You are on page 1of 244

Б.

Сарантуяа

Сорхугтани
Иx түүхийнхээ өлмийд өргөн барив

Бидний алхан буй газрын хөрсөн дээр ямархан үйл явдал өрнөж, бидний өвөг дээдэс хэрхэн
бахдам гавьяа байгуулж явсныг өнөөгийн хүмүүс бид үргэлжлүүлж эс чадлаа ч мартах
учиргүйн тул энэхүү романыг чадан ядан бичиглэв.

Зохиогч Бямбаагийн Сарантуяа

Зохиогчийн зүгээс. Энэхүү романыг хайртай ээж Халтарын Отгон таныхаа гэгээн дурсгалд
зориулан бичив. Охин тань энэ номыг бичсэнээр энэ хорвоод ирсэн зорилго хийгээд эмэгтэй
хүн болж төрсөн эх хүний үүргээ сайтар ухаарлаа. Үүгээр би хайртай ээж таныхаа нэгэн
шөнө өндийн хөхүүлсэн ачийг тань хариулсан болов уу гэж сэтгэнэ. Бусад олон шөнүүдийн
тань ач элбэрлийн хариуг өнөө би өөрийн үр хүүхдүүддээ зориулах болно. Мөнх хөх тэнгэр,
мөнхүү ногоон газар шороондоо амгалан нойрс доо.

"Ертөнцийн олон ард түмний дунд Сорхугтани бэхи шиг дахиад нэг л бүсгүй байх юм бол би
уул шугамандаа эм хүйстнийг эр хүнээс дээд төрөлтөн юм байна гэж хүлээн зөвшөөрөх
байсан".

Плано Карпини

"Сорхугтани хатан бол маш их ухаантай, авьяаслаг, бүх талаараа дэлхийн эмэгтэйчүүдийн
дотроос товойж байлаа. Тэрбээр даруу бүрэгдүү, их цэмцгэр мөртөө хатуу чанга шинж бүхий
хатан байв".

Рашид Ад Дин "Судрын чуулган"

"Сорхугтани хатан бол Татаруудын дотор эзэн хааны дараа орох хамгийн нэр хүнд нөлөө
бүхий хатан байлаа".

Плано Карпини "Аян замын тэмдэглэл"

"Түүнд заяасан ухаан, авьяасынхаа хүчээр л тэр хөвгүүдээ үеэл ахан дүүсийнх нь тэргүүнд
гаргаж, хаан төр ба хааны зэрэгт хүргэж чадсан нь эргэлзээгүй юм".

Ата Мелик Жувейни


Нэгдүгээр бүлэг: Зөн дагуулсан зүүдний тайлал

Шөнийн аниргүй эргэн тойрныг эрхшээлдээ авчээ. Тал нутгийн дээгүүр хаа нэг хүүгэх
салхин намар орой болсныг илтгэх мэт авч сав саруулхан шөнө оддыг алган дээрээ тавиад
тоолж болмоор ойрхон харагдана. Сарны гэрэлд модтой уулын өвөр бараадан ачаа бараагаа
зайчлан бүхэл хахлаараа унтсан хүмүүсийг харвал нүүдэллэж яваа болов уу гэмээр. Унтарч
дуусаагүй галын цог чад падхийн дуугарах нь энэ хүмүүс саяхан унтсаныг илтгэнэ. Тэдний
дунд дөч орчим насны эхнэр, нөхөр бололтой хоёр хүн эсгий дэвсэн хэвтэж, дээлээ
өрөөлджээ. Нөмөрсөн дээл нь энгэр сугаараа урагдаж өнгө нь танигдахааргүй гандаж
элэгдэн, тайлж тавьсан гутлын ул нь ханзарсан зэргийг үзвэл их удаан нүүж яваа нь илт.
Эрэгтэй нь нойрон дундаа эв хавгүй хурхирч, хаа нэг дэмий ярин байгааг үзвэл сэтгэл санаа
нь ихэд тавгүй байгаа бололтой.

Тэдний хажууханд тэргэн дээрх ачаа барааг зайчлан хоёр охин нойрсчээ. Сарны саруулд
тэдний нүд хөмсөг тод, хацар улаан. Нэг нь хорь орчим насны баруун хацар дээрээ мэнгэтэй,
нөгөөх нь насаар бага, арван тав, зургаан настай болов уу гэмээр, олон салаа сүлжсэн урт хар
гэзэгний зарим нь тэрэгний дугуй даван унжжээ. Зүүрмэглэн инээхэд хацарт нь гүн хонхор
сууж, аньсан нүдний нь сормуус сүүдэртэн харлана.

Гэнэт хажууханд өвс хөдлөх чимээ гарлаа. Бага охин энэ чимээнээр сэрэн харвал нэг том
сүүдэр хажууд нь зогсож байх нь тэр. Хашгирах гэвч дуу гарсангүй. Тэр дороо үсрэн бослоо.
Охин үнэн голоосоо айжээ. Гэвч айж байгаа зүйлээ бататган харж үнэмшдэг тал нутгийн
хүний зангаар дахин сайн харвал сарны гэрэлд туссан том сүүдрийн эзэн нь нэгэн бяцхан
цагаан туулай байхыг олж үзэв. Хүчтэй цохилж байсан зүрх нь сая нэг амсхийж арай дээрдэх
шиг болов. Гэвч тэр бяцхан туулай өөрөөс нь үргэхгүйгээр барахгүй урд хоёр хөлөө цомцойн
өргөж, охины нүд рүү цоо ширтэнэ. "Шөнө дөлөөр хоол хайж яваа чандага бол өдийд үргээд
алга болчихсон байгаа. Ямар учиртай амьтан юм бол" гэх бодол, сониуч зан охиныг нойрноос
нь бүрэн сэрээлээ. Туулай урд хөлөөрөө даллах шиг болоод цааш эргэн явав. Араас нь гайхан
харж байтал дахин эргэж хараад, зогсосхийх нь охиныг дуудаад байх шиг санагдана. Эргэн
тойрноо харвал хүмүүс амтат нойрондоо гүн умбажээ. Хажуудаа унтаж байгаа эгчийгээ
сэрээх гэсэн боловч тэр сэрсэнгүй. Харин ч яраглан цааш эргэж харлаа. Туулай охиныг
хүлээсэн хэвээр. Галын дэргэд цааш харан, унтаа сэрүүний завсар харуулд гарсан хар хүн л
ганцаар охинд хань бараа болж байх шиг санагдана.

Тэр босон туулайны араас явлаа. Туулай явсаар холгүй нэгэн модны доор очоод газар малтаж
байснаа, мод руу ороод алга болчхов. Охин тэр газарт хүрч очвол хуурай шороон дороос нэг
зүйл цухуйж байгаа харагдав. Юу юм бол гэсэн сониуч занд хөтлөгдөн ухаж гаргавал
жижигхэн алтан хайрцаг байх нь тэр. Шөнийн харанхуйд хайрцагнаас ямар нэгэн гэрэл
гараад байгаа юм шиг санагдахад дотор нь юу байгааг үзмээр бодогдов. Гэвч эргэлзлээ. Охин
хайрцгийг гартаа барин, унтаж байгаа хүмүүсийн зүг эргэн ирээд, эгчийнхээ хажуугаар
хэвтэж, алтан хайрцгийг дэргэдээ тавиад нүдээ анилаа. Гэвч тэр унтаж чадсангүй. Дотор нь
юу байгаа бол гэсэн сониуч зан хөдөлнө. Эгчийгээ сэрэхээр хамт нээж үзье гэж шийдсэн ч
тэссэнгүй. Алтан хайрцгийг алган дээрээ тавьж байгаад тагийг нь нээж орхив. Хүрэн
хамбаар доторлосон хайрцаг дотроос дөрвөн ширхэг алтан шумуул нисэлдэн гарч ирлээ.
Учрыг ойлгож ядан байх зуур шумуулнууд дүнгэнэн, дээш эргэлдэн ниссээр охины хамрын
нүх рүү шунгинан орж явчихав. Тархи толгой нь тэр чигтээ дүнгэнэн дуугарах шиг тэсэхүйеэ
бэрх болоход охины амьсгал бөглөрөн, агаар авч чадахгүй боллоо. Толгой нь дүнгэнэн өвдөж,
аймшигтай ихээр хахаж цацан, охин сая нойрноосоо сэрлээ. Энэ зүүд байжээ. Тэр өөрөө ч
сэрсэнгүй. Хажууд нь унтаж байсан эгч нь амьсгал авч чадахгүй бөглөрөх гээд байгаа дүүгээ
сэрээжээ.

Охиныг сэрэхэд үүр цайж байлаа. Шөнийн энэ хачин зүүд түүний бодлоос ер салсангүй.
Одоо ч биен дотор нь нөгөөх алтан шумуулнууд байгаа мэт тархи толгой нь хөндүүрлэн хамар
нь битүүрч, цааш ухан бодвол нөгөө дөрвөн шумуул гэдсэн дотор нь ороод үүрээ засчихсан
мэт санагдана.

Өдөр дунд болжээ. Хүмүүс галаа унтрааж, ачаагаа зэхэн дахин хаа нэг тийшээ нүүдэллэх гэж
байгаа бололтой. Өнгөрсөн шөнө галын хажууд унтаа сэрүүний хооронд сууж байсан хүнтэй
аав нь ямар нэгэн зүйлийг ярьж байхад охин хүрч ирлээ. Эцэг алсын уулсын зүгт хараа
бэлчээн, гал нь харьж яваа нүдээ онийлгон,

- Уул тал олныг барав, бид. Урагшлах зам мухар мэт. Хэрхэх билээ. Нэгэнт хаанд очих нүүр
үгүй болж, хан ахдаа ч нэр алдлаа. Гэвч уруул дордойвч элэг дордойхгүй гэдэг. Ах биднийг
тосон авах нь лав гэв.

Мөнөөх эр эцгийг нь бодвол залуу ажээ. Дөнгөж хорь гарч яваа болов уу гэмээр, урт үсээ
сураар боосон, өтгөн хөмсөгтэй энэ залуу эцгийнх нь албат бололтой нэлээд
хүндэтгэлтэйгээр:

- Аадрын үүл хур болон замхардаг ч, алсад одсон сэтгэл ахан дүүг ч хагацуулдаг жамтай.
Одсон сэтгэлийг буцаан авах хэцүү хэмээв. Охин тэдний яриаг сонсон суух зуур аавынхаа
гараас атгаж,

- Аав минь бидэнд очих газар, түших хүн үгүй болсон бол Чингис хаанд намайг өргө. Би
түүний хатан, татвар эм болсон ч яах вэ. Тэгвэл та нар бүгд эсэн мэнд үлдэнэ. Үүнээс илүү
сайн арга гэж үгүй бус уу гэлээ.

Эцэг нь охиныхоо атгасан гарыг илж, өөдөөс нь цоргин байгаа хоёр нүдийг нь хараад:

- Үр минь чи юу ярина вэ. Өөрөөсөө үе мултарсан хүний эм болж хэзээ нэгэн цагт
ирэх өнчрөлийн хар нулимсыг зүрхэндээ юүлэх гээ юу. Би хэрхэвч зөвшөөрөхгүй гэж эрс
хэлэв.

Эцэгтэй нь ярьж суусан залуу тэр хоёрын байдлыг ажиглан харж байснаа нэгэн санаа олов
бололтой:

- Ах минь охины тань хэлдэг түмэн зөв. Тал нутгийн зэрлэгүүдээс амиа хамгаалах арга бол
ураг барилдах билээ. Таны охин одоо насанд хүрч хүнд очих цаг нь болсон гэж санана.
Намайг хамт өг. Би гишгэх газрыг нь дулаан байлгаж, оочих цайг нь халуун байлгая гэв.

Охин эцгийнхээ гараас атгасан хэвээр:


- Бидэнд өөр зам байхгүй. Чингис хаанд очъё. Түүний өргөө Дэрстэд байгаа гэж дуулсан
хэмээн цааш үргэлжлүүлэхэд эцэг нь охиныхоо гараас тавьж хэсэг бодолхийллээ. Тэр ямар
нэгэн шийдвэрт хүрэв бололтой,

- Хэрэв Чингис хаанд охиноо өгөх дээрээ тулах юм бол чамайг биш эгчийг чинь өгнө. Гэвч
хатгалдах дайсан олныг цуглуулж, хаачихаа мэдэхгүй болсон үед хайрлан өсгөсөн охидоороо
халхавч хийх юм гэж санаж явсангүй гэж хэлээд алсын уулын толгойг ширтэж байгаа мэт
боловч аньсага нь чийгтэй харагдана. Очих газаргүй зам мухар, уулзах хүнгүй тангараг
тасарсан энэ эрд эцсийн мөчид амиа хоохойлж үлдэх цорын ганц зам нь хайрлан өсгөсөн
охид нь байх юм гэж бодож явсангүй. Гэвч Чингис хаан охиныг нь тосон авах болов уу. Тосон
авлаа ч жаргаах болов уу. Эцэг хүний зөн совин жаргалыг лав харуулахгүй байгаад гайхна.
Нялх балчир наснаас нь хайрлан өсгөсөн охин нь түүний эхнэр хүүхдүүдийн өмнө хэн байж,
хэрхэн амьдрах бол гэсэн асуулт айдас төрүүлэн бодогдоход духны үрчлээс нь улам гүн
болсон харагдана. Гэвч түүнд үүнээс өөр мэргэн сонголт байсангүй.

Тал нутагт эцэг эхийн үг хууль байдаг жамаар эгч нь татгалзах зүрх үгүй. Олон сарын
тэнэмэл амьдрал, гэнэтийн аюул заналаас айх айдас энэ гэр бүл, ард олныг ямар ч болов
аргаар хэн нэгэнд хүргэн өгөхгүй л бол маргааш гэхэд юу ч болоогүй мэт салхи нь хүүгэн
байдаг тал нутагт ганц нэгээрээ үрэгдсээр чоно нохойны идэш болон дуусдаг жамтай.

***

Алсаас хүрээ үүсгэн шүхэрлэн буусан эсгий гэрүүд харагдана. Гадаа хүүхэд эмэгтэйчүүд
ноос саван хөпжилдөх дуу сонсогдож, зүггүйтэн гүйх хүүхдийг эх нь араас нь хурдан очиж
тэврээд цааш эргэх үзэгдэнэ. Холгүйхэн хонь гаргасан бололтой, ил гал дээрх тогоонд мах
даргина.

Шүхэрлэн буусан цагаан гэрүүдийн дунд улаан халзтай нэгэн их гэр байх агаад гэрийн
ширмэл үүдийг мөн хээ хуараар чимжээ. Гадаа үүднээс орж болох эсэхийг лавлаад харуулын
ахлагч эсгий үүдийг сөхөн орж ирлээ.

Энэ бол Чингис хааны орд өргөө байв. Тэр тал нутагт хэдийн хүчээ авчээ. Эдүгээгээс арван
дөрвөн жилийн өмнө Хар зүрхний Хөх нуурт хамаг Монголын нөлөө бүхий ноёдын хуралдаан
болж, Тэмүжинг Хамаг Монголын хаанд өргөмжлөн Чингис хаан цолыг өгсөн байлаа.

Чингис хаан өргөөний хоймроос, орж ирсэн хүнд хандан:

- За айлтга хэмээв.

- Хэрэйдийн Ван хан Тоорилын төрсөн дүү Жаха Хамбу аймаг олноо аваад иржээ. Үүнийг
сонссон Чингис хаан хөхүүнээр инээж, хажуудаа тавьсан малгайгаа хоёр гардан авч өмсөөд:

- Оруул хэмээн зарлигдав. Харуулын ахлагч гарч, Жаха Хамбуг хоёр охиных нь хамт дагуулан
орж ирлээ. Урьдын өсийг бодож зовсон уу, охиноо өгөхөөр ирсэндээ гэмшсэн үү, Жаха
Хамбугийн духны хөлс шанаагаа даган урсана. Хоёр охин нь гэрэвшин үүд бараадан зогсчээ.
Хээ хуараар чимэглэсэн өндөр сэнтийд заларсан Чингис хаан:
- Суугтун. Эртний анд Жаха Хамбуг тосон угтаж чадаагүйд хүлцэл өчье. Хэрэйд аймаг
бидэнтэй хэзээнээсээ анд явалцсан улс. Дээш суугтун. Хэл чимээгүй удлаа. Хаана нутаглаж
байгаад ирэв хэмээхэд Жаха Хамбу:

- Эцэг өвгийн үеэс эвтэй явсан та нараас юугаа нуух билээ. Ван хан ахаас нүүр буруулан
дутаасан цагаас хойш Найманы ханлигт хэдэн жилийг барав. Эхэндээ мандан бадарч байсан
нэр минь барагдаж, ард иргэд минь дутааж сүйддэгийн даваан дээр үлдсэн хэдэн хүн малаа
дагуулан урьдын нөхөрлөлийг бодож, хаанд хүчээ өргөхөөр ирэв гэж хэлээд охидоо ээлжлэн
харав. Цааш ямар нэгэн үг хэлэх гэсэн боловч хоолой нь сааралтаж чимээгүй боллоо. Тэр
гартаа барьсан малгайгаа чанга атгасан харагдана. Хоёр охин гэрийн баруун хаяанд суулаа.
Жаха Хамбу том охиноо ганцааранг нь авч ирье гэсэн боловч дүү нь эцгийгээ ятган "Нэг
хүнээс хоёр хүн нь дээр. Хаан эзэн хэнийг нь болгоохоо өөрөө мэдэг" гэж хэлснээр болжээ.

Өргөөний хойморт залран буй Чингис хаан хэсэг зуур чимээгүй суулаа. Бодол болон суухдаа
сэтгэлд айдас төрүүлэм сүрлэг дүр төрхтэй болох ажээ. Энэ хүн юу гэж хэлэх бол, эцгийг нь
угтан авах болов уу, аль эсвэл урьдын өсийг санаж хүлээн авахгүйгээ мэдэгдэн буцаах болов
уу. Айдас түгшүүр, хүлээлт, таамаг энэ өргөөн дотор эргэлдэн байхуйд:

- Нэгэн цагт Ван хан ахтайгаа хүч хавсран Мэргэд аймагт олзлогдон одсон Бөртэ хатныг
минь авч өгсөн чиний ачийг санаж, тэр нэгэн өдөр ах дүү нартайгаа хавсарч намайг "Өмхий
элэг өвөрлөв" гэж буруутган боссон тухай чинь мартъя.

Хааныг юу хэлэх бол гэж хүлээж байсан хүмүүсийн айдас түр ч атугай намдах шиг болоход
Жаха Хамбугийн малгайгаа атгаж байсан гар нь суларсан харагдана.

- Урьд нэгэн өдөр Бөртэ хатныг тань буцаан авахад Ван хан ахад та "Анд дээрээ анд болъё.
Амраг дээрээ амраг болъё" гэж хэлж байсныг чинь дурсан санаж эв эеийн бэлэг болгон, хар
багаас нь хайрлан өсгөсөн охидоосоо хаанд өгье. Миний том охин Ибага, дүү Сорхугтани.

Өргөөний үүд бараадан суусан хоёр охиныг хараад Чингис хаан:

- Үзэсгэлэнтэй төржээ, чиний охид. Хэрэйдийн Жаха Хамбугийн хоёр охин гоо үзэсгэлэн,
суу билэг, эрдэм боловсрол төгс гэсэн яриа тал нутгаар нэг тархан байдгийг би ч мөн
сонссон хэмээгээд чимээгүй болон бодлогшров.

Түүний цоргисон харцанд хамаг бие нь дагжин чичрэх шиг болж, Сорхугтани өөрийн
мэдэлгүй салганах гараа ханцуй дороо нуулаа. Харин Ибага арай л тайван байх шиг
харагдана. Гэвч энэ цоргисон харц амьдралд хөл тавиагүй хоёр охин битгий хэл, алуулах гэж
байгаа амьтан хүртэл ухаан алдан газар дээрээ унамаар сүрлэг. Түүний нүд яг л агнах гэж
байгаа ангаа хараад атган авахаар анаж байгаа ирвэснийх шиг хурц ажгуу.

Чингис хаан хоёр охинд хандан:

- Та хоёрын суу билгийг тал нутаг даяар ярина. Эрдэм номыг ингэж шимтэх болсон учраа
хэлээч гэхэд, Ибага нэг их бодсон юмгүй шууд хааны өөдөөс харан,
- Эргэх амьдрал бүхэлдээ эр хүний хүчин дор, эм хүний ухаан дор оршино гэж боддог
хэмээн хээв нэг хариулж орхилоо. Харин Сорхугтани өөрийн ээлж болох нь гэж бодохоос
ханцуй дороо нуусан гар нь улам хүчтэй чичирч байх шиг бодогдлоо. Тэр нэг л мэдэхнээ:

- Энэ биед буй мунхгийг эрдэм оюунаар гэрэлтүүлбэл, өөрийн биед буй гэрлээр өргөн
олноо гийгүүлж чадна гээд хэлчихлээ. Тэр үнэндээ юу хэлснээ ч мэдсэнгүй. Аман дээр нь
гарч ирсэн үг энэ л байлаа. Чингис хаан сэтгэл хангалуун инээж:

- Аргагүй л түмэн олны хэлэлцдэг нь үнэн болж таарлаа. Энэ биеийн хүчээр ихийг хурааж
болох ч, эрдэм ухааны хүчээр олныг дагуулж болно. Жаха Хамбу чи үнэхээрийн алт
эрдэнэсээс үнэтэй охид төрүүлжээ гэж хэлэхэд Сорхугтани сая нэг амьсгал авахтайгаа
боллоо. Дотор нь арай уужирч, ханцуй дороо чичирч байсан гар нь эзэндээ сая л нэг
захирагдаж эхлэх шиг болов. Харин Жаха Хамбу гартаа атгаж байсан малгайгаа өвөр дээрээ
тавиад:

- Миний охид эмээлт морины гоёл, эр хүний түшиг болж явах учиртай гэж би боддог. Хэзээ
нэгэн өдөр хүнийх болох охидоо ухаан билгийг хайрлан тэтгэх хүнд өгөхгүй бол унаж хагдрах
нь амархан цэцэг гэж сэтгэдэг тул хаанд ёсолж байна. Хэнийг нь таалахаа хаан та мэд дээ
гэв.

Чингис хаан Жаха Хамбугийн үгийг сонсох зуурт эрүүнийхээ сахлыг илэн суулаа.

- Эр хүний түшиг, эмээлт морины гоёл гэнээ. Аргагүй л үнэн үг байна. Би эгчийг нь авъя.
Харин худ ураг болсон чи надад нэг тэрэгний арал мэт нөхөр яв хэмээгээд хэвтүүлийг дуудан
чихэнд нь үг шивнэхэд хэвтүүл толгой дохин гарч явлаа. Дөч эргэм насандаа амьдрал, ухаан,
нас гурав ид тэгширч яваа хоёр эр хүний хувьд, тэр тусмаа дөнгөж сая ураг барилдсан
хүмүүсийн хувьд ярих зүйл их байлаа. Тэд Мэргэдийг хэрхэн довтолсон тухай болон урьдын
сайхан цагийг хуучлан ярьж байтал гаднаас арван долоо найман настай болов уу гэмээр дунд
зэргийн нуруутай хөрслөг бор залуу орж ирэв. Тэрбээр хааны баруун талд суухыг харвал
энгийн нэг хүн биш бололтой. Чингис хааны ойрын нэгэн болох нь илт. Саяхан ургасан
бололтой жирэвгэр хар сахал тун ч зохисон харагдана. Захаараа дээш өргөгдсөн хөмсөг, тал
нутгийнхныг бодвол гүн хөнхөр нүд, өндөр хамартай, залуу насны гал цог нүдэнд нь
гэрэлтсэн түүний нүднийх нь өнгө арай цайвар ажгуу. Чингис хаан өмнөө суух залууг
бахдалтайгаар харж байгаа нь энэ бүх таамгийг баталж байлаа.

- Энэ бол миний бага хүү Тулуй хэмээн түүнийг хэлэхэд Жаха Хамбу болон түүний охид сая
Тулуйг танив бололтой. Хэдэн жилийн өмнө тангараг тасран нүүх үед Тулуй ес, арван настай
байсан тул өдий дайны том эр болсон түүнийг анх хараад шууд таньсангүй. Тулуй аавынхаа
дуудуулсан ёсоор орж ирээд Жаха Хамбугийн охидоос санаа нь зовов бололтой, хацар нь үл
ялиг улайснаа буцаад хэвийн болчихлоо. Тэд өмнө нь бие биеэ таних ч олон жил уулзаагүйн
дээр хэн хэн нь нас биед хүрсэн хүмүүс болсон тул анх уулзаж байгаа юм шиг л байлаа.
Чингис хаан:

- Энэ хүүхэд дайн дажин, зэр зэвсэгт сонирхолтой ч ном эрдмийн мөр хөөсөн хүнийг ихэд
хүндэлдэг. Хайрлах хүн үгүй бол хагдарч унах нь амархан цэцэг гэж хэлсэн үг чинь санаанаас
гарахгүй нь, отгон хүү Тулуйдаа бага охиныг чинь ураглавал чи зөвшөөрнө биз дээ хэмээн
асуухад Жаха Хамбу "Харваас идэр залуугийн цог жавхлан гэрэлтсэн энэ залуу эр, эрдэм
оюуны төлөө ухаан билгээ зориулах охиныг нь хайрлах хүн биш үү. Хүний амьдралд олон
сонголт байдаг. Гэвч хамгийн зөв сонголт үнэндээ ганц хоёрхон удаа л ирдэг биз" гэж бодоод:

- Нэгэнт Чингис хаан бага охиныг минь отгон хүүдээ ураглан өгөх хүсэлтэй бол надад
татгалзах учир юу билээ. Эм хүн айлын босго давахдаа инжгүй очвол эс хүндлэгдэх ёсон бий.
Охидынхоо инжинд оочих шөлийг нь халуун, орон гэрийг нь дулаан байлгаг гэж Ашидтөмөр,
Алчига нэртэй хоёр тогооч, хоёр зуун ерэн улс өгье. Хэрхэхийг хаан мэдсүгэй хэмээв.

Хоёр эцэг ураг барилдан инж сүйгээ ярилцаж байх хооронд эгч Ибага, Чингис хааныг өөрийн
эр нөхөр хэмээн сэтгэн харахыг хүсэх авч зүрх хүрэхгүй байгаа нь илт доош харан суухад,
ирээдүй хувь заяа нь нэгэнт тодорхой болон тоонот гэрт толгой холбох Тулуй, Сорхугтани нар
сэм харц мөргөлдөн байлаа. Тэдний харц мөргөлдөх бүрийд хоёул өөр зүйлийг анхааран буй
дүрийг эсгэн байх авч, хэн хэнийх нь нүүрэнд түрхэн зуур улаа бутран харагдаад, төд удалгүй
арилан буйг үзвэл хүүхэд насны гэнэн сэтгэлээсээ ангижирч хараахан амжаагүйг илтгэх мэт.

- Ээж би ан хийсэн гэж чангаар өгүүлэн орж ирэх хүүгийнхээ дуунаар тэр алс тэртээд
хөвөрсөн бодлоосоо сая саллаа.

- Хатан минь, бие тань тавгүйтэв үү, царай тань сайнгүй харагдана? гэх эрэгтэй хүний дуу
түүний бодлыг бүрэн тасаллаа. Харвал Ашидтөмөр тогоочийн дэргэд таван настай болов уу
гэмээр жаахан хүү хавчаахай нум сум барьчихсан бөөн хөөр баяр болчихсон зогсож байна.
Түүний хөхлөн дээр хөлс шороо холилдон бурзайж, хэт их п/йснээс ам нь ангасан байртай
уруул нь хатсан харагдана. Сорхугтани тэдний хөөр баяртай байгааг үзээд хүүгийнхээ толгойг
илж:

- Миний хүү тэгээд юу агнав даа?

- Би энэ нум сумаараа нэг үнэг оносон шүү. Гэхдээ надад Ашидтөмөр туслаагүй бол би
агнахгүй л байлаа хэмээн баяртайгаар цангинууллаа.

Ашидтөмөр хүүг өхөөрдөн хөхөл үснийх нь хөлсийг гараараа арчингаа:

- Таны хүү Мөнх, эрхий мэргэн харваач юм гээч. Давхиж байгаа үнэгийг "Би харвана шүү.
Та битгий сум тавиарай гэсээр байгаад өөрөө харваж унагав" гэхэд Сорхугтани хүүгээ духан
дээр нь үнэрлээд:

- Эр хүн. Өвөг эцэг чинь мэдвэл их баярлаж, ач хүүгийнхээ анхны анг мялаана биз ээ гэж
хэлэхэд хүү эхийнхээ үгийг сонсоод, шууд л чавхдан гарч алга болов.

Ашидтөмөр хатны бодолд автан байхыг хараад:

- Хатан таны бие чилээрхэв үү гэхэд Сорхугтани инээмсэглэн:

- Би энэ айлын босгоор бэр нь болон орж ирж байсан цагаа эргэн дурсав гэхэд Ашидтөмөр
Сорхугтанийн бодлыг үргээхгүй гэсэн шиг намуухнаар,
- Нээрээ олон жил өнгөрч гэлээ.

Сорхугтани санаа алдаад, нүдэнд нь нулимс цийлэгнэн, хамар нь шархирахад нулимсаа


хүчлэн залгиад:

- Хөөрхий ах дүү нар минь, нэг нэгээрээ хорвоогоос одож, тал нутгийн элгэн дээр өнчин
ганц цэцэг шиг үлдсэн юм шиг санагдах юм.

Өнөө Сорхугтани хатан Тулуй эзний хамт Чингис хааны гал голомт Гурван голын сав газарт,
Аварга, Тосон хоёр нуурын доохонтоо байх Их Аураг ордноо сууж байлаа. Сорхугтани хатан
Ашидтөмөрт:

- Сайхан шар тос самарсан цай уумаар байна гэж хэлээд гадагш гарлаа. Хаврын урь орж, хүн
зоны магнай тэнийн жаргалын алтан наран шижирхэн туяагаараа ертөнцийг гийгүүлэн байх
авай. Их Аураг орд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Учир нь суут Богд эзэн Чингис хаан Их
Монгол улсыг байгуулаад есөн жилийг ардаа үдэж, дайн дажны хөл холдсон ч, тэрбээр улс
гүрнээ тэлэх бодлогоо хилийн чинадад явуулж байсан цаг. Чингис хаан хойд Хятадыг эзлээд
Зүчидийг Хятадын өмнөд хэсэгт хөөн явуулж, охин Алага бэхигээ хэдэн сая хүнтэй тэр
газрын эрхийг мэдэгчээр томилоод буцан ирсэн байлаа.

Ордны гадна хөл хөдөлгөөн ихтэй. Дайны хөлөөс амь мэнд ирсэн цэргүүд агт морьдоо
амрааж, аян замын алжаалаа тайлан зарим нэг нь түр чөлөөгөөр гэр гэртээ явах гэж байгаа
тул их л хөөр баяртай харагдана. Дайчдын дунд ул нь ханзарсан гутлынхаа хоншоорыг сураар
боож суугаа нэгэн цэргийг хараад Сорхугтанийн бодолд өөрийн эрхгүй тэнгэрт хальсан
хөөрхий аав нь бодогдон, болж өнгөрсөн өдрүүдийн тэртээ рүү бодол ухаан нь дахин
бэлчлээ.

***

Урагдаж цоорсон гутлынхаа хоншоорыг сураар эрчлэн боосон аав нь газраас өндийн босч,
дөнгөж саяхан Чингис хаанд өгсөн хоёр охиноо ээлжлэн үнсээд:

- За миний хоёр охин нэг тэрэгний хоёр арал шиг бие биедээ түшиг болж, хэн хэнийгээ харж
яваарай гэж хэлэхэд, эх нь хажуугаас нь:

- Төрүүлж өсгөсөн минь үнэн ч төөрөг тавилангаа өөрсдөө залдаг жамтай. Магад мандан
бадрах ирээдүйтэй их хүнд охидоо өгсөн гэж тайвширъя даа гээд нулимсаа арчлаа. Тэр
шөнөдөө гэр бараагаа төвхнүүлж амжаагүй хүмүүс Чингис хааны орд өргөөний ойролцоо
бүхэл хахлаараа унтаж байв. Саруулхан шөнө тэргэн дээр нойрсч байсан хоёр охины
хажуугаар нэгэн хүн сэм өнгөрөхийг эгч Ибага нь мэдээд дүүгээ сэрээлээ. "Энэ хүн нэг л
сэжигтэй, лав яавч ганцаараа биш, хаа хүрэх нь вэ, дагая" гэснээр жижиг голыг гаталбал,
голын цаана олон хүн зэр зэвсэг агт морьтойгоо бэлэн зогсож байхыг хараад үг сүггүй буцан
гүйж, аавдаа хэл мэдээлснээр Жаха Хамбу, Чингис хаан нар хүч хавсран Мэргэдийн
довтолгооныг орж ирэхээс нь өмнө урьдчилан мэдэж, тосон цохисон юм. Хоёр охины гавьяа
Чингис хаанд улам бүр үнэлэгдэж "Зүс сайт бүсгүй хүн гэрийн чимэг байдаг бол ухаан сайт
бүсгүй хүн улсын чимэг болмуу" хэмээн магтан сайшаасан билээ.
Аль хэдийн дөрвөн хатан, дөрвөн хүүтэй болсон Чингис хааны бага хатан болж, энэ айлын
босгоор орж ирж байгаа Ибагагийн хувьд амьдралд нь тохиох хамгийн жаргалтай үе болох
хуримын ёслол дэндүү даруу төлөв болжээ. Чингис хаан Ибагад зориулан шинэ гэр барьж
өглөө. Ибага энэ гэрт л өөрийнхөөрөө байх эрх чөлөөг олж байх шиг санагдана. Харин гэрээс
гарах л юм бол хааны хатад бусад хүмүүсээс сүрдэх нь их. Гэлээ ч Чингис хаан бага хатнаа
ихэд хайрлан буйгаа илтгэн, өргөө гэрт нь ирж хонох өдөр олон. Зарим үед чухал хэргийг
зөвлөхөөр Ибагагийн гэрийг зүглэх нь ч бий. Харин Сорхугтанийн хувьд байдал өөр байлаа.
Хэн хэн нь амьдрал үзээгүй халуун залуу насандаа эцэг эхийн ерөөлөөр учирсан энэ хосын
хурим Дэрстийн дэнжийг хэдэн хоногоор доргиож билээ.

Чингис хааны орд өргөөнөөс саахалтын зайтай буусан Жаха Хамбугийн гэрүүдийн гадаа хөл
хөдөлгөөн ихтэй. Их гэрийн дотор охиныхоо хонгоо давсан урт хар гэзэгний сүлжээсийг
тайлж, он удаан жилийн нар салхинд харласан гараараа ихэд энхрийлэн илж буй хүн бол
Сорхугтанийн эх байв. Энэ өдрөөс хойш нялхын үнэрээ өнөө хүртэл хадгалсан охид нь
хүнийх болох гэж байна. Эх хүний зөн совингоор ирээдүй хойчийг нь сайн сайхнаар
төсөөлөн "Ариун эцэг минь" гэж залбиран гүн бодолд автсан эхийгээ санаашран байгааг
харж суусан Сорхугтани,

- Ээж ээ, та минь санаагаа бүү чилээ. Тулуй бид хоёр багаасаа биесээ мэдэх тул охин чинь
лав санаа амар байна. Ингэж хэлэнгээ эхийнхээ гарыг нь зөөлөн илбэж, энгэрт нь эрхлэнгүй
наалдаад,

- Ээж ээ, ингээд жаахан байя гэхэд,

- Тэг дээ, охин минь. Ээждээ ингэж санаснаар эрхэлж чадахгүй, хүний хүн болох нь гээд
уртаар амьсгаа авч, санаа алдлаа.

Сорхугтанийн хацарт сааль сүүнд дэвтэж дарайсан дээлийн хатуу энгэр торон байх авч, энэ
энгэр бол хорвоогийн хамгийн зөөлөн торгоноос ч энхэр нандин санагдаж байлаа. Хээрийн
үнэр, танил дотно сааль сүүний үнэр нэвт ханхлан байх энэ энгэр цээж хүүхэд ахуй насанд нь
уулын энгэр бэл шиг л сүрлэг сайхан санагддаг сан. Нэг мөөмөө амандаа хийчихээд нөгөөг нь
гараараа чимхэн оролдож тоглодог байсан балчир ахуй цагт ээжийнхээ энгэрт олон зүйлээс
нуугдаж болмоор бодогддог байж билээ. Хайртай ээжийнхээ энгэрт энэ чигтээ наалдан
үлдмээр санагдана.

- Охин минь одоо хурдлахгүй бол болохгүй гээд ээж нь Сорхугтанийг удаанаар үнэрлэн
үнсээд, гэзэг үсийг нь янзлан дээл хувцсыг нь өмсүүлэхээр гаднаас эмэгтэйчүүдийг дуудан
оруулж ирлээ.

Бага хүүдээ эхнэр авч өгөх гэж байгаа Чингис хааны отго өргөө сүүлийн хэдэн хоног хөл
ихтэй байв. Олон хоногийн өмнөөс хонины ноос саван цагаан эсгий бэлдэж, сүү цагаа
сөгнөж, идээ шүүсээ зэхжээ. Их ажлын үр дүнд отго өргөөний дунд сүндэрлэн боссон
шинэхэн эсгий цагаан гэр бол эрийн цээнд хүрч эхнэр авах гэж байгаа Тулуйн өргөө бөлгөө.
Гэрийн дотор тулганд аргал өрж, эцгийн голомтоос гал тасдан авч ирж, асаахад бэлэн
тавьсан харагдана. Тулуй догдолсон байртай ч өнгөн дээрээ түүнээ нууж байгаа нь
ажиглагдана. Саяхан бэлдсэн хуримын өмсгөл сэлттэй нь харахад, хэд хоногийн өмнө харж
байсан залуу хүү биш, буурь суусан нэгэн лугаа харагдана. Гэрт Тулуйн ээж Бөртэ хатан, эмэг
эх Өэлүн, ах хөвгүүд, үүдээр аягачин, шивэгчид идээ цагаа бэлтгэн байна. Дүүгээ догдлон
буй ч түүнийгээ нууж байгааг харсан Цагаадай,

- Дүү минь эхнэр авах болсон чинь улам дуугүй болчих юм. Яасан бэ? Авах бүсгүй чинь
таалагдсангүй юу, аль эсвэл гэснээ үгээ зориуд гүйцээлгүй орхиж, том цагаан шүдээ
яралзуулан инээхэд Зүчи ах нь түүнийг нудран,

- Таалах, таалахгүй нь үнэндээ Тулуйн хэрэг биш. Гэхдээ тэнгэр ивээж, сайхан бүсгүй
илгээж. Дүү минь чи азтай юм. Тулуй ах нарынхаа ингэж ярилцахыг сонсон ямар нэгэн үг
хэлэх хэрэгтэйгээ мэдэж байв.

- Ах нар бас болгоож байхад би юу хэлэх билээ? Цагаадай дахин том шүдээ гарган инээж,

- Энэ чинь тэгээд юу гэсэн үг юм бэ дээ?

Тулуй хэлсэн үгийг нь ойлгохгүй царайлан тоглоом хийх Цагаадай ахдаа ундууцан,

- Тэнгэрийн ивээлээр учирсан гэж бодно, би. Тиймээс Сорхугтани бол миний заяаны хань
болов уу гэж сэтгэнэ. Цагаадай инээхээ больж, дүүгээ өхөөрдөн хараад:

- Тэр хэлж байгааг нь ээ. Хавчаахайг нь нуучихлаар уйлаад суучихдаг байсан Тулуй эр хүн
болжээ гэж хэлээд чихнээс нь зөөлхөн чимхээд авахад цаадах нь дургүйцэн байгаагаа илтгэн,
ундууцангуй гарыг нь тавиулахад тэдний яриаг сонсож байсан Өэлүн эх:

- Та нар хүүхэд битгий ичээгээд бай. Миний ач чинь эцгийн голомт сахих хувьтай төрсөн
хүү юм шүү. Тулуйг төрсөн шөнө би тэнгэрээс дөрвөн од ойртон ирэхийг үзсэн юм. Нөж
атгаж төрсөн эцгийнхээ араас од дагуулж ирсэн юм, миний хүү гээд Тулуйн толгойг илж
духан дээр нь үнсэж байгаа харагдана.

- Бэрийн сүй бэлэг ирлээ гэх эрэгтэй хүний дуу гаднаас хадлаа. Төд удалгүй хэдэн хүн орж
ирэн гэрийн зүүн хаяагаар шинэ тавилга сэлтийг байрлуулаад, бэрийн унтах ор, хэрэглэх сав
суулга, хувцас зэргийг оруулан ирлээ. Тэд бас нэгэн баадантай зүйлийг задлан байхыг харвал
хэд хэдэн судрыг ихэд нандигнан баринтагласан харагдана. Мөн цавуу, хуурай, ачлагын татаас
зэргийг ил гарган тавилаа. Тал нутагт сүйн бэлэгтэй хамт ирдэг эвийг нийлүүлэх цавуу,
сэвийг арилгах хуурай, ачаа татах татлага зэргийг сүйн бэлэг болгон өгдөг нь гэр бүл ачлага
татаас мэт бөх бат, цавуу мэт эвлэрэнгүй, хуурай мэт сэвгүй ариун байхыг бэлгэдэл болдог
жамтай. Цаг нартай хурим найрын ёслол товлосон цагтаа эхлэх нь ёсон тул гэр доторх
хүмүүс нааш цааш яаран энэ тэр ажлыг амжуулсаар цаг хугацаа хэчнээн хурдан өнгөрснийг ч
анзаарсангүй.

- Бэр ирлээ, тосон аваарай гэж гаднаас сүртэйгээр өгүүлэх сонсогдон, шинэ бэрийг угтаж
авахаар гэрээс Тулуй, Өэлүн эх, Бөртэ хатан, хоёр ахын хамт гарч ирлээ. Бэр хүргэж ирсэн
хүмүүс мориноосоо бууж байв.

Тал нутгийнхнаас арай өөр нэгэн өвөрмөц маягийн хээ хуараар чимэглэсэн гоёмсог сүйх
тэрэг харагдана. Сүйхийг Тулуйн ах Өгөөдэй хөтлөн иржээ. Сорхугтанийн эх охиноо
буулгахаар сүйх тэрэгний дэргэд инээмсэглэн зогсоно.

Ирсэн олны дунд охины эцэг Жаха Хамбу байсангүй. Учир нь тэрбээр тал нутгийн заншил
ёсоор охиноо хүнд өгөхөд өөрөө ирдэггүй ёсыг сахин гэртээ үлджээ. Энэ нь эрт цагт
Амбагай хаан Хамаг Монголыг мэдэн байх үед Буйр, Хөлөн нуурын дунд нутаглан байх Татар
иргэдтэй ураг барилдаж, охиноо өөрийн биеэр хүргэж өгөх гэж яваад Татаруудад баригдан,
Алтан улсад хүргэгдэж, модон илжгэнд хадагдан үхсэн гашуун түүхтэй салшгүй холбоотой.
Тэр цагаас хойш тал нутагт ураг барилдаж хурим найр хийхэд эцэг нь охиноо өөрийн биеэр
хүргэж өгөхийг цээрлэх болжээ.

Сүйх тэрэгний хаалга алгуурхан нээгдэхэд өндөр богтогоны дор харцаа буулган ичингүйрэн
суусан Сорхугтанийг харвал үнэхээр үзэмж гоо ажээ. Хэрэйд аймгийн эмс охид гоо
үзэсгэлэнгээрээ тал нутгийнхаас илүү гэлцдэг үнэн ажгуу. Том алаг нүд, өтгөн хөмсөг, урт
сормуус, өндөрдүү хамартай Сорхугтанийн хацар нь улаа бутарсан ч, харц нь тогтуун
харагдана. Тэр хацар уруулаа ягаан өнгөөр будаж, нүүрэндээ оо энгэсэг түрхжээ. Өтгөн
хөмсгөө нарийхан тэгш хэлбэртэйгээр засч, олон салаа сүлжсэн гэзгээ задлан хумьж, толгойн
боолтонд хийн, өндөр богтого өмссөн нь хэзээний хатан хүний гоо үзэсгэлэн бүрджээ.
Түүний хацарт хонхойх бяцхан хонхорхой л эрх бага наснаас нь үлдсэн цорын ганц зүйл мэт
санагдана.

Тулуйн нүдэнд эхнэр болох гэж байгаа бүсгүй нь үзтэл гоо, зүүсгэл чимэг сэлттэйгээ улам ч
хөөрхөн болсон харагдахад дахин цоо шинээр танилцаж байгаа мэт, харангуутаа л ухаан
алдан дурлаж байгаа мэт зүрх нь ер бишийн догдлолоор дүүрч, тэндээ хүчтэй цохилж байлаа.
Олон салаа сүлжсэн гэзэгтэй, ухаалаг алаг нүдтэй, талын салхины жаварт ягаахан хацартай
жаахан охиныг хэдэн хоногийн өмнө харж, ойртон дотносож байсан бол одоо тэр
танигдахааргүй сүрлэг сайхан, үзэсгэлэн төгс хатан болжээ. Өндөр богтогоо унагахгүйн тулд
доош тонгойн алтан саатай уужныхаа хормойг дээш өргөн сүйхнээс бууж ирж байгаа
Сорхугтанийг харан зогсож байсан Тулуйг хажуугаас нь нэг хүн нударлаа. Харвал Цагаадай ах
нь,

- Юугаа хийгээд байгаа юм бэ. Хурдан очиж хатнаа тосон гэртээ оруул гэхэд нь сая ухаан орж
Сорхугтанийн өөдөөс тосон очиж гараас нь хөтлөн зөөлөн буулгалаа. Түүний гарт хүрэхэд
дахиад л зүрхэнд нь халуун гал урсан орж ирэх шиг санагдахад Сорхугтанид ч мөн энэ
мэдрэмж төрсөн бололтой хацар нь улам улаа бутарсан харагдана. Тэд хуримын өмнө уулзан
нөхөрлөж, олон удаа яриа дэлгэсэн боловч ингэж гар гараасаа барилцаж, тэр бүү хэл олон
хүний нүдэн дээр бие биедээ хүрч байсангүй. Эгнэн зогссон хүмүүсийн дундуур хөтлөлцөн
алхах хоёр залуу гэрт орлоо. Араас нь хүмүүс ээлж дараагаараа орж суудлаа эзлэн Сорхугтани
тулганд бэлдсэн аргалыг эцгийн голомтоос гал таслан авчирч бадраалаа. Хурим найрын ёс
нэн эртний дэг уламжлалтай тул тэднээс хамаарахгүйгээр бүх зүйл болдгоороо болж, нэг л
мэдэхэд цугласан олны яриа халж, найр наадам өрнөжээ. Хос хоёрын өмнө цартай мах уур
савсуулан авчирч тавилаа. Царан дээр идээ шүүс, хонины хүзүү тавьжээ. Залуу хос энэ ёсыг
сайн мэднэ. Гал голомтоо бадрааж буй залуусын ирээдүйг хүзүүний яс шиг эвтэй, бат бөх
байхыг бэлгэдэн гурав хоногийн турш хүзүү идүүлэн найрладаг заншилтай билээ.

Монголын уудам талын хүчирхэг гэр бүлийн хурим найр шөнө дөл болтол үргэлжилж,
хосуудын хөшиг тайлах ёслол болсны дараа хэн хэнийхээ бие сэтгэлийг өөрийн болгож,
бүрнээ мэдэрсэн хоёр залуу нэг л мэдэхнээ гүн нойронд автжээ. Үүр цүүрээр Сорхугтанийн
зүүдэнд нөгөөх алтан шумуулнууд дахин орж ирж хамрын нүхээр нь шунгинан орсонд, тэр
дахиад л хахаж цацан сэрлээ. Амьсгал нь бөглөрөн багтрах эхнэрийнхээ нурууг Тулуй ганц
хоёр зөөлөн цохисон боловч тусыг олсонгүй. Сорхугтани сая нэг амьсгаа бүрэн аваад
тайвшран эргэж хэвтлээ.

Тулуй унтаж чадахгүй үүр цүүрээр сэрсэн хатныхаа толгой дээр гараа тавин халуунтай
эсэхийг шалгаад,

- Яагаав. Зүүдэндээ хахаж цацаад байх чинь. Сорхугтани хэсэг бодол болон хэвтээд Тулуйд,

- Би энэ зүүдийг хоёр удаа зүүдэллээ. Хаа нэг газраас алтан хайрцаг олоод тагийг нээвэл
дөрвөн алтан шумуул хамрын нүхээр орж явчих юм. Тулуй хатныхаа энэ хачин зүүдийг
сонсоод, инээд нь хүрч байгаа бололтой жуумалзаж,

- Эрдэнэ их олох нь дээ, чи бид хоёр. Дөрвөн шумуул гэдэг нь дөрвөн их эрдэнэ юм болов уу
гэж хэлээд хээрийн цэцэгний анхилам үнэрт сайхан гэзгийг нь үнэрлэн энхрийлээд, төд
удалгүй амтат нойрондоо умбалаа. Сорхугтани буцан хэвтсэн боловч хөрвөөсөөр нэг мэдэхэд
үүр цайжээ.

Үүр цүүрээр зүүдэнд ороод байгаа энэ хачин шумуулнууд чухам юу юм бол. Нээрээ эр
нөхрийнх нь хэлдгээр эрдэнийн олз ч байж магадгүй гэж бодоод хаан эзэнд очсон эгчийнхээ
тухай санав. Хөөрхий, эгч минь яагаа бол. Эхнэр хүүхэдтэй хүний бага хатан байна гэдэг
хүсэх хувь заяа биш. Ингэж байхаар эгчийнхээ өмнөөс түүнд очихгүй яав даа гэж бодох авч
хажуудаа хэвтэж байгаа хүдэр сайхан эр нөхрөө хараад энэ бодлоо чин сэтгэлийнх биш
болохыг ойлгож байлаа.

- Хаан дуудуулж байна.

Энэ дуунаар Сорхугтани алс тэртээ рүү хөвөрсөн бодлоосоо тасарлаа. Хэл хүргээд буцсан
хүний араас харан зогсож байснаа "Хаан дуудуулж байна" гэсэн үг дахин чихэнд нь сонсогдох
шиг болж, их хааны өргөө рүү явлаа. "Тал нутагт үргэлжилсээр байгаа дайн дажны хөлд эгэл
ардууд илүү ихээр зовон хэлмэгддэг юм уу" гэх бодол тээн, цэргүүдийн хажуугаар явж
байхдаа урагдаж гандсан хувцастай, ул нь ханзарсан гуталтай, шарх сорви болсон эрс дөнгөж
саяхан Их Аурагийн ойролцоо байх Аварга, Тосон нуурт морьтойгоо ороод ирснийг харж
байлаа. "Хүний нутгийн шороог ариун усаараа угаадаг" гэж ярилцдаг эх нутгийн Аварга,
Тосон хэмээх хоёр нуур шарх эдгээх увидастай тул дайнаас эсэн мэнд эргэн ирсэн цэрэг эрс
морьтойгоо энэ нуурт орж, шархаа анагаадаг байв. Сорхугтани Чингис хааны өргөөнд явж
орлоо.

- Миний ач эр хүн болжээ. Энэ булчин шөрмөсийг нь хар хэмээн хүүг нь өвөр дээрээ
суулган эрхлүүлж байгаа Чингис хааны үс нь шанаанаасаа бууралтаж, аян дайны хөлд
нухлагдсаны ул мөр магнайд нь гүн суусан үрчлээснээс нь тодрон харагдана. Хүү нь
өвөөгийнхөө өвөр дээр их л додигор, баатар хүн шиг сууж байлаа.
- Бэр минь тал нутгийн заншлаар би ач хүүгийнхээ эрхийг тослох хувьтай байж. Сүүлийн
хэдэн жил аян дайн хийж явсаар анхны ач нарынхаа ангийн мялаалгыг хийж үзсэнгүй. Нааш
ойрт. Эцэг нь эзгүй тул чамайг дуудууллаа гэхэд Сорхугтани хүүгээ эх хүний хайрын нүдээр
харж "Юм гэдэг сонин юм даа. Тэр нэгэн өдөр хаачихаа мэдэхгүй яваа эцгийгээ ятган энэ
айлын босгоор алхан орж ирээгүй сэн бол өнөөдөр их хааны өвөр дээр эрхлэн буй энэ бяцхан
амьтан төрөхгүй байх сан" гэж бодно.

Чингис хаан ангийн хишгийг авчруулж өөхнөөс нь огтлон өвөр дээрээ суулгасан ач
хүүгийнхээ эрхий хурууг тослоод,

- Миний ачийн эрхий хуруу нь эрчтэй байж, эрчилсэн сум нь мэргэн байг ээ. Хурай хурай.
Өнөөдөр үнэг туулай, маргааш мануул буга, ирэх нэгэн өдөр энэ дэлхийг хураагаарай хэмээн
духан дээр нь үнсэж харагдлаа. Хүү анх удаагаа өвөг эцгээсээ магтаал сонсож, ингэхдээ
өөрийн эр чадлаараа олж авсан гавьяа зүтгэлээрээ шагнагдаж байгаадаа ихэд баяртайгаар
өвөр дээрээс нь үсрэн бууж хаалгаар гаран дэгдлээ.

- Хаан өвөг миний эрхийг мялаав гэх цангинасан дуу гэрийн гаднаас дуулдахыг Чингис хаан,
Сорхугтани нар дор бүрнээ сонсон инээж суулаа. Чингис хаан үргэлжлүүлэн,

- Би Алтан улсыг дайлаад буцахдаа Уруд аймаг олноор ороод ирлээ гэв. Энэ үгийг сонсоод
Сорхугтани хааны дахин юу хэлэхийг алдахгүй тосон авахад бэлнээр анхааран хүлээлээ. Тэр
үргэлжлүүлэн:

- Жүрчидэйн гэр бүл сайн байгаа. Чиний санаа зовох нь аргагүй. Олон жил сураг тасарсан
тэднийг одоо ойрхон явуулъя гэж шийдээд, нааш нүүн ирэхийг хүссэн гэж хэлэхэд
Сорхугтанийн сэтгэл сая нэг уужран, баяр хөөрөөр гийгээд явчих шиг боллоо. Тэр хааны
өргөөнөөс гарч явах замдаа хувь заяагаар хамт төрж ижилдэн өссөн эгчээс нь хэл чимээгүй
хэдэн жил болсныг бодон "Эм хүний хувь заяа гэдэг өөрийн хүслээр биш бусдын тааллаар
явдаг амьдралын хатуу жам юм даа" хэмээн санаашран байв.

Бурхан Халдун уулын урд, Онон, Хэрлэн мөрний дундах өргөн уудам бэлчир нутаг
Хэрлэнгийн хөдөө арал. Энэ газрыг бүхэлд нь хамгаалалтанд авчээ. Удахгүй болох Их
хуралдайд энэ газар зориулагдах учиртай. Хэдэн сарын туршид хүлээсэн, ирэх эсэх нь
эргэлзээтэй байсан хүмүүс сая нэг цуглаж, Монголын тал нутагт идээшин амьдрах ихэнх
овог аймаг Чингис хааныг зөвшөөрч нэгэн дор хуран чуулж, Их Монгол улсыг байгууллаа. Хүн
бүхэн баясан цэнгэж байх энэ мөчид Сорхугтани хатанд их баярын хажуугаар их гуниг
тохиолоо. Түүний эцэг хэдийгээр үр хүүхдэдээ үлгэртэй сайн эцэг боловч тэрсэлдэх дайсан
ихтэй тал нутгийн дайчин эр бөлгөө. Чингис хаанд охидоо ураглах болсон цаад шалтгаан нь
олон жилийн тэнэмэл амьдралдаа цэг тавьж, үлдсэн насаа амар тайван өнгөрүүлэх гэсэндээ
ч биш, Чингис хаанаар дамжуулан тал нутгийг өөрийн захиргаандаа авах гэсэн бодол
байсныг охин нь яахан мэдэх билээ. Охидоо хаанд өгснөөс хойш түүнтэй хүч хавсран Ван
ханыг дарсан ч, тэднийхэнтэй нэг нийлэн, нэг салан байх Жаха Хамбугийн ааш авирыг
Чингис хаан тэвчихэд бэрх болж байлаа.

Юутай ч хоёр охины нүүрээр ингэж удаан тогтож байсан эцэг нь дахин нэг өдөр өөрийн
Хэрэйд аймгийн ах дүү нартайгаа нийлэн нүүрээ буруулж одсон билээ. Онон Хэрлэнгийн сав
газар, Хэрлэнгийн хөдөө аралд Их хуралдай ид дундаа чуулж, хуралдайд ирсэн л бол хааныг
зөвшөөрөх ёсны дагуу, нэгэн цагт Хар зүрхний Хөх нуурт Тэмүжинд Хамаг Монголын эзэн
Чингис хаан цол өгч байсанчлан, өдгөө Их Монгол улсыг захирах Чингис хааны суу алдрыг
жинхэнэ утгаар нь хүлээн зөвшөөрч байлаа. Үхэр тэргээр зөөгөөд ч барамгүй том тогоон
дотор мах буцлан, хэдэн сарын туршид хамгаалсан шимт бэлчээрт адуу мал тааваараа бэлчих
энэ өдрийн жаргал эцэс төгсгөлгүй мэт. Харин тэр өдрийн үдээс хойш Чингис хаан нэгэн
ёсыг яаравчлан гүйцэтгэхээр зон олныг цуглуулаад байлаа.

Эрх мэдлээ нэмэх гэсэн аавынх нь зан Сорхугтанид төдийлөн зөв санагдахгүйгээр барахгүй
нэгэн цагт үүдээр нь орж галыг нь асаан өөрийн болсон их хааны гэр бүлийг гэх үү, эсвэл
эцгийгээ гэх үү хэмээн харшилдана. Аавыг нь дарахаар явсан хүмүүсийн араас сэтгэл
донсолгосон өдрүүд үргэлжлэн, энэ өдөртэй золгосон бөлгөө. Оонын хоёр эвэр шиг ижилдэн
өссөн Сорхугтани, Ибага хоёр цугласан олны дунд зэрэгцэн суужээ.

Чингис хаан:

- Тулганд минь галаа асаасан, туурганд минь эвээ нэгтгэсэн зон олон та нар сонсогтун. Итгэл
бат оршвол их үйл бүтдэг жамтай. Эв эе нэг байж гэмээ нь эзэнт улс манддаг үнэнтэй.
Урьдын ерөөл, ураг сүйгээр холбогдсон ч Жаха Хамбу надаас урваж дарагдлаа. Хэрхэхийг
тэнгэрт даатгасан ч халуун амьсгалаа холбосон охин үрс нь надад хэвээр. Иймийн тул
Хэрэйдийн Жаха Хамбуг даран ирсэн гавьяаг нь үнэлж, Жүрчидэйд би бага хатан Ибагаг
ёсолж байна гэхэд Сорхугтани Ибага хоёроос бусад нь ам амандаа шуугилдлаа. Тэдний
чихэнд ирсэн гэнэтийн мэдээ хоёр бүсгүйн зүрхэн дундуур нэгэн сумаар нэвт сүлбэх шиг
боллоо.

Сорхугтани хааны айлдахыг сонсоод, газар дэлхий бүхэлдээ дайван ганхах шиг болж, хөл
дээрээ тогтохгүй салганалаа. Эхээс мэндэлсэн цагаас нь л халуун алган дээрээ хайрлан
өсгөсөн хайртай аав нь үгүй болжээ. Энэ мэдээг цугласан олны дундаас их хуралдай дээр
сонсох гэж дээ. Тэр өөрийн эрхгүй дагжин чичирч байв. Байнга хааны эсрэг босч тал
нутгийн ард иргэдийг турхиран байсан Хэрэйд аймгийг сөнөөж, Чингис хаан худ ураг болсон
эцгийг нь хөнөөлгөсөн мэдээг Сорхугтани анх удаа ингэж сонслоо. Эхээс унасан цагаасаа л
дайн дажны хөлд төрж өсөн, аян дайны хөлд хоёр охиноо өсгөж, унаж босон аргаа барахдаа
ураг барилдан амиа хамгаалж, эцэс төгсгөлгүй үргэлжлэх эрх мэдлийн чагтаганд нэгэн
насаараа автсан хөөрхий аав нь дахин босч ирэхгүй болжээ.

Чингис хаан Жүрчидэй, Ибага нарыг дуудан гаргаж ирүүлээд Жүрчидэйд хандан,

- Алалдах өдөр амиа өгсний тул, үхэлдэх өдөр өлөмлөсний тул чиний зүтгэлийг үнэлж
хайртай хатнаа өгөв, би хэмээгээд Ибагад хандан,

- Чамайг хөлийг чинь шивэртэй гэж, хөлсийг чинь үнэртэй гэж голсон биш, ариун
үзэсгэлэнг чинь чамласангүй, авир занг чинь голсонгүй, өвөрт хөлд орсон, зэрэгт зэрэгцэн
суусан чамайг их төрийн үйлсэд ийн зүтгэсэн Жүрчидэйд соёрхол болгов гэлээ.

Гэнэтийн энэ үйл явдал олны нүдэн дээр болж байлаа. Жүрчидэй гэх аян дайны тоосноосоо
гүйцэд салаагүй энэ эр эцгийг нь хөнөөж, өөрийг нь хатнаа болгох гэж байна. Юутай
гаслантай хувь тавилан бэ?

Ибага Жүрчидэйг мэдэх билээ. Хааны хатан болон ирсэн өдрөөсөө түүнийг таних болсон.
Тэр өдөр Дэрстэд ирээд хамгийн анх уулзсан хүн нь ч Жүрчидэй байж магад. Учир нь тэр
ойролцоо уулын довцог дээр харуулд гарч байгаад тэдний нүүдлийг тосон очиж хэн болохыг
асууж байсан санагдана.

Жүрчидэй бол өндөр сүрлэг нуруутай, тэгш цагаан шүдтэй. Инээхэд нь жирийтэл эгнүүлсэн
ааруул шиг том том цагаан шүднүүд гялалзаж явдаг Тэмүүжиний үнэнч цэрэг бөлгөө. Гэвч
тэр эр одоо нэгэнт эцгийг нь хөнөөсөн алуурчин болжээ. Гэнэтийн энэ явдал хоёр бүсгүйг
хоёуланг нь дайрч, орилон хашгирах, уйлан цурхирах ямархан нэгэн боломжийг эс өгөх
цугласан олны дунд болж байлаа.

Чингис хаан хуралдайн хоймроос яриагаа үргэлжлүүлэн,

- Хожим миний ураг их хааны ширээг залгамжлах үед энэ мэт тус, төр ёсыг миний зарлиг
хэмээн бодож, ургийн ураг болтол хатан Ибагагийн хатан нэрийг үл таслах болтугай хэмээн
зарлигдав. Тэгээд Ибагад хандан:

- Жаха Хамбу эцэг чинь чамд Ашидтөмөр, Алчига тогооч хоёр зуун ерэн улс таслан өгсөн
билээ. Алчига тогооч болон өөрийн инжний хүмүүсээ аваад Уруд аймагт Жүрчидэйг даган од
доо хэмээн хэллээ.

Хааны хэлсэн үг хууль болж тал нутагт үргэлжилнэ. Ибага юу хэлэхээ мэдэхгүй тулгамдан
байв. Чингис хаан Жүрчидэйд хандан,

- Ибага юугаа чамд өгөв. Дөрвөн мянган Урудаа мэдэж яв хэмээн захив.

Чингис хаан үргэлжлүүлэн:

- Харин Жаха Хамбугийн бага охин Сорхугтанийг өөрийн хүү Тулуйн эхнэр хэвээр үлдээе.
Энэ үгийг сонсоод цугласан олон Сорхугтанийг харлаа. Эгчийг нь олны нүдэн дээр эцгийг нь
алсан хүний өвөрт оруулж байгааг харсан Сорхугтанид үнэндээ энд үлдэх шалтгаан бий гэж
үү. Гэвч хаан түүнийг энд үлдээхээр шийджээ. Хааны үгийг зөрчих зүрхтэн үнэндээ
Монголын тал нутагт байхгүй. Тэр улам хүчирхэг болсон ажгуу.

Хар бага наснаас ижилдэн өссөн ихэр хоёр ангир шиг охид хувь заяаны эрхээр алслан салах
цаг болжээ. Ингээд Сорхугтани өөрийн гэх ах дүүгүй, улам ч харь холын мэт санагдах энэ
хүмүүсийн дунд орь ганцаараа үлдэх болов. Түүнд тулж түших хэн байгаа билээ. Хэдэн
сарын хүлээлт, хэдэн сарын ажил болсон Их Хуралдай сая нэг түр завсарлаж, Чингис хаан
Сорхугтанийг дуудуулжээ. Хүсвэл эцгийг минь амьд үлдээж болох байсан шүү дээ гэх бодол,
гомдол харуусал аман дээр нь цуглаж, Сорхугтани нэг л мэдэхнээ хааны өргөөний өндөр
босгыг даван орсон байв. Урдаас зөвшөөрөл авч байж ордог энэ өндөр босгоор тэр хэрхэн
алхан орсноо мэдсэнгүй, хааны өмнө оччихсон сөхөрч суулаа. Үг хэлэх гэвч аман дотор хэл
хөдлөхгүй, үзэн ядах гэтэл хэрхэхээ мэдэхгүй байгаа бэрээ болж өнгөрсөн учир явдалд сэтгэл
санаа нь хямран буйг харж суусан хаан:
- Тал нутгийн элгэн дээр ургасан чулуу ч бай нэгэн цагт бутран унадаг жамтай билээ. Өс
өвөрлөн одсон эцгийг чинь дарсан Жүрчидэйд би хатнаа соёрхлоо. Амьдрал мөнх биш.
Зэрэгт зэрэгцэн суусан хатан минь надад үг эс хэлэн одлоо. Би түүнд жаргал ерөөхөөс өөр
яах билээ гэв.

Сорхугтани сая нэг ам нээж, цээжин дотор хуралдан байсан борооны үүлс гэнэт хур болон
асгарах шиг:

- Аав минь, хөөрхий аав минь ...Тэнгэрийн дор, газрын дээр одоо би хэнийг зорьж очих юм
бэ. Үсэнд нь буурал сууж амжаагүй байсан эцэг минь таны гарт үрэгдлээ гэж үү. Та намайг ч
мөн эгчтэй минь хамт илгээхгүй яасан юм бэ?

Чингис хаан эрүүнийхээ сахлыг илэн, өмнөө сөхөрч суугаад, цурхиран байгаа Сорхугтанийг
харж санаа алдаад,

- Нэг биш, хоёр охиноо надад өгсөн тул би Жаха Хамбугийн олон удаагийн өсийг шүд зуун
өнгөрүүлсэн болохыг чи мэднэ. Одоо цаг нь болж. Талын элгэн дээр асгасан шагай шиг
тарсан олныг цуглуулахад саад болсон бүхэн үхэх жамтай. Энэ бол хууль гэдгийг эрх биш бэр
минь чи мэдэж буй биз дээ. Харин чамайг миний бэр болж байх тэр цагт "Энэ биед буй
мунхгийг эрдэм ухаанаар гэрэлтүүлбэл, өөрийн биед буй гэрлээр өргөн олноо гийгүүлж
чадна" гэсэн үгийг чинь санаж, хожмын нэг өдрийн зөн билэг ухаанд минь харван орж ирсэн
тул хүүдээ хэвээр үлдээлээ гэв. Сорхугтани:

- Эцэг минь үгүй боллоо гээд эргэж өш санахыг хүсэвч эвлэсэн биенд минь хүү чинь багтаж,
ивлэсэн хөхөнд минь ач чинь цадах тул би яах билээ. Нэгэнт яс махаар гагнагдсан амьтай
болжээ бид... гэж хэлээд гарч одсон билээ.

Хааны өөдөөс өөр юуг хэлэх билээ. Газар дэлхий дайван байх шиг, ухаан санаа нь балартан
ганц нэгээр зөөлөн гишгэн өөрийн орд өргөө рүүгээ зүглэн явсан Сорхугтанийн гараас нэгэн
хүн чанга атган авсан нь түүний нөхөр Тулуй байлаа. Сорхугтани энэ удаад Тулуйн гараас
өөрийн гарыг угз татан авч энгэр цээжийг нь балбан цохимоор санагдав. Гэвч түүний гарын
атгалтанд хөтлөгдөн өөрийн мэдээгүй болсон мэт хөлөө ганц нэгээр зөөн цааш алхлаа. Яг
одоо гараас нь атган яваа энэ хүн үгүй бол Сорхугтани тэр дороо газарт тэрхийн унах байсан
нь лавтай. Тэр цагаас хойш олон жил өнгөрчээ.

Монгол туургатныг нэгтгэсэн Чингис хаан алтан ургийнханд өмч, иргэн хуваан, отгон хүү
Тулуйдаа таван мянган өрх айл тусгаарлан өгч эцэг өвгөдийн гал голомтыг сахин Гурван
голын сав, уугуул нутгаа түвшитгэн захирах эрхийг олгосон юм. Тулуй ноён дайн тулаанд
Чингис хааны хамт гол замын цэргийг захиран явдаг, хаан эцгийнхээ цэрэг захирах эрдмийг
хэнээс ч илүү ойлгож суралцсан нэгэн байв. Тэрбээр Алтан улс, Сүн улстай хийсэн их аян
дайнд өөрийн цэргээ удирдан явж баатарлаг гавьяа байгуулж байсан удаатай. Хаан аавтайгаа
мөр зэрэгцэн тулалдаж явсан отгон хүү нь ах нараа бодвол зан ааш аядуу зөөлөн, хүлээцтэйн
дээр дайн тулаанд олон хүний амь насыг өршөөн хэлтрүүлэгч, авран нигүүлсэгч чанараараа
тод ялгарч, олны хүндлэлийг хүлээдэг байлаа. Эр нөхөр нь эзгүй цаг тул Сорхугтани анхны
ангаа хийж өвөг эцгээрээ эрхийгээ мялаалгасан хүүгээ орж үнсээд унтахаар гарлаа.
Гадаа тэнгэр тогтуун. Эцгээ дагаж Алтан улсад дайтахаар явсан нөхөр нь түүнтэй хамт
ирсэнгүй. Хэд хоногийн газар үлдэж араас нь ирэх болсон тухай хэл дуулгасанд сэтгэл нь
жаахан түгшинэ. Зарим нэг дайн тулаан хэдэн жилээр үргэлжилдэг ч удаан хүлээсэн нөхөр
нь тэр баярт өдөр ирээгүйд сэтгэл жаахан гунигтай. Хатан мөнөөх л сурсан зангаараа
унтахын өмнө гэрэл гаргаж эртний судруудаас эргүүлж суулаа. "Мэргэн оюуны үнэн гэдэг
таньж барахгүй хорвоо юм. Мэнд амгалангийн утга гэдэг туулж барахгүй далай юм" гэсэн
эртний шүлгийн мөрүүд хөвөрнө. Үнэхээр таньж барахгүй хорвоо, туулж барахгүй далайн
дунд сэлж яваа мэт сэтгэл сэмрэн байтал гадаа ноход хуцан хүмүүс ирэх чимээ гарлаа. Энэ
шөнө оройн цагаар юун хүмүүс байдаг билээ хэмээн өндийн босох зуурт "Тулуй минь юм
болов уу" гэсэн бодол харван орж ирж, түргэн хувцаслаад, үүд рүү хурдан хурдан алхлаа.
Морь тургилах чимээ, хүмүүсийн хоорондоо ярих дуу, нохдын боорлон хуцахтай зэрэгцэн Их
Аураг ордны ойр орчмыг бүхэлд нь сэрээж орхилоо.

Сорхугтанийн зөв байжээ. Зүрчидийг дараад буцах замдаа саатсан нөхөр нь өөрийн хүмүүсээ
аваад иржээ. Дайнд яваад гурван жил уулзаагүй нөхөр нь эсэн мэнд ирсэнд баярлан очиж
угтахгүй ямар хатан тал нутагт байх билээ дээ.

Амьд ирж ч болох, алс холд үрэгдэж ч болох олон жилийн шаналгаат шөнүүд сая нэг бүтэн
нойртой хонох амгаланг авч ирлээ. Нөхрийнхөө бараа байдлыг харвал нар салхи зүс царайг
нь борлуулж, гурван жилийн өмнөхөөс буурь суусан мэт харагдана. Уулзаагүй удсан хүмүүс
олон юм ярихаар бэлдэж байгаад яг уулзах тэр мөчдөө юуг эхэлж ярихаа мэдэхээ больдог шиг
самгардсан Сорхугтани ямар ч гэсэн өнөөдөр хүү Мөнх нь анхны ангаа хийж, өвөг эцгээрээ
эрхийгээ мялаалгасан тухай ярьж амжлаа. Хүүгээ гурван жил хараагүйн дээр эр хүн болж
яваа хүүгийнхээ амжилтанд урамшсан Тулуй эмэг эхийнхээ гэрт унтаж байгаа хүүгийнхээ
духан дээр нь үнэрлээд хатнаа дагуулан өргөө рүүгээ явлаа.

Битүү сартай шөнө орчны юмс бүдэг бадаг харагдана. Бөртэ хатны гэрээс Тулуйн өргөө
өдрийн цагаар ойрхон ч шөнө бүдчин яваа хүнд хол ажээ. Чулуун дээр бүдэрсэн хатнаа гараас
нь дээш өргөн босгож энгэртээ наахад Сорхугтанийн биеэр дахин час халуун цус жирэлзэн
гүйх шиг болж, тэр нэгэн өдөр анх хурим хийж байхад сүйх тэрэгний хаалга онгойлгон тосон
авч байсан халуун гарын илчийг дахин мэдрэв. Энэ гараас гурван жил атгасангүй, энэ
цээжинд гурван жил хацраа наасангүй. Үүрээр Сорхугтани дахин алтан шумуулнуудаа
зүүдэлжээ. Ахиад л хамрын нүхээр нь орж явчих тэр хачин амьтад хатны амьсгалыг боон
сэрээлээ. Үүр цайжээ. Ер зүүднээс гарахгүй байгаа энэ шумуулнууд юуг өгүүлнэ вэ? Учир
мэдэх хүмүүсээс асууя гэж бодтол нөхөр нь сэрж,

- Нойрсохгүй яагаа вэ гэж асуухад:

- Нөгөөх алтан шумуулнууд ахиад хамрын нүхээр орж байна гэж зүүдлээд ээ гэлээ.

- Чиний зүүд зөнтэй шүү. Надад ирсэн шөнөө зүүдэлсэн зүүднээс чинь хойш бид Хамаг
Монголыг хураалаа. Ахиад л арвин их газар нутагт эзэн суух нь дээ гээд аян дайнд алжаасан
эр нөхөр нь дотно сайхнаар инээвхийлээд, дахин нойрондоо умбалаа. Харин Сорхугтани энэ
зүүднээсээ хойш бас л унтаж чадсангүй.

Өглөө эртлэн Өэлүн эхийн гэрт очиж уулзъя гэж тэр бодлоо. Учир нь Өэлүн эх бол
Сорхугтанийн хувьд өөрийн гэх хүнгүй харь хүмүүсийн дунд айлын бэр болон энэ өндөр
босгыг алхан орж ирсэн цагаас хойш түүнд ээжийнх нь оронд ээж, эмэг эхийнх нь оронд эмэг
эх нь болсон элбэрэлт нэгэн билээ.

Тэр нэгэн цагт Их Хуралдай өндөрлөж эгч Ибага нь Жүрчидэйг даган нүүн одсоноос хойш
Сорхугтанийн сэтгэл тайвшралыг эс олов. Чингис хаантай уулзсаны дараа тэр хэнтэй ч үг эс
солих болсон байлаа. Хоол унд зөөн авч ирэх Ашидтөмөр бүү хэл, эр нөхрийнхөө үгэнд хариу
эс хэлнэ. Энэ байдал цааш үргэлжлэн хэд хоног өнгөрлөө. Сэтгэл санаа нь хүнд цохилтонд
орсон энэ бүсгүй хэдийгээр олны дунд байгаа ч орь ганцаар мэт гандаж буй цэцэг шиг
хүмүүсээс өдөр өдрөөр холдсоор л байв. Хэд хоног өнгөрсний дараа хоол унд ч идэхгүй
байгааг нь дуулсан хүмүүс тэгж байгаад тайвширна биз гэцгээж байсан бол одоо санаа зовж
эхэллээ. Сорхугтанийн энэ байдлыг мэдсэн Өэлүн эх нэгэн өдөр тэдний өргөөнд морилов.

Аавыг нь хөнөөсөн хүнд эгчийг нь өгч мордуулсан гашуун үнэн охинд дэндүү хатуу туссан
болохыг тэр ойлгож байлаа. "Хамт гадагш гаръя" гэсэн Өэлүн эхийн үгийг зөрчих эрх
Сорхугтанид байхгүй тул даган гарлаа. Буурал үсээ ардаа сүлжин унжуулсан ухаалаг бор
нүдтэй Өэлүн эх, хааны эх хэдий ч эд баялгийг эрхэм болгодоггүй нь илт энгийн даруу нэгэн
ажээ. Тэр Сорхугтанийн өөдөөс удаанаар ажиглан харж зогслоо. Түүний мөнх хөх тэнгэр шиг
уужим сэтгэлийг илтгэсэн талбиун нүдэнд нь гүн бодол нуугджээ. Сорхугтанийг хамт
салхилахыг хүсэнгээ "Би чамд нэг зүйл үзүүлье" гэж хэллээ. Тэд Аурагаас холдсоор нэгэн
хөтөл давав. Араас нь хааны хамгаалалт бүхий хэвтүүлүүд бүчин явах ажээ. Хэсэг яваад алсад
цэлийсэн их тал харагдлаа. Өэлүн эх тэр их талыг саравчлан харж хэсэг зогсоод,

- Энд жаахан сууцгаая гэж хэлээд дээлийн хормойгоо дэвсэн газарт суулаа. Сорхугтани
түүний хажууд суув. Эргэн тойрон цэлийсэн их тал. Тэнгэрийн хаяа газартай нийлэн
үргэлжлэх энэ ээрэм талд зун цаг хэдийн ирж, өвс ногооны үнэр хамар цоргин байлаа. Өэлүн
эх нүүр лүүгээ хийсэн орж ирэх хэсэг үсийг гараараа хойш илээд охины духан дээр үнслээ.
Түүнээс нэг л онцгой үнэр үнэртэх ажээ.

- Би хааныг төрүүлж өсгөсөн нь үнэн ч одоо бол тэр миний мэдпийн хүн биш Их Монгол
улсын эзэн хаан болжээ. Тэмүүжин арван настай байхдаа эх өөртэй ах Бэгтэрийг хороож
байсан үнэн бий. Энэ үед сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй үлдлээ гэж би
хүүгээ зэмлэн байсан юм.

Сорхугтани Их хаан хэрхэн өөрийн ахыг хөнөөж байсан түүхийг сайн мэдэх билээ. Аравхан
настай байхдаа өөрийн төрсөн ахаа хөнөөж байсан энэ хүнд Сорхугтанийн аавыг хөнөөх,
тэгээд эгчийг нь Жүрчидэйд соёрхох тийм ч хэцүү хэрэг биш байв. Итгэл эвдэн одсон хэн
бүхэн хааны өмнө үхэх ялтай. Өэлүн эх яриагаа үргэлжлүүлэн,

- Эр нөхөр минь Татар иргэнд хорлогдож, орь ганцаар үлдсэн мэт санагдаж, хэрхэхийг
мэдэхгүй байсан тэр үед миний хамгийн ойрын хүмүүс надаас салан нүүж одсон. Гэхдээ энэ
бол хэзээ ч эргэн уулзахгүй хагацал биш, аргагүйн эрхэнд ингэж нүүлээ дээ гэж би бодож
байсан. Тэд өөрсдөө ч тал нутагт амьд үлдэх аргаа хайн, ийм шийдвэр гаргаснаа надад хэлж
байсан. Сэтгэл нь надад харагдаж байсан хэрэг гээд ээрэм талын зүг харцаа бэлчээлээ.
Түүний нүдэнд төрж өссөн нутаг, өнчирч хагацсан нулимст өдрүүд, юу эс харагдсаныг хэн
мэдэх билээ. Тал нутгаа удаанаар ажиглан байсан Өэлүн эх,
- Охин минь, бидний өлгий болсон энэ тал нутгийг хар даа. Чамд юу бодогдож байна гэж
асуулаа. Охин алган дээр байгаа юм шиг цэлийн харагдах тал нутгийг харснаа сэтгэл нь арай
уужирсан байртай,

- Тал нутагт байгаа бүх зүйл алган дээр байгаа мэт тодхон харагдаж байна гэж хэллээ. Өэлүн
эх Сорхугтанийн энэ үгэнд урамшсан байртай:

- Алган дээр байгаа мэт тодхон харагдаж байна гэнэ ээ. Тийм ээ, тал нутагт байгаа бүхэн
алган дээр байгаа мэт тодхон харагддаг шиг, тал нутгийн хүний сэтгэлийг ч алган дээрээ буй
мэт тодхон харж болдог юм. Чиний эр нөхөр, түүний өвөг дээдэс, чи өөрөө ч энэ талын алган
дээр төрж өссөн болохоор тал шигээ уудам сэтгэлтэй байх учиртай. Хүний сэтгэлд буй бүхэн
цээжин цаана нь нуугдан байвч түүнийг алган дээрээ тавьсан мэт харахыг хичээ гэж хэлээд
охины зүг нөгөөх л гүн хөх тэнгэрийн тэртээхийг харах шиг бодлогоширсон харцаар харж,

- Хааны сэтгэлийг одоо алган дээрээ тавьж буй мэт харах гээд үз дээ гэв. Нээрээ л цээжин
цаана нуугдан байдаг сэтгэлийг алган дээрээ тавин харж болдог бол олон зүйлийг мэдэж
болох сон. Тэр алгаа дэлгэн харлаа. Дэлгэсэн алгаа харангаа харцаа тал нутгийн зүг
бэлчээхэд бага багаар хөврөн орж ирэх, өнгөрсөн цаг хугацаатай хамт одсон дурсамжууд
нүдний өмнүүр ээлжлэн солигдох шиг болно.

Аавынх нь инээмсэглэн буй царай, ээжийнх нь бодол болсон харц, эгч Ибагатай хамт устай
хавчиг тэгнэн явсан гэнэн хонгор хүүхэд нас, усаа даахгүй газар унаган загнуулж байсан мөч,
Чингис хаанд охидоо өгөөд сэтгэл хангалуунаар хоёр охиноо ээлжлэн үнсэх эцгийнх нь уруул,
Ибагаг эхнэрээ болгоод харж байсан хааны нүд, саяхан болж өнгөрсөн Их Хуралдай,
Жүрчидэйг даган одохдоо ямар нэгэн зүйлийг хэлэх гээд хэлж чадалгүй явсан эгчийнх нь
харц нүдний өмнүүр ээлжлэн харагдах шиг санагдлаа. Өэлүн эх үргэлжлүүлэн,

- Хаан эзэн, хатан Ибагагаа Жүрчидэйд соёрхон одуулсны дараа их гунигийг гэтлэн гарч
байгааг би эх хүний зөн совингоор харж мэдэж байсан. Тэр эзгүй үлдсэн Ибагагийн гэрт,
тайлж орхисон цамцыг нь үнэрлэн удаан суусан билээ. "Халуун өвөрт минь дулаацан байсан
хайртай хатнаа би явууллаа. Эр хүний хувьд алдахын аргагүй Ибага минь" гэж гашуудан
суухыг сонссон юм. Үнэндээ эр хүний хувьд алдахын аргагүй Ибагаг, эзэн хааны хувьд тэвчин
суух аргагүй тул явууллаа гэж би ойлгосон. Сорхугтани бодол болон суух хооронд хаан ямар
учраас ийм шийдвэр гаргаж, яагаад эгчийг нь Жүрчидэйд өгч, яах гэж хуралдайн дараа
Сорхугтанитай уулзсан болохыг ойлгон харах гэж хүсэхүйд хааны сэтгэл түүний алган дээр
дэлгэгдэх шиг санагдлаа. Өэлүн эх хэчнээн гайхамшигтай вэ? Тэр өөрийн хүүгээ
өмгөөлсөнгүй, бас буруутгасангүй. Харин энэ бүхний оронд бодит байдлыг алган дээр нь
тавьж орхилоо.

Энэ явдлын дараа Сорхугтанийн сэтгэл арай наашилж, Өэлүн эх Сорхугтани хоёр дотно
харилцаатай болж эхэлсэн юм. Өэлүн эх эрдэм номыг илүүд үзэн сонирхох бэрийнхээ
ирээдүйд ихэд анхаарал тавин нэн даруйхан түүнд зориулан номын өргөө бариулж өгсөн нь
Сорхугтанийн амьдралд өөр нэгэн гэрлийг асааж өгсөн байв. Эргэн тойрон хураасан судар
номон дунд үдэш бүр сэтгэлээ цэнгээн суух болсон Сорхугтанид Өэлүн эх хаана ном
эрдмийн хүн байна түүнийг дуудуулан орон орны хэл заалган бичиг үсгэнд шамдуулж судар
номыг хураан авч ирүүлсэн байв. Өөрийн олон бэрээс чухам яагаад Сорхугтанийг онцлох
болсон нь таавар мэт. Гэвч түүний сэтгэлд далдын нэгэн зөн совин хөврөн байсан хэрэг биз
ээ.

Бурхны шашны Далай дуурсахуй сүмийн оройн алтан ганжирс нарны гэрэлд өнгө тунаран
байх өвөл цагийн тогтуун өдөр. Алсаас гурван морьтой хүн ирж явах бараа бүдэг бадаг
харагдахад Манзушири ламтан гадаалж явлаа. Морьдын явдал түргэн түргэн гишгэлэн байхыг
харваас энгийн нэг мөргөлчид биш бололтой. Бодвол алсаас их л яаруу ажлаар яваа хүмүүс
шиг санагдана. Эргэн тойрны байдал нам гүм агаад хааяа нэг хүүгэх салхин сүмийн гадна
эгнүүлсэн дарцгийг хийсгэн байлаа. Лам нарын уншлага дуусаагүйг илтгэн дуугарах бүрээ
бишгүүр, хонх дамрын дуу орчны аниргүйг эвдэнэ. Энэ сүмийг суут Богд эзэн Чингис хааны
ламтан Санжаагийн Гунгаанямбуу нэрт ламын зарлигаар босгосон гэдэг. Манзушири ламтан
алсаас ирж буй гурван морьтноос түрүүлэн дотогш орж олбог суудлаа эзлэн суулаа. Төд
удалгүй морьтой хүмүүс сүмийн гадна бууж морио уяад орж ирэв. Дуганы голоор хоёр эгнээ
зассан уншлагын суудлын тэргүүнд Манзушири ламтан бусад залуу ламын хамт ерөөл өргөн
байх агаад гаднаас орж ирсэн хүмүүсийг хараад хэн болохыг танив бололтой, ойртон ирэхийг
дохиход гурван хүний ахмад нь барьж ирсэн өглөгөө шүтээний хажууд тавиад эргэн ирж
ламын дэргэд суулаа. Ахмад хүн:

- Их эзний өглөгийг авч ирлээ. Суут богд эзэн Чингис хаан биднээр хэл хүргүүлэн "Нэгэн
бодьсадваагийн хувилгааныг миний урагт, миний ач үрийн аль нэгэнд төрүүлж өгнө үү"
хэмээн үүнийг илгээв гэж хэлээд ламын царайг нухацтайгаар ажиглан харлаа. Манзушири
ламтан бодол болон суух агаад гартаа эргүүлж байсан эрхиэ хумин хажуу тийш тавиад:

- Богд эзний зарлиг болохоор би яахин зөрчих билээ. Гэвч хувь тавиланг оноон буулгахад
бэрх гэдгийг та бүхэн санаж болгооно уу хэмээгээд жижиг дөрвөлжин модон хайрцагтай шоо
гарган шившиж, дотор нь буулган орхиод, төлгөө тайлан хэсэг бодолхийлснээ суудлаасаа
бослоо. Ирсэн хүмүүс даган өндийх гэтэл "Сууж бай" гэж дохиод шүтээнийхээ өмнө очин
удаанаар залбирч байснаа бурхдын дунд байх нэгэн хайрцгийг барин ирж, эргэж суудалдаа
суугаад хавьд хүн хүрээгүй болов уу гэмээр тоос дарсан хайрцгийг гараараа ихэд энхрийлэн
илээд,

- Ийм учиртай байж. Энэ хайрцаг манай шүтээний дунд их удаан хадгалагдсан юм. Багш
минь амьд сэрүүн ахуйдаа хэзээ нэгэн өдөр төлөгт буусан эзэн нь ирж авна гэж хэлсэн тэр
цагаас хойш хэн ч хүрээгүй билээ.

Ирсэн хүмүүс ихэд гайхан тоос дарсан хуучин модон хайрцаг, түүнийг энхрийлэн илбэж
байгаа өвгөн лам хоёрыг ээлжлэн харна.

- Хайрцагны амыг бүү нээ. Үүнийг Богд Чингис хаанд өг. Энэ их айлын нэгэн бүсгүй нь эш
үзүүлэгч байжээ. Тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн арван таванд их хурим ерөөл
хийж, алтан ургийн хатад эмсийг цуглуулаарай гэж хэлээд элч нарын ахлагчийг ойртохыг
хүсээд чихэнд нь хэдэн үг шивнэж хэллээд гар сунган өгөхөд тэрбээр хоёр гардан авч, өвгөн
ламтанд талархал илэрхийлээд, хойш ухарсан хэвээр гарч одлоо.

Ойролцоо уулын өвөрт хэдэн хүн тойрон зогсоно. Хааны албатууд бололтой энэ хүмүүсийн
дунд хоёр хүүхэд тоглож байгаа харагдана. Хоорондоо ганц хоёр насны зөрүүтэй хүүхдүүдийн
өмссөн хувцас, зүүсэн эдийг харвал язгуур гарал сайтай айлын үрс бололтой. Тэднийг нааш
цааш гүйн, тарвага зурамны нүхийг амдан гэтэж, хэвтэн босох бүрийд тойрч зогссон хүмүүс
араас нь дагана. Гэнэт:

- Ханхүү тэндээс нэг тарвага гараад ирлээ гэж дагуулуудын нэг нь яаран хэлсэнд хоёр
хүүгийн арай том нь самбаачлан мөрөндөө угласан нумаа авч онилон хараалж байгаад сум
тавилаа. Тарвага сумнаас өрсөн амь мултарч, ойролцоох нүхэнд шунган орж алга боллоо. Сум
тавьсан хүү хөлөөрөө газар дэвсэж,

- Ямар азгүй юм бэ. Алдчихлаа хэмээн бухимдангуй өгүүлээд:

- Өнөөдөр ангийн олз муутай өдөр байна, хоёулаа буцах уу гэж нөгөөгөөсөө асуухад, хажууд
нь зогсож байсан хүү нуруундаа үүрсэн нум саадгаа авч гартаа бариад өмнө нь ёслон нэг хөл
дээрээ суугаад,

- Та миний нум саадгийг авагтун. Магад аз ирэх биз ээ. Би энэ нум сумаар ан хийж өвөг
эцгийн хишгийг хүртэж эрхийгээ тосдуулсан билээ гээд өгөхөд нөгөө хүү,

- Би хүний азыг аваад юу хийнэ. Өөрийн гавьяаг өөрөө бүтээнэ гэж хэвлүүхэн хэлээд цааш
алхлаа. Хүү араас нь оч иж,

- Тэгвэл хоёулаа нум сумаа солилцъё. Нэгэн цагт хаан өвөг Жамуха андтай нөхөр болж
байхдаа өөрт байгаа эдээ солилцож байсан биз дээ гэв. Нөгөө хүү нүдээ онийлгон хаан
өвгийн түүхийг нэхэн санаж буй бололтой бодолхийлснээ,

- Чи бид хоёр хоёул хааны ач хүү учир анд бололцох хэрэг юун

- Тэгвэл ах дүү болъё. Бид нэг хааны ач хүү хэдий ч өөр өөрийн эцэгтэй. Хоёул төрсөн ах
дүүс болон найр тавьж нум саадгаа солилцвол ямар вэ гэхэд хүү зөвшөөрч буй бололтой
толгойгоо дохиод,

- Тэгье. Хоёул ах дүү бололцъё хэмээгээд тэд уул өөд өгслөө. Араас нь дагалдах албатуудыг
"Эндээ хүлээж бай" хэмээн ахмад хүү зарлигдаад уул өгсөн оройд нь гарлаа. Орчны юмс
тодхон харагдана. Дээр хөхрөгч тэнгэр тэр хоёрт ойртон ирж сайшаан байх шиг том сэмжин
үүл хоёр хүүгийн дээр тогтсон байлаа. Ахмад хүү гартаа барьсан нумаа тэнгэр өөд дээш
өргөн,

- Мөнх тэнгэр сонс. Энэ өдрөөс хойш би Мөнх чамайг өөрийн дүү мэт сэтгэж, хатгалдан
ирэх дайсан, харван ирэх сумнаас хамгаалан суухаа амлаж байна.

- Энэ өдрөөс хойш би Гүюг ахыг өөрийн ах хэмээн сэтгэж, нэгэн сэтгэлд ахан дүү болж
явахаа мөнх тэнгэрийн дор амлаж байна хэмээн андгайлаад тэд нум саадгаа солилцлоо. Эд
бол нэгэн эхийн хэвлээс цувран төрөөгүй ч, нэгэн хааны ач болон төрсөн хоёр хүүгийн ахмад
нь хаан эзний гуравдугаар хүү Өгөөдэйн том хүү Гүюг, нөгөө нь Тулуйн том хүү Мөнх нар
байлаа. Хоёр хүүг уулын оройгоос бууж ирэхэд тэнгэрт тогтон байсан сэмжин үүлс алгуураар
ярагдан замхарч, оройн нар баруун уулын суганд дөхөж очсон байлаа.
Удаан уулзаагүй нөхөр нь дайны олз омог дүүрэн иржээ. Тэр ч бүү хэл хорвоо дээр цор
ганцаараа мэт бодогдох ахуйд элгийг нь дэвтээн байх, Жүрчидэйд одсон эгчтэй нь уулзан
ирсэн баярт мэдээг Тулуй эзэн Сорхугтанид дуулгасан байлаа. Энэ бүх сайхан үйл явдлууд
нөхрөө дайнд үдэж, ганц хүүгээ харан, судар ном эргүүлж суусан Сорхугтанийн амьдралд
гэрэл асаах шиг л болсон билээ. Өргөөн дотор ёслолын хувцсаа өмсөн зогсож байгаа
Сорхугтанийн сэтгэл ер бишийн аз жаргалаар дүүрч, жаргалтай инээмсэглэнэ.

Тахиа жилийн шинийн арван тавны энэ өдөр их найр хийх тул алтан ургийн эмэгтэйчүүдийг
тусгайлан бэлдүүлсэн нь энэ байлаа. Хэдэн жилээр зэлүүд байдаг энэ газарт хаа нэг хөгжин
цэнгэх нь Их хаан аян дайнаас ирж амарсан тэр үед л тохиодог. Сорхугтани "Хаан эзэн дайны
олз омгоо тараан өгөх гэж буй хэрэг биз ээ" хэмээн бодлоо. Энэхэн зуур хүү нь гаднаас гүйн
орж ирэв. Сорхугтани хүүгээ энхрийлэн үнсээд, жижигхэн хөөрхөн ёслолын хувцас гарган
өмсгөв. Ер нь Сорхугтани хэзээнээс хүүгээ ямар нэгэн асрагч эхийн хөхийг хөхүүлж, хэн
нэгнээр асруулж, хувцаслуулж байсангүй. Тэр өөрөө бүхнийг хийдэг тул ордныхон ч тун
удалгүй түүний аясаар болж хэлсэн үгээр нь хүүг эхтэй нь хамт байлгах болсон байв.

- Ээж ээ. Их найр эхлэх гээд байна, хурдлаарай. Би өвөг эцгээрээ эрхийгээ мялаалгасан гэж
олон хүнд хэлнэ ээ хэмээн догдлон буй хүүгээ духан дээр нь дахин үнсээд, алтан эмжээртэй,
мөнх тэнгэрийн өнгөт цэнхэр дээл өмсөж, өнгө хослуулан номин өнгөт ээмэг зүүж байх
зуурт, ангийн үсэн сүрлэг малгай тавьсан нөхөр нь гаднаас орж ирээд,

- Миний хүүг хараач ээ. Үнэхээр том эр болж байна шүү гээд хүүгээ өхөөрдөн тэвэрч, тэд
ёслол болох их өргөө рүү явлаа. Өргөөний гадна олон хүмүүс зогсчээ. Тэдний нэг нь:

- Эмэгтэйчүүд гадаа хүлээж байгаад нэг нэгээрээ ороорой гэж хаан зарлигдсан гэж хэлэхэд
учрыг сайн мэдээгүй ч Тулуй эзэн хатандаа хандан:

- Хаан аав зарлигдсан бол би хүүгээ аваад орьё доо гээд Мөнхийг дагуулан их өргөөнд
орлоо.

Өргөөний гадаа алтан ургийн хатад зогсоно. Есүй, Есүгэн, Хулан хатан, Зүч, Цагаадай,
Өгөөдэйн их бага хатад бүрэн цугларчээ. Өргөөн дотор ихэс дээдэс тэргүүтэй хүмүүс байраа
эзэлжээ.

Тэд алтан ургийн охид, бүсгүйчүүдийг чухам юуны учир гадаа үлдээж, ээлж дараагаар
оруулах гэж байгааг гайхан өөр өөрийн таамаг дэвшүүлнэ. Чингис хаан цугласан олныг
дуугаа аядахыг сануулаад өрлөг жанжинд дохин нэгэн зүйлийг авч ирүүлээд хажуудаа
тавилаа. Хааны эрхэмлэн хажуудаа тавьсан зүйл нь жирийн нэгэн модон хайрцаг агаад хаан
бээр баруун гараа дээр нь тавьжээ.

- Алтан ургийнхан, олон түмэн ард болгоогтун. Цаг ирэх тусам нас минь явах болж. Нэгэн
цагт дайтан олж хураасан газар орон минь бидний дараа хэрхэх бол гэсэн бодол сэтгэлийг
минь чилээсээр удлаа. Би Далай дуурсахуй сүмийн хувилгаан Сажигийн Манзушири ламтанд
хэл хүргүүлэн миний урагт нэгэн бодьсадваагийн хувилгааныг ач үрийн минь нэгэнд
төрүүлж хайрла хэмээн илгээсэнд тэр надад үүнийг явуулжээ гээд модон хайрцгийг дээш
өргөн үзүүлэв.
- Хаврын тэргүүн сарын хувьтай энэ өдөр алтан ургийн бүсгүйчүүдийг цуглуулан их ёсыг
үйлдэж ээлж дараагаар оруулбаас эш үзүүлэгч нэгэн тодрох болно хэмээснийг одоо тайлах
гэж байна гэлээ.

Цугласан олон учрыг сая олов бололтой. Эргэлзээ нь гүйцэд гараагүй ч хааны хөвгүүд, тэр ч
бүү хэл хаан өөрөө ч өөрийн хатдаас хэн нэг нь байгаасай хэмээн хүсч байв. Чингис хаан энэ
үгийг хэлэхдээ цуу алдагдана хэмээсний тул хаалгаар орж ирэхдээ бүдрэн их олзыг авч ирэх
тэр хүн эш үзүүлэгч буюу гэсэн үгийг хэлсэнгүй өөртөө хадгаллаа.

Манзушири ламтны хэлсэн ёсоор их найр эхлэн алтан ургийн эмэгтэйчүүд, бэр, хатдыг ээлж
дараагаар оруулж ирэх зарлиг өглөө. Хамгийн эхэнд эрэмбэ дараагаар их хатан Бөртэ Үжин
богтого малгайгаа тонгойлгон орж ирэхүйд араас нь алтан ургийн хатад, бэрүүд ээлж
дараагаар орохоо хүлээж байлаа. Босго даван орж ирэхдээ яахыг зөвхөн Чингис хаан л мэдэж
байлаа. Тэрбээр ар араасаа орж ирэх хатдадаа найдлага тавин харж байлаа. Тэр дундаа
хамгийн хайртай Хулан хатан нь байгаасай гэж чин сэтгэлээсээ хүснэ. Харин Тулуй хатад
бэрүүдээс хэрхэн эш үзүүлэгч нэгнийг сонгохыг мэдэхгүй тул юм бодсонгүй. Гэхдээ л
эхнэрээрээ чимдэг эр хүний зангаар "Миний хатан мөн бол сайхан бус уу" гэж бодов.

Хааны хатад ээлж дараалан орж ирэхдээ босгонд бүдэрсэнгүй тул Чингис хаан жаахан урам
хугарсан ч хэн байхыг мэдэх хүсэлдээ хөтлөгдөн анхаарлаа хандуулсан хэвээр. Хатад
дараалан Зүчийн их хатан, дараа нь Цагаадайн хатан, Өгөөдэйн их бага хатад орж ирж
байлаа. Тэд бүгд л хатан хүний намбаар явдал цэгц алдаа мадаг үгүй суудлаа эзэллээ. Чингис
хааны найдлага тасрах гэж байхад эрэмбэ ёсоор хамгийн сүүлд бага хүү Тулуйн хатан босго
даван ирж ирэхдээ дээлийн хормойгоо өшиглөн бүдэрлээ. Гэнэтийн ийм ёсгүй алдаа
гаргасандаа Сорхугтани айхын ихээр айж, ичихийн ихээр ичиж, нүүр нь улайж хүзүү нь халуу
дүүгэнэ. Хаан эзэн түүний энэ буруутай үйлдэлд үхэх ял ч тулгаж болно. Тэр өөрийгөө
гайхаж байлаа. Ийм алдаа урд өмнө ер гаргаж байгаагүй тул гэр дүүрэн хүмүүсийн өмнө тун
чиг эвгүй байдалтай зогсосхийснээ Тулуй эзний хажууд суухаар алхлаа. Чингис хаан баярлан
инээж,

- Сорхугтани бэр минь, чи байжээ гэхэд өргөөнд цугласан хүмүүс гайхан хааны зүг харлаа.
Чингис хаан хажуудаа зассан өндөр олбогийг заан "Сорхугтани бэр минь, нааш суугтун"
гэлээ. Урьд нэгэн цагт эгч Ибагаг нь ингэж анхааран үзээд хүнд өгч байсан удаатай тул
түүний дотор айдас төрлөө. Ямартай ч хааны зарлиг болохоор очихоос яах билээ. Хий дэмий
л өргөөний баруун талд хүүгээ дэргэдээ суулгасан нөхрөө инээмсэглэн байхыг хараад,
жаахан тайвшрах шиг болж, хааны зүг очин, олбог дээр суулаа.

Чингис хаан хайрцгийг дээш өргөн:

- Энэ хайрцгийг нээж үзэх хувьтай хүн босго даван орж ирэхдээ бүдэрч, их олзыг авч ирнэ
гэж Манзушири ламтан хэлсэн билээ хэмээхэд хүмүүс сая учрыг олов бололтой. Чингис
хааны их хатдаас бусад хатад атаархангуйгаар Сорхугтанийн зүг хараа бэлчээнэ. Хаан
хайрцгийг Сорхугтанийн өмнө тавиад.

- Бэр минь, наана чинь юу байна. Би ч их сонирхож байна. Нээн үзнэ үү хэмээхэд
Сорхугтани модон хайрцагны тагийг аяархан нээвэл дотор нь жижигхэн алтан хайрцаг байв.
Сорхугтанид энэ хайрцаг их танил зүйл байлаа. Хаачихаа мэдэхгүй аавтайгаа хээрээр гэр
хийж явахдаа нэг зүүдэлсэн, Тулуйн эхнэр болсон шөнөө дахин нэг зүүдэлсэн, эр нөхөр нь
аян дайнаас ирсэн шөнө хамгийн сүүлд зүүдэлсэн мөнөөх хайрцаг мөн байлаа. Дотор нь
алтан шумуул байгаа гэж бат итгэсэн Сорхугтани нэг хэсэгтээ л нээж чадахгүй тээнэгэлзлээ.
Учир нь тэд хамрын нүхээр нь дахин орж хахаж цацуулна гэхээс айжээ. Нэг бодлын дахиад
зүүдлээд байгаа юм болов уу гэж бодоод сэмхэн өөрийгөө чимхэж үзлээ. Өвдөж байна. Энэ
зүүд биш байжээ гэж бодох зуур Чингис хаан:

- Алив юуг нь хүлээсэн юм бэ гаргаад ир гэхэд тэр дуулгавартайгаар модон хайрцган доторх
алтан хайрцгийг гарган дээш өргөлөө. Хүмүүс "Амыг нь нээ, амыг нь нээж үз" гэж дор
бүрнээ өгүүлэхэд тэрээр арга буюу хайрцгийг нээж орхивой. Хүрэн хамбаар доторлосон
хайрцган дотроос удаж төдөхгүй дэгдэн гарч ирэх гэж байгаа алтан шумуулнаас айн нүдээ
аньтал чимээ анир алга. Нүдээ нээж харвал дотор нь шумуул биш харин дөрвөн ширхэг алтан
үрэл байлаа. Тэр хайрцагнаас хараагаа салгаж чадахгүй хэвээр Их хааны зүг гараа явуулбал
тэр өмнөөс нь тосч авлаа. Чингис хаан хайрцган доторхыг анхааралтай харж байгаад:

- Алтан үрэл байна. Дөрвөн ширхэг юм гэхэд энэ яриаг сонссон хүмүүс дахиад л ам амандаа
таамаг дэвшүүлэн ярих нь сонсогдоно. Харин Өэлүн эх олны яриа тасдан,

- Би Тулуйг төрсөн тэр шөнө тэнгэрээс дөрвөн од ойртон ирэхийг харсан юм. Энэ лав
учиртай тоо биз ээ гэв. Энэ яриаг сонсон суусан Чингис хаан:

- Өэлүн эхийн үг үнэн биз ээ. Харин түмэн олны нүдэн дээр өөрийн бодь чанарыг
харуулсан Сорхугтани бэр чамайг энэ өдрөөс хойш бэр биш бэхи гэе. Энэ өдрөөс хойш чамайг
Эш хатан гэж хүндэтгэн дуудъя хэмээхэд цугласан олон уухай нэмлээ.

Чингис хаан Бэхи хэмээх энэ эрхэм цолыг Түрэг, Уйгур, хойд Хятадыг захирч байсан
охидодоо олгож эзэн удирдагч гэсэн санааг давхар илэрхийлэн байсан бол тэр энэ удаад бэр
Сорхугтанидаа энэ эрхэм алдыг хүртээсэн нь эрх мэдлийг нь ч бас нэмсэн хэрэг байлаа.
Олон удаагийн зүүдний учир сая тайлагдан өнөө хэр өмнөө тавьсан алтан хайрцагнаас үл
мэдэг гэрэл сацран байх шиг болно. Алтан ургийн эш үзүүлэгч хатны олон удаагийн зүүдний
тайлал болсон энэ дөрвөн үрэл өдгөө олны таамаглан ярих ярианы гол сэдэв болжээ.
Хоёрдугаар бүлэг: Бодь сэтгэлийн хүч

- Очиж очиж Жаха Хамбугаас эш үзүүлэгч хатан төрөөд байхдаа ч яахав дээ гэсэн яриа
нэгэн хатны өргөөнд өрнөж байв. Өргөөнөө Өгөөдэйн хатад Мүгэ, Дөргөнө, Цагаадайн хатан
Хутугай болон өөр хоёр хатан байх агаад Дөргөнө хатны:

- Бурхан хүртэл шавар шалбааган дундаас мэндэлж болдог гээ биз дээ хэмээх хариуг
сонссон Мүгэ хатан уурсахдаа:

- Хэрвээ бурхан шавран дотроос мэндэлдэг байсан бол Сүн улсаас авч ирсэн шаварчнаас хэд
хэдэн бурхан төрөх байлаа. Нэрээ ч хэлж чадахгүй юмнууд байж л байна даг хэмээн цухалдан
өгүүллээ. Мүгэ хатан саяын болж өнгөрсөн үйл явдалд их л дурамжхан байгаагаа нууж
чадахгүй байгаа нь харагдана. Цагаадайн хатан Хутугай ярианд оролцож:

- Сорхугтани судар номонд дуртай, суу билэг төгс нэгэн гэдгийг олон хүн мэддэг шүү дээ.
Тэр эш үзүүлэгч байх нь нүдээ олсон хэрэг бус уу гэж хэлснээ хэзээнээсээ хор шартай хатдад
аман дээрээ орж ирсэн үгээ шүүн тунгаалгүй дэмий хэлсэндээ гэмшингүй доош харлаа.

Дөргөнө хатан бодол болон сууна.

- Хөөрхий дөө. Газар дээр ганцаараа шахуу амьтан. Би хувьдаа өрөвдөж суудаг юм. Тэр ч бас
элдэв юм бодолгүй хэлсэн үгэндээ Хутугайн адил Мүгэ хатнаас санаа нь зовсхийвч, дайран
дээр давс нэмээд юу хийхэв гэсэн байртай үгээ цэнэн,

- Гэхдээ Жаха Хамбу бол Христийн шашинтай. Яавч түүний охин бурхны шашны эш
үзүүлэгч баймааргүй санагдана гэж хэлсэн үгээ булзаарууллаа.

Мүгэ хатан бусад хатдын яриаг сонсонгоо хатад өөрт нь төдийлөн таатайгаар хандаж, нэгэн
цул мэт санаа эвлэхгүй байгаад дотроо бухимдавч, биеэ барьж бодол ухаанаа цэгцлэн байх
зуур нэгэн зүйл санаанд нь оров

бололтой:

- Сорхугтани үнэхээр эш үзүүлэгч хатан мөн бишийг бид мэдэхэд амархан бус уу хэмээн
зуунгидуухан өгүүлэв.

Хутугай Мүгэ хатны өөдөөс харан, амаа ангайсан хэвээр:

- Яаж мэдэх гэж хэмээн гайхширлаа.

Мүгэ нүдээ онийлгон бодолхийлэхэд зовхин доорх гүн үрчлээс ил гарч ирнэ.

- Туршиж үзье. Тэр үнэхээр эш үзүүлэгч юм бол бидэнд харуулаг гэснээр бусад хатдын
атаархангуй яриа цаашлан үргэлжиллээ.

Мүгэ хатан бол Сорхугтанийн гэр бүлд эртний өшөөтэй нэгэн байв. Түүний эцэг Жаха Хамбу,
Ван хан ах болон ах дүү нартайгаа нийлж дайтаж явахдаа Мүгэгийн гэр бүлийн тулгыг
самарч, туургыг нураасныг тэр ямагт санаж явдаг нэгэн байв.

Ийнхүү хатдын өргөөнөө эм хүний атаа хорсол битүү хурцалж байхад Тулуйн гэр дуу шуутай
байлаа. Хүү Мөнх нь ээжээсээ:

- Ээж ээ, эш үзүүлэгч хатан гэж юу сан билээ? гэж асуухад Тулуй эцэг нь ярианд оролцож:

- Хүү минь, бурхны элч гэсэн үг. Тиймээс чи ээжийгээ бурхны элч гэж хүлээж ав. Тулуй
илтэд хатнаараа бахархаж, бас гайхан буй нь дууных нь өнгөнөөс мэдэгдэвч эр хүний ёсоор
түүнээ дотроо нуун, гаднаа мэдэгдэхгүй царай гаргана. Нөхрөө хүүтэйгээ ярилцахыг сонсож
суусан хатан:

- Хэрэйд аймаг хэзээнээсээ Исус шашинтай. Харин надад энэ айлд ирэх замаас эхлэн
зүүдлэгдсэн тэр алтан шумуулнууд ямар учиртай байсан таамаг тайлагдаж байгаа нь сайн
хэрэг ч, эцэг өвгийн сүсэг бишрэл энэ айлын босгоор алхаад өөрчлөгдөх учиртайг мэдээд
гайхаж л сууна гэлээ. Тулуй хатныхаа бодол болон суухыг хараад:

- Мөнх тэнгэр бүгдийг харж болгоодог билээ. Бурхан бол нэг л ариун хүч. Харин түүнд хүрэх
зам нь л өөр өөр байх. Тиймээс чиний хувьд түүнд хүрэх зам чинь л өөрчлөгдсөн гээд бодвол
болох бус уу хэмээн эерүүлэв. Сорхугтани нөхрийнхөө үгийн үнэнийг дотроо цэнэж:

- Нээрээ л бурханд хүрэх зам минь ийм байх хувьтай ахул заяа төөргөө дагах учиртай билээ
хэмээн бодов.

Тэргэл сартай тогтуун шөнийн одод анивчиж, талын салхи зөөлөн илбэсэн энэ үдэш
Сорхугтани унтахын өмнө судрын хуудас эргүүлэн хэсэг суудаг заншил ёсоор номын өргөө
рүүгээ явлаа. Сартай шөнө орчны юмс тодхон харагдах нь өдөр шиг л илхэн байна. Номын
өргөөний үүдээр ордгийн даваан дээр араас нь нэг хүн дуудах ших боллоо.

- Хатантаан гэх эмэгтэй хүний дуунаар хэн болохыг нь таньсангүй, эргэн харвал Өгөөдэйн
хатан Дөргөний шивэгчин Аму зогсож байлаа. Тэрбээр Сорхугтанийн араас гүйхээрээ ирсэн
нь илт. Ам хамраасаа уур савсуулсан Аму, хатанд ойртон ирж түгдрэн:

- Дөргөнө хатан үг дамжууллаа. Таныг мэдээтэй байхыг сануулж байна. Өнөөдрийн явдалд
өширхсөн хатад танд хорсож чухам эш хатан мөн бишийг туршин үзэхээр төлөвлөн, өш
өвөрлөж байна гэж дуулга хэмээлээ гэж хэлээд мэхийн ёсолсноо гүйн одов.

Сорхугтани энэ үгийг сонсоод "Тал нутгийн элгэн дээр дайтаж байлдахын хажуугаар удаж
төдөхгүй хад мөргөх хорон санаа мөн ч барагдахгүй юм даа" хэмээн бодлогоширч, номын
өргөө рүүгээ орлоо. Чингис хааны гуравдугаар хүү Өгөөдэйн хатан Дөргөнө бол урьд Найман
аймагт төрж өсөн, дараа нь Мэргэдийн ханы эхнэр болсон хойно нь Чингис хаан Мэргэд
аймгийг дарж, хүү Өгөөдэйд бага хатан болгон авч өгсөн түүхтэй. Энэ эмэгтэй их хааны сүр
хүчин дор буян хишгийг нь хүртэн амьдрах болсон хэдий ч өнчрөл хагацлын зовлонг өөрийн
биеэр үзсэний дээр Сорхугтанитай бараг зэрэг шахуу энэ айлын бэр болон ирсэн учир дотно
харилцаатай байдаг байлаа. Саяхан уншиж байгаад орхисон судар ширээн дээр ил харагдана.
Сорхугтани он удаан жил хадгалсаар баринтаг нь гандаж элэгдсэн судрыг нээн уншиж
эхэллээ.

Сорхугтани Их эзний бэр болон орж ирсний дараах зун болсон хэрэг. Шинэхэн барьсан эсгий
гэрийн дотроос гурван өдөр, гурван шөнө уйлан хайлах дуу хадахад:

- Энэ эмийг тонилгож орхиё. Чих амар заяа үзэлгүй гурав хонолоо. Яасан дуусдаггүй
нулимс, дундардаггүй зовлон байдаг юм бэ гэх ярианы хариуд:

- Хүлээж бай. Тэр өөрийн авааль нөхрийн араас ингэж гашуудаж байгаа нь эр нөхөртөө
үнэнч байсны шинж болохоор түүнийг тонилгож болохгүй. Эм хүн, цагаан зээр хоёр нутаггүй
гэдгийн үлгэрээр хүүгийн минь эхнэр болж, энд дассан хойноо миний хүүд бас ийм үнэнч
болох бус уу. Түүний сэтгэлийг тайвширтал хүлээ хэмээн Их эзэн Чингис хаан айлдсан юм.
Хааны энэ үгийг сонсоод хүмүүс Дөргөнийг тайвшрахыг хүлээн орхисон.

- Хөөрхий ийм л их хайртай байсан юм байх даа. Тийм бол удахгүй өөрийгөө егүүтгэж эр
нөхрийнхөө хойноос одох биз ээ.

- Анзааран харж байхгүй бол амьгүй болсны дараа нь олох вий гэх яриа түүний гэрийн
хажуугаар өнгөрсөн хүмүүсийн амнаас гарч байлаа. Хэд хоногийн уй гашуугаа тайлсны дараа
Дөргөнө өөрийн шинэ эр нөхөр Өгөөдэйг дуудуулаад:

- Эм хүний заяа ийм аваас би яах билээ. Тэнгэрт хальсан нөхрийн араас одох хүсэл байвч
утсан чинээ улаан амь минь тасрахгүй байх тул эдлэх тавилан дуусаагүйн хэрэг биз. Мөрийг
чинь түшиж, замыг чинь ерөөж явья даа гэж Өгөөдэйд хэлсэн гэдэг.

Энэ яриа Өгөөдэй, Дөргөнө хоёрын хооронд болсон ч хатнаа даган хүргэгдэж ирсэн
шивэгчин Амугийн амнаас Сорхугтанийн чихэнд хүрсэн байв.

Шөнө дунд нөхрийн бие чилээрхэв бололтой ам нь хуурай хатаж, халууран дэмийрч эхэллээ.
Тулуй эзэнтэн өвдсөн болохыг мэдсэн Сорхугтани сандран, оточ дуудууллаа. Бүх бие нь халуу
шатаж тэсэхүйеэ бэрх чичирч байгаа нөхрөө хэрхэх учраа олохгүй хүйтэн жин духан дээр нь
тавьж байх зуур оточ ч ирлээ. Хоймрын орон дээр халууран хэвтэж байгаа Тулуйн дэргэд
очсон оточ судсыг нь удаан барьж үзээд,

- Юу нь өвдсөн нь мэдэгдэхгүй халуунтай байна. Ямар ч гэсэн халууныг нь буулгах тан


уулгаж тайвшруулъя гээд гарч одсноо төд удалгүй эргэн ирж, тан буцалган уулгаж оронд нь
хэвтүүлэв. Тулуй эзэн удалгүй халуун нь буух янзтай болсон ч, хамаг бие нь дагжин чичрэх нь
намдсангүй. Өвчиндөө шаналсан Тулуй:

- Гал өрд, гал өрдөөч, хүйтэн байна гэж өөрийн эрхгүй хашхирна. Оточ Сорхугтани хоёр
яахаа мэдэхгүй наана цаана нь гаран өвчиндөө дэмийрч байгаа Тулуйг асарсаар нэг мэдэхнээ
үүр цайсан байлаа. Үүр дөнгөж хаяаран гэгээ тэмдгэрч байх үед Тулуй эзний бие арай
тэнхэрч орноосоо өндийн, халуун цай оочлохтойгоо болоход, сая арайхийн дотор уужирлаа.
Өглөө хааны их гэрээс хүн ирж, мөн хааны бие чилээрхэн шөнөжин унтаж чадахгүй халууран
дэмийрч байна гэсэн хэл дуулгав. Хоёр газар зэрэг зэрэг өвдсөн эцэг хүү хоёр чухам юуны
учир ингэж хараал жатга туссан мэт гэнэт алжаав гэсэн асуулт хүн бүрийн толгойд бууж
байлаа. Тулуйн бие үүр цүүрээр арай дээрдсэн боловч үд дунд дахин халуурч, ямар ч эм тан
өгсөн ч тусыг олсонгүй. Ингэж бүтэн шөнө хагас өдөр өвдсөн эцэг хүү хоёрыг харан гайхаш
тасраад байсан хүмүүст эцсийн ганц найдвар байсан нь бөө удган дуудан тэнгэртэй яриулан
хариуг асуух байлаа. Үдээс хойш бөө нар Бурхан халдун уулын ойролцоох овоон дээр гарч
тахилга ёсон үйлдлээ.

- Мөнх хөх тэнгэрээс асууя Мөрөн гол уул уснаас асууя Хаан эзний биеийг чилээж

Хайртай хүүг нь хамт хөтөлсний учир юу вэ? хэмээн сүрлэг дуугаар тэнгэр, газар, уул, усыг
доргитол цан хэнгэргээ дэлдэн асууж эхлэв. Энэ чимээнээс холгүй Өэлүн эх, Бөртэ хатан
болон их хааны хөвгүүд хатад цуглажээ. Тэсэхүйеэ бэрх ам нь ангаж, дагжин чичирч,
халуундаа дэмийрэн шатах нөхрөө харсаар туйлдаж ядарсан Сорхугтани тэдний дунд
зогсоно. Хэдэн цаг цамнан бууж бөөлсний дараа онго тэнгэр морилон бууж саатаад буцлаа.

- Хааны биеийн чилээг илааршуулахад, халуун амь таслах хэрэгтэй. Ариун эзний биеийг
эдгээхэд, амьсгал нийлэн буй алтан ургаас өглөг өг гэсэн хачин жигтэй хариу сонсогдож, хүн
бүр уг үгний утгыг ухан бодож, алтан ургийн амьсгал нийлсэн эр хүнийг хэн болохыг таах
гэж оролдоно. Харин энэ үгийн учрыг тайлсан бөө "Халуун амьсгал нийлсэн" гэдэг нь чухам
одоо хаантай зэрэгцэн халуундаа шатаж, амьсгал тавих шахам байгаа Тулуйн тухай өгүүлж
буйг хэлэв.

Сорхугтани Бурхан Халдуны зүгт хараад сөхрөн уналаа. Яасан их уй гашуу, яасан дуусдаггүй
хагацал харуусал билээ. Их хааны төлөө амиа өргөхөөр эр нөхөр нь төрж, халуун хайраа
өгсөн хатан миний өврөөс ч бас тасран алдуурах учиртай байсан юм гэж үү гэх халаглал
цээжин дотор нь шатаж байлаа.

Сорхугтани Бурхан халдун өөд сөхрөн суусан хэвээр:

- Авралт тэнгэр, асар мандах наран, мөнхөд ногоон газар шороо, тунгалаг ариун усан минь
сонс. Халаглахыг минь сонс. Харууслыг минь сонс. Хаан эзэн үгүй болбоос хамаг Монгол
эзгүй болму. Эр нөхөр минь үгүй болбоос эрхбиш би ганцаараа бэлэвсэн үлдмү. Хэрхэхийг
тэнгэр танд даатгая хэмээгээд цурхирлаа. Онго тахилгын ёслол дуусч хүмүүс өргөөндөө
эргэн ирэх үед хаан эзний бие ч, Тулуй ноёны бие ч овоо дээрджээ. Хоёр эзний бие дээрдсэн
болохоор тахилгын үеэр яригдсан яриа ч замхарлаа.

Харин бүрий болж байхад Сорхугтани хатныг Чингис хаан дуудуулж байна гэсэн хэл ирэв.
Өнчрөл хагацал нүднийх нь өмнө харуулж, түүнийг дайран өнгөрөх гэж байсан эрлэгийн элч
хажуугаар нь өнгөрчээ. Бурхны авралаар эр нөхөр нь ч тэр, хаан эцэг нь ч тэр эсэн мэнд
үлдлээ. Сая нэг тайвширсан хатны ухаан санаанд бөөгийн хэлсэн үг Бурхан халдун уулын бэл
хормойн салхитай хамт хүүгэн сонсогдсоор л байх шиг. Ямар учиртай юм бол. Түүний үгийг
тэнгэр сонсон болгоов уу. Чингис хааны орд өргөө рүү алхан явахдаа Сорхугтани ийн
бодлогоширсоор явлаа.

- Хаан эзэн үгүй болбол хамаг Монгол эзгүй болно Тулуй эзэн үгүй болбол ганц би бэлэвсэн
үлдэнэ гэж
цурхирсан үгийг чинь сонслоо. Хаан хүний хувьд баярлаж байгаа ч эцэг хүний хувьд гайхаш
тасарлаа. Эрээ үгүй болгохыг хүсэх эм хүн гэж хэн сэн билээ гэх Чингис хааны асуулт
түүнийг угтав. Сорхугтани хааны өмнө сөхрөн суугаад:

- Эр нөхөртөө би үнэнч билээ. Эрх хонгор хүүдээ хайртай билээ. Гэвч гол харлуулан ирсэн
энэ мэдээг сонсоод алийг нь сонгох вэ гэж ахин ахин асуух шиг болоход, өөрийн дотроос
үнэнийг хайсан минь тэр билээ. Эм хүний хувиар түшиж тулах нөхөр минь надад чухал ч,
эзэнт улсын хувьд засаж залах хаан эзэн хэрэгтэй тул өөрийн хүслийг тэвчин энэ үгийг
хэлсэн юм хэмээн эрсхэн хэлэх ухаант бэрийнхээ үгийг сонсоод Чингис хаан:

- Өөрийн хүслийг тэвчин байж, энэ үнэнийг хэлсэн гэв үү. Бэр минь тэр нэгэн өдөр би
чамайг буруу таниагүй болохоо олон зүйл дээр харлаа. Өврөөс минь тасарч алган дээр минь
өсөөгүй ч, чи миний охин үрээс өөрцгүй бэр минь юм. Үүнээс хойш өөрийн амьдрал, эр
нөхөр, үр хүүхдэдээ энэ мэт ухааны үнэнийг илтэд таниулж яваарай хэмээн захилаа.
Сорхугтани хаан эзний хайр хишиг мэт сайхан үгийг сонсон, сэтгэл тавирах үед:

- Энгэсэг оо тавихаас эрдэм оюуныг илүүд үздэг чамд би нэг зүйл өгье гээд бийр янтай
гарган ирж барилаа.

- Чанчун бумбын хэрэглэж байсан бийр янтай тул үүгээр ихийг бичиж, олныг сийрүүлж
үлдээгээрэй. Би хэдийгээр тэр хүнтэй уулзаж үг сольж байсан удаа үгүй боловч хэзээ нэгэн
өдөр уулзан учирч хорвоогийн явдлыг тольдох болно гэж боддог юм гэлээ.

Үзтэл эртний мэт харагдах энэ бийр янтай тун ховор чамин эд ажээ. Чанчун бумба гэх тэр
бичгийн их хүн тал нутагт урьд өмнө ирж байгаагүй ч Чингис хааны суу алдрыг магтаж,
ухаан билгийг нь үнэлэн, өмнөд Сүн улсын Бумбын шашны лам тэрбээр бийр янтайгаа
Чингис хаанд бэлэг болгон илгээсэн ажээ.

- Эр хүн уул мэт нөмөртэй ч эмтэрч нурах нь амархан байдаг тул голомт залгах хүүг минь
өргөж, ач нарыг минь гар ганзаганд, хөл дөрөөнд хүртэл асарч хамгаалан суугаарай. Тулуй
нөхөр чинь аян дайнд мордон, тулгар төр минь эзгүй байх аваас хатан ухаанаараа төрийг
залж, голомт юуг минь хамгаалж байгтун хэмээгээд хаан эзэн Чанчун Бумбын илгээсэн бийр
янтайг алган дээр нь зөөлөн тавихад, зүүдэндээ алтан хайрцаг олохдоо сониучирхан харж
байсан хүүхэд нас шигээ соньхноор ширтэн буй Сорхугтанид хааны энэ үг хичнээн сайхан
сонсогдоно вэ. Яг л тэнгэрт байгаа эжий аавтайгаа уулзсан мэт, тэд л түүнд хэлж болох
ерөөлийн сайхан үгс байлаа. Элэг зүрхийг нь өмрүүлэн сонсогдох энэ сайхан үгс
Сорхугтанийн сэтгэлийн утсыг нэг нэгээр нь товшин байх шиг зөөлөн хөвөрч байлаа.

Хааны өргөөнөөс гарч яваад Өгөөдэйн хатан Мүгэгийн гэрийн хажуугаар өнгөрөхдөө
Сорхугтани гэнэт Дөргөнө хатан шивэгчин Амугаар урд шөнө түүнд хэл хүргүүлснийг санав.
Мүгэгийн өргөөний гадна чагтага хатгажээ. Учир явдлыг тааж мэдээгүй тул хэвтүүлээс юу
болсныг лавлахад:

- Мүгэ хатантан бие чилээрхсэн тул хүн оруулахыг хориглов хэмээлээ. Өргөөндөө орж ирвэл
Ашидтөмөр тогооч хатны оройн хоолыг бэлтгэснээ авчран барилаа. Сорхугтанийн хувьд
хорвоо дээр үлдсэн хамгийн дотно хүн нь Ашидтөмөр мэт санагдах болжээ. Өсөх наснаас цаг
үргэлж дэргэд нь байж, балчир ахуй насандаа хамт тоглон, бүдэрч унахад нь түшин босгож,
уйлж суухад нь нулимсыг нь арчиж явсан энэ эрхэм хүнийг Жаха Хамбу аав нь Тулуйн эхнэр
болоход хамт өгсөн. Ашидтөмөрийн гэр бүл дайн самууны хөлд үгүй болж, тэр хоёр хорвоо
дээр эзэн, зарц боловч биеэ түшихээс өөр аргагүй хүмүүс болсон сон. Харин одоо хайртай
нөхөр Тулуй, буурч Ашидтөмөр хоёртой эн зэрэгцэн бас нэгэн хүн хорвоо дээрх түшиг
тулгуур нь болж, зүрх сэтгэлд нь ойртон ирсэн нь их эзэн Чингис хаан байлаа. Хэдхэн
хормын өмнө сонссон хааны хэлсэн үгс одоо хэр чихэнд нь сонсогдон байх шиг санагдана.

- Мүгэ хатан бие чилээрхсэн гэнэ. Өвчин нь халдвартай тул хүн оруулахыг цээрлэн олс
татжээ гэсэн Ашидтөмөрийн үгийг сонсоод Сорхугтани гайхлаа.

- Халдвартай гэнэ ээ?

- Биеэр нь улаан эрээн юм туурч тэсэхүйеэ бэрх загатнан байгаа тул халдвартай байж магад
гэж оточ айлдсан байна.

Сүүлийн ганц нэгхэн хоногийн дотор хааны ордонд хүмүүс гэнэт өвчин тусаж гэнэт зүгээр
болоод байгаагийн цаад шалтгааныг хэн ч үл тааварлана. Гайхаш төрүүлсэн хэдэн өдөр ард
үлдэж Мүгэ хатан ч бие нь илааршиж, хэвэндээ орсон байв. Ордныхны дам яриаг сонсож, хов
жив тарааж явдаг шивэгчин хүүхнүүд:

- Мүгэ хатан хараал чагтага хийж, хэн нэгнийг хорлох гэж байгаад хорондоо өөрөө хордож
өвдсөн гэсэн цуу тараасан байлаа. Харин энэ ярианы учир хожмын өдөр Өгөөдэйн хатан
Дөргөнөтэй ярилцаж суухад тайлагдах шиг болжээ.

Тэр нэгэн өдөр Мүгэ хатан өөрийн бөө зайранг сэм дуудан хэлэлцэж байгаад Сорхугтанийн
нөхөр Тулуйн биед шившлэг илгээн хэрхэхийг харъя гэснээс үүдэлтэй ажээ. Тулуй ноён
тэгтлээ халуурч өвчиндөө шаналан ээрч байхад эцэг хаан нь даган өвдсөн нь зөн билгийн
хүчээр голомт залгах хүүгээ аврах гэсэн байж ч болох юм. Хааны хүч, бодь сэтгэл Тулуйн
амийг аварсан юм болов уу. Дараахан нь Мүгэ хатан хамаг бие нь хавдан улайж, загатнан, хөл
хорио тогтоож байсан нь атгаг санаа нь хар толгойд нь буусан хэрэг гэж тэр таамаглаж буйгаа
хэлжээ. Ямартай ч гэсэн учир битүүлэг өдрүүд ард үлдэв.

Нэг хааны хатад эвтэй байх нь ховор тал нутагт, нэг эрийн сэтгэл зэрэг харан хүлээж байдаг
хатад бие биедээ сайнгүй байх нь олонтаа учир Сорхугтани энэ ярианд нэг их ач холбогдол
өгсөнгүй тэгсгээд орхисон байв.

Даруй хэдэн жил өнгөрч Сорхугтани Тулуй эзэнд гурав дахь хүүг нь төрүүлж өгсөн баярт
өдөр нэгэн их нүүдэл Аурагт ойртоно. Дөнгөж төрсөн нуган үрээ хараад "Гурван хүүгийн
эцэг болов, би" хэмээн баясан байсан Тулуй ноён тооноор тусах наран зүг хүүгээ харуулан,
хүүдээ Хүлэгү гэж нэр хайрлан байх ахуйд тэдний орд өргөөний гадаа их нүүдэл хүрч ирлээ.
Энэ бол Жүрчидэйнхэн ирсэн хэрэг байв. Жүрчидэй гэх энэ нэр Сорхугтанид айдас
төрүүлэн, нуруу өөд нь хүйт даах шиг болов. Газар дэлхийг тэр аяар нь ганхуулж орхисон тэр
хүнийг Сорхугтани хэрхэн сайхнаар хүлээж авах билээ. Эцгийг нь алж, эгчийг нь авсан
хүнийг тэр ахин харах гэж байна. Хичнээн сэтгэлдээ бэтгэрэн санаж байсан ч Жүрчидэйг
даган үг дуугүй одсон Ибагад тэр хэрхэн хандахаа мэдэхгүй байлаа. Дөнгөж төрсөн нялх
биетэй тул Сорхугтани гадаа гарч эгчийгээ тосон авч чадсангүй. Их нүүдэл ирж хүмүүс гадаа
гангар гунгар ярилцсаны дараа арван нэг хоёр насны, чацуухан хоёр охин дагуулан орж ирсэн
эгчийгээ тэр харлаа. Ибага жаахан намба сууснаас өөр өөрчлөгдсөн зүйлгүй царай зүс нь
сайхнаараа харагдана. Бүсээ ялимгүй дээш бүсэлсэн байгааг харвал хэвлийдээ дахин нэг
хүүхэд тээж яваа бололтой. Нүднийх нь доогуур жаахан сэлхэг сууж, доод зовхи нь
хөхөрснөөс өөр өөрчлөгдсөн зүйлгүй мэт харагдах нь олон хоногийн нүүдэлд ядарсны шинж
бололтой. Хажууд нь зэрэгцэн зогсох хоёр охин тэдний бага насыг өөрийн эрхгүй
санагдуулна. Өөдөөс цолгиун харах охидын нүд "Бидний нагац эгч ийм хүн байдаг юм уу"
гэсэн янзтай сониучхан харна. Халуун элэгтний санасан сэтгэлийг яалтай билээ. Сорхугтани
эгчийгээ инээмсэглэн тослоо.

