арай холдсон хойно Бринден Талли
эргээд,

- Тэгэхээр, хүүхэд минь. Надад ямар шуурга дэгдэх гэж буй тухай яриач гэв.

- Би аль эрт хүүхэд байхаа больсон, авга ахаа гэж Кателин хэлсэн ч яриандаа орлоо. Лизагийн
захиа, Браны уналт, алуурчины авч явсан Чигчий хуруугийн хутга, Тирион Ланнистертай
замын уулзварын дэн буудалд санаандгүй таарсан гээд бүгдийг ярихад их хугацаа авлаа.
Авга ах нь өтгөн хүнд хөмсгөө хөдөлгөн чимээгүй сонсох зуураа үг болгонд улам барайж
байлаа. Бринден Талли үргэлж эцгээс нь гадна яаж сонсохыг мэддэг хүн байв. Тэр лорд
Хостероос таван насаар дүү бөгөөд хоорондоо үргэлж маргалдаж байдгийг Кателин санаж
байв. Нэг удаа Кателинийг наймтай байхад том хэрүүл дэгдэж лорд Хостер Бринденийг
<Таллигийн удмаас гарсан хар ямаа" гэж нэрлэсэн билээ. Тэгэхэд нь Бринден инээд алдаад
овгийнхоо сүлд болох ус цалгиулан үсэрч байгаа хар хулд загасыг зааж ямаа бус болохыг
үзүүлсэн ч тэр цагаас хойш хувийнхаа сүлд тэмдэг болжээ.

Лиза тэр хоёрыг гэрлэх хүртэл хэрүүлийн дайн дууссангүй. Хуримын цайллага дээр нь
Бринден ахдаа Риверраныг орхиж Лизагын шинэ нөхөр Эйригийн эзэнд зүтгэх бодолтой
байгаагаа хэлжээ. Эдмурын ховорхон захианд бичсэн ёсоор лорд Хостер тэр үеэс хойш
дүүгийнхээ нэрийг нэг ч удаа дурьдаагүй байна.

Гэсэн ч Кателины хүүхэд ахуй жилүүдэд эцэг нь завгүй, эх нь өвчтэй байх хооронд Бринден
Хар загас лорд Хостерийн хүүхдүүдтэй гүйж тоглож, яриаг нь сонсдог байв. Кателин, Лиза,
Эдмур... дээрээс нь эцэг дээр нь хүмүүжиж байсан Петр Бэйлиш... гээд бүгдийг одоо сонсож
байгаа үеийнх шигээ шигээ тэвчээртэй сонсож ялалтанд нь баярлан инээж, золгүй явдал
тохиолдоход нь өрөвдөн тайтгаруулдаг байжээ.

Түүнийг яриагаа дуусгахад авга ах нь удтал дуугүй байснаа морьдоо чулуун замаар
шогшуулахад,

- Чи үүнийг эцэгтээ дуулгах ёстой. Ланнистерийнхэн хүрч ирэхэд Винтерфелл алсад, Хөндий
уулсын цаана болохоор Ривверан тэдний замд хамгийн түрүүнд өртөнө гэж хэллээ.

- Би ч гэсэн үүнээс айж байна. Мастер Колемоноос Эйрид хүрсэн хойно даруйхан шувуу
илгээхийг гуйя гээд бас Нэдийн даалгасан ёсоор тугчидад нь умардыг хамгаалахад бэлэн
байхыг анхааруулсан захиа илгээхээр шийдлээ.

- Хөндий хэр байна даа?

- Уур хилэнд автаж байна. Лорд Жонд их хайртай байсан болохоор хаан Жэйми Ланнистерт
Арриний албан үүргийг ойролцоогоор гурван зуун жил биелүүлэх үүрэг хүлээлгэхэд ихэд
доромжлогдсон. Лиза бидэнд хүүгээ Өрнөдийн жинхэнэ захирагч гэж дуудахыг тушаасан ч
үүнд нь хэн ч хууртаагүй. Дүү чинь ганцаараа Гарын үхлийг сэжиглэж байгаа хүн биш. Хэн ч
Жоныг алагдсан гэж шууд хэлж чадахгүй ч сэжиглэл сүүдэрт нуугдсаар байна гээд Кателин
руу харж ам нь чангаран,

- Дээрээс нь бас хүү нь байна гэв.

- Хүү нь гэнэ ээ? Тэр яагаа вэ? гээд Кателин унжсан хурц ирмэгтэй чулуун доогуур гарахдаа
толгойгоо бөхийлгөлөө.

Авга ахынх нь хоолойд түгшсэн өнгө сонсогдож,

- Лорд Роберт Аррин гээд санаа алдав.


- Зургаан настай бие султай хүүхэлдэйг нь авах юм бол уйлаад тэрийгээд уначихна. Жон
Аррины хууль ёсны залгамжлагч шүү дээ, бурхан минь. Зарим нь түүнийг эцгийнхээ суудлыг
залгамжилж чадахааргүй сул дорой гэлцдэг. Нэстор Ройс лорд Жоныг Хааны газар байх үед
арван дөрвөн жилийн турш Хөндийг жолоодож байсан болохоор хүмүүс хүүг насанд хүртэл
түүнийг удирдана гэж шивнэлдэж байна. Зарим нь Лизаг ахин гэрлэж магадгүй гэлцэж
байгаа. Ханилж суухыг хүссэн эрчүүд хэдийн тулааны талбар дахь хэрээ шиг шаваад
эхэлчихсэн. Эйри тэднээр дүүрэн байна.

- Би ч гэсэн тэгж бодож байлаа гээд Кателин огтхон ч гайхсангүй. Лиза залуугийн дээр уулс
болоод Хөндий хуримын сайхан бэлэг болох нь дамжиггүй билээ.

- Лиза өөрөө нөхөрт гарахыг хүсч байгаа юм уу?

- Тэр тийм гэж хэлээд тохирох хүн хайж байгаа. Гэхдээ лорд Нэстор болоод өөр арваад хүнд
татгалзсан хариу өгсөн. Цаг нь болохоор нөхрөө сонгоно гээд байгаа юм.

- Танай хүмүүс түүнийг үүнд нь буруутгаад байгаа юм уу? гэхэд сэр Бринден тургиллаа.

- Би тэгээгүй ч... Лиза зөвхөн эр хөөцөлдөж тоглож байгаа бололтой. Түүнд энэ нь таалагдаж
байгаа бололтой ч хүүгээ насанд хүрч Эйригийн лорд болох хүртэл өөрөө жолоодох санаатай
байгаа юм.

- Ухаалаг эмэгтэй хүн удирдаж чадна шүү дээ.

- Зөв эмэгтэй чадна гээд авга ах нь хажуу тийшээ харж,

- Эндүүрэх хэрэггүй, Кат. Лиза чам шиг биш гээд тээнэгэлзсэнээ,

- Үнэнийг хэлэхэд чи дүүгээсээ хүсч байсан шиг тусламжаа авахгүй болов уу даа гэлээ.

Кателин бодлогоширлоо.

- Энэ чинь юу гэж байгаа юм?

- Лиза Хааны газраас нөхрийгөө Гараар өргөмжлөгдөн явсан үеийн охиноос шал өөр хүн
болоод ирсэн. Эдгээр жилүүд түүний хувьд бэрх байсан. Чи үүнийг мэдэх байх. Лорд Аррин
халамжтай нөхөр хэдий ч тэдний гэрлэлт бодлогын чанартай болохоос биш хайр дурлал
байгаагүй.

- Минийх ч гэсэн.

- Та хоёрынх адил эхэлсэн ч чиний гэрлэлт дүүгийнхээсээ илүү жаргалтай төгссөн. Хоёр удаа
үхсэн хүүхэд төрж, хоёр ч удаа зулбасан гээд бод доо. Дээрээс нь лорд Арриний үхэл гээд л...
Кателин бурхан Лизад ганц үр хайрласан болохоор бүх амьдралаа хөөрхий хүүгийн төлөө
зориулах болсон. Түүнийг Ланнистерийнханд өгөхгүй авч зугтсанд гайхах юм алга. Эгч чинь
хүүхдээсээ илүү Ланнистерийнхаас айсан. Тэр улаан шилтгээнээс Хөндий рүү хулгайч шиг
харанхуй шөнийн цагаар хүүгээ арслангийн амнаас булаан зугтсан... харин одоо тэгтэл чи
арсланг үүдэн дээр нь авчирлаа.

- Гинжтэй арслан гэж Кателин хэлэхэд баруун талд нь гүн харанхуй ангал өнгөрөв. Тэр
жолоогоо татаж замаар болгоомжтой явлаа.

- Өө? гээд авга ах нь эргэж ардаа удаанаар өгсөж буй Тирион Ланнистер луу харлаа.

- Би түүний эмээлдээ сүх агсаж, бүсэндээ хутгатай байхыг харсан. Дэргэд нь хөлсний цэрэг
өлсгөлөн сүүдэр мэт явж байна. Тэгээд гинж чинь хаа байгаа юм дээ?

Кателин эвгүйцэн суудал дээрээ займчлаа.

- Одойг энд авчирхаас ондоо сонголт байгаагүй. Гинжтэй ч бай үгүй ч бай тэр миний
хоригдол. Лиза түүнээс гэмт хэргийнх нь талаар байцаахыг хүсэх байх. Тэр л анх нөхөр нь
Ланнистерийнханд алагдсан тухай анхааруулсан захиа бичсэн шүү дээ гэхэд Бринден Хар
загас сулхан инээмсэглэж,

- Чиний зөв байгаасай гэж найдна хэмээн эргэлзэнгүй хэллээ.

Энэ үед нар өндөрт хөөрч мордын туурайд доорх налуу тэгширч эхэллээ. Зам өргөсөн уужирч
Кателин анх удаагаа ногоон дээр цэцэг алагласныг харлаа. Тэднийг Хөндийн ёроолд хүрэхэд
явалт улам хурдасч нарны гэрэлд сүлэгдсэн өтгөн ногоон ой, нойрмог бяцхан суурин,
жимсний цэцэрлэг, алтан тариа халиурсан талбай, арваад тунгалаг гол горхийг өнгөрүүлэв.
Авга ах нь урдаа хоёр тугчин явуулсан нь Аррины овгийн сар, шонхортой далбаа болон
өндөрт цалгин үсэрч байгаа хар загас байлаа. Тариачдын тэрэг, худалдаачын хөсөг
морьтонгууд тэднийг өнгөрүүлэхийн тулд зогсч байлаа.

Ингээд харанхуй болохоос өмнө Аварга биетийн жадны доод үзүүрт зогсож буй том
бэхлэлтэнд хүрлээ. Хэрэмний ханан дээгүүр бамбар асаж, сувгийн хар усанд хавирган саран
тунаран мэлтийнэ. Буулгадаг гүүр өргөөтэй, сараалж хаалттай байсан ч Кателин харуулын
дөрвөлжин цамхагын цонхоор гэрэл сүүмэлзэхийг олж харлаа.

- "Сарны хаалга" гээд авга ах нь жолоогоо татан зогсов. Тугчид сувгийн ирмэг даган
урагшилж манааны шовгорын хүнд ирсэнээ зарлав.

- Лорд Нэсторийн эзэмшил. Тэр биднийг ирэхийг хүлээж байсан байх ёстой. Хараач!

Кателин харцаа өргөн дээш ширтсэнээ улам дээшлэн ширтлээ. Эхлээд нүдний өмнө чулуу,
мод бүхий аварга том уул харанхуйд лүглийн пад хар шөнийн тэнгэр шиг харлахыг харав.
Гэвч түүний цаана алсад гал улалзаж, цамхаг байшингийн дүрс тодрон цонхноос нь уулын
хэвлийгээс доошоо ширтэж буй шаргал нүд адил гэрэл улалзана. Дээр нь өндөрт бас нэг
байсан бөгөөд түүнээс ч улам алсад өндөрт тэнгэрийн од шиг анивчих гурав дахь цайз байв.
Эцэст нь шонхор хөөрөх өндөрт сарны гэрэлд цагаан хана цайвалзан гялалзав. Цайвар цамхаг
руу харахад толгой эргэм өндөр байлаа.

- "Эйри" гэж Мариллион бишрэн шивнэв.


Ард нь Тирион Ланнистерийн хурц хоолой сонсогдож,

- Арринийхан зочин хүлээж авах дургүй улс бололтой. Хэрвээ та нар намайг харанхуйд уул
руу авируулахыг төлөвлөж байгаа бол газар дээр нь энд алсан нь дээр гэв.

- Бид энд шөнийг өнгөрүүлээд өглөө дээш өгсөнө гэж Бринден түүнд хэлэв.

- Тэсэн ядан хүлээх байна. Гэхдээ бид тийшээ яаж гарах хэрэг болж байна? Би уулын ямаа
унаж сураагүй хүн.

- Луус байгаа гээд Бринден инээмсэглэв.

- Уулын хажуугаар шатны гишгүүр сийлбэрлэсэн байдаг гэж Кателин хэллээ. Нэд түүнд
Роберт Баратеон, Жон Арринтай өнгөрүүлсэн бага насныхаа тухай дурсахдаа ингэж хэлжээ.

Авга ах нь толгой дохив.

- Одоо харагдахад дэндүү харанхуй байгаа ч гишгүүр бий. Моринд дэндүү өгсүүр давчуу
болохоор тийм замаар зөвхөн луус явж чадна. Замын дагуу харгалзсан "Чулуу", "Цас",
"Тэнгэр" гэсэн гурван цайз байдаг. Лууснууд Тэнгэр хүртэл өгсөж чадна гэхэд Тирион
Ланнистер дээшээ тээнэгэлзэнгүй харж,

- Түүнээс цааш яах вэ? гэхэд Бринден инээмсэглэв.

- Түүнээс цааш зам луусанд хүртэл дэндүү эгц болно. Үлдсэн замыг явган туулах юм уу эс
бөгөөс та сагсанд суугаад явахыг эрхэмлэж магадгүй. Эйри Тэнгэрийн яг чанх орой дээр
байдаг болохоор доошоо төмөр гинж унжуулан хоол хүнс зөөдөг зургаан том араа бий. Хэрвээ
таныг эсэргүүцэхгүй бол талх, шар айраг, алимтай суугаад явахаар зохицуулж өгч болно шүү.

Одой тачигнатал инээлээ.

- Намайг хулуу болсон цагт тэгэх байх даа. Лорд эцэг минь хүү Ланнистерийнх нь хувь заяа
манжинтай хамт шийдэгдсэнийг сонсох юм бол эргэлзээгүй гутран гонсойх болно. Хэрвээ та
хөлөөрөө өгсөх гэж байгаа бол би ч бас тэгнэ. Ланнистерийнхан омог бардам хүмүүс шүү.

- Бардам гэнэ ээ? хэмээн Кателин зандарлаа. Түүний шоолонгуй өнгө ёжтой авир уурыг нь
хүргэж байв.

- Их зан гэж үүнийг чинь хэлэх байна. Их зантай хомхой эрх мэдэлд шунасан.

- Миний ах эргэлзээгүй их зантай. Эцэг минь хомхойрол дүүрэн, хайрт эгч Серсей маань
амьсгалах хором тутамдаа эрх мэдэлд шунаж байдаг. Харин би энэ бүхнээс бяцхан хурга шиг
ямар ч гэм зэмгүй. Майлж үзүүлэх үү? гээд инээлээ.

Кателинийг хариу хэлж амжихаас өмнө тосолсон гинж гүйх чимээ гараад гүүр буулгагдан
хаалганы сараалж нээгдлээ. Хаалган дээр бамбарын гэрлээр замаа гэрэлтүүлсэн цэргүүд гарч
ирэхэд авга ах нь тэднийг шуудуун дээгүүр угтан явлаа. Сарны хаалгыг сахигч, Хөндийн их
бойдоо лорд Нэстор Ройс тэднийг хүлэг баатруудаараа хүрээлүүлэн угтав.

- Хатагтай Старк гээд нүсэр цээжтэй өргөн биеэрээ арайхийн мэхийн ёслов.

Кателин мориноосоо бууж,

- Лорд Нэстор гэлээ. Тэр түүнийг Хүрэл Йоны үеэл Ройсийн үеэл догшин ширүүн хүн
болохыг мэдэж байв.

- Бид урт зам туулж зүдэрлээ. Зочломтгой дээвэр дор чинь нэг шөнө хоноод явахыг
зөвшөөрнө үү.

- Миний дээвэр таны мэдэлд, хатагтай. Гэхдээ таны дүү хатагтай Лиза Эйригээс захидал
ирүүлсэн. Тэр таньтай даруйхан уулзахыг хүсэж байна. Үлдсэн нь энд хоноглоод үүрийн
гэгээнээр авирч болно.

Авга ах нь мориноосоо үсрэн буугаад,

- Ямар гэгчийн галзуурал вэ? гэж уураа барьж ядан асуув. Бринден Талли хэзээ ч ууртай үгсээ
барьж сураагүй хүн байв.

- Харанхуй шөнө өгсөх гэнэ ээ? Сар дүүрээгүй байхад уу? Лиза ийм урилга хүзүү хугалах
аюултай гэдгийг мэдмээр юм даа.

- Лууснууд замаа мэднэ, сэр Бринден гээд арван долоо найм орчим насны туранхай охин лорд
Нэсторын дэргэд ирлээ. Тэр богинохон тайрсан хар үстэй аян замын хувцас болох ширэн
цамц, мөнгөлсөн хөнгөн хуяг өмсчээ. Хатагтай Кателинд эзнээсээ илүү урлагтай бөхийн
ёслов.

- Хатагтай таньд ямар ч аюул учрахгүй гэдгийг амалж байна. Таныг дагалдаж явах нь нэр
хүндийн хэрэг билээ. Би харанхуйд зуугаад удаа авирч байсан. Майкл миний эцгийг уулын
ямаа байсан байх гэдэг юм.

Түүний сайрхуу яриаг сонсоод Кателин инээмсэглэж,

- Чиний нэрийг хэн гэдэг вэ? гэлээ.

- Маяа Стоун гэдэг, хатагтай.

Энэ нь Кателинд аятай санагдаагүй ч инээмсэглэлээ царайдаа хүчлэн үлдээлээ. Стоун бол
Хөндийн бутач хүүхдийн нэр бөгөөд, умардад Сноу, Хайгарденд Флауэр гэдгийн адил долоон
ханлиг тус бүр хууль бус хүүхдэд өгдөг нэртэй байлаа. Кателинд охины эсрэг дургүйцэх зүйл
байсангүй ч гэнэтхэн Нэдийн Ханан дээр байгаа бутач хүүхдийг санаад дотор нь унтууцах
гэмших сэтгэл төрөв. Тэр хариу хэлэх үгээ хайлаа.
Лорд Нэстор нам гүмийг эвдэж,

- Маяа ухаалаг охин шүү. Тэр амласан ёсоороо таныг хатагтай Лиза дээр аюулгүй аваачина
гэдэгт итгэлтэй байна. Одоо хүртэл миний урмыг нэг ч хугалж байгаагүй юм гэв.

- Тэгвэл чиний гарыг атгахаас, Маяа Стоун гээд Кателин инээмсэглэж,

- Лорд Нэстор би таньд хоригдлоо харгалзуулах гэсэн юм гэв.

- Харгалзаж буй хоригдолдоо өлсөж үхэхээс нь өмнө аяга дарс, сайхан шарсан тахианы мах
өгнө үү. Бас охин өгвөл таатай байгаа ч дэндүү их зүйл хүссэн болно гэж айж байна гэж
Ланнистер хэлэхэд хөлсний цэрэг Бронн чанга хөхөрлөө.

Лорд Нэстор даажигналыг үл тоомсорлов.

- Таны тааллаар болъё, хатагтай гээд одой руу харж,

- Харин манай лорд Ланнистерийг цамхагын шоронд хүргэн мах, бал өгөх болно гэлээ.

Кателин авга ах болон бусадтай салах ёс гүйцэтгэн Тирион Ланнистерийг орхиод бутач
охиныг даган шилтгээнээр явлаа. Хашааны дээд хэсэгт хоёр луус бэлэн эмээллээстэй хүлээж
байв. Маяа түүнийг мордоход туслахад тэнгэрийн цэнхэр нөмрөгтэй харуул арын хаалгыг
онгойлгож өглөө. Түүний цаана нарс, гачуур холилдсон өтгөн шигүү ой үргэлжилж уул хана
шиг харлаад хадан дээр гүн цүүцдэж гаргасан шат тэнгэр өөд өгсчээ.

- Зарим хүмүүс нүдээ анивал амар байдаг юм. Тэд толгой нь эргэж айсандаа луусаа дэндүү
чанга хавчдаг. Харин луус үүнд нь дургүй гэж Маяа лууснуудыг харанхуй мод руу орох зуур
ярив.

- Би Таллигийнд төрж Старктай гэрлэсэн. Тийм хялбар айх хүн биш. Чи бамбар асаахгүй юм
уу? гэхэд шат харанхуй нүх шиг харлаж байлаа.

Охин ярвайлаа.

- Бамбарын гэрэл таны нүдийг гялбуулах болно. Үүн шиг цэлмэг шөнө тэнгэрт сар, од
хангалттай. Майкл намайг уулийн нүдтэй гэдэг юм гээд эмээл дээрээ өндийж луусаа эхний
гишгүүр лүү алхуулав. Кателины луус түүнийг даган явлаа.

- Чи Майклийн тухай өмнө дурссан гэж Кателин хэлэхэд лууснууд яаралгүйхэн нэгэн жигд
алхууллаа.

- Майкл бол миний хайрт байгаа юм. Майкл Рэдфорт. Сэр Лин Корбрэйгийн хиа. Бид
түүнийг удахгүй хүлэг баатар болохоор гэрлэх гэж байгаа. Нэг юмуу хоёр жилийн дараа гэж
Маяа тайлбарлав.

Тэр Сансатай адилхан баяр хөөртэй гэм зэмгүй мөрөөдөл дүүрэн сонсогдож байлаа. Кателин
инээмсэглэсэн ч гашуун бодол төрөв. Рэдфорт бол Хөндийн анхны хүний цус судсанд нь
гүйж байгаа эртний овог билээ. Тэр түүний хайрт байж болох ч Рэдфортынхон хүүгээ
бутачтай гэрлүүлэхгүй. Түүнээс илүү зохимжтой гэр бүл болох Корбрэй юмуу, Вэйнвуд,
Ройсынхон болон эсвэл Хөндийн гадна талаас язгууртан айлуудаас нэгний охиныг сонгож
болно. Майкл Рэдфорт энэ охинтой гэрлэнэ гэвэл даавууны буруу тал эргэсэн хэрэг болох
биз.

Өгсөх Кателины бодсоноос хялбар байлаа. Модод зам руу бөхийн шигүү ургаж сэрчигнэсэн
ногоон дээвэр сарны гэрлийг хаах бөгөөд тэд урт харанхуй хонгил дундуур өгслөө. Гэвч
лууснууд итгэлтэй зүдрэхийг мэдэхгүй тогтуун алхаж Маяа Стоунд шөнийн нүд заяасан мэт
ажээ. Тэднийг урагш гэлдрүүлсээр уулын нүүрэн талд гарч ирэхэд шатны гишгүүр мурилзан
эргэлээ. Зам дээр өтгөн шилмүүс зузаан хивс шиг хөглөрнө. Луусны туурайд чулуу харших
зөөлөн чимээ гарахаас ондоогүй нам гүм бүүвэйлэхэд Кателин эмээл дээрээ үүрэглэж
эхэллээ. Тэр өмнө нь удаан хугацаанд унтсангүй.

Магадгүй хэсэгхэн хугацаанд зүүрмэглсэн байж магадгүй урд нь гэнэтхэн том төмөр хаалга
гарч ирлээ.

- "Чулуу" гэж Маяа баяртайгаар хэлээд лууснаасаа буув. Арсгар чулуун хэрмийн оройд төмөр
хадаас арзайж дээр нь хоёр том дугуй цамхаг өлийнө. Хаалга Маяагын хашгиралтанд
нээгдлээ. Дотор нь махлаг биетэй хүлэг баатар Маяатай уулзаж шоронд халуун шүүс нь
дусалж байгаа сонгинотой шарсан мах санал болгов. Кателин хичнээн өлсөж байснаа сая л
ойлголоо. Тэр агтчид эмээлийг нь шинэхэн лууст солин тохож байх зуур хашаанд зогсоод
идлээ. Халуун шүүс эрүүг нь даган урсаж дээл рүү нь дусалсан ч үүнийг тоохооргүй хэт
өлссөн байлаа.

Тэгтэл сэлгээний шинэхэн луус ирж сарны гэрэлд ахин мордов. Хоёр дахь өгсөлт илүү
амаргүй байлаа. Зам улам өгсөж гишгүүр нь зүдэргээтэй болсны дээр хагарсан чулууны
хайрга хөглөрнө. Маяа зам дээр унасан чулууг зайлуулахын тулд хэдэн арван удаа буув.

- Та үүнд луусаа хөлөө хугалахыг хүсээгүй л биз дээ гэлээ.

Кателин хүчлэн зөвшөөрөв. Тэд далайн түвшнээс дээш өндөрт гарчээ. Модод сийрэгжин
салхи үлээж огцом хүчтэй салхилж хувцас дэрвүүлэн үс нүүрэнд наалдана. Үе үе
гишгүүрийн эргэлтэн дээр дор байгаа "Чулуу" үзэгдэж "Сарны хаалга" тэртээ алсад
бамбарын гэрэл нь лааны дөл шиг улалзана.

"Цас" Чулуунаас арай багавтар цайз бөгөөд ганцхан бэхлэлтийн цамхаг бүхий дүнзэн барилга
байлаа. Жүчээ чулуугаар шавж хийсэн намхан ханын ард байрлажээ. Эйрид дайсан хүрч
ирвэл "Цас"-ыг алхам бүрээр эзлэх бөгөөд цайзаас сум нисэн чулуун мөндөр бууна. Захирагч
нь болох цоохор нүүртэй сэтгэл зовнингуй залуу хүлэг баатар хөдлөхийн өмнө талх, бяслаг
идэж дулаацахыг санал болгсон ч Маяа эсэргүүцэв.

- Бид үргэлжлүүлэн явах ёстой, хатагтай.

- Чинийхээр болог гээд Кателин толгой дохилоо.


Тэдэнд ахин шинэхэн луус өглөө. Кателинд цагаан оногджээ. Маяа үүнийг хараад
инээмсэглэн,

- Цагаан луус сайн шүү, хатагтай. Мөсөн дээр байсан ч хальтирахгүй чанга хөлтэй гэхдээ та
болгоомжлоорой. Таалагдахгүй бол өшиглөж магад гэлээ.

Цагаан луусад Кателин таалагдсан бололтой бурхны авралаар өшиглөсөнгүй. Мөс ч гэсэн
байсангүй явдалд Кателин талархлаа.

- Миний ээж олон зуун жилийн өмнө цас эндээс орж эхэлсэн гэдэг. Дээр үргэлж цастай
байдаг болохоор мөс нь хэзээ ч хайлдаггүй гээд мөрөө хавчсанаа,

- Би уулнаас цас бууж байсныг харснаа санахгүй байна. Магадгүй эрт цагт тэгсэн биз гэв.

"Хичнээн залуухан" гэж Кателин бодоод түүний насан дээр байхдаа ямар байснаа санахыг
хичээв. Энэ охин амьдралынхаа хагасыг зунд өнгөрүүлсэн болохоор юу ч мэдэхгүй. Өвөл ирж
байна, хүүхэд минь гэж түүнд хэлэхийг хүслээ. Үг уруул дээр нь гарч ирэхэд бараг хэлчих
шахав. Эцэстээ тэр магадгүй Старк болж байх шиг байна.

"Цас"-ны дээр салхи исгэрэлт чонын улиан шиг хүүгэж араатан хаа нэгтээ нуугдаж буй мэт
ажээ. Одод улам тодоор анивчин гар сунгавал хүрч болохоор ойрхон агаад хавирган том сар
цэлмэг харанхуй тэнгэрт мэлтийнэ. Тэднийг авиралтаа үргэлжлүүлэхэд Кателин доошоо
харахгүйг хичээж байгаагаа анзаарав. Шатны гишгүүр зууны тэсгим хүйтэнд хагарч цуураад
тоо тоомшгүй луусны хөлөнд чийрлэгдэн харанхуйлсан өндөр нь хоолойд юм торох шиг
болгоно. Тэднийг шовх чулууны дунд дамнан тогтсон өндөр гүүрэнд хүрэхэд Маяа буугаад,

- Эндээс лууснаасаа буусан нь дээр. Тэд салхинаас айж магадгүй, хатагтай гэлээ.

Кателин харанхуйд өмнөө сүүмэлзэн үзэгдэх зам руу харлаа. Хорин фут урт, гурван фут өргөн
бөгөөд хоёр талд нь гүн ангал байлаа. Салхи улин исгэрнэ. Маяа хөнгөн гарч явахад луус нь
цайзын хашаа руу орж байгаа мэт араас нь тайван дагав. Түүний ээлж боллоо. Эхний алхам
хийхэд айсандаа зүрхэнд нь шар ус хуралдав. Дор нь эргэн тойронд хязгааргүй хоосон
цэлийж гүн ангал онгойн харлана. Тэр хөдлөхөөс айн чичирэн зогслоо. Салхи ирмэг дээгүүр
давуулан хаяахыг оролдох мэт нөмрөгийг нь дэрвүүлэн хүүгнэ. Кателин үл ялиг ухартал луус
нь ард тулсан тул чадсангүй. "Үхэх цаг ирлээ" гэж бодлоо. Нурууг нь даган хүйтэн хөлс урсав.

- Хатагтай Старк. Та зүгээр үү? гэж Маяа ангалын цаанаас хашгирахад мянган бээрийн алсад
байгаа мэт сонсогдов.

Кателин Талли Старк бардам зангийнхаа эцсийн үлдэгдлийг залгиж,

- Би... Би үүнийг хийж чадахгүй нь гэж хашгирав.

- Үгүй ээ, та чадна. Би чадна гэдгийг чинь мэдэж байна. Зам хичнээн өргөн байгааг хараач
гэж бутач охин хэлэв.

- Би харахыг хүсэхгүй байна гээд уулс, тэнгэр, луус гээд ертөнц түүнийг тойрон эргэлдэв.
Кателин амьсгаагаа дарахын тулд нүдээ анилаа.

- Би тань руу буцаад очьё. Битгий хөдлөөрэй, хатагтай.

Хөдлөх Кателины хийж чадах сүүлчийн зүйл байлаа. Тэр салхи исгэрэн чулуун дээр гутлын
чимээ гарахыг сонсов. Маяа дэргэд нь ирээд гараас нь зөөлөн атгалаа.

- Хэрвээ хүсч байвал нүдээ аньсан хэвээр байлга. Одоо олсны дагуу яваарай. Цагаахан өөртөө
санаа тавьж чадна. Маш сайн байна, хатагтай. Би таныг хөтлөөд явъя. Хичнээн амархан
болохыг та харна аа. Над руу нэг алхам хий дээ. Тиймээ хөлөө урагш нь хөдөлгө. Болж байна.
Ахин нэг. Харж байна уу. Амархан байгаа биз дээ. Та үүгээр гүйсэн ч болно. Ахин нэг
яваарай. Тиймээ.

Ингээд алхам алхмаар бутач охин нүдээ тас анин чичирсэн Кателиныг хөтлөн явахад луус
араас нь дагав.

Замын шилтгээнийг "Тэнгэр" гэж дууддаг ч тийм ч өндөр биш агаад хагас саран хэлбэртэй
хана уулын араас цухуйж Валерианий оройгүй цамхагаас илүү үзэсгэлэнтэй байлаа. Энд цас
орж эхэллээ. "Тэнгэр"-ийн чулуу хүйтэнд хяруунд хучигдан уруугаа урт шовх мөснүүд
унжжээ.

Дорно зүгт үүр хаяарахад Маяа Стоун харуулуудыг хашгиран дуудахад хаалга нээгдэв. Ханын
дотор тал уруу болохоор янз бүрийн хэмжээтэй том үхэр чулуугаар хийжээ. Эндээс чулуу
өнхрөх юм бол эргэлзээгүй цасан нуранги үүсгэхээр байлаа.

- Жүчээ, цэргийн хуаран тэнд байдаг юм. Үлдсэн зам уулын дотуур байгаа. Жаахан харанхуй
байж болох ч салхигүй нам гүм. Энэ бол луусны хүрч чадах эцсийн цэг. Эндээс цааш яндан
шиг төрлийн чулуун шаттай хонгилоор авирах болно. Цагийн дараа гэхэд тэнд хүрнэ гэж
Маяа хэлэв.

Кателин дээшээ харлаа. Толгой дээр нь үүрийн гэгээнд Эйригийн хана цайрна. Шилтгээн
зургаан зуун алхамын өндөрт байв. Доороосоо жижигхэн цагаан сархинаг шиг үзэгдэх ажээ.
Тэр авга ахынхаа хэлж байсан өргүүртэй сагсны тухай саналаа.

- Ланнистерийнхан бахархалаа хадгалдаг л байгаа юм биз. Гэвч Таллигийнхан илүү ухаантай


шүү. Би бүтэн өдрийн турш шөнийн хагастай мордож явлаа. Тэднийг сагсаа доошлуул гэж
хэл. Манжинтай хамт явах минь гэж Маяад хэлэв.

Нар уулсын дээр мандахад Кателин Старк эцэстээ Эйрид хүрлээ. Намхан буурал үстэй
тэнгэрийн цэнхэр нөмрөгтэй, цээжин хуяг дээрээ сар шонхортой хүн түүнийг сагснаас
гарахад туслав. Сэр Вардис Эген Жон Арриний бэхлэлтийн харуулын ахлагч байлаа. Дэргэд
нь туранхай шингэн үс, урт хүзүүтэй сэтгэлийн хөдөлгөөнтэй мастер Колемон зогсоно.

- Хатагтай Старк санаандгүй байхад зочилж ирсэн чинь ямар таатай явдал вэ гэж сэр Вардис
хэлэхэд мастер Колемон зөвшөөрөн толгойгоо бөхөлзүүлж,
- Үнэхээр шүү, хатагтай. Үнэхээр. Би таны дүүд дуулгасан. Тэр таныг ирмэгц сэрээгээрэй
гэсэн гэв.

- Түүнийг сайхан амарсан гэж найдна хэмээн Кателин хорон өнгөө мэдэгдэхгүйн тулд
уруулаа хазан хэллээ.

Эрчүүд түүнийг өргүүрийн өрөөнөөс дагуулан эргүүлгэн шатаар өгсөв. Эйри том
шилтгээнүүдийн дэргэд жижигхэн цайз агаад долоон цагаан нарийхан цамхаг уулын мөрөн
дээр хөвчиртөл татсан сум шиг хаяа дэрлэн байрлажээ. Энд адууны жүчээ, төмрийн дархан,
нохойн байр байсангүй. Гэвч Нэд үр тарианы агуулах нь Витерфеллийнхээс том гэж хэлсэн
бөгөөд цамхагуудад таван зуун хүн багтах чадалтай аж. Гэсэн ч дотор нь явахад хачирхалтай
хоосон оргиж цайвар чулуун танхимууд нам гүмд цууртайж байлаа.

Лиза түүнийг өрөөндөө унтлагын хувцастайгаа хүлээж байв. Урт хүрэн үс нүцгэн цагаан
мөрөн дээгүүр нь асгарчээ. Ард нь зарц зогсоод үсийг нь самнаж байснаа Кателиныг орж
очиход Лиза инээмсэглэн босов.

- Кат. Өө, Кат минь дээ чамайг харах ямар сайхан хэрэг вэ. Хонгор эгч минь гээд өрөөний
дундуур гараа дэлгэн гүйж очоод тэвэрч,

- Хичнээн хугацаа өнгөрөв. Ямар их удаа вэ гэж гүнгэнэлээ.

Энэ нь таван жил болсон бөгөөд Лизагын хувьд таван хүнд хэцүү жил байсангүй нь
эргэлзээгүй. Дүү нь Кателинаас хоёр насаар залуу байтал илүү хөгшин юм шиг харагдаж
байлаа. Намхан бие нь бүдүүрч цонхигор царай нь хөөжээ. Таллигийн удмын цэнхэр нүд нь
хүртэл цайвар усархаг болж, жижигхэн хөөрхөн ам нь ярдаг аашилсаар мурийжээ. Кателин
түүнийг гунхсан өндөр цээжтэй охин Ривверраны сүмд хажууд нь зогсож байсныг саналаа.
Тэгэхэд хичнээн залуу үзэсгэлэнтэй найдлагаар дүүрэн байж вэ. Гэтэл одоо дүүгийнх нь гоо
үзэсгэлэнгээс ердөө бүсэлхий хүрсэн өтгөн хүрэн үс үлдэж хоцорчээ.

- Чи сайхан байна гэж Кателин худал хэлээд,

- Гэхдээ... ядарсан юм шиг харагдаж байна гэв.

Дүү нь тэврэлтээ тавив.

- Ядарсан гэнэ ээ. Тиймээ, тэгэлгүй яахав.. гэснээ зарц, мастер Колемон, сэр Вардис нарыг
анзаарсан бололтой,

- Биднийг орхи. Би эгчтэйгээ ганцаар яримаар байна гээд гарахад нь Кателины гарыг
атгаснаа...

...хаалга хаагдмагц яах ийхийн зуургүй тавилаа. Кателин агшин зуур үүлний цаагуур нар орох
адил түүний царай солигдохыг харав.

- Чи ухаанаа алдаагүй биз дээ? Түүнийг ийш нь ямар ч зөвшөөрөлгүй, урьдчилан


анхааруулгагүй авчирч л байдаг. Биднийг Ланнистерийнхантай хийсэн өөрийнхөө
маргаантай хутгах гээ юу... гэж зандрав.

- Миний маргаан гэнэ ээ? хэмээн Кателин сонссон зүйлдээ арай ядан итгэлээ. Зууханд гал
дүрэлзэж байсан ч Лизагийн хоолойнд байсан дулаан өнгө үгүй болжээ.

- Эхлээд энэ чиний хэрүүл байсан биз дээ. Чи л над руу тэр хараал идсэн захиаг явуулж
Ланнистерийнханд нөхөр чинь алагдсан гэж бичсэн.

- Чамд анхааруулахыг хүссэн болохоос биш тэднийг энд авчир гээгүй! Би тэдэнтэй хэзээ ч
тэмцэхгүй! Бурхан минь Кат чи юу хийснээ мэдэж байна уу?

- Ээж ээ? гэх нарийхан хоолой гарлаа. Лиза хүнд нөмрөгөө хуйлруулан эргэв. Эйригийн лорд
Роберт Аррин үүдэн дээр гартаа ноорхой хүүхэлдэй барин зогсоод тэдэн рүү том нүдээрээ
ширтэж байлаа. Тэр сул дорой туранхай биетэй агаад удаан хугацаанд өвчилсний улмаас
насандаа давжаа биетэй харагдаж үе үе чичирнэ. Мастерууд үүнийг чичиргээ өвчин гэж
нэрлэдэг билээ.

- Би хоолой сонслоо.

Лиза бараг орь дуу тавин хашгирсан тул Кателин үүнд гайхсангүй. Дүү нь түүн рүү
чинжаалаар хутгалах мэт харлаа.

- Энэ чиний нагац эгч, Кателин чинь үр минь. Миний эгч хатагтай Старк. Чи түүнийг санаж
байна уу? гэхэд хүү ширтэж,

- Тийм гэж бодож байна гээд нүдээ цавчилав.

Лиза галын ойролцоо суугаад,

- Нааш ир ээждээ ир гээд унтлагын хувцсаа толийлгон үсээ илбээд,

- Тэр хөөрхөн байгаа биз тийм үү? Дэндүү хүчтэй болохоор түүний тухай юу гэж хэлснийг чи
сонсоод итгэхгүй дээ. Жон үүнийг мэдэж байсан. Үр хүчтэй гэж надад хэлсэн юм. Түүний
сүүлчийн үг. Тэр Робертийн нэрийг хэдэнтээ дуудан гаран дээр минь ором гартал чанга
атгасан. Тэдэнд үр хүчтэй гэж хэл гэсэн. Түүний үр. Тэр хүн бүхэнд хүүг маань хичнээн
хүчтэй болохыг хэлэхийг хүссэн байх.

- Лиза хэрвээ чиний Ланнистерийнхны тухайд зөв бол бид түргэн хөдлөх ёстой. Бид... гэхэд,

- Хүүхдийн урд ийм үг бүү хэл. Түүний эмзэгхэн биетэй болохыг харж байгаа биз дээ?

- Хүү Хөндийн хамгаалагч Эйригийн лорд гэж Кателин сануулаад,

- Надад эелдэг харьцаж байх цаг алга. Нэд дайн дэгдэж магадгүй гэж бодож байгаа гэв.

- Чимээгүй! гэж Лиза зандарснаа,


- Чи хүүг минь айлгаад байна гэхэд бяцхан Роберт Кателин руу мөрөн дээгүүрээ хурдхан
харснаа чичирч эхлэв. Хүүхэлдэйгээ унагаж ээжийгээ тэвэрлээ.

- Айх хэрэггүй бяцхан үр минь. Ээж нь энд байгаа болохоор чамд ямар ч аюул учрахгүй гэж
Лиза шивнээд энгэрийнхээ хувцсыг яран улаан толгойтой цайвар том хөхөө гаргав. Хүү
барьж аваад нүүрээ цээжинд нь наан хөхөж эхлэв. Лиза үсийг нь илбэлээ.

Кателинд хэлэх үг олдсонгүй. "Жон Аррины хүү шүү дээ" гэж гайхан бодлоо. Тэр энэ
хүүгийн насны хагастай тэнцэх өөрийнх нь хүү гурван настай Рикон тав дахин эрүүл чийрэг
шүү дээ. Хөндийн лордууд омголон байдагт гайхах юм алга. Тэр одоо л хаан яагаад түүний
хүүг эхээс нь салгаж Ланнистерийнханд хүмүүжүүлэхээр өгөх гэснийг ойлгож эхэллээ.

- Бид энд аюулгүй гэж Лиза хэлэхэд хүү тэр хоёрын хэнд хандан хэлснийг нь Кателин
мэдсэнгүй ч уур нь дүрэлзэн,

- Тэнэг юм бүү яриад бай. Хэн ч аюулгүй биш. Хэрвээ чи энд нуугдаад Ланнистерийхан
мартана гэж бодож байгаа бол гүнээ эндүүрч байна гэв.

Лиза алгаараа хүүгийнхээ чихийг дарав.

- Тэд уулсын дагуу армиа авчирч Цуст хаалгыг нэтэрсэн ч Эйри халдашгүй. Чи үүнийг
өөрийн биеэр харсан биз дээ. Нэг ч дайсан энд хүрч чадахгүй.

Кателинд түүнийг алгадах хүсэл төрөв. Авга ах Бриндений анхааруулах гээд байсны учрыг
сая л ойлголоо.

- Халдашгүй цайз гэж хаана ч байхгүй.

- Энэ халдашгүй гэж Лиза шаардаад, - Бүгд тэгж хэлдэг юм. Харин одоо би чиний авчирсан
Бяцхан чөтгөрөөр юугаа хийх хэрэг болж байна? гэхэд,

- Тэр муу хүн үү? гэж Эйригийн лорд асуугаад эхийнхээ хөхнөөс амаа салгахад улаан толгой
нь норсон байлаа.

- Маш муу хүн. Гэхдээ ээж нь бяцхан үрдээ ямар ч муу зүйл тохиолдуулахгүй гээд Лиза
энгэрээ хаав.

- Түүнийг нисгэ гэж Роберт тэсч ядан дуу алдав. Лиза хүүгийнхээ үсийг сөргүүлэн илбээд,

- Магадгүй бид тэгэх байх. Магадгүй бид ийм алхам хийх байх гэж гүвтнэв.
ЭДДАРД

Тэр Чигчий хурууг янхны газрын нийтийн өрөөнд бэхэн өнгийн хар арьстай өдөн даашинз
өмссөн өндөр гуалиг хүүхэнтэй ялдам яриа өрнүүлж байхад олов. Зуухны дэргэд Хевард
махлаг хүүхэнтэй суугаад мөрийтэй тоглоно. Харвал тэр бүс, нөмрөг, гархин хуяг, баруун
гутлаа алдаж охин хүчээр бүсэлхийнийх нь товчийг тайлж байв. Жори Кассел борооны
дусалд угаагдсан цонхны дэргэд зогсоод Хевардын үзүүлбэрийг ярвайн харж байлаа.

Нэд шатны хөлд зогсоод бээлийгээ өмсөв.

- Явах цаг боллоо. Миний ажил дууссан.

Хевард хөл дээрээ үсрэн босч яаран юмаа цуглуулав.

- Таны хэлснээр болъё эзэнтээн. Би явж Вилд морьдоо авчирахад туслая гээд Жори хаалгаар
гарч одлоо.

Чигчий хуруу энэ зуур удаанаар салах ёс гүйцэтгэв. Тэр хар арьстай эмэгтэйн гар дээр үнсээд
чихэнд нь ямар нэг шог зүйл шивнэн чанга хөхрүүлсний эцэст Нэдийн зүг яаралгүй
гэлдрүүлэв.

- Таны ажил уу эсвэл Робертийнх уу? Тэд Гар хааны зүүдийг зүүдэлж, хааны хоолойгоор
ярин, хааны илдээр хууль дүрмийг жолооддог гэдэг. Бас хаантай унтдаг ч гэдэг... гэхэд,

- Лорд Бэйлиш гээд Нэд яриаг нь тасалж,

- Чи арай дэндэж байна. Би мэдээж чиний тусламжинд талархаж чамгүй бол энэ газрыг
бүтэн жилийн турш эрээд ч олохгүй байснаа мэдэж байна. Гэвч энэ нь чиний ёжлолыг
тэвчинэ гэсэн үг биш. Тэгээд ч би Хааны гар байхаа больсон гэв.

- Зэрлэг чоно ч өрвөлзсөн амьтан юм даа гээд Чигчий хуруу амаа ярвайлаа.

Тэднийг жүчээ рүү алхан гарахад бүрхэг харанхуй тэнгэрт зөөлөн бороо шивэрч байв. Нэд
цувныхаа юүдэнг нөмөрлөө. Жори морьдоо авчирав. Залуу Вил араас нь дагаж Чигчий
хуруугийн гүүг нэг гартаа барих зуураа нөгөөгөөрөө тэлээгээ бүслэн өмдөө товчилж байв.
Жүчээний хаалган дээр хөл нүцгэн янхан зогсоод түүнийг хараад инээнэ.

- Бид шилтгээн рүү буцах уу, эзэнтээн? гэж Жори асуухад Нэд толгой дохиод эмээл дээрээ
гарав. Чигчий хуруу түүний жишээг дагалдав. Жори болон бусад нь араас дагалаа.

- Катаяа бол маш сайхан сонголт. Би бараг л түүнийг худалдаж авахаар шийдчихлээ. Хөлөг
онгоцонд хөрөнгө оруулснаас янхны газар хамаагүй дээр гэдгийг би ойлгосон. Янхнууд
дээрэмчдэд эзлэгдэн живэхгүйн зэрэгцээ тэдэнд бүгд зоос төлдөг гээд лорд Петр цэцэн
ухаантайдаа баясан хөхрөв.

Нэд түүний дэмий яриаг ойшоосонгүй. Цагийн дараа хамтрагчийнх дуу нь намсаж бүгд
чимээгүй ергүүлцгээв. Хааны газрын гудамж харанхуйлан хоосорчээ. Бороонд дээвэр дээр
хуримтлагдсан зүйл угаагдан арилжээ. Нэдийн толгой дээр цус бүлээхэн эртний гэмт нүгэл
шиг хэрцгий бороо шавшина. Ус нүүрийг нь даган урслаа.

- Роберт хэзээ ч ганц ороор хязгаарлагдах хүн биш. Тэр Хөндийд түүнийг нэг охиныг
хүүхэдтэй болгосон гэж сонссон гэж Лианна урт хугацааны өмнө Винтерфелд байхдаа эцэг
нь түүний гарыг залуу Шуурганы адгийн эзэнд өгөхөөр амлахад хэлжээ.

Нэд хүүхдийг гар дээрээ тэвэрч байсан болохоор дүүдээ үгүйсгэн худал хэлж чадаагүй ч
Робертийн өмнөх явдал чухал бус хүний хувьд сайн түүнд чин сэтгэлээсээ хайртай гэж
ухуулжээ. Тэгэхэд Лианна инээмсэглээд,

- Хайр бол амттай зүйл, хүндэт Нэд минь. Гэвч хүний унаган төрх хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж
хэлсэн билээ.

Охин дэндүү залуу байсан болохоор Нэд насыг нь асуух зүрх хүрсэнгүй. Түүний цэвэр ариун
байсанд эргэлзэх юм алга. Янхны газар цэвэр ариун хүүхдийг үргэлж хайдаг бөгөөд зузаан
хэтэвчтэнгүүд сайн хөлс төлдөг билээ. Тэр шаргал улаан үстэй, хамар дээрх сэвхээ энгэсгээр
далдалсан бөгөөд хүүхдээ хөхүүлэхээр энгэрээ нээхэд цээж нь дүүрэн сэвхтэй байлаа.

- Би түүнд Барра гэж нэр өгсөн гээд хүүхдээ хөхүүлж,

- Тэр түүнтэй адилхан байгаа биз тийм үү, эзэнтээн? Түүний хамар, үс гээд л... гэхэд,

- Тиймээ адилхан юм гээд Эддард Старк хүүхдийн сэвлэгт хүрэхэд хурууны завсар зөөлөн хар
торго шиг намирав. Нэд Робертийн анхны хүүхэд бас хар үстэй байсныг саналаа.

- Түүнд харсан зүйлээ хэлээрэй, эзэнтээн... танаас гуйж байна. Түүнд охиных нь хичнээн
хөөрхөнийг хэлээрэй.

- Тэгнэ гэж Нэд амаллаа. Энэ хараал идсэн зүйл байлаа. Роберт үүрдийн мөнх хайр зарлаад
үдэш гэхэд мартдаг байхад Нэд Старк амлалтаа сахьдаг байв. Тэр Лианнагийн үхэхдээ хэлсэн
зүйлийг санасан хэвээр биелүүлсэн билээ.

- Түүнд намайг өөр хэнтэй ч байгаагүй гэж хэлээрэй. Би хуучин болон шинэ бурхдын нэрийг
барин үүнийг тангараглаж байна, эзэнтээн. Катаяа намайг хүүхдээ зургаан сартай болтол
байж болно гэсэн болохоор түүнийг буцаж ирнэ гэж найдаж байна. Та миний хүлээж байгааг
түүнд хэлнэ биз дээ? Би үнэт чулуу эдлэл биш зөвхөн түүнийг хүсч байна. Тэр надад үргэлж
сайн ханддаг байсан, үнэн шүү.

"Чамд л сайн санагдсан байх" хэмээн Нэд хөндий бодлоо.

- Би түүнд хэлнэ гэдгээ амалж байна, Барра.

Тэр үүнийг сонсоод сэтгэл догдлом инээмсэглэхэд зүрх нь урагдах шиг болов. Тэгтэл одоо
бороотой шөнө явахдаа Нэд өөрийнх нь залуу үетэй адилхан Жон Сноугын царайг саналаа.
Бурхан бутач хүүхдүүдэд хөмсөг зангиддаг хэрнээ яагаад хүмүүсийг шунал тачаалаар
дүүргэнэ вэ гэж гансран бодов.

- Лорд Бэйлиш чи Робертийн бусад бутач хүүхдүүдийг мэдэх үү?

- Тэр эхнээсээ л чамаас олон хүүхэдтэй байсан шүү дээ.

- Хэр зэрэг? гэхэд Чигчий хуруу мөрөө хавчсанд нөмрөгнийх нь арыг даган ус урсав.

- Ямар ялгаа байна? Хэрвээ чи хангалттай эмэгтэйтэй байж чадвал зарим нь чамд бэлэг өгөх
бөгөөд эрхэм дээдэс хэзээ ч үүнээс ичдэггүй. Би түүний лорд Станнис хуримаа хийдэг шөнө
эцэг нь болсон Шуурганы адгийн хүүг мэдэх юм байна. Ээжийг нь Флорент гэдэг хатгай
Сэлисийн ач охин гарынх нь зарц нарын нэг. Рэнли Робертийг найран дээр охин дээшээ авч
гараад Станнисийг сүйт бүсгүйтэйгээ бүжиглэж байх хооронд хуримын орыг нь хугалсан
гэсэн. Лорд Станнис үүнийг эхнэрийнх нь гэр бүлийн нэр хүндэд толбо суулгасан явдал гэж
үзээд хүүг төрмөгц Рэнли рүү илгээсэн гээд Нэд рүү хяламхийж,

- Бас Робертийг гурван жилийн өмнө лорд Тайвины нэрэмжит тэмцээн рүү явах үедээ
Кастерли Рокийн эмэгтэйгээс хоёр ихэр хүүхэдтэй болсон гэж дуулсан. Серсей хүүхдүүдийг
алж эхийг нь боол болгон худалдсан гэсэн. Ланнистерийнхны орон гэрт нэр хүндийг нь
дэндүү доромжилсон явдал байгаа биз гэлээ.

Нэд Старк хөмсөг зангидлаа. Хаант улсын язгууртан лорд бүхний тухай ийм жигшүүртэй
зүйл яригддаг байв. Тэр Серсей Ланнистерийг ийм зүйл хангалттай хийж дөнгөх хүн гэж гэж
бодож байгаа ч... гэхдээ хаан ийм явдал болохыг зөвшөөрсөн юм биш биз дээ? Түүний мэдэх
Роберт ийм зүйлтэй эвлэхээргүй ч, нөгөө Роберт харахыг хүсээгүй зүйлээ нүдээ анин
өнгөрүүлэхэд дадлагажсан хүн байв.

- Яагаад Жон Аррин гэнэтхэн хааны хууль бус хүүхдүүдийг сонирхох болсон юм бол? гэхэд
намхан эрэгтэй нойтон мөрөө хавчлаа.

- Тэр хааны Гар байсан шүү дээ. Магадгүй Роберт түүнээс анхааралдаа авахыг гуйсан биз.

Нэд чөмгөндөө хүртэл нэвт сэтгэл нь хүртэл хөржээ.

- Үүнд ямар нэг өөр зүйл байж таарна. Өөр ямар учраас түүнийг алсан гэж? гэхэд Чигчий
хуруу үсэндээ тогтсон борооны дуслыг сэгсрэн инээд алдаж,

- Одоо л ухаарлаа. Лорд Аррин эрхэм дээдсийн гэдсийг нь томруулсан янхан хүүхэн,
загасчны эхнэрүүдийг мэдсэнийхээ төлөө үүрд чимээгүй болсон байх нь. Гайхах явдалгүй
дээ. Тийм хүнд амьдрахыг зөвшөөрвөл нар дорно зүгээс мандсан хэрэг болно биз гэв.

Энэ Нэдийн хүссэн хариулт биш байсан тул хөмсөг зангидав. Олон жилийн дараа анх удаагаа
Рэйгэр Таргариний тухай бодол орж ирэв. Тэр Рэйгэрийг янхны газар олонтоо явж байсан
эсэхийг гайхсан ч үгүй гэж бодов.

Бороо улам ширүүсэхэд нүдэнд орж хорсгон газар нүдэн шаагиж толгодын уруу хар голын ус
үерлэн урсав. Тэгтэл Жори,
- Эзэнтээн гэж түгшүүртэй сөөнгө хоолойгоор хашгирав. Агшин зуур гудамжинд дүүрэн
цэргүүд гарч ирлээ.

Нэдийн нүдэнд ширэн хуяг дуулга, хамгаалалтын бээлий, алтан арслантай ган дуулга зэрвэс
үзэгдэв. Тэдний нөмрөг бороонд норж нуруундаа нэвт наалджээ. Тоолоогүй ч арваас багагүй
хүн байсан бөгөөд урдуур нь эгнэж гудамж хаан зогсоод урт илд, төмөр үзүүртэй жад
сэрийлгэлээ.

- Ард чинь! гэж Вилийн хашгирах сонсогдоход морио эргүүлсэнд олон хүн буцах замыг нь
хааж байв. Жори илдээ хуйнаасаа сугаллаа.

- Зам тавь эсвэл үхнэ шүү!

- Чононууд ульж байна. Ямар жижигхэн сүрэг вэ гэж ахлагч нь хэллээ. Нэд түүний нүүрийг
даган борооны дусал урсахыг харав.

Чигчий хуруу морио урагш давиран болгоомжтой алхуулав.

- Энэ чинь юу болж байна? Энэ бол хааны Гар.

- Тэр хааны Гар байсан гэх дуу гараад хээр азарганы туурайд шавар шалчигнахад жагсаал хоёр
хуваагдаж цээжин дээрээ Ланнистерийн хүрхэрч буй арслантай алтан давтмал хуяг гарч ирэв.

- Одоо үнэнийг хэлэхэд би түүнийг хэн болоход нь итгэлтэй биш байна.

- Ланнистер энэ чинь галзуурсан хэрэг. Биднийг явуул. Бид цайзад буцаж очих ёстой. Чи
ингэхэд юу хийж байгаагаа мэдэж байна уу? гэж Чигчий хуруу хэллээ.

- Тэр юу хийж байгаагаа мэднэ гэж Нэд тайван хэлэв.

Жэйми Ланнистер инээмсэглэлээ.

- Яг үнэн. Би дүүгээ хайж байна. Чи миний дүүг санаж байгаа биз дээ, лорд Старк? Тэр
бидэнтэй хамт Винтерфеллд байсан. Цайвар үс, зохимжгүй нүд, хурц хэлтэй намхан хүн
байгаа юм гэхэд,

- Би түүнийг сайн санаж байна гэж Нэд өчив.

- Түүний замд ямар нэг таагүй явдал тохиолдсон шиг байна. Лорд эцэг минь ихэд хилэгнэж
байгаа. Чи дүүд маань хэн муу зүйл хийж зүрхэлснийг төсөөлж байна уу??

- Дүүг чинь хийсэн гэмт хэргийнх нь төлөө миний тушаалаар баривчилсан.

Чигчий хуруу эмээн дуу алдлаа.

- Эрхэм лордуудаа...
Сэр Жэйми урт илдээ хуйнаас сугалан азаргаа урагш давирав.

- Надад илдээ үзүүл, лорд Эддард. Би чамайг Эйрисийг алж байсан шигээ шигээ гартаа
илдтэй чинь хорооё гээд Чигчий хуруу руу зэвүүцэнгүй харж,

- Лорд Бэйлиш. Хэрвээ би үнэтэй хувцсанд минь цусны толбо үсрэхээс айсан бол эндээс
түргэн явах байсан даа гэлээ.

Чигчий хурууд ахин шаардуулах хэрэг гарсангүй.

- Би явж Хотын харуулыг авчирна гэж Нэдэд амлав. Ланнистерийнхны эгнээ түүнийг
хуваагдан гараад араас нь шахан ойртов. Чигчий хуруу гүүгээ өсгийгөөрөө гуядан булан
тойроод алга боллоо.

Нэдийн хүмүүс илдээ сугалсан ч хорин хүний эсрэг гурвуул байлаа. Ойролцоох цонх
хаалганаас нүд шагайх хэдий ч хүний хэрэгт хөндлөнгөөс оролцсонгүй. Гэвч Старкийнхан
морьтой байхад Ланнистерийнхан Жэймигээс бусад нь явган байлаа. Эддард урагш дайран
замаа чөлөөлснөөс илүү аюулгүй арга хэрэглэхээр шийдэв.

- Тэгвэл намайг ал л даа. Кателин Тирионыг чинь адилхан хөнөөх болно гэж хааны алуурчид
анхааруулав.

Жэйми Ланнистер Нэдийн цээжийг сүүлчийн луут хааны цусыг урсгасан алтадсан илдээрээ
шөргөөв.

- Тийм гэж үү? Үнэхээр Риверраны хүндэт Кателин Талли олзлогдогчоо хөнөөнө гэж үү?
Үгүй гэж бодож байна гээд санаа алдаж,

- Гэхдээ би эмэгтэй хүний нэр хүндийн төлөө дүүгийнхээ амийг тавихыг хүсэхгүй байна гээд
алтан илдээ хуйлж,

- Иймээс чамайг Роберт луу чинь буцааж явуулъя. Очоод намайг хичнээн айлгасныг хэлээрэй.
Харин түүнийг чинь тоох болов уу даа гээд үсээ хойш шидэн морио эргүүлэв. Тэр
цэргүүдийнхээ эгнээний ард гараад ахлагч руу харав.

- Трегэр лорд Старкад ямар нэг зүйл тохиолдохгүй байх талаар санаа тавиарай.

- Таны тааллаар болъё, эрхэм лорд.

- Гэсэн ч... бид түүнийг хашраалгүй орхиж болохгүй болохоор гээд Жэйми бороонд норсон
нүүрэндээ инээмсэглэл тодруулж,

- Түүний хүмүүсийг нь ал гэв.

- Үгүй ээ! гэж Нэд Старк хашгираад илдээ атгалаа. Жэйми хэдийн гудамж уруудан алга
болоод Вилийн хашгирах дуу сонсогдов. Цэргүүд хоёр талаас нь ойртлоо. Нэд нэг рүү нь
очиж урдаа байсан улаан нөмрөг рүү цавчив. Жори Кассел морио цоройлгон ухасхийхэд
төмөр тахтай туурай Ланнистерийн хүний царайд ширхийн буулаа. Хоёр дахь хүн зугтаж
Жори агшин зуур чөлөөтэй болов. Вил алагдсан морьтойгоо унаад хараан босож илдээ
бороонд цавчилна. Нэд түүн рүү давхиж очоод урт илдээ Трегэрийн дуулга дээр буулгаж
доргилтонд нь шүдээ зуув. Трегэр өвдөг сөхрөн унахад арслангын сүлд хуваагдаж нүүрийг нь
даган цус урсав. Хевард морины жолооноос зуурсан гарнуудыг цавчсан ч гэдсэнд нь жад
зоогдлоо. Гэнэтхэн Жори тэдэн рүү илднээсээ улаан бороо үсчүүлэн буцав.

- Үгүй ээ! Жори буц! гэж Нэд хашгиртал морь нь шаварт хальтираад түсхийн унахад нүд
сохлом янгинан өвдөж аманд нь цус амтагдав.

Тэр цэргүүд хэрхэн Жоригийн морины хөлийг цавчиж газар унагаад илдээрээ цавчин
бүслэхийг харав. Нэдийн морь буцаж хөл дээрээ босоход даган өндийхийг оролдсон ч эргэж
унаад өвдсөндөө хашгирлаа. Хугарсан яс шилбэний арьс цоо нэвтлэн сэрийжээ. Үүнээс цааш
өөр юу ч харсангүй бөгөөд бороо шаагин орсоор л байлаа.

Ахин нүдээ нээх үед Эддард Старк ганцаар хэвтэж байв. Морь нь ойртон ирснээ цусны үнэр
авмагц холдон цогиуллаа. Нэд шавраас мөлхөж гарахыг хичээн хөлийнхөө өвдөлтөнд шүд
зуув. Энэ нь бараг жилийн хугацаа авлаа. Лааны гэрэлтэй цонхоор хүний нүүр ширтэж
хүмүүс гудамжинд уван цуван гарч ирсэн ч хэн ч туслахаар хөдөлсөнгүй.

Чигчий хуруу Хотын харуулыг дагуулан гудамжинд эргэж ирээд Нэдийг Жоригийн биеийг
тэвэрсэн байхад олжээ.

Хаа нэгтээгээс алтан нөмрөг олж дамнуурга хийн цайз руу буцах замд ороход Нэд зовж
шаналсандаа хагас ухаантай байлаа. Урд нь Улаан шилтгээн өглөөний бүүдгэр туяанд
сүндэрлэн гарч ирэхэд бороонд норсон цайвар ягаан чулуу харлан нүсэр том хананууд цусны
өнгөтэй болжээ.

Тэгтэл эрхэмсэг мастер Пацилл дээрээс нь аяга барин тонгойж,

- Эрхэм лорд минь үүнийг уучих. Намуу цэцэгтэй сүү өвчнийг чинь намдаана гэлээ. Тэр
залгиснаа санаж байгаа бөгөөд Пацилл хэн нэгэнд дарс бүлээсгэж, цэвэрхэн торго авчир гэж
хэлэхийг дуулаад бүх зүйл харанхуйлан ухаан алдав.
ДАНЕРИС

Вэйс Дортракийн Морин хаалгыг замын дээр зуун футын өндөрт хоёр том хүрэл азарга урд
урдаасаа цоройж урд хөлөөрөө тулж буй нуман хаалга хэлбэртэй сийлбэрлэн хийжээ.

Дани яагаад ханагүй хотод хаалга хэрэгтэй байдгийн учрыг ойлгосонгүй. Үүний дээр
барилга байшин ч харагдсангүй. Асар том үзэсгэлэнт том морьдын цаана алсад хүрэн уулс
дүнхийнэ. Хүрэл азарганы урт сүүдэрт ургасан сахлаг ногоон дээгүүр Кал Дрого каласараа
дагуулан бурхдын замаар явахад цусан морьтонгууд нь дагалаа.

Дани мөнгөн гүүгээ унан сэр Жорах Мормонт болон ах Висерис нартайгаа хамт явлаа.
Висерисийг өвсөн дунд орхисон тэр өдөр каласарт явган буцаж ирэхэд Дотракичууд дооглон
инээлдэн угтаж Кал Рэй Мар буюу "Холгосон хөлт хаан" гэсэн нэр өгчээ. Кал Дрого түүнийг
дараагийн өдөр нь тэргэн дээр сууж явахыг санал болгоход Висерис зөвшөөрчээ. Тэр мунхаг
зөрүүд зандаа автан шоолуулж байгаагаа ч мэдсэнгүй бөгөөд тэргэн дээр зөвхөн тайган,
тахир дутуу, төрөх гэж байгаа эмэгтэй, бага хүүхэд юмуу, хөгшин настай улс явдаг байлаа.
Энэ нь түүнд өөр нэг нэр болох Кал Раггат буюу "Тэрэгний хаан" гэсэн нэр хайрлажээ. Ах нь
үүнийг кал Данигийн хийсэн буруу зүйлийн төлөө уучлал гуйсан хэрэг гэж бодож байв. Дани
түүнийг ичээхгүйн тулд сэр Жорахад үнэнийг хэлэхгүй байхыг гуйжээ. Хүлэг баатар хариуд
нь хаан жаахан ичихэд гэмтэй зүйл байхгүй гэсэн боловч түүний гуйснаар хийсэн байна.
Эцэст нь Данерис удтал гуйж гувшин Дориагын зааж өгсөн бүх мэхийг хэрэглэн байж
Дрогогоос Висерисийг толгойн хэсэгтэй нэгдүүлэх зөвшөөрөл авчээ.

- Хот нь хаана байгаа юм бэ? гэж Данерис хүрэл хаалгыг өнгөрөхөд асуулаа. Хаа ч байшин
барилга хүмүүс харагдсангүй зөвхөн өвс ногоо Дотракичуудын олон зууны турш тахиж байгаа
эртний хөшөө дурсгал эгнэсэн зам байлаа.

- Урд уулын дор бий гэж сэр Жорах хариулав.

Морин хаалганы цаана тонуулсан бурхад, хулгайлагдсан баатруудын хөшөө замын хоёр талаар
ярайн сүндэрлэв. Мөхсөн хотын мартагдсан бурхад тэнгэр лүү хугарсан аянгаар зангаж
байгаа нэг хөшөөний хажуугаар Дани өнгөрөв. Эмтэрсэн нүүртэй чулуун хаад түүнийг хаан
ширээнээсээ доош ширтэж нэрс нь цаг хугацааны явцад мартагджээ. Гантиг тавцан дээр
бүжиглэж байгаа цэцгэн хэлхээ өмссөн гоолиг залуу охидын гартаа барьсан чулуун домбо нь
хагарсан байлаа. Замын хоёр талаар мангасуудын эгнээ үргэлжлэв. Үнэт чулуу шигтгэж
хийсэн нүдтэй хар төмөр луу, архирч буй гриффин, хадаастай сүүлээ дайрахад бэлэн өргөсөн
мантикор болон өөр бусад үл мэдэх амьтад байлаа. Зарим хөшөө амьсгал давхцам гоо
үзэсгэлэнтэй байхад зарим нь нь аймшигтай байсан тул Дани тэдэн рүү харахыг ч хүссэнгүй.
Тэднийг Ашайн цаадах Сүүдэрт арлаас авчирсан гэж сэр Жорах тайлбарлажээ.

- Ийм олон хөшөөг олон газраас авсан байх даа! гээд Данерис мөнгөлөг гүүгээ удаанаар
алхуулав.

Висерист онц санагдсангүй бололтой.

- Сөнөсөн хотуудын хогийн цуглуулга байна гээд инээд алдав. Тэр Дотракичуудын цөөхөн хэд
нь мэдэх нийтийн хэлээр ярьж байсан ч Дани касууд сонсоогүй байгаа даа гэж эргэж харлаа.
Висерис юу ч ажиглалгүй цааш үргэлжлүүлэн,

- Эдгээр зэрлэгүүд барилга барихаас илүү хүмүүсийн бүтээсэн зүйлийг хулгайлж чадахаас
гадна бас алахыг мэднэ гээд инээд алдаж,

- Тиймээ тэд яаж алахыг мэднэ. Өөрөөр бол би тэднийг ашиглахгүй байлаа гэв.

- Тэд одоо миний хүмүүс болсон. Чи түүнийг зэрлэгүүд гэж дуудаж болохгүй гэж Дани
хэллээ.

- Луу хүссэн бүхнээ хэлнэ гэж Висерис нийтийн хэлээр хэлээд ардаа яваа Агго, Ракаро болон
бусад хүмүүс рүү хяламхийн шоолонгуй инээмсэглэж,

- Харж байна уу зэрлэгүүдэд соёл иргэншилт хүний яриаг ойлгох ухаан байхгүй гэв. Хаг
хөвдөнд хучигдсан тавин футын өндөр чулуун дурсгал өнгөрөв. Висерис түүн рүү уйдсан
янзтай харснаа,

- Дрого надад армийг минь өгөх хүртэл бид хэр удаан нурсан балгас дунд байх болж байна?
Би хүлээсээр ядарч гүйцлээ гэв.

- Гүнж дош калинтай танилцах ёстой... гэж сэр Жорах хэлэхэд,

- Зөнөг чавганцууд гэж Висерис яриаг нь таслаад,

- Тэд түүний гэдсэнд байгаа хүүхдийн тухай хошин наадам шиг зөгнөл надад хэлсэн. Энэ
чинь надад ямар хамаатай юм? Би адууны мах идсээр ядарч, зэрлэгүүдийн өмхий үнэрт ой
гутаж байна гээд үргэлж үнэртэн хэрэглэдэг цамцныхаа ханцуйг өргөн шиншиллээ. Энэ нь
тус болсонгүй цамц муухай болжээ. Ер нь Висерисийн Пентосоос авч гарсан бүх торго,
ноосон даавуун хувцас замын аянд хөлсөнд нэвтрэн бохирдсон байв.

- Өрнөд зээл дээр таньд таалагдах хоол хүнс бий, эрхэм дээдсээ. Чөлөөт хотын худалдаачид
ийшээ бараа таваараа зарахаар ирдэг юм. Калын хувьд гэвэл цаг нь болохоор амлалтаа
биелүүлэх болно гэж сэр Жорах Мормонт хэлэв.

- Тэгсэн нь дээр дээ. Надад титэм амласан болохоор түүнийгээ авахыг хүсч байна. Лууг
шоолж болдоггүй юм гээд өмхий хүрний толгой, зургаан хөхтэй эмэгтэйн хөшөөг үзэхээр
ойртож очив.

Данигийн санаа жаахан ч гэсэн амарлаа.

- Миний наран болсон од минь түүнийг битгий дэндүү удаан хүлээлгээсэй гэж залбирах
байна гэж сэр Жорахад ахыгаа дуулдахгүй холдсон үед хэлэв.

Хүлэг баатар Висерисийн араас тээнэгэлзэн харлаа.

- Ах чинь Пентост үлдэх ёстой байсан юм. Каласар бол түүний байх ёстой газар биш.
Иллирио уул нь энэ тухай анхааруулахыг оролдсон доо.

- Тэр удахгүй арван мянган цэргээ аваад одох болно. Миний лорд нөхөр түүнд алтан титэм
амласан.

- Тиймээ, калисий... гэхдээ Дотракичууд энэ талаар биднээс өөр үзэлтэй. Иллирио бид хоёр
зөндөө хэлсэн ч ах чинь энэ тухай сонсохыг хүсээгүй. Морьтон лордууд наймаачин биш.
Висерис чамайг зарсан гэж бодож байгаа учир үнээ нэхэж байна. Гэхдээ Кал Дрогод чамайг
бэлэг болгон өгсөн гэж хэлсэн учир тэр Висерист эргүүлэн бэлэг өгөхийг хүсч байгаа
гэхдээ... цаг нь болохоор. Чи калаас бэлэг өгөхийг шаардаж болохгүй. Ер нь калаас юу ч
шаардаж болохгүй гэхэд,

- Түүнийг хүлээлгэх нь буруу шүү дээ гээд Дани ахыгаа яагаад өмөөрөөд байгаагаа
мэдсэнгүй. - Висерис долоон ханлигийг арван мянган Дотракийн хашгиралтаар шүүрдэн
хаях болно гэсэн.

Сэр Жорах тургилав.

- Висерис арван мянган шүүр байсан ч жүчээ шүүрдэж чадахгүй хүн.

Дани түүний дууны басамжилсан өнгийг тоохгүй байхыг хичээлээ.

- Яагаад... Висерис биш гэж үү? Тэгвэл өөр хэн удирдана гэж? Ямар нэг хүчтэй дайчин уу?
Дотракичууд үнэхээр долоон ханлигийг байлдан дагуулж чадах болов уу?

Морьд бурхны замаар уруудахад сэр Жорахын царай бодлогоширонгуй болов.

- Би цөлөгдсөн эхний үедээ Дотракичуудыг хараад хагас нүцгэн морьд шигээ зэрлэг хүмүүс
юм гэж бодсон. Хэрвээ надаас энэ тухай тэр үед асуусан бол гүнж минь мянган сайн хүлэг
баатар зуун дахин илүү Дотракичуудыг төвөггүй дийлнэ гэх байсан даа.

- Тэгвэл одоо энэ тухай асууж байна?

- Одоо бол өөр хэрэг би үүнд итгэлтэй байхаа больсон. Тэд ямар ч хүлэг баатраас илүү
морьтон, аймшиггүй зоригтой нум сум нь биднийхээс хол тусгалтай. Долоон ханлигт нум
сумчид хэрэмнийхээ цаана халхавчилан зогсож тулалддаг бол Дотракичууд морины нуруун
дээрээсээ үхэх байсан ч хамаагүй галт сум харвадаг... дээрээс нь тэд маш олуулаа, хатагтай.
Танай лорд нөхөр чинь ганцаараа каласартаа дөчин мянган морьтон дайчидтай гээд бодоод
үз дээ.

- Үнэхээр тийм их юм уу?

- Чиний ах Рэйгэр Сэрээнд үүнээс олон хүн авчирсан. Гэхдээ тэдний дунд хүлэг баатар арав
дахин бага байсан. Үлдсэн хэсэг нь нум сумчид, чөлөөт морьтонгууд, жад сэлмээр
зэвсэглэсэн явган цэргүүд байсан. Рэйгэрийг унамагц тэдний олонхи зэвсгээ хаяад тулааны
талбараас зугтан зайлсан. Тийм эрээвэр хураавар хүмүүс дөчин мянган цус хүссэн
хашгиралтын дуунд хэр удаан тэснэ гэж бодож байна? Тэдний ширээсэн шир, гархин хуяг
бороо шиг асгарах нум сумнаас хэр зэрэг хамгаална гэж бодож байна? гэхэд Данерис,

- Тийм ч удаан биш. Сайн чадахгүй гэхэд толгой дохилоо.

- Гэхдээ долоон ханлигийн лордуудад галууныхаас илүү ухаан байвал ийм зүйл болохгүй
гэдгийг санаж ав гүнж минь. Морьтонгуудад цайз эзлэх чадвар байхгүй. Би тэднийг хаант
улсын хамгийн сул цайзыг ч эзэлж чадна гэдэгт эргэлзэж байгаа ч Роберт Баратеон тэдэнтэй
халз тулалдах хангалттай тэнэг бол...

- Тэр үнэхээр тэнэг гэж үү? хэмээн Дани асуув.

Сэр Жорах хэсэг зуур бодлогоширов.

- Роберт Дотракичуудын дунд төрөх ёстой байсан юм. Танай Кал чинь зөвхөн хулчгар хүн
дайсантайгаа илдтэй тулгарахын оронд чулуун хананы ард нуугддаг нуугддаг гээд хэлчих юм
бол булаан эзлэгч үүнийг зөвшөөрөх нь гарцаагүй. Тэр дотракийн морьтонгуудтай нээлттэй
талбарт тулгарахаар... хангалттай хүчтэй зоригтой хүн... Гэвч тойрон хүрээлсэн хүмүүс нь
өөр өөрсдийнхөө хөгжмийн аялгууг тоглоно. Түүний дүү Станнис, лорд Тайвин Ланнистер,
Эддард Старк... гэснээ нулимлаа.

- Та лорд Старкыг үзэн яддаг юм уу?

- Тэр намайг хэдэн бөөстэй хулгайн анчид, үнэт нэр хүндийнхээ төлөө хайртай бүхнээс минь
хагацаасан гэж сэр Жорах гашуунаар хэлэхэд дууны өнгөнд нь шаналал сонсогдов. Тэгснээ
сэдвийг түргэхэн өөрчилж,

- Вэйс Дотрак тэнд байна. Морьтон лордуудын хот гэж заав.

Кал Дрого болон түүний цусан морьтонгууд тэднийг өрнөд зээлийн том гудамжаар дагуулан
уруудав. Дани араас нь гүүгээрээ шогшуулах зуураа эргэн тойрны сонин хачныг харж явлаа.
Вэйс Дотрак ертөнц дээрхи түүний харсан хамгийн том хэрнээ хамгийн жижиг хот шиг
санагдав. Хананд хязгаарлагдахгүй болохоор Пентосоос арав дахин том бөгөөд өргөн уудам
гудамжинд нь өвс ногоо ургаж, цэцэгс алаглажээ. Чөлөөт хотуудад цамхаг, харш, урц, гүүр,
дэлгүүр мухлаг, олон нийтээрээ цуглардаг танхимууд хаяа дэрлэн шахцалдаж байдаг бол
Вэйс Дотрак наранд шарагдсан эртний уудам, ихэмсэг хоосон газар байлаа.

Байшин барилга нь хүртэл нүдэнд этгээд үзэгдэнэ. Тэр чулуун асар, өвсөн дээр барьсан
шилтгээн шиг том даавуун орд, яйжгий модон цамхаг, нүүрэн талдаа гантиг гишгүүртэй
пирамид, орой нь онгорхой дүнзэн танхимууд харлаа. Зарим ордны гадна хашааны оронд
өргөстэй бут тарьжээ.

- Байшингууд нь хоорондоо огт адилгүй юм.

- Чиний ах үнэн хэлсэн. Дотраикчууд байшин барьж чаддаггүй. Мянган жилийн өмнөөс урц
хийхдээ газар хөндийлөн ухаж өвсөн дээвэртэй хийдэг байсан. Байшингуудыг энд тэндээс
олзолж ирсэн боолуудаар өөрсдийнхөө хэв маягт зориулан хийлгэсэн биз гэж сэр Жорах
хэлэв.

Ихэнхи танхимууд тэр дундаа хамгийн том нь хүртэл хоосон байлаа.

- Хүмүүс нь хаана амьдардаг юм бэ? гэж Дани асуулаа. Зээл дээр дүүрэн хүүхэд гүйлдэж хүн
хашгирч байдаг ч энд зөвхөн хэдэн тайган эздийнхээ ажлаар яваа үзэгдэнэ.

- Зөвхөн хөгшин чавганц нар дош калийн ариун хотод зарц боолуудтайгаа тогтмол суух
эрхтэй. Хэрвээ бүх калууд Ээждээ нэгэн зэрэг буцаж ирвэл Вэйс Дотрак хүн бүрийн каласар
багтахаар хангалттай том. Чавганц нар нэг л өдөр тийм өдөр ирэхэд Вэйс Дотрак бүх хүүхдээ
тэврэхэд бэлэн байх ёстой гэж хэлдэг юм.

Кал Дрого эцэст нь Ий Ти болон Ашайн, Сүүдэрт арлуудаас худалдаачдын бараагаа зарахаар
ирдэг өмнөд зээлийн ойролцоо зогслоо. Уулсын эх бүгдийн орой дээгүүр сүндэрлэнэ. Дани
магистер Иллириогийн боол охин мөнгөн хаалгатай хоёр зуун өрөө бүхий харш бий гэж
ярьсаныг санаад инээд алдлаа. Энэхүү харш гэгч нь бүдүүлэг дүнз огтлон хийсэн дөчин
футын өндөр ханатай модон цайллагын танхим бөгөөд дээвэрт нь торго татаж ховорхон орох
борооноос халхлахын зэрэгцээ хязгаар хярхаггүй тэнгэр харахаар хураадаг аж. Танхимын
эргэн тойронд өндөр бургасан хашаатай морьд бэлчих уужим талбай, галын нүх, зуугаад
дугуй газар гэрүүд өвсөн дээр ургасан жижигхэн толгод шиг бөмбийж харагдав.

Боолуудын багахан арми Кал Дрогогын ирэхэд урьдчилан бэлтгэхээр иржээ. Морьтон бүр
эмээлээсээ буугаад бүсэндээ зүүсэн аракх болон бусад зэвсгээ хүлээж буй зарцад өгч байв.
Кал Дрого хүртэл үүнийг тойрсонгүй. Сэр Жорах үүнийг Вэйс Дотракид илд авч явж хүний
цус урсгах хориотой гэж тайлбарлажээ. Өөр хоорондоо дайсагналцдаг каласарууд хүртэл өш
хонзонгоо хойш тавьж Уулсын эхийн өмнө мах балаа хуваалцана. Энэ газар дош калийнууд
бүх Дотракичууд нэг цустай, нэг каласар, нэг сүрэг гэж тунхаглах ажээ.

Ирри, Жикүй хоёр Даниг гүүнээс нь буухад тусалж байхад Кохолло ирэв. Тэр Дрогогын цусан
гурван морьтонгын хамгийн ахмад нь бөгөөд булчинлаг бие халзан толгой, муруй хамартай
хорин жилийн өмнө залуу каллакыг хөлсний цэрэг дайсных нь эцэгт зарах гэж байхад аврах
үедээ мунанд цохиулсаны улмаас үйрсэн шүдтэй байлаа. Түүний амьдрал Дроготой
Данигийн лорд нөхөр нь төрсөн цагаас холбогджээ.

Кал бүр цусан морьтонгуудтай байв. Дани эхэндээ тэднийг эзнээ хамгаалахаар андгай
тангараг өргөсөн хааны хамгаалагчидтай төстэй гэж бодсон ч үүнээс хамаагүй илүү байв.
Жикүй түүнд цусан морьтон зүгээр нэг хамгаалагч бус калын ах дүү, сүүдэр, үнэнч анд
болдог гэж тайлбарлажээ.

"Миний цусны цус" гэж Дрого тэднийг дууддаг бөгөөд энэ нь нэг амьдрал хуваалцаж байгаа
гэсэн үг байлаа. Эртний заншил ёсоор морьтон лордууд кал үхэхэд харанхуй газар даган
одохоор цусан морьтонгууд нь хамт үхэхийг шаардана. Хэрвээ кал дайсны гарт үрэгдвэл тэд
өш хонзонгоо авахаар араас нь удтал мөрдөж үүнийгээ биелүүлсний дараа баяртайгаар араас
нь булшинд одох аж. Зарим каласарт цусан морьтонгууд калын дарсыг ууж, асарт нь хонон
эхнэрийг нь хүртэл хуваалцдаг гэж Жикүй ярьжээ. Зөвхөн морио хэзээ ч хуваалцдаггүй
байна. Хүн бүр өөрийнхийгөө унана.
Дани Кал Дрого энэхүү эртний заншилыг дагаагүйд баяртай байлаа. Хэрвээ хуваалцагдахад
хүрвэл баярлах зүйл байсангүй. Түүнтэй зөвхөн хөгшин Кохолло эелдэг харьцах бөгөөд бусад
нь эмээх сэтгэл төрүүлнэ. Нүсэр том биетэй чимээгүй Хагго үргэлж түүний хэн болохыг
мартсан мэт муухай хардаг байхад, Квото хэрцгий түргэн гартай өвтгөх дуртай байлаа. Тэр
Дориагын зөөлөн цагаан арьсанд хүрэхээр ямагт хөхрүүлэх бөгөөд, зарим шөнө Ирри уйлах
сонсогдоно. Морьд хүртэл түүнээс үргэн сүрдэнэ.

Гэсэн ч тэд Дроготой үхэл амьдралаар холбогдсон болохоор Данерист зөвшөөрөхөөс өөр арга
байсангүй. Тэр заримдаа эцэг нь ийм хүмүүсээр хамгаалуулсан ч болоосой гэж хүсдэг байв.
Дуунд гардаг хааны хамгаалалтын цагаан хүлэг баатрууд сүр жавхлантай үнэнч хэдий ч
Эйрис хаан тэдний нэг одоо хааны алуурч гэж дууддаг болсон царайлаг хүүд алагдаж, хоёрт
Зоригт сэр Барристан Болд урван тэрслэгчийн талд оржээ. Тэр долоон ханлигийн бүх хүмүүс
ийм хуурамч эсэхийг гайхширлаа. Түүний хүү төмөр хаан ширээнд суухад урвагч хааны
хамгаалалтын оронд цусан морьтонгуудаар нь хүрээлүүлэх болно.

- Калисий. Дрого миний цусны цус чамд Уулсын эх рүү өнөө шөнө өгсөж бурхдад аюулгүй
буцаж ирсэнд өргөл өргөнө гэж дамжууллаа хэмээн Кохолло Дотракийн хэлээр хэлэв.

Уулсын эхэд зөвхөн эрэгтэй хүн гарахыг зөвшөөрдөгийг Дани мэдэж байв. Калын
морьтонгууд түүнтэй цуг яваад үүрээр буцаж ирэх ажээ.

- Миний наран болсон одонд түүнийг мөрөөдөж эргэн ирэхийг нь тэсэн ядан хүлээнэ гэж
хэлээрэй хэмээн талархан хэлэв. Дани хүүхэдтэй болсныхоо дараа амархан ядардаг болсон
учир амрахдаа дуртай байлаа. Түүний жирэмсэн болсон нь зөвхөн Дрогогын хүсэл тачаалыг
дүрэлзүүлсэн мэт агаад тэврэлтэнд нь эцэж зүдэрч байлаа.

Дориа түүнийг кал тэр хоёрт зориулан бэлтгэсэн хөндий толгод руу оруулав. Энэ нь сэрүүн
утаатай газар майхан шиг гэр байв.

- Жикүй угаалга хийхэд бэлд гэж тушаагаад аян замын тоосноосоо салж ядарсан биеэ усанд
дэвтээхийг хүсэв. Маргааш ахин гүүнийхээ нуруун дээр гарах хэрэггүй гэж бодохоос таатай
байлаа.

Ус түүний дуртай шазлам халуун байв.

- Би өнөө орой ахдаа бэлэг өгнө гэж Жикүй үсийг нь угааж байхад шийдлээ.

- Тэр ариун хотод хаан шиг харагдах ёстой. Дориа яваад түүнийг надтай цуг хооллохыг уриад
ир.

Висерис урьд нь Пентост байхад магистер Иллиоро түүгээр үйлчлүүлж байсан болоод ч тэр
үү лисенс охинд дотракийн бусад зарц нараас илүү найрсаг ханддаг байв.

- Ирри зээл рүү явж жимс, мах юм уу адууны махнаас өөр ямар нэг зүйл худалдаж аваарай.

- Адууны мах сайн шүү дээ. Эр хүнийг хүчтэй болгодог гэж Ирри хэлэв.
- Висерис адууны махыг үзэн яддаг юм гэж Дани хэллээ.

- Таны хэлснээр болъё, калисий.

Тэр эргэн ирэхдээ ямааны гуя, сагстай жимс, ногоо авчрав. Жикүй махыг амтат өвсөөр
хачирлан шарж, амтат гуа, анар, чавга зэрэг Данигийн мэдэхгүй амттаныг балаар амтлав.
Гарын зарц нь хоол зэхэж байх зуур Дани ахдаа бэлдсэн хувцсаа шалгаж үзэв. Цамц, цагаан
судалтай өмд, өвдгөө хүртэл үддэг арьсан шаахай, бүсэлхийндээ зүүдэг хүрэл зүүлт, галаар
амьсгалж байгаа луу хатгамласан ширэн хантааз байлаа. Дотракичууд түүнийг гуйлгачин шиг
харагдахаа боливол илүү их хүндлэхийн зэрэгцээ түүнийг ногоон дээр явгалж шившиглэсний
төлөө уучлах байх гэж найдав. Тэр бас л хаан хэвээр эцсийн эцэст ах нь шүү дээ. Тэд хоёул
лууны цустай байлаа.

Дани сүүлчийн бэлэг болох өвс шиг ногоон өнгийн мөнгөлөг үсэнд нь зориулж цайвар саарал
судлаар эмжсэн торгон нөмрөг янзалж байтал Висерис Дориагийн гарнаас чирсээр орж ирэв.
Дориагийн нүдэндээ цохиулсан газар улайжээ.

- Чи яаж энэ янхныг явуулан надад тушаал өгч зүрхэлдэг байна гээд зарцыг нь хивсэн дээр
бүдүүлгээр түлхэж унагалаа.

Түүний уур хилэн Данигийн гайхширлыг төрүүлэв.

- Би зүгээр л... Дориа ингэхэд чи юу хэлсэн юм бэ?

- Калисий намайг өршөөгөөрэй. Би таны хэлсэн ёсоор түүн рүү очоод оройн хоолонд ирэхийг
тушааж байна гэж хэлсэн.

- Хэн ч лууд тушаадаггүй юм. Би чиний хаан! Чам руу буцаж толгойг нь явуулдаг байж! гэж
Висерис зандрав.

Лисенс охин уйлахад Дани тайвшируулан аргадлаа.

- Айх хэрэггүй тэр чамайг өвтгөхгүй. Хайрт ах минь түүнийг өршөөгөөч дээ гуйж байна.
Охин эндүүрсэн бололтой би түүнд таныг надтай цуг хооллохыг гуйж байна гэж хэлүүлсэн
юм, эрхэм дээдсээ гээд гараас нь хөтлөн өрөө рүүгээ оруулж,

- Хараач. Энэ бүхэн чинийх гэлээ.

Висерис хөмсгөө сэжигтэй зангидав.

- Энэ чинь юу юм?

- Таньд зориулж хийлгэсэн шинэ хувцас хунар гээд Дани ичингүйрэн инээмсэглэлээ.

Висерис түүнийг хараад янцгаан инээлээ.

- Дотракийн ноорхой даавуу байх шив. Чи намайг үүнийг өмсөнө гэж бодоо юу?
- Гуйж байна... таньд сэрүүн аятайхан байх болно гэж бодсон юм... магадгүй Дотракичуудтай
адилхан хувцслачихвал... гээд Дани лууг сэрээхгүйн тулд юу гэж хэлэхээ мэдсэнгүй.

- Дараагийн удаа чи миний үсийг сүлжих үү?

- Би хэзээ ч...

Тэр яагаад үргэлж ийм хэрцгий байдаг юм бол? Тэр зөвхөн туслахыг хүссэн шүү дээ.

- Чамд гэзгээ сүлжих эрх байгаагүй. Нэг ч ялалт байгуулаагүй биз дээ.

Энэ нь буруу зүйл хэлсэн хэрэг болжээ. Висерисийн хөх ягаан нүдэнд уур дүрэлзсэн ч
дайчид гадаа байхад гарын зарц нарынх нь нүдэн дээр цохиж зүрхэлсэнгүй. Оронд нь торгон
нөмрөгийг аваад үнэрлэв.

- Малын өмхий шивх ханхалж байна. Эсвэл би үүнийг мориндоо бүтээлэг болгон хэрэглэдэг
юм бил үү.

- Би Дориагаар таньд зориулж тусгайлан оёулсан шүү дээ. Энэ хувцсыг кал өмсдөг гэж Дани
гомдон хэлэв.

- Би долоон ханлигийн лорд болохоос биш өвсөн хувцастай үсэндээ хонх зүүдэг зэрлэг биш
гээд Висерис түүн рүү нулимаад гараас нь базаж,

- Чи өөрийнхөө хэн болохыг мартаж, янхан минь. Үнэхээр том гэдэс чинь лууг сэрэхээс аварч
чадна гэж бодоо юу? гэлээ.

Түүний хуруу гарт нь өвдтөл шигдэхэд Дани хүүхэд нь эмээн атиралдахыг мэдрэв. Тэр нөгөө
гараа сунган тааралдсан эхний зүйлийг авахад бэлэглэхээр зэхсэн хүнд гинжтэй хүрэл зүүлт
тааралдсанд бүх хүчээрээ савав.

Цохилт яг нүүрэнд нь таарчээ. Висерис түүнийг алдан унахад зүүлтний ирмэгт зүсэгдсэн
газар хацрыг нь даган цус урсав.

- Харин чи өөрийнхөө хэн болохыг мартаж. Тэр өдөр явган яваад юу ч суралцаагүй хэрэг үү?
Касуудаа дуудаа чирж гаргуулахаас өмнө одоохон эндээс зайл. Кал Дрого үүнийг бүү
сонсоосой гэж залбираарай. Эс бөгөөс тэр хэвлийг чинь яран гэдэс дотроор чинь чамайг
тэжээнэ шүү.

Висерис хөл дээрээ бослоо.

- Намайг хаант улсдаа очих цагт чи энэ өдрийн тухай гашуудан санах болно доо, янхан минь
гээд зүсэгдсэн нүүрээ дарсаар бэлгээ ардаа орхин явлаа.

Түүний цус гоёмсог торгон хувцас руу цацагджээ. Дани зөөлөн даавууг хацартаа наагаад
унтлагын гудсан дээр завилан суув.
- Таны хоол бэлэн боллоо, калисий гэж Жикүй хэлэв.

- Би өлсөөгүй байна гэж Дани гунигтай хэллээ. Гэнэтхэн учиргүй ядарснаа мэдэрчээ.

- Өөрсдөө хувааж идээд заримыг нь сэр Жорахад явуулаарай гэснээ хормын дараа,

- Надад лууны өндөгнөөс нэгийг аваад өгөөч гэлээ.

Ирри гүн ногоон өнгийн хальсан дээрээ гялалзсан хүрэл толботой өндөг авч өглөө. Дани
түүнийг хажуудаа тавиад торгон хувцсан дээр хэвтэж өндөгийг томорсон гэдсэндээ наалаа.
Тэр тэднийг барих дуртай байв. Тэд гайхалтай үзэсгэлэнтэй хүрэхийн төдий хүчтэй зоригтой
болж чулуун луу дотор нуугдаж буй хүчээр сэлбэгдэх мэт болдог авай.

Дани өндөгийг тэврэн хэвтсээр гэнэтхэн хүүхэд нь нэг цусны ах руугаа тэмүүлэх мэт
хөдлөхийг мэдэрлээ.

- Чи бол луу. Жинхэнэ луу. Би үүнийг мэдэж байна. Би мэдэж байна гэж шивнээд
инээмсэглэж гүн нойронд дарагдлаа.
БРАН

Зөөлөн цас будрана. Бран цасан ширхэг нүүрэн дээр нь хүрмэгц зөөлөн бороон дусал шиг
хайлахыг мэдрэв. Тэр морин дээрээ суугаад төмөр сараалж удаанаар өргөгдөхийг харж
байлаа. Тайвширахыг хичээсэн ч зүрх нь тэсч ядан булгилна.

- За бэлэн үү? гэж Робб асуулаа.

Бран толгой дохиод айснаа үзүүлэхгүйг хичээв. Тэр унасан цагаасаа хойш Винтерфеллээс
гадна гараагүй болохоор хүлэг баатар шиг бардам явахыг хичээж байлаа.

- Тэгвэл явцгаая гээд Робб том саарал цагаан морио өсгийгөөрөө гуядахад сараалж доогуур
алхан гарав.

- Яваарай гэж Бран мориндоо шивнээд хүзүүнд нь аяархан хүрэхэд жижигхэн хээр морь
урагш явлаа.

Бран түүнд "Бүжигчин" гэдэг нэр өгчээ. Хоёр настай бөгөөд Жосеф түүнийг ямар ч
мориноос хамгийн илүү ухаантай гэж хэлсэн аж. Тэд түүнийг тусгайлан жолоо цулбуур
болон хүний хоолой, хүрэлтээр залж сургажээ. Бран түүнийг хашаан дотор унаж байв.
Эхэндээ Жосеф, Ходор хоёр Браныг Бяцхан чөтгөрийн зурж өгсөн уужим эмээл дээр бэхлэн
суулгаад цулбуураас нь хөтлөн явдаг байсан хэдий ч сүүлийн хоёр долоо хоног тэр өөрөө бие
даан явж дугуйрсан хашааг эргэх тусмаа илүү зоригтой боллоо.

Тэд харуулын цамхагыг өнгөрөөд гүүр даван хашааны гадна гарлаа. Зун, Хөнгөн салхи хоёр
дэргэд нь шогшуулж салхи шиншлэнэ. Ард нь ойрхон Теон Грэйжой урт нум сумтайгаа явж
байсан бөгөөд буга авлаж магадгүй гэж ярьж байлаа. Түүний араас хамгаалалтын дөрвөн хүн
болон Халленийг явснаас хойш агтын даамал болсон туранхай гозгор адуучин Жосеф нар
явлаа. Мастер Лювин илжиг унан жороолуулжээ. Бран Роббтой хоёулхнаа явбал дуртай
байсан ч Хал Моллен энэ тухай сонсохыг хүсээгүй бөгөөд мастер Лювин үүнийг нь дэмжсэн
байна. Хэрвээ Бран мориноосоо унаж гэмтвэл яаралтай тусламж үзүүлэхийн тулд мастер
дэргэд нь байх шаардлагатай байлаа.

Шилтгээний гадна зээлийн талбайн сунан үргэлжилж модон лангуу нь хоосон байлаа. Тэд
тосгоны шавартай гудамжаар ергүүлэн чулуу, дүнзээр барьсан жижигхэн цэвэр цэмцгэр
байшингуудыг өнгөрөв. Тэдний тавны нэг хүрэхгүй хэсэг нь эзэнтэй байсан бөгөөд яндангаас
нь нарийхан утаа суунаглана. Үлдсэн нь хүйтэрмэгц нэг нэгээрээ дүүрэх ажээ. Хөгшин
Нанын хэлдэг шиг цас орж умардад хүйтэн салхи үлээхэд тариачид алсад орших
суурингийнхаа хөлдүү талбайг хаяад хөсөг тэргээ ачаалан ирж өвлийн хотод амьдрах болжээ.
Бран хэзээ ч ийм зүйл харж байгаагүй ч мастер Лювин тийм өдөр ойртсон гэжээ. Урт зуны
төгсгөл ойртож байлаа. Өвөл ирж айсуй.

Тосгоны цөөн хэдэн хүн морьтонгуудыг өнгөрөхөд зэрлэг чоныг сэтгэл түгшин харж байснаа
нэг нь барьж явсан түлээгээ алдсан ч ихэнхи нь чононуудыг харж дасал болсон байлаа. Тэд
хөвгүүдийг хармагц өвдөг сөгдөж Робб тус бүртэй нь лордын маягтай толгой дохиж явлаа.
Бран мориныхоо ташааг хавчиж чадахгүй болохоор хөл нь эхэндээ савлаад эвгүй байсан ч
өндөр түшлэгтэй том эмээл нуруунаас нь аятай тулж цээж, гуяанд нь унахгүйн тулд суран
бэхэлгээ хийжээ. Хэсэг хугацааны дараа энэ нь төрөлх юм шиг санагдаж эхлэв. Түүний сэтгэл
зовнил бөхөж царайд нь инээмсэглэл тодорлоо.

"Утаатай түлээ" уушийн газрын гадаа хоёр зарц хүүхэн зогсож байв. Теон Грейжой тэдний
хажуугаар өнгөрөхдөө хашгирахад залуу нь улайгаад нүүрээ дарлаа. Теон морио гуядан Робб
руу дөхөв.

- Хонгор Кира байна. Тэр орондоо яг үен шиг шаламгай байдаг мөртлөө гудамжинд ганц үг
хэлэхтэй зэрэг улайчих юм. Би чамд Бесса тэр хоёртой өнгөрүүлсэн шөнийнхөө тухай ярьсан
бил үү... гэж инээд алдан хэлэв.

- Миний дүүгийн дэргэд болохгүй, Теон гэж Робб Бран руу хяламхийн анхааруулав.

Бран үүнийг сонсоогүй дүр эсгэсэн ч Грейжойгийн ширтэхийг мэдэрлээ. Эргэлзээгүй


инээмсэглэж байгаа биз. Тэр үргэлж ертөнц нууцаар дүүрэн зөвхөн ганцаараа ойлгох
ухаантай юм шиг инээмсэглэж байдаг юм. Робб Теоныг шүтэн биширч хамтрагчаа болгосон ч
Бран хэзээ ч эцгийнхээ хүмүүжигчээс дулаан зүйл мэдэрсэнгүй.

Робб ойртон ирлээ.

- Чи маш сайн байна, Бран.

- Би түргэн давхимаар байна гэхэд Робб инээмсэглээд,

- Чинийхээр болъё гэлээ. Тэр мориныхоо хурдыг нэмэн хатируулахад чононууд араас нь
дагалаа. Бран жолоогоо огцом угзрахад "Бүжигчин" алхаагаа түргэсгэв. Тэр Теон
Грейжойгийн хашгирах ард нь бусад морьдын туурай нүргэлэх чимээ гарахыг сонслоо.

Браны нөмрөг салхинд намиран хийсч цас нүүр лүү нь пургина. Робб урагш давхингаа үе үе
мөрөн дээгүүрээ эргэн харж Браныг болон бусдыг дагаж яваа эсэхийг шалгаж байлаа. Бран
жолоогоо ахин дугтрахад "Бүжигчин" торго шиг зөөлөн галигуулав. Хоорондын зай ойртож
Роббыг өвлийн хотоос хоёр милийн зайтай Чонын ойн захад гүйцэж ирэв. Тэд бусдыгаа хол
орхижээ.

- Би мордож чадаж байна! гэж Бран хашгираад инээлээ. Энэ нь бараг л нисч байгаа юм шиг
сайхан мэдрэмж байлаа.

- Би чамтай уралдаж болох ч ялна гэж айж байна гэж Робб хашгиран тохуу хийсэн ч
инээмсэглэл дор нь ямар нэг сэтгэл зовнисон зүйл байгааг Бран мэдрэв.

- Би уралдмааргүй байна гээд Бран зэрлэг чононуудаа хайлаа. Хоёул мод руу алга болжээ.

- Чи өнгөрсөн шөнө Зун ульж байхыг сонссон уу?

- Хөнгөн салхи бас түгшсэн байсан гэж Робб хэлэв. Түүний үс сэгсийж, эрүүнд улаавтар
сахлын ором цухуйгаад арван таван наснаасаа ахмад харагдаж байлаа.

- Заримдаа надад тэд мэдэх юмуу... ухаарч байх шиг санагддаг гээд Робб санаа алдаж,

- Би чамд хичнээн зүйл хэлэхийг хүсч байгаагаа ч мэдэхгүй байна, Бран. Чиний жаахан
байгаа чинь харамсалтай гэв.

- Би наймтай шүү дээ! Найман нас арван таваас бага ч би чиний дараа Винтерфеллийн
залгамжлагч болно гэж Бран гомдоллоо.

- Тийм л дээ гэж Робб гунигтай хэлэв.

- Бран надад чамд хэлэх юм байна. Өнгөрсөн шөнө Хааны газраас захиа ирсэн. Мастер
Лювин намайг сэрээсэн юм.

Браны дотор эмээх сэтгэл төрлөө. Хар жигүүр, хар үгс гэж Хөгшин Нан үргэлж хэлдэг бөгөөд
сүүлд захиа авчирсан хэрээнүүд үүний үнэн болохыг баталжээ. Эхлээд Робб Шөнийн
харуулын захирагчид захиа бичихэд авга ах Бэнжин алга хэвээр байгаа гэсэн хариу иржээ.
Дараа нь Эйригээс ээжээс нь захиа ирсэн ч сайн мэдээ дуулгасангүй. Тэр хэзээ эргэж ирэхээ
бичэлгүй зөвхөн Бяцхан чөтгөрийг олзлогдогчоор барьсан тухайгаа бичсэн байв. Бранд тэр
жижигхэн хүн таалагдаж байсан ч Ланнистер гэсэн нэр нурууных нь үсийг өрвийлгөх шиг
болно. Тэр Ланисстерийнхны тухай ямар нэг зүйл мэдэж байсан ч санаж чадсангүй бөгөөд
хичнээн бодох тусам толгой нь эргэж гэдэс нь чулуу шиг хатуурна. Робб өдрийн ихэнхийг
хаалганы цаана мастер Лювин, Теон Грэйжой, Халлис Моллин нартай өнгөрүүлжээ. Үүний
дараахан Роббын тушаалаар хурдан морьтой хүмүүс умард руу илгээсэн байна. Бран тэдний
хоорондоо Кайлины суваг дахь анхны хүний эртний бэхлэлтийн тухай ярилцахыг сонсчээ.
Хэн ч түүнд юу болсныг хэлээгүй ч муу зүйл болсон нь тодорхой байлаа.

Тэгтэл одоо ахин нэг ахин нэг хэрээ өөр захидал авчирчээ. Бран найдлага өвөртлөн,

- Ээжээс ирсэн захиа юу? Тэр гэртээ ирэх гэж байна уу? гэлээ.

- Захиа Хааны газар байгаа Алинаас ирсэн. Жорри Кассел, Вил, Хевард нар үхжээ. Хааны
алуурчид алагдсан байна. Магадгүй бурхад тэднийг амруулсан биз гээд Робб царайгаа бударч
байгаа цасан ширхэг тосон өргөхөд хацар дээр нь хайлав.

Бран юу хэлэхээ мэдсэнгүй. Нүүр лүүгээ дэлсүүлсэн юм шиг санагдав. Жори Браныг төрөхөд
Винтерфеллийн халуулын ахлагч байсан билээ.

- Тэд Жориг алаа юу? гээд Жори хэрхэн араас нь дээврээр хөөцөлдсөнийг саналаа. Тэр
түүнийг хашаан дундуур гархин хуягтай алхан явж Их танхимд хоолны үеэр ердийн суудалдаа
суугаад инээж хөхөрч байна гэж төсөөлөв.

- Яагаад хэн нэгэн Жориг алсан юм бол?

Робб толгойгоо чимээгүй сэгсрэхэд нүдэнд нь шаналал тодоров.


- Би мэдэхгүй байна... Бран энэ бол хамгийн муу нь ч биш. Аав тулалдааны үеэр мориндоо
дарагдан унасан байна. Алин түүний хөл хугарч мастер Пацилл намуу цэцэгтэй сүү өгч
байгаа гэж хэлсэн ч түүнийг... гэхэд хоолой туурайн чимээнд дарагдан замаар Теон болон
бусад нь араас ирлээ.

- Сэргэнэ гэдэгт итгэлгүй байна гэж Робб яриагаа төгсгөв. Тэр гараа илднийхээ толгой дээр
тавин Робб-лордын ёслол төгөлдөр хоолойгоор,

- Бран би чамд ямар ч зүйл болсон үүнийг зүгээр орхихгүй гэдгээ амалж байна гэлээ.

Түүний дууны үгэнд Браныг айлгасан нэг л зүйл байлаа.

- Чи тэгээд юу хийх гэж байгаа юм бэ? гэж Теон Грейжойг дэргэдээ ирэхэд асуув.

- Теон намайг тугчдаа дуудаж чадна гэж бодож байгаа юм.

- Цусыг цусаар гээд Грейжой анх удаагаа инээмсэглэсэнгүй. Тэр урагш бор царай нь
хомхойрон бөхийхөд хар үс нь нүд рүү нь унжив.

- Зөвхөн лорд тугчдаа дуудаж чадна гэж Бран цасан ширхэг лавсан ороход хэлэв.

- Хэрвээ эцэг чинь үхвэл Робб Винтерфеллийн лорд болно гэж Теон хэллээ.

- Тэр үхэхгүй! гэж Бран түүн рүү хашгирлаа. Робб гараас нь атгаад аяархан хоолойгоор,

- Санаа зовох хэрэггүй дээ тэр үхэхгүй. Тэгсэн ч... умардын нэр хүнд одоо миний гарт байна.
Биднийг салахад лорд эцэг минь намайг хүчтэй байж Рикон та хоёрыг харж байхыг
даалгасан. Би бараг л нас биед хүрсэн хүн болсон, Бран.

Бран чичирлээ.

- Би ээжийг эргэж ирээсэй гэж хүсч байна гэж өрөвдөлтэй хоолойгоор хэлээд алсад илжгээ
гуядан ойртон яваа мастер Лювин рүү харлаа.

- Мастер Лювин бас чамайг тугчдаа дууд гэж хэлээ юу?

- Мастер бол хөгшин эмэгтэй шиг хулчгар хүн гэж Теон хэлэв.

- Аав үргэлж түүний зөвлөгөөг сонсдог байсан. Ээж ч гэсэн хэмээн Бран ахдаа санууллаа.

- Би түүнийг сонсоно. Би бүгдийг сонсоно гэж Робб хариулав.

Браныг мордоход төрсөн баяр хөөр нүүрэн дээрх цасан ширхэг шиг сарнин арилав. Удахгүй
Робб тугчдаа дуудан дайн мордох тухай бодол сэтгэлийг нь хөөргөж байсан ч эмээх сэтгэл
төрлөө.

- Бүгдээрээ буцах уу? Би даараад байна гэхэд Робб эргэн тойрноо харлаа.
- Бид чоноо олох хэрэгтэй. Чи цаашаа жаахан явж чадах уу?

- Би чам шиг л удаан явж чадна.

Мастер Лювин түүнийг эмээлэнд холгогдоно гээд ойрын зайнд мордож явахыг шаардсан ч
Бран ахынхаа урд сул доройгоо үзүүлэхийг хүссэнгүй. Тэр бүх хүн түүний ямар байгааг цаг
үргэлж асууж байгаад залхаж гүйцжээ.

- Тэгвэл ангийн цаг болж гээд Робб морио эргүүлэн Хааны замаар Чонын ой руу оров. Теон
араас нь морио удаашруулан дагах зуураа харуулуудын тухай хөгжилтэй зүйл ярив.

Ойд маш сайхан байлаа. Бран Бүжигчинээ алхуулж жолоогоо хөнгөхөн бариад эргэн тойрныг
харж явав. Тэр эндхийн мэддэг байсан ч Винтерфеллд удтал байсны дараа анх удаагаа ирж
байгаа юм шиг санагдаж байв. Нарсны шилмүүсний хурц үнэр, ялзарсан навч, зэрлэг араатан
амьтад, тэртээд суунаглах утааны үнэртэй холилдон хамар цоргино. Бран хар хэрэм цасанд
дарагдсан мөчир дамжин харайлгахыг харлаа.

Теон болон өөр бусад ард хол хоцрон Бран тэдний хоолойг сонсохоо болив. Өмнө нь голын ус
сулхан хоржигноно. Чимээ ойртох тусам чангарлаа. Нүдэнд нь нулимс цийлэгнэлээ.

- Бран юу болсон бэ? гэж Робб асуулаа.

Бран толгойгоо сэгсрэв.

- Би зүгээр л Жори биднийг нэг удаа энд хулд загас барихаар авчирсныг санасан юм. Жон бид
гурав. Чи энэ тухай санаж байна уу?

- Би санаж байна гэж Робб аяархан гунигтай хоолойгоор хэлэв.

- Би юу ч бариагүй. Гэхдээ Жон Винтефрелл руу буцах замдаа надад загасаа өгсөн. Бид ахин
Жоныг харах болов уу?

- Бид авга ах Бэнжинийг хааныг зочлон ирэх үеэр харсан шүү дээ. Жон ч гэсэн зочлон
ирэхийг харна аа.

Голын урсгал түргэн хурдтай ажээ. Робб эмээлээсээ буугаад гармыг явган туулав. Хамгийн
гүнзгийн хэсэгтээ ташаагаар татаж байлаа. Тэр морио цаана байсан модонд уяад Бран болон
Бүжигчин рүү эргэн ирлээ. Голын ус чулуу үндсэн дээгүүр хөөсрөн бургилна. Робб түүнийг
өргөн усаар гаргахад хүйтэн дусал нүүр лүү нь үсэрлээ. Энэ нь түүнийг инээмсэглэхэд
хүргэж агшин зуур ахин зоригтой болов. Тэр эргэн тойрны модод руу ширтэн оройд нь гарч
ойг бүхлээр нь харахыг мөрөөдөв.

Тэгтэл алсад уртаар улих чимээ гарахад модон дундуур хүйтэн салхи шиг жихүүцүүлэв. Бран
толгойгоо өргөн сонслоо.

- Зун байна гэж хэлэв. Тэгтэл удахгүй хоёр дахь хоолой эхнийхтэйгээ нэгдэв.
- Тэд ямар нэг амьтан агнаж гээд Робб мориндоо мордож,

- Би явж тэднийг буцааж авчиръя. Энд хүлээж байгаарай. Теон болон бусад хүмүүс одоохон
ирнэ гэлээ.

- Би чамтай явмаар байна гэж Бран хэлэв.

- Би ганцаараа бол тэднийг хамаагүй түргэн олно гээд Робб модон дунд алга боллоо.

Түүний алга болсны дараа ой Браныг шахан хүрээлэв. Цас улам малгайлан орж газар хүрмэгц
хайлан алга болох бөгөөд зөвхөн чулуу үндэс мөчир дээр цагаан бүтээлэг тогтоно. Тэр хүлээх
зуураа аягүйцэх сэтгэл төрөв. Дөрөөндөө нэмэргүй санжигнах хөл нь мэдрэгдсэнгүй ч
цээжин дэх суран оосор чангаран цасанд норсон бээлий гарыг нь хүйт оргиулна. Теон болон
мастер Лювин бусад хүмүүс хаана саатчихдаг байна.

Навч шажигнах чимээ гарахад Бран тэднийг харахаар найдан Бүжигчнийхээ жолоог
эргүүлтэл оронд нь горхийн эрэг дээр ноорхой үл таних хүмүүс гарч ирлээ.

- Өдрийн мэнд гэж Бран түгшсэн хоолойгоор хэлэв. Ганц харахад ойр хавьд байдаг түлээчин
юм уу тариачин биш нь илт байлаа. Тэр гэнэтхэн хичнээн баян тансаг хувцасласнаа мэдэв.
Хар саарал ноосоор хийсэн мөнгөн товчтой цоо шинэхэн дээл өмсөж, мөрөн дээрээ үнэт
ангийн арьсан эмжээртэй нөмрөг мөнгөн зүүгээр торгоожээ. Гутал бээлий нь бас арьсан
эмжээртэй байлаа.

- Чи энд ганцаараа байгаа юм уу? Чонын ойд төөрөө юу, хөөрхий хүүхэд минь? гэж тэдний
хамгийн том халзан толгойтой нар салхинд түлэгдсэн нүүртэй хүн хэлэв.

- Би төөрөөгүй гээд Бранд үл таних хүмүүсийн харж байгаа нь ер таалагдсангүй. Тэр дөрвөн
хүн байна тоолсон ч толгойгоо эргүүлэхэд ард нь хоёр хүн байлаа.

- Миний ах дөнгөж сая явсан хамгаалагч нар минь энд удахгүй ирнэ.

- Чиний хамгаалагч гэнэ ээ? хэмээн туранхай царайдаа өрвийсөн саарал сахалтай хоёр дахь
хүн хэлэв.

- Тэд юугаа хамгаалах гээ вэ, жижигхэн лорд минь? Чиний мөрөн дээрх зүү мөнгө мөн үү?

- Хөөрхөн юм гэх эмэгтэй хүний хоолой гарлаа. Түүнийг эмэгтэй хүн гэж хэлэхэд хэцүү
бөгөөд өндөр туранхай бусадтайгаа ижилхэн зэвүүн царайтай, үс нь хувин хэлбэртэй хагас
дуулганы цаана далдлагджээ. Гартаа найман фут зэвэрсэн зэвтэй хар царсан жад барьсан
байлаа.

- Алив харцгаая гэж том биетэй халзан хүн хэлэв.

Бран тэднийг түгшин ширтлээ. Үл таних хүний хувцас хэдэн хэсэг болж тасарч унах шахсан
ноорхой бохир өмнө хар өнгөтэй байсан бололтой хүрэн, цэнхэр, бараан өнгийн нөхөөс
тавьжээ. Саарал сахалтай хүн бас хар ноорхой даавуу хэдэрчээ. Бран үүнийг хараад гэнэтхэн
чонын бэлтрэг олдог өдөр эцгийнхээ цаазаар аваачсан хууль зөрчигчийг санав. Тэр хүн бас
хар хувцастай байсан бөгөөд эцэг нь түүнийг Шөнийн харуулаас оргон зайлагч гэж хэлсэн
билээ. "Нэг ч хүн ийм аюултай байхгүй. Оргон зайлагч баригдсан цагт амиа алдахыг мэддэг
болохоор ямар ч хэрцгий хэрэг хийхээс сийдэггүй" гэж лорд Эддард хэлжээ.

- Зүүгээ өг, залуу минь гэж том биетэй хүн хэлээд гараа сунгав.

- Бид бас морийг чинь бас авна гээд Роббоос намхан өргөн нүүр урт шаргал үстэй эмэгтэй
ойртож,

- Түргэн доошоо буусан чинь дээр шүү гээд ханцуйнаасаа хөрөө шиг арзгар иртэй хутга
гаргаж ирлээ.

- Үгүй би чадахгүй гэж Бран хэлэв.

Том хүн Браныг эргэж зугтах тухай бодож амжихаас өмнө цулбуураас нь шүүрч авав.

- Чи чадна аа, бяцхан лорд минь... Тэгвэл чиний хувьд л сайн зүйл болно доо.

- Стив хараач тэр оосрон бэхэлгээтэй байна. Магадгүй үнэн хэлсэн юм болов уу? гэж өндөр
эмэгтэй хэлээд жадаараа заав.

- Оосор гэнэ ээ? Оосрын учрыг олоход амархан гээд Стив бүснээсэээ хутга сугалав.

- Тэгэхээр чи зэрэмдэг хэрэг үү? гэж намхан эмэгтэй асуухад Браны уур дүрэлзэв.

- Би Винтерфеллийн Брандон Старк. Та нар миний мориноос хол байсан чинь дээр шүү. Эс
тэгвээс бүгд үхэх болно.

Туранхай өрөвгөр сахалтай хүн инээд алдав.

- Хүү үнэхээр Старк байх нь. Зөвхөн Старк л өршөөл гуйхын оронд сүрдүүлэхээр тэнэг
хүмүүс дээ.

- Түүний бяцхан эрхтэнг огтлоод аманд нь чих. Тэгвэл амаа хамхих биз гэж намхан эмэгтэй
санал болгов.

- Хали чи үзэшгүй муухай шигээ тэнэг юм. Хүү үхлээ гээд ямар ч ашиггүй зөвхөн амьд
байлгасан цагт... бурхан минь гэж хараал идмэр гэж бид Манс Райдерт Бэнжин Старкийн
цусны олзлогдогчийг хүргэж өгвөл юу болох талаар бодоод үз дээ! гэж өндөр эмэгтэй хэллээ.

- Тэр Мансыг чинь хараал идэг гэж том эрэгтэй хараалаа.

- Эсвэл чи буцахыг хүсээд байгаа юмуу, Оша? Усан тэнэг амьтан байна даа. Цагаан явагчид
чамд олзлогдогч байгаа эсэхийг хайхрана гэж үү? гээд эргэж Браны гуяны оосрыг тас
огтлоход өмд нь зүсэгдэв.
Түргэн хайхрамжгүй байсан болохоор хутга гүн шигджээ. Бран доош хараад өмд нь урагдаж
биенийх нь арьсан дээр цагаан зураас гарсныг харлаа. Дараа нь шархнаас цус гарч эхлэв.
Улаан дусал харж байгаа хэр нь өвдөхгүй байгаа нь хачирхалтай байв. Том хүн гайхсандаа дуу
алдав.

- Алив зэвсгээ доош нь тавивал би та нарт түргэн өвдөлтгүй үхлийг амлах байна гэж Робб
хашгирав.

Бран эцсийн найдлага өвөрлөн ах руугаа харав. Роббын хоолой чичирсэн учир үг нь хүчгүй
боллоо. Тэр мориныхоо ард цустай хандгай тэгнээд бээлийтэй гартаа илд барьжээ.

- Ах нь байна гэж саарал сахалтай хүн хэлэв.

- Тэр илүү хэрцгий юм гээч. Бидэнтэй тулалдах гээ юу хүү минь гэж Хали нэртэй намхан
эмэгтэй элэглэв.

- Тэнэг байх хэрэггүй дээ, залуу минь. Чи зургаан хүний эсрэг ганцаар байна гээд Оша гэдэг
өндөр эмэгтэй жадаа зангаж,

- Мориноосоо буугаад илдээ доош нь хая. Бид чиний сайхан сэтгэлээр морь мах авчирсанд
талархаж харин чи дүүтэйгээ гэр лүүгээ буцаж болно гэв.

Робб исгэрлээ. Нойтон навчис зөөлөн сэрчигнэх чимээ сонсогдсоноо цасанд дарагдан унжсан
мөчир сэгсрэгдэн Хөнгөн салхи, Зун хоёр гарч ирлээ. Зун агаар шиншлээд архирав.

- Чононууд гэж Хали дуу алдав.

- Зэрлэг чоно гэж Бран засч хэллээ.

Тэд нас бие гүйцээгүй байсан ч ямар ч чоноос том биетэй байсан болохоор ялгааг нь
ажиглаж болохоор байлаа. Мастер Лювин болон нохой маллагч Файлен хоёр Бранд үүнийг
зааж өгчээ. Зэрлэг чоно том толгой, биетэйгээ зохицсон урт хөлтэй, хоншоор нь урагш
сунасан нарийхан аж. Гэвч тэдэнтэй ялангуяа цасанд дарагдсан бүрэнхий ойд тааралдахад
аймшигтай байлаа. Хөнгөн салхины хоншоор шинэхэн цусанд будагджээ.

- Ноход байна гэж халзан хүн хайхрамжгүй хэлэв.

- Би та нарт хүйтэн шөнө чонын арьсан дээлнээс илүү дулаацуулах зүйл үгүй гэж хэлсэн
байхаа гээд гараа дохиж, - Тэднийг ал гэлээ.

Робб "Винтерфелл!" гэж хашгираад морио гуядаад эргийн дагуу ноорхой хүмүүс рүү ойртлоо.
Зэвэрсэн сүхтэй хүн хашгиран урдаас нь угтав. Роббын сэлэм түүний царайд буухад дотор
муухайрам ширхийж цус үсэрлээ. Туранхай өрөвгөр сахалтай хүн цулбуураас шүүрсэн ч
агшин зуур Хөнгөн салхи араас нь гарч ирээд зууж унагав. Тэр арагш гол руу унаад ус цацлан
хашгирч гараа барьсан хутгаа цөхрөн савчив. Зэрлэг чоно түүнийг доош дарахад ус улаанаар
эргэн хамтдаа алга боллоо.
Робб, Оша хоёр горхийн дунд тулгарав. Тэр могойн толгой хэлбэртэй урт жадаараа цээж рүү
нь гурван ч удаа жадлахыг оролдсон ч Робб тухай бүрийг нь илдээрээ зайлуулав. Дөрөв тав
дах дахь удаагаа чичихдээ өндөр эмэгтэй хэт улайран тэнцвэрээ алдахад Робб гар луу нь
илдээ буулгав.

Түүнээс хэдэн алхамын цаана Зун Хали руу ухасхийв. Тэр хутгаа баруун зүүнгүй савчлаа. Зун
хажуу тийш үсрэн холдсоноо архиран ахин дайрлаа. Энэ удаад эрүүгээрээ эмэгтэйн
шилбэнээс зуув. Тэр хутгаа хоёр гараараа барьж доошоо дүрсэн ч зэрлэг чоно үүнийг нь
мэдэрсэн бололтой үсрэн холдохдоо ам нь дүүрэн ширэн хувцас, биеийн хэсэг өм хазжээ.
Хали найган унахад зэрлэг чоно гэдсийг нь хүүлэв.

Зургаа дахь хүн зугтсан ч холдож чадсангүй. Түүнийг эргийн цаашаа авирсан хойно Хөнгөн
салхи уснаас нэвт норсон гарч ирлээ. Тэр эрэг дээр гарч усаа сэгсрээд зугтсан эрэгтэйн араас
хөөж гүйцээд ганц хазаж тойгны шөрмөсийг нь таслаад хоолой руу нь ноцоход эрэгтэй
хашгиран ус руу унав.

Одоо зөвхөн том биетэй Стив үлдлээ. Тэр Браны цээжний суран оосрыг огтлоод гараас нь угз
татахад газар унаж нэг хөл нь голын усанд орлоо. Бран усны хүйтэнг мэдэрсэнгүй ч Стивийн
хоолойд тулгасан хутганы ирийг мэдэрлээ.

- Хойшоо ухар. Эсвэл би түүнийг хоолойг огтлоно гэдгээ тангараглаж байна гэж эрэгтэй
анхааруулав.

Робб мориныхоо жолоог татан хүндээр амьсгаадав. Уур хилэн нүднээс нь арилж илдтэй гараа
буулгалаа.

Бран энэ агшинд бүгдийг харлаа. Зун Халигийн гэдсийг зулгаан гялалзсан цэнхэр могой шиг
зүйл гаргаж ирлээ. Эмэгтэйн нүд томрон тэнгэр өөд ширтээд үхсэн амьд эсэх нь
мэдэгдсэнгүй. Саарал сахал сүхтэй хүн хөдөлгөөнгүй хэвтээд Оша өвдөг дээрээ унасан жад
руугаа мөлхөж байв. Хөнгөн салхи түүн рүү усаа сэгсрэн ойртов.

- Түүнийг дууд! Түүнийг дуудаач эсвэл зэрэмдэг хүү үхнэ шүү гэж том хүн хашгирлаа.

- Хөнгөн салхи, Зун над дээр гэж Робб хашгирав.

Зэрлэг чононууд зогсож толгойгоо эргүүлэв. Хөнгөн салхи Робб руу буцлаа. Зун байрандаа
үлдээд Бран болон дэргэд нь зогсож байгаа эрэгтэй рүү нүд салгалгүй ширтэв. Тэр архирахад
хошоорыг нь даган цус урсаж нүд нь ноцож байлаа.

Оша жадныхаа мухар үзүүрийг тулан босож ирэв. Гарынх нь дээд хэсэгт Роббын илдэнд
цавчуулсан газар цус урсана. Бран том хүний царайнаас хөлс дуслахыг хараад Стив түүнээс
дутуугүй айж байгааг ойлгов.

- Старкийнхан. Хараал идсэн Старкийнхан гэж эрэгтэй бувтнаад хоолойгоо өндөрсгөж,

- Оша чононууудыг алаад түүний илдийг ав гэв.


- Чи өөрөө ал. Би энэ мангасуудад чинь ойртохгүй гэж Оша хэллээ.

Стив агшин зуур балмагдав. Гар нь чичирч Бран хоолойд тулгасан газар эсгэгдэхэд цус урслаа.
Эрэгтэйн биеэс ой гутам өмхий үнэрээс гадна айдас үнэртэнэ.

- Хөөе чи? Хэн гэдэг вэ? гэж Робб руу хашгирав.

- Би бол Винтерфеллийн залгамжлагч Робб Старк.

- Энэ чиний дүү юу?

- Тийм.

- Хэрвээ чи түүнийг амьд байлгахыг хүсч байгаа бол хэлснийг минь хий. Мориноосоо буу.

Робб хэсэг тээнэгэлзсэнээ удаанаар бууж гартаа илдээ барилаа.

- Харин одоо чононуудаа ал.

Робб хөдөлсөнгүй.

- Хий эсвэл хүү үхнэ шүү. Чоно уу эсвэл хүү юу?

- Үгүй ээ! гэж Бран хашгирав. Хэрвээ Робб түүний тушаалыг биелүүлвэл Стив чононуудыг
үхсэний дараа хоёуланг нь алах байлаа.

Халзан хүн үснээс нь хэрцгий дугтрахад Бран өвдсөндөө хашгирав.

- Зэрэмдэг минь чи амаа хамхисан нь дээр шүү? Намайг сонсов уу? гээд улам хүчтэй
дугтартал аяархан исгэрэх чимээ модон дундаас гарав. Стив дуу алдаад сөхөрч унахад
цээжинд нь сум зоогдсон байлаа. Сум зоогдсон газар цусанд будагдлаа.

Хутга Браны хоолойноос холдож том хүн найган гол руу нүүрээрээ унав. Сум түүний дор
хугарчээ. Бран түүний хэрхэн татвалзан амь тавихыг харлаа.

Оша эргэн тойрныг харж эцгийнх нь харуулууд модон дундаас гартаа илдтэй гарч ирэхийг
харснаа жадаа доош хаяв.

- Өршөөгөөч, эзэнтээн гэж Робб руу хашгирав.

Харуулын хүмүүс болсон үйл явдлыг хачирхалтай цонхийж хараад чононууд руу итгэлгүйхэн
ширтэв. Зун Халигийн цогцос руу буцан зулгаахад Жосеф хутгаа унагаад ойролцоох бут руу
огиулан эргэв. Мастер Лювин хүртэл модон дундаас гарч ирэхдээ гайхан мэгджээ. Тэр
толгойгоо сэгсрээд Бран руу зүглэв.

- Чи гэмтсэн үү?
- Тэр миний хөлийг зүссэн. Гэхдээ би юу ч мэдрээгүй.

Мастер шархыг нь үзэхээр тонгойход Бран толгойгоо эргүүллээ. Теон Грейжой харуул модны
дэргэд гартаа нум барьж зогсоод үргэлжид байдаг шигээ инээмсэглэж байв. Хөлд нь зөөлөн
газар зургаан сум хэвтэж байгаагаас зөвхөн ганцыг хэрэглэжээ.

- Үхсэн дайснаас илүү үзэсгэлэнтэй зүйл байхгүй гэж тунхаглав.

- Жон үргэлж чамайг илжиг гэж хэлдэг байсан, Грейжой. Би чамайг гадаа хашаанд гинжлээд
Бранаар харвах сургууль хийлгэдэг юм билүү гэж Робб чанга хэлэв.

- Чи надад дүүгийнхээ амийг аварсанд талархах ёстой юм биш үү.

- Чи харвахдаа алдсан бол яана? Түүнийг шархдуулсан бол яана? Түүний гар хальтирах юм уу
оронд нь Браныг оносон бол яана? Чи зөвхөн нурууг нь харж байхад эрэгтэй цээж хуяг
өмссөн байж болох байсан шүү дээ. Тэгвэл миний дүүд юу тохиолдох байсан бол? Чи ер нь
энэ тухай бодож үзсэн үү, Грейжой?

Теоны царанаас инээмсэглэл алга болов. Тэр дүнсийн мөрөө хавчаад бөхийж газраас сумаа
нэг нэгээр нь цуглууллаа.

Робб харуулууд руугаа муухай харлаа.

- Ингэхэд та нар хаа байсан юм бэ? Би араас ойрхон яваа гэдэгт итгэлтэй байсан юмсан гэж
шаардав.

Харуулууд түгшсэн төрхтэй боллоо.

- Тиймээ бид араас чинь дагаж байсан, эрхэм лорд гэж тэдний хамгийн залуу сахал нь
цухуйж байгаа Квэнт хэлэв.

- Гэхдээ эхлээд мастер Лювин болон илжигийг нь хүлээх хэрэг гарч дараа нь болсон зүйлд
өршөөл хүсье... гээд Теон рүү түргэхэн харснаа улайхад,

- Би цацагт хяруул мөрдсөн юм. Би чамайг хүүг ганцаар орхино гэдгийг яаж мэдэх болж
байна? гэж Теон уурсан хэлэв.

Робб толгойгоо эргүүлэн ахин Теон руу хараад юу ч хэлсэнгүй. Бран хэзээ ч түүний ингэж
уурласан байхыг харж байсангүй. Эцэст нь тэр мастер Лювины дэргэд өвдөг сөхрөв.

- Миний дүү хүнд шархдаж уу?

- Маажилтаас илүүгүй дээ гэж мастер хэлээд шархыг боохын тулд горхинд даавуу норгож,

- Тэдний хоёр нь хар хувцастай байсан гэж Роббод хэлэв.

Робб голын усанд хэвтэж байгаа Стив рүү харахад ноорхой хар хувцсыг нь түргэн урсгал
хөвүүлнэ.

- Шөнийн харуулаас оргон зайлагчид. Хэрвээ тэд ийм тэнэг байгаагүй бол Винтерфеллд
ойртож ирэхгүй байсан юм.

- Тэнэг юмуу цөхөрсөн байсан эсэхийг нь ялгаж хэлэхэд бэрх гэж мастер Лювин хэлэв.

- Тэднийг оршуулах уу, эзэнтээн? гэж Квэнт асуулаа.

- Тэднийг бид оршуулахгүй. Толгойг нь тас цавчаад Хана руу буцаж илгээнэ. Үлдсэн нь хэрээ
шувууны хоол болог.

- Энийг яах вэ? гээд Квэнт Оша руу заалаа.

Робб түүн рүү алхав. Эмэгтэй түүнээс толгой өндөр агаад ойртоход нь өвдөг сөгдөв.

- Миний амийг өршөөвөл таньд зүтгэе, лорд Старк.

- Надад гэнэ ээ? Би хууль зөрчигчөөр юугаа хийх хэрэг болж байна?

- Би хууль зөрчөөгүй. Стив, Валлен хоёр Хананаас зугтсан болохоос би биш. Хар хэрээнүүд
эмэгтэй хүнийг авдаггүй юм гэхэд Теон Грэйжой ойртож,

- Түүнийг чононуудад өгч орхи гэж Роббод зөвлөв. Эмэгтэй нүд зүүн талдаа хэвтэж байсан
Халигийн цогцос руу харснаа түргэхэн харц буруулан чичирэв. Харуулууд хүртэл эвгүйрхжээ.

- Тэр эмэгтэй хүн шүү дээ гэж Робб хэлэв.

- Зэрлэгүүдийн нэг. Тэр намайг амьд үлдээж Манс Райдерт аваачиж өгнө гэсэн гэж Бран
хэллээ.

- Чиний нэрийг хэн гэдэг вэ? гэж Робб асуулаа.

- Оша гэдэг эрхэм лорд гэж бувтнав.

Мастер Лювин босч зогслоо.

- Бид түүнийг байцааж болох юм.

Бран ахынхаа царай санаа амрахыг харлаа.

- Таны хэлснээр болъё, мастер. Вэйн түүний гарыг хүл. Тэр бидэнтэй Винтерфелл рүү буцах
болно... харин амьд үхэх эсэх нь бидэнд үнэнийг хэлэх эсэхээс нь шалтгаална.
ТИРИОН

- Чи юм идмээр байна уу? гэж Морд муухай харан асуув. Тэр мойног гартаа тостой
буурцагтай таваг барьжээ.

Тирион Ланнистер өлсөж үхэх гэж байсан ч түүнд сул дорой байдлаа үзүүлэхийг хүссэнгүй.

- Хурганы хөл байвал муугүй л байна. Бас таваг сонгинотой буурцаг, цөцгийтэй шинэхэн
талх, халуун ногоо хольсон домбо дарс байвал өгнө үү. Хэрвээ дарс байхгүй бол шар айраг
байсан ч болно би шилж сонгохгүй гэж буланд овоолсон сүрлэн дээрээс хэлэв.

- Май энэ буурцаг гээд Морд тавагтайгаа сарвайлаа.

Тирион санаа алдлаа. Лиза Арринд зүтгэдэг гяндангын хуяг хорин чулуутай тэнцэх лүглэгэр
том биетэй, хөгц идсэн хүрэн шүд, жижигхэн хар нүдтэй байлаа. Царайных нь зүүн талд
хацар чих хоёрыг нь хуваасан сүхний сорвитой аж. Тэр үнэхээрийн зэвүүн амьтан байсан ч
Тирион өлсөж байсан тул таваг руу гар сунгав.

Морд хойш нь татаад инээж,

- Энд байна гээд Тирионы хүрэхээргүй зайд өргөлөө.

Одой хөшсөн хөл дээрээ өндийхөд үе мөчөөр нь янгинан өвдөв.

- Бид хоол идэх болгоныхоо төлөө ижил тэнэг тоглоом тоглох ёстой юу? гээд ахин нэг удаа
буурцаг авахыг оролдлоо.

Морд хойш ухраад хөгцөрсөн шүдээрээ инээснээ,

- Энд байна, одой минь гээд тавгыг өрөөний төгсгөлд тэнгэртэй нийлсэн хэсгийн ханын
ирмэг дээр тавилаа.

- Чи идмээргүй байна уу? Хүрч ирээд ав.

Тирионы гар таваг руу сунгахад хэт богинохны дээр ирмэг рүү ойртож зүрхэлсэнгүй. Морд
цүдгэр гэдсээрээ ганц түлхэхэд л амьдрал нь төгсгөл болж Эйрид зууны турш хоригдож
байсан олон хоригдлын адил тэнгэрийн чулуун дээр нялгадсан улаан толбо болно.

- Бодоод үзвэл би өлсөөгүй юм байна гээд ахин буландаа очиж суув.

Морд хуухитнаад бүдүүн хуруугаа тавихад салхинд таваг үлээгдэн хөмөрлөө. Гяндангын хуяг
бялууны тогоо шиг бүдүүн гэдсээ чичигнүүлэн хөхрөв.

Тирионы уур хилэн дүрсхийлээ.

- Чи хараал идсэн цоохор бөгстэй илжиг. Би чамайг цусны халдварт өвчнөөр үхнэ гэж найдаж
байна.
Үүнийх нь төлөө Морд түүнийг хавирга руу ган өсгийтэй гутлаараа хүчтэй өшиглөв.

- Би үүнийг чинь санаж явах болно! Би чамайг өөрийн биеэр ална гэдгээ тангараглаж байна!
гээд Тирион сүрэл дээр атиралдан өнхрөхөд хүнд төмөр хаалга хяхтнан хаагдаад түлхүүр
шаржигнах чимээ сонсогдов.

Жижигхэн биедээ томдсон дэндүү дэндүү аюултай амтайгаа Тирион ухааран Арринийхны
гяндан гэж элэглэн хэлдэг буландаа очиж суув. Тэр нимгэн бүтээлэг нөмрөөд хоосон тэнгэр
лүү ширтэхэд алсад орших уул мөнх юм шиг санагдан Марриллионоос шоо тоглон хожиж
авсан дуучны үхсэн дээрэмчний биеэс мулзалсан муурын арьсан нөмрөг нь байсан ч
болоосой гэж хүслээ. Нөмрөгнөөс хөгц цус үнэртэх хэдий ч дулаахан зузаан байлаа. Морд
түүнийг нүдэнд нь өртсөн даруй тайлан авчээ.

Салхи бүтээлгийг нь хурц хумсаар маажих адил дэрвүүлнэ. Түүний өрөө одойд хүртэл
багадахаар дэндүү жижигхэн байлаа. Ердөө таван алхамын зайнаас хэтрэхгүй жинхэнэ
шоронд байдаг шиг ханатай ч шал нь тэнгэртэй уулзвар газар дуусчээ. Түүнд хангалттай
цэвэр агаар, нарны гэрэл, шөнө сар туяарч од гэрэлтэж байсан ч Кастерли Рокийн хамгийн
баргар чийгтэй шоронгийн өрөөгөөр дуртайяа солих байв.

- Чи нисэх болно. Магдагүй хорь юм уу гуч тавин өдрийн дараа. Ямартай ч чи нисэх болно
гэж Морд түүнийг өрөөнд нь түлхэж оруулахдаа амалжээ.

Арринийхан хаант улс даяар хоригдлоо зугтахад сайн сайхныг хүсдэг цорын ганц шорон
байв. Эхний өдөр нь Тирион эр зоригоо хөвчлөн ирмэгийн дор юу байгааг харахаар элэглэн
мөлхжээ. "Тэнгэр"-ийн шилтгээн дор зургаан зуун футын зайд оршин дунд нь хоосон
агаараас өөр юу ч байсангүй. Тэр чадлаараа хүзүүгээ сунган харсан ч өөр бусад гяндангууд
баруун зүүн дээд талд нь үргэлжилжээ. Энэ нь хажуу талыг нь хэлтэлж авсан чулуун
сархинагтай төстэй аж.

Өрөөнд өдөр шөнөгүй салхи исгэрэн хүйтний зэрэгцээ хамгийн муу нь шал нь налуу байв. Үл
ялиг хэдий ч хангалттай уруу. Тэр нойрондоо ирмэг рүү өнхрөөд даван уначих вий гэсэн
гэнэтийн айдасдаа автан нүдээ анихаас айж байлаа. Тэнгэрийн өрөөнүүд хүнийг
солиоруулдагт гайхах юм алга.

Бурхан минь намайг авраач. Цэнхэр дуудаж байна гэж өрөөнд урьд нь байсан эзэмшигч ханан
дээр цустай төстэй зүйлээр бичжээ. Эхэндээ Тирион түүний хэн байсныг сонирхсон ч
мэдэхгүй байсан нь дээр гэж үзлээ.

Зөвхөн амаа хамхисан бол...

Бүх зүйл түүнийг Арриний овгийн сар шонхор сийлсэн далан модон хаан ширээн дээрээс
өөдгүй хүү харснаар эхэлжээ. Тирион Ланнистерийг бүхий л амьдралынх нь турш дээрээс нь
ширтэж байсан ч нойтон нүдтэй булцгар хацраа хүний зэрэгт өргөхийн тулд тарган жинтүү
ивсэн зургаан настай хүүхэд харах нь ховор үзэгдэл байлаа.

- Тэр муу хүн үү? гэж хүү гартаа хүүхэлдэйгээ тэвэрсээр асуулаа.
- Тиймээ муу хүн гэж дэргэд нь сандал дээр сууж байсан хатагтай Лиза хэлэв. Тэр ордноор
дүүрсэн сүйт харчуулдаа зориулж цэнхэр хувцас өмсөн, энгэсэг түрхээд сүрчиг цацжээ.

- Гэхдээ тэр жижигхэн юм байна шүү дээ гээд Эйригийн лорд инээд алдав.

- Энэ бол эцгийг чинь алсан Ланнистерийн гэр бүлийн Бяцхан чөтгөр гэж Лиза хоолойгоо
Эйригийн Их танхимийн эцэст сонсогдохоор өндөрсгөн хэлэхэд сүүн цагаан хананд хүн бүрт
сонсогдохоор цуурайтав.

- Тэр Хааны гарыг алсан!

- Өө би бас түүнийг алсан хэрэг үү? гэж Тирион тэнэг амьтан шиг дуу алдлаа.

Энэ агшинд л амаа хамхиж толгойгоо бөхийлгөх ёстой байж. Тэр одоо л үүнийг ухаарч
байлаа. Долоон там гэж тэгэхэд л мэдэх ёстой байж. Арриний Их танхимийн урт ширүүн
ханыг цэнхэр судалтай цагаан ганитигаар хийсэн нь хүйт даалгаж байсан ч урдаас нь харж
байгаа царай бүр хүйтэн байлаа. Кастерли Рок эндээс хамаагүй алсад Ланнистерийнхан
Хөндийн Арринийхны найз биш билээ. Чимээгүй байдал түүний хамгийн сайн хамгаалалт
болох байлаа.

Гэвч Тирион үүнийг ухаархааргүй ая зантай байв. Тэр Эйри руу авирсан урт замын эцэст
богинохон хөлөө зөөж чадахгүй болтол туйлдсандаа ичиж байв. Бронн түүнийг замын үлдсэн
хэсэгт үүрч гаргасан нь гал дээр тос нэмэх адил уурыг нь ноцоожээ.

- Ингэхэд би бяцхан дагалдагч нартайгаа завгүй байсан шиг санагдаж байна гэж гашуунаар
даажигнан хэлээд,

- Хэдий завандаа амжиж энэ бүх аллагыг үйлдсэн хэрэг вэ? гэлээ.

Тэр хэнтэй учирснаа санах ёстой байж. Лиза Аррин хагас галзуу сул дорой хүүтэйгээ ордны
хайрыг болон ялангуяа тэдэн рүү чиглэсэн тохиолдлыг бүр тэвчдэггүй байлаа.

- Бяцхан чөтгөр чи наад даажинтай хэлээ татаж миний хүүтэй эелдэгээр харьцсан нь дээр
шүү. Эс тэгвэл би чамайг харамсана гэдгийг амалж байна. Хаана байгаагаа сана. Эйрид Жон
Арринд хайртай байсан Хөндийн үнэнч хүлэг баатрууд нь чамайг хүрээлэн байна. Тэдний
хэн ч миний төлөө дуртайяа үхнэ.

- Хатагтай Аррин хэрвээ надад ямар нэг зүйл тохиолдвол миний ах Жэйми зүгээр
өнгөрөөхгүй л байх даа гэж Тирион хэлэхдээ тэнэг хүмүүстэй ярилцаж байгаагаа ойлгож
байлаа.

- Ингэхэд чи нисэж чаддаг хэрэг үү, лорд Ланнистер минь? Эсвэл одойд далавч ургасан хэрэг
биш биз? Хэрвээ тийм биш бол дараагийн удаад сүрдүүлэг толгойд чинь ороход түүнийгээ
залгисан чинь дээр шүү.

- Би сүрдүүлээгүй. Энэ бол амлалт гэж Тирион хэллээ.


Жижигхэн лорд Роберт сэтгэл нь дэндүү хямарсандаа хөл дээрээ үсрэн босоод хүүхэлдэйгээ
унагаж хашгирлаа.

- Чи биднийг өвтгөж чадахгүй. Хэн ч энд биднийг өвтгөж чадахгүй. Түүнд хэл л дээ, ээж ээ.
Түүнд биднийг энд өвтгөж чадахгүй гэж хэл гээд татвалзаж эхэллээ.

- Эйри халдашгүй гэж Лиза Аррин тайвнаар тунхаглав. Тэр хүүгээ ойртуулан шахаад булцгар
цагаан гараараа хамгаалан тэвэрлээ.

- Энэ бол ердөө Бяцхан чөтгөр биднийг айлгахыг оролдож байгаа хэрэг, хонгор үр минь.
Ланнистерийнхан бүгд худалч улс. Хэн ч чамд гэм учруулж чадахгүй хүү минь.

Хараал идсэн нь эргэлзээгүй түүний зөв байлаа. Тирион хүлэг баатрууд хуяг дуулгатайгаа
шатаар авирахыг оролдох үед тэнгэрээс сум, чулуун бороо бууж дайсан нь гишгүүр бүрийг
хамгаалж байна гэж төсөөлөв. Тийм зүйлийг хар дарсан зүүд гэхэд ч багадах байлаа. Эйри
хэзээ ч эзлэгдээгүйд гайхах зүйл байсангүй.

Гэсэн ч Тирион чимээгүй байж тэвчсэнгүй.

- Тав тухгүй шигээ халдашгүй биш гэж хэлэв.

Залуу Роберт доошоо хуруугаа чичигнүүлэн зааж,

- Чи бол худалч. Ээжээ би түүний нисэхийг харахыг хүсч байна гэхэд тэнгэрийн цэнхэр
нөмрөгтэй харуулын хоёр хүн Тирионы гараас барьж шалнаас хөндийрүүлэн өргөлөө.

Хэрвээ энэ үед Кателин Старк оролцоогүй бол юугаар төгсөх байсныг зөвхөн бурхан мэдэх
буй за.

- Дүү минь чамаас түүнийг миний хоригдол гэдгийг санахыг гуйя. Би түүнд гэм учруулахыг
хүсэхгүй байна гэж хаан ширээний дор зогсч байсан газраасаа хэлэв.

Лиза Аррин эгч рүүгээ хүйтнээр харснаа босож урт хормойгоо хуйлруулан Тирион руу
уруудахад агшин зуур түүнийг цохих нь гэж айсан ч оронд нь түүнийг тавихыг тушаажээ.
Хүмүүс нь түүнийг шалан дээр буулгахад хөл нь нуглараад уналаа.

Түргэхэн шиг өвдөг дээрээ өндийсөн ч баруун хөлийн булчин татаад ахин өнхөрч уналаа.
Арриний Их танхимд инээд цуурайтав.

- Миний эгчийн жижигхэн зочин зогсоход дэндүү ядарсан бололтй. Сэр Вардис түүнийг
доошоо гянданд хүргэж өгнө үү. Манай тэнгэрийн гяндан түүнийг амрахад сайхан туслана
гэж бодож байна.

Харуулууд түүнийг дээш өргөлөө. Тирион Ланнистер тэдний дунд өлгөгдөн сулхан
өшиглөхийг оролдож царай нь ичсэндээ хүрэнтэн улайжээ.

- Би үүнийг чинь санах болно доо гэж тэднийг зөөн авч явахад занав.
Ингээд түүний хийсэн зүйлс нь энэ бүх сайн сайхан зүйлсийг авчирчээ.

Тэр эхлээд өөрийгөө хоригдох явдал удаан үргэлжлэхгүй Лиза Аррин зөвхөн номхруулахыг
оролдсон хэрэг гэж тайтгаруулжээ. Тэр түүнийг удахгүй дуудах болно. Лиза тэгэхгүй байлаа
гэхэд Кателин Старк түүнийг байцаахыг хүсэх нь лавтай. Энэ удаад тэр хэлээ сайтар хянах
болно. Тэд түүнийг алж зүрхлэхгүй. Тэр бас л Кастерли Рокийн Ланнистер хэвээр шүү дээ.
Хэрвээ тэд түүний цусыг урсгавал дайн дэгдэнэ. Ямар ч байсан өөртөө ингэж хэлжээ.

Гэвч одоо үүнд итгэлтэй байхаа больжээ.

Түүний олзлогчид нь магадгүй энд ялзруулахаар шийдсэн бололтой удаан тэсэх хүч
үлдсэнгүй хэмээн айж эхлэв. Тирион өдөр ирэх тутам суларч доройтон дээрээс нь Морд
өшиглөж цохин ноцтой гэмтэл учруулж байсан болохоор өлсөж үхэхийнх нь өмнөх үхэл
болох магадлалтай болоод байлаа. Ахин хэдэн хүйтэн өлсгөлөн шөнийг өнгөрүүлвэл цэнхэр
түүнийг бас дуудаж эхлэх болно.

Тэр хананы цаана өрөөнөөс гадна юу болж буйг сонирхож байлаа. Лорд Тайвин мэдээ авсан
даруй морьтонгууд илгээсэн байж таарна. Жэйми хүмүүсээ удирдан Сарны уулс дундуур ирж
яваа... зөвхөн умардын Винтерфелл рүү мордоогүй бол тэр шүү дээ. Хөндийн гадна байгаа
хэн ч Кателин Старк түүнийг хааш нь аваачсаныг сэжиглэхгүй биз дээ? Тэр Серсей энэ тухай
дуулаад яах эсэхийг бодлогоширов. Хаан мэдээж түүнийг суллах тушаал буулгах ч Роберт
хатныхаа үгийг Гарынхаа адил сонсдог бил үү? Тирион хааныг эгчдээ хайртай хэмээн
хуурамч бодолд хууртагдсангүй.

Гэсэн ч Серсейд ухаан байгаа бол хаанд Тирионыг өөрийн биеэр шүүхийг шаардах ёстой. Нэд
Старк байлаа ч үүнийг үгүйсгэж чадахгүй бөгөөд хааны нэр хүндийн эсрэг маргаж чадахгүй
юм. Тирион шүүх хурал явуулах боломж олдвол талархах байв. Түүнийг ямар ч аллагад
сэжиглэж байлаа ч Старкийнханд баталгаа байхгүй болохыг харсан билээ. Тэд төмөр хаан
ширээний өмнө лордуудын өмнө оролдоод үзэг. Энэ нь тэдний төгсгөл болно. Зөвхөн
Серсейд үүнийг ажиглах ухаан байгаа бол...

Тирион Ланнистер санаа алдлаа. Түүний эгч нь өчүүхэн ч арга заль хэрэглэхгүй бахархалдаа
сохорсон хүн байлаа. Тэр болсон үйл явдлыг доромжлол гэж үзэхээс бус эсрэгээр нь эргүүлэх
боломжийг харахгүй. Жэйми бүр ч долоон дор. Түргэн ууртай зөрүүд яаруу тэрбээр хэзээ ч
зангилааг илдээрээ тас цавчихаас ондоо тайлж байгаагүй юм.

Тирион тэдний хэн нь Старкийн хүүг чимээгүй болгохоор хүн илгээсэн эсэхийг гайхлаа. Тэд
үнэхээр Лорд Арринийг хөнөөхөөр хуйвалдсан юм болов уу. Хэрвээ хөгшин Гар үнэхээр
алагдсан бол урлагтай нарийн зохион байгуулсан хэрэг болжээ. Түүний насны хүн гэнэтийн
өвчлөлд өртөн үхэх нь элбэг. Эсрэгээрээ ямар нэг тэнэг нь хөлсний алуурчин хөлслөн
Брандон Старк руу дайруулсан хэрэг үү. Энэ тухай сайн бодоод үзвэл тийм ч онцгой зүйл
биш байв...

Энд л жинхэнэ сэжүүр байгааг мэдрээд Тирион агзасхийлээ. Хэрвээ ойд зөвхөн зэрлэг чоно,
арслан хоёр тулалдаж байгаа биш хэн нэгэн түүнийг гар хөлийн үзүүр болгон ашигласан бол
яах вэ? Тирион Ланнистер ашиглагдахыг үзэн ядаж байлаа.
Эндээс аль болох түргэн гарах хэрэгтэй. Мордын аяыг олох боломжгүй ч хэн ч түүнд зугтаж
эрх чөлөөтэй болох зургаан зуун фут урт олс өгөхгүй билээ. Түүний ам өрөөнд оруулсан
болохоор хараал идмэр гэж гаргах ёстой.

Тирион хөл дээрээ босоод мөнхөд ирмэг рүү түлхэх шалны урууг хайхрахгүйг хичээн
нударгаараа хаалга нүдэж,

- Морд! Харгалзагч аа! Морд чи надад хэрэгтэй байна! гэж хашгирлаа.

Арваад минут хиртэй нүдсэний эцэст хөлийн чимээ сонсогдов. Тирион хаалга чахран
онгойход алхам ухарлаа.

- Чимээ гаргаад байна уу? гэж Морд бувтнаад цус хурсан нүдээ эргэлдүүлэв. Тэр махлаг
гартаа нударгаа хоёр дахин ороож болохоор өргөн ширэн сур барьжээ.

"Тэдэнд хэзээ ч айснаа үзүүлж болохгүй" гэж Тирион шийдээд,

- Чи баян болмоор байна уу? гэж асуулаа.

Морд түүнийг сураа далайн залхуутай ороолгоход гарных нь дээд хэсэгт буулаа. Тирион
өвдсөндөө шүд зуун найгав.

- Дэмий зүйл ярих хэрэггүй, одой минь гэж Морд түүнд анхааруулав.

- Алт гэж Тирион инээмсэглэн хэллээ.

- Кастерли Рок алтаар дүүрэн... ааххх. Энэ удаад цохилт хүчтэй исгэрэн Тирионы хавиргыг
ороолгоход өвдөглөн унаад гонгинолоо. Тэр хүчлэн өндийж хуяг руу харав.

- Ланнистерийнхан шиг баян гэж хүмүүс хэлдэг юм, Морд...

Морд хуухитнав. Агаарт сур исгэрэн Тирионы нүүрэнд тасхийн буув. Тэр өвдсөндөө ухаан
балартаж яаж унаснаа санаагүй бөгөөд нүдээ нээхэд шалан дээр хэвтэж байлаа. Чих нь
дүнгэнэж амаар нь дүүрэн цус амтагдав. Босохоор хуруугаараа газар тэмтэрсэн ч хоосноос
ондоо юу ч байсангүй. Тирион гараа түлэгдсэн юм шиг угз татан аваад амьсгалахгүй байхыг
хичээв. Тэр ирмэг дээр цэнхэрээс хэдхэн дюймын зайд хэвтэж байлаа.

- Өөр хэлэх юм байна уу? гэж Морд суран оосроо гартаа атгаж огцом татахад пад хийх чимээ
Тирионыг цочоов. Хуяг инээд алдав.

"Тэр намайг түлхэж чадахгүй. Кателин Старк намайг амьд байлгахыг хүсч байгаа болохоор
тэр намайг алж зүрхлэхгүй" гэж Тирион өөртөө хэлээд ирмэгээс мөлхөн холдов. Гарынхаа
араар уруулаас гоожсон цусаа арчаад инээмсэглэн,

- Энэ чинь бүдүүлэг хэрэг шүү дээ, Морд гэхэд хуяг түүнийг шоолж байгаа эсэхийг мэдэхээр
сүүмийн ширтлээ.
- Надад чам шиг хүчтэй хүмүүс хэрэгтэй.

Сур исгэрсэн ч энэ удаад Тирион дальдирсан тул цохилт мөрөн дээр нь хальт тусаад
өвтгөсөнгүй.

- Алт гэж наймаалж шиг мөлхөн давтлаа. - Чиний амьдралдаа харж байснаас илүү их алт.
Газар, эмэгтэй, морьд худалдан авч хүрэлцэхээр... чи өөрөө лорд болсон ч болно. Лорд Морд
гээд төсөөл дөө гээд амандаа хуримтлагдсан цустай шүлсийг тэнгэр лүү нулимлаа.

- Ямар ч алт байхгүй гэж Морд хэлэв.

"Тэгэхээр тэр сонсчээ!" гэж Тирион бодлоо.

- Тэд намайг баривчлахдаа хэтэвчийг минь хураасан ч алт минийх хэвээр. Кателин Старк
хүнийг олзолж болох ч хэзээ ч тонохгүй хүн. Энэ нэр хүндийн бус хэрэг. Надад тусал тэгвэл
бүх алт чинийх болно гэхэд Морд ахин далайсан ч энэ удаад удаан шийдэмгий бус
ороолголоо. Тирион сурнаас барьж аваад,

- Чамд ямар ч эрсдэлтэй зүйл байхгүй. Зөвхөн мэдээ дамжуулахад болно гэв.

Хуяг суран оосрыг Тирионоос угз татан авлаа.

- Мэдээ гэнээ гээд урьд нь ийм зүйл сонсож байгаагүй бололтой духаа үрчийлгэн хөмсөг
зангидав.

- Чи намайг сонссон, лорд минь. Зөвхөн хатагтайдаа миний үгийг хүргэхэд болно. Түүнд
хэл...

Юу? Юу Лиза Арринийг ахин бодоход хүргэх бол? Тирион Ланнистерд гэнэтхэн санаа орж
ирэхэд,

- Түүнд намайг гэмт хэргээ хүлээхийг хүсч байна гэж хэл гэв.

Морд гараа өргөхөд Тирион цохилт хүлээн дальдирсан ч хуяг тээнэгэлзлээ. Нүдэнд нь шунал
сэжиглэл гялалзана. Тэр алт хүсч байгаа ч мэхлэгдэхээс айж байв. Урьд нь үргэлж мэхлэгдэж
байсан бололтой.

- Энэ чинь худал, одой минь. Чи намайг мэхэлж байна гэж баргар бувтнав.

- Би амлалтаа бичгээр өгч болно шүү гэж Тирион амлав.

Зарим хүн бичиг цаасыг үл тоодог байхад зарим нь эсрэгээрээ ямар нэг шидэт зүйл бичсэн
мэт мухар бишрэх нь бий. Аз болж Морд сүүлийнхэд нь таарах хүн байлаа. Хуяг сураа булгав.

- Алтныхаа тухай бич. Маш их алтны тухай.

- Өө, тэгэлгүй яахав маш их алт гэж Тирион түүнийг итгүүлэв.


- Хэтэвч бол зөвхөн эхлэл, анд минь. Миний ах цэвэр алтан хуяг дуулга өмсдөг.

Үнэн хэрэгтээ Жэйми алтаар өнгөлсөн хуяг дуулга өмсдөг ч энэ тэнэг юугаа мэдэх билээ.

Морд сураа хуруундаа бодлогоширон ороосноо эцэст нь бууж өгөн цаас бэх авчирлаа. Захиа
бичиж дуусахад цаас руу сэжигтэй харав.

- Одоо үгийг минь дамжуул гэж Тирион шаардав.

Түүнийг хагас зүүрмэглэн чичирч байх хойгуур шөнө болсон хойно тэд ирэв. Морд нам
гүмийг эвдэн хаалга чахран онгойлголоо. Сэр Вардис Эген Тирионыг гутлынхаа хоншоороор
түлхэн сэрээв.

- Босч үз, Бяцхан чөтгөр минь. Хатагтай чамтай уулзахыг хүсч байна.

Тирион нойрмог нүдээ арчихийг оролдон үрчийж,

- Тэр эргэлзээгүй үүнийг хүссэн ч намайг түүнтэй уулзахыг хүссэн гэвэл юу гэмээр байна?
гэв.

Сэр Вардис хөмсөг зангидлаа. Тирион түүнийг Хааны газар өнгөрүүлсэн жилүүдэд Гарын
хамгаалалтын ахлагч байсныг саналаа. Мөнгөлөг үс дөрвөлжин нүүртэй инээмсэглэл
ойлгодоггүй том биетэй билээ.

- Чиний юу хүсэх чинь надад хамаагүй. Хөл дээрээ бос эсвэл би чамайг чирж гаргахыг
тушаана шүү.

Тирион хөл дээрээ арай ядан өндийлөө.

- Хүйтэн шөнө байна шүү. Их танхимд бүр хүйтэн байгаа даа. Би даарахыг хүсэхгүй байна.
Морд нөхөрсгөөр миний нөмрөгийг авчирч өгөөч гэв.

Хуяг түүн рүү дүйнгэтэн сэжигтэй ширэв.

- Миний нөмрөг. Муурын арьсаар хийсэн нөмрөгийг чи аюулгүй хадгалж байхаар авсан биз
дээ. Санаж байна уу? гэхэд,

- Түүнд хараал идсэн цувыг нь өгөөдөх гэж сэр Вардис хэлэв.

Морд хуухирч ч зүрхэлсэнгүй. Тирион руу ирээдүйд хатуухан шилтгэл хүлээлгэхээ амлан
муухай хараад нөмрөгөнд нь явлаа. Тирион нөмрөгөө хүзүүндээ тохоод инээмсэглэн,

- Баярлалаа. Би чамайг өмсөх бүрдээ дурсаж явах болно гээд урт арьсийг баруун мөрөн
дээрээ тохож энэ бүх өдөрт анх удаагаа дулаацлаа.

- Сэр Вардис та тэргүүлээд явна уу.


Арриний их танхимыг хананд зоосон тавин бамбар ноцоон гийгүүлжээ. Хатагтай Лиза
цээжин дээрээ сувдаар сар, шонхор хатгамласан хар торгон даашинзтай байлаа. Тэр Шөнийн
харуул шиг харагдаагүй ч Тирион гэм нүгэл хүлээхэд нь тохирсон гашуудын хувцас өмсөж гэж
бодов. Өтгөн сүрэл шиг хүрэн үсээ гомёсогоор сүлжиж зүүн мөрөө даван унжуулжээ. Түүний
дэргэдэх өндөр суудал хоосон байхыг бодвол эргэлзээгүй Эйригийн жижигхэн лорд чичирэн
унтаж байгаа бололтой. Тирион үүнд нь хувь заяанд талархлаа.

Тэр гүнээ мэхийн ёслоод танхимийн эргэн тойрныг харав. Хатагтай Аррин найдсан ёсоор нь
гэмт нүгэл наминчилахыг сонсгохоор хүлэг баатруудаа дууджээ. Тэр сэр Бринден Таллийн
үрчгэр царай, лорд Нэстор Ройсийн махлаг нүүрийг харлаа. Нэсторийн дэргэд залгамжлагч
нь болох сэр Албар байж таарах өтгөн хар сахалтай залуу зогсчээ. Хөндийн ихэнхи гэр
бүлээс төлөөлөл ирсэн харагдана. Тирион илд шиг гоолиг сэр Лин Корбрэй, тулай өвчнөөр
өвдсөн хөлтэй хөгшин лорд Хантер, бэлэвсэн хатагай Вэйнвуд хөвгүүдээрээ тойруулан
зогсохыг харлаа. Бусдынх нь сүлдийг тэр мэдэхгүй байв. Хугарсан жад, ногоон хорт могой,
шатаж буй цамхаг, далавчтай цом гээд л.

Хөндийн лордуудын дунд их замын танил хэдэн нөхөд нь болох хагас эдгэсэн шархтай дун
цагаан сэр Родрик Касселийн дэргэд сэр Виллис Вуд зогсож байв. Дуучин Мариллион шинэ
ятгатай болжээ. Тирион өнөө орой юу ч болсон бай дуучин долоон ханлигаар нэг зарлах
болохоор нууц үлдэхгүй гэж бодоод инээмсэглэв.

