You are on page 1of 28

Зүрхэнд

үйлдвэрлэв
Зохиолч: Х.Болор-Эрдэнэ

© Энэхүү бүтээлийн эрх нь Монгол Улсын Зохиогчийн Эрхийн тухай хуулиар


хамгаалагдсан болно. Бүтээлийг цахим хэлбэрээр түгээх эрхийг bookstore.mn цахим
хуудас эзэмших бөгөөд зөвшөөрөлгүйгээр бүтнээр нь буюу хэсэгчлэн хувилах болон
бусад ямар нэгэн хэлбэрээр олшруулах, ашиглахыг хориглоно.

www.bookstore.mn
Би Бид Хоёр
/сэтгэлгээний өгүүллэгүүд/
2009 он. Улаанбаатар
Энэхүү ном бол “Нүцгэн шөнө” /2002/, “Зүрхэнд үйлдвэрлэв” /2004/,
“Диваажингийн хоригдолууд” /2007 /хэмээх гурван номыг нэгтгэсэн хувилбар.
Эдгээрийг нэгтгэн хэвлүүлсний гол учир нь уншигчдын маань хүсэл шаардлага
билээ. Миний бүтээлүүдийг амтархан уншиж, урам өгч, оюуныхаа цуглуулгад
багтаахаар чармайн, өөрсдийн санаачилгаар “Х.Болор-Эрдэнийг бүтээлээ
уншигчдадаа хүргэхэд нь дэм болъё” хэмээх аян зохион байгуулж, гар сэтгэлээ
сунган тусалсан сайхан сэтгэлт зуу зуун уншигчиддаа энэхүү номоо зориулж байна.
Та бүхний сэтгэлд шувууд ч атаархам жигүүр байгааг би харж байна.
Та бүхний зүрхэнд нар ч атаархам гал ассаныг би мэдэрч байна.
Олон зуун уншигчийн дэмжлэгээр хэвлүүлсэн энэхүү ном Монголын уран зохиолын
түүхэнд цоо шинэ нэгэн хуудсыг нээлээ. Уншигчид өөрсдийн хүссэн бүтээлээ
өөрсдийнхөө зардалаар хэвлүүлж байсан тохиолдол байгаагүй. Тиймээс уран
зохиолыг шүтэж, уран зохиолыг хөгжүүлэх их үйлст гар, сэтгэлээ зориулсан блог
ертөнцийн нийт уншигч та бүхнээ мэхийн хүндэтгэе.
Зохиогч Х.Болор-Эрдэнэ
Зүрхэнд үйлдвэрлэв тавтай морил…
Хүүхэд байхад юм бүхэн хачин жигтэй санагддаг байлаа. Жигтэй хачин тэр юмсын
учрыг асууж болох ганц хүн байсан нь ээж. Гэхдээ ээж минь ихэвчлэн тэдгээрийн
учрыг хэлж өгөхгүй. Тавьсан асуултын оронд “Өөөрөөс нь асуу” гэсэн ганц үг л
ээжийн амнаас унана. Чулуу, мод, нар, сар зэрэг амьгүй зүйлсийн тухай сонирхсон ч
өнөөх л “Өөрөөс нь асуу”. Эхэндээ би тэдгээр ам, хэлгүй юмсаас хэрхэн
асуултынхаа хариуг авахаа мэддэггүй байлаа. Алимыг яагаад алим гэдэг, ундааг
яагаад ундаа гэдэг, хүнийг яагаад эр, эм, авга, нагац, аав, ээж, хүргэн, бэр, ах, дүү
гэж түмэн янзаар нэрлэдэг гээд миний хувьд ойлгомжгүй зүйлс зөндөө таарна. Гэсэн
ч би цөхрөлтгүй асууж, ээж ч “Өөрөөс нь асуухыг”-ыг уйгагүй шаардана. Төдөлгүй
тэр сонин юмсын талаар мэдэх боломж надад нээгдсэн юм. Бичиг үсэгт тайлагдсан
цагаасаа эхлээд хүмүүсийн хэлдгээр би ёстой л “Номын цагаан солио” туссан.
Унших тусам ном гээч тэр илбэчний хар шидэнд автаж, түүгээр дамжуулан мод,
чулуу, нар, сартай хүртэл ярилцдаг болов. Бараан голдуу өнгөрсөн бага насны минь
сайхан дурсамжууд номын шарласан хуудсууд дотор бий. Хорвоо ертөнцтэй
танилцах тусам амьдрал, ном хоёр хоорондоо авцалдахгүй байх шиг санагдаж
эхэлсэн. Нэг сэхээртэл амьдрал дээр нар номонд манддагаасаа огт өөрөөр мандаж,
хүмүүс номонд байдгаас тэс өөрөөр амьдарч байгаа харагдлаа. Тэгээд өмнө нь
ухаангүй дурладаг байсан номтойгоо тэрсэлдэх хүсэл төрөх болов. Учир нь би
номыг хичнээн ч уншсан өөрийгөө таниж чадсангүй. Ингээд л цээжиндээ зангирсан
бүхнийг цаасан дээр элдэв маяггүйгээр буулгах болсон. Миний бодлоор хүн номыг
унших бус ном өөрөө хүнийг уншдаг байх хэрэгтэй юм шиг санагддаг. Ертөнцийн
түмэн бодисоор дүүргэсэн номын эрээн хуудсанд автдаг байсан тэр өнөөдөр цулгуй
цагаан цаасанд дурлах болсны нууц ердөө л энэ. Ойлгосон, ухаарсан бүхнээ эхлээд
тархиндаа боловсруулж, зүрхэндээ үйлдвэрлээд, дараа нь цаасан дээр буулгах энэ
ажил одоо надад их таалагдаж байгаа. Цаашдаа энэ сонирхол маань өөрчлөгдөж ч
магадгүй юм. Юутай ч уншигч таныг өөрийнхөө зүрхэндээ бүтээсэн шинэ ертөнцөд
зочлохыг урьж байна. Тавтай морил.
Зүрхэнд үйлдвэрлэв
Бурхантай, бугтай, тэнгэртэй, газартай хэрэлдлээ.
Эхлэл нь хаана байсныг, төгсгөл нь хэзээ ирэхийг
эрж хайгаад олсонгүй. Хэрүүлийн эзнийг сая л оллоо.
Олох олохдоо түүний тохуурхал, даажигналын чимэг сонслоо.
Сонсогдож байгаа бодоход тэр амьтай юм.
Нар. Нозоором халуун. Нүд анилдан зүүрмэглэхэд тэнгэр нэг цэнхэртэн, нэг харлан
харагдах нь зузаан хөх шилтэй төстэй ч юм шиг…
…Бөмбөгөр шилэн доторх ижижгхэн хотыг хэн нэгний нүд анхааралтай ширтэнэ.
Тэр шилийг сэгсрэхэд бороо, цас, шороотой төстэй зүйл дотор нь бужигнана.
Жижигхэн, бүр маш жижигхэн хүмүүс тийм бужигнаан дотор орох байх газраа олж
ядан бөндөгнөхөд тэр өхөөрдөн инээд алдаж, бүр чангаар сэгсэрнэ. Тэгснээ нүдэнд
үл үзэгдэх дуслыг томруулагч дуран доор тавиад юуг ч юм түүнд шахахдаа тэр чаг
чаг чагхийн нүдээ цавчлан дахин дахин дурандаж, тонголзох нь хөгшин эрдэмтнийг
санагдуулна. Залуу нас. Садан төрөл. Хайр. Ухаан. Хувь заяа. Ийм бичигтэй хруу
шилнээс дусал дуслыг авч өнөөх шингэн дээр дусаана. Тэгээд шилэн хотод
бужигнан гүйлдэх хүмүүсээс нэгийг нь барьж аваад дуран доорх шингэнээ бие рүү
нь шахчихаадбуцаагаад тавьчихав. Хүн өвдсөндөө час часхийн дуугарна. Харсаар
байтал нүднийх нь өмнө хүний хэвлий маш түргэн томорч түүнээс бүүр жижигхэн
хүн доройхон дуугаар мөн л часхийн дуугараад газарт уначихав.
Саяхан бий болсон тэр амьтан яах ийхийн зуургүй өсөж томрохыг дээрх нүд
анхааралтай ширтэнэ. Эхэндээ төрсөн, төрүүлсэн хоёр салахгүй хөтлөлцөн байснаа
төдөлгүй жижигхэн нь хаа нэг тийш яваад өгөв. Түүний үйлдэл бүхнийг өнөөх нүд
алдалгүй харахын зэрэгцээ биенээс нь юуг ч юм буцаагаад соруулж авна. Соруулах
бүрт нь хүн аажимхан жижгэрч, хууртсан хүүхэд шиг өмөлзөхөд тэр бүр байж ядан
эгдүүцэж шилийг улам хүчтэй сэгсэрнэ. Хүнээс соруулж авсан бүхнээ тэр Залуу нас,
Садан төрөл, Хайр, Ухаан гэсэн түрүүчийнхээ хуруу шилэнд буцаагаад хийчихэв.
Тэгээд хэсэг харж суусныхаа дараа энэ утгагүй агшнаас залхаж, хатаж бөгтийсөн
хүний бие рүү “Дурсамж”-ийг шахлаа. Шахаж байхдаа тэр чаг чаг чаг хэмээн нүдээ
түргэн түргэн цавчилна. Нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй энэ бэлгийг нь хүн
хэчнээн хүндэтгэн хүлээн авч, хэсэгхэн зуур сэргэхийг тэр анхааралтай ажина.
