You are on page 1of 97

Зүрхний

урлан
Зохиолч:Гүнрэгжавын Ишхүү

ISBN: 978-99929-58-59-6

© Энэхүү бүтээлийн эрх нь Монгол Улсын Зохиогчийн Эрхийн тухай хуулиар


хамгаалагдсан болно. Бүтээлийг цахим хэлбэрээр түгээх эрхийг bookstore.mn цахим
хуудас эзэмших бөгөөд зөвшөөрөлгүйгээр бүтнээр нь буюу хэсэгчлэн хувилах болон
бусад ямар нэгэн хэлбэрээр олшруулах, ашиглахыг хориглоно.

www.bookstore.mn
Зүрхний урлан”-гаар зочилохуй
Цуцашгүй хөдөлмөрч, бас чадварлаг, дээр нь хүнлэг нэгэняруу найрагчийг би мэдэх
юм. Тэрбээр өнгөрөгч цаг хугацаанд
“Хаврын зэрэглээ” (1994), “Өвсөн шугуй” (2000), “Сарны гэгээ”(2003), “Хөх тоосны
чимээлэн” (2003), “Цаг цагийн Монгол”(2007), “Цагаан дундуур туучна” (2007)
цөөнгүй ном бүтээсэн, ихутга зохиолын 80-аад оны дунд үеийнхний эгнээнд багттай
багтсаняруу найрагч Алаг адууны удган овогт Гүнрэгжавын Ишхүү юмаа. Энэ удаад
уншигч Танаа “Зүрхний урлан” хэмээх ээлжит,тэгэхдээ часхийсэн нэгэн бүтээлийн
нь талаар цөөн үг дуугараххүндэт үүрэг хүлээсэндээ баярлаж байгаагаа нуух юун.
Ингээд угномын тухайд өгүүлсү.
Хүнд үл анзаарагдам хэрнээ түүний явдал үйлсэд машидтустай, тэгсэн хэр нь
тэгсгээд мартагддаг, бид жижиг гээдтоодоггүй, хайхардаггүй өчнөөн зүйл байдгийн
нэгийг “Дашмаг”хэмээх шүлэгт өгүүлжээ. Нэг талаас түүхэн сэдэвтэй гэж болох
ччухамдаа эгэл энгийнийг бахадсан, бусдад ухааруулжбодогдуулсан, санаж сэрэхийг
өгүүлсэн шүлэг байна. Энэ шүлэгт
Нуур далайн их ус надад байгаагүй ч
Нуувчин дотроо би мөрөн байсан
Би дашмаг
Биен дотроо амьдрал тээсэн дашмаг гэсэн омог бахдал,
Би дашмаг
Бичигдээгүй түүхтэй дашмаг хэмээсэн “бяцхан” гоморхолцөм бий. Зөвхөн ганц
шүлгийн нь тухайд хэлэхэд л энэ мэт олныгөгүүлж болох ч бусад шүлгийн нь
ертөнцөд эрхэм уншигчийгморилуулах нь зүйтэй гэж бодлоо.
Ямагт ертөнцтэй тэрсэлддэг яруу найрагчийн ааг омог
“Насаа би харамлана” шүлэгт нь
Цаг хугацаа он жил чамаас би
Царай зүс бие насаа харамлана
гэж гарсан хийгээд
Үлдсэн жаахан хугацаа минь хэдийг би мэдэхгүй ч
Үхлийн хаалганд тултлаа шүлгээн л бичиж дуусна…
гэсэн бол өөр нэгэн шүлэг “Тэндээс би ирсэн”-д нь
Удам урагаа тэлэх гэж тэндээс ирсэн
Уянгын шүлгээ хэлэх гэж тэнгэрээс ирсэн хэмээн, ам
андгай тавьсан байна. “Насаа би харамлана” шүлгийг зайлшгүйуншихыг танд
зөвлөе.Түүнд бас маш торгон, сэтгэл хөдөлгөм сайхан сайхан уянгаих бийн нэг нь
“Цаас”, “Амлалт” гээд олон шүлэгт тусжээ.
Хайранд ууссан өдрөө дурсаад
Хариу бичихээр сэтгэл баясаад
Харандаа үзгээ бариад суутал
Харуусалтай нь цаас байдаггүй

Цас шиг ариун хиргүй


Цав цагаан тэр цаас
Цагаа болохоор олдож өгөхгүй
Цаанаа нэг л ховор юм

Олдсон бусад цаас бүхнийг


Он цагийн тоос даржээ
Онгон цагаан шив шинийг
Олно гэвэл үгүй болжээ (Цаас)