Танхимын алсын буланд Бронн багана түшээд зогсож байв. Хөлсний цэргийн хар нүд Тирион
руу төвлөрч гараа илднийхээ толгой дээр тавьжээ. Тирион түүн рүү харан бодлогоширтол...

Кателин Старк түрүүлж ярилаа.

- Бидэнд чамайг гэмт хэргээ хүлээхийг хүсч байна гэж хэлсэн гэв.

- Тиймээ, хатагтай гэж Тирион хэлэв.

Лиза Аррин эгч рүүгээ харан инээмсэглэлээ.

- Тэнгэрийн гяндан үргэлж тэднийг нугалдаг юм. Бурхад тэднийг харж байгаа болохоор
нүднээс нь нуух ямар ч зүйл байхгүй.

- Тэр нугарсан юм шиг харагдахгүй байна гэж хатагтай Кателин хэлэв.

Хатагтай Лиза түүнийг тоосонгүй.

- Яриагаа эхэл гэж Тирионд тушаалаа.

Одоо л шоо өнхрүүлдэг цаг гэж бодоод Бронн руу ахин нэг удаа түргэхэн хяламхийв.

- Юунаас эхэлдэг юм билээ? Би жижигхэн муу хүн гэдгээ хүлээж байна. Миний гэм нүгэл
тоолж барахааргүй их билээ, ноёд хатагтай нар минь. Би янхантай нэг бус зуун удаа унтсан.
Би лорд эцгийнхээ үхлийг хүсч бидний эрхэмсэг хатан хатан эгчээ ч гэсэн адил үхэхийг
хүссэн.
Ард нь нэг хүн түсхийтэл инээлээ.

- Би үргэлж зарц нартайгаа эелдэг харьцдаггүй байсан. Би мөрийтэй тоглож мэхэлдэг


байснаа улайн зөвшөөрөх байна. Олон тооны хэрцгий аймшигт зүйлсийг ордны эрхэм хүндэт
лорд хатагтай нард хэлж байлаа гэхэд өрөөгөөр нэг инээд хадлаа.

- Бас нэг удаа...

- Чимээгүй! Чи өөрийгөө юу хийж байна гэж бодоо вэ, одой минь? гээд Лиза Арриний дугуй
цонхигор царай улайлаа.

Тирион толгойгоо хажуу тийш гилжийлгэв.

- Юу яагаад гэж? Би гэм нүглээ хүлээж байна, хатагтай... гэхэд Кателин Старк урагш алхлаа.

- Чи миний хүүг Браныг оронд алахаар хөлсний алуурчин явуулан, Хааны гар лорд Жон
Арринийг алсан хэрэгт оролцсон буруутгагдаж байна.

Тирион гэмгүйхэн мөрөө хавчлаа.

- Харин эдгээр гэмт хэргийг хийгээгүй болохоор хүлээж чадахгүй нь гэж айж байна. Би ямар
ч аллагын тухай мэдэхгүй гэв.

Хатагтай Лиза модон исрээсээ өндийлөө.

- Би даажигналыг тэвчдэггүй хүн. Чи үнэхээр тохуутай хүн юм даа, Бяцхан чөтгөр минь. Би
чамайг үүндээ цэнгэж байгаа гэдэгт итгэж байна. Сэр Вардис түүнийг буцаагаад гянданд нь
хий.. гэхдээ энэ удаад хамгийн жижигхэн хамаагүй уруу шалтай өрөөнд хийгээрэй.

- Хөндийд шүүх ингэж явагддаг хэрэг үү? гэж Тирион чанга орилоход сэр Вардис хөшин
зослоо.

- Цуст хаалганд нэр хүнд нэвтэрдэггүй гэж үү? Та нар намайг гэмт хэрэгт буруутгасан
мөртлөө үгүйсгэхэд минь онгорхой гянданд өлсөж даарч үхэг гээд чулуудаж байна гээд
Мордын нүүрэн дээр нь үлдээсэн хөхрөлтийг үзүүлэхийн тулд толгойгоо өргөөд,

- Хааны засаглал хаана байна? Эйри долоон ханлигийн нэг хэсэг биш гэж үү? Та нар намайг
буруутгаж байна гэж хэлсэн. Маш сайн байна. Би шүүх хурал шаардаж байна! Надад ярих
боломж олгож үнэн худал эсэхийг нь бурхад хүмүүсийн нүдэн дээр нээлттэй шүүх боломж
олго гэв.

Их танхимд аяархан шивнэлт түглээ. Тирион голыг нь оносноо мэдэж байв. Тэр язгууртан
гаралт долоон ханлигийн хамгийн хүчирхэг лордын хүү бөгөөд хатан хааны дүү билээ. Тэд
түүний шүүх хурал шаардах эрхийг үгүйсгэж чадахгүй. Тэнгэрийн цэнхэр нөмрөгтэй
харуулууд Тирион руу дөхсөн ч сэр Вардис тэднийг зогсоогоод хатагтай Лиза руу харлаа.

Түүний жижигхэн аман дээр шазруун инээмсэглэл тодров.


- Хэрвээ чи буруутгагдаж байгаа гэмт хэргээ үйлдсэн нь тогтоогдвол хааны хуулийн дагуу
амиараа төлөх ёстой. Эйрид цаазаар аваачдаг хүн байдаггүй юм, лорд Ланнистер. Сарны
хаалгыг нээ.

Үзэгчид хуваагдахад хоёр гантиг баганы хооронд цагаан модоор хавирган сар сийлсэн
нарийхан хаалга байлаа. Ойролцоо зогсож байсан хоёр харуул түүн рүү зүглэв. Нэг хүн хүнд
хүрэл хаалтыг холдуулахад хоёр дахь нь хаалгыг дотогш нээлээ. Гэнэтийн хүчтэй исгэрсэн
салхинд тэдний цэнхэр нөмрөг намирав. Хоосон шөнийн тэнгэрт хүйтэн одод түгжээ.

- Хааны шүүх чинь энэ байна гэж Лиза Аррин хэлэв. Ханан дахь бамбарын дөл өрвөлзөн
хийсэв.

- Лиза энэ чинь ухаалаг бус хэрэг гэж Кателин Старк хэлэхэд харанхуй салхи танхимд хүүгэн
исгэрлээ.

Дүү нь түүнийг үл тоомсорлов.

- Чи шүүх хурал хүссэн, лорд Ланнистер минь. Маш сайн байна шүүх хурлыг чинь явуулъя.
Миний хүү чиний үгийг сонсож, чи түүний шүүлтийг сонсох ёстой. Тэгвэл эндээс гарч
магадгүй... энэ хаалгаар юм уу өөр нэгээр.

"Тэр сэтгэл хангалуун байх шив" гэж Тирион бодоод гайхсангүй. Өөрийнх нь сул дорой лорд
хүүгээр нь удирдуулсан шүүх хурлаар түүнд хэрхэн заналхийлж болох билээ. Тирион Сарны
хаалга руу харлаа. "Ээжээ, би түүний нисэхийг харахыг хүсч байна!" гэж хүү хэлсэн. Хичнээн
хүнийг тэрхүү нусгай хамартай жижигхэн өөдгүй амьтан энэ хаалгаар нисгэсэн бол.

- Баярлалаа хүндэт хатагтай минь. Гэхдээ надад лорд Робертийг дуудаж хүндрэл учруулах
хэрэг байхгүй. Бурхан миний гэм зэмгүйг мэдэх билээ. Би тэдний шийтгэлийг хүлээж авахаас
бус хүнийхийг биш. Би халз тулааны шүүх шаардаж байна гэж Тирион эелдэгээр хэлэв.

Арриний их танхимд гэнэтийн инээд нүргэлэв. Лорд Нэстор Ройс тургилж, сэр Виллис
жуумалзаж, сэр Лин Корбрэй түсхийн үлдсэн нь толгойгоо гэдийлгэн нулимсаа гартал
хөхөрлөө. Мариллион болхи барьсан шинэ модон ятгандаа хугарсан гарынхаа хуруугаар
хөгжилтэй ая тоглов. Тэр ч байтугай Сарны хаалгаар исгэрэх салхи хүртэл даажинтай
үлээлээ.

Лиза Арриний усархаг нүд тодорхойгүй ширтсэнээ биеэ барьж,

- Чамд ийм эрх бий гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Ногоон өнгийн хорт могой хатгамласан нөмрөгтэй залуухан хүлэг баатар урагш алхаж нэг
өвдгөө сөгдөв.

- Хатагтай би таны аварга болохыг хүсч байна.

- Энэ хүндэтгэл надад оногдох ёстой. Би лорд нөхөрт чинь хайртай байсан болохоор өшөөг нь
авах боломж олгооч гэж хөгшин лорд Хантер хэлэв.
- Миний эцэг лорд Жонд Хөндийн их бойдоогоор үнэнчээр зүтгэж байсан билээ. Хүүд нь
үүнийг хийх боломж олгооч гэж сэр Албар Ройс хүнгэнүүлэв.

- Бурхан зөв шударга үйлийг итгэлтэй илд эзэмшдэг хүнд олгодог билээ. Бид бүхэн энэ хэн
болохыг мэднэ гэж сэр Лин Корбрэй хэлээд даруухан инээмсэглэв.

Өөр бусад хүмүүс нэг нэгнээсээ уралдан ярихыг хичээхэд учир нь олдохгүй шуугиан болов.
Тирион хичнээн олон хүмүүс түүнийг алахыг тэсч ядан хүлээж байгааг хараад балмагдлаа.
Магадгүй тэр ийм алхам хийснээрээ ухаалаг бус хэрэг болсон ч юм билүү.

Хатагтай Лиза чимээгүй болгохоор гараа өргөв.

- Баярлалаа та бүхэнд эрхэм лордуудаа. Хэрвээ миний хүү энд байсан бол эргэлзээгүй
талархах байсан билээ. Долоон ханлигт Хөндийн хүлэг баатрууд шиг үнэнч зоригтой хүмүүс
хаа ч байхгүй. Би бүгдэд чинь энэ хүндэтгэлийг оноохыг хүсч байгаа ч зөвхөн ганцыг л
сонгох болно гээд зангаж,

- Сэр Вардис Эген та миний лорд нөхрийн баруун гар байсан. Та манай аварга болох ёстой
гэв.

Сэр Вардис хөөрөн догдолсонгүй нэг өвдөг дэрээ сөгдөөд,

- Хатагтай танаас энэ үүргийг өөр хүнд оноохыг гуйя. Надад үүнд оролцох дур алга. Энэ хүн
ядахдаа дайчин ч биш. Түүнийг хараач. Миний хагастай тэнцэх жижигхэн хазгар одой байна
шүү дээ. Ийм хүнийг хөнөөгөөд шүүх засаглал гэж нэрлэвэл ичгүүртэй хэрэг болно гэв.

"Өө маш сайн байна " гэж Тирион бодоод,

- Би үүнийг чинь зөвшөөрч байна гэж дуу алдав.

Лиза түүн рүү муухай харлаа.

- Чи л халз тулааны шүүх хурлыг шаардсан биз дээ.

- Харин одоо би өөрийн сонгосон аваргаа шаардаж байна. Миний ах Жэйми баяртайгаар энэ
үүргийг хүлээх болно.

- Чиний үнэт хааны алуурч чинь эндээс зуун бээрийн алсад байгаа гэж Лиза Аррин зандрав.

- Түүн рүү шувуу илгээ л дээ. Би хүрэлцэн ирэхийг нь дуртайяа хүлээх байна.

- Чи сэр Вардистай маргааш гэхэд тулалдах болно.

- Дуучин гээд Тирион Мариллион руу эргэв.

- Чи энд болсон явдлын тухай дуу зохиохдоо хатагтай Аррин хэрхэн одойгийн аваргаа сонгох
эрхийг үгүйсгэн хазгар доголон хөх няц болсон хүнийг хамгийн сайн хүлэг баатартайгаа
тулгаруулсан тухай орхилгүй дурьдаарай.

- Би юу ч үгүйсгээгүй! гэж Лиза Арри уцаарлан хашгирлаа.

- Аваргынхаа нэрийг хэл, Бяцхан чөтгөрөө... Хэрвээ чи төлөө үхэх хүн олж чадна гэж бодож
байгаа бол.

- Энэ таныхтай ижил бол би удахгүй миний төлөө алах хүн олно гэж бодож байна гээд
Тирион урт танхимын эргэн тойрныг харлаа. Удаан хугацааны турш хэн ч хөдөлсөнгүй. Тэр
эндүүрлээ гэж бодсон ч өрөөнд нэг хүн хөдлөв.

- Одойн өмнөөс би гаръя гэж Бронн тунхаглав.


ЭДДАРД

Тэр цагаан нөмрөгтэй гурван хүлэг баатар аль эрт нурсан цамхагын өмнө зогсоод, Лианна
орондоо цус урсган хэвтэж байгаа тухай хачирхалтай зүүд зүүдэлжээ.

Зүүдэндээ урьд нь хамт нөхөрлөж байсан найзуудтайгаа байв. Жоригийн аав бардам Мартин
Кассел, үнэнч Тео Валл, Брандоны хиа байсан Этан Гловер, зөөлөн яриа уяхан сэтгэлтэй сэр
Марк Рисвелл, намгийн хүн Хоуланд Рид, улаан азаргатай лорд Дастин гээд л. Нэд тэдний
царайг өөрийнх шигээ сайн мэдэх бөгөөд хэзээ ч мартахгүй гэж амалсан мэт сэтгэлд нь
хадаатай байлаа. Зүүдэнд нь тэд утаан морь хөлөглөсөн саарал сүг сүүдэр адил үзэгдэв.

Тэд долуул гурван хүний эсрэг яг амьдрал дээр байсан шигээ зогсож байв. Нөгөө гурав ч
ердийн нэг хүн байсангүй. Дугуйрсан цамхагын өмнө цагаан нөмрөгөө салхинд дэрвүүлэн
зогсоход ард нь Дорнийн уулс хүрэнтэнэ. Тэдний царай сүүдэрт хувирсангүй тодхон харагдаж
байв. Өглөөний илд сэр Артур Дэйн уйтгартай инээмсэглэн зогсоод баруун мөрөн дээгүүр нь
"Үүр" гэдэг их илдний бариул цухуйжээ. Сэр Освелл Вэнт өрөөсөн өвдгөө сөхрөн илдээ
билүүнд хурцална. Түүний цагаан ган дуулган дээр овгийнх нь сүлд болох далавчаа дэлгэсэн
хар сарьсан багваахай байлаа. Дунд нь хааны хамгаалалтын ерөнхий захирагч Цагаан бух
хөгшин сэр Геролд Хайтауэр зогсчээ.

- Би та нарыг Сэрээнд эрсэн гэж Нэд тэдэнд хэлэхэд,

- Бид тэнд байгаагүй хэмээн сэр Геролд хариулав.

- Хэрвээ байсан бол булаан эзлэгчийн хувьд гашуудалтай зүйл болох байсан юм гэж сэр
Освелл нэмэрлэв.

- Хааны газар унаж сэр Жэйми хааныг чинь алтан илдээрээ алж байхад та нар хаана байсан
хэрэг вэ.

- Бид түүнээс алсад байсан. Өөрөөр бол Эйрис хаан урьдын адил төмөр хаан ширээндээ
заларч манай хуурамч дүү долоон тамын галд шатах байсан юм гэж сэр Геролд хэллээ.

- Намайг Шуурганы адаг руу уруудахад Тайрелл болон Рэдвайны лордууд тугаа бөхийлгөн
хүлэг баатрууд нь үнэнч зүтгэлийн тэмдэг болгон өвдөг сөгдсөн. Би та нарыг дунд нь байсан
юм байх гэж бодож байлаа.

- Бидний өвдгийг тийм ч хялбар сөгтгөхгүй шүү гэж сэр Артур Дэйн хэллээ.

- Сэр Виллем Дарри Лууны цохионоос хатан хааныг чинь хан хүү Висеристэй аван зугтсан.
Би та нарыг түүнтэй цуг хөвөн одсон юм байх гэж бодож байлаа.

- Сэр Виллем үнэнч сайн хүн гэж сэр Освелл хэлэхэд,

- Гэвч хааны хамгаалагч биш гэж сэр Геролд тодотгоод, - Хааны хамгаалагч зугтдаггүй юм
гэв.
- Эрт одоо хэдий ч гэж сэр Артур батлаад дуулгаа углав.

- Бид тангараг өргөсөн гэж хөгшин сэр Геролд тайлбарлалаа.

Нэдийн дэргэд сүүмэлзсэн илд гартаа барьсан сүнснүүд зогсов. Тэд гурвын эсрэг долуул
байлаа.

- Одоо эхэлцгээе гээд Өглөөний илд сэр Артур Дэйн "Үүр"-ээ хуйнаас сугалж хоёр гартаа
барилаа. Илд гэрэлд сүүн цагаан өнгөөр гялалзав.

- Үгүй. Одоо одоо төгсгөе гэж Нэд гашуудалтай хэллээ. Тэгтэл Лианнагийн "Эддард!" гэж
хашгирах сонсогдоод салхи цусан улаан тэнгэрт үхлийн нүд шиг цэнхэр сарнайн дэлбээ
хийсгэв.

- Лорд Эддард гэж Лианна ахин хашгирлаа.

- Амалж байна. Лиа, би амалж байна... гэж тэр шивнэлээ.

- Лорд Эддард гэх эрэгтэй хүний хоолой харанхуйгаас цуурайтав.

Эддард Старк ёолон нүдээ нээлээ. Сарны гэрэл Гарын цамхагын өндөр цонхоор тусна.

- Лорд Эддард? гээд орны дэргэд зогсч байгаа сүүдэр бөхийлөө.

- Хэр... хэр удсан бэ?

Дор нь орны даавуу хуйлран үрчлээтэж хөлийг нь чиг барин боогоод ташаагаар нь хатгуулан
өвдөнө.

- Зургаан өдөр долоон шөнө гэх Вэйон Полын дуу гарав. Бойдоо Нэдийн уруулд аяга
дөхүүллээ.

- Уучих, эзэнтээн.

- Юу юм...?

- Ус. Мастер Пацилл таны амыг цангана гэж хэлсэн.

Нэд хатаж омголтсон уруулаараа залгилахад ус бал шиг амттай байлаа.

- Хаан зарлиг буулгасан. Тэр таньтай ярихыг хүсч байгаа, эзэнтээн гэж Вэйон Пол аяга
хоосроход хэлэв.

- Маргааш болъё. Намайг арай тэнхэрсэн хойно гэж Нэд хэллээ. Тэр одоо Роберттой нүүр
тулан уулзахтай манатай зүүд хүчийг нь баран муурын зулзага шиг сул дорой болгожээ.

- Эзэнтээн тэр таныг нүдээ нээмэгц даруй очихыг тушаасан гээд Пол орны хажуугийн лаа
асаалаа.

Нэд аяархан хараалаа. Роберт хэзээ ч тэвчээртэй хүн байсангүй.

- Түүнд намайг очиж чадахааргүй сул биетэй байна гэж хэл. Хэрвээ надтай ярихыг хүсч
байгаа юм бол өөрөө ирвэл баяртай байх болно гэж дамжуулаарай. Чамайг түүний гүн
нойронд автсан хойно очино гэж найдаж байна. Бас... гээд Жориг дуудах гэснээ санаанд нь
ормогц,

- Миний хамгаалалтын ахлагчийг дууд гэлээ.

Унтлагын өрөөний хаалгаар бойдоог гарснаас хойш хэдхэн мөчийн дараа Алин орж ирэв.

- Та дуудсан уу, эзэнтээн.

- Пол надад зургаан өдөр өнгөрсөн гэж хэлсэн. Би болсон явдал юу болж төгссөнийг мэдмээр
байна.

- Хааны алуурч хотоос зугтсан. Цуу яриагаар бол Кастерли Рок руу эцэгтэйгээ нэгдэхээр
явсан гэсэн. Хаа сайгүй амтай болгон хатагтай Кателин Бяцхан чөтгөрийг барьсан тухай
ярьцгааж байна. Таныг дургүйцэхгүй бол би нэмэлт харуул гаргасан.

- Сайн байна, би дургүйцэхгүй. Миний охид хэр байна?

- Тэд таньтай өдөр бүр хамт байсан, эзэнтээн. Санса чимээгүй мөргөж харин Аръяа... гээд
Алин тээнэгэлзсэнээ,

- Тэр таныг авчирсан цагаас хойш ганц ч үг хэлээгүй. Жижигхэн ууртай дүрэлзсэн амьтан,
эзэнтээн. Би хэзээ ч ийм ууртай охин харж байсангүй.

- Ямар ч зүйл болсон би охидоо аюулгүй байлгахыг хүсч байна. Үүнийг дөнгөж эхлэл гэж
айж байна.

- Тэдэнд ямар ч зүйл тохиолдохгүй, эзэнтээн. Би үүнийг амиараа хариуцъя.

- Жори болоод бусдыг нь...

- Би тэднийг чимээгүй эгч дүүст өгч умардын Винтерфелл руу явуулсан. Жори өвөөгийнхөө
дэргэд оршуулагдахыг хүсч байгаа байх.

Жоригийн эцэг өмнө зүгт алс оршуулагдсан болохоор өвөө нь тэнд байлаа. Мартин Кассел
бусдын хамт үхжээ. Нэд хожим цамхагыг нурааж цустай чулуугаар нь оршуулгын найман овоо
босгожээ. Рэйгэр энэ цамхагыг аз жаргалын цамхаг гэж нэрлэдэг байсан ч Нэдийн хувьд
гашуун дурсамжтай холбоотой байв. Тэд гурвын эсрэг долуул зогссоноос ердөө Эддард Старк
жижигхэн намгийн хүн Хоуланд Ридтэй хоёул амьд үлджээ. Тэр ийм олон жилийн дараа ахин
тэднийг зүүдлэснээ сайн зүйл гэж бодсонгүй.
- Чи бүгдийг сайн гүйцэтгэсэн байна, Алин гэж Нэд хэлэхэд Вэйон Пол эргэн орж ирээд
мэхийн ёсолж,

- Эрхэм дээдэс хатныхаа хамт хүрэлцэн ирээд байна, эзэнтээн гэлээ.

Нэд өндийн суугаад хөл нь өвдөхөд ярвайлаа. Тэр Серсейг ирнэ гэж санасангүй. Түүний
ирсэн нь сайныг ёрлоогүй нь лавтай.

- Тэднийг оруулаад биднийг орхи. Бидний яриа хананаас цааш гарах ёсгүй гэхэд Пол
чимээгүй гарлаа.

Роберт хувцаслах цаг гаргасан бололтой. Энгэр дээр нь алтан утсаар Баратеон овгийн титэмт
буга хатгамласан хантааз, дөрвөлжин хар хээтэй алтан нөмрөг нөмөрчээ. Гартаа домботой
дарс бариад хэдийн балгаж амжсан бололтой царай нь улайжээ. Үнэт чулуун титмээр үсээ
гоёсон Серсей Ланнистер орж ирээд дэргэд нь зогсов.

- Эрхэм дээдсээ. Босож чадахгүй байгаа явдалд өршөөл гуйя гэж Нэд хэллээ.

- Дэмий яриа гэж хаан гүвтнээд,

- Дарс уух уу? Арбороос ирсэн юм. Маш сайн усан үзэмтэй шүү гэв.

- Жаахан ууя. Миний толгой намуу цэцэгтэй сүүнээс болж хүнд оргиод байгаа гэхэд,

- Чиний оронд байсан ямар ч хүн толгой нь мөрөн дээрээ бүтэн үлдсэн явдалд баярлах ёстой
гэж хатан хаан тунхаглав.

- Чимээгүй, эмэгтэй минь гэж Роберт зандраад Нэдэд аягатай дарс сунгаж,

- Хөл чинь өвдсөөр байна уу? гэж асуув.

- Жаахан л гэж Нэд хэллээ. Түүний толгой эргэж байсан ч хатны урд сул доройгоо үзүүлэхийг
хүссэнгүй.

- Пацилл сайхан эдгэнэ гэж хэлсэн. Миний ойлгосноор чи Кателины юу хийсэн тухай мэдэж
байгаа биз дээ?

- Тиймээ мэднэ гээд Нэд дарснаас балгаж,

- Миний эхнэр үүнд буруугүй, эрхэм дээдсээ. Тэр бүгдийг миний тушаалаар хийсэн гэлээ.

- Би үүнд чинь баярлахгүй байна гэж Роберт гүнгэнэв.

- Чи ямар эрхтэй болоод миний төрөл төрөгсдөд гар хүрдэг билээ? Өөрийгөө хэн гэж бодсон
юм? хэмээн Серсей шаардлаа.

- Хааны Гар гэж Нэд хүйтнээр эелдэг хэлээд,


- Хүндэт нөхөр чинь болох хааны амгалан тайван байдлын төлөө хааны хуулийг хүчээр
мөрдүүлсэн юм гэв.

- Чи урьд нь Гар байсан ч... гэж Серсей эхэллээ.

- Чимээгүй! Чи асуулт асууж тэр хариулсан гэж хаан орилов.

Серсей хүйтэн ууранд автан чимээгүй болоход Роберт Нэд рүү эргэлээ.

- Хааны амгалан тайвны төлөө гэж чи хэллээ. Энэ чиний амгалан тайван байдал тогтоож
байгаа хэрэг үү, Нэд? Долоон хүн үхчихээд байна...

- Найм. Лорд Старкын сэлмээр сүлбэсэн Трегар өнөө өглөө үхсэн гэж хатан хаан залруулав.

- Дээрээс нь Хааны зам дээрээс хүн хулгайлж гудамжинд минь согтуу алан хядлага хийсэн.
Би үүнийг чинь тэвчихгүй, Нэд.

- Кателинд Бяцхан чөтгөрийг баривчлах бүхий л шалтаан байсан...

- Би үүнийг чинь тэвчихгүй гэж хэлээ биз дээ! Тэр бүх шалтгаан чинь долоон там руугаа
тонилог. Чи түүнд даруйхан одойг суллахыг тушаагаад Жэймитэй найрамд.

- Жэйми Ланнистер намайг хашраахыг хүссэний төлөө гурван хүн минь нүдэн дээр үхсэний
төлөө юу. Би үүнийг яаж мартах болж байна?

- Миний ах хэрүүл маргааныг эхлээгүй. Лорд Старк янхны газраас согтуу буцаж ирсэн. Эхнэр
нь Хааны зам дээр Тирион руу дайрсан шиг түүний хүмүүс Жэйми болон хамгаалагчид руу
нь дайрсан гэж Серсей хэлэв.

- Чи намайг сайн мэднэ, Роберт. Хэрвээ эргэлзэж байвал лорд Бэйлишээс асуугаарай. Тэр
тэнд байсан.

- Би Чигчий хуруутай ярилцсан. Тэр алтан нөмрөгтөнгүүдтэй тулаан эхлэхээс өмнө тэндээс
явсан гэсэн. Бас чамайг ямар нэг янхны газраас ирсэн гэсэн.

- Ямар нэг янхны газар гэнэ ээ? Хараал идмэр гэж нүдээ нээгээч, Роберт. Би тийшээ охиныг
чинь харах гэж очсон юм! Ээж нь түүнд Барра гэсэн нэр өгсөн байсан. Тэр биднийг Хөндийд
хөвгүүн байх үед чиний эцэг нь болсон охинтой чинь адилхан байсан гээд Нэд баг өмссөн
аятай зэвхий царайлсан хатан хаан руу харлаа.

Роберт улайлаа.

- Барра гэнэ ээ? Энэ тэгээд намайг баярлуулна гэж бодсон хэрэг үү? Хараал идсэн охин.
Түүнд арай илүү ухаантай гэж бодсон юмсан.

- Тэр арван таван наснаас хэтрээгүй бас янхан байхад чи түүнийг ухаантай гэж бодож байгаа
хэрэг үү? хэмээн Нэд үл итгэн хэлэв. Түүний хөл хатгуулан өвдөж байсан ч уураа барихад
бэрх байлаа.

- Хөөрхий охин чамд хайртай юм билээ, Роберт.

Хаан Серсей рүү хяламхийв.

- Энэ бол хатан хааны дэргэд ярилцах сэдэв биш.

- Эрхэм дээдсээ би таньд таалагдахгүй бүх зүйлийг хэлж чадна. Хааны алуурч хотоос зугтсан
гэсэн. Надад түүнийг барьж шүүхийн өмнө эргүүлэн авчрах боломж олгооч.

Хаан аягатай дарсаа эргүүлэн бодлогоширсоноо залгилаа.

- Үгүй. Миний хувьд хангалттай. Жэйми чиний гурван хүнийг алж харин чи таван хүнийг нь
алсан. Үүгээр төгсгөл болгоё.

- Энэ чинийхээр бол шударга хэрэг үү? Хэрэв тийм бол Гар чинь хэвээр үлдээгүй явдалд
баярлаж байна гэж Нэд дүрсхийв.

Хатан хаан нөхөр рүүгээ харлаа.

- Хэрвээ ямар нэгэн хүн Таргаринтай чамтай ярилцаж байгаа шигээ үг хэлж зүрхэлсэн бол...

- Чи намайг Эйрис гэж бодоо юу? гэж Роберт яриаг нь таслав.

- Би чамайг хаан гэж бодож байна. Жэйми, Тирион хоёр хууль ёсоор холбогдсон ах дүүс чинь.
Старкийнхан тэдний нэгийг нь хөөж нөгөөг нь барьж аваад байна. Энэ хүн амьсгалах
болгондоо урдаас чинь тэрсэлж байхад чи дэргэд нь хүлцэнгүй зогсоод хөл нь өвдөж байна
уу, дарс уух уу гэж асууж байдаг таарч дээ.

Робертийн царай уурандаа барайлаа.

- Би чамд хичнээн удаа амаа тат гэж хэлэх ёстой болж байна, эмэгтэй минь?

Серсейгийн нүүр зэвүүцэл тодров.

- Бурхад биднийг яаж тохуурхсан хэрэг вэ? Зүй ёсоороо бол чи банзал өмсөж харин би хуяг
дуулга өмсөх ёстой байсан юм.

Хаан уурандаа хүрлийж гарынхаа араар хацар руу нь хүчтэй алгадлаа. Серсей ширээ дамнан
унасан ч хашгирсангүй. Нарийхан хуруугаараа цайвар арьсан дээр зурайсан улаан мөрийг
дарлаа. Маргааш өглөө гэхэд нүүрнийх нь хагас хөхрөх нь эргэлзээгүй.

- Би үүнийг чинь нэр хүндийн тэмдэг болгон зүүж явах болно.

- Чимээгүй байхгүй бол ахин нэг удаа шагнах болно шүү гэж Роберт амлав. Тэр хашгиран
харуул дуудахад цагаан хуяг дуулгатай өндөр ширүүн сэр Мерин Трант өрөөнд алхан орж
ирлээ.

- Хатан хаан ядарсан байна. Унтлагын өрөөнд нь хүргэж өг гэхэд хүлэг баатар Серсейг хөл
дээр босоход туслаад үг дуугүй авч одов.

Роберт домботойгоос аягаа дүүргэлээ.

- Тэр намайг ямар болгосныг харж байна уу, Нэд гээд сууж аягатай дарс авлаа.

- Миний хайрт эхнэр. Хүүхдүүдийн минь ээж гээд уур хилэн арилж нүдэнд нь гашуудалтай
айсан ч юм шиг өнгө тодров. - Би түүнийг цохих ёсгүй байсан юм. Энэ бол... хааны бус хэрэг
гээд гар луугаа ойлгохгүй байгаа мэт харж,

- Би үргэлж хүчтэй байсан... хэн ч миний урд зогсч чаддаггүй байлаа. Хэн ч шүү. Гэвч би яаж
тэднийг цохихгүйгээр тэмцэх болж байна? гээд толгойгоо сэгсэрч,

- Рэйгэр... Рэйгэр ялсан хараал идмэр гэж. Би түүнийг алсан, Нэд. Хар хуяг дуулгыг нь
нэвтлэн хар зүрхэнд нь хадаас зооход хөлд минь унаж амиа алдсан. Тэд үүний тухай дуу
хийсэн. Гэсэн ч ямар нэг аргаар тэр намайг ялсан. Тэр одоо Лианнатай байхад харин би
Серсейтэй байна гээд аягатайгаа хоосоллоо.

- Эрхэм дээдсээ бид ярилцах хэрэгтэй байна гэж Нэд хэллээ.

Роберт хурууныхаа үзүүрээр шанаагаа дарж,

- Би үхлийн тухай ярилцсаар дотор муухайрч гүйцлээ. Маргааш Хааны ой руу анд явлаа.
Чамд ярих гэсэн зүйл байвал эргэж ирсэн хойно хэлнэ биз.

- Бурхад энэрэнгүй бол би чиний эргэж ирэхэд байхгүй. Чи намайг Винтерфелл руу явахыг
тушаасан биз дээ? Санаж байна уу? гэхэд Роберт босч орны баганаас барилаа.

- Бурхад ховорхон энэрэнгүй ханддаг юм, Нэд. Май үүнийгээ ав гээд нөмрөгнийхөө
халааснаас гарын дүрстэй хүнд мөнгөн тэмдэг гаргаж орон дээр шидлээ.

- Хүссэн ч хүсээгүй ч чи миний Гар хэвээр үлдэнэ хараал идмэр гэж. Би чамайг явахыг
хориглож байна.

Нэд мөнгөн товчийг авахад өөр сонголтгүй болсон шиг санагдав. Хөл нь хатгуулан өвдөж
нялх хүүхэд шиг арчаагүй болжээ.

- Таргаринийхны охин... гэхэд хаан дуу алдан ёолов.

- Долоон там минь түүний тухай битгий ахин ярьж үзээрэй. Энэ тухай дууссан болохоор
ахиж дуулахыг хүсэхгүй байна.

- Хэрвээ чи миний зөвөлгөөг сонсохыг хүсэхгүй байгаа бол яагаад Гар чинь болохыг хүссэн
юм бэ?
- Яагаад гэнэ ээ? хэмээн Роберт хөхөрч,

- Яагаад үгүй гэж? Хэн нэгэн энэ хараал идсэн хаант улсыг захирах ёстой биз дээ. Тэмдгээ
ав, Нэд минь. Тэр чамд оногдоно. Харин дараагийн удаа миний нүүр лүү ахиж чулуудах юм
бол би Жэйми Ланнистерийн хараал идсэн сэлмээр сүлбэнэ гэдгээ андгайлж байна гэв.
КАТЕЛИН

Дорнод тэнгэрийн хаяа Арриний хөндийн дээгүүр мандаж байгаа наранд алтран улайрав.
Кателин Старк гоёмсог сийлбэртэй цонхны чулуун тавцангаас бариад гэгээ орохыг харж
байлаа. Түүний дор ертөнц бараантан хөхөрснөө үүрийн гэгээ талбай, ойн захад хүрэх үед
ногооров. Аварга биетийн жадны үзүүрийн мөрөн дээгүүр урсаж байгаа сүнстэй цутгалан
Алиссийн нулимс өөд өтгөн цагаан манан будантан өгсөнө. Кателин зөөлөн усны дусал нүүр
лүүгээ шүршихийг мэдэрлээ.

Алиса Аррин нөхөр, ах, хүүхдүүдийнхээ үхлийг харсан цагаас хойш амьдралдаа нэг ч дусал
нулимс унагаагүй учир нас барсаных нь дараа бурхад түүнийг нулимсаараа хайртай
хүмүүсийнхээ амь үрэгдсэн Хөндийн хар шороог усалж байг хэмээн хүрхрээ болгожээ. Алиса
үхээд зургаан зуун жил болсон ч Хөндийн доод хэвэлд нэг ч усан дусал хүрсэнгүй. Кателин
түүнийг үхсэний дараа нулимсных нь дусал хичнээн том хүрхрээ болох талаар төсөөлөв.

- Үлдсэн зүйлийнх нь тухай яриач гэж ард нь зогсож байсан сэр Родрик Касселд хэллээ.

- Хааны алуурч Кастерли Рокт хоргодсон. Дүү чинь Кастерли Рок руу морьтон илгээн хариу
шаардсан ч лорд Тайвин өгөөгүй гэсэн. Эдмур лорд Вэнс, лорд Пайпер нарыг Алтан шүдний
доод талыг харгалзуулахаар илгээсэн. Тэр чамд Ланнистерийнхны цусыг урсгалгүйгээр
Таллигийн газар хөл тавихгүй гэж амалж байгаа юм.

Каттелин мандаж буй нарны туяанаас эргэлээ. Ийм гоо үзэсгэлэнтэй өдөр тааруухан эхэлж
байгаа нь харамсалтай.

- Эдмур амласныхаа дагуу морьтонгууд илгээжээ. Гэвч тэр Риверраны лорд биш. Миний
эцгийн тухайд юм сонсогдов уу?

- Захианд лорд Хостерийн тухай дурьдаагүй байсан, хатагтай гээд сэр Родрик сахлаа
дугтарлаа. Түүнийг шархтай хэвтэж байх хооронд нь цагаан сахал нь ургаад бараг л урьдных
шигээ харагдах болжээ.

- Хэрвээ миний эцгийн бие муудаагүй бол Риверраныг Эдмураар хамгаалуулахгүй байсан.
Удахгүй энэ тухай шувуу ирэхэд нь би сэрүүн байх ёстой хэмээн Кателин түгшин хэллээ.

- Хатагтай дүү чинь таныг сайн унтаж амарсан нь дээр гэж бодож байгаа гэж мастер Колемон
хэлсэн.

- Би сэрүүн байх ёстой.

- Мастер дүү чинь таньтай тулааны дараа ярихаар төлөвлөж байгаа гэж хэлсэн.

- Тэр хошин жүжгээ хийхээр төлөвлөсөн хэвээр хэрэг үү? гээд Кателин ярвайлаа.

- Одой түүнтэй яг л цоор үлээж байгаа юм шиг тоглож байхад хөгийг нь сонсохооргүй дүлий
байдаг. Өнөөдрийн явдал юу ч болж төгссөн хамаагүй бид эндээс явах болно, сэр Родрик.
Миний байх ёстой газар бол Винтерфеллд хөвгүүдийнхээ дэргэд. Хэрвээ та хангалттай аян
замын ая даах хүчтэй болсон бол Лизагаас биднийг Цахлайн суурин хүртэл хамгаалалт
дагалдуулахыг гуйя. Тэндээс бид хөлөг онгоц авч болох юм.

- Ахиад л хөлөг онгоц уу? гээд сэр Родрик царай нь зэвхийрэн үл мэдэг чичирсэнээ,

- Таны хэлснээр болъё хатагтай гэлээ.

Кателин Лизагын өгсөн зарцыг дуудуулахад хөгшин хүлэг баатар хаалганы гадаа хүлээхээр
гарав. Тэр хувцаслах зуураа дүүтэйгээ тулааны өмнө ярилцан бодлыг нь өөрчилнө гэж
найдлаа. Лиза ааш цаг мөч тутам өөрчлөгдөж Риверраны ичимхий охин өсч том болоод
бардам, аймхай, хэрцгий, мөрөөдөмтгий, хайхрамжгүй, хулчгар, зөрүүдийн дээр хувьсамтгай
ааштай болжээ.

Гяндангийн хуяг ирээд Тирион Ланнистерийн уулзах хүслийг дамжуулахад Кателин Лизагаас
одойтой тусдаа уулзахыг шаардсан ч дүү нь Хөндийн хагасыг цуглуулахад юугаар ч тус
болсонгүй. Харин одоо тэгтэл...

- Ланнистер бол миний хоригдол. Дүү минь үүнийг санах ёстой гэж сэр Родриктой Эйригийн
хүйтэн цагаан танхим руу цамхагийн шатаар уруудахдаа хэллээ. Тэр саарал ноосон даашинз
өмсөж мөнгөн бүс бүсэлжээ.

Лизагын өрөөний хаалгаар авга ах нь дүрсхийн гарч ирэв.

- Тэнэгүүдийн наадамд оролцох гэж байна уу? Би чамд дүүгээ ухаан оруулахын тулд сайтар
алгадах хэрэгтэй гэж зөвлөх байна. Гэсэн ч гараа хөхрүүлэхээс ондоо сайн зүйл болохгүй
байх гэж сэр Бринден хэлэв.

- Риверранаас шувуу ирж Эдмурын захиаг авчирсан... гэж Кателин эхлэв.

- Би мэднэ гээд Бринден нөмрөгнийхөө цорын ганц чимэглэл болох хар загасны дүрстэй
товчийг товчлов.

- Мастер Колемоноос энэ тухай сонссон юм. Би дүүгээс чинь аль болох түргэн мянган хүн
авч Риверран руу очихыг гуйсан. Тэгэхэд надад юу хэлсэн гээч? "Хөндий мянган илд
байтугай ганцыг ч гаргаж чадахгүй, авга ах минь. Та бол Хаалганы хүлэг баатар. Байх ёстой
газар чинь бол энд гэсэн" гээд хүүхдийн инээд хадах онгорхой хаалга руу мөрөн дээгүүрээ
эргэн баргар ширтлээ.

- Харин би түүнд өөртөө Хаалганы шинэ хүлэг баатар хайж олсон нь дээр гэж хэлсэн. Хар
загас ч бай үгүй ч бай би Талли хэвээр шүү. Риверраныг өнөө үдэш гэхэд орхих болно.

Кателин гайхсанаа нууж чадсангүй,

- Ганцаараа юу? Та уулын замд амьд үлдэхгүй гэдгээ сайн мэдэж байгаа шүү дээ. Сэр Родрик
бид хоёр Винтерфелл рүү буцах гэж байгаа. Бидэнтэй яваач, авга ахаа. Би таньд өөрийнхөө
мянган хүнийг өгье. Риверран тулаанд ганцаар тэмцэхгүй гэхэд Бринден хормын турш
бодлогоширсноо зөвшөөрөн толгой дохив.

- Чиний хэлснээр болъё. Би хичнээн харихыг хүсч байгаа ч гэрт минь хүрэх урт зам тосож
байна. Доор чамайг хүлээж байя гээд нөмрөгөө намируулан цааш явлаа.

Кателин сэр Родриктой харц солилцлоо. Тэднийг хаалгаар ороход хүүхдийн чанга инээд
цангинав.

Лизагын өрөө эргэн тойрондоо өндөр цагаан цамхагаар хүрээлүүлсэн цэнхэр цэцэг, ногоон
өвстэй жижигхэн дугуй цэцэрлэг рүү гарчээ. Барилгачид энд бурхдын мод тарихыг оролдсон
ч Эйри уулын хатуу чулуурхаг хөрстэй болохоор Хөндийн шороог хичнээн зөөгөөд ч далан
модны үндэс суулгаж чадсангүй. Иймээс Эйригийн лордууд таримал ногоон өвсөн дээрх сул
газар хөшөө босгож намхан цэцэгийн бут тарьжээ. Энд хоёр аврага тулалдаж Тирион
Ланнистерийн хувь заяаг бурхны гар яаж шийдэхийг үзэх ёстой байлаа.

Сүүн цагаан торгон даашинз өмсөж цонхигор хүзүүндээ индраанил, сарны чулуун зүүлт
зүүсэн Лиза тулааны талбайн дээд талын сэрүүн асарт хүлэг баатар болон язгууртан лорд
хүмүүсээрээ хүрээлүүлэн сууж байв. Тэдний ихэнхи түүнтэй гэрлэж дэр хуваалцан Арриний
хөндийг захирахыг мөрөөдөх аж. Кателин Эйрид өнгөрүүлсэн эдгээр өдрүүдэд энэ найдлага
хоосон зүйл болохыг харжээ.

Тусгай модон тавцан дээр зассан суудал дээр Эйригийн лорд суугаад гартаа утсан тоглоом
барьж хоёр модон хүлэг баатрыг нэг нэгэнтэй нь тулалдуулж байв. Ширээн дээр домботой
өтгөн цөцгий, сагстай бөөрөлзгөнө тавьж зочид мөнгөн хундагаар амтат зүржийн дарс ууна.
Тэнэгүүдийн наадам гэж Бринден үүнийг хэлсэнд өчүүхэн ч гайхах зүйл байсангүй.

Сэрүүн асрын дээд талд Лиза лорд Хантертай хөхрөн тохуу хийж, сэр Лин Корбрэй сагсан
дахь бөөрөлзгөнийг хутганыхаа үзүүрээр хатган үмхэлнэ. Тэд өнөөдрийн нөхцөлд Лизад
хамгийн нийцэх өндөр гаралтай сүйт харчууд байлаа. Кателин тэдний хэн нь зохих талаар
бодлогоширов.

Йон Хантер Жон Арринаас ч хөгшин тулай өвчиндөө хагас доголон өөр хоорондоо
барьцалдаж байдаг хэрүүлч гурван хүүтэй бол, сэр Лин Корбрэй өөр нэгэн төрлийн тэнэг
байсан бөгөөд царайлаг эртний язгууртан удамт гэр бүлийн залгамжлагч хөнгөн хуумгай,
олиггүй дүрэлзсэн ууртайн дээр эмэгтэй хүнийг сонирхдоггүй гэж шивнэлддэг билээ.

Лиза Кателиныг хармагц дүүгийн ёсоор угтан тэвэрч хацар дээр нь нойтноор үнслээ.

- Гайхамшигтай сайхан өглөө байгаа биз, тийм үү? Бурхад бидэнд инээмсэглэж байна. Аяга
дарс уух уу, хонгор эгч минь. Лорд Хантер өгөөмөр сэтгэлийн үүднээс бидэнд зоориноосоо
ирүүлсэн юм.

- Баярлалаа гэхдээ хэрэггүй, Лиза. Бид ярилцах хэрэгтэй байна.

- Дараа гээд дүү нь хэдийн цааш явахаар эргэжээ.


- Одоо гэж Кателин анхаарлыг нь татахаар чанга хэлэв. Эрчүүл түүн рүү эргэн харлаа.

- Лиза чи ийм утгагүй зүйлийг зөвшөөрөх ёсгүй. Бяцхан чөтгөр амьд байгаа цагтаа үнэ
цэнэтэй. Үхвэл зөвхөн хэрээ шувууны хоол болно. Тэгээд ч түүний аварга ялвал...

- Ийм боломж өчүүхэн бага, хатагтай гээд лорд Хантер итгүүлээд мөрөн дээр толботой
гараараа дарлаа. - Сэр Вардис хүчирхэг дайчин. Тэр хөлсний цэргийн учрыг хөнгөн олж
дөнгөнө.

- Тийм гэж үү? Эргэлзэж л байна гэж Кателин хүйтнээр хэлэв. Тэр Бронныг уулын замд
тулалдахыг харсан бөгөөд өөр бусад нь үхэхэд амьд үлдсэн нь санаандгүй явдал биш билээ.
Тэр яг л ирвэс шиг шаламгай хөдөлж сэлэм нь гарынх нь нэг хэсэг мэт санагдах ажээ.

Эргэн тойрон дахь Лизагын сүйт харчуул цэцгэн дээр шавсан зөгий мэт дүнгэнэлдэв.

- Эмэгтэйчүүд ийм зүйлийг ойлгохгүй. Сэр Вардис бол хүлэг баатар, хатагтай. Ийм хүмүүс
өрсөлдөгчдийнхөө зүрхэнд шар ус хуруулдаг юм. Мянган хүнээр хүрээлүүлсэн байлаа ч
ганцаараа тэдний эсрэг тулалдах чадвартай гэж сэр Мортон Вэйнвуд хэлэв.

- Тэгвэл та байдлыг ойлгож байгаа байх нь гэж Кателин эелдэгээр хэлсэн ч аманд нь гашуун
амт амтагдлаа.

- Бидэнд одойгын үхэл ямар хэрэгтэй юм бэ? Эсвэл Жэйми бид дүүг нь уулнаас нисгэхийн
өмнө шүүх хурал хийсэн эсэх талаар санаа тавина гэж бодоо юу? гэхэд,

- Толгойг нь ав. Хааны алуурчид Бяцхан чөтгөрийн толгойг анхааруулга болгохын тулд илгээе
гэж сэр Лин Корбрэй санал болгов.

Лиза тэвчээргүйхэн бүсэлхий хүрсэн хүрэн үсээ сэгсэрлээ.

- Лорд Роберт түүний нисэхийг харахыг хүсч байгаа. Бяцхан чөтгөр зөвхөн өөрөө үүнд
буруутай. Тэр л тулалдааны шүүх шаардсан биз дээ.

- Хатагтай Лизагын нэр хүнд хүсч байсан ч түүнд татгалзаж болохооргүй өндөр гэж лорд
Хантер хэлэв.

Кателин тэднийг үл тоомсорлон дүү рүүгээ эргэлээ.

- Би чамд Тирион Ланнистер миний олзлогдогч гэдгийг сануулж байна шүү.

- Харин би чамд энэ одой миний лорд нөхрийг алсан гэдгийг сануулж байна! гэж Лиза дуугаа
өндөрсгөөд,

- Тэр хааны Гарыг хордуулж хонгор үрийг минь эцэггүй болгосон болохоор би одоо хариуг нь
төлүүлэх болно! гээд банзлынхаа хормойг хуйлруулан эргэж асрын цаашаа явахад сэр Лин,
сэр Мортон болоод өөр бусад гэрлэх хүсэлтэй харчуул хүйтнээр толгой дохиод араас нь
дагалдав.
- Та түүнийг үнэхээр тэгсэн гэж бодож байна уу? Тирион лорд Жоныг алсан гэж үү? Бяцхан
чөтгөр үүнийг шийдэмгий үгүйсгэсээр байгаа шүү дээ... гэж Кателин сэр Родрикоос ганцаар
үлдсэн хойно асуулаа.

- Би Тирион, сэр Жэйми, хатан хаан эсвэл бүгд хамтдаа хийсэн ч бай хамаагүй
Ланнистерийнхан лорд Арринийг алсан гэдэгт итгэж байна.

Лиза Винтерфелл рүү явуулсан захиандаа Серсейгийн нэрийг дурьдсан байсан ч одоо гарт нь
одой орж хатан хаан Улаан шилтгээнд хананы цаана аюулгүй байгаа болохоор тэр үү
Тирионыг алуурч гэдэгт итгэлтэй байлаа. Кателин бараг л дүүгийнхээ захиаг уншихаас өмнө
урахгүй яав гэж харамслаа.

Сэр Родрик сахлаа дугтрав.

- Хор... одойн ажил байж магадгүй. Эсвэл Серсейнх ч байж болох юм. Хорыг эмэгтэй хүний
зэвсэг гэлцдэг. Өршөөгөөрэй, хатагтай. Хааны алуурчын хувьд... би түүнд дургүй ч тийм зүйл
хийхээр хүн биш санагдаж байна. Тэр алтан илдээрээ цус урсгах дуртай ч энэ яг хор байсан
гэж үү?

Кателины эвгүйцэн хөмсөг зангидлаа

- Тэд яаж үүнийг төрөлхийн үхэл юм шиг харагдуулсан юм бол?

Түүний ард лорд Роберт утсан хүүхэлдэй хүлэг баатрынхаа нэгээр нөгөөг нь цавчуулж
гэдэснээс нь улаан үртэс цацагдахад баясан хашгирлаа. Кателин зээ рүүгээ хараад санаа
алдаад,

- Хүүд ямар ч сахилга бат алга. Түүнийг ээжээс нь холдуулаагүй цагт хэзээ ч удирдах хүчтэй
болж чадахгүй гэхэд,

- Түүний лорд эцэг таны үгийг зөвшөөрөх байсан даа гэх хоолой тохойных нь дэргэд гарлаа.
Кателин эргэхэд мастер Колемон гартаа хундага дарс бариад зогсож байв.

- Тэр хүүгээ Лууны цохионд хүмүүжүүлэхээр илгээх гэж байсныг та мэднэ... өө би дэндүү
хамаагүй зүйл ярьчихлаа гээд мастер сэтгэл зовнин төвөнхний ясаа гүрэлзүүлэн,

- Лорд Хантерийн дарс хэтэрхий сайн юм айж байна. Цус урсгах гэж байгаа явдал миний
мэдрэлийг хөвчлөн сул дорой болгоод...

- Та эндүүрч байна, мастер. Гарын үхлийн дараа хүүг миний дүүгийн зөвшөөрөлгүй Лууны
цохио руу биш Кастерли Рок руу илгээхээр бэлтгэж байсан гэхэд мастер толгойгоо урт хүзүүн
дээрээ утсан хүүхэлдэй шиг бөндөлзүүлэв.

- Танаас хүлцэл өчье хатагтай. Гэвч лорд Жон үнэхээр...

Тэдний дор харанга чанга нүргэллээ. Өндөр дээд лордууд зарц үйлчлэгч нар бүгд хийж
байсан зүйлээ орхин хашлага руу ухасхийв. Дор тэнгэрийн цэнхэр нөмрөгтэй хоёр харуул
Тирион Ланнистерийг авчирч байв. Эйригийн булцгар септан түүнийг цэцэрлэгийн гол дахь
уйлж буй Алисаг дүрсэлсэн гантиг хөшөөний дэргэд зогсоолоо.

- Жижигхэн муу хүн гээд лорд Роберт инээд алдаж,

- Ээжээ би түүнийг нисгэж болох уу? Би түүнийг нисэхийг хармаар байна гэж асуухад,

- Дараа нь үр минь гэж Лиза амлав.

- Эхлээд шүүх хурал дараа нь шийтгэл гэж сэр Лин Корбрэй сунжруулав.

Хормын дараа хоёр аварга цэцэрлэгийн хоёр талд өрөн зогслоо. Хүлэг баатрыг хоёр залуу хиа
дагалдсан бол хөлсний цэргийг Эйригийн зэвсгийн даамал дагажээ.

Сэр Вардис Эген хөлөөсөө толгой хүртэл бүх биеэ өвч хамгаалан нимгэн гархин хуяг дээр
давтмал хүнд дуулга өмсчээ. Цайвар цэнхэр сар шонхорын сүлдтэй том дугуй тольтоор мөр
гарныхаа холбогдсон үеийг хамгаалжээ. Бүсэлхийнээс доош төмөр хормой унжиж хатуу
төмөр хамгаалалт хүзүүндээ зүүгээд шонхорын далавч бүхий нүүрэн талдаа хошуутай
нарийхан шагайвартай дуулга өмсчээ.

Бронн үүний хажууд хамаагүй хөнгөн хувцасласан нь хүлэг баатрын дэргэд бараг нүцгэн юм
шиг санагдав. Тэр ердөө цамцан дээрээ ширээсэн ширтэй хөө хуяг, хамрын хамгаалалт бүхий
хагас ган дуулга өмсчээ. Хөлийн гархин хамгаалалттай өвдөг хүрсэн өндөр ширэн гутал,
дугуй жижигхэн цагариг оёсон хар бээлийтэй байлаа. Кателин хөлсний цэрэг дайснаасаа
арван таван насаар дүү хамаагүй урт гартай болохыг анзаарлаа.

Тэд зүлгэн дээр уйлж буй эмэгтэйн хөшөөний дэргэд урд урдаасаа харан өвдөглөхөд
Ланнистер дунд нь зогслоо. Септон бүсэлхийндээ зүүсэн зөөлөн даавуун уутнаас болор
бөмбөлөг гаргаж толгой дээрээ өргөхөд Бяцхан чөтгөрийн нүүрэн дээр солонгорон гялалзав.
Тэр ёслол төгөлдөр хоолойгоор бурхдыг энэ хүний сэтгэл үнэн эсэхэд гэрч болон гэмгүй бол
эрх чөлөө хайрлан гэмтэй бол үхлийн шийтгэл оногдуулахыг гуйхад хоолой нь цамхагын
эргэн тойронд цуурайтав.

Сүүлчийн үг цуурайтан бөхмөгц септон болор бөмбөлөгөө буулгаад яаран холдлоо. Тирион
харуулуудыг авч явахаас урьд бөхийн Бронны чихэнд юм шивнэлээ. Хөлсний цэрэг инээн
босоод өвдгөндөө наалдсан өвсийг гөвөв.

Хөндийн хамгаалагч Эйригийн лорд Роберт Аррин сандлаасаа тэсч ядан босоод,

- Тэднийг тулалдуулж болох уу? гэж асуув.

Сэр Вардис хиагаараа туслалцуулан өндийхөд нөгөө нэг нь төмөр судалтай дөрвөн фут өндөр
хүнд царсан гурвалжин бамбай авчирлаа. Тэд түүнийг зүүн гарт нь бэхлэхэд Лизагын
зэвсгийн даамал Броннд жирийн бамбай санал болгосон ч хөлсний цэрэг шүлсээ хаяад
хэрэггүй гэж дохив. Тэр гурван өдрийн турш илдээ билүүнд сахлын хутга шиг хурцлахаас өөр
зүйл хийгээгүй болохоор эрүү хацар дээгүүр нь сахал харлаж ир нь аюултай гялалзана.
Сэр Вардис хуягласан бээлийтэй гараа сунгахад хиа гоёмсог сайхан хийцтэй хоёр талдаа
иртэй урт илд гардуулав. Илд тэнгэрийн уулыг дүрсэлсэн мөнгөн хээ угалз шонхорын
дүрстэй толгойтой, бариул нь далавч хэлбэртэй гарны хамгаалалттай байлаа.

- Би Жоны Хааны газар агсаж байсан илдийг өгсөн юм гэж сэр Вардисийн туршин цавчихыг
хараад Лиза зочиддоо бардам хэлэв.

- Тэр үүнийг Роберт хаантай төмөр хаан суудалд суухдаа зүүж байсан. Гайхамшигтай сайхан
эд байгаа биз? Би манай аврага зөвхөн Жоны зэвсгээр өшөөг нь авч болно гэж бодож байна.

Мөнгөн сийлбэртэй илд үзэсгэлэнтэй нь эргэлзээгүй ч Кателинд сэр Вардис өөрийн


илдтэйгээ байсан бол илүү итгэлтэй байх байсан шиг санагдав. Гэвч дүүтэйгээ маргасаар
ядарч гүйцсэн болохоор юу ч хэлсэнгүй.

- Тэднийг тулалдуул! гэж лорд Роберт хашгирав.

Сэр Вардис Эйригийн лорд руу харан илдээ өргөн ёслов.

- Эйригийн төлөө! Хөндийн төлөө!

Тирион Ланнистер цэцэрлэгийн нөгөө талын тагтан дээр суугаад харуулаар хүрээлүүлэн
суухад Бронн түүн рүү эргэн хайнга дохив.

- Тэд тушаалыг чинь хүлээж байна гэж хатагтай Лиза лорд хүүдээ хэллээ.

- Тулалд! гэж хүү хашгирахад сандлын бариулаас зуурсан гар нь чичигнэв.

Сэр Вардис эргээд хүнд бамбайгаа өргөв. Бронн түүн рүү эргэлээ. Тэд илдээ туршин ганц
хоёр удаа цавчилдав. Хөлсний цэрэг алхам ухарлаа. Хүлэг баатар араас нь бамбайгаа барин
мөшгөв. Тэр цавчихыг оролдсон ч Бронн биедээ хүргэлгүй ухасхийн зайлахад мөнгөн илд
хоосон агаар цавчлав. Бронн баруун талаар нь дугуйран тойрлоо. Сэр Вардис овон товонтой
газар болгоомжтой гишгэн бамбайгаа барьсаар даган тойрлоо. Хөлсний цэрэг цааш холдоход
уруул дээр нь хөнгөн инээмсэглэл бүжиглэв. Сэр Вардис дайран цавчилж Бронн хөвдөнд
хучигдсан чулуун дээгүүр үсрэн холдсоор байлаа. Одоо хөлсний цэрэг зүүн тийш бамбайнаас
зугтаж хүлэг баатрын хамгаалалтгүй тал руу эргэлээ. Сэр Вардис түүний хөлийг цавчихыг
хичээсэн ч хүрсэнгүй. Бронн үсрэн зүүн тал руу нь холдов. Сэр Вардис дороо эргэлээ.

- Энэ хүн хулчгар юм байна. Зогсоод тулалдаач, хулчгар минь! гэж лорд Хантер хашгирахад
өөр бусад хоолой нэгдэв.

Кателин сэр Родрик руу харахад зэвсгийн даамал толгойгоо огцом сэгсрэв.

- Тэр сэр Вардисийг араасаа хөөлгөхийг хүсч байна. Хүнд хуяг дуулга бамбайны жин ямар ч
хүчтэй хүнийг ядраах болно.

Кателин амьдралынхаа туршид бараг л өдөр бүр илдээр сургуулилахыг харж, хагас зуугаад
тэмцээн үзэж байсан болохоор энд ямар нэгэн өөр зүйл байж үхлийн бүжигт ганц алдаж
гишгэхэд үхэл отож байгааг мэдэрч байлаа. Тэгтэл санаанд нь өчигдөрхөн харж байсан юм
шиг өөр нэг тулаан орж ирэв.

Тэд Риверраны намхан хашаанд тулгарчээ. Брандон зөвхөн дуулга цээж хуяг өмссөн Петрийг
хармагц мөн давтмал дуулгаа тайлсан байна. Кателин лорд эцэг нь Брандон Старкад гарыг нь
амалсан болохоор Риверраны цалгин үсэрч буй загас хатгамласан цайвар алчуурыг сүйт
хархүүдээ барин гуйжээ.

- Тэр ердөө тэнэг хүү шүү дээ. Би түүнд ах шигээ хайртай. Хэрвээ тэр үхвэл надад
гашуудалтай байх болно гэхэд Брандон түүнийг Старкийнхны хүйтэн саарал нүдээр цоо
ширтсэнээ хайртай хүүг нь өршөөхөөр амалсан байна.

Тулаан эхэлсэн даруй бараг дуусчээ. Брандон нас бие гүйцсэн эр болохоор Чигчий хурууг
хашаан дундуур усны зах хүртэл алхам тутам цавчин хөөж олон арван газар шархадсан хүү
найгаж эхлэв.

- Бууж өг! гэж Брандон шаардахад Петр толгойгоо сэгсрээд зөрүүдлэн тулалдсаар байлаа.

Тэдний шагайгаар голын ус татахад Брандон эцэст нь тулааныг хэрцгий цавчилтаар дуусгаж
Петрийн хавирганы доод талын хуягийг нэвт цавчихад Кателин үхлийн шарх гэж боджээ.
Петр түүн рүү харж,

- Кат гэж шивнээд унахад бээлийтэй гарыг нь даган цус урсав.

Энэ бол Хааны газар түүнтэй уулзах хүртэл сүүлчийн удаа түүний царайг харсан хэрэг
байлаа.

Чигчий хуруу Риверраныг орхих чадалтай болох хүртэл хоёр долоо хоног өнгөрсөн ч лорд
эцэг нь Кателинийг шархтаны хэвтэж байгаа газар луу орохыг зөвшөөрсөнгүй. Лиза мастерт
түүнийг асрахад тусалж тэдгээр өдрүүдэд зөөлөн ичингүйрэн гүйж байлаа. Эдмур түүнтэй
уулзахыг хүссэн ч Петр татгалзжээ. Түүний дүү халз тулааны үеэр Брандоны хиа болсон
болохоор Чигчий хуруу үүнийг нь уучилсангүй. Удахгүй бие нь дээрдэж явж чадах болмогц
лорд Хостер Талли эмчилгээгээ дуусган Петр Бэйлишийг холдуулж Хурууны төрсөн газар
болох салхитай чулуунд нь хүргэжээ.

Илд хангинах чимээ Кателиныг бодит байдалд эргүүлэн авчирлаа. Сэр Вардис Бронныг
илдээ цавчилж бамбайгаа өргөн нэхсээр байв. Хөлсний цэрэг цохилт бүрд арагш ухраад чулуу
үндэс дамжин хялбархан үсрэн холдох зуураа дайснаа хэзээ ч хараанаасаа орхисонгүй.
Түүний хичнээн шалмаг болохыг Кателин анзаарлаа. Хүлэг баатрын мөнгөн илд түүнд нэг ч
хүрээгүй байхад харин Бронны үзэмжгүй саарал илд сэр Вардисийн мөрний хуягийг цавчиж
амжжээ.

Эхэлсэн шигээ товч тулгаралт болоод төгсөхөд Бронн хажуу тийш ухасхийн уйлж буй
эмэгтэйн хөшөөний цаагуур оров. Сэр Вардис түүний байсан газар Алисагын гантиг чулуун
ташааг оч манартал цавчлаа.
- Тэд сайн тулалдахгүй байна, ээжээ. Би тэднийг тулалдаасай гэж хүсч байна хэмээн
Эйригийн лорд гонгинов.

- Тэд тулалдана, хүү минь. Хөлсний цэрэг өдөржингөө зугтаж чадахгүй гэж ээж нь хэллээ.

Лизагын сэрүүн тагт дээр байсан зарим лордууд хундагаа дарсаар дүүргэн хоорондоо
хошигнож эхэлсэн ч Тирион Ланнистерийн нүд цэцэрлэгийн эсрэг талд байгаа аваргуудын
бүжгийг ертөнц дээр хамгийн чухал зүйл мэт нүд салгахгүй ширтэж байлаа.

Бронн хөшөөний араас асар хурдтай гарч ирээд зүүн тийш ухасхийн хоёр гараар атгасан
илдээр хүлэг баатрын хамгаалалтгүй баруун тал руу цавчив. Сэр Вардис хаасан ч амжсангүй
хөлсний цэргийн илд толгойд нь буулаа. Төмөр хангинаж шонхрын далавчны нэг унав. Сэр
Вардис арагш ухран бамбайгаа өргөхөд царсан ханыг Бронны илд зоргодос болтол цавчив.
Хөлсний цэрэг ахин зүүн тийш эргэн бамбайнаас зугтаж сэр Вардисийн гэдэс рүү сахлын
хутга шиг хурц илдээр хатгахад хуяган дээр гүнзгий ором үлдэв.

Сэр Вардис урагш алхан мөнгөн илдээрээ хүчтэй цавчихад Бронн хажуу тийш бүжиглэн
холдоод уйлж буй эмэгтэйн хөшөө суурин дээрээ ганхтал цавчигдлаа. Тэр дүйрэн ухарснаа
дуулганы нарийхан шагайвраар толгойгоо эргүүлэн дайснаа хайлаа.

- Ард чинь сэр! гэж лорд Хантер хашгирсан ч хэтэрхий хожимджээ. Бронн сэлмээ хоёр
гараараа атган сэр Вардисийн сэлэм барьсан гарын тохойн төмөр хамгаалалтыг хонхойтол
цавчив. Хүлэг баатар бөглүү дуу алдан эргээд зэвсгээ өргөлөө. Энэ удаад Бронн байрнаасаа
хөдөлсөнгүй. Илдний өөр хоорондоо харших чимээ Эйригийн цагаан цамхагуудыг дүүргэв.

- Сэр Вардис шархаджээ гэж сэр Родрик дүнсгэр хэллээ.

Кателинд үүнийг хэлэх хэрэг байсангүй. Нүдэнд нь хүлэг баатрын гарыг даган урсаж буй
улаан цус харагдаж хөдөлгөөн нь урьдынхаас хамаагүй удааширчээ. Сэр Вардис хажуу тийш
дайсан руугаа эргээд бамбайгаараа хаахыг хичээсэн ч Бронн тойрон муур шиг гялсхийн
холдов. Хөлсний цэрэгт шинэ хүч орсон бололтой цавчилт бүр нь хуяган дээр гүн ором
үлдээж байлаа. Хүлэг баатрын баруун ташаа, хошуутай дуулга, цээжний хуяган дээр
цавчуулсан гүн шарх ангайж хүзүүний хамгаалалт дээр урт зураас цуурчээ. Сэр Вардисийн
баруун гарын сар шонхортой тольтын тал цавчигдаад өрөөсөн тал руугаа санжиж байв.
Дуулганы завсраар хүндээр агаар сорон амьсгаадах нь бүгдэд сонсогдлоо.

Хичнээн их занд сохорсон хэдий ч Хөндийн хүлэг баатрууд дор юу болж байгааг харсан бол
дүү нь анзаарсангүй.

- Хангалттай, сэр Вардис! Түүнийг дуусгахгүй бол миний хүү ядраад байна гэж хатагтай
Лиза доош хашгирлаа.

Үүнийг хэлмэгц сэр Вардис хатагтайн тушаал үнэн болохыг батлах мэт арагш ухран
бамбайныхаа ард гэтэн нуугдаад бүх зүйл өөрчлөгдлөө. Гэнэтийн хүчтэй цохилт Бронны
тэнцвэрийг алдуулав. Сэр Вардис бамбайныхаа ирмэгээр хөлсний цэргийн нүүрийг дэлсэхэд
Бронн бараг л унах шахаж чулуунд бүдрэн ухарснаа уйлж буй эмэгтэйгээс барин тэнцвэрээ
олов. Сэр Вардис бамбайгаа хажуу тийш чулуудаад хоёр гараараа илдээ барин түүний араас
ухасхийлээ. Түүний баруун гарын тохой, хурууг даган цус урсаж сүүлчийн цөхөрсөн цохилтоо
Бронны хүзүү рүү хийлээ.

Гэвч Бронн ахин зайлсхийж Жон Аррины үзэсгэлэнтэй мөнгөн сийлбэртэй илд уйлж буй
гантиг эмэгтэйн тохойг цавчихад илдэнд гуравны нэг хэсэг нь бутарчээ. Энэ завшааныг
ашиглан Бронн мөрөөрөө хөшөөний араас түлхэхэд Алиса Аррин ганхсанаа чангаар нүргэлэн
унахад сэр Вардис Эген дор нь дарагдав.

Бронн агшин зуур түүний дэргэд очиж цээж хуяг, гарны хоорондох эмзэг цэг рүү хатгахын
тулд зүүн талынх нь цавчуулсан мөрний хамгаалалтыг өшиглөн холдуулахад сэр Вардис хажуу
талаараа хэвтээд хэмхэрхсэн уйлж буй эмэгтэйн хөшөөнд дарагджээ. Кателин хөлсний цэрэг
илдээ хоёр гараараа илдээ атган бүх биеийн жингээр хүлэг баатрын хавирганы завсар
дүрэхэд дуу алдан ёолохыг сонсов. Сэр Вардис Эген татвалзсанаа нам гүм боллоо.

Эйригийнхэн чимээгүй болов. Бронн дуулгаа мулт татан ногоон дээр шидэв. Түүний бамбайд
хэгз цохиулсан уруул цус гоожин язарч, хөө шиг хар үс нь хөлсөндөө норжээ. Тэр хугарсан
шүдээ нулимлаа.

- Дуусчихсан уу, ээж ээ? гэж Эйригийн лорд асуухад "Үгүй зөвхөн эхэлж байна" гэж Кателин
түүнд хэлэхийг хүслээ.

- Тийм гэж Лиза харуулынхаа ахлагчийн үхсэн явдалд мөс шиг хүйтнээр хэлэв.

- Би жижигхэн хүнийг одоо нисгэж болох уу?

Цэцэрлэгийн эсрэг талд Тирион Ланнистер хөл дээрээ үсрэн босов.

- Энэ л жижигхэн хүнийг биш шүү. Жижигхэн хүн хөшүүргээр манжинтай хамт доош уруудах
болно. Та бүхэнд их баярлалаа.

- Чи.. гэж Лиза эхлэв.

- Би Арриныхан овгийнхон "Алдар хүнд шиг өндөр" гэсэн үгээ санаасай гэж хүсч байна.

- Та намайг түүнийг нисгэж болно гэж амалсан шүү дээ гэж Эйригийн лорд орилсноо чичирч
эхэллээ.

Хатагтай Лизагын царай уурандаа улайжээ.

- Бурхад түүнийг гэмгүй болохыг баталсан, үр минь. Бидэнд түүнийг чөлөөлөхөөс өөр
сонголт үлдсэнгүй гээд хоолойгоо өндөрсгөн,

- Харуулууд аа. Лорд Ланнистер болон түүний... амьтныг миний нүднээс зайлуул. Тэднийг
Цуст хаалга хүртэл хүргэж өгөөд тавьж Сэрээнд хүрэхэд морь хоол хүнс хангалттай эсэхэд
санаа тавиарай. Зэвсэг хэрэгслэлийг нь буцаж олго. Уулын замд хэрэг болно гэж бодож
байна.
- Уулын зам гэнэ ээ хэмээн Тирион Ланнистер хэллээ.

Лиза үл мэдэг сэтгэл хангалуун инээмсэглэв. Энэ бол өөр нэг төрлийн үхлийн гэрээ гэдгийг
Кателин ойлгожээ. Тирион Ланнистер ч үүнийг бас ойлгож байв. Гэсэн ч одой хатагтай
Арринд даажигнан бөхийн ёслоод,

- Таны хэлснээр болъё, хатагтай. Бид энэ замыг мэднэ гэж итгэж байна гэлээ.
ЖОН

- Та нар бол миний сургаж байсан хөвгүүдийн дотроос хамгийн найдлагагүй нь гэж сэр
Аллисер Торн тэднийг хашаанд цуглуулаад хэлэв.

- Та нарын гар хүрзээр шивх хутгаж байх ёстойгоос биш илд барих биш. Хэрвээ минийхээр
болдогсон бол бүгдийг чинь гахай маллагч болгох байлаа. Гэвч өнгөрсөн шөнө Гүйрэн надад
Хааны замаар таван шинэ хүүгийн хамт ирж байгаа гэж хэлсэн. Ганц хоёр нь шээсний үнэ
хүрч магадгүй. Тэдэнд өрөө гаргаж өгөхийн тулд би наймыг чинь захирагч лордын мэдэлд
өгөхөөр шийдлээ гээд нэрсийг нь нэг нэгээр дуудаж,

- Бах, Чулуун толгойт, Бух гөрөөс, Дурлагч, Батга, Сармагчин, сэр Ахууна гээд эцэст нь Жон
руу харснаа,

- Бас Бутач гэв.

Пип гууглан дуу алдаж илдээрээ агаар цавчихад сэр Алиссер түүнийг ёозгүй ширтлээ.

- Тэд чамайг Шөнийн харуулын эр хүн болсон гэж дуудаж байхад жүжигчиний сармагчингаас
дор тэнэг аашилж байх шив дээ. Та нар бол зуны үнэр нь арилаагүй ногооноороо болохоор
өвөл ирэхэд ялах шг хөлдөж үхэх болно гээд сэр Аллисер Торн тэднийг орхин явлаа.

Нэр дурьдсан бусад найман хөвгүүд тойрон цуглаж хашгиралдан бие биедээ баяр хүргэлээ.
Халдер Бахын махлаг мөрөн дээр илднийхээ хавтгай талаар цохиод,

- Шөнийн харуул, Бах! гэж хашгирав.

Хар ахан дүүс хашгиралдан морь болоход Пип Грэнний мөрөн дээр үсрэн гараад хамтдаа
газар нурж унан өнхрөлдөв. Дареон зэвсгийн өрөө рүү ороод эргэж ирэхдээ ширэн
дашмагтай улаан дарс авчирлаа. Тэд дарсыг гар дамжуулан ууж тэнэг юм шиг инээлдэхэд
Жон Сэмвэлл Тарли ганцаараа хашааны булан дахь хатсан модны дэргэд зогсож байхыг
харлаа. Жон түүнд дашмагтайг санал болгон,

- Дарс уух уу? гэхэд Сэм толгой сэгсэрч,

- Баярлалаа хэрэггүй дээ, Жон гэв.

- Чи зүгээр үү?

- Зүгээр үнэн шүү гэж тарган хүү худал хэлээд,

- Би та нарын төлөө ямар их баяртай байна гээч хэмээн дугуй нүүрээ хүчлэн инээмсэглэснээ,

- Чи нэг л өдөр авга ахынхаа байсан шиг эргүүлийн захирагч болох байх гэв.

- Авга ах шигээ гэж Жон заслаа. Тэр Бэнжин Старкийг үхсэн гэдэгтэй эвлэрч чадсангүй. Гэвч
өөр зүйл хэлж амжихаас урьд Халдер,
- Нааш нь өгөөдөх чи бүгдийг уух гээ юу? гэхэд Пип дарсыг түүний гараас булааж аваад
инээн үсрэн холдлоо. Грэнн Пипийн гараас зуурахад дашмагтай шингэн шахагдан Жоны
нүүр лүү улаан шингэн олгойдов. Халдер дуу алдан үнэт дарсыг үрэхийг эсэргүүцэхэд Жон
нүүрэндээ үсэрсэн дуслыг арчив. Тэр агшинд Маткар, Жэрин хоёр хана руу авиран тэдэн рүү
цасан бөмбөг нүүлгэж эхлэв.

Жоныг үсэн дээрээ цастай, хувцсаа дарсны толбо болгон мултрах үед Сэмвэлл Тарли алга
болжээ.

Тэр үдэш гурван хуруутай Хобб энэ явдлыг тохиолдуулан хөвгүүдэд тусгай зоог бэлтгэлээ.
Жон нийтийн орж танхимд ирээд зуухны дэргэд сандал дээр сууж байсан бойдооны даамал
руу очив. Хөгшин түүний гар дээр алгадлаа. Удахгүй хар ах дүүс болох найман залуу гаагаар
хачирласан сармис ногоотой хурганы мах, цөцгийтэй нухсан шар манжин идлээ.

- Захирагчийн өөрийнх нь ширээнийх гэж Боуэн Марш тэдэнд хэлэв. Дээрээс нь бууцай,
вандуй, ногоон манжинтай зууш, цөцгийтэй хөлдөөсөн цэнхэр жимс ирлээ.

- Биднийг хамт үлдээнэ гэж бодож байна уу? хэмээн Пип хоол идэх зуур хэлэв. Бах нүүрээ
үрчийлгэлээ.

- Үгүй гэж найдаж байна. Чиний чихийг харсаар дотор муухайрч гүйцлээ.

- Үгүй ер. Хар хэрээ хэрээ рүүгээ гуаглаж байгааг сонсов уу. Харин чи мэдээж эргүүл болох
байх. Тэд чамайг шилтгээнээс хол байлгахыг хүсэх нь лавтай. Хэрвээ Манс Райдер дайрвал
дуулганыхаа хаалтыг сөхөж царайгаа харуулахад хашгираад зугтах болно.

Грэннээс бусад бүх хүн инээлээ.

- Би эргүүл болно гэж найдаж байсан юмсан.

- Чамаас гадна бүх хүн хүсч байгаа гэж Маткар хэллээ. Ханан дээр хар хувцас өмсөж байгаа
хүн бүр илд барьж хамгаалах үүрэгтэй ч эргүүлүүд жинхэнээсээ Шөнийн харуулын тулааны
зүрх байлаа. Чухам тэд л хананаас цааш Сүнстэй ой, өндөр мөсөн уул, Сүүдэрт цамхаг руу
явж зэрлэгүүд, аварга биет, асар том цасны баавгайтай тулалддаг билээ.

- Бүгд ч биш. Намайг баригч болгох байх. Хана нурвал эргүүлийн хэрэг юу байх билээ? гэж
Халдер хэлэв.

Баригчдийн бүлгийн чулуучин, мужаанууд бэхлэлт, цамхаг засан, газар хонгил ухаж, зам дээр
дэвсэх чулуу буталдаг бол, түлээчид Ханын ойролцоо ургасан модыг цагаалж огтлон түлш
бэлдэнэ. Урьд нь Сүнстэй ойн гүн дахь хөлдүү нуурнаас Хана босгох асар том мөс авчирдаг
байсан гэж ярьцгаадаг. Энэ нь хэдэн зууны өмнөх өдрүүд болохоор хар ахан дүүс одоо зөвхөн
Хананаас Дорнод харуул, Сүүдэрт цамхагын хооронд явж ханан дээр хайлж цуурсан шинж
тэмдэг илэрвэл засдаг байлаа.

- Хөгшин баавгай тэнэг хүн биш. Чамайг гарцаагүй баригч, Жоныг эргүүл болгох байх. Тэр
илд сайн эзэмшдэгийн зэрэгцээ бидний дунд хамгийн гарамгай морьтон болохоор авга ах
шигээ... гээд Маткар юу хэлж байгаагаа ухаарсан бололтой чимээгүй боллоо.

- Бэнжин Старк эргүүлийн захирагч хэвээр гэж Жон Сноу аягандаа байсан цэнхэр жимсээр
тоглон хэллээ. Бусад нь авга ахыг нь аюулгүй эргэж ирнэ гэж найдаж байж болох ч Жон
найдсангүй тул бараг гар хүрээгүй жимсээ түлхээд сандлаас бослоо.

- Чи хоолоо идэхгүй юм уу? гэж Бах асуулаа.

- Чи бүгдийг нь ав. Би ахиад ганц ч халбага идэж чадахгүй нь гээд Жон бараг гар хүрээгүй
Хоббын баярын хоолоо өгөөд хаалганы ойролцоо өлгөсөн дэгээнээс нөмрөгөө авч гарч одов.

Пип түүний араас дагалаа.

- Жон юу болоо вэ?

- Сэм. Тэр өнөөдөр хоолны ширээнд байсангүй.

- Тэр хоол алгасах хүн биш баймаар юм гэж Пип бодлогоширонгуй хэлээд,

- Чи түүнийг өвдсөн гэж бодож байна уу? гэв.

- Тэр биднийг орхино гэхээс айгаад байгаа юм гээд Жон Винтерфеллийг орхин гашуун салах
ёс гүйцэтгэдэг өдөр Бран орондоо хэвтэж, Роббын үсэн дээр цас тогтон, Аръяа "Зүү" зүү
бэлэглэхэд нь үнссэнийг саналаа.

- Биднийг тангараг өргөх үед хүн бүр өөрсдийн үүрэгтэй болно. Зарим нь өмнөд харуул юм
уу, Сүүдэрт цамхаг руу явахад харин Сэм Раст, Кугар болон Хааны замаар ирж байгаа шинэ
хөвгүүдтэй бэлтгэл хийсээр үлдэнэ. Тэдний түүнд яаж хандахыг зөвхөн бурхад мэдэх байх.
Гэхдээ сэр Аллисер анхны боломж гармагц тэдний Сэмийн эсрэг турхирна гэдэгт итгэлтэй
байна гэхэд Пип ярвайлаа.

- Чи чадах бүх зүйлээ хийсэн биз дээ.

- Бүгдийг хийсэн ч хангалттай болсонгүй.

Тэр сэтгэл үймрэн сүнстэй Хардины цамхаг руу эргэн ирээд зэрлэг чонотой хамт морьдын
жүчээ рүү хамт явлаа. Жүчээнд орж очиход морьд үргэн чихээ сортолзуулав. Жона гүүгээ
эмээллэж унаад Хар цамхагаас өмнө зүг рүү сарны гэрэлд гарлаа. Сүнс дэргэд нь
шогшуулсанаа нүд ирмэх зуургүй алга болов. Чоно агнах хэрэгтэй байсан тул Жон түүнийг
дураар орхив.

Түүнд зорьсон зүйл байсангүй. Зүгээр л мордож явахыг хүссэн тул голын эрэг дагуу явж
зайрмагтсан ус чулуу мөргөн шаагих чимээ сонссоноо талбай хөндлөн гарч Хааны зам руу
очлоо. Нарийхан чулуурхаг өндөр ургасан өвстэй зам түүний өмнө сунан үргэлжилжээ.
Түүний эцэст Риверранаас цааш Винтерфелл болоод Хааны газар, Эйри, Кастерли Рок,
Нүүрний арлууд, Дорнийн улаан уулс, Бравосын тэнгисийн зуугаад арал, эртний Валерианий
утаа манарсан балгас байгаа. Эдгээр газрыг Жон хэзээ ч харж байсангүй. Ертөнц шөнийн
замын нэг захад байхад харин тэр нөгөө үзүүрт нь зогсож байлаа.

Хэрвээ андгай өнгөрвөл Хана түүнийг мастер Эймон шиг хөгширтөл үүрд гэр нь байх болно.

- Би одоохонодоо андгай өргөөгүй байна гэж шивнэлээ. Тэр гэмт хэрэг хийснийхээ төлөө хар
болсон хууль зөрчигч биш. Тэр ийшээ өөрийн дураараа ирсэн болохоор чөлөөтэй явж болно...
Зөвхөн тангараг өргөх хүртэл. Үүний тулд зөвхөн урагш мордон бүхнийг ардаа орхин явах
хэрэгтэй. Арван тавны сар мандах үед Винтерфеллд дүү нар дээрээ очсон байх болно.

"Чиний эцэг нэгтэй дүү нар. Тэгээд ч хатагтай Старк чамайг хараад баярлахгүй" гэж дотроос
нь хоолой санууллаа. Түүний байх ёстой газар Винтерфеллд ч биш, Хааны газар ч биш. Ээж
чинь хүртэл байж чадаагүй билээ. Энэ нь түүнийг гуниглуулав. Тэр ээжийгээ хэнтэй төстэй
байсан болон эцэг нь яагаад орхисон тухай бодлоо. Магадгүй тэр янхан юм уу гэр бүл
үймүүлэгч байсан байх. Ямар нэг өөдгүй бараан зүйл байгаагүй бол лорд Эддард яагаад
түүний тухай ярихаас ичих билээ?

Жон Сноу Хааны замаас эргээд арагшаа харлаа. Хар цамхагын гал толгодын цаана
далдлагдсан ч Хана байрандаа сүндэрлэсэн хэвээр сарны гэрэлд хүйтнээр сүүмэлзэн нэг
тэнгэрийн хаяанаас нөгөө рүү үргэлжилнэ.

Тэр морио эргүүлээд гэр лүүгээ явлаа.

Алсад ерөнхий захирагчийн цамхагын цонхоор гэрэл улалзах үед Сүнс эргэж ирэв. Зэрлэг
чоно морины хажууд шогшуулахад хоншоор нь цус болжээ. Жон эргэн явахдаа Сэмвэлл
Тарлигийн тухай бодлогоширсноо жүчээнд эргэн орох үедээ юу хийх ёстойгоо мэдлээ.

Мастер Эймоны өрөө яйжгий модон цамхагт дээврийн дор байв. Нас дээр гарсан хөгшин
мастер өрөөгөө хоёр залуу бойдоотой хуваалцаж тэд нь түүнийг асран үүргээ биелүүлэхэд нь
туслана. Хар ахан дүүс мастер тэдний царайг харж чадахгүй болохоор Шөнийн харуулын
хамгийн үзэшгүй муухай хүмүүсийг өгсөн гэж тоглоом хийдэг байв. Клидас намхан халзан
толгойтой эрүүгүй, сохор номин шиг цус хурсан жижигхэн ягаан нүдтэй бол, Чэтт хүзүүн
дээрээ тагтааны өндөг шиг булдруутай царай нь батга хатгинд баригдан улайжээ. Магадгүй
ийм учраас үргэлж ууртай байдаг биз.

Жоныг хаалга цохих үед Чэтт ирэв.

- Би мастер Эймонтой ярилцах хэрэгтэй байна.

- Мастер хэдийн орондоо орсон чи ч гэсэн унтаж амрах хэрэгтэй. Маргааш өглөө ирээрэй.
Тэгвэл чамайг хүлээж авах байх гээд хаах гэхэд Жон хаалганы завсар гутлынхаа хоншоорыг
хавчуулав.

- Би одоо л түүнтэй ярилцах хэрэгтэй байна. Маргааш өглөө хэтэрхий хожимдсон байх болно
гэхэд Чэтт хөмсөг зангидлаа.
- Мастер шөнө дунд сэрээхэд дасал болоогүй. Чи түүний хэдэн настайг мэдэх үү?

- Зочдыг чамаас илүү эелдэг угтах настай. Миний өршөөл гуйж байгааг дамжуулаарай. Чухал
зүйл байгаагүйсэн бол би түүний тухыг нь алдуулахгүй байсан.

- Хэрвээ би татгалзвал яах вэ? гэхэд Жон гутлаа хаалганд хөлөө баттай хавчуулаад,

- Би энд шөнөжингөө зогссон ч чадна гэв.

Хар ах дургүйцэн бувтнаснаа хаалга нээж түүнийг оруулаад,

- Номын санд хүлээж бай. Тэнд түлээ байгаа. Гал түлж байгаарай. Би чамаас болж мастерийг
дааруулмааргүй байна гэв.

Жоны асаасан гал хөгжилтэй улалзаж байх үед Чэтт мастер Эймоныг дагуулан орж ирэв.
Хөгшин унтлагын хувцастайгаа хүзүүндээ албан тушаалынхаа тэмдэг болох гинжийг зүүжээ.
Мастер үүнийгээ унтахдаа ч тайлдаггүй байлаа.

- Галын дэргэд сандал дээр суувал таатай байна гэж нүүр лүү нь халуу оргихийг мэдрээд
хэлэв. Түүнийг тухтай суумагц Четт хөлийг нь үсээр хучиж хаалга руу очиж зогслоо.

- Таныг сэрээсэн явдалд өршөөгөөрэй гэж Жон Сноу хэлэв.

- Чи намайг сэрээгээгүй. Би нас дээр гарч хөгширөх тусам улам бага унтдаг болсон. Тавин
жилийн өмнө болсон зүйл өчигдөр болсон юм шиг санагдан шөнийн хагасыг сүнснүүдтэй
өнгөрүүлдэг. Нууцлаг шөнө дундын зочин сатааруулахад таатай зүйл боллоо. Надад хэлээч
Жон Сноу чи яагаад ийм хачирхалтай цагаар ирээ вэ?

- Сэмвэлл Тарлиг бэлтгэлээс чөлөөлж Шөнийн харуулд болгохыг гуйх гэсэн юм.

- Энэ чинь мастер Эймоны сэтгэл зовох асуудал биш гэж Четт гомдоллов.

- Манай ерөнхий захирагч шинээр ирэгсдийг сургах үүргийг сэр Аллисер Торнд олгосон.
Зөвхөн тэр залуусыг андгай өргөхөд бэлэн болсныг хэлдэг болохыг чи мэднэ. Яагаад над руу
ирсэн хэрэг вэ?

- Ерөнхий захирагч таны үгийг сонсдог. Харин та шархдаж бие нь өвдсөн Шөнийн
харуулуудыг эмчилдэг.

- Тэгвэл чиний анд Сэм шархадсан юм уу эсвэл бие нь өвдсөн хэрэг үү?

- Таны тусламжгүй бол тэгэхэд ойрхон байна гээд Жон Растын хоолойг Сүнс шүдээрээ
зууснаас авхуулаад бүгдийг ярилаа. Мастер Эймон сохор нүдээрээ гал ширтэн чимээгүй
сонсоход харин Чэттийн царай сонсох тусам улам барайж байлаа.

- Бид одоо түүнд тусалж чадахгүй болсон болохоор Сэмд ямар ч боломж байхгүй. Тэр
найдлагагүй илдчин. Миний арван нас хүрээгүй охин дүү Аръяа түүнийг хэдэн хэсэг цавчиж
чадна. Сэр Аллисер түүнийг тулалдуулах юм бол Сэм үхэх юм уу гэмтэх нь цаг хугацааны
асуудал гэж яриагаа төгсгөв.

Чэтт цааш нь сонсож тэвчсэнгүй.

- Би тэр тарган хүүг хоолны танхимд харсан юм байна. Хэрвээ чиний хэлдэг үнэн бол тэр
гахай үнэхээрийн найдлагагүй хулчгар амьтан юм гэв.

- Магадгүй тийм байж болох юм. Надад хэлээч, Чэтт. Чи байсан бол энэ хүүг яах байсан бэ?
гэж мастер Эймон асуулаа.

- Түүнийг байгаа газар нь орхих байсан. Хана бол сул дорой хүмүүс байх газар биш. Түүнийг
хичнээн жил шаардагдсан ч хамаагүй бэлэн болох хүртэл сургах хэрэгтэй. Сэр Алиссер
түүнийг эр хүн болгох юм уу эсвэл бурхдын хүсвэл алж ч болох юм.

- Энэ чинь тэнэг хэрэг гээд Жон гүнзгий амьсгаа авч бодлоо төвлөрүүлээд,

- Би нэг удаа мастер Лювинээс хүзүүндээ зүүсэн гинжнийх нь тухай асууснаа санаж байна
гэхэд мастер Эймон зах руугаа гар сунган үрчгэр хуруугаа хүнд төмөр гинж дээгүүр гүйлгэж,

- Цааш нь үргэлжлүүл гэв.

- Тэр надад мастерын захан дахь гинж зүтгэхээр өргөсөн андгайг нь сануулдаг гэсэн. Би
түүнээс яагаад гинжний цагариг бүр өөр өөр төрлийн төмөр байгааг асуугаад саарал дээлэн
дээр нь мөнгөн гинж илүү зохино гэж хэлэхэд мастер Лювин инээд алдсан. Тэр мастер
гинжээ мэдлэгээрээ давтдаг гэсэн. Өөр өөр өнгийн төмөр ямар төрлийн мэдлэг суралцсаныг
тодорхойлно. Алт данс тооцоо бүртгэлд суралцсаныг, мөнгө эмчилгээний ухаан, төмөр
дайны урлагыг илэрхийлдэг гэсэн. Тэр бусад зүйлс ч гэсэн өөр өөр байдаг гэсэн. Мастерын
хүзүүн дэх гинж хаант улсад зүтгэх ёстой үүргийг нь сануулдаг биз дээ? Лордууд бол алт,
хүлэг баатрууд ган гэвч хоёр цагариг гинж болж чадахгүйн адил мөнгө, төмөр, тугалга, зэс,
хүрэл болох бусад төрлийн худалдаачин, төмрийн дархан, гар урлалчид, эгэл жирийн хүмүүс
байдаг. Гинжинд бүхий л төрлийн төмөр хэрэгтэйн адил газар нутагт янз бүрийн хүмүүс
хэрэгтэй гэхэд мастер Эймон инээмсэглэв.

- Тэгээд юу гэж?

- Шөнийн харуулд ч гэсэн бүх төрлийн хүмүүс хэрэгтэй. Яагаад зөвхөн эргүүл, бойдоо,
баригч байх ёстой гэж? Лорд Рэндилл Сэмийг дайчин болгож чадаагүй байхад сэр Аллисер
чадахгүй нь тодорхой. Та алхаар тугалгыг төмөр болгохоор хичнээн давтлаа ч гэсэн ашиггүй
үлдэнэ. Яагаад Сэмийг бойдоо болгож болохгүй юм бэ? гэхэд Чэтт ууртай харлаа.

- Би бойдоо хүн. Чи үүнийг хулчгар хүн хийх амар ажил гэж бодоогүй биз дээ. Бойдоогын
үрэг бол Харуулуудын амьдралыг хангах явдал. Бид анд явж, газар хагалан, морь адуулж, үнээ
саан, түлээ бэлтгэн, хоол унд хийдэг. Хувцсыг чинь хэн оёдог гэж бодоо вэ? Хэн өмнөдөөс
хоол хүнс авчирдаг гэж? Зөвхөн бойдоо нар.
Мастер Эймон эелдэгээр,

- Чиний найз агнаж чадах уу? гэв.

- Тэр анд явахыг үзэн яддаг гэж Жон үнэнээ хэлэв.

- Тэгвэл тэр газар хагалах юм уу хөсөг тэрэг жолоодож чадах уу? Эсвэл завиар хөвж, үнээ
сааж чадах уу?

- Үгүй гэхэд Четт зэвүүнээр инээд алдав.

- Би ийм нялцгай лордуудыг ажил хийлгэхэд юу болдогыг мэднэ. Тэднийг цөцгий цохиулвал
гар нь цэврүүтэн шархалдаг. Гарт нь сүх бариулаад мод хагалуулах юм бол хөлөө ч цавчиж
магадгүй.

- Гэхдээ би Сэмийн бусдаас хамгийн дээр чаддаг зүйлийг мэднэ гэхэд,

- Ярь гэж мастер Эймон хэллээ.

Жон хаалганы дэргэд зогсож байгаа уурласандаа улайсан царайтай Чэтт рүү болгоомжлон
хараад,

- Тэр таньд тусалж чадна гэж хурдхан хэлэв.

- Тэр тоо бодож, уншиж бичиж чадна. Би Четт уншиж чаддаггүй, Клидасыг хараа муутай
болохыг мэднэ. Сэм эцгийнхээ номын санд байсан бүх номыг уншсан. Хэрээтэй харьцахдаа ч
гэсэн сайн. Амьтад түүнд хайртай байдаг юм. Сүнс түүн рүү шууд очсон. Тэр тулалдахаас
ондоо олон зүйлийг хийж чадна. Шөнийн харуулд хүн бүр хэрэгтэй байхад яагаад чаддаг
зүйлийг нь хийлгэхийн оронд үнэ цэнэгүй алах ёстой юм бэ? Оронд нь түүнийг ашигла л даа.

Мастер Эймон нүдээ анихад Жон хэсэгхэн түүнийг унтсан болов уу гэж айсан ч хэсэг
хугацааны эцэст,

- Мастер Лювин чамайг сайн сургажээ, Жон Сноу. Чиний ухаан илд шигээ хурц юм гэв.

- Тэгэхээр энэ чинь...

- Энэ бол би чиний хэлсэн зүйлийн тухай бодно гэсэн үг гэж мастер хатуу хэлээд,

- Харин одоо би унтсан нь дээр бололтой. Чэтт манай залуухан баатрыг хаалга руу хүргээд өг
дөө гэв.
ТИРИОН

Тэд уулын замаас холгүй улиасны дор хоргодлоо. Тирион морьдоо уулын горхиноос услах зуур
мөчир түүв. Тэр бөхийн хугарсан мөчир аваад шүүмжлэнгүй ширтэж,

- Тэгэхээр үүнийг яаж хийдэг юм бол? Би гал асааж сураагүй. Моррек үргэлж асаадаг байсан
гэв.

- Гал гэнэ ээ? хэмээн Бронн шүлсээ хаялаа.

- Чи үнэхээр үхлээ эртлээ өлсөөд байгаа юм уу, одой минь? Эсвэл эрүүл ухаан орхин одсон
хэрэг үү? Галын утаагаар эргэн тойрон хэдэн милийн зай дахь дээрэмчдийн бүлэг цугларах
болно. Би энэ аялалд амьд үлдмээр байна шүү, Ланнистер.

- Чи тэгээд үүнийг яаж хийх гэсэн юм? гээд Тирион гартаа барьсан хуурай мөчрөөр газар
тэмтчин өөрийг хайлаа. Тэд үүрийн гэгээнээр чулуун царайтай Лин Корбрэй Цуст хаалгаар
гаргаж өгөөд Хөндийд хэзээ ч эргэж ирэхгүй байх тушаал өгсний дараа өдөржингөө давхисан
болохоор тонгойход ууц нуруу нь янгинан өвдөв.

- Бидэнд буцах боломж байхгүй. Гэхдээ хоёр хүн арван хүнээс хамаагүй бага анхаарал татна.
Ууланд хэдхэн өдөр өнгөрүүлчихвэл голын хөндийд хүрнэ. Түргэн ширүүн явах хэрэгтэй.
Өдөр нь нуугдан шөнө нь явж аль болох их замаас зайлсхийн гал түлж чимээ шуугиан гаргаж
болохгүй гэхэд Тирион Ланнистер санаа алдлаа.

- Гайхалтай төлөвлөөгөө байна, Бронн. Хүсвэл чи оролдож үзэж болох ч... харин чамайг
оршуулах гэж саатаж чадахгүй явдалд намайг уучлаарай.

- Чи надаас илүү урт насална гэж бодож байна уу? гээд хөлсний цэрэг инээд алдахад сэр
Вардис Эгений бамбайд цөм цохиулсан шүдний ормоор нүх онгойн харлав.

Тирион мөрөө хавчлаа.

- Шөнө ширүүн давиулвал ууланд тархиа хага цохиж унаж ч мэднэ. Би яаралгүй тайван
явахыг эрхэмлэж байна. Чиний моринд дуртайг мэдэж байгаа ч энэ удаад бид морьдоо эцээж
алвал уулын муур эмээллэн унах хэрэг гарах байх даа... Үнэнийг хэлэхэд дээрэмчин бүлгүүд
биднийг юу ч хийсэн хамаагүй хайж олох болно. Тэдний нүд чих хаа сайгүй бий гээд
бээлийтэй гараараа салхинд идэгдсэн өндөр цохио руу заалаа.

Бронн нүүрээ үрчийлгэлээ.

- Тэгвэл бид үхдэл болсон гэсэн үг, Ланнистер.

- Тэгсэн байсан ч би ая тухтай үхэхийг эрхэмлэж байна. Бид гал түлэх хэрэгтэй. Эндхийн
шөнө хүйтэн болохоор халуун хоол гэдэс дулаацуулж сэтгэл санаа өргөнө. Энд ямар нэгэн ан
бий гэж бодож байна уу? Хатагтай Лиза сайхан сэтгэлийн үүднээс бидэнд давсалсан үхрийн
мах, хатуу бяслаг, хатсан талх өгсөн болохоор ойр хавьд мастер байхгүй тул шүдээ
хугалмааргүй л байна шүү.

- Би мах олж чадна гээд Бронн унжсан хар үсэн доогуураа Тирионыг сэжигтэй ширтлээ.

- Би чамайг тэнэг галтай чинь цуг энд орхиё. Бас сэлгээ унаатай байхын тулд морийг чинь
авлаа. Тэгвэл чи яах бол, одой минь?

- Үхнэ л биз гээд Тирион бөхийн ахин нэг мөчир авлаа.

- Чи үнэхээр намайг тэгнэ гэж бодохгүй байна уу?

- Хэрвээ чи амьд гарах байсан бол үүнийг даруйхан хийх байсан. Гэдсэндээ сум зоолгосон
найз Чиггенээ чимээгүй хурдан дуусгасан шүү.

Бронн тэгэхэд Чиггений үснээс татан толгойг хойш гэдийлгээд яах ийхийн зуургүй хутгаа
чихэн доор нь зоож Кателин Старкад нөхрийгөө шархандаа үхсэн гэж хэлжээ.

- Тэр үхсэн нь сайн хэрэг болсон. Ёолох дуугаар нь дээрэмчид бидэн рүү ирэх байсан. Чигген
байсан бол надад адил зүйл хийх байсан... Тэгээд ч миний нөхөр биш зөвхөн цуг явж байсан
хүн. Эндүүрэх хэрэггүй шүү, одой минь. Би чиний төлөө тулалдсан ч энэ нь хайртай биш
гэсэн үг.

- Надад чиний илд хэрэгтэйгээс бус хайр чинь хэрэггүй гээд Тирион газар мөчрөө асгахад
Бронн инээд алдав.

- Чи ямар ч хөлсний цэргээс илүү зоригтой хүн юм. Намайг талд чинь орно гэж яаж мэдсэн
юм бэ?

- Мэдсэн гэнэ ээ? гээд Тирион түүдэг гал асаахын тулд богинохон хөлөөрөө эв хавгүйхэн
суулаа.

- Би шоо хаясан юм. Буудалд байх үед Чигген та хоёр намайг барихад тусалсан. Яагаад тэр
вэ? Өөр бусад нь эзэн ноёдынхоо өмнө хүлээсэн үүрэг нэр төрийн төлөө боссон байхад харин
та хоёр бол тийм биш. Та хоёрт зүтгэх эзэн өчүүхэн төдий ч нэр хүнд байхгүй байхад яагаад
оролцсон хэрэг вэ? гээд хутгаа гарган мөчрийн хальс зороод,

- Ямар учраас хөлсний цэрэг бүгдийг хийдэг вэ? Алтны төлөө. Чи хатагтай Кателинд
тусалсаны төлөө эргүүлж шагнагдан албандаа авна гэж бодсон ч байж магадгүй. Алив чамд
цахиур байна уу? гэв.

Бронн бүсэндээ зүүсэн даалин рүү хоёр хуруугаа шургуулан цахиур гаргаж шидэхэд Тирион
унагалгүй барьж авлаа.

- Баярлалаа. Хэргийн учир нь чи Старкийнхныг мэддэггүй юм байна. Лорд Эддард бардам


шударга, үнэнч хүн харин хатагтай эхнэр нь хамаагүй дор. Тэр эцэстээ эргэлзээгүй эелдэг үг
хэлэн чиний гар дээр зоос тавиад зэвүүцсэн харцаар шагнах байсныг чи хүсээгүй.
Старкийнхан зүтгэх хүнээ сонгохдоо эр зориг үнэнч байдлыг илүүд үздэг байхад үнэнийг
хэлэхэд хэлэхэд Чигген та хоёр бол дорд гаралтай нийгмийн шаарнууд гээд хутгаа цахиурт
хавиран оч гаргахыг хичээсэн ч бүтсэнгүй.

Бронн тургилав.

- Чи дэндүү зоригтой хэлтэй хүн юм, жижигхэн хүн минь. Нэг л өдөр хэн нэгэн хэлийг чинь
огтлоод идүүлнэ дээ.

- Бүгд тэгж хэлдэг юм гээд Тирион хөлсний цэрэг лүү хяламхийлээ.

- Би чамайг гомдоож орхив уу? Өршөөл хүсье... Гэвч чи бол эргэлзээгүй нийгмийн шаар,
Бронн. Үүрэг, гавъяа, нөхөрлөл чиний хувьд юу юм бэ? Юу ч биш болохыг бид хоёул мэдэж
байгаа. Гэсэн ч чи тэнэг биш. Биднийг Хөндийд хүрэхэд чи хатагтай Старкад хэрэг болохоо
өнгөрсөн... харин Ланнистерийнхан хэзээ ч алтаар гачигдаж байгаагүй улс. Шоо хаях агшинд
би чамайг үүнийг ойлгож сонирхох ухаантай байх гэж бодсон. Аз болоход чи тэгсэн шүү гээд
ахин цахиураа хавирсан ч болсонгүй.

- Нааш нь өг. Би ноцооё гээд Бронн явган сууж цахиурыг Тирионы гараас аваад анхны
оролдлогоороо оч үсэргэхэд хөвдтэй холтос уугиж эхлэв.

- Сайн байна. Чи нийгмийн шаар байж магадгүй ч ер бусын ашигтай хүн. Илдээ гартаа
барьсан цагт бараг л миний ах Жэйми шиг сайн. Ингэхэд чи юу хүсээ вэ, Бронн? Алт уу?
Газар уу? Хүүхэн юу? Намайг амьд байлгавал энэ бүхнийгээ хүртэх болно.

Бронн очийг зөөлөн үлээхэд дөл цоролзож эхлэв.

- Хэрвээ чи үхчихвэл яах болж байна?

- Тэгвэл ганц хүн сэтгэл зүрхнээсээ гашуудах байх даа. Алт надтай хамт төгсгөл болно гээд
Тирион инээлээ.

Гал дүрэлзтэл асав. Бронн зогсоод цахиураа даалинд буцааж хийн Тирионы хутгыг нь өгөв.

- Шударга үг байна. Миний илд чинийх... гэхдээ намайг өвдөг сөгдөн үргэлж эзэнтээн гэж
дуудна гэж бүү бодоорой. Би зусарч хүн биш.

- Бас ямар ч хүний нөхөр биш. Би чамайг олз харвал хатагтай Кателинаас урвасан шигээ
надаас урвана гэдэгт эргэлзэхгүй байна. Цаг нь ирэхэд чамд намайг зарах хүсэл төрвөл
үүнийг санаж яваарай, Бронн. Би тэдэнтэй дүйцэх хөлс төлж дөнгөнө. Би амьдралд хайртай.
Харин одоо ямар нэг хоол олох талаар бодож үзээч?

- Морьдоо харж байгаарай гээд Бронн ташаандаа зүүсэн урт хутгаа сугалаад модон дунд
орлоо.

Цагийн дараа морьд идээшилж цадан, гал хөгжилтэй улалзан асаж залуухан яамааны гуя
дөлөн дээр шажигнатал шүүсээ гоожуулан шарагдаж байв.
- Бидэнд ишгээ даруулах дарс байвал илүүдэхгүйсэн гэж Тирион хэллээ.

- Дарс, хүүхэн, арваад хүний хамтаар гэж Бронн зөвшөөрөөд галын хажууд завилж суун урт
илдээ билүүнд хурцлангаа, - Удахгүй харанхуй болно. Би эхэлж харуулд гаръя. Тэд биднийг
сайхан сэтгэлээр унтаагаар минь алж магадгүй гэв.

- Өө, би тэднийг унтахаас минь өмнө ирнэ гэж бодож байна гээд шарсан махны үнэрт
Тирионы шүлс асгарлаа.

Бронн илдээ чулуунд хавирах зуур түүн рүү гал дээгүүр ширтээд,

- Чамд төлөвлөгөө байгаа юм уу гэж асуув.

- Олдоно найдаж байна. Ахин нэг шоо шидье.

- Амиа мөрийнд тавиад уу? гэхэд Тирион мөрөө хавчаад,

- Бидэнд өөр ямар сонголт байгаа гэж? хэмээн гал руу бөхийн махнаас нимгэн зүсэм огтлон
амандаа хийгээд,

- Ай даа хэмээн дуу алдан зажлахад эрүүг нь даган шүүс урслаа.

- Жаахан хатуу л юм. Халуун ногоо байсан бол дажгүй ч би чанга гомдоллохгүй. Эйрид
байсан бол тостой буурцагийн төлөө ирмэг дээр бүжиглэх байлаа гэхэд,

- Гэхдээ чи гяндангын хуягт алттай хэтэвч өгсөн биз дээ гэж Бронн хэллээ.

- Ланнистерийнхэн үргэлж өрөө төлдөг юм.

Морд Тирионыг ширэн хэтэвчээ шидэхэд итгэж ядан харснаа уяаг нь тайлж амсар нээхэд
алтан зоосны гялбаанд нүд нь томорлоо.

- Би чамд алт амалсан болохоор мөнгөн зоосоо авч хоцорсон гээд Тирион инээмсэглэжээ.

Гэвч энэ нь Морд шиг хүн амьдралынхаа турш хоригдол нүдээд олохоос хамаагүй их мөнгө
байлаа.

- Зөвхөн эхлэл гэснийг минь санаарай. Хэрвээ чи хатагтай Арринд зүтгэж залхсан бол
Кастерли Рок руу очиж өрийнхөө үлдсэн хэсгийг аваарай гэхэд гартаа алтан луу атгасан Морд
өвдөг дээрээ сөхрөн унаж тэгнэ гэдгээ амалжээ.

Бронн хутгаа сугалаад гал дээр байсан махыг авч түлэгдсэн зузаан хэрчим мах яснаас нь
салган зүсэхэд Тирион хатсан талх аваад голыг нь хонхойлов.

- Биднийг голд хүрэх үед чи юу хийх вэ? гэж хөлсний цэрэг мах зүсэх зуураа асуулаа.

- Өө, би өдөн оронд хэвтэн хүүхэндэж, домботой дарс ууна гээд Тирион талхаа сунгахад
Бронн мах овоолов.

- Дараа нь Кастерли Рок юм уу, Хааны газар луу явна даа. Надад хутганы талаар хариулт авах
асуудал байна гэхэд хөлсний цэрэг мах гүрэлзүүлэн зажилснаа залгиад,

- Тэгвэл чи үнэн хэлсэн хэрэг үү? Чиний хутга биш юм уу? гэхэд Тирион инээвхийлэн,

- Би чамд худалч юм шиг харагдаад байна уу? гэв.

Уулын дээгүүр хавирган саран мандаж тэнгэрт од түгэхэд тэдний гэдэс цадав. Тирион
нөмрөгөө газар дэлгээд эмээлээ дэрлэн сунаж хэвтэв.

- Манай найзуудын хувьд сайхан цаг эхэлж.

- Би тэдний оронд байсан бол занганд орохоос болгоомжлох байсан. Бид отоонд оруулахгүй
юм бол яагаад ийм нээлттэй байгаа гэж? гэхэд Тирион хөхөрсөнөө,

- Тэгвэл тэдний айдсыг үргээхийн тулд дуу дуулах уу? гээд ая исгэрч эхлэв.

- Чи лав галзуурсан байхаа, одой минь гээд Бронн хутгаараа хумсны завсар орсон өөх тосыг
цэвэрлэв.

- Чиний хөгжимд дуртай гэсэн чинь яагаа вэ, Бронн?

- Хэрвээ чамд хөгжим хэрэгтэй бол бол дуучинг аваргаа болгох ёстой байсан юм гэхэд
Тирион инээд алдав.

- Наадах чинь харин хөгжилтэй зүйл байна даа. Түүнийг модон ятгаараа сэр Вардисийг
дэлсэхийг харах юмсан гээд исгэрэлтээ үргэлжлүүлэн,

- Энэ дууг мэдэх үү? гэж асуулаа.

- Чи дэн буудал юм уу янхны газрын хаа нэгтээгээс сонсоо биз.

- Миришийн дуу. "Миний хайрын улирал" гэдэг юм. Утгыг нь ойлговол гунигтай сайхан дуу
шүү. Миний анхны өвөр нэгтгэсэн охин дуулдаг байсан болохоор санаанаас гардаггүй юм
гээд Тирион тэнгэр лүү ширтлээ. Хүйтэн цэлмэг шөнө уулсын дээр хурц одод өршөөлгүй
үнэн адил гялалзана.

- Би түүнтэй үүн шиг шөнө тааралдаж билээ. Жэйми бид хоёр Ланниспортоос буцаж явах
замдаа хүн хашгирах чимээ сонсоод нэг охин зам дээгүүр гүйж араас нь хоёр эрэгтэй
хашгиран хөөж байсан. Ах минь сэлмээ хуйнаас сугалан тэдний араас нэхэж би охиныг
хамгаалахаар мориноосоо буусан. Тэр надаас ганцхан насаар эгчмэд залуухан хар үстэй,
гоолиг зүрх зүсэм царайтай байлаа. Энэ нь гарцаагүй миний зүрхийг зүссэн. Дорд гаралтай
хагас өлсгөлөн угааж цэвэрлээгүй хэдий ч... хайр булаам байсан. Тэд түүний ноорхой
хувцасны ар нурууг урсан болохоор би Жэймиг модон дунд хүмүүс хөөж байх хооронд
цуваараа хучсан. Ах маань буцаж ирэхэд би хэдийн нэр түүхийг нь сонссон байлаа. Тэр
фермчний охин эцэг нь замд чичиргээ өвчнөөр үхсэний дараа өнчин хоцорчээ.

- Жэйми хүмүүсийн араас хөөхийн хүслэн болж гүйцсэн байлаа. Дээрэмчид Кастерли
Рокийн ойролцоох зам дээр тэр бүр дээрэм хийдэггүй байсан болохоор үүнийг доромжлолд
тооцсон юм. Охиныг ганцаар явуулахад хэтэрхий айсан тул би ойролцоох дэн буудалд орж
хоол идэхийг санал болгон Жэйми Кастерли Рок руу тусламж дуудахаар явсан.

- Тэр миний бодсоноос ч илүү өлсгөлөн байлаа. Бид бүтэн хоёр тахиа хагастай идэж дарс уух
зуур ярилцсан. Би тэгэхэд ердөө арван гуравтай байсан болохоор дарс толгойд гаран согтсон.
Дараагийн агшинд мэдсэн зүйл гэвэл түүнтэй нэг оронд хэвтэж байлаа. Бидний хэн нь
ичимхий байсныг мэдэхгүй юм. Тэгэхэд хаанаас зориг орсноо мэдэхгүй ч би түүний охин
насыг авахад уйлснаа дараа нь намайг үнсээд энэ дууг дуулж өгч өглөө нь гэхэд би түүнд
дурласан байлаа гэхэд,

- Чи юу? хэмээн Бронн хөгжин хэлэв.

- Итгэмээргүй байгаа биз тийм үү? гээд Тирион ахин исгэрснээ,

- Би түүнтэй гэрлэсэн гэж үнэнээ хэлэв.

- Кастерли Рокийн Ланнистер фермчний охинтой гэрлээ юу. Чи үүнийг яаж хийсэн хэрэг вэ?

- Өө, хэдэн худал үг хэлээд согтуу септонд тавин мөнгөн зоос төлсөн гэвэл чи цочирдож
байна уу. Би сүйт бүсгүйгээ Кастерли Рокт аваачиж зүрхлээгүй болохоор өөрсдийн гэсэн
байшинтай болж хоёр долоо хоногийн турш эхнэр нөхөр болж тоглосон. Тэгтэл согтуу септон
аав минь бүх үнэнийг хэлсэн байсан гээд Тирион энэ бүх жилүүдэд хичнээн ганцаардаж
байснаа мэдэрлээ. Магадгүй тэр ядарсан ч байж болох.

- Тэгээд л миний хурим төгсгөл ирсэн юм даа гээд өндийн унтарч буй түүдгийн дөл рүү
ширтлээ.

- Тэр охиныг хөөж явуулаа юу?

- Үүнээс ч дээр зүйл хийсэн. Эхлээд ахаар минь үнэнийг хэлүүлсэн. Охин янхан байсан юм
билээ. Жэйми замд тохиолдсон явдал, дээрэмчин гээд бүгдийг зохион байгуулсан байсан. Тэр
намайг эмэгтэй хүнтэй учрах цаг болж гэж бодож. Намайг анхны удаа гэж мэдэж байсан
болохоор охинд хоёр дахин илүү хөлс төлсөн байсан.

- Жэйми үнэнээ хэлсний дараа гэрийн хичээл дуусч лорд Тайвин эхнэрийг минь харуулууддаа
өгөхийг тушаасан. Тэд түүнд хангалттай хөлс төлсөн. Хүн бүр мөнгөн зоос. Ямар эмэгтэй
тийм өндөр үнэ хүрч болно гэж? Тэр намайг доош буухад цэргийн байрны буланд сууж
байснаа хараад гартаа атгасан мөнгөн зоосоо алдаж билээ... гээд утаа нүдийг нь хорсгоход
Тирион хоолой засан ханиалгаад галаас нүд буруулан харанхуй руу ширтсэнээ,

- Эцэст нь лорд Тайвин над дээр ирээд Ланнистер учраас төлөх алтан зоос өгсөн юм даа гэж
аяархан хэллээ.
Тэгтэл чулуунд төмөр хавирах чимээ гаран Бронн ахин илдээ хурцлах зуураа,

- Арван гуравтай юм уу гучтай эсвэл гуравтай ч байсан би тийм юм хийж зүрхэлсэн хүнийг
ална гэхэд Тирион эргэн түүний нүүр лүү ширтлээ.

- Чамд нэг л өдөр ийм боломж олдох байх. Миний хэлснийг санаж яваарай.
Ланнистерийнхан үргэлж өрөө төлдөг. За унтах гээд оролдож үздэг юм билүү. Үхэл ойртож
ирвэл сэрээгээрэй гэж эвшээн хэллээ.

Тирион нөмрөгөн дээрээ атийн хэвтээд нүдээ анив. Газар хатуу хүйтэн байсан ч хэсэг
хугацааны дараа нам унтжээ. Тэр тэнгэрийн шоронгийн тухай зүүдэллэв. Энэ удаад хоригдол
биш шоронгийн хуяг болж гартаа сур бариад эцгийгээ ороолгон ангал руу...

- Тирион гэж Бронн нам дуугаар шаардангуй хэлэв.

Тирион сэрж нүдээ анивчлаа. Түүдэг гал унтарч цог улалзан эргэн тойрон харанхуйлжээ.
Бронн өвдгөө босгон суугаад нэг гартаа илд, нөгөө гартаа хутга барьжээ. Тирион ямартай ч
гараа өргөн босоод,

- Гал руу дөхөж ирээч шөнө хүйтэн байна. Бидэнд хуваалцах дарс байхгүй ч ямааны махаараа
зочилъё гэж харанхуйд сүүмэлзэх дүрс руу харж хэллээ.

Хөдөлгөөн зогссоноо сарны гэрэлд ган гялсхийв.

- Бидний уул. Бидний ямаа гэж модон дундаас хэрцгий ширүүн нөхөрсөг бус хоолой хэллээ.

- Танай ямаа гэж Тирион зөвшөөрөөд,

- Та нар хэн бэ? гэв.

- Чи бурхадтай уулзах үедээ Чулуун хэрээний Ганторын хүү Гурн илгээсэн гэж хэлээрэй гээд
мөчир хугарах чимээ гарч эвэртэй дуулгатай, урт хутгаар зэвсэглэсэн туранхай хүн гэрэлд
гарч ирлээ.

- Бас Долфын хүү Шагга гэх эхний хүнгэнэсэн үхлийн аюултай хоолой гарав. Зүүн талд нь
үхэр чулуу хөдөлснөө босч хүний дүрс болон хувирлаа. Нүсэр том биетэй удаан
хөдөлгөөнтэй тэрбээр өвч биеэ битүү арьсаар хувцаслаж баруун гартаа бороохой, зүүн гартаа
сүх барьжээ. Тэднийгээ хавиран ойртов.

Өөр бусад хоолойнууд нэрсээ хэлэхэд Конн, Торрек, Жаггот тэргүүтэй өөр олон нэрийг
Тирион сонссон даруй мартсан ч арваас багагүй хүн байлаа. Зарим нь илд хутгатай өөр нэг нь
өвсний сэрээ, хадуур, модон жадаар зэвсэглэжээ. Тирион тэдний нэрсээ хэлж дуусахыг
хүлээж байгаад хариу хэлэв.

- Би бол Кастерли Рокийн арслан Ланнистерийн бүлгийн Тайвины хүү Тирион. Бид идсэн
ямааныхаа үнийг баяртайяа төлөх болно.

- Тэгвэл чи бидэнд юу өгөх юм дээ, Тайвины хүү Тирион минь? гэж ахлагч нь бололтой
Гантор нэртэй хүн асуулаа.

- Хэтэвчиндээ байгаа мөнгийг өгье. Бас миний өмсөж байгаа хуяг хамаагүй том болохоор
Коннд сайхан зохиж, байлдааны сүх минь Шаггагийн хүчирхэг модон сүхтэй гарт илүү
нийцэх байх.

- Хагас хүн бидний өөрсдийн зоосыг төлөхийг хүсч байна гэж Конн хэллээ.

- Конн үнэн ярьж байна. Чиний мөнгө биднийх. Морь чинь ч гэсэн бидний олз болсон.
Чиний хуяг дуулга, байлдааны сүх болоод бүсэн дэх хутга чинь бас биднийх. Чамд аминаас
чинь ондоо юу ч үлдээгүй. Харин чи яаж үхэхийг хүсч байна даа, Тайвины хүү Тирион минь?

- Өөрийнхөө оронд дарс шимж дэргэдээ охинтой наян настайдаа үхэхийг хүсч байна гэхэд
том биетэй Шагга түрүүлж чанга хөхөрлөө. Бусдад нь тийм ч инээдтэй санагдсангүй
бололтой.

- Конн тэдний морьдыг ав. Нөгөөдхийг нь алаад хагас хүнийг барь. Тэр ямаа сааж эхчүүдийг
маань инээлгэж чадах байх гэж Гантор тушаав.

Бронн хөл дээрээ үсрэн босов.

- Хэн түрүүлж үхмээр байна?

- Үгүй! гэж Тирион чанга дуу алдав.

- Ганторын хүү Гурн намайг сонсож бай. Манай гэр бүл баян хүчирхэг. Хэрвээ Чулуун хэрээ
биднийг уулсын дундуур аюулгүй нэвтрүүлвэл лорд эцэг минь чамд алтаар бороо оруулах
болно.

- Намхан газрын лордын алт хагас хүний амлалтаас илүү үнэ цэнэгүй гэж Гантор хэлэв.

- Хагас хүн байж болох ч би дайсантайгаа нүүр тулах тулах зориг зүрхтэй. Харин Чулуун
Хэрээнийхэн Хөндийн хүлэг баатруудыг зорчин өнгөрөхөд яадаг билээ? Чулууны ард
нуугдаад чичирдэг биз дээ?

Шагга уурсан орилж бороохойгоороо сүхээ хавсран цохив. Жагогт Тирионы нүүр рүү галд
түлж шовхолсон урт модон жадаараа чичлээ. Тирион дальдирсангүй.

- Та нарын хамгийн сайн хулгайлсан зэвсэг чинь энэ үү? Үүгээр чинь өөдөөс эсэргүүцэхгүй
хонь л алж болох юм. Миний эцгийн төмрийн дархан үүнээс хамаагүй сайн зэвсэг хийдэг.

- Жижигхэн хүн минь миний сүхийг доромжилсны төлөө эрхтэнийг чинь огтлоод ямаа
тэжээнэ дээ? гэж Шагга орилоход Гантор гараа өргөлөө.
- Хэрэггүй. Би түүний үгийг сонсмоор байна. Эхчүүд өлсөж байхад ган алтнаас илүү олон ам
тэжээж чадна. Чамд амьдрал хайрласны төлөө бидэнд юу өгөх юм дээ, Тайвины хүү Тирион?
Илд үү? Жад уу? Хуяг дуулга юм уу? гэхэд,

- Үүнээс ч илүү их зүйл өгнө, Гурны хүү Гантор минь. Би та нарт Арриний хөндийг өгье гээд
Тирион Ланнистер инээмсэглэлээ.
ЭДДАРД

Улаан шилтгээний хаан ширээний уужим танхимын өндөр нарийхан цонхоор жаргаж буй
нарны туяа шалан дээр тусч урьд нь лууны толгой өлгөөтэй байсан ханан дээр улаан хар
судал сүүдэртэн татна. Одоо ханан дээр ангийн үйл явдлыг өгүүлсэн тод ногоон, хүрэн,
цэнхэр өнгийн зураг өлгөөстэй байсан ч Нэд Старкад танхим цусан улаан өнгөтэй юм шиг
санагдсан хэвээр байлаа.

Тэр Эйгон байлдан дагуулагчийн хурц үзүүртэй төмөр тахийлгаж хийсэн нүсэр том эртний
өндөр суудалд суужээ. Энэ нь Роберт түүнд хэлсэн шиг тамын ая тухгүй суудал байсан тул
хором тутам хугарсан хөлний лугшин өвдөх нь нэмэгдэж доод талын төмөр суудал хатуурч
байсан хэдий ч ард нь сэрийсэн махир төмөр налах боломжгүй болгожээ. "Хаан хүн хэзээ ч
амар тайван суух ёсгүй" гэж Эйгон байлдан дагуулагч хэлээд зэвсгийн дархандаа дайсныхаа
биед зоосон тоо тоомшгүй илд бүхий том сандал хийхийг тушаажээ. "Бурхан минь Эйгоны их
занг хараал идээсэй. Робертийн анг ч гэсэн" хэмээн Нэд баргар бодлоо.

- Та нар үнэхээр жирийн дээрэмчид байгаагүй гэдэгт итгэлтэй байна уу? гэж Варис хаан
суудлын доод талын зөвлөлийн ширээнээс аяархан асуулаа. Эрхэмсэг мастер Пацилл суудал
дээрээ эвгүйцэн займчихад, Чигчий хуруу үзгээрээ тоглож эхлэв. Зөвлөлийн бусад гишүүд
байсангүй. Хааны ойд цагаан буга үзэгдсэн болохоор лорд Рэнли, сэр Барристан хоёр хаантай
анд явж тэдэнтэй хамт ханхүү Жоффрей, Сандор Клеган, Балон Свонн болон ордны тэн хагас
нэгдсэн байна. Иймээс Нэдэд Робертийн эзгүйд төмөр хаан ширээн орлон суух хэрэг гарчээ.

Ямартай ч сууж чадлаа. Зөвлөлийн гишүүдээс бусад нь хүндэтгэл үзүүлэн зогсох юм уу өвдөг
сөгдөн суух ёстой. Айлтгал өргөгчид өндөр хаалганы ойролцоо цугларч хүлэг баатрууд болоод
өндөр дээд ноёд, хатагтай нар хөргийн дор эгнэн, жирийн хүмүүс хуяг дуулгатай алтан,
саарал нөмрөгтэй харуулууд гээд бүгд зогсож байлаа.

Тосгоны оршин суугчид тэргүүтэй цусанд будагдсан ноорхой хувцастай эрэгтэй, эмэгтэй,
хүүхэд зэрэг хүмүүс өвдөг сөгдөн царайд нь айдас хуралджээ. Тэднийг хамгаалан авчирсан
гурван хүлэг баатар ард нь гэрч болон зогсож байв.

- Дээрэмчид гэнэ ээ, лорд Варис? Өө тэд эргэлзээгүй дээрэмчид байсан. Ланнистерийн
дээрэмчид гэж сэр Рэймэн Даррис зэвүүцэнгүй хэллээ.

Нэд танхимд цугларан анхааралтай сонсож байсан ноёд, хатагтай, зарц ялгаагүй бүх хүмүүс
аягүйцэхийг мэдрэв. Үүнд гайхах хэрэг байсангүй. Кателин Тирион Ланнистерийг барьсаны
дараа умард дэлбэрэхэд бэлэн торхтой дарь адил болжээ. Риверран, Кастерли Рок хоёул
тугчдаа дуудан армиа Алтан шүдний доод талд хуралдуулж тэдний хооронд цус урсах нь
ердөө цаг хугацааны хэрэг болоод байлаа. Зөвхөн шархны цусыг яаж тогтоох вэ гэдэг чухал
асуудал болоод байв.

Царайлаг хэдий ч нүүрэн дээрээ хүрэн улаан өнгийн мэнгэтэй гунигтай нүдтэй Карил Вэнс
өвдөг сөгдсөн тосгоныхон руу дохив.

- Энэ бол ердөө Шерририйн бэхлэлтээс үлдсэн хүмүүс, лорд Эддард. Бусад Вэндисийн
суурин болоод Жүжигчдийн гармын хүмүүс үрэгдсэн.

- Бос. Бүгдээрээ бос гэж Нэд хүмүүст тушаав. Тэр хэзээ ч өвдөг сөгдсөн хүний үгэнд итгэж
байсангүй.

Шэрририйн хүмүүс ганц нэгээрээ өндийв. Нэг хөгшин бусдын туслалцаатай босоход, цусанд
будагдсан хувцастай залуухан охин өвдөг сөгдсөн хэвээр хаан ширээний хөлд хааныг
хамгаалахад бэлэн зогсож байгаа цагаан хуяг дуулгатай сэр Арис Оакхарт руу гөлийн харж
байлаа... Эсвэл хааны гарыг ч юм уу хэмээн Нэд бодов.

- Жосс. Хааны Гарт Шэррирд болсон зүйлийг хэл гэж сэр Рэйман Дарри шар айраг
нэрэгчийн хормогчтой халзан бүдүүн хүнд хэлэв.

Жосс толгой дохилоо.

- Эрхэм дээдсээ таны таалалд нийцвэл...

- Эрхэм дээдэс Хар усанд ан хийж яваа гээд Нэд хичнээн хүн амьдралынхаа туршид Улаан
шилтгээнд хааны ямар харагддаг тухай төсөөлөлгүй ордог тухай гайхширав. Тэр цээжин
дээрээ Старкийн овгийн сүлд бүхий зэрлэг чоно хатгамласан цагаан судалтай хантааз өмсч,
хар ноосон нөмрөгөө хоолойдоо гарын дүрстэй мөнгөн товчоор торгоосон байв. Хар цагаан
болон саарал нь үнэний өнгө билээ.

- Би Хааны гар лорд Эддард Старк байна. Надад тэдгээр дээрэмчдийн тухай мэдэх зүйлээ
ярь.

- Би... би... Шэрририйн чулуун гүүрний дэргэдэх шар айрагны мухлагтаа байж байсан юм.
Өмнөдийн Хүзүүнээс үүнээс сайн шар айраг олохгүй гэж бүгд хэлдэг, өршөөгөөрэй эрхэм
лорд. Одоо миний шар айрагны мухлаг бусдын хамт үгүй болсон, эзэнтээн. Тэд ирээд эхлээд
идэж ууж аваад дараа нь миний уушийн газрыг шатаасан. Хэрвээ намайг барьж авсан бол
цусыг минь ч бас урсгах байлаа.

- Тэд биднийг шатаасан. Харанхуй болсон хойно өмнө зүгээс ирээд тариан талбай, орон
гэрийг минь галдан шатааж тэднийг зогсоохыг оролдсон хүн бүрийг алсан. Тэд ердийн нэг
дээрэмчид байгаагүй. Бидний юмыг хулгайлалгүй орхиж сүүтэй үнээг минь зүгээр л газар
дээр нь алж хэрээ шувууны хоол болгон орхисон гэж дэргэд нь зогсч байсан тариачин хэллээ.

- Тэд миний дагалдан сурагчийг хөнөөсөн гэж булчинлаг биетэй толгойгоо боосон төмрийн
дархан пагдгар хүн хэлэв. Тэр ордонд ирэхэд зориулан хамгийн сайн хувцсаа өмссөн ч өмд нь
нөхөөстэй, нөмрөг нь аян замын тоостой байлаа.

- Түүнийг талбай дундуур мориороо ан аятай элдэж жадаар хатган инээлдэж байсан. Хүүг
сөхрөн хашгиран унахад том биетэй нэг нь жадаараа сүлбэн алсан.

Өвдөг сөгдсөн охин өндөр суудалд суусан Нэд рүү толгойгоо өлийлгөн харлаа.

- Тэд миний ээжийг бас алсан, эрхэм дээдсээ. Бас тэд... тэд гээд хэлэх гэсэн үгээ мартсан мэт
хоолой нь цахиртан уйлж эхлэхэд Сэр Рэйман Дарри түүхийг нь залгуулан авч үргэлжлүүлэв.

- Вэндиш суурингийн хүмүүс дүнзэн бэхлэлтийнхээ цаана хоргоджээ. Дээрэмчид модонд


сүрэл овоолж амьтай голтой хүн бүрийг шатаасан байна. Вэндишийн хүмүүс галаас зугтан
хаалга нээн гарч гүйхэд гарсан хүмүүсийг хөхүүл хүүхэдтэй эмэгтэй байсан ч хамаагүй нум
сумаар харваж алсан гэхэд,

- Ямар аймшигтай юм бэ. Яаж ийм хэрцгий байж болдог байна? гэж Варис шивнэлээ.

- Шэрририйн бэхлэлт чулуугаар хийгдээгүй бол тэд бидэнд ч бас адил зүйл хийх байсан.
Зарим нь биднийг галдаж утах гэсэн ч том биетэй нь голын дээд хэсэгт илүү амттай жимс
байгаа гэсэн болохоор Жүжигчний гарам руу явцгаасан гэж Жосс хэлэв.

Нэд урагш бөхийхөд хурууны завсар хаан ширээний тахир хумс лугаа адил махийлган хийсэн
түшлэгийн хүйтэн төмөр мэдрэгдэв. Гурван зууны тэртээ хийгдсэн ч гар зүсэм хурц хэвээр
байлаа. Төмөр хаан ширээ сэрэмжгүй хүнд аюул зангаар дүүрэн ажээ. Дуунд өгүүлэхдээ
мянган илдийг Хар айдас Балерионы галт амьсгалд хайлуулан давтаж хийсэн гэж гардаг
билээ. Тавин есөн өдөр давтсаны эцэст хурц ирмэгтэй төмөр тууз бүхий бөгтөр хар араатан
бий болсон бөгөөд түүхэнд итгэвэл хүн ч алах чадалтай аж.

Эддард Старк энд суугаад юу хийхээ ойлгоогүй ч бүгдийн дээр залран хүмүүс түүнээс
шударга ёсыг хүлээж байлаа.

- Энэ бүхнийг Ланнистерийн хүмүүс хийсэн гэх ямар баталгаа байгаа юм бэ? Тэд улаан
хүрэн нөмрөгтэй, арслангын сүлдтэй тугтай байсан юм уу? гэж уур хилэнгээ арай ядан дарж
асуув.

- Ланнистерийнхан байлаа ч тийм тэнэг сохор загнах улс биш гэж зодоонч азарган тахиа шиг
ихэмсэг сэр Марк Пайпер зандрав. Тэр Нэдийн бодлоор халуун цус нь оргилж буй дэндүү
залуухан агаад Кателины дүү Эдмур Таллигийн найз байлаа.

- Бүх дээрэмчид аллагын үеэр морьдтой хуягласны дээр ган зэвтэй жад, урт илд, байлдааны
сүхтэй байсан гэж сэр Карил тайван хэлээд ноорхой амьд үлдэгсдийн зүг дохиж,

- Чи. Тиймээ чи... Хэн ч чамд хор учруулахгүй. Надад юу хэлсэн тухайгаа Гарт хэлээдэх гэв.

Хөгшин толгойгоо сэгсэрлээ.

- Би тэдний морьдыг ажсан юм. Дайны хүлэг байсан. Би олон жил хөгшин сэр Виллиамийн
жүчээнд ажилласан болохоор тэдний хоорондох ялгааг нь сайн мэднэ. Нэг ч анжисны морь
ийм байхгүй гэдгийг тангараглая бурхад миний үгийн гэрч болог.

- Тэгвэл сайн морьтой дээрэмчид байж дээ. Магадгүй сүүлд дээрэмдсэн ямар нэг газраасаа
хулгайлсан биз гэж Чигчий хуруу хэлэв.

- Тэдний бүлэгт хичнээн хүн байсан бэ? гэж Нэд асуулаа.


- Зуугаас доошгүй гэж Жосс хэлэхтэй зэрэгцэн шархадсан боолттой төмрийн дархан "тавь"
гэхэд ард нь зогсож байсан эмгэн,

- Зуу тэд бүтэн армиараа байсан, эзэнтээн гэв.

- Таны зөв бололтой эмэгтэй минь. Тэгэхээр та нар тэднийг туггүй байсан гэсэн. Тэгвэл ямар
хуяг дуулгатай байсан бэ? Ямар нэг хээ угалз чимэг бамбай дуулган дээр нь ажиглагдсан уу?
гэхэд шар айраг нэрэгч Жосс толгой сэгсэрлээ.

- Харамсалтай нь үгүй, эзэнтээн. Тэдний хуяг жирийн байсан... гэхдээ тэдний удирдагч нь
бусдынхаа адил хувцастай байсан ч биеийнх нь хэмжээг эндүүрэхийн аргагүй. Аварга биет
мөхсөн цагаас хойш хэзээ ч ийм хүн хараагүй гэдгийг тангараглах байна. Бух шиг нүсэр бие,
чулуу цуурам хоолойтой гэхэд,

- Уул! Энэ бол эргэлзэх юм байхгүй Грегор Клеганы ажил гэж сэр Марк чанга хэллээ.

Нэдэд цонхны дор танхимийн төгсгөлд гүнгэнэлдэх чимээ сонсогдсоноо танхимд үймэрсэн
шивнэлт болон өөрчлөгдөв. Өндөр дээд ноёд, жирийн ард хэн ч бай ялгаагүй сэр Маркийн
зөв болохыг мэдэж байв. Сэр Грегор Клеган лорд Тайвин Ланнистерийн тугч билээ.

Нэд тосгоны оршин суугчдийн эмээсэн царайг анхааралтай ажиглав. Ингэж айсанд нь гайхах
юмгүй. Тэд ийшээ лорд Тайвины нэрийг улаан гарт алуурчин болгон чирж ирсэн билээ.

Эрхэмсэг мастер Пацилл зөвлөлийн ширээнээс гинжээ жингэнүүлэн өндийлөө.

- Сэр Марк хүндэтгэлтэй хэлэхэд та хууль зөрчигч үнэхээр сэр Грегор байсан эсэхийг баталж
чадахгүй. Хаант улсад том биетэй хүмүүс зөндөө бий шүү дээ.

- Хөдөлж буй Уулаас том хүн байдаг юм уу? Хэзээ ч тийм хүнтэй учирч явсангүй гэж сэр
Карил хэлэв.

- Энд ч тийм хүн үгүй. Дүү нь хүртэл түүний дэргэд бэлтрэг шиг харагдах биз. Эрхэм
лордуудаа нүдээ нээцгээ. Та нарт түүний хүүрэн дээр дарсан тамга хэрэгтэй юу? Энэ бол
Грегор гэж сэр Рэйманы уур дүрэлзлээ.

- Сэр Грегорт дээрэмчин болж хувирах ямар хэрэг байгаа гэж? Тэр эзэмшил газар шилтгээн
өөрийн захиргааны хүмүүстэй. Энэ хүн бол адислагдсан хүлэг баатар гэж Пацилл хэлэв.

- Хуурамч хүлэг баатар! Лорд Тайвины галзуу нохой гэж сэр Марк дуу алдав.

- Эрхэм гар минь. Би таньд энэхүү хүлэг баатар хатан хааны эцэг болох лорд Тайвин
Ланнистерийн мэдэлд байдгийг сануулах байна гэж Пацилл хэллээ.

- Баярлалаа, эрхэмсэг мастер Пацилл. Таныг сануулах явдалгүй бид үүнийг мартсан гэж айж
байна гэж Нэд хэлэв.

Түүний өндөр хаан ширээнээс танхимын эцсийн хаалгаар орж гарах хүмүүс харагдана. Бутан
дунд гүйж байгаа туулай юм уу... эсвэл хатан хааны бяслагийг мэрэхээр яарч байгаа харх
адил. Нэд гэнэтхэн танхимд септа Мордэйны дэргэд Санса зогсож байхыг хараад энэ бол
охидын байх газар биш тул уур нь дүрсхийв. Гэвч септа өнөөдрийн ордны шүүх ажиллагаа
өдөр тутмын уйтгартай албан хэрэг юм уу, айлтгал сонсох, бэхлэлтүүдийн хооронд хил
хязгаар булаацалдсан маргааны алин болохыг мэдээгүй байлаа.

Дор зөвлөлийн ширээнд Петр Бэйлиш үзгээ сонирхохоо болиод урагш бөхийв.

- Сэр Марк, сэр Карил, сэр Рэйман та нараас нэг асуух зүйл байна? Эдгээр бэхлэлтүүд бол та
нарын хамгаалалтанд байдаг газар. Энэ бүх аллага таллага галдан шатаалт болж байх үед та
нар хаана байсан юм бэ? гэхэд сэр Карил Вэнс,

- Би лорд эцгээ дагалдан Алтан шүдний доод хэсэгт сэр Маркийн хамт байсан. Энэ тухай
мэдээ сонсогдоход сэр Эдмур Талли хилэгнэн биднийг багахан хүнтэй бүлэг авч амьд
үлдэгдсдийг хайж олоод хаанд хүргэ гэсэн юм гэхэд сэр Рэйман Дарри урагш алхаж,

- Сэр Эдмур намайг бүх хүчээ Риверранд аваачихыг тушаасан. Би үүнийг сонсох хүртлээ
шилтгээний хажуу талын горхийн дэргэд хуарагнаж тушаал хүлээж байлаа. Намайг өөрийн
газартаа эргэж очиход Клеган болон түүний дээрэмчид Улаан салаагаар дамжин
Ланнистерийн толгод руу буцсан байсан гэв.

Чигчий хуруу бодлогоширонгуй сахлынхаа үзүүрийг шувтарлаа.

- Хэрвээ тэд ахин эргэн ирсэн бол яах вэ?

- Хэрвээ тэд ахин эргэж ирсэн бол цусаар нь шатаасан газар нутгийг нь услах байсан юм гэж
сэр Марк Пайпер цогтой хэллээ.

- Сэр Эдмур хилийн заагт орших тосгон суурин болгон руу нэмэлт хүч илгээсэн. Дараагийн
дээрэмчид ирвэл тийм ч амар байхгүй гэж сэр Карил тайлбарлав.

"Үүнийг чинь л лорд Тайвин хүсч байгаа. Риверранд цус урсган хүүг өдөөж хүчийг нь
сарниулах" гэж Нэд бодлоо. Түүний эхнэрийн дүү дэндүү залуу ухаалагаасаа илүү зоригтой
байлаа. Тэр газар нутгийнхаа инч бүр өмгөөлөлдөө байдаг эмэгтэйчүүд, хүүхэд хүн бүрийг
хамгаалахын төлөө ухасхийхийг Тайвин Ланнистер мэдэж байв.

- Хэрвээ танай газар нутаг чинь аюулгүй болсон юм бол хаан ширээнээс юу гуйх гэсэн юм
бэ? гэж Петр асуув.

- Сэрээний лордууд хааны энхийг сахьдаг. Ланнистерийнхэн үүнийг эвдлээ. Бид үүнийх нь
төлөө илдийг илдээр хариулахыг гуйж байна. Бид Шэррир, Вэндиш суурин, Жүжигчдийн
гармын эгэл жирийн хүмүүсийн төлөө шударга ёс шаардаж байна.

- Эдмур бидэнд Грегор Клеганд цустай зоосыг нь эргэн төлөхийг зөвшөөрсөн. Гэвч хөгшин
лорд Хостер хариу цохилт өгөхийн өмнө ийшээ ирж зөвшөөрөл гуйхыг тушаасан юм гэж сэр
Марк мэдэгдлээ.
"Бурханы авралаар хөгшин лорд Хостерд баярлалаа". Тайвин Ланнистер үнэгнээс илүү
зальтай арслан байв. Тэр үнэхээр сэр Грегорийг галдан шатааж дээрэм тонуул хийхээр
илгээсэн бол хорт ажлаа харанхуй шөнөөр халхавчлан хийхдээ ердийн дээрэмчид шиг туг
далбаагүй хөдөлсөн гэдэгт Нэд эргэлзсэнгүй. Ингээд Риверран хариу цохилт өгөхөд Серсей
болон түүний эцэг Таллигийнхан хааны энхийг эвдсэн болохоос Ланнистерийнхан биш гэж
мэтгэх болно. Роберт хэнд нь итгэхийг зөвхөн бурхан мэдэх байх даа.

Эрхэмсэг мастер Пацилл хөл дээрээ ахин өндийлөө.

- Эрхэм лорд Гар минь хэрвээ эдгээр сайн санаат хүмүүс сэр Грегор ариун тангарагаа эвдэж
дээрэм тонуул, хүчин хийсэн гэж байгаа бол эзэн лордод нь хандаж гомдлоо мэдүүлэх ёстой.
Энэ гэмт хэрэг хаан ширээнд хамаагүй. Лорд Тайвины шийдэх асуудал.

- Энэ оронд хааны засаглал ноёрхож байгаа цагт умард, өмнөд, дорнод, өрнийн алинд ч бай
бид бүгдийг Робертийн нэрийн өмнөөс хийх болно.

- Хааны засаглал. Ийм учраас л бид энэ асуудлыг хааныг ирэх хүртэл хойшлуулах хэрэгтэй
байгаа юм.

- Хаан голын дагуу анд явж байгаа болохоор мөд ирэхгүй. Роберт намайг суудлаа эзлэн
суухдаа түүний чихээр сонсож, түүний хоолойгоор ярихыг зарлигдсан. Иймээс би үүнийг
хийх болно... түүнийг ч бас тэгж хэлэх байсан гэдэгт итгэлтэй байна гээд Нэд хөргийн дор
зогсож байсан танил царай руу хандан,

- Сэр Робар гэв.

Сэр Робар Ройс урагш алхан мэхийн ёсолж,

- Эрхэм лорд гэлээ.

- Чиний эцэг хаантай анд мордсон. Чи тэдэнд өнөөдөр энд болсон явдлын тухай мэдээ
хүргэж чадах уу?

- Даруйхан хүргэх болно, эзэнтээн.

- Тэгвэл биднийг сэр Грегороос өшөө хорслоо авахыг зөвшөөрч байгаа хэрэг үү? гэж Марк
Пайпер хаан ширээнд хандан асуулаа.

- Өшөө хорсол гэнээ? Бид хааны шүүхийн тухай ярьж байна. Зөвхөн чиний доромжлогдсон
бахархлыг эдгээхийн төлөө Клеганы газар нутгийг шатааж хүн ардыг нь аллаа гээд хааны энх
сэргэхгүй гээд залуу хүлэг баатрыг уурсан эсэргүүцэхээс өмнө тосгоныхонд хандан,

- Шэрририйн хүмүүсээ би та нарт орон гэр, ургацыг буцаан чинь өгч, үхсэн хүмүүсийг чинь
сэхээж чадахгүй. Гэвч Роберт хааны нэрийн өмнөөс шударга ёсыг амлах байна гэв.

Танхимд байсан бүх хүний нүд түүн рүү ширтэн хүлээлээ. Нэд удаанаар сандлын түшлэгээс
гараараа барин босоход хугарсан хөл нь тэсгэлгүй янгинав. Гэсэн ч одоо сул доройгоо
харуулах цаг биш тул өвчнөө тэвчлээ.

- Анхны хүн илд үхлийн шүүхийг илдээр оноох ёстой гэдэгт итгэж байсны адил умардад ч
бид үүнийг баримтлах болно. Би энэ үүргийг өөр хүнд оноох дургүй байгаа ч... ондоо сонголт
байхгүй болсон бололтой гээд хугарсан хөл рүүгээ зангалаа.

- Лорд Эддард! гэх дуу танхимд хадаж царайлаг зоригтой хөвгүүн урагш алхав. Сэр Лорас
Тайрелл хуяг дуулгагүй арван зургаан наснаасаа илүү залуу юм шиг харагдаж байлаа. Тэр
цайвар цэнхэр торгон хувцас өмсөж овгийнхоо сүлд болох алтан сарнай хэлхсэн бүс
бүсэлжээ.

- Би танаас надад энэ хүндэтгэлийг оноохыг гуйж байна. Надад энэ үүргийг даалгана уу,
эрхэм лорд. Би таныг гутаахгүй гэдгээ амалж байна гэхэд Чигчий хуруу инээд алдлаа.

- Сэр Лорас бид таныг ганцааранг чинь илгээвэл сэр Грегор хөөрхөн аманд чинь чавга чихээд
толгойг чинь буцаж явуулах байх гэж айж байна. Уул баргийн хүний өмнө шүүгдэхээр
толгойгоо бөхийлгөх хүн биш гэхэд,

- Би Грегор Клеганаас айхгүй байна гэж сэр Лорас ихэмсэг хэллээ.

Нэд Эйгоны хэрцгий төмөр суудал дээр удаанаар суугаад ханын дагуу байсан хүмүүсийн
царайг гүйлгэн ширтсэнээ,

- Лорд Берик, Мирийн Торос, сэр Гладден, лорд Лотар гэж дуудахад нэр дурьдсан хүмүүс нэг
нэгээрээ урагш алхав.

- Та нар тус бүр хорин хүн аваад Гергорийн цайзад миний үгийг хүргэ. Миний харуулын
хорин хүн та нартай нэгдэх болно. Лорд Берик Дондаррион та хэргэмийнхээ дагуу тэргүүлэн
тушаал өгөөрэй гэхэд алтлаг улаан үстэй залуухан лорд бөхийн ёсоллоо.

- Таны тушаалаар болъё, лорд Эддард.

Нэд танхимын эцэст хүртэл сонсогдохоор хоолойгоо өндөрсгөж,

- Анхны хүн Ройнар болон Андалсын хаан, долоон ханлигийг хамгаалагч Баратеон овгийн
Робертийн нэрийн өмнөөс Хааны гар Старк овгийн Эддард би та нарыг умард руу хааны
далбааг мандуулан яаралтай мордож Сэрээний Улаан салааг хөндлөн гатлан хааны шүүхийн
өмнө хуурамч хүлэг баатар Грегор Клеганыг хийсэн гэмт хэргийнх нь хамт авчирахыг тушааж
байна. Би түүнийг зэмлэн буруутгаж бүх хэргэм зэргийг нь мултлан газар нутаг эдлэнг
хурааж үхлийн ял оноох болно. Бурхад түүний сүнсийг өршөөх бизээ гэв.

Нэдийн эцсийн үг танхимд бөхөхөд Цэцэгт хүлэг баатар гайхширан,

- Лорд Эддард би яах болж байна? гэхэд Нэд түүн рүү ширтсэнд өндөр суудлаас Лорас
Тайрелл Роббийн үеийн залуухан харагдав.

- Сэр Лорас чиний эр зоригт огтхон ч эргэлзээгүй ч бид энд шүүх засаглал явуулж байгаагаас
бус чиний өшөөг авах гээгүй гээд лорд Берик руу харж,

- Үүр аяармагц мордоорой. Тийм зүйлийг түргэн дуусгасан нь дээр гээд гараа өргөж,

- Өнөөдөр хаан ширээ ондоо ямар ч зарга шүүхгүй гэлээ.

Алин, Портер хоёр түүнийг эгц шатаар доош буухад туслав. Тэднийг уруудах үед Лорас
Тайреллийн дүнсгэр харц мэдрэгдсэн ч хөвгүүн Нэдийг дэргэд нь хүрэхээс өмнө хаан
ширээний өрөөнөөс алхан гарлаа.

Төмөр хаан суудлын ёроолд Варис зөвлөлийн ширээнээ бичиг цаас цэгцлэн, Чигчий хуруу,
эрхэмсэг мастер Пацилл хоёр хэдийн гарч оджээ.

- Та миний бодсоноос илүү зоригтой хүн юм гэж тайган аяархан хэлэв.

- Хэр зоригтой гэж, лорд Варис? гэж Нэд ширүүн асуулаа. Түүний хөл янгинан өвдөж үгээр
наадах сонирхол байсангүй.

- Би таны оронд байсан бол сэр Лорасийг илгээх байсан юм. Тэр үүнийг хийхийг тэсгэлгүй
хүсч байгаа... Ланнистерийнхантай дайсагнасан хүн Тайреллийнхантай нөхөд болох нь
чухал.

- Сэр Лорас залуу байна. Түүнийг гомдсон сэтгэлээ давж гарна гэж найдъя.

- Тэгвэл сэр Илин яах болж байна? гээд тайган энгэсэг түрхсэн тарган нүүрээ үрчлээ.

- Тэр хааны шүүхийг хэрэгжүүлэгч биз дээ. Түүнийг албаных нь хүмүүстэй нь илгээх
хэрэгтэй байсан юм... зарим нэг нь ийм алхамыг доромжлол гэж хүлээж авах байх шүү.

- Би түүнийг өчүүхэн ч гомдоох гээгүй гээд Нэд үнэндээ алуурчинд дургүй учир чимээгүй
хүлэг баатарт итгэсэнгүй.

- Би чамд Пэйныг Ланнистерийн гэр бүлийн тугчин гэдгийг сануулах байна. Лорд Тайвины
айлгаж чадахгүй хүн сонгосон нь дээр гэж бодсон юм.

- Эргэлзээгүй маш хэрсүү сонгожээ. Гэсэн ч би танхимийн арын хэсэгт сэр Иллиний цайвар
нүдэнд тийм ч их баярласан шинж илрээгүйг ажигласан болохоор манай чимээгүй хүлэг
баатар юу бодсоныг хэлэхэд хэцүү байна. Түүнийг ч гэсэн урам хугарлаа давж гарна гэж
найдъя. Тэр өөрийнхөө ажилд их дуртай хүн байгаа юм...
САНСА

- Тэр сэр Лорасыг илгээх хэрэгтэй байсан юм. Би түүний хөлөөс болсон гэж бодож байна гэж
Санса Жэйн Полд үдэш дэнлүүний гэрэлд хүйтэн хоол идэхдээ хэлэв.

Лорд Эддард хугарсан хөлөө хөндөхгүйн тулд оройн хоолоо өрөөндөө Алин, Харвин, Вэйон
Пол нарын хамт идэж, септа Мордэйн өдөржингөө танхимд зогссоор хөл нь янгинаж гүйцлээ
гэж гомдоллож байлаа. Аръяа тэдэнтэй нэгдэх ёстой байсан ч бүжгийн хичээлдээ оройтжээ.

- Түүний хөл гэнэ ээ? Сэр Лорас хөлөө гэмтээгээ юу? гэж Жэйн итгэлгүйхэн асуулаа. Тэр хар
үстэй Сансагын үеийн хөөрхөн охин байв.

- Түүний хөл биш. Аавын хөл, тэнэг минь. Хөл нь өвдөөд байгаа болохоор ууртай байгаа юм.
Үгүй бол сэр Лорасыг илгээх байсан даа гэж Санса тахианы хөл нямбайлан мөлжих зуураа
хэлэв.

Эцгийнх нь шийдвэр түүнийг үл итгэхэд хүргэжээ. Цэцэгт хүлэг баатрыг үг хэлэхэд Санса
хөгшин Нанын түүхэнд гардаг явдал нүдэн дээр нь өрнөж байгаа гэдэгт итгэлтэй байв. Сэр
Грегор мангас, сэр Лорас түүнийг дарах жинхэнэ баатар шиг санагдав. Түүний гадна төрх нь
хүртэл жинхэнэ баатар шиг үзэсгэлэнтэй гоолиг нарийхан бүсэлхийндээ алтан сарнайн
хэлхээ зүүж өтгөн хүрэн үсээ нүднийхээ хажуугаар унжуулжээ. Тэгтэл эцэг нь түүнд
татгалзаж л байдаг! Санса хичнээн сэтгэлээр унаснаа мэдсэнгүй. Энэ тухайгаа танхимын
шатаар уруудахдаа септа Мордэйнд хэлэхэд хариуд нь охин нь эцгийнхээ шийдвэрт эргэлзэх
бол түүний ажил биш гэж хэлжээ.

Тэгтэл ярианд лорд Бэйлиш оролцон,

- Өө мэдэхгүй юм даа, септа. Түүний лорд эцгийн зарим нэг шийдвэр жаахан эргэлзмээр
байсан. Залуу хатагтай хайр булаам шигээ цэцэн ажээ гээд бөхийн ёслоход Санса түүнийг
шоолсон эсэхийг нь мэдсэнгүй.

Септа Мордэйн лорд Бэйлиш тэдний яриаг сонссоныг ойлгоод ихэд сэтгэлээр унав.

- Охин зүгээр л бодсон зүйлээ ярьж байгаа юм, эрхэм лорд. Ердийн нэг тэнэг ярианаас
илүүгүй. Тэр үүгээрээ юу ч хэлэх гээгүй гэхэд лорд Бэйлиш шовх үзүүртэй жирэвгэр сахлаа
илбээд,

- Юу ч биш гэнэ ээ? Надад хэлээч хүүхэд минь чи яагаад сэр Лорасыг явуулах гэсэн юм бэ?
гэж асуухад Сансад баатар, мангасынхаа тухай ярихаас өөр сонголт үлдсэнгүй. Хааны зөвлөх
хариуд нь инээмсэглэснээ,

- Миний бодсон шиг шалтгаан биш юм... гээд хацарт нь хүрэн эрхий хуруугаараа шанааг нь
зөөлхөн илбээд,

- Амьдрал бол дуу биш, хонгор охин минь. Чи нэг л өдөр үүнийг гашуугаараа ойлгох болно
доо гэсэн билээ.
Санса энэ тухай Жейнд хэлэх нь бүү хэл санахыг ч хүссэнгүй.

- Сэр Иллин хааны шүүхийг хэрэгжүүлдэгээс биш сэр Лорас биш. Лорд Эддард түүнийг
илгээх ёстой байсан юм гэж Жэйн хэлэхэд Санса агзасхийн чичирлээ.

Тэр сэр Илин Пэйн руу харах болгондоо чичирдэг байв. Түүний харцанд ямар нэг үхлийн
зүйл байж нүцгэн арьсан дээр нь мөлхөн ирвэгнүүлэх шиг болно.

- Сэр Илин бараг л хоёр дахь мангас. Би аав түүнийг сонгоогүйд баяртай байна.

- Лорд Берик сэр Лорасаас дутуугүй баатар. Тэр зоригтой үзэсгэлэнтэй.

- Магадгүй л юм гэж Санса эргэлзэнгүй хэллээ. Берик Дондаррион үзэсгэлэнтэй нь


эргэлзээгүй ч бараг л хорин хоёртой аймшигтай хөгшин тул Цэцэгт хүлэг баатар энэ дүрд
хамаагүй зохицож байлаа. Мэдээж Жэйн лорд Берикийг талбай дээр харсан даруй дурласан ч
Санса үүнийг нь тэнэг хэрэг гэж бодно. Жэйн ердийн нэг бойдоогийн охин болохоор хичнээн
ухаан алдсан бай хамаагүй лорд Берик хэзээ ч түүн рүү харахгүй байлаа.

Гэхдээ ингэж хэлэх нь эвгүй байсан тул Санса сүүнээс балгангаа сэдвээ өөрчилөв.

- Би Жоффрейг надад цагаан буга өгч байна гэж зүүдэлсэн.

Энэ нь ердөө мөрөөдөл байсан авч зүүдэлсэн гэж хэлэх нь хамаагүй дээр сонсогдож байлаа.
Хүн бүр зүүд зөнтэй байдгийг мэдэх шүү дээ. Цагаан буга маш ховор ид шидийн амьтан
болохоор согтуу эцэг нь биш түүний сүрлэг ханхүү бариасай гэж сэтгэл зүрхнээсээ хүсч байв.

- Зүүдэлсэн гэнэ ээ? Үнэн үү? Тэгэхээр ханхүү Жоффрэй зүгээр л нүцгэн гараараа бариад
ямар ч гэм учруулаагүй юу?

- Үгүй. Тэр надад алтан сумаар харваад авчирч өгсөн.

Дуунд сайн хүлэг баатрууд хэзээ ч шидэт амьтдыг алалгүй зөвхөн дөхөж очоод гэм хоргүй
хүргэлгүй хүрдэг тухай гардаг ч Санса Жоффрей ангийн ялангуяа алдаг хэсэгт онцгойлон
дуртай болохыг мэдэж байв. "Зүгээр л амьтад гэж шүү дээ" бодлоо. Санса ханхүүгээ Жори
болоод бусад хөөрхий хүмүүсийг алахад оролцсон гэж бодсонгүй. Энэ бүхэнд түүний нагац
ах хааны алуурч буруутай. Тэр эцгийгээ одоо хүртэл уурласан хэвээр байгааг мэдэж байсан ч
Жоффыг буртуутгасангүй. Энэ нь яг л Аръяаг буруутгахтай адил зүйл билээ.

- Би өнөө орой дүүг чинь харсан. Тэр жүчээн дотор гар дээрээ явж байсан. Тэр яагаад
иймэрхүү зүйл хийдэг юм бол? хэмээн Жэйн Сансагын бодлыг уншсан мэт хэлэв.

- Би Аръяагын яагаад иймэрхүү зүйл хийдгийг мэдэхгүй гэдэгтээ итгэлтэй байна гээд Санса
битүү ялаа, морины хомоолоор дүүрэн байдаг өмхий жүчээг үзэн яддаг байлаа. Мориор
зугаалахдаа хүртэл агтчин хүүд морийг нь хашаанд эмээллэхийг хүсдэг байв.

- Чи ордонд юу болсон тухай сонсмоор байна уу, үгүй юу?


- Тэгээч дээ гэж Жейн баярлалаа.

- Тэнд хөгшин өмхий үнэртэй хар баатар ирж Ханан дээр аваачих хүмүүс гуйсан.

Сансад энэ нь ер таалагдсангүй. Тэр үргэлж Шөнийн харуулуудыг авга ах Бэнжин шигээ
хүмүүс гэж төсөөлдөг байв. Дуунд тэднийг Ханын хар хүлэг баатрууд гэж дууддаг билээ. Гэвч
энэ хүн бөгтөр нуруутай аймшигтай бөөстсөн юм шиг харагдаж байлаа. Хэрвээ үнэхээр
Шөнийн харуулууд жинхэнээсээ ийм бол яах бол гэхээс бутач ах Жоныгоо өрөвдөх сэтгэл
төрөв.

- Аав танхимд байгаа хүлэг баатруудаас гэр бүлийнхээ нэр хүндийн төлөө хэн хар болохыг
хүсч байна гэхэд хэн ч урагш алхаагүй болохоор Йореныг хааны шорон руу хоригдол
авахуулахаар явуулсан. Дараа нь Дорнийн Маршаас ирсэн чөлөөт морьтонгууд болох ах дүү
хоёр хаанд зүтгэн илд өргөхийг гуйсан. Аав тэдний ам тангарагыг авч... гэхэд Жэйн
эвшээгээд,

- Гал зууханд зүржийн бялуу үлдсэн болов уу? гэв.

Санса яриаг нь таслахад дургүй хэдий ч зүржийн бялуу хаан ширээнд болсон үйл явдлаас
хамаагүй сонирхолтой тул,

- Явж харцгаая гэж хэллээ.

Гал зууханд зүржийн бялуу байсангүй ч тэд хүйтэн тал гүзээлзгэний бялуу олсон нь муугүй
байлаа. Түүнийгээ идэн цамхагын шатаар хөхрөлдөн хов жив ярилцан явсаар Санса орондоо
орох үедээ бараг Аръяа шиг ёс суртахуунгүй болсноо мэдэрлээ.

Маргааш өглөө нь үүрийн гэгээнээр сэрж лорд Берик хүмүүсээ эмхлэн жагсаахыг харахаар
нойрмоглон цонх руу очив. Тэд өглөөн нарны анхны туяанаар хотыг орхин өндөрт харайж буй
титэмт буга, Старкийн зэрлэг чоно, лорд Берикийн цахилсан аянга бүхий сүлдтэй гурван
далбаа мандуулсаар хөдлөв. Энэ бүхэн яг л дуунд гардаг шиг сэтгэл хөдлөм байж илд
хангинан, бамбарын гэрэл улалзан, салхинд туг далбаа дэрвэж, морьд янцгааж тургилан
нарны алтан цацраг дээш өргөгдсөн хаалганы сараалжыг нэвт гийгүүлнэ. Винтерфеллийн
хүмүүс мөнгөлөг хуяг, урт саарал нөмрөгтэйгээ гоц сайхан ялгаран харагдаж байлаа.

Алин Старкийн тугийг барьжээ. Түүнийг лорд Берикийн дэргэд үг солилцон явахыг хараад
Сансагын бахархах сэтгэл төрөв. Алин Жоригиоос илүү царайлаг бөгөөд нэг л өдөр хүлэг
баатар болох байлаа.

Тэднийг явсны дараа Гарын цамхаг хоосрох шиг санагдсанд Санса Аръяа өглөөний цайндаа
бууж ирэхийг хараад баярлах сэтгэл төрөв.