Төдөлгүй түүнийгээ буцаагаад соруулаад авчихав. Харгис, хатуу энэ тоглоомноосоо
бүр мөсөн залхсан тэрээ гэнэтхэн хүнийг эрхий хуруугаараа ганцхан дарж
няцалчихаад над руу огцом эргэн харлаа. Түүний нүх шиг тоом хар нүд, хүйтэн
харцтай нь тулгармагцаа би цочин ухасхийв…
…Сэрэхэд гэрт нам гүм. Хажуугаас халаагуур төөнөнө. Нуруу даган нойт оргиход
сая зүүдэлснээ ойлгов. Уртаар санаа алдаад хөрвөөх агшинд өнөөх нүдний чаг чаг
чагхийн цавчлах нь хажуухнаас сонсогдлоо. Гайхан өндийхдөө яг түрүүчийн
зүүдэнд харсан хэмжээлшгүй том, хүйтэн хар нүдтэй харц тулгарав. Цаг хугацаа
харанхуйн гүнээс яг над руу ширтэж байлаа.
Босго
Хаймран дугуйтай гурван хөл бүхий тэргэнцэрээр явдаг байхдаа анх хөлд орсоноо
санаж байна. Энэхүү шуудагтай тэргэнцэрээр миний үеийн олон хүүхэд тэр үед
“автоматаар” хөлд ордог байлаа. Хүний өөрөө хийх ёстой анхны алхамыг хүртэл би
хөлд оруулдаг тэргэний тусламжтайгаар хялбархан хийж сурсан нь энэ. Тэр үед
өрөөнүүдийн үүдэнд хадсан босго тун өндөр санагддагсан.
Босго давж гарах гэсэн оролдлого бүхэн бүтэлгүйтнэ. Тэргэнцэрээ хичнээн ч
өргөсөн дугуй нь хаа нэгтээ тээгэлдэж, би заавал харуулдаж унана. Яг нэг тийм өдөр
санаанаас гардаггүй юм. Тэр мөчид л өөрийгөө ухаан орсон гэж бодсоор явдаг.
Гал тогооны өрөөнд шиг санагдаж байна. Учир нь эмээ миний дуртай зөөлхөн
чихэрлэг шарвинг гарт атгуулсан юм. Тэр агшинд цэнхэр хананд тулгасан хаалганы
шилэнд дув дугариг нүдтэй, туулайных шиг онгорхой хамартай, толгой дээрээ хэдэн
туг сөөсгөр үстэй, нэг тийм хачин амьтан өөдөөс дүрлийтэл ширтэж байхыг гэнэт
харж билээ. Цочиж сандарсан ч гэж жигтэйхэн. Гэтэл тэр сонин амьтан нь би өөрөө
юмсанж. өөрийнхөө дүрстэй танилцсан анхны минь нээлт энэ байв. Тэгээд л тэр
өдөр санаанд тодхон үлдсэн байх л даа. Давах болгонд зүдэргээ үүсгэдэг байсан
хаалганы босгонууд тэр өдөр харин яагаад ч юм нэг л дуулгавартай болчихсон
байлаа. Учир нь би ямар ч зовлонгүйгээр өрөөнөөс өрөө дамжин баясгалантайяа
сэлгүүцэж байснаа одоо тодхон санаж байна. Мэдээж түүнээс хойш босго давах ямар
хэцүү байсныг ор тас мартаж орхисон.
Гал дээр нь гарсан ганц зээ нь өрөөнөөс өрөө дамжин шулганахдаа аль тааралдсан
босгонд тээгэлдэж унаад бөөн уйлаан майлаан болох бүрт өвөө ихэд шимширдэг
байж. Тэгсээр тэвчээр нь барагдаж бүх өрөөнийхөө босгыг хөрөөдөөд хаячихаж.
Түүний ачаар л би гэдэг хүн босго давахын зовлонг дахин амссангүй. Бүр хожим том
болсон хойноо энэ тухай сонсоод ихэд харамсаж билээ. Амьдралынхаа анхны бартаа
болсон тэр жижигхэн босгонуудыг хөрөөдүүлчихсэн миний амьдрал ийнхүү ямар ч
тэмцэлгүй эхэлжээ. Аливаа хүнд бэрх бүхний өмнө сөрөхч бэрхшээх бүртээ “Тэгэхэд
өвөө тэдгээр босгонуудыг яах гэж хөрөөдөв дөө” хэмээн харуусна. Ер нь хорвоотой
танилцсан миний түүх дандаа засвартай байсан юм. Амтат алим, улаан лоолийг
надад дандаа хэрчиж нухаж өгдөгсөн. Өөрөө шатаар явахыг маш их хүсдэг ч хэн нэг
нь эмээ, өвөөгийн зарлигаар заавал тэвэрч буулгана. Бас хөтлөхөд л өөрөө явдаг
хүүхэлдэйг надад авч өгсөн гээд бага насны бэлэн зэлэн юм бүхнийг тоочиж
барашгүй.
Гэвч би өвөөгөө хэдийнэ уучилсан. Тэр хайртай охиныхоо анхны тэмцэлийг
хөрөөдчихсөн буруугаа огт ойлгоогүй ч хожим энэ алдаагаа зассан юм. Учир нь одоо
өвөө минь бидний дунд байхгүй болжээ. Бүхнийг бэлдэж өгч байсан өвөөг минь
орлох амьдралын асар өндөр босгонууд одоо миний өмнө ярайж байна.
Гэрээслэл
Гэнэтхэн түүнийгээ үгүйлж эхлэв. Саяхан л байсан. Байх байхдаа бүр энүүхэнд
байсан. Авчихаж. Алдчихаж.
Ээжээсээ асуув. “Хараагүй ээ, мэдэхгүй.”
Хөршөөсөө сураглав. “Тэрүүгээр яадаг юм.”
Хувцасны шүүгээ, дэр, гудсаа сөхөөд ч олсонгүй. Ийм хурдан, ингээд л алдчихна
гэж бодож байсангүй. “Надаас өөрөө явчихав уу? Түүнгүйгээр би оршин тогтноно
гэдэгтээ итгэхгүй нь.”
Мөч, хором, сар, жил. Хөл хөнгөрчээ. Тэр өдрөөс хойш нулимс, инээд хоёрыг
мартав. Худлаа хэлж сурлаа. Хууран мэхлэх боллоо. Ээжийгээ орхилоо.
Гунигласангүй. Нөхдөө хаялаа. Ганцаардсангүй.
Дэлхий миний төлөө эргэнэ. Нар миний төлөө мандана. Хүмүүс миний төлөө
амьдарна. Одод миний төлөө гялалзана. Энд надаас өөр хэн ч үгүй. Мөч, хором, сар,
жил…
Үсэнд хяруу унаж, үр хүүхдүүд орхив. Дэлхий хөлийг минь тээршааж, нар
салхивчаар цухалзана. Хүмүүс намайг мартаж, одод гэрлээ хумина. Тэр мөчид
дахиад л түүнийгээ үгүйлж эхлэв. Хэзээ нэгэн цагт байсан. Хэрэг болгон хайж
олоогүй. Таягаа тулаад гудамжинд гарлаа. Тааралдсан бүхнээсээ асууж сураглав.
“Тийм юм байдаг юм уу?”Хэн нэг нь мөрөө хавчина.
“Тэрэн шиг хэрэггүй юм байхгүй.” Хэсэг харчуул сургамжилна.
“Надад лав тийм юм байгаагүй”. Айлын эхнэр ширэв татна.
“Хулгайлаад авчихгүй юу.” Хүүхдүүд даажигнана.
Мөч, хором, сар, жил. Мөнөөх л эрэл. Хурааж цуглуулсан бүхнийг минь огторгуйн
тоос залгижээ. Мартагдаж хоцорсон надад ээж ч алга, найз ч алга. Хумиж давчидсан
сүүлчийн амьсгал. Хүүгээсээ би ингэж гуйлаа. “Хүн чанарыг минь заавал олоорой!”
Тэргэл сартай шөнө
Энэ бол урьд ч байсан, хожим ч байх л шөнүүдийн нэг. Эр хүний хувьд ердийн л
хөлчүү агшин. Сүүлийн үед уух шалтаг мундахгүй болсон нь эхнэртэйгээ хэл амаа
ололцох гээч түвэгтэй асуудлыг үүсгээд байгаа. Үглэж гомдоллохоор барахгүй бүр,
уйлж, орилж ч мэдэх зовиуртай давааг давах хамгийн сайн аргыг тэр олсон. Тиймээс
л нэгэнт оройтсоных нэмүүхэн балгачихаад харьж яваа нь энэ. Дуу аялмаар ч юм
шиг. “Хотын гудамжинд шөнө болдоггүй ээ…э..ээ, хонгор минь чи бүү яар..р…рр”
Эхнэр нь гэрлээ унтраачихаад цонхоороо харуулдаж байгааг тэр сайн мэднэ. Тэргэл
сартай дулаахан шөнө. Бүх юм сэтгэлд багтаад л. Тэр цонх руугаа даллаж, бүр
бүжиглэмээр, эхнэрээ дооглон хашгирмаар санагдахад инээд алдсаар гурван давхар
өөд харав. Цонхоо оноож харах дэнижгнэн байгаа хөлөө алцайн зогсолоо. “Эхнээр!”
Гэнэт гэрийнх нь цонхон дээр ямар нэг юм цайран харагдахыг анзаарав. “Энэ чинь
юу байдаг билээ..? Нүцгэн хүн ч юм шиг.” Нүдээ нухаад дахин дээш өлийвөл яах
аргагүй задгай хар үс нүүр лүүгээ унжуулсан нүв нүцгэн эмэгтэй цонхных нь цаана
зогсож үзэгдлээ. Тэргэл сарны гэрэлд тодхон харагдана.
-“Чөтгөр шүгэлсэн байр.” Хэнээс ч билээ энэ байрны хаа нэгтээ хорогдсон сүнс
байдаг тухай сонссоноо саналаа. Гарынх нь алга хөлөрч, хамаг шар үс нь сөрвийх
шиг болов. Эмэгтэй яг өөрийг нь ширтэнэ. Учиргүй салгалах хоёр өвдгөө тулахаар
тонгойх үед нүднийх нь буланд нэг давхрын айлын цонхны хөшиг хөдлөх шиг
санагдав. Айж цочсон хүн амьтай болгоныг хань татдаг ёсоор тийш ухасхийн дөхтөл
цагаан даашинзтай эмэгтэй мөн л тэндээс өөрийг нь ширтэж байхыг ажлаа. Чөтгөрт
л байж болох сэгсийсэн үстэй тэр эмэгтэйн нүүр ер бусын цонхигор аж. Цээжний
гүнд хоржигнохоос өөр дуу гарсангүй.