Эрмүүн залуу нас минь


Эрхэсийн тийшээ явчихсан
Эхэлж хайрласан хүнтэйгээ\
Эрээн солонгонд уусчихсан (Залуу нас надаас цахилсан)
гэсэн цагаан харууслаас нь хэн бүхний дайраад өнгөрдөг залуухалуун насны элдэв
явдал шууд харагдах шиг болж байна.
Цагаан зүгийн шувуу тэнгэр зурж нисэх нь
Цамцтай багын минь цахилах цэнхэр инээд мөн өө
Цагийн нүүдэл алгуурхан дөрвөн өнгөнд хувирах нь
Цадиг хуудас зузаалах намтрын тоо мэт ээ (Нэргүй шүлэг)-д зууны тэртээх монгол
шүлэгч Гүнначүгийн намрын тухай
гуниглан хэлэхдээ хүмүүний амьдралыг өгүүлсэн … бадаг эрхгүйсанагдав. Үе үеийн
уран бүтээлчийн сэтгэлгээ нэгэн агаартайбайдгийг элдэв гүн ухаан, онол тоочилгүй
зөвхөн дээрхээр нотолжболох биз ээ.
Өвөрмөц содон үг дүрслэл шүлгийн амин сүнс байдаг.Г.Ишхүүгийн шүлэгт ч мөн
тийм. Тухайлбал,
Навчны зовлонг эдлээд залуу гэхээ больсон ч
Намрын тоогоор хорвоо насыг минь дарсаар л байгаа гэхэд“Навчны зовлон” гэсэн
нь анх үзэхэд этгээд ойлгомжгүй шиг чхам сэдэв дотроо утга тодорч байгаа юм.
Ерөөс шүлэг найргийгнэг бус хэд уншиж ухаардаг ёстой. Хүйсгэнэх намар,
Зүүнийсүвэгчийн дайтайСурагийг нь бүдэг сонслоо зэрэг сонин содон олон мөр
шадбийг үзээрэй.Түүний зэрэгцээ зарим нэг шүлэгт гүйцэд боловсроогүй мөрбадаг
байхын нэг нь
Өрөвдмөөр өнөөх шувуу
Аавын халимлах нэхийг
Цай уух зуур
Аль хэдийн халимлаад
Ажилгүй болгочихсон байх гэсэн бадаг юм. Ердийн ярианыүгийг тэр шигт нь
шүлгийн хайрцагт оруулахыг хичээсэн нь
илэрхий харагдаж байгааг хэн хүнгүй, уг түүврийг уншсан болгонанзаарч буй гэж
найдна.
Хэл ул болсон, үе цагаа хэдийн өнгөрөөсөн гэж ч болохоордэндүү уламжлалт гэмээр
мөр бадаг бас цөөнгүйг ганц жишээ
доорх бадгаар төлөөлүүллээ.
Сайхан хоёр ажнай сөөмийн зөрөөгүй орлоо
Сарын зөрөөтэй хоёр хүү ач тач үзэлцлээ
Самсаа нь шархирч, эзэд нь галтай гаансаа түрийллээ
Сайхан монгол наадам нартай хамт цацарлаа (Хоёршаргын бариа)
Үе үеийн шүлэгчид дунд үндэс угсаагаа магтан дуулаагүйхүн ер үгүй. Харин ончтой
цэцэн үг, сонин содон дүрслэлээр хэлэхнь чухал юм. Тэгвэл үүний нуталгааг
Сэвэс сэвэсхэн салхиар өвс нь цуурдах эх орон минь
Сэргэлэн багаас надад ухаан суулгасан Монгол минь
Сум шиг дүүлэх хүлгийн чинь дэлэнд дэрвэж өслөө би
Судранд сийлсэн домгийг чинь салхин хөгжмөөс сонслоо би
бадгаас харж болно.
Уйт ганцаардлын манан дунд
Унасан навч шиг гуниглан
Шаргал замын хажууханд
Шаналант сэтгэл минь ойчлоо (Нэргүй шүлэг) гэхэдямархан гүн сэрэл мэдрэмж
төрөхийг уншигч танаа би хэлж заажчадахгүй ээ.
Хүний хорвоод ирээд ханийн жаргал амссан ч
Хүүхэн хүүхэнд дурлаад хайрын шүлэг бүтээлээ
Хүрэх газраа мэдэхгүй ч шөнийн саранд дуулсаар
Хүсэл найргийн тэнгэртээ өөрийн дураар сэлгүүцлээ (Хувьзаяаны хишиг) гэсэн нь
чухам яруу найрагчид түлхүү ногддог заяатавиланг эгэл үгээр хэлсэн байна. Сайн
шүлгийг энгийн үгээр,сайхан ваарыг ерийн шавраар бүтээдэг гэдгийг эндээс харж
болно.
Мөн “Дурлал” шүлэгт хүний сэтгэлийн тэрхүү эрхэм холбоог“новшийн юм бэ,
хөгийн юм бэ, гэнэн юм бэ, үйлтэй юм бэ,шүтмээр юм бэ, уярмаар юм бэ” халаглаж,
харааж, бахдаж,хайрлаж нэрлэсэн нь уран давууллын нэгэн хэлбэр болсон байна.
Цэцэн ухаан заяавч үүрдийн тавилан олохгүй
Цэвэр явдалт байлаа ч эрлэг ялгаж үлдээхгүй
Гэгээн мөртэй хэнийг ч аваад явдаг хорвоод
Гэрэлт нарны доорхи мөнхийн гэж үгүй (Мөнхийн гэж үгүй)хэмээн ертөнцийн
үнэнийг мөн л энгийн үгээр эрс шулууншүлэглэж хэлсэн нь сайхан байна.
Намрын сүүл сарын уйтгарт өдөр
цонхоор харан зогсохуй-д
Бүүдгэр хөх тэнгэрийн чимээгүй дүнсийх
чанад холын тэртээ рүү
Бүүр эртний домог нэхэн
өнөөгийн амьдралаас тасран одмоор санагдах ньхэн хүнд байдаг ч доод ертөнцийн
ахуйд хүлэгдсэн хүмүүс л хойноөөрийн эрхгүй
Хорвоогийн эрээн барааныг туучихаар
энэхэн бие сэтгэлээ эзэмдэж
Хоног өдрийн бор амьдралдаа
эргэн орохоос өөр замгүй мэт ээболдог тэр л үнэнийг гүн ухааны бодрол хэлбэрээр
шүлэглэсэн ньтун сайхан содон санагдав.
Бичсэн шүлгийн мөр гэв гэгээн
Биелсэн бодлын үзүүр шав шаргал
Уур хилэн хүрэхийн цагт ухаан минь хар
Уураг тархи гашлахын цагт бодол минь хар
Учирсан нөхдөөс хагацахын цагт сэтгэл минь хар
Унтаад сэрэхгүй болохын цагт ертөнц хар
Гэрэлт наран мандахын цагт хүсэл цагаан
Гэгээн бүхэн сүлрэхийн цагт бодол цагаан
Гишгэсэн газар гэрэлтэхийн цагт заяа цагаан
Гэр дүүрэн инээлдэхийн цагт сэтгэл цагаан (Таван өнгө) гэжөнгөний бэлгэдлээр
дүрсэлсэн нь маш оновчтой болжээ.
“Галин гуай” гэсэн нэгэн дууль туурвисан нь яг л нүдэндүзэгдэж, хайр хүрмээр
өгүүлэмжтэй болжээ. Энд дотуур байрныусчин өвгөн Ааяа хэмээх Галин гуай, усыг
нь гамгүй хэрэглэсэнбайрны хүүхдүүдийг сэтгэл уярам өгүүлжээ.
Эвий муу Галин гуай хүний хайлан байж дээ
Эцэж цуцна гэдгийг тэр ер мэдэхгүй
Эцэг эхийг минь орлож байрны хүүхэд биднийг
Эрийн цээнд хүргэх гэж өөрийн биеэ зольж дээ
Тэр хүний буянаар хир буртагаас ангид
Тэрэг тэргээр зөөсөн чандмань эрдэнээр бялхаж
Хүүхэд жаахан насаа он жилүүдэд орхиод
Хүлгийн дөрөө гишгэж, зүг зүгрүү одсоон бидхэмээн ачийг санан эргэн дурсжээ.
Мөрөөрөө яваа нөхрийн минь цагаан санааг хиртээх
Мөхлийн хар үүлийг битгий нүүлгэ бидэн рүү (Найзыг миньдоромжилсон тэнэгт
зориулж бичсэн шүлэг) гэсэн энэ шүлгээстүүнд байдаг төрөлх шударгуу үнэнч
зангийн илрэл энэ шүлгээсхарагддагийг баталж чадах юм аа. Бас “Миний шүлэг”-т
Өвөр зуураа хэмлэлдсэн ноёд дээдсийн зөрчилтэй
Өчнөөн үеийг элээсэн буурал түүхийн домогтой
Өстөн дайсныг хяргасан үлгэр туульсын өрнөлтэй
Өвчүү дэлдэн өндөлзсөн үндэс, ясны үзэлтэй гэж өөрийнхөөшүлгийг өнгөц үзэхүл
түүхэн хэлбэрээр мэт ч чухамдаа уран
бүтээлийн амин сүнс – ЗӨРЧИЛ-өөр илэрхийлснээрээ урьд гарчбайгаагүй сонин
шүлэг болсон байна.
Зөрчилтэй зүдэг энэ орчлонг сөрөхдөө сөрж, сүйхээлжаргадан аж төрж яваа энэ
найрагчийн идэр халуун залуу насны
бадаг түүхийг би мэдэхгүй ч хөдөлмөрч, чадалтай, хүнлэг сайнхүн гэдгийг нь сайн
мэдэх юм аа.
Ш.Одонтөр
Номонд өлгөх үг
Яруу найрагч Гүнрэгжавын Ишхүүгийн шинэ номыг уншлаа.Шүлгүүдийг урд өмнө
нь сонссон, заримыг нь бүтээхэд санаа
оноогоо хуваалцаж байсан болохоор сэтгэлд тод, дүр дүрслэлойрхон олон шүлэг энэ
номонд оржээ. Найрагчийн дүр төрх, сэтгэлбодол, яруу найрагтаа уусдаг хуультай
болохоор Ишхүүгийн шинэном уулзсан, учирсан хэнтэй ч хэл амаа ололцохоор тод
томруундүртэй, дүрслэлтэй, галтай ажээ. Галтай гэдгийн учир тэрээрэрмэг, түрмэг,
цэцэлсэн олон олон шүлэгтэй, дүртэй гэдгийн утгань түүний бичсэнчлэн:
Үдийн төдийд буудалладаг энэ л замбуулинд
Үргэлжийн залуу нас гэж хаа байлаа
Хэзээд иагаан байгаагүй унаган бор царай минь
Хээрийн салхинд онгосоор хичнээн жил болжээ… гэжамьдрахуйн жамаар хүн нас
ахиж түүнээ ухаарч орчлонгийн түмэн
бодол тархинд нь эргэлдэж нас тогтохын хирээр
Аяар аяар юм шиг наран саран ээлжлэвч
Асар хурдан орчлон насыг минь зөөж цахилна…
гэх буюу
Номын тоо нэмэх гэж би шүлэг бичдэггүй
Нохойн араншин гаргах гэж хорвоод амьдардаггүй
Номхон хүлцэнгүй явах гэж нартад төрөөгүй
Новшийн бүхэнтэй тэмцэх гэж тэндээс би ирсэн… /
”Тэндээс би ирсэн”/ байх ажээ. Энэ мэтчлэн түүний номондухаарал, уйтгар гуниг,
сэтгэлийн зөөлрөл, дотоод бодлын нууцуярал цөм багтсан байна. Энэ тухай утга
зохиол судлаач, докторШ.Одонтөр шүлгүүдэд нь задлал хийсэн болохоор би
олныгнурших юун. Тэрбээр хөдөө нутаг, морь мал, гол ус, газар шороотүүний
жинхэнэ эзэд болсон монгол түмэн, өөрийн унаган нутагцэцэн сартуулын дүр
төрхийг нэгэн биелээ шингээсэн ясны хөхсартуулын омголон найрагч болохыг
шүлгүүд нь бэлхнээ хэлэхажээ. Цаашдаа олон олон бүтээл тууривал ундран оргилох
Ишхүүгийнхээ шинэ номонд нэгэн унь өлгөж, дээврийг ньөргөлцсөндөө баяртай
байна. Энэ өргөө нэгэн цагт найрагчийнхэлснээр:
Дэврүүн залуу нас минь
Дэвэн дэвээд нисчихсэн
Дэрсний ширхэг дамжаад
Дэгдэн дэгдэн гүйчихсэн… гэж гайхалтай торгонмэдрэмж, үгийн тод дүрслэлээр
хоймор дүүрэн байгаад эргэлзэхнь илүүц ХИЙГЭЭД эрхэм уншигч таныг үүд дэлгэн
урихад оюунысүүн гэгээ татуулан золгох нь дамжиггүй гэдгийг мэдэрсний
хувьдсэтгэл таатай байна.
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт
яруу найрагч Бороохойн Батхүү
2008.10.26-ны өдөр
Дашмаг
Би дашмаг
Биен дотроо ус тээсэн дашмаг
Хүн амьтан мэддэггүй балар эртний зуунд
Хүннү гүрний үеэс цэрэгтэй хамт дайдсан
Чингис хаантай цуг тэнгэс далайг гэтэлж
Чилгэр хөх баатаруудынх нь цэгээг хадгалж явсан
Дундад зууны тоосонд морин дэл дээр дүүлсэн
Дугуй нумнаас тавьсан суманд сийчүүлж үзсэн
Дуут сумны исэргээнд шаагиж доторхоо исгэсэн
Дулаан хүйтний алинд ч тэсвэртэй монгол дашмаг
Би дашмаг
Биен дотроо ус тээж эзэндээ зүүгдсэн
Бэрх дайны жилүүдэд цоо буудуулж шархадсан
Аагим халуун наранд цэрэг эрсийн цангааг тайлсан
Ар тал фронтыг алагчлахгүй бүгдэд нь тусласан
Усаар дүүрч чандмань орлосон дашмаг би
Улс гүрний цэргийн зэвсэглэлд ордог зэвсэг би
Нараан тойрч эргэдэг дэлхийн алаг бөөрөнд
Надгүй болсон дайн хаана байгаа юм бэ?
Налуу далиу оршдог эргэх бөмбөрцөгийн улсад
Насаар илүү зэвсэг хэд байгаа юм бэ?
Шаналсан дайнтай аль эртний жилүүдэд ч
Шархалсан газартаа өчнөөн улс гүрнүүдэд ч
Шархадсан цэргийг усаар амилуулсан дашмаг би
Шандын говьд тус хүргэсэн худаг би
Нуур далайн их ус надад байгаагүй ч
Нуувчин дотроо би мөрөн байсан
Хатаж цангасан үй олон цэргүүдэд
Харамгүй усаан өгч ялалтын уухай болсоон
Хатан Туулын усыг миний дотор хийж
Харийг зорихдоо Цогт тайж надтай хамт явсаан
Хайртай хүүгий нь цаазалсан хар Манжийн эсрэг
Ханд вантай хамт тангараг би тавьсан
Би Орхон, Хэрлэн, Туулын ариун усыг дотроо хадгалсан
Олон газар явж, эзэнтэйгээ буцаж ирсэн
Би дашмаг
Биен дотроо амьдрал туусан дашмаг
Би өчнөөн жилийн буурал тоосны цадиг уншсан
Үлгэр туульсын мөнхийн усыг агуулж дуншсан
Өнөө цагийн гүний усыг хадгалж чадах
Өвгөн ертөнцийн эртний гарвалт зэр зэвсэг
Би дашмаг
2005 он
Амлалт
Зүсэрээ бодолд норсон
Бүгээн гуниг амраг минь
Зүсээ надад нэвчээсэн
Гэгээн хайрын нар минь
Туулын хөвөө манантаад л
Туж чи бодогдоод л
Явдал холын газартаа
Яажхан чи суунам бэ?
Эрт орой нэгэн цагт
Эргэж уулзана гэл үү чи
Эргээ хальсан хайраасаа
Эвлүүлж өгнө гэсэн үү чи
Салхинд шивнэсэн үгс чинь
Санаа алдалт болоод
Сарны мөнгөн үдшээр
Санаашралын буданд төөрнөм
Саваа дүүрч асгараад
Эзэнгүй үлдсэн хайр минь
Сар жилээр урссаар
Сайрын шанд болох нээ
Сансрын зовлон гэдэг
Хүмүүн бидэнд байдаг юм уу?
Сайхан чамаас сураггүй
Яахан ийн удна вэ?
Цагийн бүдэг нүүдэл дунд
Цагаан манан хөшиглөөд
Царцаат намрын өдрүүд
Хоёронтойёо эргэлээ
Цаг өдрөөр ойртуулсон
Учралын гэгээ хүлээгээд
Чамайгаа гэсэн сэтгэлээр
Өдөр хоногийг элээнэм
2006-07-29
Тэндээс би ирсэн
Номын тоо нэмэх гэж би шүлэг бичдэггүй
Нохойн араншин гаргах гэж хорвоод амьдардаггүй
Номхон хүлцэнгүй явах гэж нартад төрөөгүй
Новшийн бүхэнтэй тэмцэх гэж тэндээс ирсэн
Муу хүмүүстэй нөхцөх гэж би орчлонд төрөөгүй
Мулгуй ноёдыг зүхэх гэж Монголд ирээгүй
Мугуйд зөрүүд амьдрах гэж ер бодоогүй
Мутрын бичгээ үлдээх л гэж тэндээс ирсэн
Мөнхийн залуу явах гэж хүмүүнд би хувилаагүй
Мөчөө атаанд хиртэх гэж бадаг тэрлээгүй
Мөргүй тэнэг явах гэж хөрстөд аялаагүй
Мөн чанараа дуулах гэж тэндээс ирсэн
Ураг элгэнд магтуулах гэж миний сүнс төөрөөгүй
Уруулаа цорвойн эрхлэх гэж энэ оронд төрөөгүй
Удам урагаа тэлэх гэж тэндээс ирсэн
Уянгын шүлгээ хэлэх гэж тэнгэрээс ирсэн
2006-11-23
Цаас
Танаас би захиа авлаа
Тамга дараагүй гарын үсэггүй
Таньдаа… гэсэн захидал байлаа
Танилаа би эзэн хүнийг нь
Хайранд ууссан өдрөө дурсаад
Хариу бичихээр сэтгэл баясаад
Харандаа үзгээ бариад суутал
Харуусалтай нь цаас байдаггүй
Цас шиг ариун хиргүй
Цав цагаан тэр цаас
Цагаа болохоор олдож өгөхгүй
Цаанаа нэг л ховор юм
Олдсон бусад цаас бүхнийг
Он цагийн тоос даржээ
Онгон цагаан шив шинийг
Олно гэвэл үгүй болжээ
Өнөө хүртэл тэр цаасыг
Өдөр болгон хайж явна
Өнгөлөг хэрнээ өдөн хиртэй