- Бүх хүн хаачаа вэ? Аав тэднийг Жэйми Ланнистерийг агнуулахаар илгээсэн юм уу? гэж дүү
нь улаан өнгийн зүрж хальслах зуураа асуув.

Санса санаа алдан,


- Тэд лорд Бериктэй сэр Грегор Клеганы толгойг авахаар мордсон гээд модон халбагаар будаа
идэж байсан септа Мордэйн рүү эргэж,

- Септа лорд Берик сэр Грегорийн толгойг өөрийнхөө хаалган дээр өлгөх болов уу эсвэл
хаанд авчирах болов уу? гэж асуув.

Жэйн Пол тэр хоёр өнгөрсөн шөнөжингөө энэ тухай маргалджээ.

Септагийн царай аймшигт автав.

- Сурвалжит хатагтай хүн хоол идэж байхдаа ийм зүйл ярьдаггүй юм. Чиний эелдэг
хүмүүжил чинь хаачаа вэ, Санса? Би чамайг удахгүй дүүгээсээ дээрдэхгүй хүн болох нь гэж
тангарагласан ч болох юм.

- Грегор юу хийсэн юм? гэж Аръяа асуув.

- Тэр тосгон суурингуудыг галдаж эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хядсан гэхэд Аръяа нүүрээ
үрчийлгэж,

- Жэйми Ланнистер Жори, Хевард, Вилийг алж, Хоточ Микахыг хөнөөсөн. Тэдний ч гэсэн
толгойг гэсэн авах хэрэгтэй биз дээ гэв.

- Энэ чинь адил зүйл биш. Хоточ бол Жоффрейн тангараг өргөсөн хамгаалагч. Харин чиний
нядлагчийн хүү ханхүү рүү дайрсан.

- Худалч гээд Аръяа гартаа атгасан улаан зүржийг базахад хурууны завсар шүүс нь шахагдлаа.

- Алив намайг хүссэнээрээ дуудаж болно. Харин Жоффрейтэй гэрлэсэн хойно ингэж
зүрхлэхийг чинь харъя. Надад бөхийн ёсолж эрхэм дээдсээ гэж дуудах болно доо гэснээ
Санса Аръяагийн зүрж чулуудахыг хараад хашгирлаа. Энэ нь түүний духан дээр онож шүүс
нь гоожин нялцайгаад өвдөг рүү нь уналаа.

- Чиний нүүрэн дээр чинь шүүс болчихож, эрхэм дээдсээ гэж Аръяа хэлэв.

Зүржийн шүүс хамар даган урсаж нүд хорсгоход Санса алчуураар арчлаа. Тэгснээ өвдөг дээр
нь унасан жимс үзэсгэлэнтэй зааны ясан торгон даашинзыг нь ямар болгосныг хараад ахин
хашгирлаа.

- Чи аймшигтай юм. Тэд л чамайг Хатагтайгийн оронд алах ёстой байсан юм гэхэд септа
Мордэйн хөл дээрээ найган босов.

- Та нарын лорд эцэг чинь энэ тухай мэдэх болно доо! Өрөө рүүгээ даруйхан явцгаа! Яг одоо
шүү!

- Би ч гэсэн үү? Энэ чинь шударга биш байна шүү дээ гээд Сансагын нүдэнд нулимс
цийлэгнэв.
- Энэ тухай ярих ямар ч зүйл байхгүй. Яв!

Санса толгойгоо унжуулан явлаа. Тэр удахгүй хатан хаан болно харин хатан хаан уйлдаггүй
билээ. Ялангуяа хүмүүсийн нүдэн дээр шүү. Тэр унтлагын өрөөндөө очоод хаалгаа цоожлон
даашинзаа тайлж шидэв. Улаан зүрж торгон хувцсан дээр улаан толбо үлдээжээ.

- Би түүнийг үзэн ядаж байна! гэж Санса хашгирлаа. Тэр даашинзаа бөөгнүүлэн аваад
өнгөрсөн шөнө гал түлж хөрсөн зуухны үнсэн дээр шидэв. Тэгснээ дотуур хувцсан дээр нь
улаан толбо болсныг хараад тэсгэлгүй цурхиран уйллаа. Тэр үлдсэн хувцсаа нэг нэгээр нь
урж орон дээр өнхөрч унаад унтан унтатлаа уйлав.

Үд дундын үед септа Мордэйн хаалга цохив.

- Санса. Лорд эцэг чинь чамтай уулзахыг хүсч байна гэхэд Санса өндийн суугаад,

- Хатагтай гэж шивнэв. Агшин зуур зэрлэг чоно өрөөнд нь орны дэргэд суугаад алтан
нүдээрээ гунигтай ширтэх шиг санагджээ. Тэр зүүдэлснээ ойлгов. Хатагтай түүнтэй хамт
байж, хамтдаа гүйж байсан тэгтэл... гээд энэ тухай санахыг оролдох тусам хурууны завсар
гоожих бороон дусалтай адил сарнин алга болов. Зүүд бөхөхөд Хатагтай ахин үхлээ.

- Санса. Чи намайг сонсож байна уу? гээд хаалга нүдэх чимээ ахин гарав.

- Тиймээ, септа. Надад хувцаслах хугацаа өгөөч? гээд уйлсаар улайсан нүдтэй ч чадахаараа
хөөрхөн боллоо.

Септа Мордэйн түүнийг өрөөнд нь дагуулан орох үед лорд Эддард шохойдсон боолттой хөлөө
ширээн доогуур жийн том ширэн хавтастай боть руу бөхийж сууж байлаа.

- Наашаа хүрээд ир, Санса. Дэргэд суу гэж тийм ч ширүүн бус хэлээд септа дүү рүү нь явахад
номоо хаалаа.

Септа Мордэйн мултрахыг оролдож байгаа Аръяаг гараас нь чирсээр хүрч ирэв. Санса
өрөвдсөн сэтгэл төрүүлэхийн тулд гоёмсог цайвар ногоон өнгийн дамаскийн бөс даавуун
хувцас өмссөн байхад дүү нь аль өглөөний цайн дээр өмссөн бүдүүлэг ширэн хувцастайгаа
хэвээр байлаа.

- Нөгөө нэгийг нь авчирлаа гэж септа мэдэгдэв.

- Баярлалаа, септа Мордэйн. Өршөөнө үү би охидтойгоо нүүр тулж ярилцмаар байна гэхэд
септа бөхийн ёслоод гарав.

- Аръяа эхэлсэн гэж Санса түрүүлж үг дуугарахыг хичээн яаран хэлэв.

- Тэр намайг худалч гэж дуудаад зүрж шидэн хатан хаан Серсей ханхүү Жоффрейтэй сүй
тавихад өгсөн зааны ясан өнгийн миний хамгийн сайн торгон даашинзыг сүйтгэсэн. Тэр
намайг ханхүүтэй гэрлэнэ гэхээс үзэн ядаж байгаа юм. Тэр бүгдийг гутаахыг оролдож байна,
аав аа. Тэр үзэсгэлэнтэй сайн юуг ч тэвчиж чаддаггүй гэхэд,
- Хангалттай Санса гэж лорд Эддардын хоолой тэсвэр алдан зандарлаа.

Аръяа харцаа өргөв.

- Намайг өршөөгөөрэй, аав аа. Миний буруу болохоор эгчдээ хийсэн зүйлийнхээ өмнөөс
өршөөл гуйж байна.

Санса мэл гайхсандаа болоод үг дуугарч чадсангүй. Эцэст нь сэхээ орж,

- Тэгвэл миний даашинз яах болж байна? гэв.

- Магадгүй... би угааж болох юм гэж Аръяа тээнэгэлзэнгүй хэлэв.

- Угаагаад юу ч бүтэхгүй. Чи өдөр шөнөгүй үрсэн ч бай хамаагүй торго авах юмгүй болсон.

- Тэгвэл би чамд... шинийг оёж өгье.

Санса басамжлан толгойгоо гэдийлгэж,

- Чи юу? Чи гахайн хороо цэвэрлэгчийн ч хувцсыг оёж чадахгүй гэхэд эцэг нь санаа алдлаа.

- Би та хоёрыг ийш нь хувцасны тухай хэрүүл хийлгэх гэж авчраагүй. Би хоёуланг чинь
Винтерфелл рүү буцаах гэж байна.

Агшин зуур Санса ахин үг хэлэх чадваргүй болоход нүдэнд нь нулимс ахин цийлэгнэв.

- Та чадахгүй гэж Аръяа хэллээ.

- Гуйж байна, ааваа. Битгий тэг л дээ гэж Санса эцэст нь арайхийж үг хэлэх чадалтай болов.

Эддард Старк охидоо хараад ядрангуй инээмсэглэлээ.

- Би ахиж ямар ч буруу зүйл хийхгүй. Би буцаж очихыг хүсэхгүй байна гэж Санса гуйлаа.

Түүнд сүр жавхлантай ордон, үнэт чулуун эдлэл зүүж торго хамба хилэнгээр хувцасласан
өндөр дээд лорд, хатагтай нар, олон хүн холхисон том хот бүхий Хааны газар таалагдаж
байлаа. Тэмцээн түүний амьдралдаа үзсэн хамгийн гайхамшигтай мөч байсан бөгөөд
ургацын баяр, багт наадам, жүжигчдийн тоглолт гээд өөр үзээгүй зүйл хичнээн эсийг юу
гэхэв. Тэр энэ бүхнийг алдахыг тэвчиж чадахгүй.

- Маргаан эхэлснээр нь Аръяаг явуул, аав аа. Би сайн байна гэдгээ амалж байна. Та хараарай.
Зөвхөн намайг үлдээх юм бол хатан хаан шиг уужим сэтгэлтэй эрхэмсэг байна гэдгээ амалж
байна гэхэд эцгийнх нь ам хачирхалтай татвалзав.

- Санса би та хоёрыг маргаанаас чинь болж явуулах гээгүй. Зөвхөн бурхад л намайг та хоёрын
маргаанд хичнээн ядарч байгааг мэдэх байх. Би та нарыг аюулгүй байдлын төлөө Винтерфелл
рүү буцаж илгээх гэж байна. Миний гурван хүн сууж байгаа газраас минь холгүй нохой шиг
цавчуулсан байхад Роберт юу хийсэн билээ? Тэр анд явсан гэхэд Аръяа зэвүүцэнгүй уруулаа
хазалж,

- Бид Сириог хамт авч явж болох уу? гэв.

- Чиний тэр тэнэг бүжгийн багш чинь ер нь хэнд хэрэгтэй юм бэ? гэж Санса дүрсхийснээ, -
Аав аа би одоо л яагаад явж болохгүйгээ саналаа. Би ханхүү Жоффрейтэй гэрлэх ёстой гээд
зоригоо хөвчлөхийг хичээн инээмсэглэж,

- Би түүнд хайртай аав аа. Үнэн сэтгэлээсээ хайртай. Яг л хатан хаан Нэйрис луун хөлөгт
баатар ханхүү Эймон, Жонквил сэр Флорианд хайртай байсан шиг хайртай. Би түүний хатан
болж хүүхэд төрүүлж өгөхийг хүсч байна гэв.

- Хайрт охин минь намайг сонс. Чамайг насанд хүрэхээр ямар нэг эн тэнцэх өндөр язгууртан
лорд юм уу ямар нэг зоригтой эелдэг хүчтэй хүний эхнэр болгоно. Үүний дэргэд Жоффрей
бол аймшигтай эндүүрэл шүү. Энэ хүү ханхүү Эймон биш гэдэгт надад итгээрэй гэхэд,

- Тэр мөн! гэж Санса шаардлаа.

- Би ямар ч зоригтой эелдэг хүнийг хүсэхгүй байна. Би түүнийг хүсч байна. Бид дуунд гардаг
шиг үүрд аз жаргалтай байх болно та хараарай. Би түүнд алтан үстэй хүү төрүүлэн өгч тэр
нэг л өдөр өсч том болоод бүх хаант улсын хамгийн агуу чоно шиг зоригтой арслан шиг
бардам хаан болно гэхэд Аръяа ярвайж,

- Түүний эцэг шиг л биш шүү. Тэр бол худалч хулчгарын дээр буга болохоос арслан биш гэв.

Сансагын нүдэнд нулимс цийлэгнэж,

- Тийм бишээ! Тэр согтуу хаантай адилгүй гээд дүү рүүгээ гашуудлаа мартан хашгирлаа.

Эцэг нь охидоо хачирхан ширтсэнээ,

- Бурхан минь миний хүүхдүүдийн амнаас ийм үг гарч л байдаг гээд септа Мордэйнийг
дуудаад охидууддаа хандан,

- Би хурдан худалдааны онгоц олж та нарыг гэрт чинь буцаах болно. Эдгээр өдрүүдэд тэнгис
хааны замаас хамаагүй аюулгүй. Намайг тохиромжтой хөлөг онгоц олмогц та хоёр септа
Мордэйн болон хамгаалалтын хүмүүсийн хамтаар... бас Сирио Форел надад зүтгэхийг
зөвшөөрвөл хамт явах болно. Гэхдээ энэ тухай хэнд ч бүү хэлээрэй. Бидний төлөвлөгөөний
тухай хүн мэдэхгүй байсан нь дээр. Бид энэ тухай маргааш ахин ярилцана гэлээ.

Санса септа Мордэйн араас шатаар уруудан буухдаа цурхиран уйллаа. Тэмцээн, ордон, ханхүү
гээд бүх зүйл байхгүй болж тэд түүнийг Винтерфеллийн саарал ханын дунд ахин үүрд хорих
нь байна. Түүний амьдрал эхэлж ч амжаагүй байхдаа дууслаа.

- Уйлахаа больж үз. Би эцэг чинь ингэсэн нь дээр гэдгийг мэдэж байгаа гэдэгт итгэлтэй
байна гэж септа Мордэйн ширүүн хэлэв.
- Тэгээд ч энэ муугүй шүү дээ, Санса. Бид хөлөг онгоцоор аялана. Шинэ адал явдал туулсны
эцэст Бран, Робб, хөгшин Нан, Ходор гээд үлдсэн хүмүүстэй уулзана гээд Аръяа гарт нь
хүрлээ.

- Ходор гэнэ ээ! гэж Санса орилов.

- Чи дуртай юм бол өөрөө Ходортой гэрлэдэг байгаа юм биз. Тэнэг үсэрхэг царай муут! гээд
дүүгийнхээ гараас мултран унтлагын өрөөндөө гүйн ороод хаалгаа түгжлээ.
ЭДДАРД

- Өвдөлт бол бурхдын бэлэг, лорд Эддард. Яс нөхөн төлжиж бие өөрийгөө эдгээж байгаа юм.
Талархам хэрэг шүү гэж эрхэмсэг мастер Пацилл хэлэв.

- Миний хөл лугшин өвдөхөө больсон цагт талархах байна гэж Нэд хэлэхэд Пацилл дашмагаа
таглан орны хажуугийн ширээн дээр тавиад,

- Өвчин нь улам ихэсвэл намуу цэцэгтэй сүү уугаарай гэв.

- Би түүнтэй түүнгүй чинь хангалттай их унтсан.

- Нойр бол хамгийн агуу эмч.

- Харин би таны эмчлэх чадварт л найдсан юмсан гэхэд Пацилл инээмсэглэж,

- Таны тоглоом хийх чадвартай байхыг харахад таатай байна гээд бөхийж дуугаа намсган,

- Өнөө өглөө хэрээ ирж хатан хааны эцгээс захиа авчирсан. Би таныг мэдсэн нь дээр байх гэж
бодлоо гэв.

- Хар жигүүр, хар үг. Юуны тухай юм? гэж Нэд баргар хэлэв.

- Лорд Тайвин таныг сэр Грегор Клеганы араас хүмүүс илгээсэн явдалд ихэд уурсан хилэгнэж
байна. Тэгэх ч болов уу гэж би болгоомжилж байсан юм. Миний энэ тухай зөвлөснийг санаж
байгаа биз дээ.

- Уурлаж л байг гээд Нэд хөл нь лугшин өвдөх болгонд Жэйми Ланнистерийн инээмсэглэл,
Жоригийн гаран дээр нь үхсэнийг санадаг байлаа.

- Тэр хатан хаанд хүссэн зүйлээ бичиж л байг. Лорд Берик хааны туган дор мордсон. Хэрвээ
Лорд Тайвин хааны шүүхийн эсрэг сөрөн зогсохыг оролдвол Роберт үүнийг нь хариулах
болно. Эрхэм дээдэс зөвхөн ангаас гадна өөрийг нь эсэргүүцсэн лордуудыг дарах дуртай
гэхэд Пацилл гинжээ жингэнүүлэн эргэж сууснаа,

- Таны хэлснээр болог. Би маргааш өглөө ахин ирье гээд яаран юм хумаа цуглуулснаа гарч
одлоо. Нэд түүнийг шууд хааны өрөө рүү явж хатан хаанд шивнэнэ гэдэгт эргэлзсэнгүй. "Би
таныг энэ тухай мэдсэн нь дээр гэж бодлоо". Серсэй түүнийг эцгийнхээ сүрдүүлгийг
дамжуул гэж явуулсан нь гарцаагүй. Түүний хариулт цохилт өгнө гэж найдъя. Нэд Робертийн
ингэхэд итгэлтэй биш байсан ч энэ талаар Серсэйд мэдэгдэх шалтгаан байсангүй.

Пациллыг явсан хойно Нэд зөгийн балтай аяга дарс авчирахыг тушаав. Манантсан ухаан нь
муугүй ажиллаж байв. Яах тухайгаа сайн бодох хэрэгтэй байлаа. Тэр мянган удаа өөрөөсөө
урт удаан амьдралын туршлагатай Жон Аррин энэ тухай мэдсэн бол яах байсныг асуужээ.
Эсвэл үүнийг мэдсэнээс болж хөнөөгдсөн ч юм билүү.

Заримдаа хүүхдийн гэмгүй нүд нас бие гүйцсэн хүмүүсийн олж харахгүй зүйлийг хардаг нь
хачирхалтай. Хожмын нэг өдөр Сансаг өсч том болоход яаж бүгдийг тодорхой болгосныг нь
ярьж өгөх болно. "Тэр согтуу хөгшин хаантай огтхон ч адилгүй" гэж өөрийн мэдэлгүй уурсан
хэлсэн үгэнд хүйтэн үхэл агуулагдсан жирийн үнэн нуугдаж байжээ. "Энэ бол Жон Арринийг
алсан илд. Робертийг ч гэсэн алж удаанаар үхэл руу нь хөтлөх болно" гэж Нэд бодлоо.
Хугарсан хөл нь цаг хугацааны явцад эдгэх хэдий ч бугалсан урвалт сэтгэл зүрхийг хордуулах
болно.

Эрхэмсэг мастерыг явсанаас хойш цагийн дараа Чигчий хуруу энгэр дээрээ хар өнгийн
утсаар ятга шаазгай хатгамласан илгэн хүрэн хантааз, хар цагаан судалтай нөмрөгтэй орж
ирэв.

- Би таныг удаан саатуулахгүй, эрхэм лорд минь. Хатагтай Танда намайг үдийн хоолонд
хүлээж байгаа. Тэр эргэлзээгүй надад тарган тугалын мах шарсан байх. Бараг л охин шиг нь
тарган бол би үхэхэд бэлэн байна. Ингэхэд хөл чинь яаж байна даа?

- Халуу шатан өвдөж загатнах нь галзууруулах шахаж байна гэхэд Чигчий хуруу хөмсгөө
өргөлөө.

- Цаашдаа унаж буй морины дор орохгүй байхыг хичээгээрэй дээ. Би таныг аль болох түргэн
эдгэхийг зөвлөх байна. Хаант улс тайван бус байна. Варис умардаас аймшигтай шивнэлт
сонсчээ. Чөлөөт морьтон, хөлсний цэргүүд Кастерли Рокод шавааралдсан нь лорд Тайваныг
огтхон ч баярлуулахгүй байгаа бололтой.

- Хаанд үг хүргэсэн үү? Роберт ангаасаа хэр хугацааны дараа ирэх гэж байна?

- Түүний байдлаас үзвэл эрхэм дээдэс хатан хаан та хоёрыг хөгширч үхэх хүртэл ойд
үлдэхийг эрхэмлэж байгаа бололтой гээд лорд Петр үл мэдэг инээвхийлэн,

- Аз болоход ямар нэгэн юм алвал түргэн ирэх байх. Тэд цагаан буга болон түүнээс үлдсэн
зүйлийг олжээ. Гэвч бугыг чоно түрүүлж зооглоод эрхэм дээдэст эвэр туурайг нь үлдээсэн
байна. Роберт ойн гүнд асар том бодон зугаалж яваа тухай сонсох хүртэл үүнд ихэд
хилэгнэсэн. Ханхүү Жоффрей өнөө өглөө Ройс, сэр Балон Свонн болон бусад хорин хүний
хамт эргэж ирсэн. Үлдсэн нь хаантай байгаа.

- Хоточ яасан бэ? гэж Нэд асуугаад хөмсөг зангидлаа. Одоо сэр Жэйми эцэгтэйгээ нэгдэхээр
хотоос зугтсан болохоор Ланнистерийн бүлэг дундаас Сандор Клеган хамгийн их санаа
зовоож байв.

- Өө, Хоточ Жофррейтэй цуг ирээд шууд хатан руу очсон гээд Чигчий хуруу инээмсэглэж,

- Би түүнийг лорд Берик ахынх нь толгойг авахаар мордсоныг мэдэх үед жоом шиг сандран
гүйнэ гэдэгт зуун мөнгөн буга тавих байна гэлээ.

- Сохор хүн хүртэл Хоточыг ахыгаа үзэн яддаг болохыг мэднэ.

- Өө энэ Грегорийг үзэн ядсан хэрэг болохоос биш алах шалтгаан биш. Дондаррион манай
Уулын оройг тайрмагц Сандорт Клеганы удмын газар шилжин ирэх болохоор түүний үгээр
илэрхийлэх аргагүй талархалыг сонсоно гэхээс нүднийхээ нулимсыг барьж чадахгүй нь.
Харин одоо намайг өршөөгөөрэй. Хатагтай Танда тарган тугалтайгаа хүлээж байгаа.

Лорд Петр үүд руу чиглэх замдаа ширээн дээр байсан эрхэмсэг мастер Маллеоны том ботийн
хавтасыг сонирхон эргүүлж үзэв.

- "Долоон ханлигийн өндөр гаралт томоохон овгуудын удам угсааны түүх, олон тооны өндөр
язгууртан лорд, хатагтай нар болон тэдний хүүхдүүдийн тухай". Үүнээс нуршуу уйтгартай
зүйл харж байсангүй. Та үүнийг нойрсуулах эм болгон хэрэглэх гэж байгаа юм уу, эрхэм
лорд?

Нэд агшин зуур түүнд үнэнийг хэлэх гэснээ Чигчий хуруугын ёжлол уурыг нь хүргэж байлаа.
Энэ хүн хэтэрхий ухаантайн зэрэгцээ шоолонгуй инээмсэглэл уруулаасаа салгадаггүй билээ.

- Жон Аррин үүнийг өвдөхийнхөө өмнө уншиж байсан юм гэж Нэд түүний хариу үйлдлийг
харахаар болгоомжтой хэлэхэд Чигчий хуруу үргэлжид байдаг шигээ тоглоом наадмаар
хариулан,

- Тийм тохиолдолд үхэл түүнд адислагдсан амралт болох бизээ гээд мэхийн ёсолсноо гарлаа.

Эддард өөрийн эрхгүй хараал тавив. Хэрвээ түүний өөрийн хүмүүсийг эс тооцвол энэ хотод
итгэж болох нэг ч хүн байсангүй. Чигчий хуруу Кателиныг нууж Нэдийн мөрдөлтөнд
тусалсан ч Жэйми бороонд илдтэйгээ гарч ирэхэд арьсаа аврахаар яаран зугтсан нь санаанаас
огт гарсангүй. Варис үүнээс ч дор. Бүхий л байдлаараа үнэнчийг тунхаглагч тайган дэндүү
их юм мэдэхийнхээ зэрэгцээ бага зүйл хийдэг билээ. Эрхэмсэг мастер Пацилл өдөр ирэх
тусам Серсейгийн хүн нь тодорхой болж, сэр Барристан хөгширчээ. Тэр зүгээр л Нэдэд
үүргээ биелүүлэхийг зөвлөсөн байна.

Хугацаа бага байлаа. Удахгүй хаан ангаасаа эргэн ирэхэд Нэд түүнд мэдсэн зүйлийнхээ тухай
хэлэх ёстой. Вэйон Пол Санса, Аръяа хоёрыг Баравосоос гурван хоногийн дараа ирэх
"Шулмын салхи" онгоцонд суулгахаар зохион байгуулжээ. Тэд Винтерфеллд ургацын өмнө
хүрэх учир Нэдэд тэдний аюулгүй байдлын төлөө санаа зовох зүйлгүй болно.

Тэр өнгөрсөн шөнө Рэйгэрийн хүүхдүүдийн тухай зүүдэлжээ. Лорд Тайвин цогцсыг төмөр
хаан ширээний хөлд өөрийнхөө харуулын улаан хүрэн нөмрөгөөр бүтээн хаясан байв. Цус
улаан хувцсыг нэвтлэн харагдахгүй учир энэ нь ухаалаг хэрэг байлаа. Жижигхэн гүнж хөл
нүцгэн унтлагын хувцастайгаа харин хүү... хүү..

Үгүй тэр ахин ийм зүйл болохыг зөвшөөрч болохгүй. Хаант улс ахин нэг галзуу хаан өшөө
хорслоо авахаар цус урсгахыг дааж чадахгүй. Хүүхдүүдийг аврах ямар нэг арга олох хэрэгтэй.

Роберт өршөөмтгий байж чадна. Тэр зөвхөн сэр Барристаныг төдийгүй, эрхэмсэг мастер
Пацилл, Варис аалз, лорд Балон Грейжой зэрэг урьд нь дайснаар тооцогдож байсан хүмүүсээ
өршөөн нөхөрлөж өөрт нь зүтгэх боломж олгосон билээ. Хэрвээ хүн зоригтой үнэнч байвал
Роберт баатарлаг дайсандаа хүндэтгэлтэй ханддаг.
Гэсэн ч энэ нь өөр зүйл байлаа. Шөнийн хор, хутга, сэтгэл зүрхэнд ****** хутга. Тэр
Рэйгэрийг өршөөгөөгүй шигээ хэзээ ч өршөөхгүй. Бүгдийг нь ална гэдгийг Нэд ойлголоо.

Иймээс дуугүй байж тэвчихгүйгээ мэдрэв. Энэ бол түүний Робертийн өмнө болон хаант улс,
Жон Арриний сүнсний өмнө хүлээсэн үүрэг... бас үнэний хэсгийг санаандгүй мэдсэнийхээ
төлөө зэрэмдэг болсон Браны өмнө хүлээсэн үүрэг. Үгүй бол тэд яагаад түүнийг алахыг
оролдох билээ?

Үд дунд Нэд хүүхэд байхад нь бүдүүн Том гэж дууддаг байсан цайвар сахалтай харуулын
биерхүү ахлагч Томардыг дуудлаа. Жори үхэж, Алин явсан болохоор Бүдүүн Том харуулын
ахлагч болжээ. Энэ бодол Нэдийг эвгүйцүүлэв. Томард ядрахыг мэдэхгүй элэгсэг зантай
үнэнч найдвартай хүн хэдий ч нэг л хэвэнд баригдсан тавь шахаж байгаа хүн бөгөөд залуу
байхдаа ч хэзээ ч эрч хүчтэй байсангүй. Магадгүй Нэд өөрийнхөө сайн хүмүүсээ хэт яаран
тараасан байж болох юм.

- Надад чиний тусламж хэрэгтэй байна. Намайг бурхдын мод руу аваач гэж эзэндээ
дуудуулсандаа эмээсэн царайтай Томардыг орж ирэхэд хэлэв.

- Энэ чинь ухаалаг хэрэг гэж үү, лорд Эддард? Таны хөл чинь яах болж байна?

- Үгүй ч байж болох юм. Гэсэн ч зайлшгүй шаардлагатай гэхэд Томард Варлиг дуудлаа. Нэд
хоёулангийх нь мөрөн дээр тулаад цамхагийн эгц шатаар уруудан хашаанд гарав.

- Би харуулыг хоёр дахин нэмэгдүүлэхийг хүсч байна. Хэн ч Гарын цамхагыг миний
зөвшөөрөлгүй орхиж болохгүй.

Том нүдээ анивчлаа.

- Эзэнтээн Алин болон бусад хүмүүс байхгүй болохоор бидний тоо хараахан хүрэлцэхгүй...

- Энэ тийм ч удахгүй. Харуулд гарах хугацааг уртасга.

- Таны таалаар болъё. Гэхдээ яагаад гэдгийг асууж болох уу...,

- Үгүй байсан нь дээр байх гэж Нэд ширүүн хэлэв.

Шилтгээнд өмнөдийн бурхныг шүтдэг учир бурхдын мод энэ хотод үргэлжид байдаг шигээ
хоосон байлаа. Нэд зүрх модны дэргэдэх өвсөн дээр суухад хөл нь шархиран өвдөв.

- Баярлалаа гээд ханцуйнаасаа овгийнхоо сүлдтэй цаас гаргаж ирлээ.

- Үүнийг даруйхан илгээ.

Томард Нэдийн цаасан дээр бичсэн нэр лүү уруулаа долоон сэтгэл зовон харж,

- Эзэнтээн... гэж гүвтнэхэд,


- Юу тушаасныг минь хий гэж Нэд хэлэв.

Тэр бурхдын модон дор хичнээн удаан хүлээхээ мэдсэнгүй. Энд нам гүм байлаа. Шилтгээний
зузаан хаан чимээ шуугианыг хааж шувууд жиргэн, хүрэлзгэнэ шогширч, навчис сэвшээ
салхинд сэрчигнэнэ. Эндхийн зүрх мод болох хүрэн өнгийн царс нүүргүй байсан ч Нэд Старк
бурхдын байгааг мэдэрсээр байлаа. Хөл нь хүртэл янгинан өвдөхөө болих шиг санагдав.

Тэрбээр нар жаргаж цамхагын ханан дээгүүр улаан үүл хуралдахад ирлээ. Хэлсэн ёсоор нь
ганцаар байв. Энэ удаад энгийн хувцаслаж арьсан гутал, ангийн ногоон өнгийн хүрэм
өмсчээ. Түүнийг хүрэн нөмрөгнийхөө юүдэнг яарах үед Нэд хаанд алгадуулсан газар
хөхөрснийг олж харав. Хөхөрсөн газар шарлаж хавдар нь намдсан ч цохиулсаныг нь
эндүүрэхийн аргагүй байлаа.

- Яагаад энд гэж? гээд Серсей Ланнистер дэргэд нь зогслоо.

- Бурхад харах болно.

Серсей дэргэд нь ногоон дээр суулаа. Бүхий л хөдөлгөөн нь уян налархай байв. Цайвар
буржгар үс салхинд сэвэлзэн, нүд нь зуны навчис шиг ногоон байв. Нэд Старк удаан
хугацааны турш гоо үзэсгэлэнг нь ажиглаагүй ч энэ агшинд олж харлаа.

- Би Жон Арриний үхлийн нууцыг мэднэ .

- Тийм гэж үү? гээд хатан нүүр лүү нь муур шиг сэрэмжтэй харав.

- Ийм учраас намайг энд дуудаа юу, лорд Старк? Таавар таалгах гэсэн юм биз дээ? Эсвэл
эхнэр чинь миний дүүг баривчилсан шиг барих гээ юу?

- Хэрвээ чи үнэхээр тэгж бодсон бол ирэхгүй байсан гээд Нэд хацарт нь зөөлхөн хүрч,

- Өмнө нь тэр ингэж байсан уу? гэлээ.

- Ганц хоёр удаа гээд Серсей гарыг нь холдуулав.

- Гэхдээ хэзээ ч царай руу цохиж байгаагүй. Тэгээгүй бол Жэйми түүнийг өөрийн амиа өгөөд
ч хамаагүй алах байсан гээд Нэд рүү уурсангуй харж,

- Миний ах чиний найзаас зуу дахин илүү үнэтэй гэв.

- Чиний ах гэнэ ээ? Эсвэл хайрт чинь юм уу? гэж Нэд хэлэв.

- Хоёул гээд Серсей үнэнээс дальдирсангүй.

- Бид хүүхэд насаа хамтдаа өнгөрүүлсэн. Яагаад болохгүй гэж? Таргаринийхан цэвэр цусаа
хадгалахын тулд гурван зуун жилийн турш ах дүүс өөр хоорондоо гэрлэж ирсэн биз дээ.
Харин Жэйми бид хоёр бол ах дүүсээс илүү. Нэгэн биеийн хоёр хэсэг. Бид нэг эхийн хэвлий
хамтдаа хуваалцаж төрөхдөө миний хөлөөс атгасан байсан гэж хөгшин мастер хэлсэн.
Түүнийг надтай учрах үед бүхлээр нь мэдэрдэг гээд уруул дээр нь хөнгөн инээмсэглэл
тодорлоо.

- Миний хүү Бран...

Энэ нь ч Серсейг харц дальдируулсангүй.

- Тэр биднийг харсан. Чи өөрийн хүүхдүүддээ хайртай биз дээ?

Халз тулааны өглөө Роберт мөн адил асуулт асууж байсан билээ. Тэр түүнд адил хариулт
өгөв.

- Бүхий л сэтгэл зүрхээрээ.

- Тэгвэл би ч гэсэн өөрийнхдөө түүнээс дутуугүй хайртай.

Хэрвээ ямар нэг хүүхдийн амьдрал Робб, Санса, Аръяа, Бран, Рикон нараас хамаарвал яах вэ?
Хэрвээ Кателин Жоны амь хүүхдүүдээс нь хамаарвал яах байсан бол гэж Нэд бодов. Тэр
үүнийг мэдсэнгүй ч хэзээ ч тийм биш байгаасай гэж залбирлаа.

- Гурвуулаа Жэймигийнх үү гэж Нэд хэлэв. Энэ асуулт байсангүй.

- Бурханд талархая...

"Үр хүчтэй" гэж Жон Аррин үхэхийн өмнө хэлсэн билээ. Энэ бүх бутчууд бүгд харанхуй шөнө
шиг тас хар үстэй байсан. Агуу их мастер Маллеон сүүлчийн буга арслантай ерэн жилийн
өмнө ургийн холбоо тогтоон Тиа Ланнистер Говен Братеонтой гэрлэсэн гэж бичсэн байсан.
Нэр өгөөгүй хүүг Маллеоны ботид дурьдахдаа том биетэй хар үстэй хүү төрсөн даруй үхсэн
гэжээ. Гурван зуун жилийн өмнө Ланнистерийн залуу Братеоны хүүхнийг эхнэр болгон
авсан. Тэр түүнд гурван охин, нэг хүү төрүүлж өгөхөд бүгд хар үстэй байсан. Нэд шарласан
түүхийн хуудсыг хичнээн эргүүлсэн ч алт ямагт нүүрсний өмнө ялагдаж байлаа.

- Арваад жил өнгөрчээ. Роберт яагаад та хоёр хүүхэдтэй болоогүй юм?

Серсей толгойгоо өргөөд зэвүүцсэн хоолойгоор,

- Чиний Роберт намайг нэг удаа хүүхэдтэй болгосон. Харин миний ах үр хөндүүлэх эмэгтэй
эрж олоод хаан энэ тухай мэдээгүй. Үнэнийг хэлэхэд би түүнийг надад хүрэхийг арай ядан
тэвчиж олон жилийн турш түүнтэй унтаагүй. Би өөр аргаар түүний хүслийг биелүүлж
унтлагын өрөөндөө янхантай орхидог байсан юм. Биднийг юу ч хийсэн хамаагүй хаан үргэлж
уудаг байсан болохоор маргааш өглөө нь юу болсныг санадаггүй байсан.

Тэд яаж ийм сохор байж чадав аа? Үнэн тэдний өмнө хүүхдүүдийн царай дээр бичээстэй
байж. Нэдийн дотор муухайрлаа.

- Би Робертийг хаан ширээнд суусан өдөр санаж байна. Мянга мянган өөр эмэгтэй түүнд
сэтгэл зүрхнээсээ дурлах байсан. Тэр чамайг ингэж үзэн ядуулахаар юу хийгээ вэ?
Серсейгийн нүд бүрэнхийд овгийнхоо сүлдэн дээр байдаг арслан шиг ногооноор ноцов.

- Биднийг хуримын шөнө анх удаа ор хуваалцахад тэр намайг дүүгийн чинь нэрээр дуудсан.
Тэр миний дээр гараад дарсны өмхий үнэр ханхлуулан байж "Лианна!" гэж шивнэсэн юм.

Нэд Старк цайвар цэнхэр сарнайн тухай санаад сэтгэл нь үймрэв.

- Би чамайг ийм өрөвдөлтэй гэж мэдсэнгүй.

Хатан үүнд хөгжсөн байртай,

- Өрөвдөх сэтгэлээ өөртөө үлдээ, лорд Старк. Тэр чинь надад хэрэггүй гэв.

- Чи миний юу хийх ёстойг мэдэж байна уу?

- Ёстой гэнэ ээ? гээд Серсей гараа эрүүл талынх нь өвдөг дээр тавилаа.

- Жинхэнэ эр хүн бол хүссэнээ хийдэг болохоос биш заавал хийх ёстой биш гээд хуруугаа
ташаа руу нь хөнгөхөн гүйлгэж,

- Хаант улсад хүчирхэг Гар хэрэгтэй. Жофф насанд хүрэх хараахан болоогүй байна. Хэн ч
дайн дэгдэхийг хүсэхгүйн дээр би хамгаас бага хүсч байгаа гээд нүүрэнд нь хүрч үсийг нь
илбээд,

- Хэрвээ анд нөхөд дайсан болдог бол, дайсан анд нөхөр болж болно. Чиний эхнэр эндээс
мянган бээрийн зайд байгаа харин миний ах зугтсан. Надтай эелдэг харьц, Нэд. Би чамайг
хэзээ ч харамсахгүй гэдгийг амалж байна гэв.

- Чи Жон Арринд мөн адил зүйл санал болгосон юм биз дээ? гэхэд Серсей түүнийг алгадлаа.

- Чиний гарын ором надад нэр төрийн хэрэг болно гэж Нэд хөндий хэлэв.

- Нэр төрийн гэнэ ээ? гээд Серсей нулимж,

- Чи яаж миний урд уужим сэтгэлт лорд болон тоглож зүрхэлж байна? Чи намайг яана гэж?
Чамд бутач хүү байдгийг би харсан. Түүний ээж нь хэн юм бэ? Та нарын орон гэрийг нь
галдан шатааж хүчиндсэн Дорнисийн тариачин эмэгтэй юу? Эсвэл янхан юм уу? Эсвэл
чиний гашуудалт дүү хатагтай Ашара юу? Би түүнийг тэнгист живж үхсэн гэж сонссон.
Яагаад тэр вэ? Ахыгаа алж хүүхдийг нь хулгайлан авсан юм биш биз дээ? Надад хэл хүндэт
лорд Эддард минь чи Роберт, Жэйми бид гурваас юугаараа ялгаатай юм бэ? гэв.

- Эхнээсээ ялгаатай байсан. Би хүүхэд алаагүй. Намайг сайн сонс, хатагтай минь. Би чамд
үүнийг нэг л удаа хэлэх болно. Хаан ангаас эргэж ирэхэд би түүнд үнэнийг ярина. Энэ
хугацаанд чи явсан байх ёстой. Гурван хүүхдээ аваад Кастерли Рок руу биш өөр газар луу явах
хэрэгтэй. Хэрвээ би чиний оронд байсан бол Чөлөөт хотуудаас онгоц авч түүнээс ч цааш
Зуны арлууд юм уу Порт Иббен рүү салхины үлээх алсад явах байсан даа.
- Хөөгдөлт бол гашуун ундаатай аяга.

- Илүү амттай аягыг чиний эцэг Рэйгэрийн хүүхдүүдэд дүүргэж өгсөн. Чиний хүртэхээс
хамаагүй зөөлөн шүү. Чи эцэг болон ахыгаа хамт авч явбал дээр юм. Лорд Тайвин алтаараа
хөлсний цэрэг худалдан авч чамайг аюулгүй тухтай байлгахад туслана. Та нарт тэд л
хэрэгтэй. Чамайг хаашаа зугтдаг байлаа ч хамаагүй Робертийн уур хилэн газрын мухар
хүртэл дагах болно гэдгийг амлах байна гэхэд хатан босч зогсоод,

- Тэгвэл миний уур хилэн яах болж байна, лорд Старк? гэж зөөлөн асуугаад царайг нь
шинжин харав.

- Чи эрх мэдлийг өөртөө авах ёстой байсан юм. Үүнийг хийхэд тийм ч хэцүү байгаагүй.
Жэйми надад чамайг Хааны газар унасан өдөр төмөр хаан ширээнд ямар байдалтай байхад
нь олсон гэж хэлсэн. Энэ бол чиний мөч байсан. Зөвхөн шатаар гараад суухад болох байсан.
Гашуудалтай алдаа болж дээ.

- Би чиний төсөөлж болохоос ч илүү олон алдаа хийсэн. Гэвч энэ тэдний тоонд орохгүй.

- Үгүй дээ орно, эрхэм лорд минь. Хэрвээ чи хаан ширээний тоглоом тоглож байгаа бол үхэх
юм уу ялах ёстой. Дунд нь өөр газар гэж байхгүй.

Тэр босч хавдсан царайгаа нуун юүдэнгээ нөмрөөд харанхуйд бурхдын модон дундах царсны
дор орхин явахад бараан хөх тэнгэрт одод түгж эхэллээ.
ДАНЕРИС

Үдшийн сэрүүн агаарт зууханд халуун гал дүрэлзэн кал Дрого түүнд тохойгоо хүртэл улаан
болсон гараар цустай зүйл өглөө. Ард нь гартаа чулуун хутга барьсан цусан морьтонгууд газар
хэвтэж байгаа зэрлэг азарганы дэргэд өвдөглөн суужээ. Азарганы цус шохойдсон ханатай
өндөр дугуй нүхэн дэх бамбарын шаргал дөлд харлан үзэгдэнэ.

Дани зөөлөн том гэдсэндээ хүрэхэд духыг нь даган хөлс горхилон урсав. Тэр Вэйс Дотракийн
хөгшин чавганц нар үрчлээтэй нүүрэн дэх цахиур шиг гялалзсан нүдээрээ цоо ширтэхийг
мэдрэв. Данерис эмээн дальдирсангүй. "Би лууны цустай" гэж өөртөө хэлээд азарганы
зүрхийг хоёр гараараа барьж амандаа ойртуулан хатуу шөрмөслөг махыг шүдээрээ зулгаан
идэхэд амаар нь дүүрэн бүлээн цус дүүрч эрүүг нь даган урсав.

Цусны амтанд дотор муухайран огиулах шахсан ч хүчлэн зажлан залгилаа. Дотракичууд эх нь
азарганы зүрх идвэл хүчтэй хурдан аймшиггүй хүүтэй болдог гэж итгэдэг ажээ. Хэрвээ тэр
цусанд хахах юм уу буцаж огиулвал муугийн тэмдэг гэж үзэн хүүхэд амьгүй төрөх юм уу сул
дорой зэрэмдэг эсвэл эмэгтэй хүүхэд болохын тэмдэг гэж үзнэ.

Ёслолын үеэр гарын зарц нар нь туслахад бэлэн зогсож байв. Тэд үүнд сүүлийн хоёр сар
бэлтгэн Дани цусны амтанд дасахын тулд өдөрт аяга хагас нөжирсөн цус ууж, Ирри эрүүг нь
өвдтөл адууны хатаасан мах зажлуулж байв. Ёслолын өмнөх өдөр өлсгөлөн гэдэс түүхий мах
идэхэд тус болно гэж найдан бүтэн өдөр шөнийн турш юу ч идсэнгүй.

Зэрлэг азарганы зүрх цул булчин байсан болохоор Дани шүдээрээ зулгаан удаан зажилж
идлээ. Уулсын эхийн хэвлий дэх Вэйс Дотракийн ариун газар хутга мэс зөвшөөрдөггүй тул
зүрхийг шүд хумсныхаа тусламжтай зулгаан тасдлаа. Гэдэс нь эвгүйцэн хүржигнэсэн ч
үргэлжлүүлэн идсээр царай нь цусанд будагдан үе үе уруулыг нь давалгүй огиулах гэж буй
мэт санагдана.

Түүнийг идэж байх зуур Кал Дрого дэргэд нь хүрэл бамбай шиг хатуу царайтай зогсож байв.
Урт хар гэзгээ тослон гялалзуулж, сахалдаа алтан бөгж зүүгээд, гэзгэнээсээ бяцхан хонх
унжуулж, бүсэлхийндээ цул алтан зүүлттэй хүнд бүс зүүсэн бөгөөд цээжин хэсэг нь нүцгэн
байлаа. Данерис хүч нь барагдах үед Дрого руу ширтэн зажлаад л залгиад л, зажлаад л
залгиад л байлаа. Төгсгөл рүүгээ ойртоход Данид бүйлсэн хэлбэртэй хар нүдэнд нь омог
бардам бахархал гялсхийх шиг санагдсан ч калын царай бодлоо илтгэдэгггүй тул итгэлгүй
байлаа.

Эцэст нь арайхийж дуусахад Данерис сүүлчийн махыг хуруугаараа чихэн хоолой давуулаад
дош калийн гэж дуудагддаг хөгшин эмэгтэйчүүд руу эргэж дотракичуудын хэлээр,

- Khalakka dothrae mr’anha!” Ханхүү дотор минь айсуй! гэж гарын зарц Жикүйгээр заалган
давтаж сургуулилсан үгээ хашгирав.

Хөгшин чавганц нарын хамгийн настай бөгтөр нуруутай таяг шиг хатингир өрөөсөн нүдтэй
эмгэн гараа өндөрт өргөж,
- Khalakka dothrae!” Ханхүү айсуй! гэж хашгирлаа.

- Тэр мордож айсуй! Rakh! Rakh! Rakh haj! Хүү, хүү, хүчтэй хүү... гэж бусад эмэгтэйчүүд нь
түрэв.

Гэнэтхэн хүрэл шувуу жиргэх адил хонх нүргэлэхэд, аргил хоолойтой дайны бүрээ урт удаан
ая татав. Хөгшин эмэгтэйчүүд будагтай ширэн хантаазны доторх ширгэсэн хөхөө урагш хойш
савлан хөлс тос гялалзуулсаар шившлэг уншиж эхэллээ. Чавганц нарт үйлчилж буй тайган
хүрэл том зууханд багц хатаасан ногоо хийхэд анхилуун үнэртэй утаа сар одны зүг уугив.
Дотракичууд ододыг шөнийн тэнгэрт галигуулж буй галын морьд гэж итгэдэг ажээ.

Утаа суунаглан шившлэг бөхөхөд өрөөсөн нүдтэй хөгшин чавганц ирээдүйн тухай зөгнөхийн
тулд нүдээ анив. Эргэн тойрон нам гүм болов. Дани алсад шөнийн шувуу жиргэж, бамбарын
дөл тас нясхийн дүрэлзэх, нуурын ус зөөлөн давалгаалах чимээ сонсов. Дотракичүүд түүн
рүү тас хар нүдээрээ ширтэн хүлээлээ.

Кал Дрого гараа Данигийн гар дээр тавихад хуруу нь чангарч мэдрэгдэв. Дрого шиг догшин
сүртэй кал хүртэл дош калийн утаагаар ирээдүйг мэргэлэхээс сүрдэх аж. Данигийн ар талд
зарц нар нь үймрэн шивнэлдэв.

Эцэст нь чавганц нүдээ нээж гараа өргөөд,

- Би түүний царайг харж туурайных нь нүргэлэх чимээг сонслоо гэж нарийхан чичигнэсэн
хоолойгоор зарлав.

- Туурайных нь нүргэлэх чимээ! гэж бусад нь түрлээ.

- Хөнгөн салхи шиг давхиулан одоход ард нь орших каласар газар дэлхийг бүрхэж тоолж
баршгүй эрчүүдийнх нь гартаа барьсан өвсний хадуур шиг аракх гялалзана. Догшин ширүүн
шуурга шиг ханхүү байна. Түүний дайснууд өмнө нь чичирч эхнэрүүд нь цусан нулимс урсган
биесээ зулгаан гашуудана. Түүний ирж айсуйг үсний хонх зарлан жингэнэхэд сүүн хүмүүс
чулуун майхандаа сүрээс нь айн нуугдана гээд хөгшин эмгэн чичирснээ Дани руу харахад
өөрийн эрхгүй эмээх сэтгэл төрлөө.

- Ертөнцийг мордох азаргатай ханхүү ирж айсуй.

- Ертөнцийг мордох азарга! гэж дэргэд цугларсан хүмүүс хашгирахад шөнийн харанхуйд өөр
бусад хоолойнууд түрэв.

Өрөөсөн нүдтэй чавганц Дани руу харлаа.

- Ертөнцийг мордох азаргатай хүний нэр хэн бэ?

Дани өндийн босч,

- Түүнийг Рэйго гэдэг хэмээн Жикүйн зааж өгсөн үгээр хариулахад дотракичууд,
- Рэйго, Рэйго, Рэйго! гэж нижгэнэтэл түрэн хашгирсанд хүүхдээ хамгаалан гэдсээ тэвэрлээ.

Кал Дрого түүнийг нүхнээс хөтлөн гаргахад хүүгийнх нь нэр Данигийн чихэнд хангинасаар
байлаа. Араас нь цусан морьтонгууд дагалдав. Тэд Уулсын эхийн морин хаалганаас Вэйс
Дотракийн зүрхэнд хүрсэн өтгөн өвстэй бурхдын замаар цуваа болон явлаа. Хамгийн эхэнд
дош калиний чавганц нар тайган зарц нарц нараа дагуулан хөдлөв. Зарим нэг нь өндөр тахир
таяг тулан салганасан хөлөө чирж ядан явахад, зарим нь ямар ч морьтон лордоос ч илүү
бардам явж байлаа. Хөгшин эмэгтэй тус бүр урьд нь калисий байжээ. Тэдний лорд нөхөр амь
үрэгдэн шинэ кал орыг нь эзэлж морьтонгуудыг нь захиран шинэ калисий авах үед
Дотракийн ард түмэн ийш нь илгээдэг байна. Хамгийн хүчирхэг калууд хүртэл цэцэн мэргэн
захирангуй дош калийны өмнө бөхөлзөнө. Данигийн дотор нэг л өдөр тэдний нэг болж
магадгүй гэсэн бодол төрөхөд жихүүцэн үгүй байгаасай гэж залбирлаа.

Цэцэн хөгшчүүдийн араас бусад хүмүүс болох кал Ого хүү, каллакка Фоготой, Кал Жоммо
эхнэрүүдтэйгээ, Дрого каласараа дагуулан, Данигийн гарын зарц, калын зарц боолууд гээд
бүгд явлаа. Тэд бөмбөр нижигнүүлэн хонх жингэнүүлж бурхдын замаар нэгэн хэмээр сүр
жавхлантай явахад үхсэн хүмүүсийн хулгайлагдсан бурхад, хаад харанхуйд замын хажууд
сүүмэлзэнэ. Цувааны хажуу талд боолууд өвсөн дээгүүр бамбар барин гүйлдэхэд галын
улалзах дөл нүсэр том хөшөөнүүдийг улам ч амьд болгож байлаа.

- Рэйго гэдэг чинь ямар утгатай юм? гэж Кал Дрого явах зуураа долоон ханлигийн нийтийн
хэлээр асуулаа. Дани түүнд багшлан хэдэн үг зааж өгсөн байв. Дрого түргэн суралцсан ч
аялга нь ялгагдахгүй зэрлэгдүү болохоор сэр Жорах, Висерис хоёр хэлсэн үгийг нь
ойлгодоггүй байв.

- Миний ах Рэйгэр аймшиггүй дайчин байсан юм, нар од минь. Тэр намайг төрөхийн өмнө
амь үрэгдсэн. Сэр Жорах түүнийг сүүлчийн луу байсан гэж хэлсэн.

Кал Дрого түүн рүү доош ширтлээ. Царай нь хүрэл баг өмсчихсөн мэт хөдөлгөөн илтгэсэнгүй
ч алтан бөгж дүүжилсэн урт хар сахлын дор инээмсэглэл тодрох шиг болов.

- Сайн нэр байна Дан Арес миний эхнэр, амьдралын сар минь.

Тэд Дотракичуудын "Ертөнцийн хэвлий" гэж дуудаг хөвөөгөөр нь битүү зэгс ургасан үргэлж
тайван тунгалаг байдаг нууранд хүрлээ. Мянга мянган жилийн өмнө анхны хүн нуурын
ёроолоос морьтойгоо гарч ирсэн гэж Жикүй түүнд хэлжээ.

Цуваа нуурын өвстэй эрэг дээр зогсоход Дани бохирдсон хувцсаа газар унагаж усанд нүцгэн
болгоомжтой орлоо. Ирри нууранд ёроол байхгүй гэж хэлсэн ч өндөр ургасан зэгс ярагдахад
хөлийн хурууны завсар зөөлөн шавар мэдрэгдэв. Толигор хар усан дээр хөвөх саран түүний
үүсгэсэн долгионд мяралзлаа. Хүйтэн ус өгссөөр ташаанд нь хүрэхэд цайвар арьс нь
зарсхийн арзайв. Гар аман дээр нь азарганы хатсан цус үлджээ. Дани хоёр гараараа ариун ус
утган толгой дээрээ өргөн гоожуулж өөрийгөө болон гэдсэн дэх хүүхдээ цэвэрлэхийг кал
бусад хүмүүстэйгээ харж байлаа. Тэгтэл дош калиний эмгэнүүд шивнэлдэх сонсогдсонд юу
хэлсэн тухайд нь гайхлаа.
Түүнийг нуурнаас нойтон биетэй чичирсээр гарч ирэхэд гарын зарц Дорио яаран ухасхийж
торгон нөмрөгөөр хучих гэсэн ч Кал Дрого занган холдуулав. Тэр түүний томорсон хэвлий
дээрх хөх рүү дэмжингүй харахад Дани очиж хүнд алтан бүс зүүсэн өмдний уяаг тайлахад
туслав. Кал түүний ташаанаас хүүхэд шиг агаарт сэвхийтэл өргөсөнд үсэндээ зүүсэн хонх
зөөлөн жингэнэв.

Дани нөрийнхөө мөрнөөс гараараа тэврэн нүүрээ цээжинд нь наахад гурван түргэн үйлдлээр
бүгдийг дуусгав.

- Ертөнцийг мордох азарга гэж Дрого сөөнгөтөн шивнэхэд гарнаас нь адууны цус ханхлав.
Тэр түүнийг хоолойноос энхрийлэн хазсанаа доош буулгаж Дориад анхилуун үнэртэй торгон
нөмрөгөөр хучихыг зөвшөөрөв. Ирри хөлд нь зөөлөн шаахай өмсгөлөө.

Кал Дрого өмдөө үдээд морьдоо нуурын эрэг рүү авчирахыг зарлиг болгов. Кохоллод
калисийг мөнгөн гүүнд өргөн мордуулах хүндэтгэл ногдов. Дрого азрагаа унаад бурхдын
замаар сар оддын гэрэл дор хөдлөхөд, Дани гүүгээрээ араас нь хялбархан гүйцлээ.

Кал Дрогогийн торгон дээвэртэй уудам асрын хөшиг нээлттэй байж дотор сарны гэрэл
гийгүүлнэ. Арван футын өндөрт гурван том чулуун тулганд асаасан гал ноцож агаарт шарсан
мах, гүүний исгэсэн сүүний үнэр ханхална. Тэднийг ороход танхим ёслолд оролцох зиндааны
бус хүмүүс олбог дээр дүүрэн суусан чимээ шуугиантай байлаа. Дани нуман хаалгаар орж
жигүүр хооронд явахад бүгдийн нүд дагуулан ширтэв. Дотракичууд түүний хэвлий цээж рүү
зааж дотор нь байгаа зүйлийн талаар хашгиралдана. Дани тэдний юу хашгираад байгааг
ойлгоогүй ч ганцхан өгүүлбэр тод байлаа.

- Ертөнцийг мордох азарга гэж мянга мянган хоолой нийлүүлэн нүргэлэв.

Бөмбөрийн дуу нижигнэн, бүрээ үлээнэ. Намхан ширээн дээр тавагтай мах, чавга, анар
тэргүүтэнг овоолж хагас нүцгэн эмэгтэйчүүд тойрон эргэлдэн бүжиглэнэ. Эрчүүдийн
олонхи гүүний исгэсэн сүү ууж байсан ч ариун хотод илд зөрүүлэн цус урсгах хориотой
болохоор Дани өнөө орой аракх цавчилдахгүйг мэдэж байлаа.

Кал Дрого мориноосоо буун өндөр суудалд байраа эзлэв. Вэйс Дотракад каласартайгаа
хүрэлцэн ирсэн байсан Кал Жоммо, кал Ого хоёр Дрогогийн баруун зүүн талд хүндэтгэлийн
суудал эзлэв. Гурван калийн доохон талд цусан морьтонгууд сууж түүнээс арай доохонтой кал
Жоммогийн дөрвөн эхнэр суужээ.

Дани гүүнээсээ буугаад мориныхоо цулбуурыг боолуудын нэгд өгч Дориа, Ирри хоёр олбогыг
нь засч байх зуур ахыгаа харцаараа эрлээ. Ийм дүүрэн хүнтэй танхим дунд ч Висерисийн
цайвар арьс, мөнгөлөг үс, гуйлгачны ноорхой хувцас содон байсан ч хаа ч үзэгдсэнгүй.

Түүний нүд ханын ойролцоох намхан ширээн дээр сэмэрсэн хэвс хатуу олбогон дээр сууж
байгаа арай богино гэзэгтэй эрчүүл дээр туссан ч бүгдийнх нүд хар, хүрэл өнгийн арьстай
байлаа. Сэр Жорах Мормонт танхимын төвд галын ойролцоо сууж байв. Энэ нь өндөр дээд
биш ч хүндэтгэлийн суудал тул дотракичууд хүлэг баатрын илд эзэмших чадварыг хүндэтгэн
суулгажээ. Дани Жикүйг илгээн түүнийг ширээ лүүгээ авчируулахад Мормонт өрөөсөн
өвдгөө сөгдөн бөхийн ёсоллоо.

- Калисий таны тушаасан ёсоор би ирлээ гэхэд Дани хажуу дахь адууны ширэн олбогоо
алгадаж,

- Энд суугаад надтай ярилцаач гэв.

- Миний хувьд их хүндэтгэл гээд хүлэг баатар олбогон дээр завилан суув. Урд нь боол сөгдөж
модон тавагтай боловсорч гүйцсэн инжир санал болгоход сэр Жорах нэгийг аваад талд нь
ортол хазав.

- Миний ах хаана байна? Тэр найран дээр ирсэн байх ёстой доо.

- Би эрхэм дээдсийг өнөө өглөө харсан. Тэр надад өмнөд зээл рүү явж дарс хайлаа гэж
хэлсэн.

- Дарс гэнэ ээ? хэмээн Дани эргэлзэнгүй хэллээ. Висерис дотракичуудын уудаг гүүний
исгэсэн айрагыг тэвчиж чаддаггүй болохоор эдгээр өдрүүдэд олонтоо зээл рүү явж умард,
өмнөдөөс жин тээж ирсэн худалдаачидтай уудаг байв. Харваас тэдэнтэй байх нь илүү
нийцсэн бололтой.

- Тиймээ, дарс гэж сэр Жорах батлаад,

- Тэр жингийн цуваа хамгаалагчдаас армидаа элсүүлэх хөлсний цэрэг олж болно гэж бодож
байгаа юм гэхэд зарц охин өмнө нь цусан бялуу барьсанд хоёр гараараа авлаа.

- Энэ ухаалаг хэрэг гэж үү? Түүнд цэргүүдэд төлөх алт байхгүй. Тэд түүнээс урвавал яах
болж байна?

Жингийн хамгаалагчид нэр хүндийг юман чинээ бодохгүй хүмүүс тул Хааны газарт байгаа
булаан эзлэгч ахынх нь толгойд сайн хөлс төлөх нь эргэлзээгүй.

- Та түүнтэй хамт явж аюулгүй байлгах ёстой байсан юм. Түүнд зүтгэхээр ам өгсөн биз дээ
гэхэд,

- Бид Вэйс Дотракид байна. Энд хэн ч хүний цус урсгах илд авч явдаггүй гэж Жорах сануулав.

- Гэсэн ч хүн үхдэг гэж Жого надад хэлсэн. Зарим худалдаачид том биетэй тайгануудаар
хулгайчыг торгон олсоор боож алуулдаг гэсэн. Энэ нь цус урсгахгүй болохоор бурхдын
таалалд нийцдэг гэсэн.

- Тэгвэл бидэнд зөвхөн ахыг чинь ямар нэг зүйл хулгайлахааргүй ухаантай гэж найдах үлдэх
шив дээ гээд сэр Жорах амандаа наалдсан тосыг гарынхаа араар арчсанаа ширээ рүү бөхийв.

- Тэр чиний лууны өндөгийг хулгайлахыг оролдсон болохоор хэрвээ хүрдэг юм бол би гарыг
нь тас цавчина гэж анхааруулсан юм.
Дани хэсэг зуур үг хэлэх чадваргүй болон цочирдов.

- Миний өндөгнүүд... гэхдээ тэд чинь минийх шүү дээ. Магистер Иллирио надад тэднийг
хуримын бэлэг болгон өгсөн. Гэхдээ Висерис яагаад түүнийг хүссэн юм бол... ердийн нэг
чулуу шүү дээ.

- Үүнийг бадмаараг, алмааз, галт гэрэлт чимид чулуутай адилтган хэлж болно, гүнж минь...
лууны өндөг бол маш ховор тохиолдох үнэтэй зүйл. Түүний хамт наргидаг худалдаачид
ганцхан чулууг нь авахын төлөө өөрийнхөө юмыг хүртэл зарахаас хүртэл буцахгүй биз.
Харин гурвууланг нь зарвал Висерис хэрэгтэй тооны хөлсний цэрэг худалдан авч чадна.

Дани ийм зүйл болохыг ер мэдсэнгүй.

- Тэгвэл... тэр тэднийг авч болно. Түүнд тэднийг хулгайлах хэрэг байхгүй. Зөвхөн гуйхад л
байсан. Тэр миний ах... жинхэнэ хаан минь шүү дээ.

- Тиймээ чиний ах гэж сэр Жорах зөвшөөрөв.

- Та ойлгосонгүй, сэр. Ээж минь намайг төрүүлэхдээ амь үрэгдэж миний эцэг, ах Рэйгэр хоёр
түүнээс ч урьд үрэгдсэн. Хэрвээ Висерис байгаагүй бол би хэзээ ч тэдний нэрсийг мэдэхгүй
байлаа. Тэр тэднээс үлдсэн ганц зүйл. Цорын ганц надад байгаа бүх зүйл минь.

- Урьд нь байсан. Гэвч одоо биш, калисий. Та одоо дотракийд харъяалагдах болсон. Хэвлийд
чинь ертөнцийг мордох азарга байна гээд Жорах аягаа өргөхөд боол гашуун амттай гүүний
исгэсэн өтгөн сүүгээр дүүргэв.

Дани боолыг цааш дохин холдууллаа. Сүүний үнэрт дотор нь муухайрсан учир арай ядан
идсэн азарганы зүрхээ буцааж гаргахыг хүссэнгүй.

- Энэ ямар утгатай юм бол? Юун азарга? Бүгд над руу энэ үгийг хашгирч байсан ч ер
ойлгоогүй.

- Азарга бол калуудын кал гэж эртний зөгнөлд хэлсэн байдаг юм, хүүхэд минь. Тэр
Дотракичуудыг нэгтгэн ганц каласар болгоод ертөнцийн хязгаар хүртэл мордон явна гэж
амалсан байдаг. Ертөнцийн бүх хүмүүс нэгдэн түүний сүрэг болно.

- Хөөх гэж Дани дуу алдаад томорсон гэдсэн дээрх хувцсаа илбэн тэнийлгэв.

- Гэхдээ би түүнийг Рэйго гэж нэрлэсэн шүү дээ.

- Булаан эзлэгчийн судсан дахь цусыг царцаах нэр.

Гэнэтхэн Дорио түүнийг тохойноос зулгаан,

- Хатагтай... таны ах гэж шивнэлээ.

Дани дээвэргүй урт асрын төгсгөлөөс ахыгаа чиглэн ирж явахыг харлаа. Алхам бүрдээ
гуйвлаж байгаагаас нь үзэхэд эрсэн дарсаа олон зориг орсон бололтой.

Тэрбээр аян замын тоосонд дарагдсан гал улаан торгон хувцас өмсчээ. Хилэн хар нөмрөг
бээлий нь наранд гандаж, гутал нь хагарч хуурайшаад, мөнгөлөг үс нь ширэлдэн
орооцолджээ. Бүсэндээ зүүсэн ширэн хуйтай урт илд санжигнана. Дотаркичууд түүнийг
өнгөрөхөд илд зүүснийг хараад уурсан шивнэлдэж давалгаа адил түрхрэн босов. Хөгжим
зогсон хүчилсэн уур амьсгал ноёрхлоо.

Айдас Данигийн зүрхийг базлахад,

- Түүн рүү очоод зогсоо. Энд аваад ир. Хүсч байгаа бол лууны өндгийг авч болно гэж хэл
хэмээн сэр Жорахад тушаахад хүлэг баатар годхийн бослоо.

- Миний дүү хаана байна? гэж Висерис уусан дарсандаа согтсон дуугаар хашгирав.

- Би түүний найранд ирлээ. Та нар яаж надгүйгээр идэж эхэлж зүрхлэв? Хэн ч хааныг
идэхээс нааш ам хүрэх ёсгүй. Тэр хаана байна? Муу янхан луунаас нуугдаж чадахгүй шүү гээд
гурван тулганы хамгийн томынх нь дэргэд дотракичууд руу нүүрээ харуулан зогсов.

Танхимд таван зуун хүн байснаас ердөө хэдхэн нь нийтийн хэлийг мэддэг ажээ. Тэд түүний
үгийг ойлгоогүй ч харваас согтуу гэдэг нь илт байлаа.

Сэр Жорах түүн рүү яаран хүрч очоод чихэнд нь үг шивнэн гараас нь хөтлөн холдуулах гэсэн
ч Висерис ухасхийн мултарлаа.

- Надаас гараа зайлуул! Хэн ч луунд түүний зөвшөөрөлгүй гар хүрэх ёсгүй.

Дани өндөр суудлаас сэтгэл зовон ширтлээ. Кал Дрого дэргэдээ суусан калуудад хэдэн үг
хэлэв. Кал Жоммо инээд алдаж, Кал Ого чанга хөхөрлөө.

Инээлдэх чимээ Висерисийн харцыг өндийлгөхөд арай эелдэгхэн хоолойгоор,

- Кал Дрого. Би найранд ирлээ гээд сэр Жорахаас найган холдож гурван кал суусан өндөр
суудал руу дөхөв.

Кал Дрого босож шүлсээ хаяад Дотаркийн хэлээр Данерист ойлгогдохгүй түргэн үг хэлээд
хуруугаараа заав.

- Кал Дрого чиний байх ёстой газар бол өндөр суудал биш гэж хэлж байна. Кал Дрого чиний
байх ёстой газар бол тэнд гэж байна гэж сэр Жорах ахад нь орчуулав.

Висерис калын заасан зүг рүү харлаа. Урт өргөөний арын хэсэгт ханын буланд харанхуй
сүүдэрт нүдэнд өртөх шаардлагагүй хамгийн дорд хүмүүс болох цус урсгаж үзээгүй хөвгүүд,
цийлгэнэсэн нүдтэй хөгшид, эрэмдэг зэрэмдэг зэрэг хүмүүс махнаас хол гавъяа
хүндэтгэлээс бүр ч хол сууж байв.

- Энэ бол хааны байх ёстой газар биш гэж ах нь тунхаглав.


- Холгосон хөлт хааны байх газар мөн гэж Кал Дрого Данигийн зааж өгсөн нийтийн хэлээр
хэлээд алга ташиж,

- Тэрэг! Тэрэгний хаанд тэрэг авчирч өг! гэв.

Таван зуун дотракичууд инээлдэж хашгирав. Сэр Жорах Висерисийн дэргэд зогсоод чихэнд
нь үг хашгичиж байсан ч танхимд гарсан чимээ шуугианаас болоод Данерист юу хэлсэн нь
сонсогдсонгүй. Түүний ах хариу хашгираад хоорондоо барьцалдсанаа Мормонт Висерисийг
газар унагалаа.

Ах нь сэлмээ сугалахад галын гэрэлд зэвүүн өнгөөр улайран туяарав.

- Надаас холд! гэж Висерис хашгирлаа. Сэр Жорах арагш алхам ухрахад ах нь хөл дээрээ арай
ядан өндийж илүү хаан шиг харагдахын тулд магистер Иллириогийн зээлээр өгсөн илдийг
толгой дээрээ эргүүлэв. Дотаркичүүд түүний зүг бүрээс хашгиралдан хараалаар булав.

Дани үгээр хэлэхийн аргагүй айсандаа хашгирлаа. Тэр Вэйс Дотракид илд агссан хүнийг юу
хүлээж байгааг мэдэж байсан ч ах нь мэдсэнгүй.

Түүний хоолойны дуугаар Висерис толгой эргүүлснээ анх удаа дүүгээ олж хараад,

- Тэнд байх шив гээд инээмсэглэн түүний зүг явахдаа сэлмээрээ дайсныхаа ханыг цавчлан
зам гаргахад хэн ч саад хийх гэж оролдсонгүй.

- Илдээ далд хий. Гуйж байна Висерис. Энд хориотой. Илдээ доош тавиад миний олбогийг
хуваалц. Энд идэж уух юм байна... Лууны өндөгийг авахыг хүсч байна уу? Тэгвэл авч болно.
Зөвхөн илдээ буулгачих.

- Тэнэг минь биднийг алахаас өмнө түүнийг хэлсэн зүйлийг хий гэж сэр Жорах хашгирахад
Висерис тачигнатал хөрөв.

- Тэд биднийг алж зүрхлэхгүй. Ариун хотод цус урсгах хориотой учир чадахгүй... харин би
чадна гээд илднийхээ үзүүрийг Данерсисийн цээжинд тулгаад гэдсийг нь доош зуран
гулгуулав.

- Би энд яах гэж ирсэн зүйлээ хүсч байна. Би надад амласан титмийг хүсч байна. Тэр чамайг
худалдаж авсан ч хэзээ ч төлөөгүй. Түүнд намайг наймаалцсан зүйлээ авахыг хүсч байна гэж
хэл. Үгүй бол би чамайг лууны өндөгтэй чинь буцааж авах болно. Харин тэр хараал идсэн
хүүхдээ авдаг юм байгаа биз. Би түүнийг хага яран гаргаад өөрт нь үлдээнэ.

Илдний үзүүр хүйсний хавьцаа торгон хувцас цоо хатган Висерис уйлах инээх зэрэгцсэнд
Данерис урьд нь ах нь байсан хүн ямар болсныг харлаа.

Үүнээс алсад гарын зарц Жикүй айсандаа нулимс урсган уйлан гуйх сонсогдсон ч кал
Уулсын эх өөд замын турш морины араас хүлээд чирч явах учир орчуулж зүрхэлсэнгүй. Дани
охины мөрөн дээр гараа тавиад,
- Битгий ай. Би түүнд хэлнэ гэлээ.

Дани мэддэг хэдэн үг нь хүрэлцсэн эсэхийг мэдээгүй ч кал Дрого дотракийн хэлээр хэдэн
огцом үг хэлэхэд ойлгосныг нь мэдлээ. Түүний амьдралын нар өндөр суудлаас доошоо буув.

- Тэр юу гэж хэлсэн бэ? гэж ах нь давхийн асуулаа.

Танхимд нам гүм болоход кал Дрогогийн алхам бүрд хонхны намуухан жингэнэх сонсогдов.
Цусан морьтонгууд араас нь гурван хүрэл сүүдэр адил дагалдав. Данерисийн дотор хүйт
даалаа.

- Тэр чамд харсан ямар ч хүн чичирэх гайхамшигтай сайхан алтан титэм өмсүүлнэ гэж
байна.

Висерис инээмсэглэн илдээ буулгалаа.

- Би зөвхөн үүнийг л хүссэн юм. Тэр амалсан биз дээ.

Түүний амьдралын нар дэргэд нь ирэхэд Дани бүсэлхийнээс нь тэвэрлээ. Кал ганц үг хэлэхэд
цусан морьтонгууд урагш ухасхийв. Квото ахынх нь гараас барьж, Хагго ганцхан
хөдөлгөөнөөр бугуйг нь мушгихад, Кохолло суларсан хуруунаас илдийг авав. Гэсэн ч Висерис
одоо хүртэл юу болсныг ойлгосонгүй.

- Үгүй ээ, та нар надад хүрч болохгүй. Би луу. Би титэм зүүх ёстой!

Кал Дрого хүний гар шиг том хээ угалз бүхий цэвэр алтан зүүлттэй бүсээ мултлав. Түүнийг
хашгиран тушаал буулгахад боолууд ухасхийн газар байсан хүнд төмөр тогоог галын нүхэн
дээр тавьж өрдөв. Дрого бүсээ тогоон дотор шидээд хэлбэр дүрсээ алдан хайлж улайхыг
сэтгэлийн хөдөлгөөнгүй ажиглахад гартаам шиг тас хар нүдэнд нь галын дөл бүжиглэв.
Боолууд түүнд адууны ширээр хийсэн зузаан бээлий өгсөн ч тоож харсангүй цааш нь түлхлээ.

Висерис үхлийн өмнөх айдаст автан цөхөрсөн хоолойгоор чанга хашгирав. Тэр хашгирч
өшиглөн мурилзаж, нохой шиг ульж, хүүхэд шиг цурхиран уйлж байсан ч дотаркичууд
хөдөлгөөнгүй барьж байлаа. Сэр Жорах Данигийн дэргэд ирэн гараа мөрөн дээр нь тавив

- Цаашаа хар гүнж минь. Би танаас гуйж байна.

- Үгүй гээд Дани гараа томорсон гэдсэн дээрээ хүүхдээ хамгаалан гараа зөрүүлэн тавилаа.

Эцэст нь Висерис түүн рүү харж,

- Дүү минь гуйж байна... Дани тэдэнд хэл л дээ. Тэднийг болиул... хонгор дүү минь гэж гуйв.

Алт хайлан мэлтэлзэн урсахад Дрого галд ойртон тогоог гаргаж,

- Титэм чинь энэ байна! Тэрэгний хааны титэм! гэж хүнгэнүүлээд урьд нь ах нь байсан
хүний толгойд тогоогоо хөмрөн углав.
Висерис Таргарин төмөр дуулга нүүрийг нь бүрхэх үед аймшигтай орилоод хүний гэж
санагдуулам юу ч үлдсэнгүй. Түүний хөл тоостой шалыг татвалзан нүдсэнээ удааширан
зогслоо. Хайлсан алтны өтгөн дусал цээжин дээр нь дусалж гал улаан торго шиг уугихад...
ямар ч цус гарсангүй.

Тэр луу биш байна. Гал лууг алж чадахгүй гэж Дани ер бусын тайван бодлоо.
ЭДДАРД

Тэр Винтерфеллийн бунхан дотор урьд нь мянгантаа явж байсан шигээ явж байлаа. Хөлд нь
архирч буй зэрлэг чонын саарал толгой сийлсэн өвлийн хаад түүнийг мөсөн нүдээр дагуулан
ширтэнэ. Эцэст нь эцгийнхээ Брандон, Лианна хоёрын хамт нойрсож буй бунхны дэргэд
зогслоо.

- Надад амлаач, Нэд гэж цайвар цэнхэр сарнайн хэлхээ зүүж нүднээс нь цусан дусал урсаж
байгаа Лианнагын хөшөө шивнэв.

Эддард Старк ухасхийн өндийхөд зүрх нь хүчтэй цохилж орны даавуу хуниран атиралджээ.
Өрөө тас харанхуй хэн нэгэн хаалга нүдэж байв.

- Лорд Эддард гэж хоолой чанга дуудлаа.

- Одоохон гээд Нэд нүцгэн босож харанхуй өрөөн дундуур доголон хаалга онгойлгоход Томард
нүдэхээр нударга өргөн, Кэйн дэргэд нь нарийхан асаалттай лаа бариад зогсож байв. Дунд нь
хааны бойдоо байлаа.

Энэ хүний нүүр чулуугаар сийлсэн мэт юу ч илтгэсэнгүй.

- Эрхэм лорд гард минь. Эрхэм дээдэс таныг даруйхан хүрэлцэн ирэхийг тушааж байна. Яг
одоо.

Тэгэхээр Роберт удаан хугацааны дараа ангаасаа эргэн ирсэн хэрэг байх нь.

- Надад хувцаслах хэдэн хором хэрэгтэй байна гээд Нэд бойдоог орхин цааш явлаа. Кэйн
түүнийг хувцласлахад тусалж цагаан судалтай цамц, саарал нөмрөг, боолттой хөлөнд нь
зориулан шуумгыг нь хайчилсан өмд өмсгөөд, албаны тэмдгийг нь зүүлгэж хүнд мөнгөн
гинжтэй бүсийг нь зүүлгэв. Нэд Валерианы хутгаа бүсэндээ зүүлээ.

Кэйн, Томард хоёр түүнийг ордны дотуур түшин явахад Улаан шилтгээн нам гүм харанхуй
байлаа. Ханан дээр дүгэрэглэж буй саран мандаж, хэрмийн ирмэг дээгүүр алтан нөмрөгтэй
харуул холхино.

Хааны өргөө Улаан шилтгээний төвд орших Мэйгорийн цамхаг хэмээх хорин футын зузаан
ханатай эргэн тойрон шуудуу татаж ёроолд нь арзайсан төмөр хадаас суулгасан нүсэр том
дөрвөлжин бэхлэлтэд оршино. Сэр Борос Блоунт гүүрний нөгөө үзүүрт давтмал цагаан
хуягтайгаа харуулд зогсож байх нь сарны гэрэлд сүүмэлзэн үзэгдэв. Нэд дотор орох замдаа
хааны хамгаалалтын өөр хоёр ч хүлэг баатрыг өнгөрөхөд сэр Престон Грийнфилд шатны
хөлд, сэр Барристан Сэлми хааны унтлагын өрөөний үүдэнд зогсож байлаа. Гурван цагаан
нөмрөгтэй хүн гэж бодохоос дотор нь хачирхалтай хүйт оргив. Сэр Барристаны царай дуулга
шигээ цонхийн цайжээ. Нэд түүн рүү ганцхан хараад ямар нэг аймшигтай зүйл болсныг
мэдэрлээ. Ордны бойдоо хаалга онгойлгож,

- Хааны гар лорд Эддард Старк ирлээ гэж зарлав.


- Түүнийг оруул гэж Робертийн хоолой хачирхалтай бөглүү дуугарав.

Унтлагын өрөөний эцэс дэх хоёр ханан зууханд гал дүрэлзэж өрөөг баргар улаан гэрлээр
гийгүүлнэ. Дотор бүтэж үхэм халуун байсан агаад Роберт лавринтай орондоо хэвтэж байлаа.
Орны дэргэд эрхэмсэг мастер Пацилл зогсож, лорд Рэнли хаалттай цонхны наана зогсолтгүй
холхино. Зарц нар урагш хойш гүйлдэн гал өрдөж дарс буцалгаж байв. Серсей Ланнистер
нөхрийнхөө орны ирмэг дээр сууж байлаа. Үс нь нойрондоо сэгсийсэн ч нүд нь сэргэг байв.
Тэрбээр Томард, Кэйн хоёр Нэдийг өрөөн дундуур явахад туслахыг дагуулан ажиглав. Нэдийн
хөдөлгөөн удааширч зүүдэлж буй мэт санагдав.

Хаан гуталтайгаа хэвтэж байв. Хөнжлийн дороос хатсан шавартай өвс наалдсан ширэн
гуталтай хөл цухуйхыг Нэд харлаа. Дундуур нь огтолж салгасан ногоон хантааз, хатсан цусны
толботой хувцастай газар хөглөрөн хэвтэнэ. Өрөөнд утаа, цус, үхлийн үнэр ханхлана.

- Нэд, наашаа ир.. ойртоод ир гэж хаан түүнийг хараад шивнэв. Түүний царай шохой шиг
цонхийжээ.

Хүмүүс нь ойртоход туслахад Нэд орны баганаас түшлээ. Ганц харахад хааны хичнээн тааруу
байгаа нь ойлгомжтой байв.

- Юу бол...? гэж асуух гэтэл хоолой нь бачуураад үг гарч өгсөнгүй.

- Бодон гэж ангийн ногоон хувцас цусанд будагдсан нөмрөгтэй лорд Рэнли хэлэв.

- Хар чөтгөр. Би өөрөө буруутай. Цангасандаа дэндүү их дарс уучихаж, хараал идмэр гэж
хэмээн хаан сөөнгөтөв.

- Бусад нь хаана байсан юм бэ? Хааны хамгаалагч сэр Барристан хаана байсан юм? гэж Нэд
лорд Рэнлигээс шаардахад ам нь татвалзлаа.

- Миний ах биднийг бодон ганцаар агнахад саад болохгүйн тулд цааш зогс гэж тушаасан.

Эддард хөнжлийг сөхлөө.

Тэд шархыг оёхын тулд бүгдийг хийсэн ч энэ нь хангалттай болсонгүй. Бодон аймшигтай том
байсан бололтой. Хааны цавинаас авахуулаад цээж хүртэл соёогоороо ярж орхижээ. Эрхэмсэг
мастер Пациллын дарсанд дэвтээсэн боолт хэдийн цусанд харлан нэвчээд шархнаас муухай
үнэр ханхалж байлаа. Нэдийн дотор эвгүйцэхэд хөнжлийг доош тавилаа.

- Өмхий үнэр. Намайг үнэрлэж чадахгүй гэж бүү бодоорой үхлийн өмхий үнэр ханхалж
байна. Тэр чөтгөрийн хүү намайг сайн болгож тавьсан байгаа биз дээ? Гэхдээ би.. түүнд
хариуг нь буцааж төлсөн, Нэд минь гээд хаан улаан шүдээр шарх шигээ аймшигтай
инээмсэглэв.

- Хутгаа баруун нүдэнд нь зоосон. Хэрвээ итгэхгүй байвал тэднээс асуугаарай. Тэднээс асуу.

- Үнэхээр тэгсэн. Бид бодонгын хүүрийг ахын тушаасан ёсоор авчирсан гэж лорд Рэнли
шивнэлээ.

- Найранд зориулан авчирсан юм. Харин одоо та нар бүгд биднийг орхиж үз. Надад Нэдтэй
ярих хэрэг байна.

- Роберт хайрт минь... гэж Серсей эхлэв.

- Би гар гэж хэлсэн шүү. Чамд миний үгнээс юу нь ойлгомжгүй байна, эмэгтэй минь? гэж
Роберт хуучныхаа ширүүн төрхөөр уцаарлав.

Серсей банзлынхаа хормойг засаад хаалганы зүг ихэмсэг явахад лорд Рэнли болон бусад
хүмүүс араас нь дагалдав. Эрхэмсэг мастер Пацилл саатан чичирсэн гараар хаанд аяга өтгөн
цагаан шингэн уухыг санал болголоо.

- Намуу цэцэгтэй сүү, эрхэм дээдсээ. Уучих таны өвчин намдана гэхэд Роберт аягыг гарынхаа
араар цохин холдуулав.

- Наадхаа холдуул. Би удахгүй хангалттай нойрсох болно, хөгшин тэнэг минь. Эндээс гар.

Эрхэмсэг мастер Пацилл Нэд рүү балмагдан харснаа өрөөг орхин гарлаа.

- Чамайг хараал идээсэй, Роберт гэж Нэд ганцаар үлдмэгц хэлэв. Хөл нь лугшин өвдөж бараг
нүд сохлох шахлаа. Эсвэл уй гашуу нүдийг нь бүрхсэн ч байж магад. Тэр орны дэргэд
найзынхаа царай луу харан суув.

- Чи яагаад үргэлж ийм зөрүүд байдаг юм бэ?

- Чөтгөр аваасай чамайг, Нэд. Гэсэн ч би тэр чөтгөрийг алсан биз дээ, аан? гэж хаан
сөөнгөтөн хэлэхэд нүд рүү нь туг үс унжив.

- Чамайг ч гэсэн тэгэх хэрэгтэй байсан юм. Ан агнаж байгаа хүнийг ч тайван байлгахгүй.
Сэр Робар намайг олсон. Гергорийн толгой гэсэн үү? Муугүй бодол байна. Хоточид хэлээгүй
болохоор Серсей түүнийг мэл гайхуулсан гэж найдъя гээд тачигнатал инээснээ инээд нь
өвдөлтөнд ёолсон чимээ болж хувирахад,

- Бурхан өршөөг гэж шаналан шивнэлээ.

- Тэр охин. Данерис. Ердөө хүүхэд гэдэг чиний зөв байж... Ийм учраас л... бурхад намайг
шийтгэхийн тулд... тэр бодонг илгээсэн байх гээд Роберт цусаар ханиалган нулимснаа,

- Миний буруу байж... буруу байж... тэр ердөө охин шүү дээ... Варис, Чигчий хуруу миний дүү
хүртэл... чамаас ондоо ямар ч хүн эсэргүүцээгүй, Нэд... зөвхөн чи гээд гараа өргөн өвчиндөө
эмзэглэн сулхан дохиод,

- Ширээн дээр цаас үзэг байгаа. Аваад миний хэлсэн үгийг бич гэв.

Нэд цаасыг өвдгөн дээрээ толийлгон тэнийлгээд үзэг авлаа.


- Таны зарлиг ёсоор болъё, эрхэм дээдсээ.

- Андалсын болоод бусдын хаан Баратеон овгийн Роберт хаан миний бие... хараал ид чи юу
гэж бичихээ мэднэ дээ. Старк овгийн Винтерфеллийн лорд, хааны Гар, засаг төрийг барьж
хаант улсыг Хамгаалахад туслагч Эддардад... миний үхсэний дараа... хүү Жоффрейг минь
насанд хүрэн...

- Роберт... гээд "Жоффрей чиний хүү биш шүү дээ" хэмээн Нэд хэлэхийг хүссэн ч үг хоолойд
нь тээглээд гарсангүй. Робертийн царайд шаналал бичээстэй байсан болохоор илүү
өвтгөхийг хүссэнгүй. Иймээс толгойгоо бөхийлгөн хааны хэлсэн "миний хүү Жоффрейг
насанд хүрэн хаан ширээ залгамжлах хүртэл... төрийн эрх барихыг тушааж байна" гэж
бичлээ. Хууралт түүний дотрыг гонсойлгоход "Бид хайрынхаа төлөө худал хэлдэг. Магадгүй
бурхан намайг өршөөх бизээ" гэж бодлоо.

- Чамд надад хэлэх өөр зүйл юу байна?

- Хэрэгтэй гэж... бодсоноо хий. Хамгаалж тусал. Хуучин болоод шинэ бурхад чиний өгсөн ам
тангарагыг мэдэж байгаа. Бич. Би гарын үсэг зурна. Намайг үхсэний дараа зөвлөлийг
цуглуулаарай.

- Роберт чи ингэх ёсгүй. Битгий үх л дээ. Хаант улсад чи хэрэгтэй гэж Нэд гашуудал дүүрэн
хоолойгоор хэллээ.

Роберт түүний гарыг хуруугаараа чанга базав.

- Чи бол... муухан худалч, Нэд Старк. Хаант улс... хаант улс миний хичнээн муу хаан байсныг
мэдэж байгаа. Бурхан өршөөг Эйрисээс ч муу.

- Үгүй. Эйрисээс муу биш, эрхэм дээдсээ. Эйристэй харьцуулахын аргагүй гэж Нэд үхэж буй
анддаа хэллээ.

Роберт сулхан инээмсэглэв.

- Эцэст нь тэд намайг... хамгийн сүүлд зөв зүйл хийсэн гэх байх даа. Чи намайг гутаахгүй. Чи
одоо жолоодох боллоо. Чи сайн чадна... Бичиж дуусав уу?

- Тиймээ, эрхэм дээдсээ гээд Нэд Робертод цаасыг сунгахад хаан гарын үсгээ таамгаар
сараачин зурахдаа цаасан дээр цусан толбо үлдээлээ.

- Тамгыг гэрчийн хажууд дарах болно.

- Бодонг миний оршуулгын цайллагад хэрэглээрэй. Аманд нь алим зуулгаж шажигнатал


шараарай. Түүнийг ид. Надад амлаач, Нэд.

- Амалж байна гэж хэлэхэд "Надад амлаач, Нэд" гэсэн Лианнагын хоолой сонсогдлоо.

- Тэр охин. Данерис. Түүнийг тайван орхи. Хэрвээ чи чадвал.... тийм ч оройтоогүй байна...
Варис, Чигчий хуруу гээд тэдэнтэй... охиныг алахгүй байх талаар яриарай. Бас миний хүүд
тусал, Нэд. Түүнийг надаас дээр хаан болгоорой гээд, - Бурхан өршөөг хэмээн ярвайлаа.

- Бурхаан өршөөнө анд минь гэж Нэд хэллээ.

Хаан тайвширсан бололтой нүдээ анив.

- Гахайд алагдсан. Үхтлээ инээмээр байвч дэндүү өвдөж байна гэхэд Нэд инээсэнгүй.

- Тэднийг буцааж дуудах уу? гэхэд Роберт сулхан толгой дохив.

- Чинийхээр болог. Бурхан минь яагаад энд ийм хүйтэн байна вэ?

Зарц нар хуйлран орж ирээд зуух руу ухасхийв. Хатан явсан нь бага ч гэсэн тайвширам зүйл
байлаа. "Хэрвээ түүнд ухаан байгаа бол хүүхдүүдээ аваад үүр цайхаас өмнө зугтах байсан
даа" гэж Нэд бодлоо. Тэр хэдийн дэндүү удаан саатаад байна.

Роберт хаан эхнэрийнхээ эзгүйг тоосонгүй. Дүү Рэнли болон эрхэмсэг мастер Пациллыг гэрч
болгон зогсоогоод Нэдийн бичсэн захиан дээр халуун шаргал лац даруулав.

- Харин одоо надад өвчин намдаах юм өгч үхэх боломж өгөөдөх.

Эрхэмсэг мастер Пацилл өөр нэг сүү намуу цэцэгтэй хольсон ханд найруулав. Энэ удаад хаан
бүгдийг нь уугаад хоосон аягаа цааш тавихад өтгөн хар сахлаас нь цагаан дусал дусалж
байлаа.

- Би зүүдлэх болов уу?

- Тиймээ, эрхэм дээдсээ гэж Нэд хариулав.

- Сайн байна. Би чамд Лианнагын хайрыг өгье. Миний хүүхдүүдэд санаа тавиарай гээд
инээмсэглэлээ.

Энэ үг Нэдийн гэдсэнд хутгаар чичих аятай хоромхон зуур балмагдуулав. Тэр худал хэлж
чадсангүй. Тэгснээ эхийнхээ тэвэрт байсан жижигхэн Барра, хөндийн Миа, дархны газрын
Жэндри гээд өөр бусад бутач хүүхдүүдийн тухай саналаа.

- Би... чиний хүүхдүүдэд өөрийнх шигээ санаа тавих болно гэж удаанаар хэлэв.

Роберт толгой дохиод нүдээ анилаа. Нэд хуучин андынх нь царай намуу цэцэгтэй сүүнд
өвчин намдан тайтгарахыг харлаа. Хаан гүн нойронд автав.

Хүнд гинж жингэнэх чимээ гарч эрхэмсэг мастер Пацилл Нэд рүү ирлээ.

- Би хүч хүрэх бүх зүйлийг хийсэн ч шарх буглачихсан байж, эрхэм лорд минь. Тэд түүнийг
хоёр өдрийн дараа авчирсан болохоор намайг үзэхэд хэтэрхий оройтсон байлаа. Иймээс би
зөвхөн эрхэм дээдсийн өвчинг хөнгөлөхөөс бус зөвхөн бурхад түүнийг эдгээж чадах буй за.
- Түүнд хэр хугацаа үлдсэн бэ?

- Зүй ёсоор бол хэдийн үхэх ёстой байсан. Би хэзээ ч амьдралаас ийм хүчтэй зууралдаж буй
хүн харж байсангүй.

- Миний ах ухаалаг биш хэдий ч үргэлж хүчтэй байсан гэж унтлагын өрөөний бүгчим халуунд
духыг нь даган хөлс дусалж байгаа лорд Рэнли хэлэв. Тэр залуухан хар үстэй царайлаг
Робертийн сүнс зогсож байгаа мэт маш адилхан харагдав. - Тэр бодонг алсан. Гэдэс нь
хүүлэгдчихээд байсан ч бодонг алж чадсан гэж гайхширсан байртай хэллээ.

- Роберт хэзээ ч тулааны талбарт дайснаа босоогоор нь орхих хүн биш гэж Нэд хэлэв.

Хаалганы гадаа цамхаг руу орох гарцыг харуулдан сэр Барристан Сэлми зогсож байв.

- Мастер Пацилл Робертод намуу цэцэгтэй сүү өгсөн. Түүнийг миний зөвшөөрөлгүй хэн ч
үймүүлэхгүй байхад санаа тавиарай.

- Таны хэлснээр бодъё, эрхэм лорд гэж улам ч хөгширсөн мэт харагдах сэр Барристан
шаналангуй хэлээд,

- Би ариун итгэлээ биелүүлж чадсангүй гэв.

- Хааны хамгийн үнэнч хүлэг баатар байлаа ч хааныг өөрөөс нь хамгаалж чадахгүй биз.
Роберт бодон агнах дуртай. Би түүнтэй бараг мянган удаа явсан гээд Нэд хаан эмээхийг
мэдэхгүй газар хөлөөрөө бат бэх тулан зогсоод том жад гартаа барьж хараал тавингаа бодонг
дайран ирэх сүүлчийн мөч хүртэл хүлээгээд бараг дэргэд нь ирэх үед ганц итгэлтэй
шидэлтээр хоолойд нь зоодог байсныг саналаа.

- Тэгээд ч энэ түүнийг үхэлд хүргэнэ гэдгийг хэн ч мэдээгүй.

- Та дэндүү зөөлхөн хэлж байна, лорд Эддард.

- Хаан өөрөө ингэж хэлсэн юм. Тэр уусан дарсаа буруутгаж байсан гэхэд цагаан үстэй хүлэг
баатар ядрангуй толгой дохив.

- Биднийг бодонг үүрнээс нь хөөж гаргах үед эрхэм дээдээс эмээл дээрээ арай ядан тогтож
байсан ч хол зогсохыг тушаасан юм.

- Сэр Барристан, ингэхэд хаанд хэн дарс өгсөн хэрэг вэ? гэж Варис чимээгүй асуулаа.

Нэд тайганы ойртож ирэхийг сонсоогүй ч эргэж харахад зогсож байлаа. Тэр газар шүргэсэн
хилэн жанч өмсөж, нүүрэндээ шинэхэн энгэсэг тавьжээ.

- Хааны өөрийнх нь дашмагны дарс гэж сэр Барристан хэлэв.

- Ганцхан дашмаг уу? Ан ч цангамаар ажил даа.


- Би хэд байсныг нь тоолоогүй. Хиа нь шаардах тоолон шинэхэн дашмагтай дарс авчирч өгч
байсан.

- Эрхэм дээдсийн хүчийг сэлбэхэд зүтгэл гаргадаг ямар хичээнгүй хүү вэ.

Нэдийн аманд гашуун амт амтагдлаа. Тэр Роберт арай өргөн цээж хуяг олж авчируулахаар
хөөж гаргасан хоёр цайвар үстэй хүүг саналаа. Тэр шөнө хаан найран дээр бүгдэд энэ
түүхийг хэлэн тачигнатал хөхөрч байсан билээ.

- Ямар нь байсан бэ?

- Арай ахмад нь. Лансел байсан гэж сэр Барристан хэлэв.

- Би залууг сайн мэднэ. Сэр Кеван Ланнистерийн хүү, лорд Тайвины зээ хатан хааны үеэл
үнэнч хүү байгаа юм. Хөөрхий хүү өөрийгөө үүнд буртуугаагүй байх гэж найдна. Хүүхдүүд
энэ насан дээрээ хичнээн гэм зэмгүй эмзэг байдгийг мэднэ дээ. Би үүнийгээ маш сайн
санаж байна...

Варис хэзээ нэг цагт залуу байсан байж болох ч Нэд түүнийг гэмгүй байсан гэдэгт эргэлзлээ.

- Ингэхэд чиний хүүхдүүд гэснээс Роберт Данерис Таргариний тухай бодлоо өөрчилсөн.
Ямар ч зүйл зохион байгуулах гэж байсан бай түүнийгээ даруй цуцал.

- Ай халаг. Одоо даруйхан байсан ч хожимдсон байх. Шувуу хэдийн ниссэн. Гэсэн ч би хүч
хүрэх бүх зүйлээ хийе, эрхэм лорд минь. Таныг орхихыг зөвшөөрнө үү гээд тайган бөхийн
ёсолж шатны уруу зөөлөн шаахайгаараа аяархан алгадан уруудлаа.

Кэйн, Томард хоёр Нэдийг гүүрээр гарахад тусалж байх үед лорд Рэнли Мэйгорийн цайзаас
гүйн гарч ирээд,

- Лорд Эддард ганцхан хором саатахгүй юу гэж араас нь дуудлаа.

Нэд зогсоод,

- Чинийхээр болъё гэв.

Рэнли дэргэд нь ирээд зогсов.

- Хүмүүсээ цааш нь холдуул.

Тэд хатсан шуудууны орой дахь гүүрний голд уулзав. Сарны гэрэл сувгийн эгнэсэн хадаасыг
гэрэлтүүлнэ.

Нэдийг зангахад Томард, Кэйн хоёр толгойгоо хүндэтгэлтэй бөхийлгөн ухарлаа. Лорд Рэнли
гүүрний төгсгөлд зогсч байгаа сэр Борос болон ард нь хаалган дээр зогсож байгаа сэр
Барристан нар руу болгоомжлон харав.
- Тэр захиа. Миний ах чамайг Хамгаалагч болгоо юу? гээд бөхийн хариу хүлээлгүй,

- Эрхэм лорд минь надад миний харуулын гучин хүн болон өөр бусад хүлэг баатар, лордууд
дунд найз нөхөд минь бий. Хэрвээ цагийн хугацаа өгвөл би таны гарын дор зуугаад илд
цуглуулж чадна гэв.

- Би тэгээд зуун илдээр юу хийх болж байна?

- Цохилт өг! Одоо шилтгээнийг унтаж байх хооронд гээд Рэнли сэр Борос руу ахин
хяламхийснээ дуугаа намсган шивнэж,

- Бид Жоффрейг ээжээс нь салгаж гартаа оруулах ёстой. Хамгаалагч бай үгүй ч бай залуу
хаан эрх мэдлийг гартаа авах болно. Бас Мирцелла, Томмен хоёрыг барих хэрэгтэй. Хүүхдүүд
нь бидний гарт байгаа цагт цагт Серсей эсэргүүцэж зүрхлэхгүй. Зөвлөл таны хаант улсын
Хамгаалагч болох эрхийг баталгаажуулж Жоффрейг хүмүүжүүлэхээр өгнө гэхэд Нэд хүйтнээр
ширтлээ.

- Бурхад түүнийг өршөөлдөө багтаавал Роберт үхэхгүй. Үгүй байсан ч би зөвлөлийг цуглуулж
түүний хаан ширээний залгамжлагчийн талаар эцсийн үгийг нь сонсгох болно. Би түүний
газар дэлхийд өнгөрүүлж буй эцсийн мөчид хүндэтгэлгүй хандаж танхимд нь цус урсган
айсан хүүхдүүдийг орноос нь чирж босгомооргүй байна гэхэд лорд Рэнли хөвчирсөн нум шиг
гэдийн хойш ухарлаа.

- Чиний Серсейд өгч байгаа мөч тутам бэлтгэх боломжыг өгч байна. Робертийг үхэхэд
бидний хоёулангийн хувьд... дэндүү оройтсон ч байж болох юм.

- Тэгвэл бид Робертийг битгий үхээсэй гэж залбирахаас.

- Ийм боломж өчүүхэн бий.

- Заримдаа бурхад нигүүлсэнгүй ханддаг юм.

- Ланнистерийн бурхад бол лав үгүй гээд лорд Рэнли эргэн шуудуун дээгүүр ахынхаа үхлээ
хүлээн хэвтэж буй цамхаг руу явлаа.

Нэд унтлагын өрөөндөө эргэн ирмэгц үхтлээ зүдэрснээ мэдэрсэн ч унтаж чадсангүй. "Хэрвээ
чи хаан ширэээний тоглоом тоглож байгаа бол ялах юм уу эсвэл үхэх ёстой" гэж Серсей
Ланнистер түүнд бурхдын модны дэргэд байхдаа хэлсэн билээ. Тэр лорд Рэнлигийн саналыг
татгалзсан нь алдаа болсон эсэх эсэх тухай санааширлаа. Нэд нууц хуйвалдаанд дургүй
хүүхдүүдийг сүрдүүлэх нь нэр хүндийн бус хэрэг ч... Серсей зугатахын оронд сөрөн
эсэргүүцэхээр шийдвэл түүнд Рэнлигийн зуун илд хэрэгтэй.

- Надад Чигчий хуруу хэрэгтэй байна. Түүнийг өрөөндөө байхгүй байвал хэрэгтэй тооны хүн
авч олох хүртлээ Хааны газрын бүх дарсны мухлаг, янхны газрыг нэгж. Үүр гэгээрэхээс өмнө
олсон байх ёстой шүү гэхэд Кэйн бөхийн ёслоод явахад, Томард руу эргэлээ.

- "Шулмын салхи" өнөө оройн түрлэгээр хөдлөнө. Хамгаалалтанд хэдэн хүн сонгосон бэ?
- Портерийг ахлагчаар нь тавин арван хүн сонгосон.

- Хорин хүн аваад чи өөрөө хөдөл.

Портер зоригтой хүн хэдий ч охидыг нь арай ухаалаг найдвартай хүн харж байх хэрэгтэй
байлаа.

- Таны хэлснээр болъё, эрхэм лорд. Энэ газар миний хувьд хичнээн гунигтай байсан болохыг
хэлж чадахгүй нь. Би эхнэрээ санаад байна.

- Чи Лууны цохионы дэргэдүүр өнгөрөөд умард зүг рүү эргээрэй. Би чамаар захиа дайлгах
болно гэхэд Том болгоомжлон харж,

- Лууны цохио гэсэн үү, эрхэм лорд? гэв.

- Ахмад Кросст арлын барааг хармагц миний далбааг мандуул гэж захиарай. Тэгэхгүй бол
урилгагүй зочид гэж болгоомжилж магад. Хэрвээ тэр дургүйцвэл хүссэн зүйлийг нь санал
болго. Би чамайг захиагаа лорд Станнис Баратеоны гарт дамжуулахыг хүсч байна. Түүний
бойдоо, харуулын ахлагч, эхнэрт нь гээд өөр хэнд ч биш зөвхөн лорд Станнист өөрийн биеэр
дамжуул.

- Таны тушаасан ёсоор болъё, эрхэм лорд.

Томард түүнийг орхин гармагц лорд Эддард Старк суугаад урдаа ширээн дээр ноцож буй
лааны дөлийг ширтлээ. Агшин зуур уй гашуудал эзэмдэн авав. Тэр бурхдын модон дундах
зүрх модны өмнө өвдөг сөхөрч ахаас илүү дотно Роберт Баратеоны амийг аврахыг гуйхыг
хүслээ. Хүмүүс хожим Эддард Старк хааны нөхөрлөлөөс урван хүүг нь өв залгамжлуулаагүй
тухай шивнэлдэх болохоор Роберт булшинд орсон хойно үнэнийг бурхадаас мэдэх байх гэж
найдав.

Тэрбээр хааны сүүлчийн захиаг гаргалаа. Цагаан цаасан дээр алтан лацтай цусан дусалтай
хэдэн үг байв. Ялалт болон ялагдал, үхэл амьдралын хооронд хичнээн бага ялгаатай байна вэ.

Тэр шинэхэн цаас гаргаж үзгээ бэхэнд дүрэн бичив.

"Эрхэм дээдэс Баратеон овгийн Станнис. Таныг энэ захиа авах мөчид сүүлчийн арван таван
жил хаант төрийг жолоодон буй ах Роберт чинь үхсэн байх болно. Тэр хааны ойд ан хийж
яваад зэрлэг бодонгийн дайралтанд өртжээ..."

Цаасан дээрх үсэгнүүд тахирлан мурилзах шиг санагдахад Нэдийн гар зогсов. Лорд Тайвин,
сэр Жэйми нар шившгийг номхон хүлцэнгүй давах хүмүүс биш болохоор зугтахын оронд
эсэргүүцэн тулалдах нь лавтай. Лорд Станнис Жон Арринийг алагдсаны дараа болгоомжтой
болсон болохоор Хааны газар Ланнистерийнхныг ирэхээс өмнө бүх хүчээ аван даруй ирэх
ёстой.

Нэд үг бүрээ болгоомжтой сонгов. Эцэст нь бичиж дуусгаад дээр нь "Винтерфеллийн лорд,
хаант улсын Хамгаалагч Эддард Старк" гэж гарын үсэг зуран цаасыг эвхээд хоёр нугалж
лааны дөлд хайлуулсан тос дусаав.

"Миний жолоодолт богинохон байх болно" гэж Нэд зөөлөн лацыг харан бодов. Шинэ хаан
өөрийнхөө Гарыг сонгох болохоор гэртээ чөлөөтэй харьж болох нь. Винтерфеллийн тухай
бодол түүнийг инээмсэглэхэд хүргэлээ. Тэр Браны инээдийг сонсож, Роббын шонхороор ан
хийх, Риконы тоглохыг харахыг хүсч байлаа. Өөрийнхөө оронд хатагтай эхнэр Кателинаа
чанга тэврээд зүүдлэлгүй бөх нойрсохыг хүсч байлаа.

Нэдийг зөөлөн цагаан лацан дээр зэрлэг чонын тамга дарах үед Кэйн эргэж ирэв. Десмонд
түүний хамтаар дундаа Чигчий хурууг дагуулжээ. Нэд харуулууддаа талархан явуулав.

Лорд Петр сэвсгэр ханцуйтай цэнхэр хилэн цамц өмсч, мөнгөлөг нөмрөгөө ятга шаазгайн
дүрстэй товчоор товчилжээ.

- Тушаал дэвшсэн явдалд баяр хүргэе гээд тэр суулаа.

Нэд хөмсөг зангидав.

- Хаан хүнд шархдсан үхлийн ирмэг дээр байна.

- Би мэднэ. Роберт таныг хаант улсын Хамгаалагч болгосныг ч мэднэ гэж Чигчий хуруу хэлэв.

Нэдийн харц ширээн дээр нь хөдөлгөөнгүй хэвтэж байгаа захиан дээр туслаа.

- Чи хаанаас үүнийг мэдээ вэ?

- Варис хэлсэн юм. Харин та дөнгөж сая баталж өглөө гэхэд Нэдийн ам уурандаа чангарлаа.

- Варисийн жижигхэн шувуудыг хараал идээсэй. Кателиний зөв байж. Энэ хүнд ямар нэг хар
шидийн юм байна. Би түүнд итгэхгүй байна.

- Маш сайн байна. Та суралцаж байх шив гээд Чигчий хуруу урагш бөхийж,

- Гэсэн ч намайг энэ харанхуй шөнө тайганы тухай ярилцах гэж чирж авчираагүй гэдэгт
мөрийцье гэлээ.

- Үгүй. Би Жон Арриний алагдсан нууцыг мэднэ. Роберт ардаа жинхэнэ хууль ёсны
залгамжлагч үлдээгээгүй. Жоффрей, Томмен нар бол Жэйми Ланнистерийн хатантай
нөхцөж гаргасан бутач хүүдүүд нь юм байна гэхэд Чигчий хуруу хөмсгөө өргөж,

- Ямар цочирдмоор юм бэ гэж хэлсэн ч хоолойны өнгөнд гайхсан шинж байсангүй.

- Охин нь ч гэсэн үү? Эргэлзээгүй тийм байж таарна. Тэгэхээр хаан үхвэл...

- Хаан ширээ хууль ёсоор Робертийн хоёр дүүгийн ууган болох лорд Станнист шилжих ёстой.

Лорд Петр шовх үзүүртэй сахлаа бодлогоширон шувтрав.


- Тийм юм шиг санагдаж байгаа ч зөвхөн...

- Зөвхөн юу гэж? Үүнээс өөрөөр байх боломжгүй. Сатннис бол хаан ширээний залгамжлагч.
Үүнийг хэн ч өөрчилж чадахгүй.

- Гэсэн ч Станнис таны тусламжгүй хаан ширээг авч чадахгүй. Харин та Жоффрейд
залгамжлуулахаар ухаалаг байвал гэхэд Нэд түүн рүү хүйтнээр ширтэв,

- Чамд үнэхээр өчүүхэн төдий ч нэр хүнд алга уу?

- Өө, өчүүхэн төдий бий гэж найдаж болно гээд Чигчий хуруу хайхрамжгүй инээмсэглэж,

- Намайг сонс. Станнис таны ч миний ч нөхөр биш. Ах нь хүртэл түүнийг арай ядан тэсдэг
байсан юм. Энэ хүнийг төмрөөр хийсэн мэт дийлдэшгүй хатуу. Тэр шинэ Гар, шинэ зөвлөл
сонгох нь гарцаагүй. Таныг түүнд титэм зүүхэд тусалсан явдалд талархах нь эргэлзээгүй ч
үүгээрээ хайртай болно гэж бүү бодоорой. Түүний байдлаас үзвэл хаан ширээнд дайн
дэгдэнэ. Станнис Серсейг бутач нартайгаа үхэх хүртэл хаан ширээнд зүгээр амар тайван суух
хүн биш. Харин лорд Тайвин охиных нь толгой хадаасанд өлгөгдөхийг зүгээр хараад сууна
гэж бодож байна уу? Кастерли Рок эсэргүүцэн босно. Тэгэхдээ ганцаар босохгүй. Роберт
байлдан дагууллынхаа үеэр Эйрис хаанд зүтгэж байсан хүмүүсийг өршөөсөн нь түүнд удаан
үнэнчээр зүтгэсэн. Станнис өршөөлийг мэдэхгүй хүн. Тэр Шуурганы адагт лорд Тайрелл,
Рэдвайн нарт бүслэгдсэнээ мартаагүй байгаа. Тэгээд ч Балон Грэйжойгийн бослогын үеэр
лууны далбаан дор боссон бүх хүн эмээх болно. Станнис төмөр хаан ширээнд суувал хаант
улс цусанд будагдана гэдгийг би таньд амлах байна.

- Харин одоо зоосыг нөгөө талаас нь харж үзье. Жоффрей ердөө арван хоёртой, Роберт таныг
халамжлан хүмүүжүүлэгчээр үлдээсэн байна. Та одоо хааны Гар дээрээ нэмээд хаант улсын
Хамгаалагч боллоо. Эрх мэдэл таны гарт байна, лорд Старк. Хийх ёстой зүйл чинь гэвэл
ердөө үүнийг гар сунган авах үлдлээ. Ланнистерийнхантай найрамд, Бяцхан чөтгөрийг сулла,
Жоффрейтэй Сансагаа гэрлүүл. Бага охиноо Мирцеллагийн залгамжлагч ханхүү Томментой
суулга. Энэ бүхэн Жоффрей дөрвөн жилийн дараа насанд хүрэхээс өмнө болох ёстой. Тэгвэл
тэр таныг хоёр дахь эцгээрээ харж үгүй байсан ч... дөрвөн жил бол урт удаан хугацаа шүү,
эрхэм лорд минь. Лорд Станнистай бүх зүйлийг зохион байгуулахад хангалттай урт хугацаа.
Хэрвээ Жоффрей асуудал үүсгэвэл бид жижигхэн нууцаа дэлгэн тавьж хаан ширээнд лорд
Рэнлиг суулгаж болох юм.

- Бид гэнэ ээ? хэмээн Нэд давтахад Чигчий хуруу мөрөө хавчив.

- Та ачаагаа хэн нэгэнтэй хуваалцах хэрэгтэй биз дээ. Миний үнэ даруухан байна гэдэгт
итгүүлэх байна.

- Чиний үнэ гэнэ ээ? гээд Нэдийн хоолой мөс шиг хүйтэн боллоо.

- Лорд Бэйлиш та надад урван тэрсэлэхийг санал болгож байна.

- Зөвхөн бид хожигдсон тохиолдолд.


- Чи зарим зүйлийг мартсан байна. Чи Жон Арринийг, Жори Касселийг мартаж. Бас үүнийг
мартаж гээд хутгыг гарган ширээн дээр тэдний дунд тавилаа. Лууны ясан бариултай
Валерианы хийцийн хутга буруу зөв, үнэн худал, үхэл амьдралын дундах ялгаа.

- Лорд Бэйлиш тэд миний хүүгийн хоолойг хэрчүүлэхээр хүн явуулсан гэхэд Чигчий хуруу
санаа алдлаа.

- Тиймээ би энэ тухай мартсан гэж эмээж байна, эрхэм лорд минь. Намайг өршөөгөөрэй.
Агшин зуур Старктай ярилцаж байгаагаа ч мартаж. Тэгэхээр Станнис болон дайн юм биз
дээ?

- Өөр сонголт байхгүй. Станнис бол хууль ёсны залгамжлагч.

- Хаант улсыг Хамгаалагчтай маргах миний асуудал биш. Тэгвэл та надаар яах гэсэн юм?
Миний цэцэн зөвөлгөө хэрэггүй юм бол?

- Би чиний цэцэн зөвөлгөөг... мартахыг хичээе. Би чамайг ийш нь Кателинд туслана гэж
амалсан учир дуудсан юм. Одоо мөч бүхэн бидний хувьд үнэтэй байна. Роберт намайг
Хамгаалагч болгосон ч ард түмний нүдэн дээр бол Жоффрей түүний хүү залгамжлагч
хэвээр. Хатан хаанд юу тушаасныг нь биелүүлэх олон арван хүлэг баатар, зуугаад цэрэг бий.
Миний харуулын үлдэгдэл хүнийг давж гарахаар. Тэгээд ч намайг энд ярьж байх зуур түүний
ах Жэйми Хааны газар луу Ланнистерийн армитай хүрэлцэн ирж байж ч магадгүй.

- Харин таньд арми байхгүй гээд Чигчий хуруу ширээн дээр байсан хутгаар тоглон
хуруугаараа удаан эргүүлэв. - Лорд Рэнли болон Ланнистерийнхан хоорондоо таарамжгүй
байдаг. Хүрэл Йон Ройс, сэр Балон Свонн, сэр Лорас, хатагтай Танда болоод Рэйдвайны
ихрүүд... гээд бараа бологч хүлэг баатар бүр ордонд илд өргөхөөр ирнэ.

- Рэнлид хувийн харуулынх нь гучин хүн байгаа ч үлдсэн хүмүүс нь цөөднө. Хэрвээ би
тэдэнтэй бүгдэнтэй нь холбоо тогтоохоор сонгодоггүй юм бол хангалттай хүрэлцэхгүй.
Надад алтан нөмрөгтөнгүүд хэрэгтэй байна. Хотын харуулын хоёр зуун хүн шилтгээн, хот,
хааны амгаланг хамгаалахаар хүчтэй.

- Тийм л дээ гэхдээ хатан хаан өөр нэг хаан, Гарыг зарлавал тэд хэний амгаланг хамгаалах
юм бэ? гээд лорд Петр хутгыг хуруугаараа огцом эргүүлэхэд хүчтэй эргэлдсэнээ эцэст нь
удаашран зогсож шовх үзүүртэй тал нь Чигчий хуруу руу харлаа.

- Хариулт нь энэ байна. Тэд хэн их хөлс төлсөн хүнийг дагадаг юм гээд арагш гэдийн Нэдийн
царай руу саарал ногоон нүдээрээ шоолонгуй харж,

- Старк та алдар хүндийг хуяг шигээ өмссөн хүн юм. Хэрвээ энэ таны амийг аврахад тус
болно гэж бодож байгаа бол хүндийн жингээрээ доош татан хөдлөхөд бэрх болгоно доо.
Өөрийгөө хараач. Та намайг ямар учраас дуусан учраа мэдэж байгаа. Надаар юу хийлгэхийг
гуйснаа ч мэдэж байгаа. Бас хийх ёстойгоо мэднэ... гэвч энэ нэр хүндийн бус хэрэг тул үг
хоолойд чинь тээглээд байна.
Нэдийн хүзүү чангаран дэндүү уурласандаа үг хэлэх чадваргүй болов.

Чигчий хуруу инээд алдлаа.

- Энэ бүхэн хэрцгий хэдий ч би таньд хэлэх ёстой байсан юм... гэхдээ айх хэрэггүй, эрхэм
лорд минь. Би Кателинд өгсөн хайрынхаа төлөө Жанос Слинтийг дуудаж Хотын харуулыг
талд чинь оруулъя. Зургаан зуун алтан зоос шидэхэд үүнд хангалттай. Гуравны нэгийг нь
захирагчид, гуравны нэгийг нь дарга нарт нь, гуравны нэгийг нь хүмүүст нь. Бид тэднийг энэ
мөнгөний хагасаар худалдан авч болох ч би эрсдэл гаргахыг хүсэхгүй байна гээд инээмсэглэн
хутгыг Нэдэд хуйнд буцааж хийлээ.
ЖОН

Жон өглөөний цайндаа алимны бялуу, цусан зайдас идэж байтал Сэмвэлл Тарли ирээд сандал
дээр лагхийн суув.

- Намайг сүмд дуудсан. Тэд миний бэлтгэлийг дуусгаж байгаа юм. Би та нартай хамт ахан
дүүст элсэнэ. Чи үүнд итгэж байна уу? гэж Сэм хөөрөн шивнэв.

- Үнэхээр гэж үү?

- Үнэхээр. Би мастер Эймонд номын сан, шувуу арчлахад тусалж байх юм. Түүнд уншиж
бичиж чаддаг хүн хэрэгтэй гэсэн.

- Харин чи үүнийг сайн гүйцэтгэж чадна гээд Жон инээмсэглэлээ.

Сэм эргэн тойрноо түгшин ширтэв.

- Явах цаг болчихсон болов уу? Намайг хоцорвол тэд бодлоо өөрчилж магад гээд зэрлэг өвс
ургасан хашаан дундуур явахдаа дэвхцэх шахам явлаа. Дулаахан нарлаг өдөр байв. Ханын
дагуу гэссэн мөс урсаж наранд гялалзана.

Сүмийн дотор том болор өмнө зүг рүү харсан цонхны гэрэлд тааруулан тавьсан нь шүтээний
өрөөг солонгорон гийгүүлнэ. Сэмийг хармагц Пип амаа ангайж, Бах Грэнний хавирга руу
нударсан ч хэн ч үг хэлсэнгүй. Септон Селладар бойлор савчин агаарт анхилам үнэр түгээхэд
Жон хатагтай Старкийн Винтерфелл дэх бяцхан сүмийг саналаа. Энэ удаад септон эрүүл
байгаа бололтой.

Өндөр албаны хүмүүс бүгд хүрэлцэн ирсний дотор мастер Эймон Клидасыг түшин, сэр
Аллисер баргар хүйтэн харцтай зогсож, ерөнхий захирагч Мормонт сүрлэг сайхан хар ноосон
хантааз баавгайн сарвууны дүрстэй товчоор товчилжээ. Тэдний ард өөр бусад удирдах хүмүүс
болох бойдооны даамал улаан нүүртэй Боуэн Марш, баригчдын ахлагч Отелл Ярвик, Бэнжин
Старкийг эзгүйд эргүүлүүдийг захирч байгаа сэр Жареми Риккер нар байлаа.

Мормонт бойпорын урд зогсоход солонгорсон туяа өргөн халзан духыг нь гийгүүлэв.

- Та нар бидэн рүү ирэхдээ хууль дүрэм зөрчсөн хулгайн анчин, хүчиндэгч, өр зээлд
баригдагсад, алуурчин, хулгайч байсан. Та нар бидэн рүү хүүхдээрээ ирсэн. Зарим нь ганц
нэгээрээ гинжтэй найз нөхөд гавъяа хүндгүй ирж байхад зарим нь баян, ядуу ирсэн. Зарим
чинь гэр бүлийнхээ нэрийг бахархал болгон зүүж байхад зарим нь бутач, бүр нэр усгүй
байлаа. Гэсэн ч энэ чухал биш. Бүгд өнгөрсөн зүйл. Энд Ханан дээр бид бүгд нэгэн гэр бүл.

- Орой нар жаргах үеэр та нар шөнийг угтан тангараг өргөнө. Тэр цагаас хойш үүрд Шөнийн
харуулын тангараг өргөсөн ах дүү болно. Та нарын гэм зэм угаагдан арилж, өр зээл чинь
өршөөгдөх болно. Иймээс та нар өнгөрсөн бүхнээсээ салж өшөө хорслоо хойш тавин хуучин
гомдол, хайртай бүхнээ мартах хэрэгтэй. Энд та нар бүгдийг шинээр эхлэнэ.
- Шөнийн харуулын хүний үүрэг бол хаант улсынхаа төлөө зүтгэх явдал юм. Хаад, эзэн ноёд,
гэр бүлийнхээ нэр хүнд, алт, алдар гавъяа, эмэгтэй хүний хайрын төлөө биш хаант улсын бүх
хүмүүсийн төлөө зүтгэхэд оршиж байдаг. Шөнийн харуулын хүн эхнэр авч үр хүүхдийн эцэг
болдоггүй. Бидний эхнэр бол үүрэг хариуцлага, хайрт минь алдар хүнд..

- Та нар андгайныхаа үгийг тогтоосон. Хэлэхийн өмнө сайн бодож нэгэнт хар болсон цагт
эргэж буцах замгүй гэдгийг ойлго. Оргон зайлагсдын шийтгэл бол үхэл гээд Хөгшин баавгай
түр завсарласнаа,

- Харин одоо та нарын дунд биднийг орхих хүсэлтэй хүн байна уу? Хэрвээ тийм бол яг одоо
орхиж болно. Хэн ч чамайг муугаар гэж бодохгүй гэлээ.

Хэн ч хөдөлсөнгүй.

- Сайн байна. Үдэш септон Селладарын өмнө андгай өргөөрэй. Хуучин бурхдад мөргөдөг хүн
байна уу? гэхэд Жон бослоо.

- Би байна, эрхэм лорд.

- Би чамайг тангарагын үгээ авга ах шигээ зүрх модны урд өргөхийг хүсч байгаа гэж бодож
байна.

- Тиймээ, эрхэм лорд гэж Жон хэлэв.

Старкийнхны цусанд анхны хүний цус гүйж байгаа болохоор сүмийн бурхад түүний хувьд юу
ч биш байлаа.

Ард нь Грэнний шивнэлт сонсогдов.

- Гэхдээ энд бурхдын мод байхгүй биз дээ? Би лав ерөөсөө олж хараагүй юм байна.

- Чи сүрэг бух гөрөөс цасан дээр дээрээс чинь дэвслэн далд оруулах хүртэл олж харах хүн
биш гэж Пип хариу шивнэв.

- Больж үз. Бух гөрөөсийг би хамаагүй холоос харна.

Мормонт Грэнний эргэлзээг батлах мэт,

- Хар цамхагт бурхдын мод хэрэггүй. Тэд Хананаас цааш Сүнстэй ойд Андалс давчуу
тэнгисийг гатлан Долоо шүтээнийг авчрахаас өмнө ургаж байсан юм. Чи эндээс хагас
милийн зайтай газар далан модон дунд бурхнаа олох байх.

- Эрхэм лорд гэсэн дуу гарахад Жон гайхширан ширтлээ. Сэмвэлл Тарли босоод хөлстэй
алгаа цамцандаа арчив.

- Би ч гэсэн... би ч гэсэн тийшээ явж болох уу? Зүрх модонд тангарагын үгээ хэлэх гэсэн юм.
- Тарлигийн гэр бүл бас хуучин бурхдыг шүтдэг хэрэг үү?

- Үгүй, эрхэм лорд гэж Сэм түгшсэн нарийхан хоолойгоор хариулав. Өндөр албаны хүмүүс
түүнийг айлгадагыг Жон мэдэхийн зэрэгцээ Хөгшин баавгай бүгдээс илүү айлгаж байлаа.

- Би Тарлигийн удам мянган жилийн турш шүтэж байсны адил эцэг өвгөд шигээ Бүрээн
толгодын сүмд Долоогийн гэрэлд адислагдсан..

- Тэгвэл чи яагаад эцгийнхээ болон удам дамжин ирсэн бурхдаа огоорч байгаа юм? хэмээн
сэр Жареми Жиккер гайхан асуулаа.

- Одоо Шөнийн харуул миний орон гэр болсон. Долоо хэзээ ч миний мөргөлд хариулж
байгаагүй. Магадгүй хуучин бурхад хариулах ч юм билүү.

- Чиний хүслээр болог, хүү минь гэж Мормонт хэллээ. Сэм ахин суудлаа эзлэхэд Жон бас
суулаа.

- Бид та нарыг тус бүр авъяас чадвар ур чадлынх нь дагуу тохирсон албанд хуваарилах болно
гэхэд Боун Марш урагш алхан гартаа барьсан цаасыг гардуулав. Ерөнхий захирагч цаасыг
дэлгэн уншиж эхэллээ.

- Халдер баригч.

Халдер дэмжсэн тэмдэг болгон толгой дохив.

- Грэнн, эргүүл. Албетт баригч. Пипар эргүүл гэхэд Пип Жон руу харж дэлдэн чихээ
хөдөлгөв.

- Сэмвэлл бойдоо. Сэм санаа амран духаа торгоны өөдсөөр арчив.

- Матхар эргүүл. Дареон бойдоо. Тоддер эргүүл. Жон бойдоо.

Бойдоо гэнэ ээ? Жон агшин зуур сонссон зүйлдээ итгэсэнгүй. Мормонт лав буруу уншсан
байх. Тэр эндүүрснийг нь хэлэхээр амаа нээн өндийхөөр завдсанаа... сэр Аллисерийн нүд
галт уулын шил мэт гялалзахыг хараад бүгдийг ойлголоо.

Хөгшин баавгай цаасаа хуйлав.

- Албаны ахлагчид та нараас үүргээ биелүүлэхийг шаардах болно. Магадгүй бурхан та нарыг
ивээх бизээ, ах дүү нар минь гээд захирагч тэдэнд хагас бөхийн ёслоод явлаа. Сэр Аллисер
араас нь дагахад жоготой инээмсэглэл царай дээр нь тодров. Жон хэзээ ч зэвсгийн даамал
тийм баяртай байхыг харж байсангүй.

- Эргүүлүүд над дээр гэж сэр Жареми Риккар тэднийг гарсан хойно хэлэв. Пип Жон руу
ширтсэнээ удаанаар босоход хоёр чих нь улайлаа. Грэнн ямар нэг зүйл ташаа болсныг
ойлгоогүй бололтой нүүр дүүрэн инээмсэглэнэ. Матт, Бах хоёр тэдний хамт сэр Жаремийг
даган сүмээс гарлаа.
- Баригчид наашаа гэж дөрвөлжин эрүүтэй Отелл Ярвик дуудав. Халдер, Албетт нар түүний
араас явлаа.

Жон эргэн тойрноо үл итгэн харлаа. Мастер Эймоны сохор нүд олж харахгүй гэрлийн зүг
ширтэнэ. Септон шүтээн дээрх болороо засаж эмхлэв. Зөвхөн Сэм, Дареон хоёр суудалдаа
үлджээ. Тарган хүү, дуучин... болон тэр.

Бойдоо нарын ахлагч Боун Марш махлаг гараа хооронд нь үрчив.

- Сэмвэлл чи мастер Эймонд номын сан, шувуу харж хандахад туслах болно. Четт нохойн
байр луу явж ноход тэжээхэд тусал. Мастерийн дэргэд өдөр шөнөгүй ойрхон байхын тулд
өрөөнд нь очиж суугаарай. Би чамайг түүнд сайн анхаарал тавина гэдэгт итгэж байна. Тэр
өндөр настайн зэрэгцээ бидэнд маш үнэтэй хүн шүү.

- Харин Дареон надад чамайг маш олон өндөр лордын ширээнд дуулж мах балыг нь
хуваалцаж байсан гэж хэлсэн. Бид чамайг Дорнод харуул руу илгээж байна. Чи Коттер Пайкт
худалдааны онгоц ирэхэд туслаарай. Бид давсалсан мах, дарсан загасанд дэндүү их мөнгө
төлж байна. Очоод Боркаст очоод өөрийгөө танилцуулвал тэр чамайг хөлөг онгоцны хооронд
завгүй байлгах болно гээд Марш Жон руу эргэн инээмсэглэлээ.

- Захирагч лорд Мормонт чамайг өөрийн биеэр хувийн бойдоогоо болгохыг хүссэн. Чи
захирагчийн цамхагт түүний өрөөний доод талын тасалгаанд унтаж байх болно.

- Миний үүрэг тэгээд юу юм бэ? Би захирагч лордод хоол зөөж, хувцаслахад нь туслан
угаалгын онгоцыг нь халуун усаар дүүргэж байх уу? гэж Жон уцаарлан хэлэв.

- Гарцаагүй гээд Марш Жоны дууны өнгөнд хөмсөг зангидлаа.

- Бас чи түүний захиаг дамжуулж, өрөөнд нь гал түлэн дулаацуулж, өдөр бүр орны даавууг нь
солин захирагчийн чамаас шаардсан бүхнийг гүйцэтгэх болно.

- Та нар намайг зарц болгож байгаа юм уу?

- Үгүй бид чамайг Шөнийн харуулын хүн болгож байна... гэвч үүнд эндүүрсэн бололтой гэж
Клидасын нурууг түшин сүмээс гарч байсан мастер Эймон хэллээ.

Жон хаяад гарахгүйн тулд бүх хүчээ гаргав. Тэр үнэхээр цөцгий зуурч амьдралынхаа үлдсэн
өдрүүдэд охид шиг хантааз оёж болох байна уу?

- Явж болох уу? гэж хөшүүн хоолойгоор асуулаа.

- Чинийхээр болог гэж Боуэн Марш хэлэв.

Дареон, Сэм хоёр түүнтэй хамт хашаанд чимээгүй гаргав. Жон гадаа гараад нарны гэрэлд
гялалзах хана руу харж хайлсан мөс зуугаад хуруун дусал шиг гоожсоныг харав. Тэр
багтартлаа уурласан болохоор агшин зуур бүгдийг тэр дундаа ертөнцийг хөмрөхөд бэлэн
байлаа.
- Жон. Хүлээгээч. Чи тэдний юу бодсоныг ойлгохгүй байна уу? гэж Сэмвэлл Тарли хөөрсөн
хоолойгоор хэлэв.

Жон түүн рүү уурсан эргэлээ.

- Би сэр Аллисерийн хараал идсэн гар үүнийг хийснийг харж байна. Тэр намайг гутаан
доромжлохыг хүссэн гэхэд Дареон түүн рүү ширтэв.

- Бойдоо байх нь муугүй болохоор чамаас ялгаатай нь Сэм бид хоёрт таалагдаж байна, лорд
Сноу.

- Би та хоёроос хамаагүй дээр илдчин тэгээд ч илүү сайн мориор явдаг. Энэ чинь шударга бус
хэрэг! гэж Жон дүрсхийв.

- Шударга бус гэнэ ээ? хэмээн Дареон хөхрөөд,

- Тэр охин намайг эхээс төрсөн нүцгэн биеэрээ хүлээж байсан юм. Тэгээд намайг цонхоор
өөрөө татан оруулсан байхад чи надтай шударга ёсны тухай ярьж байгаа юм уу! гээд цааш
алхан явлаа.

- Бойдоо байх нь тийм ч ичгүүртэй зүйл биш гэж Сэм хэлэв.

- Чи намайг үлдсэн амьдралынхаа туршид хөгшин хүний дотуур хувцас угааж өнгөрүүлэхийг
хүснэ гэж бодоо юу?

- Тэр хөгшин чинь Шөнийн харуулын ерөнхий захирагч гэж Сэм сануулав.

- Тэгээд ч чи түүнтэй өдөр шөнөгүй хамт байх болно. Тиймээ чи түүний дарсыг хундгалж, ор
дэрийг нь цэвэрхэн байлган, захиаг нь уншиж, уулзалтыг нь зохион байгуулж, тулааны үеэр
хиа нь байх болно. Чи яг л түүний сүүдэр шиг дэргэд нь байна. Бас бүгдийг мэдэж бүх зүйлд
оролцоно... дээрээс нь бойдооны даамал Мормонт чамайг өөрөө гуйсан гэж хэлсэн шүү дээ!

- Намайг бага байхад эцэг минь уулзалтын танхимд хамт байхыг шаарддаг байлаа. Тэр
Хайгарден руу лорд Тайреллийн өмнө өвдөг сөгдөхөөр явахдаа намайг авч явдаг байсан.
Харин дараа нь намайг орхиод Диконыг авч явах болсон доо. Танхимд Дикон байгаа цагт
эцэгт минь миний байгаа эсэх нь хамаагүй болсон. Тэр түүнийг залгамжлагчаа болгохоор
дэргэдээ байлгахаар хүсч байсныг чи ойлгохгүй байна уу. Хийж байгаа бүх зүйлийг нь харж
сонсож суралцахыг хүссэн байна. Захирагч Мормонт чамайг ийм учраас хүссэн гэж
мөрийцөх байна. Өөр ямар хэрэгтэй гэж? Тэр чамайг сургахыг хүссэн байна.

Жон гайхан балмагдав. Хэрвээ энэ үнэн бол лорд Эддард Винтерфеллд үргэлж Роббыг
зөвөлгөөнийхөө үеэр дэргэдээ байлцуулдаг байсан билээ. Сэмийн зөв байвал яана? Бутач
хүртэл Шөнийн харуулд өндөр өгсөж болно гэж бүгд ярилцдаг билээ. Гэсэн ч,

- Би хэзээ ч үүнийг чинь гуйгаагүй гэж зөрүүдлэв.

- Бидний хэн ч энд ирэхийг гуйгаагүй гэж Сэм сануулав.


Жон Сноу гэнэтхэн ичлээ.

Хулчгар ч бай үгүй ч бай Сэмвэлл Тарли хувь заяагаа эр хүн шиг хүлээн авах зоригтой ажээ.
"Ханан дээр хүн бүр хийх ёстой зүйлээ хүртдэг. Чи бол эргүүл биш, Жон. Зуны үнэр нь
арилаагүй байгаа ногооноороо хүү" гэж Бэнжин Старк Жонтой уулзсан сүүлчийн шөнө
хэлсэн билээ.

Жон гүнзгий санаа алдлаа.

- Чиний зөв. Би жаахан хүүхэд шиг аашилжээ.

- Тэгвэл чи надтай цуг андгай өргөхөөр үлдэх үү?

- Хуучин бурхад биднийг хүлээж байгаа гээд Жон инээмсэглэлээ.

Тэд үдээс хойш орой болсон үед мордов. Хар цамхагын эргэн тойронд гурван зуун милийн
зайд юу ч байдаггүй болохоор Хананд хаалга байсангүй. Тэд морьдтойгоо газар дор мөс
цавчиж гаргасан хүйтэн харанхуй тахирласан нарийхан хонгилоор явлаа. Гурван ч удаа
цоожтой төмөр хаалга тааралдахад зогсож Боуэн Марш түлхүүр гарган нүсэр гинжний
цоожыг тайлахыг хүлээв. Жон түүнийг хүлээн зогсохдоо хязгааргүй жин дээрээс нь дарж
байгааг мэдэрлээ. Агаар булшинд байгаа юм шиг хүйтэн байсан тул ханын хойд хэсгээс үдээс
хойшийн гэрэлд гарч ирэхдээ сэтгэл нь амарлаа.

Сэм наранд гялбан нүдээ анивчсанаа эргэн тойрноо харлаа.

- Зэрлэгүүд... тэд ирэхгүй... тэд хэзээ ч хананд ойртож зүрхлэхгүй биз дээ?

- Тэд хэзээ ч ирэхгүй гээд Жон эмээл дээрээ гарлаа. Боуэн Марш эргүүлийнхэнтэй эмээл
дээрээ мордох үед Жон хоёр хуруугаа амандаа хийн шүгэлдэв. Сүнс хонгилоос үсрэн гарч
ирлээ.

Бойдооны даамлын морь зэрлэг чоноос үргэн янцгаан ухрав.

- Чи энэ араатнаа авч явах гээ юу?

- Тиймээ, эрхэм лорд.

Сүнс толгойгоо өргөн агаар шиншилснээ агшин зуур өргөн уудам зэрлэг өвс ургасан талбай
дээгүүр давхин модон дунд алга болов.

Тэднийг ойд ормогц шал ондоо ертөнц угтлаа. Жон урьд нь үргэлж эцэгтэйгээ болон Жори,
дүү Роббтой хамт анд явдаг байжээ. Тэр Винтерфеллийн эргэн тойрон дахь Чонын ойг ямар ч
хүнээс илүү сайн мэднэ. Сүнстэй ой түүнтэй ижил байсан ч өөр мэдрэмж төрүүлэв.

Магадгүй энэ мэдэж байгаа зүйлээс нь болсон байж мэднэ. Тэд ертөнцийн хязгаар луу
мордон бүх зүйл өөрчлөгджээ. Цаашлах тусам сүүдэр улам баргар болж гарсан чимээ бүр
дотор зарсхийлгэж байлаа. Модод нягт шахан хүрээлж жаргаж буй нарны гэрлийг хаана.
Морьдын туурайд нимгэн цас чахарч яс хугарах адил тасхийн дуугарна. Салхинд навчис
сэрчигнэхэд Жоны нурууг хүйтэн хуруугаар зурсан мэт зарсхийв. Хана тэдний ард үлдэж урд
нь юу хүлээж байгааг зөвхөн бурхад мэдэх байлаа.

Нар модны цаагуур далд орох үед тэд зорьсон газар болох ойн гүнд есөн ширхэг далан мод
дугуйран тойрсон бяцхан цоорхойд хүрлээ. Жон амьсгаа дарахад, Сэмийн бие чангарлаа.
Чонын ойд хүртэл тэр хэзээ ч зэргэлдээ ургасан гурваас илүү цагаан модтой тааралдаж
байсангүй. Гэтэл энд есөн ширхэг ургасан нь урьд хожид сонсогдоогүй зүйл байв. Улаан
оройтой хар амных нь доод талын хөрсийг цусан улаан навчис бүрхжээ. Мододын өргөн их
бие яс шиг цагаан агаад дотогш ширтсэн есөн нүүртэй байв. Сийлбэр нүдэн дэх шүүс хатаж
хуурайшаад хүрэн улаан өнгийн бадмаараг адил час улаан байлаа. Боуэн Марш тэднийг
тойргийн гадаа мориноосоо буухыг тушаав.

- Энэ бол ариун газар болохоор бузарлаж болохгүй.

Тэднийг дотор орох үед Сэмвэлл Тарли удаанаар эргэн царай бүрийг ширтсэн ч хоорондоо
адил нэг ч царай байсангүй.

- Тэд биднийг дагуулж хараад байна. Хуучин бурхад гэж шивнэлээ.

- Тиймээ гээд Жон өвдөг сөгдөхөд Сэм дэргэд нь сөхөрлөө.

Тэдний хамтдаа тангарагын үгээ хэлэхэд жаргаж буй нарны сүүлчийн туяа бөхөн үдшийн
гэгээ харанхуй болж эхэллээ.

- Миний тангарагыг сонсон андгайны минь гэрч болооч гэж үдшийн бүрэнхийд хоолой
нийлүүлэн хэлэв.

- Шөнө болоход миний харуулын үүрэг эхэлж үхэх хүртэл дуусахгүй. Би эхнэр авч, эдлэн
газар эзэмшин үр хүүхдийн эцэг болохгүй. Би титэм зүүж алдар гавъяаны төлөө дайтахгүй.
Харуулынхаа байран дээр амьдарч, харуулынхаа байран дээр үхнэ. Би харанхуйн илд, Ханын
харуул. Би тэсгим хүйтэнд дүрэлзэх гал, үүрийг авчирагч гэгээ, унтаж буйг сэрээгч бүрээ,
хаант улсын хүмүүсийг хамгаалагч бамбай. Би өөрийн амьдралаа энэ шөнөөс эхлэн Шөнийн
харуулд зориулж байна.

Ой чимээгүй байлаа.

- Та нар өвдөг сөгдөхдөө хөвгүүн байсан бол босохдоо Шөнийн харуулын эр хүн болжээ гэж
Боуэн Марш ёслол төгөлдөр хоолойгоор хэлэв.

Жон Сэмийн гараас татан хөл дээр нь босголоо. Эргүүлүүд тойрон цуглаж инээлдэн баяр
хүргэхэд гагцхүү хөгшин түлээчин Дайвин.

- Бид буцсан нь дээрх байх, эрхэм лорд. Харанхуй болж байна тэгээд ч шөнө таагүй зүйлийн
үнэр ханхалж байна гэж Боуэн Маршад хэлэв.

Гэнэтхэн Сүнс хоёр далан модны дунд чимээгүй шурган гарч ирлээ. "Цагаан арьс улаан
нүдтэй. Яг л мод шиг юм" гэж Жон эвгүйцэн бодов.

Чоно амандаа ямар нэгэн хар зүйл зуужээ.

- Тэр юу авчраа вэ? гээд Боуэн Марш хөмсөг зангидав.

- Наашаа ир, Сүнс. Нааш нь аваад ир гээд Жон өвдөг сөхрөхөд зэрлэг чоно дэргэд нь ирлээ.
Сэмвэлл Тарли огцом амьсгаа авлаа.

- Бурхан минь. Энэ чинь гар байна шүү дээ гэж Дайвин шивнэв.
ЭДДАРД

Үүрийн саарал гэгээ цонхоор тусахад туурайн нүргэлэх чимээ Эддард Старкийг богинохон
зүдэрсэн зүүднээс нь сэрээв. Тэр толгойгоо ширээн дээрээс өндийлгөн хашаа руу харлаа.
Дор гархин хуяг хүрэн улаан нөмрөгтэй хүмүүс өглөөний сургуулилт хийж байв. Илд
хангинах чимээ гарч морьтой хүмүүс сүрлэн чихмэлд жад зооно. Нэд Сандор Клеган хашаан
дотор хүчтэй цогиулан ган зэвтэй жадаа хиймэл хүний толгойд зоохыг харлаа. Даавуу хүүрэн
дотор нь байсан сүрэл асгарахад Ланнистерийн хүмүүс тоглоом наадам хийн инээлдэв.

"Үнэхээр энэ баатарлаг үзүүлбэр нь надад зориулагдсан юм болов уу? Түүнийг хараал
идээсэй яагаад тэр эмэгтэй зугтсангүй вэ? Би түүнд зугтах боломж өгсөн шүү дээ" гэж Нэд
бодлогоширов. Хэрвээ тийм бол Серсей бодсоноос илүү дүүрчихсэн тэнэг хүн юм.

Баргар үүлэрхэг өглөө байлаа. Нэд өглөөний цайгаа охидтойгоо болон септа Мордэйнтэй
хамт уув. Санса бас л тайтгараагүй хэвээр хоол руу харан идэхээс татгалзсан бол харин Аръяа
урдаа тавьсан бүгдийг ховдоглон идэж байлаа.

- Сирио биднийг өнөө орой хөлөг онгоцонд суухаас өмнө сүүлчийн хичээл болно гэж хэлсэн.
Би явж болно биз дээ, аав аа? Миний бүх зүйл баглаастай байгаа.

- Чамайг усанд орж хувцсаа сольж амжихаар богинохон хичээл байх ёстой шүү. Би чамайг үд
дунд гэхэд явахад бэлэн байхыг хүсч байна, ойлгов уу?

- Үд дунд гэж Аръяа давтлаа.

Санса хоолноос харц буруулав.

- Хэрвээ тэр бүжгийн хичээлдээ явж байгаа юм бол би яагаад ханхүү Жоффрейтэй салах ёс
гүйцэтгэж болдоггүй юм?

- Би түүнтэй дуртайяа явах байна, лорд Эддард. Хөлөг онгоцноос хоцрохгүй гэж септа
Мордэйн дэмжлээ.

- Жоффрейтэй яг одоо уулзах чинь ухаалаг биш хэрэг, Санса. Намайг уучлаарай.

Сансагын нүдэнд нулимс дүүрлээ.

- Гэхдээ яагаад?

- Санса лорд эцэг чинь энэ нь дээр болохыг чамаас илүү мэдэж байгаа. Чи түүний шийдвэрт
асуулт тавих ёсгүй гэж септа Мордэйн хэлэв.

- Гэхдээ энэ чинь шударга биш хэрэг шүү дээ! гээд Санса ширээнээс үсрэн босож сандал
унагаад танхимаас уйлан гүйн одов.

Септа Мордэйн боссон ч Нэд занган суудалд нь буцаан суулгав.


- Түүнийг явуул, септа. Би түүнд Винтерфеллд аюулгүй буцсан цагт бүгдийг тайлбарлаж
өгөхийг хичээнэ гэхэд септа толгой бөхийлгөөд өглөөний цайндаа эргэн орлоо.

Үүнээс цагийн дараа эрхэмсэг мастер Пацилл Эддард Старкийн өрөөнд ирэв. Тэр хүзүүндээ
зүүсэн том гинжнийхээ жинд дарагдан мөрөө унжуулжээ.

- Эрхэм лорд. Роберт хаан таалал төгслөө. Бурхад түүнийг амруулах бизээ.

- Үгүй. Тэр амрахыг үзэн яддаг байсан. Бурхад түүнд инээд хайр, тулааны баяр баясгалан
бэлэглэсэн гээд дотор нь гэнэтхэн хачирхалтай хоосров. Тэр энэ тухай мэдэгдэхийг хүлээж
байсан ч үүнийг сонсоод ямар нэг зүйл түүнтэй хамт бөхөх шиг болов.

- Зөвлөлийн гишүүдийг яаралтай миний өрөөнд цуглуулна уу.

Гарын цамхагын аюулгүй байдлыг хангахын тулд Томард боломжтой бүх зүйлийг хийсэн
болохоор Нэд зөвлөлийн танхим гэж хэлсэнгүй.

- Эрхэм лорд минь? Хаант улс гашуудалд автан бидний уй гашуу шинэхэн байгаа болохоор
маргаашийг хүлээж болохгүй юм уу гээд Пацилл нүдээ анивчив.

Нэд чимээгүй боловч хатуугаар,

- Тэгсэн ч бид даруй цугларах хэрэгтэй гэж айж байна гэхэд Пацилл бөхийн ёсолж,

- Гарын тушаасан ёсоор болъё гээд зарц нараа дуудан гүйлгээд Нэдийн санал болгосон ёсоор
сандалд суун аяга шар айраг уув.

Дуудлаганд хамгийн түрүүнд Сэр Барристан Сэлми өө сэвгүй цагаан нөмрөг ялтсан
хуягтайгаа орж ирэв.

- Эрхэм лордуудаа одоо миний байр залуу хааны дэргэд болжээ. Надад түүнд анхаарал тавих
боломж олгоно уу.

- Таны байр энд, сэр Барристан гэж Нэд товч хэлэв.

Чигчий хуруу дараа нь урьд шөнө өмссөн мөнгөн ятга шаазгай хатгамласан цэнхэр хилэн
нөмрөг замын тоосонд дарагдсан гуталтай орж ирэв.

- Эрхэм лордууд гэж хэнд ч хандсан юмгүй инээмсэглэснээ Нэдийн зүг эргэв.

- Таны жижигхэн даалгавар гүйцэтгэгдсэн, лорд Эддард.

Варис усанд орсны дараа ягаарсан арьстай лаванда цэцгийн үнэр ханхлуулсаар орж ирэхдээ
булцгар нүүрэндээ шинэхэн энгэсэг тавин зөөлөн чимээгүй шаахай углажээ.

- Жижигхэн шувууд өнөөдөр гашуудалтай мэдээ дуулж байна. Хаант улс гашуудалд автжээ. За
эхлэх үү? гэж суухдаа хэлэв.
- Лорд Рэнли ирмэгц эхлэе гэж Нэд хэллээ.

Варис түүний рүү гашуудалтай харав.

- Би лорд Рэнли хотыг орхисон гэж айж байна.

- Хотыг орхисон гэнэ ээ? хэмээн Рэнлигийн дэмжлэгийг тооцож байсан Нэд дуу алдав.

- Тэр арын хаалгаар үүр цайхаас цагийн өмнө сэр лорас Тайрелл болон тавин харуулын хүний
хамт хөдөлсөн. Хамгийн сүүлд харсан зүйл гэвэл тэд өмнө зүг чиглэн эргэлзээгүй Шуурганы
адаг юм уу Хайгарден руу хөдөлсөн байх гэж Варис илтгэв.

Тэгэхээр Рэнли болон түүний зуун илд байхгүй болсон байх нь. Нэдэд энэ таалагдсангүй ч
үүнийгээ гаргасангүй. Тэр Робертийн сүүлчийн захиаг гаргалаа.

- Хаан намайг өнгөрсөн шөнө дуудан сүүлчийн үгээ захиас үгээ бичихийг тушаасан билээ.
Лорд Рэнли, эрхэмсэг мастер Пацилл хоёр түүний үхлийн дараа зөвлөл нээн унших ёстой
захиан дээр Робертийг тамгаа дарахыг гэрч болон харж байсан. Сэр Барристан та үүнийг
унших уу? гэхэд хааны хамгаалалтын захирагч цаасыг шинжин харснаа,

- Роберт хааны тамганы лац хөдлөөгүй байна гээд захиаг нээн уншлаа.

- Залгамжлагчыг насанд хүрэх хүртэл лорд Эддард Старкад хаант улсын Хамгаалагч болж төр
жолоодох эрх олгож байна.

"Хэрвээ тэр насанд хүрдэг л юм бол" гэж Нэд бодсон ч хэлсэнгүй. Тэр Пацилл, Варис болон
үүргийнхээ дагуу шинэ хаан гэж бодож байгаа хүүг хамгаалах үүрэгтэй сэр Барристан нарын
алинд ч итгэсэнгүй. Хөгшин хүлэг баатар Жоффрейг тийм ч амар орхихгүй. Нэдийн аманд
гашуун амт амтагдсан ч хаант улсыг барих эрх мэдэл нь бэхжээгүй нөхцөлд зөвлөлтэй тэдний
тоглоомыг тоглох ёстой тул болгоомжтой байх хэрэгтэй байлаа. Үүнийг хийх хооронд
хангалттай хугацаа өнгөрөн Аръяа, Санса хоёр Винтерфелл руу аюулгүй буцан, лорд Станнис
Хааны газар бүх хүчнийхээ хамт ирэх болно.

- Би зөвлөлөөс талийгаач Роберт хааны сүүлчийн хүсэл ёсоор миний Хамгаалагч болох
эрхийг баталгаажуулахыг хүсч байна гээд Нэд тэднийг царайг шинжин Пациллын хагас
аньсан нүд, Чигчий хуруугын залхуутай инээмсэглэл, Варисийн чигчигнэсэн хурууны цаана
ямар бодол нуугдаж байгааг тааварлахыг хичээлээ.

Хаалга онгойж өрөөнд бүдүүн Том өрөөнд орж ирэв.

- Өршөөгөөрэй эрхэм лордуудаа гэвч хааны бойдоо... гэхэд ордны бойдоо орж ирээд бөхийн
ёслов.

- Хүндэт лордуудаа хаан бага зөвлөлийг даруйхан хаан ширээний өрөөнд хуралдуулахыг
шаардаж байна.

Нэд Серсей түргэн цохилт өгнө гэж тааварлаж байсан болохоор дуудлага ирсэн явдалд
гайхсангүй.

- Хаан үхсэн. Гэсэн ч бид очих болно. Том бараа болох хүмүүсийг цуглуул.

Чигчий хуруу Нэдийн гараас барин шат уруудахад туслав. Варис, Пацилл, сэр Барристан нар
араас нь ойрхон дагалаа. Нэдийг цамхагын гадаа гарахад хоёр эгнээ гархин хуяг ган дуулгатай
хүмүүс хүлээж байлаа. Харуулын хүмүүс тэдний араас дагалдан явахад саарал нөмрөг нь
салхинд дэрвэн нисэв. Энд Ланнистерийн хүрэн улаан өнгө хаа ч харагдсангүйн дээр
хэрмийн дээр болон хаалган дээр алтан нөмрөг зурсхийхэд Нэдийн сэтгэл өег байлаа.

Гайхамшигтай сайхан хар алтан хуяг дуулга өмсч гартаа өндөр залаатай дуулга барьсан Жанос
Слинт тэднийг хаан ширээний хаалган дээр угтан мэндлэв. Хотын харуулын захирагч хөшүүн
бөхийн ёслоход хүмүүс нь хорин футын өндөр хүрэл бүслүүртэй том царсан хаалга нээв.

Ордны хиа тэднийг тэргүүлэн орлоо.

- Эрхэм дээдэс Андалс болоод анхны хүн Ройнерийн хаан долоон ханлигийн эзэн Хаант
улсыг хамгаалагч Баратеон овгийн Жоффрей гэж дуудав

Танхимын эцэст Жоффрей төмөр хаан ширээнд суун хүлээж байгаа газар хүртэл удаан явлаа.
Нэд Старк Чигчий хуруугаар туслуулан доголон өөрийгөө хаан гэгч дуудагч хүүд ойртлоо.
Бусад нь араас нь дагалдав. Энэ танхимд морины нуруун дээр анх удаа гартаа илд барин орох
үед Таргариний луунууд Жэйми Ланнистерийг хүчээр хаан ширээн дээрээс буулгахыг
хананаас ширтэж байсан билээ. Тэр энэ удаад Жоффрейг хялбархан буулгаж чадах эсэхээ
мэдсэнгүй.

Сэр Жэйми болон сэр Барристанаас бусад хааны хамгаалалтын таван хүлэг баатар хаан
ширээний хөлд дугуйран зогсчээ. Тэд бүрэн зэвсэглэж хөлөөс хүртэл ялтсан хуяг дуулга
өмсөөд урт цагаан нөмрөг намируулан гялалзсан цагаан бамбай зүүн гартаа барьжээ. Серсей
Ланнистер хоёр бага хүүхдийнхээ хамт сэр Борос, сэр Мерин нарын ард зогсож байв. Хатан
хаан хөөс шиг цагаан Мирийн торон эмжээртэй тэнгисийн ногоон өнгийн торгон даашинз
өмсчээ. Толгойдоо зүүсэн титэмнийхээ чулуутай ижилсүүлэн хуруундаа тагтааны өндөгний
хэмжээтэй маргад эрдэнийн шигтгээтэй бөгж зүүсэн байв.

Тэдний дээр ханхүү Жоффрей төмөр хадаастай суудал дээр алтан хантааз улаан атласан
нөмрөгтэй заларчээ. Үнсэн саарал өнгийн хуяг архирч буй нохойн дүрстэй дуулга өмссөн
Сандор Клеган хаан ширээ рүү өгсдөг давчуу шатан дээр зогсож байв.

Хаан ширээний ард бүсэндээ урт илд агсан мөрөндөө хүрэн улаан нөмрөг зүүж архирч буй
арслангын дүрстэй дуулга өмссөн Ланнистерийн харуулын хорин хүн зогсож байв. Түүнчлэн
Чигчий хуруугын амласан ёсоор Робертийн ангийн болон тулааны зурагтай ханын дагуу
алтан нөмрөгтэй Хотын харуул эгнэн жагсаад тус бүр найман фут урт хар төмөр зэвтэй жад
барьжээ. Тэд Ланнистерийнхнаас тоогоороо тав дахин давамгайлж байлаа.

Нэдийг зогсоход хөл нь халуу шатан өвдөв. Тэр Чигчий хуруугын мөрөн дээр тулан тэнцвэр
олон зогслоо.
Жоффрей бослоо. Түүний улаан атлаасан нөмрөг дээр алтан утсаар нэг талд нь тавин арслан
нөгөө талд нь тавин буга хатгамлажээ.

- Би зөвлөлд даруйхан яаралтай миний титэм хүртэх ёслол зохион байгуулахыг тушааж
байна. Хоёр долоо хоногийн дараа гэхэд титмээ зүүхийг хүсч байна. Өнөөдөр зөвлөлийн
гишүүдээсээ үнэнч зүтгэх амлалт авах болно.

Нэд Робертийн захиаг гаргалаа

- Лорд Варис та үүнийг эелдэгээр хатагтай Ланнистерт аваачиж өгнө үү.

Тайган захиаг Серсейд хүргэлээ. Хатан түүнийг гүйлгэн хараад,

- Хаант улсын хамгаалагч гэж уншив.

- Энэ үнэхээр таны бамбай юу, эрхэм лорд минь? Зүгээр л нэг цаасны өөдөс байна? гээд
гэрээсийг уран шалан дээр хаялаа.

- Энэ чинь хааны захиас шүү дээ гэж сэр Барристан цочирдон хэлэв.

- Бид одоо шинэ хаантай болсон. Лорд Эддард бидний сүүлчийн ярианы үеэр та надад нэг
зөвөлгөө өгснөө санаж байгаа биз дээ. Надад эргүүлэн зөвлөхийг зөвшөөрнө үү. Өвдөг сөгд,
лорд минь. Өвдөг сөгдөж хүүд минь үнэнч зүтгэхээ тангараглавал бид чамайг Гараас буулгаж
амьдралын сүүлчийн өдрүүдээ гэр гэж дууддаг хоосон саарал газраа өнгөрүүлэхийг
зөвшөөрөх боно.

- Хэрвээ би чаддагсан бол гэж Нэд баргар хэлэв. Серсей түүнд өөр сонголт үлдээсэнгүй.

- Чиний хүү хаан ширээнд суух эрхгүй. Робертийн жинхэнэ залгамжлагч бол дорд Станнис.

- Худалч! гэж Жоффрей хашгирахад нүүр нь хүрэнтэн улайлаа.

- Ээжээ тэр юуны тухай яриад байна вэ? Жофф одоо хаан болсон биз дээ? гэж гүнж
Мирцелла эхээсээ асуув.

- Чи өөрийнхөө амыг цагдаж байсан нь дээр шүү, лорд Старк. Сэр Барристон урвагчыг барь
гэж Серсей Ланнистер тушаав.

Хааны хамгаалалтын захирагч тээнэгэлзлээ. Тэгтэл нүд цавчихын зуургүй Старкийн


харуулын хүмүүсээр хүрээлэгдэв.

- Тэгэхээр урван тэрслэгч ажил хэрэгтээ орохоор шийдсэн юм биз дээ. Сэр Барристан та
өөрийгөө ганцаар гэж бодох явдалгүй гэж Серсей хэлэхэд төмөр шархийх чимээ гаран Хоточ
урт илдээ сугалав. Хааны хамгаалалтын хүлэг баатрууд улаан хүрэн нөмрөгтэй
Ланнистерийн харуулын хорин хүний хамт түүнийг дэмжин урагшилав.

- Түүнийг ал! Тэднийг бүгдийг ал би тушааж байна! гэж хөвгүүн хаан төмөр хаан ширээнээс
хашгирав.

- Чи надад сонголт үлдээсэнгүй гэж Нэд Серсей Ланнистерт хэлээд Жанос Слинтийг дуудав.

- Захирагчаа хатан хаан болон хүүхдүүдийг нь баривчилж тэдэнд ямар нэг гэм хор
учруулалгүй өрөөнд нь аваачин үүдэнд нь харуул зогсоо.

- Харуулууд! гэж Жанос Слинт дуулгаа өмсөөд хашгирав. Зуун алтан нөмрөг жадаа өргөлөө.

- Би цус урсгахыг хүсэхгүй байна гэж Нэд хатан хаанд хэлэв. - Хүмүүстээ илдээ доош буулга
гэж хэлвэл хэн ч хохирохгүй...

Тэгтэл ганцхан огцом шидэлтээр ойролцоо зогссон алтан нөмрөгт Томардын нуруунд жадаа
зоолоо. Бүдүүн Том мэдээгүй хуруунаасаа илдээ алдахад ширэн хуягыг нь нэвтэлсэн завсар
улаан цус урсав. Тэр илдээ газар унахаас өмнө үхлээ.

Нэд хашгирсан ч хэтэрхий хожимджээ. Жанос Слинт Варлигийн хоолойг огтлов. Кэйн илдээ
цавчилан ойролцоох жадчингуудын дундуур агшин зуур сугаран гарах шиг санагдсан ч Хоточ
түүнийг гүйцэж Сандор Клеган ганцхан цавчилтаар илдийг бугуйнаас нь алдуулаад хоёр
дахаараа мөрнөөс цээж хүртэл ярав.

Түүний хүмүүс эргэн тойронд үхэхэд Чигчий хуруу Нэдийн хутгыг хуйнаас сугалан эрүүнд нь
тулгаад уучлал гуйн инээмсэглэж,

- Би таньд надад итгэж болохгүй гэж анхааруулсан биз дээ гэлээ.

АРЪЯА

- Дээшээ гэж Сирио Форел толгой руу нь чиглүүлэн хашгирав. Модон илд харшилдан Аръяа
цохилтыг няцаав.

- Зүүн гэж тэр хашгираад илд нь исгэрэхэд Аръяагынх угтан золгож шүд тачигнатал хавирлаа.

- Баруун, доогуур, зүүн зүүн гээд Сирио улам хурдан урагшилахад Аръяа урдаасаа ирсэн
цавчилт бүрийг хаан ухрав.

- Огцом дайралт гэж тэр анхааруулахад Аръяа хажуу тийш илднээс бултан мөр лүү нь
цавчлаа. Тэгээд бараг л хүрэх шахсан тул Аръяа инээмсэглэн нүднийхээ өмнүүр унжсан
хөлсөнд норсон үсийг гарынхаа араар холдуулав.

- Зүүн, доошоо гэж Сирио хашгирав. Түүний илд цахилгаан шиг цахилан хөдлөхөд Бага
танхимд тас няс хийх чимээ хадлаа.

- Зүүн зүүн дээшээ зүүн баруун зүүн доошоо зүүн!

Модон илд гэнэтхэн санаанд оромгүй зүгээс исгэрэн цээжинд нь тас хийн буухад,
- Ёо! гэж Аръяа дуу алдав. Тэр тэнгист гарсан хойно шинэхэн хөхрөлттэй унтах нь дээ.
"Хөхрөлт бол хичээл. Хичээл бүр биднийг улам дээр болгоно" гэж өөртөө хэлэв.

Сирио арагш ухарлаа.

- Чи одоо үхсэн.

Аръяа нүүрээ үрчийлгэлээ.

- Та хуурсан шүү дээ. Та зүүн гэж хэлсэн мөртлөө баруун талаас цохисон.

- Яг тийм. Ийм учраас л чи одоо үхсэн охин болсон.

- Гэхдээ та худал хэлсэн шүү дээ!

- Миний үг худал хэлсэн юм. Гэвч нүд гар минь үнэнийг хашгирч байхад чи хараагүй.

- Үгүй. Би таныг байнга дагуулж харж байсан!

- Дагуулан харах бол харалт биш үхсэн охин минь. Уснаа бүжиглэгч хардаг юм. Илдээ доош
нь тавь одоо сонсох цаг чинь болж.

Аръяа түүнийг дагалдан ханын ойролцоох сандал руу очлоо.

- Сирио Форел Бравосын тэнгисийн лордын нэгдүгээр зэргийн илдчин. Чи энэ бүхэн яаж
болсныг мэдэх үү?

- Та хотын хамгийн сайн илдчин байсан биз.

- Яг тийм гэхдээ яагаад? Бусад нь хүчтэй хурдан залуу байхад яагаад Сирио Форел бүгдээс
шилдэг байсан гэж? Би одоо чамд хэлээд өгье гээд Сирио чигчий хуруугаа зовхинд нь хүргэж,

- Харалт. Жинхэнэ харалт бол үүний зүрх нь гэв.

- Намайг сонс. Бравосын хөлөг онгоц салхины үлээх алсад хөвж янз бүрийн хачирхалтай
нутаг орноор аялан эргэж ирэхдээ ахмад нь тэнгисийн лордод хачин сонин амьтан авчирдаг
байлаа. Тэдгээр нь чиний хэзээ ч амьдралдаа харж байгаагүй зүйл болох судалтай адуу, урт
хүзүүтэй том цоохор амьтан, хэрээнээс том үслэг хулгана-гахай, мантикор, зулзагаа уутанд
хийсэн барнууд, хадуур шиг хурц хумстай хойт хөл дээрээ явдаг аймшигтай гүрвэл зэрэг
амьтад байсан юм. Сирио Форел тэднийг харсан.