“Эхнээр, эхнээр!” Тэр ийнхүү чангаас чанга хашгирч байна гэж бодовч ам нь
зуурсан мэт хөдөлсөнгүй. Гэрийнхээ зүг дахин ухасхийхдээ тэр уоо эрүүл болсон
байлаа. Цонхон дээр нь дээр нь харагдсан өнөөх нүцгэн эмэгтэйн бие сарны гэрэлд
цайвөр хөх өнгөөр зэвхийрэн харагдах нь зэвүүн. Зэргэлдээх цохны цаанаас ч цагаан
хувцастай ахимаг эмэгтэйн дүртэй сүнс түүн рүү мөн л нүд салгахгүй харж байв.
Дээд давхар, доод давхар, хажуугийн цонх, зэргэлдээх байрууд. Цонх болгоны
цаанаас шөнийн цагаан ддашинзтай эмэгтэйчүүд ганцхан түүнийг ширтэнэ.
Аймшигтай нь тэд огт хөдлөхгүй байлаа. Таван давхрын тагтнаас үсээ хийсгэсэн нэг
жаахан охин түүний зүг даллана. Тэр ч бас цагаан хувцастай…
Ажилдаа яваад огт эргэж ирээгүйнөхрөө хэдэн жил хүлээгээд тайтгарч чададлгүй
гэртээ боомилж үхсэн нэгэн золгүй бүсгүйн сүнс орц, хонгилоор тэнэдэг гэсэн яриаг
эхнэр нь түүнд нэг удаа ярьж өгч билээ. Сураггүй алга болсон тэр эр ч яг түүн шиг
шөнө дөлөөр халамцуу харьж ирдэг байсан гэж байрны хөгшүүл цуурдаг байв.
Байсхийгээд л оройтох болсон нөхрөө сэм хардсан бүсгүй энэ шөнө ер бусын бэлэг
барихаар шийдэж бүх хувцсаа тайлчихаад чимээ чагнан суутал гудамжнаас
“Эхнээр!” гэж дуудах сонсогдов. Бүсгүй цонх руугаа сандран ухасхийлээ.
Харанхуйд гуйвлан зогсох тэр хүн нөхөр нь мөн эсэхийг таньж ядан харж зогстол
өнөөх эр ийш тийш ухас ухасхийн байснаа гэнэт муухай хашгирч, нүүрээ даран
газар шургаад уначихав. Бүсгүй нөхрөө таниад хувцсаа нөмрөн гэрээсээ гүйн гарлаа.
Харин дор дороо л хүүгээ, ханиа, ааваа харуулдан цонхоороо шагайн згссон байрны
эмэгтэйчүүд согтуу эр яагаад тийм муухайгаар хашгиран нүүрэн дараад
уначихсаныг ойлгсонгүй.
Улаан хүн
Сүүлийн үед хүчээ авч байгаа Улбарын бүлгийг Улаан ба Шарынхан өөр хоорондоо
булаацалдаад хэн хэн нь дийлэхгүй болохоор “Ерөөсөө манай хоёр бүлгийн дундаас
үүссэн завсрын өнгө гэж тогтоё” хэмээн зөвшилцөөд хувааж авах гэж байгаа тухай
яриа манайхны сонорт хүрснээс энэ түүх эхэлсэн юм. Манайхан гэдэг маань
Улбарынхан. Улаан ба Шарынхан үндсэн өнгөнд хамаарагддаг нэлээд хуучинсаг
хүмүүс. Тиймээс энэ яриа биднийг багагүй түгшээв. Маш эртний уламжлалтай
үндсэн долоо завсрын өнгийг уусган авч байсан гашуун түүхийг бид цөөнгүй
сонссон учраас дээрх яриа тийм ч оргүй зүйл биш байлаа. Харин бид жүржийг
билэгддэг улбар өнгийнхөө сүр хүчийг хэвээр хадгалж байхыг илүүд үзнэ. Дээр нь
бусад өнгийнхний хорхойг хүргэдэг амтат жүржийн ундаа үүрд байхгүй болно гэдэг
бидний хувьд маш том гарз. БОЛДОГСОН БОЛ АМЬДРАЛЫГ ТЭР ЧИГЭЭР НЬ
УЛБАР ӨНГӨӨР БУДАХСАН. Төдөлгүй Улаан ба Шарынхан ямар санаатай байгааг
мэдэж ирэх амаргүй үүрэг надад оногдов. Өнгө бүр өөр өөрийн цайз хэрэм дотор
хил хязгаараа тогтоон тусгаар тогтносон өнөө үед тэдний дунд нэвтэрнэ гэдэг хэзээ
ч бүтэшгүй зүйл. Би хэн хэнээс содон улбар хүн. Үүний гол буруутан нь ээж, аав
хоёр. Одоо тэд Улаан, Шар бүлэг дотроо хэзээ ч нууцаар уулзаж байгаагүй юм шиг,
хэзээ ч улбар хүү төрүүлээгүй юм шиг сууцгааж байгаа. Би бол ердөө л тэдний
алдаа.
Ээжүүд эхэндээ яг ижилхэн өнгөтэй хүүхдүүд төрүүлдэг. Өсөж томрохын хэрээр
заримдаа тэдний хэн нэг нь огт өөр өнгөтэй болно. Эцэг, эхчүүд тийм хүүхдээ
тохирсон өнгийнх нь бүлгийн ойролцоо сэм орхино. Эсвэл өөр шигээ зовлон
нэгтэнтэй солилцох явдал цөөнгүй. Тийм шалтгаанаар л би Улбарын хүн болсон.
Харин аав, ээжийнхээ өнгийг дуурайн төрсөн хүүхдүүд насан турш тэднийхээ дэргэд
амар жимэр амьдарна. Амар хялбар амьдралаа хадгалж үлдэхийг хүсдэг үндсэн
өнгийнхнийг тийм л хүмүүс залгамжилдаг. Хуучинсаг үзэлтэй үндсэн өнгийн хүн
өөр өнгөтэй хүүхэд төрүүлсэн бол бүлгээсээ хөөгддөгийг мэдэхийн хувьд би аав,
ээжтэйгээ уулзаж зовоохыг хүсдэггүй. Тиймээс энэ удаа ч тэднээс тусламж гуйх
бодолгүй байлаа. Гэсэн ч төрөлх гэр болсон Улбар ордныхоо оршин тогтнолын
төлөө чадах бүхнээ хийхээр шийдсэн юм. Чухам хаанаас эхлэх, юу хийхээ хараахан
мэдэхгүй байлаа. Тиймээс хий л Улаан ба Шарынхны цайзны гадуур хэд хоног
эргэлдэв. Жаргах нарны туяанд улайссан тэнгэрийн өнгийг “Арай ч улбар юм уу”
хэмээн бодлогоширсоор улаан цайзны гадуур холхиж байсан нэгэн үдэш над дээр
урилгагүй зочин ирсэн юм. Час улаан хүн. Ард нь улаан цайз. Хос улаан
хамгаалагчтай улаан хаалга. Дээр нь үдшийн улаан наран…Сүүдэр нь хүртэл улаан.
Бурхан намайг галзууруулахаар шийдсэн бололтой. “Улааныхан над руу
өөрсдийнхөө хүнийг тандуулахаар явуулж дээ” гэж би нэлээд болгоомжилж байв.
Гэвч тэнгэрийн тухай, нарны тухай, миний өнгөний тухай огт дэмий ярингаа надад
хань болон зогсоо тэр улаан хүн надаас юу ч асуусангүй. Тэр зүгээр л олон
сонирхолтой түүх ярьсан юм. Тэдгээрээс ямар ч өнгөнд хувирч, хүссэн өнгийнхөө
бүлэгт нэвтэрч, наргиж цэнгэж явдаг нэгэн хүний түүх миний сонирхлыг татав. Тэр
эрхэм ер бусын сайхан сэтгэлтэй гэдгээс өөр түүний тухай хүмүүс юу ч мэддэггүй
аж.
-ЧУХАМ ТЭР Л НАДАД ХЭРЭГТЭЙ БАЙНА.
-Үнэхээр үү? Улаан хүнийг ийнхүү дуу алдахад л сая өөрийн бодлоо тийнхүү чанга
хэлчихсэнээ анзаарав. Би төрөлхийн сэтгэл хөдлөхөөрөө бодлоо чанга ярьчихдаг
зуршилтай. Амар тайвнаар өнгөрүүлсэн сүүлийн жилүүдэд энэ дутагдал маань бараг
мартагдчихаад байсан юм. Гэтэл сая…
-Би чамд тусалж чадна. Улаан хүнийг ингэж хэлэхэд нь би
-ЯАЖ? гэж дахиад л дуугарлаа. Уг нь дотроо дуу алдсан гэж бодсон. Тэр надад
нэгэн болзол тавина гэнэ. –БИ ЮУ Ч БАЙСАН ЗӨВШӨӨРНӨ. Түрүүнээс хойш
улаан хүн миний улбар өнгийг магтаад байсны нууц төдөлгүй тайлагдлаа.
Болзол
Хэрэв миний зорилго биелбэл Улаан хүний хүссэнээр жүржийн ундааны жорыг
бэлэг болгох төдийгүй тэр үүрд Улбарын бүлгийн хүндтэй гишүүн байх болно. Энэ
яриаг өөр хэн ч мэдэх ёсгүй.
Зөвшөөрсөн……………………..
Гарын үсэг……………………….