Өөр зүйл эрээчээгүй
Ийм нэгэн цагаан цаас
Ишхүүд өөрт нь байснаа олов
Хариу захиаг түүн дээр бичлээ
Харандаа үзгээр сийлж урлалаа
Хамгийн гоё сайхан боллоо
Хайраа тэгээд түүн дээр бичлээ
Бичгэн хээтэй цагаан цаас минь
Биесдээ тэмүүлсэн сэтгэл байлаа
Бидэн хоёрыг холбосон захиа
Бэхээр зурагдсан заяа байлаа.
2007 он
Тэгш, дэлгэрлэн
Улаан нялзрай намайг унахад
Угаасан ус минь Тэгш, Дэлгэрлэн
Учрахын тавилан надад заяаж
Умдаалсан рашаан Тэгш, Дэлгэрлэн
Унаган хүүтэйгээ хүй нэгтэй
Улаан цусыг минь сэлбэсэн хөх ус
Тэгш, Дэлгэрлэн
Удаан жилээр яваад ирэхэд
Урсах нулимс болоод цувирсан
Тэгш, Дэлгэрлэн
Олон олон шим булгийн хан мөрөн
Тэгш, Дэлгэрлэн
Одоо миний судас бүхнээр эргэлдэж буй
амин ус Тэгш, Дэлгэрлэн
Орчлонд намайг өвдөж зовбол
Эдгээж анагаах эмэн үрэл
Тэгш, Дэлгэрлэн
Огторгуйд нисээд явчихсан ч
Сүнс минь хургах Тэгш, Дэлгэрлэн таныгаа
Цагаан сүү болгон аягандаа дээжлэе
Цаг цагийн рашаан гэж урагтаа дээдлэе
Цай, сүү, эм болгож, биедээ шингээе
Цал буурал ертөнцийн мөнхийн ус болгон
өвс бүхнээс түүе.
2007-02-15
Цагдаа
Номхон гөлөг аятай өлөн гөлөн харсан
Нохойн төрөлтэй цагдаа хоргоож боргоож тээглэв
Ноцсон дөл шиг ааштай уулын тунгалаг найрагч
Хуцсан тэнэг улинг үл тоож алхлав
Гэм зэмгүй найрагчийг ирээд тэр нэгжив
Гэдэс гүзээ тэмтэрч хэтэвч мөнгө дэлгэв
Гэдийж жаахан зөртөл занаж бүр улайрав
Гишгэж явахыг цагдан, машин тэргэнд ачив
Баар цэнгээнд суулаа гэж баримт бичиг нэхэв
Байхгүй гээд хэлтэл барьж байгаа нь тэр гэнэ
Балга дарс уусныг ухаан тас болсон гэв
Бас тэгээд болоогүй ээ толгой нь бүр хоосон
Зохиолч гэсэн бичгийг цохиоч гэж уншив
Золиг гээд хэлтэл гөлөг гэж сонсов
Зориг гаргаад сөртөл хориг тор луу чирэв
Золионд намайг өгөөшлөөд мөнгө надаас авах юм гэнэ
Новшийн тэнэг цагдаагийн цалинг би тавьдаггүй
Нохойн төрөлтэй хүмүүн чи үүнийг надаас мэдэж ав
Мөрөөрөө яваа хэнийг ч бүү ингэж залхаа
Мөнгө хэрэгтэй байгаа бол төрөөсөө чи зөв нэх
2007-02-17
* * *
Цагаан зүгийн шувуу тэнгэр зурж нисэх нь
Цамцтай багын минь цахилах цэнхэр инээд мөнөө
Цагийн нүүдэл алгуурхан дөрвөн өнгөнд хувирах нь
Цадиг хуудас зузаалах намтрын тоо мэт ээ
Гэгээн чигийн совин зүрхэнд зурс гэрэлтэх нь
Гэсгээл сайшаал хоёрын аль нэгэн мэт ээ
Гэгэлгэн цагаан гуниг сэтгэлийг минь сүлэх нь
Гэрэлт нарны доорх шүлгийн шад мэт ээ
Сарны алаг толгод цагийн хяруунд дарагдах нь
Сартуул цустай миний бүгээн гуниг мэт ээ
Санаан дотор уягдсан голын чи минь инээх нь
Сансрын зовлонд ороогдсон дурлалын тоо мэт ээ
2007 он
Залуу нас надаас цахилсан
Сайхан залуу нас минь
Санаандгүй байхад алсарсан
Сархадын зуунаас холуур
Салхины сэвшээнд элчихсэн
Эрмүүн залуу нас минь
Эрхэсийн тийшээ явчихсан
Эхэлж хайрласан хүнтэйгээ
Эрээн солонгонд уусчихсан
Гэнэн залуу нас минь
Гэрэлт наранд хайлчихсан
Гэгээн дууны эгшигэнд
Гэгэлгэн гунигтай шингэсэн
Эрдэнийн залуу нас минь
Эргэлзэх юмгүй цахилсан
Эрээн хорвоогийн жилүүд
Эргүүлж өгөхөөргүй авчихсан
Дэврүүн залуу нас минь
Дэвэн дэвээд нисчихсэн
Дэрсний ширхэг дамжаад
Дэгдэн дэгдэн гүйчихсэн
2006-06-14
* * *
Нас минь дөч гарсан ч
Намба төрх суугаагүй байж болно
Навчны зовлонг эдлээд залуу гэхээ больсон ч
Намрын тоогоор хорвоо насыг минь дарсаар л байгаа
Ассан дөл шиг дүрэлздэг, хөөрдөг
Араншин надад байдаг юм
Аяа зарим нь шоолж буйг мэдэж байна
Авьяасын тасархай байгааг минь тэд ер мэдэхгүй байна
Гаднаас харсан нэгэнд би солиотой мэт байгаа
Гаргасан зангий минь өөлж инээлдэж тэд суугаа
Дотроос харсан хүнд гэрэл гэгээ минь сацарч байгаа
Дорны тэнгэрийн одод шиг тодоос тод гялалзаж байгаа
2007он
Юм бүхэн надаас зугатаж байна
Юм бүхэн надаас зугатаж байна
Ертөнцөд ирэхэд бүтэн байсан
Ерөөсөө бүх юм надаас зугатаж байна
Юу болж байна гэж гайхах өдөр байнам
Аавын минь гэр, ээжийн минь хайр
Аль хэдийн надаас цахилж одсон
Анхны минь хайр, амьдралын минь цовоо жилүүд
Алив бүхэн надаас холдсон
Төрсөн ганц охин минь явчихсан
Төө зайгүй андууд минь нисчихсэн
Боогий минь, Уянга минь, Со дүү минь
Болоогүй ээ бас Банзай ах минь явчихсан
Олон олон жилүүдэд тэдгээр хүмүүстэй
Ойр дотно явсаан, би үгүйлж байна
Гэрэлт намрын тэнгэр дор бүгдтэй нь инээлдэж
Гишгэсэн газрын минь мөрнөөс цэцэг ургаж
/Уйт намрын ханшийг дагаж/ зөөлөн гунигтай
Учиргүй нэгнээ үзэн баясан хөөрөлдөөд
Мөнх настай юм шиг ирээдүйгээ зөгнөөд
Мөн ч олон хоногийг хамт туучиж явсаан
Амьдралын бор хүрднээс тэд цувран одоход л
Алаг энэхэн хорвоо дээр ганцаардахын зовлонг үзэв би
Ембүү цагаан сарны нөөлөг туяа хөшигтөөд
Ертөнц тэр аяараа хүйт даагаад
Юу юунаас илүү гуниг дараад
Юм бүхэн надаас зугатаж байна
2007-04-08
Миний хүүгийн төрсөн өдөр
Яг, өнөөдөр миний хүүгийн төрсөн өдөр
Яруу найрагчийн гэрт эхний дуугаа өргөсөн өдөр
Тиймээ өнөөдөр миний хүүгийн төрсөн өдөр
Тэнгэр бурхан чамайг надад заяасан өдөр
Ангир цээжиндээ ижий чинь анх тэвэрсэн өдөр
Алган дээрээ аав чинь өндрөөс өндөрт өргөсөн өдөр
Ахан дүүсээрээ ураг элгэн чинь баярласан өдөр
Амин монголдоо бүл нэмж ирсэн өдөр
Ивий минь дээ чиний өнөөдөр төрсөн өдөр
Эх дэлхийнхээ агаар салхитай танилцсан өдөр
Ижий бурханыхаа цагаан сүүг хөхсөн өдөр
Этүгэн эх дээр чиний жин нэмэгдсэн өдөр
Аяа тэгэхлээр энэ өдөр чиний л өдөр
Алтан удмын голомт залгах хүүгийн минь өдөр
Алсын гараг эрхэсийн тусгал тохиосон өдөр
Амьдралаа миний хүүгийн шүтэн барилдлагатай
баярын өдөр
2007-04-30
Харь нутгийн тэнгэр дор
Хүйсгэнэх намарын өвстэй хамт
Хүний нутагт гуниг тээнэм
Хөхрөх тэнгэрийн цэлгэр уудам
Хүйтэн тэнгис шиг санагднам надад
Сүмэн өвсний толгой бөхөлзөөд
Шүлгийн бадгийг уйтайхан хөглөнө
Сүрэг тогорууны уянгат дуун
Сүүлчийн гунигийг минь тээж алсарна
Гэгэлгэн цагийн шившээ салхин
Гэзэг үс шанхаар сэвэлзэнэ
Гишгэсэн газрын минь чулуун цардмал
Гиншсэн дуу мэт улнаас хайрна
Аяархан сэмрээд урагдсан сэтгэл
Алс нутгийн минь зүг хийсч одно
Аялсан дуу минь уйтгар зарлан
Ажиглан үзвээс сэтгэл жиндээнэ
Намрын гунигтай сэтгэл минь
Намайг тойрч эргэлдсээр л
Тэртээх тэр тэнгисийн хаяанаа
Тэнгэрт ч уусахгүй манантана
2007-05-22
Зурганд амилсан дагина
Уран зургийн бийрээр тэнгэрийн нэгэн зураач
Урлан дотроо суугаад сэтгэлийн дагина зурна
Усан будаг гуашаар гоо бие нь гэрэлтээд
Улаа ягаахан хацартай амилсан дагина инээнэ
Уулзахын хүсэлд автах сэтгэл намайг шаналааж
Учир зүггүй догдлон зургийн бүсгүйд яарна
Удган шар навч шувуу юм шиг дэвээд
Ургах наран зүг рүү намайг чиглүүлж ниснэ
Улаан шаргал навчийг дагаж би алхаад
Урланд танил бүсгүйтэй учралын төөрөг амилаав
2007-05-23
Хүнсний цаг
Цав цагаан цаасан дээр
Улаан харандаа үсэг бичих мэт
Цасан дундаас идэш түүгч
Улаан хошуухай явгалан
Дэлгэж тавьсан нэхий сэгсрэхэд
Дэрхийн ниснэ
Өвдөл цөвдөл түүж гэдсээ тэжээх
Өрөвдмөөр өнөөх шувуу
Аавын халимлах нэхийг
Цай уух зуур
Аль хэдийн халимлаад
Ажилгүй болгочихсон байх
2007он
Шинэ жилийн үдэш
/Танго/
Шив шинэхэн цас
Будран будран хаялна
Шинэхэн хайрын үгс
Бөмбөрөн бөмбөрөн урсана
Шингэн цагаан царайд
Хайрын мишээл тодорно
Шивнээ зөөлөн үгэнд
Дурласан зүрх хайлна
Эрдэнийн залуу хос
Эргэлдэнхэн бүжнэ
Эрвээхэйн далавч шиг даашинз
Дэвэлзэнхэн намирна
Хөнгөн хөгжмийн аянд
Хөгжилдөнхөн бүжнэ
Хөвөрсөн дурлалын мананд
Хөхрөлдөнхөн эргэнэ
Жирвэх оддын гэгээнд
Жаргалтай хос инээлдэнэ
Жингэнэх жүнзний царгианд
Хөөр баяр цалгина
Живэр живэр үгэнд
Жаахан зүрх догдлоно
Жижигхэн бүсгүйн инээдэнд
Жиргэх шувууд атаархана
2007-08-06
Аялал
Манант цэнхэр дэлхийгээс түмэн оддын гэрэлд уусаж
Маргад эрдэнийн шүлэгч эрхэсийн дунд суудаллана
Мандан бадрагч гэрэлтэхийг тойрон эргэх дагуул дунд
Маргааш хэзээ ч байдаггүй
мөнхийн өнөөдрөөр амьдарнам
Суугуул чивэлт ертөнцөд нүгэлэн биеэ сүлбүүлээд
Сураг задгай шүлэгч бээр тавилан дагаж эргэлдэнэ
Сугарч алсад аялсан эрчим хүчит оюун нь
Сувдан гялаан оддын орон нутгаар зочилном
Сав шимийн мандал дунд дураар сэлгүүцэгч тэрхэн бээр
Сая живаа жилүүдийн нууцыг тайлахаар бэдэрнэм
Сансар газрын хоорондох гэрлэн цацраг зайдагнаад
Санаан зоргоор чөлөөтэй тэнгэр газраар аялнам
2007-08-06
Намрын дуудлага
Орог буурал намраар бугын дуудлагат хөвчид
Олон сайхан эмс согоо аятай дуулалдана
Тийм уянгалаг эгшиглэнг олж сонссон хэний ч
Тэвчээр яаж алдарах нь хүн бүхэнд тодорхой
Уянгалаг дууны эгшгийг зүрхэн гүндээ шингээчихээд
Удаан яаж тэсэх юм бэ? Хариу уянгалан дууллаа
Шаргал намрын хөвчид шар навчис дэвсээстэй
Шалдир согтуу аялгуунд хэн хүнгүй дурлаастай…
2007-08-04
Чи бидэн хоёр
Чи бидэн хоёр
Тэнгэр газар хоёрт тэнхлэг болон татаж
Тэргэл сарны гэгээг газар дэвсэн өнхөрч
Одон мичдийн орны мөнгөн асарт эрхэлж
Олдсон хэдэн насаа хайрын галд шатаах уу?
Чи бидэн хоёр
Уул үүлний хооронд уурших манан тогтоож
Улаан тэргэл нарнаас солонго болон нумарч
Есөн гараг эргэх асар мөнхийн орноо
Ертөнцийн хаана ч байхгүй булган хөнжилд хөрвөх үү?
Чи бидэн хоёр
Хөлгүй далайн гүний хөх усанд жаргаж
Хүн төрөлхтөн мэддэггүй лусын харшид заларч
Хөвчин дэлхийн гайхамшиг эрдэнэс хагачин наадаж
Хөгшин лусын орноо хурим найр хийх үү?
Чи бидэн хоёр
Огторгуйн чанадад уусалцаж
Оломгүй далайд хуримлаж
Оюуны дээд ертөнцөд
Очиж учралдсан болохоор
Тэнгэрийн хааны хүү
Тэнгис далайн гүнж
Сансар, далайн зочин
Сав ертөнцийн эзэн шүү.
2007-08-30
Дараа төлбөрт утас
Дараа төлбөрт утас
Хэнийх ч юм бэ мэдэхгүй
Дахиад миний санамжинд
Танил хүн шиг тодорлоо
Утсаа би авлаа
Уулзаагүй хэчнээн удаав
Өчнөөн жилээр сураггүй
Өнөөх хүн маань яг мөн
Зүрх нь цохилох чимээ нь
Зүүн чихэнд яасан тод
Зүсийг нь би сэтгэлдээ
Үсийг нь илбэж байснаар
Зурлаа
Ярьлаа
Хол байна мэнд хүргэе
Хот ороод дараа ярья
2007-08-20
* * *
Сэвэс сэвэсхэн салхиар өвс нь цуурдах эх орон минь
Сэргэлэн багаас надад ухаан суулгасан Монгол минь
Сум шиг дүүлэх хүлгийн чинь дэлэнд дэрвэж өслөө би
Судранд сийлсэн домгийг чинь
салхин хөгжмөөс сонслоо би
Зуун зуунд алдартай асар мэргэн түмэн минь
Зурлага татлага бичигтэй өв соёлт олон минь
Монгол гэдэг нэрийг чинь босоо бичгээс уншлаа би
Морьтон өвгийн дархалсан их соёлоо бахадлаа би
Өөрийн бодолдоо үнэнч төв цэгц эцэг минь
Өр зөөлөн элэгтэй амин буурал ижий минь
Хусаад ч арилахгүй зангаа эгэлхэн биедээ шингээв би
Хасаад ч дундрахгүй хайраа
энэхэн Монголдоо үлдээв би
2007-08-29
Хүлцэл
Халамцуухан ирээд унтдаг би
Хатуу дарсны аагинд дийлдэхдээ
Халуун өвөрт чинь эрхлэхийн оронд
Хахирлан
Хар дарсан зүүд шиг яхирлан
Хачин муухай авирлан
Хахир өвөл шиг жаварлан
Хамтдаа байхын аргагүй
Хайлуулсан
Уйлуулсан
Би нүгэлтэй
Өр зөөлөн сэтгэлийг минь
Өнөөх сархад зооголчихоод
Өөдгүй новш болгож
Өвчин тусгаж
Өр шархирсан үг хэлүүлж
Өөр хүн болгодог нь
Өшөө юу ч биш ээ
Өнөөх чөтгөрийн хорлол оо
Ханийх нь сэтгэл цагаан байгаа
Бүү эргэлз амраг минь
Хайртай ээжүүдийн минь өргөсөн
Сүүнээс ч цагаан байгаа
Хамтдаа орчлонг туулах минь
Үнэн хэвээрээ байгаа
Хариу хэлэхийн хэрэггүй ээ
Тэнгэр харж байгаа
Бүүвэйн дуугий чинь мартаж
Бүтэн сэтгэлийг чинь хиртээх
Бүтэлгүй үйл хийхгүй ээ
Бүсгүй гэгээн нар минь итгэ
2007-08-28
Хоёр шаргын бариа
Үзэж мэдэрсэн хүнд хурдны морьд эргэх
Үхэлт дайны тулаан шиг өр цөмлөм айдастай
Үндэс ховхлон шидлэх дөрвөн туурайн ир нь
Үнэмшиж ер болмооргүй болд гангийн хаттай
Үе үеийн тэртээгээс хүлгийн тоосонд гэрэлтсэн
Үлэмж өвгөдийн тасархай хөх тэнгэрийн удам
Өөдөс жаахан хүүхэд титэм шүд шиг сэртийж
Өдөт сумтай исгэрэх гал болон үзэгдэнэ
Түүдгийн очис шиг цахилах олон морьдын туурайнд
Түүхийн буурал хөндий уулга алдан манарна
Төрсөн цагаас хойш айраг ер алдаагүй
Түрүү морины хурданд талын салхи хагарна
Бөөн бөөн морьд байн байн цуварна
Бөмбөр ногоон хөндийг түмэн туураар дэлдэнэ
Хул шаргын хурданд хуурын утас хөглөгдөж
Хуучин дууны аялгуу хулан чихэнд нь эгшиглэнэ
Гарсан цагаас нь хойш хурдны ир буураагүй
Ганц ч морины ард шандас цуцаж ороогүй
Гал шаргатай зэрэгцэн зуузай холбоод ирлээ