- Бравосын тэргүүн зэргийн илдчин үхээд удаагүй байсан тэр нэг өдөр тэнгисийн лорд
намайг дуудлаа. Бравосын олон хүн миний өмнө түүн рүү очсон ч тэрээр яагаадыг нь
хэлэлгүй явуулсан байв. Намайг очих үед тэр өвдөг дээрээ тарган шаргал муур тавин сууж
байлаа. Тэр надад ахмадуудын нэг нь энэ амьтныг наран мандах зүгийн арлаас авчирсан гэж
хэлээд "Чи үүн шиг амьтаныг харсан уу?" гэж асуусан юм.
- Харин би түүнд "Бравост шөнө болгон хөлөг онгоц ирэх үеэр би үүнтэй төстэй мянган
амьтан харсан" гэхэд тэнгисийн лорд инээгээд тэр өдрөөс эхлэн намайг тэргүүн зэргийн
илдчин болсон билээ.

Аръяа нүүрээ ярвайлаа.

- Би ойлгосонгүй.

Сирио шүдээ тагшив.

- Муур бол ердийн амьтан байсан ер илүүгүй. Бусад нь түүнийг харах үедээ гайхамшигт
амьтан байна гэж шагшдаг байлаа. Ямар том юм бэ гэж уулга алддаг байсан юм. Гэвч энэ нь
ердийнхөөс томгүй муур байсан бөгөөд тэнгисийн лорд ширээнээсээ тэжээдэг байсан учир
тарган залхуу амьтан байв. Ямар сонирхолтой жижигхэн чихтэй юм бэ гэж тэд хэлдэг. Гэвч
чих нь ердөө муурын зодоонд тас хазуулсан байсан. Энэ нь ердийн муур хэдий ч Тэнгисийн
лорд "үүн шиг" гэж хэлсэн учир бусад нь түүний дагуу харсан байна. Чи үүнийг сонсов уу?

Аръяа энэ тухай бодлогоширлоо.

- Харин чи тэнд юу байсныг харсан байна.

- Яг тийм. Зөвхөн нүдээ нээх хэрэгтэй. Зүрх худал хэлж толгой будилж байвч нүд үнэнийг
хардаг. Нүдээрээ харж, чихээрээ сонсон, амаараа амталж, хамраараа үнэрлэн, арьсаараа
мэдэр. Үүнээс ургуулан үнэнийг мэдэх болно.

- Яг тийм гээд Аръяа инээлээ.

Сирио Форел инээвхийлэв.

- Би чамайг Винтерфеллд очих үед гартаа илдээ барих цаг болсон гэж бодож байна.

- Тиймээ! Жонд үзүүлэхийг тэсэн ядан хүлээж...

Тэдний ард талын Бага танхимын том модон хаалга чахран нээгдэв. Аръяа огцом эргэлээ.

Нуман хаалганы дор хааны хамгаалалтын хүлэг баатар Ланнистерийн таван харуулын хүний
хамт зогсож байв. Тэр бүрэн хуягласан ч дуулганы халхавч нь сөхөөстэй байлаа. Аръяа энэхүү
нойрмог нүд улаан шаргал сахалтай хүнийг хараад Винтерфеллд хааны хамт ирсан сэр
Мерин Трант болохыг нь санав. Бусад нь ширэн хуяг өмсөн улаан нөмрөг зүүж арслангын
сүлдтэй ган дуулгатай байлаа.

- Аръяа Старк хүүхэд минь бидэнтэй яв гэж хүлэг баатар хэлэв.

Аръяа итгэлгүйхэн уруулаа хазлаа.

- Та юу хүсээ вэ?
- Эцэг чинь чамтай уулзахыг хүссэн юм гэхэд Аръяа урагш алхсан ч Сирио Форел хориглон
гараас нь барилаа.

- Тэгвэл лорд Эддард яагаад өөрийнхөө хүмүүсийн оронд Ланнистерийн хүмүүсийг илгээсэн
юм бол? Би үүнд их гайхаж байна.

- Өөрийгөө л хичээж бай, бүжгийн багш минь. Энэ чиний сэтгэл зовох асуудал биш.

- Миний эцэг та нарыг илгээгүй гээд Аръяа модон илдээ өргөхөд Ланнистерийнхан
инээлдэв.

- Саваагаа доош буулга, охин минь. Би бол хааны хамгаалалтын Цагаан илдний тангарагт
хүлэг баатар байна.

- Хааны алуурч ч гэсэн тийм байсан ч хөгшин хааныг алсан. Би таньтай хамт явахгүй. Явахыг
ч хүсэхгүй байна гэхэд сэр Мерин Трантын тэвчээр алдагдаж,

- Түүнийг барь гэж хүмүүстээ хэлээд дуулганыхаа халхавчыг буулгав.

Тэдний гурав нь урагш гархин хуяга зөөлөн жингэнүүлэн ойртлоо. Аръяагын айдас гэнэт
төрөхөд "Айдас илднээс гүн зүсдэг" гэж зүрхнийхээ цохилтыг удаашруулахын тулд өөртөө
хэлэв.

Сирио Форел тэдний дунд орон модон илдээр гутлынхаа өсгийг хөнгөн тогшив.

- Зогсоцгоо. Жаахан хүүхэд айлгадаг та нар хүн үү нохой юу?

- Замаас зайл хөгшин хүн минь гэж улаан нөмрөгтөнгүүдийн нэг хэлэхэд Сириогийн саваа
исгэрэн дуулган дээр нь хангинатал буулаа.

- Би Сирио Форел надтай хүндэтгэлтэй ярьсан чинь дээр шүү.

- Халзан чөтгөр гээд харуулын хүн урт илдээ сугаллаа. Саваа ахин нүд цавчлах зуур хөдлөхөд
чанга тас хийх чимээ гараад илд чулуун шалан дээр хангинан уналаа.

- Миний гар гэж харуулын хүн гонгиноод хугарсан хуруугаа барив.

- Бүжгийн багш минь чи дэндүү хурдан юм байна гэж сэр Мерин хэлэв.

- Харин хүлэг баатар минь чи дэндүү удаан юм байна гэж Сирио хариу ёжлов.

- Бравосын хүнийг алж охиныг надад авчир гэж цагаан хуяг дуулгатай хүлэг баатар тушаав.

Ланнистерийн дөрвөн хүн илдээ сугаллаа. Тав дахь хугарсан хуруутай хүн хажуу тийш
нулмиад хутгаа нөгөө гартаа барилаа.

Сирио Форел уснаа бүжиглэгчийн байрлалаар дайсан руугаа өрөөсөн талаа харуулан зогсоод
шүдээ тагшингаа Ланнистерийн хүмүүсээс ер хараа салгалгүй,

- Аръяа хүүхэд минь бидний өнөөдрийн бүжгийн хичээл дууссан. Чи явсан нь дээр байх. Аав
руугаа гүй гэв.

Аръяа түүнийг орхиж явахыг хүсээгүй ч даалгасан бүхнийг нь хийж сурсан болохоор,

- Буга шиг шаламгай гэж шивнэв.

- Яг тийм гэж Сирио Форел Ланнистерийнхан ойртоход хэллээ.

Аръяа модон илдээ гартаа чанга атган ухрахдаа Сирио түүнтэй сургуулилахдаа ердөө тоглоом
хийж байсныг ойлгов. Улаан нөмрөгтөнгүүд түүний гурван талаас гартаа илд барин ойртлоо.
Тэд гархин хуяг, төмөр ялтсан хамгаалалттай өмд өмсөж зөвхөн хөл нь ширэн гуталтай
байлаа. Гартаа бээлийгүй нүцгэн, хамрын хамгаалалтай шагайвчгүй дуулга өмсчээ.

Сирио тэдний ирэхийг хүлээлгүй зүүн тийш эргэв. Аръяа хэзээ ч түүнийг ийм хөдлөхийг
харж байсангүй. Тэр нэг илдийг саваагаараа цохиод хоёр дахиас нь бултан эргэхэд тэнцвэр
алдан эхнийхтэйгээ мөргөлдлөө. Гурав дахь харуулын хүн тэдний дээгүүр хариагаад уснаа
бүжиглэгчийн толгой руу цавчлаа. Сирио илдний доогуур бултан доороос нь хатгав.
Харуулын хүн хашгиран унахад зүүн нүд байсан газрын ухархайнаас цус гоожлоо.

Унасан хүмүүс өндийхөд Сирио нэгнийх нь нүүр лүү өшиглөөд нөгөөгийнх нь толгой дээр
байсан дуулгыг шүүрч авахад хутгатай хүн түүн рүү дайрлаа. Сирио түүний цохилтыг
дуулгаараа хааж өвдөглөн тойгны ясыг нь саваагаараа хуга цохив. Сүүлчийн улаан нөмрөгт
хараал урсган илдээ хоёр гараараа барин цавчихад Сирио баруун тийш өнхрөн бултсан тул
алуурчины цавчилт дээшээ өндийж байсан дуулгагүй хүний хүзүү мөрний дунд буув. Урт илд
ширэн хуяг нэвтлэн ширхийн зоогдоход өвдөг сөгдсөн хүн хашгирав. Алуурчинг илдээ сугалж
амжихаас өмнө Сирио төвөнх рүү нь хатгав. Харуулын хүн царай нь хүрэнтэн хоолойгоо
барин ганхан ухарлаа.

Таван хүн газар унаж үхэх юм уу эсвэл үхэж байх үед Аръяа арын хаалганд хүрч гал зуух руу
ордог үүд онгойлголоо. Сэр Мерин Трант,

- Хараал идсэн мулгуунууд гэж хараагаад урт илдээ хуйнаас нь шархийн сугаллаа.

Сирио Форел байраа эзлэн зогсож шүдээ тагшив.

- Аръяа хүүхэд минь одоо явж үз гэж эргэж харалгүй хэллээ.

"Нүдээрээ хар" гэж тэр хэлсэн билээ. Тэгээд Аръяа харлаа. Хүлэг баатар хөлөөс толгой
хүртэл бүх биеэ өвч хуяглан нүдний халхавчтай өндөр цагаан дуулга өмсөн гартаа хэрцгий
илд барьжээ. Үүний эсрэг Сирио ширэн хантааз гартаа модон илдтэй байлаа.

- Сирио зугт гэж Аръяа хашгирлаа.

- Бравосын тэргүүн зэргийн илдчин зугтдаггүй юм гээд Сирио сэр Мериний цавчилтаас
бултан агшин зуур саваа нь нүд бүрэлзтэл хөдөлж хүлэг баатрын шанаа, тохой, хоолойн
хамгаалалт дээр хангинатал тусав.

Аръяа байрандаа хөшлөө. Сэр Мерин давамгайлан Сирио ухарлаа. Тэр дараагийн цохилтыг
хааж, хоёр дахаас нь бултаад гурав дахийг нь няцаав.

Дөрөв дэх удаад саваа тугалган голоороо дундуураа хуваагдлаа.

Аръяа нулимс урсган эргээд гүйлээ.

Тэр гал зуухны дундуур тогооч болон туслах хүүгийн хооронд ухасхийв. Урд нь гэнэтхэн
модон тавиур барьсан талхчны туслах гарч ирэхэд мөргөж шалаар нэг анхилуун үнэртэй
шинэхэн барьсан талх тарав. Ард нь хашгирах чимээ сонсогдоход эргэж харвал тохойгоо
хүртэл улаан болсон гартай заазуур барьсан нядлагч муухай ширтэж байв.

Агшин зуур Сирио Форелийн зааж өгсөн бүхэн толгойд нь урсав. Буга шиг шаламгай. Сүүдэр
шиг чимээгүй. Айдас илднээс гүн зүсдэг. Могой шиг хурдан. Ус шиг тайван. Айдас илднээс
гүн зүсдэг. Баавгай шиг хүчтэй. Нохой зээх шиг хэрцгий. Айдас илднээс гүн зүсдэг. Айсан
хүн хэдийн ялагдсанд тооцож болно. Айдас илднээс гүн зүсдэг. Айдас илднээс гүн зүсдэг.
Айдас илднээс гүн зүсдэг. Аръяа цамхагын эргүүлгэн шат руу амьсгаадан хүрэхэд модон
илдний бариул хөлсөнд шалба норжээ. Агшин зуур хөшлөө. Дээшээ гүйх үү доошоо явах уу?
Дээшээ явбал Гарын цамхагт хүрэх багахан хашаан дээгүүр тавьсан халхавчтай гүүрэнд
хүргэх бөгөөд тэд түүнийг ийшээ явахыг хүлээж байгаа нь гарцаагүй. Хэзээ ч тэдний хүлээж
байгаа зүйлийг бүү хий гэж Сирио хэлсэн билээ. Аръяа доош эргүүлгэн шатаар гүйн
нарийхан чулуун шатны гишгүүрийг хоёр гурваар нь алгасан хурдлав. Тэр дотор нь дүүрэн
хорин футын өндөр шар айрагны торх хураасан уужим зооринд гарч ирлээ. Ханан дахь өндөр
нарийхан цонхоор гэрэл тусна.

Зоорь мухар байв. Энд орж ирсэн газраараа гарахаас ондоо гарц байсангүй. Гэвч шатаар
буцаж өгсч зүрхэлсэнгүйн дээр энд үлдэж бас болохгүй байлаа. Тэр эцгийгээ олж тохиолдсон
зүйлийг хэлэх хэрэгтэй. Эцэг нь түүнийг хамгаалах болно.

Аръяа модон илдээ бүсэндээ зүүгээд торх руу мацан хооронд нь дамжин үсэрсээр цонхонд
хүрч чулуун ирмэгээс гараараа зүүгдэн авирлаа. Хонгилын цонх гурван фут зузаан хананаас
гадагш дээшээ налуу гарчээ. Аръяа өдрийн гэрэл рүү зүтгэсээр газарт хүрэн Гарын цамхагын
хашааг толгойгоо цухуйлган ажиглав.

Нүсэр бат бөх хаалга сүхний ирэнд цууран хэмхэрчээ. Шатан дээр үхсэн хүн нүүрээ доош
харуулан хэвтэж нөмрөг нь дороо орооцолдон гархин хуяг нь цусанд будагджээ. Аръяа үхдэл
цагаан атлаасан эмжээртэй саарал ноосон нөмрөгтэй болохыг хараад дотор нь хирдхийв. Тэр
хэн байсныг нь мэдсэнгүй.

- Үгүй гэж шивнэлээ.

Юу болоод байгаа юм бол? Эцэг нь хаана байна вэ? Яагаад улаан нөмрөгтөнгүүд түүний
араас ирсэн юм бол? Тэр газар дор мангасуудтай тааралддаг өдөр шаргал сахалтай хүн
"Хэрвээ нэг Гар үхсэн байхад яагаад нөгөөдөх нь үхэж болохгүй гэж?" гэж хэлснийг саналаа.
Нүдэнд нь нулимс цийлэгнэхэд амьсгаа даран чимээ анирдав. Гарын цамхагын цонхоор илд
хангинан, орилж хашгиран ёолох тулааны чимээ сонсогдов.

Тэр буцаж болохгүй. Түүний эцэг...

Аръяа нүдээ аниад агшин зуур хэт айсандаа хөдөлж чадсангүй. Тэд Жори, Вил, Хевардыг
алсан шигээ шатан дээр хэвтэж байгаа хүнийг алсан байна. Тэд эцгийг нь мөн алсан бөгөөд
түүнийг ч гэсэн баригдах юм бол алах нь лавтай. "Айдас илднээс гүн зүсдэг" гэж Аръяа чанга
хэлсэн ч уснаа бүжиглэгчийн дүр эсгэж чадсангүйн дээр Сирио уснаа бүжиглэгч байгаад
цагаан хүлэг баатарт алагдсан бол тэр ердөө модон саваатай жижигхэн айсан ганцаараа охин
шүү дээ.

Тэр хашаанд мөлхөн гараад эргэн тойрноо болгоомжтой ажиглан хөл дээрээ босов.
Шилтгээн хоосорчээ. Улаан шилтгээн хэзээ ч хоосорч байсангүй. Магадгүй бүх хүн нь дотор
нуугдаад хаалга үүдээ түгжсэн биз. Аръяа унтлагынхаа өрөө лүүгээ гунигтай ширтсэнээ
Гарын цамхагаас холдон хананд наалдаж сүүдэр даган явлаа. Яг л урьд нь муур хөөж байсан
үеийнх шигээ... гэвч ялгаатай нь гэвэл тэр одоо муур болсон бөгөөд тэдэнд баригдах юм бол
алагдах болно.

Байшингаас байшингийн хооронд нуруугаараа хананд наалдаж явсаар хэнтэй ч


тааралдсангүй тул морины жүчээнд ямар нэг адал явдалгүй хүрлээ. Хашаан дотуур явахад
дэргэдүүр нь арваад алтан нөмрөг хуяг дуулгатай хүмүүс гүйлдэн өнгөрсөн ч хэний тал
болохыг нь мэдсэнгүй тул доош сүүдэрт нуугдан өнгөрүүлэв.

Урьд нь Винтерфеллийн агтны даамал байсан Халлен жүчээний үүдэн дээр хэвтэнэ. Тэр маш
олон удаа зоолгуулсан бололтой цамц нь цусанд будагдан битүү сийчэгджээ. Аръяа түүнийг
үхсэн байх гэж бодсон ч ойртоход нүдээ нээлээ.

- Хөл нүцгэн Аръяа. Чи... лорд эцэгтээ... анхааруулах ёстой гээд амнаас нь цустай хөөс
бургилан агтчин нүдээ аниад өөр үг хэлсэнгүй.

Дотор улам олон хүн байлаа. Түүнтэй хамт тоглодог байсан агтчин хүү, аавынх нь харуулын
гурван хүнтэй тэрийн хэвтэнэ. Авдар сав тор ачаалсан тэрэг хаалганы дэргэд хайхрах хүнгүй
зогсож байв. Амь үрэгдсэн хүмүүс түүнийг замд гарахаар ачаалан бэлдэж байхдаа
дайралтанд өртсөн бололтой. Аръяа тэдэнд ойртлоо. Цогцосны нэг эцэгт нь илд өргөн
хамгаалахаар андгайлсан Десмонд байв. Тэр нуруугаараа дээш харан хэвтээд адар ширтэн
гөлийж нүдэнд нь ялаа шавааралджээ. Дэргэд нь Ланнистерийн арслангын сүлд бүхий
дуулгатай улаан нөмрөгтэй хүн хэвтэнэ. "Ердөө ганцхан" гэж Аръяа гашуунаар бодлоо.
Умардын илд бүр өмнөдийн арван илдтэй тэнцэнэ гэж Десмонд түүнд хэлж байсан билээ.

- Чи худал хэлсэн байна!" гээд Аръяа хүүрийг өшиглөснөө гэнэтхэн айлаа.

Морьд тусгаарласан өрөөндөө цусны үнэрт тавгүйцэн тургилна. Аръяагын цорын ганц
төлөвлөсөн зүйл бол морь эмээллэж унаад шилтгээнээс гаран хотоос зугтах явдал байлаа.
Хэрвээ Хааны замыг дагаж чадвал Винтерфеллд буцаж хүрэх болно.
Тэр хананд өлгөсөн хазаарыг мулталж аваад тэрэг рүү буцан ирэхэд гэнэтхэн газар унасан
авдар нүдэнд нь тусав. Тулааны үеэр тэргэн дээрээс цохигдон унасан бололтой мод хугарч таг
нь нээгдэн дотор нь байсан зүйл газар асгарчээ. Аръяа торго, атлаас, хилэн гээд урьд нь хэзээ
ч өмсөж байгаагүй хувцсаа танив. Түүнд Хааны замд гарахад дулаахан хувцас хэрэг болж
болох.

Аръяа газар асгарсан хувцасны дэргэд өвдөглөн хүнд ноосон цув, хилэн даашинз, торгон
цамц болон ээжийнхээ оёж өгсөн хэдэн дотуур хувцасны хамт зарж болох хүүхдийн мөнгөн
бугуйвч олооо. Хэмхэрсэн тагыг хажуу тийш тавиад авдрын дотор "Зүү"-гээ эрлээ. Тэр илдээ
хувцасны хамгийн дор ёроолд нь нуусан байсан ч авдар унах үеэр бүх зүйл холилджээ. Агшин
зуур илдийг нь хүн хулгайлсан байх вий гэж эмээсэн ч хуруу нь хатуу төмөрт хүрэв.

- Тэр энд байна гэсэн хоолой ард нь гарлаа.

Аръяа гайхан эргэж харав. Ард нь бохир хантааз дотроос нь хиртэй дотуур хувцас нь
цухуйсан агтчин хүү инээмсэглэл тодруулан зогсчээ. Түүний гутал морины шивхэнд будагдаж
гартаа өвсний сэрээ барьсан байв.

- Чи хэн бэ? гэж Аръяа асуулаа.

- Тэр намайг мэддэггүй байх нь. Гэвч би түүнийг мэднэ. Өө тийм л дээ, чоно охин минь.

- Надад морь эмээллэхэд туслаач. Миний эцэг хааны Гар болохоор чамайг шагнах болно гэж
Аръяа гуйгаад эргэж харан авдран дотроос "Зүү"-гээ гарган авлаа.

- Эцэг чинь үхсэн. Харин хатан хаан намайг шагнах болно. Нааш ир, охин минь гээд хүү
түүний зүг ойртов.

- Надаас холд! гээд Аръяа илднийхээ бариулаас атгалаа.

- Чамайг нааш ир гэж хэлсэн шүү гээд хүү гараас нь чанга зуурав.

Сирио Форел түүнийг гагшин зуур алга болоход сургасан билээ. Гэвч Аръяа гэнэтийн айдаст
автсандаа болоод зөвхөн Жон Сноугын зааж өгсөн анхны хичээлийг санав.

Тэр илдийг үзүүртэй талаар нь дээш хамаг хүчээрээ зоов.

"Зүү" түүний ширэн хантаазыг нэвтлэн цагаан биед ширхийн зоогдоод далыг нь нэвт гарав.
Хүү өвсний сэрээгээ алдаад аяархан санаа алдах мэт чимээ гаргаснаа гараараа илднээс зуурч,

- Өө бурхан минь. Түүнийг сугалаач гэж цамцных нь доод тал улайрахад ёолон хэллээ.

Түүнийг илдээ сугалмагц хүү агшин зуур үхэв.

Морьд янцгаав. Аръяа цогцосны дэргэд үхэлтэй нүүр тулгарсандаа эмээн хөдөлж чадалгүй
зогслоо. Хүүгийн амнаас цус урсаж гэдсэн хавьцаа зүсэгдсэн газар цус олгойдно. Алга нь
илднээс зуурсан газар зүсэгджээ. Аръяа цусанд будагдсан илдээ удаанаар сугалан авлаа. Тэр
эндээс хол газар ямар нэг аюулгүй газар зугтан хүүгийн зэмлэсэн нүднээс холдохыг хүсэв.

Ингээд ахин эмээл хазаараа шүүрэн аваад гүү рүүгээ гүйсэн ч морины нуруунд тохох үедээ
хэрмийн хаалга хаалттай гэдгийг санаад дотор нь палхийв. Арын хаалган дээр ч гэсэн харуул
гаргасан байгаа. Магадгүй харуулууд түүнийг танилгүй ердийн нэг хүү гэж бодоод гаргаж
магадгүй... эсвэл таньдаг таньдаггүй хэнийг ч гаргаж болохгүй гэсэн тушаал авсан байж
болох.

Гэсэн ч цайзаас гарах бас нэг зам байлаа...

Аръяагын хуруунаас эмээл мултран унаж тоостой газар шороон үүл босгов. Тэр мангастай
өрөөг ахин олж чадах болов уу? Олохгүй байж магадгүй ч оролдоод үзэх хэрэгтэй.

Аръяа цуглуулсан хувцсаа бөөгнүүлэн авч илдээ нөмрөгөнд боов. Үлдсэнийг нь гартаа баглаж
бариад жүчээн дундуур явж арын хаалгаар болгоомжтой шагайлаа. Алсад илд хангинах дуу
гарч дотор зарсхийм хүний орилж хашгирах дуу хашаан дотуур хадна. Тэр хамгийн сүүлд хар
муур барихаар хөөсөн шигээ эргүүлгэн шатаар уруудаж жижигхэн гал зуухны өрөөг өнгөрөөд
гахайн хашаанд гарах хэрэгтэй байлаа... Гэвч энэ нь алтан нөмрөгтөнгүүдийн хуарангын
баруун талаар өнгөрөхөд хүргэнэ. Ингэж болохгүй тул өөр зам бодож олохыг хичээв. Хэрвээ
тэр шилтгээний эсрэг талд гарч чадвал горхийн хана дагуу яваад бурхдын модны бяцхан
төглийг өнгөрч болох... харин үүний тулд ханан дээрх харуулын нүдэн дээр хашааг хөндлөн
гарах хэрэгтэй.

Тэр хэзээ ч ханан дээр ийм олон хүн байхыг харж байсангүй. Тэдний ихэнхи гартаа жад
барьсан алтан нөмрөгтөнгүүд байлаа. Зарим нь түүнийг хараад таньж магадгүй. Хэрвээ тэд
түүний хашаанд гүйж байхыг харвал яах бол? Дээрээс ширтэхэд жижигхэн болохоор таних
болов уу? Түүнийг явахыг хэрэгсэх болов уу?

Даруйхан эндээс явах хэрэгтэй гэж Аръяа өөртөө тушаасан ч айсандаа болоод хөдөлж
чадсангүй.

Ус шиг тайван гэж намуухан хоолой чихэнд нь шивнэв. Аръяа гайхсандаа боодолтойгоо
золтой унагачихсангүй. Эргэн тойрноо сандран харсан ч жүчээнд үхсэн хүн морьдоос ондоо
юу ч байсангүй.

Сүүдэр шиг чимээгүй гэж сонсогдлоо. Сириогын хоолой юм болов уу? Тэр үүнийг мэдсэнгүй
ч айдас нь тайвширлаа.

Аръяа жүчээнээс алхан гарлаа.

Энэ нь түүнээс өмнө хийсэн зүйлээс хамаагүй зориг шаардав. Тэр дотроо зугтаж нуугдахыг
хүссэн ч хашаан дотуур ертөнц дээр айх зүйл огтхон ч байхгүй мэт яаралгүй алхав. Тэгтэл
харуулуудын харц мэдрэгдэн хувцасны завсар шоргоолж гүйх шиг зарсхийв. Аръяа тэднийг
харах юм бол хамаг зориг нь мохож боодолтой хувцсаа хаяад хүүхэд шиг уйлж гүйн баригдана
гэдгээ мэдэж байсан болохоор дээшээ харсангүй. Доош газар ширтсээр байлаа. Энэ зуур
хашааны эсрэг талын хааны сүмд хүрч хүйтэн хөлс цутгахад хэн ч түгшүүр зарлан
хашгирсангүй.

Сүм хоосон онгорхой байв. Дотор нь хагас зуугаад мөргөлийн лааны анхилам үнэр ханхлана.
Аръя түүнээс хоёрыг авбал бурхад дургүйцэхгүй байх гэж бодлоо. Тэр лааг ханцуйндаа
хийгээд арын цонхоор гарав. Өрөөсөн чихтэй муур барьж байсан гудамд хүрэхэд хэцүү
байсангүй ч дараа нь төөрчихлөө. Тэр харанхуй сүүдэр шиг чимээгүй зоорийг олох хүртлээ
цонхоор мөлхөн гарч хана дамжин дэвхэрсээр явлаа. Нэг удаа эмэгтэй хүний уйлах чимээ
зэрвэс сонсогдов. Газар дор хонгилд мангасууд хүлээж байгаа өндөр нарийхан цонхонд
хүртэл ойролцоогоор бараг цагийн хугацаа шаардав.

Аръяа дотогш боодолтойгоо хаяад дөрвөн хөллөн лаа асаав. Тэгтэл хүний хоолой сонсогдсонд
гараараа лааны чичигнэсэн дөлийг хаан бариад хаалгаар гарч ирсэн хүмүүст ажиглагдсангүй.

Энэ удаад мангасууд түүнийг айлгасангүй. Бараг л эртний андууд мэт санагдав. Аръяа толгой
дээрээ лаагаа өргөлөө. Түүний алхам бүрд ханан дээр сүүдэр бүжиглэн луунууд араас нь
дагуулан харна. "Луунууд" гэж шивнээд "Зүү"-г нөмрөгөн дотроос гарган барив. Туяхан
нарийхан илд лууны дэргэд хичнээн өчүүхэн санагдсан ч Аръяа гартаа илд бариад илүү
өөртөө итгэлтэй боллоо.

Урт цонхгүй танхимын хаалга түүний санаж байсанчлан харанхуй байв. Тэр Тэр илдээ зүүн
гартаа бариад лаагаа нөгөө гартаа барихад халуун тос гарыг нь даган урсав. Хонгил зүүн
тийш хөтөлдөг учир Аръяа баруун зүг явлаа. Дотор нь түүний нэг хэсэг гүйхийг хүсэж байвч
лаагаа унтраахаас айна. Тэгтэл харанхуйд харх аяархан часхийж хос нүд гэрэл рүү улайран
ширтэхийг мэдэрсэн ч айсангүй. Сэтгэлийг нь өөр зүйл зовоож байв. Энд түүний шидтэн
болон ацан сахалтай хүнээс нуугдсан шиг хялбар нуугдаж болох газар байв. Тэр бараг л
агтчин хүү ханын дэргэд зогсоод илдэнд зүсэгдсэн гарын гүн шархнаас цус урсаж байхыг
харлаа. Тэр түүнийг дэргэдүүр нь өнгөрөхийг хүлээж байгаа биз. Лааны гэрлийг нь хараад
холоос отож байж болох. Магадгүй тэр гэрэлгүй явсан нь дээр юм болов уу...

Айдас илднээс гүн зүсдэг гэж аяархан хоолой дотроос нь шивнэлээ. Аръяа гэнэтхэн
Винтерфеллийн бунханг санаад "тэнд эндхээс илүү аймаар" гэж өөртөө хэлэв. Тэр бунхан руу
жаахан байхдаа оржээ. Ах Робб нь Санса болон тэр үед Рикон шиг жаахан байсан Браныг
түүнтэй дагуулан орсон байна. Тэд дундаа ганцхан лаатай байсан болохоор хөлд нь зэрлэг
чоно хэвтэж өвдөг дээрээ төмөр илд тавьсан Өвлийн хаадын чулуун царайг хараад Браны нүд
таваг шиг дүгэрэглэв.

Робб тэднийг дагуулан өвөө, Брандон, Лианна нарын бунханг өнгөрч хамгийн эцсийн мухар
хүртэл яваад өөрсдийнх нь бунханг үзүүлэв. Санса лааны бяцхан дөл унтрахаас айсан мэт
сэтгэл зовон тасралтгүй ширтэнэ. Хөгшин Нан түүнд дор том аалз, нохой шиг том харх
байдаг гэж хэлсэн байлаа. Робб түүний яриаг сонсоод инээд алдав.

- Энд харх аалзнаас хамаагүй аймшигтай зүйл бий. Энд үхэгсэд алхаж байдаг юм гэж
шивнэжээ.

Тэгтэл аяархан дотор зарсхийм чимээ сонсогдоход Бран Аръяагын гараас зуурав.
Онгорхой бунхнаас цагаан өнгийн цусанд будагдсан сүнс алхан гарахад Санса муухай
хашгиран шат руу гүйж, Бран Роббын хөлнөөс зууран уйлав. Харин Аръяа зогссон газраасаа
хөдлөлгүй сүнсийг чадлаараа дэлсэв. Гэвч энэ нь ердөө гурилаар өөрийгөө будсан Жон
байсан хэрэг байж.

- Тэнэгүүд. Та нар хүүхэд айлгачихлаа гэхэд Жон, Робб хоёр чанга хөхрөлдөн удалгүй Бран,
Аръяа хоёр ч бас инээлдлээ.

Энэ дурсамж түүнийг инээмсэглэхэд хүргэхэд харанхуйгаас айхаа болив. Тэр агтчин хүүг
алсан болохоор гарцаагүй үхсэн байж таарна. Хэрвээ ахин үсрээд гарч ирэх юм бол ахин алах
болно. Одоо гэр лүүгээ явах хэрэгтэй. Гэртээ очих үед бүх зүйл хэвийн болон
Винтерфеллийн саарал боржин хананы цаана аюулгүй байх болно.

Түүний хөлийн чимээ харанхуйд бөглүү цуурайтан Аръяа харанхуй руу улам гүн нэвтрэн
орлоо.
САНСА

Тэд Санса дээр гурав дахь өдөр ирэв.

Санса бараан саарал өнгийн жирийн ноосон хэдий ч зах ханцуй дээрээ баян тансаг
хатгамалтай даашинз сонгон авлаа. Хуруунууд нь зарцын тусламжгүй мөнгөн товчыг арай
ядан товчлов. Жэйн Пол түүнтэй хоригдож байвч ямар ч тус үзүүлсэнгүй. Түүний царай
уйлсаар байгаад хөөж хавдсан хэр нь эцгийнхээ араас уйлахаа ер зогссонгүй.

- Би эцэгт чинь ямар нэг зүйл тохиолдоогүй гэдэгт итгэлтэй байна. Би хатан хаантай уулзах
үедээ чамайг аавтай чинь уулзуулах зөвшөөрөл гуйя гэж Санса эцэст нь даашинзаа товчилж
гүйцээд хэллээ. Тэр энэ нь Жэйний сэтгэлийг өргөнө гэж бодсон ч улайж хавдсан нүдээрээ
харснаа улам хүчтэй уйлж эхлэв. Хичнээн хүүхэдээрээ гээч.

Санса анхны өдөр бас уйлжээ. Аллага эхлэх үед Мэйгорийн нүсэр бэхлэлтийн зузаан хананы
цаана хаалга цоожтой байсан ч айхгүй байхын аргагүй байлаа. Санса амьдралынхаа туршид
бараг өдөр бүр хашаанд илдийн хангинах дуу сонсож дасал болсон ч жинхэнэ тулааны чимээ
ондоо байв. Өвдсөндөө орь дуу тавих, уурсан хараах, тусламж гуйн хашгирах, шархадсан үхэж
буй хүмүүсийн ёолох гээд л тэр өмнө нь ийм зүйл сонсож байсангүй. Дуунд хүлэг баатрууд
хэзээ ч хашгирах юм уу өршөөл гуйдаггүй байлаа.

Санса түүнийг хаалгаар гаргах юм уу юу болсныг хэлэхийг гуйж эцгийгээ, септа Мордэйн,
хаан, сүрлэг ханхүүгээ дуудан уйлжээ. Харуулын хүмүүс түүний гуйлтыг сонссон хэр нь
хариу өгсөнгүй. Зөвхөн үдэш нь хаалга нээгдэн хөхөрч чичирсэн Жэйн Полыг дотогш түлхэн
оруулсан байна. "Тэд бүгдийг алсан" гэж бойдоогын охин хашгирав. Санса цурхиран уйллаа.
Хоточ хаалгыг дайны алхаар эвдэн, Гарын цамхагын шатан дээр үхсэн хүний цогцос хэвтэж
гишгүүр нь цусанд будагдан гулгамтай болсон гэж Жейн ярьжээ. Санса нулимсаа хатаагаад
найзыгаа тайвшируулахыг хичээв. Тэр шөнөө нэг оронд эгч дүүс шиг тэврэлдэн унтжээ.

Хоёр дахь өдөр хамаагүй дор байлаа. Сансагын хоригдсон өрөө Мэйгорын бэхлэлтийн
хамгийн өндөр цамхагт байв. Цонхоор хаалганы хүнд төмөр сараалж буулгагдан, гүнзгий
хуурай шуудуу дээр тавьсан эвхдэг гүүр өргөгдөж, бэхлэлтийг цайзын үлдсэн хэсгээс
тусгаарласан нь үзэгдэв. Ланнистерийн хүмүүс ханан дээгүүр гартаа жад нум сум барин
холхино. Тулаан дуусч Улаан шилтгээнд үхлийн нам гүм оргин зөвхөн Жэйн Полын эцэс
төгсгөлгүй гиншин уйлах сонсогдож байлаа.

Тэдэнд өглөөний цайнд хатуу бяслаг, шинэхэн барьсан талх, сүү үд дунд ногоотой шарсан
тахиа, орой нь үхрийн махтай арвайн өтгөн шөл өгсөн ч хоол авчирсан зарц Сансагын үгэнд
хариулсангүй. Үдэш нь хэдэн эмэгтэй Сансагын хувцсыг Жэйний эд зүйлтэй Гарын
цамхагаас авчирч өгөхдөө бараг л бойдоогын охин шиг айсан байсан болохоор Санса яриа
өдөхийг хичээхэд тахал туссан юм шиг өрөөнөөс зугтан гарч оджээ. Хаалганы гадаах харуул
өрөөнөөс гаргахыг татгалзсан хэвээр байв.

- Гуйж байна надад хатан хаантай ярих хэрэг байна. Тэр надтай ярихыг хүсч байгаа гэдгийг
мэдэж байна. Түүнд намайг уулзахыг хүсч байна гэдгийг дамжуулж өгөөч. Танаас гуйя хатан
хаан байхгүй бол ханхүү Жоффрей ч байсан болно. Бид насанд хүрэхээрээ гэрлэх юм гэж
Санса тэр өдрийн турш харсан бүх хүнд хэлжээ.

Хоёр дахь өдөр нар жаргахад том хонх яруухнаар нүргэлэн нүсэр сүрлэг аялгуу Сансагын
дотрыг айдсаар дүүргэв. Хонхны чимээ хэсэг зуур хангинахад Висениагийн толгод дээрх
Бэйлорын Их сүмийн цамхагын хонх хариу цохин чимээ хотын дундуур шуурга зөгнөн буй
аянга шиг нүргэлэв.

- Энэ юу болоод байна? Тэд яагаад хонх цохиод байгаа юм бол? гэж Жэйн чихээ даран
асуулаа.

- Хаан нас нөгчиж гээд Санса яагаадыг мэдэхгүй ч үүнийг мэдэж байлаа. Хонхны удаан
төгсгөлгүй хангинах чимээ өрөөг гашуудлын хөгөөр дүүргэв. Үнэхээр ямар нэг дайсан
шилтгээнийг эзлэн хаан Робертийг алсан юм биш байгаа даа? Тэдний сонссон тулааны чимээ
энэ ч юм билүү?

Санса унтахаар хэвтэхдээ сэтгэл нь зогсолтгүй түгшлээ. Түүний үзэсгэлэнт Жоффрей одоо
хаан болсон болов уу? Эсвэл тэд бас түүнийг алсан хэрэг үү? Тэр түүний төлөө бас
эцгийнхээ төлөө айна. Зөвхөн тэд түүнд юу болсныг хэлэх юм бол...

Тэр шөнө Санса Жоффрей хаан ширээнд сууж хажууд нь алтан даашинзтай сууж байна гэж
зүүдлэв. Тэр толгойдоо титэм тавьж урд нь зүс таних хүмүүс сөгдөн ёсорхог үг хэлж байлаа.

Маргааш нь буюу гурав дахь өдрийн өглөө хааны хамгаалалтын хүлэг бааатар сэр Борос
Блоунт түүнийг хатан хаанд хүргэж өгөхөөр ирлээ.

Сэр Борос өргөн цээж, богинохон майга хөлтэй үзэмжгүй хүн байв. Хамар нь хавтгай, эрүү
рүүгээ хүлхийсэн хацартай, буурал үс нь өрвийжээ. Өнөөдөр тэр цагаан хилэн хувцас өмсөж
цасан цагаан нөмрөг арслангын дүрстэй товчоор торгоожээ. Товч зөөлнөөр алтран гялалзаж
нүдэнд нь жижигхэн бадмаараг шигтгэсэн байлаа.

- Та өнөөдөр маш сайхан харагдаж байна, сэр Борос гэж Санса түүнд хэлэв. Жинхэнэ
хатагтай ямар ч зүйл тохиолдсон хамаагүй үргэлж эелдэг ёсыг баримтлах ёстой ажээ.

- Та ч гэсэн, хатагтай. Эрхэм дээдэс хатан хүлээж байна. Надтай цуг явна уу гэж сэр Борос
хатуу хоолойгоор хэлэв.

Хаалганы гадаа Ланнистерийн хүрэн улаан нөмрөг, арслангын сүлдтэй дуулгатай харуул
зогсож байв. Санса тэдний дэргэдүүр өнгөрөхдөө эелдэгээр инээмсэглэн өглөөний мэнд
хүсэв. Энэ нь сэр Арис Оакхарт түүнийг хоёр өдрийн өмнө цамхаг руу авчирснаас хойш анх
удаа өрөөнөөс гарахыг зөвшөөрсөн хэрэг байв.

- Чиний аюулгүй байдлын төлөө, хонгор минь. Жоффрей үнэт Сансад нь ямар нэг зүйл
тохиолдвол намайг хэзээ ч уучлахгүй гэж хатан хаан Серсей түүнд хэлсэн ажээ.

Санса сэр Борос хааны өргөө рүү дагуулан явахыг хүлээсэн ч оронд нь Мэйгорын бэхлэлтээс
дагуулан гарлаа. Эвхдэг гүүр ахин буужээ. Хэдэн хүн хатсан шуудууны ёроол руу нэгнийгээ
оосорлон буулгаж байв. Санса доош ширтэн том төмөр гадсанд зоогдсон бие байхыг хараад
таньдаг хүн байхаас эмээн яаран харц буруулав.

Тэд хатан хаан Серсей зөвлөлийн өрөөний бичиг цаас, лаа, тамга тэргүүтэн өрсөн урт
ширээний эхэнд байхад орлоо. Өрөө Сансагын урьд нь үзэж байгаагүй гайхамшигтай сайхан
ажээ. Тэр сийлбэртэй модон самбар, хаалганы хоёр талд тавьсан ихэр сфинксийг бишрэн
харлаа.

- Эрхэм дээдсээ. Би охиныг авчирлаа гэж сэр Борос хамгаалалтын харуулыг нэвтрэн ороод
хэлэхэд өөр нэг хүлэг баатар сэр Мэндон сониучирхан харав.

Санса Жоффрейг тэнд байж магадгүй гэж найдсан ч ханхүү нь байсангүй. Оронд нь хааны
гурван зөвлөх байлаа. Лорд Петр Бэйлиш хатан хааны зүүн гар талд, эрхэмсэг мастер Пацилл
ширээний төгсгөлд суугаад, цэцгийн үнэр ханхлуулсан Варис дэргэдүүр нь эргэлдэнэ.
Тэднийг бүгд хар хувцастай байхыг хараад Сансагын дотор палхийв. Гашуудлын хувцас...

Хатан хаан хүзүүнээсээ бүсэлхий хүртэл битүү бараан хүрэн улаан өнгийн бадмаараг
шигтгэн хатгамласан өндөр захтай хар торгон даашинз өмсчээ. Нулимсан дусал хэлбэртэй
чулуу хатан хааныг цусаар уйлж буй мэт санагдуулна. Серсей түүн рүү инээмсэглэн харахад
Сансагын дотор хэзээ ч ийм гунигтай сайхан инээмсэглэл үзээгүй гэж санагдав.

- Санса хонгор хүүхэд минь. Би чамайг надтай уулзахыг хүссэнийг мэдэж байна. Даруй
уулзаж чадсангүйд намайг уучлаарай. Цэгцлэх ажил их байсан болохоор ганц ч хором зав
гарсангүй. Гэхдээ миний хүмүүс чамд сайн анхаарал тавьсан гэдэгт найдаж болох уу?

- Бүгд надтай элэгсэг сайн харьцаж байсан, эрхэм дээдсээ гэж Санса эелдэгээр хэлэв. - Таны
сэтгэл тавьсан явдалд баярлалаа. Гэхдээ хэн ч бидэнд юу болсныг хэлээгүй...

- Бидэнд гэнэ ээ? хэмээн Серсей гайхширлаа.

- Бид бойдоогын охиныг түүнтэй цуг байлгасан. Хааш нь аваачихаа мэдээгүй юм гэж сэр
Борос хэлэв.

Хатан хаан хөмсөг зангидаж,

- Дараагын удаа надаас асууж байгаарай. Түүний ямар түүхээр Сансагын толгойг дүүргэж
байсныг зөвхөн бурхад зөвхөн мэдэх байх гэж ширүүн хэлэв.

- Жэйн айсан юм. Тэр уйлахаа зогсохгүй байсан. Би түүнд танаас эцэгтэй уулзуулах
зөвшөөрөл гуйна гэж амалсан хэмээн Санса хэллээ.

Хөгшин эрхэмсэг мастер Пацилл харцаа буулгалаа.

- Түүний эцэг нь сайн биз дээ? гэж Санса сэтгэл зовон асуув. Тэр тулаан болсныг мэдэж
байсан ч бойдоод гэм учраагүй гэдэгт итгэлтэй байв. Тэгээд ч Вэйон Пол илд зүүдэггүй шүү
дээ.
Хатан хаан Серсей зөвлөлийн гишүүдээ ээлжлэн харав.

- Сансагын сэтгэлийг хоосон зовоох хэрэггүй. Түүний жижигхэн найзыг яах вэ, эрхэм
лордуудаа? гэхэд лорд Петр урагш бөхийлөө.

- Би түүнд байх газар олъё.

- Энэ хотод биш шүү гэж хатан хэлэв.

- Та намайг тэнэг гэж бодоо юу?

Хатан үүнийг үл тоомсорлов.

- Сэр Борос охиныг лорд Петрийн өрөөнд аваачиж түүнийг очих хүртэл харж бай гэж
хүмүүст нь хэл. Түүнд Чигчий хуруу эцэгтэй нь уулзуулна гэж хэлээрэй. Тэгвэл тайвширах
болно. Би түүнийг Санса эргэж очихоос өмнө өрөөнөөс нь яваасай хүсч байна.

- Таны тушаасан ёсоор болъё, эрхэм дээдсээ гээд сэр Борос гүнээ бөхийж ёслоод өсгий
дээрээ эргэн урт цагаан нөмрөгөө намируулан явлаа.

Санса гайхан цочирдов.

- Би ойлгосонгүй. Жэйний аав хаана байгаа юм бэ? Яагаад сэр Борос түүнийг аавтай нь
уулзуулахын оронд лорд Петрт өгч байгаа бол?

Тэр өөртөө жинхэнэ хатагтайн ёсоор хатан шиг эелдэг, ээж шигээ хүчтэй байна гэж амалсан
ч гэнэтийн айдаст автсандаа уйлах шахлаа.

- Та нар түүнийг хааш нь явуулж байгаа юм бэ? Тэр ямар ч муу зүйл хийгээгүй сайн охин шүү
дээ.

- Тэр чамайг сэтгэлээр унагасан. Бид үүнийг тэвчихгүй. Цааш нь өөр зүйл ярих хэрэггүй.
Лорд Бэйлиш Жэйнд сайн анхаарал тавина гэдгийг амлах байна гээд Серсей дэргэдэх сандлаа
алгадаж,

- Энд суу Санса. Чамтай ярилцах хэрэг байна гэв.

Санса хатны дэргэд суулаа. Серсей ахин инээмсэглэсэн ч түүний сэтгэл зовох нь багассангүй.
Варис зөөлөн гараа хооронд нь үрчин, эрхэмсэг мастер Пацилл нойрмог нүдээр урдаа
тавьсан цаасыг ширтэн, урдаас нь Чигчий хуруу цоо ширтэх мэдрэгдэхэд яагаад ч юм
хувцасгүй юм шиг санагдан хамаг бие нь арзайв.

- Хонгор Санса сайн хүүхэд минь. Би чамайг Жоффрейг хайртай гэдгийг мэднэ гэдэгт
итгэлтэй байна гээд хатан хаан Серсей зөөлөн гараа бугуйн дээр нь тавилаа.

- Тийм гэж үү? гээд Сансагын амьсгал давхцан агшин зуур Чигчий хуруу мартагдав. Түүнд
ханхүү нь хайртай байхад ертөнц дээр өөр ямар ч чухал зүйл байсангүй.
Хатан инээмсэглэв.

- Би чамайг л бараг өөрийнхөө охин шиг боддог. Бас Жоффрейд хичнээн хайртайг чинь мэднэ
гээд толгойгоо ядрангуй сэгсэрч,

- Гэсэн ч бидэнд лорд эцгийн чинь талаар гашуудалтай мэдээ байна гэж айж байна. Чи
зоригтой байх ёстой шүү, хүүхэд минь гэв.

Үүнийг сонсоод Сансагын дотор хүйт даалаа.

- Юу болсон юм бэ?

- Чиний эцэг урвасан гэж лорд Варис хэлэв.

Эрхэмсэг мастер Пацилл буурал тэргүүнээ өргөв.

- Би лорд Эддард манай хаан Робертод залуу ханхүүг өөрийнхөө хүүхэд шиг хамгаална гэж
амлалт өгөхийг өөрийн чихээр сонссон. Гэтэл хаан таалал төгсөөд ганц ч хором өнгөрөөгүй
байхад тэр ханхүү Жоффрейн хууль ёсны хаан суудлыг булаахаар Бага зөвлөлийг цуглуулсан.

- Үгүй. Ийм байх ёсгүй. Тэр тэгж чадахгүй! гэж Санса дуу алдав.

Хатан хаан захиа авлаа. Цаасан дээр хатсан цус наалдан урагдаж эцгийнх нь зэрлэг чонын
цайвар тамгатай лац задлагджээ.

- Бид үүнийг танай харуулын ахлагчаас олж авсан юм. Захианд эцэг чинь миний талийгаач
нөхрийн дүү Станнисийг хаан ширээнд суухыг урьсан байсан.

- Гуйж байна эрхэм дээдсээ энд ямар нэг эндүүрэл болсон бололтой. Гуйж байна намайг
эцэгтэй минь уулзуулаач. Тэр таньд бүгдийг хэлнэ. Тэр хэзээ ч ийм захиа бичээгүй хаан
түүний найз байсан гээд Санса гэнэтийн цочирдолд автан толгой нь эргэлээ.

- Роберт бас тэгж бодож байсан юм. Энэ урван тэрслэлт түүний зүрхийг эмтлэх байсан даа.
Гэвч бурхад энэрэнгүй болохоор тэр үүнийг харж чадсангүй гээд хатан санаа алдаж,

- Санса хонгор минь чи одоо биднийг ямар аймшигтай нөхцөлд орсныг харав уу. Чамайг үүнд
ямар ч буруугүй болохыг бид бүгд мэднэ. Гэвч чи урвагчын охин шүү дээ. Би яаж чамайг
өөрийнхөө хүүтэй гэрлүүлэхийг зөвшөөрөх болж байна? гэв.

- Гэхдээ би түүнд хайртай шүү дээ гэж Санса айсандаа дуу алдан гонгинолоо. Тэд түүнийг
яах бол? Тэд эцэгт нь юу хийх бол? Ийм зүйл болох ёсгүй. Тэр Жоффрейтэй гэрлэх ёстой. Тэд
хоорондоо сүй тавьсан. Тэр түүнд амалсан болохоор энэ тухай л мөрөөдөж байлаа. Эцгийнх
нь хийсэн зүйлээс болж тэднийг салгах нь шударга бус хэрэг.

- Би энэ хүүхдийг сайн мэднэ. Хэрвээ хайртай байгаагүй бол чи яагаад над руу ирж
эцгийнхээ та нарыг явуулах гэж байгаа төлөвлөгөөг хэлэх байсан билээ? хэмээн Серсей
элэгсэгээр хэлэв.
- Тиймээ энэ хайр байсан. Эцэг минь надад бүр салах ёс гүйцэтгэхийг ч зөвшөөрөөгүй.

Тэр дуулгавартай сайн охин хэдий ч тэр өглөө Аръяа шиг этгээд зан гарган эцгийнхээ үгэнд
оролгүй септа Мордэйнээс сэмхэн холджээ. Хэрвээ Жоффрейд өгсөн хайр байгаагүй бол тэр
хэзээ ч ийм зүйл хийхгүй байлаа.

- Тэр намайг Винтерефлл рүү буцаан аваачиж аль нэг хамгаалалтын хүлэг баатартай
гэрлүүлнэ гэж хэлсэн. Гэсэн ч би Жоффрейд хайртай. Би түүнд хэлсэн ч сонсохыг хүсээгүй.

Хаан түүний сүүлчийн найдлага байлаа. Хаан эцэгт нь түүнийг Хааны газар үлдээж ханхүү
Жоффрейтэй гэрлүүлэхийг тушааж чадна. Санса үүнийг мэдэж байсан ч хаан үргэлж
түүнийг айлгадаг байв. Тэрбээр чанга бүдүүлэг хоолойтой үргэлжид шахам согтуу байх агаад
түүнийг аав руу нь буцааж илгээх нь лавтай. Иймээс оронд нь хатан хаан руу очиж бүхий л
сэтгэл зүрхээ уудлан хэлэхэд Серсей сонсоод элэгсэг сэтгэлд нь талархан... сэр Арисийг
дагалдуулан Мэйгорийн бэхлэлтийн өндөр цамхаг руу явуулсан агаад үүдэн дээр нь харуул
зогсоосноос хэдхэн цагийн дараа тулаан эхэлсэн байна.

- Танаас гуйя намайг Жоффрейтэй гэрлүүлэхийг зөвшөөрөөч. Би түүний сайн эхнэр байх
болно та хараарай. Би таньтай адилхан хатан хаан болохыг хүсч байна.

Серсей бусад руугаа ширтлээ.

- Зөвлөлийн эрхэм лордуудаа та нар түүний гуйлтын талаар юу гэж бодож байна?

- Хөөрхий хүүхэд. Үнэнч хайртай гэм зэмгүй эрхэм дээдэс минь үүнийг няцаах нь хэрцгий
хэрэг болох билээ... гэвч бид юу хийж чадна гэж? Түүний эцэг нь буруутгагдсан хэмээн Варис
гүвтнээд хэлэх үггүй сэтгэлээр унасандаа гараа дохив.

- Энэ хүүхэд урвагчын гэр бүлээс төрсөн болохоор мах цусанд нь урван тэрслэлт шингэсэн
байгаа. Одоо гэмгүй хонгор охин мэт харагдаж байгаа ч арван жилийн дараа ямар гэмт хэрэг
үйлдэхийг хэн мэдэх болж байна? гэж эрхэмсэг мастер Пацилл хэллээ.

- Үгүй. Би хэзээ ч тэгэхгүй... би Жоффрейгээс урвахгүй. Би түүнд хайртай. Хэзээ ч тийм зүйл
хийхгүй гэдгээ тангараглаж байна гэж Санса айдаст автан дуу алдав.

- Ямар сэтгэл хөдөлмөөр юм бэ. Гэвч үнэн урвагчын цус амлалтаас илүү үнэнч болохыг хэлж
байна хэмээн Варис хэлэв.

- Тэр надад эхийгээ санагдуулдаг болохоос эцгийгээ биш. Түүнийг хараач. Нүд үсийг нь хар.
Кат түүний насан дээр яг ийм байсан гэж лорд Петр Бэйлиш аяархан хэлэв.

Хатан түүн рүү сэтгэл түгшин ширтсэн ч тод ногоон нүдэнд нь сайхан сэтгэлийн өнгө
илрэхийг Санса харж байлаа.

- Охин минь хэрвээ би чамайг эцэгтэйгээ адилгүй гэж үнэн сэтгэлээсээ итгэвэл Жоффрей та
хоёрын хурим шиг намайг баярлуулах зүйл өөр юу ч байхгүй. Би түүнийг чамд үнэн
зүрхнээсээ хайртай гэдгийг мэднэ гээд санаа алдаж,
- Гэсэн ч лорд Варис, эрхэмсэг мастерийн зөв гэж айж байна. Бүгдийг цус шийднэ. Зөвхөн
энэ тухай дүү чинь чоноо миний хүү рүү дайруулсныг санахад хангалттай гэв.

- Би Аръяатай адилгүй гэж Санса өөрийн эрхгүй дуу алдав.

- Зөвхөн тэр урвагчын цустай болохоос би биш. Намайг ямар сайн охин болохыг септа
Мордэйнээс асуугаарай. Тэр таньд хэлнэ. Би зөвхөн Жоффрейн үнэнч хайртай эхнэр болохыг
хүсч байна.

Серсейн харц түүнийг цоо ширтэн шинжин харснаа,

- Би чиний үнэнч гэдэгт итгэж байна гээд бусад руугаа эргэв.

- Эрхэм лордуудаа хэрвээ түүний бусад гэр бүлийнхэн энэхүү аймшигтай цагт үнэнчээ
баталваас бид айдсаа мартаж болох юм.

Эрхэмсэг мастер Пацилл зөөлөн бавгар сахлаа шувтраад өтгөн хөмсгөө зангидан
бодлогоширов.

- Лорд Эддардад гурван хүү бий.

- Ердөө хөвгүүд. Намайг хатагтай Кателин Талли илүү зовоож байна гээд лорд Петр мөрөө
хавчив.

Хатан Сансагын алгыг хоёр гараараа авлаа.

- Хүүхэд минь чи захиа бичиж мэдэх үү?

Санса түгшин толгой дохилоо. Тэр ах нараасаа илүү уншиж бичиж чаддаг хэдий ч тооны
хувьд найдлагагүй билээ.

- Үүнийг чинь сонсоход таатай байна. Магадгүй Жоффрей та хоёрт найдлага ч байж болох
юм...

- Тэгвэл та нар намайг юу хийхийг хүсч байна?

- Чи хатагтай ээж болон том ахдаа захиа бичих ёстой... ингэхэд түүнийг хэн гэдэг билээ?

- Робб.

- Эцгийн чинь урван тэрсэлсэн тухай үг тэдэнд удахгүй хүрэх нь гарцаагүй. Үүнийг чиний
амнаас сонссон нь хамаагүй дээр. Чи тэдэнд лорд Эддард хаанаас урвасан тухай хэлэх ёстой.

Санса Жоффрейтэй байхыг цөхөртлөө хүсч байсан ч хатан хааны гуйлтыг биелүүлэх зүрх
хүрсэнгүй.

- Гэхдээ тэр хэзээ ч... би чадахгүй... эрхэм дээдсээ би юу бичихээ мэдэхгүй байна ... гэхэд
хатан хаан гарыг нь илэв.

- Бид чамд бичих зүйлийг чинь хэлж өгөх болно. Хамгийн гол нь чи хатагтай Кателин болон
ахаасаа хааны энхийг эвдэхгүй байхыг гуйх хэрэгтэй.

- Тэгээгүй тохиолдолд тэдэнд л хүндээр тусна. Гэхдээ хайр чинь чамайг гэр бүлийнхнээ
цэцэн мэргэний зам руу хөтлөн гарахад туслах байх гэж эрхэмсэг мастер Пацилл хэлэв.

- Хатагтай ээж чинь чамд маш их сэтгэл зовж байгаа нь гарцаагүй. Чи түүнд биднийг чамтай
сайн харьцаж хүссэн бүх зүйлийг чинь биелүүлж байгаа гэж бич. Тэднийг Хааны газар
Жоффрейг хаан ширээнд залрахад ирж үнэнчээ батал гэж хэл. Хэрвээ тэд үүнийг хийвэл...
бид чиний цусанд урвагчын цус байхгүйг мэдэх болохоор эмэгтэй хүн болон цэцэглэхэд чинь
Бэйлорын их сүмд бурхад болон хүмүүсийн өмнө хаантай гэрлүүлнэ.

...хаантай гэрлүүлэх... энэ үг амьсгалыг нь давхцуулсан ч Санса эргэлзсэн хэвээр байлаа.

- Магадгүй би эцэгтэйгээ уулзан түүнтэй энэ тухай ярилцаж...

- Урвагчтай юу? гэж лорд Варис тодотгов.

- Чи миний урмыг хугалж байна шүү, Санса. Бид чамд эцгийн чинь хийсэн гэмт хэргийн
тухай хэлсэн биз дээ. Хэрвээ чи үнэхээр бидэнд хэлсэн шигээ үнэнч юм бол яагаад түүнтэй
уулзахыг хүсээд байгаа юм? гээд хатан хааны харц хүйтэн чулуу шиг ёлтойлоо.

- Би... би зөвхөн... Тэр тэгэхгүй.. гуйж байна шархдаагүй бол... тэгэхгүй байсан... гээд
Сансагын нүдэнд нулимс цийлэгнэв.

- Лорд Эддардад ямар ч гэм учраагүй.

- Гэхдээ... түүнд юу тохиолдох бол?

- Энэ бол хааны шийдэх асуудал гэж эрхэмсэг мастер Пацилл тунхаглав.

Хаан! Санса нүдэндээ цийлэгнэсэн нулимсаа анивчлаа. Жоффрей одоо хаан болсон. Түүний
сүрлэг ханхүү эцгийг нь ямар ч зүйл хийсэн хамаагүй гэм учруулахгүй. Хэрвээ түүн рүү очин
өршөөхийг гуйвал сонсох нь лавтай. Учир нь түүнд хайртай гэж хатан хаан хэлсэн билээ.
Жофф аавыг нь лордуудын хүслийн дагуу шийтгэх хэрэгтэй болвол Винтерфелл рүү буцаан
илгээх юм уу уйтан тэнгисийн тэртээ дэх Чөлөөт хотын нэг рүү явуулах байх. Энэ нь ердөө
хэдхэн жил болно. Энэ хугацаанд тэр Жоффрейтэй гэрлэж хатан хаан болоод эцгийгээ
эргүүлж авчиран өршөөхийг гуйна.

Зөвхөн... ээж, Робб хоёр нь ямар нэг гэмт хэрэг хийн тугчдаа дуудах юм уу үнэнч зүгтгэхээ
татгалзах аваас бүх зүйл буруугаар эргэнэ. Түүний Жоффрей сайхан сэтгэлтэй эелдэг хэдий ч
хаан хүн босогчдод ширүүн хандах ёстой. Тэр тэдэнд ойлгуулах ёстой! Тэр үүнийг хийх
болно.

- Би... би захиа бичье гэж Санса хэлэв.


Серсей Ланнистер мандах нар мэт дулаанаар инээмсэглэн бөхийж хацар дээр нь зөөлөн
үнслээ.

- Би үүнийг чинь мэдэж байсан юм. Жоффрейд чиний хичнээн зоригтой зөв шийдвэр
гаргасан тухай хэлэхэд сонсоод бахархах байх даа.

Ингээд Санса дөрвөн захиа бичлээ. Хатагтай Кателин Старк ээждээ болон Винтерфеллд
байгаа ах дүү нартаа, нагац эгч Эйрид байгаа хатагтай Лиза Аррин, Риверранд байгаа өвөө
лорд Хостер Талли нарт бичив. Эцэст нь бичиж дуусмагц хуруу нь хөшин бэхэнд будагджээ.
Варис эцгийнх нь тамгыг авч түүнийг лааны халуун тос захиа бүр дээр дусаахад Старкийн
зэрлэг чонын сүлдтэй тамга болгоомжтой дарлаа.

Сэр Мендон Мур түүнийг Мэйгорийн бэхлэлтийн цамхагт аваачих үеэр Жейн Пол байсангүй.
Ямартай ч нулимс байхгүй болсон гэж талархан бодлоо. Гэсэн ч Жейнийг явсны дараа
зууханд гал түлсэн хэдий ч өрөө хүйтэн юм шиг санагдсаар байв. Санса сандлаа зууханд
ойртуулан сууж Флориан болон Жонквил, хатагтай Шелла болон солонгон хүлэг баатар,
зоригт ханхүү Эймон ахынхаа эхнэрт өгсөн золгүй хайрын тухай дуртай номынхоо нэгийг
авлаа.

Ингээд шөнө болсон хойно унтахаар хэвтэхдээ дүүгийнхээ тухай асуухаа мартсаныг
ойлгожээ.
ЖОН

- Эргэлзээгүй Отор байна. Харин нөгөөдөх нь Жафер Флауэрс. Хоёулаа Бэн Старкийн
дагуулж явсан хүн гэж сэр Жареми Риккер хэллээ. Тэр цогцосыг хөлөөрөө эргүүлэхэд уудам
тэнгэр лүү тод цэнхэр нүдээр ширтсэн үхдэлийн зэвхий царай ил гарав.

Миний нагац ахын хүмүүс. Бурхан минь би хичнээн ногооноороо хүүхэд байна вэ. Хэрвээ тэр
намайг авч явсан бол энд хэвтэж байх байсан биз гэж Жон тэдэнтэй явах гэж гуйснаа санаад
чимээгүй бодов.

Жаферын баруун бугуй Сүнсний эрүүнд тас хазуулан яс нь ёрдойжээ. Түүний баруун гар
мастер Эймоны цамхаг дахь цагаан цуутай домбонд хөвж байгаа бөгөөд зүүн нь төгсгөл
хэсэгтээ нүүрс шиг тас харлажээ.

- Бурхан өршөөг гэж Хөгшин баавгай шивнэлээ. Тэр мориноосоо буугаад цулбуураа Жонд
бариулав. Энэ өглөө дасал болоогүй ер бусын дулаахан байсан тул захирагч лордын өргөн
духан дээр шүүдрийн дусал мэт хөлс бурзайжээ. Түүний морь үхсэн хүнээс үргэн нүдээ
эргэлдүүлэн хуухирав. Жон түүнийг хэдэн алхамын зайд холдуулаад жолооноос нь чанга
барилаа. Моринд энэ газар таалагдсангүйн зэрэгцээ Жонд ч гэсэн таалагдсангүй.

Нохдод ч гэсэн адил байлаа. Тэд ийшээ Сүнсээр газарчлуулан ирсэн бөгөөд сүрэг ноход авч
гарсан нь огт тус болсонгүй. Нохой маллагч Басс тэдэнд тасарсан гарны үнэрийг
үнэртүүлэхийг хичээсэн авч зэрлэг юм шиг цовхчин улин хуцаж зүг бүр тэмүүлэв. Одоо хэр
нь тайвшираагүй архиран гийнаж уяагаа зулгаан татаж байсан бөгөөд Чэт тэднийг оосроос
нь хараан зуурч байлаа.

Энэ бол зөвхөн ой тэд бол ердөө үхсэн хүмүүс гэж Жон өөртөө хэлэв. Тэр өмнө нь ч гэсэн бас
үхсэн хүмүүс харж байсан...

Тэр өнгөрсөн шөнө Винтерфеллийн тухай ахин зүүдэлжээ. Хоосон шилтгээнээр эцгийгээ
эрж тэнүүчилэн бунхан руу буулаа. Энэ удаагын зүүдэнд өмнөхөөсөө илүү хол явжээ.
Харанхуйд чулуу чахрах чимээ сонсогдоход огцом эргэн харвал бунханууд нэг нэгнийхээ
араас нээгдэн үхсэн хаад хүйтэн харанхуй булшнаасаа алхан гарч ирэхэд Жоны зүрх
харанхуйд хүчтэй дэлсэн сэржээ. Сүнс орон дээр нь үсрэн гарч нүүрийг нь долоосон ч
айсандаа чичирэхгүй байж чадсангүй. Тэр ахин унтаж зүрхэлсэнгүй. Оронд нь босч Хана руу
авиран гараад дорно зүгт үүрийн гэгээ хаяарахыг харах хүртэл холхижээ. Энэ бол ердөө зүүд
байсан. Би Шөнийн харуулын эр хүн болохоос биш аймхай хүү биш.

Сэмвэлл Тарли морьдын цаана хагас нуугдан модны дор зогсчээ. Түүний махлаг дугуй нүүр
гашилсан сүүний өнгөтэй болж үхсэн хүний зүг харах болгондоо огиулахгүй байж чадахгүй
байлаа.

- Би үүнийг чадахгүй нь ээ гэж өрөвдөлтэй хоолойгоор шивнэв.

- Чи харах ёстой. Мастер Эймон чамайг нүдээ болгохоор явуулсан биз дээ? Тийм биш гэж үү?
Харин нүдээ анивал юу харах болж байна? гэж Жон бусад хүмүүст сонсогдуулахгүйн тулд
нам дуугаар шивнэв.

- Тийм л дээ, гэхдээ... би хулчгар шүү дээ, Жон.

Жон гараа Сэмийн мөрөн дээр тавилаа.

- Бид эргүүлүүдтэй арвуулаа дээрээс нь нэмээд ноход, Сүнс хүртэл байна. Хэн ч чамд хор
учруулахгүй, Сэм. Дөхөж очоод хар. Анх удаа харахад л хэцүү байдаг юм.

Сэм чичирэн толгой дохисноо эр зоригоо цуглуулах оролдлого хийн толгойгоо удаанаар
эргүүллээ. Тэгснээ нүд нь томроход Жон цааш харуулахгүйн тулд гарнаас нь чанга зуурлаа.

- Сэр Жареми. Бэн Старк Хананаас мордохдоо зургаан хүнтэй явсан. Бусад нь хаана байна?
гэж Хөгшин баавгай ширүүн асуув.

Сэр Жареми толгойгоо сэгсэрлээ.

- Хэрвээ энэ тухай мэддэгсэн бол.

Мормонт түүний хариултыг таашаасангүй бололтой.

- Манай ах дүү нараас хоёр нь Хананаас бараг хараа хүрэх зайд алуулсан байхад эргүүлүүд юу
ч сонсоогүй юу ч хараагүй байдаг гэсэн чинь юу гэсэн үг вэ. Энэ Шөнийн харуул унаж байна
гэсэн үг үү? Бид ойг шүүрдсэн хэвээр байгаа биз дээ?

- Тиймээ эрхэм лорд гэвч...

- Бид харуулд хүн мордуулж байгаа юу?

- Тиймээ гэвч...

- Энэ хүн ангийн бүрээ зүүсэн байна гээд Мормонт Отор руу зааж,

- Магадгүй үхэхээсээ өмнө ямар нэг чимээ гаргаагүй хэрэг үү? Эсвэл танай эргүүлүүд чинь
бүгд сохорч дүлийрчхээ юу? гэлээ.

Сэр Жаремигийн нүүр уурласандаа хөвчрөв.

- Ямар ч ангийн бүрээ үлээгээгүй эрхэм лорд минь. Тэгсэн бол манай эргүүлүүд сонсох
байсан. Тэгээд ч надад эргүүлд мордуулах хангалттай тооны хүн хүрэлцэхгүй байна...
Бэнжинийг алга болсны дараа бид таны тушаал ёсоор Хананд ойрхон байгаа биз дээ.

Хөгшин баавгай хуухитнав.

- Тиймээ. Болох л юм. Тэгсэн ч байж магадгүй гээд тэсч ядан зангаж,

- Харин одоо надад тэдний үхсэн шалтгааныг хэлээдэх гэлээ.


Сэр Жареми Жафер Флауэрс гэдэг үхсэн хүний дэргэд явган суугаад толгойны хуйхнаас
барихад үс нь хурууны завсар сүрэл шиг ёрдойв. Хүлэг баатар хараал тависнаа царайг нь
гараараа эргүүлэхэд үхдэлийн хүзүүний хажуу талд хатсан цустай гүн шарх ангайж толгой нь
хэдхэн цайвар шөрмөсөнд торгоогджээ.

- Үүнийг сүхээр цавчсан байна.

- Ай яа яа. Отор яг үүн шиг сүх агсаж явдаг байсан юм... гэж хөгшин түлээчин Дайвин хэлэв.

Жон өглөөний цай гэдэснээс нь огиулан гарах дөхсөн ч уруулаа жимийн хоёр дахь цогцос руу
харлаа. Отор нүсэр биетэй үзэмжгүй хүн байсан шигээ үзэшгүй муухай том хүүр болжээ.
Түүнд ямар ч сүхний ором байсангүй. Жон Оторыг эргүүлүүд морддог өглөө завхай дуу аялж
байсныг санав. Түүний дуулдаг өдөр төгсгөл болжээ. Гарнаас бусад их бие сүү шиг цайран
алга нь Жаферынх шиг харласан байлаа. Хоолойн дахь үхлийн шархнаас оргилсон цус цээж
хэвлийг нь буджээ. Гэсэн ч индраанил шиг цэнхэр нүд нь нээлттэй тэнгэр лүү ширтэнэ.

Сэр Жареми өндийлөө.

- Зэрлэгүүдэд ч гэсэн сүх байдаг.

Мормонт түүн рүү эргэв.

- Тэгвэл чи үүнийг Манс Райдерийн ажил гэдэгт итгэлтэй байна уу? Хананд ийм ойрхон уу?

- Өөр хэн байх билээ, эрхэм лорд?

Жон үүнийг хэлж чадах байлаа. Зөвхөн тэр төдийгүй бүгд мэдэж байсан ч хэн ч үг
дуугарсангүй. Нөгөөдүүл бол зөвхөн хүүхдүүдийг айлгахын тулд бодож олсон үлгэр. Хэрвээ
тэд үнэхээр байсан бол найман зуун жилийн тэртээ алга болсон. Энэ тухай бодох нь тэнэг
зүйл бөгөөд тэр одоо насанд хүрэн Шөнийн харуулын хар ахан дүүс болсон болохоос биш
хөгшин Нанын хөлд Бран, Робб, Аръяагын хамт суудаг хүү биш болсон байлаа.

Захирагч лорд Мормонт тургилав.

- Хэрвээ Бэн Старк Хар цамхагаас хагас өдрийн зайтай газар зэрлэгүүдийн дайралтанд
өртсөн бол эргэж ирэн илүү их хүн аваад алуурчдыг мөшгөн долоон там руу нь тонилгож
надад толгойг нь авчирч өгөх байсан гэхэд,

- Гэсэн ч тэр алагдсан бол яах вэ гэж сэр Жареми мэтгэв.

Энэ үгийг сонсоод Жоны сэтгэл өвдөв. Тэр эртнээс Бэн Старк амьд гэсэн тэнэгдүү
найдлаганаас зууралдсаар байсан хэдий ч одоо зөрүүдлэх юм үгүй боллоо.

- Бэнжин биднийг орхисноос хойш бараг хагас жилийн хугацаа өнгөрөөд байна гэж сэр
Жареми үргэлжлүүлэв.

- Ой өргөн уудам. Зэрлэгүүд түүнийг хаа ч дайрсан байж болно. Би энэ хоёрыг тэднээс амьд
үлдсэн сүүлчийн хүн байгаад бидэн рүү буцаж ирж байсан гэдэгт мөрийцөхөд ч бэлэн
байна... Гэвч дайсан нь тэднийг Хананд аюулгүй хүрэхээс нь өмнө барьж авчээ. Цогцосны
шинэхэн байдлаас үзэхэд эдгээр хүмүүс нэгээс хэтрэхгүй өдрийн өмнө алагдсан байна...

- Үгүй ээ гэж Сэмвэлл Тарли дуу алдлаа.

Жон гайхан харлаа. Сэмийн түгшсэн чанга хоолой түүний сонсоно гэж бодсон хамгийн
сүүлчийн зүйл байсан билээ. Тарган хүү албаны хүмүүсээс учиргүй айхын зэрэгцээ сэр
Жареми тэвчээр гэдгийг мэдэхгүй хүн байв.

- Би чамаас бодлыг чинь асуугаагүй байна, хүү минь гэж Риккер хүйтнээр хэлэв.

- Түүнд ярих болгомж олгооч, эрхэм ээ гэж Жон хэллээ.

Мормонтын нүд Сэм, Жон хоёр дээр ээлжлэн тусав.

- Хэрвээ залууд хэлэх юм байвал би түүнийг сонсох болно. Нааш ир хүү минь. Чи морьдын
цаанаас харагдахгүй байна.

Сэм Жон морьдын хажуугаар хөлсөө цувуулан өнгөрөв.

- Эрхэм лорд... энэ нэг өдрийн өмнө байж таарахгүй... цусыг нь... хараач..

- За тэгээд? Цус нь яасан гэж? хэмээн Мормонт тэвчээр алдан бувтнав.

- Тэр цусыг нь хараад дотуур өмдөндөө шээчихжээ гэж Чэтт хашгирахад эргүүлүүд инээлдэв.

Сэм духныхаа хөлсийг арчлаа.

- Та... та Жоны зэрлэг чоно Сүнс... энэ хүний тасарсан гар авчирахыг харсан... тэгэхэд мухар
гараас цус гоожоогүй байна хараач гээд гараа савчиж,

- Миний эцэг... лорд Рэндилл намайг заримдаа амьтан өвчсөнийхөө дараа харуулдаг байсан
юм гээд Сэм эрүүгээ чичигнэтэл толгойгоо хүчтэй сэгсрэв.

- Одоо тэр цогцос руу ширтэж байсан ч харцаа буруулсангүй.

- Дөнгөж үхсэний дараа цус гоожсон хэвээр байдаг эрхэм лорд минь. Дараа нь тэр яг л...
царцаамал шиг нөжирөн тунадаг... тэгээд гээд дотор нь эвгүйцэн царай нь зэвхийрснээ,

- Энэ хүний... бугуйг харахад... яг л... цардсан юм шиг хуурай байна... гэв.

Жон Сэмийн юу хэлснийг даруй ойлголоо. Тэр үхсэн хүний бугуйны тасарсан судас цагаан
биенээс төмөр өт шиг цухуйж байхыг харав. Цус нь хар тоос шиг болжээ. Гэсэн ч Жареми
Риккер итгэсэнгүй.

- Хэрвээ тэд үүнээс олон өдрийн өмнө үхсэн бол ялзарсан байх ёстой, хүү минь. Ямар ч үнэр
үнэртэхгүй байна гэв.

Цас хэзээ орохыг үнэрээр нь мэдэж чаддаг хөгшин түлээчин Дайвин цогцос руу ойртон
шиншлэв.

- Мэдээж тэд цэцэг биш хэдий ч ... эрхэм лорд минь үнэнийг хэлжээ. Цогцсонд ямар ч үнэр
алга.

- Тэд... тэд ялзраагүй гээд Сэм тарган хуруугаараа заахад үл мэдэг чичирлээ.

- Биеийг нь хараач... ямар ч өт хорхой юм уу өөр зүйл алга... Хэрвээ тэд модон дунд хэвтэж
байсан бол ан амьтан идэх ёстой байсан... гэхдээ Сүнсээс бусад... ямар ч амьтан...

- Хүрээгүй. Сүнс бол өөр хэрэг. Ноход морьдын алин ч тэдэнд ойртохгүй байна гэж Жон
аяархан хэллээ.

Эргүүлүүд хоорондоо харц солилцов. Тэд ч бас үүнийг харжээ. Мормонт баргар царайлан
хүүр болон ноход руу харав.

- Чэтт нохдоо ойртуулаад ир.

Чэтт харааж загнан уяанаас угзарч гутлаараа өшиглөсөн ч ноход улин хуцаж хөл дээрээ хойш
суун чаргууцалдав. Тэр нэг нохойг ойртуулан чирлээ. Жингэр эсэргүүцэн архирч мурилзан
хүзүүвчнээс мултрахыг хичээснээ түүн рүү дүүлэв. Чэтт уяагаа хаяад арагш бүдрэн унахад
нохой дээгүүр нь харайгаад модны цаагуур далд оров.

- Энэ... энэ бүхэн буруу. Цус... тэдний хувцсан дээр үлдсэн цусны толбоос үзвэл... бие нь
хуурайшин хатаж... гэхдээ газар юм уу хаана ч... цусан дусал дусаагүй байна... Харин ийм...
ийм... ийм... гээд Сэм гүнзгий амьсгал авснаа,

- Ийм шарх... аймшигтай шархнаас... маш их цус гарах ёстой. Тийм биз дээ? гэв.

Дайвин модон шүдээ хөхөв.

- Магадгүй тэд энд үхээгүй ч байж мэднэ. Магадгүй хэн нэгэн бидэнд үзүүлэхээр орхисон ч
байж мэднэ. Анхааруулахаар ч юм уу гээд хөгшин түлээчин доош сэжигтэй ширтэж,

- Хэрвээ би тэнэг биш бол Отор хэзээ ч цэнхэр нүдтэй байгаагүй санагдах юм гэв.

Сэр Жареми гайхширан ширтсэнээ,

- Флауэрс ч гэсэн гээд нөгөө алагдсан хүний зүг эргэлээ.

Ойд нам гүм болов. Хормын зуур тэд бүгд Сэмийн хүндээр амьсгалах, Дайвин шүдээ хөхөх
чимээг сонсов. Жон Сүнсний дэргэд суулаа.

- Тэднийг шатаа гэж хэн нэгэн шивнэв. Эргүүлүүдийн нэг байсан ч Жон хэн болохыг нь
мэдсэнгүй.

- Тиймээ, тэднийг шатаа гэж хоёр дахь хоолой дэмжив.

Хөгшин баавгай зөрүүдлэн толгой сэгсэрлээ.

- Одоохондоо биш шүү. Би мастер Эймонд тэднийг үзүүлэхийг хүсч байна. Бид тэднийг Хана
руу буцааж аваачих болно.

Зарим тушаалыг өгөхөд биелүүлэхээс хамаагүй амар байдаг билээ. Тэд үхсэн хүмүүсийг
нөмрөгөөс нь чирж Хэйк, Дайвин хоёр морьдын нэгд бэхлэхийг оролдсон ч адгуус галзуурсан
юм шиг янцгаан дэлээ босгон цовхчиж туурайгаа цавчлан тэр ч байтугай туслахаар гүйж
ирсэн Кеттерийг хүртэл хазлаа. Эргүүлүүдэд бусад морьд аз авчирсангүй. Хамгийн номхон
морь хүртэл үүнийг тээсэнгүй. Эцсийн эцэст мөчир огтолж бүдүүлэг хийцтэй дамнуур
хийгээд өөрсдөө чирж явахаар болов. Үд дунд оройхон буцаж ирлээ.

- Би эндхийн ойд хайгуул явуулахыг хүсч байна гэж Мормонт сэр Жаремид мордохдоо тушаав.

- Эндээс арван милийн зайд байгаа мод, чулуу, бут алхам газар бүрийг нэгж. Бүх хүнээ
ашиглаж хэрэв хүрэлцэхгүй бол анчид, түлээчин, бойдоо нараас зээлж ав. Хэрвээ Бэн болоод
бусад нь хаа нэгтээ үхсэн амьдын алин ч байсан хамаагүй байвал би олох болно. Мөн модон
дунд өөр хүн нуугдаж байвал ч гэсэн үүнийг мэдэх болно. Та нар тэднийг мөрдөж аль
болохоор амьдаар нь авчирах ёстой шүү. Ойлгов уу?

- Тиймээ, эрхэм лорд. Энэ гүйцэтгэгдэх болно гэж сэр Жареми хэллээ.

Үүний дараа Мормонт чимээгүй бодлогоширлоо. Жон захирагч лордын араас бойдоогын
үүрэг гүйцэтгэн ойрхон дагав. Бүрхэг чийгтэй бороо орох нь уу гэмээр өдөр байв. Ойд
салхигүй байсан ч агаар чийгтэй хүнд оргиж Жоны хувцас биед наалджээ. Дулаахан дэндүү
дулаахан байлаа. Хана хэдэн өдрийн өмнөөс уйлж эхэлсэн тул заримдаа Жонд жижгэрсэн
мэт санагдана.

Настай хүмүүсийн зуны амьсгал гэж нэрлэдэг улирлын сүүлчийн шинж тэмдэг болж байв.
Үүний дараа хүйтэн ирэх бөгөөд урт зун үргэлж урт өвлийг авчирдаг гэж тэд анхааруулдаг
билээ. Жоныг хүүхэд байхад эхэлсэн энэ зун арав дахь жилдээ үргэлжилжээ.

Сүнс тэдний өмнө гүйн модон дунд алга болов. Зэрлэг чоногүй Жон гар нүцгэн адил болсноо
мэдэрлээ. Тэр сүүдэр бүрийг болгоомжтой ширтэж хөгшин Нан Винтерфеллд хүүхэд байхад
нь ярьж өгдөг байсан үлгэрийн тухай санахад хоолой нь ахин сонсогдож зүүний чаг чаг хийн
хавирах чимээ сонсогдох шиг болов.

- Энэ бол Нөгөөдүүлийн ирсэн харанхуй байсан юм гэж тэр дуугаа улам намсган өгүүлдэг
билээ.

- Хүйтэн үхсэн тэд төмөр, гал, нарны гэрэл амьтай бүхний судсанд урсаж байгаа халуун
цусыг үзэн яддаг байсан юм. Тосгон суурин хот балгад тэдний өмнө нуран унахад өмнө зүг
рүү үхлийн цагаан морио хөлөглөн явж хүмүүсийг алж хядаж байлаа. Тэд үхсэн зарц нараа
хүний хүүхдийн биеэр тэжээдэг...

Жон хөгшин царсны орой дээгүүр Хана лүглийн цухуйхыг хараад сэтгэл нь гүнзгий амарлаа.
Мормонт гэнэтхэн цулбуураа татаж эмээл дээрээ эргэв.

- Тарли нааш хүрээд ир.

Жон Сэмийг гүүгээ гуядан ойртоход эргэлзээгүй муу зүйл хүлээж байгаа гэж бодсон байртай
царай нь зэвхийрэхийг харав.

- Чи тарган хэдий ч тэнэг биш юм байна хүү минь. Чи тэнд сайн байлаа. Чи ч гэсэн Сноу.

Сэм час улайснаа талархсан үг бувтнав. Жон инээмсэглэлээ.

Тэднийг модон дундаас гарч ирэх үед Мормонт жижигхэн морио хатируулав. Сүнс урдаас нь
модноос гарч ирээд цусанд будагдсан улаан хошуугаа долоов. Ханан дээр өндөрт байсан хүн
цуваа ойртон ирэхийг хараад харуулын том бүрээ үлээхэд ганц богино тасхийлт модон дунд
цуурайтав.

Ууууууууууууууууууууу...

Чимээ алгуур намдлаа. Ганц үлээлт эргүүлүүдийн эргэж ирэхийг зарладаг болохоор Жон "Би
ганц ч гэсэн өдөр эргүүл байх шив. Дараа нь юу болсон ч бай тэд надаас энэ дурсамжыг
буцаан авч чадахгүй" гэж бодов.

Эхний хаалган дээр хүлээж байсан Боуэн Марш тэднийг тэргүүлэн мөсөн хонгил руу орлоо.
Бойдооны даамлын улаан царай түгшсэн шинжтэй байлаа.

- Эрхэм лорд тэнд шувуу ирсэн. Та даруйхан очих хэрэгтэй байна гэж төмөр хаалга
онгойлгохдоо Мормонтод хандан хашгирлаа.

- Юу болоо вэ? гэж Мормонт ширүүн асуув.

Хачирхалтай нь Марш хариулахын өмнө Жон руу харснаа,

- Мастер Эймонд захиа авсан. Тэр таныг өрөөндөө хүлээж байгаа гэв.

- Маш сайн байна. Жон миний моринд санаа тавиад сэр Жаремид үхсэн хүмүүсийг мастер
үзэх хүртэл агуулахын өрөөнд оруул гэж хэл гээд Мормонт цааш явлаа.

Тэд морьдоо жүчээнд оруулахад Жон хүмүүсийн ширтэх харцанд эвгүйцлээ. Сэр Аллисер
Торн хөвгүүдтэй хашаанд сургуулилж байснаа больж Жон руу ёжтой инээмсэглэн харав.
Зэвсгийн өрөөний үүдэн дээр зогсож байсан ганц гартай Донал Ной,

- Бурхан чамайг өршөөгөөсэй, Сноу гэж дуу алдав.


"Ямар нэг зүйл буруугаар эргэж. Ямар нэг зүйл маш буруу болж" гэж Жон бодлоо.

Үхсэн хүмүүсийг Ханын ёроол дахь мах, улаан буудай заримдаа шар айраг хадгалдаг мөсөн
зооринд зөөж оруулав. Жон Мормонтын морийг агтчин тэжээж услахыг хараад өөрийнхдөө
санаа тавилаа. Дараа нь найзуудээ эрэхээр явав. Грэнн, Бах хоёр харуулд гарсан тул Пип
нийтийн танхимд ганцаараа байв.

- Юу болсон юм бэ? гэж Жон асуухад Пип хоолойгоо намсган,

- Хаан таалал төгсчээ гэв.

Жон гайхан мэгдэв. Роберт Баратеон Винтерфеллд зочлох үедээ хөгшин тарган хэдий ч
өвчний ямар нэг шинж тэмдэггүй эрүүл чийрэг байсан билээ.

- Чи хаанаас мэдсэн юм?

- Харуулуудын нэг нь Клидас мастер Эймонд захиа уншиж өгөхийг сонсчээ гээд Пип ойртож,

- Жон намайг уучлаарай. Тэр чиний эцгийн найз байсан биз дээ тийм үү? гэв.

- Тэд ах дүүс шиг дотно байсан гээд Жон Жоффрейг эцгийнхээ Гарыг хэвээр үлдээх эсэхийг
бодлогоширлоо. Бараг л үгүй байх. Энэ нь лорд Эддард Винтерфелл рүү дүү нарынх нь хамт
буцна гэсэн үг. Хэрвээ тэр лорд Мормонтоос зөвшөөрөл авч чадвал тэдэнтэй цуг явж болох
юм. Аръяагын инээмсэглэлийг харж эцэгтэйгээ ярих нь ямар сайхан хэрэг вэ. "Би түүнээс
ээжийнхээ тухай асууна. Одоо би эр хүн болсон болохоор хэлэх цаг болсон. Тэр янхан байсан
ч хамаагүй би бүгдийг мэдэх болно" гэж бодлоо.

- Би Хэйкийг нагац ахтай чинь явсан хүмүүс үхсэн гэж хэлэхийг сонслоо хэмээн Пип хэлэв.

- Тиймээ. Зургаан хүн авч явснаас хоёр нь үхсэн. Тэд аль эрт үхсэн ч... бие нь нэг л хачин
байсан.

- Хачин гэнэ ээ? Ямар гэж? хэмээн Пип сониучирхав.

- Сэм чамд хэлнэ. Би хөгшин Баавгайтай уулзаж хэрэгтэй зүйл байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй
байна гээд Жон энэ тухай ярихыг хүссэнгүй.

Тэр захирагч лордын цамхаг руу алхахдаа муу ёрын совин төрөхийг мэдрэв. Ах дүүс харуул
нь түүнийг гашуудалтай харцаар угтав.

- Хөгшин баавгай өрөөндөө байгаа. Тэр чамайг сураглаж байсан гэж нэг нь хэлэв.

Жон толгой дохилоо. Жүчээнээс шууд ийшээ ирэх хэрэгтэй байжээ. Тэр яаран цамхагын
шатаар өгсөв. Мормонт намайг дарс авчирч зууханд гал түлэхийг хүссэнээс ер илүүгүй гэж
өөртөө хэлэв.

Түүнийг дөнгөж өрөөнд ормогц Мормонтын хэрээ эргээд,


- Шиш! Шиш! Шиш! Шиш! гэж хашгирлаа.

- Би дөнгөж сая түүнийг тэжээсэн гэвэл чи итгэх үү гэж цонхны дэргэд суугаад захиа уншиж
байсан Хөгшин баавгай хэлээд,

- Надад хундага дарс авчир. Өөртөө ч гэсэн хундаглачих гэв.

- Өөртөө ч гэсэн үү, эрхэм лорд?

Мормонт захианаас харц холдуулан Жон руу өрөвдсөн байртай харав.

- Чи намайг сонссон.

Жон хундаганд дарс болгоомжтой дүүргэхдээ үүнийгээ дуусгамагц захиатай нүүр тулахаас
өөр замгүй болно гэдгээ ойлгож байв. Гэсэн ч дэндүү хурдан дүүрлээ.

- Суу хүү минь. Уу гэж Мормонт тушаав.

Жон зогссон хэвээр суусангүй.

- Энэ миний эцгийн тухай юу?

Хөгшин баавгай захиаг хуруугаараа тогшив.

- Чиний эцэг болон хааны тухай. Гашуудалтай мэдээ болохоор би чамд худал хэлэхгүй. Роберт
надаас олон насаар дүү бух шиг чийрэг болохоор хэзээ ч миний насанд өөр нэг хаан сууна
гэж төсөөлж байсангүй гээд дарс балгаж,

- Тэд хааныг анд явах дуртай байсан гэсэн. Хайртай зүйл маань биднийг үргэлж хөнөөж байх
юм даа. Үүнийг санаж ав. Миний хүү бас залуу эхнэртээ хайртай байсан юм. Бардам
эмэгтэй. Хэрвээ тэр байгаагүй бол хүүгийн минь толгойд хэзээ ч хулгайн анчдыг зарах тухай
бодол орж ирэхгүй байсан байх.

Жон түүний үгийг арай ядан сонслоо.

- Эрхэм лорд би ойлгосонгүй. Миний эцэгт юу тохиолдсон юм бэ?

- Би чамайг суу гэж хэлсэн шүү гэж Мормонт гүнгэнэхэд,

- Суу! гэж хэрээ хашгирлаа.

- Суугаад уу. Хараал ид гэж энэ бол тушаал шүү, Сноу гэхэд Жон суугаад дарс балгалаа.

- Лорд Эддард урвасан хэрэгт буруутгагдан гянданд хоригджээ. Захианд түүнийг Робертийн
дүүтэй хувайлдан ханхүү Жоффрейн суудлыг булаах гэж байсан гэж бичсэн байна.

- Үгүй. Ийм байх боломжгүй. Миний эцэг хаанаас хэзээ ч урвахгүй! гэж Жон эсэргүүцлээ.
- Тэгсэн ч байж болох юм. Гэсэн ч бидний алинд ч үүнийг хэлээд нэмэргүй.

- Гэхдээ энэ чинь худал шүү дээ гэж Жон шаардав. Тэд яаж эцгийг нь урвагч гэж бодож
чаддаг байна бүгд галзуурсан юм болов уу? Лорд Эддард Старк хэзээ ч нэр хүндээ гутаах хүн
биш... эсвэл тэгсэн юм болов уу?

Тэр бутчын эцэг. Үүнийг ямар нэр хүнд гэх вэ? Тэгээд чиний ээж чинь хэн билээ? Тэр түүний
нэрийг нь ч хэлдэггүй биз дээ гэж дотроос нь аяархан хоолой шивнэлээ.

- Эрхэм лорд түүнд юу тохиолдох бол? Цаазлах болов уу?

- Энэ тухай би чамд хэлж чадахгүй нь, залуу минь. Би захиа илгээсэн. Залуу байх үеэсээ
хааны хэдэн зөвлөхийг таньдаг юм. Хөгшин Пацилл, лорд Станнис, сэр Барристан гээд л...
Чиний эцэг юу ч хийсэн бай агуу лорд хэвээрээ үлдэнэ. Тэр хар болж энд ирэхийг зөвшөөрөх
байх. Бурхан минь бидэнд лорд Эддард шиг авъяаслаг хүмүүс хичнээн хэрэгтэй гээч.

Жон өөр бусад гэмт хэрэгт буруутгагдсан хүмүүсийг гэм нүглээ хөнгөлөхийн тулд Ханан дээр
үлдсэн өдрүүдээ өнгөрөөхийг зөвшөөрдөгийг мэдэж байлаа. Яагаад лорд Эддард болохгүй
гэж? Эцэг нь энд ирэх нь байна. Энэ хачирхалтай бодол төрөхөд дотор нь эвгүй болов. Асар
том шударга бус явдал түүнийг Винтерфеллээс ховхлон хүчээр хар болгох нь байна...

Тэгээд Жоффрей үүнийг зөвшөөрнө гэж үү? Тэр ханхүү Винтерфеллд ирэх үедээ Робб, сэр
Родрик хоёрыг хашаанд шоолж байсныг саналаа. Бутач түүний зиндаанаас хамаагүй доогуур
болохоор Жоныг нүднийхээ булангаар ч ажиглаагүй билээ.

- Эрхэм лорд хаан таны үгийг сонсох уу? гэхэд Хөгшин баавгай мөрөө хавчлаа.

- Хөвгүүн хаан... Би түүнийг юунаас түрүүнд ээжийнхээ үгийг сонсох байх гэж бодож байна.
Харамсалтай нь одой тэдэнтэй байсангүй дээ. Тэр хүүгийн нагац ах болохоор бидэн дээр
зочлох үедээ юу хэрэгтэйг минь харсан. Хатагтай ээж чинь түүнийг барьсан нь муу хэрэг
шүү...

- Хатагтай Старк миний ээж биш гэж Жон дүрсхийв. Харин Тирион Ланнистер түүний найз
байлаа. Хэрвээ лорд Эддард үхэх юм бол Кателин хатан хааныг буруутгах болно.

- Эрхэм лорд миний дүү нарын талаар юм сонсогдов уу? Аръяа, Санса хоёр эцэгтэй минь
хамт байсан...

- Пацилл тэдний тухай дурсаагүй ч эргэлзээгүй зөөлөн хандаж байгаа байх. Би тэдний тухай
захиандаа асууя гээд Мормонт толгой сэгсрэв.

- Ийм хүнд бэрх цагт ийм зүйл болох ёсгүй байсан юм. Хаант улсад хүчирхэг хаан хэрэгтэй...
Урд маань харанхуй хүйтэн өдрүүд ирж байгааг би хөгшин ясаараа мэдэрч байна гээд Жон
руу удтал харж,

- Чамайг ямар нэг тэнэг зүйл хийхгүй гэдэгт найдаж болох уу, хүү минь гэлээ.
Тэр миний эцэг шүү дээ гэж Жон хэлэхийг хүссэн ч Мормонт сонсохгүйг мэдэж байв. Жоны
хоолой хатахад дарснаас ахин нэг балгав.

- Чиний үүрэг бол энд байх явдал. Чамайг хар болоход өнгөрсөн амьдрал чинь дууссан гэж
захирагч лорд түүнд сануулав.

Хэрээ "Хар!" гэж гуагласан ч Мормонт тоосонгүй.

- Тэд Хааны газар юу хийсэн байлаа ч бидний сэтгэл зовох асуудал биш гээд Жоныг хариу
хэлэхийг хүлээснээ дарсаа хөнтрөн,

- Чи одоо явж болно. Өнөөдөр надад хэрэггүй. Маргааш захиа бичихэд туслаарай гэлээ.

Жон хэрхэн босож өрөөнөөс гарснаа санасангүй. Дараагийн агшинд цамхагын шатаар "Энэ
бол миний эцэг миний дүү нар. Би яаж сэтгэл зовохгүй байх билээ?" гэж бодон уруудаж
байлаа.

Гадаа зогсож байсан харуулын нэг түүнийг хараад,

- Хүчтэй байгаарай, хүү минь. Бурхад хэрцгий юм гэв.

Тэд мэдэж байна гэдгийг Жон ойлголоо.

- Миний эцэг урвагч биш гэж сөөнгөтөн хэлэхэд үг хоолойд нь тээглэж хахаж цацах шахлаа.
Салхи ширүүсч түүнийг цамхагт орсоноос хойш улам хүйтэн болсон мэт санагдана. Зуны
амьсгал эцэс болжээ.

Өдрийн үлдсэн хэсэг зүүдэнд байгаа мэт өнгөрөв. Жон хаана явж хэнтэй ярьж байгаагаа ч
мэдсэнгүй. Сүнс дэргэд нь байгаа гэдгийг л мэдэж байлаа. Чимээгүй зэрлэг чоно дэргэд байх
нь Жоныг тайвшируулав. "Гэхдээ охидод ийм ийм зүйл байхгүй. Тэдний чоно хамгаалж чадах
байсан ч Хатагтай үхэж, Намериа алга болсон болохоор тэд ганцаар хоцорсон" гэж бодлоо.

Нар тэнгэрийн хаяанд далд ороход умардын салхи хүүгэв. Жон мөсөн бэхлэлт дээгүүр Хана
чахрах чимээг сонсоод нийтийн танхимд оройн хоол идэхээр орлоо. Хобб бугын мах, арвай,
сонгино, луувантай шөл хийжээ. Тэр Жоны тавганд нэмэлт хувь хийгээд шажигнасан захтай
талх өгөхөд юу болохыг нь мэдэж байлаа. Тэр мэдэж байна. Жон танхимыг тойруулан
ширтэхэд хүмүүс нь харцнаас нь нүүр буруулан эргэв. Тэд бүгд мэдэж байна.

Найзууд нь дөхөж ирэв.

- Бид септоноос эцэгт чинь зориулан лаа барихыг гуйсан гэж Маттар хэлэв.

- Энэ худал гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Тэр ч байтугай Грэнн хүртэл мэдэж байна гэж
Пип хэлэхэд Грэнн толгой дохилоо. Сэм Жоны гарыг атгав.

- Чи одоо миний ах болсон болохоор тэр ч гэсэн миний эцэг болсон. Хэрвээ чи далан мод руу
хуучин бурхдад мөргөхөөр явбал би ч гэсэн хамт явна.
Далан мод Ханын цаана байдаг болохоор тэр Сэмийн юу хэлснийг мэдэж байлаа. "Тэд миний
ахан дүүс. Яг л Робб, Бран, Рикон шиг…" гэж бодлоо.

Тэгтэл ташуур шиг огцом хэрцгий инээд хадан сэр Аллисер Торны хоолой сонсогдов.

- Зүгээр ч нэг бутач биш одоо урвагчын бутач болжээ гэж эргэн тойрондоо байсан хүмүүст
хэллээ.

Жон агшин зуур гартаа хутга сугалан ширээн дээгүүр ухасхийлээ. Пип араас нь зууран
зогсоохыг хичээсэн ч хөлөө татаж мултраад сэр Аллисерийн гарт байсан тавгыг өшиглөхөд
эргэн тойрон байсан хүмүүс рүү шөл цацагдав. Торн үсрэн бослоо. Хүмүүс хашгиралдаж
байвч Жон Сноу хэрэгссэнгүй. Тэр сэр Аллисерийн гартаам шиг хүйтэн нүдтэй царай руу
дайрах гэсэн ч Сэм дундуур нь орж Пип нуруунаас нь сармагчин шиг зүүгдээд, Грэнн гарыг
нь барьж байх зуур Бах хутгыг нь салгаж авлаа.

Үүний дараахан тэд түүнийг унтлагын өрөөнд нь хүргэхэд Мормонт мөрөн дээрээ хэрээ
суулган бууж ирлээ.

- Би чамайг ямар ч тэнэг зүйл хийж болохгүй гэж хэлсэн биз дээ, хүү минь гэхэд "Хүү" гэж
шувуу хашгирлаа. Мормонт таагүйхэн толгой сэгсрэв.

- Чамд их өндөр найдлага тавьж байсан юмсан.

Тэд түүний хутга, илдийг хурааж аваад өндөр албаны хүмүүс хуралдан яахыг нь шийдэх
хүртэл өрөөнөөсөө гарч болохгүй гэлээ. Тэгээд хаалганы гадаа нь харуул тавьж орхив.
Найзуудыг нь хүртэл уулзахыг зөвшөөрөөгүй ч Хөгшин баавгай түүнийг хэт
ганцаардуулахгүйн тулд Сүнсийг орхив.

- Миний эцэг урвагч биш гэж Жон тэднийг явсан хойно чонондоо хэлэв. Сүнс түүн рүү
чимээгүй ширтлээ. Жон хоёр гараа өвдгөн дээрээ тавиад хана налан нарийхан орны
хажуугийн ширээн дээрх лаа руу ширтэв. Лааны дөл анивчихад эргэн тойронд сүүдэр
бүжиглэж өрөөнд илүү харанхуй хүйтэн болсон мэт санагдана.

"Би өнөө шөнө унтаж чадахгүй нь" гэж Жон бодлоо.

Гэсэн хэдий ч зүүрмэглэв. Түүнийг сэрэх үед хөшсөн хөл нь атийж лааны урт гол багасчээ.
Сүнс хойд хөл дээрээ зогсоод хаалга маажиж байв. Жон түүний хичнээн өндөр болсныг
хараад алмайрлаа.

- Сүнс юу болсон бэ? гэж аяархан дуудав. Зэрлэг чоно толгойгоо эргүүлэн түүн рүү харснаа
соёогоо ярзайлган чимээгүй архирлаа. "Тэр галзуурсан юм болов уу" гэж Жон гайхширснаа,

- Би байна шүү дээ, Сүнсээ гэж айхгүй байхыг хичээн хэлэв. Тэгтэл бие нь агзасхийн
чичирлээ. Яагаад ийм хүйтэн болчихов?

Сүнс хаалганаас буцаж ирэхдээ модон дээр самардсан гүнзгий мөр үлдээжээ. Жон түүн рүү
түгшин харлаа.
- Гадаа хэн нэгэн байна байгаа юм уу? гэж шивнэлээ. Зэрлэг чоно зооны үсээ сэрвийлгэн
хойш ухрав. "Харуул. Тэд миний хаалганы гадна харуул тавьжээ. Сүнс түүний үнэрийг хаалга
нэвт үнэрлэсэн хэрэг" гэж Жон бодлоо.

Жон удаанаар хөл дээрээ босов. Бие нь дагжтал чичирэхэд илд нь байсан ч болоосой гэж
хүслээ. Гурван түргэн алхам хийгээд хаалганд хүрэв. Тэр бариулаас бариад дотогш татахад
нугас нь чанга чахарсан тул бараг цочин үсрэх шахлаа.

Үүдэн дээр зогсож байсан хүн давчуу шатан дээр эв дүйгүй хэвтэнэ. Дээшээ харж байсан ч
гэдэс нь доош хараад толгой нь эвгүй мурийжээ.

"Ийм зүйл байх боломжгүй. Энэ бол өдөр шөнөгүй хамгаалалттай байдаг захирагч лордын
цамхагт байгаа болохоор ийм зүйл болох ёсгүй. Энэ бол ердөө зүүд. Би хар даран зүүдэлж
байна" гэж Жон өөртөө хэлэв.

Сүнс түүний дэргэдүүр өнгөрөн хаалгаар гараад гишгүүр дээр зогссоноо. Жон руу харав.
Тэгтэл зөөлөн гутал чулуун дээр чахран бариул эргэх чимээ согсогдлоо. Чимээ дээрээс
захирагч лордын өрөөнөөс гарч байлаа.

Хар дарсан зүүд байж болох ч одоо зүүд биш болжээ.

Харуулын илд хуйндаа байв. Жон доош бөхийн илдийг тайлж авахад хүнд төмөр илүү
зоригтой болгов. Тэр гишгүүр даган өсөхөд Сүнс урд нь чимээгүй шогшуулав. Шатны эргэлт
болгон дээр сүүдэр бараантана. Жон дээшээ болгоомжтой өгсөж сэжигтэй булан болгоныг
илднийхээ үзүүрээр чичин явлаа.

Гэнэтхэн Мормонтын хэрээ хашгирах сонсогдов.

- Шиш, шиш, шиш, шиш, шиш, шиш.

Сүнс урагш ухасхийхэд Жон араас нь дагав. Мормонтын өрөөний хаалга цэлийтэл нээгджээ.
Зэрлэг чоно дотогш орлоо. Жон хаалган дээр үлдээд гартаа илдээ барин нүдээ харанхуйд
дасахыг хүлээлээ. Цонхонд хүнд хөшиг татсан учир өрөөнд бэх шиг харанхуй байв.

- Энд хэн байна гэж? Жон дуудав.

Тэгтэл Мормонтын унтлагын өрөө рүү ордог дотор хаалган дээр хар нөмрөгтэй юүдэнтэй
хүний дүрс хөдлөв. Юүдэн дор мөс шиг цэнхэр нүд гэрэлтэж байлаа.

Сүнс үсэрлээ. Хүн, чоно хоёр доош унаж чимээгүй ноцолдоход архирч хашгирах дуу
гарсангүй сандал ширээ мөргөж дээр нь байсан цаасыг тарж унагаалаа. Мормонтын хэрээ
дээгүүр нь далавчаа дэвэн нисэж "Шиш, шиш, шиш, шиш!" гэж хашгирав. Жон мастер Эймон
адил сохор мэт болсноо мэдэрлээ. Тэр нуруугаараа хана налан явж цонхны хөшгийг нээлээ.
Сарны гэрэл өрөөнд цэлсхийн тусахад цагаан үсэнд хар гар шигдэн хөөж хавдсан хуруу
зэрлэг чонын хоолойг боомилж байх нь харагдав. Сүнс мурилзан архирч хөлөө агаарт
тийчилсэн ч чөлөөлөгдөж чадсангүй.
Жонд айж байх цаг байсангүй. Тэр урагш хашгиран ухасхийж урт илдээ бүх биеийн
жингээрээ далайн цавчив. Илд ханцуй нэвтлэн яс арьсанд шигдсэн ч чимээ нь нэг л биш
байлаа. Эвгүйцэм үнэр ханхлан хачирхалтай хүйт даалгахад золтой бөглөрсөнгүй. Тас
цавчуулсан гар шалан дээр унаад сарны гэрэлд хуруугаа арвалзуулав. Сүнс нөгөө гараас нь
мултраад хажуу тийш үсрэн улаан хэлээрээ амаа долоолоо.

Зэвхий цагаан царайтай юүдэнтэй хүн дээш өндийхөд Жон эргэлзэх юмгүй цавчив. Илд
гадны хүний ясанд нэвтлэн орж хамрын талыг цавчин хацран дээр гүн шарх үлдээсэн ч нүд
нь цэнхэр од шиг гялалзаж байлаа. Жон царайг танилаа. Отор гээд арагш ухрав. "Бурхан минь
тэр үхсэн шүү дээ. Би түүний үхсэн байхыг харсан".

Тэгтэл шагайг нь нэг юм маажин шилбэнээс нь хар хуруу зуурлаа. Гар түүний хөлийг даган
ноосон хувцас дээгүүр нь авирахад Жоны бие агзасхийж зэвүүцэн хашгираад хурууг хөлөөсөө
унагахыг хичээн илднийхээ үзүүрээр цохин холдуулав. Алга дээш харан хэвтсэнээ хуруугаа
сарвалзуулан хөдлөв.

Үхдэл түүний зүг ухасхийв. Түүнээс цус гарсангүй. Ганц гартай нүүрнийхээ талыг
цавчуулсан хэр нь юу ч мэдрэхгүй байх шиг санагдана. Жон урт илдээ өмнөө босгон барьж,

- Эндээс зайл! гэж тушаахад хоолой нь хачин нарийхан сонсогдов.

- Шиш, шиш, шиш! гэж хэрээ хашгирав. Урагдсан ханцуйтай тас цавчуулсан гар таван хар
хуруун дээр толгойтой цагаан могой шиг арвалзан мөлхөнө. Сүнс түүнийг ухасхийн зууж
хурууны ясыг шажигнатал хазав. Жон үхдэлийн хүзүү рүү цавчихад хатуу зүйлд тулан бөглүү
пүнхийлээ.

Үхсэн Отор түүнийг газар цохиж унагав.

Жон нуруугаараа ширээ мөргөж унаад амьсгаа нь давхцав. Илд нь хаачсан юм бол? Тэр
хараал идсэн илдээ алдчихлаа. Тэр хашгирахаар ам нээтэл үхдэлийн харласан хуруу аманд
шигдэв. Тэр хахаж цацан гарыг холдуулахыг хичээсэн ч үхдэл дэндүү хүнд байлаа. Мөс шиг
хүйтэн хуруу Жоны хоолойг шахаж амьсгааг нь боов. Үхдэлийн царай ертөнц хаан ойртоход
мөсөнд бүрхэдсэн нүдэнд нь цэнхэр оч туяарч байлаа. Жон хүйтэн биеийг хумсаараа
самардаж хөлөөрөө өшиглөв. Тэр хазаж, цохиж амьсгалахыг оролдов...

Гэнэтхэн үхдэлийн дээрээс дарж байсан жин хөнгөрөн хоолойнд байсан хуруу суларлаа.
Хүчгүй болсон Жон газар өнхрөн чичирэв.

Ахиад л Сүнс оролцжээ. Тэр зэрлэг чонын шүд үхдэлийн гэдсэнд шигдэн урж тасдаж
эхлэхийг харав. Үүнийг хагас ухаантай харж байснаа эцэст нь илдээ саналаа...

Тэгтэл хагас нүцгэн нойрмог лорд Мормонт хаалган дээр гартаа тосон дэнлүү барин гарч
ирэв. Арвалзсан хуруутай гар шалан дээгүүр түүний зүг жирийв.

Жон хашгирахыг оролдсон ч хоолой нь гарсангүй. Хөл дээрээ гуйван тасарсан гарыг өшиглөн
холдуулаад Хөгшин баавгайн гарт байсан дэнлүүг булааж авахад дөл дэрвэлзэн золтой
унтарсангүй.

- Шатаа! Шатаа, шатаа шатаа! гэж хэрээ хашгирав.

Жон эргэн цонхноос хуу татсан хөшгөө хармагц дэнлүүгээ чулуудлаа. Төмөр хангинан шил
хагараад тос асгаран галын дөл дүрэлзэв. Халуун түүний царай луу хэзээ ч байгаагүй таатай
үнсэлт мэт сэвэлзэн үлээхэд,

- Сүнс! гэж хашгирлаа.

Зэрлэг чоно үсрэн холдоод эзэн рүүгээ ойртоход үхдэл гэдсэн дэх шархнаасаа хар могой шиг
зүйл цувуулан өндийв. Жон гараа галын дөл рүү дүрж шатаж байгаа хөшгийг базаад үхсэн хүн
рүү чулуудлаа.

- Үүнийг шатаа. Бурхан минь танаас гуйя түүнийг шатаа гэж үхдэлийн хувцсанд гал
авалцахад гуйлаа.
БРАН

Кастаркынхан хүйтэн салхитай өглөө Кархолдын шилтгээнээсээ гурван зуун морьтон, хоёр
зуу орчим явган цэрэг дагуулан ирлээ. Цуваа ойртоход өглөөний зэвхий нарны гэрэлд
ирийсэн жадны зэв гялсхийв. Тэдний өмнө өөрөөсөө том бөмбөр зүүсэн хүн удаан яаралгүй
хэм нүдэн явж байлаа. Түн. Түн. Түн.

Бран тэднийг хэрмийн гадна талын харуулын цамхаг руу ойртон ирэхийг мастер Лювины
хүрэл хоолойгоор Ходорын мөрөн дээр тавин харжээ. Жагсаалыг Харрион, Эддард, Торрен
нэртэй гурван хүүгээ дагуулсан лорд Рикард тэргүүлж шөнийн тэнгэрт одод түгсэн
овгийнхоо далбааг намируулжээ. Хөгшин Нан тэдэнд хэдэн зууны өмнөх Старкынхны цус
байгаа гэдэг ч Браны нүдэнд Старкийнхантай огт төстэй байсангүй. Өндөр хүчирхэг биетэй,
өтгөн сахал, мөрөө давсан урт үстэй, чонын болон баавгайн арьсан нөмрөгтэй хүмүүс
байлаа.

Тэд хамгийн сүүлд иржээ. Бусад лордууд Винтерфеллд хэдийн хүмүүстэйгээ ирээд
хуарагнасан байв. Бран тэдний дунд явж өвлийн байшингууд хэрхэн хүнээр дүүрч, өглөө бүр
зээлийн талбай дээр хүмүүс шахцалдан, морины туурай тэрэгний дугуйд дагтаршсан
гудамжыг харахыг хүснэ. Гэвч Робб түүний шилтгээнээс гарахыг хориглосон байна.

- Бидэнд чамайг харуулах хүн байхгүй гэж ах нь тайлбарлажээ.

- Надад Зун байна шүү дээ гэж Бран маргав.

- Надтай хүүхэд шиг харьцах хэрэггүй шүү, Бран. Чи үүнийг дээр болохыг мэдэж байгаа.
Саяхан хоёр өдрийн өмнө "Утаатай түлээ" уушийн газар лорд Болтоны хүн лорд Сервиний
хүнийг хутгалсан. Хэрвээ чамд ямар нэг зүйл тохиолдвол ээж миний арьсыг хуулах байх даа
гэж Робб-лордын хоолойгоор хэлсэн ч Бран тийм биш болохыг нь мэдэж байлаа.

Энэ нь Чонын ойд болсон зүйлээс болжээ. Дурсамж түүнийг харж дарж зүүдлэхэд хүргэнэ.
Тэр Риконоос илүүгүй жаахан хүүхэд шиг арчаагүй өөрийгөө ч хамгаалж чадахгүй байсан
билээ. Гэсэн ч... Рикон ядахдаа тэднийг өшиглөж чадна. Энэ тухай бодохоос түүнд ичгүүртэй
санагдана. Тэр Роббоос ердөө хэдхэн насаар дүү бөгөөд хэрвээ ах нь бараг насанд хүрсэн бол
тэр ч гэсэн хүрсэн гэсэн үг. Тэр өөрийгөө хамгаалж чаддаг байх ёстой.

Ердөө жилийн өмнөхөн тэр хана руу авиран цааш гулган буугаад Өвлийн хот руу явж чаддаг
байв. Тэдгээр өдрүүдэд Бран шатаар уруудан гүйж, одой мориндоо өөрөө мордон, модон
илдээр ханхүү Томменг газар унатал цохиж байсан билээ. Гэвч одоо мастер Лювиний
хоолойгоор харахаас ондоо зүйлгүй болж. Мастер түүнд бүх туг далбааг тайлбарлаж
Гловерийн улаан дэвсгэр дээрх зангидсан бээлийтэй мөнгөн нударга, хатагтай Мормонтын
хар баавгай, Дредфортын Рус Болтоны аймшигтай арьсаа өвчүүлсэн хүн, Хорнвудын бух
хандгай, Сервиний байлдааны сүх, Толхартын гурван харуул модод болон Амберийн гэр
бүлийн аварга биет гинжээ тасчин орилж буй жихүүцэм сүлд зэргийг зааж өгчээ.

Удалгүй Винтерфеллийн найранд тэдгээр лордууд хөвгүүд, хүлэг баатар, зарц нартайгаа
оролцоход царайг нь тогтоож эхлэв. Их танхимд хүртэл бүгдийг нэгэн зэрэг багтаах суудал
хүрэлцэхгүй байсан болохоор Робб тугчидаа ээлжлэн зочилж байлаа. Бран үргэлж ахынхаа
баруун талын хүндэтгэлийн суудлыг эзлэнэ. Зарим тугчин лордууд тэдний дээр эрэмдэгийн
зэрэгцээ ногооноороо хүү заларч байгаад гайхсан мэт хардаг байв.

- Одоо хэдүүлээ болсон бэ? гэж Бран лорд Карстарк хөвгүүдийнхээ хамт хэрмийн хаалгаар
орж ирэхэд мастер Лювинээс асуулаа.

- Ойролцоогоор арван хоёр мянган хүн.

- Дунд нь хичнээн хүлэг баатар байгаа бол?

- Тийм ч их биш гээд мастер тэвчээргүйхэн,

- Хүлэг баатар болохын тулд сэрүүн сүмд долоон тосоор тослуулан андгай өргөх ёстой.
Умардад хэдхэн том гэр бүл Долоог шүтдэг. Бусад нь хуучин бурхдыг шүтдэг болохоор хүлэг
баатар болдоггүй... гэсэн ч тэдгээр лордууд болон хөвгүүд нь эр зориг, үнэнч зүтгэл, нэр
төрөөрөө ямар нэг хүнээс дутна гэсэн үг биш. Хүнийг "сэр" гэж дууддаг нэрээр нь ялгаж
болохгүй гэж би чамд хичнээн удаа хэлэх болж байна гэв.

- Гэсэн ч хэдэн хүлэг баатар байгаа вэ?

Мастер Лювин санаа алдлаа.

- Гурван зуу юм уу дөрвөн зуугаад... түүнээс гадна хүлэг баатар болоогүй гурван мянган
ширхэг хүнд зэвсэглэсэн морьтон байгаа.

- Лорд Карстарк хамгийн сүүлд ирсэн болохоор Робб түүнд зориулан өнөө орой найр хийх
байх даа гэж Бран бодлогоширонгуй хэлэв.

- Гарцаагүй тэгнэ.

- Тэднийг явах хүртэл... хэр удах бол?

- Робб түргэн хөдлөхгүй бол болохгүй. Өвлийн хот хүнээр дүүрсэн болохоор энд удах тусам
арми нь хамаг хоол хүнс цөлмөөд дуусна. Өөр бусад хүмүүс болох хиргисийн хүлэг баатрууд,
намгийн хүмүүс болон лорд Мандерли, Флинт нар түүнтэй Хааны зам дээр нэгдэх гээд
хүлээж байгаа. Тулаан голын хөндийд эхэлсэн болохоор ах чинь маш олон бээр газар явах
ёстой.

- Би мэднэ гэж Бран цөхөрсөн хоолойгоор хэлэв. Тэр хүрэл хоолойг мастерт буцааж өгөхдөө
Лювины зулай дээрх үс шингэрэн ягаан хуйх цухуйсныг харлаа. Энэ нь бүхий л амьдралынхаа
турш түүнийг дээрээс нь биш доороос нь харж байсан болохоор хачирхалтай мэдрэмж
төрүүлэв. Гэсэн ч Ходорын нуруун дээр сууж байгаа цагт бүгдийг дээрээс харах билээ.

- Би ахиж ямар ч зүйл харахыг хүсэхгүй байна. Ходор намайг шилтгээн рүү буцаагаад аваач.

- Ходор гэж Ходор хэлэв.


Мастер Лювин хоолойгоо ханцуйдаа шургуулав.

- Бран ахад чинь одоо чамд санаа тавьж байх цаг байхгүй. Тэр лорд Кастаркыг хөвгүүдтэй нь
угтаж мэндчилэх ёстой.

- Би Роббод төвөг удах гээгүй байна. Би бурхдын мод руу явахыг хүсч байна гээд Бран гараа
Ходорын хүзүүн дээр тавихад,

- Ходор гэв.

Боржин ханатай цамхагын дотор талд гараар цүүцдэн шат гаргажээ. Ходор чимээгүй
гүнгэнгээ гараа савчин уруудахад Бран түүний нуруун дахь мастер Лювины түүнд зориулан
хийж өгсөн сагсанд ойн явлаа. Лювин эмэгтэйчүүдийн нуруундаа үүрэн түлээ зөөдөг
сагснаас санаа аван хөл унжих нүх гаргаж цоолоод Браны жинг хангалттай даахуйц олсоор
бэхэлжээ. Сагсанд байх нь Бүжигчний нуруун дээр суухтай адил таатай биш ч морь нь энд
явж чадахгүй болохоор Бран Ходорт нялх хүүхэд шиг тэврүүлээд явахаас ичжээ. Ходорт ч
гэсэн энэ нь таалагдсан бололтой гэвч түүнд юу таалагддагыг хэлэхэд бэрх байв. Ихэнхидээ
хаалгаар гарах үед хүндрэл тохиолдоно. Заримдаа Ходор нуруунд нь Бран байгааг мартаад
хаалганы тотго өвдтөл хаалга мөргүүлэх нь бий.

Бараг хоёр долоо хоногийн турш шилтгээнд маш олон хүн ирж очиж байсан болохоор Робб
хаалганы хоёр сараалжыг өргөн шөнө дөл болсон байсан ч гүүр өргөхгүй байхыг тушаажээ.
Браныг цамхагаас гарч ирэхэд шуудуун дээгүүр урт цуваа гарч ирэн Карстаркийн хүмүүс
лордуудтайгаа шилтгээнд орж ирлээ. Тэд хар төмөр хагас дуулга, ододоор чимэглэсэн хар
ноосон нөмрөг нөмөрчээ. Ходор дэргэдүүр нь модон гүүрийг гутлаараа түчигнүүлэн юунд ч
юм инээмсэглэн өнгөрөв. Морьтонгууд тэднийг өнгөрөхийг хачирхан харж зарим нь инээсэн
ч Бран тоосонгүй.

- Хүмүүс чамайг харах болно. Тэд чамайг харж хоорондоо ярилцан зарим нь шоолох болно
гэж Мастер Лювин түүнийг өргөн Ходорын мөрөн дэх сүлжмэл сагсанд суулгахдаа
анхааруулсан билээ.

"Шоолж л байг" гэж Бран бодлоо. Түүнийг унтлагын өрөөнд байхад нь хэн ч шоолж чадахгүй
ч бүх амьдралынхаа туршид өрөөндөө байгаад байж болохгүй биз дээ.

Тэд хаалганы сараалж доогуур өнгөрөхөд Бран амандаа хоёр хуруугаа хийн шүгэлдэв. Зун
хашаанд үсрэн гарч ирлээ. Гэнэтхэн Карстаркынханы жадны үзүүр чангарч морьд нүдээ
эргэлдэлүүлэн янцгаан хуухирав. Нэг азарга дэлээ босгон цоройход морьтон хараал урсган
жолооноосоо зуурлаа. Зэрлэг чонын дасал болоогүй үнэр морьдыг хэмжээлшгүй айлгасан ч
Зуныг өнгөрсөн хойно чимээгүй боллоо.

- Бурхдын мод руу гэж Бран Ходорт сануулав.

Винтерфелл дүүрэн хүнтэй байлаа. Хашаанд илд сүхний дуу хангинан, хөсөг тэрэг
түжигнэж, ноход хуцна. Зэвсгийн дархны үүд нээлттэй Миккений алхаа дөшин дээр
тасралтгүй буулгахад нүцгэн цээжийг нь даган хөлс урсана. Бран хаан Робертийг аав дээр нь
зочлоход хүртэл ийм их хүн харж байсангүй.

Тэр Ходор намхан хаалга доогуур гарахад дальдирахгүйг хичээв. Дараа нь тэд утаатай урт
хонгилоор явахад Зун дэргэд нь шогшуулна. Чоно үе үе дээш харахад нүд нь хайлсан алт шиг
гялалзаж Бран түүнийг илэхийг хүссэн ч хүрэхэд дэндүү хол байлаа.

Бурхдын мод Винтерфеллд болж байгаа үймээн шуугианаас хол тэнгисийн дундах амгалан
арал болон хувирчээ. Ходор шигүү ургасан царс, төмөр мод, харуул модод дундуур явсаар
цөөрмийн дэргэдэх зүрх мод руу ирлээ. Тэр далан модны тахиралдсан мөчрийн дор зогсож
амандаа юм гүнгэнэв. Бран мэдээгүй болсон хөлөө сүлжмэл сагсны цоорхойгоос гаргахаар
хоёр гараараа тулан өндийв. Түүнийг хэсэг зуур зүүгдэж байтал бараан улаан өнгийн навчис
нүүрийг нь шүргэн Ходор усны дэргэдэх толигор чулуун дээр буулгалаа.

- Би түр зуур ганцаараа баймаар байна. Харин чи норж болно. Цөөрөм рүүгээ яв.

- Ходор гээд Ходор модон дундуур орж алга боллоо. Бурхдын модны цаана зочдын
байшингийн цонхон дор газар дорх халуун усыг тэтгэж байдаг гурван бяцхан цөөрөм байв.
Уснаас өдөр шөнөгүй дэгдэх уур дэгдэх учир байшингийн хананд өтгөн саглагар хөвд
ургажээ. Ходор хүйтэн усыг үзэн ядахын зэрэгцээ савангаар угаах гэхэд зэрлэг муур шиг
ноцолдон эсэргүүцдэг ч халуун цөөрөмд хэдэн цагийн турш шумбан гүнзгий ногоорсон
гүнээс нь усны гадаргуу дээр хөөс бургилан гарахад дуртай ажээ.

Зун усны дэргэдүүр яван Браны хажууд суулаа. Тэр чонынхоо эрүүний доод талыг маажин
хэсэг зуур хоёул амгалан суулаа. Бранд үргэлж бурхдын мод таалагддаг байсан бөгөөд
сүүлийн үед улам ирэх дуртай болоод байв. Зүрх мод урьдынх шигээ түүнийг айлгахаа
больсон байна. Цайвар холтсон дээр сийлж гаргасан гүн улаан нүд түүнийг дагуулан харсаар
байсан ч яагаад ч юм тухтай санагдахад бурхад түүнийг харж байгаа гэж өөртөө хэлэв.
Хуучин бурхад, анхны хүн болоод Старкийн бурхад ойн хүүхдүүд, эцгийнх нь бурхад. Тэр
тэдний хараан дор аюулгүй болохоо мэдэрч нам гүм ой бодлогошироход тусалдаг байв. Бран
унасан тухайгаа олон удаа бодлогоширсон бөгөөд бурхадтай ярилцахыг мөрөөднө.

- Гуйж байна Роббыг битгий явуулаач. Түүнийг үлдээгээч. Эсвэл тэр явбал гэрт нь ээж, аавыг
охидын хамт аюулгүй авчираач. Бас... Риконд энэ бүхнийг ойлгоход туслаач гэж Бран аяархан
залбираад гараа хүйтэн усанд дүрэхэд долгиолон цагариг үүсэв.

Роббыг дайнд явах гэж байгааг мэдэнгүүтээ бяцхан дүү нь өвлийн шуурга шиг догширч уйлан
уур хилэндээ автжээ. Тэр хоол унд идэхээс татгалзан шөнөжингөө хашгирч уйлан хөгшин
Наныг тайвшируулахаар бүүвэйн дуу аялж өгөхөд түлхээд маргааш өглөө нь алга болжээ.
Робб хагас өдрийн турш шилтгээнээр эрж байж эцэст нь газар дорх бунханд байхад нь олжээ.
Рикон тэднийг үхсэн хаадын нэгнээс авсан зэвтэй илдээр саван цавчихад, Сэгсгэр нохой
харанхуйд ногоон нүдтэй чөтгөр шиг дүүлэн гарч ирлээ. Чоно бараг л Рикон шиг галзуурсан
байлаа. Тэр Гэйжийн гарыг хазаж, Миккений гуяны махыг өмлөн хазсан бөгөөд Робб өөрийн
биеэр Хөнгөн салхитайгаа оролцож байж номхотгожээ. Фарлен хар чоныг нохойн байранд
гинжилсэн болохоор Рикон одоо түүнгүй улам их уйлж байлаа.

Мастер Лювин Роббыг Винтерфеллд үлдэхийг зөвлөн, Бран ч гэсэн өөрийн болоод
дүүгийнхээ тусын тулд явахгүй байхыг гуйсан ч ах нь зөрүүдлэн толгой сэгсэрлээ.

- Би явахыг хүсэхгүй байгаа ч явах ёстой гэдгийг минь ойлго.

Үүний хагас нь худал байлаа. Хэн нэгэн Хүзүүг барин Таллигийнхныг Ланнистерийнхны
эсрэг тулалдахад туслах ёстой гэдгийг Бран ойлгож байвч байж яагаад Робб үүнийг хийх
ёстой гэдгийг ойлгосонгүй. Түүний ах Хал Моллен, Теон Грейжой юм уу тугчдынхаа нэгд
тушаал өгч болно шүү дээ. Мастер Лювин түүнийг ингэж хийхийг шаардсан ч Робб сонсохыг
ч хүссэнгүй.

- Миний лорд эцэг хэзээ ч хүмүүсээ илгээгээд Винтерфеллийн хананы цаана хулчгар амьтан
шиг нуугдан суухгүй байсан гэж Робб-лордын хоолойгоор хэлжээ.

Том ах нь заримдаа Бранд үл таних хүн болон хувирсан мэт санагдах бөгөөд жинхэнэ лорд
хэдий ч арван зургаан нас хүрээгүй байлаа. Эцгийнх нь тугчид хүртэл үүнийг ухаарч байв.
Тэдний олонхи нь Роббыг өөрсдийнхөө аргаар шалгажээ. Рус Болтон, Робетт Гловер хоёр
тулаан захирах эрхийг эхлээд бүдүүлэг ширүүнээр дараа нь инээмсэглэн зангаж шаардав.
Биерхүү том биетэй эр хүн шиг хувцасласан буурал үстэй Мэйж Мормонт Роббыг ач хүүгээс
нь илүү жаахан болохоор тушаал өгөх эрхгүй гэсэн ч... дараа нь ач охин болж хувираад
түүнийгээ Роббтой гэрлүүлэхийг хүсчээ. Зөөлөн дуутай лорд Сервин махлаг гирэвшүү зантай
арван гурван настай охиноо цуг авчирсан нь эцгийнхээ зүүн гар талд суугаад харцаа
тавагнаас нэг ч өргөсөнгүй. Хөгжилтэй лорд Хорнвудад охин байхгүй ч бэлэгтэй ирж
өнөөдөр морь, маргааш нь бугын мах, түүний маргааш мөнгөн тойгтой ангийн бүрээ өгөхдөө
оронд нь юу ч хүсэлгүй зөвхөн... өвөг эцэгт нь байсан эрхийн дагуу Цагаан хутганы даланг
орхин хойд зүгт агнах эрх олгохыг хүсчээ.

Робб тэд бүгдэд эцэг шигээ эелдэг хүйтнээр хандаж өөрийнхөөрөө бөхийлгөж чадаж байлаа.

Тэгтэл Том Жон гэж дууддаг Ходороос том хоёр дахин бүдүүн лорд Амбер Хорнвуд юм уу
Сервиний дараа авч үзвэл цэргүүдээ гэрт нь тараана гэж сүрдүүлэхэд Робб баяртайгаар
ингэхийг нь харах болно гэж хэлжээ.

- Бид Ланнистерийнхныг дуусгаад хойд зүг рүү явж шилтгээнийг чинь эзлэн таныг амлалтаа
эвдэгч хэмээн дүүжлэх болно гээд Хөнгөн салхины чихний арыг маажив.

Том Жон хараал урсган домботой шар айраг гал руу чулуудаад Роббыг ногооноороо хүүхэд
болохоор зүлгэн дээр шээлгээд өгье гэхэд Халлис Моллен түүнийг зүг урагш алхсан ч ганцхан
цохиж шалан дээр унагаад ширээ өшиглөн Браны урьд өмнө үзээгүй хамгийн том үзэмжгүй
илдээ сугалжээ. Тэгтэл сандал дээр сууж байсан хөвгүүд ах дүүс нь үсрэн босч илдээ гартаа
барьцгаав.

Гэсэн ч Робб намуухан үг хэлэхэд архирах чимээ гаран нүд ирмэх зуур лорд Амбер газар
нуруугаараа унахад илд нь гурван футын зайд хол үсэрч бариулаас барьж байсан гарынх нь
хоёр хурууг Хөнгөн салхи тас хазжээ.

- Миний лорд эцэг үргэлж эзнийхээ урдаас илд өргөсөн хүнийг үхэл хүлээх тавилантай гэж
хэлдэг байсан ч та эргэлзээгүй надад мах огтолж өгөх гэж байсан биз дээ хэмээн Робб хэлэв.

Том Жон мухар хурууныхаа цусыг долоон босч ирэхэд Браны дотор палхийсэн ч гайхалтай нь
том хүн хөхөрлөө.

- Чиний мах хараал идсэн бөх юм байна гэж хөхрөв.

Ингээд энэ мөчөөс эхлэн Том Жон Роббын баруун гарын найдвартай туслагч болсон бөгөөд
бүгдэд чангаар хөвгүүн лорд эцсийн эцэст Старк болохоор тэд хараал идсэн өвдгөө тас
хазуулах гээгүй юм бол сөгдсөн нь дээр гэж хэлжээ.

Тэр үдэш Их танхимын гал унтарсны дараа ах нь Браны унтлагын өрөө лүү зэвхий царайлан
чичирсээр орж ирэв.

- Би түүнийг намайг алах байх гэж бодсон. Чи түүнийг Халыг Рикон шиг жаахан хүүхэд аятай
чулуудаж хаяхыг харсан уу? Бурхан минь би хичнээн их айсан гээч. Тэгээд ч Том Жон тэдний
хамгийн муу ч биш зөвхөн чанга дуутай нь. Лорд Рус үг хэлээгүй ч над руу ганц харахад л
өрөө маань Болтоны дайсныхаа арьсыг өвчдөг Дредфорт болон хувирах шиг санагдсан шүү.

- Гэхдээ энэ чинь хөгшин Нанын үлгэр биз дээ. Тийм биш үү? гэж Бран хэлсэн ч эргэлзсэн
өнгө хоолойд нь сонсогдлоо.

- Мэдэхгүй гээд Робб толгойгоо ядрангуй сэгсэрч,

- Лорд Сервин охиноо өмнө зүг рүү бидэнтэй хамт авч явах юм байна. Түүний хоолыг бэлтгэх
юм байх. Теон намайг энэ охиныг орондоо оруулж чадна гэж бодож байгаа юм. Эцэг минь...
бидэнтэй хамт байсан ч болоосой гэж ямар их хүсч байна гээч...

Үүнийг бүгд зөвшөөрч байсан бөгөөд Бран ч тэр, Рикон, Робб-лорд ч гэсэн бүгд эцгийгээ
ирэхийг хүсч байв. Гэвч лорд Эддард эндээс мянган милийн алсад гянданд хоригдон амиа
аврахын тулд олзноос зугатаж эсвэл үхсэн болохыг мэдсэнгүй. Хэн ч үүнийг тодорхой
мэдсэнгүй бөгөөд замаар ирсэн хүмүүс нэг нь нөгөөгөөсөө илүү улам аймшигтай түүхүүд
ярьж байлаа. Эцгийнх нь харуулуудын толгой Улаан шилтгээний ханан дээр хадаасанд
зоогдон ялзарч, хаан Роберт эцгийнх нь гарт үрэгдэн, Баратеоныхан Хааны газрыг эзэлжээ.
Лорд Эддард өмнө зүг рүү хааны дүү Рэнлигээс зугтсан байна. Аръяа, Санса хоёр Хоточид
алагджээ. Ээж нь Тирионыг алж Бяцхан чөтгөрийн биеийг Риверраны хананаас дүүжилсэн
байна. Лорд Тайвин Ланнистер Эйри рүү явсан газар бүрдээ алж хядан шатааж хөдөлжээ.
Нэг согтуу аянчин бүр Рэйгэр Таргарин үхэгсдийн ертөнцөөс эргэж ирэн Лууны цохион дахь
эцгийнхээ хаан суудлыг эзлэхээр эртний дайчдаа цуглуулан хөдөлсөн гэж ярьжээ.

Харин дараахан эцгийнх нь тамгыг дарж Сансагын гараар бичигдсэн захиа хэрээгээр ирэхэд
хэрцгий үнэнд хязгаар байсангүй. Бран хэзээ ч дүүгийнхээ бичсэн захиаг хараад Роббын
царай ямар болсныг мартаж чадахгүй билээ.

- Тэр аавыг хааны дүүтэй хуйвалдан урван тэрсэлсэн гэж хэлжээ. Хаан Роберт үхэж харин
ээж бид хоёрыг Улаан шилтгээнд Жоффрейд үнэнчээ илэрхийл гэж дуудсан байна. Тэр
биднийг үнэнчээ илэрхийлвэл Жоффрейтэй гэрлэн эцгийнхээ амийг өршөөхийг гуйх юм
байна гээд гартаа Сансагын захиаг базаж,

- Харин Аръяагын тухай ямар ч үг хэлсэнгүй. Юу ч шүү. Түүнийг хараал идээсэй. Тэр охинд
юу тохиолдоо вэ? гэлээ.

Браны дотор хүйт даав.

- Тэр чоноо алдсан гэж хэлээд эцгийнх нь харуулын дөрвөн хүн өмнө зүгээс Хатагтайн ясыг
авчирсныг саналаа.

Зун, Хөнгөн салхи, Сэгсгэр нохой тэднийг гүүр давахаас өмнө ульж эхлэхэд хоолой нь
гашуудал дүүрэн байлаа. Эхэн харуулын цамхагын сүүдэрт өвлийн хаадын үнэнч зарц нарыг
оршуулдаг цайвар хаганд идсэн булшны хөшөөтэй эртний оршуулгын газар байлаа. Тэд энд
Хатагтайг оршуулахад ах дүү нар нь булшин дундуур гашуудан гүйлдэв. Тэр өмнө зүг рүү
одоод зөвхөн яс нь буцаж иржээ.

Энэ нь тэдний өвөг эцэг хөгшин лорд Рикард, эцгийнх нь ах Брандонтой хоёр зуун шилдэг
цэргийнхээ хамт явахад тохиолджээ. Тэдний хэн ч эргэж ирсэнгүй. Тэгтэл эцэг нь өмнө зүг
рүү Аръяа, Санса, Жори, Халлен, Бүдүүн Том болоод бусад хүмүүсийн хамт явж араас нь ээж
нь сэр Родриктэй хамт мордсон ч тэдний хэн ч эргэж ирсэнгүй. Харин одоо Робб явах гэж
байна. Хааны газар шинэ хаанд үнэнчээ илэрхийлэхээр биш гартаа илд агсан Риверран руу
явна. Хэрвээ тэдний лорд эцэг үнэхээр хоригдсон бол эргэлзээгүй үхэл заналхийлж байгаа нь
гарцаагүй. Энэ тухай бодол Браныг юунаас илүү айлгана.

- Хэрвээ Робб явбал түүнийг харж байгаач. Түүний хүмүүс Хал, Квэнт болон лорд Амбер,
хатагтай Мормонт болон бусад лордуудыг нь харж байгаач. Теоныг ч гэсэн. Тэднийг аюулгүй
байлгахыг харж байгаач бурхан минь танаас гуйя. Ланнистерийнхныг ялж эцгийг минь гэрт
нь эргүүлэн авчирахад туслаач гэж улаан нүдээрээ ширтэж буй хөгшин зүрх модноос гуйлаа.

Бурхдын модонд хөнгөн салхи сэвэлзэхэд улаан навчис шивнэх лугаа адил сэрчигнэв. Зун
шүдээ ярзайлгалаа.

- Чи тэднийг сонсов уу, хүү минь? гэж хоолой асуулаа.

Бран толгойгоо өргөв. Оша цөөрмийн эсрэг талд хөгшин царсны дор зогсоод царай нь навчны
сүүдэрт далдлагджээ. Дөнгөтэй ч гэсэн зэрлэг эмэгтэй муур шиг чимээгүй явдаг байв. Зун
цөөрөм тойрон гүйж шиншлэхэд өндөр эмэгтэй дальдчин зарсхийлээ.

- Зун над дээр гэж Бран дуудав. Зэрлэг чоно сүүлчийн удаа үнэрлээд эргэж харайлаа. Бран
түүнийг тэврэв.

- Чи энд юу хийж байгаа юм бэ?

Тэр Ошаг Чонын ойд олзлогдочоор барьснаас хойш хараагүй бөгөөд гал зууханд ажиллаж
байгааг нь мэдэж байв.
- Тэд миний ч гэсэн бурхад. Хананаас цаана өөр бурхан байдаггүй юм гээд Ошагын хүрэн үс
сэгсийжээ. Тэр хүрэн даавуугаар хийсэн энгийн бүдүүлэг бараг хийцтэй даашинз өмссөн нь
ширэн хуягтай байснаас илүү эмэгтэйлэг харагдуулж байлаа.

- Гейж намайг үе үе мөргөх хэрэгтэй болоход явуулдаг юм. Харин би түүнд банзлын доогуур
дуртай зүйлээ хийхэд нь зөвшөөрдөг. Надад хамаа алга түүний гарнаас үнэртдэг гурилын
үнэр таалагддаг. Бас тэр Стивээс илүү эелдэг гээд эв хавгүйхэн бөхийн ёсолж,

- За чамайг орхилоо. Би сав суулга угаах ёстой гэв.

- Үгүй үлд. Надад бурхдаас юу сонссоноо хэлээч гэж Бран тушаав.

Оша түүнийг цэгнэн ажиглав.

- Чи тэднээс гуйсан болохоор хариулсан. Чихээ нээвэл өөрөө сонсох болно гэхэд Бран хэсэг
зуур чимээ чагнаснаа,

- Энэ чинь зөвхөн салхи байна шүү дээ. Навч сэрчигнэж байна гэж итгэлгүйхэн хэлэв.

- Харин чинийхээр бол салхийг бурхнаас өөр хэн илгээсэн байж таарах вэ? гээд Оша
цөөрмийн дэргэд аяархан жингэнүүлэн суув. Миккен түүний шагайнд хүнд гинжтэй төмөр
дөнгө зүүсэн нь явахад саад болохгүй ч хөлөө өргөх юм уу, гүйх, авирах болон моринд
мордож чадахгүй байлаа.

- Тэд чамайг харсан, хүү минь. Тэд чиний яриаг сонссон. Тэгээд энэ сэрчигнээнээр хариулж
байгаа юм.

- Тэд юу хэлж байна?

- Тэдэнд гунигтай байна. Тэд хэлэхдээ лорд ахын чинь явж байгаа газар тусалж чадахгүй гэж
байна. Хуучин бурхдын чадал өмнөдөд хүрэхгүй. Тэнд бүх далан модыг мянган жилийн
тэртээ цавчиж хаясан. Харин тэд яаж ахыг чинь нүдгүй байж харах билээ?

Бран энэ тухай бодсонгүй. Гэнэтхэн айдас нь хүрэв. Бурхад хүртэл ахад нь тусалж чадахгүй
байхад ямар найдлага байх билээ? Магадгүй Оша тэднийг буруу сонссон байх. Тэр толгойгоо
гилжийлгэн ахин сонсохыг хичээхэд гунигтай ч юм шиг сонсогдлоо.

Шаржигнах чимээ гарлаа. Бран хөлийн бөглүү чимээ аяархан гүнгэнэх дуу сонсоод эргэж
харвал Ходор модны цаанаас нүцгэн инээмсэглэн гарч ирээд,

- Ходор! гэв.

- Тэр бидний хоолойг сонссон бололтой. Ходор чи хувцсаа өмсөхөө мартчихаж гэж Бран
хэлэв.

- Ходор гэж Ходор зөвшөөрөв. Бие нь хүзүүнээс доош норж хүйтэн агаарт уур савсуулна.
Түүний бие өтгөн ширүүн үсэнд бүрхэгджээ. Хоёр хөлийнх нь хооронд урт юм нь
санжигнана.

Оша түүнийг харж гашуунаар инээмсэглэв.

- Ямар том хүн бэ. Хэрвээ тэр аварга биетийн цустай биш бол би хатан хаан болог.

- Мастер Лювин аварга биетүүд ойн хүүхдүүд шиг үхсэн болохоор байхгүй гэж хэлсэн.
Тэднээс үлдсэн том ясыг заримдаа хүмүүс ухаж гаргадаг гэсэн.

- Чиний мастер Лювин чинь Хананаас цааш яваад үзэг л дээ. Тэгвэл аварга биетийг олох юм
уу тэд түүнийг олох болно. Миний ах нэгийг нь алж байсан. Хараахан насанд хүрээгүй
болохоор арван фут өндөр байсан юм. Насанд хүрсэн үедээ арван хоёр юм уу арван гурван
фут орчим өндөр болдог. Ууртай хэрцгий бүх бие нь үстэй эхнэрүүд нь эрчүүд шигээ
сахалтай болохоор ялгаж хэлэхэд амаргүй. Эмэгтэйчүүд нь жирийн хүнд дурлаж цус
холилдсон хүүхэд гаргадаг юм. Харин аварга биет эмэгтэй хүн барьвал бүр ч муу зүйл болно.
Бие нь дэндүү том болохоор хүүхэдтэй болгохоосоо өмнө цуулж хаяж ч магадгүй гээд
инээмсэглэж,

- Чи миний юуны тухай ярьж байгааг ойлгож байна уу, хүү минь гэлээ.

- Тиймээ би мэднэ.

Бран хашаанд ноход эвцэлдэх, азарга гүүн дээр мордож байхыг харж байсан болохоор учрыг
нь ойлгож байв. Гэсэн ч энэ тухай ярих амаргүй байлаа. Тэр Ходор луу харлаа.

- Явж хувцсаа өмс, Ходор. Яв хувцаслаад ир.

- Ходор гээд тэр ирсэн зүг рүүгээ явж модны унжсан мөчир доогуур шурган алга болов.

"Тэр үнэхээр том юм" гэж Бран түүнийг явахыг дагуулан харах зуураа бодов.

- Хананаас цаана үнэхээр аварга биетүүд байдаг хэрэг үү?

- Зөвхөн аварга биет төдийгүй түүнээс ч аймшигтай зүйлс байдаг юм, бяцхан лорд минь. Би
энэ тухай ахад чинь болон, танай мастер, инээмтгий Грейжой асуулт асуухад тайлбарлахыг
оролдсон. Хүйтэн салхи дэгдэхэд галаасаа холдсон хүмүүс эргэж ирдэггүй юм... эсвэл эргэж
ирсэн ч хүн биш цэнхэр нүд хүйтэн хар гартай үхдэл болсон байдаг. Чи намайг яагаад өмнө
зүг рүү Стив, Хали болон бусад тэнэгүүдтэй зугтаж байсан гэж бодож байна? Манс зоригтой
зөрүүд хүн болохоор тэдэнтэй тэмцэж чадна гэж бодож юм. Гэвч цагаан явагчид
эргүүлүүдтэй адил биш гэдгийг тэр мэднэ гэж үү? Тэр өөрийгөө Ханын цаадах хаан гэж
өргөмжилж байгаа ч үнэнийг хэлэхэд Сүүдэрт цамхагаас доош нисэн буусан хөгшин хар
хэрээ хэвээр шүү дээ. Тэр хэзээ ч жинхэнэ өвлийг туулж байгаагүй. Харин би ээж, эмээ,
элэнц эмгийнхээ адил Чөлөөт хүмүүст төрсөн. Бид санаж байна гээд Оша гинжээ
хангинуулан бослоо.

- Би энэ тухай ахад чинь хэлэхийг оролдсон. Өчигдөр хашаанд явахыг нь хараад "эрхэм лорд
Старк" гэж хүндэтгэлтэй дуудахад тэр дээгүүр минь үл тоомсорлон харж мулгуу Том Жон
Амбер намайг замаас нь түлхэн зайлуулсан. Тийм л байх ёстой. Би дөнгө зүүсэн болохоор
амаа хамхих ёстой. Сонсохыг хүсэхгүй байгаа хүнд юу хэлж болно гэж?

- Тэгвэл надад хэл. Робб намайг сонсоно гэдгийг сайн мэдэж байна.

- Тэр одоо сонсоно гэж үү? Тэгвэл харцгаая. Чи түүнд ингэж хэл. Чи түүнийг буруу зүг рүүгээ
явж байна гэж. Умард бол түүний илдээ байлгах газар. Умард болохоос өмнөд биш. Чи
намайг сонсов уу?

Бран толгой дохилоо.

- Би түүнд хэлье.

Гэвч тэр шөнө Их танхимд найрлах үед Робб тэдэнтэй байсангүй. Тэр оройн хоолоо лорд
Рикард, Гритжон болон өөр бусад тугчин лордуудын хамт өрөөндөө зооглон удаан аяны
эцсийн төлөвлөгөөгөө хэлэлцэв. Энэ нь Браныг лорд Кастаркын хөвгүүд болоод анд
нөхдийнх нь өмнө ширээний тэргүүнд ахынхаа суудлыг эзлэхэд хүргэжээ. Тэднийг хэдийн
суусан хойно Ходор Браныг танхимд нуруундаа үүрэн аваачаад өндөр суудлын өмнө өвдөглөв.
Хоёр зарц түүнийг сагснаас гарахад туслахад танхимд байсан үл таних хүмүүс бүгд цоо
ширтэх нь мэдрэгдлээ. Нам гүм болов.

- Эрхэм лордуудаа. Винтерфеллийн Брандон Старк гэж Халлис Моллен зарлав.

- Би та нарыг гал голомтдоо хүлээн авч анд нөхөд болсонд талархан мах балаараа зочилж
байна гэж Бран хүчилсэн хоолойгоор хэлэв.

Лорд Рикардын ахмад хөвгүүн Харрисон Карстарк мэхийн ёслоход араас нь дүү нар нь араас
нь бөхийж байраа эзлэхэд хамгийн бага хоёр нь дарс уух зуураа аяархан шивнэлдэх сонсогдов.

- ...хэрвээ би байсан бол ингэж амьд явснаас үхсэн нь дээр байсан юм гэж эцэгтэй нь
адилхан Эддард нэртэй хүү хэлэхэд түүний ах Торрен хүүгийн дотор тал гаднах шигээ
хугарсан болохоор амьдралаас хагацах зориг байхгүй хулчгар гэжээ.

"Хугарсан" гэж Бран гашуунаар бодоод хутгаа чанга атгалаа. Тэр одоо хэн болсон хэрэг вэ?
Хугарсан Бран болсон уу?

- Би хугарсан байхыг хүсэхгүй байна. Би хүлэг баатар болохыг хүсч байна гэж баруун талдаа
сууж байсан мастер Лювинд ууртай хэлэв.

- Зарим хүмүүс миний үүргийг ухааны хүлэг баатар гэдэг юм шүү. Бран чи авъяаслаг
ухаантай хүү болохоор суралцаж чадна. Урьд нь чиний толгойд мастерын гинж зүүх бодол
орж ирж байсан уу? Үүнд сурах зүйлд хязгаар байхгүй.

- Би ид шид сурахыг хүсч байна. Хэрээ намайг нисч сургана гэж амалсан гэхэд мастер Лювин
санаа алдлаа.

- Би чамд түүх, эмчилгээ, ургамал судлал зааж чадна. Бас хэрээтэй ярих, цайз шилтгээн
босгох, ододоор баримжаалан усан онгоц хэрхэн жолоодохыг зааж чадна. Би чамд өдөр
шөнийг хэмжиж улирлыг тэмдэглэхэд сургаж, Хуучин хотын Цайзад очвол үүнээс мянга
дахин илүү зүйлд суралцаж чадна. Гэвч Бран хэн ч чамд ид шид зааж чадахгүй.

- Хүүхдүүд чадна. Ойн хүүхдүүд гээд Бран үүнээс санаа аван бурхдын модонд Ошад амалсан
зүйлээ Лювинд хэлэв.

Мастер яриаг нь дуустал эелдэгээр сонсов.

- Зэрлэгүүдийн эмэгтэй хөгшин Нанын үлгэрээс суралцвал таарна. Хэрвээ чи хүсч байвал би
түүнтэй ярилцъя. Чи ахынхаа өмнө тэнэг байдалд орох гээгүй биз дээ. Түүнд аварга биет
болон модон дундах үхэгсэдгүй хийх ажил хангалттай байгаа. Тэгээд ч Ланнистерийнхан
эцгийг чинь барьсан болохоос биш ойн хүүхдүүд биш гээд Браны гарыг зөөлөн атгаж,

- Миний үгийн талаар сайн бодож үзээрэй, хүүхэд минь гэв.

Үүнээс хоёр өдрийн дараа үүрийн ягаан туяа тэнгэрт тэмдгэрэхэд Бран хашаанд Бүжигчин
дээрээ суугаад ахтайгаа салах ёс гүйцэтгэлээ.

- Чи одоо Винтерфеллийн лорд болсон гэж урт дэлтэй саарал азарга унаж бамбайгаа
мориныхоо хажуу талд дүүжилсэн Робб түүнд хэлэв. Модон бүслүүртэй цагаан саарал төмөр
бамбай дээр архирч буй буй зэрлэг чонын толгой дүрсэлжээ. Ах нь гандсан ширэн дотортой
саарал гархин хуяг өмсөж бүсэндээ илд, хутга зүүгээд арьсан эмжээртэй нөмрөг мөрөн
дээгүүрээ тохжээ.

- Биднийг эргэн ирэх хүртэл намайг аавын байрыг эзэлсэн шиг миний байрыг эзлээрэй.

- Би мэднэ гэж Бран золгүй хоолойгоор хэллээ. Тэр хэзээ ч үүн шиг ганцаардсан жижигхэн
айсан болохоо мэдэрч байсангүй. Тэр хэрхэн лорд байхыг ч мэдэхгүй байлаа.

- Мастер Лювины зөвөлгөөг сонсож, Риконд санаа тавиарай. Түүнд намайг тулаан дуусмагц
удахгүй буцаж ирнэ гэж хэлээрэй.

Рикон доош бууж ирэхээс татгалзжээ. Тэр өрөөндөө улаан нүдлэн эсэргүүцэж байлаа.

- Үгүй. Ямар ч салах ёс хийхгүй! гэж Бран түүнийг Роббтой салах ёс гүйцэтгэх эсэхийг асуух
үед хашгирсан юм.

- Би түүнд хэлсэн. Харин тэр хэн ч буцаж ирэхгүй гэсэн.

- Рикон үргэлж хүүхдээрээ байгаад байхгүй. Тэр Старкын дээр одоо бараг л дөрөв хүрч яваа
гээд Робб санаа алдаж,

- Удахгүй ээж гэртээ буцаж ирэх байх. Харин би эцгээ авчирна гэдгээ чамд амлая гэв.

Тэр морио эргүүлээд цааш явлаа. Хөнгөн салхи араас нь мориных нь дэргэд гүйн дагав.
Халлис Моллен хаалгаар гарахдаа Старкын овгийн өндөр саарал туг мандуулав. Теон
Грэйжой, Том Жон нар Роббын хоёр талд байр эзлэн хүлэг баатрууд нь араас нь наранд жадаа
гялалзуулан хоёр эгнээ цуваа болон хөдөллөө.

Бран гэнэтхэн Ошагын үгийг саналаа. Тэр буруу зүг рүү явж байна. Агшин зуур морио гуядан
ахдаа хашгиран анхааруулахыг хүссэн ч Робб сараалжин хаалганы доогуур өнгөрөөд алга
болов.

Шилтгээний ханын цаана хашгирах дуу хадав. Замын хажууд энгийн хүмүүс зогсоод Роббыг
өнгөрөхөд баяр хүргэж байгаа болохыг Бран мэдэж байв. Винтерфеллийн эзэн лорд Старк
том саарал азарга унаад салхинд нөмрөгөө намируулан явахад Хөнгөн салхи дэргэд нь гүйнэ.
Тэгтэл тэд хэзээ ч түүнд баяр хүргэхгүй болохыг ойлгоод сэтгэл нь өвдөв. Тэр аав ахынхаа
эзгүйд Винтерфеллийн лорд болж болох ч хугарсан Бран хэвээр үлдэнэ. Тэр ч байтугай
мориноосоо бие даан бууж ч чадахгүй.

Алсад хөөрөн хашгирах чимээ намдахад хашаанд нам гүм ноёрхож Винтерфелл гэнэтхэн
эзгүй ханхар мэт санагдав. Бран эргэн тойрондоо үлдсэн хүмүүс болох хүүхэд, эмэгтэйчүүд,
хөгшин хүмүүсийн царай луу харлаа... бас Ходор. Том биетэй агтчин хүүгийн царайд айсан
өнгө тодорчээ.

- Ходор? гэж гунигтай хэллээ.

- Ходор гэж Бран зөвшөөрөхдөө юу болохыг нь мэдэж байлаа.


ДАНЕРИС

Кал Дрого дур тавиад унтлагын гудсан дээрээсээ сүндэрлэн бослоо. Түүний арьс зуухны
гэрэлд бараан хүрэл өнгөөр гялалзаж өргөн цээжин дээр нь хуучин сорви сулхан цайрна.
Бүсэлхий хүртэл задгай тавьсан бэхэн хар үс мөрөн дээгүүр нь асгарч, эрийн тэмдэг нь
нойтноор гялалзана. Калын ам урт сахлынхаа дор ярвайлаа.

- Ертөнцийг мордох азарганд төмөр суудал хэрэггүй.

Дани тохойгоо тулаад өндөр сүрлэг нөхрөө ширтэв. Тэр ялангуяа үсэнд нь дуртай байв. Нэг ч
ялагдаж байгаагүй болохоор тайрч байгаагүй ажээ.

- Зөгнөлд азарга ертөнцийн хязгаар хүртэл явна гэж хэлдэг.

- Ертөнц давстай хар тэнгисээр төгсдөг. Ямар ч морь хортой усыг гаталж чадахгүй гээд Дрого
түмпэнтэй бүлээн усанд нойтон алчуур базаж биенийхээ хөлс тосыг арчлаа.

- Чөлөөт хотуудад хөлөг хонгоц мянгаараа бий. Зуугаад хөлтэй модон морь тэнгисийн мандал
дээгүүр салхинд жигүүртэй юм шиг нисдэг гэж Дани урьд нь хэлж байсан үгээ давтлаа.

Кал Дрого үүнийг сонсохыг хүссэнгүй.

- Цаашид модон морьд төмөр сандлын тухай ярих хэрэггүй гээд алчуураа хаян хувцаслах
зуураа,

- Өнөөдөр би өвсөн дундуур агнахаар явлаа эхнэр минь гээд мөрөө хавчиж зурагтай ширэн
хантааз өмсөөд хүнд алт, мөнгө, хүрэл зүүлттэй өргөн бүс бүслэв.

- Тиймээ нар од минь гэж Дани хэлэв. Дрого цусан морьтонгуудтайгаа талын том цагаан
арслан болох храккарыг агнахаар явах гэж байв. Хэрвээ тэд ялалт байгуулан эргэж ирэх юм
бол лорд нөхөр нь түүнийг сонсохыг хүсч магадгүй.

Дрого зэрлэг араатнаас айдаггүй шигээ ямар ч хүнээс айдаггүй ч тэнгисийн хувьд бол өөр
хэрэг билээ. Дотракичуудыг морьдоо усалж болдоггүй өмхий саарал ногоон тэнгис айдаст
автуулна. Дрого бусад морьтон лордуудаасаа хамаагүй зоригтой ч үүнийг хийсэнгүй... Хэрвээ
Данерис түүнийг зөвхөн хөлөг онгоц дээр гаргах юм бол...

Кал цусан морьтонгуудтайгаа нум сумаа аван явсны дараа Дани гарын зарц нараа дуудлаа.
Түүний бие бүдүүрч эв хавгүй болсон тул урьд нь дургүй байсан тэдний хүчтэй шалмаг
гарын тусламжинд дуртай байв. Тэд түүнийг угааж намирсан сул элсэн торго өмсгөв. Дориа
үсийг нь самнаж байх үед Дани Жикүйг сэр Жорах Мормонтыг олохоор илгээв.

Хүлэг баатар даруйхан ирлээ. Тэр морины сүүлээр хийсэн өмд, будмал хантааз өмсч морьтон
шиг хувцаслажээ. Өргөн цээж булчинлаг гарыг нь өтгөн халиурсан үс бүрхэнэ.

- Эрхэм гүнж минь. Би таньд юугаар туслах вэ?


- Та миний лорд нөхөртэй ярих хэрэгтэй байна. Дрого ертөнцийг мордох азарга бүх газар
нутаг дэлхийг захирах хэдий ч хортой усыг гатлах хэрэггүй гэсэн. Тэр Рэйгог төрсний дараа
каласартайгаа баруун зүг Хаш тэнгисийн эргэн тойрон дахь газруудыг эзлэхээр явах гэж
байна.

Хүлэг баатар бодлогоширлоо.

- Кал хэзээ ч долоон ханлигийг хараагүй. Тэд түүний хувьд юу ч биш. Эргэлзээгүй тэднийг
шуургатай тэнгисээр хүрээлүүлсэн Лорат, Лисийн хадан дээр барьсан жижигхэн хот юм уу
аралтай адилхан гэж бодож байгаа байх. Баян тансаг дорнод түүний сэтгэлийг илүү татаж
байгаа.

- Гэхдээ тэр өрнө зүг рүү явах ёстой. Гуйж байна түүнийг ойлгуулахад туслаач гэж Дани
цөхрөн дуу алдав. Тэр хэзээ ч долоон ханлигийг Дрогоос илүү хараагүй ч ахынхаа ярьж өгч
байсан түүхнээс мэдэж байлаа. Висерис түүнд нэг л өдөр буцааж аваачина гэж мянган удаа
амалсан ч одоо үхсэн болохоор амлалт нь түүнтэй цуг үгүй болжээ.

- Дотракичууд өөрсдийнх нь цаг болохоор өөрсдийнх нь шалтгааны дагуу хөдөлнө.


Тэвчээртэй бай, гүнж минь. Ахынхаа алдааг бүү давт. Бид гэр лүүгээ явна гэдгийг чамд
амлаж байна.

Гэр гэнэ ээ? Энэ үг түүнийг гунигтай болгов. Сэр Жорахад Баавгайн арал байхад харин
түүний гэр хаана байна вэ? Мөргөл мэт ёсорхуу үгээр давтдаг хэдэн нэр, улаан хаалганы
тухай бүүдгэр дурсамж... Вэйс Дотрак үнэхээр түүний гэр болсон юм болов уу? Тэр дош
калийний чавганц нар дунд өөрийнхөө ирээдүйгээ харсан юм биш байгаа даа?

Сэр Жорах түүний царайд илэрсэн гунигийг харсан бололтой.

- Өнгөрсөн шөнө жингийн том цуваа ирсэн, калисий. Пентосоос дөрвөн зуун морьтой ачаа
Норвос, Квохорыг дайран худалдаачдын ахлагч Баян Вотрисээр удирдуулан ирсэн байна.
Иллирио түүгээр захиа дамжуулсан байж магадгүй. Та өмнөд зээл рүү явмаар байна уу?

Данигийн сэтгэл хөөрлөө.

- Тэгье. Би явмаар байна.

Жингийн цувуу ирэх үед зээл амь ордог байв. Худалдаачдын ямар эрдэнэс тээж авчрахыг
урьдаас хэлэхэд бэрх. Түүний дээр Чөлөөт хотуудад сонсож дадсан валерианы аялгыг сонсох
таатай байлаа.

- Ирри надад дамнуурга бэлд гэж хэл.

- Би касд чинь хэлье гэж сэр Жорах хэлэв.

Хэрвээ Кал Дрого түүнтэй байсан бол Дани гүүгээрээ явах байлаа. Дотракичуудын
эмэгтэйчүүд төрөх өдрөө хүртэл морины нуруун дээр суудаг болохоор Дани нөхрийнхөө
өмнө сул дорой харагдахыг хүссэнгүй. Гэвч кал анд явсан болохоор Вэйс Дотрак дундуур
зөөлөн дэрэн дээр хэвтэн нарны гэрлээс халхалсан улаан торгон хөшигтэй дамнуургаар явах
нь аятайхан байв. Сэр Жорах морио унаад дэргэд нь явахад касын дөрвөн хүн болоон зарц
нар нь дагалдав.

