You are on page 1of 72

Зүрхэнд

дуссан нулимс
Зохиолч: Д.Уранбилэг
Редактор: Б.Хажидмаа

ISBN: 978-99973-0-142-0

© Энэхүү бүтээлийн эрх нь Монгол Улсын Зохиогчийн Эрхийн тухай хуулиар


хамгаалагдсан болно. Бүтээлийг цахим хэлбэрээр түгээх эрхийг bookstore.mn цахим
хуудас эзэмших бөгөөд зөвшөөрөлгүйгээр бүтнээр нь буюу хэсэгчлэн хувилах болон
бусад ямар нэгэн хэлбэрээр олшруулах, ашиглахыг хориглоно.

www.bookstore.mn
Зүрхэнд дуссан нулимс
Өглөөний саримгар наранд магнайгаа хөлөртөл таныхаа дэргэд дэрвэж
Өсөхийн ахар жаргалаа үүрдийнх хэмээн санаж явсан үе минь
Өтөл буурай эжий таньтай минь хамт нэг л өдөр надаас
Үг сүггүй яваад өгчихийг яахин ухаарах билээ
Үүр дөнгөж хаяарав уу үгүй юу Дэжээ охин годхийн босч, нимгэн даавуун хөх
тэрлэгээ нөмрөн, хуучирч гандсан ухаа ягаан дурдан бүсээ цэнбийтэл ороон бүслээд
зуухныхаа өмнө явган сууж сурмаг гэгч нь галаа өрдлөө. Хойморын орон дээр өвгөн
буурай ах нь тайван нойрсох ажээ. Урьд шөнө тэднийх гэр хотлоороо бөөн хөл
хөөрцөг болж гадаа, гэрт, хөгшин, залуу бүгд борви бохис хийх сөхөөгүй
бужигналдсаар шөнө дөл хэвийсэн хойно орондоо орсон боловч Дэжээгийн толгойд
элдвийн бодол эргэлдэн дэмий л хөнжилдөө хөрвөөж тонгочсоор үүртэй золгосон нь
энэ. Учир нь, өнөөдөр түүний авааль нөхөр болох хүн богтолж авахаар ирэх билэгт
сайн өдөр тохиож байгаа билээ. Дэжээ санаж, сарвайх хайрт эхийгээ гурван жилийн
өмнө өвчнөөр алдчихаад хагацлын зовлонд цөхөрч байх үед түүнийг цорын ганц
садан төрлийн хүн болох нагац ах Пэлжээ нь хажуудаа авч асран халамжлах болсон
юм. Бага, залуудаа сахил санваар хүртэж шашин номын мөр хөөсөн энэ нагац ах нь
л Дэжээг балчир ахуй наснаас нь аль эрт бурхан болсон эцгийх нь оронд эцэг болж,
бэлэвсэрч хоцорсон эх,охин хоёрыг халамжлан асарсан ачтай хөгшин ажээ.
Нас нэлээн хэвийсэн Пэлжээ өр зүрхийг нь дэвтээдэг газар дээрх ганц охин дүүгээ
нүд анихаасаа өмнө гайгүй сайн хүнд эхнэр болгож өгөөд сэтгэл амар хадан гэртээ
явахыг хүсэх ч нутгийн аархсан омголон залуучуудаас харамлан, сэтгэл дотроо
“Нялхаараа юм” гэж битүүхэн эвийлсээр өнөөдрийг хүрчээ. Цэцэг, цэврүү шиг
цэвэрхэн төрсөн Дэжээ охиныг ч нутаг усных нь залуус өвгөний нүдийг хариулан
зүгээр суулгахгүй эргүүлдэх болсон нь түүний сэтгэлийг багагүй чилээх болов. Арга
буюу мэргэ төлөг буулган хэний хүүтэй ураг барилдах талаар удтал тунгаан байж
зэргэлдээ хошууны бэлтэй айлын ганц хүү
Чойжил гэгч бөх байрын хүдэр чийрэг ханхгар биетэй, бор шаргал дугираг
царайтай, шаггүй худалдаачин эрд өгөхөөр тохиролцон хадаг сүйг нь хүлээн авсан
билээ. Тиймээс л охин айлын бэр, хүний эхнэр болно гэхээс аймаар ч юм шиг,
сайхан ч юм шиг санагдан хэдэн өдөр гэгэлзэж, сэтгэлээ барьж ядавч, догдолсон
бяцхан зүрхэнд нь айдас басхүү баяр хөөр зэрэг зэрэг хургасаар шөнийн нойроо
хулжааж орхисон юм.
Галын дөлний улбар гэрэлд Дэжээгийн сул асгарсан долгиолог хүрэн бор үс нь
тансаг хилэн лугаа гялтаганаж, цэвэрхэн шаргал царайг нь улам бүр тодотгох аж.
Охин намирсан хөвсгөр үсээ эвлэгхэн гэгч сүлжээд, ган бүслүүртэй хуучирч
элэгдсэн модон хувингаа аван саалиндаа гарлаа. Саалийн цаг арайхан болоогүй учир
гэрийн гадаа чимээ аниргүй амгалан дүнсийх агаад тэртээ алсад тэнгэрийн хаяанаас
үүрийн зурвасхан гэгээ сэмэрч алтлаг гялбаа нь үүр шөнийн тэнгэрт сүлэлдэн байх
нь нууцлаг хийгээд цаанаа нэгийг өгүүлэх гэсэн мэт гунигтай харагдана. Алсыг
ширтэн хэсэг алмайрч зогссон Дэжээ гуалиг туяхан биеэ тэнийлгэн, сэнгэнэсэн
тунгалаг хүйтэн агаараар цээжээ дүүртэл амьсгалж, хоёр гараа алдлан нэг сайн
суниачихаад гэрийн хойхно байх үнээний зэл үрүү дуу аялан алхлаа. Балчир
багаасаа өгсөж, уруудан тоглож өссөн намхан бор толгодууд нь нүдний өмнө
бүүдгэрхэн торолзож, молцгор халзан орой дээр нь одод ойрхон анивчих нь эгээтэй
л сул асгасан эрдэнэс мэт нэн үзэсгэлэнтэйеэ гялтаганан, сэтгэл огшооно. Өнөөдөр
түүнд арван найман жил энгэрт нь хөрвөөсөн уул ус, хад чулуу, гэр орон гээд дасал
болсон бүхий л зүйл нь нэг л өөр санагдаж, төрж өссөн гэрээ нүүдлийн шувуу шиг
орхиод, таньж мэдэхгүй хүний газрыг зорино гэж бодохоор цээжин дээр нь бул хар
чулуу тавьчихсан аятай дотор нь үе үе давчдаад болохгүй байв.
Өглөөний жихүүн жавар Дэжээгийн самсааг цоргин хорсгож, торомгор бор нүдэнд
нь өөрийн эрхгүй нулимс хуруулан, жижигхэн нүүрийг нь зүүгээр хатгах мэт
часхийн чимчрүүлнэ. Гэсэн ч тэрээр огтын ажирсан шинжгүй улаа бутарсан хацраа
үнээнийхээ хэвлийд нааж, бүлээхэн илчийг нь мэдрэнгээ үе үесхэн инээмсэглэн
тайван гэгч нь дэлэнг нь шувтарч суулаа. Түүний толгойд цаг ямагт эргэлдэх
хийсвэр бодлууд ухаан санааг нь ороон хаа сайгүй тэнүүчилж, догдолсон сэтгэлийг
нь улам бүр түгшээх нь зовлонтой ажээ. “Бурхан минь гэж, би өдрийн сааль гэхэд
аль хэдийнэ айлын хүн болоод энэгшиж дассан гэрээсээ явчихсан байх нь дээ.
Хүний газар очоод наадах нөхөдгүй, нууцаа шивнэх охидгүй ганцаардах байх даа”
гэж өөрийгөө өрөвдөн гансрах зуур түүний нулимс цэлэлзсэн нүдэнд хааяахан
сэмхэн харц шидлэн шохоорхдог нутгийн хөрслөг бор хүү Доржийн зөөлөн
дулаахан инээмсэглэл зурсхийн харагдах шиг болов. “За яая гэхэв, заяа тавилан минь
иймээс хойш нутаг усандаа сайшаагдах сайн эхнэр болно доо” гэж үймэрсэн
сэтгэлээ хүчээр тайвшрууллаа. “Гэхдээ би гэж гэрээс холдож үзээгүй муйхар хүн
нэртэй айлын зүстэй хүүд очиж байж ёс жаяг мэдэхгүй цугласан олны шившиг
болох вий дээ” гэж ичингүйрэхдээ “Эжий минь байсан ч болоосой” гэж эрхгүй дуу
алдав. Түүний үймсэн сэтгэлд буурал эхийнх нь дотор уужрам амгалан дөлгөөн
инээмсэглэл зурайхад “Хөөрхий дөө, муу эжий минь байсансан бол мөн ч их баярлах
байсан даа” гэж сэтгэлийн гүнээс нэгэнтээ санаа алдан шимширлээ.
Дэжээ охин хар багаасаа айлын ганц амин охин гэгдэж, сайн эхийн ачаар эрхи танхи
дураараа өссөн билээ. Уг нь түүний ээжид үртэй болох, үрийнхээ дууг сонсох аз
завшаан хэдэнтээ тохиосон ч золгүй тавилангаар нэгээхэн нь ч биелээгүй юм.
Тиймээс эх нь түүнийг анх хэвлийдээ тээсэн цаг мөчөөс эхлэн аргадан, аргадан
уртаас урт есөн сарыг хоног тоолон хүлээсэн ажээ. Өхөөрдөм бяцхан хөлөө тийчлэн
бүлээн хэвлийд нь тонгочих энхрий үрээ дахиад алдчихгүй юмсан гэсэндээ лам
ахаасаа өдөр бүр эм залан тан хүртэж байсны хэрэг гарч, 1925 оны үхэр жил
тэднийх өвөлжөөндөө байх үеэр буюу яг сар шинийн битүүний өдөр охин үр нь
ээжийнхээ магнайг тэнийлгэж, дуу хадаан хорвоод мэндэлсэн билээ. Хөөрхий эх бие
дорой өөдөсхөн охиноо хүн болгох гэж яваагүй газар, очоогүй оточ нутаг усанд нь
бараг үлдээгүй гэдэг. Эцэс сүүлдээ арга ядсан лам ах нь охиныг бурхан, чөтгөр
хоёрын нүднээс нуух гэж сар бүр өөр, өөр нэр хайрласаар, бяцхан охин ч ямар
нэртэйгээ мэдэхгүй шахуу тарвалзсаар өссөн билээ.
Дэжээ хүүхэд насны гэнэн томоогүй, жаргалтай үеэ санагалзан чимээгүйхэн
инээвхийлж бодолд автав. “Хүний хүслэн болсон ганц охин гэсэн шиг би дүрсгүй
гэж жигтэйхэн их л зүггүй, эрх дураараа хүүхэд байж дээ. Саахалтын тэрсхэн банди
нартай өдөржин голын ус туучиж, загас жараахай эргүүлдэн, оодгор дээлээ шалба
норгочихоод үдийн нар хэвийсэн хойно бээрсэн хөлөө бүлээцүүлэх гэж үхрийн
шинэхэн нойтон баасанд жижигхэн тавхайгаа шигтгээд, эврээд ирэхээр нь эгээтэй
гутал өмсчихсөн аятай далбагануулан чирж явдаг хачин хүүхэд байж билээ. Айл
хотлынхон намайг жаран чавганцийн ажлыг хэдийнэ хэд нугалаад хийж явдаг
буруу эрхэлсэн сахилгагүй шар монди гээд хэн хүнгүй л үглэх нь үглэж, хатуухан
нэгэнд нь дэрчгэр хөх чихээ тасдуулах нь холгүй чихдүүлчихсэн явдагсан.
Үргэлж өөрөөсөө том эрэгтэй хүүхдүүдтэй ноцолдож, хөдсөн нэхий дээлийнхээ
сугыг ханз татуулчихаад нэг л их баатар хүн шиг гэртээ орж ирэн, бор ходоодоо
божийтол тараг цохиж аваад хойморын ширдэг дээр өнхрөөд өгнө. Харин муу ээж
минь өөхөн дэнгийн сүүмгэр гэрэлд нуруугаа хөштөл шөнөжин бөхөлзөж, ханзарсан
дээлийг минь оёж суудагсан. Хааяа ээждээ саймшран усанд явлаа гээд жижигхэн
торхоо бариад өглөө эртлэн гэрээсээ гардаг ч өнөөх ажлаа таг мартаж орхиод
өдөржин үлийн цагаан оготоны нүх үрүү ус зутгаж суусаар мөлчийж шомбойтлоо
норчихсон үүрнээсээ гараад ирэхэд нь бушуухан барьж аваад хээр хаясан цоорхой
тогоонд хийж орхино. Оготоно тэжээх гэсэн балчир хүүхдийн гэнэн тэнэг хүсэлдээ
автагдан хэчнээнийг ч барьж хийсэн юм бүү мэд. Аагим зуны бөгчим халуун
өдрүүдэд өнөөх оготнуудын сэг нь муудан, тэр хавиар дүүрэн өмхий самхай болж
хамаг хүн амьтан дайжих шахам болсон санагдана. Намайг хэдий дүрсгүй ч гэлээ
охин хүүхэд арай ч ийм зүйл хийхгүй гэж бодсон уу, зэргэлдээ айлын шөвгөр бор
хүү Балсанг хэрэгт хардаж нүүр, нүдгүй загнасан даа.
Харин ээж маань хаанаас ч мэдсэн юм, бүтэн гурав хоног надтай нэг ч үг
дуугараагүй юмдаг. Би гэж хүн амихандаа ээжийнхээ арга эвийг олчих санаатай
урдуур хойгуур нь шургалж, зэмлэсэн харцанд нь дальдчиж нэг өхөөрдүүлж нэг
гүйсээр эцэст нь учиргүй их гавъяа байгуулсан аятай баахан уйлаан майлаан, нус
нулимс болж байж аргадуулаад тайвширч билээ. Ээ хөөрхий, эжий минь дэргэд
байхад дэндүү жаргалтай байж дээ” гэж хэсэг санаашрав. Тэгснээ түүний уясал
шингэсэн царайнд дахин доогтой инээмсэглэл тодорч “Би жилийн жилд цагаан
сарыг л хоног тоолон хүлээдэг хүүхэд байж билээ. Шинийн нэгний өдөр ээжийнхээ
сайртай бор гараас хөтлөөд айл хэсч, тоодгор хөдсөн дээлийнхээ энгэрийг түнтийтэл
ааруул, боовхон цуглуулж явах миний хувьд мөн ч их жаргалтай мөч байдагсан.
Аз таарсан жил гайгүй сайн бэл бэнчинтэй айлууд бараг алгын чинээ том цагаан
ёотон эсвэл бор бурам өгнө. Хааяахан цэрэг хувцастай ах нар ирээд бууж мордохдоо
атгасан гарын дайтай бурзгар том мөсөн чихэр өгнө. Ээ дээ, тэгвэл ч би тэнгэрийн
умдаг атгасан дайтай хөөр баярт умбан, хөөрцөглөж өгнө дөө. Сайхан чихэрлэг
амтыг нь аль болох удаан мартахгүй гэсэндээ хониндоо явахдаа өдөрт хоёрхон л
удаа долоогоод өвөртөлчихнө. Хааяа тэсэхгүй үедээ өврөөсөө гарган харж байгаад
амтыг нь дотроо төсөөлөн шүлсээ нэг сайн залгиад, буцаагаад далд хийчихнэ.
Гэхдээ зарим үед нойтон чихэр хөдсөн дээлний минь энгэр доторх сөрзгөр үстэй
цавуудчихсан мэт нам барьцалдаж наалдчихаад салгаж авах гэж бөөн ажил
болдогсон. Олон өдөр долоож өвөртөлсөөр байгаад дээлний дотор гэж авах юмгүй
зумраад, харин өнөөх ховрын сайхан амттан маань тийм гэж дүрсэлж хэлэхийн
аргагүй бөжийсөн хар загал юм болчихдог байсансан. Инээдтэй гэдэг нь, эргээд
бодоход хүнд ярихаас ичиж үхмээр хүүхэд байж дээ…” гэж хөгтэй дурсамжиндаа
хөглөгдөн гэнэт тэсхийтэл ганцаар инээд алдлаа. Тэгснээ хүн, амьтнаас зовнин эргэн
тойрноо гүйлгэн харвал айлынхан одоо л өндийж байгаа бололтой ганц нэг гэрээс
сүүмгэр цагаан утаа суунаглах тул санаа амрав. Хааяахан ганц нэг үхэр шилгээхээс
бусдаар туйлын амар амгалан, анир чимээгүй орчинд ууссан бодол нь хүүрнэх адил
хөврөн урсах аж.
“Би хэдийнэ арван найман нас хүрчихлээ.
Үргэлж л ээжийнхээ дэргэд тонгочих юм шиг дэндүү жаргалтай дэрвэж явсан хүүхэд
нас минь эжийтэй минь хамт яваад өгчихсөн мэт санагдах юм. Нэг л мэдэхэд
солигдоод өнгөрдөг нэр минь хүртэл ингээд тогтлоо доо. Ингэхэд нөхөр болох залуу
маань ямаршуухан хүн байдаг юм бол… Жин тээж, худалдаа арилжаа хийдэг их
овсгоотой, сэргэлэн эр гэж нутаг усаар л нэг шуугих юм. Ямартай ч, ах минь намайг
маруухан хүнтэй суулгах учиргүй. Би ч их азтай хүүхэн юм аа” гэж өөрөө өөртөө
жаргалтайяа шивнэв. “Гэхдээ хөөрхий буурай ах минь хөгшин настай хүн, намайг
яваад өгөхөөр ганцаараа яажшуухан байна даа. Байнгын хол ойрын айлчин гийчний
хөлд дарагдаж, хүн амьтны тусын тулд гэж өтөл биеэ зовоох хэр нь үргэлж л надад
амиа тавьж явдаг уужуу сайхан сэтгэлтэй хүн шүү. Муу ахыгаа насны доройд нь
олигтойхон ч асарч, тойлж чадалгүй хүний хүн шиг хаяад явах гэж. Хүүхэн хүний
заяа тавилан ийм л байдаг юм болов уу даа” хэмээн хэсэгхэн зуур гунив. Дэжээ энэ
мэтчилэн шөнөжин эргэлдсэн бодолдоо ахин дахин ороолдож суутал нам гүмийг
сарниулан айл хотлын хүүхнүүд элдвийн хов жив ам уралдан булаалдаж, шаазгай
шиг шаагилдсаар саалиндаа гарч ирлээ.
- За манай шинэхэн бэр хадамд гарах гээд нойр нь хүрэхгүй догдлоод байна уу.
Бэлтэй айлын ганган бэр болохоороо биднийгээ битгий мартчихаарай даа гэж тас,
тас хөхрөлдөх тэднийг Дэжээ алаг нүдээ эргэлдүүлэн ичингүйрэн харах зуур аль
хэдийнэ модон хувинд нь цалгитал сүү дүүрсэн байхыг үзээд сая л сэхээ аван
сандалаасаа бослоо.
***
Амьдрал хэмээх таашгүй өндөр тэрхүү оргилоос
Айдас ч үгүй, хайраар жигүүрлэн нүдээ анин үсрэхдээ
Зөвхөн чинийхээ зүрхийг хүсэмжлэн даль жигүүр минь ургаж
Зүгээр л чамруугаа хүслээ тээн бүх чадлаараа нисэж байна
Бэлтэй айлын сүр ихтэй хурим найр нутаг хошуу дамнан хөлгүй их хөгжих агаад
Дэжээ охин ч хэдэн өдөр зочин гийчдээ баясган, ганган пансан дээлийнхээ
чивчиртэл татсан бүсэнд амьсгал давчдуулан, нурууныхаа мэдээг алдартал хэрэндээ
л их хичээж суулаа. Тэрээр гал шиг хүрэн бор үсээ цардан толийтол янзалж, дугираг
саран хэлбэртэй оюу номин эрдэнийн чулуу шигтгэсэн найман унжуурга бүхий
мөнгөн даруулга толгойдоо зүүсэн нь өөгүй цайвар царайг нь үнэнхүү чимж, улам
бүр үзэсгэлэн гоо харагдуулах ажээ. Ирсэн зочин гийчинд идээ ундаа барин нааш
цааш намбалаг алхах бүрт нь хотгор нуруу, төмбөгөр хөх, гуалиг нарийхан
бэлхүүсийг нь бэлхнээ тодотгох номин ногоон пансан дээл нь ч түүнд зохисон гэж
ванлий. Шимийн архинд халамцсан харчууд түүний уян налархай хөдөлгөөн бүрийг
нүд бэлчээн эрээ цээргүй дагуулан ажих нь Дэжээгийн хувьд гараад гүйчихмээр
хэцүүхэн санагдаж байсан бол харин түүнээс найман насаар ах нөхөр Чойжил нь их
л бахтай малийтал инээд алдан, хөөрхөн эхнэрээ байн байн сэмхэн сонжино.
Чойжил бол арван таван настайгаасаа эцгийгээ даган жин тээж, халуун хүйтэнд
халж хөрөн элдвийн газраар тэнэж явахдаа юм юм
үзсэн сэргэлэн толгой. Басхүү олон ч хүүхэнтэй дэр нийлүүлэн сүлбэлдэж явсан
адтай хөнгөмсөг нэгэн. Ямартаа л, идэр залуухан хорин насандаа хүрээ хүүхний
ааль аягт сэтгэл алдарч, өдөр шөнөгүй араас нь эргүүлдсээр гэртээ дагуулаад ирсэн
боловч торгонд хөлбөрч, тосонд холбирсон эхнэрээ барьж дийлэлгүй алдчихаад
бачимдаж явсан нь саяхан билээ. Харин энэ өдөр Чойжил өнгөрсөн саваагүй хөнгөн
явдлуудаа хэдийнэ мартсан бололтой. Тэрээр халууцсандаа хацар нь ялимгүй улаа
бутарсан Дэжээгийн цог золбоо гэрэлтсэн, сүүдэр тусам тунгалаг бор нүд,
хараацайн даль шиг жирвийсэн хар хөмсөг, цэвэрхэн шонтгор хамар, жимбэгэр
ягаан уруулыг нүд салгалгүй ширтэнгээ, “Аргагүй л сайхан хүүхэн юм даа” хэмээн
шүүрс алдан өхөөрдөн бодож өөрийгөө баясгана. Сайхан эхнэрээ ийнхүү хулгайн
нүдээр харах бүртээ түүний зүрх оволзож, бие нь огших агаад тогтож сууж ядахдаа
мөнгөн аягатай архиа байн байн сөгнүүлж байлаа. Найрын хоймор ихэмсэг залрах
Чойжилын сүүмийсэн онигор нүдэнд жаргалтай инээмсэглэл халгин тодорч, тэрээр
тун чиг маадгар харагдах ажээ.
Айраг архины исгэлэн үнэр цээж хорсгов ч ардын дууны уянгалаг шуранхайд сэтгэл
хөглөгдөн, өвгөд хөгшчүүлийн модон гаансны боргил утаанд толгой манарсаар
хэдэн өдөр, хэдэн шөнийг үдсэнээ хэн хүнгүй мартагнасан байлаа. Ашгүй ирсэн
гийчид эхнээсээ мордож, халамцуухан зочид дуу аялан морьдоо эмээллэхэд Дэжээ
сая л нэг сэтгэл уужирч гүнзгий амьсгаа авахтайгаа болов. Хөлгүй их найр
наадамд чилээрхсэн хүүхэд, хөгшчүүл орондоо шургалж, сүүл барьсан хэдэн
хөлчүүрхсэн зочид хэрэгтэй, хэрэггүй үгээ хэлэлцэн цөөрсөөр нэг л мэдэхэд өвөрмөц
нарийн уянгын хийцтэй, том таван ханатай ханхгар гэртээ хоёулахнаа үлдсэн
байлаа. Саяхан болтол олны хөлд дарагдан шуугиж байсан гэрт анир чимээгүй
ноёрхож, дугираг тооноор тэргэл саран мэлтийтлээ тусах ажээ. Гэрийн хойморт
тамхи суунаглуулан нэгийг бодон дүнсийх Чойжил, баруун орны ирмэг дээр дэмий л
хуруугаа оролдон цомцойн суух Дэжээ хоёр дэнгийн сүүмгэр гэрэлд чимээ чагнах
мэт хэдэн хормыг дув дуугүй өнгөрүүлэв. Удалгүй Чойжил гэнэт сэхээ орсон мэт
хоолой засан,
-Хурим найр сайхан боллоо хө. Чи минь алжаав уу хэмээн өмнөө тавьсан аягатай
айргаа авангаа хүнгэнэв. Дэжээ гэнэтийн асуултанд самгардан,
-Би юу…, би зүгээрээ гэж чичирсэн хоолойгоор арай ядан хэдэн үг зөөж хэллээ. Гэвч
учрыг эс ойлговч удахгүй болох тохиолыг зөнгөөрөө хүлээх Дэжээгийн хоолой нь
зангирч, сэтгэл нь үймрэн юу юугүй нулимс нь сад тавих гээд хэцүүхэн байв.
Чойжил ч түүний тавгүй байдлыг сэтгэл зүрхээрээ мэдрэх агаад яг л гэм хийсэн
хүүхэд шиг толгой гудайлган суух Дэжээг харан хайрлаж өрөвдөх басхүү эр нөхрийн
анхны шөнийг өөриймсөн эзэмдэх хүсэл нь хүчтэй оволзоно. Тэр удаан хүлээж
тэссэнгүй. Шийдсэн янзтай урт гэгч амьсгаа авсанаа хултай айргаа ум хумгүй
залгилан нэг мөсөн хөнтөрч орхиод огцомхон бослоо. Учрыг совингоороо мэдэрсэн
Дэжээ тэрхэн зуур Чойжил руу мэгдсэн янзага шиг нулимс дүүрэн торомгор
нүдээрээ өрөвдөлтэйеэ ширтэж,
-Намайг битгий айлгаарай, таниас гуйж байна гэж шивнэх шахуу хэлж амжив.
Төрсөн нутгийнхаа хээрийн салхинд л илбүүлж үзсэн Дэжээгийн эмзэг ариухан,
турьхан биеийг нэг л мэдэхэд Чойжилын чийрэг том гар сэхээ сэвээгүй базалж,
халуу төөнөсөн хуурай уруулаараа нүүр нүдгүй үнсэж үнхэлнэ. Түүний чийглэг
халуун амьсгал биеийнх нь хаа сайгүй мэдрэгдэх агаад архи, тамхины хурц
эхүүн үнэр хамрыг нь цоргин, дотор нь давчдаж нүд нь харанхуйллаа. Ногоон
пансан дээлийх нь алтан өнгөт хоргойн товчийг тас татах шахам тайлах Чойжилын
мэнчийж хүрэнтсэн царай хэзээ мөдгүй дэлбэ үсрэх нь үү гэлтэй аймаар харагдах
аж. Дэжээд эсэргүүцэх сөхөө байсангүй. Түүнийг уртхан амьсгал ч авч амжаагүй
байхад Чойжил хул шаргал нөмгөн дээлээ ум хумгүй тайлан чулуудаж, бахим чанга
гараараа бүсэлхийг нь тас тэврээд яах ийхийн зуургүй орон дээр тэрий хадан дарж
уналаа.
-Ээжээ… ээжээ, болиоч ээ хэмээн огцом хашгирах Дэжээгийн хоолой зангирсан
дуунаар Чойжил сая л сэхэл авах мэт түүнийг харвал, охин айснаасаа болоод зүрх нь
амаараа гарчих шахан бүлтэгнэж, бутанд шахагдсан бяцхан бүжин шиг дагжин
чичирч байв. Санаа нь зовсон аястай Чойжил гэнэт зогтусан босон сууж, гэмших мэт
харц буруулан хэсэгхэн азнасанаа түүний булбарай гарыг зөөлөн атгаж,
-Би чамайгаа айлгая гэж санасангүй. Битгий ай даа хонгор минь. Тайвшир, тайвшир
хэмээн амьсгал давхцуулан шивнээд, дур тачаалаасаа болоод салганан
чичрэх гараараа жижигхэн мөрийг нь энхрийлэн илбэлээ. Дэжээгийн нимгэн цагаан,
торгон дотуур цамцных нь цаанаас булцгар хоёр хөх нь тэнтийж, цайвар ягаан
толгой нь хатууран өндийжээ. Чанга гуалиг бие нь үе үехэн чичирхийлж, шонтгор
хөөрхөн хамарт нь хөлс бурзайсан харагдана. Чойжил алгуурханаар бөхийж түүний
дөнгөж нахиалсан цэцгийн дэлбээ шиг зөөлөн цээжийг эмээнгүйхэн таалангаа хасын
цагаан хүзүүг нь аяархан үнэрлэв. Түүнээс хур борооны дараа зөөлөн сэвэлзэх талын
салхины чийглэг үнэр сэтгэл гижигдэн ханхлах ажээ.
Намрын эхэн сарын шинийн арван долооны сар шинэхэн хосын учралыг гэрчлэх
гэсэн аятай шөнийн тэнгэрийн гүнээс мөнгөлөг цагаан туяагаа тооноор асган
дүрлийж, амгалан нойрсох тал нутагт зүсрээ бороо намуухан шиврэн орчлонг
бүүвэйлнэ…
***
Сүүмийх нарны сүүлчийн цацрагийг харамлаж
Сүүдэр ч үгүй орь ганцаар гуниглан зогсох миний
Эргэн тойрны юмс бүхэн нарыг даллан гудайж
Эгээтэйлсалахёсхийхмэтчимээгүйхэнбөхөлзөхажгуу
Чойжилынх таван хошуу мал тал дүүрэн багширсан үнэхээр чинээлэг айл байлаа.
Тоолж барамгүй гэмээр олон адууг нь хариулаад өдөржин эзгүй шахуу байдаг
Балдан, Галсан гэгч хижээл насны хоёр эр, сүү саалийг нь хурааж, цагаан идээ
бэлтгэдэг насаар Дэжээтэй нас ойрхон болов уу гэхээр тэрсхэн, шавилхан биетэй
Мядагмаа, Сүрэн хэмээх хоёр хүүхэн, мөн ишиг хургыг нь эргүүлдэг арван хоёр
настай хэрсүү бор хүү Бат, мод түлээг нь ойртуулдаг хөнгөн шингэн нь аргагүй
үргэлж л инээд алдан майжийтал гүйж явах жижигхэн бор өвгөн Шарав гээд олон
хүн тэднийд хүчин зүтгэж байв. Өвс ногоо тэгширсэн энэ сайхан хангайд том
жижигээрээ ялгаран ярайтал цавцайх таван айл буйр нийлэн өнөр өтгөн аж төрөх
ажээ. Энэ бүгдийг бахдан харах Дэжээд төрж өссөн орон гэр нь хэрэндээ л
хангалуун байсан хэр нь авааль нөхрийнх нь гэрийн хажууд бол борог овоохой шиг
л санагдаж байв.
Чойжилын аав Лувсан гуай барагтай бол амнаасаа үг унагадаггүй, гаднаа их хатуу
егзгөр байрын хурц ширүүн төрхтэй, цөөн үгтэй нэгэн боловч хааяахан аяга тагш
шимийн юм хүртээд ам нь халаад ярихаараа ихэд өр нимгэн, сэтгэл зөөлөн хүн гэдэг
нь илт ойлгогдох аж. Түүний насаараа жин тээж нар салхинд гандаж түлэгдсэн
барзгар хүрэн нүүрэнд хатуу ширүүнд нухлагдсан амьдралынх нь замналыг батлах
гүн гүнзгий тахир үрчлээсүүд тодоос тод сийлэгдэн үлджээ. Хал үзэж, хашир суусан
хүний нэвт шувт харцтай, чацархаг чийрэг биетэй, зэгзгэр бор энэ өвгөн Дэжээг
тэдний босгоор анх хөл тавьсан цагаас алив бүхнийг зааж сургахыг хичээнгүйлэн
оролдох нь түүнд өвгөн буурал ахыг нь санагдуулах тул сэтгэлдээ их л дотносон
хүндэтгэдэг байв. Харин ээжийг нь Дарий гэх бөгөөд оо энгэсэгийн содон нялуун
үнэр ханхлуулсан, ширүүн дориун хурц ааштай, ширэв татсан ихэмсэг харцтай,
махлаг шар авгай байв. Угаас нягт нямбай, хатуу чанга зантай Дарий өрх гэрийн
бүхий л ажилд хошуу нэмэрлэн зангаж, өдөржин энэ тэрийг зохицуулах гэж тун чиг
завгүй сэмбэлзэх ажээ. Хэдийгээр тэднийд гурван өрх айлын зургаан хамжлагын хүн
үүрийн таван жингээс үдшийн бүрий тасартал дор бүрнээ амсхийх чөлөөгүй зүтгэвч,
тэр их малын өвс тэжээл, хариулга, үс ноос, сүү саалийн ажил хэзээ ч үл дуусна.
Дэжээ ч тэднийд ирсэн өдрөөсөө хойш авааль нөхөртэйгөө таван үг ч солих
завдалгүй шахуу ханцуй шамлан ажиллаж байлаа.
Гэхдээ хос хоёр маань сиймхий л гарвал тэрүүхэн тэндээ биесээ хөгжөөн өдөр,
хоногийг туйлын аз жаргалтай өнгөрүүлж байв. Дэжээгийн томоогүй алаг нүд,
жаахан хүүхдийх шиг өхөөрдөм цайлган инээд, тэврээд авмаар гуалиг сайхан биенд
Чойжилын сэтгэл өдөр ирэх тусам ихэд татагдах бөгөөд сав л хийвэл эхнэрийгээ
татаж чангаан инээлгэнэ. Харин Дэжээ нөхрийхөө хайр халамж, хатуу чанга
тэврэлтэд эрхгүй нялхарч, зүсийг нь харах бүрдээ торомгор нүдээ дэрвүүлэн өдсөн
харц шидлэж түүнийгээ баясгана.
Чойжил өдрийн ихэнхийг айл хотлоор хэсэж арилжаа наймаа үсэргэн, наран
жаргахын алдад гэртээ буцаж ирэх тул Дэжээ оройн сааль дуусангуут гэрийн
зүг яаран чавхдана. Хайрт нөхрөө харуулдан тэсч ядахдаа байн байн гарч, хонины
хашаан дээр цомцойтол суугаад алсын бараа саравчилна. Чихний үзүүрт морин
төвөргөөн сонсогдов уу, үгүй юу баярлан хөөрцөглөж түүнийгээ тосон гүйнэ.
Дэжээгийн гэнэн томоогүй ааль, хосгүй тэмүүлэлтэй сэтгэл зүрхэнд эрхгүй уяссан
Чойжилын саваагүй хөнгөмсөг зан ор мөргүй замхарсан мэт түүнд санагдах агаад
дэргэд нь байгаа хэрнээ алхам холдох төдийд эхнэрээ санан гансрах сэтгэлээ өөрөө ч
гайхаад үл барна. Зөвхөн түүнийхээ л дэргэд байвал насан мөнх амар амгалан
жарган суух мэт сэтгэнэ. Энэ мэтчилэн Чойжил, Дэжээ хоёр хорвоогийн шар өглөө
хоёр биесээсээ хагацаж ядан салж, үдшийн харуй бүрийгээр яаран яаран золголдож,