Удаан уулзаагүй эгч дүү хоёрт ярих зүйл их байсан ч хаанаас, юунаас эхлэхээ мэдэхгүй биесээ
харж хэсэг суулаа. Эгч нь нүүр хагарч, өөрийн сайхан амьдарч байгаа, Жүрчидэй эгчийг нь
хэрхэн хайрлан урьдын явдлыг мартагнуулсан хийгээд, тэнгэрийн оронд байгаа эцэг эх, ах
дүү нараа дурсан санаж явдгаа хэлэхдээ эгчийнх нь хоолой зангирав. Сэтгэл эмтрэн, хайртай
аав ээжээ санагалзсан Сорхугтани:

- Танд эцгийгээ алсан хүний өвөрт хэвтэх хэцүү байдаг уу гэж нэг мэдэхнээ асууж орхив. Энэ
санаандгүй асуулт Ибагагийн нуруун дундуур хүчтэй цохиод авах шиг болсонд хамаг бие нь
сулран хэрхэн юуг хэлж өгүүлэхээ мэдэхгүй салгануулав. Энэ зуур дөнгөж нярайлсан
Сорхугтанид мэнд мэдэхээр Жүрчидэй орж ирлээ. Хэзээний л том цагаан шүдээ ил гарган
дандаа инээж явдаг энэ талын монгол эрийн царайд тэртээгээс хөвөрсөн гэмшлийн өчүүхэн
сүүдэр бараантан байсан хэдий ч нэгэн гэр бүлийн халуун гишүүнтэйгээ уулзан буй мэт
баярын цог давхар гэрэлтэж байлаа. Нээрээ л цаг хугацаа усны урсгал шиг бүгдийг
мартагнуулдаг юм уу гэж бодохыг хүссэн ч, Жүрчидэйг харж буй Сорхугтаний цээжин
доторхи эмзэгхэн хөндүүрээс нь ямархан нэгэн хүчтэй зүйл нудран авах шиг болж ёгхийлээ.
Жүрчидэй Сорхугтанид хүндэтгэл илэрхийлээд:

- Эсэн мэнд амаржиж дахин нэг хүү Тулуй ноёнд төрүүлэн өгсөнд тань баяр хүргэе. Шинээр
төрсөн хүү чинь хаан өвгийнхөө суу алдрыг тэнгэр, газарт мөнхлөх болтугай хэмээн ерөөгөөд
хурганы арьсаар хийсэн шинэхэн баривчийг гар сунган өглөө.

Энэ бол Жүрчидэйн хувьд хатанд илэрхийлж буй хүндэтгэл байлаа. Гэвч орон дээрээ өндийн
суусан Сорхугтани чимээгүйхэн доош харлаа. Тэр ямар нэгэн хариу эс өгүүлэв. Жүрчидэйн
өөдөөс нь барьсан баривчийг ч авсангүй. Сорхугтанийн энэ байдлыг ажиглан харж байсан
Жүрчидэй хурганы арьсан баривчийг хүүгийн хажууд тавиад:

- Эгчийн чинь сэтгэл гэгэлзээд байхаар удаж чадсангүй нүүн ирлээ. Амар мэндийг тань
мэдэх гэж орж ирсэн юм. Бие тань чилээрхүү байх тул би ингээд гаръя даа хэмээгээд өндийн
бослоо. Сорхугтани үг хэлсэнгүй. Эгч Ибага болон охид нь хэрхэхээ мэдэхгүй тэднийг
ажиглана. Их хааны зарлигийг Жүрчидэй хэрхэн зөрчих билээ. Нэгэн цагт эзэн хаандаа
үнэнч явсныхаа төлөө нэг насаараа элгээ харлуулж яваа хөөрхий эр тайвшралыг олох
болоогүй ажээ. Өөрийн гараар хөнөөсөн хүнийхээ охинтой халуун амьсгалаа зангидсан нь
түүний хүзүүнээс өнөө хүртэл зүүсэн бул хар чулуу болж, өдгөө ч улам бүр доош татан байх
шиг ээ. Уг нь цаг хугацаа усны урсгал шиг бүгдийг угааж болдогсон.
Тэднийг гарсны дараа Сорхугтани гүн бодолд автжээ. Үнэгчлэн буй хүүгийнх нь хажууд
жижигхэн баривч харагдана. Тэртээд үлдсэн хүндхэн өдрүүдийн дурсамж, зүрх сэтгэлийнх
нь хамгийн эмзэгхэн газрыг хөндөн, улам бүр лавшруулан чангаах гунигтай мэдрэмж төрж,
тэнгэр болсон аав ээж нь нүднийх нь өмнө тодрон харагдах шиг.

Хөөрхий эцэг нь Жүрчидэйн гарт хэрхэн амиа алдаж байсныг төсөөлөн бодохуйд гол зуран
ирэх гаслан юутай аймшигтай вэ. Хажуудаа үнэгчлэн унтаж байгаа хүүгээ харвал тэр
тэнгэрийн элч аятай тайван амгалан нойрсоно. Амгалан нойрсохоос ч өөр яах билээ. Өвөг
эцгийгээ алсан хүнийг тэр мэдэхгүй. Түүнийг төрөхөөс өмнө энэ газар шороон дээр юу болж
байсныг мэдэхгүй. Мэдэхгүй байхаас ч яах билээ. Эх үрийн үл үзэгдэх холбоогоор холбогдон
хүйгээ тасдаж төрсөн ч, хүний үр эхийнхээ сэтгэлийг мэддэг бил үү. Хүн гэдэг зарим нэг
зүйлийг мэдэхгүй өнгөрөх нь дээр ч юм шиг санагдана.

Сорхугтани хэсэг зуур юу ч бодохгүй байж өөрийгөө тайвшруулахыг хичээлээ. Амьсгаагаа нэг
гүнзгий аваад сууж үзлээ. Гэвч бодол гэдэг жолоогүй. Ар араасаа хөврөх их бодлын дундуур
"Жүрчидэй яах гэж орж ирэв дээ. Надтай мэнд мэдэхээр орж ирээгүй байсан бол би түүнд
гомдохгүй байлаа" гэж бодогдоно.

Орой нар хэвийсэн үед өргөөний гадаа олон хүний дуу чимээ гарч, хааны хэвтүүлүүд өргөөг
хүрээлэн авч байраа эзэлж байгаа нь сонсогдлоо. Өргөөний гаднаас ийм дуу чимээ сонсогдох
нь хаан, хатад залран ирж байгааг илтгэдэг билээ. Хааны хатад олон дагуултай явах нь бий.
Тэдний дагуулууд хаант улсын дотор болж байгаа аливаа хэрэг бүхнийг өөрийн эзэддээ
дамжуулах үүрэг бүхий нүд чих нь болсон хүмүүс бөлгөө. Чингис хааны бусад хатдыг бодвол
Бөртэ хатан үнэнч цөөн дагуултай явдаг. Гэрийн эсгий үүдийг алгуураар нээхэд өндөр
богтого малгай, алтан товч, саатай эмжээртэй ууж өмссөн Бөртэ хатан эх орж ирлээ. Хатныг
орж ирэхэд өргөөнд байсан зарц шивэгчид бүгд доош сөхрөн суужээ.

Сорхугтани босон хатан эхийн өөдөөс очин гүн хүндэтгэл үзүүлэн амар мэндийг нь мэдсний
дараа хатан дээш суулаа. Тэр гараараа дохихуйд хоёр шивэгчин мөнгөн бүслүүрт алтан
шармал хээ бүхий домботой цай, ангийн арьс, мөнгөн бүс зэргийг царан дээр тавин ойртож
ирлээ. Хатан эх тэднийг ширээн дээр тавиулаад,

- Эмэг эх нь ач хүүдээ азтай яваг гэж ангийн олз, тэнгэрт тэтгэгдсэн хийморьтой байг гэж
мөнгөн бүс авч ирлээ. Харин би бэрдээ бие тэнхээ нь сайжраг гэж өөрийн гараар цай чанаж
ирлээ гэж хэлэв.

Хааны их хатан өөрийн гараар цай чанан бэрдээ оруулж ирнэ гэдэг хичнээн том хүндлэл
билээ. Сорхугтани өөрийн эрхгүй тэнгэрийн оронд байгаа ээжийгээ бодов. Энэ газар түүнд
гол харлуулсан дурсамж, сэтгэл донсолгосон баярын аль алиныг нь авч ирдэг. Бэр нь болж
үүдээр нь орж ирсэн цагаас Бөртэ хатан Сорхугтанийг онцлон анхаарч байсан удаа бараг
үгүй. Энэ нь Өэлүн эхийн хайр халамжинд бүрэн багтсан нэгэн тул Сорхугтанитай адил энэ
хүний бэр шиг л өөрийгөө төсөөлдөг байсантай ч холбоотой байж магад. Нүдэнд нь нулимс
цийлэгнэн ирсэн бэрээ харсан Бөртэ хатан босон очиж, толгойг нь энгэртээ нааж үсийг нь
илбэлээ. Сааль сүүний үнэр нэвт шингэж дарайсан дээлийн хатуу энгэр биш, хатан хүний
эрхэмсэг торгон уужны хээ шилбэ, алтан товчтой энэ энгэр түүнд эхлээд харь холын мэт
санагдаж байснаа алгуураар элгэмсэн санасан сэтгэлд нь дотно санагдаж эхэллээ. Бөртэ
бэрийнхээ үсийг үнэрлээд,

- Охин минь цайгаа халуун уу. Дайн дажны хөл үймээнээр чамайг хэрхэн эсэн мэнд
амаржиж байгааг ч анзаарахгүй шахам явлаа. Энэ удаад би өөрийн гараар охиндоо цай барья
гэж зорьсон юм гээд Сорхугтанийн хажуугаар үнэгчлэн нойрсож байгаа ач хүүгээ авч, духан
дээр нь үнэрлээд,

- Эр хүн. Эцэгтэйгээ адилхан ч юм шиг гэж хэлээд инээвхийлэх нь харагдана. Хүлэгү нээрээ
л эцэг шигээ тал нутгийнханд байхгүй хөнхөр нүд, өндөрдүү хамартай. Боровтор царайтай
хүү болох нь илт. Бөртийн хэлдгээр тэр үнэхээр эцэгтэйгээ адилхан төрхтэй юм шиг
санагдана.

- Эгч чинь нүүж ирсэн нь сайн хэрэг болж дээ. Олон жил хол явлаа даа гэхэд Сорхугтани
эгчийнхээ тухай бодохтой хамт түрүүн өргөөнд нь орж ирсэн Жүрчидэйн тухай бодол харван
орж ирэв. Сэтгэл доторх таагүй дурсамж нь сэргэсэн тэрээр "Хол явсан нь дээр ч байсан
байж болох юм" гэж нэг мэдэхнээ дотроо бодсоноо хэлчхэв. Түүний хэлсэн үгнээс бэр нь
Жүрчидэйг одоо болтол уучилж чадахгүй байгааг хатан эх мэдлээ. Бөртэ хатан санаа алдаад
хэсэг чимээгүй суулаа. Сорхугтани хатан эхийн энэ нам гүм байдал дунд "Би дэмий ч юм
хэлчихэв үү дээ" гэж бодов. Хатан эх өргөөнд байгаа зарц шивэгчдийг гарахыг дохих төдийд
тэд зэрэг босч, хатан эхэд хүндэтгэл илэрхийлээд хойш ухарсаар гарч явлаа. Хатан чимээгүй
хэсэг суув. Дөнгөж төрсөн хүүхдийн хааяа үнэгчлэн өмөлзөхөөс өөр чимээ анир үгүй. Өргөө
нам гүм. Хатан эх гүнзгийгээр санаа алдаад,

- Сая их хуралдай дээр эзэн хаан Есүй хатны хэлснийг санан, хаан ширээнд суух дараагийн
хүн хэн байхыг сонгон хэлэлцэх үеэр... хэмээснээ чимээгүй болов.

Бөртэ энэ үгийг хэлэхдээ хоолой нь зангирч:

- Зүчи, Цагаадай хоёр ёсгүй үгийг хэлэлцэн, хаан эцгийнхээ сэтгэлийг тавгүйтүүлж, хатан эх
миний зүрхийг шархлууллаа. Ингэж хэлээд хатан эх өөрийгөө тайвшруулахаар хүчилж буй нь
илт, амьсгалаа зөөлөн гаргах төдийд нүдэнд нь нулимс хурсан харагдахад

Сорхугтани саяхан хэрэггүй үг хэлсэндээ гэмшиж суусан бол, Бөртэ хатан эх өөр зүйлийн
тухай санаашран байгааг ойлголоо. Яахаа мэдэхгүй дахин ямар нэгэн үг хэлэхээс
болгоомжлоно. Өргөөнд нам гүм. Гэнэт хүү нь сэрж өмөлзөн уйллаа. Бяцхан хүүгийн уйлах
чимээнээр Бөртэ хатан эхийн шаналсан царайд алгуураар инээмсэглэл тодрон хүүг хараад,

- Чанга дуутай хүү байна. Хүүхэд багаасаа л мэдэгддэг юм... Сонин юм шүү. Зүчи, Цагаадай
хоёр тэрсхэн өссөн болоод ч тэр үү муудаж, маргалдах нь их байсан. Том болсон ч хэвээрээ
шүү гээд уйлж байгаа хүүг дээш өргөн тэврэх зуур царайд нь инээмсэглэл улам тодрон хүүг
өхөөрдөн духан дээр нь үнсээд:

- Харин Өгөөдэй Тулуй хоёр хоорондоо багаасаа л эвтэй тоглодог. Өгөөдэй дүүгээ дандаа
хамгаалдаг байсан юм. Нэг удаа Тулуй нохойд хазуулахад Өгөөдэй дүүгээ өмгөөлөн нөгөө
нохойг чулуугаар нүдэж алдгийн даваан дээр Зүчи ах нь загнаж болиулсан юм.
Бөртийн сэтгэлд хурсан гуниг алгуураар замхран байх шиг анзаарагдана. Хатан цааш
үргэлжлүүлэн,

- Харин Өгөөдэйн хүү Гүюг, танай хүү Мөнх хоёрыг ажихад тэр хоёрын бага нас өөрийн
эрхгүй санагддаг. Үргэлж л хамт тоглож байгаа харагдах юм. Гүюг их хөдөлгөөнтэй хүүхэд.
Том болоод баатар эр болох байх аа. Танай том Мөнх Гүюгийг дагаж тоглодог ч, хааяа
зөрүүдлэн өөрийнхөөрөө байгааг нь харвал том болоод өөрийн гэсэн бодолтой хүн болох
байх гэж би боддог юм. Харин Гүюг, Зүчийн хүү Баттай таарамжгүй. Энэ хоёр нэг л эв зүйгээ
олохгүй харагдах юм гэхэд Бөртэ хатны үгийг анхааран сонсож суусан Сорхугтани:

- Би ч бас хүүгээ өөрийн гэсэн бодолтой хүн болох болов уу гэж бодож явдаг юм. Хатан эх
үүнийг анзаарчээ. Сүүлийн үед хүүхдүүддээ бичиг заалгаж ном эрдэмд шамдуулах хүсэлтэй
болоод байна. Бийр янтай барьж хичээн суухуйд сэтгэл цэгцэрч, сэлэм барьж дайтаж
сурахуйд бие цэгцэрч, судар уншиж эрдэм сурахуйд ухаан цэгцрэх болов уу. Бие, хэл, сэтгэл
гурав цэгцэрсэн хүн хаант төрд хэрэгтэй болов уу гэж сэтгэх юм.

- Чиний хэлдэг үнэн. Даанч Елүй Чуцай хаан эзнийг даган маргааш Сартуулд дайтахаар
явах гэж байдаг. Харин би түүнд хэлж эрдэм номд нэвтэрсэн багшийг урд газраас залан
ирүүлээч гэж захъя. Биеийн эрдмийн хувьд хэрхвэл дээр вэ хэмээснээ, тэрбээр
үргэлжлүүлэн,

- Өэлүн эх, ач нараа санаад байна. Уулзахсан гэж хэлүүлсэн байсан. Хасар хэзээнээс
цэргийн эрдэмд гарамгай тул түүгээр заалгаж болно. Би хэд хоногоос Өэлүн эхэд бараалхана.
Тэгэхдээ том хүүг чинь аваад явъя. Чи биеэ тэнхрүүлээд хүүгээ эргэхдээ Өэлүн эхэд
бараалхана биз гэж хэллээ. Хатан эх гарахаар өндийхөд Сорхугтани түүнийг үдэж өгөхөөр
даган бослоо. Хатан эх:

- Гадаа бүрэнхий болсон байна. Нялх биетэй чи намайг гаргаж өгсний хэрэггүй. Одоо амар
гэж хэлээд эсгий үүдийг алгуур сөхөн гарахад гэр тойрон зогссон хүмүүс хэвтүүлүүд даруй
цугларан хатанд бараа болон цааш явлаа. Бөртэ хатныг гарч явсны дараа Сорхугтани ихийг
бодлоо. Яагаад хатан эх өөрт нь энэ бүхнийг ярив. Зүрх сэтгэлийнхээ эмзэг хөндүүрт байгаа
тэр зүйлийг энэ олон бэрээс онцлон өөрт нь ярих болсны учир юу вэ. Энэ бүх асуулт
Сорхугтанийг бодолд оруулжээ. "Бөртэ хатан орж ирэхэд миний зовлонгоос хуваалцах нь гэж
бодож байтал өөрийнхөө сэтгэлийг уудлаад явлаа. Зовлон хүнийг ялгадаггүй билээ. Хатан эх
магадгүй надаас ч ихийг туулсан биз ээ. Тэр ингэж орж ирсэн нь өөрийн зовлонгоо миний
өмнө дэлгээд гарах гэсэн хэрэг биш, харин миний зовлонгоос хугаслаад явах шиг боллоо" гэж
бодогдоход сэтгэл нь уужрах шиг санагдлаа. Гаднаас Сорхугтанийн дагуул Ажин орж ирэв.
Жижгэвтэр биетэй, гав шавхийсэн хөдөлгөөнтэй, үсээ хоёр салаа сүлжин унжуулсан, нууц
давхраатай онигор бор нүдтэй энэ эмэгтэй, Жаха Хамбу эцэг нь Сорхугтанийг Чингис хаанд
өгөхөд инжинд ирсэн хүмүүсийн нэг. Хатны дагуул хүн бол ах дүү, төрөл садан байхгүй,
өөрийн амьдралыг зохиохгүй, зөвхөн эзэндээ үнэнчээр зүтгэх нүд чих нь байх ёстой. Гаднаас
орж ирсэн Ажинг харсан Сорхугтани:

- Чи хаана байж байгаад ирэв?

- Хатантан танд бараалхсан болохоор би гадаа зогсож байгаад явахаар нь орж ирлээ.
- Гадуур юу болж байна?

- Маргааш аян дайнд мордох хүмүүс бэлтгэлээ базаагаад шөнө унтахгүй юм шиг байна даа.
Хаа сайгүй хүмүүс хөлхөн, хөл хөдөлгөөн болж байна.

- Ажин, чи одоо явж болно. Маргааш явах Тулуй эзний гэр тэрэг, ачаа барааг бэлтгэж байгаа
хүмүүсийг шалгаад, эзнийхээ замын хүнс сэлтийг бэлтгэж хоно гэж хэллээ.

Монголын талд шөнө дөл болжээ. Шөнийн тэнгэрт анивчих оддын адил газарт бууриа зассан
айл бүхний тулганд гал бадамлан асна. Их чимээний өмнөх нам гүмийг санагдуулам, энх
амгалангийн дундуур төрөн буй түгшүүр, тулганд ассан гал шиг хүн бүхний зүрхэнд асна.
Ийм л шөнө хаад хатдаас эхлээд харц ардууд ч нойр хулжин үүр цайлгадаг. Айл гэр, өрх бүл
бүхэн нэгэн хүнээ дайнд үдэж, хэзээ ирэхийг нь мэдэхгүй хайртай дотно хүмүүсээсээ олон
жилээр хагацан салах гэж буйг мэдрэн байгаа, энэ нам гүм шөнөөр бүгд л аян замын хоол
хүнс, ачлага уналгаа зэхэн байна. Сорхугтани хүүгээ тэврэн бодолд автан суухад гаднаас
Тулуй орж ирлээ. Зөөлөн нүд, угалзан хамар, өтгөн хөмсөг, живэр сахалтай тэрээр дайн
дажны тухай сэтгэл зовиносон шинжгүй том цагаан шүдээ яралзуулан инээж харагдана.

- Ээж минь морилон ирсэн гэнэ ээ гэсээр гаднаас орж ирсэн Тулуй хатныхаа сэтгэл санаа
сайнгүй байгааг анзаарлаа.

- Юу болоо вэ. Царай чинь тавгүй харагдана. Эгчийгээ бодоод ингэв үү, аль эсвэл хатан эх
чамд гээд үгээ төгсгөлгүй хатнаасаа асуусан янзаар харлаа.

Сорхугтани хөвөрсөн бодлоосоо салж, нөхрөө харан найрсаг сайхнаар инээмсэглээд:

- Нойр хулжаад унтаж чадахгүй нь. Таныг маргааш мордуулах тул санаа зовинон сууна гэж
хэлэв.

- Юунд нь санаа зовох билээ хатан минь. Би ямар анх удаагаа дайнд явах гэж байгаа биш гэж
хэлэнгээ хүүгийнхээ духан дээр нь үнсээд,

- Энэ амьтныг их санах байх даа. Ээж хүүг минь хараад хэнтэй адилхан байна гэж байна
хэмээн асуув.

- Тантай л адилхан юм гэж байна. Би таныг явсны дараа Мөнхийг Өэлүн эхийнд хүргэж өгье
гэж хатан эхтэй ярилаа. Ач гучаа санаад байгаа сурагтай

- Тэг дээ. Намайг явахаар Өэлүн эхэд хүргүүл. Эмэг эх минь миний хүүг харах сан гэж хүсч
байгаа биз ээ гэлээ.

Тулуйн өргөөнд ийм яриа болж байхад Их Аурагт шөнө дөл болсон хэдий ч их ажил
үргэлжилж байв. Хаа сайгүй хөлхөх хүмүүс маргааш гарах аян замын бэлтгэлээ базааж, шөнө
дөл болсон хэдий ч энд тэнд түүдэг гал асаасан тул өдөр шиг гэрэлтэй. Тулуй хатнаа
унтахгүй бодол болон байгааг анзаараад,

- Чи минь унтаж амар. Нялх биетэй хүн нойргүй хоновол маргааш ядарна.
- Би унтаж байна. Харин маргааш замд явахаараа та унтаж амар.

- Унтаж байна гэнэ шүү. Унтаж байгаа хүн ярьдаг болоо юу? гээд Тулуй Сорхугтанийн үсийг
илэнгээ:

- Элдэв зүйл бодож эгчийгээ гомдоох хэрэггүй болов уу. Өөрийг нь зорин ирсэн хар
элэгтнийг ч тосон авах ёсон бий. Чамайг зорин зүтгэж ирсэн ганц эгч чинь шүү дээ гэж
хэлээд хатнаа энхрийлэн үнслээ.

Өглөө болж нар манджээ. Аурагийн ойр орчмоор олон хүн цуглаж, их цэрэг байраа эзэлжээ.
Эгнэн зогсох цэргүүдийн төгсгөл харагдахгүй. Тэрэг тэргээр ачаа бараа зэхсэн, тэмээн
жингийн урт цуваа зах нь харагдахгүй үргэлжилнэ.

Удалгүй их цэрэг хөдөллөө. Алгуураар алслах энэ их нүүдлийг холоос харахад нэгэн их хот,
нэгэн их газар тасран явж байгаа мэт. Талын элгэн дээрээс тасран явж байгаа энэ их нүүдэл,
элэг нэгтний хагацал мэт эмтрэн алсарч байлаа. Хайртай хүмүүстэйгээ хэдэн жилээр ч
уулзахгүй явах энэ салалт гунигтай авч эзэнт улсын оршин тогтнох үндэс өнөөхөндөө үүнээс
өөр үгүй.

Өрсөж дайтахгүй л бол хэзээ нэгэн цагт бусдад эзлэгдэх гунигт тавилан хүлээж байдаг энэ
цагт тэд эх нутаг, ижий аав, амраг хань, алаг үрээ орхихгүй гээд яах билээ. Хэдэн жилийн
амар амгалан, дахин хэдэн жилийн хүлээлтээр солигдлоо. Тэдний ингэж явах нь өөрсдөөс нь
шалтгаалсан хэрэг бус. Чингис хааны элч болох дөрвөн зуун тавин хүн, таван зуун тэмээ
ачааг Хорезмын вант улсын хилийн нутаг Отрар хотод орж ирэхэд нь тосон алж, ачаа барааг
нь дээрэмдэн булааж, доромжилсон эмгэнэлт хэрэг гарсан байв. Энэ аймшигт хэрэг явдлыг
Каир хан буюу Иналчукийн заавраар гүйцэтгэсэн болохыг мэдсэн Чингис хаан итгэл эвдсэн
энэ улсад дайн зарлах шалтгаан эндээс тавигдсан байлаа.

Сэтгэлд баяр гийсэн өдрүүд хүний амьдралд тийм ч олон тохиодоггүй билээ. Харин тэр цаг
хугацааг л өөрийн амьдралд тохиох бүрийд хайрлан өнгөрүүлэх учиртай болов уу. Нэгэнт эцэг
эх нь өөд болон өнчрөлийн зовлонг гаталж явсан Сорхугтани одоо эгчтэйгээ ойр амьдрах
боллоо. Хэдийгээр анх уулзахдаа хатуу үг хэлэн элгийг нь эмтэлсэн ч энэ нь түүнээс асуух
ёстой үг байсан гэж тэр бодно. Харин Ибага эгч хүний ёсоор ордны тогооч шивэгчдийн гарыг
ч хүргэлгүй нялх биетэй дүүдээ хоол унд бэлтгэн өгнө.

Ибагагийн сэтгэлд дүүгийнх нь хэлсэн үг хэцүүхэн сонсогдсон ч, өдөр хоног нэг нэгээр
өнгөрөн алсрах зуур тэр хатуу үг сэтгэл дотор нь угаагдсаар байлаа. Ибага нааш нүүн явахдаа
удаан уулзаагүй дүүтэйгээ уулзахаар яаран догдолж, бас нөгөөтэйгүүр сэтгэлд нь үлдсэн тэр
нэгэн үйл явдал цээжин доторх хөндүүрийг нь сэрээж сэмлэхэд газар дээрх ганц дүүтэйгээ
уулзахгүй хаачих гээ вэ хэмээн өөрийгөө хатамжлан байсан.

Зулай зулайгаа гишгэн төрсөн дүүтэй нь хамт өнгөрч одсон амьдрал, хамт амьдарч байсан эр
нөхөр нь болох их хаан, түүний хатад, хөвгүүд, нас өндөр болсон Өэлүн эх гээд олон хүнтэй
хэрхэн юуг хэлж уулзах билээ гэсэн санаа зовоосон асуултууд сэтгэл зүрхийг нь хэмлэн,
өнгөрч одсон өдрүүдийн манан будан руу зулгаан байсан сан.
Тэр зовинлын биеллийг дүүтэйгээ уулзсан тэр өдөр дахин мэдэрсэн билээ. Харин бусад
хүмүүсийн хувьд Сорхугтани шиг эцэг эхээ алдсан их гунигийг тээж яваагүй болохоор цаг
хугацаа гэдэг усны урсгал шиг бүгдийн сэтгэлийг угаадаг жамаар тэд Ибагатай эртний ахан
дүүтэйгээ уулзаж буй мэтээр дотно хүлээн авсан юм. Их хаантай л харин тэр уулзсангүй.
Хааны хатан болон амьдарч идээний дээдийг идэж, торгоны сайхныг өмсөх хувь дутсан ч,
дэргэд нь үргэлж өр төлөөс төлж буй мэт хамт байж, хазайхад нь түшиг болж, халтирахад нь
өмөг болсон эр нөхөр нь байна. Эцгийн гэрт өнгөрүүлсэн бага насных нь дотно өдрүүдийг
сануулдаг хайртай хоёр охин нь байна. Эцэг эхийн буянд ирсэн инж, хүмүүс, эр нөхрийн Уруд
аймаг байна. Тэр юугаар дутах билээ. Төрсөн дүүтэйгээ дандаа хамт байж чадахгүй, эр
нөхрийн замыг даган амьдрах бүсгүй хүн энэ багахан ч гэсэн жаргалтай цаг хугацааг өөрийн
хүссэнээр эдлэх гэсэндээ дүүгээ ийн асарч, хайрлана. Сорхугтанийн хувьд ч талын элгэн дээр
өнчрөн үлдсэн мэт санагдаж байсан тэр нэгэн өдрийн гунигт үүл замхран одож, сэтгэл
зүрхэнд нь ямархан нэгэн хөгжим өөрийн утсаа татан, баясган байх шиг л жаргалтай байлаа.

Алсаас хот айл харагдана. Хүрээ үүсгэн буусан гэрүүдийн дунд нэг цагаан эсгий гэр, харин
түүнийг тойрон хэдэн бор гэр буужээ. Гэр дээр хатаахаар зүсч тавьсан ааруул хурууд
харагдана. Холгүйхэн зэлэн дээрээс гүү сааж байгаа бололтой хүмүүсийн ярилцах нь
сонсогдоно. Хот айлын захад байх жижиг бор гэрийг тойрон хэвтүүлүүд байраа эзлэн
зогсчээ. Энэ бол Өэлүн эхийн гэр байв. Өэлүн эх тал нутгийн эзэн хааны эх хэдий ч идээшиж
дассан эгэл боргил амьдралаа илүүд үздэг нь илт. Тэдгээр гэрүүдийн дунд цагаан эсгийгээр
бүрсэн нэгэн их гэр байх нь Өэлүн эхийн хүү, Чингис хааны дүү Хасарын өргөө байв. Нэгэн
цагт Тэв тэнгэр бөө, Чингис хааныг дүү Хасартай нь эвдрэлцүүлж, ах дүү хоёрын дунд яс
хаяснаас хойш Өэлүн эх хүүгээ аван энд нүүж иржээ.

- Ач гуч минь өсч том болж байгааг бахдан харж байна. Нас өндөр надад үүнээс өөр баяр юу
байх билээ гэх намуухан яриа гэр дотроос сонсогдоно.

Гэрт Сорхугтани хатан, Өэлүн эх, Мөнх гурав байлаа. Өэлүн эхийн бие тэнхээ чилээрхүү,
орноосоо арай ядан өндийсөн бололтой. Тэрбээр Сорхугтанид хандан,

- Хаан эзнээс сураг алга уу гэж горьдлого тээсэн нүдээр харан асуулаа. Сорхугтани хаан
эзнийг аян дайнд явснаас хойш тал нутагт хээрийн салхитай хамт ирж буцдаг үнэн худал нь
мэдэгдэхгүй элдэв цуу яриаг олонтаа сонсож байсан ч, эхийн сэтгэлийг үймүүлээд юу хийх
билээ гэж бодон,

- Хаан эзэн сайн яваа гэсэн. Саяхан элч ирж мэдээ дуулгасан гэв.

Өэлүн эхийн царайд баяр тодроод ирлээ. Хүү нь нэгэнт цагийг эзэлсэн их хаан болж, алдар
суугаа мандуулан яваа хэдий ч үрээ хүлээсэн эхийн сэтгэлд хүүхэд нь хаан эзэн, харц ард
алин байх нь хамаагүй. Эсэн мэнд эргэн уулзах нь л чухал байдаг хойно доо. Нэг хэсэг хүчтэй
ханиалгаад, арай гайгүй болоход Өэлүн эх Мөнх хүүг гарч тогло гэж явуулсны дараа царайд
тодорсон баяр баясал алгуураар замхарч,

- Би хүүтэйгээ мэнд уулзаж чадах эсэхдээ эргэлзэх боллоо гэв.

Энэ үед гаднаас Хадаан орж ирлээ. Хаан эзэнтэй нас чацуу шахам энэ эмэгтэй Өэлүн эхийг
асарч байв. Үсээ салаалан сүлжиж, дээлээ сураар бүсэлсэн эгэл даруухан энэ хүн нас нэлээд
ахижээ. Хадаан бол Чингис хааныг бага балчир байхад нь амийг нь аварч байсан нэгэн.
Таргуудай тэргүүтэй хүмүүс Тэмүүжинг эрэн тэднийд ирэхэд халуун унгас ноосон дунд хамт
нуугдаж байжээ. Чингис хаан хожим Хадааныг хатнаа болгохыг хүссэн ч тэр өөрийн дорд
гарлыг дурдаад хаан эзэнд үнэнч явахаа хэлж, Татарын Есүй, Есүгэн хоёрыг хаанд
танилцуулан, өөрөө Өэлүн эхтэй хамт амьдрах болсон юм. Тэрбээр хоймрын авдар дотроос
баадантай зүйл гарган ирж, Өэлүн эхийн өмнө задлан тавиад:

- Сорхугтани бэрийг ирэх үед өгөөрэй гэсэн зүйл тань энэ байна гэж хэллээ. Нандигнан
боосон баадан дотор жижигхэн хүүхдийн хувцас харагдана. Бааданг задлах үед эхүүн үнэр
гарах нь удаан хадгалсан бололтой. Энгэр нь халтартсан баривч, хурганы арьсан малгай,
эсгий үнэг, хүүхдийн өрөөсөн бойтог гарч ирлээ. Өэлүн эх бойтгийг гартаа авахад хонхны дуу
жингэнэн орчны аниргүй эвдэв. Түүний царайд инээмсэглэл тодорч:

- Бөртийг Зүчи хүүгээ төрүүлсэн тэр өдөр би энэ бойтгийг ач хүүдээ оёж өгч байж билээ.
Өэлүн эх хонхтой бойтгийг харж, Зүчийг анх төрж байсан тэр цагийг дурсав бололтой,

- Зүчи миний ууган ач хүү. Надад эмэг эх болохын зовлон хийгээд жаргалыг анх удаа
амсуулан алган дээр минь ирсэн үр гэж хэллээ. Сорхугтани "Ингэж Өэлүн эх ач хүүдээ
хонхтой бойтог урлан өгсөн нь өөрийн ач гэж хүлээн авсан хэрэг байсан биз ээ" хэмээн
бодов.

- Би Зүчийг хаан эцгийгээ даган Сартуулд одсон тэр өдөр өрөөсөн бойтгийг нь өгч
явуулахдаа эх нутаг эцэг эхээ санахдаа үнэрлэн дурсаж яваарай гэж захисан. Харин энийг гэж
хэлээд өрөөсөн бойтгийг харуулж:

- Зүчи хүүгээ алсын замд явахад нь дурсаж байя гэж авч үлдсэн юм. Өэлүн эх гал нь харьж
яваа нүдээрээ өрөөсөн бойтгийг харан, цагийн саалтанд мойнийсон үрчгэр гараараа
энхрийлэн илээд:

- Би хүүгээ хүлээж чадахгүй нь бололтой. Ач хүүгийн минь нялхын үнэр шингэсэн энэ
бойтгийг Зүчид өгөөрэй. Эмэг эх нь хүүгээ хүлээж чадалгүй явлаа ч, элэг зүрхэн дотроо
хайрласаар байсныг минь хэлээрэй гэж хэлээд Сорхугтанид барилаа. Сорхугтани Өэлүн
эхийн өөдөөс гар сунган авах аваас түүний хүүгээ хүлээж чадахгүй гэдгийг нь баталсан хэрэг
болох, авахгүй байвал гомдоосон хэрэг болох тул хэсэг тээнэгэлзэн байгаад бойтгийг авлаа.
Гарт нь байх жижигхэн бойтогны хонх жингэнэнэ. Өэлүн эх:

- Зүчи бол тэнгэрээс бидэнд илгээсэн хүү. Хүнд хүчир үед тэр бидэнд ирсэн. Зүчи
мэндэлж, төд удалгүй эзэн хаан хүчийг олж, хамаг улсыг хураасан гэж Өэлүн эх хэлээд
тэртээх дурсамжаа санах тусам цааш ярих яриа нь цөөрөн байв. "Нас өндөр болсон Өэлүн эх
минь хөвгүүдээ хүлээж чадахгүй боллоо гэдгээ мэдээ юм болов уу. Ямартай ч тэр мөнх
тэнгэрийн зочин болон гэрт нь ирсэн Зүчийг өөрийн үр хэмээн тосон авсан ажээ. Эхийн энэ
агуу уудам сэтгэл хаан хүүд нь шингэсэн байжээ" хэмээн Сорхугтанийг бодох зуур Өэлүн эх
ойртохыг хүслээ. Тэр хатны духан дээр нь үнсээд,

- Охин минь. Хорвоогийн элгэн дээр чи бид хоёр хэзээ дахин учрахыг мэдэхгүй ч эргэж
төрөл олон үр хүүхдээ зорин ирэх боломж байдаг бол чамайг л зорино гэж бодогдоно гэлээ.

Сорхугтани энэ үгийг сонсоод нүднээс нь асгарсан нулимс хацрыг нь даган урсав. Энэ айлын
хаалгаар алхан орж ирсэн цагаас хойш гар дэлгэн угтаж, хошуу дэвсэн өмгөөлж ирсэн нэгэн
их хайр энэрэл түүнээс үүрд явах гэж байгаа мэт хэцүү мэдрэмж төрлөө. Хүнийг хаа нэг
тийш нь явуулахгүй гэсэндээ гараас нь чанга гэгчийн зууран байдгийн адилаар Сорхугтани
Өэлүн эхийн гарыг чанга атгажээ. Өэлүн эхийн гар хатны чанга атгалтанд бага зэрэг өвдөв
бололтой, гараа жаахан татасхийхэд Сорхугтани гарыг нь тавиад,

- Эх минь таны сэтгэлийг би алган дээрээ тавьсан мэт харж байна. Одоо би талын хүний
сэтгэлийг алган дээрээ тавьсан мэт харж сурсан гэлээ. Өэлүн эх Сорхугтанийн юу ярьж буйг
сайн мэднэ. Тэрбээр Сорхугтанид хандан:

- Тэр нэгэн шөнө тэнгэрээс ойртон ирсэн одод, тэр зүүдний тайлал бол чиний хөвгүүд юм
шүү гэж хэллээ.

Тэднийг сэтгэл зүрхэнд буй бүхнээ уудлан ярилцаж байхад гаднаас намхавтар нуруутай,
өргөн нүүр, том шанаатай, махлагдуу бор хүн орж ирлээ. Энэ хүн бол Чингис хааны дүү
Хасар бөлгөө. Тэр эдүгээ эхнэр авч үр хүүхэдтэй болон Өэлүн эхтэй нэг дор амьдарч байлаа.
Гаднаас орж ирсэн Хасар хоёр эмэгтэйн нулимс дуслуулан ярилцаж байгааг хараад хоолойгоо
засахад сая тэдний яриа дуусч Сорхугтани Хасарыг тосон авч мэндэллээ.

- Мөнх хүү чинь энэ зунжин цэргийн эрдэмд шамдаж, сэлэм жадтай ноцолдлоо доо гэхэд,
Сорхугтани:

- Хүү минь цэргийн эрдэмд сургана гэсэн чинь хөөр баяр болоод л явсан. Зуны хэдэн cap
гэрээ санах болов уу гэсэн гайгүй байна гэв.

- Хааны ач нараас намайг зорьж ирж байгаа хүн энэ шүү дээ. Дараа зун ахин ирэх биз
хэмээн хавт Хасар өгүүллээ. Тэрбээр хаан эзнээс сураг байгаа эсэх болон, Аураг орчмын
сонин сайхны тухай хуучлан ярих зуур хүндхэн санаа алдаад,

- Хаан эзэн их цэргээ аван тулаанд мордох бүрийг би холоос харж зогсдог юм. Энэ удаа урьд
урьдаас их хүн, мал, ачаа бараатай мордож байгаа харагдсан...

Тэр энэ бүхнийг ярьж байхад нүдэнд нь гал гэрэлтэн ирээд төдхөнөө бөхөх шиг санагдана.
Хасарыг харж суусан Сорхугтани "Нэгэн цагийн эрэлхэг жанжин энэ хүн өнөө хаан ахтайгаа
хавсарч дайн тулаанд давшин орж чадахгүй холоос харж зогсох нь хэчнээн гунигтай байдаг
бол" гэж бодов. Хорон хэл гэдэг хаа сайгүй шургалж, эр эм, эх эцэг, ах дүү, анд найзуудыг
хагацуулан салгаж чаддаг хөнөөлтэй зүйл байдаг. Тэр нэгэн өдөр Тэв Тэнгэр тэдний дунд яс
хаяагүй бол талын дайчин энэ эр өнөөдөр хаан эзний хамт алдар суугаа өргөж яваа. Хасарын
байр байдлыг харвал тэр өнөө хүртэл хаан эзэн алтан ургийнхнаас өөрийг нь гэсэн сэтгэлийг
хүлээж суудаг нь анзаарагдана.

Монголын талд үргэлжлэх намрын шаргал өдрүүд нэг нэгээр алсран буцах шувуудын дуу
тасраагүй байхад хүйтэн цагийн дохио өдөр өдрөөр ирж байх нь гунигтай. Дэлгэр зуны
жаргалтай өдрүүдийг сэтгэл доторх баяр баясалтай хамт авч явж байгаа юм шиг хөнгөн гуниг
хүн бүрийн сэтгэлд төрнө. Духны нь хөлс хар аяндаа цутгаж, удаан өвдсөнөөс тамир нь
тасарсан бүсгүй хүний ёолох дуу орчны аниргүйг эвдэнэ. Гэр дотор байгаа хүмүүс аргаа
баржээ.

- Хүүхэд нь хүйгээ ороосноос төрж чадахгүй байна гэх бариач эмгэний дуу гэрээс
сонсогдоно.

- Ямар нэгэн арга чарга бодооч дээ

- Аль нэгийг нь амьд үлдээхээс өөр арга алга

- Мөнх хөх тэнгэр минь. Гэм нүглийг минь өршөөн хэлтрүүлж хайрла гэсэн эр хүний
сандрангуй дуу давхар сонсогдоно. Энэ бол Жүрчидэйн гэр агаад эхнэр Ибага нь төрөх гэж
хоёр өдөр, хоёр шөнө дуншсан нь тэр байлаа. Эхийнхээ гэдсэнд ингэж удаан дуншиж байгаа,
удахгүй төрөх хүүхдийг хоёр гардан авахаар хүлээж буй хүмүүс арга тасраад байв. Бөө удган,
эмч домч аль аль нь байгаад тусыг эс үзүүлнэ. Энэ өвдөлтийг тэсч, нярайлах гэж байгаа эх,
эхийнхээ амийг ч таслан буцан одож магад, хорвоод мэндлээгүй үр хоёрыг хэрхэн хоёр яс
салгах билээ.

Амь тэмцэн тарчлах Ибагаг харан хэрхэхээ мэдэхгүй суух Жүрчидэй, Сорхугтани хоёр энэ
удаад л ганцхан удаа, нэгэн зүйлийн төлөө адилхан залбирч байлаа. Энэ хорвоо дээр хамгаас
хайртай, түших ганцхан хүн Ибагаг минь эсэн мэнд үлдээж өгөөч хэмээн мөнх тэнгэрээс тэд
гуйна. Өнгөрч байгаа хором мөч бүхэн хүндээс хүнд айдас тээн, агшин хором, цаг хугацаа
өнгөрсөөр, ашгүй нэг удтал дуншсан түгшүүр арилгаж, шинэ хүн мэндэллээ.

- Хүү байна гэх бариач эмгэний дуу саяхан мэндэлсэн нялх хүүхдийн дуутай холилдон
сонсогдох тэр цагт энэ хоёр хүн адилхан баярлаж, мөнх тэнгэрт адилхан талархсан билээ.
Гэвч эхийн бие тэнхэрсэнгүй. Үзтэл доройтсоор. Төрсөн хүү илтэд сайжран байхад
төрүүлсэн эхийн бие цаашлан байсан энэ үед хэн хэн нь хэрхэхээ мэдэхгүй байсаар
Ибагагийн бие тэнхээ улам дордов. Нүүж ирэхэд нь уулзсан цагаас хойш Сорхугтани
Жүрчидэйтэй үг солиогүй билээ. Харин одоо бол тэдэнд ингэж өш саналцах цаг байсангүй.
Сэтгэл донсолгосон цаг мөчүүд Ибагагийн халуун аминаас зуурсаар л байлаа. Үхэл амьдрал
хоёр ээлжлэн булаацалдаж байгаа Ибагаг хэрхэн аврах билээ хэмээн мэдцэг, чадцаг бүхнээ
дуудаж, тусыг эс олоход арга тасарсан Сорхугтани номын өргөөндөө орж, эртний дом
шившлэгт судруудаас эгчид нь хэрэг болох зүйлсийг хайн байхад, Жүрчидэй эхнэрийнхээ
халуун гарыг атгасан хэвээр удахгүй дагуулан явах гэж байгаа мөнх бусын элчтэй
тэмцэлдсээр байлаа. Үхэл амьдрал хоёр хоёул булаацалдан, хэн нь дийлэхээ үзэж байх шиг
сэтгэл түгшээсэн өдрүүд үргэлжилнэ.

Жүрчидэй, Сорхугтани хоёул нэгэн зорилготой хүмүүс болжээ. Болж өнгөрсөн өдрүүдийн
өтгөн манан хаяанаасаа замхран арилж байх шиг. Гэвч тэдний хайртай хүн Ибагаг мөнх
бусын элч дуудсан хэвээр. Хэд хоногийн өвдөлтийг шүд зуун тэвчиж, ухаантай ухаангүйн
хооронд нярайлан Жүрчидэйд хүү төрүүлж өгсөн ч Ибагагийн бие тэнхээ өдөр өдрөөр
дордсоор байлаа. Хол ойроос эмч домч гэсэн бүхнийг залан ирсэн ч тусыг эс олсоор...
Амьдралын төлөө, дөнгөж төрсөн хүүгийнхээ төлөө үхэлтэй халуун амьсгалаараа тэмцэн
байсан Ибага хамаг тэнхээгээ баржээ. Түүний нэг гараас Жүрчидэй, нөгөө гараас нь
Сорхугтани чанга атган суусан байлаа. Үд дунд Ибага ухаан оров. Хоёр гараас нь атган суусан
тэднийг ээлжлэн хараад ямар нэгэн үг хэлэх гэсэн боловч чадсангүй бололтой, хоёр гараа
хооронд нь хүчлэн ойртуулж Сорхугтани, Жүрчидэй хоёрын гарыг нийлүүлээд нэг
инээвхийлэх шиг болоод төдхөнөө нүдээ анилаа. Сорхугтани, Жүрчидэй хоёр нийлсэн гараа ч
салган авах ухаан байсангүй. Хий дэмий л нэрийг нь дуудан хашгирлаа. Ибага ахин нүдээ
нээсэнгүй. Том алаг нүднийх нь дээгүүр харлан сүүдэртэх урт сормуусыг даган ганцхан
дусал нулимс тасран унаж, санчиг руу нь бөмбөрөн байхуйд тэр халуун амьсгалаа хурааж
байлаа.

Мөнх хөх тэнгэр аврал өршөөлөө харамгүй хайрладаг ч энэ удаад тэдний хүсэлтийг
сонссонгүй. Сорхугтани талын элгэн дээр орь ганцаараа үлдэж, Жүрчидэй хоёр охин, дөнгөж
нярайлсан бяцхан хүүгийнхээ хамт өнчрөн үлдлээ. Хичнээн их уй гашуу вэ. Эхийнхээ амийг
таслан төрсөн тэр бяцхан амьтан цааш хэрхэн амьдрах билээ. Дэн дунтай байсан өдөр
хоногуудын дунд Ибагаг хөдөөлүүлэх ажлыг дуусгалаа. Газар дээрх ганц дүүгээ зорин,
уулзахын хүслэн болж ирсэн Ибага юуны төлөө яарсан юм бол. Амь тэмцүүлэн авч явах
эцсийн амьсгалаа дүүгийнхээ гар дээр тасдах гэж тэр ингэж тэмцэж ирсэн гэж үү.

Ибагаг хөдөөлүүлснээс хойш хэдэн хоног өнгөрчээ. Зээр шиг бүлтэлзэн байх хоёр охин,
дөнгөж төрсөн өнчин хүүгээ тэвэрсээр Жүрчидэй Сорхугтанид бараалхав.

- Нэгэн халуун амийг тасалж, нөгөө амийг олно гэж санасангүй, хөөрхий Ибага минь. Би
эгчид чинь хайртай байсан юм шүү дээ. Мөнх тэнгэр намайг бас цээрлүүллээ. Тэнгэр миний
нүглийг уучилж эс чадав. Мөнх тэнгэрийн гэсгээлийг би өөрөө үүрч гарах ёстой. Тиймээс
хүүхдүүдээ аван буцахаар шийдлээ гэж хэлээд хацрыг нь даган урсах нулимсаа ч арчих
сөхөөгүй хатны өмнө суух хөөрхийлөлтэй эрийг Сорхугтани харж, сэтгэлдээ өрөвдөж байлаа.

Олон жилийн өмнө бүхнээс хүчирхэг явсан энэ эрийг цаг хугацааны шуурган хайр найргүй
хацар дундуур нь ороолгосон мэт нүүрэнд нь гүн үрчлээсүүд тодорч, тэр цагийн эр зориг нь
мохсон харагдана. Эцгийг нь дарж, эгчийг нь авсан урьдын Жүрчидэй танигдахааргүй
өөрчлөгдсөнийг Сорхугтани сая олж харлаа. Жүрчидэй үргэлжлүүлэн:

- Урьд шөнө их урт шөнө байлаа. Би өөрийн болоод өрөөл бусдын амьдралыг эргэцүүлэн
бодож хонолоо. Эхийнхээ амины үнэтэй амь өөдөөс минь халуун сүү горьдон ам нь
ангалзахыг би яалтай. Жүрчидэй нэхий өлгийтэй хүүгээ харан хэсэг суух зуурт нүдэнд нь
нулимс мэлмэрэн ирэв.

- Гэвч энэ бол миний хүү. Амьдралын минь үргэлжлэл. Нэгэн цагт тэнгэр болсон өвөг
эцгийнх нь нэрийг хайрлан би хүүдээ Жаха Хамбу нэр өглөө. Хатан минь... Би тэр нэгэн
өдрийн гэмээ цайруулж, насан туршдаа энэ хүний төлөө амьдрах болно гэж хэлэв.

Энэ л үед Сорхугтанийн нүднээс нулимсан хэлхээ цувран хацар дээгүүр нь өөрийн мэдэлгүй
урсан байгааг тэр өөрөө ч анзаарсангүй. Магадгүй энэ л агшинд Сорхугтани Жүрчидэйг
сэтгэл зүрхнийхээ гүнд уучлан өршөөсөн биз ээ. Сорхугтани саяхан төрсөн хүүг Жүрчидэйн
гараас аван өвөр дээрээ тавиад:
- Мөнх тэнгэр бүгдийг болгоон хардаг тул магад намайг өршөөх буй за. Нэг амийг таслан
одуулсан ч нөгөө амийг авран үлдэх Жүрчидэй чамайг би яалтай гэж хэлээд хүүг эцгийнх нь
гарт өгөөд босож, авдар дотроос Жүрчидэй анх нүүн ирж байхдаа өгч байсан хурган дээлийг
гарган ирж, арьсан дотрыг нь гадагш харуулан эргүүлээд түүнд барилаа. Сорхугтани:

- Энгэр зөв энэ дээлийг эргүүлэн, буруу энгэртэй болголоо. Эрх танхил Жаха Хамбу хүүгээ
хайрлан өсгөөрэй гэхэд Жүрчидэйн цээжинд гашуунаас гашуун зүйл гулсан орж байх шиг
бодогдоно.

- Хаан эзэнд үнэнч байх нь харц боолын үүрэг гэлээ ч, энэ цагаас хойш би зам мөрөө хөөн,
үр хүүхдийнхээ төлөө эгэл ард болон амьдрах хүсэлтэй байгааг минь хаан эзэнд уламжлан
өгөөрэй хэмээгээд Жаха Хамбу хүүгээ тэвэрч хоёр охиноо дагуулсаар гарч одлоо. Даанч их
үнээр бие биеэ ойлголцон буй энэ хоёр хүн ээрэм талын элгэн дээр эргэж дахин уулзах болов
уу. Тэр үед тэд элэг нэгтний санасан сэтгэлээр ихэд баяртай уулзах сайхан цаг ирэх болов уу.

Хүйтэн өвлийн эрч, аагим зуны халуунтай ээлжлэн байдаг тал нутагт хүний сэтгэл ч зун цаг
шиг дэлгэрэх нь олон хойно доо. Сэтгэл харлуулсан хүнд өдрүүд нэг нэгээрээ алсран холдож
байхад дахин нэг эмгэнэлт мэдээ Аурагт ирж алтан ургийнхны зүрх сэтгэлийг шархлууллаа.
Хүний амьдралд эдэлж дуусахгүй жаргал, туулж барахгүй зовлонгийн аль аль нь тохиолдох
үе бий. Гол харлуулсан энэ мэдээ Сорхугтанийн сэтгэл дотор үлдсэн багахан галыг үлээн
унтраах шиг болов. Өмнө нь сөхрөн суусан элч:

- "Хасар ноён хэл хүргүүллээ. Өэлүн эх мөнх тэнгэртээ одов" гэж айлтгав. Эгчийгээ алдаад
удаагүй байгаа

Сорхугтани дахин Өэлүн эхийг үүрд алджээ. Түүнд хорвоо дээр түшиж тулж байсан хоёр
багана нь зэрэг нуран унаж буй мэт санагдана. Ариун хэвлийгээс нь тасран унаагүй ч, ачит
эхийн үлгэрийг өөрийн бэрдээ үзүүлсэн энэ эмгэн буурал Сорхугтанийн хувьд эхээс нь
өөрцгүй хүн байлаа. Хамгийн сүүлд уулзахдаа олигтой сайн үг хэлж чадалгүй явуулсандаа
харамсана. "Хорвоогийн элгэн дээр чи бид хоёр хэзээ дахин учрахыг мэдэхгүй ч, эргэж төрөл
олон үр хүүхдээ зорин ирэх боломж байдаг бол чамайг л зорино гэж бодогдоно" гэсэн үг нь
чихэнд нь одоо ч сонсогдсоор. Гүйж очоод сайхан үгийг сэтгэлийг нь дэвттэл хэлж болох ч,
Өэлүн хатан мөнх амгалангийн дүрийг хэдийн олж, түүнийг юу ч гэж хэлсэн босон ирэх нь
бүү хэл сонсохгүй мөнх нойронд автсан байлаа.

Цээжин дээр нь өнгөрч одсонд гаслах харуусал цовхчин байвч одоо хэрхэх билээ. Өэлүн эх
Сорхугтанитай анх уулзаж байхдаа бахдан харуулж байсан тал нутаг, хар багаасаа идээшин
дассан, хан хөвгүүдээ тэжээн өсгөсөн, Монгол хүний цайлган сэтгэл шиг эх нутгийнхаа
хөрсөнд мөнх нойрсохоор шийджээ. Эргэн бодоход энэ эмэгтэй жаргал үзээгүй мэт. Бага нас,
эцгийн гэрийг эс тооцвол, эр нөхрийн зам мөрийг даган, эм хүний хувь тавиланг эдэлснээс
хойш, залуу насандаа бэлэвсэрч, өнчин олон хүүхдээ өсгөх гэж дээлээ чанга бүслэн тэмцэж,
буурин дээр нь харлуулан үлдээсэн ахан дүүсдээ гомдож, үхэх сэхэх нь тодорхойгүй том
хүүгийнхээ аян дайны хөлд элгээ эмтэлж, сая нэг амар тайвныг олсон ч халуун амьсгалаа
хураах мөчийг хүртэл энэ эх хүлээлтээс ангижирч чадаагүй юм. Хүлээлт гэдэг нэгэн цагт
уулзахын баяраар дуусдаг ч, Өэлүн эх энэ баярт цагийг үзэж чадсангүй.
Их хааны цэргүүд Амударья, Сырдарья мөрний сав газарт байх Отрар, Самарканд,
Үргэнч хотуудыг эзлэн авчээ. Тэдний өмнө эрдмийн хот гэж нэрлэгдэх Бухара хот эзлэгдээгүй
үлдсэн байв. Хаан эзэн явуулын өргөөндөө бодол болон сууна. Түүний хамт Хулан хатан, Зэв,
Сүбээдэй Тохочар, Шихихутаг, Боорчи, Мухулай нар байна. Тэд хаан эзний хариу шийдвэрийг
хүлээсэн аятай чимээгүй суух ажээ. Чингис хаан хэсэг бодол болон суугаад:

- Тал нутаг шиг илхэн харагдахгүй, хана хэрэмний цаана нуугдан амьдрах Бухараг эзлэх хоёр
л арга зам бидэнд байгаа юм биз дээ хэмээн тэдэн рүү харахад Сүбээдэй баатар:

- Тийм ээ, хаантан минь. Арван хоёр дааман хаалга бүхий Бухара хотын зүүн талын хаалгаар
дайран орох боломжтой ч, тэд бидний ирэхийг урьдаас мэдэн, цэргийн хүчээ тэнд
төвлөрүүлнэ. Харин баруун хаалгаар орохын тул Кызилкум хэмээх үхлийн цөлийг туулах
хэрэгтэй болно. Тэнд хүн мал олныг алдаж байж энэ хаалганд тулж очно гэлээ. Чингис хаан
хэсэг бодол болон суулаа.

- Үхлийн цөл гэнээ. Бид үхэл амьдралын дундуур тэр цөлөөс урт замыг туулж ирсэн бус уу.
Хүн малаа хэсэг амрааж тэнхээ авхуулаад, бид үхлийн цөлийг туулах болно хэмээн эрс
шийдэмгий хэллээ. Чингис хааны их цэрэг аравт, зуут, мянгатаар зохион байгуулагдаж, бүхэл
бүтэн эмнэлгийн хороо, оньсон хөдөлгүүр зохион бүтээх тусгай ангитайгаар энэ дайнд орсон
байв.

Эрдмийн хот гэгдэх арван хоёр дааман хаалгатай давхар цайз бүхий Бухара хотын иргэд
Чингис хааны их цэрэг ирж явааг мэдээд тэдний таамагласан зүүн хаалгаар ирнэ гэж
төлөвлөн, дааман хаалгаа бэхлэн, цэргийн хүчээ төвлөрүүлээд байжээ. Харин Чингис хааны
тал нутгийн Монгол цэргүүд Кызылкум гэх үхлийн цөлийг хойгуур нь туулаад, хотын баруун
хаалгаар зүгээр л шахам явж орлоо. Энэ хотыг эзлэн авах нь тун хялбараар шийдэгдлээ. Цааш

Мухамед, Желал ад дин хоёрыг хөөн очиж цэргүүдийг нь сөнөөхөд, Мухамед, Желал ад дин
хоёр амь хоргоон дутааж, Мухамед шах Хазарын тэнгисийн арал дээр очиж тэндээ тэнгэрт
оджээ. Төд удалгүй тэдний араас нэхэн дагасан Монголын цэргүүд гуйцэн ирэхэд Желал ад
дин Инд мөрнийг сэлэн туулж зугтав. Желал ад дин сэлж байхдаа ч эргэн монголчууд руу
харваж байхыг Чингис хаан хараад ихэд бахархан цэргүүдээ нэхэн хөөхийг зогсоон
зарлигдаж: "Нөхөрлөх бол Жамух анд мэт нөхөрлөгтүн, Өсгөх бол Желал ад дин шиг хөвгүүн
өсгөгтүн" хэмээжээ.

Аурагт эргэн тойрон хадаж байдаг их шуугиан, баяр хөөр үндсэндээ үгүй болжээ. Хаа нэг
тооноор нь утаа суунаглах хатдын өргөөнд хүмүүс шивэр авир ярилцахыг эс тооцвол эл хуль
мэт. Сорхугтани орой бүр номын өргөөндөө судар шагайн сууна. Шөнө оройн цагаар ордонд
хүн ирснийг мэдэгдэн ордны бичээч түшмэл номын өргөөнд орж ирэхэд Сорхугтани хатан,
хүү Мөнхийн хамт гэнэтийн зочинг тосон авахаар гадагш гарлаа.

Аян замын тоос мөрөнд нь буусан, өндөр настай нэгэн хүн ирсэн харагдана. Харваас замын
уртад хувцас нь гандаж, нүүрэнд нь гүн үрчлээ сууж, цагийн аясаар буурал суусан үс нь
шөнийн саранд зэгэлтэн эвгүй харагдах ажээ. Тэр хүн урт сахлаа шувтрангаа хатны амар
амгаланг эрэн мэндчиллээ. Энэ хүн бол Бөртэ хатны Елүй Чуцайд хэлж авч ирүүлсэн
Күнзийн суртлын багш Дао Юү байв. Хатан өмнөөс нь тосон очиж багштанг дотогш орохыг
урьж өргөөнд оруулахад судрын өргөөнд орж ирсэн Дао Юу эргэн тойрноо сайтар ажиглан
хараад сэтгэл дүүрэн инээж байгаа нь харагдана. Тэр номын хүн гэхээсээ илүүтэй билэг
танхай нэгэн байлаа.

- Тал нутагт дайн тулааны олз омгийг цуглуулсан зэрлэгүүд амьдардаг гэж өмнөд улсад
ярьдаг худал болохыг харав би гэж хэлээд дахин инээх нь сонсогдоно. Эргэн тойрон хураасан
ном судар, хатан хүний гараар бичигдсэн шүлгийн мөрүүд зэрэг нь түүнийг ингэж хэлэхэд
хүргэсэн биз ээ. Сорхугтани:

- Аян зам тань өлзийтэй байж, алжаалгүй сайн морилж ирэв үү хэмээгээд хүү Мөнхдөө
хандан:

- Өвгөн багшдаа мэнд мэдээрэй, хүү минь гэхэд Мөнх Дао Юү багшийн өмнө очиж:

- Амгалан сайн морилон ирэв үү гэж асуутал багштан өхөөрдөн буй нь илт,

- Сайн явж ирлээ. Хатны явуулсан эрс үнэхээрийн хүчирхэг, тал нутгийн баатрууд ажээ.
Харин тал нутагт домог болсон их хааны ордонд ирэх замдаа төсөөлөн байсан бодол минь
газар тэнгэр шиг зөрүүтэй байгааг хараад гайхах бахархах хоёр зэрэгцэх шиг болов. Урт
сахлаа илэн эргэн тойрныг ажиглан буй Дао Юү дахин чангаар инээж:

- Би тал нутгийн хүчирхэг хааны ач хүүд бичиг үсэг заахаар холоос ирэхдээ алт эрдэнэст
умбасан, эрхэмсэг дээдэстэй уулзана гэж бодож явтал гээд үгээ дуусгалгүй Мөнхийг харлаа.
Мөнх жирийн айлын хүүхэд шиг төлөв даруу хувцаслажээ. Дао Юү яриагаа үргэлжлүүлэн:

- Манай дотор газар бол хааны хатан, хан хөвгүүд алт эрдэнэсээр биеэ чимж, аль өнгөтэй
бүхнийг эдлэн, хоргой торгонд дунд умбан байдаг. Эндхийн бүх зүйл өөр юм. Сорхугтани
өвгөний ярих зуурт хүүгээ харан:

- Их хааны сүр хүчин дор, эдэлж хэрэглэх бүхэн байгаа ч, тал нутгийн монголчууд хүүхдэд
багаас нь үнэтэй юм эдлүүлэхийг цээрлэдэг юм. Энэ нь аливаа хүнд хорвоод мэндэлсэн
цагаасаа насан эцэс болтол эдэлж хэрэглэх зүйл нь тоотой байдаг гэж үздэгтэй холбоотой.
Багаас нь үнэтэй тансаг юм хэрэглүүлбэл, эдлэх зүйлийн тоо дуусна гэхэд Дао Юу урт сахлаа
дахин нэг имэрч:

- Too гэнэ ээ. Нээрээ л хүнд ч гэсэн амьсгал авахаас эхлээд хураах хүртэл ч бас нэгэн тоо
байдаг биз ээ хэмээн хэлээд юу ч болоогүй байхад дахин инээлээ. Хаан эзэн аян дайнд явсан
хэдэн жилийн туршид хагацал харуусалд бүрнээ автаж олигтой сайн инээж ч үзээгүй шахам
байсан Сорхугтанийн өмнө гарч ирсэн энэ хүн түүний зүрх сэтгэлийн шархыг хэрхэн мэдэх
билээ. Сорхугтани хатан инээмсэглэн:

- Багштан таныг миний урилгаар хүрэлцэн ирэх эсэхэд эргэлзэн суулаа. Ямартай ч та ирсэн
болохоор тал нутгийн дэнж дээр хаан эзгүй байгаа ч хамаг сэтгэл минь дүүрэх шиг болж
байна гэв. Дао Юү багштан:

- Энд хэсэгтээ саатах санаатай тул санаа амар байж болно гэж хэлээд сахлаа шувтран байх
нь орчин тойрноо ажиглан өөрийн дүгнэлтээ өгч байх шиг харагдана. Чингис хаан Отчигон
ноёны хамтаар тал нутгаа захиран, төрийн зарим хэргийг шийдэж байх давхар эрхийг отгон
хүүгийн эхнэрийн хувиар Сорхугтанид өгсөн байлаа. Тэр маргааш өглөөнөөс нь эхлээд том
хүү Мөнхийг Да Юү багшид шавь оруулж эртний их мэргэдийн бичиж тэмдэглэж үлдээсэн
судар ном, шашин шүтлэг, хорвоо ертөнц хийгээд хүний амьдралын жам ёсны тухай хичээл
заалгадаг боллоо. Орой бүр яриа нийлэн суух нэгэн хүн хатны амьдралд орж ирсэн тэр нэгэн
цаг мөч бол Сорхугтанийн сэтгэл зүрхэнд дахин нэг гал асаасан сайхан үйл явдал байв.

Долоон жил үргэлжилсэн Чингис хааны Хорезмыг дайлсан аян дайн сая нэг дуусч тэр эх
нутагтаа ирж яваа сайхан мэдээ тал нутгаар галт шувуу шиг хурдлан ирлээ. Энэ цаг дор Тулуй
эзний том хүү Мөнх арван найман нас хүрч, удаах хүү Хубилай арван настай, дүү Хүлэгү
найман настай болсон байлаа. Мөнх хүү Дао Юү багшийгаа үдэж мордуулаад даруй хоёр
жилийг нүүрийг үзэж, одоо өөрөө судар номын мөрүүдээр аялан хорвоогийн явдлыг бясалгах
болоод байв. Мөнх эхийнхээ номын өргөөнд Бурхан багшийн сургаалаас шимтэн уншиж байх
зуур дүү Хубилай, Хүлэгү нар нь ойролцоо уулын энгэрт Ашидтөмөрийн хамт ан хийж
байлаа.

- Оночихлоо гэх хүүхдүүдийн цангинасан дуу, орчны баяр хөөрийг эвдэж Ашидтөмөр
хөвгүүдийн харвасан ан тийш амьсгаадан гүйнэ. Анх Сорхугтанитай хамт Чингис хаанд ирж
байсан энэ эрийн шанааны үс нь буурал сууж, үргэлж зогсоо ажил хийдгээс нэг хөл нь
өвдгөөрөө нугарахаа байжээ. Харвасан ангийн зүг хазганан гүйж очоод дээш өргөхийг харвал
гартаа тарвага барьсан байлаа. Хүлэгү ихэд баясан дороо дэвхцэж:

- Ах аа, оночихсон байна. Манай ах оночихлоо гэж Ашидтөмөрийн зүг гүйхээрээ очлоо.
Араас нь Хубилай гүйн очиж өөрийн агнасан анхны ангаа хараад баярлаж, эцэг нь ч тэр, өвөг
эцэг нь ч тэр аян дайнд яваад эзгүй тул ижийдээ хэлж баярлуулахаар ордны зүг эргэлээ.
Угийн сэргэлэн овсгоотой, дандаа л ийш тийш харан зүггүйтэж явдаг Хүлэгү:

- Тэр их тоосыг хар даа гэж хуруугаараа заасан зүгт хараа бэлчээвэл морьтон цэргүүд тоос
татуулан наашлах агаад араас нь нүүдлийн урт цуваа нарны гялбаанд талд татсан зэрэглээ
шиг тунаран харагдлаа.

- Хаан өвөг ирж байна... Хаан өвөг ирж байна гэж баясан хашхираад хүүхдүүд их нүүдлийг
тосон гүйлээ. Тэрхэн зуур араас нь дуудсан Ашидтөмөрийн дуунаар Хубилай дүүгийнхээ
гараас татан зогсоогоод:

- Хаан өвөг биднийг танихгүй шүү дээ гэж хэллээ. Хубилай үргэлжлүүлэн дүүгийнхээ
гараас барьсан хэвээр:

- Хаан өвгийг аян дайнд явахад би хоёр настай, харин дүү минь чи өлгийдөө байсан юм
чинь биднийг хэрхэн таних билээ дээ.

Хоёр хүү урамгүйхэн Ашидтөмөрийн зүг буцаж ирлээ. Хөвгүүд буцаж очин ордонд хэл
дуулгахын оронд ирж яваа их цувааг хүлээсэн нь илүү ойр байсан тул тэндээ хүлээхээр
шийдлээ. Ордонд хэл хүргэхээр түрүүлж давхисан морьт цэргүүд тэдний хажуугаар тоос
татуулан өнгөрсний дараа, талын дунд зэрэглээ шиг анивалзан байсан их нүүдэл төд удалгүй
ойртон ирлээ. Нүүдлийн цуваа аяны тоосонд дарагджээ. Толгой хэсэг явж өнгөрсний дараа
өндөр сүрлэг алхаатай бор морь унасан, цагаан дээл, ангийн арьсан малгайтай нилээн буурал
суусан үсээ чанга сүлжиж сураар боосон хүн явж өнгөрөх зуур зам дээр зогсож байгаа нэг
том хүн, хоёр хүүхдийг харж мориныхоо амыг эргүүлэн айсуй. Түүний араас хэсэг морьтон
даган ирлээ.

Хөвгүүдийн зүрх цээжин дотроо багтахгүй цовхчино. Энэ лав өвөг эцэг нь мөн гэж тэд бат
итгэж байлаа. Нөгөө сүрлэг хүн хажууд нь ирж мориноосоо буугаад Ашидтөмөрийг танив
бололтой. Ашидтөмөр ч хаан эзний ирэх бараанаар өмнө доош сөгдөн суужээ. Ашидтөмөр:

- Хаан эзэн аян замдаа алжаалгүй сайн явж ирэв үү?

- Сайн явж ирлээ. Би буруу таниагүй бололтой. Зэрэгцэн зогсох ижил хоёр хөвгүүнийг
хараад миний ач үрс мөн болохыг зөн совин минь надад хэлсэн юм гэж хэлээд хөвгүүдийг
харлаа. Хөвгүүд хаан эзэн мөн болохыг мэдээд өвөг эцэгтээ хүндэтгэл үзүүллээ. Ашидтөмөр:

- Хаантан минь таны ач Хубилай, дүү Хүлэгүгийн хамтаар зогсож байна

- Их том эрс болжээ. Харьж ирэх замдаа ан хийж яваа ач нараа харна гэдэг сайны бэлгэ биш
үү гээд Ашидтөмөрийн ардаа нуусан тарвагыг хуруугаараа зааж:

- Энийг тэгээд хэн чинь намнав даа гэж асуув. Ашидтөмөр:

- Таны ач Хубилай харвасан билээ гэхэд

- Миний ач ангийн олзоор өвөг эцгээ угтаж байгаа юм биз дээ. Хувьтай хүн нүүдэл тосч,
хуртай үүл зуныг баясгадаг гэж. Өвөг эцэг нь ач хүүгийнхээ эрхий хурууг ангийн олзоор нь
мялааж өгсү гээд саяхан намнасан тарваганы гэдэсний өөхийг Ашидтөмрөөр зүсүүлэн авч
ирүүлээд хоёр хүүгийн эрхийг нь тослон мялааж өглөө.

Тулуйн хөвгүүд азтай бөлгөө. Учир нь олон жилийн аян дайны дунд уулзахгүй шахам явсан
үр, ач нарынх нь дундаас Тулуйн гурван хүү л ангийн олзоо өвөг эцэпэйгээ хуваалцсан байв.

Их нүүдлийн цувааны төгсгөл зэрэгцэн ирэх ахуйд Тулуй ноён хаан эцгийнхээ байгаа зүгт
хүрч ирлээ. Тэр шууд л хөвгүүдээ танив. Хэчнээн том эрс болсныг харан хэрхэх ухаанаа
олохгүй хоёр хүүгээ ээлжлэн үнсэж, бага хүү Хүлэгүг дээш өргөн тэврэв. Өвөг эцгийгээ
болоод өөрийн эцгийнхээ зүс царайг там тум мэдэх Хубилай тэднийг ажиглан зогсоно.

Өвөг эцэг нь олон жилийн аян дайн, нар салхинд гүн үрчлээс сууж, үс нь буурал болсон
байлаа. Харин эцэг нь дөч эргэм насны хүдэр чийрэг эр дүүг нь элгэндээ чанга тэврэн
Хубилайн хүзүүгээр давхар тэвэрчээ. Ийм сайхан баяр гэж байх уу. Тал нутгаар домог болон
яригдах энэ хоёр хүнтэй ингэж нэгэн дор уулзаж, тэр ч бүү хэл анхны ангаа мялаалгаж, өвөг
эцгээсээ магтаал хүртэж, олон жил өвөр дээр нь эрхлэхсэн гэж хүсч өссөн хайртай аав нь
түүнийг тэврэн зогсоно. Аз жаргал гэж үүнийг л хэлдэг болов уу. Аливаа хүсэл бүхэн дандаа
дэргэд байдаг бол жаргалын амтыг мэдрэхгүй байх сан. Харин олон жилийн хүсэл мөрөөдөл
ингэж биелсэн нь жаргалын амтыг улам бүр нэмэх ажээ.
Айл гэрт ч тэр эзэн хүн нь үгүй бол ханхай оргин хүйт даадгийн адилаар, улс гэрт ч тэр эзэн
хаан нь үгүй бол ханхай хүйтэн байдаг ажгуу. Долоон жилийн хүлээлт, долоон жилийн
догдлол, долоон жилийн эсэн мэнд эсэх нь үл мэдэгдэх таавар чимээ арилж, Сорхугтани эр
нөхрийн хамт сэтгэл амар суух цаг нэгэнт ирлээ. Аян дайнаас ирж, төрөлх нутгийнхаа элгэн
дээр мориноосоо буун байгаа эр нөхрөө тосон зогсох Сорхугтани долоон жилийн баяр, гуниг
ээлжилсэн түүхийн чухам алийг нь хэлж угтахаа мэдэхгүй байх шиг харагдана. Долоон жилд
олон зүйл өөрчлөгдөж, хөвгүүд нь өсч том болон эрдэм номд шамдах болсон сайхан мэдээ,
хайртай Өэлүн эх нь тэнгэрт хальж, тал нутгийнхаа хөрс шороонд үүрд нойрссон гунигт
мэдээ, хээрийн салхи шиг хийсэн ирж байсан цуу ярианы алийг нь хэлж барах билээ.

- Амгалан сууж байв уу гэх эр нөхрийн танил дуу сонсогдоно. Энэ ордонд, энэ дууг сонсоогүй
хичнээн удаа вэ. Энэ удаад Тулуйг угтах олон хүн бий. Өдгөө эрийн цээнд хүрч буй том хүү
Мөнх, дунд хүү Хубилай, бага хүү Хүлэгү тэд цөм долоон жил эзгүй байсан аавтайгаа уулзаж
байна. Аавынхаа ирэх замд тосон ирсэн хоёр хүү нь эцэгтэйгээ хамт дайнаас ирсэн мэт баяр
бахдалтай харагдана. Хүний амьдрал ахархан, нэгэн жарны л настай байх ахул түүний долоон
жилд нь харь хол байцгаасан хүмүүс уулзах халуун амьсгал нэгтний баярыг өгүүлж яахан
барах билээ.

Чингис хаан Хорезмыг дайтаж явахдаа Өэлүн эхийгээ тэнгэрт хальсан мэдээг сонсоод
халаглан гашуудаж, толгойг нь түшиж чадаагүйдээ энэлэн шаналж байжээ. Хаан эзэн ирсэн
даруйдаа эхийгээ онголсон газарт очихоор явлаа. Мориных дөрөөнд нь сүү дусаан, өрөөсөн
хацрыг нь үнсэн үдсэн ээж нь нөгөө хацрыг нь үнсэхээр угтсангүй. Их талын элгэнд, цайлган
зантай Монгол хүний сэтгэл шиг цэлийх уудам талдаа үүрд нойрсжээ. Эхийгээ эргэж
уулзахгүй болсон тэр цагт л хэчнээн их зовоож явснаа сая ойлгох нь хорвоогийн хүмүүний
жам ажгуу.

"Хатан эх минь, дайны утаанд төрсөн хүүгийнхээ гавьяа ялалтын сүрийг дуулж сонссоноос
харж амжилгүй тэнгэртээ буцжээ. Эхийнхээ араас халаглан сууна, би. Эргээд бодоход
таныгаа хүү нь жаргаав уу гэсэн гох дэгээ шиг асуулт голыг минь зурж байна" хэмээн
халаглан суусан Их эзэн Чингис хаан тэр нэгэн өдөр тэнгэрт одсон эцэг Есүхэй баатар
эцгийнхээ халуун нөмөрт очсон эхийнхээ араас залбиран, тэнгэр бурхандаа мөргөөд буцан
ирлээ. Тэр шөнөө их хаан унтаж чадсангүй нойр нь хулжиж хонолоо. Эх нь эцэг өвгөдийн
араас тэнгэрт оджээ. Хар багаас нь хат суулган хааны зэрэгт хүргэсэн хүүгийнхээ гар дээр
биш, алсад яваа сураг чимээг нь амдан амдан хүлээсээр мөнх тэнгэрт оджээ.

- Эр нөхөр нь эсэн мэнд эргэж ирчихээд байхад судар шагайн суудаг хатан байдаг аа гэх
нөхрийнхөө үгийг сонсоод өмнөө дэлгэн байсан харь хэл дээрх судраа хаалаа. Тулуй энэ
удаад тоглоогүй нь нухацтай асууж байгаа байр байдал, дууны өнгөнөөс харвал илт байлаа.

- Таныг хаан аав тань дуудуулсан болохоор эзгүйд тань энэ судрыг нэг харъя гэж бодоод сууж
байлаа.

Тулуй ойртон ирж хатныхаа үсийг илбээд:

- Цаг орой болсон байна. Өргөөндөө орж амарцгаая гэж хэлэхэд Сорхугтани судраа хурааж,
тэд хамтдаа гарав.
Зам зуурт Тулуй Сорхугтанийн мөрөн дээгүүр нь тэврэн хүзүүг нь үнслээ. Сорхугтанид ямар
ч үед нөхрийнх нь энхрийлэл цоо шинэхэн зүйл мэт соргог санагддаг билээ. Учир нь энэ хоёр
хүн эр эм болж, нэгэн гэрт амьдрах болсноос хойш эдүгээ гурван хүүгийн ижий аав болсон ч,
энэ олон жил өнгөрч одсон ч тэдний бие биеэ гэх хайр үргэлж халуунаараа байв. Энэ бол нэг
талаар Монголын их талд дайн дажны тоос үргэлж боссоор байсантай холбоотой биз ээ. Энэ
тоос цаашилсаар бүх дэлхийг алгуур алгуураар бүрхэн байв.

Эр эм хоёр үргэлж хамт байж гэмээ нь хайр сэтгэл нь бат бөх оршдог бус, холын газраас бие
биеэ санагалзах сэтгэлээр амьдралынхаа ихэнх өдрүүдийг үдэж байж гэмээ нь зүрхэн дэх
хайр залуугийнх шиг булгилан байдаг ч юм уу. Хайр гэдэг зүрхэнд байж хааяа хааяа бялхан
байх нь аз жаргал бус гэж үү. Бусад ах нар нь хэдийнээ хоёроос гурван хатад, татвар эм авч,
сэтгэлээ хэд хэд хуваан байгаа ч Тулуй хатнаасаа өөр эхнэр аваагүйгээс энэ хүний
Сорхугтанийг гэсэн хайр хичнээн уудам болохыг харж болно. Түүний олон эхнэр аваагүй бас
нэг шалтгаан нь Өэлүн эхээс үүдэлтэй. Тал нутгийн Монгол айлын ёсоор голомт залгах отгон
хүүд тооцогдох Тулуйд тэр багаас нь хэлж сургасаар ирсэн зүйл бий.

Их Монголын эзэн хааны голомт залгах хүүгийн хувиар олон эхнэр авч, тэд нь олон хүүхэд
төрүүлбээс голомт булаалдсан тэмцэл ирэх вий гэдгээс Өэлүн эх болгоомжилж байсан ч
байж магадгүй юм. Тулуй хатныхаа хацрыг илж одоо ч бага залуугийнх шигээ хоёр хацрын
хонхорхойг хуруугаараа дараад ямар нэгэн зүйлийг хэлэх гэж байснаа болив бололтой
инээмсэглэн уруулыг нь зөөлөн үнслээ. Эхнэрийнх нь уруул ямагт халуун сэтгэлийн
илэрхийлэл шиг бүлээн дулаан байдгийг тэр энэ үед мэдэрч байлаа. Энэ мэт жаргал удаан
үргэлжилдэг бол ээрэм талын дундах энэ Монгол айл үргэлж амар тайван байхсан.

Аагим халуун, хүйтэн өвөлтэй ээлжлэн байдаг тал нутагт амар тайван амьдрал дундуур
хүндхэн өдрүүд ч айлчлан ирдэг аж. Удтал үргэлжилсэн хүлээлтийн дараа ирсэн сэтгэл
амгалан цаг үгүй болж, хаан эзэн хаа нэг тийш дахин аян дайнд мордох гэж буй бололтой,
алтан ургийнхан, өрлөг жанжид хэлэлцэн байсан тэр үед Чингис хаан цэргийг хүчээ

зузаатгахаар Зүчийг дуудуулсан байлаа. Олон удаа элч илгээсэн болов ч тэр ирэхгүй
алгуурлан байв. Энэ үед хаан эзэн урьд урьдаасаа илүү сэтгэлийн хямралд орсон байх шиг
санагдана. Таавар чимээ мэт өдрүүд ар араасаа өнгөрч, хэзээ мөдгүй дэлдэх гэж байгаа
тулааны их харанга зөвхөн хааны шийдвэрийг л хүлээн байх шиг хүнд өдрүүдийн дундуур
Тулуй өргөөндөө орж ирлээ.

- Ахиад л тулаанд мордох хэрэг гарах нь байна. Сэтгэл эмзэглүүлсэн энэ удаагийн аян зам
харийн дайсныг биш, хайртай ахыгаа зорин очих болоод байгаа нь гунигтай санагдана гэж
хэлэв.

Чингис хаан Тангудыг дайтахаар Зүчийг олон удаа дуудуулсан боловч тэр ирээгүй билээ.
Өөрийн улсаа байгуулж тэндээ төвхнөх хүсэлтэй байсан тул хаан аавынхаа дуудсан даруйд
ирэхгүй байсаар хэсэг хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд тал нутагт сайн мэдээтэй зэрэгцэн
саар мэдээ ч хурдлан нисэлдэж байсан цаг. "Зүчи эцгээсээ урважээ. Тэр өөрийн улсыг
байгуулан хаан эзний үгийг эс аван дуудуулсан дор ирсэнгүй" гэсэн яриа цаашлан хөвөрнө.
Тулуй сэтгэл шаналангуй байгаа нь илт.
- Хаан аав Зүчи ахын эсрэг мордох бодолтой байна. Цагаадай ах дэргэд нь шавдуулж байгаа
болохоор тун удахгүй замд гарах юм шиг байна.

Нөхрийнхөө сэтгэлийн гуниг тээн өгүүлж байгаа энэ яриаг сонсож суусан Сорхугтани:

- Хэлсэн үг, харвасан сум хоёрыг буцааж болдоггүй гэдэгчлэн тэр нэгэн өдөр Зүчи ах,
Цагаадай ах хоёрын дунд гарсан маргаан удтал үргэлжилж байгаа нь юутай аюултай. Том
хүүгийнхээ эсрэг мордох гэж байгаа хаан эзнийг зогсоох хэрэгтэй.

Тулуй хатныхаа үгийг дэмжин буй хэдий ч:

- Хаан аав нэгэнт шийдсэн бол ятгах арга үгүй. Бидний үгийг авахгүй шүү дээ гэхэд
Сорхугтани нэгэн мэргэн санаа олов бололтой:

- Тэгвэл ятгаж чадах хүнээр үг дайлган хэлүүлье. Хаан аавд ухаан билгийг нь хүндлэн,
хэлсэн үгийг нь тунгаан бодцог нэг л хүн бий. Есүй хатнаар энэ үгийг хэлүүлж, Зүчи ахыг
дайлаар мордохыг болиулж болно хэмээсэн хатныхаа үгийг Тулуй дэмжлээ.

Хаан эзэн олон удаад ухаан билгийг нь онцлон мэдэрч, хэлсэн үгийг нь зөрөөд байдаггүй
болсон Есүй хатны өргөөнд Сорхугтани, Тулуй хоёр явж орлоо. Тэд хаан эзэн хүүгээ дайтаж
болохгүй гэдгийг Есүй хатнаар хэлүүлж, Чингис хааны тун удахгүй дэлдэх гэж байсан
тулааны харангыг түр ч атугай зогсоон барилаа. Хаан эзэн ч бай, харц боол ч бай хүн бүр
өөрийн гаргасан шийдвэрийг хэзээ хойно алдаа оноотой нь олж харж болно. Чингис хаан
Есүй хатны үгийг авчээ. Өөрийн хүүгээ дайтна гэдэг хаан хүний хувьд байж болох шийдвэр ч,
өршөөн нигүүлсэх сэтгэлдээ хэсэг зуур хүлээх шийдвэрт хүрээд байсан тэр нэгэн өдөр
Зүчийн улсаас ирсэн мэдээ хаан эзний зүрхэн дундуур ирт сэлмээр хуваан өнгөрөх шиг их уйг
авч ирэв.

- Мөнх тэнгэр намайг гэсгээлээ. Хүүгийнхээ өөдөөс цэрэглэн мордох гэж байсан эцэг
намайг шийтгэжээ. Есүй хатны үг үнэн байв. Өршөөн нигүүлсэх сэтгэлээ би гээсэн байжээ.
Миний хүү, төрсөн хүү минь. Өөрийг нь дарахаар ирэх эцгийнхээ аймшигт нүдийг харахгүй
гэсэндээ, надаас урьтан мөнх тэнгэрт оджээ хэмээнэ.

Төрсөн гэртээ гадны хүн шиг байх удаа олон байсан хүүгийнхээ араас хаан гашуудаж сууна.
Хүнд үр хүүхэд нь хэчнээн эрхэм билээ. Аав хэмээн дуудуулах эрхэм алдрыг анхлан авчирсан
үр нь эцгээсээ түрүүлэн тэнгэрт оджээ. Олон жилийн аян дайны дундуур улс гүрнээ тэлэх их
ажлыг даатган, хүүгээ үлдээж мордсон тэр цагаас хойш элдэв яриа, цуу тасрахгүй байсаар
нэг л мэдэхнээ ахин уулзахгүйгээр хайрт хүүгээ тэнгэрт илгээснээ тэр ингэж мэдлээ. Өэлүн
эхийн араас халаглан гашуудаад удаагүй байсан хаан эзэн бас нэгэн хагацлын нулимсыг
сэтгэл зүрхэндээ юүлэн сууна.

Олон удаагийн тулаанд оролцож онцгой гавьяа байгуулсан, үргэлж холыг харж, дандаа
үнэнийг хайдаг нэгэн их хүн алтан ургийхнаас хагацан оджээ. Энэ эмгэнэлт мэдээ Тулуйн
гэр бүлд ч хүндээр туссан байлаа. Учир нь Тулуй эзэн Зүчи ахтайгаа ойр өссөн нэгэн
бөгөөтөл түүний халуун амьсгалаа таслан байх мөчид дэргэд нь байж чадсангүй. Том ахын
хувиар бяцхан дүүдээ нэн их анхаарал халамж тавин өсгөсөн их ач Зүчийнх байсан гэдгийг
Тулуй сайн мэднэ.

Хэдэн хоногийн гашуудалт өдрүүд үргэлжиллээ.

- Олон хоногийн уртад уулзахсан гэж хүлээж байсан ах минь тэнгэрт оджээ. Надад одоо
сэтгэлээ онгойтол уужран асгах, намайг түшин авах хэн байгаасан билээ гэх Тулуй эзний
халаглан буй өргөөнөөс холгүй хаан эзэн орд өргөөндөө хорвоогийн явдал, үнэн худлын дунд
алдаж онож явсан цаг хугацаа, ахин уулзахгүй хүүгээ бодон сэтгэл нь бэтгэрч суулаа.

Болж өнгөрсөн өдрүүдийн тэртээ рүү бодол ухаанаа бэлчээн байхуйд сайхан дурсамж
дундаас салан ирэх хэцүү байдаг. Сорхугтани Зүчитэй хамгийн сүүлд уулзсан тэр нэгэн
өдрийг дурсан сууна. Зуны дэлгэр цагт сөхөөтэй үүдээр хаа нэг бэлчих адуу мал,
хүүхдүүдийн тоглон гүйлдэж байгаа харагдаж ахуйд нэгэн хүн гаднаас орж ирлээ. Өндөр
нуруу янхигар том цээжтэй энэ эрийн харц гүн тогтуун байлаа. Шинэхэн хийлгэсэн бололтой
бор шар өнгийн дээл өмсөж хөхөл үсээ сураар уяжээ. Гэрт байгаа хүмүүс хөл болон угтаж
дээш суулган идээ ундаа дэлгэн барьсны дараа:

- Дүү минь алсаас аян дайны чимээ сонсогдох боллоо.

Хаан аавын байдлыг харвал хэзээ мөдгүй мордох гэж байгаа мэт санагдана гэж яриагаа
эхлүүллээ. Энэ бол хаан эзэн ор залгамжлагчаа сонгон, ирээдүйн хаанаар Өгөөдэйн нэрийг
хэлснээс хэдэн хоногийн дараа Зүчи Тулуйн өргөөнд морилсон хэрэг байлаа. Сорхугтанийн
бодол хөвөрсөөр...

Тулуй Зүчи ахынхаа яриаг анхааралтай сонсоно. Тэрбээр:

- Амар суух цаг хаанд ч тэр, бидэнд ч тэр байхгүй тул ахын үгийг анхааран сонсож хааны
амнаас шийдвэр гарах хүртэл бэлтгэлтэй байя хэмээлээ. Зүчи дүүгээ харан ямар нэгэн чухал
зүйл хэлэх гэж байгаа мэт царайгаа төв болгон:

- Хаан аав ор залгах хүүгээ сонголоо. Бид бүгд энэ шийдвэрийг зөвшөөрөн угтлаа хэмээгээд
гүн бодолд автахад Тулуй ч, Сорхугтани ч тэр түүний юу хэлэх гэж буйг тааварлах гэж
оролдоно. Зүчи үргэлжлүүлэн,

- Мөнх тэнгэр ингэж таалсан хэрэг. Эзэнт гүрэн хаа хүртэл тэлэхийг бид мэдэхгүй. Хэчнээн
алсад тэлсэн ч, хэр удаан оршихыг бас мэдэхгүй тул дүү минь мөнхөд мандах гал голомтоо
эзний ёсоор харж хамгаалж яваарай. Энэ бол чи бидний голомт тул эзэнт улсаас өөрцгүй
зүйл юм гэж хэлээд Сорхугтанид хандан:

- Бэр минь, эм хүний ухаан гэр дотроо дуусдаггүй гэдэгт чамайг харсан цагаас итгэх болсон.
Отгон дүүгийн хатны хувьд гал голомтыг минь сахин суугаарай хэмээсэн авай.

Зүчи Тулуйн гэрт энэ мэт зүйлийг ярин удаан сууж байгаад гарсан. "Түүний гэнэт орж ирсэн
хийгээд ахин уулзахгүй мэт захиж хэлсэн үгс нь эх нутагтаа эргэн хөл тавихгүйгээ мэдсэн
хүний үг байжээ" гэж Сорхугтани бодож суулаа. Гашуудалт өдрүүд ганц нэгээр алсран
одсоор. Амар тайван байх цаг үгүй Монголын тал нутагт ахиад хэзээ аян дайны харанга
дэлдэхийг хэн ч урьдаас тааварлан мэдэх аргагүй мэт. Хаан эзэн өөрөө ч итгэл эвдсэн
хүмүүсийг л дайлаар морддог байсан тул энх тунх амьдрал итгэл дээр оршин байсан цаг
билээ.

- Нэгэн цагт намайг хүч хүрэхгүй юм бол хаан байж яах юм бэ гэж ам асууж байсан
Тангудын хааныг өршөөн тайван суух хүсэл алга тул их цэргээ мордуулж дайны хэнгэргээ
дэлдэж байна гэсэн хааны сүрлэг дуу их цэргийн өмнө сонсогдсон тэр өдөр их Аураг ордон
дахин эл хуль болохыг сануулсан хэрэг байлаа.

- Ээж ээ, хаан өвөг хэзээ эргэн ирэх вэ гэх хүүгийнхээ үгэнд хариу эс хэлж чадах
Сорхугтани:

- Мэдэхгүй юм даа. Тун удахгүй ирнэ гэж хүлээхээс өөр хэлэх үг юу билээ хэмээгээд санаа
алдав. Хаан эзнийг дайнд явахын өмнө эцгийн зарлигаар Тулуй эзэн Тангудын зүг өөрийн
цэргээ аван түрүүлж явсан болохоор Сорхугтани энэ удаад их хаан эзнийг гарган өгч байгаа
нь энэ. Хаан Тангудыг мордохын өмнөх өдөр Сорхугтанийг хүүхдүүдтэй нь дуудуулсан
байлаа. Тэрбээр ач нараа ном эрдэмд шамдан буйг илтэд сайшаагаад:

- Мориноосоо бууж амгалан сууж амжаагүй өвөг эцэг нь, ухаант бэрийн ачаар ач хөвүүдээ
эрдэм номд шамдан буйг хараад ихэд баясан байна хэмээн буурал тэргүүнээ өргөн
баяртайгаар хэлэв. Тэр нас дээр гарсан ч сүрлэг хэвээр.

- Мориноосоо буулгүй улсыг эзлэх гэдэг нь Монголчууд бидний нүүдэлчин зангийнх биз,
мориноосоо буугаад улсыг засах нь гэдэг нь эрдэмтэй улсын хэрэг биз. Харин миний ач үрс
минь энэ мэт эрдэм ухаанд шамдан улсыг засах их ухааныг суралцан өвгөдийн хураасан
улсыг өөрийн гараар засах цаг ирнэ гэж итгэж сууна. Охин минь. Одоо чи миний охиноос
өөрцгүй болжээ. Би Тулуй та хоёрт Онон Хэрлэнгийн сав газар, өсч төрсөн нутгаа үлдээсэн
болохоор санаа амар явж болох боллоо. Тэнгэр болсон ижий аавтай чинь уулзаад хэлэх үгтэй
болж буй хэрэг. Тал нутгийн элгэн дээр ургасан чулуу ч бай нэгэн цагт бутран унадаг жамтай
билээ. Энэ үгийг би чамд хэлж байснаа санаж байна гээд яриагаа үргэлжлүүлэх гэтэл
Сорхугтани:

- Тэр үед та өөртөө ч бас энэ үгийг хэлж байсан гэж би бодно хэмээлээ. Хаан эзэн:

- Миний бодлыг чи мэджээ. Нээрээ л энэ олон жилд эвлэсэн биед чинь хүү минь багтаж,
ивлэсэн хөхөнд чинь ач нар минь цадаж, чи миний сэтгэл дотор бүрнээ багтжээ. Сорхугтани
хаан эзний зүг хүндэтгэлтэйгээр харж суулаа.

- Тэнгэрийн доор газрын дээр би хаан эзний болоод таны эх Өэлүний ачаар амьдралын
үнэнийг таньсан билээ. Тал нутгийн хүний сэтгэлийг алган дээрээ тавьсан мэт харж сурсан.
Таны сэтгэлийг би энэ удаад мөн харж байна гэхэд хаан Сорхугтанийг харж сууснаа "Эх минь
энэ үгийг надад зовж явах цагт минь нэг удаа хэлж билээ. Барагтай хүнд хэлдэггүй сэтгэл
доторх үгийг Сорхугтанид хэлжээ. Өэлүн эх миний бэрд дотно ханддаг байсан нь учиртай
биз" гэж бодон,

- Эхийн минь хэлдэг үгийг чи хэллээ. Ээж минь чамд хэзээнээс сайн байсан нь учиртай биз
гэв.

Ахиад л аян дайны хүлээлт үргэлжилж, хэчнээн цаг хугацааны дараа уулзахыг эс мэдэх дотно
хүмүүсээ үдэж мордууллаа. Таавар чимээ хүлээлт үргэлжилсэн өдөр хоногуудыг өнгөрөөх
болох нь. Хааны их цэрэг тэртээ уулын энгэр даван тоос нь харагдахгүй алга болох хүртэл
Сорхугтани хөвгүүдийнхээ хамт үдэж зогслоо.

Монголын талд хүлээлтээр үргэлжлэх өдөр хоногууд урсана. Урьд нэгэн цагт Өэлүн эхийн
ачаар боссон номын өргөөнд Сорхугтани ганцаараа ном шагайн суудаг байсан бол одоо тэр
хөвгүүдийнхээ хамт ном эрдэмд шамдан суух болжээ. Ингэж нэгэн дор эх, хөвгүүд ном үзэн
суухад энэ өргөө дэндүү жижиг мэт санагдана. Төд удалгүй Уйгураас Толочу хэмээх багшийг
залан авч ирж хөвгүүддээ Чингис хааны зарлигаар саяхан зохиогдсон босоо бичгийг
заалгалаа.

Энэ бичгээр ирээдүйн бүх судар ном бичигдэх тул, нэн тэргүүн хийх ажил нь энэ байсан
буюу. Харин хааны дотны хүн, бичгийн их багш Елүй Чуцайг их Аурагт саатах үеэр
Сорхугтани хөвгүүдийнхээ хамтаар Күнз, Бумбын суртлыг ихэд анхааран сонсдог байсан нь
хорвоогийн явдлыг эцэс төгсгөлгүй үргэлжлэх нэгэн цул хэмээн ойлгох, хүний амьдрал, хойд
урд төрөл, хийсэн үйлийн үр үндэс гэж юу болох талаар гүнзгий мэдлэгийг олж авсан байв.
Эхийгээ даган багаас ном эрдэмд шамдан суусан хөвгүүдээс нь том хүү Мөнх хүний явдалтай
салшгүй холбоотой тэнгэр эрхсийн амьдралыг анхааран сонирхож, шөнө бүр оддыг ажиглан
зогсдог болоод байв.

Сорхугтани нэгэн шөнө оддыг ажиглан зогсох хүүгийнхээ дэргэд очоод:

- Хүү минь шөнө орой болж. Оддын явдлыг хойш түр орхиж, өргөөндөө орж амрах болжээ
гэж сануултал, Мөнх:

- Ээж ээ, тэнгэр ярьдаг уу гэж гэнэт асуулаа. Энэ хачин асуултанд гайхсан Сорхугтани:

- Яагаад тэнгэрийг ярьдаг гэж бодов гэхэд:

- Хаан өвөг Хорезмийг дайтахаар явахын өмнө Бурхан Халдунд гарч гурван өдөр, гурван
шөнө тэнгэртэй ярьсан гэдэг. Тэрийг санаад би мөнх тэнгэртэй ярилцахыг хүсч зогссон юм.
Гэвч надад түүний дуу сонсогдохгүй байна хэмээвээс Сорхугтани хүүгийнхээ толгойг илж:

- Хаан өвөг чинь мөнх тэнгэртэй тийн ярилцан байсан нь оюун санааныхаа хувьд ярьж
байсан хэрэг. Энэ бол хүний хэлээр ярьж байгаагаас өөр зүйл юм. Чи бид хоёр ярилцаж
байна. Зарим үед үг ярихгүй хэрнээ бие биеэ ойлгодог. Амьтад хүртэл өөрийн зөн совингоор
хоорондоо ярилцаж байдаг. Тиймээс тэнгэртэй ярих нь хүний хэлээр ярихаас өөр зүйл юм.
Хаан өвөг чинь ч энэ нам гүм дунд тэнгэртэй ярилцаж байсан хэрэг гэв.

- Тэгвэл та тэнгэртэй ярьдаг уу? хэмээн Мөнх асуулаа.

- Би орой болгон тэнгэрт байгаа аавтайгаа ярьдаг. Мөнх эхийгээ гайхан харах зуур
Сорхугтани үргэлжлүүлэн:
- Тэнгэрт байгаа Жаха Хамбу өвөпэй чинь би орой бүр яг ингэж зогсоод ярьдаг юм. Мөнх
дээш тэнгэр өөд харан зогсоод:

- Мөнх хөх тэнгэр гэдэг хэр нь шөнө болохоор одноос өөр зүйл харагдахгүй юм гэв.

- Үр минь дээ, од ч гэсэн өөр өөрийн хувь тавилантай байдаг биз ээ. Чиний эцгийн төрсөн
тэр шөнө Өэлүн эх тэнгэрээс дөрвөн од ойртон ирэхийг харж байсан гэсэн. Тэр бол
тэнгэрийн илгээсэн бас нэгэн хэл гэж ээж нь бодно.

- Ээж минь, Елүй Чуцай тэнгэрт харван буй од бол нэгэн их гариг юм гэж хэлж байсан. Бид
ч мөн нэгэн цагт энэ од шиг харван одох өдөр ирнэ гэхээс эцэг өвгийн цуглуулсан Их Монгол
улсынхаа төлөө зовинох шиг болох юм гэв. Наснаасаа хэрсүү хүүгийнхээ үгийг сонсоод
Сорхугтани:

- Тал нутгийн элгэн дээр ургасан чулуу ч бай нэгэн цагт бутран унадаг жамтай гэж хаан
өвгийнхөө хэлж байсныг санаж байна уу. Цаг нь ирэхээр бүгд замхран одно. Харин өөрийн
буй цаг хугацаандаа эзэн байж гэмээ нь хожмын хүмүүсийн дунд сайн нэрээр үлдэх тул
тэнгэрийн явдлаас илүүтэй өөрийн явдлыг ажиглан сур гэж хэллээ.

Мөнх хүү эхийнхээ хамт гүн шөнийн одот тэнгэрийг харан зогсож байх үест нэгэн тод од
харван одож буй үзэгдсэн нь хоёр хүний зүрхэнд ёгхийсэн нэгэн мэдрэмжийг зэрэг авч ирэв.
Энэ бол Тангуд улсыг дайтахаар яваад Түрэмгий балгас дахь цэргийн хээрийн хуарандаа
эцсийн амьсгалаа хурааж байсан их эзэн суут Богд Чингис хааны од байсан гэдгийг эх хүү
хоёр тэрхэн үед мэдсэнгүй. Дараа нэгэн өдөр "Их хаан мөнх тэнгэртээ оджээ" гэсэн
гашуудалт мэдээ Их Аураг ордонд ирэхэд энэ эх хүү хоёрын зүрх тэр нэгэн шөнийнх шиг
дахин нэг ёгхийсэн нь зөн совингийн мэдрэмжийг тэнгэр тэдэнд урьдчилан илгээж байсан
хэрэг байжээ.

Их Монгол улсын эзэн хаан тэнгэрт хальсан гэх энэ түгшүүрт мэдээг сонссон даруйд Аураг
ордны дээр мандан байдаг нар, аадрын үүлний цаагуур шунган орох шиг их уйг авч ирлээ.
Нэг болохоор дагаар орон дуулгавартай байхаа амлан, нөгөө болохоор хэлсэн үгнээсээ буцан
шарвалзаж, Хорезмыг дайрахын өмнө цэргийн хүч явуул гэхэд "Хүч хүрэхгүй бол хаан юунд
болсон юм бэ" гэж хэлээд амыг нь асууж байсан Тангудын Бурхан хааныг, Чингис хаан сэтгэл
зүрхэн дэх нэгэн хүндэтгэлт нэрнээс үүдэн олон удаа уучлан хэлтрүүлж байсан хэрэг. Хаан
эзэн тэнгэр болохынхоо өмнө "Тангуд улс мөхөөгүйг өглөө болгон санаж яв, Бурхан Халдуныг
минь санагдуулах нэртэй, Тангудын Бурхан хааныг би зуунтаа уучиллаа. Түүний нэрийг соль"
гэж хан хөвгүүд, өрлөг жанждадаа захин хэлсэн байв. Хааны алтан шарилыг эх нутгийнх нь
хөрсөнд мөнхөд нойрсуулахаар хөдөлсний дараа Чингис хааны их цэргүүд Тангудын Бурхан
хааныг баривчлан авч ирж, нэрийг нь солин, амийг нь тасалжээ.

Их уй гашуу тээсэн хүндхэн өдөр хоногууд Монголын тал нутагт үргэлжилж байлаа. Хаан
эзэн мөнх тэнгэрийн орноо заларсан мэдээг тэр дор нь тал нутагт дуулгасангүй. Тэнгэрийн
хаяанаас наашлан байгаа их нүүдэл, орд өргөө алсаас сүр бараатай харагдана. Хаан эзэн дайн
тулаанд ялалт байгуулаад ирэхэд их талын дундах зэрэглээн дотроос гарч ирдэг энэ их
нүүдэл бүгдийн сэтгэлд баяр авч ирдэг билээ. Их нүүдэл улам бүр ойртсоор. Ойртох тусам
хүмүүсийн царайнаас баяр баясгаланг олж харах нь ихсэн, хагацсан сэтгэл, халуун элэгтнүүд
уулзах баярт мөч ирдэг билээ. Энэ удаад цэргүүдийн царай баргар харагдана. Тэд хоорондоо
үг эс ярина. Хаан эзний нүүдлийн өргөө бүхий гэр тэргэн дотор бүгдийн эзэн их хаан
үүрдийн нойроор нойрсон ирснийг тэд яахан мэдэх билээ. Энэ үйл явдлыг алтан ургийнхны
сонороос бусдад ихэд нууцалсан байлаа.

Их цэрэг тэнгэр болсон хааныхаа алтан шарилыг төрөлх нутагт нь авч ирэн, гурван өдөр
гурван шөнө их хүндэтгэлийг үзүүлэн залж байлгаад, төрж өссөн нутаг усанд нь шингээн
онголоод, их хаанаа үүрдийн амгалангаар нойрсуулж, газар шороондоо мөнхөд шингээхэд хэн
ч саад үл болог хэмээхийн учир энэ үйл явдлын чимээ хийгээд газар орныг нууцаллаа. Тухайн
үед хаан эзний мөнх нойрсон буй газрыг хэдхэн хүн л мэдэж байлаа.

Тал нутгийн элгэн дээр ургасан хад чулуу хүртэл хэзээ нэгэн өдөр бутран унадаг жамыг
өөрийн биеэр харуулаад тэнгэрт хальсан эцгийгээ мөнх нойрсуулаад ирсэн Тулуй эзнийг
Сорхугтани хатан хүүхдүүдийн хамт тосон зогсоно. Хэрхэх билээ. Аян дайны олз омог, баярт
мэдээг байнга тээн авч ирж хөвгүүдээ дээш өргөн үнсэж, хатнаа хайрын нүдээр хардаг эр
нөхрөө хэрхэн угтах билээ.

Тэдний хэн нь ч хоорондоо үг дуугарсангүй. Зарим үед ямар ч үг яриа хэрэггүй, биеийн
хөдөлгөөн, харц, үг ярианаас ч илүү үнэнийг ойлгуулдаг жамаар тэд Тулуйг угтлаа. Тэд дор
бүрнээ гүн бодолд авсан байлаа. Сорхугтани энэ хэдэн өдөрт бодоогүй ихийг боджээ. Мэдээ
орсон цагаас нь хайрлан өсгөсөн хайртай аав, ээж нь нэгэнтээ үгүй болж, тэднийг хөнөөсөн
хүний эхнэр болон одсон эгч Ибага нь алс холын Уруд аймгаасаа газар дээрх ганц дүүгээ
зорин ирээд, өвөр дээр нь эцсийн амьсгалаа хурааж, эхийнхээ амины үнэтэй дүйн газар дээр
унасан бяцхан хүүгээ Жаха Хамбу хэмээн нэрлээд өвөртөлж одсон Жүрчидэй, тал нутгийн
хүний сэтгэлийг алган дээрээ тавьсан мэт харуулж сургасан Өэлүн эх, түүний ухаалаг бор
нүдээрээ ширтэх хайрын харц аль аль нь өнөө алга. Хаан аавынхаа өшөө авалтаас өрсөн,
дотор харлуулан ирэх заналт нүдийг харахгүй гэсэндээ мөнх тэнгэртээ түрүүлж одсон Зүчи,
тал нутгийн элгэн дээр ургасан чулуу ч цаг нь ирэхээр бутран унадаг орчлонгийн жамыг
өөрийн биеэр үзүүлээд, хайрт хүүгийнхээ араас мөнх тэнгэртээ одсон хаан эзэн. Тэдний аль
аль нь одоо алга гэсэн бодол төрөн ирэхүйд хөл нь өөрийн эрхгүй ганхан гуйвах шиг болов.
Зөвхөн Сорхугтани ч биш, Их Монгол улс тэр аяараа ганхан буйг энэ үед тэр ойлгож байлаа.
Асар мандах наран өдөр хоногийг тоолон алсрах бүрийд, хайртай дотно хүмүүс нь цувран
одож байгааг харан бодол болон зогсоход алс тэртээгээс аадрын үүлс шиг бараантан буй
хүндхэн цаг монголын төрд ирж буйг тэрбээр зөн совингоороо мэдэрч байлаа.

Урьд хожид үзэгдэж харагдаагүй гайхамшигт орд харш, эцэс төгсгөлгүй мэт жаргалын орон л
гэж энэ байдаг байх даа гэж дуу алдмаар нэгэн сайхан ордонд бурхад чуулан байхад, тэдний
дунд бадам цэцгийн дэлбээнд дээр бат суусан цав цагаан дээлтэй, цагаан нөмрөг, цагаан
гуталтай нэгэн хүн инээд алдан хажуудаа буй цэцгийн дэлбээн дээр суусан хоёр хүнтэй
энгүүн яриа өрнүүлэн, өмнөө алтан хайрцаг дэлгэн, түүн дотроос дөрвөн шумуул нисэлдэн
байхыг харвал эзэн хаан, ижий аав хоёртой нь зэрэгцэн суусныг сая олж харлаа. Сорхугтани
тэдний зүг гүйхээрээ очъё гэж шийдээд гүйх гэтэл хөл нь агаарт дүүлж, нисэх мэт болоод
дэргэд нь хүрч очив. Аавынхаа ханцуйнаас татан дуудтал тэр харсангүй

- Аав аа. Аав минь...


Тэд түүнийг харахгүй байгаа бололтой. Дахин чангаар хашгиран:

- Аав аа... Ээж ээ... гэж дуудаад Сорхугтани нойрноосоо сэрлээ. Гадаа үүр цайж байгаа
бололтой. Энэ сайхан зүүдийг үргэлжлүүлэн үзье хэмээн дахин унтах гэсэн боловч нойр нь
хүрсэнгүй.

Тэр нэгэн өдөр мордохдоо их хаан:

- Тэнгэрт суугаа ижий аав хоёртой чинь уулзаад хэлэх үгтэй боллоо хэмээн хэлж байсныг
эргэн саналаа. "Тэд уулзжээ. Нэгэн цагт нөхөр, нэгэн цагт дайсан явсаар мөнх тэнгэртээ
гарсан хойноо дахин эвлэжээ" гэх бодол төрөв. Тэд одоо Сорхугтанийн хажууд аль аль нь үгүй
ч, сэрүүн ахуйдаа тэр хэзээ ч тэдэнтэй уулзахгүй ч, мөнх тэнгэртээ жарган цэнгэж буй гэдэгт
итгэлээ. Харин энэ сайхан зүүдийг бүтэн өдрийн туршин тээн явсан хатнаа ингэж жаргалтай
байхыг ажиглан гайхах нөхөр нь:

- Эцэг хаан минь тэнгэрт хальсан байтал, чи юунд инээн баясаж явах хэмээн тодруулахад
Сорхугтани урьд шөнийн зүүдэндээ үзсэн бүхнээ нөхөртөө ярьж өгч, тэнгэрийн орны
гайхамшигт ордон, бурхад хуран чуулсан үзэсгэлэнт харшийг нүдэнд харагдтал хүүрнэсэнд
Тулуй хэсэг бодолхийлэн суулаа.

- Хатан чиний зүүдэндээ үзсэн үнэн буй за. Тэнгэрийн орны тэр гайхамшигт харшийг
газарт буулгаж яагаад болохгүй гэж. Хатан минь чи санаачлан түүн лүгээ адил харш босго.
Аавыгаа дурсах дурсгал минь тэр болог гэж хэлснээс хойш нэг их удалгүй их Аураг ордны
хажууд үлгэрийн мэт гоёмсог уран хийцтэй Чингис хааны онгон шүтээний өргөө бослоо.
Гуравдугаар бүлэг: Тулах цэггүй амьдралын шуурга

Хаан эзэн мөнх тэнгэрт одсноос хойш бүтэн хоёр өнгөрөхөд дараагийн хаан ор залгаагүй л
байлаа. Энэ хугацаанд Бөртэ хатан эх отгон хүү Тулуйн хамт төрийн хэргийг мэдэж байв. Их
Эзэн хааны амьд сэрүүндээ хэлж байсанчлан түүний гуравдугаар хүү Өгөөдэйг хаан ширээнд
суулгахгүй ингэж алгуурласан нь цаанаа ямар учиртай нь тодорхойгүй өдрүүд Монголын талд
үргэлжилнэ.

Нэгэн насныхаа амьдралыг аян дайны тоосонд өнгөрүүлж, дэлхийг хураан, нэгэн дээвэр дор
нэгтгэхийг зорин явсан их хаан амьдрал туршдаа сайн нөхөд олныг хураасан ч, саад учруулагч
дайсан олныг үлдээсэн нь үнэн байв. Их хааныхаа тэнгэр болсныг машид нууцалсан тул
зарим газар оронд Чингис хааныг амьд сэрүүн байгаа гэж итгэж байсан хэрэг. Ихэнхдээ
дайснуудын дунд байсан энэ итгэл Их Монголын тал нутагт амар тайвныг давхар авч ирж
байв. Гэвч амгалан суух цаг удаан үргэлжилсэнгүй. Энэ хугацаанд Тулуй эзэн өөрийн биеэр
их цэргээ удирдан, хаан эцгээ тэнгэрт өргөсөн Алтан улсын газар шороон дээр дайтаж, тэр
жилдээ Алтан улсын зүүн болон өмнөд хэсгийг байлдан эзлэв. Мөнх тэнгэрийн алтан нар
гэрэл гэгээг авч ирдэг ч, түүнд сүүдэр нуугдан байдаг.

Монголын цэргүүд олон жилийн туршид ялалтын дууг дэлхийн өнцөг булан бүрээс эх
нутагтаа авч ирдэг байсан бол, ялагдлын зарим нэгхэн чимээг хааяахан сонордуулах болоод
байв. Тулуйг эх нутагтаа ирсний дараа тэдний өргөөнд болсон яриа Их Монгол улсын
ирээдүйг тодорхойлсон ч байж мэдэх юм.

Тулуй эзэн, Сорхугтани хатан болон Бөртө хатан эх өргөөнд байлаа.

- Хаан тэнгэрт халиад даруй хоёр жилийн нүүрийг үзэх гэж байна. Хан хөвгүүд болон алтан
ургийнхан өнөөг хүртэл дараагийн хааныг зарлахгүй байгаагийн учир сэтгэл

ихэд зовинон сууна хэмээн шаналангуйгаар хэлж байгаа Бөртэ хатан, хаан эзнээс хойш хоёр
жилийн дотор сэтгэл санаа нь хүндхэн байсан бололтой, багагүй хөгширсөн харагдана.
Буурал үс нь улам ихсэж, нүднийх нь гал харьж, нүүрэн дээгүүр нь гүн үрчлээснүүд тодорчээ.

- Би хаан ахыг мартсаныг сануулж, унтсаныг сэрээж явахаа нэгэнт амласан ч Өгөөдэй ах
өнөөдрийг хүртэл хаан суухгүй байгаагийн учир би ч мөн сэтгэл шаналж байна хэмээн
Тулуйг хэлэхэд Сорхугтани:

- Өгөөдэй ахын эрх хүчин, эд баялаг дутаж буй бол бид хүч нэмье. Нэгэнт эзэн хаан
хөвгүүддээ газар орон таслан өгсөн бий. Хааны цуглуулсан их улсыг хөвүүд өвөр зуураа
сахин суух хэрэг юу билээ. Эзэнт улс байхад эд баялаг бидэнд эрхэм гэж үү хэмээвэл Тулуй
хатныхаа үгийг эргэцүүлэн бодлоо. Хаан аавын сэрүүн ахуйдаа тасдан өгсөн газар нутаг хүн
ард тэдэнд бий. Тэрбээр Бөртэ эхдээ хандан:

- Хатны хэлдэг үнэн. Эзэнт улс байхад эд баялаг бидэнд буй гэсэн үг. Тиймээс өөрийн дотор
газрын хүмүүсээ Өгөөдэй ахад өргөн барья гэхэд Бөртэ хатан:

- Үр хүүхдүүд минь нэгэн сэтгэл дор байх аваас үлдсэн үйлс аяндаа бүтдэг жамтай.
Сорхугтанийн үг үнэн байна. Хэрхэхийг Тулуй мэдтүгэй. Харин Цагаадай, Отчигон ноён
болон алтан ургийнханд хэл хүргэе. Тэд ч бас өөрийн иргэдээ өргөн барих биз ээ. Их
хуралдайг яаравчилж, эзэн хааныг ширээнд нь залъя хэмээв.

Тулуйн өргөөнд болсон энэ ярианы дараахан элч довтолгон, Их хуралдайн зарыг тарааж,
баруун гарын хөвгүүд болох Цагаадай, түүний хүү Бүрхи, Зүчийн ууган хүү Бат, баруун гарын
хөвгүүд болох Отчигон ноён, Егү, Есүнхэ, охид, хүргэд, түмэд болон мянгатын ноёдод хэл
хүргүүлэв.

Гурван голын сав газар, Хэрлэнгийн хөдөө арлаас холгүйхэн их Аураг ордны хажууханд
боссон Чингис хааны онго шүтээний сүмийн хаалга нээлттэй байлаа. Шүтээний сүмийн
гадна хишигтэн цэргүүд жагсан зогссоныг үзвэл дотор эрх мэдэлтэн, эзэн ноён буй нь илт.
Их Аураг бүхэлдээ илтэд хөл хөдөлгөөнд оржээ. Сүмийн нээлттэй хаалгаар зуны дэлгэр цаг,
зах хязгааргүй цэлийсэн тал харагдан, Чингис хааны хүү Өгөөдэй, Тулуй, Сорхугтани хатан
нар их хааны шүтээнд хүндэтгэл илэрхийлэн байлаа.

Тулуй шүтээний зүгт харан:

- Хаан эцгийн үлдээсэн улсыг хамгаалан тэмцсээр өдийг хүрлээ. Мөнх хөх тэнгэр мэдэж
байгаа. Миний зүтгэл хийгээд сэтгэл бүхэн Их Монгол улсын төлөө, эцэг таны хураасан
улсын төлөө байсан билээ. Одоо цаг нь болж хаан эцэг таны гэрээс ёсоор, хаан ор суух
дараагийн хааны гарт энэ улсыг тань өгч байна. Болгоон соёрхож хүлээн авна уу хэмээнэ.

Тулуй эзэн хэлэх үгээ дууссан бололтой шүтээний өмнөөс өндийн босч, Өгөөдэй ахынхаа зүг
харлаа. Өгөөдэй хааны шүтээний өмнө сөгдөн суув. Тэр ямар нэгэн зүйл хэлэх гэхээсээ
илүүтэй шүтээний зүг нухацтай, удаан харж:

- Дээр мэлтийгч алтан наран, дэргэд хөхрөгч газар дэлхий, хаан эцгийн ариун сүнс, хаад ах
нарын их сэтгэл өршөөн буй биз ээ. Эцэг минь та агуу эзэн, авран өршөөгч, аймшиггүй
зоригтон, ариун ухаантан байсан билээ. Төрүүлсэн дөрвөн хөвгүүдээсээ хүү намайг сонгож
хаан ор суулгах гэсэн санааг чинь ухаж үл дийлэвч, хичээж би төрийг засъя. Хаан эцгийн
ариун сүлд өршөөн соёрхоно уу хэмээгээд ёслол үйлдэж дууссаныг илтгэн сөхрөн суусан
суудлаасаа өндийлөө. Өгөөдэй онго шүтээний сүмийн хаалгаар явж гарах зуур Сорхугтани
хатанд хандан:

- Эцгийн минь төлөө шүтээн босгож, харж хандан байгаад чинь хаан хөвгүүд бид бүгд
ялгаагүй баярлан явдаг. Аав минь Сорхугтани чамайг өргөө гэрийнхээ босгоор алхан орж
ирсэн цагаас чинь л таньсан гэдэг нь лавтайг одоо би ухаарч байна гэв.

Шүтээний хаалганы гадаа эгнэн зогсох хишигтэн цэргүүдийн өмнө Өгөөдэй, Тулуй эзэн,
Сорхугтани гурав ярилцан зогсоно. Сорхугтани хатан Өгөөдэйд хандан:

- Та сая хаан эцгийнхээ онго шүтээний өмнө "Эцэг минь та агуу эзэн, авран өршөөгч билээ"
гэж хэлэхийг тань сонсож зогслоо. Агуу хүчинд авран өршөөх чанар байх аваас хүн ард нь
амгалан, хүсэл зорилго нь тодорхой байх учиртай тул маргааш болох их хуралдайд тань нэгэн
санал өргөх гэсэн юм хэмээв.
Өгөөдэй Сорхугтанийг цэцэн билэг ухаантай, Чингис хаан эцгийнх нь үед л эш хатан
өргөмжлөгдөж байсныг мэдэх тул түүний үгийг чухалчлан сонсож буйгаа илтгэж:

- Цэцэн бэр юу өгүүлэх хүсэлтэй байна гэхэд Сорхугтани:

- Өгөөдэй эзнийг би эцэг хаан шигээ агуу хүчин төгөлдөр хаан байхаас гадна авран өршөөгч
хаан байгаасай гэж бодно. Тиймийн тул маргааш болох Их Хуралдайд хаан эзний хувиар
авран өршөөгч чанараа харуулаасай хэмээн хүснэ гэлээ. Өгөөдэй Сорхугтанийн үгийг илтэд
сайшаасан янзтай нэгийг бодов бололтой:

- Бэр минь чи цэцэн билэгтэй буюу. Болтугай болтугай хэмээгээд Тулуйд хандаж:

- Маргааш болох Их Хуралдайгаар урьд өмнө ял аван гянданд хоригдож буй бүх хүмүүст
өршөөл үзүүлье. Миний хаан болох анхны өдөр өршөөлөөр эхлэг хэмээлээ.

Сорхугтани хатан хүсч байсан үгээ сонсов бололтой, царайд нь баяр тодроод ирэхэд Тулуй
эзэн хатнаараа бахархан буйгаа илэрхийлж, нүдээрээ инээмсэглээд, талын Монгол хүний
ёсоор түүнийгээ илтэд аман дээрээ гарган хэлэлгүй өнгөрлөө.

Тал нутгийн ээл дулаан өлгий, их эзэн хааны төрсөн нутаг, Гурван голын сав дахь,
Хэрлэнгийн хөдөө аралд удтал хүлээлгэсэн Их хуралдай чуулахад бэлэн болжээ. Их эзэн
хааны амьд сэрүүн ахуйдаа хэлж байсанчлан түүний гуравдугаар хүү Өгөөдэйг хаан ширээнд
суулгах эрхэм ёслол болох гэж буй энэ газарт хөл хөдөлгөөн ихтэй харагдана. Их цэргүүд
хааш хааш бүтэн өдрийн зайд харуулд гарчээ. Зах хязгаар нь үл харагдах эргэн тойрон
хамгаалалт бүхий Хөдөө арлын дэнж дээр зуны дэлгэр цагт айлын буурин дээр мөөгөн хүрээ
татан байдаг шиг эсгий цагаан гэрүүд шүхэрлэн буужээ. Захын гэрүүдэд ихэнхдээ найр
цэнгэлийн бэлтгэл идээ цагаа, хоол унд зэхэх ардууд голдуу хүмүүс хөлхөн дор бүрнээ
шуурхайлан байхад, дараагийн тойрогт хэвтүүлүүд болон хишигтэн цэргүүд бүхий
хамгаалалтын гэрүүд босчээ. Түүний дотуур гадна дотны элч төлөөлөгчид хүлээн авахад
зориулагдсан гэрүүд ярайн, мөн дотор талын гэрүүдэд мянгат, түмтийн ноёд, сайд түшмэд,
алтан ургийнхан байрлажээ. Их хүрээний голд нь тэнгэр баганадсан том цагаан асар
сүндэрлэн харагдана. Тал нутгийн хүчирхэг эзэн хааныг ширээнд нь залах эрхэм ёслол болох
энэ асрын дор олон хүн цугласан байлаа. Хуралдайд хааны удаах хүү Цагаадай болон түүний
хүү Бурхи, Зүчийн том хүү Бат тэргүүтэй баруун гарын хөвгүүд, хааны бага дүү Отчигон
ноён, Егү, Есүнхэ, тэргүүтэй зүүн гарын хөвгүүд, Тулуй, Мөнх тэргүүтэй голын хөвгүүд охид,
хүргэд, түмт болон мянгатын ноёд байраа эзэлсэн харагдана. Олны чимээнээс онцгойрон
сонсогдох бүрээ хэнгэргийн дуу дуурсаж их ёслол эхэллээ. Асрын өмнүүр зассан цагаан
эсгий дээгүүр алхах Өгөөдэйн баруун талд Цагаадай, зүүн талд Тулуй, ар талд Отчигон ноён
явах агаад тэдний араас төрийн сайд түшмэд дагалджээ. Хатад тэдний замыг тосон, дэлгэсэн
цагаан эсгий дээгүүр сүү дусаан угтлаа. Тэд явсаар асрын голд ирэхэд баруун

талаас Цагаадай, зүүн талаас Тулуй, ар талаас Отчигон ноён түшин явж Өгөөдэйг хаан эзний
өндөр сэнтийд залах их ёсыг үйлдлээ. Тэд Өгөөдэй хааныг сэнтийд нь залсны дараа хүн бүр
бүсээ тайлан хүзүүндээ тохож гурван гурвын есөн удаа сөгдөн залбирлаа.

- Их монгол улсын эзэн хаан заларлаа гэх дуу асрын голоос дуурсан хурсан олон цугаар
уухай нэмлээ. Их ёслол үргэлжилж, найр цэнгэл эхлэн байхад алтан ургийнхны дундаас
Цагаадай босож,

- Дүү юүгээ хаан өргөж, тэнгэрийн тааллыг биелүүллээ. Их эзэн хаан эцгийн минь алтан
амийг сахин байсан хэвтүүл хорчин найман мянгад, хаан эцгийн минь биеийг сахин
хамгаалж байсан түмэн хишигтнийг хаанд соёрхож байна хэмээн хэлэхэд цугаар даган
уухайллаа. Цагаадай сэтгэл хангалуун байгаа харагдана. Өдгөө хан хөвгүүдийн ахмад нь
болсон тэрээр хэдийн өөрийн улсаа байгуулж эзэн суусан байв. Цагийн аясаар Цагаадай ч
мөн нас нэмжээ. Хаан аавынхаа шаравтар царай, цоргисон нүдийг дуурайгаагүй ч хатан
эхийнхээ ухаалаг харцыг өвлөжээ. Алтан ургийн ахмад хүүгийн хувиар дүү Тулуйн хамт
өөрийн өмч иргэдээсээ хаан эзэнд өгч алдар сууг нь өргөсөн тэрээр,

- Эцгийн захиасыг биелүүлэв хэмээн нэмж хэллээ. Тал нутгийн хүчирхэг эзэнт улсын их
хааныг ширээнд нь залах энэ ёслолын үеэр урьдын өшөөт Алтан улсыг мөхөөх аян дайн
болон Монголын элчийг алсан ял тулгаж Гуулин улсыг дайлаар мордох, одоо хүртэл аюул
заналхийлэн буй Хорезмын үлдэгдлийг устгах, баруун талаас дайсагнаж буй Кипчакуудыг
номхотгох, Их Монгол улсын баруун талын хилийг түвшитгэх зэрэг олон чухал асуудлыг
хэлэлцсэний дараа, энэ их баяр ёслолыг тохиолдуулан урд өмнө хэрэг хийн шийтгэгдэж, ял
эдэлсэн бүх хүнийг өршөөсөн зарлигийг хаан эзэн Өгөөдэй гаргаж, Сорхугтани хатны бодь
сэтгэлийн хүсэл биелэв.

Монголын талд болсон Их хуралдай өндөрлөж, хоёр жилийн туршид эзэнгүй байсан улс эзэн
хаанаа дахин сонгож, Өгөөдэй хаан анхны өдрийн зарлиг шийдвэрээ өршөөлөөр эхлүүлэн, Их
Монголын өргөн уудам газар нутагт эзэн хааны зарлиг шийдвэр хүрэн очиж, улс гүрэн тайван
амгалан, хүн зон нь түмэн амгалан өдрүүд эхлэв.

Өгөөдэй хаан Их монгол улсын нийслэлийг Орхоны хөндийд байгуулах их ажлыг эхлүүлээд
байв. Хаан эзний үеэс тал нутгаар хээрийн салхитай цуг тарж байдаг цуу яриаг цэгцлэн,
явуулсан хэл замдаа тасрахгүй эзэндээ хүрэх хурдан, шуурхай аргыг сэдэн нэгээс нөгөөд
дамжуулан илгээх морин өртөөг бий болгов.

Тайван амгалан өдрүүдийн дундуур хаан эзэн өргөөндөө санаашран суух болжээ. Гадаа
хүмүүс ирж буй бололтой хааны өргөөний хишигтэн цэргүүд хүндэтгэл үзүүлэн амар
мэндийг нь мэдэж буйг дуулбал алтан ургийн ихэс дээдсээс хаан эзэнд бараалхан буй хэрэг
байв. Тэрбээр отгон дүү Тулуйгаа, эш хатны хамт дуудуулсан байлаа. Тэднийг орж ирэхэд
цэлийсэн их өргөөний хоймор Өгөөдэй хаан нилээд бодлогошронгуй сууна. Хаан ахынхаа
амар мэндийг мэдээд Тулуй эзэн, хатны хамт дээш суулаа. Өгөөдэй хаан:

- Хаан суусан цагаас хойш сэтгэлд тавгүй нэгэн бодол төрөх боллоо гээд суудлаа засах зуур,

- Хаан эцгийнхээ бэлэн сууринд суусан би өөрөөсөө ямар эрдмээр хаан суув гэж асуух
бүрий дотор хүн минь хариу эс хэлэх юм. Ингэж ухан бодох бүрийд дотор хүн минь уурсаж
эрдмээ гарга гэж хэлж байх шиг санагдана гэж хэллээ.

Тулуй хаан ахынхаа сэтгэл тавгүй байгаа шалтгааныг ойлгож байлаа. Их эзэн хаан эцгийн
хураасан олон газар
орон өнөө түүний мэдэлд байгаа ч, өөрийн хүчээр бус эцгийн нэрээр ингэж суух нь түүнийг
тавгүйтүүлсэн ажээ. Тулуй эзэн:

- Хаан ах, та эцгийн хэргийг үргэлжлүүлэх санаатай байна уу гэж тандан асуувал тэрбээр
өөрийн бодож байсан бодол тул:

- Энэ хэдэн жилийн хугацаанд хангалттай амгалан суулаа. Хаан аавын ор залган суусан хүү
би өөрт минь ямар эрдэм байгааг сорьж үзэхээр шийдлээ. Их эзэн хаан эцэг минь газрын
хаанаас ч ялалт байгуулалгүй буцан ирж байсан удаа үгүй. Харин сүүлийн мөчид Алтан
улсыг бүрэн эзлээгүй орхисон. Эдүгээ би их үйлийг гүйцээж, Алтан улсад дайлаар мордох
хүсэлтэй байна гэлээ. Тулуй хаан ахын үгийг сонсоод,

- Би хаан ахын хажууд байж, ойрын дайнд хамт явж, холын дайсныг хатгалдан устгая гэж
аавдаа амлаж байсан ёсоор таны шийдвэрийг дагах болно. Энэ зуурт "Өөрийн хүчээр
хураагүй төр улсыг захирч, өөрийн эрдмээр бус эцэг хааны бэлэн суудалд суусан гэдгээ
Өгөөдэй хаан ухаж, тунгааж байгаа нь түүний их ухааныг харуулж байх шиг. Гэвч амгалан
байсан газар дэлхий донсолж, ахиад л аян дайн болох нь дээ" хэмээн бодож суусан
Сорхугтани хатан:

- Хаан эзний шийдвэрийг сонсон, хан хөвгүүд дүү нар дагах боловч алтан ургийн ахмад
хүний хувиар Цагаадай ахад хэл хүргэж, зөвшөөрөх аваас эхэлбэл дээргүй юу? хэмээхэд:

- Сорхугтани чи миний бодлыг ухаж ойлгосон байна гэж хэлээд Өгөөдэй хаан

"Ахмадын үгийг түрүүлж сонсохыг надад санууллаа. Хэлж зөвлөх хаан эцэг, Өэлүн эх бүгд
мөнх тэнгэртээ одож. Сорхугтани миний бодлыг ойлгох юм. Зөвхөн ойлгоод зогсохгүй,
дандаа ямар нэгэн санаа нэмж хэлэх юм. Би энэ хүнд итгэж болно" хэмээн бодов. Хэд
хоногийн дараа Өгөөдэй хаан зарлиг болгон Цагаадайн улс руу элч довтолголоо. Энэ саналыг
Цагаадай хүлээн авч "Юу алдана. Их Аурагаа итгэлт хүнд түшин үлдээгээд морд. Би эндээс
цэргийн хүч илгээе" гэсэн хариу ирүүлсэн байлаа. Монголын талд үргэлжилж байсан
амгалан өдрүүдийн дундуур Их Монгол улсын эзэн хаан эртний өшөөт Алтан улсын зүг
дайны харангаа дэлдэж эхэллээ.

