You are on page 1of 51

Зүрхэн

цохилго
Зохиолч: Г.Лхагвадорж
Редактор: Лха.Батцэнгэл

ISBN: 978-99973-44-95-3

© Энэхүү бүтээлийн эрх нь Монгол Улсын Зохиогчийн Эрхийн тухай хуулиар


хамгаалагдсан болно. Бүтээлийг цахим хэлбэрээр түгээх эрхийг bookstore.mn цахим
хуудас эзэмших бөгөөд зөвшөөрөлгүйгээр бүтнээр нь буюу хэсэгчлэн хувилах болон
бусад ямар нэгэн хэлбэрээр олшруулах, ашиглахыг хориглоно.

www.bookstore.mn
Хөндүүр зүрхний дуу хүний сэтгэлд хүрнэ
Хайр сэтгэл, уйтгар гуниг хоёрын дундаас төрсөн цорын ганц үр нь яруу найраг юм.
Цаг хугацааны нэхээсийг хөвөрдөх хувь тавилангийн орооцолдоот замд яруу
найрагч (зөвхөн найрагч ч биш ер хүмүүн төрөлхтөн) гагц сэтгэл зүрхнийхээ гэрлээр
чиг баримжаа болгож, уйтгар гунигийн мананг нэвтлэн гэрэлтэж, гэгээрч амьдардаг.
Яруу найрагч Гантогтохын Лхагвадоржийн “Зүрхэн цохилго” номын анхны
уншигчид ийм л бодол төрж байна. Хайр сэтгэл, уйтгар гунигийн уянгаар нэвт
гэрэлтсэн эл ном “Эмзэг сэтгэл”, “Зүрхэн цохилго”, “Цээжний хөндүүр” гэсэн
гурван бүлгээс бүтжээ.
Нэгэнтээ Оросын яруу найргийн мөнгөн зууны утга-уянгын хатан хаан Анна
Ахматова “Яруу найраг гэдэг ямархан хог новшин дундаас мэндэлдгийг мэддэг сэн
бол…” гэсэн асуултынхаа хариуг өөрийн гайхамшигт ариун найргаараа туурвин
бичиглэжүлдээсэн. Бор дүрхэн эгэл амьдралын дундаас яруу найраг хэмээх дээд
урлаг уянгалан дуурьсах нь булингарт цөөрмийн мандалд бадам лянхуа дэлгэрэн
гэрэлтэх лүгээ адил гайхамшиг билээ.
Г.Лхагвадоржийн анхны ном эгэл аж төрөхүйн амин сүнс болсон хайр гэрэлтсэн
шүлгээр дүүрэн байгаа нь сайхан.
…Мэлмий тунгалаг амраг минь
Харцаараа намайг энхрийлсээр
Миний зүрхний орон зай шиг
Жижигхэн атлаа тухтайхан суудалд суулаа… гэж сэтгэлийн хайртай хүнээ алсад
үдэхийн гэрэлт шаналан, гэгээн гунигийг намуухан өгүүлж, үгүйлэн санахын тэр
халуунаа
…Чиний эзгүйд
Хээр хонов.
Чилийсэн шөнүүдэд
Зээр болов… гэж ганцаардлын буданг сөхөн дуулжээ.
Найрагч хөвүүн багадаа амссан хагацал гунигаасаа үүтгэн
…Дүрлэгэр нүднээ дүүрээд ирсэн нулимс шиг
Дүүрэн намар.
Дүнсэн тамхиа байн байн нэрэх
өвгөн аавын санаашрал шиг
Хоосон намар… гэх гүн утгалиг шад тэрлэсэн нь Зэнгийн найрагт багтах хоосон
чанарын дуулал мөн. Мөнх бусын гуниг, хоосон чанарыг үүнээс илүү яаж
илэрхийлэх сэн билээ.
…Өндгөө дарах шувуу шиг нам гүм өвөл
Өнө мөнхийн хаврыг тэвэрч хэвтэнэ…
…Хувь хүн, бие хүн гэвч,
хүмүүс бүгдээрээ нэгэн
Хувь тавилангийн өмнө бүгд элсэн цаг мэт аюу… хэмээн алсад одсон нэгийгээ тэсэн
ядан харуулдах мэт цаг хугацааны их хүлээлт, басхүү үл мэдэгдэн урсан одох
цаглашгүйн хүрдэнд хүмүүн гэгч элсний ширхэг адил өчүүхнийг гунин өгүүлсэн нь
бий.
Аливаа шүлгийн амин сүнс болсон хайр, гунигийн сэтгэлгээ түүний шүлэгт олон.
…Хөхөн хөхөн толгодын чөлөөнд
Хөгшин ээжээ нутаглуулаад буцахад
Хөндүүр зүрхэнд цэлэлзэх гуниг
Хөдөлбөл л асгарчих гээд байх шиг…
Сэтгэлийн гүнээс төрсөн хөндүүр зүрхний дуу л хүнд хүрдэг. Ер магтаалын цагаан
малгай 6
духдуулсан хоосон, хөөсөн ерөөлөнцрүүд сэтгэл зүрхний гэгээн шаналан гунигийн
дэргэд юу сан билээ. Залуу найрагч Г.Лхагвадорж энэ л үнэнийг мэдэрч, сэтгэлийн
гоо сайхнаа шүлэг найрагтаа амьд халуунаар туурвин цаг хугацааны судрын
хуудсанд бичиглэж яваа билээ.
Сэтгэлийн гэрэлт дүүдээ уран бүтээлийн амжилт, сайн сайхныг хүсье!

МЗЭ-ийн шагналт яруу найрагч


Лхагвасүрэнгийн БАТЦЭНГЭЛ
2014 оны арваннэгдүгээр сарын 10
Эмзэг сэтгэлхэмээх нэгдүгээр бүлэг
Хэрвээ хайр дурлал үгүй сэн бол хорвоо өөрөө ч оршихгүй байсан биз ээ. Хайр
дурлал, арга билгийн зохилдлого нь гагцхүү хүн төрөлхтөнд бус орчлон ертөнцийн
бүхий л юмс үзэгдэл, бие махбодид хамааралтай гэж би итгэдэг. Гуниг харуусал,
гомдол цөхрөл, догдлол, баяр баясгалан, итгэл найдвар, эргэлзээ тээнэгэлзэл, чинхүү
сэтгэл, үзэн ядалт гээд хорвоогийн түмэн өнгийг хайр дурлал л гагцхүү өөртөө
багтаадаг. Энэ нь ч түүний эмзэг чанартай холбоотой билээ.
Амрагаа үдэхүй
Алс замд явах жижигхэн автобусанд
Амраг минь том цүнхтэйгээ орлоо.
Бууж, суух ганцхан хаалгыг нь хүмүүс
Бүчиж аваад багтан ядан орцгоов.
Мэлмий тунгалаг амраг минь
Харцаараа намайг энхрийлсээр
Миний зүрхний орон зай шиг
Жижигхэн суудалд суулаа…
Цаг болж, зогсоолоосоо автобус хөдлөхөд
Цээжин дээр дугуй нь эргэх шиг болов
Цонхны цаанаас амраг минь гараараа даллана
Цочих шиг гэнэтийн гуниг зүрх дэлсэнэ…
Ачаандаа түүртсэн автобус гэдийсэн байх нь
Амраг минь надад хоргодоод байх шиг санагдана.
Хоцорч санадаг гэнэн тэнэг зангаараа
Хонгорхон түүнийхээ уруулыгүнсдэг байж гэж бодлоо
Хатамжит сэтгэлтэй ард түмнийхээхарцнаас эмээхдээ
Хацар дээр нь үнсэж үдсэнээчамлан чамлан шогширлоо
Нар үүлний цаагуур нуугдах шиг болж
Надаар дүүрсэн гуниг хоолойд тээглэвч
Үүрдийн хайртай эжий нь тэнд хүлээж буйн учир
Үгүйлэх амрагаа үдэж хоцроод жиндэхээс ч яах вэ…
Тэнгэрлэг сайхнаар эргэж учрахын төлөө
Тэнгэрийн бүүдгэрийг цээжиндээюүлэхээс ч яах билээ…
2008. 05.15
* * *
Болзоондоо яарч догдолсоор очиход минь чи
Бээртлээ хүлээчихээд шарандаа уйлдагсан…
Хөл ихтэй хотын гудамжаар алхах
Хөтлөлцсөн хосууд юутай атаархам
Алга алганыхаа хээг хөлөртөл атгаж
Аль замаар нь явахаа шийдэж буй тэдний
Аз жаргалыг нь мэдрэхдээ
Шарандаа би уйлмаар санагдсан
Танил хүн шиг тэр өргөн чөлөөгөөр
Чиний хайраар л дутаж алхахад
Бидний болздог байсан газар
Хичнээн эзгүй байсныг ээ…
2008.06.12
* * *
Туулын цутгалан тасарсан мэтэл хуль өргөн чөлөөнд
Туулайн зурагтай тэргэл сарыг харж зогсоход
Тэр, тэнгэрт өлгөсөн ханын цаг мэт санагдмагц
Урт болон богино зүүнийх нь байрлалаас
Унтах цаг болсон эсэхийг мэдэх гэж
Удаан ширтэж цөхөөд
Уйтгар гэж түүнийг нэрлэчихээд
Хувийнхаа унаагаар харихаас өөр
Хувилбар ололгүй гэлдэрч явахдаа
Гишгэх тоолонд минь нүүрээ зулгалах
Гутлынхаа шаналанг мэдэрнэм
Чин сэтгэл хийгээд хайрын хооронд ямагт
“Чингэлтэйгээс-Зайсан хүрэх”-ийн зайтай байх
“Ченж”-үүдээс авсан эвдэрхий утсаар үр минь
“Чихэр авчраарай аав аа” гэж захиж байгаа даа
Өдөржин хүлээсэн амраг минь тэнд
Өдөн хөнжил шиг халуухан байгаа даа.