шөнөжин халуун өвөртөө эрхлэлдэн, хайрын үгсээ хэлэлцэн жаргасаар тэдний хувьд
цаг хугацаа зүүд зэрэглээ мэт харвасан сум шиг өнгөрч байлаа. Гэвч нэгэн насны
хувьтай учрал нь үүрдийнх бус үзэгдээд өнгөрөх од шиг харваад одох юм гэж тэд
даан ч яахин мэдэх билээ.
1945 оны зуны дунд сарын нар бүүдгэрхэн ээсэн шиврээ бороотой нэгэн өглөө эцэг,
хүү хоёр алс хол аян замд гарахаар ачаа бараагаа цэгцэлж эхэллээ. Хэдийгээр олон
жил үргэлжилсэн дайны хар сүүдэр энэ нутгаас хол өнгөрсөн ч цаг төрийн байдал
цөвүүн, бараа таваар хомсодсон үе байсан тул тэд сумын даргын даалгавраар
нийслэл хот руу үе үе жин тээдэг байжээ. Аав, хүү хоёр ч албаны зараалыг
далимдуулан амины ажлаа амжуулж, амьтан ах дүүгээс цуглуулсан арьс шир, ноос,
ноолуураа хүрээ түншүүддээ даавуу даалимба, гурил, будаа зэрэг ховрын бараагаар
наймаалцан, нутагтаа авч ирэн борлуулдаг байв. Тиймээс эцэг хүү хоёр нутгийн
ардуудад цэрэг цуухаас ч чөлөөлөгддөг улс орондоо хэрэгтэй хүмүүс хэмээн
сайшаагдана. Харин Дэжээ хайрт нөхрөө олон хоногоор явах болсонд сэтгэл гонсойн
байсан ч төрсөн нутгаар нь буугаад мордох тухай сонсоод магнайгаа хагартал
баярлажээ. Хэдэн өдөр хэрэндээ л амттай шимттэй идээ ундаа, чихэр, боов, аар
шаархан чамин зүйлс, жоохон бөс даавуу зэргийг нандигнан баадагнаж буурай ахдаа
явуулахаар зэхэв.
Нар тогтох үеэр элдвийн зүйл тэнтийтэл ачсан арав гаруй тэмээ нуруун дахь ачаагаа
дааж ядан залхуутайяа өндийсөөр алсын замд хөдөллөө. Авааль нөхрөө аль хэдийнэ
санагалзах мэт гунигтайхан инээмсэглэж зогсох Дэжээгийн дэргэд Чойжил ирж
аргадангуйхан үсийг нь илбэнгээ,
-Хонгор минь би ганц хоёрхон сар болоод л чамдаа буцаад ирнэ. Замын хүнээр хэл
чимээ дуулгаж байна аа. Харин чи минь гэрээ сайн сахиад, биеэ сайн тордоод, амар
түвшин сууж байгаарай гээд салж ядан хоргодох сэтгэлээ түгжин духыг нь шуналтай
гэгч нь үнэрлээд жингийн цувааны зүг яаравчлан алхлаа. Дэжээ нөхрийхөө араас
харцаа салгаж ядан хэсэг харж зогссоноо хойноос нь гүйн очиж нуруунаас нь
тэврээд
-Цаг цөвүүн болжээ гэж хөгшчүүлийн ярианаас сонсогдох юм. Та минь биеэ мэдэж,
сэрэмжтэй яваарай гэж хэлчихээд нулимсаа залгин, гэрийн зүг буцаад гүйлээ.
Жингийн цувааны эхэн дэх төмөр хонхны царгин жингэнэх дуун зүрх шаналган
холдон алдарсаар тэмээн цувааны сүүл тэртээ алсын мананд замхран аажмаар уусах
лугаа алга боллоо.
***
Хатуу цагийн хатингирт халхын нутаг эзгүйрч
Халаглан суух өвгөчүүл ч хадан гэртээ одоцгоосон
Харгуй зам хүртэл атаршин дарагдаж бүдгэрэсэн ч
Хайртыгаа санагалзах сэтгэл л гагцхүү тодоор гэрэлтэнэ
Чойжилыг явснаас хойш Дэжээгийн сэтгэл тэр аяараа хоосорчихсон мэт хором бүр
гиеүрч, сэтгэл нь тэнгэр хөмөрчихсөн аятай бүүдийн байв ч гадаа, гэр дэх
барагдахгүй их ажилдаа шамдан ганцаардалаа мартагнахыг хичээнэ. Горьдлого тээн
тэртээ тэнгэрийн хаяаг үе үехэн саравчлан харуулдавч, бүртийх тоосгүй алсран
цэлийх уудам тал байдаг янзандаа уйтгартайхан налайх ажээ. Тэрээр наран жаргаж
гэгээ тасрахад эзэнгүй ханхгар гэртээ урамгүйхан орж, жавар хургасан хүйтэн
хөнжилдөө нойроо хулжаан хөрвөөнө. Хайрт нөхрөө санан гансрахдаа уйтгар
шингэсэн сэтгэлээ гашуун нулимсаараа угааж, дэрээ нэвчүүлэн шөнийг барна. Нэг л
хэвийн давтагдах мэт өдөр хоногууд алгуурхан элэгдсээр Дэжээ ч хуруу даран
тоолон байж хоёр сарыг ардаа үдлээ. “Магадгүй өнөө орой, эсвэл маргааш өглөө
гэхэд хайрт хань минь хүрээд ирнэ” гэж итгэл өвөрлөн гэгэлзэн хүлээсээр дахин нэг
сарыг арайхийж өнгөрөөв. Гэвч эр нөхөр
Чойжил нь ирсэнгүй. Сураг ажиг ч огт гарсангүй. Түүний сэтгэл яг л хязгааргүй
уужим хөх тэнгэрээ санагалзан гудайх даль жигүүрээ алдсан бяцхан шувуу шиг
гунигийн сүүдэрт дарагдан байх ажгуу.
Ашгүй тэгтэл удаан хугацаанд айлчин гийчин үгүй эл хуль байсан хотол гэрт нь
аймгийн төвөөс ойр, ойрмогхон хүмүүс ирж бараа сүртэйхэн уяан дээр нь бууж
мордох зуур их л чухалчлан элдвийг асууж шалгаах болов. Айл хотлын өвгөд
хөгшчүүл хол, ойрын сонин хачин сонсчих санаатай тэднийг эргүүлдэж, оодгор
шарваартай шалдан бор хүүхдүүд холын гийчдийг сонжин хаа явсан газар нь даган
хөөрцөглөнө. Ихэд яаруу яваа бололтой тэд өрх бүрээр хурдхан гэгч нь орж,
дөрвөлжин улаан тамгатай бичиг сонордуулах агаад авгай хүүхнүүд тогоо шанагаа
хангинуулан хөл алдан гүйлдэцгээх ажээ. Учрыг үл ойлгох Дэжээ дэмий л сандчин
гэрийн гадаа зогсож байтал захын гэрээс Мядагмаа байдгаараа улайчихсан хөлийн
хурдаар гүйн ирж яваа харагдав.
-За Дэжээ минь цаана чинь аймгийн төвөөс чухал мэдээ дуулгахаар мундаг том
дарга нар ирсэн сурагтай байна. Энэ хавиар толгойтой бүхэн ам булаалдан ярихыг
сонслоо. Чи шалавхан орж цай цүүгээ аядуулна байгаа. Би бушуухан харьж энэ муу
саалийн тэрлэгээ солих минь гээд амьсгал давхцуулсаар гүйж одов.
-Хүүе Мядагмаа, тэгээд тэр том дарга нар яг ямар хэргээр яваа юм бол. Чи мэдэв үү
хэмээн Дэжээг хашгиртал, тэрээр зогтусан эргэн харж, нүдээ онийлгосоноо
тээнэгэлзэнгүйхэн айлгүйтэн инээмсэглэж,
-Мэдэхгүй ээ, ямар ч байсан их чухал юм гэнэ лээ гээд мөрөө хавчин жуумалзаад
гэрийн зүг харайлгалаа. Дэжээ түүний тоомжиргүй, хөөрүү аалинд инээд нь хүрэх
зуур “Чойжилынхоо сураг ажгийг дуулах завшаантай хэрэг байна даа” хэмээн
олзуурхан бодсоор гэртээ оров. Төд удалгүй хүүхдүүд шуугилдах дуу гэр тойрон
хадаж, хаалга онгойн хижээл насны хоёр эр, нэгэн идэр залуу хүүгийн хамт орж
ирлээ. Зуухны урд цай самарч зогссон Дэжээ ум хумгүй тогоогоо таглаад, идээ
засахаар зэхэн эргэнэг дээрх сав суулгаа онгичох хооронд
- Амар байна уу гэсээр хамгийн ахмад нь бололтой хүн эхлэн мэндчилэв.
-Мэндээ, амар байна уу. Та бүхэн аян замдаа сайн явцгааж байна уу. Дээшээ морил
гэж Дэжээ ичингүйрэн хэлэх зуураа гангар шаазан аяганд өтгөн шаргал цай
мэлтэлзүүлэн аягалж зочдод барилаа. Аагтай халуун цай шуналтайхан оочилох
тэднийг ажвал жимбийтэл бүсэлсэн дээлнийхээ мөрийг ташуулдуулан зузаан ширэн
цүнх сагалдрагалуулж, нүүр харагдам гялгар хар гутал жийн, цэргийн болов уу
гэмээр малгай духдуулсан нь ихэд дэгжин харагдах аж. Гэхдээ өдийг хүртэл үхрийн
зэлнээсээ холдож үзээгүй Дэжээд албархаг царайтай гэнэтийн зочид нь цаанаа л
сүрдмээр санагдаж сандаргана. Үл таних гурван хүн алжаасан янзтай хөлсөө арчин
тухлах зуур өнөөх хижээл эр ширэн цүнхээ уудлан, хичээнгүйлэн эвхсэн ам
дөрвөлжин цаас гаргаж задлангаа,
-Танайхан тэгээд тавлаг сайхан намаржиж байна уу хэмээн ихэд ёсорхуу асуув.
-Тавлаг байнаа. Энэ жил тэнгэр хангай таалж бороо хур элбэг, мал тарган, сайхан
намаржиж байна. Та бүхэн ямар хэргээр зорьж явна даа хэмээн Дэжээ амихандаа
намбалаг хариуллаа. Өнөөх эр дөлгөөн талибуун инээмсэглэснээ
-Миний алдар Намнан. Бидний нөхөд ардын нам, ардын засгийн чухал даалгавараар
ард олондоо нэн яаралтай зар түгээж явна хэмээн ихэд найрсагаар танилцууллаа.
Дунд зэргийн тэвхэгэр нуруутай, буурал суусан шингэн саарал сахалтай, нүдэнд
дулаахан хөрслөг бор царайтай энэ хүн цэвэрхэн гэгчийн жирийсэн бичигтэй цаасаа
дэлгэн өвөр дээрээ тавьсанаа хоолойгоо засаж,
-За хө манай төр засаг туурга тусгаар төр улс юугаа хүлээн зөвшөөрүүлэх гадгаад
бодлогыг гуч гаруй жил идэвхийлэн явуулсны үр дүнд дэлхийн гүрнүүд манай
улсын албан эрхийг хүлээн зөвшөөрөөд буй. Тиймээс БНМАУ-ын Бага хурлын
Тэргүүлэгчдийн далан зургаа дугаар хурлаас гарсан тогтоолыг та бүхэнд үтэр түргэн
сонордуулахаар яаран яваа минь энэ хэмээн баргил умзад дуугаар ихэд чухалчлан
ярилаа.
Дэжээ түүний хэлснийг нэг үг гээлгүй хичээнгүйлэн сонссон боловч чухам ямар утга
учиртай зүйл болохыг нь огтхон ч ойлгосонгүй. Тэрбээр хорин жил хорвоогийн
тоосыг хөдөлгөж явахдаа ийм чихэнд наалдахгүй содон үгс урьд хожид сонсож
байсан эсэхээ санах гэж тархи толгойгоо гашилгаж суув. Өнөөх хүн түүнийг
нухацтайхан харсанаа цааш үргэлжлүүлж,
- Уг тогтоолд “Бүх ард түмний саналыг тус улсын нутаг дэвсгэр дээр аравдугаар
сарын 20-ны өдөр нэгэн зэргээр гаргуулсугай”1 гэж заасан байгаа юм. Иймд тус
өдөр улс орон даяар тусгаар тогтнолынхоо төлөөх бүх нийтийн санал хураалтыг
өглөөний зургаан цагаас үдшийн 23 цагийн хооронд явуулахаар тогтсон тул Монгол
ард хүн нэг бүр идэвх зүтгэлтэй оролцох нь та бидний эрхэм ариун үүрэг мөн болно
гэж намбалаг төвшин хоолойгоор уянгалуулан уншаад санаа нь амарсан янзтай ам
дөрвөлжин цаасаа эргүүлэн эвхэж, ээдрээт цүнхэндээ хийлээ. Гэвч Дэжээ мөн л юу ч
ойлгохгүй хоцорчээ. Онгон дагшин уужим тал нутагтаа өөрийн дураар хөрвөөн
өссөн тэрбээр засаг, төрийн элдэв явдлыг ойлгохгүй байх нь ч аргагүй билээ.
Дэжээг ийнхүү алмайран гайхаж суухаас тэртээ олон жилийн өмнөөс ардын засгийн
нөхдүүд Монгол улсынхаа тусгаар тогтнолыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх гэж
хир чадлаараа цуцалтгүй тэмцэж байлаа. Гэвч Дундад иргэн улсын эрх баригчид
Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүйгээр үл барам Манай улсын
цэргийн хүчээр байлдан эзэрхэхийг цаг ямагт эрмэлзэж байв. Харин ташуураас өөр
далайх зэвсэггүй Монголчууд зөвхөн хар биеийн чадлаар хичнээн эсэргүүцэн сөрөвч
хүчирхэг гүрнийг ялан дийлэх аргагүйгээ ойлгон байв.
Гэтэл 1937 оны 8 дугаар сард Япон, Хятадын хооронд дайн эхэлснээр хүчин буурай
Монголд Японы цэрэг цөмрөх аюул нэмэгдлээ. Учир нь 1939 оны хавраас фашист
Германы холбоотон Японы цэргүүд Монголын хилийг дахин дахин зөрчиж
мөргөлдөөн үүсгэн, зарлаагүй дайнд илт өдөөн хатгаж байлаа. Ингээд Номун хааны
мөргөлдөөнөөс улбаатай Халх голын дайн эхлэж, Зөвлөлт Монголын цэрэг
түрэмгийлэгчдийн эсрэг хамтран тэмцэж дөрвөн сар орчим тулалдсаны эцэст ялалт
байгуулжээ. Тиймээс 1945 оны зун Москва хотноо Хятадыг Японоос чөлөөлөх
асуудлаар Зөвлөлт, Хятадын хэлэлцээр болж, энэ үед И.Сталин Монголын тусгаар
тогтнолыг хүлээн зөвшөөрөх хатуу байр суурьтай байсны үр дүнд Монголын тусгаар
тогтнолыг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх нааштай хариу авав. Хятадуудын
дургуйлхэн байж дуугарсан тэрхүү нааштай хариу нь “Монголын ард түмний
тусгаар тогтнолынхоо төлөө нэг бус удаа илэрхийлсэн эрмэлзлэлийг харгалзан үзэж,
хэрэв Монголын ард түмэн бүх нийтээр өөрийн улсын тусгаар тогтнолыг санал
хураах журмаар нотлох аваас тэдний тусгаар тогтнолыг Японы дайн дарагдсаны
дараа, одоогийн хилээр нь Хятад улс хүлээн зөвшөөрч болох юм” гэжээ. Тиймээс
олон сайхан эрсийнхээ амийг золин ясаа цайтал тэмцэж байж олж авсан, алдах
эрхгүй энэхүү алтан боломжоо тас зуурах Монгол Ардын Намд сар хүрэхгүй ахар
хугацаанд хөдөөний эгэл малчин ард олонд энэ хэрэг явдлыг ухуулан сурталчлах,
зохион байгуулах амин чухал үүрэг, хариуцлага оногдсон байв. Иймээс тэд Тусгаар
тогтнолоо хадгалж үлдэх эрхэм зорилгоо биелүүлэх гэж Монгол орныхоо өнцөг
булан бүрийг улаа эргэтэл хэрэн тэнүүчилэж ухуулга, таниулга хийж яваа нь энэ
байжээ. Тэднийг ингэж улс эх орон, олон түмнийхээ төлөө унтах нойроо умартан,
идэх хоолоо хугаслан довтолгож явсныг хөдөө нутгийн эгэл жирийн Дэжээ бүсгүй
яахин мэдэх билээ.
Дэжээ нүүрээ улалзуулан зовхио буулгаж “Одоо яадаг билээ. Энэ чигээрээ таг
дуугүй, тас гүрийгээд ойлгосон мэт царайлах уу эсвэл ичгүүр сонжуургүй зүрхлэн
асуудаг хэрэг үү” хэмээн хавчиганаж суутал Намнан гэнэтхэн,
-Танд биднээс лавлаж тодруулах зүйл байна уу хэмээн учир зүйгээ олохгүй сандран
балмагдахдаа чавга шиг улайсан түүнийг мэдсэн аястай намуухан дуугаар
инээмсэглэн асуулаа.
-Би гэж гэрийн мухар сахисан харанхуй бүдүүлэг хүн та бүхний яриаг нэг л сайн
ухаж өгөхгүй л байна. Төр засаг тусдаа гарна гэв үү, ямартаа ч та бүхэнд бас надад
чухал үүрэг ноогдуулсан шиг байна хэмээн түгдчихэд зочид гурвуул нир хийтэл
инээлдлээ. Тэгснээ насаар бага залуу хүү түүнийг өхөөрдсөн аястай инээд алдаж,
-Эгч ээ та ч бас залуу хүн гэсэндээ шаггүй сүрхий ойлгосон байна шүү. Ер нь бол
Монголчууд бид өнө эртнээс өөрсдийн тааваар амьдарсаар ирсэн энэ газар нутагтаа
цаашид ч мөн эзэн хэвээр сууж, гал голомтоо сахин хамгаалах болно гэдгээ
харийнханы өмнө батлан харуулах цаг нь ирээд байна. Үүний тулд бүх ард нэгдэн,
Монгол улс бол Хятадаас хараат бус бие даасан бүрэн эрхт тусгаар улс шүү гэдгээ
батлаж өөрийн нэрээ мутарлах хэрэгтэй байгаа юм аа гэснээ,
-Бид чинь эх орныхоо тусгаар тогтнолыг хадгалан үлдэхийн төлөө тууштай тэмцэж
яваа ардын нам, ардын засгийн төлөөлөгчдийн нэг шүү дээ хэмээн туйлын
бахдалтай нь аргагүй нүүр дүүрэн мишээлээ. Энэ хүмүүсийн өөрт нь чадан ядан
ойлгуулах гэж хичээж буй зүйл хичнээн хүний халуун амь бүлээн цусаар олдсоныг
Дэжээгийн сэтгэл зөн совингоороо мэдэрч, гэнэт Чойжилоо санагалзан зүүн нүдний
дээд зовхи татах шиг болов. Дэжээ сая л тэдний чухам юу хэлээд байгааг ойлгов
бололтой,
-Ээ догшин сахиус минь одоо яадаг шүү юм билээ. Би гэж хүн хар багаасаа мал
дагаад бичиг үсэг мэдэхгүй шүү дээ гэж толгой сэгсрэн шогширсоноо, харцаа
гудайлган газар ширтэн бодлогоширч,
-Ядаж байхад аав, нөхөр хоёр маань хэдэн сарын өмнө жин тээхээр яваад одоог
хүртэл сураг ажиг байдаггүй. Энэ хэдэн гэрийн хоймор эзгүйрчихээд хэцүүхэн л
байх юм гээд хоолой нь зангиран таг болов. Дэжээгийн энэ үгэнд харуусал
илэрхийлэх мэт залуу хүү толгойгоо илэн чимээгүй сууна. Намнан хөмсөг зангидан
ихэд нухацтайгаар
-Бичиг үсэг мэдэхгүй хүн олон бий, санаагаа бүү
чилээ. Зөвхөн баруун гарынхаа эрхий хурууны хээг дарахад л болчихно. Харин
Лувсан, Чойжил хоёрын талаар бид Дарий гуайгаас сонссон. Явах замдаа айл
амьтнаас сураглая. Болохгүй бол нутгийн ах дүүсийг дайчилж эрэл хайгуул гаргая.
Ямар ч атугай танайханд сураг ажиг гаргаж өгнө өө гэж итгэлтэй хэлээд гурвуул
босч, салах ёс хийн мордоцгоолоо. Албаны хүмүүсийн туслана гэсэн үгэнд
Дэжээгийн сэтгэл багахан ч болов уужран цэлмэх шиг болжээ.
Энэ өдрөөс хойш хэд хоногтоо л нутаг усныхан нь ярих сонинтой болж хөгшин
залуугүй дор бүртээ ирэх өдрийн тухай завсаргүй хөөрөлдөж, эгээтэй л наадам
болох гэж буй мэт хөөрцөглөлөө. Зарим нь бүр бичиг үсэг заалгах юм болж,
боломжтой хэд нь шинэ дээл хувцас хүртэл бэлдэцгээв. Дэжээ ч анх удаа сумын төв
орж үзнэ гэж бодохоор сэтгэл хөөрөн догдолж хоньчин хүү Батаар хэд гурван үсэг
заалган нэрээ бичиж сурах санаатай хэрэндээ л их хичээж байв. Хүсэн хүлээсэн
баярт өдөр ирэхэд тэднийх оройн саалиа дөнгөж дуусгаад, бүгд аль өнгөтэй өөдтэй
дээлээ өмсөн, тарган морьдыг ижилсүүлэн унаж, арван хэдүүлээ сүр бараатайхан
хөдөллөө. Шөнөжин явсаар үүр дөнгөж хаяарах алдад сумын төвд орж ирвэл аль
хэдийнээ хаа сайгүй хүн зон багширч, энэ тэрийг сонжих зуурхан хэдэн биесээсээ
нүд алдран төөрчихмөөр хөл хөдөлгөөн ихтэй гэж жигтэйхэн. Ялангуяа хавтгай
цагаан малгай зулай дээрээ хэлтгийдүүхэн духдуйлж, гоёмсог мөнгөн даруулга
хатгасан сүлжмэл урт гэзгээ намжирдан шидлэх төв газрын ганган хээнцэр хүүхнүүд
Дэжээгийн нүдийг эрхгүй хужирлана. Тэд яг л борооны дараа гардаг далбагар цагаан
мөөг шиг хаа сайгүй цавцайн, ийш тийш намбалзан алхах нь хачин сонин харагдах
ажээ. Тэрбээр энэ мэтчилэн төв газрын энэ тэрийг алмайран гайхширч байтал, олны
шаагилдах чимээн дундаас, “Хүүхээ, хүүхээ” хэмээх үл таних сааралтсан дуу
чихний үзүүрт сонсдов. Хэн нэгэн өөрийг нь дуудаад байх шиг санагдсан тул эргэн
тойрноо итгэл муутайхан нүд бэлчээн зогстол, дэргэдэх нь байх хоршооны дүнзэн
байшингийн сүүдэрт гаанс нэрэн таатайяа тухлах ханхгар цээжтэй, ясархаг
бор өвгөн даллан байгаа харагдав. Дэжээ түүнийг таньж ядан нүдээ онийлгож,
гайхсан аястай эргэлзэнгүйхэн алхалсаар явж очлоо. Өвгөн үрчгэр зовхио өргөн ус
гүйсэн нүдээрээ түүнийг танимхайран харангаа мөнгөн толгойтой, хаш соруултай
гаансныхаа толгойг данхгар монгол гутлынхаа ээтгэр хошуун дээр тог тог хийлгэн
цохилж,
-Мэнд амар сайн явж байна уу хүүхээ хэмээн инээвхийлэв.
-Сайн сайн. Амархан сайн байна уу та
-Хүүхээ чи чинь Лувсангийн бэр мөн байх аа хэмээн хариу хүлээх мэт судалтсан
духаа үрчийлгэн түүний царайг ажиглана. Дэжээ сэхэл аван,
-Тийм ээ өвгөн гуай гэж яаран хариулах зуураа өвгөнтэй хаана уулзсанаа санах гэсэн
аятай нүдээ эргэлдүүлэн зогслоо. Өвгөн ээтгэр хуруугаа гозолзуулан түүнийг
дэргэдээ суухыг зангаад,
-Өвгөн ахыг нь Балдан гэдэг. Санаж байгаа бол би Чойжил та хоёрын хуриманд
очиж байсан даа гэхэд, түрүүнээс хойш ой санамжаа онгичин, мунгинаж зогссон
Дэжээ санав бололтой нүүрэнд нь инээмсэглэл тодорч,
-Нээрээ тийм л дээ. Танайхан сайн биз дээ Балдан гуай. Нутаг сэлгэсэн гэж сонссон
гэсээр дэргэд нь очиж суув. Өвгөн шүдгүй шахуу амаа ангалзуулан инээж,
-Сайн сайн. Эжий, аав нь сайн байгаа юу. Энд ирээ юу хө. Хоёр хөгшинтэй уулзаж,
сайхан хууч хөөрөх юмсан хэмээн сэтгэл нь хөөрсөн янзтай гаансаа нэрэн тухаллаа.
Дэжээ ч удаан уулзаагүй танилтайгаа таарсан гэсэн шиг ихэд олзуурхан мишээж,
-Эжий сайн байгаа. Төв үрүү орж ирсэнийх бараа таваар сонирхоё гээд түрүүхэн
зээл үрүү явсан хэмээн торомгор нүдээ анивчуулан цоглог дуугаар хариулсанаа,
царай нь урамгүйхэн хувьсхийж
-Харин аав, Чойжил хоёр маань хэдэн сарын өмнө жин тээгээд, одоо хэр нь ирдэггүй
ээ… Бид хэд яахав дэм дэмэндээ болж л байна гээд уртаар санаа алдав. Өвгөн
Дэжээгийн битүүхэн гуниглах царайг хяламхийн харснаа,
-Удахгүй хүрээд ирнэ биз дээ хүүхээ. Магадгүй зам зуур жаахан саатаа байлгүй.
Манай Лувсан ч аливаад тун няхуур хүн болохоор танай хоёр алзахгүй ээ. Хар
авдранд эрдэнэ бий хазгар өвгөнд эрдэм бий гэж. Цаад хөгшний чинь санааг
баргийн хүн бардаггүй л юм даа хэмээн хэнэггүйхэн бувтналаа. Өвгөний найдлага
төрүүлэм үгэнд сэтгэл багагүй тайвширсан Дэжээгийн нүд нь гэрэлтэж,
-Балдан гуай би таныг олон жил жин тээсэн гэж сонссон. Та залуу насныхаа сонин
сайхнаас хуучлаач хэмээн хэрэгт дурлан яриа өдөв.
-Өө нохой долоо гэж, өвөөд нь хүнд сонирхуулах гавьтай юм юу байхав дээ гээд
өвгөн үрчгэр нүүрээ тааламжтайхан мушилзуулж, мар мар инээд алдлаа. Тэгснээ
тэртээ алсад сүндэрлэх Отгортэнгэр хайрхан уруу сүслэх мэт залбирсанаа
гаансныхаа толгойгоор зааж,
-Өвөө нь энэ сайхан нутагт, яг тэр Очирваань хайрханы өвөрт төрж өссөн хүн.
Лувсангийнх манайх хоёр олон жил айл саахалт явж, тоолвол нас жацуу төөлвөл бие
жацуугийн тавилангаар хар багаасаа хоёр гэртээ орж, гаран их дотно өссөн юм. Аав
минь бид хоёрыг арван долоон нас хүрдэг жил эр хүмүүс хал үзэж, хат сууг гээд
нутгийн хашир туршлагатай хэдэн жинчинд дайж явуулсан санагдана. За тэгээд
гэрээсээ холдож үзээгүй хүүхдүүд нутгаасаа гараад хэдэн өдөр, сараар хүч тэнхээ
ихтэй хүдэр чийрэг эрчүүдийн гарын аяыг даах гэж их л зүдэрдэг байж билээ.
-Ээ хөөрхий дөө, өлсөж ундаасаад хэцүүхэн байсан байх даа зайлуул хэмээн Дэжээ
түүнийг өрөвдөнгүйхэн мушилзлаа.
-Хээ ээ, хол замын уртад толгой ч өргөх тэнхэлгүй болтлоо ядарч туйлдаж явахад
даарч хөрөх, өлсөж ундаасах бол энүүхэнд. Замын дээрэмчдэд тонуулна, зүүрмэглэж
яваад хаягдаж гээгдэнэ. Таньж мэдэхгүй харь газар гэнэн томоогүй хүүхдүүд л
болсон хойно болгоомж сэрэмжгүйгээсээ болж шорон гянданд хүртэл сууж ч явсан
удаа хэдэнтэй бий гээд “Ай Очирваань минь” гэж үл мэдэг шивэгнэснээ шингэхэн
буурал сахлаа зөөлөн илбэв. Тэгээд хааяахан нарийн сиймгэр утаа олгойдох гансаа
шуналтай гэгч нь хэд сорлоо.
Өвгөний бодолд автсан царайг Дэжээ ажингаа “Чойжил минь яажшуухан явдаг юм
бол доо хөөрхий” хэмээн бодох зуур
-Аав та хоёр их сайхан нөхөрлөдөг байжээ. Гэхдээ…, тийм хэцүү байхад яагаад энэ
олон жил биеэ зовоон жин тээгээ вэ хэмээн гайхширан бувтнав.
Өвгөний хөх царайд үл ялиг мишээл тодорч
-Сайхан зүйл ч бишгүй олон байсаан. Эр хүний жаргал эзгүй хээр гэгчээр хэд хэдэн
удаа жин тээгээд ирэхээр тэр сайхан мэдрэмжийг орхиж чаддаггүй юм билээ. Ер нь
бол эр хүн чинь уул ус, хангай дэлхийдээ ойрхон байх тусам сэтгэл амарч, уясдаг
амьтан шүү дээ. Ялангуяа, жинчин хүн гэдэг хэрийн хүний үзээгүйг үзэж, амсаагүйг
амталж, хачин сонин зүйлстэй учирдаг нэгэн бодлын азтай ч гэмээр хувь тавилантай
улс.
-Нээрээ л тийм байх шүү. Бодоод байх нь ээ, жин тээх чинь залуу хүнд хүч сорьж,
нүд тайлах завшаантай хэрэг юм гээч хэмээн Дэжжж баясан уулга алдав. Өвгөн
гаансаа хүр хүр сорох зуураа
-Ай даа, ёстой ёстой хэмээн толгойгоо сэжлин дохиж
-Гэхдээ галзуу барын аманд гараа хийхээс сийхгүй идэр залуу харчуул нийлэхээрээ
биеийн жаргалд ташуурч, эр бярдаа омогшин хэлтгий харсан бүхэнтэй зодоон
цохион хийх шахаж, аргагүй л омголон явжээ. Ахмад жинчдэд хонгоныхоо махыг
тасартал жанчуулах хэр нь хашрахгүй ээ, хоёр хар толгой хэзээний л дэггүйтэж
явдагсан. Манай Лувсан ч хүрээ зодоонд гаргуун гэж жигтэйхэн дамшиг. Бяд “Банди
зоо” ч гэдэг юм, хүрээний муусайн банди нарыг ганц цохилтоор нам цохиод
унагачихдаг, барилдвал барилдчихдаг дархан тонгороо мэхтэй бас л сайн эр явсан
даа гээд эрт цагийн хөгжилтэй дурсамжаа санагалзан нуг нуг инээлээ. Тэгснээ гүн
бодолд дарагдах мэт алсыг ширтэн санааширч, “Муу Лувсан минь чухам яажшуухан
явдаг юм бол доо, хөөрхий. Нас нь өтөл байж амарч хэвтэхгүй зөрүүд өвгөн шүү”
хэмээн сонсогдох төдий санаашран бувтнав.
-Хүүхээ энд нийслэл хотоос хүмүүс ирсэн гэж дуулдсан. Зав чөлөөг нь харж байгаад
цаад хоёроо сураглаад үз. Хол газраас хаа сайгүй тэнэж яваа улс сураг ажиг өгч
юуны магад хэмээн зөвлөх, хүсэхийн завсар хэллээ. Дэжээ ч удтал хайсан зүйлээ
гэнэт олсон хүн шиг царай нь гэрэлтэж,
-Чухам аа чухам, тэгье байз. Би ер нь шалавхан явж, эртхэн үүд хаалгыг нь
эргүүлдэх минь. Их л яарч яваа улсууд шиг байна билээ. Аягүй бол буцчихаж мэднэ
гээд годхийн босов. Өвгөн гаансаа зуун толгойгоо дохиж,
-Тэгээ хүүхээ, өвөө нь тэгэж байгаад танайхаар нэг буугаад мордомз. Дарий
хөгшинд мэнд хүргээрэй гэсээр хоцров.
Хаа сайгүй гал улаан далбаа сүр жавхлантайяа дэрвэж, “Бид Бүгд Найрамдах
Монгол Ард Улсын харъяат мөн. Хүн болж төрсний минь дээдийн дээд эрхэм
эрмэлзэл бол өөрийн эх орны тусгаар тогтнолын төлөө амь нас, санаа сэтгэлээ
зориулахад хэзээд бэлхэн байхад оршино. Бид өөрийн эх орны тусгаар тогтнолыг
батлан гэрчилнэ” хэмээн тод чангаар уриалах дуун зүрх огшоож, сэтгэл хөдөлгөм
яруу бахархалтай цуурайтах ажээ.
Дэжээ, Дарий хоёр санал авах байрны үүдийг өдөржин манаж суусны хүчинд бүрий
орох үеэр хотоос ирсэн хүмүүсийг даргалж яваа хүнтэй нүүр тулан уулзвал өнөөх
хижээл эр Намнан байж таарлаа. Тэд хэдэн биесээ ихэд танимхайран мэндчилээд,
хэсэгхэн цаг үеийн сонин хачин хөөрөлдлөө. Итгэл өвөрлөн харуй бүрий болтол
хүлээсэн хоёр сураг ажиг гаргаж чадаагүйдээ урам нь хугаран гонсойсон ч Намнан
хотод очсон хойноо хөдөө явсан хүмүүсээс бүх боломжоороо сураглаж, заавал хариу
хэл дуулгахаа амлажээ.
***
Аян замын уртад мэлтийх саран уйтгартай ч Ачит буурал аавын минь бодлын
илч шиг гэрэлтэй
Аглаг хөх ууланд судалтах өнгийн солонго үзэсгэлэнтэй ч Андын аяглах хуурмаг
магтаал шиг хий хоосон байх
Лувсан, Чойжил хоёр Улаанбаатар хотод ирээд их зээл дээр бараг тав хонохдоо
овсгоо сүйхээ нь дэндсэн гэмээр шинэхэн танилынхаа ач буянаар авчирсан бараа