Налгар зуны өдрүүд үргэлжилнэ. Онон голын эрэг дагуу нутагласан айлуудын гадаа хөл
хөдөлгөөн ихтэй. Хүүхэд эмэгтэйчүүд ноос саван, зарим нь холбоотой хонь сааж, гал дээр
тогоотой хоол даргин, үнээ тугал нийлэх бараанаар хүүхдүүд өмнөөс нь гүйн очиж салгаж
байгаа харагдана. Өглөөнөөс үдэш унтах хүртэл үл тасрах энэ их ажил тал нутгийн айл
бүхний гадаа үргэлжилдэг. Ноос савж байсан эмэгтэйчүүдийн дундаас нэг эмэгтэй
холгүйхэн эсгий хийж байгаа эрчүүдийн дунд ямар нэгэн зүйлийг зааж зааварлан байгаа хорь
орчим насны өндөр чийрэг залууг хараад:

- Хаан хүний үр гэхэд малд нүдтэй, ажилд дүйтэй юм гээч. Жирийн бидэн шиг ажлын
хүндийг ч ажрахгүй юм гэв.

- Хатантан үнэхээр хатуу чанга хүн юм аа. Өөрийн хүүхдүүдээ бэрх бүхний өмнө зогсоож,
өрөөл бусдад болохоор гар сунган туслах нь хачирхалтай гэж өөр нэг эмэгтэйг хэлэхэд,
- Чимээгүй гэм. Сонсчихно. Дайн дажин болоогүй тайван цагт хан хүү өөрөө энэ их ажлыг
удирдан биднээр хийлгэж байгаа юм чинь, дайн тулааны цагт бол их цэргээ аван, дайсны
өөдөөс сум шиг шунгинан орох зоригт баатар болох биз ээ?

- Хатан эх дотроо бодолтой энэ ажлыг хүүгээрээ хийлгээ биз дээ?

- Тэртэй тэргүй алтан ургийн хүн. Ийм ажил хийсэн ч тэр, хийгээгүй ч тэр эд баялаг нь
насан туршид өмнө нь дэлгээтэй байхад ингэх хэрэг юу байна. Хүүхнүүд ийн ярилцах зуур
тэртээгээс морьтой хүн давхин ирээд эсгий хийж байсан хүмүүсийн дэргэд хүрч очлоо.

Түрүүнээс хойш эсгий хийж буй хүмүүсийн дунд зааварчлан байсан хүн бол Сорхугтани
хатны том хүү Мөнх байв. Ирсэн хүн Мөнхийн амар мэндийг мэдээд:

- Хатан эх тань дуудуулж байна гэж хэлэв.

- Хатан эх дуудуулж байна гэнэ ээ. Би явахгүй бол болохгүй нь хэмээн Мөнх хажуудаа зогсож
байсан хэдэн залууст хэлээд Мөнх үүд нь дэлгээтэй бор гэрийг зүглэн явлаа. Гэрийн эзэн
бололтой хүн түүнийг орж ирэх бараанаар суудлаасаа босч, дээш суухыг урих нь Сорхугтани
хатны тогооч Ашидтөмөр байв.

Мөнх гэрт орж суугаад:

- Ижий дуудуулсан гэнэ ээ. Эндхийн ажил дуусаагүй байдаг. Юун хэрэг гарсан юм бол.
Ямар ч гэсэн яваад ирье. Харин Ашидтөмөр та миний эзгүйд энэ хүмүүст заавар зөвлөгөө
өгч байгаарай гэж хэлээд гэрээс гарч, олон гэрийн дунд байх цагаан эсгий гэрт явж орлоо.
Гэрт нэгэн эмэгтэй хүүхдээ хөхүүлж сууснаа Мөнхийг орж ирэхэд хүүгээ заан:

- Миний хүү. Хөөрхөн гэдэг нь. Өхөөрдөхөөр өөдөөс өмөлзөөд байх юм гэж эрхлэнгүй
хэллээ.

Энэ хүн бол Мөнхийн хатан Хутугтай ажгуу. Тулуй эзний том хүү Мөнх аавын голомт тасалж,
өрх гэрээ тусгаарлан, эхнэр авч өнөө хүүтэй болсон байв. Зуны дэлгэр цагт хатан эхийн
хэлснээр Онон голын сав дагуу буурилж, Ашидтөмөр болон тэр хавиар нутаглах хүмүүсийн
дунд зусах болжээ. Хатан эх Мөнх хүүгээ энэ мэт ард олны дунд оруулах болсон нь цаанаа
бодолтой. Хаан хүний үр ч, харц ардын амьдралын үнэнийг мэдэж байх учиртай гэсэн холч
бодол байв.

Холоос Их Аураг хөл хөдөлгөөн ихтэй харагдана. Хаа сайгүй хүмүүс түргэн түргэн алхан,
ямар нэгэн зүйлийг чухалчлан ярилцаж, зэр зэвсгээ базаан байх нь нэг тийш явах гэж байгаа
бололтой. Энэ дүр зураг Аурагт байнга тохиолддог учир төдийлөн сонин содон зүйл биш ээ.
Мөнх дагалдан ирсэн хүмүүсийг үлдээгээд эхийнхээ өргөөнд орлоо. Эх нь Мөнхийг гаднаас
орж ирэхэд охин Тэмүгэн бэхи, бага хүү Аригбөхийн хамт байв. Аригбөх ахыгаа орж ирэхийг
хараад:

- Мөнх ах... Мөнх ах аа, та сайн явж ирэв үү? хэмээн хүндэтгэлтэйгээр мэндчилснээ эхийгээ
нүднийхээ булангаар анзааран харж буй нь, хатан эх нь хүүгийнхээ томоогүй занг
төлөвшүүлэх гэж, ахас ихэстэй мэндлэх, хүндлэх ёсны тухай заан, үг сургаалаа хайрлаж
байсан бололтой. Сорхугтани Мөнхийг хараад,

- Миний хүү сайн явж ирэв үү. Ээж нь чамайг дуудуулаад, ирэхийг чинь хүлээж суулаа
гэхийг сонсвол нэгэн чухал ажил гарсан нь илт. Гэвч хатан яриагаа өөр зүгт хандуулан:

- Ашидтөмөр сайн уу гэж асуулаа.

- Сайн байгаа. Хатан эхийн тань хажууд байхгүй нь тиймхэн ч, хангай дэлхийнхээ элгэн
дээр жаргаж сууна гэж дандаа ярьдаг юм гэлээ. Сорхугтани инээж,

- Эхнэр авч туурга тусгаарла гэхэд минь өөрөө л зөвшөөрч нүүсэн хүн шүү дээ. Надтай хамт
насаа үдэж байхаар үлдсэн жаахан хугацаандаа ч гэсэн гэр бүлтэй байж, өөрийн эрхээр
амьдарч үзэг л гэж тэгсэн хэрэг гээд хүүгийнхээ өөдөөс харж, харцаа төв болгоод:

- Аав нь чамтай уулзах байх гэж хэллээ. Эх нь дуудуулсан гэсэн чимээ ирсэн атал аав нь
чамтай уулзана гэж хэлж байгааг сонсоод гайхасхийн хартал:

- Эзгүй хойгуур чинь хан хүү Гүюг Аурагт ирээд явсан хэмээн шинэ сонин дуулгав.

- Хэзээ ирэв?

- Хэд хоногийн өмнө ирээд буцсан. Чамтай уулзахсан гэж хэлүүлж байсан гэж нэмж хэллээ.
Өгөөдэйн хүү Гүюг бол Мөнхийн бага настай салшгүй холбоотой анд нөхөр, ах дүү болсон
нэгэн. Тэдний хоорондоо эвтэй найртай тоглож наадахыг хаан эзэн хүртэл сэрүүн ахуйдаа
хараад бахдан байсан удаатай. Энэ зуурт гаднаас Тулуй эзэн орж ирээд, хүүгээ ирснийг харан
дөлгөөхөн инээмсэглэж:

- Өө, миний хүү ирсэн үү гэж хэлэнгээ хойморт очиж суугаад,

- Хүү минь, хатан хүү хоёр чинь сайн уу? гэж асуув.

- Тэд сайн байгаа. Хүү минь их том эр болж байгаа. Өвөг эцэгтэйгээ адилхан болоод байна
гэж ээж нь хэлдэг юм. Надад ч тэгж л харагдаад байгаа гэж хэлээд инээмсэглэв. Тулуй
ачийнхаа өөртэй нь адилхан гэсэн яриаг сонсоод царайд нь инээмсэглэл тодорч,

- Намайг өвөө болгосон үр минь. Өвөг эцэгтэйгээ адилхан байхаас яах билээ. Ачийнхаа
тухай мэдээ сонсоод Тулуй эзний царайд тодорч байсан инээмсэглэл алгуур замхран:

- Маргааш хаан Алтан улс руу их цэргээ авч мордох боллоо. Чи надтай хамт Алтан улсад их
цэргээ авч явах боллоо гэж хэлэв. Мөнх энэ мэдээг сонсоод Аурагийн гадаа хөл хөдөлгөөн
ихэссэн учрыг сая олов бололтой. Эхийнхээ хажуугаас Аригбөх:

- Ямар сайхан хэрэг вэ. Мөнх ах дайнд явах гэж байна. Би ч гэсэн эр хүн болсны хэргийг
эмээлт морин дээр гаргах сан гэж хэлээд "Уухай" хэмээн морь унан давхиж буй хүн болон
өргөөн дотор дэгдэн гүйхэд Сорхугтани хүүгээ томоотой байхыг сануулна. Тулуй
үргэлжлүүлэн:
- Чиний нас хорь хүрлээ. Цэрэг ахлан явах цаг нэгэнт болсон тул би ижийтэй чинь ярьж
байгаад ингэж шийдлээ. Ээж чинь хатан хүний ёсоор хүүгээ цэрэг ахлуулан дайнд явуулах
шийдвэр гаргасныг зөвшөөрч байгаа ч, эх хүний ёсоор сэтгэл нь зовоод байх шиг байна гэж
хэлээд Сорхугтанийг харлаа. Мөнх сая л эх нь дуудуулсан хэр нь олигтой юм ярилгүй
эцэгтэйгээ уулз гэж хэлснийг ойлгов. Тулуй үргэлжлүүлэн,

- Дайн тулаан гэдэг амаргүй. Хэн хэн нь ялахыг хүсдэг хоёр тал уулздаг. Хүсэл гэдэг
жолоогүй. Түүнийхээ аясаар явах юм бол амжилт ирэхгүй. Харин бодол гэдэг гүн гүнзгий тул
түүндээ захирагдаж сурах нь ялалт авч ирэхийн үндэс тул сэтгэлээ барьж, бодлоо жолоодож
яваарай хэмээн сургамжлав.

Сорхугтани Мөнх хүүгийнхээ эцэгтэйгээ адилхан хөнхөр нүд, өндөр хамрыг ажиглан харж
байлаа. Хүү нь тэр нэгэн цагт өвөг эцгээрээ эрхийгээ тослуулж байсан томоогүй жаал,
шөнийн оддыг харан, тэнгэр ярьдаг уу гэж асууж зогссон гэнэн хүү аль аль нь одоо биш
болжээ.

- Хүү минь. Хаан ах, хайртай эцгээ харж хандах цаг чинь болсон тул аав ээж хоёр чинь ингэж
шийдлээ. Зэвсэг барин дайнд орох нь цэрэг удирдан дайтахаас амар байдаг. Энэ удаад чи
зэвсэг барьсан олон хүнийг өөрийн ухаанаараа жолоодох гэж байна. Оюун бодолд чинь
завсар гарах учиргүй тул ямар ч үед саатан бүү алгуурлаарай хэмээн захилаа.

Өгөөдэй хаан Алтан улсыг дайлахаар өөрийн биеэр их цэргээ аван одоход бэлэн болжээ.
Сорхугтани хатны том хүү Мөнх хорин нас хүрч аавыгаа даган аян дайнд мордож буй тул энэ
өдөр хатан өөрийн хайртай хоёр хүнээ зэрэг үдэн явуулах гэж байв. Мөнх эцгийгээ даган хэд
хэдэн тулаанд оролцож байсан ч энэ удаагийн дайн түүний хувьд өөрийн биеэр цэрэг
удирдан явж байгаа анхны тулаан тул сэтгэл нь нэлээд хөдөлсөн байртай Тулуйн хажууд
зогсоно. Түүний харцнаас идэр залуугийн цог жавхлан илтэд гэрэлтэн байх агаад алсын
уулсын толгой ширтэн бодолд автжээ. Сорхугтани аян дайнд хэзээ ирэх нь мэдэгдэхгүй одож,
эсэн мэнд эргэн ирэхэд нь баярлан угтах, хүлээн догдлох өдөр хоногуудыг амьдрал туршаа
туулан ирсэн хүний хувиар эр нөхрөө, хайртай хүүгээ үдэн мордуулж байгаа нь энэ. Аригбөх
хүүгээ хөтлөн зогсох Сорхугтани хатан Тулуй, Мөнх хоёрыг ээлжлэн харна. Тулуй эзэн
инээвхийлээд:

- За, та нар минь сайн сууж байгаарай гэж хэлээд мориндоо мордох гэтэл Сорхугтани хатан:

- Хүлээ гэж хэлэх нь сонсогдлоо. Тулуй эргэн харвал:

- Хүүгээ харж яваарай гэж Сорхугтани зөөлнөөр хэлэхэд нүдэнд нь нулимс цийлэгнэсэн
харагдлаа. Тулуй буцан ирж эхийнхээ гараас хөтлөн зогсох Аригбөх хүүгийнхээ нэг хацрыг
үнсээд:

- Аав нь ирэхдээ нөгөө хацрыг нь үнсэнэ гэж хэлээд хатнаа харан:

- Хүү бид хоёрт санаа зовох хэрэггүй ээ. Харин та нар минь л сайн сууж байгаарай гээд
эргэж мориндоо мордлоо. Удалгүй Хубилай, Хүлэгү хоёр тэдэн дээр хүрч ирлээ. Тулуй
хөвгүүдээ бахдалтайгаар харах ажээ.
- Миний хүүхдүүд өдгөө том эрс болжээ. Аав нь та нараар бахархаж явна. Хатан эхийнхээ
үгийг авч, Их Аурагаа сахин хамгаалж суугаарай гэж хэлээд цагаан шүдээ яралзуулан инээв.

Тулуй өдгөө дөч эргэм насны идэр эр болжээ. Эцгийнхээ адил эмээлт морин дээр
өнгөрүүлсэн түүний залуу нас, духанд нь тод дурсамжаа үлдээгээд одсон гэлтэй ганц хоёр
гүн үрчлээс сүүдэртэн харагдана.

- Ээж минь, сайн сууж байгаарай гэсээр Мөнх эхдээ ойртон ирлээ. Сорхугтани хүүгийнхээ
духан дээр нь үнсээд:

- Миний хүү сайн яваад ирээрэй. Аавыгаа харж, халамжилж яваарай гэж хэллээ.

- Ээж минь. Та санаа амар бай. Таныхаа хэлснээр би аавыгаа сайн харж яваад ирэх болно
гэв.

Сорхугтани санаа нь зовинонгуй байгаа нь илт.

- Амь гэдэг бөх бат хэрэм ч, тасран одох нь амархан утас билээ. Алтан амиа хайрлан
хамгаалж, алдар суугаа өргөөд ирээрэй, хүү минь гэж захин, нэг хацрыг үнслээ. Аль хэдийн
мориндоо мордсон Тулуй:

- Хүү минь, чи чинь өлгийнөөсөө гараагүй балчир хүүхэд шиг ижийгээсээ салж өгөхгүй
байх чинь. Явах цаг боллоо гэж сануулав.

Мөнх мориндоо мордоход Сорхугтани хүүдээ жижигхэн уутай зүйл өглөө.

- Ээж нь усаа арвайд багсраад энд хийсэн байгаа. Халуурч бүлээрэн өвчин ээрвэл эм болно
гэв.

Эцэг хүү хоёр явахад бэлэн болжээ. Тэд эгнэн зогссон цэргээ хөдөлгөн хаан эзний их
цэргийн зүг одож, Сорхугтани тэдний араас нь сүү өргөн үлдлээ. Эхийнхээ дэргэд зогсож
байсан бага хүү Аригбөх,

- Ээж ээ, аав, ах хоёр хэзээ ирэх вэ гэж асуухад тэр:

- Удахгүй ирнэ ээ, үр минь гэж хэзээ ирэхийг нь яв тав мэдэж байгаа хүн шиг хэлээд
хүүгийнхээ духыг үнэрлэн "Хань нөхөр, хайртай үрийн минь замыг гэрэлтүүлж, харван ирэх
дайснаас амь юуг нь халхлан, авран хамгаалж яваарай" гээд мөнх хөх тэнгэртээ сүслэн
залбирлаа. Их цэргийн тоос тэртээ уулын цаагуур далдран одсон хойно тэд өргөөндөө орлоо.

Хань нөхөр Тулуй, хайртай хүү Мөнх хоёроо алсад үдэж явуулсны дараа Өгөөдэй хааны
зарлигаар Сорхугтани Аурагийн хэргийг эрхлэн явуулж үлдэв. Хамгаас хайртай хоёр хүнээ
үдэн явуулсан хатны сэтгэл чилэх нь их. Гэвч тал нутгаар довтлон ирэх элчийн амнаас цаг
алдалгүй сонсох баярт мэдээ тайвшралыг авч ирнэ. Өдөр хоног ар араасаа хөврөн одож, нэг
нэгээр ирэн байгаа хаан эзний ялалтын тухай сайхан мэдээг сонсож дуулсаар нэг жилийн
хугацаа өнгөрсөн байлаа.
- Элч ирлээ гэх дуу их Аураг даяар цуурайтахад Сорхугтани хатан Хубилай, Хүлэгү хоёр
хүүгийнхээ хамтаар өргөөнөөсөө гарч ирлээ. Энэ үед Хубилай арван долоон нас хүрч, Хүлэгү
арван таван настай болсон байлаа. Алсаас хэдэн морьт цэрэг ирж явахыг харсан Хүлэгү:

- Ээж ээ, алсаас цэргүүд ирж явна. Аав минь ирж байгаа юм биш биз?

Хубилай эхийнхээ өмнөөс дүүдээ хариулт өглөө. Тэр аавынхаа өндөрдүү хамар, хөнхөр
нүдийг бус харин өвөг эцгийнхээ онигор нүд, шаравтар царайг дуурайжээ.

- Аав минь ирж байгаа бол алсаас яаран давхихын учир юу билээ. Хэл дуулгах элч ирж яваа
бололтой. Өргөөндөө орж хүлээе гэж хэлэхэд хатан эх нь:

- Алсаас ирсэн хүмүүсийг эндээ тосон авъя. Хэл чимээ дуулгахаар хурдлан яваа нь илт
байна гэлээ. Тэд цэргүүдийг хүлээн зогслоо.

Монголын талд олон зүйл өөрчлөгдөж, их эзэн хааны байгуулж байсан улс улам бүр тэлсээр,
Алтан улсад дайтаж яваа Өгөөдэй хаан, их хааны цэргүүдийн тухай мэдээ эх нутагт нь
шуурхайлан ирнэ.

Тэнхээт морины хурдаар өртөөлөн ирэх энэ элчийн амнаас сайн, муу ямар мэдээг сонсох юм
бол доо. Элч цэргүүд давхилдан ирж, тэдний ахлагч нь бололтой хүн мориноосоо бууж,
хатны өмнө сөхрөн суулаа. Энэ хүнийг сайн харвал Тулуйн их цэргийн мянгатын дарга
Хөхдэй байв.

Хөхдэйг хармагцаа Сорхугтани хатан тал нутгаар өртөөлөн давхих элч биш болохыг мэдэв.
Тэрээр Тулуйн үнэнч албат, Их Эзэн Чингис хааны үеэс Тулуй эзний хамт Алтан улсад
байлдаж явсан нэгэн. Тулуйнхан түүний итгэлт хүн болохыг олон зүйлээс харж мэдэж ирсэн.
Нэгэн удаа Алтан улсад дайтаж явахад тэдний цэргүүд хүчин мөхөсдөн, дайсанд ялагдан
ухрах үед Тулуй эзний морь бүдрэн, хөлөндөө шарх авч, гишгэж үл чадан хөндүүрлээд, араас
нь хөөн явсан Алтан улсын цэргүүдэд баригдахын даваан дээр Хөхдэй мориныхоо явдал дунд
Тулуйг шүүрэн авч, дүүрэн давхисаар амь насыг нь авран гарч байсан удаатай.

- Сайн явж ирэв үү. Хөхдэй минь гэж сэтгэл догдлонгуй асуусан хатны өмнө Хөхдэй доош
харан суужээ.

- Хааны бие алжаалаа.

Сорхугтанийн инээмсэглэн байсан царай гайхшаар солигдон, төдхөн айдас болон хувирав.
Хөхдэй доош харан суусан хэвээр үргэлжлүүлэн:

- Хаан эзэн үе үе ухаан нь балартан, үг хэлж чадахгүй ээрэн алжааж байна. Бөө төлөгчид
ээлжлэн бууж, тэнгэртэй ярилцаад, харь иргэний нутаг усны лус савдаг хорлов хэмээлээ.
Тиймийн тул золио өргө хэмээн буужээ.

- Тэгээд... Тэгээд золио өргөв үү? гэхэд,

- Тэгсэн билээ, хатантаан. Алт мөнгө, адуу малаар амь тасалж, өргөл барыд өгсөн ч хааны
бие илааршсангүй тул, зарим бөө төлөгчид алтан ургийн хүнээр золио өргө хэмээлээ.
Сорхугтани хатан Хөхдэйн хэлэх гэсэн үгний учрыг сая ойлгов.

- Алтан ургийн гэнээ?

- Тийм ээ, хатантаан, алтан ургийн хүнээр золио өргөх аваас хаан эзний бие илааршина
хэмээн буулаа. Сорхугтани "Өгөөдэй хаантай цуг алтан ургийн олон хүн дайтаж яваа. Гэвч
тэдний хэн нь хаан эзний өмнөөс золио болох вэ. Хөхдэй нааш ирснийг харвал алтан
ургийнхны ар гэрийнхэн бүгдэд элч довтолгосон нь илт" гэж бодлоо.

Сорхугтани хатан Хөхдэйг дээш босгон,

- Хэдэн газарт элч довтолгов? гэхэд,

- Хэд хэдэн газар руу довтолгосон билээ. Би энэ мэдээг танд дуулгах үүрэг аваад ирлээ гэв.

Өгөөдэй хааны хамт алтан ургийн олон хөвгүүд дайтаж яваа. Хаан эзний хөвгүүд болох Гүюг,
Годан,

Хүчү, Цагаадайн хан хөвгүүд, мөн Тулуй эзэн том хүү Мөнхийнхөө хамт өөр өөрийн цэргийг
удирдан тулалдаж байгаа. Сорхугтани хатан "Нэг л бэлэггүй юм болж дээ" хэмээн бодолд
автан хэсэг зогсосноо Хөхдэйг замын алжаалаа тайлан амрахыг зөвшөөрөөд өргөөндөө
орлоо. Түүний араас Хубилай, Хүлэгү хоёр даган орж ирлээ. Хатан өргөөний хойморт байх
хос сэнтийн зүг харав. Нэг нь арай өндөр, энэ сэнтийд Тулуй эзэн залран суудаг. Сорхугтани
Тулуй эзний сэнтийн хажууд зэрэгцэн байх арай намхан сэнтийд очиж суулаа. Тэр Тулуйн
хоосон сэнтийг хараад,

- Хэн нь вэ? хэмээн амандаа хэлсэн үгийг сая гаднаас орж ирсэн Хубилай, Хүлэгү хоёр
сонсов. Тэдний нүдэнд мөн адил айдас хургажээ. Хоёр хүүгийнхээ хамт хэрхэхээ мэдэхгүй
суух хатны өргөөний гаднаас,

- Миний хавчаахайг хугалж нуусан хүнийг би олсон. Хүлэгү ах таныг би золигт гаргана даа
гэж цангинуулан дуугарсаар орж ирсэн хүүхэд бол тэдний дүү Аригбөх байлаа. Тэр тав
зургаан настай болов уу гэмээр харагдана. "Золигт гаргана даа" гэсэн энэ үгнээс хирдхийн
цочсон Сорхугтани хүүгээ,

- Хамаагүй үг хэлж болдоггүй юм. Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг гэж хэлээд учир мэдэх
болсон хоёр том хүүгээ ээлжлэн хараад, тэдний сэтгэлийг тайвшруулахын тулд,

- Миний хөвгүүд сэтгэлээ бүү чилээ. Мөнх тэнгэр харж байгаа цагт бидэнд муу юм
үзүүлэхгүй биз ээ гэж хэлээд гадагш гарлаа.

Цэлийсэн их тал хараа цуцаан үргэлжилж, оройн нарны шижирхэн туяатай өнгө хосолно.
Жаргаж буй нарны алтан шаргал туяа уулсын цаагуур орохоос өмнө, амжиж орчноо сүлэн буй
янзтай байгаль дэлхийн өнгийг тодруулна. Хүлээлтээр үргэлжилж байсан цаг хугацаа
түгшүүрээр солигдов. Хайртай хүү, хань нөхөр хоёрын аль нэгийг нь Сорхугтанийн гараас
татан авч явах гэж улайран байгаа мэт санагдахад, сэтгэл дотор нь хүнд гуниг нүүгэлтэн
ирнэ. Тэр хэсэг зогсоод дотогш орлоо.

Сая ирсэн элчийн хэлсэн үгийг тунгаан бодоход тулганд ассан галыг хий салхи гэнэт үлээн,
тэр дор нь унтраах шиг болоход Сорхугтанийн ар нуруугаар хүйт даан зарсхийгээд явчихав.
Тэр өргөөнөөсөө гарч, нум саадаг агссан харуулын цэргийн хажуугаар өнгөрч, Чингис хааны
онго шүтээний өргөөнд орлоо. Өргөөний дөрвөн багананд ассан гал бадамлан байх ажээ.

- Чухам хэн нь вэ гэж тэр амандаа хэлээд онго шүтээний өмнө очиж суулаа. Сорхугтани
сэтгэлдээ залбиран мөргөл үйлдэн байхуйд талын сэвэлзүүр салхи онго шүтээний өргөөний
дээгүүр хүүгэн, байгаа нь сонсогдоно.

Алтан улсыг дайтахаар явсан Өгөөдэй хааны их цэрэг байрлан байсан Цавчаал боомтын Шар
дэгдгэр гэх газар нэгэн хэрэг явдал болж байлаа. Хааны бараа бологсод, өрлөг жанжид, эмч
домч, бөө удганууд сандралдан байсан тэр өдөр тэнгэр бүүдийж, манан будан хөшилдөж
байв. Доор сүүдэртэгч газар дэлхийн савдаг, дээр хөхрөгч тэнгэр бурхантай нийлэн усан
хөшиг татсан мэт эргэн тойрон бороо асгарна. Ачлагын үхэр тэмээ, цэргүүдийн агт морьд
борооноос хоргодох хуурай газар олохгүйдээ хий дэмий л туурайгаараа өвсний үндэс малтан,
үс ноос нь шалба норж, хамраас нь савсах уур зам татуулан цантсан зэргийг үзвэл энэ бороо
хэдэн хоног үргэлжилсэн бололтой. Хүн малгүй зутарчээ. Хүмүүсийн ам дамжих яриаг чих
тавин сонсвол "Хаан эзэн алжаасан тул орноосоо босохгүй хэд хонов" гэх учир битүүлэг яриа
цэргүүдийн дунд хэрэн тэнэнэ. Энэ өдөр нэгэн том асрын дор олон хүн цуглажээ. Асрын
голд Өгөөдэй хаан залран, ихэс дээдсүүд эрэмбэ дараагаар суужээ. Өгөөдэй хааны царай их л
ядрангуй шинжтэй, шаргалтан харагдана.

- Мөнх хөх тэнгэрээс асууя Мөрөн гол уул талаас асууя Хаан эзний биеийг чилээж

Халуун амийг тасдах гэхийн учир юу билээ хэмээн тэнгэр газрыг холбон бууж, их дуу чимээ,
цан хэнгэрэг дэлдэн байсан бөөгийн амнаас "Харь иргэний... газар усны эзэд... хаад...
иргэн... дагуулахдаа... хот балгадаа эвдүүлсэнд... хорломуй" хэмээсэн ойлгоход бэрх үгс урсан
байна. Дараахан нь "Харь иргэний газар усны эзэд хилэгнэсэн байна. Тэд газар ус, ард
иргэдээ талуулсанд хорсон хааныг хорложээ" гэсэн тайлал хэлэв. Елүй Чуцай:

- Аргадан төлөглө, шившин гуй, арга чарга юу байна ол. Эд адгуурс, алт мөнгөөр золио
өргөе гэж дахин хэл хэмээхэд, бөө дахин тэнгэртэй ярьж цан хэнгэргээ дэлдэн, их дуурслыг
өргөөд,

- Хаан эзнийг авна гэлээ хэмээхэд хангинан дуурсаж байсан хэнгэргийн дуу аяндаа намдаж
тэнд байсан хүмүүс, хааны гэр бүл хийгээд алтан ургийнхны аль аль нь амнаасаа үс эс
унагана. Тэдний дундаас Тулуй арга чарга нь барагдсан бололтой гүн санаа алдаад,

- Хаан ах таны дээр ах нар, доор дүү бий байтал, хаан эцэг таныг энэ мэт сонгож, ирэг мэт
илж, их ороо биед чинь тулж, олон улсыг дээр чинь ачиж өгч хаан орыг залгуулсан нь
учиртай бус уу гэж хэлээд Өгөөдэй хааны өмнө очин,

- Эцэг минь намайг хаан ахын дэргэд байж умартсаныг сануулж, унтсаныг сэрээж яв гэж
захисан. Одоо хаан ах таныг алдвал би хэний унтсаныг сэрээж, умартсаныг сануулж явах
билээ. Хаан ахын оронд би золио болъё гээд тэрбээр тэнгэр өөд гараа дэлгэн:

- Мөнх тэнгэр бүгдийг болгоодог билээ. Хэрэв Өгөөдэй ахыг нүгэл хийснийх нь төлөө авч
явах гэж байгаа бол, би түүнээс ч илүү хот тосгодыг эзэлж, алж талж, эмс охидыг олзолж
явсан. Хэрэв Өгөөдэй ахыг өршөөл энэрэнгүй баатар зоригтой гэж байгаа бол би түүнээс ч
илүү өршөөлтэй баатарлаг тул оронд нь намайг аваад яв гэлээ. Энэ үгийг сонссон бөө нар
цан хэнгэргээ цохин их дуу гарган тэнгэртэй ярьж байгаад бууж ирэхдээ "Хааныг орлох хүн
хаан л байдаг юм" гэсэн учир битүүлэг үгсийг хэлэв. Бөөгийн энэ үгийг сонсоод хүмүүс
гайхацгаалаа. Эцэст нь харь иргэний лус савдаг хилэгнэн зөвхөн хааныг л авч явахаар
улайран буй бололтой гэдгийг ойлгов. "Хааныг орлох хүн хаан л байдаг юм"

Алтан ургийнхан дор бүрнээ гүн бодолд автлаа. Энэ удаад хаан эзэн өөрийн биеэр явахаас
өөр зам үгүй мэт. Хэрхэх билээ гэсэн яахаа мэдэхгүй хүмүүсийн дундаас Тулуй босч,

- Би эзэн хааны отгон хүү. Гал голомтын эзэн тул хаан болох учиртай. Намайг үтэр түргэн
эзэн хааны ширээнд зал гэсэн хачин үг хэлэхэд хүмүүс бүр ч балмагдлаа. Тулуй шийдмэг
харцаар тэднийг харж,

- Намайг хаан өргөмжлөх ёсыг үйлдэн, хаан ширээнээ заларсны дараа золио болгон
илгээгтүн гэхэд сая тэд ойлгов. Санд мэндхэн болж буй энэ ёслол алсаас бол харагдахтай
үгүйтэй сүүмэлзэн байхад, их цэргүүд хааны асарт юу болж байгааг дор бүрнээ таамаглахыг
оролдон байна. Бие өвчтэй Өгөөдэй хааныг сэнтийнээс нь өргөн буулгаж, оронд нь Тулуй
эзнийг залан суулгалаа.

"Их Монгол улсын эзэн хаан" хэмээх сүрлэг дуу асрын зүгээс хадна. Өгөөдэй хааныг өргөн
Тулуйн урд олбог дээр суулгаж, араас нь хүмүүс түшсэн харагдана. Хаан эзний өндөр
сэнтийд суусан Тулуй мөнх тэнгэрийн дор хуралдан буй аадрын их үүлсийг харахад аньсага
нь чийгтлээ.

- Би нэгэнт Их Монгол улсын эзэн хаанаар заларсан тул намайг ав хэмээгээд тэрбээр
Өгөөдэй хаанд хандан,

- Өнчин өчүүхэн хөвгүүдийг минь, бэлэвсэн хоцорсон хатныг минь ханатал асран суухаа ах
минь та мэдтүгэй гэж хэлээд, өмнөх ширээн дээр тавиастай бөөгийн шившлэгтэй усыг авч
нэгэн амьсгаагаар хөнтөрлөө. Тулуй шившлэгтэй усыг уусны дараа хэсэг суугаад нүдээ анин
хажуу тийш налан уналаа. Доохон талд нь сууж байсан Өгөөдэй хаан хүчлэн босч, Тулуйг
тосон авав.

- Тулуй, Тулуй минь... дүү минь. Мөнх тэнгэр минь... гэсээр Өгөөдэй хаан Тулуй дүүгээ
элгэндээ тэвэрчээ. Тулуй дахин нэг нүдээ нээж Өгөөдэй хааныг эцсийн удаа харан, нэг
сайхан инээвхийлээд "Хааны оронд хаан явлаа" гэж хэлээд дахин нүдээ анилаа. Өгөөдэй хаан
дүүгээ хүчлэн угзарч дуудсан боловч тэр сэрсэнгүй.

- Тулуй, Тулуй минь...


Тулуйн гар сулран унжиж, Өгөөдэйн өвөр дээр унахад, хаан түүний цээжээр чанга тэвэрсэн
байлаа. Өгөөдэйн гар чангаран дүүгээ тэврэх тусам, Тулуйн бие сулран унжиж байлаа.
Хэдхэн хормын өмнө харахуйяа бэрх алжаан байсан Өгөөдэйн бие илтэд дээрдсэн мэт
харагдахад Тулуй мөнх нойрондоо одсон байв.

Хаан эзний халаглах их гашуудлын дундуур Шар дэгдгэрээс холгүйхэн их цэрэгтэйгээ дайтаж
явсан Мөнх давхин ирлээ. Олон цугласан хааны асарт ойртон ирэх үед нь түүний эцэг,
Өгөөдэй хааны тэвэрт эцсийн амьсгалаа хурааж байгааг олж харав. Юу болоод байгаад
гүйцэд ухаарч амжаагүй Мөнх эцгийн зүг харайн очвол, тэр нэгэнт амьсгал хураасан байлаа.
Гэнэтийн энэ явдал бүх хүний нүдэн дээр болж өнгөрөв. Тулуй эзний том хүү Мөнхийн
цурхиран байх дуунаас өөр анир чимээ бараг үгүй. Алтан ургийн эрхэм хүн, Чингис хааны
бага хүү Тулуйн өөд болсны дараахан Өгөөдэй хааны бие илааршиж, Алтан улсыг цааш
дайтахаар одох ахуйд, Тулуй эзний алтан шарил эх нутаг Хэрлэн Ононгийн сав газар их
Аурагт хүргэгдэхээр замд гарлаа.

Газар дээрх ганц төрсөн дүүгээ мөнх тэнгэрт зольсон хаан эзэн бие илааршин эрүүл болсон
ч, сэтгэл өвдөн шархалж, энэ шарх түүний зүрх сэтгэлд гүн гүнзгий ор мөрөө үүрд үлдээсэн
байв. Эх нутгийн зүг хөдөлж буй Тулуйн шарилтай салах ёс хийн зогсох Өгөөдэй хаан,

- Тэнгэр болсон дүү минь, одоо надад хэн мартсаныг минь сануулж, унтсаныг минь сэрээх
билээ. Тэнгэрийн дор газрын дээр би хаан нэртэй халаглан үлдлээ хэмээн уйлан гашуудна.
Тэр Тулуйн амгалан нойрсох царайг дахин нэг сөхөж хараад "Дүү минь, чи хаан байжээ"
хэмээн дотроо хэлэв. Газар дээрх ганц дүү нь ахынхаа төлөө золио болон мөнх тэнгэрт одсон
гашуун үнэнг гэтлэн яваа хаан эзэн төрсөн дүү гэдэг ямархан үнэтэй хийгээд үнэн байдгийг
өөрийн нүдээр үзэж, хагацлын хатууг бие сэтгэлээр тууллаа. Тэрбээр:

- Их хааны сүр хүч, тэнгэр болсон хайрт дүүгийн алтан шарилын өмнө тангараг өргөе.
Нэгэн цагт эцэг хаан "Өмнө зүгт Алтан улс буйг өглөө бүхэн санаж бай" гэж захисныг санан
өвөг дээдсийн гэрээсийг биелүүлэх болно. "Мөнх тэнгэр бүхнийг мэдтүгэй" хэмээгээд
нулимстай нүдээрээ Тулуйн алтан шарилыг эцсийн удаа хараад эргэж, мориндоо ташуур өгөн
одлоо.

Аягатай халуун цай гэнэт асгарч сүүн зам татуулан газарт шингэхэд Сорхугтани хатан өндийн
босчээ. Түүний нүдэнд өтгөн хар манан татаж, удахгүй асгарах гэж байгаа нулимс нь аягаа
дүүрэн ирэв. Гэвч тэр нулимс Сорхугтанийн нүднээс гарсангүй, шингэн алга болох шиг. Тал
нутагт морин өртөөгөөр ирсэн мэдээ дандаа сайныг дуулгах нь үгүй болжээ. Өмнө нь суух
элч "Хаан ахынхаа өмнөөс золио болжээ" гэж хэлэхийг сонссон Сорхугтани ууж суусан
аягатай цайгаа унаган, босч ирсэн нь энэ байлаа. "Хөхдэйн ирсэн өдрөөс хойш таагүй совин
татсаар байсан нь энэ хүний амнаас гарсан мэдээгээр тайлагдах учиртай байсан гэж үү".
Сорхугтани үг хэлсэнгүй. Зөвхөн ирсэн хүнийг гарч болохыг дохиод буцаж суулаа. Хөвгүүд
эхийнхээ хамт энэ мэдээг сонсов. Аригбөх насаар бага тул юмны учир сайн ойлгохгүй байгаа
бололтой,

- Ээж ээ золио болно гэж юу гэсэн үг вэ? гэж асуухад эх нь хариу хэлсэнгүй. Тэр эхийнхээ
дэргэд очин ханцуйнаас нь татан угзарч энэ үгийг дахин асуухад, гашуудалд бүрнээ автсан
Хубилай дүүгийнхээ нөгөө гараас татаж хажуудаа суулгалаа. Сорхугтани дээлийнхээ ханцуйг
чивчиртэл атгажээ. Аньсаганд нь нулимс тороод гацчихсан мэт унах ч үгүй, шингэх ч үгүй
усан хөшиг шиг цэлэлзэн ирэв. Аригбөх ээж, ах нарынхаа байр байдлаар юу болоод байгааг
сая ойлгон,

- Аав аа, аав аа гэж чангаар хашгиран уйлахад сая хөвгүүдийн нүдэнд хуран ирсэн нулимс
хацар дээгүүр нь зам татуулан урслаа. Хар багаасаа ээнэгшин дассан хайртай нөхөр Тулуй нь
үгүй болжээ. Зовлонг хэрвээ тайлж болдог хувцас шиг, аваад шидчихэж болдогсон бол
хэчнээн амар билээ. Гэвч тэр аливаа хүний зүрх сэтгэлийн эмзэгхэн хөндүүрт өөрийн шархаа
үүрд үлдээдэг аюул билээ. Хайрлаж байсан хүмүүс нь ээлж дараагаар мөнх тэнгэртээ буцсан
хүнд өдрүүдэд тэсэн үлдэж байсан ч, хөөрхий зүрх нь энэ удаа, энэ удаа тэсэн үлдэж чадах
уу. Хорвоо дээрх олон хагацлын дундаас хань ижлээ алдах шиг хэцүү зовлон үгүй гэдгийг тэр
одоо өөрийн бие, зүрх сэтгэлээр амсаж байна. Яасан дуусдаггүй зовлон, дундардаггүй
хагацал вэ. Эргэж ирнэ гэж хэлээд, инээгээд явсан хүн ирэхгүйгээр явжээ. Наран уулсын
цаагуур ороод алга болчихсон мэт харанхуйлан харагдах ирээдүй түүнийг хэдэн хүүхэдтэй нь
хүлээж байгаа мэт. Харах нүдэн байлаа ч харагдахгүй харанхуйг гэтлэн явах хэчнээн айдастай
вэ?

Их Аурагт ирсэн гунигт мэдээнээс хэд хоногийн дараа Сорхугтани эр нөхрийнхөө алтан
шарилыг тосон авав.

Алсаас ойртон ирж буй морьтнуудыг баярлан угтаж, тосон очдог цаг Их Аурагт үгүй болжээ.
Гүн хүндэтгэлтэй, нэгэн хэмээр ойртон ирэх цуваа тэртээгээс айсуй. Сорхугтани
хүүхдүүдтэйгээ тэр зүг түгшүүрт нүдээр харж зогсоно. Улам бүр ойртон ирж байгаа энэ
цуваан дунд эр нөхөр нь сэрүүн тунгалаг бус, мөнхийн нойроор нойрсон яваа. Сорхугтани
хүүхдүүдийнхээ хамт олон удаа ирэх цувааг баярлан угтаж байсан сан.

Нэгэнт ирсэн хагацлын дуу цээжин дотор нь цурхиран байхад хүн хэрхэх билээ. Энэ л үед
түүнээс мөнх хөх тэнгэр ч тэр, тэнгэрт суугаа хаан эзэн ч тэр, ижий аав нь ч тэр, бурхад
хувилгаад ч тэр, бүгд дэндүү алсад одсон мэт санагдана. Ээрэм талын элгэн дээр өнчин
хүүхдүүдийнхээ хамтаар эмтэрч үлдэх гашуун хувь тавилан түүнийг дайрчээ. Цуваа ойртон
тэдний дэргэд ирж зогслоо.

Эх нутгаа санасан морьд хүртэл нутагтаа ирж хөлөө дэвсэн, хамраа тургин янцгаадаг сан.
Энэ удаа амьтад хүртэл өөрийн зөнгөөр уй гашууг мэдэрч байх шиг нам гүм. Эцгийнхээ алтан
шарилыг авч ирсэн Мөнх хүү нь эхийн өөдөөс хэлэх үг олдохгүй байгаа бололтой хэрхэхээ
мэдэхгүй цувааны дундах сүйх тэргийг харлаа. Аливаа нэгэн зүйл тохиоход үнэн эсэхийг
өөрийн нүдээр батлан харж байж мэдэрдэг хүний совингоор Сорхугтани хүүхдүүдээ орхин
сүйх рүү очиж ойртлоо. Эсэн мэнд эргэж ирнэ гэсэн эр нөхөр нь... Нүүрийг бүтээсэн
бүтээлгийг сөхөв. Царай нь яльгүй шарлаж, хамрын самсаа наалдсанаас өөрөөр унтаж буй
мэт дүртэй харагдана. Сорхугтани нэг мэдэхнээ тэнцвэрээ алдан, гуйван доош суулаа.

- Нэгэн цагт Өэлүн эхэд тохиосон уй гашууг өнөө надад илгээжээ. Сорхугтани Тулуй эзний
алтан шарилын өмнө газарт сөхрөн унахад тэнгэрийн үүлс бараантан харлаж, тэртээгээс
аянгын дуу нүргэлж байв. Тэнгэр болсон Тулуй эзний шарилыг тал нутгийнх нь хөрс шороонд
онголохоос өмнө Аурагт байх Чингис хааны онго шүтээний өргөөнд заллаа.
Өдөр ирэх тусам өвдөн хөндүүрлэж, улам бүр лугшин лавширч байгаад сая хагарсан шарх
Сорхугтанийн цээжийг амь тэмцүүлэн байх шиг тэр шөнөдөө унтаж чадсангүй. Хажууд нь
хурхиран унтаж байдаг эр нөхөр нь эзгүй. Хаа нэг тийш яваад өгчихсөн үед нь ч ирэхийг нь
хүлээн нойр хулжиж хонодог. Тэр хүн үгүй бол амьдрал үгүй мэт. Одоо тэр ахин хажуугаар нь
унтахгүй, халуун гараа дэрлүүлэн бүлээн уруулаар үнсэхгүй. Эр нөхрийн чанга тэврэлт,
зарим үед залхам хурхирах дууг сонсохгүй. Одоо байхгүй. Тулуй гэдэг хүн үгүй болсон. Энэ
амьдралд ахиад түүнтэй хэзээ ч уулзахгүй. Энэ зайд тэр ахиад хэвтэхгүй. Энэ биенийх нь тэн
хагас нь алга болчихсон юм шиг эзэнгүй. Хүн амьдралдаа эцэг эх ээ, хайртай бүхнээ алдах
тохиолдол бишгүй л бий. Гэвч ханилсан ханиа алдана гэдэг өргөө гэрийг нь тулж байсан хоёр
баганын нэг нь унахад нөгөө нь даган унаж, гэр нь нурчихсан мэт юу ч үгүй. Сэтгэл дотор хов
хоосон. Хав харанхуй. Тулуй гэдэг хүн ахин энэ өргөөний хаалгаар инээд алдан орж ирэхгүй.
Хэрхэх билээ. Энэ үнэнтэй эвлэрнэ гэдэг хэчнээн харамсалтай, хэчнээн айдастай вэ?

Гадагш гарч Онго шүтээний өргөөний зүг алхлаа. Битүү сартай шөнө эргэн тойрны юмс
төдийлөн сайн харагдахгүй тул өчүүхэн жижигхэн чулуу ч асар том тэмтрэгдэн бүдэрч
унахад бэлэн явна. Тээр жил хань нөхөр нь хаан аавтайгаа хамт аян дайнаас эсэн мэнд ирж
байсан тэр нэгэн шөнө, эмэг эхийнхээ өвөрт унтаж байгаа Мөнх хүүгээ эцэгт нь үнсүүлээд
буцаж явахад яг ийм битүү сартай шөнө байсан сан. Чулуун дээр бүдрэн унахад тохойноос нь
өргөн татаж, цээжиндээ тэврэн, духан дээр нь үнссэн эр нөхрийнхөө халуун гарыг тэр тодхон
санаж байлаа. Одоо түүнд бүдрэн уналаа ч өргөн босгох хань үгүй болжээ. Тулуй бол
Сорхугтанийн хувьд зөвхөн харанхуйн дундах чулуун дээр бүрдэн унахад нь түшиг босгодог
нэгэн биш амьдрал дунд бүдрэн алдахад, түшиж босгодог эр нөхөр нь байсан. Харин одоо
бол унахгүйн тулд хөл дээрээ бөх бат гишгэж, хатуу чанга явах ёстой болжээ. Сорхугтани
харуулын цэрэг бүхий Чингис хааны онго шүтээний өргөөний хаалгаар явж оров. Дотор нам
гүм. Дөрвөн хананд асаасан галын гэрэлд өргөөн доторх юмс тодхон харагдана. Өргөөний
голд тусгайлан зассан цагаан эсгий дэвсгэртэй тавцан дээр, торгоор бүтээсэн эр нөхрийнх нь
шарил харагдана. Сорхугтани ойртон очлоо. Тэр нөхрийнхөө хөлийн дор сөхрөн суулаа.

- Мөнх хөх тэнгэрт цурхирахаа сонсгосонгүй

Мөнхүү ногоон газар дэлхийд гашуудлаа мэдэгдсэнгүй Асгаран унах нулимсаа аягандаа
ширгээж хатаалаа Ард олон түмэндээ амгалан дүрийг үзүүллээ Энгэр цээжийг минь зурсаар
байгаа уй гашууг Энэлэн гэтэлж баран одох цагт Эр нөхөр минь хэний төлөө халуун амиа
тасалсны хэргийг Эрхбиш үр хөвгүүд тань гаргах буй за хэмээн хэлээд өдөр мэт гэрэлтүүлэгч
галын гэрэлд тос нэмлээ.

Сорхугтанийн нүднээс аягандаа багтахгүй цэлэлзэн байсан нулимс тасран унаж байлаа.

- Өгөөдэй хааны гэр бүлийнхэн, хааны их хатан Мүгэ болон хааны хатан Дөргөнө нар,
Тулуйн ах Цагаадай, Зүчийн улсаас түүний хүү Бат, Бэрх нар Их Аурагт хүрэлцэн иржээ.
Дайны ялалт, олз омог, баяр баяслаар алтан ургийнхан уулздаг байсан энэ газарт тэд энэ удаа
уй гашуудлаар уулзав. Бурхан Халдун уулын ойр ээл дулаан газарт, тэнгэрийн наран тодхон
тусах уулсын орчилд, мөнх хөх тэнгэрийн хаяа дэрлэн уужрах нэгээхэн чөлөөнд Тулуй эзнийг
эцсийн замд нь үдэж онголлоо. Тулуйн алтан шарилын дэргэд Сорхугтани хатан хүүхдүүдийн
хамтаар зогсоно. Нэгэн цагт талын элгэн дээр өнчин хэдэн хүүхэдтэйгээ хоцорч байсан
Өэлүн эхийн адил хувь тавилан түүнийг дайрчээ. Гэвч тэр үед бол Өэлүн эхээс ах дүү нар нь
хүртэл элэг буруулахад хүрсэн хүнд цаг байсан. Харин одоо бол Их Монгол улсын эзэн хааны
алтан ургийнхан түүнд бий. Гэлээ ч хайрласнаас илүү хайр, ханилснаас илүү хань газар дээр
хэн сэн билээ.

Өгөөдэй хаан Алтан улсыг дайлаар мордоод эзгүй тул дүүгийнхээ оршуулганд ирж
чадсангүй. Тулуй эзнийг хөдөөлүүлэх ажил дуусч хүмүүс Их Аурагт ирэхэд Дөргөнө хатан
Сорхугтанийн өргөөнд орж ирлээ. Дөргөнө тал нутагт байхдаа боровтор царайтай нэгэн
байсан бол Хархорумд суурин сууснаар, түүний царай үл ялиг цайвар болсон харагдана. Цаг
ирэх тусам гүн болох шинжтэй нарийн үрчлээсүүд зовхинд нь тодорчээ. Дөргөнө
Сорхугтанийн уй гашууг тайлан хэлэх үг эс олох мэт, хажууд нь чимээгүй сууна. Түүний энэ
байдлыг ажигласан Сорхугтани,

- Хайрлаж явсан хүмүүс минь ар араасаа цуван тэнгэрт одлоо. Хорвоогийн жам, хатуу
тавиланг яалтай билээ. Сорхугтанийн сая хэлсэн үгс үнэндээ Дөргөний сэтгэл зүрхэн
дундуур дайран өнгөрч байсан удаатай тул, түүнийг сайн ойлгож байв.

- Бид бага залуугаасаа хамт байж, нэгэн адил зовлон, нэгэн адил жаргалыг туулж ирсэн улс.
Тулуй эзэн эр нөхрийн минь өмнөөс тэнгэрт одсныг сонсоод зүрх минь халаглан гашуудаж
байлаа. Өнөө чамайг ингээд орхиж чадахгүй нь, биднийг даган хүүхдүүдээ авч нүүвэл ямар
вэ? гэхэд, Сорхугтанид энэ үг өөрийг нь гэх хүн байгаад баярлах сэтгэл төрүүлсэн хэдий ч,

- Их эзэн хаан эцэг минь тэнгэрт халихдаа ч тэр, эр нөхөр минь одохдоо ч тэр эцэг
өвгийнхөө гал голомтыг сахин суухыг захисан тул би эндээс хэрхэвч явж чадахгүй. Миний
төлөө сэтгэл шаналан буйг чинь ойлгож байна гэв.

- Тэгвэл хэрхэх билээ. Би чамайг ятгаж нэгэнт дийлэхгүй болохоор яалтай. Өнчин үлдсэн
хөвгүүдийг чинь хайрлан халамжилж явахаа хаан эзэн мэдэж байгаа буй за гэж хэлээд ойр
зуур ярилцан сууснаа дараа гарч явав. Үнэндээ Сорхугтанийг гэх хүн бараг үгүй болжээ.
Хайртай аав ээж нь үгүй, хорвоо дээрх ганц эгч нь үгүй, хань ижил нь үгүй. Одоо тэр хэнийг
түшиж, хэнд хэрхэн найдах билээ. Дөргөнө хатныг өргөөнөөс гарсны дараа Сорхугтани гүн
бодол дарагдан суухдаа, хатуу зөөлөн ээлжлэн байх энэ амьдралд зөөлнөөсөө хатуу нь олон
тохиож байгааг эргэцүүлэн бодов. Одоо тэр Жаха Хамбу аавыгаа даган ирж байсан бяцхан
охин, анхны үрээ төрүүлээд жаргалтай суусан танхил бүсгүй, уул мэт түшигтэй, эр хүний
эхнэр биш болжээ. Хувь тавилангийн илгээсэн бэлгийг гар тосон авах нь хүний амьдралын
жам гэлтэй ч, ар араасаа ирэх хагацлаар дүүрэн илгээлтийг, дахин гар тосох тэнхэл түүнд
байхгүй болжээ. Тулуйн хатан болон ирсний дараахан хаан эзэн, Тулуй эзэн хоёр зэрэгцэн
өвдөж, халууран, амь тэмцэж байхад Бурхан Халдуны зүг харан хэлж байсан үгс нь чихэнд нь
сонсогдох шиг боллоо. "Хаан эзэн үгүй бол хамаг улс эзэнгүй болно, Тулуй эзэн үгүй бол
ганц би бэлэвсэн үлдэнэ" хатан хүний гайхам ухаан гарган хэлсэн энэ үг олон хүний
сэтгэлийг хөдөлгөн, хаан эзэн хүртэл үүнийг сонсоод өргөөндөө дуудуулж байсан сан. Тэр
үед тэнгэр ивээсэн ч, энэ удаад ивээлт тэнгэр Сорхугтанийн зүг харсангүй. Мөнх тэнгэрт
хэлсэн үг нь хийсэн буцаж ирсэн нь энэ байлаа. Сая чихэнд нь сонсогдох шиг болсон үгсийг
амандаа давтан хэллээ. "Хаан эзэн үгүй бол хамаг улс эзэнгүй болно, Тулуй эзэн үгүй бол
ганц би бэлэвсэн үлдэнэ".

Тулуй эзнийг тэнгэр болоод нутаг усандаа мөнхөд оршсоны дараахан Өгөөдэй хаан зарлиг
буулган дөрвөн жилийн туршид амжилттай дайтсаар ирсэн Тулуйн том хүү Мөнхөд нэгэн
хүндтэй ажлыг даалгасан байв. Энэ бол Тулуй эзний захиран сууж байсан, Их Монгол улсын
гал голомтыг сахин хамгаалж, эзэн суух үүрэг байлаа. Их Аурагт ирсэн уй гашуу тайлагдсан
ч, цааш хэрхэх нь тодорхойгүй цаг хугацааны салхин илчилгүй их талын дээгүүр хийссэн
хэвээр. Энэ их тал нутаг бурхны гар шиг өгөөмөр өр зөөлөн хэр нь, хатуу ширүүн өвөл цаг
шигээ хүний сэтгэлийг эмтлэн хагацуулах нь даанч гаслантай. Сорхугтани хатан хөвгүүдээ
амьдралын хатуу хүндийг биеэр үзүүлэх зорилгоор ордны ойролцоо нутаглах Ашидтөмөр
тэргүүтэй айлуудад зуны цагт хар бор ажил хийлгэдэг байснаа болиулж, их Аурагт байлгах
болжээ. Шөнө дөл болсон хойно ч энд ганцхан өргөөний дэн асаалттай байгаа харагддаг нь
нэгэн цагт Өэлүн эхийн босгож өгсөн номын өргөө байв.

Сорхугтани хатан олон газраас эрдэмтэн мэргэдийг урьд урьдаас илүү залан авч ирүүлэх
боллоо. Одоо түүний хүүхдүүдийн сурч мэдсэн эрдэм мэдлэг хийгээд, үзэж туулсан
амьдралын хатуу хүтүү, тэднийг эрийн цээнд хүрснийг илтгэх хэдий ч төрийг барих мэргэн
ухаан, түмнийг жолоодох суу билэгт суралцаж хараахан чадаагүй л байлаа. Эль хуль мэт Их
Аурагийн өдрүүд үргэлжилнэ.

Өгөөдэй хаан зарлиг болгон босгосон Хархорумд төвлөрсөн Их Монгол улсын орд
нийслэлээс нэгэн мэдээ ирсэн нь Өгөөдэй хаан Сорхугтани хатныг Хархорумд дуудуулжээ.

Хатан эх аян замд бэлдэн байхад түүний хөвгүүд ч бас эхийгээ даган явахаар зэхлээ.

- Хөвгүүд нударга зөрүүлж байна гэсэн аягачны сандран орж ирэхдээ хэлсэн үгийг сонсоод
Сорхугтани тэр дороо өргөөнөөс гарлаа. Өргөөний хажуухантай Хубилай, Хүлэгү хоёр бие
биеэ нудран, ордны албатууд тэднийг тойрон хэрхэхээ мэдэхгүй сандралдан байна. Энэ нь
хатны хөвгүүд олзны хүнээ булаацалдсанаас үүдэлтэй байв. Тулуй эцэг нь амьд сэрүүндээ
хаан ахыгаа даган Хорезмын үлдэгдлийг дайлаад ирэхдээ олзонд авч ирсэн бичгийн хүн
болох Ислам шашинтай нэгэн хүнийг хүү Хүлэгүдээ өгч, Коран судрын тайлбарыг хийлгэхээр
үлдээсэн нь хожим Хүлэгүгийн өөрийн хүн болж, хаан хүүг хаа явсан газар даган явах болсон
байв. Харин энэ өдөр Хубилай ах нь дүүгийнхээ хүнийг өөртөө авъя гэснээс энэ маргаан
болсон ажгуу. Хатан тэдний дэргэд ойртон очвол хөвгүүд эхийгээ хараад хэн хэн нь гараа
татаж авлаа. Хубилайн өмссөн дээлийнх нь суга ханзарсан байхад, Хүлэгүгийн энгэр заам нь
урагджээ. Хоёул эхийгээ харан эмээх авч хоорондоо зөрүүлсэн нударганы өш нь
тайлагдаагүйгээр барахгүй бие биенийхээ зүг хорсолтой харна. Сорхугтанийг

- Юу болж байгаа чинь энэ вэ хэмээн ууртай асуухад Хүлэгү амьсгаа нь дарагдаагүй хэвээр,

- Хубилай ахад өөрийн хүн байсаар атал миний хүнийг авах гэлээ. Энэ чинь шударга ёс юм
уу?

Хубилай дүүгийнхээ үгийг эсэргүүцэн хатан эхдээ зарга мэдүүлж,

- Ээж та мэдэж байгаа. Би түүний ах нь. Нэгэн цагт эцэг минь хаан ахынхаа өмнөөс амиа
хүртэл өгсөн байхад, миний дүү надаас нэгэн зарцыг харамлалаа гэж би гомдов. Сорхугтани
олны өмнө энэ мэт алдаа гаргасан хоёр хүүдээ уурлан байвч,
- Та хоёр дуугаа аядаад намайг дагаад яв гэж хэлээд тэднийг дагуулан өргөө рүүгээ орлоо.
Энэ явдлыг харж зогссон албатууд ч таран явав. Сорхугтани өргөөнийхөө хойморт очиж суун,
хэсэг зуур нүдээ анин ямар нэгэн зүйлийн тухай бодолхийлэхэд аньсан нүднийх нь завсраас
нулимс тунаран ирж, хацрыг нь даган урслаа. Ар араасаа цувран гарч байгаа хатан эхийнхээ
нулимсыг харан хэрхэхээ мэдэхгүй Хубилай, Хүлэгү хоёрын гайхаш тасарлаа. Угаас хатуу
чанга хатан эх нь ингэж уйлж байхыг тэд ер хараагүй билээ. Тулуй эзний хөдөөлүүлэх ажил
дээр ч, ганц дусал нулимс унагаагүй эх нь асгаруулан уйлж байлаа. Түүний нүднээс олон
жилийн туршид хурсан нулимс зад тавин асгарч байх шиг тийм их нулимс эхийнх нь хацар
дээгүүр ар араасаа цуван урсана.

- Би та нарыг төрүүлж эх хүн болсон цагаас хойш өөрийн төлөө бус үр хүүхдийнхээ төлөө
хамаг бүхнээ зориулж ирсэн. Өнөө миний зорилго талаар болж байгааг харлаа гээд асгаран
байгаа нулимсаа арчих ч сөхөөгүй,

- Эцэг чинь тэнгэр болж, их гашуу тайлагдаагүй байхад, өнөө том толгой гарган эхийгээ та
нар элэг барина уу. Би та нарт ухаан орсон цагаас чинь эхлэн юу сургасан бэ? хэмээхэд
хөвгүүдийн ах Хубилай эхээсээ эмээн,

- Ном эрдэмд шамдуулж, амьдралын хатууг сургам-жилсан. Сорхугтани асгаран буй


нулимсаа арчин,

- Дутуу байна гэв. Хөвгүүд юу хэлэхээ мэдэхгүй байгаа бололтой гайхширна. Сорхугтани
тэднийг нулимстай нүдээ-рээ харан,

- Би та нарт сургасан хамгийн чухал юмыг мартлаа гэж үү. Эцэг чинь тэнгэрт хальж, эх чинь
ухаанаа ширгээн яваагийн учир юу вэ? Хөвгүүд доош харан суужээ.

- Бидэнд түшиж тулах хэн байгаа вэ. Хошуу дэвсэн өмгөөлөх эцэг чинь алга, одоо та нар
ургаж гүйцээгүй мод, ухаарч амжаагүй балчир атал ингэж тэмцэлдэхийг чинь харан суух уу
би. Хубилай Хүлэгү хоёр доош харан суусан хэвээр. Тэд зөвхөн эхийнхээ амнаас ахин ямар үг
унахыг түгшин хүлээж байв. Сорхугтани үргэлжлүүлэн,

- Мөнх хөх тэнгэрийн дор эвлэлдэн нэгдээгүй л бол, их гүрэн ч таран унах нь амархан
байдаг атал, өнчирч үлдсэн хэдэн хүүхэд минь араатан мэт биесээ хүүлж, амьтны идэш
болохыг би харах уу. Өнөөдөр нэг зарцыг булаацалдан нударга зөрүүлж байгаа хүмүүс, хожим
их гүрнийг булаацалдан биесээ хөнөөх араатнууд болно бус уу. Миний хэвлийгээс цуван
төрсөн үрс атал ийм ичгүүргүй явдал гаргах гэж... Та хоёр тэнгэр болсон эцгийнхээ ясыг
өндөлзүүлж, тэмцэн үлдсэн эхийнхээ голыг харлууллаа. Өргөөнд чимээ анир үгүй. Эхийн
яриаг дуустал сонсон Хубилай:

- Хатан эх минь биднийг өршөө. Уурын мунхгаар, ухвар мөчид ухаанаар би буруу хэрэг
хийжээ гэхэд Хүлэгү ч мөн өөрийн бурууг мэдсэн байртай гэмшингүй сууна.

Домог болон яригдах болсон Өгөөдэй хааны шинэ ордон, эзэнт гүрний нийслэл болон
сүндэрлэж байгаа Хархорум алсаас тодхон харагдана. Тал нутагт урд өмнө харагдаж
байгаагүй энэ хөлийн газар ам дамжин яригддаг гайхамшиг бүхэн биеллээ олжээ. Дөрвөн зүг
наймаг зовхисоос ирсэн зүсэн зүйлийн хүмүүс хөлхөлдсөн Хархорумд дөрвөн талаараа урт
хана босгон сүндэрлүүлсэн их хот бууриа засчээ. Хархорумын дөрвөн талын хаалган дээр
тэмээн жин тээж ирсэн худалдаачид арилжаа наймаа хийж, торго дурдан, бөс бараа, алт
мөнгө наймаалж байгаа нь нэн бахдалтай. Харахад нүд унам энэ газар үнэхээр хөгжил
дэвшлийн баян бүрд гэлтэй ойртох тусам сүр бараатай ажээ.

Цагаан бөсөөр биеэ ороосон ширүүн хурц харцтай саррацин дайчид, Оросын хар ламтнууд,
Католик шашны хуврагууд, Хятадын бумбын сургаалыг дагагсад, бурхны олон шавь нар, эрээн
мяраан хувцастай Сартуул наймаачид, Францын болон Ромын папын элч нар, сайд түшмэд,
султан, эмирүүд хөлхөлдөнө. Ордны эргэн тойронд Сартуул худалдаачид, дундад азийнхны
суудаг нэг хүрээ, өмнө зүгийн гар урчуудын суух бас нэгэн хүрээ, хаад ноёд ихэс дээдсийн
олон том өргөөнүүд сүндэрлэсэн босчээ. Энэ бүх байдлыг үзвээс тал нутагт гэнэт гарч ирсэн
энэ эзэнт улсын хаад ноёд үнэхээрийн ертөнцийг гэтлэн туулжээ гэдэг нь түмний нүднээ
харагдана. Монголын хаад ихийг үзэж, ухаан бодол нь тэлсэн, шашны гүнээ хүндэтгэн үзэж,
ухан таньж, аль нэгийг илүүд үзэх явцуурахын хязгаараас хальсан хүмүүс гэлтэй. Сорхугтани
хөвгүүдийн хамтаар ордны хаалгаар орж сүйхнээсээ буусан хойно сая Түмэн амгалант ордны
гайхамшигт уран хийц, өнгө будаг, дүр дүслэлийг харж бахадлаа. Их Аураг урд өмнө бол хөл
хөдөлгөөн ихтэй байсан ч Хархорумын энэ их хүн зоныг гүйцэж байсан удаагүй.

Өгөөдэй хааны тусгайлан бэлдүүлсэн өргөөнд Сорхугтани хатан морилов. Дараа нь тэрбээр
хөвгүүдийнхээ хамтаар хотын байдлыг явж үзэн алт, мөнгө, хоргой торго, ордны тансаг
амьдралд умбасан ихэс дээдсийн амьдралтай танилцаад буцан ирэхэд Өгөөдэй хаан
ордондоо дуудуулсан байлаа. Сорхугтани Их Аурагаас гарахдаа урьдчилан бэлдсэн үзэмжит
сайхан хувцсыг өмсөн, хөвгүүдээ ч мөн тийм хувцас өмсгөн хааны өргөөг зорин хөдөллөө. Их
эзний дараах тал нутгийн эзэн хаан нүүдэлчдийн заншил ёсоор олон хөлхсөн их хотын дунд
биш Хархорумаас холгүйхэн байрлах явуулын өргөөндөө саатсан байв.

Хааны өргөөний голд өндөрлөн зассан сэнтийд Өгөөдэй хаан заларчээ. Хажууд нь Дөргөнө
хатан, хүү Гүюг болон хааны сайд түшмэд байлаа. Өргөөн дотор айраг цагаа сөгнөөстэй
харагдана. Өгөөдэй хаан алтан аягатай сархад зооглож буй бололтой аяганаас нэг том балгаад
тамшаалан эрүүнийхээ сахлыг доош шувтарч буйг үзвэл өмнөд газраас ирсэн хатуу сархад
бололтой. Гаднаас хүүхдүүдийн хамт орж ирсэн Сорхугтани хатныг хараад Өгөөдэй хааны
царайд тэртээ алсад хоцорсон нэгэн их гуниг сүүдэртэн тодрох шиг болоод дорхноо замхрах
нь ажиглагдав.

- Сорхугтани бэхи. Сайн явж ирэв үү? Дээш суугтун хэмээн Өгөөдэй хааныг хэлэхэд,
Сорхугтани өргөөний зүүн талд очиж суухуйд түүний хөвгүүд баруун талаар эгнэн суулаа.
Өгөөдэй хаан Сорхугтанийг хүүхдүүдтэй нь тойруулан харж тэдний байр байдал, өнгө зүс
сайхан байгааг үзэн сэтгэл тайвшрав бололтой,

- Дайн самууны хөл тасрахгүй тул Их Аурагт очиж саатсангүй удлаа. Сорхугтани бэхи
хүүхдүүдтэйгээ мэнд сайн байгааг харахад хаан миний олон хоног шархалсан сэтгэл сая
уужрах шиг боллоо гэв. Сорхугтани хаанд хүндэтгэл илэрхийлээд,

- Мөнх тэнгэрийн авралаар бид цөм сайн байгаа гэв. Өгөөдэй хаан тэдний сайн сайхан
явааг харан сэтгэл
уужирсан ч дотор нь нэгэн хөндүүр байгаа нь илт,

- Цаг хугацаа өнгөрөх тусам биеийн шарх аньдаг атал, сэтгэлийн шарх анихгүй улам лавшин
байх юм гээд өмнөөсөө алтан аягатай сархдаа авч дахин нэг балгаад ширээн дээр буцааж
тавингаа,

- Харах нүдний цөцгий мэт хайрлан өсгөсөн дүүгийнхээ хойноос гашуудах минь даанч бэрх
юм. Дүү минь тэнгэр болон одохдоо өнчин хоцорсон хүүхдүүд, бэлэвсэн үлдсэн хатнаа
хайрлан хамгаалж явахыг захисан тул тал нутагт сахих асрахуйн ёсыг санаж нэгэн шийд
гаргалаа хэмээв. Өгөөдэй хааны хэлэхийг сонсвол өөрийн шийдвэрээ хэдийнэ гаргасан хүний
үг бололтой.

- Чамайг хөвгүүдтэй чинь хамт өөртөө ойр байлгаж харж хандах үүрэг надад бий тул миний
хүү Гүюгийн хатан болж сэтгэл тайван суу хэмээн Сорхугтанид хэлээд өргөөний баруун талд
сууж буй Гүюгийг харлаа.

Хааны энэ үгийг сонссон Сорхугтаний том хүү Мөнх ч хаан эзний доохно сууж буй Гүюгийн
зүг харав. Тэр хоёрын харц мөргөлджээ. Мөнх "Энэ үнэн үү" гэж асуун байх шиг Гүюгийг цоо
ширтэнэ. Гүюг бол хааны том хүү өдгөө хорин хоёр настай. Идэр залуугийн цог жавхаа
жагссан сайхан эр болсон байв. Мөнх Гүюгийг ажиглан харж байгааг Сорхугтани анзаарав.
Хаан эзний айлдварыг дуулав уу, үгүй юу хоорондоо хоёрхон насны зөрүүтэй энэ хоёр хүн
эцэг хүү болон хувирч байгаагаа мэдэв. Өгөөдэй хааны энэ шийдвэр нэг талаар Мөнхөд
сайнаар тусч болно. Гүюг энэ цагаас хойш Мөнхийн оронд ээжийг нь асран хамгаалах нь.
Харин нөгөө талаар тэр нэгэн өдөр дарс хүртэн суухдаа хэлж байсан Өгөөдэй хааны "Миний
араас хаан ор суух хүн бол миний хүү Хүчү, Тулуйн хүү Мөнх нар юм" гэсэн үг замхран одно.
Мөнх Гүюгийн дагавар хүүхэд болсноор түүний ирээдүй бүхэлдээ нуран унах болно. Өөр
хоорондоо биесээ ширтэлцэн үг хэлэхгүй ч харцаараа ярилцаж байгаа энэ хүмүүсийн дунд
Сорхугтани шийдвэрээ гаргах болжээ. Тэр Өгөөдэйн хүү Гүюгтэй ханилан суувал, том
хүүгээс нь хоёрхон насаар ах залуу хүнтэй дэр нэгтгэн, хааны хэлдгээр амар жимэр амьдарч
болох байлаа.

Эзэнт улсын өнцөг булан бүрээс ирсэн торго дурдан, алт эрдэнэст умбан шумбаж, идэр залуу
эрийн өвөрт эм хүний жаргал эдлэн хэвтэх хувь заяа түүнийг хүлээж байсан хэрэг.
Сорхугтани Гүюгтэй гэрлэснээр магадгүй ирээдүйн хааны хатан, Их Монгол улсын сүр хүчин
төгөлдөр нэгэн болох боломж ч бий. Өргөөн доторх хүмүүс дор бүрнээ Сорхугтанийн амнаас
юу гэсэн хариу гарахыг хүлээн байхад Өгөөдэй хаан л ганцаараа өөрийн шийдвэрийг зарлиг
хэмээн үзэх тул, түүнээс хариу хүлээсэн шинжгүй өмнөх сархдаа шимэн сууна. Сорхугтанийн
хөвгүүд эхийнхээ амыг тосон хүлээж байгаа нь илт.

Гүюг, Мөнх хоёрын харц нэг мөргөлдөн нэг салан байхад Хубилай эхийгээ ажиглан харна.
Харин Хүлэгү Гүюгийн царайг нэг харан, эхийнхээ царайг нэг харан нүд нь бүлтэгнэнэ.
Хэсэг хугацаа өнгөрсний дараа Сорхугтани сая ам нээлээ.

- Хааны хишигт талархъя. Хаан эзний аврал нэн их билээ. Таны хүү Гүюгийн хатан болон
суух нь эм хүн миний сэтгэлд таатай байх нь ойлгомжтой гэв. Энэ үгийг сонсоод хүмүүс
хатныг зөвшөөрсөн хариу өглөө хэмээн бодов. Сорхугтани үргэлжлүүлэн,
- Гэвч зориг гарган хэлэх нэгэн хүсэлт байна гэв. Өгөөдэй хаан шимж байсан сархдаа
ширээн дээр тавин Сорхугтанийг харлаа. Тэр өөрийн шийдвэрийг баттай хэлсэн тул энэ үг
түүний гайхшралыг төрүүлжээ.

- Хатан би эр нөхрийнхөө алтан шарилын өмнө амлаж байснаа санаж байна. Өнчирч
хоцорсон хүүхдүүд минь дэндүү нялх балчир байгаа тул би хүүхдүүдээ өөрийн биеэр гарыг
нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүртэл асран хамгаалж, өсгөн хүмүүжүүлэх тангараг
өргөсөн хүн. Тиймээс хүүтэйгээ гэрлүүлэх шийдвэрээ цуцалж, Их Аурагт минь буцаан
явуулна уу хэмээн хэлэхэд Өгөөдэй хаан бодол болон суусан харагдана.

- Хаан эзний шийдвэрийг хэн ч зөрчих ёсон үгүй. Би өөрийн дүү Тулуйн өмнө амласан
амлалтаа биелүүлэх ёстой гэхэд Сорхугтани,

- Дүүгийн өмнө амласан амлалт тань өөрийн хүүтэй гэрлүүлэх байгаагүй биз ээ. Хаан
эзний бие нэгэнт илааршсан тул, хатан миний сэтгэл ч баяртай байна гэлээ.

Энэ үгийг сонссон Өгөөдэй хаан Сорхугтанийн өөдөөс цочисхийсэн янзтай харахад Алтан
улсад дайтаж явахдаа алжаасан дурсамж нь харван орж ирэв. Өөрийн өмнөөс золио болсон
дүүгийнх нь дүр нүдний өмнө тодрох шиг боллоо. Өгөөдэй хаан Сорхугтанийн үгэн дотор үг
тээн хэлдэг ухааныг мэдэх хүний хувиар ямар бодол тээн энэ үгийг хэлж байгааг гадарлаж
байлаа.

- Аз жаргалаас татгалздаггүй ямар ч эм байдаггүй атал Сорхугтани чи өөрийн биеэ умартан


үр хүүхдээ гэж байгаа бол би юу хэлэх вэ. Чинийхээр болъё гэв.

Өргөөн дотор байсан хүмүүс хааны энэ шийдвэрийг сонсон, илтэд гайхсан янзтай харцгаана.
Дээр хөхрөх их тэнгэрийн дор ганцхан хаан эзэн байж, ард олон бүү хэл алтан ургийнхан
хүртэл түүний хэлсэн үгэнд үг дуугүй захирагдах хууль Монголын тал нутагт үргэлжилсээр
ирсэн ч энэ удаа Сорхугтани өөрийн шийдвэрээ гаргаж хааныг зөвшөөрүүллээ. Хааны
өргөөнд болсон энэ яриа тун удалгүй алтан ургийнхны дунд таран, хэн бүхэн Сорхугтанийг
бахдан ярилцах ярианы нэгэн сэдэв болсон байлаа. Түүнийг хааны хайр хишгээс татгалзан
өөрийн дураар шийдвэр гарган байгааг зарим нэгэн хүмүүс урд өмнө үзэгдэж харагдаж
байгаагүй, арай дэндүү хэрэг боллоо хэмээн халаглан ярьж байхад, зарим нэгэн хүмүүс
хатны зөв хэмээн дэмжиж, хааны үгийг сөрөн зогсож чадсан баатарлаг зоригийг нь үнэлэн
байлаа. Хархорумд удаан саатах хүсэл Сорхугтанид байгаагүй ч хэдэн хоногийн дараа болох
Их Хуралдай түүнд нутгийн зүг жолоо залах боломжийг өгсөнгүй.

Сорхугтани Хархорумтай танилцан газар газрын сонин сайхныг үзэж харан, уран дархчуудын
хийсэн гайхамшигт бүтээлүүдийг бахдан, олон төрлийн шашин шүтлэг үзэл бодолтой
хүмүүстэй биечлэн уулзаж, тэдний эх орон, түүх соёл, сүсэг бишрэлийн талаар ярилцан
явахыг харсан хүмүүс, энэ хатан хэрхэн ийм зүйлийг мэддэг болсныг гайхан шагширч,
түүний гүн гүнзгий мэдлэг ухааныг бахдана.

Тал нутгийн нүүдэлчний амьдрал бус, хана хэрэмний дунд удаан суух нь, ихэс дээдсийн ямба
эдэлсэн хэрэг авч, сэтгэл санаа, оюун бодол хүртэл эрх чөлөөгүй хашигдаж байгаа мэт болж
дотор давчдуулна. Сорхугтани хотын хаалгаар гарч салхилан явах үед баруун хаалганы дэргэд
урагдаж ноорсон хувцастай, үс гэзэг нь сэгсийж, нүүр царай нь хирэндээ дагтаршсан эмгэн
өглөг горилон, гартаа тагш барин зогсож байхтай таарав. Сорхугтани хатан зарц нартаа
хандан эмгэнд өглөг өгөхийг тушаасанд тэд эмгэний гар дээр жижигхэн ууттай зүйлийг
тавилаа. Эмгэн доош сөхрөн,

- Хатны хишигт талархъя гэж хэлэхэд гадаа хаалган дээр байсан гуйлгачин олон хатныг бүчин
авахыг харсан харуулууд тэднийг зандчин холдууллаа. Сорхугтани гараараа дохин,

- Энэ хүмүүст өглөг тараан өг хэмээн зарц нартаа тушаагаад, харуулуудыг ядуустай зандчин
харьцахгүй байхыг сануулж, цааш явлаа. Энэ өдрөөс хойш Сорхугтани Хархоринд байхдаа
өдөр бүр хаалганы гаднах ядууст өглөг хишиг өгүүлсээр байв.

Хэдэн хоногийн өмнөөс хөл хөдөлгөөн болж, бүтэн cap үргэлжилсэн их ажил үндсэндээ
дуусч Хархорумаас баруун тийш нэг өдрийн зайд их Хуралдай чуулах эсгий цагаан гэрүүд
хүрээ үүсгэн бууж, тэндээс холгүйхэн олон гэр, хүн мал үзэгдэх нь удахгүй болох Их
хуралдайд бэлтгэн зоог барих, идээ шүүс, айраг цагаа зэхэн хөл хөдөлгөөн ихтэй байгааг
илтгэнэ. Цагаан асруудын гадна олон өнгийн торго дурдангаар хийсэн хувцастай ихэс дээдэс,
гадна дотны гийчид, хуралдайд урилгаар ирсэн элч төлөөлөгчид хөлхөх нь Хархорумын
суурийг тавиад анх хуралдах гэж байгаа Их Хуралдай урд урьдынхаас илүү олон хүнтэй, сүр
дуулиантай болох гэж буй нь илт. Эсгий гэрүүдийн дундуур жирийлгэн татсан цагаан эсгий
ширдгэн дээгүүр ихэх дээдэс ээтэн гутлынхаа хоншоорыг дээш өргөн алхаж, хажуугаар зөрөх
зарим нэгэнтэйгээ толгой дохин мэндэлж үзэгдэнэ. Эсгий цагаан гэрүүдийн голд барьсан
том асарт олон зуун хүн чөлөөтэй багтах уужуу том, цэлгэр сайхан агаад асрын голд хаан
хатдын өндөр сэнтий алтан шаргал өнгөө тунаруулан сүртэй үзэгдэж, хажуугийн суудлуудыг
алтан ургийнханд зориулан бэлджээ. Араар нь эгнэсэн урт, урт тавцангуудыг гадна дотны элч
төлөөлөгчид, хуралдайн зочдод зориулан зэхсэн бололтой. Асрын голоор алхах хүмүүсийн
дунд Сорхугтани хатан хүүхдүүдийнхээ хамт явна. Тэр улаан өнгийн торгоор хийж, алтан
эмжээрээр эмжсэн гоёмсог сайхан ууж өмсөж, өндөр богтогон дээрээ өмнө зүгээс авч ирсэн
үзэсгэлэнт тогосын өд хатгаж, Хорезмын шахын ордноос авч ирүүлсэн гоёмсог ээмэг зүүж,
алтан угалзат гутал жийжээ. Нуруулаг биетэй энэ эмэгтэй гоо үзэсгэлэнгээрээ нэгэн цагт тал
нутгийг шуугиулж байсан нь өнөө ч хэвээр харагдана. Сорхугтани өөрийн хөвгүүддээ ч мөн
цагаан өнгийн торгоор хийж алтан утсаар эмжсэн дээл хувцсыг өмсүүлжээ. Хатны энэ
байдлыг харан арын эгнээнд сууж байсан бүсгүйчүүдийн нэг нь,

- Энэ Сорхугтани эр нөхрөө алдсан гэхэд улам өнгө орсон харагдах юм. Өнгө зүс оруулах
ямар ид шидийг хэрэглээд байдаг юм бол гэж хэлэхэд нөгөөх нь өлгөн авч,

- Энэ чинь эш үзүүлэгч хатан гээ биз дээ. Цаг хугацаа өнгөрөх тусам хүн хөгширч нас нь
нэмэгддэг байхад, энэ хатан цаг хугацаа өнгөрөх тусам залуужиж, нас нь хорогдох юм хэмээн
атаархангүй хэлцэнэ.

Тэдний ярианд оролцож өөр нэг эмэпэй,

- Эш үзүүлэгч гэж юу байхав дээ. Аль хэдийн ордныхоо эрчүүдтэй энгэр зөрүүлж, хэн
сайныг нь шилж сонгон суудаг болсон биз. Хатан хүний эрх хүчийг харуулах боломж энэ
хатанд хангалттай байна. Аурагийг ганцаараа эзэгнэж байгаа хүн ингэж суухаас өөр юу хийх
билээ.

- Хүүе чи аяархан ярь. Цаадах чинь биднийг анзаарчих шиг боллоо. Үнэхээр эш үзүүлэгч
бол үг хэлээгүй бодож байхад л олоод мэдчихдэг гэдэг юм билээ.

- Чиний бодлыг унших юм уу. За тэр ч юу л бол. Тэднийг ийн ярьж байхад Сорхугтани
хүүхдүүдийнхээ хамтаар тэргүүн эгнээнд хааны гэр бүлийн залрах суудалд очин сууж байгаа
харагдана.

- Бид бүгд алтан ургийн бэрүүд, тэгэхэд ганц бэлэвсэн Сорхугтанийг тэргүүн эгнээнд
хүүхдүүдтэй нь суулгана гэж байж таарахгүй.

- Чимээгүй гэм. Наад хатан чинь эзэн Их хааны үеэс дархлагдсан бэр. Түүнтэй барьцаад
байх хэрэггүй. Тэднийг энэ мэт ярилцан байхад Их Хуралдай эхэлснийг мэдэгдэж, бүрээ
бишгүүрийн дуу хангинав. Төд удалгүй,

- Мөнх хөх тэнгэр, мөнхөд ногоон газар дэлхий, хуйлран эргэлдэгч нар cap, хуран чуулах ихэс
дээдэс сонордогтун. Бидний дээр мөнх хөх тэнгэр, тэнгэрийн дор хаан эзэн буй. Хуран
чуулсан та бүхний өмнө Их Монгол улсын эзэн хаан морилон ирэх гэж байна гэх хуралдай
удирдаачийн дуу сонсогдож, чуулсан олон бүгдээр өндийн босч хаан эзнийг хүлээн авлаа.
Асрын голоор зассан, Кушанаас тусгайлан авч ирүүлсэн цагаан эрээн хивсэн дээгүүр харцаа
дээр өргөн, алхан орж ирэх хаан эзнийг бүгдээр хурайлан угтаж авлаа.

Өгөөдэй хаан сэнтийдээ залрахын өмнө, хурсан олныг тойруулан харлаа. Хамгийн урд талын
эгнээнд хүүхдүүдтэйгээ зогсож буй Сорхугтанийг олж үзээд ямар нэгэн зүйлийг хэлэх гээд
больж буй бололтой инээмсэглээд сэнтийдээ заларсан хойно зон олныг суудалдаа суухыг
хүслээ. Өгөөдэй хааны заларсан хамгийн урд талын эгнээнд хааны гэр бүл, хатад, том
хөвгүүд, Цагаадайн үр сад, Зүчийн хүү Бат болон Сүбээдэй нар суужээ.

Хуралдай ид дундаа чуулж өмнөдөд ассан шинэ дайны гал, баруун зүгт өнөө болтол
намдаагүй байгаа Кипчакийн үлдэгдэл, өнөө хүртэл өс өвөрлөн байгаа Сүн улс, Гуулин улсыг
дайлан мохоох их тулааныг эхлүүлэхээр тогтлоо. Кипчак болон Орост Монголын элчийг
итгэл эвдэн хороосон төдийгүй, Булгарт Монгол цэргийн ар хударгаар довтолсон явдлыг
өршөөн уучилж чадахгүй болохоо Өгөөдэй хаан мэдэгдлээ. Хуралдай түр завсарлах зуур
Өгөөдэй хаан өргөөндөө заларч өрлөг жанжид, шадар түшмэд нь завсарлагааны дараа гарах
шийдвэрийн талаар таамаглан ярилцаж байлаа. Өгөөдэй хаан өөрийн биеэр Сүн улс, Гуулин
улстай дайтах шийдвэрийг гаргасан тул, баруун зүгийн орнуудыг байлдан эзлэх хэргийг хэнд
ахлуулан явуулах тухай өөр өөрийн таамгаа дэвшүүлэн байв. Хурсан олны дундаас Цагаадай
босон ирж,

- Их эзэн Чингис хааны үеэс итгэл эвдсэн хэнийг ч өршөөн нигүүлсэж байсангүй. Монголын
элчийг алж, Их Монголын цэргүүдийн ар хударгаар дайран довтолсон ялыг асууж, баруун
зүгийн орнуудыг байлдан эзлэх хэргийг алтан ургийн ахмад хөвгүүдэд даалгах саналтай
байна. Энэ аян дайнаас Их Монголын ирээдүй шийдэгдэж, их хааны ач нарын хэн нь хэн бэ
гэдгийг харж болох санагдана гэж хэллээ.
Алтан ургийн ахмад хүн болох Цагаадайн энэ үгийг сонсоод хурсан олон дор бүрнээ
ярилцаж, өөр өөрийн таамгаа дэвшүүлэн байхад Өгөөдэй хаан хүмүүсийг яриагаа намдахыг
уриалан дохиод,

- Ахмад хөвгүүдийг аян дайнд явуулна гэдэг зөв санаа буюу. Цагаадай ахын үгийг хүлээн авч
баруун зүгийн орнуудыг байлдан эзлэх үүргийг тэдэнд даалгая. Газар орны байрлал, хүн
ардын амьдрал ахуйд сайн мэдэх хүний хувьд Батаар энэ ажлыг ахлуулан, өөрийн хүү
Гүюгээр их цэрэг толгойлуулан явуулъя. Ахмад хөвгүүд дор бүрнээ тус тусын цэргийг ахлан
яваг гэв.

Сорхугтани Өгөөдэй хааны шийдвэрийг сонсоод баруун зүгийн улс орнуудыг байлдан эзлэх
хэргийг Батад даалгасан хэр нь хүү Гүюгээрээ их цэргээ ахлуулан явуулж байгаа нь ямар
учиртайг бодож суулаа. Алтан ургийн хан хөвгүүдэд Сорхугтанийн хүү Мөнх багтаж байгаа.
Үүний дараа Өгөөдэй хаан,

- Хаан эцэг өөрөө аянд дайныг удирдан явуулж байхдаа хөвгүүд бидэнд тусгайлан тулалдах
газар орон заан өгч илгээдэг байсан нь өөрийн хөвгүүдээс илтэд гавьяатай нэгнийг онцлон
харах гэсэн хүсэл байсан биз ээ. Цагаадай ах энэ удаад хаан эцгийн санааг үргэлжлүүлэхийг
санууллаа. Их хааны ач нар энэ дайнаар өөрийн гавьяаг харуулаг гэж нэмж хэллээ.

Энэ үгийг сонсоод алтан ургийн арван нэгэн хан хөвгүүд дор бүрнээ гавьяа байгуулахыг
хүсэмжлэн байв. Тал нутгийн Монгол хүний хурд хүч, тэвчээр хатуужил, оюун ухаан, овсгоо
самбааг шалгадаг зүйл бол дайн тулаан байх тул энэ удаагийн аян дайн чухал шалгуур болох
учиртай. Хуралдайд цугласан олны дундаас Сорхугтани хатан "Өгөөдэй хаан эзний дараа хаан
ор суух хүн хэн байх вэ гэдэг нь ахмад хөвгүүдийн аян дайнаар тодорч болох юм. Энэ бол
ирээдүйн хааны төлөөх тэмцэл болно" гэдгийг олж харлаа. Тэрбээр дотроо "Энэ дайнд
гарамгай гавьяа байгуулсан хүн ирээдүйд нөлөөтэй байх нь дамжиггүй. Ахмад хөвгүүдийн
аян дайн бол тал нутагт хамгийн их хүлээлт, хамгийн их гавьяаг авч ирэх дайн байх нь"
хэмээн бодож суулаа.
Дөрөвдүгээр бүлэг: Хаан төрийн хатан ухаан

Хэдэн өдөр чуулсан хуралдай дуусч, ирсэн гийчид буцаж, нутаг нутгийн зүг оджээ.
Сорхугтани хатанд Өгөөдэй хааны тусгайлан бэлдэж өгсөн өргөө олон хөлхсөн Хархорумын
дэнж дээр шинэхэн барьсан эсгий цагаан гэрт хатан эх хүү Мөнхийн хамт байв. Хүү нь сая
орж ирсэн бололтой гартаа барьсан хэдэн судрыг ширээн дээр тавьж, аягачны барьсан халуун
цайг тосон авч оочилно. Ширээн дээр байгаа судрыг сонирхон харж байгаа эхийгээ
анзаарсан хүү:

- Хархорум хөлийн газар тул ховор нандин юмсыг эндээс олж болох юм. Сартуулаас ирсэн
энэ судар миний сэтгэлийг их татлаа. Од эрхисийн тухай өгүүлдэг ажээ гэв.

- Од эрхисийн тухай гэнэ ээ?

- Тийм ээ ээж ээ. Та биднийг бага байхад газрын явдлыг таньж дуусахын цагт тэнгэрийн
явдлыг тольдон харж сурах учиртай гэж хэлдэг байсан. Хүү нь тэр цагт тэнгэр ярьдаг уу гэж
танаас асууж байсан жаахан хүү биш болсон шүү дээ. Одоо тэнгэрийн тухай гүн мэдлэгтэй
болохоор шамдаж байна гэв.

Энэ үед гаднаас Дөргөнө хатан хүү Гүюгийн хамт орж ирэв. Тэднийг дагалдан толгойгоо хар
алчуураар битүүлж, нүүрээ гивлүүрээр хаан, хар өнгийн абаяа гэх нэвсгэр хувцас өмссөн лал
шашинт эмэгтэй орж ирэн зүүн хаяанд суулаа. Зөвхөн нүдийг нь л харж болох хачин этгээд
хувцастай эмэгтэйг Фатима гэх агаад тэр Сартуулыг дайлах үед Персийн Туси хотоос олзонд
ирсэн хүмүүсийн дунд тал нутагт үлджээ. Битүү хар хувцасны дундаас харагдах том алаг нүд
эргэлдэн байгаа энэ эмэгтэй гивлүүргүй бол сайхан хүүхэн болохыг илгэх мэт. Тэд амар
мэндээ мэдэлцэн хэн хэндээ ёсыг үйлдсэний дараа Дөргөнө хатан ам нээж,

- Аурагтаа буцах гэж байгааг чинь дуулаад ирлээ. Энд хэсэг саатахгүй яагаа вэ. Хархорум
олон хөлийн

газар болж, газар газрын хүмүүс нааш зорих болсон тул сонирхлыг тань байнга татаж байдаг
бичгийн их хүмүүстэй ч энд уулзаж болно шүү дээ гэхэд Сорхугтани Дөргөнө хатны энэ
нааштай үгийг сонсоод,

- Хархорумд саатах сайхан байлгүй яах вэ. Гэвч өнөө хүртэл суугаа Аурагтаа сэтгэл
хоргодоод байх юм гэв. Дөргөнө хатан өргөөний байр байдлыг тойруулан харах зуур
Сорхугтани хатан Дөргөнийг харж сууснаа,

- Хэрэв би Гүюгийн хатан болсон бол Дөргөнө чи миний хадам эх болох байлаа гээд
хэлчихэв. Энэ яриаг сонссон Дөргөнө цочих шиг болж хариу ямар үг хэлэх тухайгаа бодож
амжаагүй байхад Гүюг ч бас эвгүй байдалд орсон бололтой Мөнхийг дохин,

- Та нарт ярих зүйл бий биз. Мөнх хоёул гадагш гараад ирье гэж хэлээд Мөнхийг дагуулан
өргөөнөөс гарч явлаа. Гүюгийн хувьд Сорхугтанийн эрс шулуун хэлсэн үг хатдын дунд цааш
суух утгаггүй болгосон тул өргөөнөөс гарсан даруй сая гүнзгий амьсгаа аван тайвшрахыг
хүсэв.
Тэр хоёрыг гарч явсны дараа Сорхугтани мөнөөх яриаг ахин үргэлжлүүлэх нь үү гэтэл,

- Хааны хатдаас харин Дөргөнө чи над шиг орон хотод удаан суух дургүй ордон тойрон
нүүдэллэн явдаг гэдгийг сонсоод бахдаж суулаа гэв. Өмнөх яриаг дахин хөндсөнгүйд
Дөргөнө гайхсангүй. Хэлэх гэснээ шулуухан хэлчихдэг энэ хатан дэмий ч нэг аман дээрээ
гарсныг хэлдэг хүн биш. Цаанаа ямар нэгэн бодол агуулж хэлдэг. Хэлсэн үг нь оньсого
таахтай адил юм. Энэ удаад чухам ямар санаатай дээрх үгийг хэлсэн болохыг Дөргөнө хатан
ухаж амжаагүй тул Сорхугтаний амыг дагуулан,

- Бид бүгдээрээ нүүдэлчин улс. Эцэг өвгөд минь ч тийм л байсан. Ихэс дээдсийн хэл амнаас
хааяа хааяа хол баймаар санагдах юм гэж хэлээд нэгийг санав бололтой Сорхугтанийг
нухацтай харж,

- Ордон дотор олон хүн нэг дор байх нь хов жив тасрахгүй таагүй санагддаг юм. Би чамд нэг
зүйл сануулан хэлэх гэсэн юм. Сэрэмжтэй бай гэж нэмж хэлэв. Сорхугтани

- Мөн дөө. Дөргөнө хэзээний ийм л хүн байсан. Хөх тэнгэрийн дор чи бид хоёр энэ айлын
бэр болон орж ирж байсан цагаас хойш олон уулзаж чадахгүй ч бие биеэ гэсэн нэгэн адил
сэтгэл өвөрлөн явах юм. Юу болоов гэхэд, Дөргөнө хаяанд суусан Фатимад үүд чагнаж бай
гэж хэлээд,

- Цаг өөр болж. Энэ хэцүү цагт итгэх хүн ховор тул гээд хаяанд сууж буй Фатимагийн зүг
харангаа:

- Сартуулаас олзонд ирсэн энэ эмэгтэйг би өөрийн нүд чих болгож дагуулаар авсан юм. Энэ
хүүхэнд хамаатан садан, түших тулах хүн байхгүй тул намайг түшихээс өөр арга үгүй. Тэр
бидний хэлийг гүйцэд сайн мэдэхгүй. Мэдэхгүй байх нь ч амар биз гэж хэлэнгээ Сорхугтанид
ойртон ирж,

- Хааны хатад өвөр зуураа тэмцэлдэх нь их боллоо. Тус бүртээ өөр өөрийн хөвгүүдэд газар
орон, ард иргэд тасдан өгөх гэж адгах нь ихэсч байна. Тиймээс би чамайг сэрэмжтэй бай
хэмээн хэлж байгаа юм. Их эзэн хааны гэр өргөө нутаглаж байсан үржил шимтэй газар
иргэдийг хааны их хатад хөвгүүддээ авах гэж хаан эзнийг шамдуулан байна гэхэд
Сорхугтанийн царайд тодорч байсан гайхаш тээсэн хүлээлт инээмсэглэлээр солигдож:

- Тэнгэр болсон нөхөр минь амьд сэрүүн ахуйдаа өөрийн газар нутгаа хаан эзэнд барьсан
шүү дээ. Харин үлдсэн хэсгийг, хаан өөрийн зарлигаар талийгч эр нөхрөөс минь хойш том
хүү Мөнхөд нь өвлүүлэн өгсөн тул санаа амар байж болно.

Дөргөнө үүдэнд суугаа Фатимаг дахин харснаа,

- Саяхан болсон Ойрдын хэргийг санаж байна уу, хаан эзэн Чэчэйхэний газар нутгийг
өөрийн болгосон. Чингис хааны их хатдын мэдэлд байсан нутаг ус одоо Өгөөдэй хаан эзний
их хатдын үр хүүхдийн мэдэлд алгуураар шилжиж байна гэв. Сорхугтани Дөргөнө хатны ярьж
буй зүйлд сэтгэл эмтрэн байгаа боловч,
- Хаан эзэн зарлиг болговол би яалтай. Гэвч гал голомтоо сахисан хүний ёсоор сэрэмжтэй
байж үгийг чинь санаж явъя гэв.

Тэр Дөргөнө хатны зүг дотно нүдээр харж суулаа. Дөргөнө хатан хэлэх зүйлээ дууссан
бололтой Фатимаг дагуулан өргөөнөөс гарч явлаа. Харин тэднийг гарсны дараа Сорхугтани
"Дөргөнө хатан надад сануулга хэлэхээр орж ирэхдээ Гүюгийг дагуулан ирсэн нь ямар
учиртай байх вэ. Хэрэв би Гүюгтэй гэрлэсэн бол бидний эзэмшил бүхэлдээ хааны мэдэлд
очиж, нэгэн айлын бэр болж хамт шахам орж ирсэн Дөргөнө бид хоёрын дунд огт өөр
харилцаа үүсэх байлаа. Мэдээж Дөргөний эрх мэдэл хэмжээлшгүй их болно... Өгөөдэй хаан
эзний намайг Гүюгтэй гэрлүүлье гэсэн санаа арай Дөргөнө хатных байсан юм биш биз" гэж
бодогдоод арай ч үгүй биз хэмээн тайвширлаа.

Өгөөдэй хааны үед эзэнт гүрний газар нутаг урд өмнөхөөс илүү тэлж байгаа ч, хаан өөрийн
үр хүүхдүүддээ алтан ургийнхан болон Чингис хааны хатдын газар нутгаас өмч болгон
тасдан өгсөөр байв. Эзэн Чингис хааны цуглуулсан Их Монгол улс цаг хугацаа өнгөрөх тусам
түүний хөвгүүд, үр ачийн харьяалалд багтан хуваагдаж, тэдний үр хүүхдүүд хорвоогийн элгэн
дээр шинээр мэндэлж, ураг удам өргөжин тэлэхийн хэрээр өнгөрсөн бүхэн түүх болон
үлдэж, өвөг эцгийнхээ цуглуулсан улсыг өөр хоорондоо булаалдан буй мэт хачин дүр зураг,
үнэн хувь тавилан, хэзээ мөдгүй орох нь тодорхой борооны үүл шиг бараантан харагдах шиг
болоход мөнх тэнгэртээ залбирав. Дөргөнө хатны хэлсэн үгс бүгд үнэн. Сорхугтанид ямагт
үнэнийг дуулгаж, хэл чимээг бусдаас урьтан өгдөг Дөргөнө хатан тэр жил Сорхугтанийг эш
хатан болгон тодруулахад, Мүгэ хатны туршин үзье гэснийг анх түрүүн сонсгож байсан. Мөнх
тэнгэрийн авралаар уу, мөнөөх бодь сэтгэлийн хүчээр үү айдас түгшүүр ард хоцрон үлдэж
байсан тэр жилийн явдал нүдний өмнө зурайн харагдана. Яг үнэндээ Сорхугтанид тийм бодь
сэтгэл байх аваас хаан эзэн Өгөөдэйг өвдөн алжааж байхад эр нөхөр нь золио болон одох
учиргүй сэн. Гэвч мөнх тэнгэр тэгэж таалсан тул тэнгэрийн хүч, газрын хуулины өмнө бодь
сэтгэлийн хүч дутан байсан биз ээ.

Мөнх хүү нь Алтан улсаас ирсэн даруйдаа "Эцэг минь хаан сууринд сууж их ёсыг
үйлдүүлсний дараа, хаан ахын өмнөөс золио болон одсон" гэх хачин жигтэй юм ярьснаа
"Миний эцэг хаан байжээ" гэж нэмж хэлж байсан нь санагдана. "Голомт залгах отгон хүү
Тулуй үнэхээр мөнх тэнгэрийн дор хаан болох хувьтай төрсөн ч, хаан ширээнд суун, хамгийг
захирах бус, халуун амиа золих учиртай байжээ" хэмээн бодоход сэтгэл шимшрэх шиг болно.

Хатдын өргөөнөөс гарсан Мөнх, Гүюг хоёр олон цугласан Хархорины гудамжаар алхаж явлаа.
Тэдний араас хишигтэн цэргүүд дагалдан яваа харагдана. Олон хөлхсөн их хотын гудамжаар
алтан ургийн эрхэм дээдэс алхан явж байгаа тул харуулуудын зарим хэсэг өмнө нь гарч зам
тавин, зарим нь араас нь хамгаалж явна. Хоёр залуу хэсэг яваад нэгэн их өргөөний гадаа
очиж зогслоо. Гүюг сая ам нээж,

- Хаан аав асрахуйн ёсыг даган хатан эхийг тань надтай гэрлүүлэх гэж байгааг дуулаад
хэрхэхээ мэдэхгүй сандарч байлаа. Гүюг ийн хэлээд гүнзгий санаа алдан амьсгаа авч:

- Харин хатан эх тань энэ шийдвэрээс ухаалгаар татгалзан гарч чадлаа. Хааны энэ шийдвэр
гэнэтийн байсан тул бидний хэн хэн нь урьдчилж мэдсэнгүй гэлээ. Мөнх Гүюгийн ярианаас
тэр өдөр зөвхөн өөрөө ч биш Гүюг ч мөн адил хүндхэн байдалд орсон болохыг ойлгов.
"Хааны энэ шийдвэр зөвхөн надад хэцүү тусч байна гэж бодож байсан бол Гүюгт мөн хүнд
тусч байжээ. Хатан эх минь ухаантай буюу" хэмээн бахархан бодоод,

- Хэрэв эх минь тантай гэрлэсэн бол бидний ах дүүгийн тангараг талаар болох байлаа гэхэд
Гүюг мушилзан инээгээд,

- Бид эцэг хүү хоёр болох байлаа гэж хэлээд мөрийг нь алгадан,

- Хүү минь оръё хэмээгээд дотогш орлоо. "Хүү минь" гэж хэлсэн үгэнд цочисхийх шиг
болоод Мөнх араас нь орлоо.

Дөргөнө хатныг гарсны дараа бодол болон суусан Сорхугтани гадаа их чимээ гарахыг
сонслоо. Олон хүн ярилцан өргөөг тойрон өдрийн харуулууд байраа эзэлж, хүнд алхаа
сонсогдон, үүд алгуураар сөхөгдөж нэгэн хүн орж ирлээ. Дөрвөлжин хээтэй Перс торгон
дээр булган эмжээр татаж урласан нарийн хийцтэй дээл өмсөж, хөхөл үсээ хөмсгөө хүртэл
ургуулан, үсээ хоёр хувааж чихнийхээ ард хэд нугалан сураар боосон энэ өндөр янхигар
биетэй хүн бол Зүчийн хүү Бат байв. Бат олон жилийн өмнөхийг бодвол нас намба суужээ.
Гэвч хэзээний танил дотно хүн шиг нь санагдана. Тэр эцэгтэйгээ усны дусал шиг адилхан
ажээ. Ганцхан өөр зүйл нь Бат идэр залуу эр байлаа. Батын орж ирэхийг харсан Сорхугтани
харилцан амар мэндээ мэдэлцээд дээш суухыг урилаа.

Сорхугтани гаднаас шивэгчдийг дуудан Батын өмнө айраг цагаа сөгнүүлэн барьж, идээ шүүс
авчруулж тавилаа. Бат шивэгчний сөгнөн өгсөн мөнгөн аягатай айрагны тосыг зөөлөн үлээн
ярж, гүд гүд хийтэл хэд залгилаад буцаан ширээн дээр тавьж,

- Аурагаас явснаас хойш нутагтаа очилгүй олон жил болж дээ. Эцэг минь таны тухай их
ярьдаг байсан юм. Эш хатантай амар мэнд уулзах аваас эрхэм хүн гэж хүндэтгэн үзээрэй гэж
хэлдэг байлаа хэмээгээд тэнгэр болсон эцгээ дурсав бололтой гүн санаа алдав. Сорхугтани:

- Дайн дажны хөлд алслан одсон их хааны үрс цугаар нийлэн уулзах мөч хэдэн жилд нэг
тохиох нь их хуралдай болж дээ. Нутаг алсрах тусам сэтгэл алсардаг хорвоог яалтай гэв. Бат
Сорхугтанийн энэ үгийн үнэнийг хүлээн зөвшөөрч буй нь илт толгой дохин,

- Өвөг эцэг, эзэн хааны гал голомтыг сахин үлдсэн эрхэм хүн таныг яахан мартах билээ.
Хаан өвөг магадгүй Их Аурагийг сахин суух ирээдүйн хүн таныг гэж мэдсэн тул дотно
ханддаг байсан биз гэж хэлээд аягатай айргаа балгаад хэсэг чимээгүй суулаа.

Сорхугтани тэнгэр болсон хаан эзэн, түүний хэлж байсан үгс, өөрт нь яагаад бусад хүмүүсээс
онцгой ханддаг байсан зэргийг эргэцүүлэн бодов. "Өнөөдөр алтан ургийнхнаас гал голомтоо
сахин үлдсэн хүн үгүй болжээ. Тэр нэгэн жил эцгийгээ даган балчир ухаанаараа шийдвэр
гаргаж энэ айлын бэр болон орж ирж байсан цагаас хойш өнөө хүртэл олон ч жил өнгөрч
дээ". Тэр ингэж бодохуйд хэдэн өдрийн алсад үлдсэн Их Аурагийн тэндээс үл мэдэг чимээ
чихэнд нь сонсдон, Сорхугтанийг дуудан байх шиг сэтгэл төрнө.

- Уул ус холдохын хэрээр ураг садан холддог нь үнэн. Алсад өөрийн улсаа засан суусан
чамтай олон уулзаж чадахгүй л болов уу. Харин өнөөдөр намайг зорин ирсэнд чинь хатан би
талархаж сууна. Зүчийн залуу нас шиг эрэмгий эрийн дотно дүр төрхийг хараад Сорхугтани,

- Өэлүн эх, Бөртэ хатан хоёрын аавд чинь хэлэхийг хүсч байсан үгийг одоо би чамд хэлье.
Нэгэнт эцэг чинь тэнгэрт хальсан тул энэ үгсийг чамд хэлэх нь зүй болов уу.

Их эзэн хаан өвөг чинь ч тэр, Өэлүн эх ч тэр, Бөртэ хатан ч тэр, чиний эцэг Зүчийг харь
цустай хүн гэж үзэж байсан удаагүй юм шүү. Тэд өөрсдөд нь Зүчийг мөнх тэнгэрээс илгээсэн
гэдэгт итгэдэг байсан. Зүчи төрсөн цагаас хойш хаан эзэн Их Монголыг хурааж, суу алдраа
дуурсгасан. Тиймээс Зүчи энэ гэрт аз жаргал авч ирсэн юм гэж хэлдэг байсан юм гэв. Батын
зүрхэнд өнөө хэр байх гүн хөндүүр сэдэрсэн мэт харц нь гунигтай харагдана.

- Чиний эцэг Зүчийг өөрөөс нь урьтаж мөнх тэнгэрийн орноо заларсныг сонсоод хаан аав нь
хичнээн гашуудаж байсныг би харж байлаа. Өэлүн эх Зүчийн анх мэндлэхэд оёж өгч байсан
хонхтой бойтогны өрөөсөнг аавтай чинь сүүлчийн удаа уулзахдаа өгч явуулахдаа эсэн мэнд
эргэж ирээд өрөөсөн бойтгоо аваарай гэж хэлсэн юм билээ. Гэвч тэд уулзсангүй. Өэлүн эх
тэнгэр болохынхоо өмнө надад үлдсэн нэг бойтгийг хадгалуулсан билээ. Өгсөн хүн нь ч тэр,
авах хүн нь ч тэр өнөө үгүй болохоор би түүнийг нандигнан хадгалсан юм. Ерөөл байвал
дахин уулзахдаа өгье гэлээ. Батын нүдэнд тэртээд үлдсэн тэрхэн дурсамж тодорно.
Сорхугтани үргэлжлүүлэн,

- Хан хөвгүүдийн ахмад нь чи. Өгөөдэй хаан шийдвэр гаргаж хан хөвгүүдийн аян дайныг
эхлүүлэх боллоо. Чамайг ахлагчаар томилон байгаа хэдий ч Гүюгт их цэргээ хариуцууллаа.
Эцэг өвгөдийнхөө алдааг битгий давтаарай. Нэгэн цагт эцэг чинь Цагаадайтай маргаснаас
болж хаан эцэг, хатан эхийнхээ сэтгэлийг шархлуулж, олны өмнө итгэлийг нь эвдэж байсан
гэмийг санан энэ удаад Гүюгтэй эвтэй яваарай. Гүюгийн хувьд их цэрэг авч явна гэдэг та
хоёрын дунд маргааны үндэс болж болно. Тиймээс хаан өвгийн үеэс алдар гавьяагаараа
илтэд тодорсон Сүбээдэй жанжнаар өөрийн зөвлөхөө хийж явбал алдаа оноо алин бүгдэд
чинь харах нүд, сонсох чих болж, аян дайны уртад түшиг тулгуур болох бус уу хэмээлээ.

Бат Сорхугтанийн юу хэлэх гэснийг бүгдийг ойлголоо.

Зүчийг алтан ургийнхан бүгдээр өөрийн яс махны тасархай хэмээн үздэг байсныг, түүний
араас хаан эзэн хэрхэн гашуудан хайлж байсныг, эцэст нь нэгэн цагт тохиосон эцэг өвгийг
алдааг сануулан хэлж, давтахгүй байхыг анхаарууллаа. "Эцэг минь таны сонсож амжаагүй
үнэнийг, сонсохыг хүсч байсан үнэнийг хатан эх надад хэллээ. Мөнх тэнгэртээ амгалан суу
даа" хэмээн дотроо хэллээ.

Аурагт ирсэн даруйд дахин нэг хэрэг мандлаа. Тулуй эзэн амьд сэрүүн ахуйдаа хаан ахдаа
дотор газарт байх эзэмшил нутгаа хүлээлгэн өгсөн тул Сорхугтани хатан болон түүний хүү
Мөнх үлдсэн газар нутаг Гурван голын сав газар болон Сөнөд, Сүлдэс, Мангуд, Ийсут,
Хорчин, Баяуд аймгийн газар нутаг, ард иргэдээ мэдэн сууж байсан цаг байв. Өргөөний
үүдэнд олон хүн чанга чанга ярилцахыг сонсоод хатан өргөөнөөсөө гарч ирвэл Сорхугтани
хатан болон түүний их хүү Мөнхийн дэргэд байсан томоохон ноёд цугласан байлаа. Тэдний
дунд Өэлүн эхийн өргөмөл хүү Шихихутаг, Мангуд аймгийн Жодай ноён, Жалайрын
Мөнхсар, Сүлдэс аймгийн Судун ноён, Хонхтоны Хорчин, Есүр нар зогсох ажээ. Хатан
тэдэнтэй амар мэндээ мэдээд өргөөндөө урьж, гэнэт ирсэн хэрэг зоригийг асуувал, тэдний
дундаас Сүлдэс аймгийн Судун ноён:

- Хатантан минь бид хэрхэх билээ. Өгөөдэй хаан зарлиг болгож өөрийн хөвгүүдцээ бидний
цэрэг ардаас тасдан өглөө. Сөнөд аймгийн мянган цэрэг, Сүлдэс аймгийн хоёр мянган
цэргийг хаан бээр хүү Годондоо хуваарилан өгчээ. Их хааны зарлигийг өдгөө Өгөөдэй хаан
зөрчиж яахин болно. Учрыг хаанд ойлгуулж өгөөч гэв.

Сорхугтани ийм явдал болохыг гадарлаж байсан. Хархорумаас ирсэн элчийн амнаас нэгэнтээ
сонсож байсан энэ мэдээг тэр хэдэн хоногийн өмнө Аурагт дуулсан ч, дуулаагүй мэт
өнгөрсөн билээ. Сорхугтани хатан өөрийг нь зорин ирээд хэрхэхийг нь хүлээн байгаа үнэнч
иргэдээ харан зогсохдоо тал нутагт ижил дасал болсон амьдралынх нь бас нэгэн хэсэг
түүнээс одох гэж буйг ухаарч байлаа. Тэдний дундаас Жалайрын Мөнхсар ноён гэгч өргөн
нүүртэй, намхавтар нуруутай бор хүн,

- Суут Богд Их Эзэн хаан зарлиг болгон Тулуй эзэнд өгсөн эдгээр ард иргэдийг өнөө дур
мэдэн авч байгаа нь хэрээс хэтэрсэн хэрэг бус уу. Их Эзэн Богд хааны зарлигийг хэн хэрхэн
зөрчиж болохсон билээ. Хатан та алтан ургийн дархан бэрийн учир хаанд зарга мэдүүлж
бидний үгийг уламжлан өгнө үү хэмээхэд Сорхугтани:

- Та нарын зөв. Гэвч тэнгэрийн дор нэг л хаан байх тул түүний шийдвэрийг бүх хүн дагах нь
хууль учир зөрчиж үл болно. Бидний өв залгамжлал хааны сүр хүчний хажууд юу билээ. Хаан
юу хийхээ өөрөө мэдэж байгаа тул бид түүний шийдвэрийг дагах нь зөв гэж эрсхэн хэлэхэд
хатны амнаас ийм үг хүлээгээгүй хүмүүсийн царайд гайхаш тодорлоо. Нэгэнт хатан энэ
шийдвэрийг гаргасан болохоор хэн юу хэлэх билээ. Ирсэн хүмүүс буцсны дараа, хатан
эхийнхээ дэргэд бүхнийг сонсож байсан хөвгүүд сая болж өнгөрсөн явдалтай санал
нийлэхгүй байгаа нь илт харагдана. Мөнх бусдаасаа түрүүлэн ам нээж,

- Ээж минь. Арай дэндсэн хэрэг боллоо. Биднийг өмгөөлөх эцэггүй болохоор, өмчлөх
ардгүй болгох гэж хаан авга дур мэдэн ийм шийдвэр гаргаж байхад та юуны учир түүний
үгийг дуулгавартай дагана вэ? гэхэд,

Удаах хүү Хубилай ахынхаа яриаг илтэд дэмжиж, нүдээ онийлгон,

- Тэр нэгэн цагт өвөг Есүхэй Татар иргэнд хорлогдож, Өэлүн эх өнчин хөвгүүдтэйгээ үлдэхэд
Таргуудай тэргүүтэй ахан дүүс нь Өэлүн эмэг эхийг буурин дээр нь харлуулан үлдээж
байсантай агаар нэгэн байна. Хатан эх та шийдвэрээ эргэж хар гэлээ.

Сорхугтанид, тэр нэгэн жилийн хуралдайн дараа эгч Ибагаг нь Жүрчидэйд соёрхон явуулсны
хойно гунигт өдрүүдийн дунд Өэлүн эх түүнийг дагуулан явж тал нутгийн дунд очоод ярьж
байсан зүйлс санаанд нь орлоо. Тэр үед Өэлүн эх яг энэ тухай ярьж байсан. Салхинд хийсэх
буурал үсээ чихнийхээ араар хийх зуураа тал нутгаа бахдан харж,

- Тал нутгийн хүний сэтгэл алган дээр тавьсан юм шиг илхэн байдаг юм. Тэр үед Таргуудай
тэргүүтэй ахан дүүс минь намайг аргагүйдээ орхисон юм шүү. Тэдний зарим нь надад
өөрийн биеэр хэлж байсан юм. Тэдэнд өөр сонголт байгаагүй юм. Тал нутагт тэсэн үлдэхийн
тулд тэд биднийг орхисон юм гэсэн үгс Сорхугтанийн чихэнд дуулдах шиг боллоо.
Сорхугтани:

- Тэр цагт Өэлүн эх ахан дүүстээ гомдсон бил үү. Тэд аргагүйдээ нүүсэн гэж дараа нь Өэлүн
эх надад хэлж байсан. Бид хорсон гомдох бус, харин ч энэ бүхэн биднийг улам хүчтэй болгох
бус уу. Миний энэ шийдвэрийг гаргасан учир бол хүлээн зөвшөөрөх байсан юм.

Хөвгүүд эхийнхээ "Хүлээн зөвшөөрөх" гэсэн үгийг ухаж ойлгохоор гашлан байлаа.

- Тал нутагт тэсэн үлдэх арга зам хэр олон байдаг вэ. Их гүрэнд ч тэр, эзэнгүй талд ч тэр
тэсэн үлдэх арга бол хүлээн зөвшөөрөх байдаг. Би та нарт энэ мэт жишээг олон удаа
өгүүлсэн. Мартлаа гэж үү. Булаагдах тусам улам ихийг олж, булуулах тусам улам өөд гарч
ирэх ёстой байтал та нар жирийн иргэдийн адил энэ мэт хэрүүл зарга хийхийг хүсээ юу
гэлээ.

Хэзээд эхийн үг зөв байдгийг хөвгүүд мэдэх билээ. Гэвч тэвчээр алдуулсан энэ хэрэг явдал
тэднийг ухаан бодлоо жолоодож арайхан сураагүй байгааг харуулж байлаа. Сорхугтани хатан
цааш үргэлжлүүлэн,

- Хэрвээ бид өнөөдөр хааны өөдөөс зарга мэдүүлэх аваас нэгэн өдөр тэнгэр газрын завсраас
арчигдана.

Бидэнд өмгөөлөн түших хэн байгаа билээ. Харин та нарын эцэг хэний төлөө халуун амиараа
өглөг өгч, юуны төлөө бидний зүрхийг харлуулан одсныг ухаж бодох цаг нь болж. Энэ цагаас
хойш хаан эзний суудалд хэн ч суусан түүнд дуулгавартай захирагдаж яв. Иргэдээ алдаж
байгаа нь зөвхөн та нар бус. Нэгэн цагт энэ их улсыг байгуулахаас өмнө та нарын өвөг эцэг ч
өөрийн иргэдээ алдаж, үхэл амьдралын дундуур явж байсан удаатай. Харин энэ мэт маргаан
гаргахын оронд эв эеийг сахин суу гэв.

Хөвгүүд эхийнхээ үгийг ухаж ойлгов бололтой. Гэвч илтэд басамжилсан эзэн хааны энэ
үйлдэл тэдний сэтгэлийг шархыг өвтгөн байлаа.

Хархорум дахь эзэн хааны ордонд Өгөөдэй хаан үдэш бүр сархад хүртэн суух нь олширчээ.
Орой үдшийн цагаар онго шүтээнтэй ярин ингэж суух өдөр хаанд хэтэрхий олон болоод
байлаа. Их хуралдайгаас зарласан дайны тоос татах хараахан болоогүй тул хаан эзэн
Хархорумдаа саатан хэдэн сарыг амар жимэр өнгөрүүлэв.

Тал нутгийн дээгүүр исгэрэх салхин даанч ширүүн. Өвлийн цагт бол Хархорумд нүдгүй
цасан шуурга дэгдэж, хүмүүс газарт зогсож чадахгүй доош сөхрөн хэвтэж ширүүн салхи
шуургыг намдаах нь хэвийн үзэгдэл болоод байлаа. Харин хавар намрын цагт шороогоор
нүдгүй шуурах энэ тал газар алтан ургийнхны өсөж том болсон Хөдөө арлын тэртээх нутгаас
өөр байлаа. Намрын сэрүү орж, Хархорумын дээгүүр тэнэмэл салхин хий эргэж, хүн малыг
туйлдуулах хүйтэн цагийн дохиог өгөн байсан тэр өдөр Өгөөдэй хаан шүтээний өргөөндөө
саатан сархад хүртэн суух ажээ. Тэрээр онго шүтээний өмнө нэгэн хундага сархад, өөрийн
өмнө бас нэгэн хундага сархад тавин тухалжээ. Өгөөдэй хаан шүтээний зүг нулимстай
нүдээр харан суух агаад хаан хүн атал ийм их гуниг, харуусал түүний цээжнээс юуны учир
гарах билээ хэмээн харц ард бол гайхан бодмоор гунигтай.
- Зүрх минь өвдөж, зүүд минь төөрөх болсны учир юу билээ. Аврал эрсэн нүдээр эцсийн
удаа өөдөөс минь хараад одсон, аминаас хайртай дүү минь чи дэргэд алга. Унтаж байхдаа
сэрж чадахгүй алжааж, умартаж байхдаа санаж чадахгүй саатах юм. Өнөө надад дэргэд минь
хэн байж дүүгийн үнэнийг сануулах сан билээ гээд өөрийн өмнөх сархдыг аван уулаа. Тулуй
эзний өөрийнх нь өмнөөс тэнгэр болон золионд одсон өдөр Өгөөдэй хааны зүрх сэтгэлд гүн
гүнзгий шархыг авч иржээ. Бүхнийг эзэлсэн их хаан, хүн бүхний эзэн хаан атал ганцаардан
суухын учир юу билээ. Дэргэд нь тэнгэр болсон дүүг нь орлох хүн үгүй санагдана. Онго
шүтээний өргөөнд үдэш бүр тэнгэр болсон хаан эцэг, золио болсон отгон дүүтэйгээ тэр
ингэж ярьж, дотор нь уужрах болжээ. Өгөөдэй хаан хэдэн хундага сархад ийн хүртээд
аягачийг гадагш гарган хэсэг суув. Удаан суусны эцэст дахин шүтээний өөдөөс харж,

- Согтов би. Сэтгэл минь амрав. Сархдын хүчин биед асч, сэтгэлийн шархыг амирлуулав гэж
хэлээд шүтээний өргөөнөөс гарч явлаа. Гадаа тэнгэр саруул хэр нь намар оройн зэвэргэн
салхи хавирга нэвт үлээн сийгэнэ. Хархорумын олон түмний хөл татарч, тэнэмэл худалдаачид
дулаан газар бараадан унтахаар одсон тэргэл сартай шөнө хаан эзэн олон хөлхсөн
Хархорумын салхинд хэсэг зогсоод амрахаар өргөөндөө мориллоо.

Маргааш өглөө нар дээр мандсан хойно хааны шадар түшмэд, бараа бологсод, өрлөг жанжид,
хаанд бараалхав. Тэдний яриа удахгүй замд гарах их аян дайны тухай үргэлжилж, Өгөөдэй
хаан өөрийн биеэр өмнө зүгт дайтах төлөвлөгөөгөө боловсруулан байхад, өнөө хэр
Хархорумд саатаад байсан хан хөвгүүд баруун тийш хийх их аян дайнаа төлөвлөлөө. Энэ үеэр
Сорхугтани хатны том хүү Мөнх хараахан ирж амжаагүй байсан тул түүний хэзээ бараалхан
ирэхийг асуухад шадар түшмэдийн нэг нь хаанд хандан:

- Мөнх эзэн, хааны зарлигийг гүйцэлдүүдэн өөрийн иргэдээ хан хүү Годонд хүлээлгэн өгөөд
ирэх болсон тухай мэдэгдэв хэмээхэд Өгөөдэй хаан:

- Нааш ирэх ажлыг яаравчлахгүй хэтэрхий алгуурлаад байна. Чухам юу болоод байгааг
мэдэж байгаа хүн байна уу гэж асуувал нөгөө түшмэл:

- Сорхугтани хатны эзэмшилд байсан ард иргэд хатанд бараалхаж, Чингис хааны амьд
сэрүүн ахуйдаа хүлээлгэн өгсөн хүн ардыг Өгөөдэй хаан дур мэдэн авч байгаа тул их хааны
зарлигийг зөрчиж байгаа Өгөөдэй хаан эзэнд зарга мэдүүлнэ үү хэмээн уламжилсан байна
гэсэн үгийг сонсоод Өгөөдэй хаан уурсав.

- Зарга мэдүүл гэнэ ээ? гэхэд түшмэл хааны сүрнээс далдиран,

- Сорхугтани хатан таны зарлигийг дэмжин хүлээж авсан тул санаа зовохгүй байж болно.
Тэр өөрийн өмч иргэнээ хаан таны хүү Годонд гар сунган өгч байгаа. Тэр ч бүү хэл тэнд
ирсэн хүмүүст "Та нарын зөв. Гэвч тэнгэрийн дор нэг л хаан байх тул түүний шийдвэрийг
бүх хүн дагах нь хууль учир зөрчиж үл болно. Бидний өв залгамжлал хааны сүр хүчний
хажууд юу билээ. Хаан юу хийхээ өөрөө мэдэж байгаа тул бид түүний шийдвэрийг дагах нь
зөв" гэж хэлсэн байна гэхэд Өгөөдэй хааны хилэн хурсан нүднийх нь харц алгуур зөөлөрч
"Эртний сударт билэг ерөөлийн тухай өгүүлдэг. Эцэг хаан минь мөнх тэнгэрийн элч байжээ
гэж бодогдох боллоо. Тэндээс ирсэн элчис бие биеэ таньсан хэрэг биз ээ. Эцэг минь
Сорхугтанийг тэгтэл чухалчлан хайрлаж байсан нь учиртай биз. Өнөө би хаан эцгийн дайтай
холыг харж, хүнийг таних хараахан болоогүй л байна даа" гэж бодов.

- Эш хатан ийм л ухаантай учир хаан аавын дархлагдсан бэр болсон биз ээ. Сорхугтанийн
ухаан зарим үед эм хүнээс хэтийдэх юм. Намайг түүний өөдөөс ямар нэгэн зүйлийг хийж
арга ухаандаа оруулах гэхэд, тэр ерөөс миний ухаанд баригдахгүй юм. Өнөөг хүртэл Аурагийг
сахин суугаа Сорхугтани хатныг би дэргэдээ байлгаж харж, хандах үүрэгтэй тул одоо
Аурагаас нааш даруй дуудан ирүүл хэмээн зарлиг буулгав.

Хаан эзний энэ зарлиг тэр дороо Их Аурагт хээрийн салхинаас ч хурднаас нисэж очиж ахуйд
Сорхугтани хатан, хааны айлдварыг сонсч суулаа. Өгөөдэй хаан Хархорумд дуудуулсан болон,
сүүлийн үед хаан эзэн бор дарсанд дурлах болсон мэдээг хүлээн авав. Түүний эргэн тойронд
байгаа хүмүүс, хан хөвгүүд эхийнхээ занг мэдэх тул өнөөг хүртэл хайрлан сахиж ирсэн Их
Аурагаасаа явахгүй хэмээн эрс шийвэртэй хариу хэлнэ биз ээ хэмээн бодож байв. Сорхугтани
тэр үедээ ямар нэг хариу хэлсэнгүй, тэгсгээд ирсэн хүмүүсийг буцаалаа. Ямар ч хариу
авалгүй буцсан хүмүүс, алгуурласаар замдаа гарсан хойно Сорхугтани хатан ёслолын хувцсаа
өмсөн Бурхан Халдуны зүгт давхин одов.

Даанч их түүхийг өгүүлэх хэр нь өнөө ч, чимээ аниргүй дүнсийн байх тал нутгаараа тэр
морин дэл дээр давхин явна. Бурхад чуулсан авралын орон гэлтэй энэ газар Сорхугтанийн
амьдралын салшгүй нэгэн хэсэг, өнгөрч одсон тэртээх өдрүүдийн үй олон дурсамж, маргааш
мэндлэх ирээдүй хойчийг нь тосон авах өлгий нутаг. Сорхугтани энэ нутагтай салшгүй
холбоотой болжээ. Энэ газар түүнд их аврал, дэндүү сайхан амьдрал, аз завшаан, гэтэлж
барамгүй уй гуниг аль алийг нь авч ирсэн. Одоо тэр өөрийн сэтгэлийг Өэлүн эхийн хэлсэн
шиг тал нутгаас

илхэн харж байна. Энэ л тал нутагт Мөнх тэнгэрийн дор, хөрст газрын дунд, хайртай байсан
хүмүүс нь үүрдийн нойроор нойрсон буй. Сорхугтани Бурхан Халдуны бараа алсаас
харагдахад салхи зүсэн давхих мориныхоо амыг татан хэсэг зуур шогшлоо. Энэ элчилгүй
ээрэм тал түүний баярыг ч тэр, гунигийг ч тэр алгаа тосон хүлээж байдаг эхийн сэтгэл шиг,
үг эс хэлэх хэр нь үргэлжид нэг л янзаараа тосон байдаг.

Сорхугтани урьд өмнө Бурхан Халдунд олон удаа ирж мөргөн залбирч, гуйн сүсэглэж байсан.
Энэ газар түүний хүслийг ямагт дуулгавартай сонсон биелүүлсээр ирсэн. Сорхугтанийг Эш
хатан өргөмжилсөн тэр өдрийн дараахан Их эзэн Чингис хаан, эр нөхөр Тулуй нар нь нэгэн
зэрэг өвчин ээрч, аль нэгийнх нь амийг тасдан одох гэж буй айдаст тэр өдөр, энэ хатан
Бурхан Халдунд залбирч гуйсан нь ёсоор болж, тэр үед тал нутаг энэ хатны агуу уужим
ухааныг ойлгохын дээдээр ойлгосон тул, хайртай хоёр хүнийг нь хоёуланг эсэн мэнд үлдээсэн
байж болох юм. Одоо тэр Бурхан Халдунаас юуг гуйхаар ингэж морины хурдаар давхин ирэв.
Сорхугтани мориноосоо бууж цулбуураа гартаа барьсаар алхана. Тэрээр алсад харагдах
Бурхан Халдуны зүг хормойгоо дэвсэн газарт сөгдөн суулаа. Хорезм руу дайтахын өмнө тэр
өдөр Их эзэн Чингис хаан энэ ууланд ирж, дээр хөхрөгч их тэнгэртэй ярьж, гурван өдөр
гурван шөнө бясалган байсан гэдэг. Түүний хан хөвгүүдээс Сорхугтанийн тэнгэр болсон эр
нөхөр Тулуй л зөвхөн эцгийнхээ энэ залбирлыг үргэлжлүүлэн, аян дайнд явах бүрийдээ
Бурхан Халдуны зүг оддог байсан билээ.