Түүний хэн болохыг сая л ойлгов. Нөгөө домог ярианы гол баатар маань болзолоо
халааслаад намайг гараас минь хөтлөн улаан цайз руу шийдмэгхэн алхлаа. Улаан
хамгаалагчийн дэргэдүүр бид огт ажиггүй өнгөрч, улаан хаалгаар нэвтрэн ороод час
улаан ертөнцөд хөл тавив. Бүх зүйл ийм амархан бүтэж байгааг би ойлгож ч
амжсангүй. Улаан дотортой улаан тасалгаа, улаан тавилга, улаан толь, улаан хүмүүс,
улаан улаан улаан…БАЙЗААРАЙ, ТОЛЬ! Би толинд өөртэйгөө адилхан царайтай
улаан хүнийг хараад гараа угз татан авахад Улаан хүн хуруунаас минь яаран шүүрч
авав. “Зорьсондоо хүрэхийн тулд миний гараас заавал барих хэрэгтэй” гэж тэр
хэлээд толь руу заалаа. Тэнд хөтлөлцсөн хоёр улаан хүнээс өөр юу ч харагдсангүй.
Харин түүнийг гараа хоромхон тавих агшинд л би сая хоёр улаан хүний нэг нь өөрөө
болохыг ойлгов. Мэдээж Улаан хүний ачаар миний зорилго төвөггүй биеллээ. Шар
ордонд ч бид тийнхүү хөтлөлцөн очиж, Улбарын бүлгийг уусгаж авах нууц
хуйвалдаанд оролцов… Биднийг хэн ч сэжиглэсэнгүй.
Улбар хэрэмний дотор намайг алдар гавьяа хүлээж байлаа. Улбарын бүлгийн оршин
тогтнолыг үндсэн өнгийнхөн хэзээ ч устгаж чадахааргүй хамгаалалтыг бид
урьдчилан хийж чадлаа. Намайг оногдсон даалгавраа биелүүлнэ гэдэгт үрчилсэн
эцэг маань итгэхгүй байсан юм. Болзол ёсоор Улаан хүн манай улбар ордонд тухалж,
эцэг бид хоёроос өөр хэний ч найруулж чаддаггүй жүржийн ундааны амаргүй жорыг
өөрийн болгосон билээ. Тэр ганцаараа хэнээс ч хөтлөхгүйгээр хувирч чаддаг нь
сонин. Ийм ер бусын андтай болсондоо би баярлаж байлаа. Харамсалтай нь энэ
тухай хэн ч мэдэхгүй. Ийн бодож байх үед Улаан хүн манайханд өвөрмөцөөр
хувирдаг хүний тухай өнөөх домогоо хуучилж байсан юм. Мэдээж тийм хүн бий
гэдэгт хэн ч итгээгүй. Тэр явдлаас хойш Улаан хүн бид хоёр хүссэн үедээ бусад
бүлгийнхний дунд зугаацдаг болов. “Би ямар ч өнгөнд хувирч чадна.” Тэр надаас
хөтлөх бүртээ ингэж хэлэх дуртай.
Бүлэг бүр өөр өөрийн өнгийг бүхнээс сайхан гэдэгт итгэнэ. Бүр Харынхан хүртэл
хилэн тугаараа гайхуулж, шөнө мэт хар хувцсаар гялгар хар биеэ гоёж, түүнийгээ
ерөтөнцийн гоо сайхан гэж тооцно. Улаан хүнтэй танилцсанаас хойш миний амьдрал
тун сонирхолттой болж, өнгөний талаархи тогтсон үзэл маань ч өөрчлөгдөв. Тэр үед
Сааралын бүлэг бусдаас онцгойдуухан оршин тогтнодог байсан юм. Тэд хаана
амьдардаг, яагаад бусдаас юу ч хүсдээгүй, байр сууриа булаацалдсан өнгөнүүдийн
уламжлалт маргаанд оролцдоггүй байсны учрыг хэн ч мэдэхгүй. Тэр бүү хэл тэдний
зүс царайг ч тийм гээд тодорхойлж чадах хүн гардаггүй байлаа. Нэг ёсондоо
Сааралынхан байдаг тухай зүгээр л нэг домог шиг яриа хаа нэг хөвөрнө. Улаан хүн
дээрх яриаг төдийлөн анхаараагүй мэт дүр эсгээд өнгөрүүлэхийг би цөөнгүй
анзаарсан тул түүний юу гэхийг хүлээх болов. Бид хоёрын дунд ганцхан Сааралын
бүлэгт л очих тухай яриа огт үүсдэггүй нь сонин. Тэвчээр минь барагдсан нэгэн
өглөө би улаан хүнийг ятгаж эхлэв. “Тэнд очихын тулд их урт зам туулна…Тэнд хүн
сонирхох зүйл юу ч үгүй…Тэнд их аймшигтай…” Улаан хүн ийн цааргалсаар байсан
ч би уйгагүй зүтгэсээр…Ингээд бид домог яриаг нотлохоор замд гарав. Аялал маань
хүнд хэцүү байсан ч сонирхол маань намайг залхаасангүй. Урьд нь би сонсож Улаан
хүн ярьсаар байдаг нь энэ удаад эсрэгээр эргэсэн байв. Би түүнийг гэнэт залхаж
буцчих вий гэхээс эмээж явлаа. Залхуутай урт аялал намайг хүртэл цөхрөхөд
хүргэсэн тэр үдэш бид Саарал ордны барааг анх харсан юм. Гэхдээ ордон яг мөн
эсэх тухай удтал маргалдсан. Алсаас сааралтан харагдах тэр бөөн юмыг ордон гэж
хэлэхэд үнэхээр хэцүү байсан ч би тийш очиж үзэхээр яарав. Тэндхийн тэнгэр нь
хүртэл саарал санагдана. Би Улаан хүнд бат итгэж байсан тул гараас нь зуурсаар
хэрэмний хаалгаар орж явчихав. Эзэнгүй мэт дүнсгэр тэр ордон дотуур удтал хэсэв.
Бид “Энэ ордон сөнөсөн бололтой” гэсэн дүгнэлтэд хүрээд байхдаа гэнэт эргэн
тойрондоо хүмүүс байгааг анзаарлаа. Тэд хаа сайгүй. Огт чимээгүй, хөдөлгөөнгүй
мэт тэдгээр хүмүүс биднийг алдалгүй ажигласаар байгааг мэдэрлээ.
-СОНИН ЮМ ДАА. ХАА Ч ОЧСОН БИДНИЙГ ХЭН Ч АНЗААРДАГГҮЙ ШҮҮ
ДЭЭ. Ингэж бодоод эргэн харахдаа Улаан андаа таньсангүй. Миний гараас улаан,
ногоон, цэнхэр, шар, бор, хар, цагаан ягаан, улбар гээд сааралаас бусад байж болох
бүх өнгөөр эрээлжлэх нэгэн хөтлөн зогсож байлаа. Түүний царай их л тэвдсэн мэт
харагдав. Өөрөөс нь ялгарах олон өнгөндөө болоод халуурч байх шиг санагдана.
Эргэн тойронд саарал хүмүүс улам л бөөгнөрнө. Тэд яаж ойртоод байгааг
ойлгосонгүй. Биднийг юу юугүй хумиж дарах гээд ч байх шиг. Миний бие бүхэлдээ
улбар өнгөөр цацарна. Тэгэхэд л дэндүү хурц өнгөтэйгөө мэдэв. Биднийг зугтах
эсэхээ шийдэж ядан байтал гэнэт мөнгөлөг өнгөтэй бүсгүй хүмүүсийн дундаас гарч
ирээд шууд л бидний гараас хөтлөв. Тэр агшинд саарал хүмүүс үймж эхэллээ. Тэд
ямар нэгэн зүйлийг хичээнгүйлэн эрнэ. Харин бид гурав саарал хүмүүсийн дундуур
алхалсаар хаалгаар гарлаа. Чимээгүйхэн, удаан явсаар саарал ордон тээр хойно
үлдэхэд бүсгүй бидний гарыг тавив. Тэр инээмсэглээд юу ч хэлэлгүй буцаад
явчихлаа.
Бид дэмий л бүсгүйн араас гөлөрнө. Улаан хүн тэгэхэд юу бодож байсныг мэдэхгүй.
Би ч юу бодож байгаагаа ойлгосонгүй. Хэсэг хугацааны дараа тэр над руу эргэн
хараад гэнэт ухасхийв. Түүний нүд солиорсон мэт өнгө өнгөөр солонгорно. Тэгснээ
намайг учиргүй чанга тэврээд “Би явлаа” гэв.
…Тэр өдрөөс хойш би Улаан хүнийг дахиж хараагүй юм. Түүний сургийг сонсоно
гэдэг ч бүтэшгүй зүйл. Найзыгаа сураг тасарснаас хойш би бүлэг хэсэн зугаацах
аргагүй болж ордондоо хэдэн жилийг өнгөрөөв.
Бүлгүүдийн хоорондох тэмцэл ч урьдын хэвээр. Тэрхүү тэмцлийн үрээр ядмагхан
завсрын өнгүүд уусан алга болж байлаа. Гэтэл сонирхол татсан нэгэн шинэ бүлэг
үүсч байгаа тухай жиг жуг яриа залуучуудын дунд гарах болов. Зарим нь бүр тэнд
очиж үзсэн ч гэж зүтгэх нь энүүхэнд. Эхэндээ би үүнийг нөгөө л замхарч орхидог
хий хоосон домог ярианы нэг биз хэмээн төдийлөн ойшоосонгүй. Төдөлгүй үндсэн
өнгийн залуус мэр сэр алга болж эхэллээ. ”Тэнд хэн ч очиж болдог, тэндхийн харуул
хамгаалалт ямар ч өнгийн хүнийг хаалгаараа зүгээр л нэвтрүүлдэг, өөрийнхөө
бүлгийн гишүүн болох хүсэлтийг уриалгахан дэмждэг” гээд элдвийн яриа
замхрахгүй л байлаа. Надад ч азаа үзэх хүсэл төрөх болов. Өнгөөр ялгаварладаггүй
ийм бүлэг байж болох юм гэж амьдралдаа сонсч байсангүй. Нэг л өглөө би
“Алагийн” хэмээн нэрлэгддэг тэр шинэ ордны эрээн хаалгаар орж явчихлаа.
