You are on page 1of 38

Зүрхний

дуулал
Зохиолч: Лхамсүрэн

© Энэхүү бүтээлийн эрх нь Монгол Улсын Зохиогчийн Эрхийн тухай хуулиар


хамгаалагдсан болно. Бүтээлийг цахим хэлбэрээр түгээх эрхийг bookstore.mn цахим
хуудас эзэмших бөгөөд зөвшөөрөлгүйгээр бүтнээр нь буюу хэсэгчлэн хувилах болон
бусад ямар нэгэн хэлбэрээр олшруулах, ашиглахыг хориглоно.

www.bookstore.mn
Дарийн Лхамсүрэн.
Зүрхний дуулал
Редактор: МЗЭ-н УЗТ шагналт, яруу найрагч Л.Банзрагч.
2013 он.
БОСГО ҮГ.

Та бүхэнд анхны номоо дэлгэн барьж байгаа бүсгүй бол 16-р жарны цагаагчин
могой жилийн намрын эхэн сард Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Өргөн гэдэг
өгөөж сайхан газар малчины гэрт төрсөн Дарийн Лхамсүрэн гэгч болой.
Тэрээр бага сургууль дүүргэж тогоочийн мэрэгжил эзэмшээд Дархан хотын
цементийн үйлдвэрт олон жил ажиллажээ.1980 оноос Орхонтуул суманд шилжин
ирж мал маллан амьдарч буй аж. Малын билчээрт хээрийн цэнгэг салхи амтлан
явахдаа төрсөн нутаг, ахан дүүс, үр хүүхэд хань ижлээн дурсан сэтгэлийн гэгээн
дурсамжаа хэлхэн ,элдэв чамирхалгүй шүлэглэн зүрхний дуулалаа хамт олондоо
өргөн барьсан нь энэ буюу
Бүсгүй хүн шүлэг бичнэ гэдэг бурханы хишиг ч юм билүү .Та бүхэн таалан болгоох
ажаамуу. Номын цагаан буян дэлгэрч санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай.
Л.Банзрагч. МЗЭ-н УЗТ шагналт яруу найрагч.
Хан Хэнтийн нутаг минь
Сонин зэрэглээ мяралзсан
Солонгийн долоон өнгөтэй
Зэрэглээт талын дунд
Зээрийн сүрэг яралзана.
Мөөгөн хүрээтэй араар
Үүлэн сүүдэр тоглоно
Мөрөн голын усанд нь
Уулсын бараа тольдоно.
Талын тоглох зэрэглээнд
Танан гэрүүд ярайна.
Таван хошуу мал нь
Тавиун билчээрт налайна.
Хаа холоос дурсагдсан
Хан Хэнтий нутаг минь
Энэ л насандаа мөрөөдөх
Эгэл миний төрсөн нутагаа.
Х Х Х
Эрчүүд минь.
Алаг дэлхийд амьдрал хайрласан
Алдар гавьяатай аавууд минь
Энэхэн насанд энэрэл хайрласан
Эрхэм хүндтэй эрчүүд минь
Үр ханьдаа бүхнээ зориулж
Үнэнч сэтгэлээр хайрлаж чаддаг
Санаа түвшин шудрага зантай
Саруул ухаантай эрчүүд минь
Зовсон цагт хатуужиж чадаг
Зориг тэвчээртэй эрчүүд минь
Буруу бүхнээс зайласхийж
Бие сэтгэлээ хамгаалж яваарай.
Итгэл сэтгэлийн эзэн та минь
Эргэх амьдралд сөхөрч цөхрөөгүй
Аав ээжийнхээ гал голомтыг
Асааж яваа ачтан юм шүү дээ.
Х Х Х
Миний ээжүүд.
Хүний үрийг үрчилж авсан
Хүндэт буурал миний ээж
Насан турш намайг хайрлаж
Нар шиг гийгүүлсэн миний ээж
Хүний орчлонд намайг төрүүлсэн
Сүүн цагаан сэтгэлтэй миний ээж
Үрээр дутсан хүнд охиноо хайрлаж
Үүрдийн жаргал өгсөн миний ээж
Хорвоод ховорхон тохиох
Хонгорхон хоёр ээж
Итгэлийн гэгээн цамхаг бол
Сэтгэлийн агуу хайлан билээ.
Холын тэнгэрт халисан
Хайртай буурал ээжүүд минь
Мичид гялалзах тэнгэрээс
Миний л заяаг түшиж яваа даа.
Х Х Х
Аав ижий хоёр минь.
Холын холоос зүүдлэгдсэн
Хан Хэнтийн уулс минь
Хонгор насны хайраа олсон
Хайртай аавын минь нутаг даа
Алсын алсад сүүмэлзсэн
Ариун тахилгатай уул минь
Анхны хайраа амталсан
Ачтай ээжийн минь нутаг даа
Зэрэглээн дунд торолзох
Зүүдний хань уулс минь
Зүрхний хайраа дээжилсэн
Зөн билэгийн нутаг минь дээ
Сүүмэн сүүмэн харагдах
Сэтгэлийн шүтээн нутаг минь
Сүүн цацлаа өргөдөг
Аав ээжий хоёр минь дээ.
Х Х Х
Эх орны үзэсгэлэн.
Уртын дууны аялгуутай
Уудам нутгийн минь үзэсгэлэн
Усны давалгаа мяралзуулсан
Утсан хөгжмийн аялгуутай
Малчин түмний минь гайхрамшиг
Монгол орны минь үзэсгэлэн.
Усны шувуудын ганганаа
Үлээх лимбийн эгшигтэй
Сайхан нутгийн аялгуу
Сэтгэлийн мянган магтуу
Эх орны минь үзэсгэлэн
Эгэл олны минь баясгалан.