Тэнгэр уулын бэлд хормойгоо дэвсэн суусан Сорхугтани Бурхан Халдуны зүгт харан удаан
суулаа. Дээр хөхрөгч мөнх хөх тэнгэр түүнийг тонгойн сонсож байх шиг, хэсэг бараан үүлс
Бурхан халдуны чанх дээр нүүгэлтэн харлана. Тэр нэгэн өдөр хүү Мөнх нь эхээсээ "Тэнгэр
ярьдаг уу" гэж асууж байсныг тодхон санаж байлаа. Тэнгэр ярьдаг билээ. Тэр өөрийг нь
хүндэтгэн харьцсан хэнтэй ч болов хүний хэлээр биш, оюун бодлоор нь ярилцдаг. Өвөр
дээрээ эрхлүүлэн өсгөсөн хайртай эцэг нь тэнгэрт одож, өмөг түшиг болсон эр нөхөр, эзэн
хаан ч тэдэнтэй хамт байгаа тул одоо Сорхугтанид үнэндээ учирлан хэлэх, ярин зөвлөх хүн
үгүй болжээ. Хатны бодол хөвөрсөөр...

"Их эзэн залуу насандаа Бөртө хатнаа Мэргэдэд алдчихаад хэдэн сарын уйт өдрийг гэтэлгэн
байж, анд болсон Жамухтай нийлж Мэргэдийг даран буулгах үед давхар биетэй болсон Бөртэ
хатнаа олж харж байсан. Хэдий тийм ч Тэмүжин зөвхөн хатнаа авч, Мэргэдийн бусад эд
баялгаас өчүүхэн төдийг ч авалгүй Жамухын хүмүүст үлдээгээд явсан гэдэг. Үнэндээ эд
баялаг гэж юусан билээ. Нэгэн цагт алган дээр бий болж, нөгөө цагт алга урвуулахын дайтай
үгүй болох хуурмагаас хуурмаг тэр зүйлийн төлөө шунан явах сэтгэлтний энэ хорвоод ирсэн
амьдралын зорилго өчүүхэн биз ээ. Цаг ирэх тусам өсч том болж байгаа үр хүүхдүүдээ эх
нөхөр минь тэнгэрээс харж суугаа. Тэдний хэн болон хэрхэн өсөхийг хүлээж байгаа биз ээ.
Мөнх тэнгэрийн орноос газарт бууж ирэн үг сургаалаа хайрлаж чадахгүй хөөрхий эр нөхөр
минь өөрийн үр хүүхдийнхээ төлөө юу хийх байсан бол. Түүний хийхийг хүсч байсан
бүхнийг одоо үргэлжлүүлэх цаг болжээ. Тулуй минь чи амьд сэрүүн байсан бол өрх гэрээ
хэрхэн тэлэх байсан бэ? Тойгтныг сөхрүүлж, толгойтныг бөхийлгөх эр зориг, чадал хүчийг
хөвгүүддээ хэрхэн зааж сургах байсан бэ. Эгэл ардын хүүхдүүд биш, эзэн хааны ач нарын
хувь тавилан одоо миний ухаанаар шийдэгдэх бус уу. Тал нутгийн хөрсөн дээр өөрийн нэрийг
тамгалан үлдээх үү, аль эсвэл маргааш гэхэд юу ч болоогүй мэт хүүгэн байдаг талын салхинд
хамхуул адил арчигдах уу. Хань минь чи амьд сэрүүн байсан бол үр удмынхаа төлөө юу хийж
болох байсан, тэр бүгдийг хийх цаг иржээ" хэмээн бодлоо.

Тэртээ уулсын дээгүүр мандан гарсан наран байгаль дэлхийг өнгө үзэмж дүүрэн гийгүүлээд
баруун уулын суганд орж нуугдах хүртэл Сорхугтани Бурхан Халдун тодхон харагдах энгэр
бэлд хормойгоо дэвсэн суусаар. Тэр нэгэн өдөр Мөнх хүүдээ хэлж байсанчлан тэнгэртэй
оюун бодлоороо ярилцсан байв.

Бодол болон суусан Сорхугтани тангараг өргөлөө.

- Эцэг эхийн ариун голомт, эзэн хааны орд өргөө, тал нутгийг зүрхэн болсон Аураг бол
миний сахин суух газар мөнөөс мөн билээ. Тиймийн тул алтан ургийнхан нутаг холдон одсон
ч, Аурагийг орхих зүрхэн надад хүрээгүй тул ганцаар үлдсэн хэрэг. Харин одоо ээл дулаан
орд өргөөгөө орхин явах гэж буй үнэнээ өчье. Мөнх тэнгэрийн дор үнэнээ өчье. Хаан эзэн
зарлиг болгон дуудуулсан тул очихгүй байхын арга үгүй ч, хатан би өөрийн хүслээр үлдэн
амирлаж болох билээ. Гэвч өдөр бүр сархдад хөлчүүрэн суух хаан эзний явдалд сэтгэл өвдөн
буй тул Монгол төрд миний хэрэг гарчээ хэмээн ухлаа. Мөнх тэнгэрийн дор босгосон улсын
тань мөхлийг хараад суух зүрх үгүйн тул ингэж шийдлээ. Аврал энэрэл, ариун мэлмийдээ
багтаан соёрхоно уу хэмээн мөргөн залбирч, хүсэн учирлаад мориндоо мордон Их Аурагт
эргэж ирэв. Төрсөн гэрээс өөрцгүй болсон Аурагийг орхин явах шийдвэрийг Сорхугтани
хатан ингэж гаргасан нь "Монгол төрд миний хэрэг гарчээ" хэмээн тунгаасных байлаа.

Маргааш өглөө нь Сорхугтани хатан албатуудаа дуудуулав. Хатны өргөөнд хан хөвгүүд,
Аурагийн хэргийг явуулагч түшмэд, номын хүмүүс, хатны өмчинд байх нутаг нутгийн ноёд,
зарим ард цугласан харагдана. Тэдний дунд Ашидтөмөр ч үзэгдэв. Өргөөнд цугласан олныг
харж суусан Сорхугтани хатан:

- Их Аурагийг сахин суух хүндтэй үүргийг эзэн хаан надад даатган өгч байсан тул би энэ
газарт насан хутаг болтол амьдран суухаар шийдсэн юм. Гэвч хаан эзэн дуудуулсныг Монгол
төрд миний хэрэг гарчээ гэж сэтгэсэн тул би Хархориныг зорих гэж байна. Миний эзгүйд
Аурагийн хэргийг Хубилай хүү минь мэдэн явуулах тул та бүхэн түүнийг миний адил чин
сэтгэлээсээ туслан дэмжиж байна гэж итгэж байна. Гэрийн эзэн явахдаа өөрийн хүүгээр
голомтоо сахиулж, үнэнч нохойгоор гэрээ мануулдаг ёсон бий тул Ашидтөмөр чи хүүгийн
минь дэргэд байж, огтлох махыг нь бүлээн байлгаж, оочих цайг нь халуун байлгана уу хэмээн
олон дотроос Ашидтөмөрийг харан даатгалаа. Хатантан Ашидтөмөрт хандан:

- Юун түрүүн гэр бүлээ авч Аурагт нүүн ир. Хаан эзний ариун голомтыг чин сэтгэлээсээ
сахиж чадах үнэнч хүн чи мөн тул би ингэж шийдлээ гэв. Ашидтөмөрт хатны үгнээс
татгалзах зүрх үгүй билээ. Түүний сэтгэлийг ойлгож байгаагаас хойш, хатны зарлигийг
зөвшөөрөн хүлээж авлаа.

Үнэндээ олон хөлхсөн энэ газрын орд өргөө, ариун нандин дурсгалыг бүү хэл, гишгэсэн
газрынхаа чулууг хүртэл хөдөлгөхгүй гэсэндээ зөөлөн алхах Ашидтөмөр бол энэ удаад
Сорхугтанийн итгэж болох дотнын хүн байв.

Их эзэн хааны ариун гал голомт бол Сорхугтанийн хувьд төрсөн гэрээс нь өөрцгүй дотно
газар. Энэ орд өргөөг сахин суух хүндтэй үүргийг түүнд тэнгэр болсон хаан эзэн, түүний
хайртай эр нөхөр Тулуй даатган байсан удаатай тул, юм л бол Аурагаас явахгүй гэж эрс
эсэргүүцдэг хатан эх чухам юуны учир ингэж Хархорум руу явахыг зөвшөөрөн буйг гайхах
хүмүүс олон. "Монголын төрд миний хэрэг гарчээ" гэсэн үг ямар учиртайг ч үл мэднэ.

Хархорумд нүүн очих бэлтгэл ажил хэдэн хоног үргэлжилж, хатны явуулын өргөө гэр тэргийг
бэлтгэн зэхэхээс эхлээд, түүнийг дагалдан явах зарц, шивэгчин, харуул, хамгаалалтыг
томилох олон ажил ар араасаа ундарсаар байлаа. Яаравчлан хөдлөхгүй бол болохгүй байсан
бас нэгэн шалтгаан нь баруун зүгт мордон их цэрэгтэй нийлэн, өөрийн цэргийг удирдан явах
Мөнх хан Хархорумаас удахгүй хөдлөх ёстой байлаа. Хэдэн хоногийн нүсэр ажил сая дуусч
хатны гэр бараа, хүн мал Аурагаас явах тэр өдөр Сорхугтани хатан харуул хамгаалалт бүхий
их эзэн Чингис хааны онго шүтээний өргөөнд орж хүндэтгэл илэрхийлэв.

Тал нутгийн Монгол гэрээс огт өөр дөрвөн ханатай, дөрвөлжин хэлбэртэй энэ ордон газар
газрын уран дархчуулын ур хийцийг шингээжээ. Угалзан оройтой дээвэр нь алтан шаргал
өнгөөр нарны гэрэлд гялбана. Сорхугтани онго шүтээний өмнө идээ ундааныхаа дээжийг
өргөлөө. Өргөө нам гүм. Гагцхүү дөрвөн хананд бадамлан асах галын дөлөөс хаа нэг чад
падхийх чимээ сонсогдоно. Нэгэн цагт зүүдэндээ үзэж харсан зүйлээ эр нөхөр Тулуйдаа ярьж
өгснөөр энэ өргөө сүндэрлэн босч байсан билээ. Тулуй эзэн "Тэнгэрт байгаа, тэр сайхан
ордыг газарт буулгаж яагаад болохгүй билээ" хэмээн хатныхаа зүүдийг амилуулсан сайхан
ордыг газарт босгосон. Сорхугтанийн зүүдэнд тэр шөнө харагдсан бүхэн газарт ингэж
биеллээ олсон ч, тэнгэрийн ордонд тэр далавчтай мэт нисэн явсан бол, газрын энэ ордондоо
алхаж явна. Онго шүтээний өмнө хүндэтгэл үзүүлэн суусан хатан дээш өндийн босч,
шүтээний өөд гараа сунган өндөр тавцан дээр, их ёсыг үйлдэн залсан нэгэн зүйлийг авлаа.
Жижигхэн, дөрвөлжин алтан хайрцгийг тэр алган дээрээ тавьж, тагийг нь онгойлгон харав.
Шүтээний өргөөний гэгээвчээр тусах нарны зурвас гэрэл алтан хайрцаг дээр тусч, шаргал
туяа гялсхийх шиг болоход дотор нь байсан дөрвөн алтан үрэл шаргалтан харагдана. "Тулуй
эзнийг мэндлэхэд тэнгэрээс ойртон ирсэн дөрвөн од, энэ дөрвөн үрэл хоорондоо үл мэдэг
учигаар холбоотой болохыг Сорхугтани гадарлах болсон байв. Өэлүн эх тэнгэр болохдоо "Тэр
өдөр тэнгэрээс ойртон ирсэн дөрвөн од бол, чамаас төрөх дөрвөн хүү юм" гэж хэлснийг ухан
бодож байхуй дор, өнөө дөрвөн хүүтэй болжээ. Бодь сэтгэлийн гал хэзээ бадамлан асч,
бурхад түүний дөрвөн хүүд хүч чадал хайрлах юм бол доо. Хатан хайрцгийг таглан шүтээний
хажууд буцаан тавиад,

- Төрүүлсэн дөрвөн хүүтэй билээ би

Төөрөг заяаг нь бурхад зурсан тавилантай билээ Тэнгэр болсон эцгийнх нь тэднийхээ төлөө
хийх байсныг Газар дээр гүйцэлдүүлэх үүрэг, хатан надад оногджээ Мэнд амгалан Их Аурагт
эргэн ирэхийн цагт Миний хүсэл биелсэн байх болтугай хэмээгээд шүтээний өргөөнөөс
гарав.

Нарны эрт дээр хөдлөх, их нүүдэл Сорхугтанийг хүлээнэ. Тэнгэр цэлмэг. Удахгүй ирэх гэж
байгаа хүйтэн цагийн дохио Аурагт үл анзаарагдана. Налгар намрын сайхан өдрөөр
Сорхугтани өнөөг хүртэл хайрлан суусан Их Аурагийг орхин явах гэж байна. Аян замд
гарахын өмнө нутгийн уснаас амсахаар Аураг рашаанаас авчруулан уухад сэнгэнэсэн охь нь
хамар цоргин байлаа. Сорхугтани цугласан олонд хандан:

- Эзэн хааны орд өргөө, их Монголын төрийн голомт болсон Аурагаа хайрлан хамгаалж
суухаа эрхэм олон та нар мэдтүгэй! хэмээн захилаа.

Аурагаас алхам алхмаар холдох их нүүдэл улам бүр цаашилсаар...

Өдрийн нарны шижирхэн туяан дор алсад үзэгдэх Аураг ордон, эзэн хааны онго шүтээний
өргөө, олон өнгөөр сүлэлдэн харагдах нь даан ч сайхан. Хайртай зүйлээ орхин явахад хүрвэл,
үүнээс ч илүү эрхэм зүйлийнхээ төлөө хийх сонголтоос шалтгаалдаг байж болох юм.
Ээнэгшин дассан Их Аураг ард үлдэж, ирээдүйд хэрхэх нь тодорхойгүй их амьдрал, олон
бужигналдсан нүсэр хот Хархорум Сорхугтанийг хүлээн байлаа.

Өгөөдэй хааны явуулын өргөө Алтан улсад байхад нэгэн хэрэг явдал болов. Бие нь чилээрхсэн
хааны өвчний учир шалтгааныг эмч домч, бөө удганууд тайлж эс чадаад байх үед нэгэн шөнө
Өгөөдэй хаан их сонин зүүдийг үзжээ. Түүний зүүдэнд мөнх тэнгэрийн тэртээгээс айхтар
ширүүн дуу чимээ сонсдон, дээр бараантан байсан үүлс ярагдан гэрэл гийж, өмнө нэгэн
чоно хүрч иржээ. Тэрээр хаан эзний өмнө нааш цааш эргэлдэн, хүний хэлээр ярьж,

- Хэдэн алдын газарт хэрэн дагах үхэл, хаан бид хоёрыг адилхан дагана. Хоёр амь эсвэл
амьд, эсвэл амьгүй болно. Амийг минь хамгаал. Амийг минь үл хамгаалах аваас хааны амь
үгүй болно хэмээн хүний хэлээр хэлэхэд, мөнх тэнгэрийн дуу намсан хуйлран байсан үүл
ярагдаад, өнөөх чоно гэдрэг эргэн, тэр зүгт шингэн алга боллоо гэж зүүдэлжээ. Энэ сонин
зүүдний хариуг ухан байх үест маргааш өглөө нь "Хааны хонин сүргээс зуун хонь чононд
бариулжээ" гэсэн шуугиан дэгдэж хэн хүнгүй сандралдан ийм их хонийг нэг шөнийн дотор
чононд бариулж байдаг унхиагүй малчин чухам хэн байсныг олж мэдэн, дуудан ирүүлэхийг
Өгөөдэй хаан тушаасан байв. Хэсэг хугацаа өнгөрөхөд хааны өмнө нэгэн ноорхой хүүг
авчруулан сөгдүүлж унхиагүй малчин энэ хүү байсан болохыг илтгэхэд Өгөөдэй хөхүүнээр
инээж, хүүг авч ирсэн хүмүүсээс,

- Тэр чоно яасан бэ гэж асуулаа.

- Тэр чоно нэгэн шөнийн дотор зуун хонь барин идээд, ид хаваа гайхуулан оджээ гэхэд хаан
машид баяртайгаар:

- Талын хөх чонын хийморь их, бид бүгдээр чонын хийморьтой улс билээ. Бөртэ чонын
удамт Монгол түмнийг энэ удаад тэнгэр ивээжээ гэж хэлэхэд биеийн байдал нь нилээд
дээрдсэн харагдана. Тэр өмнөө байгаа хүүг заан,

- Энэ хүүг дээш өргөн босго. Түүнд урд шөнө чононд бариулсан зуун хонийг нь нөхөн өгч,
дээр нь хааны сангаас бэлэг шан хүртээж, ялгүй болгон явуул хэмээн

зарлигдахад, хааны албатууд гайхан энэ үгийг эсэргүүцэх хүсэлтэй байсан ч нэгэнт хаан эзэн
зарлиг болгосон тул хүүд зуун хонь нөхөн өгч, тавьж явуулжээ.

Хааны хишиг хэчнээн өгөөмөр ч чононд бариулсан зуун хонины оронд нь дахиад зуун хонь
малчин хүүд нөхөн олгож, дээрээс нь шан харамж өгнө гэдэг үнэхээрийн байж боломгүй
хэрэг болов. Түүний дараахан хааны өргөөнд бас нэгэн хүн орж ирлээ.

- Манайхан мөнөөх чоныг бариад иржээ хэмээхэд хаан эзэн хилэгнэж,

- Өвөг дээдсийн хийморь сүлд болсон чоныг алах ёсгүй, тэр чоныг одоохон талд нь тавин
явуул гэсэн зарлиг өгч гаргалаа. Хаан эзэн энэ тушаалыг өгсний дараа өргөөнөө сэтгэл амар
сууж, урьд шөнийн зүүд, тал нутгийн чоно хийгээд хаан эзний хийморь сүлдийн тухай
эргэцүүлэн бодож байтал гаднаас ахин нэг хүн орж ирлээ.

- Нөгөө чоныг хааны зарлигаар суллан явуултал тэр нохдод бариулан үхжээ. Чоно байтлаа
нохдод бариулан үхэж байдаг яасан тэнгэргүй амьтан бэ гэв.

Мөнөөх чоно нохдод бариулан үхсэн тухай мэдээг сонсоод Өгөөдэй хааны сэтгэл хямарч
эхлэв. Тал нутгийн хаантай амь нэг, талын хөх чоно өнөө нохдод бариулан амь тасарсан мэдээ
хэчнээн харамсалтай сонсогдоно вэ. Хаан ихэд харуусч,

- Тэнгэр заяат хаан эзэн атал би түүний амийг хамгаалж чадсангүй алдлаа хэмээв.

Хаан эзэн ийм хачин юм ярин суухыг харсан бөө төлөгчид тааварлахдаа,

- Хаан эзний бие нь алжааж, тэр нь ухаанд нь хүрчээ. Бие, ухаан хоёр нь зэрэг алжаасан хаан
эзнийг яалтай хэмээн сандралдана. Өгөөдэй хаан "Нэгэнт ирэх үйлийг яалтай. Мөнх тэнгэр
намайг дуудаж байгаа бол буцах цаг нь болж. Бүхнийг мэдэгч хаан хүн ч мөнх тэнгэрийн
зарлигийг зөрчиж үл болох юм даа" хэмээн бодно. Хаан эзэн өөрийн буцах цаг ирсэн гэдэгт
туйлбаргүй итгэж байсан тул өөрийн дараа Их Монгол улсын хувь заяа хэрхэхийг сэтгэн
бодол ухаанаа чилээж, нэгэн цагт эцэг хаан өөрийн дараа хаан ор залгах хүн гэж түүнийг
сонгон хэлж байсанчлан, дараагийн хаан ор залгах хүнийг сонгон хэлэлцэх цаг болсныг
ухаарав.

Улиран одох он цаг өөрийн хэмнэлээр бүхнийг элээдэг ч мартах учиргүй үнэн гэж бий. Тэр
нэгэн цагт "Ургийн хүнээр золио өргө" гэсэн хачин үгс сонсогдон байснаа ургийн хүнийг ч
авахгүй "Хааныг орлох хүн хаан л байдаг юм" гэсэн толгой гашилгасан үгсийг зарим бөө
удганууд хэлж байсан үед хэрэг явдал нүдний өмнө өөрчлөгдөн нэг л мэдэхнээ хааны хайртай
дүү Тулуй өөрийгөө тал нутгийн хаан хэмээн өргөмжлөн, яах ийхийн зуургүй хаан ахынхаа
өмнөөс тэнгэр болон одсон билээ. Дараа нь хаан эзний бие илааршин, мөнөөх чоно ч дахин
зүүдэнд ирсэнгүй. Мөнх тэнгэрийн илгээсэн үхлийг хүртэл ахынхаа өмнөөс үүрэн одсон
Тулуй бол Өгөөдэй хааны зүрх сэтгэлийн хамгийн хөндүүр газарт өөрийгөө мөнхөд
үлдээгээд явсан тул хааны сэтгэлд буй тэр шарх үргэлж сэдрэн байх болжээ.

Тэр шөнийн зүүдэнд ирсэн талын хөх чоно, талын хаан хоёрын амь нэг гэж хэлж байсан үгс,
бөө удгануудын тэнгэртэй ярин "Хаан эзнийг л авч явах болно" гэж хэлээд "Хааныг орлох хүн
хаан байдаг юм" гэж бууж байсныг нэхэн санаж, өөрийнх нь өмнөөс золио болон одсон дүү
нь түүний гар дээр эцсийн амьсгалаа хураахдаа "Би хаан байжээ" гэж хэлж байсан үгсийг
санан дурсаж буй энэ үед Өгөөдэй хаан Хархорумын хажуугаар урсах Орхон голын хөвөөнөө
явуулын өргөөндөө залран байв. Хаан эзэн тэртээд өнгөрсөн амьдрал, тэнгэр болсон дүүгээ
бодож сууна. Өргөөний нам гүмийг эвдэж,

- Хаан эзэн амгалан сууж байв уу гэсээр Сорхугтани хатан хүү Мөнхийн хамт эзэн хаанд
бараалхахаар орж ирэв. Сорхугтани Хархорумд нүүдэллэн ирж, Орхон голын эрэг дагуух
өргөн уудам бэлчээр нутагт орд өргөөгөө босгон, хүн малаа амирлуулаад Өгөөдэй хаанд
бараалхахаар хүрч ирсэн нь энэ байлаа.

- Сорхугтани бэхи. Сайн явж ирэв үү? Хэл мэдээ явуулснаас хойш ирэх өдрийг чинь хүлээж
байлаа гэх хааны дуу өргөөний хоймроос сонсогдоно. Хаан эзэн эрдэнийн чулуугаар чимсэн
өндөр сэнтийдээ заларчээ. Хааны өмнөх ширээн дээр алтан аягатай сархад цэцэлзэн
харагдана. Өгөөдэй хаан ширээн дээрх сархдыг авч уруулдаа ойртуулан тамшаалаад,

- Эш хатан минь дээш суугтун! хэмээхэд, гаднаас хааны шивэгчид орж ирэн зоог барилаа.
Хаан эзний царай бага зэрэг цэлхийж, их бодол агуулсан нүдээр Сорхугтанийг харна.

- Дээр хөх тэнгэрээс өөр эзэнгүй, бүгдийн эзэн хаан атал зарим үед ихэд ганцаардах юм
гээд намуухан дуугаар,

- Үнэнч гэж хэлэх, үйлдэх хэн бүхэн дэргэд минь авч үнэндээ тэдний үнэн худлыг ялгахад
бэрх болжээ. Эцэг хааны зөн мэдрэмж, эдүгээ надад үгүйлэгдэх шиг гээд хатны өөдөөс харж
эрс шийдсэн хүний хоолойгоор,

- Чамайг дуудуулсан учир нь тэнгэр болсон дүүдээ ам өгснөө гүйцээхэд байсан юм гэж
хэллээ.
Сорхугтани хааны үгийг сонсонгоо аягачны аялгалсан айргийг шимэн ууж:

- Аргагүй л намар орой болж дээ. Агь таанын амт айрганд хүртэл шингэх болж гэлээ.
Өгөөдэй хаан хатны хэлж буй үгийн утгыг бодолхийллээ. Цаг эргэж намар болж буйг тэр
хэлж буй ч, Монгол төрд намар цаг ирж буйг хэлж байх шиг. Үгэн дотор үг багтаан хэлдэг энэ
хатныг Өгөөдэй сайн мэдэх билээ. Сорхугтани хатан цааш үргэлжлүүлэн,

- Их Аурагийн хэргийг орхин энд ирсний учир бол хааны хишигт мөргөх билээ. Гэвч цаг
ирэх тусам хүйтэн тачигнадаг тал нутагт дулаан хувцастай ч жиндэн суух нь олон тул, нэгэн
цагт эр нөхөр минь эзэн таны умартсаныг сануулж, унтсаныг сэрүүлэхээ амлан байсан ч,
мөнх тэнгэрт одсны учир би нөхрийн хэргийг үргэлжлүүлж, хаан таны умартсаныг сануулж,
унтсаныг сэрүүлэх нь өөрийн үүрэг гэж сэтгэн ирлээ гэв:

- Үнэнээсээ худал нь олон байх хорвоод чин үнэнийг цөөн хүнээс л харах болж, Сорхугтани
чиний үнэн сэтгэлтэйг би мэдэх билээ гэж хэлээд Өгөөдэй хаан "Эцэг минь чиний үнэнийг
эрт харсан ажгуу. Эзэн хааны хэргийг үргэлжлүүлэн суугаа би ч эш хатны үнэнийг олон зүйл
дээр харна биз ээ. Сорхугтани бэхи миний унтсаныг сэрүүлж, умартсаныг сануулж явах нь
дамжиггүй" хэмээн дотор хүнтэйгээ хүүрнээд,

- Тэнгэр болсон дүүг минь санагдуулан миний унтсаныг сэрүүлж, умартсаныг сануулан
явтугай гэв.

Гаднаас Дөргөнө хатан орж ирлээ. Тэрээр хаан эзэнд хүндэтгэл илэрхийлэн, Сорхугтани
хатантай амар мэндээ мэдэлцээд сэнтийдээ залрав.

- Тулуй бол голомт залгах отгон дүү минь байсан. Тийм ч учраас хааны өмнөөс хаан болж
золионд одсон биз. Намайг Сүн улсад дайлах үед Сорхугтани чи төрийг засч үлд гэлээ.

Хааны энэ үгийг сонссон Дөргөнө хатан цочих шиг боллоо. "Намайг Сүн улсад дайлах үед чи
төрийг засч үлд" гэсэн үгийг эргэцүүлэн бодоход "Би хаан эзнийг даган Сүн улсад хийх аян
дайнд явах нь зөв үү. Өөрөө үлдэж Сорхугтанийн оронд төрийг засдаг байж уу... За яахав.
Сорхугтани юм байна. Гайгүй биз" хэмээн бодож суухад, Сорхугтани хатан "Хааны өмнөөс
хаан болж золионд одсон" гэсэн хааны үгийг эргэн бодож Мөнх хүү нь эцгийнхээ шарилыг эх
нутагт нь авч ирсэн тэр өдөр "Миний аав хаан байжээ" гэж хэлж байсныг нэхэн санаж, энэ
үгс хоорондоо ямар холбоотой болохыг эргэцүүлэн байв.

Өдөр ирэх тусам хүйтний эрч тачигнан чангарч, жаварлан байгаа Монголын тал нутагт их аян
дайны хэнгэрэг дэлдэн, эзэнт улсын амгалан байдалд заналхийлэн, итгэл эвдэж буй Сүн улс,
Гуулин улсад Өгөөдэй хаан өөрийн биеэр дайтан явахаар их цэргээ хөдөлгөх боллоо. Энэ
дайнд Өгөөдэй хаан урьд урдынхаас илүү их хүн мал авч явлаа. Хааны явуулын ордон асар
том гэр тэрэг, хамт явах хатдын гэр тэрэг, хаан болоод хатдын зарц, тогооч, шивэгчин боолууд
болон өмнөд улсыг дайтахаар хөдөлж буй хэдэн түмэн их цэрэг гээд алсаас бол нэгэн том хот
нүүн яваа мэт сүрлэг дүр зураг, их нүүдэл Хархорумын дэнж дээр эгнэн жагсаж, хаан
эзнийхээ тушаалыг хүлээж байлаа. Хаан гэр тэргэн дээрх их өргөөнийхөө үүдэнд зогсчээ.
Алтан шар өнгөтэй дээлэн дээр, цагаан өнгийн ангийн үстэй малгай тавьсан нь содон
харагдана. Тэрэгний гадаа хааны шадар зөвлөх, сайд түшмэд, хааны хатад, алтан ургийнхан
зогсчээ. Хаан зарлиг болруун:

- Суут Богд эзэн хаан эцэг минь "Итгэл эвдэн одсон бүхэн үхэх ялтай" хэмээн зарлиг болгож
байсанчлан бидний олон жилийн өшөөтөн Сүн, Гуулин улсыг эзлэн авахаар их тулааныг
эхлүүлж байна. Энэ дайнд бид Сүн улс руу гурван замаар довтлох болно. Баруун замын
цэргийг миний гуравдугаар хүү Годон болон Тахай жанжин нар удирдаж Сычуан муж руу
довтолно. Харин гол замын цэргийг миний дөрөвдүгээр хүү Хүчү болон Томудай жанжин нар
удирдаж Хэбэй муж руу, зүүн замын цэргийг Бэлгүдэй ноёны хүү Бухагүн болон Цагаан ноён
удирдаж, Хэнань мужийн Хөх мөрний хөндий рүү дайтах болно. Хаан эзнийг Хархорумд
эзгүй байх үед алтан ургийн дархлагдсан бэр, эш хатан Сорхугтани бэхи засгийн бүхий л
хэргийг захиран явуулна.

Тиймийн тул олон ард та бүхэн хатны үгийг хааны үг мэт хүлээн авч хүндлэн дагах учиртай
гэж сонордууллаа. Энэ үед Өгөөдэй хаан тавин нас хүрч байв. Үс нь шанаанаасаа буурал
сууж, сахал нь сааралтжээ.

Сорхугтани энэ удаад эзэн Чингис хааны орд өргөө Их Аурагт биш Монголын их талын дунд
боссон Хархорумд эзэн сууж үлдлээ. Нэгэн ордны хэргийг захирч асан Сорхугтани одоо
нэгэн улсын хэргийг түр хамаарах болов. "Хатны үгийг хааны үг мэт сахин дага" гэсэн хааны
зарлиг буусан тул тал нутагт энэ үг үйлчилж, энэ зарлиг ёсоор болох болно. Хааны олон
хатдын ааш аяг янз бүр байх ч одоо тэд эзэн хаанаа даган алсын аян дайнд гарч байна. Их
нүүдэл хөдөллөө.

Тун удахгүй хөдлөх гэж байгаа Бат хаанаар удирдуулсан алтан ургийн ахмад хөвгүүдийн
баруун зүгт хийх аян дайн хараахан эхлээгүй байна. Хархорум аль хэдийнэ тал нутгийн
томоохон хот, арилжаа наймаа, худалдааны төв, эргэлч мөргөлчдийн сүсэг бишрэлийн газар,
энд тэндхийн аврал эрэгчдийн ачлал нигүүлслийн орон болоод байлаа. Сорхугтани хатан
Орхон голын дагуух нүүдлийн орд өргөөнөөсөө төрийн хэргийг түр захирах боллоо. Хаан
эзний эхлүүлсэн аян дайн хэзээ дуусах нь тодорхойгүй. Тал нутагт хэдэн жилээр ч үргэлжлэх
их хүлээлт, энэ хатны амьдралд хэзээд үргэлжлэх нь тодорхой.

Эзэнт гүрний ихэс дээдэст бараалхана гэдэг энгийн нэгний хувьд санашгүй даваа бүтэшгүй
хүсэл байдаг бол, эрхтэн дархтнуудын хувьд ч хэцүүхэн ажил байдаг. Хаан эзний харуул
хамгаалалт бүхий их өргөөнд орж, эзэн хаанд бараалхах хүсэлтэй гадна дотны элч зардас хэн
ч байсан нэн олон шалгуурыг давж байж сая хаад хатдад бараалхана. Их өргөөний эргэн
тойрон байх олон гэрүүдийн дунд зэрэгцүүлэн барьсан таван гэр буй. Хаад хатдад бараалхах
хүсэлтэй эрхмүүд тэдгээр таван гэрт дараалан нэг нэг хонох учиртай. Эхний гэрт дан
сархдаар дайлан согтоож, туршуулууд түүний амнаас үг унаган чухам хэн болох, ямар санаа
бодолтой хаан эзэнд бараалхах хүсэлтэй байгааг тандан мэднэ. Дараагийн гэрт тарган
хонины мах, идээ шүүс цар цараар авч ирж хаант төрийн өгөөмөр баян, эелдэг найрсаг занг
мэдрүүлэн, гурав дахь гэрт цагаан идээгээр дайлж хар хорыг арилгаад, дөрөв дэхь гэрт
айргаар дайлж цайлган сэтгэлийн илэрхийлэл болгон хүндэтгээд, тав дахь гэрт зөвхөн ундаа
цийдмээр дайлж тэвчээрийг шалгаад ямар нэгэн сэжиг илрээгүй тохиолдолд бөө нарын
асаасан их галын дундуур алхуулан ариутгаж сая хаад хатдад бараалхуулдаг жаягтай. Хааны
өргөөнд орохдоо босгон дээр гишгэх, бүдрэх, хаан эзэн хатан эхийн өөдөөс эгцлэн харах
зэргийг хатуу хориглоно. Хархорумд байх Сорхугтани хатны орд өргөөний гадаах таван гэрт
тав хонож, шалгуур бүхнийг даван нэгэн хүн бараалхан ирсэн байв. Энэ бол Хэрэйд аймгаас
гаралтай Хөхөгчин ажгуу. Хархорумд байх Христийн сүмийн номлогч Хөхөгчин учир явдлаа
тоочиж,

- Хатан таныг Хэрэйд аймгийн гаралтай Христийн шашинт хүн гэж дуулсан. Бид Их Монгол
улсад шашин шүтлэг тэгш, сайхан амьдарч байгаа хэдий ч сэтгэлийн зовлон тээн байгаагийн
учрыг өчих гэсэн юм гэхэд хатан:

- Зовлонгоо өч гэж хэллээ.

- Өдгөө Хархорумд байх шашны сүм хийдүүд буян номын ажлаа саад тотгоргүй хийж
гүйцэтгэж байгаа ч аврал эрэн ирэх хүмүүст өглөх хүртээх нь улам хүнд болсоор байна гэв.

- Энэ бүхэн юунаас болов?

- Биднээс авч байгаа хааны татвар ихсэн сан хөмрөг маань хоосроход хүрээд байна. Тиймээс
сүсэгтэн олонд хааны зүгээс ирэх татвараас өчүүхэн ч атугай хөнгөлж өгөх боломж, завшаан
хайн танд бараалхаж байна. Өөрийн шашин нэгт ахан дүүсээ бодож бидний хүсэлтийг хүлээн
авах буй за хэмээн хүсэмжлэхээр ирсэн юм гэлээ.

- Би хэдийгээр Хэрэйд аймгийн хүн, Христийн шашинтан нэгэн ч Их эзэн хааны аврал дор
эш хатан өргөмжлөгдсөн цагаас бүхий л шашныг хүндэтгэн үзэх болсон билээ гэж хатан
хариуллаа. Хөхөгчинд зөвшөөрөхгүй гэсэн үгийг хэлж байх шиг болоход "Хаад ноёд угаас
адилхан юм даа. Хэрэггүй ч ирэв үү дээ" гэж бодов. Хатан цааш юм хэлсэнгүй.

Сорхугтанийн бодол ухаан тэртээ рүү хөвөрч, өөдөөс нь хараад сууж байгаа энэ хүн тэртээд
үлдсэн амьдрал, бага балчир насных нь өдрүүд рүү хөтлөн хүргэх шиг санагдана. Авга ах Ван
хан нь өөрийн олон дүү нар, гэр бүл хөвгүүд охидын хамтаар Христийн шашны несторианы
урсгалыг дэмжигчид байсан билээ. Нэгэн удаа мөргөлийн дараа ээж нь арав гаруйхан настай
байсан Ибага, Сорхугтани хоёрт баадантай зүйл өгөн,

"Миний хоёр охин ядууст тараах өглөгийг өөрийн гараар түгээж бай. Буян нь ирдэг юм" гэж
хэлээд өгчээ. Мөргөлийн тэр өдөр хоёр охин өөрийн гараар өглөг тэргүүтнийг ядууст тараан
өгч байсан нь санагдана. Тэр цагаас хойш Сорхугтани өлсөж цангасан, ядарч зовсон, даарч
хөрсөн, аврал хүссэн хэн бүхэнд өөрийн гараар өглөг өгч өссөн. Харин хааны бэр болон
ирсэн цагаас хойш өөрийн инжинд ирсэн хүмүүсийн дундаас, багаасаа өнчирч ээж аавынх нь
гар дээр өссөн, өнөө өөрийн дагуул Ажинтай хамт ядууст өглөг хишиг түгээн явах үе байсан
ч цаг заваар хомсдож, үр хүүхдээ өсгөх, орон гэрээ засах их ажлын дундуур хэсэг орхигдсон
байлаа. Хөхдэйн энэ яриаг тунгаан бодох зуур эзэн хааны хураасан их улс цагийн аясаар хүч
нь суларч, хууль цааз ч алгуураар мартагдан байгааг анзаарч байлаа. Тэрбээр сая ам нээж,

- Өглөгийн эзэн хэн ч байлаа гэсэн тэдний буяны үйлийг тасдаж яахан болох билээ.
Өнөөдрөөс эхлээд

Хархорумд боссон шашны бүх сүм хийдүүдийг элдэв татвараас чөлөөлж, тэр ч бүү хэл
бичгийн хүн, эрдэм номд шамдан буй эрхэм, уран дархан, гарын дүйтэй хүмүүсийг татвараас
чөлөөлөх болно. Хөхөгчин чиний ирсэн чинь сайн хэрэг гэж хэлэв. Ирсэн хүний царайд баяр
гийж,

- Хатны авралд мөргөмү, аврал хишигт тань талархъя хэмээн толгойгоо доош тонгойлгон тал
нутгийн хүний адил хатанд хүндэтгэл илэрхийлэхэд Сорхугтани хатан түүнийг орхин
өргөөнөөс гарч явлаа.

Тэр нэгэн өдрөөс хойш Хархорумд байх шашны сүм хийдүүд санаа зовох зүйлгүйгээр үйл
ажиллагаагаа үргэлжлүүлэх болов. Энэ бол Сорхугтани хатны Хархорумд ирээд хийсэн анхны
ажил, гаргасан анхны шийдвэр байлаа. Энэ явдлаас хойш хэдэн хоногийн дараа хатны
өргөөнд хоорондоо өөр өөр зүс царай, хувцас эдлэл, шашин шүтлэг, сүсэг бишрэлтэй хэдэн
хүн бараалхан ирсэн нь өдгөө Хархоринд байх олон шашны сүм хийдүүдийн төлөөлөгчид
байлаа. Өөр өөрийн шашин шүтлэг зан заншлыг баримтлан явах энэ хүмүүсийн үзэл бодол
хоорондоо адилгүй боловч тэд ганцхан зүйл дээр нэгдэж, хатан эхэд хамт бараалхах шийдвэр
гаргажээ. Хоорондоо төдийлөн сайн байдаггүй шашны төлөөллүүд чухам юуны учир нэгдэн
Сорхугтанид бараалхах болсон юм бол. Ирсэн хүмүүс хатан эхийн өмнө өглөг сэлтийг өрж,
гүнээ хүндэтгэл үзүүлэн их ёсыг үйлдсэний дараа тэдний дундаас урд нэгэн өдөр хатантанд
бараалхан ирсэн Хэрэйд аймгаас гаралтай Хөхөгчин гэх Христийн сүмийн номлогч:

- Хатан таны аврал буян далай болж, хаант төрийн суу алдар бадартугай. Хатан эхийн
нигүүлслээр сүм хийдүүд сэргэж, буяны зам мөрөө хөөх боломж нээгдсэн тул танд гүн
хүндэтгэл илэрхийлэн бараалхаж байна гэж хэлэхэд тэдний дундаас Мухамед Сари гэх Лалын
шашинт эрхэм:

- Хатан таны сүм хийдүүдийг татвараас чөлөөлсөн ач буянаар бид өнөөдөр өөр өөрийн сүм
хийддээ сэтгэл амгалан байж, санаа амар суух боллоо гэв. Энэ үгийг залгуулан Бурхны
шашны ламтан Гунгаа гэгч,

- Өглөг тэргүүтнээр өдөр хоногоо залгуулах сүм хийдүүд хэрээс хэтэрсэн их татварыг хаант
төрд төлж байхад буян номын ажлаа саад тотгоргүй хийх боломж үгүй болж, бид хаалгаа
барихад хүрээд байсан билээ. Хатан таны мэргэн ухаанаар хамаг сүсэгтнүүдийн магнай
тэнийж буй тул энэ өдөр бид нэгдэн ирж хатан танд их хүндэтгэлийг илэрхийлэн байгааг
минь болгооно уу! гэв.

"Өөр өөрийн шашин шүтлэг, сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн төлөө явах энэ хүмүүс өнөөдөр
нэгдэн надад бараалхан ирсэн нь өнгөц харахад хачирхалтай мэт байвч үнэн хэрэг дээрээ
эдний зорилго нэг юм. Эд өөр өөрийн шашныг номлож байгаа ч, өөр өөрийн замаар замнаж
яваа ч, очих газар нь нэг. Тэр бол тэнгэр бурхан" хэмээн Сорхугтани хатан дотроо бодлоо.

- Нэгэнт их эзэн хаан бүх шашныг хүлээн зөвшөөрсөн тул та бүхэн энд байгаа юм. Өглөгийн
эзэн хэн ч байлаа гэсэн тэдний үйл хэргийг тасдаж яахан болох билээ. Өнөөдөр та нар цугаар
нэгдэн надад бараалхан буйг харах бахдалтай байна. Та нарын зам өөр хэдий ч зорилго нэг
гэдгийгээ ухаарсан хэрэг. Манай газар нутагт амар амгалан сууж, буян номоо үргэлжлүүлэн
хийхэд тань дахин саад учрахгүй хэмээн хэллээ. Ирсэн хүмүүс хатантанд хүндэтгэл үзүүлээд
хойш ухарсаар өргөөнөөс гарцгаав.
Монголын тал нутагтаа ирээд хэдэн сарыг өнгөрүүлсэн Батын гэр өргөө Хархорумаас хугас
өдрийн зайд буудалласан нь хааны хатад, албат ардуудын гэр бараатай нийлээд алсаас
шүхэрлэн буусан их хот шиг цавцайн цайж харагдана. Энд тун удахгүй хөдлөх гэж байгаа
алтан ургийн ахмад хөвгүүд цугласан байлаа. Чингис хааны ач хөвгүүдээс өнөө хамгийн
ахмад нь болсон Батын өргөөнд алтан ургийн ахмад хөвгүүд ийн цугласан нь тун удахгүй
хөдлөх гэж байгаа их аян дайны төлөвлөгөөгөө хэлэлцэж буй хэрэг юм. Өгөөдэй хааны
эзгүйд төрийн эрхийг мэдэн үлдсэн хүний хувьд Сорхугтани хатан, энэ чуулганд оролцож
байлаа. Энэ их өргөөнд Батаас гадна алтан ургийн арван нэгэн хан хөвгүүд цугласан байв.
Сорхугтани хатан чуулган хэлэлцэх асуудлаа завсарлан ноёдыг гадаалж байх зуур Гүюг болон
түүний их хатан Огул Хаймиштай уулзав.

Огул Хаймиш бол Ойрд аймгийн захирагч байсан Худуга бэхийн охин, Гүюгийн их хатан.
Түүний нүүр царай нь тал нутгийнхаас өөр. Том хөнхөр нүдтэй, гал цогтой цоргисон харцтай
эмэгтэй байлаа. Ойн ардын үр сад болоод ч тэр үү, түүнд тал нутгийн хүний урт нүд, уужим
шанаа заяасангүй.

Гүюг эцэг хаан Өгөөдэй нь хаант төрийн бүх эрх мэдлээ Сорхугтанид үлдээсэн явдлыг
төдийлөн зөв шийдвэр гэж үзээгүй хүмүүсийн нэг нь байсан юм. Учир нь түүний эх Дөргөнө
хатан болон хааны бусад хатад, эм хүний атаагаар ч юм уу, эсвэл ургуулан бодох ухаан нь
гүйцэхгүйдээ ч юм уу,

- Очиж очиж Сорхугтанид төрийн мэдлийг үлдээж байдаг. Өглөг тараахаас өөрийг хийхгүй
энэ хатан хааны санг хоосолчихоод л сууж байна даа гэж ярих хүмүүсийн дунд байсан ажээ.
Гэвч эш хатны нэр сүр, ухаан билгийг хүндлэн үздэг хүний хувьд өөрийн зүгээс хааны
шийдвэрт эргэлзэж байсан ч тэдний үгэнд автаагүй өнгөрсөн билээ. Гүюг хатантанд хүндлэл
үзүүлэн амар мэндийг нь мэдээд,

- Хаант төрийн хэргийг өөрийн хэрэг гэж итгэн ирсэн хатантан, Хархорумд хэр идээшиж
байна вэ хэмээн асуулаа. Хатан хүнд өөрийн эрх мэдэл бүгдээ шилжүүлэн өгсөн хаан эзнийг
шийдвэрийг тийм ч зөв алхам гэж үзээгүй нь илт Гүюгийн энэ асуултанд,

- Эм хүнд хэзээд үнэн байх хэрэгтэй гурван зүйл байдаг. Энэ бол төр, эр, үр гурав юм.
Тиймээс үрийнхээ төлөө халуун амьсгалаа зориулан байгаа эх хүн, эрийнхээ төлөө хамаг
жаргалаа тэвчиж, төрийнхөө төлөө зүтгэл бүхнээ зориулах учиртай тул хаан эзний
шийдвэрийг хүлээн авсан. Хэзээд үнэн байх гурван зүйлийнхээ төлөө зүтгэх хэрэгтэй тул энэ
хөлийн газар идээшин дасахаас өөрөөр яах билээ. Тал нутгаа санаж л байна гэх хатны үгийг
сонсоод аман дундуураа алгадуудаад авсан мэт боллоо. Энэ үгийн хариуг өгч чадалгүй
тэгэсгээд өнгөрөхөд Гүюгийн хатан Огул Хаймиш ярианд оролцож,

- Хатан таны сураг чимээг тал нутагт сонсож дуулсаар өдийг хүрсэн. Өөрийн биеэр уулзах
өдрийг хүлээж байлаа гэв. Байнга эргэн тойрноосоо харж болох, тал нутгийн дүр төрхөөс
өөр, ойн ардын хөнхөр нүд, өндөр хамрыг өвлөн авсан энэ эмэгтэй тун чиг ухаалаг нэгэн.
Тэрбээр Гүюгийн их хатны хувьд гэр бүлийн бүх асуудлыг жин тан шийдвэрлэдэг, гарын ур
дүйтэй, эмэгтэй хүнд л байж болохуйц уран сүмбэн хуруу, уян наалинхай хөдөлгөөнтэй нэгэн
аж. Тэрээр Сорхугтани хатанд илтэд сайн хандаж байлаа. Зальжин нүдээ гялалзуулан ярьж
байгаа түүний яриаг анзаарвал яг үнэн сэтгэлээсээ хандаж буй нь тодорхой бус. Харваас энэ
эмэгтэй том хүү Мөнхтэй нь нас ойролцоо болов уу гэмээр харагдана. Огул Хаймиш хатан
Сорхугтанид ингэж хөл алдан байгаа нь нас залуу хүн өөрөөсөө ахмад хатныг хүндэтгэн
харьцаж буй мэт бусдад анзаарагдахаар байгаа ч, түүний өөр шалтгааныг хатан гадарлаж
байв. Учир нь тэр нэгэн өдөр Өгөөдэй хаан Сорхугтанийг асрахуйн ёсыг даган хүү Гүюпээ
ёслох гэж байсан. Хатан энэ шийдвэрээс ухаалгаар татгалзаагүй бол өнөөдөр энэ хоёр
эмэгтэй нэг хүний хатан болох учиртай байлаа. Төрсөн хүүтэйгээ чацуу шахам энэ залуу
хатантай наана цаанаа орон, хааны хатдын хов живэн дунд живж амьдрах байсан тэр амьдрал
энэ хоёр эмэгтэйн хэн хэнд нь хүндхэн давааг авч ирэх байсан нь тодорхой.

Магадгүй Сорхугтани Гүюгийн хатан болсноор Огул Хаймишийн их хатны нэр сүрийг
дарагдуулж, эрх мэдлийг нь алдагдуулах байсан ч байж магад билээ. Энэ бүх аюул холуур
өнгөрсөнд Огул Хаймиш баярласан биз ээ.

Харин тэднийг харж зогсох Гүюг Сорхугтани хатны тухай бодож байлаа. "Эмэгтэй хүнд үнэн
байх гурван зүйл байдаг. Тэр нь төр, эр, үр гурав гэнэ ээ. За яахав энэ хатан эрдээ үнэнч
байсан нь үнэн, тиймээс ч миний хатан болохоос татгалзсан биз. Үрдээ үнэнч гэдэг нь ч
үнэн. Төрдөө үнэнч байхыг нь харан байж л мэдье. Төр гэдэг бол хаан эцэг минь юм" гэж
бодно.

Хархорумаас хугас өдрийн зайд байрласан Бат хааны орд өргөөнд болсон энэ уулзалтаар
баруун зүгт хийх их аян дайны төлөвлөгөөг хэлэлцлээ. Их Монгол улсын түүхийг ирээдүйн
үрс нь энэ удаа үргэлжлүүлнэ. Эзэнт гүрнийг үндэслэгч Их эзэн хаанаас эхлээд, алтан ургийн
залгамж халаа, үр сад хэзээд ямар нэгэн шалтгаангүйгээр аян дайныг эхлүүлж байсан түүх
үгүй. Их эзэн хаан тэнгэр болсноос хойш, хаант төрийн хүч алгуураар суларч, эзэлсэн
гүрнүүдийн эрхтэн дархтнууд хааны нэрийг барьж, алба татвар хураамжилж, ард иргэдийг
туйлдуулж, эх зах нь олдохгүй хэрэг явдал ээлж дараагаар гараад байсан цаг. Энэ нь нөгөө
талаар тэдний хувьд "Их эзэн тэнгэр болсон тул бид та нарт захирагдахгүй" гэсэн цаад санааг
агуулж байсан хэрэг. Өгөөдэй хаан энэ мэт ялыг асуухын хажуугаар эзэнт улсын элчийг алж,
Их Монголын цэргүүдийг ар хударгаар дайран довтолсон ялыг асууж, баруун зүгийн орнуудыг
байлдан эзлэх хэргийг Бат хаанд даалгаж, өөрийн хүү Гүюг тэргүүтэй алтан ургийн хан
хөвгүүдийг их цэрэг удирдуулан явуулах шийдвэр гаргасан. Харин энэ удаад юуны түрүүн энэ
дайны бэлтгэл ажлыг ярилцлаа. Хэдийгээр эзэнт гүрний сүр хүчин, цэрэг ард олон ч дайн
тулааны цаг тул өөр өөрийн эздийн нутаг дэвсгэрт дайтаж байгаа. Эзэнт гүрний олон цэрэг
Өгөөдэй хааны хамтаар Сүн улс руу явсан зэргээс, хан хөвгүүд цэргийн хүчээ хэрхэн нэмэн
зузаатгах талаар эхлээд ярилцлаа.

Тэд Хорезм, Туркестан, Уйгур зэрэг эзлэгдсэн нутгуудаас цэрэг татан авч байлдааны
ажиллагааг үргэлжлүүлэх, цаашлаад эзэнт гүрний хязгаар нутгийг тэлж Кипчакуудыг бут
цохин түрээд, Булгар, Башкир руу довтлох тухай ярилцав. Тэднийг ингэж хуралдахыг харж
суугаа Сорхугтанид энэ уур амьсгал, их эзэн Чингис хааныг амьд сэрүүн байхад болдог
байсан тэр сайхан цагийг санагдуулахын зэрэгцээ алтан ургийн хан хөвгүүд өсч том болон
хүдэр чийрэг эрс болсон хэдий ч, дайн дажныг тун амархнаар төсөөлөн байгаа нь сэтгэл
эмзэглүүлэх бодлын эхлэлийг тавьж байлаа. Хэдхэн жилийн өмнө эднийг өлгийдөө үнэгчлэн
байхад, өвөг эцэг нь Их Монгол улсыг байгуулж, эзэнт төрөө тамгалан байсан. Алтан ургийн
гэр бүлд төрж өсөн, мэндэлсэн цагаасаа элбэг дэлбэг, хангалуун амьдралаар амьдарсан энэ
хүүхдүүд үгүй дутуугийн зовлон, өнчрөл хагацлын хүндийг үзээгүй. Үнэндээ бол алтан
ургийнхан, тэр дундаа олон хатдын хүүхдүүд хоорондоо эв найрамдалтай байх нь нэн ховор.

Сорхугтани Мөнх хүүгийнхээ төлөө сэтгэл түгшин суулаа. Чуулганы үеэр Сорхугтани хатан
хан хөвгүүдэд хандан,

- Алсын замд морины шандас танигдана Аяны холд нөхрийн чанар танигдана Зөөлөн хатууг
элээж ухааны чанар танигдана Зовох жаргахын цагт хүний чанар танигдана Алтан ургийн хан
хөвгүүд та нарын явах тулаан бол, бүгдийн чинь хэн болохыг сорих сорилт юм. Өнөө та нар
хүний нутагт дайтах гэж байна. Дайсан гэдэг зөвхөн

дайран ирэх нэгэн бус, зэрэгцэн яваа нөхөр ч байж болдог. Хураан авч байлдан эзлэхээс
илүүтэй холын газарт бие биеэ гэх сэтгэлээ хатамжилж яваарай хэмээв.

Сорхугтани хатны сурган хэлсэн энэ үгийг алтан ургийн хан хөвгүүд сонслоо. Хатны
хэлснийг дотроо бодож явах хүн эдний дотор хэр олон болохыг мэдэхгүй.

Тал нутагт айл бүрийн тооноор аргалын утаа савсан, уур нүдүүрийн дуу хангинан, гэрийн
дотор эмэгтэйчүүд борви бохисхийгүй хөдлөн, үүр цайлгах нь Монголын цэргүүд дайн
тулаанд мордохын өмнөх шөнө болдог хэрэг билээ. Өрх айл бүхэн нэгэн хүнээ үдэж байгаа
тул, энэ их ажил тооноор гурван марал гудайх хүртэл үргэлжилнэ. Тал нутгийн эмэгтэйчүүд
олон жил үргэлжилсэн аян дайны туршид энэ бүхнийг хийсээр ирсэн тул, гарт нь орсон
гэлтэй шаламгай ажээ. Тэд замын уртад хоол болох, удаан хадгалах хатаасан ааруул, борц, сүү
бэлтгэн, үхрийн махыг хатааж нүдэн үнхэлцгэнд нь багтаан чихэж, өвдөж шархадсан үед
хэрэглэх аминд тустай гэгдэх хойлогны махыг хүртэл бэлдэн зэхнэ. Тооноор нь утаа савсан
байгаа гэрүүдийн дотор эх хүү хоёр, эхнэр нөхөр хоёр дахин хэдэн жил биесээ харахгүйгээр
хагацан салах гэж буй. Тэд эргэж уулзах эсэхээ ч мэдэхгүй.

Өглөө нар мандаж эвэр бүрээний дуу орчны аниргүйг эвдэхтэй зэрэгцэн их цэрэг хөдлөх гэж
байлаа. Сорхугтани хатан ч урд шөнө охин Тэмүгэн бэхи болон том хүүгийн хатан Хутугтай,
Ажин нартай хамт Мөнхийн замын хүнс, хувцас хэрэглэлийг бэлдээд нойргүй хоносон байв.

Зэрэгцэн жагссан их цэргийн өмнө Сорхугтани хатан Мөнх хүүгээ үдэн зогсоно. Их эзний ач,
Тулуй ноёны хүү Мөнх өмнө нь хэд хэдэн дайнд оролцон эрэлхэг гавьяа байгуулж байсан
билээ. Тэрбээр энэ удаад ч цэргээ удирдан хан хөвгүүдийн хамтаар аян дайнд мордох гэж
байна. Мөнх бол өсөх наснаасаа эхийн дэргэд байж, бодь сэтгэлийн хүчийг агуулах эхийн
ухаанаар хүмүүжсэн хүү. Мөнхийн бага балчир насанд Их Монгол улс орондоо унтах завгүй
олзолдон тэмцэлдэж явсан тул, хаан өвөг, хайртай аавынхаа дэргэд тэр бүр байсангүй. Мөнх
эхийнхээ хатан ухаан, аливааг хурц хардаг онч мэргэн хараа, хүч доройтонд өршөөл
энэрэлийн гараа сунгах өглөгийн сэтгэлийг өвлөн авчээ. Хатан, хүү хоёртойгоо салах ёс
хийгээд, Мөнх эхийнхээ дэргэд хүрч ирлээ. Сорхугтани хүүгийнхээ баруун хацрыг үнсэн,

- Дайн гэдэг алж талахын нэр биш, өршөөн нигүүлсэхийн нэр байдгийг өвөг эцгийнхээ
үнэнээс харж мэдэж байсан буй за. Хаан өвөг чинь сэрүүн ахуйдаа эзлэн авах гэж байгаа
газар орныхоо ард иргэдэд үргэлж боломж олгодог байсныг сана. Их хаан аливаа улс орныг
бууж өгсөн тохиолдолд хүний амь тасалдаггүй байсан. Алж талахаас илүүтэй өршөөж энэрч
явах нь амь амьдралын учир юм шүү, ухаантай яваарай, нэр төр гэдэг эзэндээ хийморь авч
ирдэг ч, нэгэнт нүүр буруулан одвол эргэж олоход бэрх үнэн юм шүү, зөв яваарай гэж хэлээд
урд шөнийн туршид бэлдэж хоносон Мөнхийн замд хэрэглэх хоол хүнс, эм танг хийсэн
богцыг өгөнгөө,

- Ээжий нь усаа арвайд багсарч хийсэн байгаа гэж урьдын адил захин хэллээ. Эхтэй хүн
үхдэггүй гэдэг яриа Монголын тал нутагт хэзээнээс байсан үг. Нэгэн удаа Мөнх Алтан улсад
дайтан явахдаа бороонд хэт норсны улмаас халууран чичирч байх үедээ арвайд зууран өгч
явуулсан эхийнхээ усыг хүртэн илааршиж байсан тул, энэ цагаас хойш эхийн ус гэдэг энэ
ариун зүйл эх үр хоёрыг үл үзэгдэх уяагаар холбон байдаг гэдгийг ойлгосон билээ. Магадгүй
энэ цагаас хойш Монголын хүчирхэг эрс эхийнхээ усыг ийн авч явдаг болсон байж ч болох
юм. Мөнхийг их цэргээ аван алсад одон бараа нь тасартал Сорхугтани хатан охин, бэр
хоёрынхоо хамт үдэн зогсов. Энэ удаад хан хөвгүүд өөрсдийн хүчээр дайтах гэж байна.
Сорхугтанийн хэлсэнчлэн эв эеэ хичээж явах аваас энэ хүчирхэг эрсийг ямар ч дайсан дийлж
чадахгүй.

Сорхугтани хатны орд өргөөнд хөгжмийн эгшиг уянгалан байлаа. Ордны хөгжимчдийн
тоглож буй энэ яруу сайхан аялгуунд тал нутгийн уул толгод, ухаа гүвээ хүртэл өндөлзөн
босч, өмөлзөн уярах шиг сонсголонтой ажээ. Сорхугтани хатан алсад одсон хүүгээ санан
дурсахдаа сэтгэл санаагаа тайвшруулах гэж өргөөндөө хөпжимчдийг авчирдаг болжээ.
Өргөөний ойр орчим хүртэл энэ аялгуу дуурсан байх ажээ. Гаднаас Ажин домботой халуун
цай барин, мэхэсхийн орж ирээд хатны өмнөх явган ширээн дээр тавиад аягалан барилаа.
Ажин, хатныг хөгжмийн аялгуунд дуу шуугүй бодлогошрон суухыг хараад,

- Хатантан минь, алсад одсон хүүгээ санав уу гэж асуугаад,

- Хатантанд бараалхах хүсэлтэй хүмүүс улам олон ирэх болж гэж нэмж хэллээ.

Төрийн хэргийг засан үлдсэн хатантанд бараалхах хүсэлтээ илэрхийлэн, угтах таван өргөөнд
тав хоноод, хэрэг зоригоо хэлж шалгуулсны дараа сая бараалхах эрхээ авсан хүмүүс хүлээж
байсан цаг. Сорхугтани:

- Өнөөдөр ч хэцүүхэн өдөр болж магадгүй юм даа

- Юу болно гэж?

- Би Хархоринд арилжаа хийх худалдаачдын эрхийг хязгаарласан шийд гаргасан. Бид тэдний
амандаа хэлсэн үнээр нь бараа худалдан авч, дээрээс нь арван хувийн шан харамж нэмж өгч
байна. Хэдий сүр хүчин төгөлдөр хаант төр ч ийм үрэлгэн байж болохгүй. Тэд лав зарга
мэдүүлэхээр ирэх биз хэмээв.

Түрүүнээс хойш дуурсан байсан хөгжмийн аялгуу эгшиглэсээр. Энэ аялгууг эвдэн гаднаас
"Хархорумын исламын шашинт худалдаачдын ахлагч Абдул Рахман ирлээ" гэсэн харуулын дуу
сонсогдлоо. Дөнгөж саяхан хатан эхийн хэлж байсан үгс санаанд нь орсон Ажин, хатны зөн
совинг гайхав.
Сорхугтани хатан энэ хүмүүсийн ирсэн зорилго ямар учиртай болохыг уг нь сайн мэдэж
байгаа. Гэвч тэдний юу өгүүлэхийг сонсох хүсэл төрсөн тул,

- Оруул хэмээн зөвшөөрсөн хариу өгөхөд тун удалгүй үүд сөхөгдөн харь зүстэй хоёр
худалдаачин эр орж ирэв. Толгойгоо цагаан бөсөөр ороож, орой дээрээ зангидан, ханцуйгаа
ил гаргасан хүрэн өнгийн угалзан хантааз өмссөн, дөч гаран насны егзөр худалдаачин эрийн
хажууд, хорь гаран насны нэгэн залуу хүн дагалджээ. Тэдний ахмад нь өөрийгөө Хархорины
ислам шашинт худалдаачдын ахлагч Абдул Рахман хэмээн танилцуулаад, хажуудаа яваа залууг
худалдаачин Иниль гэж нэмж хэллээ. Тэд өргөөнд орж ирүүтээ гаднаас оруулж ирсэн бэлэг
сэлт, өглөг тэргүүтнийг хатны өмнө дэлгэн тавилаа. Чамин тансаг хээ угалз бүхий торго
дурдан, өмнө зүгийн тогос шувууны өд, зааны соёо, бийр янтай тэргүүтэн хатны өмнөх
ширээн дээр дэлгэгдэн тавигдлаа.

- Ирсэн учраа тайлбарлан хэл! хэмээхэд, Абдул Рахман хатантанд хүндэтгэл илэрхийлээд,

- Хатан таныг гаргасан шийдээ эргэн харж, худалдаачид бидэнд дахин нэг боломж олгон,
хааны зарлигийг хэвээр үлдээж өгөхийг хүсч энд ирлээ гэж хэлэв.

Энэ хүний яриаг сонсож, байр байдлыг ажиглавал хэзээний олон газраар явж юм үзэж нүд
тайлсан нэгэн гэдгийг харж болохоор. Тэрбээр цайлган сэтгэлт тал нутгийн хүмүүсийг
амархан эрхэндээ оруулж чадна гэж өөртөө итгэсэн итгэлийнх нь цаана бардам зан, түүнтэй
зэрэгцэх худал хуурмаг нуугдан байгаа нь мэдрэгдэнэ.

Абдул Рахманы илтэд бялдуучлан, өнгөн дээрээ гэмгүй сайн хүний дүрийг эсгэн байгаа зэрэг
нь хатны нүдэнд тодхон харагдаж байлаа. Сорхугтани хатан түүний хариуд,

- Хэдийгээр хааны хишиг далай мэт уудам ч, Их Монгол улс өнөөдөр өөрсдөө та бүхний
арилжаалан буй зүйлийг хийж, урлаж чадахгүй байгаа тул үнэндээ бол ямар ч бараа таваарыг
та нарын хэлсэн үнээр худалдан авч байгаа. Аливаа наймаа арилжаанд хоёр тал харилцан үнэ
хэлэлцдэг жамтай. Хэлсэн үнээр нь худалдаж аваад дээрээс нь бас арван хувийн ашгийг та
бүхэнд нөхөн олгож байгаа нь хааны хөрөнгийг хэтэрхий үрж цацсан хэрэг болж байгаа тул
энэ шийдийг өөрчлөх боломжгүй хэмээн хэлэв. Нэгэнт засаг барин үлдсэн их хатан ийн
айлдаж байгаа болохоор худалдаачид цааш өчихөд хэцүү. Гэвч түүнтэй хамт орж ирсэн залуу
худалдаачин зориг гарган өчихөөр шийдсэн бололтой, хоолой нь үл ялиг чичрэн,

- Эрхэм дээдэс минь. Бид алс холоос аль өнгөтэй өөдтэй бүхнийг олж, үхэл амьдралын
дундуур туучин энд авч ирдэг. Арилжаа наймаа гэдэг амь өрссөн ажил байдгийг та юу эс
мэдэх билээ. Хааны хишиг шан харамжинд талархсандаа л өнөөг хүртэл энэ ажлаа
зогсоолгүй үргэлжлүүлж байгаа билээ гэв.

Залуу худалдаачны хацар нь үл мэдэг улайж, ам нь эвлэж өгөхгүй ээрэн байгааг үзвэл,
тэрбээр худал ярьж чаддагүй хүн болох нь илт харагдана. Хатантан энэ хүний яриаг сонсоод
"Аргагүй л залуу хүн учир худал хэлж сураагүй бололтой" гэж бодов. Гэвч тэдний зорилго
ойлгомжтой байсан тул,

- Амьдрал гэж үхэл амьдралын дундуур явахыг хэлдэг. Та нар өөрсдийгөө гагцаар ингэж
явдаг гэж сэтгэнэ үү. Өнөөдрийн Их Монголыг бидэнд үлдээсэн өвөг дээдэс минь та нараас ч
илүү үхэл амьдралын дундуур явсаар ирсэн. Харин бид худалдаачид та нарын улс дамнан
зорчиж, арилжаа наймаа хийх бүхий л боломжийг тавьж өгсөн. Нэгэн цагт сургийг нь дуулж
сонсож ч байгаагүй газар оронд та нар арилжаа наймаа хийдэг боллоо. Худалдаачид та
бүхний энэ мэт илтэд даварсан үйл явдлыг зогсоож арван хувийн шан харамжийг үгүй хийх
нь багадсан хэрэг байж. Дээр нь нэмээд хэлсэн үнийг нь хоёр тал харилцан тохирч худалдаа
наймаа хийдэг шинэ журам гаргаж ирэх хэрэгтэй юм байна хэмээн хатны хэлэхэд хэрэг явдал
бүр бишдэж байгааг ойлгосон худалдаачид даруйхан өргөөг орхих хэрэгтэйгээ ойлголоо.

Үнэндээ хатны уурыг ихээр хүргэх юм бол арван хувийн шан харамжаа алдаад зогсохгүй,
амандаа багтсан үнээр арилжаа хийдэг Монголын тал нутгийн энэ эд баялгийн уурхайнхаа
хаалгыг үүрд хаах аюул тулгарч болохыг тааварласан учир тэдэнд өөр өчих зүйл байхгүй
болоод Сорхугтанид мөргөөд ухарсаар гарч одов.

Сорхугтани хатны төрийн хэргийг авч үлдээд хийсэн хамгийн анхны ажил нь сүм хийд,
шашин мөргөлийн газруудын үйл ажиллагааг татвараас чөлөөлөх байсан бол дараагийн
хийсэн ажил нь Өгөөдэй хааны зарлигаар гадны худалдаачдын арилжаалсан бараа таваар
дээр нэмж арван хувийн ашгийг олгодог байсныг болиулсан байлаа.

Хоёр худалдаачныг гарч явсны дараа Сорхугтани хатан дэргэдээ зогсож байсан Ажинд
хандан,

- Чи сая анзаарав уу гэж асуулаа. Юуг анзаарах ёстой байснаа сайн ойлгоогүй Ажин хатны
өөдөөс гайхан харахад,

- Энэ хажууд нь яваа хүн харваас нас залуу, худал хэлж сураагүй бололтой. Сайн хүн боловч
мууд хөтлөгдсөн явна. Муу хүн сайныг дагавал муу хэвээрээ үлдэнэ. Сайн хүн мууг дагавал
муу болон хувирна. Муу зүйл өөрөө аймшигтай. Энэ хүнийг Абдул Рахманы гараас салгах
хэрэгтэй санагдана. Энэ Абдул Рахман нь харваас зальжин эр бололтой. Магад надад нэгэн
өс санан гарах шиг боллоо. Өнөөдөр би эс зөвшөөрлөө ч дараа нэг өдөр надтай эн тэнцэх эрх
мэдэлтэн рүү очих нь лав. Тэр хүн хэн байх вэ гээд Сорхугтани бодлогошрон суув.

Сүм хийдүүдээс авдаг байсан татварын хэмжээ, худалдаачдад өгдөг байсан шан харамжийн
хаана нь ч хүрэхгүй өчүүхэн байжээ. Хархорумд үүрээ зассан ислам шашинт наймаачид хаан
эзний гаргасан шийдвэрт сэтгэл амирлан хөрөнгөө зузаатгаж байсан нь талаар болсон тул
барайн суух боллоо.

Худалдаачдыг гарсны дараа Сорхугтани хөгжимчдийг дахин тоглохыг хүсээд тухлан суув. Тал
нутгийн нийслэл Хархорумын хажуугаар урсах Орхон голын эргээр уянгат сайхан хөгжим
эгшиглэнэ.

Цаг хугацаа өдөр өдрөөр алсалж, өнгөрч одсон бүхэн түүх болон үлдэхэд Сорхугтани хатны
дөрвөн хүү нэг охин өсч том болсоор, нэг нэгээр эрийн цээнд хүрч байлаа. Сорхугтани хатан
Хархорумд ирсэн даруйдаа Хорезмаас урин авч ирсэн эрдэмтэн Ифтихар Ад Динээр Мөнх
хүүдээ Араб, Перс хэлээр зохиогдсон номоор гүн ухаан, хэмжил зүйн мэдлэгийг эзэмшүүлж,
тал нутгийн эрэлхэг баатруудаар цэргийн эрдэм заалган, бие хэл сэтгэл гурав нь жигдрэн
ирэхийн цагт тулаанд мордуулсан байв. Өнөө Аурагийг засч буй удаах хүү Хубилайдаа Күнз,
Бумбын суртлыг таниулан, Хүлэгү, Аригбөх нарыг ч бичиг үсэг, ном эрдэмд шамдуулж
байлаа. Хархоринд байхдаа хатан бас нэгэн ажил хийсэн нь Датунгийн Хуа Янь Сэ сүмийн
хуварга Хайюныг урин авч ирүүлж охин Тэмүгэн бэхидээ ном заалгаж эхэлжээ. Түүний
хүүхдүүд балчир насандаа эрхэлж тоглох завгүй байлаа. Сорхугтани хатан хүүхдүүдээ
сургамжлан хэлэхдээ "Ухаарах хоёр зам байдаг" гэж дандаа хэлнэ. Зарим хүн өөрийн биеэр
алдаж байж ухаардаг бол зарим хүн алдахаасаа өмнө хийх гэж байгаа зүйлээ урьдчилан харж
ойлгодог. Харин алдахаасаа өмнө ойлгох арга бол ном. Учир нь хорвоогийн амьдрал бүхэлдээ
номонд шингэсэн байдаг. Олон мянган жилийн туршид амьдарч ирсэн хүмүүсийн алдаа
оноо, ухаан билэг зөвхөн номонд байдаг тул түүнийг хичээнгүйлэн сурах хэрэгтэй гэж
захина. Нэгэнт Тулуй эзэн өөд болж, Сорхугтани хатан тэдэнд эцгийн оронд эцэг болон
үлдсэний хувьд өрлөг нинжин сэтгэл, хатуу чанга шалгуур аль алийг нь тэдний өмнө тавина.
Тулуй эцэг нь амьд сэрүүн байсан бол хүүхдүүд нь хэн болон өссөн байх бэ, хаа хүртэл явах
бэ гэдгийг эргэцүүлэн бодож, тэдний төлөө эр нөхрийнхөө хийх байсан бүхнийг хийх
ёстойгоо ойлгосон байв.

Дүн өвлийн тачигнасан хүйтэн сая нэг намдаж Монголын тал нутагт хүн малгүй нуруу
тэнийн баярлах хаврын тэргүүн cap айлчлан иржээ. Сорхугтани хатан Хархорумын хэрмэн
чулууны дөрвөн хаалган дээр хишиг хүлээж байдаг ядууст өглөг тараахаар албатуудаа
дагуулан гарав. Сорхугтани хатны сүйх, бараа бологчид, зам тавигчид гээд олон албатууд
алсаас ч сүр бараатай.

- Хатантан заларч байна гэсэн хэл Хархорумын чулуун ханыг цуурайтуулан сонсогдоход
дөрвөн зүг найман зовхисоос аврал эрэн ирсэн мөргөлчид, ядуус энэ чимээг сонсон нэгэн
дор цугларлаа. Сорхугтани хатан бараа бологсдынхоо хамт тэдний зүг хүрч очив. Тэрбээр
сүйхнээсээ буун ядуусыг харан зогсох зуур "Гуйлга гуйн зогсож байгаа хүмүүст өглөг хүртээх
нь хатны хишиг биш, тэдэнд хийх ажил даалган өгч амин зуулгыг залгуулах нь хатны хишиг
юм" хэмээн бодов. Хатантан өөрийн сангаас авч ирүүлсэн өглөг тэргүүтнийг тараан
өгүүллээ. Эргэн тойрон зогссон гуйлгачдаас болгоомжлон хатны албатууд тэднийг эмх
журамтай байхыг шаардана. Тэдний дунд ноорхой хувцас өмсөж, духанд нь гүн үрчлээ суусан
нэгэн эмгэн хатанд хандан алсаас,

- Хатантан минь. Аврал нигүүлсэл чинь далай болж, ачлал энэрэл чинь буян болог хэмээн
хэлж байгаа сонсогдоно. Хатны хажууд зогсож байсан Ажин,

- Намайг жаахан байхаас л та ядууст өглөг өгсөөр ирсэн. Одоо төрийг засч суугаа хатан эх
болсон ч энэ хэвээрээ буян хийж байгаа нь бахдалтай санагдаж байна гэхэд,

- Буян гэдэг нь барж болдог, хурааж болдог зүйл юм. Тиймээс түүнийг барж амьдардаг хэн
бүхэн энэ мэтчлэн буян үйлдэж дахин хурааж байх ёстой бус уу хэмээв.

Тэрбээр нэгийг санав бололтой,

- Нэгэн цагт Чингис хаан "Бусдын биеийг хураахаар, сэтгэлийг хураа. Сэтгэлийг хураасан
цагт бие нь аяндаа ирэх бус уу" гэж хэлсэн байдаг. Их хаан үнэхээр ухаантай хүн байлаа.
Сэтгэлийг хураасан байхад бие нь ирэхгүй хаачих вэ. Үргэлж биеэ дагуулж явдаг зүйл бол
сэтгэл байдаг гэдгийг тэр хүн сайн мэддэг байжээ. Аливаа хүн ч өөрийн биеийг засахын тулд
юун түрүүн сэтгэлээ засах хэрэгтэй. Сэтгэлээ засаагүй хүн өлөн ирвэс мэт хурц, өвдсөн хүн
мэт зовлонтой байх бус уу гэв. Хатан ийн хэлээд албатаа дуудан,

- Ихэс дээдэс энэ мэт өглөг хишиг тараах нь хаант төр хийгээд, хувь хүний буяны үйл,
ашдын сайн сайханд тустай хэрэг хэдий ч, нэгэнт ирэх өглөг хишгийг горилон суугч хэн
бүхэн алгаа тосон угтаж, ам тосон хүртсээр бие хүчгүй, ухаан дорой болох тул ийн өглөг
тэргүүтнийг гол болголгүй, Хархорумын ядуусыг зүгээр суун өглөг горилогчид болгохгүйн
тулд, хааны эзэмшилд байгаа мал хуйг хариулах, ихэс дээдсийн хар бор ажлыг эрхлүүлэх
үүргийг давхар олгон, ажил хийвэл ам тосдоно гэдэг үгийн үнэнийг ойлгуул хэмээн
зарлигдлаа.

Энэ цагаас хойш хатны зарлигаар Мэнгүд хэмээх нэгэн аймаг олон байгуулагдаж, Хархорины
ойролцоо гуйлга гуйн суух ядуусыг нэгтгэн нэг отог болгож, мал ахуй тасдан өгч, тус бүрт нь
өрх тусгаарлууллаа. Хархорины хаалган дээр гуйлгачин үзэгдэхгүй болсныг хүмүүс эхэндээ
анзаарсангүй ч сүүл сүүлдээ гайхацгаалаа. Байхад нь ганц ширхэг ааруул ч шидчихдэггүй
байсан тэр хүмүүс нэг их хэрэгтэй юм нь алга болсон мэт үгүйллээ. Тэдгээр иргэд хатны
хайр хишгээр амьдрал ахуйгаа залгуулан, зүгээр суухгүйгээр хөдөлж байж хоолоо олдог юм
байна гэж ойлгож эхэлсэн юм. Энэ хүмүүс ажил хийвэл ам тосдон, идэх халуун хоолноос
гадна унтах дулаан газрыг ч олж болдог гэдгийг ухаарчээ.

Удтал үргэлжилсэн аян дайны сураг чимээ сая нэг дуулдаж Сүн улсад дайтахаар явсан
Өгөөдэй хаанаас чимээ ирсэн нь алтан ургийнхны сэтгэл зүрхийг ёгхийлгэсэн хүндхэн мэдээ
байлаа. Хэдийгээр гурван замаар дайтсан Өгөөдэй хааны их цэрэг амжилттай байлдан яваа ч
хаан ор залгах магадлал хамгийн өндөр байсан хайртай хүү Хүчү нь дайны талбарт амиа
алдсан тухай гашуун үнэн Хархорумын чулуун хананд ойн ирж сонсогдлоо. Өгөөдэй хаан
нэгэнтээ өөрийн араас хайртай хүү Хүчүгээ хаан ширээнд суулгана гэж хэлж байсан удаатай.
Гэвч хүү нь цагаасаа эрт мөнх тэнгэртээ одсон энэ гашуун уй Өгөөдэй хааны Сүн улсад хийх
аян дайны хөлгийн жолоог өөр зүгт залж ч мэдэхээр болоод байлаа. Энэ гунигт мэдээ ирсэн
тэр өдөр Сорхугтани хатан өргөөндөө бодолд автан суулаа. Тэр нэгэн өдөр Өгөөдэй хаан
ширээнд суусны дараахан Тулуй эзэн өөд болсон гунигт өдрүүдийн ард Их Аурагт Өгөөдэй
хаан өөрийн хүү Хүчү, Тулуйн хүү Мөнх нарыг хоёр талдаа суулган,

- Миний дараа хаан ор залгах хүмүүс бол энэ хоёр хүү юм гэж хэлж байсан билээ. Өгөөдэйн
хүү Хүчү бол хааны хамгийн хайртай хүү. Харин Мөнх бол Өгөөдэй хааныг нэгэн насны
харамсалд унагаад явсан Тулуй эзний том хүү. Тулуй эзэн угаас Чингис хааны отгон хүү,
голомт залгах учиртай нэгэн байсан ч, хаан ахынхаа төлөө амьдрал туршаа явж, эцэст нь
хааны оронд хаан болон, төрсөн ахынхаа өмнөөс золио болсон тул Өгөөдэй хаан ийм
шийдвэр гаргасан байж болох юм. Тэгвэл тал нутагт хааны үр хаан болдог дэг жаяг эвдэгдэн,
Тулуйн хүү хаан ширээнд суух болно. Өгөөдэй хаан нэгэн цагийн өглөг авлагыг, гүн
сэтгэлдээ бодож ийм шийдвэр гаргасан буй за. Харин энэ эрхийг зөвхөн Мөнх хүүд олгохгүй
Хүчүд давхар олгож байгаагийн учир юу билээ. Өгөөдэй хаан яриагаа үргэлжлүүлэн,

- Хаан эцэг минь намайг өөрийн дараа хаан ор суулгах хүнээр зарлаж байсан тэр үед "Хэрэв
Өгөөдэйн үр хүүхэд өвсөнд ороовч үхэр идэхгүй, өөхөнд ороовч нохой долоохгүй юм төрөх
аваас миний ураг төрлийн дотор нэгэн хүү нь сайн төрөхгүй юу" хэмээн хэлж байсан.
Тиймийн тул хойд үеийн ач нарт минь өвсөнд ороовч үхэр идэхгүй өөхөнд ороовч нохой
шиншихгүй юм төрөх аваас, хандгай харшийг давах мэт олиггүй үрийг ширвэж, их хааны
суурийг уламжилсугай. Араатан бүхнээс айх хулгана мэт тусгүй үрийг орхиж их хаанд зүтгэх
болгосугай! хэмээн зарлигдаж байсан.

Гэтэл одоо хаан ор суух дараагийн хүн мөнх тэнгэрийн тааллаар үүрд оджээ. Хэрхэх билээ.
Энэ мэдээ Сорхугтанийн хувьд Мөнх хүүд нь хаан ор суух нэгэн таатай боломж гарч байна
гэж бодохоос илүүтэйгээр Монголын төрд хүндхэн үе тулгарч байгааг сануулна. Түүний зөн
билэгт нэг л сайны тэмдгээр бууж ирээгүй энэ мэдээ тун удахгүй эзэнт гүрний нутгаар
тархан улмаар баруун зүгт дайтаж яваа хан хөвгүүдийн чихэнд хүрсэн байв.

Алтан ургийн хан хөвгүүд Кипчакийг бут цохиж баруун зүгт түрээд, Булгар, Башкирыг эзлэн
авч цаашилжээ. Энэ үед Сүбээдэй Булгарт Волгын зүг, Мөнхийн цэргүүд Турк, Кипчакийг
эзлэн, олзонд авсан цэргүүдээ авч Оросын зүг мориныхоо жолоог залан улам цаашилсаар
байв. Сорхугтани хатны сэтгэл зовж байсанчлан хан хөвгүүд эв найртай байж чадах болов уу.
Тэд хамтын хүчээр тулаанд ялалт байгуулсан хэдий ч, дотоод сэтгэлдээ хүн бүр өөр өөрийн
ялалтын дууг эх нутаг Монголын талдаа цуурайтуулах нууцхан хүслийг агуулж явлаа. Энэ нь
нөгөө талаар Өгөөдэй хааны хайртай хүү Хүчү Сүн улстай хийж буй дайны талбарт амь насаа
алдсан явдлаас үүдэлтэй байж болох. Хэдийгээр Өгөөдэй хаанд олон хүү байсан ч нэгэн цагт
Чингис хааны "Миний ач хөвгүүдийн дотроос нэгэн хүү нь хаан болох бус уу" гэж хэлсэн үгс
өнөө хэр тэдний зүрх сэтгэлийн нууцхан хүсэл мөрөөдөл болон амьдарсаар байлаа. Хан
хөвгүүдийн бүгдийнх нь дотор байсан энэ нууцхан хүсэл хэсэг хугацааны дараа ил болж
ирсэн тэр нэгэн өдөр Их эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол улсын хувь заяа цааш
хэрхэх тухай бодоход хүргэв.

Дайны олз омог ялалтын уухай хадуулсан дайчин эрс, хан хөвгүүд баруун зүгт илтэд ялалт
байгуулан, хорин жилийн өмнө Чингис хааны байгуулж байсан ялалтын дууг өрнөдөд хадаан
байлаа. Тэр цагт тал нутгийн жижигхэн эрс, морьдын туурайд талхлагдсан газар орон улам
нэмэгдэж, энэ ялалтын сүр дуулианаар олон зууны тэртээгээс бие биеийнхээ эсрэг харж
ирсэн шашны томоохон хүчин, христийн болон ислам шашинтнуудыг тал нутгийн айхтар
хүчний эсрэг нэгдэн зогсох шийдвэрийг гаргах хүртэл чичрүүлсэн юм. Ромын Пап тал
нутгийн дайчдын ялалтын дуу эх нутагт нь улам бүр ойртон ирж

байгаад сэтгэл зовинон, өөрийн элч, туршуулыг Булгар, Башкирын тал нутаг уруу илгээж
тандуулан байхад, Лалын шашинтнуудын манлай Асоссиануудын толгойлогч Уулын өвгөний
элч Ромын Папад бараалхан тал нутгийн Монголчуудын эсрэг хамтран тэмцэх саналыг тавьж
байлаа. Алтан ургийн хан хөвгүүд ялалтаа тэмдэглэн нэгэн дор цуглаж, хөлгүй найр хэдэн
хоногоор үргэлжлэв. Дэлхийг эзэгнэгч эзэнт гүрний сүр хүч далай тэнгисийн мандалд
хүртэл цуурайтна.

Зүчийн ууган хүү Батын нүүдлийн өргөөнд алтан ургийн хан хөвгүүд бүгд цуглажээ. Хэдэн
жилийн өмнө эх нутгаасаа гарч байсан тэд өнөө дайн тулааны талбарт идэр насаа өнгөрүүлж,
хат суусан эрчүүд болсон нь харагдана. Эгнүүлэн зассан ширээн дээр идээ шүүс дэлгээстэй,
хавтай найр цэнгэл ид дундаа явж байлаа. Хан хөвгүүд ихэд халамцжээ. Энэ үед гаднаас Бат
орж ирэв. Өргөөний хойморт байх сэнтийдээ очиж суусны дараа нь тэд Батын орж ирсныг
сая анзаарлаа. Бат өмнөх ширээн дээрээс шивэгчний аягалж өгсөн аягатай сархдыг авч,
- Хорин жилийн өмнө хаан өвгийн эзэлж явсан нутгийг өнөөдөр хан хөвгүүд бид улам
тэллээ. Их Монгол улсын сүр хүчин энэ дэлхийг донсолголоо. Их эзэн хаан үгүй ч, ирээдүй
хойч нь түүний үйл хэргийг үргэлжлүүлж байгааг бид харууллаа. Энэ мэт ялалтыг алтан
ургийн ахмад хөвгүүний хувьд бахдан ерөөж байна хэмээн хундага өргөн сархдаа хүртлээ.

Энэ үг хааны удмын бусад хөвгүүдийн хувьд өөр зүйлийг бодогдуулсан бололтой. Хэн хүнгүй
дор бүрнээ "Нэгэнт хааны ор залгах суудал эзэнгүй болсноос Бат ахмад хөвгүүний хувиар
хаан суудлын төлөө санаархаж байна" гэсэн бодол төрж, тэдний дундаас Цагаадайн хүү Бурхи
хэмээх жанжин ихэд эгдүүцсэн нь харж буй нүднээс нь илт. Тэрбээр цэргийн гарамгай
жанжин хэр нь сархдад дуртай. Халамцсан үедээ хаан эзэн, харц ард хэнд ч хамаагүй хэлэх
гэсэн үгээ хэлчихдэг нэгэн байв. Олон удаагийн дайн тулаанд онцгой гавьяа байгуулсан
түүний зүтгэлийг хэн хүнгүй үнэлдэг болохоор халамцуудаа хэлсэн хатуухан үгийг нь хүмүүс
тэгсгээд мартдаг, тал нутгийн хүний зангаар орхидог байлаа. Бурхи босон ирж нүдээ
онийлгон Батыг харж зогссоноо ойртон ирж, ам хамар нь эвлэж өгөгүй байгаа бололтой
шүлсээ үсчүүлэн,

- Алтан ургийн ахмад хөвгүүн гэнэ үү. Чи өөрийгөө бидний ахмад нь гэж санана уу. Юунд
санаархан ийм зүйл ярьж байгааг чинь бид мэдэхгүй гэж бодоо юу гэх нь тэр. Араас нь Гүюг
босон ирлээ. Тэр нэлээд халамцсан бололтой,

- Би хаан эзний ахмад хүү атал Бат чи юуны учир бидэнд ерөөлийн хундага өргөнө вэ.
Өөрийгөө биднээс илүү гэж сэтгэнэ үү? хэмээн агсрахад Бат уурсан,

- Та нарыг нүдээ нээгээгүй гөлөг байхад би хандгай харвах анчин байлаа. Та нарыг эхийнхээ
хөхийг олохгүй тэмтэрч байхад би өвөг эцгээрээ цэргийн эрдэм заалгаж явлаа. Өнөө та нар
надад ахархах уу хэмээн Гүюг, Бурхи хоёр руу дайрав. Гүюг уурсан,

- Бат бол алтан ургийн хүн биш. Мэргэдийн орхидос. Тиймээс Батын үгийг үг гэж сонсох
хэрэггүй, түүнд модон сүүл зүүлгэвэл зохино гэж нэмж хэлэх нь тэр. Энэ үг Батын энгэр
цээжийг ураад хаячих шиг болоход тэрбээр босон ирлээ. Нэгэн цагт Чингис хаан дараагийн
хаан ор суух хүнээ хэлэлцэн байсан тэр өдөр Цагаадай, Зүчи хоёр энэ үгнээс муудалцаж их
хэрэг мандаж байсанчлан, энэ удаад ч түүнээс дор хэрэг мандах нь тэр. Хөвгүүдийн дундаас
Мөнх босч Батын өөдөөс цамнан байгаа Гүюгийн мөрнөөс нь татаж доош суулгаад,

- Гүюг та хааны том хүү хэдий ч, бид бүгд эзэн хааны ач нар, алтан ургийн хан хөвгүүд. Бат
ах бол бидний дундаас ахмад нь тул түүний үгийг түрүүлж сонсох нь зөв бус уу? гэхэд Гүюг
халамцуу нүдээр Мөнхийн зүг заналтайгаар харж,

- Чи бид хоёр тэнгэрт тэтгэгдсэн ах дүү атал чи хааны хүү намайг эс тоож Батыг өмгөөлж
байна уу? гэв.

Мөнх Гүюгийг тайвшруулахыг оролдох авч тэр уурссан хэвээр.

- Нутгаас гарахад захисан эхийн минь захиасыг умартав уу? Бид эвтэй байж чадсангүй гэж
Мөнх хэллээ.
Гүюг уусан сархад, уур хоёроо барьж чадахгүй байгаа бололтой. Тэр Батад уурлаад зогсохгүй
Мөнхөд бас дургүй нь хүрч байлаа. Гүюг Мөнхөд,

- Хаан эзний хүүг хүндлэхгүй байж, хатан эхийнхээ захиасыг бидэнд сануулна уу гэж
агсамнаад хуруугаа чичин Батыг зааж,

- Чи бол сахалтай л болохоос чавганцаас ялгаагүй гэж нэмж хэлэв. Алтан ургийн хан
хөвгүүдийн найр гурвалжин дөрвөлжин маргаанаар үргэлжиллээ. Хэдэн арван орон хотыг
эзэлж, хэдэн сая хүнийг нэгтгэсэн энэ хүчирхэг эрс одоо бол нялх хүүхдээс дор аашилж
байна. Төрсөн цагаасаа л хааны удмын тансаг амьдралаар амьдарч өөрсдийгөө дэлхийн эзэн
хэмээн сэтгэж өссөн энэ залуус үнэндээ юугаар ч дутаагүй. Гагцхүү тэдний сэтгэл зүрхэнд
бадамлан өөр өөрийн байраа эзэлсэн бүгдийн эзэн болох нууцхан хүсэл энэ удаад ил гарч,
энэ тэмцэл тэднийг насан туршид нь хагаралдууллаа. Хөл толгойгоо олохгүй ширүүн
тэмцэлдээний дараа Бат орд өргөөнөөсөө Гүюг, Бурхи нарыг хөөн явуулж, энэ хэрэг явдал түр
намжив. Тэр явдлын дараахан Бат Монголын тал нутаг уруу элч илгээж, Өгөөдэй хаанд энэ
хэрэг явдлын талаар мэдүүлсэн даруйд Гүюг Бурхийн хамт нутгийн зүг хүлгийн жолоо
заллаа. Бат аян дайнаа цааш үргэлжлүүлэн эзэнт гүрний газар нутгийг тэлэхээр мордов.
Гүюг ингэж нутгийн зүг хүлгийн жолоо залсан нь өнгөн дээрээ Баттай хагарсан хагарал мэт
харагдавч, цаад санаа нь хаан ор залгах хүн үгүй болж, Өгөөдэй хаан өөрийн ор
залгамжлагчаар хэний нэгнийг дахин зарлах болж байгаатай холбоотой байлаа. Гүюг бол
Өгөөдэй хааны ууган хүү. Хааны үр хаан болдог бол Гүюг энэ удаад хаан аавыг ор залгах хүн
мөнөөс мөн хэмээн бодож явлаа.

Орчлонгийн өнгийг тодруулан гийгч наран хэдэнтээ мандан жаргаж, газар дэлхий дээрх өдөр
хоногийг нэг нэгээр тоолсоор ахуйд, төрийн хэргийг хамааран үлдсэн Сорхугтани хатны
хувьд хийх ажил, шийдвэрлэх асуудал мундахгүй их гарсаар, тэр бүрийд цэцэн ухаан, холч
хараагаараа учир зүйг нь олсоор тэр нэгэн өдөртэй золгов.

Хаан эзэн Өгөөдэй, аян дайнаас буцан ирж яваа мэдээ тал нутагт ирснээр, хатан төрийн олон
асуудалд толгой өвдөн суухгүй болж, сая нэг судар номын хуудас эргүүлэн шагайх зав чөлөө
ирж буйг мэдрэв. Энэ бол гурван жил гаран үргэлжилсэн их аян дайн сая нэг түр амхийж
Сүн улс найрамдлын гэрээ байгуулах санал тавьж, хоёр талаас хэлэлцээр хийж, найрамдсан
байлаа. Энэ хэлэлцээрийн дүнд Сүн улс их Монгол улсад жил бүр хоёр зуун мянган лан
мөнгө, хоёр зуун мянган хуй торго төлөх үүрэг хүлээжээ. Тал нутагт аян дайны чимээ
ялалтын уухайтай хамт ирж баяр авч ирдэг ёсоор Өгөөдэй хаан эх нутагтаа ирлээ.

Талын салхинд эх нутгийн агаараа цээж дүүрэн амьсгалан зогсох Өгөөдэй хааны их цэрэг аян
дайны олз омгоо эх нутагтаа буулгаж байв. Урьд их цэргээ хөдөлгөн дайнд явснаас даруй хэд
дахин илүү нүүдэл Монголын тал нутагт ирж буув. Мал амьтнаас эхлээд есөн зүйлийн эд
бараа, үнэт эдлэл, зааны соёо, алтан бүс, хундага, хуйгаар торго, хунзаар цай, элдэв амттан
тэргүүтэн тэрэг тэргээр бууна. Дэлхийг эзэлсэн их гүрний баялаг дуусч дундаршгүй мэт
арвижсаар.

Хаан эзэн гурван жилийн өмнөхөөс илүү буурал сууж, магнайн үрчлээ нь нэмэгдсэн
харагдана. Сархдад ихэд шунаглах болсон нь илт, нүд нь сэлхийж, зовхи нь унжсан байлаа.
Өгөөдэй хааны байр байдлыг ажиглан харвал, сэтгэл санаа нь хүндхэн байгаа нь илт. Тэр
дайны олз омгоос илүүтэй, гарз хохирол амсчээ. Өөрийн араас хаан ор сууна гэж итгэж явсан
хайртай хүүгээ дагуулан явсан Өгөөдэй, эцэг хүний хагацлыг амсан Хүчү хүүгээ хүний
нутгийн хөрс шороон дор үүрдийн амгалангаар нойрсуулаад иржээ. Хаант төр газар нутаг,
хүн амаа алдахтай адил, эцэг хүнд үр хүүхдээ алдана гэдэг юутай гаслан билээ. Их монгол
улсын хүчирхэг хаан хэдий ч, энэ л газар дэлхий дээр өрхөө татаж, галаа асаасан эр хүний
хувьд энэ зовлонг гэтэлгэж явна.

Төрийн хэргийг засч үлдсэн Сорхугтани хатан, сайд түшмэдийн хамт хаан эзнийг тосон
авлаа. Хааны хатад, хан хөвгүүд түүнийг дагалджээ. Хархорумд буух их цэргүүд төрөлх
нутгийнхаа агаарыг цээж дүүрэн амьсгалан зогсоно. Гэр тэрэгнээсээ буун ирж буй хаан
эзний өөдөөс хүрч очсон Сорхугтани хатан амар мэндийг нь мэдэн угтав. Дэлхийн талыг
эзэлсэн хүчирхэг гүрний нийслэл Хархорум өнөө бүр ч хөл хөдөлгөөн ихтэй болжээ. Хаан
эзний аян дайнаас эргэж ирж буй сургаар дайнд мордсон үр хөвгүүдээ эсэн мэнд эсэхийг
мэдэж, олон жилийн турш санасан сэтгэлээ тайлахаар дөрвөн зүг найман зовхисоос настан
буурлууд, хүүхэд эмэгтэйчүүд Хархорумд ирсэн байлаа. Гурван жилийн сураг чимээгүй
байдал эцэс болж, тэнгэр бурхандаа сүслэн залбирч, идээ цагааныхаа дээжийг өргөж суусан
эхчүүд, олон холхисон их цэргийн дундаас үрсээ хайж байгаа харцыг зүйрлэн хэлэх үг юу
билээ. Тэдний цоргисон нүдэнд түгшүүр, баяр баяслын аль нь тодрон гийхийг мөнх тэнгэр л
мэдэж байгаа.

Хаан эзэн Хархорумд эргэн ирээд Сорхугтани хатныг дуудуулжээ. Өгөөдэй хаан өргөөндөө
төрийн сайд Елүй Чуцайн хамт байв. Их эзэн хааны үеэс ухаан билгээрээ онцгойрсон энэ хүн
өнөө ч Өгөөдэй хаанд хүч, ухаанаа зориулж яваа юм. Өгөөдэй хааны өмнө зүгт хийсэн дайны
үеэр нэгэн газар нутгийг эзлэн, малын бэлчээр болгох саналыг хаан эзэн гаргахад, Елүй
Чуцай уран ухаан сэдэж "Малын бэлчээр болгон эзлэн авахын оронд, тариан талбай болгон,
тариачдаас татвар авч байвал хааны сан илүү арвижих болно" гэдэг санал хэлснийг ёсоор
болгож, тун удалгүй тэр газрыг байлдан эзэлснээс илүү татвар хааны санд ирж байсан юм.
Энэ үед Өгөөдэй хаан "Урт хар сахалтын хэлдэг үнэн байжээ. Эцэг хаан минь энэ хүний
ухааныг эрт мэджээ" гэж сэтгэл хөдлөн өгүүлж байсан удаатай. Сорхугтани хатныг
дуудуулсны дараа Өгөөдэй хаан Елүй Чуцайд хандан,

- Сорхугтани миний эзгүйд, хааны гаргасан зарим нэг зарлигийг дураар өөрчилсөн хэрэг
гарчээ хэмээн эргэлзэнгүй өгүүллээ. Энэ үгийг сонссон Елүй Чуцай урт хар сахлаа шувтран,

- Сорхугтани бэхи хатан эм хүн атал эр хүнээс илүү холыг харж, хоёрыг бодсон зүйл их
хийжээ гэж би сэтгэж байна гэв. Елүй Чуцайн энэ мэт хатныг магтан сайшааж байгааг хаан
эзэн сайн ойлгосонгүй. Урт сахалт яриагаа үргэлжлүүлэн:

- Хаан эзнийг эзгүйд хааны сан илтэд арвижсан байна. Сүм хийдээс авдаг татварыг байхгүй
болгосон ч, худалдаачдын дурын үнээрээ арилжаа наймаа хийж, дээрээс нь арван хувийн шан
харамж нэмж авдаг байсныг болиулсан нь үнэндээ бол сүм хийдээс авдаг татвараас хамаагүй
их мөнгийг хааны санд үлдээсэн хэрэг болж. Өнөө Хархорумд гуйлга гуйн суух хүмүүсийг
нэгтгэн Мэнгүүд аймаг олныг байгуулан, мал ахуй тасдан өгч, аж амьдралыг нь залгуулсан
байна. Эзэнт улсын өнцөг булан бүрд хааны нэр барин татвар хураагчдыг цэгцлэн, хаан эзэнд
үнэнч хүмүүсээр дахин томилсон зэргээс энэ хугацаанд хааны сан арвижин, ардын сэтгэл
амарсан байгаа нь харагдлаа хэмээв. Энэ үед Сорхугтани хатан гаднаас орж ирлээ. Өгөөдэй
хаан Сорхугтанийг хүлээн аваад,

- Эзгүй хойгуур минь хааны сан хөмрөг арвижиж, ардын сэтгэл санаа тайвширсныг Елүй
Чуцайгаас сонсож суулаа. Хааны сан арвижихын хэрээр ардын сэтгэл санаа үймэрдэг ёсон
байхад энэ хоёрыг хоёуланг нь амирлуулж чадсан хатан чамаар бахархаж байна гэв.

Их Эзэн Чингис хаанаас эхлээд түүний цэцэн билэг, оюун ухааныг олж танин, хүндлэл
үзүүлэн ирсэн ч хааны энэ үг Сорхугтанид яагаад ч юм бэ их урмыг өгөх шиг боллоо. Хаан
түүнийг зүтгэлийн мөн чанарыг олж харжээ. Түүнд ийн ойлгуулсан хүн нь Елүй Чуцай
байсан хэдий ч, хаан эзэн өөрийн дүгнэлтийг хийсэн байна. Сорхугтани хатан, хааны байр
байдлыг анзааран хараад, сэтгэл зовсон өнгөөр,

- Баруун зүгт дайнд явсан хан хөвгүүд эе эвдрэлцсэн хэл ирлээ. Алтан ураг хөнжил дотроо
зулгаалцах нь яавч сайн хэрэг биш тул миний сэтгэл ихээр чилж байна гэв. Өгөөдэй хаан энэ
мэдээг анх сонсож буй бололтой,

- Алтан ураг хөнжил дотроо зулгаалцан байна гэнэ ээ?

- Хан хөвгүүд ялалтаа тэмдэглэн баярлаж байх зуур Гүюг Баттай маргажээ. Тэр Батыг ёсгүй
үгээр хэлсэн бололтой гэв. Өгөөдэй хаан Гүюгийн Батад юу гэж хэлснийг шууд ойлголоо.
Хэзээнээс алтан ургийнхны хамгийн эмзэг үг байсаар ирсэн мөнөөх үгийг хүү нь хэлжээ
гэдэг нь тодорхой. Хүүгийнхээ энэ зохисгүй үгийг хэлж Батын сэтгэлийг өвтгөсөн гэсэн
мэдээнд хаан эзэн ихэд уурслаа.

- Бид бүгдээр мартсан байхад өнөө миний хүү Гүюг ахмад хөвгүүн Батад энэ үгийг хэлж
байгаа нь эцэг миний голыг харлууж, тэнгэрт суугаа өвгөдийнхөө ясыг өндөлзүүллээ. Сэтгэл
минь өвдөж байна гээд хэсэг чимээгүй суусны дараа,

- Нэгэнт хан хүү Хүчү минь тэнгэрт халилаа. Эцэг хааны байгуулсан их Монгол улсын хувь
заяанд сэтгэл чилээн өвчүүн доторх хөндүүр арилаагүй байхад, Гүюг бас зохисгүй үгийг
хэлж ахын сэтгэлийг шархлуулаа. Энэ тухай хэлж зөвлөх хэн сэн билээ гэж хэлээд өмнөх
сархдаа авч хөнтрөнгөө,

- Ингэж сархад зооглох нь сэтгэлийн зовинолоос түр ч атугай хагацуулах юм даа хэмээв.
Үнэндээ дэлхийн эзэн их хаан хийх зүйлгүйдээ хөлчүүрэн буй хэрэг биш юм гэдгийг
Сорхугтани ч мэдэж байсан хэр нь хаан эзний сархданд дурлах дутагдлыг дотроо буруушаасан
хэвээр байв.

Тэр шөнөдөө Өгөөдэй хаан ихийг бодож нойр хугаслан хонов. Хаант төрийн ирээдүйд сэтгэл
зовинон байсан ч эзгүй хойгуур нь төр улсыг нь чадамгай удирдаж байсан, Сорхугтани хатны
эм хүнээс хэтийдсэн ухааныг бахдан бодно. Хаан эзэн Сорхугтани хатны эзэмшилд байсан
ард олныг тасдан авч хүү Годондоо өгч байсан тэр цагийг дурсаад дотор нь харлан, өөрийн
гэмээс ичих шиг боллоо. Өөрийн гэх бүхнээ Өгөөдэйн төлөө өргөж байсан Тулуйн гэр
бүлийн өмнө алдаа хийснээ дахин ухаарав.

Тэд өдрийн маргааш Өгөөдэй хаан зарлиг болгож хаант төрийн ихэс дээдэст зар тараан
цуглуулж,

- Сорхугтани хатны эр нөхөр, өөрийн дүү Тулуйн амьд сэрүүндээ захирч байсан арван хоёр
түм есөн мянган цэрэг ба арван түм нэг мянган харьяат ардыг нь Сорхугтани хатны мэдэлд
дахин шилжүүлснээ зарлав. Тэрбээр Сорхугтани хатанд дайны олз омгоосоо Хэбэй мужид
эзэмшил газар олгон, мөн баруун зүгт Бухара хотод харьяат ард иргэд эзэмшил газрыг тасдан
өгөв. Хааны сан хөмрөг арвижин эзлэгдсэн улс гүрнүүдээс ирэх алба татварын хэмжээ ч
нэмэгдсээр байлаа.

Хаан эзнээ даган аян дайнд явсан хааны хатад дайны олз омог дүүрэн ирж, тал нутагт урд
өмнө харагдаж үзэгдэж байгаагүй тансаг эдийг улам ихээр хэрэглэдэг болжээ. Алт мөнгө,
шүр, сувд тэргүүтнээс эхлээд Табризийн хушга, Ширазын шигтгэмэл, Кушаны хивс, өмнө
зүгийн хоргой торгонууд хуй хуйгаар бууж байсан цаг. Ихэс дээдэс өдөр бүр өөр өөр өнгийн
дээл хувцсаар гангаран явах нь олонтаа. Тэр ч бүү хэл уламжлалт хэв маягийг эвдэн өөр
өөрийн загвараар дээл хувцсаа урлуулан өмсөж явах хатад тэдний дунд цөөнгүй. Үнэхээр Их
Монгол улсын хаяа өдрөөс өдөрт тэлэн буйн илрэл ихэс дээдсийнх нь төдийгүй хүн ардынх
нь эдлэл хэрэглэл, өмсгөл зүүсгэл, идэж уухаас нь харагдаж байлаа. Алтан ургийн
эмэгтэйчүүдийн төлөөлөл эзэн хааны охид өнөө бараг үлдсэнгүй. Харин бэр бүсгүйчүүд, тэр
дундаа Өгөөдэй хааны хатад бэрүүд энэ үеийн Хархорумын баян тансгийн дээдийг эдэлж
хэрэглэх болов. Тэдний дунд цаг өнгөрөөх зүйл нь ихэс дээдсийн явдал, элдэв хов живд
анхаарлаа хандуулах төдийхөн байсан бол Өгөөдэй хаан аян дайнаас буцан ирсний дараа
Сорхугтани хатныг илтэд магтсан явдлыг өөр хоорондоо ярилцах болжээ. Нэгэн цагт
Сорхугтани хатанд төдийлөн сайнгүй ханддаг байсан их хатан Мүгэ тэнгэрийн тааллаар
буцаж, Дөргөнө хатан хааны хатдын дотор нэр хүндтэй нэгэн болжээ. Түүний өөрийн байр
сууриа бэхжүүлэх болсны шалтгаан нь Мүгэ хатны тэнгэрт хальснаас үүдэлтэй хэдий ч, Сүн
улсад дайлсан Өгөөдэй хааны аян дайнд цэцэн ухаанаа уралдуулан, хаан эзнээ амжилтанд
хүргэж байсан суу билэгт оршиж байлаа. Алтан урагт орж ирэхээс эхлээд сайн харьцаатай
байсан Сорхугтани, Дөргөнө хоёрт өнөөхөндөө бие биедээ санах муу санаа үгүй тул хэн
хэнийгээ энэ хэдэн жилд их л үгүйлсэн нь илт. Гэвч өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд
хаант төрийг хатан

ухаанаараа жолоодож байсан гэсэн сайн нэрийг Өгөөдэйн хатан бус, аль эрт тэнгэрт одсон
Тулуйн эхнэр авч байгааг тэр дотроо төдийлөн таашаахгүй байлаа.

Сорхугтани хатны өргөөнд Дөргөнө хатны шивэгчин Фатима орж ирэв. Тэрбээр дайны олз
омог, бэлэг сэлт, хоргой торгоны дээж, сувдан зүүлт шүрэн унжлагын хамт хатны өмнө авчирч
өргөн барилаа. Фатимагийн байр байдлыг ажиглан харвал тэр эрс өөрчлөгджээ. Хаан эзний
аян дайнд Дөргөнө хатныг дагаж гурван жил гаруй яваад ирсэн энэ эмэгтэйг одоо харахад
тэр жил харж байсан ислам шүтлэгт зарц биш болжээ. Байнга өмсөж явдаг хар өнгийн
хувцсаа тайлж оронд нь саатай торгон ууж өмсөж, толгойгоо битүүлэх хар өнгийн алчуураа
эрээн пансаар сольж, нүүрнийхээ гивлүүрийг авчээ. Хар гивлүүрийн цаанаас далдиран
байсан хоёр нүд нь хатны өөдөөс эгцлэн харж байна. Нүднээс бусдаа хүнд харуулж байгаагүй
энэ эмэгтэй уг нь царай зүс сайхантай нэгэн ажээ. Фатима хатны өөдөөс дальдрахгүй эгцлэн
харж,

- Дөргөнө хатан танд хүргүүллээ. Дайн тулааны олз омгийн дээжийг хатан танд барьж буйг
нь хүлээн авна уу хэмээн хэлэхэд Сорхугтани хатан Фатимагийн Монгол хэлээр маш цэвэрхэн
ярьж сурсан болохыг анзаарлаа. Тэр аль хэдийн Дөргөнө хатны ивээлд бүрнээ багтаж, хатан
эхийн өмнө нэр олоод, өнөө өөдөөс нь дальдрах ч үгүй ширтэн байгаа нь Сорхугтанид таагүй
санагдав. "Түрийний бөөс дээш өгсөн, толгойд гарах нь сайны хэрэг биш дээ" хэмээн бодох
зуур,

- Бөөр нь бөгсөндөө, цэр нь цээжиндээ байх бус уу. Хатны хишигт талархав гэж хэлэхэд
Фатима сая цочин, хатны энэ үг өөрт нь зориулагдлаа гэдгийг ойлгоод гарч явлаа.

Сорхугтани хатанд бэлэг сэлт хүргэн өгөөд Фатима Дөргөнө хатны өргөөнд орж ирэв.
Тэрбээр хатны өөдөөс эрх муур шиг шарвалзан очоод нааш цааш харан,

- Сорхугтани хатанд таныг бэлгийг хүргэн өглөө. Харин тэр надад хэлсэн, танд дайлгасан нь
мэдэгдэхгүй үг хэлж явууллаа гэв.

- Ямар үг дайв?

- Бөөр нь бөгсөндөө, цэр нь цээжиндээ гэж хэлүүллээ гэв. Дөргөнө хатан энэ үгийг сонсоод
нүүр нь минчийгээд

явчихлаа. Тэр Фатимаг гарган явуулаад өргөөндөө цухалдан амьсгаа өндөртэй сууна. "Бөөр нь
бөгсөндөө, цэр нь цээжиндээ" хэмээн давтан хэлнэ.

Баруун зүгт дайтахаар явсан Өгөөдэй хааны хүү Гүюг, Бурхи жанжин нар буцан иржээ.
Дайны тоос буугаагүй, өнөө хэр хэрхэх нь тодорхойгүй байгаа тулааны талбарыг орхин,
Монголын тал нутагт ирсэн хүүтэйгээ уулзахын өмнө Өгөөдэй хаан Гүюг, Бурхи нарын
цэргийн жанжид болох Алчидай, Хонхдой нартай уулзаж, болсон хэрэг явдлын учрыг
яриулан, нэгд нэгэнгүй тайлбарлуулж үнэн мөнийг олж мэдсний дараа Гүюг, Бурхи нарыг
дуудуулсан байв. Далдуураа хаан ширээнд санаархан ирсэн Гүюгийн хувьд хаан аавтайгаа
уулзсан энэ уулзалт алтан ургийнхны дунд нэр хүндээ унагах нэгэн том шалтгаан болно
гэдгийг төсөөлсөнгүй. Хааны өргөөнд алтан ургийн ихэс дээдэс тэдний ихэнх нь Өгөөдэй
хааны гэр бүлийнхэн, тэдний дунд Сорхугтани хатан байлаа. Гаднаас Гүюг, Бурхи хоёр орж
ирэн хааны өмнө сөгдөн мэндчлэхэд хаан эзэн хүүгийнхээ зүг нулимстай нүдээр харж суув.

- Бид энэ газрын хөрс шороон дээр төрж өссөн цагаасаа эхлэн ахмадын үгийг дуулж
сонссоор ирсэн байтал та нар алтан ургийн ахмад хөвгүүний өөдөөс зөрж доромжилсон
байна гэж хэлээд хаан эзэн Бурхийг заан:

- Чиний ялыг би шийдэхгүй. Чи өөрийн эцгээс шийтгэл авах ёстой. Цагаадай миний ах тул
тэр хүүгээ хэрхэхийг шийднэ гэж хэлээд Гүюгийг харан,

- Харин Гүюг чи өөрийгөө хэн гэж санав. Өвсөнд ороовч үхэр долоохгүй, өөхөнд ороовч
нохой шиншлэхгүй үр надаас төрлөө гэж үү. Чамайг хороосон ч багадна хэмээн ширүүхэн
хэлэхэд Гүюг төдийгүй өргөөнд байсан хүмүүс намсхийлээ. Хаан ихэд уурсчээ.

- Өмхий ханхлуулан ялзрах өндөг шиг, өрөвдөх сэтгэлгүй араатан шиг, эзэндээ ээлгүй нохой
шиг, тулааны талбарыг орхин ирсэн чамайг хөнөөж орхисон ч багадна хэмээн зандарлаа.
Хаан ийн уурсан байхдаа зүрх нь хүчтэй хатгасан бололтой цээжээ даран буцаж суув. Хааны
биеийн байдал сайнгүй харагдана. Духных нь хөлс бурзайж, шанааны судас нь гүрэлзэнэ.
Өргөөн дотор нам гүм. Хаан хэсэг зуур суугаад тайвшрав.

- Хаан өвгийн сүрээр, хатирагч морины хурдаар орон хотыг эзэлснээ, одоо чи өөрийн хүч
гэж бодно уу. Гэрээсээ гараад эр хүн шиг явж чадсангүй чи гэж уурсав. Хаантан Гүюг, Бурхи
хоёрыг ууртай харна. Тэрбээр өргөөнд цугласан алтан ургийнханд хандан,

- Их цэргээ тулааны талбарт орхин зарга шүүхээр ирсэн энэ хүнийг хэрхэн шийтгэхийг
алтан ургийнхан мэдтүгэй хэмээн хэллээ. Цугласан олон чимээгүй сууна. Тэдний дундаас
Елүй Чуцай,

- Их эзэн Чингис хаан сэрүүн ахуйдаа хээрийн хэргийг хээр шийдэж байсан тул тэр ёсыг
дагаж их цэрэгт нь илгээх нь зөв болов уу гэхэд хаан эзэн өөрийн хүүгээ хэрхэн шийтгэх
ухаанаа олж ядан байсан дотор нь уужирлаа. Елүй Чуцайн араас Сорхугтани хатан:

- Хан хөвгүүдийн эе эвдрэлцсэн нь хаан эзэн төдийгүй алтан ургийнхны сэтгэлийг


чилээлээ. Гэвч нэгэн зүйлийг сануулан хэлэх гэсэн юм. Энэ эвдрэлцлийн үүдийг нээж өгсөн
зүйл бол бор дарс. Сархдад шунаглан ухаанаа алдана гэдэг дараа нэгэн өдөр засаж болохгүй
алдааг ямагт авч ирдэг болохыг сануулах нь илүүдэхгүй биз ээ гэв. Энэ үгийг сонссон хаан
эзэн "Сорхугтанийн энэ үг хэдийгээр Гүюгт хандан хэлсэн боловч, Гүюгээр дайруулан надад
хэлж байгаа хэрэг. Өнөө би хүүгээ зэмлэн буруутгаж байгаа ч, өөрт минь энэ үнэнийг
сануулан хэлэх хүн Сорхугтаниас өөр бий бил үү" гэж бодов. Гэвч тэр өнгөн дээрээ хатны
үгийг дэмжсэнгүй.

- Бор дарсанд хөлчүүрэхдээ ч бодол ухаанаа цэгцэлж явах нь ихэс дээдсийн ёс тул би
Гүюгийг өөрийн муугаас болж энэ хэргийг тарилаа гэж үзнэ гэв. Сорхугтани өөрийнх нь
хэлсэн үг хаан эзэнд таалагдсангүй болохыг анзаарав. Өгөөдэй хаан Гүюг, Бурхи нарт хандан,

- Елүй Чуцайн хэлсэнчлэн хаан эцэг минь нэгэнт хээрийн хэргийг хээр талд шийдэж
байсан. Их цэргээ орхин зарга хийхээр ирсэн яасан бөх сэтгэл вэ, та нар үтэр буцан, их
цэрэгтээ оч хэмээн зандарлаа. Гүюг, хаан эцэгтээ хүүгийн ёсоор ирсэн атал тэр ингэж
буцааж байгаа нь үнэхээрийн ичгэвтэр хэрэг болов. Хаан нэгэнт зарлигдсан болохоор Гүюгт
өөрийгөө зөвтгөн тайлбарлах, алтан ургийнханд өөрийн дотоод сэтгэлээ ойлгуулах боломж
гарсангүй. Хааны өөдөөс ямар ч үг өчих аргагүйгээр өргөөг орхин гарлаа. Гүюг Бурхийн хамт
өргөөнөөс гарч ирэхэд, орой нар жаргаж шижирхэн туяа нь баруун уулын сугаар цухалзан
байв. Тэр зүгт их аян дайн одоо хэр дуусаагүй үргэлжилж байгаа. Хэрхэх нь тодорхойгүй
дайны талбарт орхин ирсэн цэрэг эрс нь тэднийг хүлээж байгаа. "Гэрээсээ гараад эр хүн шиг
явж чадсангүй" гэж хэлсэн хаан эцгийн үг одоо ч чихэнд нь сонсогдсоор. Тэр хамт
зэмлүүлсэн Бурхийг харвал Гүюгийн адил бодолд автжээ. Энэ хоёр хүн хан хөвгүүдийн
дундах маргаанаас болоод хэдэн сарын газрыг туулан байж Монголын тал нутагтаа хэрэг
зарга хийн ирсэн мэт байвч, цаанаа их хаан суух нууцхан хүсэл тээн ирсэн билээ. Санасан
хэрэг талаар боллоо. Хэрхэн буцах вэ, очоод юу гэж хэлэх вэ, дайчин эрсийнхээ нүүрийг
хэрхэн харж, тэдний өмнө дахин хэрхэн баатарлагаар зогсох вэ? Тэнд очиход ахиад хэчнээн
хоног хэрэгтэй вэ?
Хархорумын сэвэлзүүр салхин чихний хажуугаар хүүгэн исгэрч байлаа. Баруун уулын сугаар
жарган буй нарыг харан зогсох Гүюгийг харсан Бурхи нөгөө хэнэггүй зангаараа,

- Чиний нар ч жаргаж байна даа гэж хэлээд хүд хүд инээн цааш алхав. Хор малтсан Бурхийн
энэ үгний хариуд Гүюг жаргаж буй нарнаас харцаа үл салган,

- Маргааш дахиад нар мандана. Нар мандах л болно. Чи хараарай гэхэд, Бурхи эргэн харж,

- Маргааш нар мандаад ч яах юм билээ? хэмээн егөөтэй өгүүлэв.

- Маргаашийн мандах нартай зэрэгцэн би хаан суух болно. Тэр үед би Батаас илүү хаан
болно гэж хэлээд Бурхийн араас алхлаа. Өнөөдрийн нар жарган буй хэдий ч, маргааш нар
манддагаараа мандах болно. Тэр нар чухам хэнийх байхыг мөнх тэнгэр л мэдэх биз ээ.

Өгөөдэй хаан зарлиг болгон нэгэн хүнийг дуудуулсан байв. Энэ хүнийг Өгөөдэй хаан, эцэг
хааныхаа үеэс сайн мэдэх болсон. Олон жилийн туршлага, холч мэргэн ухаанаараа газар
нутагтаа гайхагдаж ирсэн Махмуд Ялавач хэмээх энэ хүнийг хаан зарлигдан Хархорумд
ирүүлжээ. Махмуд Ялавач дунд зэргийн нуруутай, буурал үстэй, зузаан уруул, хөнхөр нүдтэй
ажгуу. Махмуд Ялавач Чингис хаантай сонин түүхээр танилцаж байсан хүн.

Чингис хаан нэгэнтээ үхлийн цөлийг туулж Бухара хотыг эзлэн авч байхад, дайны хөлд ассан
гал энэ хотын номын санг шатааж байлаа. Энэ үед хаан эзэнд зориг гарган бараалхахаар
ирсэн хүн бол Махмуд Ялавач байсан юм. Тэр хааны өмнө ирж өвдөг сөхрөн хүндэтгэл
үзүүлээд, "Хаан эзэн минь танаас ганц л юм гуйя" гэж хэлээд дайны хөлд шатаж байгаа
номын санг заан,

- Энэ галыг зогсоож, номын сан доторх номуудыг шатахаас хамгаалж өгнө үү! Түүнийг
шатаахын оронд намайг ална уу хэмээн хэлсэн юм. Энэ галыг Чингис хааны цэргүүд
тавиагүй байв. Дайн самууны үймээнд хэн тавьсан нь мэдэгдсэнгүй. Чингис хаан даруй
цэрэг явуулан галыг унтрааж олон мянган номтой номын санг галд хайлахаас хамгаалсны
дараа Махмуд Ялавачийг алах нь бүү хэл түүний үнэн сэтгэл, эр зориг, ном эрдмийг хайрлан
дээдлэх ухааныг бахдан бусдад үлгэр дуурайл болгон ярьсан байдаг. Энэ цагаас Махмуд
Ялавач тал нутагт ч домог болон яригдах нэгэн болжээ. Хааны зарлиг ёсоор өмнө нь ирж
бараалхан суусан Махмуд Ялавачид Өгөөдэй хаан нэгэн эрхэм үүргийг хүлээлгэхээр
дуудуулсан байжээ.

- Махмуд Ялавач. Тал нутагт ирээд идээшин дасаж байна уу?

- Хаан эзний аврал хишгээр байр сууриа олж аван, амьдрал ахуйгаа эхлээд байна даа

- Би чамайг нутаг орноос чинь зүгээр нэг дуудуулсангүй. Чиний мэдлэг ухааныг хаан эцгийн
үеэс олонтаа дуулж сонсож байсны учир нэгэн хүсэлт тавих гэсэн хэрэг. Өнөө хаант улс
хаяагаа тэлж, бидэнд нэгдээгүй улс орон цөөхөн үлдсэн ч, асар уудам газар дэлхийн энгээр
таран суурьшсан ард олны дунд бидэнд захирагдах хүсэлгүй газар орон гарах боллоо. Хаан
эзний Их засаг хууль алдагдаж, эмх замбараагүй байдал өдөр өдрөөр гарч байна. Махмуд
Ялавач чи энэ бүхний учрийг шийдэж, улсын дээд заргачаар суух хэрэгтэй байна гэхэд,
- Хаан эзэн нэгэнт итгэл хүлээлгэн байх аваас би татгалзах юун. Өөрийн өчүүхэн оюун
мэдлэгээ таны төлөө зориулахад бэлэн байна гэж хааны үгийг хүлээн авснаа мэдэгдэв.

Сорхугтани хатан Аурагийг орхин ирснээс хойш хэдэн жилийг үджээ. Баруун зүгт дайтахаар
явсан хан хөвгүүдээс ялалтын мэдээ ар араасаа ирж, тал нутагт амар тайван өдрүүд
үргэлжилж байлаа. Нэгэнт хаан эзэн эх нутагтаа ирж төрийн хэргээ засан явуулах болсон тул
Сорхугтани идээшиж дассан Аурагтаа буцах хүсэлтээ хаан эзэнд илэрхийлээд Хархорумаас
хөдлөв. Хэдэн хоногийн турш үргэлжлэх урт замыг тэрбээр гэртээ харих гэж яарч яваа хүний
сэтгэлээр туулан ирэв. Гурван жил эзгүй байсан Аурагт өөрчлөгдсөн зүйл бараг үгүй. Эргэн
тойрон харагдах уул, ус, ухаа, гүвээ, орд өргөө хатнаа хүлээж байсан мэт дотно харагдана.
Сайхан цаг нүдний өмнө ээлжлэн харагдах шиг, хань нөхөр Тулуй нь түүний дэргэд ирж
хацрыг нь зөөлөн үнсэх шиг болоход нүдээ анилаа. Өөрийн эрхгүй энэ сайхан мэдрэмжийг
үгүй хийхийг хүсээгүйдээ тэр нүдээ аньсан хэрэг байв. Гэвч нэгэн цагт байсан бүхэн, нөгөө
цагт үгүй болдог ертөнцийн жам, хорвоогийн хуулийг хэн ч сөрж үл чадна. Нүдний өмнө
ээлжлэн харагдах тэр хүмүүс одоо бүгд мөнх тэнгэрийн оронд суугаа. Тал нутгийн хүний
сэтгэлийг алган дээрээ тавьсан мэт харж болно гэж хэлж байсан Өэлүн эхийн үг чихэнд нь
сонсогдох шиг болоход, түүнтэй хамт тэрхэн яриаг сонсож зогссон ойролцоо уулын энгэрийг
харлаа. Өэлүн эх, эх хүний сайхан сэтгэл шигээ тал нутагтаа үүрд шингэжээ. Нэгэн шөнийн
зүүдэндээ үзсэн тэнгэрийн орны орд харшийг эр нөхөртөө ярьсны дараа тун удахгүй
сүндэрлэн боссон Чингис хааны онго шүтээний өргөө илхэн харагдана.

Харин энд ирсний дараа нэгэн гунигт мэдээг дуулсан нь хатан эхийн үнэнч боол Ашидтөмөр
өөд болсон байлаа. Өсөх наснаас нь хамт байж, өөрийн эзэн Жаха Хамбугаас үүрэг аван
Чингис хаанд хамт ирж, жаргал зовлонт өдрүүдийнх нь хань бараа болж байсан дотно хүн нь
мөнхөд оджээ. Хатны хүүхдүүд Их Аурагийг сахин суухад тэдний дэргэд байж, хатны
хэлснээр үнэнч боолын ёсоор орд өргөөг нь сахин үлдсэн билээ. Ашидтөмөр насан эцэс
хүртлээ хатандаа үнэнчээр зүтгэн, хааны гал голомт Их Аурагийг сахин хамгаалж байгаад өөд
болжээ. Энэ хэдэн жилд өөрийн хэргээс илүүтэйгээр төр улсын хэрэгт зүтгэн явсан хатан энэ
мэдээг дуулаад цээж нь хоосорчих шиг санагдлаа. Хэдийгээр харц гаралтай түүний араас
ингэж энэлэн гашуудах нь хатан хүний хувьд илүүц хэрэг мэт ихэс дээдэс бодох боловч,
Сорхугтанид бол тэр харь хүн биш байлаа. Хатныг Аурагт ирэхэд Ашидтөмөрийг хөдөөлүүлэх
ажил дууссан байв.

Хатан Их Аураг дахь орд өргөөндөө үнэнч боолынхоо тухай бодож суулаа. Тээр жил
Ашидтөмөр Сорхугтанийн хамт Чингис хаанд очихоос өмнө, тэр ч бүү хэл Жаха Хамбугийн
зарц болохоос өмнө, арав гаруйхан настай хүү Хэрэйд аймагт хүргэгдэн ирж билээ.

Нэгэн өдөр Сорхугтанийн эцэг Жаха Хамбу хэсэг нөхдийн хамт инээд хөөртэйгээр гэртээ
ирсэн юм. Тэдэнтэй хамт зайдан морь унаж, хамаг хувцас нь шороо болсон нэгэн хүү даган
иржээ. Эцэг нь мориноосоо бууж,

- Эзний үнэнч боол энэ хүүгийн хувцсыг сольж, хооллож ундал хэмээн эхэд нь хэлэв.
Танихгүй ноорхой хүүг гэнэт дагуулан ирж түүнийгээ хэн болохыг мэдэхгүй хэр нь "Эзний
үнэнч боол" хэмээн хэлж байгаа эцгийгээ сархад хүртээд халамцсаныг нь харан зогсохдоо
Сорхугтани "Аав минь ихэд хөлчүүрхжээ" гэж бодон зогссон. Үнэндээ бол энэ хүү үхлээс
амьд гарч чадсан бяцхан баатар байсныг тэр яаж мэдэх билээ. Нэрийг нь асуувал Ашидтөмөр
гэж сулхан хариулах энэ хүү урьд нь Жаха Хамбугийн олон ах дүүсийн нэгний зарцаас
төржээ. Таван настайд нь эцэг эх нь үрэгдэж, эзэндээ зарагдсан хэвээр явж байгаад, сая хэдэн
хоногийн өмнө эзэн нь тэнгэр болж, Сорхугтанийн эцэг хэсэг нөхдийн хамт Ашидтөмөрийн
эзэнтэнг хөдөөлүүлэх ажлыг гүйцэтгээд ирсэн нь энэ байлаа. Эзэн нь өөд болоход зарцыг нь
хамт булдаг ёс тал нутагт байдаг тул Ашидтөмөр хүүг эзнийх нь булшны доор нүх ухан
амьдаар нь булаад, хэсэг хугацаанд заншил ёсоор тэнгэрийн дохио ирэхийг хүлээнэ.
Оршуулганд оролцож байгаа хүмүүсээс өөр ямар нэгэн хүн, амьд амьтан үзэгдэх тэр мөчид
шороог зайлуулан дахин харахад боол үхээгүй байвал, гаргаж ирэн амьсгал авахуулаад дахин
булна. Энэ мэт гурвантаа ёсыг үйлдээд амьд үлдвэл "Мөнх тэнгэр түүнд амьдрал хайрлажээ"
хэмээн итгэж суллан явуулдаг байв. Ашидтөмөр хүүг заншил ёсоор эзний оршуулганы дор нүх
ухан булаад хэсэг хүлээхэд түүнийг булсан шороон дээр шоргоолж явж байхыг харан буцааж
гаргажээ. Дараагийн удаад булахад хаанаас ч юм бэ зурам гарч ирэн хажуугаар нь давхиж,
хамгийн сүүлд тэнгэрт хоёр элээ эргэлдэн нисэхийг хараад "Мөнх тэнгэр түүнд амьдрал
хайрлажээ" хэмээн буцаан гаргаж ирсэн байв. Энэ хэргийн учир Жаха Хамбу эцэг нь тийнхүү
"Эзний үнэнч боол" хэмээн ихэд баяртайгаар хэлэн өөрийн болгон, өглөг харамж өгөхөөр авч
ирсэн байлаа. Ашидтөмөрийн энэ тэвчээр хатуужлыг харсан эцэг нь ирээдүйн баатар, цэрэг
эр болох ч юм бил үү гэж бодож авч ирсэн биз. Түүний ирээдүй Жаха Хамбугийн хүслээр
болоогүй юм. Ашидтөмөр багаасаа л хоол хийх дуртай хүүхэд байлаа. Ямар ч ажил төрөл
хийж байсан тэрийгээ хурдан гэгч хийж дуусгасан даруйдаа л хоол унд хийж байгаа тогооч,
буурчдад туслан энд тэнд нь гүйн явдаг. Улмаар том болсон хойноо амттай сайхан хоол
хийдэг болсон байв.