таваараа хурдан хугацаанд санаснаасаа илүү үнэ хүргэн арилжиж чаджээ. Тиймээс
өврөө түнтийтэл бийлэгжсэн аав, хүү хоёр буцах бэлтгэлээ базаах санаатай хог,
шороо хамар дор бужигнаж, золбин ноход хөлд ээрсэн их хотын зээл дундуур
нутгийн хүмүүсийн нүд хужирлачих элдвийн шалдар, булдар зүйл сонжин алхална.
Тэднийг ийнхүү дээл хувцаснаас нь завсаргүй татаж чангаан үнэ хэлэлцэн
шаагилдах олны хөлнөөс залхсан аястай хэсүүчилж явтал
-Чойжоол, Лувсан гуай… гэх шинэхэн танил Дэнзэнгийн царгил дуу хадах нь олны
шуугианыг зүсэн тодоос тод сонсогдлоо. Эргэн харвал Дэнзэн байдгаараа
маасайчихсан, шавилхан жижиг биедээ элбэгдсэн хүрэн бор өнгөтөй, үйтэн хуаран
дээлийнхээ хормойд түүртэх аятай намас, намас алхалсаар ирж явлаа. Дэнзэн бол
Дорнод аймгийн Халхгол сумын уугуул боловч дайны сүүдэрт нухлуулсан зовлонт
он жилүүдэд энгийн номхон ардуудын адил нутаг ус сэлгэн дайжсангүй. Харин ч эд
бараа нүдний гэм болсон самуун цагийг овжин ашиглаж энд тэнд
шургалан, арилжаа панз үсэргэж, үхэхээс бусдыг
үзэн байж шаггүй хөлжсөн арга зальтай нэгэн билээ.
Чойжил түүнийг харсандаа баярласан гэлтэй инээд алдан
-Өө Дэнзэн ах амар сайн явж байна уу, за та минь ямар хэргээр хэний хүүтэй наймаа
үсэргэж, хаагуур шуугиулж явна даа хэмээн тосон мэндчилэх зуураа дотночилон
ёжлох басхүү сониучирхахыг зэрэгцүүлэв.
-Дүү хүү муу ахыгаа цаашлуулаад байгаарай. Ах нь энэ хөсрий газар зүгээр ч нэг
тэнээд явах хүн биш шүү гээд тарвага шиг орсгор том шар шүдээ яралзуулан инээд
алдаснаа
-Та хоёр маань тэгээд хэр төвхнөж байна даа. Эндээс ч хүний нүд татаж, үнэ
хүрчихмээр чансаатай эд олно гэдэг ч өвсөн бухал дундаас зүү эрэхийн дайтай
хэцүүхэн хэрэг байх шүү гээд хавь ойроо голонгуй хялалзлаа. Тэгснээ зальжин бор
нүд нь учиргүй талимаарч
-Гэхдээ дүү хүү хүсвэл Дэнзэн ах нь ногоон хурганы арьс, нохойн битүү туурай
байсан ч олоод өгч чадна шүү хэмээн түүний мөрийг дотносон алгадангаа ая тал
засан мушилзав. Чойжил бахдалтай нь аргагүй нуг нуг инээн
-Та ч олоод ирж мэдэх арга ухаантай сэргэлэн толгой доо. Хатавчны халтар нохой
хүртэл эзнээ боргоох энүүхэнд болсон энэ цөвүүн цагт ч тань шиг хүний мөс сайтай
хүн одоо нүдний гэм болсон байх шүү. Сайн хүнтэй таарсны ач буянаар аав бид
хоёрын ажил саадгүй сайхан бүтсэн болохоор ах хүүд яажшуухан хариу тус хүргэдэг
юм билээ гэж санаа чилээж л явах юм хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлж ядах
мэт хулмаганалаа. Дэнзэн эгээтэй л тав давсан шинэ залуу бөх шиг гараа алдлан
хөөрцөглөж
-Ишшш, эр хүмүүс аргагүй л нэг нэгэндээ хайртай байх юм даа. Ах нь хол замд
ядарч зүдрэхийн зовлонг энэ хар биеэрээ бишгүй л эдэллээ. Бурхан болсон ах,
дүүгээс минь ялгаагүй санагдах та хоёртоо багахан ч атугай тусалж чадсандаа харин
ч би их баяртай байгаа. Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэдэг дээ. Тиймээс
олон долоон юм санаж сэтгэлээ чилээх юун. Одоо мартаж үз ээ гээд нялх хүүхэд
аргадах мэт хошуугаа өмөлзүүлэн хүүрнэлээ. Тэгснээ тэрхэн зуур хагтай хад шиг
хогжир улаан царайгаа төвшитгэн
-За тэр илүү дутуу яриа яахав. Үг олдож, үхэр холдох нь. Би та хоёрт дуулгах сайхан
мэдээтэй яарч явна. Гурвуулаа энүүхэн ойр аятайхан зоогтой газар орж амсхийх
зуураа тухтай хөөрөлдье. Сайхан танилцсан улсууд байна, аяга тагш юм барина
байгаа. Та хоёр маань ч гэсэн нутаг буцах гэж хөөрцөглөөд тухтай хооллож
амжаагүй л яваа байлгүй хэмээн нүдээ ирмэн найрсагаар дохив. Тэгээд тэр хоёрыг
хүчлэх аястай урагш зангаснаа урд нь гараад яаравчлан алхлаа. Арын ажилдаа санаа
зовинов ч тус хүргэсэн ачтай хүн хэрэг болгон урьж байхад татгалзах нь
хүн чанаргүй явдал болох тул ялангуяа Лувсан дуртай, дургүй дагав.
Дэнзэн өнөө хоёртой элдвийг хуучлан ам хуурайгүй чалчин явсаар хятад газар
бололтой орой дээрээ дөрвөлжин үсэг, монгол бичгийг хослуулан таталсан хаягтай
хоёр давхар шавар байшин уруу дагуулан орлоо. Үүдээр оронгуут час улаан өнгөтэй
бөмбөгөр цаасан дэнлүүнүүд ярайж, нүд эрээлжлэм гялгар шар луун хээ бүхий
улаан торгон дээлтэй, шаазан ваар шиг шунхадсан хүүхнүүд найрсгаар намилзан
бөхөлзөж угтав. Содон хурц өнгө бялхсан энэ газрын энд тэнд зоог хүртэн сууцгаах
хэдэн хүмүүс шанз хөгжмийн донжтой намуухан аялгуунд сэтгэлээ баясгангаа юу ч
юм жиг жуг ярилцаж харагдана. Биед нь наалдах шахуу тонголзох хүүхнүүдээс
Лувсан,
Чойжил хоёр бишүүрхэнгүй алхалсаар том дүнзэн ширээнд тулж, хөх даалимбан
олбог дэвссэн царс модон сандалд зэрэгцэн суулаа. Тэднийг малгай тавин тухалж ч
амжаагүй байтал намжирдан гунхалзах хээнцэр хүүхнүүд далбагар том царан дээр
эрээлжлэн алаглах нарийн хоолуудыг ээлж дараалан завсаргүй зөөн, аальгүйхэн харц
шидлэн гүйлдэх аж. Харин Дэнзэн яг л энэ газрын эзэн ноён аятай бардам
хүндэтгэлтэйгээр тухалж, сөөсгөр шингэн хөхөмдөгөө тамшаалан имрэнгээ, ямар ч
эрийн нүд шууд унан дурламаар гарын алганд багтамгүй шахуу шүрэн толгойтой
халтар манан хөөрөг гарган шуналтайяа тамхилна. Түүнийг хишиг түгээх Богд мэт
ихэмсэгээр гар дохин зангах бүрт эмс хүүхнүүд дуртайяа гүйн ирж, энгэрт нь эрх
муужгай шиг наалдан элдвээр аальгүйтах агаад тэрбээр хүрээ хүүхнүүдтэй их л
дотночлон шивнэлдэж, найр тавин инээвхийлэх ажээ. Ядаж байхад зоогийн газрын
эзэн болов уу гэмээр атигар шар хятад байн байн өмнө нь ирж бөхөлзөн, өнгө
алагласан гоёмсог ваартай дотор газрын ховор архийг нүдээ дальдчуулан сөгнөнө.
Тэр эгээтэй сөхрөх нь холгүй архи барин долбилзох нь хөдөөний эгэл хоёрт нэн
эвгүй сэтгэгдэл төрүүлэн байв. Дэнзэн сая л нэг аяглаж ханасан бололтой, сүүмгэр
нүдээ эргэлдүүлэн тамшаалж,
-Нэрэлхэлгүй зоогло ах, дүү минь. Эндхийн хоол их өег, сайхан амттай шүү хэмээн
хошуу дэвсэн дотносон уриалах зуур гурвуул гоёмсог хөх хээтэй, үхрийн нүдэн
чинээ бумбагар цагаан хундаганд хэл дарвигануулсан хатуухан архийг сөгнүүлэн
хэдэнтээ тулгалаа. Айхтар хурц амт, шимттэй идэж дадаагүй дотор газрын зоогоос
хүрч ядан савхдаж аядмар суух эцэг, хүү хоёрыг Дэнзэн цоо ширтэн инээвхийлж
байснаа, хоолой засан өндөлзөж
-Манай нутгийн нэг сайн нөхөр Дорнод уруу багахан ачаа хүргээд өгөөч гэж гуйгаад
салдаггүй. Уг нь чамлахааргүй овоо шан хөлс амлаад байгаа. Гэвч би эндэх их ажил,
хэргээ хааш орхиж явах билээ. Уг нь боломжтойсон бол ч уухай нь тас шүүрээд
авчихмаар юмсанж. Гэтэл туслахгүй бол болохгүй хүн байдаг. Нэгэнт өөрөө явж
чадахгүй болохоор найдвартай хүн олж өгье гээд ам гарчихсан юм аа хэмээн
зовнисон аястай намдуухан хэлснээ, урдах тавагтай хоолондоо нүүрээ наачих шахуу
бөхтийж
-Эр хүмүүс байна. Энэүүхэндээ гэж аминчлан ярихад, ахиухан зоосонд нь
санаархаад яваад өгье гэсэн хүн зөндөө. Гэхдээ хот газрын хүмүүсд итгэхэд тун
хэцүү. Тэгээд ч хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг дээ. Тэгээд л та хоёртоо
дуулгах санаатай яарч ирсэн минь энэ гээд үгээ дуусгав бололтой суудалдаа эргэн
тухалж, хариу хүлээх мэт чимээ чагнан суулаа.
-Дорнод ч уг нь эндээс хэдхэн өдрийн газар даа. Тэгээд яг хэдий хэрийн шан өгөх
юм бэ гэж Чойжил огтын тунгаан бодсон шинжгүй шуудхан асуув. Энэхэн зуур
Лувсан хүүгээ “Дуугаа аяд” гэсэн шиг ширээн доогуур хүчтэй нударсанаа, аядуу
тайвнаар
-Тэр мөнгө, цаас ч яахав. Жин тээнэ гэдэг хүүхдийн тоглоом биш. Одоо Дорнодын
тийш үймээн самуун ихтэй сурагтай. Гэхдээ бидэнд тусалсан сэтгэлийг тань санаад
тус хүргэмээр байвч хүү бид хоёр нутгаасаа гараад чамгүй удсан болохоор ар гэр
рүүгээ яарахгүй бол горьгүй нь. Ямартаа ч, Дэнзэн хүүгийн сайхан сэтгэлд гялайлаа
хэмээн хал үзэж хашир суусан өвгөн эцэг нь шуудхан цааргаллаа. Дэнзэн ихэд сэтгэл
гонсойсон аятай дуугаа хураан хөмсөг зангидаж сууснаа
-Тийм бол яая гэхэв хэмээн харамсангуйхан шүүрс алдав. Гэхдээ тэрбээр найдлага
тасраагүй бололтой. Эцгийнхээ хатуу үгэнд уучлал эрэх мэт өөрийх нь харцнаас нүд
төөрүүлэн, биеэ займчуулан суух Чойжилыг гоморхсон харцаар ширтэж
-Юу ч гэсэн замд гарах хүртлээ ахиад сайн бодоод үзээрэй хэмээн аргадангуй
хэллээ. Лувсан ч энэ үгийг хүлээж байсан гэлтэй
-За хүү бид хоёр эртхэн шиг ачаа бараагаа цэгцэлье. Манай нутгаар ирэх завшаан
гарвал заавал хэл дуулгаарай хүү минь гээд түргэхэн гэгч нь ширээнээс босоод
-Хөгшин настай надад энэ бүгчим газар дотор давчдаад зохихгүй нь шиг байна. Гарч
агаар салхинд сэрүүцэх минь. Чойжилоо яаравчилж үзээрэй. Аав нь гараад хүлээж
байя гээд үүд тийш түргэн, түргэн алхаллаа.
Их л сэжигтэй байрын зальжин нүдтэй Дэнзэн анх уулзалдсан үеэсээ л Лувсанд
огтын таалагдаагүй ажээ. Учир нь, түүний нүд хуурсан сайхан инээмсэглэлийн ард
чонын айхтар санаа нуугдаад байх шиг санагдаад горьгүй байв. Дэнзэнг мөнгөний
төлөө хар толгойгоо худалдчихаас ч сийхгүй гэдгийг хашир өвгөн Лувсан анзаарсан
тул хүүдээ “Энэ хүн яавч зүгээр нэг туслах учиргүй” гэж хэдэнтээ сэрэмжлүүлсэн
боловч угаас хөөрүү, гэнэн Чойжил эцгийн үгийг огтхон ч ойшоосонгүй. Харин ч
аавынхаа аливаад муу санаатай, хашир нь дэндсэнийг гайхан, тоглоом шоглоом
болгоод өнгөрчээ.
Лувсанг гарч явсны дараа Дэнзэн, Чойжил хоёр салах ёс хийж хатуухан архинаас
хэдэнтээ тулган үг дуугүй хөнтрөв. Түрүүнээс хойш хэлэх үгээ олж ядан хулмаганаж
суусан Чойжил огцом балгасан архиндаа зоригжин
-Эр хүний замын хүзүү урт. Бид хожим учран золгох тавилан байвал дүү нь заавал
таньд тусална аа. Аав минь өтөл настай хүн болохоор нутаг ус, гэр орноо
санагалзаад хэцүүхэн байх шиг байна гэхэд
- Аргагүй, аргагүй гэж Дэнзэн инээд алдан өндөлзөн боссоноо алгуурхан дөхөж
дэргэд нь суугаад,
- Чи бол олон жил жин тээсэн туршлагатай хүн. Одоо хэдий болтол урдахаа харах
нүдгүй, уушиг зажилах шүдгүй болсон сул дорой хөгшин эцгийнхээ амыг харж
явахав. Жарын талыг шахуу насалчихаад биеэ даах цаг чинь аль хэдийнэ болчихсон
юм биш үү, дүү минь. Чи чинь эр хүн байна даа хэмээн тавлах дооглохын хооронд
ёжиллоо. Энэ омог хөдөлгөх шор мэт үгэнд өөрийгөө өрөвдөх шиг санагдах Чойжил
хэрхэхээ мэдэхгүй нүүрээ улалзуулан бухимдан байгааг Дэнзэн соргог ажиглаад
авчээ. Хүслээ гүйцээхэд тунчиг ойрхон дөхсөнийг ойлгосон Дэнзэн баярласандаа
нүдэнд нь эрхгүй тодрох атгаг зальжин инээмсэглэлээ хоромхон зуур нуулаа. Тэгээд
толгой гудайлган бодлогоширон суух Чойжилын сэтгэлийг хөөргөхөөр чанга хатуу
мөрийг нь тэврэн хүчтэй базалж,
-Аавдаа ямар эр хүн болохоо харуул. Эцэг чинь лав чамаар бахархана. Ах нь чамайг
чадлаараа дэмжинэ ээ гээд түрүүнээс хойш түүний нүд унаган байсан халтар манан
хөөргөө алтан эмжээртэй далбагар хөх даалингаасаа гарган бахдалтай нь аргагүй
ихэд нандигнан илбэв.
-Энэ их нүнжигтэй эд шүү дүү минь. Баргийн бэл бэнчинтэй хүний хүсэл байв ч,
хөрөнгө нь дутах үнэ цэнэтэй их гарын хөөрөг байгаа юм. Хэрэв чи манай андын
ачааг бүрэн бүтэн Дорнодод хүргээд өгч чаддаг юм бол ах нь дүүгийн зориг, тусыг
үнэлээд энэ хөөргөө бэлэглэчихье. Итгэж найдах хүн эрхэм дүү чамаас өөр алга
байна хэмээн гуйх, аргадах хослуулан сэтгэл нэгэнт шулуудсан өнгөөр бат итгэлтэй
хэллээ.
Чойжил тэрхэн зуур “Үнэн үү” гэсэн шиг духаа өргөн Дэнзэнг гайхан ажвал түүний
царай бурхан багш лугаа амирлангуй хийгээд харцанд нь ах хүний энэрэнгүй сэтгэл
дүүрэн цалгилаж харагдав. Чойжил яагаад гэдгийг үл ойлгох ч хэтэрхий өгөөмөр
сайхан энэ хүнд нэг их өртэй юм шиг сэтгэгдэл зүрхний нь гүнээс төржээ.
Учиргүй хөмсөг нь гурвалжлан нүүрийг нь гөлрөх
Чойжилын гарт Дэнзэн тэнтгэр том хөөргөө зөөлхөн атгуулаад үг дуугүй босч,
суудалдаа эргэн суулаа.
Чойжил атганд арай ядан багтах шүрэн толгойтой хөөрөг, Дэнзэнгийн итгэл
горилсон элбэрэлт дөлгөөн харцыг ээлжлэн, ээлжлэн харж, хэсэг бодолхийлснээ,
түүнийг цоо ширтэн инээмсэглэж
- Би явна аа гэж эрс шийдэмгий хариулаад бослоо.
Санасандаа хүрсэн Дэнзэн доогтойхон жуумалзан хундагатай архиа таатайхан
шимнэ. Түүний зальжин шар нүд онийж, яг л бод идсэн боохой мэт сэтгэл хангалуун
маадгар суугаа харагдав. Дөнгөж саяхан энд байсан өрөвч энэрэнгүй, сэтгэл уясам
зөөлөн дүр төрх түүний хогжгор улаан царайнаас хэдийнэ ор мөргүй арчигдсан
байлаа.
***
Хээрийн салхи чихэнд минь уйтгар шивнэх шиг сэрвэлзэж
Хацар нүүрийг аргадахад аньсаганд нулимс хурна
Аниргүй шөнийн гүнд бие минь хүртэл харанхуйд уусч
Аяа энэ ертөнцөд чи минь үгүй бол зөвхөн нам гүм л ноёрхоно
Сумын төвөөс буцаж ирснээс хойш хэдэн өдөртөө л хол ойрын хүмүүс тусгаар
тогтнол гэдэг ганц үгийг маань, мэгзэм мэт амны уншлага болгон ярьж шуугилдав.
Дэжээгийн хувьд ч бусдын адил хөөрцөглөх хүсэл их байвч, сэтгэл дотор нь чимээ
аниргүй хоосон өнгөрлөө. Учир нь, цаг хугацаа өнгөрөх тусам Чойжилд санаа
зовних Дэжээгийн сэтгэл улам бүр тавгүйрхэж байжээ. Бие нь хүртэл сэтгэлээ дагах
шиг өдөр өдрөөр сульдаж байгаад учраа олохгүй гайхна. Хүүхэд байхын эцэж
цуцахаа үл мэдэх хурдан түргэн хөдөлгөөнтэй тэрбээр ойр зуурхан хөдлөх төдийд
байнга л нозоорч, нойр нь хүрэн зүүрмэглэх ажээ. Бүр айл хотлын хөгшидтэй хэдэн
үг солихоос хүртэл төвөгшөөн, завсар л гарвал тайван амарч хэвтэхийг хүсэмжилнэ.
Хааяахан нас жацуу Мядагмаагийн сүү, саалийн ажилд туслангаа түүний энэ тэрийг
гоочлон цангинатал инээх цоглог дуунд багахан ч атугай хөгжин сэтгэлээ
онгойлгоно. Заримдаа тэр хоёр өдрийн талыг хорвоогийн жаргал, зовлонг шүүлцэн
элдвийг хуучлан хөөрөлдөж цаг нөхцөөнө. Эсвэл тэрээр хонинд явах нэрийдлээр
хээр талд гав ганцаараа хэвтээд хатсан дэрсний нүхээр алсыг дурандах гэж оролдон,
бүтэхгүй болохоор нь дэмий л гансарч хэвтдэг болов. Харин хадам эх нь эсрэгээр
сүүлийн үед ихэд уур уцаартай болж үе үе харгис, дээрэнгүй үгсийг ч хайр гамгүй
унагах болжээ. Хатуу хүтүү үг төдийлөн сонсож үзээгүй, эрх танхи өссөн Дэжээ
түүний ааш, авирт эрхгүй гоморхох боловч сураггүй болсон ганц хүү, хань нөхөртөө
шаналсан сэтгэлийнх нь зовлонг гүнээ ойлгох тул тэр дороо мартагнан хадам
эхийгээ аргадан гүйдэг байлаа.
Нар чанх дээрээс төөнөсөн бүгчим халуун өдөр Дэжээ өнөө л уйтгараа гаргадаг
дэрсээ савчуулсаар уул өгсөн хонио хариулж явтал сэргэлэн бор хүү Бат гүйхээрээ
ирж яваа харагдав. Дэжээ түүнийг тосон алгуурхан бууж явтал хүү уулын хормойд
ирэн хэсэг амьсгаагаа дарах зуураа нааш ирэхээс залхуурсан янзтай хөлсөө арчин
-Эгчээ, Дарий гуай таныг дуудуулж байна
-Юу гэнээ? Хэн яасан гэв ээ?
-Дарий гуай таныг хүрээд ирээч гэнэ ээ
-Айн, ямар хэрэг гарсан юм бол?
-Мэдэхгүй ээ хэмээн Бат туйлдан хашгирсанаа ядарсан бололтой хөлөө жийгээд
газар суучихав. Дэжээ хүүг харан инээд алдсанаа “Хөөрхий минь, балчирхан амьтан.
Халуун наранд цохиулчих вий дээ” гэж өхөөрдөх зуураа Батын зүг наранд
нозоорсон хөлөө зөөж ядан залхуутайяа алхаллаа. Толгой дээрээс цогших мэт зулай
нэвт шарах энэ аргасан халуунд чангахан ярихад хүртэл тамир тэнхээ
барагдчихмаар үнэхээр гачлантай ажээ.
Гэнэт түүний толгойд “Арай Чойжил минь хүрээд ирсэн юм биш байгаа даа” хэмээх
бодол зурвасхийн харвав. Саравчлан харвал гэрийн ойролцоо хүн амьтан
харагдсангүй. Гэсэн ч гэгэлзсэн бодолдоо автан ухаан жолоогүй баярлахдаа уулын
оройгоос хуурай салхи сөрөн хар эрчээрээ хурдлан гүйлээ. Бат түүнийг гайхсан
бололтой хойноос нь харсаар хоцров.
Хадам ээжийнхээ гэрт яаруу сандруу харайлган гүйж орвол хэн ч байсангүй. Орчин
тойронд ч хүн ирсэн гэх шинж огт үгүй, бахь байдгаараа эл хуль дүнсийх аж.
Дэжээгийн урам хугаран гэрээс гарах гэснээ сэтгэл нь ухаангүй хөөрөн, учиргүй их
гүйснээсээ болоод уушиг зүрх нь амаараа гарах гэж буй мэт оволзон, цээжинд нь цус
амтагдаж, толгой нь маналзах тул амьсгаагаа дарах санаатай зуухны өмнө хэсэг
амрахаар суулаа. Цэмцгэр гэгч нь янзалсан хадам эхийх нь чамин хийцтэй, хээнцэр
гэрээс оо энгэсгийн хурц үнэр ханхийж, хэнхдэг дотрыг нь эвгүйрүүлнэ. Тогоонд
шинэхэн загссан өрөм тооноор тусах нарны гэрэлд тос даан шаргалтаад, шууд л
гараараа хамж аваад идчихмээр тунчиг амттай харагдаж байв. Ядаж байхад халуун
наранд тэнхээ мэдэн гүйснээс ам нь учиргүй их цангаж, хэл нь хатан зууралдаж,
амьсгал авахад бэрхтэй аж. Хоолойгоо чийглэчих юм хайсан боловч олсонгүй.
Харин сайхан загссан өрөм байн, байн нүднийх нь үзүүрт тусч, багын саваагүй занг
нь өдөөгөөд болохгүй байв. Сахилгагүй балай санаа толгойд нь эргэлдэж инээдийг
нь хүргэвч, “Би чинь айлын эхнэр хүн” гэж бодон, буурь зааж биеэ барина. Гэвч
тэссэнгүй, нэг л мэдэхнээ загссан өрөмний захыг цоолон, атгаж явсан бургасныхаа
үзүүрийг шургуулж байгаад сорж гарлаа. Цангаа тайлагдаад, дотор нь онгойгоод
сайхан байна гэж жигтэйхэн. Ихэд хөгжилтэй санагдсан тул арай илүү томхон
цоолон, бүр гурван дэрс зэрэгцүүлэн дүрж байгаад тэнхээ мэдэн сорж урамтай нь
аргагүй гүд гүд хийн залгилав. Амьсгалаа дэрсний нүхээр хүчтэй гаргах бүрт
цооногны цаанаас цухуйх тогоотой сүү буцлах мэт сүртэйеэ пор пор оволзож,
бөмбөгөр цагаан хөөс бургилан сахрах нь нэн хачин сонирхолтой ажээ. Гэтэл гэнэт
хаалга онгойн хадам эх нь ороод ирэх нь тэр. Дэжээ ч ухасхийн босон харайсан
боловч нэгэнт оройтсон байв. Эх нь түүний сүүнд загалтсан нүүрийг итгэж ядсан
харцаар дүрлийтэл харснаа царай нь татваганан ширэв татан уурсаж,
-Эрхэндээ хатсан буянаа бармар. Эцэг эхийнхээ толгойг залгисан нүгэлтэй муу эм.
Хаа газраас манайд ирчихээд, одоо бүр хулгайч нохой шиг гэрт минь орж, эцэг
өвгөдийн минь гал голомт уруу нулимж суудаг бол оо юу. Задарсан муу эм чи
бушуухан гэрээс минь зайл хэмээн сонсохуйяа бэрх хараалын үгсийг завсаргүй
урсган цамнаж гарав. Хадам эхийнхээ дотор давчидуулам хатуу үгэнд айн мэгдсэн
басхүү өөрийн тэнэг үйлдэлдээ хэлэх ч үггүй харамсан зогсох Дэжээ дээлийнхээ
ханцуйгаар хам хум нүүрээ арчингаа
-Миний буруу, өршөөгөөрэй. Би таныг гомдооё гэж огт бодоогүй. Ам их цангаад л…
гэж бувтнах зуураа барьж дийлэхгүй огших нулимсаа нууж ядан, газар ширтэн
гөлөлзөнө. Гэвч хадам эхийх нь дуу намдах шинж огтын байсангүй, харин ч улам
бүр царай нь мэнчийн улайж, шүдээ хавиран цамнана.
-Ичгүүр сонжуураа гээсэн муу гуйлгачин, чи ер нь ямар учиртай гэрийг минь
эзгүйчилж яваа юм билээ. Арай буурлын буян хурааж хуримтлуулсан хатуу эд үнэт
эрдэнэсээс минь хулгайлсан юм биш биз. Гаргаад ир булай эм минь гээд Дэжээд
хариу хэлэх завдал огтхон ч өгөлгүй улангасан хашгичиж, өвөр түрийг нь
байдгаараа үгтчээн, гараа савчуулан нүүр нүдгүй балбаж гарав.
-Би… би… яах гэж таны юмыг хулгай хийх билээ ээж ээ. Та юу ярина вэ, би..
хэрхэвч тийм санаа өвөрлөхгүй шүү дээ гэж Дэжээ нүдээ дальдчуулан нүүрээ
дарсаар үүдний зүг ухасхийлээ. Гэтэл дэлбэртлээ уурлаж биеэ барих чадваргүй
болсон эх нь тэрхэн агшинд галын төмөр шилээвэр шүүрэн авч, тэнхээ мэдэн
далайснаа нуруун дундуур нь тас татуулан буулгалаа. Түүний бүх бие нь халуу
шатан, асар хүчтэй янгинахтай зэрэгцэн хэвлий дотор нь ямар нэгэн зүйл хамаг
хүчээрээ тийрэх шиг болж, тэгснээ гэнэт хүйтэн хөлс нь зутгаж, нүд нь харанхуйлан
нугдайн унав.
Аньсаган завсраар нь нэвчих бүдэг гэрэл аажмаар тодрон тодорсоор Дэжээ ухаан
орлоо. Ам, хамар нь хуурайшин хатаж уруул нь омголтон, хөдөлгөх төдийд
чимчигнэн хорсоно. Арга ядахдаа шүлсээ хүчлэн залгих гэж оролдоод чадсангүй.
Гэдэс, хэвлийгээр нь асар хүчтэй шархиран өвдөх агаад үе, үе доороос нь халуун
оргин цус садрах ажээ. Бүхий бие нь тэр аяараа хөндүүрлэн янгинаж, нүүр нь халуу
шатан байвч, хөлс цусандаа шалба норсон хувцас нь хөнжил сэвэх төдийхөнд
жиндэн эрхгүй дагжин чичирнэ. Тэрбээр чухам ямар учир болоод яагаад ингээд
хэвтэж байгаагаа ойлгох гэж мянгантаа хичээв ч өвчиндөө түүртэн, ухаан санаа нь
тогтож өгөхгүй байв. Хөлийн чимээ сонсогдож, хаалга онгойн хадам эх нь маарамба
бололтой хүн дагуулан орж ирэх нь бүртэлзэн харагдлаа. Чимээ нягтлан алгуурхан
ойртох эхийгээ харвал түүний ширэв татсан ширүүн харцных нь гал бөхөж, нулимс
гүйсэн цонхигор нүдээрээ үе үехэн Дэжээг ширтэн гүнзгий санаа алдах ажээ. Дэжээ
тэрүүхэндээ сэтгэл зовних басхүү гайхшрах зэрэгцэн
-Ээж ээ бие тань зүгээр үү, юу болов. Чойжил… гэсээр огцом өндийтөл нуруу
хэвлийгээр нь хурц хутга дүрчихсэн мэт нэвт шувт хүчтэй хатгуулж, толгой нь
манаран үгээ дуусгаж чадалгүй эргэн уналаа. Түүний нүдний өмнө орчлон ертөнц
тэр аяараа сүмийн хүрд адил эрээлжлэн эргэлдэх агаад цээж нь харлан дотор
давчдуулна. Тэртээ алсад хадам эх нь
-Ээ атаат таван тэнгэр минь, Дэжээ…, Дэжээ миний охин хэмээн дуу хадаан
цурхиран уйлах, маарамбын дүнгэнэн хүүрнэх яриатай холилдон уусч алс тэртээ
бүдэг бадагхан сонсогдлоо.
-Одоо би хэрхэх билээ оточ минь. Ямар нэгэн арга чарга хийж хайрлаач хэмээн
Дарий цээжээ дэлдэн гиншлээ. Маарамба Дэжээгийн турьхан гарыг хэдэнтээ барьж,
хөмсөгөө атиралдуулан, судасных нь лугшилт бүрийг чагнах мэт амьсгаа даран
азнасанаа
-Цус их алдсанаас болж зүрх нь тун сул цохилж байна. Хэвлий дэх үр нь нэгэнт
энэдэж дээ хөөрхий. Буян заяа нь түшвэл эх нь амьд үлдэж магад юм. Ямар ч атугай
хувь тавиланг нь даатгаж ном уншъя. Одоо сэтгэлийн гүнээс сүсэглэн гуйхаас өөр
чадах зүйл та бид хоёрт байхгүй л болов уу гэж нам дуугаар айлдлаа. Тэгээд өндөг
нь шарласан бүдүүн мойниг хуруугаараа жижигхэн даавуун уутнаас арц авч
уугиулаад
-Ум ма ни бад мэ хум. Бурхан багш минь энэ зовж шаналсан хөөрхий охиныг аварч
өршөөж хайрла… хэмээн нүдээ анивхийлэн эрхээ эргүүлж, баргил умзад хоолойгоор
их л хичээнгүйлэн амандаа маань уншина. Дарий байж ядан бачуурч
-Хөгшин зөнөг би мунхаг хилэнгээсээ болж ийм хар нүгэл хийчихлээ. Одоо яанам
билээ, хол газраас хань ижлээ гээд тэмүүлээд ирэх ганц хүүгийнхээ царайг нүгэлт эх
би ямар нүүрээрээ харах вэ. Ээ Очирваань минь, нүгэлт намайг өршөө хэмээн
мэгшин гингэнэнэ. Дэжээ өвчний халуундаа чих нь шуугин, ухаан санаа нь орж
гаран зүдэрч байсан боловч хүчээ шавхан сонссон маарамбын хэлсэн үг түүний
туниагүй бор зүрхийг юу ч үгүй сийчиж байгаа мэт гаслантай санагдлаа.
Сэтгэлийнхээ гүнээс бурханд учиргүй их гомдохдоо мэдрэлгүй асгарах гашуун
нулимсаа хөндий цээж үрүүгээ чимээгүйхэн залгилж, элгэн дотроо гашуудан гийнэв.
“Бурхан минь та энэ биед минь хүмүүн заяаны жаргалыг харамгүй хайрласан атлаа
эцэст нь элэг эмтлэн юунд зовооном. Бүлээн хэвлийд минь бүрэлдэж ядан тонгочих
нүгэлгүй ариухан заяасан үр минь мунхаг эхийнхээ гэнэн саваагүй явдлын золиос
болох золгүй хувь тавилантай байсан гэж үү” хэмээн хэнхдэг дотроо хэдэнтээ
хашгираад тамир нь тасрав. Түүний тулганд асах гал лугаа бадамлан дүрэлзэж
байсан эрмүүн их итгэл, сэтгэл хорвоо гэгч хахир хатуу хийгээд ёроол үгүй гүн
харанхуй ангал уруу хар эрчээрээ унаж байгаа мэт санагдаж байлаа. Дэжээд одоо
хүмүүний амьдрал гэдэг ямар ч утга учир үгүй, гагцхүү гэтлэшгүй зовлон зүдгүүр
мэт бодогдоно.
Түүний сөхөрсөн сэтгэлийн хаа нэгтээ бурхан болсон ээж нь өмөлзөх шиг… Өвгөн
буурай ах нь саравчлан зогсох шиг…
***
Уйлах хэрэггүй, инээх хэрэггүй, үзэн ядах ч хэрэггүй
Уймран түмэнтээ харуусавч энэхүү ахархан амьдралд
Урагш хэзээ ч буцааж болдоггүй үнэтэй хийрхэл нь
Ухаангүй үг урсаж өнгөрсөн цаг хугацаа байдаг аж
Дорнодын торойх ганц довгүй хараа алдрам уудам их хөндийг үдийн нар хурц шар