Х Х Х
Орхонтуул миний нутаг.
Олон жил сууршин нутагласан
Орхонтуул миний нутгаа
Нутгийн уулсаа шүтэн явах
Сэтгэлийн цацал надад бий.
Өндөр уулын энгэрт нойрсох
Хайртай хүмүүсийн минь дурсгал бий
Орхиод явж чадахгүй хоргодсон
Орхонтуул миний нутгаа.
Хань охин хоёр минь
Хайрхан уулын өвөрт бий
Орхиод явж чадахгүй нас элэх
Орхонтуул миний нутагаа.
Х Х Х
Ерөөл тавилантай нутаг минь.
Тансаг бүхнээрээ гайхуулдаг
Есөн эрднийн өлгий минь
Та бидний амьдарсан
Ерөөл тавилантай нутаг минь
Ус мөрнийхөө ариунаас
Ундаалж амталж суудаг даа
Удамт Монгол түмэн минь
Уруудаж доройтохын учиргүй дээ.
Таван хошуу малынхаа
Тансаг буянаар амьдардаг
Талын монгол түмэн минь
Тарчиг явахын учиргүй дээ.
Жилийн дөрвөн улиралд
Хурын шимээр дутаагүй
Жаргалтай олон түмэн минь
Хурмастын ивээлээр жарганаа.
Х Х Х
Заяандаа баярладаг.
Сарны гэрэлд туяарсан
Саатай торго шиг эх орондоо
Сайхан монгол ээжээсээ
Төрсөн заяандаа баярладаг.
Дууны сайхан эгшигээрээ
Намуун дэлхийг бүүвэйлсэн
Намбатай хатан ээжээсээ
Төрсөн заяандаа баярладаг.
Х Х Х
Ханьдаа
Дэлхийд нэг л нар байдаг шиг
Дэргэд минь та л ганц байсан
Нартад та одоо байхгүй ч
Насараа бид таныгаа дурсдаг.
Үүл сэмэрч тэнгэр цэлмэнэ
Үрс минь өсөөд жаргаж сууна
Үгүйлэх зүйлгүй байгаач гэлээ
Үргэлж таныгаа бид дурсдаг.
Сэрүү унах цагийн түрүүнд
Гэрээ дулаалж тухлан суудагч
Хоймрын зай эзэнгүй ханхайгаад
Хайртай аавыгаа үгүйлж л суудаг даа үрс мин
Х Х Х
Охин минь ээ.
Орхиод явсан охин минь
Одны дэргэд л байгаа даа
Тээж төрүүлсэн ганц үрээ
Тэнгэрийн эрхсээс харж яваа даа
Сайхан төрсөн охин минь
Сарны дэргэд л байгаа даа
Сэвлэг нь хийссэн ганц хүүгээ
Сарны дэргэдээс харж яваа даа.
Насан залуухан охин минь
Нарны дэргэд л суугаа даа
Надад орхисон ганц хүүгийнхээ
Насны заяаг түшиж яваарай даа.
Х Х Х
Нутгийн салхи.
Сэвшээ зөөлөн салхи нь
Сэтгэл хөдөлгөж сэвэлзэнэ.
Сэвэлзэх салхины аясаар
Нутгаа санаж гэгэлзэнэ.
Нутгийн үнэртэй салхи
Надруу үүлээ илгээжээ
Намираа зөөлөн бороо
Намайг таныг ариусгана.
Намрын сэрүүн унахад
Аяны шувууд буцнаа
Буцах шувуудын цуваа
Нутагт минь очиж үдлэнээ.
Үдэлсэн олон шувууд минь
Намайг төлөөлж очоорой
Нутгийн тахилгатай ууланд
Залбирч мөргөөд яваарай.
Х Х Х
Өмнөдэлгэр миний нутгаа.
Хорвоод мэндэлсэн балчирхан нас минь
Хонины нэхийд өлгийдүүлж өссөн дөө
Торниж өндийсөн бага нас минь
Тулганы галд дулаацаж торнисон доо
Саалийн хувингийн оосроос
Зүүгдэж өссөн бага нас минь
Сайхан ээжийн хайранд
Цэцэг шиг өссөн бага нас минь
Хурдан морины нуруунд
Хурайлж өссөн бага нас минь
Даавуу цүнхээр гоёж
Сургуульд орсон бага нас минь
Бага насны минь дурсамж бүхэн
Баянбулагийн дэнжид үлдэж дээ
Өсөж торнисон өлгий нутаг
Өмнөдэлгэрт минь мөнхөрч дээ
Х Х Х
Ээжийн баяр.
Энэ дэлхийн хүндтэй баяр
Ээжий сайхан баяр байдаг
Жигүүртэн шувуудтай хамт
Жил болгон бидэнд ирнэ.
Ээжээс хүн төрдөг болохоор
Энэ дэлхий эзэнтэй байдаг
Хавар болгон айлчилж ирдэг
Хайртай ээжийн минь хүндтэй баяр.
Манай гарагийн дуу хууртай баяр
Мянга мянган ээжийн найртай баяр
Миний ээжийн баясгалантай баяр
Монгол түмний бэлэгтэй баяр.
Бүх ээжүүдийн хүлээдэг баяр
Бялхаж цалгисан дуутай баяр
Ээжийн энэ дэлгэр баярыг
Эх орон минь баярлан угтдаг юм.
Х Х Х
Эх орон минь мөнх байдаг юм.
Есөн эрднийн баялагтай
Эх орон минь мөнх байдаг
Эгэл түмнийг минь тэтгэсэн
Эрхэс тэнгэр мөнх байдаг.
Холын зэрэглээнд униартсан
Ханхар уулс минь мөнх байдаг
Хөхөө шувуу донгодсон
Хөвч тайга минь мөнх байдаг.