Гартаа барьсан ташуураар жаал хүү савлаа
Хуйлрах тоосноос зугатсан сэлмийн ир шиг ажнай
Худам бичгийн зурлага дөрвөн туураар цацалгана
Хурдан морины хүүхдүүд аат хүлгийн зоон дээр
Хулсан үзгээр бичих шиг хаялга зурлага таталгана
Хушуу өлгөөд орох түрүү морины зурхай
Хул шаргын нүдэнд хэдхэн алхам зайтай
Хулмайх чихийг нь мэдэрч гал шаргыг дайрлаа
Хулангийн шандас сунгаж хүчээ тэр шавхлаа
Сайхан хоёр ажнай сөөмийн зөрөөгүй орлоо
Сарын зөрөөтэй хоёр хүү ач тач үзэлцлээ
Самсаа нь шархирч, эзэд нь зэрэг зэрэг өндөлзлөө
Сайхан монгол наадам салхин хурдтай цэнгэлээ.
2007-08-29
Намрын нэг үдэш
Намрын сар ид дундаа
Налайсан
Намрын орой
Найрагч андын хамт
Их хотын гудамжаар
Ийшээ тийшээ
Сарны шүлэг ярьж
Сайхан бүсгүйг дурсан
Хүн мөрний урсгал ажин
Хөлгүй орчлонгийн төлөө гуниглан
Уушийн газрын захын ширээнд
Удаан гэгч сууж билээ
Дэргэдэх бүсгүйн инээмсэглэл
Дэндүү уяхан
Дэнж бэлийн цэцгийн дэлбээ гэлтэй
Уруул нь ягаан
Дэлгэж уншсан миний шүлгийн утга
Маш гэгээн
Дэгэсхэн хэлбэл мөнөөх бүсгүйн харц
Янзага аятай
Зүрхэнд оч бутарч
Сэтгэлд гал бадарч
Хөх орчлонгийн нэгэн үдшийн тэнгэр дор
Хөгжим, дуу, оргилуур усны чимээ сонсож
Энэ тэр, яруу найраг, холын Америк ярьж
Инээлдсэн ч, далдын жаахан гунигтай
үлдсэнээн би мартахгүй ээ
2007-09-02
* * *
Уйт ганцаардлын манан дунд
Унасан навч шиг гуниглан
Шаргал замын хажууханд
Шаналант сэтгэл минь ойчлоо
Энэ өдрийн шаналан
Эцэс төгсгөлгүй юм шиг
Зүрх сэтгэл минь урагдан
Зүг бүртээ цуучлаа
Асгарч буй гунигийг минь зогсоох
Аз жаргалын дуу ч алга
Урсаж буй уйтгарыг минь тогтоох
Уянгалах хуурын татлага ч алга
2007-09-06
* * *
Дүү минь чи утсаар ярьлаа
Дүүрэн баяр аа Ишхүү ах нь
Дүгрэг хархан нүдийг чинь бодлоо
Дөнгөж сая харах шиг боллоо
Зүүдэндээ хар нүдэн чамтай
Зөндөөн уулзсаан тэр үнэн
Зөрөг замын бүдэг дагасан
Зүсээ бид мартахаа дөхсөөн
Олон жил болжээ хар нүдэн минь
Одоо чамайг таних болов уу?
хайр хүрэм минь
Очоод би сурагласаан
чи байгаагүй
Огт харамсаагүй гэхгүй ээ
би гунигласаан
Цаг хугацаа өнгөрчээ
зөндөө удаж
Цайлган инээд чинь хэвээрээ
тийм би мэдэж байна
Царай нүд тэгшхэн шүү
би санаж байна
Цагаа болохоор уулзана аа
би итгэж байна.
2007-09-08
Нөхрөө дурсахуй
Нэрт яруу найрагч Ж.Болд-Эрдэнэ агсанд зориулав
Гэрэлтэйхэн он жилүүдийг хамт туулсан анд минь
Гэр бүлээрээ дотносож, хань болсон нөхөр минь
Гэмгүй омголон зангаараа сэтгэлд чи минь үлдэж дээ
Гэгээн шүлгийн шадандаа хэн хэн маань шатаж дээ
Бичсэн шүлгийн чинь түүврийг унших болгондоонялхардаг би
Биеийг чинь өвчиж төрсөн хүүгийг чинь хараад уярдаг би
Биднээс түрүүлээд явсан тэр өдрийг чинь санадаг би
Билиг мэлмий чинь хэтэрхий авьяас эрдмийг чиньшагшдаг би
Чинийхээ хэлсэнээр
“Уйт намрын ханшийг даган чи бидэн
Умар өмнө зүгрүү нислээ ч
Зуны шөнийн зүүдээ томож шүлгээ бичсээр
Зуун жилийн дараа эргээд нэг уулзахсан “
Чамайг явсан цагаас хойш есөн намрын навчис унаж
“Цагаан уул цэцэг” есөн намар зуларч одож
Чамтай нөхөрлөсөн жилүүд “цагийн эрхээр бүдгэрч одож”
“Цавцайх үүлс морин харгуйгаар алсарч оджээ”
Анд чамайгаа байхгүй олон намрын наран дор
Архины хоёр жүнзний нэг нь эзгүй сэтгэл гундаж
Алаг энэхэн хорвоо дээр гэгэлгэн бодол өвөрлөн
Аяа бас ганцаардахын зовлонг үзэж явнаа
Нартай сартай хорвоогийн гэгэлзүүр намрын тэнгэр дор
Намайг хэн ч эс хөглөн шаргал навчис эс туучив
Найргийн цэнхэр асарт үе үеэрээ зэрэгцэхэд
Наяад оны дунд үеийнхэн ихэнх нь эрт буцсан байна
Үргэлжийн сэтгэл зөөлөнтэй Адьяасүрэн хаа байна
Үлэмжийн сайн шүлэгтэй шар Уянга алга байна
Үнэнчээр надтай нөхөрлөсөн Боогий чи минь байхгүйбайна
Үеэл болоод нөхөр гэх Цоозол чинь бас алга байна
Хоног өдрийн гэрэлт наран дор бид инээлдэн
Хоёулаа, бас гурвуулаа нийлчихвэл хөөрөлдөж
Бичсэн шүлгүүдээ бусаддаа уншин онгирцгоож
Билүүдэж нэгнээ хурцалсаар жүнз дарс татдагсан
Сэрүүн хорвоогийн сүүдэр доор шүлгээ бүгд бичсээр л
Сэм сэмхэн цувраад та нар минь бүгд явсан байна
Сэтгэлийн зовлон эдлээд Цолмон бид хоёр л хоёулаа
Сэнсрэн гуних цагтаа анд та нараа үгүйлж байна
Эрдэж бичсэн шүлгийн чинь уянга эгшигэнд ирлэгдээд
Эрхэм хоёр нөхөр чинь шүлгээн бичсээр сэлүүрднэм
Их далайг сэлбэсэн ихэр хоёр мөрөн болж
Эгшиг төгс Янжингийн гэгээн найранд алхалнам
2007-09-11
Хувь заяаны хишиг
Тэрэгний дугуй шиг эргэлдэх он жилүүд өнгөрсөөр
Тэртээ холын хүүхэд нас өчнөөн оноор холджээ
Тэмээн хөсгийн алхаа шиг амьдарч үдсэн жилүүд минь
Тиймээ үнэн гэх шиг аяар аяар алсарчээ
Саран наран ээлжлэн өдөр хоногийг эвхсээр
Санаан зоргоор болдоггүй тавиланг зураад эргэжээ
Салахгүй нэгнээ хайрлах гэнэн бодолд төөрөлдөөд
Санаанд хэзээ ч ороогүй заяа заяагаа дагажээ
Цаг хугацаа насыг минь сэм сэмхэн зөөсөөр
Цайлган залуу үеийг минь аль хэдийн залгижээ
Цастай цантай намруудад энэхэн бие минь элдэгдээд
Цал буурлын хаяа руу зөөлөн зөөлөн гэлдэрлээ
Эргэн уулзах өдрүүд сар жилээр хэмжигдээд
Эргэж зарим нь ирэхгүйгээр алсын аянд морджээ
Эцэж цуцахаа мэдэхгүй олон онд бүтээсээр
Эвийн олон нөхөд минь зуугийн талд тулчихжээ
Өөр өөрийн замаар хорвоо биднийг түлхсээр
Өнөөдрийн энэ цагийн шат довжоонд гишгүүлжээ
Өнгөрч улирсан орчлонгийн цагаан бараанд аялсаар
Өлгий элгэн Монголоосоо жаргал зовлонг амсжээ
Үрийн бүүвэйнд уягдаж, үр ханиа гэсээр л
Үзээд өнгөрөх амьдрал маань хаврын тоогоор алсарлаа
Үдсэн хэдэн насандаа хүний дайтай явах л гэж
Үүрээ бэлдэх шоргоолж шиг өчнөөн жилээр бөгтийлөө
Өвөр зуураа бужигнасан монголын амьдралд дасах л гэж
Өөрийн биенд даахааргүй ачаа хүндийг өргөлөө
Өнийн бодолд нураагүй олдсон бор амьдралаа
Өөд нь овоо татъя гэж өнөө хүртэл зүтгэвээ
Хорвоо биднийг тохуурхан олон янз авирласаар
Хоёр нийгэм дамжуулан сорьж шалган аяглалаа
Хоногийн мөчлөгт уусах тоотой хэдэн нас мннь
Хотын бүгчим агаараар олоон жил амьсгаллаа
Зоргоор дураар болдоггүй алаг орчлонд амьдрахдаа
Зовлон жаргал хоёрыг ээлж ээлжээр амслаа
Зорьсон хэргээс ухралгүй чин хүсэл өвөрлөсөөр
Золих жаахан насаа шүлгийн төлөө өгчихлөө
Хадгийн хийморьт овоондоо чулуу нэгийг нэмэх гэж
Халхын нутгаар тэнүүчилж үгсийн сондор хэлхлээ
Хамгийн сайхан хэмээгдэх яруу найргийн шадан дор
Харамын сэтгэл үгүйгээр чин тангараг өргөлөө
Хүний хорвоод ирээд ханийн жаргал амссан ч
Хүүхэн хүүхэнд дурлаад хайрын шүлэг бүтээлээ
Хүрэх газраа мэдэхгүй ч шөнийн саранд дуулсаар
Хүсэл найргийн тэнгэртээ өөрийн дураар сэлгүүцлээ
Зуун зуунаар хэлхэгдэх нүүдлийн түүхээ бичиглээд
Зун зуны борооны ширхэг болгонд шингээлээ
Зуурд үүрдийн жаргалын ялгааг үл анзаарсаар
Зулзаган хус шиг охидод дурлал хайраа илчиллээ
Цахиртаж одсон жилүүдэд гэгээн сэтгэл задалсаар
Цал буурал ертөнцөд гэрэл гэгээ цацаллаа
Царай зүс минь ямархуу ч өөрийнхөөрөө тийчилсээр
Цахилах оддын тэртээ рүү зорчих зам минь тодорлоо
2007-10-06
* * *
Зүрхэнд ирсэн хайрын бороо
Өдөржин миний сэтгэлд зүсэрнэ
Зүс нь гэрэлтсэн янагийн царай
Өнжин шөнөжин дэрэнд ургана
Саран зөвхөн биднийг гийгүүлж
Саруул шөнийн цонхоор шагайна
Санаандгүй балгасан дарс шиг хайранд
Саваа хальсан гол шиг үерлэнэ
Энхрий бүсгүй зүүрмэглэж байх шиг
Эргэн тойрон анир чимээгүй
Эзэмдээд нялуурсан амраг сэтгэл
Эрхлээд нялхарсан аалинд уярна
Заяагаа дагасан замын мөрөөр
Жаахан бүсгүй гэртээ яарна
Жаргаад өнгөрсөн гэгээн мөчөө
Залгичихаад тэр нөхөртөө очно.
2007-10-06
Бодлын эгшиг хэмээх хэлхээ шүлэг
1
Бадмаараг эрдэнийн гэрэлт шигтгээ адил
Амьдралын минь замд учирсаан чи амраг минь
Янжинлхамын гэгээн эгшиг биенээс чинь цацарч
Лянхуа цэцгийн зөөлөн дэлбээн дээр чи завилан
Амрагийн дуу аялан, эр хүслийг урин дуудахуй
Гэгэлзээд суухын ч аргагүй гэртээ сэтгэл тогтохгүй
Манант цэнхэр дэлхийд төөрөлдөөд удсан,хожим учирсан
Ариун бүхнээ хэн нэгэнд бэлэглэх өгөөмөр
Амирлангуйн дүрээр өөрийгөө золихоор ирсэн
Дарь эх юм уу даа чи минь
2
Баяр гунигийг минь шингээсэн он жилүүд үүрэглэж
Байс байсгээд сэтгэл минь уяхан харцанд хөлчүүрнэ
Бал бурам шиг амтлагдах нэгэн хүсэлд автагдаад
Байгаа энэхэн бие минь өдрийн тоогоор элэгдэнэ
3
Амрагийн гэгээн үгс ангирын гунганаа шиг нургиад
Амжиж зүрхээ илчлэхгүй бол аяа надад зовлонтой
Алтан шарга навчис гунигаа даахгүй дэвээд
Ариун дурлалт зүрхийг амар байлгахгүй хяслантай
4
Явдал холын газрыг явас явасхийн туулаад
Янаг хонгор түүндээ ямх ямххан дасмаараа
Яс үндэс өөр чиг хайран дундаа жаргаад
Ялгуун гэгээн үдшээр дурлалын шүлэг уншмаараа
5
Лаврын анхилам навчис зуун жилээр сэрчигнээд
Лавтай бидэн хоёрт нэгэн домог шивнэх нээ
Лавай саран инээмсэглэж үүлэн дундаас шагалзаад
Лянхуа цэцгийн дэлбээн дээр бидэн хоёр бүжих нээ
6
Асар гэгээн орчлонд наран солонго тойроглоод
Ашид мөнхийг билэгдэн сэтгэл зүрхийг уусгалаа
Азын цагаан дарсийг хэн хэн маань амстал
Аяа энэхэн ертөнцөд амьдрал яасан үнэтэй вэ?
7
Гүйгүүл цагаан заяа сарны гэгээнд зурайгаад
Гүйцэж ханасан дурлалдаа чи бидэн согтоо юу?
Гүн нуурын усанд нүүдлийн шувууд дуулалдаад
Гүрэн улсын Монголд минь дурлал хайр зарлаа юу?
8
Мэлмэрээ нуурын долгио намрын салхинд бидэртэнэ
Мичдийн зургаан гялаан дээр хөхрөгчид анивалзана
Миний дууны аялгуу чиний зүрхэнд цэнхэртэнэ
Мэргэд дээдсийн орон минь алтан харш шиг гялалзана
9
Арын булгийн усанд анивчих одод жирэлзэнэ
Анирлах үдшийн тэнгэр доор ангир галууд гунганалдана
Ардын дууны аялгуу аргадан аргадан намилзана
Амьдрал чамд хайртайдаа хүмүүн бид нар ижилдэнэ
10
Амгалан нойрсох шөнийн янагийн зүүдийг эзэмдээд
Аясын зөөлөн сэвшээг хүлэглээд би очно
Аялгуу төгс дуугаа наран чи минь аялсаар
Амрагийн гэгээн сэтгэлдээ намайгаа багтааж аваарай
2007-10-09
Мөнхийн гэж үгүй
Чулууг хүртэл элээж эргэх энэ ертөнцөд
Чухамдаа хүмүүн бидэнд мөнхийн гэж үгүй
Унаган залуу нас минь сэм сэмхэн нисчихнэ
Учраад дурласан хайр ч бага багаар хөрчихнө
Лагшин биеийн гоо ч цагийн салхинд нурчихна
Лаа шиг урсан хайлаад нэгэн цагт царцана
Уулын дайтай амьдрал ч ул мөргүй нурчихна
Уурхайн дайтай баян ч түүнээ аваад буцахгүй
Уйлан уйлан зугатавч үхэл нэхээд гүйцнэ
Уяран уяраан дуулавч дуугаа тасалж унана
Насан хутагаар мөнхрөхгүй үдлээд буцдаг хорвоод
Нартын доор хэзээ ч мөнхийн гэж үгүй
Цэцгээр хэлхсэн эрхиэр дүнчүүр маани уншихгүй
Цээжин тарни бясалгавч зуун зуунд наслахгүй
Эр чадал байсан ч насан турш эдлэхгүй
Эгц шударга загнавч намайг зарим нь тоохгүй
Цэцэн ухаан заяавч үүрдийн тавилан олохгүй
Цэвэр явдалт байлаа ч эрлэг ялгаж үлдээхгүй
Эрх ямба байвч мөнхөрч хэвээр үлдэхгүй
Эх оронтой байвч эгүүрд тэндээ амьдрахгүй
Гэгээн мөртэй хэнийг ч аваад явдаг хорвоод
Гэрэлт нарны доорхи мөнхийн гэж үгүй.
2007-10-14
Галт тэрэг довтолгоно
Орчлон дэлхийг хэрсэн үл үзэгдэх замаар
Олон үеийг ачаалан галт тэрэг довтолгоно
Очих газрын зогсоол нь ертөнцийн цаад хязгаар
Одоо ч биднийг тээсээр галт тэрэг довтолгоно
Нарны алтан хязгаараас эхлэх замаа хөөсөөр
Сарны мөнгөн тэртээрүү галт тэрэг довтолгоно
Насыг минь зөөн хурдалсаар өртөөнд зогсох чөлөөгүй
Намрын шар нарнаар бүхнийг тээж довтолгоно
Сэрүүн бүгээн үдшийг ажин амсхийх завгүй
Сэргэлэн оддын тэртээрүү галт тэрэг довтолгоно
Сэмхэн буугаад үлдэх чөлөөг хэнд ч өгөлгүй
Сэтгэлийн гэгээн гунигтай хүмүүсийг тээж зөөвөрлөнө
Их нүүдлийн хөсөг галт тэргийг зайдалсаар
Эдүгээ хүн төрлөхтөн мянган жилийг улбаална
Зууны тансагт умбасан улс гүрнийг ч тээвэрлээд
Лууны дүртэй галт тэрэг дөрвөн улиралд уухична
Амьдралын энэ л галт тэрэг амсхийлгүй биднийг зөөж
Алаг эрээн хорвоо дээр аяа хэнийг ч эс үлдээнэ
Цаг хугацаа эргэвч галт тэрэг хурдалсаар
Чанад холын тэртээрүү бүхнийг тээж довтолгоно
Галт тэрэг довтолгоно
2007-11-17
* * *
Шөнийн гялаан одод нь их хотын чимэг мэт
Шүүдрийн живаа дусал нь ирж буцагсадын нулимс мэт
Шүлгийн гэгээн бадаг нь энэ ертөнцийн тайлал мэт
Шүтээн болсон эх орон минь таныгаа бодож өмөлзнөм
Буурал түүхийн чинь хуудсыг би нэгжиж үзсэн
Буугаад мордсон мэргэдийн чинь үгийг шигшиж үзсэн