-МАГАДГҮЙ ТЭНД ХУУЧИН АНДТАЙГАА ТААРЧ БОЛОХ ЮМ.
Алаг ордонд ер бусын хөгжилтэй орчин бий болжээ. Нүд хужирлах олон зүйл тэнд
өнгө донжоо олон байрлаж, өнгө өнгийн хүмүүс холхилдон, хаа сайгүй хөгжил
цэнгэл, инээд хөөр цалгина. Тэдгээрийн дотор миний амьдралдаа ч үзээгүй өнгийн
хүмүүс ч байлаа. “Өмнө нь тэд хаана амьдарч байсан юм бол?” Найрсаг уур амьсгал
намайг бүчин авахад би өөрийгөө өмнө нь юутай баригдмал байснаа ухаарав.
-БОЛДОГСОН БОЛ ЕРТӨНЦИЙГ ТЭР ЧИГЭЭР НЬ АЛАГ ӨНГӨӨР БУДАХСАН.
-“Чи үнэхээр тэгж бодож байна уу?”. Цаг үргэлж үгүйлэгдэж байсан энэ дуу намайг
өөрийн эрхгүй эргэж харахад хүргэв. Улаан хүн. Миний найз. Тэр хамгийн сүүлд
салахдаа ямар байсан яг л тэр чигээрээ солонгорон зогсч байлаа. Харин ард нь…
Нэхээс
Дээл, гутал, малгай, бүс. Тэмээний шарласан яс. Хэрэмний чих. Хэнд хэрэгтэй
байсныг мэдэхгүй. Түлхүүр, товч чихрийн хайрцаг. Хаяхад хайран. Хадгалахад
хэцүү. Хэрэгтэй. Бас хэрэггүй юмс.
Завсраас нь дурсамж өндөлзөх он жилийн эвхээс. Онгичоод суумаар. Тэр жилийн
зун. Тэр зуны бороо. Тэр борооны чимээ тэндээс сонсогдоно. Тийм л нэг бор авдар
одоо эзэнгүй. Тэр авдарт , эмээ минь дурсамж үнэр хоёроо эвхэж тавьчихаад
явчихжээ.
Цагаан ноосон утсаар эмээ, цаг хугацааг нэхэж суудагсан. Завсараас нь дурсамж
өндөлзөх он жилийн эвхээс. Хос зүү. Нэхэж гүйцээгүй цагаан ороолт. Тэр жилийн
өвөл. Тэр өвлийн цас. Тэр цасны өнгө тэндээс санагдана.
Хос нэхмэлийн зүүг гартаа атгав. Хоосон орон зайд цаг хугацааг нэхлээ. Цаг хугацаа
хөврөнө. Цагаан утас хөвнө… Он жилийн нэхээс ороолтыг гүйцээлээ. Миний нэхсэн
хээ эмээгийнхийг гүйцсэнгүй. Ороолтыг зүүгээд толь руу харав. Олон жилийн
тэртээх л янзаараа миний буурал эмээ тэнд цагаан ороолттой зогсож харагдлаа.
-ЭМЭЭ…нь…
Цагаан ноосон ороолтыг хүзүүнээсээ тайллаа. Цаг хугацаатай хамт эвхээд бор
авдартаа хийлээ. ОДОО БИ ЭМЭЭ.
Энэ жилийн намар. Энэ намрын салхи. Энэ салхины чимээг тэнд хадгаллаа.
Төгсгөлийн оронд
Энэ бол кино биш. Зохиол ч биш.
Амьдрал бол бүр биш.
Тэгэхэд би унаж байлаа. Гэхдээ газрын татах хүчний эсрэг. Яагаад гэдгийг мэдэхгүй.
Жингүйдэл. Зүйрмэглэл. Тайтгарал. Хаа нэгтэйгээс тийм гэхийн аргагүй таатай
аялгуу бүдэгхэн эгшиглэнэ. Энэ тайвшрал зуун жил үргэлжлэх юм шиг санагдана.
Надад олон юмны утга хэлбэргүй баг зэрэг бүдүүлэг дүрсүүдийг хэн нэг нь үзүүлнэ.
Би бүгдийг тодхон харж байв. Бүр сэтгэлийг минь байнга зовоож байдаг ертөнцийн
хязгаарыг хүртэл харлаа. Үл тайлагдам гэж бодож байсан бүхэн ердөө л миний эргэн
торйонд оршин байж.
Бүдүүлэг, бараг үзээд ч хэрэггүй тэр зургууд дундаас нэгэн зүйл анхаарал татна.
үзэшгүй муухай хэрнээ дэндүү танил бие цогцос. Тэр юу болохыг удтал тааж ядан
байсан миний далд ухамсар гэнэт хирдхийн цочив. Харанхуй шөнө ганцаар бүдчин
яандчин явсан бүсгүй гэнэт зэрэмдэглүүлсэн үхдэлтэй таарах шиг тийм цочрол
мэдрэхүйд харван орж ирлээ…
үзэшгүй муухайд нь бус би чухам юун дотор оршин байснаа үзээд тийнхүү
балмагджээ. Цээжнээс гинших чимээ гарна. Хаягдсан, төөрсөн хүүхдийнх шиг.
Тэндээс зугтмаар, холдоод гүймээр. Ээж, ааваа дуудмаар. Соинрхолтой нь миний энэ
хүслийг хэн нэг нь сонсоод ч байх шиг. Тэгээд юуны ч юм тухай хүүрнэж, намагй
сэнхрүүлэн ятгана. Түрүүнээс хойш бүдэгхэн эгшиглээд байсан гойд таатай аялгуу
улам ойртоно. Дэргэдээс, дээрээс, хойноос, эргэн торйонд. Ер энд тэндгүй тэр л
аялгуу.
Дахиад л ер бусын тайвшрал намайг эзэмдэв. Хаа нэгтээ урьд нь тэр аялгууг сонсож
байсан ч юм шиг. Баримжаалж боломгүй тэр орон зайд би ганцаараа биш байгаагаа
тэгэхэд ойлгов. Хэзээ, хаанаас над руу ирснийг мэдэхгүй. Зүрх, тархи, эд, эс бүхнийг
маань харцаараа илбэн инээмсэглэх нэгэн сайхан охин /би түүнийг охин л гэж
бодсон/ миний дэргэд сууж байлаа. Яг сайхан гэж тодорхойлох хэцүү. Түүнийг яг
сууж байсан гэж хэлэхэд ч бэрх. Тэр байж л байсан. Энгийн, бүхнээс энгийн хэр ер
бусын. Мөрөөдөл бүхэн минь түүнд шингэжээ. Тийм инээмсэглэл, тийм харц, тийм
аялгуу. Үүнийг тайтгарал гэж нэрлэе.
Бид их эртнээс бие биенээ мэддэг байсан ч юм шиг. Бид ярилцаж байлаа. Тэр яриа
хэдийд эхэлснийг бүү мэд. Түүнд би бүх сэтгэлээ дэлгэжээ. Би ярьсаар, тэр
сонссоор. Эсвэл тэр ярьж, би сонссон ч юм уу. Юутай ч энэ мөчийг үүрд
үргэлжлээсэй гэж хүснэ. Бид дахиад удаан ярилцав. Гэхдээ тэр ярианд нэг ч үг
оролцоогүй. Чухам юун тухай гэдгийг одоо санахгүй байна. Ямар нэг нандин зүйлээ
хаа нэгтээ мартчихсан ч юм шиг, үгүй бол хийж эхэлсэн ажлаа гүйцээлгүй орхиод
ирчихсэн ч юм шиг этгээд харамсал тэгэхэд төрсөн юм. Харамсалтай харамсал.
Охин инээмсэглэсээр байсан ч түрүүчийнх шиг ойр дотно биш болсон байлаа. Би ч
энэ мөчийг үүрд үргэлжлээсэй гэж хүссэнгүй.
Бид аль хэдийнээ салах ёс хийжээ. Нөгөө инээмсэглэл, нөгөө гоо үзэсгэлэн намайг
алгуурхан орхиж байлаа. Тэр орон зайд бүх юм эхлэлгүй бас төгсгөлгүй байх нь
сонин. Бүгд л нэг бүхэл юм. Төгсгөл бол эхлэл. Эхлэл бол төгсгөл. Тэр мөчид ийм л
бодол төрсөн.
Харин би дахиад л унаж байлаа. Гэхдээ газрын татах хүчний дагуу. Аймшигтай
хурднаар унаж эхлэхэд яагаад гэдгийг мэдэхгүй, юу болсныг ч санахгүй болсон байв.
Төгсгөлийн оронд хараал хэлэх гэж
байгаадаа хүлцэл өчье. Чөтгөр аваг!
Энэ бол кино мөн. Зохиол ч мөн.
Амьдрал бол бүр мөн.
Дурлал
/Зөвхөн эрчүүдэд/
Цас хүнд дурлажээ. Хэзээ ч тийм юм байж таарахгүй. Гэхдээ л дурласан юм даа.
Гудамжны гэрлийн төмөр бүрхүүл салхинд савласан гуравдугаар сар. Үдэш орой.
Өнөөх бүсгүй цонхон дээрээ. Цонхны наан будрах цас. Бүсгүйн нүд хөгжилтэй. Тэр
инээмсэглэн будрах цасыг ажина. Бүр ширхэг бүрийг нь алдагүй харахыг хичээнэ.
“Тийм баяртай инээмсэглэл, гэрэлтсэн харц. Яг тэндээ, яг тэндээсээ битгий
холдоосой” гэж цас бодлоо. Тэгээд цас яг л дурлаж үзээгүй залуу хүн шиг аашилж
өөрийн чаддаг бүхнээ бүсгүйд гайхуулахаар шийдэв. Өөрийгөө улам бишрүүлж,
улам алмайруулах гэсэн тэнэг хүсэл цасыг эзэмдэнэ. Зөөлөн будрах цас төдөлгүй
том томоор малгайлан орж эхлэв.