Загас жараахай наадсан
Мөрөн гол минь мөнх байдаг
Зовлон жаргал ээлжилсэн
Хүмүүний хорвоо мөнх байдаг
Итгэлээр сөгнөсөн их хайр
Насан туршид мөнх байдаг.
Алаг үрсээ гэсэн сэтгэл
Аав ээжид мөнх байдаг юм..
Х Х Х
Эмч нар.
Түмэн олонд жаргал бэлэглэх
Тэнгэрийн зарлага эмч нар
Бусдын төлөө бүхнээ зориулдаг
Бурханы зарлигтай эмч нар.
Хорвоод мэндлэх хонгор үрсийг
Хоёр гардан авч та л өлгийдэнэ
Хорвоог орхих хүний дэргэд
Зүрхээ шимшрүүлэн та л зогсдог
Эрдэнэт хүмүүний эрүүлийн төлөө
Энхийн манаанд та л зогсоно
Өдөр шөнө ээлжгүй манаанд
Эгнэшгүй ачтан л зогсдог билэ
Х Х Х
Дөрвөн улирал.
Үндэстэй бүхэн ургадаг
Үртэй болгон төлждөг
Хаварын дулаан улирал
Ханагар оронд минь ирдэг
Цэцэгийн униар татсан
Талын зэрэглээ тоглосон
Дэлгэр сайхан зун
Эх оронд минь ирдэгээ.
Ажил хөдөлмөр өрнөсөн
Амуу тариа найгуулсан
Алтан намрын улирал
Миний эх оронд ирдэгээ.
Цайлган сэтгэлийн цацал шиг
Цан хяруу хаялсан өвөл
Хүйтэний эрчээ чангалсаар
Манай оронд ирдэгээ.
Х Х Х
Амьдрал та.
Амьдрал өөрөө гайхамшиг
Агуу их сургууль
Ашид зөвлөж байдаг
Амьдрал танд хайртай
Сайхан бүхний цогцолбор
Амьдрал та тэтгэгч
Саар бүхнийг тунгаагч
Амьдрал та шүүгч
Зорисон бүхнээ биелүүлдэг
Амьдрал та бүтээлч
Зовлонгч туулуулж чаддаг
Амьдрал та гашуун
Аз жаргал авчирдаг
Амьдрал та гайхамшиг
Жаргалтай зовлонтой хорвоод
Амьдрал та жаргал авчирдаг.
Х Х Х
Ээжээс төрдөг.
Хаан суудлын эзэн ч
Хатан ээжээс төрдөг
Хүний заналт дайсан ч
Хүндэт ээжээс төрдөг.
Хайртай ээжүүд минь бүгдээрээ
Хорвоог бүүвэйлж уяруулдаг.
Дэлхийг захирах ноёнтон ч
Эгэл ээжээс төрдөг
Энэ орчлонд хүмүүн та
Ээжээс төрдөг нь үнэн
Эхээс л төрсөн бол та
Энэрэх сэтгэлийн эзэн нь бай.
Х Х Х
Хөдөөгийн малчид.
Хөтөлгөө морьтой сайхан залуу
Хүссэн ажлаа цагт нь амжуулж
Хайртай бүсгүйнхээ болзоонд
Харанхуй шөнө ч саадгүй очно.
Зүс нийлсэн унаган морьдтой
Сэтгэл нийлсэн хайрын тавилан
Хөдөөгийн малчин заяатай залуус
Хэтийн жаргалаа зөгнөн ярилцана
Адууны тэнгэртэй Монгол түмэн
Хорвоог туулах морьтон хүмүүс
Хотол түмнийхээ хөгжлийг даах
Хорвоод гайхуулах хөдөөний малчид
Малын дэргэд өссөн хүүхэд
Ааг бяртай болж өсдөг юм
Айраг сүү ууж өссөн хүүхэд
Эрүүл чийрэг байдаг юм.
Х Х Х
Хүүхдүүддээ.
Ээжийн чинь оронд ээж байх гэж
Энэ насаа элээж явнаа
Ээжийнхээ сэтгэлийг зөв ойлгож
Энхрий хүү минь ухаантай байгаарай.
Аавын чинь оронд аав байх гэж
Амь биеэ зориулж явнаа
Ингэж өсгөсөний минь хариуд
Ирэх амьдралаа зөв сонгоорой.
Сүү шиг цагаан сэтгэлээр
Хүүгээ тэвэрч өсгөсөн юм.
Саруул амьдралд залгуулах гэж
Сэтгэл оюунаа зориулж ирсэн юм.
Намайг жаргаая гэвэл
Өөрсдөө л сайн яв
Та нар л жаргалтай явбал
Миний жаргал тэр шүү .
Сайн хүнээс үг сонсож яв
Эрдэм ухаан нэмдэг юм.
Саар үг сонсох бүрийд
Элэг зүрх эмтэрдэг юм.
Мөнхрөхгүй энэ хорвоод
Муу нэрийг цээрлэж яваарай
Сайн нөхөдтэй нөхөрлөж
Сар,одноос шүүрч яваарай.
Х Х Х
Хүний тавилан.
Хүмүүн бидний тавилан
Өөр өөрийн замналтай
Хөрст дэлхийн наран дор
Өрнөх амьдралаа бичнэ.
Туулсан замаа хараад
Харамсах зүйлгүй байвал
Хорвоод харин та өөрөө
Жаргаж өнгөрөөсөн нь тэрээ.
Энэ хорвоод амьдрахдаа
Эндэлгүй жаргаж чадсан бол
Буурал болох насандаа
Буян хишиг чинь дэлгэрнээ.
Х Х Х
Өдрийн наран.