Будан манант хөшгийг чинь хүү нь сөхөж үзсэн
Буруу зөв алин нэгнээ бас дэнсэлж үзсэн
Сарны чуулбар туяа таны бүгээн гуниг юм билээ
Сансрын гэрэлт одод таны садан гариг юм гэнэлээ
Сая сая нарны цацраг таны энэрэл хайр тань юм билээ
Саа мөнгөн дусал бүхэн таны хөрс чийг юм гэнэлээ
Мөнхийн аниргүй цэлийх огторгуйн нууцлаг орчин шиг
Мөхсөн галавын тэртээгээс хамаг амьтныг дэгжээсэн
Мөлхөж хөлхсөн ертөнцийн шавьж хүмүүний ялгалгүй
Мөрөөдлийн цэнхэр асар шиг амин зүрхний орон юм
Гэгээн нарны туяа алагчлал үгүй тусахад
Гэрлийн тэр л хурдаар нь цэцэг ногоо нь алагласан
Гишгэсэн хөлийн мөрөөр шүүдрээ гүвэн гудайхад
Гил хархан шөнөдөө эргэн сэргээд ургадаг
Гал нарны орчлонгийн зөөлөн цагаан сүү байна
Гараг цэнхэр ертөнцийн зөн билэгийн хүү байна
Сараан тэврээд зүүрмэглэх бүүвэн дуутай эх минь байна
Сансарын одтой ханилсан бүүр эртний эцэг минь байна
2007 -04-25
* * *
Намрын сүүл сарын уйтгарт өдөр
цонхоор харан зогсохуй
Намайг хэн ч үл анзаарч
зөвхөн дотроо би л гунигтай
Нарны бүгээн илчин огторгуйн чанад руу
уусан одоход сэтгэл жиндэж
Насан хутаггүй мөнхийн аяны
бүдэгхэн зөрөгөөр сажлах лугаа
Бүүдгэр хөх тэнгэрийн чимээгүй дүнсийх
чанад холын тэртээ рүү
Бүүр эртний домог нэхэн
өнөөгийн амьдралаас тасран одмоор
Бүтэн зууны өмнө нисээд
өнөөг хүртэл бодь галд хувилаагүй
Бүсгүйн тэнэмэл сүнсэнд оршин
эргэж нэгийг хайрламаар санагдана
Хонгор өдрийн шаргал нарны гэгээнд
ууссан уйтгараа зогсоож
Холын оддын бүдэг туяаг саравчилсан
алс огторгуйн зүгээс бодлоо татаж
Хорвоогийн эрээн барааныг туучихаар
энэхэн бие сэтгэлээ эзэмдэж
Хоног өдрийн бор амьдралдаа
эргэн орохоос өөр замгүй мэт ээ
2007-11-11
Бид
Яруу найрагч Т.Цолмонд
Үнэндээ бид залуу байсаан
Үерхэлдээ бүгд үнэнч явсаан
Үе үехэн уулздаг байсаан
Үгсийн сайныг хэлхэж явсаан
Нэгэн нуурын шувуу болж
Ирээдүйн тухай хамт дуулсаан
Нэрэлхээд хэрэггүй ээ чи бидэнд
Нэр алдар хэнд нь ч байгаагүй
Оддын хүсэл рүү нэгнээ хурцалж
Орчлонгийн тухай бүгд дуулсаан
Зүсэр найргийн бороонд норж
Зөндөөн мөрөөдөлд уусдаг байсаан
Амин зүрхний баяр хувааж
Амтат дарсыг шимэж суусаан
Ассан галандаа цучил нэмж
Авъяас билгээ шагнаж явсаан
Бичгийн ширээ зэрэг тохойлдож
Бэхийн сайнаар шүлэг бичсээн
Бидний аялсан аялгуут дуу
Битүү морьдын уяа байсаан
Битүү тэр морьдын тоос
Билгийн тэнгэрт зурайж байсаан
Орчлонгийн түүхийн буурал хуудсанд
Оддын чуулга эгшиглэж дуулсаан
2007-12-03
Хайлган зүрхний бадгууд
1
Аглаг хөвчийн ойд
Чийгт манан хөглөрөөд
Алсын уулын толгой
Бадаг бүдэгхэн үзэгдэнэ
Амрагийн дуугаар аргадан
Өнжин шөнөжин дуулсан
Алаг нүдэн бүсгүйд би
Аяа яасан хоргодно вэ?
2
Марал дуудах намрын
Намир цагаан бороо
Манант хөвчийн зүгээс
Намайг дуудан айсуй
Маргааш явах уу? гэсэн
Зөөлөн шаргал аялгуу
Магад түүний хэлхсэн
Сэтгэлийн шүүдэр гэлтэй
3
Үүрээр хөдөлсөн миний
Үүлгэр цагаан бодолд
Үзэмж төгс бүсгүйн
Үзэгслэнт царай ургаж
Үсээ оролдох зуураа
Үгээ далдалж нуусан
Үдшийн гэгээн дүр нь
Үргэсэн согоо шиг буулаа
4
Зүгээ хөөсөн тэрэгний
Зөөлөн суудалд тухалсан ч
Зүрх хөндүүр гунигаар
Зүсэгдэж яваа надад
Өдрийн турш бодогдлоо
Өнө холын амраг минь
Өртэй юм шиг зовоолоо
Өөр нутгийн бүсгүй минь
5
Үдшийн гялаан оддын
Анивчих тоогоор санаж
Үрэл мөнгөн намрын
Шүүдэр болгоныг илгээлээ
Үдээд өнгөрсөн өдрүүдийн
Дурсамж хайраа задалсаар
Өөртөө байгаа бүхэнээ
Чамдаа зориулж өргөлөө
6
Шөнийн гэгээн сарнаар
Хүлгийн жолоо эвхэж
Шүүдэрт нугын энгэрт
Аяны замаа саатав
Шүрэн хацарт чиний минь
Алаг нүдэн тормолзож
Шүлгийн дэвтэр тэнийлгэн
Хайраа нийлүүлж хөвөрдөв
7
Дуулж суугаад шүлэглэлээ
Дурласан зүрх мөнөө дөө
Дуудаж уншаад бадаглалаа
Дундраш үгүй хайр уу даа
Уйлж суугаад бичиглэлээ
Уянгын шүлэг юм уу даа
Унтах нойргүй шадаллаа
Уярсан зүрх юмаа да
2007-12-17
Дурлал
Ном уншсан ч бодогдоод
Нойронд дийлдсэн ч зүүдлэгдээд
Нохой хуцсан ч сэртэлзээд
Новшийн юм бэ? Энэ дурлал чинь
Хүмүүс зөрсөн ч үзэгдээд
Хүүхэн таарсан ч харагдаад
Хүсэл дүүрэн хөвсөлзөөд
Хөгийн юм бэ? Энэ дурлал чинь
Гэртээ суусан ч гэгэлзээд
Гэнэт гэнэтхэн санагдаад
Гэргийн дэргэд гэлбэлзээд
Гэнэн юм бэ? Энэ дурлал чинь
Үзэг барьсан ч зураглаад
Үсэг бичсэн ч дүрслэгдээд
Үсээ илсэн ч бодогдоод
Үйлтэй юм бэ? Энэ дурлал чинь
Шүлэг бичсэн ч гэрэлтээд
Шүүрс алдан гуниглаад
Шүдэнз зурах шиг дүрэлзээд
Шүтмээр юм бэ? Энэ дурлал чинь
Сэтгэл санаа инээгээд
Сэм сэмхэн мишээгээд
Уулзахын хүсэлд автагдаад
Уярмаар юм бэ? Энэ дурлал чинь.
2007-12-17
Энэ жилийн өглөө
Шинэ өглөөний тэргэл тув тунгалаг наран
Шижирийн гэрлээ цацаж, бүлээн туяагаар мандлаа
Шилээ дарсан хоногууд ар араасаа хөвөрсөөр
Шинэ оны анхны гэрэлт өглөөг угтлаа
Зөөлөн цасны анир чахар чахар цагаарна
Зөрөөд өнгөрсөн хүмүүс инээд алдан мишилзэнэ
Зүүсгэл чимэг нь гялалзсан ногоохон гацуурмөнгөлөгтөнө
Зүгээр л нэг хэлэхэд юм бүхэн гэрэлтэнэ
Огторгуйн цэлгэр уудам нил аяараа цэнхэртэнэ
Огт нүдэнд торох ганц ч үүлгүй цэмцийнэ
Орон дэлхий уул тал цав цагаанаар туяарч
Одоо эргээд харахад юм бүхэн гэгээтэй
Хулгана жилийн эхний шинэ наран инээмсэглэж
Хувь заяаны эхэн мэт эх оронд минь мандлаа
Хурсан олны дундах гунигийн сүүдэр арилгаж
Хурмастын уудам орон зайн зүүн хаяанаас манхайлаа
Өөдлөн дэвжих орны минь өглөө нь шинээр эхэллээ
Өсөн мандахын тавилангаар гэгээ цацруулж зочиллоо
Өнөөдрийн дуулиант амьдрал өнгөрсөн жилтэйгээалсарлаа
Өчигдрийг хүмүүс мартах шиг бараан бүхэн чмартагдлаа
Найман зууны өмнөх шинэ эрин эхэллээ
Нараа дагаад мандах Монголын заяа тэтгэлээ
Насан турш хүссэн он цаг минь эргэлээ
Нартын дор бидний дэгжихийн үүд нээгдлээ
2008-01-01
Миний нуур
Гарагийн цэнхэр хэвтэр
Газрын хөх мэлмий минь ээ
Ганцхан насны диваажин
Галав эртний усан минь ээ
Торгон хээтэй долгионд чинь
Тоглож шумбаж өслөө дөө
Толгод бүлээн сэтгэлээ
Тогоруун цуваандаа дайлаа даа
Хөхрөх тэнгэрийн тасархай
Хөрстийн цэнгэг усан минь ээ
Хөлгүй далайн садан
Хөвсгөр цэнхэр нүдэн минь ээ
Уран долгист мандалд чинь
Умбаж шумбаж өслөө дөө
Газар ижий сэтгэлээ
Галуун цуваандаа дайлаа даа
Олон усны цутгалан
Огторгуй цэнхэр усан минь ээ
Овоот уулсаа тольдуулсан
Оройн дээд шүтээн минь ээ
Тэлмэн цэнхэр өнгөнд чинь
Тэрлэгээ дэрвүүлж өслөө дөө
Тэнгис цагаан хөвөөнд чинь
Тэнгэрийн заяатай төрлөө дөө
2008-01-19
Миний шүлэг
Миний шүлэг
Зэрлэг номин талын зээрийн цагаан цахилаатай
Зэрэгцээ толгодыг тоглуулсан зэрэглээ наадсан уянгатай
Зэллэх шувуудын дууны зэрвэс зэрвэсхэн гунигтай
Зэгст нуурыг уйдаасан зэвэргэн салхины үнэртэй
Миний шүлэг
Зун зунаар алагласан зуун зууны цэцэгтэй
Зуурдын дурлалд норгосон зургаан сарын бороотой
Зусар зулгуйг ниргэсэн Хасар, Чингисийн үгстэй
Зурвас зурвас гэрэлтсэн зуур зуурхан гунигтай
Миний шүлэг
Нуурын долгис шидэлсэн хуурын мянган татлагатай
Нутаг холоос хайрлалцсан утга чанадын нууцтай
Эртний домог нийтгэсэн эр цагаан омогтой
Эзний түүхийг жимлэсэн эрэл сурлын шижүүртэй
Миний шүлэг
Зүсэр цагаан борооны зөөлөн шаргал дусалтай
Зөв буруу үйлдлийн зөн билгийн совинтой
Зүүдэн буурал хорвоогийн зүг зүгийн салхитай
Зүрх норж хөндөгдөх зүсэм зүсэм шархтай
Миний шүлэг
Эрээн алаг хорвоогийн зовлон жаргалын дуутай
Эгц шударга аашилсан эцэг тэнгэрийн зарлигтай
Эзэн Лусын өмчилсөн элэнц дээдсийн сүнстэй
Эрхэс гарагаар сэлгүүцсэн эрчим хүчний цэнэгтэй
Миний шүлэг
Үрийн бүүвэй аялсан монгол эхийн дуулалтай
Үзэсгэлэн гоогоо хайрласан морьтон эрсийн дурлалтай
Үлдсэн насаа хурцалсан онгод хийморийн даллагатай
Үеийн үедээ үлдээсэн олон жарны мөчлөгтэй
Миний шүлэг
Өвөр зуураа хэмлэлдсэн ноёд дээдсийн зөрчилтэй
Өчнөөн үеийг элээсэн буурал түүхийн домогтой
Өстөн дайсныг хяргасан үлгэр туулсийн өрнөлтэй
Өвчүү дэлдэн өндөлзсөн үндэс ясны үзэлтэй
Миний шүлэг
Эх орноороо бахархсан энэхэн зүрхний дуулалтай
Эрээн алаг орчлонгийн элдэв янзын аягтай
Эр хонгор онгодын эрхэм нэгэн жаягтай
Энэ л нас минь элэгдсэн ч эрин дамжих буянтай
2008-01-19
Монгол гэр
Хадган цэнхэр тэнгэртээ наран тооноо өргөсөн
Халуун гал нь цоролзож, эгц дээшээ бадамласан
Дээвэр доор нь нэгдэхэд Их Монгол багтсан
Дэлхийн дайдыг төвшитгөхөд тэргэн дээр заларсан
Хаан эзний сэнтийдээ гол хоймор нь налайсан
Хацар гоо охид нь хатан суудалд тухалсан
Хамаг төрийн түшмэд нь баруун талдаа дэсэлсэн
Харц ард иргэд нь үүд орчимд дараалсан
Хэдэн мянганы түүхтэй хун цагаан өргөө минь
Хээгээ хэвлэж үлдээсэн хувь заяаны ордон минь
Цагийн салхинд идүүлсэн ч нүүдэлч соёлоо хадгалсан
Цасан шуурганд нүдүүлсэн ч нүнжиг буян нь арвижсан
Нуга дэнжээ тамгалсан монгол тамга юм уу та?
Нутгаа хэмжиж барласан тэнгэр орд мөнөө та
Буусан газраа удвал буруу гэж үздэг
Бууриа сэлгэн нүүвэл уул хөндийг чимдэг
Буцаж ирээд тухлах гэвэл буйр нь үлдээд явчихдаг
Бурантаг сунган хөтөлсөн хэдхэн тэмээнд ачаалдаг
Нараан тойрсон гарагийн он цагийн эргэлтэнд
Нармай төрийг дамнаж, өнөөг хүртэл нүүсэн
Хуучин түүхийг бичилцсэн нүүдэлч түмний гэр юм
Хурмаст тэнгэрээ дээдэлсэн мөнх галын тамга юм
Буугаад мордсон хэнд ч үүд нь өнөө дэлгээтэй
Буцаад ирсэн хүнд ч идэж уух нь дэлгээтэй
Буян нүглийг ялгах жудаг ёс шингээстэй
Буурал түүхийн гэрчтэй эсгий туургат соёл юм
Дээд тэнгэрээ шүтдэг хөх толботонд заяасан
Дэлхийн хагасыг дайлахдаа ч буйраа мөнхөлж үлдээсэн
Дэвэн галавын үеэс зуун зуунд өртөөлсөн
Дээвэр цагаан гэрээ монгол түмэн орхихгүй ээ
Улаанбаатар нийслэлдээ утаа гарган адлагдаж
Улс Монголоос шахагдан шилэн харшаар сольчихвол
Дөрвөн улирлын аясдаа юугаа ачаалж нүүх вэ?
Дөчин сая малаа хээрээр дагаад явах юм уу?
2008-01-19
Ижий говийн дуудлага
Өвсөн толгой шаргалтаад гунигаа даахгүй бөхөлзөнө
Өлгий элгэн Монголд минь хүйтэн сэрүүн эхэллээ
Өнө эртний далай ижий говь минь бодогдоод
Өнөөдөр миний сэтгэл нэмэх хасахын зөрөөтэй
Хэнхдэг цээжээр урссан сэрүүн агаар залгиллаа ч
Хэнз цагаан ботго гадсаа тойрох шиг уйтгартай
Хэн нэгнээр явуулсан говь таны дуудлагыг
Хэзээ билээ уншсан ээжийн захиа шиг мэдэрлээ
Нарны шаргал уургаар элгэн хөрс нь бүлээссэн
Намхан бор толгодод илч нь хурган хоноо доо
Намир зөөлөн салхи нь зэвэс зэвэсхэн сэвэлзээд
Намрын сэрүү ороо ч үгүй ээжийн өвөр шиг байгаа даа
Худгийн усаа бараадсан нутгийн хэдэн айлууд
Хуучин тэр л янзаараа цацсан сувд шиг байгаа даа
Хулангийн шанданд цувсан хул голдуу адуунууд
Хунгийн буцах сүрэг шиг хошууран гэлдэрч яваа даа
Ижий говио санахаар энэхэн бие минь уйтгартай
Ээжий ааваа бодохоор эргээд очиж чадамгүй
Буугаад мордсон тэдний минь буурь нь эзгүй байгаа даа
Буцаад ямар ирэх биш очоод би яахав дээ
Ингэн хондын хайлаас минь ихэр хэвээр байгаа даа
Ижил цагаан ботго минь эгшиг унагаж буйлаа даа
Бүжиг цэнхэр тогорууд нь нутаг буцаж нисээ дээ
Бүтэн жил болоо үгүй эхсийн газар очилтгүй
2007-10-20
2007-12-31
* * *
Сэтгэлээ чи надад өглөө
Сэргэлэн хонгор амраг минь
Санаа бодол чинь ариухан
Сайханаас сайхан нар минь дээ
Үүрийн гэгээг цууртал чамайгаа зүүдэлж хонолоо
Үдшийн бүрүйтэй золготол үргэлж чи минь бодогдлоо
Нараа тэвэрсэн зуны аагим халуун илчтэй
Нас тогтсон миний зүрхэн хэмийг хэмжилтгүй
Намар оройн хайраар дурлалын галаа асааж
Найрагчийн гэгээн зүрхээр шаналж явнаа би чинь
Үүлэн сүүдэр туссан ч хайрын илчинд халууцаж
Өвлийн жавар шилбүүрдсэн ч энгэр заам задгайхан
Хайгаад явсан хүнтэйгээ халамцуу юм шиг учирлаа
Ханьтай байсан ч хуваалцах хагас галзуурлын туйл минь
Олоон жилийн өмнө чамайгаа би олсон бол
Оройтсон намрын бороог ингэн цай шиг хүсэхгүйсэн
Зуур зуурхан шивэрсэн намир цагаан бороонд
Зуны цэцэг насандаа бүтэн дэвтэх байсандаа
Хээрийн гөрөөс шиг цахилсан хэнэггүй энэ амьдралд минь
Хэзээ цагийн тавилангаар чи минь эрхлэх болсон юм бэ?
Хэн дуртайд олддоггүй яруу найргийн тэнгэр доор
Хэчнээн жилийн уртад хайраа чи минь дэвсэх вэ?
2008-03-05
Ууган цэцэг
Сэтгэлийн харгуйг цэлмээн гэрэл цацсан нүдэн минь
Сэм сэмхэн бодолд нүүдлийн шувуу шиг ирлээ