Хэдийгээр Ашидтөмөр өөд болсон эмгэнэлт мэдээнд сэтгэл өвдөн байсан ч, Аурагийг сахин
суусан хатны албатууд олон тул, гурван жил гарангийн хугацаанд энэ газар урьдын адил өнгө
зүс, хөл хөдөлгөөн, дуу шуутай хэвээр байлаа. Өргөөндөө санаашран суух хатныг ажиглан
харж зогсох Ажин,

- Ашидтөмөр таны боол. Хатан та боол хүний араас ингэтэл гашуудан байгаа тань гайхаш
төрүүлэх юм хэмээн асуухад,

- Тэр хэдийгээр миний боол ч гэсэн би өнөө эрдэнэт хүний амь насны араас гашуудан сууна.
Хаан харц ялгаагүй эрдэнэт хүний амьтай тул, амь бүхэн үнэтэй гэж хатан хэллээ.
Тавдугаар бүлэг: Үнэн худлын дунд хуйлран эргэлдэх салхи

Баруун зүгт дайтахаар явсан хан хөвгүүд ялалтын дууг эх нутагтаа дуулгасаар. Мөнх их
цэрэгтэйгээ нэгэн хотыг дайтан эзэлжээ. Монгол цэргүүдийн өөдөөс уулгалан дайрч, ухран
зугтаж, илтэд ялагдсан энэ хотыг эрхэндээ оруулсны дараа Мөнх эзэн цэргүүдийн хамт хотын
дундуур явж байв. Дөнгөж саяхан болж өндөрлөсөн их тулааны шороо тоос бууж амжаагүй,
хиншүү хярвас ханхлан, түлэнхий үнэртэж, энд тэнд ёолон гаслах хүний дуу сонсогдоно.
Хотын баруун хаалганы хажууд олон хүмүүсийн хүүрийг овоолон тавьжээ. Тэдний дунд
амьгүй болсон хүүхдээ тэвэрсэн эмэгтэй хүний цогцос байв. Ислам шашинт энэ эмэгтэйн
толгойдоо нөмөрсөн алчуур тайлагдаж, үс нь сул асгаран газарт унжжээ. Гартаа тэвэрсэн
амьгүй хүүхдийн нүүрэн дээр цусны толбонууд цоохортон үзэгдэнэ. Энэ нүд хальтрам дүр
зургийг харсан Мөнх ихэд хилэгнэж,

- Алж талахаас илүүтэй, авран өршөөхийг эрхэм болго гэж эс хэллүү. Миний цэргүүд
эмэгтэй хүн, балчир хүүхэд хөнөөсөн байна гэж уурсан зандарлаа. Их эзэн Чингис хааны үеэс
тэрэгний арлаас доош нуруутай балчир хүүхдийг хөнөөж болохгүй ёсон бий. Хаан өвгийн
энэ ёсыг үргэлжлүүлэн Мөнх өөрийн цэргүүддээ балчир хүүхдээс гадна эмэгтэй хүн, өтөл
настанг хөнөөж болохгүй гэж зарлигдсан байлаа. Тиймээс ч Мөнхийн эзлэн авсан газруудад
эдгээр хүмүүсийг өршөөдөг ёсон тогтжээ. Мөнхийн энэ шийдвэр хатан эхээс нь улбаатай. Эш
хатны дэргэд өссөн энэ хүнд эх хүнийг хайрлаж, эмэгтэй хүнийг хүндлэх, эсэргүүцэх
чадваргүй хүүхэд хөгшдийг өршөөн нигүүлсэх ухаан суусан хэрэг юм. Нэгэнтээ амьгүй
болсон хүүхдээ тэврэн хэвтэх эмэгтэйн цогцсыг харж зогсох Мөнх дэргэдээ байгаа
цэргүүдэд,

- Энэ хоёр хүнийг нутаг орных нь заншил ёсоор хөдөөлүүл. Хотын иргэдээс асууж суран гэр
бүлээс нь хүн үлдсэн байвал өглөг хишиг өг гэж зарлигдлаа. Тун удалгүй

Мөнхийн хажууд эзнийхээ шийдвэрийг зөрчсөн цэргийг барин авч ирлээ.

Мөнх мөнөөх цэргийг ихэд уурсан харж,

- Миний зарлигийг зөрчиж яахин зүрхлэв? хэмээн зандрахад нөгөө хүн хэлэх үггүй нүдээ
бүлтэлзүүлэн ийш тийш харж, аврал энэрэл хаа нэг газраас гараад ирэх юм шиг түгдэчлээ.
Мөнх өмнөө зогсоо доожоогүй цэргийг харан,

- Эх чинь хаана үлдсэн бэ гэж асуухад нөгөө цэрэг арайхийн,

- Надад эх байхгүй ээ. Би эхийгээ мэдэхгүй гэв. Ингэж хэлж байгаа хүнийг хараад Мөнх
"Эхгүй өссөн хүн гэж хичнээн хатуу билээ" хэмээн бодов. Тэрбээр:

- Энэ хүний эхгүй өссөн нь өөрийнх нь буруу биш ч, эзнийхээ зарлигийг зөрчсөн нь түүнийг
ялд унагалаа. Энэ өдрөөс хойш чи дээлээ нөмгөлөн үсээ задалж,үүрээр сэрж хоол хүнс
бэлтгэн, өдөржин бохисхийлгүй, цэргүүдийн уранхай цоорхойг нөхөж, үдэш хамгийн сүүлд
унтаж галаа манан, эр хүн шиг зогсож бус, эм хүн шиг сууж морь харсугай хэмээн зарлигдав.

Мөнх эзний зарлигаар дайны цагийн хуулийг зөрчсөн цэргийг цаазаар авч болох байлаа. Гэвч
түүнийг цаазлаад яах билээ. Эхгүй өссөн хүний ухаанд эмэгтэй хүний зовлонг ойлгуулан
өгөх арга дайны үед бол үүнээс өөр байхгүй. Тэр өдрөөс эхлэн мөнөөх цэрэг дээлээ
нөмгөлөн, үсээ задалж, үүр цүүрээр босч, үдэш бүгдийн сүүлд унтан, эр хүн шиг зогсож бус
эм хүн шиг сууж морь харах боллоо.

Орхон голын эрэг дээрх Дөргөнө хатны олон өргөөнүүдийн дунд хэд хэдэн тусгай өргөө бий.
Эдгээр өргөөнүүдэд хатан болон түүний дагуулуудаас өөр хэнийг ч нэвтрүүлдэггүй. Өргөө
бүр өөр өөрийн онцлогтой. Эхний өргөө нь хатан эхийн хувцас эдлэлийн өргөө.

Газар газрын урчуудын гараар бүтсэн урлагийн бүтээл гэж хэлэм сайхан хувцас энд өрөөстэй
байх. Хатан нэг удаа өмссөн хувцсаа дахин үл өмсөх тул энэ өргөөнд байх хувцас бүхэн
үргэлж шинэчлэгдэж байна. Дараагийн өргөөнд хатны үнэт эдпэлийг хадгална. Очир алмас
тэргүүтэй эрдэнэсийн чулуунууд, алт мөнгө тэргүүтэй үнэт эдлэлүүд, шүр сувд тэргүүтэй
зүүсгэл сэлт бүхнийг хааны хатанд зориулан бэлгэнд ирүүлэх газар орон олон тул энэ
өргөөнд ертөнцийн бүхий л үнэт эдлэл цугласан гэлтэй нүд гялбуулан, авдар авдраар гэрэл
цацруулан байна. Дараагийн өргөө бол хатны ямбаны өргөө. Энэ өргөөний голд байх модон
онгоцонд өдөр бүр халуун рашаан дүүргэж, өөр өөр цэцгийн хандыг шингээсэн байна. Хатан
энэ онгоцонд алжаалаа тайлаад, иллэг хийлгэн амарч тухална.

Дөргөнө хатан ямбаны өргөөний гол байх модон онгоцонд дүүргэсэн халуун рашаанд орж
байлаа. Түүний хажууд суух Фатима болор лонхтой усан үзмийн дарсыг алтан хундаганд
хийн Дөргөнө хатанд барихад тэрбээр тамшаалан амсах зуур исгэлэн амт нь аманд дүүрч
бага зэрэг ярвайн залгиж байгаа харагдана. Тэр усан үзмийн дарстай хундагыг Фатимад
өгөнгөө онгоцтой рашаан дотроосоо өндийн, түүний царайг нухацтай ажиглан хараад,

- Надад чамаас өөр итгэлтэй хүн хэрэгтэй байна гэж хэллээ. Фатима хатны хэлсэн үгийг
эргэцүүлэн гайхах зуур өмнө нь сөхрөн сууж,

- Хатантан минь, би таны итгэлийг алдсан удаа үгүй билээ. Өршөөж хайрла хэмээн гуйж
эхлэхэд Дөргөнө хатны царайд инээмсэглэл тодорч,

- Надад чамаас гадна итгэлтэй хүн хэрэгтэй байна гэж нэмж хэллээ. Фатима сая учрыг
ойлгож дээш өндийхөд,

- Хааны санг арвижуулах үнэнч итгэлтэй хүнийг тал нутгаас хайж олоход бэрх. Манайхан
наймааны ухаанд тааруу. Харин танай нутгийн хүмүүс ондоо. Чи надад өөрийн нутгийн
хамгийн сайн наймаачин, итгэлт хүнийг олж өг гэж хэллээ. Фатима хатны үгийг тунгаан
бодож байгаа бололтой хэсэг чимээгүй суугаад,

- Нэг хүн бий. Хархорумд байгаа худалдаачдын ахлагч. Тэр хүнийг танд бараалхуулж болох уу
хэмээлээ.

Хэд хоногийн дараа Дөргөнө хатны өргөөнд шивэгчин Фатима гаднаас нэг хүний хамт орж
ирэв. Ихэс дээдэст бараалхах их ёсыг алгасан орж ирсэн энэ хүн хатны өмнө хүндэтгэл
илэрхийлээд сөхрөн суулаа. Фатима хатны өмнө очин,
- Энэ хүн бол худалдаачин Абдул Рахман. Хатантан танд бараалхан хүндлэл үзүүлэхээр
иржээ. Абдул Рахман хатны өмнө бэлэг сэлтийг тавьж,

- Хатан таны алдар сууг тал нутагт домог болгон ярилцдаг юм. Ухаант хатанд бараалхан
хүндлэл үзүүлэхээр ирлээ. Энэ бол нэр төрийн хэрэг гэлээ. Дөргөнө хатан Абдул Рахманы
боловсон хийгээд өөрт нь гүн хүндэтгэл үзүүлэн буй байдал, авч ирсэн бэлэг сэлтийг хараад,

- Абдул Рахман гэнэ ээ. Нааш ойрт. Чиний үнэн нүүр царайг би харахыг хүсч байна гэж
хэллээ. Абдул Рахман дээш өндийн хатны өмнө очиж, ихэс дээдэстэй харц мөргөлдөхгүйн
тулд доош харан суулаа. Хатантан Абдул Рахманы царайг хэсэг ажиглан харав. Царайгаа төв
болгон хатны өмнө доош харан суух энэ эрд итгэж болох эсэхийг мэдэхгүй тул туршиж
үзэхээр шийдэв.

- Би чамд нэг ажил даалгая. Хэрэв чи энэ хэргийг бүтээж миний итгэлийг олох аваас чамайг
би нөмөр нөөлөгтөө багтаан авах болно. Эс чадваас чиний толгойг авна гэж хэллээ. Абдул
Рахман хатны өмнө тонгойсон хэвээр,

- Хатантан таны таалал мэдтүгэй гэж хэллээ.

- Би чамайг татвар хураагчдын дунд оруулах болно. Энэ өдрөөс хойш чи татвар хураагчдын
ахпагчийг тандаж, авч байгаа татвар, хааны санд цугларч байгаа хөрөнгө хоёрын зөрүүг олж
мэд. Хэрэв чи энэ ажлыг сайн хийвэл чамайг дээш томилох болно гэж хэлээд гаргалаа.

Торгоны зам дагуух худалдаачдыг хяналтандаа байлгах, цаашлаад хааны санд ирэх олз омгийг
нэмэгдүүлэхэд өөрийн итгэлт хүн хэрэгтэй. Абдул Рахманыг гарч явсны дараа Дөргөнө ийн
хатан бодлоо. Олон жил хамт явсан үнэнч зарц Фатима түүнд хэрэггүй нэгнийг
танилцуулахгүй нь тодорхой. Энэ өдрөөс хойш Абдул Рахман хатны өргөөгөөр байнга орж
гардаг болсон байв. Дөргөнө хатан юуны учир энэ хүнтэй дотносох болсон учир шалтгаан
хийгээд Фатима, Абдул Рахман хоёр хоорондоо ямар холбоо сүлбээтэйг хэн ч тааварлан
мэдэхгүй байв.

Өгөөдэй хаан өргөөнөөсөө гараад олон хатдаасаа онцгойлон Дөргөнө хатны өргөөнд
мориллоо. Гэвч энэ хаан эзний сонголт биш Дөргөнө хатан эзэн хааныг өргөөндөө урьсан
хэрэг байсан байв. Эзэнт гүрний хатан гэдэг эрх мэдэл дүүрэн хэдий ч, эр нөхөртөө эм хүний
ёсоор эрхлэн суух цаг ховор. Нас ахиж яваа хатанд хаан эзний бараалхан ирсэн явдал бол
цөөн тохиох ховорхон боломжуудын нэг юм. Өгөөдэй хаан нэлээд халамцсан байртай хатнаа
харж сууна. Дөргөнө хааныг орж ирэхэд угтан авахаар, шүрэн унжлагатай богтого малгайгаа
тавьж, саатай торгон ууж өмсчээ. Тал нутгийн эмэгтэйн шинжийг бүрэн харуулах жижигхэн
давхраатай нүд, намхан хамар, том хацартай энэ эмэгтэй цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нас
нэмж буурь суусан харагдана.

- Хатан чи анх надад ирж байхдаа гурван өдөр, гурван шөнө уйлж их гашууг үйлдэж байсныг
чинь мэдэх юм. Тэр үед би эр хүний ёсоор уур минь барагдаж, эхнэрээ эзэмдэхийн хүслээр
цээж минь дүүрч байсан. Харин хаан эцэг минь надад "Энэ хүүхэн эрээ алдан ийн гашуудаж
байгаа нь эр нөхөртөө үнэнч явсных, энэ мэт араншингаар үнэн явах аваас хожмын өдөр чамд
ч бас ийн үнэнч байх бус уу" хэмээн хэлсний дараа сая би үнэнийг ойлгож билээ гэж хэлээд
гүнзгий санаа алдан,

- Нас явж, амьдралын үнэнийг ойр холын зайнаас олон удаа харах бүрийд намба суусан
хатан минь чи надад үнэн хэвээр үлдэж дээ гэдгийг ойлгох боллоо гэв. Дөргөнөд энэ үг
сайхан сонсогдлоо. Олон жил хэлээгүй сайхан үгийг сэтгэл харамгүй хэлэн суух, эзэн хаан,
эр нөхөр нь болсон Өгөөдэй хаанд;

- Хаантан минь, сайхан цагууд урсан өнгөрсөөр л байна. Нэгэнтээ залуу балчир насанд
минь учирсан хаан эзэн таньд үнэнч байх нь эхнэр миний үнэн билээ хэмээн хэлээд Өгөөдэй
хааны гартаа барьж байгаа алтан аягатай сархдыг тосон авч ширээн дээр тавиад,

- Эзэнт гүрэн хаяагаа тэлж, зах хязгааргүй мэт үргэлжилж байгаа ч, үнэн сэтгэл үгүйлэгдэн
байх шиг... Хаан таны бие сайнгүй харагдана. Энэ зуурт төрийн хэрэг цалгардах вий гэж л
эмээж суух юм. Үнэн сэтгэл гэдэг өөрийн дотор байдаг. Халуун бүлийн хан хөвгүүд чинь
эзгүй энэ цагт төр улс самуурах вий гэж болгоомжлох юм гэж хэлээд хааны өөдөөс ойртон
очиж энгэрт нь хацраа наалаа.

- Хаантан та Сорхугтанид итгэл үзүүлэн төрийн хэргийг даалган үлдээж байсан. Надад
Сорхугтаниас дутах зүйл юу билээ. Би төрийн зарим хэргийг шийдэж байя гэж нэмж хэллээ.

"Надад Сорхугтаниас дутах зүйл юу билээ" гэсэн хатны үг Өгөөдэй хаанд нэгийг
бодогдуулсан бололтой. Тэр шөнө уртаас урт, жаргалтайгаас жаргалтай шөнө байв. Харин
үүрээр хаан эзний сархад гарч хэнхдэг цээж нь хөндүүрлэн босоод, дарс авч ирүүлэн
таалсныхаа дараахан албатуудаа дуудан ирүүлж нэгэн зарлиг гаргав. Энэ зарлигт "Намайг
насан хутаг болтол төрийн зарим хэргийг Дөргөнө хатан мэдэн явууж байх тул албат иргэд та
бүхэн хатны үгийг миний үг хэмээн сэтгэж даган биелүүлсүгэй" хэмээжээ.

Хааны үг хууль болж тал нутагт үргэлжилдэг. Өгөөдэй хаан нэгэнт бор дарсанд хэт автах
болжээ. "Төрийн зарим хэргийг хааны хатдаас хамгийн ухаалаг хүн болох Дөргөнө хатан
шийдэн явуулж байх болно" гэсэн энэ зарлигийг хэн зөрчих билээ. Харин энэ өдрөөс хойш
хаан эзэн хатны өргөөнд бараалхсангүй. Их төрийн дунд хаан эзэн ганц, хатад охид олон тул
хэрхэх нь хааны хэрэг билээ.

Сорхугтани хатан Аурагт хэдэн сарыг өнгөрүүлжээ. Энэ хугацаанд Аурагийн өнгө үзэмжийг
засан тордож, номын өргөөг өргөтгөх, ажлуудыг хийгээд байлаа. Өгөөдэй хааны их аян дайны
хэдэн жилд хөл хөдөлгөөн эрс цөөрч буйдхан газар болоод байсан Аураг дахин хөл хөдөлгөөн
орж илтэд сэргэсэн мэт харагдана. Хархорумд байгаа худалдаа арилжааг Аурагт ирүүлж,
Гурван голын саваар нутаглаж буй Монголчуудтай наймаа арилжаа хийх таатай боломжийг
нээн өгөх, малчид малынхаа шимээр арилжаа наймаа хийн, хувцас эдлэл, хоол хүнсний
солилцоо хийдэг тогтолцоог бий болгож байлаа. Эн тэргүүнд арилжаа наймааны ажлыг
удирдан явуулж байх итгэлт хүн дутагдаж байсан тул Хархорумаас худалдаачин авч ирүүлэх
хэрэгтэй болов. Харин хэн байх вэ. Сорхугтани угаас наймаачин биш тул энэ талын зүйлийг
сонирхож байсангүй. Олон хоног бодол болон явлаа.

Нэгэн өдөр хатны дагуул Ажин өргөөнд орж ирэн өмнө нь оч иж,
- Дөргөнө хатан Өгөөдэй хааныг насан хутаг болтол төрийн зарим хэргийг мэдэж байх
хааны зарлиг гарчээ гэж хэллээ. Дөргөнө хатан төрийн зарим хэргийг мэдэж байх
шийдвэрийг Өгөөдэй хаан гаргана гэдэг буруу зүйл нэгэнт биш тул Сорхугтани юм
бодсонгүй. Ажин үргэлжлүүлэн;

- Худалдаачин Абдул Рахман гэгч Дөргөнө хатантай дотносон төрийн хэрэгт оролцож
эхэлсэн байна. Абдул Рахман нэгэн залуу худалдаачны хамтаар хаан, хатны ивээлд багтсан гэх
яриа сонсогдлоо гэхэд Абдул Рахман гэдэг нэрийг сонсмогц "Тэр нэгэн өдөр уулзсан зальжин
эр өнөө Дөргөнө хатныг уургалан авчээ. Түүний шивэгчин Фатима эрс өөрчлөгдсөн байсан.
Эсвэл Дөргөнө өөрөө энэ бүхнийг хийгээд байна уу. Хаад хатдын дунд шурган орж ирэх
харийн хүмүүс бол хамаг эвдрэлийн үүдийг нээгчид байдаг" гэж бодлоо. Энэ бол сайн мэдээ
биш. Ажингийн дуулгасан хэлийг ухан бодож байх зуур Сорхугтанид нэгэн санаа харван орж
ирэв. Тэр өдөр Абдул Рахмантай хамт хатанд бараалхсан залуу худалдаачныг тэрбээр санав.
Худал хэлж чадахгүй, нүүр нь улалзан байсан тэр залуугийн дүр хатны өмнө бууж "Ихэс
дээдсийн дунд шургалж эхэлсэн Абдул Рахман гэгч чухам хэн болох, ямар санаатай байгаа
зэргийг олж мэдэх зам бол тэр залуу худалдаачин юм" гэж бодлоо. Хатан тэр дор нь Өгөөдэй
хаанд элч зарж, ислам шашинт худалдаачин Инилийг өгөх хүсэлтийг уламжиллаа. Иниль
нэгэнт Абдул Рахманы хамт хаан хатны ивээлд багтжээ.

Дөргөнө хатан, хаан эзэнтэй өнгөрүүлсэн тэр нэгэн шөнийн дараа эцэс төгсгөлгүй эрх
мэдлийн эзэн болжээ. Харин энэ бүхнийг мэдсэн юм шиг Дөргөнө хатантай дотноссон Абдул
Рахманы харц дээгүүр явах боллоо. Тэр хэзээний зальжин нэгэн. Урд Сорхугтани хатанд
бараалхан санаснаа бүтээх гээд нааштай хариу авч чадаагүй түүний өмнө Дөргөнө хатан
бараг өөрөө гараад ирсэн. Дөргөнө хатныг аргандаа оруулах нь Сорхугтанийг ятгахаас
амархан бүтсэн амжилтандаа дулдуйдан, хатны амьдралд гэнэт гарч ирсэн тэр хүн улам гүнд
нь орж очихоор улайран байлаа. Худалдаачдад олгодог арван хувийн шагналыг үгүй хийсэн
Сорхугтани бол Абдул Рахманы хувьд өшөөтөн байлаа. Тэр Дөргөнө хатантай дотно болсноо
далимдуулан, ямар нэгэн байдлаар энэ хоёр хатны дунд яс хаях хэрэпэйг ойлгож байв. Юун
түрүүн хаан эзэн, хатад эзгүй байсан өдрүүдэд Сорхугтани хатан улсын сан хөмрөгөөс ядууст
өглөг хишиг ихээр тараан, сүм хийдүүдийг татвараас чөлөөлөн хааны санг хоосолсон болоод
гуйлгачин ядуусыг ихэд өөгшүүлсэн нь Хархорумд байх ядуусыг эздийнхээ эсрэг үг хэлдэг
болтол нь өөрчилж, дээд доод хязгаарыг эвдсэн хэрэг болсон хэмээн Дөргөнөд ойлгууллаа.
Тэрбээр Сорхугтанийн бодлыг тааварлан хэлэхдээ Өгөөдэй хааны ивээлд багтан төрийн
эрхийг гартаа барих, цаашлаад өөрийн үр удмыг хаан суудалд суулгах таатай боломжийг хайж
байгаа хэрэг гэдгийг ухуулсан юм.

Абдул Рахман бол хэнд юу гэж хэлэхээ мэддэг, хэнийг ч аргандаа оруулж дөнгөдөг нэгэн
хэдий ч, тэр нэгэн өдөр ганцхан хүнд л дийлдсэн нь Сорхугтани хатан байв. Абдул Рахман
Фатимагийн тусламжтайгаар аль хэдийн эзэнт гүрний ихэс дээдсийн амьдралд оролцоод
эхэлжээ. Дөргөнө хатан эхэндээ энэ үгийг төдийлөн хэрэгсэлгүй өнгөрсөн ч түүний
"Сорхугтанийн өөрийн үр хүүхдэд төрийн эрхийг шилжүүлэх бодолтой байж болох" гэсэн
яриа чихнийх нь хажуугаар өнгөрч, дотрыг нь зарсхийлгэхгүй байж чадаагүй юм.

Дөргөнө ч гэсэн хааны хатан хүний хувиар өөрийн үр хүүхдийг Өгөөдэй хааны дараа хаан
ширээнд суулгах нууцхан бодол тээж яваа эх хүн.
Гүн гүнзгий бодолгүй, бусдын үгэнд автамтгай Дөргөнө хатны сул талыг далимдуулан Абдул
Рахман хааны гэр бүлийн дунд орохыг хүсч байлаа.

Дөргөнө хатан өргөөндөө Абдул Рахмантай ярилцан сууна. Тэд удаан ярилцсан бололтой.
Дөргөнө хатан богтого малгайныхаа шүрэн унжлагыг гараараа оролдон,

- Чиний ярьж байгаа түмэн зөв. Зарим газраас ирэх алба гувчуур хяналтаас гараад байна. Би
чамайг улсын татвар хураагчдын ахлагчаар томиллоо. Энэ өдрөөс эхлэн чи миний төлөө
нэгэн сэтгэлээр зүтгэж, хааны сан хөмрөгийг арвижуулсугай хэмээхэд, хүсч байсан зүйлээ
сонссон Абдул Рахман сая санаа нь амарлаа. Энэ бол нэг талаар Дөргөнө хатны хүсэл ч нөгөө
талаар Абдул Рахманы хүлээж байсан үг байв. Амь үрэгдэж ч мэдэх хүнд холын зам туулж,
айдас түгшүүрийн дундуур ашиг хонжоо олж амьдардаг худалдаачны хувьд хаан эзний сүрэн
дор, хамаг улсаас татвар нэхэн сууж, нэг талдаа хааны санг арвижуулж, нөгөө талдаа өөрийн
хөрөнгийг зузаатгана гэдэг наймаачин хүнд олдохгүй завшаан. Ашиг хайсан хэн бүхний хувьд
төрийн нэрээр дулдуйдан явах нь арав таван зоос хайснаас үлэмж илүү ашгийг авч ирэх буй
за.

Аурагаас ирсэн элчийг хаанд бараалхах замд төрийн зарим хэргийг мэдэн явуулж байгаагийн
хувьд Дөргөнө хатан хүлээн авлаа. Хатны өргөөнд Абдул Рахман болон хатны шивэгчин
Фатима нар байна. Их Монголын хаан эзний хатны өргөө бус харь улсын хатны өргөө мэт огт
өөр зүс царайтай хүмүүс бүхий энэ өргөөнд Сорхугтанийн элч хатанд бараалхаж байв. Нүд
хөмсөг болсон хурц нүд, урт хянган хамартай энэ хүмүүс хийгээд хатны бараанаас сүрдсэн
элч,

- Сорхугтани хатан Өгөөдэй хаанд хэл илгээн худалдаачин Инилийг өөрийн дэргэд авахыг
хүслээ гэхэд Абдул Рахман хатны нэрийг сонсоод царай нь хувирав. Дөргөнө хатан;

- Энэ үгийг хаанд уламжлая. Элч чи маргааш ир гэж хэлээд гаргаж явууллаа. Элчийг гармагц
Абдул Рахман хатны өмнө ойртон ирж,

- Хатан минь Сорхугтани хатан ямар нэгэн бодол агуулсан нь илт байна. Тиймээс татгалзсан
хариу өгөх нь зөв болов уу гэлээ.

Абдул Рахманы сандарч бухимдсан царайг ажиглан харсан Дөргөнө хатан;

- Чиний тэр Иниль гэгч тийм чухал хүн үү гэж гайхан асуув. Абдул Рахман толгойгоо
сэгсрэн,

- Үгүй ээ. Харин ч эсрэгээрээ. Эцэг эхгүй золбин хүүхэд. Би тэрнийг олж хүн болгосон юм.
Харин Сорхугтани хатан юуны учир түүнийг сонирхоод байгааг гайхаж байна. Энд ямар
нэгэн учир байна. Та татгалзсан хариу явуулах нь зүй болов уу хэмээн ихэд хичээнгүйлэн
гуйхад,

- Чиний зөв. Хаан эзэнд айлтгаж татгалзсан хариу явуулъя гэж хэлэн Дөргөнө хатан Абдул
Рахманы хэлснийг гүйцэлдүүлэхээр болов.
Энэ явдлаас хэд хоногийн дараа Сорхугтани хатны явуулсан элч Аурагтаа буцан ирэв.

- Хаан эзэн өөрийн дэргэд байх Араб худалдаачинг өгч явуулсангүй цааргалав гэхэд,

- Юуны учир цааргална вэ хэмээн асуувал нөгөө хүн,

- Хатантан минь мөхөс би хэрхэн мэдэх билээ. Хаан эзэн учрыг үл хэлсэн тул би асууж үл
зүрхлэв. Сорхугтани:

- Миний нөхөр хэний төлөө халуун амиа алдлаа. Тэгэхэд хаан эзэн надаас нэгэн
худалдаачныг харамлалаа гэж үү хэмээгээд өмнөх ширээгээ түлхэн босч ирэв. Үнэндээ
Сорхугтанийн эр нөхөр хаан ахынхаа төлөө халуун амиараа өглөг өргөж, мөнх тэнгэрт одсон
ч түүнд энэ мэтийг дурсан хаан эзэнд шалтаглах хэрэг байсангүй. Гэвч нэг муу худалдаачинг
ингэж харамлан байгаад дургүйцжээ.

Сорхугтани хатны элч Аурагт буцан очиж, хаан эзэн худалдаачин Инилийг өөрт нь өгч
явуулаагүй болохыг дуулан уурссанаас хойш хэдэн өдрийн дараа хатны хэлсэн үг хаан эзний
чихэнд хүрсэн байв.

- Сорхугтани хатан, миний нөхөр хэний төлөө халуун амиа алдлаа, тэгэхэд хаан надаас нэгэн
тэнэмэл худалдаачныг харамлалаа гэж үү хэмээн уурсав гэх яриаг сонссон хаан эзэн царайд
нь гуниг тодроод замхарлаа. Өгөөдэй хаан Дөргөнө хатанд хандан учрыг магадалсны эцэст,

- Сорхугтанид тэр худалдаачныг өгчихгүй яасан юм бэ.

Тэр битгий хэл юмыг харамлахгүй өгч байдаг хааны хишиг далай мэт байхад юуны тул
харамлаа вэ. Сорхугтанийн үг зөвөөс зөв. Хатанд тэр худалдаачныг нь өгч явуул хэмээн
зарлигдав.

Хааны зарлиг хууль тул хэлсэн үг ёсоор болж хэдэн хоногийн дараа их Аурагт байх хатны орд
өргөөнд залуу худалдаачин Иниль хүрч ирж хатны өмнө Аллах тэнгэрээ дуудан мэнд мэдэн
уулзав. Хатны санаа гүйцэлдлээ. Энэ нь нэг талаар хааны ордонд болж буй учир нь үл олдох
хэргийн үнэн учрыг тайлах, нөгөө талаар Гурван голын саваар нутагтай Монголчуудад өөр
амьдрал, огт өөр эдлэл хэрэглэлийг авч ирэх явдал байлаа. Инилийн ирснээс хойш тэд эзэнт
гүрний нийслэлд эдэлж хэрэглэдэг чамин тансгийн дээд хоргой торго тэргүүтэн хийгээд
дулаан орны төрөл бүрийн хүнс, жимс ногоо зэргийг хүнсэндээ хэрэглэж, идэш ууш, эдлэл
хэрэглэлийн тоо нь арвижиж эхлэв. Энэ хооронд Сорхугтани бодож төлөвлөсөн зүйлээ
амжуулан Абудул Рахман гэж хэн болох, ямар санаа агуулж байгаа, түүний зорилго нь юу
болох зэргийг Инилээс тандан, улмаар цаад санааг бүрэн таних чагтагын үзүүрээ чангалсаар
л байв. Худал хэлж чадахгүй байна гэдэг, үнэнч биш гэсэн үгтэй адил бус юм.

- Ээж та дуудуулаа юу хэмээн гаднаас Хубилай орж ирлээ. Сорхугтани хүүгээ дэргэдээ
суухыг хүсээд,

- Хүү минь чи ахын эзгүйд гэрээ сахиж суусан чинь хангалттай. Чамд арвин их туршлага
бий болсон гэж найдаж байна. Одоо чи өрх тусгаарлах цаг чинь болж. Өөрийн өмч газар
иргэдийг засан суу. Өгөөдэй хаан бидэнд өмнө зүгт Хэбэйд эзэмшил газар олгосон тул хүү
минь чи тийш мордож, засан төвхнүүл. Өмнө зүгийн хэл соёлыг чи хангалттай үзэж сурсан.
Энэ бол чиний газар. Тиймээс тийш хэзээ гарахыг чи өөрөө шийд. Харин би эхийн ёсоор
хамт явж чамайг хүргээд нааш ирэх болно. Хааны бидэнд хайрласан Бухара хотыг Хүлэгү
засах болно. Харин отгон хүүгийн ёсоор Аригбөх гал голомтоо манаж үлдэнэ гэж хэллээ.

Үнэхээр ч эр бие өсөж ид насан дээрээ ирсэн Хубилайн хувьд ард иргэдийг удирдан залах
ухаан, хүч, нас аль аль нь жагсчээ. Сорхугтани хүүхдүүдээ тус тусад нь газар орныг засан
явуулах ухааныг анхнаас нь бодлоготой суулгасан мэт санагдана. Учир нь хүү Хубилайгаа
багаас нь дорно дахины шашин, уламжлалт ухааны эрдэмд сургаж байсан бол удаах хүү
Хүлэгүд исламын шашны суртал, эрдэм мэдлэгийг таниулсан байв. Гэвч энэ бүхэн Өгөөдэй
хаан тэдэнд эзлэн авсан газар орноо тасдан өгөхөөс өмнө болсон хэрэг. Эхийн үгийг сонсож
дуусаад Хубилай,

- Гурван голын сав газар, гал голомтоо Аригбөхөд үлдээхэд санаа зовох зүйлгүй биз ээ. Дүү
минь өнөөхөндөө арай балчир тул эгч Тэмүгэн бэхиг хамт үлдээе. Ээж минь, та зөвшөөрөх
аваас эндэх ажлаа дуусгаад хэд хоногийн дараа хөдөлье гэж хэллээ.

- Хэзээ гарахаа хүү минь чи мэд. Ээж нь чиний хэлснээр болох болно гэх хүүгээрээ
бахархсан эхийн сэтгэл цаанаа л нэг амгалан.

Хэдэн өдрийн дараа Сорхугтани хүү Хубилайн хамт өмнө зүгийг зорих боллоо. Эрдэм сурна
гэдэг хэзээ нэгэн өдөр хэргийг нь гаргахад зориулагдах бус уу. Хэзээ нэгэн өдөр хэргийг нь
гаргахгүй аваас эрдэм хийгээд эрдэмт хүн үнэгүй болно. Хубилайн хувьд хатан эхийн хажууд
өсч том болон өдий зэрэгт хүрэхдээ сурсан эрдэм их бий. Одоо түүний хэргийг гаргах цаг
иржээ.

Энэ хооронд Хархорумд их зүйл өөрчлөгджээ. Эзлэн авсан хотуудаас ирсэн эд бараанд булхах
энэ хот эрдэнэсийн орон гэлтэй алтан шаргал өнгөөр тунаран байна. Өгөөдэй хаан зарлиг
болгон дуудуулсан ёсоор баруун зүгт аян дайнд явсан Гүюг тэр нэгэн өдрийн дараа нэрээ
цэвэрлээд, тулаанд гавьяа байгуулан буцан ирж яваа сайхан мэдээ сонсогдоно. Түүнтэй хамт
Сорхугтани хатны том хүү Мөнх ирж явлаа.

Энэ мэдээ тал нутгаар довтлон Сорхугтани хатны чихэнд ирж сонсогдоход Хархорумаар
дайран өмнө зүгт зорих гэж байсан хатны хувьд хүүтэйгээ уулзаад хөдлөх сайхан боломжийг
авч ирсэн тул яаравчлан Хархорумын зүг хөдлөв. Харин Батаар удирдуулсан цэргүүд цааш
довтолсоор Оросыг атгандаа оруулж, Алтан ордны улсаа байгуулан, улам бүр цаашилсан
байлаа. Тэдний морьдын туурай Ромын Папын чихэнд сонсогдон, бүх Европ доргиж айдас
хүйдсийн дуу газар бүрээс дуурсана. Хархорумд Мөнх, Гүюг нар цэргээ аван ирэхэд
Сорхугтани хатан, хүү Хубилайн хамтаар тосон хүлээв.

Бараг таван жил үргэлжилсэн энэ их дайн дажин өндөрлөж, ялалтын уухай хадан, эх үр хоёр
эсэн мэнд уулзах баярт мөч ирэв. Мөнх эдүгээ гуч шүргэж яваа эр бие тэгширсэн идэр сайхан
эр болжээ. Хатан хүүгийнхээ хацар нүүрийг хоёр гараараа илж, духан дээр нь үнэрлэн
үнслээ. Хүү нь таван жилийн өмнөхөөс буурь сууж, сахал тавьж, тачирхан ургасан сахал нь
намба суулган, мөн ч зохисон харагдана. Хүүгийнхээ духыг үнэрлэсэн хатны цээжин дотор
хүүтэйгээ уулзсан баярт мэдрэмжээс гадна бас нэгэн хүчтэй цохих мэдрэмж зэрэгцэн төрж
байгаа нь сонин. Энэ бол Сорхугтанид олон жилийн хүлээлт олон удаагийн дайнд хайртай
хүмүүсээ үдэж мордуулсан хүний хувьд урьд өмнө төрж байгаагүй мэдрэмж байв. Хатан эх
энэ мэдрэмжийг чухам юу болохыг мэднэ. Тэр дотроо "Эх хүний зовлон гэж энэ байжээ. Урьд
эцгийг нь эргэн ирэхэд ингэдэггүй сэн. Гэнэт ирсэн баяртай давхцан олон жилийн турш
цээжинд хурсан айдас ийн зүрхийг минь хүчтэй цохилуулж, чинээнд нь тулган, энгэр
цээжийг минь урж байгаа хэрэг байх нь" хэмээн бодож байлаа. Тэдний араас олзонд ирсэн
ард олон, эд барааг тэрэг тэргээр нь буулгана. Сорхугтани хатан хүүтэйгээ аминчлан уулзлаа.
Эх нь Хубилайн хамт өмнө зүгт ард иргэдээ засан төвхнүүлэхээр явах гэж байгаагаа дуулгаад
баруун тийш хийсэн аян дайнд хан хөвгүүдийн эе эвдрэлцсэн тухай дахин дурсаж,

- Хүү минь. Сүүлийн үед хэцүү совин буух боллоо. Эхийн эзгүй энэ цагт хаан эзнээ дээдэлж,
төрт ёсыг хүндэтгэн, хууль цаазыг чандлан сахиж, эрч хүч, эд баялаг, хувийн ашиг сонирхлыг
нэн тэргүүнд тавихаас татгалзаж, ахан дүү төрөл садны ёсыг эрхэмлэн, туйлын үнэн
шударгуу байгаарай хэмээн захих зуур ээжийгээ харж суусан Мөнх "Цаг хугацаа гэж бүгдийн
эзэн буюу. Ээж минь цагийн эрхээр буурал сууж, эдүгээ нас нэмсэн ч ухаан гэдэг мөнхийн
юм даа. Үргэлжид үнэнийг өгүүлж анхааруулж байх юм" гэж бодно.

Сорхугтани хатан Мөнх хүүгээ угтан уулзаж энэ мэтийг хэлж захин байхад Өгөөдэй хааны
ордонд өөр нэгэн яриа өрнөж байв. Өгөөдэй хаан дайны олз омог, ялалт авч ирсэн Гүюг
хүүтэйгээ уулзаж байлаа. Хаан эзэн сэтгэл ихэд хангалуунаар,

- Хүү минь эм хүн шиг уйлан ирэхгүй, эх нутагтаа ялалтын дуутай ирсэн нь сайн хэрэг. Би
чамайг хэр эр болохоо харуул гэж явуулснаас хэрүүл хийгээд ир гэж явуулаагүйг санаж, ялалт
байгуулжээ чи гэв.

Өгөөдэй хаан их л хөгжилтэй, баяртай байгаа нь илт харагдана. Их хаан эзэн хэдий ч, эцэг
хүний ёсоор хүүгийнхээ төлөө сэтгэл зовинон суусан хоногууд түүнд олон байсан биз ээ.

- Хаан эцгийн үгнээс хүү тань ичихийн ихээр ичиж, айхын ихээр айж билээ. Дайн тулаанд
хат, ухаан суулаа. Тиймээс олон түмэн ард цэрэг эрсийнхээ өмнө онцгой гавьяа байгуулан,
хувийн эрх ашгаас илүү ард олноо дээдлэн явахаа харуулах гэж ихэд хичээлээ хэмээхэд

Өгөөдэй хаан хүүгээ харан толгой дохиж,

- Мөн дөө Миний хүү. Аав чинь ийм л хүүг хүлээж байлаа. Хаан эзний нүүрэнд эцэг хүний
бахдал гэрэлтэн байснаа алгуур замхарна. Энэ үед хааны чихэнд "Өгөөдэйн үр, өвсөнд
боогоод үхэр идэхгүй, өөхөнд боогоод нохой идэхгүй юм болбол" гэсэн Чингис хааны хатуу
үг, тэр л дуу хоолой дахин сонсогдох шиг болоход "Үгүй ээ. Тийм байх учиргүй" хэмээн
дотроо хэллээ.

Хүүтэйгээ зурвасхан уулзаад Сорхугтани хатан тэр өдрийнхөө маргааш өглөө нь Хэбэй муж
руу хөдлөв. Эх нутгийн агаар, танил дотно салхины үнэр алсран үлдэх тусам дорно зүгийн
халуун агаар хатныг бага багаар тосон авч бүчин байх шиг ээ. Холын замд гарсан хүүдээ эх нь
өөрийн ард иргэдээс тасдан өгч, хамт явуулж буй тул уртаас урт цуваа их говийг гатлана. Тэд
цөм халуунд ихэд ундаасан ядарчээ. Хүн малгүй авч явсан усны нөөцөө бага багаар баржээ.
Говийн их талд хаашаа ч харсан элсэн цөл болсон их газрын дунд хүн битгий хэл малын
бараа ховорхон харна. Зам зуур хатан эх Хубилай хүүгээ ажиглан харж явлаа. Хүү нь ард
иргэдээ энэ ээрэм цөлийн дундуур хэрхэн авч явах, хатан эхээ хэрхэн асрах зэргийг ажиглан
харах бодол Сорхугтанид төрж, энэ урт зам хүүг нь сорих анхны сорилт гэдгийг мэдэж байв.
Хубилай эхийгээ хэрхэн халамжилж байгаагаас түүний нинжин сэтгэлийг харж болно. Харин
элсэн цөлийг хэрхэн давж, өөрийн ардыг авч явахаас түүний холч ухааныг харж болно.

Ээрэм тал, элчилгүй үргэлжлэх элсэн цөлийн дунд хэсэг яваад айл амьтан таардаг сан.
Тэдэнтэй хүн мал таарсангүй удлаа. Удтал явсны эцэст тэртээ холоос сүүмийн харагдах
нэгэн гэрийг барагцаалан ундны устай залгах боломж гарч ойртон очвол навсайж урагдсан
муухан эсгий гэрээс эрүү өвдөг нь нийлсэн эмгэн гадаах чимээг сонсон гарч ирлээ.

Эмгэн гарч ирүүтээ ихэс дээдэс явж буйг мэдэн нүүдлийг тосон ирж газарт сөхрөн суулаа.
Нүүдлийн өмнөх хишигтэн цэрэг эмгэний хажууд очин,

- Ихэс дээдэс заларч байхад навсайж нооройчихоод байж буйг нь. Нүүдэл тосон угтдаг тал
нутгийн зан хаачив. Хурдан цэгээ авч ир хэмээн зандрангуй дуугаар өгүүлэхэд эмгэн уулга
алдан,

- Ээ хөх тэнгэр. Би гэж хөгшин ухаанаа баржээ. Ихэд дээдсээ ундлах цэгээ бэлтгэе. Эмгэн
дотогш орж домботой цэгээ гарган ирлээ. Эмгэний хажууд зандрах хүнийг Хубилай гараараа
дохин дуугүй болгоод,

- Энэ мэт ядарсан хүнийг дээрэлхэн явах нь ид чадалтайн илрэл биш, элбэрэл нигүүлслээ
хайрлах нь түүний илрэл юм. Энэ эмгэнд өглөг өг гэж хэлэхэд дагалдан явагсад эмгэнд өглөг
хишиг хүртээлээ. Хубилай нүүдлийн цувааг ундалж байх зуур эмгэнээс:

- Энэ хавийн айлууд илт цөөрсөн харагдана. Гантай зун мал хуйгаа даган өвс бэлчээр
хайхаар яваа юу гэж асуув.

- Ихэс дээдэс минь өршөөн болгоо. Эзэнт улсын сүр хүч дээшлэн мандах тусам, эгэл ард
түмний амьдрал туйлдаж байна. Энэ хавийн айлуудаас авдаг малын татвар эрс нэмэгдэж,
татвар төлж чадахгүй болсон малчид өөр нутаг оронд нүүн одсоор, айл амьтан цөөрөөд би
гэж хөгшин бууриа сахиж үлдэхэд хүрээд байна гэлээ.

- Хаант төрийн татварын бодлого энгийн ардыг дэмжихэд чиглэдэг. Тийм байх учиргүй дээ
гэхэд,

- Хааны зарлигаар явж байна гээд олон улс ээлж дараагаар ирж алба гувчуур нэхэж, өнчин
ишиг ч дутаахгүй өргөл барыданд авдаг боллоо хэмээн хэлэв.

Энэ яриаг Хубилай хатан эхийн хамт анх удаа сонсов. Эзлэгдсэн хотуудаас авдаг татварын
хэмжээг хэвээр үлдээж, энгийн ардаас авдаг татварыг илтэд хөнгөлсөн атал айлууд ийн нутаг
усаа орхин нүүх болсон нь тэдний гайхлыг төрүүллээ. Харин энэ зуур тэр хоёр тал нутагт
байхдаа сонсоогүй зүйлээ дагалдан явсан цэргийн хүнээс сонссон юм. Тэр хүн хатны
хажуугаас,
- Мөхөс намайг өршөө хэмээгээд Өгөөдэй хааны хатан тушаал буулгаж, эзлэгдсэн хотуудаас
авах татварыг хариуцан ажиллахыг худалдаачин Абдул Рахманд даатгасны дараа Абдул
Рахман зөвхөн эзлэгдсэн хотуудаас татвар аваад зогсохгүй, энгийн ард олноос авах татварын
хэмжээг нэмэгдүүлсэн гэсэн яриа сонссон билээ гэж хэлэв.

Сорхугтани энэ яриаг сонсоод тэр нэгэн өдөр өөртэй нь Хархорумд байхад ирж уулзаж
байсан хэрмэл худалдаачин Абдул Рахманы царайг саналаа. Харваас зальжин энэ хүн
Дөргөнө хатны итгэлийг авч, эрхэндээ оруулаад ингэж дураар аашилж байгаа байж. "Ямартай
ч Хэбэй мужийн эзлэгдсэн газар орныг төвхнүүлж хүүгээ үлдээгээд, үтэр буцах хэрэгтэй юм
байна" гэсэн бодол төрөв.

Нүүдэл цаашлах тусам дайн дажны хөлд сүйрсэн хотууд, орон гэргүй болсон хүмүүс
тааралдана. Хубилай хүү нь замд таарсан хүмүүстэй уулзан ямар нэгэн зүйлийг хэлж
явуулаад байгааг эх нь анзаарлаа. Замын турш таарсан хүн бүхэнд тэр үг дайн явсаар хэдэн
хоногийн урт замыг туулж Өгөөдэй хаанаас ёсолсон Хэбэй мужид хүрч очив. Угаас газар
тариалангийн орон байсан энэ газар одоо тариа ногоо тарихаа больж, хүн ард нь дүрвэж,
алба татвар нь нэмэгдсэн зэрэг нүд дальдрам дүр зураг харагдана. Хаа нэг газраас дээш алд
хүрэхтэй үгүйтэй навтгар шавар тагзнууд үлджээ. Дээвэр дээр нь зэрлэг ургамал урган, лууль
шарилжны арзгар сэрзгэр иш сагсайн үзэгдэнэ. Дайны хажуугаар дажин гэдэг үг үнэн
байжээ. Нэгэнт эзлэн авсан бол өөрийн төлөөний хүнийг томилон үлдээж цааш хөдлөх
Монгол цэргийн ар хударгаар нэр сүрийг нь барьж энгийн ард иргэдээс алба, татвар авах,
тонон дээрэмдэх үзэгдэл гардаг нь энэ.

Өршөөлт бодлого явуулдаг Өгөөдэй хаан ч эцэг хааныхаа адил итгэл эвдээгүй хэнийг ч
уулгалан дайраагүй юм. Эзэн ноёд, эзэрхэг хаадын энэ мэт үл ойлголцолд өртөн шаналж
байдаг энгийн ардыг яалтай билээ. Өгөөдэй хаанаас Хэбэй мужийн хэргийг түр
хамааруулахаар үлдээсэн Сүлдэс нэртэй цэргийн жанжин, хатныг хүү Хубилайн хамтаар
тосон угтав. Сүлдэс бол морины нуруун дээр мордон гартаа сэлэм барьсан цагтаа гарамгай
жанжин, харин мориноосоо буусан цагт хаачихаа мэдэхгүй хүүхэд мэт байсан нь туйлдаж
ядарсан ард олных нь нүднээс харагдаж байлаа. Үнэндээ бас л атгаг санаатнууд Сүлдэсийн
нэрийг барьж алба татварыг нэмэгдүүлж ашиг хонжоо хайсаар явсан хэрэг байв. Ирсэн
газрынхаа ард түмэн, тэдний амьдралын хэв маяг, онцлог зэргийг судлах шаардлага Хубилайд
буйг эх нь анзаарав. Сорхугтани хатан Хубилайн хамт Сүлдэсийг хүлээн авч уулзав.

- Тал нутагт амь амьдралын эх булаг мал маллахад оршдог. Энэ газарт чухам юу байдаг вэ?
хэмээн Сорхугтанийг асуухад Сүлдэс,

- Энд бол газар тариалан байдаг аа, хатантаан гэв.

- Тэгвэл бидний замд таарсан асар уудам газар тариалангийн нутаг зэрлэг өвсөнд идэгдэн
байгаагийн учир юу билээ?

- Хаанаас олгосон алба татварын хэмжээ ард иргэдийн нуруун дээр хүндхэн ачаа болон
бууснаас хойш ихэнх тариачид тариа ногоогоо тарьж, ургац хураагаад ч амь залгаж чадахгүй
болоод ийн тариалангийн талбай хоосроод байна гэв.
Хубилай Сүлдэст хандан,

- Хэдийгээр хаан эзэн зарлигдан татварын хэмжээг тогтоосон ч, Сүлдэс чи өөрийн эрх
мэдлийг бусдад алдаж, нутгийн овсгоо самбаатай нэгэн урдуур чинь орж хааны татвар дээр
дахин татвар нэмэн, амандаа орсон тоог хэлж дураар авирлаж байгааг мэдээгүй хэрэг үү?
гэв.

Сүлдэс Хубилайн үгийг сонсоод гайхлаа. Дөнгөж сая л энэ газарт амь амьдралын эх булаг нь
чухам юу вэ гэж асууж байсан хүмүүс, өөрсдөө түүнийг мэдэхийн дээдээр мэдэж, тэр ч бүү
хэл өөрийнх нь нэрийг барин татварын тоог амандаа ортол нэмж яваа шунахай хүмүүсийн
тухай хүртэл мэдэж байдаг. "Яаж энийг мэдцэг байна аа, Хубилай эзэн өмнөд нутгийн хэлээр
төрлөх хэл шигээ цэвэрхэн ярьж байна. Ихэс дээдэс гэдэг энэ л байдаг юм байна даа" хэмээн
гайхах зуурт Хубилай үргэлжлүүлэн,

- Юун түрүүн энэ газрын тариаланг тэтгэн хөгжүүлэх бодлого явуулна. Дүрвэн явсан хүмүүс
эхнээсээ нүүж ирнэ гэж итгэлтэйгээр хэллээ. Хубилай ямарваа нэгэн шийдвэр гаргахдаа
яаруу загнаж үзээгүй билээ. Тэр хүүхэд байхаасаа л ийм байсан. Сайтар бодож байж шийдвэр
гаргах тул, тэр нь хийгүй байдаг билээ. Сорхугтани хатан хүүгээ ингэж итгэлтэй ярьж байхыг
хараад гайхав.

- Юун түрүүн албан татварыг багасгая. Албан татвар багасаад ирэхээр тариачид тариалсан
зүйлээрээ арилжаа наймаа хийж амьдрал ахуйгаа залгах боломжтой болно. Ингэх юм бол
худалдаа наймаа, газар тариалан хоёр зэрэгцэн хөгжинө гэж би сэтгэнэ. Сорхугтани
хүүгийнхээ шийдвэрийг сонсон суулаа. Хубилай үнэхээр ухаан хүч аль аль нь тэгширсэн эр
хүн болж буйгаа эхийнхээ өмнө харуулж байх шиг. Сорхугтани хүүгээсээ,

- Газар тариалан, худалдааны талаар уян хатан бодлого явуулъя гэж хэлсэн чинь зөв шийдвэр
байна. Харин нэгэнт дүрвэн одсоор байгаа ард иргэдийг хэрхэн зогсоож өөрийн санаагаа
юунаас эхлэх бодолтой байна гэж дахин асуулаа. Хубилай хэсэг бодол болон сууснаа,

- Би нааш ирж явахдаа л энэ бүхнийг бодож явлаа. Эхлээд татварын хяналт тогтооё. Эзний
нэр сүрийг барин зоргоор татвар хураагчдыг цэщлэн, алба гувчуураас болж харьяат иргэдтэй
маргалдаж буй татвар хураагч хэнийг ч болов шийтгэж, нийтэд мэдэгдье гэж нэмж хэллээ. Эх
нь их элсэн цөлийг туулахдаа хүү нь замын турш таарсан хүмүүст ямар нэгэн үг дайн явсныг
санаад,

- Хүү минь чи замд таарсан хүмүүст ямар үг дайн явуулж байснаа эхдээ хэлэхгүй юу гэж
асуулаа.

- Би тэр хүмүүст энэ газрыг засах шинэ эзэн ирсэн тул та бүхнээс авах татварыг чөлөөлж,
урьд өмнө өгч байсан олон татварыг хааны нэрийг өмнөөс буцаан өгөх болсон тул нутагтаа
ир гэсэн хэл явуулсан юм. Тиймээс тун удахгүй энэ газрыг орхин явсан хүмүүс нүүж ирэх
болно гэв.

Хатан эх хүүгийнхээ замын турш хүмүүст түгээж байсан үгийн учрыг сая оллоо. "Би
хүүгийнхээ төлөө дэмий зовж байсан хэрэг байж" гэж бодох зуур Хубилай үргэлжлүүлэн,
- Харин дараа нь хил дамнан явах худалдаачдыг нааш татан арилжаа наймаа хийх боломж
олгоно хэмээлээ.

Хүүгийнхээ энэ эмх цэгтэй, дараалалтай шийдвэрүүдийг сонсон суух хатанд яагаад ч юм
нүдний нь өмнө Тулуй эзний царай тодрон харагдах шиг боллоо. "Хар даа. Таны хүү том эр
болжээ. Алгын чинээ байхад нь алган дээрээ хөлийг нь тавиад үнсэж байсан хүү чинь
өнөөдөр улсаа захиран суухаар бодол ухаанаа уралдуулж байна. Мөнх тэнгэрийн орноос
биднийг харж сууна уу" гэж сэтгэлдээ асуулаа. Хэрхэх нь мэдэгдэхгүй алс газарт, хэн нь
мэдэгдэхгүй хүмүүсийг захируулан үлдээхээр хүүгээ авч ирсэндээ зовж байсан сэтгэл нь бага
ч болов тайвшрах шиг боллоо.

Тэнгэр тэр аяараа бүүдийж үүлс хуйлран харлаад аянга цахилгаан газарт буун их усыг
оруулж, эргэн тойрноос чийгний үнэр нэвт ханхлан, цан хэнгэрэг тэнгэрт цуурайтан, өлөн
чонын дуу улин гаслах нь сонсогдож, Өгөөдэй хаан нойрноосоо сэрлээ. Орноосоо өндийн
босох гэсэн боловч чадсангүй. Зүрхэн тус газар нь хүчтэй өвдөлт мэдрэгдэнэ. Тун удалгүй
ордны ихэс дээдэс цуглан хаан эзний бие чилээрхсэн тухай мэдээ ордонд тархаж, хааны
хатад сайд түшмэд цуглалаа. Ордны оточ хаан эзний судсыг барин удаан суусны эцэст ийн
хэлэв. "Хаан эзний зүрх алжаажээ. Энэ өвчин амь насанд нь халтай байж магад" гэв. Отчийн
үгийг сонссон Дөргөнө хатан,

- Мөнх тэнгэр минь юуны учир хилэгнэв. Хаан эзний биеийг илааршуулж, хатад,
хөвгүүдийн сэтгэлийг амирлуулж хайрла хэмээгээд цугласан олноос хэрхэхийг асуулаа. Энэ
үед Өгөөдэй хаан хүчлэн өндийж,

- Елүй Чуцайг дуудан ирүүл хэмээн зарлигдлаа. Хааны хажууд зогсох Дөргөнө хатны гайхсан
харцыг харсан хаан,

- Тэр тэнгэрийн аашийг мэднэ. Эцэг хааныг минь олон удаа аюулаас мулталж байсан ачтай
нэгэн. Өнөө надад түүний эрдэм ухаан хэрэгтэй байна. Хэрхэхийг түүнээс асуух болно гэж
хэллээ. Хаан эзэн нэгэнт зарлигдсан тул Дөргөнө хатан дуртай дургүй ч, Елүй Чуцайг дууд
хэмээн цааш хэлүүллээ. Хаан эзний бие алжаасанд санаа зовинон хэрхэхээ мэдэхгүй байсан
хүмүүсийн дунд тун удалгүй урт сахалт Елүй Чуцай ирэв. Урт хар сахал нь буурал суужээ.
Түүнийг хүлээж байсан хаан эзэн,

- Тэнгэр надад дохио өгөн байгаа нь юуны учир болохыг урт сахалт чи тайлбарлан хэлж
өгнө үү. Мөнх тэнгэр намайг хоёронтоо дуудлаа хэмээхэд Елүй Чуцай урт сахлаа шувтран
хаан эзний өмнө ойртон очиж,

- Өршөөлт хаан Өгөөдэйн өршөөл энэрэл өдгөө үгүйлэгдэн байгаа болов уу гэхэд Дөргөнө
хатан,

- Энэ чинь юу гэсэн хэрэг билээ хэмээн асуувал

- Мөнх тэнгэр хилэгнэн байгаа нь өршөөл хүсч байгаа хэрэг болов уу. Өдгөө шорон гянданд
хоригдож байгаа ялтнуудыг суллан явуулах хэрэгтэй гэв.
"Мөнх тэнгэр хилэгнэн байгаа нь өршөөл хүсч байгаа хэрэг" гэсэн үгийг хаан эзэн ухан
бодоод өргөөнд цугласан олон, төрийн сайд түшмэдэд хандан,

- Елүй Чуцайн хэлдэг үнэн биз ээ, өршөөлт хаан Өгөөдэйн өршөөл энэрэл өдгөө үгүйлэгдэж
байгаагийн учир мөнх тэнгэр надад дохио өгүүлсэн хэрэг биз. Намайг хаан ор сууж байхдаа
анхлан гаргаж байсан өршөөлийн шийдвэрийг өнөө дахин гаргаж ялтнуудыг суллан явуул гэж
хэллээ.

Өгөөдэй, хаан ширээнд сууснаас хойших жилүүдэд дайн дажны хөл тасраагүйн дээр өршөөлт
засгийн бодлого ч бага багаар алдагдсаар байсан энэ үед Елүй Чуцайн үгийг хүлээн
зөвшөөрөхөөс өөр аргагүй байв. Нэгэнт ирсэн айдас түгшүүр, мөнх тэнгэрийн хилэнг дарах
арга үүнээс өөр үгүй байлаа. Энэ үг хааны амнаас гарсан даруйд шорон гянданд хоригдож
байгаа хүмүүсийг суллан явуулах шийдвэр биеллээ олж, олон хүн суллагдан эрх чөлөөтэй
болжээ. Өршөөл үзүүлэх шийдвэр Өгөөдэй хааны хувьд анхных нь биш юм. Сорхугтани хатны
зөвлөн хэлсний дагуу тэрбээр хаан ширээнд суусан өдрөө төрийн хэргийг өршөөлөөр эхлэн,
шорон гянданд хоригдон байгаа ялтнуудыг суллан явуулж байсан түүхтэй. Энэ цагаас хойш
өршөөлт хаан Өгөөдэйн нэр тал нутаг даяар тархсан. Елүй Чуцайн үг үнэн болох нь
батлагдаж тэр өдрийн оройдоо хааны бие тэнхээ сайжрав. Хааны гэр бүл, алтан ургийнхан,
ордны сайд түшмэд бүгдээр сэтгэл амарч гэр гэртээ буцсан тэр өдрөөс хойш хэд хоног
өнгөрлөө.

Тал нутгийн тайван амьдрал үргэлжлэн байхад хаан эзний бодол ухаанаас нэгэн зүйл гарахаа
болиод байлаа. "Мөнх тэнгэр намайг хоёронтаа дуудлаа. Эхний удаад хайртай дүү минь золио
болон одсон бол дараагийн удаад хэн миний өмнөөс золио болох билээ. Нэгэнт ирж буй хувь
заяаны дуудлагыг хүлээн авах цаг нь болж" энэ бодол Өгөөдэй хаанд төрөн, тэр шөнийн зүүд,
тэнгэрт цахилсан их цахилгаан газарт бууж, алсаас өлөн чонын дуу сонсогдон байсан хачин
зэвүүн зөнт зүүдний шалгааныг тайлж ядан байв.

Хубилайн үнэн болж Хэбуй мужид алсаас ирэх нүүдлийн цуваа өдөр өдрөөр нэмэгдсээр. Хүн
ардын сэтгэл санаа тайвшрахын хэрээр газар нутаг хүртэл өгөөж шимээ өгдөг юм уу гэлтэй
тэр жил нутгийн ард олон их ургацыг хураан авчээ. Газар нутгийнхаа үйл хэргийг удирдан
суугаа Хубилай хүүгээ харахад хатан эх санаа амарч болохоор болжээ. Тал нутагт байхаас ихэс
дээсдийн амьдрал хийгээд эгэл ардын үнэнийг таниулан сургаж, эрдэм номд гэгээрсэн их
багш нарыг залан ирж сургаал номлолыг нь сонсгож, түмнийг залах эрхэм оюунд хөтлөн
өсгөсөн хүү нь эрийн цээнд хүрсэнийг харж суусан хатан орд өргөөндөө тал нутгаа санан
байхад нэгэн дурсамж сэтгэлд нь буув.

Хубилай хүү нь арван настай байсан үе. Эхийгээ судар эргүүлэн суухад гаднаас орж ирээд их
л чухалчлан нэг зүйлийг асуусан юм. Тэр бяцхан ухаанаараа эргэцүүлэн бодсон бололтой,

- Хатан эх минь та аливаа хүнд ухаарах хоёр зам байдаг гэж хэлж байсан гэж яриагаа эхлэв.

- Тийм ээ хүү минь гэхэд,

- Тэнэг хүн алдаж байж ухаардаг, ухаантай хүн алдахаасаа өмнө бусдын алдаанаас ухаардаг.
Амьдралын үнэн алдаа оноо аль аль нь номонд буй тул амьдралын үнэнийг номоос хай гэж
хэлж байсан. Нэгэнт би өнгөрсөн амьдралыг номоос хайж олж болох бол ирээдүйгээ ч гэсэн
номоос хайж болох уу? хэмээн асуусан юм. Хатан эх хүүгийнхээ толгойг илж духан дээр нь
үнсээд,

- Ирээдүйг хэн ч бичээгүй байдаг. Түүнийг эзэн хүн нь өөрөө бичдэг гэж хэлж байжээ.
Үнэндээ хүү нь одоо ирээдүйгээ өөрөө бичиж байна. Өнгөрснийг таньж байж ирээдүйг
бичдэг. Хатан эх энэ бүхнийг бодох зуур "Ирээдүйд зориулж үнэнийг бичиж яагаад болохгүй
гэж" хэмээн бодогдлоо. "Ирээдүйг хэн ч бичээгүй байдаг ч түүнийгээ бичихээр суугаа
хүмүүст амьдралын үнэнийг үлдээж болох юм" гэсэн санаа төрж суулаа. Гэвч энэ бүхнийг
бичихэд их цаг хугацаа орно. Хатан эх өнгөрч одсон өдрүүдийн тэртээ рүү бодол ухаанаа
уралдуулан байх зуур гаднаас хүү Хубилайг орж ирэхэд эх нь,

- Ээж нь нааш ирэхдээ хүүгийнхээ төлөө санаа зовж байсан минь дэмий хэрэг байж гэдгийг
одоо харж байна. Энд нэгэнт миний хийх ажил байхгүй тул нутаг буцах санаатай байна. Хүү
минь чи эрийн цээнд хүрчээ. Бид эцгийн чинь гал голомтонд санаа зовохоос чамд санаа
зовох хэрэггүй болжээ гэдгийг харж байна. Гэвч сануулж хэлэх нэг зүйл байна гэж нэмж
хэлэв. Хубилай эхийнхээ занг сайн мэднэ. Тэр хүүхдээ зөвхөн магтаад өнгөрдөггүй. Магтан
хэллээ ч дараа заавал сануулан сургах үгийг нэмж хэлдэг. Энэ удаад ч Хубилайн таамаг үнэн
болж эх нь,

- Чи энэ газрын хүнээс ч илүү хэл соёлыг нь сурч өссөн. Түүнийгээ ашиглан ардын сэтгэлийг
тат. Ардын сэтгэлийг татаж эс чадваас хийж байгаа бүхэн чинь үнэгүйдэж, чи тэрслүүд эзэн
болно. Ардын сэтгэлийг татъя гэвэл өтгөсийн уламжлалыг бүү хөндөөрэй гэж хэллээ.

Хэбэй мужид суугаа эх хүү хоёрын дунд болсон ярианы дараа Сорхугтани хатан Хархорумын
зүг яаравчлан замд гарав. Нэгэнт явахаар зэхэж байсан хатны ингэж яаравчлах болсон нь өөр
нэгэн шалтгаанаас улбаалжээ. Хүүгийн хамт Хэбэйд суугаа Сорхугтани хатанд Хархорумаас
Елүй Чуцай хэл ирүүлсэн байв. Барагтай бол хол газар суугаа хатныг дуудуулах шалтгаан
Елүй Чуцайд үгүй билээ. Гэвч Сорхугтанийн зөн совинд буух ямар нэгэн таагүй зүйлийн учиг
очсон хойно тайлагдах нь лав. Их говийг гатлан урт холын аян замыг туулан очиход өмнөөс нь
угтах тал нутгийн агаар, цэнгэг ус, мөнх тэнгэр хатныг хүлээж буй.

Их хаан Өгөөдэйн бие сүүдэр алжааж, сэтгэл санааг нь тайван байлгах хэрэгтэй гэсэн тул
Дөргөнө хатан төрийн хэргийг бүрэн хамаарах боллоо. Гэвч хатны хажуугаас огт өөр хүмүүс
Монгол төрийн алтан жолооноос атгахаар гар сунган байв. Эд бол нэгэн цагт дайны олзонд
хүргэгдэн ирж Дөргөнө хатны шивэгчин болсон Фатима, түүгээр дамжуулан танилцсан Араб
худалдаачин Абдул Рахман нар байлаа. Төрийн эрх мэдэл, татварын бодлогод хүчтэй
шургалан орж ирж байгаа, энэ харь хүмүүсийн дунд байх Дөргөнө үнэндээ зөв бурууг ялгаж
чадахгүй байлаа. Өгөөдэй хааны бие чилээрхсэн хийгээд Их Монголын эзэн хааны суудал
эзгүйрэх дохио ирж буй зэрэг хүндхэн бодлуудыг тээн явах үед, Дөргөнө хатан ч эх хүний
сэтгэлээр өөрийн төрсөн хөвгүүдээсээ хаан ширээ өвлүүлэн үлдээх хүндхэн тэмцлийн эхлэл
зүрх сэтгэлийг нь эзэмдсэн байв.

Нэгэн өдөр Дөргөнө хатныг орд өргөөндөө хааны бие чилээрхсэнд санаа зовинон суух үед
түүний шивэгчин Фатима орж ирэв. Хатны санаашран байгааг харсан Фатима сэтгэл санаа
нь тавгүй буйг сайн мэдэж байлаа. Тэр хатны ойрын хүн болж, бодож санаснаа шуудхан
хэлчихдэг тодорхой эрх мэдэлтэй нэгэн болсон тул Фатима хатанд ойртон ирж,

- Хатантан минь, таны бие чилээрхээ юу? Царай тань сайнгүй харагдана гэж асуухад
Дөргөнө хатан сэтгэл хөндүүрлэн байгаагаа нуусангүй,

- Хааны бие чилээ өдрөөс өдөрт барагдаж байх шиг. Эзэн хаан минь үгүй болбол бид хэрхэх
билээ гэсэн айдас төрөх юм.

- Хаан эзний бие чилээ дээрдэж байгаа тул санаа амар сууж болох биз. Харин хэрэг
бишидвэл дараагийн хаан...

Фатима ёсгүй үг хэлсэндээ гэмшин буй аятай чимээгүй боллоо. Дөргөнө түүнийг
зэмлэсэнгүй. Харин ч эсрэгээрээ нэгийг бодов бололтой,

- Тэгвэл үү... Нэгэнт хаан ор залгагчаа нэрлэхгүй одох аваас хаант төр эзэнгүй болно гэв.

- Тэр цагт хэрхэх вэ?

Фатима хатныг тандан асуулаа. Хатан шийдвэрээ гаргасан бололтой,

- Хаан эзэнд бараалхаж дараагийн хаан эзнийг нэрлэнэ үү хэмээн айлтгах хүсэлтэй байна
гэхэд, Фатима:

- Дараагийн хаанаар хаан эзэн таны үр хүүхдүүдээс биш, өөр хатны үр хүүхдийг нэрлэгдвэл
хэцүүхэн юм болно доо гэв.

Энэ бол Дөргөнө хатны хаанд бараалхан өнөөг хүртэл энэ үгийг хэлэхгүй байгаа учир
шалтгааны гол сэжүүр тул, Фатимагийн энэ үг хатны өвдсөн газарт нь хатгаад авах шиг
санагдав. Үүний хариуд хатан ямар ч үг хэлсэнгүй. Харин Фатима,

- Хатан та хүүгээ хаан ор суулган үлдээж чадахгүйд хүрэх аваас, төрийн нуруунд өөр нэгэн
хүн сууж, түмэн олон самуурах бус уу. Өчүүхэн миний бодлоор хааны ор залгах дараагийн
хүнийг Өгөөдэй хаан эзэн нэрлэхгүй хэсэг байвал ямар вэ?

Фатимагийн үг ихэнхдээ үнэний ортой байдаг. Түүний гүйлгээ ухаан зарим үед хатны
гайхшралыг төрүүлэх нь бий. Сая хэлсэн Фатимагийн үгийг хатан дотроо эргэцүүлэв.
Фатима:

- Хатантан танд хаан эзэн төрийн зарим хэргийг мэдэн явуулах онцгой эрхийг өгсөн тул,
хааны дараагийн ор залгах хүнийг нэрлэх тухай хаан эзэнд та айлтгах учиртай. Харин мөхөс
миний бодлоор хэрэг явдал буруу тийш эргэх аваас төр самуурч түмэн олон үймэх тул,
байдлыг харж шийдвэр гаргавал ямар вэ гэв.

Дөргөнө, Өгөөдэй хаан дараагийн ор залгах хүнийг Хүчү гэж хэлж байсан ч Хүчү мөнх
тэнгэрт одож, харин Гүюг хүү нь Их Монголын төрийг удирдах хүчин сул байгаа нь алтан
ургийнхны нүдний өмнө харагдсан, Годон бол Дөргөнө хатнаас төрсөн хүү хэдий ч багаасаа
эхээс тусдаа өссөн тул санаа нийлдэггүй зэргийг бодолцон өөрийн үр хүүхдүүд нь хаан ор
залган суух боломж тун бага байгааг харж байв. Дөргөнө:

- Чи үүгээрээ юу хэлэх гэсэн юм бэ?

Фатимагийн дотор ямар нэгэн төлөвлөгөө байгаа болооод эзэндээ ам нээдэг нэгэн тул
Дөргөнө хатан энэ асуултыг асуув. Фатима нүдээ гялалзуулан хатанд ойртон ирж,

- Нэгэнт хааны их хатан Мүгэ мөнх тэнгэрт одсон, бусад хатад хаант төрийн явдлыг засах нь
бүү хэл өөрийн явдлыг засч чадахгүй нас ахисан зэргийг харж та өөрийгөө хааны их хатан
хэмээн таамаглах нь зөв бус уу?

Фатимагийн үг үнэн байлаа. Хаан эзний Дөргөнө хатанд олгосон давуу эрхийг тэр ашиглан
энэ шийдвэрийг гаргуулж болно. Гэвч Дөргөнө хатан нэгэн зарц эмийн үгэнд орж энэ
үйлдлийг хийх болов уу. Тэрбээр эзэнт улсын их хааны хатан. Эзэндээ үнэнч боолын ёсоор
зөвлөгөө өгч байгааг мэдэж байсан ч Дөргөнө хатан:

- Энэ бол чиний оролцох хэрэг биш. Хэдий чи миний итгэлт хүн ч, эр эм хоёрын хооронд
ийм зан гаргах аваас би дахин өршөөхгүй гэж зандрангуй өгүүллээ. Фатима хатны өмнө
гэмшин бөхийнө.

- Харин чи Абдул Рахманыг надад дуудаж ирүүл. Татвар хураагчдын ахлагч болгосон ч
тэрний ажил миний нүдэн дээр харагдахгүй байна гэв.

Хатны царайд тодорсон бухимдал арилаагүй байлаа. Тэр Фатимаг нухацтай ажиглан харж,

- Уулын оройд байгаа хүн, бүгдийг хардаг. Харин ганцхан зүйлийг харж чаддагүй нь өөрийн
бие. Уулын бэлд байгаа хүн бүгдийг харж чаддагүй ч уулын оройг харж байдаг. Нар мандахад
уулын оройд эхэлж тусдаг, нар жаргахад уулын оройг гэрэлтүүлээд оддог гэж хэллээ.

Хатны энэ үг нэг талаар Фатимаг тандсан хэдий ч, нөгөө талаар түүнд хэн болохыг нь
сануулж хэлсэн үг байв. Энэ бол хаад хатад, ихэс дээдэс бид уулын оройд байж бүгдийг
хардаг. Харин та нар уулын бэлээс биднийг хардаг. Нар хүртэл бидэн дээр тусч, сүүчийн
туяагаа ч бидэнд илгээдэг гэсэн санаа юм. Хэдийгээр Фатимагийн үгээр шийдэж буй хэрэг
биш гэдгээ ойлгуулсан ч, энэ явдлаас хойш хэдэн өдрийн дараа Дөргөнө хатан Өгөөдэй хаанд
бараалхан өөрийн хүсэлтээ уламжилжээ. Хаан эзэн Дөргөний үгийг сонсоод,

- Их багын ялгаа юу байна. Хэрэв чи хүсч байгаа бол би чамд эрхийг нь өгсөн тул өөрөө
шийд гэж хэлжээ. Хаан эзэнд бол энэ шийдвэр тийм ч чухал биш боловч харин

Дөргөнө хатанд бол чухлаас чухал, онцгой эрх мэдлийг авч ирэх байсан тул тун удалгүй хааны
албат ард олныг цуглуулан өөрийн нэрийг "Дөргөнө их хатан" хэмээн бичээд Өгөөдэй хааны
тамгыг даруулав. Энэ өдрөөс хойш Дөргөнө хатан, их хатан боллоо. Энэ шийдвэрийг хэн ч
зөрсөнгүй. Учир нь хааны хатдын дотроос их хатан байх хүндтэй үүргийг хүлээж чадах хүн
бол Дөргөнө мөнөөс мөн.

Улсын их хатан Дөргөнийн орд өргөөний ойролцоо харь зүсний хоёр хүн хоорондоо ярилцан
байлаа. Урт чихтэй хатны бусад дагуулуудад сонсгохгүй гэсэндээ тэд аяархан ярьж байв.
Фатима Абдул Рахманы чихэнд,

- Хатан хилэнтэй байгаа. Би түүний уурыг хүргэх шиг боллоо. Одоо харин чи хэлэх үгээ
цэнэж бодолтой орохгүй бол тэр лав биднийг өршөөхгүй биз ээ. Алба татварын талаар сэжиг
авсан байх магад гэхэд, Абдул Рахман:

- Дөргөнө хатан мэдэх учиргүй. Би ихэс дээдсийн арга эвийг олж чаддаг. Чи энийг мэднэ.
Тиймээс энд санаа зовох хэрэггүй. Ямар ч улсыг эзлэхэд хааныг нь биш ард түмнийг нь
зовоох хэрэггэй. Тэгвэл ард түмэн өөрсдөө хаанаа унагаадаг юм. Хаангүй улс хоньчингүй
хонин сүргээс ялгаагүй. Надад хэтийн санаа байна. Би хатны хилэнг өөр тийш хандуулах
болно хэмээгээд Абдул Рахман Дөргөнө хатны өргөө рүү өөртөө итгэлтэй, ихэмсгээр явж
орлоо. Тэрбээр:

- Хатантан таны дуудуулсан ёсоор Абдул Рахман би бараалхан ирлээ хэмээн хатны өмнө
сөхрөн суув. Хүндэтгэл илэрхийлэн буй худалдаачин эрийг харж суугаа Дөргөнө хатан ихэд
ууртай харагдана.

- Хааны санг арвижуулж, хамаг түйтгэрийг арилгана гэж хэлчихээд өнөөг болтол юу
хийснийг чинь би олж харсангүй гэхэд, Абдул Рахман хэрэг бишдэж байгааг анзаарсан
бололтой доош харан суусан хэвээр,

- Хатан минь. Хэдий би татвар хураагчдыг өөрийн гарт барьж, хааны төлөө үйлчилж байгаа
ч миний хэрээс хэтэрсэн зүйл болоод байгаа тул хатны итгэлийг алдахад хүрээд байна гэв.

- Хэрээс хэтэрсэн зүйл гэж юуг хэлнэ чи?

- Миний өөдөөс сөрсөн хүнийг төрийн шүүхийн өмнө авч ирлээ ч улсын дээд заргач тавин
явуулж байгаа тул тэр хүмүүс нутаг орондоо буцан очиж, ахин өөрийн дураар авирлаад
байгаа учир энэ хэрэг сунжирсаар байна гэв.

- Улсын дээд заргач гэнэ ээ?

- Махмуд Ялавач тэр хүмүүсийн хэргийг шүүн хэлэлцээд тавин явуулж байгаа тул мөхөс би
хэрхэх билээ. Түүний эрх мэдлийн өмнө миний хүч дутаж байна гэв.

Абдул Рахманы үгийг сонсоод хатантны царай барайгаад явчихлаа. Тэрбээр нэгийг бодов
бололтой царайд нь үл мэдэг баяр тодрон:

- Чиний эрх мэдэл дутаад байгаа юм биз дээ. Энэ хэргийг би шийдэхгүй ч, чамайг хаан
эзэнд бараалхуулж хамаг хэргийг захирах суудалд суулгаж чадна. Абдул Рахман өргөөний
гадаа Фатимад хэлж байсан "Би хатны хилэнг өөр зүгт хандуулах болно" гэсэн үг захаасаа
биеллээ олж буйг дотроо мэдэрч байв. Хатан үргэлжлүүлэн,

- Хаан эзэнтэй ойртох хамгийн сайхан идээ бол бор дарс. Чи нутгийнхаа жимсний сайхан
дарсыг урьдаар бэлд. Харин хааны бие чилээрхүү байгаа тул чи удаан уулзаж чадахгүй. Хаан
эзэнтэй ойртох үед түүний өмнө нэр хүндээ олох зүйлээ чи өөрөө хий. Энэ бол чиний өмнө
гарч байгаа хамгийн сүүлчийн боломж чинь байх болно. Хэрэв хааны сэтгэлийг татаж
чадахгүйд хүрвэл би чиний хар толгойг авах болно гэж хэллээ.

Абдул Рахманыг гарч явахыг зөвшөөрөөд Дөргөнө хатан улсын дээд шүүгч Махмуд Ялавачийг
дуудан ирүүлэх зарлиг буулгав. Дараахан нь Махмуд Ялавач хатны өргөөнд хүрэлцэн ирэв.

- Махмуд Ялавач чи улсын их заргач хэр нь хааны нэр сүрийг барин явах луйварчдаас төр
улсаа хамгаалж чадахгүй тавин явуулж байгаа нь юуны учир вэ гэхэд хаан эзнээс илүүгээр ял
асуух мэт зандран буй хатны өмнө зогсох Махмуд Ялавач,

- Их эзэн Өгөөдэй хаан зарлиг буулган намайг улсын дээр заргачаар томилсон. Би хааны
итгэлийг алдаагүйгээр барахгүй өршөөлт хаан Өгөөдэйн төрд үнэнчээр зүтгэн яваа. Тиймээс
хатантан та сэтгэлээ чилээж төрийн хэрэгт шунаглан оролцоод яана гэж зориглон хэлэв.

Махмуд Ялавачийг гарч явсан хойно нь Дөргөнө хатан "Төрийн хэрэгт шунаглан оролцоод
яана" гэсэн үгийг бодох зуур хоолой дээр нь тулаад гарч ирэхгүй байгаа хатуухан зүйл
амьсгалыг нь бөглөрүүлж байх шиг. Таарах бүхэнд таагүй үг хэлж хатантай уулздаг энэ хүн
үнэн мөнийг хэнээс ч илүү хардаг, хэлэх гэснээ шулуухан хэлчихдэг нэгэн байв. Махмуд
Ялавач хэзээний ховоор хоол хийн амьдарч сураагүй хүн тул Абдул Рахманы төрийн хэрэгт
хэт оролцон хааны зарлигийг гуйвуулан алба татварыг нэмэгдүүлж, эзлэгдсэн улс орнуудаас
төдийгүй энгийн ардуудаас авах татварын хэмжээг ихэсгэж, хааны нэрийг барин сүрдүүлэн
хэрцгийлж, ард олныг айлган сандрааж байгаа байдлыг тоочсонгүй өнгөрчээ. Абдул Рахманы
ял хэлэлцүүлэх нэрийдлээр барин авч ирсэн хүмүүс үнэн хэрэг дээрээ татвар гуйвуулагчид
биш, Абдул Рахманы өстөн дайснууд байсан юм. Махмуд Ялавач энэ үнэнийг олж мэдсэн тул
тэднийг шүүн хэлэлцээд тавин явуулж байсан нь үнэн байлаа.

Олон хоногийн аян замыг туулж Хархорумд сая ирсэн Сорхугтани хатан орд өргөөндөө
тухлан байхад Елүй Чуцай морилов. Түүний царайд тодрон байдаг инээмсэглэл үл
анзаарагдана. Хатантантай мэнд усаа мэдэлцэх зуур хүчлэн инээвхийлнэ. Хөмсөгний
хоорондох үрчлээс нь улам бүр гүн болжээ. Түүний байр байдлаас таагүй зүйл болжээ
гэдгийг төвөггүй харж болохоор. Елүй Чуцай буурал суусан урт сахлаа шувтран нэгэнтээ
санаа алдаад,

- Ойрноос хаан эзний бие чилээрхэх боллоо. Мөнх тэнгэрийн хилэнг дарж, өршөөл энэрэл
үзүүлсэн боловч гүйцэд илааршсангүй тул сэтгэл зовинон байна хэмээн яриагаа эхлэв. Хаан
эзний бие алжаасан тухай Сорхугтани хатан түүний амнаас анх удаа сонслоо. Тэрбээр
үргэлжлүүлэн,

- Хаан эзэн бор дарсанд шунагласан хэвээр байгаа нь түүний биеийн чилээг улам бүр
дордуулж байна. Дөргөнө хатан улсын их хатан болсон хэдий ч хааны лагшинд төдийлөн
зовохгүй байх шиг хэмээгээд Елүй Чуцай Сорхугтанийн өөдөөс арга тасарсан хүний харцаар
хараад,

- Хаан эзний бор дарстай нөхөрлөхийг болиулж чадах хүн хатан танаас өөр үгүй тул би
дуудуулсан юм. Их эзэн хаанаас эхлээд Өгөөдэй хаан ч хатан таны үнэн үгийг сонсож хүлээн
авдаг байсан. Тэр танд итгэл хүлээлгэн төр улсыг хэргийг ч захин үлдээж байсан удаатай тул
хатантан та хаан эзэнд бараалхан бор дарсыг сануулан хэлж, ухуулан ойлгуулна уу! гэв.

Сорхугтани хатан Елүй Чуцайн дуудуулсан учрыг сонслоо. Өдөр ирэх тусам бие лагшин нь
дордож байгаа хаан эзэн бор дарснаас татгалзахгүй бол амь насанд нь аюул учирч мэдэхээр
болжээ. Энэ ярианы дараа хатан Өгөөдэй хаанд бараалхах хүсэлтээ илэрхийллээ.
Сорхугтанийг ямар ч үед хүлээн авч найрсаг сайхнаар угтах хаан эзэн түүнд хариу өгүүлэхгүй
алгуурласаар байв. Хэд хэдэн удаа бараалхан очих хүсэлтээ илэрхийлсний дараа сая хаан эзэн
түүнийг ордондоо дуудуулжээ. Өгөөдэй хааны ордонг чиглэн их өргөөнүүдийн дундуур явж
байхдаа Сорхугтани нэгэн зүйлийг ажиглан харлаа. Хааны ордны хэвтүүл, хишигтэн, ордныг
хамгаалж байдаг хүмүүс өөрчлөгдсөн байв. Хаан эзний үнэнч албатууд бус харь хүмүүс
ордны ойр орчим хөлхөлдөнө. Хааны ордонд түүнийг хаан эзнээс гадна төрийн их хатан
Дөргөнө, Абдул Рахманы хамт угтав. Өгөөдэй хаан Абдул Рахмантай сархад хүртэн суугаа
бололтой өнгөн дээрээ ихэд хөөр хөгжилтэй харагдана. Тэдний дунд өрөөстэй шатар
харагдах нь ганц нэг өрөг тавьсан бололтой. Абдул Рахман гэгч энэ зальжин эр тэр нэгэн
өдөр Сорхугтанид бараалхан аман дундуураа алгадуулаад гарч байсан бол өнөө хаан эзний
өмнө хэзээ язааны эрх мэдэлтэн шиг бардам суух ажээ. Энэ үед Елүй Чуцайн хэлсэн
"Дөргөнө хатан улсын их хатан болсон хэдий ч хааны лагшинд төдийлөн зовохгүй байх шиг"
гэсэн үг санаанд нь орлоо. Сорхугтанийн орж ирэхийг харсан хаан эзэн,

- Сорхугтани хатан. Сайн явж ирэв үү. Чиний үгүйд гунигтай байх өдөр нэг биш таарч
байлаа гэж хэлээд Абдул Рахманы өргөн барьсан том хундагатай сархдыг нь тосон авч зэлгээн
цай залгих мэт шуналтайяа балгалаа.

- Хаан та амгалан сууж байв уу. Зорьсон хэрэг бүтэж, Хубилай хүү минь газар орны хэргээ
залан явуулах болоод би эргэн ирлээ.

- Сонсож дуулсан. Хэбэй мужийн газар орон арвин их ургац хураан авч, арилжаа наймаа
хөгжиж ардын сэтгэл санаа амгаланг олсон нь сайн хэрэг. Хаан би хатны хөвгүүдэд итгэдэг
гэж хэлээд,

- Алив энэ Абдул Рахманы надад зориулан тусгай жороор исгэж ирсэн жимсний дарсыг
хатанд барь хэмээн шивэгчиндээ тушаалаа.

Өөрийн дураар төрийн хэргийг удирдан явуулах таатай боломжийг нь үгүй хийж мэдэх
Сорхугтани хатан гэнэт гарч ирсэн нь Дөргөнөд үл мэдэг айдас төрүүлэх шиг санагдана.
Сорхугтани хатан Дөргөнөд хандан,

- Хатан та амгалан сууж байв уу гэж асуулаа. Дөргөнө хатан Сорхугтанийн мэндийн хариуд:

- Сайн сууж байлаа. Хэбэй мужийн газар орон хүн зон амгалан байгаа гэж дуулаад төрийн их
хатан би ч мөн баяртай суулаа хэмээв. Сорхугтани "Төрийн их хатан би ч баяртай суулаа"
гэсэн үгийг сонсоод гайхашрав. Тэр урьд нь Дөргөнө хатныг өөрийгөө төрийн их хатнаар
зарлан хааны тамга даруулсан гэж дуулсан ч хэрэг явдал ийм дээрээ тулан ирсэн гэж
санаагүй билээ. Сорхугтани,
- Хархорумд удах санаагүй байна. Хаан эзэнд бараалхаад нутаг буцна гэж нэмж хэлсэн нь
Дөргөнө хатанд төрийн хэрэг явуулахад саад хийхгүй гэдгээ хэлж байгаа мэт сонсогдов.

- Юунд нь яарах билээ. Мөнх хүү чинь Хархорумд төвхнөсөн тул хэсэг тухлаад явахгүй юу.
Аян зам гэдэг хүнийг алжааж ядраадаг хойно хэмээн Дөргөнө худал тал засав. Абдул
Рахмантай шатар нүүж суусан Өгөөдэй хаан нэгийг санав бололтой,

- Би өөрийн араас хаан ор суух хүнийг бодох бүрийд Мөнх нүдний минь өмнө харагдах шиг
болдог юм. Хүчү үгүй болсон ч түүний том хүү Ширмэнд би хаан суудлаа үлдээх бодолтой
байгаа хэдий ч нас нь дэндүү балчир юм даа гэж хэлээд өмнөө өрсөн шатрын хөлгийг харж
нэг нүүдэл хийв. Энэ үг өргөөнд байсан хоёр хатныг сэртэсхийлгэн бие бие рүүгээ
харуулахад хүргэв. Хааны энэ зарлиг гэж хэлэхэд хэцүү, бодол гэж хэлэхэд хэцүү үгийг
тэдний хэн нь ч мартахгүй биз ээ. Өгөөдэй хаан:

- Абдул Рахман чи яггүй толгой бололтой. Хаан миний нүүдлийг урьдчилан хараад хариу
үзүүлж байгаа нь цаанаа гүйлгээ ухаантай хүн юм хэмээн хэлээд хөмсгөө зангидан суухад
Сорхугтани хатан түүнд хандаж,

- Хаантан тантай ганцаарчлан уулах хүсэлт байна гэж хэллээ. Энэ үгийг сонсоод Дөргөнө
хатан Абдул Рахман хоёрын харц мөргөлдөөд тэр дороо салж байх нь харагдав. Өгөөдэй хаан
нэлээд хөлчүүрхжээ. Тэр Сорхугтанийн хүсэлтийг сонссон хэдий ч,

- Сорхугтани маргааш бараалхан ир гэж хэллээ. Маргааш өглөө Хархорумын дэнжийг


нэвсийсэн их цас дарсан байлаа. Хавар цагт ийм цас унаж байгаа нь ямар учиртай болохыг
хүн бүр амандаа ярилцан байх зуурт тэнгэрт гэгээ татаж нар алтан шаргал өнгөөрөө тунаран,
удалгүй их цасыг хайлуулав. "Хаан эзэн мөнх тэнгэртээ буцлаа" гэх аймшигт мэдээ түймэрт
асах гал мэт тархан ирэв.

Мөнх тэнгэр хаан эзнийг дуудуулжээ. Тэнгэрийн зарлигийг хаан ч бай, харц ард ч бай
дуулгавартай сонсон оддог жамаар тэр мөнх тэнгэрийн зүг оджээ. Өчигдөрхөн инээд алдан
ярьж суусан хаан эзэн өнөө мөнх тэнгэрт одсон энэ айдаст мэдээ Сорхугтанийн хувьд
төдийгүй бусад хүмүүсийн хувьд ч олон асуултыг дагуулан ирэв. Зарим нэгэн хүмүүс хааныг
сархад хэтрүүлэн зооглосноос болоод өөд боллоо хэмээн хэлэлцэж байхад, зарим нэг нь хүнд
өвчин нь сэдэрчээ хэмээн таамаглаж, гагцхүү Сорхугтани хатан л өчигдөр орой хаантай хамт
сархад зооглон, шатар нүүж суусан Абдул Рахман нүдэнд нь харагдах шиг болоход "Абдул
Рахманы надад зориулан тусгайлан бэлдэж авч ирсэн дарсыг Сорхугтанид барь" гэсэн хааны
дуу хоолой сонсогдох шиг боллоо.

Хаан эзнийг төрсөн нутаг Гурван голын сав газар, Онон Хэрлэнгийн хөвөө хязгаар Бурхан
Халдунд нутаглуулан их уй гашууг үйлдэж дууслаа. Хаант төрийн дараагийн эзэн, хаан ор
суух хүнийг Өгөөдэй хаан сэрүүн ахуйдаа нэрлэхгүй байсаар гэнэт мөнх тэнгэрт одсон тул
эзэн хааны суудал эзгүй өдрүүд Монголын төрд эхэллээ.
Зургадугаар бүлэг: Ороо бусгаа он жилүүдийн төөрөг

Нэгэн цагийн өршөөлт их хаан Өгөөдэй мөнх тэнгэрийн дуудлагаар буцан одсон тул
дараагийн хаан ширээндээ залрах хүртэл заншил ёсоор Дөргөнө их хатан төрийн хэргийг
явуулж, эзэнт улсаа захиран суух боллоо. Хаан эзнийг төрж өссөн нутгийнх нь газар шороонд
үүрдийн амгалангаар нойрсуулах их ёслолыг үйлдээд Сорхугтани хатан Гурван голын сав
газар Их Аурагтаа үлдэв. Хатан эхийнхээ эзгүйд үр хүүхдүүд нь гал голомтоо эзний ёсоор
сахин хамгаалж, ард олон нь түвшин амгалан сууж байжээ.

Сорхугтани хатны дуудан ирүүлсэн худалдаачин Инилийн үнэнч зүтгэлээр их Аурагт худалдаа
арилжаа хөгжиж, хүн зоны эдэлж хэрэглэж буй бүхэнд шинэ сайхныг авч ирснийг нүдээр
үзэж бахдан байсан ч, сэтгэлд дотно энэ газарт эргэн ирэхэд цаг хугацаа өнгөрөөгүй мэт
санагдсан ч ар араасаа цувран ирсэн хүндхэн өдрүүдийн манан будан, хаант төрийн ирээдүйн
хувь заяа хатны сэтгэл зүрхийг дэнслүүлнэ.

Их Эзэн хааны байгуулсан төр улсын ирээдүй цааш хэрхэх нь алтан ургийнхны дунд ч
асуултаар үргэлжилж байв. Олон хөлхсөн Хархорумын чулуун ханан дунд ийш тийш ойн буух
эзэнгүй сум мэт хэрүүл, төрийн эрхийг барихаар улайран байгаа алтан ургийнхны далд
тэмцлийн дунд байх хүсэл хатанд байгаагүй тул Аураг орддоо үлдсэн байв. Гэвч сэтгэл
чилээхгүй байхын аргагүй энэ цагт зүгээр сууж хэрхэвч болохгүйг тэрбээр ухаарч байлаа.
Хатныг бодол болсоор номын өргөөнд ороход хойно нь дагалдан явсан Ажин үүд хавьцаа
үлдэв. Тэрбээр Ажинд хандан:

- Тэмүгэн бэхийг дуудан ирүүл гэж хэллээ.

Номын өргөөний эргэн тойрон үзэгдэх бүхий л юмсыг засч сэлбэн шинэчлэх, судар номын
тоос шороог гүвэн, цэвэр цэмцгэр байлгах ажлыг охин Тэмүгэн бэхи чадварлагаар хийж
ирсэн нь харагдаж байлаа. "Төрийн алтан жолоо хэний ч гарт атгагдсан төр барихын ухааныг

мэдэх хүн хаант төрд хэрэгтэй" гэж дотор хүн нь хэлэх шиг болно. Хатан номын өргөөнд
хураалттай олон судраас хэд хэдийг сугалан авч, ширээн дээр дэлгэн нямбайлан үзэж байх
зуур гаднаас охин нь орж ирлээ.

Тэмүгэн бэхи, эцэг эх хоёрынхоо алийг ч дуурайгаагүй мэт. Харин Сорхугтанийн тэнгэр
болсон ээжтэй тун чиг адилхан ажээ. Охиныхоо өөдөөс өрөвдөнгүй харж суудаг эхийнх нь
ухаалаг дөлгөөхөн нүд өнөө ч хатны өөдөөс харж байх шиг санагддаг бөлгөө.

- Охин минь, эртний мэргэдийн судар дотроос төр засахын тухай өгүүлсэн судруудыг ялгаад
өг гэж хэлэхэд Тэмүгэн бэхи номын өргөөн доторхи олон судруудаас төд удалгүй хэд хэдэн
судар гарган ирж, хатны өмнөх ширээн дээр тавилаа.

- Төр барихын үнэнийг өгүүлсэн хэсгүүдийг шүүгээрэй гэсэн ээжийнхээ үгийг сонсоод
Тэмүгэн бэхи эхийн хэлсэн ёсоор тэдгээр олон судар дотроос төр барих үнэний тухай ишлэл
татсан хэсгүүдийг нээн тус тусад нь тавилаа. Сорхугтани тэднийг нэг бүрчлэн хараад
Тэмүгэн бэхид:
- Өвөг эцгийн тань мэргэн ухаан, төр засах бодлого, Өгөөдэй хааны өршөөлт засаг, олон улс
гүрнүүдийн нэгдэн босч, эргэн задарч байсан түүхүүдийг сөхөн, эндээс төр барихын
үнэнийг гарган бичиж, хожмын хүмүүст үлдээвэл ямар вэ гэж асуулаа. Охин нь эхийнхээ
хэлснийг дэмжин толгой дохиод,

- Хатан эх минь та хаан өвгийн үеэс эхлэн өнөөг хүртэл тэдний дунд байсан хүн. Энэ
үнэнийг мэдэх тул охин тань эхийн үгийг дэмжиж байна. Би харин танд хэрхэн туслах вэ гэж
асуулаа. "Хаан өвгийн үеэс өнөөг хүртэлх төрийн хэргийг хэрхэн явуулж байсныг мэдэх хүн
бол надаас өөр Елүй Чуцай бий" гэж бодмогц:

- Охин минь Хархорин уруу хэл хүргэж Елүй Чуцайг дуудан ирүүл гэж хэллээ.

Хархорумын ихэс дээдэс хөнжил дотроо хөлөө олохгүй зууралдан байлаа. Алтан ургийн хан
хөвгүүд Өгөөдэй их хаан тэнгэрт хальсан мэдээг авсан даруй аян дайнаа дуусган нутагтаа
ирээд байв. Тэдний дундаас Бат өөрийн улсыг байгуулж, Алтан ордны улс хэмээн нэрлээд
тэндээ үлджээ.

Их хааны ор суух хүн чухам хэн байх вэ гэсэн толгой гашилгасан асуултууд хүн бүхний бодол
ухаанд сүүдэр шиг даган, нэгэнт ор залгах хаан эзний нэрийг дурьдаагүй тэнгэр болсон
Өгөөдэй хааны үлдээсэн үг үгүй учир дор бүрнээ л их эзний суудалд санаархан байсан цаг.
Харин энэ үеэр Хархорумд нэгэн их хэрэг мандсан нь улсын дээд шүүгч Махмуд Ялавач
худалдаачин Абдул Рахманыг мөрдөн байцаасан хэрэг байлаа. Түүний дараахан их хатан
Дөргөнийн өргөөнд Махмуд Ялавач дуудагджээ. Хатан ихэд уурссан байв. Итгэлт хүн нь
болсон Абдул Рахманыг ийн шүүн байцааж байгаа явдал нь хатны дургүйг хүргэсэн нь илт,
тэрбээр толгой хаялан харцаараа шилбүүрдэхэд хацар даган унасан шижир алтан унжлага нь
шаргин байлаа.

- Абдул Рахман бол Монголын төрд үүргээ гүйцэтгэсэн илтэд гавьяатай нэгэн атал чи
түүнийг юуны учир мөрдөн шалгана вэ?

- Хатантан минь, өршөөн соёрх. Гэнэт тэнгэр болсон хаан эзний өөд болсон учир
шалтгааныг тодруулахаар шалгасан билээ.

- Хаан эзэн сархад хэтрүүлэн хүртэж байгаад өөд болсон гэдгийг хэн хүнгүй мэдэж байхад
мөнх тэнгэрийг хилэгнүүлэн энэ хэргийг дахин сөхөж, хударгагүй яриаг миний өргөөнд
дахин сонсгохын учир юу вэ?

- Улсын дээд шүүгчийн хувиар надад асууж тодруулах зүйл байгаа тул ингэсэн билээ.
Махмуд Ялавач хатны өмнө буруугаа хүлээх шинжгүй зогсох нь Дөргөний дургүйг улам бүр
хүргэж байлаа.

- Улсын Их хатан миний үгийг сөрөн зогсох шүүгч та яасан их эрх мэдэлтэй хүн бэ?

- Өршөөн болгооно уу? Нэгэнт барьсан учгийг чагтлах хүсэлтэй байна гэж хэлэх түүний
үгнээс Махмуд Ялавач хэргийн сэжүүрийг орхихгүй гэдэг нь тодорхой болов.
Юу ч гэж зарлигдаад хөдлөхгүй, хэлсэн үгийг нь үл тоон байгаа энэ эрхмийг удаан тэвчих
хүсэл хатанд байсангүй.

- Би чамайг улсын дээд шүүгчээс буулгаж байна. Нэгэнт Өгөөдэй хаан эзэн тэнгэр болж,
хатан миний мэдэлд улсын хэрэг ирсэн тул би ийм шийдвэр гаргалаа. Гарч болно гэж хатан
ширүүнээр хэллээ.

Махмуд Ялавач хатны шийдвэрийг хэрхэх билээ. Нэгэнт улсын их хатан ийм шийдвэр гаргаж
буй хойно зөвшөөрөхөөс өөр яах билээ. Харин атгасан сэжүүрээ улам лавшруулах гэж байхад
ийм явдал болжээ.

Тэрбээр "Хаан эзэндээ үнэнч албатын хувиар эцсийн мөч хүртэл үнэн мөнийг хайсныг мөнх
тэнгэр мэдэх билээ" хэмээн бодсоор гарч явлаа. Махмуд Ялавачийг гарч явсны дараа хатны
шивэгчин Фатима:

- Хатан та өнөө нэгэнт төрийн хэргийг мэдэж байгаа тул энэ мэт Өгөөдэй хаан эзний үеийн
сайд түшмэдийн дунд цаашдаа төр улсыг удирдан явах тань улам бүр хэцүү болох бус уу.
Тиймээс нэгэнт та шийдвэрээ гаргаж хаан эзний үеийн сайд түшмэдийг солих хэрэгтэй
санагдана гэлээ.

Уурандаа багтарч байсан Дөргөнө хатны таалалд Фатимагийн хэрэгтэй цагт өгсөн зөвлөмж
үнэхээр нийцэм бодогдлоо.

- Чиний үг зөв байна. Өнөө миний хэрэгт хөндлөнгөөс оролцон, өөр өөрийн суудалд лав
шигдэн, хатан миний хэлэх үгийг сонсохгүй байгаа энэ төрийн сайд түшмэдийг бүгдийг
солих цаг болж гэв.

Хатан энэ үгийг хэлж байхдаа түрүүн өргөөнөөс гарсан Махмуд Ялавачид уурссан уур нь
намдаагүй бололтой хамар нь сарталзаж, амьсгал нь оволзоно. Энэ өдрийн дараахан төрийн
бүх сайд түшмэд ажлаа өгөв. Тэдний дунд төрийн их сайд байсан Елүй Чуцай хүртэл
суудлаасаа бууж Хархорум дахь гэртээ бясалган суух болжээ.

Дөргөнө хатан тэдний оронд өөрийн хүмүүсээ томиллоо. Хэдийгээр Дөргөнө их хатанд таван
хөвгүүн байсан ч тэдний хэнээр нь ч төрийн хэргийг удирдуулах сайд болгон томилсонгүй.
Хатан цаанаа ямар ухаан сэдэн өөрийн хөвгүүдээ ингэж төр улсын хэргээс хол байлгах
болсны учрыг хүмүүс ухаж ядан байсан бол энэ хэрэг явдлын үнэнийг ганцхан Фатима л
мэдэж байлаа. Тэр хатны хажууд байнга байж өөрийн санаа бодлыг зөвшөөрүүлэх болжээ.
Эзэн, зарц хоёр эмэгтэй ингэж ойртохын хирээр Дөргөнө, Сорхугтани хоёрын хоорондох зай
улам бүр алслан холдоно.

Энэ хоёр хүн уг нь хоёул Чингис хааны ухаант бэрүүд хэмээн нэрлэгддэг. Дөргөнө хатны
Сорхугтаниас ялгаатай нь энэ мөчид эх хүний үүргээ умартсан мэт аашилж байгаад хэргийн
учир байв. Төрүүлсэн хөвгүүдийнхээ хэнд ч төрийн хэргийг удирдан явуулах эрх олгоогүй нь
үүнийг батлах ажээ.

Эцэс төгсгөлгүй мэт аашлах болсон Дөргөнө хатны дэргэд үнэндээ Монгол хүн ховор болов.
Хатан эх шивэгчин Фатимад төрийн зарим хэрэг удирдан явуулах эрх олгож, сэтгэл санаа
таагүй байх үедээ жаргал, зовлонгоо ганцхан түүнтэй л хуваалцах болжээ. Хатан эрх мэдлээ
улам бүр лавшруулах нь зүйтэй хэмээн үзэж, эзлэн авсан улс орнуудын удирдагчдыг ч өөрийн
талын хүмүүсээр томилж эхэллээ.

Их Монгол улсын хоёр ч агуу хааны төрд үнэнчээр зүтгэж ирсэн төрийн их сайд Елүй Чуцай,
Сорхугтани хатны дуудуулсан ёсоор их Аурагт иржээ. Эдүгээ нас сүүдэр хэвийсэн Елүй
Чуцай хатанд хүндэтгэл илэрхийлэн, амар мэндээ мэдээд,

- Монголын төрд байх амгалан цаг өдөр өдрөөр үгүй болж байна. Төрийн сайдууд огцорч,
эзэнт гүрэн Дөргөнө хатны мэдэлд очлоо. Ухаангүй мэт аашлах энэ хатныг харан суухад
сэтгэл чилэх юм гэж гашуунаар өгүүллээ. Мөнх тэнгэрийн билэг ухааны илгээлт шиг Монгол
төрийн үнэнч албат өнөө хатны өмнө шаналан сууж буйг харахад сэтгэл эмтрэм ажгуу.
Сорхугтанид Елүй Чуцайг тайвшруулах үг байсангүй.

- Үргэлжийн санаа амар байдал үнэндээ дараагийн их уйтгар гунигийг авч ирдэг байж
болох юм. Хатан миний таныг дуудуулсан санаа бол ёроолгүй мэт үргэлжлэх энэ хүнд
өдрүүдэд ч төрийн үнэнийг мартахгүй суух гэсэн хэрэг билээ. Төр гэж байхуй дор түүнийг
засан явах ухаан гэж байх ёстойг их эзэн хааны үеэс бид мэдэх болсон. Харин энэ үнэнийг
хаан эзний дэргэдээс дуулж сонсон байсан хүний хувьд тантай хавсарч, Их Монголын төр
барихын үнэнийг ирээдүй хойчид судар болгон бичиж үлдээх санаа төрж, таныг дуудуулав
гэхэд,

- Хатны хэлдэг зүйтэй санаа. Нас өндөр болж, ойр холыг харах нь цагийн эрхээр цаашлан
буй надад нэмэр болох зүйл бага ч гэсэн сонсож дуулснаа хуваалцахад болохгүй нь юу билээ?

- Чингис хааны Их засаг хууль мартагдах шахаж, хаад ноёд өөрийн дураар аашлах боллоо.
Харин төр барих үнэнийг нээн хэлж өгвөл өнөө биш ч хожмын үр садад хэрэгтэй буюу гэж
сэтгэнэ гэж хатан хэллээ.

Энэ өдрөөс хойш Елүй Чуцай Аурагт хэдэн сарыг үдэв. Газар газраас залан ирсэн номын их
багш нар болоод Сорхугтани хатан, Елүй Чуцай гээд эрдэм номд нэвтэрсэн хүмүүс төрийн
мандан бадрал хийгээд уналт доройтлын шалтгааныг шүүн тунгааж, бичиж сийрүүлэх их
ажил ундран байв. Төрийг мэргэн ухаанаар залж байсан бодлого нэгэнт алдагдахад хүрээд
байлаа. Монгол төрийн эзэн, хааны өндөр сэнтийд суух хүн алтан ургийнхнаас чухам хэн нь
байх вэ?

Өнөөг хүртэл эзэнт гүрний эрхийг барьж, төрийн тамгыг гартаа атгасаар байгаа Дөргөнө
хатан үнэн хэрэгтээ өөрийн ухаанаар бус харь хүмүүсийн толгойгоор улс орноо залан
удирдаж байлаа. Түүний хажууд байнга байх Фатима хатны өргөөнд чөлөөтэй нэвтэрч,
төрийн хэрэгт оролцох болсноор өөрийн сэтгэлд таараагүй ихэс дээдэс сайд түшмэдийн
оронд өөрийн талын хүнээ томилуулан байхад, Адбул Рахман хатны сүрэн дор төрийн
өмнөөс алба гувчуур хурааж, ард түмний нуруун дээр хүндхэн ачаа овоолон байв.

Өгөөдэй хаан Хархорумын шавыг тавьж Монголын эзэнт гүрний нийслэл болгосон ч өөрөө
Хархорум хотоос зайдуу буудаллан, нүүдлийн ордондоо амьдарч, жилд дөрвөн удаа
нүүдэллэн төр улсын хэргийг явуудаг байсан жишгийн дагуу Дөргөнө их хатан ч төрийн
эрхийг нүүдлийн ордноосоо удирдан явуулж байв. Дөргөнө хатны өргөөнд Фатима болон
Абдул Рахман нар байлаа. Хатан эх хилэнтэй харагдана. Фатима эзэн хатныхаа сэтгэлийг
тайвшруулах гэж найр тавин буй нь илт, наалинхай өнгөөр,

- Хатантан минь, нэгэнт их хатныг алтан ургийнхан хүлээн зөвшөөрсөөр байхад ингэж
өөрийн дураар авирлан төрийн хэрэгт хошуу дүрж, ардын дунд бослого хөдөлгөөн зохион
байгуулах гэж байгаа хүмүүсийг харгисаар шүүн цээрлүүлж, олон түмний нүдэн дээр
гэсгээвэл дээргүй юу гэхэд Абдул Рахман ярианд оролцон,

- Их хатан таны бодлогыг эсэргүүцэн байгаа тэр хүмүүсийг олны нүдэн дээр хороовол алтан
ургийнхны хилэн ихэсч, өршөөлт хаан Өгөөдэйн засаг үгүй болжээ хэмээн дараагийн хааныг
залах ажлыг түргэтгэх тул олны нүдэн дээр цаазлан хороохоос илүүгээр далдуур хийж
гүйцэтгэвэл ямар вэ гэлээ.

Дөргөнө хатан Абдул Рахманыг сайшаан харж, - Чиний зөв. Би ч тэгж бодож байна. Хатан
миний зарлигийг эсэргүүцэн босогч баруун этгээдэд суугаа Чингай чинсан болон, Жүндэйд
суугаа Махмуд Ялавачийг хүн явуулан сэмээр хороох нь зүйд нийцнэ. Харин хаан хүүг хэрхэх
билээ. Би түүний биеийг төрүүлснээс ухааныг нь төрүүлсэнгүй. Эхийн өөдөөс босч байгаа
Годонг ажиглан суухаас өөр арга үгүй хэмээн бодлогоширлоо.

Дөргөнө хатны өргөөнд ийм яриа болсны дараа Монголын төрд цөвүүн цаг ирсний шинж
хэдийнээ бүрдэж Өгөөдэй хааны засагт үнэнчээр ажиллаж байсан сайд түшмэд гэр зуураа
хорлогдсон сураг мэр сэр гарч эхлэв. Баруун этгээдэд суугаа Чингай Чинсан болон, Жүндэйд
суугаа Махмуд Ялавач, Дорнод Ираны хэргийг түр хамаарч байсан Уйгур гаралтай бичгийн
түшмэл Коргуз болон Өгөөдэй хааны хүү Годон нар Дөргөнө хатны төрийн эрхийг гартаа авч
дураар аашилж байгаад эсэргүүцлээ илэрхийлэн, алтан ургийнхны дэмжлэгийг авч, бослого
тэмцэл өрнүүлэхээр зэхэж байв.

Эзэнт гүрний нийслэл Хархорум урьдын сайхан цагийг үгүйлэхдээ салхи нь хүртэл дутуу
исгэрч байх шиг цаанаа л уйтай. Эгэл ардаас эхлээд ихэд дээдэс хүртэл ямар нэгэн хэрэгт
орчихгүйн тулд хэлэх үгээ хянаж, өөр зуураа сэм ярих болжээ. Үг яриагаа цэнэхгүй аваас
хэлсэн үг харвасан сумнаас хурднаар хааны ордныхны чихэнд хүрч, төрийн гэмт хэрэгтэн,
тэрслэн тэмцэгч болон хувирах хатуухан шийтгэл хүлээж байх тул хүн бүр дор бүрнээ
түгшүүр тээн явах болжээ. Эзэнт гүрний нийслэлд энэ мэт хов живийн салхи хүүгэн байхад
Их Аурагт судар бүтээх ажил ид өрнөжээ.

Номын өргөөний ойролцоо их асрыг барьж, голоор нь хоёр эгнээ урт суудал засч, суудал
бүрийн өмнө явган ширээ тавьжээ. Энд ойролцоогоор зуу гаруй хүн элбэг багтахаар уужуу
том ажээ. Эгнэн суусан хүмүүсийг ажиглан харвал газар газраас ирсэн бололтой, өөр өөрийн
ёс заншил бүхий хувцас өмсгөлтэй. Тэд бүгд гартаа бийр янтай барьж, өөр хоорондоо
ярилцан зөвлөлдөж, судар номын хуудас эргүүлэн байна. Асрын голд Сорхугтани хатан, Елүй
Чуцайн хамт суух ажээ. Елүй Чуцай ихэд баяртай байгаа бололтой урт буурал сахлаа илэн,

- Урьдын сайхан цаг санаанд орж байна. Ийм баяртай өдрүүд тохиогоогүй уджээ. Хатны
зүтгэлээр бидний санасан хэрэг сайхан бүтэж байна гэж хэлэхэд хатан:
- Бид газар нутгийнхаа эзэн нь байгаа цагт бидний төр орших нь үнэн тул түүнийг засахуйн
ухаан бас байх биз ээ хэмээн сэтгэсэн юм. Харин Елүй Чуцай та бидэнд тун ч их тус боллоо
хэмээн талархав.

Их Аурагт өрнөсөн ажил ид дундаа орж байхад, их эзэн хааны үеэс ухаан билгээрээ
алдаршсан энэ хоёр хүн хоёул Монголын төрд ирсэн хүндхэн өдрүүдэд алтан ургийнхны ихэс
дээдсийн дунд тун ч их үгүйлэгдэж байлаа.

Хэбэйд газар орноо засан тохинуулж суугаа Хубилай эхийн үйл хэрэгт оролцохоор нутагтаа
иржээ. Судар ном бичих их ажлын завсарлага болж, хурсан олон цайлан байх зуур тэр
эхтэйгээ уулзав.

- Өнөө хүртэл хааны суудал эзэнгүй байна. Өгөөдэй хаан амьд сэрүүн ахуйдаа дараагийн
хаан ор суух хүний нэрийг хэлэхдээ хүүгийнхээ хамт Мөнх ахыг дурьдаж байсан. Өнөө хатан
эх төр засахын үнэнийг хайн, завдалгүй байгаа хэдий ч, төрийн хэрэгт оролцохгүй алгуурлах
нь юуны учир вэ гэж асуулаа. Зөвхөн Хубилай ч биш, олон хүн түүнээс энэ асуултыг асуумаар
байсан биз. Харин Сорхугтани хатан:

- Үнэндээ бол мөнх тэнгэрийн цаг гэж бий. Хөвгүүд минь бүү адга. Тэр цаг бидэнд ирэх
болно гэж хэллээ. "Мөнх тэнгэрийн цаг" гэсэн үгийг Хубилай ухан бодох зуурт ээж нь
үргэлжлүүлэн,

- Хэрэгтэй цаг гарвал хурдан довтолж, хэрэггүй цаг аваас хурдан ухрах ёстой гэж бодно.
Одоо бол бидний довтлох цаг биш. Ухарна гэдэг ялагдахын нэр биш. Хаан өвөг чинь ч
тулааны талбарт дайтахдаа маш хурдан довтлоод дараа нь хурдан ухардаг байсан. Дайн
тулааны талбар биш, энхийн цаг гэлээ ч энэ бодлого өнөө бас хэрэгтэй санагдана гэж
Сорхугтани хэллээ.

- Гэхдээ юуны учир ухарч буй гэж?

- Бидэнд ухрах шалтгаан бий. Олон шалтаг байгаа ч хамгийн том шалтгаан бол миний
хүүхдүүд хаан сэнтийд залрах, хат ухаан суугаагүй байгаа хэрэг.

- Хатан ээж минь та бидэнд мэдээ орсон цагаас хойш эрдэм оюуныг сурган ирсэн атал
бидний мэдлэг өнөө хэр нь дутаж байгаа хэрэг үү?

- Хөвүүд та нар эрдэм оюуныг хангалттай сурсан ч нэг зүйлийг сураагүй байна. Тэр нь
хүнийг таньж сурах эрдэм юм. Хүнийг таньж сураагүй хүн улсыг удирдаж чадахгүй. Эгэл
ард, эрхэм дээдэс хэний ч бай, сэтгэлийг ойлгож сурах нь чухал. Хүнийг таньж сэтгэлийг
ойлгоогүй цагт үнэнийг олж харахгүй. Үнэнийг олж харахгүй хүн төдхөнөө хов живэнд
эзлэгдэн мөхдөг жамтай гэв.

Өгөөдэй хааны өөд болсон шалтгааныг тодруулах гэж Абдул Рахманыг мөрдсөн хэргээр
ажлаасаа буусан Махмуд Ялавач Хархорумаас явж, урьд захиран сууж байсан Жүндэйд очиж
суурьшсан байв. Нэгэн өдөр нар жаргахын алдад Махмуд Ялавачийн өргөөг зүглэн гурван
морьтон ирж явах бараа харагдлаа. Төд удалгүй ирсэн хүмүүс уяан дээр буун, морио уяж
байгааг харвал Дөргөнө хатны албат Абдул Рахман хоёр хүний хамт иржээ. Амар амгалан
өдрүүд үгүй болж, өнөө эрлэгийн элч ганцаар биш хоёул гурвуул ирж байх шиг түүнд
санагдав.

Махмуд Ялавач тэднийг найр тавин угтаж гэртээ урин заллаа. Мөнх тэнгэр бүгдийг болгоож
байгаа. Энэ өвгөн түшмэл өршөөлт хаан Өгөөдэйн сүр хүчин дор мөнх тэнгэрийн үнэнийг
мэдэх болсны хувиар өнөө мөнх тэнгэрт залбирдаг болсон байв. Намрын шар навчис хөлийн
доогуур орооцолдон буусан тэр өдөр харих цагийн өнгийг харуулж, газар дэлхий гал шар
өнгөө дэвсээд, шаргалтан байлаа. Гэрийн дотор цэгээ залгилан суух гурван хүн эгэл хүний
дүрээр ирсэн ч эрлэгийн элчийн төлөөлөгчид гэдэг нь хэнд ч анзаарагдам сэтгэл
сэртхийлгэнэ.

- Аллах тэнгэр биднийг ивээн соёрхог. Абдул Рахман та замын алжаал ядралаа тайлан сайтар
амарч тухлагтун. Газар холыг туулж алжаасан буй за хэмээв.

Холын гийчнийг алга дэлгэн угтах талын хүний заншил түүнээс ханхлах шиг болоход,
Махмуд Ялавачийг харан суусан Абдул Рахман "Аллах тэнгэр чинь чамайг таалж, буцах замыг
чинь биднээр заалгахаар ирүүлсэн бус уу" хэмээн хэлэх гэснээ болилоо. Нэгэн цагийн их
түшмэл, мөнх тэнгэрийн тааллыг хүртсэн гэж яригдцаг, ижил шүтлэгтэн энэ өвгөнд арай ч
тэгэж шууд хэлчих зүрх хүрсэнгүй. Дөргөнө хатны явуулсан хортой үрэл өвөрт нь тийчэгнэн,
эгзэгтэй цагийг тааруулан ундаанд нь хийж уулгахаар зэхэж суулаа.

- Махмуд Ялавач тантай удаан уулзсангүй. Бидэнд салах цаг байвч дахин уулзах цаг бас
байсан бололтой. Танай үүгээр албан ажилтай явж байгаад өвгөн түшмэлийг энд намаржиж
байгааг дуулаад амар мэндийг тань мэдэхээр ирлээ. Идээ эзнээ таньдаггүй юм гэсэн. Хамт
хүртэгтүн хэмээн чулуун хундагатай дарсыг Махмуд Ялавачид барилаа. Махмуд Ялавач
дарсыг авч Аллах тэнгэртээ залбиран хөнтрөх зуурт,

- Өмнө газрын дарсны амт хатуу ч, орсон хойноо сэтгэлийн утсыг хөдөлгөх увидастай тул та
бүхэн дураар хүртэн болгоогтун хэмээлээ.

Чулуун хундага Абдул Рахманы гар дээр буцан ирэхэд

Махмуд Ялавач:

- Би өөрийн гараар сөн түшиж эрхэм дүүд хүндэтгэл үзүүлье гэж хэлээд Абдул Рахманд
сархад хундагаллаа. Энэ мэт хариу үйлдэж байгаад Абдул Рахманы хөх инээд хүрч,

- Гуулин улсын эмс хатадтай сархад уухад нэг иймэрхүү байдагсан. Одоо би, одоо чи гээд
ээлжлэн хүртсээр согтож орхидог нь санаанд орчихлоо. Өвгөн түшмэл санаагаараа бас нэгэн
ёсыг бий болгов уу, аль эсвэл Гуулин улсын охидтой сархад хүртдэг болоо юу хэмээн эг
маггүй инээн байхыг харвал нэлээд халамцжээ.

Абдул Рахман хамт ирсэн хүмүүстэйгээ ингэж хэл амаа сугалчих шахан алиа хошин юм ярьж
маасагнаж байгаад орой болохын алдад нэлээд согтжээ. Ирсэн хүмүүсийн сархдад
хөлчүүрэхийг хүлээж байсан Махмуд Ялавач самбаачлан, тэдний өвөрт нэг, нэг эмэгтэй
шургуулан үлдээгээд төд удалгүй морио эмээллүүлэн, гэр өргөөнөөсөө дайжин явлаа. Амь
наана, там цаана ирэхийн цагт хүн гээч юуг ч сүвэгчилж чаддаг бололтой, ингэж ч явах гэж
хэмээн тэр гашуунаар бодлоо.

Тэвхийтэл давхарлан өрсөн судрын хуудсан дээр уран бийрээр угалзлуулан татсан бичээс
харагдана. Сорхугтани хатан судар дээр гараа тавьж,

- Төр барихын үнэн үүнд шингэлээ хэмээн өгүүлэхэд нүдэнд үл мэдэгхэн баяр гийнэ. Номын
өргөөний гадаа барьсан асрын дор цугласан олны дунд Елүй Чуцай, Мөнх, Хубилай нар
байлаа. Тэдний царайд ч нэн баяр бахдал тодрон байгаа нь энэ хүмүүсийн эхлүүлсэн нөр их
ажил өндөрлөсөн болохыг харуулна. Төд удалгүй давхарлан өрсөн хуудсуудыг гурван хэсэг
болгон, хоргой эмжээртэй шар өнгийн бөсөөр нямбайлан баринтаглаж дууслаа. Сорхугтани
хатан судрыг дээш өргөж,

- Энэ судар хожмын хаадад төр барих үнэн хийгээд, түмэн олныг залах ухааныг өгөх буй за.

"Хатан эхийн царайд энэ баяр баясал олон жилийн туршид тодроогүй мэт санагдана" хэмээн
бодож зогссон хүү Хубилай:

- Ээж минь, би өөрийн газар нутаг уруу энэхүү судрыг авч явж олшруулан хөрвүүлэх
хүсэлтэй байна гэхэд,

- Хэрхэх нь чиний хэрэг боловч өнөөхөндөө болоогүй. Энэ судар эзэнт гүрний гал голомт
болсон ариун Аурагт залагдах учиртай. Өэлүн эхийн сэтгэлийг бодож энэ номын өргөөнд
залъя. Хэсэгтээ энд байг гэв.

- Ээж таны таалал мэдтүгүй гэж Хубилайн хэлэхэд хатан гурван давхар баринтагласан судраа
дахин баяртайгаар харж,

- Харин үүнд ямар нэр өгөх билээ гэж асуулаа. Елүй Чуцай:

- "Төр барихын үнэн" гэвэл ямар вэ хэмээхэд Сорхугтани хатан Елүй Чуцайн өгсөн нэрийг
тунгаан хэсэг бодоод,

- "Төр барихын үнэн" гэдэг сайхан нэр байна. Гэвч чихэнд сонсголонтой байхыг нь бодоод
"Алтан судар" гэвэл ямар вэ?

Хатны өгсөн нэр тэдэнд таалагдсан бололтой "Алтан судар" хэмээн ам амандаа хэлж байхад
тэдний дундаас Мөнх хүү нь:

- Алтан судар. Сонсголонтой хэр нь сайхан сонсогдож байна хэмээлээ.

Аурагт "Алтан судар" бүтэж байхад Хархорумд худал хуурмагийн салхи хуйлран байлаа.
Махмуд Ялавачийг хороож чадалгүй алдаж, толгойгоо ганзагалан ирсэн Абдул Рахман,
Дөргөнө хатны өргөөнд тэргүүнээ гудайлган суужээ.

- Арчаагүй амьтан. Нэг муу өвгөнийг цааш нь харуулчихаж чадахгүй алдчихдаг. Чамайг
төрийн сайд гэхээсээ илүү төлөгнөөс доор амьтан болохыг чинь би харлаа. Ийм хүнд итгэж
байдаг. Дөргөнө хатны халаглан уурсах дуу өргөөний гадаа байгаа хишигтэн цэргүүдэд ч
дуулдахаар чангарана. Абдул Рахман лав эндээс амьд гарч ирэхгүй гэж тэд хоорондоо
мөрийцэж байв. Түрүүнээс хойш дуугүй суусан Абдул Рахман:

- Махмуд Ялавач зугтсаар тэр шөнөдөө Годон хан хүүгийнд очиж нуугджээ. Нэгэнт их хааны
хүү тул бид халдан нэгжих эрхгүйн учир арга буюу буцаж ирлээ, өршөөгтүн гэхэд,

- Мөн ч таарсан хүмүүс гэхээрээ ийм байдаг байх даа. Эм өвөртөлж хэвтэхээр, эхэлсэн
ажлаа дуусгах нь яасан тэнэгүүд вэ. Одоо хэрхэх билээ. Төрсөн хүү минь надаас урваж, ганц
муу сайдыг эхээсээ илүүд үзэж сууна.

Абдул Рахман дээш босон хатны өөдөөс очиж, их л чухлаар,

- Тэрнээс ч хэцүү хэрэг мандаад байна, их хатан минь гэв.

- Юун хэрэг мандаав?

- Годон хаан хүү хатан таны эсрэг хөдлөн босох гэж байна гэж дуулдлаа. Тэр өөрийн
хүмүүсээ хэдийн бэлэн болгон хатан эхээс төрийн эрхийг авахаар зориг шулууджээ.
Годонгийн их цэрэг удахгүй нааш гарах сурагтай гэхэд Дөргөнө хатан санаа алдан, хөмхийгөө
зуулаа. Хатны энэ арга барагдсан байдлыг овжин ашиглахаа хэзээнээс мэддэг Фатима хатны
өөдөөс нялуун дуугаар,

- Хатантан минь. Ухааныг нь төрүүлэхээс сэтгэлийг нь төрүүлдэггүй нь үнэн билээ.


Төрүүлсэн эхдээ үнэнч бус хандаж буй хүн эх болсон Монголдоо хэр үнэнч хандах вэ? Яасан
хэцүү хэрэг билээ хэмээгээд үнэн худал нь мэдэгдэхгүй уйлж эхэллээ.

- Үнэндээ би хүүдээ гомдохын ихээр гомдож байна. Би түүнд энэ хорвоод амьсгалах амь
өгсөн билээ. Нэгэнт өгсөн юмыг буцаан авч бас болдог ёсон бий. Гэвч би хүүтэйгээ нүүр
нүүрээ харалцан байж, үнэн мөнөө ололцох хүсэлтэй тул түүнд захидал илгээе гэж хэлээд
баруун гараа сунгалаа. Ордны албатууд төд удалгүй хатны гарт бийр янтай бариулан өмнө нь
цаас авчирч, дэлгэн тавилаа. Дөргөнө хатны гарт атгаастай бийрний иш чичигнэн хөдөлж
байгаа нь харагдана. Тэр цаасан дээр хичээнгүйлэн бичлээ.

- "Эх чинь чамайг төрж байсан тэр цагт тэнгэрийн нарыг өвөр дээрээ тавьсан мэт
жаргалтай байлаа. Өөдөөс минь үнэгчлэх бяцхан үр чи өвөр дээр минь мандах нар шиг сэтгэл
зүрхэнд минь гэрлээ асгаж байсан. Тэр гэрэл өнөө хэр нь зүрхэнд минь байх авч өвөр дээр
минь мандаж байсан нар жаргахаар уулын цаагуур орсон мэт дотор харанхуйлна. Өнөө
хуучин сайд нарыг хаацайлан байх чинь ямар санааг агуулж буйг мэдэхгүй тул миний санаа
зовж байна. Эхээсээ чи юуны учир холдоно вэ? Хэрэв ямар нэгэн санаа үгүй болбоос үтэр
ирж уулзана уу" хэмээн бичиж дуусгалаа. Тэр захиагаа бичиж дуусгаад,

- Би их Монгол улсын төлөө сэтгэл зүрхээ зориулан, унтах нойр ууж идэхээ умартан байхад
миний хөвгүүд намайг ойлгохгүй байх нь юутай гаслантай хэмээн хэлээд захидлыг хуйлан
Абдул Рахманд гар сунган өглөө.
Абдул Рахман хамаг хөлс нь бурзайчихсан улаа бутарсан амьтан, нүүр нь үл ялиг татвагнан
чичирсээр хатны өргөөнөөс гарч ирэхэд өргөөний хэвтүүлийн нэг нь түүний араас харж
байснаа нөгөөгөө нударч,

- Мөрийгөө би авсан шүү хэмээн хэлээд нүдээ ирмэв. Үнэндээ бол Дөргөнө хатан төрийн
эрхийг аваад

хийсэн ажил олон байлаа. Тэр Хархорумд шинэ шинэ барилга барих ажлыг эхлүүлж, нэгэн
цагт Өгөөдэй эзэн хааны суурийг нь тавьсан эзэнт гүрний нийслэлийг улам өнгөтэй болгох
хүсэлтэй байсан тул Хархорумыг тэлэх бодлого явуулж эхлээд байв.

Өгөөдэй хааны амьд сэрүүн ахуйдаа түшин тулж байсан номч мэргэн сайд түшмэдийг халан
явуулсны дээр эзлэгдсэн улс орон хийгээд ард түмний дундаас авах татварын хэмжээг
ихэсгэсэн нь төрийг хүчирхэгжүүлэх бодлоготойгоо зохицож өгөхгүй байв.

Энэ үед Мөнх, Елүй Чуцайн хамт "Алтан судар" бичих нөр их ажлыг дуусган Хархорумд
ирлээ.

Мөнхийн өргөөнд шөнө дөлөөр нэгэн хүн ирсэн нь Өгөөдэй хааны хүү Гүюг байв. Тэр сархад
хүртээд нэлээд халамцсан нь харагдана. Ямар санаа тээн ирсэн нь үл мэдэгдэх Гүюг,
Мөнхийн өргөөнд орж ирүүтээ,

- Сархад аль гэж амар мэндээ асуух завдалгүй аягачин шивэгчдийг нь дуудуулан агсамнах,
зарлиг буулгах хоёрын завсраар хэлж, төд удалгүй Гүюгийн өмнөх явган ширээн дээр өмнөд
газраас авч ирүүлсэн хатуу дарс, чанасан мах тавигдав. Шөнө дөлөөр халамцуухан орж ирсэн
хаан хүү Гүюг алтан ургийнхан дотроос Мөнхтэй нэн дотно нэгэн. Тэд эцэг эх тусдаа ч нэгэн
хааны ач нар. Бага насандаа өргөсөн ах дүүгийн андгай тангараг энэ хоёр хүний дунд бий.
Хожим баруун зүгт хийсэн хан хөвгүүдийн аян дайнд хамт оролцон гарамгай гавьяа
байгуулж, эзэнт гүрний зах хаяаг тэлж, өвөг эцэг Чингис хааныхаа бодлогыг үргэлжлүүлсэн
гэдэгтээ бахархалтай явдаг бөлгөө.

- Шөнө дөл болсон байна. Хаана ингэж сархад таалаа вэ? гэж Мөнхийг асуухад,

- Хатан эхтэй уулзаж, уур сагах тул сархад таалмаар санагдан, шөнө болтол зугаацлаа хэмээн
ажиггүй царайлан хэлэх түүний нүдэнд үл мэдэг цийлэгнэх нулимс төд удалгүй ухархай
руугаа шингэн орлоо. Энэ хүн хатан эхээсээ яавч таатай үг сонсоогүй нь харваас илт ажээ.

- Нэгэн цагт эцэг минь намайг эр хүн шиг байж чадсангүй гэхэд ичихдээ хааны өргөөнөөс
гараад сархад таалж байсан. Харин өнөөдөр хатан эх минь намайг "Хаан болох хувь үгүй" гэж
хэлсний учир уурсахдаа ингэж сархад тааллаа.

Мөнхийн нүдэнд тэнгэр болсон Өгөөдэй хаан үзэгдэх шиг болов. Гүюг шиг бага багаар
сархад таалсаар, аажимдаа улам дурлах болсон нь санаанд оров. Гүюг эцгийгээ бодвол өндөр
нуруутай, ханхар чийрэг биетэй нэгэн ч энэ удаад яагаад ч юм бэ Мөнхийн нүдэнд эцэг
хаантайгаа тун чиг ижилхэн харагдлаа.
- Аманд орохдоо алтан мөнгөн жараахай, амнаас гарахдаа арслан заан лугаа гэж бор дарсыг
хэлдэг нь үнэн үг шүү хэмээхэд Гүюг Мөнхийн үгийг таслан,

- Би чамд атаархах юм гэж чанга дуугаар хэллээ. Халамцуудаа хэлж байгаа ч сэтгэлийн угаас
өгүүлж буй нь дууных нь өнгөнөөс тодхон.