Өглөө мандах алтан наран
Үүлтэй ч салхитай ч мандана.
Өнгөт хорвоогийн жамд
Хүн жаргаж зовж л амьдарна.
Шөнийн мөнгөн саран
Үүлний цаагуур нуугдхад
Сайн нөхөдтэйгээ сархад шимэн
Сайханыг ярьж сэтгэлээ сэргээнэ.
Өдрийн наран биднийг гийгүүлнэ
Өөдрөг ажиллах чадвар хайрлана
Дуулж хуалж ая өргөөд
Дурсамж хүүрнэж өнийг мөрөөднө.
Х Х Х
Ах минь.
Хөх тэнгэрт хагас жаран нисэж
Хөрст дэлхийгээ тэнгэрээс тольдож
Хүмүүн олныхоо хүслийг биелүүлж
Хүрэх газарт нь хүргэж явсан ах минь
Мөнх тэнгэрт мөрөө гаргаж нэрээ бичсэн
Миний ахын зүтгэл бүтээлийг үнэлж
Төрийн дээд шагнал хүртээж
Түмэн олноороо бахархаж явсан юм.
Агаарын зоригт ах минь
Ахмад цолтой гялалзаж явсан юм.
Ард түмнийхээ төлөө
Амь амьдралаа зориулж явсан юм.
Хүнд өвчиний уршгаар
Хайртай биднийгээ орхиод
Буцаад ирчихэж болдоггүй
Бурханы оронд үүрд явчихсан юм.
Х Х Х
Нар сар минь
Миний нутгаас манддаг
Алтан шар нар минь
Өнгөтэй өөдтэй яв гэж
Үргэлж надад шивнэдэг юм.
Уулсын өндрийг давж
Уугуул нутгаас минь мандах
Ургах нарны илчинд
Урьдах зам минь саруул.
Сар нар хоёр ээлжилдэг
Саруулхан энэ хорвоод
Сайхан жаргаж яваарай гээд
Саруул гэрлээ харамалдаггүй юм.
Х Х Х
Хээтэй торго шиг хорвоо.
Хээтэй торго шиг хорвоог
Хэнч өөрчилж чадахгүй
Ханьсаж амьдрах жамыг
Хэнээр ч заалгахгүй шийднэ.
Залуу насны анхны хайраа
Заалгаж зөвлүүлж явсангүй
Заяа тавилангаа дагаад
Замбуулинг хоёулаа туулна.
Ижилсэж амьдрах орчлонд
Ихэр юм шиг ханьсаад
Хатуу зөөлөн хорвоог
Хамтдаа жаргаж дууснаа.
Х Х Х
Аав ээж хоёр минь.
Амьдралын урт хугацаанд
Алдах бий хүү минь гэж
Асарч өсгөсөн аав минь
Тэнгэрээс намайг тэтгэдэг.
Эндэх бий дээ үр минь гэж
Эвийлж хайрласан ижий минь
Бурханы орноос намайгаа
Бүүвэйлж таалж байдагаа
Буурал аав ижий минь
Буруудаж будилж явах бий гэж
Буцаад наддаа ирэхгүй ч
Буян хишгээрээ ивээж байдгаа.
Х Х Х
Нутгаа санадаг юм.
Урьхан хаврын сард л
Унаган нутгаа санадаг юм
Ханш нээгдэх улиралд л
Хайртай аавыгаа дурсдаг юм.
Намрын налгар өдрүүдэд
Настан буурлуудаа санадаг юм
Агь ганга ханхалсан
Алтан нутгаа санадаг юм.
Нутгийн олон найз нараа
Нулимс дуслуулан дурсаж
Өнө мөнх хөгжин дэвжих
Өмнөдэлгэр нутгаа санадаг юм.
Х Х Х
Сэтгэлийн учиг 4 мөртүүд
1.
Насан эцэс болтол
Нандин хайраараа энхрийлсэн
Нарт хорвоод мөнхрөхгүй ч
Намайгаа л гэсэн ээж аав хоёр минь
2.
Цасан дороос дэлгэрсэн
Яргуй цэцэг даарахгүй
Цайлган сэтгэлийн илчинд
Хүний хайр жиндэхгүй.
3.
Ачлал нэхдэггүй хайр
Аав ээжийн минь л хайр
Ачийг нь хариулж чадаагүй бол
Арчаагүй хүүгийн буруу.
4
Үүрд мөнхрөхгүй болохоор
Үргэлж хүнийг баярлуул
Ахиж төрдөггүй хорвоод
Алдар нэр ариун амьдар
5
Нутгийн ханхар уулс минь
Намайг түшин налайдаг
Талын гоёл Хэрлэн минь
Сэтгэлийн дундуур урсдаг.
6.
Зүрхний минь хайрыг шингээсэн
Гурван Зүртийн уулс минь
Зүүд нойронд дурсагдсан
Газрын диваажин нутаг минь.
7.
Амь наснаасаа хайрласан
Айргын бор толгод минь
Эрээн торго шиг цэцэгтэй
Эргэж хоргодох нутаг минь.
8.
Хадган цэнхэр манан дунд
Хангалын Овоо минь сүүмэлзэнэ
Хайртай ажаагийн минь дүрийг
Хадгалж мөнхөлсөн уул минь.
9.
Эрднээр ч солихгүй хайрлах
Эмгэнт уул минь
Ээжийн минь үнэрийг хадгалсан
Цэцэгэн уул минь.
Х Х X
Нутгаа санав.
Хувьтай түмэн нутагласан
Хурхын тунгалаг гол минь
Хувь заяаг минь түшсэн
Өмнөдэлгэр нутаг минь
Талын зэрэглээ наадсан
Тайван амьдралын өлгий
Өсвөр насаа орхисон
Өмнөдэлгэр нутаг минь.