гэрлээрээ гийгүүлнэ. Аагим халуун талын дундуур өрөвгөр зогдортоо түүртэх мэт
хэдэн хүрэн тэмээ замаа хороож ядан ар араасаа цувран алгуурхан гэлдэрч яваа нь
алсад зэрэглээтэн, урсгал усанд буух дүрс лугаа тунаран долгиотож үзэгдэх ажээ.
Хэд хоногийн өмнө өглөө эртлэн замд гарсан Лувсан, Чойжил хоёр хар цагаан үг
дуугүй, чимээ аниргүй гудайн явах агаад зугуухан сажлах жингийн алхаанд
бүүвэйлэгдэн үе үехэн нүд анилдуулан зүүрмэглэж явав. Учир нь, тэд замд гарахын
урьд орой шөнө дөл хэвийтэл ам мурийж, эцэг хүүгийн тангараг тасрах шахуу
болтлоо маргалджээ. Чойжилыг Дэнзэнгийн халтар манан хөөргөний талаар ам
ангайв уу үгүй юу эцэг нь дуугаа өндөрсгөн ихэд уурсаж “Зальхай хүнтэй нийлж
байж хортой нөхрийн чирэгдэлд унуузай. Өөрийн адгаг хүслээр журамгүй эд авах
гэж ухаанаа гээн улайрсан чинь өчүүхэн өгөөшөнд хууртагдах харалган загаснаас
ялгарах юм огтхон ч алга гэж ширүүн харцаар түүнийг ширвээд ахин үг
дуугарсангүй. Угтаа бол Чойжил ч эцгийн нэгэн адил ар гэрээдээ сэтгэл хоргодон
яаран тэмүүлж байсан авч, нүнжиг бэл илтгэх халтар манан хөөрөгөө сарвайх
Дэнзэнгийн итгэл, найдвар горилсон харц хүн чанарыг нь зулгаан, гомдоох эрхгүй
анд нөхөр мэт бодогдоно. Басхүү түүний хор шар малтсан үгс хүртэл толгойд нь
эргэлдэж, омголон дэврүүн занг нь хөдөлгөөд огт болоогүй. Тэгээд ч чамгүй хэдэн
зоос атгачих дөмөгхөн ажил гэж бодохоор сэтгэл нь тогтож өгөхгүй гэгэлзэн байсан
юм. Тиймээс анх удаа аавынхаа үгнээс тас зөрөн “Хэрэв та харимаар байгаа бол
түрүүлээд нутаг буцаж бай. Би ачааг нь хүргэж өгчихөөд араас чинь очъё” гэж
хэдэрлэжээ. Лувсан хүүгээ ятгах гэж уурлаж, загнаж, аргадаж бүр арга ядан
гоморхохдоо нулимс хүртэл унагасан боловч түүнийг хорьж дийлэхгүй болсноо
нэгэнт ойлгожээ.
Үхэхэд үр харам гэгчээр хөгшин эцэг нь муйхар зөрүүд хүүгээ хол газар ганцааранг
нь явуулах сэтгэл төвдсөнгүй. Өглөө эртлэн боссон хүү нь Дэнзэнгийн дагуулан
ирсэн үл таних хүнтэй ачаа бараа хүлээлцэн, дуу шуутайхан хөөрөлдсөөр Дорнодыг
зорин аян замд гарахад, тэрбээр арга буюу даган морджээ.
Тийнхүү гурван өдөр, гурван шөнө зугуухан гэлдэрсээр дөрөв дэх өдрийн үдийн нар
буух үест Дорнод аймгийн захад ирсэн тэмээн жин алгуурхан зогслоо. Намрын
халуун наранд нозоорсон тэмээд тухлан хэвтэцгээхэд, Чойжил мориноосоо буун
модон домбо барьсаар ойролцоох нарийн горхиноос ус авчирахаар гэлдэрлээ.
Лувсан энэ хооронд морьдынхоо эмээлийг мултлан чөдөрлөж орхиод, хүнд
эмээлэндээ түүртсэн янзтай чилж бадайрсан хөлөө зөөж ядан алхалсаар ирж яваа
харагдав. Ядарч ундаассан эцгийгээ харсан
Чойжил шалавхан чулуу тойруулан тулга засаж гал түлээд, их гарын айрагны хулын
дайтай жижигхэн хумбагар тогоондоо ус дүүргэн тавьлаа. Лувсан галын дэргэд
эмээлээ тавингаа, урам нь хугарсан сүүмгэр харцаар Чойжилыг хяламхийн ажсанаа
сая л нэг ам нээж
-Тэгээд цаадуул чинь юу дайгаав хэмээн хэдийнэ тайвширсан гэдгээ илтгэх гэсэн
мэт нам дуугаар аргадангуйхан асуулаа. Аавынхаа занг сайн мэдэх
Чойжилын санаа амрав бололтой нүүрэнд нь баярын мишээл тодрон
-Дөчин боодол чамин хээтэй, сайн чанарын торго, дурдан байна лээ. Ашгүй цаадах
хүн нь энүүхэн хөтөлийн цаахна тосоод авъя гэж Дэнзэнд хэл дуулгасан байсан
хэмээн цоглог дуугаар хариулав. Лувсан хүүгийнхээ жаргалтай царайг хараад сэтгэл
дотроо томоогүй, хөөрүү занг нь эвийлэн бодох зуур
-За миний хүү түргэхэн хоол, цайгаа аядуулаад ачаа бараагаа буулгачих. Аав нь
жаахан хажуулдаад байхъя. Бүр явдалдаа ядарч орхиж. Нас өтлөхөөр ч баргийн
явдлын пян даахгүй чилээрхээд байдаг болчихож дээ хөөрхий гэж бувтнангаа
шаргал дурдан бүсээ тайлан, тохой сарвуугаа тэгнүүлэн ороож зангидлаа. Чойжил
аавынхаа ядруу царайг сэтгэл зовнин хараад
-Тэгье ээ ааваа. Би шалавхан аяга цай чанаадахъя. Та минь хоол цайгаа идчихээд
жаахан ч атугай амрахыг бод. Би ер нь өнөө шөнөдөө ачаа бараагаа манаж хоноё.
Зорьсон нутгийн захад ирээд хүний барааг алдчихвал та бид хоёр шившиг болно
байгаа даа хэмээн хөгшин эцгийнхээ янзыг үзэх мэт тоглоом шоглоом болгон
хошигнонгоо сэтгэл нь хөөрсөн чанга дуугаар мар мар инээх зуур нүдсэн цай гарган
тогоондоо хийлээ. Лувсан хүүгийнхээ саваагүй үгэнд инээд нь хүрэн мушилзах ч
сэтгэл хөдлөлөө нуух гэсэн шиг нөмгөн дээлийнхээ энгэрийг задгайлан өндийж
-Цөг гэм, муу ёр. Хол замд явж байж амны билэггүй юм бураад, зүггүй тархи чинь
хэмээн галын ээвэр илч, нарны халуунд биеийг нь түүртгэх дээл, гутлаа тайлах зуур
загнамар аядав.
Аав хүү хоёр аагтай цайндаа тос даасан хуруу зузаан өөхтэй бүхэл мах хөшиглөж,
хөлсөө урсган цадтал зооглож аваад, Лувсан дээлээ нөмрөн таатайхан зүүрмэглэж,
Чойжил хэдэн тэмээнийхээ нурууг амраахаар босон явлаа. Холын замд аяншсан
хүрэн тэмээнүүд хааяахан сэвэлзэх салхинд таатай нь аргагүй хивэн, энд тэнд
тааваараа тэгнэн хэвтэх ажээ. Чойжил тэмээнүүдийнхээ бурантагийг сугалж, ачаа
бараагаа буулган нэг бүрчлэн шалгаад, буцан ирж цогшсон түүдэгийн дэргэд дээлээ
тайлан тухлан суулаа. Тэрбээр бор модон тагшиндаа зөөнги цай дүүргэн балгалах
зуур ам дөрвөлжин хар даавуунд боосон алгын чинээ зүйл гарган их л бахдангуй
харсанаа өвөр дээрээ эвтэйхэн тавьж боодлыг нь задлав. Даавуун дотор эмэгтэй
хүний гал улаан шүрэн шигтгээ бүхий гоёмсог чамин хийцтэй шижир алтан ээмэг,
бөгж, бугуйвч нарны хурц шар туяанд нүд автам үзэсгэлэнтэйеэ гялтаганах ажээ.
Чойжил тэдгээрийг нэг бүрчлэн ихэд нандигнан сонжиж үзсэнээ “Дэжээ маань бөөн
баяр хөөр болох байх даа. Түүнд минь ёстой сайхан зохино доо” хэмээн шүүрс алдан
инээх зуур эхнэрийнхээ гэнэн торомгор алаг нүд, гол шиг сайхан биеийг эрхгүй
санагалзан зүрх нь оволзож, сэтгэл нь байн байн дэврэн байв.
Дөрөө хангиналдаж, адуу унгалдах алсхан чимээнээр Чойжил цочин сэрлээ. Хэдэн
өдрийн замд аяншиж ядарсан тэрбээр сайхан төсөөлөлдөө автан өөрийн мэдэлгүй
багахан зүүрмэглэж орхисон байжээ. Учрыг олох санаатай нойрмог нүдээ нухлан
эргэн тойрноо ажсанаа, чимээ чагнан хэсэг суув. Тэнгэр бүртийх ч үүлгүй хөхрөн
цэнхэртэж, нар уулын дээхнэ нүд гялбуулан ёлтойх аж. Тэртээхэн бөгтөр халзан уул
ороон гурван морьтой хүн наашилж яваа үзэгдэх нь шингэж буй нарны сэмэрсэн
цацраганд нэг бүдгэрч, нэг тодорч харагдав. Чойжил духаа байдгаараа үрчийлгэн
ирж яваа хүмүүсийг хичээнгүйлэн ажиглангаа газраас дээлээ аван нөмөрч бүсээ
хурдхан ороогоод, унтарсан галын цогшсон үнсийг утган займчуулж байснаа аргал
овоолон тогоогоо тавьлаа. Тэгээд зангирсан биеийнхээ чилээг гарган булчин
шөрмөсөө чивчирүүлэн суниаж, нулимсаа гоожтол дуутай шуутайхан
эвшээлгэснээ, сөөнгөтсөн хоолойгоор
-Ааваа, бор шарга зүсмийн морьтой гурван хүн наашаа ирж яваа харагдана. Та
өндийх үү дээ хэмээхэд өвгөн эцэг нь нойроо харамласан янзтай толгойгоо
өндийлгөн ийш тийш өлийснөө, юу юугүй ойртон ирж буй улсуудыг харсан
бололтой ухасхийн босч, дээлээ мөрөн дээгүүрээ хэгэлдэргэлэн тохоод биеэ ороон
галын дэргэд цомцойн суулаа. Замын хүмүүс шуудхан тэднийг чиглэн хатируулсаар
ойртон бууж, дээл хувцасаа засан паацганан алхлах зуураа буулгаж тавьсан ачаа
барааг нь ихэд сонжсон янзтай шинжин байв. “Амархан сайн явцгааж байна уу?”
хэмээн тэд харилцан мэнд усаа хэлэлцэн золгоод, тулга тойрон сууцгаалаа. Өнөөх
гурав цай уун тухлангаа эцэг, хүү хоёрыг аяганы амсар давуулан сэм сэмхэн ажиглах
агаад тэдэн дундаас арай ахмад гэхээр дөч гаруй насны, тарлан үнээний дэлэн шиг
тарсан бор толботой, малигар өргөн, шар царайтай хүн түрүүлэн ам нээж
-Та хоёрыг ажаад байх нь ээ холоос яваа улс шиг байна. Аль нутгаас хаа хүрэхээр
зорьж явна даа хэмээн сониучирхав. Лувсан тэднийг нэвт шувт харцаараа зурвасхан
ажих зуур гаансаа нэрэн,
-Хэд хоногийн өмнө Улаанбаатар хотоос гараад Дорнод орох санаатай явна. Одоо ч
юухан байхав, бараг хаяанд нь тулаад ирчихлээ. Харин та бүхэн хаанаас хаа
хүрэхээр довтолгож яваа билээ
-Өө бид хэд энэ нутгийнх. Миний алдар Шоовдор. Энэ зуурхан жин тосч явна
хэмээн жижигхэн хаш цагаан хөөрөг гарган тамхилах зуураа тарлан нүүрт хижээл эр
болгоомжлонгуй хариулав.
-Ингэхэд та нар юу тээж явна даа. Ах хүүд арай нүд хужирлачихмаар ховор чамин
юм байгаа юм биш биз хэмээн тэд тал засан инээлдэнгээ хажууханд нь хөглөрөх
ачаа барааны зүг дахин хараа бэлчээв. Лувсанд эдгээр хүмүүс нэг л жигтэй санагдах
тул дотроо хаширлан мэдэн будилж
-Замын нөхөрт тусалчих санаатай гуйлгаар бараа дайж явна аа хө. Дотор нь юу
байгааг ёстой чөтгөр бүү мэд хэмээн тамхиа баагиулан хэнэггүйхэн хариуллаа.
Харин Чойжил нэгийг санасан гэлтэй өврөө болгоомжлонгуй ухаж, хонин холбоон
нарийн шаглаатай даалин гаргаж ирснээ гараа шургуулан, шүрэн толгойтой халтар
манан хөөргөө унагачих вий гэсэн шиг их л нандигнан атгаж замын гийчдэд
бахдангуй барилаа. Өнөөх хэд Чойжилын хөөргийг үзээд тэрхэн зуур гурван биесээ
нягтлан хяламсхийн харалцсанаа
-Ингэхэд та хоёр чинь Дэнзэнгийн ачаа дайж явуулсан хүмүүс мөн үү хэмээн
сонжингуй асуув.
Чойжил баярласан аястай өндөлзөж
-Мөн байлгүй яахав. Харин та нар чинь… хэмээн үгээ дуусгаж амжаагүй байтал
Шоовдор алга хавсруулан шүүрс алдаж
-Ээ ашгүй, гэгээ тасрах гэж байсан болохоор зөрөлдчих вий гэж багахан зовниж
явлаа. Сайн хүн санаагаар гэгчээр ингэж таарах гэж хэмээн баярлан уулгалсанаа
хоёр дагуул уруугаа гар занган дохиж
-Алив та хоёр бушуухан өндийгөөд богц аваад ир хэмээн зандрах аястай
яаравчлуулав. Өнөө хоёр дуртай, дургүй өндийж холбож уясан морьдынхоо зүг
сажилахыг хойноос нь харах зуураа тэрбээр хэржигнэсэн хоолойгоо шахан яг л
ханиалгаж буй мэт бөгшүүлгэн инээж
-Та хоёрыг тосох санаатай жаал жуул нутгийн идээний дээж авч ирсэн юм. Аян
замын алтан шар замд уулзалдсан улс байна даа, чоно нохойнд хөөгдсөн биш яараад
яахав. Сайхан хууч хөөрье гээд малгайгаа аван тухлав.
-Дэнзэн ч хэрийн хүнээс халтар манан хөөргөө харамлаад ойртуулдаггүйсан. Чамд
өгснийг бодоход дүү хүү их л итгэлтэй нөхөр нь юм аа даа хэмээн
Чойжилыг харан малтигар нүүрээ мушилзуулан доогтойхон инээвхийлсэнээ
- За тэгээд нийслэл хотоор сонин хачин их л биз дээ хэмээн ёс төдий асуулаа.
Түүдэг тойрсон тав хэдэн биеэ шинжин шөнө дөл болтол шимийн архи балгаж, цаг
хугацааг умартан хүний, өөрийн нутгийн хэрэгтэй хэрэггүй тулга тойрсон ярианаас
өгсүүлээд ам, архи хоёртоо халж цаг үе, засаг төр, авгай хүүхний явдлыг хүртэл
хөөрөлдөв. Ойрд хүний бараа хараагүй хүн шиг Чойжил ихэд хөөрцөглөх агаад
тэднийг архи сөгнөх бүрт хомхойлон хөнтөрч, үг нь олдож согтуурхана. Өнөө гурав
ч тэр хоёрт саймшран амьсгалах завдал өгөлгүй тохой түшин архиар шахах ажээ.
Харин Лувсан хашир сэтгэлдээ нэгийг тунгаан, хөөрөн онгирч завсаргүй архи
хөнтрөх хүүдээ санаа зовнин үе үехэн зэмлэнгүй харж давтиртай байхыг сануулан
суув. Түүний өтөлсөн хашир ухаанд хар ёрын муу совин татах шиг санагдах тул
сөгнөсөн архийг нь дурамжхан тосч, их л ууж буй дүр эсгэн шүлэнгэтэн харах
тэдний сүүмгэр нүдийг хариулан хэлхгэр нудрага руугаа савируулан асгаж байлаа.
Гүн хар хилэн тэнгэрт од эрхэс тодоос тод гялалзах авч эргэн тойрон тас харанхуй
тул таван алхмын цаадах зүйлийг ч ялгаж харахад төвөгтэй байсан болохоор
Лувсанг ашгүй хэн ч анзаарсангүй. Хааяахан түүдэг галын улбар цог агаарт бутран
сарних зурвасхан гэрэлд түүний архинд шалба норсон нударга зурвасхан гялтайн
харлах ажээ. Харин ганц л хүн Лувсанг худал аяглахыг анзаарах мэт амьгүй мэт
цэхэр нүдээрээ дотор эвгүйцэм ширтэж байв. Шоовдорын дэргэдээс алхам ч
холдохгүй дагах тэрбээр зүүн нүднийхээ тэхий дундуур татсан хөндлөн урт
эрчилсэн сорвитой бөгөөд хөшсөн мэт хөдөлгөөнгүй нүдээ буландуулж,
жишимдүүхэн харах нь галын бүүдгэр гэрэлд нүүрэнд нь сүүдэр татан эрхгүй нүд
буруулмаар хүйтэн царайтай үзэгдэнэ. Харцных нь хөдөлгөөнөөс ажихад гэмтсэн
нүд нь юм хардаггүй бололтой байв. Хэдийнэ шөнө дөл хэвийсэн ч хөлчүүрхсэн
хүмүүс яриандаа халууран өндөрлөх шинжгүй хөгжинө. Багахан найрыг эцэслэх
аятай Лувсан худал согтуурхан зүүрмэглэн эвшээлгэж
-За хүүхдүүд, хол замын хүнийг хэрэг болгон угтаж, найрсаг сайхан хүлээн авсанд
гялаалаа. Нутгийн сайн хүмүүсийн буянд бишгүй л наргилаа. Цөмөөр эндээ
хоноглоод, өглөө эрт аажуу тайванхан ачаа бараагаа хүлээлцье. Бид хоёрын буцах
зам урт, бартаа даваа ихтэй болохоор одоо ингээд амарцгаах уу даа гээд хүчлэн
босов.
-Өвгөн ахын бие аргагүй чилээрхжээ. Та амрахаа бод. Бид хэд энэ хавиараа учраа
олоод хажуулдацгаачихъя хэмээн өнөө хэд мар мар инээлдэн,
чанга чанга дуугаран хөлчүүрхэцгээнэ. Лувсан хэвтэр засан хажуулдах зуураа нүд
анивчуулан гуйвчин суух хүүдээ хандах мэт
-Хүүхдүүд их дарвиад байлгүй эртхэн амарцгаагаарай. Сархад савнаасаа халих нь
байна шүү хэмээн сургамжлан хэлээд буруу харан хэвтлээ. Түүний сэтгэл
тавгүйрхэн, архинд халамцсан хүмүүсийн шуугилдах дуунд нойр нь хулжин дэмий л
нүдээ анин хөрвөөнө. Удаж төдөлгүй хэл ээдрүүлэн хөөрцөглөн ярих Чойжилын дуу
тэгсхийгээд тасрахад өвгөн сая л санаа амран дугхийлээ.
Хүмүүсийн шивэр авир шивнэлдэх чимээнээр
Лувсан нэг л мэдэхнээ нойрноос сэржээ. Чихний үзүүрт “Шалавлаач өмхий
гөлчгийнүүдээ, юу юугүй үүр цайх нь байна. Бушуухан нууц баримтыг олоод арилж
үзье” хэмээн уурсангуй шивнэх Шоовдорын бачимдан үглэх дуун сонсогдов.
Тэрбээр толгойгоо өндийлгөн, чимээгүйхэн эргэн харвал өнөө гурав ачаа барааг нь
зоргоороо сэндийчэж, ямар нэгэн зүйлийг их л шамдан хайж байгаа гэлтэй харагдах
агаад алагласан хээтэй торго энд тэндгүй газар хөглөрөн байгаа нь дөнгөж саяхан
өрдсөн бололтой шажигнатал дүрэлзэн асах галын дөлний хөх гэрэлд мөлчийн
үзэгдэнэ. Хүү нь түүний хажууханд өөрийн ухаангүй дуу хадаан хурхирах ажээ.
Гэтэл төд удалгүй
-Оллоо… хэмээн баярлан бархирах дуун бөглүүхэн сонсогдоход Шоовдор
-Чишш, муусайн тэнэг малнуудаа дуугаа аядаач. Алив аваад ир гэж захирангуй
шивэгнэснээ, хэдэн хормын дараа хөх инээдээ барьж ядан нуг нуг хийж
-Мөн байна. Муу зальт шар Дэнзэн ч аргагүй л айхтар толгой юм даа хэмээн бараг
хашгирах шахам сөөнгөтөн хэлэв. Өнөөх хүйтэн сорвит бололтой
-Тэр хоёрыг яахав? Эд ч мөд сэрэхгүй дээ хэмээн зэвүүрхсэн янзтай асуувал,
Шоовдор огтын тоосон шинжгүй
-Энэ айхтар егзгөр өвгөн аягүй бол дараа нь толгой цусдаж мэднэ. Дуу шуу
гаргалгүйхэн шиг бушуухан амыг нь барь хэмээн зандрав. Өвсний толгой
ширчигнэн, зузаан ширэн монгол гутлын гэтэн алхлах чимээ алгуурхан ойртсоор
хүүгийх нь толгойн зэргэлдээ ирэх мөчид Лувсан хуйтай хутгаа шүүрч аван
ухасхийн босч,
-Та нар чинь юу болж байгаа нь энэ вэ хэмээн хавийн хүмүүсийг цочтол хашгирлаа.
Түүний босохыг харсан хоёр дагуул хярсан муур шиг ганцхан харайн, өвгөнийг
харж ч амжаагүй байхад тархин дундуур нь ташуураар тас татуулаад авав.
Лувсангийн гал нь бөхсөн нүдэнд гялсхийн түмэн оч харвах шиг болж, өөрийн
мэдрэлгүй тэрийн уналаа. Өнөөх хоёр түүнийг туламтай тутрага шиг гулдчин
чирсээр Шоовдорын өмнө авчиран хөсөр хаяв. Хүүдээ сэтгэл зовних
Лувсан тусламж эрэх мэт арга тасарсан дуугаар “Чойжил оо,
Чойжил оо…” гэж хэдэнтээ тэнхэл алдран дуудмар аядавч хүү нь гүн автсан
нойрондоо яраглан тийчлэж сэрэх янзгүй нойрсоно. Тархинаас нь садрах халуун,
хүрэн цус нүдийг нь бүрхэн булингартуулж, амьсгалах тоолонд нь хамар амруу нь
гулсан, хоолойнд нь тээглэн амтагдах ажээ. Тэрбээр биеэ чангалан тохойгоо
тулан өндиймөр аядаж толгойгоо хүчлэн өргөснөө цус гүйсэн улаан нүдээрээ
Шоовдорын малтигар царайг цоо ширтэн
-Хүнээ байсан муу буянаа бармарууд. Хулгайч нохой шиг шөнө дөлөөр гэтэж хол
замын хүмүүсийг бөөрөлхөж явахаасаа ичихгүй байна уу та нар. Ачаа барааг чинь
бүрэн бүтэн хүргэж өглөө. Өөр яах гэсэн улс вэ хэмээн амьсгал тасалдуулан өчлөө.
Шоовдор эгээтэй л ший жүжиг үзэж буй хүн шиг тас тас хөхрөн, гартаа зуурах
зузаан хар хавтасаар нүүрийг нь шалбуурдан савчуулж,
-Энийг юу болохыг мэдэж байна уу хөгшин зөнөг минь. Энд Монголын бүх булаг
шанд, гол горхи, худаг усны байршлын зураг бий. Бас өгөр толгойт шар оросуудтай
Монголын цэрэг хамтарч өмхий хятадыг Японоос чөлөөлөх дайны нууц төлөвлөгөө
ч бий. Тиймээс энэ бол асар их мөнгө бас их итгэл, гавьяа шагнал. Үүнийг тэдний
гарт өгвөл Японы цэргийн армийн удирдлагууд намайг сайшаан үнэлж, өндөр шан
харамж хайрлах болно хэмээн галзуу солиотой хүн шиг хоолой хэржигнүүлэн
сагсуурч орилоход, зэвүү дургүй нь зэрэг зэрэг хүрэн байж ядах Лувсан түүний
улаан нүүр лүү нулимж орхиод
-Монголоо алдсан хар тэнүүлчин, муу урвагч.
Өмгөр хар бие чинь үхэж далд орохын цагт өвөг дээдсийн минь ариун сүнс чамаас
өчнөөн эрсийн минь цусан амийг нэхэж, үхээрийн тамд унагаад өгөх байлгүй хэмээн
шүд зуун заналтайяа өчлөө. Шоовдорын уур бухимдал дээд цэгтээ хүрсэн
гэлтэй нүүр нь мэнчийтлээ хүрэнтэж, шүдээ тачигнуулан шазуур нь татваганаснаа
Лувсангийн дээлийн захыг умайтал заамдан түүний хөсөр унасан биеийг хар
тэнхээгээрээ үгтчисээр гудчин босгоод
-Хэццс, үхсэн баасны чинь өвгөдийн сүнс. Японы нууц тагнуул, зальт шар
Дэнзэнтэй өвөр түрийндээ орж өчнөөн сүлбэлдчихээд юу гэж донгосоно гэнэ ээ муу
зөнөг өвгөн чинь. Харийнхан хаяанд ирчихээд хоолой дээр хутга тавьчихсан энэ цаг
үед аргатай нь хөлжиж, арчаагүй чам шиг нэг нь үхдэг жамтай хорвоо мэдэв үү
хэмээн шүлсээ үсчүүлэн нүүр лүү нь бархирав. Лувсан түүнийг үл тоомсорлох мэт
мушийн нүднийхээ булангаар жишимдэн харсанаа, цусандаа будагдсан буурал
тэргүүнээ ихэмсэгээр өргөж
- Чам мэтийн нүдэнд торсон хог, шүдэнд орсон өмхий мах шиг хар толгойгоо
харийханд худалдсан өт хорхой шиг новшнуудаас болж эх орон минь сөхрөх
болоогүй байна. Монгол хүн эцсээ хүртэл Монголынхоо төлөө зүрх нь цохилж
байдаг юм. Үхсэн ч чам шиг нохойн бааснуудаар эх орноо бузарлуулахгүй хэмээн
хорсолтойгоор өчих зуураа яг л өгөөш рүүгээ үсрэх гэж буй махчин араатан аятай
биеэ хураан нумласнаа ганцхан далайгаад түүний сартгар нармайн дундуур
зангидсан нударгаараа тас хийтэл буулгаад авав. Газар тэрий хадан унасан
Шоовдорын хамрын яс нь голоороо цөмөрч, тэсэхүйеэ бэрх өвдөлтөөсөө болоод дуу
хадаан ёолон тийчлэнэ. Лувсан тэрхэн зуур сэхэл аван хавтастай бичгийг түүний
гараас угз татан шүүрэн авч, түүдэг галруу сэв хийтэл шидэж орхилоо. Шоовдор
малигар өргөн нүүрээ махлаг гараараа таглан, хуруун завсраар нь садрах хүрэн
улаан цусаа тогтоон барих гэж хичээх зуураа
-Муу тэнэг малнуудаа галаас бичгийг аваач хэмээн байдаг чадлаараа гуншиганан
бархирав. Газраар нэг хөглөрөх гялгар торгыг хумиад ухаангүй байсан хоёр
гэнэтийн явдалд цочирдон шаасан гадас шиг алмайрч зогссоноо түүний хэлснийг
гэнэтхэн ухаарав бололтой улаан гал руу ухасхийхтэй зэрэгцэн Лувсан нэг нүдэт
хүйтэн царайтыг амдан зуураад хүчийг нь дагуулан тонгорч, дүрэлзэн асах галын
тэхий дунд тас тэврэн дороо даран уналаа. Халуун галд хайлмагтан урсах зузаан
ширэн хавтас хүйтэн царайтын хөх нүүрэнд уусан наалдаж, амьдаараа шатаж буй
тэрээр муухай орилон сарваганаж хэрхэн өндийхөө мэдэхгүй тийчлэх ажээ. Уур
хорсолдоо ухаан мэдрэлээ алдсан Лувсан нүүр рүү нь цоргих галын халуун дөлийг
огтын тоосон шинжгүй шазвалзаж, “Муу хар урвагч ингээд тамруугаа тонил” хэмээн
шүд зуун үглэх зуураа шөрмөслөг бахим гараараа түүний хоолойг багалзуурдана.
Өвгөний гарт амь тавин тэлчлэх хамсаатандаа туслах санаатай, үлдсэн нэг дагуул
Лувсангийн ар нуруу уруу үсэрч мордоод, богинохон шуугаараа хоолойг нь тас
боолоо. Лувсан түүний гараас мултрах гэж тэнхээ мэдэн зууралдаж, бүдүүн шууны
махыг нь өмөртөл базавч тэрээр яг л баавгайн шилэн хүзүүнд шүдээ шигтгэсэн анч
нохой шиг салахгүй санжиганах ажээ. Гараа улам бүр хүчлэн чангалах түүнийг
дахин эсэргүүцэх тэнхэлгүй болтлоо туйлдсан Лувсан нэгэнтээ бачууран
ангалзсанаа эцсийн хүчээ шавхах мэт дороо эргээд улаан гал дээр тас гэдрэг саван
уналаа. Нуруунаасаа шорлог шиг шарагдах эр тэвчээр алдрахдаа арга буюу түүний
бахим хүрэн хүзүүнээс гараа салган авсан ч Лувсан яг л бул хар чулуу мэт түүний
дээрээс огтын хөдөлгөөнгүй даран хэвтэх ажээ. Галын хөх саарал үнс агаарт тархан
пургиж, хаа сайгүй улаан цог бутран, тэр хавиар нэг хонины толгой хуйхлах мэт
хиншүү хярвас нүд хорсгом ханхаллаа. Үүр хаяаран цайх бүртийх ч үүлгүй бүүдгэр
хөх тэнгэрт бургилсан хар утаа тодоос тод баагина.
Эгэл жирийн жинчин өвгөний эцсийн амьсгалыг элгэн Монгол нутаг нь үүрд
мартахгүй гэх шиг уул толгод нь сүүдрээ гудайлган дүнсийж, үүр шөнийн харанхуйг
яран улаан наран талд мандлаа. Харин толгодын сүүдэр даган нуугдан бүртэлзэх
хулгайн жин алгуурхан урагшилна. Ташуураа савчагануулан тэмээн жинг гулдчин
явах Шоовдор “Муу заяа нь харласан бүтэлгүй хулгайчууд, Хараал идсэн муу өвгөн
чинь хаанаас ирдэг хар гай вэ, чамайг даа ингэж зовсныхоо хариуг заавал авна даа”
хэмээн хөтөлгөө моринд дүүрсэн Чойжилын амьгүй мэт гулдайх биеийг зэвүүнээр
хялалзангаа шазуур зуун гуншиганан үглэнэ. Тэрээр гэнэтийн бүтэлгүйтэлдээ
дэлбэртлээ уурлаж, хариугүй багтарч үхэх шахаж байлаа.
***
Хүлээвч үл нимгэрэх эх хүний амьсгал хоёронтоо тасрах
Хайрлавч үл мөнхрөх амрагийн сэтгэл түмэнтэй шархлах
Зоргоор үл болох гаслант энэ орчлонгийн хатуу тавиланг
Зөнгөөрөө дагахаас өөр өрөвдөлт хүмүүн яалтай билээ
Тооноор тусах нар, сарны гэрэл аньсган дотор нь холилдож, одод эрхэс цас бороотой
сүлэлдэн, хэдэн хавар, хэдэн намар унтаа сэрүүн завсар нь өнгөрснийг Дэжээ
мэдэрсэнгүй. Хадам эхийх нь аргаа баран уйлан гомдоллох басхүү аргадан эвийлэх,
асарч тойлон бөгтөгнөх дүр манантсан ухаанд нь хааяахан санагдаад замхарна.
Үхсэн амьдын завсар унтаа сэрүүний хооронд хэдэн жил болсноо ч үл мэдэх
түүнийг нялх хүүхдийн час хийн дуу хадаан уйлах чимээ яг л тэнгэрт аянга
цахилгаан нүүргэлэх мэт гэнэт цочоон сэрээжээ. Чангаас чанга эхэр татан уйлах тэр
дуу хэн нэгнээс тусламж эрэн байх шиг гаслантайяа хэцүү сонсогдох аж. Хүүхдийн
уйлагнаантай зэрэгцэн басхүү эмэгтэй хүний зовиурлан гийнэх бөглүүхэн дуу чих
дэлсэнэ. Дэжээ хүндэрсэн аньсгаа дааж ядан нээж, цонхийсон нүдээ алгуурхан
эргэлдүүлэн хаана байгаагаа ухаарах санаатай хэсэг гайхширлаа. Гэрийн адарт
тэгнэх арслангийн хээтэй будаг нь халцарсан хоёр модон авдар. Буурал ахынх нь
хадамд гарахад нь нандигнан өгсөн бүтэн өдрөө даадаг зулын мөнгөн том цөгц,
цагаан лавай дун бүрээ зэрэг танил дотно юмс нүднээ харагдах нь Чойжилтойгоо
хамт анх гал голомтоо бадраасан гэр нь мөнөөсөө мөн. Гагцхүү цагтаа улаан,
цэнхэр, шар өнгө төгс хослон угалзрах түмэн наст хээ нь нүд баясгаж, хойморт нь
айраг цагаа, идээ ундаа бялхаж, аз жаргал, хайр дурлал, инээд хөөр халгиж цалгиж
байсан гэр нь урсах цагийн эрхэнд элэгдэн, учралт эзнээ хүлээсээр буурал
ховоогийн саарал тоосонд дарагдан танигдахын аргагүй болтлоо хуучирчээ. Өөрийн
эрхгүй хувь тавиландаа гоморхон сэтгэл нь давчдан огшивч, зогсолтгүй уйлах
хүүхдийн дуу бодрол, нулимсыг нь тасалдуулна. Дэжээ сулбагар биеэ хүчлэн
өндийгөөд, орныхоо толгойноос тас зуурсаар арайхийн хөл дээрээ бослоо. Хатаж
хорчийх шахсан хөл нь зогсохын аргагүй чинэрэн өвдөж, толгой нь тэг дундуураа