Бүсгүй салхивчаар цээжээ гаргаж, хөөрхөн цагаан хуруунуудаараа цасыг тослоо. Цас
онгирч, хөөрсөндөө хамгийн том хамгийн ганган ширхгүүдээ бүсгүйн алган дээр
буулгав. Харамсалтай нь тэд бүсгүйг харж ч амжаагүй байхад хайлан алга болно.
Тэр бүсгүй өөрийг нь хайлуулж чадах шидтэйг цас ингэж мэдэв. Цас өөрийнхөө сул
доройг нуухаар шийдлээ. Малгайлан орж байсан цас гэнэт эмх цэгцгүй, зүг чиггүй
бужигнаж, уурласан нөхөр шиг тал талаас хуйсганалаа. Төдөлгүй өнөөх цас
бужигнасан шуурга болон хувирав. Энэ үед бүсгүйн нүүрэн дээрх хөгжилтэй
инээмсэглэл аажимхан алга болж, харцан дахь гэрэл нь хэрхэн бөхөхийг цас мэдэх ч
завгүй хүүгэнэ. Хөөрсөөр, шуурсаар.
Цас өөрийнхөө сүр хүчийг бахдан гайхна. Эмх цэгцгүй энэ үлйдлээсээ сүүлдээ
өөрөө ч бүсгүйг олж харахаа болив. Гэнэт тэр өнөөх цонх руу харлаа. Бүсгүй алга.
Цонхонд хөшиг татжээ. Тэр яаж хичээгээд цонхыг нэвтлэн орж чадсангүй. “Намайг
хараач. Намайг хайрлаач.” Цас хамгийн том, хамгийн ганган ширхгүүдээрээ бүсгүйн
цонхыг ийнхүү балбана. Гэвч түүний энэ их хүч бороон дуслын чимээ ч өгсөнгүй.
Шөнөжин бүсгүйн цонхыг балбасан цас өглөө нь ядарч тамирдсандаа талаар нэг
тарж, газарт нэвсийн унав. Бүсгүйг дахин нэг харах гэсэн горьдлого ч тасарчээ. Нар
гялбасан хаврын цэлмэг өглөөний туяаг согттолоо ууж хөлчүүрхсэн цас үдийн алдад
бялбаганасан саарал юм болсон байв.
Төдөлгүй өнөөх цонхны хөшиг алгуурхан нээгдэж бүсгүйн гоо царай гарч ирлээ.
Хөлчүү цас сүүлчийн тамираа шавхан байж ганц хоёрхон гялтганахад бүсгүй эргэн
тойрноо зэрвэсхийн хараад дахин алга болов.
Цасыг хайлж урсаад дуусан дуустал бүсгүй гэрээсээ гарахгүй байхаар шийджээ.
Болор шаахай
Тэр хоёрын аав нь Германаас иржээ. Төсөөлж ч чадамгүй баяр хөөр тэдний гэрт
дүүрэн байгаа. Надад Германаас ирдэг аав байхгүй. Аавын авчирсан герман чихэр
идэж, аавын авчирсан герман цүнхээр ямар байдгийг мэдэхгүй. Сайхан. Муухай. Лав
л сүүлчийнх нь биш.
Тэр хоёрын аав минийх биш. Тэр надад юу ч авчраагүй. Тэднийг мартах хэрэгтэй.
Багадсан хувцсаар дүүргэсэн дэр толгой өвтгөнө. Эргэж харав. “Энэ талаараа
хэвтвэл арай дээр ч юм уу?” Боронзон долгионоор эрээлсэн уйтгартай ногоон хана
хамар шүргэнэ. “Тэр хоёрын аав минийх байгаагүй нь харамсалтай”
“Герман байшингуудыг мөсөн чихрээр барьж, герман хүүхдүүд болор шаахай
өмсдөг” Тэр хоёр ингэж ярьсан. Одоо тэд болор шаахай өмсөх болно. Аав Германаас
ирсэн блолор шаахайтай охидтой би урьдынхаараа хамт явж болох болов уу? Болор
шаахайтай охид онгоц шиг л нисээд явчихдаг байх даа. Би газраар, тэд тэнгэрээр
явах нь. Хамаатны охидын аав хэзээ ч уурладаггүй. Ийм аавыг тэд хаанаас авсан юм
бол?”
…Нар дээр манджээ. Тэр хоёрын Германаас ирсэн аав намайг дуудсан гэнэ. “Эмээ,
би эргэж ирээд цайгаа ууяа!” Автобусаар явахад дэндүү удаад байв. Буугаад тэднийх
рүү гүйлээ. “Надад болор шаахай өгөх болов уу?”
Гялтганасан хар шаахай. Амьдралдаа үзээгүй энэ гоё шаахайг тэр аав надад
Германаас авчирсан гэнэ. Томдсон оймсныхоо үзүүрийг нугалаад гялгар шаахайг
хөлдөө углахад хоншоорт нь миний хамар харагдана. “Германаас авчирсан энэ болор
шаахай одоо минийх.”
-Хуруу чинь тулаад байна. Багадчихаж дээ. Тэр хоёрын ээж миний шаахайг хайр
найргүй хатгахдаа ийн үглэнэ. “Үгүй ээ, багадаагүй, багадаагүй. Яг таарч байгаа”
Тэд миний шаахайг авчих гээд байх шиг санагдахад би тэндээс яаран гүйж гарлаа.
-Үгүй ээ, багадаагүй, багадаагүй. Цэврүү үсэрч энд тэндгүй хорссоор байгаа хөлөө
бусдаас нуун байж би гурав хоног ийнхүү шивэгнэлээ.
-Гутлаа тайл гэж загнасан хамгийн хайртай эмээгээ хүртэл үзэн ядна.
“Миний шаахай миний хөлд яг таарч байгаа”
Мөрөөдөл
Тэртээх багадаа бичсэн
тэмдэглэлийн дэвтрүүдээс минь тэнэг инээмсэглэл,
бүр тэнэглэлүүд гэрэлтэнэ. Тэнэг хэрнээ гэрэлтэж
хоцорсон тэр он жилүүд ганцхан минийх. /Х.Б/
Ерөөсөө бүх юм, хүсэл мөрөөдөл, түүнтэй цуг хөтлөлцөн дэрвэж явдаг бага насаа
тэр дөнгөж сая бүр мөсөн үдээд явуулчихлаа. Хэдийгээр айлын эзэгтэй болоод удаж
байгаа ч хүүхэд цагийн гэнэ мөрөөдлөө зүрхэндээ хадгалсаар явснаа өмнө нь
анзаараагүй л байж. Гэтэл тэр бүхэн нь ганцхан хоромд, ердөө л цай аягалах зуур
асгасан мэт алга болчихов. Дөнгөж саяхан нөхрийнх нь амнаас унасан тэр үгийг
бүсгүй хэчнээн хүлээсэн гэж санана. Бүр цэцэрлэгт явдаг жаахан охин байхаасаа,
эсрэг хүйсийнхнээ сонирхон харж эхэлсэн тэр өдрөөс эхлээд тэр үг ер бусын хүчтэй
болохыг мэдрэн “Хэзээ нэгэн цагт, хэн нэгэн сайхан хүнээс сонсоно” гэдэгтээ
итгэдэг байжээ. Харин ийм гэнэтийн, утгагүй нөхцөлд өнөөх нандин үг чихийг сэт
дайраад өнгөрөхийн чинээ бодсонгүй. Хэдийгээр нөхөр нь зүгээр л тэднийхээр
дайраад ганц юмны бөглөө мултлаад гарах гэсэн замын нэг танилдаа сайрхан
хэлчихлээ дээ гэж өөрийгөө тайтгаруулсан ч бүр гүндээ, сэтэглийнхээ мухарт
битүүхэн гомдоод болдоггүй. Хүмүүс бие биедээ зүгээр л хэлчихдэг, зарим нь бүр я
мар ч үнэ цэнэнгүй болтол нь амны уншлага болгон хэрэглэдэг тэр үгийг бүсгүй
өөртөө ер бусын бэлэг болгон бэлдчихээд байснаа сая л мэдэв. Нөхөр тэр үгийг
түүнд огт хэлж байгаагүй боловч өөрийгөө хайрладаг гэдэгт бүсгүй итгэдэг байсан
юм. Энэ тухай шалгаах бүрт нөхөр нь “Тийм ээ” гэх юм эсвэл толгой дохиод л
өнгөрөөдөг байв. Бүр анхныхаа болзоон дээр тэвчээргүй бүсгүй тэр үгийг нэг
мэдэхэд өөрөө эхлээд хэлчихсэн. Гэхдээ тэр үг түүнийг хайртай хүнтэйгээ үргэлж
хамтдаа байж, олон олон жаргалтай өдрийг үзэж өнгөрүүлэх хүч чадал хайрласан
билээ. Нэг л өдөр эр нөхөр нь түүнд энэ үгийг чин сэтгэлээсээ чихэнд нь шивэгнэн
хэлнэ дээ гэж сэмхэн хүлээдэг байжээ. Бүсгүй хамгийн анх дунд сургуульд байхдаа
тэр үгийг сонсчээ. Тэгэхэд өнөөх нандин үг нь хожмын өдрийг хүртэл
мартагдахааргүй тийм таагүй сэтгэгдэл үлдээх мю гэдгийг жаал охин яаж мэдэхэв.