2011
* * *
Тэнгэр ийм бүрхэг байталчи юу ч мэдрэхгүй байна гэж үү
Тэр чинь миний сэтгэлийн өнгөөрхувирдаг юм шүү дээ
Танай гэрийн дээвэр дээразарган бороо бөмбөрддөггүй гэж үү
Тэр бороон дуслуудминий сэтгэлийн цалгиа юм шүү дээ
Танилцсан өдрөөс хойшутасны дугаар чинь мартагдсангүй
Тэгэвч чи газрын гаваар орчихов уу гэлтэйалга болжээ
“Таны залгасан дугаархолбогдох боломжгүй байна…”
Гэрийг чинь би даанч мэдэхгүй юм,мэддэгсэн бол
Гэнэн тэнэгхэнээр дурлалын жигүүрээдэвэн дэвэхсэн
Ааль ялдам инээдээ асгаж орхисон зүрхнээс минь
Аль хэдийнээс хойшчийг үнэртэх болсныг хэльюү гэтэл
“Таны залгасан дугаархолбогдох боломжгүй байна…”
2010.08.13
* * *
Тэнд чи уйлаад л байна уу
Тэнгэр ийм бүрхэг
Шиврэн шиврэх бороон дуслуудаар
Сэтгэлийн гунигаа юүлнэ үү
Нойтон хүрмээ зүрхээрээ индүүдээд
Надад чи хамаагүй юм шиг амьдрах
Амаргүй л байна даа хонгор минь
Тэнд чи уйлсаар л байна уу?
Тэнгэр онгойхгүй нь ээ…
Уйтгар гунигаа надад нэг мөсөн шингээ
Шархиран шархирсаар нэг л хатаачихвал
Шаналалын бороонд ахиж би норохгүй ээ
Шүхрээ дэлгэж өөрийгөө халхлаад
Сэтгэл зүрхнээс чинь хэрхэн зугтсанаа мэдэрнэ.
2011 16
* * *
… З-д
Төө ургасан халгайг эмийн жороор хэрэглэдэг
Түүнээс өндөр бол хогийн ургамалд тооцогддог
Түүн лүгээ бидний учрал
Төгсгөлтэй л байхгүй бол горьгүй ээ…
Зорьж дурлаагүй сэтгэлээ
Хорьж хэн нь чадах вэ
Хэн нэгнээс биесээ хайхаа
Хэзээ зогсоох вэ?
Болохгүйг нь мэдсээр байж бие биедээ дурлачихсан
Бүтэлгүй хайраа яах вэ?
Ав адилхан өвдөж ав адилхан шаналах нь
Алдаа юм чи бидний
Арай бага, арай их байсан сан бол
Аль хэдийнэ дуусчих байсан байх аа.
2011
* * *
Гадаа ямар халуун байна гээч…
Гэвч би даарч байна хонгор минь
Гэртээ хариагүй ганцхан хоног
Гэмших хангалттай шалтгаан
Мөлхөж сурахаар тарвалзаж буй хүүгийнхээ
Мөнгөн толгой дээр үнсээгүй болохоор
“Хурдан ирээрэй” гэсэн охиныхоо сэтгэлийг
Хуурсан болохоор л дагжина
Гомдож ч чадахгүй хүлээж л суугаа чамдаа
Гол дүрд нь өөрөө тоглосон жүжгээ ярих уу?…
Гал халуун дурлал хаачсан юм бэ амраг минь
Ганц өдөр чамдаа яарсаар очсонгүй
Амьдрал чамайг ийм болгочихжээ
Айлын гэргий гэх дөнгө зүүчихжээ
Эрх дураараа шувуу явахад чинь
Энхрий үгсээрээ би тор нэхэн байж…
Хаа нэгтээ “хөл бөмбөг” л үзсэн байх гэж
Хайрт минь өөрийгөө тайвшруулж суугаа
Хараал ид гэж
Би бөмбөгнөөс гараад удаж.
2012.06.18
* * *
Тэвэрч суугаад гэзгийг нь илбэж
Түүний гоо хүзүүг би үнссэн
Үл мэдэг эрүүгээ өргөөд
Үнсүүлж байхдаа тэр нүдээ аньсан
Аньсан нүдээрээ аньсан нүдийг нь мэдрээд
Аяа, бид сахиулсан тэнгэрүүд болсон.
2012. 08.16
* * *
Г.Б-д
Борооноос хоргодож улиасны дор зогсохуй
Бор хүрмэнд минь навчсын дусал шингэнэм
Орсон бороонд норсон бие одоо
Орчлонгийн жам, навчны үнэртэй болчихлоо
Намарт би хамгийн дуртай гэж
Надад чи хэлсэнсэн…
Дурлаж болохоор болоо болов уу
Дүүрэн намар цээжинд минь байна
Учиръя гээд учирдаггүй
Урвая гэж ч урвадагүй
“Уучлаарай”, “баярлалаа” гэдэг үгсийг
Урьдаас төлөвлөж хэлдэггүй
Шатар нүүвэл буцаж болдоггүй ээ
Шаг гээд хэлчихье, чиний зүрх сэтгэлд.
2012.07.25
Гэргийдээ
Болох болохгүйн хязгаараас
богтолж авсан хайр минь
Борооны дараа солонго өнгийх шиг сэтгэл татам
Бадрангуй улаан хүслээр хэнд ч юм дурлах минь
Байгалийн араншин мэт гэнэтийн атлаа гэнэхэн…
Намайг ариун гэж бүү итгээрэй амраг минь
Чамайг минь л хиртүүлж мэднэ.
Наддаа ч чи үнэнч байх гэсний хэрэггүй
Нар жаргах агшнаа л улам бүр харамлам
Өөртөө л үнэнч байгаарай хонгор минь
Өдтэй гэдгээ тахиа л мэддэггүй юм
Зуурдын хорвоод үүрдийн хайр үрд минь л шингэсэн
Зуун жил ганцаардсан ч үрээсээ урвалгүй үхнэ
Үнэнч байна гэдэг энэ юм бус уу?…
Хайр сэтгэлээ хэзээ ч битгий чөдөрлө, янаг минь
Хориотой юм л хорлонтой байдаг
Хайр гэдэг эрх чөлөө биш…
Эрх чөлөө биш болохоороо л
Эрх чөлөөтэй байдаг аа.
2011.10.02
* * *
Ойн төгөлд чамтайгаа
Одоо л нэг амраглах сан
Чийгтэй зөөлөн хөвдөн дээр
Чинийхээ гарыг дэрлээд
Энгэр юугий чинь тэмтэрч
Эгээ л нисэх мэт нүдээ аниад…
Улаалзгана мэт уруулыг чинь озонхон
Оволзсон зүрхээ хөхөнд чинь наагаад
“Одоо л ингээд цаг хугацаа зогсчихоосой” гэжбодох сон.
Хөхөөн дуу ойролцоох модноос цуурайлж
Хүмүүсээ эднийг хараач гэх шиг л
Хөг-үүг, хөг-үүг, хөг-үүг…
Цээжин тушаа янагших чи минь
Чихэнд хайрын үгээ зөөн зөөн шивнэж
Бүсгүй биеийн алжаал юугаа
Бүр мөсөн тайлж байх шиг л…
Тэгшхэн хөлийн чинь гүн рүү нэвтрэх тусам
Тэчьяангуйн симфони эгшиглүүлж
Хөвчирсөн биеэрээ чавхдас мэт хэлбэлзэхэд
Хийлийн өнгөөр эгшиглэхийг чинь сонсоод
Гоёхон дуутай шувуудын жиргээнд
Голт зүрхний шувуухай чамайгаа
Гоцлол өнгөөр жиргүүлэнхэн
Уянгат энэ орчлонгийн
Удирдаач нь болж тоглохсон
Хүүгэх салхины аясаар шуугих модод
Хачин баясгалантайгаар инээлдэхийг нь
Ичсэн мэт бэлцгэрхэн жимснүүд
Ишнээсээ тасарч ойчихыг нь
Ялаанууд хүртэл амрагланхан
Янагийн дуу аялахыг нь
Буга согоо урамдахыг нь
Байгаль дэлхий цэнгэхийг нь үзэн
Ойн төгөлд чамтайгаа
Одоо л нэг амраглах сан…
2011.09.13
* * *
“Сүлжээ” сайн барьдаг сэтгэлд чинь
Сүүлийн захиа минь очсон уу
Санаж бичсэн шүлгийг минь
Сарнаас олж уншсан уу
Нэг өдөр чи бид хоёр
Нэгэн зэрэг “Bluetooth”-ээ асаасан
Надад байгаа бүхэн чамд ч байгаа
Нартад хоёул нэгэн цул болсон.