хуваагдах гэж буй мэт хүчтэй лугшина. Гэвч хүүхдийн дуу өр цоортол хадсаар байх
нь түүнийг урагшил, дахиад урагшил гэж хэлээд байх шиг улам бүр зүтгүүлнэ.
Унинаас унинд эцэнхий гараа солбин, сөөм сөөмөөр урагшилсаар сүүлчийн хүчээ
шавхан гэрээс гарлаа. Гадаа үдийн нар таатайхан төөнөж, өвсний үзүүр хагдарсан
байхыг үзвэл намрын дунд сар бололтой. Түүний өмнө хүн, амьтан үгүй эл хуль
хоосон тал цэлийх нь яг л үл мэдэх хаягдсан ертөнцөд цор ганцаар сэрсэн мэт хачин
жигтэй сэтгэгдэл төрүүлнэ.
Гагцхүү өглөө бүр нүүрээ тольдон баясдаг байсан урсгал ихт Буянт гол нь талд
хөвсөн мөнгөн утас лугаа нарны гэрэлд гялтаганан мяралзаж, буцах шувуудын
ганганаан хааяахан сонсдох нь эртний танил дотно мэдрэмжийг сэрээх ажээ. Урьд
өмнө ишиг, хурга цовоо сэргэлэн тонгочин тоглодог жижиг гэрийн дайтай овоолсон
аргал, үхэр, тугал хонь, ямаа цатгалдан хэвтэх цэмбийтэл өрсөн гуалин том хашаа,
морьд тургилан, унага хөөцөлдсөн уртаас урт зэл гээд нэгээхэн нь ч харагдсангүй.
Өөхөн цагаан чулуу ярайтал өрсөн мэт бөмбөгөр цагаан гэрүүд ч байсангүй. Бүр
хэзээ ч энд байгаагүй мэт амгалан дүнсийнэ. Харин хажууханд нь хуучирч элэгдсэн
бор эсгийгээр хучсан хаалга нь онгорхой илүү гэр шомбойх агаад хүүхдийн гачлант
дуун тэндээс хадах ажээ. Дэжээ учрыг ухан эргэлзэж тээнэгэлзэлгүй шуудхан
гүйгээд очмоор санагдавч, олон жил газар гишгээгүй хөл нь яг л хүнд төмөр лантуу
дүүжилчихсэн аятай хөдөлж ядан байв. Гэвч “Заавал явах хэрэгтэй” гэж өөртөө
хүчлэн шивнээд яс, арьс шахуу болтлоо турж эцсэн биеэ чангалан, дөнгөж хөлд орж
буй балчир хүүхэд шиг тэнцэж ядан гуйвж дайван алхалсаар гэрийн хаалганд тулж
очив.
Гэтэл түүнийг энэ яваа насандаа үзэх нь бүү хэл хар дарсан зүүдэнд ч оромгүй
нүдэнд цус хурж, зүрхэнд нулимс дусам үйл явдал угтав. Тэрбээр цочин
балмагдахдаа “Ээ бурхан сахиус минь, юу болох нь энэ вэ” хэмээн өөрийн эрхгүй
дуу алдан гараараа нүүрээ таглаад шаасан гадас шиг дороо хөшиж орхив. Гэрийн
зүүн талын модон нааран дээр хамаг цусандаа хутгалдсан хижээл насны эмэгтэй эв
хавгүй тэрийн хэвтэх агаад хоёр хөлнийх нь завсар дөнгөж мэндэлсэн улаан нялзрай
хүү мэнчийтлээ уйлан сарвалзах ажээ. Гэнэтийн огцом хямралаас болж Дэжээгийн
нүд нь амьгүй юм шиг цэхийн, дотор нь эргэчихсэн мэт хатуулдаж, гашуун хар шүлс
завьжинд нь сул асгарна. Түүний угаас сул дорой бие нь улам бүр хүчгүйдэж, өвдөг
нь мэдрэлгүй мэт нугаларан сулбайн уналаа. Хүүгийн амь тэмцэх уйлаан Дэжээгийн
шантарч цөхөрсөн сэтгэлд түгшүүрийн харанга дэлдсээр…
Гэвч Дэжээ гэрийн босго тэгнэн огтын хөдөлгөөнгүй өвдөг сөхрөн нугдайн суух
агаад эгээтэй үхчихсэн мэт харагдах аж. Хэдэн мөчийн дараа тэрээр гэнэт хувхайрч
гөлийсөн харцаа өргөн яг л элий балай хүн шиг үл ойлгогдох зүйл амандаа
бувтнасаар элгээрээ мөлхөн оронд тулж очлоо. Нүд дальдчуулан байж зориг гарган
эмэгтэйн царайг ойртон ажвал хаа нэгтээ зүс үзсэн хүн шиг их л танил дотно
санагдах ажээ. Зовлон хурсан шаналалт нүд нь хараатай чигээрээ хөшсөн тэрбээр
нэг гартаа ноос хяргадаг төмөр хайч, нөгөө гартаа нялх хүүгийнхээ хүйн амсарыг
тас атгасан чигтээ амьсгал хураажээ. Дүүрэн сэвхтэй бор нүүр нь нулимсандаа
загалтаж, жирийсэн цагаан шүдээ тас зуун шазайсан байхыг харвал хөөрхий эх үрээ
төрүүлэх гэж ихэд тарчилсан нь илт. Дэжээд хэдийгээр өөрийгөө хянах ухаан
байгаагүй ч эмэгтэй хүний зөн совиндоо хөтлөгдөн өгөршсөн цамцныхаа
хормойноос сэмлэн урж, хатингаршиж хорчийсон туниа муутай гараараа хүүгийн
хүйг эв дүйгүйхэн зангидмар аядлаа. Тэнхээ мэдэн уйлсаар хоолой нь сөөн
сааралтаж, уруул нь омголтон хөхөрсөн хүүг тэрээр хэрхэхээ мэдэхгүй самгардахдаа
эцэнхий гараараа толгойг нь түшин дэмий л аргадахаас хэтэрсэнгүй.
Өлсөж ундаассандаа хий зогисуулан татваганах нялх хүү өр урагдам дэндүү
өрөвдөлтэй ажээ. Дэжээ арга мухардсан байдалтай эхийг нь шимшрэн харж сууснаа
сүүндээ нэвчсэн нөмгөн тэрлэгнийх нь энгэрийг задлан ярж, чинэрсэн хөхийг нь
хэдэнтээ базлан шувтраад ангалзан ээрэх хүүгийн аманд толгойг нь шургуулан
амлууллаа. Өөдсийн чинээ нялзрай хүү нулимс цалгисан нүдээ анин, гомдолтой нь
аргагүй хэнгэнэтэл эхэр татан санаа алдсаар сая л нэг тайвширч, хоёр хацраа
бумбалзуулан шуналтайяа уургаа залгилж эхлэв. Ээжийнхээ үрчгэр мөөмийг алдчих
вий гэсэн шиг саравгар жаахан гараараа хичээнгүйлэн тэврэх алгын чинээхэн улаан
нялзрай хүүг Дэжээ хараад сууж тэвчсэнгүй. Өр зүрх нь өмрөөд уначих шиг
санагдан, нулимс мэлмэрүүлэн гэрээс гарч явлаа. Тэнгэрийн хаяа хилэгнэх лугаа
улайран дүнсийж, бүрэнхий гэрт өвчиндөө шаналсаар хорвоог орхисон хөөрхий
эхийн тэнтийтлээ чинэрсэн халтар хөхнөөс цэгээн уураг нь дусалсаар байх ажээ.
Дэжээ багтарсан сэтгэлээ барьж ядан гэлдэрсээр хуйлран давалгаалах голын эрэгт
тулан тэрий хадан унаад, гэнэт учир зүггүй газар самардан цээжнийхээ гүнээс
орилон хашгирлаа. Яг л дөнгөж түрүүний бяцхан хүү шиг хэн нэгнээс аврал эрэн
хар тэнхээгээрээ эхэр татан цурхирна. “Бурхан минь үхсэнээс өөрцгүй болсон
намайг ингэж бие, сэтгэлийн гэтэлшгүй их зовлонд унаган хатуурхаж байхаар
тэр чигээр нь үхүүлчихгүй яав даа. Аль насандаа хийсэн үйлийн лайгаар би энд
үнсэнд хаягдсан шалз шиг орь ганцаар тэлчилж үлдээд, өр зүрхээ амьдаараа урж
явна вэ. Энэ хахир хорвоод надад эргээд очих эжий аав, энэрч түших хань нөхөр,
элгээ дэвтээх үр ч алга. Хүний сүг, амьдын зовлон шүглэсэн хар бие минь одоо
хөрстөт шороо хөдөлгөж явах утга, учир бий гэж үү.
Өрөө нимгэртэл санасан өвгөн буурал ах минь хаана байна, өчнөөн жил бэтгэртэл
хүлээсэн өмөг түшиг хань минь хаана байна” хэмээн туниа муутай эцэнхий гараараа
тэнгэр өөд сарвайж гомдлоо баран хэнгэнэтэл мэгшив. Хичнээн удаан ийнхүү
цөхрөнгөө баран уйлж хайлсанаа мэдсэнгүй, нэг л мэдэхэд тамир нь тасран ухаан
алдан зүүрмэглэжээ.
Нүүр нь шорвог нулимсандаа түлэгдэн хорсож, өлссөндөө өрц нь харлан тэсэхийн
аргагүй өвдөхийг мэдрэн тэр сэрлээ. Тэнгэрт бараан үүл зузааран хурж, бүүдгэр
харанхуй орчлонг нөмрөхөөр айсуй. Оройн хүйтэн салхи хавирга нэвтлэн
жиндүүлэхэд Дэжээ нойтон хөрсөнд шигдэн дагжин чичрэх биеэ хүчлэн өндийгөөд,
голын хүйтэн уснаас бээрсэн гараараа хутган, хахаж цацалсаар хэдэнтээ залгилав.
Уулын цаагуур гудайх нарны сүүмгэр туяа Буянт голын урсгалд тусан орчин тойрны
дүрсийг уснаа тольтгон гялтагнана. Тэрбээр итгэл муутайхан урагш тонгойн усанд
тусах өөрийхөө царайг зориглон хараад хэрдэсхийн цочлоо. Цэвэрхэн шаргал царай
нь цонхийн хөхөрч, тунгалаг бор нүднийх нь гал цог бөхөн, ухархайндаа ширгэжээ.
Гал шиг хүрэн өнгөтэй халиурсан өтгөн үс нь буурал суун шингэрч, нар салхи
үзээгүй удсанаас шүд нь өмхрөн бараг босоо юм үлдээгүй байв. Өөрийгөө таньж
ядан үймрэхдээ дэмий л омголтсон уруулаа хазмар аядаж, нүүрээ буруулан харуусан
гиншихээс цаашилсангүй.
Дэжээгийн сэтгэл саргүй шөнө шиг харанхуйтан мөлийж, цээж дотор нь голтойж
гийгүүлэх өчүүхэн ч гэрэл гэгээ байсангүй. Түүний өрц зүрх нь оволзож өнчин элэг
нь өндөлзөв ч хэндээ ч гэж хэлэхсэн билээ. Дэмий л гомдол цөхрөл, зовлон
шаналалд идэгдсэн хорчгор биеэ атийлган өвдөгөө тас тэврээд өөрийгөө бүүвэйлэх
мэт чимээ аниргүй займчина. Намрын оройн жихүүн салхи сэр сэр үлээж, нулимс
бүрхсэн нүднийх нь үзүүрт бүртийн харагдах навсайсан муу гэр нь өнчин тавиланг
нь сануулах мэт гунигтайхан сүүмийх ажээ. Тэрбээр жингүүдэх мэт хоосон ухаандаа
нэгийг гэнэтхэн санасан гэлтэй хуйлран эргэлдэх голыг яг л сүнсгүй мэт гөлийн
ширтэж байснаа “Бурхан минь өршөө” хэмээн шивгэнээд их усруу гулсан орлоо.
Буянт голын омголон урсгал жижигхэн биеийг нь ороон займчуулж гүн ёроол
уруугаа хүчлэн, хүчлэн чангаана. Түүний жавар хургасан хүйтэн зулайг ээжийх нь
зөөлөн гар аргадан илбэх шиг санагдахад, тэрээр бэтгэртэлээ санасан эхийнхээ
сүү үнэртсэн дулаахан энгэрт шигдэн амгалан нойрсохоор эрхгүй тэмүүлэв. Гомдол
дүүрэн нүдээр бүлтийтлээ харах түүнийг тосон “Охин минь, өөдөсхөн үр минь
эжийдээ ир” хэмээн хоосорсон сэтгэлийг нь дүүртэл инээмсэглэн зогсох эх нь
Дэжээгийн нулимсандаа халтартсан хоёр хацрыг энхрийлэн илбэж, аядуухан
бүүвэйлэн духыг нь үнэрлэнэ. “Эжий минь таньтайгаа хамт байхад юутай их амар
амгалан, юутай их жаргал вэ. Охин нь таныгаа дэндүү их санасаан” хэмээн тэрбээр
хоолой зангируулан гоморхон шивнэв. Эхийгээ мэдэрсэн Дэжээгийн танигдахын
аргагүй болтлоо ядарч туйлдсан царайд агшин зуур жаргалтай мишээл тодорсоноо
долгиотон тунарах хөх усанд аажмаар уусан далд орлоо.
Нам гүмийн гүнд бяцхан хүүгийн дуу хадаан уйлах дуу алсаас бөглүүхэн
сонсогдоно. Бүр ахин дахин дуудах мэт гаслантайяа уйлна. Эцсийн амьсгалаа
алгуурхан гадагшлуулж биеэ сул хаях Дэжээгийн сэтгэл тэрхэн зуур хэрдхийн
огшиж “Ээ сахиус минь хүүхэд…, Би чинь юу хийж байна аа. Би үхэж болохгүй.
Хөөрхий хүү минь” хэмээн гэнэт ухаан орсон хүн шиг бачууран бодлоо. Тэгээд
голын хүчтэй урсгалд өд шиг шидэгдэх туниа муутай биеэ хүчлэн, ам, хамар уруу нь
могой адил мушгиран гулсах усанд хахаж цацалсаар эргийн зүг эцсийн хүчээ
шавхан тэмүүлэв. Эхийнхээ хөрсөн цогцосны дэргэд сарвалзах улаан нүцгэн нялх
хүү аврал эрэн тэнхээ мэдэн хашгирсаар…
***
Дутуу бүхнээ дүүргэх гэж омголон давилуун дэрвэх цагт
Диваажин там хоёрын заагт дураар тонгочиж тэлчилсэн ч
Буурал хорвоогийн төгсгөлд толгой гудайлган бөхийх цагт
Бурхан чөтгөр хоёрын үйлийг дэнслэн аргадах үе ирдэг ажээ
Аагим халуун нар төөнөж, амьсгалахад цээж нь тэсэхүйеэ бэрх хөндүүрлэх
өвдөлтөндөө шаналан
Чойжил гүн нойрноос сэрэв. Толгойд нь даавуун хар уут угласнаас түнэр харанхуй
нүдийг нь бүрхэж, биеийх нь бүх цус тархи уруу нь юүлэгдэж байх шиг нүүр нь
мэнчийн чивчигнэж, нүдний ухархай нь хүчтэй лугших ажээ. Хөдлөх төдийд бүхий
бие нь шархиран, шууны яс нь янгинаж, хөл, гар нь тэр аяараа мэдээ алдран
бадайрсан байв. Өндийх гэж оролдовч хэн нэгний эрхшээлд орсон бололтой хоёр
гарыг нь нуруунд нь зөрүүлэн чивчиртэл хүлжээ. Нэгэн хэвийн займчихаас үзвэл
морины нуруун дээр дүүрэгдэн яваа гэлтэй байлаа. Тэрбээр чухам юу болоод
байгааг огтхон ч ойлгосонгүй. Хамгийн сүүлд Шоовдор болон түүний хоёр нөхөдтэй
архи ууж, авгай хүүхний явдал хөөрөлдөн марзаганаж суусан нь бүдэг бадагхан
санагдана. Тэгээд гэнэт учиргүй их толгой нь манарч, зовхи нь даагдахгүй хүнд
оргин байсныг бүүр түүрхэн санав. Хичнээн хичээн бодоод ч санаанд нь өөр юу ч
буусангүй. Шоовдор инээд алдан байн байн архи сөгнөхдөө тэр хоёрын тагшинд
нэлээн их тунгаар нойрсуулагч шингээн хийснийг халамцсан Чойжил, алжааж
ядарсан Лувсан хоёр даанч анзаараагүй ажээ.
“Ээ Гончигсүм минь…, аав минь яагаа бол, зүгээр байдаг байгаа” хэмээн сэтгэл
зовиурлан шаналахдаа амихандаа л хоолойгоо шахан “Аав аа, аав аа” хэмээн
сөөнгөтөн дуудлаа. Гэтэл түүнийг дуу гаргалаа гэсэн шиг тэрхэн зуур хонгон
дундуур нь тасхийн суран ташуур бууж, харийн хэлээр хэд гурван үг солилцох
тэднийг хэн болохыг мэдсэнгүй. Яаж ч чадахгүй байгаадаа харамсахдаа дэмий л
өөртөө гоморхон “Өвгөн буурал аавынхаа үгэнд орох минь яав даа” хэмээн нулимс
дуслуулан харамсан гиншиж явлаа. Нар шингэх үеэр олон цаг уруу харан толгойгоо
унжуулж сэгсчүүлснээсээ болоод ухаан нь балартжээ.
Хоолойдоо тээглэх усанд хахаж цацалсаар
Чойжил сая л арайхийн ухаан орлоо. Ашгүй морины хондлой дээрээс буусан байх
агаад тэрбээр хэн нэгний өвөр түшин хүйтэн чулуун шалан дээр гулдайн хэвтэж
байв. Хоёр хөлийг нь урт гинж бүхий зэвэрч харласан зузаан төмөр гаваар
чөдөрлөжээ. Толгойг нь түшсэн хүн хагархай модон аяга байн байн тонгойлгож ихэд
хичээнгүйлэн ам уруу нь ус цутгах аж. Чойжил сэхэл аван нүдээ нээж өндиймөр
аядаад, хаана байгаагаа ухаарах гэсэн мэт эргэн тойрноо ажлаа. Хаа сайгүй халцарч
ховхорсон намхан шавар тааз нүүрний өмнө тулан бараантаж, нарийхан хаалганы
дээрх алгын чинээхэн шоо дөрвөлжин торон нүхээр мөчидхөн гэрэл сүүмийж
харагдана. Өрөөнд хөлс, цус, ялгадас, шивэр, шивтэрийн тийм гэж зүйрлэхийн
аргагүй илжирч ялзарсан өмхий үнэр хамар хорсгон ханхийж, өөрийн эрхгүй
огиудас хүргэнэ.
Амьсгалах агааргүй шахам бин битүү, бөгчим чийгтэй энэ умгар өрөөнд яагаад
хэвтэж байгаагаа
Чойжил үнэндээ ойлгосонгүй. Харанхуйд нүд нь дасч өгөхгүй баахан удсаны эцэст
аажмаар өрөөн доторхыг ялгаж салгахтай болов. Тэнд өөрөөс нь гадна таван хүн
арга тасарсан байдалтай түүнийг ширтэн суух нь бүүр түүрхэн үзэгдлээ. Яг түүний
чанх урд тааран шуудайрхуу хэлхгэр бор сэмгэр даавуу цээжээ халхлан нөмөрсөн,
атигар жижигхэн биетэй гурван хүн сүүтэгнэх бөгөөд тэдний царай нь чийг бамнд
идэгдэн яг л зумалсан гүзээ шиг цэлхийн унжжээ. Харин баруун буланд цэрэг цагаан
цамц болов уу гэмээр хувцасны оронцог мөрөндөө хэгэлдэрлэсэн урт чац, цайвар
шар хурган үстэй эр ясархаг өвдөгөө тэврэн шигдэн суугаа үзэгдэнэ. Харц бэлчээн
сайтар ажвал орос хүн бололтой. Түүний яс арьс болтлоо турж, хувхай цайн
цонхийсон гонзгой царай нь нар салхи үзээгүй удсаныг бэлхэнээ илтгэх ажээ.
Чойжил учрыг мэдэх санаатай толгойгоо дааж ядан өндөлзөж
-Би хаана байна. Энэ юун газар вэ хэмээн нам гүмийг үргээн сулхан боловч эрс
зоримог асуулаа. Гэвч хэн ч түүнд хариулсангүй. Тэр өөрийг нь түшиж суусан өнөөх
эрийг тас зууран сэгсчиж
-Намайг сонсож байна уу, би хаана байна гэж зангирсан хоолойгоор хэдэнтээ
хашгирав. Тэд нэг л янзандаа яг л хэлээ залгичихсан мэт таг чиг түүн рүү
гөлийцгөөнө. Чойжил аргаа барсан шинжтэй
-Та нар чинь үг дуугүй яачихсан улсууд вэ. Надад хэн нэг нь хариулаач хэмээн
нугдайн сууцгаах хүн, хүн тийш мөлхөн очиж бараг нүүрэнд нь тулан бархирлаа.
Харин тэд эмээх мэт хий дальдчихаас хэтэрсэнгүй. Анир чимээгүй өрөөнд тэртээ
хаа нэгтээгээс хааяахан хаалга жихүүдэстэйеэ чахран дуугарах, зовлонт хүний ёолон
гийнэх дуун бие зарзайлган бөглүүхэн сонсдоно. Чойжилын тэвчээр барагдан босон
харайж, уур бухимдал нь тэсрэв үү гэлтэй
-Намайг эндээс гарга. Би ямар ч гэмгүй эгэл жирийн жинчин хүн. Энд хүн байна уу
хэмээн хүнд хар төмөр хаалганы нугасыг гажтал тэнхээ мэдэн балбаж, шүлсээ
савируулан аврал эрэн хашгичаж гарав. Гэтэл гэнэтхэн ар талд нь:
-Ингэлээ гээд нэмэр болохгүй дээ залуу минь. Энд бид нүдгүй, чихгүй үхдлүүдээс
өөрцгүй. Дэмий хашгирч тамир тэнхээгээ барж байхаар суугаад амар. Багахан болов
хүчээ гамна хэмээн үлбэгэр сул хоолойгоор их л өвөрмөц хачин аялагаар шивгэнэх
нь тэр. Цочин эргэж харвал өнөөх өөрт нь ус уулгаж байсан дөч эргэм насны бор
царайтай, өндөр эр толгойгоо гэлжийлгэн сараалжин нүхрүү харангаа бувтнах ажээ.
Түүний ярианы өнгийг сайтар сонсвол өвөр Монгол хүн шиг байлаа. Чойжил нэгийг
эргэцүүлсэн шинжтэй дуулгавартай гэгч нь дуугаа хураан, түүнрүү алгуурхан
ойртож
-Таны алдар хэн билээ, аль нутгийн хүн бэ гэж нам дуугаар болгоомжлонгуй асуув.
Хижээл эр үрчгэр хөх гараараа нүүрээ илбэж, урагдаж өгөршсөн даавуун дээлийнхээ
энгэрийг засмар аядсанаа
-Намайг Жамбаланчин гэдэг. Би Өвөр Монголын Хөлөнбуйр аймгийн хүн гээд
толгойгоо гэдийлгэн гүнээ санаа алдаж
- Одоо хэдэн сар билээ гэж гэнэтхэн тэс хөндлөн зүйл асуув. Чойжил
- Айн? … гэж тэрхэн зуур алмайрсанаа арай гэж үг дуугарсанд нь олзуурхсан аястай,
-Намрын дунд сар хэмээн түргэхэн хариуллаа. Жамбаланчин онигор бор нүдээ
анивхийлэн шүүрс алдан тамшаалж, хөхөмдөг завьжаа долоон
-Ай даа, нутагт маань одоо айраг цагаа аманд нуугитал ид сайхан исчихсэн, агь
таанад тэвхийтэл таргалсан морьд янцгааж, адуу мал тургилан, өдөр шөнөгүй найр
наадам хөгжөөд л үгээр хэлэх аргагүй сайхан байгаа даа хэмээн хоолой зангируулан
өгүүлэх зуураа хар шүлсээ гүд хийлгэн залгиж хэсэг азналаа. Тэгснээ нэгийг санасан
гэлтэй өндөлзөн
-Ингэхэд дүү аль нутгийн хүн бэ, нэр алдар хэн билээ. Ямар золгүй тохиолоор энд
хүрээд ирчихэв дээ гэж ихэд хэрэгт дурласан аястай сониучирхан асуув.
- Би Завхан аймгийн хүн. Миний алдар Чойжил. Хэд хоногийн өмнө Улаанбаатар
хотоос Дорнод аймаг тийш эцгийн хамт жин тээж явах замдаа… гэснээ дуу нь
сөөнгөтөн үгээ тасалдуулж, аавынхаа хүрлэгэр бор царайг сэтгэлдээ санагалзан
элгэн дотроо чимээгүйхэн мэгшлээ. Тэгээд нулимсаа нуух гэсэндээ буруу харан
нүүрээ шудраад
-Чухамхүү ямар учир шалтгаанаар энэ бөглүү газар баригдан ирсэнээ өөрөө ч
ухаарахгүй сууна. Хаана байгаагаа ч мэдэх юм алга. Ямартай ч таньд гялаалаа гээд
Чойжил харцаа гудайлган санаашрав. Харин тэрхэн зуур Жамбаланчингийн голтгор
нүдэнд баярын гэмээр мишээл тодорч
-Чи чинь ар Монголын хүн байна шүү дээ. Би хэзээ нэгэн цагт ар Монголд очиж
үзэхсэн гэж мөрөөддөг. Их сайхан газар байдаг гэж дуулсан. Манжийн
дарангуйллаас зоригтой тэмцэн мултарч чадсан та нар их азтай улсууд шүү гэснээ
даргар хөх гараа зангидан өвдөгөө байн байн цохилж, яг л балчир хүүхэд шиг
хөөрөн баясч догдоллоо. Тэгснээ агшин зуур цог золбоо дүүрэн бялхсан харцыг нь
дахин гунигийн сүүдэр нөмрөн
-Манай өвөр Монголчууд их азгүй хувь тавилантай улсууд. Бид чинь “Би Монгол
хүн” гэж нүүр бардам бахархаж хэлэх ч эрхгүй, өөрсдийгөө мэдэх ч толгойгүй
болчихсон хүмүүс. Ээ хөөрхий, маниус ч бүх насаараа энэ харь гүрний гарын үзүүр,
хөлийн дэвсгэр болж явсаар цус ч үгүй, нэр ч үгүй мөхөж үгүй болох байх аа даа
гээд гүнээ санаа алдав. Тэгснээ духаа үрчийлгэн хөмсгөө өргөж
-Гэхдээ нэгэн нартай сайхан өдөр хоёр Монгол маань нэгдэж, элэг бүтэн хүчирхэг
улс болчихоод энэ муусайн харийханд ингэж элдвээрээ бөөрөлхүүлж суух цагийн
төгсгөл гарцаагүй ирнэ гэж би итгэдэг шүү. Даанч чи бидэн тэр сайхан цагийг үзэж
чадахгүй нь харамсалтай гэж Чойжилын мөрийг дотночилон илбэснээ өөрийгөө
хүчлэн инээмсэглэв. Хариу хүлээх мэт дөлгөөн талбиухан харцаар нүд салгалгүй
ширтэх Жамбаланчинд юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй хий гөлрөн суух Чойжил
тэрүүхэн тэндээ сандчин,
-Магадгүй та бид хоёр тэр сайхан цагийг үзэх ч юм билүү хэмээн жуумалзмар аядан
түгдчисэнээ түүний эвэршсэн зузаан гарыг чанга базан сэгсчиж дэмий л итгэл
хайрлах гэж оролдлоо. Чойжилын
үгэнд урамшсан Жамбаланчингийн сэтгэл санаа тэр аяараа бүтэшгүй гэмээр
дэврүүн хүсэл мөрөөдөлдөө автан гэгэлзэн байх шиг үе үе хөнгөхөн санаашран
хөгжилтэйхэн мушилзана. Гэвч агаарт дүүлэн байсан гэгээн бодол нь гэнэтхэн
сарнив уу гэлтэй Чойжилыг хөмсөг зангидан нухацтай ажигласнаа алгуурхан дөхөж,
бараг бүх биеэрээ шахан наалдсанаа, хулгар чихийг нь үмхчих шахан
-Чи бид ч нэгэнт өнгөрсөн хорвоо болсон биз. Бид хятадын зүүн хойд зүгийн
Харбин хотоос холгүй байрлах Япон цэргийн ангийн газар доорхи нууц гянданд
байна. Япончууд энэ газрыг Манжуурын
731 дүгээр цэргийн анги2 гэлцдэг гэхийг би хэдэнтээ сонссон. Нутгийн ард энэ
газрыг үхээрийн бузар шүглэсэн жинхэнэ нүгэлт тамын газар гэдэг юм билээ. Учир
нь, энд үй олон хүмүүсийг амьдаар нь тамалж, аймшигтай зовоон тарчлааж, амьд
сүг болгон хувиргадаг. Бидэнд үхье гэвч өөрийн хүслээр нүд аних эрх байхгүй.
Эцсийн амьсгалаа тасартал тэдний дуусашгүй харгислалд тарчлах болно хэмээн яг л
галзуу солиотой юм шиг нүдээ эргэлдүүлэж, хөмхийгөө тас зуун сонсогдох төдий
шивнэв. Тэгээд саяхан болсон яриаг нь хэн нэгэн сонсчихсон байх вий гэсэн шиг
хэдэн тийшээ өлөлзөн ойр орчмоо нягталсанаа санаа
амран холдосхийн хана налан суулаа. Нурууны үс тэр аяараа өрвийгөөд босчихмоор
Жамбаланчингийн хэлсэн жихүүн үгэнд давхийн цочсон Чойжил түүнрүү итгэж
ядсан байдалтай учиргүй дүрлийснээ хэлэх үгээ олж ядахдаа хар толгойгоо шаан
татвалзаж, гаслантайяа гийнэв.
Орчлонгоос тасарсан энэхүү бүүдгэр харанхуй өрөөнд яг л цаг хугацаа зогсчихсон
мэт дүнсийж, хэдэн биесээ хань татан дэмий л гөлрөх таван хүн аль хэдийнэ өдөр
шөнө, өглөө оройг ялгахаа байжээ. Гагцхүү өмгөр хананы цаадах гэрэлт амьдралыг
хүсэмжлэн, найдлага тасарсан сүүмгэр нүдээрээ тотгоны дээхнэ ёлтойх бяцхан
гэрлийг шуналтайяа ширтэцгээнэ.
Гэнэт хүнд төмөр хаалга зүрх салгалатал тачигнаж, хүний нүүрний тал харагдахуйц
хөндлөн нүх онгойсноо алганы хонхорхойн чинээ хэдэн жижиг аяга шүү юм
чулуудав. Чойжилоос бусад нь ухасхийн босон харайж, аягатай зүйлийг асгачих вий
гэсэн шиг хичээнгүйлэн барьж авна. Түүний хувь бололтой нэг аяга чийг нэвчсан
хүйтэн хар газар нойтон шороо яран лүгхийн унаж, лаглайсан жонхуурхуу цавуулаг
зүйл асгарлаа. Гэтэл тэрний өөдөөс харж суусан хоёр атигар эр уралдан очиж будаа
тонших тахиа адил бөхтөлзөн ухаан жолоогүй самардан авч долоох ажээ. Хэдийгээр
Чойжилын өлөн ходоод харлан хонхолзож хэчнээн зовиурлан байвч, сэжиг цээр нь
дээд цэгтээ хүрч, дотор нь муухайран бэлбэгнэнэ. Гагцхүү нэгэн цагт өөрөө эд
нараас ялгарахгүй болох вий гэж бодохоор айдас хургасан цээж нь давчидан,
түүнийг зовоож байв. Өнөөх тав загал жонхууг халтар гараараа хутган авч, асгаж
цутган ум хумгүй амруугаа чихэхийг харахад хэд хоног ходоод руугаа юм хийгээгүй
болов уу гэмээр санагдана. Гэтэл төд удалгүй хавчиг цонх дахин онгойж, тэр хэд
өндийн харж амжаагүй байтал тохойн чинээ гулдгар хар юм гурвыг чулуудлаа.
Чулуудсан тэр зүйлс амьд бололтой асар хурдан ийш тийж хөдлөх ажээ. Чойжил
цочсондоо давхийн босон харайж
-Халаг гэж, Жамбаланчаан энэ юу вээ, надад сайн харагдахгүй байна хэмээн тэвдэн
хашгирахад,
-Харх…, харх байна. Яадаг ч байсан хазуулж л болохгүй шүү. Яаж ийгээд алахыг
хичээ хэмээн сайн мэддэггэлтэйхөлдорооцовхчихзуураасандчинориллоо. Мэгдсэн
гурван харх мойлон чинээ бүлтгэр нүдээ гялалзуулан өрөө хэрэн голийтол гүйлдэж,
үнхэлцэгээ хагартал айсан хэд тэнхээ мэдэн хашгиралдаж, нүцгэн хөлөө
тарвалзуулан төмөр гинжээ тачигнуулан булан тохой бүрлүү үсчин хөөцөлдөж гарав.
Нас биед хүрсэн таван эр хүн тохойн чинээ хархнаас дагжин, учир зүггүй ийш тийш
харайлдахыг хөндлөнгөөс харсан хүнд бол их л хачин жигтэй санагдахаар ажээ.
Бөөн дуу шуу тэгсхийгээд намжиж, амьсгал давчдан зогсох хэд голигор хархнуудыг
хайх мэт завсаргүй дор бүрнээ эргэлдэнэ. Гэтэл түрүүхэн хаалганы урд хоол
долоогоод ухаангүй байсан хоёр атигар эр жонхуунд загалтсан амаа ангалзуулан,
муухай орилон тийчлэж, ойлгомжгүй зүйл бархиран газар өнхрөн сарваганаж гарав.
Тэднийг харахад өлсгөлөн хар хархнууд өгөөшөө нэгэнт олсон бололтой байлаа. Тэр
хоёрыг хятад хүн байсныг Чойжил тэгэхэд л сая ойлгожээ.
Өмхий харханд амьдаараа хэмлүүлэх хөөрхий хоёр руу нөгөө дөрөв ойртож ч
чадахгүй басхүү холдож ч чадахгүй хэдэн биеэ түгшин харж, дэмий л сандчин
хулмагнана. Хаалганы хавчиг нарийн нүхэн завсраар хоёр жартгар нүд ихэд
сонирхсон байдалтай тэднийг тасралтгүй ажиглан эргэлдэх нь санаагаар болдогсон
бол сох хатгачихмаар нүдэнд хүйтэн, зэвүү хүрэм аж. Чойжилын уур бухимдал
эцэстээ хүрсэн гэлтэй гэнэтхэн учир зүггүй омогшиж
-Муусайн харгис хэрцгий новшнуудаа, хүний зовлогоор наадах та нарт тийм их
зугаатай байна уу хэмээн хэнхдэг цээжээ дэлдэн хар тэнхээгээрээ бархирсанаа,
навсгар том дээлнийхээ хормойг хормын төдийд шуун, хэлхгэр нударгаа гартаа
ороон хумин атгаад, ганцхан харайн өнөөх хоёрын хүзүү сээрэнд шүдээ шигтгэн
ассан зэвхий хар хархнуудыг шүүрэн авч төмөр хаалга руу бяц шидлээ. Тэрхэн зуур