Гэгэээн нарны дор амьдралын заяа өөртэй ч
Гэгэлгэн дууны аялгуу шиг надад юунд шингэнэ вэ?
Зүрхээ дараад чагналаа зүүдлээгүй нь яасан үнэнтэй
Зөн совингоо мэдэрлээ зөндөөн баярлах нь сонинтой
Ижий сарыг анирдаж эгшиглэн дуулах буянтай
Ихэр зүрхний хайраараа инээмсэглэн байгаа бурхантай
Гал нарны дүртэй хар нүдэн дүү минь
Гараг эрхэсийн зөнтэй ууган хөх цэцэг минь
Асар тэнгэрийн хайраар аргадан аргадан нөмөрлөе
Аялгуу гэгээн дуугаар аяар аяархан бүүвэйлэе
Яруу шүлгийн бадганд өөрийн зүстэй ирсэн
Ялгуун бүгэг сарнаар зөөлөн дуугаа аялсан
Яргуй цэцгийг түүчээлж, ууган болж төрсөн
Яасан гэгээн цэцэг миний зүрхэнд ирсэн юм бэ?
Дэлгэр хайрын эгшигэнд дэлбээгээ нээж гунхдаа
Дэлхийн буурал намар ирдэг юм шүү дүү минь
Дэгэн дэрвэж явсаар гундахын цаг ирэхэд
Дэрээ нортол уйлсан ч оройтсон байдаг юм хүү минь
2008-03-05
Хөндөгдсөн сэтгэл
Учиртай хархан нүд чинь сэтгэлийн учиг хөндөж
Уруулаас ниссэн үгс чинь сэмээрхэн зүрхэнд хөвөлзөнө
Гэрэлтэй бодлын чанадад гэгээлэг совин зуралзаж
Гижиг цэнхэр аялгуу бодлын гүнд хөхөрлөнө
Анир бүгээн өдрөөр цагаан инээд цацарч
Ангир зөөлөн эгшиглэн шувуудын дуутай нургилна
Намуун тайван гэмээр дэндүү нэгэн аялгуу
Намирсан цагаан бороо болж цэцгийн мандалаарзочилно
Цэнхэр өдрийн дурсамж мөнхийн гэж бодогдоод
Цэцгийн дэлбээ үнсэж, мөрөөдлийн гүнд шургална
Энэ л цагийн заяанд илбийн юм шиг уусаад
Энх мөнхийн орчинд эр бие минь сүлэрнэ
Цагаа олоогүй насны цагаан дундуур хөөрөөд
Цайлган залуу үеийнхээ хайрын дуугаа аялна
Энгэр задгай орчлон нүглийн гэмгүй гэдгийг
Эдүгээ хүн төрөлхтөн нэгэн дуугаар батлав
Гэрэлт нарны доорхи мөнхийн гэвэл хайр юм
Гижгэн цэнхэр инээдээ цацлаа цацал чи минь
2008-03-05
Баясгалан
Яруу найрагч Б.Төгсжаргалд
Энэ шөнө би чинийхээ өвөрт хонох нь
Эрээн барсын арьс шиг цэцгийн дэлбээ дэвсэж
Эрхэсийн гэгээн хээтэй сарны хөнжил хөдөрч
Эгшиг ялдам хөгжим голын чимээ сонсож
Энэ шөнө би чинийхээ өвөрт хонох нь
Бүтэн шөнөжин би хайртынхаа өвөрт хонох нь
Бүлээн бороо асгаж, үүлэн шүхэр задлан
Бүгээн сарны гэрэлд өвс ногоо тасчин
Бүүвэйн дуугаар наадаж, үүрийн гэгээ зайдлан
Бүтэн шөнөжин би хайртынхаа өвөрт хонох нь
Өнөө шөнө би чинийхээ өвөрт хонох нь
Өргөн дэлхийг дэвсэж, үүлс хуйлан дэрлэж
Өндөр тэнгэрийг нөмөрч, өмнийн уулсыг жийж
Өчнөөн жилээр хүссэн хайран дундаа галзуурч
Өнөө шөнө би чинийхээ өвөрт хонох нь
Нэгэн шөнө би гүнжийн л өвөрт хонох нь
Нэрийг нь мартаж түүнийг шөнийн турш хайрлан
Нил цэнхэр орчлонгийн дурлалын галд шатаж
Нэрмэл халуун дарсанд үе үе хөлчиж
Нээрээн би гүнжтэй нэгэн шөнө хонох нь…
2007 он
Найзыг минь доромжилсон тэнэгтзориулж бичсэн шүлэг
Новшийн саарал орчлонд тэнэгтэй би нөхөрлөдөггүй
Нохойн зантай нийгмийн эргүүлэгт би орохгүй
Зүгээр яваа нэгэнд хэрүүлийн алим шидэж
Зүү шөвгөөр хайргүй сэтгэл зүрхийг шивдэг юм
Сайхан үйл бүтээгээд түмнийг баясгаж явахад
Санаанд оромгүй доромжилж бохир бүхнээ цацдаг юм
Өөнтөгч тэнэг нийгэмд амьдарч явсанд орвол
Үхлийн газраа очиж чөтгөр шуламтай зодолдоё
Гэмгүй яваа хэнийг ч элдвээр бүү гүтгэ
Гэсгээл шийтгэл хоёр өөрт чинь эргэж ирнэ шүү
Мөрөөрөө яваа нөхрийн минь цагаан санааг хиртээх
Мөхлийн хар үүлийг битгий нүүлгэ бидэн рүү
Мэдэхгүй танихгүй эргүү минь чам шиг тэнэгт байтугай
Мэргэдийн дансанд багтсан надад бурууг хийгээгүй юм
Эргүү тэнэг үгсээ эргүүлж ав мал минь
Эцсийн удаа сануулъя бидэнд бүү саад бол
2008-03-06
Талын усны хаваржаа
Талын усны хаваржаа
Тачир тачир салхитай
Танил нэгэн бүсгүй
Таанын цэцгийн үнэртэй
Зөөлөн шаргал аялгуу
Зүрхний гэгээн сорвитой
Зөрөөд өнгөрөх бүрт нь
Зүсэх торгон инээдтэй
Шаргал дэрсийг хөглөсөн
Худгийн усан сэрүүхэн
Шалба норгож нялхарсан
Хувь заяа зөрүүхэн
Шалиг үгэнд даруулсан
Хар нүдэн дөлгөөхөн
Шалмаг дулимаг учирсан
Хоёр сэтгэл ямархан
Тогоруу нь ирэх болоогүй
Шар түнгэ дуугүйхэн
Тоглон тоглосоор учирсан
Торомгор нэгэн уйтайхан
2008-04-13
Дурсамж хайрын уянга
Санан санан ирсэн чинь
Хар нүдэн минь алга байна
Санаан зоргоор болдоггүй
Тавилан яасан хэцүү вэ?
Зөрөөд өнгөрсөн болгоноос
Зүсийг нь би хайлаа
Зүүний сүвэгчийн дайтай
Сурагийг нь бүдэг сонслоо
Хонгор сэвлэгэн үртэй
Болсон гэдгийг нь дууллаа
Холын холруу нүүгээд
Явсан гэж хэллээ
Хотоос ирсэн миний эрэл
Ингээд ингээд мухардлаа
Хоолой нэг л зангираад
Гомдлоо дотогш залгилаа
2008-04-13
Таван өнгө
1
Гэгээн хайрын сэтгэл “үүрийн цолмон “гэрэлтэй
Гэнэн дурлалын дурсамж “үдшийн гялаан” дүртэй
Гил хархан шөнө гэрэвшсэн амьдрал янзтай
Гэрэлт улаан наран бадран дэвжих шинжтэй
Гижиг цагаан инээд хадаг цэнхэр өнгөтэй
Гишгэсэн газрын мөр цагаан сарнай цэцэгтэй
Гиншсэн дууны аялгуу бүдэг саарал нугалаатай
Гэгэлзсэн миний сэтгэл дэгэлзсэн шар салхитай
Мөнгөн сарны туулай хөнгөн цагаан гунигтай
Мөстсөн нуурын мандал хөшсөн цайвар манантай
Мөрөөдлийн цагаан сэтгэл мөдхөн биелэх ерөөлтэй
Мөнхийг бүтээхийн хүслэн мөр цагаан замтай
2
Дуулсан дууны аялгуу цэв цэнхэр
Дурласан амрагийн уруул ув улаан
Дурсгасан янагийн алчуур яв ягаан
Дундаршгүй хайрын сэтгэл цав цагаан
Бичсэн шүлгийн мөр гэв гэгээн
Биелсэн бодлын үзүүр шав шаргал
Бидэрсэн газрын мөр нов ногоон
Бичигдсэн дууны минь аялга хөв хөх
3
Уур хилэн хүрэхийн цагт ухаан минь хар
Уураг тархи гашлахын цагтбодол минь хар
Учирсан нөхдөөс хагацахын цагт сэтгэл минь хар
Унтаад сэрэхгүй болохын цагт ертөнц хар
4
Гэрэлт наран мандахын цагт хүсэл цагаан
Гэгээн бүхэн сүлэрэхийн цагт бодол цагаан
Гишгэсэн газар гэрэлтэхийн цагт заяа цагаан
Гэр дүүрэн инээлдэхийн цагт сэтгэл цагаан
5
Таван өнгөний хооронд хүмүүн бид амьдарсан
Тарьсан үйл бүхэн өөр өөрийн өнгөтэй
Өнөд ирээдүйд биднийг зуун дамжин амьдрахад
Өнөөх таван өнгөөр хүн төрөлхтөн хэмжмүй
2008-04-20
Хаврын анхны бороо
Хулгана жилийн хаврын анхны бороо асгарнам
Хурын тунгалаг дуслуудаар хацар нүүрийг угаанам
Хувцас норгон нэвчсэн усан хэлхээ бөмбөлгүүд
Хурдан хурдан шингэж, энэхэн биеийг ариулнам
Тэнгэрийн орноос илгээсэн мөндөр ширхэг задчин
Тэрлэг нойтон биений минь сэтгэлийн гэгээнд гэрэлтнэм
Тэсэхийн аргагүй хүлээсэн анхны бороог үнэрлэж
Тэвэр дүүргэх цэцэгсийн эхний яргуй нүдэлнэм
Зөөлөн хурыг далласан зүс нь ээнэг нутаг минь
Зүрхэнд эгшиг наадуулан үндэс төлжин инээнэм
Зүүдэл нүүдэл үүлсийн болор мянган талстууд
Зүлэгт дэнжээ ногоолон зүрхэн гуниг үргээнэм
Сэвшээ цэнхэр салхин үндэс хаван шургачиж
Сэтгэлийн гэрэлт зайгаар орон дэлхийг бүүвэйлнэм
Сэмхэн гэмээр ургасан шинэхэн ногоо уралдаж
Сэлүүн цэнхэр нутагт минь шижирийн туяанд өндийнөм
Хавар эртний борооноор орчлон дэлхий мишээнэм
Харшсан бүхэн тэнийгээд сэтгэлийн гэгээ цэлийнэм
Хацар нүүрийг минь гэрэлтүүлж, мөнгөн дуслаар рашаалнам
Хамаг бүхнийг мартуулаад анхны бороо зүсэрнэм
2008-04-19
Уулзалт
Улиасны нүцгэн мөчир хавраар гөлөглөх цагаар
Угтаад үдсэн жилүүд нарны шувууд шиг зэллэнэ
Зөөлөн цагаан цасан нисэлдсэн өд шиг дэвээд
Зүрхний нэгэн чанадад гэгээн гуниг сэдрээнэ
Нууцхан шархтай миний цайлган бодол өдөөж
Нутаг холын тэртээрүү түүчээ тогоруу нисэлдэнэ
Нулимсан зэрэглээнд бүрэлзээд ороолж холдсонхайр минь
Нуугдан нууцхан уулзах гэж намайг юунд зорио вэ?
Гэгээн нарны туяагаар цагаан инээдээ цацалсан
Гэзэг нь туузтай охид багын дүрээрээ уралдана
Гэгэлзсэн дууны аялгуу энэхэн биеийг эзэмдээд
Гэрэлт хайрын сорвийг эргэж юунд хөндөнө вэ?
Инээгээд ирсэн түүний минь ботгон нүд нь уйтгартай ч
Эрхлээд тунидаг үгнээс нь бодлын гэгээ туяарчээ
Элэгдэх цагийн хуулиар нүүрэнд нь зураас нэмлээ ч
Энэ л насны босгон дээр толио ер алдаагүй
Насандаа зохицсон гэмээр намс намс алхалсан
Намар орой хайраа сэтгэл дотороо нуусан
Багын минь туузан цэцэгтэй жаахан тэр охин
Баяр гуниг сүлээд, ирээд яриад явлаа
Сайхан түүний минь үгэнд ухаан нилээд суучихаж
Садарсан цагаан инээд нь инээмсэглэлээр солигдчихож
Санасаар байгаад сэтгэл нь зөөлөн гуниг дүүрчихэж
Санаа алдаад хааяа үгээ нуудаг болчихож.
2008-05-02
Зуны эхэн сарын хур
Зуны эхэн сарын шинийн нэгний гэрэлт өглөөний хур
Зуур зуурхан бороо цас болон холилдон орном
Үүлэн чанадаас илгээх хунгийн өдний үртэс аятай
Өчнөөн сая живаа дусал дэвэн дэвэн нисэлдэн буунам
Эцэг тэнгэрээс илгээсэн хур усны тэрбум тэрбум дусал
Эх дэлхийн минь хөрсөнд эм болон шингэж
Ганцхан шөнөдөө зуун түмээр хашхиралдан ургах
Гарцаагүй тэр өвс ногоонд хувилан өндийнөм
Чийгт орчлонг рашаалж буусан энэ их хурын дусал
Чимээгүй уясах бум буман цэцэгсийн түрүүг мялааж
Нүднээ алаглан өнгө булаалдах эрээн тэр мандарваа дунд
Нүгэл хилэнцийг мартуулж,бас хүмүүн биднийг ариусгамой
Тэнгэрийн орноос рашаалж буусаншинийн нэгний анхны хур
Тэр жилдээ нутаг орон, уул тал ,өвс ногоо
Ариун Бумбын орноо ургасан ой шугуй мэтуралдан гарахын
Аливаа бүхнийг билэгдэн илгээсэн
“Асури” эцэг тэнгэрийн хишиг юм гэнэ үү?
2008-05-06
Зуны эхэн сарын шинийн нэгэн
* * *
Хурдалаа хурдал эрххэн минь
Хувцасаа бушуухан тайлчих
Хувь тавилангийн сиймхий
Биднийг дандаан хүлээхгүй
Хуруу гар чинь эвлэхгүй
Эвгүй байгаа юм бол
Хундаганд байгаа дарсаа
Зоригтойхон татчих
Бушуулаа бушуул хонгор минь
Бугуйн дахь цагаа тайлчих
Буцаж эргэлзэхийн хэрэггүй
Бумбан хөхөө гаргачих
Бундан ягаан уруулын
Шунхан будагаа арччих
Буруу битгий хар даа
Эрхэм …Ева минь дээ
Түргэлээ түргэл амраг минь
Төрсөн бие минь шатах нь
Түймрийн гал шиг дүрэлзсэн
Хүсэлээ хоёулаа дарчихъя
Түмэн оддыг инээлгэж
Тэнгэрийн сарыг ичээгээд
Төгөлдөр орчлонгийн сайханд
Бие сэтгэлээр уусъя.
2008-05-06
Галин гуай
/дууль/
Тэгшийн голын усыг морин тэргээр зөөсөн
Тэртээ олон жилүүдэд Галин гуайгаа хөлсөлж
Дотуур байранд суугаад ном үзэж өссөн
Домог болсон хүүхдүүдийн нэг нь гэвэл би
Зөөгөөд ирсэн уснаас нь цангаа тайлаад зогсохгүй
Зөрөөд өнгөрсөн охидыг шалба нортол шавшиж
Хөөрхий муу Галин гуайн хөлсөө дуслуулж зөөсөн
Хөх лусын рашааныг үрсэн би нүгэлтэй
Тэр их уснаас хиртэй нүүрээ угааж
Тэгээд бас болоогүй ээ, хэрэггүй юм шиг цацаж
Хоёр хонох усыг нь ганцхан өдөрт дуусгаж
Хоосон савыг нь үлдээсэн нүгэлтний нэг нь бас би
Галин гуайг дотныхон нь “Ааяа” гэж дуудах
Гараад дөнгөж ирэнгүүт ийшээ тийшээ зугатах
Хөлсөө дуслуулж зөөсөн усыг нь үрсэн болохоор
Хөөрхий муу Галин гуайгаас айна гэдэг жигтэйхэн
Галин гуай, цүдгэр хээр хоёрын зөөсөн тэр ус
Гадаад далайн устай бараг дүйцэх байсан
Гамтай бид хэрэглээд хиймэл нуур хийсэн бол
Гарцаагүй ээ, сумын төв усанд живэх байсан
Цүдгэр хээр морь нь талх төмс идчихнэ
Чүү гээд хэлэх юм бол тэргээ чирээд урагшилна
Хүн амьтан ойртвол хулмайж байгаад хазах гэнэ
Хүзүүн дэхь буулгыг нь авсан хойно сая л нэг амарна
Цүдгэр хээрээ хөллөж хэдэн торх аччихаад
Чөтгөр хөлдөм өвлөөр ч Галин гуай усандаа
Чөмөг царцам хүйтнийг ер ажрах шинжгүй
Чөлөө завгүй зөөсөөр усаар ер таслахгүй
Байрны хэдэн хүүхдүүд үрэлгэн гэж жигтэйхэн
Бас тэгээд болоогүй ээ, усанд их оромтгой
Ачаад ирсэн усаар нь өчнөөн юм угаачихна
Ариг гамтай хэрэглэхийг тэд ер мэдэхгүй
Аргаа бараад “Ааяа” маань цорго хийгээд тавьчихна
Авч түүнийг нь шидчихээд усыг нь хайргүй асгачихна
Хүн морь хоёрыг хайрлах сэтгэл суугаагүй
Хүүхэд л байсан хойно томоогүй гэдэг нь дэндүү байж
Мал хүн хоёрыг тамлаж өссөн хүмүүс бол
Маргах юм байхгүй ээ байрны хэдэн хүүхдүүд юм
Эвий муу Галин гуай хүний хайлан байж дээ
Эцэж цуцна гэдгийг тэр ер мэдэхгүй
Эцэг эхийг минь орлож байрны хүүхэд биднийг
Эрийн цээнд хүргэх гэж өөрийн биеэ зольж дээ.
Тэр хүний буянаар хир буртгаас ангид
Тэрэг тэргээр зөөсөн чандмань эрдэнээр бялхаж
Хүүхэд жаахан насаа он жилүүдэд орхиод
Хүлгийн дөрөө гишгэж зүг зүг рүү одсоон бид.
2008-05-07
Ус нутагтаа очоод бичсэн шүлэг
Чиний минь хөөрхөн төрх зүүд шагнан хөндүүрлээд
Чимээгүй одсон учрал зүрхэнд хурган эргэлдэнэ
Чамтай инээлдсэн өдрүүд чавхадсан чулуу шигнисэлдээд
Чанад холын тэртээрүү бүгээн гунигаар алсарнам
Гишгэсэн газрын чинь хөрснөөс цэцэг урган дэлбээлж