Цовоо охин минь шөнө дөлөөр
Цочоод байна гэсэн үү
Цөлх мулгуу аав нь
Лонх эргүүлэхээ больсон
Мөнгөн толгойтой хүү минь
Мөлхөж сураад бужигнуулж байна уу
Мөөмөөрөө л аргадаж гэртээ тогтооно уу?…
Мөн ч адилхан болох нь дээ аавтайгаа.
Явсныг чинь мэдчихсэн энэ хотод
Явж л байна даа би
Ярилцлага хийхээс залхчихаад байхад
“Ярилцъя” гэсэн хүүхнүүд хөлхөнө
Хөх инээдээ барьж ядан алхахдаа би
Хүүгийнхээ мөнгөн толгойг үнэрлэмээр болсон.
Харих автобусандаа суугаад нүдээ анихад
Хаа нэгтэй хэн нэгний утас дуугарч
“Хамгийн сайхан ширээ засаарай
Хайрт нь, удахгүй очлоо” гэх
Нялуун дотно яриа сонстоно.
“Хурдан ирээрэй, аав аа
Хоолоо хийчихсэн шүү” гэдэг
Бор охины минь цовоо инээд
Бодол дотор цангинаж
Цөөн нулимс цээж өөд
Булаг адил оргилсон оо.
2012.07.29
Хөгжимчин бүсгүй юм, чи минь
Халуун алгыг минь
Хацартаа нааж эрхлэхэд чинь би
Хийл хөгжим болдог
Хаана нь байж вэ гэмээр
Хачин их уярал надад төрдөг.
Төв үнэн үгсээ
Дэргэд минь суугаад хэлэхэд чинь
Төгөлдөр хуур болоод
Сэтгэлийнхээ өнгө бүрээр мэдэрдэг.
Уурлан бухимдахад чинь ч бас
Уулгамч юм шиг дагаад л тавгүйтчихдэг
Бөөн бөөн цухлыг чинь
Үнхэлцэгэн дээрээ мэдэрч
Бөмбөрчин бүсгүй чамаас
Хэмнэл айзмаа ухаардаг.
Ямар нэг сайхны тухай
Ярилцаж байхдаа
Өвдгийг чинь дэрлэвэл
Ятга хөгжим болоод
Судас бүхнээр минь хөг ордог.
Шидэт уруулаараа минийхийг
Шүргэхийн төдийд л амь орж
Энгэр цээжинд чинь асахдаа би
Эгээ л эр морин хийл шиг дуулдаг.
Хүний хорвоод намайг хөглөсөн
Хөгжимчин бүсгүй юм, чи минь…
2013.04.12
* * *
Оньсхон минь
Олон ааштай зөрүүдхэн минь
Одоо би чинийхээ оньсыг тайлж сурсан уу?
Ямар зүйлд дуртай, ямарт нь дургүй
Яахаар уурладаг, яахаар баярладаг
Юунд хамгийн ихээр сэтгэл нь хөдөлж
Юунд ой гутдагийг чинь ч мэднэ.
Оньсхон минь
Олон ааштай зөрүүдхэн минь
Одоо би чинийхээ нууцыг мэдсэн үү?
Гэзэг үс чинь ямархан үнэртдэгийг
Гэжиг чинь хаанаа байдгийг
Уурлавал чинь хэрхэн аргадахаа
Уруулыг чинь яаж озохоо ч мэднэ.
Гэвч чи минь оньсхон хэвээр л
Гэргий минь байлаа ч тайлагдашгүй янзаар
Үе үехэн гунихад чинь
Үүд хаалгагүй газар хоригдох шиг л болном.
Эмзэг турьхан, ичимхий ялдам
Тэгээд тийм гэнэхэн байхын зэрэгцээ
Яаж ийм үл ойлгогдом байж чаддаг байна аа…
Оньсхон минь
Оньсогохон минь ээ.
2013.11.11
* * *
(Зөгнөл ёсоор болжээ)
Хөтлөлцөж яваад
Хөлөө цуцахаар
“Намайг үүр” гээд
Нуруу өөд мацдаг
Жаахан хүүхдийнх шиг
Дэггүй занг чинь
Заавал миний охин
Дуурайна даа…
2008
* * *
Заримдаа чи надаас зугтчихмаар санагддаг уу
Замын унаанд суугаад ч хамаагүй
явчихмаар болдог уу?
Хүүхдүүдээ унтуулчихаад уруулаа будаж,
энгэсгээ түрхэн
Хүүхэн хонгор алиараа хөнгөн гунигтай дуу аялсаар
Хүрч очихоос минь өмнө явчихъя гэж бодсон уу
Хөхөө чинэж, хүүгээ уйлахаас ч айлгүй
Хөхөө шиг л үүр үгүй байхыг хүсэв үү
Эр нөхрийнхөө тэнэг мугуйдаас залхахдаа
Эрх чөлөөтэй ганц бие бүсгүй болмоор санагдав уу
Гомдсон сэтгэлээ цээжнээсээ сэм суйлаад
Голомтынхоо үүдийг зүгээр л хаагаад
Харсан зүгтээ яваад л баймаар
Хачин тааламжтай мэдрэмж төрөөгүй биз?
…Хаашаа ч өнхөрч мэдэх бөмбөг шиг энэ амьдралыг
Хань минь болохоороо л тулж зогсоох
Хайрт минь, чи минь дээ.
2012.12.05
* * *
Гэргий минь…
Гэр орон минь
Чиний эзгүйд
Хээр хонов
Чилийх шөнүүдэд
Зээр болов.
Ханат гэр байвч
Харих хүсэл алга
Хаалга үүдээ нээвч
Хана туурга нь алга
Хамаг юм бүхнээ чи
Хамаад явчихсан шиг
Хамаг бүхнээ орхиод
Хаяад явчихсан ч шиг…
2013.07.03
Хувь заяаны дуулал
Амьд яваа минь магадгүй, анх чамайг харсных
Харсан тэрхэн мөчөөс халуу шатаж эхэлснийх
Хаврын горхи хоржигнонхон цээжинд цутгах шиг
Хамаг биеэр минь хөөр баяр булгилсных
Хавирга доргитол тонгочих эмнэг хангал зүрхийг
Хажуугаас сугадахдаа л чи цочин мэдэрснийх
Мэдэрснээсээ хойш дуугаа хураачихсан чиний
Мэнэнгийн тал шиг даанч цэлгэр ичингүйрлийнх
Гэнэн тэнэг насныхаа алдааг нэгээр нэмээд
Гэрийн чинь үүдээс нэгэнт буцахаар шийдээд
Төөрч будилж явахад минь чи
Төөрөг, зөргийн хорвоогоосгэнэт намайг олсоных
Амьд яваа минь магадгүй,амжиж чамтай учирсных аа
Амьд яваа минь магадгүй, амжиж чамтай учирсных
Учирсан тэрхэн хормоос улам хайртай болсных
Тулам тулам хайраар туж намайг энхрийлснийх
Амраг энхрий аалинд аргамаг сэтгэл идээшин
Тоонот гэрээ өргөнхөн тогтож суугаад жаргалаа
Амьсгалаа хуваан амраглаад зүүд шиг амьдарваас
Алдрай хонгор үрсээр өврийг минь мялаав аа
Амьд яваа минь магадгүй, амь,биеэ чи минь наддаа өгсөнийх өө.
Амьд яваа минь магадгүй амь,биеэ чи надад түмэнтээ өгсөнийх
Дурлаж болохоор даанч гэнэн охидтойдуулим хорвоод
Дуугаа цээжинд хадаахцовоо охиныг минь өсгөж өгөв өө
Хайрлаж болмоор халхын сайхан охидтой хорвоод
Хувь заяаг нь даатгахнуган үрийг минь торниулж өгөв өө
Өгсөн юм бүхний чинь төлөө,орчлонгийн юм бүхэнтэй эвлэрч
Он удаанаар чамайгаа хайрлах хүсэлулам бадрах болов оо.
2013.02.17
* * *
Хүрмээ өмссөн атал хүйт оргино
Хүнийх болсон бүсгүй бодогдоно
Хүний хорвоо хуурмагаар дүүрэн
Хүсэл, сэтгэл юутай хоосон…
Жиндэн сууж шүлэг бичвээс л
Жинхэнэ санагдах намар цаг аа.
2014.09.14
Зүрхэн цохилго хэмээх хоёрдугаар бүлэг
Жирийн л нэг нүүдэлчин билээ, би
Жил, сар, өдрүүд далай мэт л…
Живж одсоны минь дараа ч
Цалгилсаар л байх
Яруу найраг билээ, энэ орчлон…

Эргэлт
(Борголжин охиндоо)
Уйтгар нэвт шингэсэн
үнэртэй эмнэлгийн шатаар өгсөхөд
Уйлагнах хүүхдүүдийн шаналангуй дуунөр өвтгөнө
Гурван давхарынх нь шатны гэрэл шатчихсан байх…
Хачин их харанхуй санагдах тэр хэсэг
Хаалгандаа дөрвөлжин нээлхийтэй
Дөрвөлжин нээлхийгээр хөл хорьсон
Дэргэд нь урт бандан сандалтай
Бандан сандлыг сандайлан суугаад хүлээх хүмүүс
Бүгдээрээ хоригдож буй мэт давчдана…
Хайртын минь гишгэгдлийн хэмээрбойтогны хонх жингэнэнхэн
Хонгор үрийн минь цонхигор царайнээлхийгээр үзэгдэв.