хүнд хаалга зууран онгойж зөвхөн хоёр нүд нь ил гарсан хөгц шиг битүү ногоон
хувцастай дөрвөн хүн хаалганы цаанаас адууны уурга гэхээр урт бадриун төмөр
иштэй, үзүүртэй бүдүүн олсон гогцоо бүхий зүйлээр хоёр хятадын толгойг сурмаг
гэгч нь гялсхийн уургалаад авав. Айсандаа шээс нь савиран, эсэргүүцэх ухаангүй
балмагдан дагжих тэдний улаан хоолойг яах ийхийн зуургүй эрчлэн боож
муужруулаад, яг л үхсэн боохой шиг чирж гулдчин өрөөнөөс гаргалаа. Чойжил амь
тэмцэн өрөвдөлтэйеэ шуухитнах тэднийг харж тэссэнгүй,
-Аа муусайн яргачид… хэмээн гараа далайн ухасхийтэл царай нь нойт оргисноо,
хачин жигтэй хурц үнэр самсаа зүсэн цоргиж, нүрээ улаан галд дүрчихсэн мэт
түлэгдэн хорсохыг мэдрээд, үгээ дуусгаж амжилгүй амьсгал нь боогдон тэрийн
уналаа.
Хичнээн удаан ухаангүй сулдайн хэвтсэнээ
Чойжил мэдсэнгүй. Нүүр нь халуу дүүгэн чимчигнэж, хоолой нь хаврын цахилдаг
идчихсэн мэт гашуун оргин дарвигнах ажээ. Аргасан зовхио хөдөлгөж ядан
арайхийн нүдээ нээвэл булангийн туранхай орос түүний хацрыг туниа муутай ясан
гараараа чад чад алгадан, сэтгэл зовнисон шинжтэй тунгалаг хөх нүдээрээ
дүрлийтэл харан сууж байв. Чойжил болоод өнгөрсөн бүхнийг зөнгөөрөө мэдрэх
шиг ухасхийн босч эргэн тойрноо ажвал үлдсэн ганц хятад ор мөргүй алга болсон
байлаа. Харин хажуугийн буланд Жамбаланчин элгээ тэврэн эвхэрч, яг л үхчихсэн
мэт хөдөлгөөнгүй хэвтэх ажээ.
-Жамбаланчаан юу болов, бие нь яаж байна хэмээн Чойжил айх, гайхах зэрэгцэн
сандчин очиж асуув. Түүний амнаас шингэн цагаан хөөс завьжаа даган сахарч, нүд
нь махчин араатан шиг улаанаараа эргэлдэх бөгөөд цээж, гэдэс хавиар нь үе үе ихэд
хүчтэй өвдөж байгаа бололтой байдгаараа атийн яраглана.
-Чамайг өмөөрч эсэргүүцсэний төлөө муусайн чөтгөрүүд намайг барьж аваад яг л
хөнгөлөх гэж байгаа хонь шиг дөрвөн мөчийг минь хүлж, шуунд минь зэхэр ус
хийсэн. Гэдэс ходоод минь хэдэн хэсэг тасарч байгаа аятай тэсэхүйеэ бэрх, маш их
өвдөж байна хэмээн нулимс дүүрэн аньсгаа үрчийтэл аньсан чигтээ хэн нэгнээр
аргадуулахыг хүсэмжлэх мэт нимгэн хөх уруулаа өмөлзүүлэн гиншинэ. Тэгснээ
гэнэт царай нь хүрлийн хувьсхийж
-Над руу бүү ойрт, надад хэрхэвч хүрч болохгүй. Эд нар миний биед юу ч хийчихсэн
юм билээ гэж шийдсэн аястай байн байн чичирхийлэн шивэгнэнэ. Тэгээд гараа
савчуулан хавь ойрдоо сэрэмжлүүлэх гэсэн шиг зангаж байснаа хэсэг татваганаад
чимээгүй болов. Тэрбээр өвчиндөө самууран ухаан балартсан бололтой.
Өрөөнд жихүүдэс төрүүлэм нам гүм ноёрхож, амьсгал давчдуулан үхлээ хүлээх
орос, монгол хоёр өрөвдөлтэйеэ бүлтэлзэнэ. Өнөөх гурван хятад амьд үхсэн аль нь
боловч дахин эргэж ирсэнгүй. Чойжил салганан чичрэх гараараа нүүрээ таглан,
айдасаа умартаж өөрийгөө тайвшруулах санаатай нүдээ анивхийлэн бодолд автлаа.
“Гэрээ сахиад хоцорсон хөөрхий муу эжий, эхнэр хоёр маань яажшуухан байгаа бол.
Эргэж ирэхгүй хоёртоо гомдон, элгээ сэмэртэл харуулдан суугаа байхдаа зайлуул”
хэмээн үхэлтэйгээ эвлэрэх мэт хэсэг гансрав. “Аав минь хаана үйлээ үзэж явдаг юм
бол доо. Нутгаадаа харьж чадсан болов уу” хэмээн горьдлого тээн санааширсанаа
газар дээрх ганц хүүгээ хэрхэвч орхиод явахгүйг нь мэдэх тул хоосон найдаж
суугаадаа сэтгэл нь урагдана. “Хөөрхий муу аав минь хөлийнхөө тавхайг эргэтэл
намайг эрж сураад явж байгаа даа” гэж бодохоор өр зүрх нь эмтэрч, өтөл буурай
эцгээ өрөвдөн мэгшлээ. Тэрээр энэхэн мөчид аавынхаа учиртайхан хараад толгойг
нь илбэх дүр, Дэжээгийн тормогор алаг нүдээ эргэлдүүлэн, ход ход инээд алдан
баясах дуун, ээжийхээ өтгөн шаргал цайг юу юунаас илүү ихэд санагалзан сэтгэл нь
уясав.
Түүний гуниг жаргал хосолсон богинохон бодролыг гэнэтхэн тасалдуулж хэн нэгэн
мөрийг нь хүчтэй угзарлаа. Цочин харвал царай нь амьгүй юм шиг хувхай цайсан
Жамбаланчин хажууханд нь бохироод суучихсан бээрсэн хуруугаараа хаалга тийш
зангаж
-Тэнд цусан далайн дунд хүмүүс амьдаараа хэнхдэг цээжээ тэр чигт нь яруулан,
гашуун нулимсаа асгаруулан сарвалзан тарчлаж байхыг би нүдээрээ харсаан. Цагаан
чөтгөрүүд эрхтэн бүрийг нь нэг нэгээр нь тасдаж, хөөрхий тэднийг амьсгаа тасарч,
амь тавьтал нь зовоож байсан хэмээн занал зүхэл басхүү айдас хүйдэс нэвт
шингэсэн бачим хоолойгоор шивэгнэв. Чойжил түүнийг “Чааваас гэж, арай
галзуурчихаагүй байгаа даа” гэсэн шиг жигтэй хачин харснаа
-Алив нааш ир анд минь, чи их ядарсан байна. Ийшээ хэвтээд жаахан ч болтугай
тайвшраад унтахыг хичээ хэмээн үглэнгээ дээлээ тайлан газар мухлуйдан дэвсэв.
Гэтэл тамын хар хаалга дахин тачигнаж өнөөх битүү ногоон хувцастангууд буу
шагайсаар ороод ирэх нь тэр. Тэд шагайсан бууныхаа онгойх хар амыг өнөө хоёрын
нүүрэнд наачих шахуу тулган зангаж, урьд сонсоогүй харийн хэлээр чанга чанга
хашгичин сүрдүүлэх нь “Босоод яв” гээд байгаа бололтой байв. Хоёул гараа өргөн
аажмаар өндийж, наашаа цаашаа эргэж буцан эргүүтсээр хаалгаар гарлаа. Өрөөний
гурав нэг цуваанд ороод дөрвөн харгалзагчийн буунаас дальдчин нарийн хонгилоор
хэсэг явав. Хааш хүрэх нь эс мэдэгдэх бүүдгэр урт хонгилын навтгар цагаан таазанд
туниа муутай гэрэл алс алсхан ёлтойх аж. Туранхай орос хүйтэн чулуун шалан
дээгүүр нүцгэн хөлөө сайвагануулан Чойжилын урд итгэл муутайхан алхлана.
“Магадгүй ингээд үхэх ээлж ирж дээ. Биднийг чухам хааш нь дагуулж яваа юм бол.
Хэрэв Жамбаланчингийн яриа үнэн бол яанам билээ. Тэгвэл ч энэ харийн хүмүүсийн
гарт амьдаараа сэглүүлэн зовж үхсэнээс эргэж харан эсэргүүцэж байгаад эд нарын
бууны суманд оногдож үхсэн нь хавьгүй амар нүд аних байх даа” хэмээн Чойжил
элдвийг эргэцүүлэн гэлдэрч байтал ар нуруунаас нь хүчтэй нудран үймэрсэн бодлыг
нь тасалдуулав. Цочин харах нь ээ урд нь данагар том төмөр хаалга нээгдэж, тэд уур
савссан халуун өрөөнд явж орлоо. Нүдэндээ битүү шил зүүж, хамар амаа нэлэнхүйд
нь далдлан тунгалаг өнгөтөй халхавч нүүрэндээ багласан, хүн гэж танихад хэцүүхэн
этгээд сонин хувцастай арав орчим битүү ногоон хувцастнууд үүдэнд нь харагдав.
Тэдний нүүрний халхавчны тэхий голоос хонины гургалдай шиг урт годгор зүйл
санжагнах агаад нуруундаа жинтэй хүнд байрын гонзгой төмөр сав үүрчээ. Тэд орж
ирсэн хүн бүрийг хувцасаа хурдан тайлахыг гараараа занган тушаана. Түрүүлж
орсон туранхай орос дуулгавартай нь аргагүй түргэхэн гэгч нь хувцасаа шувт татан
тайлангуут хоёр харгалзагч түүний нүцгэн цагаан хонгыг гялалзуулсаар цааш
дагуулан одов. Чойжил ч сандчин хувцасаа тайлж эхэллээ. Харин Жамбаланчингийн
хүнд хэлхгэр дээлний том сампин товч халуун уурны чийгэнд зууран тайлагдахгүй
байгаа бололтой энгэрээ үгтчээн зогстол хажуу харгалзагч гялсхийн нарийн иртэй
тонгорог гаргаж ирэн бүх товчийг нь тас огтолж орхилоо. Харийн тэд гурван
алхмын зайнаас саваа модоор мөрлүү нь чичилж зүг чиг заан хойш
урагш эргэлдүүлнэ. Тэгээд эхүүн хурц үнэртэй шингэнээр бүх биеийг нь шүршиж,
жижиг дөрвөлжин сойз гарт нь бариулаад хана руу очихыг яаравчлан зангав. Тэнд
нойтон цагаан хана гөлийн эмэгтэй голдуу хорь гаруй чармай шалдан хүмүүс арагш
харан нэг эгнээнд эгнэн зогсжээ. Үйл явдлыг ойлгож ядан давчдах Чойжил хана
даган бөнжигнөн урсах усан дуслуудыг хий өлийх зуураа хөл дороо байж ядан
хавчигнаж
-Энэ одоо юу гээчийн ёс жаяг гээч вэ. Эд биднийг яах гэж байгаа юм бол хэмээн
дуулдах төдий шивнэв. Жамбаланчин түүнрүү сэмхэн хялам хийснээ
-Чөтгөр бүү мэд. Лав ар дагз уруу минь буудаж гялайлгахгүй биз хэмээн уурссан
аятай бувтнав. Төд удалгүй аагим халуун ус тэдний дээрээс цүлхийн асгарч, айн
мэгдсэн хүмүүс яаран сандран биеэ угааж эхлэхэд өнөө хоёр сая учрыг ойлгон хөлс
хирэндээ дагтаршсан биеэ хатуу ширүүн үстэй сойзоор зумартал үрж гарлаа. Олон
хоног хүйтэн бохир шалан дээр жиндэж суусан хоёрт байн байн асгаран орж ирэх
халуун ус үнэхээр зүйрлүүлж хэлэхийн аргагүй таатай сайхан байна гэж жигтэйхэн.
Хатсан биеэ усанд сайтар булхаж ханааад бас ч гэж халуун уснаас алгаа тосон өлөн
ходоодоо хагарах шахам ууж авлаа. Харийнхан хүн бүрд өөр өөр тоо хадсан нэгэн
ижил өнгө, хийцтэй саарал даавуун шинэ хувцас өмсүүлж, өмнөх хачин заваан
умгар газрыг нь бодвол томгүй боловч ихэд цэвэрхэн, арай гэрэл гэгээтэй өрөөнд
оруулан бүр хөнгөн хөнжил, сармигар нимгэн гудас хүртэл тавьж өглөө. Удалгүй
хаалганы жижигхэн сараалжин цонхоор цасан цагаан бээлийтэй гар гозолзон гурван
аяга болсон цагаан будаа дээр дээрээс нь давхарлан тавив. Ам руугаа хоол хийгээгүй
удсан гурав мөр нийлүүлэн шомбойн сууж, хүйтэн будааг хөлсөө бурзайлган
амтархан идэх нь нэн өрөвдөлтэй. Цэрийтэл уусан халуун устай аяга будаа холилдон
гэдэс нь давгүй сайхан цадаж басхүү өмхий самхай оромжноос салсан тэд шинэхэн
төвхнөсөн өрөөндөө гудсаа дэвсэн хөнжилөө нөмрөөд энэхүү үл мэдэх тамын газар
ирсэнээсээ хойш анх удаа яг л үхсэн мэт нам унтацгаав. Хөөрхий тэдний хөшсөн яс,
зовсон сэтгэл хэсэгхэн ч атугай амарч байгаа бололтой дуу дуугаа авалцан
хэнгэнэтэл хурхирч, шүлсээ савируулан дугжирцгаах ажээ.
Зэргэлдээ хажууханд нь эмэгтэй хүний сэтгэл сэртхийлгэм орилон уйлах дуу чих
дэлсэн хадаж, амгалан нойрсох гурав цочсондоо нэгэн зэрэг огло харайлаа.
Туранхай орос гүн нойрноосоо хараахан сэрж амжаагүй бололтой нуухтсан нүдээ
анивчуулж, согтуу хөлчүү хүн шиг хөл дээрээ тогтож ядан бүдчин дайвалзах аж.
Жамбаланчин хаалганы завсраар хэсэг чимээ чагнан хөмсөг зангидаж зогссоноо
-Энэ муу чөтгөр авмарууд, бидний биеийг ухаж төнхөхдөө бэлтгэн ариутган угааж
цэвэрлээд, аяга будаа идүүлж тамир тэнхээ оронгуут эхнээс нь төхөөрч байгаа юм
байна хэмээн өөрөө өөртөө хэлэх мэт уурсан өгүүлэв. Тэгснээ огцом эргэж өөрийг
нь чих тавин хүлээн зогссон Чойжилыг гуд татан харанхуй буланд дагуулан очлоо.
Тэгээд огшсон сэтгэлээ барьж ядах мэт хэдэнтээ гүнзгий амьсгалаад, их л нам
тайван дуугаар
-Чойжил оо…, хоёулаа нутаг ус өөр ч гэлээ омголон цустай Монгол хүмүүс. Би эд
нарт тэгж хонь шиг нядлуулан хамаг муугаа үзэж, бузар сарвууг нь бүлээн цусаараа
угаах хүсэлгүй байна. Хэрэв чи хүслийг минь хүндэтгэж, энэ тамын зовлонг
нимгэлж надад тусалвал үхсэн хойноо ч ачийг чинь үүрд мартахгүй санаж явах
болно шүү хэмээн шаналал харуусал дүүрэн нүдээ цавчихаа мартсан мэт түүнийг
ширтэн бувтналаа. Чойжил Жамбаланчинг чухам юу хүсээд байгааг нэг л ухаарч
өгөхгүй, духаа үрчийлгэн хэсэг гайхширан ажиглаж байснаа, гэнэт юу хэлэх гэснийг
нь ойлгов бололтой нүдэнд нь агшин зуур нулимас хурж
-Ээ Гэгээн минь, та чинь юу ярина вэ. Би чадахгүй, хэрхэвч зүрхлэхгүй. Би тэгж
буяндаа бузар хийх хүн биш гэж түгдчин хариулаад түүний нэвт шувт ширтэх
харцнаас дальдчин бушуухан нүүрээ буруулав. Жанбаланчин арга тасарсан янзтай
толгой гудайлган нугдайж, сэгсгэр үсээ үгтчээн тэрхэн зуур таг чиг болсноо юу
юугүй нулимс нь сад тавих нь уу гэмээр хоолой нь зангиран
-Би энэ амьдын там болсон ёрын хар нүхэнд хангалттай удаан зовсон. Эцэст нь
амьдаараа тарчилж үхмээргүй байна. Одоо юу юугүй ногоон, цагаан чөтгөрүүд орж
ирээд тарилга хийсэн намайг хамгийн түрүүнд аваад явчихна хэмээн өрөвдөлтэйеэ
гийнэлээ. Хэдэн хормын дараа тэрбээр сэтгэл нь тайвширсан ч юмуу эсвэл хэзээд
нүүрлэх хувь тавилантйгаа нэгэнт эвлэрсэн ч юм уу байн байн уртаар санаа алдаж
сууснаа чичигнэсэн хоолойгоор амьсгал тасалдуулан
Нарс модыг найгуулах нь Намрын хонгор салхиа хүй Настан нялхсаас салгах нь
Наран Манж улсаа хүй
Манх өндөр ургаж хүй
Манан хүдэнтэй золголдов хүй
Манж улсын цэргийн зовлон
Манай монгол залууст тулагдав хүй
Алаг жигүүртэй Фэжичи нь Ар талдаа дэлбэрэг хүй Аргаа барсан наран улсаа
Ар монголын гарт сөнөөгдөг хүй хэмээн намуухан дууг зоримог хийгээд ихэд
хүчлэн гэнгэнэн аялах ажээ. Түүний сэтгэлийн их цөхрөл, харуусал энэ эгэлгүй
гашуун аялгуунд, эрхгүй урсах зовлонт үгсүүдэд нэвт шингэсэн байх шиг санагдлаа.
Эсрэг булангаас туранхай орос өнөө хоёрын чухам юун тухай ярьсаныг ойлгосон
мэт Жамбаланчинг ихэд өрөвдсөн харцаар ажих аж. Чойжил хэрхэхээ мэдэхгүй
дэмий л өрөөний өнцөг булан хэрэн гансарч “Одоо би яанам билээ бурхан минь.
Надад яагаад ийм аймшигтай зовлон тулгана вэ. Гэхдээ би ч мөн адил хэзээ нэг өдөр
хэн нэгнээс ингэж арга ядан гуйх үе ирэхэд цор ганц итгэж найдсан хүн минь нүүр
буруулвал ямар их гомдох билээ. Гэвч энэ тамын газар өөрийг нь цорын ганц түшиж
тулсан, элэг цөс нэгтэй нэгнийхээ амийг улаан гараараа бүрэлгэнэ гэдэг байж
боломгүй нүгэл болох биз” хэмээн дэмийрсэн бодолдоо автан шанална.
Гэнэт алсаас яаравчлан алхах хүмүүсийн хөлийн чимээний сүрдэм цуурай гурван
хүний бодлыг нэгэн зэрэг тасалдууллаа. Чулуун шалан дээр цэх шулуун алхлах
хатуу улт гутлын чахрах чимээ зүрх зүсэн улам бүр ойртон чангарна. Гудайн суусан
Жамбаланчин сэгсгэр толгойгоо алгуурхан өргөж Чойжил, туранхай орос хоёрыг
түгшсэн харцаар ээлжлэн харах агаад ямар нэгэн зүйлийг хүлээх мэт айдас хурсан
нүд нь нулимсандаа гялалзан гөлчигнөнө. Өрөөнд гурван хүний оволзон булгилах
зүрхний лугших цохилт сонсогдохуйц нам гүм болов. Чимээ чагнан өрөөний голд
шаасан гадас шиг түгшин зогсох Чойжил газар шагайн таг гөлрөн суух
Жамбаланчинг хөмсгөө атиралдуулан нухацтай нь аргагүй ширтэж байснаа сэтгэл
шулуудсан аястай түүнрүү дөхөн очиж гараа сунган
-Жамбалчаан анд минь, бид нэгэнт л энэ хар оромжинд ясаа тавих тавилантай юм
бол ингэж утсан чинээ улаан амиа хайрлаж суух хэрэг юун. Хэдэн биенээ хороох гэж
хүрэн зүрхээ хэмлэн тарчилж байхаар нэг ч гэсэн чөтгөрийн амийг чирээд нэр
төртэй үхэцгээе. Монгол хүн хэзээ ч харийнхний өмнө арчаа алдан шалдаа буун,
толгой гудайлгаж яваагүй. Танай баргын Дамдинсүрэн гэхэд Хятадын шоронд
босоогоороо амиа өргөж байсан баатарлаг түүхтэй. Тийм ч амар эд нарын санасан
зоргоор үхэж бах тавыг нь хангахгүй шүү хэмээн шазуур зуун хэлээд түүнийг
газраас гуд татан босголоо. Чойжилын эрс шийдэмгий үгэнд Жамбаланчины мохсон
зориг хурцлагдав бололтой, бахархал дүүрэн нулимастай нүдээрээ ихэд уяссан мэт
мэлмэрүүлэн харснаа нулимсаа залгин хоолой зангируулж
- Тиймээ…, тэгье анд минь. Энэ муу харгис чөтгөрүүдтэй нэгийгээ үзэж, нэхий
дээлээ уралцаж байгаад нэр төртэй үхэцгээе. Хөсөр сэгэнд амташсан хэрээ шиг муу
бузар сүгнүүд Монгол хүний хатан зориг халуун зүрхийг насан туршдаа мартахгүй
санаж яваг гэж эрсхэн хэлээд, ханцуй шамлан хаалга тийш дөхлөө. Хүнд төмөр цоож
тачигнахтай зэрэгцэн тэр хоёр хаалганы хоёр талын харанхуй буланд хана налан
нуугдан зогсов. Туранхай орос ч учрыг даруй ойлгов бололтой сэвхийтэл өндийж
өлмий дээрээ хөнгөн, хөнгөн гишгэлсээр Чойжилын дэргэд ирж амьсгаа түгжин
хярлаа. Түгжээ торхийн мултарч хаалга алгуурхан онгойн танил уурганы үзүүр
дөнгөж цухалзав уу, үгүй юу Чойжил ухасхийн шүүрэн авч хамаг хүчээрээ гуд татав.
Огцом татсан хүчинд тэнцвэр алдсан битүү хувцаст хоёр атигар эр босгонд тээглэн
нисч, хатуу чулуун шалан дээр элгээрээ тэгнэн пидхийн сарваганан уналаа. Энэ
мөчийг анаж байсан Жамбаланчин ч яах ийхийн зуургүй тэр хоёрын дээгүүр
гишгэлэн шурдхийн гарч гадаа сандралдах хоёрын нэгийг заамдаж аваад ноцолдож
гарав. Чойжил ч тэрийн хадан унасан өнөө хоёрыг сэхээ аван өндийх агшинд чулуун
шалтай нидрэн хайр найргүй дэвслэв. Туранхай орос тэрхэн зуур хаалгаар үсрэн
гарч газар хөндөлдөх уургыг угзчин сугандаа хавчуулаад үг сүггүй зугатах үлдсэн
нэгийг барихаар ухасхийлээ. Өргөн хонгилоор уртаас урт уурга чирсэн туранхай
орос ясархаг урт хөлөө өндөрт хаялан хол хол шидэлж, жижигхэн биетэй цагаан
хувцастантанг хөөн, нааш цааш жингүйдэх мэт эв хавгүй гүйж яваа нь жирх хөөж
буй дэглий гэхээр хачин инээдэмтэй агаад басхүү амь тэмцсэн тэр нэгнийг хамаг
хүчээ шавхан туйлдсан гараараа уургалан боомилох нь сэтгэл шимшрэм эвгүй
харагдах ажээ.
Харин Чойжил, Жамбаланчин хоёр өнөө гурвыг умгар өрөө рүүгээ шидэлж орхиод
хаалгыг хааж түгжлээ. Тэгээд хана даган зөөлөн гэтэж урагшилсаар зам зуур таарсан
гурван төмөр хаалганы түгжээг мулталж амжив. Гэнэт хаалга нь нэлийтэл онгойсонд
гайхширсан хүмүүс хэрхэхээ мэдэхгүй дор дороо ангайн зогсох аж. Тэд өөрсдийн
зүрх зоригтоо урамшин баяр хөөр басхүү айдас дүүрэн урагшилна. Тийнхүү явсаар
буланд зайдуухан эгнэх урт нарийхан цагаан модон дээр үл ойлгогдох үг бичсэн
хаягтай гурван өндөр хаалганы дэргэд ирсэн тул эхний хаалгыг болгоомжлон
онгойлголоо. Гэтэл хаалганы цаад талаас зүрх хуваагдаж сэтгэл шимшрэм
аймшигтай үзэгдэл өнөө хоёрыг угтлаа. Өрөөний голд байрлах тааз баганадсан
аварга том хоёр төмөр торонд хэдэн зуун голигор хар харх чихцэлдэн байх агаад дуу
шуу, үнэр танар гэж чих санжиж, хамар тасраад уначихмаар хэтэрхий ой гутам
муухай ажээ. Сайтар ажиглавал торны өрөөсөн буланд өрөөнийх нь гурван
хятадын өмхөрсөн хүүрний сэг харханд хучигдан цайран харагдлаа. Тэд амь
тэмцэхдээ хоёр гараараа төмөр торыг үгтээсээр амьсгал хураасан болов уу гэлтэй
зовлон шаналал дүүрэн хараатай цэхгэр нүд, торонд шигдэн наалдсан нүүрний
хэсэгхэн арьснаас бусдыг нь өлөн хархнууд юу ч үгүй зоогложээ. Санаанд оромгүй
гэнэтийн аймшигтай явдалд Жамбаланчингийн сэтгэл гүн цочролд орсондоо
салгаласан гараараа Чойжилын энгэрээс тас зуураад, таг гөлийсөн нүдээ тэр гурваас
салгаж чадахгүй хялайж, нус нулимстайгаа хутгалдан огиулж гарав. Арайхийж
өөрийгөө хүчлэн амьсгал авах зуураа
-Хараал идмэр гэж өшөө хорсол, өрөвдөх хайрлах зэрэгцүүлэн хоолой зангируулан
шивэгнэв. Чойжил өөрийн ухаангүй болсон түүнийг мөрлөн чирсээр өрөөнөөс
арайхийн гарлаа. Сая харсан зүйлдээ дотор нь давчдан, өвдөг нь үегүй мэт суларч
нэг хэсэгтээ л тэд урагш ахих гэж үйлээ үзлээ. Эцэс төгсгөлгүй мэт үргэлжлэх
нарийн хонгилоор төөрч будилан гэлдэрсээр ашгүй нэг дээш гарсан шат байхыг олж
харав. Хоёул хүн амьтан харуулдан, өлөлзөн гэтсээр шатаар өгсөх зуур энд тэндээс
эр эм хүмүүсийн ёолон гинших, бачууран орилох дуу тасралтгүй цуурайтах ажээ.
Гэвч тэр хоёрын хур их айдсыг хонгилд ярайх цэлгэр том цонхууд хормын дотор
үргээлээ. Төмөр сараалжин хаалттай цонхны цаанаас нарны хурц гэрэл таатайхан
төөнөж, чанх урд талд нь өнгө өнгийн цэцэгс алаглах засаж янзалсан гоёмсог талбай
цэлийн байх агаад эргэн тойронд нь гүн ногоон төгөл анир чимээгүйхэн дүнсийнэ.
Цэлмэг хөх тэнгэрт сувдан цагаан үүлс хэсэг хэсгээрээ сэмрэн нүүж, дураар хөөрөн
нисэх бяцхан шувууд жаргалтайяа жиргэн, царцаа цар цар дуугарах нь бүдэг
бадагхан ч гэсэн сонсоод л баймаар дэндүү уярам сонсголонтой ажээ. Тэрхэн зуур
зовлонгоо эгээрсэн хоёр хаана байгаагаа мартсан шиг шуудхан гараад хөрвөөмөөр
байгалийн сайхнаас нүд салгаж ядан санаашран ширтэж зогсов. Энэхүү халцарч
ховхорсон төө хэрийн нимгэн шавар хананы наана цаана диваажин, там хоёр мөр
зэрэгцэн оршоод тэднийг сайрхан тохуурхаж байх шиг.
Гэвч сайтар харвал байшингийн эргэн тойрон өндөр гэгчийн өргөст тор завсаргүй
татаж, хаа сайгүй буу үүрсэн цэргүүд ийш тийш нүд цавчихгүй харуулдаж
харагдана. Чойжил гүнээ шүүрс алдсанаа алмайран зогсоо Жамбаланчинг нударч
“Явъя” хэмээн дохилоо. Хоёул цонх бүрт сэтгэл хоргодон, санаа алдран шимтэн
ширтсээр урагшилж, нэг л мэдэх нь дэнхгэр өргөн хагас шилэн хаалганд тулж
иржээ. Энэ хаалганы цаана чухам юу хүлээж байгааг төсөөлж үл чадах тэд сэтгэлээ
түгшээн байж сэмхэн өлийн шагайв. Харин энэ удаад хөөрхий хоёрын хиймор сүлд
нь гундаж, хар биеэс сүнс нь хүртэл сүүлээ хавчаад зайлахаар жинхэнэ аймшигтай
дүр зураг нүднийх нь өмнө зурайлаа. Улаан цус савирсан гартаа хутга шөвөг барьсан
арваад битүү цагаан хувцастангууд нүднийх нь өмнө завсар зайгүй эрээлжилнэ.
Тэд нүд хальтрам танигдамгүй болтлоо сэглэгдсэн том жижиг хүний чармай шалдан
цогцоснуудыг их л нухацтай онгичин шиншлэж, энэ тэрүүгээр холхих нь мал
нядлагчид шиг л үнэнхүү аймаар харагдах ажээ. Хөөрхий амьгүй цогцосууд зовлон
шаналалаа арайхийн эцэслэсэн мэт хаа сайгүй гулдайн хөглөрнө. Наахна харагдах
төмөр бандан дээр тулгар биетэй залуухан эмэгтэй тэр хоёрыг олж харав уу гэлтэй
цөхөрсөн бүлцгэр нүдээрээ цоо ширтэн мэгшиж, аврал эрэх мэт гараа сарвалзуулан
байв. Түүний пэмбийтэл хавдсан амыг бүдүүн хар утсаар эв хавгүй умайлган оёсон
байх агаад цүдгэр гэдсийг нь хүү татан ярж, хэвлий дотроос нь цухуйх улаан
нялзрай үр нь тэхий дундуураа хуваагдан амь тавьсан байлаа. Өнөө хоёр өөрийн
эрхгүй дуу алдан хашгирчихгүйн тулд амаа чанга даран ханцуйгаа тас зуугаад,
балмагдаж зүдэрсэн сэтгэлээ тайвшруулах гэсэндээ хажууханд нь онгорхой байх
хоосон бололтой бүүдгэр өрөө үрүү хөлөө зөөж ядан ганхсаар орлоо. Цэлгэр том энэ
өрөөний хоёр цонхийг тас хар даавуугаар халхалсан байх бөгөөд хана дагуулан
тогтоосон олон давхар өргөн модон тавиурт тохой хэрийн өндөртэй цүлхгэр шилэн
савуудыг завсар зайгүй ихэд нямбайлан эгнүүлэн өржээ.
Гэрэлгүй шахам харанхуй өрөөнд орчин тойрон нь сайн үзэгдэхгүй тул Чойжил
тэмтчин явсаар шилэн саванд ойртон очиж нүдээ онийлгон байж хичээн сонжвол
хүй нь цувсан улаан нялзрай нялх урагийг усан дотор хийн тагласан байх нь бүүр
түүрхэн харагдлаа. Тэрбээр хэрдхийн цочин балмагдахдаа гэдрэг саван хөл алдан
газар унав. Хямарсандаа Чойжилын гэдэс дотор хүү татагдах шиг хүчтэй базалж,
амьсгал нь эрхгүй тасалдан, хүйтэн хар хөлс хамаг биеийг нь нэвчүүлэн цутгаж
байв. “Жамбаланчаан” гэж тэнхээ мэдэн дуудах гэж хичнээн оролдоод ч хоолой нь
гарахгүй хий л ам нь ангалзах аж. Гэнэт өрөөнд нэлсхийн нарны хурц гэрэл тусахад
Чойжил давхийн цочирдсон ч сая л нэг бүтэн амьсгал авлаа. Учир нь Жанбаланчин
цонхны хар даавууг хуу татан шидсэн байжээ.
Нүд, чих, хамар, амгүй хүний хувхай толгойнууд, эрэмдэг зэрэмдэг нь дэндсэн тийм
гэж дүрслэн хэлэхийн аргагүй хэлбэр дүрстэй бяцхан ураг, хөгшин залуу хүний
тасархай хөл, гар, сарвуу, дотор эрхтэнүүд гурван том ханыг дүүргэн ярайна.
Өрөөний баруун буланд шарилын авснаас арай томхон хоёр шилэн хорго байх агаад
дотор нь идээ бээрэндээ баригдсан нүцгэн эрэгтэй эмэгтэй хоёр дуу алдан хэвтэж
байв. Тэд Жамбаланчинг харангуутаа хагас өндийн туниа үгүй ясан гараараа шилэн
хоргыг балбаж, “Намайг эндээс гаргаач” гэсэн шиг өвчиндөө шаналсан үлбэгэр
нүдээрээ тасралтгүй дагуулан ажих аж. Зүрх зогсом шилэн үзмэрүүдийг гөлрөн
хөшсөн Жамбаланчингийн дөрвөлжин шанааг даган завсаргүй нулимс урсах агаад
уур хорслоосоо болж дэлбэрэх шахсан нүүр нь эв хавгүй татваганаж, “Муу үхэж
далд орморуудыг өөрсдийг нь ийм болгоод өгье л дөө” хэмээн үглэсээр хаалга тийш
том том алхлан, “Хүүе” гэхийн зуургүй гараад явчихав.
Түүний ухаан санаа туйлдаа хүртэл цөхөрчээ.
Чойжил өөрийн жолоогүй босон харайж Жамбаланчинг том хаалганы урдхан амжин
барьж аваад цээж нь амьсгаадан оволзох түүний бахим зузаан гарыг чанга гэгч нь
атган базлаа. Тэр үест хоёул яг л янаг амрагууд мэт бие биенээ хайрлах басхүү
харамлах мэт хэсэг ширтэлцэн байснаа өргөн том хаалгыг зоримог гэгч нь сэвэлзтэл
онгойлгож, уухайлан дайрч оров. Тэд нүцгэн тавхайгаа гялалзуулан тэнхээ мэдэн
гүйж, замд хөндөлсөн бүхнийг гартаа тааралдсан зүйлээрээ цохихыг нь цохиж,