Гижигэн цэнхэр аялгуу сэтгэл дотор эгшиглэнэ
Гэгээн дурлалын үгс бодлын чанадад сонстоод
Гэрэлт нарны орчлонгийн хөтлөлцсөн газраар зочилном
Хавар хаврын борооны зөөлөн дусал шингээсэн
Хацар нүүрний зураас минь хоногийн тоогоор тодорлоо
Хайран дундаа бялуурсан он жилүүд урссаар
Хааяа нэг л очиход минь халуун дурсамж задаллаа
Цэцгэн зуны улирал бүжигэн урлаг дэглээд
Чи бидний нутаг минь ногоон торго дэлгэжээ
Чимээ багатай салцгаасан чиний миний үерхэл
Чихэр амт үлдээгээд өчнөөн жилээр алсарчээ
2008-06-19
Саналт
Адаг сарнаа бөхөлзөөд намрын өвс халиурна
Ангирт нуурын шувууд үдэш болтол шаагилдана
Алтан учиг хөглөтөл хээрийн салхи хөвсөлзөнө
Алс нутгийн чамайгаа аяс аясхан санагалзана
Тогоруун цуваа гурвалжлан, толгодын энгээр нисэлдэнэ
Тогтоол усан дугуйран, салхин хээгээр цэнхэртэнэ
Тоотой насны намраар сэтгэл зүрх дэгэлзэнэ
Тоочиж бүхнээ хэлэмгүй ч санаа бодол гэгэлзэнэ
Хээрийн задгай талаар хайрын сэтгэл цахилна
Хэсэг цагаан үүлс дорныг зориод нүүдэллэнэ
Хэзээ нэгтээ учирсан бүсгүйн зүгрүү довтолгомоор
Хэчнээн би яарлаа чиг суугаа энэхэн газраа л…
Дөрвөн улирал дамжин, холын амраг бодогдоно
Дөрвөн намрын өвс хагдарч унатал санагдана
Дөчин хэдэн нас минь шанхны үсэнд зурагдана
Дөмөн дөмөн алхалсан цаг хугацаа л эргэлдэнэ
2008 он
Алдаа
Гэрэлт нарыг тойрсон алаг энэхэн бөмбөрцөгт
Гишгэсэн газар бүхэндээ хэн зөв явсан юм бэ?
Гэм бурууг үйлдэлгүй дандаа зөвийг хийх гээд
Гэтэж байнга явсан ч алдсан байдаг бус уу?
Бурхан Будда хүртэл хаан болох байтлаа
Буяны мөр хөөгөөд нирваан болсон биш үү?
Бусдын явдлыг шүүгээд төрийн цааз гаргасан
Бузгай сайн шүүгчид ч алдсан зүйл бишгүй
Төрийн жолоог атгаж дэлхийн талыг дагуулсан
Төгс их хаанд ч алдаа оноо байдаг
Түмний хэргийг бодолцон чөмгөө ширгэтэл зүтгэсэн
Түшмэд мэргэн нэгэнд ч алдаа нэгжвэл байгаа
Төрсөн биеэ өнөөдөр мөнхийн зөвөөр яваа гэх
Төмөр зүрхтэй хүнийг би л лав дуулаагүй
Төөрсөн тэнэг амьтан л алдаа надад үгүй гэж
Түвшин дүрд хувилаад түмний доог болох биз
Алдаа юугаа дүгнэвэл оноо тэр буюу
Амьдрал үйлсээ дүгнэвэл зөв тэр буюу
Аз жаргалаа эндүүрвээс буруу тэр буюу
Алдахаас өмнөө ухаарваас аяа яасан гайхамшиг
2008-06-25
* * *
Уул ,тал, хангай, говь, эрхэс, тэнгэр минь
Улс монголын минь хөрсөнд шингэсэн их өвгөд минь
Эцэг дээдсийн буурал шүтээн энэрэлт бурхад минь
Ивий дээ өнчин хоцорсон эрхэм дүү минь
Маргааш чиний минь буруу зөвийг дуудах өдөр
Мандан бадрах, гандан буурахын дэнс өдөр
Магадгүй ээ,
Туулайн чинээг Туулын гол шиг үерлүүлж
Турьхан эмзэг сэтгэлийг чинь хиртээх, тун ч муу өдөр
Үгүй дээ миний муу дүүгийн инээмсэглээд ирэх өдөр
Үнэхээр эр хүн болсноо харуулаад ихэмсэглэх өдөр
Итгэлтэйхэн ,ирээдүйн төлөө цагаан замаар алхах өдөр
Инээдтэйхэн ,эрхэм хүмүүстэй цагийн цагт туучих өдөр
Тийм дээ
Өнчин хоцорсон хүү минь дүү минь чамайг тосоод авах
Өнөр олон ахан дүүс чинь цөм байгаа
Өөрийн чадлаараа хашгирч эхээс унахад чинь сонссон
Өргөн монгол ахан дүүс чинь бүгд байгаа
Санаагаа бүү зовоо эр хүнд хийморь байдаг юм
Сансар, огторгуй, одон гарагын тохиол байдаг юм
Санаа цагаан хүний гишгэсэн газар гэгээ тусдаг юм
Салаа замын билчир дээрээс зөвий нь сонгодог юм
Ариун дагшин нутаг, хангай, уул, ус чинь тусална
Алтан ураг, ахан дүүс,дээдэс чинь тусална
Аюул бүхнийг даран сөнөөх бурхад тусална
Аяа бас миний дүүд тэнгэр тусална
2008-06-25
* * *
Хайран дунд минь бөмбөрсөн хар нүдэн минь чи юм
Хаврын анхны бороо шиг чамайг хичнээн хүнэ вэ
Зүүдэн дунд минь инээгээд хүрээд л ирэх юм чи минь
Зүрхэн дээр минь хөндүүрлээд хүсээд л байх юмчамайг би
Хээрийн салхиар хэлүүлээд үргэлж би дуудах юм
Хэсэгхэн цагаан үүлсэд үес үесхэн захих юм
Хэл сураг сонсдогыг хэн мэдлээ бурхан минь
Хэргээр чамд очдоггүйг хэзээ ч мэдэхгүй ээ тэнгэр минь
Үнэн дүрийг чинь нүдэндээ хэдүүд харахийм амраг минь
Үзэсгэлэнт биеийг чинь сэтгэлдээ хэзээ барихиймхонгор минь
Бүжгийн цэнхэр тайзандаа хэзээ урих юм янагхан минь
Жүжгийн юм шиг зүүдэндээ учирсаар явааддуусах юм уу?
2008-08-22
Ахдаа
Нутгийн нүдэн нуурын хөвөө эргийг чимэж
Нулимс унатал гунганан хүмүүн биднийг уяраасан
Шар алаг ангирын дуугий нь сонсон суусаар л
Шанхны хэдэн үсэндээ насаа гээж яваа
Эгэл боргил ах минь өдөр хоногийн эвхээсэнд
Ээтэн гутлын мөрөөр гишгэсэн газраа хээлсээр
Хэдэн дүүгээ санахаараа нулимсаа дотогш залгилж
Хээрийн түмэн цэцгэн дунд бодол болон завилсаар
Эцэг эхийн буйрны наран дугуй тамгыг
Эргэх дөрвөн цагтаа дагаж нүүсээр явна уу даа
Дөрвөн улиралын аясаар малаа даган онгож
Дөн өвлийн өдрийг морин дэл дээр өнгөрөөж
Өглөөн шаргал нарыг уулын оройд угтаж
Үдшийн гялаан одноор дэрэн дээрээ зүүрмэглэж
Зулай гишгэж төрсөн эцгийн дүртэй ах минь
Зун өвлийн цагтаа амрах завгүй яваа
Нүгэл байгаадаа бид нар
Нөмгөн цэнхэр орчлонгийн арга эвийг олох л гэж
Нүүдлийн тэр л шувууд шиг орон нутгаа орхиод
Төрж өссөн газраасаа алсын алс тэртээ рүү
Түмэн бээрийг гатлаад олон оныг үдэж дээ
Эцгийн тоонотын дотор эрх ишиг шиг майлалдаж
Эхийн хайран дунд энхрий гөлөг шиг ноололдож
Дэгэн дэгдэж өссөнхүүхэд ахуй нас минь
Дэлхийн алаг бөөрөн дээр хаврын тоогоор цахилжээ
Одоо эргээд бодоход он жилүүд хурдан юм
Оорцог бор толгод минь байсан тэр янзаараа ч
Он цагийн зураас нүүрэн толионд минь суугаад
Орчлонгийн буурал тоосонд хамт л өтөлж явна даа
Намир цагаан бороонд шавшуулж норж явсаар
Намраа дагаад гандах нь алаг хорвоогийн ёс юм
Насан буурал дээдэс шиг урагийн нуруу тулаад
Нарт ертөнцийн жамаар мөнхийн аянд мордоноо бид
2008-09-28
Туулын хөвөөнд шөнөжин дуулмаар байна
Амраг минь чамтайгаа би
Туулын ногоон төгөлийн хайрга чулуунд хөлбөрч
Турьхан цагаан гарын чинь савхан хуруунд бүжмээрбайна
Хайрт минь чамтайгаа би
Харгих усны торгон мандлыг ширтэн сууж
Халуун борооны үелзсэн зөөлөн дусалд нормоор байна
Найз минь чамтайгаа би
Намрын сарын ид болсон жимсийг аэмталж
Намилзсан цэнхэр гэгээн дууны ая эгшгийгсонсмоор байна
Хонгор минь чамтайгаа би
Хот газрын дөжрөм их дуу чимээнээс холдож
Хоёулхнаа л байх тийм хүслэнт байгалийн дундхономоор байна
Дүү минь чамаараа би
Дүгэрэг сарны цагаан гэгээнд шүлэг бүтээж
Дүлий юм шиг тэр гүн хар шөнийг чочоон дуулмаарбайна
2008-08-22
Being stingy with my age
I am stingy with my age and the face
From you the time and the years
Though I know everything get worn out
On this world ceaselessly going round
The continuing young years do never exist
For our camp for a midday on this earthly continent
How many years I let go by in this steppe wind
Fading my native brown face that never was white
In the dust of century passing several societies
My face got wrinkled due to vagrant lives
Even if the turning of sun and moon might be gently
Yet the universe is carrying away my age so quickly
In the heavens of talent I compose in verse and poem
Not knowing what I add to the Obo of reputation and fame
On the coiffure of my hair already appeared the fourties
In the non-stop run after life passing all four seasons
My deeds and spirits have become not so many
Once I wanted raise me up during my galloping
But I will write and write until touching the gate of death
Though not knowing my remaining years on this earth
Translation by Tsoros Jonong
Насаа би харамлана
Цаг хугацаа он жил чамаас би
Царай зүс бие насаа харамлана
Эргэж буй орчлонд юм бүхэн
Элэгдэж хуучирдагийг мэднэ
Үдийн төдийд буудалладаг энэ л замбуулинд
Үргэлжийн залуу нас гэж хаа байлаа
Хэзээ ч цагаан байгаагүй унаган бор царай минь
Хээрийн салхинд онгосоор хэчнээн жил болжээ
Хэдэн төрийг элээсэн өнгөрөгч зууны тоосонд
Хэрмэл тэнэмэл явсаар үрчлээ нүүрэнд тогтлоо
Аяар аяар юм шиг наран саран ээлжлэвч
Асар хурдан орчлон насыг минь зөөж цахилна
Авьяас билгийн тэнгэрт хэдэн шүлэг тэрлэвч
Ард түмний минь дунд аль нь үлдэхийг мэдэхгүй
Дөрвөн улирал зайдлан онгод юундаа хөглөгдөөд
Дөчин хэдэн нас минь шанхны үсэнд хяржээ
Дөрөөн дээрээ дарцаглаж, одоо л нэг өндийе, гэтэл
Дөмөг хэдэн нас минь нисээд алга болчихжээ
Үлдсэн жаахан хугацаа минь хэдийг би мэдэхгүй ч
Үхлийн хаалганд тултлаа шүлгээн л бичиж дуусна…
2001 он
The nomads
Settled down as heard
But not stayed for a while
Stepped down as said
But not took a time
Moved away as before
Using a camel stallion
Leaving their Ger sites
Along on the wide steppes
Camped anywhere
Galloped everywhere
Once they lodged
Soon then moved
Whether in summer or winter
For centuries all ever
Regardless of season
With their own reason
Driving their herds
Under the Blue Sky
Taking their Hearts
Truly without the Lie
In four directions moving
Never hanged on dismounting
In four seasons moving
Never took any resting
Lulling their babies
In gentle paces of camels
Managing all other works
In swift gallop of horses.
Нүүдэлчин
Суурьшиж гэнэ тогтсонгүй
Буурьшиж гэнэ удсангүй
Нөгөө л хэрээр
Нүүгээд явчихаж
Буур ачаалаад нүүчихэж
Буйр нь үлдээд явчихаж
Бууж гэнэ
Нүүж гэнэ
Зун өвөлгүй нүүсэн
Зуун зуунд нүүсэн
Цагаа дагаад нүүсэн
Цасаа орхиод нүүсэн
Дөрвөн зүгтээ нүүсээр
Дөрөө мулталж азнаагүй
Дөн өвлийн хүйтэнд
Хаяа манаж тухлаагүй
Хүрэн ширэа тэмээнд
Хүүгээ бүүвэйлж нүүсэн
Хөх тэнгэрийн доогуур
Малаа туугаад нүүсэн
Хөвчинд ганцхан үлдсэн
Хөх тамгатай монгол
Хойшид нүүгээд ч төгсөхгүй
Холын зууны нүүдэлчид
Монгол гэрийнхээ бууриар
Нутгаа тамгалж нүүнэ
Морин туурайн хэвээр
Дэлхийг гишгэж нүүнэ
Ханан шийрийн мөрөөр
Газраа хэмжиж нүүнэ
Хааш нь ч алдахгүй болтол
Бууц үлдээж нүүнэ.
Сновидение
В сновидение пасмурной темной ноги,
слившейся с судвой
Грусть в твоих глазах верблюжанка маленкая моя
Как роса летною сожеленья о несбывшейся
наивнаи любви
Слезы катятся по щеке твоей, еле видные.
Несбывшейся любви слезинки сплетенные из влаги
Словно священные капли дождя протмогили подушку
В кустом сером тумане не подневольного
нашим думом мира
Скоротечной любви будущий путь виднеется еле
Оживает ночным сновидением бездушнего сна
Зүүд
Бүрхэг харанхуй шөнийн заяа нийлсэн зүүдэн дэхь
Бүлтгэр жаахан чиний минь ботгон нүдний уйтгар
Бүтээгүй гэнэн дурлалын хөнгөн харууслын шүүдэрболж
Бүүр түүрхэн мэдрэгдэх хацрыг чинь даган бөмбөрнөм
Болж өгөөгүй хайрын усан хэлхээт тэр үрэл
Борооны ариун дусал мэт дэг чийглэн норгоно
Бодлоор болдоггүй орчлонгийн өчгөн саарал мананд
Богино тохиосон хайрын ашдын зам бүүдийж
Болзоод болзоод болоогүй тавилан заяаны хазгай
Бодоогүй нойрссон шөнийн зүүд болон амилнам
Встреча
Сидим, глядим друг на друга
Любимая, долго не встретилсь с тобой
Тот же, нам в детстве нрав твой
В свомх речах…
Твою руку я нежно жимаю, прикасаюсь ,
Нежно мгонько обнимаю, я тебя
Как сегоняшние давние воспоминанья о нас с тобой.
Уставились взглядом очей трепещущих ресниц
Веломинаются ноги чересчур наивных юных лет
Невольно мом губы вливаються в ицека твом
Нежно улыбаясь, любовью одаряешь ты,
Я шепчу тебе слова любовные,
Ты говоришь, что я снился тебе, когда спала с мужем,
Тихо говорим, беседуем мы с тобой,
Заглядывает в окно белый месяц,
Безмолвной тихой ночью городской…
Безмерно спастливы мы с тобой.
Учрал
Удаан уулзаагүй бид хоёр
Урд урдаасаа харан сууна
Унаган багын аашиндаа чимэг нэмээгүй чи минь
Уруул давсан үгээ тунирхалын саагаар чимнэ.
Чинийхээ гарт би зөөлөн хүрнэ
Чимээгүйхэн нүдээрээ чи надаас хайр нэхнэ
Чамайг би зөөлөн тэвэрнэ
Чанад холын дурдатгал өгсөн шиг бодогдоно
Дэрэвгэрхэн сормуустай алаг нүд ширтэнэ
Дэндүү гэнэн насны тэрхэн шөнө санагдана
Уруул минь өөрийн эрхгүй хацарт чинь хүрнэ
Урьханаар чи инээмсэглэн хайраар шагнана
Хайртайгаа би чамд шивнэн хэлнэ
Ханьтайгаа унтаж байхдаа намайг зүүдэлдэгээ чи ярина
Бидний яриа намуухан хүүрнэнэ
Билгийн цагаан сар цонхоор шагайна
Авсаархан хотын нам гүмхэн шөнө
Анир чимээгүй эх бид жаргана