Гэрлийн гялбаанд зүсийг минь үзээд
Гараа сарвайн “Ааваа…” гээд
Араас нь үг хэлэх гэсэн боловч хэл нь нялхадлаа.38
Гуурсан зүүгээр цоо хатгуулсан гараа үзүүлж
Гиншингүй дуугаар эрхлэнхэн
Доголон нулимсаа хацарт минь арчив.
Хатан зоригоор туулах л орчлонгийн
Халирамхай шөнөөр гэртээ харьж явахад
Энгэр заамаар жавар сэнгэнэнэ…
Энхэр үрийн нөмөр тийм их санж ээ.
2009.12. 22
* * *
Орчлонгийн юм бүхэн оньсон тоглоом лугаа…
Одоо чи гуниглаж буй бол инээж чадахгүй
Инээж чадахгүй удах аваас
Итгэл найдвар чинь гэрэлтэхгүй
Гэрэлтэхгүй болбоос
Гэрэлт нарны тунгалгийг чи анзаарахгүй.
Мандаж, жаргах наран гэдэг хийсвэр үзэгдэл
Манай глактикийн нар манддаг үгүй,жаргадаг ч үгүй.
Үхнэ гэдэг ч бас үүрд алга болохын нэр бус
Мандах жаргах, төрөх үхэх…
Магадгүй энэ хүн төрөлхтөний хайж буй
“Мөнхийн хөдөлгүүр”
Мөнхийн хөдөлгөөн хийгээд хувьсал нь
Мөн чанар- Энэ орчлонгийн…
2012.06.07
* * *
Алдрайхан охин минь томдсон гуталтаа түүртэн
“Ааваа, ааваа” гэсээр араас даган тэнтэр тунтар
Хашааныхаа хаалгаар зугтах шахан гүйж гараад
Хатсан банзнуудын заагаар охиноо ажихад
Хөөрхий үр минь харуулдаад уначихсан
Хачин гомдолтойгоор “аав аа…” гэж уйлна.
Гэртээ үлдчихмээр л санагдах
Гэгэлгэн өдрүүд ар араасаа…
Гэвч би юуны төлөө л охиноосоо зугтана
Охиноо өрөвдөхийн ихээр өр өвдөнө,
Хайрлахын ихээр хайрлана
Орж үнсчихээд ирдэг ч юм билүү гэж бодно.
Үймэрсэн сэтгэлээ онгойтол санаа алдчихаад
Үхэх гэж байгаа биш дээ гээд
Янжуураа асаан цааш алхана…
* * *
…Хүн байхын хэм хэмжээгээ мэдэрч өсөг гэхдээ
Хонгор үрээ ээж нь өлгийдөж өсгөсөн юм
Хүний хорвоо хүслээр болдоггүйг
Хөөрхий үр минь мэдэрч өс дөө.
Үр минь чамайг олсноосоо хойш
Үүрүүлэхээ больсон ээжээсээ
Үнэн ямар тухай л асуугаарай.
2010
* * *
Гараа халааслаад хаашаа ч юм алхмаар
Гандсан хүрмээ мөрөн дээрээ шидмээр
Газрын татах хүчинд толгойгоо мэдүүлмээр
“Ганц юм”-нд бяр орсон залууд мөрлүүлмээр
Хэн нэгний тухай бодмоор
Хэдэн шад чанга уншмаар
Хэрэг болгож хаашаа ч юм чулуу шидмээр
Хэзээнээс л ийм байсан миний дотор хүн.
Улан дороос ивэх чулуу бүр нь танил
Урьдын замаараа гэртээ харимаар
Удаан алхаж, усны дэргэд хэсэг суумаар
Тэнд чи минь хүлээж байгааг мэдэх тусмаа
Тэгэхээс тэгэх гэсэн шиг хээр хономоор,
Тийрэн шиг санагдах миний дотор хүн…
2012.08.09
* * *
Дүрлэгэр нүднээ дүүрээд ирсэн нулимс шиг
Дүүрэн намар
Дүнсэн тамхиа байн байн нэрэх
өвгөн аавын санаашрал шиг
Хоосон намар…
2012.09.30
* * *
Санаа алдахын төдийд л ойччихмоор навчсын
Шаналал дүүрэн төрхтэй өргөн чөлөөгөөр
Санаатай, санамсаргүй явж өнгөрөхдөө
Санаа алдахгүй байж үнэхээр чаддаггүй…
Уртаар санаа алдах бүрт минь
Уулгалан тасрах навчис,
Угтаа энэ хөглөрсөн намар
Миний л үйлийн үр.
2012.11.06
* * *
Өлгийтэй үрээ тэвэрсээр усанд осолдсон
Өнөөх Сэлэнгийн ээж бодогдоно.
Үйж явахдаа ч үрээ хайрласаар, харамласаар
Өөрийнхөө нэгэн биеэр Сэлэнгэ мөрөнд уусчээ
Сэлэнгэ… ижий… гэж бодохоос л
Сэтгэлийн гүнээс их давалгаа босох шиг…
Харзны уснаа уур савсуулсаар одсон нь
Хайр л байж дээ гэхээс нүд бүрэлзэнэ
Өө хөөрхий…
Өнөөх Сэлэнгийн ус… уу даа….
2012.11.26
* * *
Цонхигор навчсын хөглөрөөнийг
Цас дарчихсан нь нэг л таатай
Сэтгэл өвтгөөд байсан өнөөх гудмаар
Сэргэлэн цовоо явж өнгөрөв, би.
Явган замын гантиг дээр
Яг л тэшиж байгаа юм шиг
Гутлаа чирч алхах тун хөгжилтэй
Чирэх гутлын маань чимээ
Чийчаан тэрэгний моторын дуутай төстэй
Чингэхээр би хувийн унаатай хүн…
Ийн баясаж
Эд хөрөнгийн тухайд хөнгөн бодох нэн таатай.
Өндгөө дарах шувуу шиг нам гүм өвөл
Өнө мөнхийн хаврыг тэвэрч хэвтэнэ.
Боловсорч гүйцсэн бүсгүй толины өмнө эргэж
Бошинзоо дэрвүүлэх шиг л урин хаврыг хүлээнэ ээ.
2012.11.27
* * *
Гараа дэлэмлэж амрагтаа дэрлүүлээд
Гариг ертөнцийн тухай бодлоо
Гадаа цас будрахуй
Тоононд хадсан гялгар цаасны
Торгомсог гадарга дээр унах цасны
Ямар хэмжээтэй болохыг
Яг нарийн хэлж болмоор нам гүм…
Халуун янданд хайрагдсан цас
Ус болон урсах зуураа
Шаналан орилсоор ууршин дэгдээд
Амар болсон ахыг минь санагдуулан
Агшин зуур амьсгалд шингэхэд
Өөрөөс минь өөр хэн ч мэдрэхгүй
Өөриймсөг нэгэн уй гуниг
Өрөөсөн нүднээс тасран унав.
2008.12.13
* * *
(Эрээн тахийн судал нь хүний хурууны хээ шиг ахин давтагдашгүй байдаг аж.
Тиймээс унагаа төрмөгц эх тахь юуны түрүүнд өөрийнхөө судлыг нүдлүүлдэг аж.)
Эрээн тахь нялх унагаа сүргээсээ ч нууна
Эс бөгөөс хорвоогийн эрээнд үр нь төөрнө
Ахин давтагдашгүй эхийнхээ эрээн судлын
Аль нь хар, хэд нь цагааныг
Андахгүй мэдээд хөл тэнцсэн унага
Эрээн бард эрхлэх гэж
Эндүүрэхгүй болоод шандас сууна.
Аль хүчтэй нь л амьд үлдэх
Африкийн зэрлэг шаргал талд
Амиа туурайдаа нуусан
Өвсөн тэжээлтний сүрэг
Ан хийхийг үрдээ заах аав арслангийн
Арааны шүлсийг асгаруулж бэлчинэ
Амьдрал тэнд яасан амттай.
2012
Сонет
Аз жаргал хүн төрөлхтөнийх байх болтугай
Амьтай бүхэн сайн сайхнаар зэрэгцэн оршиг!
Атаа, жөтөө, басамжлал, бялдуучлалын уршиг
Амь амьдралд хөө түрхэхгүй байх болтугай!
Эрин зууныг элээгч хайр дурлал мандтугай
Ихэрлэх сэтгэл ямагт хайр энхрийллээр дүүрэг
Ирээдүйн гэрэгэ атгаж үрс нь үргэлж төрөг
Эргүүлгэн цэнхэр дэлхий амар мэнд болтугай
Цочоон сэрээж, бүүвэйлэн нойрсуулах ч хорвоо
Цаг хугацаа гэгч олон “эвэр” холбосон
“хонин холбоо”
Эв эвээрээ нийлэх эс бөгөөс боймлогдох буюу.
Хувь хүн, бие хүн гэвчиг хүмүүс бүгдээрээ л нэгэн…
Хувь тавилангийн өмнө бүгд элсэн цаг мэт аюу…
Үхэж, төрөхийн жамыг мэддэг атал үргэлж л гэнэн.