- Юунд тэгтэл атаархдаг билээ. Харин ч чи атаархмаар бус уу. Эцэг хаан чинь амьд сэрүүн
байж, эрийн цээнд хүрэхийг чинь нүдээр үзэж, чи хаан хүүгийн нэр алдраа дуудуулан,
хүндтэй гавьяа олныг байгуулсан атал надад юунд атаархан явдаг билээ. Сэтгэл доторхи
үнэнээ хар хоргүйгээр нуулгүй хэлж байгаа Гүюгийн энэ үг түүнээс зөвхөн согтуудаа гарсан
үг биш бололтой.

- Чи бид хоёр хоёул эхийн хэвлийгээс унасан эгэл биет хүмүүс атал, чи эхийн хайрыг
ханатал хүртэж, харин би эхийн хайрыг хайн хүсэмжилж өсчээ гэв. Тэр өөрийн эхтэйгээ үг
зөрсний улмаас сэтгэл дотор нь бүгэн байсан эртний гомдол ингэж сэдэрсэн хэрэг байв.
Гүюг үргэлжлүүлэн,

- Гэвч би энэ үгэнд гомдсон хэрэг биш. Харин хатан эхийнхээ юу сэдээд байгааг ухаж
ойлгохгүй байна гэж нэмж хэлэв. Мөнх ч Гүюгийн адил Дөргөнө хатны юу сэдэн байгааг
ойлгохгүй байсан тул хэсэг чимээгүй сууцгаалаа. Өнгөн дээрээ эхдээ гомдоллосон хаан хүү
дотроо бол хатан эхийн санааг мэдэхгүйдээ бухимдаж байлаа.

Гүюг үнэндээ эхийн хайраар дутуу өссөн гэж өөрийгөө бодож явдаг нь аргагүй үг биз ээ.
Хөнжилдөө орох завгүй дайтан явсан хаан эзний эзлэн түрэмгийлэлт Гүюгийг хатан эхээсээ
хол өсөхөд хүргэсэн ч байж болох юм. Гүюгийг төрсөн даруйд хөхүүл эхийн гар дээр үлдээн,
эр нөхрөө даган аян дайнд яваад хэдэн жилийн дараа ирэхэд хүү нь өсч том болсон байсан
тул эх хүү хоёрын дунд төдийлөн ойр дотно байх цаг хугацаа байгаагүйн дээр, хэдий хамт
байсан ч өдрөөс өдөрт алсарсаар байсан эх үр хоёрын харьцаа нэг л мэдэхэд бие биенээ үл
ойлголцоход хүргэжээ.

Сорхугтани хатны хувьд хөх Монгол хөнжилдөө орох завгүй дайтан явах тэр цагт эр нөхрөө
даган аянд дайнд мордож, үр хүүхдэдээ асрагч эхийн гар харуулалгүй өсгөсөн нь үнэн. Тэр
хөхүүл эх ч авалгүйгээр өөрийн хөхийг хөхүүлж, өөрийн гараар хүүхдүүдээ өсгөнө хэмээн
сэтгэдэг байсан тул ихэс дээдсийн дунд уламжлагдан ирсэн хөхүүл эх хийгээд, асран
хүмүүжүүлэгчийг Тулуйн гэр лүү явуулах хэрэг Бөртө хатан эх хийгээд Өэлүн эхэд тулгарч
байсангүй. Хэдий Сорхугтани, Дөргөнө хоёул эзэн хааны бэр, их хатад хэдий ч энэ хоёр эхийн
мөн чанар өнөө үр хүүхдүүдийг нь ингэж уулзуулахад хүргэх юм гэж хэн санах билээ.

Хэдий том эр болсон ч, хүний л үр юм болохоор эхийн хайрыг хүсэмжлэх Гүюг ингэж
Мөнхийн өргөөнд уурсах ч биш, гомдох ч биш, сууж байхад Дөргөнө хатан өргөөндөө ганцаар
бодолд автан байлаа. Өнөө хэр ухаан сууж гүйцээгүй мэт санагдах хүүгийнхээ тухай "Биеийг
нь төрүүлэхээс, сэтгэлийг нь төрүүлэхгүй гэж ярьдаг үнэн бололтой" хэмээн бодов. Хэдхэн
цагийн өмнө энэ өргөөнд хүү Гүюг нь ихэд уурсан байсан нь санагдана. Чухамдаа бол Гүюг,
хатан эхдээ бараалхахаар орж ирэхдээ өөрийн бодол санааг өгүүлэх зорилготой байжээ.

- Эцэг хаан мөнх тэнгэртээ одоод хэдэн жил боллоо. Хатан эх та ойр холыг эргэцүүлэн
бодож, дараагийн хаан ор залгах хүнийг сонгох цаг болсон биш үү хэмээн хэлсэн үг Дөргөнө
хатанд "Намайг хаан болго" гэж хэлж байгаатай адил утгатай сонсогджээ. Гүюгийг орж
ирэхээс өмнө тэрбээр Махмуд Ялавачийг нууж байгаа Годон хүүгээ хэрхэн аргадах тухай
бодол болон толгойгоо гашилган байсан сан. Дөргөнө их хатан төрийн эрхийг авсан нь
төрсөн хүү Годонд хүртэл таатай санагдахгүйгээр барахгүй, хийж байгаа ажил, хэрэгжүүлж
байгаа бодлогыг нь эсэргүүцэж байна гэж бодохуйд цухал нь хөдлөн байтал, Гүюгийн ийм үг
хэлсэн нь хатны уурыг дэврээжээ. Гүюг эхийн өмнө хэдэн үг хэлснийхээ төлөө хилэнг нь
төрүүлж, тэр ч бүү хэл,

- Хаант төрд чи бүү санаарх. Чи хаан болох хувьгүй гэсэн үгийг хэлэхэд хүргэсэн цаад
шалтгаан нь Гүюгт байгаагүй гэдгийг тэр яахан мэдэх билээ.

Дөргөнө хатны ухаан бодолд хэрээс хэтэрсэн их ажил, эзэнт гүрний өмнөөс гаргах хүндхэн
шийдвэрүүд ээлжлэн байхад түүний хамгийн ойрын хүмүүс болох, хайртай хүүхдүүд нь
дэргэд нь байхын оронд харь элгийн хүмүүс хамаг ажлыг гүйцэтгэн байгаад сэтгэл дотроо
гомдолтой байв. Төрүүлсэн хүүхдүүд нь хүртэл өөрөөс нь урваж одсон мэт хүндхэн сэтгэгдэл
түүний тархи толгойг эргүүлэн, энэ бодол лавшрах бүрд багалзуураас нь зууран авах шиг
болсон хүнд өдөр өнгөрөв.

Тангудын ойролцоо Гансугийн хэргийг засан явуулж байсан Өгөөдэй хааны хүү Годонгийн
өргөөнөө хэдэн хүн бараалхан иржээ. Тэдний зүс царай тал нутгийнхнаас огт өөр. Торгоны
зам даган явах худалдаачидтай адил Сартуул зүгийн хүмүүс ажээ. Өгөөдэй хааны хүү
Годонгийн энэ газар урьд Есүй хатны эзэмшил нутаг байсан юм. Хаан хүү Годон газар
орныхоо хэргийг чадамгай удирдан явуулж байв. Учир нь энэ газар бол торгоны зам дагуух
нутаг тул наймаа арилжаа хийхэд таатай бүс ажгуу.

Годон энэ газрыг сахин суух болсон даруйдаа олон ажлыг эхлүүлсний дээр торгоны зам дагуу
явах хэрмэл худалдаачдын аюулгүй байдалд ихэд анхаарах бодлого явуулжээ. Худалдаачдын
явах зам дагуу худаг ус гаргаж, зуны халуун нартай өдрөөр сууж амран, сүүдэрт нь саатах мод
хүртэл тарьж, торгоны зам дагуу хэрэн явах худалдаачдын аюулгүй байдлыг харьяат нутаг
дээрээ чанд сахиулан хамгаалав. Годон, Дөргөнө хатнаас төрсөн хэдий ч хатан эхийнхээ
өөрийн дураар авирлан суугаатай эвлэрэх хүсэлгүй байлаа.

Үүр цүүрээр аврал эрэн ирсэн хөөрхийлөлтэй өвгөн түшмэл Махмуд Ялавачийг тэрбээр
ивээлдээ аван хатан эхийнхээ урт гараас хаацайлан суух болов. Годон үүр тэмдэгрэхтэй
зэрэгцэн орж ирсэн, хаан аавынх нь итгэлт түшмэл урьдын сайхан цагийг дурсан яриад,
аврал энэрэлдээ багтаан авахыг гуйсныг ёсоор болгожээ. Өнөө Годонгийн өргөөнд ирсэн
хүмүүс Дөргөнө хатан эхээс нь захидал авчирсан байлаа. Эвхээтэй цаасыг нээн үзвэл танил
бичиг харагдана. Годон захидлыг авч нэг бүрчлэн уншиж дуусаад,

- Эхийн хэлсэн ёсоор би өөрийн биеэр очиж уулзах болно гэж хэллээ. Өргөөнд ирсэн хүмүүс
Годонгийн хариуг сонсох зуур нүдээрээ сэм дохилцон байв.

Сорхугтани хатан өргөөндөө хүү Хүлэгүгийн хамт байв. Хүү нь эхийнхээ байр байдлыг
ажиглан хараад,
- Эхийн сэтгэл ийм сайхан байхыг хараагүй удаж, "Алтан судар" таны сэтгэлийг хөглөжээ...
Хүү тань нэг зүйл асууя хэмээв.

- Юу тэр вэ, асуу, миний хүү гэхэд,

- Төр улс үймсэн хэцүү цаг ирээд байхад та өнөө хэр "Алтан судар" аа олонд дэлгэн тавих
бодолгүй явах нь юуны учир вэ?

Сорхугтани хатан хүүгийнхээ ухаалаг асуултыг дотроо сайшаан байсан ч,

- Цаг нь ирээгүй байна гэж хэлэв.

- Та юм л бол цаг нь ирээгүй гэж хэлэх юм. Ингэж амгалан байхыг тань хараад үнэндээ эш
хатны дүр ийм буюу гэж сэтгэх юм, ээж минь гэж хүү нь өчлөө.

- Хүү минь, эш хатан гэдэг чинь өөрийн чанарыг цаг үргэлж үзүүлэхэд байдаг юм биш.
Харин удалгүй хоёул Бухара хотыг зоръё. Өгөөдэй хаан эзний бидэнд соёрхсон газар нутгийг
чи зас. Тэндэхийн хэл соёл, хүмүүсийн амьдрал ахуйг судалж, үзсэн дуулсан чинь хангалттай
гэж үзэж байна уу гэж асуулаа. Энэ үед хатны дагуул Ажин гаднаас орж ирлээ. Түүний царай
баргар харагдана.

- Юу болоод царай чинь зэвхийчихсэн явна вэ?

- Насан өндөр Елүй Чуцай мөнх тэнгэрийн орноо одлоо хэмээсэн мэдээ ирлээ

- Ээ, мөнх тэнгэр....

Тэр нэгэн өдөр Алтан судрыг бичилцэж дуусаад буурал сахлаа илбэн "Мөнхөд мандах Монгол
төрийн үнэнийг бид үлдээлээ" хэмээн баяртайгаар өгүүлэн байсан их хүн мөнх тэнгэрийн
орноо оджээ.

"Урт шар хүн ирлээ" хэмээн ярилцах хавар цаг Монголын тал нутагт үргэлжилж байв. Цасан
дороос яргуй түрэн шинэ цаг ирж буйн дохиог илтгэж, нөмөрсөн цасаа яран ургах гэж
тэмүүлэн байхад Монголын төр л харин нөмрөн ирсэн хүндхэн ачаагаа яран босох
зоригтноор энэ удаад дутаж байлаа.

Урт шар хүн гэж хавар цагийг тал нутгийнхан зүгээр ч нэг хэлдэггүй билээ. Энэ л цагт юм
юм хомсдож, хүмүүсийн идэж уух нь ч тоотой болж, сайхан цагт зэхэн бэлдсэн хоол хүнсээ
бардаг байснаас эгэл ард бол өдрийн уртыг өлөн зэлмүүн өнгөрүүлэх нь олон. Харин хаад
ноёдын гэрт хаврын урт шар хүн огт өөрөөр айлчлан ирдэг. Энэ бол хаан, харц хоёрт илгээсэн
мөнх тэнгэрийн өөр өөр илгээлт ч байж болох юм. Цаг наашилж, өдөр уртсах энэхэн үеэр
Елүй Чуцай мөнх тэнгэртээ оджээ. Аурагаас Хүлэгүгийн хамт яаравчлан гарсан Сорхугтани
хатныг Хархоринд ирэхэд түүнийг хөдөөлүүлэх ажил дууссан байв. Гэвч энэ үед Сорхугтани
хатан чихэндээ ч

итгэмгүй айдаст мэдээг сонсов.


- Елүй Чуцайн гэрт нэгжлэг хийсэн байна. Энэ байдалд ихэд сэтгэлээр унасан Елүй Чуцай
хэд хоног шаналсны эцэст мөнх тэнгэртээ оджээ. Юуны учир нэгжлэг хийснийг бид
мэдэхгүй ч хатны албат Елүй Чуцайн гэрт нэгжлэг хийж байхдаа түүнийг эрүүдсэн байна гэж
Ажин хэлэв.

- Эрүүдэн шүүсэн гэнэ ээ. Нас өндөр болсон Елүй Чуцайг ингэж эрүүдэн шүүх эрхийг
Дөргөнө хатан лав олгоогүй болов уу. Хатны нэр сүрийг ашиглан дураар аашилсан тэр
эрхмүүдийг хатан эх мэдэж байгаа юу?

- Сайн мэдэхгүй юм аа, хатантан минь. Ямар ч гэсэн Хархорумд болсон энэ эмгэнэлт явдлыг
нүдээр үзсэн хүмүүс ярьж байна гэж хэлэх Ажингийн яриа худал мэт санагдах авч хатны
үнэнч дагуул Ажин сайтар нягтлан үзэж байж сая хатантанд хэл мэдээ дуулгадаг тул
үнэмшихээс өөр аргагүй байлаа.

Урин цагийн дохио ирэхэд байгаль дэлхийн өнгө дэлгэрч нүднээ яруу сайхныг нээн,
хүүхдүүдийн шуугиан шувуудын чимээтэй хослох аялгуу чихнээ гайхам уянгыг тоглон байдаг
шиг хүний сэтгэл ч энэ цагт өөрийн өнгө аялгуугаар эгшиглэн байдаг билээ. Дөргөнө хатан
эхээс захидал хүлээн авсан Годон өөрийн гэх хэдэн хүнээ авч Хархорумын зүг гарахаар
яаравчлан мордлоо.

Годонд эхтэйгээ уулзан ярих, сэтгэлээ нээн ойлголцох зүйл олон байлаа. Тэрбээр замын
туршид эхдээ очоод хэрхэн уулзах, ам нээж анх ярих зүйл нь юунаас эхлэх, цааш хэрхэн
үргэлжлэх, эхийн дэргэд байгаа тэр харь хүмүүс хэн болохыг яаж учирлан ойлгуулах тухай
бодон, бодол оюунаа гашилгаж явав. Хаан эцгээ тэнгэрт одсоноос хойш Хархорумд ховорхон
очсон энэ залуу эхтэйгээ хамгийн сүүлд уулзахдаа тийм ч сайхнаар салаагүй нь ээжийнхээ
дэргэд байх харийн хүмүүсийг сайшаагүйгээс үүдсэн байв.

Эх үр хоёрын дунд хээрийн салхи шиг хийсэн байгаа хов жив одоо нэг мөсөн арилж, тэдний
дунд боссон үл ойлголцлын хана нуран унах цаг болсон гэдэгт Годон итгэж байлаа. Хол
замын уртад шөнө сайн унтаж амран, маргааш өглөө нарны эртэд босч газар хороох нь чухал.
Тэрбээр хүмүүсээ дагуулан замд таарах нэгэн уулын өвөр бэлийг бараадан буудаллаа.

Цагийн өнгө наашилж байгаа ч тал нутагт зун цаг хараахан ирээгүй тул шөнөдөө хүйтэн
зэврүүн хононо. Тэд нүдний хор гарган амрахаар хэвтэцгээлээ. Үүрийн гэгээ дөнгөж
цухуйхын алдад тэд цөм нойрсчээ. Энэ үед тэдний эргэн тойронд хаанаас гарч ирснийг
мэдэхгүй олон цэргүүд бүчин авав. Чимээ анир эс гаргах тул хэн ч сэрсэнгүй. Цэргүүд унтаж
байгаа хүмүүсийг захаас нь цааш харуулан явсаар Годонгийн дэргэд хүрч очлоо. Энэ бүхэн
дуг нойрны цагаар чимээ аниргүй болж байгаа тул бөх нойрссон Годон хатан эхтэйгээ уулзан,
учраа ярилцаж байна гэж зүүдлэн жаргалтайгаар инээмсэглэнэ.

Хаврын шар нар зулай дээрээс төөнөн байгаа ч цаанаа л урин цаг наашлах болоогүйг илтгэх
мэт салхи жиндүүлэн байлаа. Хархорумын дэнж дээрээс нэгэн их нүүдэл алсын замд гарчээ.
Энэ нүүдэл зах хязгааргүй мэт үргэлжлэн, хараа цуцаана. Нүүдлийн дунд асар том гэр тэрэг,
араас нь олон жижиг гэр тэрэг дагалдан явах ажээ. Эхний гэрт Сорхугтани хатан хүү
Хүлэгүгийн хамт заларч явлаа. Дараагийн гэрүүдэд хатан эхийн албатууд, тэдний тогооч
буурчид, дагалдан явна. Араас нь цувах нүүдлийн хөсгийн ихэнх нь тэмээ голдуу ажээ.
Холын замт тэсвэртэй, эзнээ явгалахгүй итгэлт унаа бол тэмээ гэдгийг Монголчууд сайн
мэднэ. Эцэс төгсгөлгүй үргэжлэх мэт энэ зам, өгсөж даваад байхад ургаж босоод байгаа мэт
зах хязгааргүй их уул усыг даван үргэлжилсээр байв. Ислам шашинтнуудын арилжаа наймаа,
эрдэм боловсролын өлгий болсон Бухара хот хэдэн хоногийн зайд ирээдүйн эзнээ хүлээн
буйг энэ цуваанд яваа хүмүүс л мэдэж байгаа.

Зах хязгааргүй үргэлжлэх эзэнт гүрний нутаг эцэс төгсгөлгүй мэт санагдана. Зам зуур эзэнт
гүрний албатууд алтан ургийн хатан залран явааг мэдэж, дор бүрнээ хүндэтгэн угтаж, басхүү
үдэн байгаа нь харагдана.

Нутгаасаа холдох тусам хүмүүсийн зүс царай, үг хэл, зан заншил, амьдарч байгаа гэр орон
өөрчлөгдсөөр, түмэн олон хөлхсөн арилжаа наймааны газар Бухарт хөл тавилаа. Өгөөдэй
хаан амьд сэрүүн ахуйдаа энэ газрыг Сорхугтани хатан болон түүний хүүхдүүдэд хүлээлгэн
өгсөн хэдий ч, Монголын төрд хатан эхийн хэрэг их байсан тул нааш гарч завдахгүй байсаар
хэдэн жилийн дараа бараалхан ирж буй нь энэ юм. Нэгэн цагт хүү Хубилайгаа огт танихгүй
хүмүүсийн дунд орхиод явж байсан шиг Сорхугтани хатан энэ газрын хэргийг хүү Хүлэгүдээ
хүлээлгэн өгөөд буцах зорилготой байв.

Хатныг тосон авч уулзсан анхны хүн бол Сорхугтанийг Бухара хотод угтан хүлээж байсан
Дорнод Ираны хэргийг засагч эрхэм Коргуз ноёнтон байлаа. Аллах тэнгэрийн нэрээр мэнд
мэдэн уулзсан энэ эрхэм,

- Хатан таны тухай домог мэт яриаг тал нутгаас ирсэн лалын мөргөлчид ам булаалдан
ярилцах тул эрхэм хатанд бараалхан энд уулзах завшаан гарлаа хэмээн ирээд хүлээж байлаа
гэхэд,

- Коргуз ноёнтон таны алдар нэрийг ч тал нутаг даяар сонсон бахдаж байдаг тул хүндэтгэл
үзүүлэн, ёсорхох хэрэг юу билээ. Өгөөдэй хааны үеэс их Монголын төрд үнэнчээр зүтгэсэн
эрхэм гавьяатай хүн билээ та хэмээн өөрөөс ахмад настай Коргуз ноёнтонд хэт ёсорхох
хэрэггүйг сануулан хэлэхэд Коргуз ноёнтон, хатантанг угтан ирсэн хүмүүсийг түүнд
танилцууллаа.

- Хатантан болгооно уу. Энэ хүмүүс бол Бахарз нутгийн шударга журам шейх Уль Ислам, мөн
Бухар хотын хэргийг түр хамаарч буй Сайф Ад Дин нар юм. Тэд хатан танд хүндэтгэл үзүүлэн
угтан авахаар ирсэн байна гэв.

Сорхугтанийг угтан авсан хүмүүс хатантанд гүн хүндэтгэл илэрхийлээд, орд өргөөндөө
бараалхахыг хүсэв.

Хатан өргөөнд ормогц тал нутагт Сартуул, Персээс ирдэг эрээн алаг хээтэй хивсэн дээгүүр
алхан, өргөөний хойморт очиж тухаллаа. Өргөөний голд хоёр их багана байх агаад түүн дээр
араб үсгийг алтан шар өнгөөр угалзруулан бичсэн харагдана. Хатан эх орчны байдлыг
анзааран хараад,

- Эрдмийн хот Бухара гэж эзэн хааны үеэс хэлэлцэх болсон энэ газарт хөл тавьж үзэх сэн гэж
бодож явсан юм. Харин зам зуурт хүмүүсийн байр байдлыг ажиглан харвал эрдэм номын хот
гэхээс илүүтэй арилжаа наймааны газар шиг санагдлаа.

Уль Ислам нар гэрэлтсэн хүрэн өнгөтэй нүдээ онийлгон хатан эхийн яриаг сонсож сууснаа,

- Өнөө цагт эндхийн хүмүүс эрдэм номоос илүүтэй арилжаа наймаа хийж, амьдрал ахуйгаа
залгуулах болсон. Нэгэн цагийн эрдмийн хот өнөө уламжлалаа бага багаар алдсаар л байна.
Хаант төрөөс авах татвар өдөр өдрөөр нэмэгдсээр байх тул үр хүүхдэдээ эрдэм ном зааж суух
цаг зав бидэнд үгүй болоод байна гэж хэлээд санаа алдах нь тэдэнд ч мөн хэцүүхэн цаг ирээд
байгааг харуулна. Уль Ислам үргэлжлүүлэн,

- Лалын шашинт бусад хотуудыг бодвол манай хотод гарын ур дүйтэй хүмүүс олон болохоор
гар урлалын зүйл, элдэв чамин эд хэрэглэл хийж, худалдаачдад нийлүүлдэг юм. Гэсэн хэдий
ч бидний арилжих зүйлийг худалдаачид үлэмж хямд үнээр авч байгаа тул өнөө маргаашаа л
залгуулж сууна хэмээн байдлаа тоочин, шинэ эздээ угтаж байгаа хүмүүсийн яриаг
Сорхугтани хатан сонсонгоо бас л толгой өвтгөсөн их ажил хүүг нь хүлээж байгааг ойлголоо.

- Нэгэнт энэ газрыг засан суухаар ирсэн тул газар орны хэргийг хэрхэн явуулж, яавал таатай
амьдарч болох боломжтойг ард түмний өмнө нээн өгөх нь бидний үүрэг. Энэ газрыг засаад
би Хүлэгү хүүгээ үлдээн тал нутаг руугаа буцах учиртай гэв. Коргуз ноён янхигар цээжин
дээрээ гараа дараад:

- Аллах тэнгэр. Дорнод Иранд ч байдал ийм л байна. Ард олны нуруун дээр ирэх алба
татварын ачаа хэрээс хэтэрч байна. Зандалчин мэт аашлах татвар хураагчид эзэнт гүрний
нутгаас ирж хурааж цуглуулсан бүхнийг цөлмөн одох тул энд байгаа иргэд хэрхэн аж төрөх
билээ. Тал нутгаас Дорнод Ираны хэргийг засч байгаа намайг Дөргөнө их хатан дуудуулсан
учрыг танаас лавлан асуухаар хүлээж байлаа гэв.

- Дөргөнө их хатан таныг дуудуулсан хэрэг үү. Нааш гарахад ийм зүйл сонсоогүй тул
нүүдэллэж явахад өртөөлсөн хэл хажуугаар өнгөрсөн бололтой. Коргуз ноёнтон бодолд автан
сууна.

- Ямартай ч гэсэн хатанд бараалхах санаатай байна. Урт холын замд бэлдэх цаг болж хэмээн
өөртэйгээ яриад байгаа, хатанд хэлээд байгаа хоёрын завсраар өгүүллээ.

Сорхугтани хатан Коргуз ноёныг тал нутагт дуудуулсны учрыг гайхшран байлаа. "Дөргөнө их
хатан энэ бүхнийг хийгээд байна уу, аль эсвэл түүнийг нэрийг барьсан өөр хүмүүсийн явуулга
уу. Хаана ч очсон адилхан үг сонсож байгаа нь хаант төрийн дарамт эзэнт гүрнийг бүхэлд нь
нөмөрчээ" хэмээн бодож суулаа. Сайф Ад Дин өргөөнд байгаа хүмүүсийн дундаас ярианд
оролцон,

- Коргуз ноёнтон Өгөөдэй хааны итгэмжит хүний хувиар дорнод Ираны хэргийг засч байгаа.
Энэ хүн хааны хатны зүгээс ирсэн алба татвар хураагчийг "Өөрийн газрын хэргийг өөрийн
биеэр шийдэн явуулах тул санаа амар буц" хэмээн явуулсан тул зарга асуухаар дуудуулсан
байж магадгүй гэж бид сэтгэж байна гэж хэлэхэд Сорхугтани хатан:

- Энэ байдал удаан үргэлжлэхгүй. Тун удахгүй их


Монголын хаан эзэн сэнтийдээ заларч төр түвшин, түмэн олон амгалан болох буй за. Харин
Коргуз ноёнтон энэ хүнд цагт тал нутагт их замыг туулан очих тухайгаа дахин нэг бодож
үзээрэй хэмээн хэллээ. Удтал ярилцан суусны эцэст Сорхугтани хатан Бухара хотын дунд
боссон орд өргөөндөө бараалхав. Тал нутгийн нүүдэлчин олны авч явах, ачиж тээвэрлэх,
барьж буулгахад эвтэй Монгол гэр энэ хотын дунд сүндэрлэн боссон нь хүн бүхний нүдэнд
тусахаар нэгэн үзмэр шиг сонин содон харагдах авч хажуугаар өнгөрөх хүмүүст ойртон үзэх
боломжийг хатны хамгаалагчид олгохгүй байгаа нь гачлантай.

Хатныг Бухарт ирсний дараахан Коргуз ноёнтон тал нутаг руу аяны жолоо залжээ. Эзэндээ
үнэнч албатын ёсоор энэ хүн Хархорумд суух их хатанд бараалхан учир явдлаа уудлан
хэлэлцэхээр явсан байв. Коргуз ноёнтон өөртөө хэт итгэлтэй байсан тул хатан түүнд саад
хийж чадсангүй. Харин түүний араас "Мөнх тэнгэр хааны үнэнч албатаа харж болгоогтун"
хэмээн сүслэн залбирлаа. Хатны зөн совинд буусан таагүй тэр мэдрэмж хэсэг хугацааны
дараа тал нутагт биеллээ олох мэт, нэг л түгшүүртэй бодогдоно. Шинээр засах газартайгаа
танилцаж, тэдний амьдрал ахуйн гүнд орох нь эхний ажил хэмээн сэтгэж Хүлэгү хотын
дундуур явж, хүмүүстэй уулзан зарим нэг ноёдын гэрт зочиллоо. Сорхугтани хатан ч
Хубилайн хамт Хэбэй муж руу явж байсан шиг энэ удаад хүүгээ ажиглан байв. Хэд хоногийн
дараа хүү нь эхийнхээ өргөөнд бараалхан орж ирэхдээ,

- Бухара хот өнөө ноёдын хэлсэнчлэн гарын ур дүйтэй хүмүүс олонтой, гар урлал цэцэглэн
хөгжсөн газар юм. Эрдмийн хотын урьдын сайхан цаг үгүй болсон ч эндэхийн хүмүүс ном
эрдмийг эд хөрөнгөнөөс илүүд чухалчлан үздэг нь хэвээр байна. Айл бүрийн гэрт ном судар
залаастай байдаг ч, өнөө үр хүүхдэдээ бичиг үсэг заан сургах боломж хомс болсон нь үнэн
ажээ гэж хэлэхэд Сорхугтани хатан:

- Эрдэм номтой хүн, ашиг хонжоо хайсан хүний нүд хоорондоо огт адилгүй байдаг. Энэ
хотын хүмүүсийн нүднээс наймаачин хүний шунал харагдахгүй байх шиг санагдах юм. Хүү
минь чи зөв таньжээ гэв.

- Дайн самууны хөлд үймэн сандарсан зон олон уншиж сурахаас илүүтэй амар амгалан
амьдрал хайн тэмүүлэх болж. Бухарт сайхан цагт хүмүүс үр хүүхдэдээ бичиг үсэг заан
сургадаг байсан бол одоо ажил хийхийг л сургах болсон байна гэж нэмж хэлсэн хүүгийнхээ
үгийг сонсоод хатан эх "Үнэхээр дайн самуун гэдэг хэчнээн хэцүү билээ. Бид энэ гүрний эзэд
тул эзлэн авсан газар нутагтаа санаа амар амьдралыг эхлүүллээ хэмээн эх нутгийн зүг жолоо
залдаг байхад, хаант төрийн хаяа холыг далимдуулан төрийн нэр барих дээрэмчид ч
олширсоор байх юм даа" хэмээн бодов.

Гартаа мөнгөн зоос барин тооноор тусах нарын туяанд ойртуулахуйд мөнгөн зоосон дээр
нарны шижир цацраг бууж, нүд гялбуулан гэрэлтэнэ.

- Энэ цагаас хойш эзэнт гүрний нутагт энэ зоосыг тараан явуул. Арилжаа бүхэн үүгээр
хийгдэж, алт эрдэнэсийг ч үүгээр солилцог хэмээн сэтгэл хөдлөнгүй хэлж байгаа Дөргөнө
хатны гарт саяхан цутгасан мөнгөн зоос атгаатай байв. Дөргөнө хатан зоосон дээрх
бичээсийг уншин,

- Их Монгол улсын ханхүү хэмээн уншихад харцанд нь баярын оч сацрасхийгээд төдхөнөө


намдав бололтой үзэгдэх нь үүдээр орж ирсэн Коргуз ноёнтныг харсан даруй баяр хөөр нь
тэр дороо үгүй болон замхарсан хэрэг байлаа. Коргуз ноёнтон хатны амар мэндийг эрэн
ислам шашинт хүний ёсоор мэндлэв. Дөргөнө хатан царайгаа төв болгох нь цээжин доторх
уур цухлаа нууж байгаа нь илт,

- Өргөөнд байгаа хүмүүс гарч бай хэмээгээд Абдул Рахманыг үлдэхийг хүслээ. Хатны гарт
мөнөөх мөнгөн зоос атгаастай хэвээр. Дөргөнө хатан өргөөнд байгаа хүмүүсийг гарч явсны
дараа,

- Коргуз ноён. Таныг Өгөөдэй хааны үеэс үнэнч албат байсныг чинь мэдэх авч, өнөөг хүртэл
хатны захиргааг хүлээн зөвшөөрөхгүй Дорнод Ираны нутагт ирсэн алба татвар хураагчдыг
басан доромжилж явуулсан учрыг сонсохоор дуудуулсан билээ гэв. Коргуз ноён:

- Хатантан минь. Басан доромжилсон хэрэг огтхон ч биш байсан билээ. Харин хатны нэрээр
түрий барин өвөр зуураа ашиг хонжоо хайгсад олширсон тул ард түмний нуруун дээр ирсэн
ачаа улам бүр хүндэрсээр байгааг хатантан танд өөрийн биеэр мэдэгдэхээр ирлээ гэж хэлээд
мэхийлээ.

Абдул Рахман гэнэт хажуунаас ярианд оролцон,

- Их хатны нэрийг барина гэнэ ээ. Их засаг хууль эзэнт гүрний нутагт хэвээр байхад ингэж
худал мэдүүлэх хэрэг юун билээ гэв.

Дөргөнө хатан Абдул Рахманыг харан,

- Абдул Рахман чи үүнийг мэдэж байх учиртай гэхэд,

- Хатантан минь би мэдэж байгаа. Харин Коргуз ноёнтон дураар аашилж харьяат газар
нутагтаа өөрийн засаглалыг тогтоогоод байгаа билээ гэж хэлэв.

Коргуз ноёнтон Абдул Рахманыг олон жилийн өмнөөс таних билээ. Энэ эрхмийг торгоны зам
даган худалдаа арилжаа хийж, амьдрал ахуй нь сайжран хатны ивээлд орохоос өмнөх
амьдралыг Коргуз ноён сайн мэдэхийн учир:

- Ядуу гуталчны хүү чиний бага насыг бид мэдэх билээ. Дүүгээ дагуулан аврал эрэн хотоор
явж байхад чинь манай хотынхон чамайг гэр орондоо оруулан дулаацуулж, хооллон ундалдаг
байсныг мартаа юу. Төрсөн хотынхоо иргэдийг хүртэл хааны хатны нэр сүрээр зандран алба
татвар нэхэн, зодож жанчсан чинь худал хэрэг үү. Урд нь бид олсон бүх орлогоосоо арван
хувийн татвар хааны албанд өгдөг байсан бол одоо хорин хувийн татвар төлөх боллоо. Ард
түмэн хэрхэх билээ. Энэ шийдвэрийг зөвхөн би эсэргүүцэж байгаа хэрэг биш хэмээв.
Дөргөнө хатан Коргуз ноёны үгийг сонсох зуур Абдул Рахманыг харж,

- Абдул Рахман энэ үнэн үү гэж асуулаа. Абдул Рахман хатны өмнө түгдчин зогсоход Коргуз
ноёнтон өврөөсөө хуйлсан бичиг гарган ирж дэлгээд хатанд өргөв. Хатан эх цаасан дээрх
бичээсийг нүд гүйлэн харах зуур,
- Дорнод Ираны газар нутагт суугаа ард иргэдийн хааны албанд төлөх ёстой татварын
хэмжээг хорин хувь болгон өөрчилсүгэй. Төрийн их хатан Дөргөнө хэмээн уншиж дуусаад
цаасан дээрх тамгыг харав.

- Төрийн тамга мөн байна. Би энэ зарлигийг бичээгүй атал яахаараа энэ миний гар дээр
байж байдаг билээ гэж асуухад Абдул Рахман хэлэх үггүй ээрэн зогсоно.

Үнэндээ бол Дөргөнө их хатан Абдул Рахманд бүрэн итгэдэг байсан нь түүнийг өнөөдөр
хатны нэрийн өмнөөс төрийн тамгатай зарлигийн бичиг үйлдүүлэхэд хүргэжээ. Энэ үед
хатны санаанд нэгэн өдрийн хэрэг явдал тодрон ирлээ.

Абдул Рахман нэн баяртайгаар орж ирэн хааны сан хөмрөг арвижин буй нь хатан эхийн
ухаант бодлоготой холбоотой гэж магтан ярих зуурт нэлээд хэдэн хоосон цаасан дээр хааны
тамгыг даруулан аваад гарсан билээ. Хаант төрийн тамгыг хоосон цаасан дээр дарж өгөх
хүртэл хатны сэтгэлийг олж чадна гэдэг үнэхээр гайхамшиг ажээ. Дөргөнө хатны салгалсан
гарт тамгатай цаас чичигнэнэ.

- Чи энэ мэт төрийн тамгатай цаас ашиглан хэд хэчнээн зарлиг гаргаж, хаант төрийн нэрийн
өмнөөс юу үйлдсэн бэ? хэмээн чангаар асуулаа. Өргөөнд нам гүм. Хатны гараас унасан
мөнгөн зоос газарт эргэлдэн байснаа дороо зогсож, хажуу тийш өнхрөн уналаа.

Бухара хотод саатан энэ газрын хэргийг засахаар ирсэн Монгол хатны гэр өргөө нэн сүртэй
хийгээд гоёмсог харагдана. Энэ хот бүхэлдээ тал нутгийн Монголчуудын морины тоосонд
хучигдан, тэдний харьяанд орсноос хойш олон жил өнгөрчээ. Гэвч өнөөг хүртэл хотын төвд
нь ийм сүрлэг Монгол гэр босч байсан удаагүй тул нэн сонин ажгуу. Сорхугтани хатан
өргөөндөө хүү Хүлэгүгийн хамт байна.

- Хатан эх минь, та нээг их санаа алдаад болих юм. Сэтгэл санаа чинь тавгүй байна уу гэж
асуухад:

- Чиний эцэг Тулуй, өвөг эцэг Чингис хаан нар хорь гаран жилийн өмнө энэ газрыг өөрийн
харьяанд оруулж байсан. Тэр цагаас хойш олон ч жил өнгөрч дээ гэж хэлээд тэнгэр болсон
хүмүүсээ дурсан буй мэт чимээгүй суув. Хүлэгү:

- Эрдмийн хотын эзэд болсон энэ хүмүүсийн өмнөөс ямар нэгэн сайн сайхан зүйл хийх юм
сан гэсэн бодол төрөх юм. Угаас гарын ур дүйгээрээ тэргүүлсэн энэ газар соёл урлаг, эрдэм
ном аль аль нь цэцэглэн хөгжих хэр нь наймаа арилжаа ч тасрахгүй үргэлжлэх юм. Наймаа
арилжаанд хөлжсөн ард олон соёл урлаг, сурах боловсрохоо орхигдуулдаг байхад энэ хүмүүс
тийм биш нь надад бахдалтай санагдаж байна гэж нэмж хэллээ. Хүүгийн хэлсэн үг үнэн
болохыг хатан эх дотроо эргэцүүлнэ.

- Ээж нь энд ирээд Перс хэл дээр бичигдсэн эртний олон судруудыг сөхөн харж суулаа.
Харин дайны хөлд талхлагдсан энэ газарт шинээр төрж байгаа хүүхдүүд цаг ирэх тусам соёл
боловсролоос холдох юм шиг айдас төрөх боллоо. Нэгэнт өөрийн газар болсон тул эндхийн
хэргийг бид засан явуулж, ирээдүй хойчийг нь хөтлөх үүрэгтэй тул сургууль байгуулбал ямар
вэ хэмээн асуув.
- Сургууль байгуулна гэв үү

- Тийм ээ

- Энэ ажилд их мөнгө хэрэг болно. Ард түмний амьдрал дорой байхад тэр мөнгийг хатан эх
та хаанаас бий болгох гэж байна даа. Хааны сангаас бол хэцүүхэн л байх болов уу гэхэд
Сорхугтани хатан:

- Өөрт байгаа хөрөнгийг зориулъя гэлээ.

Хатан эх нь хаа байсан Бухара хотын хүүхдүүдийг сургах сургууль байгуулах санал хэлж,
зардал мөнгийг өөрийн сангаас гаргах шийдвэр гаргаж байгаад Хүлэгү гайхах, басхүү
бахархах сэтгэл төрж байв. Хатан яриагаа үргэлжлүүлэн,

- Эзлэн авсан ч бай, төрж өссөн ч бай энэ газар нутаг бол биднийх. Бидний ямар бодлого
явуулахаас шалтгаалж, ирээдүй хойчийн зам мөр нээгдэх учиртай. Анзаараад байхад энэ
газрын онцлог, хүн зоны сэтгэлд нийцэх ажил бол эхний ээлжинд энэ болов уу.

Хатан эхийн өргөөнд энэ яриа болсны дараахан Уль Ислам болон Бухара хотын хэргийг түр
хамаарагч Сайф Ад Дин нар хүрэлцэн ирж,

- Хатан эхийн айлдварыг сонсон баярлахдаа тэр дороо гүйхээрээ хүрч ирлээ гэж талархан
хэллээ. Сорхугтани хатан ширээн дээр өрөөстэй мөнгөн гулуузыг заагаад:

- Энд мянган мөнгөн гулууз байгаа. Энэ мөнгөөр хэдэн хүүхдийн сургууль барьж болох вэ
гэж асуулаа. Тэд ширээн дээр байгаа тэр их мөнгийг хараад,

- Хатан эх минь таны ачлал энэрэл тэнгэр мэт өндөр, тэнгис далай мэт гүн гүнзгийг харж
байна. Энэ мөнгөөр мянган хүүхдийг ч багтаах сургууль барих боломжтой гэж хэллээ.

- Тийм бол сургууль барих ажлыг яаравчлан эхлүүл. Харин хүүхдүүд болон багш ажилчдыг
байлгах сууцыг хамт баривал сайн санагдана гэв.

Сайф Ад Дин гаднаас хүн дуудан ирүүлж мянган мөнгөн гулуузыг дааж ядан зөөж, хатны
аврал энэрэлд талархан хойш ухарсаар гарч одов. Энэ өдрөөс хойш Бухара хотод шав нь
тавигдаж эхэлсэн мянган хүүхдийн сургууль барих ажил эхэллээ. Хатан эхийн алдар сууг
мөнхлөн ард иргэд энэ сургуулийн суурь анх тавигдаж эхлэхээс л "Хатны сургууль" хэмээн
нэрлэх болжээ.

Шөнийн аниргүйг эвдэн чад падхийн дуугарах чимээ гарч байснаа төд удалгүй бадамлан
ассан галын гэрэлд орчны юм бүхэн тодхон харагдахаар боллоо. Улаан гал дүрэлзэн асаж
галзуурсан мэт эргэн тойрноо хайлуулан урсгаж эхэллээ. Энэ зуурт нэгэн морьтон санд мэнд
хажуу уулын энгэрийг даван далд орж буй бүдэг бадаг дүрс харагдахтай үгүйтэй болоод алга
боллоо. Ойролцоо гэрээс нэгэн эрэгтэй хүн нойрмоглон гарч ирж, хазгай гишгэн явж байгаад
дороо зогсож морь харах зуурт сая дүрэлзэн ассан галыг харан хий дэмий л ам нь ангалзан
хэсэг зогсоод,
- Гал... гал гарлаа хэмээн хашхирах төдийд айлуудын гэрээс хүмүүс сандчин гарч орох нь
үзэгдээд, устай сав зөөн дүрэлзэн буй гал руу цацсаар байх авч нэгэнт ассан гал хүчрэгдэхээ
өнгөрчээ.

- Хатан эх минь. Хатан эх минь хэрхэх билээ гэж хэлээд ассан галын дундаас гарч ирж буй
хүнийг харвал Сорхугтани хатны охин Тэмүгэн бэхи байх бөгөөд хацарт нь үнс нурам
наалдан шороо болсон харагдана. Хатан эхийн номын өргөө хайлжээ. Тэр гал дундуур гүйн
орж Алтан судрыг тэврэн гарч ирсэн байлаа. Судрын тал нь шатжээ. Тэг дундаа хүртэл шатаж
үнс болсон судраа тэвэрсэн чипээ хөшсөн мэт зогсох Тэмүгэн бэхийн нүдэнд бүрхсэн нулимс
нь хүртэл унаж чадахгүй хэвээр тогтсон байв. Номын өргөөнд гарсан гал төд удалгүй
доторхи юмсыг хайлуулан урсгалаа.

- Эцэг тэнгэр минь, юу болох нь энэ вэ?

- Ойрд хүн орж гэрэл гаргаагүй байтал номын өргөө яахаараа шөнө дөлөөр хайлан урсав?

- Урд шөнө хэн нэгэн энэ өргөөнд байсан л байна даа. Тэгээд дэнгээ дутуу унтрааснаас энэ
хэрэг болсон болов уу?

- Ай халаг гэж одоо яах билээ. Хатан эхийг ирэхээр юу гэж хэлэх билээ хэмээн Аурагийн
гадаа хүмүүс хэрхэхээ мэдэхгүй гаслан байхад Бухара хотод унтаж амрахаар

орондоо орсон даруйдаа Сорхугтани хатан нэгэн зүүдийг үзэв.

Нойрон дунд нь хэн нэгний зөөлхөн гар хацарт нь хүрэхэд тэр сэрлээ. Хажууд нь мөнх
тэнгэрийн орноо одсон Өэлүн эх байхыг хараад гайхан баярлаж, босон өндийтөл тэр
чимээгүй байхыг дохин хуруугаа амандаа хүргээд гараас нь хөтөлж, тэд гадагш гарав. Мөнх
тэнгэрийн орноо заларсан цагаас нь хойш санан гашуудаж удсан Өэлүн эхтэй Сорхугтани
замдаа ямар нэгэн юм яримаар, бүр их юм хүүрнэмээр байвч амнаас нь үг эс гарна. Уг нь
маш их зүйлийг ярихыг хүсэвч тэр их зүйл яагаад ч юм хатны амнаас гарч өгөхгүй байх шиг
сонин хөндүүр. Өэлүн эх явсаар талын дунд очоод Сорхугтанийн буурал сууж буй үсийг
илбэн,

- Одоо тал нутгийн үнэнийг олж хар гэж хэллээ.

- Тал нутгийн үнэн гэж юу сан билээ, Өэлүн эх минь гэж асуухад,

- Тал нутгийн үнэн бол Их Монголын үнэн. Урсаж буй цусан дунд, шатаж буй гал дунд үнэн
буй. Түүнийг ол гэж хэллээ. Учрыг олж ядан байтал Өэлүн эх нэг харахнаа сүүмэлзэн үзэгдэх
зэрэглээт алс руу уусан одлоо.

- Өэлүн эх ээ. Өэлүн эх минь. Хүлээ. Хүлээгээч дээ. Энэ үгийг давтсаар Сорхугтани хатан
Бухара хот дахь орд өргөөнийхөө унь тооныг харан сая нойрноос сэрлээ.

- Ямар хачин зүүд вэ? Өэлүн эх надад тал нутгийн үнэнийг олж хар гэж хэлээд явлаа. Урсаж
буй цусан дунд үнэн бий, шатаж буй гал дунд үнэн бий гэж хэлсэн нь юу билээ. Хатан ийн
бодож тэр шөнөдөө нойр муутай хоноод маргааш өглөө нь эртлэн хүү Хүлэгүгээ дуудууллаа.

- Ээж нь яаравчлан буцъя даа. Урьд шөнийн зүүдэнд Өэлүн эх ирж, надад нэгэн дохио өгөөд
явлаа. Тал нутагт ямар нэгэн хэрэг болсон буй за гэв.

- Хатан эх минь та зүгээр ирэх зүүдний аясаар хөтлөгдөн яаран буцах гэж буй тань дэмий
хэрэг мэт санагдах юм гэж хүүгээ инээвхийлэн хэлэхэд,

- Үр минь, энэ дэмий хэрэг биш. Би ямагт зүүднээсээ үнэнийг хардаг. Урьд ч тийм л байсан.
Одоо ч тийм л байна. Хүү минь эхийнхээ үгэнд ор гэж хэллээ. Эхийн хэлснээс зөрж үзээгүй
Хүлэгү хатан эхийн хэлснээр тал нутаг руу хөдлөх их нүүдлийг бэлдэж эхэллээ.

***

- Аурагт Сорхугтани хатны номын өргөө хайлжээ гэх яриа Дөргөнө хатны өргөөнд дуулдахад
өргөөн дотор Гүюг эхийнхээ хамт байв. Нөгөө хүн үргэлжлүүлэн,

- Үүр шөнийн завсарт ассан тэр их гал хатны номын өргөөнөөс юу ч үлдээлгүй хайлуулан
оджээ гэв. Дөргөнө хатан гэнэтийн энэ мэдээнд цочирдон,

- Мөнх тэнгэр... Юунаас болж хайлан урссан болохыг мэдэв үү?

- Үгүй ээ хатантан минь. Гэвч үүрээр сэрж, морь харж явсан хэвтүүлийн хэлснээр бол гал
гарсан даруйд нэгэн морьтой хүн уул даван одсон гэх үнэн худал нь мэдэгдэхгүй яриа байна
гэв.

Гүюг эхдээ ойртон ирж,

- Үнэхээр хатан эх та мэдээгүй хэрэг гэж үү хэмээн асуув. Дөргөнө хатан хүүгийнхээ
цоргисон харцнаас дальдчин байсан хэдий ч,

- Мөнх тэнгэр мэднэ. Тэр өргөөг Өэлүн эх барьж байхад би дэргэд нь харж байсан.
Сорхугтани бид хоёр хамт сууж судар ном уншдаг байв. Чи эхийгээ арай дэндүү гомдоож
байгаа хэрэг биш үү хэмээн Гүюгийг харахад хатан эхийн нүдэнд нулимс хурсан байлаа.

Эхийн нүдэнд хурах нулимсыг Гүюг бараг хараагүй юм. Харин энэ удаа тэр эхийн нүдэнд
дүүрэн ирсэн нулимсыг анх хараад сэтгэл дотор нь гүн хөндүүр болж, эхийн үнэнийг анх
удаа олж харж байгаа мэт санагдлаа. Гүюг үргэлжлүүлэн,

- Хатан ээж минь, би танд итгэж байна. Энэ удаад би танаас олон хэргийн учрыг асуухаар
орж ирээд байтал ийм юм боллоо хэмээн үгээ гүйцээлгүй орхив.

- Ямар хэрэг байдаг билээ?

- Годонг нааш ирэх замд нь хорлосон бололтой.

- Тэнгэр минь, юу гэв ээ?


Дөргөнө хатан энэ мэдээг сонссон даруй ухаан нь балартах шиг боллоо. Тэр арайхийн ам
нээж,

- Би Абдул Рахманаар захиа дайлган Годон руу явуулсан билээ. Гэтэл тэр цааш дутаан явсан
тул уулзаж чадалгүй ирсэн бус уу?

- Годон хатан эхийн захиаг аваад нааш гарсан болохыг албатууд нь баталж байна гэв.
Дөргөний царай хувхай цайсан байлаа.

- Мөнх тэнгэр минь... миний хүүг хороочихсон хэрэг үү хэмээн хэлээд цурхирлаа. Энгэр
цээж нь урагдан тасарч байгаа юм шиг энэ аймшигт мэдээг сонссон Дөргөнийн ухаан санаа
балартан байхад Гүюг үргэлжлүүлэн,

- Төрийн их хүн Елүй Чуцайг тэнгэр болохоос өмнө гэрт нь нэгжлэг хийж эрүүдэн шүүсэн
байна. Дараахан нь хатан эх танд бараалхан ирсэн Коргуз ноёнтныг ам руу нь чулуу чихэж
алсан байна. Энэ мэт учир нь үл олдох хэрэг хааны ордны ойр орчимд гарч байсан бол одоо
бүр хэрээс хэтэрч их эзэн хааны онго шүтээн байрлах, төрж өссөн нутаг Их Аурагт нь хүртэл
гарлаа. Мөнх тэнгэр харж байгаа хэмээн нэмж хэллээ.

Дөргөнө хатан анх удаагаа ийм арчаагүй байдалд орж байгаа болов уу гэмээр Гүюгийн
өөдөөс гаслант нүдээр харж суулаа. Ихэмсэг бардам хатан эхийн дүр төрх энэ үед алга
болсон шиг харагдана. Дөргөнө цааш юу ч хэлсэнгүй. "Энэлэн гашуудахаас өмнө бодож
тунгаах нь зөв" гэсэн бодол түүнд төржээ. Хатны өргөөнд нам гүм ноёрхож, эх үр хоёр бие
биеэ харан сууна. Хэсэг хугацааны дараа Дөргөнө хатан сая ам нээлээ.

- Хаан ор суух дараагийн хүнийг сонгох цаг нь болжээ. Би хүү чамайгаа ухаан сууж, төр улсыг
удирдан авч явах тэнхээтэй болох хүртэл энэ суудлыг хамгаалж байхыг хүссэн билээ. Хэнийг
дагах, хэнийг дагахгүй байхаа мэдсэнгүй нь миний алдаа болж. Чи эхийн алдаанаас
хангалттай сурсан биз ээ гэж хэллээ.

Энэ бол Дөргөнө хатан Гүюгийг хаан ширээнд суулгахыг зөвшөөрөн буй хэрэг юм. Хувь заяа
яасан ээдрээтэй вэ. Тэр нэгэн шөнө хатан эхээсээ "Чи хаан болох хувьгүй" гэсэн үг дуулаад
унатал ууж согтон, Мөнхийн гэрт очиж байснаа саналаа. Харин энэ удаа, зөвхөн энэ удаа л
"Би эхтэй хүн юм" гэсэн бодол төрөхүйд Гүюгийн зүрх өмнө нь мэдэрч байгаагүй халуун
дулааныг мэдрэх шиг болжээ.
Долдугаар бүлэг: Алдаа онооны дэнсэнд алдаж оносон өдрүүд

Алсаас харагдах Их Аураг улам бүр ойртсоор. Их нүүдэл ирэх бараанаар олон хүмүүс тосон
байгаа нь харагдана. Алсад одоод нутагтаа буцан ирнэ гэдэг амар амгалангийн дээдийг олох
шиг нэгэн жаргал байдаг. Эндхийн юм бүхэн танил дотно санагдана. Хааяахан хүүгэх салхи
нь хүртэл хатнаа санасан шүү гэж хэлж буй мэт хацрыг нь зөөлөн илбэхэд, цээж дүүрэн
уужрах шиг мэдрэмж төрөх нь нэн таатай.

Их нүүдэл Аурагт ойртож, тосон зогсож байгаа олон хүмүүсийн өмнө тулж очлоо. Баяр
дүүрэн нүдээр хатнаа угтдаг энэ хүмүүсийн царайд ямар нэгэн айдас түгшүүр нуугдан байгаа
мэт цаанаа л хачин санагдана. Өөдөөс нь тосон гүйж ирээд, эмэг эхийнхээ эзгүйд болсон бүх
зүйлийг ам булаалдан өгүүлэх ач зээ нар нь ч энэ удаад тэгсэнгүй. Тоссон хүмүүсийн байр
байдлаас энд ямар нэгэн юм болжээ гэдгийг Сорхугтани мэдэрч байлаа.

"Мөнх тэнгэр минь юу болсон юм бол, яагаад эдний харц айдастай, царай нь түгшүүртэй
байна вэ" хэмээн дотроо бодож явуулын өргөөнийхөө шатаар доош буун ирэхэд Тэмүгэн бэхи
бусдаас түрүүлэн эхийнхээ гараас атган тосч буулгалаа. Тэр ээждээ ямар нэгэн зүйл хэлэх
гээд чадахгүй байгаа мэт харц нь далдирна.

Сорхугтани, Тэмүгэн бэхийн гарыг тавьж тоссон олныг яран алхав. Аурагийг бүхэлд нь
харлаа. Эндхийн бүр зүйл хэвээр атал нэг л зүйл үгүй болжээ. Номын өргөөний шатаж
харласан буурь хатан эхийн нүдний өмнө тодхон харагдахад сая учрыг олж дотор нь харлан,
ухаан балартах шиг болов. Сорхугтанийн нүдэнд нулимс дүүрээд, орчны юмс бүдгэрэн
торолзсон хэдий ч Аурагийн дундуур шулуухан явсаар номын өргөөнийхөө үнс болсон буурин
дээр очиход хөл нь аяндаа сөхөрлөө.

Нэгэн цагийн их дурсамж, нэгэн цагийн их ухааныг хадгалах энэ өргөө илбэдүүлсэн юм шиг
их талын

дундаас арчигдан замхарсан байв. Үнс нурамнаас өөр юуг ч үлдээлгүй хайлуулж одсон
хилэнт гал хатны эзгүйд дүрэлзэн ассан байжээ. Араас нь дагаж явсан хүмүүс юу гэж хэлэхээ
мэдэхгүй байгаа бололтой, номын өргөөний буурин дээр ирж хажууд нь зогсоцгоожээ.

Хөлийн нь дор мэдрэгдэх танил дотно газар шорооны үнэр, үнс нурамтай холилдон ханхалж,
гэнэт босон дэгдэх салхин номын өргөөний бууринд хурсан үнсийг хийсгэн байлаа. Энэ
өргөөг барьж дууссны дараа бахдан харж зогссон Өэлүн эхийн харц нүдэнд нь харагдах шиг
болоход, хамаг цус нь дээш огших шиг болж, хацрыг нь даган нулимс садарлаа.

Энэ өргөөтэй хамт олон зүйл хайлан оджээ. Эртний их мэргэдийн оюун билгээр бүтсэн ном
судрууд, Алтан судартай хамт хайлсан байлаа. Их Аурагийн дундуур хэрмэл салхи хаа нэг
хүүгэн байх нь чихэнд сонсогдсоор...

Номын өргөөнийн буурины шатаж харласан үнс нурам өдгөө цээжин дотор нь орчхоод гол
харлуулан байгаа мэт дотор нь харанхуйлна. Түүнд бодох юм их байлаа. Эмх замбараагүй
ээлж дараагүй орж ирэх бодлууд, халаглан гашуудахтай нь зэрэгцэн ухаан бодлыг нь
самууруулна. Энд байсан олон ном бүгд шатан хайлжээ. Ертөнцийн үнэнийг шингээн бичсэн
Алтан судар ч үгүй болжээ. Олон сарын хөдөлмөр, олон мэргэдийн хүч оролцоо шингэн
бүтсэн энэ судар дахин бүрэн эхээрээ нөхөгдөх нь эргэлзээтэй. Тэр нэгэн цагт мөнхүү судрыг
хамт бичилцэн хоёр нүдэндээ жаргалын оч татуулан суусан өвгөн буурал Елүй Чуцай мөнх
тэнгэрийн орноо оджээ.

"Аливаа юм бүтэх мөнх тэнгэрийн цаг гэж байдаг бололтой. Тэр цаг хэдийнэ дуусаж онгод
тэнгэр хаалгаа хаасан мэт санагдана. Одоо алтан судрыг хуучин хэвээр нь буцаан үлдээх арга
нэгэнт үгүй болжээ" хэмээн бодохуйд зангиран гарах нулимс нь хоолой дээр нь тээглэн гацах
мэт санагдаад, амьсгал нь бөглөрөх шиг боллоо. Гол харлуулсан айдас түгшүүртэй нүүр тулан
учирсан цагт хүн гэдэг амьтан дэндүү өчүүхэн болдог юм болов уу.

Одоо хэрхэх билээ хэмээн сэтгэл чилээн суугаа хатныг тойрон зогссон хүмүүс чив чимээгүй.
Эргэн тойрон нам гүм. Хүмүүсийн амьсгалах нь хүртэл сонсогдож байх шиг их нам гүмийг
яран хөг аялгуу мэт, хөгжмийн чавхдас мэт нэгэн нарийхан цээл хоолой сонсогдлоо.

- Мөнх тэнгэрийн үнэн бол Амар амгалангийн үнэн Ертөнц дахины үнэн бол Эвлэн
нэгдэхийн үнэн Хөх монголын дээвэр дор Хөрст дэлхийг хураахын цагт Тэнгэрт нэг нартай,
газарт нэг төртэй Амгалангийн хаалга алгуураар нээгдэж

Алтан үнэн дэлгэгдэх болно хэмээн уншиж эхлэхийг харвал ач хүү нь Алтан судрыг цээжээр
өгүүлэн зогсож байх нь тэр. Тэмүгэн бэх араас нь залгуулан:

- Тойгтныг сөхрүүлэхийн учир Толгойтныг бөхийлгөхийн учир Биднийг хэн дагана, тэр
өршөөгдөж

Биднийг хэн сөрнө, тэр цээрлэгдэнэ гэж үргэлжлүүллээ. Тэмүгэн бэхийг зогссон даруй
ордны түшмэд алтан судрыг аялгуулан залгаж, үгс нь цээжнээс нь ундран байх мэт шад
шадаар нь хөврүүлэн уншлаа. Энэ бүхэн хөг эгшиг мэт хүн бүрийн амнаас гарч, бүгд нэгэн
дуугаар уншиж байхад хатны нүдэнд баяр тодорч, газраас өндийн босч ирлээ.

Хатан эхийн хажууд зогсож байсан Тэмүгэн бэхид, түүний албат тал нь шатсан судрыг авчирч
өгөхөд тэр хатан эхдээ барилаа. Гурван давхар баринтагтай судрын тал нь үгүй болжээ.
Сорхугтани хатан:

- Алтан судар алга болоогүй юм байна. Үнэнийг өгүүлэн бичсэн судрын хуудас шатсанаас
биш, түүнийг цээжилсэн хүний сэтгэл хайлаагүй юм байна. Нас өндөр хатан миний цээжинд
үлдээгээгүй ч, аврал өршөөлөө бидэнд илгээж үр хүүхдэд минь үлдээжээ. Мөнх тэнгэр, мөнх
тэнгэр минь. Та биднийгээ харжээ гэж хэлээд Алтан судраа харж,

- Үүнийг ахиж бичье. Цээжээ уудлан, зүрхээ чагнаж, чин үнэнийг бичиж үлдээе гэж хэллээ.

Энэ өдрөөс хойш Алтан судрыг сэргээн бичих их ажил Аурагт өрнөлөө. Онго тэнгэрийн цаг
дуусч хаалгаа хаасан хэрэг биш, онго тэнгэрээс нэгэнт буусан л бол аливаа бүхэн хүний оюун
сэтгэлд өөрийн зайгаа эзлэн оршдгийн үнэнийг харуулсан хэрэг боллоо. Алтан судар бол
амьдралын үнэн юм. Амьдралын үнэн бол алаг замбуулингийн үнэн юм. Алтан судрыг даган
явснаар хөх Монголын төр бус, хөрст дэлхий амирлах учиртай байлаа. Алаг дэлхийг
амирлуулахыг хүсэгч Монголчууд аль нэг шашныг онцлон шүтдэггүй билээ. Бүгд өөрийн
хүслээр, чин бишрэлээр амгалангийн хаалгыг татах нь алтан судрын үнэн утга байв.

Тал нутагт Их хуралдайн зар тарсан цагаас хойш нэлээд хугацаа өнгөрчээ. Эзэнт гүрний өргөн
уудам нутаг дэвсгэрт энэ зар хүрч, хуралдайд хүрэлцэн ирэх хүмүүсийг хүлээх л үлдээд байв.

Дөргөнө хатан Их Хуралдайн бэлтгэл ажлыг удтал хийсэн нь илт харагдана. Эзэнт гүрний
баян тансаг байдал сүр хүчийг харуулах үүднээс урьд урьдын хуралдайгаас илүү өргөн
дэлгэр, илүү баян тансаг байдлыг мэдрүүлэх зорилго тавьсан нь илт ажээ. Дөргөнө хатны
засаг барьж байх хугацаанд олны дунд түүний нэр хүнд нь нэлээд унасан тул гэмээ цагаатгах
хэрэгтэй байлаа. Алдааг засна гэдэг алдаа гаргахаас хэцүү байдаг нь үнэн ажгуу.

Энэ удаагийн хуралдайд олон хүн цуглах нь тодорхой.

Таван жилийн турш хаан суудал эзгүй байснаас эзэнт гүрний төрийн бодлого ганхаад байсан
цаг. Хүнд хэцүү энэ үед дараагийн хааныг тодруулах асуудлыг хэн хүнгүй анхааралдаа авч,
ирэх учиртай байв.

Хуралдай хурах гол газарт дор хаяж хоёр мянган хүн багтах, цагаан өнгийн нүсэр том асар
байрлуулжээ. Асрын гадна талаар төрөл бүрийн хэлбэр дүрс бүхий модон хайсыг хатгасан нь
өрнө хийгээд дорнын соёлыг агуулсан гүн гүнзгий утгыг илтгэж буй мэт санагдана. Хуралдай
болох газар өдөр өдрөөр хүмүүс нэмэгдэн ирсээр ойролцоох уул хөндий тэр аяараа
нүүдэлчдийн гэр өргөөгөөр дүүрч, эзэнт гүрний ихэнх нутаг дэвсгэрээс элч төлөөлөгчид
хүрэлцэн иржээ. Тэд бүгдээр шинээр хаан ор суух эзэн хаанд хүндэтгэл илэрхийлэх тул алт
мөнгө, бөс бараа, торго дурдан тэмээ тэмээгээр ачин авч иржээ. Хуралдай болох асрыг
тойруулан татсан модон хайс хоёр гол хаалгатай. Нэг хаалгаар нь зөвхөн эзэн хаан орох
болно. Харин нөгөө талын хаалганы дэргэд сэлэм жад агссан хүдэр эрчүүд зогсох агаад
хуралдайд урилгаар ирсэн хүмүүсийг шалган оруулж байгаа нь харагдана.

Хуралдай чуулах энэ газарт цугласан олон зах хаяа нь харагдахгүй урт үргэлжилж байгааг
харвал эзэнт гүрний газар нутаг хэрхэн тэлж, энэ хуралдайг дэмжин ирсэн хүмүүс хэчнээн
олон байгааг харж болох байв. Ихэс дээдэс, элч түшмэд орох хаалганы ойролцоо өглөг
хүсэмжилсэн ядуус ч олон байлаа. Тэд ч мөн хуралдайн сураг ажгийг дуулаад зорин ирсэн нь
илт. Цугласан ядуусын дундаас нэг ноорхой өвгөн хаалганы зүгт ойртон ирснээ цэргүүдэд
жанчуулан цааш чирэгдэн одлоо.

Тойруулан татсан асар том модон хайсны голд их хаан өргөмжлөх ёслолыг хийхээр том
цагаан гэр барьжээ. Гэрийг алтан угалзаар гоёж, тооно, багана, унийг нь алтан товруугаар
чимэглэжээ. Их хааны гэр өргөөг сум нэвтрэхээс сэргийлэн цагаан эсгийн дотуур ялтас
төмөр зүйн хуяглаж, дээгүүр нь цагаан эсгийгээр бүрсэн байв.

Хуралдай эхлэх үед тэнгэр баруун талаасаа нүүгэлтэн харлаж байснаа асар хүчтэй мөндөр
болон газарт унаж, тэр даруй тэнгэр газрыг холбосон айхтар цахилгаан цахиж, нүргэлэн
байгаад араас нь ширүүн бороо асгаран орлоо. Хуралдайд ирсэн хүмүүс асрын доор
борооноос хоргодон,
- Мөнх тэнгэр хилэгнэж байна. Тэр гэнэтийн их аянгаар бидэнд сануулга өгөв хэмээхэд
нөгөө зарим нь:

- Харин ч мөнх тэнгэр таалж, хур усаа илгээж буй хэрэг бус уу гэсэн яриа өрнөнө.

Сорхугтани хатан энэ ёслолд оролцохоор хэд хоногийн өмнө Аурагаас хүүхдүүдийн хамт
гарчээ. Түүний хөвгүүд бүгд ирсэн харагдана. Тэдний байр байдлыг харвал энэ ёслолд ихэд
бэлдсэн бололтой. Нэгэн ижил өнгийг дээл хувцас өмсөн, эрдэнийн зүйлээр гоёжээ. Тэдний
хээнцэр эрхэмсэг хувцас эдлэлийг хараад цугласан хатдын дундаас нэг нь,

- Энэ хатан уг нь гоёж чамирхахыг илүүд үздэг хүн биш сэн. Хуралдайд ингэтэл бэлдэж
ирсэн нь хачирхалтай хэмээхэд,

- Гүюгийн хатан болох гэж байсан хүн шүү дээ. Нас сүүдэр нь явж байгааг мэдэгдүүлэхгүй
гэсэндээ ингэтэл бэлдсэн хэрэг гэж атаархангуй өгүүлэхэд,

- Урьд нь түүнд гоё сайхан хувцас өмсөж, үнэтэй эрдэнэ эдлэн явах нь хатан хүний жаргал
бус уу гэж хэлээд ам руугаа алгадуулж байсан хүн бий. Цагаадайн хатан Хутугайг санаж байна
уу гэлээ.

- Нээрэн тийм. Хатан хариуд нь өмсөж идэх нэгэн үеийн тохиол ч, амьдарч чадах гэдэг
нэгэн насны хэрэг бус уу хэмээн хэлж, цааш хэлэх үггүй болгож байсныг алтан ургийн хатад
одоо ч жиг жуг ярилцдагийг мартаагүй л байлтай хэмээнэ.

Сорхугтани үнэндээ ордны ихэс дээдсийн баян тансаг, хэт үрэлгэн байдалд шүүмжлэлтэй
хандаж иржээ. Гэвч Гүюгийг хаан өргөмжлөх их хуралдайд ингэж гоёж ирсэн нь үнэхээр
алтан ургийнхны дунд олон хүний гайхлыг төрүүллээ.

Тэнгэр газрыг холбосон их аянга цахилгаан буусан тул мөнх тэнгэрийн хилэнг дарахаар
хуралдайг тэр өдөртөө хуралдуулсангүй хойшлуулав. Харин маргааш өдөр нь Их Хуралдай
чуулж Дөргөнө хатан хуралдайг удирдан явууллаа. Дөчин жилийн өмнө Их эзэн Чингис хааны
төрсөн нутагт чуулсан анхны Их Хуралдайгаас хойш олон зүйл өөрчлөгджээ. Хуралдайд ирсэн
л бол хааныг зөвшөөрч буйгаа илэрхийлдэг тал нутгийн заншил ёсоор тэд Гүюгийг хаан
эзний өндөр сэнтийд нь заллаа.

Их Монгол улсын гурав дахь Далай их хаан Гүюг алтан сэнтийдээ заларсан дороо мөнх
тэнгэрийн зүг харвал мандаж буй нарны шижирхэн туяа гэрлээ сацруулан баясгалантайгаар
газар дэлхийг ээнэ. Гүюг хаан мандан буй нарыг хараад нэгэн явдал санаанд нь буулаа.

Баруун зүгт хийсэн хан хөвгүүдийн аян дайнаар Баттай муудалцан тал нутгийг морин дэл
дээр давхин туулж ирсэн даруйдаа Өгөөдэй хаан эцгээсээ зэмлэл хүртээд орд өргөөг нь
орхин гарсан тэр өдрийн нар тодхон санагдана.

Тэр өдөр хааны өргөөнөөс Бурхийн хамт гарч ирэхэд нар баруун уулсын сугаар жарган байж
билээ. Бурхи "Чиний нар жаргаж байна даа" гэж егөөтэйхэн хэлэхэд "Маргааш нар мандана,
миний нар мандах болно, хараарай" гэж хэлээд араас нь харж зогссон сон. Тэрбээр энэ удаад
"Миний нар мандлаа" хэмээн өөрийн эрхгүй аман дотроо хэллээ.

Тал нутагт заншил болон үлдсэн хаан эзэн өргөмжлөх ёслол хэдэн өдрийн турш үргэлжилж,
Далай их хаан Гүюгийг хаан ширээнд нь залаад, энэ ёслолд ирсэн хүмүүс өдөр бүр нэгэн
ижил өнгийн дээл хувцас өмсөн, ховор чамин эрдэнэсээр биеэ чимэглэн явахыг харвал эзэнт
гүрний эд баялаг дуусч дундаршгүй их далай юм гэдгийг газар газраас ирсэн хол ойрын
хүмүүст харуулах мэт.

Энэ ёслолын үеэр Сорхугтани хатан хүүхдүүдийн хамт Гүюг хааны өргөөнд бараалхан алтан
ургийнхны хамт хүндэтгэл илэрхийлэхэд Гүюг хаан тэднийг хараад, харцанд нь баяр тодорч:

- Алтан ургийнхан, хааны үр хүүхэд хэн ч байлаа гэсэн миний эцэг Өгөөдэй хааны хайртай
дүү Тулуйн эхнэр Сорхугтани хатан, түүний үр хүүхдүүд шиг байх аваас бусдад үлгэр жишээ
болох учиртай гэж хэллээ.

Сохугтанийг Аурагт байхад Их Хуралдайн зар ирж, хүү Аригбөх нь энэ мэдээг эхээсээ
сонсоод,

- Ээж минь. Өгөөдэй хаан амьд сэрүүн ахуйдаа дараагийн хаан орыг Мөнх ахад шилжүүлэн
өгнө гэж хэлж байсан нь одоо талаар болж буй хэрэг үү гэж асуухад Сорхугтани хатан,

- Мөнх тэнгэрийн цаг ирээгүй гэж би нэгэнтээ хэлж байсан хэмээн огт сэтгэл хөдлөлгүй
хэлжээ.

Мөнх тэнгэрийн цаг ирээгүй гэж хоёр дахь удаагаа хэлж буй хатан эхийнхээ үгийг гайхаад
олохгүй байгаа хүүгээ харан суусан Сорхугтани хатан:

- Нэгэнт хуралдайн зар тарж олон түмэн хаан эзнийг зөвшөөрөн хүлээж авч байхад бид
Өгөөдэй хааны үгийг санан гашуудаж, эсэргүүцэн суух нь, алтан ургийнхан дунд хожмын
хагарлын үндсийг тавиад зогсохгүй, та нарын амь насанд аюул учирч болох тул үнэндээ мөнх
тэнгэрийн цагийг хүлээх нь зөв. Харин хаан эзэнд хүндэтгэл үзүүлэн хамгийн сайхан хувцас
эдлэлээрээ гоёж очих аваас олны сэтгэлийг эргүүлэн татаж авах болно гэж хэлсэн юм.

Эхийнх нь хэлсэн үнэн болж, хуралдайд цугласан хүмүүсийн дундаас Гүюг хаан Сорхугтани
хатныг хүүхдүүдийнх нь хамт олны нүдэн дээр ихэд магтан байгааг хараад Аригбөх эхийн
зөв байсныг ойлголоо. Гүюг хаан:

- Хуралдайд ирсэн эрхэм зочдод хүндэтгэл үзүүлэн хааны хишиг тараах ажлыг Сорхугтани
хатан хариуцан явуулна уу гэж хэллээ. Энэ бол Гүюгийн Сорхугтанийг хүндлэх хүндлэл,
сэтгэл хөдлөлийн илэрхийлэл болохыг энд цугласан олон мэдэж байв.

Харин хуралдай өндөрлөсний дараа Дөргөнө хатан гадна дотноос ирсэн элч төлөөлөгчдийг
хүлээн авч уулзсаны дараахан Сорхугтани хатныг дуудуулжээ.

Дөргөнө хатанд одоо төр улсын хэрэг хамаагүй болж, өнгөрч одсон амьдрал, хорвоогийн
явдлыг эргэцүүлэн бясалгаж суухаар шийдэж, том хүүдээ хаан ширээг хүлээлгэн өгсөн тул
санаа сэтгэл амарлин байв.

Сорхугтани хатныг өргөөнд орж ирэхэд Дөргөнө хатан ганцаараа хүлээж суулаа. Энэ хоёр
хүний хооронд ярих зүйл олон бий. Хаанаас нь эхлэх хийгээд, болж өнгөрсөн бүхнийг хэрхэн
тайлбарлахаа бодолхийлэн Дөргөнө хатан ингэж ганцаар суусан ч байж магад. Тэрбээр
Сорхугтанийг дээш суухыг уриад,

- Нас нэмэхийн хэрээр хорвоогийн явдлаас улам бүр холдмоор санагдах юм гэж хэллээ.

Энэ хүн чухам юуны учир амар амгаланг хүсэмжлэх болов. Урьд нэгэн цагт тэгтэл улайран
зүтгэж, төрийн тамгыг гартаа оруулан, Өгөөдэй хааны төр засах эрх мэдлийг авсан энэ хатны
үед эзэн Чингис хааны шийдвэр, Их засаг хууль зөрчигдөхийн зэрэгцээ төрийн их хүн Елүй
Чуцайн гэрт нэгжлэг хийж, Коргуз ноёнтны аманд чулуу чихэн алж, Аураг дахь номын өргөөг
хайлуулсан зэрэг олон хэрэг гарч байсан. Дөргөнө өнөө хорвоогийн явдлаас нэгэнт холдон,
тайвшралыг хүсэмжлэхийн учир юу билээ. Тэрбээр үргэлжлүүлэн,

- Энэ төрд зүтгэхдээ би буруу санаж явсангүй, эзэнт гүрнээ эхийн сэтгэлээр өөд татан,
Монгол хэмээх суу алдар дэлхийн дайдад өртөөлөн, мандан бадарч, эрхшээсэн бүхэн минь
сөгдөн чичирч байгаасай хэмээн хүсч байсан. Харин хэнийг түшиж, хэнд итгэхдээ алдсан
санагдана. Хорвоог хүн туулж, барж байж мэддэг гэдэг нь энэ бололтой. Сорхугтани чамд би
хар санаж явсан удаа үгүйг мөнх тэнгэр мэднэ гээд Дөргөнө хатан Сорхугтанийг ширтэнэ.

- Надад юу үлдэв, эр нөхөр минь тэнгэр болж, ганц багана шиг төрийг тулж хоцорсон би
өрнөөс минь унасан үрээ үймээн самууны хөлд эхийн хайрыг ханатал мэдрүүлж чадалгүй
Мөнх тэнгэрт мордууллаа. Яг үнэндээ чамд атаархах юм. Энэ хорвоод ирсэн эмэгтэй хүний
хийх ёстой ажил, хүлээх ёстой үүрэг гэдэг хаан, харц алинд нь ч адилхан байдаг бололтой. Би
сайн ээж байж чадсангүй гэж нэмж хэлэхэд Сорхугтани:

- Чи бид адилхан эх хүн. Бүгд л үр хүүхдийнхээ төлөө энэ амьдралыг туулдаг шүү дээ.
Чиний муу эх байгаагүйг мөнх тэнгэр мэднэ гэж хариуллаа. Дөргөнө хатан:

- Эх хүний үүргийг эхний бөгөөд эцсийн удаа ойлгосон тэр өдрөө би Гүюгийг хаан болгох
шийдвэр гаргасан. Харин одоо хорвоогийн явдлыг бясалган суух минь л үлдэж байна гэв.

Энэ яриа Дөргөнө хатны өргөөнд болсноос хойш хуралдай өндөрлөж, Их Монгол улс шинэ
эзэн хаанаа залж, Дөргөнө хатан өөрийн үнэнч албат Фатимагийн хамт жаргал зовлонгоо
ярилцан хорвоогийн шар өдрүүдийг өнгөрүүлэхээр шийдэн, Хархорумаас зайдуу нутаг сэлгэж
амьдрах болов.

Хуралдай өндөрлөснөөс хэд хоногийн дараа Хархорумаас холгүй нутаглах Дөргөнө хатны
өргөөнд хатны шивэгчин Фатима орж ирлээ. Тэр хатанд ойртон ирж,

- Гүюг хаан зарлиг буулган, Өгөөдэй хааны үеийн Чингай Чинсан тэргүүтэй сайд түшмэдийг
буцаан ажилд нь томилж, хатан таны үеийн сайд нарыг огцруулсан байна гэж хэллээ. Энэ
яриаг сонссон Дөргөнө хатан:
- Орхи түүнийг. Нэгэнт би төрийн хэрэгт оролцохгүй гэж хүүдээ даатгасан тул тэр хэнд
итгэхээ өөрөө мэдтүгэй гэв.

Энэ үед Дөргөнө хатны өргөөнд бас нэгэн хүн орж ирсэн нь Гүюг хааны албат байлаа.
Тэрбээр хатантанг хүндэтгэн ёслоод,

- Хаан эзэн таны албат Фатимаг авч ир гэж тушаалаа гэж хэлэв. Гайхан цочирдсон Дөргөнө
хатан өнөө хүнийг ууртайгаар харж,

- Өгөхгүй гэж хэл хэмээлээ. Өргөөнд орж ирсэн албат хатанд хүндэтгэл илэрхийлээд гарч
явав.

Тун удалгүй мөнөөх албат Гүюг хаанд бараалхав. Хаан эзэн өргөөнийхөө хойморт заларчээ.
Бүтэлгүй мэдээ дуулгах нь илт түгдчин байгаа албатаа хараад,

- Фатимаг авч ир гэсэн, яасан бэ гэж зандарлаа.

- Хатан эх тань Фатимаг өгч явуулсангүй гэв. Гүюг хаан зангидсан нударгаа өмнөх ширээн
дээрээ буулгаж, ихэд уурсан,

- Хатан эх амаар нь шороо үмхүүлсэн хүнээ надаас харамлалаа гэж үү хэмээн хилэнтэй
асуулаа. Мөнөөх албат Гүюг хааны хилэнгээс эмээн дотроо эмээн зогсоно.

Энэ үед Дөргөнө хатны өргөөнд чичрэн суух Фатима хатанд ойртон ирж нулимс цийлэгнэсэн
нүдээр аврал эрэн харж,

- Хатантан минь одоо хэрхэх билээ. Гүюг хаан намайг танаас нэхэх боллоо. Энэ лав ингээд
зогсохгүй болов уу. Утсан чинээ улаан амийг минь хамгаалж хайрла хэмээн сөгдлөө.

Дөргөнө хатан тооноор тусах нарны туяаг ажиглан харах зуур,

- Өгөхгүй ээ, би чамайг. Надад одоо хэн байна. Хэнтэйгээ би үлдэх билээ. Надад чамайг
хамгаалан суух шалтаг олон тул санаа амар бай гэж хэлээд өөрийн хэлсэн үгэндээ хэт
үнэмшин буй, эсвэл эргэлзэн буй нь мэдэгдэхгүй Фатимагийн гарыг чанга атгалаа.

Аурагт их ажил дахин өрнөжээ. Алтан сударыг дахин сэргээх үйлсэд хөгшин хөвөө, хүүхэд
багачууд бүгд оролцон цээжээ уудлан, чин үнэнийг бичиглэн байна.

Ид ажлын дундуур хэдэн хүн ирэв. Эд бол Бухара хотоос хатны дуудуулан ирүүлсэн уран
барилгачид ажээ. Тэдний ахлагч нь бололтой шагайгаа хүрсэн шар судалтай хөх өнгийн
хувцас өмссөн хууз хар сахал, монхор хамар, урт эрүүтэй эр хатантанд хүндэтгэл илэрхийлэн,

- Хатан та амар амгалан сууж байна уу. Таныг Бухараас явсан даруй сургууль байгуулах
ажлыг эхлүүлж, өнөө үүдээ нээсэн сургууль мянган хүүхдэд нэг дор ном эрдэм заах боллоо.
Бид тэр сургуулийг "Хатны сургууль" хэмээн нэрлэсэн гэж хэлэв.

- Зорьсон ажил минь нэгэнтээ бүтжээ. Мөнх тэнгэр ивээсэн хэрэг. Харин та нарыг
дуудуулсан учир нь нэгэн цагийн их түүхийг агуулах номын их өргөө минь, миний эзгүйд
хайлан одсон тул сэтгэлд унтарсан гал мэт харлан буй энэ өргөөний буурин дээр урьд
өмнөхөөс ч илүү сайхан номын орд өргөө бариулах гэсэн хэрэг гэж хэлээд өнөө хэр буурь нь
харлан байгаа номын өргөө байсан газрыг заалаа.

- Хатантан минь, бид өөрийн уран барилгын хэв маягаас өөрөөр дорно дахины барилга
байшин барьж өнөөхөндөө үзээгүй байгаа тул ямар загвар хийцтэй өргөө босгох санаагаа
бидэнд хэлж өгвөл тэр дор нь хатан таны номын өргөөг босгон өгөх болно гэв.

- Үнэндээ бол тал нутагт байхгүй сайхан орд өргөө босгох юм сан гэж хүсч байна. Та бүхэн
өөрийн газар оронд барьдаг шигээ нэг сайхан өргөө сүндэрлүүлэн босговол ямар вэ?

- Хатан таны тааллаар болъё хэмээлээ.

Тун удалгүй Аурагт барилга байшингийн ажил эхлэн номын өргөөний шав тавигдаж эхлэв.
Гэхдээ энэ удаад Өэлүн эхийн барьж өгсөн сэтгэлд дотно номын өргөөнөөс илүү том, илүү
гоёмсог ордон босох бололтой, их ажил зэрэгцэн ундарлаа. Цаг үе гэдэг ямагт өөрчлөгдөн
байдаг жамтай ажээ.

Хархорумын захад нэгэн хүнийг өндөр шонд дүүжилсэн нь хаа холоос харагдана. Ойр хавьд
нь хүүр сэгэнд цадсан хэрээнүүд нисэлдэн, муухай дуугарах ажээ. Хажуугаар нь өнгөрсөн
хүн бүхэн ам хамраа даран явахдаа өвөр зуураа,

- Энэ муу адгуус ингэж үхэхдээ таарсан амьтан

- Үгүй дээ, хөөрхий нэг муу тэнэмэл худалдаачин, хоргодох газар орон хайн явсаар, эцэст нь
ийм үхлийн замыг сонгох учиртай байж.

- Хаан эзэн Өгөөдэйн сайн сайхан амьдрал ирнэ хэмээн бэлгэдэн босгосон энэ хот одоо
хүүрийн газар болох нь дутаж гэнэ

- Дуугаа тат. Хүн сонсчихно гэж ярилцан өнгөрч байлаа.

Энэ бол Дөргөнө хатны нэгэн цагийн хамтрагч Абдул Рахманы хүүр байв. Тэр хийсэн
хэргийнхээ төлөө ингэж шийтгүүлжээ. Энэ явдал Дөргөнө хатны чихэнд хүрсэн ч хатан
түүнийг өмгөөлсөнгүй. Учир нь Абдул Рахманы буруугаас болж, төрийн хэргийг хөтлөн
явуулахдаа гаргасан олон алдаа гэмээ тэрбээр ойлгож байсан тул Гүюгт зарга мэдүүлсэнгүй
өнгөрчээ. Гэвч дараа дараагийн өдрүүдэд энэ мэт хэрэг давтагдан Дөргөнийн төр барьж байх
хугацаанд томилон суулгасан сайд түшмэдийг ээлж дараагаар харгислан алж байгааг сонсоод
хатан тэсгэл алдран хүүгийнхээ өргөөг зорилоо.

Тогосын өд богтого дээрээ хатгаж, алтан шар эмжээртэй дээл өмсөн чихэндээ урт гэгчийн
алтан унжлагат ээмэг ойртуулан зүүх гэж байгаад газарт хивсэн дээр унаган, шивэгчнээ
өшиглөн авхуулж байгаа хатан гартаа барьсан ээмгээ чихэндээ зүүх зуурт ширээн дээр байх
сархдыг аван, ам руугаа ойртуулан уух гэж байгаа Гүюг хааны гараас шүүрэн авлаа. Тэрбээр
хаан эзнээс,
- Сархад таалах шалтаг байна уу хэмээн асуув. Энэ бол Гүюгийн хатан Огул Хаймиш байв.
Тэр эрс шулуухан үгтэй нэгэн. Гүюг хаан гайхасхийн хатнаа хараад,

- Сархад таалахад шалтаг хэрэгтэй юу гэж асуув.

- Тийм ээ. Шалтаг хэрэгтэй бус уу. Нэгэн цагт хаан эзэн Өгөөдэй сархад таалан суух болсон
нь цаанаа ямар нэгэн шалтгаантай байсан гэдийг мэддэггүй юм уу?

- Ямар шалтгаан?

- Зовлон

- Ямар зовлон?

- Чухам ямрыг хэлж сайн мэдэхгүй ч үнэндээ бол хаан эзэнд их шалтаг байсан тул тэр бор
дарсыг бага багаар ууж, дараа нь улам шунаглах болсон болов уу гэж бодогдоно. Тиймээс
хаантан та ямар нэгэн зовлон байлаа ч түүнийгээ тэвчин, бор дарсанд дурлахгүй байвал сайн
сан хэмээн нэмж хэлэв.

Огул Хаймиш хатан хундагатай дарсыг ширээн дээр буцаан тавихыг харан Гүюг хаан
"Үнэндээ хаан эцэг минь бор дарсанд шунаглан орсон нь түүнд ямар нэгэн сэтгэлийн зовлон
байсан хэрэг биз ээ. Харин өнөө би сэтгэл чилээх зовлон үгүй атал бор дарс хүртэн суухын
хэрэг юун. Хатны хэлдэг зөв" хэмээн бодлоо. Энэ үед гаднаас Дөргөнө хатан орж ирэв.

- Нас явж, ухаан суух тусам хорвоогийн үнэн нүдний өмнө танигдан, үр хүүхдүүдээ гэсэн
сэтгэл амирлан ирж байхад чи эхийнхээ итгэлийг даахгүй хаан ор суугаад хэдэн cap болов уу
үгүй юу, олон түмнийг айлган мэгдүүлж, сайд түшмэдийг цаазлан хороож Хархорумыг
үхээрийн газар болгох чинь юу билээ гэж асуув.

Дөргөнө хатны нүүр нь минчийн улайжээ.

- Хатан эх, та одоо болтол надад Фатимаг өгөхгүй байгаагийн шалтгааныг харин асуумаар
байна. Тэр эмийн гайгаар гэмгүй олон хүн үхэж үрэгдээд байхад та өнөөг хүртэл хаацайлан
суугаагийн учрыг надад тайлбарлан хэлнэ бус уу?

- Би чамаас асуусан асуултынхаа хариуг авмаар байна. Энэ бүхэн чинь хэзээ зогсох юм бэ?

- Хатан эх минь, хаант төрийн эсрэг боссон бүхнийг дарж байж зогсоох бодолтой байна.

- Энэ бүхэн чинь хэрээс хэтэрч байна гэдгийг сануулан хэлэх гэж ирлээ гэв.

- Хатан эх минь би бол олны нүдэн дээр буруутай этгээдүүдийг шүүж байгаа. Харин таны
албатууд нүднээс далд хэчнээн хүнийг хороосон болохыг та тоолж мэдсэн үү? хэмээн Гүюг
хатан эхээсээ асуулаа. Түүнд хэлэх үг үнэндээ байсангүй тул,

- Чи өөрийн зөв гэдэгтээ өнөөдөр өчүүхэн ч эргэлзэхгүй байвч, өнө хожим харамсах юм
битгий л хийгээрэй. Харин надад чамаас гуйх ганцхан гуйлт байна гэв.
- Хэлж хайрла

- Надаас Фатимаг битгий аваач. Гуйж байна

- Эх минь таны нэрээр түрүү барьж, алж талж, нүднээс чинь далд төрийг самууруулж
байсан тэр эм бол өнөө надад хүн биш шулам санагдана. Тиймийн тул эрүүдэн шүүж, хийсэн
хэргийг нь хүлээлгэх бодолтой байна хэмээв.

- Юуг хийх нь хаан эзний хэрэг ч нас өндөр эхийгээ бодоод энэ удаад Фатимаг зүгээр
өнгөрөөвөл эх чинь санаа амар суух сан гэж хэлээд Дөргөнө хатан хааны өргөөнөөс гарч
явлаа.

Энэ өдрөөс хойш хэд хоног Гүюг хаан Дөргөнө хатнаас Фатимаг нэхсэнгүй өнгөрлөө. Ашгүй
эхийн үгэнд орж, нас өндөр болсон ээжийгээ жаргал зовлонгоо хэлэлцэн суух хүнтэй үлдээж
буй нь сайн хэрэг гэж сэтгэл тайвшрав. Гэвч тун удалгүй хатны өргөөний орчмоос нэгэн
шөнө Фатима ор сураггүй алга болжээ. Хатан эх арай ч хүүгээ Фатимаг хулгайлсан гэж
бодсонгүй тул дахин хэд хоног хүлээлээ. Гэвч Фатимагийн дүр Дөргөнө хатны өмнө дахин
харагдсангүй. Энэ айдаст өдрүүдийн дундуур Дөргөнө хатны өөр нэг шивэгчин Аму айж
сандарсан байдалтай гаднаас орж ирэн хатны өмнө сөгдөн суугаад,

- Фатимаг эрүүдэн шүүж байна гэж хэллээ.

- Арай ч хүү минь биш байлгүй гэж бодож байсан хатан хэн тийм шийдвэр гаргасан болохыг
эрж олохоор гянданд хүрч очлоо. Фатимаг дөрвөн мөчнөөс нь хүлжээ. Хамаг бие нь түлэгдэж
харласан байв.Түүнийг улайдсан төмрөөр олон удаа хайрсан бололтой. Фатима ухаан
балартсан байсан ч хатны дуунаар сая нэг ухаан орохтой үгүйтэй болж,

- Хатан тандаа үнэнч байж чадсангүйг минь өршөө. Улайдсан төмрөөр хамаг биеийг минь
хайрч, хэлийг минь хүртэл түллээ. Хэл гэсэн бүхнийг нь хэлж, хийсэн хийгээгүй бүгдийг
хүлээсэн ч намайг тавьж явуулсангүй. Хамаг биеэр минь улаан гал урсан буй мэт халуу шатаж
байна. Утсан чинээ амь минь тасрахгүй удах нь гаслантай. Эцсийн мөч хүртэл танд үнэнч
байна гэж амласан ч, энэ тамлалыг тэсч чадсангүй, өршөө гэж хэлээд дахин ухаан алдлаа.

Дөргөнө хатан хааны өргөөнд очсон боловч хүү нь эзгүй байлаа. Өргөөндөө очоод Гүюг
хааныг дуудуулсан боловч ирсэнгүй.

Маргааш өдөр нь Фатимаг дахин тамлаж, сүнсийг нь гадагш гаргахгүйн тулд, бүх нүх сүвийг
нь битүүлэн оёод, нойтон ширэнд боож, голын усанд шидэж алсан болохыг олж сонссон
даруйдаа Дөргөнө хатан өргөөндөө ухаан алдан унав.

Энэ өдрөөс хойш Дөргөнө хатан сэтгэл санааны гүн хямралд орлоо. Тэр хэнтэй ч үг үл ярина.
Насан эцэс болтол хамт байх гэж сонгон дэргэдээ байлгасан хүн нь харамсалтайгаар амиа
алдсан энэ гашуун үнэн Дөргөнө хатныг ийм байдалд оруулжээ. Хүү Гүюг нь түүнээс энэ
амьдралын эцсийн амьсгалыг нь тасдан аваад явчих шиг боллоо.

Дөргөнө хатанд ирэхдээ Фатима залуу сайхан бүсгүй байж. Дайны олзонд ирсэн энэ
эмэгтэйг анх Хархорумд ирэхэд Дөргөнө хатан дэргэдээ авсан билээ. Тэр цагаас хойш
Дөргөнө Фатима хоёр нэг ч өдөр салж байгаагүй гэхэд хилсдэхгүй. Ирсэн өдөртөө хатны
асуусны дагуу өөрийн өнгөрсөн амьдрал, бүх үнэнээ тоочин ярьжээ. Түүнийг анх арван
гурван настай байхад нутгийн нэгэн худалдаачин эр өрөнд авч, бага хатнаа болгосон байлаа.
Олон хатдын ширүүн тэмцэл дунд тэсч үлдэхийн тулд элдэв арга сэдэн амьдарсаар амиа
хоохойлохын тулд худал үнэн хэлсээр хоёр оныг өнгөрөөд байтал Монгол цэргүүд ирж тэдний
гэр орныг түйвээгээд, царай зүс төгс, гоо үзэсгэлэнтэй энэ эмэгтэйг олзлон авч тал нутагт
авч ирсэн ажээ.

Дөргөнө хатан Фатимагийн өнгөрсөн амьдралыг нэгд нэгэнгүй сонсож мэдээд,

- Энэ өдрөөс хойш чи миний дэргэд бай. Би өөрийн боолыг өөрөө сонгодог. Миний дэргэд
нэг л удаа хазгай гишгэх юм бол чиний амь үгүй болно. Харин үнэнч зарц хэвээр үлдвэл
насан туршид чинь чамайг хаацайлан хамгаална гэж хэлсэн аж. Үнэндээ Фатима шиг үнэнч
ам чангатай, сахилга баттай зарц Дөргөнө хатны дэргэд байгаагүй билээ. Өөрийг нь даган
нэгэн насны амьдралаа үрэн, үр хүүхэд, хань ижилтэй болохгүйгээр хорвоог барж байгаа
Фатимаг харах бүрдээ Дөргөнө хатан түүнийг эмэгтэй хүний ёсоор өрөвдөх сэтгэл төрдөг
байлаа. Яваандаа энэ хоёр хүн улам бүр ойртон, ижилдэн дасч, жаргал зовлонгоо ярин суух
дотно хүмүүс болцгоосон байв.

Дөргөнө хатанг төрийн хэргийг хамаарч байх хугацаанд Фатима өөрийн дураар аашлан,
хатны санаа бодолд нөлөөлж, алдаатай шийдвэрүүд гаргуулж байсныг тэрбээр тухайн үед
олж хараагүй бөлгөө. Харин хожим хойно олж харсан ч, нэгэн насаараа хамт байх өөр хүн
дэргэд нь нэгэнт үлдээгүй тул өршөөн уучлахаас өөр яах билээ. Өнөө түүний хүү хаан эзэн ч
өөрөөс нь өдөр өдрөөр хөндийрсөөр л байна.

Алтан дээвэртэй, чимхлүүр нандин угалз чимэгтэй, уран нарийн хийцтэй орд өргөө Аурагт
сүндэрлэн боссон байлаа. Тал нутагт урьд өмнө үзэгдэж харагдаагүй энэ сайхан өргөөний
дээврийн алтан шаргал өнгө нарны шижирхэн туяатай сүлэлдэн, цаанаа л чамин, сайхан
харагдана. Өргөөний гадаа олон хүн зогсчээ. Хатны хүүхдүүд, Аурагийн хэргийг засан явуулж
буй түшмэд, албатууд байв. Номын өргөөний үүдэнд зогсох Аригбөх, Тэмүгэн бэхи нар хаалга
онгойлгон,

- Хатан эх минь орогтун хэмээн хэллээ.

Сорхугтани хатан өргөөний үүдээр явж орвол эргэн тойрон судар ном өрсөн урьдын адил хэр
нь илүү тансаг, уужим сайхан номын өргөө босчээ. Өргөөний голд байрлуулсан ширээн дээр
хэд хэдэн судар дэлгээтэй харагдана. Доторхи зохион байгуулалтыг охин Тэмүгэн бэхи нь
хийжээ. Тэр хатан эхийгээ номын өргөөнд орж ирэхэд унших дуртай судар номыг нь ширээн
дээр тавьж, галд хайлан одсон судар номуудыг газар газраас захин авч ирүүлсний дээр, ямар
судар хаана байгаа билээ гэж асуухад, гар сунган гаргаж ирдэг эхийнхээ ойр байлгах үүднээс
бүх зүйлийг хуучин хэвэнд нь оруулахыг хичээжээ. Өргөөн дотор байгаа зүйлсийг урьд Өэлүн
эхийн бариулж өгч байсан номын өргөөний адил засч тохижуулахыг зорьсон нь юухнаас ч
харагдана. Ширээн дээр шар өнгийн торгоор баринтагласан гурван давхар судар байх нь
Алтан судар сэргээгдсэн хэрэг ажээ. Сорхугтани хатан ширээний ар дахь модон сандалд
зөөлөн суугаад, судрыг хоёр гардан барьж, охин Тэмүгэн бэхид хандан,
- Энд бүх зүйлийг хуучин хэвээр байлгах гэж хичээсэн хүн Тэмүгэн бэхи охин минь чи юм.
Чиний сэтгэл ээжид нь харагдаж байна гэж хэллээ.

Тэмүгэн бэхи эхийнхээ магтаалд урамшсан янзтай,

- Ээж минь, би ганцхан зүйлд л санаа зовж байлаа гэв.

- Юунд тэр вэ?

- Номын өргөөний дээврийг алтаар хийсэнд таныг уурлах болов уу гэж айж байсан юм гэв.

- Юунд уурлах билээ. Алт бол үнэ цэнтэй зүйл. Түүний үнэ цэнийг номын буянд өргөж
байгаа хойно. Эрдэм ухаан гэдэг энэ алтны хажууд юу билээ. Санасан хэрэг бүтлээ. Одоо
харин Бухара хотод боссон хатны сургуулиа үзэх л үлдлээ гэж баяртайгаар хэлэв.

Эхийн сэтгэл амгалан байгааг харсан Тэмүгэн бэхи "Хатан эх үнэнээ хэллээ дээ. Өргөө
гэрийг нь алтаар дээвэрлэсэн бол хэрэггүй зүйлд энэ их алтыг үрж байхаар ядууст тарааж,
хоногийн хоолтой нь залгуулахгүй яасан юм бэ гэж уурсах байсан даа" гэж бодож зогслоо.

Аурагт өрнөсөн их ажил үндсэндээ дууссан тул Сорхугтани хатан Хархорумд очиж хаан эзэн
Гүюгт бараалхаад, цааш Бухара хотын зүг хөдлөн Хатны сургуулиа үзэж сонирхохоор замд
гарлаа. Сорхугтанид өнөөхөндөө Монголын төрд хийгээд байх ажил байсангүй. Шинэ эзэн
хаан улс орноо засч, ард нийтээр түүнийг үгийг даган сахиж байгаа тул сэтгэл чилээх хэрэг
юу билээ.

Хархорумд ирсэн даруйд Дөргөнө хатанд бараалхан амар мэндийг нь мэдэхээр орд өргөөг нь
зүглэв.

- Хатантан минь, танд юу тохиолдоо вэ гэх шивэгчний үгэнд гайхасхийсэн Дөргөнө хатан,

- Юу болоов. Чи яагаад ингэтэл эвэртэй туулай харсан мэт ээрэн гацав гэж зандрангаа юу
болоод байгааг сайн ухаарсангүй, дэмий л хацар нүүрээ барьж үзлээ. Энд тэнд нь овойж
хавдсан зүйл байхгүй тул өөдөөс хараад зогсож байгаа шивэгчнээс,

- Яасан байна гэж асуулаа. Шивэгчин хатныг харж байснаа эмээсхийн,

- Таны үс чинь гэж хэллээ.

Хатан өмнөх ширээн дээрээс жижиг толь аван өөрийгөө харвал үс нь цал буурал болжээ.
Жижигхэн дугуй толин дотор өөдөөс нь харж байгаа энэ айдас хүрэм буурал толгойтой
эмгэний дүр төрх огт танихгүй хүнийх юм шиг санагдаж Дөргөнө хатан цочсондоо гартаа
барьсан толио газарт шидлээ. Тэрбээр нэг шөнийн дотор үс нь бууралтан босч иржээ.
Фатимагийн үхэл түүний сэтгэлд гүн гүнзгий шарх үлдээсэн нь илт. Магад өөрт нь ч ийм
хувь тавилан ирж болох айдас төрсөн хэрэг биз ээ. Энэ үед гаднаас хатны өдрийн харуулын
дуу гарч,

- Сорхугтани хатан танд бараалхахаар ирсэн байна гэх нь сонсогдлоо. Дөргөнө хатан яаран
сандарч богтого малгайгаа өмсөн, үс зүсээ янзлаад,

- Оруул хэмээн зарлигдахад Сорхугтани хатан морилон орж ирлээ. Урьдын танил хөгжилтэй
хэр нь бахдам дүр төрхтэй ихэмсэг хатан нас дээр гарсан хөгшин хүн шиг болж, зүс царай нь
гундсаныг хараад тэрбээр цочирдох шиг болов. Дөргөнө хатан танигдахааргүй өөрчлөгджээ.
Үнэндээ юу тохиолдож, ямар зовлонт амьдралыг энэ хэдхэн сард туулаад ингэтэл гундсан
болохыг мэдэхгүй ч, сэтгэлийг нь зовоохгүй гэсэндээ энэ бүхнийг анзаараагүй юм шиг мэнд
мэдэн уулзлаа. Нэгэн цагийн цовоо хэр нь хэрсүү, эрс шулуухан дүр төрх нь үгүй болж,
үнэндээ Дөргөнө хатны гэх юм түүнд үлдсэнгүй. Гүюгийг хаан суудалд суулгасан их
ёслолоос хойш хэдхэн cap өнгөрсөн хэдий ч хэдэн арван жил өнгөрсөн мэт харагдана. Тэдний
хэн нь хэрхэн юу ярьж эхлэхээ мэдэхгүй байх шиг амар мэндээ мэдээд хэсэг суусны дараа
Сорхугтани хатан ам нээж,

- Бидний дээр мөнх тэнгэр бүхнийг харан ивээж байдаг. Сэтгэлд гунигтай, баяртай бүхэн
цагийн аясаар нэгэн цул болон оддог жамтай гэж хэллээ.

Дөргөнө хатан Сорхугтанийн хэлж байгаа үгсийг дотроо тунгаан бодож суулаа.

Болж өнгөрч байгаа бүхэн тэнгэрийн тааллаар л болж буй хэрэг. Сайн муу алин ч бай цаг
хугацаа өнгөрөхөд урсан оддог гэсэн санааг хэлж Дөргөнө хатны сэтгэл доторх гүн уйтгарыг
аргадан байгаа хэрэг гэдгийг ойлгосон Дөргөнө хатан,

- Өгөөдэй хаан насан хутаг болохдоо өөрийн хийсэн сайн хийгээд муу үйлийг тоочин хэлж
байсан. Өнөөдөр ч тэр үгс миний чихэнд сонсогдож байна. Чамаас нуух хэрэг юу билээ.
Харин одоо би хаан эзнийхээ араас буцах цаг минь болсон санагдаж өөрийн хийсэн сайн
хийгээд муу үйлээ тоочин бодож хэлж өгүүлмээр санагдавч хэндээ хэлж, хэнийхээ өмнө
сэтгэлээ уудлан гаргах билээ. Ганцаардахын ихээр ганцаардаж байна гэж хэлэхэд нүдэнд нь
нулимс хурсан харагдав.

Үнэндээ Дөргөнө хатанд дотно хүн үлдсэнгүй нь илт. Эр нөхөр Өгөөдэй хаан мөнх
тэнгэрийн орноо суугаа. Хэдийгээр тэр таван хөвгүүн төрүүлсэн ч зарим нь бага залуудаа
эндэж, байгаа нь эхийнхээ үгийг эс авна. Түүний дотно ганц хүн Фатима хийсэн хэргийнх нь
төлөө ял асуух Гүюг хааны хатуу цээрлэлийг даалгуй хороогдлоо. Цээжээ уудлах хүн Дөргөнө
хатанд өнөө бол Сорхугтаниас өөр хүн үгүй болжээ. Тэрбээр Сорхугтани л ганцхан итгэж
болох хүн гэж бодож байснаас энэ бүхнийг ярьж байгаа бололтой. Дөргөнө хатан,

- Чи бид хоёр адилхан хувь заяагаар амьдарч, адилхан хан хөвгүүдийг төрүүлж өсгөж,
адилхан алдар нэр, эрх мэдлийн дундуур явсан ч, өөр өөрийн замаар явж байсныг өнөө би
харж байна. Би хааны тамга барин, засгийн хэрэг явуулах хүндхэн үүрэг хүлээж байсан
өдрүүдэд тэр бүхнийг үнэнчээр хийхийг хүсч байсан юм шүү.

- Би мэднэ ээ. Дөргөнө, чи Их Монголын төрд үнэнч байсныг чинь би мэднэ. Хаан суудлыг
сахин хамгаалах гэж хэрхэн зовж байсныг чинь би мэднэ.

- Гэвч би хэний төлөө, юуны тулд ингэж байснаа одоо мэдэхээ болиод байна. Төрүүлж
өсгөсөн үр хүүхэд минь буруу харж, түмний төлөө явсан сэтгэл минь ч үнсэн дээр хаягдах
шиг гунигтай байна гэж хэллээ.

Сорхугтани хатан, өөдөөс нь харж суугаа нэгэн цагийн төрийн их хатан, эрх мэдлийн манлай,
хүчирхэг эмэгтэй хэдхэн сарын дотор хэрхэн өөрчлөгдөн, зовж шаналж буйг хараад, өр нь
өвдөж суулаа. Үнэндээ эцсийн мөчид ухааран, үр хүүхдийнхээ төлөө шийдвэр гаргаж, Гүюг
хүүдээ төрийн жолоо атгуулах гэж тэмүүлэн санасандаа хүрсэн энэ хатны сэтгэлд хөх тэнгэр
мөнхийн амгаланг өгөөгүй ажээ.

Алтан угалзтай гутлаа доош буулган, өндөр сэнтийгээсээ бууж ирэх Гүюг хаан, дөнгөж саяхан
үүрэг аваад хүндэтгэлтэйеэ зогсох төрийн ихэс дээдэс, ноёд түшмэдийн дундуур алхлаа.
Тэдний дунд Өгөөдэй хааны үед үнэнчээр зүтгэж байсан сайд түшмэд ч харагдана. Улсын
дээд заргач Махмуд Ялавач, Чингай Чинсан, нар болон олон шашны төлөөлөгчид байв.

- Энэ өдрөөс хойш эзэнт гүрний өнцөг булан бүрд суух элч төлөөлөгчид та бүхэн өөрийн
газар орны хэргийг явуулж, Их Монгол улсын төрд үнэнчээр зүтгэхээ мэдтүгэй хэмээн хаан
эзэн хэлэв.

Ордонд сайд түшмэд хаан эзний хишигт мөргөн хүндэтгэл илэрхийлээд,

- Хаант төрдөө үнэнчээр зүтгэе хэмээн хэллээ. Энэ хүмүүс бол нэгэнт алдагдаад байсан
төрийн бодлогыг сэргээн тохинуулж, хааны зарлигаар эзэнт гүрний харьяа нутаг дэвсгэрт
очиж өөр өөрийн ажил үүргийг гүйцэтгэхээр томилогдон явж байгаа сайд түшмэдүүд байлаа.
Гүюг хаан ор суугаад, хэдэн сарын турш хатан эхийнх нь нэрийг барьж, Монгол төрийг
завхруулсан өшөөтнүүдийг эрүүдэн шүүж, хийсэн бузар булхай хэргийг нь хүлээлгэн
улайлгаад, төрийн их цэвэрлэгээг улс орон даяар явуулж дууссан тул сая төр улсын хэргийг
төвшитгөн засч, эзэнт гүрний харьяа нутаг орон даяар хаант төрийн бодлогыг хэрэгжүүлж
эхэлжээ. Хааны хишигт мөргөн, төрдөө үнэнчээр зүтгэхээ амласан сайд түшмэдийн амнаас:

- Сайхан цаг ирэх нь үү гэж горьдох боллоо

- Одоо л нэг юм бүхэн байр байрандаа орж байх шиг байна

- Мөнх тэнгэр харж Монгол төр зөв зам дээрээ очиж байна даа гэж хоорондоо ярилцан
явахыг дуулбал шинэ эзэн хаан хэдийгээр харгислал үйлдэн, олон түмнийг айлган мэгдүүлж
байгаа хэдий ч хаант төрийн чиг зүгийг зөв залж, хамаг юм байр байрандаа орж буй мэт
санагдах ажээ.

Дөргөнө хатны өргөөнд бараалхан амар мэндийг нь мэдэж, сайн муу үйлээ дэнслэн суугаа
хатан эхтэй нь уулзсан даруйдаа Сорхугтани хатан Орхон голын саваар нутаглаж байгаа Гүюг
хаанд бараалхахаар явлаа. Хаан эзний өргөөний гадаа төрийн сайд түшмэдтэй тааран, амар
мэндээ мэдэх зуур ахмад настан Махмуд Ялавачтай хэдэн үг солилоо.

Махмуд Ялавач:

- Одоо л нэг үнэн мөн нь ялгаран харагдах сайхан цаг ирж яваа болов уу гэсэн найдлага
төрөх боллоо. Өнгөрсөн хугацаанд сайд түшмэдээр тогтохгүй ард түмэн амгалан сууж
чадсангүй удлаа. Шинэ хаан эзэн улс орноо амирлуулах гэж зүтгэж байна. Хэдийгээр
Сорхугтани Гүюг хаанд бараалхан уулзаж, хатан эхийнх нь сэтгэл чилээн байгаа үнэнийг
уудлан хэлэх гэж ирсэн ч энэ хүмүүсийн байр байдлыг хараад бодол нь өөрчлөгдөхөд хүрэв.
Хаант төр эзэнтэй болжээ.

- Хаан эзэн Сорхугтани хатантанг дуудуулж байна гэж ордны харуулын ахлагчийг хэлэхэд
тэрээр Махмуд Ялавачтай хөөрөн байсан яриагаа орхиж, Гүюг хааны өргөөнд бараалхлаа.

Их хаадын сэнтий өнөө эзэнтэй болжээ. Гүюг хаан урьд урьдаас илүү сүрлэг харагдана.
Түүний нүдний харц, авир байдал, мэнд мэдэх нь хүртэл өөрчлөгджээ. Нээрээ энэ хэдэн
сарын хугацаанд Дөргөнө хатан төдийгүй түүний хүү Гүюг хаан хүртэл танигдахааргүй өөр
болсон нь мэдрэгдэнэ.

Гүюг хаан өргөөний хоймроос Сорхугтани хатныг ажиглан харж байлаа. Үнэндээ Сорхугтани
хатан урьдын адил зүс царай сайхан хэвээр. Нас явж байгаа ч залуугийнх нь гал цог хариагүй
байгааг хараад, нэгэн цагт хаан эцэг Өгөөдэй хаан түүнд Сорхугтани хатанг асрахуйн ёсыг
даган эхнэр болгон авч өгөх гэж байсан нь бодогдлоо.

- Сорхугтани хатан, суугтун. Аурагт ойрд очсонгүй. Сайхан намар болж байна уу гэх үгсээр
тэрбээр мэнд мэдэн угтлаа. Сорхугтани урьдын адил энгүүн яриа өрнүүлэн угтаж байгаа
Гүюг хааны байр байдлыг ажиглаад,

- Аурагт сайхан намар болж байна. Идээ ундаа элбэг дэлбэг, ургац арвин, хүн зоны сэтгэл
тэнүүн жаргалтай сайхан намар болж байгаа нь сайхан цагийг аргагүй л санагдуулж байна
гэж хэллээ. Гүюг хаан хариуд нь,

- Мөнх тэнгэр таалж энэ жил арвин их хур бороо бидэнд хайрлалаа гэж хэлэв. Сорхугтани
хатан энд ирэхдээ Гүюг хаанд өөрийн бодол санаагаа хэлж, төрийн ихэс дээдсийн дунд
явуулж байгаа энэ их өшөө авалтыг зогсоохыг сануулах зорилготой ирсэн билээ. Эхийнхээ
үгийг ч тоогоогүй Гүюг хаан түүний үгийг хүлээн авах нь эргэлзээтэй. Хэрэв эхийн үгийг
сонссон бол өнөө Дөргөнө хатан тийм байдалтай сууж байхгүй сэн. Гэвч хэлэх гэсэн үгээ
хэнээр ч, хаана ч заалгалгүй хэлсээр ирсэн Их эзэн хааны дархан бэрийн хувьд зорьж ирсэн
үгээ хэлэх нь зөв хэмээн шийдэв бололтой,

- Нэгэнтээ мөнх тэнгэр таалж Гүюг хаан та бүгдийн эзэн боллоо. Мөнх тэнгэр ингэж
таалсан хэдий ч хатан эхийн тань хүчин зүтгэл хамгийн ихээр орсон гэдгийг та надаар
хэлүүлэлтгүй мэдэж буй биз ээ хэмээн яриагаа эхлэхэд Гүюг хаан,

- Хаан би хатан эхийн сэтгэлийг ойлголгүй яах билээ. Хатан эхийн нүүрээр төрийн эрхийг
гартаа авч дураар авирласан этгээдүүдийг шүүн хэлэлцсэнээс өөр зүйлгүй гэж хариулах нь
Сорхугтанийн юун тухай хэлэх гэж ирснийг ойлгосон хүний хариулт байлаа.

- Хатан эх чинь сэтгэл санаа нь ямар байна гэж хаантан бодно вэ. Би сая Дөргөнө хатны
өргөөнөөс ирлээ. Их эзэн Чингис хаан нэгэнтээ "Биеийг нь хураахаар сэтгэлийг нь хураа,
сэтгэлийг хураасан цагт бие нь аяндаа ирнэ" гэж хэлсэн байдаг. Хаантан өнөө биеийг
хураахыг чухалчлаад байх шиг санагдах юм. Юу хийхээ хаан эзэн мэдэх билээ. Хаант төр
эзэнтэй болсон атал өнөө хэр төрийн сайд түшмэдийн дунд айдас хүйдэс, түгшүүр төрүүлж
байгаа явдалд хатан эхийн тань адил миний ч сэтгэл өвдөн чилээх юм гэж хэллээ.

"Юуг хийхээ хаан эзэн мэдэх" гэж хэлж байгаа ч мөнх тэнгэрийн дор хааны сүрээр харгислал
үйлдэн байгааг нь эсэргүүцэн буйгаа шууд, шулуухан хэлж байгаа энэ хатны үг хаанд
таалагдсангүй бололтой,

- Юуг хийхээ хаан эзэн мэднэ гэдэг үнэн болой. Мөнх тэнгэр бүгдийг харж болгоож байгаа.
Хатан та амгалан байж болно гэлээ.

Энэ үг Гүюг хаан Сорхугтанийн үгийг хүлээн авахаас татгалзаж байгааг илтгэнэ. Их эзэн
Чингис хаан хүртэл Сорхугтани хатны үгийг хүлээн сонсдог байсан сан. Өгөөдэй хаан эзэн ч
мөн адил Сорхугтани хатны чин сэтгэл, цэцэн билгийг мэддэг байсны хувьд энэ хатнаар
төрийн эрхийг мэдүүлж байсан удаатай. Харин энэ удаад Гүюг хаан татгалзсан хариу өглөө.
Нэгэнт хаан татгалзсан тул юуг нэмж өгүүлэх билээ. Сорхугтани "Мөнх хөх тэнгэр минь,
Монгол төрийг ивээл өршөөлдөө болгоо" хэмээн сүслэн бодоод, өөр зүйл нэмж хэлэлгүйгээр
хааны ордноос гарч явлаа.

Харин энэ өдрөөс хойш хэдэн хоногийн дараа Дөргөнө хатан Хархорумын ойролцоо орд
өргөөндөө ертөнцийн мөнх бусыг үзэж, мөнх тэнгэрийн орноо одсон байна гэсэн мэдээ
сонсогдлоо. Бухара хотыг зорихоор аян замын бэлтгэл базаан байсан Сорхугтани хатан
удахгүй гарах урт аянаа түр хойшлууллаа. Дөргөнө хатныг тэнгэрийн орноо мөнхөд суухаар
одсон Өгөөдэй хааныг нутаглуулсан газар Гурван голын хөндийд байрлах их хааны шарил
мөнхөд нойрсон буй "Их хориг хэмээх" нар ээсэн тэнүүн энгэрт нутаглууллаа. Энэ уй
гашууны үеэр эхийнхээ алтан шарилын өмнө зогсох Гүюг хаан:

- Мөнх тэнгэр нартай сартай гэдгийг, үр хүүхэд эцэг эхтэй гэдгийг умартсан хүүгээ өршөө.
Энэ бүхнийг эх минь өөрийн биеэр ойлгуулан, үр надаас үүрд тасран явлаа хэмээн сэтгэл
доторх гүн хөндүүрээ ил гарган хэлэв.

Хааны амнаас гарсан энэ хэдэн үг Далай их хаан Гүюгийн сэтгэлийн чухамхүү үнэнийг
харууллаа. Дөргөнө хатны гэнэт өөд болсон энэ уй гашуу Гүюг хааны сэтгэл зүрхэнд мөнхийн
шарх сорви болон үлдлээ. Нар саргүй тэнгэр байдаггүйн адил, эцэг эхгүй хүн байдаггүй шиг,
цээжин дотор нь цохилон байх зүрхгүй хүн үгүй билээ.

Хэд хоногийн дараа Сорхугтани хатан Бухара хотыг зорилоо. Холын хол, алсын алсад тал
нутаг нь цэнхэртэн үлдлээ. Тэрбээр "Хөх мөнх тэнгэр, хөрст газар шороо, мөнхөд мандах
нар, мөрөн гол уул ус минь. Их Монгол улсыг минь ивээлдээ багтааж сууна уу" гэж сэтгэлдээ
шивнэн эх нутгаа үдэв. Сорхугтани хатныг Бухара хотод ирэхэд энэ газрын хэргийг засч
суугаа хүү Хүлэгү болон Уль Ислам нар угтан авлаа. Тал нутгаас ирэхдээ сэтгэл санаа
сайнгүй байсан хатан эх, өөрийн нэрээр нэрлэгдэн, үүдээ нээсэн "Хатны сургууль"-аа үзэж
сонирхон явахад тэртээ холоос тээн ирсэн уйтгар гунигийн хүнд хөшиг нээгдэн, нүдний нь
өмнө гэгээ татах шиг болов. Үнэндээ мөрөөдөл амилжээ. Мянган мөнгөн гулууз өгч байхдаа
ч ийм сүрлэг сайхан орд харш сүндэрлэн босно гэж бодож байсангүй. Хоёр хэсэг
байшингийн нэгэнд нь хичээл явуулах, нөгөөд нь багш, сурагчид амьдрах байр бэлдсэн
байлаа. Үүдээ нээсэн энэ сургуулийн хаалгаар явж ороход нүдэнд нь оч гялалзан асах мэт
дүрлэгнэсэн алаг нүдтэй балчирхан жаалууд эгнэн суужээ. Хатан эхийн залрахыг урьдаас
мэдсэн багш нар нь томоотой суухыг сануулсан тул чимээ анир үгүй. Хааяа нэг хүүхэд нусаа
шордхийн татах чимээг эс тооцвол энд нам гүм байлаа. Багшийнхаа заавраар хүүхдүүд зэрэг
босч мэхэсхийн, хатан эхэд хүндэтгэл үзүүлээд эргэн сууж байгаа нь энэ газар дэг журам
сайтар тогтсон нь илтэд харагдана. Уль Ислам баяртайгаар хатны өмнө ирж,

- Хатан таны шийдвэрээр энэ газар ард олны хүүхэд бичиг ном сурч байна. Ингэж нэгэн дор
олон хүүхдийг сургаж болдог юм байна гэдгийг бид нүдээр хараад бахдан сууна гэв.
Сорхугтани хатан,

- Сэтгэл доторхи хөндүүр минь уужрах шиг. Яасан сайхан хэрэг вэ хэмээв.

- Бухара хотод үнэндээ дайны хөл чимээ тасрахгүй байсаар удсан тул ном эрдэмд дурлах
хэдий ч ардын хүүхэд эцэг эхээсээ бичиг үсэг сурах, эрдэмд шамдах боломжгүй болоод
байсан хүнд хэцүү цагт хатан та аврал энэрлээ хайрлан сургууль босгож өгсөнд бид насан
үүрд талархахаас өөр ачийг тань хэрхэн хариулах билээ хэмээн Уль Ислам хэлэв.

Тэдний яриаг сонсон хатны хажууд зогсож байсан өвгөн багш,

- Бухара хотын иргэд бид энэ сургуулиа "Хатны сургууль" хэмээн нэрлэсэн нь үеийн үед
уламжлан, хатан эх таны алдар нэрийг дуурсгах хүсэлтэй байгаагийн учир юм гэж нэмж
хэллээ.

- Ном эрдэм гэдэг сурахыг хүссэн хүндээ өмнө нь дэлгэсэн судар шиг үргэлж нээлттэй
байдаг юм. Энэ хүүхдүүд сурахыг хүссэн учир сургууль босгох үйлс төвөггүй бүтсэн хэрэг
биз ээ хэмээн инээмсэглэн хэлээд, аян замын алжаал ядаргаагаа тайлахаар орд өргөөндөө
мориллоо.

Өргөөний үүдээр орж ирэх гэж булталзан буй хэдий ч, тэр дороо нэг наашлан, нэг цаашлан
байгаа ач хүүгээ харсан Сорхугтани хатан аз жаргалтайяа инээмсэглэн,

- Абаха ач хүү минь, алив наашаа ирж суу гэхэд тав зургаан насны гялалзсан бор нүдтэй хүү
босгоор алхан орж ирлээ. Хүлэгүгийн их хатан Докуз эмэг эхээсээ гэрэвшин байгаа хүүгээ
харан инээж,

- Миний хүү эмэг эхдээ юу сурч мэдснээ үзүүлэхгүй юм уу гэж хэлээд толгойг нь илж,

- Хатан эх минь, ач хүү тань Хатны сургуульд явж байгаа. Сайн уншдаг болсон.

Хүүгээ харан хөгжилтэй инээж байгаа Докуз хатан давхраатай алаг нүд, урт сормуустай. Их
цэвэрхэн нимгэн, цайвар цагаан царайтай ажээ. Энэ хатан Ислам шашинтнуудаас царайны
өнгөөрөө ялгарах боловч тэдэн шиг хөнхөр нүд, бүргэдийнх шиг урт хамар, тод хар хөмсөгтэй
ажээ.

Эмэг эхийнхээ хажууд гэрэвшин зогсох жаал хүүд хатан эх нь баринтагтай судар авч өгөөд,

- Эмэг эхдээ дуудан уншиж өг гэж хэлэхэд хүү эмэг эх, хатан ээжийхээ царайг ээлжлэн
хараад, дэлгэсэн судар дээр жижигхэн хуруугаа тавин уншлаа.

- Ариун үнэн гэдэг ямагт өөрийн зам мөрөө ялган харуулж байдаг тул, түүнд чин үнэнээр
итгэн дагасан хүний өөдөөс тосон авдаг юм гэж дуржигнуулан уншлаа.

- Сайн байна. Ач хүү минь үнэхээр ном эрдэм төгс хүн болох бололтой гээд Сорхугтани
ширээн дээр дэлгээстэй жимснээс авч мялаалаа. Докуз хатан:

- Хатан эх минь, миний хүү сайн уншиж байгаа биз гээд хүүгээрээ бахархан асуух нь эгээ л
хүүхэд шиг ажээ. Тэр эмэг эхийхээ өөдөөс хараад магтаалын үг хэлэхийг нь хүлээж байгаа
хүүтэйгээ адил талархал хүлээсэн нүдээр Сорхугтанийг харж суулаа.

- Абаха үнэхээр сайн уншиж сурсан байна. Хүлэгү эцэг нь багадаа уншиж сурч байх үедээ яг
ийм харцаар намайг харж магтаал хүлээдэг байж билээ. Тэгэхэд би мэдсэн ч хэргээр
магтахгүй өнгөрөхөд урамгүйхэн хөлөө чирэн цааш явахыг нь хараад инээд хүрч суудаг сан.
Харин ач хүүгээ бол эмээ нь тэгж яаж чадах билээ гэж хэлээд Абахагийн толгойг иллээ.

- Миний хүү, сайн байна. Чамайг ингэж зүтгэлтэй сайн сураад байх юм бол эмээ нь хүүдээ
номын өргөө барьж өгнөө гэж хэлэв.

Гаднаас хөлийн чимээ сонсогдон үүдээр Хүлэгү орж ирлээ. Тэр эхийнхээ баяртай суухыг
хараад,

- Эх минь та тал нутгаас ирэхдээ сэтгэл санаа сайнгүйхэн байгаа харагдсан. Ач хүүгээ
хараад хөөр баяртай болсон байна. Миний хүү ч эмээгийнхээ сэтгэлийг засах увидастай
бололтой гэж хэлэв. Сорхугтани хатан ач хүүгээ өвөр дээрээ авч, хөхөл үсийг нь илбэн
үнэрлээд,

- Би эргээд бодоход та нарыг тэгтэл эрхлүүлж байгаагүй юм шиг санагдах юм. Багаас нь л
амьдралын хүнд хэцүүг, сайн сайхантай нь мэдүүлэх гэж ухаан санаагаа уралдуулж явснаас
биш ингээд инээд алдан баясаж суусан өдөр тун цөөн байж дээ. Өнчин үлдсэн
хүүхдүүдийнхээ хэтийг бодож, эцэг нь хэрэв байсан бол та нарын төлөө юуг хийх байсныг л
ухаж, түүнд хүрэх гэж явж. Нас нэмж ухаан суухын хэрээр хүн гэдэг эргээд нялхардаг шиг
санагдах юм. Ач нарыгаа харахаар цээжин дотор хайр дүүрч, өөрийн эрхгүй эрхлүүлмээр
санагдах юм гэж хэлж суулаа.

Хархорумд байх Гүюг хааны өргөөнд хаан эзэн сайд түшмэдээ цуглуулжээ. Өргөөний
хойморт Гүюг хаан Огул Хаймиш их хатны хамт заларчээ. Их өргөөний баруун зүүн талаар
сайд түшмэд эрэмбэ дараагаар байраа эзэлжээ. Өргөөнд нам гүм. Орчны агаар хүнд хүйтэн
мэт сэтгэгдэл төрнө. Гүюг хаан,

- Бид нэгэнт төрийг цэвэрлэж, их хаадын эзгүйд Монголын эзэнт гүрний төрийн бодлогод
хөндлөнгөөс оролцон ирсэн харийнхнаас улс гүрнээ чөлөөллөө. Нэгэн цагт эзэн хаан
өвгийнхөө хураан цуглуулсан их улсын хаяаг улам тэлж, эзэнт гүрэн дахин мандсан болохыг
хөх тэнгэрийн дор сонордуулах цаг болжээ хэмээн сэтгэнэ. Энэ хэдэн жилийн дотор үймээн
самуун газар авч, дээд тэнгэрээс заяат хөх толбот Монгол хүнийг элдвээр доромжлон ял
тулгаж, амь насыг нь бүрэлгэсэн хэрэг олон гарлаа. Эзэнт гүрний газар нутагт хааны сүр
хүчийг дахин харуулах цаг болжээ. Өнөөдөр бидний өмнө ам тангараг өгсөн ч түүнээсээ
няцсан улс орнууд олон байна. Нөгөө талаар Зүрчидийн Алтан улсаас эхлээд бидний мэдэлд
өнөө хэр бүрэн ирээгүй байгаа улс орнуудыг номхотгон дарах цаг болжээ. Харин цэргийн
хүч, байлдааны хэрэгсэл, агт морьд, ачлагын мал хөсгийг хэлсэн цагт бэлэн байлгах үүргийг
сануулан хэлэхээр сайд ноёд, мэргэн түшмэд та бүхнийг дуудууллаа хэмээв.

Тал нутагт хэдэн жилийн туршид сонсогдоогүй дайны хөлийн чимээ ахин сонсогдох боллоо.
Монголын цэргүүдийн хүлэг морьдын туурай, ирт сэлэмний далайлтанд даян дэлхий дахин
чичрэх цаг болжээ. Төр эзэнтэй болж, түүний бодлого хэрэгжиж эхэлж байгааг энэ яриа
харуулж байв. Гүюг хаан:

- Тун удахгүй аян дайны алсын зам тодрох биз ээ. Харин түүнээс өмнө өвлийн энэ амгалан
өдрүүдэд бид зүгээр суулгүйгээр газар нутагтаа оршин байгаа хүн амыг тоолох ажлыг
явуулъя. Сайд түшмэд та бүхэн ямар санаа бодолтой байгаагаа хэлнэ үү гэлээ.

Зэрэгцэн суусан сайд түшмэдийн дундаас нэг нь,

- Хүн ардаа тоолно гэдэг нь зөв зүйтэй санал байна. Их эзэн хаанаас хойш тал нутаг олон
арван жил үргэлжилсэн дайн самууны хөлд хэд хэчнээн хүн үрэгдэж, хэчнээн хүн шинээр
мэндэлж, Их Монгол өнөө хэдэн хүн амтай болсныг тоолон үзэх цаг нь болсон гэж бодогдоно
хэмээн хэллээ.

Өнөө өмнөд газрын хэргийг хамааран суугаа Махмуд Ялавач,

- Хаан эзний зарлигийг ёсчлон биелүүлье. Хүн амыг тоолох энэ ажлаас дараа дараагийн
ажил ундрах биз ээ. Бидэнд энэ тооллогоноос аян дайнд хэд хэчнээн цэрэг татах, цаашлаад
хүн хүч хүрэхгүй тохиолдолд хэрхэх тухай зам мөр нь гарах учиртай гэж хэллээ.

Энэ өдрөөс хойш Их Монгол улс түүхэндээ анхны хүн амын тооллогыг явуулж, энэ их ажил
бүтэн өвлийн туршид үргэлжиллээ. Харин хааны ордонд болсон энэ уулзалтаар Зүрчидийн
Алтан улс, өмнөд Сүн улс, цаашлаад өрнө зүгийн Ислам мөргөлт улс орнуудыг байлдан эзлэх
төлөвлөгөөг гаргалаа. Өмнөд Сүн улсыг дайлах ажлыг Сүбээдэй баатар, Цагаан ноён нарт
даатган хариуцуулж, Баруун зүгийн эзлэгдээгүй улс орныг дайлуулахаар Элжигдэй ноёныг
явуулахаар хэлэлцэж баталлаа.

Тал нутагт урин цаг өдөр өдрөөр ирж байлаа. Цасан дороос цухуйж байгаа яргуйд дулаан цаг
удахгүй ирнээ хэмээн бусдаас түрүүнд зарлах гэж байгаа юм шиг нөмөрсөн цасаа яран
байхад, Их Монгол улс ч нутаг дэвсэр дээрх хүн амаа тоолж дуусчээ. Бүтэн өвлийн туршид
бэлдсэн аян дайны бэлтгэл хангагдсан байлаа. Хэдий урин цаг ирж буй ч хүйтний эрч
цаашлах болоогүй мэт цаанаа л жиндүү. Орхон голын эргээр хаваржиж байсан Сорхугтани
хатны ууган хүү Мөнхийн гэрт алс холын нэгэн аянчин ирсэн нь Чун Шан дахь Чоу Лин Се
сүмийн хуварга Юй байлаа. Хаврын тарчиг цагаар ирсэн энэ хуварга Мөнхийн урилгаар тал
нутгийн зүг хүлгийн жолоо залаад өнөө хүрэлцэн иржээ. Өмнө зүгийн бурхны орноос авч
ирсэн арц хүж, тахилга тэргүүтнийг дэлгэн тавих энэ эрхэм өдгөө дөч гаран насны шашин
номын хүний хувьд ид жагсах насандаа яваа ажээ. Юй хуварга онигор нүдээ улам бүр
онийлгон,

- Мөнх эзний зарлигийг аваад яаран ирсэн тул тал нутаг өнөөхөндөө ийм хүйтэн байгааг ч
гадарлалгүй хөнгөн нимгэн гарснаас бага зэрэг жиндлээ хэмээгээд инээж байна.