Зүүн гараас, Ж.Болд-Эрдэнэ, Н.Амаржаргал, Г.Ишхүү


Зүүн гараас, Г.Ишхүү, Ш.Уянга

Т.Содномнамжилтай хамт

Зүүн гараас, Ж.Болд-Эрдэнэ, Т.Цолмон, Г.Ишхүү нар

Зүүн гараас, Г.Ишхүү,Н.Тухат


Table of Contents
Зүрхний урлан”-гаар зочилохуй
Номонд өлгөх үг
Дашмаг
Амлалт
Тэндээс би ирсэн
Цаас
Тэгш, дэлгэрлэн
Цагдаа
Залуу нас надаас цахилсан
Юм бүхэн надаас зугатаж байна
Миний хүүгийн төрсөн өдөр
Харь нутгийн тэнгэр дор
Зурганд амилсан дагина
Хүнсний цаг
Шинэ жилийн үдэш
Аялал
Намрын дуудлага
Чи бидэн хоёр
Дараа төлбөрт утас
Хүлцэл
Хоёр шаргын бариа
Намрын нэг үдэш
Нөхрөө дурсахуй
Хувь заяаны хишиг
Бодлын эгшиг хэмээх хэлхээ шүлэг
Мөнхийн гэж үгүй
Галт тэрэг довтолгоно
Бид
Хайлган зүрхний бадгууд
Дурлал
Энэ жилийн өглөө
Миний нуур
Миний шүлэг
Монгол гэр
Ижий говийн дуудлага
Ууган цэцэг
Хөндөгдсөн сэтгэл
Баясгалан
Найзыг минь доромжилсон тэнэгтзориулж бичсэн шүлэг
Талын усны хаваржаа
Дурсамж хайрын уянга
Таван өнгө
Хаврын анхны бороо
Уулзалт
Зуны эхэн сарын хур
Галин гуай
Ус нутагтаа очоод бичсэн шүлэг
Саналт
Алдаа
Ахдаа
Туулын хөвөөнд шөнөжин дуулмаар байна
Being stingy with my age
Насаа би харамлана
The nomads
Нүүдэлчин
Сновидение
Зүүд
Встреча
Учрал

You might also like