2013.12.12
* * *
Хөхөн хөхөн толгодын чөлөөнд
Хөгшин ээжээ нутаглуулаад буцахад
Хөндүүр зүрхэнд цэлэлзэх гуниг
Хөдөлбөл асгарчих гээд байх шиг
Хүрдэн хүрдэн дугуйн хээнээс
Хуйлран дэгдэх замын тоос нь
Хөндсөн газрын шархан дээр
Ерөндөг болон савирах гээд байх шиг
Хөхөн хөхөн толгодын чөлөөнд
Хөгшин ээжээ нутаглуулаад буцахад
Хөхөн хөхсөөр эр болсон
Хүү бүр нь буруутай юм шиг
Энх амгалан нойрсох зүгт нь
Эргээд харвал цочоочих юм шиг…
2010
* * *
Амсхийх зуураа цонхоор харлаа…
“Ардын эрх” орчмын хөл хөдөлгөөн
Хуучны шар байрнуудын бүдэг гэрэл
Хөндлөн гулд явж өнгөрөх машинууд
Хүүхнүүдийн айдас дүүрэн алхаа…
Нэмэх тэмдэг, түүн дээр
Нэг хундага ороосон могой…
“Эмийн сан-24” гэсэн хаяг
Энэ өргөн чөлөөнд
Түүнээс тод гэрэлтэх нь үгүй…
2012
* * *
Хэдэн өдөр бороо орсны дараа
Зүдэн урсагч Туулын гол үерлэжээ
Чийг нэвчсэн эрэг дээр ганцаар сууж
Чиний бардам зангаас өөрийгөө чөлөөллөө
“Битгий ирээрэй…” гэсэн үгний чинь хариуд
“Би очихгүй…” гэж дотогшоо хэлээд
Булингарт их уснаа булхчихмаар санагдлаа…
Дан хүрмэнд минь хар чийг шингэж
Даавуун цамцыг нэвт хайрна
Дүнсгэр улиасны навчис үе үе сэрчигнэж
Дүүрэн мэлтэлзэх голын урсгал өнгөөр найгана
Жил, сар, эрин, зуун хэрхэн урсаж өнгөрөхийг
Жишим ч үгүй харж л байдаг эрэг дээр
Жирийн л нэг бяцхан цаг хугацаа би
“Цөөрмийн усанд мэлхий үсрэх”-ийн төдий ч
Цаг хугацааг цочоохгүйгээ мэдэрнэм…
Хүний хорвоо ийм ахархан тул
Хоргодоод би жам ирэхийг хүлээнэ.
Гэнэн үрс минь хүлээж буйн учир
Гэртээ харихгүй байж болохгүй нь.
Гэнэн бардам, булингарт үгсийн үерт
Тэнэг хүлцэнгүйгээр тэсч үлдэх хэрэгтэй
Гомдол зангирсан хөндий цээжээ
Гэртээ аваачижүрсийнхээ инээдээр дүүргэх учиртай.
2012.6.29
* * *
Урам зориг лаа адил бөхнөм
Уур хүрэх, нойр хүрэхтэй ижил
Тог тасраад ирэхгүй байх шиг
Тохигүй юм аа энэ сэтгэл дотор
Үзэн ядах, сэтгэл гутрал, бууж өгөх
Үхэж эхэлсний далд шинж.
Атаа хорслоор сэтгэлээ дүүргэвэл
Амьд яваад ч яах юм билээ.
Зүрх сэтгэлээ ариун байлгаад
Зөв амьдрахад чухам юу чухал
Эд хөрөнгө, эрх мэдэл, ирээдүй…
Энэ бүхэнд хэмлүүлж, хэмхлүүлэх
Ээ яасан үйлийн үртэй сэтгэл вэ….
2012
* * *
Үүрээр орсон бороо гэр дээр
Нэг, хоёр, гурав, дөрөв… дусална
Нимгэн, нимгэн гэх шиг дээврийн дор
Үр минь байн байн хөнжлөө тийрнэ.
Өрхний завсраар үзэгдэх “гунигт нүд”
“Цоо ширтэж”, цоорхойгоор нь унах бороо
Шүдэнзний зуруул адил зуухны бөөрийг
Өвлийн тухай бодлоор зуран бууна
Үүлс тухалсан намар өглөөн зэврүүнд
Үрсийнхээ тийрсэн хөнжлийг засангаа
Галаа түлээд, гэртээ өнжмөөр санагдав.
“Ажлаасаа хоцорлоо…” гэх ханийнхаа харцанд
Аж амьдралаа ийм байлгасанд уучлаарай гэж
Адилхан харцаараа л хэлчихээд гэрээсээ гарлаа.
2011.09.16
* * *
Хүү Хөхүхас -даа
Төөрөг заяаны үр, гэнэтийн бэлэг минь
Төрсөн эгчийгээ хэзээ ч битгий гомдоогоорой
Түрүүлж ирээд өлгийг чинь зэхүүлж
Түйтгэр бүхнийг үлдэн хөөсөн юм.
Эгч гэдгээ эртнээс мэдэж, хэрсүү суугаад
Ээжээрээ хүүхэлдэйгээ өлгийдүүлээдөвөртөлж унтсан юм.
Үдэш бүр надтай булаацалддаг мээмээ
Үзье ч гэж хэлээгүй юм.
Тэгээд л…. тэргэл шөнөөр
Тэврэлдэж хоноод чамайг олсон юм.
Хэрвээ эгч нь байгаагүй бол
Хорвоо чамайг минь тосох ч билүү, үгүй ч билүү.
Египетийн пирамид, Эйфелийн цамхаг, Тажмахал
Ертөнцийн гайхамшиг бүхнийг үзнэ гэсэн ээж чинь
Ерөөсөө болилоо…
Миний дотор гайхамшиг байна гэсэн юм…
Гэнэн үр, гэнэтийн бэлэг минь
Гэрээслэл болгож энэ л үгийг үлдээе
Гайхамшиг гэдгээ үргэлж санаарай…
2012
* * *
Борголжин, Хөхүхас хоёр
Баавгай, Маша хоёрыг үзнэ
Дуурайх гэж үзнэ…
Эгч нь инээвэл дүү нь дагаж инээнэ
Ээжийгээ дуудвал нь цуурай шиг давтана
Идэж уухдаа яг барьцаж
Ижилхэн байвал бах нь ханацгаана.
Эгчийгээ л дуурайх тэнэгхэн хүү минь
Инээд хүргэнэ, эгдүү хүргэнэ, айдас ч хүргэнэ
Нугараач болох мөрөөдөлтэй эгчийгээ дуурайж
Нугасаа таслах шахсан ч тэр дуурайсаар л байх…
Гэмгүйхэн явж байгаад эгч нь бүдэрвэл
Гэнэхэн хүү минь албаар ойчно.
Ижий, аавынхаа их ажлын дундуур ийнхүү
Их олон зүйлийг тэд нэг юм шиг л үйлдэнэ.
2013
Үрсээ санасан шүлэг
“Шинэ хашаандаа буугаад
Савлуур хийж өгнө” гэж амласан минь
Санаанаас ер гарахгүй нь
Санаад л байна аа аав нь
Бяцхан бор үрсээ…
Ханхай гэртээ давчдаад
Хашаан дотроо эргэлдэнэ
Ход ход инээдээр дутаж
Хоногийн уртад нойр хулжина.
Бяцхан бор үрс минь
Борголжин, Хөхүхас минь
Эвтэйхан суудалтай
Эргэвчээр тоноглосон
Гоё савлуур урлах санаа
Гойд ихээр төрлөө.
Хойд талын хайрган дээр
Хоёр шонг нь зоогоод
Нүхэнд нь бетон цутгаж
Нүнжигтэй юм хийвэл
Шон нь хөдөлгөөнгүй
Салхины аясаар л хэлбэлздэг
Савлуур байвал ямар вэ дээ үрс минь?
Хөдөө нутаг ямархан байгааг
Харж байгаа юм шиг л мэднэ ээ аав нь
Орчлонг багтаадаг сэтгэл дотор
Орон зай ч өөрөө багтдаг юм аа.
Хөдөө нутгийн сайханд
Хөхүхас мээмнээсээ гарч
Хурга ишигний хөл дагасан
Хөөрхөн бор хүү гүйж байгаа.
Харин миний бор охин
Харихын түүс болж байгаа
Сэм сэмхэн ааваа үгүйлэн, алсыг ширтээд
Сэргэлэн охин гэж амьтны зугаа болж
Савлуураа ярьж, санаа алдаж
Санаад л байгаа даа аавыгаа.
Өглөө бүр “Өнөөдөр аав минь ирнэ” гэж
Үеийн жаалууддаа сайрхаж
“Ухаа хад”-ын жалгаар
Уруудсан, өгссөнийг горьдож
Хадат ухаагийн замыг
Харуулдсаар л байгаа
Хажуугаар нь бас айх зүйл олон
Өвөртөлж унтах гээд байдаг өвгөн,
Өвдтөл нь цохих гээд байдаг Батбазар,
Айлын хүн дүүг нь авчих гээд,
Аавыг нь хүн муу хэлчих гээд л
Ай хөөрхий…,
Айдастай л байгаа даа
Миний охины бяцхан зүрх…
Нэг л өдөр аав нь үрсээ тэврэх болно
Орчлон хорвоо үрсийг минь хэрхэн тосох нь
Одоо миний юу хийхээс л шалтгаална.