Дулаахан үүлгүй өдөр байж тэнгэр гүн цэнхэртэнэ. Салхи сэвэлзэхэд газрын хөрс, өвс
ногооны анхилуун үнэр ханхална. Дамнуурга хулгайлагдсан дурсгалуудын хажуугаар
өнгөрөхөд нарны гэрэл сүүдэрт халхлагдав. Дани урагш хойш савлангаа үхсэн баатар
мартагдсан хаадын царайг ширтэн шатаагдсан хотын бурхад мөргөлд нь хариу өгөх эсэхийг
гайхширлаа.

"Хэрвээ би лууны цустай байгаагүй бол энэ газар миний гэр байх байсан юм" гэж уйтгарлан
бодов. Тэр калисий болохоор хүчирхэг нөхөр, хурдан морьтой, гарын зарц нар үйлчилэн,
дайчид түүнийг хамгаалж байна. Түүнчлэн нас хөгширөхийн цагт дош калийнд
хүндэтгэлийн суудал хүлээж буй. Хэвлийд нь ертөнцийг эзлэх хүү өсөн торниж байна. Ямар
ч эмэгтэйн хувьд энэ хангалттай ч лууны хувьд биш билээ. Висерисийн үхлийн дараа
Данерис сүүлчийн цор ганц болон үлджээ. Тэр хэвлийдээ байгаа хүүхэд шигээ байлдан
дагуулагчын үндэс угсаа. Үүнийг мартаж болохгүй.

Өмнөд зээл шоргоолжны үүр шиг сүлжилдсэн түүхий тоосгон урц, амьтан агуулах хашаа,
шохойдсон уушийн газруудаар хүрээлүүлсэн том дөрвөлжин талбай дээр байдаг байлаа. Энд
тэндгүй газар дорх аварга том амьтны гүдийсэн нуруу мэт дов толгод ёрдойж эвшээсэн хар
ам нь хүйтэн агуулахын өрөө лүү хөтлөнө. Зээлийн талбайд мухлаг лангуу битүү тахирлан
сүүдэрт нь өтгөн өвс ургажээ.

Тэднийг ирэх үед зуугаад худалдаачин, наймаачид бараа таваараа мухлагтаа дэлгэж байв.
Гэсэн ч Пентос болон бусад Чөлөөт хотуудын чимээ шуугиантай захтай харьцуулахад
хамаагүй чимээгүй хоосон мэт санагдана. Жингийн цуваа өрнө дорнодоос Вэйс Дотрак руу
ирэхдээ зөвхөн дотракичуудтай худалдаа хийхийн тулд биш өөр хоорондоо наймаалцдаг гэж
сэр Жорах тайлбарлажээ. Морьтонгууд тэднийг ариун хотод чөлөөтэй нэвтрүүлэн Уулсын эх,
Ертөнцийн хэвлийг бузарлахгүй бол удтал байж хөгшин дош калиний чавганц нарт уламжлал
ёсоор давс, мөнгө, үр тариа бэлэглэнэ. Дотракичууд худалдааны үйлийг нэг их тоодоггүй
байлаа.

Данид бас дорнод зээлийн элдэв чамин зүйлс, чимээ, үнэр таалагддаг байлаа. Тэр нэг бус
удаа өглөөг тэнд өнгөрүүлэн модны өндөг, царцааны бялуу, ногоон гоймон идэж
худалдаачдын чанга хоолойгоор дуудахыг сонсож, мөнгөн тортой мантикор, нүсэр том саарал
заан юм уу Жогос найн хар цагаан судалтай морьдыг алмайран хардаг байв. Тэр хүмүүсийг
нь ч бас харах дуртай байсан бөгөөд бараан арьстай ёсорхуу Ашайчууд, өндөр цагаан
Картийн, Ий тийн хурц нүдтэй сармагчийн сүүл унжуулсан малгайтай хүмүүс, Байасбхадын
дайчин эмэгтэйчүүд, Шамириан, Кайкайнаягын төмөр цагираг хөхөндөө зүүж хацартаа
бадмаараг шигтгэсэн хүмүүс болон гар хөл, цээжээ шивээсээр битүү эрээлж нүүрээ багны
цаана далдалсан хахир ширүүн хар хүмүүс зэргийг ширтэнэ. Дорнод зээл Данигийн хувьд
шидтэй мэт санагддаг байв.

Харин өмнөд зээл түүнд гэрийг нь санагдуулав.


Ирри, Жикүй хоёр түүнийг дамнуурганаас гарахад туслахад сармис халуун ногооны хурц
үнэр ханхийн Тирош, Мирийн гудамжуудад өнгөрүүлсэн өдрүүд санагдахад царайд нь
инээмсэглэл тодров. Лисийн хурц үнэртэй сүрчигний үнэр анхилна. Боолчууд өнгө бүрийн
сайн чанарын ноосон даавуугаар Мирийн тор нэхэж, мухлагуудын хооронд зэс дуулга, өвдөг
хүрсэн урт хөвөн даавуун шаргал цамцтай, ширэн бүсэндээ хоосон хутганы хуй
санжигнуулсан жингийн цувааны хамгаалагчид холхино. Зэвсгийн дархны мухлагт
гайхамшигтай сайхан алт мөнгөн хээ угалзтай давтмал цээж хуяг, янз бүрийн амьтны төрх
дүрсэлсэн дуулга тавьжээ. Дэргэд нь залуухан үзэсгэлэнтэй эмэгтэй зогсоод Ланниспортын
алтан эдлэл болох бөгж, бугуйвч, хүзүүний зүүлт болон гоёмсог хийцтэй бүсний зүүлт зарж
байлаа. Мухлагын хамгаалагчаар хөлсөнд нэвчсэн хилэн хувцастай том биетэй халзан тайган
зогсоод ойртож ирсэн хүн бүрийг муухай харах аж. Эсрэг талын мухлагт Ий Тийгээс ирсэн
бөс даавууны тарган худалдаачин Пентосын хүнтэй наймаа хэлэлцэн толгой сэгсрэхэд
малгайдаа зүүсэн сармагчны сүүл урагш хойш савчина.

- Би хүүхэд байхдаа зээл дээр тоглох дуртай байж билээ. Тэнд бүх зүйл амьд хүмүүс
инээлдэж хашгираад гайхамшигтай сайхан харах зүйл их байдаг байсан ч... зөвхөн зайдас,
балт боовноос ондоо юм худалдаж авах мөнгө байдаггүй байсан. Ингэхэд долоон ханлигт
балтай боовыг Тирошийнх шиг жигнэдэг үү? гэж Данис сэр Жорахаас мухлагын жигүүр
хооронд явахдаа асуув.

- Тийм бялуу хийдэг гэж үү? Үгүй дээ, гүнж минь гээд хүлэг баатар бөхийн ёсолж,

- Хэрвээ намайг өршөөвөл жингийн ахлагчтай нь уулзаж захиа ирсэн эсэхийг асуумаар байна
гэв.

- Сайн байна. Би таньд түүнийг олоход туслая.

- Өөртөө төвөг удах хэрэггүй дээ гээд сэр Жорах тэвчээргүйхэн харж,

- Зээлийг үзэж сонирх. Би ажлаа дуусгаад чамтай нэгдэнэ гэв.

"Сонирхолтой юм" гэж Дани хүмүүсийн дундуур холдож буй хүлэг баатрын араас харж
бодлоо. Тэр яагаад түүнийг хамт явахыг хүсээгүй болохыг нь ойлгосонгүй. Магадгүй сэр
Жорах худалдаачдын ахлагчтай уулзахдаа эмэгтэй олох гэсэн байж болох юм. Янханууд
жингийн цуваатай ирдэг бөгөөд зарим хүмүүс энэ тухайгаа ярихаас ичдэг билээ. Тэр мөрөө
хавчаад,

- Явцгаая гэж бусаддаа хэлэв.

Дани мухлагын дундуур явахад зарц нар араас нь дагалаа.

- Хөөх хараач миний хэлсэн зайдас байна. Сармис халуун ногоотой хийдэг гэж Дани дуу
алдаад сараалжин дээр сонгинотой мах шарж байсан үрчгэр эмгэн рүү заагаад нээлтэндээ
хөөрөн бусдыгаа зайдас идэж үзэхийг шаардав. Гарын зарц нар нь өөрсдийнхөө идээд
инээлдэн хөхрөлдсөн ч касын эрчүүд шарсан махыг үнэрлээд сэжигтэй харав.
- Амт нь миний санаж байгаагаас өөр байна гэж Дани хэд хазаад хэллээ.

- Пентост байхдаа би зайдсаа гахайн махаар хийдэг байсан юм. Гэвч миний бүх гахай
Дотракийн тэнгист үхсэн. Харин үүнийг адууны махаар хийсэн ч адилхан халуун ногоо
хийсэн гэж эмгэн хэлэв.

- Өө гээд Данигийн урам хугарсан ч Квород зайдаг таалагдсан бололтой ахин нэгийг идэхээр
шийдэн, Ракахро гурвыг идэж чанга хэхрэхэд Дани инээд алдав.

- Та кал Дрого ахад чинь титэм шагнасан цагаас хойш ерөөсөө инээгээгүй. Энэ чинь сайн
хэрэг шүү, калисий гэж Ирри хэлэв.

Дани ичингүйрэн инээмсэглэлээ. Инээх сайхан байсан тул бараг л жаахан охин шиг болсноо
мэдэрлээ.

Тэд өдрийн хагасыг зээлээр тэнүүчилэв. Түүнд нэг худалдаачин Зуны арлуудын үзэсгэлэнтэй
өдөн нөмрөг бэлэглэхэд дотракичуудын заншил ёсоор хариуд нь бүсэндээ зүүсэн мөнгөн
зүүлтээ бэлэглэв. Шувууны наймаачин улаан ногоон өнгийн алаг тотиндоо зааж өгөн нэрийг
нь хэлүүлсэн ч Дани инээгээд авахаас татгалзав. Тэр каласартаа алаг тотоор юу хийх билээ?
Түүнчлэн хүүхэд насных нь үеийг сануулсан арваад савтай анхилуун үнэртэй тос авлаа.
Зөвхөн нүдээ аниад үнэрлэхэд л улаан хаалгатай том байшин харагдах ажээ. Дориа шидтэний
мухлагт байсан эд баялгийн сахиусыг удтал ширтэхэд Дани зарцдаа авч өгөөд Ирри, Жикүй
хоёрт ямар нэг зүйл хайхаар шийдлээ.

Тэгтэл булан эргэмэгц хуруувч шиг жижигхэн жүнзээр дэргэдүүрээ өнгөрсөн хүмүүсийг дарс
амсаж үзэхийг урьж буй дарсны худалдаачинтай тааралдахад,

- Амтат улаан дарс гэж тэднийг хараад Дотаркичуудын хэлээр хашгирав.

- Надад Лис, Волантис, Арборын амтат улаан дарс байна. Лишийн цагаан, Тирошийн
лийрний чанга дарс, галт дарс, чинжүүтэй дарс, Мирийн цайвар ногоон цэцэгний балтай
дарс байна шүү. Андалишийн гашуун утаатай хүрэн жимс гээд надад бүгд байна. Бүгд байна.

Тэр жижигхэн гоолиг царайлаг хүн байсан бөгөөд маалингын өнгөт үсээ Лисийн маягаар
янзалжээ. Дани түүний мухлагын өмнө зогсоход худалдаачин дор гэгч бөхийн ёслов.

- Амталж үзмээр байна уу калисий? Надад Дорнийн улаан дарс байна хатагтай. Чавга,
интоор, хар царсны үнэртэй. Торхоор уу, аягаар уу, хундгаар уу? Ганцхан удаа амтлахад л та
хүүхэддээ миний нэрийг өгнө гэхэд Дани инээмсэглэн.

- Миний хүүд өөрийн нэр бий ч чиний зуны дарсыг амсч үзье гэж Чөлөөт хотуудад ярьдаг
байсан Валерианы хэлээр хэлэхэд удтал яриагүй болохоор хачирхалтай сонсогдов.

Худалдаачин харваас түүний хувцас, тосолсон үс, наранд борлсон арьсаар нь Дотраки гэж
бодсон бололтой ярих үед нь амаа ангайн харлаа.

- Хатагтай та чинь... Тирошийнх юм уу? Яаж ийм байх билээ?


- Миний яриа Тирошийнх ч хувцас минь Дотракийнх харин би өөрөө наран жаргах зүгийн
Вестеросынх.

Дориа урагш алхлаа.

- Чамтай Таргариний овгийн долоон ханлигийн гүнж, морьтонгуудын калисий, Данерис


Шуурганаар төрөгч ярьж байна.

Дарсны худалдаачин өвдөг сөхрөн,

- Гүнж минь гээд толгой бөхийлгөв.

- Бос. Би чиний зуны дарсыг хэлсэн шиг чинь эсэхийг амталж үзмээр байна гэж Дани
тушаалаа.

Наймаачин үсрэн босов.

- Үүнийг үү? Дорнишийн дарс. Үгүй дээ энэ таньд нийцэхгүй гүнж минь. Надад Арбороос
ирсэн хуурай улаан сэрүүн дарс байна. Таньд нэг торхыг бэлэглэхийг зөвшөөрнө үү.

Кал Дрого Чөлөөт хотуудад байхдаа сайн дарсны амтанд дассан болохоор энэ нь түүнийг
баярлуулахыг Дани мэдэж байлаа.

- Та надад их хүндэтгэл үзүүллээ.

- Миний хувьд их хүндэтгэл гээд худалдаачин арын мухлагаасаа усан үзмийн хонхорцог
сийлсэн жижигхэн царсан торх гаргалаа.

- Арборын Рэдвэйны сүлд. Үүнээс сайн дарс байхгүй.

- Кал Дрого бид хоёр хамт ууна. Агго дарсыг миний дамнуурга руу аваач гэхэд дотракичууд
торхыг өргөсөнд дарсны худалдаачин баясан гийв.

Тэр сэр Жорахыг дасал болоогүй ширүүн хоолойгоор дуугарах хүртэл эргэж ирснийг нь
мэдсэнгүй.

- Үгүй. Агго торхтойгоо буцаад тавь.

Агго Дани руу харахад тээнэгэлзэн толгой дохилоо.

- Сэр Жорах ямар нэг зүйл буруу болоо юу?

- Би цангаад байна. Онгойлго, худалдаачин минь.

Наймаачин хөмсөг зангидлаа.

- Энэ бол калисийд зориулсан дарс болохоос биш таньд биш, сэр.
Сэр Жорах мухлагт ойртлоо.

- Хэрвээ чи үүнийгээ онгойлгохгүй юм бол толгойг чинь нээгээд өгнө шүү.

Тэр ариун хотод гарнаас гадна ямар ч зэвсэггүй байсан ч өтгөн ширүүн үстэй зангидсан том
нударга нь аюултай харагдаж байлаа. Дарсны худалдаачин мөчийн төдий тээнэгэлзсэнээ
алхаараа торхны бөглөөг цохилоо.

- Аягал гэж сэр Жорах тушаахад тэдний ард Данигийн касын дөрвөн залуухан дайчин ирээд
бүйлсэн хар нүдээрээ ширтэв.

- Ийм сайхан дарсыг амьсгалахгүй уувал гэмт хэрэг шүү гээд худалдаачин алхаа доош
буулгасангүй.

Жого бүсэндээ зүүсэн хуйлаастай ташууртаа хүрсэн ч Дани гарт нь зөөлхөн хүрэн зогсоогоод
худалдаачинд,

- Сэр Жорахын хэлснийг хий гэхэд хүмүүс юу болсныг харахаар зогсов.

Эрэгтэй түүн рүү баргар хяламхийснээ,

- Гүнжийн тааллаар болъё гээд алхаа хажуу тийш тавьж торхоо өргөн хоёр жижигхэн
хуруувчин жүнзэнд ганц ч дусал асгалгүй дүүргэв.

Сэр Жорах жүнзийг авч хөмсөг зангидан үнэртэв.

- Сайхан үнэртэй байгаа биз? Та жимсний үнэрийг мэдэрч байна уу, эрхэм ээ? Арборын
анхилуун үнэр үнэртэж байна. Амсч үзээд ийм сайхан дарс амталж үзэж байсан эсэхээ
хэлдээ гээд дарсны худалдаачин инээмсэглэв.

Сэр Жорах түүнд хундагыг нь эргүүлэн өглөө.

- Чи эхэлж амс.

- Би юу? гээд худалдаачин хөхөрлөө.

- Надад энэ усан үзмийн архи таарахгүй. Ямар дарсны худалдаачин бараагаа өөрөө амсч
үздэг билээ гээд хөгжилтэй инээмсэглэсэн ч духанд нь хөлс урслаа.

- Чи үүнийгээ уу. Аягаа хоосол эсвэл би чамайг барьж байгаад сэр Жорахаар торхтойг хоолой
руу чинь цутгуулна шүү гэж Дани мөс шиг хүйтнээр хэлэв.

Дарсны худалдаачин мөрөө хавчин гараа аяга руу сунгаснаа оронд нь торхтойг авч түүн рүү
хоёр гараараа шидлээ. Сэр Жорах урагш ухасхийн Даниг түлхэн холдуулахад торх мөрийг нь
онож газар унаж хагарсанд тэнцвэр алдан унахад "Үгүй" гэж хашгирч уналтаа зөөлрүүлэхийн
тулд гараа сарвайсан ч Дориа гараас нь барьж арагш чангаасан тул гэдсээрээ биш
нуруугаараа уналаа.
Худалдаачин мухлагаас үсрэн гарч Агго, Ракхаро хоёрын дундуур зугтав. Тэрбээр Кворог
түлхэхэд аракх руугаа сунгасан ч байсангүй. Түүнийг мухлагын жигүүр хооронд зугтах үед
Жогогын ташуур исгэрэн суран гогцоо худалдаачины хөлөөс бугуйлдахад авахад газар
нүүрээрээ харуулдан унав.

Арваад жингийн хамгаалагч гүйлдэж ирэхэд тэдэнтэй хамт цэнхэр сахалтай худалдаачдын
ахлагч Баян Вортрис ирэв. Тэр үг дуугүй юу болсныг мэдсэн бололтой.

- Түүнийг барьж калын шийдвэр гарах хүртэл хорь гэж тушаагаад газар хэвтэж байсан хүний
зүг зангахад хоёр харуул дарсны худалдаачинг хөл дээр нь босгов.

- Түүний бүх барааг би таньд бэлэг болгон өгч байна. Миний хүмүүсийн нэг үүнийг хийсэн ч
болоосой гэж харамсаж байна шүү.

Дориа, Жикүй хоёр Даниг хөл дээр нь босоход туслав. Хортой дарстай торх хэмхрэн шороо
руу асгарчээ.

- Та яаж мэдсэн юм бэ? Яаж? гэж Дани сэр Жорахаас чичирэн асуулаа.

- Би мэдээгүй, калисий. Түүнийг уухаас татгалзах хүртэл итгэлгүй байсан юм. Зүгээр л
магистер Иллириогын захиаг уншаад эмээсэн хэрэг гээд сэр Жорах хар нүдээрээ зээлийн үл
таних хүмүүсийн царайг гүйлгэн харснаа,

- Явцгаая. Энэ тухай энд ярихгүй байсан нь дээр гэлээ.

Дани буцах замдаа нулимс унагах шахам байв. Аманд нь айдсын танил амт амтагдана. Тэр
олон жилийн турш Висеристэй айдаст автан лууг сэрээхээс айн амьдарсан билээ. Энэ нь бүр
ч дор байлаа. Өөрийнхөө төлөө биш хүүхдийнхээ төлөө айна. Хүүхэд нь түүний айсныг
мэдсэн бололтой гэдсэн дотор нь тасралтгүй хөдлөхөд тайвшируулахын тулд гэдсээ зөөлхөн
илээд,

- Бяцхан үр минь чи лууны цустай. Лууны цустай болохоор луу айдаггүй юм гэж дамнуурганы
хөшиг хаагдан ганхан хөдлөхөд хэлэв.

Вэйс Дотракийн нүхэн гэртээ ирсэн хойно Дани сэр Жорахаас бусад хүнийг явахыг
тушаагаад дэрээ налан хэвтлээ.

- Надад хэлээч. Энэ булаан эзлэгч байсан уу?

- Тиймээ. Висерист магситер Иллириогоос захиа ирж. Роберт Баратеон чамайг ахтай чинь
алсан хүнд лордын хэргэм амласан байна гээд хүлэг бааатар нугалсан цаас гаргалаа.

- Ахыг минь гэсэн үү? гээд Данигийн нулимс инээд болж хувирав.

- Тэр түүнийг яасныг одоо хүртэл мэдээгүй байга юм уу? Булаан эзлэгч Дрогод лордын
хэргэмийн өртэй болж гээд Данерис уйлах инээхийн завсар өөрийгөө хамгаалан тэвэрлээ.
- Бас намайг гэсэн. Зөвхөн намайг уу?

- Чамайг болон хүүхдийг чинь гэж сэр Жорах баргар хэлэв.

- Үгүй. Тэр миний хүүхдэд хүрч чадахгүй гээд Дани уйлж чичирэхээ болин "Булаан эзлэгч
одоо лууг сэрээсэн" гэж өөртөө хэлэв. Түүний нүд бараан өнгийн хилэн дээр тавьсан лууны
өндөгөн дээр туслаа. Дэнлүүний чичигнэсэн гэрэл чулуун хайрс дээр тусахад алтлаг улаан
хаш туяа өндөгний эргэн тойронд туяарна.

Тэр арай төрөхийн өмнө айсандаа галзуурч байгаа юм биш биз дээ? Эсвэл цусанд нь цэцэн
ухаан байсан хэрэг үү? Дани юу болохыг нь мэдээгүй ч,

- Сэр Жорах гал асаа гэж хэлэв.

- Калисий. Энд халуун байна шүү дээ. Та итгэлтэй байна уу? гээд хүлэг баатар түүн рүү
хачирхан харахад Данерис хэзээ ч ийм итгэлтэй байсангүй.

- Тиймээ. Надад хүйтэн байна. Гал асаа гэхэд тэр бөхийн ёсоллоо.

- Таны тушаасан ёсоор болъё.

Зууханд нүүрс ассан хойно Данис сэр Жорахыг явуулав. Тэр үүнийг ганцаар хийх хэрэгтэй
байв. "Энэ бол галзуурсан хэрэг. Чулуу шатаж хагарахад энэ бүх үзэсгэлэнтэй зүйл байхгүй
болно. Сэр Жорах намайг өндгийг сүйтгэсэнд тэнэг гэж дуудна гэсэн ч" гэж өөртөө хэлээд
улаан хар хайрстай өндөгийг өргөн хоёр гараараа болгоомжтой бариад зуух руу авчирч улаан
цогон дээр тавилаа. Дөл цоролзсон улаан хэлээрээ чулууны хар хайрсыг долооход халуунд
улайрав. Дани үлдсэн хоёр өндөгийг дэргэд нь тавиад алхам ухарч амьсгаа даран хүлээв.

Тэр нүүрсийг утаа манарсан нурам болох хүртэл харж зогслоо. Өндөгний эргэн тойрон дахь
халуун намдав. Ингээд л болох нь тэр.

Чиний ах Рэйгэр сүүлчийн луу байсан гэж сэр Жорах хэлсэн билээ. Дани өндөг рүү гунигтай
харав. Тэр юу хүлээсэн юм бол? Мянган мянган жилийн өмнө тэд амьд байсан ч одоо зөвхөн
үзэсгэлэнтэй чулуу болжээ. Тэд луу болохгүй. Луу болоход агаар, гал амьд бие хэрэгтэй
болохоос бус үхсэн чулуу биш.

Зуух хөрөхөд Кал Дрого эргэж ирэв. Кохолло араас нь морины нуруун дээр нь цагаан арслан
тэгнэн хөтөлжээ. Одод түглээ. Кал азарганаасаа үсрэн буугаад инээд алдан арсланд
самардуулсан өмдөө үзүүлж,

- Би чамд үүний арьсаар нөмрөг хийж өгнө, амьдралын сар минь гэж амлав.

Даниг зээл дээр болсон явдлын тухай ярих үед инээд намдаж Кал Дрого анхааралтай
сонслоо.

- Өнөөдрийн хордуулагч анхных байсан ч сүүлчийнх биш. Олон хүн лордын хэргэм зэргийн
төлөө зүтгэнэ гэж сэр Жорах Мормонт түүнд анхааруулжээ.
Дрого хэсэг зуур чимээгүй болсноо эцэст нь,

- Энэ худалдаачин хордуулагч амьдралын минь сар луу гүйж ирсэн. Тэр араас нь гүйж байсан
нь дээр. Тиймээ гүйх болно. Жого, Жорах, Андал та нар тус бүр миний сүргээс хүссэн морио
сонгож болно. Амьдралын минь сарны хуримын бэлэг болох мөнгөлөг гүүгээс бусдыг нь. Би
та нарт хийсэн зүйлийн төлөө ийм зүйл бэлэглэж байна гэв.

- Бас Дрогогын хүү Рэйго ертөнцийг мордох азаргад бэлэг өгнө. Би түүнд ээжийнх нь эцгийн
сууж байсан төмөр сандлыг бэлэг болгон өгөх болно. Би түүнд долоон ханлигийг өгнө. Кал
Дрого миний бие үүнийг хийхээр амалж байна гээд хоолой нь өндөрсөж тэнгэр лүү гараа
өргөв.

- Би каласараа өрнө зүг ертөнцийн хязгаар луу дагуулан модон морь хөлөглөн давстай хар
усан дээгүүр явж ямар ч калын урьд нь хийж байгаагүй зүйлийг хийх болно. Би төмөр
хувцастай хүмүүсийг алж, чулуун байшинг нь хэмхлэн нураана. Би тэдний эмэгтэйчүүдийг
нь эзэмдэж, хүүхдүүдийг нь боол болгож, сүйрсэн бурхдыг нь Вэйс Дотракиын Уулсын эхийн
хөлд авчирч тавина. Барбогын хүү Дрого би үүнийг амалж байна. Би үүнийг Уулсын эхийн
өмнө ододоор гэрч болгон амалж байна.

Түүний каласар Вэйс Дотаркийг хоёр өдрийн дараа орхин өрнө зүг тал дээгүүр хөдлөв. Том
хүрэн азарга унасан Кал Дрого тэднийг тэргүүлэн, Данерис мөнгөлөг гүүгээ унан явлаа. Гар
хоолойноосоо гинжлүүлсэн дарсны худалдаачин тэдний араас нүцгэн гүйж байв. Гинжийг
Данигийн гүүний араас бэхэлжээ. Түүнийг давхиулах үед худалдаачин араас нь нүцгэн
хөлөөрөө бүдчин гүйж байлаа. Тэр чадал хүрэх газар хүртлээ ингэж гүйх билээ.
КАТЕЛИН

Эндээс туг ялгагдан харагдахад хэтэрхий хол байсан ч өтгөн манан дунд цастай тал дээгүүр
Старкын зэрлэг чоно давхиж буй цагаан дэвсгэр дээрх бараан толбо үзэгдэхүйц байлаа.
Кателин үүнийг хармагц морио зогсоон толгой бөхийн талархлаа. Бурхны авралаар тийм ч их
хоцорсонгүй.

- Тэд манай лорд эцгийн амласны дагуу бидний ирэхийг хүлээж байж гэж сэр Вилис
Мандерли хэлэв.

- Тэгвэл тэднийг цааш нь удаан хүлээлгэх хэрэггүй гээд сэр Бринден Талли морио гуядан
тугны зүг ширүүн шогшуулав. Кателин түүний дэргэд давхилаа.

Сэр Вилис, дүү сэр Вэнделтэйгээ араас нь хориод хүлэг баатар төдий тооны хиа, хоёр зуун
жадтай цэрэг, илдчин, чөлөөт морьтонгууд болон үлдсэн нь жад, сэрээгээр зэвсэглсэн явган
цэргүүд бүхий ойролцоогоор мянга таван зуун хүнтэй армиа тэргүүлэн давхив. Лорд Виман
Цагаан эргээ хамгаалахаар ард хоцорчээ. Ойролцоогоор жаран насыг зооглож байгаа тэрбээр
морин дээр суухад дэндүү лухгар нүсэр болжээ.

- Хэрвээ би амьдралдаа ахин нэг дайн үзэхээ мэдсэн бол могой загас идэхээ арай багасгадаг
байж. Миний хөвгүүд хүүг чинь аюулгүй байлгах болохоор айх хэрэггүй гэж Кателинтай
хөлөг онгоцон дээр уулзахдаа бүдүүн гэдсээ хоёр гараараа алгадан хэлжээ. Түүний хуруу
зайдас шиг бүдүүн байлаа.

Түүний “хөвгүүд” гэдэг нь Кателинаас ахимаг насны харчуул тул эцэгтэйгээ адил нүсэр биш
байгаасай гэж хүсэх сэтгэл төрлөө. Сэр Вилис арай бага могой загас идсэн ч моринд мордож
чадахааргүй таргалсан тул Кателин хөөрхий адгуусыг өрөвдөхөд хүрэв. Сэр Вэндел арай
залуухан бөгөөд эцэг, ах хоёрыгоо эс тооцвол Кателины амьдралдаа харсан хамгийн тарган
хүн байлаа. Вилис чимээгүй ёсорхуу, Вэндел чанга дуутай хөгжөөнтэйн дээр хоёул далайн
морь шиг сахалтай толгой нь нялх хүүхдийн өгзөг шиг нүцгэн бөгөөд хоолны толбо хүрээгүй
ганц газар мэт санагдана. Гэсэн ч тэд Кателинд таалагдсаны учир эцгийнх нь амалсан ёсоор
Робб руу аваачих гэж буй учир өөр юу ч чухал байсангүй.

Тэр хүүгийнхээ нүд чих умард зүг хаа сайгүй байгааг хараад сэтгэл нь өег болов.
Ланнистерийнхан өмнөдөөс ирж байсан ч Робб болгоомжтой байгаа нь сайн хэрэг. Миний
хүү хүмүүсээ дайнд тэргүүлэн явж байна гэж үл итгэх шахам бодов. Кателин түүний төлөө
болон Винтерфеллийн төлөө ихэд айж байсан болохоор бахархах сэтгэл төрж чадсангүй.
Робб ердөө жилийн өмнө хөвгүүн байсан бол одоо хэн болсон хэрэг вэ?.

Морьтонгууд Мандерлигийн туг байна гэж мэдэгдэхэд цэнхэр ногоон давалгаа дээр гартаа
сэрээ барьсан цагаан лусын хүнтэй туг урдаас нь дулаахнаар дэрвэлзэн даллав. Тэд хуурай
өндөр толгод дээр буудаллав. Сэр Вилис хүмүүсийнхээ гал түлж морьдоо тэжээхийг харахаар
хоцорч, түүний дүү Вэндел Кателин болон авга ахынх нь хамтаар эцгийнхээ хүндэтгэлийг
эзэн лордод нь дамжуулахаар мордлоо.

Морьдын туурай доорх газар дэвтэн зөөлөрчээ. Тэд утаатай түүдэг гал, морьдын эгнээ, хатсан
талх, давсалсан мах ачсан хүнд ачаатай тэрэгнүүдийн дундуур удаан явлаа. Чулуурхаг өндөр
газар хүнд дарвуулын зотон ханатай лордын асар засчээ. Кателин шаргал өнгийн талбай дээр
буй Хорнвудын хүрэн бух хандгай урамдаж буй тугыг танив.

Түүний арай цаахан манан дунд Кайлины сувгийн хэрэм цамхагын үлдэгдэл зэрвэс үзэгдэнэ.
Тариачины байшингаас ч том нүсэр хүрмэн чулуун хавтангууд намгархаг зөөлөн хөрсөн дээр
талаа хүртэл шигдэн хүүхдийн тоглоом адил тарж хэвтэнэ. Урьд нь нэгэн цагт
Винтерфеллийнхээс ч өндөр байсан хана санагдуулах зүйл юу ч үлдсэнгүй. Мянга мянган
жилийн тэртээд ялзарсан бэхлэлтийн мод ялзран үгүй болоод сууриных нь дүнз хүртэл
байхгүй болжээ. Энэ бүхнээс үлдсэн зүйл гэвэл анхны хүний хүчирхэг бэхлэлтийн гурван
том цамхаг бөгөөд үлгэрчдийн ярианд итгэвэл арван хоёр байсан гэж гардаг билээ.

Хаалганы цамхаг нэрэндээ зохицсон бөгөөд хоёр талын хананаасаа яльгүй өндөр
сүндэрлэжээ. Согтуу цамхаг хэтэртлээ дарс уусан хүн суваг руу бөөлжих гэж байгаа аятай
намгийн зүг өмнөд, баруун хананууд нь яйжийн бөхийжээ. Түүний цаана өндөр гоолиг
Хүүхдийн цамхаг байх агаад домогт өгүүлснээр бол нэргүй бурхад гэж дуудагддаг ойн
хүүхдүүд уснаас алх шидэн оройных нь хагасыг авч одсон түүхтэй аж. Энэ нь аварга том
амьтан цамхагын оройг нь тас хазаад тоосгоны хэлтэрхийг нь намаг руу нулимж орхисон
аятай харагдана. Гурван цамхаг бүгд ногоон хөвдөнд хучигджээ. Хаалганы цамхагын хойд
хэсгийн чулуун дунд цэцгэн хэлхээтэй тахирласан мөчир сүүн цагаанаар цайвалзана.

- Бурхан өршөөг. Тэгэхээр энэ Кайлины суваг уу? Энэ чинь... гэж сэр Бринден өмнөө байгаа
зүйлийг хармагц уулга алдав.

- ...үхлийн занганаас илүүгүй гэж Кателин дуусгалаа. Би үүнийг ямар харагддаг болохыг
мэднэ, авга ахаа. Анх хараад тэгж бодогдсон ч Нэд балгас харагдахаасаа илүү зүрхшээм гэж
итгүүлсэн юм. Энэ гурван цамхаг зам дээр оршиж байгаа болохоор ямар ч дайсан тэдний
дундуур нэвтэрч гарах шаардлагатай. Эндхийн намхаг нэвтрэшгүй хөхдөг элс, сордог нүхээр
дүүрэн битүү могой язганаж байгаа. Аль нэгэн цамхаг руу дайрахын тулд цэргүүд бүсэлхий
хүртэл татсан хар шавар дундуур арслан гүрвэлтэй суваг гаталж нойтон гулгамтай хөвдөөр
бүрхэгдсэн хана руу авирахад зэргэлдээх цамхагын нум сумчид тэднийг харвах болно гээд
Кателин авга ах руугаа баргар инээмсэглэж,

- Харин шөнө болохоор өмнөдийн цусанд шунасан хүйтэн хорлонт сүнс холхидог гэсэн гэлээ.

Сэр Бринден инээмсэглэлээ.

- Намайг энд саатахгүй байхыг минь сануулаарай. Сүүлчийн удаа өөрийгөө харахад
өмнөдийнх шиг харагдаж байсан.

Тогтсон жишиг ёсоор гурван цамхагын орой дээр туг дэрвэжээ. Согтуу цамхагт
Карстаркынханы нарны дүрстэй далбаа зэрлэг чонын дор унжиж, Хүүхдийн цамхагт Том
Жоны аварга гинж зөрөлдсөн туг байсан бөгөөд Хаалганы цамхаг дээр Старкын туг ганцаар
дэрвэж байв. Энд л Робб төвхнөсөн бололтой. Кателин түүн рүү зүглэхэд сэр Бринден, сэр
Вэндел хоёр араас нь шавартай ногоон талбай дээгүүр дэвссэн дүнзэн замаар шогшуулав.
Кателиныг очиход хүү нь хүлрийн галын утаа уугьсан хар зуухтай танхимд эцгийнхээ тугчин
лорд нараар хүрээлүүлэн сууж байлаа. Тэр дүүрэн цаас газрын зураг овоолсон том чулуун
ширээний ард Рус Болтон, Том Жон нартай ямар нэг зүйлийн талаар шаргуу ярилцана.
Эхэндээ Робб түүнийг анзаараагүй ч... чоно нь харлаа. Зуухны ойролцоо хэвтэж байсан том
саарал чоно Кателиныг ороход толгойгоо өргөн алтлаг нүдээрээ угтав. Лордууд нь нэг
нэгээрээ чимээгүй болоход Робб гэнэтийн нам гүмд толгойгоо өргөснөө,

- Ээж ээ? гэж баяр хөөр дүүрэн хоолойгоор дуу алдав.

Кателин түүн рүү гүйн очиж хөмсгөн дээр нь үнсэн аюул ослоос хамгаалахын тулд чанга
тэврэхийг хүссэн ч лордуудынх нь урд зүрхэлсэнгүй. Робб одоо эр хүний зэрэгт хүрсэн
болохоор ингэж болохгүй байлаа. Иймээс биеэ барьж тэдний ширээ болгон ашиглаж байсан
чулуун хавтангын нөгөө төгсгөлд зогсов. Зэрлэг чоно босч өрөөн дундуур гүйн зогссон газар
нь ирэхэд ердийнхөөс улам том болсон мэт санагдав.

- Чиний сахал чинь ургачихаж гэж Кателин Хөнгөн салхи гарыг нь үнэрлэхэд Роббод хэлсэнд
гэнэтхэн эвгүйцэн өрвийсөн сахалтай эргүүгээ маажсанаа,

- Тиймээ гэв.

Түүний эрүүний сахал толгойных нь үснээс илүү улаавтар ажээ.

- Гэхдээ надад таалагдаж байна. Чи миний дуу Эдмуртай төстэй болчихож гээд Кателин
чонын толгойг зөөлөн илбэхэд Хөнгөн салхи хуруунаас нь тоглон зууснаа галын дэргэдэх
байр луугаа буцав.

Сэр Хелман Толхарт зэрлэг чонын араас өрөөн дундуур түрүүлж яван хүндэтгэл илэрхийлэн
өвдөг сөгдөж духандаа гарыг нь хүргэв.

- Хатагтай Кателин та үргэлж байдаг шигээ сайхан харагдаж байгаа болохоор энэ хэцүү цагт
харсандаа баяртай байна.

Түүний араас Гловерийнхэн дагаж Галбарт, Роберт болон Том Жон Амбер бусад нь нэг
нэгээрээ ирэв. Теон Грэйжой хамгийн сүүлд ирлээ.

- Таныг энд харна гэж бодсонгүй, хатагтай гээд өвдөг сөгдөв.

- Би ч гэсэн Цагаан эрэгт буух хүртлээ энд ирнэ гэж мэдсэнгүй. Лорд Виман надад Роббыг
тугчдаа дуудсан гэж хэлсэн. Та нар түүний хүү сэр Вэнделийг мэднэ дээ гэхэд Вэндел
Мандерли урагш алхан бүдүүн гэдэснийхээ чадах чинээгээр бөхийн ёсоллоо.

- Харин энэ дүүд минь зүтгэхээ болин намайг дагахаар ирсэн авга ах сэр Бринден Талли
маань.

- Хар загас. Таныг бидэнтэй нэгдсэнд баяртай байна, сэр. Бидэнд тань шиг зоригтой хүн
хэрэгтэй. Бас тань шиг хүн, сэр Вэндел. Би та бүхнийг хүрэлцэн ирсэнд баяртай байна.
Ингэхэд сэр Родрик таньтай ирсэн үү, ээж ээ? Түүнийг санаж байна шүү гэж Робб хэлэв.
- Сэр Родрик Цагаан эргээс умард зүг замаа үргэлжлүүлсэн. Би түүнийг шилтгээн
хамаарагчаар томилж биднийг эргэн очих хүртэл Винтерфеллийг хамгаалж байхыг тушаасан.
Мастерл Лювин ухаалаг зөвлөх хэдий ч дайны урлагт авъяасгүй хүн.

- Санаа зовох хэрэггүй дээ, хатагтай Старк. Винтерфелл ямар ч аюулгүй. Бид удахгүй
илдээрээ лорд Тайвин Ланнистерийн өгзөг рүү цоо хатгаж өршөөнө үү хатагтай. Улаан
шилтгээнээс Нэдийг суллана гэж Том Жон хүнгэнүүлэв.

- Хатагтай танаас нэг зүйл асууж болох уу? гэж Дредфортын лорд Рус Болтон аяархан хэлэхэд
амаа нээмэгц нь том биетэй хүмүүс чимээгүй боллоо. Түүний сониуч бараг өнгөгүй гэмээр
харц үймэрсэн янзтай харагдана.

- Таныг лорд Тайвины одой хүүг олзлогдочоор барьсан гэсэн. Түүнийг бидэн рүү авчирсан
уу? Тэгвэл хамгийн сайн барьцааны хүнээр ашиглана гэдгээ тангараглах байна.

- Би Тирион Ланнистерийг барьж байсан ч удаагүй гэж Кателин үнэнээ хэлэхэд харамссан
дуу араас нь уулга алдав.

- Надад та нараас илүү баярлах юм алга, эрхэм лордуудаа. Бурхан түүнийг миний тэнэг
дүүгийн тусламжтай чөлөөлөхөөр шийджээ гээд Кателин дургүйцсэн сэтгэлээ нуун
зэвүүцлээ арай ядан барив. Тэр Лизад лорд Робертийг хүүхдүүдтэй байх нь дээр учир хамт
явуулан Винтерфеллд хэдэн жил хүмүүжүүлэхийг санал болгожээ. Лизагын уур хилэн
төсөөлөхийн аргагүй байлаа.

- Эгч ч бай үгүй ч бай хэрвээ чи миний хүүг хулгайлахыг оролдвол Сарны хаалгаар гарах
болно шүү гээд дараа нь өөр зүйл хэлсэнгүй.

Лордууд сэтгэл түгшин цаашаа яасныг тодорхой мэдэхийг хүссэн ч Кателин гараа өргөлөө.

- Аялал намайг их зүдрээсэн учир бидэнд энэ тухай ярих цаг дараа хангалттай олдох болно.
Харин одоо би хүүтэйгээ ганцаарчилан ярилцмаар байна. Та бүхэн намайг өршөөнө үү,
эрхэм лордуудаа.

Тэр тэдэнд сонголт үлдээсэнгүй учир үргэлж хүндэтгэлтэй байдгаараа лорд Хорнвуд
тэргүүлэн тугчид бөхийн ёсолж өрөөнөөс гарав. Тэгтэл Кателин Грейжойгын саатахыг
хараад,

- Теон чи ч гэсэн гэж хэлэхэд инээмсэглэн гарав.

Ширээн дээр шар айраг, бяслаг тавьжээ. Кателин эвэр дүүргээд суугаад ууж хүүгээ ажиглав.
Түүнийг явснаас хойш хойш улам өсөж сахал нь овортой болгожээ.

- Эдмур арван зургаан настай байхдаа сахал нь ургасан.

- Би ч гэсэн удахгүй арван зургаа хүрнэ.

- Гэсэн ч чи одоо арван тавтай. Арван тавтай байж хүмүүсээ тулалдаанд удирдан явж байна.
Яагаад миний айж байгааг ойлгов уу, Робб?

Тэр зөрүүдлэн ширтлээ.

- Өөр ямар ч хүн байгаагүй.

- Өөр хүн байхгүй гэнэ ээ? Бурхан минь би хормын өмнө ямар хүмүүсийг харав аа? Рус
Болтон, Рикард Карстарк, Галбарт, Робетт Гловер, Том Жон, Хелман Толхарт... чи тэдний
хэнд ч тушаал өгч болох байсан. Хэдийгээр би дургүй байсан ч гэлээ Теоныг хүртэл явуулж
болох байлаа.

- Тэд бол Старк биш.

- Тэд бол тулаанд хатуужсан хүмүүс, Робб. Харин чи ердөө жилийн өмнө модон илдээр
байлдаж байсан биз дээ.

Роббын нүдэнд уур хилэн дүрэлзсэнээ дорхноо намдаж гэнэтхэн ахин хөвгүүн болов.

- Би үүнийг мэднэ. Та намайг... Винтерфелл руу буцааж явуулах гээ юу?

Кателин санаа алдлаа.

- Би тэгэх ёстой. Чи ингэх ёсгүй байсан юм. Харин одоо би зүрхлэх байсан ч чадахгүй
болжээ. Чи дэндүү хол явсан байна. Эдгээр лордууд чамайг эзнээ гэж үзэж байгаа. Хэрвээ би
чамайг жаахан хүүхэд оронд нь оройн хоолгүй оруулдаг шиг гэр лүү чинь хөөж явуулбал тэд
үүнийг хундаганыхаа ард шоолон инээлдэж байх болно. Тэгээд ч цаг нь ирэхэд тэд чамайг
хүндэтгэж айж байх хэрэгтэй. Би чамайг хичнээн аюулгүй байлгахыг хүссэн ч үүнийг хийж
чадахгүй

- Баярлалаа, ээжээ гэж Робб албархуу хэлэхэд санаа амарсан өнгө хоолойд нь тодорлоо.

Кателин ширээн дээгүүр бөхийн үсэнд нь үрлээ.

- Чи бол миний ууган хүү, Робб. Ганц харахад ертөнцөд уйлсан улаан амьтан ирсэн өдрийг
чинь санаж байна.

Робб түүний хүрэлтэнд эвгүйцсэн бололтой босч зуух руу очиход Хөнгөн салхи толгойгоороо
хөлийг нь үрэв.

- Та аавын тухай... сонссон уу?

- Тиймээ гээд Кателин Робертийн гэнэтийн үхэл, Нэдийн уналтын тухай мэдээ түүнийг
хичнээн айлгасан ч гэлээ хүүдээ айдсаа үзүүлэхийг хүссэнгүй.

- Лорд Мандерли намайг Цагаан эрэг дээр газардахад хэлсэн. Дүү нараас чинь сураг байна
уу?
- Энд захиа ирсэн гээд Робб чонынхоо хүзүүг маажлаа.

- Нэг нь таньд хаяглагдсан байсан ч Винтерфелл рүү над дээр хамт ирсэн гээд босч ширээ
рүү очин газрын зураг цаас онгичоод үнгэгдсэн цаас гаргаж ирлээ.

- Энэ надад бичсэн нь. Би таныхыг авах хэрэгтэй гэж бодсонгүй.

Роббын дууны өнгө сэтгэл түгшим ямар нэг зүйл байлаа. Кателин цаасыг дэлгэн уншихад
сэтгэл зовнил, үл итгэл, уур хилэн айдас төрөв.

- Энэ чинь Серсейгийн захиа болохоос биш дүүгийнх чинь биш. Жинхэнэ захианд Санса
ингэж хэлэхгүй байсан. Энд ямар эелдэгээр Ланнистерийнхан түүнийг сүрдүүлж байгааг
бичсэнийг хараач... сүрдүүлэг нь бүр шивнэн сонсогдож байна. Тэгэхээр тэд Сансаг
барьцааны хүн болгожээ.

- Гэхдээ захианд Аръяагын тухай ерөөсөө дурьдаагүй байсан гэж Робб дургүйцэн хэлэв.

- Үгүй ээ гэж Кателин дуу алдаад юу болсон тухай бодохыг ч хүссэнгүй. Ямартай ч одоо л
биш шүү.

- Би таныг Бяцхан чөтгөрийг олзолсон хэвээр байгаа бол... олзлогсдоор солихоор найдаж
байлаа гээд Робб Сансагын захиаг нэг бус дахь удаагаа базав.

- Эйригээс үг ирсэн үү? Би нагац эгч Лизагад тусламж гуйн захиа бичсэн юмсан. Тэр лорд
Аррины тугчдыг дуудсан эсэхийг та мэдэх үү? Хөндийн хүлэг баатрууд бидэнтэй нэгдэх нь
үү?

- Зөвхөн ганц... тэдний хамгийн шилдэг болох нагац ах маань... гэхдээ Бринден Хар загас
үргэлж Талли байсаар ирсэн. Миний дүү Цуст хаалганаас цааш болж байгаа зүйлд хөдлөхгүй
гэхэд Робб сэтгэлээр унан ширтлээ.

- Ээжээ одоо бид тэгээд яах болж байна? Би арван найман мянган хүнтэй армиа бүтнээр нь
авчирсан ч... цаашид яах эсэхэд итгэлгүй байна гээд нүдэнд нь гялалзсан залуу лордын
бахархал агшин зуур алга болж ахин арван таван настай ээжээсээ асуулт асууж буй хүүхэд
боллоо.

Ингэж л болохгүй шүү.

- Робб чи юунаас айгаа вэ? гэж Кателин аяархан асуулаа.

- Би... гээд Робб нулимсаа үзүүлэхгүйн тулд цааш эргэж,

- Хэрвээ бид явбал... тэр ч байтугай ялвал... Ланнистерийнхан Санса, аав хоёрыг барьцаанд
байлгаж байгаа болохоор тэднийг ална биз дээ? гэв.

- Тэд биднийг яг л ингэж бодохыг хүсч байгаа.


- Та тэднийг худал хэлсэн гэж бодож байна уу?

- Мэдэхгүй байна, Робб. Би сонголтгүй болсноо л мэдэж байна. Хэрвээ чи Хааны газар луу
үнэнчээ илэрхийлэн тангараглахаар явбал буцаж гарахыг чинь зөвшөөрөхгүй. Хэрвээ чи
сүүлээ чирэн Винтерфелл рүүгээ буцвал лордууд чинь хүндлэхээ болино. Зарим нь бүр
Ланнистерийнхан руу явж ч магадгүй. Харин хатан хаанд айх зүйл юу ч үгүй болж
хоригдлууддаа хүссэн зүйлээ хийнэ. Биднийг цорын ганц найдлага, хамгийн их найдаж буй
зүйл бол чи дайснаа тулааны талбарт дийлэх явдал. Хэрвээ чи лорд Тайвин юм уу, хааны
алуурчыг олзлогдчоор баривал бид солио хийж болох юм. Гэхдээ энэ чухал нь биш. Чамайг
тэднийг айлгах хүч чадал эрх мэдэлтэй болох тусам эцэг, дүү хоёр чинь аюулгүй байх болно.
Серсей ухаалаг болохоор дайн амжилтгүй болсон тохиолдолд хоригдлуудаа энхийг сахихын
тулд ашиглаж болохыг мэдэж байгаа.

- Хэрвээ дайн түүний талд ашигтай болвол яах вэ? Бид амжилт олохгүй бол яана?

Кателин гараас нь атгалаа.

- Робб би үнэнийг хэлснээр чамайг үнэхээр зөөлрүүлэхгүй. Хэрвээ чи ялагдвал бидний хэнд ч
найдлага байхгүй болно. Хүмүүс Кастерли Рокийн зүрх чулуу байдаг гэж ярьдаг. Рэйгэрийн
хүүхдүүдийн хувь тавиланг сана.

Хүүгийнх нь нүдэнд айдас зурсхийсэн ч хүч тодорлоо.

- Тэгвэл би ялагдахгүй гэж амлав.

- Надад голын хөндийд явагдсан тулаан ямар болсныг хэлээч.

- Алтан шүдний доод хэсэгт тулаан болсноос хойш хоёр долоо хоногийн хугацаа ч өнгөрөөгүй
байна. Нагац ах Эдмур, лорд Вэнс, лорд Пайпер нарыг доод талыг барьж байхаар явуулсан ч
хааны алуурч тэдэн рүү дайран зугтаалгасан. Лорд Вэнс алагдсан. Бидэнд ирсэн хамгийн
сүүлчийн мэдээгээр лорд Пайпер дүүүтэй чинь болон Ривверраны бусад тугчидтай нэгдэхээр
ухарч, Жэйми Ланнистер араас нь өсгий даран нэхэж байгаа гэсэн. Гэхдээ энэ хамгийн муу
нь биш. Тэднийг тулалдаж байх хооронд лорд Тайвин өмнөдөөс Ланнистерийн хоёр дахь
ээлжийн цэргийг авчирсан. Үүнийг Жэймигийн армиас хамаагүй том гэж ярьж байна лээ.

- Аав тэдний эсрэг хааны тугтай хүмүүс явуулсан болохоор үүнийг мэдэж байсан байх. Тэр
ямар нэг өмнөдийн лорд болох лорд Эрик, Дерик нарын аль нэгэнд тушаал өгч тэдэнтэй сэр
Рэймэн Дарри цуг явсан бөгөөд захианд өгүүлснээр бол аавын хамгаалалтын хүмүүс бас
байсан гэсэн. Гэхдээ энэ занга байсан. Лорд Дерик Улаан салааг дөнгөж гаталмагц
Ланнистерийнхан тэдэн рүү хааны далбаатай эсэхийг үл харгалзан дайрч Жүжигчний
гармаар буцаж гарахыг оролдоход нь Грегор Клеган араас нь цохилт өгсөн. Лорд Дерик цөөн
үлдсэн хэдэн хүнээ аваад зугтсан бололтой хэн ч үүнийг тодорхой мэдэхгүй байна. Харин сэр
Рэйман болон Винтерфеллийн ихэнхи хүмүүс алагдсан. Лорд Тайвин одоо Хааны замыг хаан
умард зүг Харренхал руу замдаа тааралдсан бүхнийг шатаан хөдөлж байгаа.

"Улам л баргар болж байх шив" гэж Кателин бодлоо. Байдал түүний санаснаас хамаагүй дор
байв.

- Чи түүнийг энд угтан уулзах гээ юу?

- Түүнийг тийм хол явна гэж бодохгүй байна. Би аавын хуучин найз Холанд Ридэд үг
дамжуулсан. Хэрвээ Ланнистерийнхан Хүзүүг гатлахаар ирвэл намгийн хүмүүс тэднийг
алхам тутамд нь хядах болно. Гэвч Галбарт Гловерын баталж байгаагаар лорд Тайвин үүнийг
хийхээргүй хангалттай ухаантай гэснийг Рус Болтон зөвшөөрч байгаа юм. Тэр Сэрээнд
ойрхон хэвээр үлдэж Риверраныг ганцаар үлдэх хүртэл голын лордуудын шилтгээнийг нэг
нэгээр нь эзлэх болно. Бид өмнө зүг тэднийг угтан хөдлөх ёстой.

Энэ тухай бодол Кателиныг ясанд хүртэл жихүүдэс төрүүлэв. Арван таван настай хүү нь
хашир туршлагатай Жэйми, Тайвин Ланнистер шиг хүмүүсийн эсрэг тулалдахад ямар
боломж байгаа юм бэ?

- Энэ ухаалаг хэрэг гэж үү. Чи энд хүчтэй бэхэлсэн байна. Умардын хуучин хаад Кайлины
сувагт арав дахин их хүчтэй дайснаа няцааж байсан гэлцдэг.

- Тийм л дээ гэхдээ бидний хоол хүнс дуусч байгаа болохоор эндээс олоход хэцүү байна. Бид
лорд Мандерлиг хөвгүүдтэйгээ хүрэлцэн ирмэгц хөдлөхөөр хүлээж байлаа.

Тугчин лордууд нь хүүд нь ингэж зөвлөснийг Кателин ойлголоо. Энэ бүх жилүүдэд хичнээн
удаа тэднийг Винтерфеллд хүлээн авч Нэд ширээндээ зочилж байлаа даа. Тэр тэднийг хүн
тус бүр ямар болохыг нь мэднэ. Харин Робб мэднэ гэж үү?

Гэсэн ч тэд ухаалаг зөвөлгөө өгчээ. Хүүгийнх нь цэргүүд зоосны төлөө хүчээр хөдөлгөдөг
Чөлөөт хотын цэргүүд биш. Тэдний ихэнхи нь эгэл жирийн хүмүүс болох тариачин, загасчин,
малчин буудын хөвгүүд, худалдаачин элдүүрчний зэрэгцээ олз омогт шунасан хөлсний цэрэг,
чөлөөт морьтонгууд байлаа. Тэдний лордынхоо дуудахад ирсэн ч мөнх байхгүй.

- Эндээс хөдлөх нь зүйтэй. Гэхдээ хаашаа чиглэсэн нь дээр вэ? Чамд юу хийх талаар санаа
байна уу?

Робб тээнэгэлзлээ.

- Том Жон биднийг лорд Тайвин руу дайран гэнэтийн цохилт өгч чадна гэж бодож байгаа ч
Головер болон Карстаркынхан армиа ухаалаг хөдөлгөн нагац ах сэр Эдмурын хааны
алуурчтай хийж байгаа тулалдаанд аваачсан нь зүйтэй гэж бодож байгаа гээд золгүй
байдалтай хуруугаараа үсээ сөргөснөө,

- Гэсэн ч биднийг Риверранд хүрэх үед... юу болохыг мэдэхгүй байна... гэв.

- Өөртөө итгэлтэй бай. Эсвэл гэр лүүгээ явж модон илдээ ахин барь. Чи Рус Болтон, Рикард
Карстарк нар мэтийн хүмүүсийн урд ийм тээнэгэлзсэн дүр үзүүлж болохгүй. Эндүүрэх
хэрэггүй шүү Робб. Тэд чиний тугчин болохоос анд нөхөр чинь биш. Чи өөрийгөө тулааны
удирдагчаар сонгосон. Удирд.
Хүү нь сонссон зүйлдээ үл итгэн түүн рүү гайхширан харлаа.

- Таны хэлсэн ёсоор болъё, ээжээ.

- Харин одоо чамаас ахин нэг удаа асууя. Чи юу хийх гэж байна?

Робб ширээн дээр элэгдсэн ноорхой толбонд хучигдсан ширэн газрын зураг дэлгэн нэг үзүүр
нь нуглараад байсанд хутгаа тавин тогтоов.

- Хоёр төлөвлөгөөнд хоёуланд нь давуу тал бий... Гэсэн ч бид лорд Тайвины цэрэг рүү очихыг
оролдох юм бол хааны алуурч тэр хоёрын дундуур гарах эрсдэлтэй алхам хийнэ... бидэнд
байгаа мэдээнээс үзэхэд түүний хүмүүсийн гол хүч нь хүнд зэвсэглэсэн морьтонгууд байгаа.
Том Жон энэ хамаагүй бид түүний өмдийг шувтлана гэж байгаа ч лорд Тайвин олон дайнд
оролцсон туршлагатай тэгж хялбар гэнэдүүлж болох хүн биш.

- Сайн байна. Цааш нь ярь гэж Кателин хэлэхдээ ширээний ард суусан Нэдийн хоолойг
хүүгээсээ сонслоо.

- Би харваачид голдуу багахан хэмжээний хүч Кайлины сувагт үлдээгээд үлдсэн хүнээ авч
давшин Хүзүүг гаталмагц хүчээ хоёр хуваана. Явган нь Хааны замаар давшилтаа
үргэлжлүүлж морьт цэрэг Ногоон салаан дахь Ихэр цамхагыг гатлана. Лорд Тайвинд биднийг
өмнө зүг явж буй мэдээ хүрмэгц умард зүг гол хүч рүү дайрч манай морьтонгуудад
Ривверраны баруун эрэг хүрэх зам чөлөөлөгдөнө гээд Робб инээмсэглээгүй ч магтаал хүлээн
сэтгэл хангалуун байлаа.

Кателин хөмсөг зангидан газрын зураг руу харлаа.

- Чи голын дунд армиа хоёр хуваах нь байна.

- Жэйми, лорд Тайвин хоёрын дунд гэж Робб тэсч ядан хэлээд инээмсэглэж,

- Энд Роберт хааны титмээ ялж авсан бадмаарагтай гармаар Ногоон салааг гаталж болохгүй.
Харин ихэр цамхагын гүүрийг лорд Фрей хянаж байгаа. Тэр эцгийн чинь тугчин биз дээ? гэв.

"Хожуу лорд Фрей" гэж Кателин бодлоо.

- Тиймээ тэр. Гэхдээ миний эцэг түүнд хэзээ ч итгэж байгаагүй. Чамд ч гэсэн ингэж зөвлөх
байна.

- Тэгэхгүй. Та энэ тухай юу гэмээр байна?

Бүгдэд биш ч Кателин сэтгэл хангалуун байв. Робб Талли шиг харагдаж байгаа ч эцгийн хүү
хэвээр Нэд түүнийг сайн сургажээ.

- Чи ямар хүч захирах гэж байна?

- Морьтон гэж тэр даруй хэлэв. Ахиад яг л эцэг шигээ. Нэд үргэлж хамгийн аюултай
даалгаварыг өөртөө авдаг байсан билээ.

- Бусдыг нь хэн захирах юм?

- Том Жон үргэлж бид лорд Тайвиныг хялбархан бут цохино гэж хэлдэг байсан болохоор би
түүнд энэ хүндэтгэлийг оноосон нь дээр гэж бодож байна.

Энэ бол түүний эхний хий гишгэсэн алхам байсан ч дөнгөж өдөлсөн итгэлийг нь шархлуулж
болно гэж үү?

- Эцэг чинь надад үргэлж Том Жон түүний мэдэх хамгийн аймшиггүй хүн гэж хэлдэг байсан
гэхэд Робб инээлээ.

- Хөнгөн салхи түүний хоёр хурууг хазсан ч инээгээд өнгөрсөн шүү. Тэгэхээр та зөвшөөрч
байгаа юм биз дээ?

- Эцэг чинь ч гэсэн аймшиггүй хүн байсан. Гэхдээ түүний зориг бол өөр зүйл.

Хүү нь хормын турш бодлогоширлоо.

- Умардын дайчид лорд Тайвин Винтерфелл хоёрын дунд зогсч байгаа. Харин миний сувагт
үлдээх цөөн хэдэн харваачдад аймшиггүй хүн шаардлагагүй байгаа биз дээ?

- Тиймээ чамд хүйтэн зальтай хүн хэрэгтэйгээс биш зоригтой биш.

- Тэгвэл үүнд Рус Болтон таарна. Энэ хүн намайг айлгадаг юм гэж Робб даруйхан хэлэв.

- Тэгвэл бид түүнийг Тайвин Ланнистерийг бас айлгаасай гэж залбирах үлдэх шив дээ.

Робб толгой дохиод газрын зургаа хуйллаа.

- Би тушаал өгч таныг Винтерфеллд дагалдан хүргэх хүн зохион байгуулъя.

Кателин Нэдийн төлөө, зөрүүд зоригтой хүүгийнхээ төлөө бүх хүчээ цуглуулахыг хичээв. Тэр
цөхрөл айдсаа өмсөхгүй хувцас мэт хойш нь тавьсан ч... гэнэтхэн ахин нөмрөн ирлээ.

- Би Винтерфелл рүү явахгүй гээд Роббын нүдэнд гайхширал тодрохыг харснаа,

- Миний эцэг Риверраны хананы цаана үхэж байж магадгүй. Дүү минь дайсанд хүрээлэгдээд
байна. Би тэдэн лүүгээ очих ёстой гэв.
ТИРИОН

Хар чихний Чэйкийн охин Челла урд тагнуулд яваад замын уулзвар дээр их хэмжээний цэрэг
байна гэсэн мэдээ хүргэж ирэв.

- Түүдгийн байдлаас үзэхэд хорин мянган хүн байгаа бололтой. Туг нь алтан арслантай улаан
юм.

- Чиний эцгийнх үү? гэж Бронн асуулаа.

- Эсвэл миний ах Жэйми ч байж магадгүй. Бид үүнийг удахгүй мэдэх болно гэж Тирион
хэллээ.

Тэр ойролцоогоор гурван зуун хүнтэй Чулуун хэрээ, Сарны ахан дүүс, Хар чих, Түлэгдсэн
хүний ноорхой армиа шинжин харлаа. Гурны хүү Гантор уулын бусад бүлгүүдээ хөдөлгөжээ.
Тирион эцэг нь энэхүү арьсан хувцас нөмөрч, зэвэрсэн илд барьсан хүмүүсийг хараад яах бол
гэж гайхширлаа. Үнэнийг хэлэхэд тэднийг яахаа өөрөө ч мэдэхгүй байгаа билээ. Тэр тэдний
захирагч уу олзлогдогч уу? Юунаас түрүүнд хоёул юм шиг санагдана.

- Магадгүй би доошоо ганцаар явсан нь дээр биз? гэж Тирион санал болгов.

- Тайвины хүү Тирион тэгсэн нь дээр гэж Сарны ахан дүүсийн Улф хэлэв.

Шагга аймшигтай харлаа.

- Долфын хүү Шаггад энэ таалагдахгүй байна. Шагга бяцхан хүнтэй цуг явна. Хэрвээ бяцхан
хүн худал хэлвэл эрхтнийг нь тасалж...

- ...ямаа тэжээнэ, тиймээ мэднэ гэж Тирион ядрангуй хэлээд,

- Шагга би чамд эргэж ирнэ гэдгээ Ланнистерийнхны ам өгч байна гэв.

- Бид яагаад чиний үгэнд итгэх ёстой гэж? Нам дор газрын лордууд урьд нь манай бүлгийг
хуурч байсан гээд Челла хөвгүүн шиг жижигхэн биетэй хэр нь тэнэг байсангүй.

- Чи намайг гомдоож байна шүү, Челла. Бид хэдийн найз нөхөд болсон гэж бодсон юмсан.
Гэхдээ чи хүсч байвал надтай Чулуун хэрээний Шагга, Конн, Сарны ахан дүүсийн Улф,
Түлэгдсэн хүний Тиметтийн хүү Тиметтэй нартай хамт явж болно гэхэд дээрэмчид харц
солилцлоо.

- Үлдсэн нь намайг дуудах хүртэл энд хүлээж бай. Байхгүй хоороонд битгий бие биенээ
зэрэмдэглэчихээрэй.

Тирион морио өсгийгөөрөө гуядан явахдаа тэдэнд араас дагахаас ондоо сонголт үлдээсэнгүй.
Тэр уулын бүлгийнхэн газар суун өдөр шөнийн турш маргаагүйд хангалуун байв. Энд л
бүлгүүдийн хоорондын хүндрэл байсан бөгөөд тэд хүн бүрийн хоолойг сонсож бүх зүйл дээр
төгсгөлгүй маргалдаж байв. Эмэгтэйчүүддээ хүртэл ярихыг зөвшөөрнө. Зуугаад жилийн
өмнөөс Хөндийг хааяа дээрэмдэхээс ондоо сүрдүүлж байсанд гайхах зүйлгүй. Тирион
үүнийг өөрчлөх болно.

Бронн тэдэнтэй хамт явлаа. Араас нь таван уулын хүн хадан дээгүүр ямаа шиг авирдаг
жижигхэн туранхай одой морьдтой адилхан морьдоо унан дагалаа.

Чулуун хэрээнийхэн хамтдаа явж, Сарны ахан дүүс Челла, Улф хоёр хоорондоо ойрхон зай
барин, Хар чих мөр зэрэгцэн гагцхүү Тиметтийн хүү Тиметт ганцаар явж байв. Сарны уулын
бүлэг бүр эр зоригоо батлахын тулд биеэ галаар түлж тэр ч байтугай найран дээрээ хүүхэд
шарж иддэг гэж ярьдаг Түлэгдсэн хүнээс айна. Харин Түлэгдсэн хүн бүр насанд хүрэх үедээ
зүүн нүдээ цайртал улайсгасан хутгаар ухан гаргасан Тиметтээс айна. Тирион хөвгүүд
ердийн үед хөхний толгой, хуруугаа юм уу чихээ шатаадаг гэж сонсчээ. Гэвч Тиметт нүдээ
сонгосон нь Түлэгдсэн хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлсэн болохоор тэд нэгэн дуугаар
татгалзалгүй Улаан гар буюу удирдагчаар сонгожээ.

- Би тэдний хаан өөрийгөө шатаасан болов уу гэж бодож байна гэж Тирион Броннд энэ тухай
анх сонсоод хэлжээ. Хөлсний цэрэг мушийгаад доош бөхийжээ... гэсэн ч Бронн Тиметтэд
хүндэтгэлтэй хандана. Хэрвээ хүн өрөөсөн нүдээ ухаж хаях хүртлээ галзуурсан бол
дайсандаа онц хэрцгий хандах нь эргэлзээгүй.

Алсад харуулууд цамхаг дээрээс толгод уруудан ирэх морьтонгуудыг ширтэн хэрээ нисэх нь
үзэгдэв. Уулын зам харуулын эхний цэг хүртэл хоёр чулууны дундуур тахирлан буужээ. Зам
хаасан дөрвөн фут өндөр багахан ханын цаана арваад харваачид суужээ. Тирион
дагалдагсдаасаа сугаран хана руу ганцаар очлоо.

- Энд хэн захирч байна гэж? гэж хашгиран асуув.

Ахлагч нь түргэхэн гарч ирсэн шигээ лордынх нь хүү гэдгийг маш түргэн танив. Тэд цааш
харласан газар шатсан бэхлэлтийг өнгөрөөд Сэрээний Ногоон салаа дахь голын хөндий рүү
уруудав. Тирионд үхсэн хүний хүүр үзэгдээгүй ч агаарт дүүрэн улай үзсэн хэрээ эргэлдэхээс
үзэхэд саяхан энд тулаан болсон бололтой.

Замын уулзвараас хагас милийн хиртэй зайд гадас шовхлон зоож жадчид, харваачидын
харуулын байр татжээ. Ард нь алсад буудалласан лагерь харагдана. Зуу зуун түүдгийн галаас
нарийхан утаа суунаглаж, хуяг дуулгатай хүмүүс модны дор суун илдээ хурцлах бөгөөд
шавартай газар хатгасан танил туг дэрвэнэ.

Морьтой цэргүүд тэднийг хашаанд ойртоход урдаас нь угтан ирлээ. Тэднийг ягаан болор
шигтгэсэн мөнгөн хуяг дуулга, хүрэн мөнгөлөг нөмрөгтэй хүлэг баатар тэргүүлэн явлаа.
Бамбай дээрээ ганц эвэртийн сүлдтэй, морины толгойны дуулган дээрээ мушгирсан эвэр
дүрсэлжээ. Тирион жолоогоо татан мэндэллээ.

- Сэр Флемент.

Сэр Флемент Бракс дуулганы халхавчаа сөхсөнөө,


- Тирион гэж гайхширан дуу алдлаа.

- Эрхэм лорд бид таныг үхсэн юм уу эсвэл... гэж айж байлаа. Эд нар таныг дагалдаж яваа
хүмүүс үү? гээд уулынхныг итгэлгүйхэн харлаа.

- Сэтгэл зүрхний нөхөд үнэнч дагалдагсад маань. Би эцгээ хаанаас олж болох вэ?

- Тэр замын уулзвар дахь дэн буудалд байрлаж байгаа гэхэд Тирион хөхөрлөө.

Замын уулзвар дахь дэн буудал гэнээ! Магадгүй бурхад энэ бүхний эцэст шударга хандаж
байгаа хэрэг бизээ.

- Би түүнтэй даруйхан уулзмаар байна.

- Таны тааллаар болъё, эрхэм лорд гээд сэр Флемент морио эргүүлэн хашгиран тушаал өгөхөд
гурван эгнээ гадсан хаалт замаас холдуулж хашаанд нүх гаргав. Тирион хүмүүсээ дагуулан
орлоо.

Лорд Тайвины буудал хэдэн милийн дагуу сунан байрлажээ. Челлагын хэлснээр хорин мянган
хүнээс хол зөрсөнгүй. Жирийн цэргүүд задгай газар төвхнөсөн бол хүлэг баатрууд майхнаа
барьж, зарим өндөр сурвалжит лордууд байшин том асар засчээ. Тирион Престерийн улаан
бух, лорд Кракехаллын судалтай хүрэн бодон, Марбандын шатаж буй мод болон Лиддений
доргыг харлаа. Хүлэг баатрууд түүнийг өнгөрөхөд дуудан, цэргүүд нь уулынхныг амаа ангайн
ширтэнэ.

Шагга амьдралдаа ийм их хүн, морь, зэвсэг үзээгүй болохоор түүнээс дутуугүй алмайрсан
байв. Үлдсэн уулын дээрэмчид царайны хувирлаа үзүүлээгүй ч Тирионы тэднийг гайхан
алмайрсанд эргэлзсэнгүй. Тэгсэн нь ч дээр. Ланнистерийнхны сүр хүчинд хичнээн сэтгэгдэл
төрөх тусам захирахад хялбар болно.

Буудлын жүчээ байсан газар өөрчлөгдсөнгүй ч тосгон байсан газар харласан суурьтай
овоолттой чулуу үлдсэн байв. Хашаанд дүүжлүүр зоож хэрээнд шавуулсан бие ганхана.
Тирионыг дөхөж очиход хэрээнүүд чанга гуаглан далавчаа дэлгэн нислээ. Тэр мориноосоо
буугаад цогцсыг харав. Шувуу уруул, нүд, хацрынх нь ихэнхи хэсгийг тоншсон ч улаан шүд
аймшигтай инээмсэглэжээ.

- Би зөвхөн өрөө, хоол, домботой дарс гуйсан шүү дээ гэж Тирион ойртож очихдоо сануулав.

Жүчээний хашаанаас хөвгүүд гарч ирснээ морьдыг нь авахаар тээнэгэлзэнгүй дөхөв. Шагга
тэдэнд морио өгөхийг хүссэнгүйд Тирион,

- Тэр зөвхөн моринд чинь овъёос өгч, услан үсийг нь сойздох гэж байгаа юм. Моринд чинь
ямар ч гэм учрахгүй гэдгийг амалж байна гэж хэлэв. Шаггагын хувцсыг ч гэсэн сайтар
сойзодвол илүүдэхгүй байсан ч энэ тухай дурсахгүй байсан нь дээр байлаа.

Шагга муухай харан цулбуураа тавиад,


- Энэ бол Долфын хүү Шаггагын морь гэж хөвгүүн рүү орилов.

- Хэрвээ түүнийг буцаж ирэхэд гүү нь байхгүй бол эрхтнийг чинь огтолж ямаа тэжээнэ гэж
Тирион амаллаа.

Дэн буудлын хаягны дор хаалганы хоёр талд хүрэн улаан нөмрөг, арслангын сүлдтэй
дуулгатай харуул зогсчээ. Тирион ахлагчыг нь танив.

- Миний эцэг хаана байна?

- Нийтийн өрөөнд байгаа, эрхэм лорд.

- Миний хүмүүс мах, бал хүсч байгаа. Тэдэнд идэж уух юм өгөхөд санаа тавиарай гээд
эцэгтэйгээ уулзахаар дэн буудал руу орлоо.

Кастерли Рокийн эзэн өрнөдийг захирагч Тайвин Ланнистер тавин насыг зооглосон ч хориос
хэтрээгүй юм шиг харагдана. Сууж байхдаа хүртэл өндөр урт хөл, өргөн мөр, чанга гэдэстэй
байлаа. Нарийхан гар дээр нь булчин товойно. Урьд алтлаг өнгөтэй байсан өтгөн үс нь
бууралтаж эхлэхэд үсчиндээ толгойг нь хусахыг тушаажээ. Түүнчлэн уруул эрүүнийхээ дээд
хэсгийн сахлыг хуссан ч шанааны сахлаа хэвээр үлдээж хоёр том мушгирсан алтлаг сахал
эрүүнээс чих хүртэл өгсчээ. Цайвар ногоон нүдэнд нь алтан оч гялалзана. Зарим хүмүүс лорд
Тавины ялгадас хүртэл алт байдаг гэж наргидаг байхад зарим нь түүнийг Кастерли Рокийн
газар дор амьдардаг гэж итгэнэ.

Эцгийнх нь цорын ганц амьд үлдсэн ах Сэр Кеван Ланнистер лорд Тайвинтай шар айраг ууж
байхад Тирион орж очив. Түүний авга ах бахим биетэй, халзан толгойтой бөгөөд богинохон
тайрсан шаргал сахал том эрүүг нь эмжжээ. Сэр Кеван түүнийг түрүүлж хараад,

- Тирион гэж гайхан дуу алдав.

- Авга ахаа. Хүндэт эцэг минь. Та бүхнийг харах ямар таатай хэрэг вэ гээд Тирион мэхийн
ёслов.

Лорд Тайвин сандлаасаа босолгүй одой хүүгээ удтал цэгнэн харав.

- Чамайг үхээд хаа ч олдохгүй байгаа гэж цуу яриа сонссон юм байна.

- Таны урмыг хугалсанд уучлаарай, аав аа. Намайг тэврэх гэж босох хэрэггүй дээ. Би таньд
төвөг удахыг хүсэхгүй байна гээд өрөөн дундуур ширээ рүү богинохон майга хөлөөрөө алхам
тутам хазганасаар очихдоо эцгийнх нь харц төөнөхийг мэдээд эвгүйрхэв.

- Миний төлөө дайнд мордсон нь таны зүгээс маш эелдэг хэрэг шүү гээд сандал дээр авиран
гарч эцгийнхээ шар айрагнаас аяганд хийж авлаа.

- Миний зүгээс бол чи үүнийг эхэлсэн. Чиний ах Жэйми хэзээ ч эмэгтэй хүний гарт
олзлогдох номхон хүн биш.
- Энэ л Жэйми бид хоёрын ялгаа байгаа юм. Тэр надаас хамаагүй өндөр болохыг та анзаарсан
биз дээ гэхэд эцэг нь хошигнолыг үл тоомсорлов.

- Манай гэр бүлийн нэр хүндийн явдал байсан. Надад мордохоос өөр зам үлдээгүй.
Ланнистерийн цусыг урсгасан ямар ч хүн цээрлэлгүй үлдэх ёсгүй.

- Хүрхрэлтийг минь сонс гэж Тирион Ланнистерийн уриаг хэлээд инээлээ.

- Үнэнийг хэлэхэд хоёр гурван удаа ойрхон байсан ч хэн ч миний цусыг урсгаагүй. Харин
Моррек, Жик хоёр алагдсан.

- Тэгвэл чамд шинэ хүн хэрэгтэй болж.

- Төвөг удах хэрэггүй дээ, аав аа. Би өөртөө хэдэн хүн элсүүлсэн гээд Тирион шар айраг
залгилахыг оролдоход исгэсэн хүрэн бараг идэж болмоор өтгөн шар айраг байлаа. Маш сайн
шар айраг байв. Эцэг нь буудлын эзэгтэйг дүүжилсэн нь харамсалтай.

- Ингэхэд дайны явц ямар байна даа? гэхэд авга ах нь хариуллаа.

- Хангалттай сайн байгаа. Сэр Эдмур бидний дээрэмдэлтийг зогсоохын тулд багахан хүнтэй
арми хилийн шугамаараа тараасан болохоор лорд эцэг чинь тэднийг эргэж нэгдэхээс урьд
хэсэг хэсгээр нь бут цохисон гэхэд лорд Тайвин,

- Харин чиний ах гавъяа байгуулсан. Тэр лорд Вэнс, Пайперыг Алтан шүдэнд бут ниргэж
Таллигийн их хэмжээний хүчтэй Риверранд тулгарсан. Сэрээний лордууд бут цохиулж сэр
Эдмур Талли олон хүлэг баатар тугчдынхаа хамт баригдсан. Лорд Блэквуд цөөн хэдэн амьд
үлдсэн хүнээ аваад Риверранаас дүрвэж Жэйми шилтгээнийг нь эзэлсэн. Үлдсэн нь өөр
өөрсдийнхөө бэхлэлт рүүгээ зугтсан гэв.

- Эцэг бид хоёр чинь тэдний эсрэг ээлжит давшилт хийсэн. Лорд Блэквуд байхгүй болохоор
Равентрий шууд унаж, хатагтай Вэнт хүмүүсээ хамгаалахын тулд Харренхалд бууж өгсөн. Сэр
Грегор Пайпер болон Бракеныг галдан шатаасан...

- Та нарын эсрэг тэмцэх хүн үлдээгүй юу?

- Яг ч тийм биш. Маллистерийнхан Сигардыг барьж, Валдер Фрей Ихэр цамхагаа эзэмшсэн
хэвээр байгаа.

- Энэ чухал биш. Фрэй ялалтын үнэр үнэртвэл тулааны талбарт гарч ирэх хүн ч одоо тэр
үхлийг үнэрлэж байна. Жасон Маллистерд ганцаар эсэргүүцэх хүч байхгүй. Жэйми
Риверраныг эзэмлэгц тэд хоёул түргэн өвдөг сөгдөнө. Хэрвээ Старк болон Арриныхан
биднийг эсэргүүцэхээр хөдлөхгүй бол дайнд ялсан гэж үзэж болно гэж лорд Тайвин хэлэв.

- Би таны оронд байсан бол Арринийхнаас түгшихгүй байсан даа. Харин Старкынхан бол өөр
хэрэг. Лорд Эддард...

- ...манай олзонд байгаа. Тэр армиа удирдахын оронд Улаан шилтгээний гянданд ялзарч
байгаа гэж эцэг нь хэллээ.

- Тиймээ гэж сэр Кеван зөвшөөрөөд,

- Гэхдээ хүү нь тугчдаа дуудан Кайлины сувагт хүчтэй цэрэг хуралдуулсан гэв.

- Ямар ч илдийг хатаах хүртэл хүчтэй гэж хэлж болохгүй. Старкын хөвгүүн хүүхдээрээ
байна. Түүнд эргэлзээгүй дайны бүрээн дууг сонсож тугныхаа салхинд дэрвэхийг харах нь
таалагдсан биз. Гэвч энэ нь нядалгааны ажлаар төгсгөл болно. Би түүнийг урдаас
эсэргүүцэхгүй зориг хүрэлцэхгүй гэж айж байна гэж лорд Тайвин хэлэв.

Түүнийг эзгүйд болсон үйл явдал сонирхолтой зүг рүүгээ эргэсэн гэдгийг Тирион ойлголоо.

- Ингэхэд манай аймшиггүй хаан энэ нядалгааны ажлыг чинь юу гэж үзэж байгаа юм бэ?
Миний дур булаам үзэсгэлэнтэй эгч Робертийг үнэхээр ятган хайртай Нэдийг нь хориулахыг
зөвшөөрч чадлаа гэж үү?

- Роберт Баратеон үхсэн. Хааны газрыг чиний зээ эзэмшиж байгаа гэж эцэг нь хэлэв.

Тирион гайхан балмагдлаа.

- Миний эгч гэсэн үү гээд шар айраг уув. Хэрвээ Серсей нөхрийнхөө оронд жолоодож байгаа
бол хаант улс өөр болно.

- Хэрвээ чи ямар нэг талаар ашигтай байхыг хүсч байвал би чамд тушаал өгье. Марк Пайпер,
Карил Вэнс манай газар дээгүүр сул чөлөөтэй Улаан сэрээ рүү дээрэмдлэг хийн хэсүүчилж
байгаа гэж эцэг нь үргэлжлүүлэв..

Тирион шүдээ тогшлоо.

- Тэднийг хөөж эрээгүй явдлыг нь таслан зогсоох хэрэгтэй. Би ердийн үед иймэрхүү
бүдүүлэгчүүдийг шийтгэх үүргийг өөртөө дуртайяа авах байсан авч харин одоо үнэнийг
хэлэхэд өөр газар хэрэг болно гэдэгт итгэж байна.

- Чи юу? гэж лорд Тайвин гайхсангүй.

- Өөр бидэнд бас Нэд Старкын явуулсан хүмүүсийн үлдэгдэл багагүй төвөг удаж байна.
Манай залуу лорд Берик Дондаррион алдар хүнд эрмэлзэж байгаа юм. Түүнтэй цуг тарган
егөөтэй галт илдтэй хуврага явж байгаа. Чи тэдний учрыг олж дөнгөнө гэж бодож байна уу?
Ямар ч асуудалгүй юу? Гэхэд Тирион гарынхаа араар амаа арчаад инээмсэглэв.

- Аавын минь итгэл зүрх сэтгэлийг минь дулаацуулж байгаа ч... хорин хүн гэсэн үү? Эсвэл
тавийг өгөх юм уу? Та үнэхээр намайг үүнээс их хүн захирч чадна гэдэгт итгэж байна уу? Энэ
чухал биш. Хэрвээ би Торос, лорд Бэрик луу очвол хоёулангых нь бөгс рүү алгадна гээд
сандлаасаа бууж хажуу шүүгээн дээр байсан жимстэй цагаан бяслаг сарвайлаа.

- Гэсэн ч надад эхлээд амжуулах нэг зүйл байна гээд зүсэм бяслаг огтолж.
- Надад гурван зуун дуулга төдий тооны гархин хуяг, нэмээд илд, ган зэвтэй жад, бороохой,
байлдааны сүх, бээлий, хүзүүний хамгаалалт, цээж хуяг, энэ бүхнийг ачиж явах хөсөг тэрэг
хэрэгтэй байна...

Түүний ард талын хаалга тасхийн онгойход Тирион цочсондоо бяслагаа унагах шахлаа.
Өрөөний дундуур харуулын ахлагч нисэн өнгөрч зуух мөргөн унахад сэр Кеван үсрэн босч
хараалаа. Түүнийг дуулгаараа хүйтэн үнс рүү шигдэн унахад Шагга илдийг нь өвдгөн дээрээ
хатсан мөчир шиг хугалж доош хаяад өрөө лүү орж ирэхэд өмхий үнэр нь бяслагныхыг
дарахаар хүчтэй ханхлав.

- Жижигхэн улаан малгайт минь чи дараагийн удаа Долфын хүү Шаггаг сүрдүүлж зүрхлэх
юм бол эрхтэнийг чинь огтолж галд шарна шүү.

- Юу? Ямаанд өгөхгүй байсан юм уу? гээд Тирион бяслагаа хазлаа.

Шаггаг даган уулын бусад хүмүүс орж ирэхэд Бронн тэдэнтэй байв. Хөлсний цэрэг Тирион
руу харснаа мөрөө хавчлаа.

- Чи чинь хэн гээч вэ? гэж лорд Тайвин мөс шиг хүйтэн хоолойгоор асуув.

- Тэд намайг дагалдан гэрт хүргэж ирсэн юм, аав аа. Би тэднийг үлдээж болох уу? Тийм ч их
идэхгүй... гэж Тирион хэлэв.

Хэн ч инээсэнгүй.

- Зэрлэгүүд та нар бидний зөвөлгөөнийг тасалдаг ямар эрхтэй юм бэ? гэж сэр Кеван
шаардлаа.

- Зэрлэгүүд гэсэн үү? гээд Конн нүүрээ угаасан бол царайлаг харагдахаар байлаа.

- Бид чөлөөт хүмүүс. Харин чөлөөт хүмүүс бүхий л дайны зөвөлгөөнд оролцох эрхтэй байдаг.

- Та нарын хэн ч инь арслан лорд юм? гэж Челла асуухад,

- Тэр хоёр хөгшин хүний нэг гэж Тиметтийн хүү Тиметт заав.

Сэр Кеваны гар илднийхээ бариулд хүрсэн ч дүү нь хуруугаараа хоёр хуруугаараа бугуйнаас нь
барин зогсоогоод тайвнаар,

- Тирион чи эелдэг ёсыг мартаа юу? Бидэнд... хүндэт зочдоо эелдэгээр танилцуулаач гэхэд
Тирион хуруугаа долоолоо.

- Дуртайяа танилцуулъя. Энэ охиныг Хар чихний Чэйкийн охин Челла гэдэг юм.

- Би охин биш. Миний хөвгүүд хэдийн тавин чих цуглуулсан гэж Челла эсэргүүцэв.

- Магадгүй тавиас илүү цуглуулсан ч байж мэднэ гээд Тирион түүнээс холдлоо. - Энэ бол
Кораттын хүү Конн. Долфын хүү Шагга Кастерли Рокийнх шиг үстэй. Тэд бол Чулуун хэрээ.
Энэ бол Сарны ахан дүүсийн Умарын хүү Улф. Түлэгдсэн хүний Улаан гартай Тимметийн
хүү Тиммет. Харин үүнийг хөлсний цэрэг Бронн гэдэг ямар ч холбоонд багтдаггүй хүн.
Миний танилцсан цагаас хойш талаа хоёр ч удаа сольсон болохоор шагнал хүртэх эрхтэй,
эцэг минь гээд Бронн болон бусад бүлгийн хүмүүст хандан,

- Надад лорд эцгээ танилцуулахыг зөвшөөрнө үү. Титосын хүү Тайван Кастерли Рокийн эзэн
өрнөдийн захирагч, Ланниспортын хамгаалагч ирээдүйд хааны Гар болох хүн гэлээ.

Лорд Тайвин сүрлэгээр босов.

- Өрнөдөд ч гэсэн Сарны уулын дайчидын хүчирхэг бүлгийн тухай мэддэг билээ. Та бүхнийг
бэхлэлтээс чинь юу доош нь авчрав эрхэм лордуудаа?

- Морьд гэж Шагга хэлэв.

- Бас амалсан торго, ган гэж Тимметийн хүү Тиметт хэлэв.

Тирион лорд эцэгтээ уулын бүлгийнхэнд Арриний хөндийг утаа уугьсан хоосон тал
болгохоор амласнаа хэлэхээр завдсан ч боломж олдсонгүй. Хаалга ахин тасхийн онгойв. Элч
орж ирэн Тирионы хүмүүс рүү зэрвэс хачирхан харснаа Тайвины өмнө сөгдлөө.

- Эрхэм лорд. Сэр Аддам намайг таньд Старкын хүмүүс хөдөлсөн гэж мэдээ дамжуулахаар
илгээлээ.

Лорд Тайвин Ланнистер инээмсэглэсэнгүй. Ер нь тэр хэзээ ч инээмсэглэж байгаагүй ч


Тирион эцгийнхээ царайнаас баяр хөөрийг уншиж сурчээ.

- Тэгэхээр чоно ичээгээ орхиж арслантай тоглох гэсэн юм биз дээ гэж хөөрсөн хоолойгоор
тайван хэлэв.

- Гайхалтай. Сэр Аддам руу эргэн очиж түүнийг ухар гэж хэл. Тэр биднийг очих хүртэл
умардынхан руу дайрах ёсгүй. Гэхдээ би түүнийг умардынхныг далбаагаараа хууран өмнө зүг
рүү алс оруулаасай гэж хүсч байна.

- Таны тушаалаар болъё гээд морьтон явлаа.

- Бид энд сайтар бэхэлсэн. Гарамтай ойрхон эргэн тойрон хадаасаар дүүрэн шуудуугаар
хүрээлүүлсэн. Хэрвээ тэд өмнөд рүү ирвэл бид тогтоож чадна гэж сэр Кеван хэлэв.

- Хүү манай манай цэргүүдийн тоог харвал эр зоригоо алдан хулчийн ухрах биз.
Старкынхныг хичнээн хурдан бут ниргэх тусам би Станнис Баратеонтой чөлөөтэй учраа
ололцоно. Бөмбөрчдөд цугларах дохио өг гэж хэл. Жэймид намайг Робб Старкын эсрэг явлаа
гэж дуулгаарай.

- Чиний хэлснээр болъё гэж сэр Кеван хэлэв.


Тирион эцгийнхээ уулын бүлгийнхэн рүү эргэхийг бишрэн харлаа.

- Хүмүүс уулын бүлгийн дайчдыг айдсыг мэддэггүй гэлцдэг.

- Үнэн хэлсэн байна гэж Чулуун хэрээний Конн өгүүлэв.

- Бас эмэгтэйчүүд нь ч гэсэн гэж Челла нэмэрлэв.

- Надтай хамт дайсны эсрэг мордвол та нар хүүгийн минь амалснаас илүү шан хүртэх болно.

- Бидэнд өөрсдийн зоосыг минь төлөх гээ юу? Хүү нь амалсан байхад эцгийнх нь амлалт
ямар хэрэгтэй гэж? хэмээн Умарын хүү Улф хэлэв.

- Би хэрэгтэй гэж хэлээгүй байна. Миний үг цэвэр эелдэг ёсноос өөр зүйлгүй. Та нар заавал
бидэнтэй нэгдэх шаардлагагүй. Өвлийн газрын хүмүүс төмөр шиг хатуу мөс шиг зоригтой
болохоор хүлэг баатрууд минь хүртэл тэдэнтэй тулгарахаас айж байгаа.

"Өө хөнгөн учрыг нь олох шив" гэж Тирион инээмсэглэн бодов.

- Түлэгдсэн хүн юунаас ч айдаггүй. Тиметтийн хүү Тиметт арслантай цуг явах болно.

- Хэрвээ түлэгдсэн хүн хэрвээ явж байгаа бол Чулуун хэрээ түрүүнд нь явна. Бид ч гэсэн
хөдлөх болно гэж Конн чангаар тунхаглав.

- Долфын хүү Шагга тэдний эрхтэнг огтолж хэрээ тэжээнэ.

- Бид чамтай явна, арслан лорд минь гэвч одой хүү чинь бидэнтэй хамт байх ёстой. Тэр
амьсгалаа амлалтаараа худалдан авсан. Биднийг түүний амалсан ганг авах хүртэл амь нас нь
бидэнд хамаарах болно.

Лорд Тайвин нүдэндээ алтлаг оч гялалзуулан хүү рүүгээ эргэв.

- Тоглосон юмаа гээд Тирион инээлээ.


САНСА

Хаан ширээний өрөөний хананд байсан Роберт хааны дуртай ангийн зургуудыг ховхлон
буланд замбараагүй овоолжээ.

Сэр Мандон Мур хааны ширээний хөлд байраа эзлэн хааны хамгаалалтын хоёр хүлэг баатрын
хамт зогсож байв. Санса хаалган дээр ирсэн хойноо л хамгаалалтаас мултарлаа. Хатан хаан
түүнийг сайн байсных нь төлөө урамшуулан цайзад чөлөөтэй явах эрх олгосон ч хаа сайгүй
дагуултай явж байв.

- Миний охины хүндэт харуул гэж хатан хаан тэднийг нэрлэх авч Сансад ямар ч хүндэтгэлтэй
санагдсангүй.

"Цайзын эрх чөлөө" гэдэг нь Улаан шилтгээн дотор дуртай газраа явж болох авч хаалгаар гарч
болохгүй байлаа. Санса хэрмээс цааш гарч чадахгүй болохоор энэ амлалтыг дуртайяа өгсөн
юм. Хаалгыг Жанос Слинтийн алтан нөмрөгтөнгүүд өдөр шөнөгүй хамгаалж, Ланнистерийн
харуулууд үргэлж ойр байдаг байлаа. Тэгээд ч шилтгээнийг орхилоо гэхэд хаашаа явах билээ
дээ? Оронд нь хашаанд зугаалж, Мирцеллагын цэцэрлэгээс цэцэг түүж, сүмд эцгийнхээ
төлөө мөргөхөөр явж байгаа нь хангалттай. Заримдаа тэр Старкийнхны хуучин шүтлэгийн
дагуу бурхдын мод руу мөргөхөөр очих нь бий.

Энэ нь Жоффрейгийн хаанчлалын эхний хэрэг явуулалт болохоор Санса түгшин харж байлаа.
Ланнистерийн хүмүүс баруун цонхны дор эгнэн жагсаж, алтан нөмрөгтэй Хотын харуулууд
зүүн цонхны дор зогсчээ. Эгэл жирийн хүмүүсийн дүрс хаа ч үзэгдсэнгүй танхимд их бага
лордууд холилдон зогсчээ. Тэд Роберт хааны албан хэрэг шийтгэх үед зуугаараа байсан ч одоо
хориос хэтрэхгүй байлаа.

Санса тэдний дундуур шивнэн мэндэлж урагш явлаа. Тэр хар арьстай Жалабхар Зо, баргар
сэр Арон Сантагар, Рэдвайны ихрүүд Хоррор, Слоббер нарыг танив. Гэхдээ тэдний хэн ч
түүнийг таньсан дүрс үзүүлсэнгүй халдварт тахал туссан мэт дэрхийн холдов. Бие муутай
лорд Гилес Сансаг ойртмогц алчуураар нүүрээ халхлан ханиалгаж буй мэт дүр эсгэхэд,
хөгжилтэй согтуу сэр Донтос түүн рүү ширтэн мэндлэх гэсэн ч сэр Балон Свонн чихэнд нь
юм шивнэхэд цааш эргэлээ.

Тэдний дунд олон хүн байсангүй. "Үлдсэн нь хаачсан хэрэг вэ?" гэж Санса бодоод нөхөрсөг
царай эрсэн ч үр дүнгүй болов. Яг л цагаасаа өмнө үхсэн сүнс зогсож байгаа аятай хэн ч
түүний зүг харахыг хүссэнгүй.

Зөвлөлийн ширээнд ганцаар сууж байсан эрхэмсэг мастер Пацилл зүүрмэглэж буй бололтой
хоёр гараа хавсран сахлынхаа дээгүүр тулжээ. Тэгтэл лорд Варис танхимд яаран орж ирэх
үзэгдээд хөлийн чимээ нь дуулдсангүй. Хормын дараа лорд Бэйлиш өндөр хаалгаар
инээмсэглэн орж ирэв. Тэр сэр Балон, сэр Донтос нартай хөгжилтэй ярилцсанаа урагш
зүтгэлээ. Сансагын дотор палхийв. "Би айх ёсгүй. Надад айх зүйл юу ч байхгүй. Бүх зүйл
сайхан болно. Жоффрейг надад хайртай гэж хатан хаан хэлсэн" гэж өөртөө хэлэв.

Тэгтэл зарлагын хоолой дуулдав.


- Эрхэм дээдэс Андалс, Ройнер хаан болоод Анхны хүний нэрийн өмнөөс долоон ханлигийг
захирагч Баратеон, Ланнистер овгийн Жоффрей болон түүний хатагтай ээж Ланнистер
овгийн, засгийн эрх баригч хатан хаан, Өрнөдийн гэрэл, хаант улсыг хамгаалагч Серсей.

Сүр жавхлантай цагаан хуяг дуулга өмссөн Сэр Барристан Сэлми тэднийг тэргүүлэн орж
ирлээ. Сэр Арис Оакхарт хатан хааныг дагалдан сэр Борос Блоунт Жоффрейн дэргэд явахад
танхим дахь хааны хамгаалагч зургаа болов. Цагаан илднээс Жэйми Ланнистер ганцаар
байсангүй. Түүний ханхүү... үгүй одоо хаан!.. төмөр хаан ширээний гишгүүрийг хоёр хоёроор
нь алгасан өгсөхөд, ээж нь зөвлөлийн ширээнд суудал эзлэв. Жофф хүрэн улаан ухлаадастай
тансар хилэн хувцас өмсч, өндөр захтай алтлаг гялалзсан богино нөмрөг зүүгээд толгойдоо
хар алмааз, бадмаараг чулуу шигтгэсэн титэм тавьжээ.

Жоффрей танхимыг гүйлгэн харснаа Санса дээр харц тусан инээмсэглээд суун ярьж эхэллээ.

- Хааны үүрэг бол үнэнч бус хүнийг шийтгэж үнэнч хүнийг шагнах явдал. Эрхэмсэг мастер
Пацилл би таньд миний зарилигийг уншихыг тушааж байна.

Пацилл хөл дээрээ бослоо. Тэр үенгийн арьсан захтай зузаан хамба хилэн гоёмсог сайхан
хэлхгэр хувцас өмсөж гялалзсан алтан товч товчилжээ. Өргөн хацуйнаасаа хуйлаастай цаас
гаргаад дэлгэн хатан хаан, зөвлөл болоод Жоффрейд үнэнчээ тангараглах ёстой лордуудын
урт жагсаалтыг уншиж эхлэв. Эсрэг тохиолдолд урвагч гэж үзэн газар нутаг цол хэргэмийг нь
хураах ажээ.

Нэр уншиж эхлэх үед Санса амьсгаа даран чагналаа. Лорд Станнис Баратеон хатагтай эхнэр
охины хамт. Лорд Рэнли Баратеон. Хоёр лорд Ройс хөвгүүдийнхээ хамт. Сэр Лорас Тайрелл
болон лорд Мэйс Тайрелл ах дүүс, нагац, хөвгүүдтэйгээ. Мирийн улаан санваартан Торос.
Лорд Берик Дондаррион. Хатагтай Лиза Аррин бяцхан хөвгүүн лорд Роберттойгоо. Лорд
Хостер Талли, дүү сэр Бринден болон хүү сэр Эдмурын хамт. Лорд Жасон Маллистер болон
Маршийн лорд Брус Карон. Блэквудын лорд Титос. Лорд Валдер Фрей удам залгамжлагч сэр
Стевроны хамт. Лорд Карил Вэнс. Лорд Жонос Бракен. Хатагтай Шейла Вент. Дорнийн
хунтайж Доран Мартелл хөвгүүдтэйгээ хамт. Тэд маш олуул байсан тул ийм тушаалыг
илгээхийн тулд бүтэн сүрэг хэрээ нисгэх хэрэгтэй болох нь гэж Санса Пациллыг унших зуур
бодлоо.

Эцэст нь төгсгөл рүүгээ дуудсан нэрс Сансагын дотрыг хирдхийлгэв. Хатагтай Кателин
Старк, Робб Старк, Брандон Старк, Рикон Старк, Аръяа Старк. Санса Аръяагын нэрийг
хэлэхэд дуу алдлаа. Тэд Аръяаг үнэнчээ илэрхийлэн ам өгөхийг хүсч байна гэдэг чинь...
тэгэхээр дүү нь ордноос зугатаж Винтерфеллд одоо аюулгүй байгаа хэрэг байх нь.

Эрхэмсэг мастер Пацилл жагсаалтаа хуйлаад зүүн ханцуй руугаа шургуулж баруун
талынхаасаа ахин нэг цаас гаргав. Тэр хоолой засан ханиалгаснаа,

- Урвагч Эддард Старкын оронд эрхэм дээдсийн соёрхол ёсоор Кастерли Рокийн эзэн,
өмнөдийг захирагч Тайвин Ланнистерийг хааны Гарын албан тушаалд томилж хааны
хоолойгоор ярьж, армийг нь дайсны урдаас удирдах эрх олгож байна. Хааны зарлиг ёсоор
бага зөвлөл батлав.
- Урвагч Станнис Баратеоны оронд эрхэм дээдсийн тааллаар үргэлж гуйвалтгүй дэмжлэг
үзүүлж байсан хатагтай ээж засаг төрийг баригч хатан Серсей Ланнистерийг бага зөвлөлд
суулган цэцэн мэргэн ухаанаараа шүүх засгалалд туслах эрх олгосугай. Хааны зарлиг ёсоор
бага зөвлөл баталсан болно.

Санса эргэн тойрондоо лордууд аяархан гүнгэнэлдэхийг мэдэрсэн ч түргэн чимээгүй болов.
Пацилл үргэлжлүүллээ.

- Эрхэм дээдсийн соёрхол ёсоор Хааны газрын Хотын харуулын захирагч үнэнч зарц Жанос
Слинтийг цол ахиулан лордын хэрэм олгож Харенхаллын дахь эртний суудлыг газар нутаг,
бараа бологсдынх нь хамт өгч хөвгүүд үр ач нарт нь өв залгамжлан уламжлагдах эрхийг
олгосугай. Мөн түүнчлэн лорд Слинтийг бага зөвлөлд суудлаа даруйхан эзэлж хаант улсыг
жолоодоход туслахыг тушааж байна. Хааны зарлиг ёсоор бага зөвлөл батлав.

Санса нүднийхээ буланд Жанос Слинт танхимд орж ирэхийг харав. Энэ удаад дургүйцсэн
шивнэлт улам чангарлаа. Мянган жилийн удам угсаатай бардам лордууд халзан толгойтой бах
мэлхий шиг нүүртэй жирийн ардыг алхаж өнгөрөхөд дургүйхэн зам тавив. Тэрбээр алтан
ялтас хатгамласан хар хилэн хантааз өмссөн нь алхам бүрд нь зөөлөн жингэнэх агаад алтлаг
хар атлаасан нөмрөг нөмөрчээ. Хөвгүүд нь бололтой хоёр царай муутай хүү урд нь
өөрсдөөсөө өндөр хүнд төмөр бамбай арай ядан авч явлаа. Түүний сүлд хар дэвсгэр дээр
цустай алтан жад байв. Үүнийг хараад Сансагын хамаг бие зарсхийлээ.

Лорд Слинт байраа эзлэхэд эрхэмсэг мастер Пацилл уншилтаа ахин сэргээв.

- Эцэст нь эрхэмсэг хаан Робертийг таалал төгсмөгц урван тэрсэлж самуун үүссэн энэ бэрх
цагт зөвлөлөөс хаан Жоффрейгийн амь насыг аюулгүй байлгах нь тэргүүн зэргийн чухал
үүрэг гэж үзэн... гээд хатан хаан руу харлаа.

Серсей бослоо.

- Сэр Барристан Сэлми урагшаа гараад ир дээ.

Төмөр хаан ширээний хөлд хөшөө шиг зогсч байсан сэр Барристан өрөөсөн өвдгөө сөхрөн
толгойгоо бөхийлгөв.

- Эрхэм дээдсээ би таны мэдэлд.

- Бос, сэр Барристан. Та дуулгаа авч болно.

- Хатагтай? гээд хөгшин хүлэг баатар босч өндөр цагаан дуулгаа авахдаа ямар учиртайг нь
ойлгосонгүй.

- Та хаант улсад үнэнч удаанаар зүтгэжээ, эрхэм сэр. Долоон ханлигийн хүн бүхэн таньд
талархах өртэй билээ. Гэвч одоо үүрэг чинь дууссан гэж айж байна. Хааны таалал ёсоор
зөвлөл хүнд ачааг чинь хөнгөлөхөөр шийдсэн.

- Миний... ачаа гэнэ ээ? Би... үгүй... гэж айж байна гэхэд шинэхэн лорд Жанос Слинт мохоо
хоолойгоор шулуухан ярилаа.

- Эрхэм дээдэс чамд хааны хамгаалалтын ерөнхий захирагчийн үүргээсээ чөлөөлөгдөн


хөнгөрсөн гэдгийг хэлэхийг хүсч байна.

Өндөр цагаан үстэй хүлэг баатар зогссон газраа дальдчих шиг болон арай ядан амьсгалснаа
эцэст нь,

- Эрхэм дээдсээ. Хааны хамгаалагч бол тангарагт ах дүүс байдаг. Бидний амлалт бол насан
туршийнх. Зөвхөн үхэл ерөнхий захирагчийг ариун итгэлээс нь чөлөөлнө гэв.

- Хэний үхэл, сэр Барристан? Таны юу эсвэл хааны юу? гэж хатан хаан торгомсог зөөлөн
хоолойгоор асуусан ч үг нь танхим дундуур цуурайтлаа.

- Та миний эцгийг үхүүлсэн. Тэгээд ч хэн нэгнийг хамгаалахад дэндүү хөгширч гэж Жоффрей
төмөр хаан ширээний орой дээрээс зэмлэнгүй буруушаав.

Санса хүлэг баатар шинэхэн хаан руу ширтэхийг харлаа. Тэр өмнө нь хэзээ ч түүнийг хөгшин
гэж бодож байгаагүй ч одоо насандаа эргэн очих мэт болов.

- Эрхэм дээдсээ би Цагаан илдэнд хорин гурван настай байхдаа сонгогдсон. Энэ миний
гартаа илд барьсан цагаас хойш бүхий л мөрөөдөл минь байсан юм. Би өвөг эцгийнхээ
өвлүүлсэн бүх зүйлээс татгалзсан. Миний гэрлэх гэж байсан охин үеэлтэй минь оронд нь
гэрлэсэн. Надад газар нутаг үр хүүхэд хэрэггүй. Миний амьдрал хаант улсад харъяалагдана.
Сэр Геролд Хайтауэр өөрийн биеэр хаанд бүх хүчээ гарган... эцсийн цусаа дуустал зүтгэх...
амлалтыг минь сонссон. Би Дорнийн хунтайж Цагаан бух ханхүү Левин, Өглөөний илд сэр
Артур Дэйнтэй мөр зэрэгцэн тулалдаж байсан. Эцэгт чинь зүтгэх ам өгөхөөсөө урд хаан
Эйрисийн бамбай байж түүний эцэг Жэйехерис болоод... гурван хааны нүүр... гэхэд,

- Тэгээд тэд бүгд үхсэн гэж Чигчий хуруу тодотгов.

- Таны цаг дуусч. Жоффрейд илүү залуу хүчтэй хүмүүс хэрэгтэй. Зөвлөл сэр Жэйми
Ланнистерийг таны оронд Цагаан илдний тангарагт ах дүүсийн лорд захирагчийн албан
тушаалд тавьсан гэж Серсей Ланнистер хэлэв.

- Хааны алуурч. Хамгаалахаар ам өргөсөн хааны цусыг илдээрээ урсгасан хуурамч хүлэг
баатар гэж сэр Барристан зэвүүцэл дүүрэн хоолойгоор хэллээ.

- Хэлж байгаа үгээ анхаарсан чинь дээр шүү. Та миний ах, хааны өөрийн цусны хүний тухай
ярьж байна гэж хатан хаан анхааруулав.

Лорд Варис бусдаасаа эелдэг ярилаа.

- Бид таны зүтгэлийг мартаагүй, эрхэм сэр минь. Лорд Тайвин Ланнистер өгөөмөр сэтгэлээр
таньд Ланниспортын хойд зүгт тэнгисийн дэргэд газар шагнан шилтгээн барихад
хүрэлцээтэй хүмүүс, алт олгож хүссэн бүхнийг чинь гүйцэлдүүлэх зарц өгөхөд бэлэн байна.
Сэр Барристан огцом ширтэв.

- Хүмүүсийн намайг булшилж үхүүлэх гэж байгаа байшин. Баярлалаа та нарт, эрхэм
лордуудаа... гэвч би та нарын өрөвдөх сэтгэл рүү нулимж байна гээд гараа өргөж
нөмрөгнийхөө товчыг тайлахад хүнд цагаан нөмрөг мөрнөөс нь гулган унав. Дуулга нь газар
жингэнэн уналаа.

- Би хүлэг баатар болохоор хүлэг баатар шиг үхэх болно гээд цээж хуягныхаа мөнгөн товчыг
тайлж газар хаялаа.

- Одоо нүцгэн хүлэг баатар болж гэж Чигчий хуруу хошигнов.

Хаан суудалд суусан Жоффрей, урд нь зогсч байгаа лордууд болон Жанос Слинт, хатан хаан
Серсей, Сандор Клеган болон саяхан таван хормын ах дүү байсан хааны хамгаалагч гээд бүгд
хөхрөлдөв. "Энэ нь түүнийг улам гомдооно доо" гэж Санса бодов. Тэр улаан нүүртэй
ичсэндээ ярьж чадахгүй шахам болтлоо уурласан хөгшин рүү харахад зүрх нь ёгхийлээ. Эцэст
нь сэр Барристан илдээ сугаллаа.

Санса хэн нэгний дуу алдах чимээг сонсов. Сэр Борос, сэр Мерин хоёр урдаас нь угтан
ухасхийсэн ч сэр Барристан тэднийг газар дээр нь зэвүүцсэн харцаар хөшөөлөө.

- Айх хэрэггүй дээ, эрхэмүүдээ хаан чинь аюулгүй... гэхдээ та нарт талархаж чадахгүй. Би
одоо ч та тавыг бяслаг хутгаар зүсэхээс хялбар сүлбэж чадна. Хэрвээ та нар хааны алуурчийн
дор зүтгэх гэж байгаа бол хэн чинь ч цагаан өмсгөл өмсөх эрхгүй гээд илдээ хаан ширээний
хөлд шидэв.

- Үүнийгээ ав, хүү минь. Авч хайлуулаад хаан ширээндээ нэмэрлээрэй. Энэ тавын барьж
байгаа илднээс хамаагүй ашигтай шүү. Эсвэл лорд Станнис чиний хаан ширээг эзэлвэл хэрэг
болж болох юм.

Тэр гарч одоход хөлийн чимээ нь нүцгэн ханан дээр цуурайтав. Ноёд хатагтай нар хоёр
хуваагдан түүнийг гаргалаа. Ард нь хүрэл бүслүүртэй хүнд царсан хаалга хаагдахад Сансад
ахин үймэрсэн шивнэлт сонсогдон зөвлөлийн ширээнээ цаас шаржигналаа.

- Тэр намайг хүү гэж дуудлаа. Бас авга ах Станнисийн минь тухай ярилаа гэж Жоффрей
цухалдсан хоолойгоор хэлэв.

- Хоосон үг. Ямар ч санаагүй... гэж Варис тайган хэлэв.

- Магадгүй миний авга ахтай хуйвалдсан ч байж болох юм. Би түүнийг баривчилж байцаахыг
хүсч байна гэхэд хэн ч хөдөлсөнгүйд Жоффрей дуугаа өндөрсгөн,

- Би түүнийг барь гэж хэлсэн шүү! гэв.

Жанос Слинт зөвлөлийн ширээнээс бослоо.

- Миний алтан нөмрөгтөнгүүд үүнийг гүйцэтгэх болно, эрхэм дээдсээ.


- Сайн байна гэж хаан Жоффрей хэлэв. Лорд Жанос танхимаас гарахад царай муутай хөвгүүд
араас нь Слинтийн овгийн сүлдтэй хүнд төмөр бамбай чирсээр гарав.

- Эрхэм дээдсээ долоон хүн одоо зургаа болсон болохоор бид яриагаа үргэлжлүүлж болох юм.
Хааны хамгаалалтанд шинэ илд хэрэгтэй гэж Чигчий хуруу хаанд сануулав.

Жоффрей инээмсэглэлээ.

- Тэдэнд хэл, ээжээ.

- Хаан болоод зөвлөлөөс долоон ханлиг даяар эрхэм дээдсийг тангарагт бамбай Сандор
Клеганаас илүү хамгаалж чадах хүн байхгүй гэж шийдсэн билээ.

- Нохой минь энэ чамд таалагдаж байна уу? гэж хаан Жоффрей асуув.

Хоточын сорвитой царай уншихад бэрх байлаа. Тэр удаан бодлогоширсонгүй.

- Яагаад үгүй гэж? Надад газар нутаг эхнэр байхгүй болохоор хэнд хамаатай юм? гээд
түлэгдсэн талынх нь ам татагнаж,

- Гэхдээ би та нарт хүлэг баатрын амлалт өгөхгүй гэдгээ анхааруулах байна гэв.

- Хааны хамгаалалтын тангарагт ахан дүүс үргэлж хүлэг баатар байсан гэж сэр Борос хатуу
хэлэв.

- Одоог хүртэл гэж Хоточ хахир хоолойгоор сөөнгөтөн хэлэхэд сэр Борос чимээгүй болов.

Хааны зарлага урагш алхахад Санса цаг нь болсныг ойлгоод хормойнхоо үрчлээсийг үймрэн
тэнийлгэв. Тэр нас барсан хааны хүндэтгэлд зориулан гашуудлын хувцас өмссөн ч гоо
үзэсгэлэндээ онцгой анхаарал тавьжээ. Урьд нь хатан хааны бэлэглэж Аръяагын сүйтгэсэн
зааны ясан торгон даашинзыг сонгон хараар будан өмссөн тул толбо нь үзэгдсэнгүй. Ямар
үнэт эдлэл сонгохоо удтал шилэн байж эцэст нь жирийн мөнгөн гинж сонгожээ.

Зарлагын хоолой цуурайтав.

- Энэ танхимд эрхэм дээдэст хэрэг шийтгүүлэхээр ирсэн хүн байвал урагш гараад чимээгүй
зогсоно уу.

Санса чичирлээ. "Одоо. Би яг одоо үүнийг хийх ёстой. Бурхан минь надад зориг хайрлаач"
гэж өөртөө хэлэв.Тэр урагш алхсанаа ахин нэгийг хийлээ. Лорд, хүлэг баатрууд түүнийг
дэргэдүүрээ өнгөрөхийг чимээгүй хараад нуруунаас нь цоо ширтэх мэдрэгдэв. Би хатагтай
ээж шигээ хүчтэй байх ёстой.

- Эрхэм дээдсээ гэж Санса аяархан чичирсэн хоолойгоор хэллээ.

Өндөр төмөр хаан суудал дээрээс Жоффрей танхимд байгаа хэнийг ч харах боломжтой тул
түүнийг эхэлж харав.
- Урагш гараад ир, хатагтай минь гээд инээмсэглэв.

Түүний инээмсэглэл Сансаг зоригжуулахад үзэсгэлэнтэй хүчтэй болов. Тэр надад хайртай.
Санса толгойгоо өргөн хааны зүг удаан ч биш түргэн ч биш дунд зэрэг алхан гарлаа. Тэр
тэдэнд хичнээн түгшиж байгагаа үзүүлж болохгүй.

- Старкийн овгийн хатагтай Санса гэж зарлага хашгирав.

Санса хаан ширээний хөлд шалан дээр овоорон хэвтэж байгаа сэр Барристаны цагаан нөмрөг,
дуулга цээж хуягны урд зогслоо.

- Санса чамд хаан болон зөвлөлд хэлэх зүйл байгаа юм уу? гэж хатан хаан зөвлөлийн
ширээнээс асуулаа.

- Тиймээ гээд Санса даашинзаа муухай болгохгүйн тулд нөмрөг дээр сөгдөж сүрдэм хаан
ширээнд сууж байгаа ханхүү рүүгээ харав.

- Эрхэм дээдсээ танаас миний эцэг урьд нь хааны Гар байсан лорд Эддард Старкийг
өршөөхийг гуйж байна гэж урд нь зуун удаа бэлтгэн сургуулилсан үгээ хэлэв.

Хатан хаан санаа алдлаа.

- Санса чи миний урмыг хугалж байна шүү. Би урвагчын цусны тухай юу гэж хэлсэн билээ?

- Чиний эцэг аймшигтай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, хатагтай гэж эрхэмсэг мастер
Пацилл тодотгов.

- Хөөрхий гашуудалтай охин. Тэр ердөө хүүхэд шүү дээ, эрхэм лордуудаа. Тэр юуны тухай
гуйж байгаагаа ч мэдэхгүй байна гээд Варис санаа алдлаа.

Сансагын нүд зөвхөн Жоффрей дээр тусч байв. "Тэр намайг сонсох ёстой. Сонсох ч болно>
гэж бодлоо. Хаан суудлаа сэлгэн хөдөлснөө,

- Түүнийг яриул. Би ямар үг хэлэхийг нь сонсмоор байна гэж тушаалаа.

- Баярлалаа, эрхэм дээдсээ гээд Санса зөвхөн түүнд зориулан нууцхан ичингүйрэн
инээмсэглэв. Тэр сонсчээ. Тэгэх ч болно гэдгийг нь мэдэж байсан юм.

- Урван тэрслэлт бол хорт ургамал гэсэн үг. Түүнийг үндсээр нь сугалж хаяхгүй бол замын
хоёр талаас шинэ урвагч өндийн ирнэ гэж Пацилл ёслол төгөлдөр хэлэв.

- Чи эцгийнхээ гэмт хэргийг үгүйсгэж байгаа хэрэг үү? гэж лорд Бэйлиш асуув.

- Үгүй эрхэм лордуудаа гээд Санса ингэсэн нь дээр гэдгийг мэдэж байлаа.

- Би түүнийг шийтгэгдэх ёстой гэдгийг мэднэ. Би зөвхөн өршөөл хүсч байна. Лорд эцэг минь
хийсэн зүйлдээ харамсаж байгаа болохыг мэдэж байна. Тэр Роберт хааны найз түүнд хайртай
байсныг бүгд мэдэж байгаа. Бас хэзээ ч хааны Гар болохыг хүсээгүй. Тэд түүнд худал хэлсэн
байх. Лорд Рэнли юм уу лорд Станнис нарын нэг... эсвэл өөр хүн. Тэд түүнийг мэхэлсэн байж
таарна үгүй бол...

Хаан Жоффрей төмөр хаан ширээний бариулаас барин урагш бөхийхөд хугарсан илдний хурц
үзүүр хуруун дундаас нь цухуйв.

- Тэр намайг хаан биш гэж хэлсэн. Яагаад ингэж хэлсэн юм бол?

- Түүний хөл хугарч маш их өвдөж байсан болохоор мастер Пацилл намуу цэцэгтэй сүү өгч
байсан. Харин намуу цэцэгтэй сүү толгой манантуулдаг гэж хэлдэг. Өөрөөр бол тэр хэзээ ч
тэгж хэлэхгүй байсан.

- Хүүхдийн үнэн үг... хичнээн гэм зэмгүй гээч... зөвхөн хүүхдийн л амнаас ховор цэцэн үг
гарна гэж Варис хэлэхэд,

- Тэгсэн ч гэсэн гэмт хэрэг бол гэмт хэрэг гэж Пацилл даруй эсэргүүцэв.

Жоффрей хаан ширээн дээрээ тухгүйхэн эргэлээ.

- Ээж ээ?

Серсей Ланнистер Санса руу бодлогоширон ширтэв.

- Хэрвээ лорд Эддард үйлдсэн гэм нүглээ хүлээх юм бол бид түүнийг хийсэн тэнэг зүйлдээ
гэмшиж байна гэдгийг ойлгож болох юм.

Жоффрей дээшээ өндийлөө. "Гуйж байна. Гуйж байна. Би чамайг жинхэнэ хаан шиг өгөөмөр
сайхан сэтгэлтэй гэдгийг мэдэж байна" гэж Санса бодлоо.

- Чамд хэлэх өөр зүйл байна уу? гэж тэр асуув.

- Зөвхөн энэ... хэрвээ та надад хайртай бол сайхан сэтгэлийн үүднээс хандаач, ханхүү минь
гэж Санса хэллээ.

Хаан Жоффрей түүнийг дээрээс доош хүртэл ширтсэнээ,

- Чиний үг сэтгэлийг минь хөдөлгөлөө гэж бүх зүйл сайхан болно гэдгийг батлах мэт толгой
дохин өгүүлээд, - Би чиний гуйлтыг биелүүлнэ. Гэвч эхлээд эцэг чинь гэмээ хүлээх ёстой.
Тэр гэм нүглээ наминчилж намайг хаан гэж хэлсэн цагт түүнийг өршөөх өршөөхгүй тухай
ярилцъя гэв.

- Тэр тэгнэ. Би түүнийг ингэнэ гэдгийг сайн мэдэж байна гэж Сансагын зүрх булиглан
хэллээ.
ЭДДАРД

Шалан дээр шээсний шинхэг нэвчсэн өмхий сүрэл байлаа. Энд цонх, ор дэр, угаадасны
хувингын алин ч байсангүй. Дотогш түлхэн оруулах үед цайвар улаан өнгийн нитрдсэн
чулуун хана, дөрвөн хуруу зузаан саарал төмөр товруутай хаалга хальт үзэгдсэнээ хаагдмагц
юу ч үзэгдэхгүй тас харанхуй болов. Яг л сохорсон юм уу үхэж эсвэл хаантайгаа цуг
оршуулагдсан юм шиг.

- Ай Роберт минь гэж шивнээд гараараа хүйтэн чулуун хана тэмтчихэд хөл нь алхам бүрд
хатгуулан өвдөв. Тэр Винтерфеллийн газар дор бунханд өвлийн хаадын хүйтэн чулуун харцан
дор хаантай инээн тоглоом хийж байснаа саналаа. Хаан идэхэд Гар ялгадасыг нь тосдог гэж
Роберт хэлээд инээж байсан билээ. Гэсэн ч тэр буруу хэлжээ. "Хаан үхэхэд Гар оршуулагддаг"
гэж Нэд Старк бодлоо.

Улаан шилтгээний газар дорх гяндан төсөөлснөөс гүн ажээ. Тэр хэрцгий Мэйгорийн
засаглалын үед шилтгээн барьсан нууцыг алдахгүйн тулд бүх чулуучдыг цаазалсан тухай
санав.

Тэднийг бүгдийг хараал идээсэй. Чигчий хуруу, Жанос Слинт болон түүний алтан
нөмрөгтөнгүүд, хатан хаан, хааны алуурч, Пацилл, Варис, сэр Барристан. Тэр ч байтугай
хэрэгтэй цагт зугтаж явсан Робертийн төрсөн дүү лорд Рэнли гээд л. Гэвч эцэст нь Нэд
өөрийгөө буруутгалаа.

- Тэнэг. Гурав дахин хараал идсэн сохор тэнэг гэж харанхуйд орилов.

Серсей Ланнистерийн царай харанхуйд хөвөн гарч ирэв. Үсэн дээр нь нарны гэрэл алтарч
царайдаа ёжтой инээмсэглэл тодруулжээ.

- Хэрвээ чи хаан ширээний тоглоом тоглож байгаа бол ялах юм уу үхэх ёстой гэж шивнэлээ.
Харин Нэд тоглоод хожигдож тэнэг үйлдлийнх нь хариуг хүмүүс нь амиараа төлжээ.

Охидынхоо тухай санахаас уйлахыг хүссэн ч нулимс гарсангүй. Одоо хүртэл сэтгэлийн гүнд
нь уур хилэн гашуудал царцсан Винтерфеллийн Старк хэвээр үлджээ.

Хөдлөхгүй байхад хөл нь тийм ч их өвдөхгүй байсан тул хөдөлгөөнгүй хэвтэхийг хичээв. Энд
нар, сарны гэрлийн алин ч ханан дээр тусахгүй болохоор хичнээн хугацаа өнгөрснийг
мэдсэнгүй. Нүдээ аньж нээж үзэхэд ямар ч ялгаа байхгүй байлаа. Тэр унтаад сэрснээ ахин
унтлаа. Эцэст нь унтаа сэрүүний алин шаналгаатай эсэхийг мэдэхээ болив. Унтаж байх үедээ
баргар цус, эвдэгдсэн амлалтаар дүүрэн түгшүүртэй зүүд зүүдлэх агаад сэрүүн үед бодохоос
өөр хийх ажилгүй болохоор хар дарсан зүүднээс дор байлаа. Кателины тухай бодол орон дээр
дэвссэн халгай адил хайрна. Тэр хаана юу хийж байгаа бол? Түүнийг ахин харах болов уу.

Цаг хугацаа явсаар өдөр өнгөрөв. Эсвэл тэгж санагдсан ч байж болох юм. Хугарсан хөл нь
битгүү лугшин өвдөж хуванцар чигнийхээ дор загатнана. Нэд гуяндаа хүрч үзэхэд халуу шатаж
байлаа. Энд зөвхөн түүний амьсгалаас ондоо чимээ сонсогдохгүй тул хэсэг хугацааны дараа
ямар нэгэн зүйл сонсохын тулд чанга ярьж эхлэв. Тэр эрүүл ухаанаа алдахгүйн тулд бодолдоо
харанхуйд шилтгээн босгон мөрөөдөв. Робертийн эрх чөлөөтэй үлдсэн дүү нар Лууны цохио,
Шуурганы адгаас арми босгон ирж байна. Алин, Харвин хоёр сэр Грегорын учрыг олмогц
Хааны газар үлдсэн хүмүүсийнхээ хамт ирж байна. Кателин түүнд тохиолдсон зүйлийн тухай
сонсмогц умардыг босгон голын болон Хөндийн лордууд түүнтэй нэгдэж байна.

Тэр хэсэг хугацааны дараа Робертийн тухай улам илүү их бодож байгаагаа анзаарлаа. Хаан ид
цэцэглэж байсан үеийнх шигээ залуухан өндөр царайлаг байсан бөгөөд том эвэртэй дуулга
өмсөж, гартаа дайны алх барьсан нь морин дээр суусан эвэртэй бурхан мэт санагдана. Тэгтэл
харанхуйд түүний инээд сонсогдон уулын нуур мэт цэнхэр тод нүдээрээ ширтэв.

- Бидний юу болсныг харж байна уу, Нэд. Бурхан минь бид юунд хүрсэн хэрэг вэ? Чи гянданд
харин би гахайд алагдсан байдаг. Бид хаан ширээг хамтдаа ялсан биз дээ...

"Би чамайг балласан, Роберт. Би чамаас үнэнийг нууж худал хэлсэн. Би тэднээр чамайг
алуулсан" гэж Нэд бодлоо.

Хаан түүнийг сонсчээ.

- Чи сонсоход хэт бардам гөжүүн хүзүүтэй тэнэг шүү дээ. Бахархалыг идэж болно гэж үү,
Старк? Чиний үнэт нэр хүнд хүүхдүүдийг чинь хамгаалах уу? гээд царай нь цууран ан цав
гарахад багаа хуу татаж хаялаа. Гэтэл энэ Роберт биш байж Чигчий хуруу түүнийг инээн
шоолж байлаа. Тэрбээр ярихаар ам нээмэгц худал үгс нь далавчтай саарал эрвээхэй болов.

Зүүрмэглэх зуур хонгилд хөлийн чимээ гарахад тэр эхэндээ удаан хугацаанд өөрийнхөө
дуунаас ондоо юм сонсоогүй болохоор зүүдэлж байна гэж бодов. Бие нь халуурч хөл нь
лугшин өвдөөд уруул нь хатаж хагарчээ. Тэгтэл хүнд модон хаалга чахран онгойж нүдэн дээр
нь өвдтөл гэрэл цэлсхийн тусав.

Гяндангын хуяг түүн рүү шавар болсон чийгтэй сэрүүн домбо сунгалаа. Нэд домбыг хоёр
гараараа аваад хомхойрон залгихад сахлыг нь даган ус урсав. Тэр дотор муухайран огиулах
хүртлээ уулаа.

- Хичнээн өдөр...? гэж цааш ууж чадахгүй болсон үедээ сулхан асуув.

Хуяг харх шиг царай, сөрөвгөр сахалтай, ширэн хуяг өмсөж богино нөмрөг өмссөн мануухай
адил хүн байлаа.

- Ярьж болохгүй гээд Нэдийн гарт байсан домбыг авлаа.

- Гуйж байна миний охидууд... гэж Нэд хэлсэн ч хаалга тасхийн хаагдаж гэрэл алга болов. Тэр
толгойгоо цээж рүүгээ бөхийн сүрэл дээр атиралдан хэвтэв. Шивтэрний үнэрт дассан
бололтой хэвтэрнээс үнэртсэнгүй.

Цааш унтаа сэрүүний хооронд хэр удсаныг мэдсэнгүй ч харанхуйд дурсамж дүүрэн хурц тод
зүүд зүүдлэв. Энэ бол Эйригээс Харренхалын тэмцээн рүү ирсэн арван найман настай үеийн
хавар байлаа. Өтгөн сахлаг ногоо ургаж, салхиар ирсэн цэцгийн тоос ханхална. Өдөр нь
дулаахан, шөнө нь дарсны амттай сэрүүхэн байв. Брандоны инээд, Робертийн халз тулаанд
дайчин зоригтой оролцож инээн хүмүүсийг баруун зүүнгүй мориноос унагаж байсныг
саналаа. Цагаан ялтсан хуяг дуулгатай залуухан хөвгүүн Жэйми Ланнистер хааны асрын
өмнөх зүлгэн дээр өвдөг сөгдөн Эйрис хааныг хамгаалах амлалтаа хэлж байна. Дараа нь сэр
Освелл Вэнт Жэймиг хөл дээр босгоход хааны хамгаалалтын захирагч Цагаан бух сэр Геролд
Хайтаур өөрийн биеэр мөрөн дээр нь хааны хамгаалалтын цасан цагаан нөмрөг товчилж
өгөхөд бүх зургаан Цагаан илд шинэ дүүгээ мэндчилэн хүлээн авч байна.

Тэгтэл тэмцээн эхлэхэд тэр өдөр Рэйгэр Таргаринийх болов. Титэмт ханхүү үхэхдээ өмсөж
байсан цээжин дээрээ овгийнхоо гурван толгойтой лууг бадмааргаар дүрсэлсэн гялалзсан хар
хуяг өмсчээ. Ард нь хүрэн улаан өнгийн нөмрөг намирч ямар ч жад хүрэхгүй мэт санагдана.
Брандон түүнд унахад, хүрэл Йонн Ройс тэр ч бүү хэл сүр жавхлант Өглөөний илд сэр Артур
Дэйн хүртэл уналаа.

Роберт түүнийг сэр Барристаныг сүүлчийн тулгаралтанд ялан морьгүй болгоод талбай тойрох
үед Жон болон хөгшин лорд Хантертай тоглоом хийж байв. Гэвч түүний инээмсэглэл Рэйгэр
Таргарин морио гуядан өөрийн эхнэр Дорнийн гүнж Элиа Мартеллийн дэргэдүүр өнгөрөөд
Лианнагын өвдгөн дээр үзэсгэлэнтэй цэцгэн титэм тавихад бөхлөө. Титмийг цэнхэр
хяруутай өвлийн сарнайгаар хийжээ.

Нэд түүний цэцэгтэй титэмд хүрэхэд цайвар цэнхэр дэлбээн дор нуугдаж байсан өргөс гарыг
нь хатгаж арьсанд нь шигдэн хурууг нь даган цусан дусал урсахад харанхуйд цочин сэрлээ.

"Надад амлаач, Нэд" гэж эгч нь түүн рүү цустай орон дээрээсээ шивнэв. Тэр өвлийн сарнайн
үнэрт дуртай байлаа.

- Бурхан минь намайг авраач. Би галзуурах нь байна гэж Нэд уйлав.

Бурхад хариу өгсөнгүй.

Гяндангын хуяг түүнд ус авчирч өгөх тоолон ахин нэг өдөр өнгөрснийг тоолж байв. Эхлээд
түүнээс охидынхоо тухай болон гадна ертөнцөд юу болж буй тухай үг сонсохыг гуйсан ч
зандралт, өшиглөлт хариу болов. Харин дараа гэдэс нь хоол нэхэн мушгирч эхлэхэд оронд нь
хоол гуйлаа. Гэвч ямар ч ялгаа байсангүй түүнд хоол авчирч өгсөнгүй. Магадгүй
Ланнистерийнхан түүнийг өлсөж үхүүлэхээр шийдсэн бизээ. Үгүй тийм байж таарахгүй.
Хэрвээ Серсей түүний үхлийг хүссэн бол хаан ширээний танхимд байхад хүмүүстэй нь хамт
цавчих байсан. Гэвч хатан хаан сул дорой цөхөрсөн хэдий ч амьд байлгахыг хүсчээ. Кателин
түүний дүүг барьсан болохоор Бяцхан чөтгөрийн амийг аврахын тулд Серсей түүнийг алж
зүрхлэхгүй нь лавтай.

Өрөөний гадна хүнд төмөр гинж харжигнав. Хаалга чахран нээгдэхэд Нэд нойтон ханан дээр
тулан гэрлийн зүг эргэсэнд бамбарын гэрэл нүд гялбуулав.

- Хоол гэж сөөнгөтөн хэлэхэд,

- Дарс гэж хариуд нь хоолой хэллээ. Энэ бол харх шиг нүүртэй хүн биш махлаг биерхүү хүн
байсан бөгөөд мөн адил ширэн хуяг өмсөн, богино нөмрөг зүүж хадаастай ган дуулга
углажээ.

- Уу, лорд Эддард гээд дарсны дашмаг гарт нь атгуулав.

Хоолой хачирхалтай танил санагдсан ч Нэд шууд таньсангүй.

- Варис уу? гэж хэлээд нүүрэнд нь хүрч үзлээ.

- Би... үүнийг зүүдлээгүй байна. Чи үнэхээр энд байна.

Тайганы булцгар хацар өрөвгөр хар сахалд хучигдсан болохоор хурууны завсар ширүүн үс
мэдрэгдэв. Варис өөрийгөө бохир гяндангын хуяг болгон хувиргасан ч эхүүн үнэрийн оронд
гашуун дарсны үнэр ханхалж байлаа.

- Чи яаж... Энэ чинь ямар төрлийн шид вэ?

- Цангасан хүсэл. Уу эрхэм лорд минь гэж Варис хэлэв.

Нэдийн гар дашмагыг тэмтэчлээ.

- Энэ Робертод өгсөн хортой чинь ижилхэн үү?

- Та миний тухай буруу бодож байна гэж Варис гунигтай хэлээд,

- Үнэндээ тайганд хайртай нэг ч хүн байдаггүй юм. Нааш нь өгөөдөх гээд авч залгилахад
амыг нь даган улаан шингэн урссанд, - Тэмцээний шөнө надад санал болгосон дарстай чинь
тэнцэхгүй ч хортой биш гээд уруулаа арчив.

- Май.

Нэд залгилахыг оролдоход дарс буцаад амаар нь гарах шахав.

- Угаадас байна.

- Бүх хүмүүс гашуун амттай дарс залгих ёстой. Өндөр дээд лорд тайган ч бай ялгаагүй. Таны
цаг иржээ эрхэм лорд.

- Миний охидууд...

- Бага охин чинь сэр Меринээс зугтаж нуугдсан. Би түүнийг олж чадаагүй.
Ланнистерийнханд ч байхгүй байгаа. Манай шинэ хаан түүнд хайртай биш болохоор энэ нь
сайн хэрэг. Харин том охин чинь Жоффрейтэй сүй тавьсан хэвээр байгаа. Серсей түүнийг
дэргэдээ байлгаж байгаа. Тэр ордонд хэдхэн өдрийн өмнө таныг өршөөхийг гуйсан. Хичнээн
өрөвдөлтэй байсан гээч харсан бол сэтгэл чинь өвдөх байсан даа гээд урагш шаардангуй
бөхийж,
- Таныг өөрийгөө талийгаач болсон гэдгээ ойлгож байгаа гэдэгт найдаж болох уу, лорд
Эддард? гэлээ.

- Хатан хаан намайг алахгүй. Кат... Кат түүний дүүг барьж байгаа.. гээд удаан хугацаанд юм
идээгүйн улмаас дарс хүчтэй үйлчлэн Нэдийн толгой эргэлээ.

- Бурууг барьсан нь гээд Варис санаа алдав.

- Бас түүнийг ашиглаж чадаагүй. Тэр Бяцхан чөтгөрийг хурууны завсраа алдчихсан. Би
түүнийг Сарны уулын хаа нэгтээ үхсэн байх гэж бодож байна.

- Хэрвээ энэ үнэн бол миний хоолой хэрчигдсэн гэсэн үг гэж Нэдийн толгой дарсанд
мансуурахад гуниг ядралыг мэдрэв.

- Таны цус бол миний хүсч байгаа эцсийн зүйл.

Нэд хөмсөг зангидлаа.

- Тэд миний хүмүүсийг алж байхад чи хатан хааны дэргэд зогсоод харж байсан мөртлөө юу ч
хэлээгүй биз дээ.

- Ахиад л тэр. Би зэвсэггүй, хуяг дуулгагүй, Ланнистерийнхны илдээр хүрээлүүлсэн байсан


гэдгээ санаж байна гээд тайган сониучирхан толгойгоо бөхийлгөж,

- Би хөнгөлүүлэхээсээ урд залуу хүү байх үед хэсүүл жүжигчидтэй хамт Чөлөөт хот дундуур
аялсан юм. Тэд надад амьдрал бол хүн бүр өөр өөрсдийн дүрд тоглодог жүжиг гэж хэлж
билээ. Ордонд ч гэсэн адил. Хааны алуурчин аймшигтай, зоосны тэргүүн харамч, хааны
хамгаалалтын захирагч зоригтой... шивнэгчдийн тэргүүн зальжин ичгүүргүй бялдууч байх
ёстой. Зоригтой мэдээлэгч хулчгар хүлэг баатар шиг ашиггүй гээд Нэдийн гараас дарсаа авч
балгав.

Нэд тайганы нүүрийг шинжин хуурамч сахалтай жүжигчний сорвины цаана үнэн хэлж
байгаа эсэхийг таахыг оролдов. Тэр ахин нэг дарс балгахад энэ удаад амархан орлоо.

- Чи намайг энэ нүхнээс чөлөөлж чадах уу?

- Би чадах байсан ч... яах гэж тэр вэ? Үгүй. Асуулт тулгаран ирэхэд хариулт над руу
чиглэгдэнэ.

Нэд ч өөр зүйл хүлээсэнгүй.

- Чи мохоо зүйл ярьж байна.

- Тайганд нэр хүнд үгүй болохоор аалзанд хээнцэр ичингүйрэл байдаггүй юм, эрхэм лорд.

- Чи ядахдаа надаас захидал дамжуулж чадах уу?


- Захианд бичсэн зүйлээс чинь хамаарна. Хэрвээ таныг хүсвэл би баяртайгаар цаас үзэг
авчирч өгөх хэдий ч бичиж дууссан хойно чинь уншаад миний зоргилготой нийцэх эсэхийг
шалгасан хойно илгээх эсэхээ шийдэх болно.

- Чиний зорилго гэнэ ээ. Тэр чинь юу юм, лорд Варис?

- Энх тайван гэж Варис өчүүхэн төдий ч эргэлзэлгүй хэлэв.

- Хэрвээ Хааны газар ганцын төдий хүн Роберт Баратеоныг үнэн сэтгэлээсээ амьд байлгах
гэж оролдсон бол тэр нь би байх болно гээд санаа алдаж, - Би арван таван жил түүнийг
дайснаас хамгаалсан ч найз нөхдөөс нь хамгаалж чадсангүй. Ингэхэд ямар галзуурал таныг
хатан хаанд Жоффрейгийн төрсөн үнэнийг мэднэ гэдгээ хэлэхэд хүргээ вэ? гэлээ.

- Өршөөнгүй уяхан сэтгэл гэж Нэд үнэнээ хэлэв.

- Тийм байж. Үүнд чинь эргэлзэхгүй байна. Та дэндүү үнэнч хүндтэй хүн, лорд Эддард.
Заримдаа би үүнийг чинь мартах юм. Би амьдралдаа тань шиг хүмүүс цөөхөн учирч байлаа
гээд өрөөг тойруулан харж,

- Гэхдээ үнэнч зан нэр хүнд чинь юунд хүргэснийг болон яагаад гэдгийг нь ойлгож байна гэв.

Нэд толгойгоороо нойтон чулуу налан нүдээ анихад хөл нь лугшин өвдөв.

- Хааны дарс... Ланселаас энэ тухай асуув уу?

- Өө тэгэлгүй яахав. Серсей түүнд дашмагтайг Роберт хааны дуртай дарс гэж өгсөн байсан
гээд тайган мөрөө хавчив.

- Анчны амьдрал амь өрссөн зүйлээр дүүрэн. Хэрвээ бодон Робертийг гүйцээгээгүй бол
мориноос унах юм уу, модны загалмайт могойнд хазуулах эсвэл тэнэсэн суманд оногдох...
гээд ойд юу тохиолдохыг хэн эс мэдэх билээ. Гэхдээ хааныг дарс биш... таны өршөөл алсан.

Нэд үүнээс хамгийн их айж байлаа.

- Бурхан минь намайг өршөөгөөч.

- Хэрвээ бурхан байдаг бол тэгэх байсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Хатан ямар ч
тохиолдолд удаан хүлээхгүй. Роберт түүний хяналтаас гарч эхлэхэд дүү нартай нь чөлөөтэй
учраа ололцохын тулд түүнээс хагацах шаардлага гарсан. Станнис, Рэнли хоёр бол хуягласан
болон торгон бээлий гэсэн үг гээд гарынхаа араар амаа арчлаа.

- Та тэнэг зүйл хийсэн, эрхэм лорд. Чигчий хуруугын хэлсэн ёсоор Жоффрейг хаан ширээнд
гарахыг дэмжих хэрэгтэй байсан юм.

- Гэхдээ яаж... яаж чи энэ тухай мэдсэн юм?

Варис инээмсэглэв.
- Би таны сэтгэл зовж байсан бүх зүйлийг мэднэ. Өглөө хатан айлчлалын чинь хариуг өгнө
гэдгийг ч мэдэж байсан.

Нэд удаанаар харцаа өргөв.

- Яагаад?

- Серсей танаас айж байсан, эрхэм лорд... гэсэн ч түүнд бүр их айдаг өөр бусад дайснууд бий.
Хайрт Жэйми нь одоо горхийн лордуудтай байлдаж байгаа. Лиза Аррин Эйридээ чулуу,
гангаар хүрээлүүлэн сууж байгаа ч хатан хаанд дуртай биш. Дорн, Мартеллд гүнж Элиа
Ланнистерийнханд хүүхдүүдтэйгээ алагдсаныг одоо хэр нь мартаагүй байна. Харин одоо хүү
чинь Хүзүүг гатлан умардын цэрэгтэйгээ ирж байдаг.

- Робб ердөө хүү шүү дээ гэж Нэд гайхширан хэлэв.

- Армитай хүү. Гэсэн ч таны хэлсэн шиг хүү гэдэг нь эргэлзээгүй. Дээрээс нь хааны дүү нар
Серсейг нойргүй хонуулж байгаа... ялангуяа лорд Станнис. Тэр жинхэнэ залгамжлагчын дээр
авъяаслаг тулааны удирдагч өршөөл гэдгийг мэдэхгүй. Ертөнц дээр түүнээс илүү аймшигтай
амьтан байхгүй буй за. Лууны цохионд Станнис юу хийж байгааг хэн ч мэдэхгүй ч тэнгисийн
хясаанаас илүү их илд цуглуулж байгаа гэж бодож байна. Энд л Серсейгийн хар дарсан зүүд
байгаа юм. Эцэг, ах хоёр нь Старк, Таллигийнхантай байлдаж байх хооронд лорд Станнис
хотыг эзлэн өөрийгөө хаан гэж тунхаглаад хүүгийнхээ цайвар үстэй толгойг цавчин хаях вий
гэж... Хувийнх нь байдлаас үзэхэд хүүдээ их санаа зовж байгаа.

- Станнис Баратеон Робертийн жинхэнэ залгамжлагч. Хаан ширээ суух хууль ёсны эрхтэй. Би
хувьдаа түүний өгсөлтийг баяртайяа угтах байна.

Варис шүдээ тогшлоо.

- Серсей үүнийг сонсохыг хүсэхгүй гэдгийг би таньд амлах байна. Станнис хаан ширээг ялж
магадгүй ч хэлээ цагдаж чаддаггүйн улмаас таны толгой ялзарч байх үед шүү. Санса хичнээн
сэтгэл уярам гуйсан болохоор та ичгүүрээ таягдан хаях хэрэгтэй. Хэрвээ амьдралаа буцааж
авахыг хүсвэл түүнийгээ авна. Серсей тэнэг биш. Тэр үхсэн чоноос илүү тэжээвэр ашигтай
гэдгийг мэднэ.

- Чи намайг хааныг алж, хүмүүсийг маань хөнөөн, хүүг минь зэрэмдэг болгосон эмэгтэйд
зүтгэхийг хүсч байгаа юм уу? гэж Нэд үл итгэн дуу алдав.

- Би таныг хаант улсад зүтгэхийг хүсч байна. Хатан хаанд гэмт хэргээ хүлээж байна гэж
хэлээд хүүгээ илдээ буулгахыг тушааж, Жоффрейг жинхэнэ залгамжлагч гэж зөвшөөр.
Станнис, Рэнли хоёрыг буруутган үнэнч бус булаан эзлэгч гэж зарлахыг санал болго. Манай
ногоон нүдтэй арслан таныг нэр хүндтэй хүн гэдгийг мэднэ. Хэрвээ түүнд энх тайвныг өгөх
юм бол Станнистай учраа ололцох цаг олгох болохоор хатан таныг Хар ахан дүүсийн дунд
Ханан дээр хууль бус хүүгийнхээ дэргэд үлдсэн өдрүүдээ өнгөрүүлэхийг зөвшөөрнө.

Жоны тухай бодол төрөхөд Нэд хэлэхийн аргагүй ичингүйрэл гашуудлыг мэдрэв. Хэрвээ хүүг
ахин хардаг юм бол дэргэд нь суугаад ярилцах болно... Бохир саарал чигийн дорхи хугарсан
хөл нь лугшин өвдөв. Нэд тэсгэлгүй өвдөхөд ярвайн хуруугаа базаж тэнийлгэлээ.

- Энэ чиний төлөвлөгөө юу эсвэл Чигчий хуруутай холбоо тогтоогоо юу?

Энэ нь тайганыг хөгжөөв бололтой.

- Би удахгүй Хар ямаа Квохортой хүртэл нөхөрлөнө. Чигчий хуруу Долоон ханлигт хоёрт
орохоор зальжин хүн. Өө тийм л дээ би түүнийг өөрийн хүн гэж итгэгдэхээр сонгож авсан
шивнэлтээрээ тэжээдэг ч... бас Серсей ч гэсэн намайг түүний хүн гэж итгэж байгаа.

- Харин одоо миний хүн гэж итгүүлэх гэж байна. Ингэхэд лорд Варис та жинхэнээсээ хэнд
зүтгэдэг юм бэ?

Варис үл мэдэг инээмсэглэв.

- Мэдээж гэж хаант улсад эрхэм лорд минь. Та үүнд яаж эргэлзэж байна? Хөнгөлүүлсэн
эрхтэнээрээ тангараглая. Би хаант улсад зүтгэдэг харин хаант улсад энх тайван хэрэгтэй гээд
сүүлчийн удаа дарсыг балган хослоод хоосон дашмагаа шидлээ.

- Ингэхэд та юу гэж хариулах гэж байна, лорд Эддард? Надад хатан хаанд дамжуулах үгээ
хэлвэл тэр сонсохоор ийшээ ирэх нь лавтай.

- Хэрвээ би үүнийг хийвэл миний үг хоосон хуяг шиг хөндий болж амьдрал минь үнэ цэнэгүй
болно.

- Харамсалтай байна гээд тайган өндийв.

- Тэгвэл охины чинь амь яах болж байна, эрхэм лорд? Та үүнийг үнэлсэн үү? гэхэд Нэдийн
зүрх зүсэгдэх шиг болов.

- Миний охин...

- Мэдээж намайг гэм зэмгүй хонгорхон охины чинь тухай мартана гэж бодоогүй биз дээ?
Хатан хаан эргэлзээгүй түүнийг мартахгүй.

- Үгүй гээд Нэдийн хоолой сөөнгөтөв.

- Варис бурхан чамайг өршөөг. Надад хүссэн зүйлээ хийж болох ч миний охиныг
төлөвлөгөөндөө бүү оролцуул. Санса ердөө жаахан хүүхэд шүү дээ.

- Рэйгэрийн охин Рэйнис бас хүүхэд байсан. Хөөрхөн жижигхэн тэр үед охиноос чинь бага
байсан даа. Түүнд Балерион гэж дууддаг жижигхэн хар муур байсныг мэдэх үү? Би үргэлж
түүнд юу тохиолдсон юм бол гэж гайхдаг байлаа. Рэйнис түүнийг жинхэнэ Хар үхэл
Балерион шиг тоглох дуртай байсан юм. Гэвч Ланнистерийнхан хаалгыг нь эвдсэн тэр өдөр
түүнд муурын зулзага, луу хоёр ямар ялгаатай болохыг зааж өгсөн гэж бодож байна гээд
Варис ертөнцийн гунигийг тэр чигээр нь мөрөндөө үүрсэн мэт уртаар санаа алдлаа.
- Их септон надад нэг удаа бид гэм нүгэлтэй бүхэн зовох ёстой гэсэн. Хэрвээ энэ үнэн бол
лорд Эддард надад хэлээч... яагаад та нар шиг өндөр дээд лордууд хаан ширээний тоглоом
тоглох үед гэмгүй хүмүүс үргэлж зовдог бэ? Хатан хааныг хүлээх зуураа энэ тухай бодоорой.
Бас дараагийн зочин таньд талх, бяслаг өвчнийг чинь намдаах намуу цэцэгтэй сүү авчрах юм
уу эсвэл оронд нь Сансагын толгойг авчирч болох юм гэдгийг сана. Хүндэт лорд Гар минь
сонголт бүрэн таны гарт байна.
КАТЕЛИН

Цэргүүд далангын зам дагуу Хүзүүний хар намгийг гатлан голын хөндий рүү дөхөх тусам
Кателины эмээх улам ихсэв. Тэр айдсаа нуун царайгаа төв ширүүн байлгахыг хичээсэн ч
ялгаагүй явах тусам зовнил улам өсөн нэмэгдэж байлаа. Өдөр нь сэтгэл зовнил дүүрэн, шөнө
нойргүй хонох бөгөөд дээгүүр нь хэрээ нисэх болгонд давхийн цочиж байлаа.

Тэр лорд эцгийнхээ чимээгүй ёролсон байдалд эмээж, дүүгийнхээ төлөө айж байсан бөгөөд
бурхан Эдмурыг тулааны талбар дээр хааны алуурчтай нүүр тулгарахад туслахыг гуйн
мөргөлөө. Түүнчлэн Нэд охид болон Винтерфеллд ард үлдсэн хонгор хөвгүүдийнхөө төлөө
айна. Гэсэн ч тэдэнд юугаар ч тусалж чадахгүй болохоор бүх бодлоо таягдан хаяв. Чи хүчээ
Роббод зориулан хадгалах ёстой. Тэр чиний тусалж чадах ганц хүн. Кателин Талли
умардынхан шиг ширүүн хатуу байх ёстой. Чи одоо хүү шигээ жинхэнэ Старк болсон гэж
өөртөө хэллээ.

Робб цувааны манлайд тэргүүлэн дээр нь Винтерфеллийн цагаан туг дэрвэнэ. Өдөр бүр
түүнтэй лордуудынх нь нэг нэгдэж давшилтын аяны талаар хэлэлцэх бөгөөд тэрбээр лорд
эцэг шигээ хүн бүрд адилхан хандаж нэгнийх нь үгийг нөгөөтэй нь эрэгцүүлэн сонсож
байлаа. "Тэр Нэдээс их зүйл сурчээ. Гэхдээ хангалттай байж чадах болов уу?" гэж Кателин
хүүгээ харан бодов.

Хар загас хурдан морьдтой зуун хүн аваад толгойн сэргийлэхэд урагш хөдлөх замыг
тагнуулдан ажиглаж байв. Сэр Бриндений мэдээллийг морьтонгууд авчрах бөгөөд санаа
амрах зүйл бага байлаа. Лорд Тайвины цэрэг өмнөдөд олон өдрийн газар оршсон хэвээр
байгаа ч... Уулзварын лорд Валдер Фрей Ногоон салаан дахь шилтгээндээ ойролцоогоор
дөрвөн мянган хүн бүхий цэрэг хуралдуулжээ.

- Ахиад л хожимдож гэж Кателин үүнийг сонсоод шивнэв. Ахиад яг л Сэрээн дэх шигээ. Энэ
хүнийг хараал идээсэй. Түүний дүү Эдмур лордын эрхийн дагуу тугчдаа дуудах үед лорд
Фрей Риверран дахь Таллигийн цэрэг рүү очиж нийлэх ёстой байсан авч энд суусаар үлдсэн
аж.

- Дөрвөн мянган хүн гэж Робб уурсахаас илүү гайхширан давтаж хэлэв.

- Лорд Фрейд Ланнистерийнхантай ганцаар байлдах хүч байхгүй. Тэр эргэлзээгүй бидэнтэй
нийлнэ байх.

- Тийм гэж үү? Эргэлзэж байна шүү. Валдер Фрейгээс юу ч хүлээх хэрэггүй болохоор гайхах
явдалгүй дээ гэж Кателин хэллээ. Тэр урагшлан Робб, Робетт Гловер болон хүмүүстэй нь
нэгджээ. Цувааны үлдсэн хэсэг ард сунжиран жад туган шигүү ой яаралгүй урагшилна.

- Тэр эцгийн чинь тугчин шүү дээ.

- Зарим хүн л өргөсөн амлалтандаа ноцтой ханддаг юм, Робб. Тэгээд ч лорд Валдер миний
эцэгт дуртайгаас илүү үргэлж Кастерли Роктой найрамдалтай байсаар ирсэн. Түүний
хөвгүүдийн нэг Тайвин Ланнистерийн дүүтэй гэрлэсэн. Үнэндээ энэ ч бага зүйл дээ. Лорд
Валдер урт удаан жилийн турш олон хүүхдийн эцэг болсон болохоор тэднийгээ гэрлүүлэх
хэрэгтэй болсон биз. Гэсэн ч...

- Та түүнийг биднээс урван Ланнистерийнхны талд орно гэж бодож байна уу, хатагтай? гэж
Робетт Гловер буурьтай асуув.

Кателин санаа алдлаа.

- Үнэнийг хэлэхэд би өөрөө ч лорд Фрей, лорд Фрейгийнхээ хийхээр төлөвлөж байгаа
зүйлийг мэднэ гэдэгт эргэлзэж байна. Тэр хөгшин хүний болгоомжлол залуу хүний эрх мэдэл
хөөцөлдөх зантай хэзээ ч заль мэх дутаж байгаагүй хүн.

- Бидэнд Ихэр хэрэгтэй. Голыг гатлах өөр зам байхгүй. Та үүнийг мэдэж байгаа гэж Робб
шаргуу хэлэв.

- Тиймээ. Валдер Фрей ч үүнийг мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Тэр шөнө тэд Хааны зам гол хоёрын дунд замын хагас дахь намгийн өмнөд эрэг дээр
буудаллахад Теон Грейжой авга ахаас нь мэдээ авчирлаа.

- Сэр Бринден та нарт морьтонгууд нь Ланнистерийнхантай илд зөрүүлсэн гэж хэлэхийг


тушаасан. Тэд арвуулаа байсан ч нэг нь ч ойрын хугацаанд лорд Тайвинд мэдээ хүргэж
чадахгүй болсон. Эсвэл үүрд ч юмуу гээд инээж,

- Тэдний тагнуулуудыг сэр Аддам Марбранд удирдаж байсан болохоор өмнө зүг ухрах замдаа
явсан газар бүхнээ галдан шатаасан. Тэр бидний хаана байгааг мэдэж байгаа ч Хар загасын
үгээр бол хуваагдсаныг маань мэдээгүй гэсэн.

- Хэрвээ лорд Фрей түүнд хэлдэггүй л юм бол гэж Кателин огцом хэлэв.

- Теон чи миний авга ах руу буцаж очих үедээ Ихрийн эргэн тойронд хамгийн шилдэг
харваачдаа байрлуулж өдөр шөнөгүй харуулдуулан бэхлэлтээс ниссэн бүх шувууг харваж
унага гэж хэл. Би хүүгийнхээ хөдөлсөн тухай мэдээг лорд Тайвинд шувуу дуулгахыг хүсэхгүй
байна.

- Сэр Бринден үүнд хэдийн санаа тавьсан, хатагтай. Бид бялуунд жигнэж болох хэдэн хар
шувуу харвасан. Харин би өдөөр нь малгай хийх гэж байгаа гээд Теон сайрхан инээмсэглэлээ.

- Фрейгийнхэн Ланнистерчууд газар нутгийг нь галдаж тосгон сууринг нь дээрэмдэж байх


үед юу хийж байсан хэрэг вэ?

- Тэнд сэр Аддам болон лорд Валдерийн хүмүүсийн хооронд багахан тулаан болсон. Эндээс
бараг өдрийн зайд Ланнистерийн хоёр тагнуулыг Фрейгийнхэн хөнөөгөөд хэрээ шувууны
хоол болгон орхисон байсан. Лорд Валдерийн үндсэн хүч Ихэрт төвлөрч байгаа гэж Теон
хэлэв.

Энэ бүх зүйлээс үзэхэд Валдер Фрей эргэлзээгүй уйдаж байгаа юм байна даа гэж Кателин
гашуунаар бодов. Ухар, хүлээ, хар, эрсдэл гаргах хэрэггүй.

- Хэрвээ тэр Ланнистерийнхантай байлдсан бол амлалтаа биелүүлэх биш үү гэж Робб хэлэв.

Кателинд урамшуулах зүйл байсангүй.

- Газар нутгаа хамгаалах бол нэг хэрэг харин тулааны талбарт лорд Тайвины урдаас гарах
гэдэг бол өөр хэрэг гэхэд Робб Теон Грэйжой руу эргэлээ.

- Хар загас Ногоон салааг гатлах өөр зам олов уу?

Теон толгой сэгсэрлээ.

- Голын ус гүнзгий ширүүн урсгалтай. Сэр Бринден ийм алс хойд зүгт гарам байхгүй гэсэн.

- Гэхдээ би гарах ёстой шүү дээ! Робб уурсан дуу алдав.

- Манай морьд голын усаар хөвж гарч чадах ч хуягласан хүнийг зөөгөөд бол чадахгүй. Бид сал
хийж илд, хуяг дуулга, жадаа зөөж болох ч үүний тулд мод хэрэгтэй. Бас хугацаа ч гэсэн.
Гэтэл лорд Тайвин умард руу ирж байдаг гээд нударга зангидлаа.

- Лорд Фрей бидний замыг хаах гэж оролдвол тэнэг хэрэг болно. Бид түүний тооноос тав
дахин их хүнтэй. Чи шаардлага гарвал Ихрийг эзлэх хэрэгтэй, Робб гэж Теон Грейжой сурсан
зангаараа хөнгөмсөг итгэлтэй хэлэв.

- Тийм ч амар биш тэгээд ч цаг нь болоогүй байна. Та нарыг шилтгээн эзэлж байх хооронд
Тайвин Ланнистер араас чинь цэргүүдээ авчираад хядна гэж Кателин тэдэнд анхаарууллаа.

Робб тэдний зүг хяламхийн харсан ч хариулах үг олдсонгүй бололтой агшин зуур хуяг дуулга
өмсөж илд зүүн сахал нь өрвийсөн хацартай хэр нь арван таван настайгаасаа жаахан хүүхэд
шиг боллоо.

- Лорд эцэг минь байсан бол юу хийх байсан бол? гэж ээжээсээ асуув.

- Ямар ч зүйл болсон гэсэн. Гатлах зам олох байсан.

Маргааш өглөө нь сэр Бринден Талли тэдэн рүү өөрийн биеэр давхиж ирлээ. Тэр Хаалганы
хүлэг баатрын давтмал хүнд хуягаа тайлаад тагнуулын ширэн хөнгөн хуяг өмссөн ч галт уулын
шилэн загасны дүрстэй товчоо нөмрөг дээрээ товчилжээ.

Авга ах нь мориноос харайн буугаад Кателин руу баргар харлаа.

- Риверраны ханын цаахан тулалдаан болжээ. Бид олзлогдсон Ланнистерийн хүнээс мэдлээ.
Хааны алуурч Эдмурын цэргийг устган Сэрээний лордуудыг зугтаалгасан байна гэж
гашуудалтай хэлэв.

Кателины зүрхийг хүйтэн гар базах шиг болов.


- Миний дүү яасан бэ?

- Шархдаж олзлогдсон. Лорд Блэквуд болон бусад амьд үлдсэн хүмүүс Риверранд Жэймигийн
цэрэгт бүслэгдсэн байгаа.

Роббын сэтгэл аягүйцэн,

- Бид цагаа олж Риверранд хүрэхийн тулд энэ хараал идсэн голыг заавал гатлах хэрэгтэй гэж
дуу алдав

- Үүнийг ч амар дөнгөхгүй байхаа. Лорд Фрей бүх хүчээ цайзын дотор оруулж хаалгаа хаан
түгжсэн байна гэж авга ах нь анхааруулав.

- Тэр хүнийг хараал идээсэй. Хөгшин тэнэг намайг хөндлөн гарахыг зөвшөөрөхгүй бол хэрэм
рүү нь дайрахаас өөр сонголтгүй болно. Тэр үед Ихрийн нуранги дор дарагдаад хэрхэн
таалагдахыг нь харъя.

- Чи гомдсон жижиг хүү адил ярьж байна, Робб. Хүүхэд саад хараад хамгийн түрүүнд орж
ирдэг бодол бол тойрч гүйх юм уу доош нь цохиж унагаах. Лорд хүн заримдаа илдний
чадахгүй зүйлийг үг хийдгийг мэдэх ёстой гэж Кателин ширүүн хэлэв.

Роббны хүзүү ичиж улайлаа.

- Та надад энэ тухай ямар бодолтой байгаагаа хэлээч, ээжээ.

- Фрейгийнхэн уулзварыг зургаан зуун жилийн турш эзэгнэж байгаа болохоор зургаан зуун
жилийн туршид нэг ч удаа татвараа алдаж байсан удаа байхгүй.

- Юун татвар? Тэр юу хүсээ вэ?

- Үүнийг л бид илрүүлэх ёстой болоод байна гээд Кателин инээмсэглэв.

- Хэрвээ би татвар төлөхийг хүсэхгүй бол яах вэ?

- Тэгвэл Кайлины суваг руугаа буцаж лорд Тайвины ирэхийг хүлээх юм уу... эсвэл өөртөө
далавч ургуул. Би өөр сонголт олж харахгүй байна гээд Кателин өсгийгөөрөө морио давиран
хүүгээ бодолд орхилоо. Энэ нь түүнд эх нь байрыг нь эзлэх гэж байгаа юм шиг мэдрэмж
төрүүлэхгүй байх гэж найдаж байна. Чи түүнд цэцэн ухаанаас илүү эр зориг зааж өгсөн гэж
үү, Нэд? Чи түүнийг өвдөг сөгдөхөд сургасан уу? гэж гайхлаа. Долоон ханлигийн оршуулгын
газар хэзээ ч энэ хичээлийг суралцаагүй зоригтой хүмүүсээр дүүрэн байгаа.

Үд дундын орчим цувааны манлайд Уулзварын лордууд бэхэлсэн Ихэр цамхгийн бараа
харагдлаа.

Эндхийн Ногоон салааны урсгал гүн түргэн хэдий ч Фрейгийнхэн олон зууны өмнө гүүр
тавьж үүгээр өнгөрсөн хүмүүсээс баян татвар хурааж сурчээ. Гүүр нэгэн зэрэг хоёр хөсөг
багтах нүсэр том саарал чулуун нуман хаалгатай агаад төвд нь голын хоёр замыг хянах сум
харвах нүх, сараалж бүхий Усны цамхаг сүндэрлэнэ. Гүүрийг Фрейгийнхэн гурван үеийн
турш хянаж байгаа болохоор эргийн хоёр талд нүсэр дүнзэн бэхлэлт босгож хэн ч гол руу
тэдний зөвшөөрөлгүй гарч чадахгүй болжээ.

Бэхлэлтийн дүнзийг аль эрт чулуугаар сольжээ. Ихэр цамхаг хоёр намхан үзэмжгүй бат бөх
цайз байсан бөгөөд нэг бус зууны турш хөндлөн гарах гүүрийг хамгаалсаар иржээ. Өндөр
хана, гүнзгий шуудуу, хүнд царс төмөр хаалганууд ойртон ирэгсдээс хамгаалж, цайзны дотор
тал руу гүүр хураагдахад сараалж буун, Усны цамхаг биеэ даан өөрийгөө хамгаалах чадвартай
аж.