Алаг цэцэг бүрхсэн
Амин хайртай нутаг минь
Ажаа ижийгээ орхисон
Өмнөдэлгэр миний нутгаа
Х Х Х
Ижий минь.
Үрийн минь өлгийг зэхэж
Үртэй минь хамт хайрласан
Итгэл хайрлан энэрч байдаг
Сэтгэлийн хайлан миний ижий
Хонгор хүүг минь өсгөлцөж
Намайг л гэж хайрладаг
Хорвоод нэг л олдох
Насны шүтээн ижий минь
Бүхнийгээ надад зориулж
Бүтэн нойртой цөөн хоносон
Ач зээдээ нялхарч суудаг
Ачлаж өсгөсөн миний ижий
Надад нэг л заяасан
Сайхан буурал ижийгээ
Нартад олдох бүхнээрээ
Сэтгэлийн жаргал эдлүүлнээ.
Х Х Х
Багын дуртгал
Сайхан бүхнээ мартаагүй
Санаж бэтгэрдэг нутаг минь
Гүн нойрны зүүдэнд
Үргэлж сүүмэлзэх уулс минь.
Өсөж торнисон өлгий
Нүдний өмнүүр торолзоно
Чулуун тоглоомын бууринд
Балчир насны дурсамж тодроно.
Томоогүй багын дурдатгал
Толгод бүхэнд нь шингэсэн
Өр зүрхэнд мөнх орших
Өмнөдэлгэр миний нутаг.
Нутгаа санасан сэтгэл гэдэг
Нулимс мэлмэрүүлж уужирна
Х Х Х
Дээдэлж явнаа.
Ханагар буурал ажаа минь
Хангалын овоо шиг түшигтэй
Хайрлаж өсгөсөн ачийг тань
Хариулж би чадаагүй ээ
Энэрэн хайрласан ижий минь
Эмгэнт уул шиг түшигтэй
Энхрийлж өсгөсөн ачийг нь
Эргэж бодсонгүй явж дээ.
Хайртай хоёр буурлаа
Үгүйлэн санаж суухдаа
Халамж хайрыг нь хүндэлж
Үүрд би дээдэлж явдгаа .
Х Х Х
Нутаг минь.
Өндөр өндөр уулсын цаана
Өсөж төрсөн нутаг минь бий
Сүүн цацлаа өргөдөг
Тахилгат хайрхан уул бий
Ажаа ижийг минь хадгалсан
Ариун дагшин уул минь бий
Нэгэн голд тоглож өссөн
Насан багын андууд минь бий
Салхинаас өөр юм хүрдэггүй
Сарьдаг өндөр хайрхан бий
Санаа түвшин амьдралтай
Сайхан нутгийн олон минь бий.
Х Х Х
Хатуу тавилан.
Нуурын усыг долгилуулах нь
Үлээх салхины хүч үү
Нулимс дуслуулан гансарах нь
Үйзэн хорвоогийн тавилан уу
Мөрөн гол үерлүүлэх нь
Аадрын ширүүн бороо юу
Хүний сэтгэлийг уймруулах нь
Зовлон гунигийн туйл уу
Хатуу тавилангийн өмнө
Хүмүүн бүгд л сөхөрнө
Зайлж холдох аргагүй
Заяа төөрөг ирнээ.
Х Х Х
Хаврын цас.
Хаврын хайлган цас
Хацар нүүрийг жиндүүлнэ
Хагацал үзсэн хүмүүний
Сэтгэлийг засч ариутганаа.
Зуны шиврээ бороонд
Зүсээ угааж тольдоно
Зовлонд туйлдсан хүмүүний
Зүрх сэтгэлийг сэргээнэ.
Намрын шаргал наран
Настныг хүндэлж налайна
Насан багын дурсамж сэргэж
Нутгаа санаж гиеүрнээ.
Х Х Х
Шүтээн.
Энэ насны шүтээн
Эцэг нутаг хоёр минь
Хэмжээт насны аврал
Хэрлэн ижий хоёр минь
Миний нутгаас манддаг
Алтан шар нар минь
Мөнхөд харанхуйг гийгүүлсэн
Мөнгөн цагаан сар минь.
Мөнх тэнгэрийн орондоо
Мөнхөрч заларсан аавдаа
Сэмжин цагаан үүлээр
Сэтгэлийн цацлаа илгээе
Хурмастын дайд заларсан
Хүний хайлан ижийдээ
Хур борооны үүлээр
Хүү нь мэндийг хүргэе дээ.
Тэнгэрээс намайг тэтгэж
Сэтгэлийн тэнхээ хайрладаг
Тэвэрч өсгөсөн аав ижийдээ
Дээжээ өргөн залбирая даа.
Х Х Х
Амьдралын минь шүтээн.
Дуудах нэр аялгуу билээ
Дуурсах алдар түүх билээ
Хан Хэнтий нутаг минь
Халх түмний домог билээ
Хэрлэн голынхоо уснаас
Босон суун залгилнаа
Төрсөн газар шороондоо
Хэвтэн хөрвөөн жарганаа.
Хан Хэнтий нутаг минь
Хэрлэн хатан ижий минь
Ая дууны түрлэг билээ
Амь амьдралын шүтээн билээ.
Х Х Х
Хань минь.
Энгэрийн ганц цохио шиг
Эрэмгий шудрага сэтгэлтэй
Элдүүр нь ханасан сур шиг
Эвсэг зөөлөн аальтай
Хээ нь зохисон торго шиг
Хэнтэй нийлэм зантай
Ирлээд тавьсан сүх шиг
Ирмүүн сэргэлэн ааштай
Аавынхаа голомтыг сахисан
Айлын эзэн өрхийн тэргүүн
Асаасан галынхаа илчийг
Арчилж тордож амьдарсан
Үрийн минь аав үнэнч хань
Өрхийн тэргүүн та минь билээ.