2013.06.21
* * *
Шинэхэн трикогоо л өмсөнө гэж
“Шелкунчик” охин минь зөрүүдэлнэ
“Даарна…” гэж ижий нь загнаад
Давхарлаж зузаан өмдийг нь өмсүүлнэ
Хүслийг боогдуулсан ижийгээ охин
“Хүчирхийлэгч” гэсэн нүдээр ширтэнэ
Өөрөө ч ийм л явсан насаа дурсах тэр минь
Өрцөн дотроо битүүхэн гунигтай хоцорно.
Завсрын өнгө гэж хэчнээн заагаад сураагүй
Загал өнгийг охин минь
Санаа алдан тэнгэр ширтэхдээ
Саарал гэж анх нүдлэв.
2014.04.24
* * *
Хаана хүрэхээ мэднэ гэдэгхамгийн их гэрэл гэгээ юм
Түнэр харанхуй, түмэн зүрхшээл чодоо надад юу ч биш
Хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэнхүч тэнхээг минь
Хэн ч, юугаар ч тогтоон захирч чадахгүй гэхээсинээд хүрнэ.
Эрт орой хэзээ нэгэн цагт өөрт буйтэр сайхан бүхнээ
Эгнэгт мэдэрч үзчихээд,биелүүлчихээд, үлдээчихээд л
Мөнх бусын өөдөөсмөн ч жаргалтайгаар гараараа даллана.
…Ай яасан сайханаж төрөхийн шалтгаан билээ…
Ертөнцийн бүхий л сайн сайхныгхүн төрөлхтөнд ерөөчихөөд
Ер бусын гүн нойроор үүрд нойрсох болно, би
Айдас одоо надаас айн чичир
Аюул одоо надаас дөлөн зугт
Амар амгалангийн үүд хаалга нээгдэх хүртэл
Амьдрал минь чи надад боломжуудаа дэлгэ…
Хэнийг ч үзэн ядахгүй байх хүч хайрла
Хэнд ч өс санахгүй байх жудаг хайрла
Хэнийг ч дорд үзэхгүй байх хүн чанар хайрла
Хуурамчийн хувхайрлаас ичих ичгүүр хайрла
Гутамшигт явдлаас жигжих жигшүүр хайрла
Гуйлгачин хүүгийн өмнөөс даарах гуниг хайрла
Нүнжиг шингэсэн ханийнхаа дэргэд цоролзож
Ноён нуруугаа бат өргөн зогсох өлмий хайрла
Жижигхэн үрсийнхээ сайн сайхныг үзээд
Жинхэнээсээ аних мэлмий ч хайрла.
2013.04.21
* * *
Аз жаргал минь
Аж байдал юм
Ажлаа тараад харих юм
Ааваа… гэсээр гүйн ирэх
Алдрай үрсийн минь цолгиун инээд юм.
Хөл нь чангарсан охиноо түрүүлж ирэхэд нь
Хүзүүгээрээ тэврүүлээд өндийх зуурт
Хөөргөн хүү минь удаалж ирээд
Хөөрхөн гараараа гуя тэврэх
Тэр торгон мөчүүд юм.
Өдрийн ажилдаа алжааж ядарсан хань минь
Өөдөөс турь муутайхан инээмсэглэж
Цаанаа л нэг нялхамсах төрх юм.
Оройн хоолоо бэлтгээд завгүй байхад нь
Ойртоогүй удсан мэтээр араас нь тэврээд
Инээмсэглэж буйг нь зүрхнийх нь цохилтоос мэдрэх юм
Сониуч гэнэхэн үрсийнхээ соргог хараанаас нуугдаж
Сонгино шарах зуураа үнсэлцэхоргилуун үдшүүд юм….
2014.03.25
Өт
Өт ямар зөөлөн амьтан гэж санана
Өмөлзөн өмөлзөн мөлхөх нь
“Үрдээ” эсвэл “ханьдаа” яарсан мэт
Өргөөний минь хоймрын хивсийг
Өргөөш нь ч нэг, уртааш нь ч нэг тэмтрэх нь
Өршөөлгүйгээр их талд цөлөгдсөн мэт
Цөллөгөөс амьд үлдэхийн төлөөх тэмцэл нь
Цагт төдөн километр хурдтай мөлхөх
Цааш үргэлжлүүлэхийн тулд тэрээр
Цайны шаар мэт гулдайн хэвтээд хэсэг амрах…
Гэвч тэрээр
Гэрийг минь бүтэн туулахгүй
Замаасаа хазайн дороо эргэлдэнэ.
Хэн нэгэн хүн түүнийг үзээд
Үзэн ядаж хашгичихаас өмнө
Хариасай билээ гэсэндээ л би
“За алив яваад бай, яваад бай
Яг чигээрээ ямххан минь” гэж дэмжинэ
Бурхан ч бас биднийг ингэж
Битүүхэн дэмнэдэг байх даа гэсэн бодол
Өөрийн эрхгүй төрнө өө.
2011
Шөнө дунд
…Хайрцаг дотроо хатаж ангасан үзэгнийхээ
Хатан хошууг бэхээр ундаалж зэхвээс
Авсан дотроос нь цус сорогчийг
Амилуулж буй мэт ёрын мэдрэмж төрнө.
Гэм бурууг дотор хүн шүүн хэлэлцэх
Гэсгээл мэт урт хүйтэн шөнө…
Гэргий, хүүхдүүд ч гомдсон мэт
Гэдрэг эргэн хөнжилдөө шургажээ.
Хажуулахыг минь хүлээж төвдөөгүй
Ханын цаг шөнө дунд…
Албин сүнснүүд хийсэн нисэлдэх шиг
Ар нуруунаас хүйт даахуй
Адын бодолд зүрх чичирнэ.
Хөшиг татаагүй цонх хүртэл
Харанхуйтай эвсэн толь мэт
Хөндлөнгөөс намайг ажна.
2014.09.04-ний 03:23 минут
* * *
Үеэл П.Батнасангийн дурсгалд
Дандаа л над руу залгаж
“Дайлаач…” гэх юм шиг санаж…
Даанч эрт одохыг нь мэдсэн бол
Үргэлж зөвшөөрдөг байж…
Үдийн цайндаа хоёул
Шар айраг шимэнгээ
Аж байдлын философи ярих…
Ахиад нэг нэгийг нэмж захиалах
Ай, үүнд би яасан их дасаа вэ
Өнөөдөр харин тэр бүхэн алга
Өдрийн төлөвлөгөө юутай хоосон
Хэрэг болгож эрт тарах
Хэнэггүйтэж ажлаа таслах
Аль нь ч одоо нэмэргүй
Ахиад бид хамт доргихгүй
“Нэгэн үүрний гөлөгнүүд” гэж хөөрцөглөцгөөгөөд
Юм бүхэнд амь нэгтэй амьдарч ирсэн атал
Нэг л өдөр… яасан ихээр үгүйлнэ…
Инээсэн зурагтай утасны дугаар одоо ч хэвээр
Итгэмээргүй санагдах бүрт залгаж үзнэ
Холбогдох боломжгүй…
2014.01.13
* * *
Зоригоогийн Сумъяабазар-т
Сайхан ирээдүйн тухай сайрхан ярих
Санаа алдмаар гэгэлгэн анд минь
Сэтгэл, итгэлээ цэлийлгэн дэлгээд
Сэжигт үгүй хорвоог шүлэглэсээр байнам.
Уужим сэтгэл, цагаахан итгэлээс чинь
Урж тасдах хүн орчлонд хэд бол доо
Ууж наргих өдөр орчлонд олон ч гэлээ
Уур ч хүрэх шиг болох юм, анд минь
Бугалаганы шарх чинь эдгэж байна уу, яаж байна
Буглаж байгаа ч юм шиг сэтгэл өвдөх юм
Булингартай, булингаргүй хүмүүсийн хорвоог
Буруутгаж ч чадахгүй шаналсаар л явна уу?
Амьдралын олон ээдрээнд сэтгэлээ тэлүүлж
Аль алинд нь холгуулж явааг чинь мэднэ ээ…
“Авслуулах мод нь хаа нэгтээ ургаж байгаа”
Андуудаа бодохоор л тэвэрч уйлмаар болох юм.
2013.05.19
* * *
Өр төлөөс нэхэх мэт өдөр хоногуудад
Өвлийн хүрэмнээ гараа халааслан алхнам
Өндөр өндөр байшингуудын хүнд сүүдэр
Өөрийн минь сүүдрээс зулгааж үлднэм.
Их бүхний эзлэх орон зайд хэмхчүүлэнхэн
Ижилдэх сүүдэр минь охин гөлөг шиг даганам
Энэ бүхнийг мэдрэх чинь, миний л хүч гэх
Эрхэмсэг нарны өөдөөс
Эгцлэн харах гэвээс харц дальдарнам.
Амар болоочийн царайг
номын хөнжлөөр бүтээсэн мэт
Амгалан хөх тэнгэрийг л удаанаар ширтвээс
Аж төрөн, хорвоог туулах минь
Ай, ямархан их өр төлөөс мөн гээ…
Сая жилийн тэртээгээс хүн төрөлхтөнд илгээсэн
Сайхан нарны илч гэрлийг ядууст хүртээхгүй гэхдээ
Шоолж өндөрлөсөн мэт бүхний сүүдрийг дайрахад
Шахаан доогуур шургачих л сүр сүлд үхнэм.