Ганц харахад Кателинд цайзыг дайран эзлэх боломжгүй нь ойлгомжтой байлаа. Хэрмийн
дээд талд илд, жад сэрийлдэн, харвагч машины сүүл цухуйж, харваачид шүд болгоны завсар
зогсох бөгөөд, буулгадаг гүүр өргөгдөн, сараалж буугаад хаалга хаалттай цоожтой байлаа.

Том Жон урдаа юу хүлээж байгааг хараад хараал урсгаж эхлэв. Лорд Рикард Карстарк
чимээгүйхэн ширтлээ.

- Үүнийг дайрч чадахгүй, эрхэм лордуудаа гэж Рус Болтон хэлэв.

- Бид дайчдаа нөгөө эрэг дээр нь гаргаж хоёр дахь цайзыг эзэлдэггүй юм бол яагаад ч
боломжгүй гэж Хелман Толхарт баргар хэлэв. Гүн ногоон усны цаана өрнөд цамхаг хоёр дахь
цамхагын тусгал шиг ёрдойно. - Хэрвээ бидэнд цаг байсан бол. Гэхдээ байсан ч чадахгүй
гэдэгт итгэлтэй байна.

Умардын лордууд шилтгээнийг шинжиж байх зуур хаалга онгойж шуудуун дээр банзан гүүр
тавигдаад арваад хүлэг баатар лорд Валдерийн олон хөвгүүдийн дөрвөөр нь удирдуулан
ирлээ. Тэд бараан цэнхэр дэвсгэр дээр мөнгөлөг саарал ихэр цамхаг бүхий туг барьжээ. Лорд
Валдерийн залгамжлагч Стеврон Фрей тэдэнтэй ярилаа. Фрейгийнхэн бүгд үентэй төстэй
агаад жаран насыг зооглож зээтэй болж амжсан хөгширч ядарсан үен шиг сэр Стеврон
эелдэгээр ярилаа.

- Лорд эцэг минь намайг та нарыг угтан цэргээ хэн удирдаж байгааг асуулгахаар явууллаа.

- Би удирдаж байна гээд Робб морио давиран ухасхийв. Тэр хуяг дуулга өмсөж зэрлэг чонын
дүрс бүхий Винтерфеллийн бамбай эмээлдээ бэхэлсэн агаад, Хөнгөн салхи дэргэд нь явж
байлаа.

Хөгшин хүлэг баатар хүү рүү харахад усархаг нүдэнд нь гайхсан шинж тодорсон ч морь нь
зэрлэг чоноос янцгаан үргэлээ.

- Миний лорд эцэг таныг шилтгээндээ морилон мах бал хуваалцаж ирсэн зорилгоо
тайлбарлахыг чинь сонсоход бэлэн байна.

Түүний үг тугчин лордуудын дунд харвагчийн шидсэн том чулуу шиг туслаа. Хэн ч үүнийг
дэмжсэнгүй. Тэд харааж зүхэн маргалдаж бие бие рүүгээ хашгиралдав.
- Чи үүнийг хийх ёсгүй, эрхэм лорд минь. Лорд Валдер итгэж болох хүн биш гэж Галбарт
Гловер Роббоос гуйхад Рус Болтон зөвшөөрөн толгой дохив.

- Тиймээ чи тийшээ ганцаар очвол баригдана гэсэн үг. Тэр чамайг Ланнистерийнханд зарж,
гянданд хорих юм уу хүсвэл хоолойг чинь огтолсон ч чадна.

- Хэрвээ тэр бидэнтэй ярилцахыг хүсч байгаа бол хаалгаа нээвэл мах балыг нь дуртайяа
хуваалцъя гэж сэр Вендел Мандерли хэлэв.

- Эсвэл түүнийг ийшээ гарч ирээд бүгдийн нүдэн дээр Роббтой ярилц гэж хэл хэмээн сэр
Вилис санал болгов.

Кателин Старк энэ бүх эргэлзээг хуваалцаж байсан ч сэр Стевроны царайг хараад сонссон
зүйлдээ баярлахгүй байгааг нь ойлгов. Үүнээс илүү үг хэлэх юм бол бүгдийг алдаж болно.
Тэр байдлыг түргэхэн гартаа авч,

- Би явъя гэж чанга хэлэв.

- Та юу, хатагтай? гээд Том Жон хөмсөг зангидлаа.

- Ээжээ та үнэнээсээ хэлж байна уу? гэж Робб эргэлзсэн байртай хэлэв.

- Хэзээ ч ийм итгэлтэй байсангүй гэж Кателин худал хэлэв.

- Лорд Валдер бол миний эцгийн тугчин. Би түүнийг хүүхэд байхаасаа мэднэ. Тэр хэзээ ч
надад хор учруулахгүй гээд "хэрвээ тэр ямар нэгэн хожоо хардаггүй л юм бол" гэж дотроо
чимээгүй нэмэрлэв. Заримдаа үнэнийг хэлж болдоггүй байхад зарим худал үгийг хэлэх
шаардлагатай байлаа.

- Би лорд эцэг маань хатагтай Кателинтай ярилцахдаа баяртай байх болно гэдэгт итгэлтэй
байна. Бидний сайхан сэтгэлийн баталгаа болгон түүнийг аюулгүй эргэн ирэх хүртэл миний
дүү сэр Первин та нартай үлдэх болно.

- Тэр манай хүндэт зочин болно гэж Робб хэллээ. Сэр Первин дөрвөн Фрейгийн хамгийн
залуухан бөгөөд мориноосоо бууж жолоогоо ахдаа бариулав.

- Ээж маань үдэш гэхэд ирсэн байх ёстой шүү. Би энд удаан саатмааргүй байна гэж Робб
хэлэв.

Сэр Стеврон Фрей эелдэгээр толгой дохив.

- Таны хэлснээр болъё, эрхэм лорд.

Кателин морио давиран урагш явахдаа эргэж харсангүй. Лорд Валдерийн хөвгүүд араас нь
элчийн ёсоор дагав.

Эцэг нь нэг удаа долоон ханлигт ганцхан Валдер Фрей өмднөөсөө тулааны талбар дахь цэрэг
гаргаж чадах хүн гэж хэлж байсан билээ. Уулзварын лорд Кателиныг дорнод цайзынхаа их
танхимд хориод хүү (сэр Первинтэй хорин нэг), гучин зургаан ач, арван есөн зээ, олон тооны
охид, ач охин, бутач, бутчын хүүхдүүдээр хүрээлэн угтахад эцгийнхээ юу хэлсэн болохыг
ойлголоо.

Лорд Валдер ерэн нас хүрч яваа цоохор халзан толгойтой үрчлээтсэн ягаан үен шиг хүн агаад
тулай өвчний улмаас хүний тусламжгүй босч чадахгүй болжээ. Түүний шинэхэн авсан эхнэр
болох туранхай цонхигор арван зургаан настай охин тэдний зөөж авчирсан дамнуургын
дэргэд зогсож байлаа. Тэр найм дахь хатагтай Фрей болжээ.

- Эрхэм лорд таныг ийм олон жилийн дараа харж байгаадаа баяртай байна гэж Кателин
хэлэв.

Хөгшин хүн сэжигтэй онийн ширтлээ.

- Тийм гэж үү? Эргэлзэж л байна шүү. Надад уран үг хэлэх хэрэггүй, хатагтай Кателин. Би
түүнд чинь дэндүү хөгширч. Ингэхэд чи яах гэж ийшээ ирсэн юм бэ? Чиний хүү надтай ирж
уулзахад дэндүү бардам хэрэг үү? Би чамаар юугаа хийх болж байна?

Кателин жаахан охин байхдаа сүүлчийн удаа Ихэрт зочлоход лорд Валдер цочмог уур, хурц
хэлтэй эелдэг ёс гэдгийг мэддэггүй хүн байлаа. Нас хөгширсөн нь түүнийг улам дордуулжээ.
Түүнийг гомдоохгүйн тулд хэлэх үгээ болгоомжтой сонгох хэрэгтэй болох нь.

- Эцэг минь та хэлсэн үгээ мартаа юу. Хатагтай Кателин энд таны урилгаар ирсэн шүү дээ
гэж сэр Стеврон зэмлэнгүй дуугарав.

- Би чамаас асуусан бил үү? Чи намайг үхэх хүртэл хараахан лорд Фрей болоогүй шүү. Эсвэл
би үхсэн юм шиг харагдаад байна уу? Чиний зөвөлгөө л надад дутаад байж гэнэ.

- Манай хүндэт зочны өмнө ингэж ярих нь зохисгүй, аав аа гэж залуу хөвгүүдийн нэг хэлэв.

- Харин одоо бутач хүүхэд минь надад эелдэг ёсыг сургах нь байна гэж лорд Валдер
гомдоллов.

- Би хүсэнээрээ ярих болно, хараал идмэр минь. Би амьдралдаа гурван хаан төдий тооны
хатанг зочноор хүлээн авч байсан байхад чи надад хичээл заана гэж бодоо юу, Ригер? Ээж
чинь надаас чамайг олох үедээ ямаа саагч байсан шүү гээд улайсан залуу хүүг орхиж
хуруугаараа өөр хоёр хөвгүүн рүү зангав.

- Дэнвел, Вален хоёр намайг сандал дээр суухад туслаадах.

Тэд лорд Валдерийг дамнуурганаас нь өргөн түшлэгэн дээр нь гүүрийг холбосон ихэр
цамхагыг дүрсэлсэн Фрейгийн хар царсан өндөр сандал дээр суулгахад залуухан авгай нь
хулчгардуухан хөлийг нь бүтээлгээр хучиж өгөв. Тэр суумагцаа Кателиныг зангаж цаас шиг
хуурай уруулаа гарт нь хүргэв.

- За боллоо. Харин одоо би бүх эелдэг ёсыг гүйцээсэн болохоор хатагтай минь миний хөвгүүд
намайг хүндэтгэж амаа хамхих бизээ. За тэгээд чи яах гэж энд ирсэн юм бэ?

- Хаалгаа нээхийг гуйх гэж, эрхэм лорд. Миний хөвгүүн лорд тугчдынхаа хамт голыг гатлан
замаа үргэлжлүүлэх хэрэгтэй байна.

- Риверран руу юу? гээд тэр хөхөрлөө.

- Өө надад хэлэх хэрэггүй дээ, хэрэггүй. Би сохорчихоогүй байна. Хөгшин хүн бас газрын хүн
зураг уншиж чадна шүү.

- Тиймээ, Риверран руу гэж Кателин баталлаа. Үүнийг үгүйсгэх шалтгаан ч байсангүй.

- Би таныг тэнд олно гэж бодож байсан шүү, эрхэм лорд. Та миний эцгийн тугчин биз дээ?

- Хэх гэж лорд Валдер инээх шуухитнахын завсар авиа гаргалаа.

- Би цэргүүдээ дуудсан болохоор бүх хүмүүс минь хэрмийн дотор байгааг харсан биз дээ.
Миний бүх хүч цуглармагц аваад явах ёстой байсан. Эсвэл хөвгүүдээ илгээх ч юм уу. Би
өөрөө ч гэсэн сайн явж чадна, хатагтай Кателин гээд эргэн тойрон баталгаа эрэх мэт харснаа
тавин настай өндөр бөгтөр хүн рүү заалаа.

- Түүнд хэл, Жаред. Намайг үнэхээр тэгэх гэж байсан гэдгийг хэл.

- Тиймээ, хатагтай. Өөрийнхөө нэр хүндээр андгайлъя гэж хоёр дахь эхнэрийн хөвгүүдийн
нэг сэр Жаред Фрей хэлэв.

- Тэгээд ч биднийг явахаас урд тэнэг дүү чинь тулаанд ялагдсан нь миний буруу болж байна
уу? гээд тэр дэрээ хойш налаад Кателиныг маргах эсэхийг сорин ширтэв.

- Надад хааны алуурч түүний дайчдыг бяслаганд зоосон сүх шиг нэвтэлсэн гэж хэлсэн.
Яагаад миний хөвгүүд өмнө зүг рүү үхлийн төлөө яарах ёстой юм бэ? Риверранд очсон бүх
хүн умард зүг рүү ахин зугтаж байна.

Кателин яншаа хөгшин хүний үгийг дуртайяа няцааж эргүүлэн гал дээр шарах байсан ч үдэш
гэхэд гүүрийг нээлгэх ёстой байлаа. Иймээс тайвнаар,

- Үүнээс ч том шалтгааны улмаас бид Риверранд даруйхан хүрэх хэрэгтэй байна. Бид энэ
тухай хаана ярилцаж болох вэ, эрхэм лорд? гэв.

- Бид одоо ярьж байгаа хэрэг биш үү гэж лорд Фрей гонгиноод цоохор ягаан хуйхтай
толгойгоо эргүүлэн хүүхдүүд рүүгээ хашгирав.

- Та нар юугаа хараад байгаа юм? Эндээс гар зайлцгаа. Хатагтай Старк надтай ганцаарчилан
ярилцахыг хүсч байна. Магадгүй тэр миний үнэнчийг дэнслэх гэсэн биз, хэх. Бүгдээрээ явж
ямар нэг ашигтай зүйл олж хий. Тиймээ чи ч гэсэн эмэгтэй минь. Алив, алив гарцгаа.

Түүний хөвгүүд, ач, зээ, жич, бутач зээнцэр нар танхимаас түрхрэн гарсан хойно Кателин руу
бөхийлөө.

- Тэд бүгд намайг үхэхийг хүлээж байгаа юм. Стеврон дөчин жил хүлээж байгаа ч би түүнийг
урмыг хугалсан. Хэх. Яагаад түүнийг лорд болгохын тулд үхэх ёстой гэж? Би чамаас асууж
байна. Би үүнийг хийхийг хүсэхгүй.

- Би таныг зуу наслана гэж найдаж байна.

- Тэгвэл тэд үхтлээ уурсах байх даа, эргэлзэх явдалгүй. Харин одоо чи юу хэлэхийг хүсээ вэ?

- Бид гүүрийг хөндлөн гармаар байна.

- Өө, тийм гэж үү? Муйхар зүйл байна даа. Ингэхэд би чамайг яагаад гаргах ёстой билээ?

Агшин зуур Кателины уур дүрэлзэв.

- Лорд Фрей хэрвээ таньд хэрэм рүүгээ авирах хүч байгаа бол миний хүү хорин мянган
хүнийхээ хамт ханын цаана чинь хүлээж байгааг харах болно.

- Харин лорд Тайвин ирмэгц тэд чинь хорин мянган шинэхэн хүүр болно гэж хөгшин хүн
хариу орилов.

- Намайг айлгах гэж оролдсоны хэрэггүй шүү, хатагтай минь. Чиний нөхөр урвагч болж
Улаан шилтгээний гянданд хоригдон, эцэг чинь үхлийн даваан дээр хүнд өвчтэй харин одоо
Жэйми Ланнистер дүүгий чинь гинжилж аваад байна. Би юунаас айх ёстой юм бэ? Хүүгээс
чинь үү чамаас уу? Хүүгийн чинь эсрэг хүүгээ тавихад бүгд үхсэн ч надад арван найм
үлдэнэ.

- Та миний эцэгт тангараг өгсөн шүү дээ гэж Кателин сануулав.

Фрей толгойгоо сэгсрэн инээмсэглэв.

- Өө тэгэлгүй яахав. Би тиймэрхүү үг хэлсэн. Гэвч титэмд амалсан санагдаж байна. Жоффрей
одоо хаан болсон болохоор чи хүүтэйгээ болон гадна байгаа тэнэгүүдтэйгээ бослого дэгдээгч
болсон. Хэрвээ бурхан надад загас барих ухаан хайрлавал би Ланнистерийнханд та нарыг
дарахад тусалж болох юм.

- Тэгвэл яагаад тэгэхгүй байгаа юм? гэж Кателин сорин асуулаа.

Лорд Валдер үл тоон тургилав.

- Лорд Тайвин бардам сүрлэг, өрнөдийн захирагч, Хааны гар бүгдээс том хүн. Түүний алт энд
ч тэнд ч алт арслангууд нь хаа сайгүй байна. Би чамд түүнийг дэндүү их буурцаг идсэн
болохоор салхинд над шиг хийснэ гэж мөрийцье. Гэхдээ ч түүний ингэж хэлэхийг сонсохгүй
л дээ. Үгүй дээ. Тэр ямар ч гэсэн хийсэх болно. Ердөө хоёрхон хүүтэйгийн нэг нь зэрэмдэг
жижигхэн мангас. Би түүний хөвгүүдийн эсрэг хөвгүүдээ тавихад бүгд үхсэн ч надад арван
ес хагас үлдэнэ! гээд хөхөрч,
- Хэрвээ лорд Тайвин миний тусламжыг хүсч байгаа бол гуйсан цагт биелүүлж болох юм гэв.

Үүнийг л Кателин сонсох хэрэгтэй байлаа.

- Тэгвэл би танаас тусламж гуйж байна, эрхэм лорд. Бас миний эцэг дүү болоод лорд нөхөр
хөвгүүд минь хамт гуйж байна гэж эвлэрэнгүй хэлэв.

Лорд Валдер ясархаг хуруугаараа түүн рүү чичилэв.

- Амтат үгсээ өөртөө хадгал, хатагтай минь. Тийм үгсийг би зөвхөн эхнэртээ хэлдэг юм. Чи
түүнийг харсан уу? Арван зургаан настай бяцхан цэцэг шиг цэврүү охин гэвч бал нь зөвхөн
надад ногдоно. Дараа жил гэхэд тэр надад хүү гаргаж өгнө гэж мөрийцье. Магадгүй би
түүнийг бусдыг нь уурлуулахын тулд залгамжлагч болгон зарлаж болох юм.

- Би түүнийг таньд олон хөвгүүн төрүүлж өгнө гэдэгт итгэлтэй байна.

Фрей толгойгоо бөнжигнүүлэв.

- Чиний лорд эцэг миний хуриман дээр ирээгүй. Үүнийг доромжлол гэж бодож байна.
Хэдийгээр тэр үхэж байсан ч гэсэн. Миний сүүлчийн хуримууд дээр ер ирээгүй. Намайг
нөгчсөн лорд Фрей гэж дууддаг гэсэн. Намайг үхсэн гэж бодсон юм байх даа? Харин би
үхээгүй гэдгээ чамд амлах байна. Би түүнээс, түүний эцгээс ч урт наслана. Танай гэр бүл
үргэлж намайг нулимж байсан... үгүй дээ үгүйсгэх хэрэггүй бүү худал хэл чи үнэн болохыг нь
мэдэж байгаа. Жилийн өмнө би эцэг рүү чинь очин хүүтэй нь охиноо гэрлүүлэхийг санал
болгосон юм. Яагаад үгүй гэж? Надад Эдмураас хэдхэн насаар эгч хонгорхон охин байна.
Хэрвээ дүүд чинь таалагдахгүй бол залуу, хөгшин, онгон, бэлэвсэн гээд хүссэн бүгдийг өгөх
байсан. Үгүй дээ, лорд Хостер энэ тухай сонсохыг хүсээгүй. Тэр надад эелдэг үгсээр
хариулан уучлал гуйсан ч би охиноо өгөхийг хүсч байлаа.

- Харин дүү чинь бүр дор. Ердөө жилийн өмнөхөн Жон Аррин Хааны гар байх үед би хот руу
хөвгүүдээ тэмцээнд хэрхэн оролцохыг харахаар явсан юм. Стеврон, Жаред хоёр үүнд дэндүү
хөгширсөн болохоор Дэнвелл, Хостин хоёр явж Первин ч гэсэн тэр бас халз тулаанд миний
хоёр бутач оролцсон. Хэрвээ тэднийг намайг шившиглэхийг мэдэж байсан бол тийм хол аялал
хийхгүй байлаа. Яах гэж энэ бүх замын турш Хостин мориноосоо Тайреллийн гөлгөнд
цохиулан унахыг харахаар явах ёстой гэж? Би чамаас асууж байна. Түүний насны хагастай
тэнцэх хүү байсан шүү. Сэр Дэйзи гэж тэд түүнийг дуудаж байсан санагдаж байна. Харин
Дэнвелл хамгаалалтын хүлэг баатарт морьгүй болсон. Заримдаа би тэр хоёрын жинхэнээсээ
миний хүүхэд эсэхэд эргэлздэг юм. Миний гурав дахь авгай Крэйкхаллынх харин тэндхийн
бүх эмэгтэйчүүд янхан байдаг. Ер нь бол тэр чамайг төрөхөөс өмнө үхсэн болохоор тоох
хэрэггүй дээ?

- Аан тийм би дүүгийн чинь тухай ярьж байсан билүү. Би лорд, хатагтай Арринд хоёр ач
хүүгээ ордонд хүмүүжүүлж, тэдний хүүг Ихэр цамхагт авахыг санал болгосон юм. Миний ач
хөвгүүд ордонд байхад юугаараа дутна гэж? Элэгсэг зантай хүмүүжилтэй сайн хөвгүүд
байгаа юм. Валдер бол Мерретийн хүү түүнийг миний дурсгалыг хүндэтгэн нэрлэсэн юм
харин нөгөөдөх нь... хэх санахгүй байх чинь... тэр Валдерын нэг байж болзшгүй. Тэднийг
бүгдийг Валдер гэж нэрлэдэг болохоор би дуртай ч гэвч эцэг нь... эцэг нь хэн байлаа даа? гээд
царайгаа үрчийлгэв.

- За яахав хэн ч байсан лорд Аррин тэдний алинийг ч аваагүй болохоор би үүнд хатагтай дүүг
чинь буруутгаж байгаа юм. Тэр намайг хүүгээ жүжигчний наадамд тайган болгохоор авах гэж
байгаа юм шиг аашилснаа лорд Аррин хүү Лууны цохио руу явж Станнис Баратеонд
хүмүүжигдэх ёстой гэхэд өрөөнөөс уучлал гуйх ганц ч үг хэлэлгүй шууран гарч гүйхэд Гар
надаас уучлал гуйсан юм. Уучлал гуйхад ямар сайн зүйл байна гэж? Би чамаас асууж байна.

Кателин эвгүйцэн хөмсөг зангидлаа.

- Би Лизагын хүүг лорд Тайвинд Кастерли Рокт хүмүүжүүлэхээр өгөх гэж байсан гэж
ойлгосон юмсан.

- Үгүй энэ бол лорд Станнис байсан гэж Валдер Фрей уурсан хэлэв.

- Чи намайг лорд Станнисыг лорд Тайвинаас ялгаж чадахгүй гэж бодоо юу? Тэд хоёул торхны
гоожуур шиг өөрсдийгөө дэндүү их юманд үздэг хэдий ч би тэдний хоорондох ялгааг нь
мэднэ. Эсвэл чи намайг юм санаж чадахгүй дэндүү хөгширсөн гэж бодоо юу? Би ерэн насыг
зооглосон ч маш сайн санаж байна. Эмэгтэй хүнтэй юу хийдгээ хүртэл санаж байна. Миний
эхнэр дараа жил гэхэд хүү төрүүлж өгнө гэж мөрийцье. Эсвэл охин ч юм уу. Тэдний алин ч
байсан хамаагүй үрчгэр улаан чарласан амьтад байдаг болохоор тэр Валдер юм уу Валда
хоёрын нэгээр нэрлэх байх.

Кателины санааг хатагтай Фрей хүүхэддээ ямар нэр сонгох зовоосонгүй.

- Жон Аррин хүүгээ лорд Станнисд хүмүүжүүлэхээр өгөх гэж байсан гэдэгт та итгэлтэй
байна уу?

- Тиймээ, тийм тийм. Гэхдээ тэр үхсэн болохоор ямар ялгаа байна? Тэгэхээр чи голыг
гатлахыг хүсч байна гэсэн билүү?

- Тиймээ, хүсч байна.

- Тэгвэл чадахгүй! Миний зөвшөөрөлгүй бол чадахгүй шүү. Гэвч би яагаад зөвшөөрөх ёстой
гэж? Талли болон Старкийннхан хэзээ ч миний найз байгаагүй гээд хөгшин хүн сандлын
түшлэгээ налан гараа зөрүүлээд хариулт хүлээн мишээлээ.

Үлдсэн хугацаанд үнэ хаялцалт явагдав.

Хөөсөн улаан наран толгодын цаагуур орох үед цайзын хаалга чахран нээгдэж буулгадаг гүүр
тавигдан, сараалж өргөгдөхөд хатагтай Кателин Старк хүү, лорд тугчидтайгаа нэгдэхээр гарч
ирэв. Түүний араас сэр Жаред Фрей, сэр Хостин Фрей, сэр Дэнвелл Фрей болон лорд
Валдерийн бутач хүү Ронел Риверс нар цэнхэр гархин хуяг, мөнгөлөг саарал нөмрөгтэй
жадчидын урт цуваа тэргүүлэн гарч ирэв.

Робб түүний урдаас угтан давхихад Хөнгөн салхи мориных нь дэргэд шогшуулав.
- Энэ бүтсэн. Лорд Валдер биднийг гарахыг зөвшөөрч байна. Түүний цэргүүд ч гэсэн чинийх.
Гэхдээ тэр жадчид голдуу дөрвөн зуун хүн Ихрийн ар талыг хамгаалахыг хүсч байна. Би чамд
ч гэсэн нум сумчид, илдчин холилдсон дөрвөн зуун хүн үлдээ гэж зөвлөх байна. Тэр
гарнизоноо хүч нэмэгдүүлэхээс татгалзах шахсан ч... чиний итгэлтэй хүн захирна гэж
итгүүлсэн. Лорд Валдер түүнийг үүргээ биелүүлэхэд туслах байх.

- Таны хэлснээр болъё, ээжээ гээд Робб жадчидын эгнээг харлаа.

- Магадгүй... Сэр Хелман Толхарт болох уу? Та юу гэж бодож байна?

- Сайн сонголт байна.

- Тэр....тэр биднээс юу хүсээ вэ?

- Хэрвээ чи хүмүүсээсээ цөөн хэдийг гаргаж чадвал лорд Фрейгийн ач хөвгүүдийг


Винтерфеллд умард руу хүргүүлэх хэрэгтэй байна. Би тэднийг хүмүүжүүлэхээр зөвшөөрсөн.
Тэд долоо, найман наснаас хэтрээгүй жаахан хөвгүүд. Хоёуланг нь Валдер гэж нэрлэдэг
санагдаж байна. Дүү Бран чинь үеийнхнээ найрсгаар угтан нөхөрлөх байх гэж бодож байна.

- Ингээд л болоо юу? Ердөө хоёрхон хүмүүжигч үү? Дэндүү бага үнэ...

- Бидэнтэй лорд Фрейгийн хүү Оливер хамт явах болно. Тэр чиний хувийн хиагаар үйлчилнэ.
Эцэг нь түүнийг цаг нь болохоор хүлэг баатар болгохыг хүсч байгаа юм.

- Хиа гэнэ гээд Робб мөрөө хавчив. - Сайн байна. Сайн хэрэг хэрвээ тэр...

- Бас чиний дүү Аръяа бидэн дээр аюулгүй эргэн ирвэл насанд хүрмэгцээ лорд Валдерийн
бага хүү Элмартай гэрлэх ёстой.

Робб тэвдсэн байртай болов.

- Аръяад энэ таалагдахгүй дээ.

- Түүнчлэн чи дайн дуусмагц охидынх нь нэгтэй гэрлэх ёстой. Эрхэм лорд элэгсэгээр чамайг
хүссэн охиноо сонгон авахыг зөвшөөрч байгаа юм. Түүнд үүнд зохих насанд хүрсэн
хангалттай тооны охин бий.

Үүнийг сонсоод Робб давхийсэнгүй.

- Ойлгож байна.

- Чи зөвшөөрч байна уу?

- Би татгалзаж болох юм уу?

- Гүүрийг хөндлөн гарахыг хүсч байгаа бол үгүй.


- Тэгвэл зөвшөөрч байна гэж Робб ёслол төгөлдөр хэлэв. Тэр энэ агшин шиг хэзээ ч насанд
хүрсэн эр хүн шиг санагдаж байсангүй. Хөвгүүд илдээр тоглодог ч гэрлэлт нь лордод
хамаатай бөгөөд энэ юу болохыг ойлгож байлаа.

Тэр үдэш голын усанд хавирган саран мэлтэлзэхэд тэд гүүрийг хөндлөн гарав. Хоёр эгнээ урт
жагсаал дорнод Ихрийн хаалгаар том саарал могой шиг мурилзан орж бэхлэлтийн хашаан
дотуур явснаа гүүрээр гарч баруун эргийн хоёр дахь цамхаг руу явлаа.

Кателин могойн толгойны тэргүүнд хүү, авга ах сэр Бринден болон сэр Стеврон Фрей нартай
хамт явлаа. Ард нь арав дахь хүн бүр нь морьтой хүлэг баатар, жадчид, чөлөөт морьтонгууд,
морьт харваачид дагалдана. Гатлахад хэдэн цагийн хугацаа шаардагдав. Дараа нь Кателин тоо
тоомшгүй морьдын туурайнд гүүрний банз тачигнан лорд Валдер Фрей дамнуурга дээр
тэдний өнгөрөхийг харахаар ирээд гялалзсан нүд нь Усны цамхагын шагайварын нүхээр
цухуйж байсныг удтал мартаагүй билээ.

Умардын цэргийн үндсэн хүч болох жадчид, нум сумчид тэргүүтэй явган цэргүүд зүүн эрэг
дээр Рус Болтоны захиргаанд үлдэв. Робб түүнд өмнө зүгээс ирж байгаа лорд Тайвины
цэргийг угтан армийнхаа давшилтыг үргэлжлүүлэхийг тушаав.

Сайн ч бай муу ч байж хүү нь шоог нэгэнт хаяжээ.


ЖОН

- Чи зүгээр үү, Сноу? гэж лорд Мормонт хөмсөг зангидан асуулаа.

- Зүгээр, зүгээр гэж хэрээ гэж хашгирав.

- Тиймээ, эрхэм лорд... гээд Жон худал хэлснээ итгүүлэхийн тулд чангаар,

- Харин та? гэлээ.

Мормонт хөмсөг зангидаж,

- Үхсэн хүн намайг алахыг оролдсон байхад яаж зүгээр байх билээ? гээд эрүүний доод талаа
маажив. Түүний өтгөн буурал сахал галд хуйхлагдсаны улмаас хуссан учир шинэхэн цухуйсан
цайвар сахлын ёзоор ааш муутай хөгшин адил харагдуулна.

- Чи ч гэсэн сайн харагдахгүй байна. Гар чинь яаж байна?

- Эдгэж байгаа гээд Жон боолттой хуруугаа нугалан үзүүлэв. Шатсан хөшиг авч шидэх үед
түүний баруун гар бараг тохойгоо хүртэл торгонд ороогдон хүчтэй түлэгджээ. Тэр үед юу ч
мэдрэхгүй байсан ч өвчин дараа нь ирлээ. Хагарсан улаан арьсны завсраар шингэн шүүрч
хуруун дээр нь жоом шиг том цэврүү гарчээ.

- Мастер надад сорви үлдэх ч гар өмнөх шигээ сайн болно гэсэн.

- Сорвитой гаранд айх зүйл байхгүй. Ханан дээр чи үргэлж бээлийтэй байх болно.

- Тиймээ, эрхэм лорд гээд сорви Жоны сэтгэлийг түгшүүлээгүй ч өөр зүйл зовоож байлаа.
Мастер Эймон түүнд намуу цэцэгтэй сүү өгч байсан ч өвдөлт аймшигтай байв. Эхэн үедээ
гар нь гал авалцан өдөр шөнөгүй шатаж буй мэт санагдаж байсан агаад зөвхөн түмпэнтэй цас
юмуу мөсөнд дүрэхэд санаа амарч байв. Иймээс Жон орон дээрээ атиралдан өнхөрч
өвдсөндөө ёолон гиншиж байхыг нь Сүнсээс өөр хэн ч хараагүйд бурханд талархаж байлаа.
Эцэст нь арайхин зүүрмэглэх үед зүүд зүүдлэх агаад энэ нь юунаас ч илүү дор байв. Зүүдэнд
нь цэнхэр нүдтэй хар гартай эцгийнх нь царайтай үхдэл ирэх бөгөөд энэ тухай Мормонтод
хэлж зүрхэлсэнгүй.

- Өнгөрсөн шөнө Дайвин, Хэйк хоёр эргэж ирсэн. Тэд авга ах чинь болон өөр бусад
хүмүүсээс ул мөр олоогүй байна гэж Хөгшин баавгай хэлэв.

- Би мэднэ гээд Жон нийтийн танхимд найзуудтайгаа хоол идэх үедээ эрэл амжилтгүй
болсон тухай хүмүүсийн ярихыг сонсчээ.

- Чи мэдэж байгаа юм байна. Тэгэхээр эргэн тойрон бүх хүн мэдэж байгаа хэрэг үү? гэж
Мормонт бувтнаснаа хариулт хүлээлгүй,

- Тэдгээр амьтад хоёр байсан санагдаж байгаа ч хэн ч байлаа гэсэн хүн гэж нэрлэж чадахгүй
нь. Бурханд баярлалаа. Үүнээс их байсан бол яах байсныг төсөөлж ч чадахгүй нь. Гэсэн ч
тэднийг олуул гэж бодож байна. Би үүнийг хөгшин ясаараа мэдэрч байна. Мастер Эймон ч
миний үгийг зөвшөөрч байгаа юм. Хүйтэн салхи босож зуны сүүлч ирэн ертөнцийн хэзээ ч
үзээгүй өвөл айсуй.

Өвөл ирж айсуй. Старкийнхны үг хэзээ ч Жонд одооных шиг айдас хүрэм баргар сонсогдож
байсангүй.

- Эрхэм лорд өнгөрсөн шөнө шувуу ирсэн гэж сонслоо хэмээн эргэлзэнгүй хэлэв.

- Тэгсэн. Тэгээд юу гэж?

- Би эцгийн минь тухай үг ирсэн болов уу гэж бодлоо.

- Эцэг. Эцэг гэж хөгшин хэрээ түүнийг даажигнан гуаглаад Мормонтын мөрөн дээгүүр алхав.

Захирагч лорд түүнийг хошууг нь чимхэн дуугүй болгохоор гар сарвайсан ч толгой дээр нь
үсрэн гараад далавчаа дэвэн өрөөн дундуур нисэж цонхон дээр суулаа.

- Уй гашуудал ба чимээ. Хэрээнээс өөр ямар ч сайн зүйл хүлээх билээ. Ийм учраас л би энэ
шувуутай эвлэрдэг юм... Чи үнэхээр лорд Эддардын тухай мэдээ ирвэл намайг дуулгахгүй гэж
бодож байна уу? Бутач ч бай үгүй ч бай чи түүний мах цусны хүү. Захианд сэр Барристан
Сэлмигийн тухай дурьдсан байсан. Түүнийг хааны хамгаалалтаас зайлуулсан бололтой оронд
нь хар нохой Клеганыг тавьж одоо Сэлми урвагч болжээ. Тэдгээр тэнэгүүд араас нь барихаар
харуул илгээсэн ч хоёрыг нь алаад зугтсан байсан гээд Мормонт алтан нөмрөгтөнгүүдийг
Зоригт Барристан шиг алдартай хүлэг баатрын эсрэг тавьсан тэнэг хүмүүсийн тухай бодлоо
нуулгүй тургилснаа,

- Ойд цагаан сүүдэр хэсүүлчилж, үхэгсэд өрөөнд минь алхан, жаахан хөвгүүн хаан ширээнд
сууж байна гэж зэвүүцэн хэлэхэд хэрээ чангаар,

- Хүү, хүү, хүү, хүү гэж хашгирлаа.

Сэр Барристан үргэлж Хөгшин баавгайн найдлага байсныг Жон саналаа. Хэрвээ тэр унасан
бол одоо хэн Мормонтын захианд анхаарал тавих хэрэг вэ? Жон нударгаа чанга атгахад
түлэгдсэн хуруу нь халуу шатан өвдөв.

- Миний дүү нар яасан бол?

- Захианд лорд Эддард болон охидынх нь тухай ер дурьдаагүй байсан гээд Мормонт уурсан
мөрөө хавчив.

- Магадгүй тэд ерөөсөө миний захиаг аваагүй хэрэг биз. Эймон хамгийн сайн шувуугаараа
хоёр хувийг илгээсэн ч хэн мэдэх билээ? Юунаас түрүүнд Пацилл хариулахыг хүсэхгүй
байгаа бололтой. Энэ түүний хувьд анхны удаагаа ч биш сүүлийн удаа ч биш хэрэг. Бидэнд
Хааны газар зөвхөн хэрэгтэй гэж бодсон зүйлээ хэлж байгаа нь багадаж байна гэж айж
байна.
"Харин та надад зөвхөн хэрэгтэй гэж бодсон зүйлээ хэлсэн чинь багадаж байна" гэж Жон
эгдүүцэн бодов. Түүний дүү Робб тугчдаа дуудаж өмнө зүг дайнд мордсон байхад энэ тухай
нэг ч үг дуулгаагүй байлаа... Үнэндээ Сэмвэлл Тарли мастер Эймоны захиаг уншдаг болохоор
энэ тухай Жонд нууцаар шивнэсэн билээ. Тэд эргэлзээгүй дүүгийнх нь дайн Жоны сэтгэл
зовох асуудал биш гэж үзсэн бололтой. Энэ нь түүнийг юунаас ч илүү түгшүүлж байв. Робб
дайнд түүнгүй хөдөлжээ. Жон хичнээн удаа түүний байх ёстой газар Ханан дээр шинэ ах
дүүсийнхээ дунд гэж хэлсэн ч өөрийгөө хулчгар гэж мэдэрсэн хэвээр байлаа.

- Шиш, шиш, шиш гэж хэрээ орилов.

- Чимээгүй. Сноу, мастер Эймон чамайг хэр удаан хугацааны дараа гараа ашиглаж болно гэж
хэлсэн бэ? гэж Хөгшин баавгай асуув.

- Тийм ч удаан биш гэж Жон хэллээ.

- Сайн байна гээд лорд Мормонт тэдний хоорон дахь ширээн дээр мөнгөн туузтай хар төмөр
хуй бүхий том илд тавилаа.

- Энэ. Тэгвэл чи үүнийг авахад бэлэн болж.

Хэрээ далавчаа дэвэн ширээн дээр бууж ирээд илдний зүг толгойгоо сониучирхан
гилжийлгэв. Жон ямар учиртай болохыг нь ойлголгүй эргэлзлээ.

- Эрхэм лорд?

- Галд мөнгөн толгойтой бариул нь шатчихсан юм. Хуурай шир, хөгшин мод болохоор өөр юу
ч хүлээх билээ? Энэ илдийг одоо... чи зуу дахин илүү халуун галд барьсан ч гэм учрахгүй гээд
Мормонт царсан ширээн дээгүүр түлхэж,

- Би үлдсэн хэсгийг нь шинээр хийлгэсэн. Үүнийг ав гэлээ.

- Үүнийг ав. Үүнийг ав. Ав гэж хэрээ өд сөдөө шилгээн хашгирлаа.

Жон баруун гар нь боолттой хөдөлгөхөд дэндүү болхи учир илдийг зүүн гараараа эв
хавгүйхэн барьж болгоомжтойгоор хуйнаас сугалан нүднийхээ урд өргөв.

Илдний толгойг биеийн урт жинтэй нь тэнцүүлэхийн тулд цайвар өнгийн том чулуугаар
хийж архирч буй чонын толгой сийлбэрлэн нүдэнд нь анар шигтгэжээ. Бариулыг шинэхэн
зөөлөн арьсаар ороосон нь хөлс цусны толбонд будагдаж амжаагүй байлаа. Илд Жоны дасал
болсон илднээс хагас фут урт бөгөөд гурван гүн ховил ташууд нь сийлжээ. Хэрвээ "Мөс"
жинхэнэ хоёр гараар барьдаг их илд байсан бол энэ нь “бастард” гэж нэрлэдэг илд байв.
Гэсэн ч чонын толгойтой илд өмнөхөөс нь хамаагүй хөнгөн бөгөөд хажуу тийш эргүүлж
үзэхэд дээр нь долгион мяралзлаа.

- Энэ чинь Валерианы илд байна шүү дээ гэж Жон гайхан дуу алдав. Эцэг нь түүнд "Мөс"-
ийг үзүүлж байсан болохоор ялгааг нь мэдэж байлаа.
- Тиймээ. Энэ бол эцгийн минь илд. Түүнээс өмнө өвөг эцгийнх минь байсан юм.
Мормонтынхан үүнийг таван зуун жилийн турш эзэмшсээр ирсэн. Би үүнийг цаг нь болох
хүртэл эзэмшиж байгаад Хар болохдоо хүүдээ өгөх ёстой байсан юм.

Тэр надад хүүгийнхээ илдийг өгч байна. Жон үүнд арай ядан итгэлээ. Илд гайхамшигтай
сайхан тэнцвэртэй ажээ. Ирийг нь даган гэрлийн үнсэлт мэт долгион мяралзана.

- Таны хүү...

- Миний хүү Мормонтын гэр бүлийг шившиглэсэн болохоор илдийг цөлөгдөх үедээ ардаа
орхисон. Эмэгтэй дүү минь надад буцааж өгсөн ч харах тоолон Жорахын ичгүүр санагддаг
болохоор унтлагын өрөө минь үнс болон шатах хүртэл хойш нь тавиад мартсан байсан юм.
Өмнө баавгайн дүрстэй мөнгөн толгойтой байсан ч галд хайлаад ялгагдахаа больчихсон.
Иймээс би чамд цагаан чоно илүү зохино гэж бодож байна. Манай баригчдын нэг маш сайн
сийлбэрчин.

Жон Браны насан дээр байх үедээ бүхий л хөвгүүдийн адил агуу гавъяа байгуулахыг
мөрөөддөг байлаа. Мөрөөдөх тоолон үргэлж эцгийнхээ амийг аврах бөгөөд лорд Эддард
түүнийг жинхэнэ Старк гэж нэрлэн "Мөс"-ийг өгч байна гэж төсөөлнө. Гэсэн ч тэр бутач
эцгийнхээ илдийг эзэмшдэггүй болохоор үүнийг зөвхөн хүүхдийн тэнэг бодол гэдгийг мэдэж
байлаа. Энэ тухай дурсамж түүнд ичгүүртэй санагдана. Ямар хүн дүүгийнхээ хууль ёсны
илдийг хулгайлахыг оролдоно гэж? Надад үүнийг эзэмших эрх "Мөс"-нөөс илүү байхгүй гэж
бодлоо. Түлэгдсэн хуруу нь татвалзахад арьсан дор хурц өвдөлт зурсхийв.

- Эрхэм лорд та надад хүндэтгэл үзүүллээ гэвч...

- Гэвч гэдэг үгээ өөртөө үлдээ, хүү минь хэмээн лорд Мормонт үгийг нь таслав.

- Би чамайг чонотойгоо байгаагүй бол энд суухгүй байсан. Чи зоригтой тулалдаж... хамгийн
гол нь түргэн сэтгэсэн. Гал! Тиймээ, хараал идмэр гэж. Бид үүнийг мэдэх ёстой байсан. Бид
үүнийг санах ёстой байсан. Урт шөнө урд ирээд байна. Мэдээж найман зуун жил урт хугацаа
ч... Шөнийн харуул санахгүй бол өөр хэн санах билээ?

- Хэн санах юм. Хэн санах юм гэж ярьдаг хэрээ батлав.

Үнэндээ тэр шөнө бурхад Жоны мөргөлийг сонсон үхсэн хүний хувцсанд гал авалцаж бие нь
лааны тосоор хийгдэн, хуурай түлээнээс бүрдсэн ястай юм шиг шатжээ. Жон түүний өрөөн
дундуур гал дүрэлзүүлэн гүйн тавилга нураан унахыг хараад энэ царай түүнд олон удаа
зүүдлэгджээ. Галын дөл битүү авалцахад үс нь сүрэл шиг шатаж үхсэн бие хайлаад гавлын яс
нь цухуйлаа.

Ямар ч чөтгөрийн хүч Оторыг эзэмдэж байсан байсан галд шатсаны дараа үнсэн дунд
атиралдсан хуйхлагдсан ястай шарсан махнаас илүүгүй зүйл үлдэв. Гэсэн ч Жоны хар дарсан
зүүдэнд дахин ирэхэд энэ удаад шатаж буй үхдэл лорд Эддардын царайтай болсон байв.
Эцгийнх нь харласан арьс дүрэлзэн нүднээс нь хацрыг нь даган царцсан нулимс шиг зүйл
урсана. Жон энэ ямар учиртай болохыг ойлгоогүй ч үхтлээ айжээ.
- Илд бол хүний аминд багахан төлөөс. Түүнийг ав. Би энэ тухай ямар ч үг сонсохыг хүсэхгүй
байна, ойлгов уу?

- Ойлголоо, эрхэм лорд гээд Жон хуруугаараа зөөлөн арьсан гадаргатай бариулаас атгалаа.
Тэр түүнд хүндэтгэл үзүүлж байгааг ойлгож байсан ч...

Тэр миний эцэг биш. Лорд Эддард Старк миний эцэг. Тэд надад хичнээн ч илд өгсөн
хамаагүй би түүнийг мартахгүй гэж бодлоо. Гэсэн ч лорд Мормонтод өөр хүний илд
мөрөөдөж байсан тухайгаа цухуйлгасангүй.

- Би ямар ч эелдэг үг сонсохыг хүсэхгүй байна, Сноу. Иймээс надад талархах хэрэггүй.
Илдний хүндэтгэлийг үйл хэргээр илэрхийлдэг болохоос биш үгээр биш.

Жон толгой дохилоо.

- Түүнд нэр байгаа юу, эрхэм лорд?

- Өмнө нь түүнийг Урт сарвуу гэж нэрлэдэг байсан.

- Сарвуу. Сарвуу гэж хэрээ хашгирав.

- Урт сарвуу зохьсон нэр байна гээд Жон зүүн гараараа болхидуухан цавчихыг хичээхэд дээш
саваад болж өгсөнгүй.

- Чононд ч гэсэн баавгайнх шиг сарвуу байдаг.

Хөгшин баавгай үүнд баярлаж буй бололтой.

- Би ч гэсэн тэгж бодож байна. Чи үүнийг бүсэлхийндээ агсаж явахад хэт урт болохоор
мөрөндөө үүрч явах хэрэгтэй. Зүгээр дээ жаахан өсчихнө. Зөвхөн хоёр гараараа цохилт
өгөхийг сурах хэрэгтэй. Түлэгдсэн гар чинь эдгэхээр сэр Эндрю чамд хэдэн хөдөлгөөн зааж
өгөх байх.

- Сэр Эндрю гэнэ ээ? гээд Жон хэн болохыг нь мэдсэнгүй.

- Сэр Эндрю Тарт сайн хүн байгаа юм. Тэр Сүүдэрт цамхагаас зэвсгийн даамлын үүрэг
гүйцэтгэхээр ирнэ. Сэр Аллисер Торн өчигдөр үдэш дорнод тэнгисийн харуул руу явсан.

Жон илдээ буулгаад өөрийн мэдэлгүй,

- Яагаад? гэж асуув.

Мормонт тургилав.

- Учир нь би түүнийг илгээсэн болохоор тэр ойлгов уу? Тэр чиний Сүнсний авчирсан Жафер
Флауэрсийн бугуйг авч явсан. Би түүнд Хааны газар луу хөлөг онгоцоор хөвгүүн хаан луу
очихыг тушаасан юм. Залуу хаан Жоффрей үүнд анхаарал хандуулна гэж бодож байна...
Тэгээд ч сэр Аллисер өндөр язгуурт адислагдсан хүлэг баатар болохоор ордонд олон найз
нөхөдтэй жирийн нэг хэрээ шиг хайхрагдахгүй байх хүн биш.

- Хэрээ гэж хэрээ эгдүүцэн хашгирлаа.

- Дээрээс нь тэр чамаас мянган бээрийн алсад байгаа болохоор бид хэрүүл маргаангүй
үлдэнэ гэж захирагч лорд шувууны эсэргүүцлийг үл хайхран хэлээд Жоны нүүр лүү
хуруугаараа чичиж,

- Гэхдээ намайг чиний нийтийн танхимд хийсэн ухаангүй зүйлийг чинь дэмжиж байгаа гэж
бүү бодоорой. Эр зориг олон тэнэг зүйл хийлгэдэг ч чи одоо жаахан хүү биш болсон. Би
цаашид чамаас өөр зүйл хүлээж байна шүү гэв.

- Ойлголоо, эрхэм лорд гээд Жон илдийг мөнгөн туузтай хуйнд буцааж хийлээ. Энэ түүний
сонгосон илд биш ч хүндэтгэлтэй бэлэг байж Аллистер Торны хорсолоос чөлөөлөгдсөн нь
сайн хэрэг.

Хөгшин баавгай эрүүгээ маажив.

- Би шинэ сахал хичнээн загатнуулдагыг мартчихаж. Гэхдээ үүнийг яах ч аргагүй. Чиний гар
чинь гайгүй эдгэсэн бол үүргээ сэргээнэ биз дээ?

- Тиймээ, эрхэм лорд.

- Сайн байна. Шөнө хүйтэн болохоор би халуун ногоотой халаасан дарс хүсч байна. Надад
тийм ч гашуун биш бас халуун ногоог нь хэмнээгүй улаан дарс эрж олоорой. Бас Хоббод
ахиад чанасан хонины мах явуулах юм бол өөрийг нь чанана гэж хэл. Сүүлд явуулсан мах нь
шувуу ч тоож тоншихгүй ногоон юм байсан гээд хэрээний толгойг эрхий хуруугаараа илэв.

- Одоо явж болно. Би ажилтай байна.

Үүдэнд зогсож байсан харуулууд Жоныг эргүүлгэн шатаар гартаа илд барьж бууж ирэхийг
хараад инээмсэглэв.

- Сайхан илд байна гэж нэг нь хэлэхэд,

- Чи үүнийг хүртэх эрхтэй, Сноу гэж нөгөө нь хэлэв.

Жон тэдэн рүү инээмсэглэсэн ч зүрх нь баярласангүй. Тэр үүнд баярлах ёстой мэдэж байвч
баярлахгүй байлаа. Гар нь янгинаж, аманд нь уур хилэн амтагдан хэнд юуны учир уурлаж
байгаагаа өөрөө ч мэдсэнгүй.

Захирагч лорд Мормонтын Хааны цамхагаас холгүйхэн тав зургаан нөхөд нь хаалган дээр бай
өлгөн харваж буй дүр үзүүлж байсан ч Жон ганц хараад түүнийг хүлээж байсныг ойлгов.
Жоныг дөнгөж гарч ирэв үү үгүй юу Пип,

- Алив нааш нь үзүүлээч гэв.


- Юуг тэр вэ? гэхэд Бах ойртож ирлээ.

- Чиний ягаан өгзөгнөөс өөр юу байдаг юм?

- Илд. Бид илдийг үзмээр байна гэж Грэнн хэлэв.

Жон тэднийг зэмлэнгүй ширтлээ.

- Та нар мэдэж байсан байна.

Пип инээлээ.

- Бид нар бүгдээрээ Грэнн шиг дүйнгэ биш.

- Чи ч гэсэн дүйнгэ гэж Грэнн хашгирав.

Баригч Халдер уучлал гуйн мөрөө хавчлаа.

- Би Пэйтэд илдний толгойг чулуугаар сийлэхэд тусалсан юм харин чиний анд Сэм Сохор
номины суурингаас анарыг нь авчирсан.

- Харин бид үүнийг түүнээс ч урьд мэдэж байсан. Рудис Хөгшин баавгай шатсан илдийг
авчрах үед Донал Нойд давтахад тусалсан гэж Грэнн хэлэв.

- Илд! гэж Матт шаардахад бусад нь нэгдэж,

- Илд, илд, илд гэж хашгирав.

Жон Урт сарвууг хуйнаас нь сугалан тэдэнд бишрэх боломж олгохын тулд удаанаар
эргүүлэхэд сүүмгэр нарны гэрэлд үхлийн аюултай бараантан гялалзав.

- Валерианы илд гэж Жон ёслол төгөлдөр хоолойгоор хөөрч бахархсан дүр үзүүлэн хэллээ.

- Би Валерианы илд хүнийг сахлын хутга шиг зүсдэг гэж сонссон. Толгойг нь хусч байгаа юм
шиг авч хаядаг гэж Бах хэлэв.

Пип инээлээ.

- Шөнийн харуул мянган жилийн түүхтэй. Гэвч би лорд Сноу захирагч лордын цамхагыг
шатаасны төлөө хамгийн анх шагнагдсан хүн гэж бодож байна.

Бусад нь ч гэсэн инээлдэхэд Жон даган инээмсэглэв. Түүний эхэлсэн гал чулуун цамхагын
Хөгшин баавгайн өрөө байсан дээд талын хоёр давхрыг шатаасан болохоор сэргээн засах
хэрэг гарчээ. Гэсэн ч галд үхсэн Оторын хүүр бүрэн шатсан болохоор үүнд хэн ч санаа
зовсонгүй.

Нөгөө нэг үхдэл болох ганц гартай Жафер Флауэрс сэр Жаремиг дөрвөн хүнийх нь хамт
алахыг завдахад олон арван илдээр цавчин устгажээ. Сэр Жареми ажлаа дуусган түүний
толгойг тас цавчсан ч нэмэр болсонгүй толгойгүй үхдэл Риккерийн хутгыг суга татан аваад
гэдсэнд нь дүрсэн байна. Тэгээд ч хэдийн үхдэл болсон цогцосны эсрэг хүч зоригийн алин ч
тус болохгүй зэвсэг, хөө хуяг хүртэл өчүүхэн хамгаалалт болж байлаа.

Энэ тухай бодохоос Жоны сэтгэл барайв.

- Би Хоббтой Хөгшин баавгайн хоолны талаар ярих хэрэгтэй байна гэж огцом хэлээд Урт
сарвууг буцааж хуйнд нь хийлээ. Найзууд нь түүнд зөвхөн сайныг хүссэн болохоор яасныг нь
ойлгосонгүй. Энэ нь ч тэдний буруу биш. Тэд Отортой нүүр тулж үхсэн цэнхэр нүдэн дэх
цайвар гэгээг харж хүйтэн хар хурууг нь мэдрээгүй билээ. Голын хөндийд болж байгаа
тулааныг ч мэдэхгүй байгаа. Тэд үүнийг юу гэж ойлгох бол? Жон цааш огцом эргээд дүнсгэр
алхан одлоо. Пип араас нь дуудсан ч тоосонгүй.

Тэр түүнийг түймрийн дараа хазгар Хардины цамхагт байрлуулсан учир хуучин өрөөндөө
эргэн иржээ. Сүнс хаалганы дэргэд цагариглан зүүрмэглэж байснаа Жоны хөлийн чимээг
сонсоод толгойгоо өргөв. Зэрлэг чонын улаан нүд анараас илүү бараан хүнийхээс ухаалаг
ажээ. Жон өвдөг сөгдөн чоныноо чихийг нь маажаад илднийхээ бариулыг үзүүлэв.

- Хараач энэ чи байна.

Сүнс сийлбэрлэсэн чулууг шиншилснээ долоохыг оролдов. Жон инээлээ.

- Энэ гавъяаг чи хүртэх тавилантай гэж чонондоо хэлснээ... гэнэтхэн зуны сүүлчийн цастай
өдөр түүнийг олсныг саналаа. Тэд бусад бэлтрэгнүүдийг авч мордсон хойно Жон чимээ
сонсоод эргэж харвал цасан хунгар дунд цагаан арьс нь үзэгдэхтэй үгүй байсан билээ. Тэр
ганцаархнаа бусдаасаа тусдаа байсан. Бусадтайгаа төсгүй болохоор хөөгдсөн байх гэж бодов.

- Жон? гэж дуу гарахад дээшээ харвал Сэмвэлл Тарли түгшсэн байртай зогсож байв. Хацар нь
улайж хүнд арьсан нөмрөг өмссөн нь ичсэн амьтан шиг харагдана.

- Сэм. Юу болоо вэ? Чи бас илдийг үзэх гээ юу? гээд Жон бослоо. Бусад нь бүгд мэдэж байгаа
хойно Сэм мэдэж байгаа нь гарцаагүй.

Тарган хүү толгойгоо сэгсрэв.

- Би урьд нь эцгийнхээ илдний залгамжлагч байсан. Зүрх хөнөөгч нэртэй. Лорд Рэндилл
надад хэдэн удаа бариулсан ч үргэлж айдаг байлаа. Тэр бас Валерианы үзэсгэлэнтэй хурц илд
байсан. Гэвч би дүү нарынхаа нэгийг гэмтээчих вий гэж айсан юм. Одоо түүнийг Дикон
эзэмшиж байгаа гээд хөлстэй гараа хувцсандаа арчсанаа,

- Би... би... мастер Эймон чамтай уулзахыг хүсч байна гэв.

Энэ түүний боолтоо солих цаг биш байлаа. Жон сэжигтэй хөмсөг зангидан,

- Яагаад? гэж асуухад Сэм царай золгүй болсон учир энэ нь хангалттай хариулт болов.
- Чи түүнд хэлээ юу? Чи түүнд миний тухай бүгдийг хэлээ юу? гэж Жон уурсан хэлэв.

- Би.. тэр... Жон би үүнийг хүсээгүй ч... тэр асуусан... би түүнийг мэдэж байсан гэж бодож
байна. Тэр хэний ч харахгүй зүйлсийг хардаг.

- Тэр сохор шүү дээ гэж Жон дургүйцэн хэлээд,

- Би явах замаа өөөрөө олно гээд амаа ангайн чичирсэн Сэмийг байранд нь үлдээлээ.

Жоныг очих үед мастер Эймон дээвэр дээр хэрээ хооллож байлаа. Дэргэд нь Клидас
жижиглэсэн махтай сагс бариад торонд яаралгүй тарааж байв.

- Сэм таныг надтай уулзахыг хүссэн гэж хэлсэн.

Мастер толгой дохив.

- Тиймээ тэгсэн. Клидас Жонд сагсаа өгчих. Магадгүй тэр эелдэгээр надад туслах байх.
Бөгтөр ягаан нүдтэй ах нь Жон сагсыг гардуулаад шатны уруу яаран буув.

- Махнаас торонд шидээрэй. Шувууд үлдсэнийг нь хийнэ гэж Эймон зааварчлав.

Жон сагсыг баруун гартаа бариад зүүнээрээ цустай махыг шидлээ. Хэрээнүүд чимээтэй
хашгирч торон дотор нисэн хашлагыг нь хар далавчаараа нүднэ. Махыг хурууны үенээс
томгүй болгон жижиглэжээ. Жон атга дүүрэн мах тор луу шидэхэд гуагчин бөөн хэрүүл
дэгдэж өд сөд хийсэн хоёр том шувуу өөдсөн дээр зодолдоход яаран хоёр дахь атгыг араас нь
цацлаа.

- Лорд Мормонтын хэрээ жимс шишэнд дуртай.

- Тэр бол ховорхон шувуу. Ихэнхи хэрээнүүд будаа иддэг ч маханд дуртай. Энэ нь тэднийг
хүчтэй болгож цусны амтанд дурлахад хүргэдэг юм. Үүгээрээ тэд хүнтэй адилхан... гэсэн ч
чи хэрээнүүд хүмүүс шиг хоорондоо адилгүй болохыг мэдэх үү.

Жон юу ч хэлсэнгүй. Тэр махыг шидэх зуураа яах гэж дуудсан учрыг гайхлаа. Эргэлзээгүй
хөгшин хүн түүнд хэрэгтэй зөвөлгөө өгөх гэсэн биз. Мастер Эймон бол яарах хүн биш.

- Тагтааг бас захиа зөөхөд сургадаг. Хэрээ үүний хажууд хүчтэй том биетэй харцаганаас
өөрийгөө хамгаалах чадвартай... гэсэн ч тэднийг хар өнгөтэй үхсэн амьтан иддэг болохоор
зарим шүтлэгтэй хүмүүс үзэн яддаг юм. Адислагдсан Бэйлор бүх хэрээнүүдээ тагтаагаар
сольж байсныг чи мэдэх үү? гээд мастер цайсан нүдээрээ Жоныг ширтэн инээмсэглэж,

- Харин Шөнийн харуул хэрээг эрхэмлэдэг гэлээ.

Жоны хуруугаа сагсанд хийсээр бугуй хүртэл улаан болжээ.

- Дайвин зэрлэгүүд биднийг хэрээ гэж дууддаг гэсэн гэж итгэлгүйхэн хэлэв.
- Хэрээ бол хон хэрээний хөөрхий үеэл байгаа юм. Тэд хоёул гуйлгачин шиг хар өнгөтэй үзэн
ядмаар ойлгомжгүй амьтад.

Жон тэднийг энэ тухай ямар учраас ярьж байгааг ойлгохыг хүслээ. Түүнд хон хэрээ, тагтаа
хоёрын ялгаа ямар хамаатай юм бэ? Хөгшин хүн түүнд ямар нэг зүйл хэлэхийг хүссэн бол
яагаад зүгээр хэлж болохгүй гэж?

- Жон чи ер нь Шөнийн харуулын хүн яагаад эхнэр авч үр хүүхдийн эцэг болдоггүй тухай
бодож байв уу?

Жон мөрөө хавчин,

- Үгүй гээд улам их мах тараалаа. Зүүн гарын хуруу цусанд будагдан гулгамтай болж баруун
нь хүнд хувинд хатгуулан өвдөнө.

- Энэ нь тэд хайрлаж чадахгүйдээ ч биш. Учир нь хайр алдар хүндийг унагаж үүрэг
хариуцлагыг хөнөөх хүчтэй.

Жоны бодлоор энэ нь зөв байсангүй ч юм хэлсэнгүй. Мастер зуун настай Шөнийн харуулын
өндөр албаны хүн болохоор урдаас нь зөрөлдөх түүний хэрэг биш байлаа.

Хөгшин хүн түүний тээнэгэлзлийг мэдсэн бололтой.

- Надад хэлээч Жон хэрвээ чиний лорд эцэг алдар хүнд болон хайрын аль нэгийг нэгийг
сонгох байсан бол яах байсан бол гэж бодож байна? гэв.

Жон эргэлзлээ. Тэр лорд Эддард хэзээ ч хайрын төлөө өөрийгөө хүндгүй болгох хүн биш гэж
хэлэхийг хүссэн ч дотроос нь залирхаг хоолой "Тэр бутчын эцэг болохоор үүнд ямар нэр хүнд
байгаа гэж? Тэгээд ч чиний ээж түүний хувьд ямар үүрэг нь юм бэ? Тэр нэрийг нь ч
хэлдээггүй биз дээ" гэж шивнэлээ.

- Тэр ямар ч зүйл болсон хамаагүй зөв гэж бодсон зүйлээ хийх байсан гэж эргэлзээгээ нуухын
тулд чанга хэллээ.

- Лорд Эддард бол арван мянгад ганц тааралдах хүн. Бидний ихэнхи хүчтэй биш байдаг.
Алдар хүндийг эмэгтэй хүний хайртай харьцуулж болно гэж үү? Тэгвэл шинэ төрсөн хүүгээ
гартаа тэврэхэд төрдөг мэдрэмжийн хажууд үүрэг хариуцлага юу юм бэ? Салхинд хийссэн
хоосон үг гэсэн үг. Бид ердөө хүн болохоор бурхан хайрлахын төлөө бүтээсэн. Энд л бидний
агуу гавъяа, агуу гашуудал оршиж байгаа.

- Шөнийн харуулын хүн эр зоригоороо хаант улсыг хойд зүг дэх харанхуйгаас хамгаалдаг. Тэд
үнэнч байдал хуваагдан шийдвэрийг нь сулруулах ёсгүй гэдгийг мэдэж байгаа. Ийм учраас
эхнэр авч үр хүүхэдтэй болохгүй гэж тангарагладаг.

- Гэсэн ч тэдэнд ах дүү, эгч бий. Эх нь тэднийг төрүүлэн эцэг нь нэр өгсөн. Тэд хаант улсад
зүг бүрээс ирэхдээ цаг хугацаа өөрчлөгдөж болох ч хүн өөрчлөгдөхгүй гэдгийг мэдэж байгаа.
Иймээс л Шөнийн харуул хамгаалж буй хаант улсынхаа дайн тулаанд оролцохгүй гэж
тангарагладаг юм.

- Тэд өөрсдийн амлалтаа биелүүлдэг. Эйгон Хар Харреныг алаад өөрийгөө хаанаар зарлах
үед түүний ах Ханан дээр байсан захирагч лорд Харрены гарт арван мянган илд байсан хэр
нь хөдлөөгүй. Тэр үед долоон ханлиг долоон хэсэг тусдаа байж гурав дөрвөн дайныг үзэж
өнгөрүүлсэн. Харуул үүнд оролцоогүй. Андалс уйтан тэнгисийг гатлан ирж Анхны хүний
хаант улсыг эзлэх үед унасан хаадын хөвгүүд үнэнч зүтгэх ам өгөн байрандаа үлдсэн. Ийм
зүйл он жилийн урсгалд тоолж баршгүй болсон. Алдар хүндийн үнэ гэдэг бол энэ.

- Хулчгар ч байж зоригтой ч бай ямар ч хүн үүнээс эмээх хэрэггүй. Бид бүгд өөрсдийнхөө
үүргийг биелүүлж үүнтэй зэрэгцэх үнэт зүйл байхгүй. Тэр үед алдрын замаар явах хичнээн
амархан санагдаж болно. Гэвч эрт орой хэзээ нэгэн цагт хүний амьдралд сонголт хийх
амаргүй мөч ирнэ.

Хэрээнүүдийн зарим нь хошуунаасаа урт мах санжигнуулан идэж байхад үлдсэн нь тэднийг
ширтэж байв. Жон олон жижигхэн хар нүд ширтэхийг мэдэрлээ.

- Тэгвэл миний өдрүүд ирсэн гэж... та хэлэхийг хүсээ юу?

Мастер Эймон толгойгоо эргүүлж цийсэн цагаан нүдээрээ ширтэхэд зүрх рүү нь нэвт харж
буй мэт санагдан нүцгэн байгаа юм шиг мэдрэмж төрлөө. Тэр сагсыг хоёр гараараа бариад
үлдсэн махыг тор луу цацахад цус махны өөдөс хаа сайгүй нисэж хэрээнүүд чанга гуаглан
хамгийн авхаалжтай нь нисэлт дунд нь шүүрэн залгив. Жон хоосон сагсыг шалан дээр
тавилаа.

Хөгшин хүн толботой үрчгэр гараа мөрөн дээр нь тавив.

- Энэ өвтгөдөг юм, хүү минь. Тэгэлгүй яахав. Сонголт... үргэлж өвтгөдөг. Би мэднэ гэж зөөлөн
хэллээ.

- Та мэдэхгүй. Ер нь хэн ч мэдэхгүй. Би бутач хүүхэд ч гэсэн тэр миний эцэг... гэж Жон
гашуунаар хэлэв.

Мастер Эймон санаа алдлаа.

- Чи миний зүйлээс юу ч сонссонгүй гэж үү? Өөрийгөө эхнийх нь гэж бодсон юм биз дээ?
гээд буурал тэргүүнээ ядрангуй сэгсэрлээ..

- Бурхан гурван удаа миний амлалтыг шалгасан. Эхний удаан хөвгүүн байхад, хоёр дахь удаад
насанд хүрсэн байхад, гурав дахь удаад хөгширсөн хойно минь. Тэгэхэд миний хүч харьж, нүд
минь бүүдийсэн байсан ч сүүлчийн сонголт эхнийх шиг хэрцгий байлаа. Миний хэрээнүүд
өмнө зүгээс жигүүртээ орон гэр минь сүйтгэгдэн, төрөл төрөгсөд маань үхэж шившиг сүйрэл
болсон гэсэн хар үг авчирсан. Хөгшин сохор хүчгүй хүн би юу хийнэ гэж? Би хөхүүл хүүхэд
шиг арчаагүй энд суугаад дүүгийн минь хөөрхий ач нар цавчуулж, хүү нь бага хүүхдүүдтэйгээ
үрэгдсэнд гашуудаж байлаа...
Жон цочирдон харахад хөгшин хүний нүдэнд нулимс гялтагналаа.

- Та хэн бэ? гэж эмээн аяархан асуув.

Хөгшний шүдгүй аманд инээмсэглэл тодров.

- Зөвхөн Цайзын мастер л Шөнийн харуулын Хар цамхагт үйлчлэх тавилантай. Бид гинж зүүх
үедээ овгийнхоо нэр хүндийг хойш тавих тангараг өргөсөн гээд хөгшин хүн нарийхан
хүзүүндээ зүүсэн мастерын гинжиндээ хүрлээ.

- Миний эцэг бол эрхэм дээдэс Мэйкар, дүү Эйгон минь түүнээс энэ нэрийг миний оронд
өвлөн авсан. Өвөг эцэг минь эцэг, нагац ахынхаа адил луун хүлэг баатар болох ханхүү Эймон.
Иймээс ч намайг Эймон гэж дууддаг юм....

- Эймон... Таргарин уу? гэж Жон үл итгэн асуулаа.

- Урьд нь байсан юм. Тэгэхээр Жон чи миний мэддэг болохыг харлаа... тэгээд ч би чамд үлд
болон яв гэж хэлэхгүй. Чи амьдралын үлдсэн хэсгээ хаана өнгөрүүлэхээ өөрөө сонгох ёстой.
Яг л над шиг гээд хоолой нь шивнэлт адил болж,

- Над шиг... гэлээ.


ДАНЕРИС

Тулаан дууссаны дараа Дани гүүтэйгээ тулааны талбар дахь үхэгсдийн дундуур явлаа. Түүний
гарын зарц нар болон касын эрэгтэйчүүд араас нь тоглоом наадам хийлцэн инээмсэглэн
дагав.

Дотракичуудын морьдын туурайнд газрын хөрс онгичигдон будаа, сэвэг зарам няц гишгэгдээд
аракх болон сумны аймшигтай шинэ ургацыг цусаар ундаалжээ. Түүнийг дэргэдүүр нь
өнгөрөхөд үхэж буй морьд толгойгоо өргөн янцгааж, шархадсан хүн өршөөл эрэн ёолно.
Тэдний дундуур жакка рхан явж хүнд сүхээрээ өршөөл үзүүлэн амьд үхсэний алин ч ялгаагүй
толгойн ургац хурааж байлаа. Араас сүрэг бяцхан охид гүйлдэн цогцосноос сум сугалан
сагсандаа дүүргэнэ. Энэ бүхний эцэст каласараас хэзээ ч хоцорч байгаагүй гуринхалсан
өлсгөлөн ууртай ноход араас нь шиншлэх аж.

Хамгийн түрүүнд хонинууд үхжээ. Тэд мянгаад байсан бололтой ялаа шавуулсан харласан
бие тус бүрд сум зоолттой байв. Кал Огогын морьтонгууд үүнийг хийсэн болохыг Дани
мэдэж байв. Дрогогын каласарт хоньчиныг нь алах ёстой байхад хонинд сумаа үрэх нэг ч
тэнэг хүн байхгүй.

Хот түймэрт автан өтгөн хар утаа хэрцгий цэнхэр тэнгэрт суунаглана. Шавар хэрэм эвдэрч
морьтонгууд урагш хойш давхилдан урт ташуураа исгэрүүлэн утаа уугьсан балгаснаас амьд
үлдсэн хүмүүсийг хөөн гаргаж байлаа. Огогын каласарын эмэгтэйчүүд хүүхдүүд ялагдсан ч
дүнсгэр бардам алхална. Одоо тэд боол болсон хэр нь үүнээс айхгүй байх мэт санагдаж
байлаа. Үүгээрээ хотын хүмүүсээс ялгагдаж байв. Дани урьд нь ийм айдас мэдэрч байснаа
санаад тэднийг өрөвдлөө. Эхчүүд үхсэн гөлгөр царайнуудын дунд бүдчин уйлсан хүүхдүүд
гараас нь зүүгдэнэ. Тэдний дунд хөгшин, тахир дутуу, хулчгар гээд цөөхөн эрчүүд байв.

Сэр Жорах эдгээр нутгийн хүмүүс өөрсдийгөө Лазарийн гэж нэрлэдэг гэсэн ч Дотракичууд
тэднийг хэйш ракхи буюу Хурган хүмүүс гэж дуудна. Дани өмнө нь тэднийг ижилхэн хүрэл
арьс, бүйлсэн нүдтэй болохоор Дотраикчууд гэж боддог байсан ч одоо түүний нүдэнд пагдгар
бие, хавтгай нүүртэй дэндүү богино тайрсан хар үстэй хүмүүс харь харагдлаа. Тэд хонь
хариулж ногоо идэн амьдрах бөгөөд Кал Дрогогын хэлснээр бол өмнө зүгт голын цаана
хамааралтай ажээ. Дотракийн тэнгисийн өвс хонинд зориулагдаагүй билээ.

Дани нэг хүү голын зүг чавхдан гүйхийг харав. Морьтон түүний замыг хаан буцаж
зугтаалгахад бусад нь ташуураараа нүүр нүдгүй ороолгон нааш цааш гүйлгэв. Нэг нь араас нь
давхиж өгзөг ташааг нь улаан эрээн болтол ташуурдахад өөр нэг морьтон ташуураараа
шагайнаас нь бугуйлдан тэрий хадан унагав. Эцэст нь хүү газар мөлхөхөд хөөсөн зүйлээсээ
уйдсан хүмүүс нуруунд нь сум зоов.

Сэр Жорах түүнийг эвдэрсэн хотын хаалганы гадаа угтав. Тэр гархин хуяг бээлий өмсөж,
шилбэний хамгаалалт зүүгээд бараан ногоон өнгийн нөмрөг нөмөрч, том саарал дуулга
углажээ. Дотракичууд түүнийг хуяг дуулга өмссөнд хулчгар амьтан гэж шоолсон ч хүлэг
баатар доромжлогчид руу эргэж нулиман уур хилэн дүрэлзэж урт илд аракхтай цавчилдан
хамгийн их шоолж байсан морьтон газар цусанд хутгалдан унажээ.
Сэр Жорах түүн рүү ирээд их дуулганыхаа халхавчыг сөхөв.

- Чамайг лорд нөхөр чинь хотод хүлээж байна.

- Дрогод ямар нэг зүйл тохиолдоогүй биз дээ?

- Ялихгүй хэдхэн зүсэлтээс илүүгүй. Тэр өнөөдөр хоёр калыг алсан. Эхлээд кал Ого дараа нь
түүнийг үхмэгц кал болсон хүү Фогог нь алсан. Цусан морьтонгууд гэзгэнд нь хонх нэмсэн
болохоор одоо Кал Дрогогын алхам тутамд урьдынхаас чанга жингэнэж байгаа.

Кал Ого хүүтэйгээ Висерист титэм шагнах үеэр өндөр сандал дээр лорд нөхрийнх нь дэргэд
сууж байсан билээ. Гэвч энэ нь Вэйс Дотракид Уулсын эхийн хөлд байсан учир морьтон бүр
ахан дүүс бололцож хэрүүл маргаанаа хойш тавина. Харин эндхийн талд бол өөр хэрэг
байлаа. Кал Дрого түүнтэй тулалдах үед Огогын каласар хот руу дайрч байжээ. Хурган
хүмүүс шавар хэрэмнийхээ оройноос тэдний морьдын туурайнд боссон тоосыг хараад юу
гэж бодсон нь сонирхолтой. Магадгүй гэнэн залуу тэнэгүүд нь бурхад цөхөрсөн хүмүүсийн
гуйлтыг сонсож тусламж илгээлээ гэж бодсон биз.

Замын цаад талд Данигийн үеийн охин жингэнэсэн нарийхан хоолойгоор хашгирч морьтон
түүнийг овоолттой хүүрэн дундуур гударч нүүрийг нь доош харуулаад дээрээс нь дарав.
Бусад морьтонгууд мориноосоо буун ээлжээ хүлээлээ. Энэ Кал Дрого Хурган хүмүүст өгч
байгаа өөр нэгэн төрлийн аврал ажээ.

"Би лууны цустай" гэж Данерис Таргарин өөртөө сануулаад цааш нүүр буруулан эргэв. Тэр
хөмхий зуун зүрхээ чангалаад хаалга руу явлаа.

- Огогын каласарын ихэнхи морьтонгууд зугтсан. Тэгсэн ч ч арван мянгаас доошгүй


олзлогдогч байгаа гэж сэр Жорах хэлэв.

"Боолууд" гэж Дани бодлоо. Кал Дрого тэднийг гол уруудуулан хөөж эргийн дагуу аль нэг
хотын Боолын зах дээр худалдана. Сэтгэл нь шимширч уйлахыг хүссэн ч өөрийгөө хүчтэй
байх ёстой гэж санууллаа. Энэ бол дайн. Төмөр хаан ширээний үнэ ийм байх болно.

- Би калд Мийрин рүү аваачих хэрэгтэй гэж хэлсэн. Тэнд боолын жин ирэхэд хамаагүй сайн
хөлс төлдөг. Иллирио өнгөрсөн жил тэндхийн янхны газар залуу охидод хоёр дахин, арваас
доош насны хөвгүүдэд гурав дахин их хөлс төлж байсан гэж бичсэн байсан. Хэрвээ хүүхдүүд
аян замд тэсэн амьд үлдэж чадвал бид хөлөг онгоц худалдаж аван тэднийг залах хүн хөлслөх
хангалттай их алттай болно.

Тэдний ард хүчиндүүлж буй охины зүрх зүсэм уйлах чимээ үргэлжилсээр байлаа. Дани
жолоогоо чанга атган гүүгээ эргүүлээд,

- Тэднийг зогсоо гэж сэр Жорахад тушаав.

- Калисий? гэж хүлэг баатар тэвдсэн янзтай хэллээ.

- Та миний үгийг сонссон. Тэднийг зогсоо гээд касынхандаа хандан Дотракийн ширүүн
аялгаар,

- Жого, Кворо та нар сэр Жорахад тусал. Би ямар ч хүчиндэлтийг хүсэхгүй байна гэв.

Дайчид мухардсан байртай бие биенээ харлаа.

Жорах Мормонт морио ойртуулан ирлээ.

- Гүнж минь та уян сэтгэлтэй болохоор ойлгохгүй байна. Ийм зүйл үргэлж байсаар ирсан.
Эдгээр хүмүүс калын цусыг урсгасан. Одоо тэд хариугаа төлж байгаа нь энэ.

Замын цаана охин цурхиран уйлах чимээ үргэлжилсээр Данигийн чихэнд нэгэн хөгөөр
үргэлжилсэн хачин аялга шиг сонсогдов. Эхний хүн дуусмагц хоёр дахь нь түүний байрыг
эзэллээ.

- Тэр бол хурган охин. Тэр юу ч биш калисий. Морьтонгууд түүнийг эзэмдэх эрхтэй. Хурган
хүмүүс хоньтой хэвтдгийг бүгд мэднэ гэж Кворо Дотракаар хэлэв.

- Бүгд үүнийг мэднэ гэж гарын зарц Ирри баталлаа.

- Тиймээ бүгд мэднэ гэж Дрогогын бэлэглэсэн өндөр саарал азрага унасан Жого зөвшөөрөөд,

- Хэрвээ түүний хашгиралт чихэнд чийртэй байвал Жого хэлийг нь аваад ирье, калисий гээд
аракхаа мулталлаа.

- Би түүнд гэм учруулахыг хүсэхгүй байна. Би түүнийг надад авчрахыг хүсч байна. Хэрвээ та
нар миний тушаалыг биелүүлэхгүй бол Кал Дрогод яагаад гэдгээ тайлбарлах болно шүү.

- Ай, калисий гээд Жого морио гуядав. Кворо болон бусад нь араас нь үсний хонхоо
жингэнүүлэн дагав.

- Тэдэнтэй яв гэж Дани сэр Жорахад тушаалаа.

- Таны таллаар болъё гээд хүлэг баатар түүн рүү сониучирхан ширтэж,

- Чи үнэхээр ахын дүү мөн байна гэв.

- Висерис үү? гээд Дани ойлгосонгүй.

- Үгүй. Рэйгэр гээд Жорах цааш давхилаа.

Данид Жогогын хашгиралтыг сонсов. Хүчиндэгчид түүнийг шоолон инээлээ. Нэг хүн буцаж
хариу хашгирав. Жогогын аракх гялсхийхэд түүний толгой мөрөн дээрээсээ өнхөрлөө. Инээд
хараал болон хувирч морьтонгууд зэвсгээ шүүрсэн ч Кворо, Агго, Ракаро нар хэдийн очсон
байлаа. Агго түүний мөнгөлөг гүүтэйгээ зогсож байгаа зам руу заах үзэгдэхэд морьтонгууд
хүйтэн дургүйцсэн харцаар ширтэцгээв. Нэг нь нулимлаа. Бусад нь дургүйцэн гүнгэнэсээр
тарж мориндоо мордов.
Энэ хооронд охины дээр мордсон хүн ажлаа үргэлжлүүлсээр таашаалд автан эргэн
тойрондоо юу болсныг мэдсэнгүй. Сэр Жорах түүний дэргэд бууж ширэн бээлийтэй гараараа
хуу татан хаялаа. Дотрак шаварт унаснаа гартаа хутга барин үсрэн босоход Аггоын сум
хоолойд нь зоогдон үхэв. Мормонт охиныг овоолттой хүүрэн дундаас өргөж цусанд будагдсан
нөмрөгөөр хучаад Данигийн байсан зам руу дагуулан ирлээ.

- Чи түүгээр юу хийхийг хүсээ вэ?

Охины нүд айсандаа томрон чичирч үс нь цусанд будагдан ширэлджээ.

- Дориа түүний шархыг үзээрэй. Чи морьтонтой адилгүй болохоор тэр чамаас айхгүй байх.
Бусад нь надтай яв гээд морио давиран хэмхэрхий модон хаалгаар орлоо.

Хотын дотор аймшигтай байв. Олон байшингууд галд авалцан шатаж, жакка рхан бохир
ажлаа гүйцэтгэн давчуу тахир гудамж толгойгүй үхдлээр дүүрчээ. Тэд ахин нэг хүчиндүүлж
буй эмэгтэйн дэргэдүүр өнгөрөв. Дани жолоогоо татан зогсох болгондоо касуудаа илгээж
үүнийг эцэс болгон хохирогчийг боолоороо авч байв. Тэдний нэг болох махлаг биетэй
навтгар хамартай дөч орчим насны эмэгтэй Даниг нийтийн хэлээр адислан ерөөсөн ч бусад
нь дүнсийн ширтэж байлаа. Дани тэдний сэжигтэй ширтэлтээс аврагдсанаар улам муу заяа
хүлээж буйгаас эмээж буйг нь гунигтай ойлголоо.

- Чи тэднийг бүгдийг нь аварч чадахгүй, хүүхэд минь гэж сэр Жорах дөрөв дэх удаагаа зогсож
касын дайчид шинэ боолыг ард нь авчирахад хэлэв.

- Би бол калисий, долоон ханлигийн залгамжлагч лууны цустай гэж Дани түүнд сануулаад,

- Миний юу хийхийг заах нь таны хэрэг биш гэв.

Хотын нөгөө талд шатсан байшин нурж гал дүрэлзэн утаа баагиулахад айсан хүүхдүүдийн
уйлж хашгирах сонсогдоно.

Тэд Кал Дрого шавар ханатай том хүрэн сонгино шиг бөмбөгөр оройтой цонхгүй дөрвөлжин
сүмийн өмнө сууж байхыг нь олов. Дэргэд нь өөрөөс нь өндөр толгой овоолттой байлаа.
Хурган хүмүүсийн нэгний харвасан богино сум мөрөнд нь зоогдож зүүн талынх нь нүцгэн
цээжин дээрх шархнаас улаан цус урсана. Гурван цусан морьтон дэргэд нь зогсож байв.

Жикүй Данигийн гэдэс томорч хөдлөхөд амаргүй болсон тул буухад тусаллаа. Тэр калын
өмнө өвдөг сөгдөв.

- Миний нар од шархдсан байна.

Аракх түүний биеийг өргөн бөгөөд гүехэн цавчиж зүүн талын хөхний толгой байхгүй болоод
ангайсан махтай шархнаас хуурсан арьс салбарсан нойтон даавуу адил унжина.

- Кал Огогын цусан морьтонгуудын нэгний аракхны маажилт, амьдралын сар минь. Би
түүнийг үүнийх нь төлөө болон Огог ч гэсэн алсан гэж Кал Дрого нийтийн хэлээр хэлээд
толгойгоо эргүүлэхэд гэзэгнийх нь хонх зөөлөн жингэнэв. - Чи Ого болон түүний дараа кал
болсон кхалакка Фогог намайг алсныг сонссон биз дээ.

- Ертөнцийг мордох азарганы эцэг амьдралын нарны минь өмнө ямар ч хүн зогсож чадахгүй.

Морьтой дайчин ирээд эмээлээсээ үсрэн буулаа. Тэр Хагготой Дотракийн хэлээр ууртай хэт
түргэн ярьсан тул Дани юу хэлснийг нь ойлгосонгүй. Том биетэй цусан морьтон түүн рүү
баргар ширтсэнээ кал руу эргэв.

- Энэ бол Жакогын касд явдаг Маго. Тэр калисий түүний мордсон хурган эмэгтэйг булааж
авсан гэж хэллээ.

Кал Дрогогын царай тайван хатуу байсан ч хар нүд нь Данигийн зүг сониучирхан ширтэн.

- Надад үнэнийг хэлээч амьдралын сар минь гэж Дотракигаар тушаалаа.

Дани түүнд хийсэн зүйлийнхээ тухай өөрийнхөө хэлээр калд ойлгуулахын тулд энгийн
ойлгомжтой ярилаа.

Ярьж дуусмагц нь Дрого хөмсөг зангидав.

- Энэ бол дайн. Эдгээр эмэгтэйчүүд одоо бидний боол болсон болохоор таашаалыг минь
хангах эрхтэй.

- Надад тэднийг аюулгүй байлгах нь таатай байна. Хэрвээ чиний дайчид тэдэн дээр мордох
ёстой юм бол эхнэрээ болгон авч зөөлөн харьцах ёстой. Тэдэнд каласарт хүүг нь төрүүлэх
байр гаргаж өг гээд Дани дэндүү их зүйл хэлж зүрхэлсэн эсэхээ гайхширлаа.

Цусан морьтонгуудын хамгийн хэрцгий Квото хөхрөв.

- Морь хоньтой нийлэх гэж үү?

Яагаад ч юм түүний хоолойны өнгө Висерисийг сануулахад Дани дүрсхийн түүн эргэж,

- Луу морьтой нийлж болоод байхад хонь адилхан гэв.

Кал Дрого инээмсэглэв.

- Түүний хичнээн догшин болсныг харав уу! Энэ бол миний хүү ертөнцийг мордох азарга
түүнийг дотроос нь галаар дүүргэж байгаа хэрэг юм. Аажуухан байсан чинь дээр шүү,
Квото... Хэрвээ ээж нь чамайг суусан газар чинь шатаахгүй бол хүү нь шаварт няц гишгэнэ.
Харин чи Маго хэлээ татаж өөртөө өөр хурган эмэгтэй хайж ол. Тэд миний калисийд
хамаарагдана гээд Данерист хүрэхээр гар сунгаснаа өвдсөндөө ярвайн толгойгоо эргүүллээ.

Дани бараг л түүний шаналалыг мэдэрлээ. Шарх сэр Жорахын хэлснээс илүү ноцтой
бололтой.

- Домч хаана байна? Тэд яагаад калд анхаарал тавихгүй байгаа юм? гэж шаардав.
Каласарт хоёр төрлийн анагаагч байсан нь сувай эмэгтэй болон тайган боол байлаа. Домч
эмэгтэй ханд шившлэгийн тусламжтай эмчилдэг бол тайган хутга, зүү, гал ашигладаг байлаа.

- Кал үсгүй хүнийг явуулчихсан, калисий гэж хөгшин Кохолло хэлэхэд Дани түүний зүүн
мөрөндөө гүн шарх авсаныг харлаа.

- Морьтонгуудын дунд олон хүн шархадсан. Эхлээд тэднийг эмчлэг. Энэ сум шумуулын
хазалтаас илүүгүй болохоор хүүдээ үзүүлэн бахархан шинэ сорвины жижигхэн зүсэлт төдий
гэж Кал Дрого зөрүүдлэв.

Дани түүний цээжин дэх арьс ярагдсан газар булчин цухуйж, гаранд нь сум зоогдсон хэсгээс
цус урсахыг харлаа.

- Кал Дрого хүлээх ёсгүй. Жого тайган руу яваад даруйхан авчир.

- Мөнгөн хатагтай. Би агуу морьтны шархыг эдгээхэд тусалж чадна гэх эмэгтэй хүний хоолой
ард нь гарав.

Дани толгойгоо эргүүлэв. Яригч нь боолуудын нэг болох махлаг биетэй навтгар хамартай
эмэгтэй ажээ.

- Калд хоньтой хэвтдэг эмэгтэйн тусламж хэрэггүй. Агго түүний хэлийг огтол гэж Квото
зандрав.

Агго түүний үснээс зууран хоолойд нь хутга тулгалаа.

Дани гараа өргөв.

- Үгүй, тэр минийх. Түүнд ярих боломж олго.

Агго түүн рүү болон Квото руу харснаа хутгаа буулгав.

- Би догшин морьтонд ямар ч муу зүйл хийхгүй. Би анагаах бага зэрэг чадвартай.

Эмэгтэй Дотракийн хэлээр маш сайн ярьж байлаа. Тэр баян тансаг хатгамалтай хөнгөн сайн
чанарын даавуун хувцас өмссөн ч одоо шаварт будагдан урагдаж цус болжээ. Тэр энгэрийнхээ
урагдсан хэсгийг урдаа бөөгнүүлэн барьж байлаа.

- Чи хэн бэ? гэж Дани асуулаа.

- Намайг Мирри Маз Дуур гэдэг. Би энэ сүмийн бурхдын эхнэр.

- Мэйги гэж Хагго бувтнаад хуруундаа арахкаа эргэлдүүлэн баргар ширтлээ.

Дани үүнийг сонсоод нэг шөнө Жикүй түүдгийн дэргэд ярьж өгсөн аймшигт түүхийг
саналаа. Мэйги бол чөтгөр шуламтай нөхцөн хар шид суралцдаг хүн бөгөөд муу ёрын сүнсгүй
бие босгон харанхуй шөнө хүний амьдралын хүчийг сорж авдаг гэлцдэг билээ.
- Үгүй ээ, би домч гэж Мирри Маз Дуур хэлэв.

- Хонинуудын домч гэж Квото инээлээ. - Миний цусны цус минь, би үсгүй хүнийг хүлээж
байх зуур энэ мэйгиг алчихъя.

Дани цусан морьтонгын уурлахыг тоосонгүй. Энэхүү энгийн төрхтэй махлаг эмэгтэй
мэйгитэй ер төстэй харагдсангүй.

- Чи хаана анагааж сурсан бэ, Мирри Маз Дуур?

- Миний ээж надаас өмнө бурхдын эхнэр байсан болохоор Агуу хоньчиныг баярлуулах бүх
шившлэг дуу болон тос, навч, жимс үндсээр ариун галын тахил өргөхийг зааж өгсөн юм. Би
залуу үзэсгэлэнтэй байхдаа Сүүдэрт Ашай руу жингийн цуваатай явж тэндхийн шидтэн
нараас суралцсан. Тэнд олон газраас хөлөг онгоц ирдэг болохоор алс холын хүмүүсээс ангаах
урлаг суралцаж байлаа. Жогос Найн Сарны дууч надад хүүхэд төрүүлэх дуу зааж өгч танай
морьтон хүмүүс өвс, үр, мориор шид хийн анагаах, Наран жаргах зүгийн газраас ирсэн
мастер хүний биений арьсан дотор далд нуугдаж байдаг газрын бүх нууцыг зааж өгсөн гэхэд
сэр Жорах Мормонт,

- Мастер гэсэн үү? гэв.

- Тэр өөрийгөө Марвин гэж нэрлэдэг байсан. Тэнгисийн цаана наран жаргах зүгийн Долоон
газар гэсэн газраас ирсэн гэсэн. Хүмүүс нь төмөр өмсөж луунд захирагддаг газраас. Тэр
надад энэ хэлийг зааж өгсөн юм гэж эмэгтэй нийтийн хэлээр хэлэв.

- Ашайн мастер байх нь. Надад хэлээч бурхны эхнэр минь. Марвин хүзүүндээ юу зүүсэн
байсан бэ?

- Амьсгааг нь боох гэж байгаа юм шиг гинж зүүсэн байсан, төмөр лорд минь. Олон янзын
цагариган хэлхээтэй.

Хүлэг баатар Дани руу харлаа.

- Зөвхөн Хуучин хотын Цайзад сургагдсан хүн ийм гинж зүүх эрхтэй. Тийм хүмүүс анагаах
талаар олон зүйл мэднэ.

- Чи яагаад миний калд туслахыг хүсээ вэ?

- Бидэнд бүх хүмүүс нэгэн сүрэг гэж сургасан. Агуу хоньчин намайг газар дэлхий дээр
хургануудынх нь амьдарч байгаа газрыг олж эмчил гэж явуулсан.

Квото түүнийг хацар дээр тасхийтэл буулгав.

- Бид бол хонь биш, мэйги.

- Үүнийгээ зогсоо. Тэр минийх. Би түүнд гэм учруулахыг хүсэхгүй байна гэж Дани уурсан
хэлэв.
- Сумыг биенээс гаргах ёстой, Квото гэж Кал Дрого бувтналаа.

- Тиймээ, агуу морьтон минь гээд Мирри Маз Дуур хөхрөлтөө тэмтэрч үзэн,

- Таны цээжний шархыг хувилахаас өмнө угааж оёх хэрэгтэй гэв.

- Тэгвэл үүнийгээ хий гэж Кал Дрого тушаав.

- Агуу морьтон миний багаж хэрэгсэл, тос анагаах хүч хамаагүй хүчтэй бурхны байшинд
байгаа.

- Би чамайг аваад явъя, миний цусны цус минь гэж Хагго хэлэв.

Кал Дрого түүнийг занган холдуулав.

- Надад хүний тусламж хэрэггүй гэж хатуу бардам хэлээд хүний тусламжгүй өндийн босоход
цээжин дээрх Огогын аракханд цавчуулсан газрын шархнаас шинэхэн цус олгойдон урсав.
Дани яаран Дрогог түшлээ.

- Би эрэгтэй хүн биш чи намайг түшиж болно гэхэд Дрого том гараа мөрөн дээр нь тавилаа.
Тэр түүний биеийн жинг хуваалцан шавар ханатай том сүм рүү алхахад гурван цусан морьтон
араас нь дагав. Дани сэр Жорахад тэднийг дотор байхад байшинг шатаалгахгүйн тулд касын
дайчдаа үүдэнд харуулд зогсоохыг тушаалаа.

Тэд хэдэн өрөө өнгөрөөд өндөр бөмбөгөр адрын чанх дор очив. Дээвэр дээр далд нуугдсан
цонхноос сулхан гэгээ тусна. Хананд утаа уугьсан хэдэн бамбар хатгаж, шалан дээр хонины
арьс тараан тараан хаяжээ.

- Ийшээ гээд Мирри Маз Дуур цэнхэр судалтай чулуугаар хийж хажуу талд нь сүргээ хариулж
буй хоньчин дүрсэлсэн том шүтээний ширээ рүү заав. Кал Дрого дээр нь хэвтлээ. Хөгшин
эмэгтэй атга хатсан навч зууханд хийхэд өрөөнд анхилуун үнэр түгэв.

- Бусад нь гадаа хүлээж байсан нь дээр.

- Бид түүний цусан морьтонгууд. Энд хүлээх болно гэж Кохолло хэллээ.

Квото Мирри Маз Дуур луу ойртлоо.

- Хонин бурхны эхнэр минь үүнийг мэдэж ав. Калд хор учруулвал чи хариуг нь зовлонгоороо
төлөх болно шүү гээд хутганыхаа ирийг үзүүлэв.

- Тэр түүнд гэм хийхгүй гээд Дани навтгар хамартай хөгшин эмэгтэйг эцсийн эцэст
хүчиндэгчдийн хэрцгий гарнаас аварсан болохоор итгэж байлаа.

- Хэрвээ та нар үлдэх гэж байгаа бол надад тусал. Агуу морьтон надаас хамаагүй хүчтэй.
Түүнийг намайг биенд нь зоогдсон сумыг авах хүртэл хөдөлгөөнгүй барьж байгаарай гээд
энгэрээ атгасан гараа тавьж хувцсаа бүсэлхий хүртлээ унжуулаад сийлбэртэй авдар нээн
лонх, хайрцаг, хутга, зүү гаргаж ирэв.

Тэр сумны зэвийг биенээс сугалахад бэлтгэх зуураа Лазарийн хэлээр ямар нэг дуу аялж
байлаа. Дараа нь домботой дарс халааж зуухан дээр буцалгаад шарх руу нь хийлээ. Кал Дрого
харааж байвч хөдөлсөнгүй. Сумыг шархнаас нойтон навчаар ороон сугалан аваад цайвар
ногоон тосоор тослон арьсыг нь буцааж эвлүүлэн тавилаа. Кал шүд зуун хашгирав. Бурхдын
эхнэр мөнгөн зүүнд торгон утас сүвлээд шархыг нь оёж эхлэв. Энэ ажлаа дуусмагц арьса дээр
улаан тос түрхэн навчаар далдалж хурганы арьсны өөдсөөр даруулав.

- Харин одоо миний зааж өгсөн мөргөлийг хэлж арьсыг арван өдөр арван шөнө байлгах ёстой
шүү. Халуурч загатнан эдгэсний дараа том сорви үлдэнэ.

Кал Дрого хонхоо жингэнүүлэн өндийв.

- Би сорвио дуулах болно, хурган эмэгтэй минь гээд гараа нугалснаа хөмсөг зангидав.

- Дарс намуу цэцэгтэй сүүний алиныг ч ууж блохгүй. Өвдөж байсан ч бие чинь төмрийн
хорыг хөөхийн тулд хүчтэй байх ёстой.

- Би бол кал. Өвдөлтийг нулимаад юу дуртайгаа ууна. Кохолло миний хантаазыг авчир гэж
Дрого хэлэхэд хөгшин хүн яаран одов.

- Би таныг төрүүлэх дуу мэддэг гэж сонслоо гэж Дани үзэмжгүй Лазарийн эмэгтэйд хандав.

- Би цуст орны тухай бүх нууцыг мэднэ, мөнгөн хатагтай минь. Нэг ч хүүхэд эндүүлж
байгаагүй гэж Мирри Маз Дуур хэллээ.

- Миний цаг дөхөж байна. Хэрвээ таныг эсэргүүцэхгүй бол төрөх үед минь надад анхаарал
тавиасай гэж хүсч байна.

Кал Дрого хөхөрлөө.

- Амьдралын сар минь чи боолоос юу хийхийг гуйх ёсгүй харин хэлдэг юм. Тэр чиний
тушаалыг биелүүлэх ёстой гээд ширээн дээрээс үсрэн буулаа.

- Явцгаая, цусан морьтонгуудаа. Азарга энэ газрыг үнс нурам гэж дуудаж байна. Явах цаг
боллоо.

Хагго калын араас даган сүмээс гарсан ч Квото саатан Мирри Маз Дуур луу ширтлээ.

- Санаж ав мэйги калын эдгэрэх чиний амьтай хамаатай шүү.

- Таны тааллаар болъё, морьтон минь. Агуу хоньчин бүх хонин сүргээ хамгаалдаг гээд
эмэгтэй лонх, домбоо цуглууллаа.
ТИРИОН

Хааны зам руу харсан толгод дээр хайлаасны ёроолд бүдүүлэг нарсан урт ширээ засаж алтан
бүтээлгээр бүтээжээ. Тэнд лорд Тайвин асрынхаа дэргэд ойр дотны хүлэг баатар, лорд
тугчин нартайгаа оройн хоол зооглох гэж буй газар өндөр модон д хатгасан том хүрэн улаан
алтлаг далбаа дэрвэнэ.

Тирион эмээлд хөлөө холгосны улмаас хамгийн сүүлд ирэхэд бүгд түүний толгод өөд эцэг
рүүгээ хазганан өгсөхийг хөгжин харцгаав. Өдрийн аян удаан зүдэргээтэй байсан болохоор
тэр өнөө шөнө сайтар уухаар шийджээ. Үдшийн бүрий нөмөрч агаарт галт цох ниснэ.

Тогооч нар махан хоол бэлтгэж таван хөхүүл гахай нядлан арьсыг нь шажигнатал хуйхлаад
аманд нь өөр өөр төрлийн жимс зуулган шаржээ. Махны үнэр түүний арааны шүлсийг
асгаруулав.

- Өршөөгөөрэй гээд хүмүүсийн дундуур зүтгэн авга ахынхаа дэргэд суудал дээр суулаа.

- Магадгүй би чамаар үхэгсдээ оршуулуулсан нь дээр биз, Тирион. Хэрвээ чи тулаанд


ширээнд байдаг шигээ хоцорч ирэх юм бол тулаан хэдийн дууссан хойно ирэх юм байна гэж
лорд Тайвин хэлэв.

- Өө тэгэлгүй яахав аав аа. Гэхдээ та надад хоёр тариачин өгөх юм байгаа биз дээ. Би
шуналтай хүн биш болохоор их хэрэггүй гээд Тирион аягандаа дарс дүүргэж зарц гахайн мах
зүсэхийг харлаа. Хутганы ирний аясаар шажигнасан арьс зүсэгдэхэд халуун шүүс мах даган
урсав. Энэ Тирионы амьдралдаа харсан хамгийн сайхан зүйл байлаа.

- Сэр Аддамын морьтонгууд Старкийн цэрэг Ихрээс өмнө зүг чиглэн хөдөлсөн гэсэн. Лорд
Фрейгийн цэргүүд тэдэнтэй нэгджээ. Тэд умар зүгт биднээс нэгээс хэтрэхгүй өдрийн зайд
байна гэж эцэг нь тавган дээр нь гахайн мах дүүргэхэд хэлэв.

- Гуйж байна, аав аа. Би юм идмээр байна шүү дээ гэж Тирион хэллээ.

- Чамд үнэхээр Старкын хүүтэй тулан зоригийг нь мохоох бодол алга уу? Чиний ах Жэйми
байсан бол түүнтэй тулалдахыг тэсэн ядан тэмүүлэх байсан даа.

- Би гахайтай тулахыг эрхэмлэж байна. Тэгээд ч Робб Старк зөөлөн биш сайхан үнэртдэггүй.

Яхир шувуу шиг лорд Леффорд тарааж буй хоолыг харж байснаа Тирионы зүг эргэв.

- Би чиний зэрлэгүүд энэ дургүйцлийг чинь хуваалцаагүй байх гэж найдна. Эсвэл бид тэдэнд
хамаг сайн гангаа гарзадсан хэрэг болох нь.

- Миний зэрлэгүүд таны ганг маш сайн ашиглах болно, эрхэм лорд.

Тэр толгодын уруу Улф гурван зуун хүнтэй дагуулан ирэх үед Леффордод төдий тооны зэр
зэвсэг хуяг дуулга хэрэгтэй байгаагаа хэлэхэд онгон охиноо таашаалыг нь хангахаар өгөх гэж
байгаа юм шиг аашилжээ.

Лорд Леффорд хөмсөг зангидав.

- Би өнөөдөр үстэй том биетэй нэг нь хагас саран хэлбэртэй байлдааны хүнд сүх хоёрыг
шаардаж байхыг харлаа.

- Шагга хоёр гараараа алах дуртай гэж Тирион уур савсуулсан мах урд нь тавих үед хэллээ.

- Тэр хуучин модон сүхээ нуруундаа оосорлон үүрсэн байсан.

- Шаггагын бодлоор бол гурван сүх хоёроос илүү ашигтай гээд Тирион эрхий долоовор
хуруугаараа давс чимхэн махан дээр цацав.

Сэр Кеван урагш бөхийв.

- Бид чамайг зэрлэгүүдтэй чинь тулааны үеэр тэргүүн эгнээнд тавихаар бодсон.

Хэрвээ лорд Тайвины толгод түрүүлж ийм бодол орж ирээгүй бол сэр Кеван “бодсон” гэсэн
үгийг ховор хэлдэг байлаа. Тирион хутганыхаа үзүүрээр мах хатган амандаа хийх гэж байснаа
болиод,

- Тэргүүн эгнээ гэнэ ээ? хэмээн сэжигтэй асуулаа.

Үүнээс үзэхэд лорд эцэг нь Тирионы чадварт шинэ хүндэтгэл үзүүлж байгаа юм уу эсвэл
түүнийг ичингүйрлээс нь ангижируулахаар шийдсэн бололтой. Тирион энэ тухай бодохоос
баргар бодол төрөв.

- Тэд хангалттай догшин санагдсан гэж сэр Кеван хэлэв.

- Догшин гэнэ ээ? гээд Тирионы авга ахынхаа үгийг сургуультай тоть шиг давтаж буйгаа
анзаарлаа. Эцэг нь түүнийг ширтэн үг бүрийг нь цэгнэж байв.

- Би тэдний хичнээн догшин болох тухай хэлье. Өнгөрсөн шөнө Сарны ахан дүүс Чулуун
хэрээг зайдастай нь сүлбэсэн. Харин өнөөдөр биднийг буудаллах үед гурван Чулуун хэрээ
түүнийг барьж аваад хоолойг нь хэрчсэн. Магадгүй тэд зайдсаа буцааж авахаар найдсан байх
л даа сайн мэдэхгүй юм. Бронн Шаггаг үхсэний хүний эрхтэнг аз авчирдаг хэмээн огтолж
авдагыг нь болиулахыг хичээж байна гэвч Улф цустай мөнгөө шаардахад Конн, Шагга хоёр
төлөхөөс татгалзсан.

- Цэргүүдээ сахилгатай байлгаж чадахгүй бол захирагчийнх нь буруу гэж эцэг нь хэлэв.

Түүний ах Жэйми үргэлж хүмүүсээ араасаа дагуулан өөрийнхөө төлөө үхүүлж чаддаг
чадвартай байв. Тирионд энэ авъяас дутжээ. Тэр үнэнч байдлыг алтаар худалдан авч өөрийгөө
дагалдахыг тулгадаг билээ.

- Илүү том биетэй хүн тэднийг айлгаж чадна гэж та хэлэх гээ юу, эрхэм лорд?
Лорд Тайвин Ланнистер ах руугаа эргэв.

- Хэрвээ миний хүүгийн цэрэг түүнд захирагдахгүй байгаа бол тэргүүн эгнээ түүний байх
ёстой газар биш. Тэр эргэлзээгүй ар талд манай хөсөг тэргийг хамгаалж байсан нь хамаагүй
ая тухтай биз.

- Надад санаа тавих хэрэггүй, аав аа. Хэрвээ таньд надад өгөх өөр тушаал байхгүй бол би
тэргүүн ангийг чинь удирдъя гэж Тирион уурсан хэлэв.

Лорд Тайвин одой хүүгээ ажлаа.

- Би удирдах тухай юу ч хэлээгүй байна. Чи сэр Грегорийн дор зүтгэх болно.

Тирион гахайн махнаас хазан хормын турш зажилснаа ууртайгаар нулимав.

- Би ер нь өлсөөгүй юм шиг байна. Өршөөнө үү, эрхэм лордуудаа гээд сандлаас эв хавгүйхэн
буулаа.

Лорд Тайвин түүний буухад толгойгоо бөхийлгөв. Тирион цааш эргээд алхан явлаа. Толгодын
уруу буухдаа араас ширтэх харцыг мэдрэв. Ард нь чанга инээд хадахад эргэж харсангүй.
Бүгдээрээ гахайн махандаа хахаж үхээсэй гэж найдав.

Үдшийн бүрий нөмөрч бүх туг хар өнгөтэй болжээ. Ланнистерийн буудал Хааны зам гол
хоёрын дунд хэдэн мил газар үргэлжилжээ. Хүн морьдын дундуур явахад ойд яваа юм шиг
төөрөхөд хялбар болохоор Тирион төөрчихлөө. Тэр арваад том асар, зуугаад түүдэг гал
өнгөрөв. Галт цох майхан дунд тэнүүчилж буй бяцхан одод мэт нисэлдэнэ. Сармис халуун
ногоотой шарсан зайдасны үнэр ханхийн өлөн гэдсийг нь хоржигнуулав. Алсад хэсэг хүмүүс
завхай дуу аялах хоолой сонсогдоно. Дэргэдүүр нь нүцгэн биен дээр хар нөмрөг нөмөрсөн
эмэгтэй хөхрөн гүйж өнгөрөхөд араас нь хөөж байсан согтуу хүн үндсэнд тээглэн унав.
Түүнээс цаахан хоёр жадчин хатгах бултах сургууль хийн нүцгэн цээжин дээр нь хөлс
гялтагнаж байлаа.

Хэн ч түүн рүү харсангүй. Хэн ч түүнтэй ярьсангүй. Хэн ч анхаарсангүй. Тэр эргэн
тойрондоо Ланнистерийн хорин мянган хүчирхэг цэргээр хүрээлүүлсэн хэр нь ганцаар
байлаа.

Тэгтэл шөнийн харанхуйд Шаггагын инээд нүргэлэхэд түүнийг даган явсаар жижигхэн
буланд тухалсан Чулуун хэрээнийхнийг олов. Кораттын хүү Конн шар айрагтай аягаа савчин,

- Хөөе, Тирион жижигхэн хүн минь! Нааш ирээд манай галд сууж Чулуун хэрээний махыг
хуваалц. Бидэнд бух байна гэв.

- Харж байна аа, Кораттын хүү Конн минь.

Дүрэлзсэн гал дээр том улаан мах багахан модны хэмжээтэй шоронд шоролжээ. Хоёр Чулуун
хэрээ махыг эргүүлэхэд түүдгийн дөлд тос, цус дуслана.
- Баярлалаа, та нарт. Надад бухнаасаа шарсан хойно явуулаарай гээд тэр цааш явлаа.

Уулын бүлэг бүр өөрсдийнхөө галыг тойрон байрлажээ. Хар чих, Чулуун хэрээтэй идэхгүй,
Чулуун хэрээнийхэн Сарны ах дүүстэй идэхгүй, хэн ч Түлэгдсэн хүнтэй идэхгүй аж. Түүний
лорд Леффордыг аргадан байж нөөцөөс нь гаргуулж авсан даруухан майхныг дөрвөн
түүдгийн дунд босгожээ. Тирион Бронныг шинэ зарц нартай нь дашмагтай дарс ууж байхад
олов. Лорд Тайвин түүнд агтчин, зарц явуулсан ч Тирион дээрээс нь нэмж хиа шаарджээ. Тэд
жижигхэн түүдэг галын цог тойрон сууж байлаа. Дэргэд нь туранхай хар үстэй арван
наймаас хэтрээгүй орчим насны охин сууж байв. Тирион түүнийг царайг хормын турш
шинжсэнээ үнсэнд загасны яс байхыг харлаа.

- Та нар юу идсэн юм бэ?

- Хулд загас, эрхэм лорд. Бронн барьсан юм гэж агтчин хэлэв.

Хулд загас. Хөхүүл гахай. Миний эцгийг хараал идээсэй гэж бодоод Тирион яс руу гунигтай
харахад гэдэс нь хүржигнэв.

Түүний хиа Подрик Пэйн гэсэн золгүй овог бүхий хүү үгээ залгичихсан аятай дуугарсангүй.
Залуу хааны алуурчин сэр Илин Пэйний холын садан бөгөөд... бараг л түүн шиг хэлгүй мэт
ажээ. Тирион түүнийг занган амыг нь ангайлгав.

- Харж байна уу хэл байна. Чи нэг л өдөр үүнийгээ ашиглаж сурна гээд түүгээр тоглоом
хийсэн байх гэж бодож буй хүүг үл тоон анхаарлаа буцан охинд хандуулав.

- Тэр мөн үү? гэж Бронноос асуулаа.

Охин гоолиг хөдөлгөөнөөр гунхан босож түүнийг дээрээс доош ширтэхэд Тирионоос таван
тохой өндөр байлаа.

- Тиймээ мөн, эрхэм лорд. Би өөрөө ярьж чадна.

Тирион толгойгоо хажуу тийш гилжийлгэв.

- Харин би Ланнистерийн овгийн Тирион. Хүмүүс намайг Бяцхан чөтгөр гэж дуудаг.

- Ээж минь надад Шэй гэсэн нэр өгсөн. Хүмүүс намайг үргэлж... энэ нэрээр дууддаг.

Бронн хөхрөхөд Тирион даган инээмсэглэв.

- Хэрвээ чамайг дургүйцэхгүй бол майхан руу орцгооё, Шэй гээд хаяаг нь сөхөн дотогш
орохыг урилаа. Тэр дотор ороод лаа асаахын тулд өвдөглөв.

Цэргийн амьдралд ямар ч татлаа түлхээс байсангүй. Буудал чинь хаашаа явсан бол араас нь
дагах ёстой. Энэ өдрийн аяны төгсгөлд Тирион Бронныг илгээн аятайхан янхан олохоор
явуулжээ.
- Надад хөөрхөн царайтай залуухан ухаалаг охин олоорой. Хэрвээ тэр энэ жилд угаалга
хийсэн бол баярлах байна. Үгүй бол угаалга хийлгээрэй. Бас түүнд намайг хэн болох, ямар
байдалтай болохыг минь анхааруулаарай гэж хэлжээ.

Жик үүнийг хийхэд үргэлж асуудалтай тулгардаг байв. Охидын нүд таашаал өгөхөөр
хөлслөгдсөн залуу лордоо ямар болохыг нь хармагц томрон... Тирион Ланнистерийг ахин
хэзээ ч харахыг хүсдэггүй байв.

Тэр лаагаа өргөн Шэйг харлаа. Бронн сайн ажиллажээ. Тэр согоон нүд, гоолиг бие жижигхэн
хатуу хөхтэй, ичингүйрэн инээмсэглэсэн эрээ цээргүй харцтай ажээ ажээ. Түүнд энэ
таалагдлаа.

- Би даашинзаа тайлах уу, эрхэм лорд?

- Цаг нь болохоор. Чи охин биш биз дээ, Шэй?

- Хэрвээ энэ таныг баярлуулах бол, эрхэм лорд.

- Надад үнэнээ хэлж байгаа чинь таалагдаж байна.

- Гэхдээ энэ та хоёр дахин төлнө гэсэн үг.

Тирион тэд сайхан зохицоно гэж шийдэв.

- Би бол Ланнистер. Надад хангалттай алт байгаа бөгөөд өгөөмөр байх болно. Гэхдээ би
чамаас хоёр хөлийн хоорондохоос чинь илүү их зүйл хүсэж байна. Чи миний майхныг
хуваалцан, дарсыг минь аягалж, тоглоход минь инээн, өдөр бүрийн аяны дараа чилсэн хөлөнд
минь иллэг хийж байх болно... тэгвэл би чамайг нэг өдрөөр тогтохгүй жил түүнээс ч удаан
байлгаж магадгүй. Мөн биднийг хамтдаа байгаа үед өөр хүний оронд орж болохгүй.

- Миний хувьд ганцхан чи байхад хангалттай гээд тэр нимгэн даавуун даашинзаа ганцхан
хөдөлгөөнөөр толгой дээгүүрээ тайлаад хажуу тийш хаяв. Дотор нь юу ч өмсөөгүй байлаа.

- Хэрвээ та лаагаа унтраахгүй бол хуруугаа түлэх нь байна, эрхэм лорд.

Тирион лааг унтраагаад гараас нь татан өөртөө ойртууллаа. Шэй урдаас нь үнсэхээр бөхийв.
Амнаас нь хадаасан цэцэг, балын амт амтагдан сурмаг хөдөлгөөнтэй хуруунууд хувцасных нь
товчийг тэмтрэн тайлав.

Тирионыг түүн рүү ормогц энхрийлсэн үг шивнэж дуу алдан чичирэв. Тирион түүнийг дүр
үзүүлж байна гэж сэжиглэсэн ч сайн хийж байсан болохоор энэ чухал байсангүй. Ер нь
түүнийг мэдэх ямар хэрэгтэй гэж?

Тэрээр Шэй түүнд хэрэгтэй гэдгийг гарыг нь дэрлэн хэвтэж байхад ойлгов. Тэр юм уу өөр
нэг эмэгтэй. Хамгийн сүүлд Винтерфелл рүү хаан Роберт болон ахыгаа дагаж очихдоо
эмэгтэй хүнтэй ор хуваалцсанаас хойш бараг жилийн хугацаа өнгөрчээ. Тэр маргааш юмуу
нөгөөдөр үхэж магадгүй болохоор лорд эцэг, Лиза Кателин болон хатагтай Кателин Старкийн
тухай санаснаас Шэйгийн тухай бодсон нь дээр байлаа.

Тэр мөрөндөө налах зөөлөн цээжийг нь мэдрэв. Сайхан мэдрэмж байсан тул толгойд нь дуу
орж ирэхэд аяархан исгэрч эхэллээ.

- Юу вэ, эрхэм лорд? гэж Шэй наалдан асуулаа.

- Юу ч биш. Миний хүүхэд байх үеийн дуу, тэгээд л тэр. Унтдаа хонгор минь.

Шэй нүдээ анин амьсгаа нь жигд удаан болоход Тирион сэрээхгүйн тулд зөөлөн гулган
гарлаа. Тэр нүцгэн гадагш гарч хиагаа өнгөрөөд майхны ард шээхээр очив.

Бронн уяатай морьдынхоо ойролцоо туулайн бөөр модны дор завилан сууж бусад хүн шиг
унтах шаардлага үгүй бололтой илдээ ирлэж байв.

- Чи түүнийг хаанаас олсон юм бэ? гэж Тирион шээх зуураа асуулаа.

- Нэг хүлэг баатраас авсан юм. Тэр түүнээс салахыг хүсээгүй ч чиний нэр бодлыг нь
өөрчилж... ер нь бол миний хутга хоолойд нь тулсан л даа.

- Гайхалтай. Би чамайг надад янхан олоодох гэж гуйсан болохоос биш дайсан ол гэж хэлээгүй
хэмээн Тирион хөндий хэлээд сүүлчийн дуслаа сэгсрэв.

- Хөөрхөн хүүхнийг бүгд л хүсдэг. Хэрвээ чи шүдгүй чавганц эрхэмлэж байвал би түүнийг
дуртайяа авъя.

Тирион түүн рүү доголон ойртлоо.

- Миний лорд эцэг энэ үгийг чинь цадиггүй зан гэж үзэн чамайг шийтгэхээр уурхай луу
илгээх байсан даа.

- Чиний оронд эцэг чинь байгаагүй нь яамай. Би түүний хамар дээр батга байхыг харсан шүү.
Тэгээд таалагдаж байна уу? гээд Бронн инээмсэглэв.

- Юу сэтгэл зүрхээ эмтлэх гээ юу? Би Шэйг өөртөө үлдээнэ. Сонсооч чи түүнийг авсан хүлэг
баатрын нэрийг санахгүй биз? Би тулааны үеэр түүний дэргэд байхыг хүсэхгүй л байна шүү.

Бронн муур шиг уян налархай түргэн босоод гартаа илдээ эргүүлэв.

- Би тулааны үеэр дэргэд чинь байх болно, одой минь.

Тирион толгой дохилоо. Шөнийн дулаан агаар арьсыг нь илбэнэ.

- Хэрвээ чи намайг тулааны дараа амьд үлдэхэд санаа тавьж чадвал хүссэн зүйлээ шаардаж
болно.

Бронн урт илдээ баруунаас зүүн гар лүүгээ шидээд агаар цавчив.
- Хэн чамайг алахыг хүснэ гэж?

- Жишээлбэл миний лорд эцэг. Тэр намайг тэргүүн эгнээнд тавьсан.

- Би ч гэсэн ижил зүйл хийх байсан. Том бамбайтай жижигхэн дайчин. Харваачдад сайхан
бай болно доо.

- Чиний үгэнд бухимдах ёстой ч баярлах сэтгэл төрж байна шүү гэхэд Бронн сэлмээ хуйлаад,

- Эргэлзэх явдалгүй гэв.

Тирионыг майханд эргэн ирэхэд Шэй өнхрөн тохойгоо тулаад нойрмог хоолойгоор,

- Би эрхэм лордыг алга болмогц сэрчихсэн гэв.

- Эрхэм лорд нь эргээд ирлээ гээд Тирион дэргэд нь гулсан орлоо. Шэйгийн гар богинохон
хоёр хөлийн хоорондох хатуу зүйлийг тэмтрэв.

- Тиймээ эргээд ирсэн гэж зөвшөөрөөд илэв.

Тирион түүнийг Бронн хэнээс авсныг асуухад алдар нэргүй лордын өчүүхэн хүү гэлээ.

- Түүнээс болгоомжлох хэрэггүй, эрхэм лорд. Тэр том хүн биш гэж хуруугаар илэх ажлаа
үргэлжлүүлэн завгүй байхдаа хэлэв.

- Тэгвэл би юу болж байна? Аварга биет үү?

- Өө, тэгэлгүй яахав. Миний аварга биет Ланнистер.

Дараа нь тэр түүн дээр суухад Тирион үүнд бараг л итгэв. Тэр инээмсэглэн унтсанаа...

...харанхуйд бүрээн дуунаар сэрлээ. Шэй мөрнөөс нь сэгсэрч байв.

- Эрхэм лорд. Сэрээрэй, эрхэм лорд би айгаад байна.

Тэр нойрмоглон өндийн суугаад хөнжлөө ярав. Харанхуй бүрээн дуу чанга шаардангуй
цуурайтан "яараарай, яараарай, яараарай" гэх мэт ажээ. Хашгирах дуу сонсогдон, жад
тачигнаж, морьд янцгаасан ч тулааны чимээ биш байлаа.

- Миний эцгийн бүрээ. Дайны цугларалт байна. Би Старкынхан эндээс өдрийн зайд байгаа
гэж бодсон юмсан.

Шэй үймрэн толгойгоо сэгсрэхэд нүд нь томорлоо.

Тирион янцаглан хөл дээрээ босоод гадагш гарч хиагаа дуудлаа. Шөнийн харанхуйд цайвар
манан суунаглан урт хуруугаа гол дээгүүр сунгажээ. Хүн, морьд өглөөний хүйтэнд бужигнан
хаа сайгүй морь эмээллэж, тэрэг ачаалан, түүдэг унтрааж байлаа. Бүрээн дуу ахин "яараарай,
яараарай, яараарай" гэж үлээв. Хүлэг баатрууд тургилсан морин дээрээ мордон, цэргүүд
гүйлдэх зуураа илдээ бүсэндээ товчилно. Тэр Подыг олох үед хүү зөөлөн хурхирч байлаа.

Тирион хавирга руу нь хөлөөрөө чанга нудраад,

- Миний хуягыг түргэл гэв.

Бронн манан дундаас морио унан хэдийн хуяг дуулгаа өмссөн гарч ирлээ.

- Чи юу болсныг мэдсэн үү? гэж Тирион түүнээс асуулаа.

- Старкын хүү бидний тооцоолсноос өмнө иржээ. Тэр Хааны зам даган шөнөжин яваад одоо
цэрэг нь умард зүгт милээс хэтрэхгүй зайд байлдааны бэлэн байдалд байна.

Яараарай, яараарай, яараарай гэж бүрээ дуудав.

- Уулынхан мордоход бэлэн эсэхийг шалгаарай? гээд Тирион асар луу шурган орж,

- Миний хувцас хаана байна? гэж Шэйг зандрав. - Тэр. Үгүй ширээр хийснийг нь хараал
идмэр гэж. Тиймээ, гутлыг минь аваад ир.

Тэр хувцаслаж дуусахад хиа нь хуяг дуулгыг нь гаргаж ирлээ. Урьд нь Тирионд биенийх нь
согогтой хэсгийг нуусан гайхамшигтай сайхан давтмал хуяг байсан ч түүнээс ялгаатай нь
Кастерли Рокт аюулгүй байв. Иймээс одой лорд Леффордын хөсөгнөөс цуглуулсан янз
бүрийн зүйлээ эмхлэх хэрэг гарчээ. Гархин хуяг, алагдсан хүлэг баатрын хүзүүний зах, шилбэ
тойгны хамгаалалт, шовх үзүүртэй ган гутал гээд л. Зарим нь гоёл чимэгтэй байхад зарим нь
үгүй бөгөөд хоорондоо таарах юм уу зохицох зүйл байсангүй. Цээж хуяг нь илүү том хүнд
зориулагдсан болохоор толгойд нь хэт томдохын зэрэгцээ том хувин хэлбэртэй дуулга нь орой
дээрээ асар урт шовх хурц үзүүртэй байлаа.

Шэй Подолд бүсний горхи товчлоход туслав.

- Хэрвээ намайг үхвэл араас уйлаарай гэж Тирион эмэгтэйд хэллээ.

- Чи үхнэ гэдгээ яаж мэдсэн юм бэ?

- Зүгээр л мэдэж байна.

- Тэгвэл хэлснээр чинь болъё гээд Шэй том дуулгыг нь толгой дээр тавихад Под хүзүүний
захыг нь товчлов. Тирион бүсэндээ хүнд богино илд, хутгатай зүүлээ. Энэ зуур агтчин
хуягласан өндөр хүрэн азаргыг нь авчирав. Тирион мянган чулууны жинтэй болсон мэт
санагдсан болохоор мордоход туслалцаа шаардагдав. Под түүнд төмөр бүслүүртэй хүнд
бамбайг нь өгөөд, эцэст нь дайны сүхийг нь гардуулав. Шэй арагш ухран түүнийг харлаа.

- Миний лорд сүрлэг харагдаж байна.

- Миний лорд нийцээгүй хуягтай одой шиг харагдаж байгаа биз гэж Тирион гашуунаар хэлэв.
- Гэхдээ сайхан сэтгэлд чинь баярлалаа. Подрик хэрвээ тулаан бидний эсрэг эргэвэл
хатагтайгаа аюулгүй гэрт нь хүргэж өгөөрэй гээд Тирион сүхээрээ ёсолж морио эргүүлэн
цааш явлаа. Гэдэс нь зангирч мушгиран өвдөв. Ард нь үлдсэн зарц нар яаран майхнаа хурааж
эхэллээ. Дорно тэнгэрийн хаяанд нарны цайвар цацраг цухуйсан ч өрнө зүгт гүн хөхрөн одод
түгсэн хэвээр харагдана. Тирион сүүлчийн удаа үүрийн гэгээ харж байгаа эсэхээ бодсоноо
хулчгарын тэмдэг гэж үзэв. Түүний ах Жэйми тулааны өмнө үхлийн тухай боддог болов уу?

Алсад дайны бүрээ үлээж гүн гашуудалтай аялгуу ясанд хүйт оргиулна. Уулынхан ясан хэдрэг
морио унаад хашгиран бүдүүлэг тоглоом хийлцэнэ. Зарим нь согтуу байлаа. Мандаж буй
нарны цацраг манангын тэмтрүүлийг гийгүүлэхэд Тирион тэднийг тэргүүлэн явлаа. Морьд
газар дэлхий дээр бурхан уут алмааз асгасан юм шиг гялалзсан шүүдрийн устай өвс туучна.
Уулынхан Тирионы араас явахад бүлэг тус бүр удирдагчаа дагалдав.

Үүрийн гэгээнд лорд Тайвин Ланнистерийн арми гялалзсан өргөстэй төмөр сарнай шиг
дэлгэрлээ.

Түүний авга ах гол хүчийг тэргүүлж байв. Сэр Кеван тугаа Хааны зам дээр мандуулжээ.
Бүсэндээ саадагтай сум зүүсэн харваачдын гурван урт эгнээ зам дээр нумныхаа хөвчийг
тайван татан зогсож байв. Тэдний дунд жадчид дөрвөлжлөн жагсаж араас нь эгнээ эгнээгээр
жад, илд, сүхтэй цэрэг зогсчээ. Гурван зуун хүнд морьтон цэрэг сэр Кеваныг хүрээлэн тугчин
лорд Леффорд, Лидден, Серрет нар бүх цэрэгтэйгээ байлаа.

Баруун жигүүр дан морин цэргээс бүрдэж дөрвөн зуун хүнд зэвсэглэсэн цэрэг хуяг
дуулгатайгаа байв. Тэдний дөрөвний гурав хүртэлх хэсэг болох хүлэг баатрууд том зангидсан
төмөр нударга шиг нягтарчээ. Тэднийг сэр Аддам Марбранд захирч байв. Тирион түүний туг
салхинд дэлгэгдэхэд шаргал дэвсгэр дээрх шатаж буй модыг харлаа. Ард нь сэр Флементийн
хүрэн ганц эвэрт, Крэйкхалын судалтай бодон, Свифтын зодоонч азарган тахиа харагдана.

Лорд эцэг нь хоноглосон толгод дээрээ байраа эзэлжээ. Түүнийг тойрон нөөц хүч болох их
хэмжээний хагас нь морьтой хагас нь явган таван мянган цэрэг цугларсан байв. Лорд Тайвин
бараг үргэлжид нөөц хүч захирдаг байв. Өндөр газар суудал эзлээд доор явагдах тулалдааны
явцыг ширтэж хүчээ хэрэгтэй үед нь хааш хуваарилахаа шийднэ.

Ийм холоос хүртэл лорд эцэг нь сүр жавхлантай харагдаж байв. Тайвин Ланнистерийн дайны
өмсгөлийн дэргэд Жэймигийн алтан хуяг дуулга хүртэл гундах ажээ. Тоо тоомшгүй олон
алтан давхарга оёсон нөмрөг асар хүнд болохоор лорд Тайвин байрнаасаа хөдлөхөд өчүүхэн
төдий хөдлөх агаад бараг морины ар нурууг бүхэлд нь халхалж хүрэхээр том байлаа. Ийм
хүнд даавууг ердийн ямар ч товч тэсгээхгүй атал аварга том нөмрөгийг үсрэхэд бэлэн гэтэж
буй хос эмэгчин арслангын дүрс торгооно. Тэдэнтэй ижилсүүлэн лорд Тайвин их
дуулганыхаа оройд гайхамшигтай сайхан зогдор бүхий агаарт нэг сарвуугаа хүрхрэн өргөсөн
эр арслан дүрсэлжээ. Бүх гурван арсланг алтдаж бадмаараг нүд шигтгэсэн байв. Бараан
хүрэн улаан өнгөөр цайрдсан хүнд давтмал хуяг, гоёмсог алтан хээ угалз сийлсэн тойгны
хамгаалалт, бээлий өмсчэээ. Мөрний дугуй хаалт дээр алтан наран мандаж, бүх товч нь цул
алт агаад улаан ганг нүд гялбам өнгөлсөн нь мандаж буй нарны гэрэлд галын дөл шиг
гялалзана.
Тирион дайсны бөмбөрийн чимээг сонсов. Тэр Робб Старктай сүүлд уулзах үед
Винтерфеллийн Их танхимд эцгийнхээ өндөр суудалд гартаа илд барин сууж байсныг санав.
Дараа нь түүн рүү сүүдрээс зэрлэг чоно дайрсан. Тэгтэл гэнэтхэн нүдний өмнө чонын
ярзайсан соёо үзэгдэв. Хүү дайнд чоноо авчирсан болов уу? Энэ бодол түүний сэтгэлийг
аягүй болголоо.

Умардынхан удаан шөнийн зүдэргээтэй аянд ядарсан байж таарна. Тирион хүүгийн юу
бодсоныг төсөөлөхийг оролдов. Тэр үнэхээр тэднийг унтаж байх үед гэнэдүүлнэ гэж бодсон
юм болов уу? Үүнд өчүүхэн боломж бий. Юу гэж ч бодсон Тайвин Ланнистерийг амар
мунхруулах хүн биш билээ.

Тэргүүн хэсэг зүүн талд цугларав. Тирион шаргал дэвсгэр дээр гурван хар нохой давхиж
байгаа туг харлаа. Түүний дор Грегор суугаад түүний амьдралдаа харсан хамгийн том морийг
унажээ. Бронн түүнийг харснаа инээлээ.

- Тулааны үеэр үргэлж том хүний араас дагаж бай.

Тирион түүн рүү сэжигтэй харлаа.

- Энэ чинь ямар учиртай юм?

- Тэд маш сайхан бай болно. Харваач болгоны анхаарал түүн рүү татагдана.

Тирион инээд алдан Уулыг өөр харцаар ажиглалаа.

- Би энэ тухай бодож ер бодож үзсэнгүй.

Клеган гоёмсог хувцасласангүй. Ширүүн эдэлгээнд элэгдсэн ямар ч гоёл чимэг сүлдгүй бүдэг
саарал өнгийн энгийн хуяг өмсчээ. Тэр хүмүүстээ хаана байр эзлэхийг хоёр гараар барьдаг их
илдийг ганц гартаа барин заахад хутга шиг жаахан үзэгдэв.

- Зугтсан ямар ч хүнийг би өөрөө цавчина шүү гээд Тирионыг ажигламагц,

- Бяцхан чөтгөр! Зүүн тийшээ бол. Хэрвээ чадах юм бол голыг бариарай гэв.

Зүүн жигүүр бол зүүн жигүүр шүү дээ. Тэдний жигүүрийг нэвтрэхийн тулд Старкынхан
морио усан дундуур гаргах хэрэгтэй болно. Тирион хүмүүсээ эргийн зүг аваачлаа.

- Харж байна уу? Тэр голыг гэж сүхээрээ заан орилов. Цайвар манан усны мандал дээр
хөвөрсөн хэвээр дор нь булингартай ногоон ус бургилсан ширүүн гол байлаа. Гүехэн
шавартай хэсэгтээ усны ургамал ургажээ.

- Энэ бол бидний гол. Юу ч болсон усанд ойрхон байгаарай. Хэзээ ч хараанаасаа алдаж
дайсанг дундуураа нэвтрүүлж болохгүй. Хэрвээ тэд манай голыг бохирдуулж зүрхэлвэл
эрхтэнийг огтлоод загас тэжээгээрэй.

Шагга гартаа барьсан хоёр сүхээ хооронд нь хавсран нүдлээ.


- Хагас хүн! гэж хашгирахад үлдсэн Чулуун хэрээнүүд түүний дайны дуудлагатай нэгдэж Хар
чих, Сарны ах дүүс ч гэсэн оролцов. Түлэгдсэн хүн хашгирсангүй илд жадаа тачигнуулав.

- Хагас хүн! Хагас хүн! Хагас хүн!

Тирион тулааны талбарыг харахын тулд морио дугуйруулан эргүүлэв. Газар энэ хэсэг рүү
уруудаж голын ойролцоо хэсэгт зөөлөн шавартай агаад Хааны зам өөд налуу өгсөн түүнээс
цааш ердийн чулуурхаг овон товонтой газар болон үргэлжилжээ. Толгодын хажуу дээр хэдэн
мод ургасан ч ихэнхи газар хоосон байлаа. Тирионы зүрх бөмбөрийн хэмнэлтэй зэрэгцэн
цохилоход хөмсгөнд нь хүйтэн хөлс чийхрав. Тэр сэр Грегор Уул эгнээний урдуур урагш хойш
давхин хашгиран зангахыг харлаа. Энэ жигүүр бүхэлдээ морин цэргээс бүрдсэн агаад баруун
талд нь хүнд зэвсэглэсэн хүлэг баатруудын төмөр нударга зангиран, тэргүүн эгнээнд ширэн
хуягтай морьтой харваач, салхи батгүй чөлөөт морьтон, хөлсний цэргүүд эмх замбараагүй
бөөгнөрч, анжисны морио унан хадуур барьсан тариачид, эцгийнхээ зэвэрсэн илдээр
зэвсэглэсэн Ланниспортын дэн буудлын газар хагас сургагдсан хөвгүүдийн зэрэгцээ...
Тирионы уулынхан байлаа.

- Хэрээний хоол гэж Бронн бувтнахад Тирион дэмжин толгой дохив. Түүний лорд эцэг
ухаанаа алдсан хэрэг юм болов уу? Жадчид байхгүй хэдхэн нум сумчид, хуруу дарам цөөн
хүлэг баатар, муу зэвсэглэсэн хуяг дуулгагүй цэргүүдийг уур хилэндээ хөтлөгдсөн үлэмж
хэрцгий хүн захирч байна... эцэг нь үнэхээр тулалдааныг зүүн жигүүр тогтооно гэж бодсон
юм байх даа?

Тирионд энэ тухай бодох цаг байсангүй. Бөмбөрийн дуу ойртсоор арьсан дор нь нүргэлж
хамаг бие нь арзайлаа. Бронныг илдээ сугалахтай зэрэгцэн дайсан гэнэтхэн урд нь гарч ирээд
толгодын уруу жад бамбайн ханандаа дулдуйдан ханаран ойртов.

"Бурхан минь хараал идээсэй тэднийг бүгдийг хараач" гэж Тирион эцэг нь тулааны талбарт
олон хүн авчирсныг мэдсэн хэр нь бодов. Дайчдыг хуягласан морь унаж, тугаа мандуулсан
тэргүүлэгчид удирдаж явлаа. Тэр Хорнвудын бух хандгай, Карстаркын нарны цацраг,
Сервиний байлдааны сүх, Гловерийн ган нударга... Фрейн саарал дэвсгэр дээрх цэнхэр ихэр
цамхагыг харлаа. Эцэг нь лорд Фрей өөрийгөө үүнд хутгахгүй гэдэгт итгэлтэй байсан билээ.
Старкын цагаан туг хаа сайгүй байж саарал зэрлэг чоно салхинд туг дэрвэлзэх аясаар гүйж
харайна. "Ингэхэд хүү хаана байна аа?" гэж Тирион бодлогоширов.

Дайны бүрээ үлээн Аааааааааааахоооооооо гэж умардын хүйтэн салхи шиг удаан жихүүцэм
дуугаар янгиналаа. Ланнистерийн бүрээ хариуд нь да-Да да-ДА да-ДААААААААА гэж
эсэргүүцэн хадахад Тирионд жаахан сэтгэл зовсон ч юм шиг санагдав. Түүний гэдэс
хүржигнэн бөөлжис хүрэхэд дотор муухайрч үхэхгүй байх гэж найдлаа.

Бүрээний дуу намдахад агаарт исгэрэх чимээ гарав. Баруун талын зам дээр зогсож байсан
харваачид их хэмжээний сум харважээ. Умардынхан дайны уриа хашгиран гүйлдсэн ч
Ланнистерийн сум тэдэн рүү мөндөр шиг асгаран хэдэн зуу мянгаараа буухад хашгиралт
орилолт болон хүмүүс уналаа. Энэ зуур хоёр дахь сум хэдийн агаарт хөөрч харваачид гурав
дахь сумаа хөвчиндөө татав.
Бүрээ ахин дуугарлаа. да-ДААА да-ДААА да-ДА да-ДАААААА. Сэр Грегор том илдээ
даллан тушаал хашгирахад ард нь мянган хоолой хашгирав. Тирион жолоогоо татан
хашгираанд хоолой нэмэрлэхэд тэргүүн эгнээ урагш давхилаа.

- Гол руу! Голыг барьж явахаа санаарай гэж байрнаас хөдлөхөд уулынханд хандан хашгирав.

Тэр давхих үед урд нь явж байсан ч Челла цус царцам муухай хашгиран дэргэдүүр нь давхин
өнгөрөв. Шагга гуулган араас нь дагалаа. Уулынхан тэдний араас урагш нэхэн Тирион
тоосонд будагдан хоцров.

Дайсны жадчид урдаа хагас дугуйран хоёр эгнээ зөрсөн жад цухуйлгаж Карстаркын нарны
цацрагтай өндөр модон бамбайны ард нуугдан хүлээв. Грегор Клеган тэдэнд түрүүлж хүрэн
цэргүүдээ тэргүүлэн дайран орлоо. Морьдын хагас жадны эгнээ рүү орохоос өмнө сүүлчийн
агшинд зогссон ч бусад нь хурц жад цээжиндээ зоолгон үхэв. Тирион арваад хүн газар унахыг
харлаа. Уулын азарга төмөр тахтай туурайн дээрээ хойш цоройход жадны үзүүр хоолой руу нь
шивлээ. Ухаангүй болсон адгуус урагш ухасхийв. Жад түүний биед зүг бүрээс шигдэн
зоогдсон ч бамбайн хана түүний жинд задарлаа. Умардынхан үхэж буй амьтнаас
болгоомжлон ухрав. Морь унаад цусаар тургилан сүүлчийн амьсгаа аван татвалзахад Уул гэм
зэмгүй босч ирээд хоёр гараар барьдаг их илдээ эргүүллээ.

Шагга бамбайн цоорхой хаагдахаас өмнө нисэн ороход бусад Чулуун хэрээ араас нь дагав.
Тирион,

- Түлэгдсэн хүн! Сарны ахан дүүс! Миний араас! гэж хашгирсан ч тэдний олонхи урд нь оров.
Тэр Тиметтийн хүү Тиметт давхилтан дундаа үхсэн мориныхоо дороос сугаран гарч, Сарны
ах дүүсийн нэг Карстаркын хурц жадны үзүүрт өлгөгдөн, Коннын морь дайсны цэргийн
хавирга хуга өшиглөхийг харлаа. Хаанаас ирсэн нь мэдэхгүй сум тэдэн дээр тусч Старк,
Ланнистер ялгаагүй дээрээс нь буухад Тирион бамбайгаа өргөн дор нь нуугдав.

Өргөсөн шивээ нурж умардынхан морьтой дайралтанд шахуулан ухарлаа. Тирион Шагга
зугтахыг оролдсон жадчингийн цээжинд сүхээ зооход ширэн хуягыг нь нэвтэлж уушгинд
зоогдохыг харав. Умардын хүн агшин зуур үхсэн ч сүхний толгой цээжинд тээгэлдсэн хэвээр
Шагга цааш алхаж зүүн гартаа барьсан хоёр дахь сүхээр хэн нэгний бамбайг цавчихад баруун
гарт нь хүүр чирэгдсээр байлаа. Эцэст нь үхсэн хүн мултарч Шагга хоёр сүхээ хавсран
ориллоо.

Энэ агшинд дайснууд Тирионд ойртон ирээд тулаан хэдхэн метрийн зайтай газар
үргэлжилэв. Нэг хүн цээж рүү нь хатгахыг оролдоход сүхээрээ жадыг нь цохин холдуулав.
Дайсан хойш ухарснаа ахин оролдлого хийхэд Тирион морио гуядан баруун талаар нь
өнгөрлөө. Бронн гурван дайсанд хүрээлүүлэн эхний жадчингын толгойг цавчаад, илдээрээ
хоёр дахь хүний нүүрийг ташуу хуваав.

Тирионы зүүн талаас шидсэн жад бамбайг нь оноход бөглүү түсхийх чимээ гаран модны
зомгол үсэрлээ. Тэр эргээд шидэгчийн араас хөөсөн ч толгой дээрээ бамбайгаа хамгаалан
өргөв. Трион түүнийг тойрон сүхээ модон дээр зай завсаргүй буулгав. Царсны хэлтэрхий хаа
сайгүй нисэж эцэст нь умардын хүн газар нуруугаараа унаад бамбайгаа дээрээ барилаа. Тэр
түүнд сүхээрээ хүрэхээр байсан ч үүний тулд мориноос буух хэрэгтэй тул орхиод цааш өөр
хүн рүү явж араас нь гараа янгинатал буулгав. Ингээд хормын зуур амсхийн жолоогоо татан
голыг хайн харлаа. Тэр баруун талд нь байв. Ямар нэг аргаар эргэх хэрэгтэй.

Дэргэдүүр нь Түлэгдсэн хүний нэг морин дээрээ тэгнэгдэн өнгөрөв. Гэдсэнд нь шигдсэн жад
нуруугаар нь нэвт цоолон цухуйжээ. Тэр тусламж авахаасаа нэгэнт өнгөрсөн ч умардын нэг
хүн жолооноос нь барихаар гүйхийг хараад Тирион урагш ухасхийв.

Өрсөлдөгч нь түүнийг илдтэй угтлаа. Өндөр шаламгай тэрбээр урт гархин хуяг, бээлийтэй
байсан ч дуулгаа алдаад духных нь шархнаас нүд рүү цус урсана. Тирион царай луу нь
цавчсан ч өндөр хүн няцаалаа.

- Одой үх гэж хашгирав.

Тирион түүнийг тойроход толгойгоо мөрөн дээгүүрээ эргүүлэн харав. Илд сүхтэй зөрөлдөн
хангинаж Тирион төдхөн энэ хүн түүнээс хүчтэй хурдан болохыг ойлгов. Долоон там минь
гэж Бронн хаана байна аа?

- Үх гэж өрсөлдөгч нь хашгираад хэрцгий цавчлаа. Тирион арай ядан бамбайгаа өргөж
амжтал мод хүчирхэг цохилтонд дотогш цөм цохиулан хугарсан хэсэг гар луу нь уналаа.

- Үх! гэж илдтэй хүн хашгираад Тирионы шанаа руу толгойг нь дүйртэл хүчтэй буулгаад
илдээ буцаан татахад дуулган дээр нь аймшигтай чахарлаа. Өндөр хүн инээмсэглэсэн ч...
Тирионы азарга могой шиг түргэн ухасхийж хацрыг нь ясанд хүртэл хазав. Дайсан
хашгирахад Тирион толгой дээр нь сүхээ буулгав.

- Өөрөө үх гэж хэллээ.

Түүнийг сүхээ сугалж авмагц хашгиралт сонсогдов.

- Эддард! Винтерфелл болон Эддардын төлөө!

Түүн рүү толгой дээгүүрээ үзүүртээ гинжтэй муна эргүүлсэн хүлэг баатар ирлээ. Тирион
Бронныг дуудаж амжихаас өмнө дайны хүлгүүд хоорондоо мөргөлдөв. Баруун талын тохойн
тушаа муна нимгэн төмрийг нэвтлэн орсон газар янгинан өвдөв. Сүх нь хаашаа ч юм алга
болж илд рүүгээ сунгасан ч муна ахин эргэлдэн нүүр лүү нь чиглэж дотор муухайрам тас
хийх чимээ гараад уналаа. Тирион газар яаж цохиж унаснаа мэдээгүй ч дээш харахад толгой
дээр нь тэнгэр харагдав. Хажуулдан өнхөрч хөл дээрээ босохыг оролдоход аймшигтай
янгинаж ертөнц агшин зуур эргэлдэв. Түүнийг эмээлээс ховх цохиж унагасан баатар ирж
зогслоо.

- Бяцхан чөтгөр Тирион. Чи минийх. Бууж өгөх үү, Ланнистер?

Тиймээ гэж Тирион бодсон ч үг хоолойд нь тээглэв. Тэр сөөнгөтөн өвдөг дээрээ босохыг
оролдонгоо зэвсгээ эрэн тэмтэчлээ. Илд, хутга ер нь юу ч байсан гэсэн...

- Бууж өгөх үү? гээд хүлэг баатрын хуягласан морь дээр нь сүндэрлэхэд хүн морины аль алин
даван дийлэхийн аргагүй байлаа. Хадаастай муна агаарт залхуутай эргэлдэнэ. Тирионы гар
хөшиж нүд бүрэлзээд хуй нь хоосорчээ.

- Бууж өг эсвэл үх гэж хүлэг баатар зарлахад хадаастай бөмбөг улам хурдан эрчлэн эргэлдэв.
Тирион гэнэтхэн хөл дээрээ үсрэн босоод толгойгоороо морины гэдэс рүү мөргөчихлөө.
Морь аймшигтай янцгаан цоройж өвчнөөс салахыг оролдон татвалзахад Тирионы нүүр лүү
цусан аадар шүршигдэн цасан нуранги нурах шиг болов.

Дараагийн агшинд түүний мэдсэн зүйл гэвэл дуулганы халхавчаараа шавар хутган хэвтээд хөл
дээр нь хүнд юм дарж байв. Тирион арай ядан мултрахад хоолой нь юм ярьж болохооргүй
хатжээ.

- Бууж өгч байна гэж сулхан сөөнгөтөв.

- Бууж өгч байна гэж шаналсан хоолой давтлаа.

Тирион дуулганыхаа шаврыг маажин арилгаад морь унахдаа морьтонг дарсныг харав. Хүлэг
баатрын хөл морины дор орж гар нь мушгиран хугарчээ.

- Бууж өгч байна гэж тэр давтаад эрүүл гараараа бүсээ тэмтчин илдээ сугалж Тирионы хөлд
шидлээ.

- Бууж өгч байна, эрхэм лорд.

Мэгдсэн одой өвдөг сөгдөн илдийг авахад тохойны үеэр гар нь хатгуулан өвдөв. Тулаан
түүнээс цааш холдсон бололтой. Овоорсон цогцосноос ондоо хэн ч үзэгдсэнгүй. Улай үзсэн
хэрээ дугуйран эргэлдэнэ. Тэр сэр Кеван гол хүчээрээ тэргүүн эгнээг дэмжин их хэмжээний
жадчид умардынхныг толгод руу буцаан шахахыг харав. Тулаан налуу газар явагдаж төмөр
судалтай зуйван бамбайн цаана жад сэрийлдэнэ. Агаарт ахин сум исгэрч царсан ханын цаана
байсан хүмүүс оногдон уналаа.

- Минийхээр бол та нар ялагдсан шиг байна, сэр гэж морины дор хэвтэж байгаа хүлэг баатарт
хэллээ. Тэр хариулсангүй.

Ард нь туурайн чимээ гарахад арай ядан илдээ өргөөд эргэн харвал тохойгоор нь хатгуулан
өвдөв. Бронн жолоогоо татан түүн рүү доош ширтэв..

- Чамайг ашигласны хэрэг гарсангүй гэж Тирион хэлэв.

- Чиний өөрөө учраа сайн ололцсоныг харж байна аа. Хэдийгээр дуулганыхаа үзүүрийг
алдсан ч гэсэн гэж Бронн хэлэв.

Тирион дуулганыхаа орой руу сунгаж үзэв. Үзүүр хугарч алга болжээ.

- Би түүнийг алдаагүй. Хаана байгааг нь мэдэж байна. Харин чи миний морийг хараагүй
биз?
Тэд морийг нь олох үед бүрээ ахин үлээж лорд Тайвин нөөц хүчээ голын дагуу дагуулан
орлоо. Тирион эцгийгээ дэргэдүүр нь тулааны талбар луу салхи татуулан Ланнистерийн
хүрэн улаан далбаа намируулан өнгөрөхийг харав. Таван зуун хүлэг баатар морьтон түүнийг
хүрээлж нарны гэрэл хурц жадны үзүүр дээр ойн гялалзана. Старкын цэргийн үлдэгдэл энэ
дайралтанд алхаар бут цохиулсан шил шиг хага үсрэв.

Тохой нь хавдаж хуяган дор лугшин өвдсөөр байсан тул Тирион аллагад оролцохыг
хичээсэнгүй. Бронн тэр хоёр хүмүүсээ хайхад тэдний олонхи үхсэн байв. Умарын хүү Улф
өтгөрсөн цусан дунд тохойноос доош гараа тас цавчуулаад эргэн тойронд нь арваад Сарны ах
дүүс хэвтэж байв. Битүү сумны үүр болсон Шагга модон дор атиралдаж Конны толгой
өвдгийг нь дэрлэжээ. Тирион тэднийг хоёул үхсэн байх гэж бодсон ч мориноос буухад Шагга
нүдээ нээж,

- Тэд Кораттын хүү Конныг алсан гэв.

Царайлаг төрсөн Коннд цээжин дээрх амийг нь авсан жадны шидэлтээс үлдсэн шархнаас
ондоо зүйл байсангүй. Бронн Шаггаг хөлд дээр нь босгоход том хүн эхэндээ биедээ зоогдсон
сумыг анзаарахгүй байх шиг санагдав. Тэр сумнуудыг нэг нэгээр нь сугалан хуяган дээр нь
үлдсэн нүхийг харааж байснаа хэдхэн үлдэхэд жаахан хүүхэд шиг орилов. Тэд Шаггагын
сумыг сугалж байтал Чэйкийн охин Челла ирээд огтолсон дөрвөн чихээ үзүүлэв. Түүнчлэн
Тиметтийг бусад алагдсан Түлэгдсэн хүнээ дээрэмдэж байхад нь олов. Тирионы араас
тулаанд гурван зуун уулын хүн мордсон ч ердөө хагас нь амьд үлджээ.

Тэр амьд үлдэгсдийг үхэгсдээ харж байхаар үлдээгээд, Бронныг олзлогдсон хүлэг баатарт
санаа тавихаар илгээж эцгээ олохоор явлаа. Лорд Тайвин голын эрэг дээр суугаад үнэт чулуун
аяганд дарс ууж хиа нь цээж хуягных нь товчийг тайлж байв.

- Сайхан ялалт боллоо. Чиний зэрлэггүүд сайн тулалдсан гэж сэр Кеван Тирионыг хараад
хэлэв.

Эцгийнх нь алтан оч гялалзсан цайвар ногоон хүйтэн нүд түүн дээр тусахад Тирионы
жихүүдэс төрлөө.

- Та гайхаж байна уу, аав аа? Төлөвлөгөөндөө сэтгэлээр унаагүй биз дээ? Бид тулаанд алагдах
ёстой байсан тийм үү?

Лорд Тайвин аягаа хоослоход царайны хувирал нь ер өөрчлөгдсөнгүй.

- Би зориуд зүүн эгнээнд зориуд сахилга бат багатай хүч тавьсан юм. Тэднийг цөмрөгдөнө
гэж бодсон. Робб Старк ногооноороо хүү болохоор ухаанаас илүү зоригт хөтлөгдөнө. Би
түүнийг манай зүүн жигүүр нурахыг хараад бут цохихын тулд цоорхой руу дайрна гэж
найдсан юм. Хэрвээ тэгсэн бол сэр Кеваны жадчид эргэн хажуу талаас нь цохилт өгч гол руу
шахахад би нөөц дайрах байсан.

- Тэгвэл та надад энэ тухай дурсалгүй тамын тогооны төв рүү илгээсэн юм биз дээ?
- Дүр эсгэсэн бол үнэмшил багатай болно. Тэгээд ч би төлөвлөгөөгөө зэрлэгүүд хөлсний
цэрэгтэй нийлдэг хүнд итгэн дэлгэж чадахгүй.

- Миний зэрлэгүүд таны бүжгийн хөлд үрэгдсэн нь харамсалтай гээд Тирион ган бээлийгээ
тайлан шидээд тохой нь хатгуулан өвдөхөд ярвайлаа.

- Старкын хүү миний бодсоноос илүү болгоомжтой юм. Гэсэн ч ялалт бол ялалт. Чи
шархадсан байна гэж лорд Тайвин хэлэв.

Тирионы баруун гар цусанд нэвчжээ.

- Таны ажигласанд баярлалаа, аав аа гэж шүд зуун хэлээд,

- Хэрвээ та ганц гартай одой хүүтэй үлдэхийг хүсээгүй юм бол мастерт чинь үзүүлж төвөг
удах хэрэг гарах нь дээ гэв.

Эцгийг нь хариулахаас урьтаж "Лорд Тайвин!" гэсэн шаардангуй хашгиралт гарахад толгойгоо
эргүүллээ. Сэр Аддам Марбранд мориноос үсрэн буухад Тайвин Ланнистер хөл дээрээ
босов. Морь хөлрөн уруул нь цус болжээ. Сэр Аддам өрөөсөн өвдөг сөгдөхөд бараан хүрэл үс
мөрөн дээр нь асгаран, толигор цээж хуяган дээрх овгийнх нь дүрэлзсэн мод гялалзав.

- Эрхэм лорд бид тэдний удирдагчдаас хэдийг баривчиллаа. Лорд Сервин, сэр Вилис
Мандерли, Харрион Карстарк, дөрвөн Фрейн хамтаар. Лорд Хорнвуд үхэж Рус Болтон
биднээс мултарч амжсан байна.

- Харин хүү яасан? гэж лорд Тайвин асуулаа.

Сэр Аддам тээнэгэлзлээ.

- Старкийн хүү тэдний дунд байгаагүй, эрхэм лорд. Тэд түүнийг гол хүчээ дагуулан Ихрээр
гол гатлан Риверран руу явсан гэж байна.

Ногооноороо хүү ухаанаас илүү зоригт хөтлөгдөнө гэснийг Тирион санаад ингэж их өвдөөгүй
байсан бол инээх л байлаа.
КАТЕЛИН

Ой шивнэлтээр дүүрэн байлаа.

Сарны гэрэл хөндийн хэвэл дагуу чулуун дундуур тахирлан урссан голын усанд тусан
мяралзана. Модны дор дайны хүлэг аяархан янцгааж навчирхаг чийгтэй хөрсийг туурайгаараа
цавчилахад, хүмүүс нам дуугаар аяархан тоглоом хийлцэнэ. Энд тэндгүй жад жингэнэж, хөө
хуяг зөөлөн бүгт хангинана.

- Одоо тийм ч удахгүй, хатагтай гэж Халлис Моллен хэлэв. Түүнийг Винтерфеллийн
харуулын ахлагчын хувиар тулааны үеэр түүнийг хамгаалах хүндэтгэл гуйхад Робб
татгалзсангүй.

Кателинийг тойроод хэрвээ тулаан Старкынхны эсрэг эргэвэл Винтерфеллд аюулгүй хүргэж
өгөх ёстой гучин морьтон байв. Робб тавин хүн өгөхийг хүссэн ч Кателин түүнд тулаанд илд
бүр хэрэгтэй учир арав хангалттай гэж шаарджээ. Эцэст нь гуч дээр тохиролцоод хоёул
сэтгэл дундуур үлджээ.

- Тэр цаг нь болохоор ирэх болно гэж Кателин хүүдээ хэлэхдээ үхлийн тухай ярьж байгаагаа
мэдэж байлаа. Түүний юм уу Роббын үхэл. Хэн ч аюулгүй биш. Кателин хүлээхэд бэлэн
байсан тул хүлээх зуураа ойн шивнээ, голын ус зөөлөн хоржигнохийг сонсч дулаахан сэвшээ
салхи үс илбэхийг мэдрэв.

Түүний хувьд хүлээх нь харь зүйл байсангүй. Эрчүүл нь үргэлж хүлээлгэж байлаа.

- Намайг хүлээж байгаарай, бяцхан Кат минь гэж эцэг нь үргэлж түүнд ордон руу юмуу
тулаанд мордохдоо хэлдэг байлаа. Ингээд тэр Ривверраны хэрмийн бэхлэлтийн оройд гараад
Улаан сэрээний урсгалыг харж тэвчээртэй хүлээнэ. Эцэг нь үргэлж хэлсэн цагтаа ирдэггүй
бөгөөд өдөр хоног өнгөрсөн ч Кателин хэрмийн шүд юм уу сум харвадаг нүхээр ширтэн
зогсоод Лорд Хостер хөгшин хүрэн морио унаад эргээр хатируулан гарч ирэх хүртэл үүргээ
дуусгадаггүй байлаа.

- Тэгэхээр чи намайг хүлээсэн үү? Хүлээжээ дээ, бяцхан Кат минь? гээд эцэг нь тэврэнэ.

Брандон Старк бас түүнийг хүлээлгэж байжээ.

- Би удахгүй, хатагтай минь. Эргэж ирсэн даруй хоёул гэрлэх болно гэж амалсан билээ. Гэсэн
ч эцэст нь энэ өдөр ирэхэд оронд нь түүний дүү Эддард дэргэд нь сүмд зогсчээ.

Нэд шинэхэн гэрлэсэн сүйт бүсгүйтэйгээ хоёр долоо хоногийн хугацаа өнгөрөөв үү үгүй юу
уруул дээрээ амлалттай дайнд явжээ. Гэсэн ч зөвхөн үгээр зогсохгүй хүү нь үлдсэн байлаа.
Есөн сарын дараа Роббыг Риверранд төрөх үед эцэг нь өмнө зүг байлдсан хэвээр байв. Тэр
хүүгээ цус өвдөлттэй төрүүлсэн хэр нь Нэдийг ахин харах эсэхээ ч мэдэхгүй байв. Түүний
хүү... Хичнээн жаахан байж вэ...

Харин одоо бас Роббыг бас хүлээж байна... Робб болон хүмүүсийн хэзээ ч хүлээж сураагүй
гэж хэлдэг алтан хүлэг баатар Жэйми Ланнистер.

- Хааны алуурч тогтворгүй зан түргэн ууртай гэж авга ах Бринден Роббод хэлээд тэдний
ялалтанд хүрэх хамгийн гол найдлага бол энэ гэж баталжээ.

Робб үүнд эмээсэн ч үүнийгээ ил гаргасангүй. Кателин хүүгийнхээ хүмүүсийнхээ дундуур


явж нэгнийх нь мөрөн дээр алгадан, нөгөөтэй нь тоглоом хийж, гурав дахид нь үргэсэн
морио тайвшируулахад тусалж байгааг харлаа. Хөдлөх тоолон хуяг нь зөөлөн жингэнэж
толгой нь дуулгагүй нүцгэн байв. Кателин хүүгийнхээ өөрийнх шигээ намрын өнгөт үс нь
салхинд сэвэлзэн хийсэхийг хараад хичнээн том болсныг нь гайхлаа. Арван таван настай
гэхэд бараг л түүнтэй ойролцоо өндөртэй байв.

Түүнийг өндөр болгооч. Түүнд арван зургаа, хорь, тавин насыг мэдэх боломж олгооч.
Түүнийг эцэг шигээ өндөр болгож гарт нь хүүг нь тэврүүлэх боломж олгооч. Гуйж байна,
гуйж байна, гуйж байна гэж бурхнаас гуйн залбирлаа. Түүний урд байгаа зэрлэг чоно
хойноосоо дагуулсан шинэхэн сахалтай өндөр залуу хүнийг Риверранд хүүхэд байхад нь
энгэртээ энгэртээ тэвэрч байснаас хойш хичнээн хугацаа өнгөрөө вэ.

Шөнө дулаахан байсан ч Риверраны тухай бодол чичрүүдэс хүргэнэ. "Тэд хаана байна вэ?"
гэж бодлоо. Эсвэл авга ахын буруу байсан юм болов уу? Робб Хар загаст гурван зуун
шилэгдмэл хүн өгч урдаа хөдөлгөөнөө халхлуулахаар явуулжээ.

- Жэйми мэдээгүй байна. Амиараа дэнчин тавья. Миний харваачид үүнд санаа тавьсан
болохоор түүнд нэг ч шувуу хүрээгүй. Бид түүний хэдэн хүнтэй таарсан ч биднийг харсан
даруй үг хэлэх чадваргүй болсон. Жэйми илүү олон хүн илгээсэн. Тэр юу ч мэдээгүй гэж сэр
Бринден эргэж ирээд хэлжээ.

- Түүний цэрэг хэр их байна? гэж хүү нь асуулаа.

- Арван хоёр мянган явган цэрэг цайзын эргэн тойронд голын дунд гурав хуваагдан
буудалласан байна гээд авга ах нь түүний сайн санах инээмсэглэлээр инээмсэглэж,

- Үүнээс ондоо Риверраныг бүслэх өөр зам байхгүй. Гэхдээ энэ тэдний сүйрэл болно...
Дээрээс нь нэмээд өөр хоёр юм уу гурван мянган морьт цэрэг байгаа гэв.

- Хааны алуурчийн цэрэг манай хүн тутамд гурав ноогдоно гэж Галбарт Гловер хэлэв.

- Яг тийм. Гэсэн ч сэр Жэймид нэг маш чухал зүйл байхгүй гэж сэр Бринден хэлэв.

- Юу юм? гэж Робб асуулаа.

- Тэвчээр.

Тэдний цэрэг одоо Ихрээс гарсанаас хойш улам олон болсон байв. Лорд Жасон Маллистер
Сигардаас хүчээ авчирч нэгдэн Цэнхэр салааны эхэд түүний дүү Эдмурын Риверраны
тулалдаанд ялагдах үед эзэнгүй болон тарж бутран зугтсан армийн хамгаалалтын хүлэг
баатар, жижиг лордууд, эзэнгүй цэргүүд ирж нэгджээ. Тэд Жэймид Ланнистерт ирж
байгаагаа мэдэгдэхгүйн тулд цаг хожихоор морьдоо яаруулсан бөгөөд одоо цаг нь болоод
байлаа.

Кателин хүүгийнхээ эмээл дээрээ мордохыг харав. Морийг нь лорд Валдерын хүү Роббоос
хоёр насаар ах хэрнээ арван жилээр залуу сэтгэл зовомтгой Оливэр Фрей барьж байлаа. Тэр
Роббын бамбайг байранд нь бэхлээд дуулгыг нь гардуулав. Түүнийг дуулганы халхавчаа
буулгахад Кателины хайртай царай далд орж хүүгийнх нь байсан газар саарал азарга унасан
залуу хүлэг баатар зогсож байлаа. Модон дунд сарны гэрэл хүрэхгүй болохоор харанхуйлна.
Робб түүн рүү толгойгоо эргүүлэн дуулганыхаа харанхуй халхавчаар ширтэв.

- Би цэргүүдийнхээ эгнээ дундуур явах ёстой, ээж ээ. Аав тулаан эхлэхийн өмнө цэргүүддээ
харагдах ёстой гэсэн.

- Тэгвэл яв. Тэдэнд өөрийгөө харуул.

- Энэ тэдэнд зоригжуулах болно.