сүлбэхийг нь сүлбэж, дүрэхийг нь дүрж хавхтай хөлөө тас хазах уурссан чоно лугаа
улайран дайрав. Уужим том өрөөнд эргэн тойрон амьд, үхсэн хүмүүсийн бие цогцос
холилдож, чухам хэн нь хаана юу хийж байгааг ялгаж салгаж харахад туйлын бэрх
төвөгтэй болжээ.
Тэр хоёрын цусанд улангассан нүд галзуу юм шиг эргэлдэж, самуурсан ухаан нь
хэдийнээ хяналтаа алдсан байлаа. Онгорхой хаалганы тэртээгээс хүмүүсийн
сүртэйеэ чанга орилолдох дуунаар сая л сэхээ аван эргэж харвал, туранхай орос
уургаа чирчихсэн хаанаас ч олсон юм бүү мэд өч төчнөөн эрэмдэг хүмүүсийг
дагуулаад нааш довтолгож явав. Хагас дутуу зэрэмдэглэгдсэн биетэй, цонхигор
хувхай царайтай, ширгэж хөхөрсөн нүдтэй тэд булшнаасаа өндийгөөд босчихсон
үхдэлүүд мэт хүн айж, нохой гаслан зугатмаар аймшигтай харагдах ажээ. Ийш тийш
сандралдан гүйлдэх япончуудыг амьд үхдэлүүд яг л зэрлэг махчин араатан мэт хэд
хэдээрээ өвөр түрийнээс нь зулгаалдан унагаж цусан далайд живүүлж байлаа. Энд
тэндээс буун дуу тачигнаж сум хажууханд шүнгэнэн хавь ойрыг өм цөм үсчүүлэн
сүйтгэнэ. Хаа сайгүй хүмүүсийн уйлаан, майлаан, чих шуугим орилоон толгой эргэм
сонсдож, таньж мэдэхгүй хэлээр аврал эрэн хашгиралдана. Чойжил гэнэт нэгийг
санасан мэт сэхэл аван өндийж, цусанд будагдсан нүүрээ арчин ийш тийш хартал
тэртээ буланд Жамбаланчин шархадсан гэлтэй нугдайн суугаа нь бужигнасан
хүмүүсийн завсраар зурвасхан үзэгдэв. Тэрбээр хоёр гараараа хэнхдэг цээжээ даран
үрчилзэх агаад ээтгэр хуруун завсараар нь хүрэн улаан цус сад тавин судалтан урсах
аж. Чойжил сумнаас бултах мэт толгойгоо хаацайлан дуу алдан харайлгасаар газар
сөхрөн унаж түүнийг тэврэн авлаа.
-Жамбаланчаан анд минь өндийгөөрэй. Хоёулаа Монгол нутагтаа, гэртээ харья
хэмээн түүний ясан том толгойг энгэртээ наан эвийлж, нүднээсээ бүлээн нулимсаа
сул асгаруулан байлаа. Жамбаланчин сүүмгэр нүдээ алгуурхан нээж, цээж дүүрэн
баясах мэт бахдалтай гэгч нь сулхан инээмсэглээд
-Бид чадлаа. Монгол хүний эр зориг мөнхөд оршиг. Энэ бузар үнэнийг заавал
хүмүүст хүргээрэй хэмээн үл мэдэг бувтнав. Тэгээд гүнээ талархаж буй аятай хөлс
чийхарсан хүйтэн халтар гараараа түүний мөрийг нэгэнтээ базаад, бие нь сулбайн
амьсгал хураалаа. Харуусал дүүрэн харцанд нь бяцхан найдлага сүүмэлзэх Чойжил
-Анд минь нүдээ нээгээч гуйж байна. Ингээд үхчихэж болохгүй шүү дээ. Энэ мөчийг
чи хэчнээн удаан хүсэн хүлээсэн билээ. Би чамд сайхан нутгаа үзүүлье хэмээн
аргадан аргадан сэгсчив. Гэвч Жамбаланчин гэгэлгэн сайхан хүсэл, мөрөөдлөө
энгэртээ тээгээд хэдийнэ энэ зовлон дүүрэн хахир хорвоог орхин оджээ. Түүний
амгалан дүнсийх бор царайнд нь нууцхан инээмсэглэл тодрон үлдсэн байлаа.
Хаанаас ч юм бэ үе үесхэн сум исгэрч, хаа сайгүй амь тавин орилолдох хүмүүсийн
чих шуугим их чимээ гэнэтхэн тасрав. Чойжилын толгой нь дүйнгэтэж, нүд нь
харанхуйлан цээж дотор нь цөхрөл харуусалд идэгдэн гөлийжээ. Орчин тойрных нь
бүх юмс агшин зуур гацаж, түүний хувьд цаг хугацаа зогсчих шиг санагдав.
Хаалганы тэртээгээс туранхай орос хүнд төмөр банданг хажуулдуулан, сумнаас
дальдчин байж хоёр гараараа ширээний хөлнөөс зуурсан чигтээ шалан дээгүүр
гулсуулсаар Чойжил өөд нааш ир гэх шиг сарваганан айсуй.
Гэв гэнэт тэнгэр задарчихав уу гэмээр чих дүлийрэм чанга дуу орчлонг нүүргэлэн
хадлаа. Туранхай орос тэрхэн агшинд сэрдэсхийн дээш харснаа, Жамбаланчинг
тэвэрсэн чигтээ цонх уруу өлийн таг гөлрөн суух Чойжилын зүг хамаг
хурдаараа чавхдан, яг л их ус руу шумбах сарвайн үсэрч бүх биеэрээ түүнийг даран
унав. Хормын дараа газар асар хүчтэй доргилж, тэд бүхэл биеэрээ шалнаас
хөндийрөн алдрав. Бужигнасан хүмүүс хааш яайш шидэгдэн энд тэндгүй тэрий
хадан унацгааж, цонхны цаана улаан гал хавь ойрыг хаман дүрэлзэнэ. Удаж
төдөлгүй гашуун хар утаа, манарсан саарал тоос өрөө дүүрэн бүрхэж, өнөөх хоёрын
нүдийг халхлав. Толгой нь манаран хэсэгхэн ухаангүй хэвтсэн Чойжил биеэ
өндийлгөхийг хүчлэн оролдоод доройтсон чадал тэнхээ нь хүрсэнгүй. Туранхай
орос түүний дээрээс эв хавгүй тэрийн хэвтжээ. Хэсэг хугацааны дараа ашгүй ухаан
оров бололтой цээжээ даран сэхээ сэвтээгүй бачууран ханиалгасаар өндийлөө.
Тэрбээр Чойжилыг амьд байгаад баярласан бололтой эрхий хуруугаа гозолзуулан
инээж, найрсагаар нүдээ ирмэнэ.
Тэгээд гялсхийн өндийж Чойжилыг чангаан хоёул бөгтөлзөн гүйсээр саяхан түүний
чирч явсан том төмөр бандангийн араар нуугдаж амжлаа. Ядаж байхад өмхий утаа
баагиулан нуруунаасаа шажигнатал шатаж буй үй олон гулдгар хархнууд хаанаас
гараад ирснийг үл мэдэх ч энд тэндгүй час час дуугаралдан гүйлдэж эхлэв.
Амьдаараа шатах галзуурсан харханд хэмлүүлчихгүй гэсэндээ тэд саваа мод, хутга
шөвөг барьцгаан хоёр талд хэрэндээ л завгүй тулалдана. Нүдний өмнө бүрхсэн утаат
манан дундаас амь тэмцэн орилолдох хүмүүсийн дуу сэтгэл өвтгөм тасралтгүй хадах
ажээ. Хэдэн хормын дараа ашгүй хархнууд энд тэндгүй хярвас үнэртүүлэн амь
тавьцгааж, чимээ шуугиан ч тэгсхийгээд намжин өрөөнд нам гүм боллоо.
Гэтэл хатуу улт гутлын танил чимээ ойрмогхон гарч эхлэв. Өнөө хоёр амьсгалаа
түгжин төмөр бандангийн араар улам бүр нугдайлаа. Нүдний булангаар сэмхэн
ажвал Япон цэргүүд энд тэндгүй хөглөрөн хэвтэх үхдэлүүдийн амьд үхсэнийг
магадлах мэт урт бууныхаа жадны үзүүрээр сэжиглэнгүйхэн ёворч үзлэг хийж
харагдана. Нэг хэсэг цэрэг цогцоснуудыг хоёр хоёроор нь яаравчлан зөөж дүрэлзэн
асах их түүдэг рүү хайр найргүй шидлэх ажээ. Харин гартаа галт бамбар барьсан
нөгөө хэсэг идэр залуухан цэргүүд хаа сайгүй бөгтөлзөн гүйлдэж их л завгүй энд
тэндгүй гал тавих нь энэхүү аймшигт гэмт хэргийн газрыг ор мөргүй устгахаар
яаравчлан буй нь илэрхий. Хуйлран эргэлдэх их галын урсгал хэдхэн хормын дотор
байшинг бүхлээр нь нөмөрч, амьсгал авахад туйлын бэрх болох үест туранхай орос
Чойжилын гарыг зууран манарсан хар утаан дундуур хар тэнхээгээрээ гүйлээ.
Тэд эрчлэн дүрэлзэх халуун галыг сөрөн өвдөж зовиурлахаа ч умартан ийш тийш
харайлгасаар чийг цан татсан ариутгалын өрөө рүү гүйхээрээ орж, хавтгай
дөрвөлжин усан сан руу нэгэн зэрэг үсрэв. Хаана ч юм бэ тэсрэх бөмбөг хэдэнтээ
дэлбэрэх нь сонсогдож, ханын шавар саглагар модны мөчир шиг зам татуулан
салаалсанаа агшин зуур хаа сайгүй цууран өм цөм ховхорно. Булгийн ус шиг чөмөг
царцаам цэв хүйтэн усанд хүзүүгээ хүртэл нугдайн суусан хоёр үймээн самуун
намжихыг хүсэмжлэн сэтгэл дотроо гүнээ залбиран, өчүүхэн чимээг ч чих тавин
дагжтал чичэрч байлаа. Хэчнээн хугацаа өнгөрснийг үл мэдэх ч тэдний бүхий л бие
нь мэдээ алдан хөшиж, яс нь өрөмдөх мэт янгинах аж.
Гэнэтхэн гадаа “Ура, Ура” гэж хашгирах их дуун бөглүүхэн цуурайтаж, хэсэг
хугацааны дараа данхагар төмөр хаалга онгойн час улаан таван хошуу магнайд нь
тодрох төмөр ногоон малгай духаа даран өмссөн, цэвэрхэн шар царай, цайвар хөх
нүдтэй арваад цэрэг ар араасаа орж ирлээ. Болж буй үйл явдлыг ойлгож ядан
алмайран бээвэгнэх хоёр царцсан биесээ түшсээр арай хийн уснаас өндийж, хүнд
төмөр дөнгөндөө орооцолдон хүйтэн шулуун шалан дээр тогтож ядан дэнчигнэн
зогсов. Хөө түрхчихсэн аятай нүүр нь байдгаараа халтайж, хүйтэн усанд дэрчийтлээ
шалба норсон хоёрыг цэргүүд нүдээ эргэлдүүлэн гайхан ажиж юу ч юм бэ
хоорондоо шивнэлдэн нухацтай ярилцана. Тэрхэн агшинд туранхай оросын
цонхигор царайд үнэнхүү баярын мишээл тодрон, өөрийн мэдрэлгүй өвдөг сөхрөн
унаснаа яг л төөрсөн бяцхан ботго эхийгээ олж харсан мэт том том нулимс
бөмбөрүүлэн дуу алдан мэгшүүллээ. Тэрбээр дагжиж зуурсан эрүүгээ хөдөлгөж
ядан
-Я солдат Россий. Помогите меня хэмээн чичирхийлсэн хоолойгоор анх удаа цөөн
хэдэн үг дуугарав. Өрөөнд гэнэтийн анир чимээгүй ноёрхож, учраа олохгүй баярлан
бүлтэлзэх зовж шаналсан хөөрхий хоёрыг цэргүүд нулимс цийлгэнүүлэн өрөвдөнгүй
харж зогссоноо яг л харуусал илэрхийлэх лугаа харцаа гудайлган цээжээ даран газар
ширтэнэ.
Эх нутгаа элэг зүрхэндээ бэтгэртлээ мөрөөсөн тамираа тасартал тэмцсэн Орос,
Монгол хоёр эрийн цээжийг онилсон буун тасхийж, чимээ аниргүй, нам гүмийг
хэрдхийтэл цочоон чангаас чанга хоёронтоо хадлаа.
***
Үүрийн таван жингээр үрээ санагалзан сэрвэлзэх
Өтөл буурай эжий минь хүүгээ үнэрлээд тайтгардаг
Үүлэн сэмхийн дундаас үзэгдэх саримгар гэгээн дайтай
Өмөг түшиг эжийгээ жаргааж чадсан билүү дээ
Шинийн нэгний өглөө үүр дөнгөж хаяарангуут Баттөвшин хүү ухасхийн босч сурмаг
гэгч нь галаа түлээд, тогоогоо тавин гадагш гарлаа. Төд удалгүй гэрийн өрх
нэлсхийн татагдаж, хүү энгэртээ хонин чинээ том мөс дээлийнхээ ханьцуйгаар
жийрэглэн тэвэрсээр уур цан татуулан орж ирэв. Тэрээр урт цүүцээр ганцхан цохиж
мөсөө хагалан тогоондоо хийж орхиод, баруун орон дээр амгалан нойрсох
эхийгээ өрөвдөнгүйхэн харах зуур жимбийтэл хатаасан дугуй булантай цай аван
сөрдгөр ирмэгээс нь бяцлан усанд хийлээ. Энэ гэрийн эд хогшил, эдлэл хэрэглэл гээд
бүхий л юмс эзэндээ эртний дурсамж өгүүлэх ажээ. Хойморын авдар дээрх хоёр
ширхэг босоо өндөр зургийн жаазанд Баттөвшин хүүгийн хүүхэд ахуй үеийн
жаргалтай нь аргагүй нүүр дүүрэн мишээсэн хар цагаан зургуудыг завсаргүй өрсөн
байх нь харагдана.
Зураг нэг бүрийг нямбайлан хийсэн байхыг үзвэл тэдгээрийг энэ гэрийхэн ихэд
нандигнан хадгалдаг нь илэрхий. Жаазны урд талд Чойжилын нэгийг хүүрнэх мэт
бодлогоширсон төрхтэй үнгэгдэж гандсан, зурмал хөргийг байрлуулсан нь гэрийн
хаанаас ч тодоос тод нүднээ тусна. Хүүгийн орны толгойн хажуудах намхан шүүгээн
дээр цул мөнгөн товчтой, мөнгөлөг хоргойгоор эмжсэн, хурган дотор бүхий
тэнгэрийн хөх өнгөтэй торгон дээлийг хичээнгүйлэн эвхэж тавьсан байх агаад
Баттөвшин орноосоо өндийсөн мөчөөс хойш байн байн нүд унаган баясч байгаа
билээ. Хүүгийн гал хөсний ажил дуусав бололтой зуухны өмнөөс өндийж сая л нэг
шинэхэн дээлээ гартаа барилан, бахдан илснээ “Хурдхан өмсч үзэхсэн” гэж сэтгэл
дотроо яаран догдлов. Хөгшин эх нь удахгүй цэрэгт явах хүүдээ зориулан бүтэн сар
нойроо хугаслан, гараа гаргаж хичээнгүйлэн урласаар дөнгөж урьд шөнө дуусгажээ.
Тиймээс Баттөвшин өнөөдөр цоо шинэхэн дээлээ өмсөөд, айл хотол хэсэж
Улаанбаатар хотод цэргийн албанд татагдах болсноо гайхуулна гэж
бодохоор өөрийгөө их л том эр хүн болсонд тооцож хөл нь газар хүрэхгүй
хөөрцөглөж байв. “Ай даа нийслэл хот гэдэг хүн зон бужигнасан мундаг сайхан
газар байх” хэмээн бодох тусам нойроо хулжаан элдвийг төсөөлөн баясна. Тэрбээр
өлмий дээрээ хөнгөн хөнгөн гишгэлэн цааш харан амгалан нойрсох эхийнхээ өмнө
алгуурхан дөхөж сөхрөн суугаад
-Эжий, эжий үүр хаяарах гэж байна. Хүү нь цайгаа гал дээр тавьчихлаа хэмээн аядуу
зөөлнөөр шивэгнэн үсийг нь илбэлээ. Эх нь нуухтсан зовхио нээж ядан эргэн
харснаа, хүүгээ өхөөрдсөн аястай
-Өө миний хүү чинь сэрчихээ юу. Эжий нь хэдэн өдөр утас зүү хөндөлдүүлсэн биш
чилээрхээд бүр нам унтчихаж. Алив эжий нь бушуухан босч цай, хоолоо аядуулъя
гээд өндийх зуур нуруугаар нь хатгасан бололтой эргэн өеөдөхөд хүү нь хурдан гэгч
нь түшээд авлаа. Эх нь хошуугаа өмөлзүүлэн хүүгээ эрхлүүлж,
- Ишшш, миний муу бондгор хүү удахгүй цэргийн албанд яваад өгөхөөр эжий нь
ганцаараа яана даа, яана. Энэ ууц нуруу ойрноос бүр янгинаад байх болжээ. Эжийд
нь ч хөгшин хонины нас үлдээгүй шиг байна аа даа гэж бувтнангаа сэтгэл зовнисон
харцаар хүүгээ энхрийлэн ажсанаа, үрчгэр уруулаа мушийлган:
-За тэр өвчин зовлон яахав, нүгэл гэм. Ийм сайхан өглөө билэггүй юм бураад, энэ
хар толгой зөнөж байгаа бололтой дог шүү гээд хүүгийнхээ түнжгэр толгойг зөөлөн
илбэсэнээ тамшаалан үнэрлээд бослоо. Хүү ч арван найман нас хүрсэн гэлтгүй
балчир хүүхэд шиг л эхдээ нялхамсаж, дуртай нь аргагүй духаа өгөн үнсүүлэх ажээ.
Дэжээ гэрийн багана тойрон догонцож, зуухныхаа урд суух зуураа
-Миний хүү түргэхэн гараад илүү гэрээс идээ шүүс, бууз, баншаа оруулаад ир. Эжий
нь сайхан цай чанаадахъя. Хоёулаа золгож аваад, сайхан шинэлнэ ээ гэхэд хүү
ундаассан шинжтэй малийтал инээгээд, ухасхийн босон харайж,
-Тэгье ээ ээж ээ гэж цоглог хариулаад годхийн үсрэн гарлаа.
Дэжээ өөрийнх нь гэнэн томоогүй хүүхэд насыг санагдуулам зэнзгэр биетэй, дэггүй
харцтай хүүгийнхээ араас өхөөрдөн харангаа шингэхэн буурал гэзгээ шүлжмэр
аядаад толгойдоо цэцгэн хээтэй гандмал даавуун алчуур зангидав. Түүний газар
дээрх ганц хүү Баттөвшин нь хэдийгээр хэвлийд нь тийчлэн өөрөөс нь унаагүй ч,
өтөл буурай хөгшинд юу юунаас эрхэм, цорын ганц амин эрдэнэ билээ. Тэрбээр цай
буцлах зуур матигар хөлөө галд ээн тааламжтайхан тухлав. Нямбай гэгч нь
давхарлан өрсөн хуурай мод чад пад дуугаран урамтайхан асч, гэрийн
жаврыг үргээн таатайяа дулаацуулна.
Дэжээ амьдралын гашуун зовлонгоос ханатлаа залгилж, залуу халуун насандаа
баймгүй их зовлон зүдгүүрт зориг мохохдоо хахир хатуу хорвоогийн өмнө өвдөг
сөрхөн бууж өгөх үе хэдэнтээ байсан ч бяцхан хүүтэйгээ заяа төөрөгөөр учирснаас
хойш бурханд гомдох сэтгэл нь ор мөргүй арилсан юм. Хал үзэж, хат сууж
зожигорсон сэтгэлийг нь гэнэн цагаахан инээдээрээ эрхгүй дэвтээж, хөөрхөн бор
нүүрээ энгэрт нь наан зүрхийг нь ивэлгэсэн томоогүй балчир хүү нь хатуу бэрх
зовлон дундаас сүүмийсэн зулын бяцхан гэрэл шиг түүний амьдралд баяр баясгалан,
итгэл найдвар хайрласан билээ.
Тэртээ олон жилийн өмнө тэрбээр хадам эхийнхээ бачим уур, омогоос болж үхлийн
хар сүүдэртэй хэдэнтээ тулсан ч басхүү хадам эх нь эцсийн амьсгалаа тасрах хүртэл
бүтэн найман жил гаруй өдөр бүр түүнийг тойлон асарч байсны хүчинд амьтай
голтой үлдэж чадсаныг Дэжээ нутгийн хөгшчүүлээс сонсож байсан удаатай.
Түүнийг өвчиндөө элийрэн ухаантай, ухаангүйн завсар олон жил тарчилж хэвтэх
зуур хадам эх нь эм хүний нуруунд ахадсан хүнд ачааг ганц биеэр үүрэн, хагацлын
зовлонд идэгдэн амьдаараа үхэж байсан юм. Жинд яваад аль эрт ор сураггүй болсон
нөхөр, хүү хоёроо өдөр алгасалгүй хол ойрын хүн амьтнаас эрж, суран гүйсээр эх нь
хураасан хамаг хөрөнгөө барсан бөгөөд арга буюу өнөө маргаашаа зогоох саалийн
таван үнээ, идэшний хэдэн хонь авч үлдсэн байв. Олон хамжлагаа тэжээж эс хүчрэх
болсноор тэд бүгд тус тусын зам мөрөө хөөн, гагцхүү өр нимгэн бүсгүй Мядагмаа л
ганцаар бууриа сахин түүнтэй үлджээ. Өтөлж доройтон чадал тэнхээ нь муудсан
Дарий, шавилхан бүсгүй Мядагмаа хоёр хэдэн жил уйлахдаа уйлж, дуулахдаа дуулж
явсаар нэг л өдөр хадам эхийх нь хагацлын зовлонд цөхөрсөн хөөрхий зүрх нь
зогсож, чимээ аниргүйхэн тэнгэрт халив. Зэлүүд хээр талд хүчин мөхөс сул дорой
Мядагмаа бүсгүй хором хоромоор үхэж буй Дэжээтэй торойсоор үлджээ. Өрх
толгойлоод хоцорсон Мядагмаагийн гансарсан сэтгэлийг дэвтээн хааяахан ирж, аар
шаарханд тус нэмэр болох нутгийн залууд ганцаардсан бүсгүй эрхгүй сэтгэл алдран,
хамтдаа хэдэн шөнийг дэр нийлэн өнгөрүүлсөн ч өнөөх нь дахин үзэгдсэнгүй. Харин
түүний хэвлийд бяцхан амь бүрэлдэж ядан байсныг тэрбээр мэдсэнгүй үлджээ.
Гэдсээ тэврээд тулгар биетэй хоцорсон Мядагмаа амьдрахын эрхэнд аар шаархан
элдвийн ажил хийж, арай ядан амь зогоож явсан ч Дэжээг үхвэл үхэг гээд
орхисонгүй. Жаахан хоолоо хуваан зажилж, хэд гурван зоос олдвол хол ойрын оточ,
маарамба царайчлан эм тан гуйж Дэжээд хичээнгүйлэн уулгана. Энэ мэтчилэн өдөр
хоногийг аргацаасан хөөрхий бүсгүй хүүгээ төрүүлэн нөгөө ертөнцөд явах хүртлээ
Дэжээг нэгэн сайхан өдөр гарцаагүй илааршина хэмээн өр нимгэн сэтгэлдээ итгэл
тээн асран халамжилсаар өөд болсон ажээ.
Түүний хэзээ ч шантраагүй итгэл найдвар талаар болсонгүй. Тэр нэгэн учралт өдөр
Дэжээ бурхан тэнгэрээс заяасан хүүгийнхээ дуудлагаар хахир хатуу амьдралаа сөрөн
хөл дээрээ боссон билээ. Энэ хорвоо дээр хувь зохиолоор зориод ирсэн хүү нь
болохоор тэр үү, балчир хүү нь хэлд орсон цагаасаа эхийгээ баясган элдвийг
шулганаж, түүнийг хаа ч явсан тэнтэр тунтар алхлан салахгүй дагана. Дэжээ ч
хүүгийнхээ монцгор жаахан гарыг хөтлөөд үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол
айл гэр хэсэж ажил гуйн тэнүүчилж, олсон хоолныхоо аль амттай шимтэй бүхнийг
хадгалан, зөвхөн хүүдээ зориулна. Гуниж гутрахын цагт сайртай бор хүүгийнх нь
“Ээдээ ээдээ” гэж хичээн байж хэл дультруулан ихэд баясган дуудах ганцхан үг
зовлон зүдгүүр бүгдийг хумхын тоос шиг сарниана. Тэрбээр хором мөч бүр
хүүгийнхээ бяцхан зүрхнээс гарах зөвхөн түүнийг гэсэн аугаа их хайрыг сэтгэл
зүрхнийхээ угаас мэдрэх агаад тэр нь Дэжээгийн хувьд үнэлшгүй их жаргал байлаа.
Тиймээс нулимас дүүрэн борог амьдралынх нь цорын ганц гэрэл гэгээ болох
өөдсийн чинээхэн хүүгээ тэрээр энгэртээ наан хоосон хөхөө үнгүүлж, нуруундаа
үүрэн тэнэж явахдаа үдэш зүүрмэглэх завдалгүй, үдээр амрах сөхөөгүй бөөцийлөн
хүн болгожээ. Үхэх сэхэхийн заагт улаан нялзрай үрээ итгэл муутайхан гартаа
тэвэрсэн тэр цаг мөчөөс хойш эх, хүү хоёр амьд үлдэхийн төлөө өдөр хоног, цаг мөч
бүхэнтэй тэмцэж явснаа бодвол одоо хүү нь ханхайсан сайхан эр болжээ.
-Эжий, гадаа цас хаялаад үгүй мөн сайхан ээвэр дулаахан өглөө болж байна аа гэх
хүүгийн нь цангинасан дуу Дэжээгийн бодлыг сарниуллаа. Баттөвшин идээ, шүүсээ
сэвхийтэл өргөн оруулж ирээд улаа бутарсан хацраа мантийлган,
-Энийг хардаа эжий, бууз банш ёстой сайхан хөлдсөн байна шүү гээд баясал дүүрэн
мишээнгээ даавуун уутны амыг онгойлгон бахдалтай нь аргагүй ээждээ үзүүлэх эрх
танхи хүүгээ харахаар Дэжээгийн сэтгэл сэмэрнэ.
-Миний муу бондгор хүү хэзээ том болно доо. Цэрэгт явах гэж байгаа том эр хүн
чинь томоожих хэрэгтэй шүү хэмээн өхөөрдөнгүй зэмлэхэд
-Та л өөрөө хэдийнэ эрийн цээнд хүрсэн хүүдээ дандаа санаа зовж сэтгэлээ чилээх
юм байна шүү дээ хэмээн хүү эх рүүгээ тунирхангуй харлаа. Тэгснээ хөгшин эхийгээ
гомдоочих вий гэсэн аятай өвдөгийг нь түшин жуумалзаж
-Алив цай болох зуур хөлийг нь жаахан бариад өгье гээд эхийнхээ монтгор
жижигхэн хөлийг өвөр дээрээ тавин хичээнгүйлэн базлан илбэх зуураа:
-Эжий, хүү нь цэргээс халагдаж ирээд, нутгаасаа нэг сайн охин эхнэр болгож аваад
таньтайгаа хамт гурвуулаа сайхан амьдарнаа. Би гурав…, үгүй ээ бүр таван
хүүхэдтэй болно. Тэгээд та минь ач, зээ нараа тойруулж суулгачихаад өнөр өтгөн
бужигнаад л сайхан биз дээ тиймээ ээжээ хэмээн хүү мөрөөдөлдөө умбан ярьж
гарав. Хүүгийнхээ жаргалтай мөрөөдөлд Дэжээгийн сэтгэл ч уясч нүд нь
талимааран, гэгэлзэн гэгэлзэн таатайхан инээмсэглэж суулаа.
Гадаа үе, үехэн салхи сэвэлзэж, малгайлан хаялах зөөлөн сэвсгэр цас шинийн нэгний
үдийн нарны мөнгөлөг ягаан гэрэлд нүд гялбуулан цавцайж нэн үзэсгэлэнтэй
харагдах аж. Хуучин навсгар гэр дотор бууз, баншны хорхой хүргэм сайхан үнэр
хамар цоргион ханхалж, галын дулаахан элчинд хөлс нь бурзайсан ээж, хүү хоёр
аагтай цайгаа оочилон ам мэдэн хөөрөлдөж даалуу нүүж сууна. Айл саахалтын
хэдэн хөгшид, хүүхдүүдтэй золголдож дуусаад, эх, хүү хоёр нэг их ажил
амжуулчихсан аятай жилийн жилд ийнхүү маадгар суудаг заншилтай. “Хөөх,
өнөөдөр чинь эжий их мундаг наадаж байх чинь вээ. Танд азын дөрвөн ес ирчихсэн
байна шүү дээ. Эжий арай булхайцаад байна уу, үгүй юу айн” хэмээн тоглоом
шоглоом хийн инээд алдах Баттөвшиний цоглог дуун “Нүгэл гэм, муу хүүгээ эжий
нь юу гэж хуурах вээ дээ” гэх Дэжээгийн хүүгээ өхөөрдөх хөөр цалгисан үгстэй
сүлэлдэн халуу дүүгэсэн гэрийн тооноор цалгитал цуурайтна. Хүүтэйгээ сэтгэл амар
шинэлж суугаа Дэжээд зөвхөн эрх бор хүүгийнхээ “Эжий” гэх энэ эрхэм сайхан
үгийг ханатлаа сонсохын тулд, энэ л гэр дүүрэн жаргалтай инээдэнд жаргах гэж
өдий хүртэл амьдарсан мэт санагдах ажээ.
***
Хаврын урь орж, хөрсөнд хунгарласан цас ханзрах үеэр Баттөвшингийн хүсэн
хүлээсэн өдөр ирж, хөөрхий эх сүүн цацалаа өргөсөөр хайртай хүүгээ цэрэгт үдлээ.
Айл хотлынхон шинэхэн цэрэг хөвүүдэд баяр хүргэн хэдэн өдрөөр найрлаж, авгай
хүүхнүүд нүдэндээ нулимстай хоол хөстэй зууралдана. Баттөвшин хүү бушуухан
замд гарах гэж сэтгэл нь гэгэлзэн, хөөрцөглөн байсан ч яг салах мөч болоход өтөл
дорой эжийгээ өрөвдөн элэг зүрх нь эмтрэн шаналж байлаа. Хүүдээ зориулан хэдэн
өдөр хичээнгүйлэн бэлдсэн баадантай хүнсээ бариад үе үехэн гүнзгий санаа алдан
зогсох намхан бөгтөр эжийдээ Баттөвшин үнсүүлж ханахгүй сэтгэл нь хоргодон
зогслоо. Явах цаг нэгэнт болоход сэтгэл зовнисон хүү эхийнхээ буурал санчигийг
зөөлхөн илбэж
-Эжий минь сэтгэлээ битгий чилээ дээ. Та минь гэрээ сайн сахиад, биеэ сайн
тордоод, эрүүл саруул энх тунх хүүгээ хүлээгээд сууж байгаарай. Гурван жил
дорхноо өнгөрч нэг л өдөр хүү нь жинхэнэ том эр болоод таньдаа хүрээд ирнэ гэж
хоолой зангируулан аргадангуй хэллээ. Хүүгийнхээ энэ үгэнд Дэжээгийн зүрх
зүсэгдэх шиг л болчихов. Тэртээ олон жилийн өмнө хайртай хань Чойжил нь ч гэсэн
яг ингэж хэлээд хэзээ ч буцаж ирээгүй шаналалт дурсамж зүрхнийх нь гүнд
сэдэржээ. Тэр нэгэн өдөр гэрт нь ирээд уулзсан Намнан гэгч хүн “Заавал хэл
дуулгана” гэсэн амандаа хүрч хэдэн жилийн хойно тэднийхийг хайж сурагласаар
олоод ирсэн юмсанж. Гэвч эх нь тэнгэрт хальж, Дэжээ хэвтэрт ухаангүй байсан тул
Мядагмаад гашуудлын мэдээг дуулгаад явсан байлаа. Тэрбээр аав, нөхөр хоёрыг нь
Дорнод хүрэх замдаа дайны хөлөөс дайжиж явсан Япон цэргүүдэд буудуулан нас
барсан байна гэсэн итгэхэд бэрх аймшигт явдлын тухай хэлжээ. Харин учир зүйг
ухахдаа маруухан Мядагмаа хулмаганан байж Дэжээд унтаа сэрүүн завсар нь дутуу
хагас зүйл дамжуулан ярьсан ажээ. Чойжилыгоо явсан тэр гунигт өдрөөс хойш гуч
гаруй жил өнгөрсөн хэдий ч авааль нөхрөө хэзээ нэгэн цагт хүрээд ирнэ гэж сэтгэл
дотроо битүүхэн хүлээх түүний өр зүрхний шарх одоо ч аниагүй хэвээр.
Дэжээ хүүгийнхээ гэнэн томоогүй алаг нүд, хиргүй цайлган инээмсэглэлийг
сэтгэлдээ гүн гүнзгий сийлэх гэсэн мэт удаан гэгч нь тогтож харсанаа
-Тийм ээ, миний хүү эжийдээ заавал эргэж ирнэ. Эжий нь энх тунх байж, яг л энэ
газраа хүүгээ иртэл хоног тоолон хүлээнэ ээ хэмээн итгэл муутайхан хариуллаа.
Баттөвшингийн сэтгэл багахан боловч уужран мордов. Хөөрхий буурай эжий нь
мойног гараа даллан далласаар эзгүй хээр талд цор ганцаар торойгоод хоцроход,
сэтгэл хоёрдон гансрах хүү эхийнхээ барааг тасартал эргэн, эргэн харсаар хөтөл
даван одлоо.
Өглөө бүр цай хоол, цай барин өдөржин горьдлого тээн зам тосон зогсох Дэжээ
өдрийн од шиг ховорхон үзэгдэх замын гийчдээс хүүгийнхээ талаар сураг, ажиг
тавина. Гараасаа салгаж үзээгүй ганц амин хүүгээ санан бэтгэрэх хөгшинд цаг
хугацаа, өдөр хоног өнгөрч өгөхгүй баахан зовоох ажээ. Хааяахан үзэгдэх саахалт
айлын хоёр хөгшинтэй үхэр холдтол хөөрөлдөж, даалуу нүүн өдрийг элээнэ. Үүрийн
гэгээтэй зэрэгцэн хүүгээ ерөөн цайныхаа дээжийг өргөнө. Үдшийн бүрий тасартал
бурхандаа мөргөн, хүүгээ даатган залбирна. “Өөдөсхөн үр минь том болсоон. Тэр
минь алзахгүй сайн яваа” гэж өтөл эхийн магнай тэнийн өөрийгөө баясган хууравч,
“Өлсөж ундаасах вий дээ балчир үр минь” гэж өрцөн дотроо өмөлзөн, эвийлэн
хайрлана. Харин хайртай хүү нь салхинд хийссэн хамхуул мэт ор сураггүй, очих
мөргүй гурван жилийг ардаа үдэв. “Магадгүй, маргааш бондгор хүү минь инээд
алдсаар ороод л ирнэ” гэж сэтгэлийнхээ гүнд битүүхэндээ хүлээж ядахдаа нялх
багадаа өмсөж байсан сүү таргандаа загалтан дарайсан тохойн чинээхэн баривчийг