Х Х Х
Буриад нютаг.
Буриад зоны минь нютаг
Мойлтойхон өрөлтэй Онон минь
Буурал баавайн минь төрсөн
Манантай будантай Онон минь
Уран ижийм нь төрсөн
Улз Балжийн голууд минь
Усан зэрэглээ торолзох
Уудам тэнүүн талууд минь
Хайхан аав л ижийм нь
Хамтаар жаргахан нютаг минь
Өрнөх амьдралаа даатганхан
Өөдлөн хөгжөхөн нютагам нь.
Х Х Х
Буйр нуур.
Дорнот нутгийн минь чимэг
Домогт дагшин Буйр нуур
Цагийн аясыг элээж
Цалгилан давалгаалж мяралзана.
Хоёр гүрний нутгийг
Холбон долгилох нуур минь
Хошуу нутгийнхаа түмэнд
Хишгээ хайрладаг нуур минь
Алтан нараа тольдож
Ариун усаараа угааж
Монгол түмнийхээ жаргалыг
Мяралзан долгилж хурайлна.
Х Х Х
Өршөө, аав ижий хоёр минь.
Шулуун дардан замгүй
Шуугиант энэ л хорвоод
Хээрийн салхины аясаар
Хийссэн хамхуул шиг явсангүй.
Олон янзын тавилантай
Оломгүй энэ орчлонд
Эрчгүй дээс шиг явсан бол
Ээж минь намайгаа өршөө.
Өгсөж урудах жамтай
Өнгөт энэ орчлонд
Ачлах сэтгэлгүй явсан бол
Аав минь намайгаа өршөө.
Х Х Х
Эх нутаг минь
Энэ сайхан эх орондоо
Эзэн нь болж төрөөд
Баян байгал ээжээсээ
Баялгыг нь хүртэж өссөн сөн.
Өсөж төрсөн нутгийг минь
Өлөн нүдээр ширтэж
Газар дорхи баялгаа
Гадаадын баячуудад өгч
Мөнхөд амьдрах нутгаа
Мөнгөний төлөө мөлжиж
Хайртай нутгийг минь
Хайрлах сэтэлгүй төнхсөн
Одоо цагийн ноёдуудад
Оногдох тавилан хатуудаа.
Х Х Х
Дуудах нэртэй явах сайхан.
Энэ сайхан эх орондоо
Ээжээс төрсөндөө баяртай
Дуулим энэ хорвоод
Дуудах нэртэй явах сайхан.
Дахин төрөхгүй энэ орчлонд
Дандаа жаргал байдаггүй ч
Дагахаас өөр аргагүй зовлон
Дуудаагүй байхад л ирдэг юм.
Зуу наслахгүй энэ хорвоод
Зугаалж цэнгэж явдаг ч
Хагацлын гашуун зовлон
Хаяа бас ирдэг юм.
Х Х Х
Аав ,ижийгээ ачлаж яв.
Санчиг буурал ижийгээ
Санаагийн битгий зовоо
Зовохын тоогоор ээж нь
Нас хорогдож суудаг юм.
Энхрийлж өсгөсөн аавыгаа
Энэ насанд нь жаргааж яв.
Эндэж алдах бүрт чинь
Элэг зүрх нь эмтэрдэг юм
Ачлан энхрийлж өсгөсөн
Аав ижийгээ хүндэлж яв.
Ачийг нь хариулж явах
Хүмүүн бидний үүрэг дээ.
Х Х Х
Насны дурсамж.
Аатай залуу насны минь
Ариухан гэгээн дурсамж
Азтай сайхан учралын
Ахиад уулзах тавилан
Эмзэг залуу насны минь
Энхрий ялдам дурсамж
Эргэж уулзахын ерөөл
Энэ хорвоогийн учрал
Залуу сайхан насны минь
Замбага цэцэг шиг жавхаа
Замбуулинг уяраах дууны
Задгай дурдан шиг эгшиг.
Х Х Х
Ил галын дэргэд.
Ил тулганы галын дэргэд
Илчийг мэдэрч өссөн би
Үлгэр домог сонсож
Ухаан сууж хүмүүжсэн би
Үйлчин ээжийнхээ дэргэд
Учиг сүвлэж сурсан би
Уран аавынхаа дэргэд
Өнгө ялгаж сурсан би
Саруул сайхан нутагтаа
Сааль сүү сааж өссөн би
Сайхан ээж аавын хайранд
Сарнай цэцэг шиг өссөн би.
Х Х Х
Ах эгч хоёртоо.
Хүндэт буурал ах минь
Хүйтэн өвлийн жавраар
Хайртай бүхнээ орхиод
Ханиа дагуулаад явчихлаа
Яасан хатуу хорвоо вэ
Есөн сайхан үрээ
Асарч энэрч өсгөөд
Ерөөл буяныг нь үзэлгүй
Алсад хоёулаа явчихлаа
Яасан хэцүү тавилан бэ
Мөнх тэнгэрт та хоёр минь
Мөнгөн сарны дэргэдээс
Алтан нарны туяагаар
Амьдралыг нь тэтгэж яваарай.
Хайртай үрсийнхээ.
Х Х Х
Бүүвэйн дуу.
Уянга дууны айзамаар
Уужим дэлхийгээ бүүвэйлэнэ.
Бүүвэйн дуутай хорвоод
Бүх амьтад уярнаа.
Аялгуу сайхан дуунд
Амьдын жаргал хайрлана.
Ээжийн бүүвэйн аялгуунд
Эх орон минь тайвширна.
Энэ дэлхийн эгшиг аялгуу
Ээжийн бүүвэйгээс эхлэнэ.