Ердөө л нэг бэлгийн агж донтон орцонд барьж аваад шатны бариулд тулган зогсоож
сэжиг хүрэм нялуун дуугаар “……..” хэмээн шивэгнэн хэлээд охиныг шүлсдэхийг
оролдоход тэр аврал эрэн хашгираад гэртээ гүйн орсон. Тэр мөч маш эвгүй,
аймшигтай байснаас энэ тухайгаа хамгийн сайн найздаа ч хэлээгүй. Гэтэл саяхан
болж өнгөрсөн агшин түүнд мартаж чадахгүй эвгүйцсээр байдаг тэр өдрийнх шиг
санагджээ. Одоог хүртэл юу хийчихсэнээ анзаарахгүй суугаа нөхрөө тэрээр хий л
гөлөрсөөр зогсов. Өөрөөс нь тэгтлээ харамлаад байсан өнөөх нандин үгээ
тохиолдлын нэг согтуу хүнд тийм шулуухан хэлчихэж чадсанд цочирдохдоо аагтай
халуун цайнд гараа түлчихснээ ч мэдсэнгүй. Тэр үгийг сонсохсон гэсэн эртний
мөрөөдөл нь одоо ор сураггүй алга болжээ.
…Гараас нь хэн нэг нь дугтарахад л бүсгүй сая сэхээрэв. Охин насны хамаг
мөрөөдөл, нандин хсүлээ агшны өмнө гээчихсэн ээжийнхээ түлэгдэж улайсан гарыг
үлээн үлээн зогсоо бяцхан охин нь “Ээж ээ, би чамд хайртай…” гэж зогсолтгүй
үглэсээр байв. Өөрийнх нь тэнэг мөрөөдөл охинд халдчих вий гэсэн бодол бүсгүйн
толгойд гэнэт зурсхийн орж ирэхэд тэрээр гараа угз татан авлаа.
Амь+д+р+л
Амиа бод. Хувиа хичээ. Өөрийгөө хайрла. Намайг март. Гунигла. Гашууд. Өвдөлтийг
мэдэр. Чи амьд АМЬ.
Хорсож зана. Амьгүй хүмүүст автаж амиа өгөх хэрэггүй. Тэд чам руу ноцож байна.
Учир нь чи АМЬД.
Зөвхөн өөрийнхөө ертөнцийг цогцлоо. Өөртөө дурла. Өөрийгөө хайрла. Бас үзэн яд.
Чамд энэ бүхэн таалагдана. Тэгээд хувилж болохгүй хувь болон АМЬДАР.
Харанхуйгаас харанхуйд зорчих энэ л замд чи гэрэл болон ирсэн. Салхинд савчих
өнчин цамхагийн гэрэл, чи хүн. Тэр гэрэлд тэмүүлсэн бүхнийг шатаа. Зайлшгүй
ирэх үхлийн хүйтэн бороонд чи өөрөө ч өртөх болно. Тэгээд гүн харанхуйд удахгүй
шингэнэ. Энэ бүхэн чинийх. Эргээд хар даа. Чи өөрөөрөө АМЬДРАЛ гэж бичсэн
байна.
Нэхэл
Өдөр хоногууд. Өнөөдөр нь маргаашаасаа ялгагдахгүй. Хаа сайгүй нэгэн хэмийн
алхаа. Гэнэтийн юмгүй. Гэмгүй. Гүн санаашрал. Тодорхойгүй хүлээлт.
“Сүүгээ аваарай” гэсэн улигт эхлэл гэгээвчээр хашгична. Араас нь анир чимээгүй,
гунигт өдөр үүрэглэнэ. Үдэш төдөлгүй ирэхэд уйтай инээмсэглэсээр орондоо орно.
Гэнэтийн юмгүй, гэмгүй өдрүүд. Амьд, амьдрал бий. Үнэ цэнэгүй эрх чөлөө энд бас
бий. Санаа алдахад урьдын амьдрал. Уйтгартай нөхөд. Утга учиргүй үзэн ядалтууд.
Хэзээ ч эвлэрэшгүй дайснууд. Түгшүүртэй үргэлжилсэн зовлонт өдрүүд. Намайг
атаархалын баатар болгосон хов жив, хорсол зүхэл. Энэ урьдын амьдрал. Байсан тэр
амьдрал тэр чигээрээ тэмцэл. Энэ жинхэнэ амьдрал.
Үзэн ядалтаа санана. Хорсолоо үгүйлнэ. Зовлонт өдрүүдээ санагалзана. Дайснаа
үгүйлнэ. Уйтай инээмсэглэсээр орондоо ороход урьдын амьдрал уйтгартай нөхөд.
Үзэн ядалтаа зүүдлэх миний жаргалтай инээмсэглэл.
Хонзон
Бүдэрч унаад өвгөө шалбалж орхисон жаал хүү
ээждээ хэнийг ховлохоо мэдэхгүй уйлагнана.
Тэр хэн нэгэнд маш их гомджээ.
…Хүүхдүүдийн толох дуртай эргэлддэг сандлын хажууханд бараг чулуужиж
хоцорсон зулзаган хожуул байдаг. тоглоомондоо хөөрсөн жаалууд эргэлддэг сандлаа
булаалдан гүйлдэхдээ бяцхан хожуулд тэгэлдэж, эрчээрээ хайрга өвдөглөн унах нь
цөөнгүй.
Ийм дүр зураг хэчнээн хавар, хэдэн зун үргэлжилснийг хэн ч мэдэхгүй. Бас
анзаарсан ч хүн байхгүй. Гэвч тэр байрны бараг хүүхэд бүр өвдгөндөө сорвитой
өссөн. Зулзаган хожуулд тээгэлдэн унаж нус, нулимсандаа хутгалдаж байсан тэр
жаалууд эхнээсээ насанд хүрч, үр хүүхдээ ч төрүүлэв. Дөнгөж хөлд орж байгаа тэр
бяцхан үрс ч өдгөө ээж, аавынхаа тоглож асан талбай дээр шаагилдана.
Эртээ урьдын цагт энд өвгөн модод шуугиж, зулзаган модод найгасан өтгөн сахлаг
ой байсан гэдэг. Үндэс мөчрөөрөө тэврэлдсэн тэр их ойг хүнээс өөр хэн устгах
билээ. Энд ч яг тийм явдал болж. Нэг амьдралыг устгаж, нөгөөг бий болгосон тэр
хөрсөн дээр хүүхдийн тоглоомын талбай боссон нь энэ. Нөгөө их ойгоос үлдсэн юм
гэвэл ганц зулзаган хожуул. Яг л хөлд орж байгаа хүүхэд шиг моджиж амжаагүй
байхад нь хүмүүс түүнийг тас хөрөөдчихөж. Хэтэрхий жаахан болохоор нь тэр үү,
хожуулыг хэн ч анзааралгүй үлдээжээ. Цор ганцаархнаа хоцорсон зулзаган хожуул
хорсохдоо улам чулуужиж, улам шовхорно. Өөрөө хэзээ ч уйлж чадахаа больсон тэр
хожуул тээгэлдэн унасан хүүхэд бүрийн нулимсаар уйлна.
…Хүүгийнх нь улаан зулга болсон хоёр өвдөг ээжид айдас төрүүлэв. Урьд өдөр
хөршийнх нь
охин мөн л ийм байдалтай болчихсон байсныг санаад хүүгээсээ хаана унасныг
асуув. Хүү эргэлддэг сандлын хажууханд ёрдойн харагдах жижигхэн хожуулыг
заалаа. Түүнийг харсан ээжийн хориод жилийн тэртээ яг энэ хожуулд тээгэлдэн
унаад шалбалж орхисон хоёр өвдөг нь хорсох шиг санагдав. Тэр хөмхийгөө зуулаа.
2001 он
…Үргэлжлэхгүй
Айдас. Түгшүүр. Цагаа олоогүй зочин хэвлийд нь сэржээ. Ижий итгэхийг хүссэнгүй.
Бие нозоорч дотор муухайрна. Тэр бодно. Бодол өдөржин хөвөрч биеэ чагнана.
Хаа нэгтэй түгшүүр нуугдана. Түгшүүр ижийг хэзээ хэзээгүй ижийг базаж авах гээд
байх шиг. Шиг дуусаагүй байтал дотроос хэн нэг нь гэнэт тийрэв. Зэрэгцээд танил
эмчийн дүр. Үр хөврөл устгадаг бүсгүй. Утас. Хаяг. Эрэл. Түгшүүр. Аврал болсон
хаяг. Оллоо. Тэмдэглэлийн дэвтрийн тасархай хуудас. Салгалсан гар. Утас залгав.
Харилцуурын цаанаас ялдам хоолой.
“Байна уу?…Өө тэгсэн үү?” Тэр бохь зажилж байна. “Хүрээд ир. Үзье.” Ижий
уртаар амьсгаа авахыг оролдоно. “Жаахан хүүхэд хөөрхөн л дөө. Гэхдээ одоо л биш
шүү.”
Эмнэлэг. Эм тарианы эхүүн үнэр. Хиртэй гар хүэрмгүй цагаан халаадтай танил эмч.
Дандаа л ийм байдаг. Цовоо цолгин яриа. Дуу шуу, ажил төрөл. “За яадгийм,
яадгийм. Энэ орон дээр гар даа.” Төмөр толь. Шохойдсон цагаан адар. “Өнөөдөр
ачаалал ихтэй байлаа. Тэгсэн чинь чи…Санаа зоволтгүй дээ.” Цонх. Цэнхэр хөшиг.
Цэнхэр тэнгэр. Тэнгэрийн доор хүүхдийн цовоо дуун. Нэг нь ээжийгээ дуудан
уйлагнана. Улаанаар будаж үзүүрлэсэн урт чамин хумснууд хэвлийг цоортол дарна.
Хэвлийд нь нэгэн амь атиралдав.
Хүсээгүй мэдээ. “Найзаа дэндүү томорчихож. Чи эртхэн ирэхгүй дээ.” Тэртэй тэргүй
болж бүтэхгүй байгаа өдөр хоногуудын саарал зургууд…”Яаж ийж байгаад тус бол л
доо. Үнэ хөлсийг нь гомдоохгүй.” Өрөөн дэх утас хангинав. Үзүрлэсэн урт улаан
хумстай гуалиг цагаан хуруунууд. Гялтгасанан хар харилцуур. Ер бусын зохицол.