"Тэгвэл хэн намайг зоригжуулах юм бэ?" гэж Кателин бодсон ч үүнийгээ дотроо хадгалан
чимээгүй инээмсэглэв. Робб том саарал азаргаа эргүүлээд удаанаар алхуулан холдоход Хөнгөн
салхи дэргэд нь дагаж араас нь тулааны хамгаалагчид жагсав. Кателин бие хамгаалагч авахыг
зөвшөөрөхдөө хүү нь ч гэсэн сайн хамгаалуулах хамгаалуулах ёстой гэснийг тугчин лордууд
зөвшөөрсөн байна. Тэдний олонхийн хөвгүүд тулааны талбарт "Залуу Чоно" гэж нэрлэгдэх
болсон хүүгийнх нь дэргэд явах хүндэтгэлийг хүсч байлаа. Торрен Карстарк дүү
Эддардынхаа хамт тэргүүтэй гучин хүн байсны дунд Патрик Маллистер, Бага Жон Амбер,
Дарин Хорнвуд, Теон Грейжой болон таваас багагүй Валдер Фрейн хүү байсан бөгөөд
хамгийн ахмад нь сэр Вэндел Мандерли, Робин Флинт нар байлаа. Бие хамгаалагчдын дунд
эмэгтэй хүн хүртэл байв. Баавгайн арлын залгамжлагч хатагтай Мэйжийн ууган охин зургаан
фут өндөр лагс биетэй Дэйси Мормонт охид хүүхэлдэйгээр тоглож байх насанд хадаастай
муна барьсан байв. Зарим лорд үүнд дургүй байсан ч Кателин тэдний гомдоллохыг
сонссонгүй.

- Энэ бол танай гэр бүлийн нэр хүндийн тухай асуудал биш. Миний хүүгийн амь насны тухай
ярьж байна гэж хэлсэн билээ.

Хэрвээ үүнд гуч хангалттай болов уу? Эсвэл зургаан мянга хангалттай юм болов уу? гэж
бодов.

Алсад шувуу аяархан жиргэхэд Кателины хүзүүг мөсөн гар базах шиг болов. Өөр нэг шувуу
хариулж дараа нь гурав дахь, дөрөв дэх нь хариуллаа. Тэр Винтерфеллд байх үеэсээ энэ
дуудлагыг сайн мэдэх билээ. Цасны хөхөл гэдэг умардын шувуу. Заримдаа өвлийн дундуур
бурхдын мод цагаан нам гүм байх цагт тэднийг харж болно.

Тэд ирж байна гэж Кателин бодлоо.

- Тэд ирж байна, хатагтай. Бурхан биднийг ивээг гэж Хал Моллен шивнэлээ. Тэр үргэлж
илэрхий зүйлийг хэлэх дуртай хүн байв.
Кателин толгой дохиход тэдний эргэн тойрон дахь ой аниргүй болов. Нам гүм дунд алсад
олон морьдын ойртох, илд, жад, хөө хуяг хангинах, хүмүүсийн хоорондоо ярьж инээлдэн,
хараах дуу сонсогдов.

Энэ үүрд юм шиг санагдсанаа чимээ улам чангарлаа. Олон хүний инээд сонсогдон тушаал
хашгирах, нарийхан голыг ус үсчүүлэн гатлах дуулдав. Морь тургилж, хүн хараалаа. Эцэст
нь... агшин зуур модны мөчир дунд хүлэг баатар зурсхийхэд түүнийг гэж танилаа. Ийм хол
зайнаас ч гэлээ сэр Жэйми Ланнистерийг андуурах аргагүй байв. Сарны гэрэлд давтмал хуяг,
алтан үс нь мөнгөрөн хүрэн улаан нөмрөг нь харлана. Тэр дуулга өмсөөгүй байв.

Тэр гарч ирснээ мөнгөн хуяг модны цаана халхлагдаад ахин алга болов. Араас нь бусад
хүмүүс болох хүлэг баатар, хөлсний цэрэг, чөлөөт морьтонгуудын урт цуваа цувж дөрөвний
гурав нь Ланнистерийн морьтонгууд байлаа.

- Тэр бол мужаан нь цамхаг дархлах хооронд майханд сууж байх хүн биш. Хүлэг
баатруудтайгаа гурван ч удаа дээрэмчдийг хөөж, эсэргүүцсэн хүмүүсийг номхотгохоор явсан
гэж сэр Бринден хэлжээ.

Робб толгой дохиод авга ахынхаа зурсан газрын зургийг судлав. Нэд түүнд газрын зураг
уншихыг зааж өгчээ.

- Түүнийг энд л дайрах хэрэгтэй. Хоёр зуун хүн байхад болно. Таллигийн тугтай яваарай.
Араас чинь нэхэж ирэхэд бид энд отож байх болно Робб гээд хуруугаа зүүн тийш хөдөлгөж,

- Энд гэлээ.

"Энд" одоо аниргүй шөнө болж сарны гэрэл сүүдэрт сүлэлдэн, навч өтгөн дэвсгэр болон
зулгараад өтгөн ой уулын хяр даган гол руу уруудаж бургас болон нимгэрчээ.

"Энд" түүний хүү морио унаад сүүлчийн удаа эргэж харан илдээрээ ёслов.

"Энд" Мэйж Мормонтын дайны бүрээ зүүн зүгээс урт удаан аялгуу үлээж Жэймигийн
сүүлчийн морьтон занганд орсныг зарлалаа.

Хөнгөн салхи тэнгэр өөд толгойгоо өргөн улив.

Чимээ Кателин Старкыг зүсэх шиг санагдан чичирлээ. Энэ бол аймшигтай айдас хүрэм дуу
байсан болохоор дараагийн агшинд дор байгаа Ланнистерийнхныг өрөвдөх сэтгэл төрлөө.
"Үхэл сонсогдож байна" гэж бодов.

ХААроооооооооооооооооо гэж алсад Том Жоны тахир дун хариу үлээв. Дорнод болон өрнө
зүгт Маллистер, Фрейгийн бүрээ өс хонзонгын ая үлээхэд умард зүгт хөндий тохойрон нугарч
орсон газар лорд Карстаркын дайны бүрээ гүн гашуудалтай дуугаа нэмэрлэв. Дор голын
тэртээ хүн хашгиралдаж морь янцгаав.

Шивнэдэг ой санаа алдах мэт болоход Роббын модны мөчир дээр нуугдуулсан харваачид сум
тавихад шөнийн харанхуй шархадсан хүн морьдын хашгиралт, янцгаалтаар дүүрэв. Эргэн
тойрон дахь морьтонгууд шавар шороо, навчинд шовх үзүүрийг нь зоосон жадаа өргөж, ган
зэвийг нь гялалзуулав.

- Винтерфелл! гэж Роббын хашгирах сонсогдоход сум ахин исгэрэв. Хүү нь түүнээс
хатируулан холдож хүмүүсээ тэргүүлэн толгодын уруу давхилаа.

Кателин морин дээр хөдөлгөөнгүй суугаад Хал Моллен болон харуулууд дэргэд нь байж урьд
нь Брандон, Нэд, эцгээ хүлээж байсны адил хүлээлээ. Тэр хярын оройд байсан болохоор
модонд дор болж байгаа зүйл халхлагдав. Зүрхний цохилт ганц хоёр цохилохын зуургүй
харуулуудтайгаа ойд ганцаархнаа хоцорлоо. Бусад нь ногоон дунд уусан алга болжээ.

Эсрэг талын хөндийн зүгээс Том Жоны морьтонгууд харанхуйд модон дундаас нөмрөн гарч
ирэв. Тэд урт төгсгөлгүй эгнээ болон агшин зуур урагш давхихад Кателин сарны гэрэлд
жадны хурц үзүүр нь хярын доошоо давхиж буй мөнгөн дөлтэй титэм бүхий хий үзэгдэл шиг
санагдав.

Гэвч түүнийг нүдээ анивчихад тэд ахин доош алах буюу үхэхийн төлөө давхиж буй хүн болон
хувирав.

Дараа нь болсон тулалдааныг харж чадсангүй. Гэсэн ч хөндийгөөр нэг цуурайтаж байгаа
чимээг нь сонсож байлаа. Жад тасхийн хугарах, илд хангинан, "Ланнистер", "Винтерфелл",
"Талли!", "Риверран болон Талли " гэж хашгирах сонсогдов. Эндээс юу ч харж чадахгүй
болохыг ойлгоод нүдээ анилаа. Тулаан түүний эргэн тойронд амьд мэт үргэлжилж байв.
Морьдын туурай тачигнах, төмөр гутал гүехэн ус үсчүүлэх, илд царсан бамбай дээр тасхийн,
төмөр хавиран чахрах, сумны исгэрэх, бөмбөрийн нүдэх, айсан мянга мянган морьдын
янцгаалт сонсогдов. Хүмүүс хараал урсган хашгиралдаж өршөөл гуйн үүнийгээ үхэх юм уу,
амьд үлдэн хүртэж уулын хяр хачирхалтай хөгжим тоглож буй мэт санагдана. Нэг удаа
Роббын хоолой дэргэд нь зогсож байгаа юм шиг гарчээ.

- Над руу! Над руу! гэж хашгирлаа. Дараа нь зэрлэг чоно архирах чимээ сонсогдсоноо урт
хурц соёо шигдэн бие хүүчих сонсогдоход айж өвдсөндөө хүн морьд ялгаагүй хашгирах
сонсогдов. Тэнд зөвхөн ганц чоно байгаа гэж үү? Үүнийг хэлэхийн аргагүй аж.

Чимээ бага багаар бөхсөөр намдаж эцэст нь зөвхөн чонын хоолой үлдэв. Дорно зүгт үүрийн
улаан туяа хаяарах үед Хөнгөн чоно улив.

Робб түүн рүү унаж гарсан саарал азарганаасаа ондоо морь унан ирлээ. Чонын толгойтой
бамбайн хагас цавчуулж царсанд гүн ором гарсан ч өөрөө гэмтэлгүй бүтэн байлаа. Түүнийг
ойртож ирэхэд Кателин ширэн бээлий, хувцасных нь ханцуй харласан цусанд будагдсаныг
харав.

- Чи шархдаа юу? гэж асуулаа.

Робб гараа өргөн хуруугаа хөдөлгөж үзээд,

- Үгүй. Энэ бол... Торрений цус байх. Сайн мэдэхгүй байна гээд толгойгоо сэгсрэв.
Араас нь налуу өөд өгсөн бохирдож, хуяг дуулга нь өм цөм болсон ч инээмсэглэсэн
хүмүүсийг Теон, Том Жон хоёр тэргүүлэн ирэв. Тэд дундаа Жэйми Ланнистерийг чиржээ.
Тэд түүнийг Кателиний морины урд хаялаа

- Хааны алуурч гэж Хал илэрхий зүйлийг мэдэгдэв.

Ланнистер толгойгоо өргөлөө.

- Хатагтай Старк. Би таньд илдээ гардуулах ёстой ч алдсан бололтой гээд өвдөг сөгдөв.
Түүний хацар дээрх гүн зүсэгдсэн шархнаас цус урсаж, үүрийн цайвар гэгээнд үс нь алтрана.

- Надад чиний илд хэрэггүй. Миний эцэг болон, дүү Эдмурыг минь өгөөдөх. Надад охидыг
минь болон лорд нөхрийг минь өгөөдөх.

- Би тэднийг алдсан гэж айж байна.

- Харамсалтай байна гэж Кателин хүйтнээр хэлэв.

- Түүнийг ал, Робб. Толгойг нь цавч гэж Теон Грейжой шаардахад,

- Үгүй гээд хүү нь цустай бээлийгээ тайллаа.

- Тэр амьд байсан нь бидэнд үхсэнээс илүү ашигтай. Тэгээд ч миний лорд эцэг хэзээ ч
тулааны дараа олзлогдсон хоригдлыг алдаггүй байсан.

- Ухаалаг хүндтэй хүн байна гэж Жэйми Ланнистер хэлэв.

- Түүнийг холдуулж гинжил гэж Кателин хэллээ.

- Миний ээжийн хэлснийг гүйцэтгэж хүчтэй харуул тавь. Лорд Карстарк түүний толгойг
жаданд өлгөхийг хүсэх байх гэж Робб тушаав.

- Тэгэх нь гарцаагүй гэж Том Жон зөвшөөрөөд зангахад Ланнистерийг цааш нь гинжлэхээр
чирж одлоо.

- Яагаад лорд Карстарк түүний үхлийг хүсдэг билээ? гэж Кателин асуув.

Робб ой руу заримдаа Нэдийн царайд тодордог шиг бодлогоширон харав.

- Тэр... тэр тэднийг алсан...

- Лорд Карстаркын хөвгүүдийг гэж Галбарт Гловер тайлбарлав.

- Хоёуланг нь. Торрен болон Эддард хоёрыг. Бас Дарин Хорнвудыг ч гэсэн гэж Робб хэллээ.

- Ланнистерийн эр зоригт хэн ч буруугүй. Тэр ялагдсанаа хармагц цэргүүдээ хураан хөндийн
дундуур байлдан зам гаргаж лорд Роббыг цавчин унагахыг хичээсэн юм. Бараг л зорилгодоо
хүрсэн дээ гэж Гловер хэлэв.

- Тэр илдээ Эддард Карстаркын хүзүүнд алдсаныхаа дараа Торрены гараас сэлмийг нь булаан
аваад Дарин Хорнвудын гавлыг хуваасан. Энэ үедээ үргэлж над руу хашгирч байсан. Хэрвээ
тэд түүнийг зогсоохыг оролдоогүй бол... гэж Робб хэлэв.

- Тэгвэл би өнөөдөр лорд Карстаркын оронд гашуудах байсан биз. Чиний хүмүүс үүргээ
биелүүлсэн, Робб. Тэд эзэн лордоо хамгаалахын төлөө үхсэн. Тэдний төлөө гашууд. Эр
зоригийг нь хүндэтгэ. Гэвч одоо биш. Одоо бидэнд гашуудаж байх цаг алга. Чи могойн
толгойг тасалсан ч биенийх нь гуравны нэг хэсэг нь миний эцгийн цайзыг тойрон
цагаригласан хэвээр байгаа. Бид тулаанд ялсан ч дайнд биш гэж Кателин хэлэв.

- Гэхдээ ямар тулаанд гээч! Хатагтай хаант улс Галт талбарын тулалдаанаас хойш ийм
ялалтыг үзээгүй. Ланнистерийнхан манай хүн тутамд арван хүнээ алдсан гэдгийг
тангараглая. Бид зуугаад хүлэг баатар, арваад тугчин лорд олзолсон. Лорд Вэстерлинг, лорд
Бэйнфорт, сэр Гарт Гринфиелд, лорд Эстрен, сэр Титос Бракс, Дорнишийн Маллор... болон
Жэймигээс гадна өөр гурван Ланнистер болох лорд Тайвины зээ, эгчийнх нь хоёр хүү нас
нөгчсөн ахынх нь залгамжлагч...

- Харин лорд Тайвин яасан бэ? Та нар түүнийг барьсан уу, Теон? гэж Кателин үгийг нь таслан
асуулаа.

- Үгүй ээ гээд Грейжой дуугаа хураалаа.

- Тэгвэл үүнийг хийх хүртэл дайн дуусаагүй гэсэн үг.

Робб толгойгоо өргөөд нүд рүүгээ унжсан үсийг хойшлуулав.

- Ээжийн зөв. Бид Риввераныг чөлөөлөх хэрэгтэй.


ДАНЕРИС

Кал Дрогог ялаа тойрон удаанаар жингэнэн нисэхэд намуухан дүнгэнэх чимээ Данигийн
айдсыг төрүүлэв.

Нар өндрөөс өрөвдөх сэтгэлгүй шарж намхан толгодын улайстал халсан чулуу бүгчим агаар
жигнэнэ. Данигийн томорсон гэдсийг даган хөлсний нарийхан дусал урсав. Энд зөвхөн
морьдын туурай жигд алхлах чимээтэй Дрогогын үсний хонх зохицон жингэнэх дуу гарах
бөгөөд ард нь хүмүүсийн хоолой сонсогдоно.

Дани ялаануудыг дагуулан харлаа.

Зөгий шиг том гялалзсан хүрэн ялаа байв. Дотракичууд тэднийг цусан ялаа гэж нэрлэх бөгөөд
намаг, тогтоол усанд амьдарч хүн морь ялгаагүй амьтны цус сорон өндгөө цацаад үхнэ. Дрого
тэднийг үзэн яддаг байлаа. Хэрвээ аль нэг ялаа ойролцоо ирэхийг харвал гараараа могой шиг
түргэн шүүрч авна. Дани түүнийг алдаж байхыг харж байсангүй. Дараа нь тэр ялааг том
нударган дотор цөхрөн дүнгэнэхийг сонсоод хуруугаа чанга атган нээх үед ялаанаас зөвхөн
алган дээр улаан толбо төдий үлддэг байв.

Одоо тэдний нэг азарганы нуруун дээгүүр явахад морь уурлан сүүлээ шарвав. Бусад нь нисэн
Дрого руу ойртсоор байлаа. Кал тоосонгүй. Нүд нь алсад орших хүрэн толгод дээр тусаж
гартаа жолоогоо сул атгажээ. Будмал хантаазан дотор цээжин дэх шархыг нь домч эм
инжрийн навчтай цэнхэр шавраар наалт хийн тогтоожээ. Мирри Маз Дуурын тавьсан жин
загатнаж халуу шатсан учир Дрого зургаан өдрийн өмнө хуу татан хаяад мэйги хэмээн
хараасан байна. Шавартай боолт арай зөөлний дээр домч эмэгтэй намуу цэцэгтэй дарс
өгчээ. Энэ гурван өдрийн турш Дрого намуу цэцэгтэй дарс төдийгүй гүүний исгэсэн сүү,
халуун ногоотой шар айраг их хэмжээгээр уужээ.

Тэгээд хоолондоо бараг ам хүрэхээ байж шөнө нь ёолон өнхрөнө. Дани түүний царай
хичнээн турсныг харлаа. Рэйго хэвлийд нь амрахыг мэдэхгүй тонгочин азарга шиг өшгичихөд
хүртэл Дрого сонирхсонгүй. Өглөө болгон нойргүй хоносны улмаас нөхрийнх нь царайд
өвчин шаналгааны үрчлээс нэмэгдэнэ. Харин одоо чимээгүй болжээ. Энэ нь түүнийг айлгав.
Тэд үүрээр мордсон цагаас хойш Дрого ганц ч үг дуугарсангүй. Үг хэлэхэд хариу гүнгэнэж
байснаа үд дундаас хойш дуугарахаа больжээ.

Цусан ялаануудын нэг калын нүцгэн мөрөн дээр суув. Өөр нэг нь эргэлдэн хүзүүг нь дагаад
ам руу нь явлаа. Кал Дрого азарганы жигд алхаанд эмээл дээрээ хонх жингэнүүлэн ганхана.

Дани морио давираад ойртов.

- Эрхэм лорд. Дрого. Миний нар од минь гэж зөөлөн дуудлаа.

Тэр сонссонгүй. Цусан ялаа сахлынх нь дор дүүжигнэснээ хацар луу нь гараад хамрынх нь
угалзаар явлаа. Дани,

- Дрого гэж дуу алдаад гарт нь хүрлээ.


Кал Дрого эмээл дээрээ найгаснаа удаан хазайгаад мориноосоо газар түсхийн уналаа.
Ялаанууд бутран ниссэнээ дээр нь буухын тулд ахин эргэлдэв.

- Үгүй гээд Дани жолоогоо татан зогсоод томорсон гэдсээ тоолгүй гулган бууж кал руу
гүйлээ.

Дор нь байгаа газрын өвс хүрэнтэн хатжээ. Дани түүний дэргэд суухад өвдсөндөө ёолов.
Амьсгал нь хоолойд нь хэржигнэж урдаас нь ширтсэнээ таньсангүй.

- Миний морь гэж дуу алдав. Дани цээжин дээр нь байсан ялааг урьд нь түүний дардаг
байсан шиг бяц дарахад хурууны доод талын арьс халуу шатаж байв.

Калын цусан морьтонгууд араас нь ирэв. Хагго цогиулан ирэхдээ хашгирлаа. Кохолло
мориноосоо бууж,

- Миний цусны цус минь гээд өвдөг сөгдөхөд нөгөө хоёр нь мориноосоо буув.

- Үгүй. Явах ёстой. Морд. Үгүй гэж Кал Дрого ёолоод Данигийн гараас зүүгдэв.

- Тэр мориноос унасан гээд Хагго доош харав. Өргөн царай нь хувиралгүй байвч хоолой нь
тугалга шиг сонсогдлоо.

- Чи ингэж хэлэх ёсгүй. Бид өнөөдөр хангалттай хол явсан. Энд буудаллна гэж Дани хэллээ.

- Энд үү? гээд Хагго эргэн тойрноо харлаа. Эндхийн газар хатаж хүрэнтсэн буудаллахад
тохиромжгүй газар байв. - Энэ буудаллах газар биш байна.

- Эмэгтэй хүн биднийг зогсохыг хэлэх ёсгүй. Калисий байсан ч тэр гэж Квото хэлэв.

- Бид энд буудаллна гэж Дани давтлаа.

- Хагго тэдэнд Кал Дрого зогсохыг тушааж байна гэж хэл. Хэрвээ хэн нэгэн шалтгааныг нь
асуувал миний цаг ойртсон болохоор явж чадахгүй болсон гэж хэлээрэй. Кохолло боолуудыг
авчир калын майханг бариг. Квото...

- Чи намайг захирах ёсгүй, калисий гэж Квото хэлэв.

- Явж Мирри Маз Дуурыг хайж ол. Түүнийг олоод авдартай нь авчираарай.

Бурхдын эхнэр боолуудын урт цуваанд хурган хүмүүсийн дунд явж байлаа. Квото түүн рүү
уурсан ширтэхэд нүд нь цахиур шиг цахилав.

- Мэйги. Би үүнийг хийхгүй гээд нулимлаа.

- Чи үүнийг хийх болно эсвэл Дрого сэрээд яагаад намайг сонсоогүй болохыг чинь мэдэх
болно шүү.
Уурссан Квото азаргаа эргүүлэн уурандаа цогиулан одлоо... гэвч Дани түүнийг дуртай дургүй
байсан ч Мирри Маз Дууртай эргэж ирэхийг мэдэж байв. Боолууд кал Дрогогын майханг
шовх оройтой хар хадны дор жин үдийн халуун наранд сүүдэрлэн барив. Гэсэн ч үүнийг үл
харгалзан Дани элсэн торгон майханд Дориа, Ирри хоёртой хамжин Дрогог дотогш оруулах
үед бүгчим халуун байв. Газар зузаан хивс дэвсэж буланд дэр тараан тавьжээ. Данигийн
шавар хэрэмтэй хотын хурган хүмүүсээс аварсан Ероих гэдэг ичимхий охин гал түлж байв.
Тэд Дрогог гудсан дээр хэвтүүллээ.

- Үгүй. Үгүй үгүй гэж түүний хэлж чадах цорын ганц үг бололтой нийтийн хэлээр шивнэв.

Жикүй хөлд нь сөгдөн шаахайны үдээсийг тайлахад Дориа бүсэлхийний зүүлт, хантааз,
өмдийг нь тайлав. Ирри салхи оруулахын тулд майхны үүдийг сөхөх гэсэн ч Дани хориглов.
Тэр Дрогог ийм сул дорой халуурч байгааг ямар ч хүнд үзүүлэхийг хүссэнгүй. Касынхан ирэх
үед гадна харуулд зогсоов.

- Миний зөвшөөрөлгүй хэнийг ч дотогш оруулж болохгүй. Хэнийг ч шүү гэж Жогод хэлэв.

Ероих Дрого руу эмээн харав.

- Тэр үхэж байна гэж шивнэлээ.

Дани түүнийг алгадав.

- Кал үхэхгүй. Тэр ертөнцийг мордох азарганы эцэг. Гэзгээ нэг ч удаа тайрч байгаагүй. Одоо
хүртэл эцгийнхээ өгсөн хонхыг зүүсэн хэвээр байгаа.

- Калисий тэр мориноос унасан гэж Жикүй хэллээ.

Дани чичирэн нүд нь гэнэтийн айдсаар дүүрэхэд тэднээс харц буруулав. Тэр мориноосоо
унасан! Энэ бол цусан морьтонгууд, гарын зарц болон касын эрэгтэйчүүд харсан гэсэн үг.
Өөр хэр олон хүн харсан бол? Тэдний нууцыг хадгалж чадахгүй болохыг Дани мэдэж байв.
Кал моринд мордож чадахгүй бол захирч чадахгүй гэсэн үг. Харин Дрого мориноосоо
ойчжээ. Гэсэн ч,

- Бид түүнийг угаах ёстой гэж зөрүүдлэн хэлэв. Тэр өөртөө цөхрөхийг зөвшөөрсөнгүй.

- Ирри угаалгын түмпэн аваад ир. Дориа, Ероихтай яваад ус олоод ир. Халуурч байгаа
болохоор хүйтэн ус шүү гэж хэлэхэд гарынх нь дор калын арьс халуу шатаж байлаа.

Боолууд майхны буланд хүнд зэс түмпэн тавив. Дориа эхний домбо ус авчирах үед Дани урт
торго норгож Дрогогын хөмсөгний дээд талын халуу шатсан арьсан дээр тавив. Түүний нүд
ширтэж байвч юу ч харсангүй. Уруулаа ангайхад үгний оронд зөвхөн ёолох дуу гарав.

- Мирри Маз дуур хаана байна? гэж Дани тэвчээр нь айдас болон хувирч асуулаа.

- Квото түүнийг хайж байгаа гэж Ирри хэлэв.


Түүний гарын зарц нар түмпэнд бүлээвтэр ус дүүргэж гашуун тос, нухсан гаатай навч хийлээ.
Угаалга бэлэн болох үед Дани нөхрийнхөө дэргэд том гэдсээ хайхралгүй эв хавгүйхэн
өвдөглөв. Тэр гэзгийг нь анх удаагаа оддын дор задалсан шигээ задлан хонхнуудыг нь нэг
нэгээр нь болгоомжтой авч тавихдаа тэднийг зүүхийг ахин хүсэх болно гэж өөртөө хэлэв.

Майханд агаар сэнгэнэн Агго толгойгоо цухуйлгав.

- Калисий Андал ирээд орох зөвөөрөл гуйж байна.

Андал гэж Дотркичууд сэр Жорахыг нэрлэдэг байлаа.

- Тиймээ. Түүнийг оруул гээд Дани босов. Тэр хүлэг баатарт итгэж байлаа. Хэрвээ хэн нэгэн
туслах ёстой бол зөвхөн тэр байх нь гарцаагүй.

Сэр Жорах Мормонт хаалганы сөхүүр доогуур шурган орж ирснээ нүдээ харанхуйд дасган
хормын турш зогсов. Өмнөдийн огцом халуунд цоохор элсэн торгоор хийсэн өргөн өмд, өвдөг
хүртэл үдсэн хуруу нь онгорхой углааш өмсчээ. Бүсэнд нь адууны ширэн хуй санжигнаж,
хантаазны дорхи нүцгэн цээж нь наранд улайн түлэгдсэн байлаа.

- Каласарын хүн бүрт яриа дэгдэж байна. Кал Дрого мориноосоо унасан гэсэн.

- Надад туслаач. Надад хэлж байсан хайрынхаа төлөө одоо түүнд туслаач гэж Дани гуйв.

Хүлэг баатар түүний дэргэд өвдөглөн Дрого руу удтал ширтсэнээ Дани руу харав.

- Зарц нараа явуул.

Үгээр хэлэхийн аргагүй айдас хоолойг нь базан авахад Дани тэднийг гар гэж зангалаа. Ирри
бусад охидоо майхнаас дагуулан гарав.

Тэд ганцаар үлдмэгц сэр Жорах хутгаа гарган ийм том биетэй хүнд гэхэд гайхмаар уян
налархай хөдөлгөөнөөр Дрогогын цээжинд наасан хатсан цэнхэр шавартай харласан навчийг
ховхолж эхлэв. Наалт хурган хүмүүсийн тоосго шиг барьцалдан наалдсан ч шавар хэрэм
шигээ амархан цуурав. Сэр Жорах хатсан шаврыг хутгаараа ховхолж биений навчыг нэг нэгээр
нь авч эхлэхэд шархнаас бөглөрч үхэм өмхий үнэр сэнгэнэв. Навч цус идээнд будагдаж
Дрогогын цээжинд гялалзсан хар судал гүйжээ.

- Үгүй. Үгүй гуйж байна бурхан минь намайг сонсооч үгүй гэж Дани шивнэхэд хацрыг нь
даган нулимс урсав.

Кал Дрого үл үзэгдэх дайсантай тулалдах мэт давхийн хөдлөхөд ангайсан шархыг даган
удаанаар хар цус урслаа.

- Кал чинь үхсэн бол дээр байж, гүнж минь.

- Үгүй тэр үхэхгүй. Тэр тэгэх ёсгүй. Энэ бол ердөө зүсэлт гээд Дани том эвэршсэн гарынх нь
алгыг жижигхэн гаран дээрээ тавьж чанга атгав.
- Би түүнд үхэхийг зөвшөөрөхгүй.

Сэр Жорах гашуунаар инээлээ.

- Калисий юмуу хатан хаан байсан ч гэсэн ийм тушаалд эрх мэдэл чинь хүрэхгүй. Нулимсаа
барь, хүүхэд минь. Түүний төлөө маргааш юм уу эсвэл жилийн дараа уйлаарай. Бидэнд
гашуудах цаг байхгүй. Түүнийг үхэхээс өмнө эндээс түргэн хөдлөх ёстой.

Дани балмагдлаа.

- Явах гэнэ ээ? Хаашаа тэр вэ?

- Ашай руу. Өмнө зүгт тэнгисийн эрэг дээрх ертөнцийн хамгийн том боомт гэж ярьцгаадаг.
Бид тэндээс Пентос руу буцаж явах хөлөг онгоц олж болох юм. Энэ эргэлзээгүй хүнд аялал
болно. Чи касууддаа итгэдэг үү? Тэд бидэнтэй хамт явах болов уу?

- Кал Дрого тэдэнд намайг хамгаалахыг тушаасан. Гэсэн ч тэр үхвэл... гэж Дани итгэлгүйхэн
хэлээд томорсон гэдсэндээ хүрэв.

- Би ойлгосонгүй. Яагаад бид зугтах ёстой гэж? Би калисий. Дрогогын залгамжлагчыг тээж
байна. Тэр Дрогогын дараа кал...

Сэр Жорах хөмсөг зангидав.

- Гүнж минь намайг сонс. Дотракичууд нялх хүүхэд дагахгүй. Дрогогын хүч тэднийг
бөхийлгөж байсан. Тэр үгүй болмогц Жако болон Поно юм уу өөр кос түүний байрыг
эзлэхээр тэмцэлдэж эхлэхэд каласар тэднийг дагах болно. Дээрээс нь ялагчид өрсөлдөгч
хэрэггүй. Хүүг төрмөгц тэврээс чинь булааж аваад нохойд хаяж өгөх болно...

Дани өөрийгөө тэвэрлээ.

- Гэхдээ яагаад? Яагаад тэд нялх хүүхдийг алах гэж байгаа юм бэ?

- Тэр Дрогогын хүү учраас. Чавганц нар түүнийг ертөнцийг мордох азарга болно гэж хэлсэн.
Тэгж зөгнөсөн учраас хүүхдийг насанд хүрэхээс нь өмнө алсан нь хамаагүй эрсдэл багатай
болно.

Хүүхэд нь үүнийг сонссон аятай дотроос нь өшгичив. Дани Висерисийн түүнд хэлж байсан
булаан эзлэгчийн ноход Рэйгэрийн хүүхдүүдийг яасан тухай түүхийг саналаа. Бага хүүхдийг
нь эхийнх нь өврөөс булааж аваад хананд толгойгоор нь саван алсан билээ. Энэ бол
эрчүүдийн зам.

- Тэд миний хүүг алах ёсгүй. Би касууддаа түүнийг хамгаалахыг тушааж Дрогогын цусан
морьтонгууд...

Сэр Жорах түүний мөрнөөс барилаа.


- Цусан морьтонгууд калтай цуг үхэх болно. Чи үүнийг мэдэж байгаа, хүүхэд минь. Тэд
чамайг Вэйс Дотрак дахь чавганц нар лүү амьдралын сүүлчийн үүргээ биелүүлэн хүргэж
өгөөд... үүнийгээ дуусмагц Дроготой шөнийн газар нэгдэнэ.

Дани Вэйс Дотрак руу буцаж явж амьдралын үлдсэн өдрүүдээ аймшигтай хөгшин
чавганцуудын дунд өнгөрүүлэхийг хүсээгүй ч хүлэг баатар үнэнийг ярьж байгааг ойлгож
байлаа. Дрого түүний нар одоос илүү аюулгүй байдлынх нь бамбай болж байв.

- Би түүнийг орхихгүй. Орхихгүй гэж гашуудал дүүрэн хоолойгоор зөрүүдлэн хэлээд ахин
нөхрийнхөө гараас барилаа.

Майхны үүд хөдлөхөд Дани толгойгоо эргүүлэв. Мирри Маз Дуур орж ирээд дор гэгч бөхийн
ёслов. Олон өдрийн аянд каласарын ард явган явсаар хазгар зүдэрсэн царайтай болж хөл нь
цэврүүтэн шархалж, нүдний дор цагариг үүсчээ. Түүний араас Квото, Хагго нар бурхдын
эхнэрийн авдарыг оруулж ирэв. Цусан морьтонгууд Дрогогын шархыг хармагц Хаггогын
гараас авдар майхны шалан дээр мултран унаж, Квото хараалаар өмхий үнэртэй агаарыг
утлаа.

Мирри Маз дуур Дрогогын царайг шинжин харав.

- Шарх хувилсан байна.

- Энэ бол чиний ажил мэйги гэж Квото хэлэв. Хагго түүний хацар луу хүнд нударга буулгаж
газар унагаад хэвтэж байгаа газар нь өшигчлөө.

- Үүнийгээ зогсоо! гэж Дани хашгирлаа.

Квото Хаггог цааш түлхлээ.

- Өшиглөлт бол мэйгид дэндүү зөөлөн шийтгэл. Түүнийг гадагш чирж гарга. Бид түүнийг
гадсанд хүлж дэргэдүүр нь өнгөрсөн эр хүн бүр унтах болно. Дараа нь тэд дуусмагц ноход
ашиглана. Чоно огтоно гэдэс дотрыг нь мэрж улайн хэрээ нүдэн дээр нь найрлана. Голын
ялаа түүний хэвлийд өндгөө цацаахад цээжнээс нь гоожсон идээ цусыг уулгана... гээд тэр
төмөр шиг хатуу хуруугаа бурхдын эхнэрийн зөөлөн махлаг биед шигтгэн хөл дээр нь босгов.

- Үгүй. Би түүнд гэм учруулахыг хүсэхгүй байна гэж Дани дуу алдаа.

Квотогын уруул нээгдэн тахир хүрэн шүд гарахад аймшигтай шоолонгуй инээмсэглэв.

- Үгүй гэнэ ээ? Чи надад үгүй гэж хэлсэн үү? Чамайг бид мэйгийн хажууд уяагүйд залбирсан
чинь дээр шүү. Тэр биш чи л үүнийг хийсэн.

Сэр Жорах тэдний дундуур орж урт илдээ хуйнаас сугалав.

- Амаа мэдэж үз, цусан морьтон минь. Гүнж калисий чинь хэвээр шүү.

- Зөвхөн миний цусны цус амьд байгаа үед. Тэр үхвэл тэр хэн ч биш болно гэж Квото хүлэг
баатарт хэлэв.

Данигийн дотор чангарлаа.

- Түүнээс өмнө би калисий, лууны цустай хэвээр. Сэр Жорах миний касуудыг дууд.

- Үгүй. Бид явлаа. Одоохондоо шүү... калисий гээд Хагго хөмсөг зангидан түүнийг майхнаас
даган гарлаа.

- Энэ чамд сайн зүйл авчрахгүй, гүнж минь. Дотракичууд цусан морьтонгууд амьдралыг нь
хуваалцдаг гэж хэлдэг болохоор Квото төгсгөл ирснийг харж байгаа. Үхсэн хүн айдаггүй юм.

- Хэн ч үхэхгүй. Сэр Жорах надад таны илдний тусламж хэрэгтэй байна. Та хуягаа өмссөн нь
дээр биз.

Хүлэг баатар бөхийн ёслов.

- Таны тааллаар болъё гээд майхнаас гарлаа.

Дани Мирри Маз Дуур луу эргэлээ. Эмэгтэй болгоомжилсон нүдээр ширтэж байв.

- Чи намайг ахин нэг удаа аварлаа.

- Харин одоо чи түүнд туслах ёстой. Гуйж байна...

- Боолоос гуйдаггүй юу хийхийг тушаадаг юм гээд Мирри Дрогогын халуу шатсан гудас руу
очоод шарх руу нь анхааралтай ширтэв.

- Гуйх юм уу тушаана уу ялгаа алга. Тэр домчын чадлаас гарсан байна гээд калын аниастай
нүдний зовхийг нь хоёр хуруугаараа нээж үзэв.

- Тэр намуу цэцэгтэй сүү уугаад өвдсөн үү?

- Тийм гэж Дани үнэнийг хэллээ.

- Би түүнд галт өвстэй хурганы арьсан жин тавьсан.

- Тэр шатаад байсан гэж хэлээд хуулж хаясан. Домч эхнэр түүнд шинэ зөөлнийг өгсөн юм.

- Энэ шатах ёстой. Түүнд анагаах увидастай гал байгаа юм үүнийг танай үсгүй хүн хүртэл
мэднэ.

- Түүнд ахин нэг наалт хийж өг л дөө. Энэ удаад би хуулуулахгүйн тулд харж байя гэж Дани
гуйлаа.

- Эмчлэх хугацаа өнгөрсөн, хатагтай. Одоо миний хийж чадах зүйл гэвэл түүнийг харанхуй
замд гарахаас өмнө өвчин шаналгаагүй шөнийн газарт хөл тавиулах. Тэр өглөө гэхэд явах
болно.

Түүний үг Данигийн цээжийг хутга шиг зүслээ. Юу хийсэн гэж бурхад түүнд ийм хэрцгий
хандаж байгаа юм бэ? Тэр эцэст нь аюулгүй газар олж хайр найдварыг амталж байтал. Эцэст
нь гэртээ ирээд байтал. Харин одоо бүхнийг алдах нь байна.

- Үгүй. Түүнийг авар тэгвэл би чамайг чөлөөлөхөө тангараглаж байна. Чи мэдэж байгаа...
ямар нэг шидийн зүйл юм уу...

Мирри Маз Дуур өсгий дээрээ суугаад Данерис руу шөнө шиг тас хар нүдээрээ ширтэв.

- Энд нэг шившлэг бий гээд түүний хоолой шивнэлт адил аяархан боллоо.

- Гэхдээ энэ бол хэцүү хар шид хатагтай минь хар. Зарим нь үүнийг цэвэр үхэл гэдэг юм. Би
үүнийг Ашайд суралцаж үүнийхээ өндөр хөлс төлсөн. Миний багш Сүүдэрт арлын цусан
мэйги байсан юм.

Данигийн дотор хүйт даалаа.

- Тэгэхээр та үнэхээр мэйги хэрэг үү...

- Би юу? гээд Мирри Маз Дуур инээмсэглэв.

- Зөвхөн мэйги чиний морьтонг одоо аварч чадна, мөнгөн хатагтай.

- Өөр зам байхгүй юу?

- Ямар ч арга байхгүй.

Кал Дрого чичирэн дуу алдлаа.

- Тэгвэл үүнийг хий. Түүнийг авар гэж Дани хэлэв. Тэр лууны цустай болохоор айх ёсгүй
билээ.

- Гэхдээ үүнд хөлс төлөх ёстой гэж бурхны эхнэр анхааруулав.

- Таньд алт, морь гээд хүссэн бүхнийг өгье.

- Би алт юм уу морины тухай яриагүй байна. Энэ бол цусан төрлийн шид, хатагтай. Ганцхан
үхэл үүний үнийг төлж чадна.

- Үхэл гэнэ ээ? гээд Дани биеэ хамгаалан тэвэрч урагш хойш ганхав.

- Миний үхэл үү? гээд өөрийгөө түүний төлөө үхэх ёстой гэж хэллээ. Тэр лууны цустай
болохоор айсангүй. Түүний ах Рэйгэр бас хайртай эмэгтэйнхээ төлөө үхсэн.

- Үгүй. Таны биш, калисий гэж Мирри Маз Дуур амлав.


Дани санаа амран тайвширлаа.

- Үүнийг хий.

Мэйги ёслол төгөлдөр толгой дохив.

- Таны хэлснээр хийе. Зарц нараа дууд.

Кал Дрого Ракаро, Кворо хоёр түмпэнд өргөн оруулахад сулхан агзасхийгээд,

- Үгүй, үгүй. Бид явах ёстой гэж бувтналаа. Усанд ормогц түүний бүх хүч үгүй болов.

- Түүний морийг авчир гэж Мирри Маз Дуур тушаахад хэлсэн ёсоор гүйцэтгэлээ. Жого том
азаргыг нь майханд дагуулан орж ирэхэд амьтан орж ирмэгцээ үхлийн үнэрийг аваад янцгаан
цоройж нүдээ эргэлдүүлэв. Гурван хүн түүний жолооноос цуурлаа.

- Чи юу хийх гэж байгаа юм? гэж Дани асуулаа.

- Бидэнд цус хэрэгтэй. Үүнгүй бол бүтэхгүй.

Жого хойш ухраад гартаа аракхаа барилаа. Тэр залуухан арван зургаан настай ташуур шиг
шулуухан дайчин бөгөөд аймшиггүй зантай түргэн инээмтгий уруулынхаа дээд талд харласан
сахлын оромтой ажээ. Тэр өвдөг сөхрөн унав.

- Калисий та үүнийг хийх ёсгүй. Надад мэйгиг алахыг зөвшөөрөөч дээ.

- Түүнийг ална гэдэг чинь калыг алж байна гэсэн үг.

- Энэ бол цусан шид. Хориотой.

- Би калисий болохоор юу хориотой юу хориогүй хэлэх болно. Вэйс Дотракид Кал Дрого
азарга алж би зүрхийг нь хүүдээ хүч өгөхийн тулд идсэн. Энд ч гэсэн ижилхэн. Ижилхэн.

Ракаро, Кворо, Агго гурав азаргыг калын үхсэн юм шиг хөвж байгаа угаалгын онгоц руу
чирэхэд цоройн тийрэв. Усанд дүүрэн шархнаас гарсан цус идээ хөвнө. Мирри Маз дуур
Данигийн мэдэхгүй хэлээр шившлэгийн үг аялснаа хаанаас авсан мэдэгдэхгүй хутга гаргаж
ирэв. Энэ нь улаан зэсээр хийсэн навч хэлбэртэй ирэн дээрээ эртний дүрс бичиг сийлсэн
хутга байлаа. Мэйги түүнийгээ азарганы уужим толгойных нь доод талын хоолойнд дүрэхэд
морь янцгаан чичирснээ улаан цус шүршин унахад касын хүмүүс барьж авав.

- Морины хүч морьтонд шилж. Амьтны хүч хүнд шилж гэж Мирри дуулан морины цусыг
Дрогогын онгоц руу юүлэв.

Жого азарганы жинд дарагдан үхсэн биед хүрэхээс айсан ч унагахаас бүр айлаа. "Энэ бол
ердөө морь" гэж Дани бодлоо. Хэрвээ Дрогогын амьдралыг адууны үхлээр худалан авч чадаж
байвал мянга дахин төлсөн ч болох байлаа.
Тэд азаргыг унагах үед онгоцонд улаан цус дүүрч Дрогогын царайнаас өөр зүйл харагдахгүй
болов. Мирри Маз Дуур морины биеийг ашигласангүй.

- Үүнийг шатаа гэж Дани тэдэнд хэлэхдээ гүйцэтгэхийг нь мэдэж байв. Хүн үхэх үед унааг нь
алж шөнийн газар эзнээ хүргэхээр хамт оршуулдаг билээ. Касын хүмүүс морины хүүрийг
майхнаас гаргав. Цус хаа сайгүй шүршигджээ. Асрын торгон хана хүртэл улаан дусалд
цоохортон хөлийн дор хивс харлан норжээ.

Зууханд гал асаатай байв. Мирри Маз Дуур улаан нунтаг нүүрс рүү цацахад утааны анхилуун
үнэр таатай байсан ч Ероих эхэр татан уйлж гарч гүйхэд Данигийн сэтгэл зүрх айдсаар
дүүрэв. Гэвч тэр дэндүү хол явжээ. Тэр гарын зарц нараа явуулав.

- Тэдэнтэй хамт яв, мөнгөн хатагтай гэж Мирри Маз Дуур хэлэв.

- Би үлдэнэ. Энэ хүн намайг ододын дор авч хүүхдийн минь эцэг болсон. Би түүнийг
орхихгүй.

- Чи үүнийг хийх ёстой. Намайг дуулж эхлэх үед хэн ч майханд орж болохгүй. Миний дуу
эртний хар хүчийг сэрээж үхэгсэд энд шөнө бүжиглэх болно. Амьд хүн тэдний дунд байж
болохгүй.

Дани толгойгоо дохив.

- Хэн ч орохгүй гээд түмпэн рүү бөхийн цусан дунд хөвж байсан Дрогогын хөмсгөн дээр нь
үнслээ.

- Түүнийг надад буцааж авчраарай гэж Мирри Маз Дуурт гарахынхаа өмнө шивнэв.

Гадаа нар тэнгэрийн хаяанд гудайж тэнгэр улайран хүрэнтжээ. Каласар буудаллаж хаа сайгүй
нүднээ хүрэх газар майхан, унтлагын гудас тараан хаялжээ. Халуун салхи үлээнэ. Жого, Агго
нар үхсэн азарга шатаах галын нүх ухаж байлаа. Цугласан хүмүүс Дани руу хэрцгий хар
нүдээрээ ширтэхэд царай нь хүрэл баг өмсчихсөн мэт байлаа. Тэгтэл өргөн халзан духан
дээрээ хөлс дааварлуулан ширэн хуяг өмссөн сэр Жорах Мормонт Дотракичуудын дотроос
түлхэн гарч ирэв. Тэр гутлынх нь газар үлдээсэн улаан мөрийг хармагц царай нь даавуу шиг
цайж,

- Чи юу хийж орхив доо, тэнэгхэн жижигхэн хүүхэд минь? гэж сөөнгөтөн асуув.

- Би түүнийг аварсан.

- Бид зугтах ёстой байсан. Би чамайг Ашайд аюулгүй байлгах байсан, гүнж минь. Заавал
ингэх хэрэггүй...

- Би үнэхээр гүнж чинь мөн үү?

- Чи тийм гэдгийг нь мэдэж байгаа. Бурхан бид хоёрыг авраг.


- Тэгвэл надад одоо тусал гэхэд Сэр Жорах ярвайлаа.

- Яаж гэдгийг нь мэддэгсэн бол.

Мирри Маз Муурын чанга орь дуу тавих хоолой Данигийн нурууны чичрүүдсийг хүргэлээ.
Дотракичуудын зарим бувтнан ухарч эхлэв. Майхан дотор галын гэрэл гийж цусанд
шүршигдсэн элсэн торгон дээр сүүдэр хөдлөв.

Мирри Маз Дуур бүжиглэж байсан ч ганцаар байсангүй.

Дани Дотракичуудын царайд айдас тодрохыг харлаа.

- Ингэх ёсгүй байсан юм гэж Квото хилэгнэв.

Дани цусан морьтон хэзээ эргэж ирснийг харсангүй. Хагго, Кохолло хоёр түүнтэй байлаа. Тэд
хутга, зүү, галаар эдгээдэг үсгүй хүн тайганыг авчирчээ.

- Ингэх ёстой гэж Дани хариулав.

- Мэйги гэж Хагго гүнгэнэв. Тэгтэл хөгшин Кохолло... Дроготой амьдралаа холбосноос хойш
түүнд үргэлж эелдэг ханддаг байсан... Кохолло түүний нүүр лүү нь нулимав.

- Мэйги чи үхэх болно гэхдээ бусад нь эхлээд үхэх ёстой гэж Квото амлаад аракхаа сугалан
майхан руу алхлаа.

- Үгүй чи тэгэх ёсгүй гэж Дани хашгирав. Тэр мөрөн дээрээс нь барьж авсан ч Квото
түлхэхэд гараараа гэдсээ хамгаалан өвдөглөн унав.

- Түүнийг зогсоо. Түүнийг ал гэж Дани касууддаа тушаав.

Ракаро, Кворо хоёр майхны үүдний дэргэд зогсож байв. Кворо урагш алхаж ташуурынхаа
бариулд гар хүрсэн ч Квото бүжигчин шиг гайхамшигтай сайхан эргэлдэн гартаа барьсан
тахир аракхаараа гарных нь доогуур цавчихад хурц зэвсэг ширэн хантааз, арьс булчин нэвтлэн
орж хавирга нэвт ярлаа. Цус оргилоход залуу морьтон дуу алдан арагш ухарлаа.

Квото илдээ сугалж авав.

- Морьтон лорд. Надтай оролдоод үзээч гэж сэр Жорах Мормонт дуудаад урт илдээ хуйнаас
нь шархийтэл сугалав.

Квото хараан эргэлээ. Аракх маш түргэн хөдлөхөд Кворогын цус халуун салхинд бороо шиг
цацагдан сэр Жорах урт илдээрээ нүүрнийхээ урд хаахад Квото уурсан хашгирав. Хүлэг
баатар хөө хуяг, ган бээлий, шилбэвч өмсөж хүнд төмөр зах зүүсэн ч дуулга өмсөөгүй байлаа.

Квото арагш бүжиглэн ухраад арахкаа толгой дээгүүрээ бүрэлзтэл эргүүлж аянга шиг хүлэг
баатар луу дайрлаа. Сэр Жорах чадлаараа цохилтыг хаасан ч цавчилт хэт түргэн байсан тул
Данид Квото дөрвөн аракх түүнээс ч олон гартай юм шиг санагдав. Тахир илд хөө хуяган дээр
жингэнэн буугаад оч цацруулан бээлий дээр хальтирлаа. Гэнэтхэн Мормонт арагш бүдчин
ухрахад Квото үсрэн дайрав. Хүлэг баатрын царайны зүүн талд цусанд будагдаж гуяндаа
авсан шархны улмаас доголж байлаа. Квото түүнийг хашгиран доромжилж хулчгар, сүүн хүн,
төмөр хувцастай тайган гэлээ.

- Чи одоо үхэх болно! гэж тэр амлаад үдшийн улаан туяанд аракх гялсхийв.

Данигийн гэдэс рүү хүү нь хүчтэй тийрэв. Тахир илд хүлэг баатрын гуян дахь ангайсан шарх
руу ахин шулуун зоогдов.

Мормонт ёолон ухарлаа. Данигийн гэдэс хүчтэй хатгуулан өвдөж ташааны доод талаар нь
нойтон оргив. Квото ялалтын дуу хашгирсан ч аракх сүүлчийн мөчид зогслоо.

Энэ хангалттай боллоо. Сэр Жорах урт илдээ бүх хүчээрээ далайн буулгахад мах, булчин, яс
нэвт ярагдан Квотогын зүүн бугуй нимгэн арьсанд торгоогдон санжигнав. Хүлэг баатар
дараагийн удаа Дотракийн чихийг цавчихад маш хүчтэй байсан учир Квотогын царай
танигдахын аргагүй болов.

Дотракичууд хашгиралдав. Мирри Маз Дуур майхны дотор хүний бус дуугаар орь дуу тавьж,
Кворо үхэхийн өмнө ус гуйна. Дани хашгиран тусламж дуудсан ч хэн ч сонссонгүй. Ракаро
Хагготой тулалдаж аракх аракхтай бүжиглэхэд Жогогын ташуур аянга шиг тасхийн
хоолойгоор нь бугуйлдан аваад хүчтэй угзарахад цусан морьтон илдээ алдан арагш бүдчин
ухарлаа. Ракаро урагш гуугчин үсэрч хоёр гараараа аракхаа Хаггогын толгойн орой луу
буулгахад нүдний дунд хурц ир шигдээд улаан цус урсав. Зарим хүн чулуу шидэхэд Данигийн
мөр оногдон цус гоожлоо.

- Үгүй, үгүй гуйж байна хэрэггүй. Энэ чинь дэндүү их үнэ байна. Хэтэрхий өндөр гэж
мэгшив.

Улам олон чулуу шидэгдэхэд майхны зүг мөлхөхийг хичээсэн ч Кохолло барьж аваад
хуруугаараа үснээс нь зулгаан угз татаж хоолойд нь хүйтэн хутга тулгалаа.

- Миний хүүхэд гэж Дани хашгирахад магадгүй бурхад сонссон бололтой Кохолло маш түргэн
үхэв. Аггогын сум түүний гаран доогуур гарч уушиг нэвтлэн зүрхэнд тусчээ.

Данерис сүүлчийн удаа хүчлэн толгойгоо өргөөд харсан зүйл гэвэл цугласан хүмүүс тарж
Дотракичууд чимээгүйхэн майхан унтлагын гудас руугаа буцаж байлаа. Зарим нь морио
эмээллэн давхиж одлоо. Нар жаргав. Каласарт түүдэг гал дүрэлзэн том шаргал дөл тэнгэр
лүү улалзана. Тэр босохыг оролдсон ч өвчин түүнийг аварга биетийн сарвуу шиг няц базав.
Амьсгаа нь давчдан арай ядан амьсгалав. Мирри Маз Дуурын хоолой булшны гэмээр
аймшигтай болж майхны дотор сүүдэр эргэлдэнэ.

Бүсэлхийнийх нь доогуур гар орж сэр Жорах түүнийг өргөн босгов. Түүний царай цус болж
чихний талаа цавчуулжээ. Тэр өвчиндөө шаналан гаран дээр нь татвалзах зуураа хүлэг баатар
зарц нарыг нь туслахыг дуудахыг сонслоо. Тэд яагаад ингэтлээ айсан юм бол? Тэр хариултыг
нь мэдэж байв. Өвчин ахин түүнийг базан авахад Дани хашгирлаа. Түүний хүү гартаа хутга
бариад дотроос нь зүсэн гарах гэж байгаа аятай мэдрэмж төрөв.

- Дориа хараал идээсэй чамайг. Наашаа ир. Төрүүлэх хүн авчир гэж сэр Жорах орилов.

- Тэд ирэхгүй. Тэд түүнийг хараагдсан гэсэн.

- Тэд ирэхгүй бол би толгойг нь авна.

Дориа уйллаа.

- Тэд явчихсан, эрхэм лорд.

- Мэйги. Түүнийг мэйги рүү хүргэ гэж Агго бололтой хүн хэллээ.

Үгүй, энэ л биш шүү. Болохгүй гэж Дани хэлэхийг хүссэн авч амаа нээмэгц урт ёолсон
хашгиралт болон хувираад арьсан дээр нь хөлс дааварлан урсав. Тэд яагаад юу болж байгааг
харахгүй байна вэ? Майхны дотор сүүдэр бүжиглэн зуух, цустай онгоцыг тойрон эргэлдэж
элсэн торгон хана дээр хүний бус дүрс тодроно. Тэр аварга том чоно болон дөл улалзуулсан
хүний дүрс харлаа.

- Хонин эмэгтэй төрүүлэх нууцыг мэднэ. Тэгж хэлэхийг нь би сонссон гэж Ирри хэлэв.

- Тиймээ. Би ч гэсэн сонссон гэж Дориа зөвшөөрөв.

- Үгүй гэж Дани хашгирсан ч эсвэл зөвхөн бодолдоо хашгирсан ч байж магадгүй уруулыг нь
даван шивнэлт гарсангүй. Нүд нь тас харанхуй одгүй тэнгэр лүү хандав.

Гуйж байна, үгүй. Мирри Маз Дуурын хоолой чангарч эцэст нь ертөнцийг дүүргэхэд,

- Сүүдэр! Бүжигчид! гэж хашгирлаа.

Сэр Жорах түүнийг майхны дотор оруулав.


АРЪЯА

Гурилын гудамжны мухлагаас ханхлах шинэхэн барьсан халуун талхны үнэр Аръяагын
амьдралдаа үнэрлэсэн ямар ч сүрчигнээс илүү сайхан үнэртэв. Тэр гүнзгий амьсгаа аваад
тагтаанд алхам ойртов. Хүрэн толботой тарган тагтаа хоёр чулууны дунд унасан талхны хальс
тоншоод завгүй байснаа Аръяагын сүүдэр хүрмэгц даруйхан агаарт хөөрлөө.

Модон илд исгэрэхэд шувуу газраас хоёр футын зайд оногдон хүрэн өд хийсгэн унав. Аръяа
нүдээ анивчаад тагтааны нүдсэн далавчнаас зуурч гарыг нь тоншиход хүзүүг нь атган ясыг нь
шажигнатал хуга мушгив.

Муур барихтай харьцуулахад тагтаа амархан байлаа.

Дэргэдүүр нь өнгөрч байсан септон түүнийг асуунгуй байртай харсанд,

- Энд тагтаа барихад тохиромжтой газар гэж Аръяа тайлбарлаад хувцсаа гөвөн газар унасан
илдээ авч,

- Тэд үйрмэг дээр ирдэг юм гээд яаран цааш явлаа.

Тэр гудамж уруудах үедээ тагтаагаа бүсэндээ уяав. Дэргэдүүр нь хоёр дугуйтай тэргэн дээр
талх, боов ачсан худалдаачин өнгөрөхөд цэнхэр жимс, нимбэг, чангаанзны үнэр Аръяагын
гэдэс хүржигнүүлэв.

- Би нэгийг авч болох уу? Нимбэгтэй юм уу... алийг нь ч байсан болно гэж өөрийн мэдэлгүй
хэлэв.

Түрдэг тэрэгтэй хүн түүнийг дээрээс доош ажиглаад харсан зүйл нь таалагдаагүй бололтой.

- Гурван зэс зоос гэв.

Аръяа модон илдээрээ гутлынхаа хажуу талыг тогшив.

- Би таньд тарган тагтаа худалдая.

- Нөгөөдүүл чиний тагтааг аваасай гэж түрдэг тэрэгтэй хүн хэлэв.

Бялуу зуухнаас гарсан шинэхэн байлаа. Үнэр түүний арааны шүлсийг асгаруулсан ч гурван
зэс зоос байтугай... ганц ч байсангүй. Түрдэг тэрэгтэй хүн рүү хараад Сириогийн харах
тухай хэлснийг саналаа. Тэр намхан жижигхэн биетэй цүдгэр гэдэстэй хүн байсан бөгөөд
зүүн хөл нь арай богино ажээ. Аръяа бялуунаас шүүрч зугтвал түүнийг хэзээ ч гүйцэхгүй гэж
бодсон ч худалдаачин,

- Бузар гараа хол байлга. Алтан нөмрөгтөнгүүд жижигхэн хулгайч хархнуудтай яаж харьцахаа
мэддэг юм шүү гэв.

Аръяа болгоомжлон арагшаа харав. Гудамжны уулзварт Хотын хоёр харуул зогсож байв. Тэд
газар шүргэх шахам урт хүнд ноосон алтлаг нөмрөгтэй агаад хар өнгийн гутал, гархин хуяг,
бээлийтэй байлаа. Нэг нь ташаандаа урт илд зүүж, нөгөө нь төмөр бороохой хавчуулжээ.
Аръяа сүүлчийн удаа бялуу руу мөрөөдөнгүй харснаа тэрэгнээс холдон цааш яаран явлаа.
Алтан нөмрөгтөнгүүд түүнд ямар ч анхаарал хандуулсангүй ч дэргэдүүр нь өнгөрөхдөө зүрх
нь хүндээр цохилов. Тэрээр шилтгээнээс аль болохоор хол байхыг хичээж байсан ч ямар ч
алсаас өндөр улаан хананы орой дээр ялзарч байгаа толгой харагдана. Толгой бүр дээр сүрэг
хэрэг хэрүүл хийн зодолдож, битүү ялаа шавжээ. Нохой бөөсний мухар дахь яриагаар бол
алтан нөмрөгтөнгүүд Ланнистерийн талд орж захирагч нь лордын хэргэм хүртэн дэвшиж
Сэрээнд газар аван хааны зөвлөлд суух болсон аж.

Түүнчлэн өөр бусад аймшигтай зүйл сонсогдсон ч итгэсэнгүй. Зарим нь эцэг нь хаан
Робертийг алж лорд Рэнлигийн гарт алагдсан гэлцэнэ. Өөр нэг нь чухам Рэнли согтуу
байхдаа хааныг ах дүүсийн хоорондох маргаанаас болж алсан гэнэ. Тэгээгүй бол яагаад
харанхуй шөнө хулгайч шиг зугтах билээ? Өөр нэг ярианд хаан ангийн үеэр гахайд алагдсан
бол, дараагийн түүхэнд найрын үеэр дэндүү их идсэнээс гэдэс нь хагарч үхсэн гэлцэнэ. Үгүй
ээ, хаан ширээнд үхсэн ч Варис аалз түүнийг хордуулсан. Үгүй, хатан хаан түүнийг
хордуулсан. Үгүй, тэр халдварт өвчинд үхсэн. Үгүй, тэр загасны ясанд хахаж үхсэн гэх мэт
түүхүүд үргэлжилнэ.

Гэвч бүх түүхэнд хаан Роберт үхсэн гэдгийг зөвшөөрч байлаа. Бэйлорын их сүмийн долоон
цамхагт хонх өдөр шөнөгүй нүргэлэн гашуудлын ая хот дундуур цохив.

- Тэднийг зөвхөн хааны үхэлд зориулан цохиж байгаа юм гэж элдүүрчний хүү Аръяад хэлжээ.

Тэр гэр лүүгээ явахыг хүссэн ч Хааны газрыг орхих бодсон шиг нь амар байсангүй. Дайн
эхлэх тухай яриа бүгдийн амнаас гарч алтан нөмрөгтөнгүүд хотын ханан дээр нохой бөөс шиг
шавааралджээ. Аръяа шөнө Нохой бөөсний мухарт унтаж дээвэр дээр, жүчээнд хоноглож
байсан ч удалгүй эндхийн газар энэ нэрийг санамсаргүй өгөөгүй болохыг ойлгов.

Тэр Улаан шилтгээнээс хойш зугтсанаас хойш өдөр бүр хотын долоон хаалганд ээлжлэн очиж
байлаа. Лууны хаалга, Арслангын хаалга, Хуучин хаалга хаалттай түгжээтэй байв. Шавар
хаалга, Бурхдын хаалга онгорхой ч зөвхөн хотод орохыг хүссэн хүнийг оруулж байсан бөгөөд
харуулууд хэнийг ч гадагш гаргахгүй байв. Зөвхөн Хааны хаалга, Төмөр хаалгаар гарахыг
зөвшөөрч байсан бөгөөд Ланнистерийн хүрэн улаан нөмрөг арслангын сүлдтэй дуулгатай
хүмүүс жижүүрлэнэ. Аръяа Хааны хаалганы ойролцоох дэн буудлын дээвэр дээрээс тэднийг
хөсөг тэрэг нэгжин, морьтонгуудын эмээлийн ганзагыг нээлгэж, явган явж байгаа хүн бүрийг
байцааж байгаа болохыг харжээ.

Заримдаа түүнд голоор сэлэн зугтах тухай бодол төрөх хэдий ч Оргилуун хар ус хэт өргөн
гүнзгий болохоор бүгд түүнийг итгэл эвдсэн хорон урсгал болохыг зөвшөөрдөг байв.
Түүнчлэн салчин юм уу хөлөг онгоцонд төлөх мөнгө байсангүй.

Лорд эцэг нь түүнд хэзээ ч хулгайлахгүй байхыг зааж өгсөн ч өдөр ирэх тусам үүнийг санахад
улам бэрх болж байлаа. Хэрвээ хотоос даруйхан зугтахгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт
алтан нөмрөгтөнгүүдэд баригдах нь лавтай. Тэр өлсөхгүйн тулд модон илдээрээ шувуу цохин
унагаахыг сурсан ч тагтааны мах дотор муухайрам байлаа. Тэр хоёр ч удаа тагтааны махыг
түүхийгээр идээд дараа нь Нохой бөөсний мухрыг олжээ.

Эндхийн гудамжинд байх халуун тогооны газарт том тогоотой буцалсан шөл олон жилийн
турш зарж байгаа учир хагас шувуугаа наймаалцан өчигдөрийн талх юм уу аяга хүрэн шөл авч
тэр ч байтугай өдийг нь өөрөө зулгаавал нөгөө хагасыг нь ч шарж болно. Аръяа аяга сүү,
зүржийн бялуу идэхийн тулд байгаа бүхнээ өгөх байсан ч хүрэн шөл муу байсангүй. Шөлийг
ихэнхидээ арвайгаар хийх агаад лууван, сонгино, манжингийн хэлтэрхий заримдаа алим,
өөхний хальс хүртэл дээр нь хөвж байдаг байлаа. Тэр ихэнхидээ махны тухай бодохгүйг
хичээнэ. Нэг удаа загасны өөдөс олж хүртжээ.

Муу нь гэвэл халуун тогооны газар хэзээ ч хоосон байдаггүй учир Аръяа хоолны араас явахдаа
тэдний ширтэхийг мэдэрдэг байв. Зарим нь түүний гутал нөмрөг рүү ширтэх бөгөөд тэдний
юу бодож байгаа болохыг мэднэ. Заримынх нь нүд түүний ширэн хувцас дотуур гүйж тэдний
юу бодож байгааг мэдэхгүй ч улам их эмээх бүлгээ. Хоёр ч удаа гудамжинд араас нь хөөсөн
авч хэн ч барьж авч чадсангүй.

Тэр цайзаас авсан мөнгөн бугуйвчаа зарахыг оролдсон ч Гахайн гудамжинд өнгөрүүлсэн
эхний шөнө боодолтой хувцастайгаа хулгайд цуг алджээ. Түүнд зөвхөн хучсан нөмрөг, ширэн
хувцас, бэлтгэлийн модон илд болон... "Зүү" үлдсэн байлаа. Аръяа илдэн дээрээ хэвтээгүй
бол бусдын хамт алдах байв.

Үүнээс хойш Аръяа баруун гартаа нөмрөгөө унжуулан илдээ ташаандаа нуун явах болжээ.
Харин модон илдээ зүүн гартаа дээрэмчдийг айлгахаар бүгдэд харагдахаар барьсан ч халуун
тогооны газар байдаг эрчүүд түүнийг гартаа байлдааны сүх агссан байсан ч айхааргүй
байлаа. Энэ нь түүнийг тагтааны мах болон талхны амт мартахад хүргэжээ. Үргэлж биш
хэдий ч ихэнхидээ орондоо өлсгөлөн орно.

Тэр хотын гадна байсан бол жимс түүх юм уу жимсний цэцэрлэгээс алим интоор хулгайлж
болох байв. Тэдний заримыг нь Хааны замаар өмнөдөөс ирж байхдаа харжээ. Түүнчлэн ойд
үндэс ухаж, туулай хүртэл барьж болно. Харин хотод зөвхөн харх, муур, хэрзгэр нохдоос өөр
юу ч байсангүй. Халуун тогооны газар гөлөг өгөхөд атга зэс зоос өгдөг гэж сонссон ч яагаад ч
юм энэ санаа таалагдсангүй.

Гурилын гудамжны доод хэсэгт олон гудамжны уулзвар тахирлан сүлжилджээ. Аръяа алтан
нөмрөгтөнгүүдээс хол байхыг хичээн хүмүүсийн дундуур шахцалдан явлаа. Тэр хотын төвд
байж сурчээ. Заримдаа анзаараагүй байхад ойртсон тэрэг, мориноос бултахад хүрнэ. Хэрвээ
байшингийн ойролцоо дэндүү ойр явбал хүмүүст дээрэмдүүлэх аюултай. Зарим гудамжинд
байшингууд нь хоорондоо уулзах мэт дэндүү давчуу учир хананд шахуулж ч болно.

Дэргэдүүр нь цагаригны араас хөөсөн сүрэг жижигхэн хүүхэд өнгөрөв. Аръяа тэдний араас
харж Бран, Жон, дүү Рикон нартай хөөцөлдөн тоглож байсан үеэ саналаа. Тэр Рикон хэр
өсөж, Бран түүнгүй уйдаж байгаа болов уу гэж бодлоо. Түүнчлэн Жоноор жижигхэн дүү
минь гэж дуудуулж үсээ сөргүүлэн илүүлэхийн тулд бүхнийг өгөх байсан ч гудамжны
шалбааганд туссан өөрийн дүрсээ хараад үсийг нь сөргүүлэн илэх хэрэг байхгүй юм байна
гэж боджээ.
Тэр эхэндээ унтах газар олдоно гэж найдан гудамжинд тааралдсан хүүхдүүдтэй найзлахыг
хичээж байсан ч яриа нь бүтэлгүй тал руугаа эргэжээ. Жижигхэнүүд нь түүн рүү
болгоомжилсон нүдээр харснаа ойртоход нь зугтан холдож байв. Том ах эгч нар нь Аръяагын
хариулж чадахгүй асуулт асуух юм уу нэр хоч өгч түүнээс хулгайлахыг хичээх аж. Нэг үдэш
түүнээс хоёр эгч туранхай хөл нүцгэн охин цохиж унагаад гутлыг нь сугалахыг хичээсэн ч
Аръяа чих рүү нь модон илдээрээ цохьсонд цусаа гоожуулан уйлан явжээ.

Нохой бөөсний мухраас толгод уруудахад толгой дээгүүр цахлай эргэлдэнэ. Аръяа түүнийг
бодлогоширон харсан ч бодол санаа нь саваагаар цохихоос алсад байлаа. Цахлай түүнд
тэнгисийн тухай сануулжээ. Магадгүй энэ гарах зам байж болох юм. Хөгшин Нан хөвгүүд
худалдааны онгоцонд хулгайгаар суугаад адал явдал туулдаг тухай үлгэр ярьжээ. Магадгүй
Аръяа ч гэсэн тэгж болох юм бил үү. Иймээс Шавар хаалганы дэргэдэх голын зүг явахаар
шийдэв.

Зогсоол Аръяаг очиход хачирхалтай нам гүм байв. Загасны захын дундуур хоёр алтан нөмрөгт
явж байсан ч түүнийг тоож харсангүй. Лангуунуудын хагас хоосорч хөлөг онгоц урьдынхаас
бага байлаа. Хар усанд хааны дайны гурван хөлөг сэлүүр яралзтал өргөгдөн буухад алтан
хошуугаараа давалгаа яран хөвнө. Аръяа хөлөг онгоцыг жаахан ширтэж байсны голын дагуух
явалтаа үргэлжүүлэв.

Тэгтэл гурав дахь зогсоол дээр зогсож байгаа цагаан атлаасан эмжээртэй саарал ноосон
нөмрөг өмссөн харуулын хүмүүс нүдэнд өртөхөд зүрх нь бараг зогсох шахав. Винтерфеллийн
өнгө нүднээс нь нулимс унагалаа. Ард нь гоёмсог худалдааны онгоц зангуу хаян зогсчээ.
Аръяа түүний их бие дээр бичсэн нэрийг уншихыг оролдсон ч Мириш, Бравос, эртний
Валерианы бололтой этгээд үсгээр бичсэн учир гаргаж чадсангүй. Тэр хажуугаараа өнгөрч
байсан ачаа зөөгчийн гараас барьж авлаа.

- Гуйж байна энэ ямар хөлөг онгоц вэ?

- "Шулмын салхи" гэдэг Мирийн хөлөг онгоц гэж хүн хэлэв.

- Тэр энд байгаа хэвээр байгаа юм уу? гэж Аръяа дуу алдахад ачаа зөөгч түүн рүү хачирхан
харж мөрөө хавчсанаа цааш явлаа.

Аръяа зогсоол руу гүйж очив. "Шулмын салхи" бол эцгийнх нь түүнийг гэр лүү хүргэхээр
хөлслөн авсан хөлөг онгоц... Аль эрт тэнгист гарсан байх ёстой байтал хүлээсэн хэвээр
байна.

Хоёр харуулын хүн хоорондоо шоо тоглож гурав дахь нь дэргэдүүр нь гартаа илднийхээ
бариулыг барин холхино. Тэдэнд жаахан хүүхэд шиг уйлж байгаагаа үзүүлэхэд ичгүүртэй
байсан тул Аръяа нүдээ нухлахаа болив. Түүний нүд түүний нүд...

Нүдээрээ хар гэж Сириогийн шивнэлт сонсогдов.

Аръяа харлаа. Тэр эцгийнхээ бүх хүмүүсийг мэднэ. Тэдгээр нь саарал нөмрөгтэй гурван үл
таних хүмүүс байлаа.
- Хөөе чи. Чамд энд юу хэрэгтэй вэ, хүү минь? гэж холхиж буй хүн дуудав. Нөгөө хоёр түүн
рүү шооныхоо цаанаас харлаа.

Аръяа зугтсан бол араас нь гүйцэхийг мэдэж байсан тул гүйсэнгүй. Арай ойртож очив. Тэд
охин руу харсан ч хүү гэж боджээ. Тэр хүү болжээ.

- Тагтаа худалдаж авах уу? гээд үхсэн шувуугаа үзүүлэв.

- Эндээс зайл гэж харуулын хүн зандарлаа.

Аръяа түүний хэлснийг хийхдээ айсан дүр үзүүлэхгүйг хичээв. Ард нь нөгөө хүн шоо руугаа
буцаж явлаа.

Тэр Нохой бөөсний мухарт яаж очсоноо мэдээгүй ч толгод дундах давчуу гудамжинд хүрэхдээ
байдгаараа амьсгаадаж байлаа. Нохой бөөсний мухраас өмхий үнэр цоргиж гахайны пин,
жүчээний байр, элдүүрчний саравч гашуун дарс хямдхан янхны газартай холилдон ханхлана.
Аръяа дундуур нь сүлжин яваад халуун тогооны газрын хаалга татан буцалж байгаа хүрэн
шөлний үнэрийг авах хүртлээ тагтаа нь алга болсныг мэдсэнгүй. Магадгүй түүнийг гүйж
байхад бүснээс нь сугарч унасан юм уу эсвэл гүйж байхад нь хэн нэгэн анзаараагүй байхад
хулгайлж авсан хэрэг биз. Агшин зуур ахиад л уйлах шахлаа. Тэгэхээр Гурилын гудамж руу
буцаж өөр нэгийг барих хэрэгтэй болох нь.

Хотын тэртээ хонхны дуу нүргэлэв. Аръяа дээш харж чагнаад ямар учиртай болохыг нь
мэдсэнгүй.

- Энэ юу болоод байна? гэж халуун тогооны эзэн бүдүүн гэдэстэй хүн хэлэв.

- Ахиад л хангинаж байна, бурхан өршөөг гэж хөгшин эмэгтэй дуу алдав.

Нимгэн торгон хувцастай улаан үстэй янхан хоёр давхарын цонхоор цухуйв.

- Хөвгүүн хаан үхсэн юм болов уу? Хөвгүүд ийм насан дээрээ уддаггүй гэж гудамж руу
бөхийн хашгираад хөхрөхөд түүний нурууны араас нүцгэн хүн гарч ирээд хүзүүнээс нь хазан
сул цамцны дорх том цагаан цээжийг нь илэв.

- Тэнэг амьтан. Хаан үхээгүй. Зөвхөн дуудлагын хонх хангинаж байна. Зөвхөн ганц цамхаг
дуугарч байгаа биз дээ. Хэрвээ хаан үхсэн бол хотын бүх хонх хангинах байсан юм гэж тарган
хүн хашгирлаа.

- Хөөе чи хазахаа болихгүй бол би чиний хонхыг хангинуулна шүү гээд эмэгтэй ардаа байсан
хүнийг тохойгоороо түлхэв.

- Тэгээд хаан үхээгүй юм бол өөр хэн гэж?

- Энэ бол дуудлагын хонх гэж тарган хүн давтав.

Аръяагын насны хоёр хүү дэргэдүүр шалбаагны ус цацан гүйлдэв. Хөгшин эмэгтэй тэднийг
хараасан ч тоосонгүй чигээрээ гүйн одлоо. Гудамжинд хүмүүс гарч ирээд ямар учраас чимээ
гарсныг мэдэхээр толгодын зүг өгсөв. Аръяа арай удаан хөвгүүний араас гүйлээ.

- Хаашаа явж байгаа юм бэ? Юу болсон юм? гэж араас нь гүйхдээ хашгиран асуухад тэр
гүйлтээ удаашруулалгүй эргэж хараад,

- Алтан нөмрөгтөнгүүд түүнийг сүмд аваачиж байна гэв.

- Хэн? гэж Аръяа хурдаа нэмэн хашгирлаа.

- Гар! Тэд түүний толгойг цаазлана гэж Буу хэлсэн.

Дэргэдүүр нь өнгөрсөн тэрэг гудамжинд гүн мөр зуран үлдээлээ. Хүү түүнийг үсэрсэн ч
Аръяа харсангүй. Нүүрээрээ газар харуулдан унаад өвдгөө чулуунд шалбалж хумсаараа хатсан
газар цохьчихлоо. "Зүү" хөлийнх нь хооронд орооцолдов. Тэр эхэр татан газраас өндийлөө.
Зүүн гарын эрхий хуруу цусанд будагджээ. Цусыг нь сорж шимээд хумсны хагас унахад
хугарсныг харлаа. Гар нь халуу шатан өвдөж өвдөг нь цус шүүрчээ.

- Зам тавь! Рэдвайны лордууд зам тавь! гэж гудамжинд хүн хашгирлаа.

Аръяа гишгүүлэхгүйн тулд арай ядан зайлж амжтал том морь унасан дөрвөн хамгаалалтын
хүн галигуулан өнгөрөв. Тэд улаан цэнхэр дөрвөлжин хээтэй нөмрөг нөмөрчээ. Ард нь
ижилхэн гүү унасан хоёр залуу лорд явна. Аръяа тэднийг ордонд зуун удаа харж байсан
билээ. Рэдвайны ихрүүд сэр Хорас, сэр Хоббер хоёр шаргал үс, дөрвөлжин сэвхтэй царайтай
байлаа. Санса, Жэйн Пол хоёр тэднийг сэр Хоррор, сэр Слоббер гэж нэрлээд харах тоолон
инээлддэг байв. Тэд одоо тийм ч хөгжилтэй харагдсангүй.

Бүгд хонхны дуу гарсан зүг юу болсныг мэдэхээр яарна. Хонх чанга нүргэлэн дуугарсаар
байлаа. Аръяа хүмүүсийн урсгалтай нэгдэв. Түүний хугарсан хумстай эрхий хуруу өвдсөөр
байсан ч уйлсангүй. Уруулаа хазаад доголон эргэн тойрон дахь хүмүүсийн яриаг сонсов.

- ...Хааны гар лорд Старк. Түүнийг Бэйлорын сүм рүү аваачиж байна.

- Би түүнийг үхсэн гэж сонссон.

- Удахгүй тун удахгүй үхнэ. Түүнийг толгойг цаазаар авна гэж мөнгөн бугаар мөрийцье.

- Урвагчын үе өнгөрчээ гээд нэг хүн нулимав. Аръяа хоолой гарсан зүг,

- Тэр хэзээ ч.. гэж хэлэхийг оролдсон ч түүнийг ердөө хүүхэд болохоор насанд хүрэгчид
баруун талаар нь ярилцан өнгөрөв.

- Тэнэг! Тэд түүний толгойг авахгүй. Хэзээнээс эхлэн урвагчыг Их сүмийн босгон дээр
шийтгэдэг болоо вэ?

- Түүнийг тэнд хүлэг баатар болгож адислах гээгүй байх. Би Старк хөгшин Роберт хааныг
алсан гэж сонссон юм байна. Модон дунд хоолойг нь хэрчээд тэднийг очих үед хүйтэн
тайвнаар эрхэм дээдсийг хөгшин бодон алсан гэж хэлсэн гэсэн.

- Энэ чинь худал түүнийг хааны өөрийнх нь дүү алтан эвэртэй Рэнли алсан.

- Худалч амаа татаж үз, эмэгтэй минь. Чи юуны тухай ярьж байгаагаа мэдэхгүй байна. Эрхэм
лорд үнэнч сайн язгууртан хүн.

Энэ зуур тэд битүү хүн цувсан Эгч дүүсийн гудамжинд хүрэв. Аръяа хүмүүсийн урсгал дунд
Висенисийн толгод өөд явлаа. Цагаан гантиг талбай дээр сэтгэл хөөрсөн битүү хүмүүс дүүрч
хоорондоо түлхэлцэн Бэйлорын их сүмд ойртохыг хичээнэ. Хонх энд улам чанга дүнгэнэж
байв.

Аръяа хүмүүсийн дундуур шахцалдан морьдын хөлийн завсар шургалсаар модон илдээ чанга
атган явлаа. Олон хүний дунд зөвхөн хөл, гар, гэдэс болон толгой дээр сүндэрлэх гоолиг
долоон цамхаг харагдана. Модон тэрэг харагдмагц сайн харахын тулд дээр нь авирч гарахаар
шийдэв. Гэвч өөр бусад хүмүүст бас энэ санаа төрсөн бололтой тэрэгчин тэднийг хараан
ташуурдан хөөв.

Тэр урагш түлхэлцэж явсаар чулуун хөшөөний сууринд тулчихлаа. Дээш харвал Ариун Бэйлор
септон хаан байсанд модон илдээ бүсэндээ хавчуулаад авирч эхлэв. Зүүн талын хугарсан
хумстай эрхий хуруугаараа гантиг дээр цусан мөр үлдээн авирсаар хааны хоёр хөлийнх нь
хооронд зогсов.

Тэгтэл аавыгаа харлаа.

Лорд Эддард Их септоны сүмийн гаднах хаалганы өмнө хоёр алтан нөмрөгтөнгөөр түшүүлэн
зогсчээ. Тэр цээжин дээрээ цагаан чоно хатгамласан гоёмсог саарал хилэн хантааз, арьсан
эмжээртэй саарал нөмрөг нөмөрсөн ч гонзгой царай нь Аръяагын урьд хожид үзээгүй турж
эцэн өвчиндөө шаналан үрчийжээ. Хугарсан хөл нь ногоорч идээлэн гадны тусламжгүй зогсч
чадахгүй болсон байв.

Ард нь махлаг тарган биетэй буурал үстэй их септон зогсоод урт цагаан нөмрөг нөмөрч баян
тансаг алт болор шигтгээтэй нүсэр титэм өмссөн нь явах тоолон солонгорно.

Сүмийн хаалганы эргэн тойронд гантиг талбайн урд хүлэг баатар, өндөр дээд лордууд
зогсчээ. Тэдний дунд энгэр дээрээ давхиж буй буга, хүрхэрч буй хатгамласан улаан хүрэн
торгон хувцастай алтан титэм толгой дээрээ тавьсан Жоффрей байлаа. Дэргэд нь хатан ээж
нь зогсоод гашуудлын хар даашинз өмсөж үсэн дээрээ хар алмаазан титэм тавьжээ. Аръяа
хааны хамгаалалтын дөрвөн баатраар хүрээлүүлсэн хар саарал өнгийн хөө хуяган дээр цасан
цагаан өнгийн нөмрөг өмссөн Хоточыг танилаа. Түүнчлэн лордуудын дундуур дамаскын үнэт
бөс даавуун хувцас, зөөлөн шаахайтайгаа гулган явж байгаа Варис тайган болон шовх сахал
мөнгөн нөмрөгтэй ээжийнх нь төлөө урьд нь халз тулаан хийж байсан гэх намхан хүн
харагдана.

Тэдгээрийн дунд Санса зогсож байсан бөгөөд тэнгэрийн цэнхэр даашинз өмсөн урт үсээ
угаан буржийлгаж бугуйндаа мөнгөн бугуйвч зүүжээ. Аръяа эгчийнхээ тэнд юу хийж байгаа
болон яагаад тийм баяртай байгааг нь ойлголгүй хөмсөг зангидав.

Алтан нөмрөгтэй жадчингуудын урт эгнээ цугларсан олныг шахан тогтооход гайхамшигтай
сайхан алтан хээ угалзтай хар хөө хуяг бүхий махлаг хүн захирч байв.

Хонх цохихоо зогсоход том талбайд нам гүм болж эцэг нь толгойгоо өргөн ярихад хоолой нь
арай ядан ялгагдах төдий сул байв. Аръяагын ард байсан хүмүүс,

- Юу гэнэ ээ? Чанга хэл! гэж орилолдоход хар алтан хуягтай хүн эцгийнх нь нуруу руу чанга
нудрав.

"Түүнийг тайван орхи!" гэж Аръяа хашгирахыг хүссэн ч хэн ч сонсохгүйг мэдэж байлаа. Тэр
уруулаа хазав.

Эцгийнх нь хоолой чангаран ахин ярьж эхэллээ.

- Би бол Эддард Старк, Винтерфеллийн лорд Хааны гар гэж арай чангаар хэлэхэд талбай
дундуур хоолой нь түгэв.

- Би та бүхний өмнө бурхад хүмүүсийн нүдэн дээр гэмт хэргээ хүлээхээр ирээд байна.

- Үгүй гэж Аръяа дуу алдсан ч дор цугласан хүмүүсийн хашгираан шуугианд дарагдав.
Доромжилж басамжилсан үг агаарт дүүрлээ. Санса нүүрээ гараараа дарав.

Эцгийнх нь хоолой чангарч,

- Би анд найз эзэн хаан Робертийнхоо итгэлээс урвасан. Би түүний хүүхүүдийг хамгаалахаар
тангараг өргөсөн хэр нь цусыг нь хөрч амжихаас урьд хүүг нь алж хаан ширээг өөртөө авах
гэсэн. Өндөр дээд септон Ариун Бэйлор болон Долоо миний хэлсэн үгийн үнэнийг гэрчлэх
болно. Жоффрей Баратеон бол төмөр хаан ширээний цорын ганц жинхэнэ залгамжлагч,
бурхдын тааллаар Долоон ханлигийн лорд, Хаант улсын хамгаалагч гэв.

Олны дундаас чулуу шидэхэд Аръяа эцгийгээ онохыг хараад хашгирлаа. Алтан нөмрөгтөнгүүд
түүнийг унахад тогтоов. Духан дээр нь үүссэн гүн шархнаас цус нүүрийг нь даган урсана.
Өшөө олон чулуу шидэгдлээ. Нэг нь эцгийнх нь зүүн талд байсан харуулыг оноход өөр нэг нь
хар алтан хуягтай хүлэг баатрын цээж хуяган дээр хангинатал буув. Хоёр хааны хамгаалагч
урагш алхан Жоффрей болон хатан хааныг бамбайгаараа халхаллаа.

Аръяа нөмрөгөн дор гараа шургуулаад "Зүү"-ний бариулд хүрэн амьдралдаа барьж үзээгүй
чанга атгалаа. "Гуйж байна бурхан минь түүнийг аюулгүй байлгаач. Тэднээр эцгийг минь бүү
өвтгүүлөөч" гэж залбиран гуйв.

Өндөр дээд септон Жоффрей болон эхийнх нь урд өвдөг сөгдөөд хүнгэнэсэн хоолойгоор
эцгээс нь чанга ярилаа.

- Бидний гэм нүгэл зовоход хүргэдэг. Энэ хүн гэм нүглээ бурхан хүмүүсийн нүдэн дээр энэ
ариун газар хүлээлээ гээд гараа наминчилан өргөхөд толгойг нь тойрон солонго бүжиглэв.
- Бурхад шударга бөгөөд Ариун Бэйлор бидэнд өршөөнгүй байхыг сургасан билээ. Бид энэ
урвагчыг яах вэ, эрхэм дээдсээ?

Мянган хоолой хашгирсан ч Аръяа тэднийг сонссонгүй. Ханхүү Жоффрей... үгүй хаан
Жоффрей урагш алхан хамгаалагчдын бамбайны араас гарав.

- Миний ээж намайг лорд Эддардыг хар болгож, хатагтай Санса эцгээ өршөөхийг гуйсан
билээ гээд Санса руу инээмсэглэн харахад Аръяа агшин зуур бурхад түүний мөргөлийг
сонсож гэж бодтол Жоффрей хүмүүс рүү толгойгоо эргүүлээд,

- Гэвч тэд бол зөвхөн зөөлөн сэтгэлтэй эмэгтэй хүмүүс. Тэгээд ч намайг хаан байхад урвагч
хэзээ ч шийтэглгүй үлдэх ёсгүй. Сэр Илин надад түүний толгойг авчир! гэлээ.

Цугласан олон түрхрэн орилоход Аръяа Бэйлорын чулуун хөшөө түлхэлтэнд чичирэхийг
мэдрэв. Өндөр дээд септон хааны нөмрөгөөс зуурч, Варис урагш гараа савчин хашгирч, хатан
хаан хүртэл хүүдээ ямар нэг зүйл хэлсэн ч Жоффрей толгой сэгсэрлээ. Лорд болон хүлэг
баатрууд хоёр тийш ярагдан өндөр араг яс шиг төмөр хуягтай Хааны засаглалыг
хэрэгжүүлэгчийг гаргав. Аръяа эгчийнхээ хашгирахыг бүүр түүрхэн сонслоо. Санса өвдөг
сөгдөн унаж цурхиран уйлав. Сэр Илин Пэйн гишгүүр өөд өгсөн гарч ирлээ.

Аръяа "Зүү"-г гаргаад Бэйлорын хөл рүү гулсан буухдаа нядлагчийн хормогчтой хүн дээр
газардаж газар унатал цохив. Даруйхан хэн нэгэн нуруу руу нь түлхсэнд бараг унах шахлаа.
Эргэн тойронд биесүүд ойртож шахцалдан түлхэлцэж хөөрхий нядлагчийг гишгэлэв. Аръяа
тэднийг "Зүү"-гээр цавчлаа.

Индрийн оройд сэр Илин Пэйн гар дохиход хар алтлаг хуягтай хүлэг баатар тушаал өгөв.
Алтан нөмрөгтөнгүүд лорд Эддардыг гантиг дээр өвдөглүүлж толгойг нь ирмэг дээр тавилаа.

- Хөөе чи! гэж ууртай хоолойнууд хашгирсан ч Аръяа хүмүүсийн дундуур хамаагүй түлхэлцэн
урагш зүтгэхдээ замдаа тааралдсан хүмүүсийг хайр найргүй цохив. Хөлөөс нь гар зуурахад
"Зүү"-гээр цохиж хөлөөрөө өшиглөлөө. Нэг эмэгтэй урагш бүдэрч унахад Аръяа хоёр тийш
ярагдсан зайгаар нуруун дээгүүр гарч гүйсэн ч эргэн тойрон дэндүү олон хүн байсан
болохоор онгорхой даруйхан хаагдлаа. Хэн нэгэн хажуунаас нь дэлсэв. Сансагын дуу
хашгирсаар байлаа.

Сэр Илин хоёр гараар барьдаг их илдийг нурууныхаа ард дахь хуйнаас сугалав. Тэр илдээ
толгой дээрээ өргөхөд нарны гэрэл хар төмөр дээгүүр мяралзан сахлын хутга шиг хурц ир
гялалзав. "Мөс. Түүнд Мөс байна!" гэж бодлоо. Аръяагын хацрыг нь даган нулимс урсаж юу ч
харагдахгүй болов.

Тэгтэл гарнаас нь хүчтэй гар чонын хавх шиг зууран "Зүү" гараас нь мултрав. Аръяа бүдэрч
унасан ч дээш өргөн босголоо. Түүний өмнө урт хар ширэлдсэн үс, өмхөрсөн шүдтэй царай
ойртов.

- Битгий хар! гэж хоолой түүн рүү архирлаа.


- Би... би... би... гэж Аръяа мэгшихэд хөгшин хүн түүний шүдийг тачигнатал хүчтэй дугтрав.

- Амаа хамхиад нүдээ аньж үз, хүү минь. Хаа нэгтээ алсад зөөлөн.. санаа алдах мэт чимээ
сонсогдоход мянган хүмүүс нэгэн зэрэг амьсгаа авлаа.

- Хөгшин хүний хуруу бугуйнд нь төмөр шиг шигджээ.

- Над руу хар. Тиймээ, яг над руу. Намайг санаж байна уу, хүү минь? гэхэд амнаас нь исгэлэн
дарс ханхлав.

Тэр үнэрийг санахаас урд тослог үс, нөхөөстэй тоостой хар нөмрөг, бөгтөр нуруу, нэвт шувт
ширтсэн хар нүдийг харав. Дараа нь тэр аав дээр нь ирж байсан хар баатрыг саналаа.

- Намайг одоо мэдэв үү? Ухаалаг хүү байна гээд нулимж,

- Энд бүх зүйл төгссөн. Харин чи надтай хамт явж амаа хамхих ёстой гээд хариу хэлэхийг
завдахад ахин нэг хүчтэй дугтрав.

- Амаа хамхи гэж би хэлсэн шүү.

Талбай хоосорч эхлэв. Цугласан хүмүүс гэр орон луугаа буцлаа. Гэвч Аръяагын амьдрал үгүй
болжээ. Хөшүүнээр дэргэд нь сажлан... Йорен. Тиймээ түүний нэрийг Йорен гэдэг. Тэр
"Зүү"-гээ илдийг нь гарт нь буцан атгуулах хүртэл санасангүй.

- Чамайг үүнийгээ ашиглаж чадна гэж найдаж байна хүү минь.

- Би... гэж эхэллээ.

Тэр түүнийг хаалга руу түлхээд бохир хуруугаараа үснээс нь зуурч толгойг нь хойш угз татав.

- ...ухаалаг хүү биш гэж хэлэхийг хүссэн юм биз дээ? гээд нөгөө гартаа хутга гаргалаа.

Хутга түүний нүүр лүү зүглэхэд Аръяа цөхрөн хойш гэдийж зэрлэгээр тийрэн толгойгоо
савчин мултрахыг хичээсэн авч үснээс нь чанга базахад толгойн арьс нь хуурах шиг болж
уруул дээр нь нулимсны шорвог амт амтагдав.
БРАН

Тэдний хамгийн ахмад нь насанд хүрч арван долоо найман насны өдөртэйгээ золгожээ. Нэг
нь бүр хорь өнгөрсөн байв. Гэвч ихэвчилэн арван зургаагаас хэтрээгүй настангууд байлаа.

Бран тэднийг мастер Лювины тагтан дээрээс ширтэн чанга хоолойгоор хуухитнан хараал
тавьж саваа, модон илдээр цавчилдахыг харж байлаа. Хашаанд модны тас нясхийх чимээ
цуурайтаж ширэн хувцсан дээрээ цохиулах юм уу хатгуулахад өвдсөндөө хашгирах
сонсогдоно. Цагаан сахал дээрээ царай нь хүрэн улаан болсон сэр Родрик хөвгүүдийн
дундуур явж бүгдийг нь харааж байв. Бран хөгшин хүлэг баатар хэзээ ч ингэж уурласан
байхыг харж байсангүй.

- Үгүй, Үгүй. Үгүй, үгүй гэж тэр дуу алдав.

- Тэд сайн тулалдахгүй байна гээд Бран тээнэгэлзэнгүй хэлээд шүдээрээ шажигнатал мах
зулгааж байсан зэрлэг чоныхоо чихийг маажив.

- Тэгэх нь гарцаагүй гээд мастер Лювин гүнзгий санаа алдлаа. Мастер Миришийн томруулдаг
шилтэй хүрэл хоолойгоор өглөөний тэнгэрт хөвж байсан сүүлт одны байрлалыг судалж байв.

- Хэрвээ хангалттай хугацаа өгвөл... сэр Родрик үүнийг хийж чадна. Бидэнд хэрмэн дээр
харуулд гарах хүмүүс хэрэгтэй. Чиний лорд эцэг чинь Хааны газар луу хамгийн сайныг нь
авч яваад, ах чинь эргэн тойронд үлдсэн бүх хүмүүсийг авч явсан. Тэдний олонхи эргэж
ирэхгүй болохоор бидэнд байрыг нь эзлэх хүн хэрэгтэй.

Бран дор хөлсөө урсгаж байгаа хөвгүүд рүү эгдүүцэн ширтлээ.

- Хэрвээ миний хөл зүгээр байсан бол тэдний хэнийг нь ч дийлэх байсан юм гээд хаан
Винтерфеллд ирэх үед гартаа сүүлчийн удаа илд барьсанаа саналаа. Ердөө модон илд байсан
ч тэр ханхүү Томменийг газар унатал цохиж дийлсэн билээ.

- Сэр Родрик надад жадан сүх ашиглахыг зааж өгсөн. Арай уртхан шиг бариултай байвал
Ходор миний хөлийг орлож чадах байх. Бид хамтдаа хүлэг баатар болно.

- Тэгж бодохгүй байна. Бран хүн тулалдаж байх үед гар, хөл, бодол нь нэгдмэл байх ёстой юм
шүү дээ.

Дор хашаанд сэр Родрикийн хашгиралт гарав.

- Чи яг л галуу шиг тулалдаж байна. Тэр чамайг тоншиход чи хариуд нь арай чанга тоншиж
байна. Булт! Цохилтыг нь хаа. Бидэнд галуунууд хэрэггүй. Хэрвээ энэ жинхэнэ илд байсан
бол чи эхний тоншилтонд гараа алдах байлаа! гэхэд хөвгүүдийн нэг тачигнатал инээсэнд
хөгшин хүлэг баатар түүн рүү эргэж,

- Чи инээж байна уу. Харин чи яг л зараа шиг тулалдаж байна... гэлээ.


- Урьд нь харж чаддаггүй хүлэг баатар байсан гэсэн хэмээн Бран сэр Родрик дор хашгирахад
зөрүүдлэн хэлэв.

- Хөгшин Нан надад энэ тухай ярьсан. Тэр хоёр талдаа хутгатай урт мод бариад гартаа
эргүүлэхэд шууд хоёр хүнийг цавчдаг гэсэн.

- Одон нүдэт Симеон уу гэж Лювин бүртгэлийн дэвтэртээ тоо тэмдэглэнгээ хэлэв.

- Тэр нүдээ алдсан ч хоосон ухархайдаа индраанил од тавьсан гэж дуучид дуулдаг юм. Гэхдээ
энэ бол Бран ердөө тэнэг Флорионы тухай шиг үлгэр. Баатруудын эриний үлгэр гээд хөгшин
мастер шүдээ хавшиж,

- Чи энэ зүүдээ хойш тавихгүй бол сэтгэл зүрхийг чинь урах болно доо гэв.

Зүүдний тухай үг Бранд нэг зүйл сануулав.

- Би өнгөрсөн шөнө ахиад л хэрээ зүүдэлсэн. Гурван нүдтэй хэрээ. Тэр миний унтлагын
өрөөнд нисэн орж ирээд хамт яв гэхээр нь араас нь дагасан. Бид газар дорхи бунхан руу
буусан. Тэнд аав байсан. Бид хоорондоо ярилцсан. Тэр гунигтай байсан.

- Яагаад тэр вэ? гээд Лювин хоолойгоороо шагайлаа.

- Түүнийг Жоноос болж гунигласан гэж бодож байна гээд энэ нь бусад хэрээтэй зүүдээс илүү
сэтгэл түгшим байлаа. - Гэхдээ Ходор намайг бунхан руу буулгахыг хүсээгүй л дээ.

Мастер түүнийг хайнгадуухан сонссоноо хоолойноос нүдээ холдуулж анивчив.

- Ходор юу хүсээгүй гэж...

- Доошоо бунхан руу буухыг. Би сэрээд тэнд аав үнэхээр байгаа эсэхийг мэдэхийн тулд намайг
доош буулгахыг тушаасан. Тэр эхэндээ миний хэлж байгааг ойлгоогүй ч шат руу аваачиж
хаашаа явахыг үзүүлмэгц доош буугаагүй. Зөвхөн шатны дээр зогсоод харанхуйгаас айсан юм
шиг "Ходор" гэж хэлээд байсан. Гэхдээ надад бамбар байсан. Би уурандаа түүний толгой рүү
Хөгшин Нан үргэлж цохьдог шиг сайн гэгч дэлсэх гэснээ гээд мастерийн хөмсөг зангидахыг
хармагц яаран,

- Гэхдээ тэгээгүй л дээ гэлээ.

- Сайн байна. Ходор хүн болохоос нүддэг луус биш.

- Би зүүдэндээ хэрээтэй хамт доош ниссэн мөртлөө сэрсэн үедээ чадахгүй байсан гэж Бран
тайлбарлав.

- Чи яагаад доошоо бунхан руу буухыг хүссэн юм бэ?

- Таньд хэлсэн биз дээ. Аавыгаа харах гэж.


Мастер хүзүүн дэх гинжээ үргэлж тавгүйцсэн үедээ зулгаадаг шиг угзрав.

- Бран хонгор хүүхэд минь нэг л өдөр лорд Эддард дор чулуун сэнтийд эцэг өвгөдийнхөө
болон умардын хаан бүх Старкийнханы дэргэд суух хэдий ч... гэхдээ үүний тулд бурхан
өршөөлөөр олон жил өнгөрнө. Аав чинь Хааны газар хатан хаанд олзлогдсон болохоор чи
түүнийг бунханаас олж чадахгүй.

- Тэр өнгөрсөн шөнө энд байсан. Би түүнтэй ярилцсан.

- Зөрүүд хүү. Чи явж хармаар байна уу? гэж мастер санаа алдаад номоо хойш тавилаа.

- Би чадахгүй. Ходор явахгүй харин гишгүүр Бүжигчин буухад хэт нарийн давчуу.

- Би үүнийг шийдэж болно гэж бодож байна.

Ходорын оронд Оша гэдэг зэрлэг эмэгтэйг дуудав. Тэр өндөр бахим биетэй бөгөөд тушаалыг
үг дуугүй биелүүлж,

- Би Хананаас цаана амьдарч байсан болохоор энэ газар дорхи нүхнээс чинь ер айхгүй байна
гэв.

- Зун явъя гэж Бран түүнийг хүчирхэг гараар өргөхөд дуудлаа.

Зэрлэг чоно хэмэлж байсан ясаа орхиод Браныг аван хашаанд гарч байгаа Ошаг дагаж
эргүүлгэн шатаар газар дорхи хүйтэн бунхан руу буулаа. Мастер Лювин урд нь бамбар барин
гэрэлтүүлэв. Бран түүнийг нуруундаа үүрэхийн орондоо гартаа тэвэрсэнд дургүйцсэнгүй.
Сэр Родрик Ошагын гинжийг Винтерфеллд байх хугацаандаа Старкийнханд үнэнч зүтгэсэн
цагт тайлахыг тушаажээ. Тэр шагайндаа бүрэн итгэгдээгүйн тэмдэг болох хүнд төмөр дөнгө
зүүсэн байсан ч шатны уруу буухад саад болсонгүй.

Бран сүүлчийн удаа бунханд хэзээ байснаа санасангүй. Мэдээж энэ эрт болсон явдал даа. Тэр
жаахан байхдаа Робб, Жон болон эгч нарынхаа хамт доошоо буун тоглодог байв.

Гэсэн ч бунханд харанхуй аймшигтай байсан болохоор тэднийг энд байсан ч болоосой гэж
хүслээ. Зун харанхуй дундуур бөглүү цуурайтуулан явснаа зогсож толгойгоо өргөн үхширсэн
хүйтэн агаарыг шиншлэв. Тэгснээ шүдээ ярзайлган ухрахад алтлаг нүд нь мастерын
бамбарын дөлөнд гялалзав. Хатуу төмөр шиг бөх Оша хүртэл аягүйцсэн бололтой.

- Царайных нь байдлаас үзэхэд ширүүн хүмүүс байж гэж Старкынхан чулуун хаан суудалдаа
суусан боржингийн урт эгнээг хараад хэлэв.

- Тэд Өвлийн хаад байсан гэж яагаад ч юм энд чанга ярьж болохгүй мэт санагдахад Бран
шивнэлээ.

Оша инээмсэглэв.

- Өвөлд хаан байхгүй. Хэрвээ чи үүнийг харвал яагаад гэдгийг нь мэдэх болно, зуны хүү
минь.

- Тэд мянган жилийн өмнөх Умардын хаад байсан юм гээд мастер Лювин бамбараа өргөн
чулуун царайнуудыг гэрэлтүүлэв. Зарим нь урт үс сахалтай хөлдөө хэвтсэн зэрлэг чоно шиг
хэрцгий үсэрхэг хүмүүс байлаа. Бусад нь сахлаа цэвэрхэн хуссан хатингар царайтай агаад
хурц иртэй төмөр илд өвдөг дээрээ тавьжээ.

- Хэцүү цагийн хэцүү хүмүүс. Явцгаая гээд Лювин бунхан дундуур цааш явж эцэс төгсгөлгүй
дүрс сийлбэрлэсэн чулуун багануудыг өнгөрөхөд бамбарын нарийхан дөл арагшаа салхинд
дэрвэв.

Бунхан бараг л Винтерфелл шиг том уужим агаад Жон Бранд нэг удаа эндхийн газар дорхи
гүний давхаргуудад үүнээс ч харанхуй эртний хаадыг оршуулсан булш бий гэж хэлсэн юм.
Гэсэн ч энд гэгээтэй биш байлаа. Оша Браныг тэврэн бамбарын араас дагахад Зун шатны
гишгүүрээс буусангүй.

- Чи өөрийнхөө удмын түүхийг санаж байна уу, Бран? Ошад тэднийг хэн байсныг хэлдээ гэж
мастер явах зуураа хэллээ.

Бран өнгөрч буй царайнуудыг хараад түүхүүдийг саналаа. Мастер түүнд энэ тухай ярьж
Хөгшин Нан хачирлан амилуулсан билээ.

- Энэ бол Жон Старк. Дорно зүгт тэнгисийн дээрэмчид газардахад тэр тэднийг хөөн
зайлуулж Цагаан эрэгт цайзаа босгосон юм. Түүний хүү Рикард Старк гэхдээ миний эцгийн
аав биш л дээ өөр нэг Рикард Хүзүүг Намгийн хаанаас эзлэн түүний охинтой гэрлэсэн юм.
Тэр туранхай урт үс шингэн сахалтай хүн бол Теон Старк. Тэд түүнийг үргэлжид дайн хийдэг
байсан учраас "Өлсгөлөн чоно" гэж дууддаг байсан. Харин энэ бол өндөр мөрөөдөнгүй
царайтай хүн бол Брандон хөлөг онгоц баригч. Учир нь тэр тэнгист дуртай байсан юм.
Бунхан нь хоосон байгаа. Тэр өрнө зүгт наран жаргах зүгийн тэнгис рүү хөвөн одоод эргэж
ирээгүй. Түүний хүү Шатаагч Брандон эцгийнхээ араас гашуудан бүх хөлөг онгоцыг
шатаасан учир ийм нэртэй болжээ. Харин энэ бол Баавгайн арлыг тэмцээнд ялж
Мормонтынхонд өгсөн Родрик Старк байна. Энэ нь Өвдөг сөгдсөн хаан Торрен Старк. Тэр
умардын сүүлчийн хаан байсан бөгөөд Эйгон байлдан дагуулагчид бууж өгснийхөө дараа
Винтерфеллийн эхний лорд болсон юм. Тэнд Креган Старк байна. Тэр луун хөлөг баатар
ханхүү Эймонтой тулалдаж байсан бөгөөд ханхүү хэзээ ч ийм сайн илдчинтэй тулгарч
байгаагүй гэсэн гээд эгнээний төгсгөлд ирэхэд Браны сэтгэл гунигтай болов.

- Харин энэ бол миний өвөг эцэг галзуу хаан Эйрист цаазаар авахуулсан лорд Рикард. Дэргэд
нь түүний охин Лианна болон хүү Брандон нь нойрсож байгаа. Миний нэр биш л дээ эцгийн
минь ах өөр нэг Брандон байгаа юм. Зөвхөн лорд болон хаадуудад зориулж хөшөө хийдэг
байсан учир тэдэнд хөшөө хийх ёсгүй ч эцэг маань тэдэнд их хайртай байсан учир хөшөө
босгосон юм.

- Хүүхэн нь үзэсгэлэнтэй юм гэж Оша хэлэв.

- Роберт түүнтэй гэрлэхээр сүй тавьсан ч ханхүү Рэйгэр түүнийг авч яваад хүчиндсэн. Роберт
түүнийг эргүүлэн авахын тулд дайн зарлаад ялсан. Тэр Рэйгэрийг Сэрээнд дайны алхаараа
алсан ч Лианна үхсэн болохоор хэзээ ч түүнийх болоогүй.

- Гунигтай түүх байна. Гэвч хоосон нүхнүүд илүү их гуниг төрүүлж байна гэж Оша хэлэв.

- Цаг нь ирэхээр энэ бунхан лорд Эддардынх болно. Энэ чиний зүүдэндээ эцгийгээ харсан
газар мөн үү, Бран? гэж мастер Лювин асуув.

- Тиймээ гээд дурсамж түүнийг чичирэхэд хүргэлээ. Тэр эргэн тойрны бунхнуудыг эвгүйцэн
харахад шилэн хүзүүний үс нь босов. Тэнд чимээ гарах шиг санагдав уу даа? Хэн нэгэн
байгаа юм болов уу?

Мастер Лювин гартаа бамбар барин онгорхой бунхан руу ойртов.

- Эцэг чинь тэнд байхгүй байгааг харж байна уу. Тэр энд байх байсан ч олон жилийн дараа
болно. Зүүд бол зүүд шүү дээ, хүүхэд минь гээд гараа бунханы доторх байсан ямар нэг том
зэрлэг амьтаны ам руу сунгаж,

- Харж байна уу? Энд хоосон... гэтэл бараан дүрс үсрэн архирав.

Бран ногоон гал шиг ноцсон нүд, цагаан шүд хар үс харлаа. Мастер Лювин гараа өргөн
хашгиран унахад бамбар хуруунаас нь мулт үсрэн Брандон Старкын чулуун царайг цохин
унаад хөлийг нь дөлөөрөө долоов. Бамбарын сүүмэлзсэн гэрэлд гарнаас нь зуусан зэрлэг
чонотой ноцолдож байгаа Лювин үзэгдэв.

- Зун! гэж Бран хашгирлаа.

Тэгтэл Зун харанхуйгаас үсрэн гарч ирээд сүүдэр лүү үсрэв. Тэр Сэгсгэр нохойг мөргөж
нуруугаар нь газар цохин унагаад зэрлэг чонууд хоорондоо уралцан дээр дороо орон
өнхрөлдөж бие биенээ хэмлэхэд саарал хар үс орооцолдов. Энэ зуур мастер Лювин цустай
гараараа түшин дээшээ өндийлөө. Оша Браныг лорд Рикардын чулуун чоно түшүүлэн тавиад
мастерд яаран туслав. Бамбарын сүүмэлзсэн гэрэлд чононуудын хорин фут өндөр сүүдэр
хана таазан дээр бүжиглэнэ.

- Сэгсгэрээ гэж жижигхэн хоолой дуудлаа. Бран эцгийнхээ бунхны аман дээр зогсч байгаа
дүүгээ харав. Сэгсгэр нохой Зуны нүүр лүү сүүлчийн удаа ноцоод орхиж Рикон руу харайлгав.

- Чи миний эцгийг тайван орхи. Тайван орхи гэж байна шүү хэмээн Рикон Лювинд
анхааруулав.

- Рикон, аав энд байхгүй гэж Бран аяархан хэллээ.

- Үгүй тэр энд байгаа. Би түүнийг харсан. Би түүнийг өнгөрсөн шөнө энд байхыг харсан гээд
Риконы нүүрэн дээр нулимс гялтагнав.

- Зүүдэндээ юу? гэхэд Рикон толгой дохиж,


- Чи түүнийг орхи. Түүнийг орхи. Тэр амалсан шигээ одоо гэртээ ирсэн. Тэр гэртээ ирсэн
гэлээ.

Бран хэзээ ч мастер Лювиныг ийм тээнэгэлзсэн байхыг урьд нь харж байсангүй. Ноосон
ханцуйг нь Сэгсгэр нохой урсан газар гарыг нь даган цус гоожино. Тэгснээ,

- Оша бамбар ав. Энэ... энэ араатан нохойн хонуурт гинжтэй байх ёстой шүү дээ гэж
өвчиндөө эмзэглэн хэлэхэд Оша унтрахаас нь өмнө бамбарыг авлаа.

Рикон Сэгсгэр нохойн нойтон цус болсон хоншоорыг арчлаа.

- Тэр гинжтэй байх дургүй болооор би түүнийг сулласан юм гээд хуруугаа долоолоо.

- Рикон чи надтай хамт явах уу? гэж Бран асуув.

- Үгүй. Надад энд таалагдаж байна.

- Энд харанхуй хүйтэн байна.

- Гэсэн ч би айхгүй. Би эцгийгээ хүлээнэ.

- Чи надтай хамт хүлээ. Бид хоёул чононуудынхаа хамтаар хүлээх болно гэхэд хоёр зэрлэг
чоно шархаа долоов.

- Бран. Би чамайг сайн зүйл хүссэнийг мэдэж байгаа ч Сэгсгэр нохой сул гүйхэд дэндүү
аюултай гэж мастер Лювин хатуу хэлэв.

- Би түүний ноцсон гурав дахь хүн боллоо. Хэрвээ түүнийг шилтгээний эргэн тойронд сул
тавьбал хэн нэгэн алагдах нь ердөө цаг хугацааны асуудал болно. Үнэнийг хэлэхэд энэ чоныг
гинжлэх юм уу эсвэл... гээд тээнэгэлзэн дуугүй болоход,

- ...эсвэл ална гэж Бран бодолдоо түүний үгийг дуусгалаа.

- Тэр гинжтэй байх амьтан биш. Бид бүгдээрээ таны цамхагт хүлээж байя.

- Энэ чинь боломжгүй хэрэг мастер Лювин хэлэв.

Оша инээлээ.

- Миний санаж байгаагаар хөвгүүд эндхийн эзэн юмсан гээд Лювинд бамбарыг эргүүлэн өгч
Браныг гар дээрээ авлаа.

- Мастерын цамхаг руу явцгаая.

- Рикон чи явах уу? гэхэд дүү нь толгой дохиж,

- Сэгсгэр ч гэсэн явах болно гээд Оша, Бран хоёрын араас гүйхэд мастер Лювинд дагахаас өөр
замгүй болсон тул чононуудыг болгоомжлон харав.

Мастер Лювины жижиг цамхаг зайгүй битүү хөглөрсөн тул Бран эндээс ямар нэг юм олж
чадах эсэхийг гайхширав. Сандал, ширээн дээгүүр яйжгий давхарласан ном овоолж, тавиур
дээр ярайтал өрсөн шилэн сав эгнэжээ. Тавилга хэрэгсэл дээр царцсан тостой лааны мухар
ёрдойж, тагтны ойролцоо хаалган дээр гурван хөлтэй Миришийн хүрэл хоолой суурилуулаад,
хананд ододын зураг өлгөн, газрын зураг, цаас, үзэг, бэхийн сав хаа сайгүй хөглөрч бүгд дээр
нь байшингийн шувуу нуруун дээр суусан хэрээний сангас дуссан байлаа. Оша Лювины
зааврын дагуу мастерын шархыг угааж цэвэрлэн боох зуур тэдний чихэнд чийртэй чанга
гуаглах дуу гарна.

- Энэ чинь утгагүй явдал гэж жижигхэн саарал хүн чононд хазуулсан шархыг галт тосоор
арчихад хэлэв.

- Би хоёр хүү ижил зүүд зүүдэлсэн нь хачин хэрэг гэдгийг зөвшөөрч байгаа ч бодоод үзвэл
жирийн хэрэг. Та нар лорд эцгийгээ санаж баригдсан гэдгийг нь мэдэж байгаа. Айдас хүний
таринд нэвтрэн хачин бодол төрүүлдэг юм. Рикон үүнийг ойлгоход дэндүү жаахан...

- Би одоо дөрөв хүрсэн гэж Рикон хэллээ. Тэр томруулдаг шилтэй хоолойгоор Эхэн харуулын
цамхагын лууны дүрсийг дурандаж байв. Том дугуй өрөөний эсрэг талд зэрлэг чононууд
суугаад шархаа долоож яс хэмлэнэ.

- ...дэндүү жаахан байгаа ч... ёо долоон там минь гэж шатаж байна, үгүй ээ зогсох хэрэггүй.
Дэндүү жаахан гэж би хэлсэн харин чи Бран зүүд бол ердөө зүүд гэдгийг ойлгох насанд
хүрсэн хүн.

- Зарим нь тийм ч зарим нь тийм биш. Ойн хүүхдүүд чиний зүүдэнд юм хэлэх гэсэн байж
болно гээд Оша цайвар улаан өнгийн галт сүү урт ангайсан шарханд дусаахад Лювин дуу
алдав.

Мастерын царайг даган нулимс урссан ч толгойгоо шийдэмгий сэгсрэв.

- Ойн хүүхдүүд... зөвхөн зүүдэнд байдаг байх. Одоо үхэж үрэгдэн үгүй болсон. Хангалтай
хангалттай. Одоо боо. Жийргэвч тавиад цус алдуулахгүйн тулд чанга боогоорой.

- Хөгшин Нан ойн хүүхдүүд модны дууг мэдэж, шувуу шиг нисэн, загас шиг сэлж ан
амьтантай ярилцаж чаддаг гэсэн. Бас хөгжим нь маш үзэсгэлэнтэй болохоор сонссон хүн
нялх хүүхэд шиг уйлдаг гэсэн гэж Бран хэлэв.

- Тэд ердөө үүнийг шидээр хийж байгаа хэрэг. Одоо тэднийг энд байсан ч болоосой гэж хүсч
байна. Тэгвэл миний гарны өвчнийг намдаах шившлэг хийх юм уу эсвэл Сэгсгэр нохойтой
хэнийг ч хазахгүй байх талаар ярилцаж чадах байсан даа гээд том хар чоно руу нүднийхээ
булангаар уурсан ширтэж,

- Сурч ав, Бран. Ид шидэнд итгэдэг хүн шилэн илдээр тулалдахтай адил. Яг л ойн
хүүхдүүдийн хийсэн шиг. Алив би чамд нэг юм үзүүлье гээд босож өрөөн дундуур яваад
эрүүл гартаа ногоон савтай эргэж ирлээ.

- Харж байна уу гээд гараа шургуулж атга дүүрэн гялалзсан хар сумны зэв гаргаж ирэв. Бран
нэгийг нь авч,

- Үүнийг шилээр хийсэн байна гэхэд Рикон сонирхон ширээн дээгүүр өнгийж харав.

- Лууны шил гэж Лювины гарыг боож байсан Оша хэлэв.

- Галт уулын шил гэж мастер Лювин залруулаад шархтай гараа сунгав.

- Үүнийг газар дэлхийн гүнд бурхдын галд давтсан гэдэг. Олон мянган жилийн өмнө ойн
хүүхдүүд ийм сумаар агнадаг байсан юм. Тэд төмрийг мэдэхгүй тул гархин хуягны оронд
навчаар сүлжсэн урт цамц, модны үндсээр хийсэн холтсон шаахай өмсөн модон дунд уусах
мэт алга болдог байжээ. Харин илдний оронд галт уулын шилэн хутга хэрэглэдэг байсан юм
гэхэд,

- Одоо хүртэл хэрэглэсэн хэвээр байгаа гээд Оша мастерын бугуйны хазуулсан шархан дээр
зөөлөн жин тавьж урт утсаар чанга боолоо.

Бран сумны толгойг ойртуулан харахад үзэсгэлэнтэй гулгамтгай хар шил солонгорон
гялалзав.

- Би үүнээс нэгийг авч болох уу?

- Хүссэнээрээ авч болно гэж мастер хэллээ.

- Би ч гэсэн авмаар байна. Дөрвөн настай болохоор дөрвийг авмаар байна гэж Рикон дуу
алдав.

Лювин түүнд тоолон өгөв.

- Болгоомжтой маш хурц шүү. Өөрийгөө зүсчихэв дээ.

- Надад хүүхдүүдийн тухай яриач. гэж Бран гуйлаа. Энэ түүнд маш чухал байв.

- Чи яг юуг нь мэдэхийг хүссэн юм?

- Бүгдийг нь.

Мастер Лювин хүзүүндээ зүүсэн төмөр гинжээ дугтарлаа.

- Тэд хаант улс хаадаас ч өмнө хамгийн эхэн үеийн хүмүүс байсан юм. Тэдгээр өдрүүдэд
цайз, шилтгээн, хот суурин болон Дорнийн тэнгисээс эндхийн хооронд худалдааны нэг ч хот
байсангүй. Хүмүүс ч бас байсангүй. Зөвхөн Ойн хүүхдүүд бидний одоо долоон ханлиг гэж
дууддаг газар суурьшиж байсан юм.
- Тэд бараан арьстай үзэсгэлэнтэй жижигхэн хүмүүс байсан бөгөөд насанд хүрсэн үедээ ч
хүүхдээс өндөргүй байлаа. Тэд ойн гүн, агуй, нуурын дунд амьдарч нууц модон хотоо
байгуулжээ. Ойн хүүхдүүд түргэн шаламгай байлаа. Эрэгтэй эмэгтэйчүүд нь далан модон
нум, шиддэг урхи хэрэглэн хамтдаа гөрөөлнө. Тэдний бурхад ой, гол, чулууны бурхад байсан
бөгөөд хуучин бурхад гэж нууцлагаар нэрлэдэг байв. Тэд цэцэн ухаантай нэгнээ ногоон зөнч
гэж дууддаг байсан бөгөөд ойг харуулдаж байхын тулд далан модонд хачирхалтай нүүр
сийлэн үлдээжээ. Хүүхдүүд энд хэр удаан суусан болон хаанаас ирснийг хэн ч мэддэггүй юм.

- Гэвч ойролцоогоор арван хоёр мянган жилийн өмнө Анхны хүн дорно зүгээс Дорнийн
Хугарсан гарыг хугарахаас нь өмнө ирсэн юм. Тэд хүрэл илд, том ширэн бамбайтай морь
унасан хүмүүс байв. Уйтан тэнгисийн энэ хязгаарт морь байсангүй. Эргэлзээгүй ойн
хүүхдүүдийг морь айлгасны адил Анхны хүмүүсийг модон дээр сийлсэн нүүрүүд айлгажээ.
Анхны хүн бэхлэлт суурингаа байгуулж модонд сийлсэн нүүрийг цавчин унагаж шатаажээ.
Айдаст автсан хүүхдүүд дайнд мордсон байна. Эртний дуунд ногоон зөнч хар шид хэрэглэн
газар дэлхийг арчин хаяхаар тэнгисийн усыг түрхрэн босгож Гарыг хугалсан гэдэг ч хаалгыг
хаахад нэгэнт оройтжээ. Дайн газар дэлхий хүн болон ойн хүүхдүүдийн цусанд будагдан
нэвчих хүртэл үргэлжилж хүмүүс том биетэй хүчтэйн дээр мод чулуу, галт уулын шилийг
хүрэлтэй харьцуулах аргагүй болохоор хүүхдүүд илүүтэй амь үрэгджээ. Эцэст нь хоёр тал
хоёул ухаалгаар шийдэн Анхны хүний удирдагч, баатрууд ногоон зөнчтэй далан мод шигүү
ургасан Бурхдын нүд гэж нэрлэдэг том нуурын дундах жижиг арал дээр уулзжээ.

- Тэнд гэрээ байгуулсан байна. Анхны хүнд эргийн газар, өндөр тал, өргөн нуга, уул, намаг
оногдсон ч өтгөн шигүү ой хүүхдүүдийнх мөнх хэвээр үлдэж хаант улс даяар далан модонд
ганц ч сүх хүргэхгүй болжээ. Бурхад тэдний гэрээний гэрч болон арлын мод болгон дээр
нүүр сийлж хожим нь Нүүрний арлыг харж байх ариун үүрэгтэй ногоон хүмүүсийг
томилжээ.

- Гэрээ хийснээс хойш дөрвөн мянган жилийн турш хүмүүс болон хүүхдүүд хоорондоо
найрамдалтай байсаар ирсэн юм. Цаг хугацааны явцад Анхны хүн авчирсан бурхдаа огоорч
нууцлаг ойн бурхдыг шүтэх болжээ. Эхэн үеийн гэрээ төгсгөл болох үед Баатруудын эрин
эхэлсэн юм.

Бран гартаа атгасан гялалзсан хар сумны зэвийг эргүүлэв.

- Гэхдээ та ойн хүүхдүүд бүгд байхгүй болсон гэж хэлсэн биз дээ.

- Энд л тийм байх. Харин хойд зүгт Ханан дээр бол өөр хэрэг. Тэнд ойн хүүхдүүд, аварга
биет болон өөр бусад эртний амьтад бий гээд Оша боолтны үзүүрийг шүдээрээ хазан
чангалав.

Мастер Лювин санаа алдав.

- Эмэгтэй минь чи зүй нь бол үхэх юм уу одоо гинжтэй байх ёстой. Старкынхан чамтай
хүртэх ёстойгоос чинь илүү зөөлөн харьцаж байгаа. Тэдний сайхан сэтгэлийнх нь хариуд
хөвгүүдийнх нь толгойг тэнэг зүйлээр эргүүлэх эелдэг биш хэрэг шүү.
- Надад тэдний хаашаа явсныг хэлээч. Би мэдмээр байна гэж Бран гуйлаа.

- Би ч гэсэн гэж Рикон хашгирав.

- Тэгвэл сонсож бай. Урт хугацааны турш Анхны хүмүүсийн хаант улс Баатруудын эрин болон
долоон ханлиг мэндлэхийн өмнөх Урт шөнүүдэд гэрээгээ баримталсан ч эцэстээ олон зууны
дараа цаг нь ирж өөр бусад хүмүүс уйтан тэнгисийг гатлан ирсэн юм.

- Андалс эхэлж иржээ. Өндөр цайвар үстэй илд, галаар зэвсэглэсэн дайчин тэрбээр цээжин
дээрээ шинэ бурхны долоон хошуутай од зурсан байв. Дайн зууны турш үргэлжилж эцэстээ
өмнөдийн зургаан ханлиг бүгд түүний өмнө унахад зөвхөн Анхны хүний хуулийг
баримталсан Умардын хаад Хүзүүг гатлах гэсэн тэднийг армийг хориглон тогтоож байв.
Андалс далан модыг шатааж унаган сийлбэрлэсэн нүүрийг цавчин ойн хүүхдүүдийг
тааралдсан газар нь устгаж Долоог хуучин бурхдаас илүү гэж тунхагласан юм. Иймээс
хүүхдүүд хойд зүг зугтаж...

Зун ульж эхэллээ.

Мастер Лювин давхийн чимээгүй болов. Сэгсгэр нохой үсрэн босоод хоолойгоо ахтайгаа
нийлүүлэн улихад Браны зүрхийг айдас эзэмдэв.

- Тэр ирж байна гэж цөхрөн шивнэлээ. Тэр өнгөрсөн шөнө хэрээ түүнийг бунхан руу салах ёс
гүйцэтгүүлэхээр буулгасныг мэдэж байв. Мэдэж байсан ч итгээгүй билээ. Зөвхөн мастер
Лювины зөв байгаасай гэж хүсчээ. Хэрээ, гурван нүдтэй хэрээ... гэж бодлоо.

Улилт эхэлсэн шигээ гэнэт төгсөв. Зун шалан дээгүүр шогшин Сэгсгэр нохой руу очоод
дүүгийнхээ хүзүүний цусанд будагдсан шархыг долоож эхлэв. Цонхоор далавчны дэвэлт
гарлаа.

Саарал чулуун тавцан дээр хэрээ газардан хошуугаа нээж чанга хахир хоолойгоор хашгирлаа.

Рикон уйлж сумны толгойнууд гараас нь нэг нэгээрээ газар хангинан унав. Бран түүнд
ойртон тэвэрлээ.

Мастер Лювин хар шувууг өдтэй хилэнц ирсэн аятай ширтэв. Тэгснээ зүүдэлж байгаа юм
шиг удаанаар босоод цонх руу явав. Түүнийг исгэрэхэд хэрээ боолттой гаран дээр нь үсрэн
буув. Далавчин дээр нь хатсан цус тогтжээ.

- Харцага эсвэл магадгүй ууль дайрсан байх. Хөөрхий амьтан яаж энэ хол ниссэн юм бол гэж
Лювин шивнээд хөлд нь уясан захиаг авлаа.

Бран мастер цаасыг дэлгэхэд агзасхийн чичирэв.

- Юу болсон бэ? гээд дүүгээ улам чанга тэвэрлээ.

- Чи тэнд юу бичээстэйг мэдэж байгаа хүү минь гэж Оша өрөвдөх сэтгэлгүй хэлээд толгой
дээр нь гараа тавилаа.
Мастер Лювин тэдэн рүү харснаа жижигхэн саарал цусанд будагдсан ноосон ханцуйтай
хүний хурц нүдэнд нулимс цийлэгнэв.

- Эрхэм лордуудаа бид... Бид эцгийг чинь сайн мэддэг чулууны сийлбэрчин олох хэрэгтэй
болж... гэж хөвгүүдэд хандан цахиртсан хоолойгоор хэлэв.
САНСА

Мэйгорын бэхлэлтийн зүрхэн дэх цамхгын өрөөнд Санса харанхуйд байв.

Тэр орныхоо эргэн тойронд татсан хөшгийг буулгаж унтаад сэрээд уйлж ахин унтаж байлаа.
Харин унтаагүй үедээ хөнжил дороо шурган хэвтээд гашуудалдаа чичирнэ. Зарц нар хоол
зөөн орж гарч байвч түүнийг нь идсэнгүй. Цонхны доод талын ширээн дээр овоолсон
тавагтай хоол зарц тэднийг хураах хүртэл гар хүрэлгүй муудаж байв.

Заримдаа тэр зүүдгүй хүнд нойронд умбах бөгөөд ийм үедээ илүү зүдэргээтэй сэрнэ. Гэсэн
ч зүүдэндээ эцгийгээ харах хамгийн сайхан мөч байлаа. Унтаа сэрүүний алинд ч атлан
нөмрөгтөнгүүд түүнийг доош өвдөг сөгдүүлэн нуруундаа "Мөс" зүүсэн сэр Илин урагш
алхахад... яг тэр агшинд харц буруулахыг хүссэн ч хөл нь борхирч унаад яагаад ч юм
толгойгоо эргүүлж чадсангүй. Эргэн тойрон бүх хүмүүс хашгирч түүний ханхүү нь
инээмсэглэн харахад тэр үгийг хэлтэл ганцхан агшинд аюулгүй гэдгээ мэдэрсэн ч эцгийнх нь
хөл... түүний хөл сэр Илин... илдээ буулгахад... хэрхэн татвалзсаныг саналаа.

"Магадгүй би ч гэсэн үхэх ёстой" гэж тэр өөртөө хэлэхэд тийм ч аймшигтай санагдсангүй.
Хэрвээ тэр цонхоор үсэрвэл бүх зовлон шаналал нь эцэс болж дуучид цаг хугацааны явцад
түүний гашуудлын тухай дуулах болно. Дор орших чулуун дээр хэвтэж байгаа гэм зэмгүй
хэмхэрсэн бие түүнээс урвасан бүхнийг ичээнэ. Гэвч Санса унтлагын өрөөний цонх руу очиж
хаалтыг нээмэгц эр зориг нь сарнин цурхиран уйлж ор луугаа гүйжээ.

Түүнд хоол авчирч байсан зарц охид ярилцахыг оролдсон ч хариу хэлсэнгүй. Нэг удаа
эрхэмсэг мастер Пацилл лонх сав бүхий хайрцагтайгаа ирээд өвдсөн эсэхийг нь асуулаа. Тэр
духан дээр нь дарж үзээд зарцаар нь бариулан биед нь хүрч үзэв. Явахдаа зөгийн бал
ургамлын хандтай ус орхиод үдэш бүр ууж байгаарай гэжээ. Түүнийг уумагц даруйхан
нойронд автах аж.

Түүний зүүдэнд цамхагын шатаар чулуун шалан дээгүүр чахрах ширэн гутлын хөлийн чимээ
сонсогдон унтлагын өрөө лүү нь аажмаар ойртоно. Тэр хаалганыхаа ард атийн ойртон
ирэхийг нь чичирэн сонсож байлаа. Энэ бол түүний толгойг авахаар гартаа "Мөс" барьсан
сэр Илин Пэйн болохыг мэдэж байв. Түүнд зугтаж нуугдах газар байсангүй хаалга цоожлох
арга ч байсангүй. Эцэст нь хөлийн чимээ намдахад гадна зогсоод үхлийн нүд гонзгой, цоохор
царайгаараа харж байгаа болох нь мэдэгдэнэ. Тэгэхэд л Санса нүцгэн байгаагаа ойлгох
бөгөөд доош атиралдан биеэ халхлахыг хичээхэд хаалга чахран нээгдэж хурц урт илдний
үзүүр цухуйн...

Тэр зүүднээсээ,

- Гуйж байна, гуйж байна би сайн байна. Би сайн байна гуйж байна хэрэггүй гэж үглэж
сэрсэн ч сонссон хүн байсангүй.

Эцэст нь тэд түүн дээр үнэхээр ирэх үед Санса хөлийн чимээ сонссонгүй. Хаалгыг сэр Илин
биш түүний ханхүү байсан Жоффрей онгойлгожээ. Тэр орондоо атийн хэвтээд хөшгөө битүү
татсан байсан учир өдөр шөнийн алин болж байгааг мэдсэнгүй. Хаалга тасхийн нээгдсэнээ
орны хөшиг дэрхийн ярагдаж гэрэл цэлсхийн тусахад гараараа нүүрээ халхлаад хэн зогсож
байгааг харлаа.

- Чи өнөөдөр үдээс хойш ордонд надад хэрэгтэй. Чамайг усанд орж сүйт бүсгүйд минь
байвал зохих ёсоор хувцасласан байхыг хүсч байна гэж Жоффрей хэлэв. Түүний мөрөн
дээгүүр жирийн хүрэн хантааз, ногоон нөмрөг өмссөн Сандор Клеган өлийхөд түлэгдсэн
нүүр нь өглөөний гэрэлд аймшигтай үзэгдэв. Тэдний ард хааны хамгаалалтын урт цагаан
атлаасан нөмрөгтэй хоёр хүлэг баатар зогсож байлаа.

Санса хөнжлөө өргөн эрүү лүүгээ татаж,

- Үгүй гуйж байна... Хэрэггүй намайг орхиоч гэж гонгинов.

- Хэрвээ чи өөрөө босож хувцаслахгүй бол Хоточ чамаар үүнийг хийлгүүлнэ шүү гэж
Жоффрей хэлэв.

- Би танаас гуйж байна, ханхүү минь...

- Би одоо хаан болсон. Нохой түүнийг орноос нь босго.

Сандор Клеган түүнийг бүсэлхийнээс өргөн яах ийхийн зуургүй өдөн орноос босгоход
хөнжил нь шалан дээр унав. Дотор нь тэр нүцгэн биеэ халхлан зөвхөн унтлагын нимгэн
даашинз өмссөн байлаа.

- Чамд хэлснийг хий. Хувцасла гэж Клеган хэлээд түүнийг хувцасны шүүгээ рүү зөөлөн
шахам түлхлээ.

Санса тэдэн рүү эргэн харав.

- Би хатан хааны хүссэн бүгдийг хийсэн. Би түүний хэлсэн захиаг бичсэн. Та надад
өршөөнгүй хандана гэж амалсан. Гуйж байна намайг гэр лүү минь явуулаач. Би ямар ч урван
тэрсэлсэн хэрэг хийхгүй ээ, сайн байна гэдгээ амалж байна. Надад урвагчийн цус байхгүй.
Би зөвхөн гэр лүүгээ харихыг хүсч байна гээд эелдэг ёсыг санан толгойг бөхийлгөж,

- Таны таалалд нийцвэл гэж сулхан төгсгөв.

- Энэ миний таалалд нийцэхгүй байна. Ээж намайг чамтай гэрлэх хэвээр гэж хэлсэн болохоор
чи үлдэж захирагдах ёстой.

- Би чамтай гэрлэхийг хүсэхгүй байна. Чи миний эцгийн толгойг авсан! гээд Санса мэгшив.

- Тэр урвагч байсан. Би чамд хэзээ ч түүнийг өршөөнө гэж амлаагүй. Зөвхөн өршөөнгүй
хандана гэж амалсан. Хэрвээ тэр чиний эцэг байгаагүй бол би түүнийг тасчин хаях юм уу
арьсыг нь өвчих байсан ч цэвэр үхэл оноосон.

Санса түүнийг амьдралдаа анх удаагаа харлаа. Тэр бүүдгэр улаан өнгийн арслан хатгамласан
хантааз өмсөж, өндөр захтай богино алтан нөмөрчээ. Тэр Жоффрейг урьд нь яагаад
үзэсгэлэнтэй гэж бодож байснаа гайхлаа. Уруул нь борооны дараахь өт шиг зөөлөн булцгар
нүд нь бардам хэрцгий ажээ.

- Би чамайг үзэн ядаж байна гэж Санса шивнэхэд хаан Жоффрейгийн царай хатуурлаа.

- Миний ээж намайг хаан хүн эхнэрээ зодох ёсгүй гэж хэлсэн. Сэр Мерин.

Сансаг гараараа нүүрээ халхалж амжихаас өмнө хүлэг баатар бээлийтэй гараар чих рүү нь
дүйртэл цохилоо. Тэр унаснаа мэдээгүй ч дараагийн агшинд өрөөсөн өвдөг дээрээ гараа
тулаад байж байв. Толгой нь дөжирнө. Сэр Мерин Трант өмнө нь зогсоод цагаан торгон
бээлийтэй гар нь цус болжээ.

- Чи миний хэлснийг дагалдах уу эсвэл түүгээр ахин зодуулмаар байна уу?

Сансагын чих бадайрахад хүрвэл хурууны үзүүр нь улаан болов.

- Би... таны тушаасныг биелүүлье, эзэнтээн.

- Эрхэм дээдэс гэж Жоффрей засаад,

- Би чамайг ордонд хүлээж байя гээд эргээд явлаа.

Сэр Мерин, сэр Арис хоёр түүний араас дагалдсан ч Сандор Клеган үлдээд бүдүүлгээр угз
татан босгов.

- Зовлон шаналгаанаас хол байж түүний хүссэн зүйлийг өг.

- Тэр... Тэр юу хүсээ вэ? Надад хэлээч.

- Тэр чамайг хайртай хатагтай шиг нь инээмсэглэхийг хүсч байгаа. Тэр чамайг септагын зааж
өгсөн уран яруу үгээ урсгахыг хүсч байгаа. Бас чамайг түүнийг хайрлаж... түүнээс айхыг хүсч
байгаа гэж Хоточ сөөнгөтөв.

Түүнийг явсны дараа Санса буцаж суугаад өрөөнд нь хоёр зарц хулчгардуухан орж ирэх
хүртэл хана ширтэв.

- Надад усанд орох халуун ус хэрэгтэй байна. Бас хөхрөлт дарах энгэсэг, сүрчиг хэрэгтэй гээд
нүүрнийх нь баруун тал хавдаж өвдөж эхэлсэн ч Жоффрей түүнийг үзэсгэлэнтэй байхыг
хүссэнийг мэдэж байлаа.

Халуун ус түүнд Винтерфеллийн тухай санагдуулахад хүч өгөв. Тэр эцгийгээ үхсэн өдрөөс
хойш усанд ороогүй болохоор хичнээн бохир болсноо гайхлаа. Зарц нар царайных нь цусыг
арилган, нурууных нь хирийг сойздон угааж өгөөд үсийг нь угааж өтгөн буржгар болтол
самнав. Санса тэдэнтэй ярилгүй зөвхөн тушаал өгч түүний биш Ланнистерийн зарц нар тул
итгэсэнгүй. Хувцаслах цаг болоход тэмцээний өдөр өмссөн ногоон торгон даашинзаа сонгож
найрын шөнө Жофф хичнээн сүр жавхлантай байсныг бодов. Магадгүй энэ ч гэсэн түүнд
найрын тухай сануулж эелдэг харьцахад тус болох ч юм билүү.
Тэр гэдсээ хүржигнэхийг болиулахын тулд шил цөцгийний сүү ууж зөөлөн боов идлээ. Үд
дундын алдад сэр Мерин эргэж ирэв. Тэр алтаар хөвөөлсөн цагаан ялтсан хуяг өмсөж,
мандаж буй алтан нарны сүлдтэй өндөр дуулга тавиад, нүд гялбам өнгөлсөн шилбэвч, зах,
бээлий болон савхин гутал өмсөж алтан арслангаар торгоосон хүнд ноосон нөмрөг зүүсэн
байлаа. Дуулганыхаа халхавчыг яхир царайгаа сайтар харагдуулахаар өргөсөн тул нүдний
дорхи бүлцэн зовхи, өргөн гашуун ам, ов тов буурал суусан зэвний өнгөт үс харагдана.

- Хатагтай гээд түүнийг гурван цагийн өмнө цус гартал цохиогүй юм шиг мэхийн ёслов.

- Эрхэм дээдэс надад таныг хаан ширээний өрөөнд дагалдан ирэхийг тушаалаа.

- Хэрвээ намайг ирэхгүй бол цохь гэж тушаасан уу?

- Та явахаас татгалзаж байгаа юм уу, хатагтай? гээд сэр Мерин нүүрэн дээр нь үлдээсэн
хөхрөлтөө үл тоомсорлон хайхрамжгүй ширтэв.

Тэр намайг үзэн ядаагүй ч сайн биш гэдгийг Санса ойлголоо. Ер нь түүний хувьд юу ч биш
зүгээр л нэг... эд төдий байлаа.

- Үгүй гээд Санса өндийв. Тэр түүнийг өвтгөсөнд уурсан ахин цохиж зүрхлэх юм бол хатан
хаанд хэлнэ гэж сүрдүүлэн хашгирахыг хүссэн ч... Хоточын үгийг санаад,

- Би эрхэм дээдсийн тушаалыг ёсоор биелүүлнэ гэлээ.

- Би ч гэсэн гэж тэр хариу өчив.

- Тиймээ... гэхдээ та бол жинхэнэ хүлэг баатар биш, сэр Мерин.

Сандор Клеган үүнд хөхрөх байсныг Санса мэдэж байв. Өөр бусад хүмүүс түүнийг харааж
амаа хамхихыг тушаах юм уу өршөөл хүсэх байсан бизээ. Гэвч Сэр Мерин эдний алиныг ч
хийсэнгүй. Тэр энгийнээр үл хайхрав

Тагтан дээр Сансагаас ондоо хэн ч байгаагүй тул дор Жоффрейг хааны шүүх гэж нэрлэж буй
албан хэргээ явуулах хооронд толгойгоо бөхийлгөн зогсоод нулимсаа барихыг хичээлээ. Есөн
хэргийн дараа арав дахь нь болоход тэр уйдсан тул зөвлөлийн гишүүн болох лорд Бэйлиш,
эрхэмсэг мастер Пацилл, хатан хаан Серсей нарт шийдэх эрх олгов. Гэсэн ч тэр шийдвэрийг
өөрөө гаргаж байсан бөгөөд хатан ээж нь хүртэл түүний бодлыг өөрчилж чадахгүй байлаа.

Түүний өмнө хулгайч авчирахад сэр Илинд яг одоо энд ордонд гарыг нь цавчихыг зарлиг
болгов. Хоёр хүлэг баатар газар нутаг булаацалдан маргахад маргааш өглөөний халз тулаанаар
шийдвэрлэхээр шийдэв. Дээрээс нь,

- Үхтлээ тулалдана шүү гэж нэмэрлэлээ.

Тэгтэл нэг эмэгтэй өвдөг сөгдөн урвагчаар цаазлуулсан хайртай хүнийхээ толгойг зохих
ёсоор оршуулахын тулд гуйлаа.
- Хэрвээ чи урвагчид хайртай бол чи ч бас урвагч гэсэн үг гэж Жоффрей хэлэхэд хоёр алтан
нөмрөгтөн түүнийг гяндан руу чирж одлоо.

Зөвлөлийн ширээний эцэст сууж байсан хар хилэн хантааз, алтан хээтэй торгомсог нөмрөг
өмссөн бахан нүүртэй лорд Слинт хааныг үг хэлэх болгонд дэмжингүй толгой дохиж байв.
Санса түүний үзээрийн царай руу ширтэн эцгийг нь сэр Илиний өмнө толгойг нь
авахуулахаар хэрхэн өвдөг сөгдүүлснийг санаад түүнийг өвтгөж аль нэг баатар шалан дээр
өвдөг сөгдүүлэн толгойг нь цавчаасай гэж хүслээ. Гэвч дотроос нь хоолой "энд баатар гэж
үгүй" гэж шивнэхэд лорд Петр энэ танхимд юу хэлснийг санав.

- Амьдрал бол дуу биш, хонгор минь. Чи нэг л өдөр үүнийг гашуудлаараа ойлгох болно гэж
тэр хэлсэн билээ.

"Амьдралд мангасууд ялдаг" гэж тэр өөртөө хэлээд Хоточын хүйтэн төмөр шиг хахир хоолойг
ахин сонслоо.

- Зовлон шаналгаанаас хол байж түүний хүссэн зүйлийг нь өг.

Хамгийн сүүлд зээл дээр талийгаач Роберт хааныг тохуурхан дуулсан хэрэгт буруутгагдсан
тарган дуучинг авчирав. Жофф түүнд модон ятгыг нь өгч дуулахыг зарлиг боллоо. Дуучин
нулимс урсган ахин хэзээ ч энэ дууг дуулахгүй гэж андгайлсан ч хаан шаардсаар байв. Энэ нь
Робертийн гахайтай үзэлцэж буй тухай хөгжилтэй дуу байв. Гахай гэж хааныг алсан бодонг
нэрлэж буйг Санса мэдэж байсан тул зарим мөрөнд хатан хааны тухай дуулсан юм шиг
санагдав. Дуу дуусах үед Жоффрей өршөөл үзүүлэхээр шийдлээ гэж мэдэгдэв. Дуучин хуруу
юмуу хэлнийхээ аль нэгийг авч үлдэхээр болжээ. Түүнд сонголт хийх нэг өдрийн хугацаа
байна. Жанос Слинт дэмжин толгой дохив.

Энэ бол тэр өдрийн хамгийн сүүлчийн хэрэг шийдэлт болохоор Сансагын сэтгэл амарсан ч
зовлон нь дуусаагүй байв. Зарчийн хоолой албан хэрэг тарах болсныг мэдэгдэхэд тагтны
шатнаас яаран уруудан буутал Жоффрей ёроолд нь зогсоод хүлээж байв. Хоточ болон сэр
Мерин түүнтэй байв. Залуу хаан түүнийг хөлөөс толгой хүртэл шүүмжлэнгүй ширтэв.

- Чи өмнөхөөсөө хамаагүй дээр харагдаж байна.

- Баярлалаа, эрхэм дээдсээ гэж Санса хэлэв. Хоосон үг хэдий ч тэр толгой дохин инээмсэглэв.

- Надтай хамт яв гэж Жоффрей тушаагаад гараа сунгахад түүнд барихаас ондоо сонголт
үлдсэнгүй. Урьд нь ганц хүрэхэд баясан хөөрдөг байсан бол одоо жигшсэндээ атийлаа.

- Удахгүй миний төрсөн өдөр болно. Бэлэг сэлт бүхий том найр хийнэ. Чи надад юу өгөхөөр
төлөвлөсөн бэ? гэж Жоффрей тэднийг хаан ширээний өрөөнөөс гарахаар явахад асуулаа.

- Би... би энэ тухай бодсонгүй, эзэнтээн.

- Эрхэм дээдсээ гээч гэж Жоффрей ширүүн хэлээд,

- Эсвэл чи үнэхээрийн тэнэг охин юм уу? Ээж бас тэгж хэлсэн гэв.
- Тэр тэгсэн гэж үү? Энэ бүх болсон явдлын дараа үг түүнийг гомдоогоогүй ч сэтгэл нь
хөндүүрлэв. Хатан хаан түүнд үргэлж эелдэг ханддаг байлаа.

- Өө, тэгэлгүй яахав. Тэр бидний хүүхдүүдийг чам шиг тэнэг болчих вий гэж санаа зовж
байсан. Гэхдээ би түүнд санаа зовох хэрэггүй гэж хэлсэн л дээ гээд хаан зангахад сэр Мерин
тэдэнд хаалга онгойлгож өглөө.

- Баярлалаа, эрхэм дээдсээ гэж Санса бувтнаад "Хоточын зөв байж. Би ердөө зааж өгсөн
үгийг давтдаг жижигхэн шувуу" гэж бодлоо. Нар баруун хананы цаагуур далд орж Улаан
хэрмийн чулуу цусан бараан өнгөөр тунарна.

- Би чамайг удахгүй боломжтой болсон даруй хүүхэдтэй болгоно гэж Жоффрей түүнийг
хашаанд дагуулан гарахдаа хэлээд,

- Гэхдээ эхнийх нь тэнэг байх юм бол толгойг чинь авч арай ухаалаг авгай авна шүү. Ер нь чи
өөрийгөө хэзээ хүүхэдтэй болж чадна гэж бодож байна? гэв.

Санса ичсэндээ түүн рүү харсангүй.

- Септа Мордэйн хэлэхдээ ихэнхи... ихэнхи язгууртан гаралтай охид арван хоёр юм уу арван
гурван настай цэцэглэдэг гэсэн гэхэд Жоффрей толгой дохин,

- Ийшээ гээд харуулын цамхаг руу хөтлөн хэрэм рүү гардаг шатны хөлд очив.

Санса гэнэтхэн хааш явж байгаагаа ойлгоод агзасхийн хойш ухрав.

- Үгүй. Гуйж байна намайг битгий ингээч. Гуйя... гэж айсан хоолойгоор дуу алдав.

Жоффрей хөмхийгөө зуув.

- Би чамд урвагчид юу тохиолддогыг үзүүлэхийг хүссэн юм.

Санса цөхрөн толгойгоо сэгсэрлээ.

- Хэрэггүй. Битгий тэгээч.

- Би сэр Меринд чамайг дээш нь чирж гарга гэж тушааж чадна шүү. Гэхдээ чамд энэ
таалагдахгүй л байх даа. Иймээс миний хэлснийг хийсэн чинь дээр гээд түүнд хүрэхэд Санса
дальдиран Хоточын ард орлоо.

- Үүнийг хий, охин минь гээд Сандор Клеган түүнийг хааны зүг түлхэв. Түүний царайных нь
түлэгдсэн хэсгийн ам татвалзан хөдлөхөд Санса бараг л үлдсэн хэсгийг нь сонслоо.

Тэр чамайг яаж ч байсан хамаагүй дээш гаргах болохоор юу хүссэнийг нь хий.

Санса хүчлэн Жоффрей хааны гараас барилаа. Авиралт хар дарсан зүүд шиг байж гишгүүр
бүрийг өсгийгөө хүртэл татсан шавраас хөлөө сугалж байгаа юм аятай зовуурьтай өнгөрөөв.
Тэгээд ч шатны гишгүүр тоолохыг аргагүй мянга мянгаараа үргэлжлэх бөгөөд хэрмийн оройд
айдас хүлээж байв.

Өндөр бэхлэлтийн харуулын цамхаг дээрээс бүхий л ертөнц тэдний өмнө дэлгэгдэв. Санса
эцгийнхээ нас барсан Висениагийн толгод дээрх Бэйлорын Их сүмийг харлаа. Нөгөө талд нь
галд харласан лууны нүхтэй залгаа Эгч дүүсийн гудамж байв. Өрнө зүгт хөөсөн улаан наран
Бурхдын хаалганы цаагуур хагас далд орно. Түүний ард давстай тэнгис, өмнөд загасны зах
болон Оргилуун хар усны зогсоол байв. Харин умард зүгт...

Тийшээ эргэхэд зөвхөн хот, гудамж, явган зам, толгодын ёроол болон цаашаа үргэлжилсэн
илүү их гудамж ханаран үргэлжлээд алсад хэрмийн хана байлаа. Гэсэн ч тэдний цаана задгай
газар эхэлж тосгон тариалангын талбай, ой болон түүнээс ч цаана алс холын умард зүг
Винтерфелл бий.

- Чи хаашаа хараад байна? Би чамд энийг үзүүлэх гээгүй гэж Жоффрей хэлэв.

Хэрмийн гадна ирмэгийг Сансагын эрүү хүртэл өндөр зузаан хашлагаар хамгаалан таван
алхам тутамд харваачийн нүх гаргажээ. Ханын орой дахь шүд хооронд төмөр хадаасанд хот
руу нүүрийг нь харуулан хүний толгой зоожээ. Санса тэднийг анх гарч ирсэн даруйдаа
ажигласан ч гол, хөл хөдөлгөөнтэй гудамж, жаргаж буй нар гээд үзэсгэлэнтэй олон зүйл
байлаа.

"Тэр намайг толгой руу харуулж чадах ч тэднийг харуулж чадахгүй" гэж дотроо хэлэв.

- Энэ бол чиний аавын толгой. Энд байна. Нохой түүнийг Сансад харагдахаар эргүүл дээ.

Сандор Клеган толгойны үснээс барин эргүүлэв. Цавчуулсан толгойг удаан хадгалахын тулд
давирхайд дүржээ. Санса түүн рүү тайван харсан ч юу ч олж харсангүй. Толгой лорд
Эддардтай адилгүйн дээр жинхэнэ бус мэт санагдана.

- Би хэр удаан харах ёстой вэ? гэхэд Жоффрей урам хугарсан бололтой,

- Үлдсэнийг нь хармаар байна уу? гэлээ. Цаашаа толгойны урт эгнээ байв.

- Эрхэм дээдсийн тааллаар болъё.

Жоффрей түүнийг ханын дагуу дагуулан арваад толгой хоосон хоёр хадаасыг өнгөрөх зуураа,

- Би үүнийг авга ах болох Станнис болон Рэнлид зориулан хадгалж байгаа гэж тайлбарлав.
Үлдсэн толгойнууд илүү их удсан болохоор давирхайд дүрснийг үл харгалзан хэн болох нь
танигдахын аргагүй болжээ. Хаан нэгийг нь заагаад,

- Энэ чиний септа гэлээ.

Гэвч Сансад эмэгтэй хүний толгойтой адил харагдсангүй. Эрүү нь ялзран мултарч шувуу нэг
нүд болон хацрын ихэнхийг нь тоншжээ.
Санса эхэндээ септа Мордэйнд юу тохиолдсон эсэхийг гайхаж байснаа үнэнийг ойлгожээ.

- Яагаад түүнийг алсан юм. Тэр бурханд зүтгэдэг...

- Тэр бол урвагч байсан гээд Жоффрей түүн рүү урам хугарсан янзтай урвайн харлаа.

- Чи миний төрсөн өдрөөр юу бэлэглэхээ хэлсэнгүй. Эсвэл би оронд нь чамд юм өгөх юм уу?

- Эрхэм лордын тааллаар болъё.

Жоффрей түүнийг даажигнан инээмсэглэв.

- Ах чинь ч гэсэн урвагч болохыг чи мэдэж байгаа гээд гээд септа Мордэйний толгойг буцаан
эргүүлж,

- Би чиний ахыг Винтерфеллд байсныг санаж байна. Миний нохой түүнийг модон илдтэй
лорд гэсэн. Тийм биз дээ, нохой минь? гэв.

- Би тэгсэн гэж үү? Санахгүй байх чинь гэж Хоточ хэлэв.

Жоффрей унтууцан мөрөө хавчив.

- Чиний ах миний нагац ах Жэймиг ялсан. Ээж хэлэхдээ урвагч түүнийг мэхэлсэн гэсэн. Тэр
энэ тухай сонсоод уйлсан. Эмэгтэйчүүд бүгд сул дорой атал тэр тийм биш дүр эсгэдэг юм.
Тэр биднийг Хааны газар авга ах нар минь дайрч болзошгүй тул үлдэх ёстой гэсэн ч надад
хамаагүй. Би төрсөн өдрийнхөө найрын дараа цэргээ цуглуулж ахыг чинь өөрийн гараар
ална. Үүнийг би чамд өгч байгаа юм, хатагтай Санса. Ахын чинь толгойг бэлэглэж байна.

Ямар галзуурал нь түүнийг хаман авсан юм Санса өөрийн мэдэлгүй,

- Эсвэл магадгүй ах минь ч надад чиний толгойг өгч болох юм гэв.

Жоффрей хөмсөг зангидав.

- Чи надтай ингэж ярьж болохгүй. Жинхэнэ эхнэр лордоо шоолдоггүй юм. Сэр Мерин түүнд
сургаад өг.

Энэ удаад хүлэг баатар түүний эрүүний доод талаас барьж байгаад хоёр ч удаа хүчтэй
алгадлаа. Цохилт эхлээд баруун дараа нь зүүн хацарт нь буув. Сансагын уруул язарч эрүүг нь
даган цус урсаж гашуун нулимстай нь холилдов.

- Тэгээд ч чи цаг үргэлж уйлаад байж болохгүй. Чи үзэсгэлэнтэй байж инээмсэглэж байх
ёстой.

Санса сер Мерин түүнийг ахин цохихоос эмээн инээмсэглэхийг оролдсон ч олигтой юм
болсонгүй тул хаан толгой сэгсэрлээ.
- Цусаа арч чи заваан харагдаад байна.

Хэрмийн гадна хашлага эрүү хүртэл өндөр байсан ч дотор талын ирмэгийг байгаа наян
футын дор байгаа хашаанаас тусгаарласан зүйл байсангүй. Зөвхөн түлхэхэд болно гэж Санса
өөртөө хэлэв. Түүнийг булцгар өтөөрөө инээмсэглэж байгаа газрын баруун тал руу. Чи
үүнийг хийж чадна. Чи чадна. Яг одоо хий. Түүнийг дагаж унасан байсан ч хамаагүй. Энэ
чухал биш.

- Алив охин минь гээд Сандор Клеган Жоффрей тэр хоёрын дунд өвдөг сөгдөн тийм том хүнд
гэхэд гайхмаар уян хөдөлгөөнөөр язарсан уруулынх нь цусыг арчив.

Хором өнгөрч Санса харцаа буулгав.

- Баярлалаа гэж дууссан хойно нь хэллээ. Тэр үргэлжид эелдэг ёсыг санадаг сайн охин билээ.
ДАНЕРИС

Түүний халуурсан зүүдэнд далавч сүүдэрлэлээ.

- Чи лууг сэрээхийг хүсээгүй биз дээ?

Тэр өндөр чулуун нуман хаалгатай урт хонгилд явж байв. Арагш харж болохгүй байсан тул
эргэж харсангүй. Өмнө нь алсад жижигхэн хаалга сүүмэлзэж тэртээ холоос улаан өнгө нь
харагдана. Тэр алхаагаа улам түргэсэхэд нүцгэн хөл нь чулуун дээр цусан мөр татуулав.

- Чи лууг сэрээхийг хүсээгүй биз дээ?

Тэр нарны гэрэлд умбасан Дотракийн тэнгисийн амьд ногоон талыг харж хөрс, үхлийн
үнэрийг мэдэрлээ. Салхи өвсийг найгуулахад ус шиг долгиолов. Дрого түүнийг хүчирхэг
гараараа бариад эрхтэнг нь илбэж зөвхөн түүнд зориулагдсан зүйлийг нойт оргиулахад
өдрийн тэнгэрт түгсэн одод тэдэн рүү инээмсэглэв.

- Гэр гэж Дани түүнийг нэвтрэн орж үрээ юүлэхэд шивнэсэн ч гэнэтхэн одод алга болж
цэнхэр тэнгэрт том далавч дэвэн ертөнц галд автлаа.

- Чи лууг сэрээхийг хүсээгүй биз дээ?

Сэр Жорахын царай гашуудалтай гунигтай байлаа.

- Рэйгэр сүүлчийн луу байсан юм гэж түүнд хэлээд тунгалаг гараа лууны өндөг цог шиг
улайран буй галд ээлээ. Тэгснээ дараагийн агшинд сарнин алга болж сэвшээ салхи болон
хувирав.

- Сүүлчийн луу гэж сулхан шивнээд алга болов. Данерисийн ард харанхуй өтгөрөн нүүгэлтэж
улаан хаалга улам ч алсад мэт санагдана.

- Чи лууг сэрээхийг хүсээгүй биз дээ?

Висерис түүний өмнө зогсоод хашгирч байлаа.

- Луу гуйдаггүй юм, янхан минь. Чи луунд тушаах ёсгүй. Би луу учраас титэм зүүх ёстой гэхэд
хайлсан алт нүүрийг нь даган шингэн лав шиг урсаж биенийх нь гүнийг шатаалаа.

- Би луу учраас титэм зүүх ёстой! гэж хашгираад хуруугаа могой шиг сарвалзуулан хөхнөөс нь
чимхэн зулгааж мушгилан, нүдний цөцгий нь хага үсрэн харласан хацар луугаа царцаамал
шиг урсахад хүртэл больсонгүй.

- ...лууг сэрээхийг хүсээгүй биз дээ?

Улаан хаалга алсад харагдсан хэвээр ард нь хөөж байгаа зүйлийн мөсөн амьсгал мэдрэгдэнэ.
Хэрвээ энэ түүнийг гүйцвэл үхэх юм уу түүнээс ч дор харанхуйд үүрд ганцаар үлдэх тавилан
хүлээж байлаа. Тэр гүйж эхлэв.
- ...лууг сэрээхийг хүсээгүй биз дээ?

Тэр дотроосоо гал авалцан хэвлий нь аймшигтай өвдөхийг мэдрэв. Түүний хүү өндөр бардам
агаад Дрогогын хүрэл арьс, түүний алтлаг мөнгөн үс бүйлсэн хэлбэртэй хөх ягаан нүдийг
өвлөн авчээ. Тэр инээмсэглэн Дани руу гараа сунгасан ч амаа нээхэд дөл улалзан зүрх нь
цээжиндээ ноцож агшин зуур лааны дөлд дүрэлзсэн эрвээхий шиг үнс болон хувирав. Тэр
хүүхдийнхээ араас уйлж ариун аманд нь хөхөө хийхийг амалсан ч нулимс нь хацарт хүрмэгц
уур болон дэгдлээ.

- ...лууг сэрээхийг хүсээгүй...

Хонгилын дагуу гартаа сүүмэлзсэн дөлтэй илд барьсан гундсан хувцастай хаадын сүнс эгнэн
зогсчээ. Тэдний үс алтлаг мөнгөн, цагаан алт шиг тунамал агаад нүд нь гэрэлт чимид, ягаан
болор, турмалин, хаш адил туяарна.

- Түргэлээрэй түргэлээрэй түргэлээрэй гэж тэд хашгирлаа. Дани хурдаа нэмж гүйхэд хөл
хүрсэн газрын чулуу хайлан урсав.

- Түргэл! гэж хий үзэгдлүүд нэгэн зэрэг хашгирахад тэр дуу алдан урагш уналаа. Нуруунд нь
том хутга зоогдон өвдөж арьс нь ярагдан халуун цусны эхүүн үнэр ханхалж далавчны сүүдэр
харагдлаа. Данерис Таргарин нислээ.

- ...лууг сэрээхийг...

Түүний өмнө улаан хаалга сүүмэлзэн улам ойртоход эргэн тойрны хонгил сарнин алга болж
ард нь хүйтэн үлдлээ. Гэнэтхэн гүйж байсан чулуу алга болж тэр Дотракийн тэнгисийн
дээгүүр элин халин нисч улам өндөр аван хөөрөхөд дор нь ногоон өвс давалгаалан амьтай
бүхэн далавчных нь сүүдрээс айн зугтав. Тэр гэрийнхээ үнэрийг мэдэрч энэхүү хаалганы
цаана ногоон тал, том чулуун байшингууд түүнийг дулаахан гараараа тэврэн угтахыг мэдэж
байлаа. Ингээд хаалгыг нээлээ.

- ...лууг...

Түүний ах Рэйгэр хуяг дуулга шигээ ижилхэн өнгөтэй хар азарган дээр сууж байв. Улаан гал
дуулганых нь халхавчны завсар улалзана.

- Сүүлчийн луу. Сүүлчийн сүүлчийн гэж сэр Жорахын хоолой аяархан шивнэлээ.

Дани түүнийг толигор хар халхавчыг сөхөн харвал өөрийнх нь царай байв.

Үүний дараа удаан хугацааны турш зөвхөн өвчин шаналгаа байж хэвлийд нь гал авалцан одод
шивнэнэ.

Түүний аманд үнс амтагдан сэрлээ.

- Үгүй, үгүй гуйж байна гэж ёолов.


- Калисий? гээд Жикүй түүн рүү айсан согоо шиг дэгдэв.

Майханд сүүдэр туссан нам гүм байлаа. Зуухан дахь үнс дээш бужигнан Дани түүнийг
утааны нүх рүү хөөрөхийг дагуулан харав.

"Нисэлт. Би далавчтай нисэж байсан" гэж бодлоо. Гэвч энэ бол ердөө зүүд байж.

- Надад туслаач гээд өндийхийг оролдон,

- Надад хэрэгтэй... гээд хоолой нь өвчинд зангиран хөндүүрлэхэд яг юу хүсээд байгаагаа


ойлгосонгүй. Яагаад ийм их өвдөж байгаа юм бол? Яг л биеийнх нь нэг хэсгийг зулгааж
тасдан хаясан аятай аймшигтай өвдөх аж.

- Би хүсч...