Эгэл түмний тавиланг
Эгшиглэн дуулж магтаяа.
Х Х Х
Хүний туйл.
Сайн хүн гэдэг
Сэтгэлийн гэгээн гэрэл юм.
Сайхан хүн гэдэг
Итгэлийн ариун зул юм.
Муу хүн гэдэг
Арчаагүй явахын илрэл юм.
Муухай хүн гэж
Хахир хатуугийн туйл юм.
Х Х Х
Эх орны тулгуур.
Эрхэм сургаалтай өвгөд минь
Эрэмгий ажилсаг эрчүүд минь
Эрдэмтэй жавхаатай залуус минь
Эх орны минь түшиг тулгуураа.
Санчиг буурал эмээ минь
Санаа түвшин бүсгүйчүүд минь
Сарнай цэцэг шиг охид минь
Саруул орны минь эвийн гагнаасаа.
Уулсын өндөр нь оргил юмаа
Улсын жавхаа нь эрчүүд юмаа
Хатууг уяраах хатан ухаантай
Хээнцэр ганган бүсгүйчүүд минь
Та нар эх орны минь тулгуураа
Та нар энх төрийн минь түшигээ
Х Х Х
Өлгий нутаг.
Тунгалаг Сэлэнгийнхээ усанд
Тольдож хөгжсөн нутаг минь
Түүхийн зузаан ботийг
Түүчээлж бичсэн нутаг минь
Атрын хөрсөнд анхлан
Алтан тариа ургуулсан
Алдар гавьяаны зүтгэлээр
Алдаршиж хөгжсөн нутаг минь
Монгол түмний жаргалыг
Мөнхөд тэргүүлсэн нутаг минь
Хувьтай орныхоо ирээдүйд
Хөгжил дагуулсан өлгий минь.
Х Х Х
Тосон нуур минь.
Агаарын сайханд ариусдаг
“Аварга тосон” нуур минь
Очсон бүхнийг анагаадаг
Оточийн увидастай нуур минь
Нэрийг нь хэлж болдоггүй
Гэрийн эзэн уул минь
Олон түмний минь шүтээн
Онцгой тахилгатай хайрхан минь
Элдэв өвчинийг анагаадаг
Эмийн шүншигтэй нуур минь
Эрхэс тэнгэрийн зарлигтай
Эдгээх увьдастай рашаан юмаа.
Х Х Х
Нутгийн минь баяр.
Эргэн очих төрсөн нутаг минь
Инээж угтах найз нөхөд минь
Өссөн нутгийнхаа ойн баяр дээр
Өрнүүн дэлгэр баяртай уулздагаа.
Буцаад очиход гэрийн буурь бий
Баяртай уулзах нутгийн олон бий
Сүүмийн харагдах нутгийн уулсдаа
Сүүн цацалаа өргөөд золгоноо.
Хүрээд очих нутаг минь
Хурхын голын хөвөөнд бий
Хувьтай олноо умдаалдаг
Хурхын тунгалаг рашаан минь бий.
Х Х Х
Адууны хийморийг гайхуулна.
Ази тивийн цээжинд суурьшсан
Алтан туруутны минь нутаг
Асралт тэнгэртээ залбиран
Адууныхаа хийморийг гайхуулна.
Хүүхдийн гийнгоо цангинан
Хүлгийн тоос тэнгэрт хадаж.
Молор эрднийн баярыг
Монгол түмэн л хийдэг юм.
Х Х Х
Настангууд.
Хал үзэж хашир суусан ч
Хатуу үгэнд гоморхож суудаг
Тамир тэнхээ нь сульдсан
Таяг тулсан ахмадууд минь
Зовлон жаргалаа дэнслэн
Залуу насаа дурсанаа.
Зараа шиг ширүүн үгийг
Залгиж чадахгүй горойж
Зоргоор явсан тавилангаа
Жаахан ч гэсэн үгүйлнээ.
Халуун залуу насаа
Хаяа нэг сананаа.
Хүний энэхэн хорвоод
Хүчтэй явснаа санаж
Өөрийн өндөр насаа
Өөчилж бас чадахгүй
Сайхан залуу нас нь
Сэтгэлийн гүнд сэмэрнэ.
Х Х Х
Ерөөлөөр заяасан нутаг минь.
Айргийн үнэр сэнгэнсэн
Атар хээр нутаг минь
Саалийн үнэр шингэсэн
Саахалт айлсах хөршүүд минь
Талын болжмор жиргэсэн
Таана ханхалсан нутаг минь
Тааваар идээшлэн билчих
Таван эрднийн сүрэг минь
Миний төрсөн нутаг
Мичид хоргодох хангай
Есөн эрднийн баялагтай
Ерөөлөөр заяасан нутгаа.
Х Х Х
Эх орон минь
Газрынхаа баялгаар гайхуулж
Гамшиг зовлонд ороогүй
Дээдсийнхээ буян заяагаар
Дэлгэрч дэвжсэн орон минь
Дайн дажины үймээнгүй
Далай баян эх орон минь
Өрлөг дээдсийнхээ буянаар
Өөдөлж хөгжсөн эх орон минь.
Х Х Х
Сүү шиг ариун сэтгэл.
Нандин хайрын учралаар
Хүн болж төрдөг юм.
Нарт хорвоогийн жаргал зовлонг
Хүн бүхэн л туулдаг юм.
Энэ дэлхийд хүмүүн та
Эзэн нь байж чаддаг бол
Эргэх энэ орчлон
Ээж аав шиг энэрдэг юм.
Эзэн тэнгэртэйгээ харьцах
Их ухаан танд байвал
Элбэг сайхан амьдрах
Энгүүн заяа ирдэг юм.