Танил бүсгүйн баяртай яриа. Хэн нэгэнтэй уулзахаар болзоно. Бүсгүй утсаа тавиад
дахин хэвлий орчимд дарж, тогшино. Түүний нүдэнд ямар ч гуниг алга. “Уг нь
болохгүй л дээ. Гэхдээ яахав. Чамд л гэж…Орой ажил тарахаар хүрээд ир.” Ёх. Тэр
уужирлаа. Бяцхан зочин урьдынхаасаа ч хүчтэй тийчигнэв. Ижий анзаарахгүйг
хичээнэ.
Автобусны буудал. Хүмүүс. Нэг хаалгаар таван хүн орохоор зүтгэнэ. “Тавуулаа нэг
хаалгаар зэрэг ордоггүй.” Сандал. Түүн дээр суусан хүүхэд ижийд суудал тавьж
өглөө. Дарагийн буудал. Хүмүүс. Нэг хаалгаар таван хүн буухар зүтгэнэ. Кондуктор.
“Жирэмсэн эхэд суудал тавьж өгөөрэй” Жирэмсэн бүсгүй түүний дэргэд суув. Хоёр
ээж. Одоохондоо амьд амь дөрөв. Ажил тарахад нэг нь байхгүй болно. Үүрд. Зүүний
үзүүр дээр тогтож үлдсэн тарианы ганц ширхэг үр.
…Ажил тарах цаг. Ээж. Эмнэлэг. Эмч “За орон дээр гар даа” Хажууд зэрэгцүүлэн
өрсөн төмөр багаж. Цустай хувин. “Жаахан өвдөх байх” Өвдөлт ижийн зүрхийг
базлахад хэвлий дэх бяцхан зочин алавхийн хөдлөв.
-Хүн болчихсон байна.
-Тэгээд яахав?
-Мөчлөхөөс…
Шургуулсан төмөр үл мэдэг хөдөлнө. Тэр амьсгалж байна. Бичил амь-бичил
амьсгал. Амьдралд түүний илэрхийлсэн сүүлчийн хөдөлгөөн. Эмч хэвлийг төнхж
эхлэхэд үр өрцнөөс нь амь тэмцэн зууралдахыг ижий мэдэрлээ. Төдөлгүй ертөнцийн
дуу чимээ эх, үр хоёроос нэгэн зэрэг дайжив…Сэрэхэд эмч сайхан ээж байсан
бүсгүйн дээрээс инээмсэглэн тонгойгоод цустай бээлийгээ тайлахыг оролдоно.
Цус. Инээмсэглэл. Цустай хувинд тэнгэрээс илгээгдэж хэвлийдээ устгагдсан үр.
Дэргэд нь үрээ булшилсан хэвлий.
Хүлээн зөвшөөрөгдсөн нь
Намайг огт хүлээн зөвшөөрдөггүй байсан эмээгийнхээ тухай санаандгүй бодлоо.
Намайг хүлээн зөвшөөрдөггүй байхдаа тэр эмээ залуухан, дээр нь залуувтар
эмэгтэйчүүдйин адилаар өөрөөсөө илүү харагддаг бүхэнд атаархаж, үл итгэдэг
зантай байж. Яг тэгэхэд миний ээж тэр айлын босгыг даван оржээ. Гэрэлтэй цагаан
царай, маяглуулж өмссөн дэгжин хувцас, задгай хар үс, эрэгтэйчүүдийг
алмайруулдаг шидэт харц. Тэгээд бас хэний ч анхаарлыг татаж чадах хөгжилтэй
яриа. Харамсалтай нь энэ бүхнийг тэр үед хөнгөмсөг, хүнлэг бус мэтээр ярьдаг,
ойлгодог байсан юм. Тэр мөчөөс л эмээ бухимдаж эхэлжээ.
Охидод хөвгүүдээ алдаж байгаа эмэгтэй хүний байгалийн зөн бол үл итгэх байдал.
Үйлээ үзэж өсгөсөн хүү нь хэн нэг годгор охинд тэгтлээ татагдаж, ээжтэйгээ байхаас
илүүд үздвэг байдал олон эхийг бухимдуулдаг байх. Тийм л орчинд би гэдэг хүн
мэндэлжээ. Цааш яах нь танд ойлгомжтой болоо биз дээ?
Эх, эхнэр хоёрынхоо тэмцэлийг ихэнх эрчүүд тэсвэрлэн гарч чаддаггүй. Дээрх
тохиолдолд аав маань ээжийгээ сонгожээ. Их сайн хүү.
Тийм хөнгөмсөг, тийм царайлаг бүсгүй хэзээ ч хүний хань болж чадахгүй гэсэн
эхийнхээ үгийг хамгийн хүмүүжилтэй хөвгүүд л дагаж чадна. Энэ хүмүүжил
дурлалаас ч хүчтэй. Ингээд царайлаг бүсгүй, гологдсон охин хоёр салаа замын
уулзвар дээр хоцорчээ. Бүхий л царайлаг бүсгүйчүүдийн адилаар тэрд хар дарсан
зүүд шиг хүнд бэрх замыг туулав. Энэ зам 15 жилийн дараа хүлээн зөвшөөрөгдөөгүй
охиныг хүлээн зөвшөөрдөггүй байсан эмээ дээр нь эргэн авчирсан юм.
“Дэлхий бөөрөнхий гэж ухаан орох цагаас нь эхлээд л хэлээд байхад хүмүүс огтхон ч
итгэхгүй юм даа”
Эмээ тэгэхэд нас дээр гарч, өрөөсөн нүд нь юм үзэхээ больж, бусдын гар харсан
буурай болсон байлаа. Дуу цөөтэй, өрөвч, тусч. Бусдаараа бол яг л ээж. Тэр эмээ
намайг ингэж тодорхойлсон юм. Нэгэнт олон жил муу муухайгаа хуваалцан
амьдарсан удаах бэрээсээ залхсан эмээ миний ээжийг дурсах дуртай гэнэ. Гэхдээ энэ
нь залхтал хамт байгаагүйн гавьяа гэдгийг би ойлгож байлаа. Хүнээр хоолоо
зөөлгөж, хэвтэртээ бие засч, таягны тусламжтайгаар хэн нэгнээр сугадуулан
салхилж, дотуур хувцасаа сольж өгөх болов уу гэж горьдсоор арваад жил амьдарна
гэдэг аймшигтай. Энэ аймшиг нь үхлийг мөрөөдөх болтлоо дарлан байх үед нь би
тэр эмээд үнсүүлсэн байв. Ингээд би нөхрөө хардсан эхнэр, хоолоо хийж идэж
чаддаггүй ихэмсэг хүүхдүүд, үргэлж бусдын гар харсан эмгэн, ашигтай хэрэгтэй хүн
бүхэнтэй танил байхыг хүссэн гэрийн эзэнтэй хамт битүү хивсэлж хэлбэрдсэн хот
газрын тансагдуухан орчинд хэдэн сар амьдарлаа. Бээрсэн дүнсгэр хүмүүс.
“Амьдаараа амьтны ад болж байхаар бушуухан үхэх юмсан” гэж цаг үргэлж үглэж
суудаг эмээтэй өдрийг өнгөрөөнө. Яг ээж шигээ үйлэнд уран, яг ээж шигээ нүдтэй,
яг ээж шигээ инээдэг, бас сайхан дуулдаг тухайгаа тэр эмээгээс л мэдэж авлаа.
Өөрийнхөө эмээд ханддаг шиг л би тэр эмээгээ бас хайрлаж, өрөвддөг байв. Хэн
нэгэнд гомдсон яриаг нь дуулгавартайгаар сонсож, бусад хүмүүс шиг ямар нэгэн
зүйлийг тэр эмээд хүчээр тулгадаггүй байсан маань тэр эмээд таалагддаг байв.
Өндөр нас, өдвчтэй бие нь эмээгийн үнэ хүндийг алдуулжээ. Хэвтэрт орсон олон
жил нь бас нэмэрлэж, бусад хүмүүс түүнийг “Бие нь сайн уу” гэхээсээ “Тэдний
чавганц амьд уу” хэмээн сурагладаг болсон байлаа. Тэр эмээд хамгаас эрхэм зүйл
бол үхэл байсан юм. Тэр нь хурдхан ирээсэй гэж би ч бас зальбирдаг байв. Үхэл
түүнд ямар их хэрэгтэй байгааг ойлгох бүртээ би эмээг өрөвддөгсөн. Өмнө нь хэзээ
ч, хэнд ч би үхлийг хүсэж байгаагүй билээ. Үхэл хаа сайгүй байх мөртлөө ганцхан
тэр эмээг л тоодоггүй байлаа. Бусад хүмүүс, ойр дотныхон нь бүгд л тэр цагийг
хүсдэг байсан хэрнээ гаднаа өөр дүр эсгэнэ. Би түүний тарчлаант байдлыг харж, бах
таваан хангахыг хүсээгүй юм. Тэгээд ч тэр жилээс хойш тэднийд дахиж очоогүй. Тэр
өдрүүдээс хойш дахиад олон жилийн дараа эмээг сураглахад “Саяхан өөд болсон”
гэж билээ. Үүнийг дуулаад “Болж дээ” хэмээн санаа алдахад минь хэл дуулгагч
жийрхэн харж зогссонсон. Энэ агшинд эмээгийн үхэл, миний амьдрал хоёр бүрэн
хүлээн зөвшөөрөгдөж байгааг тэр яаж ч мэдэхэв дээ.
Table of Contents
Би Бид Хоёр
Зүрхэнд үйлдвэрлэв тавтай морил…
Зүрхэнд үйлдвэрлэв
Босго
Гэрээслэл
Тэргэл сартай шөнө
Улаан хүн
Нэхээс
Төгсгөлийн оронд
Дурлал
Болор шаахай
Мөрөөдөл
Амь+д+р+л
Нэхэл
Хонзон
…Үргэлжлэхгүй
Хүлээн зөвшөөрөгдсөн нь

You might also like