Мөнх гэрт нь ирсэн гэнэтийн зочиндоо идээ шүүс тавиулан, өвлийн турш хөлдүү хадгалсан
айраг гэсгээж, шар тостой самруулан авчруулаад,

- Халуунаар нь уучих. Даарч хөрөөд хийдсэн байж магад. Хуварга тантай өмнөд нутагт тань
уулзаж байсан цагаас хойш олон жил өнгөрч. Тантай уулзсан уулзалт ер санаанаас минь
гардаггүй юм. Тэр цагаас хойш л тал нутагтаа дуудан ирүүлж, бурхан номын талаар ярилцах
хүсэл төрсөөр өдий хүрэв. Харин тал нутагт урьсан даруй миний урилгыг хүлээн авч ирэх
эсэхэд тань үнэндээ эргэлзэн суулаа. Таны ирэх сургийг дуулаад Алтайн өврөөр өвөлжиж
байсан өвөлжөөнөөсөө яаран нүүдэллэж Хархорумд ирлээ хэмээлээ.

Юй хуварга инээмсэглэн,

- Мөнх ноён урьж буй хойно ирэхгүй байх арга яахан байх билээ. Тэгээд ч би тал нутагт очиж
үзэхийн хүслээр дүүрэн байсан тул цаг дулаарахыг хүлээлгүй зорин ирсэн минь энэ гэв.

Тэд эртний танил ажээ. Мөнх тэр нэгэн цагт эцэг Тулуй ноён, Өгөөдэй хааны хамтаар өмнө
зүгт дайтан явахдаа Чоу Лин Се сүмээр орж Юй хуварга болон түүний багш, шавь нартай
удтал ном ярилцан суусан бөлгөө. Дайны хөлд талхлагдсан газар шороон дээгүүр амь өрсөн
тэмцэж явах үедээ бага балчир наснаасаа шимтэн сонсож байсан бурхан шашны тухай үлгэр
домог мэт сайхан зүйлсийг үзэж сонсон сэтгэл баясна гэж бодож яваагүй Мөнх энэ сүмд
ирээд буцахдаа ихэд баяртай байжээ. Мөнх угаас дайн дажинд дургүй, ав хоморго хийх,
амьтан алах сонирхол багатай. Гагцхүү их хааны гэр бүлд төрж өсөн, мэдээ орсон цагаас нь
насан туршид нь дайн дажин үргэлжилсэн болохоор тэр зэвсэг агсан мориндоо морддог байв.

Тэдний яриа удтал үргэлжиллээ. Мөнх Юйгийн ярианаас олон зүйлийн талаар мэдэж авлаа.
Хүний амьдрал, эцэс төгсгөлгүй үргэлжлэх үйлийн үр хийгээд, нүгэл буяны тухай гээд
түүний уншиж мэдсэн зүйлс хангалттай олон байсан ч

Мөнх энэ удаад Юй багшаас сонсох зүйл олон байлаа.

- Цаг тавирч урин дулаан боллоо. Нутагт маань их ажил намайг хүлээж байгаа. Эндэх бүх
зүйл цэгцэрч, үр хүүхдүүдийн минь зүтгэлээр санасан хэрэг минь бүтэж байгаа тул тал
нутагтаа буцах цаг болжээ хэмээн Сорхугтани хатан дэргэдээ суугаа Хүлэгү, Докуз хатан
нарт хэллээ. Докуз хатан:

- Хатан эх минь та бидэнтэй хамт энд зун цагийг өнгөрүүлбэл уг нь сайн сан. Эндхийн зун
цаг тун сайхан. Агаар ус, чийг аль аль нь тэнцүүхэн байдаг тул жимс ногоо ч сайхан ургаж
дэлгэрдэг. Эндхийн агаар хатан эхэд минь эм болох учиртай. Ингээд явна гэхэд тань
харамсалтай л санагдаж байна гэж хэллээ.

- Охин минь харин ч хатан чиний сайхан ааш аяг, хөөрхөн ачийнхаа ухаалаг занд уягдан
өвлийн хэдэн сарыг нүд ирмэхийн зуурт өнгөрүүлсэн мэт санагдана. Хатан эхдээ санаа зовох
хэрэггүй. Эндхийн агаар эм болох хэдий ч надад бол тал нутгийн агаар салхи хорвоогийн бүх
жаргалаас илүү амттай санагддаг юм гэж хэлээд нутгаа санав бололтой инээмсэглэн Хүлэгүд
хандан,

- Хүү минь чи өнгөрсөн хугацаанд их хүч хөдөлмөр гаргасан чинь харагдаж байна. Өнөө
Бухара хотын өнгө үзэмж нэмэгдэж, ард түмний амьдрал тэгшрэн, арилжаа наймаа дэлгэрч,
бас мянган хүүхдийн сургууль хичээлээ эхлүүлж, гар урчууд урласан бүтээлээ санасан үнээр
зах дээр арилжин, сайн сайхан амьдрах болжээ. Энэ бүхэнд чиний зүтгэл нэн их гэдгийг эх
нь мэднэ. Чамд үйлчилдэг албат түшмэдээс эхлээд харц ард хүртэл ярьж хэлэх, ухаарч бодох
нь өөрчлөгдсөн байна. Би анх чамайг дагуулан нааш гарч байхдаа хүүгээ юу хийж чадахыг
харах сан гэж хүсч байсан минь биелж гэж хэллээ. Хүлэгү:

- Ээж минь, та хүүгээ тоож эндэх ажлыг минь үнэлэн байгаа ч энэ бүхэнд хатан эхийн тус
дэм их байсан тул миний санаа бүтсэн хэрэг. Хатны сургууль барих санаа бол таных байсан.
Өнөө өрнө дорнын олон орноос багш нар ирж хичээл ном заах боллоо. Хүүхдүүдийн дотуур
байрыг багш ажилчдын байртай хамт барьсан нь үнэндээ сайн хэрэг боллоо гэв.

- Сургууль байгуулна гэдэг нэг хэрэг. Харин эндээс сурснаа өргөн олонд түгээнэ гэдэг өөр
хэрэг. Мөнх тэнгэрийн хуулиар тэнгэрт нэг нар мандаж, газарт нэг хаан суух учиртай тул
газар газрын эрдэмт багш нарын энэ их эрдэм мэдлэг хожмын хүмүүсийн оюунд гэгээ болон
оршино гэдэгт итгэсэн хэрэг. Бид газрын явдлыг бүрэн таньсны дараа тэнгэрийн явдлыг
тольдон харж сурах учиртай. Тэнд ертөнц дахины заяа төөрөг оршин байгаа гэж бодогдоно.
Мөнх тэнгэрт юу оршино гэдгийг миний нас гүйцэн үзэж чадахгүй ч, магад үр хойчис минь
харах буй за хэмээн хэллээ.

Хүлэгү Сорхугтани эхийнхээ "Газрын явдлыг бүрэн таньсны дараа тэнгэрийн явдлыг тольдон
харж сурах учиртай" гэсэн үгийг эргэцүүлэн бодно. "Мөнх тэнгэрт юу оршино вэ?"

Дорно зүгийн чамин хийцтэй, нааш цааш хөдлөн савлах ганхдаг сандал дээр хөлөө ачин, хоёр
гараа цээжин дээрээ тавиад, өдөр дундын ээх нарнаас нуугдан малгайгаараа нүүрээ хаасан
Хубилай хажуудаа суугаа албат Дэү Мэтэй ярилцаж байлаа. Энэ хүн Хубилайг эх Сорхугтани
хатны хамтаар энэ газарт ирсэн цагаас хойш ойр дотно байж, алс газарт эх нутгаа санагалзан
суудаг Хубилайд багаасаа дуулж сонсож ирсэн ном эрдмийн үнэний талаар чухалчлан
өгүүлж, сэтгэл санаагаар дэмжин суудаг нэгэн байв. Дэү Мэ Хубилай эзэнтэнд хандан,

- Нэг газраас нөгөө газарт нүүдэллэн амьдрах нь цаг хугацаа алдахын дээр, соёл дурсгалын
үнэтэй өв санг бүрдүүлж чадахгүй алдаж байгаа юм шиг санагдах юм гэж хэллээ. Тэр өвөр
дээрээ судар тавин суужээ. Хубилай өндийн суугаад,

- Манайхан бол суусан цэцнээс явсан тэнэг дээр гэж ярьдаг юм. Энэ нь суун цэцэрхэж
байгаа хүний үзэж харсан, дуулж сонссон бүхэн явж байгаа тэнэгийг гүйцэхгүй гэсэн утгатай.
Тиймээс ч бид нэг газраас нөгөөд нүүдэллэн амьдарсаар ирсэн. Нүүдэлчин Монголчуудын ур
ухаан суусан цэцнийг хол давж өнөө зах хаяагаа улам бүр алслан тэлсээр байна гэв. Дэү Мэ
хэсэг бодолхийлэн суулаа.
- Манай дотор газарт бол өөр. Олон үеийн ухаантнуудын гайхамшиг шингэсэн үнэтэй бүхэн
байх ёстой газраа хадгалагдан байдаг тул тэднийг хэн ч үл хөдөлгөнө. Хэдэн зуун жил ийм л
байсан хэмээвэл,

- Хэдэн зуун жил хэвээр байсан зүйлийг нэг л өдөр үгүй хийж болно. Тэднийг үгүй
болохгүй гэсэн баталгаа хаана байна. Байнга суурин суух нь их эрсдлийг авч ирэх бус уу? гэж
асуув.

- Байнга нүүдэллэн байх нь ч мөн эрсдлийг авч ирнэ гэж сэтгэнэ. Учир нь ихэнх ховор
нандин зүйлс аян замын уртад гээгдэж алга болно. Үндсэн сууриа бэхжүүлээгүй цагт өв сан
бүрдэх боломж үгүй.

- Танай дотор газар суурин суугаа хүмүүсийн өв соёлыг газар газарт түгээж байгаа хүмүүс
хэн бэ? Тэд бол торгоны зам даган явах худалдаачид. Нэг газраас нөгөө газарт тээгдэн очиж
байгаа бүхэн ховор нандин чухал бараа байдаг. Бидний нүүдэлчид ч тийм ховор нандин чухал
бүхнийг газар газарт түгээж явдаг улс. Гэвч чиний хэлдгээр байнга нүүдэллэн явах нь ч мөн
эрсдлийг дагуулдаг биз ээ хэмээн хэлээд Хубилай хэсэг дуугүй суулаа.

Дэү Мэ саяхан хүртэл өөртэй нь мэтгэлцэн байсан Хубилай эзэн юуны учир дуугаа хураан
суугааг мэдэхгүй тул ам нээхийг нь хүлээв. Хубилай:

- Тэгвэл бид энэ хоёрыг хослуулбал ямар вэ хэмээн асуулаа. Дэү Мэй:

- Хэрхэн хослуулах билээ хэмээн гайхан асуухад,

- Нүүдэлчдийн амьдралыг суурин амьдралтай хослуулж болно. Бид их хотыг барьж тэндээ
үнэт өв соёлоо хадгалан хамгаалаад харин хотыг тойрон нүүдлийн амьдралаар амьдарч
болно. Тэгвэл хотыг тойрон нүүдэллэн амьдарч байгаа бидний амьдрал хотыг хамтгаалах том
хамгаалалт болох бус уу. Өнөө та нарын бүрдүүлсэн энэ суурин амьдрал ч дутагдалтай тал
олонтой. Тиймээс суурин амьдралыг нүүдлийн уламжлалтай хослуулах нь дээр юм гэж
бодогдлоо гэв.

- Тун сайхан санаа буюу

- Тэгвэл бидний байгуулах хот сууринг зорин газар газраас хүмүүс ирж, өөр өөрийн өв
соёлыг үлдээн, нэгэн их хот цэцэглэн босч болох санагдана. Тэр хот ямар ч хүчинд үл
дийлдэн орших болно.

- Залуу ноёны хэлдэг үнэн. Өнөө тал нутагт дайн дажны хөл татраагүй байна. Харин манай
дотор газарт суурин амьдрал үүсээд багагүй хугацаа өнгөрсөн тул эндхийн туршлага танд
хэрэг болох биз ээ. Нэгэнт хот барих бол нэр өгөх хэрэгтэй. Ямар нэг байвал зүгээр вэ?

Дэү Мэй өвөр дээрээ байгаа судрыг эргүүлэн хараад,

- Зуун найм гэж хэллээ

- Зуун найм аа
- Тийм ээ. Бурхны шашинд чухалчилдаг зуун найм гэдэг тоо чухал учиртай юм гэж хэлээд
гартаа барьсан эрхиэ Хубилайд харуулан,

- Энэ эрхиний зуу хүртэлх тоо бол хүний насны хэмжээ юм. Харин зургаа нь эх болсон
зургаан зүйл, үлдсэн хоёр нь бурхан ном хоёр юм гэж хэлээд оройг нь заан,

- Энэ ганцаараа байгаа нь багш билээ

- Тэгвэл зуун найман сүм гэж нэрлэвэл ямар вэ

- Сайхан нэр байна гэв.

Энэ ярианаас хойш Хубилайд захиран сууж буй газартаа гэр өргөөний оронд орд өргөө
бариулан, ирээдүйн их хотын туурийг тавих санаа төрж эхэллээ. Урт цагаан хэрмээс хойш
Шанд голын дээд урсгалд "Зуун найман сүм" хэмээн нэрлэх хотыг барих ажлыг Хубилайн
албатууд дор бүрнээ боловсруулж эхлээд байв.

- Гүюг бидний эзэн хаан боллоо. Хаан өргөмжлөх ёслолд очих хүсэл надад үнэндээ
байсангүй. Би Гүюгийг сайн мэднэ. Тэр хэн болохоо олны өмнө харуулж ахмад хөвгүүдийн
аян дайны үеэр тараа таниулж байсан хүн гэсээр алтан аягатай сархдыг чулуун ширээн
дээрээс авч шимэх Батхааны царайд хэрхэх нь тодорхойгүй бухимдал тодрон байв. Тэр Алтан
ордны улсаасаа Бухарад ирж Сорхугтани хатанд бараалхжээ. Батхаан үргэлжлүүлэн,

- Гүюг хаан ор суугаад цус урсгахаас өөр юу хийв. Ах захаа хүндлэх ёсыг умартаж, их засаг
хууль, их хааны уламжлалыг зөрчлөө. Тэр намайг Мэргэдийн орхидос хэмээн доромжилж,
сахалтай л болохоос хөгшин эмгэн гээд, модон сүүл зүүлгэн харваж албал зохино гэж хэлсэн.
Гүюг битгий хэл Их эзэн хаан энэ үгийг ахин хэлэхийг хориглож байсан. Тэрний туйлбаргүй
занг хаан эцэг нь мэддэг байсан тул амьд сэрүүн ахуйдаа өөрийн дараа хаан ор залгах хүн гэж
тоож байсан удаагүй. Гүюг хаан сууснаас хойш би Алтан ордны улсаа улам бүр тэлж эзэнт
гүрний нутаг дэвсгэрийг өргөтгөсөн байхад хаан эзэн өөрөө энэ хугацаанд юу хийв. Гүюг бол
энэ улсын хувьд ёст хаан биш гэдгийг бид мэднэ. Харин тэрний хажууд Мөнх бол Өгөөдэй
хааны нэрлэж байсан хаан ор суух дараагийн хүн мөнөөс мөн хэмээн хэмээлээ. Тэр нэгэн
цагт Өгөөдэй хааны хэлж байсан үгийг сануулан хэлж, Гүюгийн хаанчлалыг эсэргүүцэн
байгаагаас Батхааны Бухарад ирсэн зорилго илт болов. Сорхугтани хатан:

- Би эх хүний хувьд хүүг минь дараагийн их хаанаар нэрлэж байсан Өгөөдэй хааны үгийг
талархан хүлээж авсан нь үнэн. Гэвч эзэн хаан өөрөө ч Их Монголын ирээдүйн төлөө санаа
зовинон суухдаа алтан ургийнхны эв нэгдпийг чухалчлан хэлж байсан. Тос дотроосоо өтөх нь
аюултай гэж ярьдаг. Өнөө бид өвөр зуураа хагаралдвал үнэндээ их задралын эхлэл болж болох
юм. Эх хүний үүргээс илүүтэй их Монголын хувь тавиланд сэтгэл зовинож сууна гэлээ. Бат
цухалтайгаар,

- Хэрхэн хүлээх билээ. Гүюг намайг хуралдайд ирээгүйг шалтаглан урьдын өсийг санаж,
эзэнт гүрний газар нутгийг тэлэх нэрийн дор Алтан ордны улсад минь санаархах болсныг би
хэрхэвч уучилж чадахгүй нь. Тиймээс ёсгүй хааныг суудлаас нь авч, ёст хааныг сэнтийд нь
залах хүсэлтэй байна хэмээв. Батхааны энэ эрс шийдвэртэй үгэнд Сорхугтани хатан:
- Түрүүлж хөдөлж болохгүй болов уу. Би удахгүй нутаг буцна. Тэнд очоод цагийн байдлыг
харъя. Хэрэгтэй бол хэл дуулгая хэмээлээ. Батхаан хэсэг бодол болон сууснаа хатны үгийг
зөвшөөрч түрүүлж хөдлөхгүй байхаар шийдэв.

Энэ яриа Бухара дахь Сорхугтани хатны өргөөнд болсны дараахан хатантан эх нутгийн зүг
жолоо залжээ. Зүчийн эрс шулуун зан, худал хуурмагийг уучлан хүлээж авдаггүй шударга
байдлыг Батхаан хуулан авсан мэт адилхан байв. Тэр үнэндээ алтан ургийнхан дотор хүндтэй
нэгэн боловч ямагт алтан ургийнхны гадна талд өөрийгөө тусгаарлан ирсэн гэлтэй.

Батад алтан ургийн хан хөвгүүдийн аян дайнд байгуулсан гавьяа үлэмж их агаад алтан ордны
улсаа улам бүр тэлсээр байв. Их хааны үеийн үзэл баримтлал, байгуулсан гавьяагаар хаан ор
суух эрхийг олж болдог хэвээр асан бол Гүюгийн оронд хаан суух эрхэм гавьяатай хүн Бат
мөнөөс мөн. Гэвч тэр нас явж байгаа, алтан ургийнхны дунд хүчирхэг нэгэн хэдий ч хаан ор
суувал хамаг эвдрэлийн үүдийг нээж болох аюул ирж болох зэргээс сэрэмжилсэн бололтой.
"Их эзэн хааны байгуулсан улс энэ хүрээд мөхөх хэрэг үү. Хан хөвгүүд алтан ургийнхан
дотроос хаан суух ёст хүн хэн бэ" гэдгийг ухан бодож санаа зовинохдоо хаан суух ёст хүн бол
хатны хүү Мөнх гэдгийг сануулан хэлэхээр Бухарт ирсэн хэрэг. Сорхугтани хатан зам зуур
Бухара хотод Батхаантай уулзсан уулзалтын тухайгаа бодож явахад нялх ногооны үнэр хамар
үнэртэж, цэлмэг тэнгэрийн тэртээгээс жаргалын наран ээн байх тал нутагтаа ирлээ. Цээж
дүүрэн амьсгалах цэнгэг агаар, шувуудын шулганаа, өвс ногооны сэрчигнээн бүхэн нэгдэн
нийлж нэгэн цул болон, яруу тунгалаг хөгжмийн эгшиг шиг сонсогдон байх авай.

Тэр жилийн зун айхтар их ган боллоо. Мөнх тэнгэр буруу харсан мэт, тэнгэрт үүлс хуралдан
ирлээ ч хур усаа буулгалгүй өмнө зүгт илгээн байх нь гачлантай. Голын ус бүрнээ ширгэж,
хээрийн өвс хүртэл хүний гар хүрээгүй байхад хар аяндаа шатан буйг харвал мөнх тэнгэр
ивээлээ хайрлаагүй жил боллоо. Хүн мал идэх хоол, уух ундгүй туйлдан байж анхны цастай
залгасан хэдий ч өвлийн их зудыг тэсвэрлэн гарна гэдэг тал нутагт бэрх даваа болоод байв.
Малаа даган өвс ногоо хайн оторт гарсан малчид газар нутаг нь бүхэлдээ зуданд нэрвэгдсэн
болохоор хэдэн малынхаа голыг харлуулж, зудад нэг нэгээр нь алдсаар, ихэнх айл хотоо
харлуулав. Хархорумын чулуун хаалганы эргэн тойрон өглөг хишиг горилон ирэх гуйлгачдын
тоо өдөр өдрөөр нэмэгдсээр. Хайр найргүй хүндхэн цаг хугацаа сая нэг юм амирлаж, урин
цагтай залгах дөхөн хаврын тэргүүн cap гарахад Аурагт өвөлжсөн Сорхугтани хатан Гүюг
хаанд бараалхахаар Хархорумд мориллоо.

Хааны ордны ойр орчим төдийгүй, Хархорумын эргэн тойронд хөл хөдөлгөөн улам бүр
ихсэж, цэрэг дайны бэлтгэл ажил хийгдэж байгаа нь анзаарагдана. Хөл хөдөлгөөн ихэссэн
Хархорумын байр байдлыг ажиглан явж байхдаа Сорхугтани хатан "Хаан эзэн Их Эзэн Хааны
үйл хэргийг үргэлжлүүлэхээр аян дайнд гарсан ч үнэндээ өвөг хаадын олж цуглуулснаас
үлэмж багахан олз омогтой ирсэн атал дахин аян дайны бэлтгэн ханган байхын учир юу
билээ" хэмээн бодож явлаа. Хэд хоногийн дараа хаан эзэн өргөөндөө алтан ургийнхан,
төрийн сайд түшмэдийг цуглуулав. Алтан ургийн хүндтэй хатан Сорхугтани энд цугласан
олны дунд байлаа.

Хаан эзэн өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд хийсэн ажил, явуулсан дайн зэргийг хэлэлцээд,

- Цагийн байдал наашилж байна. Өгөөдэй хаан эцгийн эзэмшил Эмиль нутгийн уур амьсгал
надад зохидог. Бие чилээж барагтай байгаа тул тэндэхийн ус, умдаа, рашааныг хүртвэл биед
минь тус болно биз ээ. Энэ далимд аян дайны төгсгөлийг ялалтанд хүргэхийн тулд
дуусгаагүй ажлаа дуусгахаар их цэргээ аван хөдлөх болно гээд,

- Цэргийн бэлтгэл, зэр зэвсэг, хоол хүнс базаах ажлыг даруй дуусга хэмээн их цэргийн
бэлтгэл ажлыг Элжигдэй ноёнд даатган, энэ яриа өндөрлөв.

Хааны өргөөнд цугласан олон гадаалж, тус тусын ажил үүргийг гүйцээж, Эмиль нутгийн зүг
удахгүй хөдлөх хаан эзний бэлтгэлийг хангахаар салан явсны дараа Сорхугтани хатан Гүюг
хаанд бараалхах хүсэлтээ илгээв.

Тун удалгүй Сорхугтани хатныг хүлээн авахыг хаан эзэн зөвшөөрсөн болохыг мэдэгдсэний
дагуу хатан Гүюг хааны өргөөнд дахин бараалхлаа.

- Сорхугтани хатантан дээш суугтун хэмээн их л найрсгаар хэлж буй ч хаан эзний байр
байдлыг харвал тийм ч сайнгүй харагдана. Сорхугтани хатан:

- Хаан эзэн амгалан сууж байв уу. Уулзалгүй удсан байна хэмээн амар мэндээ мэдэв.

- Амгалан сууж байлаа. Хатантан уулзах бүрдээ ямар нэгэн санааг хэлж байдаг хүн тул таны
эзгүй хойгуур хаант төрд ч тэр зөвлөн ярих хүн үгүйлэгдэх үед өөрийн эрхгүй таныг санах
юм хэмээв.

Энэ үгийг үнэндээ Гүюг хаан чин сэтгэлээсээ хэлсэн эсэх нь эргэлзээтэй. "Хатан хүний
санаа бодлыг авах хүсэл төрдөг бол өөрийн эх Дөргөнө хатны үгийг авалгүйгээр тийм гунигт
байдал оруулан эцсийн мөч хүртэл ганцаардуулахын хэрэг юусан билээ" гэсэн бодол орж
ирлээ. Гэвч хаан эзний өөдөөс ийм үгийг энэ цагт зүрх гарган хэлэхийн хэрэг юу билээ.

- Хатан миний ухаан гэж юусан билээ. Элдэв юм ярьж, эзэн хаанд яршиг төвөг удахгүй байх
нь нас ахиж яваа хүний хувьд зөв шийдвэр гэж тунгаах боллоо. Гэвч хаан эзний нэгэнтээ
буулгасан зарлиг айлдварын дагуу бараалхах хүсэлтээ илэрхийлсэн юм. Миний эр нөхөр
Тулуй ноёны эзэмшил, одоо үр хүүхдүүдийн минь засан суугаа газар нутгийг шалган, тэдэнд
ноогдох их цэргийг хураан авч буйн учрыг асууя гэв.

Гүюг хаан энэ эрсхэн үгэнд цухалдсан боловч

- Хааны зүгээс харьяа бүх газар оронд шалгалт явуулж, хүн амын тооллого хүртэл хийсэн.
Хааны их цэрэгт хүн хүч дутмаг байгаа учир таны хүүхдүүдийн цэргийг авлаа гэв.

- Хаан эзэн юуг хийхээ өөрөө мэдэх хэдий ч тэртээд үлдсэн амьдрал, тэнгэр болсон өвөг
дээдсээ бодон, нас өндөр хатан намайг хүндэтгэн, эхэлж дуулгахгүй яав гэхэд Гүюг хаан:

- Хаан эзэн надад зөвшөөрөл хүсэх шалтгаан буй бил үү хэмээн асуулаа. Зөвлөн хэлэлцэх
эрхэм ухаан хаан хүнд ч хэрэгтэй байдгийг өөрийн биеэр үзүүлээд буцсан эцэг хаадын
мэргэн оюун түүнд үгүй бололтой. Өөрийгөө гагцаар бүгдийн хаан хэмээн үзсэн нь илт
харагдав.
Сорхугтани хатан:

- Хүн хүн шиг л байх хэрэгтэй. Хэрэв нохой шиг байх аваас зарим хүмүүс чамайг гаршуулан
тэжээх болно гэж хэлээд Гүюгийн өргөөнөөс гарав. Хаан эзэн Сорхугтани хатны хэлсэн үгэнд
бачууран үлдлээ. Араас нь дуудах гэснээ болилоо. Яалтай билээ. Цагийг эзэлсэн их хааны
өөдөөс ийм үг хэлэх зүрхтэн Монголын талд өнөөхөндөө үгүй ч Сорхугтани хааны хор шарыг
малтаад гарлаа. Малтах малтахдаа эхийнх нь алдааг өөрт нь сануулан хэлж шүү. Гүюг
бухимдахдаа өргөөндөө чанга хашгирав. Гаднаас хэвтүүлүүд сандралдан орж ирж юу болсныг
асуухад хий дэмий толгой сэгсрэн бачуурахдаа "Гарцгаа" гэж чангаар хэлэв.

Хичээнгүйлэн бичиж, хэдэнтээ нугалсан захидлыг Сорхугтани хатны гараас хоёр гардан
аваад хүзүүн дэхь Мухамедийн хөрөг бүхий бурхны зурагтай жижигхэн зүүлтний цаагуур
нямбайлан хийж байгаа хүн бол худалдаачин Иниль байв. Тэр нэгэнтэй Абдул Рахманыг
даган амьдрал хөөж тал нутагт ирэн, дараахан нь Сорхугтани хатны ивээлд багтан Гурван
голын хөндийд амьдрах Монголчуудад арилжаа наймааны ухааныг заан сургаж, амьдрал
ахуйг нь дээшлүүлж байсан хүн билээ. Өнөө харахад Иниль нэлээд өөрчлөгджээ. Сорхугтани
хатантай анх уулзаж байсан гэнэн цайлган залуу биш, ухаан бодол тэгширсэн ид насандаа
яваа эр хүн болжээ. Инилийг захидал авч цааш хийсний дараа Сорхугтани хатан:

- Энэ их чухал захидал тул заавал өөрийн гарт нь дамжуулан өгөөрэй гэхэд

- Мэдлээ хатантан минь. Та надад итгэж болно. Хатан таны ач буяныг хариулах хүсэл сэтгэл
дотор минь үргэлж байдаг. Абдул Рахманы адил дүүжлүүлэн үхэх хувь тавилангаас хэлтлэн
өгч энэ хорвоогийн үнэнийг таниулан, уух усны минь хэмжээг нэмж өгсөн таны төлөө амиа
өргөхөд ч бэлэн гэж тэр хэлэв.

Магадгүй тэрбээр Абдул Рахманыг даган Дөргөнө хатны ивээлд орон дураар авирлаж байсан
бол өдийд түүний толгой Хархорины хаалган дээр шонд дүүжлэгдэн өмхийрсэн байх биз ээ.
Сорхугтани хатан:

- Хамт явах хүмүүс, ачаа бараагаа цэгцлээд хурдхан замдаа гар хэмээв. Хатныг ингэж
хэлсний дараа Иниль өөрийн хүмүүсийн хамт захидлыг авч замдаа гарлаа.

Жил бүр айлчлан ирдэг урт шар хүн тал нутагт хормойгоо дэвсэн сууж, айл амьтны идэх хоол
хүнсийг хормойлон шавхаж байх шиг уртаас урт хаврын хомсхон өдрүүдийн дундуур Гүюг
хаан Эмилийг зорин их цэргээ хөдөлгөж, тал нутгаа орхин явлаа. Хаан эзэнтэй хамт хатан
Огул Хаймиш болон ордны зарим ихэс дээдэс замд гарчээ.

"Хаан эзэн их цэргийг минь хураан авч, газар нутгийг минь шалгаж байгаа нь үл итгэлийн
шинж агуулж байгаа хэрэг. Эхийн үгэнд орж энэ удаад Эмилийн зүг хөдлөлгүй үлсэн нь зөв
байв уу" хэмээн Орхон голын эрэг дээрх орд өргөөндөө бодлогошрон суусан Мөнхийн
өргөөнд Сорхугтани хатан заларлаа. Өөрөөс нь илүү тавгүй байгаа эхийгээ анзаарсан Мөнх:

- Хатан эх минь бие тань чилээ юу. Юунд ингэтэл санаа алдана вэ. Юй багштан санаа алдах
нь сэтгэл зовлонтой байгаагийн шинж хэдий ч сэтгэл хоосорсны илэрхийлэл гэж хэлж
байсан сан гэхэд,
- Үнэн үг байна. Сэтгэл хоосон болоод явчих шиг санагдлаа. Хувь тавилан намайг шалган
сорьж байх шиг санагдана. Дөнгөж саяхан надад хоёр эрхэм зүйлийг минь нүдний өмнө
дэлгэн харуулаад аль нэгийг нь л сонго гэж хэлэх шиг болоход би сонголтоо хийлээ хэмээв.

- Эх минь та юуг хэлнэ вэ. Хүү нь сайн ухаж ойлгосонгүй гэхэд Сорхугтани хатан:

- Одоо цаг нь болсон бололтой гэв.

Мөнх тэнгэрийн цаг болоогүй гэж хэлж суудаг хатан эх өнөө цаг нь болсныг сануулан хэлж
байгаа нь сонин. Эхийн үгийг дотроо тунгаан суух зуур хатан үргэлжлүүлэн,

- Намайг Бухарад байхад Батхаан бараалхаад явсан. Тэр Гүюгийг эсэргүүцэн, эзэнт гүрний
ирээдүй хувь заяанд сэтгэл чилээн байгаагаа нуулгүй хэлээд, байгуулсан гавьяагүй ёс бус
хааныг халж, ёст хааныг ширээнд нь залах цаг боллоо хэмээн хэлж байсан ч би түүнд цагийн
байдлыг харж яаран хөдлөхгүй байхыг сануулаад ирсэн. Батхааны бодлоор хаан ширээнд суух
ёст хаан бол хүү минь чи юм. Би ч ийм бодолтой байна гэв.

Эхийн энэ эрсхэн шийдвэр саяхан хөдөлсөн Гүюг хааны их цэргээс үүдэлтэй болохыг Мөнх
гадарлаж байв. Нэгэн цагт тэнгэрийн дор ах дүү бололцон явсан Гүюг хаан ор сууснаас хойш
Мөнхийг дүүгийн ёсоор хүндэтгэн үзэх нь бүү хэл алтан ургийн хүн гэдгийг мартсан байлаа.
Цаг нь болоогүй гэж үргэлж хэлдэг байсан эхийн энэ удаад гаргасан шийдвэр, цаг нь болсныг
сануулан хэлж байгаа зэргийг Мөнх эрэгцүүлэн сууна. Сорхугтани үргэлжлүүлэн,

- Би Гүюгийг зогсоох гэсэн боловч тэр миний үгийг эс авлаа. Хааны үрс хоорондоо талцаж
Өгөөдэй Цагаадайн үрс нийлэх боллоо. Цагаадайн үр хүүхдүүд Гүюгийн талд зогссон тул энэ
хэцүү цагт бидэнд тулах хүн Батаас өөр үгүй. Тэр хүчтэй. Өнөө биднээс хол ч гэсэн бид
түүнтэй нэгдэх ёстой. Би түүнд сэрэмжтэй байхыг сануулан хүн явуулж, захидал илгээлээ.
Мөнх тэнгэр бүгдийг харж байдаг тул хэрхэхийг болгоох биз ээ хэмээв.

Эмилийн зүг хөдөлсөн Гүюгийн их цэрэг замдаа гарчээ. Хоёр зуун шар хөллөсөн нүүдлийн
их өргөөн дотор Гүюг хаан бодол болон зүүрмэглэнэ. Тэр нэгэн цагт хан хөвгүүдийн аян
дайнд Баттай муудалцан доромжлуулж, түүний дараа хаан эцгээсээ зэмлэл хүртэн гарч,
Бурхийн амнаас өөрийн наран жаргаж буйг сонссон, эртний тэр нэгэн өс хонзон өнөө сэтгэл
дотор нь амилан буцлах шиг болоход хамаг бие нь зарсхийж, тэр дороо өндийн босоод
ширээн дээрээс аягатай сархад авч хөнтрөнгөө "Миний нар мандаж, миний цаг ирсэн
гэдгийг харуулах болно" гэж амандаа хэлээд буцан суулаа. Гүюгт өөрийн сүр хүчээ алтан
ургийнхан дотор улам мэдрүүлж, эзэнт гүрний зах хязгаарыг тэлж, хамгийн эзэн хаан болох
хүсэл дүүрэн байснаас урьдын өшийг санагалзан Батыг дарахын хажуугаар, өнөө хэр
захиргаанд нь орохгүй байгаа Алтан ордны улсыг өөртөө авах нь илүү хожоотой, илүү зөв
шийдвэр гэдэг тэр тал нутагт байхаасаа итгэж ийн аян замд гарсан хэрэг байв.

Алтан ордны улсын эзэн Батхааны өргөөнд Сорхугтани хатны илгээсэн нууц элч Иниль
хүрэлцэн иржээ. Тэр аян замын уртад морины хурдаар давхин ирсэн бололтой замын тоос
мөрөнд нь бууж, үс сахал нь зэгэлтжээ. Иниль энгэрийн зүүлтнийхээ цаанаас хэдэн давхар
нугалсан захидлыг гарган авч Батхаанд хоёр гардан бариад,
- Сорхугтани хатан өгүүллээ хэмээн амьсгаагаа даран хэллээ.

Батхаан захидлыг задлан уншив. "Гүюг хаан их цэргээ өрнө зүгт хөдөлгөлөө. Тэнгэрийн
байдал дулаарахыг хүлээлгүй яаран гарсныг үзвэл хаан эзэн дуусгаагүй ажлаа дуусгах
зорилго агуулан гарсан нь магад буй за. Алтан ордны улсыг зорин яваа хэрэг тул сэрэмжтэй
байхыг сануулан хэлье" хэмээн амандаа уншиж дуусаад Инильд хандан,

- Алтан ордны улсад минь амарч тухлан аян замын алжаалаа тайл гэж зарлигдаад гаргалаа.
Инилийг гарсны дараа Батхаан, Сүбээдэй жанжныг дуудууллаа. Нас дээр гарсан Сүбээдэй
баатар Батхааны орд өргөөнд бараалхан ирэхэд,

- Гүюг их цэргээ аван нааш хөдөлжээ. Сорхугтани хатан надад сэрэмжтэй байхыг
анхааруулан хүн илгээсэн байна хэмээн гартаа барьсан захидлыг харууллаа. Сүбээдэй
жанжин Батын гарт байгаа үрчгэр цаасыг харж тайвнаар,

- Нэгэнт хэрэг явдал ийм болсон бол бид нэг их сүр дуулиан бололгүй их цэргээ авч дорно
зүгт өмнөөс хөдөлье хэмээв.

Батхаан Сорхугтани хатны захидлыг авснаас хойш тун удалгүй Сүбээдэй жанжны хамт их
цэргээ аван хөдөлж дорныг зүглэв. Их цэргийнхээ өмнө морин дэл дээр алсын уулын толгой
руу хараа бэлчээн яваа Батхааны нүд нулимстай байлаа. Тэртээд харагдах алсын олон уулсын
цаана эх нутаг, элгэн садан нь бий. Алсран харагдах энэ зүгт Алтан ордны улсын Монголчууд
цайныхаа дээжийг өргөж, сайныг бодон сайхныг ерөөн явдаг. Нутаг алсалсан ч сэтгэл
алслахгүй элэг нэгтний хагацсан сэтгэл эх нутаг руугаа жолоо цулбуураа тасдан гүйх хүлэг
морин адил дэнсэлдэг ч, их хааны зарлиг хэзээд зөрчиж болохгүй мөнх тэнгэрийн дор
өргөсөн андгай тангараг тэднийг тогтоон барьдаг. Улирал солигдох бүрийд сэтгэл догдолж,
нутагт үлдсэн ах дүү амраг садан, өвөлжөө хаваржаагаа дурсан суудаг. Өрнө зүгийн усан
үзмийн дарснаас илүүтэй гүүний сэнгэнэсэн айргаа уухыг хүсдэг. Хана хэрэм мэт бүрхэх
модот уулсаас илүүгээр талын салхины үнэр, цээж дүүрэн ирэх цэнгэг агаараар амьсгалж,
сэтгэлээ уужруулахыг мөрөөддөг. Гэвч Батхаан энэ удаад элэг нэгтнийхээ өмнөөс их цэрэг
агсан гарсан байлаа. Тун удалгүй өөд өөдөөсөө дайтан орох цус урсгасан тулаан болно. Энэ
тулаанд харь хүний бус халуун сэтгэлтэй Монгол хүний цус урсана. Гэвч өөр сонголт
байсангүй. Өрсөж дайтахгүй л бол өөрөө үрэгдэх их аюул өмнө харагдах олон уулсын цаанаас
ирж айсуй.

Өөд өөдөөсөө гарсан их цэрэг урт замыг туулсан байлаа. Тал нутгаас гараад олон хоногийн
зам туулсан Гүюг хааны их цэрэг Самаркандын орчимд Бишбалыкаас долоо хоногийн газарт
Кумшигэр голын орчим түр амран байх энэ үед хаврын дунд cap гарч байв.

Шөнө орой болж, түүдэг галын гэрэл их талын дунд энд тэндгүй асч, аян замд ядарсан
цэргүүд түр ч атугай нойр авахаар чад падхийн дуугарах түүдгийн дэргэд дугхийж байлаа.
Энэ үед Гүюг хаан орд өргөөндөө тухлан байв. Хаан эзний хажууд Огул Хаймиш хатан,
Элжигдэй, Чингай Чинсан болон цэргийн жанжид, мөн хааны хүү Хожа, Нагу, Цагаадайн хүү
Хар-Үлэх нар байв. Тэдний царай дэнгийн гэрэлд сүүмэлзэн харагдаж, чанасан мах тавьсан
мөнгөн царны булан галын гэрэлд улайн үзэгдэнэ. Гүюг хаан өргөөнд цугласан олонд хандан,
- Гэнэдүүлэн цохих төлөвлөгөө нурж, Батхаан бидний өөдөөс их цэргээ аван гарчээ гэсэн
туршуулын хэл ирлээ. Хэзээ мөдгүй тулан ирэх түүний цэргүүдийг бид зорин очих бус, тэд
биднийг чиглэн ирж явна. Тиймээс их цэрэг, хүн хүч, мал хуйгаа амрааж, тэнхэл авхуулаад
эндээ хүлээж тосон дайтвал ямар вэ хэмээн асуулаа. Олон ноёдын дундаас Чингай Чинсан:

- Энэ газар их элстэй тул тулалдахад амаргүй болов уу. Өглөө эртлэн хөдөлж, нутаг шинжин
дайтахад таатай газрыг сонгоод тэндээ тосон хүлээе гэж хэлэв. Хааны нүүдлийн ордонд
цугласан олон Чингай Чинсангийн үгийг дэмжин "Дайтахад тохиромжтой газрыг сонгон
хүлээх нь зөв" хэмээн хэлэлцээд түр ч атугай нойр авч амрахаар гарцгаалаа. Өргөөндөө
үлдсэн Гүюг хаан Огул Хаймиш их хатанд хандан, сэтгэл чилээн байгаа бололтой өнгөөр,

- Нутгаас гарахдаа бодсон бодол минь замын турш алгуураар өөрчлөгдөн байх шиг хэмээв.
Огул Хаймиш хааны үгийг сонсоод,

- Хүний бодол санаа өөрчлөгдөх нь бий. Гэвч хаан эзний бодол санаа юу байсан, яагаад
өөрчлөгдсөн болохыг хатан би ухаж үл хүрнэ гэв. Гүюг:

- Өнөө би цагийг эзэлсэн хаан атал юу дутав гэж өөрөөсөө асуухад, дутуу юм үгүй гэж
хариулах шиг санагдах юм. Эртний өсийг санан замд гарсан нь муу хэрэг ч, эзэнт улсынхаа
газар нутгийг тэлэх нь сайн хэрэг гэж сэтгэнэ. Гэвч хол замыг туулах бүрий дотроос нэгэн
зүйл чангааж голоос татах шиг болж, сэтгэл тавгүйтэх юм. Хаан өвөг тэр нэгэн жил Зүчийн
өөдөөс цэрэглэн дайрах гэж байсан ч Зүчи мөнх тэнгэрт одсон мэдээг дуулаад энэлэн
гашуудаж байсан. Хэдий Бат миний хүү биш ч алтан ургийн ахмад хүн тул зам хорох бүрий
түүнтэй хэрхэн нүүр тулах билээ хэмээн бодогдох боллоо гэв. Огул Хаймиш хааны байр
байдал, хэлж байгаа үгийг тунгаан,

- Чингис хааны зарлигт олон хүн хүчтэй, гүн уснаас айтугай гэсэн үг бий. Урт зам хүнд
ихийг бодох эрх чөлөөг өгдөг байж болох юм. Хаан эзэн дахин сайн бодож тунгаана биз ээ
хэмээн хэллээ. Гүюг хаан,

- Урт зам гэдэг нь туулсан замаас гадна тэндээс энэ хүрсэн амьдралын замыг хэлэх биз ээ.
Хатан чи надад үнэнийг сануулан хэллээ. Энэ урт зам надад ихийг бодуулсан бололтой.
Дахин нэг тунгаан бодож үзье. Ганцаараа байх хэрэгтэй байна. Хатантан өргөөндөө
бараалхаж энэ шөнө амарна уу? хэмээн хэлээд хатнаа гаргаж унтахаар хэвтлээ.

Самаркандын орчимд Бишбалыкаас таван хоногийн газарт энэ шөнө Батхааны их цэргүүд түр
буудалласан байв. Үндсэндээ Гүюг Бат хоёрын их цэрэг тулахад хоёрхон хоногийн газар
үлджээ. Талын дунд улалзах олон түүдгийн дунд Батхаан өргөөнийхөө гадаа Сүбээдэй
жанжны хамтаар шөнийн тэнгэрийг ажиглан зогсоно. Тэнгэр цэлмэг шөнө одод ойртон
ирсэн мэт тодхон харагдана. Батхаан шөнийн тэнгэрийг ажиглан зогсохдоо,

- Мөнх тэнгэр өршөө хэмээн зөөлөн хэлэх нь Сүбээдэй баатарт сонсогдлоо. Алтан ордны
улсаасаа их цэргээ аван гарахдаа сэтгэл хүндхэн байсан Батхааны өвчүүн цаана ямархан
гуниг нуугдан байгааг Сүбээдэй баатар мэдэрч байлаа. Энэ хоёр хүн олон жилийн туршид
хамт байж, олон дайнд оролцож явсан урт түүхтэй. Батад, Сүбээдэй баатар тэнгэрт одсон
эцгийнх нь оронд ирсэн нэгэн мэт санагдах үе бий. Тэр нэгэн өдөр ахмад хөвгүүдийн аян
дайныг ахлан явах үүргийг Өгөөдэй хаанаас авсны дараа Сорхугтани хатан түүнд Сүбээдэй
баатрыг өөрийн жанжнаар авч явахыг зөвлөж байсан. Алдаа оноо алин бүхнийг нь харж, чин
сэтгэлээсээ хэлж зөвлөж байдаг энэ хүн нас дээр гарсан ч өнөө Батыг өмгөөлөхөөр замд
гарчээ. Сүбээдэй баатар ч мөн сэтгэл хөндүүр байгаа нь илт. Батын адил мөнх тэнгэрийг
ширтэн зогсоно. Хажууд нь зогсох Батхаан:

- Олон тулаанд орж, ялалт ялагдлын дундуур явж байхдаа сэтгэл ингэж хөндүүрлэж байсан
удаагүй сэн. Өнөө би өс өвөрлөн ирэх дүүгийн өмнөөс гарлаа. Тэднийг дарна гэдгээ би
мэдэж байна. Гэвч....Бат чимээгүй боллоо. Сүбээдэй баатар юм хэлсэнгүй, хоёул хэсэг дуугүй
зогслоо. Тэр сая ам нээж Батын зүг харан,

- Их эзэн хаан өөрийн эцэг нэгтэй дүү Бэгтэрийг харван алахдаа сэтгэл нь өвдөн хөндүүрлэж
байсан тухайгаа надад ярьж байсан. Гэвч нэг зүйл үгүй болоход нөгөө зүйл ирж байдаг
үнэнийг ухаарсан хэрэг. Хэрэв Бэгтэр үгүй болоогүй бол өвөг хаан хэзээ нэгэн цагт үгүй
болох байсан биз ээ хэмээн хэллээ.

"Сүбээдэй баатар эгэл гаралтай нэгэн атал эр зоригийнхоо хүчээр их хааны жанжин болж энэ
хүртэл явсан хүн тул, амьдралыг тэмцэл гэж хардаг биз ээ" хэмээн Бат бодоод,

- Амьдрал бол тэмцэл хэдий ч надад Гүюгийн өөдөөс тэмцэх гэхэд сэтгэл минь хөндүүрлэн
байх юм хэмээгээд дээр хөхрөгч шөнийн тэнгэрийг харж,

- Мөнх тэнгэр минь биднийг зогсоогооч! Тасарсан мах, үсэрсэн цусныхаа эсрэг улайран
орохоос минь өмнө биднийг зогсоогооч хэмээн хэлэхэд тэнгэрийн одод тэдний дээрээс
чимээ аниргүй анивчин мэлтгэнэх хэдий ч тэртээ холд тэнгэр нүргэлэн дуугарах их чимээ
нам гүмийг яран сонсогдлоо.

Өглөө болжээ. Нарны тунгалаг гэрэл ертөнцийг сүлэн, түмэн өнгийг нүдний өмнө тодруулан,
Гүюг хааны нүүдлийн ордны гадаа олон хүн цуглажээ. Тэр нэгэн газарт урьд шөнө мөнх
тэнгэрийн дуудлага ирж, Далай их хаан Гүюг өргөөндөө таалал төгссөн байлаа. Дөчин хоёр
нас сүүдэр шүргэж байсан, цагийг эзэлсэн их хаан Гүюгийг мөнх тэнгэр яаравчлан
дуудуулсны учир шалтгааныг эс олов. Сандарч мэгдсэн хүмүүс "Хаан эзэн өмнөх өдөр нь
ангийн хорлол хүртжээ" гэж зарим нь ярьж байхад "Хаан эзэн хорлогджээ, хамгийн сүүлд
өргөөнөө хатныхаа хамт үлдсэн сэн" хэмээн өөр хэсэг хүмүүс ярьж байлаа. Харин алтан
ургийнхны дунд чимээгүйхэн тархан байгаа нэгэн сэжиг бол "Алтан ордны улсын Батхаан
түүнийг нууцаар мөнх тэнгэрийн орноо илгээсэн болов уу" гэсэн аман таамаг тахал мэт
тархаж байв. Гэвч өнөө хэр Алтан ордны улсад суугаа Батхаан бүү хэл түүний албатууд ч тэр
их элсэн дунд үзэгдээгүй юм.

Муу мэдээ сайнаасаа түрүүлэн ирдэг хүний хорвоо тул Батхаан Гүюг хааныг мөнх тэнгэртээ
одсон мэдээг дуулаад нутаг буцлаа.

Хэдэн хоногийн дараа их цэрэг хаан эзнийхээ амьгүй болсон эрдэнэт биеийг Самаркандын
орчим бунхлан үлдээлээ. Цагийн байдлыг хүлээлгүй эх нутгаасаа яаран гарсан Гүюг хааныг
энэ газарт мөнх тэнгэр дуудуулсан мэт авч оджээ. Гэнэтийн уй гашууг гэтлэн байгаа Огул
Хаймиш хатанд хамгийн сүүлд хэлсэн хаан эзний үгс бодогдоно. "Нутгаас гарахдаа бодсон
бодол минь замын турш өөрчлөгдөн байх шиг. Цагийг эзэлсэн хаан надад юу дутна вэ гэж
өөрөөсөө асуувал, юу ч дутаагүй гэж хариулах шиг" хэмээн хэлж байсан хааны энэ үгс сэтгэл
зүрхэн дотроос нь гарсан сүүлчийн үг байж, эцсийн мөчид ухаарсан хэрэг байсан буй за
хэмээн бодож байлаа. Тэрээр Алтан ордны улсын эзэн алтан ургийн ахмад хүн Батхаан болон
Сорхугтани хатан нарт элч довтолгон илгээж, уй гашуут мэдээг дуулгалаа. Ямар нэгэн хэрэг
явдал болоход ахмадын үгийг түрүүлж сонсдог тал нутгийн хүний ухаанаар тэр элч заржээ.
Энэ улсын цааш хэрхэхийг өнөө тэнгэрт одсон Гүюг хаан бус, харин хаан эзний цэрэглэн
дарахаар зорьж явсан Зүчийн хүү Бат, алтан ургийн ахмад бэр Сорхугтани нар шийдэх
боллоо.

Хэд хоногийн дараа Огул Хаймиш хатны өргөөнд Батхаанд явуулсан элч эргэн ирсэн байлаа.
Тэр өврөөсөө захидал гарган хатны өмнөх ширээн дээр тавиад хойш ухарлаа. Огул Хаймиш
хатан элчийг гарч болохыг мэдэгдээд, захидлыг авч задлан уншив."Хаан эзэн мөнх тэнгэрт
одсон их уй гашууг хуваалцаж байна. Төр эзэнгүй байх учиргүйн тул дараагийн хаан эзэн
ширээндээ залрах хүртэл Огул Хаймиш хатан чи нэгэн цагт Сорхугтани хатан болон,
Дөргөнө хатан нарын улсыг захирч байсанчлан засгийн хэргийг түр хамаарна уу" хэмээн
бичсэнийг уншлаа.

Мөн хэдэн өдрийн дараа тал нутгаас Сорхугтани хатны эмгэнэл илэрхийлэн илгээсэн
гашуудлын хувцас, богтого малгай бүхий захидлыг хүлээн авлаа. Тэр захидалд "Хорь гаран
жилийн өмнө надад тохиож байсан уй гашууг дурсан санаж, хатны сэтгэлийн зовлонг биеэр
ойлгон мэдэрч байгаа тул эмгэнэн байгаагаа илэрхийлж, уламжлал ёсоор гашуудлын хувцас,
богтого малгай тэргүүтнийг илгээн, Монгол төрийн дараагийн эзэн хаан ширээндээ залрах
хүртэл засгийн хэргийг түр хамааран байхыг хүснэ" гэж бичсэн байлаа.

Мөнх тэнгэрт мандсан нар үүлсийн цаагуур орсон мэт хүнд өдрүүд Монголын төрд ирж,
хаант төр дахин эзэнгүй болсон гашуун мэдээ Самаркандын элсэн цөлөөс тал нутагт нь
дуулдсан даруй алтан ургийнхан цөмөөр дараагийн хаан эзнийг орыг хэн залган авах тухайд
өөр хоорондоо хэлцэн, энэ яриа сүүл сүүлдээ талцал болон хувирч, хоорондоо тэмцэх дээрээ
тулсан хүнд өдрүүдэд Огул Хаймиш хатан төрийн хасбуу тамгыг барьж байлаа. Гүюг хаан
эзэн цаг бусаар тэнгэрт хальсан тул дараагийн хаан ор залгах хүнээ хараахан сонгон хэлж
амжаагүй байв. Хан хөвгүүд дор бүрнээ өөр өөрийн эзэнт улсыг байгуулан дураар авирлаж,
Их Засаг хууль, Их хааны захиас бүгдийг зөрчиж эхлэв. Хүн бүр өөрийн дураар зүг бүрт элч
довтолгож, захиа пайз, тэмдэг зөрөлдүүлэн, сүлбээ холбоо байгуулж, тус тусдаа туг босгон
үймж эхэллээ. Дөч гаран жилийн өмнө их эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол улс энэ
цагийг хүрээд задран унах учиртай байв уу? Нөхцөл байдал дахин Их Монгол улс
байгуулагдахаас өмнөх үе рүү эргэн очсон мэт байлаа.
Наймдугаар бүлэг: Хараа хүрэхгүй алсад ухаан хүрдэг

Улаан шар өнгө хослуулан хээлсэн, уран гоёмсог хийцтэй модон хайрцаг ширээн дээр
тавиастай харагдана. Будаг нь халцарч элэгдэн, булан тохой нь харласан зэргийг үзвэл их
эртний эд бололтой. Хажууд нь хэд нугалсан захидал байх нь энэ хайрцаг захидлын хамт
ирсэн болов уу гэлтэй. Бат хайрцгийг ширээн дээрээс авч, хайрцагны тагийг алгуураар
нээвэл нялх хүүхдийн өрөөсөн бойтог гарч ирлээ. Бойтгийг авахад хонхны жингэнэсэн дуу
орчны аниргүйг эвдэн дуурсав. Хайрцагны тагийг нээхтэй зэрэгцэн ханхалсан ер бусын үнэр,
хонхны жингэнэсэн дуутай хослон Батын сэтгэлийг эзэмдэн авав. Цээжин цаанаас зүрх нь
хүчтэй цохилон, өвдөлт нь өр өмлөн байх шиг санагдахад нүдэнд нь нулимс дүүрэв. Эзэндээ
захирагдахгүй хацар даган урсах нулимсаа тэр яахаа мэдсэнгүй. Үнэндээ тэр нулимс гэж юу
байдгийг мартсан мэт санагдана. Тэрбээр нулимс унагалгүй олон жил болжээ. Бат ирсэн
хүмүүсийг гарахыг хүсэн дохилоо. Батхааны өргөөнд ирсэн тал нутгийн элч дагалдан ирсэн
хүмүүсийн хамт хойш ухарсаар гадагш гарч, өргөөнд Сүбээдэй баатар, Батын дүү Бэрхийн
хамт үлдлээ. Өргөөнд нам гүм. Бат:

- Сорхугтани хатан өнөө надад үүнийг илгээжээ. Амар мэнд суувал ахин уулзахдаа өгье гэж
хэлж байсан юм гэв.

Бэрх Сүбээдэй баатар хоёр Батын гарт байгаа бойтгийг чухам ямар учиртайг мэдэхгүй ч их
нандин дурсамжийг нь хөндсөн болохыг мэдэрч байлаа. Батын сэтгэл арай тайвшрав
бололтой бойтгийг тэдэнд харуулж,

- Эцгийн минь багадаа өмсөж өссөн бойтог энэ байна гэж хэлээд, хажуугаасаа дахин нэг
модон хайрцаг авч дотроос нь өрөөсөн бойтог гарган ирэхэд мөнөөх бойтогны ижил нь байв.

Олон жилийн хойно нийлж буй хоёр бойтгийг алган дээрээ зэрэгцүүлж тавиад,

- Эцгийг минь төрөхөд үүнийг Өэлүн эх оёж өгсөн юм гэнэ билээ гэж хэлээд чимээгүй
боллоо.

Бэрх, Сүбээдэй хоёр сая учрыг олж, Батын сэтгэл эмтрэн буй цаад шалтгааныг мэдэв. Эцгээ
алдсанаас хойш олон жил өнгөрсний дараа энэ бойтог хүүгийнх нь гар дээр иржээ. Өөрийнх
нь бус, эцгийнх нь багадаа өмсөж өссөн бойтог Батад Зүчи эцгийнх нь тухай урт дурсамжийг
сэдрээсэн хэрэг байлаа. Өөрт нь үлдсэн өрөөсөн бойтгийг тэрбээр өнөө хүртэл хадгалж
иржээ. Харин ижпийг нь Сорхугтани хатан хадгалан суусан аж. Чухам юуны учир Сорхугтани
хатан өрөөсөн бойтгийг хадгалж байсан хийгээд өнөө яагаад түүнд явуулсныг тэд бас ойлгож
ядан байв. Бат нулимсаа залгиж, цээжээ тэнийтэл гүнзгий амьсгаа аваад,

- Өвөг эцгийн цэргүүд Хорезмыг дарж тал нутаг руугаа буцсны дараа хаан эцгийн зарлиг
тул, миний аав тал нутагтаа буцалгүй үлдсэн гээд тэрбээр Бэрхийг харж,

- Дүү минь, чи нас чинь бага байсан болохоор энэ тухай сайн мэдэхгүй. Харин Сүбээдэй
баатар тэр цагийг санаж байгаа. Бид ямар хүнд байдалтай байсныг гээд үгээ дуусгалгүй
хоолой нь зангирч,
- Өвөг эцэг тал нутагтаа буцан очсны дараа Тангудыг дарахаар биднийг дуудуулж, эцэг минь
өвчтэй тул хаан аавдаа очиж чадахгүй шаналж байхад би дэргэд нь байсан. Тал нутгаас олон
удаа элч ирүүлж, эцэст нь эцгийг минь урвалаа гэж ойлгон нааш цэрэглэн хөдөлж, биднийг
дарах гэж байсан удаатай. Хүү нь эцгээсээ урвана гэж юу байхсан билээ. Хаан аавыгаа
цэрэглэн ирэхээс өмнө өвдсөн өвчнөөсөө илүүтэй сэтгэл дотроо амьдаараа үхэж байсан аав
минь нэг өдөр намайг дуудуулж, өргөөнд нь ороход ганцаараа хэвтэж байсан гээд санаа
алдлаа.

- Өндийж ч чадахгүй байсан миний аав минь гартаа өрөөсөн бойтог барьчихсан намайг
нулимстай нүдээр харан угтсан юм. Хүүгээ орж ирснийг харсан аав минь нулимсаа арчиж,

- Энэ чиний эцгээсээ үзсэн эхний, бас сүүлийн нулимс байг гэж хэлэхэд би учраа олохгүй
байлаа. Сэтгэл санаа нь хүнд байсан ч барагтай бол уйлах нь бүү хэл уярах нь ховор эцэг
минь гартаа барьсан бойтгийг харан уйлж байсныг би ойлгосонгүй. Харин тэр цагт аавд
минь ирсэн нулимс өнөө надад ирж, эцгийн минь зүрхийг зүссэн гашуун үнэн одоо миний
зүрхийг зүсэн, хацар даган урсаж байгааг би мэдэрч байна гэж хэллээ.

Бэрх, Сүбээдэй хоёр Батын яриаг анхааралтай сонсоно. Батын хацрыг даган урсах нулимс
өнөө нэгэнт эзэндээ захирагдахгүй болжээ. Бат үргэлжлүүлэн,

- Аав минь тэгэхэд "Өэлүн эхийгээ санана, Бөртө хатан эхийгээ зүүдэлнэ, тал нутагтаа
очихыг хүснэ. Гэвч надад тал нутагт очихоос илүү, мөнх тэнгэрт хүрэх нь ойр мэт санагдах
боллоо" гээд гартаа барьсан бойтгоо өгч "Өэлүн эх намайг төрөхөд энэ бойтгийг оёж өгсөн
юм гэнэ билээ. Багадаа өмсөж байсан бойтгийг би яаж санах билээ. Нааш гарахад тэр надад
үүнийг өгч, "Өрөөсөнг нь өөртөө үлдээлээ эмэг эх нь хүүгээ санахдаа дурсан үнэрлэж сууя.
Эргэж ирээд аваарай" гэж хэлээд үлдсэн юм. Эмэг эх минь надтай эргэн уулзана гэж итгэж
байсан хэрэг. Өэлүн эх минь мөнх тэнгэрт одлоо. Би түүний араас удахгүй очиж уулзах юм
шиг санагдана. Цагаадай дүүгийн үг өнөө намайг амь амьсгалаас минь зууран байгаа ч,
Өэлүн эх минь намайг алтан ургийн хүн хэмээн зөвшөөрч байсны тэмдэг, газар дээр үлдээх
үнэний гэрч болсон энэ бойтогны өрөөсөн нь одоо хаана явааг мэдэхгүй юм. Энэ бойтгийг
харах тусам өр зүрх минь өмөрч, үнэрлэх бүрд Өэлүн эх минь бодогдох юм" гэж хэлж билээ.
Тэр үед аав минь дотроо юу бодож яаж шаналж байсныг одоо л би ойлгож байна. Их хааны
том хүү болон төрсөн нь их хувь заяа ч, аавын хүү биш гэдэг үнэн худал нь мэдэгдэхгүй үгийг
өрөө өмлөн сонсож ирсэн эцэг минь ямар гашуун үнэнийг дотроо юүлж суудаг байсныг одоо
би мэдэрч байна. Өэлүн эх эцгийг минь зөвшөөрч энэ бойтгийг оёж өгсөн атал, өнөө хэр тэр
аймшигт үг алтан ургийнхан дотор хэсүүчилсээр явна гэж хэлээд чимээгүй боллоо.

Бэрх, Сүбээдэй хоёр Батын "Аймшигт үг" гэж чухам юуг хэлээд байгааг мэдэж байв. Энэ бол
тэр цагт Зүчийн дотрыг харлуулж, элгийг эмтлэн урж байсан, өнөө Батын эцгийгээ бодохуйд
зүрхэнд нь хөндүүрлэн байгаа "Мэргэдийн орхидос" гэдэг үг билээ. Энэ үгийг сонсоод Бэрх ч
мөн алгадуулсан мэт болж, шар нь буцалдаг байв. Бэрх:

- Аавын минь бойтогны өрөөснийг Сорхугтани хатан хадгалж байсан хэрэг үү гэж хоолой
чичрүүлэн асуулаа. Бат хүнд дурсамжаасаа салж үл чадан санаа алдаад,

- Тэр өдрөөс хойш тун ч удалгүй аав минь мөнх тэнгэрт буцаж, Өэлүн эхийнхээ араас явж
билээ гээд хэсэг дуугаа хураав. Хэдэн жилийн дараа их Хуралдайн үеэр Сорхугтани хатантай
уулзахад тэр өрөөсөн бойтгийг хадгалж байгаагаа хэлж, "Өгсөн хүн, өгүүлсэн эзэн аль аль нь
мөнх тэнгэрт одсон тул би хадгалан суугаа. Амар мэнд ахин уулзах аваас өрөөсөн бойтгийг
өгье" гэж хэлсэн юм гэв. Сүбээдэй баатар:

- Сорхугтани хатан өнөө өрөөсөн бойтгийг илгээсэн байхыг үзвэл тэр Бат хаан таныг алтан
ургийн ахмад хүн гэдгийг нь сануулан хэлсэн хэрэг биз ээ гэхэд Бат ширээн дээр байгаа
захидлыг хараад,

- Тийм ээ таны зөв. Өэлүн эх, Бөртэ хатан эхийг орлож чадах хүн бол Сорхугтани хатан яах
аргагүй мөн гэж хэллээ.

Балхаш нуурын эрэг дээр зусч байсан Огул Хаймиш их хатны өргөөнд нэгэн хүн ирэн
мэндчлэв. Тэрээр хатны өмнө ариун эцгийнхээ нэрийг дуудан, загалмайтны ёсоор залбирал
үйлдэн хүндэтгэл илэрхийлээд,

- Ертөнцийн эзний ариун нэрийн өмнөөс хатан танд хүндэтгэл илэрхийлэхийн ялдамд
тэнгэрт нэг нар байдаг шиг, тэнд ганц бурхан байдгийн учир таныг зорин ирсэн хэрэг хэмээн
хэлээд ихэд ёсорхон уулзлаа. Энэ хүн бол Францын наймдугаар Луис хааны элч Доминиканы
хар ламтан Лонгумэаун Андрей байв. Франц орон, Католик шашинтнууд хэзээ нэг өдөр ирэх
Монголчуудын довтолгооноос айн мэгдэж байсан тул тэдэнтэй амар хялбараар учраа олох
аргыг хайн, эцэст нь Монголчууд дэлхийн бүх шашныг хүндэтгэн үздгийн дээр өнөө засаг
барьж буй Монголын их хатан Огул Хаймиш Католик шашинтан болохыг мэдсэн хэрэг байв.
Эдэнтэй сайн харилцаатай болоход шашин шүтлэг тэдэнд тусална хэмээн итгэжээ. Тэд
Монголчуудтай нэгэн шашинт ахан дүүс болохыг зорин Монголчуудыг өөрийн шашиндаа
оруулахаар ёслол үйлдэхэд хэрэг болох, шашны зан үйлийн эд хэрэглэл, асар зэргийг авч
ирсэн байв.

Гэвч ламтан Огул Хаймиш хатны өргөөнд орсон хойноо л сая дагжин чичирч байгаагаа
мэдэв. Тал нутгийн их хатны орд өргөөнд ойртох тусам энэ айдас төрж эхэлсэн бол өнөө улам
бүр нэмэгдэж, одоо өөдөөс нь харан сууж байгаа хатны өмнө айдсаасаа болж өвдөг сөхрөн
суухад хүрчээ. Ордны үүдээр орж ирэхийн өмнө эзэнт улсын сүр хүчийг харж мэдрэн, ихэс
дээдэст бараалхах олон хоногийн зан үйлийг гүйцээн барж байхдаа түүний өөртөө итгэх
итгэл алгуур алгуураар алга болсоор байсан хэрэг.

Ордны гадна их хатны сүр хүчийг илтгэх, Огул Хаймиш хатны гаршуулан тэжээсэн цоохор
ирвэсний цоргисон нүднээс далдиран айхдаа ухаан балартах шахсан бол өнөө өргөөнд орж
ирсэн хойноо өрнө зүгийнхний эдэлж хэрэглэх нь бүү хэл сонсож зүүдлээгүй бүхэн биеллээ
олсныг харжээ. Персийн цоохор хивсээр орд өргөөний шалыг бүрж, шираазын шигтгэмэл,
ангийн үсээр дотор талыг тужид нь чимэглэжээ. Өргөөний дотроос шувуудын дуу сонсогдож,
урьд хожид харж байгаагүй үнэт чулуугаар бүрсэн тавилга сэлт өнгө хоршин, нүд алдам
харагдана. Зөвхөн хаан хүний хэрэглэх оюу ногоон өнгийн ваарыг эгнүүлэн өржээ. Их хатны
эдэлж хэрэглэсэн хувцас зүүсгэл, үнэт эдлэлүүдийг нэг нэгээр нэрлээд ч дуусамгүй агуу
төгөлдөр болохыг харсан ламтанд хэдий хатан дөч дөхсөн хүн гэвч наснаасаа залуу сайхан
харагдах ажээ. Огул Хаймиш хатан өмнөө сүрдэн суусан ламтанд хандан,
- Нэгэн шашинт хар ламтан тантай уулзан ярилцах боломж энд гарах юм гэж санасангүй гэж
хэлэхэд айдас нь арай цаашлах шиг болов. Гэвч тал нутгийн зэрлэгүүд гэж яригдах энэ
хүмүүсийн байр байдал газар дээрээ тэс өөр байгааг харсан ламтан ирсэн зорилго, хүслээ
хэлэхээс эмээж байлаа. Түүнд үүрэг өгөн явуулсан эзэн хаан, шашны тэргүүнийхээ өмнөөс
үгээ хэлэх ёстой болов.

- Хатантан таны сүр хүч, оюун ухааныг өөрийн нутагтаа сонсож дуулсаар ирсэн. Өнөө
өөрийн эзэн хаан, шашны тэргүүнээсээ үүрэг аван ирсэн зорилгоо хэлье хэмээхэд хоолой нь
чичирнэ. Ламтан үргэлжлүүлэн,

- Та бид нэгэн шашинт ахан дүүс. Тэнгэрт нэг нар байгаа шиг, тэнд нэг бурхан байдаг гэдэгт
та бид хоёр хоёул итгэдэг. Тиймээс та их хатны хувиар тал нутгийн Монголчуудаа өөрийн
шашинд оруулбал, ариун эцгийн өмнө амар жимэр амьдрах сайхан цаг ирэх бус уу. Тиймээс
бид та бүхнийг өөрийн шашиндаа оруулах ариун зорилго өвөрлөн ирлээ. Энэ зан үйлийг
гүйцэлдүүлэх эд зүйлийг хамт авч ирсэн тул ёсыг газар дээр нь үйлдэж болно хэмээн арай
гэж хэлэв. Энэ үгийг сонссон Огул Хаймиш хатан юм хэлсэнгүй.

Чимээгүй байх нь үг хэлснээс илүү айдас төрүүлдэг болохыг ламтан анзаарав. Дотор хургах
айдас өнөө түгшүүрээр солигдож зүрх нь лүг лүг хийн цохилж байлаа. Ашгүй хатан ам нээн,

- Энх амгалан амьдрах сайхан, дөрвөн хөлтөн бэлчээртээ тааваараа идээшлэн, хоёр хөлтөн
нь сайн сайхан зүйл бүтээнэ гэж хэллээ. Андрей үнэндээ хатны хэлсэн үгийг ухаж сайн
ойлгоогүй тул хэсэг тээнэгэлзэв. Огул Хаймиш яриагаа үргэлжлүүлэн,

- Хэдий би Католик шашинтан ч нийт Монголчуудыг өөрийн шашнаар дагуулна гэж байхгүй.
Бидний цэргүүд тэнгэрт тэтгэгдэн Католик шашинт олон хотыг эзлэн авч, олон хүнийг
өөртөө нэгтгэсэн ч, бид нэг ч ард түмнийг Мөнх тэнгэрийн шашиндаа оруулж байсан
удаагүй. Өнөө та нар бидэнтэй харьцуулахад юу хийсэн гэж бидэнд шашнаа тулгахаар ирэв.
Бидэнтэй нэгдэхийн тулд ийм өчүүхэн зорилго агуулж ирэхийн оронд танай оронд дайран
ороогүй Монголын цэргүүдийн төлөө мөнх тэнгэрт баярлаж яв. Та нар энэ мэт замаар
бидэнтэй найрамдах бус харин өөрт байгаа эд баялгаас хангалттай ихээр явуулбал тэнгэрийн
таалалд ирлээ хэмээн үзэж танай орныг тайван орхино гэв.

Ламтан хатны хэлсэн үгийг сонссоны дараа толгойгоо дээш өндийлгөж чадсангүй. Тэр
эцэгтээ загнуулсан хүүхдээс дор болжээ. Хатны хэлж байгаа үгс эм хүнээс гарахааргүй
айдастай мэт санагдах нь тэр өөрөө биш, тэнгэр энэ хатнаар дамжуулан ламтанд үг хэлж
байх шиг бодогдоно. Огул Хаймиш:

- Хаан эзнийхээ нэрийг хэл гэв. Ламтан энэ үед улам дагжин чичирч,

- Францын есдүгээр хаан Луис хэмээн арайхийн хэлэв. Огул Хаймиш хатан олон түшмэдийг
дундаас бичгийн түшмэлийг дуудан ирүүлж,

- Энэ улсын хаанд захидал илгээ. Мөнх тэнгэр надад танай орныг захируулахыг хүсч байна.
Хэрэв зөвшөөрвөл чамайг хаан суудалд чинь үлдээнэ гэж бич хэмээв.
Тун удалгүй гартаа захидал барьсаар хатны өргөөнөөс гарсан ламтан өөрийн хүмүүс, авч
ирсэн эд зүйлсээ аван санд мэнд нутаг буцлаа. Ассан гал дундаас эсэн мэнд гарч ирсэн хүн
сая ухаан санаа нь бүрэн орж, ард үлдсэн айдсыг эргэцүүлэн боддог шиг хэдэн уулын цаагуур
даван явсны дараа арай гэж амьсгалаа бүрэн авахтайгаа боллоо. Гэвч араас нь нэхэн ирж ч
болзошгүй Монголчуудаас айх айдас бүрэн арилаагүй байв. "Бид юунд итгэн энд ирсэн хэрэг
вэ. Биднээс хамаагүй өндөрт, өөрсдийнх нь хэлдгээр мөнх тэнгэрт ойрхон энэ улсын дэргэд
бид ямар болхи байна вэ? Манай Франц орон Монголчууд шиг болох болоогүй байна даа.
Тэнгэр бурхан Францыг харахаа больж, ган гачиг, тахал нүүрлүүлэн байхын учир юу билээ.
Монголын талд эзэн хаан үгүй ч, Монголын тэнгэрт бурхан байна. Харин хатны захидлыг би
хаандаа хэрхэн өгөх билээ" хэмээн гашлан бодож явлаа.

Тал нутгаас ирсэн бойтогны хамт Сорхугтани хатны явуулсан захидал ширээн дээр харагдана.
Батхаан ширээн дээрээс захидлыг аван Бэрхэд өгөөд,

- Дүү минь дуудан уншина уу гэж хэллээ. Бэрх, Батхааны гараас захидлыг хоёр гардан авч
задлаад,

- "Тал нутагт айдас нүүрлэж, таран суусан хан хөвгүүд өөр өөрийн төр улсыг байгуулж,
нэгэн цагийн их улс хэд хуваагдаж, хааны үрс шуудайд чихсэн үхрийн эвэр шиг олон тийш
харж суув. Ноёд түшмэд хэнийг дагахаа мэдэхгүй бие биеэс урван тэрсэлж, ард олон
зовлонгийн далайд унаад байгаа үнэнийг Алтан ордны улсаас сонсож буй биз ээ. Алтан
ургийнхны хөнжилдөө хөлөө олохгүй байхад, ардын сэтгэл хэрхэн тайвшралыг олох билээ.
Өнөө алтан ургийн ахмад хүн танд захидал илгээж буйн учир нь мөнх тэнгэрийн хилэнг
дарж, мөхөх учиргүй улсаа аврах, нэгэн үзүүрт сэтгэлийг агуулан, ноёдыг чуулган хуруулж,
дараагийн хаан эзнийг залах цаг болжээ гэдгийг сануулах гэсэн хэрэг. Хааны хүүгээс
бэлэвсэрч үлдсэн хатан би өнөөг хүртэл ганцаар уй гунигаа гэтлэн явахдаа ахин хүнтэй
гэрлээгүйн учир нь их хаанд амласан амлалт, мөнх тэнгэрийн дор хүлээсэн үүрэг байсан
билээ. Тэр цагт авга ах тань өөрийн хүүтэйгээ гэрлүүлэх санал тавихад би хүлээн аваагүйг
санаж буй биз ээ. Энэ бол миний мөнх тэнгэрийн өмнө хүлээсэн үүрэг байв. Алтан ургийн
хүн хэлсэн үгнээсээ буццаггүйг санаж, нэгэн цагт хэлснээ мөнх тэнгэрийн дор биелүүлэх цаг
ирснийг дуулгая. Зүчийн том хүү Бат энэ хуралдайг зарлаж, хааны голомт сахин үлдсэн отгон
хүү Тулуйн ахмад хүү Мөнхөөр Их Монголын гал голомтыг сахиулах цаг болжээ. Тэр нэгэн
өдөр Бухарад хэлж байсан Батхааны үгээр ёст хаан ширээнд сууж, ёс бус явдал арилтугай.
Хэрэв миний хүсэлтийг Батхаан зөвшөөрөх аваас Кипчакийн талд хуралдайг зарлана уу.
Алтан ордны улсад болох хуралдайг ахмад хүн Бат удирдан явуулах тул, алтан ургийнхан энэ
газрыг эс зөвшөөрсөн ч, тал нутгаас Тулуйн үрс өөрийн хүмүүсийн хамт очих болно.
Хуралдайгаар дараагийн хааныг сонгож, эсэргүүцэн босох эрсдлийг бодож их цэргийн хамт
нааш илгээнэ үү. Эсрэг талын ноёдыг нааш илгээлгүй үлдээж, хаан эзэн ширээндээ заларсны
дараа тавин явуулна биз ээ. Харин Батхаан өөрийн аюулгүй байдлыг бодолцон нутагтаа
үлдэж, төлөөний хүнээ явуулна уу" хэмээн уншлаа. Захидлыг уншиж дуусахад Батхаан:

- Сорхугтани хатны санааг ойлголоо хэмээн хэлэв. Бэрх, Сүбээдэй нар Сорхугтани хатны
захидлыг хамт сонссон тул, Батхааны саналыг хүлээж байлаа. Гэвч Бат өөр үг хэлсэнгүй.
Өргөөн дотор дахин нам гүм байдал ноёрхлоо. Хэсэг хугацааны дараа Бэрх тэссэнгүй
бололтой,
- Ах та хаан ширээнд суух ёст хаан бол Мөнх гэж хэлж байжээ хэмээн асуухад Бат:

- Хан хөвгүүдийн дундаас хаан суух гавьяатай хүн өнөө Мөнх бид хоёроос өөр үгүй биз ээ.
Хан хөвгүүдийн аян дайнаас бидний гавьяа тодорсон хэрэг хэмээлээ. Бэрх:

- Сорхугтани хатан юуны учир ганц өөрийн хүүг хаан ширээнд суулгах санал тавина вэ.
Байгуулсан гавьяаг нь үзсэн ч Бат ах та түүнээс дээгүүр бус уу хэмээхэд

Батхаан:

- Сорхугтани хатан тал нутагт айдас түгшүүр хэрээс хэтэрч, төр улс эзэнгүйдэн ганхаж,
түмэн олон үймэн сандарч байгааг надад мэдээлэн, эрт цагаас хүлээн зөвшөөрөгдсөн алтан
ургийн хүн гэдгийг минь сануулж, энэ бойтгийг илгээсэн нь ахмадын хувиар шийдвэр гарга
гэж хэлсэн хэрэг биз. Харин Батхааны хүслээр ёст хаан ширээнд сууж, ёс бус явдал арилтугай
гэсэн нь, алтан ургийнхнаас хаан ширээнд суух ёстой хүн бол түүний хүү Мөнх гэж хэлсэн
миний үгнээс үүдэн өөрийн санаагаа хэлсэн хэрэг. Алтан ургийнхан амнаасаа буцах учиргүй
тул би хэлсэндээ хүрэх ёстой хэмээв. Өмнөх ширээн дээр байгаа хос бойтгийг хараад Бат:

- Сорхугтани хатан надад үүнийг илгээснээр ганц байсан сэтгэлийг минь бүтэн болгож
өгсөн мэт дотор уужрах шиг боллоо хэмээлээ.

Их Монгол улсын эзэн хааны суудал эзгүйрч, Монголын тал нутагт эрх мэдлийн төлөөх дайн
дэгдлээ. Алтан ураг гэсэн нэгэн том модноос салаалан ургасан мөчир нахиа бүхэн өөрийгөө
бүгдийн үндэс гэж биеэ тоон дураар авирлаж, хаант төр хэд хэд хуваагдах аюул хэдийнээ
нүүрлээд эхэлжээ. Дараагийн ор залгагчаа нэрлэж амжилгүй мөнх тэнгэрт буцсан Гүюг
хааны үр хүүхдүүд өнөө өөр өөрийн хаант улсаа байгуулжээ. Хаант төрийн ихэс дээдэс учир
нь үл олдох хэрэг явлын талаар дотроо таамаглан өвөр зуураа чимээгүйхэн ярилцана.

- Огул Хаймиш хатан дараагийн хаан ор залгагчаар өөрийн хүүг бус Өгөөдэй хааны ач хүү
Ширмэнг суулгахаар шийдсэн байна гэхэд:

- Энэ хатан хөвгүүдээсээ хаан ширээнд суулгахгүй байгаа нь ямар учиртай юм бол?

- Өгөөдэй хаан түүний зүүдэнд ирж, өөрийн үгийг сануулаад буцахдаа Ширмэнг хаан ор
суулга гэж хэлсэн гэнэ.

- Огул Хаймиш хатан хүүгээ хаан ширээнд суулгахгүй байгаа нь цөвүүн цаг ирэхийг
урьдчилан харж хүүгээ хорлогдохоос эмээсэн хэрэг биз ээ гэхэд,

- Энэ хэцүү цагт тэнгэрийн тааллыг олоогүй хүн хаан суувал хэрхэх билээ хэмээн эмээж
байна.

- Үгүй дээ Монголчуудыг тэнгэр бурхан орхих болоогүй. Сайхан цаг ирэх болно гэж
ярилцана.

Энэ мэт яриа өдөр ирэх тусам газар авч, их эзэн Чингис хаанаас хойш тал нутгийн хөрсөн
дээр хаврын яргуйд шиг мэндэлсэн ач үрсийнх нь дунд "Би ч хаант төрийн тамгыг гартаа авч
болох юм байна" гэсэн нууцхан хүсэл төрүүлээд амжжээ.

Тэнгэр болсон хаан Гүюгийн хөвгүүд болох Хожа, Нагу нар эхээсээ тусгаарлан өөр өөрийн
ордыг байгуулан, өөрсдийгөө төрийн тэргүүн хэмээн нэрийдэж нэгэн дор Монгол төр гурван
тэргүүнтэй болов. Тэд эхийгээ өөрсдөд нь бус, Өгөөдэйн ач Ширмэнд хаан ширээг өгөх
санаатай байгааг мэдээд эхийнхээ эсрэг харан суужээ.

Хэрхэхээ мэдэхгүй сайд түшмэд үймэлдэн нэгэн зэрэг төр барьж буй гурван хүний аль зөв
зүйтэй гэсэн талд үйлчилж, төрийн сайд түшмэд ч гурван хэсэг хуваагдаад байв. Орд
өргөөгөө засч, хаант төрийн эзэн хэмээн өөрийгөө зарласан Нагу ханхүүгийн өргөөнд хаант
төрийн хэдэн сайд түшмэд байв. Нагу өөрийг нь даган ирсэн сайд түшмэдэд хандан,

- Өгөөдэй хаан өвгийн үед худалдаачдын арилжаа наймаан дээр арван хувийн шан харамж
өгч байсныг сэргээн арилжаа наймаан дээр нь арван хувийн шан харамж өгч, торгоны замын
худалдаачдыг өөртөө татвал талын Монголчууд бараа таваар элбэг дэлбэг болж, тааваар
амьдрах боломж гарлаа хэмээн биднийг зорих бус уу хэмээн асуухад, цугласан сайд
түшмэдийн дундаас нэгэн настай түшмэл,

- Арван хувийн шан харамж нэмж өгөхөд хүрвэл хааны сан хоосорч дуусах тул хэрхэвч
болохгүй болов уу хэмээв. Нагу:

- Тэгвэл албат иргэдээс авдаг татварын хэмжээг ихэсгэе гэв. Өөр нэг түшмэл,

- Тэдний татварын хэмжээ чинээндээ тулсан болохоор бидэнд татвар өгч чадахгүй сөхрөн
унах нь дамжиггүй. Харин малчдаас бид өнөөг хүртэл ганцхан хувийн татвар авсаар ирсэн
гэв. Нагу нүд нь сэргэн мөнөөх түшмэлийг сайшаасан харцаар хараад,

- Тал нутагт идээшин бэлчиж, өөрөө өсч байдаг мал сүргийн эздээс ганцхан хувийн татвар
авч байсан нь үнэндээ хаан эзний алдаатай шийдвэр байсан бус уу. Энэ татварын хэмжээг
арван хувь болгон өөрчилье хэмээв.

Нагу төрсөн цагаасаа хойш эзэнт гүрний баян тансаг амьдралын дунд эрх дураараа өссөн хүн
тул амьдралын хүнд хатуу, зовлон бэрхшээлийн тухай сайн мэдэхгүйн дээр нас залуу байв.
Настай түшмэл Нагуд учирлан,

- Ханхүү минь бид дур мэдэн энэ шийдвэрийг гаргах боломжгүй. Хаант төрийн хасбуу тамга
хатан эхийн чинь гарт байгаа тул бидний зарлиг хүч төгөлдөр бус болно. Амаар алсан анг
өвчиж хэрхэн болох билээ гэв.

Нагу түшмэлийн үгийг сонсон уурсаж газарт дэвсэллээ.

- Хатан эх өөрийн хөвгүүдээ хүн гэж үл тоон, Хүчүгийн хүү Ширмэнг хаан суулгах гэж
улайран байгааг харж сууж тэвчихгүй нь. Уур минь барагдаж, уушиг минь урагдаж байна гээд
хашхирлаа.

Өөрийн зоргоор авирлах хүн зөвхөн Нагугаар зогссонгүй, Гүюгийн өөр нэгэн хүү Хожа ч
хаан болох хүсэлтэй байлаа. Хожа, Нагуг бодвол багаас эрдэм номын дуу сонсон, эмэг эх
Дөргөнө хатны хамтаар Даогийн сүм дуганыг дэмжин сургаал, номлолыг нь даган өссөн
ажээ. Гэвч өөрийг нь хүн гэж үл тоон, өрнөөсөө унасан хүүхдэд бус, өөр хүнд хаан ширээг
өгөх гэсэн эхийнхээ саналыг дэмжихгүйдээ эсэргүүцэн боссон байв.

Балхаш нуурын эрэг дээрээс нүүдэллэн Хархорумд ирсэн Огул Хаймиш их хатны өргөөнд
өдгөө хоёр, гурав хуваагдсан төрд хаачихаа мэдэхгүй төөрсөн төрийн зарим ихэс дээдэс, сайд
түшмэд цугласан байв. Тэдний дунд бас нэгэн эмэпэй байсан нь Өгөөдэй хааны тэнгэр
болсон хүү Хүчүгийн эхнэр Хадагч байв. Огул Хаймиш хатан ихэд бухимдалтай сууна. Тэр
гартаа барьсан цаасыг өргөн:

- Миний хүү Нагу надад үүнийг илгээжээ. Тал нутгийн амь амьдрал бол мал сүрэг. Их эзэн
Чингис хааны үеэс мал, малчдыг тэтгэн дэмжих бодлого явуулж, тэднээс авах татварыг
чөлөөлж ганц хувь болгосон. Энэ зарлигийг хэн ч, хэзээ ч зөрчиж байсан удаагүй. Харин
өнөө миний үр хүүхдүүд дур мэдэн өөрчилж, төрийн тамга дарахыг тушаан илгээсэн байна.
Би энэ бичгийг хараад, төрсөн хөвгүүдээ эхийн эсрэг дураар авирлан байгаагийн учрыг үл
ойлгохдоо гайхан бачимдаж сууна гэв.

Сайдуудын дундаас нэгэн сайд хоолойгоо засан,

- Хөвгүүд өөр өөр зүгт харан суусан нь хатан таныг өнөө өөрийн хөвгүүдээс бус, Хүчүгийн
хүү Ширмэнг хаан ор суулгах гэсний учир ингэж байгаа хэрэг гэв. Хүчүгийн эхнэр Хадагч
Огул Хаймишийн зүг айсан нүдээр харж,

- Хатан таны гарт байгаа төрийн тамганд эзэн суух хүсэл хүн бүрийн зүрхэнд ассан гал шиг
дүрэлзэж байгаа нь айдас хүргэнэ. Өнөө би Ширмэн хүүгийнхээ өмнөөс эмээн сууна гэж
хэллээ. Огул Хаймиш:

- Миний хөвгүүд бага залуу байна. Амьдралын үнэн учрыг өнөө болтол гүйцэд ойлгоогүй
байж, төрийн учрыг олно гэж хаана байхав. Өнөө малчдаас татвар авъя гэж хэлж байна.
Монголчууд бусдын газар орныг өөрийн хүчээр байлдан эзэлж, хүчээ зузаатгаж байснаас
өөрийн өврийг ухаж байсан удаагүй. Өгөөдэй хаан амьд сэрүүндээ нэр заан өгүүлж байсан
Ширмэн өдгөө нас ухаан сууж, төрийн хэргийг залан явах оюун бодол төгөлдөр болсны тул
би ингэж шийдсэн атал миний хөвгүүд өөр өөрийн зүгт харан сууж эх миний үгийг эс тоолоо.
Би эх хүний ёсоор өөрийн үр хүүхдэд хаан ширээ залгуулахыг хүсэхгүй яах билээ. Гэвч миний
хүүхдүүд хааны үр хэдий ч хаан ширээ залгах ухаан, хүч дутуу нь миний муугаас болсон
хэрэг. Ширмэнг хаан өргөмжилье гэж хэлэх төдийд тэд эхээсээ буруу харан сууж, өөр өөрийн
дураар аашлах боллоо. Ингэж аашилж дураар авирлан байгаа хүмүүс их төрийн эзэн болоод
чухам юу болох вэ хэмээн Огул Хаймиш хатан арга ухаанаа баран өгүүллээ. Мөнөөх сайд
намуун дуугаар,

- Хаан төр эзэнгүй удаж болохгүйн тул хатан даруй шийд гаргаж дараагийн хааныг нэрлэн
хуралдай зарлуулах цаг болсон болов уу хэмээв. Огул Хаймиш хатан:

- Бид хуралдай зарлах цаг болсон. Нэг эхээс төрсөн ч нэг дээвэр дор нийлдэггүй тэдэнтэй
нүүр тулан ярилцах цаг болж. Тэр нэг өдөр Чингис хаан дараагийн ор залгагчаа хэлэлцэж
байхад Зүчи, Цагаадай нар хоорондоо ам муруйж эртний явдлыг сөхөн байсан ч Чингис хаан
шийдвэрээ гаргаж, тэдний хэнд нь ч бус Өгөөдэйд хаан ширээг үлдээж байсан бол өнөө
ингэж муудалцах хүмүүс тэднээс ч олон болжээ. Энэ маргааныг шийдэх хүн хэн билээ.
Ахмад хүн Батаас дэмжлэг авахыг хүссэн ч тэр бидний талд байх эсэх нь эргэлзээтэй. Хэрхэх
билээ хэмээв.

Сорхугтани хатан орд өргөөндөө хүү Мөнхийг дуудуулсан байв. Хатны өмнөх ширээн дээр
хуйлаастай гурван тусдаа цаас харагдана. Сорхугтани Мөнхийн орж ирэхийг хараад тэднийг
дэлгэн хүүдээ өгч уншууллаа. Мөнх тэдгээрийг нэг нэгээр нь гүйлгэн уншиж, эргүүлж
тойруулан хараад,

- Нэг газарт очсон гурван өөр зарлигийн бичиг байх чинь гэж хэлэв. Сорхугтани хатан
толгой дохиж, Мөнхийн гарт байгаа бичгийг заан,

- Эзэнт улсаас нэг газарт хүргэгдэн очсон зарлигийн бичиг. Гэвч гурвуул нэг юмны тухай
өөр өөр зүйлийг өгүүлжээ. Харьяат албатаас авах татвар болоод, газар орныг нь захиран суух
шинэ эзнийг томилсон гурван өөр томилолт, зарлиг тул тэд хэрхэхээ мэдэхгүй надад үүнийг
илгээжээ хэмээв.

Хаант төрийн нэрийн өмнөөс эзэнт гүрний зах хаяанд суугаа албатуудад хүргэгдэн очсон энэ
бичигт тухайн газар орныг захиран суух шинэ эзнийг томилон гурван өөр хүнийг илгээж,
албат ардаас авах татварын хэмжээг гурван өөрөөр заасан байв. Мөнх дахин зарлигийн
бичгийг уншиж дуусахад эх нь:

- Хэбэйд суугаа албатууд хүлээн авсан зарлигийн бичгээ ухан ойлгохгүйн улмаас надад
илгээсэн байна. Цагийн байдал ороо бусгаа болж, төр улс гурав хуваагдлаа. Дахиад хэд ч
хуваагдах аюул нүүрлээд байна хэмээв.

Мөнх эхийн үзүүлсэн зарлигийн бичгүүдийг ширээн дээр буцаан тавиад,

- Хаан өвгийн байгуулсан улсыг ингээд тарааж

болохгүй. Нэгдэн нийлүүлэхгүй л бол салж бутрах нь амархан тал нутгийнхныг тогтоон
барих хүч хэрэгтэй гэхэд, Сорхугтани хатан:

- Хүү минь, чиний хэлдэг үнэн. Хүчтэй болохоор хүн цуглаж ирдэг. Батхаанаас өнөө хариу
ирээгүй байна. Гэвч бид түүний дэмжлэгийг авбал хүчтэй болно гэж дангаар ойлгож
болохгүй. Хэрхвэл хүчтэй болох вэ гэвэл олон хүний сэтгэлийг татах нь чухал хэмээв. Мөнх
нэгийг бодов бололтой,

- Тэр нэгэн цагт их хаан өвөг Туулын хар шугуйд очиж Ван хан Тоорилд хар булган дах өгч
сэтгэлийг нь татаж байсан. Ван хан, хар булган дахны чинь хариуд хагацсан улсыг чинь
хурааж өгье хэмээн хэлсэн бус уу гэхэд, Сорхугтани хатан:

- Ван хан дараа нь хэрхсэн билээ. Хаан эзнээс буруу харсан. Энэ нь түүний сэтгэл гүйцэд
татагдаагүйн илрэл биш үү. Бэлэг сэлтээр хүний сэтгэлийг нэг удаа татаж болно. Харин
хүчээр хүний сэтгэлийг нэг хэсэгтээ тогтоон барьж болно. Хаан өвөг чинь авга ах Алтан
Хучар нарыг хэрхэн өөрийн дэргэд хүчээр тогтоон барилаа. Гэвч тэд нэг их удалгүй цааш
харан явсан гэв.

- Тэгвэл хүний сэтгэлийг гүйцэд татах зүйл юу байх вэ? хэмээн Мөнх асуулаа.

- Их эзэн хаан энэ үед ухаантай, үнэнч хүмүүсийг олж авсан. Тэр өөртөө үнэнч албатуудыг
бий болгосон. Чингис хааны есөн өрлөг жанжид хаан эзнээс урваж байсан удаагүй. Хүний
сэтгэлийг гүйцэд татах зүйл бол ухаан юм хүү минь гэхэд,

- Ээж минь та үнэн үг хэллээ. Мөнгө хөрөнгөөр хүний сэтгэлийг нэг удаа худалдан авч
болно. Хаан өвөг энэ алдаагаа ухаарч дараа нь хүчээр захирч болно гэж бодож.

Гэвч тэр өөрийн алдааг дахин ойлгож, ухаанаар мөнхөд захирах үнэнийг олжээ хэмээн эхдээ
хэлэв.

- Харь дайсанд хүчтэй, хамаг ардад элбэрэлтэй байх нь хаан хүний эрхэм шинж юм гэж их
эзэн хаан хэлдэг байсан юм.

- Ээж та, эзэн Чингис хааны алдаа оноог хэлсэн нь намайг ухааруулж, өвөг эцгийн давуу
талуудыг таниуллаа. Их хааны ухааныг өнөө би ээж танаасаа олж харлаа хэмээв.

Мөнх өөдөөс нь хараад сууж байгаа эхийнхээ санчигны үс бууралтаж эхэлснийг анзаарлаа.
Өөрт заяасан гоо үзэсгэлэн, оюун ухаанаараа нэгэн цагт шагшуулж явсан эх нь цаг хугацааны
эрхээр нас нэмэн буурал сууж, урьдын сайхан нүд нь бага зэрэг сэлхийж, зовхинд нь олон
үрчлээс суусан байгааг анзаарав. Мөнх эхийгээ харж суухдаа цээжин цаанаас нь халуун зүйл
огшин дээшлэх мэт болж, аньсага чийгтүүлж орхиод, буцан уужрахыг мэдрэв. Мөнх "Гоо
үзэсгэлэн гэдэг нэгэн цагийн үзэх нүдний баясал бизээ... оюун ухаан гэдэг нэгэн насны
амьдрах замын үнэн биз ээ" хэмээн бодлоо.

Алтан ордны улсын эзэн Батхааны өргөөний гадаа олон хүн байв. Ихэнхдээ сайд түшмэдийг
дагалдан явагсад, хэвтүүлүүд бололтой. Тэд хоорондоо үг эс ярих ажээ. Хааны орд өргөөг
бүчин хүрээлэх, үүрэг авсан харуулууд нүд цавчих чөлөөгүй, нэг гартаа жад барьж, нөгөө
гартаа бамбай барьсан харагдах нь хааны орд өргөөн дотор ихэс дээдэс цугласан болохыг
илтгэнэ.

Батхаан өргөөнд цугласан олон сайд түшмэд цэргийн жанжиддаа хандан,

- Бид Алтан ордны улсдаа амар жимэр амьдран суугаа ч, тал нутагт үймээн самуун газар
аваад байна. Тун удахгүй бидний амар жимэр амьдрал ч талаар болох аюул нүүрлэсэн тул,
нэгэн цагт хураасан газар нутгийг нөгөө цагт хуваан өгч болохгүйн учир та бүхнийг
дуудууллаа. Хаан суудал эзэнгүйдэж, хамаг олон үймэн сандарч байгаа энэ цагт бид зүгээр
суух учиргүй хэмээн өгүүлэв.

Өргөөнд цугласан ихэс дээдсийн дундаас Бэрх жанжин:


- Бид өөрсдөө тал нутагт очиж тайван байдлыг тогтоох учиртай. Өнөө бид цэргийн хүчээр
тэднийг тогтоон барьж, шинэ хааныг тодруулж болно. Алтан ургийн, их хааны ууган хүүгийн
үрс бид энэ удаад төрийн эрхийг гартаа оруулж, алтан ургийн ахмад хүн Бат ах таныг хаан
ширээнээ залан, түмэн олноо түвшитгэх нь зөв бус уу. Биднийг дийлэх хүчин тал нутагт үгүй
хэмээн өөрийн бодлоо хэлэхэд Батхаан:

- Уулын хүн ууландаа жаргалтай, талын хүн талдаа жаргалтай. Энд би эцгийн голомтыг
сахин үлдэх учиртай. Сорхугтани хатан надад захидал илгээн, өөрийн хүсэлтээ илэрхийлсэн
тул нэгэн цагт түүнд хэлж байсан үгэндээ хүрч хүү Мөнхийг нь хаан суулгах санаатай байна.
Алтан ургийн хан хөвгүүдийн дотор авьяас билэг төгөлдөр хүн бол өнөө Мөнхөөс өөр үгүй.
Тэр гавьяатай нэгэн. Тиймээс Сорхугтани хатны хэлсэнчлэн хуралдайг энд явуулья. Алтан
ургийнхан ахмад хүнээ хүндэтгээд Алтан ордны улсад минь ирэг гэлээ. Сүбээдэй баатар
буурал тэргүүнээ өргөж,

- Өгөөдэй хаан тэр цагт ахмад хөвгүүдийн аян дайныг эхлүүлж байсан нь алтан ургийн хан
хөвгүүдийн дундаас өөрийн гавьяаг харуулах ирээдүйн хүчирхэг хаан эзнийг олж харах гэсэн
хэрэг байсан. Энэ дайнд оролцсон ахмад хөвгүүдийн гавьяа зүтгэлийг харгалзан үзэх
учиртай. Хатны хүү Мөнх өөрийн гавьяаг бидэнд харуулсан билээ. Тэгээд ч тэр хааны голомт
залгах Тулуйн том хүү. Өгөөдэй хаан амьд сэрүүндээ түүний нэрийг дараагийн хаан ор суух
хүнээр нэрлэж байсан зэргийг харгалзан үзвэл татгалзах хүн гарахгүй биз ээ хэмээв. Батхаан:

- Тулуй эцэг нь магад энэ үйлсийн төлөө хааны өмнөөс золио болон одсон биз ээ. Ноёдын
хурлыг Алтан ордны улсад Ишгэн хөл нуурийн эрэг дээр хийе. Хуралдайн зарыг тал нутагт
хүргэж, алтан ургийнхны сонорт илгээ хэмээн зарлигдав.

Тун удалгүй Их Хуралдайн зар тал нутагт тарж, алтан ургийнхан, ихэс дээдэс дор бүрнээ энэ
мэдээг хүлээн авлаа.

Ишгэн хөл нуурын эрэг дээр болох хуралдайн зар алтан ургийнхны сонорт хүрсэн даруй тал
нутагт өөр өөрийн улсыг байгуулан дураар авирлаж суусан Цагаадай, Өгөөдэйн удмынхан
үймж эхэлжээ. Өнөө цагт хамгийн хүчирхэг хүн хэвээр байгаа Батхааны Ишгэн хөл нуурын
эрэг дээр зарласан хуралдайд очих эсэхдээ эргэлзэн, хэрэв очихгүй бол хаант төрийг алдаад
зогсохгүй, амь насаа ч алдаж болох аюул нүүрлэн буйг дор бүрнээ ухаарсан тул бие биеэсээ
тусгаарлаад байсан хүмүүс эргэж нэгдэн, нэгэн дор цуглан хэлэлцэхэд хүрлээ.

- Их эзний язгуур нутаг, Монгол төрийн нийслэл, бидний гал голомт энд байхад очиж очиж
Кипчакийн талд бид очих уу хэмээн Цагаадайн хүү Хар Үлэх цухалтайгаар өгүүлэхэд
Гүюгийн хүү Нагу:

- Алтан ордны улсаа л алдчихгүй захиран суувал барав бус уу. Энэ хөгшин төрийн хэрэгт
дэндүү оролцон алтан ургийнхны эцэг гэж өөрийгөө төсөөлөхийн хэрэг юу билээ хэмээн
уурсан байв. Гүюгийн өөр нэг хүү Хожа, Нагугийн энэ яриаг өөр хүн сончих вий гэсэн шиг
хаалга руу харж, орчноо анзаараад,

- Батхаан нас явж, бие алжаасан тул нүүдлийн явдал даахгүй биднийг Алтан ордны улсад
дуудуулсан хэрэг биз. Тэгэхэд нас өндөр авгаа ингэж хэлж суух нь буруу бус уу гэж хэллээ.
Цагаадайн хүү Хар-Үлэх, Хожаг эсэргүүцэн,

- Гурван мэргэдийн удамд өөд гарч байсан түүх байхгүй. Одоо төрийн байдал ороо бусгаа
байгааг далимдуулан Бат хүслээ гүйцээж өөрөө хаан ширээнд суухаар санаархаж байна.
Тиймээс бид Кипчакийн талд очих хэрэг юу билээ. Эсэргүүцэн буйгаа илэрхийлж, эндээ сууя
гэлээ. Хожа:

- Гурван мэргэдийн удам гэж юугаа дэмийрээд байгаа юм. Батхаан өнөө ч биднээс хүчтэй
хэвээр байгаа. Тэр цэрэглэн хөдөлбөл хүчээр биднээс төрийн эрхийг авч чадна. Тиймээс
хожим хар толгойг харван ирэх аюулаас сэрэмжлэн хуралдайд очсон нь зөв бус уу хэмээлээ.

Хожатай зэрэгцэн сууж байсан Нагу, Хожагийн толгой руу ёворч,

- Энэ муу урвагчийг хараач. Одоо байтлаа өөрийн зорилгоос хазайж, нөгөө талд ая тал засах
санаатай. Хар багаасаа ном шагайж, гөлрөн суусан хүн ингэж номын солио тусдаг гэж хөхүүл
эх минь хэлдэгсэн. Чи солио туссан бус уу гэхэд Хожа, Нагугийн үгэнд тэссэнгүй бололтой,

- Би эргүү юу, чи эргүү юу гэж хэлээд босон ирлээ.

Тэр хоёр заамдалцан гэр дотор их зодооныг үүсгэв. Энэ хэрүүл ч биш, хэлцэл ч биш байдал
удтал үргэлжилсний эцэст Цагаадайн хүү Хар Үлэх:

- Бид Батад итгэн хуралдайд очиж болохгүй. Тэр цагт Гүюг хааны өөдөөс их цэрэг аван
хөдөлж байсныг мартаа юу. Хаан эзэнд тохиосон гашуун үнэн бидэнд ирэхийг үгүйсгэх
аргагүй бус уу гэлээ.

Хуралдайн чимээ тал нутагт тарснаас хойш хэдэн долоо хоног өнгөв. Алтан ургийн ахмад хүн
Батын зарласан хуралдайг хүлээн зөвшөөрч алтан ургийнхан очих эсэхээ шийдэн байв. Ишгэн
хөл нуурын эрэг дээр болох энэ хуралдайн зарыг хүлээн авсан даруй Хубилай Хэбэй мужаас
Хархорумд иржээ. Гурван голын саваас Аригбөх, Хүлэгү нар ирж, тэд цөм Орхон голын
хөвөөгөөр нутаглаж байгаа Мөнхийн өргөөнд цугларчээ. Мөнх өргөөний хойморт хатан эхийн
хамт заларна. Сорхугтани хатан:

- Батхаан Алтан ордны улсад Хуралдай зарлаж, алтан ургийнхныг дуудуулсан ч хан хөвгүүд
очих эсэх нь эргэлзээтэй байна. Харин хөвгүүд та нар энэ хуралдайд очих ёстой. Би Батад
алтан ургийн ахмад хүн гэдгийг нь сануулан хэлэхдээ өөрийн санаагаа давхар илгээсэн тул
хуралдай Тулуйн үр садгүйгээр болох учиргүй хэмээвэй. Хөвгүүдийн дундаас Хубилай:

- Алтан ургийн хан хөвгүүд Кипчакийн талд очихгүй гэж ярилцаж байна. Бид хан
хөвгүүдээс тусгаар хуралдайд очих аваас алтан ургийнхны дунд үл ойлголцлын эхпэлийг
тавьж болно хэмээв. Сорхугтани хатан:

- Батхааны зарласан хуралдайд Тулуйн үр хүүхэд очих нь буруу хэрэг юу билээ. Гэвч алтан
ургийнхан дунд их маргааны эхлэл тавина хэмээн сэрэмжилж байвал, хуралдайд очих
шалтгаа бид зөв гаргах хэрэгтэй. Ээж нь Батад захидал илгээхдээ энэ талаар бодсон. Бидний
эндээс хөдлөх шалтгаан нь нэгд Батын өвчтэй эсэхийг мэдэх, хоёрт нас өндөр ахдаа
хүндэтгэл үзүүлэх зорилгоор явж байгаагаа мэдэгдэнэ. Хааны оронд хаан болон одсон
эцгийнхээ төлөө, их хааны үйл хэргийг үргэлжлүүлэх хүн хөвгүүд минь та нар мөнөөс мөн.
Одоо цаг нь болж. Мөнх хүү минь чи дүү нараа авч, Алтан ордны улс руу яаравчлан хөдөл
хэмээв.

Алтан ордны улсад болох ноёдын чуулганы мэдээг авсан Огул Хаймиш хатан хан хөвгүүдээ
дуудуулсан байлаа. Өнөө өөр өөрийн улсаа байгуулан эхээсээ буруу харж суусан хөвгүүд арга
буюу эхийн өргөөнд бараалхан иржээ. Хэзээ мөдгүй өөрсдөөс нь шалтгаалахгүйгээр хуралдай
чуулж, шинэ хаан эзэн сэнтийдээ залрах цаг ирнэ гэхээс тэд эмээсэн хэрэг байлаа. Хуралдайд
очих эсэхээ шийдэж ядан байсан хан хөвгүүд сая эхтэйгээ зөвлөхөөр ирж, туурга тусгаар бол
тус тусын дайсан болдог үнэнийг ойлгон нэгджээ. Огул Хаймиш хатан Хожа, Нагу хоёрыг
ээлжлэн хараад,

- Бид өвөр зуураа учраа эс олон суухад, Бат Алтан ордны улсдаа хуралдай зарлаж, хаант
төрийн дараагийн эзнийг сонгох зарыг тараалаа. Хэзээ мөдгүй дараагийн хаан ширээндээ
заларч, бид хэн ч биш болон газрын хөрсөн дээрээс арчигдах аюул нүүрлэж байна хэмээхэд
Нагу:

- Энэ бол эх танаас болсон хэрэг. Өнөөг хүртэл хөвгүүдээсээ буруу харан суусан ээж таны
алдаанаас үүдэлтэй хэмээн ууртайгаар хэлэв. Огул Хаймиш хатан хөвгүүдээсээ,

- Тэгвэл одоо ч оройтоогүй байна. Та хоёрын хэн нь хаан болох вэ хэмээн асуухад хөвгүүд
эхийн үгийг сонсоод чихэндээ итгэсэнгүй хэсэг тээнэгэлзэн байснаа сая Нагу, Хожагаас
түрүүлэн,

- Би том хүү учир хаан болох учиртай. Ээж та намайг хаан ор суух хүн хэмээн зөвшөөрнө үү
хэмээхэд Хожа:

- Насны ихээр хаан болдоггүй, ухааны ихээр хаан болдог бус уу. Надад эмэг эхийн хамт
дуулж сонссон эрдэм ном, ухаан билэг, ардыг засах арвин их туршлага бий хэмээв.

Хөвгүүдийнхээ хаан ширээний төлөө бие биенээ үгүйсгэн байгааг харсан Огул Хаймиш
хатан сэтгэлээр унав.

- Та хоёр өөрсдийгөө хар. Хаан болохын төлөө бие биеэ өнөө үгүйсгэн байгаа хөвгүүддээ би
хэрхэн итгэх билээ. Та нар ухаан суугаагүй балчир атал хаан ширээний төлөө юунд улайран
байна вэ. Хаан ширээ гэдэг ухаантай хүнд хүсэх зүйл мөн ч, ухаан муутай хүнд үхэх аюул авч
ирдэг. Эх хүн үрээ тэнэг мулгуу, ухаантай сэцэн алин байлаа ч өөрөөс унасан учир хайрлан
өсгөдөг. Би та хоёрыг хаан ширээний төлөө бие биеийнхээ цусыг урсгахаас, хаан ширээнд хэн
нэг нь суулаа ч хэзээ нэгэн өдөр амиа алдахаас эмээж байна. Надад үр хүүхэд минь хэрэгтэй
тул би ингэсэн хэрэг. Та хоёрын яг энэ байдал шиг урьд нэгэн цагт Зүчи, Цагаадай авга нар
чинь муудалцан байсныг сана. Тэгэхэд Чингис хаан олон толгойтой могойн үлгэрийн ярьж
байсан. Олон толгойтой нэг сүүлтэй могой хааш явах тухайгаа шийдэж чадахгүй толгойнууд
нь хоорондоо хэрэлдэж, өөр өөрийн зүгийг заан байсаар өвлийн хүйтэнд орох нүхээ олохгүй
хөлдөж үхсэн бол, ганц толгойтой олон сүүлтэй могой дулаан газрыг олж өвлийг эсэн мэнд
давсан тухай үлгэр байдаг гэв.
Хожа, Нагу хоёр өнөө өөрсдийн алдааг өвөг дээдсийн жишээн дээрээс сонслоо. Тэдэнд цааш
маргах хүсэл байсангүй. Харин хэлэлцэх нэг асуудал үлдсэн байлаа. Хожа:

Бид Кипчакийн талд очих, эс очихоо зөвлөх хэрэгтэй хэмээв. Огул Хаймиш хатан:

- Бидний очих, эс очихоос шалтгаалах хэрэг биш. Тэнд болох хуралдайн шийд яавч Гүюгийн
үрсэд сайнаар тусахгүй болов уу. Бид дэндүү их цаг алдаж хэмээв. Хожа:

- Очихгүй эндээ суувал эсэргүүцсэн болно, очих аваас бидний талд шийдэгдэхгүйн дээр
бидний амь насанд аюултай тул очсон очоогүйн дундуур өөрийн төлөөний ноёдыг явуулъя
гэв. Нагу:

- Эндээс Сорхугтани хатны хөвгүүд Алтан ордны улс руу хөдлөх гэж байна. Тэд Батын
өвчтэй эсэхийг мэдэж ирье хэмээсэн байна гэхэд Огул Хаймиш хатан:

- Хожагийн хэлдэг зөв. Бид очихгүй эндээ суух хооронд хэрэг явдал шийдэгдэж өнгөрнө.
Бидэнд чих хэрэгтэй тул тэднийг өнгөн дээрээ дэмжиж Сорхугтанийн хөвгүүдтэй хамт хүн
явуулъя. Хуралдай болсон ч, болоогүй ч бид эндээ эрх мэдлийг хамгаалж суух учиртай гэв.

Бие биеийн эсрэг харж суусан хөвгүүд анх удаагаа эхтэйгээ зөвлөлдлөө. Тэд Сорхугтани
хатны хөвгүүдийг дагалдуулан төлөөний хүмүүсээ явуулж, өөрсдөө эх нутагтаа, эрх мэдлээ
хамгаалан үлдэхээр шийдсэн байв.

Хэдэн долоо хоногийн дараа Алтан ордны улс дахь Батхааны эзэмшил газарт ноёдын чуулган
эхлэв. Энэ хуралд Өгөөдэйн үеэл Хадан, Цагаадайн ач Хар Үлэхү, болон Тулуйн хүү Мөнх,
Хубилай, Хүлэгү, Арибөх нарын хан хөвгүүд, Чингис хааны отгон дүү Отчигон ноёны ач
Тачар, Чингис хааны эх нэгтэй дүү өнөө хэр амьд сэрүүн Бэлгүдэй ноёны хөвгүүн Есөн буха
зэрэг алтан ургийнхан хүрэлцэн ирсэн байв. Алтан ургийн зарим хан хөвгүүд ирээгүй ч,
ихэнх нь цугласан болохоор ноёдын чуулганыг эхлүүлж, Их Монголын төр эзэнгүйдэж, түмэн
олон үймэн сандарч байгаа энэ үед төрийн алтан жолоог хэний гарт атгуулах тухай
ярилцахаар мэргэн сайд түшмэд, алтан ургийнхан, ихэд дээдэс нэг дор цуглан хуралдаж
эхэллээ. Хурлыг ахмад хүний хувиар Батхаан ахлан явуулав.

- Алтан ордны улсад ноёдын хуралдайн зар тараасан нь нас минь өндөр болж, замын явдалд
бие чилээрхэх болсноос үүдэлтэй. Гэтэл зарим хан хөвгүүд миний хүслийг хүлээн авч
хуралдайд ирсэнгүй. Гэвч намайг хүндэтгэдэг алтан ургийн хан хөвгүүд, ихэс дээдэс, сайд
түшмэд, өвөг хаадын үед үнэнчээр зүтгэж байсан төрийн эрхэм зүтгэлтнүүд ирсэн тул
ноёдын хурлыг нээж дараагийн хаан ор залгах хүнийг томилон хэлэлцэж тогтох саналтай
байна. Харин одоо ахмадын үгийг эхэлж сонсдог тал нутгийн заншил ёсоор их эзэн хааны
үеэс Их Монголын төрд үнэнчээр зүтгэн ирсэн Сүбээдэй жанжны үгийг сонсох нь зүй болов
уу гэж хэллээ. Сүбээдэй баатар:

- Гурван хааны нүүр үзсэн би нас өндөр болсон гээд төрийн хэргээс хойш суух эрх үгүй
билээ. Хаан хүн гэдэг ертөнцийн сайн мууг үзэж, хамаг хэрэг явдлын гавьяа, зовлонг амсан,
эзэнт гүрний уудам нутгаар олонтаа цэрэг захиран явсан, оюун билэг төгс, холч мэргэн
хараатай нэгэн байвал зохино. Мөнх тэнгэрийн ивээлээр хан хөвгүүдийн дотроос тийм
нэгэн хүүг нэрлэж, хаан ор суулгах аваас буурал болсон би хаан эзний араас мөнх тэнгэрт
очих цагт хэлэх үгтэй буцах билээ гэж хэлээд суудалдаа суулаа. Хуралд ирсэн хүмүүс өөр
өөрийн саналыг хэлэн, өвөр зуураа ярилцаж байв. Олныг яриагаа намдаахыг анхааруулаад
Батхаан:

- Сүбээдэй баатрын хэлсэнчлэн хаан ор сууж, төрийг засч чадах хүн миний санахад Чингис
хааны ач хүү, Тулуй ноёны том хүү Мөнх юм. Чингис хааны гал голомт орд өргөө түүнийх
байх ёстой. Энэ хан хөвгүүнийг Сорхугтани хатан өсгөн хүмүүжүүлсэн учир номын эрдэм,
цэргийн эрдэм төгс, ухаан билэгт нэгэн болжээ. Түүнд хатан эхийнх нь багаас сургасан төр
засах ухаан бий тул энэ төрийн эзэн Мөнх болох учиртай. Хатан эх нь түүнийг хаан болохоор
бэлтгэсэн бус уу хэмээв.

Гэнэт хэлсэн энэ үгийг хүмүүс дотроо өөр өөрийнхөөрөө тунгаан бодож байв. Гэтэл ирсэн
хүмүүсийн дундаас эсэргүүцэх хүн гарч ирлээ. Энэ бол Цагаадайн ач Хар Үлэхү байв.
Тэрбээр:

- Хааны үр хаан болдог их ёс алдагдаж байна. Эргэцүүлэн бодоход Өгөөдэй хааны хөвгүүд
хаан ширээнд суух давуу эрхийг эдлэх бус уу. Нэгэнт Өгөөдэй хаан амьд сэрүүн ахуйдаа
Ширмэн тайжийг өөрийн ор залгах хүн гэж хэлж байсан. Энд цугласан олон ноёд түшмэд энэ
үгийг мартаагүй биз ээ. Өнөө хэр эрүүл саруул байгаа Ширмэн тайж байсаар байхад Тулуйн
хүү Мөнхийг хаан суулгах тухай ярилаа. Хэрэв энэ үнэн бол Өгөөдэй хааны гэрээсийг та
бүхэн чухам юу гэх вэ? хэмээн асуухад, хүмүүсийн дундаас Хүлэгү босч,

- Та нарын өгүүлсэн үнэн. Атал та тар өөрсдийгөө Өгөөдэй хааны гэрээсийг үнэнчээр
биелүүлсэн гэх үү?

Умартсанаа санаж урьдын явдлыг дурсагтун. Гурван жилийн өмнө Өгөөдэй хааны гэрээсээс
тэрсэлж, Гүюгийг хаан оронд суулгасныг тэгээд юу гэх вэ? Өгөөдэй хааны гэрээсийг та нар
тэр үед мартсан бус уу. Харин одоо гэнэт санахын учир нь Мөнх ахыг хаан ор суулгах гэсэн
яриа гарснаас мартагдсан шалтгаа нэхэн санаж байна. Хэрэв Өгөөдэй хааны гэрээсийг
санахыг хүсч буй бол бас нэг үгийг сануулъя. Өгөөдэй хаан амьд сэрүүн ахуйдаа хаан ор
залгах хүнийг нэрийг хэлэхдээ Хүчүгийн хүү Ширмэний хамт, Мөнх ахын нэрийг дурдаж
байсныг мартав уу гэж хэллээ.

Хурал нэлээд ширүүслээ. Тэд бүгд Хүлэгүгийн сануулан хэлсэнчлэн Өгөөдэй хааны үгийг
сайн мэднэ. Олон ноёдын дундаас Батын дүү Бэрх:

- Эргэцүүлэн бодоход бидний дундаас гагцхүү Мөнх л Чингис хааны засаг, зарлиг хоёрыг
нүдээр үзэж, чихээр сонссон хүн. Их Монголын төр улс, цэрэг ард, бидний буян заяа хэрхэх
нь түүнийг хаан суулгахад орших бус уу хэмээн нэмж хэлэв. Бэрх өнөө Бат ахын үгийг авч
Мөнхийг дэмжих ёстойг ухаарч байв.

Алтан ордны улсад болж буй ноёдын чуулган удтал хэлэлцсэний эцэст нэгэн шийдэлд хүрч
Сорхугтани хатны хүү Мөнхийг дараагийн их хаанаар өргөмжлөн, их хаан ор суулгахыг санал
нэгтэйгээр дэмжин баталлаа. Харин энэ чуулганы үеэр Батхаан бие алжаасан тул тал нутагт
өөрөө очиж чадахгүйгээ мэдэгдээд, дүү Бэрхийг гурван түмэн цэргийн хамт илгээж,
Мөнхийн аюулгүй байдлыг хангуулахаар мордуулж, Монгол нутагтаа очиж хаан өргөмжлөх
их ёслолыг үйлдүүлэхээр мянган өлгий мөнгө өргөн барьж мордуулав.

Их цэрэг замдаа гарч, эх нутгийн зүг хөдөллөө. Монгол төрийн эзэн хаанаар залрахаар
нутгийн зүг хөдөлж буй Мөнхийн харц тэртээд алсын олон уул, толгодын дээр хөхрөгч
тэнгэрийн зүг бэлчжээ. Хубилай мориндоо ташуур өгөн их цэргийн өмнө морьтой шогших
Мөнхийг гүйцэн ирлээ. Мөнх юм хэлсэнгүй. Хубилай ахын дэргэд хэсэг явлаа... Мөнх:

- Эх нутгийн дээр хөхрөгч мөнх тэнгэрийг хараад аавыгаа дурсаж явна. Хааны оронд золио
болон одсон эцэг минь хүүгээ мөнх тэнгэрээс харж суугаа биз ээ гэв. Хубилайд ч мөн эцгийн
тухай бодол орж ирэн, бага насных нь дурсамжууд хөвөрсөөр тэр хоёр хоорондоо юм
ярьсангүй хэсэг явлаа. Мөнх:

- Эцэг минь энэ өдрийн төлөө золио болон одсон бус уу. Дэндүү залуугаараа биднээс одсон
аавыгаа санах тусам сэтгэл өмрөх юм. Хөвгүүдээ эрийн цээнд хүрэхийг үзэж амжилгүй
одсон гунигт тавилан, газар дээр үлдсэн биднийг олон жил хагацлын нулимстай явуулсан ч,
өнөө аавыгаа зөвхөн хаан ахынхаа өмнөөс бус бидний өмнөөс золио болон одсныг ойлгож
байна. Аав минь энэ цагийн эхлэлийг тавиад оджээ. Тэр өдрүүд зовлонтой байсан ч зовлон
гэдэг хүнд амьдралын үнэнийг таниулдаг юм болов уу хэмээв. Хубилай:

- Зовлонг дааж хат суудаг гэж ээжийн хэлдэг үнэн үг биз ээ. Өнөө ах минь хаан болсон ч тал
нутагт биднийг юу хүлээж байгааг хэн мэдэх билээ гэв. Мөнх:

- Тал нутагт биднийг сайн муу олон юм хүлээж байгаа. Гэвч хамгийн их хүлээж байгаа зүйл
бол олон түмний сэтгэл. Тэд тайвшралыг олох сайхан цагийг хүлээж байгаа. Бид тэдний
төлөө явж байна гэж хэлэв. Хубилай:

- Биднийг нутгаасаа гарахад хуралдайд очилгүй үлдсэн хан хөвгүүд өнөө ах таныг хаан суух
гэж буй дуулаад лав нэгдэх биз. Тэдэнтэй хэрхэн тулах билээ хэмээв. Мөнх:

- Уг нь Гүюг бид хоёр мөнх тэнгэрийн дор ах дүү бололцсон улс. Тэднийг бид олон удаа
уучилсан. Аав минь хаан ахын өмнөөс золио болон одоход бид юм хэлээгүй цээжиндээ
бэтгэрч үлдсэн. Газар нутгийг минь авч, цэргүүдийг минь хураахад мөн дуугүй л байсан.
Миний ээжийг Гүюгтэй гэрлүүлэх саналыг тавьж байхад зүгээр л харж суусан. Мөнх
тэнгэрийн аврал, цэцэн ухааныхаа хүчээр ээж минь Гүюгийн хатан болсонгүй. Өгөөдэй
хааныг өөрийн дараа хаан ор суух хүн гэж намайг нэрлэж байсныг мэдсэн хэр нь Гүюгийг
хаан ширээнд суулгахад юм хэлээгүй. Гүюг газар нутгийг минь шалгаж үлдсэн цэргийг минь
авахад бас л дуугүй байсан. Энэ бүхэнд хатан эхийн хүлцэн тэвч гэдэг ухаан нөлөөлж байсан
ч мөнх тэнгэрийн дор Гүюгтэй андгайлсан ах дүүгийн ам тангарагтаа үнэнч байсан минь
тэр юм хэмээв.

Алтан ордны улсад болсон ноёдын хуралдай өндөрлөж, даруй гурван сарын дараа Мөнх,
Бэрхийн хамт гурван түмэн цэрэгтэй эх нутагтаа ирлээ гэсэн мэдээ хээрийн салхинаас
хурднаар Монголын талд сонсогдлоо. Хаан ширээний төлөө чиг чигээ харан хөлөө жийлцэн
суусан Цагаадай, Өгөөдэйн удмынханд энэ мэдээ айдсын харанга дэлдэх шиг болж,
сонсогдсон даруй өөр өөрийн улсыг байгуулан суусан хан хөвгүүүд өнөө нэгэн дээвэр дор
цуглан ярилцах болов. Хүмүүсийн царайд айдас түгшүүр тодрон байв. Огул Хаймиш хатан
гартаа төрийн хасбуу тамгыг атгажээ. Тэрбээр:

- Хэрэг явдал ийм хурдан шийдэгдэнэ гэж хэн санах билээ. Батын илгээсэн гурван түмэн
цэрэг тал нутагт ирлээ. Чих болгон явуулсан ноёдыг бидэнд илгээсэнгүй тул хуралдайн
шийдвэрийг ирсэн хойно нь мэдэв. Цувж явсан бараас, цуглаж суусан шаазгай дээр гэдэг
үнэнийг бид харлаа. Монгол төрийн хасбуу тамгыг би тэдэнд найр тавин өгөх, хамгаалан
тэмцэх хоёрын аль нэг замыг сонгох цаг болж хэмээв.

Цугласан ноёд арга ухаанаа барсны дээр гэнэтийн энэ мэдээнд айж мэгдсэн байв.
Хүмүүсийн царайд Бэрхийн гурван түмэн цэрэг хэзээ мөдгүй орж ирээд толгойг нь хяргах
гэж байгаа мэт айдас хургажээ. Гүюгийн хүү Хожа:

- Нэгдэж чадаагүй нь бидний буруу. Гэвч оройтоогүй байна. Мөнх өнөө хаан суудалд
суугаагүй байгаа тул ямар нэгэн арга байж л таараа гэхэд Нагу:

- Цэргийн хүчээр бид тэднийг тогтоон барьж чадахгүй. Исмайлын зүг явуулсан их цэргийг
Алтан ордны улсад Батхаан тогтоон барьсан тул бидэнд цэргийн хүч дутна. Бид эхнээсээ л
Кипчакийн талд очих байсан бус уу хэмээв. Огул Хаймиш хатан:

- Бид тэнд очоод юуг өөрчлөх байсан юм бэ? Хожагийн хэлдгээр ямар нэгэн арга олдохгүй л
бол хаант төрийн тамгыг тэдэнд найр тавин өгөхөөс өөр арга үлдсэнгүй. Хэзээ мөдгүй
Мөнхийг хаан өргөмжлөх ёслол эхэлнэ гэв. Ханхүү Нагу уурсан,

- Найр тавин өгөх гэнэ үү. Хүчээ үзэн тэмцье. Хаант төрийн хасбуу тамгыг Тулуйн удамд
хэрхэвч өгч болохгүй. Хааны үр хаан болох ёстой атал Тулуйн үр хаан суух хэрэг үү хэмээв.
Огул Хаймиш хатан:

- Сорхугтани хатан Баттай хэлэлцсэн юм шиг санагдаад байх юм. Хэрэг явдал ийм хурдан
шийдэгдэх ёсгүй. Бид Батыг хүчтэй хэмээн тооцож хамаг анхаарлаа түүнд чиглүүлж байсан.
Хэрэв та хоёрыг хаан суулгасан бол Бат яавч зүгээр суухгүй гэдгээс болгоомжлон Ширмэнг
хаан суулгая гэж шийдсэн. Харин Сорхугтани хатныг мартсан хэрэг байжээ. Тэр биднээс
хурдтай хөдөлж өнөө хүүгээ хаан ширээнд залах боллоо. Энэ хатны ухааныг барж идэхгүй
гэж Өгөөдэй хаан байнга ярьдаг байсныг мартсан байна. Хэрэв та нар эхтэйгээ нийлж суусан
бол бидэнд бүх боломж нээлттэй байсан шүү дээ хэмээв. Хожа:

- Одоо бидэнд харамсах цаг алга. Хаан өргөмжлөх ёслолыг ямар нэгэн аргаар хийлгэхгүй
байх арга ухаан олох хэрэгтэй. Гэвч их хааны төрсөн нутаг Хөдөө аралд зарласан хуралдайд
очихгүй гэж зөрөх хүн алтан ургийнханд ховор гэхэд Нагу:

- Бидэнд цэргийн хүч дутмаг тул хүчээр дийлэхгүй хаан өргөмжлөх ёслол болдгоороо л
болно. Харин нэг арга байж болох юм. Хуралдай болдгоороо болог. Бид хааныг ширээнд
залсны дараа их найр цэнгэлийн дундуур цугласан олон дарсанд хөлчүүлэн алжааж, их цэрэг
амран нозоорч байхад хүчээр гэнэдүүлэн дарвал ямар вэ хэмээв.

Байнга хэрүүл хийж явдаг Нагу энэ удаа мэргэн санаа гаргасанд бүгд гайхан түүнийг харж
байлаа. Нагу хэлсэн үгэнд нь зөв буруу алин болох хариулт өгөхгүй өөдөөс нь гайхан харж
байгаа хүмүүсийг ойлгосонгүй. Хожа:

- Чиний санаа мэргэн буюу гэхэд сая хүмүүс хэлсэн үгийг нь зөвшөөрч байгааг ойлгов.
Хожа:

- Нагугийн санаан дээр нэмж хэлэх санал байна. Хуралдайг болгоороо бол гэж алгуурлаад
суух арга үгүй. Тиймээс бид хуралдай болгохгүйн тулд хов тараах нэг арга байна хэмээв.

Ууртай гэнэн Нагу гэнэт мэргэн санаа хэлж хүмүүсийн гайхшийг төрүүлж байхад, эмэг
эхийн хамт номын дуу сонсож өссөн Хожа эсрэгээрээ хов тараах тухай ярьж эхлэхэд цугласан
ноёдын дотор тэдний тухай бодох бодол алгуураар өөрчлөгдөн байх шиг. Огул Хаймиш хатан:

Бид өнөө нэгдэн нэг дээвэр дор цуглаж хэрхэх тухайгаа ярьж байна. Анхнаасаа л ийм байх
байлаа. Гэвч нэгэнт хийсэн алдааг хэрхэн засах билээ. Харин ингэж нэгдсэн дээрээ ярих зүйл
байна. Бид нэгдэн Мөнхийг хаан өргөмжлөх ёслолыг тасаллаа гэж бодъё. Зорилгоо
гүйцээчихээд ахин бие биеэс буруу харан суух учиргүй тул хаан ор залгах дараагийн хүнийг
зөвшин хэлэлцэх хэрэгтэй хэмээв.

Хөвгүүдийн байр байдлыг харвал "Би ч хаан суух гавьяатай, би ч хаан суух эрхтэй" хэмээн
дураар авирлаж байсан хөвгүүд юм хэлсэнгүй. Огул Хаймиш хатан үргэлжлүүлэн,

- Бидний хувьд бэрх цаг ирж. Зорилго маань биелбэл Мөнх үгүй болно. Хаан ширээ гэдэг амь
өрссөн ажил. Та нарт хаан суух сайхан цаг ирнэ. Харин өнөө Өгөөдэй хааны нэрлэсэн
Ширмэнг хаан суулгавал алтан ургийнхны дунд гарах хэл ам тасарна. Та нар өвөг эцэг нэгтэй
учир эрх мэдэл чинь хэвээр байж дараагийн боломж гарч ирнэ. Хэрэв Мөнх хаан ширээнд
суух аваас тэр Тулуйн хүү тул ураг холдож, их хааны гэрээс зөрчигдөж, та нарын эрх мэдэл
үгүй болж дараагийн боломж хаагдана. Тиймийн тул өнөөхөндөө бид Ширмэнг хаан
ширээнд залж эрх мэдлээ хадгалан үлдээд, дараагийн боломжийг хүлээх нь зөв санагдана
хэмээв. Хөвгүүд эхийнхээ үгийг анх удаа дэмжин хүлээж авлаа.

Кипчакийн талаас ирсэн ноёд тухалж амжаагүй байхад Монголын тал нутгаар хэн хаанаас
гаргасан нь мэдэгдэхгүй хов яриа газар авч амжлаа.

- Ямар хэцүү цаг ирэх нь энэ вэ. Сорхугтани хатны их хүү Мөнх хаан ор суугаагүй байтал,
Кипчакийн талаас ирсэн даруйд алтан ургийнхныг хядаж эхэллээ. Тэр улам бүр даварч
Цагаадайн бэр бүсгүйг завхайрсан хэргээр олны өмнө шүүж толгойг нь авч гэнэ гэсэн
аймшиг мэдээ тархлаа.