нь үнэрлэж голоо дэвтээнэ. Хүүгийнхээ нар салхи шингэсэн хөлс даасан магнайг
үнсэхсэн гэж хичнээн удаан хүлээснээ өтөлсөн ухаандаа өөрөө ч үл ойлгох аж.
Дэмий л гансрахдаа “Би гэж заяагүй амьтан хүүгээ хайгаад очих байтал ингээд эзгүй
хээр талд бууриа манаад сууж байдаг” хэмээн тугалын зэлэнд хүрэх тэнхээгүй хөлөө
олонтаа зүхэн шагширна. Шөнийн уртад нойр нь хулжиж хэвтэхдээ “Хүүтэйгээ хамт
суугаад цай оочлонгоо хол ойрын сонин хачин хөөрөлдөж байна” гэж төсөөлөн
учиргүй их баясаж, санасан сэтгэлээ сэмхэн тайвшруулчихаад зулаа өргөн
хажуулдана. Гэвч хорвоогийн бор өдрүүд элэгдсээр харин Дэжээ эмгэний өтөл бие
өдрөөс өдөрт доройтсоор байв. Хаяа дэрлэх айл саахалтынхан үе үехэн ээлжлэн
эргүүлдэвч тусыг эс олно. Бие нь доройтох тусам хөөрхий эх хүүдээ сэтгэл зовних
нь улам бүр ихэсчээ. “Муу хүү минь хүний нутагт яажшуухан явдаг юм бол доо.
Чадал тэнхээ байдагсан бол ганц удаа ч болтугай халуун хоол, цай дөхүүлэхсэн” гэж
сэтгэлийнхээ гүнээс түмэнтээ хүсэвч элээний сүүдэрт бээрч, эргэнэг хооронд
мунгинах хөгшин эхэд дэмий л өөрийгөө буруутган толгой сэгсэрч суухаас өөр
чадах зүйл даан ч нэг байсангүй.
Шөнийн тэнгэрийн хаяанаас үүрийн гэгээ сэмрэн цайрч бүрхэг хорвоо нэгэн шинэ
өглөөтэй учран золгохоор айсуй. Өвгөд хөгшид хоймороо эзэгнэж, охид хөвүүд
шинэхэн дээлээрээ гоёцгоон, айл бүрт халуу дүүгэн, аагьтай хоолны уур савсан,
шинийн нэгнийг хүн бүхэн хөөр баяр дүүрэн угтах ажээ. Харин Буянт голын
хөндийд өнчин хөх улиас шиг ганц муу навсгар гэр эзэнгүй мэт гунигтайяа торойно.
Дэжээ эмгэн энэ өглөө хэчнээн их хүсэн хичээвч орноосоо өндийж чадсангүй.
Амьдын хагацалд тарчлах хөөрхий хөгшин гал хөсгүй удсан жавартай хүйтэн гэртээ
амьсгал бүрээ харамлан гамнаж, хүүгээ хүлээн дагжин чичрэх ажээ. Түүний үрчгэр
жижигхэн нүүр нь цонхийн цайж, атигар жижигхэн биеийх нь мэдээ үе үехэн алдран
алдана. “Хүү минь, үр минь эсэн мэнд явдаг байгаа даа, бүлээхэн зулайг нь ганцхан
ч болов үнэрлээд нүд анихсан” хэмээн амьсгал тасалдуулан эцсийн хүслээ өөртөө
бувтнах эмгэний нулимс дүүрэн мэлтэлзэх бор нүдний гал аажим аажимаар бөхөж
байв. Сүүмийх ч гэрэлгүй анир чимээгүй бүрэнхий гэрт орь ганцаар бувтнах түүний
итгэл найдвар нэгэнт тасрав уу гэлтэй нам гүм боллоо…
Гэнэт тэртээ алсаас “Эжий, эжий” гэх бөглүүхэн дуу хадаж, улам бүр ойртон
ойртсоор умгар хаалга нь сэвэлзтэл онгойн цэрэг хувцастай хүү нь баяр хөөр дүүрэн
мишээсээр гэртээ орж ирлээ. Бүүдгэр харанхуй гэрийн жаврыг үргээх лугаа “Ээжий
минь хүү нь ирлээ” гэх Баттөвшингийн цоглог цангисан дуун огцом сааралтан
чичирхийлснээ эхийнхээ бээрч хөрсөн биеийг ухасхийн тэврэн авч энгэртээ наав.
“Эжий минь дээ, хөөрхий эжий минь хүү нь таньдаа хүрээд ирлээ шүү дээ” хэмээн
гомдох, аргадахын завсраар эхэр татан цорволзож, удтал санасан эжийдээ үнсүүлэх
гэсэн мэт нүүрэнд нь хацраа наан харуусан мэгшинэ.
Хөөрхий эхийн алдарсан ухаанд хайрт хүүгийх нь шаналалт дуун сонсдох шиг
болоход эцсийн хүчээ шавхан байж арай ядан аньсгаа нээвэл бэтгэртлээ хүлээсэн
бондгор хүү нь горьдлого тээсэн нулимстай нүдээр ээжийгээ харан шимширч суув.
Хүүгээ хүлээсэн эхийн сэтгэл тэрхэн агшинд наран гийсэн мэт цэлмэж “Эвий нялх
үр минь эжийдээ хүрээд иржээ” хэмээн өмөлзөх аядавч, цөхөрсөн нүдний нь гүнд
мөнхийн харанхуй алгуурхан буулаа. Үрээ хайрласан эхийн тагнайд хагацлын
гашуун нулимс нэгэнтээ амтагдаж, хүүгий нь хөлс нэвчсэн зулайн сэтгэл уясам
зөөлөн үнэр хөөрхий эхийн эцсийн амьсгалд тэрхэн зуур зурвасхан мэдрэгдлээ…
***
Тайлбар
1. Бүх нийтийн санал хураалт
Монголчууд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг зөвхөн урд хойд хоёр
хөршдөө хандаад зогссонгүй Англи, Франц, Бельги, Герман, Япон, Америк, Дани,
Голланд улсыг хүртэл царайчилан уйгагүй гуйж, бүхий л талаар тэмцэв ч эрхгүй
хүчин мөхөсдөнө. Харин тэр үед тусгаар тогтнолоо л сэргээж байвал улаан, цагаан
Оросын аль нь ч хамаагүй гэж үзсэн Монгол ардын намын Д.Бодоо, С.Данзан,
Д.Сүхбаатар тэргүүтэн Зөвлөлт Орос улсаас тусламж эрэв. Ингээд Хаант Оросын
цэргийн генерал Барон Унгерний тэргүүлсэн Азийн морин цэргийн дивиз
Монголоос Хятадын цэргийг хөөн гаргаж, VIII Богдыг хаан ширээнд нь дахин
заллаа. Гэвч Монголыг Хятадын эзэрхийллээс чөлөөлж, автономит төрийг сэргээнэ
гэсэн түүний сайхан амлалтын цаад санаа нь төдөлгүй мэдэгдэж, Монголыг улаан
Оросын эсрэг тэмцлийн талбар болгох зорилго нь илэрхий болжээ. Энэ үед Монгол
Ардын Нам Хиагтыг чөлөөлөх шийдвэр гаргаж, Жанжин Д.Сүхбаатарын удирдсан
цэрэг Зөвлөлт Оросын улаан цэргийн дэмжлэгтэйгээр Хиагтыг эзлэн, тэнд байсан
Хятадын гамин цэргийг хөөж, улмаар Нийслэл хүрээгээ чөлөөллөө. Ингэж Монгол
оронд Ардын хувьсгал ялж, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг
сэргээн тогтоох зорилтыг хэрэгжүүлсэн юм.
Гэвч Дундад иргэн улсын эрх баригчид Монголын тусгаар тогтнолыг хүлээн
зөвшөөрөөгүйгээр үл барам Манай улсын цэргийн хүчээр байлдан эзэрхэхийг цаг
ямагт эрмэлзэж байв. Арга мухардсан Монголын эх орончид тухайн үед Хятадтай
харилцаагаа сэргээхээр идэвхитэй оролдож байсан Зөвлөлт Орос улсаас Монголын
тусгаар тогнолыг Хятад улсаар хүлээн зөвшөөрүүлж, хоёр улсын хооронд хэвийн
харилцаа тогтооход зуучилж өгөхийг хүсчээ. Үүний дагуу Орос, Хятад хоёр улс
удтал зөрөлдсөний эцэст тэд Монголыг Хятад улсын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд энэ
мужид Хятад улс эзэн эрхээ эдлэхийг хүлцэн дагах үүрэгтэй байхаар тохиролцов.
Харин Монголчууд уг хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэн эрс
эсэргүүцжээ. Гэвч Зөвлөлт Орос улс Хятадын шаардлагын дагуу улаан армийн анги,
нэгтгэлийг Монголоос гаргасан юм. Зөвлөлт Орос том хөрш Хятадтай харилцаа,
холбоогоо хөгжүүлэхийн тулд Монголын бүрэн тусгаар улс байх эрх ашгийг ийнхүү
умартсан ч гэсэн Монголын хувьд Зөвлөлт Орос улстай харилцаа холбоогоо
үргэлжлүүлэхээс өөр арга зам тэр үед байсангүй.
1937 оны 8 дугаар сард Япон, Хятадын хооронд дайн эхэлснээр БНМАУ-д Японы
цэрэг цөмрөх аюул нэмэгдлээ гэж ЗХУ-ын удирдагчид үзэж, 30 орчим мянган хүнтэй
зөвлөлтийн 17 дугаар армийг БНМАУ- ын нутагт оруулж, зүүн өмнөд болон өмнөд
хилээр байрлуулжээ. Учир нь БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд Гадаад явдлын
яамны сайд П.Гэндэн тэргүүтэй төлөөлөгчид 1934 оны 10-12 дугаар сард ЗХУ-д
айлчлан, зөвлөлтийн удирдагч И.Сталин, В.Молотов нартай уулзаж, эдийн засаг,
санхүү, батлан хамгаалах асуудлаар ярилцсан бөгөөд “ямар нэг гурав дахь этгээд
ЗСБНХУ, БНМАУ-ын аль нэг рүү довтолбол бие биедээ тусламж, дэмжлэг үзүүлнэ”
гэсэн агуулгатай аман хэлэлцээр байгуулсан байна. Японы арми Зүүн хойд Азийг
эзлэн авч, Манжго хэмээх тоглоомын улс байгуулан, улмаар Монгол улсын зүүн
хилээр цэрэг, дайны бэлтгэл хийж эхлээд байсан түгшүүртэй үед ЗХУ-тай
байгуулсан энэхүү аман хэлэлцээр нь цаг үеэ олсон чухал шийдвэр байсан бөгөөд
манай улсын хил хязгаарын бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангахад
найдвартай баталгаа болж өгсөн билээ.
1939 оны хавраас Японы цэргүүд Монголын хилийг дахин дахин зөрчиж дайн
өдөөсөн учир Зөвлөлт Монголын цэрэг маршал К.Жуков, Х.Чойбалсан нарын
удирдлагын дор Японы түрэмгийлэгчдийн эсрэг хамтран тэмцсэний эцэст дөрвөн
сар орчим үргэлжилсэн Халх голын байлдаанд ялалт байгуулсан юм. Энэ түүхэн
ялалт БНМАУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх,
Монгол Зөвлөлтийн найрамдал, хамтын ажиллагааг улам ойртуулан хөгжүүлэхэд
чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Тухайн үед гадаад Монголыг Хятад, ЗХУ хоёр булаацалдаад байгаа явдалд АНУ
хэрхэн хандахаа мэдэхгүй байсан учир үүнээс хэдэн сарын өмнө АНУ- ын дэд
ерөнхийлөгч Вэльс өөрийн биеэр Сибирь, гадаад Монгол, Хятадаар айлчлан нөхцөл
байдлыг судалжээ. Монголд ирсэн түүний айлчлал амжилттай өрнөж гадаад Монгол
бол үнэн хэрэгтээ тусгаар тогтносон улс юм байна гэсэн итгэл үнэмшлээ
илэрхийлэв. Тиймээс Дэлхийн II дайн төгсөх шатандаа орох үед ялагч гүрнүүд
болох ЗХУ, АНУ, Английн дунд дэлхийн шинэ хуваагдлын тухай яриа өрнөж, 1945
оны II сард Ялтад болсон гурван их гүрний бага хурлаас ЗХУ-ын удирдагч
И.Сталины санаачлагаар БНМАУ-ын статус квог одоогийн байгаагаар нь
хадгалахаар тохиролцсон нь манай улсын тусгаар тогтнолыг олон улсын эрх зүйн
хэм хэмжээгээр хүлээн зөвшөөрөх нэн чухал үндэс болжээ. 1945 оны зун Москва
хотноо ЗХУ, БНХУ-ын Засгийн газрын тэргүүн нарын уулзалт болж энэхүү
хэлэлцээр нь Монголын асуудлаас болж сунжирсан бөгөөд И.Сталин мөн л хатуу
байр суурь баримталсны үр дүнд БНМАУ-ын тусгаар тогтнолыг Хятадаар хүлээн
зөвшөөрүүлэхээр болсон юм. БНХУ-ын Засгийн газрын 1945 оны 8 дугаар сарын 14-
ний нот бичигт “Гадаад Монголын ард түмнээс тусгаар тогтнолынхоо төлөө нэг бус
удаа илэрхийлсэн эрмэлзлийг хэргэлзан үзэж, Японыг ялагдсаны дараа хэрэв Гадаад
Монголын ард түмний санал хураалт энэ эрмэлзлийг нотлох аваас
Гадаад Монголын тусгаар тогтнолыг оршин буй хил хязгаараар нь Хятадын Засгийн
газар хүлээн зөвшөөрч байна” гэж мэдэгджээ. Үүнтэй зэрэгцэн БНМАУ 1945 оны 8
дугаар сарын 10-нд Японы эсрэг дайн зарлаж, уг дайнд Монголын ардын армийн 80
мянган цэрэг Зөвлөлийн улаан армийн анги, нэгтгэлүүдийн хамт мөр зэрэгцэн
оролцож, Зүүн хойд хятад, Өвөр Монголыг Японы түрэмгийлэгчдээс чөлөөлөхөд
хувь нэмрээ оруулсан юм. Манай улс дэлхийн II дайныг ялалтаар төгсгөхөд ийнхүү
биечлэн оролцсон нь тус улсын нэр хүндийг олон улсын тавцанд өргөх, Монгол,
Хятадын ард түмний харилцааг хөгжүүлэх, Монгол, Зөвлөлтийн цэрэг, батлан
хамгаалах хамтын ажиллагааг бэхжүүлэхэд том алхам болсон юм.
Дээрх мэдэгдэл нот бичгийг үндэслэн БНМАУ- ын Бага хурлын Тэргүүлэгчдээс 1945
оны 09 сарын 21- ны өдрийн 76 хурлаас тогтоол гарсан бөгөөд уг тогтоолд “Бүх ард
түмний саналыг тус улсын нутаг дэвсгэр дээр 10 сарын 20 өдөр нэгэн зэргээр
гаргуулсугай” гэж заасан байдаг. Ийнхүү 1945 оны 10 сарын 20-ны өдөр улс орон
даяар тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалтыг 06:00-23:00 цагийн
хооронд явуулсан юм. Тухайн үед Монголд сонгуулийн насны 494074 хүн
бүртгэгдсэн бөгөөд тэдгээрээс 487285 хүн буюу нийт сонгогчдын 98.6 хувь нь
саналаа өгсөн байна. Харин үлдсэн улс нь буюу 6791 хүн алс замд явж байсан,
өвчтэй зэрэг улмаас санал хураалтад оролцож чадаагүй ажээ. Санал хураалтанд
оролцсон бүх хүн БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн байна. Тухайн
үед санал хураалтанд будлиан орно гэж Хятадын засгийн газраас тусгайлан ирсэн
төлөөлөгчид ажиглагчаар оролцож байжээ. Харин Монголчууд маш өндөр идэвхтэй
оролцож байсан тул зарим санал авах газар мэдээгээ 11:00 гэхэд нэгтгэж дууссан
байв. Энэхүү санал хураалтын дүнг БНМАУ- ын Бага хурлын Тэргүүлэгчид 1945
оны XI сарын 10- ны өдөр батлаж, ЗХУ ба Дундад Иргэн Улсын Засгийн газарт тус
тус мэдэгджээ. Хятадын гоминданы Засгийн газар Монголын ард түмний бүх
нийтээр саналаа өгсөн дүнтэй танилцаад, 1946 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр
БНМАУ-ын тусгаар тогтнолыг арга буюу хүлээн зөвшөөрсөн байна.
Ингэж Орос, Хятад зэрэг томоохон гүрнүүд Монголын тусгаар тогтнолыг хүлээн
зөвшөөрснөөр дэлхийн тавцанд гарч ирэх боломж анх нээгджээ. Гэвч үүгээр асуудал
дууссангүй. 1946 онд Монголын төлөөлөгчид АНУ-ыг зорин НҮБ-д элсэх өргөдлөө
өгч Аюулгүйн Зөвлөлөөр хэлэлцүүлсэн боловч Монголыг НҮБ-д элсэхэд дэмжиж
байсан Хятад 1953 оноос илт эсэргүүцэж эхэлжээ. Ганц Хятад ч биш Монголд
барьцсан бусад жижиг улс үндэстнүүдээс болж тэр үед НҮБ-д элсэж чадаагүй юм.
Мөн 1955 онд Монгол улс АНУ, ЗХУ зэрэг 18 улсын дэмжлэгийг аван НҮБ-д дахин
хүсэлтээ гаргасан боловч Тайванчуудын хүний үнэргүй зангаас болоод ахиад л
чадсангүй. Гэвч тухайн үед олон улсын тавцанд асар нэр хүнд бүхий байсан
Энэтхэгийн Ерөнхий сайд Жавхарлал Нерү нь НҮБ-ийн индэр дээрээс
Тайванчуудын энэ байр суурийг хатуу шүүмжилж шахалт үзүүлжээ. Ийнхүү Монгол
улс 1961 оны 10 дугаар сарын 27-нд Нэгдсэн
Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүн болжээ.
Ингэж Монгол улс Богдын засгийн газараас хойш тавин жил, Ардын засгийн газраас
хойш дөчин жилийн дараа он цагийг элээн цөхрөлтгүй тэмцсэнийхээ үр дүнд хүсэн
зүтгэсэн тусгаар тогтнолоо баталгаажуулсан түүхтэй билээ. Үүний дараа Англи
1963, Франц 1965, Япон 1972, ХБНГУ 1974, АНУ 1987 онуудад тус тус манай
оронтой дипломат харилцаа тогтоосон юм.
2.Манжуурын 731 дүгээр цэргийн ангийн тухай
Японы 731 дүгээр цэргийн анги дэлхийн II дайны үеийн он жилүүдэд зүүн хойт
Хятадад амьд хүний бие, эрхтэн дээр хими, бактериологийн зэвсгийн аймшигтай
харгис хэрцгий туршилт хийж байсан юм. Энэхүү өндөр нууцлалтай цэргийн анги
анх 1932 онд Токио дахь Японы армийн цэргийн эмнэлгийн сургуулийг түшиглэн
“Хижгээс сэргийлэх судалгааны тэнхим” гэх нэрээр байгуулагдсан бөгөөд цэргийн
эмч, дэслэгч генарал Широ Ишигийн удирдлага дор судалгааны ажлаа эхлүүлсэн
байна. Улмаар 1933 онд Широ Ишигийн санаачлагаар зүүн хойт Хятадыг хамарсан
нян судлах, турших, үйлдвэрлэх томоохон хэмжээний суурин газрыг нэн даруй
байгуулах шийдвэр гарч, Харбин хотын Нань Гань тойрогт “Хижгээс сэргийлж, ус
түгээх Квантуны анги” гэгч нян туршилтын ангийг нууцаар байгуулжээ. Цэргийн
ангийг Хятадад шилжүүлэн байршуулсан гол шалтгаан бол санаатай хийгээд
санамсаргүй байдлаар халдварт нян гадагш тархсан тохилдолд зөвхөн Хятадын
иргэд хохирхоор байсан болохоор билээ.
Түүнчлэн 1936 онд Японы эзэн хааны зарлигаар
Чанчунь хотод “Малын хижгээс сэргийлэх Квантуны хэлтэс”-ийг байгуулав. Эдгээр
цэргийн ангиуд нь хэдийгээр “хижгээс сэргийлэх”, “ус түгээх” гэх зэрэг өнгөн
талдаа сайн үйл хэргийн нэр зүүсэн боловч үнэн хэрэгтээ бактерийн зэвсгийн нууц
туршилт явуулах онцгой объектууд байсан юм. Цаашлаад 1938 онд “Хижгээс
сэргийлж, ус түгээх анги”-ийн ажилчдыг хоёр мянган хүнээр, бүтцийг нь “бактери
судлах”, “бактери турших”, “хижгээс сэргийлэх”, “ус түгээх”, “бактери үйлдвэрлэх”,
“сурган хүмүүжүүлэх”, “зэвсэг хэрэглэл”, “эмчлэх” гэсэн найман салбар
хэсэгт хуваан өргөтгөжээ. Мөн тухайн жилийн зургаа дугаар сард Квантуны армийн
удирдлагын шийдвэрээр Харбин хотод цэргийн онцгой бүс байгуулж, хими,
бактериологийн зэвсгийн судалгаа-туршилт- үйлдвэрлэлийн төвийг хотоос 20 км
зайтай газар шилжүүлэн байрлуулав. Тус төвийг тэд “Манжийн 659 дүгээр цэргийн
анги” гэж нэрлэж байгаад хожим 1941 оноос “Манжуурын 731 дүгээр цэргийн анги”
гэсэн нууц нэр өгсөн байна. Энэ газарт Японы нян судлалын тэргүүлэх эрдэмтэн,
эмч, судлаачдыг олноор татан ажиллуулж байв. Түүнчлэн 1940 оны 12 дугаар сард
Японы эзэн хааны зарлигаар 731 дүгээр цэргийн ангийн харъяанд Хайлаарын 543,
Сун вуйн 673, Лин Куагийн 162, Муданжаны 643 дугаар салбар дөрвөн ангийг зүүн
хятадад нэмж байгуулжээ. Салбар тус бүр дотроо нянгийн судалгаа хийх хэсэгтэй
байсан бөгөөд тэдгээр нь 731 дүгээр цэргийн ангийн шууд удирдлагаар ажилладаг
байжээ. Үүнээс гадна бактерийн зэвсэг үйлдвэрлэх томоохон баазуудыг Чанчунь,
Бээжин, Нанжин, Гуанжоу хотод дараа дараагаар нь байгуулж, япончууд Азид
бактериологийн дайн хийх асар том сүлжээг бий болгож чадсан байна.
Ийнхүү хятадыг дамнан тогтсон Японы армийн 731 дүгээр цэргийн анги 1940 оноос
бактериологийн зэвсэг үйлдвэрлэх, халдварт өвчний нянг судлах, тэдгээрийг өсгөн
үржүүлэх, хадгалан нөөцлөх үйл ажиллагааг идэвхтэй явуулж, хижиг, булчин задрах
тахал, хамуу, цусан суулга, татран, боом, сүрьеэ зэрэг халдварт өвчний нянг
онцгойлон анхаарч үржүүлж байжээ. Тухайлбал сард 300 кг тахлын, 500-600 кг
хүртэл боомын, 800-900 кг хүртэл гэдэсний хижиг, цусан суулгын, 1 тонн хүртэл
булчин задрах тахлын нян үйлдвэрлэж байсан баримт байдаг. Эдгээр нянг харх
болон нохой бөөсний биенд шахан хэзээд ашиглахад бэлэн байдалтайгаар хадгалаж
байжээ. Зарим баримтанд Японы армийн удирдлагаас 731 дүгээр ангид нян
халдварлуулсан хархны тоог гурван саяд, нохой бөөсийг гурван зуун клограммд
хүргэх тушаал өгч байсныг дурджээ. Эдгээр нянг дайны үед артиллерийн сум болон
минин дотор хийж буудан тараах, нян савласан бөмбөг онгоцоор хаях, түүнийг
малын бэлчээр, булаг шанд, агаарт тараах зэрэг аргыг ашиглан хэрэглэхээр
төлөвлөж, мөн ийм арга замаар бактери халдварлуулах туршилтуудыг хятадын нутаг
дэвсгэр дээр хийж байсан нь тогтоогдсон бөгөөд үр дагаварт нь 200.000 гаруй хүн
нас эцэслэсэн юм.
731 дүгээр ангийн дотоод үйл ажиллагааны тухай Токиогийн болон Хабаровскийн
цэргийн шүүхийн материалуудад дурдсаныг үзвэл: Япончууд янз бүрийн үхлийн
явцыг судлах үүднээс тухайн нян хүний биед хичнээн хугацаанд яаж нөлөөлж буй
болон ямар нянгаар халдварласан хүн хэдий хугацаанд хэрхэн үхэж буйг нарийвчлан
судалдаг байжээ. Хэрэв тухайн хүн нянгаар халдварлуулахад үхэлгүй эдгэрвэл дахин
туршилтанд оруулах бөгөөд энэхүү туршилтын золиос болсон хүн хэзээ ч амьд гарч
байгаагүй байна. Бактерлогийн зэвсгээс гадна хүний амьдрах чадварыг шалгасан
санаанд багтамгүй олон аргаар хүмүүсийг туршиж, тарчлаан алдаг байв. Тухайлбал
хүнийг эхлэж нянгаар халдварлуулаад огтын мэдээ алдуулалгүй задлан, эрхтнүүдэд
нь зүсэлт хийж нян хэрхэн халдварлаж байгааг амь тавитал нь ажиглана.
Мөн цахилгаанаар цохиулж, янз бүрийн хийгээр хордуулж, туяагаар шарж хэр удаан
тэсэхийг харна. Цаашилбал хүмүүсийн үе мөч, эрхтнүүдийг нь тасдан авч хольж
солин шилжүүлэн суулгах, цусыг нь юүлж оронд нь адгуус амьтны цус судсанд нь
шахах зэргээс гадна тархинаас нь эхлэн дотор эрхтнүүдийг нь нэг нэгээр салган
авангаа хаа хүртэл амьд тэсэхийг нь шалгаж, эцэс сүүлд нь зөвхөн хөндий хоосон
цээж үлдээн хаядаг байв. Түүнчлэн хүнийг маш халуун хуурай агаартай өрөөнд
хийж дусал ус өгөхгүйгээр занданшуулан хатаах эсвэл хөл гарыг норгон
өвлийн тэсгэм хүйтэнд гадаа зогсоож савхаар цохиход хатуу мөсийг цохих мэт дуу
гартал тас хөлдөөдөг байв. Дараа нь гэсгээж эд эс нь хэрхэн үхжихийг ажигладаг
байжээ. Мөн тэднийг даралтын камерт хийж биеийн дотор гадна даралтад зөрүү
үүсгэснээр хүний эрхтнүүд хөөж, нүд нь бүлтэрч гаран, гэдэс ходоод нь дээд доод
сүвээрээ цувж, судас нь могой шиг тахиралдан бүдүүрч, толгой нь том бөмбөг мэт
зүйл болон эцэстээ дэлбэрдэг байна. Энэхүү аймшигт туршилтуудад эмэгтэйчүүдийг
голчлон оруулдаг байжээ. Учир нь эрэгтэй хүнийг бодвол эмэгтэй хүн тэсвэр
тэвчээр сайн, өвдөлтөнд ухаан алддаггүй, туршилтын турш амьд байж чаддаг байна.
Үүгээр зогсохгүй хүүхдүүд бүр дөнгөж төрсөн хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд
дээр ч мөн адил туршилт хийж байжээ.
Ийнхүү дайны сүүл үе гэхэд тус цэргийн ангид дэлхий дахиныг ч сүйрүүлж
чадахаар их хэмжээний нянгийн идэвхжүүлсэн өсгөвөр байсан боловч азаар
хэрэглээгүй юм. Учир нь тухайн үед япончууд дайнд ялагдах нь тодорхой болсноос
гадна хүн төрөлхтөнг үй олноор нь устгавал эргээд Японы ард түмнийг өршөөлгүй
хядаж хариу барих болно гэдгийг мэдэж байв. Ингээд 1945 онд Зөвлөлтийн арми
хятадад гэнэтийн давшилт хийж, тэдний аймшигт гэмт хэргийн баримт болох бүх
зүйлийг галдан шатааж, амьд, үхсэн туршилтын хүмүүсийг нэгийг ч үлдээлгүй
устган булсан байдаг. 1939-1945 он хүртэлх зургаан жил орчмын хугацаанд Хятад,
Монгол, Орос, Солонгос үндэстэн 3000 гаруй хүн Японы армийн туршилтын золиос
болон харамсалтайгаар амь насаа алдсан юм. Гэвч Зөвлөлтийн армийг давшихаас
өмнө Широ Иши болон бусад нөлөө бүхий толгойлогчид, туршилтыг гардан
ажилласан эрдэмтэд нэн чухал баримт, материалуудаа аван зугтааж одсон байсан
бөгөөд хожим Америкийн засгийн газар өөрсдийн эрх чөлөө амь насаараа худалдсан
байна. Тиймээс нүгэлтнүүд АНУ-ын хамгаалалтанд орж, тэд насныхаа эцэс хүртэл
хангалуун амьдарч байжээ. Тус цэргийн ангид ажиллаж байсан 450 судлаач эмч нар
японы эрүүл мэндийн салбарт өндөр алба хашиж явсан гэдэг. Харин баримт,
судалгааны материалуудыг таг нуусан америкчууд 731 дүгээр цэргийн ангийн үйлс
хэргийг идэвхтэйгээр үргэлжлүүлсэн байдаг.
Квантуны армийн командлагч Ямада Хабаровскийн шүүх хуралд мэдүүлэхдээ: ЗХУ,
түүнчлэн БНМАУ, Хятад улсын эсрэг явуулах бактериологийн дайнд бэлтгэх
зорилгоор 731 дүгээр цэргийн анги эмхлэн байгуулагдсан хэмээсэн байна.
Япончуудын хувьд Бактериологийн дайныг газар нутгийг эзэгнэн захирах хэрэгсэл
болгоход оршиж байв. Энэ дайны овоо хараанд хамгийн түрүүнд өртсөн улс нь
БНМАУ байсан юм. Японы квантуны арми 1939 онд БНМАУ-ын зүүн хил
хязгаараар халдан довтолж Халхын голын дайныг өдөөсөн билээ. Энэ дайны явцад
Квантуны армийн удирдлага Халхын голын дайн эхэлмэгц Монгол-Зөвлөлтийн
армийн эсрэг бактериологийн зэвсэг хэрэглэхийг санаархаж, энэ талаар тодорхой
төлөвлөгөө боловсруулан, түүнийгээ гүйцэлдүүлэх оролдлого хийжээ. Хэрвээ дайны
явцад өрсдийн цэргийн байдал хүндэрсэн тохиолдолд дараахи
3 аргаар бактериологийн зэрсэг хэрэглэхээр төлөвлөж байв.
Үүнд:
1. Бактерийн нян агуулсан их бууны сумаар дайсны фронтын шугам болон гүнд
буудаж нян тараах,
2. Халдварт өвчний нян бүхий нохой бөөс агуулсан бөмбөгийг байлдааны онгоцоор
Халхын голын баруун эрэгт хаяж нян тараах
3. Амиа золиослогч ангийг нууцаар явуулж
Халхын голын баруун эрэгт гарган худаг, гол, усны эхийг нянгаар хордуулах гэжээ.
Энэ зорилгоор үйлдсэн газрын зурагт нянгаар хордуулах гол усны эх, худаг, нуур,
цөөрмийг нэг бүрчлэн тэмдэглэсэн байжээ
Дайны жилүүдэд япончуудын үйлдсэн аймшигт туршилтын үнэн бодит түүхийг
дэлхийн улс түмэнд сэрэмжлүүлэх зорилгоор 731 дүгээр цэргийн анги байршиж
байсан Харбин дахь байшинг тэр чигт нь музей болгосон байна. Тэнд
бактериологийн туршилтад амь үрэгдсэн хүмүүст зориулсан гэрэлт хөшөө босгосон
ба амь насаа алдсан зарим хүмүүсийн нэрсийг бичиж мөнхжүүлжээ. Энд
Жамбаланчин, Пунцагдаш хэмээх хоёр Монгол хүний нэр мөнхрөн үлдсэн бөгөөд
тэднийг 1944 оны гуравдугаар сард Баргын нутаг дахь Цагаан өртөөнөөс баруун
тийш 12 км зайд байдаг нэгэн жижигхэн тосгоноос японы цагдаа нар барьж 731
дүгээр ангид хүргэсэн байв.
Өнөөдөр Япон улс өөрсдийн үүсгэсэн дайны хариуцлагыг хүлээхгүй гэдэг бөгөөд уг
аймшигт хэрэг явдлын хувьд эзэн хаан, эх орныхоо төлөө хийсэн үйл гэж цайруулан
мөлийлгөж, гэмт хэрэг хэмээн үзэхгvй байгаа билээ.
Манжуурын 731-р ангийн удирдагч, цэргийн эмч дэслэгч генарал Широ Иши

>Манжуурын 731-р ангийн албан хаагчид болон туршилт хийж байсан эмч нар
Хятадын Харбин хот дахь Манжуурын 731-р ангийн төв байр

Манжуурын 731-р ангийн сэтгэл сэртхийлгэм ажлын тайлан


Хүний биен дээр ариутгалын бодисуудыг туршиж байгаа нь

Хорт хийн туршилт

Дотор эрхтэнд өвчний нян хэрхэн халдварлаж буйг хүүхдийн бие дээр судлаж
байгаа нь
Жирэмсэн Орос эмэгтэйг амьдаар нь задлан хийжээ

>Халдварт өвчний нянг судлаж буй байдал

Туршилтанд оруулсан хүмүүсийг амьдаар нь булж байгаа нь


>Туршилтанд орсон Орос цэрэг
Table of Contents
Зүрхэнд дуссан нулимс
Тайлбар

You might also like