2014.02.20
* * *
Туулсан амьдрал
Туршилтууд…
Туулайн баас, бас тамхи…
Тун ч гэнэн явж дээ хөөрхий
Үнсэж үзэх, үерхэх…
Тэгэх, тэгээд тэврүүлэх
Гомдож үзэх, гомдоож үзэх
Хайрлах, хэн нэгнийг зовоох
Хохирох, хорон санаанд олзлогдох
Бүтэлгүйтэх,
Бүтэлгүй дурлалын өмнө үнэгүйдэх
Үнэрлэх, үртэй болох
Үүрэг хүлээх, алдаа гаргах
Үй олон туршилтаа
Задлан шинжлээд амьдрал бол
Туршлага гэсэн дүгнэлтэд хүрэв.
Үй олон, үй олон туршилт
Үхэх минь хүртэл туршиц.
2012
* * *
Хайчилсаар буй энэ цаг хугацааны
Хаана нь би амсхийж болох вэ?
Эрх чөлөө, эрх чөлөө гэвчиг
Энэ ертөнцийн хаана вэ?
Шидэт дэнлүүн дотор амьдрагч би
Бодит үнэнтэй хэрхэн эвлэрэх вэ?
2013
* * *
( Дотор хүнээс асуух, эсвэл…)
Урам зориг, уйтгар гуниг, атаа жөтөө
Улаан, ногоон, шар гэрлүүд унтарч асна
Унтаж буй цаг хугацааны энэхэн чөлөө
Уулгамч юм шиг хүсэл бүхнийг биелүүлнэ
Хүсэл бүхэн гэвч хүнлэг байх ёстой
Хэн нэгнийхээ хүслийг хяслаараа
Хэмхчиж орхидогтоо л хүмүүс
Хүсэл, мөрөөдөлгүй амьдарнам.
Чийчаан тэрэг, байр орон, алдар нэр
Чимээгүй хийгээд, амар тайвныг эрхэмлэх
Чингэхэд эд чинь мөрөөдөл хүсэл мөн билүү дээ?
Чихээ бөглөж, нүдээ аниад хэр хол явна гэж
Чиний хүсэл хойч ирээдүйн гүүр болж чадах уу,үгүй юу
Цаг хугацаа сэрэхэд зүгээр л өтөлсөн байх уу?
2014
Бурханы тухай баримтууд
Нэг
Бурхан бугуйндаа зүүдэг хоёр цагтай
Нэгийг нь нар, нөгөөг нь сар гэдэг
Бурхан бусдын итгэлийг олох
Бөөн ажилд дарагдсан учир
Ажил хэргийн дүрэмт хувцсаа өмсөөд
Алтан цагаа зүүдэг
Алт бурханаас ч тод гэрэлтдэгийг
Амьдрал дээр хүмүүс баталдаг.
Тиймгүй сэн бол
Алтан цагныхаа сүрд дарагдсан
Авралт бурханыг олж харахгүй л байв гэж.
Хоёр
Чөлөөт цагаараа тэр
Чөтгөртэй хамт шар айраг уудаг
Уушийн газрынхаа цонхны дэргэд суугаад
Урт хөлтэй бүсгүй явж буй эсэхийг хардаг
Хэн нэгэн сайхан бүсгүйг хараад тэд
Хэн нь хэрхэн таалахаа ярилцаж тохирдог.
Гурав
Бурхан хааяа болзоонд явдаг
Болзоонд явахдаа тэр
Болор цагаа зүүдэг.
Гэгээн гэрэл бурханаас ч тунгалагийг
Газрын хүмүүс нотолдог
Тиймгүй сэн бол
Түүний болор цагны гэгээн дор
Бясалгаж суугаад гэгээрсэн хосууд
Бие биенээ тэгтлээ ихээр хайрлав гэж.
Дөрөв
Тэр бас, “Playboy”-ийн янаг хүүхнүүдийг
шүтэн бишрэгч
Тиймгүй сэн бол
Тэргэл сар гэж бидний нэрлэсэн
Тийм өвөрмөц цагныхаа нүүрэнд
Туулайн зураг хаанаас хийв гэж.
2010
* * *
Үеийн охидын хөх ургаж эхлэхэд
Үнэмшсэн, би
Дэлхий бөөрөнхий гэдэгт.
* * *
Хаврын цас
Нүцгэн мөчирт
Ханхүүгийн үнсэлт ажээ.
2013.04.15
* * *
Үнсэлцэхдээ аньсан
Нүдээ нээхүй
Үүр цайнам.
* * *
Хөнгөмсөг эрийн гэргийн
Хөрч буй сэтгэл
Навчис унасаар л…
* * *
Навч…
Үй олон загасны
Үхэжсэн хайрс
* * *
Ирж буй нарны
Илч гэрэлд бүлээцсэн ёсорхуу тагтаа
Хаврын гудамжнаа бөхөлзөв.
2014.02.21
* * *
Голын хөвөөнөө
Бясалгагч мод
Гэгээрчээ.
* * *
Хаа нэгтээх төрсөн гэртээ
Харьж очмоор санагдвал
Хаана очих вэ би ээжээ…
2013.08.13
* * *
Намар…
Хэн нэгнийг хөдөөлүүлэхээр
Иржээ.
2014.09.27
* * *
Яруу найрагч Г.Баярын гэгээн дурсгалд
Очсон газартаа та амар мэнд үү?
Одсон найрагчид цөм тэнд үү?
2014.10.10
Цээжний хөндүүр хэмээх гуравдугаар бүлэг
Жаргаж буй нар, ургаж буй…
Загасны нүд лугаа цавчихгүй
Мөнх ширтэх мөнхүү нүд ээ
Мөн биед би хэд хувилсан бэ..?
Хайрт ээж Алтангэрэлийн Түмэнжаргалынхаа
гэгээн дурсгалд өргөв.
“Ээж ээ” хэмээх бүлэг шүлэг
Нэг
Уйтай намрын дүлий шөнө
Уйлж суугаад ижийгээ бодлоо
Ухаан суухаас минь өмнө …
Уянгаар дутсан нь хэд бол оо
Элбэг сэтгэлээ өргөсөн хорвоогоос хүү чинь
Элбэрэл хайрыг тань түүсээр л явна даа
Энэ орчлонгоор чимж яв гэчихээд та минь
Эргээд ганц ч удаа зэмлэхгүй байх гэж дээ…
Од, үндсэнд хувилан оршжээ
Орчлонгоор дүүрэн буй за та
Одоо би уйлахгүй ээ, ээжээ…
Хайрлаж яваарай гээд хань өгчээ
Үнэрлэж жаргаарай гээд үр заяажээ
Үргэлж та намайг ивээсээр л байжээ.
Хоёр
Үргэлж та намайг ивээсээр л байжээ
Үргэн цочихдоо ч би таныгаа л дууджээ
Үнэгчлэн үнэгчлэн харамласан үр чинь тэнэг
Үнэний хорвоо өөрөө зүүдний минь үнэг
Цагийг эзэлсэн цагаан сүүний охь ээжүүд
Цацлын есөн нүдээр ертөнцийн зүг хардаг
Цагийг эзэлсэн цагаан сүүний охь ээжүүд
Цацлынхаа сүүнд шингээд ертөнцөөр нэг тардаг
Үрээ гэсэн эхийн сэтгэл үлэмжийн их юм
Үүрч барахгүйн учир хорвоо ижийг минь
Үрийн тэнгэр бол гээд ятгачихсан юм
Хүүгээ ивээх сүүн хайр нь төгсгөлгүй еэ
Хэмжүүрийн орчлонд багтахгүйн учир
Өнө мөнхийн цаг хугацаа болчихжээ.
Гурав
Өнө мөнхийн цаг хугацаа болчихжээ
Өөр хаанаас би таныгаа олох вэ…?
Өдөр хоногууд нэг л дотнохон болчихжээ
Өө яасан сайхан дүүрэн санаашрал вэ?
Сүн далай сүмбэр уулыг ч өртөөлөн өртөөлөн
Сүм их зөн нь үрдээ залбираад байхаар нь
Шүүрс алдан алдан халаглахдаа энэ орчлон
Шүүдэл өгөөд орон зай болгочихжээ эжийг минь
Орон зай, цаг хугацаа болчихсныг тань
Олж нээсэн энэ өдрөөс хойш хүүгийнх нь
Очих газар, явах зам үргэлж гэгээн байх болно
Давхар давхар он цагийн шатаар өгссөөр
Дараа төрөлдөө ч таныхаа л өвөр дээр унамаар
Даанч та минь далдын хар малгайтай хэвээр л.