- Тиймээ, калисий гээд Жикүй агшин зуур асраас гүйн гараад хашгирлаа. Данид ямар нэг
зүйл юм уу... хэн нэгэн... хэрэгтэй байв. Юу юм бол? Гэхдээ энэ нь маш чухал гэдгийг тэр
мэдэж байлаа. Яг л ертөнц энэ зүйлээс хамаарах юм шиг. Тэр хажуу тийш өнхрөөд тохойгоо
тулан өндийхийг оролдоход хөнжил нь хөлийн дор хуйлрав. Хөдлөхөд хэцүү байлаа. Ертөнц
түүнийг тойрон эргэлдэв.

- Надад хэрэгт...

Тэд түүнийг хивсэн дээр лууны өндөгний зүг мөлхөж байхад олов. Сэр Жорах Мормонт
түүнийг сэвхийтэл өргөн унтлагын гудсан дээр тавихад сулхан эсэргүүцэн тийчигнэв. Хүлэг
баатрын мөрний дээгүүр гарын гурван зарц болон зурайсан сахалтай Жого, өргөн хавтгай
нүүртэй Мирри Маз Дуур нар үзэгдэнэ.

- Би ёстой... надад хэрэгтэй... гэж тэдэнд хэлэхийг хичээв.

- Унтдаа гүнж минь гэж сэр Жорах хэллээ.

- Үгүй. Гуйж байна. Гуйж байна.

- Тийм гээд Жорах түүнийг халуу шатаж байсан ч торгоор хучлаа.

- Унтвал ахин хүчтэй болно, калисий. Бидэндээ эргээд ир.

Тэгтэл мэйги Мирри Маз Дуур дэргэд нь гарч ирээд уруулд нь аяга ойртуулахад гашуун сүү
юм уу тиймэрхүү өтгөн гашуун амттай зүйл амтагдаж эрүүг нь даган бүлээн шингэн урсав.
Тэр ямартай ч түүнийг залгихад майхан утаа болон сарниж ахин нойронд автлаа. Энэ удаад
зүүдэлсэнгүй. Хязгаар хярхаг эрэг хаяагүй тайван амгалан тэнгисийн дунд хөвөв.

Дараа нь хэсэг хугацааны дараа өдөр, шөнө, жилийн алин өнгөрсөн болохыг мэдэлгүй ахин
сэрлээ. Майханд харанхуй байж торгон хана хүчтэй салхинд жигүүр адил дэрвэнэ. Энэ удаад
Дани өндийхийг оролдсонгүй.
- Ирри, Жикүй, Дориа гэж дуудлаа. Тэд даруй хүрч ирэв.

- Миний хоолой хатчихаж гэхэд ус авчирч өгөв. Энэ нь амтгүй бүлээн ус байсан ч Дани
хомхойрон залгиж Жикүйг ахин явуулав. Ирри зөөлөн алчуур норгон духыг нь арчлаа.

- Би өвчтэй байсан уу? гэж асуухад Дотраки охин толгой дохив.

- Хэр удсан бэ?

Зөөлөн алчуур тайтгаруулам байсан ч Ирри гунигтайгаар,

- Маш удаан гэж шивнэлээ. Жикүй ус нэмж авчирахад нойрондоо бүлцийсэн нүдтэй Мирри
Маз Дуур түүнтэй хамт орж ирэв.

- Уу гээд тэр Данигийн толгойг өргөн аяга ойртуулахад энэ удаад дарс байлаа. Амтат
анхилуун дарс. Дани уугаад хэвтэж зөөлөн амьсгалах чимээгээ чагнав. Тэгтэл үе мөч нь
хүндрэн ахин нойр эзэмдэхэд,

- Надад... авчраач... би барихыг хүсч байна гэж нойрмог хоолойгоор бувтнав.

- За? Та юу хүссэн юм бэ, калисий? гэж мэйги асуулаа.

- Надад... өндөг... лууны өндөг авчираач гээд тугалга шиг хүндэрсэн зовхио өргөж дийлэлгүй
нүдээ анилаа.

Түүнийг гурав дахь удаагаа сэрэх үед майханд утаа гаргах нүхээр нарны алтан цацраг тусч
гартаа лууны өндөгийг тэврээд хэвтэж байв. Энэ нь цайвар өнгийн сүүн цагаан хайрстай
алтлаг хүрэл хээ угалзаар эмжигдсэн өндөг байлаа. Дани түүний дотроос халуун төөнөхийг
мэдэрлээ. Дор нь байгаа орны торгон даавуу болон арьсан дээр нь нимгэн хөлс бүрхжээ.
"Лууны шүүдэр" гэж бодов. Хуруугаа өндөгний гадаргууны алтан угалз дээгүүр сулхан
гүйлгэхэд чулууны гүнд ямар нэг зүйл хариулах мэт хөдлөв. Энэ түүнийг айлгасангүй. Бүх
айдас нь шатан үгүй болжээ.

Дани духандаа хүрч үзэхэд арьс нь хүйтэн хөлсөнд хучигдан халуурахаа больжээ. Тэр өндийж
суухад агшин зуур толгой нь эргэн хөлний хооронд хатуулан өвдөв. Гэсэн ч тэр хүчтэй
байлаа. Зарц нар нь түүний дуудахад гүйлдэн орж ирэв.

- Домботой ус. Чадвал хүйтэн шүү. Бас жимс. Хасарвааньтай гэж хэллээ.

- Таны тааллаар болъё, калисий.

- Надад сэр Жорах хэрэгтэй байна гээд тэр босоход Жикүй торгон нөмрөг мөрөн дээгүүр нь
тохож өгөв.

- Бас халуун ус, Мирри Маз Дуур болон... гээд дурсамж буцаж ирэхэд тээнэгэлзсэнээ,

- Кал Дрого гэж хүчлэн хэлээд тэдний царай луу эмээн харж,
- Тэр амьд уу...? гэлээ.

- Кал амьд гэж Ирри аяархан хэлсэн ч... Дани түүнийг энэ үгийг хэлэхэд харц нь
харанхуйлсанаа усанд гарч гүйхийг харлаа.

Тэр Дориа руу эргэлээ.

- Надад хэлээч.

- Би... Би сэр Жорахыг авчиръя гээд лисенс охин толгойгоо бөхийлгөн майхнаас гүйн гарав.

Жикүй бас зугтах гэсэн боловч Дани түүний бугуйнаас зууран барилаа.

- Юу болсон юм бэ? Би мэдэх ёстой. Дрого болон... миний хүүхэд.

Ингэхэд тэр яагаад одоо хүртэл хүүхдээ санаагүй юм бол?

- Миний хүү... Рэйго... тэр хаана байна? Би түүнийг харахыг хүсч байна.

Зарц нь нүд буруулав.

- Хүү... тэр амьд үлдээгүй, калисий гэж айсан янзтай шивнэлээ.

Дани түүний бугуйг тавиад "Миний хүү үхэж" гэж Жикүйг майхнаас гарахад бодов. Тэр
яагаад ч юм үүнийг мэдэж байлаа. Тэр эхний удаа сэрэх үедээ Жикүйгийн нулимсыг харсан
билээ. Үгүй сэрэхээсээ урьд мэдэж байсан. Зүүд нь гэнэтхэн амьд хурц тодоор зурсхийхэд
өндөр хүрэл арьстай алтан мөнгөлөг гэзэгтэй хүү галд дүрэлзэн шатсаныг саналаа.

Дани уйлахыг хүссэн ч нүд нь үнс шиг хуурай болжээ. Түүнийг зүүдэндээ уйлахад хацар
дээрх нулимс нь уур болон хувирсан билээ. "Бүх уй гашуудал минь надаас шатан үгүй болж"
гэж дотроо хэлэв. Гэсэн ч сэтгэл нь өөрийн эрхгүй гуниглав... Рэйго түүнийг хэзээ ч
байгаагүй шигээ орхижээ.

Сэр Жорах, Мирри Маз Дуур хоёр хэдэн хормын дараа орж ирэхэд Дани авдарт үлдсэн хоёр
лууны лууны өндөгний өмнө зогсч байлаа. Тэдгээр нь түүний тэвэрч унтсан өндөг шиг
халуун дүүгэх мэт санагджээ.

- Сэр Жорах нааш ирээч гээд гарыг нь авч улаан угалзтай хар өндгөн дээр тавиад,

- Та юу мэдэрч байна? гэж асуув.

- Чулуу шиг хатуу хальс. Бас хайрс гэж хүлэг баатар болгоомжтой хэлэв.

- Халуун байна уу?

- Үгүй. Чулуу шиг хүйтэн байна гээд тэр гараа хойш татаж,
- Гүнж минь та зүгээр үү? Ийм сул биетэй байж босч болж байгаа юм уу? гэв.

- Сул биетэй гэнэ ээ? Би хангалттай хүчтэй гэж хэлсэн ч ямартай ч түүнийг тайтгаруулахын
тулд овоолттой жинтүүн дээр суулаа.

- Надад хүүхдийг минь яаж үхсэнийг хэлээч.

- Тэр амьд байгаагүй, гүнж минь. Эмэгтэйчүүд хэлэхдээ... гээд тээнэгэлзэн чимээгүй болоход
Дани түүний арьс суларч унжин явахдаа доголж байхыг нь харлаа.

- Надад хэлээч. Эмэгтэйчүүд юу гэж хэлсэн юм бэ? гэхэд сэр Жорах нүдэнд нь шаналсан
өнгө тодрон нүүр буруулав.

- Тэд хүүхдийг чинь...

Дани хүлээсэн ч сэр Жорах юу ч хэлсэнгүй. Царай нь ичсэндээ барайж хагас үхдэл адил
болов.

- Мангас шиг гэж Мирри Маз Дуур түүнийг үгийг дуусгав. Хүлэг баатар хүчирхэг хүн хэдий ч
Дани энэ агшинд мэйги илүү хүчирхэг хэрцгий хамаагүй аюултай болохыг ойлгов.

- Гаж амьтан байсан. Би түүнийг өөрийн биеэр гаргасан. Тэр гүрвэл шиг хайрстай сохор,
мухар сүүлтэй сарьсан багваахай шиг жижигхэн сарьсан далавчтай байсан. Намайг түүнд
хүрэхэд бие нь яснаасаа мултран дотроос нь дүүрэн өмхий үнэртэй өт гарсан. Тэр аль эрт
үхсэн байсан.

"Харанхуй" гэж Дани бодлоо. Аймшигтай харанхуй түүний араас нөмрөн хөөж байсан билээ.
Хэрвээ эргэж харсан бол үгүй болох байлаа.

- Сэр Жорах намайг майхан руу зөөн оруулахад хүү минь амьд хүчтэй байсан. Би түүний
төрөхөөр тэмцэн тийрэхийг мэдэрсэн.

- Тийм байсан байж болох юм. Гэсэн ч чиний хэвлийгээс миний хэлсэн шиг тийм амьтан
гарч ирсэн. Тэгэхэд майханд үхэл байсан, калисий.

- Ердөө сүүдэр гэж сэр Жорах цайруулсан ч хоолойд нь эргэлзсэн өнгө сонсогдлоо.

- Би мэйгиг харсан. Би чамайг ганцаараа сүүдэртэй бүжиглэж байхыг чинь харсан.

- Булшнаас босч ирсэн урт сүүдэр, төмөр лорд минь. Урт харанхуй ямар ч гэрэл гэгээ
нэвтэлдэггүй гэж Мирри хэлэв.

Сэр Жорах түүний хүүг алсан болохыг Дани ойлголоо. Тэр үүнийг хайр үнэнчийнхээ төлөө
хийн түүнийг амьд хүн орж болохгүй газар оруулж хүүхдээр нь харанхуйг тэжээжээ. Тэр ч
гэсэн үүнийг мэдэж байгаа болохыг сааралтсан царай, хөнхийсөн нүд, доголон хөлнөөс нь
харагдаж байлаа.
- Сүүдэр таньд ч гэсэн хүрч, сэр Жорах гэж Дани хэлэв.

Хүлэг баатар хариу дуугарсангүй. Дани бурхдын эхнэр лүү эргэлээ.

- Чи надад зөвхөн үхэл амьдралын үнийг төлж чадна гэж анхааруулсан. Би чамайг морины
тухай хэлсэн юм байх гэж бодсон.

- Үгүй. Энэ бол чиний зөвхөн өөртөө хэлсэн худал үг. Чи үнийг нь мэдэж байсан гэж Мирри
Маз Дуур хэлэв.

Тэр мэдэж байсан гэж үү? Үнэхээр гэж үү? Хэрвээ би эргэж харсан бол үгүй болох байсан.

- Үнэ төлөгдсөн. Морь, миний хүүхэд болон Кворо, Квото, Хагго, Кохолло нарын амиар. Үнэ
хэд дахин нугарч төлөгдсөн гээд жинтүүнээс өндийж,

- Харин Кал Дрого хаана байна? Надад түүнийг үзүүл бурхдын эхнэр, мэйги, цусан шидтэн
өөр хэн ч байсан гэсэн тэр. Надад Кал Дрогог үзүүл. Надад хүүгийн минь амиар авсан
түүнийг үзүүл гэв.

- Таны тааллаар болъё, калисий. Явъя би чамайг түүн рүү аваачъя гэж хөгшин эмэгтэй хэлэв.

Данигийн бие бодсоноос хамаагүй сул байлаа. Сэр Жорах түүний мөрнөөс дэмжин босоход
туслав.

- Дараа үзэх цаг хангалттай байна, гүнж минь гэж аяархан хэллээ.

- Би түүнийг одоо л хармаар байна, сэр Жорах.

Майхан дахь бүрэнхийн дараа гаднах ертөнц нүд сохлом гэрэлтэй байлаа. Нар хайлсан алт
шиг хурцаар төөнөж газрын хөрс хуурайшин түлэгджээ. Түүний зарц нар жимс, ус, дарстай
хүлээж байсан ч Жого сэр Жорахад Даниг дэмжихэд туслахаар ойртов. Агго, Ракаро хоёр ард
нь зогсоно. Элсэн дээр ойсон хурц нарны гэрэл харахад хэцүү байсан тул Дани гараа өргөн
нүдээ халхлав. Эргэн тойрон галын үнс харлан цөөхөн тооны морь хазлах өвс эрэн бэлчиж,
хэдэн майхан ёрдойно. Бага насны хэдэн хүүхэд түүн рүү ширтэж цаана нь эмэгтэйчүүд
ажлаа хийж байсан бөгөөд хөгшчүүд ядарсан нүдээр цэнхэр тэнгэр лүү ширтэж цусан ялааг
савчин хөөнө. Тооны байдлаас үзэхэд зуугаас илүүгүй хүн бололтой. Үлдсэн дөчин мянган
хүнээс салхи хумхын тоос үлджээ.

- Дрогогын каласар явчихаж.

- Кал мордож чадахгүй болохоор кал биш болсон гэж Жого хэлэв.

- Дотракичууд зөвхөн хүчтэй хүнийг дагадаг. Өршөөгөөрэй, гүнж минь. Тэднийг тогтоох арга
байсангүй. Ко Поно түрүүлж өөрийгөө Кал Поно гэж зарлахад ихэнхи нь түүнийг дагасан.
Жако удалгүй адил зүйл хийсэн. Үлдсэн нь их бага хэмжээгээр шөнө дүрвэн одсон. Одоо тэд
Дотракийн тэнгист урьд нь Дрогогын каласар байсан газар олон арван шинэ каласар болсон
гэж сэр Жорах хэлэв.
- Харин хөгшчүүд нь үлдсэн. Сул дорой аймхай өвчтэйнүүд нь. Бас ам өгсөн болохоороо бид
үлдсэн гэж Агго хэллээ.

- Тэд Кал Дрогогын сүргийг туун одсон, калисий. Бид тэднийг зогсооход дэндүү цөөхүүлээ
байлаа. Хүчтэй нь хүчгүйгээ дийлдэг жамтай. Тэд өөрсөдтэйгээ кал та хоёрын боолчуудын
ихэнхийг авч одоод цөөн хэдхэнийг нь үлдсэн гэж Ракаро хэлэв.

- Ероих яасан бэ? гээд Дани Хурган хүмүүсийн хотын гадна аварсан аймхай охиныг саналаа.

- Түүнийг одоо Кал Жакогын цусан морьтон болсон Маго барьж авсан. Тэр түүн дээр мордон
дараа нь калд өгч, Жако түүнийг цусан морьтонгууддаа өгсөн. Тэд зургуулаа байсан.
Үүнийгээ дуусмагц хоолойг нь хэрчсэн гэж Жого хэлэв.

- Энэ бол түүний хувь заяа, калисий гэж Агго хэллээ.

Хэрвээ би эргэж харсан бол үгүй болох байсан.

- Хэрцгий хувь заяа хэдий ч Магог хүлээж байгаагаас илүү хэрцгий биш. Би та нарт хуучин
болон шинэ бурхад, хурган бурхан, морьтон бурхан бүх бурхдын нэрийн өмнөөс амлая. Би
Уулсын эх, Ертөнцийн хэвлийн нэрийг барин андгайлж байна. Намайг тэднийг дуусгахын
цагт Маго, Ко Жако нар Ериохд хийсэн зүйлийнхээ төлөө өршөөл гуйх болно доо.

Дотракичууд ойлгомжгүй харц солилцов.

- Калисий. Жако одоо кал болсон болохоор хорин мянган цэрэгтэй болсон гэж гарын зарц
Ирри нь жаахан хүүхдэд юм тайлбарлах адил хэлэв.

Дани толгойгоо өргөлөө.

- Би бол Данерис Шуурганаар төрөгч, Таргариний овгийн Данерис, Байлдан дагуулагч Эйгон,
Хэрцгий Мэйгор болон тэднээс өмнөх хөгшин Валирийн удам. Би лууны охин болохоор та
нарт эдгээр хүмүүс үхэхдээ хашгирах болно гэдгийг амалж байна. Харин одоо намайг Кал
Дрого руу аваач.

Дрого нүцгэн улаан хөрсөн дээр нар луу харан хэвтэж байлаа.

Арваад цусан ялаа түүний биен дээр суусан ч мэдэрсэнгүй бололтой. Дани тэднийг шүүрдэн
хөөгөөд дэргэд нь сөгдөн суулаа. Түүний нүд нээлттэй хэдий ч юу ч харахгүй сохор юм шиг
байлаа. Дани нэрийг нь шивнэхэд сонссонгүй. Цээжний шарх нь аньж эдгэн саарал улаан
өнгийн аймшигтай сорви тогтжээ.

- Тэр яагаад энд наранд ганцаар хэвтэж байгаа юм бэ? гэж тэднээс асуулаа.

- Түүнд дулаан таалагдаж байх шиг санагдсан, гүнж минь. Нүд нь юу ч харахгүй хэрнээ нар
дагаж хөдлөөд байсан. Ийм байдалтай алхаж чадна. Тэр хөтөлсөн газар луу явж, аманд нь
хоол хийвэл идэж, уруулд нь ус дусаавал ууж чадна гэж сэр Жорах хэлэв.
Дани нар одныхоо духан дээр зөөлхөн үнсээд Мирри Маз Дуурын нүүр лүү ширтэн зогслоо.

- Чиний шившлэг дэндүү үнэтэй юм, мэйги.

- Гэсэн ч тэр амьд байна. Чи надаас амийг нь гуйж үүний төлөө төлсөн.

- Энэ бол Дрого шиг хүний хувьд амьдрал биш. Түүний амьдрал бол инээд хөөр, түүдэг дээр
шарсан мах, хөлдөө морь унах явдал. Түүний амьдрал гартаа аракхтай үсэн дэх хонхоо
жингэнүүлэн дайснаа угтан мордох явдал. Түүний амьдрал цусан морьтонгууд болон би,
миний түүнд төрүүлж өгөх ёстой хүү байсан.

Мирри Маз Дуур хариу хэлсэнгүй.

- Тэр хэзээ өмнө байсан шигээ болох юм бэ? гэж Дани шаардлаа.

- Нар өрнөөс мандаж дорно зүгт шингэх үед. Тэнгис хатаж уулс салхинд навчис шиг хийсэх
үед. Чиний хэвлий ахин жирэмсэлж амьд хүүхэд төрүүлэх үед. Тэр үед эргэж ирнэ түүнээс
өмнө ирэхгүй.

Дани сэр Жорах болон бусад руугаа дохилоо.

- Биднийг орхи. Би энэ мэйгитэй ганцаар ярьмаар байна гэхэд Мормонт болон Дотракичууд
холдлоо.

- Чи мэдэж байсан гэж Дани тэднийг сонсохооргүй зайд холдсон хойно хэлэв. Түүний бие
дотор гаднагүй янгинан өвдөж байсан ч уур хилэн нь хүч өгч байлаа.

- Чи намайг юу худалдаж авч байгаа болон үнийг нь мэдэж байсан ч төлүүлсэн.

- Энэ тэдний миний сүмийг шатааснаас болсон. Агуу хоньчин үүнд хилэгнэсэн гэж навтгар
хамартай эмэгтэй тайван хэлэв.

- Энэ бол бурхдын ажил биш. Чи намайг мэхэлсэн. Чи миний хүүхдийг алсан гэж Дани
хүйтнээр хэллээ. Хэрвээ би эргэж харсан бол үгүй болох байсан.

- Гэсэн ч ертөнцийг мордох азарга одоо газар дэлхий нэг ч хотыг шатаахгүй болсон. Түүний
каласар хүмүүсийг тоос болгон дэвслэхгүй.

- Би чиний төлөө үг хэлсэн. Би чамайг аварсан гэж Дани уурсан хэллээ.

- Намайг аварсан гэнэ ээ? гээд лазарийн эмэгтэй нулимав.

- Гурван морьтон намайг барьж аваад эр хүн эмэгтэй хүнтэй харьцдаг ёсоор биш араас
жингэр дээр мордсон нохой шиг эзэмдсэн. Дөрөв дэх нь мордож байхад чи дэргэдүүр
өнгөрсөн. Тэгэхээр чи намайг яаж аварсан хэрэг байх вэ? Би тоолж баршгүй сайн хүмүүсийг
эмчилсэн бурхдын байшинг минь шатаахыг харсан. Гэрийг маань ч гэсэн тэд шатааж
гудамжинд овоолттой толгой байхыг харсан. Би надад талх жигнэж өгдөг байсан талхчингын
толгой тэдний дунд байхыг харсан. Би гурван сарын өмнө үхлийн аюултай өвчнөөс аварсан
хүүгийн толгойг харсан. Бас морьтонгууд ташуурдан хөөхөд уйлж байгаа хүүхдүүдийн дууг
сонссон. Надад ахин хэлээч чи юу аварсан юм бэ?

- Чиний амийг.

Мирри Маз Дуур хэрцгийгээр хөхрөв.

- Кал руугаа харж бүх зүйл нь үгүй болоход амьдрал ямар үнэтэй болохыг хар.

Дани касын хүмүүсээ дуудан Мирри Маз Дуурыг бариулж хөл гарыг нь хүлүүлэн чирүүлэн
одоход мэйги инээмсэглэв. Дани ганц үг хэлэхэд түүний толгойг авах байсан ч... тэгвэл түүнд
юу оногдоно гэж? Толгой юу? Хэрвээ амьдрал ямар ч үнэгүй юм бол үхэл түүнд ямар болох
хэрэг вэ?

Тэд Кал Дрогог майханд буцаан оруулахад Дани түмпэнтэй усанд оруулахыг тушаахад энэ
удаад усанд цус хөвсөнгүй. Тэр түүнийг өөрийн биеэр угааж гар цээжнийх нь хөлс тоосыг
арилган нүүрийг нь зөөлөн даавуугаар цэвэрлэж, урт хар гэзэгнийх нь ээдрээг гарган урьдных
шиг гялалзах хүртэл самналаа. Энэ нь харанхуй болтол үргэлжилсэн тул Дани их зүдэрлээ.
Тэр зогсож хоол унд идэхийг хүссэн ч зөвхөн инжир идэж балга ус уулаа. Удтал унтсан
болохоор төдийлөн нойр нь хүрсэнгүй... үнэнийг хэлэхэд дэндүү удаан билээ. Энэ шөнө тэр
Дрогод тэднийх байсан бүх шөнө болон ирээдүйн шөнийн өртэй.

Дотракичууд хүн амьдралынхаа хамгийн чухал зүйлсийг задгай тэнгэрийн дор хийх ёстой
гэж итгэдэг учир тэдний анхны дурсамж шөнө тал руу явсан байв. Тэр өөрийгөө үзэн ядалт,
Ашайд сурсан ямар ч мэйгийн шиднээс хүчтэй гэж итгүүлэв. Шөнө саргүй харанхуй байсан ч
тэнгэрт мянга мянган хурц од гялалзана. Дани үүнийг хараад муу совин төрөв.

Эндхийн газар сэтгэл баясгах зөөлөн өвс ч байсангүй тоостой хуурай чулуурхаг ажээ.
Салхинд сэрчигнэх мод, айдсыг намуухан хөгжмөөрөө тайтгаруулах горхийн хоржигноон ч
байсангүй. Гэвч Дани од байхад хангалттай гэж шийдлээ.

- Дрого санаач. Бидний хуримын өдөр анх явснаа санаач. Бидний Рэйгог олсон өдрийг санаач.
Каласар биднийг тойрон хүрээлж чиний нүд царай луу харж байсан билээ. Ертөнцийн
хэвлийн хөндийд хичнээн хүйтэн цэвэр тунгалаг ус байсныг санаач. Нар од минь санаад
наддаа буцаж ирээч гэж шивнэв.

Түүнийг дотроо оруулахад хэвлий нь шархирч урагдсан тул Дориагын зааж өгсөн өөр аргыг
хэрэглэхээр шийдэн гар, ам, цээжээ ашиглав. Түүнийг хумсаараа шигтгэн үнсэлтээр булж
шивнэж мөргөж түүх ярьж өгсний эцэст нулимсаараа угаалаа. Гэсэн ч Дрого юу ч
мэдэрсэнгүй ярих юм уу боссонгүй.

Хоосон тэнгэрийн хаяанд үүр гийх үед Дани түүнийг үүрд алдсанаа ойлгов.

- Нар өрнөөс мандаж дорно зүгт шингэх үед. Тэнгис хатаж уулс салхинд навчис шиг хийсэх
үед. Миний хэвлий ахин жирэмсэлж амьд хүүхэд төрүүлэх үед. Тэр үед нар од болсон чи
минь эргэж ирнэ өмнө нь биш.

Хэзээ ч хэзээ ч хэзээ ч гэж харанхуй хашгирлаа.

Дани майхны дотроос зөөлөн өдтэй торгон дэр олов.

Түүнийгээ цээжиндээ наан нар од болсон Дрого руу явлаа. Хэрвээ би эргэж харсан бол үгүй
болох байсан. Явахад хүртэл янгинан өвдөж нойр нь хүрэхэд зүүдлэхгүй унтахыг хүслээ.

Тэр өвдөг сөгдөн Дрогогын уруул дээр үнсээд дэрээрээ нүүрэн дээр нь дарлаа.
ТИРИОН

- Тэд миний хүүг барьж гэж Тайвин Ланнистер хэлэхэд,

- Тиймээ, эрхэм лорд гэж элч ядарсандаа цуцсан хоолойгоор хэлэв. Түүний цээжин дээрх
Крэйкхалын судалтай бодон бүхий сүлд урагдаж хатсан цусанд будагджээ.

"Хөвгүүдийн чинь нэгийг" гэж Тирион бодсон ч дарсаа балган үг дуугүй шимж Жэймигийн
тухай бодов. Түүнийг гараа өргөхөд тохой нь янгинан өвдөж богинохон оролцсон тулааны
амтыг санагдуулав. Тэр ахдаа хайртай хэдий ч Кастерли Рокийн бүх алтыг өгсөн ч бай
хамаагүй Шивнэдэг ойд хамт байхыг хүсэхгүй байлаа.

Лорд эцгийнх нь цуглуулсан захирагчид болон тугчид элчийн үгийг дуулаад бүгд чимээгүй
болоход урт өрөөний эцэс дэх зууханд мод тас нясхийн дүрэлзэх чимээ сонсогдоно.

Энэ бүх өмнө зүгээс хийсэн зүдэргээтэй урт хүнд бэрх аяны дараа ганц шөнө буудалд хонох
нь Тирионыг баярлуулах байсан ч... эвгүй дурсамжтай энэ буудалд л биш шүү. Эцэг нь замаа
хэрцгийгээр хөөн үүнийхөө хариуг төлж байв. Тулаанд шархадсан хүмүүсийг чадахаараа
арчлан үгүй бол хувь заяанд нь даатган орхих ажээ. Өглөө бүр замын хажууд хэзээ ч эргэж
сэрэхгүй үүрд нойрссон хүмүүсийг орхин, үд дунд болгон өөр хэд араас нь нэмэн унаж
байлаа. Үдэш бүр хэсэг нь харанхуйг далимдуулан зугтахад Тирион тэдэнтэй нэгдсэн ч
болоосой гэж хүсэв.

Тэр шатны дээр орших өрөөндөө зөөлөн тухтай өдөн хөнжилд Шэйгийн дулаахан биед
наалдан унтаж байтал хиа нь сэрээн Риверранаас мэдээ ирснийг дуулгажээ. Ингээд бүгд
хэрэгцээгүй болов. Энэ бүх өмнө зүгээс хийсэн эцэс төгсгөлгүй аян, замын хажуугаар
орхисон хүүрнүүд гээд бүгд үр дүнгүй болжээ. Робб Старк Риверранд хэдэн өдрийн өмнө
түрүүлж хүрсэн байв.

- Энэ бүхэн яаж болсон хэрэг вэ? Яаж? гэж сэр Харис Свифт дуу алдан гонгинов.

- Шивнэдэг ойд болсон явдлын дараа ч Риверран их хэмжээний цэргийн төмөр цагариган
бүслэлтэд хүрээлүүлсэн байсан. Ямар галзуурал нь сэр Жэймиг хүчээ гурав хуваан
буудаллахад хүргэсэн юм бол? Тэр хичнээн эмзэг байдалд байгаагаа мэдэж байсан биз дээ?

"Зүрхгүй хулчгар минь чамаас хамаагүй дээр" гэж Тирион бодлоо. Жэйми Риверраныг алдсан
нь ч ахыг нь Свифт мэтийн ичгүүргүй зусарч хүмүүс гүтгэхийг сонсохоос уур нь дүрэлзлээ.
Энэ хүний олсон хамгийн том амжилт гэвэл өөртэйгээ ижил аймхай зүрхгүй охиноо сэр
Кеванд өгч өөрийгөө Ланнистерийнхантай холбосон явдал байх.

- Би ч гэсэн байсан бол адил зүйл хийх байсан гэж авга ах нь Тирионоос хавьгүй тайван
өгүүлэв.

- Сэр Харис чи хэзээ ч Риверраныг хараагүй. Эс бөгөөс Жэймид сонголт бага байсныг мэдэх
байсан. Шилтгээн Унасан хаднаас Сэрээний Улаан салааны дагуу урсаж буй урсгалын үзүүрт
оршдог. Эндээс гол хоёр салаалан гурвалжлан урссан учир Таллигийнхан хаалтаа өргөж
голын урсгалыг нэмэгдүүлэн гурав дахь талд байгаа өргөн шуудууг дүүргэж Риверраныг арал
болгон хувиргах аюултай. Ханыг уснаас эгц босгосон болохоор харуулын цамхагаас эсрэг
талын эрэг дээрх олон бээрийн зай харагдана. Бүхий л талаас ойртон очилтыг таслахын тулд
Унасан хадны умард зүг нэг буудал байрлуулж, Улаан салааны өмнө зүгт нэгийг, гурав дахь нь
өрнө зүгт голын дунд бүслэн байрлах ёстой. Энд өөр зам байхгүй гэхэд элч,

- Сэр Кеван үнэн ярьж байна, эрхэм лордуудаа. Бид буудлынхаа эргэн тойронд хурц гадас
****** хашаа барьсан ч энэ хангалттай болоогүй голын дунд хоорондоо таслан хуваагдсан.
Тэд эхэлж умард буудал руу дайрсан. Хэн ч ингэнэ гэж бодоогүй. Марк Пайпер манай
хүнсний хөсгийг дээрэмдэхдээ тавиас илүүгүй хүнтэй байсан болохоор бид сэр Жэйми
түүний учрыг өнгөрсөн шөнө олсон гэж бодсон учир тэднийг гэж мэдээгүй. Бидэнд
Старкийн цэрэг дорно зүгт Ногоон Салаагаар өмнө зүг аян хийж байгаа гэж хэлсэн...

- Ингэхэд танай тагнуулууд яасан бэ? Тэд үнэхээр юу ч хараагүй гэж үү? Тэд анхааруулга
өгөөгүй юу? гэж өө сэвгүй чулуу шиг царайлсан сэр Грегор Клеган асуулаа. Зууханд дүрэлзэх
дүнсгэр галын дөл түүний арьсан дээр бүжиглэн нүдний дор харлан хөнхийжээ.

Цусанд будагдсан элч толгой сэгсэрлээ.

- Манай тагнуулууд алга болоод байсан болохоор Марк Пайперийн ажил гэж бодсон юм.
Харин эргэж ирсэн нь юу ч хараагүй гэж хэлсэн.

- Хэрвээ хүн нүдээ харахад ашиглаж чаддаггүй бол түүнийг нь ухаж хаяад дараагийн
тагнуулд өгөх ёстой. Түүнд дөрвөн нүдтэй цагт хоёроос илүү харна гэж найдаж байгаагаа
хэл... үгүй бол түүний дараагийн хүнд зургаан нүд шаардагдана гэж Уул тунхаглав.

Лорд Тайвин Ланнистер сэр Грегорийн царай луу эргэлээ. Тирион эцгийнхээ нүдэнд алтан
оч гялсхийхийг харсан ч дургүйцсэн болон дэмжсэн алин эсэхийг мэдсэнгүй. Лорд Тайвин
үргэлж үг хэлэхийн өмнө зөвлөлийг чимээгүй сонсохыг эрхэмлэдэг болохоор энэ зуршлыг нь
Тирион өвлөж авахыг хичээж байлаа. Гэсэн ч чимээгүй байх нь түүний хувьд дадал болоогүй
зүйл болохоор дарсны аягандаа гар хүрэлгүй үлдэв.

- Чи тэднийг шөнө ирсэн гэж хэлсэн хэмээн сэр Кеван хэлэв. Элч зүдрэнгүй толгой дохилоо.

- Хар загас тэргүүн жигүүрийг удирдан манай харуулуудыг цавчин унагаж гол хүчнийхээ
дайралтанд бэлтгэн хашааг зайлуулсан. Манай хүмүүс юу болсныг мэдэх хооронд
морьтонгууд нь шуудууны ирмэг дээгүүр гарч ирээд буудлын дундуур гартаа илд, бамбар
барин дайрсан. Би голын дундах баруун буудалд унтаж байлаа. Тулалдааны чимээг сонсон
майхан шатахыг хармагц лорд Бракс биднийг тэргүүлэн салаар гатлахыг хичээсэн ч урсгалд
цохиулан голын уруу хөвөхөд Таллигийнхан ханан дээрээ зоосон харвагч машины чулуугаар
харваж эхэлсэн. Би нэг сал цохиулан живж, үлдсэн гурав нь хөмрөөд хүмүүс нь усанд унаж
живэхийг харсан. Эндээс амьд гарсныг нь Старкийнхан голын эрэг дээр хүлээж байлаа.

Царай нь өмссөн хувцас шигээ улаан хүрэн болсон Сэр Флемент Бракс сонссон зүйлээ
ухаагүй бололтой,
- Миний лорд эцэг яасан бэ? гэж асуув.

- Өршөөгөөрэй эрхэм лорд. Лорд Бракс сал хөмрөх үед давтмал хуяг дуулгатай байсан. Тэр
маш зоригтой байсан.

"Тэнэг амьтан" гэж Тирион бодоод гартаа аягаа эргүүлэн дарсны ёроол руу харлаа. Хэрвээ
дайсан нь нөгөө эрэг дээр хүлээж байгаа голыг харанхуй шөнө бүдүүлэг хийцтэй салаар
гатлахыг эр зориг гэж нэрлэдэг бол тэр хулчгар гэдгээ хүлээхэд бэлэн байв. Ялангуя лорд
Бракс давтмал хуяг нь хар усанд татан оруулах үед онцгойлон эр зориг мэдэрсэн болов уу?

- Голын дундах хэсэг ийм маягаар дайралтанд өртсөн. Биднийг гатлах гэж оролдож байх зуур
өрнө зүгээс Старкийн хоёр эгнээ хуягласан морьдтой улам олон цэрэг гарч ирсэн. Би лорд
Амберийн гинжтэй аварга биет, Маллистерийн бүргэд болон тэднийг удирдан яваа хүүгийн
дэргэд аварга том чоно гүйхийг харсан. Хэдийгээр би өөрөө хараагүй ч гэсэн хүмүүс энэ
араатан дөрвөн хүн, арваад морьдыг тасчин хаясан гэж ярьж байсан. Манай жадчид эхний
дайралтыг няцаахын тулд нэгдэн бамбайн хана босготол Таллигийнхан тэднийг хараад
Риверраны хаалгаа онгойлгож Титос Блэквуд буулгадаг гүүрэн дээгүүр довтлон тэднийг ар
талаас нь цохьсон гэхэд,

- Бурхан минь биднийг авраач гэж лорд Леффорд хяхтнан дуу алдав.

- Том Жон Амбер манай босгосон харуулын цамхагуудыг галдаж, лорд Блэквуд сэр Эдмур
Талли болон бусад гинжтэй олзлогсдыг сулласан. Манай өмнөд буудал сэр Форли
Престерийн захиргаан дор байлаа. Тэр бусад буудал ялагдахыг харангуутаа хоёр мянган
жадчин олон тооны харваач бүхий хүчээ авч ухрах гэсэн ч Тирошийн хөлсний цэрэг чөлөөт
морьтонгуудаа тэргүүлэн манай тугийг хаяж дайсанд урвасан.

- Хараал идсэн хүн гэж хэмээн гэж сэр Кеван уурлахаасаа илүү гайхширан хэлээд,

- Би Жэймид түүнд итгэж болохгүй гэж анхааруулсан юмсан. Зоосны төлөө дайтдаг хүн
зөвхөн хэтэвчиндээ үнэнч байдаг юм гэв.

Лорд Тайвин хуруугаараа эрүүний доод талаа илбэв. Түүний зөвхөн нүд нь хөдлөн сонсож
байлаа. Алтан хууз сахлаар эмжсэн царай нь баг өмсчихсөн мэт тайван байвч Тирион
эцгийнхээ халзан толгойд жижигхэн хөлсний дусал бөнжигнөхийг олж харлаа.

- Энэ бүхэн яаж болсон хэрэг вэ? Сэр Жэйми баригдаж, цэрэг нь цохигдон... Энэ бүх сүйрэл
гарз хэмээн сэр Харис Свифт ахин гонгинов.

- Бидэнд илэрхий зүйлийг сануулсанд чинь бүгд талархаж байгаа нь эргэлзээгүй, сэр Харис.
Гэсэн ч асуудлын гол нь бид цаашид юу хийх вэ гэдэгт байна? гэж сэр Аддам Марбранд
хэлэв.

- Бид юу хийж чадна гэж? Жэймигийн бүх цэрэг алагдах юм уу олзлогдон сарнин зугтсан.
Старк болон Таллигийнхан манай хүнсний нөөцийн гол шугаман дээр сууж байна. Бид өмнө
зүгээс таслагдсан. Тэд Кастерли Рок руу шууд дайрахаар сонговол юу зогсоох хэрэг болж
байна? Эрхэм лордуудаа бид тулаанд ялагдсан. Найрамдлын гэрээ байгуулсан нь дээр байх.

- Найрамдал гэнэ ээ? гээд Тирион бодлогоширон эргүүлж байсан дарсаа ганцхан балгалтаар
хоослоод хоосон аягаа шалан дээр чулуудахад мянган хэсэг болон хагарав.

- Энэ бол таны найрамдал, сэр Харис. Миний хонгор зээ үүнийг чинь үүрд эвдэхийн тулд
Улаан шилтгээнийг лорд Эддардын толгойгоор чимэхээр шийдсэн. Тэгэхээр одоо Робб
Старктай найрамдал байгуулахыг ярихаас илүү хагарсан аягаар дарс уух нь амархан хэрэг
болоод байна. Тэр ялж байна... эсвэл та үүнийг анзаараагүй хэрэг үү?

- Хоёр тулаан бол байлдаан биш. Бид хараахан ялагдаагүй байна. Би хувьдаа Старкийн
хүүгийн эсрэг илд зөрүүлэх боломжыг дуртайяа хүлээн авах болно гэж сэр Аддам шаардав.

- Магадгүй тэд энхийн хэлэлцээ хийн бидэнтэй олзлогсдоо солихыг зөвшөөрч болох юм гэж
лорд Леффорд санал болгов.

- Тэд гурван хүнийг нэгээр сольдоггүй юм бол бид тооны хувьд олон хэвээр үлдэнэ гэж
Тирион гашуунаар хэлээд,

- Тэгээд ч бид ахын оронд юу санал болгох юм бэ? Лорд Эддардын ялзарсан толгойг уу? гэв.

- Би хатан хаан Серсейд Гарын охидууд байгаа гэж сонссон. Бид залууд дүү нарыг нь буцаан
өгвөл... гэж Леффорд найдангуй хэлэв.

Сэр Аддам зэвүүцэн тургиллаа.

- Зөвхөн дүүрчихсэн тэнэг хүн л Жэйми Ланнистерийн амийг хоёр охиноор солих байх.

- Тэгвэл бид сэр Жэймид ямар ч үнэ хүрсэн хамаагүй барьцаа төлөх ёстой гэж лорд Леффорд
хэлэв.

Тирион нүдээ эргэлдүүлэв.

- Хэрэв Старкийнханд алт хэрэгтэй байсан бол Жэймигийн хуягийг хайлуулахад болно.

- Тэгээд ч энхийн хэлэлцээр хийхийг гуйвал тэд биднийг сул дорой гэж бодож магадгүй. Бид
тэдэн рүү даруйхан дайрах ёстой гэж сэр Аддам маргалаа.

- Мэдээж манай ордны найзууд бидэнтэй цэргээ дагуулан нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Бас
нэг хүнийг Кастерли Рок руу цэрэг элсүүлэхээр явуулах хэрэгтэй гэж сэр Харис хэлэв.

Лорд Тайвин Ланнистер дээшээ өндийж,

- Тэдэнд миний хүү байгаа гээд бүгдийн хоолойг давсан чанга дуугаар,

- Харин одоо намайг орхи. Бүгдээрээ шүү гэв.


Бүгд дагалдахад Тирион тэдэнтэй цуг гарахаар өндийсөн ч эцэг нь түүн рүү харлаа.

- Үгүй, Тирион чи үлд. Чи ч гэсэн, Кеван. Бусад нь гарцгаа.

Тирион сандал дээр үгээр хэлэхийн аргагүй гайхширан суулаа. Сэр Кеван өрөөн дундуур
дарсны торхны зүг явав.

- Авга ахаа та надад... гэж Тирион эхэлсэн ч,

- Энийг ав гэж эцэг нь түүнд хүрээгүй дарстай аягаа санал болгов.

Одоо Тирион бүр жинхэнээсээ балмагдлаа. Түүнийг уухад лорд Тайвин доош суув.

- Старкийн тухайд чиний зөв байсан. Түүнийг амьд байсан бол бид лорд Эддардыг ашиглан
Винтерфелл болон Риверрантай найрамдлын гэрээ байгуулж Робертийн дүү нартай учраа
ололцох хугацаа хожих байлаа. Гэсэн ч үхсэн тохиолдолд гээд нударга зангидаж,

- Ухаангүй явдал. Ямар ч ухаангүй хэрэг гэв.

- Жофф ердөө хүү шүү дээ. Би түүний насан дээр хангалттай тэнэг зүйл хийж байлаа гэж
Тирион хэлэв.

Эцэг нь түүн рүү цоо ширтлээ.

- Гэсэн ч бид түүнийг янхантай гэрлээгүйд талархах хэрэгтэй байх.

Тирион дарсаа шимэх зуураа лорд Тайвины нүүр лүү аягаа чулуудвал яах эсэхийг гайхширлаа.

- Манай байдал чиний бодсоноос илүү муу байна. Бид шинэ хаантай болж байгаа бололтой
гэж эцэг нь үргэлжлүүлэв.

Сэр Кеван гайхан мэгджээ.

- Шинэ гэнэ ээ? Тэд Жоффрейг яасан хэрэг вэ?

Лорд Тайвины уруулд үл мэдэг дургүйцэл зурсхийлээ.

- Одоохондоо... яагаа ч үгүй. Миний ач хүү төмөр хаан ширээнд суусан хэвээр байгаа ч
тайган өмнө зүгт шивнэлт сонсчээ. Хоёр долоо хоногийн өмнө Рэнли Баратеон Хайгардены
арван дөрвөн настай Маргэри Тайреллтай гэрлэж өөрийгөө хаанаар өргөмжилжээ. Сүйт
бүсгүйн эцэг болон ах дүүс түүнд өвдөг сөгдөн илд өргөхөөр андгайлсан байна.

- Хэцүүхэн мэдээ байна даа гээд сэр Кеван духаа хавцал шиг үрчийлгэн хөмсөг зангидав.

- Миний охин биднийг Хааны газар Улаан шилтгээнийг Рэнли хаан болон Цэцэгт хүлэг
баатраас хамгаалахын тулд даруйхан ирэхийг тушаажээ гээд Тайвины ам чангарч,
- Бидэнд тушаасан гээд бодоод үз дээ. Хаан болон зөвлөлийн нэрийн өмнөөс гэв.

- Ингэхэд Жоффрей хаан энэ мэдээг яаж хүлээж авч байгаа юм бэ? гэж Тирион хөгжин
асуулаа.

- Серсей түүнд одоохондоо хэлээгүй байгаа. Тэр түүнийг Рэнлигийн эсрэг бие даан хөдлөх
вий гэхээс айж байгаа юм.

- Ямар армитай? Та түүнд энэ армиа өгөхөөр төлөвлөөгүй биз дээ? гэж Тирион асуулаа.

- Тэр Хотын харуулыг тэргүүлэн хөдлөх тухай ярьж байгаа.

- Хэрвээ тэр Харуулыг авбал хот хамгаалалтгүй үлдэнэ. Тэр үед Лууны цохион дээр сууж
байгаа лорд Станнис... гэж сэр Кеван хэлэв.

- Тиймээ гээд лорд Тайвин хүү рүүгээ харж,

- Би чамайг энэ зүйлийн учрыг олох ганц хүн гэж бодож байгаа ч эндүүрсэн бололтой гэв.

- Юу гэж дээ аав аа. Энэ чинь бараг л магтаал шиг сонсогдож байна гээд Тирион урагш
бөхийв.

- Харин Станнисын хувьд яаж байна? Тэр том ах нь болохоос биш Рэнли биш. Тэр
дүүгийнхээ өргөмжлөлийг яаж хүлээж авч байгаа юм дээ?

Эцэг нь хөмсөг зангидлаа.

- Эхэндээ надад Станнис бүгдийг нийлүүлснээс илүү аюултай санагдаж байсан ч одоо хүртэл
юу ч хийгээгүй байна. Өө, тийм л дээ. Варисийн шивнэгчдийн үгийг сонссон. Станнис хөлөг
онгоц барьж байна, Станнис хөлсний цэрэг хөлсөлж байна, Станнис Ашайгаас сүүдэр уригч
авчирч байна гэж. Энэ чинь юу гэсэн үг вэ? Энэ бүх шивнэлт үнэн үү? гээд уурсан мөрөө
хавчиж,

- Кеван бидэнд газрын зураг аваад өгдөө гэв.

Сэр Кеван түүний хэлснийг биелүүлэхэд лорд Тайвин арьсыг тэнийлгэн толигор болгон
тэгшлэв.

- Жэйми биднийг хэцүү байдалд орууллаа. Рус Болтон цэргийнхээ үлдэгдэлийн хамт бидний
умард зүгт бий. Манай дайсан Ихэр болон Кайлины сувгийг барьж байгаа. Робб Старк өрнө
зүгийг эзлэн суусан учир бид тулалдалгүйгээр Ланниспорт юм уу Кастерли Рок руу ухарч
чадахгүй. Тэгээд ч Жэйми олзлогдсон болохоор арми нь бутран сарнисан. Мирийн Торос,
Бэрик Дондаррион хоёр манай хүнсний нөөцийг үргэлжлүүлэн дээрэмдсэн хэвээр байгаа.
Түүнчлэн дорно зүгт Арринийхан, Лууны цохионд Станнис Баратеон сууж, өмнө зүгт
Хайгарден болон Шуурганы адаг тугчдаа дуудсан.

Тирион мушийн инээмсэглэв.


- Сэтгэлээр унах хэрэггүй дээ, аав аа. Ямар ч байсан Рэйгэр Таргарин үхэгсдээс босч
ирээгүй байна шүү дээ.

- Чамайг бидэнд даажигналаас илүү зүйл санал болгоно гэж найдсан юмсан гэж лорд Тайвин
Ланнистер хэлэв.

Сэр Кеван газрын зураг руу духаа үрчийлгэн бөхийв.

- Робб Старк одоо Эдмур Талли болон Сэрээний лордуудтай хамт нэгдсэн байгаа. Тэдний хүч
нийлэн манайхаас илүү давуу цэрэгтэй болсон. Дээрээс нь Рус Болтон бидний ард байна...
Хэрвээ бид энд үлдвэл гурван армийн дунд хавсруулах вий гэхээс эмээж байна.

- Би энд үлдэх тухай юу ч дурсаагүй байна. Бид Рэнли Баратеон Хайгарденаас хүрч ирэхээс
өмнө залуу лорд Старктай учраа ололцох ёстой. Болтон миний сэтгэлийг зовоохгүй байна.
Тэр их болгоомжтойн дээр бид түүнийг Ногоон салаанд улам ч илүү болгоомжтой болгосон.
Тэр араас нэхэхийг яарахгүй. Тэгэхээр... маргааш өглөө бид Харренхал руу хөдлөнө. Кеван би
сэр Аддамын тагнуулууд манай хөдөлгөөний урд сэргийлээсэй гэж хүсч болно. Түүнд
шаардлагатай тооны хүн өгч дөрвөн хэсэг болгон хуваагаарай. Би ямар ч алга бололт хүсэхгүй
байна шүү.

- Таны тааллаар болъё, эрхэм лорд гэхдээ... яагаад Харренхал гэж? Энэ чинь баргар золгүй
газар. Зарим нь хараалтай гэж хэлдэг.

- Тэр хамаагүй. Сэр Грегорийг бидний урд дээрэмчидтэй нь илгээ. Варго Хоат чөлөөт
морьтонгуудтайгаа болон, сэр Амори Лорх ч гэсэн яваг. Тэдэнд тус бүр гурван зуун морьт
цэрэг өгч намайг голын хөндий Бурхдын нүднээс Улаан салаа хүртэл түймэрдэгдсэн байхыг
хармаар байна гэдгийг хэлээрэй.

- Тэд шатаах болно, эрхэм лорд. Би тушаал өгье гээд сэр Кеван мэхийн ёслон хаалга руу явав.

Тэд ганцаар үлдмэгц лорд Тайвин Тирион луу ширтлээ.

- Чиний зэрлэгүүд дээрэм тонуулд бахаа хангаж болно. Тэдэнд Варго Хоаттай цуг мордож эд
зүйл, мал сүрэг, хүүхэн гээд авахыг хүссэн бүрээ авч үлдсэнийг нь шатаа гэж хэл.

- Шагга болон Тиметтэд дээрэмдэхийг заах нь азарган тахиад донгодохыг заахтай адил. Гэсэн
ч би тэднийг өөртэйгээ үлдээхийг эрхэмлэж байна гээд Тирион зэрлэг бүдүүлэг дуулгаваргүй
хэдий ч зэрлэгүүд түүнийх болохоор эцгийнхээ хүмүүсээс илүү итгэж байлаа. Тэр тэднийг
гараасаа алдахгүй.

- Тэгвэл тэднийгээ хянаж сурсан чинь дээр. Би хот дээрэмдэгдэхийг хүсэхгүй байна шүү.

- Хот гэнэ ээ? Юун хот? гээд Тирион гайхаж хоцров.

- Хааны газар. Би чамайг ордон луу илгээх гэж байна.

Энэ нь Тирион Ланнистерийн хүлээсэн хамгийн сүүлчийн зүйл байлаа. Тэр дарсаа авч
хормын турш бодлогоширон шимэв.

- Тэнд би юугаа хийх болж байна?

- Журам сахиул гэж эцэг нь товчхон хэлэв. Тирион инээд алдлаа.

- Миний хонгор эгчид энэ тухай хэдэн үг дурьдах хэрэгтэй байх!

- Түүнд юу хүссэнийг нь хэл. Хүүг нь биднийг бүгдийг сүйтгэхээс урд барьж байх гар
хэрэгтэй байна. Би үүнд тэр... манай анд Петр, эрхэмсэг хүндэт мастер болон хөнгөлүүлсэн
тайган Варис нараас бүрдсэн илжгэн зөвлөлийг буруутгаж байна. Ямар зөвөлгөө тэд
Жоффрейд өгсөн болоод ийм тэнэг шийдвэр ар араас нь гаргадаг байна? Хэн Жанос
Слинтийг лорд болго гэсэн юм бэ? Эцэг нь нядлагч байсан хүнд Харренхалыг шагнасан
байна. Харренхал бол хаадын суудал байсан! Би амьд байгаа цагтаа түүний хөлийг дотогш
тавиулахгүй. Түүний сүлд цустай жад гэл үү? Минийхээр бол цустай заазуур баймаар юм
гээд эцэг нь дуугаа өндөрсгөөгүй ч Тирион алтан нүдэнд нь уур хилэн дүрэлзэхийг харж
байлаа.

- Тэгээд ч ямар хүний ухаанд Сэлмиг хөөх бодол ордог байна? Тиймээ тэр хөгшин хүн хэдий
ч Зоригт Барристаны нэр хаант улсад цуурайтсан хэвээр байгаа. Тэр ямар ч хүний зүтгэлээс
илүү гавъяатай. Хоточыг үүнтэй адилтгаж болно гэж үү? Чи нохойгоо ширээн дор ясаар
тэжээх ёстой болохоос биш дэргэдээ зэрэгцэн өндөр суудалд суулгах ёсгүй гээд Тирионы
нүүр лүү хуруугаараа чичиж,

- Хэрвээ Серсей хүүгээ цагдаж чаддагүй юм бол чи үүнийг хийх ёстой. Тэгээд ч тэдгээр
зөвлөлийнхөн бидэнтэй хуурамчаар тоглох аваас... гэхэд Тирион,

- Толгойг нь хадаасанд өлгөнө гээд санаа алдлаа.

- Чамайг надаас хэдэн зүйл суралцсаныг чинь харж байна.

- Таны бодсоноос ч илүү олон шүү, ааваа гэж Тирион аяархан хэлэв.

Тэр дарсаа дуусган аягаа хажуу тийш тавиад бодлогоширлоо. Түүний нэг хэсэг эцгийнхээ
санаа тавьсанд догдлон хөөрч байсан ч нөгөө хэсэг нь голын дээд хэсэгт болсон тулалдааны
үеийнх шиг зүүн жигүүр лүү ахин илгээж байгаа эсэхийг гайхширлаа.

- Гэхдээ яагаад би гэж? Яагаад авга ах минь биш гэж? Яагаад сэр Аддам юм уу сэр Флемент
эсвэл лорд Серрэт биш гэж? Яагаад илүү... том хүн биш гэж? хэмээн толгойгоо хажуу тийш
гилжийлгэн асуув.

Лорд Тайвин огцом өндийв.

- Чи бол миний хүү учраас.

Гэсэн ч тэр учрыг нь мэдэж байлаа. "Чи л түүнийг алдагдах боломж өгсөн. Өөдгүй новшийн
амьтан хэрвээ Жэйми үхсэн бол намайг чамд ганц үлдэх хүү гэдгийг тооцсон". Тирион
эцгийгээ алгадаж, нүүр лүү нь нулиман, хутгаараа зүрхийг нь сугалж хүмүүсийн ярьдаг шиг
эртний алтаар хийгдсэн эсэхийг харахыг хүслээ. Гэсэн ч тэр байрандаа чимээгүй суусаар
үлдэв.

Лорд Тайвин өрөөн дундуур явахад хагарсан аяганы хэлтэрхий эцгийнх нь хөлд чахрав. Тэр
хаалган дээр очоод,

- Сүүлчийн ганц зүйл. Чи ордонд янхан авч болохгүй гэж хэлэв.

Тирион эцгийгээ явсны дараа нийтийн өрөөнд удтал ганцаар суулаа. Эцэст нь босч хонхот
цамхагын доод талын дээврийн тухтай хөндий рүү өгсөв. Адар нь одойд хүртэл багадахаар
намхан хэдий ч саад болсонгүй. Цонх руу очоод эцгийнхээ хашаанд босгосон дүүжлүүр лүү
харлаа. Буудлын эзэгтэйн олсонд өлгөгдсөн бие шөнийн салхинд удаанаар чахран ганхана.
Түүний бие Ланнистерийнхний найдлага адил хатаж нимгэрчээ.

Түүнийг өдөн орны ирмэг дээр суух үед Шэй нойрмоглон өнхөрч ирэв. Тэр гараа бүтээлэг
доор шургуулан зөөлөн цээжийг нь атгахад нүд нь нээгдлээ.

- Эрхэм лорд гээд инээмсэглэв.

Тирион түүнийг үнсэж,

- Би чамайг Хааны газар луу авч явбал дургүйцэх биз дээ, хонгор минь гэж шивнэлээ.
ЖОН

Жон олмоо чангалахад гүү нь сулхан янцгаалаа.

- Тайван, хонгор хатагтай минь гэж аяархан хэлээд тайвшируулан илэв. Жүчээнд салхи
исгэрэн хүйтэн жавар нүүр лүү үлээж байсан ч Жон тоосонгүй. Тэр эмээлийнхээ ганзагыг
сорвитой хөшүүн хуруугаараа эв хавгүйхэн уяв.

- Сүнс над дээр гэж аяархан дуудахад цог шиг улайрсан нүдтэй чоно дэргэд ирлээ.

- Жон, гуйж байна. Чи үүнийг хийх ёсгүй.

Тэр мордоод цулбуураа гартаа барин морио шөнийн зүг эргүүлэв. Жүчээний үүдэнд Сэмвэлл
Тарли зогсоод мөрөн дээгүүр нь тэргэл саран мандан, том хар сүүдэр нь аварга биетийнх
шиг уртасчээ.

- Замаас холд, Сэм.

- Жон чи ингэж чадахгүй. Би чамайг гаргахгүй.

- Би чамд гэм учруулахыг хүсэхгүй байгаа ч хэрвээ замаас холдохгүй бол дайрлаа шүү.

- Хэрэггүй. Намайг сонсооч. Гуйж байна...

Жон өсгийгөөрөө морио давирахад гүү хаалганы зүг ухасхийв. Сэм агшин зуур зогсож байсан
газартаа дугуй царай нь ардаа мандсан саран шиг зэвхийрч гайхсандаа амаа О үсэг лугаа адил
ангайлаа. Сүүлчийн агшинд тэр хажуу тийш үсрэх гээд бүдэрч унахад гүү дээгүүр нь
харайлган шөнө лүү гарав.

Жон хүнд нөмрөгнийхөө юүдэнг босгон морио салхи сэнгэнэтэл давхиулав. Хар цамхаг
түүнийг одоход нам гүм чимээгүй байж Сүнс дэргэд нь шогшуулна. Ард нь ханан дээр хүн
харуулд зогсож байсан ч харц өмнө зүг биш умард зүг рүү хандсан болохыг мэдэж байв.
Хуучин жүчээний үүдэнд тоостой хутгалдан ойчсон Сэм Тарлигаас ондоо хэн ч түүнийг
явахыг харсангүй. Тэр Сэм унахдаа өөрийгөө гэмтээгээгүй байгаасай гэж найдлаа. Тэр хүнд
биетэй эв хавгүй болохоор ингэж унаснаар бугуйгаа гэмтээх юм уу шагайгаа булгалах
аюултай билээ.

- Би түүнд анхааруулсан. Ямар ч байсан тэр ингэх ёсгүй байсан гэж Жон чанга хэлэв.

Тэр цааш явах зуураа түлэгдсэн гарынхаа сорвитой хурууг атгалаа. Хуруу нь өвдсөн хэвээр
байсан ч боолтыг авсан нь сайн хэрэг болжээ.

Сарны гэрэл Хааны зам тууз адил тахирлан одсон толгодыг гийгүүлнэ. Тэр зугтсан гэдгийг нь
мэдэхээс урд Хананаас аль болох холдох хэрэгтэй байв. Маргааш өглөө гэхэд замаа орхиж
хаашаа явснаа мэдэгдэхгүйн тулд нэхэн хөөгчдөөс буруулан тал, бургас, гол горхи дундуур
туучин явах болохоор одоо цаг хожих нь чухал байлаа.
Хөгшин баавгай заншил ёсоор үүр гэгээрэхэд сэрдэг учир хэрвээ өмнө нь Сэм Тарли барьж
өгдөггүй юм бол Жон үүр цайтал Хананаас олон бээрийн зайд холдож амжина. Тарган хүү
үнэнч аймхай хэдий ч Жонд ах шигээ хайртай билээ. Хэрвээ байцаагдахад хүрвэл Сэм
эргэлзээгүй үнэнийг хэлэх ч Жон түүнийг Хааны цамхагын үүдэнд байгаа харуулуудад
Мормонтыг сэрээхээр хандана гэж бодсонгүй.

Жоныг гал зуухнаас Хөгшин баавгайн өглөөний ундыг авахгүй болохоор тэд өрөөг нь шалгаж
орон дээр тавьсан "Урт сарвуу"-г олно. Үүнийг орхиход бэрх байсан ч Жорах Мормонт хүртэл
гутамшигтайгаар зугтахдаа орхисон байхад Жонд авах эрх байсангүй. Тэгээд ч эргэлзээгүй
лорд Мормонт илдийг эзэмших илүү гавъяатай хэн нэгнийг олж таарна. Жон энэ тухай
бодохоос сэтгэл нь аягүйцэв. Тэр оргон зайлалт хүүгийнх нь гутамшиг болсон аниагүй
шарханд давс нэмэхээс өөр зүйлгүйг мэдэж байв. Энэ нь түүний итгэлийн хариуг
хөөрхийлөлтэй хариулж буй хэрэг боловч өөр яанаг эж. Тэр юу ч хийсэн бай хамаагүй хэн
нэгнээс урвах л болно.

Гэсэн ч одоог хүртэл шударга зүйл хийж байгаа эсэхээ мэдэхгүй байлаа. Өмнөдийн хүн
байсан бол хавьгүй амар. Тэдэнд ярилцан зөвөлгөө өгөх юм уу бурхдын хүслийг дамжуулан
зөв буруу эсэхийг нь хэлээд өгөх септон бий. Гэвч Старкийнхан хуучин нэргүй бурхдыг
шүтдэг болохоор зүрх мод сонсдог хэдий ч хариулдаггүй билээ.

Хар цамхагын сүүлчийн гэрэл ард нь уусан алга болоход Жон гүүнийхээ явдлыг удаашруулав.
Түүний өмнө урт удаан зам хүлээж байгаа тул морио гамнах хэрэгтэй байв. Өмнө зүгт замын
хажуугаар тааралдах суурин, тосгонд морио арилжин шинэхэн уналгаар сэлгэж болох ч
одоохондоо гэмтэх юм уу хараахан цуцаагүй байв.

Түүнд ч гэсэн удахгүй шинэ хувцас хэрэгтэй болохоор шаардлага гарвал хулгайлах болно. Тэр
хөлөөс толгой хүртэл өвч биеэ битүү хар хувцаслан түрийтэй аяны ширэн гутал, бүдүүн
даавуун өмд цамц, ханцуйгүй ширэн хантааз, хүнд ноосон нөмрөгтэй байлаа. Түүнчлэн урт
илд болон, хутганыхаа хуйг сохор номингийн арьсаар эмжиж эмээлийнх нь ганзаганд хар
гархин хуяг эгэлдэрэглэсэн байлаа. Тэдний алин ч түүнийг үхэлд хүргэж болно. Хар хувцас
өмссөн үл таних хүн үзэгдэх нь умардын Хүзүүн дэх тосгон суурин бүрт сэжиглэл төрүүлж
хүн бүр түүнийг дагуулан харах болно. Мастер Эймоны хэрээ ганц нисэхэд Жон хаа ч
Винтерфеллд хүртэл аюулгүй байж чадахгүй. Бран түүнийг оруулахыг хүсэх нь лавтай ч
мастер Лювин түүнээс хамаагүй дээр ухаантай. Тэр хаалгаа цоожлон урилгагүй зочноо
буцааж явуулна. Иймээс тийшээ зүглэхгүй байсан нь дээр.

Гэсэн ч тэр бодолдоо шилтгээнийг өчигдөрхөн орхисон мэт тод харж байлаа. Нүсэр боржин
чулуун хана, Их танхимын утаа, ноход, шарсан махны холилдсон үнэр, эцгийнх нь өрөө,
түүний цамхаг дахь унтлагын өрөө гээд л. Түүний нэг хэсэг Браны инээдийг ахин сонсож,
Гэйжийн үхрийн махан хачиртай бялууг идэн, хөгшин Наны ойн хүүхдүүд болон тэнэг
Флорианы тухай үлгэрийг сонсохыг хүсэж байв.

Гэхдээ тэр Ханыг үүний тулд орхисонгүй. Тэр Ханыг эцгийнхээ хүү, Роббын ах болохоор
орхисон. Бэлгийн илд Урт сарвуу үзэсгэлэнтэй сайхан зэвсэг хэдий ч түүнийг Мормонт
болгохгүй. Тэр Эймон Таргарин ч биш. Хөгшин гурван удаа сонгох болоход алдар хүндийг
эрхэмлэсэн ч түүний хувьд тийм биш. Одоог хүртэл Жон мастер сул дорой хулчгар учраас юм
уу аль эсвэл хүчтэй үнэнч учраас үлдсэн эсэхийг мэдсэнгүй. Ямартай ч хөгшин хүнд сонголт
хийх хүнд хэцүү байсныг маш сайн ойлгож байв.

Тирион Ланнистер ихэнхи хүмүүс нүүрэн дээр нь тулгаран ирсэн хэрцгий үнэнийг
үгүйсгэхийг эрхэмлэдэг гэсэн ч Жонд үүний хэрэг гарсангүй. Тэр Жон Сноу, бутач, хууль
зөрчигч, ээжгүй, найз нөхөдгүй гээд хэн байсан хэвээрээ үлдэнэ. Түүний үлдсэн амьдрал нь
хэр удаан үргэлжилсэн ч бай хууль зөрчсөн гэж буруутгагдан жинхэнэ нэрээ хэлэх эрхгүй
сүүдэрт чимээгүй зогсох тавилантай. Тэр долоон ханлигийн хаана ч байсан худал хэлэх
бөгөөд эсрэг тохиолдолд хүн бүхний гар түүнийг эсрэг өргөгдөнө. Гэхдээ ямар ч тохиолдолд
энэ хамаа байсангүй тэр дүүгийнхээ дэргэд байр эзлэн эцгийнхээ өшөөг авахад туслахаар
хангалттай удаан амьдарсан билээ.

Тэр Роббтой сүүлчийн удаа салах ёс гүйцэтгэх үед хашаанд зогсоод үсэн дээр нь цас хайлж
байсныг саналаа. Жон түүн рүү нууцаар зүсээ хувирган очих болно. Тэр Роббын царай
өөрийгөө илчилэхэд ямар болохыг тааварлахыг хичээв. Дүү нь толгойгоо сэгсрэн инээмсэглэх
юм уу эсвэл гэж хэлэх...

Тэр инээмсэглэл харсангүй. Хичнээн хичээсэн бай ч үүнийг харахгүй байлаа. Тэр зэрлэг
чоно олсон өдөр эцгийнхээ цаазаар авсан оргон зайлагчийн тухай санав.

- Чи үгээ хэлсэн. Чи өөрийнхөө ах дүүс, хуучин болон шинэ бурхдын өмнө тангараг өргөсөн
гэж лорд Эддард түүнд хэлсэн билээ.

Десмонд, бүдүүн Том хоёр тэр хүнийг хожуул руу чирж авчирсан. Браны нүд таваг шиг
дүгэрэглэхэд Жон одой мориныхоо жолоог чанга барьж байхыг сануулжээ. Тэр эцгийнх нь
царай Теон Грэйжой "Мөс" авчирч өгөх үед ямар байсан болон цасан дээр цус цацагдахад
Теон хөл рүү нь өнхөрсөн толгойг өшиглөж инээснийг саналаа.

Сонирхолтой нь лорд Эддард оргон зайлагч ноорхой үл таних хүний оронд дүү Бэнжин нь
байсан бол яах байсан бол? Үүнд ялгаа гарах байсан болов уу? Тиймээ, байх ёстой... Робб
түүнийг дуртайяа хүлээн авна. Тэр ингэх юм уу эсвэл...

Ер нь энэ тухай бодохгүй байсан нь дээр. Жолоогоо атгахад хурууны гүнд нь шархиран өвдөв.
Жон өсгийгөөрөө морио гуядан Хааны замаар эргэлзээнээсээ зугтах мэт ширүүн давхиулав.
Тэр үхлээс айсангүй ч ердийн нэг дээрэмчин шиг хүлээстэй толгойгоо авахуулахыг
хүссэнгүй. Хэрвээ үхэх ёстой бол гартаа илдтэй эцгийнхээ алуурчинтай тулалдаж үхэх болно.
Тэр хэзээ ч жинхэнэ Старк байгаагүй ч... Старк шиг үхнэ. Тэгвэл тэд Эддард Старк гурав биш
дөрвөн хүүтэй байсан гэж хэлэх байх.

Сүнс түүнтэй зэрэгцэн бараг хагас милийн хиртэй зайд яваад улаан хэлээ унжуулав. Хүн
морьдын алингүй толгой унжих үед Жон гүүнийхээ хурдыг нэмсэн ч чоно удаашран хоцорч
сарны гэрэлд улаан нүдээ гялалзуулан харлаа. Тэр ард нь алга болсон ч араас нь дагаж
ирэхийг Жон мэдэж байв.

Урд нь мододын дундуур замын хоёр талаар Сохор номингийн суурингийн гэрэл улалзана.
Түүнийг өнгөрөхөд нохой хуцаж, жүчээнд луус орилсон ч бусдаар бол тосгон чимээгүй байв.
Хаа нэгтээ цонхны хаалтны завсар зуухны гал улалзах хэдий ч цөөхөн байв.

Сохор номингийн суурин санаснаас хамаагүй том бөгөөд дөрөвний гурван хэсэг нь газар
доогуур дулаан зоорь бүхий тахирласан хонгилоор холбогджээ. Газар дор янхны газар хүртэл
бий агаад дээр нь орших хэсэг нь үүдэндээ улаан дэнлүү өлгөсөн модон жорлонгоос томгүй
овоохой ажээ. Ханан дээр хүмүүс янхныг "булагдмал эрдэнэс" гэж нэрлэдэг байв. Тэр хар ах
дүүсийнх нь хэн нэг өнөө шөнө тэнд байгаа эсэхийг гайхширлаа. Энэ бас хууль зөрчсөн хэрэг
хэдий ч хэн ч үүнд санаа тавьдаггүй байв.

Тосгоныг өнгөрөв үү үгүй юу Жон явдлаа ахин удаашрууллаа. Хүн морьгүй нэвт норон
хөлөрчээ. Тэр буугаад агзасхийн чичирэхэд түлэгдсэн гар нь янгиналаа. Модны ёроолд сарны
гэрэлд гялалзсан хайлсан цасны устай жижигхэн цөөрөм байв. Жон явган суугаад гараа
хутган авахад цасны ус янгинасан хүйтэн байлаа. Тэр ууж үлдсэнийг нь нүүр лүүгээ цацахад
хацар нь чимчигнэн халуу шатав. Хуруу нь түлэгдсэн өдрийнхөөсөө долоон дор лугшин өвдөж
толгой нь бас хатгуулна. "Хэрвээ би зүйл хийж байгаа бол яагаад надад ийм хэцүү байгаа юм
бэ?" гэж тэр өөрөөсөө асуулаа.

Морь нь хөөс сахартал хөлөрсөн тул Жон хөтлөн хэсэг алхуулав. Энд замын өргөн хоёр
морьтон арай ядан багтаж өнгөрөх нарийхан агаад дээгүүр нь чулуу огтлон зам гаргаж
нарийхан горхи урсгажээ. Түүний ширүүн давхилт хүзүүгээ хугалах аюултай байж. Жон
түүнд юу тохиолдох байсан эсэхийг гайхширлаа. Тэр энэ нүхэнд бүдэрч унаад үхэх байсан
болов уу?

Модны цаана алсад айсан амьтан хашгирах дуу гарав. Гүү нь түгшин янцгаалаа. Чоно нь
амьтан барьсан юм болов уу? Жон гараа амандаа бариад,

- Сүнс! Сүнс над дээр гэж хашгирлаа. Гэвч хариуд нь ууль далавчаа сэрчигнүүлэн дэвэхээс
ондоо чимээ гарсангүй.

Жон хөмсөг зангидан замаа үргэлжлүүлэв. Тэр гүүгээ хагас цагийн турш хөлсийг нь хаттал
хөтөлж явлаа. Сүнс ирсэнгүй. Жон эмээл дээрээ мордож давхиулахыг хүсэвч чоноо алга
байгаад санаа зовж байв.

- Сүнс. Чи хаана байна? Над дээр! Сүнс! гэж ахин дуудлаа. Модон дунд нас бие гүйцээгүй
зэрлэг чононд тохиолдох аюул байхгүйн дээр Сүнс баавгай руу дайрахааргүй ухаалаг амьтан.
Гэсэн ч чонын сүрэг ойрхон байгаа бололтой Жонд улилт нь сонсогдож байлаа.

Тэр юм идэхээр шийдлээ. Ходоодоо тайвшируулж байх хооронд Сүнс гүйцээд ирэх байх.
Үүнд Хар цамхаг нойрссон хэвээр байгаа болохоор аюултай зүйл алга. Эмээлийнх нь
ганзганд боов, бяслагны хэлтэрхий, жижиг үрчгэр хүрэн алим байв. Тэр давсалсан үхрийн
мах бас авч гарсан ч маргааш хүртэл хэмнэх хэрэгтэй. Түүнээс цааш агнах шаардлага гарах
учир энэ нь түүний явдлыг удаашруулах болно.

Жон модны доор суугаад боовоо бяслагтай идэж байх зуур гүү нь хааны зам дээр идээшилж
байлаа. Тэр алимаа сүүлд идлээ. Бага зэрэг зөөлөрсөн ч шинэхэн шүүслэг хэвээр байв. Идэж
дуусаад голыг нь чулуудтал хойд зүгээс морьдын туурай сонсогдлоо. Жон түргэхэн үсэрч
босоод гүү рүүгээ явав. Тэднээс зугтвал холдож чадах болов уу? Хэрвээ Хар цамхагаас ирсэн
хүмүүс байгаад дэндүү ойрхон байвал морины чимээг нь сонсож магадгүй...

Жон гүүгээ замаас холдуулж саарал ногоон харуул модны ард орууллаа.

- Чимээгүй гэж мориндоо хэлээд мөчрийн завсраар нуугдан харав. Бурхан ивээвэл
морьтонгууд дэргэдүүр нь өнгөрөх байх. Эсвэл өөрөөр Сохор номингийн суурингаас талбай
руугаа яваа тариачин байж болох ч шөнө дунд энд юугаа хийж байгаа юм бол?

Тэр туурайн чимээ Хааны замаар улам чангарахыг сонслоо. Чимээний байдлаас үзэхэд тав
юм уу зургаан хүн бололтой. Тэгтэл хоолой нь модны дундуур сонсогдов.

- ...түүнийг энэ замаар явсан гэдэгт итгэлтэй байна уу?

- Бид үүнийг тодорхой мэдэхгүй.

- Мэдээж тэр дорно зүг явах юм уу эсвэл замыг орхин модон дундуур шулуухан явсан байх. Би
байсан бол тэгэх байсан.

- Ийм харанхуйд уу? Тэнэг юм. Хэрвээ чи мориноосоо ойчиж хүзүүгээ хугалдаггүй юм аа
гэхэд төөрөөд нар мандахад Хана руу буцаад ирж болно шүү дээ.

- Харин би байсан бол тэгэхгүй. Ододоор баримжаалах боломжтойгоор нь өмнө зүг явна гэж
Грэнн хэлэв.

- Тэнгэр үүлтэй байвал яах вэ? гэж Пип асуулаа.

- Тэгвэл явахгүй гэхэд өөр нэг хоолой,

- Та нар намайг байсан бол хаашаа явах байсныг мэдэх үү? Би Сохор номингийн сууринд
булсан эрдэнэс ухах байсан гээд Бах чангаар инээд алдахад модон дунд цуурайтав. Жоны гүү
тургиллаа.

- Бүгдээрээ чимээгүй. Би ямар нэг зүйл сонсох шиг боллоо гэж Халдер хэлэв.

- Хаана? Би юу ч сонсохгүй байна гээд морьдын чимээ зогсов.

- Чи өөрийнхөө унгалтыг ч сонсдоггүй юм чинь.

- Үгүй ээ би чадна гэж Грэнн маргав.

- Чимээгүй!

Тэд бүгд чимээгүй болон сонслоо. Жон амьсгаа дараад "Сэмийн ажил" гэж бодов. Тэр
Хөгшин баавгай руу очин сэрээх юм уу ор луугаа явахын оронд хөвгүүдийг сэрээжээ. Тэднийг
хараал идээсэй. Хэрвээ үүр гэгэгээрэхэд бүгд орондоо байхгүй бол тэдний нэрс ч гэсэн оргон
зайлагчийн тоонд бас орох болно. Ингэхэд тэд юугаа бодсон хэрэг вэ?
Бөглүү нам гүм үргэлжилэв. Жон атийн суугаад мөчрийн завсраар морьдын хөлийг харж
байлаа. Эцэст нь Пип,

- Чи яг юу сонссон юм бэ? гэв.

- Мэдэхгүй. Морины чимээ байх шиг санагдсан... гэж Халдер хэлэв.

- Энд юу ч алга.

Тэгтэл Жоны нүдний буланд модон дундаас цайвар дүрс зурсхийн навч шажигнуулан Сүнс
харанхуйгаас үсрэн гарч ирэхэд гүү нь айсандаа янцгаалаа.

- Тэнд байна! гэж Халдер хашгирав.

- Би ч гэсэн сонссон!

- Урвагч гэж Жон чонондоо хэлээд эмээл дээрээ гарлаа. Тэр гүүнийхээ толгойг эргүүлэн
модон дундуур зугтсан ч арван алхам явалгүй гүйцэгдэв.

- Жон! гэж Пип араас нь хашгирав.

- Зогс. Чи биднээс зугтаж чадахгүй гэж Грэнн хэлэв.

Жон морио урдаас нь эргүүлэн сэлмээ шархийтэл сугаллаа.

- Хойшоо ухар. Би та нарыг гэмтээхийг хүсэхгүй байгаа ч шаардлага гарвал хийх болно шүү.

- Ганцаараа долоогийн эсрэг үү? гээд Халдер дохио өгөхөд хөвгүүд тарж түүнийг хүрээлэн
зогсов.

- Та нар надаас юу хүсээ вэ? гэж Жон шаардав.

- Бид чамайг байх ёстой газар чинь буцааж аваачих гэсэн юм гэж Пип хэлэв.

- Би дүүтэйгээ хамт байх ёстой.

- Бид одоо чиний ах дүүс болсон гэж Грэнн хэлэв.

- Хэрвээ тэд чамайг барих юм бол толгойг чинь авна. Ийм тэнэг зүйлийг зөвхөн Бух гөрөөс
хийх байх гээд Бах инээлээ.

- Би тэгэхгүй. Би хууль зөрчигч биш. Хэлсэн амаа биелүүлсэн гэж тэдэнд хэлнэ хэмээн Грэнн
хэлэв.

- Би ч гэсэн. Гэхдээ та нар ойлгохгүй байна уу? Тэд миний эцгийг алсан. Одоо дайн болж
миний дүү Робб голын хөндийд байлдаж байгаа...

- Бид мэднэ. Сэм бидэнд бүгдийг хэлсэн гэж Пип ёслол төгөлдөр хэлэв.
- Бид эцгийн чинь төлөө харамсаж байгаа ч энэ чухал биш. Чи ам тангараг өргөсөн болохоор
юу ч болсон хамаагүй эндээс явж болохгүй гэж Грэнн хэлэв.

- Би явах ёстой гэж Жон зөрүүдлэхэд,

- Чи ам өгсөн гэж Пип сануулаад,

- Одоо миний харуулын үүрэг эхэлж үхэх хүртэл дуусахгүй гэв.

- Харуулынхаа байран дээр амьдарч, харуулынхаа байран дээр үхнэ гэж Грэнн толгой дохин
нэмэрлэв.

- Та нар наадхаа надад хэлэх хэрэггүй. Би үүнийг сайн мэднэ гээд Жоны уур дүрсхийв. Яагаад
тэд түүнээс эвтэй салж болохгүй юм бол? Энэ чинь байдлыг улам хүндрүүлэхээс өөр
зүйлгүй.

- Би харанхуйн илд гэж Халдер хүнгэнүүлэв.

- Би Ханын харуул гэж Бах цуурайтуулав.

Жон тэднийг нүүрэн дээр нь хараасан ч хэн ч тоосонгүй. Пип морио гуядан ойртуулаад,

- Би тэсгим хүйтэнд дүрэлзэх гал, үүрийг авчирагч гэгээ, унтаж буйг сэрээгч бүрээ, хаант
улсын хүмүүсийг хамгаалагч бамбай гэв.

- Хойшоо ухар. Пип чамд хэлж байна шүү гэж Жон анхааруулаад сэлмээрээ зангав. Тэдний
хэн ч хуяг өмсөөгүй болохоор хэдэн хэсэг болгон цавчиж чадах байлаа.

Маттар араар нь дугуйран тойрч бүгдийн хоолойд нэгдэв.

- Би өөрийн амьдралаа Шөнийн харуулд зориулж байна гэхэд Жон гүүгээ давиран эргэлдлээ.
Хөвгүүд түүнийг тойрон хүрээлж зүг бүрээс нь шахан ойртов.

- Энэ шөнөөс эхэлж гэж Халдер хэлэхэд,

- ... бүх шөнийн туршид гэж Пип төгсгөв. Тэр Жоны цулбуураас зуурлаа.

- За тэгэхээр чиний л сонголт. Намайг алах юм уу бидэнтэй буцаад яв гэхэд Жон илдээ
өргөсөн ч... аргагүйдэн буулгалаа.

- Та нарыг хараал идээсэй. Бүгдийг чинь.

- Бид чиний гарыг хүлэх юм уу эсвэл зүгээр явна гэдгээ амалж байна уу? гэж Халдер асуулаа.

- Хэрвээ сонсмоор байвал чинь би зугтахгүй гээд Жон модон дундаас гарч ирсэн Сүнс рүү
муухай харж,
- Тусалсанд чинь баярлалаа гэхэд гүн улаан нүд түүн рүү ойлгосон янзтай харав.

- Бид яарсан нь дээр байх. Хэрвээ үүр гэгээрэхээс өмнө буцахгүй бол Хөгшин баавгай
бүгдийнх нь толгойг авна гэж Пип хэллээ.

Эргэж явах үед Жонд дурсах зүйл цөөхөн байлаа. Бодлыг нь өөр зүйл эзэмдсэнээс болоод ч
тэр үү өмнө зүг явсан аялалаас нь илүү богино санагдав. Пип алхуулж, шогшуулж,
хатируулснаа алхуулж ахин хатируулж байлаа. Дэргэдүүр нь Сохор номингийн суурин өнгөрч
улаан дэнлүүтэй янхны газар ард хоцров. Морьдоо түргэн давчдуулсан болохоор үүр
хаяарахаас цагийн өмнө Жон урд нь Хар цамхаг болон харанхуйд нүсэр цайвар мөсөн Хана
байхыг харав. Энэ удаад түүнд гэр шиг нь санагдсангүй.

"Тэд намайг буцааж аваачсан ч үлдээж чадахгүй" гэж Жон өөртөө хэллээ. Энэ дайн маргааш
нөгөөдөр гэхэд төгсчихгүй болохоор найзууд нь түүнийг өдөр шөнөгүй манаад байж
чадахгүй. Тэр Ханан дээр үлдэхээр шийдсэн гэж бодогдох хүртэл хүлээж байгаад... анхаарлыг
нь сулрахтай зэрэг ахин явна. Энэ удаад Хааны замаас холхон явах хэрэгтэй. Тэр дорно зүгт
Ханын дагуу юм уу тойруу замаар тэнгис рүү явсан нь аюулгүй. Эсвэл баруун зүг уулсын
дундуур өмнө зүг одсон шовх оргилоор явж болох юм. Энэ нь зэрлэгүүдийн хүнд бэрх зам
болохоор хэн ч түүнийг дагахгүй. Тэр Винтерфелл рүү юм уу Хааны зам руу зуун алхам ч
ойртохгүй.

Сэтгэл зовсондоо унтаж чадаагүй Сэмвэлл Тарли тэднийг хуучин жүчээнд баглаа өвсөн дээр
суун хүлээж байлаа. Тэр босож хувцсаа гөвөв.

- Би... тэднийг чамайг олсонд баяртай байна, Жон.

- Тэгвэл би баярлахгүй байна гээд Жон мориноос буулаа.

Пип мориноосоо үсрэн буугаад хаяарч буй тэнгэр лүү унтууцан харав.

- Бидний морьдод санаа тавиарай, Сэм. Урд маань бүтэн өдөр байхад унтаж чадаагүйдээ
лорд Сноуд талархах хэрэгтэй байх гэж жижигхэн хүү хэллээ.

Өдөр эхлэхэд Жон өглөө бүрийн адил гал зуух руу явав. Гурван хуруутай Хобб юу ч хэлсэнгүй
Хөгшин баавгайн өглөөний хоолыг өглөө. Өнөөдөр чанаж болгосон гурван хүрэн өндөг, зүсэм
гахайн утсан мах, тавгатай үрчгэр чавга байлаа. Жон хоолыг Хааны цамхаг руу зөөв. Тэр
Мормонтыг цонхны дэргэд суугаад юм бичиж байхад нь олов. Мөрөн дээгүүр нь урагш хойш
алхаж байсан хэрээ Жоныг орж очиход,

- Шиш, шиш, шиш гэж хашгирав.

- Хоолоо ширээн дээр тавиад надад шар айраг аягал гэж Хөгшин баавгай түүнийг хараад
хэллээ.

Жон цонхны хаалтыг нээж гадна тавцан дээр тавьсан домботой шар айргийг аваад эвэрт
дүүргэв. Хоббын түүнд өгсөн нимбэг Ханан дээр хүйтнээрээ байлаа. Жон түүнийг гартаа
базахад хурууны завсар шүүс нь урсав. Мормонт өдөр болгон нимбэгтэй шар айраг уудаг
бөгөөд яагаад одоо хүртэл шүдтэйгээ байдгийн учир нь энэ билээ.

- Чи эргэлзээгүй эцэгтээ хайртай байх. Биднийг үргэлж хайртай зүйл маань хөнөөж байдаг
юм. Миний энэ тухай хэлснийг санаж байгаа биз дээ? гэж Мормонт Жоныг эвэр авчирахад
хэлэв.

- Санаж байна гэж Жон баргар царайлан хэллээ. Тэр эцгийнхээ үхлийн тухай Мормонттой
байсан ч ярихыг хүссэнгүй.

- Тэгвэл энэ тухай мартахгүй байхыг хичээгээрэй дээ. Хэрцгий үнэнийг хүлээж авахад хэцүү
байдаг юм. Алив тавгийг минь аваад өг. Ахиад л утсан мах уу? За яахав. Чи ядарсан харагдаж
байх чинь? Сарны гэрэл дэх давхилтандаа зүдрээ юу?

Жоны хоолой хатлаа.

- Та мэдэж байсан юм уу?

- Мэдэх. Мэдэх гэж Мормонтын мөрөн дээр байсан хэрээ гуаглав.

Хөгшин баавгай тургиллаа.

- Чи намайг энд Шөнийн харуулын захирагч лордоор мухар дүлий болохоор нь сонгосон гэж
бодоогүй биз дээ, Сноу? Эймон надад чамайг явна гэж хэлсэн юм. Харин би түүнд чамайг
эргэж ирнэ гэж хэлсэн. Би хүмүүсээ... хөвгүүдээ бас мэднэ. Нэр төр чамайг Хааны зам дээр
гаргасан ч... нэр төр эргүүлэн авчирлаа.

- Намайг найзууд минь буцааж авчирсан.

- Ингэхэд би үүнийг чиний нэр хүнд гэж хэлсэн бил үү? гээд Мормонт таваг руу харлаа.

- Тэд миний эцгийг алсан байхад та надаас өөр юу хүлээгээ вэ?

- Үнэнийг хэлэхэд бид чамайг ингэнэ гэж бодож байлаа гээд Мормонт чавга авч зажилснаа
ясыг нь нулимав.

- Би чамайг харж байхыг тушаасан. Хүмүүс чиний явахыг харсан. Хэрвээ ах дүүс чинь чамайг
буцааж авчраагүй бол замд найз нөхөд чинь биш өөр хүмүүс барьж авах байсан. Ингэхэд
чиний морь хэрээ шиг далавчтай биш биз дээ? Эсвэл тийм юм уу?

- Үгүй гээд Жон хичнээн тэнэг болохоо мэдэрлээ.

- Харамсалтай нь бидэнд ийм л морь байдаг юм.

Жон цэхлэн зогслоо. Тэр өөртөө эцсийн эцэст нэр хүндтэй үхэх ёстой гэж хэлсэн билээ.

- Би оргон зайлагчдад оноодог шийтгэлийг мэднэ, эрхэм лорд. Би үхлээс айгаагүй.


- Үхэл! гэж хэрээ хашгирав.

- Амьдралаас ч гэсэн айгаагүй гэж найдаж байна гээд Мормонт утсан махыг хутгаараа хуваан
шувуугаа хооллов.

- Гэсэн ч чи одоохондоо оргон зайлсангүй. Энд зогсож байна. Бид Сохор номингийн суурин
луу шөнө болгон явдаг хөвгүүдийн толгойг аваад байх юм бол зөвхөн Ханан дээр сүнс
харуулд гарах байсан биз. Гэхдээ чи маргааш юм уу хоёр долоо хоногийн дараа зугтаж
магадгүй, тийм үү? Ингэж л найдаж байгаа биз дээ, хүү минь?

Жон чимээгүй байв.

- Тэгж бодсон юмаа гээд Мормонт өндөгний хальсийг хууллаа.

- Эцэг чинь үхсэн, залуу минь. Чинийхээр бол түүнийг буцааж авчирна гэж бодсон хэрэг үү?

- Үгүй гэж тэр дүнсийн хариуллаа.

- Сайн байна. Бид хоёул үхсэн хүн яаж буцаж ирдэгийг харсан болохоор ахин харах хэрэг алга
гээд Мормонт өндгийг хоёр хазаж залгиад шүдний завсар орсон хальсыг авлаа.

- Чиний дүү умардад хүчээ хуралдуулсан. Түүнд лорд тугчин болон Шөнийн бүх харуулыг
нийлүүлснээс илүү их хүч бий. Чи яагаад тэдэнд тусламж чинь хэрэгтэй гэж бодоо вэ? Эсвэл
чи эрэлхэг дайчин болоод халаасандаа грамкин хийсэн юм уу шидэт илдтэй хэрэг үү?

Жонд хэлэх үг олдсонгүй. Хэрээ өндгийг тоншин хальсыг нь цуулж хошуугаа нүх рүү
шургуулаад цагаан шаргал голыг нь зулгаалаа.

Хөгшин баавгай санаа алдав.

- Дайн ганцхан чамайг нөлөөлөөгүй. Хүссэн ч бай үгүй ч бай миний дүү Мэйж чиний
дүүгийн цэрэгт охиныхоо хамт эр хүн шиг хувцаслаад явж байгаа. Мэйж хөгшин буурал
зөрүүд цочмог гөжүүд араншинтай хүн. Үнэнийг хэлэхэд би түүнийг нь арай ядан тэвчдэг ч
энэ нь түүнд чиний дүү нараа хайрладгаас дутуу хайртай гэсэн үг биш гээд Мормонт хөмсөг
зангидан сүүлчийн өндгөө атгандаа хальсыг нь шажигнатал базав.

- Эсвэл тийм ч байж болох юм. Тэгсэн ч гэсэн би түүнийг амь алдвал гашуудах болохоор
эндээс зугтахыг минь чи харахгүй. Би ам өгөн үгээ хэлсэн болохоор чи ч гэсэн тэгсэн. Миний
газар энд... харин чинийх хаана вэ, хүү минь?

"Надад газар байхгүй. Би бутач. Надад эрх мэдэл, нэр, ээж, тэр ч байтугай одоо эцэг байхгүй
болсон" гэж Жон хэлэхийг хүссэн ч үг хоолойд нь тээглэв.

- Мэдэхгүй.

- Тэгвэл би мэдэж байна. Хүйтэн салхи үлээж Хананаас цаана сүүдэр уртсаж байна, Сноу.
Коттер Пайк хандгайн том сүрэг болон арслан заан дорноос өмнө зүг тэнгис рүү нүүдэллэж
байна гэж бичсэн. Тэр хүмүүсийнх нь нэг Дорнод харуулаас гурван милийн зайн хиртэй
аварга том хөлийн мөр олсон гэж хэлсэн. Сүүдэрт цамхагын эргүүлүүд бүхэл бүтэн тосгон
эзгүйрсэн байхыг олж тэр шөнө сэр Дэнис ууланд аварга том түүдэг гал үдшээс үүрийн хаяа
хүртэл дүрэлзэн асахыг харсан байна. Мухар гарт Кворин Хясааны гүнээс олзлогдогч
барихад тэр нь Манс Рэйдэр бүх хүнээ ямар нэг үл мэдэх нууц газар цуглуулж байна гэсэн.
Яагаад гэдгийг нь зөвхөн бурхан мэдэх байх даа. Чиний авга ах Бэнжин бидний өнгөрсөн жил
алдсан ганц эргүүл гэж бодож байна уу?

- Бэн Жэн. Бэн Жэн. Бэн Жэн гэж хэрээ толгойгоо бөнжигнүүлэн гуаглаад хошуугаараа
өндөгний хальсыг хэлтлэн тоншив.

- Үгүй гэж Жон хэллээ. Өөр бас дэндүү олон хүн алга болжээ.

- Тэгвэл дүүгийн чинь дайн биднийхээс хамаагүй чухал гэж бодсон юм биз дээ? гэж хөгшин
хүн зандрав.

Жон уруулаа хазлаа. Хэрээ далавчаа дэвэн,

- Дайн, дайн, дайн, дайн гэж хашгирав.

- Тийм биш. Бурхан биднийг өршөөвөл залуу минь чи сохор тэнэг биш байж таарна. Үхсэн
хүн шөнөөр ангуучилж байхад чи хаан ширээнд хэн суух нь чухал гэж бодож байна уу?

- Үгүй гээд Жон энэ тухай ер бодсонгүй.

- Лорд эцэг чинь чамайг бидэн рүү илгээсэн, Жон. Чи үүнийг яагаад гэж бодож байна?

- Яагаад? Яагаад? Яагаад? гэж хэрээ хашгирав.

- Миний ганц мэдэх зүйл гэвэл Старкийнхны судсанд анхны хүний цус гүйж байгаа. Анхны
хүн Ханыг босгосон болохоор өөр бусдын мартсан зүйлийг санаж байдаг юм. Тэгээд ч чиний
араатан... биднийг үхсэн хүн рүү хөтлөн аваачиж босгон дээр ирэхэд нь анхааруулсан биз дээ.
Сэр Жареми үүнийг эргэлзээгүй тохиолдлын явдал гэж хэлэх хэдий ч сэр Жареми үхсэн
байхад харин би үгүй гээд лорд Мормонт хутганыхаа үзүүрийг гахайн махны өөдсөнд зоов.

- Би чиний энд байгаагын учир бол Хананаас цааш бидэнтэй чонотойгоо хамт явах явдал гэж
хэлэх байна.

Түүний үг Жоны нуруунд жихүүдэс төрүүллээ.

- Хананаас цааш гэнэ ээ?

- Чи намайг сонссон. Би Бэн Старкийг амьд үхсэний алин ч бай хамаагүй олно гээд Мормонт
мах зажилснаа залгиж,

- Би зүгээр нэг энд суугаад цас орж, мөсөн салхи шуурахыг хүлээхгүй. Бид юу болсныг мэдэх
ёстой. Энэ удаад Шөнийн харуул бүх хүчээрээ Ханын цаадах хааны эсрэг болон Нөгөөдүүл
өөр замд тааралдсан хэний ч байлаа эсрэг хөдлөх болно. Би үүнийг өөрийн биеэр удирдана
гээд хутгаараа Жоны цээж рүү чичилж,

- Ердийн тохиолдолд захирагч лордын бойдоо хиа нь болдог ёстой... Тэгээд ч би өглөө бүр
сэрэхдээ чамайг зугтсан эсэхэд сэтгэл зовохыг хүсэхгүй байна. Иймээс би чамаас асууж
байна, лорд Сноу. Чиний Шөнийн харуулын ахан дүү юу... эсвэл зөвхөн байлдаж тоглохыг
хүссэн бутач хүү юу? гэв.

Жон Сноу эгцлэн зогсож гүн амьсгаа авлаа.

Намайг өршөөгөөрэй аав аа, Робб, Аръяа, Бран нар минь... тусалж чадаагүйд намайг
өршөөгөөрэй. Түүний зөв. Миний газар бол энд.

- Би бол...таных, эрхэм лорд. Таны хүн. Үүнийг андгайлж байна. Би ахиж зугтахгүй.

Хөгшин баавгай тургиллаа.

- Сайн байна. Харин одоо илдээ ав.


КАТЕЛИН

Кателин нялх хүүтэйгээ Ривверраны хаалгыг орхин Унагаа хадыг жижигхэн завиар гаталж
умард зүг Винтерфелл хүрэх аялалаа эхэлснээс хойш мянган жил өнгөрсөн мэт санагдана.
Ингээд тэд ахин Унагаа хадыг гатлан гэртээ ирэхэд манцуйтай байсан хүү нь хуяг дуулга
өмссөн байлаа.

Робб завин дээр Хөнгөн салхитай сууж сэлүүр өргөгдөн буухад гараа зэрлэг чонын толгой
дээр тавин тайтгаруулна. Теон Грэйжой тэдэнтэй хамт байлаа. Кателины авга ах Бринден ард
нь орших хоёр дахь завинд Том Жон, лорд Карстарк нарын хамт суужээ.

Кателин хитгэн дээр суудал эзэлжээ. Тэд Унагаа хаднаас доош ширүүн хүчтэй урсгалд
хөөгдөн Хүрдтэй цамхагыг өнгөрөв. Том дугуй хүрдний эргэлтээр ус цацагдан хүнгэнэх
чимээ хүүхэд насыг нь санагдуулахад Кателины нүүрэнд гунигтай инээмсэглэл тодров.
Шилтгээний улаан элсэн чулуун ханан дээр зогссон цэргүүд, зарц нар түүний нэрийг болон
Роббын нэрийг бас "Винтерфелл!" гэж хашгирах сонсогдоно. Хэрмийн булан болгон дээр
Таллигийн удмын цэнхэр улаан дэвсгэр дээр мөнгөлөг хулд загас уснаас үсэрч буй далбааг
мандуулжээ. Энэ нь сэтгэл догдлом үзэгдэл байсан ч зүрх нь хөөрсөнгүй. Тэр хэзээ нэг цагт
зүрх нь догдлох эсэхэд гайхширлаа. Өө, Нэд минь дээ...

Хүрдтэй цамхагын доогуур тэд хөөсөрсөн усанд өргөн эргэлт хийхэд хүмүүсийн нуруу
харагдана. Урд нь Усны өргөн нуман хаалга үзэгдэн хүнд гинж гүйх чимээ сонсогдоод том
төмөр сараалж хөшүүргээр дээш удаанаар өргөгдлөө. Кателин ойртож очихдоо сараалжны
доод хэсэг зэвэнд идэгдэн улаан болсныг харлаа. Тэднийг доогуур нь өнгөрөхөд ёроолын
үзүүрээс хүрэн шавар дусалж төмөр хадаас толгойноос нь инчийн зайд өнгөрөв. Кателин
төмөр сараалж руу харан хэр гүн зэвэнд идэгдсэн эсэхийг тааварлалаа. Иймэрхүү маягийн
бодол эдгээр өдрүүдэд түүний толгойд ховор төржээ.

Тэд нуман хаалгыг өнгөрөөд хэрмийн доогуур нарны гэрлээс сүүдэрт орсноо ахин гэрэлд
гарч байлаа. Эргэн тойрон хаа сайгүй их бага завь мултрахаас сэргийлэн хананд төмөр
цагаригаар бэхэлжээ. Усны гишгүүрт эцгийнх нь харуулууд дүүтэй нь хамт хүлээж байлаа.
Сэр Эдмур Талли намхан биетэй залуу агаад өтгөн хүрэн үс, гал улаан сахалтай байв. Түүний
цээж хуяг тулаанд зурагдан өм цөм хонхойж, улаавтар цэнхэр нөмрөг нь цусны толбо, тортог
болжээ. Дэргэд нь лорд Титос Блэквуд хэмээх давс халуун ногоонд идэгдсэн богино сахалтай,
монхор хамартай хүн хөнгөн жад шиг шулуун хүн зогсож байв. Түүний тод шаргал өнгийн
дуулган дээр гайхамшигтай сайхан хуван усан үзмийн ороонго сийлбэрлэсэн бөгөөд горзгор
мөрөндөө хэрээний өдөн нөмрөг углажээ. Чухамхуу энэхүү Лорд Титос гэнэтийн дайралтыг
тэргүүлэн дүүг нь Ланнистерийнхны буудлаас чөлөөлсөн билээ.

- Тэдэнд тусал гэж сэр Эдмур тушаалаа. Гурван хүн шатнаас доош өвдөг хүртэл татсан усанд
ороод завийг урт дэгээгээр ойртуулан татав. Хөнгөн салхи эрэг рүү үсрэн гарахад тэдний нэг
тулгуураа алдаад усанд лагхийн суухад бусад нь хөхрөлдөж царай нь ичсэн янзтай болов.
Теон Грэйжой завины хажуу руу харайн буугаад Кателины бүсэлхийнээс өргөж усанд гутлыг
нь норголгүй хуурай гишгүүр дээр тавилаа.
Эдмур гишгүүр уруудан түүнийг тэвэрлээ.

- Хайрт эгч минь гэж сөөнгөтөн шивнэв. Тэр инээмсэглэхэд зориулсан гүн цэнхэр нүд, амтай
хэдий ч одоо инээмсэглэсэнгүй. Тулаанд олзлогдон зовж зүдрэн унжийжээ. Хүзүүгээ
шархадсан тус газар боосон байв. Кателин түүнийг чанга тэвэрлээ.

- Таны гашуудал бол минийх гэсэн үг. Бид лорд Эддардын тухай сонссон... Ланнистерийнхан
үүнийгээ төлөх болно гэдгийг амалж байна. Та өшөөгөө авах болно гэж Эдмур тэврэлтээ
салгахад хэлэхэд,

- Энэ чинь Нэдийг надад эргүүлэн авчирна гэж үү? хэмээн Кателин хурцаар асуув. Шарх нь
зөөлөн үгэнд хүртэл хөндөгдөм хэтэрхий эмзэг байлаа. Тэр одоо Нэдийн тухай бодож
чадсангүй. Тэгэх ёсгүй. Ингэж болохгүй. Тэр хүчтэй байх ёстой.

- Энэ тухай дараа ярилцъя. Би эцэгтэйгээ уулзмаар байна.

- Тэр таныг өргөөндөө хүлээж байгаа гэж Эдмур хэлэв.

- Лорд Хостер хэвтэрт орсон, хатагтай. Тэр таныг ирмэгц даруй оруулахыг даалгасан гэж
эцгийнх нь бойдоо сайхан сэтгэлтэй бууралтсан хүн тайлбарлалаа.

- Би таныг аваачъя гээд Эдмур түүнийг дагуулан усны шатаар өгсөж нэгэн цагт Петр Бэйлиш,
Брандон Старктай илд зөрүүлж байсан намхан хашаанд гарлаа. Нүсэр том элсэн чулуун хана
тэдний дээр сүндэрлэнэ. Тэд загасны сүлд бүхий дуулгатай хоёр харуул зогсож буй хаалгаар
ороход Кателин,

- Тэр хэр муу байгаа вэ? хэмээн хариултыг нь сонсохоос эмээн асуулаа.

Эдмур дүнсийн ширтэв.

- Түүнийг бидэнтэй удаан байхгүй гэж мастерууд хэлсэн. Өвчиндөө... тасралтгүй шаналж
байгаа.

Сохор уур хилэн Кателиныг бүрхэн авахад бүхий л ертөнц болоод түүний дүү Эдмур, Лиза,
Ланнистерийнхан, мастерууд, Нэд, эцэгтээ болон... тэднийг хоёуланг нь аваачиж байгаа
хэрцгий бурхадад уурлах сэтгэл төрөв.

- Чи надад хэлэх ёстой байсан юм. Мэдсэн даруй шууд үг илгээх ёстой байсан юм.

- Аав үүнийг хориглосон. Тэр дайснууддаа үхлийн ирмэг дээр байгаагаа мэдэгдэхийг
хүсээгүй. Хаант улсад гай зовлон тохиолдоод байхад Ланнистерийнхан түүний сул доройг
ашиглан...

- ...дайрч магадгүй гэж үү? хэмээн Кателин хэрцгийгээр дуусгалаа. "Энэ бол чиний хийсэн
ажил. Хэрвээ чи одойг бариагүй байсан бол" гэж дотроос нь хоолой шивнэв.

Тэд эргүүлгэн шатаар чимээгүй өгслөө.


Шилтгээн Риверран шиг гурван талтай болохоор лорд Хостерийн өрөө гурвалжлан чулуун
тагт дорно зүг аварга том элсэн чулуун хөлөг онгоцны хошуу шиг ханджээ. Эндээс лорд хүн
шилтгээнийхээ хэрэм, бэхлэлт болон түүнээс цаашхи усныг мандлыг харж болох ажээ. Тэд
эцгийнх нь орыг тагтан дээр дөхүүлжээ.

- Тэр наранд гол руу харж суух дуртай гэж Эдмур тайлбарлаад,

- Аав аа, хэнийг авчирсныг минь хараач. Кат таньтай уулзахаар ирлээ... гэв.

Хостер Талли залуудаа үргэлж өндөр том биетэй хүн байсан бөгөөд нас ахисан хойноо ч
махлагдуу зузаан байлаа. Гэвч одоо мах булчин нь агшин одсоны улмаас жижгэрсэн мэт
санагдана. Царай нь хүртэл сууж хөнхийжээ. Кателин сүүлчийн удаа харах үед буурал сор
суусан хүрэн үс, сахалтай байсан ч одоо цасан цагаан болон цайжээ.

Тэр Эдмурын дуугаар нүдээ нээлээ.

- Кат минь. Миний бяцхан Кат гэж өвчиндөө шаналсан сулхан хоолойгоор хэлээд зүрх
догдлом инээмсэглэж гараа сунгалаа.

- Би чамайг хүлээж байлаа...

- Би та хоёрыг ярилцуулахын тулд орхиё гэж дүү нь хэлээд гарахын урьд лорд эцгийнхээ
духан дээр зөөлөн үнслээ.

Кателин эцгийнхээ гарыг барин сөгдөн суулаа. Энэ нь том гар хэдий ч одоо мах нь шуугдан яс
арьс болоод бүх хүч нь үгүй болжээ.

- Та надад дуулгах ёстой байсан юм. Морьтон явуулах юм уу шувуу илгээж...

- Морьтон баригдаж байцаагдаж болно. Хэрээг харван унагаж болно... гээд эцэг нь өвчиндөө
овсхийн гарыг нь чанга атгалаа.

- Миний гэдсэнд наймаалж үүрлэн... өдөр шөнөгүй хавчуураараа хавчиж байна. Тэд хэрцгий
сарвуутай. Мастер Виман надад нойрсуулагч дарс, намуу цэцэгтэй сүү өгсөн ч... би хэт удаан
унтсан болохоор... чамайг ирэхэд уулзахын тулд сэрүүн байхыг хүссэн юм. Ланнистерийнхан
дүүг чинь барин биднийг тойрон бүслэх үед би... чамтай ахин уулзалгүй үүрд явах нь гэж айж
байлаа... би айсан...

- Би энд байна, аав аа. Робб хүүтэйгээ ирсэн. Тэр ч гэсэн таньтай уулзахыг хүсч байгаа.

- Чиний хүү. Түүнд миний нүд бийг санаж байна...

- Тиймээ аав аа, тийм нүдтэй. Бас бид таньд Жэйми Ланнистерийг гинжилж авчирсан.
Риверран ахин чөлөөтэй болсон, аав аа гэхэд лорд Хостер инээмсэглэв.

- Би харсан. Өнгөрсөн шөнө энэ бүхэн эхлэх үед нь би тэдэнд... харахыг хүсч байна гэж
хэлсэн юм. Тэд намайг харуулын цамхаг руу зөөж аваачин... тулааныг харуулсан. Ай даа
хичнээн үзэсгэлэнтэй байсан гээч... бамбарын гал давалгаалан голын цаана хашгиралт
сонсогдоод л... хичнээн сайхан сонсогдсон гээч... тойрч бүсэлсэн харуулын цамхаг галд автах
үед би баярласандаа үхсэн ч бэлэн байсан. Гэхдээ эхэлж чамайг хүүхэдтэй чинь харахыг
хүссэн. Тэгэхээр чиний хүү үүнийг хийсэн үү? Чиний Робб байсан уу?

- Тиймээ гэж Кателин омог бардам хэллээ.

- Үүнийг Робб хийсэн... бас Бринден байсан. Таны дүү энд бас ирсэн, эрхэм лорд.

- Тийм байж. Хар загас... буцаж ирсэн хэрэг үү? Хөндийгөөс үү? гэж эцгийнх нь хоолой
сулхан шивнэлээ.

- Тиймээ.

- Бас Лиза ирсэн үү? Бурхан өршөөг чиний дүү... тэр бас ирсэн үү? гээд хүйтэн салхинд
шингэн цагаан үс нь сэвэлзэв.

Тэр найдлага дүүрэн сонсогдож байсан учир үнэнийг хэлэн урмыг нь хугалахад бэрх байлаа.

- Үгүй ээ, намайг уучлаарай...

- Өө. Би түүнийг... өмнө харна гэж найдсан юмсан гээд эцгийнх нь царай барайж нүднийх нь
гал буурлаа.

- Тэр Хүүтэйгээ Эйрид байгаа гэхэд лорд Хостер сулхан толгой дохив.

- Тиймээ одоо хөөрхий Аррин үгүй болсон болохоор лорд Роберт болсон... Би санаж байна...
тэр яагаад чамтай ирээгүй юм бол?

- Лиза айсан, эрхэм лорд минь. Эйрид байх аюулгүй санагдсан гээд Кателин эцгийнхээ
үрчгэр духан дээр үнсэж,

- Робб хүлээж байгаа. Та түүнтэй уулзмаар байна уу? Бас Бриндентэй ч гэсэн? гэж асуулаа.

- Чиний хүү. Тиймээ. Катын хүүхэд... түүнд миний нүд бийг санаж байна. Төрөхдөө тийм
байсан. Түүнийг авчир... тэгэлгүй яахав гэж тэр шивнэв..

- Харин дүүг чинь?

Эцэг нь голын чинагш ширтлээ.

- Хар загас. Тэр одоо хүртэл гэрлээгүй байгаа юу? Ямар нэг охиныг... эхнэрээ болгон авсан
уу?

"Үхлийн булшинд орсон цагт байх" гэж Кателин гунигтай бодлоо.

- Тэр гэрлээгүй. Та үүнийг мэдэж байгаа, аав аа. Хэзээ ч гэрлэхгүй гэдгийг нь.
- Би түүнд хэлсэн... түүнд тушаасан. Гэрлэ гэж! Би түүний эзэн лорд байсан. Миний үүрэг
бол түүнд хань олж өгөх явдал. Сайн хань. Рэйдвайны эртний гэр бүлээс гаралтай хөөрхөн...
сэвхтэй охин байсан. Бетани гэдэг шүү дээ, тийм. Хөөрхий хүүхэд. Одоо хүртэл хүлээсэн
хэвээр байгаа. Тиймээ. Хэвээр байгаа...

- Бетани Рэдвайн олон жилийн өмнө лорд Ровантай гэрлэсэн. Одоо түүнээс гурван хүүхэдтэй
гэж Кателин түүнд сануулав.

- Тэгсэн ч гэсэн. Тийм байлаа ч гэсэн. Рэдвайны охин руу нулимсан. Над руу нулимсан.
Түүний лорд, ах руугаа... Хар загас нулимсан. Гэхдээ би түүнд өөр хүн санал болгосон. Лорд
Бракен болон Валдер Фрейн охин... тэр гурвын хэнийг ч авч болох байсан... Түүнийг
гэрлээгүй гэж хэлсэн үү? Хэнтэй ч үү? Хэнтэй ч гэсэн үү?

- Хэнтэй ч биш. Гэсэн ч тэр таньтай уулзахын тулд олон бээр газрыг туулж Риверран руу
буцах замаа тулалдан чөлөөлсөн. Сэр Бринден бидэнд туслаагүй байсан бол би таны урд
зогсож чадахгүй байлаа.

- Тиймээ, тэр үргэлж дайчин байсан. Тэр үүнийг чадна. Хаалганы хүлэг баатар, тийм шүү
дээ гээд эцэг нь зүдрэнгүй нүдээ аньж,

- Түүнийг явуул. Дараа ирэг. Би одоо унтах гэж байна. Өвчинтэйгээ тэмцэхэд дэндүү бие сул
байна. Түүнийг дараа оруул, Хар загасыг гэв.

Кателин түүнийг зөөлөн үнсээд үсийг нь илбэж дор нь гол урсаж байгаа сүүдрэвчинд
орхиход өрөөнөөс нь гарахаас урд нойрслоо.

Кателиныг дор хашаанд эргэн ирэх үед сэр Бринден Талли усны гишгүүр дээр нойтон
гуталтай зогсоод Риверраны харуулын ахлагчтай ярилцаж байснаа түүнийг хараад даруй
ирэв.

- Тэр... ямархуу байна?

- Үхэж байна. Яг л бидний эмээсэн шиг гэхэд авга ахынх нь царайд шаналсан өнгө тодорч
хуруугаараа өтгөн буурал үсээ илбэв.

- Надтай уулзах нь уу?

Кателин толгой дохив.

- Гэхдээ тэр өвчинтэйгээ тэмцэхэд дэндүү сул байна гэж хэлсэн гэхэд Бринден Хар загас
инээд алдав.

- Би үүнд чинь итгэхэд дэндүү хөгшин цэрэг шүү. Хостер намайг Рэдвэйны охинтой
гэрлэсэнгүй гэж оршуулгын бунханд орсон хойноо ч янших хүн.

Кателин энэ үнэн болохыг мэдэж байсан тул инээмсэглэв.


- Би Роббыг харахгүй байх чинь.

- Тэр Грэйжойтой танхим руу явж харагдсан.

Теон Грэйжой Риверраны Их танхимд сандал дээр суугаад эвэртэй шар айраг ууж эцгийнх нь
цэргүүдэд Шивнэдэг ойд хийсэн тулалдааныхаа талаар хөгжилтэй ярьж байлаа.

- Зарим нь зугтахыг оролдсон ч бид хөндийг хоёр талаас нь хаасан болохоор харанхуйд илд
жадаар сүлбэсэн. Ланнистерийнхан Роббыг чонотойгоо гарч ирэхэд тэдний дунд Нөгөөдүүл
ирлээ гэж бодсон байх. Би чоно нэг хүний гарыг мөрнөөс нь тасчин хаяхад морьд үнэрийг нь
авч галзуу мэт янцгаахыг харсан. Бас хичнээн хүнийг ч хүү татан хаясаныг мэдэхгүй байна...

- Теон би хүүгээ хаанаас олох вэ? гэж Кателин яриаг нь тасаллаа.

- Лорд Робб бурхдын мод руу явсан, хатагтай.

Нэд ингэж хийдэг байлаа. Тэр минийхээс илүү эцгийн хүү юм. Өө, бурхан минь Нэд...

Тэр Роббыг ногоон шүхэрлэн унжсан навчсын дор өндөр улаан модод болон том хөгшин
хайлаасаар хүрээлүүлэн ширүүнээс илүү гунигтай нүүртэй гоолиг далан модны урд өвдөг
сөгдсөн байхыг оллоо. Урт илдээ үзүүрээр нь газар зоож бээлийтэй гараараа бариулаас нь
барьсан байв. Түүний эргэн тойронд бусад хүмүүс болох том Жон Амбер, Рикард Карстарк,
Мэйж Мормонт, Галбарт Гловер нар өвдөг сөгджээ. Түүнчлэн том хэрээний өдөн нөмрөг
ардаа өрвийлгөсөн Титос Блэквуд хүртэл тэдний дунд байлаа. Тэднийг хуучин шүтлэгээ
хадгалж үлдсэн хүмүүс болохыг Кателин ойлгов. Тэр өөрөөсөө эдгээр өдрүүдэд ямар бурхан
шүтэж байсныг асуусан ч хариултыг нь мэдсэнгүй.

Тэдний мөргөлийг үймүүлж болохгүй байв. Бурхад хүртэх ёстойгоо авч... хэрцгий бурхад
Нэдийг түүнээс аван лорд эцгийг нь хүртэл салгах гэж байна. Кателин хүлээлээ. Өндөр
мөчрийн завсар голын сэвшээ салхи сэвэлзэн баруун талд нь сахлаг ороонго ургасан Хүрдэт
цамхаг байлаа. Тэнд хүлээн зогсож байх зуур дурсамж жирэлзэн орж ирэв. Эцэг нь түүнд
эдгээр модон дунд хэрхэн морь унахыг зааж, яг л энэхүү хайлааснаас Эдмур унаж гараа
хугалан, дор нь орших сүүдрэвчинд Лиза тэр хоёр Петртэй үнсэлдэн тоглож байсан билээ.

Тэр энэ тухай олон жил санасангүй. Тэд бүгд хичнээн залуу байж вэ... Кателин Сансагын
наснаас хэтрээгүй, Лиза Аръяагаас жаахан, Петр залуухан тэсч ядсан үе дээрээ байлаа. Охид
түүний тухай хоорондоо ярилцан хөхрөлдөнө. Энэ дурсамж маш тод байсан тул тэр бараг л
Петрийн хурууг мөрөндөө мэдэрч амьсгалаас нь гаа үнэртэх шиг болов. Бурхдын модонд
үргэлж гаа ургадаг бөгөөд Петр түүнийг зажлах дуртай байв. Тэр дэндүү зоригтой жаахан
хүү байсан бөгөөд үргэлж асуудалд орооцолдоно.

- Тэр хэлээ миний аманд шургуулахыг оролдсон гэж Кателин дүүдээ ганцаар үлдэхэд хэлэхэд,

- Минийхэд ч гэсэн тэгсэн. Гэхдээ надад таалагдсан гэж Лиза ичингүйрэн шивнэжээ.

Робб удаанаар босож илдээ хуйлахад Кателин хүүгээ бурхдын модонд охин үнсэж байсан эсэх
тухай гайхширлаа. Мэдээж тэгсэн байж таарна. Тэр Жэйн Пол болоод зарц охид зарим арван
найман нас хүрсэн нь хүртэл түүн рүү нойтон нүдээр санаашран ширтэхийг харсан юм
байна... Харин одоо тулаанд мордож илдээрээ хүн алж байхад үнсэлдэж байсан байж таарна.
Нүдэнд нь нулимс цийлэгнэхэд Кателин ууртайгаар арчив.

- Ээж ээ бид зөвлөлдөх ёстой. Шийдвэр гаргах хэрэгтэй байна гэж Робб түүнийг зогсож
байхыг хараад хэлэв.

- Өвөө чинь чамтай уулзмаар байна. Робб, түүний бие их муу байна.

- Сэр Эдмур надад хэлсэн. Надад лорд Хостер та хоёрт хоёуланд чинь их харамсалтай байна,
ээжээ. Гэхдээ бид эхлээд уулзах хэрэгтэй. Бидэнд өмнөдөөс хэл ирсэн. Рэнли Баратеон
өөрийгөө ахынхаа титэмд өргөмжилжээ.

- Рэнли гэнэ ээ? Би лорд Станнис гэж бодсон юмсан хэмээн Кателин цочирдон хэллээ.

- Бид ч гэсэн тэгж бодсон, хатагтай гэж Галбарт Гловер нэмэрлэв.

Дайны зөвлөл Их танхимын жигд бус дөрвөлжилсөн дөрвөн урт ширээн дээр хуралдав. Лорд
Хостер үүнд оролцоход дэндүү бие нь султай байсан болохоор залуугынх шигээ тагтан дээр
нарны гэрэлд голын дээр зүүрмэглэж байлаа. Эдмур Таллигийнхны өндөр суудалд суухад
Бринден Хар загас дэргэд нь суун эцгийнх нь тугчид түүний баруун зүүн талд ширээний хоёр
талаар эгнэжээ. Риверранд болсон ялалтын чимээ Сэрээний оргодол лордуудад дамжин
буцаан ирүүлсэн байв. Эцгийгээ Алтан шүдэнд үхэхэд лорд болсон Карил Вэнс орж ирлээ.
Түүнтэй хамт сэр Марк Пайпер байсан бөгөөд тэд сэр Рэйманы хүү Бранаас томгүй Дарриг
авчирчээ. Чулуун шивээний ширүүн төрхтэй лорд Жонос Бракен уцаарлангуй ширтсэнээ
Титос Блэквудаас аль болох холдож суув.

Умардын лордууд эсрэг талд нь эгнэхэд Кателин, Робб хоёр Эдмурын урдаас харан суулаа. Тэд
цөөхүүлээ байв. Том Жон Роббын зүүн талд суухад Теон Грэйжой, Галбарт Гловер, хатагтай
Мормонт нар Кателины зүүн талд байр эзлэв. Уй гашуундаа турж эцэн хөнхийсөн нүдтэй хар
дарсан зүүдэнд буй хүн адил урт сахлаа угааж самнаагүй лорд Рикард Старк суудал эзлэв.
Тэр хоёр хүүгээ Шивнэдэг ойд алдаж гурав дахь ууган нь болох Ланнистерийнхантай Ногоон
салаанд хийсэн тулаанд Карстаркынхны жадчидыг тэргүүлсэн хүүгээс нь сураг байсангүй.

Маргаан шөнө хүртэл үргэлжлэв. Лорд болгон эрхийнхээ дагуу үг хэлж ярихдаа... хашгирч,
харааж, шалтаг хэлэлцэн, зулгуйдан, тохуу хийн, наймаалцаж, ширээн дээр аяга тасхийн
тавин сүрдүүлэн гарч одсоноо баргар царайлах юм уу инээмсэглэн орж ирж байлаа. Кателин
суугаад бүгдийн яриаг сонсов.

Рус Болтон үлдэгдэл цэргээ эмхлэн далангын аманд байгаа ажээ. Сэр Хэлман Толхарт,
Валдер Фрейн хамт Ихрийг барьсан хэвээр байв. Лорд Тайвины арми Сэрээг галтан
Харенхаллын зүг чиглэсэн байна. Үүнээс гадна хаант улсад хоёр хаан бий болжээ. Хүлээн
зөвшөөрөөгүй хоёр хаан.

Лорд тугчидын ихэнхи нь Харренхал руу даруй явж лорд Тайвинтэй тулгаран
Ланнистерийнхнийг үүрд эцэс болгохыг хүсч байв. Залуу халуун цочмог зантай Марк Пайпер
өрнө зүг давшин Кастерли Рокт цохилт өгөхийг санал болголоо. Үлдсэн нь тэвчээртэй
хүлээхийг зөвлөв. Риверран Ланнистерийн хүнсний нөөцөн дээр хөндлөн сууж байгааг
Жасон Маллистер онцолж хугацаа хожихын тулд лорд Тайвины хөсөг тэргийг дээрэмдэн
ядарсан цэргүүдээ амраан бэхлэх ёстой гэлээ. Лорд Блэквуд энэ тухай сонсохыг ч хүссэнгүй.
Тэд Шивнэдэг модонд эхэлсэн ажлаа дуусгаж Харренхал руу очин Рус Болтоны армийг ч
гэсэн тэнд авчрах ёстой гэж зүтгэв. Үргэлжид байдаг шигээ Блэквуд шаардаж, Бракен
эсэргүүцэн лорд Жонос Бракен тэд Рэнли хаанд дагаар орохын тулд өмнө зүг тэдэнтэй
нэгдэхээр хөдлөх ёстой гэж шаардав.

- Рэнли хаан биш гэж Робб хэллээ. Энэ бол түүний хүү анх удаагаа ам нээсэн хэрэг байв.
Тэрбээр эцгийнхээ адил хэрхэн сонсохыг мэддэг ажээ.

- Чи Жоффрейг дагаж болохгүй, эрхэм лорд. Тэр эцгийг чинь үхэлд хүргэсэн гэж Галбарт
Гловер хэллээ.

- Мэдээж тэр муу хүн. Гэхдээ Рэнли яагаад хаан болсныг мэдэхгүй байна. Жоффрей
Робертийн ууган хууль ёсны хүү хэвээр хаан ширээ хуулийн дагуу түүнд харъяалагдаж үхвэл
дүүд нь хамаарагдана. Томмен Жоффрегийн дараагийн удам залгах хүн гэж Робб хариу өчив.

- Томммен ч гэсэн Ланнистер гэж сэр Марк Пайпер архирав.

- Чинийхээр болог. Гэхдээ тэдний хэн ч хаан биш юм бол лорд Рэнли яаж хаан болж чадах
юм бэ? Тэр Робертийн бага дүү. Бран надаас өмнө Винтерфеллийн лорд болж чадахгүйтэй
адил Рэнли лорд Станнисын өмнө хаан болох эрхгүй гэхэд хатагтай Мормонт зөвшөөрөн,

- Лорд Станнис хамаагүй илүү эрхтэй гэв.

- Гэсэн ч Рэнли хаан ширээнд өргөмжлөгдсөн. Хайгарден болон Шуурганы адаг түүний
өргөмжлөлийг дэмжиж Дорнишийнхэн ч гэсэн хоцроогүй байна. Хэрвээ Винтерфелл болон
Риверран түүнд хүчинд дагаар орвол тэр долоон том овгоос тавыг ардаа нэгтгэнэ.
Арринийнхан үүнд оролцвол зургаа болно! Кастерли Рокийн эсрэг зургаа гээд бодоод үз дээ!
Эрхэм лордуудаа бид жилийн дараа гэхэд хатан хаан болон хөвгүүн хаан, лорд Тайвин,
Бяцхан чөтгөр, Хааны алуурч, сэр Кеван гээд Ланнистерийнхны бүгдийн толгойг хадаасанд
өлгөнө. Хэрвээ бид Рэнли хаантай нэгдвэл ийм зүйл болно. Харин лорд Станнисд үүний
эсрэг тавих юу байгаа юм бэ? хэмээн Марк Пайпер хэлэв.

- Шударга ёс гэж Робб зөрүүдлэн хэлэхэд Кателинд Нэдийн хоолой сонсогдох шиг болов.

- Тэгэхээр чи биднийг Станнисийг дагах ёстой гэж бодож байгаа юм уу? гэж Эдмур асуув.

- Мэдэхгүй. Би энэ тухай бурхнаас залбиран асуусан ч хариулаагүй. Ланнистерийнхан миний


эцгийг урвагч гэж алсан ч бид бүхэн худал гэдгийг нь мэдэж байгаа. Гэхдээ Жоффрей хууль
ёсны хаан болохоор бид түүний эсрэг тэмцсэнээрээ бүгд урвагч болно гэж Робб хэлэв.

- Миний лорд эцэг болгоомжтой байхыг зөвлөсөн гээд сэр Стеврон Фрейгийнхний үен
инээмсэглэлээр мушилзав.

- Хоёр хаан хаан ширээний тоглоомоо тоглож байхад хүлээх хэрэгтэй. Тэмцэлдэж дуусах үед
нь бид ялагчид өвдөг сөгдөх юм уу эсэргүүцэн зогсч болно. Рэнли армитай болсон болохоор
лорд Тайвин... хүүгээ аюулгүй эргүүлж авахын тулд дуртайяа энхийн хэлэлцээр байгуулж
таарна. Эрхэмсэг лордууд минь намайг түүн рүү Харренхалд очиж золиос төлөх сайн нөхцөл
байгуулахыг зөвшөөрнө үү... гэхэд хилэгнэсэн дуу түүний хоолойг дарлаа.

- Хулчгар амьтан! гэж Том Жон нижигнүүлэв.

- Энхийн хэлэлцээр хийхийг санал болгох нь Ланнистерийнханд биднийг сул дорой


харагдуулна гэж хатагтай Мормонт дэмжив.

- Тэр золиосыг чинь хараал идэг бид Хааны алуурчыг өгөхгүй гэж Рикард Старк хашгирав.

- Яагаад энх тайван биш гэж? хэмээн Кателин асуулаа.

Лордууд түүн рүү ширтсэн ч Кателин зөвхөн Роббын харцыг мэдэрлээ.

- Хатагтай тэд миний лорд эцэг, таны нөхрийг алсан гэж Робб баргар хэлээд урт илдээ
сугалан урдаа байгаа ширээн дээр тавихад өө сэвтэй модон дээр хурц зэвсэг гялалзав.

- Энэ бол Ланнистерийнхантай хийх миний найрамдал.

Том Жон дэмжин хашгирахад бусад хүмүүсийн хоолой нэгдэн илдээ хангинуулж, нударгаараа
ширээ нүдлээ. Кателин тэднийг чимээгүй болохыг хүлээж байгаад,

- Эрхэм лордуудаа. Лорд Эддард та бүхний эзэн байж би орыг нь хуваалцан хүүхдүүдийг нь
төрүүлсэн билээ. Та нар намайг үнэхээр түүнд өөрсдөөсөө бага хайртай гэж бодоо юу? гээд
түүний хоолойд гашуудал сонсогдоход тайвширахын тулд гүн амьсгаа авлаа.

- Робб хэрвээ энэ илд эцгийг чинь эргүүлэн авчирах байсан бол би Нэдийг дэргэдээ зогстол
чамайг буцаж хуйлахыг зөвшөөрөхгүй байлаа. Гэсэн ч тэр байхгүй болсон болохоор мянган
Шивнэдэг мод байгаад ч үүнийг өөрчлөхгүй. Нэд Дарин Хорнвуд, лорд Карстаркын зоригт
хөвгүүд болоод өөр бусад сайн хүмүүсийн адил явсан. Тэдний хэн ч бидэнд буцаж ирэхгүй.
Бидэнд өөр хүний үхэл хэрэгтэй гэж үү?

- Та бол эмэгтэй хүн, хатагтай. Эмэгтэйчүүд ийм зүйлийг ойлгодоггүй юм гэж Том Жон
хүнгэнэсэн хоолойгоор хэлэв.

- Та зөөлөн сэтгэлтэй. Харин эр хүнд өшөө авах хэрэгтэй байдаг юм гэж нүүрэндээ
гашуудлын шинэхэн үрчлээстэй лорд Карстарк хэлэв.

- Надад Серсей Ланнистерийг өгөөдөх, лорд Карстарк. Тэгвэл намайг хичнээн зөөлхөн
эмэгтэй хүн болохыг минь хараарай. Магадгүй би арга барил төлөвлөгөө ойлгоогүй байж
болох ч хоосон зүйлийг эрүүл ухаанаар харж байна. Биднийг дайнд мордох үед
Ланнистерийн цэрэг голын хөндийг сүйдэлж, Нэдийг урвасан хэрэгт хуурамчаар буруутган
хорьсон байсан. Бид өөрсдийгөө хамгаалж эзэн лордоо чөлөөлөхийн төлөө хөдөлсөн.

- Гэвч нэг зорилго маань биелмэгц нөгөөдөх нь үүрд боломжгүй болсон байлаа. Би Нэдийн
төлөө амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг төгстөл гашуудах хэдий ч эхлээд амьд
үлдэгсдийнхээ талаар бодох ёстой. Би хатан хааны барьцаанд байгаа охидоо буцааж авахыг
хүсч байна. Хэрвээ Ланнистерийнхан дөрвөн хүнийг хоёр Старкаар солилцоё гэвэл би энэ
наймааг бурханд талархан хүлээж авах байна. Би Робб чамайг Винтерфеллд эцгийнхээ
суудлыг эзлэн аюулгүй байгаасай гэж хүсч байна. Би чамайг өөрийнхөө амьдралаар амьдарч,
охид үнсэн, эмэгтэй хүнтэй гэрлэж хүүгийн эцэг болохыг хүсч байна. Би энэ бүх дайны эцэс
болгохыг хүсч байна. Би гэртээ эргэж харин эр нөхрийнхөө араас гашуудан уйлахыг хүсч
байна, эрхэм лордуудаа гээд Кателин үгээ дуусгахад бүгд чимээгүй болов.

- Энх тайван. Энх тайван сайхан зүйл хэдий ч хатагтай... гэхдээ ямар нөхцлөөр байгуулна
гэж? Анжисны хошуунд хийсэн илдээ өглөө нь буцаж давтах нь сайн зүйл биш гэж авга ах
Бринден хэлэв.

- Торрен, Эддард хоёр минь амь үрэгдсэн байхад би Кархолд руу яаж тэдний ястай буцах
болж байна? гэж Рикард Старк асуулаа.

- Яг үнэн. Грегор Клеган газар нутгийг минь шатааж, хүн ардыг минь хөнөөн Чулуун шивээг
утаа уугьсан балгас болгосон. Харин одоо би түүнийг илгээсэн хүний өмнө өвдөг сөгдөх
хэрэг үү? Хэрвээ бүх зүйл урьдын хэвэндээ орвол бид юуны төлөө байлдсан хэрэг болж
байна? гэж лорд Бракен асуулаа.

Кателины гайхширлыг төрүүлэн урмыг нь хугалж лорд Бракен түүнийг зөвшөөрөв.

- Хэрвээ бид Жоффрей хаантай найрамдвал Рэнли хаанд урвагч болох биш гэж үү? Хэрвээ
буга арсланг ялахад хүрвэл яах болж байна?

- Та нар юу ч гэж шийдсэн хамаагүй би хэзээ ч Ланнистерийг хаан гэж дуудахгүй хэмээн
Марк Пайпер зарлав.

- Би ч гэсэн! Би хэзээ ч дуудахгүй! гэж жижигхэн Дарри хашгирлаа.

Тэгтэл ахин хашгиралт эхэлж Кателин цөхрөн суулаа. Тэр амжилтанд хичнээн ойртон тэд
түүнийг бараг сонссон билээ... бараг л. Гэсэн ч энэ агшин өнгөрчээ. Тэд найрамдал
байгуулахгүй, аюулгүй буцаах боломж байхгүй. Тэр лордуудынхаа хөмсөг зангидан уурсаж
маргалдахыг сонсож байгаа хүү рүүгээ харлаа. Робб Валдер Фрейгийн охинтой гэрлэх ам
өгсөн ч жинхэнэ сүйт бүсгүй нь болох илд урд нь ширээн дээр тавиастай байв.

Кателин охидынхоо барааг ахин харах эсэх тухай санааширтал Том Жон хөл дээрээ үсрэн
босож,

- ЭРХЭМ ЛОРДУУДАА! гэж дээвэр цуурайттал хашгирав.

- Миний хоёр хааны тухай хэлэх зүйл бол энэ! гээд нулимав. - Рэнли Баратеон миний хувьд
юу ч бишийн адилаар Станнис гэсэн юу ч биш. Яагаад тэд намайг болон хүмүүсийг минь
Дорн болон Хайгардены цэцэгт суудлаасаа захирах ёстой юм бэ? Тэд Ханыг мэдэх юм уу?
Чонын ой Анхны хүний хиргэсүүрийг мэдэх бил үү? Бурхад нь хүртэл гаж буруу. Нөгөөдүүл
Ланнистерийнхныг ч гэсэн авбал би гэдэс дүүрэн байх болно гээд мөрөндөө зүүсэн нүсэр
том хоёр гараар барьдаг их илдээ сугалж,

- Яагаад бид ахин өөрсдийгөө захирч болохгүй гэж? Бид зөвхөн луутай гэрлэсэн ч одоо луу
үхсэн! гээд Робб руу илдээрээ занган,

- Энд бол зөвхөн миний өвдөг сөгдөн бөхийх ёстой цорын ганц хаан. Умардын хаан! гэж
нүргэлүүлээд илдээ хүүгийн хөлд тавин өвдөг сөгдлөө.

- Би ийм нөхцөлд энх тайвныг зөвшөөрч байна. Тэд Улаан шилтгээн болон төмөр суудлаа авч
үлдэг гээд лорд Карстарк түүнтэй нэгдэн урт илдээ хуйнаас нь шархийтэл сугалж,

- Умардын хаан! гээд Том Жоны хажууд өвдөг сөхөрлөө.

Мэйж Мормонт босч зогсов.

- Өвлийн хаан! гээд хадаастай мунаа илдний хажууд тавилаа. Тэгтэл Блэквуд, Бракен,
Маллистер зэрэг Винтерфеллд хэзээ ч захирагдаж байгаагүй голын лордууд түрхрэн босоход
Кателин тэдний илдээ ар араас нь тавьж өвдөг сөгдөн Эйгон луу долоон ханлигийг
нэгтгэснээс хойш гурван зуун жил даяар хаант улсад сонсогдоогүй эртний үг... эцгийнх нь
танхимд ахин цуурайтахыг сонслоо.

- Умардын хаан!

- Умардын хаан!

- УМАРДЫН ХААН!
ДАНЕРИС

Газрын хөрс шарлаж гандсан учир сайн мод олоход бэрх байлаа. Түүний эрэхээр илгээсэн
хүмүүс тахир улиас, улаан бургас, боодол хүрэн өвс авчирав. Дундаас нь хоёр шулуувтар мод
эрж олоод мөчрийг нь цавчин холтсыг нь хуулж хуваагаад түлээгээ дөрвөлжлөн заслаа. Голд
нь сүрэл, бургас, хуулсан холтос, хатсан хуурай өвс зэргийг овоолов. Ракаро үлдсэн багахан
сүрэгнээс азарга сонгосон ч цөөхөн морьд дунд Кал Дрогогын улаан азаргатай эн зэрэгцэх
морь байсангүй. Түүнийгээ талбайн голд хөтлөн аваачаад Агго газар унаж ялзарсан алимаар
тэжээж байгаад хоёр нүдний хооронд тус газар сүх буулгалаа.

Хөл гар нь хүлээтэй Мирри Маз Дуур болж буй үйл явдлыг хар нүдээрээ дургүйцэн ширтэж
байв.

- Морийг алах нь хангалтгүй. Цус өөртөө ямар ч хүчгүй. Чи шившлэгийн үгийг мэдэх цэцэн
ухаан эзэмшээгүй. Цусан шид хүүхдийн тоглоом гэж бодож байна уу? Чи намайг мэйги
хэмээн хараан дуудаж байсан ч энэ бол "цэцэн мэргэн" гэсэн үг. Чи бас л хүүхдээрээ их
зантай байна. Юу ч хийхээр бодсон тэр чинь бүтэхгүй. Миний хүлээсийг тайлж суллавал
чамд тусалъя.

- Би мэйгийн хуцалтаас залхлаа гэж Дани Жогод хэлэхэд түүнийг ташуураа ширвэсний дараа
бурхдын эхнэр чимээгүй болов.

Морины хүүрэн дээгүүр тэд багахан модны их бие болон арай томхон гишүү, арай бүдүүвтэр
шулуун мөчрөөр модон тавцан босгов. Модоо дорноос өмнө зүг наран мандахаас жаргах зүг
хандуулан овоолов. Тавцан дээр Кал Дрогогын эрдэнэс болох том асар, будмал хантааз,
эмээлийн тоног, эцгийнх нь эрийн цээнд хүрэх үед бэлэглэсэн ташуур болон Кал Огог хүүтэй
нь алахад хэрэглэсэн аракх, лууны ясан хүчит нум зэргийг тавилаа. Агго дээрээс нь Дрогогын
цусан морьтонгуудын Данид хуримын бэлэг болгон өгсөн зэвсгийг нэмэрлэх гэсэн ч тэр
хориглов.

- Энэ минийх болохоор би өөртөө үлдээнэ.

Калын эрдэнэс дээгүүр ахин нэг бургасны давхарга овоолон боодолтой хуурай өвс тараалаа.

Сэр Жорах Мормонт нар чанх орой дээр төөнөх үед түүнийг хажуу тийш аваачив.

- Гүнж минь...

- Та яагаад намайг ингэж дууддаг юм бэ? Миний ах Висерис таны хаан байсан биз дээ? гэж
Дани асуулаа.

- Тиймээ, хатагтай.

- Висерис үхсэн болохоор би Таргариний овгийн сүүлчийн цус болон түүний залгамжлагч
болсон. Түүнд байсан зүйл одоо надад залгамжлагдсан.
- Хатан... минь гээд сэр Жорах өрөөсөн өвдгөө сөхрөв.

- Миний илд түүнд харъяалагдаж байсны адил одоо чинийх болсон, Данерис. Харин сэтгэл
зүрх минь хэзээ ч ахад чинь харъяалагдаж байгаагүй ч гэсэн бас чинийх. Би зөвхөн цөлөгдсөн
хүлэг баатар болохоор чамд юу ч санал болгож чадахгүй ч намайг сонсохыг гуйж байна. Кал
Дрого явсан. Чи энд ганцаар биш. Би хэрвээ чамайг хүсэхгүй бол Вэйс Дотракид хэн ч
аваачихгүй гэдгийг амалж байна. Чамд дош калийнтэй нэгдэх хэрэг байхгүй. Надтай хамт
дорно зүг яв. Бид Ий Ти, Карт, Хаш тэнгис болон Ашайн цаадах Сүүдэр гээд үзээгүй
гайхамшигаа үзэж, бурхдын бидэнд зориулсан дарсыг уух болно. Гуйж байна, калисий. Би юу
бодсоныг чинь мэднэ. Ингэх хэрэггүй. Хэрэггүй.

- Би тэгэх ёстой. Та ойлгохгүй байна гээд Дани нүүрэнд нь аяархан гунигтай хүрлээ.

- Би чамайг түүнд хайртай байсныг ойлгож байна. Би урьд нь хатагтай эхнэртээ хайртай
байсан ч хамт үхээгүй. Чи миний хатан хаан болохоор илд маань чамд харъяалагдах хэдий ч
Дрогогын овоолго руу орох үедээ намайг дэргэдээ байхыг гуйх хэрэггүй. Би чамайг шатахыг
хармааргүй байна гэж сэр Жорах гүнээ цөхөрсөн хоолойгоор хэллээ.

- Энэ таны айж байгаа зүйл гэж үү? Би хүүхэд шиг ийм тэнэг зүйл хийхгүй, эрхэм сэр минь
гээд Дани өргөн магнай дээр нь хөнгөн үнслээ.

- Тэгэхээр чи түүнтэй цуг үхэхгүй юм уу? Чи үүнийг амалж байна уу, хатан минь?

- Би амалж байна гэж Дани долоон ханлигийн нийтийн хэлээр ёслол төгөлдөр хэллээ.

Тавцан дээр гурав дахь үеийн нарийхан мөчрөн давхарга өрөхөд хуурай навч гишүүгээр
хучив. Тэднийг умардаас хойд зүг рүү мөс галыг билэгдэн өндөр овоолж унтлагын торгон
дэвсгэр зөөлөн жинтүүгээр хучив. Нар өрнө зүгт хэлбийх үед тэд ажлаа дууслаа. Дани
Дотракичуудыг дуудав. Тэд зуугаас илүүгүй үлджээ. "Эйгон хаан хэдэн хүнтэй эхэлж байсан
бол?" гэж бодсон ч энэ чухал биш байв.

- Та нар миний каласар болно. Би боолуудын царайг харж байна. Би та нарыг чөлөөлж байна.
Хүзүүвчээ авцгаа. Хүсвэл явж болно хэн ч та нарт гэм учруулахгүй. Харин та нар үлдвэл ах
дүүс, эхнэр нөхөр болно гэхэд түүн рүү болгоомжилсон хар нүднүүд нүүрний хувиралгүй
ширтэв.

- Би хүүхэд, эмэгтэйчүүд болон хөгшин настай хүмүүсийн үрчлээтэй царайг харж байна. Би
өчигдөрхөн хүүхэд байсан ч өнөөдөр эм хүн болсон. Маргааш хөгширөх болно. Би та нарт
бүгдэд чинь надад зүрх сэтгэл гараа өгвөл үргэлж зүрхэнд минь байх болно гэдгийг хэлэх
байна гээд касын гурван залуу дайчин руу эргэлээ.

- Жого би чамд хуримын минь бэлэг болох мөнгөн бариултай ташуурыг өгч когоор өргөмжлөн
амьд болон үхэхийн алин цагтаа миний цусны цус болон дэргэд минь явж гай зовлонгоос
хамгаалах ам өгөх эсэхийг чинь асууж байна.

Жоно түүний гараас ташуурыг авсан ч самгардсан байртай,


- Калисий энэ бүтэхгүй. Эмэгтэй хүний цусан морьтон болох нь миний хувьд ичгүүртэй
хэрэг гэж тээнэгэлзэн хэлэв.

- Агго гээд Дани Жоггогын үгийг тоосонгүй. Хэрвээ би эргэж харвал үгүй болох байсан.

- Би чамд хуримын минь бэлэг болох лууны ясан нум сум өгч когоор өргөмжлөн амьд болон
үхэхийн алин цагтаа миний цусны цус болж дэргэд минь явж гай зовлонгоос хамгаалах амыг
чинь асууж байна гээд энэ нь хоёр нугарсан гялалзсан хар өнгийн модоор хийсэн түүнээс
өндөр гайхамшигтай сайхан нум байлаа.

Агго нумыг зөвшөөрсөн ч харцаа буулгав.

- Би энэ үгийг хэлж чадахгүй. Зөвхөн эр хүн каласарыг удирдах юм уу ког өргөмжлөх эрхтэй.

- Ракаро гээд Дани эргэв.

- Би чамд хуримын минь бэлэг болох алтаар эмжсэн бариултай аракхыг бэлэглэж байна. Бас
чамайг когоор өргөжлөн амьд үхэхийн алин ч цагт миний цусны цус болж дэргэд минь явж
аюул ослоос хамгаалахыг гуйж байна.

- Чи бол калисий гээд Ракаро аракхыг авлаа.

- Би Уулсын эхийн хөл дэх Вэйс Дотрак хүртэл чиний дэргэд явж дош калийний чавганц нарт
хүргэж өгөх хүртэл аюул ослоос хамгаална. Үүнээс цаашхыг амалж чадахгүй.

Тэр хариултыг сонсоогүй мэт тайван толгой дохиод сүүлчийн хүн рүүгээ руугаа эргэлээ.

- Сэр Жорах Мормонт та миний хүлэг баатруудын хамгийн эхний бөгөөд агуу нь. Би таньд
өгөх хуримын бэлэг байхгүй ч цаг нь болоход гараас минь ертөнцөд урьд хожид нэг ч хүн
үзээгүй лууны давтсан Валерианы их илд авна гэдгийг амалж байна. Би танаас ам өгөхийг
чинь асууж байна.

- Та үүнийг сонсох болно, хатан минь гээд сэр Жорах илдээ хөлдөө тавин өвдөг сөгдлөө.

- Би таньд хүчин зүтгэж шаардлагатай цагт амиа өргөхийг андгайлж байна.

- Ямар ч тохиолдолд гэсэн үү?

- Ямар ч тохиолдолд гэсэн.

- Тэгвэл би таны амлалтыг хүлээн авлаа. Таныг үүнд хэзээ ч харамсахгүй гэдгийг амлая гээд
Дани түүнийг гараас нь өргөн босгож өлмийгөө өргөн уруул дээр нь зөөлөн үнсээд,

- Та хатан хааны хамгаалалтын анхны хүлэг баатар боллоо гэв.

Тэр майханд орохдоо каласарын нүд дагуулан харахыг мэдрэв. Дотракичууд түүнийг бараан
бүйлсэн нүднийхээ булангаар хачирхан ширтэж гүнгэнэлдэнэ. Тэд түүнийг галзуурсан гэж
бодож байгааг Дани ойлгов. Магадгүй тэгсэн ч байж магад. Тэр удахгүй үүнийг мэднэ.
Хэрвээ би эргэж харвал үгүй болно.

Дориа түүнийг шазлам халуун устай угаалгын онгоцонд ороход туслахад Дани агзасхийн
хашгирсангүй. Тэр халуунд дуртай байлаа. Энэ нь түүнийг цэвэрхэн гэж мэдрэхэд тусалдаг
байв. Жикүй усанд Вэйс Дотракийн зээл дээрээс авсан анхилуун үнэртэй тос хийхэд
чийгтэй ууранд анхилуун үнэр түгэв. Дорио үсийг нь угааж ээдрээг нь гарган самнав. Ирри
нурууг нь сойздож угаалаа. Дани нүдээ аниад дулаахан үнэр хучин бүүвэйлэхийг мэдрэв .

Халуун усанд ороход хоёр хөлийн хооронд тус газар чимчигнэн өвдсөнөө өвчин алгуур
намдахад тайван хөвөв.

Түүнийг цэвэрхэн болсон хойно гарын зарц нар нь уснаас гаргав. Ирри, Жиккүй хоёр биеийг
нь хаттал арчихад Дориа үсийг нь нуруу руу мөнгөлөг голын долгио шиг буух хүртэл самнав.
Тэд хадаасан цэцгийн үнэртэй сүрчиг бугуй, чихний ар, сүүнд чинэрсэн хөхөнд нь түрхлээ.
Сүүлчийн дуслыг эрхтэнд нь түрхэж Ирригийн хуруу хайртын үнсэлт мэт хөнгөхөн хүйтнээр
бэлгийн уруул дээр шүргэв.

Дараа нь Дани Кал Дрогог шөнийн газарт одоход бэлтгэхээр тэднийг бүгдийг явуулав. Тэр
биеийг нь угааж үсийг нь тосолж самнаад сүүлчийн удаа хурууны завсраа урсгаж жинг нь
мэдрэн хуримын шөнө анх удаа хүрэх үед ямар байсныг саналаа. Тэр гэзгээ хэзээ ч тайрч
байсангүй. Хичнээн эр хүн үсээ нэг ч удаа тайралгүй үхдэг бол? Дани түүний царайг бараан
өнгийн үнэртэй тосоор тосоллоо. Тэр яг л дулаахан газрын хөрс, өвс ногоо, утаа морьд шиг
анхилж байв. Тэр яг л өөр шигээ үнэртэж байлаа.

"Намайг өршөө амьдралын нар минь. Хийсэн бүх зүйлд минь болон хийх гэж байгаа зүйлд
минь өршөө. Би үнийг нь төлсөн од минь. Гэвч дэндүү өндөр дэндүү их байлаа..." гэж бодов.

Дани түүний гэзгийг сүлжиж сахал болон гэзгэнд нь мөнгөн хонх нэг нэгээр нь зүүлээ. Алт
мөнгөн болон хүрэл гээд зөндөө олон хонх байв. Хонх дайсанд нь ирж буйг сонсгож айдас
төрүүлэн сул дорой болгодог. Тэр түүнд адууны дэлээр хийсэн даравч, өндөр гутал, алт
мөнгөн зүүлттэй хүнд бүс бүсэлхийнд зүүлгэв. Сорвитой цээжийг нь далдлан Дрогогын
хамгийн дуртай хуучин гандсан будмал ширэн хантаазыг өмсгөв. Ингээд сул элсэн торгон
өмд сонгож, шаахайг нь шилбэ хүртэл Дрогогын дуртай ёсоор хагас үдлээ.

Нар тэнгэрийн хаяанд гудайхад тэдэнд калын биеийг овоолго руу аваачуулахаар дуудав.
Дотракичууд Жого, Агго хоёр түүнийг майхнаас зөөн гаргахыг чимээгүй ширтлээ. Дани
тэдний араас явав. Тэд түүнийг торгон жинтүүн дээр толгойг нь алс холын зүүн хойд зүг дэх
Уулсын эх рүү харуулан хэвтүүлэв.

- Тос гэж Дани тушаахад домботой тос овоо руу авчиран торго, мөчир боодолтой хуурай
өвсөн дээр асгахад тосны үнэр түлээнд шингэж агаарт анхилам үнэр тархав.

- Миний өндгийг авчир гэж Дани гарын зарц нартаа тушаахад дууных нь өнгөнд ямар ч зүйл
байсан юм тэд гүйлдлээ.
Сэр Жорах гараас нь атгав.

- Хатан минь Дрогод шөнийн газар лууны өндөг хэрэггүй. Тэднийг Ашайд зарсан нь дээр.
Ганцыг худалдахад л бид Чөлөөт хот руу очих бүхэл бүтэн хөлөг онгоц худалдаж авч чадна.
Гурвууланг нь зарахад чи амьдралын сүүлчийн өдрүүдээ хүртэл баян болно гэхэд,

- Тэднийг надад зар гэж өгөөгүй гэж Дани хэлэв.

Тэр овоолго руу авирч өндгүүдийг нар-одоо тойруулан тавилаа. Харыг нь зүрхэн тушаа
гарынх нь дор, ногооныг толгойных нь дэргэд гэзгээр ороон цагариглуулаад, сүүн цагааныг
хоёр хөлийнх нь хооронд тавив. Тэгээд сүүлчийн удаа Дрогог үнсэхэд уруулд нь анхилам
үнэртэй тос мэдрэгдэв.

Түүнийг доош буухыг Мирри Маз Дуур нүд салгалгүй ширтэж байв.

- Чи лав галзуурсан байхаа гэж бурхдын эхнэр сөөнгөтөн хэллээ.

- Галзуурах цэцнээс хол гэж үү? Сэр Жорах энэ мэйгиг түүдэг рүү аваачаад хүл.

- Түүдэг рүү гэнэ ээ... Хатан минь үгүй намайг сонс...

- Миний хэлснийг гүйцэтгэ, сэр Жорах гээд түүнийг тээнэгэлзсэн хэвээр байгаад уур хилэн
нь дүрэлзэж,

- Та намайг ямар ч тохиолдолд дагахаар амалсан. Ракаро түүнд тусал гэв.

Тэд бурхдын эхнэрнийг Кал Дрогогын овоолго руу чирэн эрдэнэсийнх нь дунд суулгахад
хашгирсангүй. Дани эмэгтэйн толгой дэрээс тос асгалаа.

- Надад заасан хичээлд чинь, баярлалаа, Мирри Маз Дуур.

- Чи миний хашгирахыг сонсохгүй гэж Мирри үсэн дээрээс нь тос дусалж хувцсанд нь
нэвчихэд хэлэв.

- Би сонсоно. Гэхдээ би чиний хашгиралтыг бус амийг чинь хүсч байна. Би чиний хэлсэн
үгийг санаж байна. Зөвхөн үхэл амьдралын үнийг төлж чадна гэхэд Мирри Маз Дуур амаа
ангайсан ч хариу хэлсэнгүй.

Дани цааш холдоходоо мэйгигийн хар нүдэн дэх зэвүүцэл арилан оронд нь айдас тодрохыг
харлаа. Ингээд бүх зүйл бэлэн болсон учир нар шингэж эхний од түгэхийг хүлээх үлдэв.

Морьтон лорд үхэхэд шөнийн газар бардам одуулахаар морийг нь хамт алж бие нь утаагаар
дамжин ододын дунд байр эзэлдэг учир задгай тэнгэрийн дор шатаадаг байв. Хэрвээ хүн
дүрэлзсэн гал халуун амьдралаар амьдарсан бол шөнийн тэнгэрт гялалзах хурц тод од болно.

Жого одыг түрүүлж ажаад,


- Тэнд байна гэж нам дуугаар хэлэв. Дани дорно тэнгэрийн хаяанд мандсан одыг харлаа.
Үдшийн тэнгэрт анхны улаан сүүлт од түгжээ. Цусан улаан өнгийн гал дүрэлзсэн лууны
сүүлтэй байлаа. Тэр үүнээс илүү хүчтэй тэмдэг хүлээсэнгүй.

Дани Аггогын гараас бамбар аван түлээний хооронд шургуулав. Тосонд гал дүрсхийн агшин
зуур бут, хатсан өвс ноцов. Нарийхан улалзсан дөл модон дундуур тос даган бяцхан улаан
оготно шиг жирэлзэн гүйж холтос, мөчир, навч дамжин үсчлээ. Халуун Данигийн нүүр лүү
зөөлөн хайртын амьсгал мэт үлээснээ тэсвэрлэхийн аргагүй болов. Дани алхам ухарлаа. Мод
тас няс хийн улам чанга дүрэлзэв. Мирри Маз Дуур чанга хахир хоолойгоор дуу аялж эхлэв.
Дөл хуйлран эрчилж тавцан руу өгсөхөд үдшийн агаар халуунд хайлж буй мэт жирэлзэнэ. Гал
Мирри Маз дуурт хүрчээ. Түүний дуу улам чанга хахир болсноо... хахаж цацан чичигнэсэн
зовлон шаналалаар дүүрэн орь дуу тавьсан хашгиралт боллоо.

Одоо л гал Дрогод хүрч тойрон хучив. Хувцас нь хормын зуур дүрэлзэн шатахад калын хувцас
утаанд хучигдан саарал тосонд харлав. Данигийн уруул нээгдэн амьсгаа авлаа. Түүний нэг
хэсэг сэр Жорахын эмээсэн шиг гал руу орж Дрогогогоос өршөөл гуйн сүүлчийн удаа
тэврэхийг хүссэн ч гал мах яс биеийг нь хайлуулан залгижээ.

Түүдэгнээс шарсан адууны махнаас ондоо түлэгдсэн махны үнэр ханхлав. Овоо үдшийн
бүрэнхийд том араатан шиг хүрхрэн ноцоход Мирри Маз Дуурын сулхан ёолох сонсогдоод
урт дөл хаман авч шөнийн хэвлийдээ залгилаа. Утаа улам өтгөрөхөд Дотракичууд хахаж
цацан ухрав. Нүсэр том гал тамын салхинд хөгжин дэвжиж тас нясхийн улалзахад утаан
дундаас мянга мянган очис гэрэлт цох шиг бутран ниснэ. Халуун агаарт том улаан далавчаа
түрхрэн дэвэхэд Дотракичууд ухран Мормонт хүртэл хойшилсон ч Дани зогссон газраа
хэвээр үлдэв. Тэр лууны цустай болохоор гал түүний дотор байлаа.

Тэр удаан хугацааны өмнө үнэнийг ойлгожээ. Дани түүдэг рүү алхам ойртоход гал санасан
шиг нь халуун байсангүй. Түүний өмнө хуриман дээр нь бүжиглэж байсан эмэгтэйчүүд адил
дөл хуйлран эргэлдэж шаргал, улаан өнгийн гивлүүрээ дэвэн бүжихэд аймшигтайн зэрэгцээ
үзэсгэлэнтэй амьд байлаа. Дани тэдэн рүү гараа дэлгэхэд арьс нь улайран халуу шатав. "Энэ
ч гэсэн бас хурим" гэж бодов. Мирри Маз Дуур унан чимээгүй болов. Бурхдын эхнэр түүнийг
хүүхэд гэж бодож байсан ч хүүхэд өсч том болон суралцжээ.

Дани ахин нэг алхам ойртоход халсан элс шаахай нэвт мэдэгдэн гуяных нь дагуу цээжнээс нь
болон саяхан нулимс урсаж байсан хацар дээрээс нь хөлс горхилон урсав. Сэр Жорах ард нь
хашгирч байсан ч Дани тоосонгүй. Зөвхөн гал чухал байлаа. Галын дөл урьд нь хэзээ ч харж
байгаагүй үзэсгэлэнтэй шаргал улаан өнгийн хувцас хуйларсан утаан нөмрөгтэй шидтэн
болон хувирав. Тэр улаан галт арслан, том шаргал могой, цайвар цэнхэр дөлөн ганц эвэрт
болон загас, үнэг, мангас, чоно, тод өнгийн шувуу, цэцэглэсэн мод гээд өөр бусдаасаа улам
илүү үзэсгэлэнтэй зүйлс харлаа. Тэгтэл утаан дундаас аварга том саарал азарга босч ирээд
цэнхэр дөлтэй дэлээ шилгээв. Тиймээ хайрт минь, миний нар од одоо мордох гэж байна.
Одоо явах цаг болж.

Хантааз нь цогшин улайхад Дани сэгсрэн газар унагалаа. Будмал шир ганц дүрсхийн алга
болоход түүдэг гал руу чинэрсэн том улаан толгойноос нь сүү урсаж байгаа хөхтэй нүцгэн
цээжээ гарган ойртов. "Одоо, одоо" гэж тэр бодтол агшин зуур өмнө нь Кал Дрого утаан
азарга хөллөн галт ташуур барьсаныг харлаа. Тэр инээмсэглэхэд ташуур исгэрэн түүдэг рүү
буув.

Чанга тас няс хийх чимээ сонсогдон чулуу хагарлаа. Модон тавцангын өвс, мөчрөөр хийгдсэн
хэсэг дотогш цөмрөн шатсан мод нурж үнс нурман тоос босов. Дани доош унаад цайвар
өнгийн алтан эмжээртэй утаа савсуулан хагарсан чулуун дээр газардав. Ертөнцийг архиралт
дүүргэхэд нижгэнэсэн гал дундуур Дани эмэгтэйчүүд хүүхдийн хашгиралдахыг сонслоо.

Зөвхөн үхэл амьдралын үнийг төлж чадна.

Тэгтэл хоёр дахь хагаралт аянга шиг чанга нүргэлэхэд өтгөн утаа хуйлран баагиж овоолго
хазайгаад гал нууц зүрхэнд нь хүрсэн газар түүдэг дэлбэрлээ. Тэр айсан морьдын янцгаалт,
Дотракичууд уулга алдан хашгиралт дунд сэр Жорах нэрийг нь дуудан хараал тавихыг
сонслоо.

"Үгүй, үгүй сайн хүлэг баатар минь миний төлөө айх хэрэггүй. Гал бол минийх. Би бол
Данерис Шуурганаар төрөгч лууны охин, лууны сүйт бүсгүй, лууны эх болохыг харахгүй
байна гэж үү? ХАРАХГҮЙ байна гэж үү?" Дөлнөөс гучин фут өндөр утаа тэнгэр лүү уугин
түүний эргэн тойрон дахь овоо нурав. Дани айсангүй галт шуурга руу алхан хүүхдүүдээ
дуудлаа.

Гурав дахь хагаралт ертөнц нурах адил цуурайтлаа.

Галын дөл буурч эцэст нь ойртож болохоор намдах үед Сэр Жорах түүнийг үнс нурман дунд
улайрсан цогон дээр эрэгтэй, эмэгтэй хүн, азарганы шатсан ястай байхыг оллоо. Нүцгэн бие
нь битүү хөө тортог болж хувцас нь үнс болон шатаад үзэсгэлэнтэй үс нь хуйхлагдсанаас
ондоо гэм учраагүй байв.

Сүүн цагаан алтан луу түүний зүүн хөхийг хөхөж, ногоон хүрэл өнгийнх баруун талынхыг нь
хөхнө. Дани тэднийг хоёр гараараа ойртуулан тэвэрчээ. Хар улаан өнгийн луу мөрөн дээр нь
асаж урт хүзүүгээ эрүүн дор нь цогнойжээ. Жорахыг хармагц толгой өндийлгөн цог шиг
улаан нүдээрээ харлаа.

Хүлэг баатар үг дуугүй өвдөг сөхрөн унав. Касын хүмүүс ард нь ирлээ. Жого эхэлж аракхаа
Данигийн хөлд тавьж,

- Миний цусны цус минь гэж шивнээд утаа уугьсан газар царайгаа наав.

- Миний цусны цус гэж Аггогын хоолой сонсогдлоо.

- Миний цусны цус гэж Ракаро хашгирлаа.

Тэдний араас гарын зарц нар нь болон үлдсэн Дотракичууд болох эрэгтэй, эмэгтэй хүн болон
хүүхдүүд ирэхэд Дани нүдийг нь ганц хармагц хармагц өнөөдрөөс эхлэн тэд үүрд түүнийх
болсон гэдгийг ойлгов. Тэд хэзээ ч Дрогогынх байсангүй.

Данерис Таргарин хөл дээрээ өндийхөд хар луу исгэрэн ам хамраасаа цайвар утаа
суунаглуулав. Тэгтэл нөгөө хоёр нь хөхнөөс салж хоолойгоо нэмэрлэн тунгалаг хумьсан
далавчаа агаарт дэлгэхэд сүүлчийн хэдэн зуунд анх удаагаа шөнийн агаарт лууны хөгжим
эгшиллээ.

ТӨГСӨВ.

You might also like