- Мөнх хаан сэнтийд суугаагүй хэр нь өргөн олныг айлган мэгдүүлж, хатан эхийнхээ хамт
зарлиг шийдвэрийг дураар өөрчилж, сайд түшмэдийг шалгах боллоо

- Төрийн нэрийг барьсан зандалчид гэмгүй ардын гэрт хүртэл нэгжлэг хийж, охин үрсийг
нь хүчээр авч явж, мал хуйг нь тонон дээрэмдэж байна. Татварын бодлого хэрээс хэтэрч,
төрийн хууль дүрэм уланд гишгэгдэж, энэ улсын эзэн чухам хэн болохыг мэдэхээ болилоо гэх
үнэн худал нь мэдэгдэхгүй хов яриа Сорхугтани хатныг Хархорумд ирсэн хүүтэйгээ уулзан,
олигтой үг солилцож амжаагүй байхад тал нутгаар нэг тархсан байв.

Эзэнгүй улсад болж буй бүхий л бузар булай, муу муухай бүхнийг Мөнх, эх Сорхугтани хатны
хамтаар хийж байгаа тухай энэ цуу яриа улам бүр газар авсаар. Энэ насандаа буяны зам
мөрөөр замнаж, өөрийн сайн сайхны төлөө биш, өрөөлийн сайн сайхны төлөө амьдарч ирсэн
Сорхугтани хатныг хүү нь хаан сэнтийд залрах болсон мэдээ сонсогдсон даруй хорон хэл
ороож эхлэв. Энэ үймээний дундуур хаан өргөмжлөх ёслолыг зарлан их хуралдайн зарыг
түгээхийг хүссэн ч алтан ургийнхан нэгэн дуугаар дэмжих эсэх нь эргэлзээтэй хэвээр.

Мөнхийн өргөөнд Сорхугтани хатны хөвгүүд, Бэрх жанжны хамт байлаа. Бэрх жанжин:

- Эсэргүүцэн боссон хүмүүсийг цэргийн хүчээр дарж болдог ч эх адгаа алдсан хов яриаг
хүчээр дарах амаргүй бололтой. Алтан ургийнхны сэтгэлийг эргүүлэх арга ухаан бидэнд
хэрэгтэй байна хэмээв. Сорхугтани хатан:

- Зүгээр яваа хүнийг ч зүүгээр хатгаж уурлуулж болдог. Бид урьдын адил нам гүм явсан бол
ингэж хорон хэлэнд хатгуулж суухгүй байсан. Бид дуугарсан учир ингэж байгаа хэрэг. Нэгэнт
дуугарсан бол дараа нь ирэх хорон хэлийг тооцон хөдлөх ёстой. Би энийг ч мөн бодолцсон
билээ гэв.

Хөвгүүд эхийнхээ хэлсэн үгийг сонсоод, ээж нь хүү Мөнхийг хаан суулгах шийдвэр гарган
Батын тусламжийг хүсч байхдаа бүгдийг урьдчлан бодсон байж гэдгийг мэдэв. Гэвч хүчээр
дарж болохгүй хов живийг юугаар дарах гэж тооцсныг ухаж үл мэднэ. Сорхугтани хатан:

- Хүчийг хүчээр дардаг. Цууг цуугаар дардаг. Сэтгэлийг мөнгөөр татаж болдог. Бидэнд
тэдний айдсыг нэмж, сүр хүчээ харуулахын тулд илүү хүч хэрэгтэй. Тэдний тараасан цуу
яриаг дарах илүү хүчтэй цуу яриа хэрэгтэй. Харин тэдний сэтгэлийг татахад эд хөрөнгө
хэрэгтэй. Бид мөн цуу тараана. Юун түрүүн бид тэдний айдсыг нэмж Бэрхийн дагуулж ирсэн
гурван түмэн цэргийн араас ахин гурван түмэн цэргийн хамт Батхаан хүрч ирэхээр холгүй
хүлээж байгаа тухай яриа дэгдээнэ. Дараа нь Мөнхийг дэмжин хуралдайд ирсэн ихэс
дээдсийн эрх мэдлийг хэвээр үлдээж, шан харамж олгоно гэдгийг зарлана. Харин сэтгэлийг
татах мөнгө хомс тул би Батхаанд урьдчлан таамгалсан ёсоор мянган өлгий мөнгө явуулахыг
хүссэнд тэр надад илгээжээ. Энэ мөнгөөр тэдний сэтгэлийг татах болно гэв.

Ноёдын хурлаас гарсан шийдвэрийг алтан ургийнханд хүлээн зөвшөөрүүлэн Их Хуралдайг


чуулуулж эзэн хаан өргөмжлөх их ёсыг үйлдэнэ гэдэг Тулуйнхны хувьд амаргүй ажил байвч
Сорхугтани хатны хэлсэн ёсоор цуу тараалаа. Амнаас ам дамжих цуу яриа өртөө улаанаас
хурдтайгаар өргөн олонд хүрч амжив. Харин алтан ургийнхны сэтгэлийг татах амаргүй байв.
Сорхугтани хатан Батын явуулсан мөнгийг олонд тараан сэтгэлийг нь татах ажлаа гардан
явуулав. Нэгэн хатны өргөөнд,

- Хатан эхийн хишигт мөргөе. Энэ их эд баялгийг танаас хүртэх хувь надад бий сэн билүү
хэмээн сэтгэл чилээн өвдөж байгаагаа нуух юун гэж хэлж байгаа хүн бол Цагаадайн бага
хатан Амудай байв. Сорхугтани хатан:

- Бэлэг сэлт гэдэг сэтгэлийн илрэл байдаг тул автугай. Харин Амудай чиний өсгөсөн
хүүхдүүд эхийн үгийг авч, нэгэн сургаалаар хүмүүжсэн нь илт харагдцаг. Би чамайг ухаант
хатан гэж хүндэтгэн боддог тул энэ бэлэг сэлтээр дамжуулан өөрийн сэтгэлийг илэрхийлж
буй хэрэг хэмээхэд,

- Алтан ургийн хүндтэй хатан та өгч буй хэрэг тул би хэрхэн авахгүй гэж зүрхлэх билээ.
Хатны хишигт талархъя гэв. Сорхугтани хатан:

- Нэгэнт төр улс самуурч, түмэн олон үймэн сандарч байгаа хүнд үе Монголын төрд тохиож
байна. Чи алсын хараатай тул өөрийн хүүхдүүдийг яаран хөдөлгөхгүй харж байгааг би мэднэ.

- Хатан эх минь төр самуурч, түмэн олон үймэн байхад өөрийн бодол ухаанаа ч залж
сураагүй миний хүүхдүүд

хэрхэн аль нэг талд нь орон тэмцэх билээ. Би энэ үүднээс цагийн байдлыг харж сууна гэв.
Сорхугтани Амудайн байр байдлыг анзааран хэсэг бодолхийлээд,

- Чиний санааг ойлгож байна. Гэвч мөнх тэнгэрийн доорхи энэ улсад хаан эзэн байх нь үнэн
тул ухаан бодлоо тунгаан үзэж, хан хөвгүүдээ нэгэн зорилготой байлгах цаг ирээд байгааг
эрхбиш мэдэж байгаа биз ээ. Надад ч чамтай адил цаг үе байсан. Тиймээс нас өндөр гарсан
хатан намайг хүндэтгэн үгийг минь сонсож, Мөнх хүүг минь дэмжин хүүхдүүдээ илгээнэ
гэж итгэж байна гэж хэллээ.

Хатны ирсэн зорилгыг таамаглаж, бэлэг сэлтийн ард ийм үг хэлэгдэнэ гэдгийг Амудай
гадарлаж байлаа. Тэрбээр "Алтан ургийн ахмад бэрийн хувиар ч тэр, тал нутагт домог болон
яригддаг цэцэн билэгт ухааныг нь бодсон ч тэр, татгалзах шалтгаан үгүй билээ. Угаас цагийн
байдал ороо бусгаа байхад аль нэг талыг барихаас өөр арга үгүй болжээ" гэж бодоод:

- Хатан таны үгийг сонслоо. Таны үгнээс зөрөх хэрэг юу билээ. Нэгэнт хаан эзнээр нэр нь
тодорсон Мөнх хүүг тань дэмжихийг хүүхдүүддээ зөвлөх нь миний үүрэг гэж хэлэв.

Энэ мэт яриаг Сорхугтани хатан алтан ургийн ихэс дээдэс, хааны албат, сайд түшмэдийн гэрт
өрнүүлж тун чиг завгүй өдрүүд үргэлжилж байв. Хүн бүхэнтэй дотночлон уулзаж, цагийн
байдлыг ойлгуулах, бэлэг сэлтээр сэтгэлийг нь татах ажил амаргүй ч, хүүгийнх нь тухай
хэрэн тэнэж яваа муу хэл, хий салхи шиг цуу яриатай уралдахаас өөр арга үгүй тул, нас өндөр
болсон ч хөл дээрээ чанга зогсон зүтгэхээс өөр арга үгүй байв.

Тун удалгүй зуны дэлгэр цаг айлчлан ирэв. Энэ л үед идээ цагаа дэлгэрч, айраг архи сөн
сөнгөөр сөгнөгдөн, хүүхэд багачуудын шуугилдан гүйлдэх чимээ, хөхүүр доторхи айрагны
исэхтэй хослон Монголын тал нутагт аз жаргалын дуу хадан байдаг. Жаргалтай дэлгэр зун
цагт тал нутгаар тарсан Их Хуралдайн чимээг алтан ургийнхан, ихэс дээдэс цөм хүлээн авсан
байв. Тэд "Их эзний гал голомт Хэрлэнгийн Хөдөө аралд чуулах Их Хуралдайд очихгүй гэж
зөрөх зүрхтэн мөнх тэнгэрийн дор бий билүү" хэмээн хэлэлцэж байхад Сорхугтани хатан
Аурагт буцан очиж хуралдайн бэлтгэл ажлыг гардан удирдахаар хөдөллөө.

Энэ үед Хархорумд байх Огул Хаймиш хатны өргөөнд хэдэн хүн сэм ярилцан сууна. Огул
Хаймиш хатны хамт Хар-Үлэх, Гүюгийн хүү Хожа, Нагу, Ширмэн нар байв. Огул Хаймиш
хатан:

- Их хуралдайн товлосон хоног хугацаа ойртсоор байна. Батын илгээсэн гурван түмэн
цэргийг яалтай. Дээр нь дахин гурван түмэн цэрэг ойрхон ирээд байна. Бид цуу тараасан ч үр
дүнд хүрсэнгүй дарагдлаа хэмээхэд Хар-Үлэх:

- Батхаан. Батхааны ойрхон ирсэн нь үнэн худал алин болохыг мэдэхгүй ч тэр энд ирвэл
бидний бүх төлөвлөгөө нурах нь дамжиггүй. Тиймээс энэ мэдээ баттай эсэхийг магадлах
хэрэгтэй байна гэв. Ширмэн ярианд оролцон,

- Тэрийг магадлах ямар арга байх билээ. Биднийг үнэн худлыг мэдэх гэсээр байтал Их
Хуралдай болдгоороо болж, Мөнх хаан сууна. Харин бидэнд бага боловч цэрэг бий. Тиймээс
урьд ярьсанчлан хуралдай болсны дараа гэнэдүүлэн цохивол ямар вэ гэв. Огул Хаймиш хатан:

- Энэ амар бүтэх санаа биш ч өөр арга зам алга. Бид

цэргийн хүч бага тул хуралдайг эхлүүлсний дараа цугласан олон амгаланг олж, уусан архи нь
толгойд гарч, унтаа сэрүүний хооронд нозоорон байхад нь дайран орж дарах санаагаа
хэрэгжүүлье хэмээв. Хожа:

- Эхийн хэлдэг зөв. Гэвч тэд биднийг зүгээр суухгүй гэдгийг мэдэж буй тул гүйцэд
амирлахгүй болов уу. Биднээс хэдэн хүн хаан эзнийг зөвшөөрч буйгаа илтгэн хуралдайд очиж
бараалхъя гэв. Нагу:

- Зөв санаа байна. Хэдэн хүн хаан эзнийг зөвшөөрснөө илэрхийлэн очиж хуралдайд
оролцвол тэд биднийг бүгд Мөнхийг хаан суулгахыг зөвшөөрч байна хэмээн ойлгон сэтгэл
амарч, цэнэх нь сулрана. Тэд ингэснээр хуралдайн дараа сархад таалан ханатал хөлчүүрэх бус
уу. Тэр цагт бид цэрэглэн хөдөлж, санасандаа хүрч болно хэмээв. Огул Хаймиш хатан
хөвгүүдээ ажиглан,

- Та нар өнөөдрийнх шиг эвтэй байсан бол бид ингэж суухгүй байлаа. Гэвч харамсахаас
илүү хийх зүйл их тул цааш хэрхэхээ хэлэлцье гэв. Хар-Үлэх:

- Энэ санаа зөв буюу. Би Хожагийн хамт хуралдайд эхлэн очиж, тэднийг дэмжин буйгаа
илэрхийлэн хүндэтгэл үзүүлье. Харин Нагу, Ширмэн нар цэрэглэн гурав хоногийн газарт
бэлэн бай. Их цэрэг гурав хоногийн газраас хол харуулд гарах ёсгүй тул биднийг мэдэхгүй.
Үхэх сэхэх нь мэдэгдэхгүй аюултай тоглоом тул сэрэмж алдаж хэрхэвч болохгүй хэмээв.

Чингис хааны өлгий нутаг, Хэрлэн, Онон, Туул голын сав газар Хэрлэнгийн Хөдөө арал хөл
хөдөлгөөн ихтэй байв. Тал нутагт айлчлан ирсэн зуны дэлгэр цагт эхлэн буй Их Хуралдайд
зориулан барьсан өргөө цагаан гэрүүд тоолж боломгүй алсад нүд алдам харагдана. Хуралдай
чуулах их асар, хаан эзнийг өргөмжлөх өргөө гэрийг алтан угалзаар чимэглэн, тал нутгийн
эзэрхэг гүрний сүр хүчийг олноо харуулахаар зорьсон байв. Дөргөнө хатан хүү Гүюгийг хаан
ор суулгахад зориулан бэлтгэж байсантай адил, магадгүй түүнээс ч нүсэр ажил энэ хуралдайн
бэлтгэлд зориулагдсан бололтой. Хуралдай эхлэн хаан эзэн сэнтийдээ залрах торгон мөч
ойртсоор...
Өнөө хэр эсэргүүцэн байгаа алтан ургийнхны зарим хан хөвгүүдийн гэнэтийн довтолгооноос
сэрэмжлэн, Бэрхийн гурван түмэн цэргийн хатуу хяналтан дор хаан өргөмжлөх их ёслолыг
хийж гүйцэтгэх болов. Эзэнт гүрний дөрөв дэхь их хаан залах ёслолд алтан ургийнхан
төдийгүй ихэс дээдэс, эзэнт гүрний зах хаяагаар нутаглах харьяат ардыг захирагчид болон,
өрнө дорнын элч төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Хөдөө арлын дэнжийг цагаан цас нэвсийтэл
дарсан мэт орд өргөөнүүд их хүрээ үүсгэжээ. Гурван өдрийн газраас эхлэн байраа эзэлсэн их
цэрэг хаан өргөмжлөх ёслолыг дуустал нүд цавчих учиргүй. Хөдөө арлын дэнж дээр бүрээ
бишгүүрийн дуу хангинаж,

- Эзэнт гүрний дөрөв дэх их хаан Мөнх залран ирж байна гэх сүрлэг дуу цугласан олны
дундаас цуурайтан сонсогдлоо. Их асрын өмнүүр зассан цагаан эсгийний хоёр талаар алтан
ургийн хатад эгнэн зогсож, их хааны хөл гишгэх ариун газарт цагаан сүү өргөн угтахад бэлэн
болжээ.

Өнөө дөчин хоёр настай Тулуй эзний ууган хүү Мөнх алтан шар хээ татуулсан цагаан торгон
дээл, цагаан булган малгай өмсөн, алтан бүс бүслэн, нэлэнхүйдээ угалзтай арьсан гутал
өмсчээ. Хурсан олны дундуур алхан явах Мөнхийн араас дүү Аригбөх, баруун талаас дүү
Хубилай, зүүн талаас дүү Хүлэгү нар түшин явсаар хаан эзний өндөр сэнтийд залан суулгав
аа.

- Хаадын хаан Мөнх, Их Монгол улсын эзэн хаан заларлаа хэмээх их дуу нүргэлсний дараа
их найрал хөгжим эгшиглэж, эгнэн зогссон олон уухай нэмлээ. Мөнх хаан дээр хөхрөгч
тэнгэрийг харж,

- Эцэг өвгийн ариун дагшин газар, эгнэгт мандах алтан нар, мөнхөд орших хөх тэнгэр сонс.
Их хаадын үнэнийг үргэлжлүүлж, үйл хэргийг нь залгамжлан, үнэнээс гажихгүй, худалд
урвахгүй, ард олондоо ээлтэй, алтан урагт хүндлэлтэй хаан эзэн суухаа, ариун гал
голомтынхоо өмнө би амлаж байна хэмээгээд хурсан олныг харан:

- Мөнх хөх тэнгэрт хурах үүлгүй энэ өдөр тэнгэр биднийг ивээж, тэр өөрийн зөвшөөрлөө
илгээсэн хэмээн сэтгэнэ. Их Монголын дээр хөхрөгч мөнх тэнгэр, их хаадын ариун дагшин
газар эгнэгт биднийг ивээх болтугай. Хаан эзэн би энэ өдөр хүн бүрийг амрааж, амьтдыг
ажилд зүтгүүлж ачаа хөсөг зөөлгөх, газарт майхны гадас шаах, голын ус буртаглах, ан гөрөө
агнах, мал нядлахдаа цусыг газарт дусаахыг хатуу хориглож байна хэмээн зарлигдав.

Хааны эх Сорхугтани хатан олны өмнө гарч ирлээ. Тэр гартаа алтан хайрцаг барьжээ. Зөн
дагуулан ирсэн зүүдний тайлал болсон алтан хайрцаг өнөө их хааны онго шүтээний
өргөөнөөс энд залагдан ирсэн байв. Сорхугтани хатан:

- Уул өндөр боловч оройд нь гарсан хүн уулнаас өндөр болдог. Тэнгэрт ойртон очсон тэр хүн
бол хаан эзэн юм. Хүн хэдий өндөрт гарсан ч уулан дээр зогсож байгаагаа мартаж болохгүй.
Тэндээс бүх юм илхэн харагдах тул зөвхөн тэнгэрийг бус өөрийн дор байгаа уул, ус, өргөн тал
нутгийг хар. Алган дээр дэлгэгдсэн мэт харагдах их талын дундаас үнэнийг ол. Өөрийн дор
байгаа уул, өргөн тал нутаг бол ард олон юм. Чухам юун дээр гарч тэнгэрт ойрхон зогсож
байгаагаа хаан хүн мартах учиргүй хэмээн гартаа барьсан алтан хайрцагны амыг нээн хаан
эзэнд барив. Мөнх хаан хайрцаг доторхийг харвал дөрвөн алтан үрэл гялалзан харагдана. Их
хааны үеэс энэ хайрцгийг сайн мэдэх хүн Мөнх билээ. Гэвч хатан эх нь энэ удаад их эзний
онго шүтээний өргөөнд өнөө хүртэл залаатай буй алтан хайрцгийг өөрт нь барьж байгааг
ухаж ойлгосонгүй. Сорхугтани хатан:

- Энэ дөрвөн үрэл миний дөрвөн хүү биз ээ. Эднийг агуулж буй алтан хайрцаг Их Монгол
биз ээ. Дөрвөн үрэл алтан хайрцаг дотор дөрвүүл үргэлж хамт байсан шиг миний дөрвөн хүү
төр улсаа засч, нэгэн дээвэр дор үргэлж хамт байхыг бэлгэдэн хаан хүүдээ барив хэмээлээ.
Мөнх хаан:

- Нэгдэн нийлэхдээ хүчтэй байдаг мөнх тэнгэрийн үнэнийг санаж эхийн үгийг мартахгүй
явах болно хэмээлээ.

Хуралдай долоо хоногийн турш үргэлжилж өдөр бүр гурван зуун адуу үхэр, гурван мянган
хонь ямаа, хоёр мянган тэрэг айраг ууж цэнгэн, хаан өргөмжлөх ёслол ид дундаа явж байхад
гэнэтийн зочид ирж, хаан эзэнд бараалхах хүсэлтээ илгээв. Хаан эзний өмнө толгой гудайн
суух хүмүүс Цагаадайн хөвгүүд болох Хар Үлэх, Гүюгийн хүү Хожа нар байлаа. Гурван түмэн
цэрэгтэй Бэрхийн хатуу хяналтан дор өрнөж байсан Их Хуралдайн дундуур энэ хүмүүс хаан
эзэнд хүндэтгэл илэрхийлэн, шинэ хааныг зөвшөөрөхөөр ирлээ гэдгээ хэлсэн тул хааны өмнө
авч иржээ. Мөнх хааны өмнө сөхрөн суух Хар- Үлэх:

- Хаадын хаан Мөнх таны сүр хүчин дор нэгдэж, эцэг өвгийн гал голомтыг хадгалсан ариун
газар найрамдан, хаан эзэнд цаашид үнэнч зүтгэхээ амлан ирлээ хэмээв.

Мөнх хаан:

- Нэгэнт зөв санаа өвөрлөн ирсэн тул би алтан ургийн ахан дүүсээ найр цэнгэлийн хойморт
урьж байна хэмээгээд тэднийг дээш суулган идээ цагаагаар дайлахыг үүрэгдлээ. Мөнх хаан
тэдний тухай ажиг сэжиг аваагүй бололтой. Их цэнгэл ид дундаа орлоо.

- Олон бүргэдийн орон нь харь холын нутаг даа Онгон зэрлэг тал нь Монгол түмний өлгий
дөө Хурц бүргэдийн нутаг нь хадат өндөр уул даа

Хун чуулсан Хэрлэн гол эзэн хааны нутаг даа хэмээн аялгуулан дуулах дуу сонсогдон
тэртээгээс олон тэмээ туусан хүн хөтөл даван гарч ирэв. Хөтлийн цаахантай их цэрэг
зэрэгцэн жагссан байхыг үзээд, тэмээнийхээ нуруунаас гулсан бууж газарт хэвтэн орчныг
ажиглан харлаа. "Төр эзэнтэй болж, түмэн олон баясан чуулж, хөдөө арлын дэнж дээр их
баяр цэнгэл ид дундаа явж байхад энд юун их цэрэг байдаг билээ" хэмээн бодоход, нэг л
сэжигтэй санагдсан тул тэмээгээ хөтлөн мөлхсөөр хөтлийн цаадтайгуур давангуутаа
тэмээнийхээ нуруун дээр үсэрч мордоод Хөдөө арлын зүг хурдаллаа. Хэрлэнгийн хөдөө
арлаас гурван өдрийн зайд их цэрэг байраа эзэлжээ. Тэдний өмнө Гүюгийн хүү Нагу,
Өгөөдэй ач Ширмэн нар ихэд нухацтай ярилцан байв. Ширмэн:

- Одоо дахин нэг хоног хүлээе. Хаан харцгүй их найрын хөлд даруулан тэнхэл алдрах цагаар
үүрийн цагаан гэнээнээр дайръя гэхэд Нагу:

- Мөнх тэнгэр биднийг энэ газар шорооны эзэн гэж хэлүүлсэн хэмээн буусан бөөгийн үгэнд
итгэнэ. Энэ газар шорооны эзэн хэн болохыг энэ тулаан харуулах биз ээ хэмээв. Ширмэн:

- Мөнх тэнгэр бүгдийг харж байгаа. Хааны үр хаан болдог хууль тэнгэрийн хуулиар оршдог
атал төрийг булаасан Тулуйнхан, тэднийг дэмжсэн Баттай хэн дийлэхээ үзэх цаг ойртсоор
байна хэмээн шүд зуун өгүүлэв.

Тэднийг ингэж гэнэдүүлэн дайрахаар зэхэж байхыг нууцаар харан тэмээндээ мордон Хөдөө
арлыг зорьсон хүн бол Мэнгүүд аймгийн Хишигт нэртэй тэмээчин байлаа. Хишигт нэгэнтээ
гэр орон мал ахуйгаа бараад Хархорумын гадаа гуйлга гуйхдаа тулан, өглөг хишиг горилон
суух болсон тэр үед Өгөөдэй хаан Сүн улсад дайтан мордож, засгийг Сорхугтани хатан
захирч байсан цаг. Хатан Хархорумын хаалган дээрх өглөг горилогсдод буян хишгээ тарааж
явах үедээ гаргасан шийд Хишигтийн амьдрал хишиг болсон байв. Үгээгүй ядууст өглөг
тараан явсан хатан "Зүгээр суун амиа аргацааж буй энэ хүмүүсийг нэгтгэн аймаг орон
байгуулж, мал ахуй тасдан өгч амь амьдралыг нь залгуулбал өдөр бүр гуйлга гуйн зүгээр суух
биш, хөдөлж хоолоо идцэг гэдгийг ойлгох болно" хэмээн айлдсаны дагуу гуйлгачдыг нэгтгэн,
Мэнгүүд аймаг олныг үүсгэн хатны сангаас мал ахуй тасдан өгсний дунд Хишигт тэмээчин
болон Гурван голын сав нутагт амьдран суух болжээ. Тэр өдгөө хүртэл хатны хишигт мөргөн
амьдардаг учир Хөдөө арлын дунд болж буй их Хуралдайд аюул нүүрлэх гэж байна хэмээн
сэтгэн ингэж хурдлан явна.

Хөдөө арлын дэнжийг тэр чигт нь цагаан эсгийгээр бүрсэн мэт зах нь үл харагдах их
гэрүүдийн дунд хөл хөдөлгөөн ихтэйн дээр олон хоног найрлан суусаар ихэс дээдэс
төдийгүй энгийн олон ч нозоорон их үдийн наранд хайлчихгүйн тулд сүүдэр бараадан суусан
залхуутайяа өдөр тэртээгээс тэмээгээ гуядан давхиж ирсэн Хишигтийг их цэргийн жанжин
шалган байцаалаа. Хишигт:

- Жанжин минь. Би гэмгүй нэгэн тэмээчин билээ. Хархорумын хаалган дээр гуйлга гуйж,
өлбөрч үхдгийн даваан дээр Сорхугтани хатны авралд багтан тэмээн сүрэг хариулан, Гурван
голоор нутаглах болж, ач буяныг нь цаг ямагт санан дурсагч нэгэн болсон билээ хэмээв. Бэрх:

- Муу боол чи өнөө их хуралдайд ирж, хатан эхэд бараалхан ач буяныг нь ерөөнө гэж бодов уу
гэхэд,

- Үгүй дээ. Жанжин минь. Би өөрийн нүдээр харлаа. Эндээс холгүй их цэрэг зэвсэглэн
хөдлөхөд бэлэн болсон байгааг харж, хэл дуулгахаар сандран ирлээ. Тэмээний гишгэдэлд
дэлхий дэндэгнээд явж өгөхгүй замдаа их удлаа. Одоо тэд лав нааш гарсан байх гэж хэлэв.

Бэрх, Хишигтийг дагуулан Мөнх хааны асарт авч очлоо. Хааны албат ардын ихэнх нь
хөлчүүлэн байхад хаан эзэн харин өндөр сэнтийдээ гүн бодолд дарагдан суужээ. Түүний
хажууд Мөнхсаран ноёнтон харагдана. Гаднаас Бэрх нэгэн ноорхой гуйлгачныг дагуулан орж
ирэхүйд хаан эзнээс урьтан Мөнхсаран ноёнтон:

- Чи хаан эзний өргөөнд юун хүн дагуулан ирэв хэмээн асуулаа. Бэрх:

- Энэ хүн гурван голоор нутагтай Мэнгүүд аймгийн тэмээчин Хишигт бөлгөө. Эндээс
холгүй их цэрэг жагссан байгааг харж мэдээд хэл дуулгахаар нааш яаран ирсэн байна гэхэд
Мөнх хаан:

- Чи хэн болох, юу үзэж харснаа нэгд нэгэнгүй ярьж өг гэлээ. Хишигт:

- Хаан эзэнтээн. Би хатан эхийн тань даалгасан үүргийг биелүүлж, Хөдөө арлаас гурван
өдрийн зайнаас гадагш харуулд гарсан энгийн ардын нэг билээ гэв. Мөнх хаан:

- Хатан эхийн даалгасан ард гэнэ үү хэмээн асуухад,

- Тийм ээ хаантаан. Хатан эх тань гуйлгачин биднийг аймаг олон болгож, мал ахуй тасдан
өгсөн цагаас бид хатны хишигт талархан амьдарч ирсэн билээ. Харин энэ удаад талархсан
сэтгэлээ илэрхийлэх боломж олдон, Сорхугтани хатан биднийг гурван өдрийн газраас цааш
манаанд гаргаж, энгийн ардын энэ дүрээрээ хаан залах ёслолыг дуустал сонор сэрэмжээ
алдахгүй байхыг даалгасан тул би тэмээгээ хариулж яваа нэрээр хатны даалгаврыг биелүүлж
байсан хэрэг гэв.

Асрын дор цугласан хүмүүс сая учрыг олж, Сорхугтани хатан энэ ёслолыг гүйцэлдүүлэхийн
тулд хичнээн холыг харсан хийгээд, түүний холч мэргэн ухааныг олж мэдэв. Төд удалгүй
Мөнх хаан:

- Өнөө хэр найран дээр хөлчүүрэн байгаа Хар-Үлэх, Хожа нарыг дуудан ирүүл хэмээн
зарлигдав.

Хэсэг хугацаа өнгөрсний дараа хаан эзний өмнө Хар Үлэх, Хожа нарын гарыг ард нь хүлэн
авч ирлээ. Мөнх хаан:

- Элэг нэгтэн гэж та нарыг эрхэмлэн угтаж, өвөг дээдсийн нэр сүрийг бодон уучлан
өршөөж, хүндлэл үзүүлэн байхад та нар хар санаа өвөрлөн, ханцуй дотроо өс санан иржээ
хэмээн хэлээд,

- Эднийг эрүүдэн шүү. Харин энэ тэмээчнийг дагуулан Мөнхсаран чи Бэрхийн хамт
цэрэглэн явж, тэр газар орныг заалган, эзэн хааныхаа өөдөөс босохоор бэлдэж буй тэднийг
даран толгойлогчдыг нь баривчлан авч ир хэмээн зарлигдав. Бэрхийн цэрэг тэр дороо хөдөлж
өс өвөрлөн их цэрэг жагсаасан Ширмэн, Нагу нарыг дарж, баривчлан авч ирлээ. Их эзэн хаан
Мөнхийн эсрэг цэрэглэн босохоор зэхсэн энэ хүмүүсийн хэтийн хувь тавилан мөнх
тэнгэрийн ивээлд багтах эсэхэд тэд эргэлзэн байв.
Есдүгээр бүлэг: Мөнх тэнгэрийн цаг

Эзэнт гүрний нийслэлээс хагас өдрийн зайд их цэрэг байраа эзэлжээ. Хоёр тийш ярагдан
зогссон их цэргийн өмнүүр явган цэргүүд сэлэм жад агсан, эгнэсэн харагдана. Тэд өмнөө
хэдэн хүний гарыг ард нь хүлэн явган суулгажээ. Хаа нэг шороо шууран босч, төдхөнөө
намдан байгааг үзвэл сул шороо ихтэй газар бололтой. Боссон шороо хүмүүсийн үс толгой,
дээл хувцсыг зэгэлтүүлэх ажээ. Хүлээтэй хүмүүсийн дээлний сугаар хөлс нэвчиж, үс гэзэг нь
ширэлдсэн зэргийг үзвэл удаан хоригдож байгаад гарч ирсэн бололтой. Удалгүй их цэргийн
дундаас,

- Хаан эзэн залран ирлээ хэмээх нь сонсогдож, хэсэг морьтон давхилдан орж ирлээ.

Морьтой хүмүүсийн тэргүүнд Мөнх хаан бор морь унан хатируулж, араас нь Мөнхсаран
тэргүүтэй шинэхэн томилогдсон төрийн сайд түшмэд цуван орж ирэв. Хаан эзнийг хишигтэн
цэргүүд дагалджээ. Тэд явсаар их цэргийн өмнө очиж зогсоход Мөнхсаран ноёнтон өврөөсөө
зарлигийн бичгийг гарган ирж дэлгээд,

- Мөнх хөх тэнгэрийн ивээлт, энэгт ариун байх учиртай Их Монголын гал голомт, Монголын
төрд тэрсэлсэн хэн бүхэн өршөөгдөх учиргүй. Эцэг өвгийн ариун газрыг үл хүндэтгэн, их
хаан өргөмжлөх ёслолыг тасалдуулахыг оролдсон, алтан ургийн хан хөвгүүд хийгээд, төрийн
сайд түшмэдийг Их Монголын төр, эзэн хаанаасаа урван тэрсэлсэн хэмээн үзэж шийтгэсүгэй.
Алтан ургийн хүмүүний амийг өршөөх Их засаг хуулийн дагуу ханхүү Хожаг ус унд хомс,
үржил шимгүй газарт насаар нь цөлөн, ханхүү Нагуг хугацаагүй цэргийн албанд томилсугай.
Хар Үлэх болон түүний хамсаатнуудыг Алтан ордны улсын эзэн Батхааны мэдэлд
шилжүүлсүгэй. Төрд тэрсэлсэн сайд түшмэдийг цаазаар хороосугай хэмээсэн зарлигийг
сонордууллаа.

"Аминаасаа амь таслан унагасан үед бүсгүй хүний сэтгэл зүрхэнд үгээр илэрхийлэмгүй яруу
мэдрэмж тодрон ирж, өмнөөс тосон буй өдөр хоногууд, ирээдүй нь бүхэлдээ өөрийн төлөө
бус дөнгөж сая тасран унасан энэ нэгэн амины төлөө үргэлжилдэг юм болов уу" гэсэн бодол
тээн хажуудаа үнэгчлэн байх бяцхан хүүгээ харан суусан тэр өдөр Сорхугтанид тодхон
санагдана. "Энэ бүх мэдрэмж эх хүн бүрийн зүрхнээс гарч сэтгэлээр дамжин, оюун бодолд
хүрдэг байж болох юм. Урьд өмнө мэдэрч байгаагүй тийм их хайр, энхрийлэл, ирээдүйн
төлөөх зовинол зэрэгцэн орж ирж байх тэр агшинд, эмэгтэй хүнд эхийн сэтгэл бүрэлдэг
тогтдог биз ээ" хэмээн Сорхугтани хатан Мөнх хүүгээ төрүүлсэн тэр нэгэн өдөр мөнх хөх
тэнгэрт жаргалын алтан наран мандан байсныг тодхон санаж суулаа. Тулуйн өргөөний гадаа
олон хүний чимээ гарч хэвтүүлүүд байраа эзлэн, өргөөг тойрон бүчиж байхад үүдэнд хөлийн
чимээ гарч,

- Хаан эзэн морилон ирлээ хэмээн гаднаас дуугарах нь сонстлоо. Энэ үед Чингис хаан
дөчин нас хэдийнээ давсан байв. Тэрбээр том хүү Зүчийн хамт морилон ирэх нь, тэд дөнгөж
сая төрсөн хүүг харахаар ирсэн хэрэг ажээ. Тэрбээр хаан эзний сүр бараанаар өндийн босч,
хүндэтгэл үзүүлэхийг хүссэн нялх биетэй бэрээ босох хэрэггүйг сануулаад, эхийнхээ
хажуугаар үнэгчлэн нойрсох хүүг тэврэн алхсаар тоонон тушаа очиж, дээш өргөн мөнх
тэнгэрт харуулаад,
- Мөнх тэнгэр минь, миний ач Мөнхөд хайр ивээлээ хайрлагтун гэж хэлээд хүүг тэвэрсэн
хэвээр хойморт гарч суун хэсэг өхөөрдөн харлаа.

- Хүн гэдэг энэ амьдралаас хүссэн бүхнээ олж болох ч, нэг л зүйлийг олж чадахгүй буцдаг
бололтой. Энэ амьдрал мөнх биш юм гэдгийг би өнөө сайн ойлгох боллоо. Цаг хугацаа
өнгөрөх тусам нас нэмж байгаа өөрийгөө, хоног өдөр явах тусам өтөл болж буй Өэлүн
эхийгээ мөнх амьдруулах хүчин надад бүү хэл, мөнх тэнгэрт ч үгүй бололтой. Гэвч мөнх
тэнгэрийн дор хураасан улс, Их Монголын төр мөнхөд орших учиртай гэж санана. Энэ
үнэнийг бэлгэдэн би ач хүүдээ Мөнх хэмээн нэр хайрлав хэмээгээд хүүг эхийнх нь дэргэд
тавьж, идээ шүүс хүртэн хэсэг суугаад гарч явсан билээ. "Хаан эзэн мөнх бусын хорвоод
ирсэн ач хүүдээ мөнх насыг биш, мөнхөд орших Монгол төрийн үнэнийг бэлгэдэн энэ нэрийг
өгсөн биз ээ" гэсэн бодон тээн суусан Сорхугтани хатныг алс тэртээ рүү хөвөрсөн их
дурсамжаас нь салган өргөөний гаднах харуул,

- Хаан эзэн залран ирлээ гэх нь сонсогдов. Төд удалгүй Мөнх хаан, эхийн өргөөнд морилон
орж ирэв. Тэрбээр өргөөний хойморт гарч суулаа. Сайхан дурсамжаасаа салан ирэхэд хэцүү
байдаг. Сорхугтанийн царайд тийм л баярт дурсамжийн ул мөр хэвээр байв.

- Хүүгээ дуудуулсан байхыг үзвэл хатан эхдээ бараалхалгүй удсан хэрэг байж. Өршөөл эрж
байгааг минь хүлээн авна уу гэж хэлэв. Сорхугтани хатан хаан эзний хажуу дахь олбог дээр
очиж суулаа. Тэрбээр:

- Бидний дээр эцэг тэнгэр, бидний дор эх газар шороо оршино. Хаан харц ялгаагүй мөнх
тэнгэрийн зарлигаар байгалийн хүчин дор оршдог. Тэнгэр цэлмэг нартай өдөр олон ч, бараан
үүл хурж, ширүүн аадар буун, аянга цахилгаанаа илгээх өдөр мундахгүй олон бий хэмээн
яриагаа эхэллээ. Хаан эзэн эхийнхээ юун тухай ярьж эхлэх гэж байгааг мэдсэнгүй тул цааш
өгүүлэхийг хүлээн сонсоно. Сорхугтани хатан:

- Hap бүгдийн дээрээс тусч аз жаргалыг бидэнд өгдөг ч, биднийг гийгүүлэхгүй өдөр бий. Тэр
мөнх тэнгэрийн хуулиар бидэнд сануулга өгч, хур усаараа газар дэлхийг ариусгаж, аянга
цахилгаанаараа гэм нүглийг цээрлүүлдэг. Тэнгэрийн дор оршиж байгаа төр улс, түүний хаан
эзэн ч мөн адил тэнгэрт ээх наран адил, тэндээс элч гэрэл, хур усаа бидэнд ялган илгээдэг
шиг хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байх учиртай сан. Төрд тэрсэлсэн олныг шийтгэлээ.
Тэд мөнх тэнгэрийн цээрлэлийг хүртсэн хэрэг. Тэнгэрээс аянга цахилгаан буусны дараа нар
мандан газар дэлхийг ээдэг шиг, өнөө хаан эзэн төр улсдаа нар мандуулах цаг ирсэн гэж
санана. Саяын хэрэг явдлуудаас болж түмэн олны зүрхэнд айдас хургах боллоо. Амар
тайвныг олж байна гэж итгэж суугаа ард олон чинь үймж эхэллээ. Цээрлэл байх ёстой ч
нийгүүлсэл байх ёстойг мартаж болохгүй хэмээн хэлэв.

Мөнх хаан энэ удаад эх нь зүгээр ч нэг дуудуулаагүй болохыг ойлгов. Тэрбээр:

- Ээж минь, хүү нь их эзэн Чингис хааны Их засаг хуулийн ямар ч заалтаас хазайгаагүй гэж
санаж явлаа. Их хаадын алдаа оноог эхийн үнэн үгтэй сонсож өссөн хүү нь энэ удаад ч
таныхаа үгийг авч, мөнх тэнгэрийн нарыг газарт мандуулах учиртайгаа мэдлээ хэмээн хэлэв.
Сорхугтани хатан:
- Ээж нь чамайг ойлгож байна. Хаан эзэн Их Монголын төрд үнэнчийн учир, төрд тэрсэлсэн
хүмүүсийг шийтгэсэн болохыг ч мэдэж байна. Нэг удаа би хэлж байсан. Хүний сэтгэлийг эд
хөрөнгөөр нэг удаа тогтоон барьж болдог, хүчээр нэлээд удаан тогтоон барьдаг ч, ухаанаар
нэгэн насаар нь өөрийн дэргэд татдаг гэсэн үнэнийг хэмээхэд, Мөнх хаан:

- Эхийнхээ үгийг ойлголоо. Хүчээр бус ухаанаар тогтоох цаг иржээ гэдгийг би мэдлээ
хэмээхэд, Сорхугтани хатан:

- Аливаа зүйлийг зөнгөөр нь хийж чаддаг хүн л удирдагч буюу хаан байдаг юм хэмээв.

Тэмээн жингийн цуваа уулын хөтөл даван гарч ирлээ. Жинчдийн байр байдлыг харвал олон
хоногийн аян замд ядарсан шинжтэй харагдана. Тэдний зарим нь хатсан уруулаа долоон
чийглэж байгааг үзвэл ус ундгүй их талыг туулсан нь илт. Хөтөл даван гарч ирсэн жингийн
цувааны өмнө яваа хүн жаргаж буй нарны гэрэлтэй сүлэлдэн, алсаас туяаран харагдах их
хотын барааг олж харав. Цувааны эхнээс,

- Хотын бараа харагдлаа гэж хэлэх нь хойно яваа хүмүүст сонсогдож тэдний царайд баяр
тодрон ирлээ. Жаргаж буй нарны гэрэл тэртээ уулсын цаагуур даван орохын өмнө, их хотын
өнгө үзэмжийг тэдний өмнө улам гоёмсог болгон харуулаад уулын цаагуур орох гэж буй мэт
доошлон байв. Хотын дөрвөн талаар урт хэрэм босгожээ. Олон хоног ус ундгүй хол замыг
туулсан хүмүүс хотын зүүн хаалганд тулж ирлээ. Хаалганы гадаа хэд хэдэн намхан барилга
байх агаад хаалга руу орох замын хоёр талаар газар газраас ирсэн бололтой, өөр өөр зүс
царайтай хүмүүс зогсож харагдана. Тэдний зарим нь худалдаа наймаа хийж, зарим нь өглөг
хишиг горилон байх ажээ.

Жингийн цуваа алгуур явсаар хотын зүүн хаалгаар явж орлоо. Хаалгаар явж ороход тэдний
өөдөөс урт зам угтан авав. Энэ замаар хэд хэдэн жингийн цуваа зөрөн өнгөрөхөд, цаана нь
ахиад зай үлдэхээр өргөн ажгуу. Эргэн тойрон хана хэрмээр хүрээлэгдсэн энэ хотод орох өөр
хаалга ховор мэт. Өргөн гудамжаар явахад замын хоёр талаар гар урчуудын бүтээл дэлгээтэй.
Өмнө зүгийн торго дурдан, далайн сувд, ангийн үс, хойд газрын чамин хийцтэй модон
эдлэлүүдийг эгнүүлэн тавьж арилжаалах ажээ. Цааш хэсэг явахад намхавтар байшингуудын
гадаа уран дархчууд алт мөнгө давтан буй бололтой, зуны халуунд илтэд нозоорсон үзэгдэнэ.
Тэднээс холгүйхэн Ислам шашинтнуудын сүм хийд байх агаад толгойгоо цагаан алчуураар
ороож, шагайгаа хүрсэн урт цагаан өмсгөл өмсөн хүмүүс залбирал үйлдэн газарт сөгдөн
суусан харагдана.

Жингийн цуваа цаашлан явах тусам замын хажуугаар өрөөстэй газар газрын ховор чамин
эдлэлүүд багасаж, уран дархчуудын бүтээл дэлгэсэн гудамжаар явж оров. Бүсгүй хүний
толгойн боолтоос эхлээд ээмэг бөгж, хазаар ногт, ган дөрөө, сэлэм жад, эмээлийн хэрэглэл
хүртэл үргэлжилнэ. Хотын төвд явж хүрвээс тэднийг дагуулан явсан өргөн зам дөрвөн тийш
салаалан одсон байх агаад хойноос урагш татсан зам, зүүн хаалгаар орж ирэхэд тоссон замаас
улам өргөн уужим харагдана. Энэ огтлолцсон зам хотын дөрвөн талын ханыг чиглэсэн байгаа
нь, энэ хотыг хүрээлсэн хэрэм дөрвөн талдаа хаалгатайг илтгэнэ. Дөрвөн замын уулзвараар
хойш эргэн явахад төв зам илүү өргөн уужим ажээ. Энэ зам дагуу Христийн шашны сүм
дуганууд баригджээ. Жинчид төв замаар хэсэг яваад том том цагаан гэрүүдийн ойролцоо
очиж зогслоо. Хол замд тээн ирсэн ачаа бараагаа буулгахаар зэхэх зуур хотын төв дагуу нэг л
ажин түжин, чимээгүй байдал ноёрхохыг тэд анзаарав. Хүмүүс бүгд газарт сөхрөн сууж,
толгойгоо гудайлгажээ. Хааяа нэг хүүхдийн том хүмүүст захирагдахгүй гэсэндээ уйлах
чимээг эс тооцвол хүмүүс бүгд сөгдөн суусан байв.

Жингийн цуваанд ирсэн хүмүүсийн дунд хоёр гадны хүн байв. Тэдний нэг нь цагаан бөсөөр
толгойгоо нямбайлан ороож, шагайгаа хүрсэн урт ногоон эрээн хувцас өмсчээ. Тэрбээр
хажуудаа зогсох өндөрдүү биетэй, янхигар цээжтэй, сүүмгэр нүдтэй, тавь гаран насны шар
толгойтой эрэгтэй хүнд хандан,

- Уран дархан Буше та бээр энэ хотод анх удаа ирж байгаа болохоор ёс мэдэхгүй биз ээ. Ихэс
дээдэс заларч буй тул та ч мөн доош сөгдөн сууна уу. Хишигтэн цэргүүд таныг анзаарвал
хэцүүхэн юм болж мэднэ гэлээ.

Тэд доош сөгдөн суув. Төд удалгүй төв замаар дөрвөн морьтон явж өнгөрөв. Дараа нь өргөн
замаар эгнэн жагссан дөрвөн эгнээ цэрэг явж өнгөрлөө. Удалгүй араас нь дөрвөн морьтон
дөрвөн талд нь явах гоёмсог сүйх тэрэг өнгөрч, мөн дахин дөрвөн эгнээ цэрэг явсны дараа
сая сөхрөн суусан хүмүүс өндийн босч тэдний араас алгаа дэлгэн хурайлж үдэв. Буше
хажуугийнхаа хүнээс,

- Гоёмсог сүйх байхыг харвал энэ хотын хатан хаан заларч байгаа хэрэг үү гэж асуухад,
Нөгөө хүн:

- Үгүй дээ. Энэ улсын хааны эх Сорхугтани хатан заларч байна хэмээн хариулав. Буше ирсэн
хотынхоо байр байдлыг хараад,

- Би өөрийгөө олон газраар явж, юм үзэж, нүд тайлсан гэж боддог. Гэвч миний урьд очиж
байсан газруудад ийм олон шашны сүм хийдүүд нэг дор байхыг харсан удаа үгүй. Тэд байнга
хоорондоо тэмцэлддэг. Харин энэ хот бол миний урьд өмнө сонсож дуулж байснаас тэс
ондоо болохыг нүдээр үзлээ гэв. Мөнөөх хүн:

- Тийм ээ, Монголчууд бүх шашныг дээдлэн үздэг. Өнөө Хархорумд олон шашны сүм дуган
бий. Тэр ч бүү хэл Ислам шашинтнуудын оршуулгын газар ч байдаг. Тэд цөм мөнх тэнгэрийн
ивээл дор оршдог. Харин Монголчууд өөрсдөө бол тэнгэрээ шүтдэг улс гэв. Буше:

-Төв замын дагуу явж өнгөрсөн ихэс дээдэс чухам хааш явж байгаа хэрэг вэ хэмээн асуухад
Мөнөөх хүн:

- Хааны ордон руу явж байгаа болов уу. Хотын баруун урд хааны ордон буй. Мөн л дөрвөн
талаараа хэрмээр хүрээлэгдсэн тэр газарт энгийн ард бол орох боломж үгүй юм. Хаан эзний
асар том ордны өмнө нэгэн том чулуун яст мэлхий байдаг хэмээн ярилццаг юм билээ. Яст
мэлхий урт насалдаг тул, урт удаан амьдралыг бэлгэдсэн биз ээ хэмээв.

Хотын баруун өмнө эргэн тойрон хана хэрмээр хүрээлэгдэн байх хааны өргөө, Түмэн
амгалант ордон эгэл ардад бол алсаас харахаас биш ойртон очих боломж үгүй олон давхар
харуул хамгаалалтын дунд оршино. Жаран дөрвөн багана бүхий энэ ордны их танхимыг
ногоон паалантай тоосгоор шаллаж, барилгыг бүхэлд нь ногоон, улаан, шар өнгийн
паалангаар дээвэрлэж, ордны ханын дотор талыг хөрөг зураг, элдэв хатгамал, ангийн үсээр
чимэглэсэн нь гоёмсог сайхан хийгээд уран чамин. Газар газрын уран дархчуулын ур ухаан
шингээн бүтээсэн тавилга сэлт бүхий энэ орд дотроо их танхимаас гадна, хэд хэдэн туслах
танхимтай.

Түмэн амгалант ордны өмнө Сорхугтани хатан дагалдагч Ажин болон бусад эмэгтэйчүүдийн
хамт залран иржээ. Хатнаас холгүйхэн хэвтүүлүүд, хишигтэн цэргүүд дагалдан явна. Олон
цэргүүдийн дундаас хэвтүүлүүдийн ахлагч:

- Хатны дуудуулсан ёсоор уран дархан Буше бараалхан ирэв хэмээн хэлэхэд Сорхугтани
хатан:

- Оруул хэмээн зарлигдав. Хатны зарлиг хэвтүүлийн ахлагчийн амаар дамжин "Оруул"
хэмээн хэдэнтээ давтагдсаны дараа хааны ордны гадаах хэрмийн хаалгаар харь зүсийн хэдэн
хүн орж ирлээ. Тэдний ахлагч нь бололтой өндөр нуруу, хөнхөр нүд, урт эрүүтэй тавь орчим
насны шар толгойтой хүн ихэд ёсорхон хатны өмнө ирж мэндчлэн,

- Тал нутгийн эрхэм хатны амрыг эрж, Францын уран дархан Буше би бээр таны амар
мэндийг мэдэн бараалхахаар ирлээ хэмээв. Нас тогтсон энэ эрхэм олон жил чимхлүүр ажил
хийсээр хараа нь бага зэрэг муудсан болов уу гэмээр нүд нь сүүмийн ярих ажээ. Сорхугтани
хатан:

- Хаан эзний зарлигаар тал нутагт минь морилон ирэхдээ урт замыг туулаа биз. Амарч
тухалж амжив уу хэмээн асуухад Буше тал нутгийн сүрлэг хатан өөрт нь анхаарал тавьж
байгаад урамшсан янзтай,

- Өчигдөр нар жаргахын алдад ирлээ. Хэдий урт замыг туулж ирсэн ч тал нутгийн
гайхамшигт хотын сүр барааг хараад алмайран гайхаж, алжааж ядарсан минь мартагдан, энэ
тэрийг үзэж сонирхож явсаар ядарснаа мартсан байна хэмээв.

- Сайн хэрэг. Би Буше таныг дуудуулсан учир бол тал нутгийн домог болсон Түмэн амгалант
ордныг улам сүрлэг, үзэсгэлэнтэй болгох хүсэл агуулсны учир юм хэмээгээд ардаа сүндэрлэх
ордны зүг бахдалтайгаар харж,

- Энэ сайхан ордныг эзэнт гүрэн даяар бахдан өгүүлдэг болохыг та лав дуулж сонсоо биз.
Энэ бол зөвхөн нүүдэлчин Монголчуудын бахархал бус, эзэнт гүрний бахархал учир түүний
сүр хүчийг улам төгөлдөр болгох хүсэл байна. Энд ямар нэгэн чимэг дутаж байгааг та
анзаарч байна уу? гэж асуухад Буше чухам юу дутаж байгааг олж харах гэсэн мэт нүдээ
сүүмийлгэн, Түмэн амгалант ордны зүг анхааралтайгаар харав. Сорхугтани хатан:

- Урьд хожид дуулж сонсож байгаагүй гайхамшгийг энэ ордны өмнө буй болгож чадах
эсэхийг чинь эхлээд асууя гэв.

Эрс шулуухан үгтэй энэ хатны асуултанд шууд хариулна гэдэг хэцүү. Буше дархан Түмэн
амгалант ордноос харцаа үл салган,
- Бид бол орд харшаа эргэн тойрон саглайн ургах өтгөн ногоон модоор чимж, өмнө нь
тухайн газар орны сүр хүчийг илтгэсэн хөшөөг урлан босгодог гэв.

- Та нар орд харшаа модоор чимэглэдэг бол бид орд харшаа алт мөнгөөр чимэглэдэг. Харин
тэр хөшөө гэдэг чинь сонирхолтой байна. Эднийг хослуулж болох бус уу? хэмээн хатан дахин
асуулаа.

Буше хатны үгийг сайн ойлгосонгүй бололтой гайхан зогсоно.

- Энд мөнгөн мод босгоё. Чи түүнийг урла. Буше дарханд хэдэн хүн байна вэ гэж асуухад
дархан сая учрыг олж,

- Хатантан минь надад хамт ирсэн таван хүн бий ч хүн дутах болов уу. Хархорумд ирсэн
даруй уран дархчуулын гудамжаар явлаа. Тэдний урлаж бүтээсэн бүхнийг харж явахад тун ч
шаггүй, чимхлүүр, нямбай хүмүүс болох нь анзаарагдсан гэв. Сорхугтани хатан:

- Тэгвэл хотын уран дархчуулыг ав. Хааны сангаас тэдэнд хишиг хүртээнэ. Мөнгөн модноос
мөнгөн жимс ургаж, мөнхийн рашаан ундран гарах тийм хосгүй бүтээлийг чи хаан эзэнд
бүтээн өг хэмээхэд,

- Хатантан минь би өөрт буй эрдэм оюун, ур чадвар бүхнээ дайчлан босгоё. Тал нутгийн
эзэн хаанд барих миний бэлэг тэр болог хэмээн Буше ихэд хүндэтгэлтэйгээр хэллээ.
Сорхугтани хатан:

- Мөнгөн мод барихад хэрэгтэй бүх зүйлийг хааны сангаас гаргуулж, чиний урчуудыг
байрлуулах орон байр хоол хүнсийг бэлдэж, ажлын хөлсийг өгөх болно. Өөр хэрэгтэй зүйл
байвал алгуурлалгүй мэдэгдэж бай хэмээн хэлээд тэднийг орхин явахад дагалдагчид нь
хатныг тосон авч, хэвтүүлүүд тойрон хүрээлсээр, хишипэн цэргүүд араас нь дагалдан цааш
одох нь сүр бараатай.

Түмэн амгалант ордны өмнө Буше дагалдан ирсэн хүмүүсийн хамт үлдлээ. Ордны
хамгаалагчид тэдний зүг хянуур харах нь айдас хүрэм. Хамт үлдсэн хүмүүсийн нэг нь Бушед
хандан:

- Та ч тун хэцүү даалгавар авлаа даа. Эдний сэтгэлд нийцүүлнэ гэдэг тун хэцүү. Тэдэнд очиж
үзээгүй газар ховор. Хамгийн аймшигтай нь Монгол морьдын туурай хүрсэн л бол тэндээ
эзэн суудаг нь эдний давуу тал. Хэрэв энэ хатанд таалагдахгүй бол таныг хэцүүхэн юм хүлээх
болно. Яаран амлах хэрэг байв уу хэмээн асуухад Буше сэтгэл зовсон янзтай, түрүүнээс хойш
нүд салгахгүй өөрсдийг нь ажиглан байгаа ордны харуулуудыг дахин харав.

Мөнх хааны ордонд хол замыг туулж ирсэн хэдэн хүн байв. Хаан бээр ордны хоймор дахь
эрдэнийн чулуун сэнтийдээ заларсан харагдана. Өргөөн дотор ирсэн зочдоос гадна хааны эх
Сорхугтани хатан байв. Мөнх хаан:

- Юу гэнэ вэ. Алтан ордны улсын эзэн Батхаан алт мөнгөнд дурласан хэрэг үү. Хааны
хөрөнгөнөөс түмэн өлгий мөнгө соёрхохыг хүсэв гэнэ ээ хэмээгээд дуугаа хураав. Ирсэн
хүмүүсийн нэг нь:

- Тийм ээ хаантаан. Зүрх гарган өчиж буйг минь өршөөн соёрхоно уу хэмээхэд, Мөнх хаан:

- Та бүхэн маргааш үдийн алдад эргэн ирж хариугаа авна уу хэмээгээд тэднийг буцаалаа.
Ирсэн хүмүүсийг гарч явсны дараа Мөнх хаан:

- Алтан ордны улсын эзэн хаанд алт мөнгө дутна гэж лав үгүй биз ээ. Тэр өнөө ямар санаа
агуулан энэ элчийг илгээсэн болохыг мэдэхгүй юм гэхэд Сорхугтани хатан:

- Юу ч тохиолдсон байж болно. Их үйлийг хийхэд их мөнгө хэрэг болдог. Гэвч хэлсэн
зоргоор нь тийм их мөнгийг хааны сангаас гарган явуулах нь зөв эсэхийг хаан эзэн мэргэн
албат, сайд, түшмэдтэйгээ зөвлөн шийдэх нь дээр болов уу хэмээлээ. Мөнх хаан тэр даруй
хааны ордонд төрийн сайд түшмэдийг цугларахыг зарлигдав. Төд удалгүй хаант төрд шинээр
томилогдоод удаагүй байсан сайд түшмэд бүгдээр цуглахад, Мөнх хаан:

- Алтан ордны улсын эзэн Батхаан биднээс түмэн өлгий мөнгө соёрхохыг хүсчээ. Энэ их
мөнгийг хүссэн зоргоор өгч явуулж болох эсэхийг шийдэхийн учир эрхэм сайд түшмэдийг
дуудууллаа гэхэд, төрийн сайд түшмэд ээлж дараагаар өөр өөрийн санаа бодлыг хэллээ.
Тэдний зарим нь:

- Батхаан өнөө хаан эзэн танаас буруу харан суужээ. Тэр сүр хүчээ хаан эзэнд мэдрүүлэхийг
зорьж байгаа хэрэг биз. Хэрэв энэ мөнгийг явуулахгүй бол хэцүүхэн хариу ирж болох юм
гэхэд, өөр нэг түшмэл:

- Батхаанд тийм их мөнгийг хүссэн зоргоор нь өгч явуулж болохгүй л болов уу. Хэрэв энэ
удаад өгч явуулах юм бол, эзэнт гүрний бусад газарт суугаа эзэд мөн хааны сангаас хүссэн
зоргоор мөнгө нэхэмжлэх болно хэмээнэ. Зарим нь:

- Хэрэв өгч явуулахгүй бол Батхаан, хаан эзэн өөрөөс нь буруу харж суусанд хорсон, өөрийн
хүчийг харуулж биднийг дайран ирж, хаан ширээг булаан авбал яах вэ? гэхэд,

- Батхаан бол таныг хаан сэнтийд суухад хүндтэй гавьяа байгуулсан хүн тул ачийг нь санаж
хэлсэн ёсоор нь түмэн өлгий мөнгө явуулах хэрэгтэй болов уу. Аяганы хариу өдөртөө, агтны
хариу жилдээ гэдэг хэмээнэ.

Цугласан олон сайд түшмэдийн амнаас нэгэн шийдэлд хүрэх хариуг эс олсон Мөнх хаан энэ
хэргийг хэрхэн шийдэхээ тунгаан суув. Тэрбээр "Сайд түшмэдийн үгнээс мэргэн ухааныг олж
болдог ч, мунхгийн харанхуйтай хамт уур цухлыг ч бас олж болдог ажээ. Хаан би бусдын
үгийг сонслоо ч ямагт өөрийн оюун ухаандаа дахин тунгааж бодох хэрэгтэй биз ээ" хэмээн
бодоод,

- Олон сайд түшмэдийн санаа бодлыг сонслоо. Энэ бол бидний бус, эзэнт улсын хөрөнгө.
Тиймээс их хаадын үлдээсэн хөрөнгийг энэ мэт үрэх аваас олон ноёд, ардад хүртээх энгийн
хишиг харамжийг юугаар олгох вэ. Ноёд та нар үүнийг сайтан тунгаан бодно уу. Уг нь Алтан
ордны улсын Батхаан бид хоёр угтаа нэг хүний хоёр нүд лугаа адил гэж санана. Би аль зүгт
харна, Батхаан тэр зүгт харах ёстой атал надаас түмэн өлгий мөнгө нэхлээ. Хатан эх та ямар
бодолтой байна вэ, хүү нь таны үгийг сонсохыг хүсч байна хэмээн Сорхугтани хатнаас асуув.

- Батхаан түмэн өлгий мөнгө нэхэмжилсэнд бид өнөө гайхаж байна. Тэр лав алт эрдэнэст
шунасандаа ингээгүй болов уу. Бидэнд түүний хүссэн мөнгийг өгч явуулах, өгч явуулахгүй
хоёр зам байна. Миний санахад хэрэв хүссэн мөнгийг өгч явуулахгүйд хүрэх аваас Батхаанд
гомдолтой байх болно. Харин өгч явуулахад хүрвэл хааны санд дэндүү үрэлгэн хандсан хэрэг
болох тул аль алийг нь харьцуулан үзэж байж шийдэх нь зөв болов уу. Тиймээс

Батхаанаас ирсэн элчийг дагалдуулан өөрсдийн хүмүүсийг явуулж, ямар санаа агуулж байгааг
нь тандан, түүний хүсэлтийг хүндэтгэн үзсэнээ илэрхийлээд мянган өлгий мөнгө явуулъя
хэмээхэд Мөнх хаан:

- Юуны учир гэдгийг мэдэхгүй ч тэр алт эрдэнэд шунан дурлаад байгаа бол яая гэхэв, хатан
эхийн хэлснээр түүнд мянган өлгий мөнгө явуулья. Харин энэ мөнгийг олон ноёдын нэг
болох Батхаанд өгөх жилийн олгомжоос хасч олго. Мөн хатан эхийн хэлснээр, хэн хэнийхээ
сэтгэл дотор сэв үлдээхгүйн тулд тэндээс ирсэн элчийг дагалдуулан өөрийн хүмүүсээ хамт
явуулж, санаа бодлыг нь сонсъё хэмээлээ.

Алтан ордны улсын эзэн хааны өргөөнд их найр цэнгэл ид дундаа өрнөж байлаа. Өргөөний
хойморт Батхаан их хатныхаа хамт залран суужээ. Баруун талаар ноёд түшмэд эрэмбэ
дараалан сууж, сархад таалан байхад, зүүн талаар хатад эмэгтэйчүүд харагдана. Хаан эзний
асар том өргөөний голд эрээн даашинз, шар үстэй орос эмэгтэйчүүд товшуур хөгжмийн аянд
хөнгөн, хөгжилтэй бүжиглэнэ. Өргөөний баруун талаар заларсан ноёд түшмэдийн дундаас
нэгэн түшмэл сархад хүртээд нэлээд халамцсан бололтой бүжиглэж байгаа бүсгүйчүүдийг
харж сууснаа гэнэт өндийн босч, өмнөх хундагатай дарсаа нэг хөнтрөөд, буцаан ширээн дээр
хүчтэй тавьж, өргөөнөө бүжиглэн буй орос охидын захаас нэг охин татан авч тас тэврэн,
уруул дээр нь хүчтэй озон үнсээд, чанга тэвэрсээр үүд чиглэн явахад гарт нь тийчлэх
эмэгтэйн хормой дээш сөхөгдөн гуя хас нь ил харагдав. Энэ байдлыг харсан харуулууд түүний
гараас хүүхнийг салган авч бүжиглэж буй эмэгтэйчүүдийн зүг явуулаад, мөнөөх ноёныг цааш
чирэн өргөөний үүдээр авч гарлаа. Найр хавтгайрчээ.

Орой нар шингэхийн алдад тал нутгаас элч ирсэн тухай дуулсан Батхаан найр цэнгэлийг
өндөрлүүлж, тэднийг дуудан ирүүлэхийг зарлигдав. Ордонд ирсэн Батхааны элч нар Мөнх
хааны харам шийдвэрийг арай ядан дамжуулж, хаан эзний соёрхсон мянган өлгий мөнгийг
дэлгэн тавилаа. Батхаан элчийн үгийг нэгд нэгэнгүй анхааралтай сонсож дуусгав. Тэрбээр
юм хэлсэнгүй. Гагцхүү тэр өтгөн хөмсгөө нумлан зангидсан байв. Хэзээ мөдгүй хилэнгийн
үгс ундран гарах нь уу гэж бодогдом айдаст нам гүм Алтан ордны улсын хааны ордныг эзлэн
авчээ. Энэ нам гүмийн дунд албатуудын амьсгал нь хүртэл сонсогдохоор байв. Батхаан сая ам
нээж,

- Түмэн өлгий мөнгө нэхэмжлэхэд, мянган өлгий мөнгө явуулсан гэнэ ээ. Тэр мөн Батад
олгох жилийн олгомжоос хасч олгох зарлиг буулгасан байна хэмээхүйд Батхааныг хилэгнэхээс
айсан албат түшмэд хэрхэхээ мэдэхгүй мэгдэн сандрав.

Энэ айдаст нам гүмийг арай ядан эвдэж элч нарын ахлагч:
- Мөнх хаан өөрийн хүмүүсийг бидэнтэй хамт илгээн явуулав хэмээгээд өргөөнд бараалхсан
хүмүүсийн зүг харав. Батхаан тэднийг хараад,

- Мөнх хааны элч нааш ойртон айлтга! хэмээхэд тэдний дундаас хоёр хүн Батхааны өмнө
ирж сөхрөн суув. Тэдний нэг нь:

- Мөнх хаан эзэн танд үг дайн илгээлээ. Тэрбээр "Хаан эзэн би бээр өөрийн хувьд, Батхааны
ачийг насан турш мартахгүйн тул хүссэн бүхнийг тань илгээхэд бэлэн байна. Гэвч Монгол
төрийн эзэн хааны хувьд Батхааны хүсэлтийг хүлээн авч чадахгүйн учир нь, бидний эцэг
өвгийн хураасан улс, буй болгосон баялгийг өөрийн дураар тараан өгөх эрх, мөнх тэнгэрийн
дор надад үгүйн тул мянган өлгий мөнгө илгээв. Хэрэв Батхааны сүр хүчинд эд хөрөнгө
дутагдаж буй аваас бидэнд үнэнийг айлдан явуулна уу. Хэрэгтэй цагт тань туслан дэмжихэд
бэлэн буй хэмээлээ" гэв.

Өргөөн дотор дахин нам гүм ноёрхлоо. Энэ айдаст нам гүмийг эвдэн Батхаан:

- Чамд энэ үгийг Мөнх хаан өөрөө дайн явуулав уу? Сорхугтани хатан дайн явуулав уу хэмээн
асуув. Мөнөөх элч:

Мөнх хаан эзэн дайн явуулав хэмээв. Батхаан:

- Чингис хааны ач хүү мөн дөө. Алтан ордны улсын эзэн алтанд дурлаад юу хийх билээ. Би
түүнийг туршин үзсэн хэрэг. Тэр миний итгэлийг даалаа. Өнөө би өвөг эцгийн хураасан
улсад эзнийг нь олж суулгасан бус уу хэмээн баяртайгаар өгүүлэв. Хэрхэх нь тодорхойгүй
айдас түгшүүр тээн ирсэн хүмүүсийн царайд инээмсэглэл тодорсон байв.

Хааны ордон хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Эзэнт гүрний нутаг дэвсгэрээс элч төлөөлөгчид
хүрэлцэн иржээ. Өөр өөр зүс царай, өөр өөр ёс заншил, өөрийн өөрийн хувцас эдлэлийг
өмсөн ирсэн энэ хүмүүс өнөө нэгэн дээвэр дор цуглаж, эзэнт гүрний сүр хүчин тэднийг
нэгтгэжээ. Мөнх хаан эзэн өргөөний хоймроос цугласан олонг анхааралтайгаар ажиглан харж
суулаа. Түүний харц өвөг эцэг шигээ цоргисон бус, харин Тулуй эцэг шигээ гүн бодлыг
агуулсан байгааг зарим нэг настай сайд түшмэд анзааран байв. Тэд "Мөнх бол их хаадын аль
алины зөв бурууг мэдэж, хатан эхийн сургаал ухаанаар хүмүүжин өссөн, цэргийн эрдэм,
ухааны эрдэм, сэтгэлийн эрдэмд суралцсан нэгэн тул, бие хэл сэтгэл гурав амирласан их
хаан төрийн сэнтийд заларлаа" хэмээн бэлгэшээж байсан юм. Өргөөний хоймроос Мөнх хаан
намуун дуугаар яриагаа эхлэв.

- Нэг биед олон толгой байх нь амар суух бүү хэл, ам руугаа хоол дөхүүлэх боломжийг үгүй
хийсээр өлбөрч үхэхэд хүргэдэг. Төрийн доторх аливаа хэрэг явдал хааны ухаан бодлоос
урган, хааны ордноос гарсан цагт сая эзэнт гүрний нутаг орон даяар хэрэгжиж байхыг
сануулъя. Хааны зүгээс гаргасан зарлиг шийдвэрийг улсын дээд шүүгч Мэнгэсэр ноён
танилцуулна хэмээн хэллээ. Сайд түшмэдийн дундаас улсын дээд шүүгч Мэнгэсэр ноён босч,
хаан эзний өмнөх ширээн дээр хуйлан тавьсан зарлигийн бичгийг авч, дэлгэн бариад, уншиж
сонордууллаа.

- Их Монгол улсын хаан эзний зарлиг. Эзэнт гүрний нутагт дэвсгэрт суугаа ихэс дээдэс
өөрийн дураар гэрч тэмдэг гарган, ёс бусаар алба гувчуур татварлах, мөн өөрийн дураар газар
нутагтаа айл өрх элсүүлэн авахыг хатуу хориглоно. Эдгээр ноёд түшмэд өөрийн биеэр хаан
эзэнд бараалхан ирж, үнэнч шударгуу эсэхээ нотлон харуулсны дараа сая хуучин суудалдаа
эргэн суух эрхтэй болно. Хаант төрийн алтан гэрэгээг шинэчлэн цутгаж, хуучин гэрэгээг
өнөөдрөөс хүчингүй болгож хураан авсугай. Хаант төрийн нэрийг барин хуучин гэрэг
ашигласан хэн бүхнийг эрүүдэн шүүнэ. Өртөө улааг зогсоож, хэл чимээг таслан, дахин
томилох хүртэл өртөө улаа хэрэглэхийг чандлан хориглоно хэмээн уншиж сонордууллаа.
Цугласан олон улсын дээд шүүгч Мэнгэсэр ноёны дөнгөж сая уншиж сонордуулсан
зарлигийн бичгийг ухан бодож байхад, аль хэдийнээ эзэнт гүрний нутаг орон даяар энэ
зарлиг хэрэгжиж эхэлсэн байв.

Алсаас нэгэн морьтон тоос татуулан хурдалсаар айсуй. Тэрбээр товлосон газраа ирэн
дамжуулсан хэлийг дараагийн морьтон залгуулан өртөөлж явсаар, энэ хэл чимээ очих ёстой
газартаа хүрдэг жамтай. Өгөөдэй хаан эзэн сэрүүн ахуйдаа өртөө улааг үндэслэж, тал нутагт
тархан байх цуу яриаг үгүй хийн, үнэн хэл чимээг залгуулах өртөө улаа бий болгосон нь
өнөөг хүртэл үүргээ гүйцэтгэсээр ирсэн байв. Харин энэ удаад давхин ирсэн морьтныг сэлэм
жад агссан хүдэр эрс тосон авав. Өртөөлөн ирсэн элчийг тосон хүлээж байсан эрс дараагийн
улаачид залгуулах хэлийг таслан зогсоож, элчийг саатуулав.

Энэ үйл явдал өртөө бүхэн дээр өрнөж, тал нутгаар морины хурдаар давхин явах бүх элчийг
зогсоосон байв. Үнэн хэл чимээ замдаа тасарч, үг яриаг дамжуулах хүмүүс нь саатуулагджээ.
Эзэнт гүрний нутагт өртөөлөх өртөө бүхэн зэвсэглэсэн хүмүүсийн хяналтанд оров. Энэ үед
морин өртөө бүрмөсөн зогсов. Бүх хэл чимээ тасарч, таамаг сураг болон үргэлжиллээ.
Үндсэндээ харилцаа холбооны үүрэг гүйцэтгэж байсан өртөө улаа үгүй болсон тул үүнийг
орлох ямар нэгэн зүйл байсангүйд хүмүүс айн мэгдэж эхэллээ.

Ийм байдлаар хэд хоног тасарсан өртөө улаа нэг л өдөр амь орж, өртөө бүхэн дээр шинэ
шинэ хүмүүсийг томилон тавьсан байв. Хэдэн хоногийн туршид тасарсан харилцаа дахин
сэргэж, энэ бүх мэдээ зөвхөн хаант төрийн хатуу хяналтан дор, хаан эзний итгэмжлэгдсэн
хүмүүсээр дамжих боллоо. Өртөө улаагаар дамжин явсан цуу, үнэн худал яриа тасарч, цааш
дамжих аргагүйд хүрэв.

Энэ үед Хархорумаас зүүн урагш Угтах хотын хэрмэн дундах орд өргөөний голд зассан
тавцан дээр эзэнт гүрний өнцөг булан бүрээс ирсэн алтан гэрэгүүдийг өрөн тавьжээ. Алтан
гэрэгүүд дээр дээрээсээ нэмэгдсээр өнөө уул овоо шиг их болсон байв.

Мөнх хаан дагалдагчдынхаа хамт Угтах хотод саатан байх зуур овоолон хураасан алтан
гэрэгүүдийг хараад,

- Монгол төрийн ороо бусгаа үед хүн бүрийн өөрийн дураар хаан эзний нэрийн өмнөөс алтан
гэрэг үйлдэж, зарлиг шийдвэрийг дураар зөрчин, эмх замбараагүй байдал газар авсныг, энд
овоолсон гэрэгүүд илтгэх биз ээ. Эднийг цутгаж хааны санд тушаагаад дахин алтан гэрэгийг
шинээр үйлдэн эмх замбарааг тогтоо хэмээн зарлигдав.

Хархорумын Түмэн амгалант ордны өмнө гоёмсог мөнгөн мод сүндэрлэн босчээ. Ордны
өмнөх асар том мөнгөн модыг алт мөнгөөр хослуулан урлаж, мөнгөн модны мөчир салаа
бүхнээс мөнгөн жимс сагсайн байна. Мөчрүүд байшингийн дээврээс өндөрт гарчээ. Модны
угт нь дөрвөн мөнгөн арслан байх юм. Дөрвөн мөнгөн цорго модны голыг ороон дээш
өндийн гарчээ. Мөнгөн цоргоны салаа бүрийг дөрвөн ширхэг алтан могой ороосон харагдана.
Модны орой хэсэгт бишгүүр барьсан тэнгэрийн элч зогсчээ. Мөнөөх тэнгэрийн элчийн
бишгүүр дуугарахад могойнуудын амнаас дөрвөн зүйлийн исгэлэн ундаа болох айраг, цэгээн
тунгалаг хар кумис, усан үзмийн архи, балт дарс ундран гарч модны ёроолд тавьсан мөнгөн
торхонд юүлэгдэх ажээ. Урьд өмнө үзэгдэж харагдах нь бүү хэл дуулдаж сонсогдоогүй
гайхамшигт мөнгөн мод, агуу их сүр хүчний бэлгэдэл болон Түмэн амгалант ордны өмнө
урган боссоныг харж сонирхохоор хаант төрийн ихэс дээдэс нэгэн дор цугласан байв.
Мөнгөн торхноос эрдэнийн умдааг алтан аяганд аягалан хаан эзэн Мөнхөд барьсан хүн бол
уран дархан Буше байлаа.

- Хаантан таны хатан эхийн зарлигаар урласан мөнгөн мод өдгөө үр жимсээ боловсруулж
дуусаад өргөн олныг умдаалахад бэлэн боллоо хэмээн хэлж гар сунган барихад Мөнх хаан
алтан аягатай ундааг ихэд тааламжтайгаар тамшаалан хүртээд,

- Мөнгөн модыг ороосон дөрвөн могой ямар учрыг агуулж байгаа хэрэг вэ гэж асуулаа. Буше
өөрийн бүтээсэн мөнгөн модыг бахдалтайгаар харж,

- Дөрвөн ширхэг алтан могой бол Монгол гүрэн дөрвөн зүгт тэлэн өргөжихийн бэлгэдэл
юм. Дөрвөн зүйлийн ундаа нь хол ойрын улс орнуудыг айраг дарс, балын ундаа, будааны шар
айраг билээ. Харин энэ мод өөрөө ертөнцийн төвд бөх бат, тогтвортой орших Монгол төрийг
илэрхийлж буй хэрэг юм гэж хэлэхэд хаан эзэн сэтгэл хангалуун байгаа бололтой Бушегийн
үгийг анхааралтай сонсоно. Мөнх хаан:

- Тэр дээр байгаа далавчтай хүүхэд ямар учиртай билээ хэмээн асуув. Буше "Далавчтай
хүүхэд" гэсэн үгийг сонсоод дотроо инээд нь хүрч байсан ч хааны хилэнгээс эмээн доош
харж,

- Бид тэнгэрийн элчийг ингэж далавчтай хүүхдийн дүрсээр бэлгэдэн илэрхийлдэг юм гэж
хариулав. Мөнх хаан хүд хүд инээгээд,

- Мөн мөн, бид ч мөн мөнх тэнгэрийн шүтлэгтэй. Гэвч тэнгэрийн элчийг урд өмнө иймээр
төсөөлж байсан удаагүй ч, хүүхдийн дүрс сэтгэлд дотно сайхан санагдаж байна. Тэр бяцхан
далавчаараа нисэн биднийг зорин ирсэн хэрэг биз. Хиргүй тунгалаг хүүхдийн сэтгэлтэй
мөнх тэнгэрийн элч байх нь гэхэд Буше сая санаа нь амрав. Мөнх хаан үргэлжлүүлэн,

- Өдгөө ертөнцийн төвд бат сайн оршсон энэ мөнгөн модны адил эзэнт гүрэн минь өнө
мөнх наслаж, хаан эзэн би мөнгөн модны салаа мөчир лугаа ертөнцийн зүг бүрд амар
тайвныг тогтоохыг хүснэ хэмээлээ.

Хаан эзний үгийг сонсон зогсох Сорхугтани хатан:

- Мод бол тал нутагт их учир утгыг агуулна. Тэр цагт их эзэн Чингис хаан Жамух нар
Хонхногийн талд нэгэн модны дор андгай өргөж байсан түүхтэй. Хаантны энэ үг нэгэн
цагийн хаан өвгийн адил андгай байж, ертөнцийн дөрвөн зүгт бүхнийг нэгтгэхийн эхлэл
болох буй за хэмээн хатан эх нь сэтгэн байна гэж хэллээ. Мөнх хаан Бушегаас бас нэгэн
зүйлийг асуухаа мартсангүй,

- Энэ модыг ороосон дөрвөн могойн амнаас ундран байх ундаа хэрхэн гадагш гарч байна вэ
гэж сониучирхан асуув.

- Энэ модний хөндий дотор олон араа шүдтэй оньс ажиллаж, зарц нарын хийсэн ундааг
дээш өргөн могойн амаар гаргаж байгаа хэрэг юм гэж Буше хариулав. Мөнгөн мод Мөнх
хааны сэтгэлд нийцсэн бололтой, царайд нь инээмсэглэл тодрон байв. Тэрбээр хатан эхдээ
хандан,

- Ээж минь та тал нутагт гайхамшгийг бүтээлгэжээ. Түмэн амгалант орд өнөө бүр ч бахдам
сайхан харагдаж байна. Тэнгэрт мандах алтан нарыг бүгд хардаг шиг, сайхан зүйлийг зөвхөн
ихэс дээдэс үзэж хардаг ёс үгүйн тул энгийн ардыг ч ялгалгүй ёс журмын дагуу хааны ордонд
оруулан, Түмэн амгалант ордон хийгээд мөнгөн модыг нүдээр үзүүлж, эзэнт гүрнээрээ
бахархах сэтгэлийг төрүүлж байхыг ээж та зарлигдана биз ээ хэмээн хэлэв.

Энэ цагаас тал нутгийн домог болсон Түмэн амгалант орд, гайхамшигт мөнгөн мод зүг
зүгийн хүмүүсийн өмнө дэлгэгдэж, чихээр сонссоноо цуу болгон нэмж хачирлан ярих бус,
нүдээр үзсэнээ үг болгон нэг нэгэндээ хуучлан сайхан ярианы сэдэв болов.

Энгийн ардын дунд нэгэн баярт мэдээ тархан ирэв.

- Мөнх хаан эзэн өршөөлт засгийг явуулж, төрд тэрсэлснээс бусдаар хэрэг үйлдсэн бүх
ялтнуудыг суллах зарлиг гаргажээ. Энэ өршөөлийн зарлигт ихэнхдээ энгийн ардууд багтжээ.
Алба татвар гувчуулсан, хилсээр гүтгэгдсэн, дээрэм танхай үйлдсэн гэх мэт, гэмтэй, гэмгүй
олон хүн суллагдан гэр гэрийн зүг явлаа гэх нь сонсогдов.

- Аллага цөллөг ихсэж, ардын сэтгэл санаа үймэрч сандарсан хүнд үе ирлээ дээ гэж санасан.
Ийм сайхан мэдээ дуулна гэдэг юусан билээ. Сайхан цаг ирж байгаа хэрэг биш үү. Хаан эзэн
эгнэшгүй ухаантай хүн юм гээч...

- Чухам аа. Ихэс дээдэст айдастай, энгийн ардад элбэрэлтэй эзэн хаан бидний дээр
заларчээ. Харин өнөөг хүртэл бослого тэмцэлд оролцсон алтан ургийнхан болоод ноёд
түшмэдийг эрүүдэн шүүж байгаа гэдэг шүү...

- Хаан эзэн төрд тэрсэлсэн ялтнаас бусдыг сулласан юм хойно, тэд өнөө төрийн өмнө гэм
хийсэн тул ингэж байгаа хэрэг...

- Ай хөөрхий. Юм гэж сонин юм даа. Шорон гяндан бүү хэл, шорвог хоолыг таалж үзээгүй
ихэс дээдэс тэнд мөн ч тарчилж байгаа байх даа...

- Цөг гэм. Амныхаа зоргоор чалчиж байж тэнгэрийн гэсгээл хүртэв. Ихэс дээдэс гэдэг
тэнгэрт тэтгэгдсэн хүмүүс байдаг. Тэнгэрийн явдлыг газрын бид хэрхэн шийднэ хэмээн ард
олон өвөр зуураа ярилцана.
Мөнх хаан эзэн Мэнгэсэр ноёны хамт орд өргөөнөө

залран байв. Мөнх хаан Мэнгэсэр ноёнтонд хандан:

- Өртөө улааг шинэчилсэн нь сайн хэрэг. Өгөөдэй хаан тэр цагт өртөөг довтолгож эхлэхдээ
үнэн мөний зам үргэлж зурайн байхаар сэтгэсэн биз ээ. Гэвч өнөө үнэний зам хазайж,
өөрийн чигээ алдсан тул шинэчлэхээс өөрцгүй болсон хэрэг хэмээхэд, Мэнгэсэр ноён:

- Хаан эзний зарлигаар, хаант төрөөс итгэмжлэгдсэн хүмүүсийг шинээр тохоон томилсон
тул өнөө үнэн хэл замдаа тасрахгүй, үтэр түргэн очих газраа хүрнэ биз ээ хэмээв. Өргөөний
гадна харуулийн дуу гарлаа.

- Хатан эх залран ирлээ хэмээхүйд өргөөний үүдээр Сорхугтани хатан хоёр дагалдагчийн
хамт орж ирээд, хаан эзний ойролцоо сэнтийдээ заларсны дараа үүдэнд зогсох дагуулуудаа
гарч болохыг дохин явуулаад, Мэнгэсэр ноёнтонд хатдан:

- Мэнгэсэр ноёнтон түр гадаалж байна уу хэмээлээ. Хатны зарлиг тул Мэнгэсэр ноёнтон,
дагуулуудын хамт гарч явлаа. Өргөөнд Мөнх хаан, Сорхугтани хатан хоёр үлдэв. Сорхугтани
хатан:

- Хаан эзэнтэнд айлдах зүйл байна хэмээв. Хатан эхийнх нь сэтгэл санаа тавгүй байгаа
бололтой. Төр улсын хэрэг одоо л нэг цэгцэрч, түмэн олны сэтгэл амирлаж байхад, хатан
эхийн сэтгэл тайвшралыг олоогүй байгаа нь хачирхалтай санагдав. Сорхугтани хатан:

- Бид эцэг чинь юуны төлөө халуун амиа зольсныг мартах учиргүй. Тэрбээр алтан ургийн
хаан эзний төлөө амиа зольсон бус уу. Мөнх тэнгэрээс заяат их хааны алтан ураг тэнгэрийн
ивээлд багтах учиртай атал, хаан эзэн өнөө юунд тэднийг залхаана вэ. Хэрэв ингэхэд хүрвэл
хаан эзэн бус, мөнх тэнгэр тэднийг гэсгээх учиртай бус уу. Мөн хуучин төрийн сайд түшмэд,
тэдний ойрын хүмүүс бүгд хаан эзэн таны шүүлтэнд яллагдаж байна. Өнөө бид их цусыг бус,
их хөлсийг урсгаж, төр улсаа дээш дэвжүүлэх учиртай сан хэмээв. Мөнх хаан эхийнх нь
сэтгэл тавгүй байгаа учрыг ойлгов.

- Хаан эзэн сүр хүчээ эзэнт гүрэнд хүлээн зөвшөөрүүлсэн цагт бүгд нэгэн туган дор
цугларах учиртай. Өнөөг хүртэл эзэнт гүрний хаа нэгэн буланд шургалан, хааны эсрэг явуулж
байгаа далд хуйвалдаан, сэм холбоо сүлбээ гүйцэд тасраагүй байна. Өнөө би хатан эхийн
үгийг даган, аврал энэрлээ илгээж, нөхөр дайсангүй уучлан өршөөж болох билээ. Гэвч
маргааш тэд дахин төрийн эсрэг нэгдэхгүй гэх баталгаа хаана байна. Өнөө эмх журмандаа
орж байгаа Их Монголын төрийг ахин задлах учиргүйн тул хүү нь ингэж байгааг эх минь та
ойлгох учиртай. Төрийн дотор самуун нүүрлэсэн цагт түмэн олон амгалан суухгүйг бид өвөг
дээдсийн үеэс сурч мэдсээр ирсэн гэв. Сорхугтани хатан:

- Ээж нь хүүдээ ихэс дээдсийг шүүх ажлаа зогсоохыг учирлавч, төр улсын хэргийг нэгэн
гарт тогтоон барих гэсэн бодолтой тань тэрсэлдэж байгаа бол өнөө эхдээ ганц л зүйлийг
зөвшөөрч хайрла гэв. Мөнх хаан:

- Та хэлж айлд гэв.


- Хаан хүүгийн санаа бодлыг ойлголоо. Энэ ажлаа эхдээ даатган үлдээ. Өнөө бид өвөр
зуураа хэлэлцэн суухаас илүү, төр улсаа тэлэх их ажил хааныг хүлээж буй тул өнөө энэ хэрэгт
цаг алдаад яана хэмээв. Мөнх хаан:

- Хатан эх та өөрөө мэдтүгэй. Энэ цагаас хойш би энэ ажилд оролцохгүй тул, хатан эх та
шийдсүгэй. Би ээж таныхаа сануулснаар төр улсаа тэлэх, их үйлсэд алгуурлан байна гэдгээ
ухаарав хэмээлээ.

Хааны айлдвар ёсоор болж, Сорхугтани хатан, хаант төрд тэрсэлсэн гэгдэх хүмүүсийг шүүх
ажлыг гардан гүйцэтгэхээр болов. Үнэн хэрэгтээ хатан эх нь тэдгээр хүмүүсийг хэрхэн
шүүхийг Мөнх хаан гадарлаж байсан ч, дотоод сэтгэлдээ хэт алгуурлан суугаагаа ойлгосон
тул эхдээ даатгахыг зөвшөөрсөн хэрэг байв. Сорхугтани хатан төрийн хэрэгтнүүдийг нэг
нэгээр шүүж, ухуулан сэнхрүүлж, зарим хүмүүсийг тавин явуулж байгаа тухай дуулсны дараа
ч "Би энэ ажлыг хатан эхдээ даатгахдаа ийм юм болно гэдгийг мэдэж байлаа" хэмээн
Мэнгэсэр ноёнд айлдсан байв.

Эзэнт гүрний бодлого хилийн чанадад хүрч байсан үед Мөнх хаан дүү нараа дуудуулжээ.
Өргөөнөө Хубилай, Хүлэгү, Аригбөх нар бараалхан ирэв. Мөнх хаан:

- Бид төрийн дотор эмх журмыг тогтоолоо. Эзэнт гүрний харьяанд багтах улс орны хаад, ван,
түшмэд өөрийн биеэр ирж үнэнч эсэхээ нотлон харуулсны дараа бид хуучин сууринд нь
тохоон томилж байгаа тул тэд бидний итгэлийг олсон хүмүүс байх болно. Харин их хаадын
үйл хэргийг үргэлжлүүлж, өнөө хир бидний гарт бүрэн ороогүй умард Сүн улс, зүүн
Туркестан, Иран зэрэг орныг өөртөө дагуулах цаг нэгэнт болсон санагдана. Хаант улсын
өмнөд орныг Сүн улсаар гол болгон зүүн гар хэмээн нэрлэж, дүү Хубилай чиний мэдэлд
шилжүүлэн, цааш эзлэгдээгүй хэсгийг эзлэн авах үүргийг өгч байна. Харин Туркестан, Перс
болон түүний орчмыг дүү Хүлэгүгийн мэдэлд шилжүүлж, цааш газар нутгаа тэлэх, их
хаадынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхийг даалгая. Эзэнт гүрний төв хэсэг, их эзэн хааны
уугуул нутаг, Гурван голоор төвлөрсөн тал нутгаа отгон дүүгийн ёсоор Аригбөхөд эзэмшүүлэх
шийдвэрийг гаргалаа хэмээн айлдав. Мөнх хаан үргэлжлүүлэн:

- Цагаадайн ач хүү Хар Үлэхийг Туркестан дахь Цагаадайн улсын хаан болгож, Өгөөдэй
хааны эзэмшил нутгийг түүний үр хойчист хуваан өгч байна. Харин энэ цагаас эхлэн өмнөд
Сүн улсыг нэгмөсөн бөхөөх их аян дайныг хэлэлцэн шийдэж, хаан би өөрийн биеэр дайрах
тул бэлтгэл ажлыг эхлүүлсүгэй. Та бүхэн эдгээр газар орнуудад эзэн суулаа ч хөх тэнгэрийн
дор нэг дээвэр дор багтан байгаагаа үеийн үеийн бүү март хэмээв.

Хаан эзний айлдварыг сонссон Сорхугтани хатан тун удахгүй алсын замд гарахаар болсон хан
хөвгүүд Хубилай, Хүлэгү нарыг дуудуулжээ. Хатан эх өргөөнийхөө гадаа тэднийг хүлээж
байлаа. Эхийг нь дагалдан явах олон дагуул, шивэгчин, хэвтүүл, хишигтэн цэргүүд дэргэд нь
байсангүй. Тэртээд харуулд гарсан цэргүүд эргэн тойрноо анзааран байх нь харагдав.
Сорхугтанийн нэгэн цагийн гялалзсан хар үс буурал сууж, тал нутгийн хүйтэн салхин хацар
нүүрийг нь олон жил илбэсний ул мөрөө үлдээж, урт сайхан нүднийх нь эргэн тойрон гүн
гүн үрчлээ тодорчээ. Эх нь эдүгээ жаран нас дөхөж, урьдын сүр хүч, өнгө жавхаа нь буурсныг
тэд энэ удаад, эхийгээ ганцаар зогсож байхыг харахдаа л анзаарав. Үргэлж сүр бараатай, олон
хүнээр хүрээлэгдэн явах эх нь чухам яагаад ганцаар зогсож байгааг мэдсэнгүй ч, тэдэнд
"Эхийгээ үлдээгээд явах нь дээ" гэсэн хүндхэн мэдрэмжийг төрүүлэв.

- Ээж минь ганцаараа юу хийж зогсоо юм бэ. Бид яваад орохын хооронд та ингэж хүлээх
хэрэг юу байна хэмээн Хубилайн хэлэхэд, Сорхугтани хатан:

- Тал бүрээс хашсан өргөөний хананд дотор бачимдах тул, агаар амьсгалан хэсэг зуур
зогслоо хэмээгээд хүүхдүүдийнхээ өөдөөс хүрч ирлээ. Хатан эх хоёр хүүгээ яг л жаахан
хүүхэд шиг гараас нь хөтлөн,

- Салхинд хэсэг зуур алхъя гэв.

Тэд Орхон голын эрэг уруудан хэсэг яваад, тал газар нүдний өмнө илхэн харагдах зүлгэн дээр
сууцгаалаа. Сорхугтани хатан:

- Тэр нэгэн цагт Тулуй эцгийг чинь төрсөн шөнө тэнгэрээс ойртон ирсэн дөрвөн од бол
миний дөрвөн хүү юм гэж надад Өэлүн эх минь хэлж байж билээ. Цаг хугацаа өнгөрөх тусам
өөриймсөх энэ л хүмүүсийн хэлсэн үг, ярьсан яриа сэтгэл зүрхэнд хүрч сонсогдох юм. Одоо
миний хөвгүүд алсад явах нь гэж хэлээд хэсэг зуур чимээгүй суулаа. Хүлэгү:

- Ээж ээ. Бид бишгүйдээ л явж ирсээр өдийг хүрсэн шүү дээ. Та санаагаа бүү чилээ гэв.
Сорхугтани хатан:

- Тэр нэгэн өдөр Чингис хаан миний эгч Ибагаг, Жүрчидэйд соёрхон одуулсны дараа би энэ
ордонд орь ганцаараа, хүний хүмүүсийн дунд үлдэх шиг санагдаж, газар дэлхий хүртэл
дайван ганхах шиг болж байсан. Тэр хүнд өдрүүдийн дундуур Өэлүн эх намайг дагуулан
талын дунд очоод "Энэ бидний төрж өссөн тал нутгийг чи юу гэж боддог вэ" хэмээн асууж
байж билээ. Үнэндээ би тал нутгаа өөрийн төрсөн газар гэхээс өөр зүйлийг боддоггүй
байжээ. Харин өнөөдөр тал нутаг гэдэг эзэн хүний сэтгэл, элэг зүрхэн дэх хайр, юугаар ч
орлууламгүй үнэт эрдэнэ гэж хайрлан хүндэлж, итгэн бишрэх боллоо. Одоо ээж нь нүүдлийн
ая даахгүй болж. Та нарын хамт улс орныг чинь төвхнүүлэх хүсэл байвч чадал үгүй болжээ
гэж хэлээд бодолхийлснээ үргэлжлүүлэн,

- Тал нутагт бүх зүйл энэ алган дээр байгаа шиг илхэн харагддаг тул, энэ нутгийн хүний
сэтгэл ч дэлгэсэн алга шиг илхэн харагддаг юм гэдгийг би мэдэх болсон. Өэлүн эхийн ачаар
би хүний сэтгэлийг харж чаддаг болсон хэрэг. Ямар ч хүнтэй уулзаад тэр хүний тухай
тааварлах бодол минь оносон байдгийг та нар мэднэ. Хүний сэтгэлийг над шиг ойлгодог
хүмүүс олон бий. Гэвч ирээдүй бол бүгдийг мэднэ. Та нарын үнэн худал, хүсэл мөрөөдөл,
алдаа оноо ирээдүйн өмнө дэлгэсэн алга шиг үлдэх тул түүн дотор хир буртаг өчүүхэн ч
суулгаж болохгүй. Хөвгүүд минь энэ сэтгэлээ насан турш хадгалж чадах аваас, хорвоогийн
үнэнээр бие чинь одох ч, хумхын тоосонд ч арилшгүй үнэн чинь үлдэх болно гэлээ.

- Орхон голын хөндийд мал сүрэг тааваараа бэлчиж, дэлгэр зун цагийн чимээ, баяр
жаргалын дуутай хамт цуурайтаж, бяцхан хүүхдүүдийн тоглон гүйлдэхтэй хоршин, нэгэн
цагийн их жаргалтай мөчийг авч ирэх шиг энгүүн агаад жаргалтай байв. Сорхугтани хатан
Хүлэгүд хандан,
- Хүү минь чи алсад явж байна. Очих газар чинь хол. Уулзах хүмүүс чинь өөр. Гэвч нэг л
зүйл чамайг тэдэнтэй нэгтгэж чадах болно. Энэ бол тэдэнд төрүүлэх чиний итгэл, сэтгэл юм
хэмээгээд Хубилайг харж,

- Хубилай хүү минь. Урд газар биднээс тийм ч алс хол бус учир тал нутагтаа зорин ирж
байхаа мартаж болохгүй. Би чамд нэг зүйлийг захин хэлэхийг хүсч байна. Ээжийнх нь
сэтгэлийг чилээж байгаа хүн бол отгон дүү Аригбөх чинь юм. Тэр бага хүүгийн ёсоор гал
голомтоо сахин үлдлээ. Аригбөхийгөө харж хандаж яваарай. Дүүгээ харж хандаж явна гэдэг
гал голомтоо харж буй хэрэг гэж ойлгоорой хэмээн нэмж хэлэв.

- Хаан эзэнтэнд хүндэтгэл илэрхийлэхээр Гуулин улсын вангийн хүү бараалхан ирсэн байна
гэсэн мэдээг ордны хамгаалагч дуулгахад гаднаас өндөр хар малгай, улаан торгон сонин
содон хувцас өмссөн, гуч орчим насны хүн орж ирлээ. Тал нутагт урьд өмнө үзэгдэж
харагдаагүй өндөр хар малгай нь этгээд сонин сэргэр агаад, хоёр хажуу дээрээ чихтэй байв.
Өмнө зүгийн хоргой торгоор нягт нямбай урласан, түүний хувцас эдлэл эрэгтэй хүнийх
гэхээсээ илүү эмэгтэй хүнтэй тун төсөөтэй харагдана. Тал нутгийнхны өмсдөг том эсгий
гутлыг бодвол завь шиг жижигхэн хөнгөн гутал өмсчээ. Тэрээр Мөнх хаан эзэнд бараалхан их
ёсыг үйлдээд хаан эзэн хийгээд хатан эхийн амар мэндийг мэдсний дараа,

- Энэ дэлхийг эзэрхэн соёрхогч, эзэнт гүрний их хаан Мөнх танд гүн хүндэтгэл
илэрхийлэхээр Гуулин улсын вангийн хүү би бээр өөрийн биеэр албат ардаа дагуулан ирлээ.
Та бүхэн манай улсад илгээсэн зарлигийг тань дагахаа илэрхийлэн, манай улсын эрхэм ван,
сайд түшмэд хэлэлцэн үзэж, танай улсад дагаар орохыг зөвшөөрөн соёрхож, ард олноо амар
амгалан амьдруулахын үүднээс хүсэлтийг тань хүлээн авснаа илэрхийлэхээр ирэв хэмээлээ.
Мөнх хаан:

- Өмнөд Сүн улсад аян дайн эхлүүлэхээр зэхэж байгаа энэ үед Гуулин улс бидэнтэй
харилцах энхийн замыг сонгон, дагаар орохоо мэдэгдэн ирсэн нь сайн хэрэг. Энэ бол цус
урсгахгүйгээр найрамдах гэсэн танай улсын вангийн чухал шийдвэр тул хүндэтгэн хүлээж
авлаа. Хол замыг туулан ирсэн вангийн хүү та тал нутагт минь тухлан саатна уу хэмээн хэлэв.

Олон хүний амь нас, их хөлс, цусаар олж хураах газар нутгийг энхийн замаар өөртөө нэгтгэх
сайхан эхлэлийг Гуулин улс тавьж, төд удалгүй Аннам улсаас Мөнх хаанд дагаар орохоо
мэдэгдэн, гурван жилд нэг удаа алба гувчуур өгч байхаа амлав. Дараахан нь хэд хэдэн улс элч
төлөөлөгчөө Хархорумд илгээн, эзэнт гүрний мэдэлд ирж байгаагаа илэрхийлэн, эд баялаг,
алт эрдэнэс явуулсан байлаа. Эзэнт гүрний газар нутгийг захиран суугаа бүх Эмир ноёд, ихэс
дээдэс, хаад хатад түүнд ийнхүү ирж бараалхан үнэн шударга зүтгэлтэн гэдгээ илтгэн
харуулж байж сая хуучин ажилдаа тохоон томилогдох болжээ.

Хааны ордонд баяр хөөр үргэлжилнэ. Олон хоногийн хүнд өдрүүдийн дунд сайхан мэдээ
сонсох, аян дайны олз омогтой буцаж ирэх, аялгуут сайхан дуу хууранд хөгжин цэнгэх үед
хааны ордон ийм сайхан дуу шуутай байдаг. Мөнх хаан:

- Наргиан цэнгээн гэдэг угтаа бол хийх ажилгүй хүний хэрэг гэж санагддаг байсан ч энэ
удаа баяр хөөрөө тэмдэглэх хэрэгтэй гэж бодлоо. Хүлэгү дүү минь, өнөө Маругод Илхаант
улсаа байгуулах болжээ. Хубилай мөн өмнөд газрын өргөн уудам нутагт эзэн сууж, дүү
Аригбөх өнөө өвгөдийн гал голомтыг сахин сууж, эзэнт гүрний хаад, ихэс дээдсүүд бүгд өөр
өөрийн алба үүргийг чандлан биелүүлж эхэлсэн тул бид санаа амар сууна гэхэд, Сорхугтани
хатан:

- Хатан би Их Монгол улс, эзэн хаан, эр нөхөр, үр хүүхдийнхөө өмнө хүлээсэн үүргээ
биелүүллээ. Өнөө би нас өндөр болсон тул хаан хөвгүүддээ итгэн сууж, төрийн хэргээс
холдох цаг ирсэн санагдана. Тиймийн тул хааны их хатан Хутугтайд их хатны үүргийг нь
хүлээлгэн өгч байна. Хаан төрийн хатан ухааныг дээдлэн, их хааны унтсаныг сэрээж,
умартсаныг сануулж явахаа мэднэм зэ хэмээн хэлэв.

Хааны ордонд болсон баяр цэнгэлийн дараа Сорхугтани хатан Мөнхийн их хатан Хутугтайн
өргөөнд морилов. Хатан эхийн орж ирэх сүр бараанаар Хутугтай яаран босч хүндэтгэл
үзүүллээ. Сорхугтани хатан мэнд усаа мэдэн хэсэг суусны дараа,

- Би тэр нэгэн цагт их эзэн хааны гал голомтонд ирж, хааны өндөр босгоор давсны дараа
энэ амьдрал бүхэлдээ эр хүний хүчин дор бүрддэг ч, эм хүний ухаан дор багтдаг гэдгийг
ойлгож авсан юм. Тэр цагт амьд сэрүүн байсан их хатад надад үүнийг зааж сургасан хэрэг
хэмээн ярьж эхлэв. Сорхугтани хатан үргэлжлүүлэн:

- Мөнх тэнгэр чамд хувь хайрлаж, чи эзэнт гүрний их хатан боллоо. Би чамд итгэж байна.
Харин хатан эхийн хувиар бус эмэгтэй хүний ёсоор хэлэх зүйл олон санагдана гэв. Хутугтай:

- Хатан эх та хэлж айлд. Би энэ амьдралд төрүүлсэн эхээ эрт алдсан ч, таныг олж авсан. Та
бол миний хөлийг хучиж өсгөөгүй ч, ухааныг таниулж сургасан хүн тул эхийн үгийг би
сонсолгүй яах билээ хэмээв. Сорхугтани хатан:

- Нас нэмж амьдралын ухааныг эргэцүүлэн бодохын хэрээр эмэгтэй хүний энэ орчлонд
ирсэн үүргийг улам бүр ойлгох юм. Төрийн хатан ч тэр, ядуу ард ч тэр энэ амьдралын өмнө
хүлээх энгийн нэг үүрэг бол эх хүний үүрэг юм. Жаргал цэнгэлийн дунд ч, хүнд хэцүүгийн
дунд ч, хэзээд орхиж болохгүй зүйл бол үр хүүхэд, цаашдаа хэн болж өсөх нь эхээсээ
шалтгаална. Би нас өндөр болж төрийн хэргийг орхив. Сүүлийн үед тэртээд үлдсэн амьдрал,
тэрхэн бага нас минь нүдний өмнүүр ээлжлэн үзэгдэх боллоо. Тал нутаг намайг дуудаад байх
шиг санагдах юм. Ойрноос хааны ордноос явж, тал нутагтаа нүүдэллэн амьдрах санаатай
байна. Би энэ ордноос явж байгаа хэдий ч, ухаант бэрээ үлдээж байгаа гэж итгэн санаа амар
байх тул охин минь эхийнхээ итгэлийг даана гэдэгт итгэж байна гэж захилаа.

Дараахан нь Мөнх хаан эхийнхээ хүсэлтийг сонсоод "Хүйтний эрч чангарч байна, цаг
тавирахыг хүлээж болохгүй юу" гэж хэлсэн боловч, удаа дараа шамдуулан байгаа хүслийг нь
арга буюу зөвшөөрч, Хархорумаас арван өдрийн зайд Идэр голын хөвөөн дээр нэгэн их орд
өргөөг босгуулав. Энэ үед өвлийн эхэн cap гарч байлаа. Сорхугтани хатны нүүдлийн өргөө
Идэр голын ордонд ирэхүйд өдөр дундын нар дээрээс төөнөн байсан хэдий ч, цаанаа л
жиндүү хүйтэн цагийн дохио хэдийн иржээ. Энэ газарт голын ус зайрмагтан хөлдсөн ч цас
бага унасан бололтой, газар цоохортон харагдана.

Сорхугтани хааны бариулсан орд өргөөний үүдэнд Ажингийн хамт зогсоно. Хатны дагуул
хишигтэн цэргүүд ордны ойр орчмыг бүчин хүрээлжээ. Тэрбээр хангай дэлхийн сайхныг
бахдан харж байх шиг, дээрээс туссан нарны гэрлийг саравчлан алс тэртээ рүү харна. Хатны
хажууд хэсэг зогссон Ажин:

- Хатан та жиндэхгүй байна уу? Дотогш орж дулаацвал сайн сан. Бид өргөөг дулаацуулж,
таныг амрахад бэлэн болгосон гэж хэлэв. Сорхугтани хатан Ажингийн үгийг сонссонгүй
бололтой, ямар нэгэн зүйлийг сониучирхан харж түүндээ хөтлөгдөн явах хүүхэд шиг голын
зүг алхлаа. Араас нь Ажин сандран ирж булган дах нөмрүүлэв. Сорхугтани цааш алхсаар
голын эрэг дээр очиж зогслоо.

- Тал нутгийн минь агаар нь хүртэл сайхан шүү гэж хэлээд гүнзгий амьсгалав. Хатны байр
байдлыг ажиглаж зогссон Ажин:

- Гадаа хүйтэн байна. Оточ таныг даарч болохгүй гэж хэлсэн шүү гэв. Сорхугтани хатан:

- Бидний нутагжилийн дөрвөн улиралтай. Би өвөл цагт илүү дуртай. Өвөл цаг энэ дөрвөн
улирлын хамгийн хэцүү нь. Гэвч дараа нь урин цаг ирэхийг мэддэг учир, түүнийг даван
туулна гэдгээ ч мэддэг хэрэг. Амьдрал ч ялгаагүй. Энэ өвөл шиг хүнд хэцүү байсан ч, дараа
нь сайн сайхан өдрийг заавал авч ирдэг учиртай хэмээлээ.

- Хатан та хаан эзний хэлсэн ёсоор урин цагийг хүлээлгүй нааш нүүн ирснийг би гайхаж
явлаа. Харин одоо таны сэтгэлийг ойлголоо гэхэд,

- Чи намайг ойлгосонгүй. Надад ордноос явах өөр шалтаг байсан гэж хэлэв. Ажин хатны
үгийг ухаж ойлгосонгүй ч асууж зүрхэлсэнгүй.

Тэднээс холгүй хоёр дэрсхэн охин голоос ус аван эргэж байх нь харагдлаа. Сорхугтани хатан:

- Ажин чи энэ хоёр охиныг дуудан ирүүлээч гэж хэлэв. Ажин гайхан хатны өөдөөс харахад,

Санаа зоволтгүй, тэднийг дууд гэлээ. Ажин цааш гүйхээрээ очиж хоёр охиныг дагуулан ирэв.
Зээр шиг бүлтэлзсэн алаг нүдтэй, ойролцоо насны хоёр охин ихэд дээдсийг харсан даруйдаа
толгойгоо гудайлган мэхэсхийхэд Сорхугтани хатан тэр хоёрыг жаргалтай нүдээр харан,

- Алив охид минь нааш ир. Айх хэрэггүй, ойрт гэлээ. Охид гэрэвшингүй хатанд дөхөн ирэв.
Үсээ олон салаалан сүлжсэн хоёр охины хацар нь жиндсэн бололтой улаа бутарч, алаг нүд нь
тормолзож байлаа. Бас нэг нь хацар дээрээ жижигхэн хонхортойтой байхыг хараад, эгчтэйгээ
өнгөрүүлсэн бага насных нь өдрүүд нүдний өмнө амилах шиг хатанд нэг л танил дотно
санагдлаа.

Эгч нь бололтой охин хатны өөдөөс хөдөлгөөнгүй зогсох дүүгийнхээ гараас татан, ямар нэгэн
буруу зүйл хэлж, буруу үйлдэл хийх вий гэж болгоомжлон байгаа бололтой.

Энэ үед эгч Ибага санаанд нь оров. Тэрбээр Сорхугтанийг танихгүй хүнтэй хамаагүй юм
ярьж болохгүй гэж сануулан, дүүгийнхээ ханцуйнаас татахад охины сониуч зан нь улам бүр
хөдлөн ямар нэгэн юм яримаар, эсвэл юу ч хамаагүй асуумаар санагддаг байсан сан. Энэ хоёр
охин хатанд бага насыг нь өөрийн эрхгүй бодогдуулан байхад, охид харин хатныг айсан
нүдээр бүлтэлзэн харж зогслоо. Сорхугтани хатан:

- Та хоёрыг хэн гэдэг вэ гэж асуухад эгч нь гэрэвшингүйгээр,

- Соргог гэж хэлэхэд дүү нь,

- Танан гэж цовоо дуугаар нэрээ хэллээ. Хатан инээмсэглэн Соргог, Танан хоёр эгч дүүс юм
биз дээ. Та хоёрын нэр, нэг хүний нэртэй адилхан юм байна гээд,

- Гэр чинь хол уу. Эцэг эх ямар хүмүүс байдаг вэ гэж асуув. Дүү нь эгчээсээ өрсөн,

- Эндээс холгүй, тэр уулын суга ороогоод байгаа. Бид Хэрэйд аймгийн хүмүүс гэж хэлэв.

- Хэрэйд аймгийн хүмүүс гэнэ ээ. Миний нэрийг Сорхугтани гэдэг хэмээхэд,

Хоёр охин гайхахын ихээр гайхаж буй бололтой, хаан эзний эх, тал нутагт алдартай
Сорхугтани хатантай хамт ингээд зогсож байна гэдэгт нүдэндээ ч итгэхгүй байгаа нь илт. Эгч
нь дүүгээ хамаагүй олон үг хэлж, хатны хилэнг хөдөлгөхөөс айсан уу, ханцуйнаас нь нудрав.
Сорхугтани:

- Та хоёр явж болно гэв. Тэд ухарсаар устай хавчгаа авч цааш явлаа.

Тэдний араас харж зогссон Сорхугтани эгч Ибагагаа дурслаа. Алс тэртээд хөвөрсөн бодлын
үзүүрт бага насных нь өдрүүд хөврөн үзэгдэх шиг болов. Устай хавчиг тэгнэлцэн яваа хоёр
охин алсын зэрэглээн сүүмийн харагдана. Дүү нь гэнэт гараа суллан, хавчгаа доош алдан
унагахад, эгч нь:

- Чи яав, ядрав уу гэж асуув. Дүү нь:

- Гар цуцав гэхэд, эгч нь,

- Гар цуцахад ухаан бас цуцах уу. Би гар цуцав гээд хэлчихсэн бол хамт хавчгаа газарт тавьж,
бид усаа асгахгүй байх байлаа гэв.

Эгчдээ зэмлүүлсэн охин түүний өөдөөс харан гэмшин буйгаа харцаараа илэрхийлээд,
урамгүйхэн буцаж голын зүг хавчгаа чирэн алхана.

Сорхугтани дотроо "Нээрээ гар цуцахад ухаан юунд цуцах билээ" хэмээн эгчийнхээ үгийг
эргэцүүлэн зогслоо.

Бага насных нь өдрүүдийг өөрийн эрхгүй санагдуулах хоёр жаахан охины араас удаан харж
зогссон хатны нөмөрсөн булган дахыг дахин лав нөмрүүлэх Ажин:

- Хатантан минь, та бүр жиндэж орхилоо. Одоо буцъя гэхэд, Сорхугтани:

- Тэгье ээ гэж хэлээд хоёул ордны зүг алхлаа.


Зүрхэн тушаа нь хүчтэй өвдөж Сорхугтани хатан нойрноосоо сэрлээ, тэрбээр сэрсэн
даруйдаа орноосоо боссонгүй. Хархорумд байхаас үе үе хатгаж эхэлсэн өвчин өнөө сэдэрсэн
бололтой. Тэр нэгэн өдрийн дурсамж хатны санаанд нь буулаа. Орхон голын эрэг дээрх хатны
нүүдлийн өргөөнд бараалхан ирсэн оточ, хатан эхийн бие лагшин юунаас болж чилээрхсэн
болохыг мэдэхээр судсыг барин удаан суусан юм. Тэрбээр нэгэнтээ санаа алдаад,

- Хатан таны зүрх алжаажээ. Тиймээс сэтгэл санаагаа аль болох тайван амирлангуй байлгах
нь сайн гэж хэлэхэд Сорхугтани хатан:

- Энэ өвчин юунаас үүдэлтэй вэ хэмээн асуув.

- Олон жилийн сэтгэлийн зовлонгоос үүдэн зүрх ингэж алжаах нь бий. Гэвч цагийг эзэлсэн
их хааны эх, эзэнт гүрний хатан юунд сэтгэлийн зовлон тээн явах билээ, мөхөс би үүнд
эргэлзэн байна гэв.

- Хаан харц ялгаагүй, тэдэнд нэг л зүрх бий. Намайг зовлонгүй гэж чамд хэн хэлэв хэмээн
асуухад оточ намсхийлээ. Мөнөөх оточ тэр даруйдаа эм тан бэлтгэж, хатанд барив.
Сорхугтани:

- Отчоос гуйх нэг гуйлт байна

- Ямар гуйлт байдаг билээ. Хатан таны хүсэлт бол хаант төрийн зарлиг тул мөхөс би
биелүүлэхээс яах билээ гэхэд,

- Миний зүрх ингэж алжаасныг хаан эзэн хийгээд, хан хөвгүүдэд минь мэдэгдэхгүй
өнгөрвөл сайн сан гэв.

- Хатан таны тааллаар болог. Харин сэтгэл санаагаа амирлуулж, аливаад тайван хандах нь
таны өвчний хамгийн сайн эм билээ гэж хэлээд оточ гарч явсан ажээ.

Хэдий отчийн өгсөн эм танг ууж, хэсэг зуур дээрдэх авч төдийлэн сайжрахгүй байсаар өнөө
хүрчээ. Нэгэнт хаант төр эзэнтэй болж, хатан эх нь амгалан сууж болохоор байсан ч, тэрбээр
олон хөлийн газраас хол байхыг хүсэмжлэх болж, тал нутгийн Монгол хүний ёсоор
нүүдэллэн амьдрахын сайхныг насан туршаа хүсч явсан тул энд иржээ.

Өвлийн сүүл cap гарахад хатны бие тэнхээ доройтлоо. Ууж идэх нь татарч, хэлж ярих нь
цөөрч, ихэнхдээ унтаж байгаа харагдах болжээ. Охин Тэмүгэн бэхи дуудагдан ирж эхээ асарч
байв. Хаан эзэнд хүн явуулж мэдээ дуулгаснаар Мөнх хаан яаравчлан ирэв. Хатан эхийн бие
лагшин илтэд хүндэрсэн тэр өдөр мөнх тэнгэр үүлгүй цэлмэг налайж, мөрөн гол урсгалаа
яран мишээж, газар дэлхий хавар цагийн эхэнтэй золгон, тал нутагт урин цаг айлчлан ирсэн
байлаа. Хатны бие тэнхээ доройтсоор байсан тул хэл явуулсан хүмүүс алгуураар ирсээр Идэр
голын ордонд алтан ургийнхан бүгдээр цугласан байв. Гагцхүү Хүлэгү, Хубилай нар ирж
амсангүй. Үдийн алдад эхийн бие тэнхээ дээрдэв. Хэрхэх нь тодорхойгүй айдас тээн байсан
хүмүүс сая тайвширч, эх нь хүүхдүүдээ дуудуулсан байв. Хэзээ мөдгүй авч явах гэж улайран
байгаа үл дийлдэх хүчний өмнө хаан хүн ч тэр, харц ард ч тэр өөрийн хүчгүй сул дорой
болохыг мэдэрдэг билээ. Мөнх хаан дээр хөхрөгч мөнх тэнгэр, дэргэд налайгч газар шороо,
уул ус, онго савдаг аль алинаас нь хүсээд эхийгээ мөнх наслуулж чадахгүй болохоо мэдэж
байлаа. Эхийн хажууд Мөнх хаан, Аригбөх, Тэмүгэн бэхи нар зогсчээ.

Сорхугтани хатан хайр гийсэн нүдээр тэднийг ээлжлэн хараад,

- Энэ амьдралыг нэгэн урт зам байсан гэвэл түүнээс бид хазайж явсангүй, энэ амьдралыг
нэгэн их уулс байсан гэвэл түүний оройд нь би хөвгүүдээ гаргажээ. Мөнх тэнгэрт ойрхон тэр
уулсын дээрээс үнэн худлыг ялган харах ухаан, үргэлжид чин шударгаар явах ёсон аль алийг
нь би та нарт адилхан зааж сургасан хэмээв.

Аригбөх эхийнхээ ядарч шаргалтсан царайд тодрох хайр хургасан нүдийг шимшрэн харж
нулимс дусаан сууна. Мөнх хааны сэтгэл тавгүй ажээ. Төрийн сайд Мэнгэсэр ноёнтон
гаднаас орж ирэн хаан эзний чихэнд нэг юм хэлэх нь харагдав. Сэтгэл тавгүй суусан Мөнх
хааны царайд баяр тодорч, төдхөнөө нүдэнд нь нулимс дүүрэн ирэв. Аригбөх хааныг
анзаарсан бололтой хэрхэн асуухаа олохгүй гайхан харна. Мөнх хаан эхийгээ харж,

- Ээж минь та эгэл нэгэн хатан биш буюу. Таны лагшин чилсэнийг дуулаад олон шашны
төлөөлөгчид нэгдэн Хархорумаас өдгөө энд иржээ. Тэд өнөө ордны гадаа таны төлөө өөр
өөрийн бурхандаа залбирч байна хэмээв. Эх нь дээш өндийх гэж хүчилсэн боловч чадсангүйд
хөвгүүд эхийгээ дээш босгон өргөн явсаар ордноос гарав.

Гадаа урин цаг наашлан ирсний дохио өдөр өдрөөр ирж буйг харуулан мөнх тэнгэрийн алтан
наран газар дэлхийг зөөлнөөр ээн байна. Голын ус захаасаа ханзарч, цөнгөө түрэн наашилж,
уул тал цоохортон харлана. Ордны ойр орчим олон хүн харагдана. Тэдний дунд хүрэн орхимж
нөмөрсөн бурхны шашны лам нар, цагаан бөсөөр толгойгоо ороосон ислам шашны
төлөөлөгчид, хар өнгийн хувцас өмсөж, гартаа загалмай барьсан христын номлогчид, эрээн
мяраан хувцас, сонин содон эдлэлтэй бөө нар олноор ирж ордны өмнө зогсоцгоожээ. Тэдний
дундаас бурхны шашны тэргүүн Гунгаа ламтан хатанд ойртон ирж,

- Эш хатан таны бие чилээрхсэнийг дуулаад зовнин өнөө Хархорумын сүсэгтэн олон бид
цугаар бараалхан ирлээ хэмээгээд хатны өмнө сөгдөн мөргөж,

- Аврагч Буддагийн мэлмий тольдон хатан таныг илааршуулах болтугай хэмээхэд, ислам
шашны элч төлөөлөгч:

- Бид бүгд ариун үнэнд хүрэх өөрийн зорилготой хэдий ч өөр өөр замаар явсаар ирсэн.
Хатан таны хэлснээр бидний үнэнд хүрэх зам нь өөр ч зорилго нь нэг гэдгийг ухаарсны учир
өнөө Монголын хөх тэнгэрийн дор хамтдаа амгалан сууна гэхэд Христийн номлогч:

- Ертөнцийн эзний ариун нэрийн өмнөөс хатан таны төлөө бид залбирал үйлдье. Мөнх
тэнгэрийн дор ариун үнэнийг таниулах бидний үйлсэд оруулсан хатан таны ачийг санан
дурсаж, Исус эцэгтээ залбирья хэмээлээ.

Ирсэн лам хуврагууд өөрсдийн бурхан шашинд хүндэтгэл үзүүлэн, хатан эхийн бие тэнхээ
илааршихыг хүсэн залбирлаа. Тэд өөр өөрийн үг хэлээр, айзам хэмнэлээр залбирал үйлдэн
уншиж эхэлсэн маань тарни, ерөөл шившлэг бүхэн яваа яваандаа нэгэн ижил айзам хэмнэл
болон үргэлжилж, Идэр голын ордны ойролцоо ер бусын сонин содон хөг аялгууг үүсгэв.
Сорхугтани хатан баяр гийсэн нүдээр тэднийг харах авч бие тэнхээ нь сайнгүй тул өөрийгөө
хүчлэн байгаа нь анзаарагдана. Энэ яруу айзам хэмнэл хэсэг үргэлжилж, Сорхугтани хатан
суудпаасаа өндийн бослоо. Бие тэнхээ сул байгаа эхийгээ ийн босоход хөвгүүд нь түшин авав.
Тэрбээр цугласан олныг бахдалтайгаар харж,

- Миний төлөө өөр өөрийн бурхдаасаа аврал эрэн байгаа та бүхнийг хараад сэтгэл уярч
сууна. Мөнх тэнгэрийн цаг нэгэнт ирсэн бол бурхад түүнийг зогсоох учиргүй. Мөнх тэнгэр
намайг дуудуулсан тул би очих учиртай. Харин энэ мэтээр та бүхэн цугаар нэгдэн их Монгол
улсын минь төлөө залбирч мөнх тэнгэрийн дор, Монголын талд амар амгаланг авч ирэх
болтугай. Харин одоо та бүхнээс хүсэх юм байна. Хамтдаа Монголын төлөө залбирцгаая гэж
хэлэв. Тэд цугаар дээр хөхрөгч мөнх тэнгэрийн орон Монголын төлөө сэтгэл зүрхнээсээ
сүслэн залбирч төдхөнөө нэгэн хэмнэл болон цуурайтаж, энэ дуу тэнгэрт хүртэл сонсогдох
шиг болов.

Олон шашны төлөөллүүдийн хамт Их Монголын төлөө залбирч гадаа удаан суусан хатан
эхийгээ хөвгүүд нь дотогш оруулав. Орондоо хэвстэний дараа Сорхугтани:

- Эгч Ибагатай Чингис хаанд ирж байсан тэр өдөр одоо ч нүдний өмнө харагдаж байна. Эзэн
хааны хайр хишгийг хүлээн энэ босгоор алхсан цагаас хойш надад хувь тавилангийн ямар ч
сонголтонд хойш ухрах зам байсангүйг тэнгэрт суугаа Өэлүн эх, Бөртэ хатан минь ойлгуулж
байсан шиг, эзэнт гүрний жолоог атгасан миний хөвгүүдэд тэр жолоо цулбуурыг сул тавих
эрх байхгүйг санан эхийнхээ захиасанд үнэнч явна гэдэгт итгэж байна. Би та нарт энэ
дэлхийн хамгийн хүчирхэг эзэнт улсын жолоог атгуулсан тул, эхээсээ хойш ч миний үнэнийг
дурсан санаж, эв эеийг хичээн сууж, энэрэлтэй, өршөөлтэй, холч ухаантай эзэн хаад яваарай
гэж хэлээд хатан түр дуугаа хураалаа.

Зүрхэн тушаа нь хүчтэй өвдөж байгаагаас тэр яриагаа цааш үргэлжлүүлж чадахгүй байх шиг
харагдана. Эзэнт гүрний нутаг дэвсгэр дэхь газар газрын их хаад, олон шашны төлөөллүүд
цугласан Идэр голын орд орчим хөл хөдөлгөөн ихтэй байлаа.

Сорхугтани хатан эхийн бие нэг хэсэг дээрдэн, байгаад шөнө нар жаргахын алдад тойрон
суусан хөвгүүдээ эцсийн удаа харахдаа,

- Мөнх тэнгэрээс дөрвөн од ойртон иржээ Магад намайг дуудаж байгаа хэрэг биз Миний
араас их уйг бүү үйлд

гэж хэлээд нүдээ алгуурхан анилаа. Унтаж буй хүн шиг гүн амирлангуй царайд нь тодроход
хамрынх нь самсаа хоорондоо ойртон ирлээ.

Амирлангуйн дүрийг олон унтаж буй мэт хатан эхийн судсыг барьж суусан оточ өөдөөс нь
ямар нэгэн үг хүлээн байгаа хүмүүст хэрхэн юуг хэлэхээ мэдэхгүй ам нь ангалзана. Отчийн
ангалзаж байгаа ам, нулимс дүүрэн ирсэн нүднээс тэд хайртай ээж нь мөнх тэнгэрийн орноо
оджээ гэдгийг ойлгов. Худал байгаасаа гэж хүсэх зүйл хүний амьдралд ийм л үед, мөнх
тэнгэрийн дор ямар ч хүчгүй болох үед хаан харц алинд нь төрдөг нь мөнх бусын үнэн биз.
- Ээж минь, хайртай ээж минь гэж халаглах нь

сонсогдоно. Ордны аниргүйг яран сонсогдох Тэмүгэн бэхийн уйлах дуунаар хөвгүүдийн
зүрхнээс харуусал огшин дээшлэв. Мөнх хаан зангиран ирсэн нулимсаа барьж сууна.

Хатан эх мөнх тэнгэртээ буцсан мэдээ Идэр голын ордонд сонсогдоход олон шашны элч
төлөөлөгчид өөр өөрийн бурханд залбирч хатан эхийг мөнх тэнгэрийн орноо үдэн явууллаа.
Ордны гадна хурсан олон тэнгэрээс дөрвөн од ойртон ирсэн байхыг хараад гайхан биширч
мөнх тэнгэртээ сүслэн залбирч байхад хатны хөвгүүд тэр дөрвөн одны зүг харж эхийнхээ
"Газрын явдлыг таньж барсны дараа тэнгэрийн явдлыг тольдон харах учиртай. Мөнх тэнгэрт
ямархан үнэн оршино вэ" гэж хэлсэн үгийг санацгааж байв.

Мөнх нойрондоо нойрссон хатан эх амирлангуйгаар унтаж буй мэт харагдана. Энэ амьдрал
төгсгөлгүй. Мөнхөд нойрссон хатан эх тэнгэрийн орон дахь гэртээ буцсан хэрэг. Алаг
замбуулин байсаар ахуйд амьдрал мөнх үргэлжилдэг. Нэгэн насны амьдрал бол нэгэн удаа
хувцсаа тайлахтай л адил. Тал нутагт нүүдэллэн амьдардаг Монгол хүний хувьд нэг газраас
нөгөө рүү нүүдэллэн явж байгаатай л ижил юм гэдгийг хатны амирлангуйн дүр төрх харуулж
байлаа. Эхлэл байдаг шиг төгсгөл байдаг, төгсгөлийн дараа дахин эхлэл ирдэг.

Үүрд үргэлжлэх хувь тавилангийн эргүүлэгт Сорхугтани хэзээ нэгэн цагт мөнх тэнгэрээсээ
бууж ирэн, хувь тавилангийн эргүүлэгт дахин хаа нэгэн газраас алтан хайрцгаа олох биз ээ.
Мөнх тэнгэрээс ойртон ирсэн дөрвөн ширхэг од тэр шөнийн туршид хатан эхийн эрдэнэ мэт
биеийг хадгалан байх Идэр голын ордны дээр мандаад үүр тэмтгэрэхтэй зэрэгцэн жаргасан
байв.
Төгсгөл

1252 онд мөнх тэнгэртээ буцсан Сорхугтани хатан тухайн үеийн дэлхийн хамгийн том,
хүчирхэг эзэнт гүрнийг хүүхдүүдийнхээ гарт атгуулсан байлаа. Өгөөдэйн удмаас Тулуйн
удамд хаант төрийг шилжүүлсэн Сорхугтани хатны үр сад хожим 400 жилийн туршид Их
Монгол улсын эзэн хааны суудал хийгээд алтан ургийн гинжин хэлхээг авч явна.

Хожим түүний үр хүүхдийн дундаас Баянмөнх жонон, Батмөнх даян хаанаар үргэлжлэн,
Лигдэн хаан хүртэлх алтан ургийн түүх бичигдэнэ. Сорхугтани хатны үр садын дундаас 4-р
далай лам тодорч, бурхны шашны тэргүүн өндөр гэгээн Занабазар төрөх болно.

Нэгэн цагт Бухара хотод нээсэн Хатны сургууль өнөөг хүртэл энэ нэрээ хадгалан ардын
хүүхдүүдэд ном эрдэм заан сургах болно. Тэр цагаас даруй зуун жилийн дараа өрнөдөд бичиг
үсэг хэрэглэн, зохиолчид зохиол бүтээлээ туурвина.

Тэр цагаас хойш таван зуун жилийн дараа төр ард түмний хүүхдийг сургуульд сургах
санаачлага гаргана. Харин хатны сургууль өнөө найман зууныг үзэн сүндэрлэсэн хэвээр
байна.

Тэр цагт Монголын тэнгэр дор нэгдсэн дэлхийн олон шашин шүтлэгтнүүд, дараа нэгэн өдөр
өөр өөрийн замаар замнаж, хожим Будда, Исус, Ислам шашны төлөөлөгчид Сорхугтани
хатныг өөрийн шашин нэгт ахан дүү хэмээн бичицгээх болно.

Сорхугтани хатны их хүү Мөнх 1251-1259 оны хооронд эзэнт гүрний хаан сууж, дараа нь дүү
Хубилай, 1260-1294 он хүртэл эзэнт гүрний хаан ширээнд залран өнөөгийн Бээжин хотын
эхлэлийг тавин Дайдун хотыг барьж, Их

Юань улсыг байгуулна. Түүний дүү Хүлэгү 1256-1356 оны хооронд Хорезмын шах, Отрар,
давхар хэрэм бүхий эрдмийн төв Бухара, Самарканд, урд зүгт Табриз, Маруго хотуудыг
захирах Ил хаант улсыг өнөөгийн Ираны нутагт байгуулан, түүний үр хойчис Исламын
ертөнцийг зуу гаруй жил захиран суух болно. Хүлэгү хаан тухайн үед туйлдаа хүрсэн
исламын шашны бурангуй байдлыг таслан зогсоож, шинэчлэн сэргээж, газрын явдлыг нэгэнт
захирсан Ил хаан тэнгэр гаригсийг сонирхон дэлхийн хамгийн хүчирхэг эрдэмтдийг
цуглуулан өнөөгийн Ираны нутагт одон орны төв байгуулна. Мөн тэнд ухаант хатан
Сорхугтани бэхи эхийнхээ бунхныг барьж байгуулсан нь өнөөг хүртэл сүндэрлэх болно. Бага
хүү Аригбөх 1260-1264 оны хооронд Их Монголын эзэн хаан заларч, Чингис хааны төрсөн
нутаг Гурван голын сав газарт хаант улсаа байгуулна.

Нөгөө талаар Сорхугтани хатныг дэлхийн эх гэж нэрлэж болно. Учир нь Колумб Америк
тивийг нээгээгүй байсан тэр цагт энэ дэлхий бараг бүхэлдээ Сорхугтани хатны үр
хүүхдүүдийн мэдэлд очсон байв. Нэгэн цагт их эзэн Чингис хааны үндэс угсааг нь тавьж
байгуулсан Их Монгол улсыг эзэнт гүрний хэмжээг дэлхийн дайдад тэлж, эзэгнэсэн хүмүүс
бол Сорхугтани хатан, түүний үр хүүхдүүд байлаа.

2012 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод бичиж дуусгав.
Зохиолч Б.Сарантуяа

You might also like