Дөрөв
Даанч та минь далдын хар малгайтай хэвээр л
Гэвч би хүүгээ дуудах ижий бүрийг эргэж харнам
Хайр итгэлийнхээ нүдийг нээгээгүй болохоор л
Хүүдээ ижий минь үзэгдсэнгүй дээ гэж гунинам
Дува Сохорын “өнчин мэлмий”магнайн үрчлээгээр тодорч
Дотоод сэтгэлийнхээ гурван нүүдлийгнэгжсэн өдрүүдийг ээ
Долоон бурхан одны зургаа дахь гэгээнд залбирч
Дорнын уужим нутагтаасар шиг өнчирсөн зуныг ээ…
Хүйн холбоогоо эх үр алтан заадсаар салгаж
Хувьхан заяаны зам дээр тэврэлдэн учравч
Хүүгээсээ та минь холдоод л байжээ, ээжээ
Тийм алгуурхнаар надаас алсарсан ижий лээ
Тэнгэрийн орноо дүнчүүр хувилаад удлаа даа
Тэгэвч би, тэвчиж итгэн юуг ч юм хүлээсээр ээ
Тав
Тэгэвч би, тэвчиж итгэн юуг ч юм хүлээсээр ээ
Тэнэглэл гуниглал минь таны л эзгүйнх ээ
Үргэлж таныгаа үгүйлэн санахын сацуу
Үрийнхээ дэргэд ч гуниглан суух юутай гуцуу…
Ирэх л байсан жам гэвчиг
Эртэдсэн юм биш үү дээ хорвоо
Эрх л багадаа жаргасандаа гэвчиг
“Эдгэх” нь үгүй дээ энэ хүйн холбоо
Өндөр өндөр гэвчиг
Өндөлзөөд байдаг тэнгэр ээ
Өнөр өнөр гэвчиг
Өнчрөөд байдаг сэтгэл ээ…
Тэврүүлж буйгаа мэдэрлээ ээжээ
Тэнгэр яг л таны энгэр шиг уужим аа..
Зургаа
Тэнгэр яг л таны энгэр шиг уужим аа
Тэргэл саран ч санаа алдах шиг ээ
Бүүдгэр тэнгэрээс цас унахаар аа
Бүүвэйн дууны өнгөтэй ч юм шиг ээ
Ганцхан насны хүйн холбоо хойно
Гариг ертөнцөөр ч нэг ижийгээ л хайна
Гансарч уйлаад ч ирэхгүй болохоор тань
Гомдоллож тунирхдагаа ч больчихсоон үр нь
Гэнэ гэнэхэн сэтгэл үймрээд ирлээ ч
Гэргийгээ түшээд мэгшиж боломгүй л
Гуниг уйтгараар минь бороо орлоо ч
Гутрахгүй амьдарч яагаад ч болохгүй л…
Тэнгис далайн их уснаа зорьдог ч юм уу
Тэнд л та минь намайг хүлээгээ ч юм уу
Долоо
Тэнд л та минь намайг хүлээгээ ч юм уу
Тэнгэрт бохирч мөргөсөн тэр уулын энгэр бэлд
Таныгаа оршоосон минь үр суулгах шиг ч юм уу
Таны хайр шингээ юу даа, цэцэг цэцгийн балд…
Тэгэхэд би ганцхан удаа эргээд харчихсан бол
Тантай хамт үүрд үлдэж болох байсан уу?
Элэг элгэндээ хярсан таван хүү үлдсэн сэн
Элэг эмтэлж нэг нь одсоныг та мэдсэн үү?
Халуун амь амьсгаа тань дандаа л үгүйлэгдэх болсон
Хамгийн сүүлд хэзээ бид
ширээ тойрон хооллоцгоолоо
Хагацал үзсэн зүрхэс
хэндээ ч туниж чадахаа больсон
Хэн нэгнээсээ хождож анихийн гаслан
Хөөрхий аавыг минь үргэлж хэмлэх болсон
Тэглээ гээд ч тэнгэр намсахгүй нь хяслан…
Найм
Тэглээ гээд ч тэнгэр намсахгүй нь хяслан…
Холхиндог гутал шиг хорвоод холгуулсаар авч
Аяа хөөрхий аавыгаа урт наслуулахын хүслэн
Ач, үрсийнх нь сэтгэлд адилхан дэнсэлнэ, гэвч
Өвөөгийнх нүүгээд цаг хугацаа гаталчихсан
Өнөө жил бид очиж золгож чадахгүй
Эмээ минь жамын босгыг гэтэлчихсэн
Эвий дээ, өвөө минь ганцаараа… чадаагүй
Элгээ дэвтээн золгоод норох хацар одоо хуурай
Эргэж ирэхгүйгээр эгнэгт тэд тань руу нүүчихлээ
Эртний ёсоор домботой цай барьж угтаарай…
Ижийд минь хүргэж өгөх шат гэж байму
Энхэр үрээ санасан хоёр буурай минь
Эрхиний бөөр давхарлан давхарласаар тэнд очму.
2009-2013
Аавдаа
Аяа энэ гар хуруу минь
Таных билээ.
Чигчий хуруунаасаа хөтлүүлж өсгөөд
Чинхүү сэтгэлээ та надад юүлсэн болохоор
Чигчий хуруу тань билээ би…
Мөрөн дээрээ суулгаад гарыг минь атгаж
Мөн чанараа надад өвлүүлсэн билээ.
Бачит санаагүй зан,
Байгаагаараа л байх минь
Бас л таных.
Бий болсон цагаасаа
Би танд, надад л өгөгдсөн
Би билээ та, та билээ би…
2014.11.11
Төгсгөл бол эхлэл юм
Бөмбөгөр цагаан гэрийнхээ
Өрхний дээсэн оосрыг
Бөгцгөр жаахан хөгшин ээж минь
Дандаа л өөрөө татдаг сан
Буцахын жамтай орчлонд
Үлдэхийн тэнхэлгүй болохын цагтаа
Бусдаар өрхөө татуулчихаад
Гэртээ ганцаараа үлдэж билээ.
Хэн нэгнээсээ хождож анихын гасланг
Хэмжсээр л суусан өвөө минь ч амарлаа.
Жам ёсоороо амар болоочид л зохимоор
Жинхэнэ бүүдгэр тэнгэрийн дор зогсном.
Сэтгэл жаахан гунигтай ч цаанаа л нэг өег.
2013
Хурайлан үдэх хэдэн үг
Оросын уянгын найргийн ханхүү Сергей Есениний “Яруу найрагч байна гэдэг яггүй
хэцүү ажил аа” хэмээн дуун алдсан мөрүүд хүн бүхэн бичиг үсгийн өндөр
боловсролтой болсон өнөөдрийн энэ цаг үед жинхэнэ шалгуур болон дуурсах дээрээ
тулчихаад байгаа билээ. Тийм болохоор яруу найрагч хүнд өөрийгөө олохын тулд
үхэхээс холгүй шаналах л хамгийн гол авьяас болон хувирч байх шиг. Шаналж
чадахгүй бол, эрэл хайгуулаа мухардсан гэж хэзээ ч бодож чадахгүй бол түүнд
авьяасын охь буцалсаар л байна гэсэн үг.
Тийнхүү шаналангаа эрлийн шалгуур буюу авьяас болгож буй нэгэн залуугийн
анхны номыг “үзэж харсандаа” олзуурхав. Олзуурхсаны учир гэвэл, Лхагвадорж
маань заавал бусдаас онцгойрохын тулд элдвийн хэлбэр хөөцөлдсөнгүй, үгсээр
тоглож зүрхнийхээ нулимсыг ганган хээнцэрээр гоёж гоодсонгүй, ердөө л дотоод
сэтгэлийнхээ бодрол, өөрийнх нь бичсэнээр “тог тасрах мэт сэтгэл харанхуй болсон”
эгшнүүдээ 96
цааснаа буулгасан болохоор өвгөн болсон өчүүхэн бичээч би ч мөн адил түүнтэй л
хамт зовохын жаргалыг амсаж, басхүү гэгээн хайрын айдсуудаа энгийн үгээр бут
цохисныг нь олж үзсэнийх. Гэгээн хайр нь нэвт гэрэлтсэн мөрүүдээ үүнээс илүү
яалтай гэмээр хатуу хахир зүйрлэлүүдээр тодосгож өгсөн нь “үзэж тарах” бодолтой
яваа хүний л шинж. Дотогшоо шаналж, гадагшаа багахан хальсаар алсын эрэлд
мордсон болохоор л хэдэн жилийн өмнөөс эрхин сонетуудаар дагнасан ном гаргах
гээд суугаад байгааг нь бас мэдэх билээ. Тиймээс, “их бууны галын бэлтгэл” болгон
өргөж буй Г.Лхагвадоржийн энэхүү жижигхэн түүврийг хурайлан үдвэй.
Эрлээ үргэлжлүүл, эрхин сонетуудаа эрхлүүлэн цацруул!
МЗЭ-ийн шагналт яруу найрагч,
орчуулагч Ж.НЭРГҮЙ
2014.11.10
Table of Contents
Хөндүүр зүрхний дуухүний сэтгэлд хүрнэ
Эмзэг сэтгэлхэмээх нэгдүгээр бүлэг
Амрагаа үдэхүй
Гэргийдээ
Хөгжимчин бүсгүй юм, чи минь
Хувь заяаны дуулал
Зүрхэн цохилго хэмээх хоёрдугаар бүлэг
Эргэлт
Сонет
Үрсээ санасан шүлэг
Өт
Шөнө дунд
Үеэл П.Батнасангийн дурсгалд
Зоригоогийн Сумъяабазар-т
Бурханы тухай баримтууд
Цээжний хөндүүр хэмээх гуравдугаар бүлэг
“Ээж ээ” хэмээх бүлэг шүлэг
Аавдаа
Төгсгөл бол эхлэл юм
Хурайлан үдэх хэдэн үг

You might also like