Сайхан хайрын илчинд
Хүж дэлхий баясдаг юм
Сүү шиг ариун сэтгэлд
Хүний амьдрал гундахгүйээ.
Х Х Х
Эх үрсийн баярт.
Баяр баяраас онцгой
Бялхсан сайхан баяр байдаг
Эх үрсийн гэгээн баяр
Ийм л онцгой баяр байдаг.
Хүүхэд бүгд хөгжилдөж
Ээжүүд бүгд инээлдэж
Зуны тэргүүн сард
Цэцэгтэй хамт ирдэг юм.
Настан буурлууд ч баярлаж
Хүүхэд насаа дурсдаг
Цэнгэх баяртаа хүүхдүүд минь
Цэцэг барьж ээжийгээ угтаарай.
Х Х Х
Барцад ихтэй хорвоо.
Эхээс хүүхэд төрөхдөө
Эрхэм нандин ариун цагаахан
Эх эцэгийн элбэрэлээр
Эргэх амьдралын жамыг дагана.
Багтааж барамгүй хөрөнгө хурааж
Бадам ихэмсэг зангаар аяглаж
Байж боломгүй шуналд автаж
Бялхаж цалгисан нэгэн байхад
Орогнож суух оронгүй тэнэж
Орь ганцаар олноосоо тасарч
Амь зуух аргаа барсан
Арчаагүй нэгэн ч байдаг л юм.
Замбуулин хорвоод амьдрах
Заяа тавилангийн ялгаа юу
Барж туулах аргагүй
Барцад ихтэй хорвоо юм даа.
Хоёр идэж чадахгүй ч
Хоосон хонож зовохгүй
Өөрийн гэсэн амьдралаар
Өег тавтайл явах юмсан даа.
Х Х Х
Эрхт тэнгэрийн захиас.
Эрчлэн хийсэх ширүүн салхи
Эх орны минь түүхийг сануулна
Ихэс дээдсийн ариун сургаалыг
Умартав гэж бидэнд шивнэнэ.
Атар хээрийн анхилуун салхи
Аминчилж чихэнд шивнэхдээ
Алдар гавъяатны ариун үйлсийг
Алтаар үнэлж яваарай гэж захина.
Цэцэгийн үнэртэй шиврээ бороо
Цэн цэнгээр дуслаж хэлэхдээ
Эх орныхоо баялгыг хайрла гэж
Эрхт тэнгэр захиад байна гэнэ.
Х Х Х
Амьдрал жаргалын шүтээн минь.
Эх орны минь нэгээхэн хэсэг
Эцэг өвгөдийн өвийг хадгалсан
Орхонтуулын тэнүүн нутаг
Онцгой түүхтэй баялаг хангай.
Үр хойчдоо үлдээх баялагтай
Үргэлж амьдарч жаргаж явмаар
Түмэн олноо ивээлдээ багтаасан
Түрлэг аялгуутай сайхан нутгаа.
Алт эрднэсээр түмнээ тэтгэсэн
Ариун тахилгатай хайрхан уулс
Аялгуу дууны минь түрлэг билээ.
Амьдрал жаргалын шүтээн билээ.
Х Х Х
Сэтгэлийн оргил.
Уулын өндөр оргилд
Хүмүүн бүгд гардаг бол
Хүний сайхан сэтгэл гэдэг
Хүрч боломгүй оргил билээ.
Баярлах гомдохын хооронд
Багахан хором байдаг ч
Ээж аавынхаа сэтгэлийг
Эмтэлж болохгүй оргил шүү.
Сайн муугийн ялгаа
Өдөр шөнө шиг байдаг ч
Саруул ухаанаар өөрийгөө
Өөд нь татаж яваарай .
Х Х Х
Ахмадын баяр.
Нар ээсэн намар цаг
Настан буурлуудын баярын өдөр
Барьсан таягаа орхиод
Бүжиглэж дуулж наргина.
Арван сарын нэгнийг
Ахмадууд бүгд хүлээнэ
Элээж өнгөрөөсөн амьдралаа
Эргэн дурсаж хүүрнэнэ.
Ганцхан өдрийн баяр
Богинодоод ч байх шиг
Ирэх жилийн баяр
Холдоод ч байх шиг.
Салхины үзүүр сэрүүсээд
Өвөл дохиолоод ирлээ.
Дараа жилийн баяртаа
Дахин мэнд уулзацгаая даа.
Х Х Х
Хуримын улирал.
Найр сөгнөн налайсан намар цаг
Салхиар нь хүртэл сархад сэнгэнээд
Залуу хосын хуримын улирал
Жаргалын хаалгаа нээж угтаад
Алтан тариагаа хурааж
Айраг шуугиж мэлтэлзээд
Аав ээжээс ерөөл сонсож
Аз жаргалын өргөөгөө бариад
Нэг л амьдрах хорвоод
Насны ханиа дээдлэн хүндлээд
Ачтан бүхнээс сургаал сонсож
Алаг үрсээ бүүвэйлэн жарганаа.
Х Х Х
Ижий нуур.
Дорнот нутгийн минь мэлмий болсон
Дагшин ариун ижий нуур минь
Хошуу нутгийнхаа олон түмэнд
Хишгээ хайрласан рашаан минь.
Мандах нарыг мэндлэн угтсан
Мөнгөн долгиот толь нуур минь
Монгол түмний заяаг түшиж
Мөнхлөн мяралзах рашаан минь
Нүүдлийн шувуудын ганганаа
Нуурын усанд аялгуу нэмнэ.
Зэрэглээ тоглосон талын минь
Зээр ундаалсан ижий нуур минь.
Х Х Х
Table of Contents
Зүрхний дуулал.
Хан Хэнтийн нутаг минь.
Сэтгэлийн учиг 4 мөртүүд.

You might also like